Categories
редакцийн-нийтлэл

Шүдний загвар, дизайныг 3D хэмжээсээр компьютер дээр хийдэг болжээ

“Альфадент” шүдний эмнэл­гийн
эмч Б.Эрдэнэбаттай шүд­ний сүүлийн үеийн технологийн талаар ярилцлаа.

-Танайхыг компьютер дээр  3D хэмжээсээр шүд хийж байгаа гэж сонссон. Манайд
ийм технологи хэзээнээс нэвтэрсэн юм бол?

-Америкийн ийм технологи Монголд нэвтрээд
жил гаруй л болж байна. CAD-CAM систем гэж бий. Компьютерийн тусламжтай­гаар шүдний
дизайнаас эхлээд бүх зүйлийг хийдэг. Эхлээд шүдний хэв авдаг даа. Үүнийг тусгай
скайне­раар уншуулдаг. Тэгээд компьютерт оруулж 3D-гээр шүдний дизайн, загвараа
гаргадаг. Ингэсний дараа нөгөө загвараа зорох машин руу­гаа оруулна. Компьютерээс
машин руу команд өгч байна гэсэн үг. Тэгээд л нөгөө машин  автоматаар зорж бэлэн шүд гаргаад ирдэг. Өмнө
нь шүдний хэв авахаас эхлээд зорох хүртэл бүх зүйл гараар хийгддэг байсан. Тэр утгаа­раа
алдаа их гардаг байсан бол одоо алдаа гарна гэсэн ойлголт байхаа больсон.

-Технологио дагаад шүд хийдэг материалд
ч өөрчлөлт орсон уу?

-Мэдээж технологио дагаад өөрчлөгдөнө
л дөө.  Манай эмнэлэг гэхэд л zirkon гэдэг
материалаар хийдэг.  Дэлхий дээр ид хэрэглэж
байгаа материал л даа. Металлгүй гэдгээрээ онцлог. Сүүлийн жилүү­дэд дэлхий даяар
металлгүй мате­риал руу шилжиж байгаа. Металл­гүй материал хүний биед дасан зохицохдоо
металлаасаа илүү байдаг. Өнгөний хувьд металлтай шүд гоё болж  чаддаггүй бол метал­лгүй шүд нь илүү өнгөлөг,
бодит юм шиг байдаг. Өөр нэг давуу тал бий. Сүүлийн үеийн оношил­гоо­ны эмирай
(MRI) зэрэг аппара­танд оношлуулахад металл шүдтэй бол онош буруу гарах эрсдэл бий.
Металл нь соронзон долгионд нөлөөлдөг учраас тэр л дээ. Цул шаазан бол ямар ч нөлөөлөлгүй.

-Сүүлийн үед хүмүүс шүд суулгах
аргыг их сонгодог болж. Шүдийг авагдахгүйгээр суулгах ямар аргууд манайд нэвтрээд
байна?

-Нэг зүйлийг онцолж хэлэхэд Монголд
дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд шүд хийж байгаа. Гадны сайн технологиуд
ороод ирчихсэн. Дэлхий дээр авагд­даггүй шүд суулгах хоёр  арга бий. Хоёулаа манайд нэвтэрсэн. Нэг нь эрүүний
ясанд суулгаж хийдэг арга. Эрүүний ясанд ёзоор маягийн юм суулгаад 2-6 сар хү­лээс­ний
дараа шүдийг нь хийдэг.  Ясныхаа байдлаас
хамаараад хугацаа нь адилгүй байдаг. Мөн муудсан шүд болон ёзоорыг  аван­гуутаа шүд суулгаж болно. Түүнээс гадна өмнө
нь авахуулаад эдгэсэн шүдэнд ч шинээр шүд суулгаж болно.  Авагддаггүй шүд суулгадаг хоёр дахь арга нь шүдэн
дээр бэхлэх. Байгаа шүдэн дээр нь шинэ  шүд
бэхэлнэ гэсэн үг. Энэ тохиол­долд шүдийг өрөмдөж өөлж засаад хийсэн шүдээ дээрээс
нь углаж тогтоодог.

-Шүд суулгах хагалгаа хийл­гэхэд
эрсдэлтэй хүмүүс гэж байх уу?

-Суулгаж хийсэн шүдийг эмнэл­гийн
хэлээр бол имплант гэдэг л дээ. Имплант буюу зоодог шүдэн дээр хэд хэдэн асуудал
бий.  Нэг­дүгээрт ясны байдлыг харах хэрэг­тэй.
Хангалттай ясгүй бол хэцүү. Хөгшрөх тусам хүний яс хатан­гиршиж байдаг. Эрүүний
яснаас эхлээд асуудал гарч ирдэг л дээ. Гэхдээ үүнийг засах арга бас бий. Яс нэмж
өгөх арга байгаа. Өөрийнх нь яснаас авахаас гадна үйлд­вэр­лэсэн хиймэл яс хэрэглэх
тохиол­дол ч байна. Мөн тухайн үеийн биеийн байдлыг харах хэрэгтэй. Хүнд өвчтэй,
хавдартай, элдэв зүйлд  харшилтай хүмүүс эрсдэл­тэй
бүлэгт ордог. Шүдээ хавирдаг хүмүүс ч анхаарах хэсэгт багтдаг.

-Хүмүүс “Дахиж авах аргагүй шүд
хийлгэчихээр эмирай /MRI/ -д харуулж болохгүй, онош зөр­дөг” гэж ярьдаг. Энэ ямар
учир­тай юм бол?

-Өмнө ярьсантай яг адилхан шалтгаантай.
Дахин хэлэхэд MRI бол соронзон  туяагаар оношилгоо
хийдэг аппарат. Металлтай үед соронз нь татагдаж онош буруу гардаг тал бий. Имплантыг
хийдэг гол материал нь титаниум. Металл дээр соронз наалддаг бол титан дээр наалддаггүй.
Тэгэхээр ямар ч соронзон үйлчлэлд саад учруулах­гүй гэсэн үг. Имплант хийлгэсэн
хүн  эмирайгаар оношлуулахад асуу­дал гарахгүй. 

-Хүмүүс шүд суулгах эмчил­гээг
хэр хийлгэж байна?

-Манай зарим эмнэлгүүд имп­лант хийдэг
сайн компаниудыг сонгож бүтээгдэхүүнээ авчраад байгаа болохоор имплант хийлгэх хүмүүсийн
тоо жил ирэх бүр өсөж байгаа.

-Хаанахын ямар компани имплантаараа
илүү сайн бэ?

-Солонгос, Америк, Германы компаниуд
нэлээд сайнд тооцогд­дог. Манайх гэхэд л Солонгосын Оsstem, Америкийн Hi ossen компа­ниас
имплантаа авдаг.  Манайхаас гадна нэлээд хэдэн
том эмнэлэг энэ компаниудаас имплантаа авдаг юм билээ. Оsstem-ийн имплантыг Азид
хамгийн түгээмэл хэрэглэдэг. Нээгдээд хорь гаруй жил болсон учраас дэлхийн олон
орны шүдний эмнэлгүүд энэ компаниас имплант 
авдаг юм. Америкийн компанийн хувьд Оsstem шиг олон жилийн туршлагатай. Имплантын
компа­ниу­дын сайн эсэхийг хэр олон жил хийснээр нь үнэлдэг жишиг дэл­хийд бий.
Дор хаяж арван жил ажилласан компанийн имплантыг сонгож авах хэрэгтэй гэсэн бичиг­дээгүй
хууль үйлчилдэг.

-Шүд суулгах хагалгааг аж­лаа хийнгээ
хийлгэх боломжтой юу?

-Жижигхэн мэс ажилбарт ордог учраас
хагалгаагаа хийлгэчихээд ажилдаа шууд явж болно.  Буйлыг нээлээ, жаахан өрөмдлөө, суулга­лаа, буцаагаад
хаалаа, тэгээд л болоо. Хагалгааны дараа үрэвс­лээс  сэргийлэх болон өвчин нам­даах эм лууна. Хагалгааны
хугацаа ч урт биш. Нэгээс хоёр цаг л зарцуулна.

-Өрөмдөж шүд суулгана гэхээр их
өвдөлт мэдрэгдэх байх. Мэдээ алдуулахдаа нар­коз хийх үү?

-Хүмүүс өрөмдөнө гэхээр тэгж айгаад
байдаг юм. Наркоз хийх ямар ч шаардлагагүй. Шүд авч байгаатай адилхан хэсэгхэн газ­рын
мэдээ алдуулалт хийгээд л  болчихно. Шүд өрөмдөж
байгаатай адилхан мэдрэмж төрнө.

-Кофе ууж, тамхи татсанаас үүдсэн
шүдний шарлалт их байдаг. Ингэж шарласан шүдийг цайруулах ямар арга, технологи байна?

-Төрөлхийн, шинээр үүссэн шарлалт
гэж бий. Таны яриад байгаа шарлалт бол шинээр үүс­сэн нь. Шүдний паалан бол хатуу
эд. Молекул түвшинд харвал талс­туудаас бүрддэг. Талстууд дотор нь органик судал
явж байдаг. Шүдний шарыг хүчлээр цагааруулдаг арга бий. Шүдэн дээр хүчил түрхэхээр
шүдний талстыг сийрэгжүүлж  шар болгоод байгаа
бодисыг нь хөөс­рүүлж задлаад нааш нь гаргаад ирдэг. Энэ аргыг хэрэглээд арилах­гүй
бол наана нь паалан тавьж өгдөг. Давуу тал нь өнгийг нь засахаас гадна шүдний хэлбэрийг
засаж болно. Шүдэн дээр нь бүрж өгнө гэсэн үг. Зөвхөн харагдах нүүрэн хэсэгт нь
бүрэх, бүтэн бүрэх гэсэн хоёр арга бий. Манайхан голдуу  харагдах хэсэгтээ их хийл­гэдэг. Европчуудын хувьд
бараг араа нь хүртэл харагддаг болохоор бүтэн хийлгэх нь бий.

-Шүд пааландана гээд байгаа нь
манайхны сүүлийн үед их хийлгэх болсон “холливуд инээм­­сэглэл”-ийг хэлээд байна
уу?

-Тиймээ, энэ аргыг тэгж нэрлээд байдаг.

-Хаанахын ямар материа­лаар хийх
үү?

-Манай эмнэлэг гэхэд гоо сайхны шаазангаараа
дэлхийд ноёлж байгаа  Ivoclar vivadent гэдэг
компаниас шаазангаа  оруулж ирдэг. Германы
хажууд байдаг  Лихтенштейн гэдэг улсын компани
л даа.  Дэлхийд эхний гуравт жагс­даг компани
байгаа  юм.

-Шүдийг шаазангаар бүрэхэд үндсэн
шүдийг өрөмдөж, нимгэн болгодог гэсэн яриа байдаг. Ер нь үүнээс өөр ямар эрсдэл
бай­гаа вэ, хуурч унана гэж байх уу?

-Шүдэн дээр паалан наана л гэсэн үг
шүү дээ. Шүднээс бага зэрэг авах тохиолдол бий. Зарим тохиол­долд авахгүй. Авлаа
гэхэд маш бага авдаг. Хатуу юм идсэнээс болж 
эвдрэх гэмтэх тохиолдол гардаг. Тэр тохиолдолд мэдэгдэх­гүй­гээр нөхөх арга
бий. Ер нь эмнэлгүүд шүдний шаазанд арван жилийн баталгаа өгдөг. Баталгаа өгөхдөө
л ийм тоо тавьдаг болохоос учиргүй хатуу юм мэрж идээд байхгүй бол үүнээс ч урт
хугацаанд эвдэрч, гэмтэж, хуурахгүй байх боломжтой.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ш.Сайхансамбуу: Маш хүчтэй дуу чимээ гурван удаа сонсогдсон байна лээ

-ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ДЭГДЭЭХЭЙ ШИГ ХАЙРЦГАНД ХИЙЧИХСЭН АВЧ ИРЖ
БАЙГАА ЮМ БИШ ҮҮ-

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхан­самбуутай
ярилцлаа.

-“Нарантуул” худал­даа­ны төв
шатсанаас хойш нэлээд хугацаа өнгөрчихлөө. Галын шалт­гааныг тогтоо­гоо­гүй л
байна уу?

-Гал гарснаас хойш хоёр сар
болчихлоо. Гал юунаас болж гарсан ту­хай дүгнэлт гараагүй. Цаг­даа хүчнийхэн,
онц­гойгийнхонтой хамтарч ажиллаж байх шиг бай­на. Бидний зүгээс хэлдэг үгээ
хэлсэн. Гал өглөө үүрээр гарсан байдаг. Тэр үед захын түрээслэгчид түрүүчээсээ
ирчихсэн бай­­сан юм. Тиймээс олон гэрчтэй л дээ.

-Таны хувьд гал хаа­наас
гарсан гэж үзэж байгаа вэ?

-Гаднаас л тавьсан.  Өмнө нь манай захад гурван ч удаа гал гарч
байсан юм. Цахилгаан хэрэгсэл, газаас болж байлаа. Үүний нэгээс бус­дыг нь бид
өөрсдөө унт­рааж байлаа. Нэг удаа­гийнх нь галыг унтраах гэж гал команд дуудсан
байдаг. Гэтэл  сая гардаг гал ахуйн
чанартай га­лаас тэс өөр байсан. Өөрс­дөө унтраах ямар ч боломжгүй. 130 метрийн
урттай, 70 метрийн өн­дөр­тэй тийм том па­вильон Улаанбаатар хо­тод манайхаас
өөр газар байгаагүй шүү дээ. Тэгтэл энэ том битүү байшин ердөө 18 минутын дотор
л шатчихсан. Хэрэв ца­хил­гаан хэрэгслээс болж гал гарсан бол ийм хур­дан
хугацаанд том бай­шинг шатаачихгүй шүү дээ. Бага дээр нь унт­раачихна биз дээ.
Шин­жээчид ажиллаж байна. Дүгнэлтийг үнэн мөнөөр нь гаргах байлгүй. Сүүлд
аравду­гаар цайны газ­рын орч­моос ака бууны гурван ширхэг сумны хон­гио олд­сон.
Цэнхэр дээв­рийг зад буудаад дээшээ гар­чих­сан байсан.

-Дээвэр рүү нь бууд­сан гэж
үү?

-Үгүй ээ. Дээврийг ямар нэгэн юм
цөмлөөд дээшээ буудсан ором байгаа юм.

 

-Тэр нь юу юм бол. Газ дэл­бэрсэн
юм биш үү?

-Газ тэгж дэлбэрэхгүй л дээ. Юу
юм мэдэхгүй. Дээвэрт 20 гаруй см-ийн диамет­рийн хэмжээтэй нүх­нүүд  гарсан байсан. Ийм асуу­дал байгаа учраас
галын дүгнэлт удаж байгаа бо­лов уу. Түүнээс биш зү­гээр нэг цахилгааны хол­болтоос
болж гал гарсан бол дүгнэлт гаргах гэж ингэж удахгүй шүү дээ. Тэгээд ч
цахилгааны хол­болтын саатал үүрээр гарахгүй. Захын ажилчид  орой нь бүх зүйлээ унт­рааж, шалгадаг. Гал га­рах
вий гэхээс үхтлээ айдаг хүмүүс шүү дээ, бид. Тиймдээ ч орой бүх зүйлээ шалгаж,
дотор нь хоёр манаач үлдээхээс өөр яах юм. Галын дүг­нэлт яаж гарахыг хүлээ­гээд
байна. Хэрэв хүүхэд нохойн доог шиг хөгийн дүгнэлт гарах юм бол Үн­дэс­ний
аюулгүй байдлын зөвлөлд хандана. Мон­голын борчуудын цуглаж, амьдралаа
залгуулдаг ганц захыг шатаачихаад байхад яагаад ҮАБЗ авч хэлэлцдэггүй юм. Хам­гийн
олон ажлын байрыг манайх л бий болгож бай­на. “Эрдэнэт” үйлдвэр зургаан мянган
ажлын байртай юм гэсэн. Манайх түүнээс их шүү дээ. 

-Гаднаас гал тавь­сан юм бол
хэн байж таарах уу?

-Мэдэхгүй. Цагдаа нар тогтоох
байлгүй.

-Өглөө 05.00 цагт зах дээр
ирж, гал гарахад байсан тү­рээс­лэгчид юу гэж ярьж байх юм?

-Манай нэг түрээслэгч дотогшоо
нэг үхрийн гуя оруулж тавьчихаад ма­ши­наасаа дахиад мах авах гээд гарч ирэх
үед нь маш хүчтэй дуу чимээ гурван удаа сонсогдсон байна лээ. Тэр дуунаар
буцаад гүйгээд очтол дотор бөөн утаа униар болчихсон гал асч байсан гэж
байгаа. 

-Гал гарах үед өөр ямар хүмүүс
байсан юм бол?

-Манай хоёр манаач байсан.
Тэднээс цагдаа­гийн­хан мэдүүлэг авч байгаа.

-Тэд  юу гэж байх юм?

-Бид ямар мөрдөн бай­цаагч биш.
Тэднээс цагдаагийнхан  мэдүүлэг авч
байгаа.

-Та гал гарсныг хэдэн цагт
мэдсэн бэ?

-Өглөө 07.00 цагийн үед манай­хан
утасдаж хэлсэн.

-Гал гарах үеэр до­тор нэг
эмэгтэй нас бар­чихсан. Тэр ямар хүн байсан юм бэ?

-Цэвэрлэгч байсан. Ямар ч
зөвшөөрөлгүй­гээр өөрөө сайн дураараа зах дотор хоносон байна лээ. Тэр хүнийг
яах гэж хонуулснаа хоёр манаач хэлнэ биз. Уг нь зах дотор хүн хонуулах хориотой
шүү дээ. Бид юун төлөө тэр манаачдад цалин өгөөд хариуцлага үүрүү­лээд
ажиллуулж байгаа билээ. Захад яагаад хүн хонуулсан, гал юунаас болж гарсныг
хэлэх байл­гүй.

-Танай компани бо­лоод тү­рээс­лэгчид
хич­нээн хэмжээний хохи­рол амсав
аа?

-Бид найм орчим тэр­бум төгрө­гийн
хохирол амсаж байна. Шатсан балгасыг нь буулгаад, хог новшийг нь цэвэрлэж бай­­на.
Үүнд зарцуулж байгаа мөнгөний тоо та­лийж байна. Дээрээс нь захын орлого багасч
байна. Улсад өгдөг тат­вар ч татарч байна. Түрээслэгчид ч хохирсон. Захаас юмаа
цуглуулдаг байсан иргэд ч хохирлоо.

-Та ч хохирлоо…

-Тийм. Намайг хохир­сон гэдэг
утгаар нь бо­дох­гүй буруутгах л юм олох гээд байх юм. Би уг нь энэ хүмүүсийг
ажлын байраар хангаж, Мон­голд байхгүй бага түрээс авч байгаа шүү дээ. Өдрийн
2000 төгрөгийн түрээс төлдөг хүн ч байна. Өдөрт 2000 төгрөгийн наймаа хийхгүй
хүн гэж юу байхав дээ. Адаглаад нэг гутал зарсан ч 5000 төгрөг олдог юм байгаа
биз дээ. Хамгийн дээд талын түрээс төлдөг хүн л гэхэд 300 мянган төгрөг өгч
байгаа. Тийм учраас Нарантуул захын бараа, бүтээгдэ­хүүн хямд байна. Бусад
худалдаа­ны газ­рууд эндээс л бараагаа авч, үнэ нэмээд худалд­даг. Хэрэв Наран­туулын
түрээс нэмэгдээд, бараа­ны үнэ нь өсвөл дагаад Монголд юмны үнэ өсч таарна. Ийм
зүйл болгох­гүйн үүднээс өч­нөөн жил бага түрээсээр хүмүүсийг ажлын байраар
хангаад ирлээ.  Үүнийг манай томчууд тоож
үзэхгүй юм. Нарантуул муухай, за­ваан л гээд байхаас өөрөөр ойшоодоггүй. Ганц
ярьдаг зүйл нь хо­тоос гаргаж зайлуулна гэдэг. Аль ч хотын дарга ингэж хэлдэг.
Тэгж ярих юм бол тэр дуракуудыг юу ч үгүй явах үед нь би Монголд бүтээн байгуу­лалт
өрнүүлж байсан юм. Зах хязгаар зэлүүд, хог нов­шиндоо дарагдчих­сан газрыг
цэвэрлэж, ийм том зах барьсан хүн шүү. 

-Түрээслэгчид дааж давшгүй их
хохирол нэ­хэж байгаа гэх юм. Нэг уруулын будгийг най­ман мянган төгрөгөөр
үнэлсэн ч гэх шиг?

-Тийм зүйл байхгүй ээ. Намайг
түрээслэгчидтэй муудалцуулах зорилгоор яс хаяж байгаа байх. Лав бидэнтэй хийсэн
гэрээ, манайд гаргаж өгсөн зүй­лээс нь харахад тийм зүйл байхгүй. Тэгээд ч олон
түрээслэгчийн бэлэн мөнгө шатал­гүй гарч ир­сэн шүү дээ. Гал тааз­наас гарсан
учраас доо­шоо хүмүү­сийн барааг хуу хамж шатаагүй л дээ. Түрээслэгчид хохирлын
хэм­жээ­гээ тогтоогоод цаг­даад аваачиж өгсөн. Ма­найтай хийсэн гэрээнүүд нь ч
бий. Энэ бүхнийг харьцуулж байж хохир­лын хэмжээг бодитоор тогтоох байх.

-Түрээслэгчид даат­гал­гүй
байсан юм уу?

-Жил болгон даат­гуул­даг бай­сан
юм. Гэтэл өнгөрсөн тавдугаар сард даатгал нь дуусчихсан байс­ныг манай хариуц­ла­гагүй
нөхдүүд мэдээгүй учраас сунгуулаагүй юм билээ. Тэгэхээр Наран­туул шатсан нь
цэвэр компанийн хохирол бо­лоод хувирчихаж байгаа юм. Олон жил даатгал төлсний
хэрэг ч гар­сан­гүй. Манай хариуцлагагүй нөхдүүдээс л болсон хой­но одоо юу
ярихав дээ.

-Шатсан захын оронд шинэ
байшин бос­гох уу.  Дээрээс нь тү­рээс­лэгчдийн
хохир­лыг бараг­дуулж таарах нь ээ?

-Тэгнэ. Түрээслэгчид­тэйгээ хоёр
удаа уулзсан. Тэд “Бидний ажлын бай­рыг л буцаагаад босгоод өг” гэж байна лээ.
Би тэгье гэсэн. Арга ч үгүй юм. Хохироод үлдсэн гурав, дөрвөн зуун хүнийг аж­лын
байраар хангах хүн надаас өөр байх биш. Тэдний найдаж харж бай­гаа цорын ганц
хүн нь би л байна. Өнөөдрийн байд­лаар шатсан газрын хогийг нь зайлуулахад 300
гаруй сая төгрөг зар­цуулчихаад байна. Тэр бал­гасыг буулгана. Оронд нь шинэ
зах бари­на. Тэгэхээр хичнээн төгрөг гарах юм.

-Өнгөрсөн зун “На­рантуул”-ын
замтай хол­боотой маргаан дэг­дээд байсан. Үүний да­раахан зах шатчихсан шүү?

-Тэгсэн. Түрээслэгч­дийн машин
тавьдаг тал­бай дундуур нийтийн зам тавина гэсэн юм. Үүнд хэн дуртай байх
билээ. Сүү­лийн үед хараад байхад бүх зүйлийг хүчээр хийнэ гэдэг болжээ. Энэ нь
араа­саа юу ч дагуулж мэднэ шүү. Хүний хийсэн бүтээснийг шууд буулгана хураана
гэх юм. ТҮЦ-үүдийг ч буулгана гэж бай­на. Амьдрах гэж ядаж яваа хүмүүсийн
хоолтой нь ярьж яана. Маш олон бизнес эрхлэгчдийн дур­гүйг хүргэсэн юм хийж
байна шүү манай хот.

-Нарантуул захыг Б.Наран­хүү
шатаачих­лаа гэдэг яриа гарчих­сан байсан…

-Хүмүүс янз бүрээр л ярьдаг шүү
дээ. Би Б.На­ранхүүг танина. Надад гайгүй л байдаг. Сай­ханаа ахаа гээд баяр
ёслолоор мэндчилгээ ирүүлж байдаг юм. Олон жил ноцолдож байж тэнд нэг худалдаа­ны
төв бос­гоно лээ. Тэр бол манай борчуудын захаас нэ­лээд дээгүүр бэл бэнчин­тэй
худалдаа хийдэг хү­мүүст зориулсан газар байна лээ. 

-Тэгэхээр зах зээ­­лээ булаа­цал­дахгүй
гэж үү?

-Булаацалдахгүй ээ. Тэртэй тэргүй
эхний нэг, хоёр жил хүн цуглатлаа уддаг юм. Манайхтай, манайхгүй хоёр жилийн
дараа Б.Наранхүүгийн зах хүнээр дүүр­дэг бол­но. Тэр үед энэ олон зам­бараагүй
хүмүүсийг цэгц­лэх гэж би­дэнтэй адил­хан зовно доо. Зах ажил­луулна гэдэг тийм
амар юм биш. 

-Нарантуул захыг та анх яаж
байгуулж бай­сан юм бэ?

-1995 онд төсөл шал­га­руулалт
дуудлага ху­дал­даагаар орж,  49 сая
төгрөгөөр худалдаж авч байлаа. Тэр үеийн 49 сая төгрөг гэдэг бол хүн бол­гонд
байдаг мөнгө биш.  Дэнжийн мянгын зах
Улаан­баатар хотын хувьд асуудал болчихсон байсан үе л дээ. Айлуу­дын дунд
оршуулгатай газар байдаг. Хүн машин нь багтаж шингэхээ бай­чихсан үнэхээр хэцүү
нөхцөлтэй байлаа. Тий­мээс хотын захиргаанд өргөдөл өгч, шинэ зах барих газрын
зөвшөөр­лийг нь авсан. Тэр үед газрын алба байгаагүй. Хотын ерөнхий архитек­тор
зураг төслийг нь үзээд гарын үсэг зураад бол­чихдог байсан. Тэр үед барилга
барьдаг газар ч цөөн байсан. Би ганцаараа үзэж тарсаар байгаад 1999 онд дуус­гасан
шүү дээ.

-Газрын хэмжээ нь хэд билээ?

-26 га байх аа. Тэр үед хотын
дарга Ж.На­ранцацралт, Ерөнхий сайд М.Энхсайхан бай­сан. Тэд миний ажлыг
дэмжээд “Ээ дээ наад захаа богино хугацаанд бариарай” гэдэг л бай­лаа. 

-Та цэвэр өөрийнхөө хөрөн­гөөр
босгосон уу?

-Тийм. Улсаас сохор зоос ч
аваагүй. Германы банкнаас зээл авсан юм. 
Улсаас хийж өгсөн зүйл нь гэвэл Зүүн дөрвөн замаас ураг­шаа явдаг зам.
Дараа нь Нарны за­мыг тавьж өгсөн. Наран­туул гэдэг худалдааны төв баригдлаа.
Хотын дарга нь ч Наранцацралт гэдэг нэртэй. Зам барьж байгаа хүмүүс Их Наран
улс буюу япончууд юм  гэдэг утгаа­раа  Нарны зам гэж нэр­лэсэн түүхтэй  шүү дээ.

-Нарантуул захыг босгоход
хичнээн төг­рөг зарцуулсан бэ?

-Таван сая ам.дол­лараар энэ
захыг босго­сон. Зээлээр барьсан шүү дээ. Захаа анх байгуу­лах­даа хотын дарга
болоод Ерөнхий сайдтай “15 жи­лийн хугацаанд задгай чигээрээ байг. Түүнээс цааш
өөрчлөгдөх байл­гүй” гэж ярьж, тохиролцож байлаа. 

-Германы банкнаас яаж зээл авч
байв?

-Дэнжийн мянгын захыг үзүү­лээд
“Манайд захын асуудал хүнд бай­на. Тиймээс ийм шинэ газар том зах барих гэсэн
юм” гээд л авчихсан. Хү­мүүс ирж үзээд тусла­хаар шийдэж, гурван жилийн
хугацаатай зээл өгсөн.

-Хүү нь ямар байхав. Хуга­цаандаа
төлж чад­сан уу?

-Зээлээ төлөх гэж уд­сан. Зур­гаан
жил гаруйн хугацаанд төлж бараг­дуул­сан даа. Есөн хувийн хүүтэй зээл авч
байлаа. Тэгж л энэ захыг барьсан юм. Ингэж Дэнжийн мян­гын зах түүх болон үлдэж
байв аа. Харамсалтай нь 13 жилийнхээ ой дээр Нарантуул зах маань  шат­чихлаа.

-Нарантуул захын газрыг та
ямар хэлбэ­рээр эзэмшдэг юм бэ?

-60 жилээр эзэмших эрхтэй. Гэхдээ
эзэмших эрхээ тав, таван жилээр сунгадаг юм. Таван жил болоод хотын удирд­ла­гуу­дад
долигонож байж сунгана шүү дээ. Уг нь бол 60 жилийн эзэмших эрхтэй хүн тэгж
баймаар­гүй л байгаа юм. Өөрс­дөдөө долиго­нуулж, татаас татах гээд тийм журам
гаргачихсан байх­гүй юу. 

-Нарантуул захын асуудал ийм
байж. Танай намаар сонин юу байна вэ?

-Нийслэлийн намын хорооны дэд
дарга болс­ноос хойш үүрүү­дээр нэ­лээд явлаа. Манай намын гишүүд болоод дэмжиг­чид
их гом­долтой байна. 2009 оны Ерөнхий­лөг­чийн сонгуулиас хойш манай нам тувт
ялагдсан байна. Гишүүд үүнийг намын удирдлагуудтай холбож, тэднийг шүүм­жилдэг
юм билээ. Энэ намыг олон жил удирд­сан, намын нэрээр байн­га дарга болж явсан,
газ­рын наймаа, хээл ха­хуульд холбогддог нөх­дүү­дийг болиоч ээ гэдэг юм
билээ. Одоо залуу­чуу­дыг гаргаж ирвэл яасан юм гэж ярьдаг юм байна. Гишүүдийн
хэлж байгаа шүүмжлэлийг со­нин хэвлэлээр дамжуулж, нэр устай нь зөндөө хэл­сэн.
Тийм болохоор энэ хууччуул надад их дургүй байдаг гэнэ лээ.

-Та намын Их хурал­даа төлөө­­лөгчөөр
сон­гог­дов уу?

-Тийм үүрээс Их хур­лын
төлөөлөгчөөр сон­гогд­лоо шүү гэж хэлж байгаа юм л алга.

-Та өөрөө гүйхгүй бол тэд
сонгохгүй байх аа?

-Нийслэлийн намын хорооны дэд
дарга хүн чинь өөрөө гүйгээд байх нь хаашаа юм. Намын ажлыг нь сайжруулах гэж
өчнөөн л хө­рөнгө зарж байна. Намайг намаа, удирдлагуудаа шүүмжил­лээ гээд
уурлаад байдаг юм уу. Өнгөрсөн жил гэ­хэд л УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэлгүй
бас унагасан. Намын Их ху­ралд суух төлөөлөгч­дийг хайрцаглаж байна л гэ­сэн.
Үүр болгоноос дэг­дээхэй шиг хайрц­ганд хийчихээд аваад ирж байгаа юм биш үү.

-Намын даргын тө­лөөх тулаан
ширүүхэн л болж байх шиг байна…

-Өө харин тийм. Бие биетэйгээ
сонин хэв­лэлээр баахан байл­дах шиг боллоо. Ингэж байс­наа албан тушаал ху­ваах
болохоороо жигтэй­хэн найзууд болчихдог юм. 
Гэхдээ манай намын даргаар төрийн албан тушаалаар лаахай­даж,
хөрөнгөжсөн, наанаа улс орон, ард түмнээ гэдэг баг зүүчи­хээд, цаанаа өөр юм
ярьж суудаг хуучин нөх­дүүд битгий болоосой. Нэрлээд ч төвөг. Өөртөө хонзон
болгохын нэмэр юм. Залуучуудыг гаргаж ирээсэй. Аюурсайхан гээд сайхан залуу
байна. Манай Ж.Сүх­баатар, С.Бям­бацогт, Д.Хаянхяр­ваа байна, Н.Энхболд байна.
Элдэв муу цол чимэггүй энэ хүмүүс даруу­хан учраас  дээш нь гаргахгүй л дээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

ТҮЦ-ийнхэн та нарт жижигдээд байгаа бол ард түмэн бас жижигдэх үү, хотын дарга аа

Өдрийн сонин “Асуух эр­хийн танхим”-даа
ТҮЦ ажил­луулдаг иргэдийн эрх ашгийг хөндөж хувийн өмчид нь төр халдаад байгаа тухай
хэлэл­цүүлэг зохион байгуулсан билээ. Манай сонин хүний эрхийг хөхиүлэн дэмжигч
анх­дагч сонины хувьд, иргэд өмчтэй байх эрхтэй гэж нийт­лэлийн бодлогодоо тусгад­гийн
хувьд  энэ удаа өмчөө алдаж байгаа иргэд болон  холбогдох байгууллагын  ха­риуцлагатай албан тушаалт­нуудыг урьсан юм.
Мөн хэв­лэл мэдээллийн байгуул­лагууд ч үүнд анхаарлаа хандуулан олноороо ирсэнд
талархалтай байна.

Төр нь иргэнийхээ өмчид хүч хэрэглэн
халдаж байгаа энэ асуудалд хариуцлага хүлээх, дорвитой хариулт өгчих байгууллага
ховор бай­гаа нь харамсалтай. Тодор­хой хариуцдаг газар ч байх­гүй. Бүгд хурааж,
хориглох, нураах өөр өөрийн үүрэгтэй. Хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажилладаг,
иргэ­дээ гэхээсээ илүүтэй нэгэнт үеэ өнгөрөөсөн, нөхцөл бай­далд огт нийцэхээ байсан
хууль журам ярьж хохироох­доо юман чинээ тоодоггүйг олж харлаа. Эсрэгээрээ иргэ­дийн
өмчийг энэ тохиолдолд хэрхэн хамгаалах талаар хууль байхгүй, ямар нэг субьект бас
алга. “Бид хууль, жур­мынхаа дагуу л арга хэм­жээ авлаа” гэсэн ам тагладаг нэг өгүүлбэр
бэлэн зэхээний байнга хэлдэг аж. 

Бид  хэлэлцүүлэгтээ хотын удирдлагууд энэ үйлчлэлийн
ажил хариуцсан түшмэдийг урьсан ч  ирсэнгүй.
Энэ асуу­далд тэдэнд жижигдсэн юм байна. ТҮЦ ажиллуулдаг иргэдийн эрх ашиг хөндөгдөх
нь хотын удирдлагуудын хувьд дэндүү жижиг, тэд хэт доошоо орсон асуудал  бай­сан бололтой. ТҮЦ жижигхэн асуудал учраас
хотын даргад жижигдээд байгаа юм байх. Хотын дарга нийслэлийн нэг иргэнтэй холбоотой
асууд­лаар ч хүлээн авч уулзаж шийдвэрлэх ёстой. Гэтэл тэ­рээр ирсэнгүй. Энэ асуудлыг
хариуцдаг орлогч дарга Очир­бат нь хэлэлцүүлэг хий­дэг өдөр гадаад томилолттой гээд
мөн л ирсэнгүй. Хурааж, хорьж нурааж болдог юм бол ойлголцож, болгох талаас нь гарц
хайж яагаад ярилцаж болсонгүй вэ. Эсвэл гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр өөрс­дий­гөө
буруу зүйл хийж байгааг хүлээн зөвшөөрөөд хэлэх үг олдохгүй байна уу.

Угтаа бол Нийслэлийн өмчийн харилцааны
газраас ТҮЦ-үүдийг буулгах саналаа Э.Бат-Үүл даргад өгсөн бо­лол­той юм. Яг нэг
жилийн өмнө ТҮЦ ажиллуулдаг иргэ­дийг хүлээж авахдаа найрсаг үг хэлж байсан хотын
дарга харин энэ удаа ТҮЦ буул­гахыг зөвшөөрсөн гарын үсэг зуржээ.  

Төрд тэр иргэд ямар гай тарив. Хэнд
ч гай тарихгүй хэдэн төгрөг олоод ар гэрээ тэжээгээд явж байгаа. Нийс­лэлд 500 орчим
ТҮЦ ажил­ладаг гэхэд нэг айлд таван хүнтэйгээр тооцоод хэдэн айлын, хэдэн иргэнийхээ  амьжиргааны эх үүсвэрээс салгаж байгаагаа мэддэг
бо­лов уу. Иргэнээ боддоггүй төр гэж байдаг юм байна. Тэднийг ТҮЦ-нээс салгах түмэн
янзын тайлбар, хууль журам байдаг хэрнээ ТҮЦ-тэйгээ үлдэх ямар ч хууль журам байдаггүй
аж. Хэрэв төр иргэнийхээ өмчид дураар халдаж, хотоо гоё болгох гэж байгаа бол  том эндүүрэл. 
Ядуу иргэнтэй байснаас хот муухайгаараа байг. Үгүй бол төр иргэдэд олох ёстой
орлогыг нь тооцон нөхөн олговор олгох ёстой.

Төр иргэддээ хэрхэн хан­даж, хүний
хувийн өмчийг хайр найргүй эвдэж сүйтгэж байгааг уншигч та бүхэн ч мэдээллийн хэрэгслээр
олон­­таа харсан байх.

Иргэд стандарт гаргаад өгвөл хотын
өнгө үзэмжинд таарсан ТҮЦ-ийг байгуулъя гэж хэлээд ч харамсалтай нь тэдний саналыг
хүлээж авах газар олдсонгүй. Анхнаасаа зөвшөөрөл өгөөгүй бол яая гэхэв. Хамгийн
инээдтэй нь үйл ажиллагаа эрхлэх зөв­шөө­рөл олгочихсон хэрнээ одоо гэнэт болиулах
нь шу­дарга уу, зүйд нийцэх үү.

Зарим байгууллага нь ний­тийн тээврийн
зогсоолд  үйл­чил­гээний цэг байх ёсгүй гэсэн
атлаа заримд нь зөв­шөөрөл олгосон байгаа юм. Мөн  ТҮЦ-ийг нь нурааж зөөх­дөө эздээс нь үйлчилгээ
үзүүлс­ний хөлс нэхэж авсан байна. Хүний өмчийг эвдэж сүйтгэн, нурааж буулгасны­хаа
төлөө хураамж авдаг нь ямар учиртай юм. Энэ талаар асуухаар гомдлоо шүүхэд гаргаж
болно гэх. Иргэдээ дэндүү басамжилж дором­жилж гэж үүнийг л хэлэх байх.

Заасан хугацаанд нь ТҮЦ-ээ буулгасангүй
гэж өмчийг нь  журмын ха­шаанд аваачаад  буулгадаг гэнэ. Хамгийн ха­чирхалтай нь үүнийхээ
ха­жуугаар хотын даргын гарын үсэгтэй стан­дартын 200 ТҮЦ оруулж ирнэ гээд явж байгаа
нэг компани гараад ирчихсэн  нь анхаа­рал
татна.  Автобус­ны буу­далд ТҮЦ ажиллуу­лахгүй
хэрнээ тэр компанийг  нэг бүрийг нь 25 саяын
үнэтэй ТҮЦ оруулж ирэхийг зөв­шөөр­сөн  байгаа
юм. Энэ нь хоорондоо огт авцалдахгүй юм. ТҮЦ байлгахгүй гээд жур­мын хашаанд хийх
хэрнээ дараагийнхыг нь оруулж ирэх зөвшөөрөл өгсөн гэх.

Үндсэн хуулинд хүний өмчлөх эрхийг
хязгаарлах дээрээ тулбал хуулиар хяз­гаар­лах тухай заачихсан.  Гэсэн ч тэр хууль нь байдаггүй. Тиймээс Үндсэн
хуулийн энэ заалт одоогийн тохиолдолд зөрчигдөөд яваад байгаа юм. Нэг ёсондоо төр
хүний эр­хэнд ямар ч зохицуулалт­гүйгээр халдаад байгаа та­лаар манай хэлэлцүүлэгт
оролцсон хуульч хэлж бай­сан. ТҮЦ-ийн эзэд одоо бо­лоод байгаа  үйл ажиллагаа­наас болж үймж сандран зохих байгууллагуудаар
гут­лын улаа элэгдтэл явжээ. Гэтэл аль хэдийнээ зөвшөөр­лийг нь өөр хүний нэр дээр
болгочихсон байж. Харин албаны эх сурвалж болохоор үүнийг үгүйсгээд байдаг. Ир­гэд
болохоор өөрийнхөө нү­дээр харсан гээд байдаг. Олноор нь Хятадаас ТҮЦ оруулж ирж
байгаа КИГ ком­панийн талаар албаны хү­мүүсээс асуухаар  хэн ч ха­риулж мэдэхгүй.

Э.Бат-Үүл даргын буурал толгойд иргэдээ
гэсэн чин сэтгэл байгаа гэж бодсон юм.  Эрх
бариагүй үедээ  иргэнээ өмчтэй болгохыг  дэмжиж явсан санагдана. Гэтэл одоо өөрчлөгдөж.

Та бүхэнд энэ ТҮЦ-ийн эздийн хохирч байгаа нь  жижигхэн асуудал бол ард түмэн чинь бас жижигхэн
санагддаг уу гэж асуумаар байна.  Төрд очихдоо
ард түмэн гэж цээжээ дэлдэн сон­гуулийн үеэр иргэдийнхээ төлөө бүхнийг хийнэ гээд
байсан. Хийж байгаа ажил нь харин иргэдээ хохироож буй. Иргэд та бүхний  амлалтуу­дыг 
мартаагүй. Сонгуульт хугацаа чинь дуусахад ам асуугаад зогсож байна. Амь­жир­гааныхаа
эх үүсвэрээс салж байгаа иргэд яах вэ. Тэдний амьдрал доройтвол  хотын удирдлага буруутай.  Албан тушаалтан, улс­төрч­дийн хэлэх дуртай үг
ард тү­мэн.  Тэр  ард түмний чинь нэг хэсэг ТҮЦ эзэмшигчид шүү.
Тэдний хохирлыг хэн ба­раг­дуулж, тэдний амьд­ралыг хэн цааш авч явах вэ. Жижигхэн
гэж тоомжиргүй хаяж буй энэ асуудал томоос том хэрэг мандааж магадгүй шүү.

Categories
редакцийн-нийтлэл

Б.Наранхүү: “Шарга даага”-д тоглосноос хойш манай ангийнхан намайг од гээд байгаа

Арваад нас хүртлээ ажаатайгаа
өссөн Галт хүү ажаагаа өөд болсны дараа төрсөн аав, ээж дээрээ очдог. Ажаагаа санасан
хүү­гийн сэт­гэлийг адуунд нь гүйж ирсэн шарга даага тайт­гаруулдаг. Найруулагч
Ч.Хорол­доржийн “Шарга даага” киноны үйл явдал ингэж өрнөдөг. Монголын хөдөө нутгийн
жаахан бор хүү, даага хоёрын байгалиас заяасан харилцан шүтэлцээг олон улсын киночид
үнэл­сээр байна. “Шарга даага” кино саяхан гэ­хэд л энэтхэгчүүдээс магтаалын үг
сонсоод ирсэн. “Улаан­баа­тар” олон улсын анх­дугаар кино наадамд ирсэн гад­ны том
уран бүтээлч­дийг алга ташин гай­хашруулсан энэ кино тун удахгүй Монголын кино теат­руудад
гарч эхлэх гэж байна.
 Ин­гээд “Шарга даага” ки­нонд гол дүрийг
бүтээ­сэн Б.Наран­хүү­тэй бо­лон аав А.Баяр­хүүтэй нь утсаар ярилц­­лаа. Учир нь
хүү Төв айм­гийн Уг­таал сумандаа хи­чээл, гэр хоёрынхоо дунд гүйж яваа. Б.На­ран­хүү
удах­гүй Улаан­баа­тарт ирж кино­ныхоо нээл­тэд орол­цох юм билээ.

-Сайн байна уу, На­ран­хүү. Киногоо
Улаан­баатарт гарах болсныг мэдсэн үү?

-Өө мэдсэн. Төгсөө ах, Хоролоо ах
хоёр ирж авах байх даа гэж бодоод л байж байна. Эгчээ би “Шарга даага”-ыгаа Улаан­баатарт
гарахыг сонсоод унтаж чадахгүй байгаа. Аав “Ядарчихна, унт миний хүү” гээд л байгаа.

-Хичээл чинь тарсан уу, хэддүгээр
анги билээ?

-Одоо зургадугаар анги. Хичээл тараагүй
ээ. Хэзээ тарахыг нь мэдэхгүй байна.

-“Шарга даага” ки­нонд яаж тоглохоор
болсон бэ?

-Манай сургууль дээр зөндөө хүмүүс
ирээд шалгаж авсан. Авьяас үзсэн л дээ. Дуулуулж, бүжиглүүлсэн. Би дуулж бүжиглэдэг
болохоор тэнцсэн байх. Энэ жил орос бүжиг бүжиглээд сургуульдаа түрүүлсэн. Манай
ангийн дөрвөн  эрэгтэй, дөрвөн эмэгтэй бүжиглэсэн
юм. Нодин бас бүжиглэсэн. Гэхдээ энэтхэг бүжиг л дээ.

-Кинонд тоглоход юу нь хэцүү байсан
бэ?

-Уйлах л хэцүү бай­сан. Уйлдаггүй
кинонд бол тоглоод л баймаар байна. Уйлна гэхээр ну­лимс гарахгүй юм билээ.

 

-Тэгээд чи яаж уйлсан бэ?

-Найруулагч зөндөө хэлсэн л дээ. Тэгсэн
ч уйлахгүй байсан. Надтай манай хамаатны нэг хүүхэд цуг байсан юм. Тэр намайг чимчихсэн
чинь миний уур хүрээд уйлчихсан.

-Чамайг кинонд тоглосон чинь ангийнхан
чинь юу гэж байна?

-Од гээд байгаа ш дээ. Манай Угтаал
сумынхан намайг бүгдээрээ таньдаг болсон байна лээ. Зарим ах, эгч нар “Гарын үсгийг
чинь авъя” гээд байгаа.

-Морь унахын юу нь гоё вэ?

-Айрагдаж, түрүүлэх нь гоё. Манай
хөдөө байдаг  ах их мундаг уяач. Тэдний морийг
анх унаад түрүүлсэн чинь дахиж унамаар санагдаад.

Тэгээд л морь унах дуртай болсон.
Миний  унасан морь бүр айрагддаг болохоор
дахин дахин унаад баймаар санагддаг. Би одоо гурван медальтай.

-Кинонд хамт тоглодог даага чинь
хаана байдаг вэ?

-Манай сумын нэг ахын даага. Аав хорь
гаруй км-т байгаа гэж байсан. Уг нь очвол очихоор л юм билээ. Одоо даанч хичээл
ихтэй болохоор амжихгүй байна л даа. Тэгж байгаад аавтайгаа очиж харнаа.

-Чи зурагтаар ярилцлага өгч үзсэн
үү?

-Үзсэн. Гэхдээ юу ч ярьж чадаагүй.
Очсон чинь бүх үгээ мартчихсан. Тантай  утсаар
ярьж байгаа болохоор л арай сандрахгүй байна.

-Чи хэдэн дүүтэй вэ?

-Хоёр. Нэг нь эрэгтэй. Нэг нь охин.
Охин дүүдээ жоохон болохоор нь илүү хайртай.

-Хурдан морины уралдаан хэр үзэж
байна?

-Хурдан морины уралдаан гарвал үзэх
дуртай. Ээж, аав хоёр ч намайг ажил хийлгүүлэхгүйгээр үзүүлдэг юм. Гэхдээ одоохондоо
зүсийг нь сайн ялгаж чадахгүй байгаа. Аав дандаа морины зүс асуугаад байдаг болохоор
тогтоодог болох гээд л хичээгээд байгаа. 

 А.БАЯРХҮҮ: ХҮҮ МИНЬ БҮР ҮНЭН ГОЛООСОО УЙЛСАН БАЙГАА ЮМ ДАА

-Хүүгээ кинонд тог­лохыг сонсоод
ямар сэт­гэгдэл төрж байв, чадах болов уу гэж эргэлзэж байсан уу?

-Ажлаасаа ирсэн чинь кинонд тоглохоор
болчихсон гэж байсан. Багаасаа хурдны морь унадаг байсан л даа, миний хүү. Морины
тухай кино болохоор чадчих болов уу гэж найдсан. Гэхдээ л эвгүй юм билээ. Тийм олон
хүүхдийн дундаас тэнц­чихээд чадахгүй бол яана аа гэж айж байснаа нуугаад яахав.

-Кино зураг авалтын үеэр хүү чинь
гэрийн бараа харсан уу?

-Ноднин зун кино зураг авалтын
үеэр
бараг гэртээ байгаагүй. Сургуулиа тараад л шууд 
зураг авалтанд гарсан. Угтаалаас арав гаруй  км-ийн зайд 
кино зураг авалт хийсэн юм. Тэндээ байрлаад хийсэн л дээ. Гэрээсээ хол
байж
үзээгүй  болохоор эхлээд гэрээ санаад жигтэйхэн
юм болсон ч сүүлдээ  хүмүүстээ дасч ахаа эгчээ
болоод дажгүй болсон. Эхний үед ээж нь очиж ганц нэг хонох зэргээр
дасгасан л даа.  Би ч киног нь бүтэн үзээгүй л дээ. Хэсгийг нь
үзэхэд их  хөөрхөн болсон байна лээ. Моринд
дуртай болохоор сэтгэлээсээ тоглосон юм болов уу гэж хүүгээ үнэлээд
байгаа. Саяхан
киноных нь плакат ирсэн. Бүр үнэн голоосоо уйлсан байгаа юм даа. Хүү
маань зургаа  хараад инээ­гээд л хөөрч гүйгээд байсан. Одоо
хүүтэйгээ киноных нь  нээлтэнд явна даа.

-Ээж нь очиж хонож байсан гэхээр
их эрх байх нь ээ?

-Найм  хүртлээ бид хоёрын өвөрт байсан хүүхэд. Дүү нь
гараад тусдаа унтдаг болсон юм. Гэхдээ одоо ч гэсэн хааяа өвөрт ороод ирнэ шүү.
/Инээв/

-Хэддүгээр ангиасаа морь унаж эхэлсэн
бэ?

-Хоёрдугаар ангиасаа эхлээд хурдан
морь унасан. Моринд дуртайнх нь хэрэг л  гарч
байх шиг байна. Шилдэг унаач хүүхэд хүртэл болж байсан.  “Морь гоё ш
дээ. Морьгүй бол муухай. Морьгүй  газар амьдрахгүй” гэж ирээд л ярина
шүү дээ. Наадмын
өмнөх өдөр бол  унтахгүй. Маргааш нь хэцүүднэ
гээд арай гэж унтуулдаг юм.

-Танай удамд урлагийн хүн бий юу?

-Яг урлагаар явсан хүн бол байхгүй.
Эмээ нь их алиа хүн байсан юм. Манай ээж чинь жил бүр сумынхаа алиалагч болчихдог
хүн байсан.

Эмээгээ  дуурайсан юм 
болов уу гэж бодож байгаа. Манай хүү шууд ярихаар дуу цөөтэйдүү юм шиг хэрнээ
яг тулаад ярихаар алиа марзандуу яриатай.

-Хүү чинь жүжигчин болно гэж байна
уу?

-Өмнө нь аав шигээ тракторын жолооч
болно гээд байсан хүн чинь одоо жүжигчин болно л гээд байгаа.

-Одоо хурдан морь унадаг уу?

-Унаж байгаа. Сая манайд бас нэг хүн
ирээд морь унуулна гэж гуйгаад явлаа. Ээж нь очиж уулзах гээд байж байна. Өөрөө
ч морь унана гэж хөөрөөд байгаа болохоор унуулах л байх.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
редакцийн-нийтлэл

Melanie Kocke: Монгол хүнтэй ханилаад эх оронд нь ингээд үлдэнэ чинээ бодоогүй

-МАНАЙ НӨХӨР ГУРВАН ХҮҮХДЭЭ ЭХ БАРЬЖ АВСАН САЙН ААВ-

  Монголд
17 жил амьдарч бай­гаа АНУ-ын иргэн Melanie Kocke-тэй ярилцаа. Тэрээр монгол нөхөртэй
бөгөөд өдгөө дөрвөн хүүхдийн ээж болжээ.

 
-Та
Монголд анх
хэзээ ирж
байв. Нөхөртэйгөө яаж танилцаж байсан бэ?

-Би 16
настайдаа аав, ээжтэй­гээ Монголд ирж байлаа. 
Гэр бүлээрээ Дарханд амьдардаг  бай­сан
юм. Биднийг энд ирэхэд ах, эгч нар маань Америкт үлдсэн л дээ. Тухайн үед эгч  үлдээд би ган­цаа­раа ирж байгаа учраас Монголд
ирэх хүсэлгүй байсан. Аавынхаа зардлаар Ази руу явж үзье гэж бодоод л ирсэн. Монголд
ирээд жилийн дараа нөхөртэйгөө Хрис­тийн цуглаанд анх танилцсан юм.

-Нөхөртэйгөө
танилцаад л Монголд амьдарна гэж бодож байсан уу?

-Үлдэнэ
гэж төсөөлөө ч үгүй. Буцаад л Америк руу явна гэж боддог байлаа. 18 нас хүрэхийн
өмнөхөн нөхөр бид хоёр бие бие­дээ сайн гэдгээ мэдсэн. Гэхдээ цаашдаа Монгол, Америкийн
алинд нь  амьдрах нь тодорхойгүй байсан. Удалгүй
бид хоёр гэрлэлээ. Хүүхэдтэй болоод хаана өсгөх вэ гэдэг асуудал тулгарсан л даа.
Манай хамаатнууд бүгд Америкт. Тэнд өсгөх үү, 
Монголд өсгөх үү, аль  нь дээр вэ гэж
бодоод хэсэг хугацаанд ажиглалт хийсэн. Тэгээд л Монголын гэр бүл таалагдсан. Гэр
бүлээ гэсэн халуун дулаан харил­цаа нь “Ерөөсөө л энд  хүүхдүүдээ 
өсгөе” гэсэн бодол төрүүлсэн. Америкаас Монголд ирж хүүхдээ хүмүүжүүлдэг
хэд хэдэн гэр бүл байдаг юм билээ.

-Та
монголоор их сайн ярьж байна шүү?

-Би одоо
32 настай гэхээр Мон­голд багагүй хугацаанд амьдарсан гэсэн үг. Ямар нэг хэлийг
сурах хамгийн амжилттай арга бол тухайн орны хүмүүсийнх нь дунд орж ярих. Би монгол
хэлийг ийм аргаар л сурсан.

-Нөхөр
чинь англиар ярьдаг байсан уу. Та хоёр яаж ойлголц­дог байв?

-Нөхөр
бид хоёр тухайн үед хоорондоо оросоор ярьдаг байсан. Дөнгөж Монголд ирээд орос хэл
сурч эхэлсэн юм. Дараа нь надад Америкт ажиллаж, амьдрахад орос хэл илүү хэрэгтэй
байх гэх бодол төрсөн. Миний найзууд дундаас тухайн үед  англиар ярьдаг ганцхан хүн байсан нь манай нөхөр.
Мон­голд эргэж ирэх нь тодорхой болс­ны дараа би орос хэлээ хаясан.

-Та
16 насандаа анх Монголд ирж байсан гэхээр дунд сур­гуу­лиа яаж төгссөн юм бэ?

-Гэрээр
сурсан. Америкт  гэр сургууль их түгээмэл.
Аав ээж хоёр минь анх хүүхдүүдээ гэрээр сургаж эхэлсэн. Тэр үед хамгийн бага нь
би байлаа. Би нэгдүгээр ангид ороод удаагүй байхдаа гэрээр сурч эхэлсэн. 18 нас
хүрэнгүүтээ арван жилийн улсын шалгалтаа Америкт очиж өгөөд буцаж Монголд ирсэн
юм. Шалгалт өгөх үеэр нөхөр бид хоёр гурав, дөрвөн сар л хол байсан. Энэ хугацаа
цаашдаа энэ хүнтэй хамт амьдрах уу, үгүй юу гэдэг шийдвэрийг гаргахад тэрэнд минь
тус болж байлаа. Нэг талаа­саа хайрын том шалгуур болсон доо.

-Одоо
та Улаанбаатарт юу хийж байна?

-Би одоо
залуу ээжүүдэд зо­риул­сан нэвтрүүлэг бэлдэж өөрөө монголоор хөтөлж байгаа. Энэ
миний мэргэжлийн ажил биш л дээ. Би англи хэлний багш. Хүүхдүүдээ өсгөхдөө англиар
блог хөтөлдөг байсан юм. Тэрийг маань уншсан залуу ээжүүд баярласан сэтгэгдлээ их
бичнэ. Энэ нэвтрүүлгийг хөтлөх үү гэсэн санал ирэхэд нь би монгол ээж нарт тус болно
гэдэг үүднээс их дуртай зөвшөөрсөн. Нэвтрүүлэг маань дөрөвдүгээр сараас эхэлж цацагдана.
“Хоёр ээж арван хүү­хэд” гэдэг нэртэй. Надтай хамт хөтөлж байгаа хөтлөгч маань бас
зургаан хүүхэдтэй. Бид хоёрын туршлагаар энэ нэвтрүүлгийг бэл­дэж байгаа юм. Нэвтрүүлэг
маань “Ийгл” телевизээр гарна. Балчир хүүхдүүдийг өсгөж байгаа ээжүүдийн зовлонг
ойлго­сон учир бие биенээ дэмжье гэсэн үүднээс энэ нэвтрүүлгийг хийж байгаа.

-Та
дөрвөн хүү­­­­хэдтэй гэсэн. Хүүхдүүд чинь хэдэн настай вэ?

-Манай
том хүү 12 настай. Том хүү маань Улаан­баа­та­рын нэгдүгээр эмнэлэгт төрж байсан.
Нөгөө гурав маань гэр­тээ төрсөн. Ма­най нөхөр эх ба­риад гэртээ тө­рүүл­сэн. Дараагийн
охин маань арван нас­­тай. Дүү нь хүү. Долоон нас­тай. Хамгийн бага охин маань дөрвөн
настай.

-Нөхөр
чинь өөрөө эх барьж авсан гэхээр сонин санагдаж байна л даа. Ямар мэргэжилтэй хүн
бэ?

-Манай
нөхөр уг нь бизнесийн хүн. Одоохондоо “Амонг” телеви­зийн гүйцэтгэх захирал хийж
бай­на. Манайх Дарханд эмнэлэгтэй их ойрхон байсан юм. Төрөхийн өмнөх сургалт хичээлд
сууж бай­сан. Ямар үед түргэн тусламж дуудах зэргийг маш сайн судалсан. Манай гэр
бүлд гэрээр төрөх нь тохиромжтой  гэж үздэг.
Хүмүүсийг гэртээ төр гэж бид хэзээ ч зөвлөж байгаагүй. Анхнаасаа хаана төрөх вэ
гэдгээ төлөвлөчихсөн байсанд л хамаг учир байгаа юм. Эхнэр нөхөр хоёулаа санаа нэгдсэн
тохиолдолд гэртээ төрөх нь аюултай зүйл биш.

-Хүүхдүүддээ
ямар нэр өгч байв. Хэн өгч байсан бэ?

-Нөхөртэйгөө
суугаад сонгож байсан. Том хүүгийн англи нэр нь Nathaniel. Эзнээс өгсөн бэлэг гэсэн
утгатай. Монгол нэр нь Ялгуун. Охин маань Abigail. Аавын баяр хөөр гэсэн үг. Монгол
нэр нь Нан­дин. Бага хүү маань Kenneth, царайлаг гэсэн утгатай. Монгол нэр нь Өрнүүн.
Бага охин Evelyn, үзэсгэлэнтэй шувуухай гэсэн үг л дээ. Монгол нэр нь Аялгуу. Манай
хүүхдүүд Америк, Монголд аль алинд нь бүртгэлтэй.

-Танай
гэр бүлийнхэн нөхрийг чинь яаж хүлээж авсан бэ?

-Ээж маань
шууд хүлээн зөв­шөөрч хүү шигээ л хүлээж авсан. Нөхөрт маань тэр үед амьдралын боломж
тийм ч их байгаагүй. Тэрийг манай аав харсан байсан л даа. Миний охиныг яаж тэжээх
юм, хүүхэдтэй болбол яах вэ гэж асууж байсан. Аав маань шууд хүлээн зөвшөөрөөгүй
ч  хүлээцтэй байсан. Тэрнээс хойш жил өнгөрсний
дараа нөхөр маань аавтай уулзаж гуйсан. “Надад олон зүйл байхгүй. Гэхдээ байгаа
зүйлээ танай охины төлөө зориулна” гэж хэлж байсан л даа. Аав маань ч сэтгэлийг
нь ойлгосон. Биднийг зогсоох аргагүй юм байна гээд хүлээн зөвшөөрч байлаа. Тэгээд
бид хоёр Дарханд их том хурим хийсэн.

-Нөхрийн
чинь аав ээж хоёр таныг яаж хүлээж авч байв?

-Их сайхан
хүлээж авсан. Тэр хоёроос асуувал өөр юм хэлж магадгүй л дээ. Манай нөхрийн гэрийнхэн
нь, эмээ нь хэзээ ч “Чи монгол байх ёстой. Монголчууд ингэдэг” гэж тулгаж зааж байгаагүй.
Би бүх юмаа орхиод Монголд ирж байхад дахиад надаас өөр юм хүсвэл үнэхээр хэцүү
шүү дээ.

-Нөхрийнхөө
талаар яриач?

-Манай
нөхрийг Мөнгөнхэт гэдэг. Бид Хэтээ гэж дууддаг. Өвөө нь нэрийг нь өгсөн гэсэн. Манай
нөхөр ажилсаг хүн. Онцгой чанар нь хийж байгаа ажилдаа өөрийгөө бүрэн зориулж чаддаг.
Хүүхдүүдээ эх барьж авсан их сайн аав. Бид хоёр бас хүүхдүүдийнхээ багш. Гэр бүлийнхээ
төлөө бүхнээ хийдэг сайн эр хүн дээ.

-Хэзээ
Улаанбаатарт орж ирсэн бэ?

-Гэр бүлээрээ
яг жилийн өмнө нүүж ирсэн. Ажлын шалтгаанаар Улаанбаатарт үлдэхээр
болсон. Тэрнээс
өмнө нь Улаанбаатарт орж ирэх боломж байсан ч бид Дарханд байх дуртай
учраас  ирдэггүй байсан юм. Үнэхээр эрүүл, аюул­гүй газар.
Тэнд хоёр эмээ, хоёр өвөө нь амьдардаг. Хотод орж ирэхэд зориг шаардсан
шүү. Бид  одоо Дархан руу сард нэг  юм уу, хоёр сард нэг удаа очдог.

-Та
аль улсын иргэн бэ?

-Би Америк
Улсын ир­гэн. Жил бүр визээ сунгуу­лаад амь­дарч  байна. Бид гэр бүлээрээ Америк руу жилийн өмнө
яваад ирсэн. Зургаан хүний виз өндөр гар­даг болохоор байнга явдаггүй.

-Одоо
та юугаар ч дута­хаар­­­гүй аз жаргалтай байдаг уу?

-Тийм ээ.
Гэхдээ дутагддаг үе зөндөө л байсан. Түрээсээ төлөх үү, хоол унд авах уу гэсэн асуудал
ч тулгарч байлаа. Өөр гэр бүлүү­дээс ялгарахаар юм байхгүй. Бид хоёрын нэг онцлог
бол юу ч болсон хамт, бид нэг хүн шүү гэж бие биедээ хэлдэг. Амьдралд юу ч тохиолдсон
нөхөртөө уураа гарга­даг­гүй. Нөхөр маань бухимдсан ч уураа надад гаргахгүй. Бүх
л юмаа ярилцаж ойлголцдог. Гэр бүлд асуудал байлгүй л яахав. Ямар ч хосууд гэр бүл
болоод тэр үеэсээ харилцаандаа анхаарахгүй бол ааж­маар хөндийрч эхэлдэг. Гэр бүл
болчихоод хувиа хичээх нь салах үндсийг тавьдаг гэж би боддог.

-Та
Монголд олон жил бол­лоо. Энд хэрэггүй үлдэж гэсэн бодол төрж байв уу?

-Бодолгүй
яахав. Би өөр хаана ч амьдарч болох байсан. Яагаад заавал Монголд байх ёстой гэж
хэмээн бодох үе байсан. Гэхдээ би хэрэгтэй байгаа газраа л амьдрах  дуртай. Монголд харагдаж байгаа хамгийн том хэрэгцээ
бол  миний гэр бүл. Би гэр бүл салалтын эсрэг
байдаг хүн.

-Монголчууд
Америк руу их явж байна. Та харин Монголд байна. Америк Монголын ялгаа нь таныхаар
юу вэ?

-Хүн болгонд
шалтгаан байгаа. Америк руу гүн суурьтай аз жар­га­лын араас явж байгаа бол тэр
аз жаргал олдохгүй гэж би боддог. Америк тийм амар газар биш. Гэхдээ шийдэмгий ажиллаж
чадвал боломжтой газар л даа. Нийгэм нь аюултай. Буутай байхыг зөвшөөр­дөг, хар
тамхи дэлгэрсэн газар. Бууг зөв ашиглах, буруу ашиглах хүмүүс байна. Янз бүрийн
гэмт хэрэг илүү ихээр гардаг. Би амьдрах газраа сонгосон шиг хүн болгон зөв л сонгох
хэрэгтэй байх.

-Хүүхдүүд
чинь ямар хэлээр ярьдаг вэ?

-Хүүхдүүдийн
маань хичээл англи хэлээр явагддаг учраас англи хэлээ илүү сурч байгаа. Ер нь хүүхдүүдийн
онцлог байна. Миний туршлагаар охид хэлийг бэрхшээл­гүй сурдаг. Хөвгүүд харин удаан.
Манай хоёр охин хэлд орохдоо хоёр хэлээр зэрэг ярьж сурсан. Хоёр хүү маань болохоор
англи хэлний дараа монгол хэлийг сур­сан. Би багаасаа англи, испани гэсэн хоёр хэлээр
ярьж сурж байсан юм.

-Хүүхдүүд
чинь хаана сурч байгаа вэ?

-Хүүхдүүд
гэртээ, миний жиш­гээр сурч байгаа. Хичээлээ гэртээ хийнэ. Эсвэл манай оффист. Нэг
бол гэрээр сурдаг өөр хүүхдүүдтэй нийлж хичээлд суудаг.  Эцэг эхчүүд нь өөрсдөө ээлжилж хичээл заадаг нэг
газар бий. Миний зааж чадах­гүй зарим хичээлийг гадуур сурдаг. Хоёр хүү маань бассейнд
усанд сэлэлтийн дамжаанд явдаг. Манай хоёр охин балетын дамжаанд явдаг юм. Гэрийн
сургуулийн онц­лог­той тал нь үндсэн хичээлээ маш хурдан гэртээ хийж чаддаг учир
үлдсэн цагийг гадуур хичээллэх, хамтдаа өнгөрөөх боломж  өндөр байдаг. Төгсөх насан дээрээ Америкт биеэ
дагаад шалгалтаа өгч болдог. Хаана сурсан ямар номоор сурсан нь чухал биш. Бүрэн,
дунд боловсрол эзэмших хэмжээнд хүрсэн бол шалгалтаа өгч болдог. Манай хүүхдүүд
Амери­каас өөр газар байгаа учраас жил бүр очиж шалгалтаа өгөхгүй. Гэх­дээ хичээлийн
явц дунд шалгал­тууд байдаг. Тэрийг өөрсдөө авч цуглуулаад аттестат авахаас нь өмнөхөн
хүлээлгэж өгч болдог юм.

-Гэрийн
сургуульд явахад сөрөг тал байх уу?

-Анх манай
аав ээж хоёрыг гэрийн сургууль хийгээд эхлэхэд хүмүүс ойлгодоггүй байсан. “Хүүх­дүүд
чинь юм сурахгүй шүү дээ. Та нар багш биш байж” 
гэж шүүм­жил­дэг байлаа. Миний том эгч, ах маань бас гэрийн сургууль төгссөн.
Манай ах одоо усан онгоцны жолооч. Эгч  маань
сувилагч. Америкт тэргүүн зэрэгт багтах мэргэжил эзэмшсэн хүмүүс. Арван жилийн боловсрол
чухал л даа. Гэхдээ зарим хүмүүсийн боддог шиг заа­вал сургуульд явах ёстой гэсэн
шиг зүйл биш.

-Үеийнхэн
дундаа байхгүй бол зожгирох тал байхгүй гэж үү?

-Би сургуульд
явж үзээгүй ч гэсэн нийгэмшсэн л байгаа биз дээ. Заавал өөрийнхөө насны хүүх­дүүд­тэй
нийгэмшинэ гэж байхгүй л дээ. Ижил насны хүүхдүүдээсээ юм сурах уу. Гэрээр сурдаг
хүүхдүү­дийн нэг онцлог нь эмээ, өвөө, аав, ээжтэйгээ ихэвчлэн байдаг учраас том
хүнтэй шууд харилцаж сурдаг. Тэдний  дунд
орвол том хүнтэй санаа зовохгүй ярьдаг нь шууд анзаарагддаг. Сургуульд явсан хүүхдүүдийг
анги ангиар нь ангил­чихсан байдаг. Үдэшлэг боллоо гэж бодоход тэнд олон насны хүмүүс
ирдэг. Сургуульд явдаг хүүхдүүд шууд өөрийнхөө насны хүүхдүүд дээр очдог. Харин
гэрээр сурсан хүүхдүүд аль сонирхолтой газар нь очиж ярилцдаг. Нэг онцлог нь илүү
нээлттэй байдаг.

-Та
хүүхдүүдийнхээ хичээ­лийг заахдаа номноос хараад зааж байна уу?

-Би тоонд
муу байсан учраас багшийн  ном  их ашигладаг. Миний зааж чадахгүй  хичээлийг нөхөр маань зааж чаддаг. Багшийн ном
байдаг учир хичээл заах талд санаа зоволтгүй. Бас интернет гэж том зэвсэг байна.
Одоо манай хүүхдүүд компьютерийн сургуульд шилжиж эхлэх байх. Хүүхдүүд учраас хамаагүй
компьютер руу чиглүүлмээргүй байсан юм. Том хүү маань  бичиг нь сайжирчихвал удахгүй  компьютер руу орох байх.

-Англиар
хичээлийг нь заадаг гэсэн. Монгол хэлээ яаж зааж байгаа вэ?

-Монгол
хэлний хичээлийг одоо­хондоо хийхгүй байгаа. Хүүх­дүүдээ арай том болгож байгаад
Монголын түүх, монгол хэлийг нэгтгээд монгол багш авч байгаад заалгана. Хүүхдүүдээ
шалгалтанд бэлдэхээс илүүтэй амьдралд нь бэлдмээр байна. Аав ээж минь намайг тэгж
л өсгөсөн. Шалгалтанд биш амьдралд чинь хэрэгтэй учраас зааж байгаа юм гээд хичээл
ордог байлаа. Одоо хүүхдүүд маань талх барьж сурч байгаа. Гал тогоонд хоол хийж
сурч байна. Бид үүнийг математиктай адилхан л чухал хичээл гэж үздэг.

-Та
хэр сайн гэрийн эзэгтэй вэ?

-Би хоол
хийх дуртай. Хүүхдүүд­дээ хичээлийг нь заахдаа, хоол хийхдээ, нөхөртөө туслахдаа
хам­гийн аз жаргалтай байдаг. Зарим­даа уур хүрдэг, тэвчээр алддагаа нуухгүй. Хүүхдүүдтэйгээ
өдөржин байгаад орой нь ядрах үе гарна. Би хүүхдүүдээ их залуудаа төрүүл­сэн. Хүүхдүүдтэйгээ
хамт өснө гэж шийдэж байсан хүн дээ. Би ямар нэг шинэ хоол гал тогоондоо тур­шиж
үзэж байгаа бол хүүхдүүдээ оруулж ирээд хэдүүлээ хамт суръя гээд хамт хийдэг.

-Танай
гэр бүл цоо шинэ соёл бий болгож байгаа юмаа даа?

-Манай
гэр бүлийг монгол гэхэд хэцүү, америк гэхэд бас хэцүү. Гэхдээ цоо шинэ соёл бий
болгож байна гэж бодохоор сайхан бай­даг. Хүүхдүүд маань бас тэр соёлыг үргэлжлүүлнэ.
Монголын талаас, Америкийн талаас хүүхэд хүмүү­жүү­лэхэд авах юм зөндөө, бас орхих
юм олон. Залуу гэр бүлд мэргэн ухаан хэрэгтэй байдаг. Өдөр бүр л хоорондоо ярилцаж
бие биенийхээ төлөө санаа тавьдаг байх хэрэгтэй.

-Та
хүүхдүүд шигээ монгол нэртэй юу?

-Надад
монгол нэр байгаа. Манай нөхрийн эмээ 80 гарсан хүн бий. Анх танилцахад миний нэрийг
хэлж чадахгүй байсан. Тэгээд Сувдаа гээд нэрлэчихье гээд тийм нэртэй болсон. Гэхдээ
ганцхан тэр эмээ л намайг тэгж дууддаг. Цагаан сараар очихоор Сувдаа ирсэн байна
гэдэг юм.

-Та
хоёр бидний үгсийн санд салалт гэдэг үг байхгүй гэсэн амлалт өгч байсан гэсэн.  Тэр үеэ дурсаач?

-Бид хоёр
анх танилцаад бие биендээ сайн болох үед хайр гэдэг үг ямар нэгэн мэдрэмж гэхээс
илүү шийдвэр гэдгийг  сайн ойлгосон. Гэр бүл
болохгүй бол бие биендээ хайртай гэж хэлэхгүй байя гэж шийдэж байсан. Тэр шийдвэрээсээ
бид дараагийн шийдвэртээ хүрсэн байх. Энэ шийдвэрийнхээ төлөө бат зогсоно гээд салалт
гэдэг үгийг тоглоомоор ч гэсэн хэлэхгүй гэж шийдэж байлаа. Манай хамаат­нууд дунд
салсан хүмүүс зөндөө байдаг. Олон жил гэр бүл болж үлдсэн нь манай аав ээж хоёр
л байгаа. Бид хоёр гэрлээд 13 жил болж байна. Тэр олон жилд салмаар үе байсан. Чи
үгээрээ байхгүй байна гэж бие биендээ хэлэх үе ч гарсан. Гэхдээ тийм шийдвэр гаргасан
маань бид хоёрыг барьж байсан даа. Залуу хосуудад гэж хэлэхэд бүх юм түнэр харанхуй
харагдсан ч тас гүрийгээд явахаар ард нь гардаг л юм байна.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
редакцийн-нийтлэл

Мөнгөнморьт сумын Өндөр эрэг гэх газарт “МИ-8” онгоц осолджээ

-“А ЖЕТ АВИЭЙШН”
КОМПАНИЙН ОНГОЦЫГ ДОЛООН ИРГЭН ХӨЛСӨЛЖ ЯВЖЭЭ-

Төв аймгийн Мөн­гөн­морьт сум, Багануур
дүүр­гийн заагт орших нутагт “Ми-8” онгоц осолдсон гэх мэдээлэл бидэнд ир­сэн юм.
“А Жет  Авиэйшн” ХХК-ийн эзэмшлийн нис­дэг тэрэгний нисэх хуга­цаа дууссан
байсан гэх мэдээлэл ч ирсэн юм. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга Б.Дуламдоржоос
тод­руул­­ав. Тэрээр “Ху­вийн компанийн “МИ-8” онгоц  ослын буулт хий­сэн гэх мэдээлэл бидэнд ирээд
байна. “МИ-8″ нис­дэг тэ­рэг нислэг үйлдэж бай­гаад өчигдөр 12:45 цагийн орчимд
ослын буулт хийн газардсан гэсэн. Онгоцонд арав ор­чим зорчигч явсан бөгөөд бэртэл
гэмтэл авсан хүн байхгүй гэж бидэнд мэдэг­дээд байна. Төв аймгийн Мөнгөнморьт сумын
нутаг Өндөр эрэг гэдэг газарт ослын буулт хий­сэн гэсэн” хэмээн мэдээ­лэл өгөв.
Харин Мон­голын иргэний агаарын тээв­рийн компанийн мэр­гэ­жилтнүүдийн баг хотоос
Мөнгөнморьт сум руу буюу онгоц ослын буулт хийсэн гэгдээд байгаа  Өндөр эрэг гэх газар руу хөдөлжээ. Нийслэлийн
Налайх дүүрэг, Багануур болон Төв аймгийн Мөн­гөнморьтын нутаг дэвсгэр болох “Цонжин
болдог” цогцолборын ойролцоо хувийн эзэмшлийн жижиг авиа компани хэд хэд байдаг
аж. Эдгээр газруу­дад агаарын хөлгөөр аял­лын журмаар нислэг үйлдэх сонирхолтой
хү­мүүст үйлчилдэг бөгөөд хөөрөх болон газардах үедээ МИАТ-т станцаар дамжуулан
мэдэгддэг бай­­на. Иймээс онгоц ослын буулт хийх болсон тухай МИАТ-т мэдэгдсэн аж.

“А Жет  Авиэйшн” ХХК-ийн менежер
Б.Цогоо­­гоос осол болсон талаар асуухад “Осол болсон зүйл огт байхгүй. Харин теникийн
саатал гарч онгоц ослын буулт хийсэн. Хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр гараад байгаа
шиг нисдэг тэрэг унасан зүйл байхгүй” гэв.

А.ГАНСҮХ:  ОНГОЦ ГАЗАРДАХ ҮЕДЭЭ НАЛЖ УНАСАН БАЙНА

Харин Зам тээврийн сайд А.Гансүх өөрийн
цахим хуудаснаа ослын талаар “А-жет компани өөрийн өмчлөлийн нис­дэг тэргээр нислэг
хийсэн байна. Газардах үедээ налж унасан байна. Онго­цонд зорчиж явсан до­лоон хүн
гэмтэл аваагүй. “А-жет” компанийн нисдэг тэргийг загасчид хөлсөлж явсан байна. Буух
үедээ алдаа гарсан бололтой. Зорчигчид буюу загасчид цаашаа явган явжээ. “А-жет”
компанийн нисдэг тэрэг нислэгийн шаард­лага хангасан, зөвшөө­рөлтэй. Актлагдсан
гэдэг ташаа мэдээлэл, нисдэг тэрэгтэй холбоотой ослыг газар дээр нь шалгаж байна.
Шалтгааныг тог­тоос­ны дараа албан ёсоор мэдэгдэнэ” хэмээн бичсэн байв. Өөр нэг
ал­ба­­ны эх сурвалжаас ав­сан мэ­дээл­лээр Багануур дүүр­гийн онцгой байд­лын хэлт­сийнхэн
осол болсон гэх газар дээр очсон бө­гөөд онгоц буух гэж бай­гаад унасан гэнэ. “А
jet aviation” гэсэн би­чиг­тэй “Ju 5588″ дугаар­тай цагаан өнгийн нисдэг тэрэг байсан.
Буух үед нь хүч­тэй салхитай байсан учир сэнс нь газар хүрч унасан байна лээ” гэв.

“А Жет  Авиэйшн” ХХК-ийн хувьд
иргэдэд онгоцоор үйлчилдэг авиа компани юм байна. Жил гаруйн өмнө Төв аймгийн Баянчандмань
суманд авто осол гарах үед осолд орсон жолоочийн ар гэрийнхний хүсэлтийн дагуу үйлчилж
байсан талаар хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр гарч байсан билээ.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Оргилуун цоглог

Манай сурвалжлагч Э.Энэрэл Австралиас
бичиж байна.

Дэлхийн шоу бизнест Латин Америкийн
дуу хуу­рыг үнэд оруулж чад­сан гол төлөөлөгчийн нэг бол Рики Мартин. Түү­нийг үеэ
өнгөрөө­сөн, ид үе нь ард хоцорсон гэж өөрийнхөө­рөө дүгнэх хэ­сэг бүлэг байх. Гэвч
нэ­гэнт цомог нь бүх цагийн үеийн хам­гийн борлуу­лалттайгаар тодорч л байсан бол
на­сан турш­даа бүр таалал төгссөн хойноо ч од хэ­вээрээ үлд­дэг бичиг­дээ­гүй хууль
бий. Грэммийн шаг­нал­тан түүнийг Авст­ра­лиар аялан тоглох тухай тав­дугаар сард
хэв­лэлүү­дээр нь бичиж, ба­га­гүй шуугиж байсан юм билээ. Мэдээж дэлхийн од түү­ний
тоглолт сонин байж таарна. Түүнээс гадна АНУ-ын “X factor” шиг Австралийн
“Voice” нэвт­рүүл­гийн шүүгчээр сууж, эндэхийн үзэгчдийн хайрыг татаж чадсан уч­раас
австраличууд түүний тоглолтыг бүр илүүтэй хүсч хүлээж байжээ. Дэл­хийн 60 гаруй
оронд аялан тоглож байсан тэр­бээр арваад жилийн дараа дахин Австралид аялан тоглосон
нь энэ. Энэ аравдугаар сард  Авст­ралийн таван
том хотод тоглолтоо толи­луулж байгаа бөгөөд Өм­нөд Авст­ралийн нийслэл Аделейдэд
ирэх үед тог­лолтыг нь үзсэнээ уншиг­чидтайгаа хуваалцаж бай­на. Өмнө нь манай сонин
Женифер Лопе­сийн Шанхайд болсон тоглолтыг сурвалжлан хүргэж байсныг уншиг­чид санаж
буй биз ээ.

Тасалбар дээрээ 19.30 цагаас гэж товло­сон  ч дэлхийн хэмжээний одыг хүлээх нь ёс мэт зүйл
хэмээн эндэхийнхэн яри­на. Тогтсон цагаас гучин минутын өмнө тоглолт болох газарт
хүмүүс би­түү цугларч, Рики Марти­ны цомог, нэрийг нь бич­сэн уут, зурагт хуудсыг
авахаар хүмүүс дугаар­лан зогсоно. Цомог нь 30 австрали доллар, даа­вуун уут 20
австрали дол­лар гэх аж. Тэрбээр 70 гаруй сая цомог борлуул­сан уран бүтээлч билээ.

Үзэгчдийн хувьд дийлэнх нь эмэгтэйчүүд. Тэр дундаа нас тогтсон
нь элбэг байх юм. Гэхдээ Австралид ямарваа нэгэн тоглолт болоход залуу­чууд нь гэхээсээ
нас тогт­сон үеийнхэн хамгийн ихээр үздэг гэх юм билээ. Бас бааранд ороход за­луучууд
биш нөгөө ажил­тай албатай, орлоготой тэр насныхан л байдаг гэж байгаа. За энэ ч
яа­хав, Рики Мартины галзуу улаан фэнүүд хүүхнүүд байсаар ч ирсэн, бэлгийн чиг хандлагаа
өөр гэж зарласан ч тэд үнэнч хэвээрээ үлджээ гэмээр. Дуучны талаар товчхон өгүүлбэл,
Рики Мартин Өмнөд Америкийн Пуэрто Рико улсаа мөн Lатин Америкийн урла­гийг дэлхийд
хамгийн тодоор харуулж чадсан уран бүтээлч юм. Латино урсгалыг үнэд хүргэж чад­сан
нь түүний гавьяа.

Түүнийг бага байхад эцэг, эх нь салж
авга эмээгийн­хээ асрамжид  өссөн байна. Аав
нь түүнийг есөн настай байхад нь анх телевизийн рекламд тоглуулснаар урлагийн хаалгыг
татсан байдаг.  Тэрбээр 13 настай байхдаа
тухайн үедээ ихээхэн нэр хүндтэй “Менудо” хэмээх хөвгүү­дийн хамтлагийн гишүүн болов.
Нас бага, намхан гэж гологдож байсан ч түүний тайзан дээр биеэ авч яваа байдал,
жүжиг­лэлт нь продюссорын анхаарлыг эрхгүй татаж байсан тул шинэ гишүүнээр  тодорсон аж. Балчир хөвгүүн хамт­лагтайгаа маш
олон улс орноор аялан тоглож, арав гаруй цомгийг гаргасан байна. Ачаалалтай, байн­гын
аялал, тог­лолт дунд өсвөр насаа өнгөрөөх­дөө 18 насанд хүрэхийг л яарч байжээ.
17 нас хүрээд хамтлагаа­саа гарч, нутагтаа очиж сургуулиа төгсгөсөн бөгөөд жилийн
дараа 18 нас хүрээд АНУ-ыг зорьсон байна. Хүүхэд ахуй цагтаа хөдөлмөрлөж олсон мөнгөө
зарцуулах эрхтэй болмогцоо тэр мөрөөдөл болсон АНУ-ыг зорьжээ. Багагүй хуга­цаанд
чармайн зүтгэ­сэн тэр ерээд оны дунд үеэс тодорч эхлэх болов. Түүнийг мэд­дэггүй
байсан олон хүн 1998 оны Францад бол­сон хөлбөм­бөгийн ДАШТ-ий дараагаас андахаа
байсан билээ. Дэлхийн аваргын тэмцээний сүлд дуу “Livin La Vida Loca”-г ч түүний
тоглолтыг үзэх­дээ сонсч чадна гэж най­даж байсан маань талаар болоогүй билээ.

Эхлээд Австра­лийн нэрд гарч яваа
дуучин нэлээд хэдэн дуу дуулж, үзэгчдийг доргиосны дараа зав­­сарлага болов. Өнөөх
од маань хэ­зээ гарч ирэхийг үзэгч­дийн хэн ч мэ­дэх­гүй. Гэхдээ тэд үүд рүү гарч,
энд­хийн­хэн үзвэр бүртээ ёс мэт болсон зан­шил ёсоор цагаан, улаан дарсаа барь­саар
орж ирнэ. Дарс хийх зориулалтын гоёмсог хөлтэй хун­дага нь шилэн биш, нэг хэрэглээнийх.
Аде­лейд хотын бү­хий л том соёл, спор­тын арга хэм­жээ бол­дог “Adеlaide Enter­tain­ment
centre” 12 мян­ган хүний суудалтай юм билээ. Анх орж ирэхэд Миланы Ла Скалад ороод
ирсэн мэт сэт­гэгдэл төрөх нь улаан хүрэн сууд­луудтай, тэр нь нэлээд огцом дээшээ
засагд­саных байх. Рики Мартин үзэгч­дийг бас ч тэгтэл чилээсэнгүй. Тээр алсад испани
хөг эгшиг цуурайтах шиг болонгуут л хүмүүс алга ташаад эхлэв. Шахам­дуухан засагдсан
шиг санагдаж байсан тайзыг тусгаарласан цагаан хөшиг гэнэт унаж, бөөн гэрэл дундаас
өнөөх Рики Мартин цав цагаан хослолтой дуулж эхлэ­хэд танхим тэр аяараа орилсон.
Сүүлийн синглдээ багтсан “Come with me”-гээ дуулсныхаа дараа “Livin La Vida
Loca”-гаа дуулж хүмүүсийг бүр хөөргөөд авлаа. Түүний тоглолт эхнээсээ л халуу­хан
болж байв. Оргилуун цоглог. Үзэгчдийг дор­гиох, халаах шаард­лага ерөөсөө байхгүй
үзэгчдээ хүндэлсэн даруу байдал нь, бас маш их эрч хүч нь найрсч нийлэхээ­рээ арав
гаруй мянган хүнийг дор нь босгож байх шиг санагдсан. Тэгээд ч бүх дуу­нууд нь хүмүүст
хүрч, танил болсон байдаг боло­хоор хит дуугаа төгс­гөлдөө дуулна гэж нөөцөлдөггүй
ч юм уу гэмээр. Нэг дуу дуулаад жижиг боловч хувцас солих ажил­лагаа заавал хийнэ.
Нэг хантааз сольж өмсөх ч юм уу, тайлах зэр­гээр өөрч­лөлтүүдийг хоёр дахь дуунаа­саа
л хийгээд явчих юм билээ. Тэгэхээр түүнийг нь үзэгчид аяндаа хүлээж, дараагийн дуунд
юу өмсч гарч ирэх бол гээд хүлээгээд эхэлчихэж бай­гаа юм. Тэрбээр хар бариу цамц,
нарийхан өмд, ув улаан гутал, бас хоёр гарын бул­чин дээрх шивээс нь ил хараг­дах
савхин хантааз, бас өмдөн дээр урт цамц юм уу, хормой­той ч юм уу гэж харагдах цамц,
саан оруулга гээд олон өвөр­мөц хувцас өмссөн бай­сан. Гэхдээ бүгд түүнд гайхалтай
зохиж байсныг хэлэх хэрэг­тэй. Түүнийг энэ тоглолтын турш 10-15 удаа хувцсандаа
өөрчлөлт хийсэн талаар эндэхийн хэвлэл дээр бичсэн билээ. Гэхдээ ихэдсэн мэт сэтгэг­дэл
төрүүлэхгүй бага, багаар шилжилт хийж хувцсаа сольдог нь анзаарагдаж байсан. Ер
нь Рикигийн тоглолт эр, эм бүжигчид төдийгүй хөгжимчид нь ядаж нэг удаа хувцсаа
сольдгоороо бусдаас ялгагддаг гэх. Тэрээр нэг дуун дээрээ бүсгүйчүүд түүнийг эргүүлж
харин өөрөө тоохгүй явж байгаа зохиомж гарган бүжиглэн­гээ дуулж байв.

Өнгөрсөн он жилүүдэд тэр өөрий­­­­гөө
ижил хүйстэн гэж мэдэгд­сэнийг эс тооцвол түүнтэй холбоо­той элдэв сөрөг мэдээлэл
ховор оддын нэг. Хүмүүнлэгийн ажил олныг хийж, хүүхдүүдийн сайн сайхны төлөө багагүй
хөрөнгө зарж ирсэн. Тэрбээр 2010 оны гуравдугаар сард өөрийн вэб хуу­дас дээрээ
“Би хувь төөргөөрөө ижил хүйстэн нэгэн болж төрснөө хэлж буйдаа бардам байна” гэж
бичсэн нь багагүй дуулиан тарьсан билээ. Тэрээр Мехсикийн телеви­зийн хөтлөгч бүсгүйтэй
14 жилийн турш дотно харилцаатай явж ирж, 2005 онд хоёр тийшээ болсон бөгөөд
2008 онд үр тээгч эмэг­тэйгээс хоёр ихэр хүүхэдтэй болсон юм. Харин өөрийнхөө олон
жилийн турш нууцлан явж ирснээ дэлгэх болсноо “Би хүүхдүү­дийн­хээ өмнө хуурмаг
амьдрахыг хүсээ­гүй” хэмээсэн байдаг. Од болох зам нь нээгдэх он жилүүдэд эмэгтэй
биш эрэгтэй хүнд татагддагаа тэр мэ­дэрсэн бөгөөд түүнийгээ өөрчлөх гэж, хэл амнаас
айж багагүй он цагийг алдсанаа сүүлд ярьсан бай­даг. Тэрбээр өөрийнхөө бэлгийн чиг
хандлагаа зарласны дараа чөлөөлөлтийг мэдэрсэн бөгөөд дахиад арван жилийн өмнө үүнийг
дэлгээгүйдээ харамсч халаглаж байжээ. Гэхдээ тэр хэн гэдэг нь хэнбугайд ч падгүй,
зөвхөн гайхал­тай уран бүтээлч гэдгээр нь үзэгчид түүнийг хайрлаж байгааг тоглол­тынх
нь үеэр мэдэрч байсан. Тэ­рээр шинэ залуу уран бүтээлчдийг гаргаж ирэхдээ хоёргүй
сэтгэлээр дэм болдог нь австраличуудад ихээхэн таалагдсан гэдэг. Өөрийн­хөө тоглолт
дээр түүний багт бай­сан залуу дуучин Лук Кенниди, Катерина Торрес нартай хамтран
дуулсан нь ёстой “алаад хаясан”. Тэрбээр тайзныхаа дороос гарч ирэх найруулгыг энэ
тоглолтдоо ашиглажээ. Үсрээд тайзан дороос гарч ирэх бөгөөд доод тавцан хаагдах
үед тэр газардаж таарах жишээтэй. Бүх үзэгчдээ босгож, бүгдийг нь ижил хөдөлгөөнөөр
бүжиглүүлж чадна гэдэг шоу биз­нест хүч үзэж яваа хүмүүст амаргүй л даваа байх.
Гэхдээ тэр чаджээ. Түүний тоглол­тын талаар эндхийн хэвлэлүүд бичсээр л байна. Нэгэн
сэтгүүлч бичихдээ “Тэр хэзээ ч секси байх гэж оролдож, дүр үзүүлж байгаа­гүй. Тэр
зүгээр л заяанаасаа тийм” гэхчилэн дүгнэсэн харагдана лээ. Рики Мартин  хувцсаа солих гээд тайзыг хэсэгхэн орхих үед том
дэлгэцнээ бичлэг гарч эхлэв. Шивээснүүдийг нь тооцвол өмссөн зүйл байхгүй энэхүү
зураг авалт эртний грекчүүдийг санагдуулам. Тал талаас өнгө өнгийн будаг цацарч,
биед нь наалдаж байгаа мэт компьютерийн аргаар бэлд­жээ. Харин бичлэг дуусахад улаан
будаг цацарсан мэт цамцтай Рики Мартин гарч ирэх жишээтэй. Тог­лолтын найруулга
нэг иймэрхүү. Гэхдээ манайх шиг тэгтэл их нүсэр, удаан үргэлжилсэн тоглолт бол­доггүй
бололтой. Тоглолт нь ердөө нэг цаг хагасын хугацаанд болсон. Энэ хугацаанд тэр амсхийлгүй
бүжиглэж дуулсан. Өнөөх л урьд нь бичлэгээс харж байсан гоёмсог хөдөлгөөн, бүжгээ
эрч хүчээр дүүрэн хийсээр. Хоёр залуу од хамт дуулсныг эс тооцвол түүний тоглолт
түүнийх л байдаг аж. Сүүлд нь нэг алга ташуулж гарч ирээд ганц сайн бут ниргэж өгөөд
талархлын үгсийг харамгүй хэлээд төгсгөж байсан.

Түүний хөгжимчид бүжигчдийн ёсолгоо
харин өнөөх нэртэй одоо­соо давсан бардам болж байсныг хэлэх нь зөв байх. Рики Мартинаа­саа
удаанаар тайзан дээр ёсолгоо хийж, бөмбөрчин нь цохиураа үзэгчдэд дурсгал болоод
шидчих юм билээ. Хүний нүд цохичихоогүй байгаа гэж санаа зовсон шүү. Гэхдээ өнөөх
хэд нь баярлалдаад авч байхыг харвал гайгүй бололтой. Нээрээ тасал­барын хувьд үнэ
нь 99 австрали доллараас эхэлнэ. Тэгээд 150 болж, тайзанд ойртох тусам үнэ нь
500 гэх мэтээр нэмэгдсээр оройн хүлээн авалтад хамт орж, зургаа татуулах гэх мэт
нь 1000 доллар болж өснө. Рики Мартины тоглолтыг үзсэнээ уншигчдадаа үгээр товч
боловч дүрслэхийг оролдлоо.

Categories
редакцийн-нийтлэл

Пунцагийн Бадарч: Сэрэл мэдрэмжийн гэрэлт шувууг сэтгэл зүрхэнд минь нисгэсэн Монголын дархан хилд би хайртай

Монгол Улсын ар­дын уран зохиолч
Пун­цагийн Бадарчтай ярилц­лаа.

-Таны шүлгүүд ард түмний зүрх сэтгэлд
тарни мэт хоногшсон. “Есөн эрдэ­нийн орон”, “Эх орны хилээс” хэ­мээх шүлэг найрагла­лыг
тань ун­шаа­гүй, ма­гадгүй цээж­лээ­гүй хү­мүүс ховор. Бүгдийн сэтгэлд тэгж цаг
мөн­хийн хадаатай явдаг. Харин “эрдэнийн чу­луу” мэт эдгээр шүл­гүүд хэрхэн бичигд­сэ­нийг
асуумаар байна?

-Би гэдэг хүн 1971 оны хавар хилийн
цэр­гийн офицер болсон юм. Төв аймгийн Эрдэнэсант суманд клубийн эрхлэг­чийн ажлаа
өгчихөөд хийх юмгүй дэмий тэнэж ява­хад Зо-Пай-Жингийн Бат­­тулга гуай гудманд таарлаа.
Баттулга гуайг манайхан “Хөх тэнгэр” роман, “Түвшин төгс”, “785 дээр” зэрэг үргэл­жилсэн
үгийн бүтээлүү­дээр нь мэднэ. Баттулга гуайг би аугаа их Бямбын Ринченгээс хойш
бичгийн эрдэм соёлыг төгс эзэмш­сэн хүн гэж боддог юм. Инжинаашийн “Хөх су­дар”
роман, Баттулгын “Хөх тэнгэр” роман хоёр бич­гийн хэлний гайхамш­гаа­­раа их ойртож
очно доо. Харин сүүлийн жи­лүүдэд “Монголын шил­дэг ро­ман” гээд хүмүүс ярихдаа
“Хөх тэнгэр”-ийг оруулах­гүй байгаад гайх­даг. Үргэл­жилсэн үгийн хэд хэдэн цуврал
ботиуд гар­лаа, түүнд Баттулгын зохиол ороогүй ээ. “Хөх тэнгэр” роман доторх бүл­гүүдийнхээ
өмнө “Утгат тайлбар” буюу дөрвөн мөрт шүлгүүдтэй явдаг нь бахархмаар. Баттулга гуай­тай
таарсан гэдгээс үүдээд зохиол руу нь орчихлоо. Ер нь ч хэлье гэж бодож байснаа хэл­чихлээ.
Одоо өнөө хи­лийн цэргийн тухай яриандаа ороо­дохъё.

-Баттулга гуай таныг хилийн цэрэг
рүү уруу татаж дээ, янз нь?

-Тэгэхгүй хаачихав. “Чи ингэж дэмий
тэнэж явснаас хилийн цэрэгт ор, би чамайг оруулаад өгье” гэдэг юм. “Над шиг цэргийн
алба ч хаагаагүй хүнийг хилийн цэрэг авах болов уу” гэхэд, “Намайг дуу­гүй дагаад
яв” гэж харцаараа хэлснээс өөрийг хэлээгүй дээ. Тэгээд л Хилийн цэрэгт аваа­чиж
өгсөн. Тухайн үед Хилийн цэргийн удирдах газрын дар­га нь Цэдэн-Иш генерал бай­лаа.
Штабын дарга нь “улаан нүдэн” Намсрай гэж хүн байв. Ингээд тэд намайг Өмнөговь аймгийн
Гурвантэс сумын Овоотын отрядад хуваарил­сан юм. Тэр цагт Монголын хил дахин шинээр
зохион байгуулагдаж байсан үе шүү дээ. Овоотын отряд-өмнийн шаргал говьд очоод удаагүй
байтал арваннэгдүгээр сарын долоон буюу октябрын баяраар надад нэг даалгавар ирдэг
юм аа.

-Тэр нь юу байхав?

-Отръядаас бүх заставууд руу хүчлэн
хамгаалалтын офицерыг октябрын баяраар гаргадаг уламжлал бий. Офи­цер болоод гурван
сарын нүүр үзэж буй намайг Цай­лан­булагийн буюу Цайлан­гийн застав руу лацтай бичиг­тэй
илгээлээ. Тэгэхэд би 29 настай байжээ. Цайлангийн заставын дарга Батсуурь гэж бас
хорин хэдэн настай залуу эр намайг угтаж авсан. Бид хоёр өнөө лацтай бичгээ задалтал
тухайн заставын харьяа баганыг эргэх, мөн хилийн цэргийн постон дээр хонох зэрэг
удирдамжууд байна. Заставын залуухан дарга Батсуурьтай мөр зэрэг­цэж буу үүрээд,  араасаа мөн буу сум агссан гурван цэрэг дагуулаад
Алагийн уулын тэргүүн дээр байх эх орныхоо хилийн баганыг эргэж очсон түүхтэй. Миний
бие дархан хилийн сүлдэт багана дээр анх очиж буй минь тэр. Бага­наа нар зөв нэг
тойръё гэтэл Батсуурь маань бугуйнаас шүүрч аваад “Болдоггүй юм, хилийн баганын
энэхүү харан­дааны үзүүрээр зурсан мэт нарийн улаан шугамны дээгүүр өнгийж харахад
л таны толгойг хятадууд зад буудна шүү дээ” гэв. Миний айсан гэж жигтэйхэн.

Тэгээд Алагийн уулан дээр, эх орныхоо
торгон хилийн зурвас дээр, алтан соёмбот баганынхаа дэргэд зогсохуйд өнөө шүлэг
найр­гийн албин минь хөдөлж, тусгаар тогтнолоороо бахар­хаж нэг омогшоод, гэргий
хүүхдээ санаж нэг уяраад, сүлдэт баганынхаа цаадах газар нутгийг хүний юм даа гэж
нэг гуниад юм юм л бол­лоо доо. Тэгээд дархан хилийн­хээ баганын дэргэдээс хоёр
ширхэг чулуу авч хар­маал­лаа. Эх орныхоо хил дээр анх ирсний дурсгал гэж бодсон
хэрэг л дээ. Орой бид заставтаа буцаж ирлээ. Сэт­гэл нэг л тогтож өгсөнгүй. Шөнө
дөл ч боллоо, нойр хүрсэнгүй. Өнөө хоёр чулуу­гаа дэргэдээ тавьж байгаад шүлэг бичиж
билээ. “Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас

Сүхбаатарын талбай хүртэл эх орон
минь бий

Сая ардын итгэл багтсан Сүхийн их
талбайгаас

Тэртээ хилийн багана хүртэл энхрий
нутаг минь бий…” гээд л. “…Эрдэнийн номин дуулга шиг одот цэнхэр нуур

Эргийн зэгсэнд ганганалдах амраг хоёр
ангир

Эхний айл, гүүн зэл, ингэ ботгонын
гунганаан

Эмээлт  морь шиг шилгээн баясах хусан уяа

Ээлт үүдий нь сөхвөл зол бадрах голомт

Ээж аавын буянт жаргалын цагаан өргөө

Хаагуур ухарч би хаяад гарах юм бэ…”
гэж биччихээд өмнийн говийн одот шөнөөр цээж дүүрэн алхаж байсан даа. Миний бие
“Эх орны хилээс”, “Нулимст борхон болжмор”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Саруулхан
шөнийн дуу”, “Цэрэг орны дууль” зэрэг олон бүтээлээ Овоотын отръядад гурван жил
алба хаахдаа бичсэн. Сэрэл мэдрэмжийн гэрэлт шувууг сэтгэл зүрхэнд минь нисгэж хайрласан
Мон­голын дархан хилд би хайртай.

-“Есөн эрдэнийн орон” найраглалынхаа
түүхийг одоо ярихгүй юу?

-Далан нэгэн оны хавар хил рүү явахдаа
Шагдарын Дулмаадаа үлдээгээд явсан найраглал шүү дээ. Дулмаа тэгэхэд “Үнэн” сонины
утга зохиолын редактор, сэтгүүлч байлаа. “Үнэн” сониндоо хэвлүүлээд өгөөрэй, найз
нь ойн уралдаанд өгөх санаа­тай байгаа юм шүү гэж хэлээд явахад манай хүн хэвлүүл­чих­сэн,
өнөө бүтээл маань ардын хувьсгалын 50 жилийн ойн уралдаанд гуравдугаар байрын шагнал
эзэлчихсэн байж байлаа. Тавин жилийн ойн хүрээн дэх яруу найргийн томоохон хэмжээний
бүтээ­лийн уралдаанд Д.Пүрэвдор­жийн “Сэгс цагаан богд” найраг­лал түрүүлээд миний
“Есөн эрдэнийн орон” гуравт орсон. Хоёрдугаар байрыг эзэлсэн бүтээл байгаагүй юм.
Сайд нарын зөвлөл надад гурван мянган төгрөгийн шагнал өгч байлаа. Уул нь би нэр
алдартайхан зохиолч байсан бол хоёрт орчих байсан болов уу. Сайд нарын зөвлөл мянган
төгрөг дээр л жаахан горойсон доо, тэгэ­хэд. Гэхдээ яахав, гуравт орно гэдэг сайхан.
Тэр үеийн гур­ван мянган төгрөг гэдэг их мөнгө шүү дээ. Гэртээ зурагт, шүүгээнээс
аваад л зөндөө тавилга авч манайх гэдэг айл айлын дайтай л болсон юм­даг. Тэр талаас
нь аваад үзсэн ч “Есөн эрдэнийн орон” ээлээ өгсөн бүтээл дээ. Худлаа, үнэнийг нь
сайн мэдэхгүй юм, гэхдээ намайг олонд үнэхээр алдаршуулсан бүтээл бол “Есөн эрдэнийн
орон” шүү дээ. Бичсэн түүх маань их сонин юм даа. Тавин найман онд монголч эрдэмтдийн
анх­ду­гаар их хурал Монголд боллоо. Холбооны технику­мын оуютан би амралтаараа
нэг л харимааргүй санагдаад л, амьдрал ахуйгаа дээш­лүүлье ажил төрөл хийе ч гэж
бодоод марк, сонин хэвлэл зардаг ТҮЦ-д ажилд орлоо. Худалдагчаар ажилд орж буй хэрэг
шүү дээ. Тэгтэл намайг Сталины номын санд болж буй монголч эрдэмтдийн хуралд очиж
сонин хэвлэл зар гээд явуулдаг юм. Тэнд Дамдинсүрэн, Ринчен, Сэр-Оджав гээд Монголын
нэртэй эрдэмтэд, за тэгээд Онон-Өргөнгөө, Латимор, хар Дорж гээд нэртэй монголч
эрдэмт­дийг дэргэдээс нь харлаа. Тэдэнд зориулсан хуучин ном судрын үзэсгэлэнг Стали­ны
номын сангийнхан дэлгэчихсэн байна. Тэрхүү хуучин номын үзэсгэлэн дунд есөн эрдэнээр
бичсэн Сандуйн жүд судар байсан. Уг судраас л би есөн эрдэнэ гэдгийг мэдэж авч байсан.
Жаран зургаан онд Зохиолч­дын хороонд байхад Я.Цэвэл гуай их ирнэ. Толь бичгийн
нэрт эрдэмтэн түүнийг мэдэх­гүй хүн үгүй байх. Цэвэл гуай­гаас би есөн эрдэнэд юу
юу багтдагийг асууж, есөн эрдэ­нийн тухай бодол болсон. Есөн эрдэнэд Монголын бүх
л зүйл багтаж болох үүдэл санаа тэр цагаас төрж Д.Нацаг­доржийн музейн манаачаар
ажиллаж байхдаа далан оны есдүгээр сарын нэг л шөнө биччихсэн. Уран бүтээлчдийн
хэлдгээр ганц­хан амиар л туучаад хаясан зохиол шүү дээ. Одоо хүнд хэлбэл бараг
итгэхгүй дээ. Хүн чинь тэгээд гэнэн цайлган залуу идэр насандаа сонго­дог бүтээлүүдээ
туурвидаг юм биш үү. Нас ахиж, ухаан нэмэ­хийн тоогоор авьяас билгийн бадамласан
гал дөл хумигдаад байдаг шиг санаг­дана. Өвгөн би одоо “Есөн эрдэнийн орон” шиг
бүтээ­лийг ганцхан шөнийн дотор байтугай есөн жил бодоод ч бичихгүй дээ. Анх Пүрэвжа­вын
Пүрэвсүрэндээ манааны шовгор дотроо уншиж өгөөд, дараа нь Пүрэвдорж гуайд уншиж
өгч билээ. Пүрэвдорж гуай “болжээ” гэсэн ганц үг хэлсэн нь товч бөгөөд тодор­хой
үнэлгээ байсан.  

-Та бол өмнөх найрагч­дын­хаа тухай
ихэд ярьдаг, тэднээрээ бахархдаг зохиолч­дын нэгэн. Ялан­гуяа Эрдэнээ багш, Явуугаа
их ярьдаг?

-Явуу, Эрдэнэ хоёр бол Монголын шинэ
үеийн уран зохиолыг дэвшил, сэтгэлгээ, уран сайхны хувьд мэргэж­лийн болгож өгсөн
манлай­лаг­чид юм. Тэр хоёр сэрэл мэдрэмж хийгээд туурвил зүйн тансаг үгийг эзэмших
чадварт нэвтэрсэн хүмүүс байлаа. Гэхдээ би Намдаг, Лодойдамба нарыг үгүйсгэж байгаа
юм биш шүү.

Дэлхийн уран зохиолыг монголчууд бид
уншиж базаа­гаагүй байхад Явуу, Эрдэнэ хоёр дэлхийн хэмжээ­ний бүтээлүүдийг туурвисан
л байхгүй юу. Үүнийг бид үгүйсгэх аргагүй юм аа.

-Өнөөдөр та бүтээл туур­вилаараа
Монголын утга зохиолын оргилуудын нэг болсон. Үүнийг молхи би хэлж байгаа юм биш
ээ. Олон түмэн тэгж хүлээн зөвшөөрдөг, утга зохиолын судлалтнууд нэгэн дуугаар үнэлдэг.
Харин үүнд өөрөө ямархан хариулт өгөх бол?

-Ардын уран зохиолч гэдэг цолыг Монголын
төр надад хайрласан. Ард түмэн бүтээлийг минь уншиж шаг­шиж шуугиад байхаар нь төр
ийм өндөр цолоо хүртээсэн болов уу. Энэ бол хувь заяа юм. Даруу зан гаргалгүй, бас­хүү
онгирч хэтийдэлгүй үнэ­нээ өчихөд монгол хэлтэн, Монголоо гэх сэтгэл зүрхтэй туурга
тусгаар улс үндэстэн мөнх оршсоор байх цагт миний дуу, шүлэг, найраглал, дуурийн
цомнол минь оюун санааны тусгаар тогтнол болно гэдэгт итгэл төгс байна. Харамсалтай
нь цагийн саалтад их цөөхөн бүтээл минь үлдэх байх даа. Ер нь тэгээд хичнээн авьяас
билэгтэй байлаа ч тухайн хүнээс цөөхөн бүтээл нь тунаж үлддэг тавилан шүү дээ.

-Дэндэвийн Пүрэвдорж гуайн наян
насны ой өнөө жил тохиосон. Пүрэвдорж гуайтай ойр явсан хүний нэг бол та юм. Түүний
тухай мөн их ярих  нь мэдээж?

-Холбооны техникумын оюутан байх үе
буюу тавин найман онд миний бие Пүрэвдорж гуайг анх харж билээ. Төв талбайн баруун
талын Үйлдвэрчний эвлэлийн нэг давхарт санагдана, зохиол­­чид хүрэлцэн ирж уншигч
олонтой уулзлаа. Тэрхүү уулзалтыг Чойжилын Чимид гуай хөтөлж байсан. Сүрэнжав бид
хоёрын юм хөтлөөд сүрхий байдаг чинь Чимид гуайтай холбоотой шүү дээ. Чимид тухайн
уул­залт дээр Бааст гуайг зарлах­даа, манай зохиолчдын дунд хамгийн намхан нь Бааст.
Гэвч бичсэн бүтээл, хэвлүүл­сэн номоороо ярих юм бол Бааст хамгийн өндөр нь байж
магадгүй. Олон номтой учир номон дээрээ гарч зогсоод биднээс өндөр болчихно гэж
олныг хөгжөөж байв. Тэгэхэд Пүрэвдорж гэж том алаг  нүд­тэй, тас тас инээсэн сайхан залуу шүлгээ уншиж
билээ. Ингэж л би Пүдо-гоо анх хар­сан юм. Түүний дараа буюу жаран оны намар бид
хоёр Сонгинын амралтад таарч хэн хэндээ шүлгээ уншиж явлаа. Пүрэвдорж  гуай нэг их гоё цагаан царайтай залуу­хан эмч
бүсгүй дагуулчихсан явж билээ. Тэр л цагаас хойш Цагаан хэрэмний цаана зур­гаан
жил суусныг эс тооцвол насан өөд болтол нь хамт явжээ. Монгол хэлээ төгс эзэмшье
гэвэл Пүрэвдор­жийн­х­оо яруу найргийг унш даа гэж дүү нартаа захья, өөр юу чиг
хэлэхсэн билээ.

-Ш.Сүрэнжав, Д.Цоодол, Б.Лхагвасүрэн,
Т.Галсан, Д.Урианхай, Д.Нямаа, П.Пүрэвсүрэн, Ш.Дулмаа гээд та бүхэн Монголын яруу
найргийн амьд домог болсон бурхад билээ. Ингэ­хэд хэн нэгэнтэй уулзах юм уу?

-Өөрийн чинь нэрлэж хэл­сэн наад хэдэн
навсгарыг чинь их санах юм аа. Зарим­даа яагаад ч юм уулзаад ярих юмгүй болчихсон
юм шиг санагдах үе ч байх юм. Пүрэв­сүрэнтэй нутаг холдчихлоо. Манайх чинь 21 дүгээр
хороол­лоосоо нүүгээд Төмөр замын соёлын ордны ардхан “Эко”-гийн Нямдаваа гэж хүү­гийн
өгсөн байранд хөгшин бид хоёр, ач хүүтэйгээ, Ангир гэдэг эрх мууртайгаа дөрвүү­лээ
аж төрж байна шүү дээ. Цоодол, Сүрэнжав, Нямаатай хааяа хааяа таарах юм. Цоо­дол
маань Пүрэвдорж гуайн ойд Өвөрхангай явсан байх. Би явж чадаагүй. Одоо чинь аян
замд ядраад байх бол­лоо. Нямаа бид хоёр Нацаг­дор­жийн гэргий Пагмадула­маар баахан
хөөцөлдсөн. Манай Нямаа  тун нямбай нэг ном
гаргасан шүү дээ. Миний хүү буурал намайг, хэдэн найз нарыг минь Монголын яруу найраг,
утга зохиолын амьд домог гэж сайхан хэллээ. Хөөрхийдөө, миний муу ижий аав хоёрын
буян, шившлэг тарни байдаг биз дээ. За тэгээд яруу найргийн буян гэж барж идэхгүй
нэг зүйл байна шүү дээ. Цаг минут бүр хүмүүс ярьж, сайн сайхан зүйл хэлж ерөөж,
шүлэг найргийг минь уншиж өгөх юм. Дуурийн театр “Чингэс хаан” дууриар маань энэ
намрын нээлтээ хийж урлагийн гавьяат зүтгэл­тэн найруулагч Л.Эрдэнэ­булган, ардын
зураач Ч.Гунгаа­сүх, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав бид дөрвийг чинь хүндэт­гэлтэйгээр
урьж, улаан хивсэн дээгүүр алхуулан “шараа” болголоо шүү дээ. Дотроо бол өвгөн би
жигтэйхэн баярлаж яваа юм чинь. Гунгаасүх маань “Бид чинь юм хийчих­сэн юм байна
шүү” гэж чихэнд шивнэж байна лээ. Энэ мэтчи­лэн буурал найрагч намайг баярлуулах
зүйл зөндөө юм даа. Хүний хорвоод хоёр дахиа төрсөн мэт амьдарч явна даа, ах нь.

Н.ГАНТУЛГА          

Categories
редакцийн-нийтлэл

Увайгүй эрчүүдийг ингэж шийтгэе

Ц.Туяад 22 жилийн ял оноолоо. Татварын
байцаагч бүсгүйг 75 удаа хутгалж, аминд нь хүрсэн хүүхэн гэдгийг хүмүүс мэдэж байгаа
байх. Нэг нь шороонд булуулж,  нөгөө нь шоронд
орсон энэ эмгэнэлтэй хэргийн талаар монголчууд өнгөр­сөн хугацаанд бишгүй шуугилаа.
Үнэхээр ч зүрх эмтрэм бодохоос аймшигтай хэрэг. Алуулсан, алсан хоёр эмэгтэйн аль
алиных нь өм­нөөс харамсч байна. Яагаад гэвэл би ч гэсэн бүсгүй хүн.  Хэн хэн нь өдөр бүр гийх энэ гэрэлт ертөнцийн
нарыг харж, бүсгүй хүний хувиар эрхэмсэг, ихэмсэг, тансаг сайхан амьдрахаар тэмүүлж,
тэмцэж явсан хүүхнүүд. Мөн үрээ гээд өмөлзөх эхчүүд байсан юм.

Хүний бүсгүй үрийг хэрцгийгээр хөнөөлөө
гэж Ц.Туяаг жигшин зэвүүцэж, чичлэх нь дийлэнх бай­гаа. Ц.Туяа өөрөө ч энэлэл, шана­лалд
унаж, амьдын тамд хатаж, хийсэн хэрэгтээ харуусан шорон­гийн хүйтэн цемент дээр
толгойгоо шааж суугаа. Тэр хүүхнийг аллаа гээд ч энэ залуутай ханилж, сууж чадсангүй
харанхуй өрөөнд ган­сарч байна. Ийм хэрэггүй эрийн төлөө яах гэж амьдралаа золиос­лов
доо хэмээн өөрийгөө зүхэж байгаа. Түүний оронд өөрийгөө тавиад үзэхэд ингэж л бодогдож
байна. Нэгэнт амьд үхдэл болчих­сон түүнийг одоо харааж, чичээд яах билээ.

Харин хоёр хүүхний амьдра­лаар тоглосон
тэр залуу гол буруу­тан нь. Мөнгөтэй, өнгөтэй, ямар ч хүүхэн араасаа гүйлгэхээр
яах аргагүй сайхан залуу юм гэсэн. Тиймдээ ч долдугаар сарын 1-ний шөнө хоёр хүүхэн
хотод алалдаж байхад дараагийнхаа хүүхнийг уургалчихсан, амралтанд зугаа­цаж байсан
гэж бодохоор гол горойж байна. Өөрийнх нь төлөө амьдралаа зольж, буурал суусан үсээ
шидмэсээр боочихоод газар ширтэж зогсоо бүсгүйг харж, бах таваа хангах гэсэн шиг
шүүх хурал дээр нь нүүр бардам ирсэн байхыг нь яана.  Муу сайн хүүхнүүд миний төлөө ингэж алалцах гэж
гэсэн шиг бохь зажлан, өөрийгөө гайхуулан дүүхэлзэж байсан. Хар нүдний шилээр гангарч,
хараа дээгүүр суугаа түүний энэ дүр зураг хэнд ч таалагдаагүй. Нэгэн цагт харааг
нь булааж явсан эрийнхээ өмнө өмхөр­сөн мод шиг өнгө зүсгүй болчихоод толгой гудайлгаж
зогсо­хыг ямар ч эмэгтэй хүсэхгүй. Энэ утгаар нь Туяаг өрөвдөж, өмнөөс нь харамсч
байна. Гэхдээ хэрцгий хэрэг үйлдсэнийг нь өмөөрөх гэсэн­гүй. Гагцхүү түүнийг ийм
байдалд оруулсан тэр “гоё” залууг жигшин, зэвүүцэх хэрэгтэй.

Даанч энэ залууд хариуцлага тооцож,
ял зэм хүлээлгэх  хууль манайд алга. Гэр бүл
үймүүлэгч, элдэв садар самуун явдалтнуудыг гэмт хэрэгтнээр татдаг садар самуу­ны
хуультай улс дэлхийд бий. Ийм хуультай орнуудад Батболд шиг гэм үйлдсэн нөхөр нэг
ч гишгэх газаргүй, ял шийтгэлд унадаг гэж байгаа.  Харин эр хүн садар самуун явдалтай байх нь хамаагүй.
Тэднийг араар тавьдаг эм хүний явдлыг тэвчдэггүй, бузар гэмт хэрэг хэмээн үздэг
заншлын хууль лалын ертөнцөд хаалтгүй хэрэгждэг.

Улс түмний дунд ёс заншил шиг уламжлагдаад
ирчихсэн энэ хар­гис­лалаараа лалын шашинтнууд 
цуутай.  Хүчирхийлэлд өртсөн ч бай
хамаагүй, эр нөхрөөсөө өөр хүнтэй ойртсон л бол хөөрхий бүсгүйчүү­дийг олон хөлийн
газар дөрвөн мөчийг нь гинжилж, чулуугаар нүүлгэж хороодог. Ард нийтээрээ тэр эмэгтэйг
жигшин зэвүүцэж, хажууд нь овоолсон чулуунаас хүүхэд, хөгшидгүй авч шидэлдэг. Энэ
бол байж боломгүй тамлал гэдэг нь мэдээж.

Өөрөөс нь болж хэн ч хохироо­гүй хүүхнүүдэд
ийм цээрлэл хүлээл­гэж чадаж байхад хоёрын хоёр хүүхний амьдралаар тоглож, бүлтгэр
үрсийг нь өнчрүүлж, ар гэрийнхнийг нь дээлтэй нь хатаа­сан тэр “гоё” залууд үүнтэй
адил хандсан ч харамсаад байх хүн байхгүй биз. 
Гэвч ийм хууль, дүрэм манайд байхгүй учраас яалтай билээ. Дэлхий нийтэд иймэрхүү
нөхдүүдийг хашраадаг янаглан хорлох арга хэмжээнүүд байдаг юм билээ. Нэлээд хэдэн
жилийн өмнө АНУ-д болсон нэг жишээг дурдъя.

О.Ж.Симпсон гэж Америкийн алдартай
хөлбөмбөгчин байж. Тэрээр АНУ-ын мэргэжлийн хөл­бөм­бөгийн шигшээ багт тоглодог.
Энэ хугацаандаа чамгүй нэр алдарт хүрч, хөрөнгө мөнгөтэй болж авсан нэгэн. Тиймээс
Амери­кийн баян одуудын тоонд багтаж, тансаг амьдардаг цуутан байлаа. Харамсалтай
нь тэр 1994 онд эхнэрээ хөнөөсөн байдаг. Эхнэрээ өөрийн найзтайгаа хардсан учраас
тэднийг хутгалж хороосон түүхтэй. Гэхдээ Симпсон энэ хэргээс ямар ч ял зэмгүй мултарч
чадсан. Яагаад гэвэл мөнгөний хүчээр Америкийн хамгийн алдартай, нэр цуутай өмгөөлөгчдийг
хөлслөн ав­сан учраас тэр. Эхнэрээ хороосныг илчлэх бүх баримтуудыг устгаж, шүүхийн
өмнө нээнтэгт орох нэг ч нотолгоогүй болсон учраас түүнийг суллаад явуулсан гэдэг. 

Хэдийгээр тэр хэргээс цэвэр мултарч,
хуулиар цээрлэл хүлээ­гээ­гүй ч Америкийн нийгэм түүнийг  амьдралаас шахаж, хэн ч биш болгосон байдаг. Учир
нь Амери­кийн иргэн болон тэнд амьдарч байгаа хүн бүхэн  кредит оноо цуглуулдаг ёстой. Бид дунд сур­гуульд
арван жил сурахдаа хувийн хэрэг хөтлүүлдэг шиг. 
Хувийн хэрэг дээрээ ангийн багшаараа сайнаар бичүүлж, дүгнүүлэх гэж хичээлээ
таслахгүйг хичээж, онц сурахын төлөө чармайдагтай л адил. Үнэн­дээ хүүхэд байх үеийн
тэр тодор­хой­лолт ирээдүйд зөв хүн болж төлөвших эсэхэд өгсөн дүн байдаг. Үүнтэй
адилхан хувийн хэргийг америкчууд “бөглүүлж” байдаг гэсэн үг. Нэг ёсондоо ямар нэгэн
гэмт хэрэгт орооцолддоггүй, ажил төрлөө тасалдаггүй, цаг баримтал­даг, авсан зээлээ
цагт нь төлдөг, согтуугаар жолоо барьдаггүй, соёл­той, боловсон америк хүний кредит
оноо өндөр байна. Эхнэр, нөхрөө хуурдаггүй, гэр бүл үймүүлдэггүй, садар самуун явдалгүй
байх нь ч америк хүний хувийн хэрэгт том ач холбогдолтой.

Хэрэв хулгай дээрэм хийж, худлаа ярьж,
гэмт хэрэг үйлдсэн бол ямар ч америк хүний кредит оноо хасагдана. Тэр тохиолдолд
түүний өмнө бүх боломж хаагдана. Ажил хийж байсан бол халагдана. Ажилд орох гэж
байгаа бол хөөг­дө­нө. Зээл олдохгүй, амьдрах газар ч хомсдоно. Орон байртай болъё
гэхэд түрээс нь өндөр. Зээлээр худалдаж авъя гэвэл урьдчилгаа нь дийлдэхгүй гэх
мэтээр гишгэх газаргүй болж хувирна. Америк орноос түүнд өгдөг бүхэн татарч, авдаг
татаас нь нэмэгдэнэ. Унаж яваа машин, амьдарч байгаа байр­наас нь дээд хэмжээний
татвар, даатгал авна. Ийм зарчмаар эхнэ­рээ хөнөөчихөөд ял зэмгүй үлдсэн Симпсонд
эцэстээ тэнгэр хол, газар хатуу болж, амьд­рах орон зай үлдээгүй гэдэг. Ширэн бөмбөг
хөө­цөл­дөж олсон, хуримтлуул­сан эд хөрөнгөө өндөр татвар, даатгалд зарцуулж, байдгаа
барж, гудам­жинд гарсан  гэдэг. Сайн өмгөөлөгч­дийн
буянаар  шорон­гийн хаалга татаагүй ч түүнийг
нийгэм нь хүлээж авах бэлтгэлгүй, иргэд нь нэгэнт хайрлах сэтгэлгүй болчихсон бай­санд
асуудал бай­гаа юм. Хэдий­гээр тэр америк­чуу­дын хайртай тамирчин байсан ч авааль
эхнэрээ алсан аймшигтай араатан гэдэг төсөөллөөр сэтгэлд нь үлдэж, хүндэтгэл хүлээхээ
бай­жээ. Энэ нь Симпсоныг амьдрах итгэлгүй бол­гож, сэтгэл санааны хувьд мөнхийн
“шоронд” хоригджээ.

Энэ л арга манайд тохирох юм байна.
Хоёр бүсгүйн амьдралаар тоглосон увайгүй эртэй ийм мая­гаар хариуцлага тооцъё. Ийм
хууль дүрэм гаргаж, олон нийтэд суртал­чилъя. Эдийн засаг бол хүнийг ямар ч багшаас
илүү хүмүүжүүлдэг гэдэг. Тэгвэл  архи уугаад
ажлаа хийдэггүй, авгай хүүхэн эргүүлж, айл гэр үймүүлдэг нөхдүүдийн хоолтой нь ярьдаг
болъё. Баян тарганаараа гайхагдаж, амрагууд­даа үнэтэй машинаар бэлэг барьж, өөр
хооронд нь алалцуулж, эмэг­тэй­чүүдээр тоглож яваа энэ мэт Дон Жуануудыг ингэж л
шийтгэе. Ямар мал шиг хөнгөлнө гэлтэй биш. Хөнгөмсөг энэ эртэй битгий гэрлээ­рэй
гэж уриалалтай нь биш. Эдийн засгаар нь хавчиж, хашилтанд оруулах  нэг арга байна. Ингэж амьдарч болдоггүй юм гэдгийг
нь ийм байдлаар л ойлгуулъя гэж хэлэх гэсэн юм.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Сэлэнгэ аймгийн гаалийн газрын орлогч дарга Д.Батбаатарын хууль бус үйлдлүүдийг АТГ-аар шалгуулахаар болжээ

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар буюу
Алтанбулагийн боом­тын албан хаагчид Улаанбаатар хотод иржээ. Тэд Сэлэнгийн гаа­лийн
газрын орлогч дарга Д.Бат­баа­тарын хууль бус үйлдлийн талаар АТГ, Гаалийн ерөнхий
газрын ёс зүйн хэлтэст мэдүүлэ­хээр ирсэн байна. Тэд орлогч дарга Д.Батбаатарынхаа
хууль бус үйлд­лийн талаар төө хэрийн зузаан бичиг баримтыг АТГ-т өгөөд буй бөгөөд
энд түүний бүхий л ёс бус үйлдлүүдийг дурдсан байгаа гэнэ.

Д.Батбаатар нь өнгөрсөн хавар энэ
албанд томилогдсон бөгөөд албан тушаалаа авснаас хойш хагас жилийн хугацаанд Сэлэнгэ
аймгийн гаалийн газрын үйл ажил­лагааг доголдуулж үндсэн голдри­лыг нь хазайлгажээ.
Ингэхдээ мөнгө “сааж” болох бүхий л аргыг хэрэглэж байгаа бөгөөд Алтан­бу­ла­гийн
боомтод орох ёстой ихээ­хэн хэмжээний татварын мөнгийг зувчуулж, ажилчдаа ялгаварлан
харьцдаг нь ийн АТГ-аар шалгуу­ла­хад хүргэсэн гэнэ. Бидэнд ирсэн мэдээллээр Д.Батбаатар
нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боом­тод ажиллаж байгаад 1990 оны сүүлээр ажлаасаа
халагджээ. Тэрээр архи, согтууруулах ундаа хэрэглэх дуртай нэгэн бөгөөд хамт ажилладаг
хүнээ архины шилээр цохиж хүнд бэртэл учруулсны улмаас ийн ажлаасаа халагдаж байж.
Гэтэл өнгөрсөн хавар гэнэт орлогч дарга болон очсон бөгөөд тухайн үед хамт ажиллаж
байсан дөрвөн байцаагчийг сонгон авч бүхий л хууль бус үйлдэлдээ гар хөл болгон
ашиглаж байгаа гэнэ.

Орлогч дарга Д.Батбаатарын гар хөл
болдог хүмүүс нь ихэвчлэн Алтанбулагийн автомашины бараа, бичиг баримтыг шалгах
үүрэгтэй байдаг гэж байгаа. Шууд хэлбэл өдөрт 20 гаруй ачаа тээвэр­лэсэн том хүнд
даацын автомашин  хилээр орж ирэхэд ангиллаас
нь хамааран дунджаар таван сая төгрөгийн татвар авдаг байна. Гэтэл Д.Батбаатарыг
энэ албан тушаалд томилогдсоноос хойш  энэ
бүх татвар Сэлэнгийн гаалийн дансанд орохоо байж албан хаагч­дын дунд “Машин өшиглөнө”
гэсэн хэллэг хүртэл гарчээ. “Машин өшиглөнө” гэдэг нь ачаа тээвэрлэ­сэн автомашин
Монгол Улсын хилээр хойноос орж ирсэн баримт үлдэхгүйгээс гадна татварыг нь Д.Батбаатарын
хүмүүс авч хувьдаа завшдаг байна. Ийн хагас жил гаруйн хугацаанд улсад орж ирэх
байсан гаалийн татварын мөнгө алга болжээ.

Түүнчлэн  Сэлэнгэ аймгийн гаалийн газрын харьяа “Номт” амралтын
газар гэж бий.  Тэр газарт Д.Батбаатарын төрсөн
эгч Оюун энэ зун ажилд орсон байна. Оюуныг тэнд очсоноос хойш “Номт” амралтын газрын
орлого мөн л сураггүй болж төрд нэг ч төгрөг орохоо больжээ. Шууд хэлбэл тус амралтын
газар нь гэр, байшин нийлсэн 20 гаруй амрах өрөөтэй. Нэг өрөөний амралтын мөнгө
нь хоногийн 30-40 мянган төгрөг байдаг аж. Зуны улиралд тухайн амралтын газарт сул
өрөө олд­дог­гүйгээс гадна Гаалийн ажилчид хүртэл очоод хуваарьт амралтаа эдэлж
чаддаггүй тийм ачаалалтай  байдаг байна. Хоногт
дунджаар 800 мянган төгрөг олох боломжтой аж. Өмнө нь ч ийм хэмжээний мөнгө Сэлэнгийн
гаалийн газрын дан­санд ордог байсан гэж байгаа. Тэгэхээр сард 20 гаруй сая төгрө­гийн
орлогыг Сэлэнгийн гаалийн газарт бүрдүүлэн өгөх ёстой бай­даг байна. Гэтэл Д.Оюун
“Номт” амралтын газарт очсоноос хойш энэ зун нэг ч төгрөг Сэлэнгийн гаальд тушаагаагүй
бололтой. “Номт” амралтын газрын үйлчлүү­лэ­г­чид нэг өдөр ч тасраагүй байтал ийн
таван сарын турш нэг төгрөг ч тушаагаагүй нь мөн л Д.Батбаатар­тай холбоотой аж.
Тэрээр эгчтэйгээ нийлэн энэ газрын бүх орлогыг хамдаг гэж Сэлэнгийн гаалийн газрын
ажилчид ярьж байна.

Түүний мөнгө идсэн уусан хэрэг энэ
хүрээд зогсохгүй. Алтанбула­гийн боомт орчимд ямар л мөнгө олох боломж байна түүнийг
ашиг­ладаг гэж байгаа. Бүр ажилчдадаа би сарынхаа цалинг нэг өдрийн дотор олох чадвартай
хэмээн онгирч байсан тухай ч яригдаж байна. Тэрээр өдрийн хорин мянга, нэг удаагийн
хорин мянга, нэг сая, хоёр сая төгрөг олох боломж юу байна бүгдийг нь хуу хаман
улсад нэг ч төгрөг оруулахаа байж. Мөн­гийг бага гэж гололгүй хууль зөрч­дө­гийн
нэг илрэл нь өөрийн эхнэр Н.Сэлэнгээгийн дүү Ганбаатарыг Алтанбулаг боомтын ачигч
буулгаг­чийн ажилд томилсон явдал. Гэхдээ Ганбаатар гэгч нь Гаалийн жинхэнэ албан
хаагч болж жинхлээгүй бөгөөд зүгээр л үнэмлэх олгочи­хож.  Тэрээр үнэмлэхээ үзүүлэн “Би Д.Батбаатарын дүү
байна” гэж хэлэн нэг машинаас 20 мянган төгрөг авдаг болжээ. Өдөрт бараг 20 машин
нэвтэрдэг бөгөөд үүнийг харьцуулбал Ганбаатар нь тэнд сул зогсож байгаад нэг өдрийн
дотор 400 мянган төгрөгийг олдог бололтой. Сэлэнгэ аймгийн гаа­лийн газрын жинхэнэ
албан хаагч биш, зүгээр л нэг үнэмлэх авчихсан байж ийн авирладаг гэнэ. Түүнд үнэмлэх
олгоход Сэлэнгийн гаа­лийн дарга гарын үсгээ зурсан бөгөөд Ганбаатарыг битгий гадуур­хаж,
шахаж дарамтлаарай хэмээн ажилчдадаа захиж байж. Тэгэхээр Сэлэнгийн гаалийн дарга,
орлогч даргын зорилго нэг байж мэдэх гэнэ.

Ер нь сүүлийн хагас жилийн хугацаанд
Сэлэнгэ аймгийн гаа­лийн байцаагчдаар дамжин кас­санд ордог бүх татвар Д.Батбаата­рын
гар хөл бологсдын халаас руу урсаж хэдэн зуун сая төгрөгийн хохирлыг төрд учруулжээ.

Л.ТӨР