Categories
редакцийн-нийтлэл

Д.Дамба: Иргэний хөдөлгөөнүүдийг уул уурхай руу турхирах заалт оруулах гээд байна

Монголын Уул уурхайн үндэс­ний ассоциацийн ерөнхий­лөгч
Д.Дамбатай ярилцлаа.

-Саяхан болсон “Том төрөөс ухаалаг төр рүү” форумын
үеэр Ерөнхийлөгч “Энэ нийгэмд хам­гийн их зовж байгаа хүмүүс бол бизнесийнхэн” гэж
хэлсэн.  Уул уурхайнханд илүү хамаатай үг
юм болов уу гэсэн бодол төрж байлаа?

-Ийм цаг ирэх болов уу гэж бодож байсан шүү, ашгүй
тэр цаг нь  ирчих шиг боллоо.  “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн Ерөнхийлөгчийн
санааг уул уурхайн салбарынхан хоёр гараа өргөн дэмжиж байгаа. Эдийн засагт үзүүлж
буй нөлөөг нь харсан ч тэр,  хөрөнгө оруулалт
буурлаа, төрийн тийм шийдвэрээс болж том төслүүд зогслоо гэсэн мэдээллүүдийг анзаар­сан
ч тэр уул уурхайнхан үнэхээр  дарамтад байгаа
том хэсэг. Монгол Улс зөв зам руугаа  эргэх
гээд байгаа юм биш үү гэсэн итгэл төрж байна. 
Төрийн тэргүүн нь ингэж үзэж байхад бусад нь эрхбиш  дагах байх гэж найдаж байгаа. Гэхдээ ажиллагаа
хэрэгтэй. Социализмаас угшилтай, салдаггүй нэг там байна. Төрд ажил­лаад хэдэн жил
болчихсон залуусаас  хүн дарамталж амьдраад
сурчихсан улсуудад байдаг авир салж өгөхгүй байна шүү.

-Юм л бол дарамтлах маягаар харьцах гээд байдаг
гэж биз­несийнхэн их ярьдаг л даа.  Та жишээ
нь хамгийн сүүлд энэ хандлагыг хаана, ямар арга хэм­жээн дээр мэдэрсэн бэ?

-Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн сүүлд болсон
хурал дээр. Би тэр зөвлөлийн гишүүн  байгаа
юм. Тэр хурал дээр “МАК” нүүрснээс бензин гаргах сайхан ТЭЗҮ оруулж ирсэн. Бас
“Энержи ресурс” баруун Нарангийнхаа ордын үлдсэн хэсэг дээр нь хайгуулаа дуусгаад
ашиглал­тын лицензээ авах гэж  ТЭЗҮ боловс­руулаад  орж ирсэн. Энэ хоёр асууд­лыг хэлэлцэх үеэр гэхэд
л  хэрэгтэй, хэрэггүй юм яриад, болж л өгвөл
буцаачих санаатай үзээд байх жи­шээтэй. Үг үсгийн алдаанаас эхлээд бага сага юм
байх. Тэрнээс нь өлгөж аваад өөлөөд эхэлж байгаа юм. Мэдэж байгаа мөртлөө  мэдэхгүй байгаа юм шиг мушгиж асуугаад л. Тэгэхээр
нь   би тэсэлгүй үг хэлсэн л дээ. “Та нар
боль л доо. Төрийн тэргүүнээсээ эхлээд том төрөөс болиод ухаалаг төр рүү шилжье
гээд байхад  том, тэнэг төртэйгөө үлдэх гээд
зүтгээд байх юм. Хувийн хэвш­лийнхэн мөнгөө гаргаад ийм сайхан юм хийе гээд байхад
аахар шаахар шалтаг хайгаад зогсоох хэнд ашиг­тай юм бэ.  Та нар ийм сайхан залуус, төрд өчнөөн жил ажиллана.
Жаахан өөр хандлагатай болохгүй бол хөг­жихөд хэцүү дээ” гэх маягийн юм хэлсэн чинь
харин их зөв хүлээж авсан. Ганц Эрдэс баялгийн зөвлөл биш, ер нь иймэрхүү хандлага
төрд байгаад л байна.  “Таны шүүмжилсэн юмыг
засаад ирлээ” гээд очихоор наад зах нь өдрийн хоолонд даалгах гэж үзнэ. Цаашаа явбал
нэлээд юм болдог  байх.

-Ингэхэд Эрдэс баялгийн зөв­лөлд хувийн компанийн  төлөөлөл байдаг уу?

Хувийн компанийн
төлөөлөл огт байхгүй. Төрийн бус байгууллага, 
мэргэжлийн холбоодоос бол  бий. Таван
хүнээс бусад нь яамны мэр­гэжил­тэн, хэлтсийн дарга, АМГ-ын төлөөлөл гээд дандаа
төрийн ажилт­нууд. Ерөөсөө нийт гишүүдийн 
20 хувь нь  л төрийн бус төлөөлөл байх.

-Ер нь ТЭЗҮ дээр хүлээж авна, авахгүй гэсэн асуудал
байнга гарч байдаг. Зөвлөлийн гишүүдийн хандлагаас гадна төртэй хамаа­тай өөр шалтгаан
байна уу?

-Байлгүй яахав. Төртэй холбож ярих олон зүйл бий.
Жишээ нь Ашигт малтмалын хуулинд ямар өөрчлөлт орох нь тодорхойгүй, Эрдэс баялгийн
салбарт төрөөс баримтлах бодлого батлагдаагүй байна. Уг нь 1997 оны Ашигт малтмалын
хууль их либериал болсон. Гэтэл  2006 онд
өөрчлөхдөө сонин болгочихсон. Дээр нь Цөмийн энергийн гээд нэг хууль гаргачихаж
байгаа юм. Энэ хуулиуд нь хоорон­доо авцалдаа муутай. Тэрнээс бо­лоод компаниудын
ТЭЗҮ, тусгай зөвшөөрөл зэрэгт  асуудал их
гардаг.

-Хуулиуд авцалдаа муутай нь ТЭЗҮ  хүлээж авахад саад болдог гэхээр…?

-Өөр өөр, бие биеэ үгүйсгэсэн заалт их байдаг
юм. Компаниудын ТЭЗҮ-ийг хүлээж авахад саад болж байгаа шалтгааны нэг нь энэ. Жишээ
нь Ашигт малтмалын тусгай зөв­шөөрөл авах юм бол ТЭЗҮ бүртгэж авна гээд заачихсан.
ТЭЗҮ-гээ хүр­гүүлнэ, бүртгэж авна гэсэн зохицуу­лалт хийж өгсөн. Гэсэн хэр нь баталж
байгаа юм шиг асуудалд хандаад байдаг. Төр хариуцлага хүлээх гээд байгаа ч юм шиг.  Уг нь хувийн компанийн юманд төрийн ажилтан хариуцлага
хүлээх ямар ч шаардлага байхгүй. Хохирлоо гэхэд мөнгөө гаргаж юм хийсэн улс л хохирно.
Ийм юманд зүгээр л нэг улсын үйлдвэрийн газартай харьцдаг аргаараа хандаад байна
л даа.

-Төрөөс болоод гацсан, Мон­голд  ашгаа өгөх байсан ч зогссон уул уурхайн том төсөл
гэвэл та ямар төслүүдийг онцлох вэ?

-Ашгаа өгөхөөр том ордуудын ТЭЗҮ хүлээгдсэн жишээ
гэвэл олон. Уран байна. Стратегид авна гэдэг зарчмаараа бариад саатуулаад байх жишээний.
Ураны зарим ордын ТЭЗҮ одоо болтол шийдэгдэхгүй 
явж байгаа. Бороогийн алтны уурхайн уусган баяжуулах технологийг гэхэд аль
гурван жилийн өмнөөс ярьж батлахгүй явсаар байгаад өнгөрсөн жил л зөвшөөрсөн. Дэлхийн
хөгжил­тэй орнуудад хэрэглэдэг технологийг хортой гэж хардаад хоёр жил ав­чихаж
байгаа юм.

-Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг
УИХ хэлэл­цэж байгаа. Чуулганы хуралдаа­ныг анзаарч байхад  хууль тогтоог­чид эдийн засгийг чирч явах сал­бартаа
барих бодлого дээр арай л хайхрамжгүй хандаад байх шиг?

-УИХ үнэн дампуу газар байна лээ. Сууж байгаа
гишүүд өөрийнхөө кнопыг дарахаас гадна  хажуу­гийнхаа
гишүүний тов­чийг дарчихаж байгаа юм. Чуулганы танхимд сууж байгаа гишүүн хоёроос
доошгүй гишүүний өмнөөс санал өгөөд байна шүү дээ.

-Хуулийн төсөл дээр сууж байгаа ажлын хэсэгт төрийн
бус­чуудыг төлөөлсөн   хоёр хүний нэг нь та.
Ер нь ажлын хэсэг хэр ажиллаж байна вэ?

-Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын
баримт бичиг дээр ажлын хэсэг  маш их ажилласан.
Тэр дундаа ажлын хэсгийн ахлагч  С.Одонтуяа
гишүүн сэтгэл гаргаж, гайгүйхэн баримт бичиг батлуулчих юмсан гэж цаг наргүй ажиллаж
байгаа.

-Тэгвэл 
УИХ-ын гишүүд чухал асуудал хэлэлцэж байгаа гэдгээ ойлгоод хандчихад л болох
юм байна. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын хэ­лэл­цүүлэг дээр гишүүд
яг ямар заалтуудад нь  буруу товчлуур дарчихав
аа?

-Нэг аюултай заалт орж магадгүй байгаа. “Уул уурхайн
үйл ажил­лагаанаас болж байгаль орчинд учирсан хохирлыг төрийн бус бай­гуул­лагаас
нэхэмжилж улсын болон орон нутгийн төсөвт оруулсан то­хиол­долд үнийн дүнгийн тодорхой
хувиар тухайн байгууллагыг урамшуулна” гэсэн заалтыг Оюунбаатар гишүүн оруулаад
ирж байгаа юм. Иргэний нийгмийн байгууллагын нөхдийг уул уурхайн эсрэг турхирах
заалтыг оруулаад   өгчихсөн гэсэн үг.  Төрийн бус байгууллага ашгийн бус байдаг, гэтэл  энэ заалтаар бол төрийн бус байгууллага мөнгөний
төлөө явах болчихож байна. Энэ заалт тавь, тавин хувьтай байгаа. Дэмжигдэж ч магадгүй
гэсэн үг. Гэхдээ хоёр дахь хэлэлцүүлгээр дахиж орж ирнэ. Хэрвээ энэ заалтыг тусгачихвал
уул уурхайн салбарынхны  ажлыг хийлгэхгүй.  Дурын  нэг
хүн төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөн байгуулчихаад уул уурхайнхнаар оролдоод
байх нь л дээ. Төрөөс уул уурхайнхныг дарамталлаа гээд мөнгө өгдөггүй байхад ийм
байгаа юм чинь мөнгө өгнө гэчихвэл   яах нь
тодорхой.   

-Чуулганы хэлэлцүүлгээс ан­заа­рахад лав л гүний
усыг уул уурхайд хязгаарлалттай биш, яаж ч ашиглаж болохоор байдал үүс­чихээд байгаа.
Өөр ямар аюултай заалтан дээр гишүүд толгой до­хисон бол?

-“Эрдэс баялгийн олборлох бо­ловсруулах үйлдвэрлэлд
газрын гүний усыг хэмнэлттэй болон дахин ашиглах орчин үеийн дэвшилтэт технологийг
дэмжиж газрын гадар­гын усыг түлхүү ашиглах” гэсэн заалт орсон байсан юм. Харамсалтай
нь энэ заалт санал хураалтаар унасан. Тэгэхээр эрдэс баялгийн салбарын бодлогод
гүний ус, гадаргын ус гэсэн үг байхгүй болчихож байгаа юм. Гүний ус хэрэглэх боломж  нээлттэй үлдсэн гэсэн үг. Гишүүдийн унагасан өөр
нэг хэрэгтэй заалт бий. “Өөрийн үйлдвэрлэл болон нийтэд зориулж дэд бүтцийг өөрийн
хөрөн­гөөр барьж байгуулсан тусгай зөв­шөөрөл эзэмшигчийг татварын бодлогоор дэмжих”
гэсэн заалт  унасан. Уурхай суманд сургууль
барьж өгөхөд яагаад татварын бод­логоор дэмжиж болохгүй гэж. Уг нь хөдөө орон нутгаа
хөгжүүлье, ком­паниудаар сургууль, цэцэрлэг ба­риулъя  гэж бодвол энэ заалт их зүгээр байсан юм.

-Бизнес дэх төрийн оролцоо, дарамтыг багасгах
чигийн заал­тууд эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогод хэр туссан бэ?

-Тийм чигийн маш сайн заал­туудыг унагаад байна  л  даа.
“Төрийн өмчийн аж ахуйн нэгжийг нээлттэй хувьцаат компани болгож өөрчлөх үйл ажиллагааг
үе шаттайгаар хэрэг­жүүлэх, нийтийн өмчтэй болгох” гэсэн заалтыг унагасан. Уг нь
энэ заалт орчихвол яваандаа төрийн өмчит аж ахуйн нэгжээс татгалзах бодлого барих
байсан юм. Өөр нэг гоё заал­тыг унагасан. “Төрийн байгууллага хөрөнгө оруулагч,
мэргэжлийн хол­боод болон иргэний нийгмийн бай­гууллагын төлөөллийн тэгш байдлыг
хангасан бие даасан бодлогын зөвлөл байгуулж, хамтын шийдвэр гаргах тогтолцоонд
шилжих” гэсэн заалт унасан. Уг нь энэ баримт бичгийн амин сүнс байхаар өгүүлбэр.
Хэн дуртай нь хууль санаачилж оруулж ирээд 
энэ салбарыг алаад байдгийг болиулах гэсэн агуулгаар орсон заалт. Уул уурхайн
чигийн ямар ч хууль тогтоомжийг Бодлогын зөвлөл гэдэг юмаар заавал хэлэлцэх ёстой,
тэгж байж УИХ, Засгийн газарт оруулъя гэсэн санаа байсан юм. Нэг  чухал заалтыг балай болгоод хая­чихсан. “Төрийн
оролцоог бүртгэл, зөвшөөрөл, хяналтын түвшинд ча­давхижуулж ашигт малтмал эрэх,
хайх, олборлох үйл ажиллагааг хязгаарлах” гэсэн заалтыг бас уна­гасан. Төрийн оролцоог
байлгах сонирхол их байгаагийн л илрэл.

-Төрөөс гэнэт гэнэтхэн хууль, тогтоол гаргаад
байсны уршгаар уул уурхайн салбар унасан гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй. Яг ийм
шалтгаанаар хөрөнгөө оруул­сан хүмүүс хохирсон жишээ олон байх шүү?

-Газрын ховор элементийн хай­гуул дээр хөрөнгө
оруулагчид өчнөөн мөнгө зарсан. Гэтэл өнгөрсөн есдүгээр сард Уул уурхайн яамнаас
долоон ордыг стратегид оруулах санаачилга гаргахдаа  газрын ховор элементийн дөрвөн ордыг оруул­чихсан.
Дөрвүүлээ хувийн хэвшлийн эзэмшилд байгаа. Дорноговийн Хатанбулагт орших Лугийн
голын орд  гэхэд л Канадын Рио гэдэг компанийн
мэдэлд байдаг. Энэ компани хай­гуулд их мөнгө зарсан. Ашиглахад бэлэн болчихсон
шахуу, боломжийн нөөцтэй орд. Гэтэл стратегид оруулах яриа гарснаас хойш үйл ажиллагаа
нь таг  зогсчихсон. Мушгиа худгийн орд байна.
“Монгол газар”-т лиценз нь бий. Мянганбаяр санаа нь зовчих­сон явж байна лээ. Их
мөнгө зарсан болохоор арга ч үгүй байх. Ховдын Халзан бүргэдэйн ордын ажил мөн л
зогссон. Монгол компани лицензийг нь эзэмшдэг орд байгаа юм.

-Стратегид уул уурхайн ордуу­даас нэмж оруулна
гэсэн төслийг салбарынх нь яамнаас санаачилж өргөн барьснаас хойш  зогссон том төслийн нэг нь “Хөшөөт”. Ингэхэд Хөшөөт
юу болж байгаа вэ?

-Уурхайгаа ашиглалтад оруула­хаас өмнө замаа тавьж,
баяжуулах үйлдвэрээ барьж, ажлаа яг эхлэх гэж байсан төслийг зогсоочихсон л доо.
Одоо уурхай нь зогссон, аймгийн төвөө нүүрсээр хангаж чадахаа байчихаад байгаа.
Увсын Хотгорын уурхайгаас Ховд аймагт татаж авчрах мөнгийг нь уурхай өгч байна.
Их хэмжээний хөрөнгө оруулаад яахаа мэдэхээ байчихаад байгаа хөрөнгө оруулагчид
мөнгөө гаргаад энэ асуудлыг шийдэж байна гээд бод доо. “Мо Эн Ко”-гийн Хонконгийн
Хөрөнгийн бирж дээрх хувьцааны  ханш навс
унасан.  Төр булаагаад авангуут ингэх нь тодорхой.
Страте­гид оруулна гэсэн бүх ордын үйл  ажиллагаа
зогсчихоод байна. 

-Стратегид оруулахаар нэр­лэсэн ордуудын хөрөнгө
оруу­лагч­даас  “Бороо гоулд” л страте­гид
орно гээд байгаа байх аа?

-“Бороо гоулд”-ын хувьд хүсээгүй жирэмслэлт гэдэг
шиг юм болоод байгаа. Гачууртын ордоо ашиглах гэхээр урт нэртэй хуульд орчихсон.
Урт нэртэй хуулинд нэг  тэнэг заалт бий.
“Стратегийн орд энэ хуульд хамаарахгүй” гэсэн заалт. Страте­гийн орд бол ой усанд
нөлөөлсөн ч болох нь л дээ. Ийм шалтгаанаар л стратегид сайн дураараа орох гээд
байгаа юм.

-Хөрөнгө оруулалт эргээд нэ­мэг­дэхэд хугацаа
шаардана гэж яриад байгаа. Таныхаар гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд төр
одоо  яах ёстой вэ?

-Яг одоо бол томоохон төсөлтэй компаниуд үйлдвэрлэлээ
байгуулах ч юмуу, гадаадын зах зээл дээр IPO хийх асуудал таг зогсоод байна. Гайгүй
болоод  гараад ирэхээр  төр нь булааж авах гээд байгаа учраас аргагүй
л дээ. Өнөөдрийн тухайд бүх хүн айгаад хөдлөхөө больсон. Хө­рөнгө оруулагчдын хувьд
Эрдэс баялгийн салбарт төрөөс  баримтлах бодлогоо
эхлээд батлаг, дараа нь Ашигт малтмалын хуульдаа ямар өөрчлөлт оруулахыг харъя,
урт нэртэй хуулиа яах нь вэ, тэгж байж болъё гэж байна. 

-“Том төрөөс ухаалаг төр рүү” форум дээр Ерөнхийлөгчийн
хэл­сэн үгийг  бизнесмэнүүд олзуур­хаж хүлээж
авсан. Ерөнхийлөг­чийн үгнээс аль хэсэг нь танд илүү таалагдсан бэ?

-Ер нь хэлсэн үг бүр нь таалагд­сан. Тэр дундаа
“Төр хувь эзэмших хэрэггүй гэдгийг Оюу толгойн 34 хувь орой руу  ортол ойлгууллаа”  гэсэн үг нь илүү таалагдсан. Үүнээс өөрөөр юу
гэж хэлэхэв. Төр хувь эзэмшдэг, стратегийн орд гэдэг нэрээр хувийн хөрөнгийг булааж
авдаг юмыг болих цаг болсон. Төрийн тэргүүн тодорхой хуулиуд гаргаж бизнесийнхний
санаа оноог сонсъё гэж байгаа.  Уул уурхайнхны
хувьд ч санал хэлэх хуулиуд бий. Шилэн дансны хууль, төрийн аж ахуй үйл ажиллагааны
хязгаарлалт дээр саналаа өгнө. Төс­вийн хөрөнгө оруулалтын, Төрийн бараа үйлчилгээ
худалдан авалтын тухай хуулиуд дээр ч саналаа хэлэх боломжтой гэж харж байна. Төрийн оролцоог багасгасан, хүнд суртлыг арилгах чигийн хуулиудыг боловс­руулж
Ерөнхийлөгчид хандъя гэж бодож байна. Ашигт малтмалын хуулинд байгаа болохгүй заалтууд,
төрийн оролцоог багасгахад орол­цох боломжийг бидэнд нээж өглөө гэж олзуурхаж байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Монгол хүнийг эх оронд нь хажиглана гэдгээ ил тод зарлагч Б.Пүрэвдоржийг огцруулах хэрэгтэй

Гадаадын иргэн харьяа­тын асуудал эрхлэх газрын
дарга Б.Пүрэвдорж саяхан телевизэд ярилцлага өгөх­дөө монголчуудыг хажиг­ла­на,
ад үзнэ гэдгээ олон ний­тэд ил тод зарлалаа. Ад үзэх­дээ бас хүнд суртал гаргана  гэлээ. Тэрээр өөрийнхөө удирд­даг байгууллагыг  “Мон­гол Улсын үндсэний аюулгүй байдлыг хангадаг
байгуулла­гын нэг” гэж тодорхойлж хэл­сэн. Гэтэл үндэсний аюулгүй байдалдаа халдахаар
үг хэл­чих­лээ. Мөн төрийн албан хаагчдыг хүнд сурталгүй бол­гох гэж яриад байгаа
энэ үед “Би хүнд сурталтай” гэдгээ бас зарлав. Тэрээр гурван зүйлд хүнд суртал гаргана
гэж маасайтал инээж байгаад хэнэг ч үгүй хэлнэ лээ.

Эхнийх нь манайд ирээд ажиллаж байгаа гадныханд
хүнд суртал гаргах нь.  Хоёр дахь нь 1990
онд эдийн засаг хүнд байхад гадаадад гарч явчихаад одоо эдийн засаг сайжраад, нийгмийн
халамж өгдөг олсон цагт Монгол эх орон минь гэж ирж байгаа тэр хүмүүст иргэншлээ
сэргээхэд нь хүнд суртал гаргах юм байх. Хэлэхээсээ өмнө тэр яриад байгаа хүнд суртлаа
гаргаж ч байсан нь хэлсэн үгнээс нь ойлгомжтой байв. Түүний хүнд сурталддаг яриа­наас
Гадаадын иргэн харьяа­тын газрын хийдэг ажил нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалах
биш  бүүр эсрэгээр аюултайгаар халдаж суудаг
юм байна гэж бодогдоод явчихсан. Мөн гурав дахь хүнд суртлаа хүүхэд үрчилж авах
гэсэн гадны иргэдэд гаргадаг гэсэн.

Түүнтэй ярилцсан сэт­гүүлч хачирхалтай үгийг нь
лав­лаж  “Монголоо гээд  хүрээд ирж байгаа хүмүүст хүнд суртал гаргана
гэдэг чинь арай хатуу биш үү” гэхэд     “Хорин
жилийн өмнө Монго­лоо орхиод явсан хүмүүс өдий зэрэгтэй болохоор нь ирж байгаа юм
чинь жаахан явуулъя л даа” гэж байна.  Өөрөөр
хэлбэл эрхэм түшмэ­лийн хэлснээр нутагтаа ирж байгаа тэд иргэншлээ сэргээх гэж  мань даргыг 
царай алдаж гүйх ёстой гэнэ. Дарга харин “Хэн та нарыг олон жил гадаадад
яв гэсэн юм.  Та нар тийм ч амархан иргэншлээ
сэргээхгүй шүү” гэх бололтой.   Тэгээд л баахан  цаг хугацаа алдуулж, тамладаг юм байна.   Тэрийгээ шууд хэлчихсэн л дээ. Гадаадад амьдардаг  байтугай дотоодод байгаа монголчуудын дургүйг
хүргэ­мээр үг мөн биз дээ.

Ажлаа мэддэггүй, мэдэ­хийг ч хүсдэггүй, ухааны
өчүү­хэн ч сүвгүй юм уу даа гэж бодогдохоор 
энэ түшмэл яаж ингэж амны зоргоороо ярьж чадаж байнаа. Яг ийм хөөр­цөг түшмэд
Монгол Улсын иргэнд өөрийнхөө үзэмжээр хандан дээрэлхэнэ гэж урьд­чи­лан мэдээд
Үндсэн хуульд тэр тухай заагаад өгчихөж. Үндсэн хуулийн 15.1-д “Мон­гол Улсын иргэний
харьяа­лал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл журмыг гагцхүү хуулиар
тог­тоо­но” гэж заасан байдаг. Тиймээс  монгол
хүн Монгол­доо ирэхийг, иргэнээ сэргээ­хийг ганцхан Б.Пүрэвдорж даргын үзэмжээр
тогтоодог юм биш. Мөн цааш нь Үндсэн хуулийн 15.2-т “Монгол Улсын иргэнийг харьяатаас
хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлж өгөхийг хориг­ло­но” гэсэн байна. Нэгэнт
Үнд­сэн хуулиас дурдсаных да­хиад нэг зүйл энэ болчимгүй даргад сануулчихъя. Үндсэн
хуулийн 16.18-д “….Гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гээд
бас заажээ.  Монгол Улсын иргэ­ний ирэх, ирэхгүйг
Б.Пүрэв­дорж гэдэг хурган дарга мэд­дэг юм биш. Дээрх заалтуу­даас харахад энэ  даргын хэлсэн, хийсэн, үйлдсэн бол­гон Үндсэн
хуулийг зөрчсөн байна. Тэр дарга хүнд суртал гаргах, хөнгөн суртал гаргах нь падгүй.
Яагаад гэвэл энэ бүх харилцааг Үндсэн хуу­лиар зохицуулчихсан аж. Угаас хүнд сурталтайгаа
өөрөө зарлаад хэлээд байгаа болохоор хүнд сурталгүй гэж хэлэх ямар ч шалтаг, шалт­гаан
алга. 

Хамгийн аюултай нь эрхэм даргын энэ үг, үйлдэл
Үндсэн хууль зөрчсөн нь өөрөө асуудал юм. Тэрээр ингэж Үндсэн хууль зөрчсө­ний­хөө
дараа уучлал гуйж хэвлэлийн хурал зарлана лээ. Ам алдвал барьж болдог­гүй, агт алдвал
барьж болдог гэж үг бий.

Болчимгүй түшмэлийг Зас­гийн газрын хуралдаа­наар
авч хэлэлцжээ.  Зургаан сар цалингийн хорин
хувиар торгоно гэсэн байх юм. Сард сая төгрөгийн цалинтай гэж бодвол 20 хувь нь
200 мянган төгрөг  болно. Зургаан сард сая
200 мянган төгрөг гэсэн үг. Б.Пүрэвдорж энэ зэргийн хэдэн төгрөгөнд хашрахгүй.  Н.Алтанхуяг хууль зөрчсөн түшмэлийг ингэж шийтгэх
нь толгойг нь илж “Ард түмэндээ хүнд суртлаа гарга, гарга” гэснээс   ялгаа алга. Тэгвэл яах ёстой юм бэ.  Эцэг хуулиа зөрччихөөд байгаа энэ түш­мэ­лээ албан
тушаалаас нь даруйхан огцруулах хэрэгтэй юм. Монгол иргэнээ нутагтаа ирэхэд нь ад
үздэггүй, иргэдээ алгаа тосоод угтах дарга захаас аваад олдоно.

Аль ч улс орон иргэнээ гадаад явуулдаг. Иргэд
нь яваад ирж л байдаг. Техник технологи, 
ажлын арга барил сураад, боловсрол эзэмшээд, мөнгө олоод ирдэг.  Зарим нь  
ирэхгүй байсан ч болдог.  Харин ганцхан
Монгол Улсын гадаадын иргэн харьяатын албаны дарга л үүнийг буруу гэж үзээд байгаа
юм.    Ерөн­хий­лөгчийн хэлээд байсан Олуулаа
болох, Том төрөөс ухаалаг төр лүү,  Засийн
газ­раас хэрэгжүүлж буй Зөгийн үүр хөтөлбөрүүдийн эсрэг ингэж уран донгодоод байгаа
Б.Пүрэвдорж албан тушаал дээрээ иймхэн донгодуулаад  л албан тушаал  дээрээ үлдэх юм гэнэ.

Монгол Улсын иргэнийг Үндсэн хууль зөрчин байж
эх оронд нь хажигладаг Пүрэв­дорж  гэгч ямар
эрхтэй хүн бэ. Үндсэн хууль зөрчсөн төрийн албан хаагчийг “зөв” гэж хаа­цайлж авч
үлдэж байгаа бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө хамтдаа огцрох хэрэгтэй.

Гадаадад байгаа монгол­чуу­даа ад үзэх биш, манай
тусгаар тогтнолын баталгаа гэж үзэх ёстой. Цөөн хэдэн түвдүүд яагаад дэлхийн анхаа­ралд
байна. Цагаа­чил­сан хэдэн түвд иргэд нь дэл­хийн өнцөг  буланд 
Хятадын элчин сайдын яамны үүдэнд эсэргүүцлийн жагсаалыг тэд хийдэг  юм.  Дэлхий
тэр хаалт­тай бүсэд хүний эрх зөрчиг­дөж байгаад анхаарал хан­дуулж чадаж байна.
Монголд хүндхэн асуудал боллоо гэхэд гадаадад байгаа мон­гол­чууд л дэлхийд биднийг
төлөөлнө. Тиймээс гадаадад  байгаа монголчуудыг
дотоо­дод байгаа хэдэн бор цэрэг­тэйгээ адил гэж тооцоход буруудах юмгүй. 

Ухаалаг төр байхын тулд  ухаангүй түшмэдээсээ салах хэрэгтэй. Мойног гэж
хуруу­гаа тасдаад хаядаггүйтэй адил, гадаадад яваад ирлээ гэж  монгол хүндээ хүнд сур­тал гаргах хэрэг үү. Монгол
хүн Монголынхоо иргэнш­лийг сэргээх нь байтугай, гадаад хүн хүртэл Монгол  Улсын иргэн болдог юм шүү. Тиймээс биднийг олуулаа
болоход саад хийдэг, Үндсэн хуулиа зөрчөөд олны өмнө таахалзсан Б.Пүрэвдорж одоо
хашиж буй албаа гүйцэт­гэж чадахгүй гэдэг нь тодор­хой байна. Эрхэм Ерөнхий сайд
та түүнийг авч үлдэх дээрээ тулвал  өөрөө
огцрох хэрэгтэй. Учир нь ухаангүй ноёнд урагшгүй албат гэж үг бий.

Categories
редакцийн-нийтлэл

Төр баялаг бүтээгчдээ дарамтлахгүй байхыг хүсэв

МАН-ын бүлгийн өргөт­гөсөн хурал­даан өчигдөр
Тусгаар тогт­нолын ордонд нээлттэй бол­лоо. Энэ удаа­гийн хурал­даанд МАН-ын дарга
М.Энх­болд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнх­бат, МАН-ын бүл­гийн дарга Н.Энхболд
болон бусад УИХ-ын гишүүд оролц­лоо. Мөн бизнес эрхлэгчид, баялаг бүтээг­чид, намын
гишүүд дэмжигчид хурал­даанд сууж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэв. Хурал­дааны эхэнд
“Бизнес эрхлэгч­дэд тулгам­даж буй асуудлууд, үүнийг хамтран шийдвэрлэх арга зам”
сэд­вээр МАН-ын дарга М.Энхболд илтгэл тавьсан юм. Түүний дараа МАН-ын бүлгийн гишүүд
мэдээлэл хийж, баялаг бүтээгчидтэй санал солилц­лоо. УИХ-ын гишүүн Л.Энх-Амга­лан
“Хөрөнгө оруу­лалтын хууль батлагдсанаар хөрөнгө оруулж буй бизнес эрхлэгчид адил
тэгш эрхтэй болсон. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулагчид давуу эрх эдэлдэг байсан
бол шинэ хуулиар адил болсон. НӨАТ, Орлогын татварыг ядаж 10 жил тогтовортой байлгах
хэрэгтэй” гэв. Харин УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Засгийн газрын өрийн тухай мэдээлэл
хийлээ. Тэрбээр “Манай орны өрийн хэмжээ бага байх ёстой. Манай орон зээл авахад
ямар ч эрсдэлгүй байсан ч одоо дундаж эрс­дэлтэй орнуудын жагсаалтад орсон. Гадаад
өрийг хязгаар­лах хэрэгтэй” гээд 1980 оны Латин Америк шиг хүндхэн бай­далд орох
вий гэдгийг анхааруулав. Түүнийг илтгэл тавьж дууссаны дараа Сү.Батболд баяр хүргэж
гар барьж байсан юм.

Тус намын бүлэг “Наран­туул” зах амардаг ганц
өдрийг сонгож мягмар гаригт хийж буйгаа тодот­гож байлаа. Гэсэн ч “Нарантуул” захын­ханы
төлөөлөл төдийлөн байгаагүй бөгөөд МАН-ын угшилтай бизнес эрхлэгчид өөрсдийн үзэл
бодлыг хэлж байгаа харагдсан. Харин хуралд оролцогчид өөрсдийн өмнө тулгамдаж буй
асууд­луудыг дэлгэ­рэнгүй ярилцаж, төрөөс ирж буй дарамтыг багасгаж, хүнд суртлыг
арилгах тал дээр намынхаа гишүү­дийн ан­хаарч ажил­лахыг захиж байв.

Хэдэн жилийн өмнө аятай­хан хөгжиж эхэлсэн жижиг
дунд бизнес эрхлэгчид өнөөдөр үүдээ барих хэм­жээнд тулсан нь төр бизне­сийн салбарт
дэндүү ихээр оролцож байгаагийн хар гай гэв. Иргэдийн зүгээс ам.дол­ларын ханшийн
чангаралтад ихээхэн санаа зовж байсан ба өнөөгийнх шиг нөхцөл байдалтай ОХУ
1990 онд нүүр тулж байжээ. Тэдний зүгээс 1995, 1996 онуудад гурван удаа реформ хийсний
дүнд өнөөгийн сэргэлтийн байдлыг олж авсан. Төгрө­гийн ханш унаж буй энэ үед мөнгөний
бодлогоо шинэчлэх хэрэгтэйг хэд хэдэн хүн хэлж байв.

Үг хэлж байсан хүмүү­сийнх ихэнх нь бизнесийн
талаар яриа­гаа эхэлж улс төрөөр дуусгаж байсан нь зарим бизнес эрхлэгчдэд таалаг­дахгүй
байгаа нь мэдрэгдэж байсан юм. “Ган хийц” компанийн захирал Н.Даваасүрэн “Баялаг
бүтээгч бид Монголын төрийг хэцүү байхад авч явсан нь үнэн. МАН төр барьж байхдаа
дорвитой шийдвэр гаргаж бидэнд дэмжлэг үзүүлж бай­гаагүй. Улсын төсвөөс “Ган хийц”
компанийн барилгын төсвийг УИХ-д сууж буй манай МАН-ынхан өөрсдөө хассан. Өнөөдөр
би тендерт ялчихаад төсөвгүй сууж бай­на. АН-ынхан гурван тэрбум нэг зуун сая төгрөг
баталсан” хэмээн ярьсан юм. АН-ынхан яаж зоригтой шийдэж, ажил хийж байна. Бидэнд
зориг дутаж байна. Манай нам хэтэрхий ноомойгоосоо болж алдаж байна. Аливаа шийд­вэрийг
зоригтой гаргах ёстой хэмээн нэмж хэлээд хуралд оролцогчдын алга ташил­таар шагнууллаа.

Гадаадад амьдарч бай­гаад ирсэн залуус бизнес
эрхэлье гэхээр Улсын бүрт­гэлийн Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газраас эхлээд хүнд
суртал гаргагчид олон. Хичнээн их урам зоригтой эх орон­доо ирсэн ч  төрийн байгуул­ла­гын хүнд суртлаас болж шантрах
тохиолдол гарч байгааг залуу бизнесмэнүүд илэрхийлэв.

“Би та нарт, МАН-д хэрэг­тэй” хэмээн цээжээ дэлдэх
нэгэн ч ирсэн байсан. Хам­гийн гол нь эдийн засгийг улс төржүүлэхээ болиочээ гэсэн
санаанууд хүн бүрийн амнаас цухалзаж байсныг онцлох хэрэгтэй. МАН ялагдсан нам гээд
урвайж суухын оронд нэг нэг ажил барьж авч ард нь гарах ёстойг ахмад үеийнхэн нь
сануулав. Биз­нес эрхлэгчид цаашид иймэр­­хүү хурал­дааныг зохион байгуулах хэрэгтэй
гэдгийг оролцогчид хэлц­гээ­сэн. Энэ өдрийн хуралдаанд ирэгсэд төр баялаг бүтээгчдээ
дарамт­лахгүй, хөрөнгө хураах­гүй байхыг эрх баригч­дад дам­жуулж өгнө үү хэмээн
онцгойлон захиж байв.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Африкийн ард түмэн монгол цэрэгт амь байлаа шүү дээ

БНӨСУ-д үүрэг гүй­цэт­­гэсэн хоёрдугаар мотобуудлагын ба­тальо­ны
захирагч ху­рандаа Ч.Түмэндэмбэ­рэл­­тэй ярилцлаа.

  -Бүгд найрамдах өм­нөд Судан улсад Мон­гол Улсын 850 цэрэг үүрэг
гүйцэтгээд ирлээ. Анх удаа Монгол Ул­саас ийм олон цэргийн бүрэлдэхүүн явсан байх
аа?  

-Энэ удаагийн
бидний үүрэг гүйцэтгэсэн газар бол Бүгд найрамдах өмнөд Судан улс байлаа. Мотобуудлагын
ба­тальон буюу нийт 850 цэргийн албан хаагчтай үүрэг гүйцэтгэлээ.

Зэвсэгт хүчний нийт 44 анги бай­гууллагын төлөөллөөс 21 аймгийн
нутаг дэвсгэр, Улаанбаатар хотоос бие бүрэлдэхүү­нийг сонгон шалгаруулж  батальон байгуулсан. Өнгөрсөн гуравдугаар сараас
өнөөдрийг хүртэл нийт есөн сарын хуга­цаанд үүргээ  амжилттай гүйцэтгэлээ. Энэ удаа­гийн батальоныг
удирдах эрхийг надад өгсөн. Цэргүүдээ эсэн мэнд эх оронд нь авчирсандаа сэтгэл өндөр
байна.

-Манай цэргүүд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

-НҮБ-ын энхийг дэмжих ажил­лагаанд Монгол Улс батальон оруул­на
гэдэг бол манай улс НҮБ-д нэр хүндтэй байгаагийн илрэл юм. Ямар ч улсын зэвсэгт
хүчин НҮБ-ын ажил­лагаанд батальон оруулахыг том зорилгоо болгодог. Монгол Улсын
зэсвэгт хүчин чадваржсаны илрэл. Батальон болгоны  үүрэг адилхан. Заасан газар нутаг дээр НҮБ-ын
өмч хөрөнгө, үйл ажиллагааг хамгаалах, хүмүүнлэгийн маш олон байгуул­лагын үйл ажиллагааг
хэвийн байл­гах үүрэгтэй. Тухайн газар нутаг дээр тодорхой байрлалуудад хол, ойрын
эргүүлүү­дийг зохион байгуулж, НҮБ-ын дал­баа, сүр хүчийг харуулж, түүгээрээ ямар
нэг болзошгүй аюу­лыг няцаах үүргүүдийг хүлээдэг. Дээр нь орон нутгийн засаг захиргаа,
тухайн нутгийн цэргийн нэгж, цаг­даагийн байгууллагуудад дэмжлэг үзүүлнэ. Манай  батальон долоон газар, гурван мужийг хамарсан
нутаг дээр үүрэг  хүлээж, болзошгүй то­хиол­долд
энгийн иргэдийг шууд хамгаалах байсан.

-Цагийн байдал хэр хүнд бай­сан бэ. Эрсдэл өндөр байв уу?

-Цагийн  байдлын хувьд нэлээд
хүндэвтэрт тооцогддог. Ялангуяа НҮБ-ын  ажиллагаанууд
дундаа хамгийн эрсдэлтэйд тооцогддог газар бид үүрэг гүйцэтгээд ирлээ. Биднийг үүрэг
гүйцэтгэж байх үед маш олон удаа НҮБ-ын цуваа руу халдлага дайрсан. Биднийг очоод
арав хоноо­гүй байхад эхний халд­лага болсон. НҮБ-ын цуваа руу халдаж цувааны ахлагч
офицер хүнд гэмтэл авсан. Үүний дараа дөрөв­дүгээр сарын 12-нд дахиад НҮБ-ын цуваа
руу халд­сан. Энэ халдлагын улмаас таван цэргийн албан хаагч газар дээрээ нас барж,
долоон цэргийн албан хаагч шархадсан. НҮБ-ын цувааны урдуур мал орж ирээд хөдөлгөөн
саатах үед хажуу­гаас 200 орчим зэвсэглэсэн хүн гарч ирээд халдсан юм. Судан хилийнхээ
орчимд эрсдэл өн­дөр­тэй, цагийн байдал хүнд байгааг харуулж байгаа хэрэг. Хойд,
урд хоёр Судан Улс одоогоор асуудалтай, газрын тос, газар нутгаа булаацалдаж, хилийн­хээ
орчимд байнга мөргөл­дөөн зөрчилдөөн гардаг. Азаар монгол цэрэг халдлагад өртөөгүй.
Энэ нь бид тайван газар байсан гэсэн үг биш. Монгол цэрэг цувааныхаа аюулгүй байдлыг
маш сайн хангаж чаддаг. Болзошгүй аюулын эсрэг маш сайн арга хэмжээ авч чаддаг байсантай
холбоотой. Ялангуяа иргэн цэргийн харилцааны асуудалд монгол цэрэг маш сайн оролцдог.
Ер нь хаана ч тэр, монгол цэргүүд тухайн орон нутгийн  иргэдэд тусалж, дэм­жиж чаддаг. Сургуулийг нь
засахаас эхлээд шаварт суусан машинуудыг татаж гаргаж өгөх зэргээр маш олон зүйлд
нутгийн иргэдэд  тусалдаг байсан учраас  нутгийн иргэд бидэнд амь байдаг байсан. Тэд монгол
цэргээр бахархдаг. Энэ байдал  эргээд бидэнд
рүү ирж болзошгүй зэвсэгт бүлэглэл, халдлагуудыг няцаа­даг байсан байх. Хамгийн
гол нь бид хаа байгаа газраа усыг нь уувал ёсыг нь дага гэдэг байдлаар ханддаг байсан.

Нутгийн иргэдийн аж амьд­ралын талаар ярихгүй юу?

-Орон нутгийн хүмүүсийн амьд­рал туйлын хүнд. Тэнд үхэр бол бур­хан.
Үхэргүйгээр амьдрал явахгүй. Судан Улс эрт дээр үеэс үхэр мал­лаж, үхрээр амьдралынхаа
бүх харилцааг зохицуулж ирсэн байдаг. Жи­шээл­бэл, үхрээр эхнэр авна. Үхэр байхгүй
бол эхнэр авч чадахгүй. Хамгийн  ядуу хүн
багадаа л найман үхрээр эхнэр авах жишээний. Дунджаар 20-30 үхрээр, хамгийн дээд
тал нь 100 үхрээр эхнэр авна. Хүний амь юу ч биш. Эхнэр авахын тулд үхэргүй ядуу
иргэд хулгай хийнэ. Үхрийн хулгай маш их. Үүнээс бо­лоод хоорондоо зөрчилддөг. Тий­мээс
үхэр хариулж яваа хүүхэд, том хүмүүс бүгд буутай явдаг. Ака үүрчихээд л явж байна.  Үхрийн хул­гайнаас болж маш олон хүний амь үрэгддэг.

-Өдөр тутамдаа ямар хоол хүнс хэрэглэдэг вэ?

-Хоол хүнсний тухайд, хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл маш цөөхөн.
Зах дээр нь гурил тээрэмдээд зарна. Гурилаараа ма­найхаар бол гамбир хийж иднэ.
Эрдэнэ шиш тарина. Мах байна. Гэхдээ үхрийнхээ махыг зарахдаа эрхий хуруу шиг жижиглэж
хэрчээд уутанд хийж худалддаг. Тэр жаахан мах өдрийнх нь хоол­ны хэрэгцээ болно.
Голдуу мал аж ахуй  эрхэлдэг улс учраас сүрлэн
овоохойдоо амьдарна. Сүрлэн овоо­хой гэдэг нь манайхаар бол монгол гэр юм уу даа.
Гэхдээ тэр нь тэдний хувьд хаус гэсэн үг. Зарим талаараа мон­голчуудтай төстэй зүйл
байна. Үхрээ маш их хайрлаж, шумууланд хазуу­лахгүй байх бүх төрлийн арга хэм­жээ
авна. Урц овоохойдоо төл малаа оруулаад үхрийн баас буюу манайхаар аргалаа түлж,
утаа гар­гаж шумуулаас хамгаална. Баян айл маш олон үхэртэй. Үхрийн хулгай гарахад
мянгаар нь хулгай хийнэ ш дээ. Зарим айл 
мянга, хоёр мянган үхэртэй байдаг. Манай мужийн захиргаанд нутгийн нэг залуу
ажиллаж байсан. Тэр залуугийн аав нь дээр үед 3000 гаруй үхэртэй байсан гэнэ. Тэр
залуу “Одоо манай аав нэлээд өндөр настай болсон. 2000 гаруй үхэртэй. Би аав руугаа
долоо хоног бүр ярьдаг.  Манай аав зургаан
эхнэртэй. Би зургаан эх­нэрийнх нь хоёр дахь эхнэрийнх нь хүүхэд.  Манайх найман хүүтэй” гэж ярьсан юм. “Олон ээжүүдээс
гарсан хүүх­дүүд өсч том болоод  муудалцаж
үхрээ булаацал­дах уу” гэж асуухаар “Үгүй. Бид муудалцдаггүй. Манай аав маш ухаантай
хүн. Зургаан эх­нэрийн­хээ хүүхдүүдийг том болоод ирэхээр нь хооронд нь солиод солиод
өгчихдөг. Ээжүүд, хүүх­дүүдийг хооронд нь сольчихсон. Тэгээд том болоод ирэнгүүт
ээж нь хүүхдүүдээ хайрлана, хүүхдүүд ч хоорондоо эвтэй байдаг” гэж ярьж байсан л
даа. Африк тив өөрөө генераторийн эх орон шүү дээ. Мужийн нийслэл хот нь хүртэл
тоггүй. Хааяа зарим үйлчилгээний газрууд хэсэг хэсгээрээ генератор ажил­луулж тогоо
гаргадаг. Энэ улс үндсэндээ 2011 онд тусгаар тогт­нолоо оллоо шүү дээ. Засгийн газарт
ажиллаж байгаа хүмүүс, ардын чөлөөлөх армид байгаа хүмүүс өмнө нь бүгд зэвсэгт бүлэглэлд
байсан  хүмүүс. Тийм учраас боловс­рол байхгүй,
шугуйд ч юм уу хаа нэг газар байлдаж явсан хүмүүс дарга, удирдагч болсон байдаг.
Зэсвэгт бүлэглэлд байхдаа ямар гавьяа байгуулсан, хэдэн хүнийг устгасан гэдгээрээ
том генералууд болсон байдаг.

-Монгол цэргүүд эргүүлд хэр удаан явдаг байсан бэ?

-Ойрын эргүүл, удаан хугацааны эргүүл гэж байна. Ойрын эргүүл
хийхэд бол өдөртөө яваад буцаад ирдэг. 100 
орчим километр яваад ирнэ. Холын эргүүл долоо хоног, сараар  явна. Манай цэргүүд хүнсээ бэлдээд генератороо
ачаад  200-300 километр газар очоод тэндээ
түр байрлана. Тэндээсээ дахиад хэдэн тийшээ салаад бүх жижиг тосгон сум дээр очиж
ажилладаг. Ер нь манай цэргүүд Өмнөд Судан улсад маш их ажилтай, байнгын хөдөлгөөнтэй
байсан. Зөв­хөн нэг байрлалд байгаад байхгүй. Зарим өдөр нийтдээ арав орчим эргүүлүүд
явна. Явсан эргүүл бол­гоны араас захирагч санаа зовж, хөдөлгөөнийг нь хянаж байна.
Ард нь шуурхай хүчин бэлдчихээд ямар нэг байдлаар манай цуваа 30 мину­таас дээш
хугацаанд холбоонд орохгүй бол шууд дараагийн арга хэмжээнд ордог. Эргүүлд явсан
баг арван минут тутамд холбоогоо өгч байх ёстой. Тэдэн километрт тийм газар нутаг
дээр тийм хурдтайгаар хөдөл­гөөнөө үргэлжлүүлж байна гээд мэдээ өгнө. Дахиад л арван
минутын дараа энэ маягаар мэдээ өгнө. Хэрэв холбоо салаад 30 минут өнгөрвөл тэр
цуваа ямар нэг байдлаар асуу­далд орж гэж үзэн дараагийн арга хэмжээг авна. Магадгүй
отолтод орж халдлагад орсон байж мэднэ гэж үзнэ. Тийм учраас дараагийн шуурхай бүлэг
маш хурдан тэр цэргийнхээ араас хөтлөх ёстой.

-Үхрээ хариулж яваа хүүхэд хүртэл буу үүрээд явж байдаг гэсэн.
Идэх хоолгүй байж буу хаанаас авдаг юм бэ?

-Буу зэвсэг хаанаас авдгийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан
зэвсгийн наймаа байгаа болоод зэвсэг их байгаа нь мэдээж. Нэг өрхөд доод тал нь
хоёроос гурван буу байдаг. Сая биднийг үүрэг гүйцэтгэх хугацаанд НҮБ-аас зэвсэг
хураах ажиллагаа явуулсан. Иргэд зэвсгээ хураалгаж байгаа юм. Зарим хүн хураалгахгүй
зугтааж, тэрнээсээ болоод амиа алдах тохиолдол зөн­дөө гарсан л даа. Эсэргүүцэл
их байсан. Гэхдээ зэвсгийг нь хураалаа гээд сарын дараа юм уу маргааш нь дахиад
л зэвсгээ  үүрээд л явж байдаг. Тийм учраас
тэнд хүн үхэх юу ч биш. Өмнөд Судан бол тусгаар тогт­носон улсаас дэлхийн хамгийн
залуу улс юм. Улсынх нь нийслэл Жуба хот нь ерөөсөө хөгжөөгүй. Зургаан давхраас
дээш өндөр барилгагүй. Сүүлийн үед хөгжиж байна л даа. Газрын тосны маш их баялагтай.
Газрын тосоо олборлоод хойд Суданыхаа нутаг дэвсгэр дээгүүр дамжуулж далайгаар дэлхийн
зах зээлд гаргадаг. Ашгаа хуваах дээ­рээ хоорондоо их маргаантай бай­даг юм. Манай
цэргүүд дүрвэгсдийн лагер дээр үүрэг гүйцэтгэж байсан. Өмнөд Суданд байгаа хамгийн
том дүрвэгсдийн лагерьт манай цэр­гүүд үүрэг гүйцэтгэж байсан. Энэ лагерь нь хойд
Суданы хилд маш ойрхон. Хойд Суданаас хилээр дам­жиж орж ирсэн хүмүүс дүрвэгсдийн
лагерьт орж хоноглодог, тэндээсээ хоол хүнсээ базаадаг. Хүнс тараах­даа оочер­луулж
байгаад өгнө. Тэнд нийтдээ 100 орчим мянган дүрвэгсэд байна. Биднийг очсоны дараа
хэд хэдэн зэвсэгт мөргөлдөөн болсон. Манай цэргүүд тэднийг хамгаалсан. Зэвсэгт мөргөлдөөнөөр
шархдаж, тусламж гуйж ирсэн иргэдийг бид шууд байр руугаа оруулж хамгаал­сан даа.

-Сургууль барьж өгсөн гэсэн. Тэндхийн сургуулийн байр ямар юм
байх уу?

-Хүүхдүүд хичээлээ хаана хийдэг гээч. Модны сүүдэр дор. Нэг самбар
тавьчихаад хичээлээ заана. Сургууль нь хүрэлцээ байхгүй. Эмч хүрэл­цэхгүй. Зарим
нь сүрлээр хийсэн саравчин доор хичээлээ хийнэ. 
Бидний хувьд хоёр ч сургуулийг тохижуулж өгсөн. Бас НҮБ-ын баазыг барьсан.
200 орчим цэргийн бүрэлдэхүүн байрлах том баазыг хоёр сарын хугацаанд барьсан. Энэ
бүхэн нутгийн иргэдийн дунд монгол цэргийн нэр хүндийг өсгөж байгаа юм. Тэгэхээр
монгол цэргүүдийг үнэлэхээс яахав. Өнчин хүүхдийн асрамжийн газар бороо орохоор  усанд автчихдаг байсан. Тэр газрын хөрсийг нь
давхарлаж, 54 машин шороо асгаж, борооны ус орохооргүй болгоод гадна талаар нь далан
шуудуу татаж, тор хайс хийж өгсөн. Бороо орохоор  ус орж ирж, могойнд хүүхдүүд хатгуулж үхдэг байсан
даа.

 -Бороо тийм их ордог
юм уу?

-Маш их. Нэг өдөр 200 орчим машин шаварт суусан. Манайхан тэр
машинуудыг 48 цаг ажиллаж татан гаргасан. 
Би олон газраар явж байсан. Адилхан л бороо ордог. Гэхдээ Өмнөд Судан шиг
байхыг үзээгүй. Бороо нь хөрсөндөө шингэхгүй. Замын хоёр талаар хавтгайдаа ус болчихно.
Иргэд усан дотроо л амьдарна. Жаахан өндөр­лөг газраа нүүж ирээд буух хүмүүс байна.
Ус газартаа шингэхгүй нар гарвал агаарт ууршиж алга болдог байсан. Тэгээд бороо
орсны дараа өвс ургамал маш өндөр ургана. Байшингийн тааз шиг гурав дөрвөн метр
өндөр ургана. Могой, шумуул ихтэй. Маш их малер гарч байсан. Олон хүн малер тусч  нас барсан. НҮБ-ын цэргийн албан хаагчдаас зөндөө
олон хүн малер тусч нас барсан. Манай бүрэлдэхүүн өөрөө өөрсдийнхөө эрүүл мэндэд
маш сайн анхаарч, шумуулгүй байлгах бүх л аргыг хэрэглэж, утаа гаргаж, тос түрхэж
байсан. Аз болоход манай бүрэлдэхүүнээс малерын асуудал гараагүй. Жишээлбэл, сая
бидэнтэй үүрэг гүйцэтгэж байгаад бидний өмнө түрүүлээд буцсан гадны цэргийн албанаас
хоёр гурван цэрэг очсон хойноо нас барсан гэсэн. Малер далд хэлбэрт байсан учраас
мэдээ­гүй гэнэ лээ. Тиймээс бидний хамгийн чухал асуудал бол хүнээ эрүүл энх амь
насыг нь эрсдэлгүй байлгах юм. Миний хувьд 849 хүнийг эх орон ээж аав, хань ижилд
нь эсэн мэнд авчрах гэж есөн сар зүтгэж нойргүй хонох үе ч гардаг байлаа. Шөнө цэргүүдээ
хоёр, гурван цаг хүртэл амарч дуусах хүртэл нь унтдаггүй байсан. Ер нь ахалж байгаа
дарга маш их ачаалал авдаг.

-Үүрэг гүйцэтгэж байгаа цэр­гүүд маань эх орноосоо хол амаргүй  байсан байх. Тэр олон цэрэг хоо­рон­доо тараахгүй,
янз бүрийн ааш зан гаргана биз?

-Биднийг ямар нөхцөлд үүрэг гүйцэтгэж байсныг биднийг ирэхийн
өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд гээд бүх л томчууд газар
дээр нь очиж үзсэн. Монгол цэргүүд зургаан цагт босоод орой 22 цаг хүртэл ямар нэг  байд­лаар цэргийн идэвхтэй үйл ажил­лагаанд хамрагддаг
байсан. Холын эргүүлд явлаа гэхэд долоо хоног, 14 хоног, сараар явна. Цаг агаарын
хүнд нөхцөлд ингэж явна. Эргэн тойронд нь урц овоохой шатаагаад, хулгай дээрэм,
буудалцаан болж байгаа тийм нөх­цөлд. Энэ нөхцөлд хүн ядрахгүй байна гэж байхгүй.
Үүрэг гүйцэтгээд явж байгаа хүмүүс гэр орноосоо хол. Ядрахаараа хүн л болсон хойно
уурлана шүү дээ.  850 хүнийг нэг хүн шиг  байлгана гэдэг хэцүү. Залуу гэр бүлүүд хоорондоо
муудал­цана. Нэг нэгнийгээ хардах сэрдэх юм гарна. Би хэлдэг байсан. Намайг утсаар
ярихгүй байвал сайн л явж байгаа юм байна гэж ойлго гэж гэрийнхэндээ хэл гэдэг байсан.
Ар гэрт нь зовлон гачигдал  тохиолдоно. Дуудаж
авчирч байгаад хэлэх гээд хэлж чадахгүй. Тэгээд ямар ч байсан хэлээд сэтгэл зүйд
нь дэмжлэг үзүүлж, ойлгуулдаг байсан.

-Ерөнхийлөгчийн хүүг явж бай­сан гэдгийг цэргүүд мэдэж байсан
уу?

-Манай цэргүүд бүгд мэдэж бай­сан. Ерөнхийлөгчийн хүүтэй мөр зэрэгцэн
үүрэг гүйцэтгэж байгаадаа их баяртай байсан. Гадныханд Ерөнхийлөгчийн хүү явж байсныг
нууцалж байсан л даа. Миний хувьд Ерөнхийлөгчийн хүүг их тэсвэр хатуужилтай, мэдлэгтэй
хүн байна гэж үнэлж байлаа.

Х.ЦЭНД-АЮУШ

 

Categories
редакцийн-нийтлэл

Д.Эрдэнэбат: МАН-ынхан сөрөг хүчин гэхээсээ илүү отон тоглогчид болж хувирсан

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай
ярилцлаа.

  ШИНЭЧЛЭЛ ХИЙХИЙН ТУЛД ХУУЧИН АРГА БАРИЛААР ЯВМААРГҮЙ
БАЙНА

  -Төсөв баталчихсан учраас УИХ-ын гишүү­дийн санаа амарчихаа
юу даа. Сүүлийн үед чуулган, байнгын хо­роонд суух гишүүдийн идэвх буурч,
хэлэлцэх асуудалгүй учраас хой­шиллоо гэх зүйлүүд сонсогдож байна?

-Гишүүдийн ирц бүр­дэхгүй байна гэдэг асууд­лаар их
улстөрждөг болж. Төрийн ордонд 50 гаруй гишүүн ажилдаа ирж бай­гаа. Тэгэхээр
ирц хан­галттай гэсэн үг. Ердөө арав гаруй гишүүн гадаа­дад томилолтоор явсан.

-Тэгвэл ирц яагаад бүрдэхгүй байгаа юм бэ. Танай намын нэ­лээд
гишүүн гадаадад явсан байна лээ?

-Мэдээж хэрэг
төсөв батлахын тулд УИХ үнэ­хээр ачаалалтай ажилла­сан. Гэхдээ үүнээс болоод
хуралдаа суухгүй байгаа юм биш.  Энэ
парламен­тад олонхийг бүрдүүлж байгаа гишүүдээс 30 га­руй хүн хуралдаа суухад
бэлэн. Цөөнхийн бүлгээс  арваад гишүүн
бэлэн. Асуудал юунд байна гэд­гийг аваад үзье. Одоо хэлэлцэж байгаа хуулийн
төслүүд дээр байр суу­рийн зөрчилдөөн бий уч­раас л тэр. Зарим  хуулиу­дад хандаж байгаа олон­хи болон
цөөнхийн ханд­лага өөр байна. Шууд хэлбэл Ардын нам отон тоглолт хийгээд байна.
Сүүлийн үед Ардын на­мын­хан сөрөг хүчин гэхээ­сээ илүү отон тоглогчид болж
хувирсан. Тэд “Олон­хийн ирц хүрэхгүй бол бид хуралдаа суух­гүй” гэсэн юм яриад
сууж байна. Бид улс орны хөгжлийг урагш нь явуу­лах юмсан гэж зүтгээд байдаг.
Энэ төрд үнэмлэ­хүй биш ч гэлээ олонхи 
болсныхоо хувьд “Шу­дар­га ёс” эвсэлтэй хам­тарч Засгийн газраа бай­гуулж,
шинэчлэл хийхээр зорьж явна. Энэ шинэч­лэлийг хийхийн тулд хуу­чир­сан арга
барилаар явмааргүй байна. Тий­мээс бид бодлогын цоо шинэ замыг сонгож, түү­гээрээ
ажлаа ахиулахыг хичээж байна. Гэвч харам­салтай нь энэ замд Ардын намынхан саад
болж, улс орныг хөгжүү­лэхийн эсрэг зогсч байна гэж ойлгогдож байгаа.

 -Та нар юун дээр зөр­­чилдөөд, санаа ний­лэхгүй гацаанд оруул­чихаад
байгаа юм бэ?

 -Ашигт малтмалын тухай
хуулиас Түгээмэл тархацтай ашигт малт­мал, Алтны ил тод байд­лыг бүрдүүлэх
тухай хуу­лийн төслийг салгаад, тусад нь баталъя гэхээр  зөрчилдөөн үүсчихээд байна. Бусад орны жиш­гийг
харахад элс хайрга­тай холбоотой асуудлууд Ашигт малтмалын хууль­даа байдаггүй.
Алт, мөн­гө, үнэт металлыг хадга­лах, худалдаалах асуу­дал нь ч тусдаа хуулиар
зохицуулагдсан байдаг. Тэгвэл манайд үгүй. Үүнээс болоод байр суурь, үзэл
бодлын зөр­чилдөөн үүссэн. Тэглээ гээд бид шинэчлэх алх­маасаа ухрахгүй.

-Хэн хэн нь буулт хийхгүй бол 
гацаа үр­гэлжилсээр улсын ажил орхигдох байх даа?

-Тэгвэл Монгол Улсыг ядуу байлгах сонирхол хаанаас, хэнээс
гараад байгаа юм. Бид яагаад өнөөдрийг хүртэл ийм ядуу байсаар байгаа юм бэ.
Яагаад гэвэл  зөвхөн намынхаа болон
хувийн эрх ашгаа дээдэлсэн энэ популист үйлдлүүд Мон­гол Улсын эдийн засагт гай
чирч байна. Үүнээс татгалзах цаг нь болсон. Урд, хойд хоёр хөршөө хар.
Хятад гэхэд алтны татвар нь хоёр, ОХУ-ын алтны татвар дөрвөн хувь байна. Гэтэл
манай алт­ны татвар арван хувь. Хоёр хөршийн алтны нөөц мянга мянган тон­ноор
хэмжигдэж байхад манай алтны нөөц ердөө 
таван тонн хүрэхгүй бай­на. Монголын алт нь бүгд гадагшаа урсаад гарч
байна. Ийм байхад хуу­лиа өөрчлөхгүй гээд яах юм. Монгол Улс үнэ цэнэ­тэй байж
ядуурлаас гар­на. Үнэ цэнэтэй байхын тулд газар доорхи  эрдэ­нээ өөрийнхөө авдарт хадгалж, түүгээрээ
дам­жуулан  валютын нөөцөө
нэмэгдүүлдэг  байх ёстой. Ингэж байж
хөгжлийн тухай ярина. 

-Алтны татварыг 2.5 болгосноор үнэхээр Монголбанкинд тушаах
алтны нөөц нэмэгдэх үү. Хүмүүс олборлосон алтаа Монголбанк руу бариад гүйгээд
байна гэсэн баталгаа нь юундаа байна…

-Нэмэгдэнэ гэдэгт ит­гэлтэй байна. Хэн ч гэсэн аль татвар
багатай газ­раа алтаа тушаана. Алт­ны  ил
тод худалдааны хуулийн төсөлд алтаа зөвхөн Монголбанкинд тушаасан тохиолдолд
татварыг 2.5 болгоё гэж байгаа юм. Оюутолгой бол тав юм билээ. Оюу толгой
Монголбанкинд алтаа тушаасан тохиол­долд хөнгөлөлт эдэлнэ. Тиймээс хуулиа
батлаад алтаа авах нь чухал. Хэрэв Оюутолгой үнэхээр ашгийн төлөө байгуул­лага
юм бол татварынхаа зөрүүг тооцоод алтаа тушаана биз.

-Гэхдээ хамгийн сүү­лийн мэдээгээр та­най бүлэг алтны тат­варыг
таван хувь бол­гох дээр тогтсон байна лээ?

-Харин тэгсэн байна. Таван хувь болголоо гэ­хэд хөрш орнуудын
тат­варын хэмжээнээс да­хиад л их болчихож бай­гаа юм. Энэ нь нутагтаа алтаа
аваад үлдэх батал­гаа болох уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс Засгийн
газраас анх оруулж ирсэн саналыг нь хэвээр хадгалах нь зөв гэж бодож байна.
Гэвч хэлэлцүүлгийн явцад асуу­дал яаж эргэхийг мэдэхгүй.

-Алтны татварыг 2.5 болгосноор Оюу толгойг хөнгөлж чөлөөлөх
нь  гэдэг хардлага Ардын намд байгаа л
даа?

-Энэ нь хэнд ашигтай юм. Оюу толгойн 1800 тонн  алт Монголд үлдэх нь бидэнд ашигтай юм уу,
үгүй юм уу. Ийм л эрх ашгийг бодож байгаа бо­лохоос Оюу толгойд ямар нэгэн
байдлаар хөнгө­лөлт үзүүлэх гээд улай­раад байгаа юм огт алга.  Ер нь ч уул уурхайн ком­па­ниудаас хамаарал­тай­гаар
хуулиа баталж бо­лохгүй. Дотооддоо ямар хууль гаргах нь Монголын л
асуудал.  Үүнийг улс төр болгоод, шахалт
үзүү­лээд ч хэрэггүй. Оюу тол­гой алтаа тушаахдаа та­ван хувийн татвар төлдөг.
Гэтэл үүнийг нь 2.5 бол­гож хөнгөлөх нь гэдэг зүй­лийг л Ардын намынхан яриад
байгаа. Ийм юм гэж юу байхав дээ.

-МАН-ынхан энэ хуу­лийг Оюу толгойтой хол­бож хардаад байгаа
учраас танай бүлэг аргаа барахдаа 2.5 биш таван хувь болгохоор болсон юм биш
үү. Нэ­гэнт л Оюу толгой таван хувийн татвар төлдөг учраас одоо маргах зүйлгүй
байх…

-Мэдэхгүй юм. Миний хувьд Засгийн газраас оруулсан саналыг нь
дэмжиж байгаа. Аливаа асуудлыг шинэчилье гэвэл бодит байдлаа улс төр, сэтгэлийн
хөөрөлгүй­гээр харах ёстой. Сүүлийн жилүүдэд алтны нөөц  эрс багасч, валютын нөөц хомсдсон. Тэгэхээр
мон­гол төгрөгийн үнэ цэнэ газарт унахгүй гээд яа­хав.  Байдал ийм болчи­хоод байхад МАН-ынхан “Та
нар валютын хан­шийг унагалаа” гэх. Тэгвэл алт болон валютаа Мон­гол­доо
цуглуулж, энэ байд­лыг засъя гэхээр “үгүй” гэх. Төсвөө хэм­нээд, орлогоо нэмэг­дүүлж,  эдийн засгаа тэлье гэхэд ч үгүй гэсэн хэрнээ
“цалин нэм” гээд дайрах. Сөрөг хүчин нь ийм хоёр гартай байж болох уу. Өөдрөг
улс орнууд эдийн засгийн бололцоондоо тулгуур­лаж, гадаадаас хүү бага­тай, урт
хугацааны зээл авъя гэдэг байх ёстой. Гагцхүү авсан мөнгөө юунд зарцуулах вэ
гэдэг дээр УИХ, Засгийн газрын  ухаалаг
хандлага чухал. Гэвч Монгол Улс зээл авах эрхээ сөрөг хүчний бойкотоос болж хяз­гаар­луулчихсан.
Өчнөөн бү­тээн байгуулалтууд хү­лээг­дэж байдаг.  Үнэхээр Ардын намынхны энэ үйлдэл улс орны
эрх ашгийн төлөө мөн үү гэдэгт эргэлзэж байна.

МОНГОЛОО ҮНЭ ЦЭНЭТЭЙ, ӨМЧТЭЙ БОЛГОХ БОЛОМЖ НЬ ЗЭЭЛ
ГЭЖ ХАРЖ БАЙНА

-МАН-ыг отон тог­лол­тоос нь гаргачихаж болдоггүй юм уу. Юун
төлөө олонхи билээ. Үнэхээр улс орны эрх ашгийн төлөө шийдвэр гаргах гээд
байгаа юм бол олонхиороо асууд­лаа шийдээд, ажлаа ахиулж болдоггүй юм уу.
Тэртэй тэргүй МАН-ын суудлын тоо цөөхөн шүү дээ?

-Бид ирцээ бүрдүү­лээд олонхи болоод асууд­лаа шийдээд явчи­хаж
болно. Хамгийн гол нь сөрөг хүчиндээ энэ бүхнийг ойлгуулахыг хү­сээд байгаа юм.
Цөөнхөө сонсч, уян хатан бодло­гоор төрөө авч явах хүсэл тэмүүлэл бидэнд өндөр
байна. Гэвч тэдэнд хүсэл алга. Зөвхөн намынхаа эрх ашгийг бодож байна.
Бүгдээрээ хамтраад улс орныхоо эрх ашгийн төлөө ажил хийе гэхээр “Та нар яагаад
татвар хөнгөлөх гээд байна. Хаа­наас нь мөнгө унагаах нь уу” гэх мэтээр хуучин
сэт­гэхүйгээрээ хардаж бай­на. Өнгөрсөн хугацаанд Оюу толгойн хөрөнгө оруу­лалт
Монгол Улсын эдийн засгийг  огцом өсгө­сөн
нь үнэн. Гэхдээ үндэс­ний аюулгүй байдлаа бид заавал тооцох ёстой. Аливаа
этгээд хөрөнгө оруулна гэдэг бол Мон­голд байршуулсан өм­чөө­рөө дамжуулж, захи­ран
зарцуулж, хараат болгоно гэсэн үг. Дотоод­доо алт, валютын нөөц­тэй байх
нь  манайд ашиг­тай. Дээрээс нь бид зээ­лээс
айх хэрэггүй. Гут­ранги үзэлтнүүд зээлийг “Хойч үедээ үлдээж бай­гаа өр” гэж
ярьдаг.  Мон­голын ирээдүйн төлөө гэх
нэрээр өнөөдрийн бо­ломжийг сүйтгэж болох­гүй. Өнөөдрийн боломж байхгүй болох
юм бол ирээдүйн талаар ярих ч шаардлага байхгүй бол­но. Тиймээс бид
зээлийг  Монголоо үнэ цэнэтэй болгох,
иргэдээ өмчтэй байлгах, баялаг бүтээгч­тэй болгох, дэд бүтцээ хөгжүүлэх,
үндэсний үйлд­вэрүүдтэй болох боломж гэж 
харж байна. Энэ нь бидний ирээдүйн хөгжлийн суурь нь юм. Харах өнцгийн
асар том ялгаа энд л байна. Ямар ч бизнес зээлээр босдог гэдгийг бизнес
эрхэлдэг хүн бүхэн мэднэ. Ингэж бий болгосон ашгаасаа зээлээ эргүүлж төлдөг.
Зээлээр бий болсон зүйл нь өөрийнх нь өмч болон үлддэг. Тиймээс Монго­лын өмч
Монголдоо үл­дэх  гарц нь урт хугацаа­ны
хүү багатай зээл. Гадаадын шууд хөрөнгө 
оруулалт бол гадаадынх л шүү дээ. 
Оюу толгойн гуравны хоёр нь бидний өмч биш болчихсон. Ийм байдлаар
бидний биш өмчүүд Монголоор нэг тарах юм бол Монгол Улс юу болж хувирах юм.
Тэгэхээр юундаа эхэлж ач холбогдол өгөх вэ гэдгээ олон талаас нь бодож,
анхаарах хэрэгтэй. 

-Оюу толгой Монго­лын өмч биш гэж хэл­лээ гээд маргаашнаас
таныг балбаад эхлэх байх даа?

-Яалт ч үгүй манайх 34, Рио тинто 66 хувийг эзэмшдэг нь үнэн
биз дээ.  Хэн үүнтэй зөрөлдөх юм. Харин
зэсийн үйлдвэрээ хөнгөлөлттэй зээлээр ба­риад, төр хувийн хэвш­лийн­хээ
түншлэлийг оруу­лаад явъя. Эцэст нь энэ үйлдвэр Монголын өмч болоод
үлдэнэ.  Үүнийг хийж чадахгүй юм бол улс
гэж байгаад яах юм бэ. Харамсалтай нь өнөөдөр бид үүнийг хийж чадахгүй байна.

-Таны энэ үгнүүд та­таж ядаж байгаа гадаад хөрөнгө оруулалтыг
үр­гээчих юм биш биз дээ?

-Гадаадын хөрөнгө 
оруулалт хэрэггүй гэж яриагүй. 
Гадаадын хө­рөн­гө оруулалт, зээл хоёрыг зэрэг л авч явах ёстой.  Гадаадын хөрөнгө оруулалт ашигтай биз­нест
өөрөө ороод ирнэ. Тэгээд ч хөрөнгө оруулал­тын орчныг сайжруулах хууль гарсан.
Энэ хуулийг намайг хэллээ гээд нураа­на гэж байхгүй. Эрсдэл юундаа байна
гэдгийг л тайлбарлаж байна. Га­даа­дын хөрөнгө оруу­лалт уул уурхайн салбарт
давамгайлж орж ирнэ. Учир нь уул уурхай, эрдэс баялаг бол дэлхий ний­тийн үнэ
цэнэтэй бизнес.  Тиймээс гадаадын хөрөн­гө
оруулалт манай баялагт эзэн суух юм бол Үндэсний аюулгүй бай­дал юу болох билээ
гэд­гээ давхар бодолцох ёс­той. Хэрэв гадны хөрөнгө оруулалтыг татвал Мон­гол
Улсын эзэмших хувь нь ахиу байх ёстой. Төрийн оролцооны эдийн засгийн боломж,
компани, хувь хүмүүсийн эдийн засгийн чадавхи дээр тулгуурлаж хийнэ. Тэгэхээр
бид эхлээд  өөрсдийгөө чадавхитай болгох
шаардлагатай. Тухайлбал, “Эрдэнэт” үйлд­вэрийн хувь эзэм­шил 51:49 байгаа нь
болж байна. Монгол Улс 51 хувийг эзэмшдэг. Тийм ч учраас олон жил Монгол Улсыг
тэжээлээ шүү дээ.

-Гэхдээ төрийн мэд­лийн хувь нэмэгдээд ирэхээрээ авлига, хүнд
суртал үүрлэж, ажил нь ахидаггүй дампуурдаг жишээ олон байна шүү дээ, Оюу
толгой, Таван толгойгоос эхлээд. Тэгэ­хээр уул уурхайн салбарыг  хувийн хэвш­лийнхэнд даатгачих хэрэгтэй юм
биш үү?

-Нэг зүйлийг бодмоор юм билээ. Үндсэн хуульд газар доорхи
баялаг ард түмний өмч гээд заачих­сан. Ард түмний өмч гэдэг нь Төрийн мэдэлд
байна гэсэн үг. Гэсэн ч Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг бо­ловсруулахдаа
уул уур­хайн салбарт хувийн хэвш­лийг түлхүү оруулна гээд тусгачихсан. Мэдээж
хэрэг нэг хэсэг нь хувийн хэвшилд очих ёстой. Нөгөө хэсэг нь төрийн оролцоо
давуу байх хэрэг­тэй гэж үзэж байна. 
Миний бодлоор төрийн оролцоог огт орхигдуулж болохгүй. Төрийн орол­цоо
байна гэдэг нь  ард түмний өмчийг төр
төлөөлж хийнэ гэсэн утга. Нөгөөтэйгүүр хувийн хэвшил ч энэ салбарт  орох ёстой. Гэхдээ үндэс­ний аюулгүй байдалд
яаж нөлөөлөх вэ гэдгийг давхар заавал тооцох хэрэгтэй.

-Эрдэс баялгийн сал­барт төрөөс баримт­лах бодлогоо баталсны
дараа уулс уурхайн сал­барын бусад хуу­лиу­даа гаргая гэдэг зүй­лийг МАН-ынхан
яриад байгаа?

-Монгол бодлогогүй явж ирж. Нэг салба­рын­хаа бодлогыг
цэгцлээд гаргачихъя гэхээр ухаан­тай хүмүүс гарч ирээд байх юм. Төрөөс баримт­лах
эрдэс баялгийн бод­логыг Засгийн газар оруулж ирлээ. Цаашид гаргах олон бодлого
бай­гаа. Тухайлбал, боловс­рол шинжлэх ухааны тө­рөөс баримтлах  бодлого гэж бий. Энэ яригдаж бай­гаа баримт
бичгүүд Мон­гол Улсын бодлого боло­хоос хэн нэгний лобби­гоор батлагдах бодлого
биш.

-Гацаа хэзээ арилж, хэдийд хуулиудаа батлах бол?

-Хуулийн төслүүдийг энэ чуулганаар баталж дуусгана.

ДЭЛХИЙН УЛС УТААНААСАА “АРДЧИЛСАН” АРГААР САЛЖ
БАЙГААГҮЙ

-Улаанбаатарын утаа­ны асуудал өвөл болохоор л яригдаж эхэл­дэг.
Энэ жил өмнөх жилүүдийнхээс харь­цангуй их байна гэж ярих боллоо. Утааг арилгах
талаар ямар бодлого барьж ажиллах вэ?

Бид Улаанбаатарын утааг багасгая гэж олон жил ярилаа. Өвөл
боло­хоор улстөржиж, эрх бариг­чид руугаа дайрдаг.  Үнэндээ Улаанбаатар хот хуаран болсон. Мон­голын
хүн амын 50 хувь энд шигдсэн. Улаан­баа­тарыг хот болгоё гэвэл үнэ цэнтэй,
зохион бай­гуу­лалттай хатуу төлөв­лөлттэй хот байх ёстой. Хотын иргэд
хариуцлага хүлээдэг байх ёстой. Бо­лох­гүй байгаа зарим асууд­лыг хуулиар зохи­цуулах
хэрэгтэй. Дэлхийн түүхэнд ямар ч улс хотын утаанаасаа салахдаа “ард­чилсан”
аргаар ший­дэж байгаагүй. Үүнийг хуулийн аргаар шийдсэн байдаг.

-Яаж?

-Английн Лондон хот яндангаас гарч буй утаа­ны хорт хийг
багасгах хяналтыг чангасгаж ян­дан­гуудыг хааж байсан. Гэхдээ үүнийг авч хэ­рэг­жүүлэхийн
тулд урьд­чил­сан нөхцөлийг нь төрөөс хангах үүрэгтэй. “Нийс­лэлийн цэвэр
агаарын тухай хууль”-ийг боловс­руу­лах, нүүрснээс хий боловсруулах үйлдвэ­рийг
зээлээр барих  ёстой. Үүнээс гадна
бид  автомашины дугуйны су­далгаа гар­гуулж
байгаа. Монголд импортоор ирж буй хэдэн хувь шинэ, хэдэн хувь хуучин дугуй
байгаа эсэхийг судалгаа явуулж байна. Тэдний хог хаягдлын асуудлыг хэр­хэн
шийдвэрлэж байгаа талаар судалгаа явуулж байна. Ихэнх нь зууханд  түлэгдэж байна гэсэн мэдээлэл байдаг. Бид
манай гэр л дулаан бай­вал боллоо гэж боддог. Яг үнэндээ хүний эрх гэдэг чинь
бусдын амьд явах эрүүл амьдрах эрхээр хязгаарлагддаг юм. Үүнийг ойлгох цаг
болсон. Тиймээс нэн түрүүнд ду­гуй шатааж байгаа зуух­ны янданг хориглох ёс­той.
Олон жил зуух тараа­лаа үр дүн нь хаана бай­на. Тиймээс бид үүнийг эрхзүй,
эдийн засаг, үйлд­вэрийн орчинд нь шинээр судалж, цаашид шийдэх хэрэгтэй.

-Юу юугүй янданг нь буулгах харгис бодлого биш үү. Хүмүү­сийг
хөлдөж үх гэлтэй нь биш?

-Тийм учраас нүүрснээс хий боловсруулах үйлдвэрийг Бага­нуурт
барьж, Улаанбаатар руу хийн хоолой татах ажлыг гурван жилийн дотор Засгийн
газар хийх ёстой. Үүний дараа Улаанбаатарт айлуудын янданг шат дараатай
буулгана. Ингэж байж бид энэ утааны асуудлыг шийднэ. Тиймээс үүнийг шахаж хийх
ёстой ажлын эхэнд тавьж байгаа юм. Ерөнхий сайд Хятад улс руу айл­чилж ирсэн үр
дүнтэй ажлын эхний нэг дохио нь гэж ч харж байна. Янданг цэгцэлсний
дараа гэр хо­рооллыг халаах олон арга байна. Цахил­гаанаар халааж болно. Цахил­гаанаар
халаавал төрөөс цахил­гаа­­ны төлбөр мөнгийг нь бодло­гоор шийднэ.

-Хятад улс зээл өгье гэсэн юм уу?

-Хятад улс ганцхан зүйлийг ярьсан. Ийм эдийн засгийн үр
ашигтай төсөлд урт хугацаатай  зээл
олгоход бэлэн гэдгээ мэдэгд­чихсэн. Гэтэл бид зээл авах гэхээр хууль ДНБ-ий 40
хувиас хэтрэхгүй гээд хязгаарласан байдаг.

-Нэгэнт хөдөөнөөс хотод шил­жигсдийг одоо хааш нь явуулах вэ?

-Улаанбаатар бол  улсын
нийс­лэл. Хүн болгон энэ хотод татвараа төлөөд амьдрах ёстой. Хэрвээ татвараа
төлөхгүй, яндангүй амь­дарч чадахгүй бол зэргэлдээх татвар авдаггүй, гэртээ
чөлөөтэй амьдраад малаа хариулж болох газарт амьдарч болно. Энэ эрхийг
хаагаагүй. Тэнд харьцангуй өөр нөхцөлтэй шүү дээ. Хөдөөнийхөн хөдөөдөө сайхан
амьдрах боломж байна. Харин төрөөс аймаг сумдын шинэчлэл буюу шинэ сум төслийн
хэрэгжилтийг шуурхайлах нь чухал.

-Тэгэхээр хөдөөгийнхөн “Бид яачихсан хүмүүс юм” юм гээд
гомдоллоод унана даа. Хөдөөгөө хөгжүүлээгүй байж шууд тэгж болох уу?

-Хөдөөгийхөн сумандаа амь­дар­маар байна гэвэл дэмжье.  Хотын татварын санд цугласан мөнгөө хотоос
нүүх иргэдэд  зо­риулъя. Хөдөө очиж
амьдар тэгвэл дэмжье гэдэг бодлого. Заа­вал амьдралын түвшин нь хүрэхгүй газар
ирчихээд зүдэрч явснаас төрсөн нутагтаа хөрөнгө чинээтэй хүн шиг амьдар. Энэ
нөхцөлийг нь бүрдүүлэхийн төлөө бид ажиллаж болно. Ингэж хэлс­нийхээ төлөө маш
их улс төрийн оноо алдах болно. Гэхдээ популист алхам хиймээргүй байна.

-Хөдөөгийнхнийг хот руу оруу­лахгүй. Айлуудын өмч хураана
гэдэг чинь хуучирсан алхам юм биш үү?

-Хэн дуртай нь байшингийн буланд очиж бие засдаг, гудам­жинд
нус, цэр, хогоо хаядаг, хаа дуртай газраа архи уудаг байдал хэтэрхий бүдүүлэг
юм. Тиймээс хотод амьдрах эрхийг нь хааж байгаа биш татвараа төлөөд ха­риуц­лагатай
амьдар гэж байгаа юм. Улаанбаатарын өртөг хөдөө орон нутгийнхаас их гэдгийг тоо­цож
орж ир. Улаанбаатарт гэрээ ачиж ирэн шинээр гэр хороолол үүсгэх боломжгүй
болсон. Ийм л шаардла­гыг тавьж хотын даацыг хэмжээнд нь барьж утааг багасгая.
Ардчилал бол хариуцлага. Хариуц­лагагүй ардчиллаар арав гаруй жил явж ирлээ.
“Ардчилал хүнийг эрхийн тэнэг болгоод байна. Аав, ээждээ эрхэлж өссөн эрхийн
тэнэг хүүхэд том болоод ямар хүн болдгийг мэднэ биз дээ” гэж хэлж байсан
сонгогчийн үг маань санаанаас гардаггүй.

-Төгсгөлд нь Р.Амаржаргал гишүүний тухай асууя.  Энэ хүн яагаад ийм шийдвэр гаргах болов. Та
юу гэж бодож байна вэ?

-Р.Амаржаргал гишүүн бид хоёр дотнын найз нөхөд. Гэлээ ч энэ
шийдвэрийн тухайд байр суурь өөр байж магадгүй. Анд маань олон жил парламентад
суусан туршлагатай гишүүн мөртлөө буруу л шийдвэр гаргачих шиг санагдаад байх
юм. Тийм учраас улс төрийн талаар сайн, муу бүхнийг мэдэрч байх ёстой хүний
нэг. Р.Амаржаргал бүлгийнхээ хуралд ядаж нэг удаа орж ирээд санал бодлоо
хуваалцчихсан бол би түүний өмнө хариуцлага хүлээж болно. Р.Амаржаргал
Ардчилсан намын өмнө хариуцлага хүлээхгүй байж болно. Гэхдээ Сүхбаатар дүүргийн
сонгогч, иргэдийн өмнө “Олон зүйл  хийнэ”
гэж энэ намын нэрээр гарч ирсэн гэдгээ бодох ёстой. УИХ-д олонхи болж байгаа
хэсэг энэ улс орны шинэчлэлийн төлөө сайн, муугаар хэлүүлээд ажиллаж байна.
Мэдээж алдаа, оноо байгаа.  Тэр болгоны
тоогоор ухарч болохгүй. Засгийн эрхийг барьж буй олонхид  нэг хүн дутуу байх нь бодлогоо хэрэгжүүлэх
боломжийг алдах эрсдлийг дагуул­на. Өөрийн саналаа хуваалцаж, халуун тогоонд
орж хэлэлцэж болохгүй бол хэрэлдээд ч болов суугаасай гэж хүсч байна. Р.Амар­жаргал
гишүүний асуудлыг ирэх долоо хоногт чуулганаар хэлэл­цэнэ. Харин түүнийг энэ
хугацаанд “бодооч” гэж байгаа юм.  Энэ
улс төрд чинь гундах, сөхрөх, хүсэл биелэхгүй байх олон асуудал гардаг. Тэр
болгоныг сөрж гарах тэнхээгүй юм бол яах гэж өдий болтол  бид хамт явсан юм. Надтай ижил бодолтой олон
хүн байгаа гэж найдъя.

-Хуучин Хувьсгалт намынхан намаа шүүмжилсэн хүнийг хөө­дөг
үзэгдлийг ардчилалгүй гэж шүүмжилдэг. Тэгвэл өөрийнхөө хүсэлтээр явах гээд
байгаа хүнийг суллахгүй зуураад бай­гаа АН-ын энэ үзэгдэл ч ардчилалгүй  байдал юм биш үү?

-Хүсэхэд хясах зүйл хорвоо дээр зөндөө байдаг юм. Хэн ч бай
ямар ч нөхцөлд үнэ цэнэтэй зүйлээ­сээ салах дургүй байдаг. Би Р.Амар­жаргал
гишүүний хувийн араншингийн талаар яриагүй. Түүний энэ танхимд байх мөн чанарын
тухай илэн далангүй хэллээ.

-Р.Амаржаргалыг гомдоож дургүйг нь хүргэсэн хүн нь таныг гэж
бичигдээд байсан?

-Р.Амаржаргал гишүүн бид хоёрын хувьд бие биедээ гомдох
шалтгаан  огт байхгүй.

 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Төв талбай ийм мөсөн гулгууртай болно

Нийслэл хот шинэ жи­лийн сүлд модоо өчигд­рөөс Чин­гэсийн талбайд
засч эхэлсэн бөгөөд энэ сарын 15-нд сүлд модны­хоо гэрлийг асаах юм бай­на. Түүнчлэн
төв талбайд хүүхэд, залууст зориул­сан мөсөн гулгуурын тал­бай барьж эхэлжээ. Энэ­хүү
мөсөн гулгуурын тал­бай мөн энэ сарын 15-нд нээгдэнэ. Одоо­гийн байд­лаар хашаа
хатгах ажил хийгдэж байгаа бөгөөд удахгүй мөсөн хучилтаа хийх юм байна. Энэ удаа
зүгээр нэг мө­сөн талбай хийх биш бүр цогц мөсөн гулгуурын төв барих нь.

Тодруулбал, хоёр хэсэг мөсөн талбайг жанжин Д.Сүхбаатарын хөшөөнөөс
урдхан талд бий болгох аж.  

Мөсөн гулгуурыг 195:35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд
20:40 метрийн харьцаатай байгуу­лах юм байна. Өвлийн улиралд гадаа эрт харанхуй
болдог. Тэгвэл мөсөн талбайг сүүлийн үеийн гэрлэн чимэг­лэлээр шөнөжин гэрэлтүүлэх
гэнэ. Хүүхэд залуус гулгахаар ирэхдээ дулаан байранд хувц­саа солиод гулгах болом­жийг
хүртэл бодолцож хувцас солих тав тухтай байрыг ха­жууд барихаар төлөвлөжээ. Мөн
түргэн хоолны цэг барих аж. Үүнээс гадна үзэгчдийн суудал, хогийн савыг зэргийг
нь шийдэж өгөх юм байна. Ямартай ч энэ өвөл гулгах дуртай хүүхэд залуус стан­дар­тын
шаардлагад нийц­сэн сүүлийн үеийн мөсөн гулгуур­тай болох нь. Энэхүү цогц талбайг
бари­хаар нийслэ­лийн Захираг­чийн ажлын хэсэг ажилдаа оржээ. Тэд хүүхэд, залуусын
чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүү­лэх орчинг ийн нэгээр нэмэхээр нэлээд завгүй
бай­гаа бололтой. Мөсөн талбайн үйл ажиллагааг ерөнхийдөө  Нийтийн үйлчилгээний Улаан­­баатар нэгтгэл хариу­цаж
ажиллахаар болсон бөгөөд талбай бүрт 3-4 ажил­тан ажиллах юм байна. Одоо­гийн байдлаар
үнэ ханшийг тодорхой шийдээгүй байгаа гэсэн. Харин аль болох нийс­лэ­лийн бүх хүүхдэд
хүртээмж­тэй байх талаас нь бодолцож тарифаа гаргах юм байна. Уг нь манайд өвлийн
улиралд олон мөсөн гулгуурын газар нээгддэг хэдий ч үйлчилгээ­ний шаардлагыг хангаж
ажил­лаж чаддаггүй. Адаг­лаад нийтийн бие засах газар­гүй байдаг. Тэгвэл энэ жилээс
хүүхэд, залуучууд тохилог, таатай үйлчилгээтэй мөсөн гулгуурт чөлөөт цагаа өнгөрүүлдэг
болох нь.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Р.Гончигдорж: Ардчилсан хөгжлийн тулгуур хүчин болох хариуцлагыг үүрч АН гэдэг нэрийн дор нэгдсэн түүхтэй

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой
ярилцлаа.

 -Өнөөдөр ардчил­лын өдөр. Энэ өдрийн
ач холбогдлын тухай таны үгийг сонсох нь зүйн хэрэг байх? 

-2000 оны арван­хоёр­­дугаар сарын
зур­гаанд 1989 онд ардчил­сан хувьсгалыг эхлүүлж, түүнийг тайван замаар ялалтад
хүргэсэн улс тө­рийн хүчнүүд Ардчилсан нам гэдэг нэрийн дор нэгд­сэн. Тийм учраас
энэ өдрийг Монгол даяараа баяр болгон тэмдэглэн 
өнгөрүүлдэг уламжлал тогтсон. 1989 онд Мон­голын нийгэм, эдийн за­саг, улс
төрийн харил­цааг цоо шинээр, дэл­хийн хөгж­сөн болон хөгжиж буй орнуудын жишгээр
хөгжүүлэх зорилготой хэд хэдэн цуглаан зохион байгуулагдсан. Арван­хоёр­дугаар сарын
10-ны өдөр болсон  цуглаанаар Ардчилсан холбоо,
Ард­чилсан социалист, Шинэ дэвшил гэсэн гурван хө­дөл­гөөн өөр өөрийн онц­логтойгоор
байгуулагд­сан юм. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Зориг нарын журмын нөхөд маань МоАХ-г
байгуулсан түүх­тэй. Харин МУИС-ийн байгаль шинжлэл, мате­матик, физик, биологийн
чиглэлийн сургууль, шинжлэх ухааны бай­гуул­ла­гууд дээр ажиллаж байсан залуус  ардчил­сан социалист хөдөл­гөө­нийг байгуулахад
нь ми­ний бие оролцож байсан юм. Энэ хөдөлгөөнд 
Баа­бар,  Батбаяр, Хатанбаа­тар, Ганбаатар,
З.Энх­болд гээд нэрлээд байвал барагдахааргүй олон нө­хөд маань багтаж бай­лаа.
Энд нэр нь дурдаг­даагүй өнгөрсөн  нөхдүүд
маань гомдохгүй байх гэж найдъя. Харин эдийн зас­гийн шинэчлэлийн үзэл санааны чиглэлээр,
голдуу эдийн засагчдын байгуулсан  шинэ дэвшил
хөдөлгөөнийг манай Да.Ганболд тэргүүтнүүд байгуулж байлаа. Мэ­дээж улс төрийн ийм
том хөдөлгөөнүүд  болж хуви­рах  явцад Монголын оюут­­ны холбооны орол­цоо байсан.

Эдгээр холбоонууд байгуулагдсаны дараахь
эхний зорилго бол нэг намын удирдан чиглүү­лэх үүргээс татгалзах явдал байлаа. Тиймдээ
ч улс төрийн эдгээр хүч­нүүдийн шахалт, шаард­ла­гаар тэр үеийн АИХ БНМАУ-ын Үндсэн
хуульд өөрчлөлт оруулж,  үүний дараа Монголын
Ардчилсан нам, Мон­голын үндэсний дэвш­лийн нам, Монголын со­циалдемократ намуудыг
байгуулж, Монголд олон намын тогтолцоог бий болгох эх үндсийг тавьсан юм.  Энэ намууд 2000 онд өөрийн үнэ цэнэдээ тү­шиглэж,
эхлүүлсэн зорил­гоо тууштай төгөлдөр­жүүлэхийн төлөө нэгдсэн түүхтэй.

-Энэ намууд нэгдээ­гүй байсан бол
юу бо­лох. Нэгдсэний үр дүнд юу бий болсон гэж үздэг вэ? 

-Яах байсан бол гэ­хээ­сээ илүү яагаад
нэг­дэв, энэ хүртэл ямар сорилттой тулгарч байв гэдгийг ярих нь чухал л даа. Бид
нэгдээгүй бол өмнө нь гарч байсан ал­даа­нууд, давж чадаагүй сорилтууд үргэлжилсээр
байх байсан.

Анхны олон намын оролцоотой сонгуулиар  АИХ, Улсын бага хурал байгуулагдсан. Мөн энэ сонгуулиар
гудамжнаас тэмцдэг байсан хөдөл­гөөнүүд биш Монгол Ул­сын эрх барих дээд бай­гууллагад
төлөөлөлтэй, түүгээрээ дамжуулж  ард­чилсан
Үндсэн хуулиа батлахаас эхлээд, эдийн засаг нийгмийн ардчил­сан шинэчлэлийг хийх
бодлого тодорхойлогчид болж чадсан юм. Шинэ Үндсэн хуулиа баталсны дараахь сонгуульд
бид нэгдээгүй байсан учраас тус тусдаа оролцож бай­сан. Тэгсэн учраас зургаа­хан
суудал авсан байдаг.  1996 оны сонгуулиар
Ард­чилсан холбоо эвс­лийг байгуулж ороод УИХ-д анх удаа 50 суудал авч олонхи болж
байлаа. Гэвч намууд нэгдээгүй байсан учраас тэр он жилүүдэд олон Засгийн газар огцруулж,
төрийн тогтвортой байдлыг хан­гаагүй гэдэг зэмлэлийг ард түмнээс сонсоход хүргэсэн
шүү дээ. Үр дүнд нь олон түмний тууштай дэмжлэгийг авч чадахгүй байна гэдэг дүгнэлтэд
хүрсэн учраас,  Монголын ардчиллыг эхлүүлж
са­наачилсныхаа хувьд ард­чилсан хөгжлийн тулгуур хүчин болох хариуцлагыг өөр дээрээ
үүрч, АН гэдэг нэрийн дор нэгдэж, тө­лөвшиж чадсан. Нэг нам болсны дараа өөр өөр
намд байсан угшлаараа сонирхлын зөрчилтэй байх­гүйн бүтэц зохион байгуулалт, дүрэм
жур­муудаараа зохицуулж чадсан юм. Өөрөөр хэл­бэл, намын угшлаараа талцах зүйлгүй
болж чад­сан. Тийм ч учраас 2004, 2008, 2012 оны сонгуу­лиудад амжилттай орол­цож,
нэг хоёр жилийн дасалдлыг үл тооцвол хамтарч болон дангаа­раа засаг барих болом­жийг
бүрдүүлсээр ирлээ.

-Намын угшлын тал­цалгүй ч гэлээ
фрак­цийн хагарал АН-д бай­саар ирсэн байх. 
Үүнийгээ АН-ынхан до­тоод ардчилал ч гэж нэр­лэдэг дээ…

-Нэгдмэл нам болж төлөвшиж чадсан
шүү дээ. Намын угшлаас үүдэл­­тэй фракц бий болсон юм биш. Бүхий л үед асуудал тулгарах
бүрт түүнийг даван туу­лахын нэг хэсэг нь нэгд­дэг. Тодорхой хэсэг нь өөр байр суурьтай
сонирх­лын нэгдлүүд үүсдэг. Энэ нь шигшигдсээр эцэстээ фракц болдог байсан.  Гэхдээ энэ нь эрх мэдлийн төлөө бус, ямагт асуудлыг
зөв шийдэх үүднээс үүс­дэг байсан зүйл. Нэг үгээр АН-аа хүчтэй болгохын төлөө нэгддэг
байсныг хэлэх хэрэгтэй. Энэ бол амьд организмд болж байдаг үйл явц. Хамгийн анхны
фракц нь Алтан гадас гэж ярьцгаадаг биз дээ. Үнэн хэрэгтээ фрак­цийн нэрийг буруу
өгсөн юм.

-Ямар учиртай билээ?

-Уг нь бол хүчтэй АН-ын төлөө фракц
гэдэг нэртэй байсан. Эх орон болон Иргэний зориг нам­тай сонгуульд эвсэн орох тухай
асуудал яриг­дах үед АН-ын тодорхой хэсэг бүлэг нөхөд тэр намуудын эрхшээлд орж,
сул АН-ын төлөө явахад бэлэн болчихоод байсан. Тийм учраас хүчтэй АН-ын төлөө бидний
хэсэг нөхөд гарч ирсэн байдаг.  Харамсалтай
нь тухайн үед АН-ын байранд сул АН-ын төлөө зогсч бай­сан нөхдүүд хуралдаад бидэнд
ярилцах, хэлэл­цэх газар байгаагүй. Тий­мээс “Алтангадас” гэх хөгжлийн төлөө олон
ний­тийн байгууллагын байранд хуралддаг байлаа. Тийм учраас Ал­тангадас гээд нэрлэ­чих­сэн
юм. Бид хүчтэй АН-ын төлөө байна, аль нэг намын хавсарга байхгүй гэдэг дээр хатуу
зогсч байсан. Энэ зорилгодоо ч хүрч чадсан шүү дээ. Учир нь засгийн эрхийг МАХН-тай
хамтарч бай­гуулж, Ерөнхий сайд, УИХ-ын даргаа хоёр хоёр жилээр ээлжлэн удир­дах
гэрээ байгуулж байлаа. Тэр үед намайг “Энхсайхантай тамга бу­лаацалдсан ч” гэж ярьдаг.  Гэхдээ тэгж байж л АН-аа хүчтэй хэвээр нь авч
үлдэх боломжтой байсан юм.

-Магадгүй энэ бай­дал нөлөөлсөн
байхыг үгүйсгэхгүй. Ямар ч бай­сан АН-аас цөөнгүй хүн нүүр буруулсан байх. Ардчилсан
хувьсгалд тэмцэж явсан зам мөрийг нь мартсанд ч гомдсоноо илэрхийл­дэг нөхдүүд бишгүй.
Тэр нөхдийнхөө тухай та ямар бодолтой байдаг вэ?

-Ардчилсан хувьсгалд гар бие оролцож
явсан, одоо салаад явчихсан удирдагчид хаана байгаа юм. Жишээ нь хэнийг хэлээд байна
вэ. 

-Ерөнхий сайд асан М.Энхсайханаас
эх­лээд л ….

-Ер нь оролцогч бай­на гэдэг заавал
дарга байх албагүй шүү дээ. Зорьсон үйлдээ тууштай байгаагүй, хамт явсан нөхдүүддээ
ямар нэгэн байдлаар атаархаж, жө­төөрх­дөг. Аливаад бу­лаа­цалдах сэтгэлээр хан­даж,
тэр  гомдлоороо  салж, нийлж байгаа бол  бидний эрхэм зорилгоо болгодог байсан үнэт зүйлийг
мэдрээгүйн шинж шүү дээ. Энхсай­ханы хувьд ч ялгаагүй.  Дандаа л наанатай, цаанатай явсан. АН-ын эрх ашигт
зөрчилтэй ашиг сонирхолд хөтлөг­дөж, Эх орон намыг тү­шиг­лэсэн тодорхой хэс­гийг
фракцалж тасалж, АН-аар биш тэднээр асууд­лаа шийдүүлэх гэж байсан үед нь би шүүмж­лэлтэй
ханддаг. Тиймдээ ч түүхийн жам ёсоороо улс төрд хүчгүйдэж, явсан шүү дээ. Үүнээс
болоод дараагийн засгийн бү­рэл­дэхүүнд ч орж чадаа­гүй. Ямар нэгэн албан тушаалын
төлөө явдаг­гүй, албан тушаалд очоо­гүй гэдгээрээ гомдоллож, өмнөө тавьсан зорил­гоосоо
ухарч байгаагүй, харин ч бүтээсэн үйл хэ­рэгтээ сэтгэл ханамжтай явдаг хүмүүсийг
жинхэнэ  ардчиллын төлөө зүтгэгчид гэж хэлнэ.

-Ардчилсан хувьс­галыг эхлүүлэх
цагаас эхлээд өнөөд­рийг хүр­тэл тууштай зүтгэсэн хүн учраас та өөрөө түүх. Тэгэхээр
2000 оны арванхоёр­дугаар сарын 6-ны тэр өдөр чухам ямар про­цессууд өрнөж байсныг
дур­сахгүй юу?

-Тэр үед би Социал­демократ намын
дарга байсан. Намууд нэгдлээ гэхэд дарга нарын бүрэлдэхүүнд намуудын харьцаа ямар
байх юм,  дүрэм,  бэлгэдлийн хувьд ямар байх юм гэдэг яриаг  олон сараар үргэлжлүүл­сэн үйл явц байсан. Гэх­дээ
бид нэгдэх нь тодор­хой, энэ нь ард түмний захиалга байсан учраас гайхаад байх зүйл
бай­гаагүй. Тиймээс харилцан буулт хийж, зөвшилцөж чадсан учраас намууд бүгдээрээ
ялагч болж  чадсан агуу шийдлийг тэр өдөр
гаргасан юм. Ийм үзэгдэл  Монголын улс төрийн
түүхэнд дандаа гарч байгаасай гэж боддог. Энэ үнэ цэнийг үе үеийн залгамж халаа,
ирээдүй хойч маань  мэддэг байгаасай.

-Зөвшилцөхөд хял­бар байсан уу.
Одоогийн улс төрийн хүрээнд бол­дог зөвшилцлүү­дээс ялгарах зүйл байв уу?

-Өнөөдрийн хувьд тодорхой нэг асуудал
дээр зөвшилцөл явж бай­на шүү дээ. Тухайлбал, Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай
хууль ч гэдэг юм уу. Тэр үед том зорилгын төлөө, ардчи­лал, хүний эрх, эрх чөлөөг
дээдэлсэн нийгмийн эрс шинэчлэл рүү орохын төлөөх зөвшилцөл бай­сан гэдгээрээ онцлог.  Ийм том зүйл дээрх зөв­шилцөл гэдэг бол сүүдэр­тэй
газрын цас хожуу ч гэсэн хэзээ нэгэн цагт хайлдаг шиг нэг л өдөр эвээ олдог юм.
Энэ ч үүднээсээ бид зөвшил­цөж чадсан. Намын удир­дах дээд байгууллага нь ҮЗХ байна.  Таван намын даргаар ажиллаж байсан хүмүүс АН-ын
дарга болох­гүй. Намын даргыг лидер гэдэг утгаар нь биш  сайн менежер байх ёстой гэж үзсэн. Ингээд одоо­гийн
ерөнхий прокурор Дорлигжавыг даргаараа сонгож байх жишээтэй. Намын туг, бэлгэ тэмдгийг
зохиох гэж олон янзаар үзсэн. Тэрнийх нь түлхүү орох гээд байна, энэнийх нь давуу
байх гээд байна гэдэг үзэл санаанууд явж байсан нь гарцаагүй. Эцсийн мөчид хэдхэн
минутад асуудлыг ший­дэж, МҮАН-ын туг үнэхээр гоё юм байна, Социал­демократын бэлгэдэл
зөв юм байна гэж нэгдээд л  туг, бэлгэдэл
дээрээ тогтож байсан.

-АН өөрсдийгөө ард­чи­лал гэж ойлгоод
бай­на гэдэг шүүмжлэл сүү­лийн жилүүдэд өрнө­сөн. Энэ тал дээр та ямар бодолтой
явдаг вэ?

-Ардчилал гэдэг нь аль нэг нам биш
шүү дээ. Харин ардчилсан хүчин гэхээр АН гэж ойлгодог тухай хүмүүс ярьдаг. Яалт
ч үгүй энэ бол ард түмний өгсөн нэр шүү дээ. Энэ нэр нь ардчиллыг өм­чилж байгаа
агуулга биш. Ардчилсан хүчин гэдэг оноосон нэрийг АН л авч явна. Ардчилал гэдгийн
үнэ цэнэ нь хүн бүрийн оюун санаандаа өмчилж, өөрийнхөө амьдралын сайн сайхны төлөө
хэрэг­лэдэг арга хэрэгсэл юм. Өнөөдөр МАН, Шударга ёс эвслийн дүрэм журам  Ардчилсан Үндсэн хуульд нийцэж байгаа учраас ардчилсан
зарч­маар үйл ажиллагаагаа явуулдаг хүчнүүд шүү дээ. АН ардчиллыг хэзээ ч өмч гэж
үздэггүй учраас өмч­лөгч биш. 

-Ардчиллын гавьяаг өнөөдөр хэдхэн
хүн өмчлөөд байна л гэдэг. Ардчилсан хувьсгалын төлөө зүтгэсэн биднийг мартлаа гэдэг
гомдол мөнхөд л явдаг шүү дээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ? 

-Шинэ Үндсэн хуу­лиар баталгаажсан
ард­чил­сан дэглэмийнхээ төлөө зүт­гэх үүрэг хүн бүрт бий. Энд гавьяаг өмчлөх тухай
ойлголт байхгүй шүү дээ. Нэг албан тушаалд очсон нь гавьяагаа эдэлж бай­гаа хэрэг
юм уу. Үгүй шүү дээ. Ардчилсан хувьсгал бол яах аргагүй агуу их баатарлаг эр зоригийн
үйл хэрэг байсан.  Ард­чил­сан Үндсэн хууль
батал­на гэдэг ч үнэхээр том хөдөлмөр байсан. Төр үүнийг үнэлж байна. Ерөнхийлөгч
манай Бат-Үүлд баатар цол өгсөн. Бат-Үүл ч өөрөө хэлдэг. Энэ бол надад өгч байгаа
шагнал биш бид бүгдийнх гэдгийг. Надад Чингэсийн одон өгсөн нь ч адил. Эзэн Чингэсийн
байгуул­сан төрийн үргэлжлэл, тэр үеийн үзэл санаа, зарчмын залгамжийг та­сал­дуулаагүй
гэдэг үүд­нээс төлөөлөл болгон надад олгосон шагнал. Шинэ Үндсэн хууль ба­талсан
хөдөлмөрийг нь үнэлж Чимэд гуайд хөдөл­мөрийн баатар цол олгосон.  Тэгэхээр гавьяа гэдэг нь хэн нэгэнд өмч­лөгддөг
зүйл биш шүү дээ. Гэхдээ ардчилсан хувьсгалд эр зориг гар­гаад жагсч цуглаад, өлс­гөлөн
зарлах явцад орол­цоод, юу ч тохиолдож магадгүй үед зориглож явсан нөхдүүдээ бид
хэзээ ч мартаж болохгүй. Тэдний алдар гавьяа мар­­­тагдахгүй. Энэ нь гавьяа шүү
дээ. Түүнээс биш хүнээс авдаг гавьяаг нэхээд хэрэггүй л гэж бод­дог. Өнөөдөр бий
болго­чихсон энэ ардчиллын үр дүн чинь өөрөө агуу том гавьяа юм. Ардчилсан хувьсгалын
анхдагчдыг нийгмийн зүгээс харж ха­ламжлаад явах асуудал байх л хэрэгтэй. Тэднээс  Монголын ард түмэн ха­рамлахгүй байх. Ардчил­сан
хувьсгал өрнөөгүй бол өнөөдөр би ингэж явах уу, үгүй юу, тиймээс бизнесээс олсон
орло­гоо­соо хуваалцъя гэдэг бодол тээдэг л байх. Мэ­дээж хэрэг тэдний төлсөн татвараас
ардчиллын төлөө зүтгэсэн хүмүүстээ хүртээх л хэрэгтэй гэж үздэг.

-Сүүлийн үед ард­чилсан за­саг
гарлаа гэтэл эрх чөлөөг хумьж, хэн нэгний эхнэр нөхөр­тэй байх эрхийг заадаг боллоо
гэсэн шүүмжлэл өрнөж бай­на. Та ямар бодолтой байна вэ?

-Энэ бүхнийг АН-тай нааж, АН-ын бодлого
бол­гож харагдуулах гэс­ний  хэрэггүй. Ж.Батзандан
гишүүн хууль санаачилж л байна. Би ч түүнтэй санал нэгдэхгүй байгаа. АН-ын бүлэгт
ч санал нэгдэхгүй нь олонхи л байгаа шүү дээ. Энд тэнд хүмүүс баривч­лагдаж гэнэ.
Тэр болгоныг АН зохион байгуулаад бай­гаа юм биш. Төр эрх мэд­лээ хуваарилчихсан.
Гэм буруутайг нь тогтоодог институт  тусдаа
хуулиар ажлаа зохицуу­лаад явж байна. Тиймээс асуудлыг зөв хараасай. Тэгж байж буруу
юм байгаа бол эмчилж чадна шүү дээ.

-Эцэст нь Р.Амар­жаргал ги­шүүний
талаар асуухгүй өнгөрч болохгүй нь?

-Ийм үед хэрэггүй байхгүй юу. Гэхдээ
асууж болно л доо. Бидэнд ердөө үүрэг ногддог гэдгийг л ойлгох ёстой. Үүрэг  хүлээе л гэсэн бол түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө
явах ёстой. Ингэж ойлгох юм бол Амаржаргал гишүүний талаар ямар байр суурьтай байгаа
минь ойлгогдоно.  Хэдийгээр тэр хүн гишүүнээсээ
татгалзъя  гэж байгаа боловч энэ эрх нь анх
өгөгдсөн үүргээс нь үүсч байгаа юм биш.  Олон
түмнээс авсан үүрэг энэ нь бараг  өөрийнх
нь өмчлөл биш шүү дээ. Хувь хүнийхээ хувьд 
олон эрх чөлөөнөөсөө татгалзаж  чадсан
хүн төрийн албан тушаалтан болох үүрэг хүлээдэг юм шүү дээ. Төрд ажиллаж байгаа
хүмүүс энэ зарчмаа ойлгох хэрэгтэй. Үгүй юм бол анхнаасаа үүрэг хүлээх ёсгүй байсан
байхгүй юу.

-Гэхдээ Р.Амаржаргал гишүүн АН-ын
өмч биш. Өөрөө хүсэлтээрээ явъя гээд байхад нь чөлөөлөөд өгчихөж болдоггүй юм болов
уу? 

-Өмчийн харилцааны асуудал биш шүү
дээ. Би өөр дээрээ жишээ авъя. Намайг 62-ын бүлэгт орж, МАХН-ын бүлгийн дэд дарга
бол­лоо гэдэг шүүмжлэл байнга дага­даг. Би тэнд дэд дарга болох гэж очоогүй. Хоёр
нам хамтарсан Засгийн газар байгуулчихсан бай­сан. Эвслийн бүлгээс нэг хэсэг нь
салаад явчихсан учраас УИХ-д АН-ын бүлэг байхгүй болох гээд бай­сан. Тиймээс нэгэнт
хамтарч засаг байгуулсан МАХН-ын бүлэгтэй нэгдэж  байж үүргээ хэрэгжүүлсэн. Үүнээс болж би муу нэрийг
дуул­сан, элдвээр хэлүүлсэн. Гэхдээ тэр нь надад хамаагүй. Анхнаасаа хүлээгээд авчихсан
үүргийнхээ дагуу хийх ёстой зүйлээ л хийсэн. Ард түмэн “Санаа бодолд нь ний­цэхгүй,
зөрүүтэй юм хийгээд байгаа бол өөрийнхөө санаа бодлыг зэрэг­цүүлээд  тавь” гэдэг л зүйлийг хэлдэг болохоос гэдэргээ
харж суугаад, тэр ажлыг нь хаяарай гэж явуулаагүй шүү дээ. Хэрэв гишүү­дийн өмчийн
эзнийг хайгаад байгаа бол тэр нь сонгогчид шүү дээ. Ингэж сонгогчдод өмчлүүлэхэд
нь зуучилсан хүчин нь АН.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Цасаар голоо зогоож, шээсээ ууж үхэлтэй нүүр тулсан долоо хоног

Түрүүч нь ¹292
(4620),  293 (4620)
дугаарт

Ц.Түмэндэлгэр үнэ­хээр азтай залуу.
Бас дэн­дүү тэвчээртэй нэгэн. Хөл нь хугарчихсан хэрнээ өвлийн тэсгим хүйтэнд эзгүй
хээр хөдөө бүхэл бүтэн долоо хоног үхэл­тэй нүүр тулан сөрөх зо­риг­тон түүнээс
өөр хэн нэгний тухай лав дуулаа­гүй. Хүн туйлын зорил­годоо хүрэхийн тулд ямар ч
зовлон бэрхшээл, саад тотгор давдгийг энэ залууд тохиолдсон явдал харуулах шиг.
Тэрбээр ижийгээ бодож, зам руу хүрнэ гэсэн чин хүслээ биелүүлж, азаар замын хүмүүстэй
тааран үхлээс мултарч чадсан. Магад­гүй өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны оройн 20
цагийн үед тэр замаар машин явж таараагүй бол түүний зовлонт өд­рүүд цаашаа хэр
удаан үргэлжлэх байсныг бодо­хоос ч зүрх шимширмээр.

Номгон сумынхаа мал­­чин өрхийнд сэрсэн
Ц.Түмэндэлгэр амьд бай­гаадаа туйлын их баяр­тай байв. Хамаг бие нь янгинаж, хугарсан
хөл нь бүр ч их зовиурлаж байна гэнэ. Өмдөө шуугаад хар­тал бэртэлтэй хөл нь улаан
эрээн болчихсон байжээ. Гар хөлнийх нь хуруунууд өнгөцхөн хай­рагд­санаас өөрөөр
хөл­дөөгүй байсан нь гайхал­тай. “Амьд гарч чадсан юм чинь. Энэ зэргийн өвдөлт ч
яамай байна аа” гэж тэрбээр бодно. Айлын хүмүүс түүнийг сонирхон харж, “Яаж тэсэхээрээ
энэ олон өдөр хоногуудыг туулдаг байна” гэж ярил­цах нь тодхон сонсогдо­но. Түүнд
ярих өч төчнөөн зүйл байвч амнаас нь нэг ч авиа гарсангүй. Олон хоног цас идсэн
боло­хоор ам нь дарвигнаж хоолой нь өвдөж байгаа гэж тамтаггүй. Юм ярих гээд хүчилсэн ч хэл ам нь эвлэхгүй байж. Олон хоног
даарч бээрсэн түүнийг хашир хөгшчүүл яаж бөө­цийлөхөө андахгүй. Их халуун үзүүлэхгүй
гэж галаа бага зэрэг өрдөж, түүний өмнүүр дээлээр нь хал­хавчилжээ. Ходоод нь хоосон
энэ залууд гэнэт халуун хоол унд өгч болохгүй хэмээж, зэлгий хярам амсуулах төдий
бага багаар өгөв.

Ц.Түмэндэлгэрийг айлд буулгасан замын
унаа Ном­гон сумыг зорьсноос нэлээд хэдэн цагийн дараа машины чимээ дуулджээ. Тэдний
гад­на хоёр машин ирж зогслоо. Ц.Түмэн­дэлгэрийн ар гэрийн­хэн, Номгон сумын их
эмч Буянхишиг болон сум орон нутгийн иргэд, эрлийн багийн­хан, нийлсэн олон хүн
машинаас буув. Сураггүй болсон залууг нас барчихлаа хэмээн ажил явдалд нь бэлтгэж
байсан тэд чихэнд чимэгтэй мэдээ дуулангуутаа шуудхан хөдөлцгөөжээ. Ан­хан­даа амьд
сэрүүн олдсон гэдгийг сонсоод итгэж ядсан гэнэ. Мөн эсэхэд нь ч эргэлзжээ. Ингээд
Ц.Түмэн­дэлгэрийг таньж мэдэх ар гэрийнхэн, найз нөхөд нь гээд бүгд явна гэж. Ямартаа
ч эхний ээлжинд эмчээ аваад хоёр машиндаа хүмүүсийг багтах чинээгээр “чихэж” аваад
энэ айлд иржээ. Гэвч тэд Ц.Тү­мэндэлгэрийг таньж ядлаа. Мань эр олон хоног хоол
ундгүй байсан болохоор турж эцсэн ч гэж жигтэйхэн. Тиймээс нутаг усныхан нь танихад
тун бэрх болсон байв.

Ингээд сумын их эмч Буянхишиг түүнийг
үзээд шуудхан эмнэлэг рүү авч явжээ. Өдөр хоног өнгөрөх тусам түүний бие бага ч
болов  дээрдэж, ганц хоёр үг хэлж, өөрийгөө
илэрхийлэх­тэйгээ болжээ. Гэхдээ хоо­лойных нь сөөнгө тийм ч хурдан зүгээр болчихсонгүй.
Харин дулаан газарт даса­хад хэцүү байв. Хамаг бие халуу шатаж байгаа юм шиг болж,
байсхийгээд л эм­нэлгийн өрөөний цонхыг дэлгэж бусад өвчтөнүүдийг багагүй дааруулсан
байна.

Тэрбээр хамгийн түрүүнд мотоциклио
олсон эсэхийг асуухад эрлийн багийнхан барааг нь ч хараагүй гэжээ. Мань эр хаана
хэрхэн он­холдсоноо зааж өгснөөр тэд Шар нохойтод очсон байна. Тэгтэл мотоцикль
нь хоёр хуваагдаж, цасанд дарагдсан байжээ. Ц.Түмэн­дэлгэр ийм л  хүнд ослоос амьд үлдэж чадсан юм. Орон нутгийнхаа
эмнэлэгт гурав хоног хэвтээд арай тэнхрэх­тэйгээ болонгуут Улаанбаа­тар руу онгоцоор
хүргэгдэн иржээ. Ингээд Гэмтэл согог судлалын үндэс­ний төвд хэвтэн эмчлүүлж хугарсан
хөлөндөө мэс засал хийл­гэжээ. Залуу хүн боло­хоор амархан тэнхэрсэн байх. Одоо
түүний хөл хоёр ха­даастай гэнэ лээ. Тэгсэн атлаа мотоциклио унасаар л яваа.

Хүнд бэрх өдрүүдийг туулж өнгөрүүлсэн
Ц.Түмэн­дэлгэрийн баатарлаг үйлсийг  нутаг
усныхан нь магтан шагшдаг юм билээ. Тиймээс Өмнөговь аймгийн “Эгэл баатар”-аар өргөмжилжээ.

МУГЖ Н.Нэргүйбаатар гуай Ц.Түмэндэлгэрт
тохиолд­сон энэхүү бодит амьдралыг харуулсан “Үхэл амьдралын заагт” гэдэг нэртэй
киног найруулж, үзэгчдийн хүртээл болголоо. Кино зохиолыг Д.На­цагдоржийн болон
С.Буян­­нэмэ­хийн шагналт зохиолч До.Цэнджав бичжээ. Уг киног “PP” телевизийн захирал
Г.Бат-Эрдэнэ, Ном­гон сумын нутгийн зөвлөлийн дарга Ц.Амгалан нар продюссерлэжээ.
Ерөнхий зураглаачаар Ж.Лхаг­вадорж гэдэг залуу ажилласан бол гол дүрүүдэд жүжигчин
Б.Эр­дэнэбилэг, Н.Аззаяа, Н.Бямбацогт нар тоглосон байна. Киноны нээлт энэ сарын
1-нд Өмнөговь айм­гийн Даланзадгад хотод болсон юм. Уг арга хэмжээнд киноны уран
бүтээлч­дээс гадна гол дүрийн баатар Ц.Тү­мэндэлгэр Хар­магтай багаас хүрэлцэн ирсэн
байлаа. Анх удаа орон нутагт нээлтээ хийж байгаа уг уран бүтээлд нутгийн удирдлагууд
өндөр ач холбогдол өгч байсан юм.

Тухайлбал, Өм­нөговь аймгийн удирдлагууд,
Ном­гон сумын Засаг дарга, нутгийн зөв­лөлийнхөн цөм ирнэ лээ.

Нээлтийн ажиллагааны үеэр киноны найруулагч
Н.Нэргүй­баатар ярихдаа “Энэ залууд тохиолдсон явдлыг би өнгөрсөн өвөл сонссон юм.
Ингээд До.Цэнд­жав зохиол­чид кино зохиол бичих санал тавьсан. Зохиол ч бэлэн болж
надад маш их таалагдсан. Ингээд бид жүжигчдээ сонгож, цаг алдалгүй зурагт авалтаа
эхлүүлсэн” гэлээ. Киноны зургийг Номгон суманд авчээ. Энэ кино говийн баатарлаг
хөвгүүн Ц.Тү­мэндэлгэрийн тэсвэр тэвчээрийг онцлохоос гадна монгол ахуйг харуу­лахыг
зорьжээ. Киноны гол баатар болох Ц.Түмэн­дэл­гэрийн дүрийг залуу жүжиг­чин Б.Эрдэнэ­билэг
бүтээсэн байна. Амьдрал дээр Ц.Тү­мэндэлгэр гэр бүлгүй ганц бие залуу. Харин кинонд
тэрбээр эхнэр хүүхэдтэй болдог. Түүний эхнэрт жүжигч­ин Н.Аззаяа тог­ложээ. Найз
нөхдийн урвалт, хайр сэтгэлийн нандин холбоог энэ кино тод томруунаар харуулна.
Кино тэр чигээрээ адал явдал. Хүний сэтгэлийг хөдөлгөсөн огшоосон, хү­лээлттэй.
Үзэгчид “Одоо юу болох бол” үйл явдал, өрнөл болгонд анхаарлаа хандуулж байлаа.
Мөн инээхдээ инээж, уйлахдаа уйлж байсан юм.

Өөрт тохиолдсон явдал нь дэлгэцийн
бүтээл болсонд Ц.Түмэндэлгэрийн сэтгэл нь нэлээд хөдөлсөн янзтай харагдаж байлаа.
Кинонд царцаа, цас идэж, шээсээ уудаг хэсгүүдийг гарахад нүдэндээ нулимс цийлэл­зүүлэн
байн байн өндөлзөн сууж байв.

“Үхэл амьдралын заагт” уран сайхны
кино олон хүний хүч хөдөлмөрөөр бүтжээ. Номгон сумын болон Хар­магтай багийн малчин
ард иргэд хүртэл оролцсон байна. Нутгийн иргэд киног маш сайхнаар хүлээн авч байлаа.
Сүүлийн үед бодит амьдралаас сэдэвлэсэн ийм төрлийн кино ховордсон. Дандаа залуусын
хайр дур­лал хөнгөн сэдэвтэй кино­нууд зонхилж байгаа өнөө үед “Үхэл амьдралын заагт”
кино жинхэнэ монгол ахуйг харуулж,  бодит
амьдралаас сэдэвлэснээрээ ялгарна. Энэ кино Улаанбаатар хотод шинэ оны дараа нээлтээ
хийнэ гэсэн.

Ц.Түмэндэлгэр уг киног үзээд ямар
сэтгэгдэл төрснийг нь хуваалцахад “Үнэхээр сайхан кино болжээ. Маш их таалагдлаа.
Тэр үеийг бодо­ход амаргүй байлаа” гэж намуухнаар хариулав.

Түү­нээс “Тэр явдлаас үүдэж, таны
биед ямар нэгэн сөрөг үр дагавар илэрч байна уу” гэж лавлатал “Олон хоног хүйтэн
цасан дээр мөлхөж байсан болохоор нуруугаар жаахан өвдөх гээд байдаг болсон.  Тухайн үед ч айхавтар хүйтэн байсан ч азаар миний
бие хөлдөөгүй” гэсэн юм.

Түүний дүрийг кинонд амьд­руулсан
жүжигчин Б.Эр­дэнэбилэг гэдэг залууд говь нутгийн хамгийн хүндтэй өргөмжлөл болох
“Ижий говь” медалийг Өмнөговийнхон гардуулсан юм. “Үхэл амьд­ралын заагт” долоо
“хоно­сон” түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Өөрийгөө манай ун­шигч­дад танилцуу­лахгүй
юу?

-Миний хувьд орчуулгын кинонд дуу
оруулдаг.  Анх ТВ-9 телевизийг үүсгэн бай­гуулагдахад
ажлын гараагаа эхлүүлсэн. 

-“Үхэн амьдралын заагт” кино таны
хэд дэх бүтээл вэ?

-Пробонд орж тэнцээд энэхүү кинонд
тоглохоор болсон юм. МУГЖ Н.Нэр­гүйбаатар, М.Гүрсэд, СТА Ц.Батзандан зэрэг уран
бүтээлчдийн зааж зөв­лөснөөр Ц.Түмэндэлгэрийн дүрд ажил­лалаа. Гол дүрд тоглосон
анх­ны маань уран бүтээл болохоор үзэгчид тунгаах байх аа.

-Ц.Түмэндэлгэрийн дүрийг бүтээхэд
юуг голч­лон анхаарч байсан бэ?

-Уран сайхны кинонд ажил­лахад гол
дүрийн баатар маань амьд сэрүүн байгаа нь надад дөхөмтэй байсан. Бид өнгөрсөн зургадугаар
сард зураг авалтаар Номгон су­манд очиход Ц.Тү­мэндэл­гэрийн хөл бүрэн эд­гэрээгүй
байсан. Таягтай явж байсан хэрнээ мотоцикль унаж бай­сан шүү. Түүнтэй хэсэг хуга­цаанд
хамт байж, зан ааш, байгаа төрхийг нь судалсан. Тэрээр өөрийнх нь тухай хийсэн киног
үзээд ямар сэтгэгдэл төрөх вэ гэх зэрэг олон зүйлийг тунгаан байж энэхүү дүрдээ
орсон.

-Кинонд тоглож байхдаа түүний оронд
өөрийгөө тавихад юу бодогдож байв?

-Хэр баргийн хүн гэтэлж чадахгүй бэрхшээлийг
Ц.Тү­мэн­дэлгэр давж чадсан. Хүн амьдралд хайртай. Тиймээс амьдрахын төлөө асар
их сэтгэлийн тэвчээр гаргаж чадсан энэ залуугийн зориг тэвчээр үнэхээр гайхам­шигтай.
Ц.Түмэндэлгэр эзгүй хээр гав ганцаараа үхлийг сөрсөн. Харин зургийн талбай дээр
намайг тойрсон олон хүн байсан. Тэр дунд “Хэрэв би Ц.Түмэндэлгэрийн оронд байсан
бол” гэж бо­доход үнэхээр хүнд са­нагдсан. 
Амаргүй байсан шүү.

Өнөө цагт хээр ша­тахуунгүй зогссон
ма­шиндаа хөлдөөд энд­чихсэн хүмүү­сийн талаарх мэдээллүүд бишгүйдээ л байдаг. Харин
тэрлэг дээлтэй, бакалтай, ноосон малгайтай явж бай­сан Ц.Түмэндэлгэр  мото­цикльтой онхолдож унасан. Өвлийн тэсгим хүйтэнд
хугарсан хөлтэй олон хоног мөлхөж явах, эрүүл саруул алхах хоорондоо ялгаатай. Кино
зураг авахуулж байхад хүйтэн байсан. Миний хувьд эрүүл саруул хэрнээ түүний оронд
өөрийгөө тавихад энэ хүн тэр олон шөнийг яаж тэсч гарсан юм бол гэж их бодож, түүнээр
бахархаж байлаа. 

-Та кинонд царцаа, цас, хулгана,
малын сэг зэм зэргийг идэж байгаа гарсан. Үнэхээр хатсан царцаа идсэн юм уу?

-Найруулагч маань кино­гоо бодит амьдралаас
сэ­дэвлэсэн болохоор үзэгчдийг хуурахгүй байх шаардлага тавьж байсан. Тиймээс бүх
зураг авалтыг бодитоор хий­сэн.

Ц.Түмэндэлгэр царцаа, өвс, цас зэргийг
идсэн. Би ч бас идсэн. Царцаа идэхэд тэмтрүүл нь хоолой зуран ордог юм билээ. Ер
нь жү­жигчин хүнээс шаардагдах бүхий л авьяас, тэвчээрийг гаргасан даа.

-Та орчуулгын киноны жүжигчин гэснээс
Оросын олон ангит Цэргийн сур­гууль киноны Перпечко гэдэг шулга хөвгүүнд дуу оруулсан
гэсэн байх аа. Кинонд тоглоход кинонд дуу оруулахаас ямар ялгаатай байв вэ?

-Тэр шулга сурагчийн дууг оруулахад
Нэргүйбаатар гавьяат маань надад зааж зөвлөсөн юм. “Иймэрхүү бөөрөнхий хэлтэй, эгдүүтэй
байдлаар дуу оруулбал зүгээр” гэсэн л дээ. Түүний зөвлөснөөр Перпечкогийн дууг оруулсан.
Гэхдээ би шулга биш байгаа биз дээ(инээв). Кинонд дуу оруулна гэдэг бол тухайн дүрийг
хүнд хүргэхийн тулд жүжигчнээс нэлээд ур чадвар, нарийн мэдрэмж шаарддаг. Харин
уран сайхны кинонд тоглохын хувьд камерын өмнө тухайн дүрийг өөрийн биеэр илэрхийлдгээрээ
онцлог. Ер нь бол амар ажил гэж байхгүй. Аль аль нь л жүжигчнээс уран чадвар шаарддаг.   

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Увсын хоёрыг эргүүлэн татахгүй юугаа хүлээгээд байгаа юм бол

Хүрлээ, Чойжоо хоёрын УИХ-ын гишүүн
болсон  үйлдэл үнэндээ хар мөртэй байна. Гэмгүй
олон хүнийг араасаа чирч, орон шорон­гийн хаалга татуулан үйл тамыг нь идэж байна
даа, хөөрхий. Өндөр дээд боловсрол эзэмшсэн залуу­сыг хайрандаа нялхарч буй шинэ­хэн
амрагаас нь холдуулж, балчир үрийнхээ сэвлэгийг үнэрлэх үнэт цаг хугацааг нь тасчин
төмөр торны цаана суулгаж байгаа нь аймшиг­тай. Яахав дээ, хүний л амьдрал хойно
таван халтар төгрөгийн хойноос итгэл үнэмш­лээрээ явсан залуус нэг л мэдэхэд буруу­тан
болж “Бүгд найрамдах”-аа уншуулаад дээлээ нөмөрснийг манайхан мэдэж байгаа. 

Хүрлээ, Чойжоо хоёрын сон­гуульд идэвх
зүтгэл гарган, нэр дэвшигчдийнхээ сценариар ажил­лас­ан залуус тийнхүү буруутан
болж, шүүхийн өмнө  толгой бөхийн зогссон
юм.

Харин хууль бус үйлдлийн гол шалтгаан
болсон нөхөд хариуц­лагаа хүлээлгүй, гэм зэмгүй мэтээр   Их хурлын танхимд дархан эрхтэй  заларч байгаа. Шоронд явсан залуусын ар гэрийг
мэдээж сайн харж үздэг болоод л тэд өөрс­дийгөө гишүүн хэмээн хэлж чаддаг байлгүй
яав гэж. Тийм бишсэн бол  нойр нь ч хүрмээргүй
юм  жирийн хүнээр жишээ авбал. Арай улстөрчид,
улс төрийн төлөө, намын төлөө тэд ингэх ёстой гээд сууж байдаг юм биш байгаа. 

Ингэхэд Увсын хоёрын түүхийг эргэн
сөхье л дөө. Хүрлээ, Чойжоо буюу Ч.Хүрэлбаатар, Б.Чойжил­сүрэн нар 2012 оны ээлжит
сонгуульд Монгол ардын намаас УИХ-ын арван тавдугаар тойрогт нэр дэвшин өрсөлдсөн
билээ.

Тэд ялалт байгууллаа хэмээн улс даяар
зарлаж, улмаар Их хурлын танхимд тангараг өргөн Монгол Улсын Их хурлын гишүү­ний­хээ
бүрэн эрхийг баталгаажуул­сан. Гэвч тэднийг төрийн дархан түшээ болсон цагаас л
Сонгуулийн хууль зөрчсөн гэх мэдээллүүд  ар
араасаа баримттайгаар дэлгэгдсэн юм. Үүнийг манай хоёр огтхон ч тоогоогүй л дээ.
Өмнө нь тиймэрхүү хэл аманд орооцолдож, тэр бүхэн өөрсдийнх нь талд шийдэгдэн, баримттай
нотолгоотой зүйл дэл­гэс­нийхээ төлөө буруутан болсон хүмүүс амаа барьж, аргаа бараад
хоцорсон болохоор манай хоёр хэтэрхий бардам байсан биз. Юу­наас чиг айж сандралгүй
дөжир­чих­сөн байсан нь мэдээж. Хуулийг гууль гэж санадаг, Их хурлын сонгуулийг
юу ч гэж боддог хүмүүс юм бэ дээ мэдэхгүй. Ямар нэгэн аргаар, яаж ийгээд ялах л  ёстой гэж боддог юм шиг байгаа.

 Тулаанд ялна гэсэн зарчмаар орох зөв ч өнөө цагт
бол хуулиа дагах нь зүйн хэрэг. Хуучны Ху-гийн нөхөд төр засаг барьж байх цагт хууль
мууль гэж байсан юм уу даа. Ялангуяа Сонгуулийн хууль энээ тэрээ нь амьдрал дээр
хэрэгждэг байсан юм болов уу. Хууль зөрчөө­гүй үнэнээрээ  гэлдэрсэн нь бурууд­даг байсан юм биш үү. Он он
жилд даамжирсан энэ байдал хаа бай­гаа Увсын хязгаар, сарьдаг уулсын дунд үзэж тарсан  Хүрлээ, Чойжоо хоёрт маань л нөлөөлчих шиг болсон.

Манай хоёр яахав, сурсан зан­гаа­раа
УИХ-ын сонгуулийн суртал­чилгааны хугацаа дууссан хойно урсдаг самбар гээчээр рекламаа
явуулсан, тэр ч бүү хэл төрийн албан хаагчийг сонгуулийн штаб­таа ажиллуулсан гэх
маргаан дэг­дэж захиргааны хэргийн шүүхээр орсон.

Мөн “Ч.Хүрэлбаатар, Б.Чой­жил­­­сүрэн
нарыг дэмжиж саналаа өгөөрэй” хэмээн айлуудад 100 мянган төгрөг өгсөн гэх Увс айм­гийн
МАН-ын сонгуулийн штабын­ханд холбогдох хэрэг Эрүүгийн хэргийн шүүхээр орсныг ч
санаж байна.

Захиргааны хэргийг ч, Эрүүгийн хэргийг
ч Дээд шүүх хянаж эцсийн шийдвэрийг тухайн цаг үед нь  гаргасан. Ингэхдээ Дээд шүүх захиргааны хэргийн
тухайд “Сон­гуу­лийн ерөнхий хороо бүрэн эрхийн­хээ хүрээнд шийдчих асуу­дал байна”
гэсэн утгатай шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр
хэлбэл, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжил­сүрэн нарыг УИХ-ын гишүүнээр тооцсон Сонгуулийн
ерөнхий хорооны тогтоолыг Дээд шүүх хүчингүй болгоогүй, Сонгуулийн ерөнхий хорооны
бүрэн эрхийн асуудал гэж үзсэн. Харин Эрүүгийн хэргийн тухайд Дээд шүүх энэ оны
дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хуралдаж, шийдвэрээ гаргасан. Ингэхдээ Ч.Хүрэлбаатар,
Б.Чой­жил­сүрэн нарын сонгуулийн штабт ажилласан Т.Гансүх, Я.Лхагва, Н.Жамсран,
Ш.Чинбат, Я.Баттогтох нарт тус бүрт нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12 сая 636 мянган төгрөгөөр торгох ялыг хэвээр
үлдээсэн.

Ухаандаа, Т.Гансүх, Я.Лхагва, Н.Жамсран
нар нь Увс аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Чойжил­сүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сон­гуу­лийн
сурталчилгаанд ажиллах явцдаа буюу 2012 оны зургадугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн
Тариалан сумын Бургастай багийн нутаг дэвсгэрт нэр бүхий найман иргэнд “Нэр дэвшигч
Б.Чойжил­сүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг дэм­жээрэй, тэдний төлөө саналаа өгөөрэй” гэж
түрээсийн гэрээ хийх байдлаар хүн тус бүрт 100 мянган төгрөг, нийтдээ 800 мянган
төгрөг тарааж, иргэний сонгох эрхээ хэрэг­жүүлэхэд нь санал худалдаж авах аргаар
саад хийсэн гэдгийг Дээд шүүх эцэслэн тогтоосон.

Мөн Я.Баттогтох, Ш.Чинбат нар МАН-аас
нэр дэвшигч Б.Чойжил­сүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сон­гуу­лийн сурталчилгаанд ажиллах
явцдаа буюу 2012 оны зургадугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд нэр
бүхий есөн оюутанд гэрийг нь сонгуулийн сурталчилгааны байрны зориу­лал­таар ес
хоногийн хугацаагаар түрээслэх нэрээр хуурамч гэрээ хийж, тус бүр 150 мянган төгрөгийг
өгч иргэний сонгох эрхээ хэрэг­жүү­лэхэд саад учруулсан гэдгийг ч эцэслэн тогтоосон
байдаг.

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн
35 дугаар зүйлийн 35.29-д “Сонгогчид бэлэн мөнгө, эд бараа тараасныг сонгогч баримттайгаар
сонгуулийн хороонд мэдэгдсэнийг тухайн сонгуулийн хороо холбог­дох байгууллагад
шилжүүлэх бөгөөд уг асуудлыг холбогдох байгууллага үндэслэлтэй болохыг нь тогтоосон
тохиолдолд Сонгуу­лийн ерөнхий хороо тухайн сонгог­чид бэлэн мөнгө болон эд барааны
үнийн дүнг арав дахин нэмэг­дүүл­сэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож,
гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Энэ бүгд эцэслэн шат шатны
шүүхээр тогтоогдсон байна. Тийм учир Сонгуулийн ерөнхий хороо одоо энэ хоёр гишүүнийг
даруйхан огцруулах хэрэгтэй юм. Юугаа хүлээгээд өдий хүртэл байлгаад байгааг ойлгохгүй
байна. Ардчилсан нам зөөлөн аядуу үйл ажиллагаатай байдаг. Тийм учраас л элэг барьж
байдаг юм байх даа. Хуучин МАН төр бариад Ардчилсан намын нөхдүүд ийм юм хийсэн
бол аль хэзээний шоронд орчихсон байгаа. Тэр жил С.Эрдэнэ гишүүн УИХ-д сонгогд­сон
биш шоронд явчихаа биз дээ.

Дээрх хоёр гишүүний хууль зөрчсөн
хэл ам өнөөдрийг хүртэл тасраагүй. Одоо Тариалан сумын  13 иргэн зарга заалхай болоод  улсын нийслэлээр явж байна.  Тэд дээрх хуулийн заалтаар шагналд авсан мөнгөө
буцааж өгөхөөр заалдаж байгаа. Нэг хүн нэг сая төгрөг авсан юм байна. Нийлээд
13 сая төгрөг авчихсан юм гэнэ. Тэгээд одоо нутагтаа амьдрах арга үгүй болоод ирсэн
биз ээ.  Яагаад гэвэл  захын хүн “жудаггүй муусайн юм­нууд. Та нар наад
хэдэн төгрөгөө­рөө баяжаарай” гэж агсам тавьж байгаа болов уу. Хуулийн уг заалт
өнгөцхөн харахад ихэд шударга юм шиг харагдавч 
хүний ёсноос гажсан сонин зан авирыг хөхиүлэн дэмжсэн нь харагддаг. Энд хууль
бусаар төрийн эрхийг авах нь зөв гэж байгаа юм биш. Энэ буруу, буруугийн цаад буруу.
Харин хүний юмыг авчихаад буцаагаад ховлохлоор нь шагнана гэдэг  чинь одоо юу гэсэн үг вэ. Шулуухан хэлэхэд  хүнийг хүн ёсноос нь салгасан хууль баталжээ,
эрхэм мэргэн түшээд минь.

 Хүнийг хүн болгодог, хүнээр нь харагдуулдаг хэдхээн
зүйл бий. Тэдний нэг  гол үзүүлэлт болох  хүний жудаг гэж нэг том зүйлийг хуулиар үгүй болгочихсон
юм биш үү.  Маш товчхондоо гэвэл  энэ жудаг гээч зүйл чинь хүн чанар шүү дээ. Хүн
чанар ёс жудагтай, аливаад ханатай, нуруутай нэгнийг “хүний хувьд ч гэмгүй дээ”
хэмээн хэн хүнгүй дээдэлдэг. “Юухан хээхэнд ч хүнлэг чанараа дэвсэж, бусдыг хайрлах
хайраар өөрийгөө дутаагаагүй бол хүний хорвоод амьдарсны хэрэг бүтэх нь тэр дээ”
гэж аливаад ухаалаг, ултай ханд­даг өвгөдийн гэрээс бий. Энэ өдрүү­дэд Увс аймгийн
Тариалан сумын иргэд Монгол Улсын нийс­лэл Улаанбаатар хотноо Засаг дарга Цолмонгоор
ахлуулан хүрэлцэн ирж хэвлэлийн бага хурал зарлан олон хуулийн дагуу мөнгө арав
дахин өсгөж авсан ч тэд зөвхөн мөнгөний төлөө үүнийг хийгээгүй, шударга ёсны төлөө
үүнийг хийсэн гэж мэдэгдэж байна.

Увс аймгийн нэр бүхий 13 иргэн Б.Чойжилсүрэн,
Ч.Хүрэлбаатар нарын тараалгасан гэх 100 мянган төгрөгийг өнгөрсөн зургадугаар сард
тойргийн хороонд шилжүүл­сэн.

Тойргийн хороо мөнгө тараа­сан гэх
асуудлыг шүүхээр шийд­вэр­лэсний дараа сонгогчдод урам­шуулал олгох асуудлыг хэлэлцэнэ
гэж нээлттэй үлдээгээд байсан юм. Харин Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа буюу энэ
оны дөрөв­дүгээр сарын 14-нд Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж Увс аймгийн Тариалан
сумын нэр бүхий 13 иргэд тус бүр нэг сая төгрөг олгохоор болсон. Үүний дагуу Увс
аймгийн Тариалан сумын иргэн Х.Баярсайхан, З.Мөнхнасан, Ч.Бат-Эрдэнэ, М.Шинэн, Ч.Сосор­барам,
Ж.Далай, М.Хүүхээ, Ж.Жав­зан, Б.Долгор, М.Нүүдэл, Н.Бурмаа, М.Отгонхүү, М.Шижгэрбат
нарт мөнгөн урамшууллыг нь СЕХ-оос тус бүр нэг сая, нийтдээ 13 сая төгрөг олгосон
юм.

Тэдгээрээс М.Нүүдэл, М.Отгон­хүү,
Б.Долгор нарын долоон иргэн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнд нэг
сая төгрөгөө буцааж өгнө гэдгээ мэдэгд­сэн. Яагаад ингээд байгааг дээр  би таамагласан онох үгүйг хэн мэдлээ. Тэд яагаад
заавал шударга ёсны төлөө үүнийг хийсэн гэж мэдэгдээд байгаа  нь өөрөө бидний таамгийг батлаад байна. Нэг ёсондоо
жудаггүй хүмүүс мэт харагдаад байсан хэрэг л дээ 

Увсын Тариалангийн “саяын­хан” гэсэн
хочтой хэсэг бүлэг хүмүүс бий болох бий дээ. Төрийн хуулийг бодлогогүй ч юм уу бодлогоор
зориуд хооронд нь хагаралдуулах гэж гаргадаггүй л  байлтай. Тэдгээр хүмүүс яг хуулийн дагуу л ажил­ла­сан.
Гэхдээ нутаг усныхан нь “шударга” гарууд гэх үү. Аль эсвэл ашиг  харсан хүмүүс гэж   ад үзэх 
болов уу. Үүнийг хэн ч хэлж мэдэх­гүй. Харин “саяынхан” гэж хоч авчих­вал  “хусавч арилахгүй” гэгч болж үе удмаараа тэгээд
нэршчих  вий дээ хэмээн тэдгээр иргэдийн өмнөөс  нуруу хавталзаж суух юм.   Шударгад ч хэмжээ бий гэсэн хэлц үг байдаг.  Шударга байлгах гээд төр хуулийг иймэрхүү зан
заншил­тай таарч тохирохгүйгээр хийх ямар осолтой байдгийг бид харж байна. Сонгуулийн
тухай хуулиас гадна Авлигын тухай хуулийн заал­тууд бас байна аа. Уншихад  сэжиг  ч
хүрмээр  юм шиг  заалтууд байна. Авлигын хуульд “Та авлига өг.
Тэгээд ажлаа бүтээ. Дараа нь авлига авч ажлыг чинь бүтээсэн этгээдийг авлига авсан
хэмээн матаад мөнгөө буцаагаад авчих гэсэн утга бүхий заалт л даа. Ийм юм гэж байх
уу. Ухаандаа, гэргий минь охиноо цэцэрлэгт өгөх гэж багшид нь ганц набор өгөөд дараа
нь түүнийгээ Авлигатай тэмцэх газар мэдэгдээд ажлаас нь халуу­лах, үйл тамыг нь
идэх нь л дээ. Тэгээд  бид бүтэн нойртой хонож
чадах уу. Манай эрхэм түшээд л унтаж чадах юм байх даа.  Иймэр­хүү адгийн шаарнуудын гаргадаг зан авир
гаргахыг л  Монголын төр засаг шаардаад хуульчлаад
байх юм. Эл бүгдээс анзаарахуйд Монгол Улсад амьдрах аймаар ч юм шиг. Хэн хэзээ
хуулийн дагуу намайг хорлочих бол гэж  бодохоос   жихүүдэс  
ч  хүрэх шиг.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Өвөртөлж явсан өс нь төрийн хууль цааз болбол аюултай юм

Сүүлийн үеийн залуу гишүү­дийн санаачилж
бай­гаа хуулийн төслүүд нэг л эргэлзээ төрүүлээд байна. Ямар нэгэн хүнд муу санаж,
өс өвөртөлж яваад түүнийгээ  хууль болгон
санаачлаад байна уу гэдэг хар төрлөө.  Ах,
дүү хамаатан садан нь биз­нес хийх гээд чадалгүй шахагд­санд нь шаралх­сан­даа бизнес
эрхлэгчдийг хав­чих, эд, хөрөнгө тусгай зөв­шөөр­лийг нь хураах хуулийн төсөл боловсруулчихав
уу гэмээр.  Хүргэнээ үзэн ядаж, хүлээн зөвшөөрдөггүй
хадам ах гадаад эхнэр, нөхөртэй байхыг эсэргүүцсэн хууль санаачилчихав уу гэлтэй.
Насаараа түрээслэгч хийж, үр хүүхдүүдээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн
аав, ээжийнхээ ачийг хариулах гэсэндээ түрээс­лэгчдийн эрх ашгийг өмгөөлж, хамгаалах
хууль оруулж ирж ч байх шиг. Алдарт нийтлэлчидтэй барь­цаж, тэднийг дагаж, бичсэн
зүйлээ сонинд тавина гэхэд нь зөвшөөрөөгүй учраас “эзэд редакциа мэдэх эрхгүй” гэсэн
хууль санаачилчих шиг болсон.  Оросуудад хулхи­дуулж,
тэдэнд шахуулсандаа хорсож, гэнэтийн ашгийн тат­варын хууль гаргасан байх. Уул уурхайд
орж чадаагүй шарандаа энэ салбарыг устгах төсөл бэлтгүүлж ч суух шиг. Гэх жишгээр
УИХ-ын гишүүдийн өвөртөлж явсан өс нь төрийн хууль болон хэл­бэржиж эхлэх нь. Популистуу­дын
тарьсан энэ гай сүүлийн нэг жил улсад орж ирэх ёстой байсан 2.5 их наяд төгрөгийн
орлогыг тасалдуулсан. Үүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж популизмын өртөг хэмээн нэрлэсэн
байгаа.

Ингээд зогсоогүй. Попу­лис­туудын
санаачлаад байгаа хуулийн төслүүд хам­гийн хорлонтой нь ардчилалд  итгэх иргэдийн итгэлийг сааруулж байна. Хүний
ямар эхнэр, нөхөртэй байхыг заа­даг, эд хөрөнгийг нь хураадаг, баялаг бүтээгчдийг
үзэн ядаж, хавчин гадуурхдаг,  өмчтэй байхыг
эсэргүүцдэг байдлыг ардчилал гэдэг юм байна хэмээн хүмүүс ойлгодог бол­лоо. Өчигдөр
гудамжинд явж байсан нөхдүүд өнөөдөр парламентад орж ирээд сэтгэл­дээ буглуулж,  шүд араан­даа зууж явсан өс хонзонгоо хууль болгохоор
зүтгэдэг болсны үр дүн нь энэ. Тийм учраас тэднийг унтаад босоод ирэхдээ  ямар хууль санаачлах  бол гэхээс ард түмэн айдаг болсон байна. Энэ нь
УИХ-ын үйл ажилла­гааг иргэдэд хараар ойлгуулж эхэллээ. Тэгэхээр  УИХ асуу­далд дүгнэлт хийж, үйл ажиллагаандаа
өөрчлөлт оруулах цаг болжээ.

Өөрөөр хэлбэл, нэг гишүүн хууль санаачлах
эрх­тэй байдаг зарчмыг өөр­чилье.  Ядаж арван
гишүүн нийлж байж аливаа хууль санаачлах эрхтэй болмоор байна.  Бодож, санасан хууль нь хүний эрхэнд нийцэж байна
уу, үгүй юу гэдгийг хянаж нягталж байж баараг­гүй болсон төслөө өргөн барь­даг баймаар
байна. Хууль санаачлах эрхтэй Ерөн­хийлөгч, Засгийн газар ч үүнийг бодох хэрэгтэй.
Ингэж оруулж ирсэн хуулийг нь Хүний эрхийн комисс, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл
өөр юу байдаг юм шаард­ла­гатай гэсэн газрууд нь шат дараалалтайгаар сайтар авч
хэлэлцээд болно гэсэн тохиолдолд УИХ-аар хэлэл­цэх эсэхийг нь шийддэг болъё.  Аливаа хуулийг боловсруулахдаа иргэдийн саналыг
авч, хэлсэн ярьсныг нь тусгана гэдэг Ерөнхий­лөгчийн хэлээд байгаа зарчмыг аль ч
хуулинд ягштал биелүүлье.  Хууль санаачлах
эрхийг ийм маягаар хүнд сурталтай болгохгүй бол УИХ-ын гишүүдийн өвөртөлж яваа өс
хонзон нь хууль болж хэрэгжих гээд байна. Худалч хүнд өнөөдөр хэвлэлээр шүүмжлүүлсэн
гишүүн маргааш нь хариу барьж,  өс хонзонгийн
хууль санаач­лаад бариад гүйж байж мэдэхээр болчихжээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ