Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын
асуудал өнөөдөр ч яригдсаар байна. Тухайн үед “Баян-Өндөр сан”, “Бизнес кредит”,
“Бөөн цагаан нуур”, “Бүтээн байгуулалт хөгжлийн сан”, “Глоб кредит”, “Гэр хорооллын
барилгажилт”, “Европын хөгжил”, “Жигүүр инвест”, “Зиб”, “Итгэл сэтгэл ирээдүй”,
“Монгол торго”, “Нью болор оргил”, “Оюу алт”, “Си Эм Си”, “Хөрөнгө оруулалт хөгжлийн
сан”, “Эрхэст инвест” зэрэг 29 хоршоо дампуурч, 9300 орчим хадгаламж эзэмшигч хохирсон.
Хохирогчид тэр үед эрх барьж байсан МАХН-ын үүдэнд олон сар өлсгөлөн зарлаж, батлахыг
нь урж, үсээ хусч тэмцлээ хурцаар илэрхийлцгээсэн билээ. Үүний хүчинд тэд хохирлынхоо
тавин хувийг эргүүлэн авсан ч үлдсэнийг нь одоо хүртэл авч чадаагүй байгаа.
Уг хэрэгтэй холбогдуулан 43 тэрбум
606.5 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн ч үүн дээр нэмэгдэх зээлдэгчийн авлагын
14 тэрбум төгрөг, 20 гаруй газар, таван лицензийг үнэлээгүй байдаг юм.
Хоршоод дампуурлын ирмэгт ирж, иргэд сандралдаж байх үед хоршоодын
эзэд, “Бид дампуураагүй. Ашигтай хөрөнгө оруулалтууд хийж одоо үйл ажиллагаа явуулж
байгаа үйлчилгээний газруудаа ажиллуулаад баригдаж байгаа барилгадаа хөрөнгө
оруулалт хийнэ. Тэгээд орон сууцаа зараад олсон мөнгөөрөө хадгаламж эзэмшигчдээ
хохиролгүй болгоно” хэмээн өөр өөрсдийнхөө бизнес төлөвлөгөөгөө танилцуулсан
ч бүгдийг нь хоморголон шоронд хийгээд бүх хөрөнгийг нь хүчээр битүүмжилсэн.
Энэ талаар “Баян-Өндөр” хадгаламж
зээлийн хоршооны эзэн асан, хориход ял эдэлж байгаа С.Самбалхүндэв “Эзнийг
нь шоронд хориод эд хөрөнгийг нь хуваагаад авчихсан” хэмээн манай сонинд ярилцлага
өгсөн нь голыг нь олж хэлсэн үг болсон.
Гэтэл битүүмжилсэн гэх үйлдвэрүүд,
эд хөрөнгө, байр сав, машин тэрэг, газар
гээд бүхий л зүйл нь зах зухаасаа гээгдэж, дундаас нь алга болсоор байгаа аж.
Битүүмжлэгдсэн “Бенз” маркийн машин явсаар “Эксель” болон өөрчлөгдөж сүүлдээ
“Экселийн нэг хаалга л битүүмжилсэн” болж хувираад байгаа аж. Нэг байгууллагаас
нөгөө байгууллагад энэ хэргийг шийдэхээр өгөхөд эд хөрөнгө нь ингэж тоногдож,
гээгдсээр одоо тоотой хэдэн л юм үлдээд байгаа юм байна.
Үүнд хохирогчид ихэд санаа зовниж,
хэзээ энэ асуудал шийдэгдэх бол хэмээн горьдлого тээсээр байна. Засаг солигдож,
байдал жаахан наашилсан ч энэ асуудлыг чуулганаар хэлэлцэж, ирэх оны төсөвт хохирол
барагдуулах мөнгийг суулгахаас нааш санаа нь амрахгүйг тэд ярьсаар.
Хохирогчдын эрх ашгийг хамгаалах
“Шударга төв” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Оюунцэцэг “1937 оны хэлмэгдүүлэлтийн
хар сүүдэр одоо хүртэл ард түмний сэтгэлд байсаар байна. Тэр үед хайртай дотнын
хүмүүсээ алдсан хүмүүс өнөөдрийг хүртэл төрдөө гомдсоор байгаа. Үүн шиг л үйл
явдал битгий болоосой гэж хүсч байна. Мөнгөө алдсан хохирогчдоос маш олон хүн
сэтгэлээр унаж, амиа хорлож нас барсаар байна. Хохирогчид алдсан мөнгөө өнөөдрийн
төгрөгт шилжүүлж авахыг хүсээгүй. Тухайн үед алдсан мөнгөө л тэр тоогоор нь авахыг
хүсч байгаа. Энэ асуудлыг яаралтай хэлэлцэж, олон мянган хүнийг сэтгэлийн шаналлаас
гаргахыг төр засгаасаа хүсч байна” гэлээ.
Тус байгууллагаас хохирогчдын дунд
судалгаа явуулжээ. Судалгаанд хамруулсан 700 хохирогчдын гэр бүлд сэтгэл санааны
хямралаас үүдэлтэй нас барсан, амиа хорлосон 58 тохиолдол бүртгэгджээ.
Орон байргүй болсон 480, түрээсийн
байраар хоног залгуулж байгаа 405 айл байгаа бол айлаар хэсч амьдардаг 68, ахан
дүүсийндээ толгой хоргодсоор яваа 45 айл байгаа гэнэ.
Хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө
хадгалуулах саналыг гэр бүлийнхэндээ анх тавьж, ахан дүүсийнхээ мөнгө төгрөгийг
цуглуулж, байр саваа зарж мөнгийг нь нэмэрлээд хадгалуулсан ч ийнхүү алдсан иргэд
одоо гэр бүлийнхнийхээ дарамтад амьдарч, гэрээсээ хөөгддөг тохиолдол их байгаа
юм байна. Үүнээс болж хоёр тийш болсон гэр бүл судалгаанд оролцогчдын 10 гаруй
хувийг эзэлжээ.
Хохирогчдын ихэнх нь буюу 311 нь дээд
боловсролтой хүмүүс байсан бол үр хүүхдийнхээ мөнгийг алдсан хөгшчүүл олон байгаа
юм.
Хүүхдүүдийнхээ мөнгийг хадгаламж
зээлийн хоршоонд хадгалуулаад алдсан хөгшчүүл гадаадаас хүүхэд нь залгахаар чих
нь хатуурсан болж жүжиглэж “Миний хүү ээж нь сонсох оо байсаан. Мөнгө нь найдвартай
газарт байгаа” хэмээн ярьдаг гэнэ. Түүгээр ч барахгүй хүүхдүүдтэйгээ ярихаас эмээж,
чихнийхээ хэнгэргийг өөрөө цоолж дүлийрсэн настай хүмүүс ч бий гэсэн.
Хохирогчдын ярьж буйгаар битүүмжилсэн
гэх олон мянган эд хөрөнгийг өнгөрсөн хугацаанд зүй ёсоор нь зарж борлуулсан бол
өдийд бүгдийг нь өрнөөс гаргаад зогсохгүй цаана нь хангалттай хэмжээний хөрөнгө,
мөнгө үлдэх байсан гэж байна.
Жишээ нь, “Бүтээн байгуулалт хөгжлийн
сан” хадгаламж зээлийн хоршооны 7585Х дугаартай
зэсний ордын лицензийг л зарчихсан бол бүх хохирогчдын хохирлыг барагдуулчих
хэмжээний хөрөнгө байж.
Өнгөрсөн жил “Шударга төв” ТББ-ынхан
хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлыг төлүүлэхээр хураан авч битүүмжилсэн хөрөнгөнөөс
үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, ашигт малтмалын тусгай
зөвшөөрлийн борлуулалтыг шалгуулахаар хүсэлт гаргаж байсан.
Цагдаагийн байгууллагаас Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжих болон шийдвэр гүйцэтгэлийн шатанд олон
эд хөрөнгө алга болжээ.
“Гэр хорооллын барилгажилт” хадгаламж
зээлийн хоршооноос хураагдсан Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, нэгдүгээр төрөхийн
зүүн талд байрлах “Кукахаузинг” ХХК-ийн нэр дээрх 0060543 тоот үл хөдлөх хөрөнгийн
гэрчилгээтэй нэг га газрын асуудал олны анхаарлыг татдаг. Энэ газрыг зарсан
борлуулсан ямар ч үйл ажиллагаа болоогүй байтал дээр нь 12 давхар орон сууцны барилга
баригдчихсан байгаа нь хэний ч нүднээ ил. Мөн тус хоршооноос хураагдсан Ховд аймгийн
Алтай сумын нутаг “Эргийн ус” нэртэй газар байрлах 596 гектар талбай бүхий Х7729,
А1151 тусгай зөвшөөрөлтэй гялтгануурын уурхай, тоног төхөөрөмжийнхөө хамт ор
мөргүй алга болжээ.
“Баян-Өндөр сан” хадгаламж зээлийн
хоршооноос хураасан Төв аймгийн Заамар сумын нутаг Галтад байрлах 6882 А ашигт
малтмалын тусгай зөвшөөрөл, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг “Гашуун
хар уул” нэртэй газар байрлах 10385 Х ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус тус алга
болсон.
“Бүтээн байгуулалт” хадгаламж зээлийн
хоршооноос хураагдсан Дорноговь аймгийн Хөвсгөл, Улаанбадрах сумдын нутагт байрлах
“Баруун ширүүн”-ий 7585 Х дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, Чингэлтэй
дүүргийн 18 дугаар хороо, Гүнт билгүүн-2210 тоотод байрлах битүү бетонон хашаатай
хоёр давхар тавилга бүхий хувийн орон сууц, 240.3 м.квадрат газартайгаа үрэгдэж,
хэнд очсон нь тодорхойгүй байгаа аж.
Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
шатанд дуудлага худалдаа бүрхэг, хэрхэн худалдсан нь ил тод биш, борлуулсан гэх
үнэ нь зах зээлийн бодит үнээс хэтэрхий доогуур худалдан борлуулсан хөрөнгө бүр
ч олон бий.
“Гэр хорооллын барилгажилт” хадгаламж
зээлийн хоршооноос хураагдсан гуравдугаар эмнэлгийн урьд байрлах 15х18 хэмжээтэй
дутуу баригдсан дөрвөн давхар барилгыг газрынх нь хамт 87.8 сая төгрөгөөр худалджээ.
Мөн тус хоршооноос хураагдсан Сүхбаатар
дүүргийн есдүгээр хороо, Алтайн гудамжинд байрлах 831 м.квадрат газартай 150 сая
төгрөгөөр тогтоосон “Агч” агуулахын барилгыг 2885 ширхэг 139.604 сая төгрөгийн
үнэтэй барилгын материал зэрэг хөрөнгө, газрынх нь хамт 85.8 сая төгрөгөөр худалдсан
байдаг.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн долдугаар
хороонд байрлах 3614 ширхэг дагалдах хөрөнгөтэй, 445.2 м.кв газартай дүнзээр барьсан
600 сая төгрөгийн үнэлгээтэй “Россия” рестораныг
газрынх нь хамт хэдэн төгрөгөөр зарсан нь өдий хүртэл тодорхойгүй байгаа юм.
“Баян-Өндөр сан”-гаас хураагдсан
Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах дөрвөн давхар үйлчилгээ, оффисын зориулалттай
“Пилснер” төвийг Үнэлгээний комисс дахин үнэлгээ хийж 2.800.000.000 төгрөгөөр тогтоосныг
1.682.428.733 төгрөгөөр худалдсан юм байна. “Өрнөлт-Од” ХХК-ийн Баянзүрх дүүргийн
зургадугаар хороонд байрлах хүнсний захыг Үнэлгээний комисс 1.700.000.000 төгрөгөөр
үнэлсэн ч анхны үнэ болох 687.573.950 төгрөгөөр худалджээ.
Энэ мэтээр уг жагсаалт цааш нь хөвөрнө.
Тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг 200 саяар, зуун саяар үнэлэгдэх орон сууцыг тал үнээр
нь зарсан гэх үнэнээс дэндүү хол үйл явдал битүүмжлэгдсэн гэх эд хөрөнгөний эргэн
тойронд одоо ч үргэлжилсээр байна. Нийтлэлийнхээ үргэлжлэлээр чухам ямар хүмүүс
эдгээр битүүмжлэгдсэн эд хөрөнгийг ямар аргаар өөрийн болгосныг өгүүлэх болно.
Хадгаламж зээлийн хоршоодоос битүүмжилсэн
эд хөрөнгийг зах зээлийн бодит үнээс хэтэрхий доогуур зарж, олон нийтэд дуудлага
худалдаа зарлалгүйгээр танил талдаа өгсөн баримт их бий. Угтаа бол битүүмжлэгдсэн
хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулах
ёстой. Гэвч ШШГЕГ-ынхан дуудлага худалдаа явуулах нэр төдий зүйл хийхдээ
үл хөдлөх хөрөнгийн ченжүүдтэй үгсэн тохирдог байсан тухай хууль хяналтын байгууллагуудад
хандаж байсан баримтууд ч бий. Энэ ажлыг
тухайн үед ШШГЕГ-ын Дотоод хяналтын албаны мэргэжилтэн Р.Энхтайван хариуцан
ажиллаж байсан. Хохирогчид дуудлага худалдаанд оролцох санал тавихад тэрбээр
ганц ч удаа зөвшөөрч байгаагүй гэдэг.
Дуудлага худалдаанд дээрх ченжүүдээс
гадна ШШГЕГ-ын мэргэжилтэн, шийдвэр гүйцэтгэгчдийн ах дүүс, найз нөхөд нь л оролцож
хоорондоо үнэ хаялцдаг байсныг хадгаламж зээлийн хоршооны хохирогчид хэлдэг. Үүнийхээ дараа жинхэнэ захиалагчдад нь зарж, дундаас нь зуучилсны
хувиа авах явдал түгээмэл болсон.
Хураагдсан хөрөнгүүдээс ер нь зах
зээлийн бодит үнээр зарагдсан объект байхгүй гэдгийг ч өнөөдөр олон хүн хэлж байгаа
нь нууц биш. Дуудлага худалдаа нэрээр зарагдсан хөрөнгө хоёроос гурван гар дамжин
дамлагдаж байсан.
Тухайлбал, “Бүтээн байгуулалт хөгжлийн
сан” хадгаламж зээлийн хоршооноос хураагдсан Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо,
Их өргөөний 14-10 тоот 180 м.квадрат талбай бүхий зургаан өрөө орон сууц мөрдөн
байцаалтын шатанд 90 сая төгрөгөөр үнэлсэн ч 74 саяар зарагдсан байх жишээтэй.
“Европын хөгжил” хадгаламж зээлийн хоршооноос хураагдсан Баянгол дүүргийн хоёрдугаар
хороо, 28-15 тоот гурван өрөө орон сууцыг 47.9 саяар бусдад зарсан байхад “Гэр хорооллын
барилгажилт” хадгаламж зээлийн хоршооноос хураагдсан Сонгинохайрхан дүүргийн
Эмээлт өртөөнд байрлах 80 сая төгрөгийн үнэтэй агуулахын байрыг 46.2 саяар, “Цэн-Алт”
хадгаламж зээлийн хоршооноос хураагдсан Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо,
35-5 тоот гурван өрөө 61 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг 45.1 саяар, “Баян Өндөр”
инвестийн байр мөрдөн байцаалтын шатанд 446.4 сая төгрөгөөр, Үнэлгээний комиссын
2008 оны есдүгээр сарын 30-ны өдрийн хурлаар 750 сая төгрөгөөр үнэлснийг 321.8
сая төгрөгөөр зарагдсан гэх мэтээр баримт хөвөрнө.
Битүүмжлэгдсэн эд хөрөнгө зөвхөн
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан болон тэдний танил талд очоод дууссан гэвэл
бас өрөөсгөл ойлголт. Тухайн үедээ төрд өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдийн
гар хөл орсон байх сэжүүр олон. УИХ-ын 20 орчим гишүүний тухай ил далд барин тавин
авсан өгсөн гэх үл хөдлөх хөрөнгөний талаарх мэдээлэл ч явдаг. Гэвч энэ нь хадгаламж
зээлийн хоршооны дампууралд тэгсхийгээд намжсан. Уг нь Хадгаламж зээлийн хоршоод
дампуурах болсон шалтгаан хэн гэдэг эрхмүүд ямар хөрөнгө ямар хоршооноос авсан
гэдгийг хуулийн байгууллагууд шалгах боломжтой байв. Гэвч энэ олон асуудал, хоршоодын
дампуурлын углуургыг шалгаагүй хүн нь тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд
Ц.Нямдорж гэж яригддаг. Түүний эсрэг хохирогчид тэмцэж, холбогдох газруудад нь өгч байсан түүх бий. Энэ хэргийг эхлүүлсэн гэх бас бусдын хөрөнгийг
төрийн дээрэм болгож харуулсан МАН-ынхан засгийн эрх барьж байсан учир Ц.Нямдоржийг
шалгах зоригтон байгаагүйг одоо ч хэлдэг. Ц.Нямдоржийг
Увс аймгийн нутгийн зөвлөлийн дарга Г.Хийморсангийн зээлсэн 232 сая төгрөгийн
зээлийг шүүгчидтэй үгсээд зээлийнх нь хэмжээний эхний оронг нь даруулаад 32 сая
төгрөгийн зээлдэгч болгож нэлээд их хэмжээний хөрөнгийг нь хүчээр чөлөөлүүлсэн
гэх баримт бий. Мөн хадгаламж зээлийн хоршоодын
битүүмжилсэн хөрөнгүүдийг цагдаагийн битүүмжлэлд байхад 1.6 тэрбумын 25 мянган
хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг ШШГЕГ-т хүлээлгэж өгөөгүй. Сүхбаатар дүүргийн есдүгээр
хороо, Алтайн гудамжинд байрлах 831 м.квадрат газартай 150 сая төгрөгөөр тогтоосон
“Агч” агуулахад байсан 2885 ширхэг 139.604 сая төгрөгийн үнэтэй барилгын материалыг
шоронгуудын урсгал засварт зарцуулна хэмээн хувьдаа завшсан гэж хохирогчид үзэж,
түүнийг холбогдох газруудаар нь шалгуулахыг хүсч байсан олон баримт нотолгоог
энд дурдаж болно.
Баянзүрх дүүргийн долдугаар хороонд
байрлах 3614 ширхэг дагалдах хөрөнгөтэй, 445.2 м.кв газартай дүнзээр барьсан
600 сая төгрөгийн үнэлгээтэй “Россия” рестораныг газрынх нь хамт 360 саяхан төгрөгөөр
заржээ. Үүнийг худалдаж авсан цаад эзэн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцангийн
гэр бүл. Энэ хөрөнгийг түүний эхнэр н.Насанжаргал өөрийн болгож, хажууд нь үйл
ажиллагаагаа явуулж өнөөдрийг болтол бизнесээ цэцэглүүлж буй. Баянзүрх дүүрэгт
байрлах бетонон хашаатай, гүний худагтай, цахилгааны шугамтай, 4.4, 6.04 га хоёр
хэсэг газрыг зургаан жилийн турш нэг ч удаа дуудлага худалдаанд оруулахгүй дарж
байгаад нэгэн томоохон компанид тухайн үеийн хотын дарга Г.Мөнхбаяр 600 саяар
шууд зарж байжээ. Үүнийг хохирогчид эсэргүүцэн зохих газруудад нь өргөдөл гаргаж
хэл ам хийсээр гурван тэрбум гаруй төгрөгөөр борлуулсан байна.
Томоохон барилга, үйлдвэр, үйлчилгээний
төвүүд, хотын төвд орших газрууд хэдийнэ ямар нэг зам, сиймхийгээр эзэдтэй болоод
алга болжээ. Одоо хадгаламж зээлийн хоршоо гэхээр битүүмжлэгдсэн хөрөнгөнүүдээс
үлдсэн нь цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хоёрын хооронд
шилжиж ирэхдээ замхарсан, солигдож ирсэн хөрөнгөнүүд. Нэг ёсондоо хөрөнгө нэртэй
хэн ч авахгүй эд хогшил. Түүнийгээ өндөр үнэлчихсэн. Тэр үнэнд нь хэн ч авахгүй
ч тийм эд хөрөнгө байгаа гэж цаасан дээр
бичиглэсэн урт жагсаалт болохоос үнэндээ “хог” төдий зүйл. Үлдсэн энэ хөрөнгийг
хэзээ, хэн, хэрхэн борлуулж, хохирогчдын
хохирлыг барагдуулах нь тодорхойгүй.
“Гэр хорооллын барилгажилт” хадгаламж
зээлийн хоршооноос хураагдсан Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороон дахь 1760 м.кв
газартай 42 ширхэг дагалдах хөрөнгөтэй 339.7 сая төгрөгийн анхны үнэлгээтэй төмөр
хийцийн цех, “Залуучууд” зочид буудлын урд байрлах 43-1 тоотын нэг давхрын
288 м.кв 110.0 сая төгрөгийн анхны үнэлгээтэй “Шинэ бирж” нэртэй заал, тоног төхөөрөмжийн
хамт, 594 ширхэг хөдлөх хөрөнгөтэй, 72.1 сая төгрөгийн анхны үнэлгээтэй “Хишигтэн
хэвтүүл” нэртэй барилга одоо ямар ч эзэнгүй байна. Мөн тус хоршооноос хураагдсан
Төв аймгийн Борнуур суманд байрлах, төв замаас 120 метр засмал зам тавьсан,
205 нэр төрлийн тоног төхөөрөмжтэй Үнэлгээний комиссын 2008 оны есдүгээр сарын
30-ны өдрийн хурлаар дахин үнэлгээ хийж үнийг нь 400.7 сая төгрөгөөр тогтоосон
“Манай гэр” зоогийн газар, замын буудал бүрэн тоногдож, хэнд ч хэрэггүй балгас болсон
нь нутгийнхны харамслыг төрүүлсээр.
Мөн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо,
Жаргалан хотхоны 4-16 тоотод байрлах 212 м.кв 22 нэр төрлийн тавилга, төхөөрөмжтэй
137.7 сая төгрөгийн анхны үнэлгээтэй, Үнэлгээний комиссын 2008 оны есдүгээр сарын
30-ны өдрийн хурлаар дахин үнэлгээ хийж үнийг нь 250 сая төгрөгөөр тогтоосон зургаан
өрөө орон сууц, Дарханы Дархан суманд байрлах 600 саяын үнэтэй модны үйлдвэр хөсөр
хэвтэж байгаа аж.
Хадгаламж зээлийн хоршооны нэр бүхий
үүсгэн байгуулагчид “Борнуур” ХК, “Даваан булаг” ХК, “Баялаг налайх” ХК-ийн
нийт хувьцааны тодорхой хувийг эзэмшдэг байжээ. Гэтэл мөрдөн байцаалтын болон
шүүхийн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд дээрх компаниудын хөрөнгийг бүхэлд нь битүүмжилж, үйл ажиллагааг нь зогсоосноос
үйлдвэрүүд нь эзэнгүйдэн, хөрөнгө нь тоногдсон байдалтай байгаа юм.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн
тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын
төлбөр барагдуулах ажлын албаны үйл ажиллагаанд шалгалт хийх, цаашид авах арга
хэмжээний тухай санал боловсруулах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж
буй. Энэ ажлын хэсэгт Хууль зүйн яам, Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн
газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг хуулийн чигийн томоохон
газруудын төлөөлөл багтжээ.
Ажлын хэсгийн шалгалтын явцад Хадгаламж зээлийн хоршоодын
төлбөр барагдуулах ажлын албанаас 2008-2011 онд зохион байгуулсан холбогдох
дуудлага худалдаанууд хууль бус байсны
дээр хөрөнгүүдийг нэг байгууллагаас нөгөөд шилжүүлэхдээ дундаас нь дутаасан
олон хэрэг зөрчил гарсныг баримттайгаар нотолсон байна.
Жишээ нь, Баянгол дүүргийн дөрөвдүгээр
хорооны нутагт байрлах “Баян-Өндөр инвест” ХХК-ийн “Плиснер” төвийн барилга,
203.914.600 төгрөгийн үнэлгээтэй 7483 ширхэг хөдлөх хөрөнгийн хамт нийт 7484 ширхэг
1.369.639.600 төгрөгийн эд хөрөнгийг 2008 оны тавдугаар сарын 3-ны өдөр Цагдаагийн
ерөнхий газрын харьяа Улсын мөрдөн байцаах газраас хүлээн авч, 2445 ширхэг
104.365.568 төгрөгийн эд хөрөнгийг хүлээн аваагүй аж.
Гэтэл уг төвийн барилгыг албадан дуудлага
худалдаагаар Б.Золтуяа гэх хүн нэг тэрбум 600 гаруй сая төгрөгөөр худалдан авч
өөрийн болгосныг хохирогчид эсэргүүцэж байгаа юм. Учир нь энэ барилгын албадан
дуудлага худалдааны анхны үнийг Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамны хамтарсан
Ажлын хэсэг 2.800.000.000 төгрөгөөр тогтоосон байжээ.
Мөн Баянзүрх дүүргийн Амгаланд байрлах
60400 мкв+40000 буюу 10 га газар, Баянгол
дүүрэгт байрлах “Боса” төвийн дэргэд байрлалтай 254 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, дутуу
баригдсан байр болон газрын хамт, “УБ Палас” барилгын хажууд байрлах цогцолбор,
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Россия” зоогийн газар, “Агч” агуулахын
хөрөнгө, газар хэт доогуур үнэлгээгээр зарагдсан обьектуудын тоонд орж байна.
Хадгаламж, зээлийн хоршоодоос битүүмжилсэн
үйлдвэр, эд хөрөнгө, газруудыг тухайн үед албадан дуудлага худалдаагаар худалдсан
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэр үнэн бодит болсныг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод
аудитын газар шинжилжээ. Үүгээр хадгаламж зээлийн зарим хоршооны үүсгэн байгуулагчдын
өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны анхны болон дараагийн
үнийг тогтоохдоо Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4, 43 дугаар зүйлийн 43.4-т заасныг
баримтлаагүй нь батлагджээ. Түүнчлэн аль нэг обьектыг дуудлага худалдаанд оруулахдаа
үнэлгээг нь зориулалтын байгууллагаар хийлгээгүй аж. Ганцхан компани Хөрөнгийн
үнэлгээний төвөөр үйлчлүүлсэн байх жишээтэй.
Үл хөдлөх
хөрөнгийн дуудлага худалдаа явуулахдаа
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зарим шийдвэр гүйцэтгэгч
бүх мэдээллийг маш товчхон, гаргацгүй хөтөлдөг байжээ. Үүгээр ч барахгүй ШШГ байгууллагаас шинжээч
томилох тухай шийдвэртээ ямар шинжээчийг томилсон талаар тодорхой этгээдийн нэр, хаягийг бичдэггүй байсны зэрэгцээ, тэмдэглэлийг
гараар бичиж, зарим хэсгийг нь арилгагч буюу штрихээр дарж засварласан зэрэг зөрчил
илэрсэн байна.
Нэг үгээр дуудлага худалдааг зохион
байгуулах ажиллагаа эхнээсээ л бүх зүйл нь бүдэг, стандартыг хангаагүй нөхцөлд
явагдаж байжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс
дуудлага худалдаагаар зарагдсан хэд хэдэн обьектод үнэлгээ хийгээд Сонгинорхайрхан
дүүргийн 12 дугаар хороо, нэгдүгээр хороолол Энхтайваны өргөн чөлөө 95/2 А,
В, С блок, Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, 25 дугаар эмийн сангийн урд байрлах
дөрвөн давхар үйлчилгээний зориулалттай “Плиснер” төв, Баянзүрх дүүргийн 12
дугаар хороо Сөүл групп “Рояль Кастл” 103 дугаар байр 301 тоот зургаан өрөө орон
сууц гэсэн ийм гурван объектыг мэргэжлийн байгууллагаар дахин үнэлүүлэх шаардлагатайг
тогтоогоод байгаа юм.
Харин Улсын мөрдөн байцаах газраас
хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг барагдуулах зорилгоор тус холбооныхныг
ял эдэлж байгаа хадгаламж зээлийн хоршоодын эзэдтэй уулзуулсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий
газрын Тогтоол гүйцэтгэх газрын харьяа жирийн дэглэмтэй хорих 441 дүгээр ангид ял
эдэлж байгаа “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяр,
“Баян-Өндөр сан” хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч С.Самбалхүндэв, мөн
газрын харьяа Төв аймгийн Баян сум дахь чанга дэглэмтэй хорих 415 дугаар ангид
ял эдэлж байгаа “Бүтээн байгуулалт, хөгжлийн сан” хадгаламж зээлийн хоршооны үүсгэн
байгуулагч Т.Энхтөр, Булган аймаг дахь онцгой
дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа “Бүтээн байгуулалт, хөгжлийн сан” хадгаламж
зээлийн хоршооны үүсгэн байгуулагч Б.Баттөр нартай уулзуулжээ.
Уулзалтын үеэр Ж.Мэндбаяр, С.Самбалхүндэв
нар мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд бүртгэгдсэн эд хөрөнгө дутсан, Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр
барагдуулах алба нь хураагдсан эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур
үнэгүйдүүлэн, дуудлага худалдаагаар танил талдаа зарж борлуулсан талаар гомдол ярьсан
аж.
Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын
холбоо болон иргэд “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооноос хураагдсан хөрөнгө
болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 36 дугаар байрны зоорийн давхарт байрлах
12 автомашины зогсоол, 32 дугаар байрны зоорийн давхарт байрлах 12 автомашины зогсоолыг
ахлах шийдвэр гүйцэтгэгч Р.Энхтайван, хадгалагч Э.Мэндбаяр нар бусдад түрээслүүлэн
ашиг олж завшсан, Баянгол дүүргийн 16 дугаар
хороо “Боса” худалдааны төвийн дэргэдэх Орхоны 1-22-1 тоотод байрлах дутуу баригдсан
барилгыг ШШГЕГ-ын албан тушаалтан зарсан, “Баян-Өндөр сан” хадгаламж зээлийн хоршооны
битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах “Борнуур”
ХК-ийн хашаанд байсан 2000 ширхэг палкнаас ахлах шийдвэр гүйцэтгэгч Р.Энхтайван,
шийдвэр гүйцэтгэгч Б.Батмөнх нар 726 ширхэг палкийг хувьдаа авч завшсан,Төв аймгийн
Борнуур сумын нутагт байрлах “Борнуур” ХК, “Даваанбулаг” ХК-ийн газар эзэмших захирамжуудыг
хууль бусаар хүчингүй болгож, бусдын нэр дээр шилжүүлсэн, шийдвэр гүйцэтгэгч
Б.Батмөнх нь “Борнуур” ХК-аас хураагдаж битүүмжлэгдсэн эд зүйлийг “Хан боргоцой”
ХХК-ийн захирал Г.Түдэвдоржид хариуцуулан өгөхдөө “Борнуур” ХК-ийн хуурамч гэрчилгээг
өгч, тамга хийлгүүлж ашиглуулсан, ШШГЕГ-ын ШГГ-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Туулхүү,
ахлах гүйцэтгэгч Н.Батсүх, шийдвэр гүйцэтгэгч Д.Оюунсүрэн нар “Глоб кредит” ХХК-ийн
захирал Ж.Энхбаярт шүүхийн шийдвэрээр олгохоор шийдвэрлэсэн 300.0 сая төгрөгөөс
шүүхийн шийдвэр гараагүй байхад нэр бүхий дөрвөн хүнд 50 сая төгрөгийг олгосон,
хадгаламж зээлийн хоршоодоос хураагдсан 153 автомашин одоо хэний дээр очсон, ямар
үнэтэй зарагдсан бол гэх 27 мэдээллийг Улсын мөрдөн байцаах газарт ирүүлж, шалгаж
өгөхийг хүссэн байна.
Тус газрынхан мэдээллүүдийг нэг
бүрчлэн шалгаад ахлах шийдвэр гүйцэтгэгч Р.Энхтайван, шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхбат,
“Шинэ даваанбулаг” ХХК-ийн захирал С.Мөнхбат, Банк, хадгаламж зээлийн хоршоодын
төлбөр барагдуулах ажлын албаны дэд дарга Р.Буджав, шийдвэр гүйцэтгэгч Р.Энхтуяа
зэрэг хүмүүст холбогдох нийт долоон хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлчихээд
байгаа юм байна.
Хохирогчдын тэмцэл, зүтгэл ийн захаасаа
үр дүнд хүрч, тухайн үед төрийн толгойд байсан эрхмүүдийн гар хөл болсон эдгээр
нөхдийг холбогдох газрууд нь шалгаж байгаад их ач холбогдол өгч байна. Энэ хүмүүс
жинхэнэ захиалагчдынхаа нэрийг хэлбэл, энэ хэрэг нийгэмд цочроо өгч, олон хүн шалгагдах
нь дамжиггүй.
Хохирогчид энэ удаагийн намрын чуулганаар
“Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай” хуулийг хэлэлцэж, батлуулахад
хамгийн гол анхаарлаа хандуулчихаад байна. Тэдний хувьд уг хууль батлагдаж, ирэх
оны төсөвт суулгабал олон жилийн тэмцэлд нь цэг тавьсан хэрэг болно гэцгээж байна.
Хохирогчид “Бид мөнгөний төлөө тэмцээгүй.
Тэртэй тэргүй бид мөнгө, цаг, хугацаа эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирчихсон улсууд.
Хамгийн гол нь үнэн ялаасай. Бид МАХН-ыг төр барьж байх хугацаанд хүчтэй тэмцэл
хийж, батлахыг нь урж, төв байрных нь өмнө олон хоногоор өлсгөлөн зарласан нь цаагуураа
Ардчилсан засгийг гарч ирэхэд нэлээдгүй түлхэц болсон болов уу гэж боддог. Тиймээс
Шинэчлэлийн Засгийн газар бидний асуудалд шинэ өнцгөөс хандаж, нааштай шийдэж
өгөх байх хэмээн залбирч байна” гэцгээж байна.
Д.ГАНСАРУУЛ