Categories
редакцийн-нийтлэл

Эрээнд монгол хүүхдүүд олноор сурах болжээ

-ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЛЭГЧ, ТӨРИЙН АЛБАНЫХАН ЭРЭЭНИЙ ДУНД
СУРГУУЛЬД ХҮҮХДҮҮДЭЭ СУРГАЖ БАЙНА-

Олны
ярьж  заншсанаар Эрээний олон улсын хэлний
сургуулиар орлоо. Өмнө нь ийм нэртэй байж байгаад одоо Эрээн хотын нэгдүгээр дунд
сургууль гэж нэрлэгдэх болжээ.  Энд Монголоос
зуу гаруй хүүхэд сурдаг юм байна. Хувийн сургууль гэдгээрээ бусад дунд  сургуулиасаа ялгардаг аж. Эрээнд арав гаруй сургууль
байдгийн гурваас дөрөвт нь монгол хүүхдүүд сурдаг байна.   Барууны их сургуулийн хотхон маягийн зохион байгуулалттай
юм.Дотуур байр, хичээлийн байрууд, соёлын төв, спортын талбай, супермаркет гээд
байхгүй юм алга. Биднийг очих үеэр хичээл 
арай эхлээгүй учир монгол хүүхдүүдийн ихэнх нь ирээгүй байлаа. Хятадын  цагаан сараар хүүхдүүд  бараг хоёр 
сар амардаг гэнэ. Монгол сурагчдын дотуур байрны үүдэнд  “Хөвгүүд охидын өрөөнд орж болохгүй” гэсэн бичиг
наажээ. Цөөхөн хүүхэд ирсэн гэх хариултыг байрны багшаас нь сонсоод тэдэнтэй уулзахаар
өрөөнд нь орлоо. Хоёр давхрын баруун булангийн өрөөний охид иржээ.  Шатаар өгсөж гардаг дөрвөн ортой саруулхан өрөөнд
дөрвөн охин амьдардаг юм байна. Бүгд орныхоо доод талд хичээлээ давтах ширээтэй
юм. Өрөө бүр ариун цэврийн өрөөтэй аж. Энэ өрөөний нэг охин л ирээгүй байгаа гэнэ.
Т.Гаамаа, М.Сарангоо, Б.Намуун гэж өөрийгөө танилцуулсан охид Улаанбаатарын 23 дугаар
сургуульд нэг ангид сурч байгаад иржээ. Долдугаар ангиасаа ирсэн охид энэ жил аравдугаар
ангиа төгсөх юм байна. Энэ сургуульд 23 дугаар сургуулиас ирсэн хүүхэд нэлээд бий
гэнэ. Бас аав, ээж нь хувиараа бизнес эрхэлдэг болон төрийн албан тушаалтнуудын
хүүхэд голдуу  сурдаг юм билээ. Бидний очсон
дотуур байрны хамгийн бага нь есөн настай хүү гэсэн. Ихэвчлэн арав гаруй насныханд
энд ирж суралцдаг юм байна.  Сургалтын төлбөр,
хоол, унаа, бас бус зардлыг нэмээд тооцвол нэг хүүхдээс  жилдээ 7-8 сая төгрөг гардаг аж. Энэ сургуулиас
гадна  Эрээний хэд хэдэн сургуульд монгол
хүүхдүүд сурдаг юм билээ. Эрээний  өмнөд монголчууд
хүүхдээ монгол сургуульд сургадаг аж.

Ингээд
Т.Гаамаа, М.Сарангоо, Б.Намуун гуравтай ярилцсанаа хүргэе.

-Өдөрт хэдэн цаг хичээллэдэг вэ?

-Т.Гаамаа:
Өдөрт бараг 12 цаг хичээллэдэг. Манай хичээл өглөө наймаас өдрийн  арванхоёр цаг хүртэл ордог. Үдээс хойш нь дахиж
хичээллээд орой давтлага өгдөг. Ер нь авах гээд өрөөндөө орж ирдэг. Монголд байдаг   шиг  өглөө
хичээл ороод өдөр тарна гэсэн ойлголт  байхгүй. 

-Өглөө эрт босох уу. Хөх хотын дунд сургуульд  сурдаг монгол хүүхдүүд  өглөө бүр 
Хятадын төрийн дууллыг сонсож хүндэтгэл үзүүлдэг гэсэн. Танай сургуульд тэгдэг
үү?

-Б.Намуун:
Үгүй. Бид нар өглөө зургаан цагт босдог. Зургаа дөчид дотуур байрны хаалга хаачихдаг
юм. Тэрнээс нь  өмнө  амжиж гараад 
хоолондоо ордог. Тэгээд  долоо хорь
гээд өглөөний дасгалтай. Тэр үеэрээ хичээлээ уншина. Хичээл найм гэж ордог гэж түрүүн
хэлсэн. Дунд нь арав өнгөрөөгөөд гүйдэг. Манай  
спортын талбай гоё байгаа биз. Талбайдаа гүйдэг юм. Хичээлээ тарсаны дараа
өдрийн хоолоо идчихээд өрөөндөө орж ирээд хоёр цаг хүртэл унтдаг. Хоёр гучаас хичээл
дахиж ороод таваас тардаг. Энэ үеэр  дахиж
гүйнэ. Дараа нь хэсэг амарч байгаад долоогоос ес хүртэл  оройн давтлага орж арав гээд өрөөндөө орж ирдэг.

-Хоолны газар нь тусдаа юм байна. Мөнгөө төлөөд  хоолоо иддэг гэсэн үү?

-Т.Гаамаа:Хүүхэд
бүр  картаа уншуулаад хоолоо  сонгож иддэг. Картанд аав, ээж мөнгө хийнэ. Зарим
хүүхдийн аав, ээж багшид мөнгө хадгалуулчихдаг. Мөнгө нь дуусахаар багшаасаа авахад
амар байдаг юм. Заримдаа мөнгө дуусчихаар багшаасаа мөнгө зээлэх үе ч гардаг. Ер
нь энд хүүхдүүд мөнгөө хямгатай зарцуулж сурдаг. Бид нар том хувцаснуудаа багшдаа
өгөөд угаалганд явуулдаг.  Угаалгах бүрдээ
мөнгөө төлнө. Жижиг хувцаснуудаа байрныхаа нэг давхрын угаалгын газарт  өөрсдөө угаачихдаг юм. Гоё юм идмээр байвал сургуулийнхаа
дэлгүүрээс ороод худалдаад авчихдаг. Эндэхийн зайрмаг нь их гоё. Бялуу нь бас дажгүй.
Шоколадыг нь ёстой идэж чаддаггүй.  Энэ мэтээр
мөнгөө өөрөө зарцуулаад сурчихдаг. Монголд очоод аав, ээж мөнгө өгөхөөр амархан
дуусчих гээд байдаг юм. Энд долоон хоногийн турш хоол авч иддэг мөнгийг  Улаанбаатарт нэг өдрийн дотор үрчих гээд байдаг.
Авах гэж байгаа юмаа юаньд шилжүүлээд бодохоор авмааргүй санагдаад больчихдог юм/инээв/.

-Хичээл нь Монголын сургуулиудаас өөр үү?

-Б.Намуун:Бараг
адилхан. Хятад хэлээ арай гүнзгий үзнэ. Өдөрт дөрөв, таван цагаар заадаг.

-Т.Гаамаа:
Нээрээ анх  түүхийн хичээл дээр аймаар   ичиж  байсан.
Манай ангид түүх орсон чинь багш биднээс монгол гэдэг үгийн утгыг асуусан. Энэ  талаар мэдэх хүүхэд нэг ч байгаагүй. Монголынхоо
түүхийг яриад өгөх хүүхэд байгаагүйд багш их гайхсан.Естой байдалд орсон. Хятад  хүүхдүүд 
түүх  анх үзэж эхлэхдээ л улсынхаа
түүхийг үздэг юм билээ. Дараа нь дэлхийн түүхийг  үздэг гэсэн. Гэтэл бид Монголдоо анх түүх үзэхдээ
дэлхийн нэгдүгээр дайн,    бусад орны түүхийг
эхлээд үзсэн.  Монголынхоо  түүхийг эхлээд үзмээр санагдсан.

-Монголын түүхийг хэдий үе хүртэл зааж байна?

-Т.Гаамаа:
Юань улсын үе хүртэл заасан.  Тэр үе хүртэл
Хятадын түүхтэй холбоотой байдаг учраас.

-Энд   сурч төгсөхийн
давуу тал нь юу вэ?

-М.Сарангоо:Биднийг
төгсөхөөр хятад хэлний шалгалт авдаг юм. Англи хэлний  TOFEL гэж авдаг даа. Хятад хэлний тийм шалгалт
байдаг юм. Тэр шалгалтанд өндөр оноо авчихвал Хятадын их сургуулиудад тэтгэлэгтэй
сурах боломжтой.

-Танай сургуулийг төгсөөд том сургуулиудад тэтгэлэгтэй  сурч байгаа хүмүүс хэр олон байдаг  вэ?

-Б.Намуун:Зөндөө
байдаг байгаа. Шанхай, Бээжингийн сургуулиудад лав зөндөө хүүхдүүд сурдаг гэж сонссон.

-Хичээлтэй өдрүүдэд 
зав бараг гардаггүй юм байна. Амралтын өдрүүдээ яаж өнгөрөөдөг вэ?

-Т.Гаамаа:
Бие биенийхээ өрөөгөө хэсээд л юм ярьж өнгөрөөдөг. Хичээл ордог  өдрүүдэд угаасаа сургуулийн хашаанаас гарах боломж
байхгүй. Дотроо бүх үйлчилгээ байгаа учраас гадагшаа гарах хэрэг байдаггүй юм. Харин
амралтын өдрөөрөө очих айлтай бол ч өлөө аваад гарч болдог.

-Гадны улсаас  та нараас
өөр хүүхдүүд сурч байгаа юу?

-М.Сарангоо:Өмнө
нь оросуудын  хүүхдүүд сурдаг байсан гэсэн.
Одоо байхгүй л дээ. Гаднаас гэвэл монгол хүүхдүүд л сурч байгаа.

-Танай сургуульд элсэхэд 
шалгалт авдаг уу?

-Б.Намуун:Үгүй,
шууд бүртгээд л авдаг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Эрээнээс ачуулсан Монголчуудын бараа ингэж ирдэг

Түрүүч нь ¹053 (4693) дугаарт

Монголчууд гэрийн тавил­га, барилгын материал зэрэг овор ихтэй барааг
Эрээ­нээс нааш нь ачуулдаг. Ачаа­гаа ачуулсан иргэдийн олонх нь захиалсан бараа
нь дутуу ирдэг, сар гаруй хүлээлгэж ирдэг гэсэн гомдол хэлдэг. Сонгосон бараа нь
эвдэрчихсэн ирдэг гэсэн гом­дол ч олон сонсогддог. Бараа ачилтан дээр яагаад ийм
асуудал үүсдэгийг сурвалжилсан юм.

Эхлээд барилгын ма­те­­риал, тавилга авдаг газ­руу­даар нь орлоо.
Эрээнд барилгын материал зардаг хэд хэдэн том зах ажилладаг юм байна. Зуун айл дээр
зардаг бараа­ны бараг наян хувийг Эрээнээс авдаг гэнэ. Барилгын материалын San хing
гэдэг захаар орлоо. Барил­гын сезон эхлээгүй учраас үйлчлүүлж байгаа хүн бараг алга.
Томоо гэгчийн хашаанд гучаад ачааны машин эгнэ­жээ. Дөрөвдүгээр сар гарч барилгын
сезон эхлэ­хээр энэ хашаанд ачааны машинууд багтдаггүй гэнэ. Хашаа­ных нь үүднээс
эхлээд уртаас урт цуваа үүсдэг гэж жолооч нар ярьж байв. Ихэнх нь Дундговь аймгийн
дугаартай машинууд аж.

Биднийг очиход Монголоос нэг машин ирчихсэн барилгын материал ачиж
байв. Монго­лоос ачих хүмүүстэйгээ ир­жээ. Эндэхийн ачигч нарыг хөлсөлбөл
600-700 мянган төгрөгтэй тэнцэхээр хэмжээ­ний юань өгдөг учраас мон­гол­­чуудын
зарим нь ачигч­тай­гаа ирдэг аж. Таваас зур­гаан хүн нийлж ачаад нэг машинаас гэхэд
л өдий хэрийн мөнгө олчихдог гэнэ. Ганц  машинд
ачаа ачихад нэг хүн өдөртөө монгол мөн­гөөр бол 100 мянган төгрө­гийн орлого олчихдог
гэсэн үг. Барилгын сезоны үеэр өдрийн 100 мянган төгрөгийн орлого муудаа ордог байна.
Голдуу өмнөд Монгол, Хятадын иргэд ачаа ачдаг юм  байна. 

Ачаа ачиж Улаанбаатарт хүргэдэг машины  жолооч нар бүгд монголчууд аж. Тэд нүүрсний том
тэрэгнүүдийг ам булаалдан муулцгааж байв. Нүүрс ачих зориулалттай том тэргийг жолооч
нар “авс” гэж нэр­­лэх юм. Замын-Үүдээр он гарс­наас хойш нүүрс гарахаа больсон
учраас  хорь гаруй тоннын жинтэй аварга машинууд
энд зогсох бол­жээ. Тэд 70 тоннын ачаа ачиж Улаанбаатар руу явдаг байна. Том машин
учраас үнэ цохиж хямд ачдаг гэнэ.

Барилгын ажил эхлэхээр өдөрт Хятадаас ачааны 300 гаруй машин Монгол
руу гардаг байна. Хятадын гаалиар гарахад их удлаа гэхэд хоёр хонодог, харин Монголын
хилээр ачаалалгүй үед доод  тал нь долоо хонож
байж гардаг гэнэ.

Дараагийн орсон барилгын мате­риалын захыг “Шэнь тун” гэдэг аж.
Өмнөх зах шиг нэлээд  том талбайтай юм.  Мөн л Дундговийн голдуу машинууд эгнэжээ.  “Авс” гэж адлагддаг нүүрсний том маши­нууд ч энэ
хашаанд нэлээд хараг­дав. “Монголчууд Эрээнээс ачуулсан бараа удаж ирдэг, эвдэрч,
дутаад очдог гэх юм. Яагаад ийм асуудал гардаг 
юм бол” гэж асуухад өөрийгөө Батбаатар гэж танилцуулсан жолооч “Тавил­гын
дэлгүүрийнхэн ачаа ачууллаа гэхэд хүргэж өгөх үүрэг л бидэнд ирдэг. Дутаж байгаа
бол бидэнд хамаагүй. Дэлгүүрийнхэн л дутуу өгсөн гэсэн үг. Нийлүүлэгчдээс болж холигдож
солигдох асуу­дал гарахад хариуцлагыг нь жолооч нар  хүлээнэ гэсэн асуудал байхгүй” гэж ярив. Ачуулсан
бараа удаж очдог гэдгийг тэд хүлээн зөвшөөрч байв.  Ачаа олдохгүй сар зогсох энүүхэнд болохоор удаж
очих хэвийн үзэг­дэл гэнэ. Ашгаа бодоод нэг тэр­­гэн дээр бөөнөөр нь ачаад явах
тохиолдол их гардаг учир эвдрэл гэмтэл гардгийг зарим жолооч нар үгүйсгэсэнгүй.
Гэхдээ тэдний хэн нь  ч “Хохирлыг нь би төлнө”  гэж хэлсэнгүй. Гол буруутан нь карго хийж байгаа
хятадууд гэж жолооч нар ярьж байлаа.

Барилгын материалын хувьд ихэвчлэн зуун айлын наймаачид, барилга
бариулж  байгаа компаниуд авдаг байна. Тэдний
хувьд Эрээнд  танил тал, сүлжээтэй болчихсон
байдаг учраас асуудал нэг их гардаггүй гэнэ. Том газруудын хувьд “Туушин” гэх мэт
тээвэр зуучлалын компаниуд найдвартай үйлчилдэг гэнэ.  Тээврийн том компаниуд хувь хүмүүсийн жижиг ачааг
ачдаггүй аж. Тэгэхээр гол хохирогчид нь хувиараа байшин барих гэсэн улс, бага хэмжээгээр
бараа дардаг наймаачид, эсвэл гэртээ тавилга авахаар ирсэн иргэд байдаг гэнэ.

Тавилгын дэл­гүү­рийнхэн “карго”-ны  хятадуудад зуу­чилж, өнөөдүүл нь ачааны маши­ны
жолооч нарт ханд­даг юм байна. Жолооч Ц.Цэрэн­дорж “Юанийн ханш чангарснаас болж
ачаа таталт багасч байна. Ачаа таталт багасахаар бид өчнөөн хонож байж л эндээс
Улаанбаатар руу гарч байна. Цагаан сарын дараахан ирээд ачаа ачиж амжаагүй жолооч
ч байна.  Нүүрсний машинаас болж бидний орлого
багасч байгаа. Бас энэ “авс”-нуудаас болж 
Сайншандаас Замын-Үүд хүртэлх зам эвдрээд эхэлчихлээ” гэж ярив. Биднийг ийн
ярилцах зуур арваад монгол жолооч хүрч ирэв. Хэвлэлээс явж байгаа гэж сонссон зарим
нь “Асуудлаа сайн яриарай, манайхаан. Яг үнэндээ ачаа ачилтын тун бага хувийг л
бид авдаг шүү дээ. Тэрийг нь сайн ярь” хэмээн ам амандаа шаагилдаж байлаа.

Тэндээс гараад “карго”-ны үйл­чил­гээ үзүүлдэг нэг газраар орлоо.
Гаднаа мон­голоор “Хөдөө ачаа тээврийн газар” гэж бичжээ. “Шэнь тун”-ы нэг салбар
гэнэ. Нэлээд том хашаанд хоёр гурван өмнөд монгол, тав, зургаан хятад  ажиллаж байв. “Ачуулсан бараа хэзээ Улаанбаатарт
хүрэх вэ” гэж асуухад дээд тал нь долоо, доод тал нь гурав хонож очно гэцгээж байв.

Тавилгын төвөөр нь орлоо. “Шэнь тун”-ы тавилгын зах аж. Зарим тавилгын
үнэ манайхаас гурав дахин хямд юм. Улаанбаатарт 900 мянган төг­рөгөөр зарж байгаа
буйданг энд 300 мянган төгрөгөөр зарж байх жишээний. Дор хаяж хоёр дахин хямд үнээр
гэртээ тавилга авах боломж байгаа юм билээ. Ярьж  чаддаг хүн бол наад зах нь 200-300 юанийг өлхөн
буулгаж үнэ тохиролцох юм.

Тавилга зарж байгаа өмнөд 
монголчууд ч “карго”-ны үйлчилгээ үзүүлдэг хятадуудтай адилхан хариу өгч
байлаа. Буйдан зарж байсан өмнөд монгол эмэг­тэй­гээс “Бараагаа ачууллаа гэхэд хэд
хоногийн дараа Улаанбаатарт очих вэ. Эвдэр­сэн тохиолдолд танайх хариуц­лага хүлээх
үү” гэж асуухад  “3-5 хоногт тавилгыг чинь
саадгүй хүргээд өгнө. Эвдэрвэл хохиролгүй болгоод өгнө” гэсэн хариу өглөө. Харин
хажууд нь зог­сож бай­сан Жаргал гэж өөрийгөө танил­цуулсан монгол эмэгтэй “Ер нь
бол таньдаг жолоочдоо шууд хандаад ачуулсан нь дээр. Эд ингэж хэлж мөнгийг чинь
авчихаад тэр дор нь ачуулахгүй. Хэд хэдэн хүнээс захиалга авсны­хаа дараа  каргоны өмнөд монгол, хята­дуудад бөөнөөр нь хүлээлгэж
өгдөг юм. Цаадуул нь ч гэсэн бараа­нуудаа нэгтгэж байгаад мон­гол жолооч нарт өгч
ачуул­даг. Хохирсон хүмүүсийг хохиролгүй болгосныг би лав мэдэхгүй” гэснээ “Наадуул
чинь хэд хэдэн тавилга авч байгаа хүнд тавилгыг чинь мянган юаниар хүргэж өгнө,
гааль энэ тэр бүгд орчихсон гэж хэлээд мөнгө авчихдаг юм. Үнэндээ гаа­лийн мөнгө
нь тавилгаа хүлээн авч бай­гаа хүнээс гардаг. За тэгээд мянган юаниа таньдаг каргоныхоо
хүмүүст бүтнээр нь өгөхгүй. 700-г нь өгдөг. Каргоны хүн нь монгол жолоо­чид
300-400 юань л өгдөг. Ийм дамжлагууд байдаг юм” гэж хэлээд цааш эргэв.

Тавилгын дэлгүүр тухайн барааны үнийн 30-40 хувьтай нь тэнцэх мөнгийг
тээврийн хөлс гэж авдаг юм байна. Хямдхан үнэтэй их талбай эзлэхээр том ор  авлаа гэхэд үүнээс өндөр үнэ хэлж байна лээ. Ийм
барааны хувьд үнийн дүнгийнх нь  тавиас илүү
хувьтай тэнцэх мөнгийг тээврийн хөлс гэж авдаг аж.

Эрээнээс наашаа тавилга, бараа ачуулаад хохирсон иргэд Хэрэглэгчдийн
эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт олноор хандах болжээ.  Тэдний нэг нь Д.Түвшинтөгс. Тэрээр “Гэр ахуйн
тавилга ачуулсан юм. Хоёр ачаа нь дутуу ирчихлээ. Бараа авсан газар руугаа эргээд
холбогдох гэтэл утас нь болдоггүй. Тухайн үед баримт авах гэсэн боловч тэгэх шаардлагагүй
гэсэн юм. Нийт хохирол маань сая таван зуун мянган төгрөг болж байна. Хувь хүмүүстэй
най­маа хий­­сэн болохоор хохир­лоо барагдуулж чадахгүй шиг байна” гэж ярив. ХЭАХН-ийн
хувьд хувь хүмүүсийн хоорондын наймааны асууд­лыг шийдэхэд хэцүү байдаг гэнэ. Учир
нь ийм наймааг албан бус харилцаа гэж үздэг аж. Иргэдийн ачааг хүргэдэг албан ёсны
компани ажилладаггүй нь ийм дамжлагыг бий болгож, хүмүүсийг хохироож байна гэсэн
тайлбарыг  албаны хүмүүс өгч  байна.

Үргэлжлэл бий

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Н.ЛҮНДЭНДОРЖ: Шүүгчийн цалинг хуулиар зохицуулсан

Шүүхийн ерөнхий зөв­лөлийн
дарга Н.Лүндэндоржтой ярилц­лаа.

-Шүүхийн шинэ зохион байгуулалтын
үр дүн ямар байна. Энэ бүтцийн өөрчлөлтөөр шүүх олон түмнээс холдлоо гэх яриа мэр
сэр гарах боллоо?

-Шүүх олон түмнээс холдсон тухайд  ганц л зүйл 
хэлье. Захиргааны хэргийн  давж заалдах
шатны  шүүх Улаанбаатар хотод ганцхан байгааг
олон түмэн холдлоо гэж үзэхгүй 21 аймгийн хүмүүс хэрэг маргаан хэл амгүй шийдүүлсээр
байна. Нөгөө талаас давж заалдах шатны шүүх хуралд хүн бүр оролцох албагүй бөгөөд
хотод  гэхэд л ихэнх нь биеэр оролцдоггүй
шүү дээ. Шинэ юм болохоор удахгүй дасна биз ээ. Шүүхүүд шинэ зохион байгуулалтаар
хэвийн тогтвортой ажиллаж байна. Хуулийн дагуу хамгийн олон жил ажилласан шүүгч
Ерөнхий шүүгчийг орлож байна. Ерөнхий шүүгчдийн ихэнх нь өмнө ерөнхий шүүгчээр ажиллаж
байсан хүмүүс байгаа. Өчигдөр Ерөнхий шүүгчдийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.

-Хэдэн ерөнхий шүүгчийг яаж
сонгон шалгаруулах вэ?  
  

-78 ерөнхий шүүгчийг сонгон шалгаруулна.
Хуульд болзол, шал­гуурыг нарийн заасан байгаа. Хамгийн гол нь тухайн шатны шүүхдээ
гурван жил шүүгчээр ажиласан байх ёстой. Шүүгчийг сонгон шалгаруулахдаа мэдлэг,
чадвар болоод манлайлах чадварыг нь шалгана.

-Шүүгчийн 70 орон тоог зарлаад
бүртгэх ажил дуусах шиг бол­лоо. Хэр зэрэг шударга шалгаруулах бол. Энэ 70 хүний
нэрийг тодорсон гэх хардлага зарим хүнд бий?

-Нийтдээ 483 хүн  материалаа ирүүлсэн. Одоо ажлын алба мате­риалыг
шалгаж байна. Хэзээ ч ийм олон хүн бүртгүүлж бай­гаагүй болохоор нүсэр ажил­лагаа
шаардаж байна. Гэхдээ бүх юм хуулийн дагуу явж байна. Олон түмэн ийнхүү со­нирхож,
хардаж байгаа нь сайн хэрэг. Олон түмний хяналт зөв, шу­дарга ажиллахад тусална.
Бид хичээж, хийгүй  шударга ажиллана. Дууссаны
дараа ард түмнээр дүнгээ тавиулна даа. Монголчууд цөөхөн учраас их олон юм ил тод
шүү дээ. Сонгон шалгаруулалтад орж байгаа хүмүүст үр дүн чинь өөрсдийн чинь гарт
байгаа гэж итгэлтэй хэлмээр байна.

-Урьд нь шалгалтыг зас­даг
хүмүүс засаж байгаа хүнийхээ материалыг мэддэг байсан гэх юм билээ. Одоо тэр байдал
хэвээрээ юу?

-Яалаа гэж дээ. Сонгон шалгаруу­лалтад
зориулж бид тусгай программ хийл­гэсэн. Программд өгсөн даал­гавруудыг программын
аргаар хүн бүрийн санамсаргүй сонголтоор сонгогдож, программ дээр хариулах замаар
шалгана. Хүний оролцоо маш бага гэсэн үг. Сонгогдох даалгавар, түү­нийг программд
оруулах хүн мэдээж  цаг хугацааны маш торгон
агшинд тодорно. Түүнийг  хамгаалах, хариуцлага
тулгах асуудал хамгийн чухал.

-Шүүгчийн туслах, шүү­хийн
захиргааны ажилтан на­рыг мэргэжлээрээ ажил­ласан гэж үзэхгүй учраас сонгон шал­гаруулалтад
бүртгэж оруулах ёсгүй гэсэн яриа гадуур их байна л даа… 

-Тиймээ. Энд асуудал бай­гаа.
Үндсэн хуульд мэр­гэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан хүн шүүгчид нэрээ дэвшүүлнэ.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд мэргэжлээрээ  ажиллах гэдэгт юу хамаарахыг бас заасан. Тийм
учраас энд асуудал үүсээд байгаа. Бид үүнийг хуульд нийцүүлж шийднэ.

-Танайх бүртгээд авчихсан
юм биш үү?

-Үгүй. Бүртгэх гэдэг нь хууль
зүйн өөр агуулгатай. Одоо тэдгээр хүмүүс материалаа манайд цаасаар болон цахи­маар
ирүүлээд байгаа. Үүнийг мэргэжлийн хороо хуульд заа­сан шаардлага хангасан эсэхийг
шалгаад  бүртгэнэ. Үүнийгээ олон нийтэд зарлана.

-Ингэхэд иргэдийн төлөөлөгч­дийн
эрх зүйн байдлын тухай хуулийн хувь заяа юугаар төгссөн бэ?

-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр
эцсийнх байдаг болохоор тэр ёсоор болсон.

-Үнэхээр иргэд шүүх ху­ралд
таслах эрхтэй оролцох нь болохгүй хэрэг үү. Та эрдэмтэн хүний хувьд өөрийнхөө санаа
бодлоо хуваалцахгүй юу?

-Хийж байгаа ажил чинь бас  ам хамраа барихыг шаардах юмаа. Ер нь шүүх шийдсэн
асуудлаар хэн ч, юу ч хэлж болно. Гэхдээ хэн 
хэзээ хэлэх вэ гэсэн нэг этикийн асуудал байна.  Ер нь олон оронд шударга ёсны илэрхийлэл, баталгаа
болж шүүх хуралд иргэд таслах эрхтэй оролцдог. Тэдгээр орон бас л үндсэн хуультай.
Хуулийг  тайлбарлах арга, ухаан өөр байгаа
хэрэг.

-Шүүгчдийн цалин нэмэгдэж,
шүүгчдээс олон түмэн хариуцлага, шударга ёсыг жинхэнэ ёсоор нэ­хэх эрхтэй боллоо
гэсэн яриа байгаа. Гэтэл шүүгчдийн цалинг УИХ буурууллаа гэх мэдээлэл ч байна л
даа…

-Шүүгчдийн цалинг УИХ бууруу­лаагүй.
Харин ч энэ УИХ шүүгчдийн цалинг эдийн засгийн хувьд хараат бус байх, амьдралд нь
хүрэлцээтэй,  баталгаатай байна гэж анх удаа
тогтоосон. Энэ дагуу шүүгчдийн цалин өс­сөн. Цаа­шид ч өсөх ёстой. Эдийн засгийн
хувьд бусдаас хараат бус цалин гэж ямар цалинг хэлэх билээ. Хоёр сая төгрөг өгөөд
тэгж хэлж болох уу. Бас “амьдралд хүрэлцээтэй” гэсэн үг хуульд байна. Хоёр сая төгрөг
амьдралд өнөөдөр хүрэлцээтэй юу? Мөн хуульд “амьдралд нь ба­талгаатай” байх гэсэн
үг байна. Хоёр сая төгрөг амьдралын баталгаа мөн үү гэсэн асуулт үүснэ. Энэ бүхнийг
эрүүл ухаанаар шүүх ёстой.  Эдгээрийг бид
Монголын нөхцөлд ямар тоон утгатай талаар судалгааны байгууллагаар судлуулахад наад
зах 3.5 – 5.0 саяас эхэл­нэ гэсэн тооцоо, судалгаа гарсан.

-Шүүгчдийн цалинг ямар бай­гууллага
тогтоох ёстой юм бэ?

-Янз бүр. Ихэнх оронд пар­ламент
тогтоодог. Манайд ч УИХ  тогтоож байгаа. Жишээ
нь Канад улсад Зөвшилцлийн бүлэг байгуулж шийддэг юм билээ. Харин манай орны ту­хайд
УИХ-ын тогтоолоор шийдээд явж ирсэн. Харин 
Төрийн албаны тухай хуульд 2011 онд оруулсан нэмэлтээр Үндсэн хуулийн Цэцийн
гишүүд болон бүх шатны шүүгчдийн цалинг тогтоолоор бус харин хуулиар зохицуулж байхаар  шийдсэн. Улам бат тогтвортой болгож байгаа хэ­рэг
л дээ. Одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн цалинг хуулиар зохицуулаагүй байгаа  учраас 
УИХ-ын тогтоолоор явж бай­гаа. Харин Үндсэн хуулийн Цэцийн хуулийг шинэчлэн
най­руулахаар цалинг тэр хуулиар зохицуулж, Төрийн албаны дээрх хуулийн заалт хэрэгжинэ.
Харин ма­най шүүхийн тухайд Шүүхийн тухай 
багц хууль батлагдаж, Шүүгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар
зүйлээр шүүгчдийн цалин, нэмэгдлийг тогтоосноор Төрийн албаны тухай хуулийн дээрх
заалт бүрэн хэрэгжсэн юм. Тийм учраас шүүгчдийн цалинг зохицуулж байгаа хам­гийн
дээд хүчин чадал бүхий акт бол ямар нэг тогтоол бус, харин Шүүгчийн эрх зүйн байдлын
тухай хуулийн холбогдох зохицуулалт мөн.

-Тэгвэл УИХ-ын нэг тог­тоол
хүчин төгөлдөр байгаад байгаа шүү дээ?

-Чиний юу асуух гээд байгааг
ойл­голоо. УИХ-ын 54 дүгээр тогтоолыг яриад байх шиг байна. Энэ тогтоолоор ма­най
шүүгчдийн цалинг тогтоож байсан. Дунджаар 800 орчим мянган төгрөг байсан. Түүн дээр
гурван төрлийн нэмэгдэл нэмээд  шүүгчид
1.5 сая төгрөг авдаг байлаа. Миний энэ хэлж байгаа тоо дундаж тоо шүү. Дээшээ, доошоо
бол­но гэсэн үг. Шүүхийн тухай хууль хүчингүй 
болж, 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс багц хууль мөрдөгдөж эхэлснээр
шүүгчдийн цалинг хуулиар зохицуулна гэсэн Төрийн албаны тухай хуулийн
28\’.2  дахь  заалтын дагуу төрсөн  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар
зүйл дэх заалт мөрдөгдөж эхэлснээр 54 дүгээр тогтоолын үйлчлэл зогссон. Хэрэв хүчинтэй
гэж үзвэл тогтоол, хууль хоёрын эрэмбэ дээр маргах хэрэг гарна. Тийм маргаан гарах
ёсгүй.

-УИХ одоо шүүгчдийн цалинг
тогтоох гээд байгаа юм биш үү?

-Тиймээ. Шүүхийн багц хуу­лиар
шүүгчийн цалин ямар байх ёстойг тогтоосон. Харин тэрхүү байх ёстой шалгуурын дагуу
тоон утгад шилжүүлэх эрхийг УИХ эргүүлэн авах гэж байгаа гэж ойлгож байгаа. Хууль
зүйн байнгын хорооноос бай­гуулагдсан ажлын хэсэг хуралдаад Шүүхийн захиргааны тухай
хуульд Шүүгчдийн ца­линг УИХ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн  саналыг хар­галзан тогтоож байхаар хуульд нэмэлт
оруулахаар шийдвэрлэсэн. Гэхдээ энд нэг асуудал үүснэ. Хуулиар зо­хи­цуулна гэсэн
Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт бас бий.  Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийн цалинг тогтоолгох
талаар УИХ-ын 63 дугаар тогтоолын дагуу төслөө УИХ-д оруулчихаад байгаа. Хаврын
чуулганаар шүүгчдийн цалинг УИХ тогтооно.

-Таныхаар УИХ шүүгчдийн цалинг
тогтоох нь зөв юм уу?

-Зарчмын хувьд тогтоох эрхтэй.
Гэхдээ эрх зүйн орчноо эхлээд засах ёстой гэж Хууль зүйн байнгын хорооны хуралд
дээр  З.Энхболд даргын  хэлс­ний дагуу хийх ёстой.

-УИХ-аар шүүгчдийн цалинг
тогтоолгохоор  алдагдал бий юу?

-Юу байх билээ. Төсвийг УИХ баталдаг.
Төсвийн хүрээнд л тогтооно. Хэн ч тогтоосон мөнгөнийхөө хэм­жээнээс гарч чадахгүй
шүү дээ.  Нөгөө та­лаар Шүүхийн тухай  багц хуулийг энэ УИХ баталсан.  

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Х.Булгантуяа: Энэ үед цэгцтэй бодлого л хэрэгтэй байна

МАН-ын намын байгуулалт, хамтын ажиллагаа, төрийн бус байгууллага
хариуцсан нарийн бичгийн дарга Х.Булгантуяатай ярилцлаа.

-Танай намынхан хөдөө орон нутгаар яваад байгаа юм байна. Ямар
ажил амжуулж байгаа юм бэ?

-Намын байгуулалт, хамтын ажиллагаа, тө­рийн бус байгууллагууд хариуцсан
учраас орон нутгийн асуудал энэ хү­рээнд багтдаг. Бид на­мынхаа 27 дугаар Их хур­лын
дараа намын шинэ удирдлагын бүрэлдэхүүн хөдөө орон нутгаар нэ­лээд явлаа. Одоо ч
бид хөдөө орон нутгаар явж байна.

-Орон нутгийн иргэд юу ярьж байх юм?

-Үнэнийг хэлэхэд ца­лин, тэтгэвэр нэмэгдэхгүй байгаад бухимдалтай
байна лээ. Хамгийн сүүлд 2012 оны зургадугаар сард цалин, тэтгэвэр нэмс­нээс хойш
ямар ч арга хэмжээ аваагүй. Гэтэл бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байдаг. Сая цалин,
тэтгэврийг хэдхэн хувиар нэмж ёстой нөгөө шилний цаанаас чихэр долоолгоно  гэдэг шиг л юм боллоо. Энэ тухай л иргэд хэлж
байна. Ер нь бол зам харгуй тавьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ эдийн засгийн оно­лоор
ярихад  А, Б хоёр цэгийг холболоо гэхэд Б
цэгээс юу тээвэрлэх гэж ийм их хөрөнгө оруулалт хийж байгаа вэ гэдгээ ч бодох л
хэрэгтэй юм билээ.

-МАН-ынхан эрх ба­ригчдыг хангалттай шүүм­жилж байх шиг байна.
Гэхдээ энэ шүүмж­лэлээс илүү та­най намын ажил хэрэгч санал  чухал юм шиг ээ…

-АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 
сон­гуулийнхаа кампанит ажлын үеэр “Ардчилсан эсвэл бүгд найрамдах Америк
улс гэж байхгүй. АНУ л гэж бий” хэмээн хэлж байсан. Үүн шиг АН юм уу МАН-ын Монгол
Улс гэж байхгүй.  Бид бүгдээрээ Монгол гэдэг
нэг л эх оронтой. Тиймээс эх орондоо тулгамдаад байгаа асуудлыг шийд­вэрлэхэд бүгдээрээ
орол­цох үүрэгтэй. Нэгэнт засаг төр бариагүй учраас МАН бүх зүйлээс  хол байх ёстой гэсэн үг биш. Бидний мон­голчууд
цөөхүүлээ учраас аль нэг нам, улс төрөөр зааглагдаж, ялгаварлалгүйгээр турш­лагатай
хүмүүсийнхээ нөөц бололцоо, мэдлэг чадварыг ашиглах л хэ­рэгтэй. Энэ  утгаараа манай нам бүтээлч сана­лууд дэвшүүлдэг.  Жишээ нь бондын асуудал байна. Өн­гөрсөн хугацаанд
бид нэлээд өр тавьчихлаа. Үүнийгээ үр ашигтай үрэн таран хиймээр байна. Үнэнийг
хэлэхэд шилэн тендер гээд яриад байгаа мөртөө 
төсөвтэйгээ тэн­цэх хэмжээний хэр­нээ 
төсвөөс гадуур зар­цуулагдаад буй бондын мөнгө шилэн тендер шигээ ил байж
чадахгүй байна.

-Та өмнө нь биз­несийн салбарт ажиллаж байсан байх аа?

-Тийм. АНУ-д байх­даа Дэлхийн банкны төс­лүүдэд зөвлөхөөр ажил­ладаг
байлаа. Голдуу хөгжиж байгаа орнууд болох 
Африк, өмнөд Ази, Араб руу очиж ажилладаг байсан.  Монголд ирээд Оюу толгой компанид биз­нес стратегийн
зөвлөх, Петровис компанид биз­нес стратегийн зөвлөхөөр ажиллаж байлаа. АНУ-ын эдийн
засаг хямарчихсан үед би эх орондоо ирж байв. Яагаад гэвэл тэр үед манай эдийн засаг
өсч байсан л даа. Гэтэл өнөөдөр эргээд эдийн засаг унаж бай­на. Манайд үйл ажил­лагаагаа
явуулдаг  до­тоод, гадаадын то­моо­хон компаниудын
ажил зогсонги байдалд орчихлоо. Өр, авлага нь дийлдэхээ байгаад хоорондынх нь өрийн
сүлжээ үүсчихсэн ханд­лагатай байна шүү дээ. Харамсалтай нь манайхан нэг л буруу
бодолтой яваад байна. Байгалийн баялаг зөвхөн Монголд бий. Тийм учраас хөрөнгө оруулагчид
ирээд энэ баялгийг ашиглавал ашиг­ла, болиулвал боль, гуйхгүй гэдэг байдлаар хандаад
байх юм. 

-Яагаад ингэж асуув гэхээр бизнесийн сал­барт ажиллаж явсан хүний
хувьд улстөржиж, намаар талцалгүйгээр яавал ашиг олж болох тухай яриач л гэх гэсэн
юм. Өнөөдөр ямар ч компани зээл авч байж хөл дээрээ босдог. Гэтэл  төр засаг бонд гаргаж өр тавихаар буруу болчихдог
юм уу. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Зээл авах нь буруу биш л дээ. 
“Хямд мөнгө олдох л юм бол ав” гэдэг нь өөрөө олон улсын санхүүгийн зарчим.  Гэх­дээ манай Засгийн газар тийм хямдхан мөнгө
ав­чихаагүйд асуудал нь байгаа юм. Солонгос улс маш урт хугацаатай, манайхаас бага
хүүтэй зээл авч бүтээн бай­гуу­лалтын ажлаа хийсэн.  Германд хүмүүсээ ажил­луулж, тэднийхээ цалинг
барьцаанд тавьж, Германы Засгийн газраас зээл авч байсан шүү дээ. Гэтэл манай Засгийн га­­зар байгуулагдаад удаагүй байхдаа
Чингэс бондыг гаргасан. Сон­гуулийн дараа баяр наа­дам, зуны амралтууд үр­гэлжилсэн.
Ингээд үнд­сэндээ есөн сард ажилдаа орсон Засгийн газар хоёр сарын дараа  ийм их өр тавьсан. Энэ мөнгийг юунд зарцуулах
юм, аль салбарт хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэдгээ бүрэн гүйцэд су­далж
амжаагүй байж, нарийн төлөвлөгөөгөө хийгээгүй мөртөө баахан өр тавьчихсан. Мөнгө
данс руу орж ирлээ л бол өрийн тоолуур гүйгээд эхэлдгийг  ухаараагүй юм шиг загнасан нь буруу. Уг нь бол
нарийн төлөвлөгөөгөө гаргасны дараа  хавар
тийшээ энэ мөнгийг авсан бол магадгүй үр өгөөжтэй бүтээн байгуулалтын төсөлд зарцуулах
байсан болов уу гэж бодогддог. Тавдугаар цахилгаан станц, Таван толгойн цахилгаан
станцынхаа ТЭЗҮ-г ядаж хийчихсэн хойноо энэ мөнгөө босгох хэрэгтэй байсан. Айлаар
төсөөлөөд бодсон тийм биз дээ. Хүнээс өр тавьж мөнгө зээлчихээд түүгээрээ чихэр,
боов аваад идчихвэл болохгүй биз дээ. Аль болох хурдан мөнгө болоод эргэлдэх ашигтай
бизнест нь зарцуулах нь зөв. Ийм л зарчмаар явах байлаа. Тэгтэл манай Засгийн газар
өр тавьж авсан зээлээ хүүхдийн дүрэмт хувцас гэх мэтийн хэрэгтэй, хэрэггүй юманд
л зарлаа шүү дээ.

-Тэгэхээр одоо ямар гарц байгаа
гэж?

-Манай орлогын гол эх үүсвэр нь
байгалийн баялаг. Үүнийг агаараар тээвэрлээд гадагшаа гаргаж чадахгүйгээс цааш  хүссэн хүсээгүй урд, хойд хоёр хөрштэйгээ сайн
харилцаатай байх нь чухал. Гэтэл шинэ Засгийн газар ирээд нүүрсний салбарт Хятадтай
хийсэн гэрээг болохгүй байна гэж хэлээд л цуцалсан. Үүнээс нь болоод Хятадын Засгийн
газартай харилцах харьцаа муудсан. Нүүрсний экспорт өнөөдөр ямар хэмжээнд хүрчихсэн
байгааг харж байгаа биз дээ. Хоёрхон машин нүүрс гаргадаг болчихсон байна. Гадны
хөрөнгө оруулалт буураад зогсохгүй дотоодын томоохон ком­паниуд зогсонги байдалд
орлоо. MCS-ээр төсөөлөөд харъя. Үнэхээр Монголдоо яалт ч үгүй том компани. Гэтэл
ажил нь доголдож байна шүү дээ. Гэтэл Солонгос, Японд яадаг билээ. Үндэснийхээ ийм
компаниудыг улам дэмжиж, хүчирхэг бол­годог. Тэр хэрээр тухайн компанид нийгмийн
хариуцлагыг нь үүрүүлдэг. Харин манайхан эс­рэгээрээ нэг нь баяжаад томроод ирэхээр
нухчин дардаг. Цохиж унагаагаад олон жижиг компани болгон хуваадаг шүү дээ. Ийм
л байдал руу шилжиж байна.  Тэгэхээр одоо
цэгцтэй бодлого л хэрэгтэй байна. Маргарет Тетчер Ерөнхий сайд болоод хатуу бодлого
явуулсан  нь ард түмнийхээ дургүйцлийг хүргэж
байсан. Гэсэн ч түүний бодлого амжилтад хүрсэн байдаг. Яг л үүн шиг Монгол Улс ийм
цаг үед хатуу гараар явах хэрэгтэй.  Өнөө
маргаашдаа аргацааж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсээр 2016 оны сонгуультай золгочихож
болно л доо. Эцэст нь ард түмэн, улс орон хоёр жилийн дараа туйлдаа хүрнэ шүү. Улс
орны хэмжээнд яригдаж байгаа төслүүдийн аль алиныг нь урагшаа ахиулах юм гэдгээ
шийдэх хэрэгтэй. Оюу толгойг яг яах гээд байгаа тодорхой болгомоор байна. Гэх мэтээр
шийдлүүд хэрэгтэй байна шүү дээ. Нүүрсний экспортоо сайжруулах шаардлагатай байна.
Гэтэл одоо ямар хэмжээнд байгааг хүн бүр мэдэж байгаа.

-Хятадын эдийн засаг хямарчихсан
учраас ийм зүйл боллоо гэдэг тайлбар хийдэг л дээ?

-Үгүй шүү дээ. Хятад улс манайхаас
авах нүүрсний хэмжээгээ багасгаад Орос, Австралиас нүүрс авах хэмжээгээ нэмэгдүүлчихсэн.
Тэгэхээр хямарсандаа биш гэдэг нь ойлгомжтой байгаа биз. Тиймээс юун түрүүнд хоёр
хөрштэйгээ хэл амаа ололцох шаардлага байна. Ер нь манай улс эдийн засгийн гол түншүүдээ
сайн судалж байх хэрэгтэй. Хятадын эдийн засаг хямраад долоон хувь болчихсон юм
биш. Тэд бодлогоор хөгжлийн зорилтдоо ийм тоо оруулсан юм аа гэдгийг л мэдэхгүй
“Хятадын эдийн засаг хямарчихлаа” гээд тайлбарлаад сууж байх юм.  Өнөөдөр гадны хөрөнгө оруулагчид “Танайд шинэ
Засгийн газар гарч ирэхээр өмнөх бодлогуудаа үгүйсгэдэг нь төвөгтэй байна. Мөн гадаадын
хөрөнгө оруулагчид руу ард түмнээ турхираад байна. Энэ нь танайхыг эдийн засгийн
хямралд оруулаад байна шүү дээ” гэдгийг л хэлдэг. Нэгэнт л өөрсдөө юм хийж  чадахгүйгээс цааш одоохондоо гадны хөрөнгө оруулалтыг
дэмжихээс өөр яах юм бэ.

-Харин ч гаднаас хэрэгтэй,
хэрэггүй юм авахаа боль гээд байгаа шүү дээ?

-Юу ч бодолгүйгээр шууд ингэж
хэлж болохгүй л дээ. Монголд гутал, хув­цас үйлдвэрлэдэг л байх. Гэхдээ үүнийг хийх
тоног төхөөрөмжийг  гаднаас л авна. Чи юуг
хамгийн хямд өртгөөр үйлдвэрлэж чадах вэ түүнийгээ л хий. Бүгдийг хийх гэж оролдох
хэрэггүй гэдэг л эдийн засгийн хамгийн наад захын зарчим шүү дээ.  Үүнээс гажаад гаднаас авч байгаа бүх хэрэглээгээ
хорьчихлоо гэж бодъё. Тэгвэл мах, гурилаа идээд, Цагаан сараар өмсдөг монгол гутлаасаа
жилийн дөрвөн улирал салахаа болино биз дээ. Үүнээс өөр ямар дүр зураг харагдаж
байгаа юм. Үнэндээ 21 дүгээр зуунд тансаг хэрэглээнээсээ салж, өндөг идэхээ больё
гээд хэлээд сууж байгаа Ерөнхий сайд нь ичгэвтэр байна л даа. 

-Долларын ханшийн тал дээр
юу хэлэх вэ?

-Долларын ханшийг барихын тулд
экспортоо л нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Засгийн газар элдэв популизм хийх­гүйгээр
тогтвортой үйл ажиллагаа явуулсан цагт энэ тэнцвэрийг хан­гаж чадна. Тэрнээс биш
өмнөх сайдын гаргасан шийдвэрийг дараагийн сайд үгүйсгэдэг байх юм бол ямар ч нэмэргүй.
Харамсалтай нь өнөө­дөр манай зарим сайд 
Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулж чадах­гүй юм бол огцорно гэ­дэг хариуцлагагүй
мэ­дэгдэл хийж байх жи­шээтэй. Ийм мэтийн зүйлээс нь болж  Оюу толгой зогсонги байдалд орчихлоо. Тэгэхээр
эдийн засаг унахгүй яах юм.  Барилгын салбарын
ажил өсөөд байна л гэх. Тэглээ гээд яах юм. Уул уурхайн орлого нэмэгдэж байж л барилга
худалдан авах чадвар өснө биз дээ. Тиймээс одоо Засгийн газар улстөржихгүй, попу­лист
зүйлүүд ярихгүй гэдэг мессежийг гадна талд өгөх хэрэгтэй.  Ил тод байдлаа нэмэгдүүлмээр байна. Чадвартай
бо­лов­сон хүчнээ халж со­лихгүй ажиллуулах л шаардлагатай байна.  Уул уурхайн ченж менежмент ямар байх ёстой вэ
гэдгийг ард түмэндээ ойлгуулах хэрэгтэй. Уул уурхайн баялгийг олборлоно гэж юу байдгийг
мэдэхгүй сууж байтал гэнэт гад­наас хүмүүс ирээд га­зар шороог нь ухаад эх­лэхээр
ард түмэн мэдээж дасахгүй шүү дээ. Тиймээс 
уул уурхайн ченж менежментийг ойлгуулах ажлыг Засгийн газар хиймээр байна.

-Танай намынхан ийм саналуудаа
ярихгүйгээр эрх баригчид руу дайраад улстөржөөд байгаа хандлага давуу байх шиг санагддаг…

-Тийм л дээ. Ийм бүтээлч саналуудыг
гаргаж тавихгүй бол хэн хаанаас ирээд зөвлөгөө өгөх вэ. Нам эвсэл гэж талцахгүйгээр
“Асуудал ийм байна. Одоо яах вэ” гээд ширээний хоёр талд суугаад яримаар байгаа
юм, уг нь. Гэтэл тэгж чадахгүй байна л даа. Бид дотооддоо жалга довны үзлээсээ салж
чадахгүй гал тогооны хэрүүл хийхээс цаашгүй байна. Тэгтэл дэлхийн улс орнууд геополитикийн
тоглолт хийгээд, өргөн цар хүрээнд сэтгээд хөгжөөд байна шүү дээ.

-Ийм үед нам эс­вэл гэхгүйгээр
нэг­дээд лобби бүлэг бай­гуулчихмаар байгаа юм?
 

-Эдийн засгийн фо­ру­мын гол зорилго
уг нь энэ шүү дээ. Үүнийг л Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай. 

-Та ер нь яагаад улс төрд орох
болсон юм бэ?

-НАМЗХ-ны дэд ерөн­хийлөгчөөр
ажиллаж бай­лаа. Өмнө нь МАН-ыг дэмждэг байсан л даа. Өнөөдрийг хүртэл Монголын
нийгэмд гүй­цэтгэсэн үүргийг нь үнэл­сэн учраас энэ намд ор­сон. Мөн боловсрол мэдлэгтэй
хүмүүсийг дэм­жээд гаргаад ирнэ гэсэн учраас сонгосон юм.

-Та Хятадад бо­ловсрол эзэмшсэн
гэл үү?

-Австралид дунд сур­гуульд сурч
байсан. Хятадад бакалаврт сураад АНУ-ын Иелийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан.
Өглөө 09.00-өөс оройн 18 цаг хүртэл ажиллаад тав, зургаан мянган ам.долларын цалин
ав­чихаад тайван амьдрах боломж өнөөгийн бо­ловсрол мэдлэгтэй за­луучуудад нээлттэй.
Гэхдээ нас залуу, зоримог байгаа үедээ улс орны эрх ашгийн төлөө мэдлэг чадвараа
сориод үзье л гэж бодсон хэрэг. Монголын улс төр Америкийнх шиг болоосой гэж хүсдэг.
На­мууд популизм хийх­гүй, бодлогоороо өрсөлддөг байгаасай гэж мөрөөддөг. Тийм учраас
зарим улстөрчид манай намынхны ч хийж байгаа ажил сэтгэлд хүрэхгүй байх нь бий.
Мэдээж нам эвсэл гэхгүйгээр  шүүмжлэлтэй зүйлд
шүүмжлэлтэй л хандмаар байдаг.

-Таныг “Петровис”-ийн Оюунгэрэл
МАН-д хөтөлж оруулсан гэдэг яриа бий. Энэ тал дээр юу хэлэх вэ? 

-Оюунгэрэл захирал намайг НАМЗХ-нд
байдгийг мэддэг байсан. Гэхдээ  улс төрд дэмжээд
байсан юм байхгүй л дээ. Бидний хувьд ураг садангийн ямар ч хэлхээ холбоо байхгүй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Шаравын Сүрэнжав: Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэнээг уншдаг, би

 “Өдрийн
сонин” өнгөрсөн намар “Ардын цолтон” булангаараа Монгол улсын ардын уран
зохиолч П.Бадарч, Т.Галсан, Ш.Сүрэнжав, Б.Лхагвасүрэн нарын цуврал
ярилцлагуудыг хүргэж байсан билээ.
Энэ удаа та бүхэнд архиваасаа уудлан Монгол
Улсын ар­дын уран зохиолч, тө­рийн шагналт Ша­равын Сүрэнжавын
ярилцлагаас эргэн хүргэж байна.

Монгол
Улсын ар­дын уран зохиолч, тө­рийн шагналт Ша­равын Сүрэнжав гуайнд хүрч очлоо.
Гэргийтэй­гээ хоёул байж байна. “Сэтгэл будангуйрах үедээ Сэнгийн Эрдэ­нээг
уншдаг, би. Ер нь тэгээд Эрдэнэ, Түдэв хоёрын зохиол надад ойр юм”
хэмээсээр угт­сан. Залгуулаад “Хүр­гэн маань энэ хөөр­гийг надад
дурсгаад” гэж гартаам хөөргөөр тамхилангаа, “Адууны мах иднэ биз дээ.
Манай Төв аймгийн Засаг дар­га байсан Энхбат на­дад адуу өгөөд. Түүнийг нь очиж
авлаа. Цэндээ намайг адууны махны шөлөнд оруулдаг юм, ядаргаа тайлдаг юм
гэсэн”. Ийм л ая дан­тай бид хоёрын яриа эхэллээ.  

-Та бол “Насны ном
Цэнд, насны хань Цэнд” гэж хэлдэг хүн. Тантай уран бүтээлийн талаар зөндөө
ярилцаж байлаа. Эл удаагийн яриагаа гэргийтэйгээ хэрхэн танилцсанаар эхэлбэл
ямар вэ?

-Хүн амын техни­кумын оюутан Цэндтэй ойртож дотноссон минь 1959 он юм. Тэгэхэд
би Монгол Улсын их сур­гуулийн оюутан байлаа. Эхний хагас жилийн шал­галтаа онц
өгчихсөн додь­горхон нөхөр өөрөөсөө хэдэн насаар дүү охиныг болзоонд урьчихлаа.
Цэнд ч татгалзсангүй. Тэгээд одоогийн Төрийн ордны өмнөх талбайн сааданд анх
болзож билээ. Цэндээ шар торгон дээлтэй охин зогсож бай­сан сан.

Намайг харсан хэрнээ огт хараагүй юм шиг, таньсан хэрнээ таниагүй юм шиг хажуу­­гаар
зөрж өнгөрөөд л. Одоо бодох нь ээ, сэтгэлтэй болсных нь шинж юм уу даа. Манай
зохиолч найрагчид дурлалт бүсгүйчүүддээ зориулж нэрнийх нь үсгийн дарааллаар
шүлэг бичдэг жишгийг би тогтоочихсон байх шүү.

-“Нэрээр бичсэн шүлэг”
анхны номонд тань орсон байх шүү?

-Ханьдаа зориулж нэр­нийх нь үсгээр бичсэн шүлгээ жаран хоёр онд хэвлэгдсэн
“Шөнө ургасан цэцэг” номон­доо оруулж байлаа.

“Цээлхэн дуугий чинь
хөгжим гэвэл

Эгшгэнд нь уярсан нь би
билээ

Найртай сэтгэлийг чинь нар
гэвэл

Дулаацаж жаргасан нь би
билээ

Эрэвгэр нүдийг чинь цэцэг
гэвэл

Эргэлдэх эрвээхэй нь би
билээ”
гэсэн шүлэг л дээ. Тэртээ жараад онд бичсэн шүлгийг
минь саяхан гавьяат тээвэрчин, инженер С.Иш­бал­­­жир орос руу хөр­вүүлс­нийг
ханьдаа зориул­сан номын­хоо эхэнд оруул­сан. Жараад онд бичсэн шүлэг гэснээс
жаран он миний хувь амьдралд өлзий билгээ өгсөн жил. Зун нь би Увс аймаг руу
Намын төв хорооны үзэл суртлын брига­дад одоогийн ардын багш Бавуугийн Цэ­рэн­доржтой
хамт явах бол­лоо. Хоёр сарын томилолтын зардал гэж 1600 төгрөг өгдөг юм.
Тухайн үеийн 1600 төгрөг гэдэг их мөнгө л дөө. Түүнээс гэргийдээ цаг авч
бэлэглээд, хоёул ижил өнгийн даалим­баар дээл хийлгэж байснаа мартдаггүй. Намар
нь том охин Хишигсүрэн төрж Цэнд бид хоёр ижий аав болоод хөөр баярт умбасан.
Яг тэр үед радиогийн уралдаанд шог өгүүллэг маань түрүүлж түүний шагнал болох
цөөнгүй хэдэн төгрөгийг Доржийн Гом­­божав “МОНЦАМЭ”-гээс олж өгч
түүгээр том охиныхоо угаалгыг хийж байсан түүхтэй.

Манай Цоодол ч анхны бүтээл “Нутгийн зургаан өнгө”-ийнхөө шагналаар
дунд охин Хулангаа угааж байсан гэдэг. Уран зохиолын буян тэгж л эхэлдэг юм
даа.

-Сэтгэл будангуйрах
үедээ Сэнгийн Эрдэнээг уншдаг гэж хэллээ. Ингэ­хэд Эрдэнэ баавайтай ойр дотно
явсан он жилүүдээ дурсаач?

-Монголын уран зохиолд хувь заяагаар төрсөн хүн бол Сэрүүн Галттай нутгаа
сэтгэл сэнсэртэл санадаг Сэнгийн Эрдэнэ юм. Чухамхүү сэтгэл будангуйрах цагтаа
л гэгээн дүрийг нь дуудан ирүүлж, гэрэлт уянгын мөрүүдийг нь уншиж зүрхээ
баясгадаг билээ. Эрдэнэ, Чимид, Буриа­дын нэрт зохиолч Дашрав­дан Батожабой
нартай жаран таван онд Баян-Өлгий аймаг руу хамт явж саданс­сан билээ. Эрдэнэ
тэрхүү аян замаас ирээд “Алтай” хэмээх алдарт нийтлэлээ бичиж бид­нийг
бахдуулсан юм.  “Алтайн оргилд дун цагаан салхи салхилж байхад,
наахнуур нь хар салхи, улмаар Ховд голын намиатсан шугуйд шар салхи
тэнүүчлэн” буйг өнгө­ний яруу мэдрэмжээр гаргаж, өөрийг нь Александр Блок
лугаа зүйрлэх сэтгэгдлийг төрүүлсэн дээ. Жаран есөн оны наадмын өмнөхөн Мон­го­лын
соёл урлагийн өдрүүд Узбект зохиогдох болж ба­гийн бүрэлдэхүүнийг Намын төв
хорооны улс төрийн тов­чооны гишүүн, Сайд нарын зөвлөлийн нэг­дүгээр орлогч
дарга Д.Майдар толгойло­хоор бол­лоо. Нэрт уртын дуучин Н.Норов­банзад, уран
нуга­раач зууны манлай Но­ров­­сам­­буу, төрийн шагналт хөгж­мийн зохиолч
Ц.Намс­рай­жав, ардын жүжигчин Д.Жар­гал­сайхан гээд урлаг соёлын том
бүрэлдэхүүн явлаа. Сосор­барам, Лувсан­чүл­тэм гээд дарга, сайдууд явсан ч
Майдарын дэргэд үнэндээ жижиг амьтад байв. 

-Зохиолчдоос С.Эрдэнэ
баа­вай та хоёр явсан хэрэг үү?

-Тэгсэн. Бид хоёрт хамт явах завшаан тэгж тохиодог юм. Явуу, Цэдэндорж хоёр
онгоцны буудлаас халам­цуу­хан үдэж өглөө. Эрхүүд түр буулт хийх үед Эрдэнэ
хамт явсан хүмүүсийг дайлан дарс ууж, миний пиджаакны арын халаасанд замд ууна
хэмээн мөнгөлөг цагаан толгойтой оргилуун дарс хийсэн нь халаа­­сыг цоолон
цухуйгаад амьтныг инээлгэж байхав.  Онгоц яг нисэх болтол бид хоё­рын
гадаад паспорт олд­дог­­гүй багагүй сандаргалаа. Тэг­тэл ашгүй Эрдэнийн гар
цүнх­­­нээс олдов. Майдар дар­га урд талын суудлаас өн­дийж “Хэн онгоц
саатуулаад байна аа” гэж зандрангуй дуугардаг юм. Энэ үед Эрдэ­нэ дув
дуугүй сууж байв. Онгоц нисч өндрөө авах үед Эрдэнэ жүжигчдийн арын суудлаас
гэнэт босч ирээд “Тэр Майдар юу юм” гэж чанга хашгирснаа буцаад
нугдай­гаад нуугдах маягтай суучи­хав. Эрдэнийн тэгж хашгир­сан нь олон хүний
зүр­хийг хагалчих шахаж би­лээ. Согтуу хүн сохор ухаан­тай гэгчээр онгоц өндрөө
авсан үед “хэрэг” тарихаа мэдэж байхгүй юу цаад чинь. Сүүлд нэр цол
олсон хойноо баавай­тайгаа Америк руу дөрөө харшин Потомак мөр­ний гүүрэн
дээгүүр үдшийн сэрүүнд хамт алхан, улмаар Вашингтоноос Нью-Йорк хүр­тэл
засмалаар давхин

“Нарны наагуур явахгүй
л аад

Нарийнхан жороогийн хэрэг
юув

Насандаа намхандаа
ханьсахгүй л аад

Наадуулж явахын хэрэг
юув”
гэж буриадаар дуулал­дан жаргаж явсан. Сүүлд нурсан
худалдааны хоёр өндрийн нэгнийх нь гурван давхраас Цэрэндэжид, Цэн­дээ нартаа
гоёлын нүдний шил авч, Бродвейн шөнийн солонгон гудамжаар далан найман настай
элчин дипло­мат Д.Жаргалсайхан гуай­гаар газарчлуулан тэнэж явлаа. Тэрээр
өнгөрөхийнхөө өм­нөхөн “Монголын уран зохиолын алтан үеийн алдарт­­нуудын
нэг Шаравын Сүрэнжавт дурсгав” гэж “Тэн­гэ­рийн хөвүүний эцэслэл, Хар
хун шувуу” номондоо бичиж өгснийг мартамгүй ээ. Саяхан арван боть нь
хэвлэг­дэж, Бат-Үүлийн охин авчирч өгсөн. Эрдэнэ баавайтайгаа явсан он жилүүдээ
энэ мэт дурсана гэвэл зузаан гэгч боть болох нь мэдээж дээ.

-Олон хүний тухай зузаан
зузаан ботиуд бичнэ дээ. Гол учир нь та өнөөдөр утга зохиолын амьд домог
болжээ. Хэн бугай ч маргах­гүй байх. Чимид гуайн тухай асуумаар байна, таны
хөрөг нийтлэл ч бий?

-Далан есөн оны хоёр­дугаар сарын нэгэн жихүүв­тэр шөнө билээ. Хэдэнтээ
үргэлжилсэн үүд тогшилт на­майг сэрээлээ. Гэрэл асааж цагаа харвал өглөөний дөр­вөн
цаг хагас. “Өдийд хэн ирдэг билээ” гээд гайхашир­сан янзтай үүдээ
тайлтал Чимид зогсч байна. Чими­дийн ирсэн сургаар эхнэр, том охин хоёр ч
ухасхийн бослоо. Түүний зовхи нь бүлцийн нүүрэнд нь хөхөлбөр өнгө тодорч хоолой
нь сөөнгөдүү байгааг ажихад мань хүнд юуны түрүүнд “зуу” хэрэгтэй
байгааг би мэдэрч байв. “Цай яахав, цай яахав” гээд түшлэг­тэй зөөлөн
сандал дээр ядран­­гуйхэн налж суусан нь одоо ч нүдэнд үзэгддэг. Эх­нэр, охин
хоёрынхоо чөлөө­­гөөр би түүнд “татах уу” гэхэд “Ашгүй чамд
байгаа юм уу” гээд биеэ тэгшилж байсан сан. Түүнээс хойш нэг жилийн дараа
аугаа их Чимид энэ хорвоогоос буцсан юм даа. “Чимидийн бие тун тааруу
байна” гэх яаралтай цахил­гаа­ныг Цэдэв, Явуу нарын хамт Москвад хүлээж
авсан наян оны бүүдгэр тэнгэрийн өнгө насан туршид санаанаас гарахгүй байх.
Чойжилын Чимид бол хар залуугаараа алдаршсан. 13-тайдаа Мар­шал Чойбалсанд
үнэлэгдэн түүнд анхны шүлгээ уншин шагнуулж, нам засгийн хэв­лэлд гарч, тив
дэлхийгээр тойрч ертөнцийн сайхан хүүх­­нүүдтэй ч уулзан учирч дэлхийн
сонгодгуудтай нэгэн зиндаанд явсан нь үнэн юм. Гучин жилийн ойн кино дэлгэ­цэнд
Чимидийн “Жаргалын зам” дууриа уншиж буйг хара­хад ямар чиг бахтай
билээ дээ.

-Чимидийг Зохиолчдын
хороонд байх үед та хоёр их л ойр байсан гэдэг?

-Ээ хэлээд юүхэв. Тэр бүх дурсамжийг ярина гэвэл барах­­гүй л дээ. Гэхдээ бодол
санаанд гэгээн сайхнаар үлдсэн өдөр хоногууд цаг хугацаа алсрах тусам улам тод
санагдах юм. Жаран до­лоон оны үед Чимид Зохиолч­дын хорооны орлогч даргын алба
хашиж байлаа. Миний бие тэрхэн үед овоо том гэг­дэх “Миний дуулах
ертөнц” буюу жүжигчин гэж нэршсэн найраглал бичиж хэвлүүлээд шагналаа
цохуулж авахаар Чимидийн өрөөнд орлоо. Тэр ихэд уриалгахнаар 7500 төг­рөг
олгохоор баримт дээр бичиж өгөв. Нярав Ложоо гуайгаас мөнгөө аваад гарч ирвэл
мөнөөхөн цохолт хий­сэн дар­га маань үүдэнд тосч байна. “Гадаа Энэтхэгийн
элчинд үйлчилж байгаа хар тэрэг бий. Чи түүнд ороод суу” гэлээ. Шалмагхан
алхалж гараад өнөө ганган хар ма­ши­ны хаал­­гыг татвал арынх нь суу­дал дээр
Явуу, Эрдэнэ хоёр сууж байдаг юм аа. Би тэднийг хараад баярлана биз дээ. Чимид
жолоочийн хажуу талын суудалд суугаад “Эх­нэр чинь хаана билээ” гэж
асууж байна. “Их дэлгүүрийн яслийн эрхлэгч шүү дээ” гэлээ. Тэр даруйд
“Их дэл­гүү­рийн үүдэнд очоод зогсоо­рой” гэж жолоочийг захирав. Утга
зохиолын аваргуудтай яваадаа би дотроо бахдан баярлаж ганган хар машины минь
цонхоор “намайг хүмүүс хардаг ч болоосой” гэж ийш тийшээ сэрвэлзэж л
явлаа даа. Тийм л сайхан цаг үе байж шүү. Их дэлгүүрийн үүдэнд ирээд Чимид
“за чи яваад эхнэрээ аваад ир” гэв. Би дорхноо таван давхарт гарч
Цэндээг дагуулаад ирнэ биз дээ. Ингээд шагналын мөнгөнөөсөө таван мянгыг нь
Цэндээд гаргаад барилаа. Зузаан гэгч зуутын ногоон дэвсгэрүүд атгуултал Цэндээ­гийн
баярлаж байгаа гэж жиг­тэй­хэн. Гутлынх нь ул гялал­заад их дэлгүүрийн шатаар
алга болж билээ. Горькийн сургуулийн дээд курсийн оюут­­ны байрны долоон давх­рын
өрөөндөө унтаж байтал шөнө дүлээр жижүүр орос авгай гүйж ирэн үүд нээгээд
“Танай Элчин сайдын яам­наас яарал­­­тай ярья гэж бай­на” хэмээн
сандруухан хэлэ­хэд нь би ч муу л юм бодлоо. Зүрх түгшин, нэг л халгасан янзтай
утасны харилцуур автал “Бай­на уу, Чимид ах нь байна аа” гэх нь тэр.
Цааш чагнавал “Би Хар далайд эхнэртэйгээ амраад буцаж явна. Одоо бол
Россия бууд­лаас Цэвэл­сүрэн­гээс оргоод Чойжилынд байна. Чи банди нарыг дуу­даж
сэрээ” гэж би­лээ. Банди нар гэдэг нь Гоь­кийн сур­гуульд сурч байсан
оюутнууд буюу Готовын Нямаа тэргүү­тэй Монголын нэртэй зохиол­чид байсан даа.
Бид бол аугаа их Чими­дэд нээрээ л банди нар юм. Дээр нь тэр тэгж гоё дотно­суулж
хэлдэг хүн байж.  “Сүрэн­жавтай ярья, Монго­лын Элчин сай­дын яамнаас
ярьж байна” гэдэг нь орос ав­гайг хуурах заль л байхгүй юу. Чи­мид бол
түүнээ мэднэ ш дээ.          

-Ламзавын Вангантай та
бас л ойр явсан даа?

-Жаран найман оны найм­­­­­­дугаар сарын хуучаар билээ. Дорнод аймгийн төвөөс
Халх голыг зорин цэргийн ачааны жаран гурав машинтай хэдэн хүн гарсны дотор
Ванган бид хоёр явж байв. Тэгэхэд би цэл залуу­хан байж дээ. Ванган гуай ч
гэсэн идэрхэн байв. Эр хүний 49 нас гэдэг бол залуу биз дээ. Их эрт нэрд гарч
олон хүн гуайлж хүндэтгэдгээс болоод нэг л настай ахмад хүн шиг санагддаг байсан.
Ванган том зохиолч хэрнээ миний ижил ачааны машины тэвшин дээр улаан тамхи
угзарч явсан нь хачирхалтай. Яриа хөөрөө нь бүр чиг энгийн. Ачааны 63-ын тэвшин
дээр сууж яваа хүмүү­сээс огтхон ч ялгарах зүйлгүй. буурал орж яваа пинтүү мая­гийн
халимагтай, булцгардуу намхан бор хүн явлаа. Ан­заар­­сан хүнд бол энгэр дээр
нь гялалзаж байгаа өл­зий утастай төрийн шагналт­ны тэмдэг нь л бусдаас арай
өөр гэдгийг нь тодруулж бай­сан даа. Вангантай холбоо­той олон дурсамж хэлмээр
байна. Гэхдээ жаран найман оны намар сэтгэлд хөндүүр­лээд амаргүй. Монголын
соёл урлагт ёстой нэг гай нүүрлэ­сэн он байсан юм. Чехийн жүжигчдийн автобус
Туулын гүүрний урд мөргөцөгт онхол­дон хөрвөөснөөр эстрадын од болсон бүх л
чуулга сүйрч, түүний улмаас олон хүн ажил албанаасаа хагацсныг бид мэднэ.
Доржсүрэн байцааг­дан орлогч сайдаасаа ава­хуулж, Сосорбарам сайд Дорнодын
театрын ойд орол­цон эзгүй байснаар Лодой­дамба гуай тулгагдан Чехийн үймээн
дундуур олон шари­лыг хүргэн түнээсээ гайтсан уу, хоёр жилийн дараа хор­воог
орхиж, Ванган маань удалгүй шарлан тэр намраа явчихаж билээ. Түүнээс хойш нэг л
хэсэгтээ Монголын урлаг соёлын нуруу хотойх шиг болж удтал тэнхрээгүй юм даа.
Түүхэнд нэг хүний үүрэг бага, энээ тэрээ гэлцэх боловч үнэн хэрэг дээрээ гоц
гойд хэдхэн хүн л тухайн цагийнхаа ачааг нуруун дээ­рээ авч явдгийг Ванган,
Лодой­­дамба нарын амьдрал харуулсан. Жаран найман оны намар Ванганыхаа амьд­­­­­ралын
сүүлийн жилүү­дэд тийнхүү халуун бөөрөө нийлүүлж хамт явжээ. Хөдөө айлуудад
адсаган дээр нь өвөртөө унтаж, сэтгэлээ дэв­сэн ярилцахдаа Ванган гуай минь тэр
аяараа зохиолын баатар шиг, амнаас унасан үг бүхэн зохиол бүтээлийн зам мөртэй
нягт холбогдож бай­сан сан. “Намайг сайд бай­хад…” гээд эхэлдэг
яриа нь  үнэндээ ер бус. Дандаа л эгэл хүмүүсийн тухай хөвөрнө.

“Ертөнц амилах хавар
цаг аа, чиний урьхан инээмсэглэлд согтуурч

Есөн төө чулууны дор
нойрссон нөхрөө дуудан ярилцмаар бодогдоно”
гэх мөрүүдийг би
аугаа Ванган­даа зориулсан юм даа. Монголын театр урлагийн түүх Ламзавын
Вангангүйгээр бичигдэх учиргүй билээ.

Явууд загнуулчихаад “Дахиад шүлэг бичихгүй” гэж өөртөө тангараг тавьж байсан сан

 

-Өмнөх
ярилцлага­даа Чимид, Эрдэнэ, Ван­ганы тухай ярьсан. Энэ удаад мөн л
авар­гуудын талаар асуу­маар байна. Бямбын Ринчен гуайтай
та хэр ойр байсан
бэ?

-Тавин нэгэн онд Ав­дар­баяны бага сургуу­лийг төг­сөөд нэг жил хөдөө гарч мал
малласан юм. Гэвч сургууль соёлын мөр хөөх тухай бодол өдрөөс өдөрт лавширч,
тархи толгойд хүндрээд болдоггүй. Эрдмийн зүг тэмүүлэх сэтгэ­лийн жи­гүүрийг
Авдарбаяны уулс, Цантын голд ургуулж өгсөн хүн бол Бямбын Ринчен гуай.

Түүний туурви­сан “Үүрийн туяа” роман намайг адууны бэлчээрт ява­хад
хэвлэгдэж, “Цог” сэтгүүлд “Тарас Бульба” туужийн орчуулга
цувралаар нийтлэг­дэн дугаараас дугаарыг шим­тэн хүлээхэд хүргэж байлаа. Би
гэдэг хүн “Үүрийн туяа” романд өөрийн эрхгүй сэтгэл татагдан, айл
айлд уригдан очиж ярьсаар сүүлдээ Ринчен багшийн үг найруулга ой тоонд
хоногшиж, нэрийг нь харалгүйгээр түүний бичсэн зүйлийг хэвлэлээс ялган тань­даг
болсон. Ингээд малчны хүү би тавин найман онд Монгол Улсын их сургуулийн босгыг
догдлон алхсаны сүүл­чээр эчнээ танил болсон эрдэмтэн зохиолчтойгоо нүүр учрах
завшаан тохиосон доо.

-Их эрдэмтэнтэй уул­заж,
үг яриаг нь сонсч явсан дурдатгалуудаасаа хуваалцахгүй юу?

-Жаран нэгэн оны гурав­дугаар сарын зургааны үдэш Их сургуулийн 170 дугаар
өрөөнд Ринчен гуайтай уул­залт хийснийг мартдаггүй. Дорно дахины хүн гэдгээ
илтгэсэн хөх өмд, хүрэн тэр­мэн дээл дээр мөнгөн арал­тай бүс бүсэлчихсэн нь
сонин сайхан харагдаж билээ. Мөрөө шүргэсэн буурал үс, дээд уруул дээрээ хоёр
тийш сэрвийлгэсэн сахал тэргүүтэн нь овор оруулсан болохоос уг нь ануухан хүн
байв. Царайд нь үрчлээ ховор, духаараа ширтэн духайж, толгойгоо үл ялиг
сэжисхийн ярихад нь бид бүгдээ ам ангайн сонсч бай­сан даа. Ринчен багшийн
лекцэнд олонтаа сууж, Зохиолч­дын хороонд болон гэрээр нь хааяа учралдан ярьж
явсан туульс сэтгэлд долгилдог юм. Нэгэн өдөр шар торгон дээлээ намируул­саар
Зохиолчдын хороогоор ороод ирэв. Бие багавтар хийгээд билбүүрдэж гүйхдээ
шаламгай нэгэн Ринчен баг­шийн өөдөөс гүйж очоод тол­гой дээрх дугуй малгайных
нь оройны товч унасны ормоор буурал үс нь цухуйж буйг ширтэн “Ринчен гуай
таны наад толгой дээрх чинь мал­гай юм уу, юу юм” гэхэд, Миний энэ ч
эрдэмтний гэгээн тэр­гүүн дээр тавиастай юм боло­хоо­роо малгай нь чиг малгай л
даа. Харин таны наад ган­ган бүрхний доорх чинь толгой юм уу, юу юм бэ гэж
билээ. Мань хүний сэтгэх аяс нь циркийн шидэх банзны ойлт шиг бодох завгүй тэр
дор нь хариу өгдгөөрөө гайхал­тай. Улаанбаатар зочид буу­далд М.Цэдэндорж бид
гурав дотносон ярилцсан хормыг мөн л сайн санаж байна.

-Тийм үү, түүнээ тодот­гооч?

-Зөвлөлтийн монголч эрдэм­тэн Клара Якоповская авгайг хүлээх зуур бид гурав энэ
тэрхэнийг ярьж билээ. Ринчен гуай сахлаа имэрс­хийн “Би нэг айхтар юмтай
учирч билээ” гээд цааш ярь­сан нь “Ерөнхий сайд асан Амар гуайг сахал
багшид (Сталинг хэлж байна) бараал­­хахад би хэлмэрчээр дагаж Москвад очсон юм.
Амар гуай Сталинтай уулза­хын өмнө ихэд сүсэлж хадаг бэлтгэж ёс төрийг дээдэлж
байлаа. Төрийн өргөөнд нь очоод сахалтад яг бараалхах үед тэднийхэн өөрсдөө
орчуул­на гээд намайг үүдэнд үлдээлээ. Ороод зөндөө удлаа. Тэгж тэгж гарч
ирэхдээ Амар гуай үхсэн хүн шиг үнсэн хөх царайтай болчих­сон “За ёстой
амьдын хар нүгэлд ганц мөсөн уналаа даа. Гучин мянган хүний тол­гой залгих
хэрэгт тулгагдлаа” гэж гутран цухалдаж байсан сан. Сталинд ч нэгмөсөн
сүжиг нь буурсан юм даг” гэж тамхиа асаан ойр ойрхон сорж бодлогошрон байж
билээ. Ринчен багшийг таа­лал төгссөн тэр хавар нэг л гунигаар дүүрсэн, элгэн
цаа­на үүлс бараагнасан сонин цаг улирал өнгөрч билээ.

-Одоо Явуугийн тухай
яриач. Жараад оны “унага”-нууд болох Бадарч, Пүрэв­сүрэн, Дулмаа,
Шагдасүрэн, хоёр Шагдар та бүхэн Явууг багшаа гэж ихэд дотносдог доо?

-Түүний яруу найраг нь түүний шавь нарыг төрүүлсэн юм. Жараад оны бид нар эсэн
мэнд байгаа цагт Явуу бидэн­тэй хамт Монголын утга зохиолд мөнх оршиж буй.
Тэрээр яруу найрагт үнэндээ шинэчлэл хийсэн хүн. Үг өөрийн өнгө гэрэлтэй, хөг
аялгуутай байдгийг чухамхүү тэр л бидэнд хэлсэн. Шүлэг найргаар ид өвчилж явах
үедээ Явууд бут ниргүүлэн “дахиад шүлэг бичихгүй” гэж өөртөө андгай
тангараг өргөж явсан өдрүүд надад бий. Яруу найргийн зөвлөлийн дэргэдэх
нэгдлээр залуучуу­дын шүлэг зохиолыг хэлэлц­дэг байлаа. Миний шүлгүүд бусдаас
арай л өөр мэт санаг­даад, өөртөө их итгэлтэй байх үед “Чамд зүрхний үг
хэрэгтэй байна.Уянгын хөг аяс дут­маг…” гэж баахан шүүмжлээд хэлэх үггүй
болгосон сон. Шүлэг бичихгүй гэж байсан хүн чинь долоо хоноод тэсгэл­гүй үзэг
цаасаа шүүрч билээ. Явууд донгодуулсны дараахь шүлгүүд нэг л өөр болоод,
өмнөхүүдээ уншиж үзэн ихэд голж байлаа. Тэгээд нэгэн багц шүлгүүд өвөртлөн Явуу
багшийн гэрийн босгыг зоримогхон алхаж “Би чамаас ийм л юм хүсээд бай­лаа”
хэмээн талимаарсан нүдээр хэлэхэд нь сэтгэлд баяр төрж билээ. Далан хоёр онд
“Нутгийн цэнхэр уулс” номоороо Монголын зохиолч­дын эвлэлийн шаг­нал
хүртэхэд Явуу багш манайд хэд хоног тухалж Цэндээгээр хоол хийлгэн, ганц нэг
юмны бөглөө мултал­сан шигээ сэтгэлийнхээ үгийг ярилцаж байсан даа. 
Намайг Горькийд суралцаж байхад захидал явуулж түүндээ “Лхамсүрэн, Гайтав,
Чимид нарыг үгүйлж буйгаа дурдаад Чехэд суугаа дүү Амартаа хэдэн хайрцаг тамхи
явуу­лах”-ыг аминчлан захисан байв. Наян нэгэн оны хавар нарлаг Казахстаны
нийслэл Алма-Атад хамт зорчиж, Ала-Тоо уулын үүл манан хуралд­сан алаг хөх
оргилуудыг сэтгэл хөдлөн харж явсан сан.

-Өнгөрөхийнх нь өмнөх
жил байж шүү?

-Тийм юм. Бидний сүүл­чийн аялал байсныг тэр үед даанчиг бодоогүй явж билээ.
Агаарын хөлгийн гэгээвчээр харахад Балхаш нуур тэртээ дор цэнхэртэнэ. Балхаш
нуурын тухай багадаа уншиж байсан шүлгийн мөрүүд санаанд орж түүнээ өгүүлэ­хэд
Явуу багш урд талын суудлаас эргэн харж зөөлхөн инээмсэглээд “Багын юм
санаа­наас гардаггүй юм. Би аавынхаа авласан ангаа ганза­галаад ирж байсан дүр
зургийг ер мартдаггүй. Тэгээд морио амгайвчлан услахад савируулсан дуслаас нь
цагираган хээ татуулан түүн дотор аавын минь залуухан дүр төрх далбилзан хараг­даж
байсан нь бодол оюунд тодхон байна. Тэр тухайд шүлэг зохиолдоо ч оруулсан
даа” гэв. Тэгээд намайг нут­гаа­раа хамт очихыг хүсэм­жилж байлаа. Явуу
багшийг бие барсны хойтон жил төр­сөн нутагт нь очиж, цаст гэгээн
Отгонтэнгэрийн тэргүүн оргил өөд хараа бэлчээн зогсохдоо Явуугаар ямар их
дутаж, түү­нийг үгүйлэн гансарч “Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төр­лөө,
би” гэх гайхамшигт найр­гийг нь уншин нүдэндээ нулимс­тай явсан даа. Дараа­хан
нь би Хар далайд амрах­даа мөн л тэсэхүйеэ бэрхээр санан шөнө дүлээр босч
“Алаг дэлхийд төрсөн минь учир­тай” хэмээх хөрөг тэмдэглэл бичээд
санаа жаахан ч гэсэн уужирч байв. Явуу бол үнэн­дээ ер бусын хүн байсан. Халх
Монголыг даасан Очир­ваани бурханы дүрээр мөн­хөр­сөн уул Отгонтэнгэр хайр­хан
Монголын яруу найрагт нэгэн хүү өгсөн нь Явуухулан юм даа. Түүнтэй ойр дотно
явсан минь яасан их хувь заяа вэ. Явуугийн надад үлдээсэн ширэн гэртэй гоёлын
хутга, дотуур хантааз, тэхийн дүрс бүхий бариултай үнсний сав зэргийг нандигнан
хадгалдаг юм аа.

-Цэгмидийн Гайтав гуайн
тухай бас асуулгүй өнгөрч болохгүй нь…?

-Гайтавыг надтай Дор­жийн Гомбожав танилцуулж билээ. Тэрээр хэлэхдээ “Энэ
нөхөр хүн нь алт шиг сайн хүн байгаа юм. Даанч буруу замаар явчихсан” гэж
байсан. Буруу замаар гэдэг нь нөгөө намын шүлэг голчлон бичдэ­гийг нь хэлснийг
хожим ухаар­сан даа. Хүний хувьд бол нээрээ л одоо болтол түүнийг муулж хэлж
байгааг нь би лав сонссонгүй. Хүнээс мөнгө зээлбэл яг л хэлсэн цагтаа өгдөг,
худлаа хэлдэггүй, дээш доош нь бичиг цаас шиддэг­гүй, тушаал хэргэм хөөцөлд­дөг­гүй,
долгинож шарвахыг тэвчдэггүй, нүднээс далд муу хэлдэггүй, нүүрэн дээр нь шүлэг
зохиодог зарчим, намч хүн байжээ. Тэр ямар ч согтуу байсан айлд хонодоггүй
байлаа. Жаран хэдэн оны зун Хүрхрээгийн зусланд бид наргиад шөнө дунд өнгөрч ор
дэр засуулсан байтал Гайтав заавал харина гэж зүтгээд Бадарч бид хоёр үглэж
дуулж байж Баянзүрхийн гүүр гаргасан. Харанхуйд сондуул дундуур бүдчүүлэн явж
хот орох машинд суулгаж өгсөн юм даг. Түүнийг намын шүлэгч энээ тэрээ гэж
“ухаант­нууд” цоллох гээд байдаг. Би л хувьдаа зүрхний хөг чавхда­сыг
хөндсөн, ард түмний цэцэн цэлмэг авьяасыг шин­гээ­сэн яруу сэтгэлийн уянгыг
ухааны номлолоос дорд үзэ­хийг зөвшөөрөхгүй ээ. Гайтав бөхөөр зүйрлэвэл тавиад
оны дундаас сүүл үе хүртэл дэвжээн дээрээ босоо байсан шиг санагддаг. Түүнд
цагийг эзэгнэн дийлдэшгүй явсан үе бий. Ямар сайндаа Эрдэнэ­батын Оюун
“Миний үеийн цогт яруу найрагч” гэж түүнийг бахдан бичиж байхав дээ.

-Ингээд л өмнөх үеийнх­нийхээ
тухай, Монголын утга зохиолын домог бол­сон хүмүүсийн талаар танаар яриулахад
амттай байна. Донровын Намдаг гуайтай та бас л наана цаана явсан даа?

-“Амьдрал судлах гэдэг зохиолчид гол зүйл. Амьдрал бол мөнхийн багш.
Амьдра­лаас юм авна гэдэг авьяастай холбоотой. Авьяас гэдэг бол эмзэглэл”
гэж Намдаг гуай онцлон хэлдэг сэн. Нэг удаа өмнөх ширээгээ гараараа алгадаад
“Муу зохиол бичсэ­нээс бичээгүй нь дээр. Хүн өөрийнхөө дотрыг гадагш нь
дэлгээд харуулж буй хэрэг. Би ийм л хэмжээний хүн гэдгээ үзүүлж байгаа явдал.
Тэгж өөрийнхөө мууг амьтанд дэлгэж харуулахын хэрэг байна уу даа” гэж
нухацтай өгүүлсэн билээ. Далан оны өвлөөр Намдаг гуайтай Дундговь аймагт
“Уран үгсийн чуулган”-аар цуг явж байхдаа хээр хөдөө машинаас буун
хоёулахнаа цастай талаар агаарт сэлгүүхэн алхаж явах­даа нэгэн зүйлийг аминчлан
асуусан юм. Тэр нь өнөөх архины тухай л даа. “Нацаг­дорж архинаас болсон
гэлц­дэг. Таны үед одоо шиг намын хурлаар оруулна гэж байгаагүй. Шөнийн хэдэн
цагт ч тогшсон хужаагийн цонх бэлэн архи өгдөг байсан цаг. Та энэ бүхний
хаагуур нь өнгөрсөн хэрэг вэ” гэхэд хэсэг дуугүй бодлогошрон алхса­наа
дуугаа өндөрсгөн толгой­гоо цогнолзуулаад “Тэгэхээр болбол ийм юм. Хэрвээ
би архи уувал миний дайснууд баярлана. Ухаантай хүн болбол дайснаа баярлуулъя
гэж боддоггүй юм” гэв. Тийм л бодлын чагт тавьж өөрийгөө захирахын эрдмийг
үзүүлсэн хүн билээ. Энэ хүний үг миний нэг насны турш мар­тагд­сангүй. Ухаантны
үг тийнхүү мэргэн тарни лугаа хүний амьдралд тус хүргэдэг байна. Би уг нь
Намдаг гуайд хадаг барьж шавь орсон ч түүнээ нэг их ярьдаггүй дээ.

-Яагаад?

-“Дуулалт жүжиг зохиоход чинь тустай байж магад” гэж хэлүүлсний учир
би гэрт нь очсон юм. Энэ тухай Х.Занд­раа­байды “Заяа дутсан бурхад”
номондоо халуунаар дурссан нь бий. Багаасаа зохиол бүтээлийг нь уншиж биширсний
хувьд сэтгэлээрээ эрт шавь орсон гэж болно. Тэгэхдээ би мөн л Зандраа­байдыгийн
адил багш гэж хэлж заншаагүй юм. Далан найман онд Өвөрхангай аймагт “Уран
үгсийн чуулган” болж Намдаг гуай бид хоёр нэг гэрт хамт хоноглосон юм.
Тэгэхэд би түүнээс бас нэг сонирхсон зүйлээ асуугаад амжиж билээ. “Та
шоронгоос яаж гарснаа ярьж өгөөч. Гар­сан даруйдаа ямар санагдаж байв. Орох айл
уулзах хүн хэр олдож байсан бэ” гэхүйд “Би арван жил аваад зургаан
жил, найман сар, хорин гурав хоносон юм. Шоронгоос гаруут шууд яваад очих газар
байдаггүй. Гурван хүүхэдтэй эхнэр минь байсан хэдий ч сүүлдээ тэсвэр нь
барагдаад хүнтэй болсон хэрэг. Шөнө дүл болтол ногоон дээр жаал суулаа. Салхи
сэвэлзэж, тэнгэрт од мичид гялтганан, хаа нэгтээ ноход хуцаад нэг л чөлөөтэй.
Сэтгэл ч уужрах шиг. Ямар ч гэсэн эндээс холддог хэрэг гэж бодоод хэд алхлаа.
Эргэж харахад шоронд үлдсэн нөхөд минь зовж байгаа нь нүднээ тод­ров.
Шаравдоогийнд л ордог юм билүү дээ гэж бодогдож байлаа. Театрын ажилчдын байр
Хэвлэх үйлдвэрийн тэнд байсан юм. Айл амьтан унт­чих­сан байдаг. Тэгтэл ашгүй
нэг айл гэрэлтэй байхаар нь хаалгыг нь таттал үүдэнд нь байсан хүн цочихдоо
огло харайн хоймортоо гарч бай­сан. Аргагүй шүү дээ, улс төрийн хэрэгтэн орон
шорон­гоос гарсан хүн шөнөөр гэнэт ороод ирэхээр…” гэж ярьж байсан даа.
Намдаг гуай амьдралын булингарт урсга­лыг тэгж л сөрж орчлонгийн сайн мууг үзэж
ухаажсан хүн байв. Миний бие хэсэгхэн хугацаанд Явуугийн оронд зөвлөлийн
эрхлэгч хийж байх­даа “Намдаг зохиолч “Цаг төрийн үймээн” рома­наа­раа
төрийн шагнал хүрт­жээ. Харин жүжгийн зохиол­чийн хувьд юмгүй байна”
хэмээн Цэдэвт хэлж “Ээдрээ”, “Оролмаа” жүжгүүдийг нь
шагналд дэвшүүлэн Соёлын яам ч дэмжсэн юм. Ингэж Намдаг гуай сэрүүн тунгалаг­таа
төрийн шагналыг хоёр дахь удаагаа өөрийн ууган шавь Дэмбээгийн Мягмарын хамт
хүртэж магнай тэнийсэн билээ.

Үргэлжлэл бий.

Н.Гантулга

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Б.Гарамгайбаатар: Зургадугаар сараас ам.долларын ханш суларна

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатартай
ярилцлаа.

 
-Байнгын хорооны даргын хувьд Монголын эдийн засгийн түвшинг
хэрхэн тодорхойлж бай­на вэ. Оны эхний улиралд хөрөнгө оруу­лал­тууд хийддэггүй
боло­хоор хүндрэл гарах гээд байна уу?

-Одоо
эдийн засгийн түр амсхийлтийн үе яваг­даж байна. Монгол Улсад улирлын чанартай үйл
ажиллагаа явагддаг онцлогтой. Тиймээс яг завсрынх нь үе эхэлчихсэн бай­гаа юм. Хаврын
бүтээн байгуулалтаас эхлээд хийгдэх ажлуудын бэлтгэл аж­лыг хангах үе л дээ. Энэ
утгаараа эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг валютын эх үүсвэр, экс­портын чиглэлийн
тоног төхөөрөмжийн татан авалт, импортын чиглэлийн татан авалт ч гэдэг юм уу уул
уурхайн чиглэлийн үйлдвэрүүд сул зогсож байгаа тул эдийн засгийн боломжууд зогсолттой
байгаа дүр зураг харагдаж байна. Ер нь эдийн засаг гадна, дотно талдаа их сайн гэж
хэлэхэд эрт байгаа. Гэхдээ эдийн засаг яадгаа алд­чихаагүй байна. Ямартай ч өнгөрсөн
оныхоо мөн үеийн түвшинтэй ойрол­цоо байгаа юм.

-Төсөв батлахдаа ам.долларын ханшийг 1384 төгрөгт барина гэж
байсан ч өнгөрөгч долоо хоногт 1790 төг­­рөг хүртэл өслөө гэд­гийг МАН-ын бүлгээс
мэдэгдсэн. Үнэхээр Мон­­го­лын эдийн засагт улаан гэрэл асчихсан юм биш үү?

-Тэдний
зүгээс ямар үндэслэлээр ийм мэдэгдэл хийснийг өөрөө сонсоогүй тул хэлж мэдэх­гүй
байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсныг нь харахад УИХ-ын даргын захирамжаар
байгуулагдсан ажлын хэс­гийн эдийн засаг дахь төлөв байдал, ирээдүй нь ямархуу үр
дагавар авч ирэх, юун дээр анхаарч, ямар ямар ажлуудыг зохион байгуулалттайгаар
эхлүүлэх вэ гэдэг ажлын хэсгийн тайлангийн талаар ярьсан байна лээ. Тэгэхээр ажлын
хэсгээс гарсан удирдамж чиг­лэлийн дагуу Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг
үйл ажиллагаагаа явуулаад, үр дүнг нь гаргаад Зас­гийн газарт оруулах ёс­­той асуудлуудаа
оруул­чихсан. Засгийн газар ажлын хэсгийн дүг­нэлтийн дагуу ямар ажил хийж байгаа,
цааш­лаад ямар ажил хийх талаа­раа тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа нь үнэн. Өнгөрсөн
намрын чуул­­ганы үеэр Эдийн зас­гийн хөгжлийн яам, Мон­­голбанкины үйл ажил­лагаанд
үнэлэлт дүгнэлт өгөх шалгалтыг оруулсан. Энэ хүрээнд манай байнгын хорооны зүгээс
дээрх газруудад чиглэл өгсөн. Үүнтэй хол­богдуулан эдийн зас­гийн байнгын хороон
дээр эдийн засгийн болом­жуудыг сайжруулах, валютын эх үүсвэрийг тогтвортой байлгах
ямар боломжууд байгаа зэргийг суд­лах ажлын хэсгүүд байгуулагдсан. Ажлын хэсгийг
УИХ-ын гишүүн Д.Зоригт ахалж байгаа. Ажлын хэсэг үүн дээр нэлээд ажилуудыг хийж
эдийн засгийг богино хуга­цаанд сайжруулж болох гаргалгаануудын талаар тодорхой
түвшинд судалгаа хийгээд Зас­гийн газарт өгсөн. Зас­гийн газар оруулж буй санал,
судалгааны дүг­нэлт, зөвлөмж дээр дүн шинжилгээ хийгээд Их хурлаар асуудлуудаа оруу­лах
ёстой. Одоо Зас­гийн газраас хариугаа хүлээж байгаа. Эдийн засгийн нөхцөл байдлыг
Эдийн засгийн байнгын хороо хяналтаасаа алд­чих­сан юм алга.

-Ам.долларан хан­шийн өсөлтийг хэрхэн хазаарлах вэ. Эсвэл
ингээд зоргоороо өсөх ёстой юм уу?

-Ам.долларын
хан­шийн өсөлтийг улирлын чанартай гэдэг утгаар нь ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бүх
үйлдвэр үйлчилгээ идэвхжиж эхэлж байгаа тул валютын эрэлт нэмэгд­сэн. Мөн зах зээлд
нийлүүлэгдэж буй валют бага, цөөн тооны валют эргэлтэд орж байгаатай уялдаад эрэлт
нэмэгдэж зах зээлд үнэ тогтоолт явагдаж байна. Үнэ тог­лоолт нь валютын хан­шийг
1790 болгож байх шиг байгаа юм. Энэ нь зарим хүмүүст улс төрийн тоглолт хийх сайхан
шалтаг болж ард иргэдийн сэтгэл зүйгээр тоглож байгаа юм. Үнэн чанартаа валютын
хэрэгцээ зах зээлд ямар хэмжээгээр хэрэгтэй байгаа гэдгийг зах зээл нь өөрөө тодорхойлох
тул тэр дүнгээрээ явна. Ид бүтээн байгуулалтын ажлууд хийгдээд эхлэхээр зур­гадугаар
сараас эхлээд авч байсан валют чинь эргээд орлого болж орох тул валютын ханш унадаг.
Энэ циклийнхээ дагуу явагдана.

-Та Монголбанкны удирдлагуудыг хү­лээн авч уулзлаа. Мон­голбанкны
зүгээс ямар тайлбар хийсэн бэ?

-Монголбанкнаас
өгч буй мэдээллээр валютын ханш бодит түвшиндээ хүрчихсэн байгаа. Энэ нь зургадугаар
сарыг хүртэл тодорхой хэмжээнд үргэлжлэх болов уу. Валютын ханш буухад Ашигт малт­малын
тухай хуулийн алт­­ны өөрчлөлт, Оюу тол­гойн үйл ажиллагаа, Таван толгойн нүүрсний
борлуулалт, Хөрөнгө оруу­лалтын тухай хуулийн хэрэг­жилт нөлөөлнө. Хөрөн­гө оруулалтын
тухай хууль хэдийнэ бат­лагд­сан ч хэрэгжүүлэх дүрэм, журмууд одоо л орж байгаа
тул хүлээлт үүсчихээд байна. Тэр дүрэм журам зөв гол­дир­лоор гараад, хуулийн хэрэгжилт
нь жигдрээд явчих юм бол хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хирээр валют нэмэгдэх учиртай.
Оюу толгойн хоёр дахь ээлжийн үйлдвэрлэл эх­лээд Засгийн газар Оюу толгойн хоорондох
хэлэлцээрийг түргэвчлэх хэрэгтэй. Үүнийг даруйхан шийд­чихвэл валютын эх үүсвэр
сайжирна. Өнөөдөр нүүрсний борлуулалтын хамгийн их алдагдал нь тээвэрлэлтдээ бай­даг.
Тиймээс дэд бүт­цийн асуудлуудыг нь шийд­чихвэл валютын ханшны өөрчлөлт, хомсдол
ари­лах боломжтой. Энэ асууд­лууд удаашралтай байгаагаас болж шийд­вэр нь тодорхой
гарч өгөх­гүй байгаа тул ийм нөхцөл бүрдээд байна. Эдгээрийг хийх үүрэг нь Засгийн
газарт байгаа. Засгийн газар хурдан шийд­вэ­рээ гаргах хэрэгтэй. Энэ бүгдийг даруйхан
шийдчихвэл эдийн зас­гийн хүндрэл арилах боломж харагдаж байна. Эдгээр ажлууд удаашрах
тусам сөрөг хүчин улс төрийн тоглолт хийгээд байгаа л даа.

-Монголбанкныхан улс төрийн тоглолт хий­сэн гэсэн байр суурийг
илэрхийлсэн юм биш биз дээ?

-Монголбанкны
удирд­­лагуудыг хүлээн авч уулзлаа. Өнөөдөр хүмүүсийн яриад байгаа, хэвлэл мэдээллээр
гараад байгаа, МАН-ын гишүүдийн гаргаад буй үнэлэлт дүгнэлт бодит амьдрал дээр ямар
бай­гаа вэ гэдэг дээр санал солилцлоо. МАН-ын бүл­гийн гишүүдийн ярьж байгаа шиг
хүндэрсэн зүйл алга.

-Зургадугаар сараас ам.долларын ханш 1384 төгрөгтөө хүрнэ
гэж ойлгож болох уу?

-1384
төгрөгт хүрнэ гэж шууд хэлэх боломж байхгүй. Төсвийн хуулийг батлахад нэг ам.долларыг
1384 төгрөгийн ханштай байна гэж Эдийн засгийн хөгжлийн яамнаас гар­га­сан судалгаан
дээр үндэс­лэж гаргасан тоо байна. Өнөөдөр Мон­гол­банкнаас барьж буй валютын зах
зээлийн бодит нэг тоо байгаа. Энэ хоёрын хооронд байгаа зөрүүг зөв төлөвлөлтүүд
хийгдээд хурдтай яваад эхэлбэл зургадугаар сард валютын ханшийн зөрүү ойртох юм.
Түүнээс биш 1384 төгрөг хүрнэ. Тэрнээс доошоо бууна гэж зах зээл хөгжиж байгаа энэ
үед яриад байх шаардлага байхгүй. Үндсэндээ энэ хоёр заагийн дундаж руу орох боломжтой
гэсэн үг. Тухайн үед Засгийн газрын тооцоо, Монголбанкны аргачлалын тооцоо хоёр
өөр байсан. Монголбанк өнөөдөр валютын ханшийг тодор­хой түвшинд байл­гах ажлуудыг
хийж байгаа боловч боломж нь энэ түвшинд байна гэж ойлгох хэрэгтэй. Валютын нөөц
байх ёстой хэмжээндээ байна.

-Монгол­бан­кинд тушаагдаж буй алтны хэмжээ өмнөх оныхоос
3-4 дахин нэмэгдсэн гэсэн мэдээ­лэл байгаа. Энэ онд манай орны эдийн засаг өнгө
засах нь ээ гэсэн хүлээлт үүсээд эхэллээ…

-Одоо
уул уурхай түшиг­лэсэн бодлого явагдаж байна. Мон­гол­банкныхантай уулзаад тодруулга
хийж асуудлыг ярилцаж байхад Оюу толгой хэдий сул зог­солт­той нүүрсний борлуулалт
бараг тэг хэлбэрт байгаа. Гэсэн ч үүнээс бусад уул уурхайн бүтээгдэхүүнийн үнэ өсч
алдагдлыг нь нөхөж ижил түвшинд хүргэж буй дүр төрх ажиглагдаж байна. Нэг хэсэг
нь доголдож байгаа ч гэсэн сайн зүйлс байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт
оруулснаараа алтны үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд өөрсдөдөө хадгалж бай­сан
алтаа өнөөдөр Монголбанкинд тушааж байгаа юм билээ. Ямартай ч өмнөх үеэс хоёр дахин
их алт тушаалт нэмэгдэж байгаа нь сайн дохио юм. Монголбанк хэдий хэмжээгээр алтны
нөө­цөө нэмэгдүүлнэ тэр хэм­жээ­гээр төгрөгийг зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ.
Уул уурхайн ком­паниуд хөнгөлөлттэй нөхцөл байгаа дээр алтаа Монголбанкинд алтаа
тушаас­наар хуримтлал нэмэгдэнэ.

-Давосын эдийн зас­гийн чуулганаар монгол орны хөгжлийн гурван
загварыг хэлэлц­­сэн. Энэ сарын 20-ны үеэр монголын эдийн засгийн форум болно.
2040 он хүртэлх хөгжлийн гурван загвар гаргасныг та хэрхэн харж байгаа вэ?

-Эдийн
засгийн форум гуравдугаар сард болно гэсэн мэдээллийг авсан. Албан ёсоор ир­сэн
мэдээлэл алга. Уг уулзалтаар монгол орны эдийн засгийн төлөв бай­дал, Давосын үр
дүн ямар байх талаар ярих биз дээ. Засгийн газрыг илүү сайн ажиллах шаардлагыг тавихгүй
бол хөгжлийн гарц олоход хэцүү. УИХ хийх ёстой ажлаа хийгээд хяналтаа тавих үүргээ
биелүүлж байгаа. Гадаад орнууд монголыг сайнаар хүлээж авах нөхцлүүд бүрдэж байна.
Гэхдээ Засгийн газраас хийгдэх ажиллгагаа удаашралтай байгаа. Бид эдийн зас­гийн
хүндрэлийг гадна талдаа бус дотор талдаа ойлголцох хэрэгтэй. Мон­гол Улс хоёр том
хөрш­тэйгээ мөнхийн харил­цаатай байдаг тул аль алинтай нь харилцаагаа сайжруулах
ёстой. Тэгж гэмээнэ монголд эдийн засгийн баталгаатай орчин бүрдэнэ.

-Монгол орон газрын тосны нөөц ихтэй. Гэсэн хэдий ч өөрсдөө
газрын тосоо боловсруулж чадахгүй байна. Газ­рын тосны хууль бат­лаг­даад шатахуунаа
ядаж дотооддоо үйлд­вэр­лэдэг болчих юмсан?

-Газрын
тосны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийгээд батлачихвал хууль хэрэг­жих шатандаа
орно. Газ­­рын тосны хууль хав­рын чуулганаар бат­лаг­даж хуулийнхаа хүрээнд Монгол
Улс үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно. Хууль бэлэн болсон тул бүх асуудал
нь тодорхой бай­на. Газрын тосны нөөцтэй орны хувьд дотооддоо бензинээ хийж чадахгүй
байна гэдгийг олон жил ярьлаа. Их хурал Засгийн газарт чиглэлүүдийг нь өгчихсөн.
Хаана хаана газрын тос боловсруулах үйлдвэр барьвал үр дүнтэй вэ гээд тухай газрыг
нь заагаад өгчихсөн. Ярих нэг өөр, эдийн засгийн тооцоо судалгаа хийх нэг өөр. Тооцоо
судалгаа нь зөв байгаад ашигтай байх юм бол нөөцөө дагуулж барих нь зөв гэж хувьдаа
боддог. Боловсруулах үйлдвэрийг том хэмжээ­ний биш ч дундаж хэм­жээ­ний үйлдвэрийг
барих боломж бий.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

С.Баясгалан: Их гүрнүүд л Украйны хувь заяаг шийднэ

МУИС-ийн
Олон ул­сын харилцааны сур­­гуулийн багш С.Баяс­га­­лантай Украйнд өр­­нөж
буй асуудлын талаар ярилцлаа.

 
-Украйнд
дотоодын хям­рал нүүрлэж, иргэ­дийн эсэргүүцлийн жаг­­­­саал өрнөсөөр бай­­­на.
Яг өнөөдрийн байд­лаар тухайн оронд нөх­цөл байдал ямар байна вэ?

-Өнөөдрийн
байдлаар Ук­райны баруун хэсгийн ор­шин суугчид буюу иргэд нь Европын та­лыг баримталсан,
зүүн хэс­гийн оршин сууг­чид нь Оросын талыг ба­римталсан гэж ху­ваагдчихаад байна.
Ук­райн ийм байдалтай уд­вал  хоёр хуваагдах
аюул­­тай. Иймэрхүү яриаг зарим хүмүүс гар­гасан байна. Тэдний яриа­гаар Украйныг
хоёр хуваагаад баруун хэс­гийг нь Европын хол­боо, зүүн хэсгийг нь Орост нэгтгэчихэж
бо­лох юм гэж байгаа. Киевт үймээн гарч, сөрөг хүчин байсан улс төрийн хүчин нь
Ерөн­хийлөгчөө огцруулж Засгийн газрыг авахад Крымийн ард иргэд “Бид бие даасан
статустай бай­­хыг хүсч байна” зарим нь “Бид Орос руу нэгдэхийг хүсч байна” гэ­сэн
агуулгатай зүйлийг хэл­сэн. Үүний маргааш нь Симпрофоль хотод Ук­райны тугийг буулгаж
Оросын төрийн далбааг мандуулчихаж байх жишээтэй. Нөгөө талаар зэвсэглэсэн бүлэг
Сим­ферополь, Севас­топо­лийн нисэх онгоцны буудлыг хяналтандаа аваад байгаа. Байдал
ийм л байгаа.  Крым автономит муж гэдэг үүднээсээ
асуу­далд хандаж байгаа.

-Украйны
дотоод хямралд том гүрнүүд орол­цоод эхэлсэн. Ямар шалтгаанаар?

-Энэ
байдал гурван түвшинд яригдаж байгаа. Эхнийх нь НҮБ-ын Аюул­гүйн зөвлөл дээр яригдаж
Оросыг цэр­гээ гаргах ёстой гэд­гийг хэлж асуудлыг “эв зүйн аргаар шийдэх ёстой”
хэмээн Бан Ги Мүн хүртэл Пу­тинд утасдаж хэлж байна.

Нөгөө тал нь  Евро­пын аюулгүй байдал дээр ирчихээд байгаа юм.
Европын аюулгүй бай­­дал дээр энэ тухай яриг­­дахаар давхар НАТО ороод ирнэ. НАТО-тай
Украйн энхийн төлөө түншлэлийн ха­рил­­цаатай. Өм­нө нь Украйн НАТО-гийн ги­шүүн
болохоор ажил­лаж байсан. НАТО гэдэг нь Америк тэр­­гүү­тэй Ев­ропын
аюулгүй байд­лыг хангах зорилготой цэр­гийн бай­гууллага юм. Тиймээс Орос­той харилцаагаа
муутгахгүйн тулд бас энхийн төлөө түнш­­лэ­лийн хүрээнд асууд­лыг ярьдаг байсан
юм. Украйн бол В.Яну­ковичийн үед ч тэр түүнээс өмнө ч тэр Европтой гааль болон
ху­дал­дааны тал дээр гэрээ байгуулан чө­лөөт худалдааны ха­рил­цаатай байхыг эр­мэлзэж
ирсэн. Харин Орос өөрийн хилийн ойролцоо НАТО-гийн болон Америкийн цэргийг байрлуулахыг
хүсдэггүй. Тиймээс олон улсын ха­рил­­цааны сонгодог ойл­­голтоор Орос Украйныг
тэр дундаа Крымийг  жийр­­­гэвч орон болгох
со­­­нирхолтой байдаг.  Үүнийг өөрөөр хэлбэл
буфер гэдэг. Буфер орны хамгын ойрын жи­­шээ гэхэд 1939 онд Орос, Японы хооронд
мон­голчууд жийргэвч ул­сын үүрэг гүйцэтгэж байснаар Халхын голын дайн болсон. Сүүлд
нь социалист лагер зад­рахад бас л Монгол Улс Орос, Хятадын хоо­ронд жийргэвч бүс
болж бай­сан. Үүнтэй ижил нөх­цөл байдал Украйны одоогийн хямралаар ч ха­рагдаж
байна. Одоо Ук­райн улс хуучин хүйтэн дайны үеийн их гүр­нүү­дийн хоорондын талц­лын
талбар болчихоод байна.

Харин
гурав дахь асуу­дал нь Украйнд, до­­тооддоо бий. Тэр нь В.Янукович түүнийг дэмжин
Оросын талыг ба­римталдаг иргэд нөгөө талд нь барууны үзлийг эр­хэмлэдэг ардчилал,
хүний эрх, эрх чө­лөөг ярьсан нут­гийн баруун хэс­гийн ор­шин суугчид байгаа юм.
Энэ бүхний эцэст албан бу­саар хуваагдсан Украйн до­тоод­доо зөвшилцөхөөс гадна
их гүр­нүүд бас асуудлаа ойлголцох шаард­лагатай болоод байна. Энэ үндэслэлээр их
гүрнүүд асуудалд туйлын бол­гоомж­той хандаж бай­гаа. АНУ ч тэр, Орос ч тэр.

-Түүхэнд
ОХУ, Европын дунд Украйн, тэр дундаа Крым ямар нөлөөлөлтэй байсан юм бэ?

-Украины,
нэн ялангуяа Крымийн асуудал бүр 1768 оны Орос-Туркийн хоорондын Крымийн дайнаас
эхтэй. Оросын хатан хаан хоёрдугаар Екатериний үеэс гэсэн үг. Тухайн үед Османы
тур­күүд гэж байсан. Тэд Крым, Ар кавказад ноёрхлоо тогтоохын төлөө дайтаж байсан
юм. Ийм байдлаар хоёр ч удаа Орос-Туркийн хооронд Крымийн төлөөх тулаан болсон.
Үүнээс харахад газарзүйн хувьд Крым ямар чухал ач холбогдолтой болохыг ойлгож болно.
Учир шалт­гаан нь Екатерина II-ийн үед Хар тэнгисээр задгай далай руу гарах боломжийг
эрэлхийлж байсан. Ийм бодлогоор та бидний мэдэх Суворов жанжин Тур­куудыг урагш
нь шахаж Османы туркуудаас Крымийг чөлөөлөн авч чадсан. Тий­­мээс Хар тэнгисийн
өмнөд хэс­­гээр туркууд, хойд хэсгээр славууд байдаг гэсэн үг. Иймээс Крым Оросын
хувьд маш чухал түшиц газар учраас тэнд тэнгисийн цэргийн флот байгуулсан. Газрын
зураг дээрээс харвал ОХУ задгай далай руу гарах хоёрхон гарц бий. Нэг нь Санкт-Петербург.
Санкт-Петербург  нь хуучин Шведийн нутаг дэвсгэр
байсан. Үүнийг нэгдүгээр Петер хааны үед Шведүүдийг хойш нь шахан гаргаж, боомт
хот байгуулсан байдаг. Оросуудын хувьд далайд гарах дараагий гарц нь хар тэнгис
байсан. Хар тэнгисээс Туркээр дамжиж Газрын дундад тэнгист гарах боломжтой. Тэндээсээ
Атлантын да­лай юм уу Энэтхэгийн далай руу гардаг. Ингэж л гарцаа нээхийг оролдож
ирсэн. Хар тэнгис нь далайд гарах гарц боловч далайд гарах гарцыг НАТО-гийн холбоотон
Турк хянаж байдаг. Учир нь Хар тэнгисээс Газрын дундад тэнгим хүрэхэд Станбул хотоор
дайрдаг. Энэ утгаараа Крымийг ямар ч үнээр хамаагүй Орос өөрийн нутаг дэвсгэр хэвээр
байлгадаггүй юм аа гэхэд автономийг нь хүлээн зөвшөөрөх гэх мэтээр өөрийн мэ­дэлдээ
байлгах сонирхолтой. Тэр утгаараа Оросын парламентын дээд танхим нь цэргийн хүч
хэрэг­лэх зөвшөөрлийг Ерөн­хий­лөгч­дөө өгөөд байгаа.

-Украйн
газар зүйн болон хүн амынхаа байдлаар яаж хуваагдаад байна?

-Энд
хамгийн түрүүнд үндэсний цөөнх яригдана. Үүнд Крымийн татарууд орж байгаа бөгөөд
багахан хувийг эзэлнэ. Ерөнхий цөөнхөд орох хэсэг буюу 4-5 сая хүн Орос буюу Орос
хэлээр яригч байдаг. Харин баруун талдаа Украйн хэлээр яригч хүмүүс бий. Ингээд
ярьдаг хэлээрээ ху­ваагд­чихаад байгаа юм. Зөв­лөл­тийн үеэр яривал Украйны баруун
хэсэг нь Польш, Чехийн нутаг дэвсгэр байсан. Тэгэхээр Польш, Чех иргэд Орост дургүй.
Иймэрхүү байдлаар холилдож, сүлэлдсэн байдалтай байдаг. Үүнээс нь үзэхэд яг тэдэн
хувь нь Европыг, хэдэн хувь нь Оросыг  дэмжиж
байгаа гэж хэлэхэд хэцүү.

-Одоо
ч эсэргүүцлийн жаг­саал үргэлжилж байна. Засгийн газраа эсэргүүцэгчид юуг шаар­даж
байгаа юм?

-Одооны
тэмцэл нь Украй­ны зүүн тал буюу оросууд давам­гайлсан талынхан тэмцэж байна. Яагаад
вэ гэвэл “Бид барууныг дагасан сөрөг хүчний Засгийн газ­рыг хүлээн зөвшөөрөхгүй
Оросын үзлийг дэмжинэ” гэж хэлж байгаа. Хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ гэвэл
сөрөг хүчин байсан улс төрийн хүчин төрийн эрхийг авс­ны­хаа дараа хэт туйлширсан
шинж­­тэй бодлогыг гаргаж ирсэн. Жишээ нь Орос хэлийг бүрэн хо­риг­­лож Украйн хэлээрээ
ярьдаг болно гэсэн. Мөн Крымд байсан Лениний хөшөөг буулгах санал гаргасан ч эсэргүүцэлтэй
тулж боль­сон. Гурав дахь том асуудал нь Украйны нутаг дэвсгэрт Орос хэлээр нэвтэрдэг
радио станцыг хаах асуудал яригдсан. Бидний эсрэг суртал явуулж байна хэмээн хэт
туйлшраад зүүн хэсгийн оршин суугчид Орос хэлтэн, үндэстэн гэд­гийг бодолцолгүйгээр
бодлого явуулахыг оролдсон нь тэдний дур­гүйцлийг хүргэчихэж байгаа юм л даа. Хэрвээ
анзаарвал Крымийн иргэд ялалтын баяр тэмдэглэхэд зүүдэг улаан хар, улаан хараар
ээлжилсэн тууз барьж туг хийсэн байх жишээтэй. Тэр нь эрх чө­­лөө­ний, ялалтын бэлгэ
тэмдэг. Үүнийгээ барьчихаад “Та нар ба­руу­ныг дагана гэж байгаа юм бол Орос биднийг
хамгаална” гэж байгаа.

-Орос
улс Украйны тэр дун­даа Крымийн иргэдэд пасс­портоо тараагаад эхэллээ гэдэг үнэн
үү?

-Энэ
асуудалд албан ёсны мэдээлэл байхгүй. Оросын парла­ментын дээд танхим Украйн дахь
Орос иргэдийнхээ иргэншлийг нь сэргээх боломжтой гэсэн санал гаргаж байсан. Учир
нь ЗХУ-ын үед Оросын ир­гэншилтэй байгаад задрахад нь автоматаар Украйны иргэн болс­ныг
шаардлагатай бол иргэншлийг нь сэргээх үү гэдэг асуудлыг ярьж байгаа. Гэхдээ одоохондоо
ийм алхам хийхгүй харзнах байх.

-Том
гүрнүүдийн бодлогын тоглолтын золиос боллоо. Украйн устаж алга болно гэх таамгийг
олон улсын суд­лаа­чид дэвшүүлж байгаа. Таныхаар хэр баттай бол?

-Ярвигтай
асуудал гарч ирнэ. Жижиг улсууд том гүрнүүдийн тал­цалд устаж алга болохгүй гэх
олон нотолгоо бий. Үүнийг Европын түү­­хээс харж болно. Яаж вэ гэ­вэл их гүрнүүд
жижиг улсуудыг жийргэвч орон маягаар ашиглаж өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд
харин ч эсрэгээрээ тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрдөг. Юун дээр харагдаж байна
гэвэл дээр үед Европт Польш, Чех гэж байгаагүй. Белорус, Украйн ч тэр. Хүйтэн дайны
үед жийргэвч орны тухай асуудлыг хөндөж Польш, Чех гэх орнуудыг гаргаж ирсэн байх
жишээтэй. Энэ үүднээсээ Украйн асуудал үүсгээд явбал Орос Крымийг тусгаар тогтнуулах
асуудлыг хөндөх байх. Мэдээж өөртөө нэгтгэнэ гэж ярихгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл
олон улсын тавцанд нэр төр нь эзлэн түрэмгийлэгч гэгдэнэ. Ямар сайндаа өнөөдөр
“Оросууд Украйныг эзлэн түрэмгийлсэн үү” гээд ярьж эхэлсэн байх вэ. Оросын цэргүүд
Крымд ороогүй. Гэхдээ орсон гэж байгаа. Учир нь Орос үндсэн цэргээ хээрийн сургууль
хийлгэхээр Украйнтай хил залгаа бүсийг сонгож авсан. Үүн дээр В.Путин “Энэ бол урьдчилан
төлөвлөгдсөн байсан ажил” гэсэн байр суурь илэрхийлсэн байдаг. Гэсэн мөртлөө өөрсдийнхөө
ашиг сонирхлыг хамгаалахын тулд Крым рүү цэрэг оруулах шаардлагатай. Одоо бол хаанахынх
гэдгийг нь таних тэмдэггүй оросоор ярь­даг цэргүүд Крымд байна. Тэд Севастофель,
Симпрофоль хотын нисэх онгоцны буудлыг хяналтдаа авч байгаа. Энэ тухай сөрөг хүч­нийхэн
нь “Манай нутаг дээр Оросын зургаан мянган цэрэг бай­­на” гэж байгаа бол оросууд
нь “Бид цэрэг оруулаагүй” гээд бай­гаа. Хэрвээ Орос улс шууд цэрэг орууллаа гэж
мэдэгдэх юм бол байдал аюултайгаар эргэх болно.

-Энэ
асуудал Европын хол­боо ямар байр суурь илэрхийлж Америк ямар хэмжээнд хутгал­даад
байгаа юм бэ. Америкт ямар ашигтай гэж?

-Энэ
бол геофолитик талын асуудал. Америк өөрийн нөлөөгөө зүүн зүг тэлж байгаа. Үүнийг
нь Америк гэж хэлэлгүйгээр өрнөд гэж байна. Үүний суурь тэлэлт нь Европын холбоогоор
дамжиж бай­гаа. Шууд хэлбэл Европын хол­боогоор дамжаад НАТО явж бай­на гэсэн үг.
Жишээлбэл, Европын холбоо Грек, Украйн, Молдав, Гүр­жийг өөртөө элсүүлж Оросын хяз­гаарын
газрыг бага багаар эл­сүүлж байна. Өөрөөр хэлбэл Орос улс орон зайгаа барьж чадахгүй
бай­гаа хэрэг. Яг өөрийн ашиг со­нирхлын орон зай руу тулаад ир­сэн тохиолдолд Украйны
энэ асуу­дал үүсч байна.

-Энэ
будлиан дунд Крымийн татарууд буюу уугуул оршин суугч юу болж хоцорч байгаа бол?

-Алтан
ордны улс задрахад тэр орон зайд Түрэг угсааны овог аймгууд орж ирсэн байдаг. Үүний
нөлөөллөөр Крымд хэсэг та­тарууд үлдсэн түүхтэй юм. Манай Халимаг улс шиг гэсэн
үг. Украйны парламентын дарга нь нөхцөл бай­дал хурцадсанаас хойш байр сууриа илэрхийлсэн.
Бид үн­дэсний цөөнхийг орхигдуулахгүй гэж татаруудад хандаж хэлсэн. Крымийн оросуудад
бус та­таруу­дад хандаж ингэж хэлж байгаа нь хүчийг нь сарниулах оролдлого гэж ойлгогдож
байна. Яагаад гэвэл Крымд байгаа батлан хамгаалах чиглэл буюу хүчний байгууллагууд
нь Киевт захирагдахаа больчихлоо. “Одоохондоо Крымийн засаг за­хиргаа байгаа Симпрофольд
захи­рагдаж байна” гэдгийг Оросын мэдээллээс харж болно. Тиймээс л Крымийн татаруудыг
өөртөө та­тах зорилгоор дээрх уриалгыг гар­гасан гэх ойлголт төрж байна. Гэхдээ
энэ бол гол шийдэлд хүрэхгүй.

-Крымийн
татар мон­гол­чууд­тай ямар холбоотой вэ. Монгол гэр бариад жагсаж байна гэсэн мэдээлэл
бий?

-Нэршлээс
нь ойлгож болох байх. Юу вэ гэвэл Орос эрдэмтэд “Татар Монголын талхлалт” гэж хэлдэг.
Монгол Татарын биш шүү. Ямар утгатай вэ гэвэл удирдагчид нь буюу Түмтийн ноёд нь
Монгол байсан гэсэн үг. Монголчууд цөө­хөн учир байлдан дагуулал хийхдээ эзлэгдсэн
орны ард иргэдийг цэрэгт элсүүлж цаашаа дайрдаг байсан. Мэдээж цэргүүд нь явж байхад
цаад орны хүмүүс хамгийн түрүүнд хэнтэй тааралдах вэ гэхээр байлдаж байгаа хүмүүс­тэй
л таарна. Гол цэргийг нь бүр­дүүлж байсан хүмүүс нь татарууд байж таарсан гэсэн
үг. Тиймээс л Татар-Монголын гэсэн байх. Түүнч­лэн эзэлсэн газартаа то­дор­хой хэмжээний
цэргүүдийг үлдээ­гээд явчихдаг байж. Хамгийн их мон­гол цэрэг үлдсэн газар нь Хазара
монгол гэж байна. Харин бусад нь буюу Алтан ордоноос л гэхэд Түрэг угсааны аймгууд
үлдэж хоцорсон. Түүний нэг үлдэгдэл нь Крымд үлдсэнийг Крымийн татар гэж байгаа.

-Ер нь
үндэстэн хоорондын сөргөлдөөн улс, орноо мөхөөдөгийн жишээ Украйн, Крымийн хооронд
өрнөж байгаа тэмцэл мөн үү?

-Украйн
их гүрнүүд гэхээсээ илүү тулааны зааг дээр буй орон гэдгийг тодотгож хэлэх хэрэгтэй.
Жишээлбэл, агуу Орос орон яагаад одоог хүртэл оршин тогтнож байгаа юм гэдэг асуулт
байдаг. Орос бол үнэн алдартан шашинтай Византиг залгамжлагч. Оршин тогтноод байгааг
нь тухайн орны геофолитикчид болон өөр олон эрдэмтэд татарчлал байхгүй байсан бол
Орос өнөөдөр байхгүй байх байсан гэдэг. Шууд хэлбэл Татар-Монгол, Алтан ордны улсын
нөлөөн дор Украйн, Белорус, Орос улс байгаагүй бол өдийд ОХУ Польш шиг байх байсан
гэж үздэг гэсэн үг. Орос, Чех гэх мэт орнууд Слав үндэстэн крилл үсэгтэй үнэн алдартан
шашинтай. Харин Европ бол латин үсэгтэй католик шашинтай. Эндээс харахад Украйн
Белорус нь хоёр ертөнцийн зааг юм. Улс төрийн асуудлаас гадна шашны асуудал давхар
яригддаг. Украйны баруун хэсэг нь католик бол зүүн хэсэг нь үнэн алдартан шашинтай.
Ийм дотоодын хямрал дээр их гүрнүүдийн тоглолт орохоор байдал яаж мууддагийг монголчууд
харж байна. Мон­голчууд цул нэг үндэстэн ч гэсэн эндээс суралцах зүйл олон бий.

-Бүхэл
бүтэн нэг улс оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй байна. Цаашид асуудал яаж эргэх
бол?

-Байдал
намжина. Хамгийн гол нь үйл явцыг урьдчилан хэлэхэд хэцүү байна.

-Их гүрнүүдийн
тохиролцоо л мэднэ гэсэн үг үү?

-Ерөнхийдөө
тийм. Том гүр­нүү­дийн тохиролцоо мэдэх байх гэж айж байна. Сөрөг хүчнийг нь хар
л даа. Төрийн эрхийг аваад Оросоос аюул ирнэ гэдгийг мэдэнгүүтээ НАТО туслаарай
гэж байх жи­шээ­тэй. Гэхдээ Украйн НАТО-гийн гишүүн орон биш учраас дүрмийнхээ дагуу
оролцохгүй. Бас нэг шийдэл нь ЕАБХАБ Украйныг НАТО-гийн гишүүн орноор оруулах асуудлыг
хөндөж байгаа. Байдал яаж эргэхийг үнэхээр таашгүй байна.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Он гарснаас хойш Замын-Үүдээр хоёр вагон л нүүрс гарчээ

-ЗАХ ЗЭЭЛ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ САЙЖИРВАЛ ИРЭЭДҮЙД ЭРЭЭН
РҮҮ ЖИЛД САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТЛОХ
БОЛОМЖТОЙ ГЭНЭ-

Экспортоос
олдог мөнгөний гучин хувийг дангаараа бүрдүүлдэг нүүрсний зах зээл тааруухан байна.
Манай улс коксжих буюу сайн чанарын нүүрсээ Өмнөговьтой хил залгах боомтуудаар гаргадаг.
Нүүрсний ихэнх хувь эдгээр боомтоор гарч зах зээлдээ хүрдэг гэсэн үг. Нүүрс гардаг
өөр нэг боомт гэвэл Замын-Үүд. Үүгээр их 
биш ч тодорхой хэмжээний нүүрс гардаг. 
Мэдээж өндөр үнэ хүрдэг коксжих нүүрс биш, эрчим хүчний нүүрсийг эндээс Хятадад
зардаг. Эрээн хотын зүүн захад орших гаалийн хяналтын талбай дээр очоод ирлээ. Саруулхан
том хашааны энд тэнд хэсэг бусаг нүүрс овоолжээ. Хашаанд ямар ч машин харагдсангүй.
Ганц нэг хүн холхихоос өөр хөл хөдөлгөөн гэхээр зүйл ажиглагдсангүй. Гаалийн хяналтын
талбайн даргатай уулзахаар өрөөнд нь оров. Хар ногоон өнгийн дүрэмт хувцас өмссөн
дарга нь биднийг угтав. Гаалийн хяналтын талбайн даргыг Жан гэдэг аж. 

Түүнээс зарим асуул­тад хариу авлаа.

 
-Он гарснаас хойш Монголоос нүүрс ирсэн үү?

-Он
гарснаас хойш хоёр вагон л нүүрс ирсэн. Одоо бол таг зогсчихоод байна.

-Энэ талбайд хэчнээн тонн нүүрс байна?

-7000
тонн л байна.

-Ер нь хэвийн үед сард хэчнээн тонн нүүрс хүлээж авдаг вэ?

-20
мянган тонн нүүрс хүлээж авах боломжтой.

-Монголоос нүүрс авахаа больсон шалтгаан нь юу вэ?

-Зах
зээл хэцүү байна шүү дээ. Борлуулалт муу байна. Танай нүүрсний олборлолт зардал
ихтэй байна. Тээврийн зардлаас гадна хоёр талын татвар хураамж нэмэгдэхээр ашиг
гэхээр зүйл бага байна л даа. Яг үнэндээ Монголоос нүүрс оруулж ирж байгаа ордод
хятадууд хөрөнгө оруулалт хийсэн. Тийм болохоор алдагдалтай ч гэсэн бага сага нүүрс
орж ирж байгаа.

  Бас
нэг шалтгаан нь Монго­лоос орж ирж байгаа нүүрс 
чанарын хувьд тийм ч сайн биш байна. Энэ шинжилгээний бичиг нь. (Хятад бичигтэй
шинжилгээний хариу бүхий хуудас цаас харуулав)

-Энэ жил Монголоос хэч­­нээн тонн нүүрс оруулж ирэх төлөвлөгөөтэй
байгаа вэ?

-Цаг
сайжирч, эдийн зас­гийн байдал дээрдвэл энэ жил 600 мянган тонн нүүрс  импортлох төлөвлөгөөтэй байна. Гэхдээ яг энэ хэм­жээндээ
хүрэх эсэхийг хэлж мэдэхгүй байна.

Манайх
нэг тонн нүүрсээ урд хөршид 420 юаниар худалддаг аж. Хоёр талын татвар, хураамж
тээврийн зардлаа хасахаар 200 орчим юанийн л ашиг гардаг бололтой. Алдагдлаа арай
гэж нөхсөн үнэ гэдгийг Хятадын тал онцолж байв. Нүүрсний уурхайгаасаа төмөр зам
хүртэл ачааны машин,  Замын-Үүдээс Эрээн хүртэл
мөн ачааны машинаар нүүрс тээвэрлэдэг учраас ачиж буул­гах, тээх зэрэг дээр бага­гүй
зардал гаргадаг аж. Нарийн сухайтаас гаргаж буй гуравны нэг нь коксжих нүүрсийг
гэхэд л хятадууд 30 гаруй ам.доллараар авч байгаа. “Эрдэнэс таван толгой” гэхэд  сайн чанарын коксжих нүүрсээ 35 ам.доллараар нийлүүлж
буй. Өмнийн говийн сайн чанарын нүүрсийг ийм үнээр зарж байхад 420 юань бол өндөр
үнэ гэж хэлэх хүн ч байна. Гэхдээ Хятадын хөрөнгө оруулалттай гэдэг утгаараа,  өөрөө өөрөөсөө авч байгаа гэсэн өнцгөөс харахад
энэ хэмжээний үнэ  хүрч болохыг  албаны эх сурвалж үгүйсгэсэнгүй. 

 Монголоос гарч байгаа нүүрсийг Өмнөд Монголын нутаг
дэвсгэрт  ажиллаж бай­гаа цахилгаан станцуудад
ашигладаг юм байна. Алаг  толгойн ойр орчмын
нүүрсний ордуудын нүүрсийг Замын-Үүдийн боомтоор гаргадаг гэнэ.  Энэ орчимд “Чингисийн хар алт”, “Буман олз”,
“Болд со ардай” зэрэг хятад  эзэнтэй уурхайнууд
ажилладаг аж.

Хятадын
хувьд өөрийнхөө уурхайнуудыг дэмжих бод­лого барьж байгаа юм билээ. Олон жил ажилласан
уурхайнуудыг ашиглахад олбор­лолтын зардал нь өндөр гардаг гэнэ. Нүүрсний зах зээл
таагүй байгаагаас гадна эхлээд өөрсдийн  уурхайн  нүүрсээ авч, уурхайнуудаа дэмжье гэсэн бодлого
хүчтэй байгаа нь илт анзаарагдсан. “Монголын нүүрс газар доороо байж л байна. Манайхаас
өөр борлуулах зах зээл байхгүй. Эхлээд уурхайнуудаасаа нүүрс авч дэмжих бодлого  хэрэгжиж байна. Танай нүүр­сийг бол зах зээл дажгүй
болсны дараа хэзээ ч авсан болно” гэж хэлэх хятад хүн ч таарсан юм.

Нүүрсээ
боловсруулаад гаргавал тэнд хэрэгцээ бай­гаа нь анзаарагдаж байв. Баяжуулаад экспортолвал
зах зээл нь бий гэнэ. Учир нь Эрээн орчмын 
буюу Өмнөд Монголын нутаг дэвсгэрт нүүрс­ний ордуудын нөөц дуусч байгаа,
уурхайнууд нь олон жил ажилласан учир олборлолтын зардал нь өндөр, эрчим хүчнийх
нь нүүрсний чанар муу зэрэг шалтгаанууд бий юм билээ.

Өмнө
нь манайх жилд 500-600 мянган тонныг жил­дээ гаргачихдаг байж. Вагоноор шууд Эрээн
оруул­даг байснаа 2010 оноос боль­жээ. Хятадын төмөр замын даргын тушаалаар энэ
шууд тээвэрлэлтийг зогсоосон бай­на. Задгай нүүрсийг төмөр замаар тээвэрлэхгүй гэсэн
шалтгаанаар хориг тавьсан гэнэ.  Үүнээс хойш
Монголоос Эрээн рүү гарах нүүрсний хэмжээ илт багасчээ.

Уурхайгаас
машинаар тээ­вэр­лэж ирсэн нүүрсийг буулгаж вагонд ачаад, Замын-Үүд дээр ирсэн хойно
нь  вагоноосоо буулгаж машинд ачиж Эрээнд
авчрахад зардал их орох учраас урагшаа нүүрс гаргах сонирхол байдаггүй гэнэ. Замын-Үүд
дээр нүүрс буулгадаг хоёр, гурван газар байдаг аж. Гэхдээ нүүрс­ний зах зээл сайжирвал
манай­хаас их хэмжээгээр нүүрс гаргах бололцоо байгаа гэж салбарынхан ярьж байна.  Ирээдүйд жилдээ сая тонн эрчим хүчний нүүрс гаргах
боломжтой гэсэн судалгаа, төлөвлөгөө ч байдаг аж. Одоо­гоор Замын-Үүдтэй ойролцоо
30-40 газарт нүүрсний лиценз авсан хүмүүс цаг сай­хан болохыг хүлээзнэж байгаа юм
билээ. Хятадууд ч “Танайхаас ирээдүйд эрчим хүчний нүүрсээ авна” гэсэн байр суурь
илэрхийлдэг аж. Учир нь Өмнөд Монголын нутаг дэвсгэрт байгаа хэдэн уурхайнуудынх
нь  нөөц дуус­вал бүр цаад талаасаа авахад
зар­дал өндөр, төмөр замынх нь ачаалал их гээд асуудал байдаг бололтой. Гэхдээ манай­хаас
их хэмжээгээр нүүрс гаргая гэвэл   Монголын
нутгаас Эрээн рүү шууд төмөр замаар нүүрсээ тээгээд хүр­гэх бололцоог Хятадын тал
нээж өгөх учиртай гэнэ. Тэгэх­гүй бол нүүрс гаргалаа ч тээврийн зардалдаа “шатаад”
дуусах аж. 

Нүүрсний
экспорт зогссо­ноос болж Замын-Үүдээс гаалийн хяналтын талбай хүртэл нүүрс тээвэрлэдэг
ачааны машинууд ажилгүй зогсчээ. Ачих нүүрсгүй болсон машинууд Эрээнээс наашаа ачдаг
монгол жолооч нарын бизнесийг булаалдах болжээ. Эрээн хотын барилгын мате­риалын
томхон зах, тавилга зардаг төв гээд Улаанбаатар руу ачаа ачиж болох бүх л газарт
нүүрсний том маши­нууд эгнэсэн байна лээ. Зөв­хөн өөрийн жин нь гэхэд хорь гаруй
тонн аж. Ачаа нэмэхээр зуун тонн орчим болдог гэнэ. Улаанбаатар руу ачаа тээж байгаа
энэ том машинууд Замын-Үүд хүртэл тавьсан шинэ замын эвдрэлийн гол шалтгаан болж
бай­гаа юм билээ. Ачаа ачаад ч болтугай мөнгө олохгүй бол болдоггүй гэнэ. Учир нь
энэ машинуудын ихэнхийг лизингээр авсан аж.

 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Холливудын шилдгийг шалгаруулах ёслолыг дэлхий даяараа “Оскар, Оскар” хэмээн уухайлах бөлгөө

АНУ-ын кино академиас 
жил бүр зохион байгуулдаг “Оскар”-ын 86 дахь удаагийн ёслолын арга хэмжээ
өчигдөр болж өнгөрлөө.  Ер нь кино сонирхдог,
сонирхдоггүй хэн бүхний чих тавьж, анхаарлаа хандуулдаг шоу энэ дэлхий дээр Оскарын
наадам л байх шиг байна. Тив улсаараа ялгаралгүй өнөөгийн ертөнцийнхнийг мэдрэмжийн
нэг л цэгт төвлөрүүлж чаддаг учраас гайхамшигтай биш гэж үү.

Хүн болгон Холливудад өөрийн  мэддэг жүжигчинтэй.  Нэрийг нь мэдэхгүй ч киноных нь дүрээр таньдаг
жүжигчдээ яаж гоёо бол, хэнтэй ирээ бол хэмээн шимтэж зурагтаас салгадаггүй суулгадаг
болсон байна.  Улаан хивсээр алхах оддын маяг,
донжийг шинжихээр  зургаан тэрбум хүн бараг
тэр аяараа нүдээ бэлчээдэг билээ.  Энэ утгаараа
Оскарын хажууд өвлийн олимпийн цар хүрээ, дуулиан шуугиан, олны анхаарлыг татах
зэрэглэл нь юу ч биш болон хувирч. Үнэндээ Америкийн соёл, америкизм дэлхийд ноёрхлоо
тогтоосны баталгаа нь энэ. Америк дэлхийн эзэн шүү гэдгээ ингэж харуулж байна.  Хүн төрөлхтнийг шагшуулж,  олон түмнийг догдлуулаад буй Оскар нь гэтэл жинхэнэдээ
Америкийн кино үйлдвэрийнхэн тухайн  жилийн  шилдгүүдээ 
шалгаруулж байгаа төдий л арга хэмжээ юм. Гэвч дэлхий дахин зөвхөн Холливуд
руу хошуурч “Оскар, Оскар” хэмээн уухайлж байна. Учир нь бусад улс кино хийдэггүй.  Хийлээ гэхэд тэр кино нь Холлиувудыг яаж гүйцээ
аж.

Иймийн учир бүх урлагийн дотроос хамгийн чухал нь хэмээн
хэдийнэ тодорхойлогдсон киног хийсэн шиг хийж чаддаг Холливудыг шүтэн биширч, гайхан
бахдахаас өөр яалтай билээ. Тэдний киноны зураг авалтын сайныг магтаад ч хэрэггүй,
төгс. Найруулга шилдэг, жүжигчдийнх нь уйлах, уурлах,  инээх  жүжиглэлт
бүр үнэмшилтэй. Компьютер график ашигласан хийсвэр байлаа ч кинонууд нь туйлын үнэмшилтэй,
сэтгэл догдлуулам болж чаддагаараа яахын аргагүй шилдэг. Тэгээд ч америкчууд кино
үйлдвэрлэлийн шилдэг шалгаруулах ёслолоо дэлхий донсолгосон шоу болгон бизнес хийж,
ашиг олж чадаж байна.  Дэлхийн өнцөг булан
бүрт улс орон болгон зөвхөн Оскарыг халуун цэгээс нь шууд дамжуулж байна.  Мэдээж энэ бүхний төлөөсөнд асар их мөнгөний урсгал
Америкийг чиглэж,  эдийн засагт нь томоохон  хөрөнгө оруулалт болж байна. Энэ хэрээрээ Америк
гүрэн хүчирхэгжиж байна. Оскар бол зөвхөн киноны шилдгүүдийг шалгаруулснаар хязгаарлагддаг
наадам биш. Урлагийн гайхамшгийг мэдрүүлж, сэтгэл хөдлөл, сайхан бүхний мэдрэмж
төрүүлдэг цэнгүүн. Тухайн жил дэлхий даяараа юу өмсөхийг зааж өгдөг загварын шоу
л гэсэн үг. Хүүхнүүдийн гангараа, эрчүүдийн гоёлын хэв загварыг тодорхойлж,  дэлхийн брэндүүдийг сурталчилдаг том давалгаа.
Монголчууд  жил бүрийн Цагаан сараар гоёлоо
бэлддэг шиг Холливудын сайхан бүсгүйчүүд улаан хивсний ёслолд даашинзаа зэхдэг.
Хамгийн хээнцэр, дэгжин  бүхнийг урлуулахаар
нэр алдартай дизайнерууд руу нууцхан уралддаг. Хүлээсэн өдөр нь ирэхэд тэдний хэн
нь хамгийн сайхан даашинзаар гоёж, бусдаасаа ялгарав гэдгийг нь шалгаруулдаг болохоор
арга ч үгүй биз.  Өнөө жилийн хувьд бүгдийнх
нь даашинз гайхалтай байлаа. Тэр дундаас Кейт Хадсоны өнгөлөг цагаан даашинз түүнийг
улам ч ихэмсэг,  дэгжин харагдуулж байсан
нь бүхний нүднээ ил байв.  Оскарын шагналт
жүжигчин Сандра Буллокийн “Alexander McQueen” -аар  урлуулсан гүн 
хөх  өнгийн тансаг даашинз, үнэт эрдэнийн
чулуун гоёл хэний ч  анхааралд өртөм хээнцэр
байлаа. Үзэсгэлэнт Шарлиз Терон ч ганган даашинзаа  алдарт “Dior”-оор урлуулсан нь тансаг. “12 жилийн
боолчлол” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын наадмын туслах эмэгтэй дүрийн номинацид
нэр дэвшсэн Люпита Нионгогийн хар арьсан дээр туйлаас зохицсон гэлтэй усан цэнхэр
өнгийн даашинз ч гайхалтай байв. Тэрээр алдарт “Prada”-г сонгосон байлаа.  Мөн Холливудын үзэсгэлэнт бүсгүй Анжелина Жоли
энэ удаа Ливийн загвар зохион бүтээгч “Elie Saab”-ын урласан мөнгөлөг, торон даашинзаар
гоёсон нь бусдаасаа ялгарч, үзэсгэлэнт төрхөө улам тодотгосон байлаа. Алдарт Жулия
Робертсийн тансаг хар даашинз гоёмсог байсныг дэлхийн хувцас загварынхан онцолж  байна. Түүний өмссөн даашинз Францын
“Givenchy” брэндийнх байв.   Ийнхүү  Холливудын бүсгүйчүүдийн гоёсон дэлхийн брэнд,
үнэт эрдэнэс хүн бүрийн нүдийг жилийн турш хужирлах нь ээ. 

Үүнийг дагасан шоу нэвтрүүлгүүд ч бүтэн жилийн турш хүчээ
авна. Холливудын оддын  улаан хивсний ёслолоор
өмссөн, зүүсэн гоёл, зүүсгэлийн тухай сонирхуулдаг телевизийн тусгай сувгууд бий.
Сэтгүүл, сонинууд ч хангалттай. Тэдний бүтэн жилийн ажлыг залгуулдаг ганц “хоол”
нь тухайн жилийн “Оскар”-ын гоёл билээ. Тэглээ гээд сониуч хүн төрөлхтөн тэдний
нийтлэл, нэвтрүүлгээс уйдна гэж үгүй. Ямагт хүн бүрийн эрэлттэй, үзүүштэй нэвтрүүлэг
байсаар дараагийн Оскартай золгодог нь маргашгүй үнэн.  Мөн хамгийн эв хавгүй, загвар донжгүй хувцасласан
оддын тэнэг хувцаслалтыг зарладаг нэвтрүүлэг ч дараа жил хүртэл үзэгчдийг байлдан
дагуулна.  Ингээд бодохоор “Оскар” бол дэлхий
дахинаа хамарсан соёлын  хувьсгал болон  ноёрхсон нь илт байна. 

Ийм л дуулиан, шуугиантай үйл явдлыг араасаа дагуулсан “Оскар”-ын
нэгэн ээлж өнгөрлөө.  Өнөө жилийн ёслол Холливуд
дахь “Dolby Theatre”-д болсон юм. Америкийн алдартай шоу нэвтрүүлэгч, инээдмийн
жүжигчин Эллен де Женерес  хоёр дахь удаагаа
энэ наадмыг хөтөлж, түмнийг хөгжөөв.  Шөнийн
Лос-Анжелесыг нисдэг тэргээр гэрэлтүүлж, америкчуудыг шөнөжин донсолгож, ертөнц
дахиныг шуугиулсан 86 дахь удаагийн  наадмын
шилдгүүд тодорлоо.  Шилдэг киногоор 12 жилийн
боолчлол буюу “12 years a slave” кино шалгарлаа. Энэ бол 1840-өөд оны үеийн боолчлол,
бурангуй ёс ноёрхож байсан  Америк орны үнэн
бодит нүүр царайг харуулсан урлагийн бүтээл байлаа. Энэ кинонд бүтээсэн туслах дүрээрээ
жүжигчин Люпита Нионго “Оскар”-ын эзэн болсон юм. Өдгөө 30 настай энэ эмэгтэй  нэгэн үе шөнийн харанхуй мэт хар арьстай төрснөөсөө
ичиж, бас доромжлуулж явсан гэдэг. Гэвч сүүлд чадварлаг  загвар өмсөгч болсон нь кинонд тоглох хожмын амжилтыг
нь авчирчээ.  86 дахь “Оскар”-ын эрэгтэй туслах
дүрийн шагналыг “Худалдан авагчдын далласын клуб” кинонд ДОХ туссан трансжендер
залуугийн дүр бүтээсэн жүжигчин Жаред Лето 
авлаа. Шилдэг эмэгтэй жүжигчнээр Сандра Буллок “Татах хүч” киногоороо хоёр
дахиа Оскар гардах болов уу хэмээн найдаж байсан хүмүүсийн таамгийг таягдан хаяж
жүжигчин Кейт Бланшетт “Blue Jasmine” киноныхоо дүрээр ялагч боллоо. Түүний өрсөлдөгчид
агуу Мерил Стрип, Сандра Буллокоос эхлээд 
Холливудын акулууд байсан ч энэ жилийн наадам Кейтийнх болов. Тэрээр өмнө
нь олон алдартай кинонуудад гайхалтай тоглож байсны нэг нь 1998 онд Их Британийн
хатан хаан Элизабетагийн дүрийг бүтээсэн явдал байлаа. Мөн 2008 онд Бенжамин Баттоны
хачирхалтай түүх кинонд дүр бүтээж байсныг уншигчид санаж буй биз ээ.  Тэгвэл “Оскар”-ын шилдэг эрэгтэй жүжигчнээр Мэттью
Макконехи  “Dallas Buyer”s Club” буюу худалдан
авагчдын далласын клуб кинонд бүтээсэн дүрээрээ шалгарлаа. Жил жилийн “Оскар”-ын
шилдэг эрэгтэй дүрийн номинацид алдарт жүжигчин Леонардо де Капирео нэр дэвшдэг
ч хэдэнтээ “мултарсан”. Энэ жилийн оскар түүнийх болно  хэмээн кино сонирхогчид тааварлаж байсан ч талаар
өнгөрөв. Тэрээр “The Wolf of Wall Street” киногоороо нэр дэвшсэн ч  Мэттью МакКонахид оскараа алдлаа.  2014 оны Оскар наадмаас хамгийн олон шагнал түүсэн
киногоор “Gravity” тодорсон юм. Шилдэг найруулагч, шилдэг киноны дуу, зураг авалт,
дуу оруулалт, шилдэг эффект, шилдэг эвлүүлэг, шилдэг дуу­ны найруулга гэсэн долоон
төрөлд шалгарч, ёстой л  ха­мах шиг боллоо.
Ингээд “Оскар”-ын бусад төрөлд шаг­нал хүртэгсдийн нэрийг дор жагсаав. Энэ бүх сонин
хачин дараа жилийн Оскар хүртэл ертөнц дахинаа олон түмнээ шинэ мэт шагшигдсаар
байх бөлгөө.

Шилдэг зураг:
“12 Years a Slave”

Шилдэг найруулагч:
Альфонсо Куарон “Gravity”

Шилдэг эх
кино зохиол: Спайк Жонзе  “Her”

Шилдэг засварласан
кино зохиол: Жон Ридли “12 Years a Slave”

Шилдэг эх
дуу: “Let It Go” -“Frozen,” Роберт Лопез, Кристен Андерсон-Лопез

Шилдэг эх
саундтрак: Стивен Прайс “Gravity”

Шилдэг продюсер:
Кэтрин Мартин, Беверли Данн “The Great Gatsby”

Шилдэг кино
эвлүүлэг: Альфонсо Куарон, Марк Сангер 
“Gravity”

Шилдэг кино
зураг авалт: Эммануэл Лубезкий  “Gravity”

Шилдэг эмэгтэй
туслах дүр: Лупита Нионго  “12 Years a
Slave”

Шилдэг эрэгтэй
туслах дүр: Жаред Лето  “Dallas Buyer”s
Club”

Шилдэг дуу
оруулга: Глен Фриймэнтли  “Gravity”

Шилдэг дууны
найруулга: Скип Льевси, Нив Адири, Кристофер Бенстид , Крис Мунро “Gravity”

Гадаад хэл
дээрх шилдэг кино: “The Great Beauty”

Шилдэг баримтат
кино: “20 Feet From Stardom”

Шилдэг богино
хэмжээний баримтат кино: “The Lady in Number 6: Music Saved My Life”

Шилдэг визуал
эффект: Тим Веббер, Крис Лауренс, Дейв Ширк, Нейл Корбаулд “Gravity”

Шилдэг анимейшн
кино: “Frozen”

Шилдэг богино
хэмжээний анимейшн кино: “Mr. Hublot”

Шилдэг мейк-ап,
үс засалт: “Dallas Buyers Club”

Шилдэг хувцас
загвар: Кэтрин Мартин “The Great Gatsby”

 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Энхбат: Би дахиж эрх мэдлийн төлөө ажиллахгүй

УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Энхбаттай
ярилцлаа.

-Улс төрөөс тат­гал­заад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд
эх орныхоо хөгжил, өнөө­гийн улс төр, нийгэм эдийн засгийг ямар байх ёстой гэж тунгааж
байна вэ?

-Хамтын эрх ашиг гэдэг ойлголт Мон­голд бүрэлдээгүй бай­на. Аргагүй
л дээ. Улаан­баатарт монголчууд саяулаа амьдарч байгаа нь анхны тохиолдол. Бас анх
удаа дундаа машины зогсоолтой болж Таван толгой мэтийг сонирхож эхэллээ. Өөрөөр
хэлбэл бид 50 жилийн өмнө бай­шинд орж, тэр цагт шүдээ угааж сурсан хүмүүс. Ингээд
сүүлийн тавин жилийн хугацаанд монголчууд юу амжуулсан бэ гэдэг асуултад нэг талаас
нь хариулбал асар их ажил хийжээ. Том дэвшилд хүрчээ. 40 мянгат баригдахад л Улаанбаатар
хот дэл­хийн хотуудтай ойртсон ш дээ. Харин нөгөө талаа­саа үүнээс ихийг хийж болох
байсан уу гэвэл болох байжээ. Ялан­гуяа бусад улс орнуудтай харьцуулбал Улаанбаатар
цэгцтэй цом­хон, зөв байж болох байлаа. Харамсалтай нь хамтын эрх ашгийн төлөөх
ажлыг гарын авлага уншаад түүнийхээ дагуу хийж байгаа юм шиг явуулж болдоггүй юм
байна. Ганц гэрээрээ нүүдэллэн амьдарч ирсэн монголчууд хамтын эрх ашиг гэдгийг
ойлгоогүй нь том дутагдал болжээ. Ер нь хамтын эрх ашиг гэдэг Улаанбаатарт нутгийн
зөвлөл гэдгээр анх орж ирсэн юм шиг байна. 

-Өнгөрсөн үе маань ихийг хийсэн, бас хийж чадаагүй гэсэн хоёр
тал­тай харагдаж байгаа юм бол өнөөдрөөс улс төрөө, нийгэм эдийн засгаа яаж цэгцлэх
ёс­той гэж харагдаж байна вэ?

-Парламентаас бууж, улс төрөөс холдоод жил гаруй боллоо. Эндээс харахад
манай парламент хамтын эрх ашгийн төлөө бус хувийн эрх ашгуудын хооронд наймаа хийдэг
байгууллага болчихож. Үүнийг шинжлэх ухааны хэлээр комитетийн зарчим гэдэг юм. Өөрөөр
хэлбэл зөвлөл. Хүн бүхэн өөрийнхөө эрх ашгийг тусгахын тулд л УИХ-д суудаг болж.
Өөрийнхөө эрх ашгийг тусгаад шийдэл гаргасан нь хамгийн муу хувилбар байдаг. Уг
нь улстөрчид эх орныхоо эрх ашгийг дараагийн 10 жилд төлөвлөх ёстой болохоос биш
өөр хоорондоо наймаа хийх ёсгүй. Эндээс улс төр урагшлахаа больж байгаа юм. Хувийн
эрх ашгаа наймаалах үед аль олон кноптой нь ялна. Тэгэхээр хамтын эрх ашиг, шинэ
зорилтоо тодорхойлох хэрэгтэй. Миний бодлоор мон­голчууд бид дараагийн зорилтоо
тодорхойлж чадахгүй байгаа юм бай­на. Ардчилал гэж ерөн­хий зүйл хэлээд сайхан амьдарна
гээд бүр ерөн­хий­лөөд орхичихож бай­гаа юм. Яг яаж сайхан амьдрах юм гэвэл уурхай
ухаж мөнгө олно гэнэ. Улс орны хөгжил гэдэг бол аж ахуй биш шүү дээ. Соёл, шинжлэх
ухаан, түүх, эрүүл мэнд бүх зүйл нийлээд хөгжил. Энэ өнц­­гөөс нь хараад яаж явах
ёстойг хэлэх гэхээр одоогоор томъёолол алга.

-Тэгвэл бид яг юун дээрээ алдаж байна вэ?

-Өргөн хүрээтэй ойлголт. Монголчуудын өнөөдөрт хоёр асуудал байна.
Нэг нь бид хэн юм бэ гэдгээ огт ойлгоогүй. Өөрөөр хэлбэл бидний давуу тал юу юм.
Бид Орос, Хятадаас юугаараа ялгаатай вэ, бид Хятадад юугаа өгч юуг нь авах юм гэх
мэтчилэн. Түүнчлэн өнгөрсөн үед амьдарч байсан өвөг дээдсээсээ ялгарах зүйл маань
юу вэ. Хойч үеийн ялгарах онцлог ямар байх юм. Бидний хүчтэй тал буюу үнэлэмж юу
вэ. Эх оронч чанар уу. Шударга ёсон уу, хөдөлмөрч байдал уу. Үүнийгээ бид залуустаа
шилжүүлээгүй.  Бид энэ бүх асуултад хариулж
чадаагүй учраас өнөөдөр залуус маань LV-д ордог уу үгүй юу, бензтэй юу үгүй юу гэдгээрээ
хуваагдаж эхэлжээ.

Нөгөө дэх нь бид нар яг юуг хүсээд байгаа юм. Гадныхан биднийг их
гайх­даг юм. Юу хүсээд байгаагаа мэддэггүй гэж. Төмөр зам барих гээд байгаа юм уу,
үгүй юм уу. Таван толгойдоо гадныхныг оруулах уу, үгүй юу. Улаанбаатарыг өргөтгөх
үү, үгүй юу. Гад­наас зээл аваад ажил хийх юм уу, үгүй юм уу. Хөрөнгө оруулагчдыг
уриад байгаа юм уу үгүй юм уу. Тэгэхээр бид яг хэн юм, юу хийх гээд байгаа юм гэдгээ
томъёолоогүй цагт улс төр юуг ч шийдэхгүй. Эрх мэдлийн хуваарилалт мөн­гө хоёр байсан
ч зорилгоо мэдэхгүй бол ямар ч ажлын ард гарч чадахгүй. Өнөөдөр мон­гол­чуудын хөгжилд
хөт­лө­хөөр хэлцэж байгаа үзэгдэл бол зүгээр л баян болох гэсэн хүмүүсийн хоорондын
маргаан юм. Тэгэхээр эрх мэдэл мөнгө хоёр зорилгоо мэддэг хүнд л хэрэгтэй. Английн
далайчдын зүйр үг бий. Хэрвээ та очих газраа мэдэхгүй бол ямар ч салхи танд тус
болохгүй гэж. Үүнтэй л ижил.

-Дэлхийн энэ олон хүний дунд гурван сая монгол ямар замаар замнавал
үлдэж, хөг­жинө гэж боддог вэ?

-Нигерийг бид их муу хэлдэг. Тэр улсын тухай уншиж байхад нефть л
тэднийг нэгтгэдэг юм байна. Нефть нь дуусч, хуваах зүйлгүй болчихвол тэд нэгнээ
үзэн ядаж тара­хад бэлэн байгаа. Харин монголчуудад хуваах зүйл бай­гаа болоод ингээд
байна уу, эсвэл хамтдаа хийх зүйл байгаа болоод ийм байдалтай байна уу гэдэг нь
их сонин. Үнэхээр Таван толгойг ашиглахгүй бол монголчууд тарж бутрах юм уу. Энэ
бол монголчуудын өнөөдөрт тохиолдож байгаа асуулт. Харин өнгөрсөн үе бол эх хэлээрээ,
түүх соёлоороо нэгдээд ирсэн. Энэ бол улстөрчдийг шүүмжлэх гэж шүүмжилж байгаа юм
биш шүү. Бид цаа­шид хэрхэх вэ гэдгээ зөв томъёолохгүй бол асуудлыг мөнгө, уул уур­хай,
улс төр, эрх мэдлийн хүрээнд шийдэх боломжгүй. Зорилгоо мэдээгүй монголчуудад эрх
мэдэл, мөнгө ирвэл хагаралдахаас цааш алхахгүй байна. Өнөөдөр би, маргааш Дорж,
нөгөө­дөр Дондог яллаа гэж үзье. Хэрвээ бидний зорил­го нэг биш бол ялсан нь өөрийнхөө
асуудлыг л шийднэ. Тэгэхээр миний хэлэх гэж байгаа санаа бол улс төрийн асуудлаа
шийдэхийн тулд улс төрийн замаар шийдэхгүй юм байна. Нэг нь нөгөөгөө ялж биш гэсэн
үг. Улс төрийн асуудал ямар үед шийдэгдэх вэ гэвэл бид юу хүсч байгаагаа томъёолоод,
зорилгодоо нэгдсэн цагт улс төр өөрөө хэвэндээ орно. Энэ бол монголчуудын оюун санаанд
тавих хамгийн том асуулт.

-Тэгвэл монгол­чуудын зорилго юу байх юм?

-Казахууд саяхнаас улс байгуулан ажиллаж байна. Тэд казахууд гэж
хэн юм гэдгээ судлахын тулд 200 гаруй хүнтэй баг ажиллуулж байгаа юм. Гэтэл
2500 жилийн түүхтэй монголчууд өнөө­дөр нүүрс ухаж эхлэх тухай яриад сууж байгаа
байхгүй юу. Мон­голчуудыг нэгтгэдэг бүх­нээ хаячихаад хага­ралдуулдаг гол зүйлээ
яриад байх юм. Уул уур­хай, эдийн засгийг хойш нь тавьж болохгүй ч төр барьж байгаа
бүх хүн уурхайчин байж болохгүй байхгүй юу. Сайд болгон уурхайтай, хүн бүр уурхай
ярьдаг байж болохгүй. Шийдэл нь гэвэл хэл, соёл, боловсролыг улс төр, нийгмийн бүх
харилцаанд гаргаж ирэх ёстой. Үүнийг ойлгож байж бидний яриад бай­гаа бүхэн утгатай
болно. Эсрэг тохиолдолд бая­жих гэсэн хүмүүсийн шоу­гаар дуусна. Манай эрх баригчдын
яриад бай­гаагаар 10 том төслийг нийлүүлбэл хөгжинө гээд байгаа юм. Яг үнэндээ энэ
бол хөгжил биш. Гадны орнууд хөгжөөд байгаа нь бид нарт гайхуулах гэснийх биш. Зүгээр
өөрсдөө асуудлаа хамтдаа шийдээд явж байгаагийн нэг хэлбэр. Үүнийг л харах хэрэгтэй
юм шиг.

-Та УИХ-д байхдаа эхлүүлээгүй ажлаа одоо яриад амжилт олно гэж
бодож байна уу?

-Би парламентад суугаад хоёр дахь сонгуульд оролцоогүйгээ ухарлаа
гэж боддоггүй. Би гол өвчнөө даваад гарчихлаа гэж боддог. УИХ-д ороогүй бол одоо
ч орж үзэх бодолтой яваа байх. Нэг ёсондоо парламентад суугаад тэнд шийдэл байдаггүй
юм байна гэдгийг олж харсан. Одоо өөрийгөө вакцинжуулчихсан учраас улс төр, сонгууль
гэж солиорч гүйлгүйгээр дараагийн ажлаа эхлүүлэх цаг нь болжээ.  Яагаад вэ гэвэл улс төрийг манайхан сонгууль,
намын асуудал гэж үздэг. Монгол үндэстэн, 2000 жилийн түүх намаас өмнө ч байсан,
намаас хойно ч байж л байна.

-Та дахиж улс төрд орохгүй гэсэн үг үү?

-Би сонгуулийн улс төрд орохгүй. Өөрөөр хэлбэл улс төрийн нам, намын
дүрмээр дамжсан улс төрийн тоглоом, сонгуульд орохгүй. Харин улс орны хөгжлийн үзэл
санааг хэлэлцэх гэх мэт асуудалд тэртэй тэргүй оролцоод явж байгаа. Тэгэхээр эрх
мэдлийн төлөө дахиж явахгүй гэж хэлж байна гэж ойлгож болно.

-Эрх мэдэлгүйгээр таны яриад байгаа бүхэн ажил хэрэг болно  гэхэд хэцүү байх?

-Хүн зорилготой байх ёстой. Нэг сумаар хоёр туулай буудах гэж санаархах
ч хэрэггүй. Харин эрх мэдлийн тэмцэл дунд орчихвол энэ ярьж байгаагаа хийх завгүй
болно. Өнөөдрийн эрх мэдэлтнүүд бүгд завгүй байгаа юм. Түүнээс биш надаас ухаан,
чадал дутсандаа үүнийг ярихгүй байгаа юм 
биш. Бүгдээрээ хоолойгоо тултал шаварт хутгалдаж, зарим нь живэхдээ бусдыг
татаад завгүй байгаа. Хоёрдугаарт эрх мэдэл зарим талдаа аюултай. Хэрэгтэй үедээ
хэрэгтэй, хэрэггүй үедээ хэрэггүй. Эрх мэдэл байнга сонирхлын зөрчил үүсгэдэг. Миний
ойлгож байгаагаар маш олон зүйлийг улстөрчгүйгээр шийдэх ёстой. Жишээ нь тендерт
материалаа ирүүлсэн хоёр хүн хоёулаа комисст нь оролцож, шалгаруулалт хийж болохгүй.
Үүнтэй ижил нийтийн эрх ашгийг хүчний хуваарилалтад оруулж болохгүй байхгүй юу.
Тэгэхээр энэ асуудлыг институцийн хэмжээнд өөрчилж нэг хүн биш, олон хүн ярьдаг
болох хэрэгтэй. Энэ бол миний оролцох зүйл. 

-Ингэхэд та ИЗНН-даа байгаа юу. Яагаад нэр дэвшээгүй билээ?

-Би ИЗНН-аас гарсан. Сонгуулийн өмнө би намын Их хурал дээр энэ асуудлыг
тавина. Сонгууль болтол хүлээсэн үүргээ биелүүлнэ гээд намын даргын суудлаа өгч
байгаагаа мэдэгдсэн. Уг нь Ногоон намын дүрмээр бол жил бүр Их хурал хуралдах ёстой.
Гэтэл хоёр жил өнгөрсөн ч хуралдсангүй. Тэгэхээр асуудал нэг талдаа гарсан гэж ойлгож
болно. Уг нь би бүх зүйлийг өөрөөр хийх гэж өөр намд орсон юм. Гэтэл өөр замаар
явна гэж байсан нөхдүүд маань сонгуулийн өмнө үгүй МАН, АН-тай яг адилхан байх ёстой
гэж үзсэн. Тиймээс л би нэр дэвшихээс татгалзсан хэрэг. Гурван жил баруун тийшээ
явж Отгонтэнгэрийн оргилд гарна гэж ярьчихаад нэг өглөө үгүй урагшаа хөдөлнө гэвэл
та машинаасаа буусан нь дээр биз дээ. Намууд МАН, АН-аас өөр байж чадахгүй юм бол
нам гэж байгаад яах юм. Адилхан л юм чинь АН, МАН-ын аль нэгэнд нь орчихсон нь дээр
биз дээ.

-Таны улс төрийн тухай үзэл бодол тань өнөөдөр ийм байгаа юм байна.
Тэгвэл яг ямар ажил гардаж байгаа вэ?

-Миний хийх гэж байгаа ажил бол интернетэд их сургууль байгуулах.
Би түрүүн хэлсэн дээ. Дэлхийн хүмүүсийн дунд гурван сая монголчууд юуг илүү чаддаг
байх хэрэгтэй вэ гэж. Үүний хариулт бол насан туршийн үндэсний боловсролын тогтолцоо
юм. Хүн амьдралдаа 10 удаа ажлаа сольж бай­на. Хоёроос гурван удаа мэргэжлээ сольж
байна. Технологийн хурд 3-4 жилийн дав­тамж­тай өөрчлөгдөж бай­на. Бизнесийн хурд
гүйцэгдэхгүй байна. Энэ үед хүн дунджаар 3-4 жилд дахин суралцаж байх шаардлага
гарч байгаа юм. Зөвхөн 18 настайдаа их сургуульд ороод 22 насандаа энэ дэлхийн бүх
боловсролыг хэлбэрэлтгүй эзэмшиж чаддаггүй учраас л дахин суралцах шаардлага гарч
байгаа юм. Шууд хэлбэл өнөөдрийн дунд, дээд сургууль бус насан туршийн боловсролын
соёл хэрэгтэй байна. Насан туршийн боловс­ролын соёлыг яаж сурах вэ гэвэл чи орой
гэртээ очиж компьютерээ асаа­гаад видео хичээл тавьж магадгүй мужааны
дамжааг сонгож болно. 45 хоног интернетээр сур­гуульд сурна гэсэн үг. Эхлээд сургалтын
төлбөрөө хийхэд танд шаардагдах зүйлүүд байна уу гэж асуугаад, байгаа гэвэл хичээл
эхэл­нэ. Хамгийн эхлээд энэ зарчмаар банзыг хөрөөд гэнэ. Сард сур­гууль дээрээ нэг
очиж шалгалтаа өгөөд банз сайн хөрөөддөг болсныг гэрчлэх сертификат авна. Яагаад
гэвэл аль нэг компанид банз сайн хөрөөддөг хүн хэрэгтэй байгаа гэсэн үг. Харин суралцсан
хүн маань бэлэн боловсон хүчин болж таарлаа. Ийм сур­гал­тын төвүүд зах зээл дээр
хэдэн зуугаараа байх ёстой. Дээрээс нь үүнийг нийлүүлээд мэргэжлийн институтууд
бий болох ёстой. Энэ бол таны соёл байх ёстой. Жишээ нь 20 жилийн өмнө намайг айл
бүрт интернет байна гэж ярьж байхад хэн ч үнэмшихгүй байсан. Харин одоо их сургууль
айл бүхэнд байх ёстой. Ингэхдээ та өөрөө бие дааж сур. Хүн бүхнийг багш шавийн барилдлагаар
сургах боломж байхгүй учраас тэр. Нөгөө талаар өөрөө сурч чадахгүй хүн ямар ч ажилд
тэнцэхгүй гэсэн үг. Тэгэхээр эцсийн эцэст өөрөө сурдаг соёл хүн бүрт байх ёстой.
Ингэж сургадаг дэд бүтэц тогтолцоо нь улс оронд байх ёстой. Үндэсний ийм тогтолцоо
л аварга төрүүлэхээс биш бид хичнээн Чингэсийн үр сад гэж хашгираад манлайлж чадахгүй.
Тэгэхээр үүнийг хийх боломж нь интернетэд сургалтын “Нарантуул” захыг байгуулах.
Нэг хэсэг нь сургаж нөгөө хэсэг нь авдаг болох.

-Интернет сургууль хэзээнээс хичээллэж эхэлнэ гэсэн үг вэ?

-Ажил эхлээд овоо явж байна. Эхний ээлжинд бид олон зүйлийг гаднаас
сурч, хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Мянга ярихаар нэг үзүүлэх хэрэгтэй байгаа юм.
Бэлэн үзүүлэх зүйл бол Салмен Хан гэдэг Факистан гаралтай Америк хүний бэлдэц бай­на.
Тэр хүн дунд сур­гуулийн дөрвөн мянган хичээлийг тус бүр 15 мину­тын хугацаатай
хийгээд интернетэд тавь­чихсан байдаг. Сур­гуулийн хүүхдүүд хичээ­лээ дутуу ойлгосон
бол интернетэд ороод нөхөж авах боломжтой. Энэ асууд­лыг Боловсрол, шинж­лэх ухааны
яаманд танилцуулаад бүгдийг нь Монгол хэл рүү орчуулах шийдвэр гарчихсан. Энэ ажлыг
би гардаж байгаа. УИХ-аас ч хүүхдүүдийн төлөө үүнийг дэмжих лобби бүлэг байгуулсан.
УИХ-ын дарга З.Энхболд, С.Бямбацогт, Н.Батцэрэг, Г.Уянга мэдээж Л.Ган­төмөр байгаа.
Энэ бол эхний алхам юм. Мөн дараагийн хийх ажил бол хэлнийхээ тайлбар толь боловсруулах.
Дэлхий нийт сэтгэлгээний ажлыг хийхийн тулд тайлбар толио эхлээд гаргадаг. Нэг бай
харахын тулд нэг үгийг бүгдээрээ ижил ойлгодог байх хэрэгтэй. Жишээлбэл боловсрол
гэдэг үгийг нэг хэсэг маань тоо гэж боддог бол англи хэл гэж ойлгох хэсэг ч байдаг.
Хамгийн сонирхолтой нь боловсрол гэдгийг 1980 онд ойлгох нэг өөр, 2010 онд ойлгох
бас нэг өөр байгаа юм. Үг бүхэн ийм. Тэгэхээр дэлгэрэнгүй тайлбар толь гэдэг хэлний
асуудал бус монголчуудын нэгдсэн ойлголтын тухай яриа. Ийм зүйлийг хийснийхээ дараа
бид том зүйлийг ярина. Эндээс дүгнээд хэлэхэд энэ 100 мянган үгтэй онлайн толийг
бэл­дэхэд хүн бүр орол­цож, мэргэжилтэн бүр өөрийнхөө салбарын үгний тайлбарыг ирүүлэх
ёстой. Эцэст нь хэлний мэргэжилтнүүд үүн дээр ажиллана. Энэ видео хичээл, хэлний
толийн асуудал харахад техникийн асуудал юм. Хоёрдугаар түвшиндээ боловсролын асуудал
болж байгаа бол эцсийн шатанд монголчуудын үзэл санааны гол асуу­дал байхгүй юу.
Бүр цааш­луулаад харвал бид юугаа­раа нэг юм гэсэн асуултын хариулт хэл яриа болж
таарч байгаа юм. Юуг хүсч байгаа юм дэлхийд өрсөлдөхийг хүсч байгаа хэрэг. Миний
хийх дараагийн ажил бол Монголын түүх, соёлыг нэгтгэн боловсруулах. Дуу хөгжмөөс
эхлээд энд бүх зүйл багтана. Үүнийг хийдэг маань бид хэн юм бэ гэдгээ тодорхойлох
гэснийх. Бид 2500 жилийн тэртээд хаанаас ирсэн юм. Гуравхан саяулаа байж Хятадад
яагаад уусаа­гүй юм. Биднийг зөвхөн сэлэм авраагүй гэх мэт асуудлуудыг тог­тоо­хын
тулд энэ ажлыг хийнэ. Энэ бол зөвхөн эхлэл.

-Таны энэ ажил хэзээнээс хэрэглэгчдэд хүрч эхлэх вэ?

-Дөрвөн мянган видео хичээлийн эхний мянгыг нь өнөө жил орчуулна
гээд УИХ-аас би мөнгө авсан. Сангийн яамнаас мөнгөө авч чадаагүй бай­гаа хэдий ч
комманд ажлаа эхлүүлчихсэн бай­гаа. Эхний 100 хичээл аль хэдийнэ бэлэн бол­          чих­сон байна. Долоо хоногт 10-20 хичээлээр
нэмэгдээд явчихна гэсэн үг. Тийм учраас магадгүй сарын дараа гэхэд эхний хичээлийг
хүмүүс үзээд эхэлнэ.

Л.МӨНХТӨР