Categories
редакцийн-нийтлэл

Газрын холоос цайвалзах миний нутгийн бараа юу даа…

“Манай онгоц
15 минутын дараа Өлгий хотын нисэх онгоцны буудалд газардана” гэж онгоцны үйлчлэгч
залуу зарлалаа. Баян-Өлгий аймгийн төвийг дээрээс нь нэг хараад, зургийг нь дараадахъя
гээд нүүрнээс яльгүй том цонхонд дух, хамраа наалаа.

Энэ эгшинд
“…Миний нутгийн бараа юу даа…” гэж нэгэн дууны хэсэг өөрийн эрхгүй ороод ирлээ.

Алтайн хөх
уулс үүлс яран, мөнх цаст оргилууд нь алсаас цайрна. Сүр бараатай гэж. Ховд гол
нүүрсний судал шиг харлан гялалзана, тээр дор. Гол Өлгийн дээхнэ хоёр салаалж арал
үүсгэнэ. Уг арлыг Хуст арал гэнэ.

Баруун хойхно
байх хар уул бол Бөхөн. Тэмээний бөх шиг болохоор ингэж нэрлэсэн домогтой. Бөхөнгийн
хөндийд байрлах нисэх онгоцны буудалд буулаа. Гадаа хасах таван хэм хүйтэн. Өнтэй
гэж хэлэхэд ч багадмаар бараг намраараа. Эргэн тойронд хүрээлсэн уулс хүрэнтэнэ.
Цаанаас нь өндөр хайрханууд дүнхийнэ, зулай нь цастай.

Тийм ээ,
энэ баруун хязгаарын жижигхэн хот бол миний өссөн төрсөн төрөлх тоонот минь билээ.
Би энд хүн болж арван хэд хүртлээ шороотой гудамжаар нь өдөржин хөөцөлдөн тоглож
өссөн сөн.

Хорин жилийн
дараа төрөлх аймагтаа ирэхэд өөрийн эрхгүй,

Газрын холоос
цайвалзсан
Ганган цагаан хот байна аа
Ганцхан насанд заяасан
Миний нутгийн бараа юу даа…
хэмээн аяланхан дуулж уярлаа.

Булган,
Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ гээд модтой, ойтой газруудад модоор “зодож” барьсан шувуун
нуруутай байшин сав, бэлдээд тавьчихсан торх хаа сайгүй л тааралддаг даа. Харин
Баян-Өлгий аймгийн байгалийн тогтоц уур амьсгалаас улбаалж модны асуудал хүндрэлтэй
гэдэг нь айлуудын хашаа байшингаас илээхэн харагдана. Социализмын үед яахав бусад
аймгуудаас нэгдсэн журмаар мод татаж, бэлтгэчихсэн модоор хашаа, байшингаа барьдаг
байж. Гэтэл айлууд хашааны банзнуудаа түлээд дуусчихсан учир бүгд болоок цохиод
хашаа барьж, шохойдчихож. Байшингууд нь ёотон шиг дөрвөлжин дөрвөлжин, цагаан.

Ажлын цаг
тарахаас өмнө аймгийн музейд очлоо. Гэтэл нэг хасаг бүсгүй өөдөөс төрөлх хэлээрээ
ярина. Юу гэж байгаа нь мэдэхгүй юм хойно “Монголоор ярина уу” хэмээн гуйлаа. Тэгтэл
“Ажалын цаг дуусн” гэв. Хараахан хаах цаг нь болоогүй байгаа гэдгийг тайлбарлавал
“Бажай оруулий” гэлээ. Тайлбарлагч нь байдаггүй. Тасалбар тасалж өгсөн хижээл насны
хасаг эр тайлбарлагч хийхээр боллоо. Музейн барилга гурван давхар. Нэгдүгээр давхарт
байгаль, амьтны, хоёрдугаар давхарт түүх, нийгэм, дээд давхарт нь түүх, ёс заншлын
үзмэрүүдээ байрлуулжээ. Зохион байгуулагч эр жаахан халамцуу “Ийшээ явна аа. Маршрут
нь ийшээ” гээд дагуулж явлаа. Бүгдийг нь нэг бүрчлэн тайлбарлаж буйгаас нь үзвэл
энэ хүн энд олон жил ажиллаж байгаа туршлагатай нэгэн аж. “Одоо ийшэй. Маршрутаараа
явна аа. Кэдүүлээ” гээд л.

Зарим үзмэрийн
хажууд ирээд үүх түүхээс нь эхлүүлээд бүгдийг заана. Тэгтэл үүдэнд таарсан өнөө
эмэгтэй түүний ханцуйнаас татаж “Суурважлагч, суурважлагч” гэх нь сонсогдов. Халамцуу
эр үгийг нь үл тоон үргэлжлүүлэн дагуулж явсаар. Толбо нуурын тулалдааны дүр зургийг
үзүүлсэн үзмэр ихэд сонин. Тулалдаан хэрхэн өрнөж буйг үзүүлсэн том хөргийн урдуур
тулалдааны талбараас олдсон эд зүйлс, тэндээс авчирсан шороо чулуугаар бодит юм
шиг л талбай засчээ.

Богд хааны
шинэ төрд дагаар орохоор Жүнисбай, Түнкебай тэргүүтэй 400 өрх ардын өргөсөн хүсэлт
бичиг байна. Ийм бичгийг хасгууд 1912 оны долдугаар сарын 14-нд өргөж байжээ. Үүнээс
өмнө эдгээр ардууд харьяа аймаг, хошууны ноёдод энэ хүсэлтээ өгүүлсэнд эс зөвшөөрсөн
учир ийн Богд эзэнд хандсан түүхтэй гэнэм. Богд эзэн өршөөнгүй сэтгэлээр хандаж
дагаар орох гэсэн эдгээр ардын хүсэлтийг зөвшөөрч хишиг хүртээсэн байдаг. Ийм хоёр
түүхийн сурвалж музейн хананд өлгөөтэй байх аж.

Хишиг гэдэг
бол монголчуудын хувьд хууль ёсоор бус сайхан сэтгэлээр өөрийнхөө үнэт зүйлээс тодорхой
хэсгийг өгөхийг хэлнэ. Халх ёсонд хишиг хүртээх гэж том заншил бий. Зочин тавагтай
идээнд зөв гараа хүргэж тухайн айлын буянаас хишиг хүртдэг. Ингэхээр газар нутагтаа
амьдрах зөвшөөрөл олгосон гэдэг нь маш том хишиг хүртээсэн хэрэг юм. Ийм сайхан
өгөөмөр сэтгэлийг өгүүлсэн түүхэн баримт энэ музейн хойморт байна.

Баян-Өлгий
аймгийн уугуул иргэд болох урианхайчуудын түүхийг өгүүлсэн үзмэр цөөхөн харагдав.
Урианхай эрэгтэй, эмэгтэйчүүдийн өмсгөл, дээл, гутал төдийхнөөс өөр зүйлгүй. Харин
Чингэс хааны үеийнх гэж тайлбарласан эмээл анхаарал татав. Бас хасгийн хүүхдийн
эмээл ихэд сонин. Эмээл дээр мордуулангуут бүдүүн гуяаар нь дардаг модон даруулгатай.
Хөлийг нь сэрүүнд дааруулж жиндүүлэхгүй байх дулаан ууттай санж.

Музейгээс
гараад аймгийн төвөөр алхаж, энүүгээр тэрүүгээр юм сонирхлоо. Төв талбайгаар нь
явж, хойно нь байрлуулсан тайзан дээр гарч ойр орчмын зургийг нь гэрэл зургийн аппаратандаа
буулгав.

Нар улбар
туяа татуулан уулсын цаагуур бөхийлөө. Жавар тээсэн жиндүүхэн салхи хүзүү, чих хайрна.
Жиндэж эхэллээ.

Улаанбаатарт
хазгайдуухан тавиад өмсчихөд сайхан л харагддаг малгай минь чих дардаггүй сая л
мэдлээ. Баян-Өлгийн хувцасны их дэлгүүр гэсэн нэртэй дэлгүүрт орлоо. Малгайн тасагт
очоод бүчтэй ноосон малгай худалдаж авав. Эндхийнхэн бараагаа Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн-Бээжин
гэсэн чиглэлээр явж авчирна. Тээврийн зардал их ч юмны үнэ нь нийслэлийнхтэй харьцуулбал
арай хямд. Ороолтоор толгойгоо донжтойхон ороосон эмэгтэй ойртож ирээд “Хэзээ ирэв”
гэнэ. “Өдөр буулаа” гэчихлээ. “Аан. Ямар ажлаар явж байна” гэж байна. “Өө ойр зуур,
эх орныхоо баруун нутгаар юм сонирхсон шиг ээ явж байна” гэж хэллээ. “Оюутан уу”
гэж байна. “Үгүй” гэж хэлээд холхон шиг очоод бараа үзэж байгаа дүр үзүүлэв. Тэгтэл
хажууд явсан хүнээс миний нас, шүд, ажил төрөл, ахан дүүсийг сураглаж, хаанахын
хүүхэд вэ гэж асууж. Төрийн албанд ажилладаг, шижигнэсэн сайхан хүү нь эр биед хүрч,
эхнэр авах цаг нь болсон гэнэ. Хүүтэй хүн хүүхэн хардаг гэдэг дээ. Тэр эмэгтэй хүүдээ
эхнэр болох бүсгүй эрж байгаа нь тэр гэнэ. Удам судар нь таарвал намайг хүүтэйгээ
танилцуулах хүсэлтэйгээ хэлжээ. Хөлөөс толгой хүртэл харж, хаашаа явна харц нь дагана.
Тухайн үед ийм яриа болсныг мэдээгүй, дараа нь сонссон билээ.

Гутлын их
дэлгүүрээр нь орлоо. Гутлын үнэ харин хотынхтой ойролцоо. Өндөр өсгийтэй, гялгар,
арьсан, дэгжин гуталнууд. Доод давхарт нь шинэ жилийн даашинзнууд зарж байна. Худалдагч
охин “Би Эрээнээс авчирсан. Бүгдэнгээс нь нэг нэгийг авчирсан. Эрээнд угаасаа нэг
нэг байсан байхгүй юу” гэнэ. Гялзсан шигтгээтэй, өндөр өсгийтэй туфль байна. “Өлгийчүүд
ийм  гутал өмсөхгүй байх оо. Чи аваач. Хотын
хүнд яг зохино” гэнэ.

Эндээс гараад
зах руу явлаа. Багш, эмч, захиргаанд ажилладаг эмэгтэйчүүдийг эс тооцвол бүсгүйчүүд
нь гар хийцийн эсвэл дотоодын үйлдвэрийн намхан ултай, түрийтэй гутал өмсөнө. Бүсгүйчүүд
өндөр өсгийтэй гутал авбал тэр дор нь өсгийг нь төмөрлүүлнэ. Уулархаг газрын хөрс
шороо нь чулуурхаг учир баргийн өсгийг тэсгээхгүй. Энэ нь морь маланд ч хамаатай.
Захын үүдэнд морины тах зарж байна. Том жижгээсээ хамаарч үнэ нь наймаас арван хоёр
мянган төгрөгийн үнэтэй. Их гүйлгээтэй бараа гэнэ. Морьд, хүүхнүүд нь тахтай байгаа
нь амьдарч байгаа нутаг нь хэр онгон дагшин, байгалиараа байгааг илтгэх буюу нөгөө
талаар аймгийн төвд нь явган хүний зам хомс гэдгийг хэлж байна.

Баахан эрчүүл
биллиард тоглоно. Нэг ширээн дээр хоёр гурваараа. Зарим ширээнд бүр олуулаа тойрч
тоглоцгоох юм. Зургийг нь авбал тэд шуугилдаж, шүгэлдэж бөөн юм боллоо. “Хээе. Нааш
ир” гэж дуудаад л. “Наашаа хар даа” гээд л. Ганцаараа явсан бол айх байж шүү. Эндхийнх
биш, хотоос ирсэн хүмүүсийг нутгийнхан андахгүй. Тэр дундаа хотоос бүсгүй хүн ирвэл
эрчүүлийн нүд унаж, харц шидлэх нь энгийн үзэгдэл гэнэ. Хуурцаг зардаг сүүдрэвчний
хажуугаар өнгөрвөл их л сайхан ая дантай хасаг дууг эрэгтэй хүн дуулна. Домбор,
бөмбөр, цахилгаан хөгжим хослуулан сайхан дуулжээ.

Баян-Өлгийн
монголчууд хот гэлтгүй Монголд хит болоод байгаа “Хар хархан харц” дууг сүүлийн
үед их сонсч байгаа аж. Машиндаа, гар утсандаа, утасны дуудлагандаа энэ дууг тавьж,
сонсоно, сонсгоно.

Зах тарах
цаг болсон ч хүний хөл тасрах шинжгүй. Энд тэнд л наймаа ярьсан хүмүүс. Хасгаар
ярих учир юу ярьж байгаа нь ойлгомжгүй. Мэдээж наймаагаа ярьж байсан байх.

Наймаачид
павилионуудаа хааж, унаа тэргэндээ суух нь суугаад, явган нь алхана.

Энд явж
байгаа машинууд хотод бараг үзэгдэхээ болиод байгаа “Эксель”, “Элентра” гээд хуучны
машинууд. Бас хуучин микро автобуснууд.

Мотоцикль,
микро, таксинууд ийш тийш хүн зөөнө. Эд бүгдийг эндхийнхэн такси гэнэ. Хол ойроосоо
хамаарч мянгаас гурван мянгаар явна. Замын хөдөлгөөний дүрмийг төдийлөн баримталдаггүй
нь олон зүйл дээр харагдав. Жолооч нар нь бүс зүүхгүй. Улаан гэрэл асвал зогсч,
ногоон гэрэл асвал явдаг гэдгийг л мэддэг бололтой. Түүнээс биш энд дүрмээрээ явна
гэх ойлголт бараг үгүй. Хэрвээ хоёр нөхөр мөргөлдөж, шүргэлцвэл дүрэм яриад нэмэргүй.
Аль болох л тохиролцох хэрэгтэй.

Машинд суугаад
бүс зүүвэл инээлдэх юм. “Зөв, зөв хотын хүн соёлтой байдаг юм. Бүс зүүх ёстой гэдгийг
харуулаад өг” гэцгээнэ.

Захаар,
төвөөр алхахдаа монгол үг ганцыг ч сонссонгүй. Өнөө бэр сураглаж буй настай эмэгтэйг
эс тооцвол шүү.

Өлгийд амьдардаг
монголчуудтай уулзлаа. Тэдний яриа нь гоморхсон. Өөрсдийгөө хаягдсан, мухардсан
хүмүүс гэж үзэцгээх юм. Төрсөн нутаг, эх орондоо амьдарч байж ийн гомдоллох нь сонин.
“Ерөнхийлөгч, Ерөнхий сайд ирэхээр дандаа л казахын ард түмэн минь сайн байна уу
гэдэг. Энд монголчууд амьдардаг гэдгийг мэддэггүй. Тэгж мэндчилэхээр яасан их гомддог
гээч. Үнэндээ бол бид үндэсний баатрууд” гэж өөрсдийгөө тодорхойлно. “Бид чинь монгол
гэдгээ мэдрүүлэх гэж гадуур гарахаараа дээлээ өмсдөг” гэцгээнэ.

Өлгийн ихэнх
албан байгууллагын хурал, шуурхай яриа энэ тэр нь бүгд казах хэлээр явагдана. Бүр
захиргааны ажил нь хүртэл. Хэрвээ хотоос хүн очвол Баян-Өлгий аймгийг Казахстан
улсын нэг хэсэг л гэж харж болохоор.

Нэгэн залуу
хэдэн жилийн өмнө Баян-Өлгийд ажлаар машинтайгаа ирж л дээ. Машин нь эвдэрч, эндээ
л томд тооцогдох ганц засварын газарт очиж, гадна нь гурав хоножээ. Тэгтэл монгол
дээл өмссөн монгол хүнийг хараад гүйхээрээ ирээд уйлахын наагуур “Энд монгол хүн
байдаг гэж үү. Би гурав хонолоо. Машин засуулах гээд. Урдуур дайраад л оруулчих
юм. Болохгүй бол машинуудын урдуур нь хөндлөн хэвтчихье гэж бодож байлаа. Ашгүй
монгол хүн таарлаа” гээд өнөө хүнийг царайчилж, хажуунаас нь салахгүй баахан дагажээ.
Их л сүрхий сэргэлэн шар залуу байж. Тэрээр “Би эртээд нэг ирээд бас олон хоносон.
Тэгэхэд би “Хорлоо” гэдэг ганцхан монгол үг олж сонсч билээ. Тэр Хорлоо эгч байгаа
болов уу” гэж гэнэн цайлганаар асууж байжээ.

Монгол,
казах үндэстэн зэрэгцэн амьдардаг Баян-Өлгий аймагт шашин, ёс заншлын зөрүүнээс
болоод үл ойлголцол, биесээ хавчих үзэгдэл их байдаг гэнэ. Энэ талаар уугуул монгол
иргэд нь их олон жишээ ярина. Тэгэхээр нөгөө талаас нь хасгууд “Монголчууд архичин,
залхуу болохоор нутгаасаа нүүсэн” гэж ирээд л муулна. Тэгэхээр монголчууд нь “Энэ
хасгууд чинь наашаа харж монголоор ярьчихаад цаашаа харж, хасгаар “Муу илжгүүд,
гэдгэрүүд” гээд л муулж “Манайхан, манайх” гэж бүхнийг өмчилдөг” хэмээн гомдоллох.
Бас “Хасаг гэж дуудвал бөөн юм болдог. Уг нь эд нар чинь хасаг юм шүү дээ” гэцгээнэ.
Ийм хоёр өөр зүйлийг сонсоод яамаар ч юм бэ дээ гэж мухардахаар.

Төр засгийн
бодлого Баян-Өлгий аймагт ирээд хасаг иргэдэд шингээд уугуул монголчуудад хүрдэггүй
гээд “Үнэндээ бид чинь Монголдоо мартагдсан монголчууд. Та нар хувиа хичээсэн юмнууд.
Улаанбаатарт уул уурхайгаа яаж идэж уух вэ гэж хэрэлдээд суугаад байдаг. Бид чинь
эх орноо манаж байгаа хүмүүс. Бид яахав өнгөрсөн улс. Үр хүүхдүүд минь яах болж
байна” гэнэ.

Хасгууд
нь болохоор “Монголчууд залхуу. Дан байшинд амьдардаг. Биднийг хар. Хоёр давхарт
амьдардаг. Энд амьдарч болоод байна” гэх.

Иймэрхүү
яриаг очсон өдрийнхөө орой яасан ч ихийг сонсов. Хэнийх нь ч зөв юм. Толгой эргэмээр.

Баасан гариг.
Хотод баасан гаригийг залуус өндөр “үр дүнтэй” өнгөрүүлдэг. Харин энд тийм зүйл
үгүй. Оройны есөн цаг гээд л нам жим болно. Хотын төвд Монголд хамгийн өндөрт тооцогддог
дахин дамжуулах станцын өндөөр гэгчийн антенны улаан гэрлүүд үзэмжтэйеэ анивалзана.

Үргэлжлэл бий.

Газрын холоос
цайвалзах миний
нутгийн
бараа юу даа…

Өглөөний нарны элч
туяа Өлгий хотын баруунтаах уулсын оройд тусахад гэрээс гарлаа. Айлуудын
яндангаас гарах утаа жаварт цохиулаад мөд дэгдэх шинжгүй.

Өмнө
нь Хуст арал нэртэй байсан төрөлх гудмаараа алхлаа. Хүүхэд байхад их л өргөн
гудамж байсансан. Гэтэл газар өмчлөл эхэлснээс хойш айлууд хашаагаа тэлснээр
гудамжууд нарийсчээ. Иргэдийн хурал нь саяхан хуралдаж уг гудамжны нэрийг Ах
Хустав гээд хасгаар сольчихож.

Унаагаа
хүлээх зуур ойр хавиа баахан сараачлав. Мусульманы шашны сүмүүдийн оройд залрах
хавирган сар бүхий бэлгэ тэмдэг утаан дундаас энд тэнд сарайна. Монголчуудын
хувьд бурхан шашнаа шүтэх нөхцөл туйлын хязгаарлагдмал аж. Аймгийн урдхан байх
Шар нуурын хөтөл дээр суварга босгожээ. Анх энэ суваргыг босгох гэж эндхийн
монголчууд их л хөл хөөр болж, олон өдөр сэтгэл уужим суужээ. Гэтэл хэд
хоногийн дараа шүтэж босгосон суваргыг нь эвдэлж сүйдэлсэн байна. Үүнд эндхийн
монголчууд ихэд бухимдаж хотоос холбогдох албаны хүмүүсийг нь дуудаж нэг хэсэг
бөөн шуугиан болжээ.

Өлгийчүүдийн
яриагаар суваргыг шөнө дундын үед эвдэлж, сүйтгээд дээр нь элдвээр бичиж
сараачсан байжээ. Үүнийг монголчууд Улаанбаатар, бусад аймгуудаас ирсэн элэг
нэгтнүүддээ хэлж санаа нь амардаг бололтой. Баян-Өлгий аймгийн хэмжээнд бурхны
шашны ганцхан хийд байдаг нь Буянт сумын төвд байна. Аймгийн төв ганц хийд
барих гэж зүтгээд нэмэр тусыг олохгүй л байгаа гэнэ. “Тэнд хийд барих гэж
байгаа” гэж бүгд л аймгийн урд зүг рүү заах юм. “Баян-Өлгийд ганц том хийд
барьчихвал бидний нэг том хүсэл биеллээ гэсэн үг. Засгийн газрын бодлогоор
ганцыг барьчихад яадаг байна. Гэтэл Турк, Казахстаны санхүүжилтээр олон зуун
мусульманы сүм баригдсаар байна” гэж халаглана. Өнгөрсөн сард тохиосон зулын
хорин тавны бэлэгт өдөр Баян-Өлгийн монголчууд зурагтаар дамжуулсан хурал номоо
даган баясч, зул барьжээ. Ер нь цагаан сар, билэгт сайн өдрүүдэд ингэж л
ариусна. Хэрвээ яалтгүй ч ном уншуулж, засал хийлгэх болбол лам багшаа хаанаас
ч хамаагүй өөрсдөө очиж авчирна. 

“Ядаж
аймгийн төв нэг хийдтэй болчихсон юм. Тэгвэл өдөр бүр очиж бурханд мөргөхсөн.
Үгүй ядаж монголчуудтайгаа тэнд уулзаж, арц хүжний анхилуун үнэрт суунгаа
сэтгэлээ уудалмаар байна” гэх нь өрөвдмөөр ч юм шиг.

Хүчний
байгууллагуудын дарга нарыг монгол хүнээр сольсонд хасгууд нэг хэсэг баахан эгдүүцжээ.
Монгол дарга нартай болсонд монголчууд ихэд баярлаж, амьсгал авахад жаахан
уужим санагдах болсон гэнэ.

“Биднийг
ийм хэцүү амьдардаг гэдгийг та нар мэддэг гэж үү”, “Биднийг марталгүй ирж
байгаад баярлаж байна”, “Энд монголчууд амьдардгийг үнэхээр мартаагүй гэж үү”
хэмээн хүүхдийнхэрхүү горьдсон харцаар харцгаана. Миний нэрийг, бидний нэр усыг
битгий бичээрэй. Хасгууд мэдчихвэл ажил дээр хавчаад муулж бөөрөлхөөд байдаг юм
гэнэ.

Монгол,
хасаг хоёр хүний тэтгэвэрт гарах нас нь боллоо гэхэд монголыг нь шууд
гаргачихаад өнөөхийг нь хүсэлтээр нь цааш ажиллуулдаг гэнэ. Тэгээд суларсан тэр
орон тоонд хасгаа авна. Энэ бол Баян-Өлгий аймгийн хэмжээнд бүр ёс юм шиг
тогтсон гэнэ. Энэ талаар гомдол гаргаж, заргалдвал аягүй бол тэтгэмжийн
мөнгөгүй хоцорчихож ч магад гээд дуугүй л яваад өгдөг аж. Улаанбаатарт магистр
төгсөөд ирсэн монгол залуус ажилд орох гэж элдэв өргөдөл, анкет, шалгалтад
ороод тэнцэнэ гэж ёстой гонжийн жоо гэнэ. Харин төгсөөд ирсэн хасагуудад ийм
зовлон үгүй. Тэгээд л арга тасраад монгол үр хүүхдүүд амьдралаа хөөгөөд
буцчихна. Ийм жишээг орсон айл болгон ярьж “Монгол төрийн бодлого хаана байна.
Энэ төрд бодлого байна уу” гэж хариулт нэхсэн нүдээр харна.

Ингэхээр
хасгууд “Монголчууд амар хялбар амьдрах гээд л төв рүү явчихдаг. Түүнээс биш
энд ажил олдоно оо, олдоно. Хамгийн гол нь залхуутай л холбоотой. Ямар ч хүн
төрсөн нутгаа орхихыг бодохгүй. Бидэнд л лав Улаанбаатар руу явах бодол
байдаггүй. Энэ бол бидний эцэг өвгөдийн нутаг” гэнэ.

Ийм
яриа, хөөрөө сонсоод суутал морин цаг өнгөрөх дөхчихсөн байв. Унаа ч ирлээ.
УАЗ-469 машин. Орос ах нарын энэ машин эндхийн бартаа ихтэй замд шалгарсан
хүлэг.

Өнөө
жил Толбо сум руу зам тавьжээ. Аймгаас тэр замаар гарлаа. Шар нуурын хөтөл дээр
Өлгий гэсэн бичигтэй хөшөөт самбар бий. Ойролцоо нь замын цагдаагийн пост
байрладаг юм байна. Постын дээхнэ өнөө эвдүүлж, сүйдлүүлсэн ч буцаад төрхөө
олсон суварга эрхэмсгээр оршино. Суваргыг Бурхан багшийн сэтгэлийн бэлгэдэл
хэмээдэг бол сүм дуган бол түүний бие, сэтгэл, хэлний цогц бэлгэдэл нь гэдэг.
Ийм тусыг санаж монголчууд аймагтаа суварга босгосон нь энэ. Нарны туяа
алтадсан орой тэргүүнд нь тусч нүд гялбуулам.

Толбо
нуурын тулалдааныг монголчууд бид бүгд мэддэг, дуулсан. Хасбаатарын цэргүүд 45
хоногийн турш бүслэлтэд орж, элдэв бэрхшээл туулж, өл залгуулахын тулд эмээлийн
гөлөм, муур хүртэл идэж байсан санаанд багтамгүй хэрнээ эрэлхэг түүх бий. Тэр
тулалдаан болсон түүхт газраас арваад километрийн наанаас баруун гар тал руу
зам салаад Өмнө голд ирлээ.

Уулсын
бэлд намар, оройд нь өвөл харагдана. Намраараа байгаа хайрхнуудын цаанаас цаст
хайрхад мишэлзэх шиг. Нар, хөх тэнгэрийн юугаар ч илэрхийлэшгүй хослол энд
бүрэлдэж, цээжээ дүүртэл мянгантаа амьсгалаад ханамгүй тийм их хүсэл төрж,
ханаа шийрлээд амьдраад, амьсгалаад баймаар эзэн хүний шунал ундарсныг нуугаад яахав.

Замд
малаа хариулсан монгол малчид тааралдлаа. Өвөлжөө тавлаг, мал тарган байгаа гэж
монгол хүний амны бэлгээр угтаж, хэрэг зоригийг асууна. Ер нь Буянт сумын нутаг
нэрнээсээ авахуулаад буянтай хэмээж, өсч төрж насаа элээж, эцэст нь хөрсөнд нь
шингэх эх нутгаа магтана. Хотын сонин асууна. “За цаагуур чинь сонин юутай.
Яриад байгаарай” гээд л тамхи гаргаж ирээд хөөрөлдөх янзтай. Бүр тухалж
суучихаад юм шалгаана. Нарны голтойд зорьсон газартаа хүрч, олон хүнтэй учрах
ёстой болохоор учраа хэлээд салцгаалаа. Эзэрлэг хайрхны овоо бол Баян-Өлгий
аймгийн уугуул иргэд болох урианхай, дөрвөд, тувачууд эрт дээр үеэсээ шүтэж
ирсэн тахилгатай уул нь. Энэ аймгийн хүн амын 92.2 хувь нь хасаг, 7.8 хувь
монгол гэсэн ийм харьцаатай болохоос өмнө буюу социализмын үед уг овоондоо
наадам хийдэг байж. Тэр үед энэ харьцаа эсрэгээрээ байсан болохоор мэдээж
жинхэнэ монгол үнэртсэн монгол наадам болдог байсан нь тодорхой.

Эзэрлэгийн
нурууны хажуугаар өнгөрч явтал морио хөтлөөд хонио тууж явсан хасаг залуутай
таарлаа. Нас нь хорь дөнгөж хүрч яваа болов уу. Жолооч түүнтэй хасгаар ярина.
“Монгол хэл мэдэх үү” гэж монголоор асуухаар “Мэдэхгүй” гэж монголоор
хариуллаа. Баруунтаах сүрлэг хайрхныг юу гэдэг вэ гээд асуувал “Жостама” гэв үү
дээ нэг тиймэрхүү үгээр нэрлэлээ. Ихээ зосон будагтай. Нэгэн үе зосыг нь бага
сагаар авдаг байсан Зост хайрханыг тэгж нэрлэдэг болчихож. Ойр хавийн газар
усны нэрийг бүгдийг нь хасгаар хэлнэ.

Дээд
их хаалгатын даваан дээр ирлээ. Эндээс ойр орчмыг бүхэлд нь харж болох аж. Алс
холд байх хэрнээ дэргэд ч юм шиг харагдах Цаст хайрханы орой сүртэй сайхан
санж. Тэр зүгээс цэнгэг агаар, эрх чөлөө мэдрэгдэнэ.

Давааны
бартаатай, огцом эргэлттэй бэрх замаар уруудсаар Буянт голын гүүр давж Буянт
суманд ирлээ. Алс хязгаарын сум болохоор айвуу тайван, дуу чимээгүй. Хүмүүс нь
ч аажуу уужуу алхаатай. Хэн ирж вэ гэсэн шиг бүгд нааш саравчлан харцгаана.
Эхлээд монгол айлуудаар орлоо. Бусад сумд монгол, хасаг иргэд тоо саяхныг
болтол ойролцоо байснаа одоо 4000 хүнээс 1500 хүрэхтэй үгүйтэй нь л урианхай,
дөрвөдүүд байна.

Хийд
нь хаалттай байлаа. Нэг айлд цай цүй болоод сууж байтал гаднаас “Мал тоолнаа”
гээд нэг хасаг залуу ороод ирлээ. Нэрийг нь М.Серикбол гэнэ. Багийн нийтийн
хурлын дарга гэнэ. Цүнх, хавтаснаасаа бичиг цаас гаргаж ирэх гэж баахан будлиад
гэрийн эзний хэлсэн бог, бод, төл гэдгийн учрыг нэг л ухахгүй байгаа бололтой.
Гэрийн эзэн энд бич, тэнд бич гэж зааж өгөх. Буруу бичсэнээ баллаж, цоохорлох.
Уг нь төрийн ажлыг хийж яваа хүн сэн.

Түүнтэй
хөөрөлдөх янзтай хэдэн юм асуулаа.

-Та
багийнхаа нийтийн хурлын дарга юм байна. Та манай төрийн тогтолцоог ямар байна
гэж боддог вэ. Ямар байвал зүгээр бол гэвэл,

-Мээдэкү.
Болжин гэж боддуу гэснээ Монгол Улсыг Казахстан шиг Ерөнхийлөгчийн засаглалтай,
Н.Назарбаев шиг ерөнхийлөгчтэй байвал хөгжинө гэж үздэг гэлээ. Юм асуувал ер
ярих шинж алга. “Мээдэкү” гээд мөрөө хавчина. Өлгийн төвд суварга сүйдэлсэн
хэргийн тухай сонирхвол сахилгагүй хүүхдүүдийн л хийж байгаа үйлдэл гээд гэрийн
эзэдтэй хасгаар яриад эхэллээ. Та яагаад хасгаар яриад явчихав аа. Би ойлгохгүй
байна. Намайг муулаад байна уу, сайлаад байна уу би мэдэхгүй. Та монголоор ярьж
болохгүй юу гэлээ. Гэрийн эзэгтэй шинэ буцалсан цайнаас аягалж өглөө. Тэгтэл
М.Серикбол хурдан хурдан оочлоод яах ийхийн зуургүй гараад явчихлаа. Их л
аягүйдчихэв бололтой. Гэрийн эзэдтэй “Явж явж сурвалжлагчтай таарчих гэж. Яасан
их юм шалгаадаг юм” гэж уцаарлан хасгаар ярьсныг гарсных нь дараа сонсов.

Тэгтэл
гэрийн эзэн “Та нар манайд ирснээрээ амьдралд минь толбо үлдээлээ. Та нар яахав
буцаад явчихна. Энд үлдэж байгаа биднийг бодсонгүй юу. Та нарыг бид л дуудсан
болж таарна. Маргааш бөөн юм болно” гэснээ “Монголд төрийн бодлого гэж байдаг
юм уу. Энд чухам юу болдгийг мэддэг юм уу. Баян-Өлгийн уугуул иргэд нутаг усаа
орхиж явснаас болж үлдсэн ахан дүүс бид чинь цөөнхийн цөөнх болчихоод байна,
төрсөн нутагтаа. Хэрвээ тэд нүүгээгүй байсан бол бид өнөөдөр ийм байдалд
байхгүй” гээд гомдсон ч юм уу, уцаарласан ч юм уу ер нь яриа таарах шинжгүй
болчихлоо. Уг нь монголчууд алсаас зочин ирвэл ерөөл дэмбэрэлтэй үгсээ хэлэлцэн
хол ойрын сониноо хуваалцдагсан. Гэтэл би энэ айлд ирснээрээ толбо үлдээчих гэж
байх уу.

Буянт
суманд хоёр үндэстний хоорондох асуудал бусад сумдыг бодвол илүү хүчтэй өрнөдөг
гэдэг нь эхний орсон айлаас л мэдрэгдлээ. Дараа дараачийн орсон айлууд эхлээд
иймэрхүү маягтай, үгээ цэгнэсэн шинжтэй өгүүлнэ. Тэгснээ монгол хүмүүс юм хойно
учраа олоод ярилцахаар яаж зовж байгаа, ямар хавчлаган дунд амьдарч байгаагаа
бүгдийг нь ний нуугүй ярьж “Хэзээ гэрт орж ирээд дээрэлхээд унахыг нь мэдэхгүй.
Иймээ тиймээ юм болбол миний яасан ийсэн нь 
хэнд  ч хамаагүй, хэн ч мэдэхгүй л
өнгөрнө. Бид ийм л орчин амьдарч байна. Ингээд биднийгээ гээд ороод ирж байгаад
баярлаж байна. Биднийг мэнд байгаа гэдгийг сониноороо дамжуулаарай. Биднийг урд
зүгийнхэн (Баян-Өлгий аймгийнхан эх орныхоо баруун хязгаарт амьдардаг ч бусад
аймгийнхан, Улаанбаатарт байгаа монголчуудаа урд газрынхан гэж хэлдэг)
мартаагүй юм байна. Бид өөрсдийгөө төрөөсөө хаягдсан хүмүүс гэж боддог байснаа
одоо хаяя” гээд сэтгэлээ уудлаад төр засагтаа хэлэх үгсээ дайна.

Бас
МҮОНТ-ээр гарсан “Босго тотго” кинонд хасгийн түүхийг гаргасан нь хүмүүст
хэрэгтэй зүйл болсныг нэгэн дуугаар хэлцгээнэ.

Тэд
өөрсдийгөө эх орныхоо газар шороог хамгаалж байгаа нэргүй баатрууд гэж
хөөрхөн  омогших. Уг нь ийм тодотголыг
тэртээ дайны үед л гарч байсныг уран зохиолоос уншиж байсан билээ. Тэгтэл ийм
тайван цагт ингэж өөрийгөө баатар гэж хэлэх хүмүүс эндхийнхнээс өөр байхгүй
байх аа. Яагаад баатар болдог билээ гэвэл 
тэд  ёс заншил, хэл ус, нутаг
усныхаа нэрийг монголоор нь авч үлдэхийн төлөө сэтгэл, зориг юугаан бүгдийг нь
зориулж амьдарч байгаа  гэнэ.

Гэхдээ
тэдгээр иргэд жаахан дэгсдүүлээд байна уу гэсэн хар төрж байснаа энд нуух юун.
Яагаад гэвэл Монгол  гэдэг улс  төртэй, тэр төр нь хуультай, хууль цаазыг
гүйцэтгэдэг байгууллагатай ардчилсан орон. Ямар феодалын нийгэмд байгаа биш.
Хэн дуртай нь хэн нэгнийг дээрэлхвэл хуулийн хариуцлага хүлээлгээд өгөх хатуу
төр байдгийг бүгд мэднэ.  “Монгол төрийн
уурга урт, хуйв уужим” гэсэн эртний үг бий. Үүнийг ч ард түмнүүд мэддэг. Хэзээ­нээ­сээ  эвтэй найртай хөрш­лөөд ирсэн иргэдийн
уламжлалт түүхэн харилцаа байна. Тэгтлээ хоорондоо эвдрэлцсэн гэж буруу­гаар
ойлгочих вий гэсэн эмзэглэл төрж байлаа. Ингээд эндхийн хасаг иргэд дундаа
хийсэн бүтээсэнтэй, ярих зүйлтэй яриа хөөрөөтэй, өөрийгөө Ардчиллын алтан хараа­цай­нуудын
нэг гэж хэлсэн Ө.Хунанбайгийнх руу очлоо.

Үргэлжлэл бий.
Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Улс төрийн 35 албан хаагч авлигын хэргээр шалгагджээ

Авлигатай тэмцэх газ­раас өчигдөр мэдээлэл хийлээ.
Тус газрынхан энэ онд хийсэн ажил, хэ­рэг­жүүлж байгаа үйл ажил­лагааныхаа талаар
мэдээлсэн юм.

АТГ-ын Мөрдөн шал­гах хэлтэст энэ онд 970 гомдол
мэдээлэл ирснээс 422 нь гэмт хэргийн шинж­тэй байжээ. Эдгээр мэдээллийн 58-д нь
эрүү­гийн хэрэг үүсгэж, 176-д нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 152-ыг нь харьяаллын
дагуу шил­жүүлсэн байна. Харин мөрдөн байцаалт явуул­сан эрүүгийн хэргүүдээс 43
хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 41 хэргийг хэрэгсэхгүй болгох санал­тайгаар,
30 хэргийг харьяал­лын дагуу шил­жүүлж, 21 хэргийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэж,
13 хэргийг Эрүүгийн бай­цаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийг үндэс­лэн түдгэлзүүлэхээр
тус тус шийдвэрлэжээ. Дээрх эрүүгийн хэргүүдэд нийт 400 хүн сэжигтэн, яллаг­дагчаар
татагдан шал­гагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 36.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Авлигатай тэмцэх газ­рын
судалгаагаар энэ онд авлига, албан тушаа­лын гэмт хэргийн улмаас улсад нийт 85 тэрбум
төгрөгийн хохирол учир­сан байна. Энэ нь өмнөх оныхоос 47.3 хувиар өс­сөн үзүүлэлт
аж. Үүнээс тус газрын мөрдөн бай­цаагчид мөрдөн шалгах явцад 6.3 тэрбум төг­рөгийг
нөхөн төлүүлж, 17 тэрбум төгрөгийн эд хө­рөн­гийг битүүмжилж, хам­гаалалтад аваад
бай­гаа гэнэ.

Авлигын хэрэгтэй холбоотой асуудлаар шүүх хурал
нийт 26 шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ялласан байна.

Энэ онд АТГ-ынхан Монгол Улс дахь авлигын индексийг
анх удаа гаргасан бөгөөд үүгээр авлигын индекс 0.65 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх
онтой харьцуулахад 0.02 хувиар өссөн тоо ч сүүлийн хоёр жилийн дүнгээрээ авлигын
индекс буураад байгаа аж. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэрэг буурч байгаа гэж ойлгож
болох нь.

Мөрдөн байцаах ажиллагаа явуулсан нийт 187 хэргийн
70 нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулсан бол хэтрүүл­сэн хэрэг нь
25 байжээ.

Хээл хахууль өгөх, авах хэрэг 42 бүртгэгдэж, мөрдөн
байцаах ажил­ла­гааг явуулан холбогдох шийдвэ­рийг гаргаад байгаа гэнэ.

Харин нийт шалгасан хэргийн дотор улс төрийн албан
хаагч 35, төрийн үйлчилгээний албан хаагч 42, төрийн тусгай албан хаагч 46, төрийн
захиргааны албан хаагч 48 байжээ.

АТГ-аас яллах дүгнэлт үйлдүү­лэхээр шилжүүлсэн
эрүүгийн зарим хэргүүдийг прокуророос хэрэгсэхгүй болгожээ. Ямар хэргүү­дийг хэрэгсэхгүй
болгосныг дуул­гая.

-Дарханы Төмөрлөгийн үйлд­вэр ТӨХК-ийн ерөнхий
захирал Т.Ганболд албан тушаалаа урвуу­лан ашиглаж, бусдад давуу байдал олгон
2007 оны есдүгээр сарын 14-ний өдөр хүнд даацын автомашин худалдан авах тендерийн
ялагчийг хууль бусаар шалгаруулан төсөвт онц их хэмжээний хохирол учруул­сан байдаг.
Мөн Дарханы Төмөр­лөгийн үйлдвэрээс ган бөмбөлгийн бэлдэцийг “Эрдэнэт” үйлдвэрт
шууд нийлүүлэх бололцоотой байтал өөрийн үеэл дүү Д.Ирмүү­ний нэр дээр Хонконгт
бүрт­гэгд­сэн “Стандарт металс лимитед” гэх компанитай их хэмжээний үнийн дүн бүхий
ган бөмбөлгийн бэлдэц нийлүүлэх гэрээг холбог­дох хүмүүст танилцуулахгүйгээр 20
мянган тонн ган бөмбөлгийн бэлдэ­цийг “Эрдэнэт”-д нийлүүлсэн. Гэрээ­ний төлбөрийг
“Стандарт металс лимитед” компаниар дам­жуу­лан авч, гэрээний үнийн дүн­гийн зөрүү
ашиг болох гурван сая ам.долларыг завшсан нь тогтоогд­сон. Уг хэргийг өнгөрсөн оны
зурга­дугаар сард яллах дүгнэлт үйлдүү­лэх саналтайгаар прокурор руу шилжүүлсэн
ч НПГ-ын хяналтын прокурор С.Алимаа хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ.

-Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаа тогтоол
зөрчин засаг даргын Эдийн засгийн зөв­лөх нэрээр Г.Доржхорлоог томилон Засаг даргын
орлогчийн цалин хангамжийг 2009 оноос хойш олгож, 29.7 сая төгрөгийн хохирол учруулсан
хэрэг гарсан. Уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

-“Монгол сафари” ХХК-ийн бригадын дарга Н.Баярмагнай
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Өвөргуут гэх газраас 2011 оны арваннэгдүгээр сард
зохих зөвшөө­рөлгүйгээр дөрвөн мет­рийн урттай, 367 ширхэг нарсан бөөрөнхий мод
бэлтгэж, тээвэрлэн хадгалсны улмаас байгаль экологид 30.5 сая төгрөгийн хохирол
учруулсан хэрэг бий. Эл хэргийг энэ оны гуравду­гаар сарын 13-нд яллах дүгнэлт үйлдүүлэх
саналтайгаар проку­рорт шилжүүл­сэн ч хэрэгсэхгүй болгосон байна.

-“Монголросцвемет” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Эрдэнэ,
орлогч захирал Т.Доржбал нар албан тушаалаа урвуулан ашиг­лаж, төрийн өмчийг үнэгүйдүүлэн
завшиж, үрэгдүүлсэн байж болзош­гүй хэргийг шалгах явцад прокуро­роос хэргийг нь
татаж, шууд хэрэг­сэхгүй болгосон байна.

Тэд 2007 онд 442.8 сая төгрө­гийн өртөг бүхий
балансын үлдэг­дэл бүхий МТХБ-ыг дуудлага худал­даагаар худалдан борлуулах зөвшөөрөл
өгсөн байхад дуудлага худалдаа явуулалгүй “Итгэлт аудит” ХХК-иар 1.014.600.000 төгрөгөөр
үнэлүүлж дээрх МТХБ-ыг өөрсдийн нэр бүлийн гишүүдийн хувь оролцоотой “Интердесижн”
ХХК-ийн нэр дээр шилжүүлэн эзэмш­сэн байдаг.

-“Хур хүү” ХХК “Эрдэнэт” үйлд­вэр­тэй 2010 оны
наймдугаар сарын 12-ны өдөр мянган тонн ган бөмбөлөг нийлүүлэх 870.000 ам.долларын
үнэ бүхий гэрээ бай­гуу­лан, урьдчилгаа 783.000 ам.долларыг гурав хоногийн дараа
шилжүүлж авчээ. Гэтэл тус компа­нийнхан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж.
Уг гэрээний хуга­цаа 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон байдаг.
“Хур хүү” компанийн захи­рал Б.Билгүүн нь “Эрдэнэт” үйлд­вэ­рийн Ерөнхий захирлын
хөгж­лийн асуудал хариуцсан орлогч захирал Ц.Бат-Энхийн төрсөн эгчийн хүүхэд юм
байна. Ц.Бат-Энх ийн бусдад давуу байдал олгон албан тушаалын байдлаа урвуу­лан
ашиглаж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон. Энэ хэргийг
яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн ч НПГ-ын хяналтын прокурор
Ж.Отгонцэцэг хэрэгсэхгүй болгох шийдвэр гарга­сан байна.

-Үндэсний худалдаа, аж үйлд­вэ­рийн танхимын дарга
С.Дэмбэрэл албан тушаалын байд­лаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгон, тус
танхимын нэр дээр олгогдсон газраас 5000 м.кв талбай бүхий газрыг “Дэлхийн худалдааны
төв” ТББ-д шилжүүлэн өгч их хэмжээний хохирол учруулж, байгууллагын өмчийг үрэгдүүлсэн
хэргийг үйлдсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байхад нь прокуророос татаад
хэрэгсэхгүй болгожээ.

-Бас нэг хэргийг шалгах явцад нь прокуророос татаад
хэрэгсэхгүй болгосон байна. Энэ бол Х.Наран­хүүд холбогдох хэрэг. Тэрээр
2000-2007 онд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллах байх­даа И.Жавхлант
захиралтай “Эксим инвест” ХХК-д 2.4 сая ам.долларын вексель бичиж тоног төхөөрөмжийн
гэрээ байгуулж, албан тушаалын байдлаа урвуу­лан онц их хэмжээний хохирол учруулсан
байдаг.

-Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга
асан н.Нэргүй, Архангай аймгийн Засаг дарга Ж.Хүрэлсүх, аймгийн МАХН-ын хорооны
дэд дарга Б.Өсөхбаяр, Батцэнгэл сумын Засаг даргаар ажиллаж байсан Ч.Хүрэлчулуун
нар хамтран 2008 оны гуравдугаар сарын 7-ны өдөр аймгийн МАХН-ын байрыг засварлахад
25 сая төгрөгийг Батцэнгэл сумын “Тарвачимбуулин” хийдийг заса­хад зарцуулсан гэх
нэрээр гаргаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэрэг бий. Энэ хэрэгт
өнгөрсөн наймдугаар сарын 9-нд яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргасан ч НПГ-ын хяналтын
прокурор Н.Үүлэн хэрэгсэхгүй болгосон байна. Энэ мэтээр олны анхаарлыг татаж, улсын
төсөв, байгууллагад их хэмжээний хохи­рол учруулсан олон хэргийг прокуророос хэрэгсэхгүй
болгосон байна.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Найруулагч Д.Бямбасүрэн: Леонардо ди Каприог их өрөвдсөн

Монголтой холбоотой, Монголыг сонирхдог гер­ман­чуудаас
“Ингэн нулимс” киног үзээгүй хүн бараг үгүй болов уу. Манайхны талаар ярихдаа “Ингэн
нулимс” киног заавал дурд­даг. Энэ киноны найруулагч Д.Бямбасүрэн­тэй  Берлин хотноо уулзсан юм. Тэр­бээр Мюнхений Телевиз,
киноны дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд “Ингэн нулимс” кино зөвхөн Оскарт нэр дэвшсэнээс
гадна Баварийн телеви­зийн шагнал, Баварийн шил­дэг киноны шагнал, “Direc­tors
Guide of America Award”, Германы Киноны шагнал зэргийг хүртсэн. Харин “Шар нохойн
там” киногоороо Германы Үндэс­ний Кино Академийн “Ал­тан Лола” шагнал” авсан юм.
Д.Бямбасүрэн нь Оскарт нэр дэвшсэн Монго­лын цорын ганц найруу­лагч гэдгийг дурдах
нь зүй­тэй байх.  Түүнээс сүүлийн үед яагаад
чимээгүй бол­сон талаар асуухад  “Ээжийн ажил
хийгээд  завгүй байгаа” хэмээн тайлбарласан
юм.

-2005 онд та “Ингэн нулимс” киногоороо Оскарт
нэр дэвшиж, Холливудын оддын хамт “Кодак” кино театрт мөр зэрэгцэн зогсож байсан
тэр үеэ эргэн нэг дурсаач.

-Яахав дээ, тэр үед би чинь оюутан байсан шүү
дээ. Оюутан хүн ямар байдаг билээ. Хоол, байрныхаа мөн­гийг яаж олох вэ гээд л өдөр
нь сураад л, орой нь ажил хийдэг байсан үе. 
Тийм том, нэр хүндтэй юм руу орчихлоо шүү гээд л учиргүй бодоод байгаагүй.
Тэр үеийг эргэн дурсахдаа ч би тэгж их омог­шоод, бардаад байдаггүй. Мэдээжийн хэрэг
богинохон хугацаанд болж өнгөрсөн боловч маш хурц сэтгэгдэл үлдээсэн мөч байлаа.
“Кодак” кино театрт, Оскар гардуулах ёслолын ажиллагаанд орол­цоод явж байхад хоёр
гурван ч удаа намайг сандаргасан гэх тийм тохиолдол гарсан. Хүмүүс­тэй юм ярьж байгаад
л эргээд харахад маш  танил царай харагдана.
Тэгээд л сандраад толгой дохино.

-Нөгөө телевизээр кино байнга гардаг дэлхийн нэртэй
жүжигчид бүр танил хүн шиг харагдаад уу?

-Тийм. Ер нь бол нөгөө хүршгүй, халдашгүй хол
бай­сан хүмүүс чинь бидний л адил, бие биетэйгээ наргиа наадам хийгээд л явж байсан.

-Оскарт нэр дэвшээд “Кодак” кино театрын тай­зан
дээр зогсоод нэрээ дуудуулж байхад ямар санагдаж байв?

-Тэр үед би Леонардо де Каприог л их өрөвдсөн.
Мань хүн шагналд нэр дэвшигч­дийн нэрийг танилцуулсан. Тэгээд миний нэрэн дээр ирээд
хэлэх гэж нэлээд гац­хад нь би дагаад бүр сандар­чихсан. Бусад нэрүүдийг торох­гүй
уншсан. Харин миний нэрийг дуудахдаа бүр цаасаа шагайж ирээд л  нэрийг маань гурав тасалж уншиж билээ.

-Тэр үед “Ингэн нулимс” киног Монголд хэрхэн хүлээж
авсан бэ?

-“Оскар”-д нэр дэвших кинонуудад тавих болзол
гэж байдаг л даа. Тэрний нэг нь эх орондоо доод тал нь нэг долоо хоногийн хугацаанд
кино театруудад гарсан байх ёстой. Тэгээд сургуулиас маань намайг түргэн Монгол
явж киноныхоо нээлтийг хий гэсэн даалгавар өгсөн. Тухайн үед Улаанбаатарт хамгийн
боломжтой нь “Од” кино театр байсан. 2003 он шүү дээ. Хүмүүс кино театрт кино үзэхээ
больчихсон бай­сан үе. Би кассан дээр нь зогсоод хүн үзэх болов уу гээд л догдлоод.
Ганц хоёр хүн ирнэ. Тэд нар нь “Өө Монгол кино юмуу. Тасалбараа буцааж болох уу”
гэнэ. Ямар ч байсан долоо хоног гарга­сан. Тэгээд Америкийн кино академиас тавьдаг
бүх шаард­лагыг нь хангаад кино­гоо явуулсан. Уг нь бол бид шилдэг гадаадын кинонд
дэвшүүлсэн боловч гарч чадаа­гүй. Зуун хувь Германы хөрөнгө оруулалтаар хийгд­сэн
киног Монголын өмнөөс нэр дэвшүүлэх гэсэн боловч бүтээгүй. Харин хойтон жил нь  Америкийн зүгээс шилдэг баримтат кинонд дэвшүүл­сэн.

-“Ингэн нулимс”-аас хойш ямар кинонууд хийсэн
билээ?

– Миний уран бүтээлийн санд “Ингэн нулимс”-аас
гад­на хэд хэдэн богино хэм­жээ­ний кино бий. Кино теат­раар гарч олны хүртээл бол­сон
нь гэвэл “Шар нохойн там”, “Эзэн богдын хоёр загал” нэртэй бүрэн хэмжээ­ний кинонууд
бий.

-Ингэхэд яагаад най­руу­лагч болохоор шийдсэн
юм бэ?

-Бүр багаасаа л урлагийн хүн болохыг  мөрөөддөг бай­лаа. Сургуульд ороогүй байх­д­аа
аавыгаа драмын дугуй­ланд оруулж өг гэж гуйсан. Тэгээд аав маань Тээвэрч­дийн соёлын
ордны драмын дугуйланд очиж асуугаад уншиж бичиж чаддаггүй хүүх­дийг авдаггүй юм
байна гэсэн. Ингээд шинэ Пионе­рийн ордны драмын дугуй­ланд орж суралцсан. Анх тайзан
дээр жүжигт тоглож, яваандаа концертын хөтлөгч болон Монгол телевизэд хүүхдийн нэвтрүүлэг
хөтөлдөг байлаа. Би 1989 онд 10-р ангиа төгссөн. Тэр үед цаг үе ямар байлаа. Гэтэл
тэр жил нь Кино драмын ангид хөдөө­ний төгсөгчдийг авсан тул би орж чадаагүй. Ингээд
байж байтал дээд сургуулиуд төл­бөр­тэй болсон. Ер нь нөгөө жүжигчин болно гэсэн
мөрөө­дөл маань нэг л мэдсэн байх­гүй болсон доо. Ингээд 1994 онд Кино урлагийн
дээд сур­гуулийн кино зураглаачийн ангид орсон. Тэр үед сургал­тын материаллаг бааз
гээд байх юм байхгүй байсан. Камер, хальс гээд маш их зүйлтэй ажиллаж харьцаж сурах
ёстой шүү дээ. Гэтэл тэр бүгд нь байгаагүй. Нэг хоёр жилийн дараа ер нь л ийм байдлаар  юм сурахгүй нь гэдгийг ойлгосон. Ингээд гадаг­шаа
явж суръя гэсэн нэг бодолтой болж өөрөө нэлээд хөөцөлдсөний эцэст Мюн­хений Телевиз,
киноны дээд сургуульд орсон.   

-Мюнхений Телевиз, киноны дээд сургуулийг төгсөөд
Монгол руу буцах бодолтой байсан уу?

-Хурдхан сургуулиа төг­сөөд нутагтаа очих юмсан
гэж боддог байлаа. Гэвч хүний хувь заяа гэдэг урьдчилан хэлэхийн аргагүй шүү дээ.

-Ямар шинэ уран бүтээл хийж байгаа талаараа манай
уншигчдад сонирхуу­лаач.

-“Нүүдэлчин Монгол” гэсэн гурвал маань миний хэзээ
ч санаж мөрөөдөөгүй амжилтыг надад авчирсан. Гэвч одоо ийм сэдвийг давт­маар­гүй
байна. Ер нь бол  нэг уран сайхны кино хийж
өөрий­гөө сорьё гэсэн бодол бий.

-Өнгөрсөн зун киноны зураг авахаар өөрийг чинь
Монголд очсон гэж сонссон юм байна?

-Бүх урлагийн дотроос хамгийн үнэтэй нь кино урлаг
гэдэг шүү дээ. Дэлхийг хамар­сан энэ хямралын 
үед хаа сайгүй хэмнэлтэд орсон. Кино урлагийн салбар хам­гийн их хэмнэлттэй
ажиллаж байгаа. Гэтэл би гэдэг хүн энэ цагийн аясыг сөрөөд л явна даа. Уран сайхны
кино хийнэ гэдэг өмнөх уран бүтээлүү­дээс хэд дахин их хөрөнгө шаардана. Тийм учраас
нэг бус нэлээд хэдэн газраас санхүүгийн дэмжлэг авах хэрэгтэй болж байна. Би  ССАЖ-ын сайд Ц.Оюун­гэрэлд захидал бичиж дэмж­лэг
хүссэн. Өнгөрсөн зун сайд­тай хэд хэдэн удаа уул­за­хад дэмжихээ илэрхийл­сэн. Мөн
Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржтой  уулзахдаа ч дэмжлэг
хүссэн юм. Маш  их ажлынхаа хажуугаар нэгэн
уран бүтээлчид надад зав гаргаж  хүлээн аван,
дэмжи­хээ илэрхийлсэнд би хувьдаа маш их баярласан.

-Тэгвэл таны шинэ уран бүтээл Монголын талын санхүүгийн
дэмжлэгээр бүтэх юм байна. Тийм үү?

-Тэгэх байх гэж ихэд найдаж байгаа. Өнгөрсөн зун
миний уран бүтээлд санхүү­гийн дэмжлэг үзүүлэх сайдын тушаал гарсан. Гэтэл тушаал
гэнэт цуцлагдсанаас ажил маань зогссон.

-Соёлын яамны эрх мэдэл бүхий хүмүүсийг “шагнаагүйгээс”
болоод тушаал цуцлагдсан гэж би сонссон юм байна.

-Цуцлагдсан нь үнэн. Харин үүнийг хээл хахуультай
холбон тайлбарлах гэж яаран оролдох нь дуулиан хайсан хэрэг болох болов уу. Гэхдээ
гарсан тушаал цуцлагдсаныг сонссон хүн болгоны толгойд хамгийн түрүүнд орж ирэх
тайлбар нь хээл хахуультай холбоотой байсан юм шүү. Миний ойр дотнын хүмүүс, найз
нөхөд маань хүртэл намайг  хайхрамжгүй, бусдын
дэмжлэгийг үнэлээгүй хэмээн шүүмжилж байсан нь 
намайг үнэхээр гайхшралд оруулсан. Энэ бол эмгэнэл. Нийгэм маань хээл хахуулийн
сүл­жээнд хир автсаны нэг тод жишээ юм. Харин энэ Засгийн газар маань үүний эсрэг
их зүйл хийж байгаа гэж яриад байгаа. Энэ нь 
хоосон яриа юу, бодит ажил уу гэдгийг цаг хугацаа л харуулна.

-Тухайн үед яамны зүгээс ямар нэгэн тайлбар хийсэн
үү?

-Цуцлагдсан шалтгааныг тухайн үед Сангийн яамны
Худалдан авах ажиллагааны хуулийн Бараа, ажил, үйл­чил­гээ худалдан авах босго үнийн
заалттай зөрчилдсө­нөөс болсон гэдэг тайлбарыг 
сайд надад өөрөө өгсөн. Магадгүй энэ нь шинэ тулга­раас үүдэлтэй асуудал
бай­сан биз. Тэгж байтал сүүлийн улиралд улсын төсвийн орло­го тасалдсан учраас
энэ жил яамнаас ямар ч киног дэмжих боломжгүй боллоо гэсэн тайл­барыг  е-мэйлээр ирүүл­сэн. Ирэх онд улсын төсөв тогтвортой
байвал асуудал нааштай шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Берлин дэх сурвалжлагч Ю.ДЭЛГЭРМАА

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Эрдэнэбат: Манай нам дотор хамтарч засаг барья гэсэн ганц нэг хүн байгааг үгүйсгэхгүй

УИХ-ын гишүүн Ж.Эр­дэнэбаттай
ярилцлаа.

-Байнгын хороод өнөөдрийнхөө (өчигдөр)
хуралдаанаар дарга нарынхаа асуудлыг авч хэлэлцэн хуучин дар­гаараа цааш нь удир­дуу­лахаар
боллоо. Харин Төсвийн байнгын хороо чимээгүй өнгөр­чих юм. Даргынхаа асууд­лыг ярихгүй
байсан юм уу?

-Байнгын хорооны хуралдааны хэлэлцэх
дараалалд ороогүй тул энэ удаагийн байнгын хороо даргын асуудлаа хэлэлцээгүй. Байнгын
хо­рооны дарга хоёр жи­лийн хугацаанд ажиллах боломжтой байдаг. Төс­вийн байнгын
хороо тэр журмаар явах байх.

-Ардын намын бүл­гийн зүгээс хоёр
сайдыг огцруулах өргөдөл гар­гасан ч дэмжлэг аваа­гүй. Цаашид бүлгийн зүгээс ямар
арга хэмжээ авах вэ?

-Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөөлөл
гарч байна уу гэвэл үгүй. Харин хоёр сайдыг нь өөрчлөөд үзвэл гарч магад­гүй. Манай
эдийн засаг өсөлттэй байсан бол заавал уг хоёр сай­дыг огцруулах хэмжээнд хүртэл
ярих шаардлага байхгүй. Шинэчлэлийн гэгдэх Засгийн газар бай­гуулагдсанаас хойш
эдийн засаг байнгын ухрал­тын байдалтай байсан нь уг асуудлыг хөн­дөхөөс өөр арга
бай­сангүй. Хариуцлагагүй ажилласан хүмүүс ха­риуц­лага хүлээж байж хөгжил ирнэ.
Тэгэхгүйгээр хэн нэгний толгойг илс­нээр эдийн засаг сэргэдэг бол хамаа алга л даа.
Гэтэл эдийн засаг өсөлт­тэй байна хэмээн хэвлэл мэдээллээр мэдээлж бай­гаа ч бодит
амьдрал дээр ямар ч өсөлт байхгүй нь мэдрэгдэж байна. Эдийн засаг дандаа уруу шаа­риг­дах
биш өгсөж, буурч байсан энэ хүмүүс алдаа, оноотой ч ажиллаж бай­гаа юм байна гэж
харах байлаа. Харамсалтай нь хоёр сайдын барьж буй бодлого буруу байсан.

-Хоёр сайдын хувьд өмнө нь засагт
ажиллаж байсан хүмүүс. Эдийн засгийн туршлага­тай­гийн хувьд туршлагатай даа?

-Би Сэлэнгэ аймагт Санхүү хэлтсийн
даргаар ажиллаж байсан. Ч.Улаан сайд их зарчимч хүн байлаа. Ний нуугүй хэлэхэд Ч.Улаан
сайдын ажилд сэтгэл дундуур байгаа юм. Ямар учраас яагаад ийм байдалд хүрснээ өөртөө
дүгнэлт хийж байгаа болов уу гэж бодож байна. Намайг орон нутагт ажиллаж байхад
Ч.Улаан сайдын тавьж буй шаардлага, улс орны эдийн засгийг хөг­жүүлэх тал дээр авч
хэрэг­жүүлж буй бодлого нь зөв зүйтэй явдаг байв. Өмнө нь ажиллаж байсан турш­лага
дээр үндэслэхэд тө­сөв орлогын төлөвлөлт, зарцуулалт болохгүй бай­на гэдэг санал
хэлж байсан юм. Ч.Улаан сайд эдийн засгийн өсөлттэй холбож төсвийг уялдуулж болохгүй
гэж хэлж байх жишээтэй. Төсвийг зохи­цуу­лах гол үндэс нь эдийн засгийн өсөлт л
байдаг. Эдийн засаг хэдий хэм­жээгээр өсч чадна төсөв тэр хэмжээгээр нэмэгдэх бааз
суурь болдог.

Бодит эдийн засгийн өсөлт бий болсон
үед төсвийн орлого байнга өсдөг. Бодит бус эдийн засаг өссөн тул өнөөдөр төсөв тасарч
байна. 2012 оны төсөв бодит эдийн засгийн өсөлттэй байсан юм. Тиймээс 600 гаруй
тэрбум төгрөгөөр улсын орлого нэмэгдэж байлаа. Гэтэл 2013 оны эдийн засаг бодит
өсөлт биш. Өөрсдийнх нь хэлдгээр хөөс л байхгүй юу. Хөөс ихээр бий болсон үед орлого
өмнөх оныхоос буурдаг. Ийм нөхцөл бий болчихоод байхад мэд­сээр байж эдийн засгийн
арвин туршлагатай хүн алдаж байгаа нь эрх ба­ригчдад таалагдсан бодлого барьж байгаатай
холбоотой.

-Хөрөнгө оруулал­тын хуулиа баталсан.
Одоо эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц хэд хэдэн хууль батлаг­да­на. Ам.долларын
ханш ч буураад эхэллээ. Ирэх оны төсөвт гэрэл гэгээ тусах шинж байна уу?

-Ам.долларын хувьд өмнө 1350 төгрөгтэй
байж байгаад 1780 болоход хэн ч дуугараагүй. Бүгд л чимээгүй суусан. Одоо 100-хан
төгрөгөөс ам.дол­ларын ханшийг буулгас­ныхаа төлөө бодлогын шинж чанартай арга хэм­жээ
авсан гэж цээжээ дэл­дэх шаардлагагүй. Бод­логын шинжтэй арга хэм­жээ авсан бол
энэ оны түвшингээр бүх асуудлыг ярьж байх ёстой. Гэтэл оны эхэнд 1350-тай бай­сан
ам.доллар өнөөдөр 1640 төгрөг хүрсэн байгаа нь Засгийн газраас явуулж буй бодит
бод­логын үр дүн мөн үү. Үүнийг бодох л хэрэгтэй. Хэвлэлээс харж байхад арилжааны
банкууд дол­лар зарах саналаа Мон­голбанкинд хүргүүлж бай­на гэсэн мэдээллийг хар­сан.
Арилжааны банкууд хаанаас валютын эх үүс­вэртэй болов. Хөрөнгө оруулалт буурсан
энэ үед арилжааны банкуудад хэн доллар байршуулаад байна вэ. Яахав ээ уг бодлого
шинэ жилийн наана иргэдийн гарт байгаа валютыг татах зорилготой төр засгаас зохиомлоор
явуулж байгаа арга хэмжээ байх. Ирэх оны эхний хагасаас өмнө валютын хомсдолд орох
болов уу. Яагаад гэхээр арилжааны бан­кууд, Монголбанк дээрх валют дуусч, иргэдийн
гарт валютгүй болсон бай­на. Өмнө нь хэдэн сарын турш арилжааны банкууд Монголбанкнаас
валют нэхэж байсан хэрнээ яаж гэнэт валюттай болчихов. Ямар бодлогоор ингэж валюттай
болсныг нь нэг талдаа би хардаж байна. Нөгөө талдаа уг бодлого удаан үргэлжилбэл
улс орны эдийн засгийн нөх­цөл байдал ард түмний нуруунд ачаа болохдоо асар хүнд
ачаа болж бууна.

Сүүлийн дөрөв, таван жил гадаадаас
улаан буудай импортлоогүй улс өнөөдөр 100 мянган тон­ныг импортолно. Үүнд татварын
хөнгөлөлт үзүү­лээч гэж байна. Тиймээс валютын урсгал мөн л гадагшаа байна гэсэн
үг. Манай орны эдийн засагт орж буй валют нь гарч буй урсгалаасаа дандаа бага байдаг.
Валютын гадагшлах урсгал бай­гаад байна гэдэг нь ам.долларын ханшийг буурахад хэзээ
ч нөлөөлдөггүй.

-Эдийн засгийн байн­гын хороон
дээр Ашигт малтмалын тухай хуу­лийг оруулж хэлэлц­лээ. Гар дээрээ уг хуу­лийн төслийг
авч хар­сан уу. Ямаршуухан төсөл болсон бол?

-Одоогоор уг хуулийн төсөл надад ирээгүй.
Хү­мүүсийн хардаж байгаа­гаар Алтны ил тод байд­лын тухай хуулийн са­нааг нэрийг
нь өөрчлөөд буцаан оруулж ирж бай­на гэсэн. Үнэхээр тийм эсэхийг нь хараагүй боло­хоор
тодорхой мэдээлэл өгөх боломж алга байна.

-Танай намын бүл­гийн зүгээс гишүүдийг
ажилдаа ирэхийг шаар­даж байсан. Гэтэл үүнд арга хэмжээ авах зо­рил­готой хурууны
хээ­гээр бүртгэх төхөө­рөм­жийг суурилуулсны дараа янз бүрийн зүйл ярьж хойш чангааж
бай­гаа нь ямар учиртай юм бэ?

-Манай намын бүл­гийн гишүүд уг асуудалд
тохирсон саналыг өмнө нь өгч байсан. Хуралдаа ирдэггүй, ирээгүй гишүү­нийхээ өмнөөс
санал өг­дөг зөрчил энэ Их хуралд элбэг байна. Тиймээс УИХ-ын гишүүн хуруу­ны хээгээр
ирцээ бүртгүүлж, хуруу­ны хээгээр саналаа өгдөг байя гээд хуулийн төсөл санаачлан
оруул­сан ч уг хуулийг жил орч­мын хуга­цаанд огт хэ­лэлцээгүй. Тэгсэн хэрнээ эрх
баригч намын гишүү­ний санаачилсан хуулийг хэдхэн хоно­гийн дотор хэлэлцэхээр оруулж
ирж байгаа юм.

 

Уг хуулинд хурууны хээгээр ирцээ бүрдүүлнэ
гэж заа­сан. Ирц бүрдүүлэх яахав ээ ямар нэгэн аргаар яаж ч бүрдүүлсэн болно. Хам­гийн
гол нь санал өгдөг асуудал нь чухал байхгүй юу. Энэхүү хуулийг харахад өглөө ирж
ирцээ бүртгүүлчихээд яваад өгөхөд байг гэх газаргүй. Засгийн газрын 19 гишүүний
17 нь Их хуралд сууж байгаа болохоор тэд өөрсдөдөө таарсан хуулийг баталж байна.
Манай намын зүгээс оруулж ирсэн саналыг авч үзсэн бол ард түмний төлөөлөл болж Их
хуралд орж ирсэн хүн ажлаа л хийх ёстой гэсэн шаардлага тавьсныг мэдэх юм. Цаашид
Их хурлын гишүүд ажил­даа хариуцлагатай хандаж идэвх­тэй байх ёстой. Бид эмч, багш
нар ажлаа хийсэнгүй гэхийн оронд өөрсдөө ажлаа хийх хэрэгтэй.

-Сүүлийн үед гэнэт МАН-ын бүлгээс
шаардлага хүргүүлж, шахаа хийж эхэлсэн нь магадгүй хамтарч засаг барих гэсэн санаархал
байж мэднэ гэх юм. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Намын Их хурлын дараа бид орон нутагт
ажилласан. Бидний тавьж буй шаардлага ард түмний шаардлага юм шүү. Намынхны очиж
уулзсан газар бүрт амьдрал ахуй хүнд, бэрх байгаа тухай хэлж байсан. Ард түмний
хэлсэн үгийг л бид чуулганы танхимд хэлж байгаа юм. Биднийг төрийн болохгүй бү­тэх­гүй
зүйлсийг хэлж байх хэрэгтэй гэж ард түмнэ сонгоо биз дээ. МАН-ынхан хөдөөгүүр явж
ирчихээд худлаа ярьж байна гэж байгаа бол өөрсдөө орон нутагт очиж бодит байдалтай
нь танилцах хэрэгтэй. Цаашид эрх баригчид энэ байд­лаараа яваад байвал зөв зүйтэй
шаардлагаа бид тавих л болно. Магадгүй бидэнтэй нэгдэх хүсэлтэй гишүүн байхыг үгүйсгэх­гүй.

МАН-ын хувьд бид бодлогын үйл ажиллагаагаа
сайжруулаач ээ гэдэг л шаардлага тавьж байгаа. Түүнээс хамтарч засагт оръё гэсэн
бодол байхгүй. Яагаад гэхээр ийм уналттай байгаа эдийн засгаа өөд нь гаргахын тулд
өөрсдөө хичээж ажиллах ёстой. МАН засагт орчих­вол дуугарч байсан дуу хоолой үгүй
болж мэднэ. Тиймээс алдаа­тай бодлогын үр дүнд эдийн засаг улам л уруудах болно.
Манай нам дотор хамтарч засаг барья гэсэн ганц нэг хүн байгааг үгүйсгэхгүй. Миний
хувьд энэ Засгийн газартай хамтарч ажиллана гэдгийг огт таашаахгүй байна. Өмнө нь
МАН 40 гаруй суудалтай байхдаа 20 гаруй суудалтай АН-ыг урьж Зас­гийн газартаа оруулж
ажиллаж байсан. Тэгэхгүй бол хоёр нам хоорондоо тэрсэлдээд ажил ерөө­сөө урагшилдаггүй
юм. Тэгэхэд УИХ-ын дэгийн тухай хуульд одоо­гийнх шиг өөрчлөлт оруулаагүй байсан.
Нэг нам нь завсарлага авчихвал тодорхойгүй хугацаагаар завсарлага авах боломжтой
бай­лаа. Түүнээс болж олон чухал ажил гацах нь энүүхэнд байсныг бид мэднэ. Одоо
бол харин тийм байдал үгүй болсон.

-Танай намыг сүрхий шан­таажчин
нам болсон гэж ярих болсон?

-Ардчилсан нам шантаажчин нам байсан.
Өөрсдийнхөө шийдвэ­рийг хэрэгжүүлэхийг тулд эрх барьж буй намыг дарамталж, шахдаг
байсан. Тэгж өөрсдийнхөө шийд­вэрийг гаргуулдаг байсан нь үнэн шүү дээ. Тэгэхэд
гацаанаас гара­хын тулд ардын нам АН-ыг засаг­таа урьж байсан юм. Ингэснээрээ гацаанд
ороод байсан эдийн зас­гийн өндөр ач холбогдолтой зүйл­сийг хөдөлгөөнд оруулж гацаанаас
гаргасан тул Монгол Улсын эдийн засагт өсөлт гарсан. Одоо АН бүх муу муухайгаа МАН
руу чихэж эхэлсэн. 20 гаруй жил засаг барьчи­хаад юу хийсэн юм гэж байна. Энэ хугацаанд
2.4 их наяд ам.долла­рын урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамруулсан. Уг зээл хөгж­лийн
зээл байсан. Шинэчлэлийн Засгийн газрын авч буй зүйл нь богино хугацааны бонд байхгүй
юу. Энэ бол хөнгөлөлттэй зээл биш арилжааны зээл юм. Үүнд асар их ялгаа бий. МАН
хөнгөлөлттэй зээл авч олон өөрчлөлтийг хийсэн гэдгийг мартах ёсгүй. Тэр үед АН юу
хийж байсан юм. Хугацаагүй завсарлага, шантаажаа л хийж байсан байхгүй юу.

Тэр үеийн хамтарсан Засгийн газар
Чалкотой гэрээ байгуулсан. 10 жилийн хугацаанд тогтвортой­гоор Чалкотой нүүрс нийлүүлэхээр
болсон. АН-ынхан тэгэхэд Мон­голын баялгийг эд нар Хятадад хямдхан өгөх гэлээ гэсээр
байгаад уг гэрээг хүчингүй болгосон. Мон­голд нүүрснийх нь крант байгаа мэтээр эндүүрсэн.
Бид нүүрсээ өгөхгүй байсан ч болно гээд бай­сан хүмүүс өнөөдөр өөрсдөө хята­дуудыг
царай алдан 40 ам.долла­раар гэрээ байгуулъя гээд явж байна. Аливаа хүнд холч ухаан
гэж байх ёстой. Холч ухаанаар ханд­сан зүйлийг Ардчилсан нам ойл­гоогүй. МАН-ын
бүлэг 10 жилийн турш 70 ам.доллараар нүүрсээ гаргана гэж байсан. Эрх баригчид “Бид
нүүрсээ өгөхгүй. Тэд гуйна” гэж тооцсон нь алдаатай байсныг харж байгаа биз. Өнөө
нүүрсний крант Монголд биш Хятадад л байсан байхгүй юу. 70 ам.доллараар нүүрс гаргах
гэрээгээ байлгаж байсан бол өнөөдөр дэлхийн зах зээлд нүүрс­ний үнэ буурч байгаа
үед бид л хожих байсан. Үүнийг харж чадаа­гүй. Энэ мэтчилэн олон алдааны­хаа дүнд
хөрөнгө оруулагчдаа үргээсэн. Иймэрхүү алдаа дутагд­лыг нь хэлэхээр “Та нарын алдаа­ны
лай ланчигийг үүрч байна” гэдэг. Уг нь лай ланчиг биш бодит үр дүн байсан юм.

-Сүүлийн үед бүлгийн даргаа солихоос
эхлээд танай нам хөдөлгөөнтэй байлаа. Таныг бүлгийн дэд дарга болох гэж байгаа гэх
юм?

-Их хурлаас хойш идэвхтэй ажиллаж
байна. Цаашид ч ингэж ажиллана. Намын бүлгийн дэд дарга болъё гэсэн санаа надад
алга.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Монгол Оросын найрамдалт харилцаа сэргэн хөгжинө

Монголын Энх тайван най­рамдлын байгууллага
(МЭНБ)-ын Ерөнхийлөгч Д.Загджав тэргүүтэй төлөө­лөг­чид өнгөрсөн долоо хо­ногт ОХУ-д
албан ёсны айлч­лал хийлээ. Энэхүү айлч­лалын гол зорилго нь хоёр улсын уламжлалт
найрсаг харилцаа холбоог сэргээж, шинэ шатанд хөгжүүлэн бэхжүү­лэхэд оршиж байв.

Монгол Оросын найрам­далт харилцаа
эртнээс ул­баа­тай бөгөөд 1990-ээд оныг хүртэл сэв суугаагүй үргэл­жилсэн билээ.
Харин 20-иод жилийн өмнөөс хоёр улсад сис­темийн задрал бий болж, улс төрийн нөхцөл
байдал өөрчлөгд­сөнөөр энэхүү най­рамдалт харил­цаа саарсан гэхэд болно. Хэдий­гээр
Мон­гол Оросын хоорондох төр засгийн түвшний харилцаа хэвийн үргэлжилж ирсэн ч олон
нийт, иргэний байгуул­лагын хамтын ажиллагаа орхигдсон нь гарцаагүй үнэн. Тиймээс
МЭНБ уг  харилцааг сэргээж, бэхжүүлэхээр ОХУ-ыг
зорьсон юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд МЭНБ-ын Ерөнхийлөгч
Д.Загд­жаваас гадна ОХУ-ын ТУХН-ийн гишүүн орнууд хариуцсан нарийн бичгийн дарга
Ё.Максим, Монгол Японы найрамдлын нийгэм­лэгийн тэргүүн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин
Л.Дашпүрэв нарын албаны хүмүүс багт­сан байлаа. Ийнхүү хөрш хоёр орны уламжлалт
харил­цааг олон жилийн дараа дахин сэргээх алхмыг эх­лүүлж буй уг үйл явдалд хоёр
тал өндөр ач холбогдол өгч байсан юм. Тиймдээ ч айлчлал амжилттай болов.

Айлчлалын эхний өдөр манай МЭНБ ОХУ-ын
Хам­тын ажилла­гааны хол­боо­той хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ийнхүү уг хамтын
ажиллагааны гэрээ хэлэл­цээрийг шинэчлэн байгуулж, байгууллагууд хэлхээ холбоогоо
сэргээснээр сүү­лийн 20-иод жил саармаг­жаад байсан хоёр орны энх­тайван най­рамд­лын
харил­цааг өргөжүүлж, бэхжүүлэхэд том түлхэц боллоо. Энэ үеэр ОХУ-ын Холбоотны Россот­рудничеств
агентлагийн дар­га К.Косачевын сэтгэгдлийг хуваалцахад “Сүүлийн 20-иод жил, ялангуяа
10-аад жилд нь хоёр орны улс төрийн өөрч­лөлтөөс болж ард түмний дипломат харил­цаа
алдагд­сан. Нэг үгээр хэлбэл, төр засгийн хэмжээний харилцаа хадгалагдсан ч ард
түмний холбоо тасарсан гэж хэлж болно. Тиймээс энэ харил­цааг сэргээхээр хоёр орны
олон нийтийн байгууллагууд хэлэлцээрийг үзэглэлээ. Одоохон­доо заалт төдий байгаа
энэ хэлэлцээр тун удахгүй ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хоёр улсын хооронд байгуул­сан уг
хэлэлцээрт чухам ямар заалтууд орсныг МЭНБ-ын Ерөн­хий­лөгч Д.Загджаваас тодруулсан
юм. Тэрбээр “ОХУ-д суралцах оюутны асуудалд тодорхой ахиц гаргана. Монголд ажиллаж,
амьдарч байгаа ОХУ-ын иргэдийн нийгэм­лэгтэй хамтарч ажиллах зэрэг заалтууд орсон
байгаа. Мөн ОХУ-д спортын их наадам, соёлын урлагийн чиглэлээр хоёр орон харилцан
арга хэмжээг зохион байгуулна. Тодруулбал, орос киноны өдрүүдийг Монголд зохион
байгуулна. Эсрэгээрээ мон­гол киноны өдрүүд ОХУ-д болно” гэв.

Уг айлчлалын үр дүнд 2014 онд Монгол,
Орос, Хятад гурван улсын найрам­далт харилцааг бэхжүүлэх зорилготой гурван талт
форумыг манай улсад зохион байгуулах ажлыг нааштай­гаар шийдвэрлэсэн юм. Энэ арга
хэмжээ нь хөрш орнуудын ард түмэнд зөв мэдээлэл өгч, иргэдийг илүү ойртуулах зо­рил­готой.
Хоёр орны найрамдалт харилцаа ард иргэдийн оролцоо­той­гоор хөгжихөд ихээхэн ач
холбогдолтой форум болно гэж талууд онцолж байв. Ийнхүү шинээр байгуулсан хэлэлцээрийг
хоёр тал бодит ажил хэрэг болгохоор тохи­ролц­лоо. Хоёр орны харил­цааг бэхжүүлэх
өргөжүүлэх чухал ач холбогдолтой энэ гурван талт форумаар асууд­луудыг нарийвчлан
шийдвэр­лэх ажээ. Энэ тухай ОХУ-ын хамтын ажиллагааны холбоо­ны тэргүүлэгчдийн дарга
Г.Л.Муратов ярихдаа “Улс хоорондын харилцаа бол ард иргэдийн санал бо­дол сэтгэл
зүйтэй холбоотой. Танайх ч, манайх ч улс төрийн бодлого, зорилгоо иргэдэд зөв ойлголт
өгч байх ёстой. Нэг нэгнийгээ ойлгуулж, сайн мэдэрдэг байх нь чухал. Хүмүүнлэг спортын
салбаруу­даас гадна ажил хэрэгч уулзалтуудыг орхигдуулж болохгүй. Эрдэнэт, Улаан­баа­тар
төмөр зам гэх мэт хамтарсан нийгэмлэгүүдээ дэмжиж үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд
санаа тавих хэрэгтэй” гэсэн юм.

Айлчлалын хоёр дахь өдөр ОХУ-ын төрийн
думын гишүүн Монголтой найрам­дах бүлгийн дарга, Шударга орос намын тэргүүн С.М.Ми­ронов
МЭНБ-ын Ерөнхий­лөгч Д.Загджавыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тэд хоёр улсын
хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах дээрх хэлэлцээрийг хөндсөн юм. Мөн Монгол,
Орос, Хятад улсын гурван талт форумыг зохион байгуулах тухай, хоёр орны ард иргэдийн
харилцааг тэгш хөгжүүлэхээр хэлэлцсэн юм.

С.М.Миронов “Хэлэлцээ­рээ товлочихвол
эндээс төлөөлөгч очихоос гадна би өөрийн биеэр оролцохыг хичээнэ. Миний хувьд ирэх
зургадугаар сард Монголд зохион байгуулах социнтер­ний хуралд оролцох юм. Тэгэ­хээр
форумд оролцож амжих болов уу. Түүнээс гадна Ерөн­хий сайд, Ерөнхий­лөгчийн түвшинд
тэднийг ч бас оролцуулахаар санал дэвшүүлэх болно” гэлээ. Гурван талт хэлэлцээрээр
боловсрол, хүмүүнлэгийн салбарт одоо байгаа хэлэл­цээ­рээ бэхжүүлж, зам тээвэр,
төмөр зам барилгын чиглэлд харилцаагаа зузаатгахаар санаа тавих тухай талууд ярилцлаа.

МЭНБ-аас С.М.Ми­­роно­вын Монгол Оросын
найрам­далт харил­цаанд оруулсан зүтгэлийг үнэлж тус байгуул­лагын дээд шагнал
“Энхийн мөнгөн од” медалиар шагнав. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хүн төрөлхтний
энх тайван найрамдал, тэр дун­даа Сири улсын үймээнийг шийдвэр­лэхэд оролцсон гавьяаг
нь үнэлж Энхийн алтан од медалиар шагнаж байгаагаа С.М.Миро­новоор дамжуулж уламжлуул­сан
юм.

 М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

М.Уранцэцэг: “Бөртэ чоно”-ын эзэн болоход дэлхийн аваргаас медаль хүртсэнтэй адил мэдрэмж төрсөн

Монголын  үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах
“Бөртэ чоно” ёслол болж өнгөрлөө. Энэ удаагийн “Бөртэ чоно-2013” шагналд нийт
27 тамирчин нэр дэвшсэн юм. Тухайн жилдээ амжилт гаргасан тамирчдыг чансаагаар нь
эрэмбэлж арван тамирчныг шилдгээр өргөм­жилдөг бөгөөд тэргүүлсэн тамирчныг “Бөртэ
чоно”-ын эзнээр тодруулдаг билээ. Энэ жил шилдэг арван тамирчны эхний гурван бай­раас
бусдыг зарласан бол шилдэг гурван тамирчны нэрийг өнгөрсөн даваа гаригт болсон арга
хэмжээний үеэр олонд зарлалаа. Өнөө жил жүдогийн тамирчин Олон улсын хэмжээний мастер
М.Уранцэцэг шилдгийн шилдэг болох “Бөртэ чоно”-ын эзэн боллоо. Харин боксын Дэлхийн
аварга шалгаруулах тэмцээ­нээс хүрэл медаль хүртсэн У.Мөнх-Эрдэнэ хоёрт орж, гутгаар
байрт дэлхийн Оюутны спортын наадмаас алтан медаль хүртсэн С.Батцэцэг орлоо. Ингээд
“Бөртэ чоно-2013”-ын эзэн ОУХМ М.Уранцэцэгтэй ярилц­санаа хүргэе.

  -Юуны өмнө танд баяр хүргэе.
“Бөртэ чоно”-ын шагнал спортынхны хувьд нэлээд нэр хүндтэй шагнал болов уу?

-Тэгэлгүй яахав. Баярлалаа. 
Зөвхөн спортынхны хүрээнд шилд­гээ шалгаруулдаг ганц том шагнал шүү дээ.
Энэ утгаараа тамирчид ч гэсэн дор бүрнээ битүүхэн хүлээдэг.  Тиймээс 
энэ оны шилдэг тамирчнаар шалгарсандаа үнэ­хээр баяртай байна.

-“Бөртэ чоно”-ын эзэн болно гэдэгтээ
хэр итгэлтэй байв?

-Энэ талаар нэг их бодоогүй шүү дээ.

-Ер нь шилдэг гуравт шалгарсан
гэдгээ мэдсэн байсан биз дээ?

-Тэрийг ч мэдсэн шүү. Ямартай ч сүүлийн гуравт багтсан гэдгээ
мэдээд баярлаж байсан. Ойр дотны хүмүүс ч гэсэн хэвлэл мэдээллээр мэд­чихээд надад
хэлж байсан. Бэлтгэлээ хийнгээ, битүү­хэндээ харж л байлаа.

-Шилдэг гурваас хэн нь шалгарах
бол гэж таамаглаж байв. Тантай шилдэгт шалгараад байсан чөлөөт бөхийн С.Батцэцэг,
боксын У.Мөнх-Эрдэнэ зэрэг тамирчид таныг түрүү­лэх байх гэж байсан?

-Харин хэвлэлээр тийм яриа байсан. Энэ жил манай спор­тынхон бүхий
л төрөлд өмнөх жилээс илүү их амжилт гаргаж, медалийн буухиа тасраагүй. Дандаа мундаг
тамирчид байсан болохоор хэн нь гэж таамаглахад хэцүү. Манай С.Батцэцэг, У.Мөнх-Эр­дэнэ
хоёр ч энэ жил үнэ­хээр олон сайхан амжилт гаргасан. Тиймээс ийм хүчтэй хүмүүс дундаас
гарч ирсэндээ итгээгүй.

-Нэрийг тань зар­лахад их л сандарсан
ха­рагдсан. Тухайн үед юу бодогдов?

-Тийм шүү. Өөртөө итгээгүй. Бразилийн нийслэл Рио Де Жа­нейро
хотноо болсон жудогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  эх орныхоо алтан соём­бот далбааг мандуулж, аваргын
медаль хүртэх үед яг л тэгж сандарч байсан. 
Тэгсэн хэрнээ их гоё мэдрэмж төрж билээ. Бас нэг зүйл бодогдсон. Анх
2009 онд “Амжил­тын төлөө” төрийн бус байгууллага байгуулагдаад “Бөртэ чоно” наадам
болж байсан. Тэр үед манай Сэрдамба, Бадар-Ууган зэрэг ах нар намайг “Бөртэ чоно”
наадамд урьж байсан юм. Тэгээд “Ахын дүү заавал “Бөртэ чоно”-ын эзэн болоорой. Дэлхийн
хэм­жээний аварга болно шүү” гэж хэлж байсан ерөөл өнөөдөр биеллээ оллоо гэж би
бодож байна. Шаг­налаа аваад орой гэртээ харьсан чинь манай гэрийнхэн оргилуун дарс
буудуулаад баяр хүргэж бөөн юм болсон. Надад үнэхээр гэнэ­тийн бэлэг барьсан шүү.
2005 оноос хойш энэ спортоор хичээллэж өдий зэрэгт хүрэхэд хажууд минь тулж түшиж
байсан дасгал­жуулагчид болох Баярсайхан, Цэвэлмаа, Энхбаяр зэрэг багш нартаа маш
их баярлалаа. Мөн гэр бүл, дэвжээ нэгт найз нөхдөдөө бас баярлалаа гэж танай сониноор
дамжуулж хэлмээр байна.

-Дэлхийн аваргын тэм­цээнийг
эргэн дурсахад Бразилийн бөхтэй өөрийнх нь дэвжээнд зодоглоход  хэр хүнд байсан бэ?

-Ямар ч улс оронд очсон эзэн орны тамирчинтай тулна гэдэг хэцүү.
Мэдээж нутгийн бөхөө л дэмжинэ. Гэлээ гээд би барил­дахгүй гэлтэй биш зөвхөн ялахын
төлөө хичээнэ. Бразилийн бөхийг харин ялна гэдэгтээ их итгэлтэй байсан шүү. Өмнө
нь дөрвөн удаа таарч барилдахдаа гурав ялж, нэг хожигдоод байсан. Барилдаад үзчихсэн
гэдэг утгаараа техник, арга барилыг нь мэдэрч байлаа. Харин Японы жудоч Асамитай
таарах нь баараггүй байлаа. Тиймээс бэлтгэлийнхээ үеэр өчих мэхийг маш олон удаа
давтсан. Зөвхөн Асамид зориулан өчих мэхийг бэлдэж байсан гэж хэлж болно. Бодсон
зүйлээ хийгээд, ялж чадсандаа баяртай байгаа. Мэхээ хийчихээд Асамиг гараараа дэвжээ
цохихыг мэдэрсэн. Ял­чихлаа гэж бодоход өөрийн эрхгүй дээшээ хараад орилсон бай­на
лээ. Асами Харүма бол 2010, 2011 оны дэлхийн аваргад дараалан түрүүлсэн алдартай
бөх шүү дээ. 

-Сая бэлтгэл хийж байгаа гэлээ.
Ямар тэм­цээнд бэл­дэж байна?

-Он гаргаад Ази, Европын халз тулаанд орно.

-Хэр нэр хүндтэй тэмцээн бэ?

-Ази, Европын халз тулаан бол жудогийн томоохон тэмцээнд тоо­цогддог.
Би жиндээ Азиа төлөөлж оролцож байгаа юм.

-Азиас таны жинд өөр тамирчин
оролцохгүй гэсэн үг үү?

-Тийм ээ. 48 килограммын жин­дээ Азиа төлөөлж орно гэдэг маш өндөр
нэр хүнд. Тийм болохоор бэлтгэлдээ хамаг анхаарлаа төв­лөрүүлээд байгаа. Заавал
амжилт гаргах болно. Хүмүүс хүртэл дэлхийн аварга болсноос хойш надад итгэл хүлээлгэдэг
болсон юм шиг санагдсан. “За чи л найдвар, чи чадна, итгэж байгаа” гэх болсон. Саяхан
Баянхонгор аймгийнхаа шилдэг тамирчин болсон. Энэ бас л итгэл хүлээлгэж байгаа илрэл
шүү дээ. Тэгэхээр алдар нэрийн хэрээр  их
хариуцлага ирдэг болохыг одоо л мэдэрч байна даа /инээв/.

-Монголоос танаас өөр тамирчин оролцох уу?

-Эмэгтэйчүүдээс 58 килог­раммын жинд Сумьяа, эрэгтэйчүү­дээс Ууганбаатар
нар оролцохоор болсон.

-Бэлтгэлээ хэзээнээс эхэл­сэн бэ. Ер нь бэлтгэлээ яаж хийдэг вэ?

-Тэмцээнд орох болсноо энэ сарын эхээр мэдсэн. Ер нь байнгын бэлтгэлтэй
байдаг. Гэхдээ тэмцээнд явахаар бол илүү эрчимтэй хийнэ л дээ. Өдөрт хоёр удаа бэлтгэл
хийнэ. Өглөө 08.00-11.00 цаг хүртэл бэлтгэл хийнэ. Тэгээд гэртээ хариад амарч байгаад
орой да­хиад 16.00-19.00 цаг хүртэл бэлт­гэл хийдэг.

-Өдөрт хоёр удаа хийдэг нь ямар
учиртай юм бэ?

-Өглөө биеийн хүчний дасгал хийдэг. Штанг өргөнө. Харин орой дэвжээний
бэлтгэл хийнэ. Дэв­жээний бэлтгэлээ хийхдээ бүх жингийн бөхчүүдтэйгээ барилдаж бэлтгэлээ
хангадаг. Бас нэг өн­жөөд Богд уул руу гүйдэг юм. Харин долоо хоногийн бямба гариг
бүр ууланд алхдаг гээд бэлтгэл тасрахгүй шүү.

-Бөхчүүд жин нэмэх, эс­вэл хасах
гээд их хэцүү байх. Хоол ундны дэглэм барьдаг уу?

-Ёстой дуртай хоолоо иднэ шүү. Нэг их сүртэй хоолны дэглэм ба­рих­гүй.
Гол нь бэлтгэл, сур­гуулилтаараа л жингээ барина. Тэгэхгүй бол тамирчид хоолны дэглэм
баривал сульдах аюултай.

-Саяхан “Cosmopolitan” сэтгүүлд
таны гоёлын даа­шинзтай их сайхан зураг тавигдсан. Хүмүүс “тэсрэлт” гэж хүлээж авч
байсан?

-Харин үнэхээр сайхан зураг гарсан шүү. Шинэ хувьсал надад ч таалагдсан.
Эмэгтэй бөхчүүд гэхээр л эв хавгүй, эр эм нь мэдэгдэхгүй хүмүүс байдаг гэж ойлгоод
байдаг. Мэргэжил бөх болохоос биш би эмэгтэй хүн шүү дээ. Үргэлж эмэгтэйлэг хувцаслаж,
“Cosmopolitan” сэтгүүлд гарсан шигээ баймаар санагдах ч яалтай билээ. Ажил юм хойно.
/инээв/.

 

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Б.Эрдэнэбаатар хүүхдүүдийнхээ нүдэн дээр эхнэрийгээ дөрвөн цаг зодож хөнөөжээ

Б.Эрдэнэбаатар

-ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН МӨНГӨТЭЙ ХҮНИЙ ТАЛД ҮЙЛЧИЛСЭН ҮҮ-

Булган аймгийн Бугат сумын Хужирын
гол гэх газарт гарсан хүн амины онц ноцтой хэргийн талаарх мэдээлэл  Булган аймгийн цагдаа нарт маргааш өглөө нь ирсэн
гэнэ. Дуудлага ирсэн даруйд шуур­хай ажлын хэсэг байгуулан хөдөлжээ. Цагдаа нарыг
Бугат суманд ирэх үед талий­гаач эмэгтэй хэдийнэ амьсгал хураасан байжээ. Эхнэрийн­хээ
аминд хүрсэн Б.Эрдэнэ­баа­тарыг сумын цагдаа саа­туул­сан байжээ. Харин Б.Эрдэнэ­баатарын
ар гэрийн­­хэн хэрэг гарсан газар руу цагдаа ирэхээс өмнө явсан байсныг талийгаач
М.Одхүүгийн ар гэрийнхэн мэдээгүй гэнэ. Б.Эрдэнэбаа­тарын дүү Б.Очир-Эрдэнэ хэргийн
газарт очиж талийгаач эмэгтэйн нөхөртөө зодуулж байх үедээ өмсөж байсан хувцас,
урж тасдаж хаясан цамц, шал, орон дээрх цус зэргийг угаалгын нунтаг­тай хүйтэн усаар
угааж, цэвэр­лээд, хувцаснуудыг нь машины дугуйн доогуур нуу­сан байж. Талийгаачийн
ураг­­даж, тасдуулсан хувцас­ны оронд хамаатан садныхаа цамц, өмд зэргийг өмсүүлсэн
байсан аж. Өөрөөр хэлбэл, хэрэг болсон газрын эд мөрийн баримтыг устгасан байсныг
цагдаа нар мэдэж байсан боловч “Хэрэг хийсэн хүн нь тодорхой” гээд  ямар нэгэн зүйл хэлэлгүй явсан гэх.

Булган аймгийн Мөрдөн байцаах тасгийн
албан хаагч нар хавтаст хэргийн материа­лыг бүрдүүлж эхэлсэн байна. Тэгэхдээ талийгаач
эмэгтэйн ээжийг сэтгэл санаа нь тогт­воргүй байсан учир охиных нь цогцсыг эмнэлэгт
оруулж ирэх үед  нэг удаа байцаалт аваад явжээ.
Тэр үед И.Мандах гуай олигтой ч зүйл хэлж чадахгүй уйлж байгаад л хэргийг мөр­дөж
байгаа цагдааг явуулжээ. Үүнээс хойш цагдаа нар ар гэрийнхэн болоод найз нөх­дөөс
нь дахин байцаалт аваа­гүй юм байна. Үүнээс эхлээд л хууль хяналтынхан хэрэгт­ний
талд үйлчлэх болжээ. Хэрэг юу болж байгаа талаар мөрдөн байцаагчаас нь асуух гэхээр
гар утсаа салгаад огт ярихгүй байжээ. Булган айм­гийн цагдаа дээр Эрдэнэт хотоос
зорьж очихоор цагдаа нь “Би ажилтай байна. Зөвхөн танай хэрэг дээр ажиллаагүй” гээд
мөрдөн байцаалт  юу болж байгаа талаар огт
хэл­дэг­гүй байж.

ХЭРГИЙГ МӨРДӨЖ БАЙГАА ЦАГДАА ХОХИРОГЧИЙН
АР ГЭРИЙНХНИЙГ ЗАГНАХ БОЛЖЭЭ

Нэг өдөр Мандах гуайн гэрт Б.Эрдэнэбаатарын
ээж ороод иржээ. Тэрбээр “Муу аав нь хүүхдүүдтэйгээ уулзах гээд байна. Удахгүй өөр
тий­шээ шорон руу яваад өгвөл уулзаж чадахгүй. Өнөөдөр аваачиж уулзуулах гэсэн юм”
гэжээ. Хариуд нь “Өнөөдөр амралтын өдөр нөгөө цагдаа нь ажилладаг юм болов уу” гэж
хэлэхэд үг дуугүй гараад явчихаж. Тэгсэн хэр­гийг мөрдөж байгаа цагдаа Ганбаяр утас
руу нь өөрөө залгаад “Өөрөө юу яриад байгаа юм бэ. Хуйвалдаан хийлээ энэ тэр гэж
яриад байгаа юм уу. Аятайхан бай­гаа­рай. Хэлэх үгээ бодож хэлээрэй” хэмээн загнаж
гар­чээ. Тухайн үед  юу болоод байгааг мэдэлгүй
загнуулаад гар утсаа салгажээ. Маргааш нь хэргийг мөрдөж байгаа цагдаа дээр ирэхэд
бас л загнаж гарсан гэнэ. Тиймээс Цолмонтой нүүрэлдье гэсээр уулзаж, юу болоод байгааг
лавлахад цаадах нь “Би тэгж л ойлгосон” гэхээс өөр юу ч хэлээгүй байна.

Эндээс эхлээд Б.Эрдэнэ­баа­тарын ар
гэрийнхнээс дарамт шахалт ирэх болжээ. Түүний ээж, дүү хоёр гэрт нь шөнө ирээд
“Гайтай хүүхнээс болж хүү минь хар залуугаа­раа шоронд суух нь. Хайран сайхан хүү
минь” гэж хэлээд явжээ. Хэд хоногийн дараа ирснээ “Долгорсүрэн өмгөө­лөгч ганцаараа
хүчрэхгүй гээд байна. Бид хэд ярилцаж байгаад хотоос улсын их сайн өмгөөлөгч аваад
ирлээ. Сайн өмгөөлөгч аваад гардаг гэнэ. Миний хүүгийн амьдрал ч там болчих гээд
л байна. Хүү маань ихдээ л 15 жил аваад гараад ирнэ гэнэ” гэх зэргээр ярьжээ.

“ХИЙСЭН ХЭРЭГТЭЭ ГЭМШИЖ БАЙСАН”
ГЭХ ӨГҮҮЛБЭР НЬ ХОЁР ЖИЛИЙН ЯЛ ХАСУУЛЖ ЧАДЖЭЭ

Хэрэг гарснаас хойш хоёр сарын дараа
И.Мандах гуай хавтаст хэрэгтэй танилцжээ. Тэр үед мөрдөн байцаагчийн бичиг сайн
гаргагдахгүй бай­сан аж. Мөн цагдаа нь мөр­дөн байцаалтын талаар тайл­бар­лаж өгөлгүй
“Завгүй байна” гээд гадуур явж бай­гаад ирчихээд гарын үсэг зуруулсан байна. Мөн
“Шүүх эмнэлгээс зураг нь ирээгүй байна” гээд холбогдох зур­гийг үзүүлээгүй гэнэ.
Хавтаст хэрэгт талийгаач эмэгтэйг жирмээр зодсон хэмээн хэр­гийн материалыг бүрдүүлсэн
байжээ. Зургаан настай хүүх­дийн хэлж буйгаар дөрөө, хазаар зэргээр зодсон гэд­гийг
хэлсэн боловч тэр чигт нь явуулсаар хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Ингээд удалгүй
шүүх хурлын тов зар­лаг­даж анхан шатны шүүх хурал аравдугаар сарын 23-нд болжээ.
Шүүх хурал болох үед ар гэрийнхнээс нь нэг ч удаа мэдүүлэг аваагүй, хэр­гийн бүрдүүлэлт
дутуу байгаа тухай талийгаачийн өмгөө­лөгч шүүх бүрэлдэхүүнд хэлж, мөрдөн байцаалтад
буцаах хүсэлт тавьсан байна. Гэтэл улсын яллагч шүүх ажилла­гаанд оролцож “Гэр бүлийн
таарамжгүй харилцаанаас болж уг гэмт хэргийг үйлдсэн гэж гэмт хэрэгтэн мэдүүлсэн
нь хангалттай” гэхийн зэрэг­цээ хохирогчдын өмгөөлөгч­тэй хэргийн талаар мэтгэлцэж
байсан аж. Улмаар шүүх бүрэлдэхүүн Б.Эрдэнэбаа­тарыг чанга дэглэмтэй хорих ангид
20 жил хорих ялаар шийтгэжээ. Хурлын үеэр талий­гаа­чийн эгч үг хэлж байхдаа сэтгэл
санаа нь хямарч, улмаар гурван сар­тай жирэмсэн байсан ч ургаа алдсан байна. Ингээд
уг хурал дууссан бөгөөд, давж заалдах шатны шүүх хурал болохын өмнө мөн л Эрдэнэ­баатарын
ээж талийгаачийн гэрт ирж “Мөнгөтэй болоод танилтай бол ямар ч ажил бүтдэг гэдгийг
санаарай. Манай дүү Орхон аймгийн захиргаанд том албан тушаал хашдагийг мэднэ биз
дээ. Та нар хурлын үеэр олон юм ярихгүй байвал зүгээр шүү” гээд гарчээ.

Давж заалдах шатны шүүх хурал энэ
сарын 3-ны өдөр болсон аж. Уг хурлын үеэр ч шүүх бүрэлдэхүүн өмнөх маягаар ажилласан
байна. Хохирогч талын өмгөө­лөгч “Гэр бүлийн таа­ламж­гүй харилцаа гэдгийг ямар
баримт, гэрчийн улмаас дүгнэж байгааг нөгөө талын өмгөөлөгчдөөс болон шүүх бүрэлдэхүүнээс
лавлахад улсын яллагч мөн тас загнаад өнгөрсөн байна. Энэ үед Б.Эрдэнэбаатар “Би
хийсэн хэрэгтээ маш их гэмшиж бай­на. Ялыг минь хөнгөлж өгнө үү” гэсэн бөгөөд уг
хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзээд 20 жилийг 18 жил бол­гон бууруулах шийдвэр
гар­гас­наа мэдэгдсэн байна.

Тус аймагт хэдэн жилийн өмнө хоёр
найз хоорондоо зодолдож, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан байна. Уг хэрэгт улсын
яллагчаар Б.Эрдэнэбаатарын хэргийг яллаж байгаа улсын яллагч ажилласан бөгөөд дээрх
хэрэгт гянданд хоёр жил, чанга дэглэмтэй хорих ангид 14 жил хорих ялаар шийтгэж
байсан аж. Гэтэл хэргийн сэдэлт болоод үйлдлийн хувьд тэнгэр газар шиг зөрүү­тэй
уг хэрэгт улсын яллагч ингэж хандаж байгаа нь хохи­рогчид болон бусдад хардла­га
төрүүлж байгаа аж. Тий­мээс талийгаачийн өмгөөлөгч Дээд шүүхэд хандаад байгаа юм
байна. Үүнийг нь дуулсан Б.Эрдэнэбаатарын ээж, дүү Б.Очир-Эрдэнэ нар дахин талийгаачийнд
очиж “Та нар Дээд шүүхэд хандчихсан уу. Та нар бидэнтэй чаргуудал­цаад яах гээд
байгаа юм бэ. Юу ч олж долоохгүй шүү” гэж хэлээд явжээ.

Талийгаач эмэгтэйн гур­ван хүүхэд
зутруухан аж төрж байна. Эмээгийнхээ тэтгэв­рийн мөнгөөр мах худалдаж авч өдрийг
өнгөрөөж байна. Б.Эрдэнэбаатарын талын­хан хүүхдүүдийг нь тоох нь битгий хэл мэндийг
нь ч асуу­даггүй аж. Гэр бүлийн дундын өмч болох машин, мото­цикль, мал, өвөлжөө,
гэр бараа гээд бүх зүйлсийг гэмт хэрэгтний ээжийн нэр дээр шилжүүлжээ. Гурван хүүх­дийн
тэжээгчээ алдсаны тэт­гэл­гийг тогтоолгох гээд Бугат сумын Засаг даргын Тамгын газрынхан  дээр очсон боловч “Шүүх хурал нэг мөр болсны дараа
энэ талаар ярина” гээд ажилтнууд нь хавьтуулалгүй буцаажээ. Мөн Булган аймгийн Шүүхийнхэн
“Шүүх хурал болоод үүнтэй холбоотой асуудал дуусаагүй тул хүлээж авахгүй гэхэд нь
“Бид иргэний журмаар хан­даж байна. Шүүх хурал зэрэг асуудал бол эрүүгийн хэрэгт
тооцогддог. Тиймээс бидний өргөдлийг хүлээж авах учир­тай” гэхэд учраа олж ядан
өргөдлийг нь авцгаасан байна. 

Б.Эрдэнэбаатар эхнэ­рийн­хээ аминд
хүрэхээс өмнө саахалт айлынхаа Гантуяа гэх эмэгтэйг зодож хүнд гэм­тээж байжээ.
Талийгаачийн ээж И.Мандах гуайн хэлж буйгаар Б.Эрдэнэбаатар хур­дан морь уях сонирхолтой
нэгэн гэнэ. Дунд хүүгээ хөл­сөлж ирсэн морийг олигтой­хон хөтөлсөнгүй гээд хам­рынх
нь цусыг тогтохгүй болтол нь цохиж, байнга шахуу зоддог байсан аж.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Эхнэртэйгээ таарамж муутай хүнтэй хэзээ ч бүү нөхөрлө

Гудамжинд хэн нэгнийг хүчир­хийлж
биед нь гэмтэл учруулсан бол, эсвэл заналхийлэн сүрдүүлж, эд хөрөнгөд нь халдаж
эвдэлж хэмхэлсэн бол эрүүгийн хэрэг үүсч гэмт хэрэгт тооцогддог. Харин энэ бүх хэрэг
гэр бүлийн хүрээнд буюу хаалганы цаана болж байвал хэнд ч хамаагүй мэт сэтгэхүй
бидэнд бий. Бид гэр бүлийн хүчирхийллийн талаархи уламжлалт ойлголтоо өөрчлөх болжээ.
Хувь хүний асуу­дал, эр эмийн хэрэг гэж боддог энэ сэдэв бол эрүүл нийгмийн хамгийн
чухал нь. Хүчирхийллийн үр дага­вар өнөөдөр хэн нэгэн бүсгүй зо­дуу­рын улмаас амь
насаа алдса­наар, өөрийгөө хамгаалах гэж, эсвэл арга барагдаж үр хүүхдээ дарамтаас
чөлөөлөх гэсэндээ эр нөхрөө хороож шоронгийн хаалга татсанаар дуусч байна. Ингэж
төгсгөлгүйгээр өөрчлөх олон арга ухаант хүнд бий сэн. Үүний тулд эхлээд толгойд
гүн бат суусан тэр ойлголтоо өөрчлөх хэрэгтэй байна. Мэдээж үүнтэй зэрэгцээд  хууль эрх зүйн өөрчлөлт, эрх хязгаарлах боломжууд,
үүнийг хянаж нягталж байх олон шаардлага бий.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж юуг хэлдэг,
энэ нь гэмт хэрэгт тооцогд­дог талаар бидний дийлэнхэд нь тогтсон ойлголт байдаггүй
л дээ. Дунд сургуульд байхад доод дав­харт маань байдаг найз охин зарим өглөөд жигтэйхэн
гунигтай, ааш муутай гарч ирдэг байлаа. Зарим өдөр жаахан гараа зангидчихаад “алчихмаар
санагдаж байна” гэж нулимс цийлэгнүүлдэгсэн. 
Тэгэхэд нь урд шөнө аав нь тэднийг зовоож дээ гэдгийг би мэддэг байлаа. Ээж
нь гэж даруухан, ажилдаа ч мундаг эмэгтэй. Хүний өөдөөс сөрнө гэж байхгүй. Аав нь
ажил хийхээ байж, өдрийн норм мэт архи нэхэж уух атлаа оройд тэднийг зовооно. Сүүлдээ
найз маань ээжийгээ хамгаалж аавтайгаа тэмцэхэд шөнө орондоо орсон хойноо ээжийг
нь чимхэлж шөнөжин там­лаж, дагавар хүүхэд нь тэрсэлж байгаа талаар баахан гоншигнодог
байсан гэдэгсэн. Энэ нь гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл байж гэдгийг хорь гаруй
жилийн дараа л ойлгов. Жендерийн чиглэлээр хилийн чинадад номын дуу сонсч байхдаа
гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал гэсэн тусгайлсан хичээл үзэж байж ойлгож
байгаа хэрэг шүү дээ. Ааш муутай аавтай тэдний гэр бүлийн асуудал нь гэр бүлийн
хүчирхийлэл, гэмт хэрэг байжээ гэж. Над мэт ийм ойлголт­той хүмүүс өнөөдөр зөндөө.
Би бол Монголын нийгмийн нэг нэгж, нэг үзүүлэлт нь. Тиймээс ч гэр бүлийн хүчирхийлэл
гэж юу болох талаар бид тогтож ирсэн үзэл бодол, ойлголтоо өөрчилье гээд байгаа
хэрэг.

Тун саяхан 21 настай залуухан бүсгүй
хамтран амьдрагчдаа зодуу­лан амь насаа алдав. Хохи­рог­чийн найз охин алуурчныг
зү­гээр өнгөрөөмөөргүй байна гэж хэвлэлд хандсанаар олон нийтийн анхааралд орсон.
Гэвч бэл бэнчин­тэй сэжигтний ар гэрийнхэн шүүх эмнэлэгт нөлөөлснөөр өөрсдөдөө ашигтай
дүгнэлт гаргуулаад авчихсан байгаа талаар бичигдэж байгаа билээ. Хэрэв найз охин
нь хэвлэлд хандаагүй бол энэ хэрэг тэгсгээд л өнгөрөх байсан биз. Бас өнгөрсөн долдугаар
сард Булганы Бугатад нөхөртөө жирэм олмоор зодуулсаар байгаад хорвоог орхи­сон гурван
хүүхдийн эх бүсгүйн хэрэг одоо дэлгэгдэж байна. Хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн
талаар яриад ирэхээр охиноо алдсан ээж дуугарч эхэлсэн нь энэ. Энэ мэт мэдэгдэхгүй
хэчнээн хэрэг гардаг бол.

Өнгөрсөн есдүгээр сард Говь­сүм­бэрийн
багш эмэгтэйг нөхөр нь барилгын багажаар зодож бүх ясыг нь хугалж амь насыг нь хөнөөсөн
байдаг. Хамт амьдрах 21 жилийн хугацаанд 31 шүдийг нь булга цохисон гэх. Ямар амьдрал
вэ. Өвчин намдаах эм хийлгээд ава­хуул­сан ганц шүд яаж шаналгадаг билээ. Бусдын
буулганд тэгж там­луул­чихаад, бүх ясаа хэмхчүүлэн амиа алдан алдтал нь түүнийг
хэн ч анзаараагүй, түүнд хэн ч тус­лаагүй гэхээр харамсалтай. Төр улс, хууль цааз
гэж байдаг юм бол хүнийг амьдаар нь тамлан алж байхад хаана байсан юм бол доо. Энэ
бүхэн бидний тогтсон ойлголт бас хууль нь хүнийхээ төлөө хийгдээгүйтэй холбоотой.

2010 оны арванхоёрдугаар сараас
2013 оны есдүгээр сарын хооронд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх 49 хэрэг цагдаагийн
байгууллагад бүртгэгджээ. Гэвч энэ бол үй олон хэргийн цөөхөн нь. Хүмүүс ихэвчлэн
үүнийг гэр бүлийн хүрээний хэрэг гэж боддог. Ичдэг нуудаг. Нэр төр, гэр бүлээ хам­гаалж
байна гэсэн нэрийн дор тэвчсээр байгаад эмгэнэлтэй төгс­дөг. Нийгэм нь тухайн хүнийг
гэмт хэргийн золиос боллоо гэж бод­дог­гүй. Бараг хохирогчийг буруутгадаг. Цагдаа
ирлээ ч нэмэр болохоосоо нэрмээс болдог. Энэ төрлийн таван хэргийн нэг нь л цагдаад
бүртгэгд­дэг гэсэн судалгаа байдаг боло­хоор цагдаагийн мэдээллээр бид чих амар
суугаад байж боломгүй. Дээрээс нь ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нэлээд нь цагдаа
болон хүчний байгууллагад ажил­ла­даг хүмүүс байдаг гэсэн цочир­дом баримт байна.
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажилла­гаа явуулдаг байгууллагад хандаж байгаа
хүүхнүүдийн нэлээдийнх нь нөхрүүд цагдаагийн байгууллагад ажилладаг эсвэл ажиллаж
байсан хүмүүс байдаг байна. Тэд ил хараг­дах­гүй газруудыг олж зодохоо мэддэг, голдуу
биеийн доод хэсэг рүү нь өшиглөж зоддог аж. Бас хоргодох байранд нуугдсан бай­хад
нь мэдээлэл олж авах давуу эрхээ ашиглаад араас нь нэхээд ирчихдэг гэсэн.

Өмнөговьд нэг бүсгүй нөхрийн­хөө хүчирхийллээс
айж хээр нууг­даж байна гэсэн мэдээллийг найз хүүхэн нь өгснөөр Хүчирхийллийн эсрэг
төвийнхөн орон нутаг руу нь хандсан байгаа юм. Гэвч өнөөх хүчирхийлэгч нь цагдаагийн
газарт ажиллаж байсан нэгэн, бусад нь ч ямрыг нь мэддэг. Тэглээ гээд хөөр­хий бүсгүйд
тусалж байгаа нь үгүй, арга ядахдаа намрын сэрүүн хэдийнэ орсон цагт хээр хөдөө
амь зулба­сан байхав дээ. Энэ мэт халдлагад өртөгсдийн хажуу хавиргынх нь улсууд
ч үүнийг мэдээлэхээ хариуц­лага гэж мэдэрч, хууль шүүх нь ч хэв маягаа өөрчлөх ёстойг
анхаа­руулж байгаа юм. Энэ талаар өнгөрсөн баасан гаригт Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж
мэдэгдэхдээ анхааруулсан билээ. Ямартаа ч улсын тэргүүн нь үүнд анхаарлаа хандуулах
ёстой болсныг мэдэгд­лээ, үүнийг шат шатны байгууллага нь, хувь хүмүүс бидний асуудал
гэж бодож хүлээж аваасай. Хэрэв хэн нэгэн хүүхэд хүчирхийлүүлж, дарамт­луулж байгааг
мэдсэн ч мэдээгүй юм шиг байж, зохих газарт нь мэдэгдээгүй бол гэмт хэрэг үйлдсэн
гэж үзэж ял оноодог хууль Австралид байдаг. Бас эрх хязгаарлах шийдвэрийг шүүхээс
гадна цагдаа гаргадаг болсон байна лээ. Гэтэл манайд цагдаа эрх хязгаарлах эрх байдаг
гэдгийг нь танилцуулах л үүрэгтэй. Ийм дуудлагаар ирсэн цагдаагийн­хан гэр бүлийн
маргаан бидэнд хамаа­гүй гэж үздэг бөгөөд хоорон­доо зохицохыг заавардаад орхиод
явчихдаг. Бүр ихэдлээ гээд 72 цаг урьдчилан хорьдог. Ингэхдээ тэр хүний бодол санаа,
хэв маягт нь өөрчлөхийн тулд юу ч хийдэггүй бөгөөд гарч ирэхдээ бүр их өс хонзогнол
өвөртлөөд гарч ирдэг.  Хэдэн жилийн өмнө Хан-Уул
дүүрэгт арван настай хүү  хойд эцэг нь урьдчилан
хорихоос гарч ирдэг өдөр “Надаас болж аав таныг илүү их зовооно. Танд туслахын тулд
хүү нь явлаа” гэж бичээд хөшигний төмрөөс өөрийгөө боомилж амиа егүүтгэсэн байсан
билээ. Ер нь Монгол Улс Гэр бүлийн хүчирхийл­лийн эсрэг хуультай болоод есөн жил
болж байгаа ч энэхүү хуулин­даа оруулах өөрчлөлтийг хамт батлаагүйгээс энэ мэт өрөөсгөл
зохицуулалт нэмэр болох байтугай нэрмээс болж иржээ. Бас урьдчи­лан хорих төвөөс
гаргаж авахын тулд өнөөх зодуулж жанчуулсан эмэгтэй талхныхаа мөнгөнөөс илүүч­лэн
байж төлбөр төлөөд гаргаж авна гээч. Үүнийг Ерөнхий­лөгч “Эр хүний гараас мултраад
төрийн хүчирхийлэлд ордог” гэж тодорхойлсон билээ.

Гэр бүлийн хүчирхийлэлд өрт­сөн хүмүүсээс
гадна хүчирхий­лэгчтэй нь ажилладаг арга олон улсын жишигт бий. Хэдийгээр тэр хүмүүсийн
хэв маягийг өөрчлөхөд багагүй цаг хугацаа ордог ч амжилт дагуулдаг л юм билээ. Австралид
цагаан туузтнууд буюу эрчүүдтэй­гээ ажилладаг төрийн бус байгуул­ла­гууд бий. Тэдэнд
Засгийн газ­раас нь хөрөнгө мөнгө төсөвлөн өгдөг. Тийм байгууллагын ажилтан нэг
эр ярихдаа “Тэдэнд айлын хүүхнийг зовоож болохгүй гэж ярихаасаа чиний охин хүүхдийг
хэн нэгэн эр ингэж байна гэж төсөөл дөө” гэж ярихад их нөлөөл­дөг гэж ярьж байсан
санагдана. Гэхдээ тэнд гэр бүлийн хүчирхий­лэл аборжинал өрхүүд буюу уугуул иргэдийн
дунд их гардаг гэж бай­гаа. Манайд ийм хөтөлбөр байх ёстойг тодорхойлсон ч ажил
хэрэг болж байсан нь үгүй. Мэргэжилтэн бэлтгэхээс эхлээд хийх зүйлүүд ч их гэнэ
лээ.

Хажуу айлынх нь эхнэр, хүүхэд амь
эрж, зодоон нүдээн болж байхыг дуулчихаад туслах гэж ордог хүмүүс бидэн дунд хэр
олон байгаа бол. Бараг байхгүй дээ. Гэр бүлийн дотоод хэрэгт оролцож болохгүй гэж
өөрсдийгөө зөвтгө­дөг. Гэвч энэ бол гэмт хэрэг. Бүр хүчирхийлэгч нь зорилготой үйлд­дэг
гэмт хэрэг гэж байгаа шүү. Манайд энэ асуудалд оролцсон хүмүүсийг хэрэгт дуртай,
хүний мууд дуртай гэж ирээд яллах гээд байдаг. Харин одоо иргэний үүргээ биелүүлж
байгаа гэж зөвтгөдөг болмоор байна.

Өнгөрсөн тавдугаар сард таван настай
хүүгээ заазуурдсан айм­шиг­тай эцгийн талаар мэдээ сонсч байсан л байх. Энэ мэдээллийг
олон нийтийн сүлжээгээр цацсан эмчийг хүмүүс буруутгасан байсан.  Бас энэ хэргээс хэдхэн хоногийн өмнө бага насны
хүүхдээ мөнгө хулгайлсан хэрэгт буруутган өдөр­жин тарчлаасан эцэг, эх хоёрын хэрэг
бий. Хаалгыг нь цохиж, хүүхдээ зодохгүй байхыг шаардаж эцэст нь цагдаа дуудсан бүсгүй
сэтгүүлч нэгэн байсан болоод ч тэр үү энэ хэрэгт харьцангуй мэдрэмт­гий хандаж чаджээ.
Гэвч манайд хүчирхийлэлд өртсөн хүүхдийг төр хамгаалалтдаа авна гэж хуулинд заасан
ч хэн, яаж гэдэг нь тодор­хой­гүй учраас эргээд асуудал үүссэн. Сүүлдээ энэ мэдээллийг
өгч, цагдаа дуудсан бүсгүйг  буруут­гаж эхэлсэн
билээ. Гэтэл гадны орнуудад эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан тохиолдолд заавал
хамаатан ах дүүс гэлтгүй зөв бодол, хэвшилтэй гэр бүлд (child carer) өсгүүлэхээр
өгдөг юм билээ. Хүүхдэд хэрэгцээтэй зардал мөн­гийг улсаас тухайн айлд өгч байх
жишээтэй.

Хөрсөн дээрээ зохицуулалт нь буугаагүй
бас нэг асуудал бол дээр дурдсан эрх хязгаарлах арга хэм­жээ. Манайд үүнийг зөвхөн
шүүх гаргах эрхтэй бөгөөд эрх хязгаар­ласан шийдвэр гарлаа гээд тэр нь хэрэгжиж
байгаа нь хэнд ч падгүй. 2012 оны дөрөвдүгээр сард 22 настай үсчин бүсгүй нөхөртөө
22 удаа хутгалуулж амь насаа алдсан хэрэг гарсан. Тэрбээр цагдаа, шүүхийн байгууллагад
өөрийгөө хамгаалуулахаар удаад дараа хандсан ч Монголын төр түүнийг хамгаалж чадаагүй
юм. Шүүхээр эрх хязгаарлуулах шийдвэр гаргуу­лахаар хүсэлт гаргасан ч шүүхээс хороо
хорины даргын тодорхой­лол­тыг нэхэж, өнөөх дарга нь амраад явчихсан байсан. Ингээд
л хөөрхий бүсгүй амь насаа алдаж, нөхөр нь 22 жилийн ялтай, гурван настай хүүхэд
нь өнчирч хоцорсон байх жишээтэй. Үнэндээ шүүхээс эрх хязгаарласан байлаа ч гэсэн
дахиж очоод дарамталж хүчирхий­лэ­хээс нь сэргийлэх хяналтын тогтолцоо бидэнд алга.
Гэтэл олон улсын жишигт шүүхээс эрхийг нь хязгаарлачихаад байхад очиж зодох дарамтлах
байтугай гэр, ажил дээр нь очихыг хориглож, хүүхдийнхээ сургууль дээр үзэгдэх­гүй
байх, утсаар ярьж, мессэж бичиж бүр дагаж, алсаас харж дарамт үүсгэхгүй байхыг хориг­лодог.
Хэрэв үүнийг зөрчвөл хохи­рог­чийн мэдээлэл хийгээд хянал­тын багажийн тусламжтай
мэдэж баривчлан саатуулахаас эхлээд ялыг нэмчихдэг учраас тэнэг хүн ч хэрэгжүүлж
таардаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүмүүсийг сэтгэцийн хувьд өөрчлөлттэй гэж
эндүүрч боломгүй. Эрүүлээр ба­рах­гүй тэр хүмүүс байнга зорилго­той­гоор энэ хэргээ
үйлддэг учраас гэмт хэрэг үйлдэхийг нь зогсоож зохицуулах л хэрэгтэй байгаа юм.

“Эхнэр, илжиг хоёрыг сард нэг удаа гөвж бай” гэсэн араб гаралтай
үгийг зарим эрчүүд бахархалтай хэлж байгаа харагддаг. Бас “Эр, эмийн хооронд илжиг
бүү жороол” ч гэсэн үг бий. Гэхдээ хэл язгуур хол харийн үг, хэн хэзээ хэлсэн нь
тодорхойгүй хэдэн зууны өмнөх үг өнөөдрийн нийгэмд тохирохгүй. Тэр ч байтугай гэмт
хэрэг үйлдэж байгаа гэдгээр нь жигшиж сэрэмж­лэх хэрэгтэй. Эхнэрээ зодож, хүүх­дээ
зовоож байгаа хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл гэсэн гэмт хэрэг үйлдэж, эр эмийн хооронд
жороолохгүй гэж байгаа хүмүүс эс үйлдэл хийн, иргэний үүргээ бие­лүүлээгүйгээрээ
бас л гэм үйлдэж байгаа юм. Гүн ухаантан Пифагор “Эхнэртэйгээ таарамж муутай хүн­тэй
хэзээ ч бүү нөхөрлө” хэмээн манай тооллын өмнөх тавдугаар зуунд хэлчихсэн юм билээ.
Эхнэрээ хайрлаж чадахгүй, хамт байгаа ханьтайгаа таарч нийлж чадахгүй байгаа хүн
хэзээ ч танд найз нөхөр болж чадахгүй л байхгүй юу. Тиймээс ийм сэтгэлгээгээр л
тэдэнд хандаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийг өөгшиж сагах боломжийг хаах хэрэгтэй
байна. Тэгэхгүй бол хаалттай хаалганы цаана болдог гэмт хэргийг хэн нэгэн эмэгтэй
амьдралаа цаг бусаар дуусгаснаар л мэддэг болоод удлаа.

Categories
редакцийн-нийтлэл

Тарган ууцны мах 180-280 мянган төгрөгийн үнэтэй байна

-ХАМГИЙН ТОМ ТАРГАН УУЦ 400 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРЧЭЭ-

Сүүлийн өдрүүдэд ууц­ны мах гүйлгээтэй бай­гаа гэнэ. Өнөө жил
цагаан сарын баяр эрт болох учраас иргэд бэлт­гэлээ базаагаад эхэлжээ. Өчигдөр
“Хүчит шонхор” зах дээр ууцны мах дунд­жаар 180-280 мянган төг­рөгийн үнэтэй
байв. Том сүүлтэй, 40 гаруй килог­рамм жинтэй тарган ууц­ны мах 280 мянган
төгрөг, арай дундаж нь 250 мян­ган төгрөг, жижиг нь 180-200 мянган төгрөгийн
үнэ­тэй байна. Ууцны мах худалдаж авч байгаа иргэд сүүл том хэлбэр сайтай
цэвэрхэн бэлтгэ­сэн мах байх шаардлагыг тавьж байв. Малчид ч ууцаа сарын өмнө
бэлт­гэж хөлдөөгөөд авчир­сан гэнэ. Бид хэд хэдэн ууцны мах ху­дал­даж байгаа
хү­мүүстэй уулзлаа. Өвөр­хангай айм­гийн Баян-Өндөр сумаас ирсэн мал­чин
А.Адьяасүрэн ийнхүү ярилаа. “Би өчигдөр ирсэн. Энэ жил цагаан сар эрт болох
учраас эрт орж ирлээ. Уг нь өнгөрсөн жил нэгдүгээр сарын дун­дуур, хоёрдугаар
сарын эхээр л хэдэн ууц аваад орж ирж байсан санаг­даж байна. Нийтдээ 60 ууцтай
ирсэн. Өглөөнөөс хойш арвыг зарлаа. Надтай цуг ирсэн ах хүү 30-ыг авчраад
өчигдөр зараад дууссан байна лээ” хэмээв. Түүнийг ийнхүү ярих зуур хоёр эмэгтэй
ирээд хамгийн тарган ууцыг зааж “Энэ хэд вэ” хэмээн асуу­хад “280 мянга. Доошоо
ярина шүү. Үзээд аваа­рай. Ууцаа хонины тол­гой­той нь цуг өгнө” хэмээ­хэд
нөгөө хүмүүс эргүүлж тойруулж, сүүлийг нь сайн шинжиж үзэв. Харин түүний өөдөөс
хараад зогсож байгаа худалдагч “Таана үнэртсэн мах аваа­рай. Сүхбаатар айм­гийн
тарган ууц байна. Үзээд ав. Хямдарна шүү” гэж дуулдлаа. Эднийд хамгийн үнэтэй
ууцны мах зарж байгаа гэнэ. Ланжгар сүүлтэй том ууц 450 мянган төгрөгийн үнэ­тэй
гэнэ. Доошоо яриад  400 мянган төгрөгөөр
өгнө гэсэн. “Хүчит шон­хор” зах дээр өчигдрийн хувьд энэ ууц хамгийн үнэтэйд
тооцогдож байв. Хажуугаар нь өнгөрсөн хүн бүрийн анхаарлыг татаж байгаа
бололтой “тэр ууц хэд вэ” гэж асууж байсан ч үнийг нь сон­соод зарим иргэд
“Хамаа замбараагүй үнэ хэлэх юм” гэж ундууцаж байсан бол зарим нь “Нааш нь
буулгаад ир дээ. Сайн харъя” гэж байв. Ерөнхий­дөө ууцны мах одоогоор элбэг орж
ирж байгаа гэнэ. Иргэд мөнгөндөө тааруулаад ууцаа  сонгон авч байгаа харагдлаа.  Тус зах дээр мах ямар үнэтэй байгааг сонирх­лоо.
Үхрийн мах бөөндөө 5300-5800 төгрөг, хонины мах 5600, ямааны мах 4000, адууны
мах 4200-4500 төгрөгийн үнэтэй байлаа. Харин үхрийн өвчүүний үнэ өссөн байв.
Өвчүү кг нь 6500-6800 төгрөгийн үнэтэй байлаа. 
Харин махны жижиглэн­гийн үнэ, хонины ястай мах 6800, цул мах 7000,
үхрийн ястай мах 7800, цул нь 9000, ямааны мах 5200, адууны мах 5800-6000
төгрөгийн үнэтэй байна.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Хэл амны бай

МАН Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд
Ч.Улаан хоёрыг огцруулъя гэсэн өргөдөл спикерт өгч,  УИХ-ын гишүүдийн олонх нь  сайдуудыг огцруулахгүй гэсэн шийдвэр гаргасан
нь энэ долоо хоногийн онцлох шуугианы нэг байв. Уг нь салбарыг нь бодвол
МАН-ынхны яриад байгаа эдийн засгийн уналтад Н.Батбаяр биш Уул уурхайн сайд
Д.Ганхуягийн нөлөө их л дээ. Гэхдээ хөрөнгө оруулалт ер нь юунаас шалт­гаалж  яагаад татрах болов гээд эх ундаргыг нь
хайгаад үзвэл мань эрд  ч  буруу бий. “Энэ Монгол чинь нэг л биш ээ”
гэсэн бодлыг хөрөнгө оруу­лагчдад төрүүлсэн анхны шийдвэр гэгддэг Гэнэтийн
ашгийн 68 хувийн татварын гол автор нь өнөөгийн Эдийн засгийн хөгжлийн
сайд.  Монгол бан­кинд тушаах алтны
хэмжээ эрс багасаад  ирэнгүүт
Н.Батбаяр  “Би лав алт гэж хэлээгүй,
зэсээс л авъя гээ биз дээ”  гэж жишимгүй
царайлсан удаатай. Ингэж гэмгүй царайлах үед нь 
алтны салбарт хөрөнгө оруулсан дэлхийн том компаниуд Монголыг орхин гарч
байсан юм. Хөрөнгө оруу­лагчдын хувьд “жинхэнэ хадны мангаа” болсон  Стратегийн салбарт гэж ирээд эхэлдэг нэг их
урт нэртэй  хууль дөнгөж саяхныг хүртэл
үйлчилж байв. Гадаадын хөрөнгө оруулагчид 
уул уурхай зэрэг ашигтай салбарт орж ирвэл төр заавал хувь эзэмшинэ, бараг
ихэнхийг нь булааж авна гэсэн заалттай, мөнгөтэй бизнесүүдийг үргээчихсэн
айхавтар  хуулийн гол автор нь Эдийн
засгийн хөгжлийн сайд.

УИХ-ын гишүүнээр 2004 оноос 
ажиллаж  буй энэ эрхэм 1960 оных.
Овог нь Цагаан Боржигон. Буянгийн  Жагаа,
АПУ-гийн Батхүү  гээд нэрнийх нь өмнө
компанийнх нь нэр байнга хадаатай явдаг гишүүдийн нэг. Түүнийг чуулганы танхимд
тохой залган суудаг нөхөд нь  үүсгэн
байгуулсан ком­панийнх нь нэрээр 
“Фортуна” гэж дууддаг. Фортуна гэдгээрээ танил болсон сайд  нийслэлийн  
52 дугаар сургуулийн төгсөгч. 
Москва хотын Эдийн засаг- статистикийн дээд сургуулийг Эдийн засагч-
статистикч мэргэжлээр, Москвагийн Улсын их сургуулийн дэргэдэх Улс төрийн дээд
сургуулийг улс төрч мэргэжлээр дүүргэж 
байж. Наяад оны эхээс ерэн он гартал Гадаадтай эдийн засгийн талаар
харилцах улсын хорооны комплекс импорт хангамжийн нэгдэлд мэргэжилтэн, хэлтсийн
дарга, орлогч даргаар ажиллаж байжээ. Энэ үедээ   “Эрдэнэт” үйлдвэр, дөрөвдүгээр цахилгаан
станц зэргийн  гэрээ бай­гуулах,
хэрэгжилтийг хянах ажлыг гардаж хийсэн гэсэн өгүүлбэр намтарт нь бий. Ардчиллын
анхны сонгуульд МҮДН-аас нэр дэвшин ялж байсан үеэсээ бизнес рүү орсон.
Ардчилал эхлэх үеэс л улстөр, бизнес гэсэн хос морьтой давхисаар энэ цагтай зол­госон
хууль тогтоогчдын нэг. Бизнес талаас нь 
“Монгол түлхүүр” ХХК, “Фортуна” группыг үүсгэн байгуулсан, нийслэлийн
анхны томхон хотхоны нэгд ордог 
“Жаргалан хотхон”-ыг барьсан гэж ирээд яривал багагүй зүйлийг жагсаах
хэрэг гарна.

Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд  төсвийн зардлыг нэмэхгүйгээр ЗГХЭГ-ынхны  цалинг хоёр дахин нэмэгдүүлж байсан, “40.000
айлын орон сууц” хөтөлбөрийг боловс­руулж, холбоотой хуулиудыг нь УИХ-д өргөн
барьж батлуулсан, хэрэг­жүүлсэн гээд 
гишүүн болсноосоо хойш амжуулсан ажлыг нь тоочвол бас  л чамлахааргүй урт жагсаалт гарна. 

Хэл амны бай болдог гишүүдийн нэг нь яах аргагүй Н.Батбаяр.
Байсгээд л хэрүүл шуугиан үүсгэчихсэн явд­гаараа алдартай нэгэн. Өнгөрсөн
сонгуулиар гэхэд л нэр дэвшигчдээ тодруулахаар хуралдсан намынхаа ҮЗХ-ны хурлын
үеэр нийтлэлч Баабар­тай марган  цонхоор
гаргаж шиднэ гэх мэтээр аяглаж байв. Намын нэрээр өрсөлдөх 28 хүнд эрэмбээр нь
хандах хэрэгтэй гэж хэлснийх нь төлөө эвгүй аашилсан  “Фортуна”-г 
намынхан нь “Овлигогүй” гэж шүүмжилж байсныг тухайн үеийн   хэвлэлийн хуудаснаас харчихаж болно. Сүүлд
Баабар “Ер нь миний буруу л даа. Өвчтэй хүнийг өдөж юмыг нь хөдөлгөчихөөр
аргагүй шүү дээ” хэмээн ярьсан гэх мэдээлэл ч хэвлэлээр цацагдаж  байлаа. Р.Амар­жаргалыг Ерөнхий сайдаар
ажиллах үед   алгадаад авсан гэх шуугианы
гол дүр нь мөн л Н.Батбаяр. Шинэ 
засаг  бүрдэх үед Баабар
Н.Алтанхуягийн танхимын  талаар нэг
нийтлэл  бичиж байв. Тэр нийтлэлд
Н.Батбаярын тухай “Эдийн засгийн хөгжлийн яам гэж байгууллаа. Урьд Үндэсний
хөгжлийн газар, яам байсныг сэргээж байгаа хэрэг. Гэхдээ энэ удаа шоглоомтой юм
шиг гадаадын хөрөнгө оруулалтыг нэмээд хариуцуулчихжээ. Бүр нар­гиан­тай нь
гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг хамгийн баатарлаг гавъяа байгуулж улаан
цагаангүй заналхийлж бараг хутга шөвөг гаргах шахдаг нэг сайхан мээк эр сайд нь
болоодохлоо. Хөрөнгө оруулахаар шийдсэн өрнийн компани болгон юун түрүүн энэ
хүний тухай сонсож хэнээс болгоомжлохоо мэдэж авдаг. Нэрийг нь хүртэл дизастэр
буюу “гамшиг, гай барцад” гэсэн утгаар хүндэтгэн дуудах юм билээ. Паталогийн
асуудалтай эр л дээ, түүнийг нь олж харахад заавал эмч байх ч шаардлагагүй.
Асуудлыг мэрэг төлөг, бөө удганаар шийднэ, өөрөө хүртэл бөө болж гал тахих
ёслол үйлдэх хообийтой. 2012 оны бөгсөөр дэлхий сөнөнө гэсэн бодолтой явдгаа
нуудаггүй, гэхдээ өрнөдийн хөрөнгө оруулалтыг тас зогсоовол Монгол ганцаараа
аврагдана гэж мэрэг төлөгт буусан, тэнгэр бас тэгж хэлсэн хэмээн ярихыг нь
сонссон худлаа ярихааргүй хүн байдаг л юм” гэсэн хэсэг бий. 

Нээрээ ч Эдийн засгийн хөгжлийн сайд сүүлийн үед гал, тэнгэр,
бөө гэдэг үгийг давтамжтай унагах болсон. Чингисийн мэндэлсэн өдрөөр “Чингис
бидний  дунд төрчихсөн амьдарч яваа” гэж
камерын өмнө хэнэг ч үгүй хэлж  зогссон,
хөдөөгүүр ажлаар явж байхдаа мөргөл үйлдэж гал тахидаг, онгодоосоо асуугаадхая
гээд дэргэдэх хүнийхээ нүдийг орой дээр нь гаргасан   гэх мэт түүнийг тойрсон хачирхалтай гэмээр
ярианууд олон  сонсогддог. Хамгийн
сүүлийн бодитой жишээ гэвэл  мань эр
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн  өдөр төрийн тулганы гал бадраах ёслолыг бараг
л зохион байгуулж, оройлж  оролцсон доо.
Тэр өдөр төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд болсон гал тахих ёслолд нэг ч
эмэгтэй хүн харагдаагүй. Төр түшиж буй эмэгтэй гишүүдээс эхлээд эмэг­тэй
сэтгүүлчдийг ёслолд орол­цуулаагүй хэргийн эзэн нь Н.Батбаяр. Эмэгтэй хүнийг
тулганд ойртуулбал төр  бузартана гэж хэлээд
нөгөөдүүлээ толгой дохиулж дөнгөсөн эр. Үүнд нь эгдүүцсэн олон хүн тэр үед
дуугүй суугаагүй, мань эр мөн л хэл амны бай болсон. Нэг хэвлэлээр бүр “Хэр­вээ
би  Н.Батбаярын эхнэр байсан бол лав л
цай чанаж, хоол хийхгүй. Өөрөөр хэлбэл, галаас аль болох хол явна гэсэн үг.
Гэрийн ажлаас илүүтэйгээр төрийн ажилд зүтгэх байсан юм. Харин өөрийнхөө оронд
гал асаах нь битгий хэл бадрааж чаддагаар нь Н.Бат­баярыг томилоход хангалттай
бай­маар” гэж бичиж байв. Нэг зүйлийг онцлоход Эдийн засгийн хөгжлийн сайд ам бүл
дөрвүүлээ,  хоёр охинтой.

Оюу толгойтой холбоотой өнөө хэр шийдэгдээгүй байгаа маргааны
эхэн үеийн түүхийг сөхөхөөр мөн л түүний нэр гараад ирдэг.  “Рио”-той дайсан мэт үзэлцдэг  С.Ганбаатараас өмнөх жишээ л дээ.  25 дугаар телевизээр гардаг “Дуусдаггүй
яриа”-нд орж байхдаа  эрхэм сайд “Монгол
Улсын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ Монголын талын
эзэмшил 34 хувь байхаар тусгасан нь яг үнэндээ луйвар. Одоо­гоор Монгол Улсын
эзэмших хувь 34 биш, ердөө зургаан хувь болоод байна” гэсэн үг унагаж байсан
юм. Энэ үеэс Оюу толгой тойрсон маргаан эхэлж, бүтээн байгуулалтдаа дөрвөн
тэрбум ам.доллар зарцуулах гэж байсан дэлхийн хэмжээний том  төсөл гүний уурхайн ажлаа зогсоохоос аргагүйд
хүртэл хурцдаж байв.

Эдийн засгийн хөгжлийн сайд болсноос нь  хойш хийж байгаа  ажлыг нь хараад  байхад хөгжилд хэрэгтэй  хэд хэдэн 
төслийг онцолмоор санагд­даг. 
Өмнө нь яриа төдий байсан  төслүүд
өнөөдөр хэрэгжиж эхлээд буй.  Ази,
Европыг холбосон хурдны замын төсөл гэхэд л ажил болоод эхэлчихсэн. Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд
чиглэлийн олон улсын сүлжээний хурдны зам барих аварга төслийг хэрэгжүүлэх
компанийн нэр ус тодор­хой болоод байгаа. Ирэх намраас замаа барьж, монголчууд
2016 оны намар гэхэд хоёр тивийг холбосон  
хурдны замаар жирийлгэнэ, тэр хэ­рээр эдийн засаг дээшээ дээшээ бүр
дээшээ болно гэсэн өөдрөг гэрэлтэй  үг
албаныхны амнаас унах болов. Өчнөөн жил яриад, мөрөөдөөд л суусан тавдугаар
цахилгаан станцын төсөл ч дажгүй ахицтай яваа. Газраа, технологио, барих
компаниа сонгочих­сон. Ирэх зунаас ажил нь эхэлчих байх гэсэн таамаг бий. 

Ц.БААСАНСҮРЭН