Categories
редакцийн-нийтлэл

Д.Самбуу: Хөдөө тоглолтоор явахдаа микрофон ч үгүй улаан хоолойгоороо дуулдаг байлаа

Ардын жүжигчин Д.Самбуу­тай
ярилцлаа.

-Саяхан танай чуулгаас “Гур­ван
цагийн орчил” нэртэй тоглолт тавилаа. Энэ тоглолтод та дуулж харагдсан. Сүүлийн
үед уран бүтээлийн олз омог хэр байна?

-Манай Үндэсний дуу, бүжгийн эрдмийн
чуулгаас олон зуун жилийн турш өвлөгдөж ирсэн хуучны сайхан дуунуудыг сэргээж, ард
түмэнд сануулж байх үүднээс жил бүр тоглолт зохион байгуулдаг. Энэ удаа “Гурван
цагийн орчил” нэртэй тоглолт тавилаа. Энэхүү тоглолтод ҮДБЭЧ-ын түүхийг бүтээлцсэн
алтан үеийн­хэн гэгдэх ахмад уран бүтээлч­дийнхээ тэр л сэтгэлд хоногшсон олон сайхан
дууг ард түмэндээ хүргэсэн. Үзэгчид үнэхээр биднийг сайхан хүлээж авлаа.

-Тэр дундаа таныг тайзан дээр гарч
ирээд “Үйлсийн сайхан Улаанбаатар” дууг дуулахад үзэгчид дуулж дуустал тань алга
ташиж байсан. Энэ дууг нэлээд олон жил дуулжээ?

-Тэгэлгүй яахав. Би “Үйлсийн сайхан
Улаанбаатар” дууг 38 дахь жилдээ тайзан дээр дуулсан байна. Харин ард түмэн анх
яаж хүлээж авдаг байсан яг тэр хэвээрээ миний дууг сонсч, угтаж байгаад уран бүтээлч
хүний хувьд сэтгэлд өег санагдсан шүү.

-Анх энэ дуу яаж төрсөн түү­хээс
бидэнтэй хуваалцахгүй юу?

-Миний уран бүтээлийн бас л нэг сор
бүтээл. 1976 онд тэр үеийн МАХН-д гишүүнээр элсэх өргөдлөө өгдөг юм байна. Тэгээд
албан ёсоор намын гишүүн болохоос өмнө нэг жил орлогч нэртэй явдаг байсан үе. Яагаад
гэхээр тэр хугацаанд гишүү­нээр авах эсэхийг хотын намын хорооноос тандаж, шиддэг
байлаа. Миний хувьд Норовбанзад гуай товчооны гишүүн байсан учраас надад найдвар
төрөөд байдаг. Гэтэл товчооны дарга Алтангэрэл “Чи Улаанбаатар яваад хүний нүдэнд
өртчихөөр юм хийгээд ир” гэдэг байгаа.  Норовбанзад
гуай болон ойр дотнынхонтойгоо яах ийхээ ярилцаж байгаад хот орохоор боллоо. Тухайн
үед юу хийхээ мэдэхгүй хэсэг мун­гинасан. Ямар барилга барьж, мод тарьж, цэцэг услалтай
биш. Тэгээд ерөөсөө дуу дуулъя гэж шийдээд 
одоо энэ миний суугаа өрөөнд орж ирээд яруу найрагч Лувсангийн Дагвадорж
ахтай уулздаг юм байна.

-Тухайн үед Утга зохиолын нэгдлийн
дарга байсан гэл үү?

-Тийм. Л.Дагвадорж Утга зо­хиолын
нэгдлийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Тэгээд ямар учиртай зорьж ирснээ хэлтэл маргааш
нь “Үйлсийн сайхан Улаан­баатар” гээд хоёр бадагтай дууны үг бичээд аваад ирсэн.
За, тэгээд нөгөө шүлгээ аваад хөгжмийн зохиолч Лувсаншарав гуай дээр очлоо. Лууяа
багш тухайн үед чуулгын ерөнхий удирдаач байсан юм.  Лууяа багш ч гэсэн хоёр хоногийн дотор өнөөх шүлгэнд
маань ая хийгээд өгчихөв. Бүр хөгжмийн найруулгыг нь хийж өгөөд би оркестртой дуулсан.
Удаа ч үгүй Монголын радиогоор цацагдаж эхэлсэн.

-Хэзээ нь Монголын радиод бичүүлээд
амжив аа?

-Чуулгын тайзан дээр ардын найрал
хөгжимтэй дуулж байхад Монголын радио ирээд бичээд авчихсан юм билээ. Тэгээд жилийн
дотор үнэхээр ард түмэнд хүрсэн дуу болж чадсан. Би ч тэгж нэг юм намын гишүүн болж
байлаа.

-Ямар учраас намын гишүүн болох
гэж тэгж их зүтгэсэн юм бэ. Улс төрд орох сонирхолтой байсан хэрэг үү?

-Улс төрд орно гэсэн бодол байхгүй.
Зүгээр л олон нийтийг дуурайсан хэрэг. Яахав дээ тухайн үед чинь ганц намтай. Намд
элсэнэ гэдэг залуучууд бидний хувьд  ховор
завшаан байсан байхгүй юу. Намын мөрийн хөтөлбөрийг дагаж, мөрдөж амьдарна гэдэг
тухайн үед том гавьяа байлаа. “Үйлсийн сайхан Улаан­баатар” дууг дуулсны дараа намын
хорооныхон нэгэн дуугаар гар өргөж намайг дэмжсэн дээ.

-Намд элссэнийхээ дараа та юу хийв?

-Тэр жилдээ Урлагийн гавьяат зүтгэлтэн
Баттөмөрийн хөгжим “Нутгийн хөөрхөн бүсгүй” дууг бас дуулсан юм байна. Ер нь “Сүнжид­маа”,
“Дүүриймаа”, “Говийн өндөр” гээд олон дуу дуулжээ. “Учиртай гурван толгой”-н эсрэг
дүр болох Балганд тоглож байлаа. Мөн “Сүн­жид­маа” гээд хүрээний сайхан бүсгүйн
тухай дууг анх Жамцын Бадараа гуай цомнолыг нь бичээд Лууяа багш хөгжмийг нь бичиж  “Сүнжидмаа” гээд сайхан дуулалт жүжиг тавьж байсан.
1983 онд юм байна. Энэ жүжгийн эсрэг дүр болох Навааны дүрд тоглосон. Энэ дуу богино
дууны оргил гэгддэг шүү дээ. Энэ мэтчилэн олон ч дуу дуулж, олон ч жүжигт тоглож.
Өнөөг хүртэл 46 жил Үндэсний дуу, бүжгийн чуул­гаараа овоглож, концерт бүрт тасралтгүй
тоглосон доо.

-Ингэхэд та урын сандаа хич­нээн
уран бүтээлтэй болоод байна вэ?

-Ардын, уртын, богинын дуу гээд нийт
200 гаруй бүтээл байх шиг байгаа юм. Харин Монголын радио­гийн санд ердөө 60 дуу
бүртгэлтэй юм билээ.

-Яагаад ийм цөөхөн дуу би­чүүлсэн
юм бэ?

-Монголын радиод бүхэл бүтэн оркестртойгоо
очоод дуу бичүүлнэ гэдэг хэцүү. Тэр болгон бөөнөөрөө очоод байх боломжгүй учраас
цөө­хөн дуу байдаг.

-Та чинь чуулгын дуучин боло­хоосоо
өмнө сумын клубийн эрх­лэгч байсан гэв үү?

-Би Архангай аймгийн Цэнхэр сумын
хүн. Дунд сургуулиа төгс­чихөөд хөдөө гарах санаатай бай­лаа. Гэтэл нэг өдөр нэгдлийн
дарга дуудаад таван аймгийн клубийн эрхлэгчдийн курс хичээллэх гэж байна. Курст
яв гэж үүрэгдсэний дагуу курс төгссөн юм. 1967 онд байх аа. Ингээд л курс төгссөн
том дарга Цэнхэр сумынхаа клубийн эрхлэгч болж сумандаа нэг их мундаг хүн явдаг
байлаа ш дээ. Тэгсэн клуб шатчихсан. Тоглолт ирэх гээд шөнө­жин галласан чинь пийшин
гал алдаад шатчихгүй юу. Тэгээд л клубгүй эрхлэгч гэж юу байхав.

-Тэгээд яасан?

-Удаа ч үгүй Улаанбаатарт 18 аймгийн
уртын болон богино дууны сургалт хичээллэсэн. Үүнд хамрагд­сан юм. Тэгж л би Жаргалсайхан,
Жамьян гуай хоёрын шавь болж байсан. Сургалтаа төгсөөд аймгийн­хаа чуулгад дуучнаар
орсон юм. Тэр үед Лодойдамба гуай Соёлын яамны орлогч сайд байсан. Намайг гадагшаа  сургуульд эсвэл  чуулгад явуулна гэсэн төлөвлөгөөтэй байсан юм билээ.
Тэгээд намын хороонд бичиг явуулаад “Яагаад намын хорооноос хүн явуулж болохгүй
гэж”  гээд хүсэлт тавьсны дагуу Соёлын яамны
боловсон хүчний хэлтсээс асуудлыг шийдэж томилгоог гар­гасан байсан. Намайг дуурийн
театрт орох уу, чуулгад орох уу гэсэн. Би өмнө сургалтад сууж байхдаа чуулгаар орж
гарч байсан болохоор шууд л чуулгад орохоор шийдсэн.

-Тэгвэл чуулгад орсныхоо жил “Энхийн
цэрэг” дуугаа дуул­жээ?

-Тухайн оныхоо намар нь чуул­гын уран
сайхны удирдагч Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэндорж багш надад “Энхийн цэрэг” гэдэг
дууг бичиж өгсөн. Тэгээд энэ дууг ардын найрал хөгжимтэй дуулж байсан юм байна.
Миний амьдрал, ардын найрал хөгжимтэй 44 жил хамт өнгөрчээ. Цэрэндорж багш тухайн
үед сургуульд сурмаар байна гэхээр “Болоогүй хэдэн жил дуул” гэдэг байсан. Бодвол
миний хэтийг харж байсан байлгүй. Их мундаг хүн шүү дээ. Харамсалтай нь 1974 онд
багш маань өөд болж, би ч сургуульд сурах өнгөрсөн.

-Яагаад тэр вэ?

-Хоёр жилийн дараа нь Банз­рагчтай
хөдөө тоглолтоор явж байгаад шарлачихсан. Сургуульд явсан бол өнөөдөр бас яаж амьдарч
байх юм билээ. Тэгээд л тухайн үеийн Багшийн дээдийн түргэвчил­сэн сургалт зэрэг
л төгсөх шив дээ.

-Тухайн үед хөдөө, орон нутгаар
олон сар, өдрөөр явдаг байсан гэж сонссон. Үзэгчид та нарыг ирэхийг их хүлээнэ биз?

-Манай чуулгынхан тав, зургаан баг
болж хуваагдаад бригад бүрчлэн явна. Нэг сумаас хөдлөөд нөгөө суманд очиход дүүрэн
хүнтэй байдаг угтдаг байсан. Бүр унаа тэрэг замдаа саатаад шөнийн нэг, хоёр цаг
болж байхад очсон ч тийм л халуун уур амьсгалтай угтдаг байсан үе. Тэр үеийн үзэгчид
уран бүтээлч­дийг жинхэнэ утгаар хайрлана, хүндэлнэ, биширнэ гэж жигтэйхэн. Үнэн
сэтгэлээсээ ханддаг байлаа. Нэг удаа Норовбанзад, Түмэн-Өлзий гуай хоёртой  Архангай аймгийн Өлзийт суманд тоглолтоор очиход
нэг эмээ  Норовбанзад гуайн хөлд нь сөгдөөд
би бурхдуудтай уулзсандаа баяртай байна манай­хаар заавал ороод гар гэж билээ. Тийм
л байсан үе.

-Банзрагч гуай та хоёр нэлээд олон
тоглолтоор явсан гэдэг. Сайхан анд нөхдүүд байсан биз?

-Тэгэлгүй яахав. 1986 онд гавьяат
Банзрагч, Чимэдцэрэн бид гурав тайлан тоглолтоо хийлээ. Нийслэлд тоглолтоо арваад
удаа хийгээд 1990 он хүртэл бүтэн дөрвөн жил 18 аймгаар хөдөөгөөр тоглолтоор явсан.  Тэгээд манай Банзрагч бид хоёр орлогоо тоолсон
чинь нэг сая 200 мянган төгрөг болсон байдаг байгаа. Бөөн баяр.  Тухайн үед манай чуулгын бүтэн жилийн төлөвлөгөө
800 мянган төгрөг байсан байхгүй юу . Хагас жил яваад жилийн төлөвлөгөөг биелүүлсэн
байсан. Сүүлд манай хүн “Иш чааваас таван цаасны орлогогүй чи бид хоёр биеэ гамнахгүй
яах гэж ингэж тоглож явав аа. Зах зээл эхлэх үеэр хоёулаа бие дааж уран бүтээл хийгээд
ингээд явсан бол онгоц аваад уначих байж дээ” гээд хошигнож байсан. Үнэхээр намын
төлөө гэж таван цаасны ашиг харж, таван цаас горьдож явсангүй. Ерөөсөө л төрд зүтгэдэг,
зүтгүүлдэг үеийг л туулсан даа. Түрүүн шарласан гээд байсан. Тэрний гайгаар манай
Банзрагч сэхэл авалгүй өөд болсон ш дээ. Угтаа бол. Банзрагч надаас ах. Би “та”
гэнэ. “Битгий дэмий юм яриад бай юунд ахсаад байдаг юм” гэдэг байсан. Манай хүн
уртын дуу сайхан дуу дуулна. Тэгээд ид сайхан цэгцэрч ирэх үедээ хорвоог орхисон
доо хөөрхий.

-Олон хоног явахдаа ядрах, шантрах
үе байв уу?

-Дээр үед ачааны машин дээр бүхээг
тавиад л тоглолтоор явна. Тэгэхдээ одоогийнх 
шиг микрофон ч байхгүй. Жинхэнэ улаан хоолойгоороо үзнэ ш дээ. Нэг суманд
очоод хоёр тоглоно. Хүүхдүүдэд, томчуудад гээд. Эхний долоо хоног тоглоод сүүлдээ
аяншаад сурна. Одоо бодоход их борогшуу байж дээ. Яахав байгалиас сайхан хоолой
заяасны хүчинд л явдаг байж. Бие, мах бодь овоо заяачихсан юм шиг байгаа юм. Байгалийн
хүч, аав, ээжийн буянг л чадлынхаа хэрээр дааж явсных л байх даа. 45 хоногоос хоёр
сар ч явна. Аймгийн төв орохоороо л гэр рүүгээ ярина. Үзэгчид сайхан угтаж авдаг
байсны хүчинд л  урамшиж явдаг байсан юм шиг.
Одоо энэ залуучуудыг тэр үеийнх шиг явуулбал барахгүй юм шиг санагддаг. Хараад байхад
ойрхон хэдэн аймгийн төвийг түүж аваад тоглолт хийдэг болж. Залуу байхад “Нутгийн
сайхан бүсгүй” дууг хөдөөнийхөн их сонсохыг хүсдэг байлаа. “Хэдэн гялаан хонь”,
“Хожиймаа”, “Говийн өндөр” гээд тухайн үедээ хит болдог байлаа шүү дээ.

-Аавыг тань сайхан дуулдаг хүн
байсан гэж нутгийнхан тань ярьдаг дюм билээ?

-Миний аав их бичгийн хүн байсан.
Тайж хүн, цаг хэцүү үед амьдарч байсан болохоор Баян­хонгор аймгийг байгуулахад
бичээ­чээр ажиллаж байсан гэсэн. 1922 оны үед Сангийн яаманд бичээч байсан гэж аав
ярьдаг. Ар гэрийн гачигдлаар нутагтаа буцсан. 1937  оны хэлмэг­дүүлэлтээр хоёр ахын минь амийг хороосон
юм билээ. Тэгээд нэг өдөр аав гэртээ байж байтал машины дуу гарсан гэсэн. Аав айсандаа
хурдан бор морио унаад гараад давхичих­сан гэсэн. Тэгээд ууланд хоёр жил бүгсэн
юм билээ. Уулнаас бууж ирэхэд нь иргэний эрхийг нь хассан. Аав зүрхээ зүсүүлчихсэн.
Тэгээд дээр үеийн үүх түүх гэхээр их айна, ярихгүй. Хэдэн хүүхдээ л боддог байх.
Манай аав чинь манж, тангад, төвд бичигтэй. Сар шинийн өдөр дөхөхөөр авдарнаасаа
судруудаа гаргаж ирээд ном уншина. Бид нарыг гэр тойруулж гороо хийлгэнэ. Тэгэхдээ
бид нарыг нэг нэгээр нь гадаа манаанд зогсооно. Тэгэхгүй бол хүн амьтан ирвэл сүйднэ
шүү дээ. Харуулд гарна. Ханиалгана. Гэрийн хаяагаар хэлнэ. Малчин ардын хүү гэж
үүх түүхээ бичнэ. Аав, ээж маш сайхан дуу дуулна. Аавыг уртын дуу дуулахаар хонин
тогоо гэж байдаг ш дээ. Хан хийдэг гэж байгаа. Аав морин хуур тоглоно, лимбэ тоглоно.
Тийм болохоор аавыгаа дагаж их найр хэснэ. Үлгэр ярьж өгнө. Дуу эхлээд бид нараар
дуулуулдаг хүн байсан.

-Адарсүрэн та хоёрыг сайн найзууд
байсан гэдэг. Хэр дотно байсан бэ?

-Адарсүрэн надаас ах. Тэгсэн мөртлөө
чуулгад орохдоо миний шавиар ирж байсан. Хилийн хязгаараас ирсэн. Тэгээд жил хүрэхгүй
хугацааны дараа юун надаасаа хол мандаад явчихсан. Үнэхээр гайхамшигтай, чадалтай
хоолойтой дуучин байсан. Тэр үед би дөнгөж 20 гарчихсан, харин Адараа 30 гарсан
залуу ирж байсан. Гэр бүлийнхнийг нь ч сайн таньдаг байсан. Эхнэр нь Дорнодын хүн.
Хадам аав нь Адууч гээд сайхан хүн байсан. Басхүү, Баатархүү гээд бөхчүүд чинь эхнэрийнх
нь хамаатан шүү дээ.

-Хааяа хамт ганц нэг шил юм цохино
биз?

-Уух үедээ ууна. Гэхдээ дэг жаягтай
байдаг байсан. Би хааяа уран бүтээлчдээ ахалж хөдөө тоглолтоор явна. Манай хүн сайн
ууна. Яривал ярина, дуулбал дуулчихдаг тийм л хээгүй хүн байсан.

-Чуулгын ойгоор Адарсүрэнд гавьяат
өгөх гэж байхад таныг лоббидоод оронд нь гавьяат болсон гэж хүмүүс ярьдаг. Энэ үнэн
үү?

-Тэр ийм юм. Чуулгын 30 жилийн ой
болоод Түмэндэмбэрэл, Сэвжид гуай хоёр Ардын жүжигчин цол аваад, Цэцэгээ гуай, Цэрэндорж
бид гурав гавьяат авсан юм. Харин Хоролсүрэн Алтангадас аваад Нансалмаа, Адарсүрэн
хоёр хоосон үлдсэн л дээ. Ой болохоос сарын өмнө Адарсүрэн алга болчихсон. Тэрнээс
биш миний лоббидох гэж юу байхав. Бүгд л нэрээ өгсөн. Ер нь их ууна. Ямар­сайн­даа
бригадаар тоглолтоор явахаар  одоогоор бол
фенүүд нь Адарааг хүндэлж байгаа нь тэр гээд архиар дайлна. Яг тоглолтоор гарахын
өмнө хөшигний араар, эсвэл байшингийн булан тойроод ганц хоёр татчихна. Тэгээд бүр
харуулдана. Нэг удаа Онгон суманд тоглолт хийчихээд дөнгөж гараад явж байтал хоёр
мотоцикль, нэг УАЗ-69 машин ирээд зам хаагаад зогс­чихно. Таван литрээр нь нэрмэл
архи авчраад өгнө. Тэгээд хэдэн жүжигчнийг шахна. Бид нар ажлаа хийж байгаа хүмүүс
болохгүй ш дээ. Хамгийн муухай нь хүндэлж байгаа хэлбэрээр тэр сайхан хүнийг алаад
хаячихсан гэхэд болно.

-Гавьяат аваагүй дээ их сэтгэлээр
унасан байх даа. Та ойр дотно байсан хүний хувьд юу гэдэг байсан бол?

-Тэрнээс хойш нэлээд хэдэн удаа ажлаас
халагдсан. Тийм хүнтэй чуулга байгаад байхыг хүсэхгүй ш дээ. Тэгээд сүүлдээ бүр
дийлэхээ байгаад өөрөө орхиод явсан. Үнэн гэвэл энэ.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Цасаар голоо зогоож, шээсээ ууж үхэлтэй нүүр тулсан долоо хоног

Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай
багийн малчин Ц.Түмэн­дэлгэр өвлийн хүйтэнд, эзгүй хээр талд үхэлтэй тэмцэлдэн зургаан
шөнө, долоон өдрийг өн­гө­рүүл­сэн тухай сур­валж­лагыг үргэлжлүүлэн хүргэж байна.

Нэгдүгээр сарын 22-ны орой Ц.Түмэндэл­гэрээс
эрлийн багийнхан хэдхэн метрийн зайтай зөрлөө. Учир нь цасаар шуурч байсан болохоор
ойр орчмын зүйл тэдэнд харагдаагүй биз. Харин аврал эрсэн залууд бол машины, мотоциклийн
гэрэл ердөө өмнөхнүүр нь эргэсэн юм. Төд удал­гүй машин, мотоциклийн дуу гэнэтхэн
намжив. Эрлийн багийнхан явган хайж байгаа бололтой, гар чийдэнгийн голгоно­сон
гэрэл бүдэгхэн энд тэндээс гялтайна. “Түмэн­дэлгэр ээ”, “Дэлгэр ээ” гэж хүмүүсийн
орилолдох чи­хэнд нь сонсогдов. Ц.Тү­мэндэлгэр “Намайг хайж яваа л юм байна” хэмээн
баярлаж, “Би энд байна, би энд байна шүү дээ” гээд орилох гэсэн боловч ам нь эвлэсэн­гүй.
Дуу нь ч гарсан­гүй. Болдог сон бол босоод гүймээр са­наг­давч хугар­сан хөл нь
түүнийг чан­гаана. Нүүр нүдгүй цасаар шуурч бай­гааг ч үл ажран Ц.Түмэн­дэл­гэр
эрлийн багийнханд өөрийгөө мэ­дэгдэх гэж хичнээн орол­довч бүтсэн­гүй. Дэмий л гараа
савчуул­лаа.

Харин эрлийн багийнх­ны дуу улам бүр
холд­соор байв. Шуур­ганы жихүүн чимээ л тодрон үлд­жээ. Ц.Түмэн­дэлгэр “Би ямар
азгүй юм бэ. Дэргэд минь ирцгээ­чихээд буцаад явчих­лаа шүү дээ” хэмээн уйлах гэсэн
боловч дусал нулимс ч гарсангүй.

Нэгдүгээр сарын 23. Шөнө­жин цасаар шуурс­ны маргааш өглөө нар цэлмэг тэнгэрийг
цацруу­лах мэт манд­лаа. Ц.Түмэн­­дэлгэр бүхэл бүтэн дөрөв хоног хэлэн дээрээ цас
болон өөрийн­хөө уснаас өөр юу ч тавиагүй болохоор ихэд сульдаж ядарчээ. Ухаан санаа
нь балар­таж, уруул ам нь омгол­тож, холцруутсан байна.  Үүрийн жиндүү жихүүн жаврыг тэсэн байж өглөө­тэй
золгосон тэрбээр ямартаа ч зам руу дөхье гээд мөлхжээ. Гэвч олон хоног хоол, ундгүй
явсан түүний толгой нь эргэж, хугарсан хөл нь зовиур­лав. Өлсч туйлдахын эрхэнд
цасан дороос хатсан өвс тасдан иджээ. Хэдийгээр хоолой, ам нь өвдөж байсан ч цаснаас
өөр “бэлэн хоол”-ны сонголтгүй болохоор идсээр л байв. Тэрбээр өдөржин мөлхсөөр
25 метр газар л хороожээ. Нар хэвийхэд нөмөр газар хоргодож, тэндээ шөнийн жаврыг
өнгөрүү­лэ­хээр болов. Тэрбээр жижигхэн хадны өмнө очиж, өөрийнхөө суух газрын цасыг
гараараа малтжээ. Гэтэл хатсан царцаа түүний нүдэнд шуудхан өртөв. “Царцаа уушгинд
сайн гэж дуулсан болохоос хор­той гэж лав мэдэхгүй юм байна” хэмээн бодон хатсан
царцааг шуудхан аваад үмхчихэв. Өлсч цангасан түүнд ямар нэгэн амт, үнэр мэдрэгдэх
юм алга гэнэ. Сууж байгаа газрынхаа эргэн тойронд дахин царцаа байгаа эсэхийг хайж
гарлаа. Тэрбээр нэлээд олон хатсан царцаа олжээ. Эхэндээ тааралдсан болго­ныг амандаа
хийж, зажилж байснаа нэгмө­сөн бөөгнүүлж бай­гаад идэхээр шийджээ. Яг л чихэрт хорхойссон
хүүхэд шиг амтархан идсэн гэнэ. Тэндээ хоно­но гэж байсан тэрбээр хэсэг царцаа,
цас идсэний­хээ дараа тамир тэнхээ орох шиг болж, газар дөхөхөөр шийджээ. Гэвч гавьтай
явж чадалгүй цуцсан байна. Ердөө 20-иодхон метр газар мөл­хөөд л зогсчээ. Түүнийг
ийн зовж байх зуур эрлийн багийнхан өөр газраар түүнийг хайсаар л байв.

Эрлийн багийнхан нут­гийн нэгэн мэргэн
төлгөчид хандахад “Та нар яг хажуух­наар л яваад байна даа. Явсан газраараа дахиад
нэг эргэ” гэжээ. Ингээд шөнө дунд урьд өдрийнхөө явсан газраар дахин эргэж гэнэ.
Зүдэрсэн залууд хий юм сонсдож байна уу гэтэл яах аргагүй нэрийг нь дуудаж, гар
чийдэнгийн гэрэл энд тэнд тусч байна гэнэ. Орилж чадахгүй боло­хоор мань эр байдаг
чадлаараа мөлхжээ. Гэвч эрлийн багийн­хан түүнийг тойроод л яваад байж. Төд удалгүй
тэд ч холд­сон байна. Энэ үед Ц.Түмэн­дэл­гэр “Ядаж тамхи татдаг байсан бол биедээ
галтай явж байх байсан даа” хэмээн нэг уурласнаа “Ямар осолд ороод ингэж зовно чинээ
мэдсэн биш дээ” гэж өөрийгөө зөвтгөв. “Би зам руу гарах ёстой. Хоёр удаа хүмүүс
намайг хайж ирээд олсонгүй. Тэгэхээр заавал зам бараадъя” гээд шөнөжин мөлхжээ.
Хоёр алхам хэртэй мөлхөөд л амсхийж байв.

Нэгдүгээр сарын 24. Эзгүй хээр талд таван шөнийг өнгөрүүлж, дөрөв дэх өдөр­тэй­гээ
золгож байгаа Ц.Түмэн­дэлгэ­рийн тэвчээр мохоогүй байлаа. Гэгээ ороход эрлийн багийнх­ны
маши­ны дугуйн болон хүний гутлын мөр цасан дээр тод зурайна. Ердөө арваадхан метрийн
зайтай л эргэсэн байжээ.

Цасан шуурга, хээ­рийн боохой зэргийг
үл ажран зам руу дөхнө. Эхний өдрүүдэд өлсч цангахын эрхэнд хоол бодож байсан тэрбээр
шээх юмсан гэж бодох болжээ. Өдөртөө хоёр удаа багахан гарах бүлээн усаа уучихдаг
байсан бол энэ өдөр огт шээгээгүй байна. Ямар­таа ч цасаар голоо зогоо­соор тэмцэж
байлаа. Бүтэн хоёр, өдөр шөнө хуваагдан Ц.Түмэн­дэл­гэрийг хайсан эрлийн багийнхан
мухарджээ. Тэд ядахнаа Ц.Түмэн­дэлгэрийн мотоцик­лийг нь ч олоогүй байна. Учир нь
олон хоног цасаар шуур­сан болохоор мото­цикль цасанд дарагдсан байжээ. Ингээд эрэл
мухардсан Номгоныхон “Дөрвөн ес эхэлчихсэн энэ хүйтэнд амьд сэрүүн хүн байна гэдэг
худ­лаа. Хаа нэгтээ мотоцикль­тойгоо явж байгаад осолдсон бол  хөлдөөд үхчихсэн байж таарна. Зургаан өдөр, таван
шөнө эзгүй хээр амьд хүн хоол ундгүй явна гэдэг байж боломж­гүй” гэж дүгнэн эрлийн
ажилла­гаа­гаа зогсоожээ. Түүний ар гэрийнхэн нь ч нулим­саа баран гашуудац­гаа­жээ.
Эрлийн ажиллагаа дууссаныг дуулсан Цэрмаа гуайн даралт хэлбэлзэж, үе үе ухаан алдан
унадаг болжээ. Юун цагаан сарын баяр тэмдэглэх манатай болц­гоож, ах дүү хамаатан
садангууддаа хэл хүргэ­жээ. Ц.Түмэндэл­гэрийг нас бар­чих­лаа хэмээн санаж, ажил
явдлыг нь бэлтгэхээр зэхсэн байна. Төв суурин газ­раас ах дүү найз нөхөд нь хүрэлцэн
ирж. Энэ үед үхэлтэй нүүр тулан тэм­цэж яваа залуу­гийн ухаан санаа орж, гарч,
“Зам руу дөхөх ёстой” гэсэн бодол­доо хөтлөгдөн мөлх­сөөр л байв. Нэг мэдэхэд түүнд
зам бараантан хараг­даж гэнэ.  “Илүү хурдан
мөл­хөх ёстой” гэж шүд зуун тэмүүл­сээр байлаа. “Унтаж л болох­гүй шүү” гэж өөрийгөө
сэрээж, аль болох сэргэг байхыг хичээвч, ядарч сульдсан биеэ захирахад хүндхэн байжээ.
Нэг мэдэхнээ дуг хийж орхи­сон байв. Тэг­тэл айхавтар хар дарж, цочин сэрэхэд бие
нь тавгүйрхжээ. Хээрийн боохой түүнийг тойрон шин­шилж байна гэнэ. Дуу гарах­гүй
тэрбээр цас самар­дан шидэллээ. Тэг­тэл өнөөх чоно тэгсгээд  буцаад явчихав гэнэ. “Энэ муу боохой ч намайг
үхэхийг хүлээж байгаа байх даа. Тэгж ч амьтны хоол болох­гүй шүү. Хэрэв энд үхчихвэл
намайг хүмүүс олохгүй. Үхсэн ч зам дээр гарна” гэж урагшилжээ. Тэр­бээр тэр шөнөжин
тасралтгүй мөлхсөөр зам руу 100-гаад метр дөхжээ.

Нэгдүгээр сарын 25. Нар мандсан ч Ц.Түмэн­дэлгэрийн доороос цас хайрч, жиндэж
байгаа гэж жигтэйхэн. Нэлээд турж эцсэн болохоор хамаг хувцас нь холхигноно. Тэрбээр
огт шээсэнгүй хоёр хоножээ. Ам нь цангаж, тэсэ­хийн аргагүй болсон байв. Хоолой,
амаа өвдөхийг үл тоож, цасаар хооллосоор байв. Тэгтэл зам ч зурайн хараг­даж гэнэ.
Харамсалтай нь машин тэрэг, хүн амьтны бараа огт үзэгд­сэн­гүй. Замаар машин явж
үзэгдвэл гадуурх курт­каа тайлж аваад даллая гэж бодон цахил­гаа­ныг нь задгайлжээ.  Хөл нь янгинаж, хамаг бие нь бадайрч байгааг анзаарсан
энэ залуу зам руу дөхөхийн түүс болж байлаа. Ямартай ч зам дээр гараад хэвтчихвэл
машин явж л таараа гэж боджээ. Говь газар ялангуяа баг орон нутагт тэр болгон машин
тэрэг явахгүй нь мэдээжийн хэрэг. Тэрбээр өдөржин зүтгэсээр арай хийн замтай залгав.
Авралын олсноос атгах шиг л болж  тэндээ машин
тэрэг явахыг хүлээж шөнө дөл болтол суулаа. Тээр тэндээс  машины чимээ сонсдож гэнэ. Арайхийн босч, суужээ.
“Хэрэв намайг хэвтэж байвал хүмүүс үхсэн хүн байна гээд цэрвээд явчих байх. Босоод
сууж байя” гээд өндийжээ. Хэсэг хугацаа­ны дараа машины гэрэл ч түүн дээр туслаа.
Мань хүн гараараа даллатал замын унаа зогсчээ. Тухайн үед Ц.Түмэнгэрэ­лийн ухаан
балартаж ойчсон байна. Амь аврагд­­лаа гэж бодсон уу, сая нэг санаа нь амрав. Ингээд
жолооч машинаа­саа буун “Юун хүн байдаг билээ” гэж гайхсаар Ц.Түмэн­дэлгэр рүү дөхөж
очлоо. Царай зүс нь хүн харахын авралгүй, хэцүү­хэн харагд­жээ. Жолооч зогтуссанаа
түүнийг амьтай голтой байхыг нь хараад шалавхан машин­­­­даа оруулжээ. Ингээд замд
тааралдсан хамгийн ойр айл руу очсон байна.

Ц.Түмэндэлгэрийг нэг сэрэхэд өмнө
нь түүний дээл харагджээ. Айлд байгаа болол­той, унинд хоёр хан­цуйг нь ороосон
байв. Гэрийн эзэн түүнээс “Нөгөө төөрсөн залуу мөн үү. Чамайг энүү­гээр баахан хүмүүс
хайгаад яваад байсан” гэхэд мань эр толгой дохив. “Эвий дээ, энэ олон хоног яажшуухан
бай­сан бол” гэж настны хэлэх нь чихэнд нь сонсогджээ. Ингээд өнөөх замын унаа Номгон
сум руу хөдөлж, алга болсон залуу амьд сэрүүн олдлоо гэж хэл хүргэжээ.

Ийнхүү зовж зүдэр­сэн залуугийн цасаар
голоо зогоож, шээсээ ууж үхэлтэй нүүр тулсан аймшигт долоо хоног ард нь хоцорлоо.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

А.Дөлгөөн: Урлагийн томчуудтай өрсөлдөж, нэр хүндтэй шагналын эзэн болно гэж төсөөлөө ч үгүй

“UBS MUSIC VIDEO AWARDS” наадмын “Шил­дэг имиж бүрдүү­лэлттэй
кпип”-ээр  рэппер А.Дөл­гөөний “20 нас”
дуу шал­гарсан байна. Ингээд түүн­тэй ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө баяр хүр­гэе. “20 нас” дуу  таны анхны бие даасан уран бүтээл байх аа?

-Баярлалаа. Тийм ээ. Ми­ний анхны бие даасан уран бүтээл.
Анхны дуугаараа ийм нэр хүндтэй шагналыг хүрт­сэндээ баяртай байна.

-Таны өрсөлдсөн “Шил­дэг имиж бүрдүүлэлттэй клип” гэсэн
төрөлд “Киви” хамтлагийн дуучин Уука зэрэг нэлээд чадвартай дуучид өрсөлдсөн.
Өөрий­гөө шилдгээр шалгарна гэдэгт хэр итгэлтэй байв?

-Үнэхээр өөрийгөө энэ номинацийн эзэн болно гэ­дэгт итгээгүй.
“Киви” хамт­лагийн Уука эгч, дуучин Цэл­мүүн эгч гээд ямар ч байсан тав,
зургаан мундаг уран бүтээлч байсан. Харин намайг бодвол өөрийн гэсэн хийсэн
бүтээсэн зүйлтэй, хэдийнэ олны танил болсон ах, эгч нартайгаа өрсөлдөж, нэр
дэвшсэндээ баярлаж байсан. Гэтэл “20 нас” Дөл­гөөн гээд миний нэрийг тай­зан
дээрээс дуудахад үнэ­хээр чихэндээ итгээгүй шүү.

-Өөрийнхөө нэрийг сон­соод хэр их догдлов?

-Үгээр хэлэхийн аргагүй сандарсан. Би ёслолоос бага зэрэг
хоцорч очсон юм. Тэ­гээд арай гэж яарч, сандарч байж суудалдаа суутал тай­зан
дээрээс миний нэрийг дууддаг байгаа. Нэрээ сон­соод шууд тайз руу эргээд
гарсан. Үнэхээр төсөөлөө ч үгүй байсан хүн чинь шагнал авахаар сэтгэл хөдлөл
дээд цэгтээ хүрч их сандардаг юм билээ.

-Дандаа л хит дуунууд­тай өрсөлдөж гарч ирсэн байна. Тэгэхээр
клипний чинь имиж юугаараа  давуу бол­сон
юм бол оо. Клипнийхээ имижийг өөрөө гаргасан гэж сонссон?

-Би нэг ийм дуу хиймээр байна гэсэн санаагаа продю­сертоо
хэлсэн. Бас хувцас­лалт, клипний хэв маяг ийм байвал зүгээр гэж. Миний бодлоор
хувцаслалт, үсний засалт зэрэг нь арай содон байсан юм болов уу. Дал, наяад оны
хип, хоп стилийг тусгаж өгөхийг хичээж, тухайн үед моодонд орж байсан мөрөвчтэй
жийнсэн өмд зэр­гээр гангарсан. Тэгэхээр сүү­лийн үеийн клипнүүдээс арай өөр
санаа харагдсан нь хү­мүүст хүрсэн байх. Ямар­тай ч миний клипт хамтран ажил­ласан
бүх хүмүүстээ баяр­лалаа гэж хэлмээр байна.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Про­дюсероор тань
хэн хамтарч ажиллаж байгаа вэ?

-“Pro sounds”-ын ая зо­хиогч “Ocean Grey” студийн Ариука ах
миний продюсер. Ерөнхийдөө намайг уран бүтээлийн талаас чиглүүлж өгч байгаа гол
хүн.

-Ихэнх рэппер дууны­хаа үгийг өөрөө бичдэг. Харин өөрийн тань
дууны үгийг  Цэцэ буюу Цэцэн­билэгтэй
бичиж байгаа гэсэн?

-Ер нь өөрөө дууныхаа үгийг бичихийг хичээж байна.
Гэхдээ эх орноосоо хол Со­лон­гост олон жил амьдарсан болохоор зарим санаагаа
үгээр бүрэн илэрхийлж ча­дахгүй хүндрэл гардаг. Тийм болохоор Цэцэ ах надад
дуугаа хэрхэн дуулах, хүн сонсоход яаж наалдацтай болох тал дээр зөвлөгөө
өгдөг. Дууны үг дээр нэлээд сайн зөвлөгөө өгч байгаа шүү. Яваандаа дажгүй болох
байлгүй.

-Эмэгтэй рэпперчин гэ­дэг утгаараа таны уран бүтээлээс
гэгээлэг зүйл цацарч байх шиг. Тэрнээс рэпперүүдийн дуу ихэвч­лэн нийгмийг
шүүмжилсэн хандлагатай санагддаг?

-Сайн мэдэхгүй юм. Ту­хайн хүний сэтгэлгээ, нийг­мийг үзэх
чиг хандлагаас шалтгаалах байх. Магадгүй би ч гэсэн цаашдаа тийм уран бүтээл
хийхийг үгүйсгэхгүй. Гэхдээ миний анхны уран бүтээл үнэхээр цоглог хэм­нэлтэй л
дээ. Ер нь миний зан чанартай их холбоотой. Өөрийн­хөөрөө чөлөөтэй бай­хыг
илүүд үздэг. Гаднах төрх, байдал ч нэг тийм эр­шүүд хандлагатай, бас бү­дүүн,
баргил маягийн хоо­лойтой болохоор хүмүүст өвөрмөц сонсогдож их хүрдэг юм шиг
байгаа юм.

-Та энэ жилийн “Univers Best Songs” наадамд гурав­дугаар
байрт орсон. Ер нь энэ наадмаас хойш өөрийг тань хүмүүс таньдаг болсон уу?

-Тийм. Энэ наадамд ор­сон минь үнэхээр зөв шийд­вэр байсан.
Тэмцээнд оро­хын тулд гэр бүлээ орхиод Монголд ирсэн. Солонгост 12 дугаар ангиа
төгсөөд их, дээд сургуульд оролгүйгээр хамаг зүйлээ орхиод ирсэн. Олон
авьяастай, чадвартай хүүх­дүүдтэй өрсөлдөнө гэдэг ми­ний хувьд нэр төрийн хэрэг
байлаа. Гуравдугаар байрт орсондоо баяртай байгаа шүү.

-Уг нь үзэгчид өөрийг тань түрүүлнэ гэж нэлээд итгэлтэй,
дэмжиж байсан гэсэн?

-Надад түрүүлчих юмсан гэ­сэн бодол байсан уу гэвэл байсан.
Мэ­дээж ямар ч хүн тэмцээнд орохдоо түрүүлэх л гэж ордог биз дээ.  Гэхдээ гуравдугаар байрын шагнал ч миний
хувьд том шагнал. Энэ удаагийн наадамд тү­рүүлсэн Эрдэнэцэцэг үнэхээр гоё
дуулдаг охин. Харин миний дуулж байгаа байдал нь үзэгчдийг илүү татсан юм шиг
байна лээ. Тэмцээний дараа­хан нэг эмээ таараад “Чи нөгөө үглэдэг охин мөн үү.
Ёстой гоё дуулсан шүү” гэж хэлсэн ш дээ.

-Эхний шалгаруулалтад арай өөр дуу дуулаад ха­сагдах дөхсөн.
Яагаад гэнэт үглэхээр шийдсэн юм бэ?

-Эхний шалгаруулалтад хөгжимгүй дуулдаг даа. Тийм болохоор
үглэс­нээс сон­соход уянгалаг дуу дуулсан нь дээр гэж бодсон юм. Тэгсэн
шалгаруулалтын үеэр санд­раад тааруухан дуулчихсан. Тэгсэн намайг хангалтгүй
байна гэдэг бай­гаа. Тэгэхээр нь арай өөр авьяасаа ха­руулъя гэж бо­доод
үглэчих­сэн.

-Тийм үү. Тэр дуугаа өмнө нь бэлдэж байсан хэрэг үү?

-Үгүй ээ. Тухайн үед дуул­сан дууг өмнө нь зөндөө сонсдог
байсан. Тэгээд цээ­жилчихсэн байсан. Бүр ам­наас гардаггүй дуу байдаг даа.
Шүүгчдийн өмнө сандар­сан үед гэнэт л тэр дуу аманд ороод ирсэн /инээв/. Тэгсэн
харин шүүгчид “wow” гээд л гоё хүлээж авсан.

-Тэмцээнд оролц­соноо­соо хойш “Гурван охин” хамтлагтай
хамтарч дуул­сан харагдсан. Сүү­лийн үед өөртөө чинь хамтарч дуулах сонир­холтой
хамт­лаг,  дуучид их байгаа гэж сонссон?

-“Гурван охин” хамт­лагийн эгч нартай хамт “Амо­ре” гээд дууг
дуулсан. Саяхан  “TV5 Cluod”-ын рек­ламны
дууг дуулсан. Хүмүүст нэлээд хүр­сэн юм шиг билээ. Тэгээд амжилтаа ахиулах
бодол­тойгоор анх удаа бие дааж “20 нас” дуугаа гаргаад клип­жүүлсэн нь сая нэр
хүнд­тэй шагналыг надад авчир­лаа. Ийм нэр хүндтэй шагналыг цаашдаа дахин олон
сайн уран бүтээл хий­гээрэй гэсэн асар том хариуцлага дагаж ирлээ гэж би ойлгож
байгаа. Хамтарч ажиллах санал тавьсан уран бүтээлчид бий. Дандаа ми­ний хүндэлж
явдаг хүмүүс. Даанч продюсерын­хоо зөвлөснөөр өөрийн гэсэн ганц хоёр дуутай
болчихоод хүмүүстэй хамтарч ажиллах нь зөв санагдаад байгаа. Тэрнээс биш дуучин
Б.Амар­хүү, рэппер Цэцэ ах, Rokit Bay гээд олон хүнтэй хамтарч дуулах бодол
байна. Саяхан “Code 26” хамтлагийнхан тог­лолтон дээр дуулж өгөөч ээ гэсэн
хүсэлт тавьсан.

-Одоо ямар уран бүтээл хийж байна?

-Шинэ жилийн дуу гар­гахаар завгүй гүйж байгаа. Оноос өмнө
бэлэн болох байх. Ёстой гоё дуу гаргана гэдгээ та бүхэндээ амлая. Мөн ирэх
зунаас цомог гар­гах бодолтой байна.

-Дуулахаас өөр хобби бий юу. Хараад байхад их шивээстэй юм
аа?

-Би шивээс хийх дуртай. Энэ чиглэлээрээ бага, сага сурсан.
Миний зүүн гар дээрх бадамлянхуа цэцэгний ши­вээс байна. Хүнээр хийл­гэсэн л
дээ. Зөвхөн усан дээр ур­гадаг гэхээр нь гоё санаг­даад хийлгэсэн юм. Тэгээд
бас микрофон, од гээд янз бү­рийн л шивээс хийлгэсэн.  Хэрэв мөрөөдөлтэй бол биел­нэ гэсэн бичиг
хүртэл бай­гаа. Янз бүрийн шивээс хийл­гэсэн болохоор хайнга ха­рагддаг байх.
Ер нь бол  би зурах их дуртай шүү.

-Таныг солонгос эцэг­тэй, монгол эхтэй гэсэн яриа бий. Гэр
бүлээ та­нилцуулахгүй юу?

-Харин хүмүүс тэгж яриад байна лээ. Уг нь би цэвэр монгол
цустай охин ш дээ. Би 1991 оны гуравдугаар сарын 18-нд төрсөн. Миний аав монгол
хүн. Намайг бага байхад аав маань өвчний улмаас бурхан болсон. Тэ­гээд ээж
маань амьдралын эрхээр ганц охиноо тэ­жээ­хийн тулд Солонгос руу ажил хийхээр
явсан гэсэн. Харин тэнд очоод ээж сайн хүнтэй учирч одоо бид хэд сайхан амьдарч
явна.

Тухайн үед би есөн настай байсан учраас их тод санадаг. Хэдий
хойд эцэг ч гэсэн намайг аав маань өдий зэрэгтэй хүн бол­гож өсгөсөн. Би та
нарынхаа итгэлийг алдахгүй нэртэй дуучин болох болно гэж хэл­мээр байна.

-Гэрийнхэн чинь хэр дэм­­жиж байна. Монголд хамт амьдарч
байна уу?

-Би нэг дүүтэй. Манай гу­рав Солонгост амьдардаг. Би энд
хамаатныдаа байгаа. Ээж өөрөө дуу­чин болно гэж мөрөөддөг байсан болохоор тэр
хүслээ надаар бие­лүүлэхийг хүсдэг юм шиг билээ. Их дэмжинэ. Харин аав болохоор
ур­лагийн за­маар явна гэдэг хэцүү гээд дурамжхан бай­сан. Харин одоо бол
бүгдээрээ их дэм­жиж байгаа.

-Гэрийнхнийгээ санаж байна уу?

-Саналгүй яахав. Дүүгээ их санаж байна. Заримдаа кино үзэж
байгаад дүүгээ бодохоор тэвчихгүй уйлчих­даг.

-Солонгост олон жил болсон мөртлөө тэндхийн хамтлаг дуучдыг
сонс­дог­гүй юм шиг санагдлаа. Яа­гаад тэр вэ?

-Миний сонирхдоггүй стиль. Солонгос охид, хөв­гүүдийн
хамтлагийг сонсохыг ч хүсдэггүй, сонсож ч бай­гаагүй. Харин манай охид солонгос
хамтлаг гээд хуй­лардагт нь их гайхсан шүү. Зурагтаар тэдний дуу явж байхад би
харахыг ч хүсдэггүй. Яагаад ч юм би тийм хөгжмийн төрөл биш арай өөр, барууны
хөг­жимд илүү дуртай. Цаашдаа Нигер рэпперүүдийн хэв мая­гаар үглэнэ гэж бодож
байгаа. 

-Солонгост хэр олон найзтай байв?

-Солонгост олон жил амьдарсан ч гэсэн тоотой ганц, нэг сайн
найзтай бай­сан.  Солонгос хүүхдүүдтэй
тийм ч нээлттэй найзлаад байхгүй. Үзэл бодол, сонир­хол таарахгүй таарамж
муутай байх үе гарна.  Харин Зулаа гээд
монгол охинтой их найз. Арваад жил найзалсан. Хамтдаа чөлөөт цагаараа кино үзэх
дуртай. Залуу­чуудын л адил сахилгагүйтэж караокед дуулж цагийг өн­гөрөөнө дөө.
Монгол хүүх­дүүд солон­гос хүүхдүүд шиг эмзэг, турьхан биш. Бодож санаж байгаа
зүйлээ шууд хэлж, илэрхийлдэг санагдсан.

-Эх орондоо ирээд олон найзтай болсон биз дээ?

-Тэгэлгүй яахав. Монгол­доо ирсэн чинь үеийнх­нийгээ танихгүй
ч гэсэн их дотно санагдсан. Энд ирээд зөндөө найзуудтай болсон. Охидын “Honey
moon” хамт­лагийн дуучин Золоотой сайн найз болсон. Адилхан хүсэл со­нирхолтой
болохоор их сайхан санагддаг. Бас эмч мэргэжлээр сурдаг Ур­наа гэдэг найзтай
болсон. Бүгд надтай адилхан өөрийн­хөөрөө илүү, дутуу зангүй болохоор санаа нийлдэг.  Мөн модель Ээгий гээд залуу байна.

-Цаашдаа эх орондоо амьдарна гэж бодож байгаа юу?

-Би Солонгос иргэншил­тэй. Монголд байх визний эрх гурван
жилийн хугацаатай. Ер нь нэгмөсөн эх орон­доо ирэх бодолтой байгаа.

-Найз залуутай юу?

-Одоохондоо найз залуу байхгүй. Завгүй ч байна. Тийм бодол ч
алга.

 

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Оюунгэрэл: Гадаад нөхөртэй надад дургүй юм бол гадаад хүргэнтэй Батзандан өөрөө яах юм

Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилц­лаа.

-Холын хүнээс үг сонс гэдэг дээ. Бель­гийн Брюсселиэс шаг­нал
хүрт­сэн тухай мэ­дээ гараад байна. Ямар учир­тай шагнал юм бэ?

-Белгийн нийслэл
Брю­ссель хотод дэлхийн эмэгтэй парламентчдын дээд хэмжээний уулзалт боллоо. Уулзалтаар
бүс нутгуудын эмэгтэйчүү­дийг улс төрд оруулсан амжилтаар нь шагнал гардуулсан.
Хамгийн дээд шагналыг нь Уганда улс хүртсэн. Парла­мен­тынх нь 64 хувь нь эмэгтэй
юм билээ. Манай орны хувьд эмэгтэйчүүдийг дэмж­сэн амжилт нь огцом өссөн үзүүлэлтээрээ
шаг­нал авсан. Дээд хэмжээ­ний уулзалтаар эмэгтэй­чүүдийн оролцоогоор дам­жуулан
улс төрд ямар өөрчлөлт оруулж чадах вэ гэсэн сэдвийн хүрээнд болсон. Дэлхий нийтээ­рээ
тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэхэд эмэгтэй­чүүдийн оролцоо их гэд­гийг онцолсон.
Миний хувьд хоёр удаа илтгэл тавьж, нэг удаа үг хэлээд ирлээ. Эмэгтэйчүүдээр дамжуулан
удирдагч нарын удирдлагын ханд­ла­гад оруулах өөрчлөлт, эмэгтэйчүүд интернэт бо­лон
өндөр технологийг ашиглахад эмэгтэй­чүү­дийн оролцоо сэдвүүдээр илтгэл тавьсан.
Манай орон “Удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлсний төлөө” гэдэг шагнал
хүртсэн юм.

-Зайсангийн газрыг иргэдэд өмчлүүлэх асуу­дал юу болж бай­гаа
бол?

-УИХ-д тогтоолын төс­лийг өргөн барьсан. Одоогоор хэлэлцүүлэг
явагдаагүй байна. Зай­сан­гийн амнаас иргэдийг хөөлөө гэхэд тухайн га­зар нь онгон
дагшнаа­раа байсан бол иргэд өөр газар амьдраад байж болох байсан. Гэтэл иргэ­дийг
хөөж явуулчихаад оронд өндөр барилга ба­рин хуулиа буруу ашиг­ласан тул иргэд дургүй­цэж
байгаа. БОНХЯ анх Зайсангийн газар дээр аялал жуулчлалын бү­сийг хөгжүүлнэ гэчихээд
өндөр байшингууд барь­сан тул иргэд “Бид зүгээр хөөгдмөөргүй байна. Өөр газар очиж
төвхнөтөл нөхөн төлбөр өгөх эрх­зүйн орчин алга. Тиймээс байгаа газарт маань амьд­рах
эрхийг минь өгөөч” гэсэн шаардлага тавиад байгаа.

-Сүүлийн үед Ж.Бат­зандан гишүүний оруулж ирсэн Нийтийн албанд
нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан
сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нэлээд хэл ам дагуулах
болсон. Үүн дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Хүний эрхийг зөрчих амархан. Харин хүний эрхийг буцааж тогтоох
хамгийн хэцүү байдаг. “Оюунгэрэл гэдэг хүн таа­лагдахгүй байна” гээд өнөөдөр уг
хуулийг батал­чихлаа гэхэд зуун жилийн дараа Батзандангийн ач охинд гай болно. Өнөө­дөр
миний эрхийг зөр­чиж болоод байгаа юм чинь маргааш өөр хүний эрхийг зөрчиж болно
гэсэн үг. Энэ мэтчилэн явах тусам зөрчлийн хаалга нээгдсээр байна. Үндэсний аюулгүй
зөв­лөлд гадаад хүнтэй гэр бүл болсон гэдгээ мэдэгд­сэн байхад тэндээс хэзээ хариу
ирэх нь тодорхой­гүй. Хэзээ нэг өдөр гадаад нөхөртэй хүнийг албан тушаалд томилохгүй
өн­гө­рөөлөө гэхэд Үндэсний аюулгүй байдлын зөв­лөлөөр оруулж хүний эрх зөрчиж болдог
юм байна гээд хүмүүс дахин өөр зүйл сэдэж гаргаж ирдэг. Сүүлдээ гадаад хэлтэй хүн,
гадаад хүнтэй захид­лаар харилцдаг хүнийг оруулахгүй гээд эхлэх жишээтэй. Манай
их хэл­мэгдүүлэлт ийм зүйлээс эхэлсэн. Лхүмбийн хэрэг япон хүнтэй уулзсанаас эхэлсэн
байдаг. Тэр хү­нийг япон хүнтэй уулздаг, захидлаар харилцдаг, Японы радио сонсдог
гээд цаазалсан. Лхүмбэ гэдэг хүн япон эхнэртэй байгаа­гүй. Гэтэл япон нууц амраг­тай
гээд цаазаар авах ял оноосон. Үүнийг нотлох ямар ч баримт байхгүй.

-Уг хууль Лхүмбийн хэрэгтэй бараг ойрол­цоо гэсэн үг үү?

-Батзандангийн са­наа­чилсан хуулийн төсөл өнөө цагийн Лхүмбийн
хэрэг байхгүй юу. Өнөө­дөр үүнийг Оюун­гэрэ­лийн хэрэг гэж нэрлэж болно. Лхүмбийн
үед мон­гол эхнэртэй, Японы радио сонсдоггүй, япон хэлгүй гишүүд нь “Гадаа­дын тагнуулыг
зайлуул­лаа” гээд алга ташин дэм­жээд түүнийг цаазлуул­сан байх жишээтэй. Гэтэл
дараа нь Японы өөр нэг тагнуул гарч ирсэн нь Лхүмбийн жолооч бай­сан. Дараа нь Лхүмбийн
гэрийн ажил­тан, гэр бүл, хамаатан садан, найз нөхөд нь Японы тагнуул болж бүх хүмүүсийг
хэл­мэгдүүлж эхэлсэн. Түүний дараа Японы тагнуулуу­даа хэл­мэг­дүүлээд сэтгэл нь
ха­нах­гүй Хятад, Орос, Америкийн тагнуул хайж эхэлсэн шүү дээ. Үүгээр ч зогсохгүй
Чингэсийн удмыг устгая гээд алтан ургийнхны тайж нарыг устгаад мөн л сэтгэл нь ханахгүй
бүх шашны хү­мүү­сийг устгая гээд лам нарыг хороосон. Дараа нь шашинтнуудыг өмөөр­сөн
намын дарга нараа хэл­мэгдүүлж эхэлсэн юм. 1945 оны чөлөөлөх дайнд эх орныхоо төлөө
халуун амь, бүлээн цусаа харамгүй зориулсан цэр­гүүдээ долоон жил шоронд хорьсон
байдаг. Тэр хүмүүсийг намын ги­шүүн болж батлах авсны дараа шоронгоос сулла­сан.
Тэр дайчид япончуу­дын эсрэг байлдсан тул япон хүнтэй тааралдсан байж магадгүй,
япон цэргийн амийг өршөөсөн байж магадгүй гэсний үүднээс “Чи хэдэн япон буудаж,
хэдийнх нь амийг өршөөж, хэдэн японтой ярьж үзсэн” гэж байцаа­саар долоон жил болсон
түүхтэй. Глобалчлалын эсрэг гадаад гэдэг хард­лага гэмгүй эхэлж айм­шигтай дуусдаг.
Энэ хэл­мэгдүүлэлт гадаад гэсэн хардлагаас л эхэлсэн. Тэр үеийн хэлмэгдүүлэлт шиг
хуулийн төслийг Ард­чил­сан намаас тэр дундаа Батзандан гэдэг иргэний төлөөлөгч
санаачилж байгаа нь үнэхээр гашуудалтай санагдаж байна. 

Би нөхөртөө хайртай­даа ингэж яриад байгаа юм биш. Хүний эрхэд
хайр­тайдаа ингэж ярьж байгаа юм. Лхүмбэ гэдэг хүнийг Японы тагнуул гэхэд нь өмөөрч,
та нар цаазалж болохгүй ард нь олон хүн хэлмэгдэнэ гэд­гийг хэлэх зоригтой хүн тухайн
цаг үед байгаагүй. Тухайн үед Х.Чойбалсан гэдэг аранга байлаа. Түүний дэргэд Сталин
гэдэг хардалт өвчиндөө нэрвэгдсэн хүн байсан. Тэр бол бүх хүнийг хард­даг байв.
Сталин франц, германчуудтай нийлсэн хүмүүсээ хамгийн тү­рүүнд цаазалсан. Сүүл­дээ
Оросынхоо хэлмэг­дүү­лэлтэд ханахгүй Мон­гол руу хэлмэгдүүлэлтээ явуулж эхэлсэн.
Энэ бү­хэн хардалтын сэтгэлээс л үүдсэн. Хартай хүн айм­шигтай.

-Ж.Батзандан ги­шүүн хардалтынхаа үүд­­нээс уг хуулийг са­наачилжээ?

-Хартай хүнтэй амьд­рах хэцүү байдаг шиг нэг хартай хүн улс төрд
орж ирэхэд тэр нь үгээр хэ­лэхийн аргагүй гай да­гуулж ирдэг. Уг хууль улс төрд
ямар ч хамаагүй хүнд хүртэл нөлөөлнө. Өнгөн дээрээ улс төрд хамаатай Оюунгэрэлийг
цэвэрлэх гээд байгаа юм шиг хирнээ хэдэн жилийн дараа хаа хамаагүй хү­мүүст гай
дагуулах болно. Тиймээс энэ гайтай хуу­лийг битгий батлаач ээ гэж хэлмээр байна.
Уг хууль хүн харахад гэмгүй юм шиг мөртлөө аймшиг­тай гэмт үйлийн эхлэл болно. Энэ
хар толбо биш сүүлдээ улаан толбо болж дуусна. Муу муухай бүхний үүр уурхайг бид
тавьж болохгүй.

-Ж.Батзандан ги­шүүн хоёр өөр заалтыг нэг хуульд багтаасан нь
ямар учиртай юм бол?

-Оффшор данс гэдэг эхнэр нөхрийн асуудлаас ангид. Энэ хуулийн
хоёр заалтын нэг нь эдийн засаг нөгөө нь хүний эрхийн асуудал. Хонконг гэдэг улс
яаж яваад оффшор улс болчихвоо гэдгийг судлах ёстой. Су­далгаагүй хууль гаргана
гэдэг аюултай. Өнөөдөр бид оффшор дансанд дур­­гүй байж болно. Америк оффшор данстай
хүмүүсээ мөрдөж мөш­гих­гүй байгаа нь анхаа­рал татаж байна. Гэтэл Америкийн бүх
компа­ниуд дэлхийн бүх хөрөн­гийн бирж дээр мөнгө босгодог. Тэд татваргүй нөхцөлтэй
газарт хөрөн­гөө байршуулдаг. Офф­шор хууль гэдэг нь тат­варгүй бүс гэсэн үг. Хон­конгийн
хөрөнгийн бир­жид хувьцаагаа бор­луулж буй бүх газрууд тэнд данс нээлгэдэг юм билээ.
Америкчуудын хувьд оффшор дансаа нээлгэчихээд дансаа ил тод мэдээлдэг. Харин ор­логоо
нуувал улс төрөөс арчих бодлого барьдаг. Хүн орлогоо өөрөө ил­чилж, мэдээлдэг тогтол­цоонд
орохоор эдийн засаг, хүний эрхийн асуудлаа шийдэж чадсан гэсэн үг.

-Уг хуулийн ардчил­лын зарчмаасаа ухар­сан хэмээн үзэх хүмүүс
байна?

-Уг хууль ардчиллын ухралтыг л бидэнд өгнө. Батзанданг Монгол
гэдэг улс яагаад ардчилал руу орж, яагаад хүний эрхийг Үндсэн хуулиндаа оруул­сан
гэдгийг сайн судлаа­сай гэж боддог. Бид сэт­гэлийн хөдлөлөөр хүний эрх гэдэг асуудлыг
үнд­сэн хуулиндаа оруулсан юм биш. Монголчууд хү­ний эрхгүй орчинд амь­дарч байхдаа
зовж, зү­дэрч, хэлмэгдэж сүйрс­ний­хээ дараа уг нийгэмд орсон. Хүний эрхийн асууд­лаар
бид ертөн­цийн мухарт хорвоогоо мартагдсаны дараа дэл­хийд танигдахын тулд эрх чөлөөг
үндсэн хуулиндаа оруулсан. Глобалчлалын эсрэг учиртай явах ёстой. Тэгэхгүйгээр үүний
эсрэг тэмцэж болохгүй. Бат­зандангийн санаачилсан хууль үнэхээр муйхар, мухар хууль.

-Хуульд төрийн өндөр албан тушаалтан гэж заасан нь яг ямар хүмүүст
хамааралтай вэ. УИХ-ын гишүүд, яам­дын сайдуудад хамаа­ралтай юу?

-Төрийн өндөрлөг, дун­­даж давхарга, жи­рийн албан хаагчийг оруулна
уу зарчмын хувьд ямар ч ялгаа байх­гүй. Энэ хууль нэг хүний эсрэг гаргасан байсан
ч буруу. Нэг хүний эрхийг зөрчихөд цаана нь 1000 хүний эрх зөрчигдөх үүдийг нээж
байгаагаа­раа хууль нь буруу болж байгаа юм. Уг хууль ганц­хан Монгол Улсын Ерөн­хийлөгчид
хамаарах бай­сан ч үүнийг эсэргүүцнэ.

-УИХ-ын гишүүд ард­чилал, хүний эрх гэж ам булаалдан ярьдаг хир­нээ
хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжсэнд гай­хаад байгаа юм?

-Хуулийн хэлэлцүүл­гийн явцад нарийн зүйл­сээ ярих боломж олдох
байх. Гишүүд ард түм­нийхээ амссан зовлонг мартсан байна. Хэт цад­сан, цамаан байна.
Хэт жаргалтай байгаа ч ард түмнийхээ зовж явсан цаг хугацааг мартах ёсгүй байхгүй
юу.

-Батзандан гишүүн­тэй хууль санаачлахын өмнө уулзсан гэж бай­сан.
Тэгэхэд юу гэж байсан бэ?

-Би Батзанданд “Га­даад эхнэр, нөхөртэй хүнд санаа зовоод байгаа
юм бол өөрт нь мэдүүлэх эрхийг нь өгчих” гэж хэл­сэн. Гэхдээ Батзан­дан­гийн оруулж
ирсэн тогтол­цоогоор гэр бүлийн асууд­лаа мэдүүлмээргүй байна. Түүний зүгээс “Өн­дөр
албан тушаалд тэр хүнийг томилох гэж бай­гаа хүн нь ҮАБЗ-д мэ­дээлнэ” гэж заасан.
Ард түмэн тэр хүнийг томилох гэж байгаа бол яах вэ. Намайг сонгосон Хан-Уул дүүргийн
иргэд ҮАБЗ-д мэдээлэх юм уу гээд тогтолцоо нь ойл­гомжгүй байгаа юм. Ойл­гомжгүй
хууль мөрдөг­дөхгүй, мөрдөгдөхгүй юм чинь тухайн хүмүүсийнхээ боломжийг хааж байна
гэсэн үг.

Үнэхээр Монгол Улс гадаад хүнээс цэрвэдэг юм аа гэхэд гадаад эхнэр,
нөхөртэй хүндээ үүрэг өгөх ёстой. Та өөрийн гадаад эхнэр, нөхрөө ямар лицензтэй
гэх мэтээр бүхий л асууд­лын талаар мэдүүлэг өгөө­рэй гэхэд л болж бай­гаа юм хэмээн
Батзан­данд хэлэхэд “Тэгье. Наа­дах чинь гоё санаа бай­на” гэж байсан. Гэтэл оруулж
ирэхдээ өөрт нь мэдүүлэх үүргийг нь өгөх­гүй тэр хүнээс мэдүүлэх эрхийг нь аваад
томилж буй хүнд өгч байгаа нь хууль зөрчиж байна. Гишүү­ний зүгээс иргэддээ нэлээд
халтай тогтолцоог сонгосон байна лээ. Нэг л хуулинд ингээд ороод ирвэл дараа дараагийн
хуулинд орж ирэх болно. Батзандан төрийн бие организмд хорт хавдар авчирч байгаа
гэж ойлгож болох юм. Уг хуулийг дэм­жиж байгаа гишүүдийг эргээд нэг түүхээ уншчих
хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Хойд Солонгос гэх мэт зарим орнуудад иймэр­хүү хатуу
хөтүү үр­гэл­жилсээр байхад түүн дээр нэг зовлон нэмэх шаардлага байхгүй.

-Танай нөхрийг орж ирэхэд нь мэдээж олон шалгалтаар оруулсан байх
даа?

-Байнгын оршин суух эрхийг гадаад хүн бол­гонд өгдөггүй. Манай
нөхөр ямар ч уул уурхайн лицензгүйгээ шалгуу­лаад, эрүүл мэндийн бүхий л шинжилгээг
өгч, гэмт хэрэгт холбогдолгүй гэдгээ, өөрийнхөө улсын Тагнуулын байгууллагад ажилладаггүй
гэдгээ ТЕГ-аар шалгуулсан. Манай Жефф Монголд амьдра­хын тулд ТЕГ-ын байнгын хараа
хяналтад байдаг. ТЕГ-т байгаа мэдүүлгийг нь ҮАБЗ татаж аваад үзэж болно. Батзандан
ч гэсэн нууцын журмаар үзэх эрхтэй. Ганц нэг хүнийг хардаж байгаа бол төрөө бүхэлд
ийм хар тогтол­цоонд оруулж яах гэсэн юм. Үүнийг заавал хуульч­лах гээд байх шаардла­гагүй.
Энэ хэрүүл надаар дуусаг гээд чимээгүй байж болох ч даанч надаас хойш олон хүнд
хамаа­тай болчих юм.

-Уг хуулиас болж өөрийн мэдлэг боловс­ролоо дайчилж төрд гарах
уу, гадаад нөхрөө сонгох уу гэсэн асуулт бараг гарч ирэх нь ээ?

-Гадаад нөхөртэй на­дад дургүй юм бол гадаад хүргэнтэй Ж.Батзандан
өөрөө яах юм. Батзандан гадаад хүргэнтэй. Бидний гэр бүл яахав. Өөрийнх нь гэр бүлд
зовлон ирнэ. Үүнээс харахад гадаад хүргэн, бэртэй ямар айл байна гээд шалгах болно.
Миний эсрэг энэ хуулийг батлууллаа гэхэд Бат­зандангийн өөрийнх нь эсрэг мөрдөгдөөд
эхлэх л байхгүй юу. Төр гэдэг агуу. Гэхдээ бурхнаас арай илүү агуу болж чадаагүй.
Ямар ч агуу төр хүний зүрх сэтгэлийн асуудлыг зохицуулж чадаагүй ирсэн юм. Батзандан
ги­шүү­нээс таны шүтдэг хүн хэн бэ гэвэл нобелийн шагнал­тан Ан Сан Сү Чы гэх байх. Тэр хүн
англи нөхөр­тэй байсан. Ан Сан Сү Чыгийн нам 1992 онд 80 хувиар ялсан. Манай орныг
96 хувиар Ардын намд саналаа өгч байхад тэдний 80 хувь нь ард­чилсан намаа сонгож
бай­сан. Намын дарга Ан Сан Сү Чы нь Ерөнхий сайд болох гээд байсан тул цэргийн
эргэлт гар­гаад гадаад нөхөртэй хү­нийг Ерөнхий сайд бол­гох­гүй гээд АН-ынхнаа
баривчилж шоронд хийсэн. 2011 онд Ан Сан Сү Чыгийн гадаад нөхөр хорт хавдраар нас
барсан тул түүнд сонгуульд өр­сөл­дөх эрхийг нь өгөхөд 90 хувийн саналаар гарч ирсэн.
Ан Сан Сү Чы ерөнхийлөгчийнхөө сон­гуульд анх удаа өрсөлдөх гэж байна. Ялаад гараад
ирлээ гэхэд Бирмийн ард түмний хүсэл мөрөөдлийг хэдэн жил хойш нь татаж байж гарч
ирж байна гэсэн үг. Батзандан бол энэ зуунд гарч байгаа хамгийн эмгэнэлт үйл явдлуудын
эхийг тавих гээд байгаа юм. Цаагуур өнгөрсөн зовлонг заавал нааш нь татах шаард­лагагүй.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

“Би ээждээ амьд л очих ёстой” гэж шүд зуун, долоо хоног мөлхөж аюулаас аврагдсан Ц.Түмэндэлгэр

Өвлийн тэсгим хүй­тэнд хацар нүүр час час хийж, хамаг бие
дагжин даарах нь хэцүү. Хичнээн дулаан хувцастай бай­сан ч удаан хугацаагаар
гадаа алхана гэдэг бүр ч амаргүй. Тэгвэл Цэрмаа­гийн Түмэндэлгэр гэдэг залуу
идэр есийн хүйтэнд эзгүй говьд зургаан шөнө, долоон өдрийг дан дээл­тэй мөлхөж
өнгөрүүлжээ. Мотоциклиос унаж хөлөө бэртээсэн тэрбээр өл зал­гуулах ямар ч
хоол, унд­гүй цасан шуургатай хахир өдрүүдийг туулсан юм. Ц.Түмэндэлгэр өөрт
тохиолдсон эл аюулыг сөрж, давж чадсанаараа монгол эр хүний тэсвэр тэвчээ­рийг
илтгэн харуу­лах шиг. Энэхүү бахар­хууштай үйл явдлыг ун­шигчид­тайгаа хуваал­ца­хаар
өмнийн цэнхэр говийг зориод ирлээ.

Ц.Түмэндэлгэр
Өм­нө­говь аймгийн Номгон сумын Хармагтай багт амьдардаг, эгэл жирийн малчин.
Энэ баг Өмнө­говь аймгийн хам­гийн захад орших сумын нутаг болохоор хилтэй ойр.
Харин төв суурин газ­раас бас ч гэж зайтай. Гол баатар маань Номгон сумын
уугуул. Тэнд л төрж, өсч, малаа маллан амьдарч яваа нэгэн. Эхээс тавуулаа
бөгөөд дөрвөн дүүтэй. Тэдний хоёр нь өрх тус­гаарлажээ. Өдгөө 37 настай Ц.Түмэн­дэлгэр
ээж, хоёр дүүгийн­хээ хамт амьдардаг. Тэднийгээ асарч, ар гэрээ авч явдаг ганц
хүн нь юм билээ. Тавдугаар ангид орсон жилдээ сургуулиа орхиж, мал дагажээ.

Энэ залуу­гийн яриаг ажиг­лаад байх нь ээ, олон зовлон бэрх­шээлийг
туулсан болол­той. Хэр баргийн юманд бүд­рээд байхааргүй нэлээд ха­туу­жилтай,
дээрээс нь үг яриа цөөтэй, ёстой нэг гүн­дүүгүй монгол эр шиг санагд­сан. Харин
тэрбээр эзгүй хээр талд олон хоногийг өнгөрүүл­сэн тухайгаа ярихдаа “Унтах л юм
бол аюулд орно. Би ээждээ амьд л очих ёстой” хэмээн өөртөө байн байн сануулж
байсан гэнэ лээ. Тэрбээр 2013 оны нэгдүгээр сарын 19-25-ны хооронд ор сураггүй
байсан юм. Ийнхүү малчин залуу Ц.Түмэндэлгэр амьдралын төлөө үхэлтэй хэрхэн
тэмцэлдсэн тэр өдөр хоно­гуудын үйл явдлыг сийрүүлье.

Нэгдүгээр сарын 19. Ца­гаан сар болоход
20-иодхон хоног дутуу байв. Ц.Түмэн­дэлгэрийн ээж, дүү нар нь баярынхаа
бэлтгэлийг базаа­хаар төв суурин газар руу явчихсан эзгүй байлаа. Гэр­тээ
ганцаар үлдсэн Ц.Түмэн­дэлгэр өглөө эрт босч цай юугаа чанахаас өгсүүлээд мал
хуйгаа тойглох ажил түүнд оногдов. Энэ өдөр дөрвөн ес эхэлж байсан бо­ло­хоор
тэр үү тэнгэр хангай тийм ч сайнгүй байж. Ц.Түмэн­дэлгэрийг өглөө эртлэн бо­соход
урд өдрийнхөөс нэ­лээд жихүүндүү байсан гэнэ. “Ээж, дүү нар нь маань өнөө­дөр
ирнэ. Тэнгэр муудаж, замдаа саатчих вий дээ” гэж тэрбээр санаа зовнин хүлээж
байжээ. Тиймээс мань хүн тэднийгээ ирэхэд нь дулаан гэрт, халуун цайтай угтана
гэсэн бодолтой  малаа тийм ч хол
бэлчээгээгүй байна. Тэднийх бог малтай бөгөөд дийлэнх нь ямаа ажээ. Бага үдийн
алдад Ц.Түмэндэлгэр гэртээ ойр зуурын ажил хий­гээд сууж байтал өрх нь
дэрвэлзэж, юу юугүй цасаар шуурах нь бололтой ганц нэг хаялж эхлэв гэнэ.
Шалавхан гараад хартал ойр хавьд мал нь харагдсангүй. “Өнөөх гайх­­лууд чинь
салхинд тууг­даад явчихлаа шүү” хэмээн бод­соор хам хум малгайгаа өмсч,
бээлийгээ гартаа уг­лаад гар­чээ. Шуудхан мото­цикльдоо мордож, “Шар нохойт”
гэдэг газрыг чиглэн хурдлав. Энэ газар дов тол­год­той, хад чулуу ихтэй аж.
Гэрээсээ 3-4 км хэртэй холд­тол малынх нь бараа харагд­жээ. Ц.Түмэн­дэлгэр мал
руу­гаа дөхөж ирэнгүүтээ хурдаа багасгав. Хонь, ямаагаа зах­лан түрүү­чийг нь
эргүүлэхээр жолоогоо чиглүүлж, бартаан дундуур аядуу явж байлаа. Гэтэл саад
тулгарч жо­лоогоо огцом дартал онхол­дон унажээ. Энэ осол түүнийг хөдөө зэлүүд
газарт олон хонуулна чинээ хэн санах билээ. Мань эр мотоцикльдоо даруулж газарт
унангуутаа шуудхан босоод иржээ. Амин­даа унаагаа босгоод давхичих санаатай
дээшээ өндийтөл толгой нь эргэж, хөл нь гуйван тэнцвэрээ олж чад­сангүй.
Онхолдонгуутаа шо­конд  орж, өвчнөө ч
мэдрэлгүй боссон бололтой. Гэтэл түүний зүүн хөл нь маш их өвдөж байхыг анзаарч
гэнэ. Газарт сууж байгаад гутлаа тайлан хартал нарийн шилбэ нь хугарчихсан
байж. Яах учраа олохгүй мотоциклио налан суужээ. “Ямартай ч энэ хэдэн малаа
эргүүлчихлээ” хэмээн боджээ. Хонь ямаа нь ч гэрийнх нь чигтээ бэлчиж байгаа
харагдав. Азаар цасан шуурга тавьсангүй. Ц.Түмэндэлгэр тэндээ нэлээд удаан
суужээ. Нар ч жаргав. Тэрбээр суусаар л байлаа. Босъё босч болохгүй, холбоо
барих гээд гар утас ч үгүй явсан учраас хэн нэгэн хү­рээд ирэхийг найдан хүйтэн
цасан дээр бүрий болтол сууж өнжжээ. “Одоо гэрийн­хэн маань төвөөс ирчихсэн бай­гаа
даа. Намайг хайгаад ир­чих ч юм бил үү” гэж бод­соноо “Өвчтэй ээжийн маань
санаа зовох вий дээ. Дүү нар маань ч явган нүцгэн яаж хайх билээ” гэж түмэн
зүйлийг эргэцүүлнэ. Цаг ч орой болж Ц.Түмэндэлгэр нэлээд жин­дэж, даарч
байгаагаа сая анзаарчээ. Тэрбээр тухайн үед ердөө ноосон цамцан дээр нэг тэрлэг
давхар­лаж гадуураа юүдэнтэй ним­гэвтэр куртка угласан байжээ. Харин гутлын
хувьд оймсон түрий­тэй орос бахиал өмссөн байв гэнэ. Тэрбээр ингэж осолдоно
чинээ огтхон ч санаагүй нь мэдээжийн хэрэг. Өдөр бүр ийм л хувцастай мотоцик­лиор
малаа хариул­даг хойно доо, арга ч үгүй болов уу. Сүүлийн найман жил мото­цикль
унаж буй тэр­бээр урьд нь ямар нэгэн осол аваарт өртөж байгаагүй гэсэн.

Шөнө дөл болов. Нохой явган гахай нүцгэн гэгчээр
Ц.Түмэндэлгэр тэндээ өглөө болохыг хүлээн суулаа. Өвч­тэй хөлөндөө шаналан шөнө
цурам ч хийж чадсангүй. Харин ээж, дүү нар нь гэртээ ирж, түүнийг гэрээ эзгүй
ор­хиод явсанд тун гайхацгаа­жээ. Мал нь гэрийнхээ хаяанд байхад хаашаа
явчихдаг хүү­хэд вэ гэж ижий нь санаагаа чилээж гэнэ. “Эсвэл сум орон нутаг руу
бидний өөдөөс явчихав уу. Замд таараагүй дээ” гэж бас бодов. Хүүгийн­хээ араас
сэтгэл нь гэгэлзсэн Цэрмаа гуай тайван унтаж чадаагүй байна.

Нэгдүгээр сарын 20. Үүрээр нэлээд хүйтэрч, Ц.Тү­мэндэлгэр
даарч, хурдхан нар мандахыг тэсэн ядан хүлээж сууна. Нар ч мандлаа. Салхи
тогтуун, сайхан өдөр болох шинжтэй хэмээн тэр­бээр дотроо цухас баярлав. “Хэрэв
намайг олохгүй бол би эндээс хөдөлж, харьж чадах­гүй. Эсвэл би авто зам руугаа
ойртох хэрэгтэй. Тэгж байж амьд гарна. Эзгүй талаас хэн л намайг олох билээ”
гэж боджээ. Ядаж байхад говийн­хон хангайнхантай адил айл саахалтаараа
багшралдаад байхгүй. Хамгийн ойр айл нь 2.5 км зайтай байдаг. Тий­мээс
Ц.Түмэндэлгэр өөрийг нь хэн нэгэн тэндээс олно гэдэг бараг худлаа гэж боджээ.
Хөл нь янгинаж, шөнөжин тарчил­сан болохоор мань эр яах учраа олохгүй л байлаа.
Ядаж байхад ходоод нь хон­хол­зож, өлсч байгаа гэж жигтэйхэн. “Ямартаа ч зам
руу дөхье. Тэр нь хамгийн зөв арга, замын унаа тааралдвал хот суурин газар руу
дөхөх боломжтой” гэж дэмий л ганцаараа үглэнэ. Авто зам түүний барагцаагаар
гэрээс нь холгүй санагджээ. “Шар нохойт”-оос гэр нь 3-4 км-ийн зайтай бол
тэндээс авто зам хүртэл 1-2 км гэнэ. Ингээд мань эр зам руу мөлхө­хөөр шийджээ.
Зүүн хөл нь шил­бээ­рээ хоёр хугарсан тэрбээр дөрвөн хөллөөд мөлхөж бо­лох­гүй.
Эхэндээ хөлөө жийж суусан чигтээ хоёр гараа­раа газарт тулан ухарчээ. Гэвч
шальтай явж чадсангүй. Тав зургаахан метр хэртэй зүтгээд цуцжээ. Ам нь цангаж,
өлсөхийн эрхэнд цас руу нүүрээ наав. Цаснаас гартаа базаж бай­гаад иднэ. Гэвч
огт амны цангаа нь гараагүй байна. Ямартаа ч зам руу зүтгэх ёстой гэж
тэмүүлсээр байв. Ядаж байхад тэр хэсэг чулуу ихтэй болохоор арай ядан аврал
эрэн зүтгэх түүнд том саад болж байжээ. Тэрбээр хоёр метр хэртэй мөлхөж,
амсхийхдээ цас иднэ. Тэр­бээр энэ өдөр 200 орчим метр мөлхсөн байна. Шөнө
гавьтай газар хороож чадахгүй болохоор нөмөр газар бараадав. Хадны нөмөрт сууж,
үүр цайлгая гэж шийджээ. Шөнөжин юу эсийг бодохыг хэлэх вэ. “Ээж маань яаж
байгаа бол, дүү нар ма­лаа маллаж чадаж байгаа болов уу даа” гэхчилэн янзан
бүрийн бодлоор өөрийгөө саатуулан цаг аргацаана. Гэнэтхэн “Хэн нэгэн энүүгээр
явж байгаа болов уу” хэмээн чимээ чаг­навч эзгүй талд Ц.Түмэндэл­гэрийн өөрийнх
нь амьсга­лаас өөр юу ч сонсогдсонгүй. “Ийм аниргүй байхад орилж хашгираад яах
ч билээ” хэ­мээн өөрийгөө тайвшруул­на.

Нэгдүгээр сарын 21. Нар мандахад шөнөжин даар­сан
мань эр бага ч болов бүлээцэв. Тэрбээр “Унтаж л болохгүй. Тэгвэл хөлдөж үхнэ”
гэж хоёр алгаа хооронд нь үрж, нүүрээ барин сууна. Хоёр өдөр хэлэн дээрээ
цаснаас өөр юу ч тавиагүй тэрбээр ядарч туйлдан хөлнийхөө шарханд ч бүр
эмзэглэнэ. Нойр нь хүрэх боловч “Энэ хөл зэргийн юм яахав. Шөнө л унтаж
болохгүй. Би ээждээ амьд очих ёстой” гэж байн байн өөрийгөө сэргээнэ. Хадны
нөмөр бараадаж шөнийг өнгөрүүлсэн тэрбээр гэгээ ормогц л зам дөхөхөөр
урагшилжээ. Өмнөх өдөр хоёр алгаараа газарт тулж явсан нь хамаг биеийг нь
хөндүүр болгожээ. Ингээд баруун гараараа газарт тохойлдож, хөлөө чирсээр
хажуулдан мөлхөв гэнэ. Нэг хоёрхон метр яваад л цуцна. Зам ойрхон байгаа гэж
өөрийгөө зориг­жуулан амьсгаагаа дарангуу­таа л мөлхөөд байжээ. Ам цан­гахын
эрхэнд цасаар амаа дүүргэх боловч ямар ч нэмэргүй. Сүүлдээ хэл ам нь өвдөж,
хоолой нь хөндүүр­лэжээ.

Аргаа барахдаа өөрийн­хөө усыг алган дээрээ тосож уужээ.
Амных нь цангаа бага ч болов тайлагдах шиг болж гэнэ.

Дээшээ тэнгэр хол, доо­шоо газар хатуу гэгч Ц.Түмэн­дэлгэрт
тохиолдов. Үд хэвийх алдад нэг зүүрмэглээд сэртэл хажууханд нь мал ирсэн байж.
Тэрбээр ихэд баярла­жээ. “За энэ чинь хэний мал вэ” гээд хартал нүд нь бүрэл­зээд
нэг л сайн таньж чадах­гүй байж. “Малаа хариула­хаар хэн нэгэн ирж л таарна”
хэмээн баахан горьдсон боловч дэмий хүлээжээ. Хэн ч ирсэнгүй гэнэ. Эхний өдөр
200 метр мөлхөж байсан Ц.Тү­­­мэндэлгэр шальтай ахихаа больжээ. Замдаа хэд хэд
амран байж энэ өдөр ердөө 100-гаадхан метр га­зар л хороосон байв. Өөрий­гөө
хүчлэн мөлхөх үед Ц.Түмэн­дэлгэр тийм ч даарч дагжирдаггүй байж. Харин үүр
шөнийн заагаар л маш их даардаг байжээ.

Энэ шөнө тэрбээр мөн л хадны нөмөрт хоног өнгөрүү­лэхээр
шийджээ. Хавирган сарны бүдэг гэрэлд цасанд дарагдсан цэлийсэн тал улам гэгээ
нэмэх мэт харагджээ. Ойр хавьд нүдэнд торох юу ч үзэгдэхгүй. Гэтэл шөнө дө­лөөр
чоно улих чимээ түүнд сонсогджээ. Бүр хэдхэн зуун метрийн зайтай явж байгаа нь
ч мэдрэгдэж гэнэ. Ц.Тү­мэндэлгэрийн хувьд айдсыг ардаа орхисон байв. Говийн
чоно галзуурчихаагүй л бол арай ч хүн барьж идэх дээрээ тулаагүй дээ хэмээн
тайван сууж байжээ. Үүр хаяарах үеэр тэрбээр гэнэтхэн цочиж сэржээ. Өөрийн
мэдэлгүй зүүрмэглэсэн нь тэр байж.

Нэгдүгээр сарын 22. Гэрээ­сээ холддоггүй Ц.Түмэн­дэлгэр
сураг тасраад гурав хонолоо. Цэрмаа гуай сум орон нутаг руугаа хэл хүргэ­жээ.
Мотоцикльтой яваад сураггүй болсон хүүгийнх нь араас Номгон сумын захир­гаа
эрлийн ажиллагааг зохион байгуулжээ. Ингээд тус сумаас эрлийн хоёр баг гарч,
Ц.Түмэндэлгэрийг хай­жээ. Ямар ч ул мөргүй алга болсон түүнийг хаа сайгүй
хайсан байна. Харин ар гэрийн­хэн нь мэддэг, чаддаг гэсэн үзмэрч, төлгөч нарт
ханджээ. “Танай хүүхэд амь­тай голтой явна” гэж хэлэх нэгэн байхад “Амиа хорло­чих­сон
гэж төлгө буулаа” хэмээн Цэрмаа хөгшний сэт­гэлийг өвтгөх төлгийг зарим үзмэр­чид
хэлж байжээ. Ингээд эрлийн багийнхан үзмэрч­дийн хэлсэн газруу­даар эрж гэнэ.
Гол ус гээд л яваагүй газар үгүй гэнэ. Энэ өдөр эрлийн багийнхан шөнө дөл
болтол ажиллаад мухар­даж, маргааш нь үргэлж­лүүлэн хайхаар болов.

Тэр хойгуур нутаг усанд нь Ц.Түмэндэлгэрийн талаар таагүй цуу
дэгджээ. “Хөөрхий залуу сэтгэлээр унаж, хоолойгоо боомилсон гэнэ лээ”, “Хөлдөөд
амиа алдсан гэсэн” гэх зэргээр амнаас ам дамжин ярих болжээ.

Нэгдүгээр сарын 22-ны тэр өдөр хүйтэн цасан шуурга­тай байсан
болохоор эрлийн багийнхан Ц.Түмэн­дэл­гэрийг олоход саад бол­сон бололтой.
Харин  мань эр үхэлтэй тэмцэлдсээр шуурга
сөрөн мөлхөж байсан юм. Гурван шөнө, дөрвөн өдөр түүний хувьд маш хурдан
өнгөрчээ. Зүг чигээ алдаж болохгүй, энэ хавьд зам бай­гаа гэж өөртөө итгэсээр
мөл­хөж байв. Гэнэт мотоциклийн дуу түүнд сонсогджээ. “Би энд байна” гээд
орилох гэтэл дуу нь гарсангүй. Мотоцикль, машины дуу улам тодорч түүнийг чиглэн
ирж байгаа бололтой. Төөрсөн залуу ихэд баярлан өндийлөө. Харамсалтай нь машин,
мотоциклийн гэрэл түүнээс холгүйхэн ирээд буцчихлаа.

 

Үргэлжлэл
бий.

 М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Эдийн засгийн форум БНСУ, Монголын харилцаанд нэгэн шинэ шат тавилаа

Монгол,  Солонгосын 
хооронд  эдийн засаг, хамтын ажиллагаанд   жим гараад олон жилийн нүүр үзлээ. Үүний нэг
үргэлжлэл болох мөн цаашлаад харилцаагаа улам өргөжүүлэхийн тулд Солонгосын Сөүл
хотноо    11 дүгээр сарын 27, 28-ны өдрүү­­дэд
эдийн засгийн форум  болж өнгөрлөө.  Уудам их газар нутагтай, байгалийн баялаг арвин,
хүн ам цөөн, технологийн хөгжил, эдийн засаг сул манай орны хувьд дэлхийд өрсөлдөхүйц
технологи, эдийн засгийн өндөр чадвартай ч байгалийн баялаг байхгүй энэ улстай эдийн
засгийн хамтын ажил­лагаагаа өргөжүүлэх, 
томоо­хон төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах болом­жуу­дыг энэ удаагийн
форумаар ярилцлаа. Мөн энэ удаа Мон­голын тал хөрөнгө оруулалт шаардлагатай бай­гаа
томоо­хон төсөл хөтөл­бө­рүүдээсээ  энэхүү
форумын үеэр танил­цуулсан юм. Өмнө нь хэд хэдэн удаа  уулзалт, форум зохион байгуулагдаж байсан ч эдийн
засгийн форум зохион байгуулсан нь анхны удаа юм. Монголын баялаг, Монголын боломж-Солон­госын
технологи гэсэн уриан дор арга хэмжээ бол­сон бөгөөд форумын үр дүнд хоёр улсын
шинжлэх ухаан, технологийн  бизнесийн төв
байгуулахаар болов.  БНСУ-аас  манайд бодитой хөрөнгө оруулалт хийх нэгэнт болс­ноо
онцолж байсан.

     Ямар ч улс хоорондын харилцаа хувь хүмүүсийн
харилцаанаас л эхэлдэг хойно анх Х.Баттулга сайдын зөвлөх Ё.Эрдэнэбилэг,  мөн хувиараа бизнес эрхлэгч, ногоон хөгжлийн төлөө
ажилладаг Д.Түмэнхүү болон  эдийн засагч нэгэн
эрхэм, Солонгосын талаас Ү Тэ Гуан нар энэхүү форумыг зохион байгуулах талаар ярилцан
сүүлдээ хоёр улсын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ болж өргөжсө­нөөр тус үйл
ажиллагаа бол­сон хэрэг. Ү Тэ Гуан хэмээх энэ эрхэм Монголын утаатай тэмцэхийн тулд
гэрт амьдар­даг айлуудад халаадаг шал тавьж олон сая долларын тусламж  үзүүлж яваа хүн.  Тэрээр форумын үйл ажил­лагааг зохион байгуулах
гэж удаан хугацаанд хөөцөлдөж, хувиасаа  үйл
ажиллагааг ивээн тэтгэсэн юм. Форум болсны дараа Монголыг сонирхож, хөрөнгө оруулалт
хийх томоохон компаниуд утсыг нь амраахгүй асууж эхэлсэн гэж тэрээр ярьж байв.

Мөн Солонгосын Ерөн­хий­лөгчийн тамгын
газрын­хан тус үйл ажиллагаанд оролцсон бол Солонгосын талын Засгийн газрын төлөө­лөгчид  энэ арга хэмжээнд ирсэнгүй. Харин  дэлхийд алдартай Солонгосын  томоо­­хон компанийн төлөөл­лүүд бүгд хүрэлцэн
ирсэн байлаа. Харин Монголын талын зохион байгуулагчид сайн ажилласны үр дүнд форумын
үйл ажиллагаанд Монголын төлөөлөгчдийг орол­цох тал дээр алдаа гарсангүй. Эсрэгээрээ
Солон­госын тал  Монголын багийн төлөөллийг
хараад өөрс­дөө­сөө ичих шиг болсноо нуухгүй байв. Тэр байтугай Монголын Засгийн
газарт уучлал гуйсан албан бичиг илгээхээр бол­сон талаар мэдээлэл олж сонссон юм.
Гэхдээ энэ нь БНСУ-ын төсөв хэлэлцэх үетэй 
давхцлын хувьд тэгж таарснаас Солонгосын тал үүнд анхаарал хандуулаагүй гэсэн
үг биш юм. Солонгосын Ерөнхийлөгч  Пак Гын  Хэгийн үеэл ах,  Солонгосын Ногоон хөгжлийн судалгааны төвийн захирал,  Пак Жүн Хунг энэ арга хэмжээнд маш их ач холбогдол
өгч, идэвхийлэн оролцсон явдал юм. Түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

 

-Та  форумын үр дүнг та хэрхэн харж байна?

-Монгол орон өргөн газар нутагтай.
Байгалийн баялаг ихтэй ч хүн ам багатай. Харин Солонгос бол эдийн засаг, технологийн  хөгжил сайтай. Ийм хоёр улс хамтарч ажил­лах юм
бол хоёр улсын хамтын ажиллагаанд нэг том шат ахиж байна гэсэн үг.

-Танай Засгийн газрын төлөөлөл
оролцоно гэж хөтөл­бөрт байсан ч ирсэн­гүй. Энэ ямар учиртай юм бол?

-Манай улсын төсөв хэлэл­цэж батлах
өдөр, форум болж буй өдөр давхцсантай холбоотой ийм байдал үүссэн. Гэвч энэ форум
хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагааны 
цонхыг нээж байна. Хоёр улс хамтарч ажиллах боломж гэж энэ форумын үр дүнг  харж байна.  
Энэ жил анхны боловч жил бүр ийм форум 
зохион байгуулах  боломж­той. Дараа
жил Монголд хийх төлөвлөгөөтэй байгаа. Мөн Монгол улсад химийн техно­логийн салбарыг
нээе гэсэн саналтай байна. Сайн­шандын аж үйлдвэрийн цогцолборт хөрөнгө оруулалт
хийх, төмөр зам, авто зам, төмөрлөгийн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний салбар,  барилгын салбарт Солонгосын талаас хамтарч ажиллах
сонирхол байгаа. Энэ үндсэн дээр форумыг зохион байгуулж байна. Мөн шинжлэх ухаан,  технологийн салбарт хамтын ажилла­гаагаа өргөжүүлэх
хэрэгтэй байна. Анх удаа эдийн зас­гийн форум зохион байгуулс­наараа онцлог боллоо
гэсэн юм.

Тэрээр манай албаны хүмүүстэй уулзахдаа
дараа­гийн удаа Монголд болох форумд БНСУ-ын 
Засгийн газрын төлөөлөл, сайд нараас олон хүн оролцох болно гэдгийг амлажээ.
Түүнийг Солонгосын одоо­гийн Ерөнхийлөгчийг улс төрд бэлтгэсэн хүн гэх юм билээ.
Өөрөөр хэлбэл түүний энэ форумд анхаарал хандуулж буй хүчин чармайлт Солонго­сын
ерөнхийлөгчийн байр суурийг давхар харуулж бай­гаа гэж ажиглагчид үзэж байгаа юм.
Мөн тус улсын бүхий л хэвлэл мэдээлэл энэхүү арга хэмжээг үр дүнтэй боллоо хэмээн
мэдээлсэн билээ. 

Ямартай ч аливаа улс хоорондын асуудалд
манай­хан  улс төр, нам эвслийн байр сууринаас,
хувийн тоомжиргүй байдлаар бус Монгол Улсын хөгжлийн төлөө  анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй болов уу.
Нутгийнхаа хилийн дээсийг алхаад л монголчууд бид  Монгол гэдэг нэг л овог нэртэй гэдгийг сануулах
юун. Манай улсын хувьд УИХ-ын дэд даргаасаа эхлээд салбарын сайд, дэд сайд, газрын
дарга нар томоохон компанийн төлөөлөл  оролцож,
өөрс­дийн боломж бололцоо, хөрөн­гө оруулалт шаард­ла­гатай байгаа салбаруудын талаар
байр сууриа илэр­хийлж, танилцуулга хийсэн.  
Солонгосын талын албаны хүмүүс дараа нь манай сайд нартай биечлэн уулзаж
санал бодлоо солилцсон байна лээ. Эхний удаа гэхэд алдаа оноо байсан л биз. Гол
нь үр дүн чухал.

Нөгөө талаас энэ удаа­гийн форум Солонгосын
Ерөнхийлөгчийн анхаарлыг их татсан гэдгээрээ онцлог. Тиймээс ч тус улсын Ерөн­хийлөгчийн
тамгын газрын төлөөллүүд ирж оролцсон юм. Форумын үеэр ярилцсан  хэлсэн зүйл болон танил­цуулсан материалуудыг
эмхтгэн товхимол гаргахаар болов. Форумын эхэнд Монголын ардчилал, уул уурхай, эдийн
засгийн хөг­жил, тэр байтугай өнөөгийн утаат Улаанбаатарын талаар баримтат кино
солонгосчууд хийснээ үзүүлсэн нь сэтгэл эмзэглэм санагдав. Бусдын нүдэнд бид ийм
л харагдаж байгаа юм байна гэж бодог­доод явчихсан шүү. Форумд Н.Энхбаярыг оролцох
нь гэсэн цуу яриа тарчихсан байв. Үүнийг сонссон Солон­госын талын зохион байгуу­лагч
“Энд ямар нэг улс төр байна уу” гэж асууж байсан. Угтаа бол Монголын Засгийн газрын
асуудал болохоос Н.Энхбаяртай ямар ч хол­боогүй байсан юм. Харин сайд нар болон
Монголын төлөөлөгчдийг ахалж явсан УИХ-ын дэд дарга Л.Цог нар тус улсад эмчлүүлж
байгаа Н.Энхбаяртай очиж уулзсан нь бол үнэн юм. 

Ямартай ч форум амжилт­­тай болж өндөрлөж,
БНСУ-ын тал Монгол руу  томоохон хөрөнгө оруулалт
оруулж ирэх, хоёр улс хамт­ран ажиллах эдийн засаг, худалдааны хамтын ажил­лагаанд
энэ форум нэг том шат тавилаа.

Categories
редакцийн-нийтлэл

Л.Эрдэнэчимэг: Ж.Батзандан гишүүн бид хоёр хонь, чоно болчихоод байна

УИХ-ын гишүүн Л.Эр­дэнэчимэгтэй ярилц­лаа.

-Ж.Батзандан гишүү­ний санаачилсан Ний­тийн албанд
нийтийн бо­лон хувийн ашиг со­нирх­лыг зохицуулах, ашиг со­нирхлын зөрч­лөөс урьд­чилан
сэргий­лэх тухай хуульд нэ­мэлт оруулах тухай хуу­лийн төсөл чуул­ганаар дэмжигдсэн.
Үүний эсрэг байр суурь­тай байгаа зарим гишүү­дийн нэг нь та. Ямар шалтгаанаар дэмжих­гүй
байгаа вэ?

-Уг хуулийн эсэргүү­цэгч­дийн нэг нь яах арга­гүй
би. Ж.Батзандан ги­шүүний уг хууль хоёр том асуудлыг хөндсөн бай­гаа. Төрийн өндөр
албан тушаалтан гадаад эхнэр, нөхөртэй байх юм бол Үндэсний аюулгүй байд­лын зөвлөлд
мэдэгдэх шаардлагатай гэж заа­сан байна лээ. Мөн тө­рийн өндөр албан ту­шаал­тан
оффшор ком­панийн хувьцаа эзэмшигч байж болохгүй гээд заа­чихсан. Хуулийн нэгдү­гээр
заалтыг би эмэгтэй гишүүнийхээ хувьд эсэр­гүүцэж байгаа юм. Мөн Р.Бурмаа гишүүн
үүний эсрэг маш хүчтэй тэмцэж байна. Учир нь уг гадаад эхнэр, нөхөртэй болбол Үндэсний
аюулгүй байд­лын зөвлөлд хандана гэсэн нь хүний эрх зөрчиж буй асуудал. Бид 23 жил
хүний эрхийн төлөө тэмц­сэн. Тиймээс уг алхмаа­саа ухарч болохгүй.

Монголчууд хүний эрх, эрх чөлөөг дээдэлж чаддаггүй хоёр том гүр­ний
дунд хавчуулагдсан улс. Манай орон эднээс хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн үздэгээрээ
ялгарч гарсан. Уг хууль батлагдвал хүний эрх зөрчигдөнө. Тиймээс 23 жил тэмцсэн
ардчилал устаж эхлэхийн дохио болох юм.

-Та яагаад ганцхан эмэгтэй хүн гэдэг ут­гаар нь
хандаад байгаа юм. Уг заалт төрийн өн­дөр албан тушаалтан эрэгтэй хүнд ч хамаа­тай
юм байна лээ?

-Хүний эрхийн зөрчил болгоны ард хохирч үлд­сэн
хүмүүс нь эмэгтэй хүн байдаг. Төрийн өндөр албан тушаалтай эрэгтэй хүн байлаа гэхэд
Ерөн­хийлөгч, Ерөнхий сайд болохдоо тулах юм бол гэр бүлээ цуцлуулах ма­гад­лал
өндөртэй юм. Үүнээс харахад гадаад, дотоод байх нь хамаагүй эмэгтэй хүн л ард нь
хо­хирч байгаа биз дээ. Үүнийг эрэгтэй хүн маш амархан хийчихдэг. Га­даад нөхөртэй
эмэгтэй хүн байлаа гэхэд өндөр мэдлэг боловсролоороо сонгуульд нэр дэвшиж ард түмний
олонхийн са­на­лаар ялалт байгуулан төрийн өндөр албан ту­шаалд очъё гэхэд улс төрийн
эрх, эрх чөлөөгөө эдэлж чадахгүй болчи­хоод байна. Аль ч талаа­саа энэ хуулийн төсөл
буруу болоод байгаа. Бидний баталж буй хууль дүрэм үр хүүхдүүдийн маань толгой дээр
бууна. Гэтэл глобалчлагдаж буй энэ нийгэмд хүүхдүүд хаа­на, хэнтэй гэр бүл болохыг
хэн ч таах арга­гүй. Уг хуулийг санаа­чилсан Ж.Батзандан ги­шүүн өөрөө дөрвөн хүү­хэдтэй.
Тэдний хүүхдүү­дийн хувь заяаг хэн ч мэдэхгүй. Дэлхийн олон оронд Монголын иргэд
тархан суурьшиж байна. Тэр гадаадад монгол хүн­тэй суусны төлөө эрхийг нь зөрчиж,
хааж боогоод, албан тушаал өгөхгүй гэдэг асуудал яригдвал яах вэ. Энэ мэтчилэн хү­ний
эрх дэмжсэн зүйлсийг бид хэзээ ч дэмжиж болохгүй.

-Чуулганы хурал­даанд уг хуулийн төс­лийг эрэгтэй
гишүүд дэмжиж харагдсан?

-Хуулийн төслийг эрэг­тэй парламентчид олонхиороо
дэмжиж бай­гаа. Эрэгтэй гишүүдийн амнаас гарч буй үг болгон жендерийн асуудлыг хөн­дөж
байсан. Уг хуу­лийн хэлэлцүүлгийн явцад Монголын эртний түүхийг их сөхөж ярьж байлаа.
“Монголын түү­хэнд хаад нь гадаад хатантай болсноос төрт улс унаж байсан” гээд л
ярьж байна лээ. Хаа бай­сан 800 жилийн өмнөх түүхийг асуудал болгон босгож ирж байна.
Өнөө­дөр нийгэм өөр болсон тул түүхийг сөхөж яриад байх нь буруу. Сүүлийн үед уулын
овоо, морины уяа руу эмэгтэй хүн очиж, гарч болохгүй гэдэг болж. Хэзээ байхдаа
20-30 жилийн өмнө бид ийм зүйл ярьдаг байсан юм бэ. Өнөөдөр Монголын дов толгой
бүр дээр эмэгтэй хүн гарах эрхээ хасуу­лаад байна. Энэ ч мөн хүний эрхийг зөрчсөн
асуудал.

-Ж.Батзандан ги­шүүн ямар шалтгаанаар уг заалтыг
оруулж ир­сэн юм бол?

-Би Батзандан гишүү­ний оруулж ирсэн уг хуу­лийг
хүнд зориулсан хууль гэж харж байгаа.

-Таныхаар ямар хүнд зориулсан бол?

-Миний бодож бай­гаагаар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд
зориулж хууль санаачлан оруулж ирлээ гэсэн бодолтой бай­на. Хэн нэгэн хүнд дургүйнхээ
төлөө хууль гаргах гэж байгаа нь утгагүй санагдаад байгаа юм.

-Ард түмний эрх ашиг гэж үүнд заавал тусгах шаардлагатай
биз дээ. Энэ талаар өөр­тэй нь уулзаж асуув уу?

-Яг энэ асуудлаас чинь болоод Ж.Батзан­дан гишүүн
бид хоёр хонь, чоно болчихоод байна. Уг заалтаас болж хоорондоо хэрэлдээд, хоёр
тийшээ хараад суу­чихсан байгаа. Бид хоёр зэрэгцэж сууж байгаад өөрсдийн байр суурийг
илэрхийлсэн. Миний хэл­сэн үгийг Батзандан хүлээж авахгүй, түүний надад тайлбарлаад
бай­гааг би хүлээж авахгүй байгаа юм. Бид хэдий нэг намын гишүүд ч гэлээ үл ойлголцох
асуудлууд их байна даа. Би гишүүнд “Энэ чинь хувь хүнд зориулсан хууль байна. Ингэж
болохгүй. Өөрс­дийн­хөө үр хүүхдийг бо­дох хэрэгтэй гэдгийг хэлсэн.

-Ж.Батзандан ги­шүүн, Ц.Оюунгэрэл сай­дад тийм
дургүй юм уу?

-Уг хуулийн асууд­лаар УИХ-д суугаа олон эрэгтэй
гишүүд Ц.Оюун­гэрэл сайдын эсрэг яриад байгаа. Ялангуяа УИХ-ын сонгуулийн үеэр гадаад
нөхөртэй гэсэн хар пиарыг хийдэг. 2008, 2012 оны сонгуулиудад яг энэ асуудлаар Оюун­гэрэл
рүү дайрч л байсан. Сүүлдээ бүр үүнийгээ хууль­чилж гаргаж ирэх гэж байна. Гадаадын
хүнтэй суусан сайд яаж Монголын өв уламж­лалыг авч явах юм гээд байгаа. Гэтэл Ц.Оюун­гэрэл
ССАЖ-ын сайдын­хаа хувьд Монгол Улсын өвийг хэрхэн хамгаалах талаар ажлууд хийж
дэл­хий нийтэд сурталчлах тал дээр сайн ажилла­сан. Америк нөхөртэй байсныхаа хувьд
Батаа­рыг Монголд авчирсан тохиолдол байгааг бид харж байгаа. Энэ чинь глобалчлалын
хүч, бусад орнуудын дэмжлэг мөн.

-Уг хуулийг чуулга­наар баталчих гээд бай­на гэх
мэдээлэл байгаа. Бусад орнуудын хувьд төрийн өндөр албан ту­шаалтандаа иймэрхүү
заалт оруулсан байдаг уу?

-Диктатуртай, мусуль­ман шашинтай орнуудад л анзаарагддаг
болохоос ардчилсан нийгэмтэй улсад байдаггүй гэдгийг би баттай хэлэх байна.

-Манайх шиг ардчи­лал, хүний эрх гэж ярих дуртай
оронд тохирох­гүй л хууль юм аа даа?

-Энэ хууль манай оронд тохирохгүй. Хэвлэл мэдээллийн
хэрэгсэл үүнийг дэмжээсэй гэж хүсэж байгаагаа нуугаад яахав. Эмэгтэй гишүү­дийн
хүч үнэхээр дутаж байна. Бид таньдаг бусад гишүүддээ хэлсэн ч анх­ны хэлэлцүүлэгтээ
уна­чих­лаа. Тиймээс дараа дараагийнхаа хэлэл­цүү­лэгт дэмжигдсээр байгаад батлагдчих
магадлал өн­дөр. Уг хууль батлагдчих вий гэхээс айж байна.

-Хууль санаачлагч нь Ж.Батзандан гишүүн гээд эрэгтэй
хүн байгаа ч гэсэн уг хуулийг яагаад дэмжээд байгаа юм бол?

-Хууль маань хамгийн гол нь эрс тэс өөр хоёр заалттай
болчихоод бай­на. Зарим гишүүд гадаа­дын иргэнтэй гэрлэх тухай заалтыг дэмжиж гар
өргөж байгаа бол нөгөө хэсэг нь оффшор данс­тай байж болохгүй гэдгийг нь дэмжээд
гар өргөөд байгаа юм. Энэ хоёр заалт нэгдэхээрээ олон­хийн саналыг аваад бай­гаа
юм. Зарим эмэгтэй гишүүд гадаад хүнтэй гэр бүл болохыг эсэргүүцэж байгаа хирнээ
олигар­хиудын асуудлыг эсэр­гүүцэж байна гээд кноп дарахаар автоматаар дэм­жигдээд
байгаа юм. Уг хоёр заалтыг тус тусад нь оруулж ирсэн бол дэм­жигдэхгүй байх байсан.
Олон гишүүнтэй ярьж уг хуулийн төслийг унагах хэрэгтэй.

-Төрийн өндөр албан тушаалтан оффшор данстай байж
болохгүй гэсэн заалт дээр ямар байр суурь барьж байна вэ?

-Өнөөдөр Монголын ямар ч хуулинд оффшор гэж юуг
хэлэх вэ гэдгээ тусгаж өгөөгүй байгаа. Дэлхий нийтээрээ тодорхойлолтоо гаргаад,
оффшор гэдэг нь мөнгө угаадаг газар мөн гэсэн үед уг хуулийг баталж болно. Оюу толгой,
Таван толгой оффшорт байдаг гэж байгаа. Мөн Хонкон­гийн бирж дээр хувьцаа борлуулах
компаниудыг оффшор данстай байхыг шаарддаг гэсэн. Манай орны компаниуд хаана хувьцаагаа
борлуулах вэ. Хувьцаагаа зарах бо­ломж нь Хонконгийн бирж дээр нээлттэй. Монголын
компани Хонконгийн бирж дээр хувьцаа гар­гахын тулд оффшор данс­тай болох шаард­лага
тулгарсан энэ нөх­цөлд амьдарч байгаа хирнээ оффшор данстай байж, хувьцаа эзэмшиж
болохгүй гэж заах үндэс байхгүй. Бид уул уурхайн компаниудын Монголын талын эзэмшлийг
ард түм­ний өмч хэмээн нэрлэ­дэг. Энэ хуулиар бид Оюу толгой, Таван толгойн хувьцаа
эзэмшигч байж болохгүй юм байна л даа. Тодорхойгүй энэ мэт асууд­лыг нэр мөр ший­дээд
уг асуудлыг ярилцах нь зөв байх гэсэн байр суурьтай байгаа.

-О.Баасанхүү ги­шүүн­тэй хэл амаа олол­цож байна
уу?

-О.Баасанхүү гишүү­ний санаачилсан Тамхи­ны тухай
хуулийн төслийг батлуулахгүйн тулд арга хэмжээ авах ёстой. Тамхи татах цэгийг манайхан
ойлгохгүй байна. Би уг асуудлаар Э.Бат-Үүл дарга, хот тохижилтын дарга нартай уулзахаар
хуулиндаа тамхины цэгийн тухай заагаагүй болохоор хориотой юм биш үү гэж байна лээ.
Бидний зүгээс “Тамхи татахыг хориглосон газ­раас бусад газар тамхи татаж болно”
гэсэн заал­тыг оруулж өгөх ёстой юм билээ. Тамхи татах цэгүүд дээр нь нийслэл, дүүрэг,
аймгийн удирдлагын гарт байгаа тул үүнийг шийдэж болно. Албан байгуул­лагын гадна
талбайд там­хины цэг байгуулах асууд­лыг яриад шийдчихсэн. Тиймээс Баасанхүү гишүүн
уг асуудлаа татаж авах байх.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Зундаа сэрүүн, өвөл нь дулаан автобусны буудал Багануурт байна

Багануур дүүрэгт ба­ригдсан жишиг авто­бус­ны
буудлыг сурвалжил­лаа. Жишиг гэдгийн учир нь энд зундаа сэрүүн, өвөл нь дулаан битүү
автобусны буудал юм байна. Нийслэлээс 120 гаруй км алслагдсан тус
дүүргийн хувьд албан ёсоор 27 мянга гаруй хүн амтай ч 30-аад мян­ган иргэн байнга
оршин суудаг гэх тооцоо бий. Бусад дүүргүүдтэй харь­цуу­лахад цөөн хүнтэй ч нэг
газраа бөөг­нөрөлгүй,  таруу суурьш­сан нь
Бага­нуурын онц­лог. Тиймээс дүүргийнхээ төв хэсгээс таваас 17 км алслагдсан Нугын
талын толгой, Хилчин замчин, Үйлдвэ­рийн хэ­сэг болон Ра­шаант зэрэг дөрвөн чиг­лэлд
нийтийн тээврийн дунд оврын ав­тобусаар иргэддээ үйл­чилдэг бай­на. Ингэхдээ дүүргийнхээ
тээвэр зохи­цуулалтын албаны дар­гын баталсан хуваарийг баримталдаг аж.

Өөрөөр хэлбэл бүх чиглэл дэх автобуснууд өглөөний долоон цаг 20 минутад
нийтийн тээв­рийн үйлчилгээнд явж эхэлдэг бөгөөд 10 цаг хүртэл тухайн чиглэлийн
хол ойроос хамааран дөрвөөс зургаан удаа тойрдог байна. Хэрэв ир­гэд автобуснаасаа
хо­цор­вол 20-оос 40 минут хүлээдэг гэсэн үг. Харин 10 цагаас 17 цаг 30 минут хүртэл
зорчигч урсгал харьцангуй сийрэг болдог учраас нэгээс хоёр цаг тутамд автобус иргэдэд
үйлчилдэг байна. Үдээс хойш 17 цаг 30 минутаас
хичээл сургууль, ажил тарж, зорчигч урсгал нэмэгддэг учраас өмнөхийн адилаар
20-40 минут тутамд автобус явдаг байна. Улаанбаатарт ажлын өдрүүдэд нийтийн тээврийн
автобус 22 цаг хүртэл явдаг бол Багануурт 19 цаг хүртэл иргэдэд үйлчилдэг юм байна.

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН
САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ЖИШИГ АВТОБУСНЫ БУУДАЛ БАРЬЖЭЭ

Энэ жил Багануур дүүрэгт орон нутгийн хөгжлийн
сангийн хөрөнгө оруулалтаар хоёр тэрбум 27 сая төгрөг төсөвлөгджээ. Тус хөрөнгөөр
төв гудамжуудаа камержуулж, тог­лоо­мын талбай шинээр байгуулж, цамхган гэрэлтүүлэг
байгуулжээ. Мөн дүүргийн алслагдсан хороо­дод амьдарч байгаа иргэд зуны халуун,
өвлийн хүйтэнд 20 мину­таас хоёр цагийн хугацаанд ний­тийн тээврийн автобусыг хүлээж
гадаа зогсдог учраас хороо бүрийн эцсийн зогсоолын автобусны бууд­лыг шинэчилжээ.
Ингэхдээ Үйлдвэ­рийн хэсэг, Рашаант болон хоёр­дугаар хороонд задгай шилэн буудал
барьсан бол гуравдугаар хороо буюу Талын толгой, Нугын талд битүү шилэн буудал бариу­ла­хаар
болжээ. Учир нь дүүргийн төвөөс таваас зургаан км алслагд­сан тус хороо нь тал газар
байрла­даг учраас өвөл хавартаа хүчтэй салхилдаг аж. Тиймээс дүүргийн удирдлагууд
Цахилгаан механи­кийн үйлдвэрийн эзэдтэй тохи­ролц­соны үндсэн дээр ийн битүү автобусны
буудлыг барьжээ.

Багануурын Цахилгаан меха­ни­кийн үйлдвэрт нийтдээ
дөрвөн автобусны буудлыг 32 сая төгрө­гөөр захиалан хийлгүүлсэн бөгөөд тэдгээрийн
нэгийг нь ийн битүү хийлгүүлжээ. Өнгөрсөн есдүгээр сарын 11-ээс аравдугаар сарын
7-ны хооронд дээрх буудлуудыг хийж, өнгөрсөн сард багтаан бүрэн суурилуулсан юм
байна. Бараг­цаа­гаар 20-30 хүн элбэг багтчихаар зайтай энэхүү битүү автобусны буудлын
хаалганы дээхнэ халуу­наар төөнөдөг, эсрэг талд нь сэрүү­нээр үлээдэг төхөөрөмжүүдийг
суурилуулсан нь нэн ая тухтай нөхцөлийг бүрдүүлжээ. Зүүн талд нь гурваас дөрвөн
хүн зэрэгцээд суучихмаар урт модон сандалтай юм байна. Буудал дотор нь удирд­ла­гын
самбарыг нь байрлуулж өгсөн учраас дотроос нь хэдэн хэмийн халуун, сэрүүнээр хэр
удаан үлээлгэх эсвэл доторх дулаа­ныг тэдэн градуст тогтмол байлгах зэргээ тохируулах
боломж­той. Гэхдээ энэ нь хэн дуртай нь удирдлагын самбарыг оролдоод байна гэсэн
үг хараахан биш. Өмчлөлийн асуудал нь тодорхой болмогц тодорхой хэн нэгэнд хариуцуулж
өгөх гэнэ.  Дөрвөн хана нь тэр чигтээ шилэн
учраас өдөртөө нарны гэрэл буу­дал доторхийг цэлийтэл гэрэл­түү­лэх учраас эрчим
хүчинд хэм­нэлт­тэйгээс гадна харагдах талаасаа ч үзэмжтэй байхыг нь бодолцож хийсэн
гэдгээ Багануурын Цахил­гаан механикийн үйлдвэрийн инже­нер Сайханбилэг онцолж байсан
юм.

ӨГЛӨӨД ГАЛЛАЖ АМЖААГҮЙ
ХҮЙТЭН ГЭРЭЭС ГАРСАН СУРАГЧИД АВТОБУСНЫ БУУДАЛ ДОТРОО ОРЖ ДУЛААЦДАГ

Буудлын гадна талд хоёроос гурван хүн зэрэгцэж
суувал элбэг­хэн багтчихаар хоёр ч сандал суурилуулжээ. Мөн зориулалтын хогийн сав
ч ардхан талд нь байна. Биднийг очиход ажлаа тараад харихаар автобус хүлээж байгаа
хоёр уурхайчинтай тааралдсан юм. Тэд “Манай хавьд чинь өвөлдөө бас л тачигнана шүү
дээ. Их сал­хил­­на. Хар өглөөгүүр сургууль, цэцэрлэгтээ явах гээд автобус унаа
хүлээгээд зогсч байгаа хүүхдүүд л хөөрхий даарч хөрнө. Толгой нүц­гэн, нимгэн хувцасласан
нэг нь хацраа хайрах, чихээ хөлдөөх бол энүүхэнд шүү дээ. Харин дулаан, тохитой,
тухтай автобусны буудал­тай болсонд энэ хавийнхан бүгд сэтгэл хангалуун байгаа.
Ядаж л эцэг эхчүүд бид хүүхдээ өглөөд сургуульдаа явах гээд гарахад нь сэтгэл амар
гэртээ үлдэнэ. Өглөө галлаж амжаагүй хүйтэн гэрээс гарсан хүүхдүүд энд ирж нэг дулаа­цаж
байгаа юм. Зарим сүйхээтэй нэг нь эртлэн ирж багшдаа асууг­дах хичээлээ ч сэргээгээд
нэг уншчихдаг гэсэн шүү. Харин ийм гоё буудлаа нүдний цөцгий мэт л хайрлаж, хамгаалах
нь чухал даа” гэв. Биднийг ийн ярилцах зуур “Хьюндай Айсо” маркийн 21 хүний суудалтай
дунд оврын автобус буудалд дээр ирж зогсов. Арваад хүн бууснаа, долоо найман хүн
зөрөөд суусан юм.

ОРОН НУТГИЙН ӨМЧИД ШИЛЖҮҮЛСЭН
ТОХИОЛДОЛД АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТЫГ НЬ БҮРЭН ХАРИУЦААД АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ ГЭНЭ

Багануур дүүргийн дэд бүтэц, тохижилт, зам тээвэр
хариуцсан мэргэжилтэн М.Дэлгэрцэцэг “Энэ автобусны буудлын өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлэхээр
Нийс­лэлийн өмчийн харилцааны газарт хүсэлт илгээсэн. Хэрэв орон нут­гийн өмчид
шилжүүлбэл дүүргийн зүгээс ашиглалт, хамгаалалтыг нь хажууханд нь байрлах “Нарны
зам” хүнсний дэлгүүрийн эзэнд хариуцуулж өгөх саналтай байгаа­гаа хэлэв. Ингэсэн
тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ эсвэл түүнээс илүү цалинг “Нарны зам”
дэлгүүрийн худалдагч, эсвэл манаачид өгч ашиглалт, хамгаа­лал­тыг нь хариуцуулах
гэнэ. Иргэ­дийг нийтийн тээврээр үйлчлүү­лэ­хээр ирэхээс өмнөхөн буудлыг нээж, халаагчийг
нь ажиллуул­чих­даг болохоор өглөөний жавар гадаа ид тачигнаж байхад иргэд дулаан
буудал дотроо ном уншиж, эсвэл утсаараа оролдсон шиг ээ автобусаа хүлээдэг. Автобус
нь ч яг тогтсон цагтаа буюу долоон цаг 20 минутдаа ирж, төд удалгүй буудлаасаа хөдөлнө.
Энэ бол угийн цаг баримтлахдаа маруу, ихэвчлэн үдээс хойш, өмнө эсвэл их л сайндаа
тэдэн цагийн орчимд гэж ерөнхийлөн цаг тохирдог, товлодог манайханд бол шинэ үзэгдэл.
Долоон цаг 20 минут бол яг л долоон цаг 20 минутдаа” гэсэн юм. Гадаа жавар тачигнаж
байхад дулаан буудалдаа нийтийн тэврээ хүлээн зогсох…  Энэ бол гадаадын аль нэг хот биш Улаанбаатарын
алслагдсан нэгэн дүүргийн дүр төрх гэхэд хэн бүхэнд таатай санагдах биз ээ. Цагийн
хуваарийн дагуу иргэддээ үйлчилж буй эсэ­хийг давхар диспетчер нь шалгадаг гэнэ.
Хэрэв нийтийн тээвэр цагтаа үйлчлэхгүй, тасалбар түгээгч зүй бус харьцсан зэрэг
шүүмжлэлтэй асуудал тулгарвал мэдээлэл өгдөг тусгай дугаар хүртэл байдаг аж. Тэр
нь 70214444. Ийнхүү иргэдийн санал гомдлыг хүлээн авч, газар дээр нь арга хэмжээ
авдаг болс­ноор нийтийн тээвэртэй холбоотой асуудлууд цэгцэрсэн болохыг дүүр­­гийн
олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн М.Гэрэлтуяа онцолж байлаа. 

Өнгөрсөн намраас эхлэн дүүр­гийн төвөөс 20-оод
км алслагдсан гуравдугаар хороо буюу Талын толгой, Нугын талаас сурагч болон цэцэрлэгийн
багачуудыг үнэ төл­бөр­гүйгээр тээвэрлэдэг болсон байна. Эндээс 50 гаруй хүүхэд
багачууд сургууль, цэцэрлэгтээ явдаг аж.

 М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Ч.Даваабаяр: МҮОНТ-ийн уран бүтээлчид өөрсдөө шинэчлэлийг хүсч байна

МҮОНТ-ийн за­хир­лын албан тушаалаас хэдхэн хоногийн
өмнө чөлөөлөгдсөн Ч.Да­ваа­баяртай ярилцлаа.

-Та өнгөрсөн жил МҮОНТ-ийн захирлаар томилогдоод
хэр тул­гамдаж байсан бэ?

-Хэвлэлийн салбарт ажиллаад
16 жил болж байна. Миний хувьд шинэ салбар биш. Ялгаа нь, би хувийн хэвшлийн сал­барт
өмнө нь ажилладаг байсан. Эхлүүлсэн, эр­хэл­сэн радио, сонин, сэт­гүүлээ аль алиныг
нь амжилтад хүргэсэн. ETV-ийн захирал нь байлаа. Хувийн хэвшил бол асар их өрсөлдөөн
дунд ор­шин тогтнох эсэхээ шийд­дэг хатуу ертөнц. Ажил эрхэлж байгаа бол бүхий л
мэдлэг чадвараа дайч­лахыг шаарддаг. Тиймээс олон нийтийн статустай, өөрийн гэсэн
хуультай МҮОНТ-ийг удирдах бол­сон нь надаас мэдлэг чадварын зэрэгцээ өндөр үүрэг
хариуцлага нэхэж буйг ухамсарласан. Мэ­дээж залуу хүний хувьд Монгол Улсад төдийгүй,
олон улсад Монголын хэвлэл мэдээллийн нүүр царай болдог байгуул­лагыг удирдана гэдэг
нь миний хувьд хувь тохиол, нэр хүндийн асуудал бай­сан. Би ингэж л энэ ажлыг хүлээж
авсан. Мон­голын ууган телевиз гэх энэ том айлыг өнөөд­рийг хүртэл сайн сайхан авч
явж ирсэн инженер техникийн ажилтнууд, сэтгүүлч, найруулагч, арын албаны ажилтнууд,
нийт уран бүтээлч хамт олноор би ямагт бахарх­даг.

-МҮОНТ-ийн уран бүтээлчид, ерөнхий захирал нь
хүртэл “Бид Ч.Даваабаяраас өмнө шинэч­лэлийн ажлаа эхлүүлчихсэн байсан” гээд HD
форматад шил­жүүлэх ажил өөрсдийнх нь сэдсэн ажил гэж тайлбарласан байна билээ?

-Бодож олоод байх юм байхгүй. Бид нарт дуу дүрснийхээ
чанарыг сайжруулахад шаардлагатай хоёр ажил байсан. Намайг ажлаа авсан өдрөөс л
МҮОНТ-ийн гаралт цацалт муу байна гэдэг гомдол ирсэн. Ийм гомдол маш их ирдэг байсан.
Тий­мээс энэ асуудал дээр бүтэн гурван сар ажилласан. Аймаг, сумдаар явж юунаас
болоод ийм гомдол ирэх болсныг холбогдох газруудын мэр­гэжилтнүүдтэй нь хамтарч
ажиллаж шалгасны үр дүнд судалж тогтоож асуудлыг шийдсэн. Одоо бол муу гарч байна
гэсэн гомдол гарахаа боль­чихсон. Ийм болсон болохоор да­раагийн хийх ажил бол дуу,
дүрсээ сайжруулах. Бусад телевизтэй харь­цуулахад манай дүрсний чанар муу байгаа.
Үүнийг чанаржуулахын тулд миний хувьд HD формат руу шил­жүүлэх ажлыг эхлүүлэх гэж
байсан юм. Ямар ч байгууллага богино болон урт хугацааны төлөвлөгөөний дагуу явдаг.
МҮОНТ 2009-2013 оны дунд хугацааны стратеги төлөв­лөгөөний дагуу тоон технологид
шилжиж дууссан. Гэвч өнөөгийн телевизийн салбарын хөгжил Мон­голд үйл ажиллагаа
явуулж байгаа телевизүүдийн чиг хандлага үзэгч­дийн сонирхол зэргээс авч үзэхэд
HD формат руу шилжих нь үзэгчээ алдахгүй байх 
хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд чухал нөлөөтэй юм. HD формат руу шилжихэд
урд удаан хугацаанд төлөвлөн хийх шаардлагатай боловч технологийн шинэчлэлийг үр
ашиггүйгээр дахин давтан хийх нь оновчгүй байгааг олж харан HD формат руу шилжихийг
яаравчлуулсан. Ингэснээр  тоон технологид
шилжих ажлын төгсгөл хэсэг болох есдүгээр сард ашиглал­тад оруулсан эфирийн тоног
төхөө­рөмж HD форматаар шинэчлэгдсэн. Ер нь бид 
технологийн шинэчлэлийн төлөвлөгөөг шинэчлэхээс гадна үйл ажиллагааны арга
хэлбэрээ шинэч­лэх шаардлагатай болсон нь орчин үеийн медиа салбарын зах зээлийн
шаардлага өрсөлдөөнөөс үзүүлэх нөлөө, үзэгчдийн мэдээлэл олж авах арга, сонирхолд
зориулагдан үнд­сээрээ өөрчлөгдөж report publishing хэлбэрээс mass
communication platform-д хэлбэрт шилжих шаард­лагатай байна.

-Уран бүтээл, нэгдэл нь муу сайн байна уу хамаагүй
төлөв­лөсөн хугацаандаа нэвтрүүлэг  бэлтгэсэн
бол тэр нь шууд гардаг. Үүнээс болж нэвтрүүлгийн чана­рын асуудал яригдах болсон.
Харин та үүнд томоохон өөрчлөлт хийхээр зэхэж байсан байх аа?

-Телевизэд хийх, шинэчлэх ажил их байна. Техник
технологийн ши­нэч­лэлийн зэрэгцээ уран бүтээлийн шинэчлэл хийх цаг болсон. Энэ
үүднээс программд шинэчлэл хий­хээр төлөвлөж байсан. Одоо мөрдөж буй туршлагаар,
уран бүтээлчдийн өгсөн нэвтрүүлгийг л авч программаа баталдаг. Ирэх оны шинэчилсэн
программын бодлогоор уран бү­тээлчдээс юу өгснийг авах биш удирдлага нь бодлогоор
программаа барьж, уран бүтээлчдэдээ захиалга өгч нэвтрүүлгээ хийлгэнэ. Телевиз өөрөө
нэвтрүүлгийн бодлогоо барьж эхэлж байна гэсэн үг л дээ. Нэвт­рүүлгийн ийм шинэчилсэн
бодлогыг тодорхой уран бүтээлчдийн оролцоо дэмжлэгтэйгээр боловсруулсан. Продюссерт
тулгуурласан бодлого ч гэж хэлж болно. Продюссерын сис­тем гэдэг нь өрсөлдөөнөөс
чанарыг олж авах, уран бүтээлчдийн оролцоо үр дүнгээр нь цалинжуулах орчин үеийн
телевизүүдийн бас нэгэн үр ашигтай хувилбар юм.

-МҮОНТ-ийн уран бүтээлчид “Ч.Даваабаяр манай телевизийг
зөвхөн бизнесмэний ухаанаараа явч явах гээд байна. Энэ бол бизнесийн биш олон нийтийн
бай­гууллага шүү” гэж ярихыг сонссон. Гэтэл Монголын томоохон биз­несмэнүүд олон
нийтийн, улсын байгууллага ч ашигтай ажиллах ёстой гэж байр сууриа илэрхийлж байна?

-Олон жил нэг хүний, нэг багийн арга барилаар
явж ирсэн зүйлийг өөрчлөх хэцүү л дээ. Хэцүү байдаг юм гэдэг нь сая харагдлаа. Ганцаа­раа
өөрчлөлтийг хийхгүй юм байна. Нийгмээрээ, олон нийтээрээ өөрч­лөлтийг хийх ёстой
юм байна гэдгийг ойлголоо. Би өөрөө очоод хичнээн сайхан юм хийе, нэвтрүүлье гээд
нэмэргүйг мэдэрлээ. Би бизнесийн салбарт ажилладаг байхдаа талбай бүрийг үр дүнтэй
болгодог туршлага­тай байсан. Үйл ажиллагаа бүр нь өөрөө өөрийнхөө зардлыг нөхдөг,
байгууллагадаа ашигтай байх зарч­мыг хувийн хэвшил баримталдаг. Энэ үүднээс хүмүүсээ
ажлын байранд зөв байрлуулах ёстой. Түүнээс биш МҮОНТ-д нэвтэрсэн, чи энэ алба,
нэгдэлд харьяалагд гээд хуваарил­чихдаг зарчмаар хол явахгүй ээ. Би бүх юмыг нь
үр дүнтэй, энэ байгуул­лагад хэмнэлттэй байгаасай гэж хүссэн, мөнгөний далд урсгалыг
ил болгохыг шаардсан. Хэмнэсэн мөнгө, гарч байгаа үр дүн нь ажилчдынхаа цалинг нэмэгдүүлж,
нийгмийн асууд­лыг шийдчихдэг байх тийм л юм харагдаад байгаа юм. Өнгөрсөн жил энэ
ажлыг авахад миний өмнөх захирлуудад тэрбум дотор л орлогын төлөвлөгөө байсан. Гэтэл
надад энэ онд бараг хоёр тэрбум төгрөгийн орлогын төлөвлөгөө тавьж өгсөн. Гуравдугаар
улирлын байдлаар миний орлогын төлөвлөгөө биелээд л явж байгаа байхгүй юу. Өнгөрсөн
жил гаруйн хугацаанд олон ажил санаачилсан.

-Тэдгээр ажлуудаас товчхон дурдвал болох уу?

-600-гийн студийг автомат сан­дал­тай болгосон.
Намайг очиход уг студи агуулах шиг л болчихсон байсан юм. Нэвтрүүлэг явуулахад хүндрэлтэй
байсан учир зайчилж, чөлөөлсөн. Гаднаас ирсэн бүхий л зочин энэ студид л ирдэг.
Манай нүүр царай л даа. Гэтэл тэр студид урьсан зочдоо модон, төмөр сандал дээр
суулгаад байвал болохгүй шүү дээ. Тиймээс автомат сандлыг санаачил­гаараа авч өгсөн.
Одоо хэрэглээд л явж байна. Хана руу нь шахаад хураачихна. Автоматаар наашаа гараад
ирдэг юм. Гар утасны цэсэнд МҮОНТ-ийг суулгасан. Ингэснээр хүмүүс хаанаас ч хэзээ
манай теле­визийг үздэг болсон.

МҮОНТ анх удаа Цагаан сарын баяраар 24 цагаар
тасралтгүй гурван өдөр эфирээ цацсан. Түүхэндээ анх удаа үндэсний телевиз маань
эфи­рээ 24 цагаар цацсан нь энэ.

Хамт олонтойгоо нийлээд теле­визийнхээ нэгдүгээр
давхарт “Кофе корнер” байгуулсан. Яагаад ийм кафе байгуулсан бэ гэхээр манай уран
бүтээлчид гаднаас ирж байгаа зочдоо өрөөндөө хүлээн авч кофе уудаг байсан. Энэ нь
ажлын цаг ашиглалтад нөлөөлөөд байсан бас зочдоо авчраад өрөө өрөөндөө суугаад байхаар
тухгүй байсан учир би өөрөө санаачлаад кафегаа нээ­сэн юм. Одоо манайхан тэндээ
зо­чид­тойгоо ажил төрлийн яриагаа өрнүүлээд л суудаг болсон. Халуун цай, кофе ууж,
зууш идэнгээ халуун сайхан яриа өрнүүлдэг тийм л газар. Захирал байхдаа уран бүтээлчдэдээ
зориулж хийсэн ажил л даа. 46 жилийн түүхэнд МҮОНТ-ийн үе үеийн уран бүтээлчдийн
хийсэн бүтээлүү­дийг бүгдийг нь Оюуны өмчийн газарт бүртгүүлж, хамгаалсан. Энэ бол
миний захирлаар ажиллаж байхдаа МҮОНТ-д хийж гүйцэтгэсэн үнэ цэнэ­тэй ажлын нэг.
Ганцхан жил ажил­лахдаа уран бүтээлчдийнхээ түүхийг, бүтээлийг баталгаажууллаа.
Энэ бол жилээс жилд улам л үнэ цэнэд орно оо. 1967 онд МҮОНТ эфирээ цацаж эхлэхдээ
наадмыг бүрэн бүрэлдэхүү­нээр шууд дамжуулж байсан түүхтэй. Харин бид өнөө жилийн
наадмаар бүрэн бүрэлдэхүүнээр, 200 гаруй хүн ажилласан. Дөрвөн газраас телемост
хийж, баяр наадмыг шууд дамжуул­сан.

-Хаана хаанаас шууд дам­жууллаа?

-Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын
талбай, 600-гийн их студиэс шууд дамжуулсан. Энд манай ажилчид бүрэн бүрэл­дэхүүнээрээ
ажилласан. Энэ том ажлын ард гарчихаад дараа нь манай гавьяатууд, олон жил ажил­ласан
уран бүтээлчид маань 1967 онд наадмаар ажиллаж байсан сайхан үе санаанд бууж байна.
Одоо л ингэж өөрчлөлт шинэчлэл хийж байна. Багаараа ажиллах ямар гоё юм бэ гэцгээж
байсан.  Баяр наадмын дараа манай телевизийн
рейтинг огцом нэмэгдсэн. Уран бүтээлчдийн маань ч урам зориг сэргэсэн.

Би энд байхдаа нэгэн хэвийн байсан юмыг нь өөрчлөхийг
хичээж, өөрчлөөд л яваад байсан. Сая есдүгээр сарын 27-нд телевизийн баярын өдрөөр
тоон технологийн нээлтэд тууз хайчилж таарсан. Хуу­чин манай нэг, хоёрдугаар суваг
тусдаа эфир явдаг байсан бол сая удирдлагын төв аппарат ашиглалтад орсноор  нэг дор дөрвөн телевизийн эфир явах боломжтой
болж байна. Энэ боломжуудыг ашиглахын тулд дараа жил дахиад хоёр телевизийн суваг
нээе гэж төлөвлөгөөндөө тусгачихсан байсан. Би энэ тухайгаа ерөнхий захиралдаа танилцуулсан.
Мэдээ болон спортоо тусад нь суваг болгоё гэсэн. Ирэх онд дөрвөн сувагтайгаар үйл
ажиллагаагаа явуулъя гэж төлөвлөж байсан.

-Сүүлийн үед МҮОНТ-ийг хувьч­лах, менежментийн
хувьд өөрчлөх асуудал яригдаж байна. Та уг телевизэд өөрчлөлтийг аль хувилбараар
нь хийхийг зорьж байсан бэ?

-Хувьчлалыг би огт дэмжихгүй. Харин бүтцийн өөрчлөлт
хийхийг зуун хувь дэмжиж байгаа. Миний төлөвлөчихсөн том ажлуудыг хий­хийн тулд
заавал бүтцийн шинэчлэл хийх ёстой. Болж өгвөл энэ байгуул­лагыг нэг өдөр татан
буулгаад шууд тушаал гаргаад бүх ажилчдыг нь халж нөхөн олговрыг нь олгоно. Тэгээд
маргааш нь сонгон шалгаруу­лалт явуулаад ажилчдаа сонгох ёстой. Гэхдээ эхний ээлжинд
хуучин байсан ажилчдаа сонгон шалгаруу­лалтад асуудалгүй оруулах ёстой. Бас нэг
хувилбар буюу миний бодож байгаа өөрчлөлтөөр одоо байгаа ажилчдаасаа нэг ч хүнийг
халах­гүйгээр бүтцийн шинэчлэл хийхийн тулд тодорхой хэмжээний шалгуур тавина. Нэгдлийн
дарга бол төдөн жил ажилласан байх ёстой, багаар бодоход магистрийн зэрэгтэй байх
ёстой гэдэг ч юм уу, хэрвээ энэ хүн 2014 онд нэгдлийн даргаар ажиллах юм бол ямар
ямар бодлогын чанар­тай ажлуудад оролцох юм гээд удирд­лагууд нь дунд шатны мене­жерүүдтэйгээ
илүү ойртож ажиллах ёстой байхгүй юу.

Нэгдлийн даргын ур чадвар хэр сайн байна, тэр
хэрээр тухайн кон­тент олон нийтийн телевизээр нэвт­рэх ёстой болно. Миний ганц
тэм­цээд байгаа юм бол дунд шатны менежерүүд маань өөрсдийгөө байнга хөгжүүлж, энэ
зах зээл дээр бэлэн байлгах ёстой. Чадвартай нэгдлийн дарга нартай л байх ёстой.
Хамгийн өндөр шаардлага, хариуц­лага, боловсролтой байх ёстой хүмүүс бол алба, нэгдлийн
дарга нар. Гэтэл энэ дарга нар өөрсдөө телевиз дотор телевиз байгуулчихаад байна.
Дарга нар нь бие биедээ шаардлага тавьж чадахгүй болсон. Ийм боло­хоор ямар юмных
нь мундаг чадвар­тай боловсон хүчин байх вэ. Ин­гэхээр нэгдлийн дарга нар нь манлайлагч
байж чадахаа больчихож байгаа юм. Бид бүх шатандаа манлайлагчдыг бэлтгэх ёстой.
Ингэж байж л МҮОНТ орчин үеийн зах зээл дээр одоо байгаа брэндээ улам илүү гялт­гануулж,
гялалзуулж явна гэсэн үг. Удирдлагын баг нь муу ажиллах юм бол мянган хүчтэй брэнд
байгаад яах юм бэ.

-Ч.Даваабаяр гэдэг хүн МҮОНТ-д үнэхээр их юм хийе,
өөрчилье, шинэчилье гэсэн сэтгэл өвөртлөн ирсэн байжээ гэсэн сэтгэгдэл таны ярианаас
анзаарагдлаа. Их сайхан, гоё ажлууд төлөвлөөд эхлүүлээд явж байхад таныг хамт олны
зарим нь эсэргүүцэж, өргөх бичиг барьж, ажлаас халуулахаар хөдөлж эхлэхэд танд яг
юу бо­догд­сон бэ, хувь хүн талаасаа эмзэглэсэн үү?

-Хувь хүн талаасаа эмзэглэж хүлээж авсан. Харамсалтай
байсан. Гэхдээ нэгэнт л олон хүний гарын үсэг цуглараад намайг хүлээн зөвшөө­рөх­гүй
байгаа бол өөрийн хүсэлтээр ажлаа өгөх нь миний хувьд ёсзүйн асуудал. Хоёрдугаарт
эр зоригийн асуудал. Үндэсний зөвлөлийн зарим гишүүдтэй уулзаад “Би ажлаа өгье.
Хамт олон бүгдээрээ ингэж байгаа бол. Гэхдээ би ийм ийм ажил хийхээр төлөвлөж байсан
юм. Одоо энд ажиллаж байгаа дунд шатны мене­жерүүд болон удирдаж байгаа удирд­лагуудын
арга барил дэндүү хоцрогдсон байна” гэдгийг хэлээд гараад явж байхад “Даваабаярыг
төрхөмд нь буцаая” гэдэг нийтлэл маш олон сайтууд дээр төлбөртэйгээ гарч эхэлсэн.
Тэгэхээр  нь би “Зүгээр байхад яагаад дахин
дахин орол­доод байгаа юм бол оо, би МҮОНТ-ийг яаж хохироож вэ. Би эндээс юу идэж
ууж вэ” гэж бодохоор харин ч эсрэгээр би энэ телевизийн ажлыг явуулахын тулд хувиасаа
хүртэл юм гаргаж байсан. Миний хувиасаа гаргасан юмнуудыг тэр өргөх бичигт жагсаачихсан
байна лээ. Ажилчдаа хоолоор дайлсан, хувийнхаа маши­наар ажлаа хийсэн, хувийнхаа
камерыг өгсөн, ажилчдынхаа хүүх­дүүдэд билет өгч тоглолт үзүүлсэн гээд. Тэнд миний
улсын телевизэд хувиасаа гаргасан юмнуудыг харин ч дутуу биччихсэн байсан шүү. Тэрийг
манай уран бүтээлчид мэдэж байгаа байх аа. Би ажлыг явуулахын тулд хувиасаа гаргаж
байсан болохоос биш ямар нэгэн байдлаар эдийн засгийн давуу зүйл тогтоох гэж энэ
ажлыг хийж ирсэнгүй. Гэвч эргээд тэр нь зарим хүмүүст буруу ойлгогддог юм байна
гэдгийг би хатуу ойлгосон. Тийм учраас би энэ ажлыг явуулахын тулд эрх мэдлийн хүрээнд
болон хувийнхаа юмыг гаргаж ирсэн. Зарим юмыг хувиасаа гаргахгүйгээр ажил явахгүй
тохиолдол байдаг юм. Сэтгэл зүрх байхад, намайг 250 хүн хараад байж байхад хамгийн
өндөр цалин өгч чаддаггүй юмаа гэхэд боломжийн цалин, урамшуулал өгөөд, эмчил­гээнд
нь явуулаад, амраагаад  бүхий л зүйлийг нь
зохицуулах ёстой. Яагаад гэвэл би урьд нь өөр газарт ажиллаж байхдаа мянга гаруй
хүнийг удирдаад л явж байсан. Тэр хүмүү­сийг удирдахдаа зовлон жаргалыг нь хуваалцаад
л ирсэн. Тиймээс өнөө­дөр 250 хүнийг удирдахад ямар ч асуудалгүй. 250 хүнийг удирдаад
сайхан авч явахад надад олгогдсон эрх мэдэл нь хүрэлцээгүй. Шийдвэр гаргаж хүрэлцэхгүй
байсан учраас зарим юмыг нь би хувийнхаа юмнаас хийж явсан минь үнэн шүү дээ. Улсын
ажлыг явуулж байгаа төр засгийн дарга нар маань иймэрхүү жишээ, үлгэр дуурайлал
авч ажиллаасай гэж бодож байгаа. Ирэх жилийн төсөвт машин, компьютер авах төсвийг
тэглэчихсэн байгаа. Ийм нөхцөлд ажлаа яаж явуулах уу гэхээр тэр даргын менежментийн
асуудал яригдана.

-МҮОНТ-тэй холбоотой ярьж байгаа зүйлсээс тань
одоо ч гэсэн хүсэл тэмүүлэл, зорилго мэдрэг­дээд байх шиг санагдаж байна?

-Хүний асуудлыг ярьж байгаа бол тухайн хүнийг
байлгах ёстой. Гэтэл Үндэсний зөвлөл нь уран бүтээлчид­тэй хаалттай уулзсан. Ерөнхий
захирал нь хамт олны асуудал яригдаж байхад Үндэсний зөв­лөлийн хуралд ирээгүй бас
маргааш нь ч гэсэн ажилдаа ирээгүй байж байгаад илбийн юм шиг ажил тарах үеэр тушаал
гаргаад Даваабаярыг ажлаас нь халчихаж байна.

Би хүн шүү дээ. Би МҮОНТ-ээс гарч ч болно. Эргээд
орж ч болно. Гэтэл би МҮОНТ-д өөрийн сэтгэл зүрхээрээ сонгон шалгаруулалтад нь орж,
сэтгэлээрээ энэ телевизийг хөгжүүлэхийн төлөө хувиасаа хүртэл юм гаргаад л ажиллаж
байсан шүү дээ. Энэ л миний сэтгэл зүрхний асуудал. Гэтэл би албаны юмаа албандаа
ашиглаад хувийнхаа юмаа ч албандаа ашиглаж байсан. Ар гэр, эхнэрийнхээ компаниас
татвар нь төлөгдчихсөн асуудалгүй мөнгө, бүтээгдэхүүнийг энэ телевиз рүү оруулж,
машиндаа бензин тосоо хувиасаа хийгээд л явж байсан. Ингэж явахад манай ар гэр,
ком­панийнхан дургүй л байсан байх. Гэхдээ ажлаа явуулахын тулд тэдний дургүй байх
нь хамаагүй, аваад тийшээ оруулж л байсан. Телеви­зийн ажлын үр дүн сайн гаргах
л ёстой. Том зорилгын төлөө тодорхой хэмжээний эрсдэл, зардал гаргаж байж амжилт
ирдэг. Би зардал гаргасан. Эрсдэл нь ч одоо гарч байна. Намайг дэмжиж байгаа олон
хүн манай уран бүтээлчид дунд байгаа. Яаж мэдэрсэн бэ гэхээр халагдах тушаал гарсны
дараа даваа гаригийн нийтийн хуралд ороод “Жил дөрвөн сарын хугацаанд хамтарч ажилласан
хамт олон та бүхэндээ баярлалаа. Намайг дэмжиж байсан хүмүүстээ баярлаж байна” гэж
хэлэхэд миний хажуу талд ерөн­хий захирал, тамгын газрын дарга нар гэсэн хүмүүс
зэрэгцээд сууж байсан. Тэгтэл тэнд байсан уран бүтээлчид намайг дэмжиж нижиг­нэтэл
алга ташиж байгаа байхгүй юу. Тэд шинэчлэлийг хүсч байна. Дунд шатны дарга нарыг
өөрийнхөө хүсэл­тээр ажлаа өгөөд шалгуул гээд байгаа маань дараагийн ирэх дар­гын
хөрс суурийг бэлдэж өгч байгаа юм. Дараа нь ирэх даргад сайхан боломжийг нь олгоод
сайхан ажил­луулаад өгөөсэй гэж хүсч байна. Бас ингээд л нэг өдөр хөөгөөд явуул­чихвал
энэ телевиз хэзээ ч шинэч­лэгдэхгүй, хөгжихгүй.

Алба, нэгдлийн дарга нарыг өөрсдийнхөө хүсэлтээр
ажлаа өгөөд шалгуулаарай гэхэд уран бүтээлчид алга ташсан. Тэр уур амьсгал өнөө­дөр
надад эрч хүч энерги өгч байна. Шинэчлэгдэх цаг нь аль хэдийнэ болчихсон. Хэтэрхий
оройтоод бай­гаа, шинэчлэлийг дотроосоо хүсээд байгаа гэдгээ алга ташилтаараа надад
мэдрүүлсэн.

Ажлаасаа халагдаад явж байгаа хүнийг хэзээ алга
ташиж үдэж бай­лаа. Үлдэж байгаа хүмүүст халагдаад явж байгаа хүнийг дэмжинэ гэдэг
эрсдэлтэй. Тэр бол том эр зориг. Та нартаа баярлалаа гэж дахин хэлье. Хамтарч ажиллахад
сайхан байсан. МҮОНТ миний зүрх сэтгэлд цаашдаа ч байна. Яадаг ч байсан телевизээ
хөгжөөсэй гэж зүтгэсэн. Энэ бодол­доо үнэнч байна, цаашдаа ч.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Орос, Хятадыг холбох таван шугамыг Монголоор дамжуулах боломжтой

-МОНГОЛ-ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛДААНААР ЮУ ЯРИВ-

Монгол-Оросын Зас­гийн газар хоорондын
комиссын хуралдаан жил бүр болдог уламжлалтай. Энэ хуралдаанаар хоёр орны хамтын
ажилла­гаа­ны хүрээнд олон чухал асуудлыг шийдвэрлэж тохиролцдог. Энэ яриа хэлэлцээрүүдийг
хоёр улсын Засгийн газар ажил хэрэг болгодог уч­раас ихээхэн ач холбог­долтой байдаг.
Тэгвэл энэ удаа 17 дугаар хурал­даан ОХУ-ын нийслэл Москва хотод болсон юм.

Монгол талын комис­сыг Шадар сайд Д.Тэр­бишдагва ахалж явсан
бол багт нь Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган,
Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн яам болон Зам тээврийн
яам гээд манай гол яамны нөхдүүд багт­сан байлаа. Тэд Москвад очсон даруйдаа тус
тусын ажлын хэсгийнхээ шуга­маар хэлэлцээрүүдээ хий­сэн юм. Нээлттэй бус энэхүү
хэлэлцээрүүд ам­жилттай болж, олон жи­лийн турш хуримтлагдаж, гацаж ирсэн асуудлуудыг
шийдэж чадсан гэдэг су­раг сонсогдохоос цааш­гүй байлаа.

Тиймээс ч энэ хооронд  хүмүү­сийн дунд амнаас ам дамжсан дам ярианууд
хөвөрсөөр байсан билээ. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монголд хандах ханд­лага
таагүй болчихсон. Монголоос ирсэн хэнийг ч хүлээн авахыг хүсдэггүй. Ийм байдалд
хүргэсэн хүн нь Ерөнхий сайд асан С.Баяр юм гэнэ лээ. Тэр ОХУ-д Монгол Улсыг төлөөлж
Элчин сайдаар суух хугацаандаа их өрийн асуу­дал дээр Ерөнхий сайд байсан М.Касяновтой
хуйвалдсан учраас В.Путин дургүй болсон. Влади­востокт болсон нэгэн хурал дээр Оросын
төрийн тэргүүн “Монголын нөгөө юүлэгч нөхөр чинь хэн билээ” гэж хэлж ч байсан удаатай.
Тэр нь С.Баяр гэх мэтийн явган яриа тэнд байна. Монголын талаар таагүй сэтгэгдэл
төрүүлдэг  дараагийн нэг асуудал нь УБТЗ.
Энэ хамтарсан компанийн Монголын эзэмшлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх манайх­ны хүсэлтийг
оросууд хүлээж ав­даг­гүй. Дээрээс нь энэхүү ком­панийг шинэчилье, зөрлөг замтай
болгоё, дохиололжуулъя гэх мэт­чилэнгийн асуудлууд дээр өнөөд­рийг хүртэл хоёр улс
тохиролцож чадаагүй.  Гацаа үүсгэж байгаа
тал нь Монгол гэж оросууд хардаг учраас таагүй хандлагатай болсон ч гэх.

Өөр нэг зүйл нь мэдээж Асгатын мөнгөний
орд. Монгол Улсын стратегийн гэх тодотголтой 15-ын нэгд тооцогддог энэхүү орд нь  Монголын баруун-хойд хэсэгт ОХУ-ын Горный-Алтай
муж ба Тува Улстай хил залгаа Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт оршдог
гэж байгаа. Ордыг 1970-аад онд нээснээс хойш өнөөг хүртэл ашиглаагүй байгаа юм.
10 мянга орчим тонн хүдэр, 3400 орчим тонн мөнгөний нөөцтэй гэдгийг нь геоло­гичид
тогтоосон байдаг юм билээ. 

Мөнгөнөөс гадна олон төрлийн ашигт
малтмалын тодорхой нөөц­тэй энэ ордыг Монгол Улс дангаа­раа эдийн засгийн эргэлтэд
оруу­лах эрхгүй гэж оросууд үздэг. Учир нь ордын тусгай зөвшөөрөл Мон­гол, Оросын
хамтарсан  компани болох “Монголросцветмет” нэгд­лийн мэдэлд байдаг.  Гэвч энэхүү тусгай зөвшөөрлийг Монгол төр мэдэлдээ
авах саналыг оросуудад тавьдаг ч бүтдэггүй. Ийм л шалт­гаанаар Асгатын мөнгөний
орд тойрсон үл ойлголцол хоёр орны харилцааг тиймхэн болгоход нөлөөлсөн ч гэх.

Ямартай ч хоёр улсын Засгийн газар
хоорондын комисс жил бол­гон энэ л улиг болсон асуудлуудыг хэлэлцээд байгаа учраас  эдгээр зүйлүүд дээр тохиролцож чад­даггүй гэдгийнх
нь баталгаа болох биз. Харин өнгөрсөн сарын 27-нд болсон Засгийн газар хоорондын
комиссын нэгдсэн хуралдаанаар олон жилийн турш шийдэгдэлгүй хуримтлагдсан асуудлуудад
ахиц гаргаж, зөвшилцөж чадлаа гэдгийг манайхан онцолж байсан юм. Мэдээж энэхүү хурал
дээр оросууд “Та нар ингээд жил болгон уул­захдаа өчнөөн зүйлүүд дээр тохироо хийгээд
явдаг мөртлөө ярьсан хэлснээсээ ерөөсөө ажил хэрэг болгодоггүй шүү. Манай улс руу
мах гаргана  гэж гэрээ хийчи­хээд махаа дутуу
нийлүүлсэн шүү” гэх мэтийн гомдлоо тавьж байлаа. Үнэхээр ч өнгөрсөн жил хийсэн хуралдаанаар
хоёр тал нийт 52 асуудал дээр тохиролцоод гарын үсэг зурсан юм байна. Гэтэл жилийн
дараа эргээд уулзтал ердөө 16-г нь манайхан ажил болгосон. Үлдсэн зүйлүүд нь хэрэг­жих
шатандаа яваа нь оросуудыг гонсойлгож, ийм гомдол хэлэхэд хүргэсэн бололтой. Хэдий
ийм ч сая болсон хуралдаанаар хоёр тал Асгатын мөнгөний орд дээр хам­тарсан үйлдвэр
байгуулахаар тохиролцлоо.  Энэ үйлдвэрээ биз­не­сийнх
нь зарчмаар ажиллуулъя, манай Төрийн өмчийн хорооны оролцоог хязгаарлаж, аль аль
талаасаа төрийн өмчит компани байгуулан ажиллахаар болсон байна.  Хэн хэнийхээ эзэмших хувь хэмжээ, хөрөнгө оруулалтын
талаар компаниудаа байгуулсан үедээ ярьж хэлэлцэхээр болжээ.

Дараагийн нэг шийдсэн асуу­дал нь
ОХУ, БНХАУ-ыг холбох  төмөр зам, авто зам,
нефтийн болон газын хоолой, эрчим хүчний шугамыг Монголын нутгаар тавьж өгөөч гэдэг
манай саналыг оросууд нааштай хүлээж авсан явдал бай­лаа. Өмнө нь Хятадад болсон
Засгийн газар хоорондын хурал­даанаар ч манай улс энэ саналыг тавьж зарчмын хувьд
дэмжүүлсэн. Энэ удаад Оросын талаас ийнхүү дэмжлэг авсан нь томоохон дэв­шил гэдгийг
Шадар сайд онцолж байсан юм.

Газрын тосны салбарт ч саяын хуралдаанаар
дэвшил гарсан. Тухайлбал, ОХУ-аас нэг сая 
тонн хүртэлх газрын тос худалдан авах, мөн түүхий газрын тосны худалдаа хийх
саналыг манай талаас тавь­сан. Түүнийг нь оросууд боломжтой гэж үзсэн. Ингэхдээ
манайд газрын тос нийлүүлэгч Роснефтийн хувьд дэлхийн зах зээлд мөрдөгдөж байгаа
суурь үнээр наймаа хийнэ гэдгээ амласан байна. Тэгэхээр өнөөдөр манайд тогтвортой
байгаа газрын тосны үнэ цаашид ч хэлбэлзэхгүй байх боломжтой гэсэн үг. 

Харин уул уурхай геологийн салбарт
хоёр улс харилцан мэдээлэл солилцохоор тохирсон юм. Учир юу гэвэл хуучин ЗХУ, БНМАУ-ын
үед хийгдэж байсан геологи хайгуул, судалгааны мате­риалууд өнөөдөр ОХУ-д хадгалаг­даж
байдаг юм байна. Үүнд Мон­голын талын хөрөнгөөр хийгдсэн ажлууд ч бий. Гэвч энэ
материа­луудыг манай улс өөрөө авч ашиг­лах боломжгүй байсаар өнөөдрийг хүрчээ.
Сая болсон хуралдаанаар эдгээр материалуудыг хоёр улсын дундын өмч байлгах, манайх
хүссэн үедээ авч ашиглах тал дээр тохиролцсон байна. Дээрээс нь олон жил дуншсан
Асгатын мөн­гөний орд дээр зөвшилцсөнийг дээр дурдсан.

Хоёр улсын Засгийн газар хоорондын
комиссын шийдсэн өөр нэг асуудал УБТЗ.  Энэхүү
хамтар­сан үйлдвэрийн дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлье.  Энэ мөнгөөр Улаанбаатар төмөр замыг шинэчилж,
дохиолол хол­боог сайжруулж, төмөр замын өртөөнүүдий өргөжүүлэх юм бай­на. Мөн стратегийн
хоёр замтай болгох төлөвлөгөөг гаргаж,  ТЭЗҮ-г
нь  2014 оны эхний хагаст багтаан боловсруулахаар
тохиролцлоо. 

ОХУ, БНАХАУ-ын тээврийн сайд нартай
энэ сарын 18-нд Улаанбаатар хотод уулзаж, БНХАУ-аас Монголоор дамжин Орос руу явах,
тэндээсээ буцаад Монголоор дамжин Хятад руу явах транзит төмөр замын асуудлыг ярихаар
тохирчээ. УБТЗ-ын гэрээг шинэчилж, Монголын эзэмших хувийг 51 болгох саналаа сая
манайхан Оросын талд дахиад л тавьсан байна. Чухам оросууд яаж шийдэх нь тодорхойгүй
байгаа бололтой.

Дээрээс нь авто зам, эрчим хүчний
асуудлаар нэлээд дэвшил гарч байна. Энэ бол таван шугам­наас гадна оюутнуудынхаа
тоог цөөрүүлэхгүй байх асуудлыг тави­лаа. Шинжлэх ухаан техникийн салбарт хамтарч
ажиллахаар тохир­лоо. Халх голын 75 жилийн ойг ирэх жил хамтран тэмдэглэх боломж
байна. Өндөр дээд хэмжээ­ний зочдыг урина. Урьд өмнө­хөөсөө илүү ажил хэрэгч тодорхой
асуудлууд дээр тохирч чадлаа.

Байгаль орчны салбарт  Монголын талаас Онон Балжийн тусгай хамгаалалттай
газрыг Оросын Сухомлинтэй  нийлүүлж, хоёр
улсын дархан цаазтай газар байгуулахаар боллоо. Ингэснээрээ Амар мөрний эхийг хамгаалах
үүргийг монголчууд гүйцэтгэх гэнэ. Оросын зүгээс орж ирдэг түймрийг багасгах болон
малын хулгайг зогсоох асуудал дээр оросууд дэмжлэг үзүүлж, хамтарч ажилла­хаар боллоо.
Ойн салбарын хамтын ажиллагааг сэргээж, оросуудын Сибирийн ойгоо хортон шавьжаас
салгасан туршлагыг ч нэвтрүүлэхээр болсон юм. 
Эрчим хүчний салбарт ОХУ-аас авдаг цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэхээр
тохиролцлоо.  Эрчим хүчний шинэ эх үүсвэр
бий болгох тал дээр оросуудтай хамт­рах, ОХУ-д энэ салбарын мэргэ­жилтнүүдийг бэлтгэх
зэрэг зүй­лүүдийг ярьж зөвшилцсөн байна. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах
монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх бодлого барьж бай­гаа­гаа ч манайхан танилцуулжээ.

Мэдээж манай хоёр улсын худалдаа,
эдийн засгийн чиглэ­лээр хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хүссэн хэмжээнд яваагүй.  Монголоос Орос руу гаргадаг бараа бүтээгдэхүүн
нефтийг эс тооцвол бараг үгүй болсон гэхэд болно. Оросоос оруулж ирдэг бараа бүтээгдэхүүн
хомсдсон нь ойлгомжтой. Энэ нь статистик үзүүлэлтээр ч тодорхой харагдаж байгаа
юм. Тиймээс худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах хэлэлцээрүүд ч энэ
үеэр яригдсан. Хамтарсан үйлд­вэрүүдийн үр өгөөжийг нэмэг­дүүлж, аль алиных нь төрийн
оролцоог хязгаарлаж, бизнес агуул­гаар нь 
ажиллуулах сонир­холтой байгаагаа оросууд илэр­хийлсэн байна. Эдгээр яригдсан
зүйлүүдийг ажил хэрэг болгохоор хоёр тал тохиролцож, гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулсан
юм.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ