Categories
редакцийн-нийтлэл

Тархины судсыг анагаагч А.НОТА

Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө
тангараг өргөсөн цагаан халаадтануудыг
магтан дуулсан дуу цөөнгүй
бий. Арга ч үгүй
биз. Эх орныхоо энхийн
төлөө тангараг өргөж буй эр
цэргийнхэнтэй агаар нэг хүмүүс
шүү дээ. Тиймээс бид
энэ удаагийн “Өдрийн зочин”-оор
академич, шинжлэх ухааны доктор,
профессор Ануарын Нотаг урьсан
юм. Нота бол мэдрэлийн
мэс заслаар 46 жил ажилласан тархи,
мэдрэлийн талдаа гаршсан нэгэн,
товчхондоо тодотговол ийм. Монголд мэдрэлийн
чиглэлээр мэргэшсэн эмч цөөхөн байдаг
ажээ. Тэгвэл Нота тэдний
төлөөлөл бөгөөд Казах түмнээс
алдартай дөрөв, тавхан эмч
төрсний нэг юм байна.
Их дуу цөөтэй хүн
аж. Өдгөө нас 70 хүрч
яваа ч өтгөн хар
хөмсөгнийх нь  хаа
нэг газар бууралтаж, дүрлэгэр
том нүдний давхраа нь
бага зэрэг унжсаныг эс
тооцвол  анууханаараа
ажиллаж, амьдарч яваа буурал.
Харин ч их хөнгөн
шингэн хөдөлгөөнтэй, ам нээвэл л
мэдрэлийн мэс заслынхаа талаар
яриа дэлгэх. Нота “Би
1968 онд хотод ирээд Анагаах
ухааны дээд сургуулийг хүний
их эмчийн мэргэжлээр дүүргэсэн.
Тэр цагаас хойш анагаах
ухааны салбартаа тасралтгүй ажиллажээ. Их, дээд сургууль,
шинжлэх ухааны хүрээлэн, орон
нутгийн эмнэлэг, хотын эмнэлгүүд гээд
ажиллаж үзээгүй газар гэж
үгүй. Өчигдөрхөн 79 настай хөгшинд тархины
хагалгаа хийгээд сууж байна”
гэж ярих нь бүхий
л амьдралаа зориулсан
мэргэжилдээ сэтгэл хангалуун байдгийг
нь илтгэнэ. Тэгсэн хэрнээ “Өчигдөр
хагалгаанд орсон буурлын бие
хэр байгаа бол. Ганц
нэг зөвлөгөө нэмж өгөх юмсан”
хэмээн өвчтөнийхөө араас санаа зовно.

Нота Баян-Өлгий аймгийн  Алтанцөгц
сумын уугуул юм байна.
Эхнэр Бану нь эм
зүйч. Одоо тэтгэвэртээ гарчээ.
Гэхдээ хоёрхон хоногийн өмнө
Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ. Анагаахаар
холбогдсон хоёр буурал залуудаа
дөрвөн сайхан хүүхэд төрүүлсэн
ч хорвоо хоёр
хүүхдийг нь буцаагаад аваад
одож. Гэхдээ үлдсэн хоёр
хүүхэд нь өнөөдөр айл
гэр болж, аятай сайхан
амьдарч байгаа болохоор Нота
гуай энэ амьдралдаа сэтгэл
хангалуун, баярлаж явдаг гэсэн.
Том охин Ризагул СУИС-д багшилдаг аж.
Нота гуай гэр бүлээрээ
эрүүл мэндийн салбарт зүтгэж
яваа эрхэм хүмүүс. Учир
нь хүү Баатаржан нь
мөн л аавынхаа мэргэжлийг
өвлөж амьдралаа цагаан халаадтай холбожээ.
Баатаржан профессор. Шастины нэрэмжит III эмнэлэгт
радиолог буюу тархины судасны
чиглэлээр ажилдаг байна. Аавтайгаа
адил энэ чиглэлээр мэргэшиж
анагаах ухааны доктор хамгаалахаа
бэлтгэж байгаа гэнэ.

Анагаах ухааны салбарт нэгнийгээ
гаршсан чиглэлээр нь авгайлж дуудах
бичигдээгүй хуультай гэнэ. Хүүхдийн Лувсандагва,
цусны Цэрэннадмид, мэдрэлийн Жамсран, мэдрэлийн Цагаанхүү гээд их багш
нараа үеийнхэн нь болоод шавь
нар нь ингэж дууддаг
байна. Харин Нота гуайг
“тархи судасны Нота” гэвэл
хүмүүс андахгүй. Найз нөхөд, мэргэжил
нэгт андууд нь нэрээс
нь урьтаж тархи судасны
гэсэн хоёр үгийг заавал
хэлж авгайлаад сурчихсан гэнэ. Нота  гуай Монголын анагаах
ухааны академийн гишүүн, дэлхийн мэдрэлийн
мэс заслын холбооны гишүүн,
ЭМЯ-ны мэс заслын
зөвлөлийн гишүүн, Хүний гавьяат
эмч, Ардын эмч гээд
дурдаад байвал түүний байгуулсан
гавьяа шагнал, бахархам амжилт
энэ хуудаснаа багтахгүй байх. Түүнийг энэ
их замд нутаг нэгт
Ж.Хайрулла багш
нь хөтөлсөн тухайгаа тэрээр ярив. “Би
Хайрулла багшийгаа алтан үеийн эмч
гэж хэлэх дуртай. Учир
нь би багшаасаа маш
олон зүйлийг сурсан. Түүний
хүү миний шавь. Бас
л аав шигээ
мундаг эмч болсон. Ер
нь ард түмний эрүүл
мэнд эмч хүнээс шалтгаална
шүү гээд бодохоор өөрөө
өвдөж байгаагаа ч анзаарахаа больчихдог”
гэж хөөрөлдөв. Үнэндээ мэдрэлийн мэс
заслаар мэргэшсэн эмч Монголд хуруу
дарам цөөхөн байдаг аж.
Гэмтэл согог судлалын үндэсний
төв, Гуравдугаар эмнэлэг зэрэг нэг
эмнэлэгт мэдрэлийн мэс заслын 7-8 эмч
байдаг бөгөөд ихэнх нь
Нота эмчийн гарын шавь.
Нота гуай мэдрэл дундаа
тархи судасны мэс засалд
манай урдаа барих ганц
эмч бөгөөд түүнийг орлох
хэн ч үгүй. Тиймээс
өөрийн мэдсэн сурсан зүйлээ
хойч үедээ өвлүүлэхийн тулд
шавь нартаа байнга заавар
зөвлөгөө өгч, “Ач” анагаах
ухааны дээд сургуульд багшилж,
мэс заслын тэнхимийн эрхлэгчээр
ажиллаж байгаа юм байна.
Мөн “Ачтан” клиникийн эмнэлгийн
мэдрэлийн мэс заслын тасгийн
зөвлөх, тасгийн эрхлэгчийн алба
хашиж явна. Түүний санааг
ганц зовоож буй зүйл
нь арван жил төгсөөд
оюутны ширээнд сууж буй
хүүхдүүдийн мэдлэг. “Үнэндээ толгой хоосон.
Оюутан болоод хичээл хийхгүй.
Бидний үед хичээлийн цаг
ч урт байсан.Чөлөөт цаг гэж
бараг гарахгүй. Зөвхөн сурч мэдэхийн
төлөө тэмүүлдэг үе байлаа. Гэтэл
өнөөдөр оюутнууд өглөө 08 цагаас өдөр 12 цаг
хүртэл арай гэж хичээлдээ
суугаад явж байна. Маргаашийн
08 цаг хүртэл ямар ч
үр дүнгүй цагийг нөхцөөж
байгаа нь харамсалтай” хэмээн
их бухимдангуй боловсролын системийн тогтолцоог шүүмжилж байв. Нота гуай
англи, орос хэлтэй. Зөвхөн
мэдрэл гээд байхгүй эмч
хүн өвчтөн ирэхэд ямар
ч өвчнийг нь
оношлоод эмчилдэг байх ёстой гэсэн
үзлээр өнөөдөр ч сурч
боловсорсоор байна. Харин эмнэлгийн
тоног төхөөрөмж хэдий сайжирч байгаа
ч эрүүл мэндийн
салбар дэлхийн хөгжлөөс хол
хоцорч байгаад жаахан сэтгэл
дундуур явсанаа нуусангүй. Түүнчлэн
хүн амын нягтрал, бидний
амьдарч байгаа нийгмээс шалтгаалаад
мэдрэлтэй холбоотой өвчлөл ихсэх хандлагатай
байгаа гэнэ. Биднийг ийн
хөөрөлдөх зуур түүний гар
утас байнга хангинах. Учир
нь өнөөдөр Казах ард
түмний бахархал “Наурыз”-ын баяр
гээд найз нөхөд, хамаатан
садан, хэдэн зуун шавь
нар нь залгаж урьдаас
баярын мэнд хүргэж байгаа
нь энэ.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Робо-сэтгүүлзүй

Лос Анжелест. Даваа гаригийн өглөө 06 цаг 25 минутад “Los
Angeles Times” цахим хуудаснаа газар хөдлөлтийн мэдээ гарчээ. Газар хөдлөлтийн шуурхай
мэдээг хэн нэгэн сэтгүүлч, сурвалжлагч биш робот бичсэн нь ол­ны гайхлыг төрүүлж
байна.

Сэтгүүлч, програмист Кен Швенке газар хөдлөлт мэдрэгдэх үед
автомат үйлдлээр богино өгүүллэг үүсгэдэг алгоритмыг бү­тээсэн нь энэ.

Вествудэд таван ми­лийн гүнд 4.7 магнитудын газар хөдлөлт
болсныг газар хөдлөлтийг хэмж­дэг төхөөрөмж мэдэрч дохио өгөхөд “Quakebot” холбогдох
мэдээллийг гарган авч, урьдчилан бич­сэн бэлэн загварт өгөгд­лүүдийг оруулж мэ­дээ
би­чи­хээр прог­раммчилсан байна.

Хичнээн километрийн зайд ямар талбайг ха­марсан, хэдий хэрийн
хүчтэй газар хөдлөлт болс­­ныг он, сар, өдөр, цаг, минуттай нь гаргаад мэдээний
бэлэн загварыг нөхнө гэсэн үг л дээ. Сэт­­гүүлзүйд мэдээ нь пирамид хэлбэртэй заг­­варт
бичлэг. Хэн, юу, хэзээ, хаана, яаж гэсэн асуултуудад ха­риулагдахаар. Үүн дээр нь
Кен тоглож бэлэн шаб­­лоныг ашиглан прог­­раммчилсан робо-сэтгүүлч бий болгочихоод
байна.

“Los Angeles Times”-ийнхан робо-сэтгүүлзүйг ашиглахдаа гаргууд
бө­гөөд АНУ-ын Геологийн судалгааны төв гэсэн албаны эх сурвалж, найд­вартай мэдээлэгчээс
мэдээ хүлээн авч түүнийг нь робо-сэтгүүлч нь урьд­чилан бэлтгэсэн загварт оруулдаг
юм бай­на. Түү­нээс биш өгүүлбэрийн ги­шүүдийн байрлал болоод утга, найруулгын тал
дээр боловсруулалт хийж чадахгүй юм. Кен Швенке “Робо-сэтгүүлч цаг хэмнэх давуу
талтайгаас биш сэтгүүлчийг орлох ямар ч боломжгүй” хэмээсэн нь үүнийг нотолно. Газар
хөдлөлтийн мэдээлэл төхөөрөмжид мэдрэгдэж тэмдэг­лэгдсэний да­раа гуравхан минут
өн­гөрөхөд робот-сэтгүүлч мэдээгээ цахим хуудас руу илгээсэн байна. Энэ нь сонины
сэтгүүлчийн хурдтай харьцуулбал хурдан боловч бэлэн загварт хоосон зайнуудыг бөглөх
маягаар хэдэн тоо, байршлыг бичихэд туршлагатай сэтгүүлчид үүнээс ч бага цаг зар­цуулах
боломжтой гэж барууны томоохон сонины эрхлэгчид үзэж, робо-сэтгүүлчийг эсэргүүцэж
байна. Хэрвээ ингэж бэ­лэн загварыг бөглөх маягаар сонины редакциуд ажиллавал Пулицерийн
шагналыг хэн хүртэх юм бэ гэх асуултуудыг АНУ-ын зарим мэдээллийн хэрэгсэл хүчтэй
гаргаж тавьж байгаа юм.

Америкийн нэр хүндтэй зарим хэвлэлийнхэн ийм маягаар ажиллаад
удаж байна. Тэд хурдаараа бусад өрсөлдөгчөөсөө
ялгарахыг хүсдэг учир цаг хожихын тулд ингэж ажилладаг. Улсынх нь тэргүүн гэнэт
нас барах юм уу, өвчнөөр таалал төгсч магадгүй гэсэн үүд­нээс мэдээний загварыг
урьдчилаад гаргачихдаг. Тэгээд тухайн үйл явдал нь болбол нас барсан өдөр, үхлийн
шалтгаан зэргийг нь бичиж, бүр оршуулгын ажлыг нь зохион байгуу­лах комиссынх нь
дар­гын нэрийг бөглөөд оруул­чихна. Японд бол энэ энгийн үзэгдэл. Ялангуяа байнга газар хөдлөлт
мэдрэгддэг учир мөн л робо-сэт­гүүлзүйн зарчмаар газар хөдлөлтийн шуурхай мэдээ
дамжуулдаг.

Тэртээ 1400-гаад оны дунд үед Леонардо да Винчи хүн дүрстэй
роботын загварыг анх гаргаж бай­сан гэдэг. Үүний дараа хүзүүгээ өргөн, далавчаа
дэвж, хоол залгилдаг ро­бот нугас гарч байсан бол Японд хамгийн анхны жин­хэнэ роботон
тог­лоом үйлдвэрлэгдсэн түүхтэй. “Лилипүт” гэх уг робот баадуун ажиллагаатай байсан
ч хүн төрөлхтөнд робот гэх нэр томьёог илүүтэй ойлгуулсан бай­даг. Түүнээс хойш
дэлхийн электроникийн салбарт төрөл бүрийн үйлдэлтэй, янз бүрийн өгөгдөл дам­­жуулдаг
роботууд үйлд­вэрлэгдсээр байна. Гэрийн асрагч, өвчтөн асрагч, зөөгч, машин угаагч,
тоос сорогч, бү­жиглэдэг, зураглаачийн үүрэгтэй гээд элдэв үйл­дэл, зорилготой бү­тээгдсэн
роботууд дэлхий даяар байна.

Робо-сэтгүүлч бий болсон гэж үзэж болох ч энэ бол асар хурдтай,
цаг минут, секунд алдалгүй ажилладаг зангарагтай сонинуудын редакцийн цаг хэмнэх
нэг арга гэдэг­тэй олон ажиглагч санал нэгдэж байгаа юм.

Робо-сэтгүүлч гарч ирснээр сэтгүүлзүй, сэтгүүлчдийн нэр хүнд
унахгүй. Харин ч тус дэм болох сайн талтай. Ийм болсон нь дэлхийн сонины гал тогоонд
сэтгүүлчид өндгөө халбагаар хутгахаа болиод цахилгаанд залгадаг автомат зуу­рагчтай
болсон хэмээн үзэж болох үйл явдал л даа. Гэвч энэ бүхний нөгөө талд сэтгүүлзүй
хэмээх энэ том талбар, салбарын хариуцлагын асуудал хөндөгдөх учиртай. Нэг үсэг
андуурсныхаа төлөө тухайн бичигч уншигчдаасаа хичнээн зэмлэл хүртдэг билээ дээ.
Үүгээрээ л сонин хариуцлагатай. Уг нь алдах эрхгүй.

Гэтэл дэлхий бүхэлдээ цахимжиж, хүн бүр тэр фэйсбүүк, блог,
сайтдаа үзэл бодлоо илэрхийлэн, өөрөө өөртөө сэтгүүлч болчихсон. Сэтгүүлчгүй юм
ч гэж байхаа ч болилоо. Нэг үйл явдлыг бүгд бичнэ. Хамгийн гол нь аль өнцгөөс нь,
хэр зөв гаргалгаагаар бичиж харж байгаагаараа л ялгагдах юм.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Өдөрт мянган машин нүүрс гаргадаг байсан ШИВЭЭХҮРЭНГИЙН БООМТООР өдгөө зуун машин гарч байна

Шивээхүрэнгийн боомтоор өмнө нь өдөрт нүүрс ачсан мянга гаруй машин гардаг байжээ. Үүрийн гэгээнээс үдэш бүрий болж, хил хаах хүртэл хүнд даацын нүүрс ачсан машины цуваа тасардаггүй байсан гэнэ. Хил гаалийнхан мянган машин нүүрсийг хилээр гаргахын
тулд хэрэндээ л хичээдэг байсан аж. 80-90 тонн нүүрс ачсан машиныг улсын хилээр нэвтрүүлэхийн тулд хоёр минут зарцуулдаг байсан гэнэ. Хоёр минутын дотор шаардагдах бүх бичиг баримтыг нь шалгаад хил гаалиар нэвтр эх  зөвшөөрлийг
 нь олгодог байжээ. Харин одоо
Шивээхүрэнгийн боомтоор өдөрт
100-120 машин нүүрс л гарч байна. Монголын  нүүрсний 
зах  зээл  цаашл а а д дэлхийн нүүрсний зах зээл
хүнд байдалд орсныг  Шивээхүрэнгийн боомтоор гарч байгаа нүүрснээс харж болохоор. Өмнөговь аймгийн Гурва нт эс  сум ын  нутагт уул уурхайн гурван том компани болох “Чинхуа Мак – Нарийн  сухайт ” , “Монголын алт”, “Саус гоби сэндс”
компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх гурван компанийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байна. “МАК” компанийн уурхайгаас хил рүү бага хэмжээний нүүрс гарч байгаагаас өөр нүүрсний худалд а а  бараг
 үгүй байна. “Саус гоби сэндс”, ” Чинхуа-Мак – Нарийн сухайт” компаниуд хөрс хуулалтаа үргэлжлүүлж байгаа бөгөөд хэрэв урд хөршийнхөн экспортоо өмнөх жилүүд шиг сэргээх юм бол нүүрсээ олборлоход бэлэн байдалтай байна лээ. Дээрх компаниудын ажилчдын 80 гаруй хувь нь амралтын байдалд шилжжээ. Үйл ажиллагаагаа
зогсоочихгүйн тулд цөөн хэдэн хүнийг
ажиллуулж байгаагэдгийг уурхайн дарга нар онцолж байв. Олон сараар амарсан ажилчид сул зогсолтын хэдэн төгрөгөөр амьдралаа
болгож байгаа гэсэн.

НҮҮРС  ХИЛЭЭР ХУРДАН
ГАРГАХЫН ТУЛД БЭЛТГЭЛЭЭ САЙН БАЗААЖЭЭ

Бид
Овоотын нисэх онгоцны буудлаас Шивээхүрэнгийн боомт руу явлаа. Замд нүүрс ачсан
цөөн тооны машин тоос татуулан өнгөрөв. Говийн хөндийд их бүтээн байгуулалт хийгдээд
дуусах шатандаа орсон байгаа харагдлаа. “Чинхуа-Мак-Нарийн сухайт” компани хатуу
хучилттай нүүрсний зам тавьсан байна. Хүнд даацын машин хил гарч нүүрсээ буулгачихаад
эргэж уурхай руугаа явахдаа энэ замаар явдаг байна. Харин  уурхайгаас нүүрс ачаад хил рүү тусгайлан зассан
шороон замаар явдаг байна. Уурхайгаас нүүрс ачаад хоёр цаг гаруйхан давхиад улсын
хил орчихдог  юм билээ.  “Саусгоби сэндс” компани хүнд даацын машин явуулах
зориулалт бүхий бетонон зам тавьжээ. Ирэх зургаан сард ашиглалтад орох гэнэ. Бетонон
замыг арматур, карказан төмрөөр зангидаад даацын сайн чанарын цемент бүхий бетоноор
цутгаж барьсан гэнэ. Энэ замаар нүүрсний тээвэр хийгээд эхлэхээр байгаль орчинд
хор хөнөөл багатай байхыг хүн бүр ярих ажээ. Ядахдаа тэнгэр баганадсан шороо тоос
босоод байхгүй болж байгаа юм байна. Мөн уурхайгаас урд хөрш рүү их хэмжээний нүүрс
гаргахад цаг хугацаа хожих давуу талтай болжээ. Өдөрт нэг машин 2-3 удаа нүүрс зөөх
боломжтой гэнэ. Энэ нь нүүрсний тээврийн компаниуд болоод жолооч нарт их ашигтай
гэнэ. Түрээсийн жолооч нар тонн тутмыг нь 24 юаниар  тээвэрлэдэг бол цалинтай жолооч нар нэг машин
нүүрс гаргаад 400 юань авдаг байна.

Харин
“МАК”-ынхан Гурвантэс суман дээр цахилгаан станц  барихаар зураг төслийг нь бэлэн болгоод байгаа
аж. Бүр хөрөнгө оруулалт хийгдэж эхэлсэн байна. Гурвантэс сумын уурхайнуудаас эхлээд
хэд хэдэн сум урд хөршөөс цахилгаан авдаг. Заримдаа урд хөршийнхөн цахилгаанаар
хангахгүй үе гардаг гэнэ. Үүнээс үүдэн уурхайн ажил хэдэн хоногоор ч зогсож байсан
удаатай гэнэ. Иймд баруун талын сум болоод уурхайнуудыг цахилгаанаар хангах хүчин
чадал бүхий цахилгаан станц барихаар ажиллаж байгаа нь энэ. Мөн конвероор нүүрс
шууд хил рүү гаргахаар судалгааны ажлаа хийж эхэлжээ. Хэрэв туузан конвероор урд
хөршийн компаниудтай холбогдох юм бол нүүрс тээвэрлэх асуудал ч хумигдах сайн талтай
юм байна. Мөн урд хөршийн төмөр зам Шивээхүрэнгийн боомт дээр тулж иржээ. Хэрэв
Шивээхүрэнгийн боомтоор төмөр зам холбогдох юм бол  галт тэргээр нүүрс тээвэрлэх давуу талтай гэнэ.
Уул уурхайн компаниуд баруун урд талын хилийн боомт дээр ийм л ажлуудыг хийж эхлээд
байгаа ажээ. Мөн Гурвантэс сумыг хөгжүүлэх үүднээс спорт заал, сургууль гээд л олон
бүтээн байгуулалтыг хийсэн байна. Компаниуд өөр өөрсдийн олборлож байгаа талбайн  техник эдийн засгийн үнэлгээгээр 30-40 жил нүүрс
олборлох тооцоо судалгаатай юм байна. Мөн судалгааны ажил дуусах юм бол дээрх тоо
хэд дахин нэмэгдэж 60 жил нүүрс олборлох хэмжээний нүүрсний орд байж ч магадгүй
гэнэ. Иймд нүүрс олборлож буй гурван компани их бүтээн байгуулалт хийхээр ханцуй
шамлан орцгоосон юм байна. Гэтэл урд хөршийн нүүрс худалдан авдаг компаниуд нүүрсээ
авахгүй болсон нь уул уурхайтай холбогдож байгаа хүн бүрт хүнд тусч байгааг холбогдох
албаныхан болоод нутгийн иргэд ярьж байна. 

 
НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ЗОГСОНГИ БАЙДАЛД ОРСОНТОЙ ХОЛБООТОЙ ХУДАЛДАА,
ҮЙЛЧИЛГЭЭ Ч ХУМИГДЖЭЭ

Шивээхүрэнгийн
боомт орохоор явж байгаад замдаа найман нэрийн хүнсний дэлгүүрээр орлоо. Дэлгүүрийн
худалдагч “Хятадууд нүүрс авахгүй болсноос хойш ямар ч ашиггүй болчихлоо. Нүүрс
зөөдөг жолооч нар энүүгээр дайрч өнгөрөхдөө байнга ордог байлаа. Ундаа, уснаас авахуулаад
дэлгүүрийн барааны борлуулалт их байсан. Одоо манай дэлгүүрт өдөрт хоёроос гурван
хүн л үйлчлүүлж байна шүү дээ. Нүүрс борлогдохгүй сар болох юм бол манай дэлгүүр
ч дампуурах шинжтэй байна даа. Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хүн бүхэн л ингэж ярьж
байна” хэмээн ярив. Дэлгүүрээс гараад 20 гаруй километр давхиад гэр цайны газруудаар
орлоо. Мөн л ялгаа байхгүй “Хоол идэх хүнгүй болчихлоо. Өдөрт гурван хониор хоол
хийгээд л дуусдаг байсан бол одоо нэг хонины мах долоо хонож байна” хэмээн ярих
ажээ. Нүүрсний борлуулалтыг дагаад сум орон нутгийн иргэдийн амьжиргаа сайжирч,
дугуй засварын газар хүртэл ашигтай байсан гэнэ.

Ингээд
Шивээхүрэнгийн боомт орлоо. Хилийн боомт дээр нүүрс ачсан 20 гаруй машин зогсож
байлаа. Ачааллын үед нүүрс ачсан машин энэ хөндийгөөр дүүрдэг байжээ. Бүгд л өдөртөө
багтаж хилээр гарах гэж зүтгэдэг байж. Зарим нь эндээ хонодог байсан гэнэ. Нүүрс
дөнгөж гарч эхлээд байхад Шивээхүрэнгийн боомт болоод Хятадын Сэхээ боомт ямар ч
хөгжил дэвшилгүй таг харанхуй орчин байсан гэнэ. Монголын хилээс Хятадын хил хүртэл
300 орчим метр газар нарийн ширхэгтэй шороо бужигнасан  ганцхан замтай. Тэр зам дээрээ  нүүрсний машин болоод суудлын машинууд дугаарлаж
зогсоод боомт ачааллаа дийлэхгүй хэцүүддэг байсан аж. Олон хүмүүс хил дээр бөөгнөрөөд  бие засах газар ч байхгүй, буутай цэргүүд манаж
зогссон тийм дүр зурагтайгаар үйл ажиллагаа явуулдаг байжээ. Харин нүүрс гардаг
болсноос хойш боомтын байдал эрс өөрчлөгджээ. Хатуу хучилттай замтай болсон байна.
Нүүрс тээвэр, хүн тээвэр хоёрыг салгаж өөр өөр хаалгаар нэвтрүүлдэг болсон байна.
Найман эгнээ зам тавиад нүүрсний машинуудыг хурдан гаргах ажил хийгдэж эхэлжээ.
Гэтэл нүүрсний тээвэр нам зогсчихсон байна. Хил хамгаалах газар, Гаалийн ажилтнууд,
Хилийн мэргэжлийн хяналтынхан ажлын ачаалалгүй болцгоосон гэнэ. Нүүрс тээвэрлэлтийн
их урсгал үргэлж явагдана гэж үзээд улсын төсвөөс ч их хэмжээний мөнгө гаргаж, тэр
хавийг тохижуулжээ.  Уул уурхайн компаниуд
хүртэл чадах чинээгээр мөнгө гаргаж гэрэлтүүлгээс эхлээд тохижилт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, Монгол  Улсаас дэлхийн зах
зээлийг нүүрсээр хангахын тулд шаардлагатай бүх ажлыг хийгээд байна. Одоо л нэг
юм зөв голдрилдоо орж нүүрсний экспортоор улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлэх нь
хэмээж байтал хятадууд нүүрс авахгүй болоод байгаа юм байна.

 
ЖОЛООЧ НАРЫН АМЬДРАЛ БАС ХЭЦҮҮДЖЭЭ

Нүүрсний
зах зээл зогсонги байдалд орсноор нүүрс тээвэрлэдэг жолооч нарт хүртэл хүндээр тус
эхэлжээ. Тэр дундаа түрээсийн машины жолооч нар хэцүү байдалд оржээ. Нүүрс тээвэрлэдэг
жолооч нарыг цалингийн, түрээсийн гэж хоёр ангилах аж. Цалинтай жолооч нарт өдөрт
хоёр удаа нүүрс хилээр гаргачих юм бол 800 юань авчихдаг гэнэ. Нүүрсний тээвэр зогссоноос
хойш цалинтай жолооч нар олонх нь харьцгаажээ. Харин түрээсийн жолооч нар үлдэж,
машин түрээсэлдэг юм байна. Машины өртөг монгол мөнгөөр зуу гаруй сая төгрөг бөгөөд
үүнийгээ цувуулж өгөх гэрээ хийдэг байна. 
Сард 3500 юаниас дээш төлбөрийг машины түрээст өгдөг аж. Тарифын дагуу төлөөд
нүүрсний машинаа өөрийн болгодог байна. Түрээсийн жолооч нарын ихэнх нь зургаан
сар нүүрс тээвэрлээд машинаа өөрийн болгож авах хэмжээнд хүрсэн байна. Гэтэл нүүрс
тээвэрлэлт зогсонги байдалд орчихсон байна. Үүнээс болж өөрийн болгох дээрээ тулаад
байгаа тэнгэрт тулсан үнэтэй машинаа гэрээ байгуулсан компаниуддаа эргүүлэн өгөх
дээрээ хүртэл тулжээ. Мөн ажил байхгүй дээр нь цалингүй, мөнгө төлөх хугацаа нь
болсон жолооч нар ч цөөнгүй таарав. Тэдний зарим нь “Бүхэл бүтэн гурван жил зүтгээд
арай гэж машинаа өөрийн болгох дээрээ тулж ирчихээд эргүүлээд алдах юм гэж үү. Бид
яах ёстой вэ” гэж байв. Тэд цагаан сараас хойш огт ажилгүй өдий хүрч байгаа гэсэн.
Зарим  жолооч машинаа хаяад явж чадахгүй байдалд
орж идэх хоолгүй хоосон хүртэл хонож байгаа гэдгийг хилээр нүүрс тээвэрлэн гарах
гэж байгаа жолооч нар хэлж байв. Мөн жолооч нар хил дээр олон татвар өгдөг юм байна.
Лацны төлбөрөөс эхлээд хил гаалийн бүрдүүлэлт, гарал үүслийн гэрчилгээ, тохирлын
гэрчилгээ гээд л зургаан удаагийн  тамгатай
цаас авч байж хилээр гардаг юм байна. Дээрх арав гаруй бичиг баримт болгон хэвлэлтийн
зардлаас эхлээд тус бүртээ 2000-3500 төгрөгийн өртөгтэй юм байна. Улсын төсөвт оруулж
байгаа татвараас гадна машин хилээр нэг  удаа
гарахдаа арав гаруй мянган төгрөг төлдөг байна. Энэ нь Хил, гаалийнхны халаасанд
ордог уу эсвэл улсын төсвийн мөнгөнд ордог эсэх нь эргэлзээтэй байдаг гэдгийг жолооч
нар хэлж байна лээ. Биднийг Шивээхүрэнгийн боомт дээр байх хугацаанд зуу гаруй нүүрс
ачсан машиныг цаг гаруйн хугацаанд хилээр гарлаа. Гаалын байцаагч нар уурхайнуудын
замд ирж буй нүүрсийг пүүн дээр жинлээд шаардагдах бичиг баримтыг нь бүрдүүлээд  явуулдаг юм билээ. 
 

ШИВЭЭХҮРЭНГИЙН БООМТЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ БАРАГ 80 ХУВИАР
ЗОГСЧЭЭ

2011
онд Шивээхүрэнгийн боомтоор 9.8 сая тонн нүүрс гарсан байх юм. Харин 2012 онд
8.4 сая тонн, 2013 онд  долоон сая тонн нүүрс
гарчээ. Энэ оны хувьд 34 сая тонн нүүрс экспортлохоор улсын төсөвт урьдчилан “суулгасан”.
Гэвч дээрх дүр зургаас энэ төлөвлөгөө үлгэр болж мэдэхээр байгаа нь харагдаж байна.
Учир нь, Монголын нүүрсний экспортын хамгийн гол найдвар БНХАУ эхний улирлаас эхлэн
нүүрсний нийлүүлэлтийг бараг 80 хувиар хязгаарлаад байна. Энэ хязгаарлалт хилийн
боомт орчимд хэрхэн нөлөөлж, эдийн засгийн хийгээд бусад талаар нөлөөлж байгааг
бид хүргэхийг зорилоо. Дараагийн дугаарт 
нүүрсний экспорт юунаас болж зогсонги байдалд хүрээд байгааг хүргэх юм.

Монголын
нүүрс чанартай, хямд боловч Хятадын жилд импортлох нүүрсний тийм ч их хувийг эзэлдэггүй.
2013 онд БНХАУ 8015.8 мянган тонн нүүрс импортолжээ. Тус импортыг голлох зургаан
орны нүүрс бүрдүүлж байгаа юм. Нийт импортын хамгийн их буюу 42 орчим хувийг  Австралийн нүүрс эзэлж байна. Түүний дараа Монгол
бичигдэж байгаа ч импортлосон хэмжээ нь ердөө 26 хувь. Бидний араас Канад, Орос,
Америк, Индонез зэрэг орнууд жагсаж байна. Эдгээр орнууд Хятадаас алслагдсан, хязгаар
нутагтай боловч өмнөд хөршийн гаднаас авсан нүүрсний 30 гаруй хувийг бүрдүүлж байна.

Үргэлжлэл
бий
.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Б.Болор: Ажлаа гүйцэтгээгүй барилгын компаниудад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ УИХ-ын гишүүн Б.Болортой ярилцлаа.

-Энэ сарын 20-ны өдөр ээлжит бус чуулган хуралдана гээд
байсан ч нам гүм байна. Хуулиараа бол ээлжит бус чуулган зайлшгүй хуралдах шаардлагатай
биз дээ?

-Гуравдугаар
сарын 24 юм уу 31-нд ээлжит бус чуулган зарлана гэсэн мэдээлэлтэй байсан.
Одоохондоо хэзээ ээлжит бус чуулган орохыг зарлаагүй байна. Энэ сарын 24-25-нд
жил бүр болдог Монголын эдийн засгийн форум болно. Түүний дараа л зарлах болов
уу гэж хувьдаа бодож сууна. Ээлжит бус чуулганыг зайлшгүй зарлах шаардлагатай
байна.

-Яг ямар шаардлагын тухай та ярив?

-Төсөвт
тодотгол хийнэ. Царцаасан барилгуудын аудитын дүгнэлт гарчихсан байгаа. Төсвийн
байнгын хороон дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Тиймээс ээлжит бус
чуулганаар төсөв, төсвийн тодотголыг хэлэлцэх шаардлагатай. Ээлжит чуулган
руугаа оруулаад хэлэлцээд явчихад болохгүй гэх зүйлгүй. Гэхдээ миний хувьд аль
болох чуулганыг нээх шаардлагатай гэж үзэж байгаа л даа.

-Төсвийн тодотголоо хийж чадалгүй гурван сараас
хэтэрчихвэл Төсвийн тухай хуулиа зөрчсөн болох уу?

-Чуулганаар
хэлэлцээд явж болно. Үүн дээр том асуудал гарна гэж бодохгүй байна. Аль болох
ажлаа хурдлуулахын тулд ээлжит бус чуулганаа зарлаад явах нь дээр л дээ.

-Царцаасан барилгуудын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж
байгаа хүний хувьд аудитын дүгнэлтийг хэр бодитой гэж харж байгаа вэ?

-Аудит
үнэхээр томоохон ажил хийж гүйцэтгэсэн байна. Гурван сарын хугацаанд бүх
обьектуудаар яваад иржээ. Миний хувьд Архангай аймагт томилолтоор ажиллахдаа
царцаасан обьектуудыг харлаа. Аудитын дүгнэлтийг хараад сайн дүгнэлт гаргажээ
гэж бодож байна. Мэдээж ганц нэг асуудалтай зүйлс байгаа л байх. Манай ажлын
хэсэг энэ бүгдийг нэг нэгээр нь шалгаж байгаа. 138 тэрбум төгрөгийг төсөвт суулгаад
энэ онд дуусчих тэр обьектуудаа тавина гэсэн бодолтой байна. Дараагийн ээлжинд
он амжих обьектуудаа оруулах бодолтой ажиллаж байна даа. Энэ жилийн хувьд
төсөвт суусан хирнээ зураг төсөвгүй гэх мэт барилгууд байвал эдгээр барилгуудыг
зогсооно.

-138 тэрбум төгрөгөөр хэдэн обьектыг санхүүжүүлэх вэ. Юу
юугүй л барилгын ажил эхэллээ шүү дээ?

-Царцаасан
дүн маань 138 тэрбум төгрөг энэ хүрээндээ л ажиллана гэсэн үг. Аудитын
байгууллагын дүгнэлтийг харахад гол төлөв баригдаад эхэлсэн буюу гүйцэтгэл нь
эхэлчихсэн барилгуудыг гүйцээх ёстой гэсэн байгаа. Бидний зүгээс үүнийг дэмжиж
байгаа тул хойшлуулах шаардлагатай барилгуудад ажил нь эхлээгүй, тендер нь
зарлагдаагүй, газрын маргаантай, зураггүй гэсэн асуудлаас болоод ажлаа эхлүүлж
чадаагүй барилгуудын ажлыг хойшлуулахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа юм.
Зарим нэг обьект нь 100 хувийн гүйцэтгэлтэй хирнээ мөнгө тавигдсан обьектууд
байна. Аудитаас нэмж мөнгө өгөх шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс
бидний зүгээс түүнийг нь аудитын дүгнэлтээр авна гэсэн бодолтой байгаа. Энэ
чинь авлигажсан төсөв гээд байгаа обьектууд юм. Бүх ажил нь дуусчихаад байхад
мөнгө нэхээд байгаа нь ямар учиртай юм бэ.

-Авлигажсөн төсвийн жишээ нь Ховдын цэвэрлэх байгууламж
байна. Улсаас ихээхэн хэмжээний мөнгө авчихаад суурь цутгах хэмжээний ажил
гүйцэтгэсэн тэр барилгын суурийг дуудлага худалдаанд оруулаад төр гаргасан
мөнгөө эргүүлж олж чадах уу?

-Хэцүү
л дээ. Ямар ч байсан гаргасан зардлаа тодорхой хэмжээнд авах байх. Мөн
компаниудад хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Барилгын ажил гэрээний үндсэн дээр
хийгдэж байгаа нь тодорхой. Анх бид ийм үнээр тийм байшин барина гээд гэрээ
хийчихсэн. Тэгснээ гэрээгээ зөрчиж байгаа бол хуулийн дагуу хариуцлага
хүлээлгэнэ гэж бодож байгаа. Миний хувьд компаниуд дээр хатуу зарчим баримтална
гэсэн бодолтой байна. Ажлын хэсгээс эдгээр компаниудыг захирлуудынх нь нэр
устай нь олон нийтэд ил болгоно гэж бодож байгаа. Мөнгөө бүрэн авчихсан хирнээ
дөрөв, таван аймагт зэрэг ажил авчихаад нэг ч ажлаа хийгээгүй компаниуд байна.
Энэ нөхдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

-Компаниудад хуулийн ямар хариуцлага хүлээлгэнэ гэж?

-Өнөөдөр
Монгол Улсын хуулинд юу гэж заасан тэрүүгээрээ хариуцлагаа хүлээнэ.

-МАН-ыг засаг барьж байхад төрөөс их хэмжээний мөнгө
авчихсан хувь хүмүүс ганц хоёр жил шоронд суугаад гарч ирээд улсад хохирлыг нь
төлөлгүй өнөө мөнгөө хувьдаа завшаад өнгөрдөг байдал давтагдах юм биш биз дээ?

-Энэ
өмнөх засгийн үеэс улбаатай зүйл. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад жил
долоон сар л болж байна. Тиймээс авлигажсан төсөв гэгдээд буй төсөвт өртөг нь
нэмэгдсэн обьектууд ихэвчлэн өмнөх засгийн үед тендерээ авчихсан барилгууд л
даа. Бид танай, манай гэлтгүй цэгцэлье л гэж байгаа юм.

-Компаниудад хариуцлага тооцно гэхээр ам.долларын ханшийн
өсөлтөөс болоод ч гэдэг юм уу эдийн засгийн тогтворгүй байдлаас бараа
бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Үнэ нэмэгдсэн бидний буруу биш гээд хариуцлага
хүлээлгэх тал дээр асуудал босч ирэх байх даа?

-Юмны
үнэ өслөө гээд улсаас мөнгө нэмүүлж авсаар байгаад сурчихсан байна. Хараад
байхад жил бүр мөнгөө нэмүүлэх санаатай. Анх тэгвэл ийм үнээр барина гэж
гэрээгээ хийхгүй л байх ёстой байсан юм. Өнөөдөр тендерт орж буй компани
өнөөдрийнхөө нөхцөл байдлыг мэдэж байгаа. Тиймээс барилгаа барих л ёстой. Аль ч
бизнесийн компани эрсдэлээ бодож орох ёстой. Барилга барина гэж гэрээ
байгуулчихаад чадахгүй бол тухайн үедээ чадахгүй гэдгээ хэлсэн байх ёстой.
Гэтэл чадна гээд мөнгөө авчихсан л байдаг байхгүй юу. Тийм болохоор компаниудын
зүгээс эсэргүүцэл тулгарна гэж бодохгүй байна. Барилгын компаниуд төрд гомдоод
байх зүйлгүй. Төр тендер шалгаруулж ажлыг нь өгсөн. Өөрсдөө л ажлаа хийж
чадаагүй.

-Төрөөс мөнгө авчихаад ажлаа хийгээгүй хичнээн компани
байна вэ?

-Яг
тэд гэж хэлэх болоогүй байна. Үүн дээр ажлын хэсэг ид ажиллаж байгаа. Эдгээр
компаниудын авсан мөнгөний хэмжээ тэрбум тэрбумаар яригдах хэмжээний мөнгө л
дөө. Царцаасан обьектуудын төсөвт өртөг нь өөрөө том тоотой.

-Ээлжит бус чуулганаар хамгийн түрүүнд аудитын дүгнэлтийг
хэлэлцэх үү?

-Угаасаа
хэлэлцэхгүй бол болохгүй л дээ. Төсвийн тухай хууль, Төсвийн байнгын хорооны
тогтоол ч гарсан. Тиймээс ээлжит бус биш юм аа гэхэд чуулган нээгдэнгүүт л
хэлэлцэнэ.

-Монгол Улсын дотоод эдийн засаг хүндэрчихлээ.
Ам.долларын ханш хазаараа алдаж, монгол төгрөг уначихсан. Үүн дээр Их хурлын
гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Эдийн
засгийн хүндрэл нь олон учир шалтгаанаас үүдэлтэй. Нүүрсний экспорт, Чалкогийн
өрийн асуудал нэлээд голлох үүрэг гүйцэтгэсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх
мэт тодорхой ажлуудыг Засгийн газраас хийж байна. Өнгөрсөн жил дэлхий нийтээр
эдийн засаг тийм ч сайн байсангүй. Бүтээн байгуулалтыг сайн хийж дэд бүтцээ
хөгжүүлэх хэрэгтэй. Тэгж гэмээнэ эдийн засаг өснө. Тэгэхгүйгээр өр тавилаа гээд
бүтээн байгуулалтыг хориод байж болохгүй. Аль ч улсын хөгжлийн замналыг харахад
мөнгө босгож эдийн засгаа тэлсэн байдаг. Эдийн засаг өсч байгаа энэ үед бонд
гаргаж бүтээн байгуулалтдаа зориулах нь зөв. Бид уул уурхайгаа эргэлтэд
оруулна. Тэгэхийн тулд төмөр зам барих ёстой. Үүнийг хийхийн тулд мөнгө
хэрэгтэй. Өнөөдөр төсвийн орлогоороо энэ бүгдийг шийдэх боломжгүй.

-Ардын намын зүгээс үр хойчдоо өр зээл үлдээх нь. Энэ
засаг хамгийн их мөнгөтэй хирнээ ажил хийхгүй байна гээд байгаа?

-Зөрүүлээд
өөрсдөөс нь асуумаар л байдаг юм. Их хуралд суугаа ардын намын бүлгийн гишүүд
улс орынхоо төлөө гэж байгаа юм бол улс төржилтөө зогсоогоод “Бид яах вэ”
гэдгээ ярих ёстой. Тэд “Яах вэ” гэдэг гарц ярихгүй хирнээ шүүмжлэх л зүйл
ярьдаг. МАН-ынхан 90 жил төр барьсан гэж ярих дуртай. Сүүлийн 20 жилд ч гэсэн
ихэвчлэн төр барьж ирсэн. Эсвэл тэд өнөөдөр саран дээрээс буугаад ирдэг юм уу.
Өнөөдөр л Монголд ирж нөхцөл байдалтай нь танилцсан хүмүүс юм уу. Тэдний улс
төр улс орныхоо нөхцөл байдалд улам л муугаар нөлөөлж байна. Цалин нэм гэж өдөр
шөнөгүй шаардаж байгаа нь буруу. Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний
үнэ нэмэгдэхэд нөлөөлж байгаа. Тэд өдөр бүр цалин нэм гэж популизм хийж байгаа
нь шууд үнийн өсөлтөд нөлөөлсөн. Ардын намынхан албаар ингээд байна шүү дээ.

-Ам.долларын ханшийг хэрхэн буулгах вэ. Тэгэхгүй бол
бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ болоод байр орон сууцны үнэд нөлөөллөө шүү
дээ?

-Монголбанк
интервенц хийгээд нэмэргүй болчихоод байна. Өнөөдөр мах, сүүнээс эхлээд ченжийн
эдийн засагтай болоод хэдэн нөхдүүд л контрольдоод барьчихсан. Ам.долларын ханш
эмзэглээд байх зүйл биш. Бид дэд бүтэцтэй болох хэрэгтэй. Тэгээд өөрсдөө
үйлдвэрлэгч болсон үед доллараас санаа зовох зүйлгүй болно. Энэ бүгдийг хийх
боломж байна. Экспорт импортыг орлох 888 төсөл шалгаруулсан. Эднийгээ
хэрэгжүүлээд эхэлбэл байдал өөр болно. Долларын ханш хэд байх нь тийм ч сонин
биш. Бүх зүйлээ гаднаас авч байгаа энэ үед долларын ханш бидэнд нөлөөлнө.

-888 төсөл хэрэгжээд үр дүнгээ өгтөл удна…

-Тулгаж
ам.долларын ханшийг барина гэж байхгүй. Ямар ч эдийн засгийн онолд хүчээр
валютын ханшийг барина гэсэн ойлголт байдаггүй. Эдийн засаг нь өөрөө гаргалгаагаа
гаргаж, эдийн засаг өөрөө сайжирч байж ханш тогтворжино.

-Та 2014 оны төсөв батлахад ажлын хэсгийг нь ахалсан.
Төсөв батлахад ам.долларын ханшийг 1384 төгрөгт барина гэсэн ч чадсангүй. Энэ
үнэндээ барих боломж бий юу?

-Бусад
орнууд ч гэсэн ам.долларын ханшийг тэгж л авдаг юм билээ. Түүнээс 1384 төгрөг
болгоно гэж бодож холбогдох яамдууд бодлого бариагүй байх. Нүүрсний экспорт энэ
жил нэмэгдсэн тохиолдолд орлого нь нэмэгдэнэ. Орлого нэмэгдэх хэрээр зарлага
нэмэгдэнэ. Эдийн засгийн үндэслэлтэйгээр л ам.долларын ханшийг оруулсан гэж
бодож байна.

-Ам.долларыг 1384 төгрөг гэж тооцоод гадаад, дотоод өр
зээл гээд бүгдийг төсөвлөсөн. Төсөв батлахад тогтсон үнэ өссөн болохоор эдийн
засагт ямар сөрөг үр дагавар авч ирэх вэ?

-Нүүрсний
экспортын орлого нь нэмэгдээд ороод ирнэ. Үүний эффект оны эцэст гарна. Одоо
тайлант хугацаа эхэлж байна. Эсвэл дараа жилийн төсвийн гүйцэтгэл тодорхой
болсон үед ил болно. Одоо эффектийг нь тооцох боломжгүй.

-Эдийн засгийн байнгын хорооны дарга зургадугаар сарын
сүүлчээр ам.долларын ханш бууна гэсэн. Үнэхээр буух болов уу?

-Би
сайн хэлж мэдэхгүй байна. Зургадугаар сарын сүүлчээр ийм өнгө төрх ажиглагдах
магадлалтай. Эдийн засаг тэлэхийн хирээр эдийн засаг өснө. Тэгэхгүйгээр
хайрцагандаа майжигнаад байвал яваад л байж болно.

-Эдийн засагт эерэг нөлөөлөл авч ирэх Оюутолгойн хоёр
дахь шатны гэрээ хэлцэл ямархуу байгаа бол. Зарим хэвлэлээр сайн байна гээд
зарим нь ахиц гарсангүй л гээд байна?

-Уг
нь Их хурлаас үүрэг өгсөн. УИХ-ын гишүүд ямар хэлэлцээрт нь орох биш.
Хэлэлцээрт тодорхой хэмжээний ахиц гарсан бол бидэнд мэдэгдэх байх. Би бол
хэлэлцээрт ахиц гарахгүй байна гэж бодоод байгаа. Үр дүнтэй болж байгаа гэдэгт
нь эргэлзэж л байна.

-Эдийн засгийн хүндрэл гадны хөрөнгө оруулалт болон уул
уурхайтай шууд холбоотой юу?

-Эдийн
засгийн хүндрэл уул уурхай зогссонтой шууд холбоотой гэхэд хэцүү. Тодорхой
хэмжээгээр нөлөөлсөн нь үнэн. 2012 оны сонгуулийн өмнө уул уурхайг зогсоох
ажлыг МАН, манай нам хоёр хамтарч байгаад хийснийг бүгд мэдэж байгаа. Нөлөөлөл
нь одоо болтол гарахгүй байна. Түүнийгээ харин намрын чуулганаар зассан. Дахин
хэлэхэд бүтээн байгуулалтаа хиймээр байна. Төмөр замгүй бид мянга нүүрс
олборлоод яах юм.

-Та Архангай аймгаараа яваад ирсэн гэсэн. Иргэд ямар байр
суурь илэрхийлж байна вэ?

-Миний
хувьд бараг сар орчим Архангай аймгийнхаа ихэнх сумаар яваад ирлээ. Хаваржаа
сайхан байна. Өвөлдөө ч онд мэнд орцгоосон. Архангай аймгийнхан улс төржилтөөс
үнэндээ залхсан байна лээ. Улс төржилтөө больцгооё гэдгийг дахин хэлье. 2016
онд ард түмэн өөрсдөө дүнгээ тавина биз.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Мал эрхлүүлэх монгол цээрийг эвдсэн Франц ямаа

Өдөртөө
таван литр сүү өгдөг “Альпин” үүлдрийн ямааг Өвөрхангай аймгийн малчид сонирхоод
эхэлжээ. “Нэгийг худалдчих, өвөлдөө хоёр хөгшнийг цайны сүүгээр тасалмааргүй байна”
хэмээн үнэ хаялцаад эхэлсэн байна. Дамлан худалдаалахгүй ч үнэ хөлс, арчилгаа сувилгааг
нь дуулгахад бүгд хойш суудаг ажээ. Эмчийн үзлэг, эм витамины хэрэглээ гээд малчдын
ой тойнд ч буухааргүй олон зүйл шаарддагийг нь сонссон малчид “Авсан авгайгаа ч
ингэж тойлдоггүй бид чинь нэг ямаа авчихаад хоймортоо гаргаж, хөнжилдөө оруулаад
эхэлбэл нөгөөх чинь “Альпин” үүлдэрт хүргэн орж гэх байгаа даа” хэмээн хошигноод
эхэлж. Гадны орны өндөр хэрэглээтэй ямаатай танилцах гэсэн малчид фермерийн аж ахуйг
тухайн үүлдрийнх нь малтай нэвтрүүлэхээс нааш бид монгол малаараа ийм аж ахуй эрхэлнэ
гэж байхгүй юм байна хэмээж багахан урам хугараад буцдаг байна. Өнгөрсөн зун “Альпин”
үүлдрийн ямааг аваачиж Арвайхээрийнхэнд танилцуулахад энэ талаар олон ч онол, үзэл
уралдуулсныг дуулгах хүн олон байлаа.

Угийн
“Эрхлүүлсэн мал гэрийн бүрээс, хувцас хунарт халгаатай. Эмээмтгий чанараа алдаж
нохой, шувуунд бариулах гэмтэй. Ороо мал олон болдог” гэсэн үзлээр мал аж ахуй эрхэлдэг
монголчуудад хэт шинэдсэн арга барил гэдэг нь илт. Гэхдээ тусгайлсан графикийн дагуух
маллагаа шаардагддаг эдгээр ямаанд дээрх онол падгүй. Гаднаас нь харахад 200 ямаагаа
халуун паартай байшинд хөнжлөөр хучихаас наахнуур болж байгаа нь мал эрхлүүлж байгаа
мэт харагдах ч нөгөө талдаа тухайн ямаануудыг арчлахад тавигдах энгийн шаардлага
ажээ. Төрсөн даруйд нь хиллэж жигнэж, тусгай номер бүхий ээмэг зүүхээс эхлээд ургийн
бичиг хөтлөх нь хүртэл монголчуудын хувьд ядаргаатай санагдах ч цаашдаа цус ойртон
шимгүй болж давжаарахаас сэргийлэх давуу талтай. Өглөөнөөс эхлээд тусгай витамин,
глюкозоор бөмбөгдөж бүлээн ус цагийн хоолтой байлгадаг нь ч ямааны сүүний гарц чанар,
торнилт, эрүүл ахуйд нь шууд хамааралтай байдаг.

Францаас
ирсэн энэ чигийн эрдэмтэн монголчуудын малд нүдтэйг гайхаж шагшсаар буцсан байна
билээ. Хэдэн зуун хонь, хурганы цусыг ойртуулалгүй үржилд оруулж өнөө хүртэл явж
ирснийг нь ч магтсан байна. Монгол мал, “Альпин” ямаа болоод бусад үүлдрийн малын
онцлогийг ч олон удаа дурдаж байжээ. “Альпин” үүлдрийн ямаа нь их хэмжээний сүү
өгнө. Өтөлсний эцэст арьс, багахан мах бас нэмэгдэнэ. Харин монгол мал энэ бүхнийг
бага багаар өөртөө шингээсэн нь гэр бүлийн хэрэглээг хангахад зориулагдсан байна
гэсэн онош тавьжээ. Харин даяаршиж буй суурин амьдралд мал аж ахуйг мах, сүү, арьс,
ноос, ноолуурын чиглэлээр тус тусад нь дагнан эрхэлбэл хаа хаанаа ашиг тустай гэдгийг
франц эрдэмтэн онцолжээ. Тэгэхээр төв суурины сүүний хэрэглээг малчид хотноосоо
хангаж дийлэхгүй учраас “Альпин” үүлдрийн ямааны аж ахуйг нэвтрүүлэх нь цаг хугацааны
асуудал байсан гэдгийг хэлэх хүн олон таарлаа. Малчны хотонд хангалттай мал адгуулж,
зундаа мөн хэмжээний сүү, сүүн бүтээгдэхүүн гаргаж байгаа ч зах зээлд шууд нийлүүлэх
боломжгүй нь гол асуудал байжээ.

Арвайн
талд бууриа засаад жилийн нүүр үзэж байгаа “Альпин” үүлдрийн фермерийнхэн хоёр сарын
дараа гэхэд өдөрт дунджаар мянган литр сүү эсвэл сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөтэй
байгаа. Энэ ямааны сүүний уураг, тослог нь сувиллын чанартай гэх реклам ч гадуур
тархаж. Харин өнөө жил гарсан эр ишгийг яах вэ гэдэг гарцаа олоогүй байна. Бүгдийг
нь ухна болгох эсвэл хөнгөлөх зам бий. Уг нь гадны орнуудынх шиг бага малын махыг
хүнсэндээ хэрэглэдэг, тэр нь өндөр үнэтэй байдаг бол тэр зарчмаар явах санаа байгаа
бололтой. Гэхдээ монголчууд бага малын махыг хүнсэндээ хэрэглэхийг цээрлэдэг учраас
асуудлыг эзэд нь өөр аргаар шийдэх бололтой.

Өвлийн
турш олон шуудай хивэг, олон пресс өвс зооглосон Альпин ямаанууд хэдийгээр Францад
байдаг шигээ тасалгааны 15 хэмийн дулаанд халаалттай байранд байгаа ч зарим өөрчлөлт
оржээ. Газар нутаг, цаг уурын онцлогоос хамаарч хоёр см хүрэхгүй байдаг хялгас нь
уртасч, ширхэг нь бүдүүрсэн байна. Хавар болоход зоо хэсгээр нь самнаж болохгүй
ч нүдэнд харагдах чинээний ноолуур хөндийрч, гуужжээ. Уг нь “Альпин” үүлдрийн ямаанууд
Альпийн нуруундаа тасалгааны ийм температурт тухайн нутаг орныхоо өвсийг идэхэд
ноолууртай төсөөлж хэлэх нэг ч хялгас унадаггүй гэсэн. Энэ мэтээр туурай нь хатуурч
ухных нь эврийг халуун төмрөөр хайрсан ч ердийн үеийнхээс даруй урт ургаж махийжээ.
Энэ зунаас байнга шахам гадаа байлгаж, багахан хэмжээний бороо, шороонд цохиулж
дасан зохицуулах туршилт хийх төлөвлөгөөтэй байгаагаа малчин Д.Бадмаанямбуу хүүрнэж
байсан. Ингэсээр хавар намартаа салхилдаг болгож юун түрүүнд ханиад хатгалгаа тусч,
эмч сувилагчийн гар хардаггүй болгох зорилт ч байгаа гэнэ. Түүнчлэн “Альпин” үүлдрийн
200 ямаа монгол хэлд суралцаж монгол нэртэй болсон нь бас нэг өөрчлөлт нь. Малчин
Д.Бадмаанямбуу өөрөө франц бүү хэл англи хэлний төсөө ч үгүй тул ийн ямаанууд нь
монгол хэлд суралцах шаардлага тулгарсан хэрэг. Авчирсан даруйд Франц мэргэжилтэн
элдэв командыг өгдөг байсан бол явсан хойно нь хооллохдоо, орж гарахдаа байнга ярьсаар
одоо өөрөө командлах болжээ. Гурван сартай ишиг ирсэн учраас дасан зохицох чадвар,
хэл сурах чадамж нь сайн байсан гэж малчин нь томъёолж байна.

Зарим
хүнээс ч илүү тансаг хэрэглээтэй, хоолны нарийн цэстэй, тусгай дэглэмийн дагуу идээшдэг
200 ямаа өнөөдөр ингэж өөрчлөгдсөн байна. Малчин Д.Бадмаанямбуу монгол орчинд улам
дасан зохицуулах, монгол маягаар адгуулах асуудлыг гардаж байгаа. Тэрээр “Гэнэтийн
салхи шуурганд санаа зовох зүйлгүй амар юм. Тэр бүү хэл өвлийн зуд, хаврын хавсарга
ч над шиг малчинд хамаагүй болчихоод байгаа. Яахав нарийн арчилгаа, тусгай дэглэм
нь эхэндээ төвөгтэй ч сүүлдээ дасахгүй гээд яах вэ. Бэлдэц тариа, тэжээл нь хангалттай
байвал хялбар ажил. Энэ бүхний эцэст суурин газрын хүүхэд, хөгшид малын гаралтай
сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа гэж бодохоор сайхан байдаг юм. Малаас гарч
байгаа сүүг шууд үйлдвэрт оруулж, нэг цагийн дараа гэхэд хэрэглэгчдэд хүргэж байгааг
надаас өөр мэдэх хүн одоохондоо энэ хонхорт байхгүй болохоор өег байна” гэсээр үлдлээ.  

 

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Көрк Макбрайд: Америк, Монголын тусламжид суурилсан харилцаа бизнесийн хамтын ажиллагаа руу шилжиж байна

Монголд суугаа АНУ-ын Элчин
сайдын яамны Дэд тэргүүн Көрк Макбрайдтай ярилцлаа.

-Манай хоёр орны харилцаа
ямар түвшинд байгаа талаар яриагаа эхлэх үү?

-Манай хоёр орны харилцаа төр
засгийн түвшинд маш сайн байгаа гэж боддог. Бид хоёр талын харилцааны асуудлаар
ярилцахаар жил бүр уулзалт хийдэг. Өнгөрсөн жилийн уулзалт гэхэд 2013 оны арваннэгдүгээр
сард Вашингтон хотод болсон. Бидний хооронд ялгаанаас илүүтэй ижил төстэй, нийтлэг
ашиг сонирхол олон  байгаа гэдэг дээр санал
нийл­сэн. Миний хувьд өн­гөрсөн зун  Монголд
то­милогдон ирэхээсээ өмнө гурван долоо хоногийн турш Вашингтонд саатаж бэлтгэл
зөвлөгөөнүүдэд оролцсон. Энэ үеэр Аме­рикийн төр засаг төдийгүй иргэний нийгэм нь
Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил явагдаж байгаа ардчилсан шинэчлэл өөрчлөлтийг
асар их хүндэтгэж, сонир­хож байгааг олж харсан. Өнөөдөр хоёр орны хоо­рондын харилцаа
бизнес, соёл, урлагийн салбар дахь хувь хүмүүсийн харилцаагаар улам бүр тодорхойлогдож
байна. Америкийн компаниуд харилцан ашигтай хөрөнгө оруулалт, бизнесийн бо­ломжууд
Монголд байна гэж хардаг. Нөгөө талаар АНУ-ын компаниуд бизнесийн туршлага болон
тодорхой хэмжээний хөрөнгийг Монголд авчирч, монгол түншүүдтэйгээ хамтран эдийн
засагт нь хувь нэмэр болж чадна гэж боддог.

-Тухайлбал, АНУ-ын компаниуд
манай аль салбарыг илүү сонирхож байгаа бол?

-Тодорхой зүйл нь мэдээж уул
уурхайн салбар.Монгол орны асар их баялгийн нөөцийг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд
оруулж улс орныг хөгжүүлэх чиглэлээр хувийн болон төрийн өмчийн монгол компаниудтай
хамтран ажиллах сонирхол АНУ-ын уул уурхайн чиглэлээр ажилладаг компаниудад бий.
Уул уурхайгаас өөр төрлийн компаниудад ч ийм сонирхол байгаа. Тухайлбал, манай
“Шульц Глобал Инвестмент” зэрэг компани уул уурхайн сал­бараас бусад жижиг бизнесүүдэд
хөрөнгө оруулах сонирхолтой. Бо­ловсрол, шинжлэх ухаан, өндөр технологи, байгаль
орчин, ногоон хөгжил гэх мэтийн олон салбарт Америкийн компаниудын төдийгүй шинжлэх
ухааны салбарынхны сонирхол өндөр байдаг.

-Манай улстай уул уурхай,
эдийн засаг, бизнесийн салбарт хамтран ажиллахад хэр таатай байгаа бол?

-Мэдээж Монгол Улсад гадаадын
компаниуд орж ирэхэд санаа зовоох асуудлууд байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ хүндрэл
бэрхшээлээсээ боломж нь давуу байдгийг энд хэлэх хэрэгтэй. АНУ-ын компаниуд ялангуяа
ухаалаг технологийн тал дээр дэлхийд тэр­гүүлэгч байдаг. Жи­шээлбэл,”Пибоди” компани
бол уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлдээ дэлхийд тэргүүлдэг гэдгийг мэдэх байх.
Үнэхээр орчин үеийн шилдэг технологиор байгалийг унаган төрхөнд нь оруулж чаддаг.
Энэ компани Монголын уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхол маш их байгаа.
Гэвч санаа зовоож байгаа асуудал нь мэдээж зах зээлээ тэлэх, урагшаа ахих тал дээр
Монгол Улс заримдаа жаахан удаашралтай байх хандлага байгаа юм. Монгол Улс эрдэс
баялгаа ашиглах тал дээр нухацтай бодож, шийдвэр гаргах ёстой гэдгийг АНУ-ын Засгийн
газар болоод ард иргэд бүрэн дүүрэн ойлгож байгаа. Америкийн компаниуд Монголд орж
ирлээ гэхэд удаан хугацаанд тогтвортой ажиллахыг эрмэлздэг. Яагаад гэвэл тухайн
улсдаа зөвхөн хөрөнгө оруулаад зогсохгүй дэлхийн аль ч улс оронд очоод хариуцлагатай,
чанартай ажилладаг гэдгээ харуулахыг зорьдог. Энэ зарчмаараа тэд Монголд ажиллахыг
хичээдэг.

-Гэтэл тогтвортой ажиллах
боломжийг нь манайхан олгохгүй байна гэж хэлэх гээд байна уу. Монгол Улсын хууль
эрх зүйн орчин тогтворгүй байдаг, шинэ Засгийн газар нь өмнөх шийдвэрүүдээ үгүйсгэдэг
гэсэн гад­ныхны шүүмжлэл бий л дээ?

-Тэр бол үнэн шүү. Дээшээ, доошоо
янз бүр болох зүйлүүд байсан. Ийм тогтворгүй байдал үнэхээр бэрхшээл дагуулдаг.  Гэхдээ боломжууд байгаа гэдэг нь тодорхой. Гадаадын
компаниуд болон төр засаг Монгол Улстай бодит түншлэлийг тогтоохын тулд Монгол дахь
зах зээлийн дүрэм журмыг илүү сайн ойлгох ёстой. Өнгөрсөн оны есдүгээр сард Нью-Йорк
хотноо Монгол Улс Ил тод байдлын гэрээнд гарын үсэг зурсанд бид их баяртай байгаа.
Энэхүү гэрээг сүүлийн дөрвөн жил хагасын хугацаанд ярилцаж байж байгуулсан юм. Гэрээ
нь зөвхөн АНУ-ын компаниудад төдийгүй бусад улс орнуудад ч Монгол Улсын дүрэм журмыг
ойлгоход хэрэгтэй зүйл болсон гэж үзэж байгаа. Мөн Засгийн газар нь ч хууль тогтоомж,
дүрэм, журмуудаа илүү ойлгомжтой, тогтвортой байлгах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн
хэрэг юм. Одоо бид Ил тод байдлын гэрээг Монгол Улсын Их Хурал соёрхон батлахыг
хүлээж байгаа.

-Ил тод байдлын гэрээнд юу
тусгаж байгаа талаар дэлгэрэнгүй хэлж болох уу?

-Бизнесийн таатай орчин бүрдүүлэх
чиглэлээр нэлээд асуудлыг тусгасан. Гэрээ хэрэгжээд эхэлбэл Монгол Улсын Их Хурлаар
хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийг англи хэл рүү хөрвүүлдэг болох юм. Ингэснээр
Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын компаниудад Улсын Их Хурал ямар хуулийн
төслүүд хэлэлцэж, ямар дүрэм журам гаргах гээд байгаа нь ойлгомжтой, тодорхой болж
өгөх юм. Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй хуулийн төсөлтэй гадны компаниуд танилцаад,
60 хоногийн дотор өөрсдийн саналаа хэлдэг байх боломжийг тусгаж өгч байгаа юм. Ер
нь Монгол, Америкийн хооронд байгуулсан Худалдаа хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээр
гэж байдаг. Үүний хүрээнд бид жил болгон хоёр талын уулзалт зохион байгуулдаг байлаа.
Гэвч Монголд болж байгаа зарим зүйлийн талаар ойлголт бага байсан учраас энэ хэлэлцээр
сүүлийн гурван жил зогсчихсон. Харин дээр хэлсэнчлэн Ил тод байдлын гэрээг Монгол
Улсын Их хурлаар соёрхон баталсны дараа АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газраас хүмүүс
Улаанбаатарт ирж, Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн дагуу яриа хэлэлцээгээ
үргэлжлүүлэх юм. Хэдийгээр олон жилийн дараа байж болох ч энэ нь Чөлөөт худалдааны
гэрээ рүү хөтлөх болов уу гэж бид найддаг. Ямар ч байсан хоёр орны худалдаа, хөрөнгө
оруулалтын харилцааг нэмэгдүүлэх яриа хэлэлцээ үргэлжлэх нь гэж ойлгож болно. Энэ
нь харилцааны шинэ эриний эхлэл болно гэж үзэж байна.

-Худалдаа, хөрөнгө оруулалтын
ерөнхий хэлэлцээр гурван жил зогсчээ. Энэ хугацаанд хоёр орны худалдаа, хөрөнгө
оруулалтын харилцаа зогсонги болчихсон байсан гэж ойлгож болохгүй биз дээ?

-Мэдээж энэ хэлэлцээр зогссоноос
болоод хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ багасаагүй, харин ч өссөн.
Аль аль талын компаниуд боломж байгааг олж хараад хамтарч ажиллаж чадсан. Худалдаа
хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлснээр энэ боломж улам л нэмэгдэнэ
гэсэн үг.

-Эдийн засагч хү­ний хувьд
танаас асууя. Монгол Улсын эдийн засгийн талаар хөндлөнгөөс ямар дүгнэлт хийж байгаа
вэ. Өнөөдөр бид импортоо багасгаж, ам.долларын ханшийн өсөлтийг хязгаарлах тухай
ч яриад эхэлж байна…

-2013 оны эдийн засгийн өсөлтийн
мэдээ ирэх дөрөвдүгээр сард гарах ёстой. Гэхдээ Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн
11-12 хувийн өсөлттэй гарна гэж хүмүүс төсөөлж байгаа байх. Хэрвээ ийм өсөлт гарах
юм бол дэлхийд өндөрт тооцогдох үзүүлэлтийн нэг болно шүү дээ. Тийм учраас Монгол
Улсын эдийн засаг унаж байна гэдэгтэй би хувьдаа санал нийлэхгүй байгаа. Өнгөрсөн
жил Монгол Улсын эдийн засаг 14 хувийн өсөлттэй гарсан. Үүнтэй харьцуулбал одоо
нэг хоёр хувиар буурсан нь үнэн. Гэхдээ л энэ бол өндөр үзүүлэлт. Харин гадаадын
шууд хөрөнгө оруулалт багассан нь үнэн. Яагаад гэвэл Монголд юу болоод байгааг гадны
компаниуд ойлгох гэж цаг хугацаа алдаж байна. Энд хоёр зүйл тодорхой байна. Нэгдүгээрт,
гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд илүү ил тод,ойлгомжтой байх ёстой гэдгийг
Монгол Улсын Засгийн газар ойлгож байна. Хоёрдугаарт, дэлхийн зах зээл дээр ашигт
малтмалын ханш өсч байна. Энэ утгаараа 2014 онд илүү боломжууд гарч магадгүй юм.
Мэдээж доллар, төгрөгийн ханш санаа зовоох асуудлын нэг мөн. Гэхдээ тийм ч аюултай
хэмжээнд оччихсон гэж бодохгүй байна. Валютын ханшийн уналт, бууралт бол аль ч улсад
байдаг л зүйл. Мэдээж хэрэглээнийхээ ихэнхийг импортолж, доллараар худалдаж аваад
байх юм бол санаа зовоох асуудал мөн. Гэлээ гээд энэ нь импортыг хязгаарлах шалтгаан
биш шүү дээ. Тухайлбал, АНУ дэлхийд хамгийн их гадаад худалдааны алдагдалтай улсад
тооцогддог. Гэвч үүнээс хамаарахгүйгээр эдийн засаг нь сайн байж чаддаг.  Ер нь бол бизнесийн болон худалдааны асуудал дээр
иймэрхүү хязгаарлалт, төрийн оролцоо бага байх нь зөв гэж боддог. Харин Засгийн
газар нь экспорт, импортыг тэнцвэржүүлэх тал дээр л анхаарах хэрэгтэй. Нүүрсээ боловсруулж
цахилгаан болгож экспортлох байдлаар ч юмуу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх
чиглэлд гол анхаарлаа хандуулах нь үр дүнтэй байх.

-АНУ-аас Монгол Улсад суух
шинэ Элчин сайд томилогдоод тийм ч удаагүй байна. Шинэ Элчин сайд томилогдоод ямар
ажлуудыг хийж амжуулсан бол?

-Миний бодлоор Элчин сайдын анхаарч
байгаа гол зүйл бол хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхэд чиглэж
байгаа. Мөн эмэгтэй Элчин сайдынхаа хувьд эмэгтэйчүүдийн асуудалд илүү анхаарч,
хөндөж тавьдаг. Батлан хамгаалах салбарт манай хоёр орны цэргийн хамтын ажиллагаа
өргөжиж байна. Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцдог. Афганистан,
Судан болон бусад газруудад ч энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож байсан.
Тиймээс орчин үеийн цэргийн тактик, чадвар зэрэгт монгол цэргүүдийг сургах тал дээр
АНУ хамтран ажиллаж байгаа. Гэхдээ Элчин сайд Кэмбэлл энд ажиллах хугацаандаа бизнес,
эдийн засгийн харилцаанд илүү түлхүү анхаарал хандуулсан гэдгээрээ танигдах байх.
Өнөөдөр Америк, Монголын харилцаа хөгжлийн тусламжид суурилсан харилцаанаас бизнес,
эдийн засгийн хамтын ажиллагаа руу шилжиж байна. Тод­руулбал, АНУ-ын Олон улсын
хөгжлийн агентлаг, Мянганы  сорилтын сангийн
чиглэлээр үзүүлж байсан тусламжид суурилсан харилцаа манай хоёр орны дунд байсан.
Тэгвэл одоо энэ харилцаа өөр түвшинд гарч,бизнесийн хамтын ажиллагаа буюу хоёр орны
хувийн хэвшил хоорондын, эсвэл төр, хувийн хэвшил хоорондын харилцаа руу шилжиж
байна. Элчин сайд Кэмбэллийн жил хагас ажилласан энэхүү хугацаанд бизнесийн боломжууд
сайжирч, түүнийг ашиглах нь ч нэмэгдэж байна.

-Мянганы сорилтын сангаас
явуулж байсан тусламжийн хөтөлбөр үргэлжлэх үү. Үүнтэй адил төстэй төсөл хөтөлбөр
байгаа болов уу. Бизнесийн хамтын ажиллагаа одоогийн байдлаар ямар түвшинд байна.
Онцлоод хэлэх төсөл хөтөлбөр байгаа юу?

-Хойд Америк-Мон­голын Бизнесийн
Зөвлөл гэж байгууллага бий. Энэ байгууллагад хоёр орны хооронд бизнес хийдэг АНУ,
Монголын 200 гаруй компани байдаг. Одоогийн байдлаар бид бүгдийн анхаарлын төвд
байгаа томоохон төсөл бол Таван толгойн нүүрсний ордыг ашиглах төсөл. Уг төсөлд
Америкийн “Пибоди” компани голлох үүрэгтэй оролцох боломжийг эрэл­хийлж байна. Оролцох
байх гэсэн найдлага, хүлээлт ч бий.

Мянганы сорилтын сангийн төслүүд
ам­жилттай хэрэгжээд өнгөрсөн есдүгээр сард дууссан. Нийтдээ 285 сая ам.долларын тусламжийн хөтөлбөрийг
хэрэгжүүлсэн шүү дээ. Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд л гэхэд гэр хорооллын хашааны
газрыг бүртгэлжүүлж, 15 сая хуудас кадастрын зургийг цахимжуулсан байдаг. Хашааныхаа
газрыг бүртгүүлж, гэрчилгээ авсан иргэд түүнийгээ банкинд барьцаалж зээл авах боломжтой
болсон зэргээр ихээхэн ач холбогдолтой
төслүүд болсон юм. Мянганы сорилтын сангийн энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн тулд
Монгол Улс дахиад өргөдөл гаргах боломж бий. Гэхдээ нэг “эерэг” асуудал бий. Энэ
нь Монгол Улсын эдийн засаг сайжирсан, ядуу буурай орны ангиллаас хэдийнэ гарсан
явдал. Гэтэл Мянганы хөгжлийн сорилтын сангийн хөтөлбөр нь Африкийн ядуурал ихтэй
орнуудад зориулагдсан юм шүү дээ.Тиймээс Монгол Улс энэ хөтөлбөрийн шалгуурт тэнцэхгүй
болчихож байгаа юм. Мэдээж энэ бол сайн мэдээ.

-Монгол Улс урд, хойд хоёр
хөршөөсөө туйлын хамааралтай орон. Хоёр хөршөөсөө хэт их хамааралгүйгээр хөгжихөд
АНУ-ын зүгээс ямар оролцоо байгаа бол?

-Мэдээж газрын зураг дээрээс
бүх зүйл тодорхой харагдаж байна. Гэхдээ АНУ Монголын номер нэг гуравдагч хөрш байхыг
хүсдэг. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого нь  АНУ-аас явуулж байгаа Ази руу дахин тэнцвэржүүлэх
бодлоготой зохицдог гэж үздэг. Монгол Улс хөрш орнуудтайгаа харилцахдаа аль нэгийг
нь илүү онцолдоггүй шиг АНУ ч Азийн улсуудтай харилцахдаа зөвхөн Хятад, Япон, БНСУ
гэж онцлолгүй, бусад бүх оронтой тэнцвэртэй, түүний дотор Монгол Улстай харилцахыг
эрмэлзэж байгаа. Зөвхөн эдийн засаг худалдаа гэлтгүй, соёл, боловсрол, бусад бүх
чиглэлээр харилцах өргөн боломжууд байна.

-Эцэст нь визний асуудлаар
асуухгүй өнгөрч болохгүй байх. Монголчууд АНУ руу аялж жуулчлах маш их сонирхолтой
болсон. Тэр ч хэрээрээ олон монгол хүн өнөөдөр АНУ-д амьдарч, сурч байна. Тэднээр
дамжуулж, Америкийн соёлыг түгээх зорилготой”Америкийн монголчууд” гэдэг булан ч
манай сонинд бий. Тийм учраас АНУ руу визний хөнгөлөлттэй, магадгүй визгүй зорчих
боломж хэзээ ирэх бол гэсэн горьдлого монгол хүн бүрт бий байх. Энэ чиглэлээр манай
хоёр орны хооронд ямар яриа хэлэлцээ өрнөж байгаа бол?

-Ер нь бол хоёр тал руугаа чиглэсэн
аялал жуулчлал жилээс жилд нэмэгдэж байгаа. Манай Консулын хэлтэст виз мэдүүлж байгаа
монгол хүмүүсийн тоо ч эрс нэмэгдсэн учраас бид ажилтныхаа тоог нэмсэн. Америкчууд
ч Монголд аялал жуулчлал, бизнесийн зорилгоор их ирдэг болсон байна. Бид энэ харилцааг
улам нэмэгдээсэй гэж хүсдэг. Америкийн визнээс чөлөөлөх хөтөлбөр гэж бий. Үүнд хамрагдаж,  АНУ руу визгүй зорчдог орон маш цөөхөн байдаг.
Мэдээж ийм эрхийг авахын тулд олон жилийн турш тодорхой тоон үзүүлэлтүүдийн шаардлагыг
хангасан байх ёстой. Тухайлбал, Франц иргэд АНУ-д очоод хэзээ ч визнийхээ хугацааг
хэтрүүлдэггүй, визээ буруугаар ашигладаггүй учраас визгүй зорчдог байх жишээтэй.
Статистикийн хувьд Франц улсынхтай төстэй сайн үзүүлэлтүүд гарвал Монгол Улстай
энэ асуудал яригдаж болно. Одоогоор визнээс чөлөөлөх хөтөлбөрийн талаар яриа хэлэлцээ
өрнөөгүй байгаа боловч энэ талаар анхны алхамуудыг хийх тухай бид Монголын Засгийн
газартай ярилцаж байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Мал эрхлүүлэх монгол цээрийг эвдсэн франц ямаа

Хүнээс ч илүү хэрэглээ шаард­даг байж болох хэсэг ямаа Өвөрхангай
аймгийн Арвайхээр су­манд байна. Альпийн ну­рууны “Альпин” үүлд­рийн эдгээр ямаа­нууд
амьдралынхаа туршид хү­нээр нусаа арчуулж, дэлэн хөхөө угаалгаж, хамгийн чанарлаг
вита­мин хэрэглэж, шилэн цонх, ца­хилгаан халаалттай байшинд эрх ямбатан лугаа майлалддаг
гэнэ. Ингэж арчлуулсан шигээ ашиг тусаа мөн өгдөг учраас өвөрхангайнхан тэднийг
сонгожээ. УИХ-ын дарга З.Энхболдын санаа­чилгаар Өвөрхангай аймгийн малын удмын
санг сайжруулах, тус аймгийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангах зорилгоор
Франц улс, Альпийн нуруунаас 200 ямаа авчирсан нь энэ.

“Альпин” үүлдрийн ямаа нь дэлэн том, бие зэгзгэр, үс шингэн, ихэд
өн­гөлөг харагдахын зэ­рэгцээ тун эелдэг.              Өвөр­хангайнхан өмнө нь ямаанд зориулж
тус­гай байшин барьж, ка­мержуулан хянаж бай­сан удаагүй ч энэ тохиолдолд “Альпин”
ямааны зүгээс хүнд тавигдах шаардлага бүхнийг биелүүлжээ. Арвайхээрийн онгоцны буудлын
урд зайд өвсний фондтой төстэй хоёр урт байшин байхын гадна давхин очвол хориотой
бүс гэсэн тэмдэгт зам хаана. Хоёр давхар торон саад хэд хэдэн гэр байх нь энэ бүсийн
хамгаалалт хэр чанга вэ гэдгийг шууд илтгэх. 200 ямаанд зориулан барьсан улаан тоосгон
байшинд нэвтрэхэд сүүлийн үеийн хяналтын камер улаан гэрэл анивчуулан байх нь сүртэй.
Мэдээж энэ бүх хамгаалалтын хажуугаар аймаг хошуундаа со­нор соргогоороо алдар­тай
хүмүүс харуул манаа хийхийн сацуу ямаануудын маллагааг хариуцан байдаг болол­ той.
Ёстой л зүү шургуулах зайгүй ийм хамгаалалт хийсэн нь хашаа хороогоо бүү хэл таван
ханатаа цоож цуургагүй үлдээдэг малчин монголчуудын хувьд шинэ үзэгдэл юм.  

Харуул хамгаалалтаас гадна монголчуудынхаар
хороо буюу фермерийн байшинг тохижуулахын дээдээр тохижуулжээ. Баримжаа­гаар
100 орчим метр урттай улаан тоосгон байшин барьж олон арван цонх гаргасан нь агааржуулалт
бус байгалийн гэрлийг нэвтрүүлэх зорилготой. Үүдний довжоогоор алхаж пингийн хоёр
давхар хаалга татан, плитан шалан дээр гишгэхэд ямааны хороо руу бус суурингийн
айл руу юм уу сумын цэцэрлэг рүү орж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Дотроо цахилгаан
халаагуураар халаалтыг нь шийдэж мөн агааржуулалтын нүсэр системийг суурилуулсан
нь 10 минутын хугацаатай ажиллана. Эхэлж ийшээ нэвтэрсэн хэн ч бай ямаанд арай ахадсан
оромж гэхээр. Өнөөдрийн байдлаар эм ямаануудыг 25:25-аар нь тус­гаарлаж хавар, намар
хээлтүүлэх зорилготой зохион байгуулалт хийсэнтэй таарлаа. Ингэдэг нь жилийн дөрвөн
улирлын турш өвөрхангайчуудын сүүний хэрэгцээг хангана гэж төлөвлөжээ.  

“Альпин” үүлдрийн ямаа ч хүний хөдөлгөөн бүрээс шууд хамааралтайн
дээр вакуум цонхтой бай­шин, цементен хэвтэртээ туйлаас ээнэгшчээ. Нарны илч наашилж
гадаа нэмэх 10 хэмд хүрсэн нэг өдөр зургаан ухныг нь гадаа гаргаж турштал даарч
чичрэн эргэж байр руугаа дайраад тусыг олоогүй байна. Өвс ургадаг, түүнийг өвсөн
тэжээлтэн амьтад иддэг ойлголт энэ ямаануудад л лав төлөвшөөгүй. Заавал урдах онгоцондоо
хүнээр өвс, тэжээлээ хийлгэж байж  л гоочлохоос
бус ургаа өвснөөс нэг ч тасддаггүй гэж байгаа. Хүнээр бэлдүүлэн идэж байгаа өвс,
тэжээл нь цаанаа нарийн жор, орц, порц, дэглэмтэйг энэ сүргийг адгуулж буй Д.Бадмаанямбуу,
эхнэр Л.Бат­чулуун нар хэллээ. Өдөрт найман удаа хооллохдоо гурван удаа витамин,
глюкоз шахсан тариа үлдсэнд нь ногоон өвс хэрчиж жижиглэн өгдөг ажээ.

Өвсийг тусгай хэрчигч машинд оруулж жижиглэхгүй бол тэжээлийн онгоцоо
тойрч гүйгээд ойртдоггүй гэж байгаа. Түүнчлэн өвсөн дундах шивээг нэг бүрчлэн гараараа
түүх­гүй бол хоолой нь идээлж эмнэлэгт хэвтэхээс наахнуур эм тарианд ордог аж. Тэжээлийг
нь өгөхөд ч витамин, глюкозоос багахан л багадсан байвал тургиж, найтаагаад сүйд
болдог байна. Ингээд өдрийн турш ямаануудын тэжээлийг цагийн хуваарийн дагуу өгөхийн
тулд малчид нь өөрсдийнхөө хооллолтод хүртэл өөрчлөлт оруулжээ. Өглөө до­лоон цаг
гэхэд эхний хоолыг нь “аяглахгүй” бол саравч дүүрэн майлаан болдог байна. Үүнээс
хойш хоёр цагийн зайтай тэжээл, өвсийг ээлж дараалан өгнө. Хаалгаар хүн орж ирэхийг
харсан ямаанууд хуйлран давхилдаж эхэлснээ бэлдэцийг онгоцонд хийхэд бүгд чимээгүй
болсноор дараагийн хоолны цаг хүртэл нэг нь ч авиа гаргахгүй. Хоолны ийм нарийн
жор, дэглэмтэйн дээр жаврыг нь гаргаж бүлээтгэсэн усаар байнга даруулга хийнэ. Мөн
эмчийн хяналт ч тогтмол байж үзлэг сувилгаанд хугацаандаа хамрагдсанаар Франц жороор
найруулсан нэмэлт витамин хүртдэг ажээ.

Малын эмч ишигнүүдийн эврийг халуун төмрөөр хайрахаас эхлээд ханиад
томуу, малын гоц халдварт бүхий л өвчнөөс сэргийлж сүү сүүн бүтээгдэхүүний халдваргүйжүүлэлтийг
хариуцдаг аж. Уг нь “Альпин” үүлдрийн ямаанууд туйлаас том эвэртэй байдаг юм байна.
Харин ишиглэсэн долоо хоногт нь халуун төмрөөр эврийнх нь ёзоорыг хайрвал ургахаа
байж “мухар” болдог ажээ. Гэхдээ ноолуур, махны чиглэлийн ямааг ингэж мухарлавал
сөрөг нөлөөтэй байдгийг Францын мэргэжилтнүүд онцолсныг Д.Бадмаанямбуу дуулгаж байв.
Учир нь ноолуурын чиглэлийн ямаа нь эвэргүй бол хавартаа ноолуураа шүдээрээ урж
эзэнд нь хохирол учирдаг аж.

Өнөө жил гарч буй эр ишиг­нүүдийг хөнгөлөх эсэхээ тухайн фермерийнхэн
хараахан шийдээ­гүй байв. Хөнгөлж сэрх болговол ашиггүй, хөнгөлөлөлгүй ухна болгосон
ч мөн л ашиггүй мэт бодогдоод байгаа юм байна. Гэхдээ ухна болгож монгол ямаатай
эрлийзжүүлэх ажлыг ч хийж магадгүй, тодорхой шийдэлгүй байна. Монгол ямаатай эрлийз­жүүллээ
гэхэд хавартаа хээлээ даах уу гэдэг том асуулт урган гарчээ. “Альпин” үүлдрийн ишиг
эхээс унахдаа таваас дээш кг хүрдэг нь асуудлын гол нь аж. Ямартаа ч өнгөрсөн долоо
хоногийн дундуур тус фермерийнхэн найм дахь ишгээ хүлээн аваад байлаа. Ууган ишгэндээ
Ууганаа гэдэг нэр өгсөн бөгөөд дуудахад пижигнэтэл давхиад ирнэ. Ер нь энэ үүлдрийн
ямаа нь бие товируун, үржил селекцид эрт ордог ажээ. Дөнгөж гарсан ишиг таван кг
байх бол нэг жилийн дараа 50-65 кг болж төллөж эхэлнэ. Ишиг гараад нэг минут болоод
хөл дээрээ зогсдог ахиад нэг минут болоход эхийгээ хөхөж амладаг гэхмэтээр монгол
малаас онцлог, өөр зүйл ихтэй юм. Тэрчлэн гурав хоноход тэжээлд орж эхийг нь саахад
бэрхшээлгүй болдог байна. Өнгөрсөн намар өвсийг нь Хэнтий аймгаас татсан бөгөөд
бүтэн жилийн хэрэглээгээ нөөцөлсөн байлаа.   

Бас идэж байгаа шигээ таргална гэж үгүй. Сүүжнийх нь нүх мэдэгдэм
туранхай амьтад тэжээлийн онгоцноос хошуу салгана гэж үгүй. Идсэн тэжээл нь мах
болох бус сүү болон дэлэн рүүгээ ордог нь бэлхнээ харагдах. Учир нь арван литрийн
бедон зүүсэн юм шиг дэлэнтэй байх агаад явахад газар шүргэн чирэгдэнэ. Сүүний хувьд
хоногт үнээнээс 1,5 дахин их буюу дунджаар таван литр сүү гардаг. Жилдээ 3,5 хувийн
тослогтой 1000 л сүү өгдөг байна. Бусад хөхтөн амьтны сүүг бодвол уургийн амин хүчлийн
найрлага болон генетикийн өвөрмөц бүтэцтэй, ээдмийн барьцалдах чадвар сул, уургийн
шингэц сайтай учраас бага насны хүүхдэд илүү тохиромжтой. Сүүний тослогийн тосны
хүчлийн үлдэгдэл буюу нүүрстөрөгчийн гинжийг хүний бодисын солилцооны алдагдлын
өвчнүүдэд эмчилгээний зориулалтаар ашигладаг. Иймээс эдгээр ямааны сүүг сувиллын
болоод эмчилгээний зориулалтаар хэрэглэхэд тохиромжтой гээд хувийн хэрэгт нь хүнд
хэрэгтэй сайн үзүүлэлт бүхнийг тэмдэглэжээ.

Тэднийг зөвхөн Арвай­хээ­рийнхний сүүний хэрэглээг хангахаар дэлэнд
нь сүүг нь нөөцлөөд ачиж ирсэн юм биш гэнэ. 200 ямааг саах технологийг фермерийн
зүүн хэсэгт байр­шуул­жээ. Монголчилж хэлбэл ямааны холбоо нь трубагаар хийсэн урт
нарийн хонгил байх. Тийш нь тууж оруулаад автомат саагчийг дэлэнд нь зүүхэд сүү
бүдүүн хоолойгоор дамжин эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрт хүрнэ. Тэнд олон төрлийн
ааруул, франц маягийн бяслаг, цөцгий, тараг, савласан сүү болон хэрэглэгчид рүү
ачигдахаар төлөвлөсөн байна. Шууд хэлбэл ямааны дэлэнгээс гарсан сүү шууд үйлдвэр
рүү орж хэдхэн цагийн дараа хэрэглэгчдийн гарт хүрэх зохицуулалттай гэсэн үг.

Одоогийн байдлаар тус фер­мерийн санхүүгийн асуудлыг сүүний чиглэлийн
50 орчим алаг тарлан монгол үхэр шийдэж байна. Ямааны байрны зүүн захад мөн л урт
нарийн байр байх нь үхрийн хороо. Энд яг ямааны байрныхтай ижил зохион байгуулалттай
сүүний үйлдвэр ажиллаж өдөрт 100 гаруй литр сүүг Арвайхээрийн захад нийлүүлдэг ажээ.
Нэг литр сүүг 1400 төгрөгөөр зардаг ч одоохондоо дан ганц сүүнийхээ захиалгыг дийлэхгүй
байгаа тухай хүүрнэж байв. Уг нь эдгээр үхрийг Төв аймгийн Баянчандмань суманд адгуулж
байгаад Францаас мах, сүүний хосолмол чиглэлийн үхрийг авчрахад ийш нь шилжүүлсэн
байна. Нэг талаараа Франц чигийн сүүний үүлдрийн үхэр ирэхэд тэд гологдож, нөгөө
талаараа “Альпин” үүлдрийн ямааг төллөж сүүгээ өгтөл Өвөрхангайд хэрэг болжээ.

Франц улсын “Альпин” үүлдрийн ямаа Монгол нутагт хэрхэн идээ­шиж
байгаатай танилцахад ийм байлаа. Тэд монгол малыг бодвол тусгай хамгаалалтын дор,
тусгай байранд, тусгай үйлчилгээг хүр­тэж байгаа болохоор Монголд идээших, идээшихгүйн
тухай яриа алга. Зөвхөн сүүний гарц, найрлагад өөрчлөлт орох эсэхийг харзнаж байгаа
аж. Эхний төлийг хүлээн аваад сүүнд нь хийсэн шинжилгээгээр бүгд “ок” гарсан байна.

Үргэлжлэл бий
Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Нэгдэлжих хөдөлгөөн дахин өрнөсний нэг жилийн ойд

Барууны чиг баримжаатай Ард­чилсан нам засгийн эрхэнд гар­лаа гэсэн
чинь  зүүн төвийн үзэл баримтлалтай МАН-аас
долоон дор юм болж байна. Тэд төр удирдан жолоодох нэрээр нийгэмчлэх үйл ажил­­лагаа
явуулж эхэллээ. Хувьдаа өмчтэй иргэдийн хөрөнгийг төрийн нэр барин булаан авч, нийгэмчлэх
ажлыг социализмын үед нэгдэлжих хөдөлгөөн гэдэг байсныг монголчууд яс махнаасаа
мэднэ.

Хүн хувьдаа мал, хөрөнгө, өмчтэй ч байж болдоггүй. Халуунд халж,
хүйтэнд хөрч өвөл, зунгүй дагаж байж өс­гө­­­сөн хэдэн малыг нь хуу хамаад улсын
өмчид авчих­даг мөн ч хэцүү цаг тэр үед бай­сан шиг байгаа юм. Тухайн үедээ үүнийгээ
социализмыг бүрэн ялал­тад хүргэх, бүх нийтээрээ жар­гах цорын ганц арга хэмээн
зарлан тунхаглаж, ухуулан сурталчилж байсан гэдэг. Бүгдийг төр эзэмшинэ, төр мэднэ,
төр хийнэ гэсэн энэ буруу үзлийн эцсийн үр дүн нь өөрсдөө хийж чадах юу ч үгүй үлдсэн
өнөөдрийн ядуу буурай Монгол Улс гэдэг нь хэнд ч ойлгомжтой.  Уг нь ардчилал гарснаар нэгдэлжих хөдөлгөөнийг
зогсоож, иргэдээ хувийн өмч, хөрөнгөтэй болгох зам руу орсон нь маргаангүй үнэн.
Харамсалтай нь өнөөдрийн ардчилсан засаг төр ухралт хийж байна.

Ардчиллын буянаар хувь­чилсан хөрөнгүүдээ буцааж хураадаг  нийгэмчлэх үйл ажиллагаагаа эргэлт буцалт­гүй
эхэлчихлээ. Тэд хамгийн анх хөсрий ясанд “гэр” олж өгөхөөр “дайн” хийсэн.  Амери­каас олж ирсэн үлэг гүрвэлийн ясанд зориулж,
Лениний музейг нийгэмчиллээ. Тэнд хөсрий яс тавьж олон түмэнд харуулах юм гэнэ.
Үүнийгээ соёлын салбарт хийж буй том шинэчлэл хэмээн зарлачихаад байгаа.

Одоо хүүхдийн паркийг нийгэмчлэх гэнэ.  Түмний хүүхдүүдийг тоглуулж чадах­гүй байна, төрд
буцааж авна гэж дэвхцээд аль хэдийнэ цаадуул чинь улаан дарцгаа ман­дуулаад гүйж
явна. Тэгвэл хүүх­дийн парк төрийн мэдэлд байхдаа ямар байсан билээ. Хүний хүүхдүүдийн
амиар наадах дөхсөн төмрийн сэгүүдээр дүүрчихсэн байс­ныг түмэн мэднэ. Хэн ч тоож
очихоо болиод, хүний хөл тасарчихсан. Хогийн шарил­жинд “баригдсан” хоосон хашаа
л байлаа. Харин хувьд шилжсэнээсээ хойш яаж өөрчлөгдсөнийг бүгд л харж байгаа.
“Disney land”-д л байдаг мэтээр ойлгогддог байсан орчин үеийн тоглоом­нуудыг түрүүчээс
нь аваад ирчихсэн байна. Монголын хүүхэд, багачууд баясч цэн­гээд сайхан л байна.
Тог­лоомнуудынх нь тоог нэмж, цаа­шаа өргөжүүлнэ гэж бай­на. Тэгэхээр юу нь болохоо
байчихсан гэж. Болж байгаа зүйлийг бусниулахын тулд  дарамтлах хэрэг төрд алга гэдэг нь эндээс харагдана.

Хамгийн сүүлд 20 хана­тай гэр шиг Аса циркийг булаа­цалдаад бөөн
юм болж байна. “60 ажилтан, сургуультай тав, зургаан амьтнаас өөр юм алга. Цирк
минь устлаа. Буцаагаад авъя” гээд уулга алдаад эхэллээ. Тийм байлаа гэхэд энэ нь
манай дарга нарт ямар падлийтай юм. Хүн хувьдаа өмчилж авсан хөрөнгөө хэрхэн зарцуулж,
яаж ажиллах нь улсад ямар ч хамаагүй. Нэгэнт л Аса цирк өнөөдөр Д.Дагвадорж гэдэг
хувь хүний өмч. Буруу аргаар эзэмшиж, өмчилсөн ч бай хамаагүй циркийг хувьдаа авсан
л бол авсан. Хөрөнгөө гаргасан, байшинг нь янзалж зассан. Циркийн манежийг  тэр хэвээр нь хадгалж үйл ажиллагаагаа таслаагүй
гэж байна.  Аливаа зүйл хувьд очихоороо өөдлөн
дэвждэг, өргөжин тэлдэг. Ашиг орлого нь ч нэмэгддэг. Яагаад гэвэл хүн өмч хөрөнгөндөө
миний юм гэдэг сэтгэлээр ханддаг учраас хувьд очсон ямар ч бизнес дампуурдаггүй.
Тэр  жиш­гээрээ л явна.  Гагцхүү цаг хугацаа  хэрэгтэй. 
Гэвч хүлцэн тэвчилгүй хувийн хэвшилтэй дайн зарлаад байгаа төр засгийг юу
гэж ойлгох вэ.  Магадгүй дарга нарт ашиг олох
боломжтой бизнес нь цирк юм шиг санагдаад ч байгаа юм уу. Тийм нүдээр харахаар циркийг
ганц хүн эзэмшчихээд төрийн бизнест саад болоод байгаа ч юм бил үү. Ингэж хардахад
хүргэхээр үйлдлүүдийг сүүлийн үед хийж байна. Үнэхээр цирк дампуурчихлаа гэж санаа
зовоод байгаа юм бол төр өөрөө шинийг бариач. 

Монголын уудам тал нутагт газар мундсан биш. Хаашаа л харна хүн амьдраагүй
эзгүй зэлүүд хээр тал цэлийж байна. Хотоос хол зайдуу байсандаа ч яадаг юм.  Өнөөдөр дэлхийн жишиг тийм л байгаа. Хүүхдийн
парк, цирк гэх мэтийн газруу­даа хотын төвөөсөө хол бай­гуулж байна. Ард иргэд нь
амралтын өдрөөрөө тийшээ үр хүүхдүүдээ дагуулан гэр бүлээрээ машинтай давхиад очдог.
Тэр нь тэдэнд амралт болдог юм билээ. Монголын төр ийм зарчмаар ажилламаар байна.
Хувийн өмч рүү дайрдаг эв дүйгүй арга барилдаа өөрчлөлт хиймээр байна. Төрийн чадал
чансаа хүрдэггүй юм бол хувийн хэвшлийнхэнд газрыг нь үнэгүй өгөөд циркээ бариулчих.
Нүд ирмэхийн зуур сайхан байшин босгоод өгнө. Тэгээд Аса цирктэй өрсөлдүүл. Тэгж
байж өнөөдөр Монголын циркийн урлаг хөгжинө. Ашиг орлогын хойноос гадагшаа “дүрвэсэн”
циркчид ч буцаад ирэх юм бил үү.  Даанч манай
дарга нарын амнаас ийм үг унахгүй нь харамсалтай.

Ард кино театрын байрыг авна л гэнэ. Элдэв-Очир кино театрыг эргүүлж
улсад өмчлүүлнэ л гэнэ. Өөр юу юу ч гэнэ үү, төрд данстай байгаад хувьд шилжсэн
бүхнийг хураах тухай өөд уруугүй яриад эхэллээ. Уг нь ард түмэн  зах зээлийн нийгэмд шилжин  орох зам мөртэйгээс хойш  ардчиллын автороор нь АН-ыг сонгоё гээд тэдэнд
итгэл үзүүлж, төрийн жолоог атгах эрх өгсөн юм. Гэтэл нөгөө АН нь ард түмэнд таалагдахын
тулд ийм юм хийж урам хугалж байна. Захын бизнесмэн тоож орохооргүй балгас шиг болсон
байншингуудаа булааж авахаар дээрмийн шинжтэй бодлого явуулж байна. 

Бүгдийг төрийн өмчид авч, нийгэмчлэх гэсэн АН-ын энэ үзэл нь одоо
байгаа нийгэмтэйгээ зохицолдохгүй байна. Эрх барьж байгаа АН ямар ч байсан энэ дөрвөн
жил ийм маягаар ажиллах нь тодорхой боллоо. МАН-ын өмчлөлд очсон бүхнийг нийгэмчилж,
төрд хураан авах нь. Ингэсээр яваад нэгэнт ард түмний урам хугарсан хойно 2016 оны
сонгуультай золгоно. Тэр үед АН ялагдаж таараа. Оронд нь  Ардын нам төрийн толгойд гарч ирнэ. Тэгээд юу
болох нь ойлгомжтой. МАН-ынхан өс хонзонгоо авна.  Өнгөрсөн дөрвөн жил өөрсдөд нь амсуулсан бүхнийг
АН-д мэдрүүлнэ. АН-ынханд чиг­лэсэн нийгэмчлэлээр хариу барина. АН-ынхны өм­чийг
хураана, хаана, тараа­на. Шоронд барьж хорино, шалгана. АПУ, Алтан тариа, Материал
импекс,  Мах импексээс эхлээд АН-ынхнаар овоглогддог
өөр ямар өмч байдаг юм. Хуу хамж нийгэмчилнэ, төрд эргүүлэн авна. Ингээд бодохоор
зах зээлээс ухарч буцсан энэ нэгдэлжих хөдөлгөөн ойроор бодоход дор хаяж  наймаас арван жил үргэлжлэх нь. Ийм хор хөнөөлтэй
зүйлүүд болох төлөв одооноос харагдаад байна.

Тиймээс энэ ухралтаасаа татгалзаж зөвхөн  урагшаа харж ажиллахыг эрх баригч­дад хандаж хэлмээр
байна. Иргэдийнхээ хувьдаа авсан өмч хөрөнгө рүү гар дүрж, хошуу нэмж, юу хийж,
яахыг нь зааж байгаа бол туйлын буруу. Ингэлээ гээд хэн ч хожихгүй. Төрд ээлжлэн
сон­гог­дох эрх баригчдын энэ дайнд ард түмэн л үрэг­дэнэ. Нийгмийн хөгжил удаа­ширна.
Монгол Улс ядуу чигээ­рээ эргээд социалист нийгэм рүү буцах ганц  зам үлдэнэ. Дахиад хэлэхэд, төр өөртөө бүгдийг  авлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Ашиг хонжоо харсан,
хүнд сурталт дарга нарын ширээн дээр улс орны бүх ажил цаас хэвээрээ хадгалагдахаас
цаашгүй. Төрийн оролцсон ажил урагшаа ахидаггүйн жишээ нь Оюу толгой, Таван толгой
байж л байна. Тав­дугаар цахилгаан станц, шата­хууны үйлдвэр барина гээд өчнөөн
ярилаа, бүтэлтэй юм лав харагдахгүй нь. Зүгээр ажлаа хийгээд явж байгаа иргэдийнхээ
өмч рүү дайрч байхаар  жинхэнэ хийх ёстой
энэ ажлуудаа гараас гаргавал яасан юм гэдгийг хэлье.

Ямартай ч хөсрий ясны төлөөх нийгэмчлэл бүрэн ялалтад хүрснээс хойш
нэг­дэл­жих хөдөлгөөн дахин өрнөс­ний нэг жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд өнөө
жил олон олон хүний хувийн өмчийг хурааж, булаах ажлууд шил шилээ даран өрнөх шинжтэй
болчихлоо.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Алтны салбараас энэ жил 440 сая ам.доллар олох боломжтой

– ЭНЭ ХЭМЖЭЭНИЙ ДОЛЛАР ОЛЧИХВОЛ ТӨГРӨГИЙН ХАНШ ЧАНГАРНА

Монголын алт үйлд­вэрлэгчдийн
хол­бооныхон ин­гэж хэлж байна.  Алт үйлд­вэр­лэгчдийн
холбоо энэ жил гэхэд алтны шо­роон ордоос 11 тонн алт  олборлох боломжтой гэдгийг тооцоолоод гар­гаад
ирчихэж. Энэ  хэмжээний алт ол­борлоход
300 ор­чим тэрбум төгрөг шаард­лагатай гэнэ. Ам.доллараар тооцвол 168 орчим сая
доллар гэсэн үг. Энэ дайны  хөрөнгө оруулалт
хийчихвэл бид алтнаасаа эргүүлээд 440 сая ам.доллар олох боломжтой гэнэ. Өөрөөр
хэлбэл оруулсан хөрөнгөөсөө 2.5 их мөнгө олох боломж байгаа аж. Гэнэтийн ашгийн
тат­вар, урт нэртэй хууль гээд шийдвэр гар­гагчдын алдаанаас болж уначихаад байсан
алтны салбар хөл дээрээ босоход  мөнгө хэрэгтэй
болжээ. Алтны компаниудын техник, технологи нь нэлээд хуучирсан гэнэ. Орчин үеийн,
байгальд хал багатай, өндөр чадалтай дэвшилтэт технологитой болоход багагүй мөнгө
хэрэг болоод байгаа аж. Энэ мэт шалтгаанаас болж Алт олборлогчдын холбооноос Уул
уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яаманд хандан алт олборлогчдод тодорхой хэмжээний
хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэхийг хүсээд байгаа юм байна.

ХАТУУ ВАЛЮТ

Алтыг хатуу валют гэх нь бий.
Америк доллар дэлхийн нөөцийн гол валют байсаар ирсэн ч сүүлийн арван жилд улс орнууд
доллараас аль болох татгалзаж өөрийн мөнгөн тэмдэгтийг үнэ цэнэтэй байлгах арга
чаргыг хайх болсон. Урд хөрш гэхэд л юаниа хүчирхэгжүүлж, ам.долларын эзлэх орон
зайг багасгах  бодлого барьж буй. Дээр нь
АНУ өрөөрөө дэлхийд толгой цохидог. Одоо үүсээд байгаа хямралын шалтгаан нь ч өр.
Энэ утгаараа доллар дэлхийд найдваргүй валют гэж үнэлэгдэх болжээ. Европын орнуудын
хэрэглэдэг еврог дэлхийд долларын дараа гарч ирэх нөөцийн валют гэж онцолдог байсан
ч Грекээс эхэлсэн евро бүсийн хямрал энэ таамгийг няцаахад хүргэсэн. Британийн фунт
стерлинг, Японийн иен ч ялгаагүй эдийн засгаа дагаад тиймхэн байгаа. Эндээс цаашлуулаад
яривал нөөц валют юу байж болох вэ гэдэг асуултын хариуг  мөнгөтэй эрхмүүд хайгаад эхэлжээ.

       Хөрөнгөө аюулгүй байлгахын тулд
тэд байгаа мөнгөө алт болгох сонирхолтой байна. Алт ирээдүйн нөөцийн шинэ валют
байх боломжтой гэсэн яриа ч эндээс эхлэлтэй аж. Алтыг их хэмжээгээр нөөцөлсөн орнууд
эдийн засгийнхаа хувьд найдвартай гэж харагддаг.

АЛТНЫ ХАНШ ЖИЛ ИРЭХ ТУСАМ ЧАНГАРНА

Санхүүгийн мэргэжилтнүүд сүүлийн
үед алтыг онцлох болжээ. Америкийн  санхүүгийн
үйлчилгээ үзүүлдэг “Арчер” компанийн шинжээч Стефен  Платт “Европыг хамарсан өрийн хямрал олон
орныг хамарч байгаа энэ үед алтанд найдахаас өөр арга алга” гэсэн бол  “Ситигрупп” компанийн шинжээч Дэвид
Туртел “Европын Засгийн газар, банкууд хямралтай байгаа энэ үед алтны ханш
сайн байгаа” хэмээн хэлжээ. Дэлхийн улс орнууд  алтны нөөцөө нэмэгдүүлж буйг АНУ 8.1 мянган тонн,
Герман 2.4 мянган тонн, Франц 2.6 мянган тонн, Итали 2.6 мянган тонн, Хятад 1.0
мянган тонн, Швейцарь 1.0 мянган тонн, Япон 765,2 тонн алтыг банкиндаа хадгалж байгаагаас
харчихаж болов. Өнгөрсөн долоо хоногт алтны ханш сүүлийн зургаан сарынхаа оргилд
хүрч нэмэгдсэн гэж “Блүүмбэрг” мэдээлсэн. Цаашдаа ч алтны үнэ өндрөө авна гэж шинжээчид
нэг дуугаар онцлох болсон. Тэгэхээр алтаа ахиухан доллараар худалдаж төгрөгөө үнэгүйдлээс
аврах боломж бидэнд байгаа гэсэн үг.

АЛТНЫ НӨӨЦ ИХЭСВЭЛ ДОЛЛАРЫН ХАНШ БУУНА

Уул уурхайн яамны газрын дарга
Б.Нэргүй “Төв банкинд тушаах алтыг татвараас чөлөөлөх хууль яригдаж байх үед “Алтыг
хатуу валют гэж нэрлээд байгаа нь дэлхий дахиныг хамарсан хямрал, дайн самууны үед
мөнгөний ханш унадагтай холбоотой гарч ирсэн ойлголт л доо. Сүүлийн жилүүдэд санхүүгийн
хямрал дэлхийд ойр ойрхон давтагдлаа.Манай улсын хувьд гадаад худалдааны алдагдал
их, валютын ханш огцом савлагаатай үед Монгол банкиндаа алт худалдаж авснаар алтны
нөөц нэмэгдэж, тэгснээр валютын нөөцөө өсгөх, ханшийг тогтворжуулахад ихээхэн ач
холбогдолтой” хэмээн ярьж байсан. Алтны сал­барынханд татварын хөнгөлөлт ам­ласан
хуу­лийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат “Эдийн засаг хүнд
байна. Дэлхийн эдийн засаг ч хүндрээд байна. Доллар 1700 гарчихсан, алт нь далд
хэлбэрт орсон энэ байдлыг удаан хугацаагаар үргэлжлүүлж болохгүй. Энэ хууль батлагдсаны
маргаашнаас эхлэн долларын ханш буурч эхэлнэ” гэж онцолж байв. Одоогоор ам.долларын
ханш зарим эдийн засагчдын таамагласан шиг 2000 хүрээгүй, 1700-1800 төгрөгийн хооронд
хэлбэлзэж байна. Монгол банк он гарсаар 1.3 тонн алт нөөцөлчихөөд байна. Ноднин
жилийн өдийд тушаасан хэмжээнээс хоёр дахин өссөн тоо гэж Төв банкныхан онцолж байгаа.  Ингээд бодохоор Монголын алтны нөөц эрс нэмэгдсэн
гэсэн үг. Дахин хэлэхэд алтны салбараа хөрөнгөөр дэмжиж олборлолтыг нь нэмбэл энэ
жилдээ 11 тонн алт олборлох бүрэн боломжтой гэж алт олборлогчид онцолж байна. Өдий
хэрийн алттай болчихвол төгрөгийн ханш тогтворжихоос гадна алтаа барьцаалж хөрөнгө
оруулалт татах, бонд гаргах боломж ч бий гэж эдийн засагчид хэлж байна. 2005 онд
Монголбанкинд хоёр тонн алт тушааж байсан бол 2013 онд долоон тонн алт тушаасан
гэсэн тоо бий. Орчин нь сайн байвал  жилдээ
25 тонн орчим алт тушаагддаг гэх тоог алтныхан хэлдэг. Жилдээ 16-40 тонн алт тушаагдах
боломжтой гэж ярих судлаачид ч бий.

БИД ХЭР
АЛТТАЙ ВЭ?

Алтны нөөцөөрөө дажгүй улсын
нэгд  Монгол ордог. Боломжтой нөөц нь нийлээд
513970 килограмм гэсэн тоог эрдэмтэд 2010 онд гаргаж байж. Европын хэвлэлд Монголын
алтны нөөцийг Канадын Клондейк нутагтай зүйрлэж бичсэн удаатай. Монголын хөрсөн
доор  3000 тонн алт бий гэсэн тоо ч сонсогддог.
Дэлхийд эхний аравт багтах хэмжээний нөөцтэй гэсэн үг. Сүүлийн хорь гаруй жилийн
хугацаанд 150 тонныг нь олборлосон гэх статистик бий. Алтны салбартаа хөрөнгө оруулалт
хийж хайгуулалтаа нэмбэл үүнээс ч илүү их нөөц илрүүлэх боломжтой гэдэг.

Монголын
алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүлэгч гишүүн, “Жамп-Алт” компанийн захирал П.Цэрэндаваагаас
зарим зүйлийг тодрууллаа.

-Алтны ханш дэлхийн зах зээлд
нэлээд өсөлттэй байна. Цаашдаа өсөх хандлага ажиглагдаж байна уу?

-Алт хөрвөх чадвартай металл.  Улс орны эдийн засгийн баталгаа болж байдаг учраас
үнэ ханш нь хэзээд чанга байдаг. Монголын хувьд 
алтаа дэлхийн хаана ч аваачаад борлуулах зах зээл нь нээлттэй. Нүүрс бол
хэцүү л дээ. Монголын нүүрсний ганц худалдан авагч нь Хятад. Дээрээс нь тээвэрлэлтийн
зардалд асар их зарлага гаргадаг. Тэгвэл нэг тонн алтыг онгоцоор зөөгөөд АНУ, Англид
зарж болно.  Нэг тонн алт одоогийн ханшаар
46 сая ам.доллар болж байгаа.  Энэ мөнгийг
нүүрсээр олъё гэвэл  нэг сая  тонн нүүрс урагшаа зөөх хэрэгтэй болж болно.

-Монгол банкинд тушаах алтны
татварыг эрс багасгаснаас хойш Төв банкинд нэг, хоёрхон сарын дотор бүтэн жилд тушаадаг
алтны 20-30 хувьтай тэнцэхээр алт тушаасан гэсэн статистик гарсан. Алтны компаниудад
энэ шийдвэр хэр нөлөө үзүүлсэн бэ?

– Өнгөрсөн жилүүд алтны салбарынханд
амаргүй байсан нь үнэн. Хууль дүрэм, бодлогын алдаанаас шалтгаалаад энэ салбарын
үйл ажиллагаа зогсонги байдалд орсон ч шинэчлэлийн  Засгийн газраас хэрэгжүүлж байгаа  бодлогын ачаар алтны салбар дахиад сэргэх хандлага
ажиглагдаж байна. Арван жилийн өмнө Монголбанкинд 25 тонн алт тушаагдаж байсан.
Бодлогын алдаанаас болж Төв банкинд тушаах алтны хэмжээ эрс буурсан. Харин энэ оноос
аж ахуйн нэгж гэлтгүй хувь хүмүүс ч Монголбанкинд алт тушаах сонирхолтой болсон.

-Валютын ханшинд нөлөөлөхөөр
хэмжээний алт олборлохын тулд яах ёстой вэ?

-Дэлхийн зах зээлийн уналт, гадаад,
дотоод хүчин зүйлсээс шалтгаалаад Монголын эдийн засгийн байдал тааламжгүй байгаа.
Эскпортод гаргадаг  нүүрсний үнэ буурахын
хэрээр манайд орж ирэх долларын хэмжээ багасч байна. Дээрээс нь хөрөнгө оруулалт
тавин хувь буурсан. Яг ийм үед төр, засаг мэдрэмж сайтай ажиллах ёстой. Долларын
ханшийг тогтвортой байлгахын тулд алтны нөөцөө улам нэмэгдүүлэх учиртай. Алтны салбарт
хөрөнгө оруулалт хийх, олборлолтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хүндрэлийг давах
боломж бий. Алтны салбарын бүтээмжийг сайжруулж эдийн засгаа аврах боломж байна.
Хөрөнгө оруулалт, санхүүгээр дэмжээд өгвөл валютын ханшинд нөлөөлөхөөр хэмжээний
алт олборлох боломж байгаа. Алтыг эдийн засгийн баталгаа гэдгийг дэлхийн улсууд
хүлээн зөвшөөрдөг. Тэр ч утгаараа дэлхийн улс орнууд валютын нөөцөө нэмэгдүүлэхийн
тулд алт ихээр худалдан авах болсон.  Дэлхийн
улсууд шар металлын төлөө ширүүн өрсөлдөж байна. Алтны нөөц ихтэй улсын валют тогтвортой
байдаг, алт ихтэй улс баян байдаг учраас тэр л дээ.

 -Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг
УИХ хэлэлцэх гэж байгаа. Урт нэртэй хуулийн 
талаар алтныхан ямар байр суурьтай байна?

-Намрын чуулганаар энэ асуудлыг
хэлэлцсэн ч шийдэлд хүрч чадсангүй. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх болов уу гэж
харж байгаа. Эдийн засаг, байгаль экологио бодсон ч энэ хуулийг яаралтай өөрчлөх
шаардлагатай байна. Зөвшөөрлөө хүчингүй болгуулсан, нөхөн олговор нэхэж байгаа компаниудад
Засгийн газар мөнгө олгох ямар ч боломжгүй. Нөгөөтэйгүүр хууль анх батлагдсанаас
хойш огт хэрэгжилгүй хоёр жилийн нүүр үзлээ. Зорилгодоо хүрч чадахгүй нь ч тодорхой
байна шүү дээ. Байгаль орчныг хамгаалах тухай үзэл санаа нь зөв ч гэсэн зорилгоо
биелүүлж чадахгүй байгаа тул өөрчлөх хэрэгтэй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Э.Түшиг-Эрдэнэ: Контрабасаар эмэгтэйчүүд тоглоод байдаггүй болохоор шүүгчид их гайхаж байсан

АНУ-д болсон олон улсын хөгжмийн наадамд монгол охин тэргүүн
бай­ранд орж, гран при шаг­налын эзэн болжээ. Түүнийг Эрдэнэхүүгийн Түшиг-Эрдэнэ
гэдэг бөгөөд Хөгжим бүжгийн коллежийн арваннэгдүгээр ангид сурдаг юм байна. Контрабас
буюу босоо хийл хөгжмийн төрлөөр гадаадад болсон тэмцээн урал­даанд Монголоо тө­лөө­лөн
анх удаа орол­цож, ийн­хүү сайхан амжилт гар­гасан түүнтэй ярилцлаа.

 
-Юуны өмнө баяр хүр­гэе. Манайхаас урьд нь контр­бассын төрлөөр
гадагшаа тэмцээн уралдаанд орж байгаагүй шиг. Энэ удаад АНУ-д болсон олон улсын
тэмцээнд оролцох саналыг анх хэн тавьсан бэ?

-Баярлалаа.
Анх ийм тэм­цээнд оролцож байгаагаа мэдээгүй юм(инээв). Манай мэр­гэжлийн багш Л.Баасанхүү
тэм­цээнд бичлэгийг чинь явуу­лах гэж байна гэсэн л дээ. Тэгээд  би хөгжмөө тоглосон. Сүүлд нь АНУ-д болдог олон
улсын хүүхдийн “Крешинда” хөгжмийн наадамд бичлэгээ илгээснээ мэдсэн. 

-Шалгаруулалтыг нь яаж явуулж байх юм. Ямар ая тоглов?

 -Би “Кристянский танц” гэдэг орос ардын тариачдын
тухай ая тоглосон. Энэ ая маш гоё хэмнэлттэй, цоглог. Тэмцээнд бичлэгээ ирүүлсэн
хүүх­дүүдийг олон улсын шүүг­чид шүүж шалгаруулдаг юм билээ. Тэгээд мэйлээр хариуг
нь илгээдэг. Надад ч хариу нь ингэж ирсэн. Энэ тэмцээнд ма­най­хаас надаас гадна
хэд хэдэн хүүхэд оролцсон. Чамгүй амжилт гаргацгаасан шүү.

-Тэнд очоод хөгжмөө тоглож үзүүлсэн үү?

-Тэгсэн.
Орон орны маш олон хүүхэд ирсэн байсан. Тэмцээнд оролцогчид цагийн хуваарийн дагуу
шүүгч нарт хөгжмөө тоглож шалгуулсан. Ёслолын ажиллагаан дээр шагнал авсан хүүхдүүд
тайзан дээр хөгжмөө тоглоцгоосон.

-“Крешинда” тэмцээн жил болгон болдог юм уу. Энэ удаад хичнээн
орны хүүхэд өрсөлдөв?

-Герман,
америк, австри, япон, солонгос, хятад хүүхдүүд оролцсон. Орон орны хүүхдүүд нас
насны ангиллаар оролцдог тэмцээн. Контрабасаас гадна төгөлдөр хуур, утсан хөгжим,
хийл, виолончель, үлээвэр хөгжим гэх мэт их олон төрлөөр хүүхдүүд өрсөлддөг.

-Тайзан дээр гараад хөгжмөө тоглоход ямар сэтгэгдэл төрж байв.
Үзэгчид болон шүүгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Босоо
хийлийн төрлөөр анх удаа Монголоос олон улсын тэмцээнд оролцоод тэргүүн байранд
орсон. Үзэг­чид болон ялангуяа шүүгчид  маш
их гайхан хүлээж авсан. Учир нь контрабасаар эмэг­тэй­чүүд бараг тоглодоггүй юм
билээ.

-Энэ тэмцээнд өөрийн­хөө хөгжмийг авч явсан уу?

-Надад
контрабас байхгүй. Энэ чинь их үнэтэй хөгжим байгаа юм. Монгол мөнгөөр гурван сая
гаруй төгрөг болдог. Би суруулийнхаа хөгжмийг л тоглодог. Харин АНУ руу явахдаа
хөгжмөө авч яваагүй. Учир нь овор ихтэй болохоор. Тэнд очоод тайзан дээр гарахдаа
тэр театрын хөгжмийг түрээсэлсэн. Нэг удаа тоглочихоод өгөхөд 70 ам.доллар төлдөг
юм билээ. 

-Урьд нь ингэж олон улсын тэмцээн уралдаанд оролцож байв уу?

-Үгүй
ээ. Энэ бол миний хувьд анхных нь. Эх орондоо Чулуун гуайн нэрэмжит урал­даанд хоёр
удаа оролц­­сон. Гэхдээ тийм их амжилт гаргаж байгаагүй. Учир нь тэр тэмцээн зөвхөн
контрабас гэж дагнадаггүй. Хийл, виолончель, контрабас хөгж­мүүдийн дунд болдог
юм.

-Контрабасыг тайзан дээр эрэгтэй хүмүүс тоглож байгаа харагддаг.
Харин миний дүү яагаад энэ хөгжмийг сонгосон юм бэ?

-АНУ-д
болсон олон улсын тэмцээний үзэгчид болон шүүгчид намайг контрбасс тог­лоход эмэгтэй
хүүхэд боло­хоор нь их гайхан хүлээж авч байсан шүү. Би уг нь хүүхдийн орд­ны дууны
дугуйлан болоод ёочин­гоор сурдаг байсан юм. Ингээд зургадугаар ангид орох жилээ
Хөгжим бүжгийн сургуульд ёочингоор шалгуулахаар очсон. Тэр үед ёочингийн ангийнх
нь хүүхэд бүрдчихсэн байсан. Тэгээд ятга, шанз хоёрын анги үлдсэн гэж байсан. Би
алинд нь ч ормооргүй санагдаад, шийдэж чадахгүй бодоод зогсч байлаа. Тэгтэл Л.Баасанхүү
багш маань ирээд “Чи их өндөр хүүхэд байна. Контрабас хөгжим тоглоход яг тохиромжтой.
Сонгодог их сайхан хөгжим шүү дээ. Миний хүү дэлхийн хэмжээнд сэтгэ” гэсэн. Хамгийн
гол нь контрбассыг өндөр хүн тоглодог юм билээ. Ингээд багш маань надад долоо хоног
бодох хугацаа өгсөн. Ээж маань болохоор “Миний охин өөрөө л сонгож, шийдвэрээ гарга”
гэж зөвлөсөн. Тэгээд л контрабасын ангид орсон доо.

-Контрабас чинь их нүсэр хөгжим шүү дээ. Анх хараад ямар сэтгэгдэл
төрж байв?

-Эхэндээ
маш их сүрдсэн. Сүүлдээ дасчихсан ш дээ. Ойролцоогоор бараг 10 кг байх аа.

-Одоо хөгжмөө өргөж дийлдэг болсон биз дээ?

-Тэгэлгүй
яахав(инээв). Контрабас хөгжмийн гол онц­лог бол жааз болон сонгодог хөгжимд хэрэг­лэгд­дэг.
Би энэ хөгжмийн төрлийг сонгосондоо маш их баярлаж явдаг.

-Танай сургуульд энэ мэргэжлээр хичнээн хүүхэд суралцаж байна
вэ?

-Ерөнхий
боловсролын сургуулийн зургадугаар ангиас эхэлж элсч ордог. 6-11 дүгээр ангийн
10-аад хүүхэд байдаг. Охидууд тун цөөн.

-Гэр бүлийнхнийхээ тухай танилцуулахгүй юу. Танайд урлагийн
хүмүүс байдаг уу?

-Би
өвөө, ээж, ахтайгаа амьдардаг. Ээж маань залуу­даа урлагийн хүн болно гэсэн мөрөө­дөлтэй
байсан тухайгаа ярьдаг. Гэхдээ өөр мэргэжил сонго­чихсон. Ээж маань одоо ч маш сайхан
дуулдаг. Ах маань жүжигчин. “UBS” телевизийн “Tobe or not tobe” нэвтрүүлэгт оролцож,
шилдэг аравт баг­таж байсан. Эмээ маань 2008 онд Туйл хайлаачдын улсын уралдаанд
оролцоод Ардын шилдэг авьяастан болж байсан юм. Дөрвөн цаг гаруй үлгэр ярьдаг. Эмээгийн
маань уншдаг байсан үлгэр энгийн үлгэр шиг биш. Тол­гой холбож шүлгэлсэн байдаг­сан.
Эмээгийнхээ тууль хай­ла­хыг сонсоход маш сай­хан сонсголонтой, яг л дуу дуулаад
байгаа юм шиг санагддаг байж билээ. 

-Миний дүү энэ жил төг­сөх юм байна шүү дээ. Үргэлж­лүүлээд
ямар мэргэжлээр суралцах вэ?

-Дуулаачаар
сурна гэсэн бодолтой байгаа. Ээж  маань гадагшаа
явж сурсан нь дээр гэсэн. Юутай ч Хөгжим бүжгийн коллежоо амжилттай дүүр­гэчихээд
гадаадад дуулаа­чаар сурна даа. Миний хувьд эстрадын дуулаачаар сурах сонирхолтой.
Харин багш нар маань дуурийн дуулаачаар сурахыг зөвлөсөн. Багш нар маань хэлэхдээ
“Дэлхийн оддыг хар. Селин Дион нар дан­даа дуурийн дуулаачаар сур­сан байдаг юм”
гэсэн л дээ.

-Сайхан мөрөөдөлдөө хөтлөгдөн амжилтад хүрээрэй.

-Баярлалаа.
Мартсанаас гадагшаа тэмцээн уралдаанд явж байгаа хүүхдүүд замынхаа зардлыг хувиасаа
өөрсдөө даадаг. Намайг АНУ руу явахад туслалцаа үзүүлсэн ээжийнхээ найзуудад маш
их баярлаж талархсанаа танай сониноор дамжуулан хэлье. 

 

М.МӨНХЦЭЦЭГ