Categories
редакцийн-нийтлэл

Аминд тулсан асуудлаа тоогоогүй форум

Тав дахь жилдээ болж буй  Монголын
эдийн засгийн чуулганд төр, бизнес, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн
800 гаруй эрхэм хоёр өдрийн турш хөгжил ярив. Тэд гуч гаруй сэдвээр хөгжлийн зөв
гарцыг хайж санаа оноогоо уралдуулсан юм. Энэ жил сонгосон уриа нь “Монголдоо бүтээцгээе”.  Чуулган эхэлсэн өдрөөс л “Эрээний цүнхтэй эдийн
засгийн чуулган” гэх мэт чимхсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Монголдоо бүтээцгээе
гэчихээд үндэсний үйлдвэрлэгчдийнхээ урласан цүнхийг тараачихгүй дээ гэж хатгасан  нь уг нь бол утгагүй шүүмжлэл биш. “Дисковери”
гэх мэт уул уурхай, эдийн засгийн чигийн элдэв арга хэмжээний үеэр Монголдоо урласан
цүнхэнд оролцогчдодоо дэвтэр, хөтөлбөр энэ тэрийг нь хийж өгч болоод байхад
made in Mongolia-гаар хөгжих тухай ярьж байгаа чуулган нь хятад бичигтэй цүнх тараах
учиргүй л байгаа юм. Учир нь манай үйлдвэрлэгчид цүнх байтугайг хийж байгаа. Иймэрхүү
аар, саар жижиг зүйлсийг тоочъё гэвэл зөндөө 
юм ярьж болно.  Гэхдээ энэ удаа эдийн
засгийн форумыг арай том хүрээнд харах гээд үзье.

 ОЮУ ТОЛГОЙГООС “ЗУГТСАН” САЙД, БОЛОМЖ АМЛАСАН СПИКЕР

“Монголын эдийн засгийн чуулган”-ы эхний өдрийн хуралдааныг Ерөнхий
сайд Н.Алтанхуяг нээж үг хэлсэн бол хоёр дахь өдрийн хуралдаан УИХ-ын дарга З.Энхболдын
үгээр эхэлсэн. Энгийн иргэд, улсаа удирдаж яваа эрхмүүдийн үгийн үнэ цэнэ адилгүй.
Долларын ханшийг барих ийм боломж бий гэх эдийн засагчийн ярианаас төгрөгийн ханшаа
ингэж чангална гэж ярих Ерөнхий сайдын үг амьдралд нь бодитоор хэрэгждэг гэдэг утгаараа
үнэ цэнийн хувьд яалт ч үгүй давуу. Эдийн засаг хүндэрсэн үед Ерөнхий сайд юу гэх
бол, засаг ер нь ямар арга хэмжээ авах гэж байна гэсэн асуулттай их танхимд суусан
бизнес эрхлэгчид урам авахаар үг лав сонссонгүй.  Засгийн тэргүүн уул уурхайгаас олсон мөнгөө гадаад
улсын тансаг бараанд үрээд дууссанаа сая л ухаарлаа, одоо дотооддоо үйлдвэрлэхгүй
бол горьгүй нь, засаг жижиг, дунд үйлдвэрийн хэдэн зуун төслийг  дэмжинэ гэсэн агуулгатай үг л унагав. Долларын
ханшийн галзууралд нуруугаа бөхийлгөсөн иргэддээ мөнгөө хуримтлуул гэж зөвлөж, хөгжихийн
тулд дэд бүтцээ хөгжүүлнэ гэж бизнес эрхлэгчдэд 
амлав. Гэхдээ цаг алдалгүй ажиллаж эхлэх учиртай Таван толгойн цахилгаан
станц хэзээ ашиглалтад орох боломжтойг дуулгасангүй.

Ойрын ирээдүйд Оюу толгойгоо хөдөлгөж байж доллартай болно гэж учир
мэддэг байтугай мэддэггүй нь ойлготол нийгмээрээ ярьж байгаа. Ийм үед  эдийн засгийг онцолсон  чуулганыг нээсэн Ерөнхий сайд Оюу толгой яаж байгааг
огт дурссангүй. Чуулганд оролцсон бизнес эрхлэгчид Оюу толгой гацаанаас гарч байж
хөрөнгө оруулалт наашаа чиглэнэ гэдгийг өөр зуураа ярьцгаасан ч засаг төлөөлсөн
эрхмүүдээс энэ тухай лавласангүй. Чуулганд гадаадын хөрөнгө оруулагчид анхаарал
тавьж оролцсон нь анир гүм байгаа  Оюу толгойгоос
чимээ сонсох гэснийх. Тэд  энэ удаа төр төлөөлсөн
эрхмүүдийн ярианаас Оюу толгой гэсэн ганц үг ч олж сонссонгүй суусаар Төрийн ордноос
гарцгаасан.

Ерөнхий сайдын  “Бизнесийн
салбарынхны гомдол, үл итгэх байдал багасч байгаа, сүүлийн үед бүтээлч санаачилга,
хүсэл тэмүүлэл давамгайлах боллоо” гэсэн үгийг бондын төслөөс хөнгөлөлттэй зээл
авах гэж байгаа жижиг, дундынхан толгой дохин сонссон. Харин төсөвт цуглаж байгаа
мөнгөний ихэнхийг бүрдүүлж байгаа том компаниудын хувьд бодит байдлаас хол зөрсөн
үг байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй. Тэдэнд хайгуулын лицензийн хориг хэзээ тавигдах,
Ашигт малтмалын хуульд ямар өөрчлөлт орох, Оюу толгой гацаанаас гарах эсэх л сонин
байсан юм. УИХ-ын дарга  З.Энхболд харин баялаг
бүтээгчдэд хаягласан дажгүй хэдэн  үг хэлсэн.
Хөрөнгө  оруулагчдын хүлээж байгаа ашигт малтмалын
хуулийг  цаг алдахгүй батална гэсэн спикерийн
үгийг бизнес эрхлэгчид толгой дохин сонсоцгоов. Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр
олгохыг хориглосон хоригийг наадмаас өмнө цуцална гэсэн амлалт нь баялаг бүтээгчдийн
хувьд алга ташихаар мэдээ байсан.  “Хувийн
өмчийн халдашгүй байдлыг хамгаалсан Өмчийн эрхийн хууль үгүйлэгдэж байна. Мөрөөрөө
явж байгаа баялаг бүтээгчдээ дарамталдаг, айлгадаг биш, харин тэднийг дэмждэг, хамгаалдаг
хууль үгүйлэгдэж байгаа”, “Эдийн засгаа хоёр оронтой тооны өсөлтийг хадгалж явахад
уул уурхайгаас өөр мөнгө олох салбар алга байна. Тиймээс уул уурхайн бизнесийн орчин
мэдэгдэхүйц сайжирна” гэх мэт үгс нь ч баялаг бүтээгчдийн хувьд сонсохыг хүссэн  үг нь байв.

О.ЧУЛУУНБАТЫГ ШООВДОРЛОЖ, Н.БАТБАЯРТ ГОЛОГДОВ

  Өнөөдөр ярьсан зүйл маргааш ажил болно гэвэл хэн ч итгэхгүй. Эдийн
засгийн чуулганаар өнөөдөр ярьсан зүйл заавал маргааш биелэх ёстой гэсэн хүлээлт
угаасаа байдаггүй.  Баялаг бүтээгчдийн санаа
оноог шийдвэр гаргагчид сонсдог гэдэгт л иймэрхүү арга хэмжээнүүдийн үнэ цэнэ оршдог.
Тийм ч учраас бизнес эрхлэгчид мөнгөө төлж такс аваад цаг заваа зарцуулан төрд байгаа
эрхмүүдийн үгийг сонсч, үгээ дуулгадаг.  Гол
ач холбогдол нь ердөө л энэ. Эдийн засгийн чуулганд засгаас ямар эрхмүүд орж байгааг
тандсан юм. Эдийн засгийн хөгжлийн сайд лав чуулганы танхимуудаар хоёр өдрийн турш
шагайсангүй. Уг нь салбарын яамыг нь толгойлж байгаа, заавал байх учиртай албан
тушаалтан.  Н.Батбаяр сайдад эдийн засаг хүндэрсэн
шалтгаан, хүндрэлээс гарах зам жимийн талаар өрнөсөн хэлэлцүүлгүүд сонирхолтой санагдаагүйг
эндээс харчихаж болно. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат харин оролцсон.
Дэд сайд оролцсон хурал, чуулган бүр дээрээ төрийн болох, болохгүйг  нуулгүй хэлдэг нөхдийн нэг. Бизнес эрхлэгчдийн
өмнө алдаагаа ил хэлчихдэг  засгийн ганц хүн
нь. Тэр энэ чуулганы уул уурхай, хөгжил ярьсан гол хуралдаануудад панелистаар суусангүй.
Сүүлд  сонсох нь ээ  үргэлж “дэмий юм” ярьдаг “болдоггүй” сайдын амыг  бодлогоор татах  гэж ингэсэн юм билээ гэсэн сураг дуулдсан. 

Уул уурхайн сайд харин чуулганы хоёр дахь өдөр Их танхимд өрнөсөн
уул уурхайнхны нэгдсэн хуралдаанд оролцож салбарынхныхаа юу ярьж байгааг анхаарч
сонссон. УУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нь жишиг үнийн татвараас эхлээд уул
уурхайн бизнес эрхлэгчдэд нааштай шийдвэрүүд гаргаснаа, цаашид ч хууль эрх зүйн
орчноо сайжруулна гэж  чуулганы индрээс  дуулгасныг 
онцолъё. Хөрөнгө оруулагчдын ирц харин тун дажгүй байсан. Уул уурхайнханд
ханган нийлүүлэлт хийдэг компаниуд, Чингис бондын төслөөс санхүүжилт хүсч байгаа
үйлдвэрлэл эрхлэгчдээс эхлээд үндэсний томоохон компаниудын удирдлага, Монголд хөрөнгөө
оруулсан дэлхийд гэж яригдах компаниудын “босс”-ууд хүртэл ирцгээсэн юм.

 

ЭДИЙН ЗАСАГЧДЫН  ШҮҮМЖЛЭЛД ӨРТСӨН  888

 

Жижиг дунд үйлдвэрийн 888 төсөл Чингис бондоос санхүүжилтийн эхний
шалгуурыг даваад байгаа. Бондын мөнгийг том бүтээн байгуулалтад биш жижиг сажиг
зүйлд зараад дуусах нь тийм зөв санаа биш гэж эдийн засагчид ярьцгааж байв. “Тоо
нь гоё ч 888 жижиг бизнес биш найман том бизнесийг төрүүлэх нь бидэнд ашигтай” гэж
хэлэх ч хүн таарсан. Харин засгийн зүгээс “Чингис” бондын мөнгөөр хэдэн зуун төслийг
санхүүжүүлнэ гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Монголдоо бүтээе гэж уриалаад байгаагийн
гол утга нь энэ гэдгийг уулзалтаас харчихаж болохоор байв.

Импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжинэ гэсэн агуулга талаасаа бол
дажгүй эхлэл, гэхдээ хэдэн зуугаар нь бөөндөж, байгаа цөөхөн доллараа цацах нь аятайхан
санаа биш гэсэн мессэжийг ч баялаг бүтээгчид нисгэж байсан юм.

 

ЦАРИГГҮЙ, ТООГҮЙ ЭДИЙН ЗАСАГ

 

Слайд гаргаж ирээд баримттай, тоотой,  харьцуулалттай ярьсан хүмүүс бараг л байсангүй  гэсэн шүүмжлэлийг эдийн засагч, судлаачид хэлцгээв.
УУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид гэх мэтийн цөөн хэдэн хүнээс бусад нь
зүгээр л цаас харж байгаад ярьцгаав.

Доллартай болохын тулд  нүүрсээ
зарах хэрэгтэй, нүүрснээсээ арай ахиу мөнгө олохын тулд төмөр зам барих ёстой, төмөр
замаа барихын тулд  бүдүүн биш нарийн царигаар
тавих шаардлагатай. Ингэж ярьсаар зургаан жил болсон ч үр дүн гараагүй. Сая болж
өнгөрсөн эдийн засгийн чуулганы халуун сэдвүүдийн нэг нь төмөр замын цариг байсан
ч хувийн хэвшлийнхэн л нарийн царигтай болмоор байна гэж ярьсаар  таарав. Төр төлөөлсөн эрхмүүд нааштай гэхээр үг
унагасангүй. Ерөнхий сайд яриагүй. УИХ-ын дарга ч дуугараагүй. Уул уурхайн яамны
төрийн нарийн бичгийн дарга ч таг чиг байв. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат
“Төмөр замыг геополитикийн хувьд авч үзэх үү, эсвэл эдийн засгийн хувьд авч үзэх
үү гэдэг дээр улстөрийн том гацаа үүссэн” гэсэн бүдэг бадаг утгатай үг унагав.  “Төмөр замаар танк орж ирнэ гэсэн дэмий тайлбараа
хэзээ болих юм бол. Геополитик гээд байгаа нь тэр шүү дээ. Үнэхээр тэгж айгаад байвал
замаа тасалчихад л болох асуудал биз дээ” гэж толгой сэгсрэх бизнесмэнүүд олон байсан.
Мөнгө олох гээд байгаа юм бол нарийн царигийг сонгох хэрэгтэй гэж чуулганы үеэр
өчнөөн оролцогч сануулсан ч төр ямар бодолтой байгаагаа тас нуугаад өнгөрөв.

Эцэст нь хэлэхэд энэ удаагийн чуулганаар өнөө маргаашгүй шийдэж байж
эдийн засгийг гацаанаас гаргах нарийн цариг, шатахууны үйлдвэр, Оюу толгой, тавдугаар
цахилгаан станцын талаар тодорхой тоймтой, хэрэгтэй зүйл юу ч  яригдсангүй. Ирээдүйд бүтээгч болно гэсэн сансрын
зүйл ярьсаар байгаад таарав.  Засаг төлөөлсөн
эрхмүүд энэ асуудлуудыг ярьчих вий дээ гэж хавталзаж суусаар танхимаас гарцгаасан
гэчихэд хэтрүүлэг болохгүй. Товчхондоо аминд тулсан асуудлаа тоогоогүй форум гээд
дүгнэчихэж болохоор  дүр зураг хоёр өдрийн
турш хөврөв. Чуулганы эхний өдөр Дэлхийн эдийн засгийн форумын төлөөлөгчид индэр
дээр гарч ирээд “Дэлхийн мундаг стратегичид эхлээд уул уурхайн том төслүүдээ цаг
алдалгүй үргэлжлүүл гэж байна. Тэндээс олсон мөнгөө бусад төслүүддээ зарж, эдийн
засгаа солонгоруул гэж зөвлөсөн шүү” гээд байхад л   гавьтай нөлөөлсөнгүй. Уг нь энэ удаагийн форум
өмнөхөөсөө хоёр дахин олон буюу 30 гаруй сэдэв хөндсөн гэж байгаа. “Нарийн цариг
уу, бүдүүн цариг уу”, “Шатахууны үйлдвэрийн 
ойрын үед хэрэгжих төслүүд “Оюу толгой хэзээ гацаанаас гарах вэ” гэх мэт
сэдвүүдээр салбар хуралдаан зарласан бол 
амьдралын хөрсөнд  илүү буухаар байлаа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Шинэ цагийн албан бичиг ийм болчихов уу

Сүүлийн
үед онлайн ертөнцөөр хүмүүсийн элгийг хатааж, аргыг барсан албан бичиг ихээр харагдах
боллоо. Хүмүүс албан бичиг төлөвлөлт гэж аргаа барсан зусардалт, зах дээр хэрүүл
хийж байгаа хүмүүсийн аман ярианаас дор болсныг өөр хоорондоо ярьж байна. Тэр дундаас
МАХН-ын Гишүүд дэмжигчдийн холбооны дарга Г.Баярсайханы намынхаа дэд дарга Д.Тэрбишдагва,
ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарт хандан бичсэн албан бичгийг онцлон
шэйрлэх болов. Үүнийг албан бичиг гэж үзэхэд тун хэцүү, хэрүүл жагсаагаад бичсэн
ийм  нэг хуудсыг бие биедээ дамжуулан хачирхаж
байна. Дарга нартаа хандаж нэрийг нь тавьсан хаяг толгойтой, дор нь өөрийнхөө нэр
албан тушаалаа тавьжээ. Улаан тосон тамгаар тамгалчихсаныг нь харахад албан бичиг
гэмээр ч юм шиг. Гэхдээ дарга нартаа хаягласныхаа дор нь

“-Намаас
хөөх шийдвэр гаргаж байгаа гэв үү.

-Хөх
инээд хүрчихлээ байна. Хөх инээдийг мэднэ биз дээ.

-Хаанаас
ирсэн хэн гэгч вэ та нар чинь.

-Орох
оронгүй, ойчих аягагүй, орогнох газаргүй болоод МАХН-ыг бараадаж ирцгээсэн хүмүүс
мөн байх аа та нар чинь.

-АН-д
худалдагдсан янаг амраглал чинь хэр зэрэг бат бөх юм бэ дээ.

-Дүр
эсгэсэн янаглал, амраглал Дүлзэнгээс долоон дор гэдгийг мэднэ биз дээ.

-Хэвлэл
мэдээллээр уулзацгаах уу даа.

-За
за тэгэсгээд наахнаа түрхэн зууртаа байцгааж л бай даа. Халуухан шиг уулзаж, хатуухан
шиг ярилцаж байгаад дараагийн очих нам руу чинь явуулюу даа” гээд Г.Баярсайхан нэрээ
тавьсан байгаа юм.

Хуучин
цагт албан бичиг төлөвлөлт гэж арай өөр зүйл байлаа. “Энхрий хайрт, зоригжуулан
зохион байгуулагч, шалгарсан манлай нам МАХН”-ын гишүүд ч, тэдний төлөвлөн гаргаж
буй албан бичиг дээд зэрэглэлийн зүйл байлаа. Харин өнөө цагт МАХН-ын гишүүдийн
дарга руу шидэж байгаа бичиг нь иймэрхүү л зүйл болж дээ. Хэрэлдээд байгаа юм уу,
хэлэлцээд байгаа юм уу. Энэ намын гишүүдийн бичиг соёлын түвшинг харуулаад ч байх
шиг. “Хүн хөгшрөхөөрөө хүүхэд нохойн доог болно” гэдэг зүйр бий. Тэгвэл нам хөгшрөхөөрөө
гишүүд нь нэг ийм болцгоодог бололтой юм. Угаасаа МАХН ч тэр, МАН ч тэр аль хэдийнэ
татан буугдаж зайгаа тавьж өгөх цаг болсон гэлцдэг. Үнэхээр ч жижиг гэлтгүй энэ
инээд авам бичиг үүнийг нотолж байна даа.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Сайд нь оролцоогүй эдийн засгийн форум уул уурхайг онцоллоо

 “Монголын эдийн засгийн чуулган-2014” өрнөсөн
хоёр хоногийн хугацаанд Эдийн зас­гийн хөгжлийн сайд Н.Батбаяр харагдсангүй.
Эдийн засгийн чуулган болсон эхний өдөр сайд Төрийн ордонд байжээ. Гэхдээ ажлын
хэсгийн хуралдаантай учраас форум болж байгаа Их танхимаар ороогүй гэж туслах
нь тайлбарлав. Өчигдөр харин сайд ор­донд байгаагүй, гадуур ажил хөөцөлдөөд
завгүй явсан гэнэ. Эдийн засаг хэцүүхэн байгаа энэ үед бизнес эрхлэгчид ямар
асуудал тавьж, чуулганд оролцогчид хямралаас гарах ямар гарц дээр санал нэгдэх
нь Н.Батбаяр сайдын со­нирхлыг татахгүй 
байгаа бололтой.
 

ИРЭХ ОНООС ЭРДСИЙН ҮНЭ ӨСЧ ЭХЛЭХ НЬ

Уул
уурхайн бүтээг­дэхүүний үнэ ирэх оноос сэргэх прогноз гарчээ. Нүүрс, зэсийн үнэ
энэ үеэс хойш дөрвөн жи­лийн турш дэлхийн зах дээр өндөр ханштай байх нь.
“Монголын эдийн засгийн чуулган-2014”-ийн уул уурхайн салбар хуралдааны үеэр
Бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан ийм гэ­гээтэй тоо  хэлэв. 
Салхит уулан дээр эргэлдэж буй салхин цахилгаан станцын төслийг ам­жилттай
эхлүүлж бай­сан энэ эрхэм “Уул уурхайн эрх зүйн орчин ба баялаг бүтээгчид”
сал­бар хуралдааны модератороор ажилласан юм. Модератор “Уул уурхайн
бүтээгдэхүүний үнэ ингэж нэмэгдэхээс өмнө баялгаа үнэ хүргэх гарцыг олмоор
байна” гэсэн үгээр  хуралдааныг эхлүүлэв.
“Яг одоо бол дэлхийн хөрөнгийн зах дээрх уул уурхайн бүх компанийн хувьцаа
уналт­тай байна. Оюу толгойн хувьцаа гэхэд л 29 ам.доллараас гур­ван ам.доллар
40 цент болтлоо уначихсан. Сая­хан манайд ирсэн Өм­нөд Африкийн нэг сайд
биднийг Хятад гэдэг том зах зээлийн дэргэд байгаа  азтай улс гэж хэлээд буцсан. УИХ-ын дарга
түрүүхэн үг хэлэхдээ хайгуулаа эргэж сэргээнэ хэмээн онцоллоо. Тэгэхээр цаг
алдалгүй уул уурхайн салбараа сэргээх боди­той ажил хиймээр бай­на” гэж хэлээд
Уул уур­­хайн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидийг индэрт урив.

Төрийн
нарийн бич­гийн дарга Японтой хамтарч эл­сээр нүүрс баяжуулах технологийн
туршилт амжилттай яваа, нүүрсээ боловсруулж үнэ хүргэнэ, геологийн салбарт
зарцуулах мөнгийг энэ жил хоёр тэрбум гаруй төгрөгөөр нэмсэн гэх мэт  эерэг мэдээнүүдээс гадна нүүрсний
салбарынхныг баярлуулсан шийдвэр гарсныг дуулгав. Зас­гийн газар Хятадын боомт
дээрх өндөр үнийг жишиг үнэ гэж зарлаад экспортолсон нүүрснээс хэт өндөр татвар
авдаг байснаа больжээ. Засгийн газар энэ сарын 21-нд жишиг үнийн татвараас
татгалзах шийдвэр гаргасан юм байна.

Салбар
хуралдааны панелис­таар Уул уурхайн яамны газ­рын дарга Б.Батхүү, Газрын тосны
газрын дарга Г.Өлзийбүрэн, Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч
Д.Дамба, “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал О.Сайн­буян, Монголын экс­порт­­логчдын
холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж нарын хүмүүсийг сонгожээ. Уул уурхайн салбар
хурал­дааны үеэр ямар яриа өрнөснийг тоймлон хүргэе.

Б.Бямбасайхан: Уул уурхайн үндэсний
ассоциацийн ерөнхийлөгч Дамбаас асууя. Р.Жигжид дарга Засгийн газраас
хэрэгжүүлж байгаа бодлогыг сая ярилаа. Энэ бодлогуудыг гарахад танай
ассоциацийн гишүүн компаниудын оролцоо хэр байв. Төрийн бодлого дээр ярих зүйл
байна уу?

Д.Дамба: Өнгөрсөн хугацаанд олон
асуудал шийдсэн. Гэхдээ дутуу юм байна. Зарим асуудал нь яамны эрхээс хэтэрсэн
гэдгийг онцолмоор байна. Жишээ нь төмөр зам. Төмөр замын асуудлыг шийдэхгүйгээр
уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр өрсөлдөж чадахгүй. Төрөөс
гаргасан баримт бичгээс царигийн тухай заалтыг авчихад л асуудалгүй болчихож
байгаа юм. Тэгээд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх төмөр замаа гэхэд эдийн
засаг талаас нь шийдэх хэрэгтэй. Үүнийг төрөөс олон жил хүсч байна. Дэлхийн зах
дээр нүүрсний үнэ унасан учраас татварын бодлого уян хатан байх ёстой. Нүүрсний
жишиг үнийн асуудал шийдэгдлээ. Гэхдээ дөрвөн жил хэл үг хийж хөөцөлдсөний дүнд
бүтэж байгаа асуудал. Зэс, цайр, төмрийн баяжмалын татвар ногдуулалт буруу
хэвээр байгаа. Арван хувийн татвар авах ёстой байтал 12-17 хувийн татвар авч
байна. Эдийн засаг ийм хэцүү үед төр зарим татвараа царцаавал хувийн
хэвшлийнхэнд том дэмжлэг болно. Үнэ нь гайгүй болохоор буцаагаад сэргээчихэж
болно шүү дээ. Баялгаа гуравдагч орон руу гаргах хэрэгцээ бий. Хятад, Оростой
тээврийн гэрээ яримаар байна.

Б.Бямбасайхан: Ашигт малт­малын хуульд
орох өөрчлөлтийг хэзээ батлахаар байна?

Б.Батхүү: Эрдэс баялгийн талаар
төрөөс баримтлах бодлогын хүрээнд Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах
төслийг Уул уурхайн яаман дээр ярьж хэлэлцээд ҮАБЗ-д танилцуулсан. ҮАБЗ-өөс
ажлын хэсэг гаргаж нэмж тодруулах зүйл байгаа гэсэн. Хуулийн төслийг хаврын
чуулганаар өргөн барина.

Б.Бямбасайхан: Монгол Улс эрдэс баялгийн
салбартаа хувийн хэвшил гол үүрэг гүйцэтгэнэ гэсэн агуулгатай бодлого гаргасан.
Хөрөнгө оруулагчид одоо хуулиа л хүлээж байна. Хуульд өөрчлөлт оруулах ажлаа
даруйхан хийхгүй бол бид энэ жил хүрнэ гэсэн төсөөлсөн өсөлтдөө хүрч чадахгүй.
Б.Батхүү даргаас АМГ-ын хуучин даргын авлигын хэргээс болж цуцлагдсан зуу гаруй
лицензийн асуудал юу болж байна гэж асууя. Хөрөнгө оруулагчдын хүлээж байгаа
бас нэг асуудал учраас сонирхож байгаа юм.

Б.Батхүү: Ашигт малтмалын хуулийн
нэмэлт өөрчлөлтөд хуулийн заалт оруулах замаар шийдэх боломж бий. Гэхдээ энэ
хуулийн төсөл яаж батлагдахаас хамаарна.

Б.Бямбасайхан: Хөрөнгө оруу­лагчид өөр
газарт байгаа хөрөнгөө нааш нь оруулах гэж хүлээсэн хэвээр байгаа. Монголын
төр  хөрөнгө оруулалттай холбоотой
асуудлуудад ямар шийдвэр гаргах бол гээд хүлээж байна. Ийм үед нэг өдөр ч үнэ
цэнэтэйг сануулъя. Г.Өлзийбүрэн даргаас нефть боловсруулах үйлдвэрүүдийн явц,
“Роснефть”-ийн ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнг сонирхмоор байна?

Г.Өлзийбүрэн: Дорнод зэрэг газрын тосны
нөөцтэй хэсгүүдэд хэд хэдэн жижиг үйлдвэр барих чиг гарсан. Дарханд газрын тос
боловсруулах үйлдвэр байгуулах асуудал ерөнхийдөө цэгцрэх тийшээгээ хандаад
байна. “Роснефть”-ийн ерөнхийлөгч Ерөнхий сайд, Уул уурхайн сайдтай уулзсан.
Бүтээгдэхүүн нийлүүлэлтээ нэмж, үнийн тал дээр хөнгөлөлт үзүүлье гэж амласан.
Ангарскаас Улаанбаатар хүртэл бүтээгдэхүүн нийлүүлэх хоолой баривал ямар вэ
гэсэн санал тавиад буцсан. Энэ асуудлаар хоёр талаас ажлын хэсэг гараад ажиллаж
байна. 

Б.Бямбасайхан: Шатахууны чанарт хэр
анхаарч байгаа вэ?

Г.Өлзийбүрэн: Бид таван газраас
шатахуунаа авч байна. Манайд шатахуун нийлүүлдэг Хөх хотын боловсруулах үйлдвэр
евро-4 стандартад шилжсэн. Тэгэхээр урдаас ирж байгаа Монгол-93 евро-4
стандартаар хийгдэж байгаа гэсэн үг. Нийслэлийн хэмжээнд евро-4 стандартаар
хийсэн шатахуун хэрэглэвэл ямар вэ гэсэн асуудал яригдаад эхэлчихсэн.

Уул
уурхайн салбар хуралдааны үеэр иймэрхүү асуулт, хариулт өрнөв. Монголын
экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Гал­сан­дорж “Эрдсийн худалдааны асуудал
ЭЗХЯ-нд хамаарч байгаа. Эдийн засгийн хөгжлийн яам бондод 99.99 хувь ач
холбогдол өгөөд экспортын зохицуулалт дээрээ анхаарахгүй байна. ЭЗХЯ, ЗТ-ууд
хоёр УУЯ-тайгаа ажлаа уялдуулж хамтрах хэрэгтэй” гэсэн санал хэлж байлаа.
Салбар хуралдаан суусан Монголын хөрөнгөд оруулалтын сангийн тэргүүн
Б.Батсайхан “Стратегийн ач холбогдолтой төслүүдэд төр хувь эзэмшихээр эрсдлээ
үүрэхээс эхлээд бизнест шууд оролцоод явах шаардлага гардаг. Ингэснээс зүгээр л
татвараа аваад, орд дээр ажиллах компанид нь хяналт, шалгуураа тавиад явсан нь
дээр гэж ярьдаг. Гарын доорх баялаг ард түмний өмч гэдэг. Гэхдээ төр ард түмнийг
төгс төлөөлж чадах уу. Тэгснээс олон нийтийн компани байгуулвал зүгээр биш үү”
гэж УУЯ-ны газрын дарга Б.Батхүү, Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч
Д.Дамба нараас асуув. Б.Батхүү “Төр хувь эзэмшиж буй асуудлын маргаан байдаг.
Яамны хувьд хуулиа хэрэгжүүлээд явж байгаа. Ашигт малтмалын хуульд нэмэлт
өөрчлөлт хийх хүрээнд шийдэх байх. Ер нь стратегийн оруудыг нэгтгээд улс төрөөс
хараат корпорацид хариуцуулах жишиг дэлхийд бий” хэмээн хариулсан бол Д.Дамба
“Төр хувь эзэмших нь оновчтой биш гэдгийг Оюу толгой, Таван толгойгоос харж
байна. Төр хувийн компанитай гэрээ хийгээд татвараа аваад явсан нь дээр” гэсэн
хариу өгөв. Салбар хуралдааныг модератор “Уул уурхайн компаниуд бэлэн байна.
Гэвч тоглох бөмбөгийг нь өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Уул уурхайд хувийн
компаниуд гол үүрэгтэй гэсэн бодлого гарчихсан. Гэвч хууль нь гараагүй.
Бөмбөгийг нь өгчихвөл компаниуд тоглоход бэлэн” гэсэн үгээр төгсгөлөө.

ХӨГЖИЛ ЯРИХ ЦАГААР УЛСТӨРЖИЦГӨӨВ

Эдийн
засгийн форумын сүү­лийн өдрийн хуралдааны эхэнд улстөрч, эдийн засагчид
Монголын хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаар санаа оноогоо хуваалцсан юм.
Нийтлэлч Д.Жаргалсайхан эхлээд Таван толгой, төмөр замын царигийн талаар
сонирхсон. УИХ-ын АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төмөр замын асуудал зургаа
дахь жилдээ яригдаж байна. Төмөр замыг геополитикийн хувьд авч үзэх үү эсвэл
эдийн засгийн хувьд авч үзэх үү гэдэг улс төрийн том гацаа үүссэн. Энэ бол хэн
нэгний дур зоргоор шийдвэрлэх асуудал биш гэдгийг Монголын улс төрчид хаа
хаанаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Монгол Улс энэ хоёр улстай мөнхийн хөрш байх
тул геополитикийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч тэнцвэртэй байх зарчмыг
хадгалж үлдэх нь чухал” гэсэн хариу өглөө. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
С.Бямбацогт тоймтой зүйл ярьсангүй. Хөгжлийн тухай яриа  өрнөх учиртай Төрийн ордны Их танхимд манай
танай нам гэсэн улстөржсөн амьсгал давамгайлав. С.Бямбацогт гэхэд л төмөр замын
талаар сонирхсон эдийн засагчийн асуултад “Бид Засгийн эрх барьж байхдаа
Оюутолгой Тавантолгой ТЭЦ 5 гээд томоохон төслийг бид эхлүүлсэн. Харамсалтай нь
өнөөдөр аль нь алга. МАН эдийн засгийн өсөлтийг ард иргэддээ хүртээмжтэй болгоё
гэсэн  бодлого барьж эхэлсэн” гэсэн тэс
хөндлөн хариу өгч байлаа.

Оюу
толгойн далд уурхайн санхүүжилт хэзээ шийдэгдэх, Тавантолгойг яаж ашиглах гэж
байгаа  талаар албаныхан ганц үг
ганхийлгүй  байсаар чуулганыг дуусгасан.
Харин Их танхимд өрнөсөн хөгжлийн хэлэлцүүлгийн үеэр хоёр толгойн талаар ганц
хоёр үг сонсогдов. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Нэгэнт эхлүүлсэн
“Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг том төслийг хэрэгжүүлж дуусгах нь энэ улсын
зорилго мөн үү гэвэл мөн. Энэ  төслүүдийг
хэрэгжүүлэх арга зам нь анхнаасаа буруу явсан гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрч
байгаа. Энэ алдааг засах үүргийг УИХ дахь олонхийн бүлгээс Засгийн газарт
өгсөн. Таван толгойн менежмэнтийг яаж өөрчлөх вэ гэдэг асуудал байна.
Тавантолгой төрийн удирдлага дор үнэхээр үр ашиг муутай ажиллаж байгааг  хаа хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ бол
хэдэн жилийн өмнө хийгдсэн гэрээний үр дүн” гэж ярив. Бизнес дэх төрийн
оролцоог багасгая гэсэн агуулгатай үгийг эдийн засагч, улстөрчдийн аль аль нь
онцолж байсан. Үндэсний  хөгжлийн цогц
бодлого боловсруулах зайлшгүй шаардлага 
бий гэсэн үг ч сонсогдсон. Гэхдээ хэн, хэзээ, яаж боловсруулах талаар
ажил хэрэгч, бодитой  яриа өрнөсөнгүй.

 ХӨРӨНГӨ
ОРУУЛАГЧИД ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО ХӨГЖӨӨГҮЙ УЛСААС ҮРГЭДЭГ ГЭВ

“Монголын
эдийн засгийн форум -2014” чуулганы сүүлийн өдрийн үдээс хойших салбар
хуралдаануудын нэг “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба бизнес” хэлэлцүүлэг Төрийн
ордны А танхимд өрнөв. Энэ хэлэлцүүлгээр шүүх эрх мэдлийн шинэчлэл Монгол Улсын
бизнесийн орчин тэр дундаа хувийн хэвшлийнхэнд хэрхэн хүрч байгааг хөндөв. Мөн
шүүхийн шинэчлэл, бизнес эрхлэгчдэд тулгараад байгаа асуудлуудад ч
оролцогчид  анхаарлаа хандуулав.
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр “Бизнес эрхлэгчдэд тулгардаг гол бэрхшээл нь
шүүх эрх мэдлийн асуудал байдаг. Аливаа улс орны эдийн засагт шүүх шударга ёсны
тогтолцооны голлох үүрэг өндөр. Шүүхийн тогтолцоо эрүүлжээгүй, доголдолтой
байгаа улс оронд хөрөнгө оруулалтын 15-20 хувь нь хаалттай байдаг гэсэн судалгаа
бий. Хөрөнгийн урсгал өөр тийшээ чиглэдэг гэсэн үг. Тиймээс шүүхийн шинэчлэлийг
зөв эхлүүлбэл манай улсад орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэж, тэдэнд таатай
орчин бүрдүүлнэ” гэж ярьж байв. Тэрээр шүүхийн шинэчлэлийн талаар “Том төрөөс
ухаалаг төр рүү шилжихэд хуулийн шинэтгэлийн бодлого хэрэгтэй. Ялангуяа эдийн
засагт төр оролцохыг хязгаарлаж чадвал төрийн ухаалаг алхам болно. Тиймээс төр
өөрөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тал дээр зөв байр суурьтай болох хуулиудын
төслийг УИХ-д өргөн барьсан байгаа. Бас боловсруулах шатандаа яваа нэлээд олон
хуулийн төсөл бий. Шударга ёсны үйлчилгээг иргэнд хүргэдэг системийн гол
хундаамыг энэ шинэчлэлээр тавьж чадсан” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Харин  Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга
Н.Лүндэндорж  “Амьдрах эрхийн баталгааг
шударга шүүхийн тогтолцоо хангадаг. Шударга шүүхгүй оронд үндэсний баячууд нь
хэзээ ч итгэдэггүй. Дандаа гадна хөрөнгөө байршуулдаг. Хөрөнгө оруулагчид ч орж
ирдэггүй юм” гэж онцолсон.

“Аливаа
улс орон ардчилал хөгжлийн замаар явахыг хүсч байгаа бол хоёр зүйлийг хийх
ёстой, нэгдүгээрт хараат бус шүүхийн тогтолцоог бий болгох, хоёрдугаарт
бизнесийг чөлөөт болгох хэрэгтэй гэж одоогоос 200 гаруй жилийн өмнө Английн
нэрт эдийн засагт Адам Смит хэлсэн байдаг. Энэ хоёрыг чөлөөт болгосон байхад ямар
ч парламенттай байсан ч улс орон хөгжиж чадна” гэж ярих оролцогч ч байв. Мөн
нэг оролцогч “Бизнесийн ихэнх маргааныг шүүхээр шийдвэрлүүлдэг болсон. Гэтэл
манай арбитрын шүүх унтаа байдалд байна. Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн систем
арбитрын шүүхийн талаар ямар бодлого барьж байгаа вэ” гэж Ерөнхийлөгчийн
хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас лавлахад зөвлөх  “Монголын арбитрын шүүхийн нэр хүндийг
өргөхийн тулд хууль тогтоомжийг сайжруулах ёстой. Хөрөнгө оруулагчид Монголын
арбитрын шүүхээр асуудлыг  шийдвэрлүүлэх
сонирхол байдаггүй. Энэ тал дээр анхаарах ёстой” гэсэн хариу өгөв.

Оюу
толгойн далд уурхайн санхүүжилт дээр засаг толгой дохивол гацчихаад байгаа
хөрөнгө оруулалтыг нааш нь татахад том нөлөө үзүүлнэ гэж форумын үеэр бизнес
эрхлэгчид дуу нэгтэй дуугарсан ч засаг төлөөлсөн эрхмүүд энэ талаар юу ч
ярьсангүй. Эдийн засгийн форумаар яригдах болов уу гэж хүлээсэн нөгөө асуудал
нь тавдугаар цахилгаан станц байв.Тавдугаар цахилгаан станцыг түргэлүүлэх ёстой
гэж ярих хүн олон байсан ч  ажлынх
нь  явц ямар яваа талаар бодитой
мэдээллийг албаныхан өгсөнгүй. Тавдугаар станцын хувьд оны дараахнаас ярьж
байсан гэрээ байгуулах ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй гэсэн мэдээлэл л байна.
Уг станцыг “Ньюком” болон гадны томоохон компаниуд төртэй түншлэх хэлбэрээр
барихаар болсон билээ. Одоогоор ЭЗХЯ 
станц барих хувийнхантай гэрээн дээр ажиллаж байгаа юм.

800
гаруй төлөөлөгч оролцсон “Монголын эдийн засгийн чуулга-2014” хоёр хоног
үргэлжлэхдээ өмнөх жилийн форумаас хоёр дахин их буюу гуч гаруй сэдвийг хөндсөн
гэж зохион байгуулагчид нь онцлов.

Ц.БААСАНСҮРЭН

М.МӨНХЦЭЦЭГ

  Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

 

 

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Т.Хулан: Сонгодог жүжигт тоглох нь сургууль төгсч байгаатай адил гэдэг үнэн санагдсан

Улсын драмын эрд­мийн театрын жүжиг­чин, Соёлын тэргүүний
ажилтан Төмөрийн Хулан­тай  ярилцлаа.

 
-Таныг саяхан “Гамлет” жүжигт тоглохыг харлаа. Шинээр Офелияд
сонгогд­жээ?

-Тийм
ээ. Алдарт У.Шекс­пирийн зохиол дэлхийн сон­го­дог жүжгийн ноён оргил гэгд­дэг
“Гамлет” жүжгийг манай театр хоёр хоногийн өмнө хоёр удаа тоглолоо. “Гамлет”-д шинээр
Оюундарь эгч бид хоёр орж тоглосон. Миний хувьд гол дүрийн эмэгтэй Офелиягийн дүрийг
бүтээлээ. Дөрөв дэх Офелия гэсэн үг л дээ. Учир нь анхны Офелияг ардын жүжигчин
Н.Сувдаа гуай бүтээж байсан. Мөн Ганчимэг, Ганцэцэг нар тоглож байсан бол энэ удаа
би дөрөв дэх Офелия болж, энэ дүрд тоглосондоо сэтгэл маш өндөр байна. Дэлхийн хэм­жээний
тэр дундаа сонго­дог жүжигт дүр бүтээнэ гэдэг жүжигчин хүнд ховорхон олдох боломж
шүү дээ.

-Өмнө нь хэн нэгэн үзэгч­дэд тултал нь хүргэчихсэн дүрийг
бүтээхэд дараагийн жүжигчинд амаргүй байдаг гэж ярьдаг. Таны хувьд Офелияг ямар
өнцгөөс харж бүтээхийг зорив?

-Мэдээж
өмнө нь мундаг уран бүтээлчид энэ дүрийг үзэгчдэд хүргэчихсэн. Гэхдээ өөр өөрийнхөө
өнцгөөс. Одоо Хулан  аль талаас нь Офелияг
гаргаж ирэх бол гэсэн хүлээлт үзэгчдэд үүссэн байгаа нь тодорхой. Тиймээс би дүрдээ
ажиллахдаа Жульет­татай харьцуулахаар шийд­сэн. Яагаад гэхээр Жульет­та бол миний
тоглохыг хам­гийн ихээр хүсч явдаг дүр. Энэ хоёр дүрийн хооронд адилхан хэрнээ,
өдөр шөнө шиг ялгаатай олон чанар харагддаг. Адилхан нь гэвэл Офелия, Жульетта хоёр
хэргүй тунгалаг ямар ч толбогүй гэнэн цайлган охид. Нас ч чацуу. Жульетта эрх дураараа,
санасан, хүссэн зүйлээ хийж чаддаг, хайрынхаа төлөө амиа ч егүүтгэхээс буцахгүй
нэгэн. Нэг ёсондоо өөрийнхөө хүс­лийг илэн далангүй, хэнээс эмээлгүй илэрхийлж чаддаг.
Харин Офелия бол яг эсрэг чанар. Их дотогшоогоо дүр. Багаасаа ээжгүй, аав ахтайгаа
өссөн. Аав нь төрийн түшмэл болоод ч тэр үү их ёс суртахуун, дэг жаягтай өссөн охин.
Аавын үг бол охинд хууль, цааз. Түүнд зөрчих зүрх зориг битгий хэл тийм эрх байхгүй.
Тиймээс харь­цуулалт хийж дүрээ гар­гах талаас их анхаарч ажилласан.

-Танаас их ажиллагаа шаард­сан байх. Яагаад гэвэл та өмнө
нь ихэвчлэн сэр­гэлэн, эрх танхи охины дүрийг бүтээж байсан шүү дээ?

-Тэгэлгүй
яахав. Үнэхээр хол санагдсан. Гэхдээ жүжиг­чин хүн ямар ч дүрийг гаргаж чадах чадвартай,
мэдрэмж, авьяастай байх ёстой гэж боддог. Энэ утгаараа зөвхөн Хулан­гийн гаргаж
чадах Офелияг гаргахын тулд сэтгэл зүйч дээр хүртэл очиж зөвлөгөө авсан.

-Яагаад заавал сэтгэл зүйчээс гэж?

-Уран
бүтээлчид ч, үзэгчид ч тэр Офелиягийн галзуурсан явдалд их анхаарлаа хан­дуул­даг.
Тиймээс дүрээ мэдэрч илүү тод гаргахын тулд би сэтгэл зүйч дээр очиж зөвлөгөө авсан.
Офелия аавын­хаа үгээр л зөвхөн амь­дар­даг гэж түрүүн би дурд­сан. Аав нь охины
хувьд бараг бэлгэ тэмдэг нь. Аав нь охиныг хайртай Гамлеттайгаа суухыг ч зөвшөөрөхгүй.
Гам­летад дэндүү хайртай хэрнээ аавынхаа үгнээс зөрж чадах­гүй дотроо шаналж явтал
хайртай залуу нь аавыг нь алчих­даг. Хайртай хүнээ хайр­тай хүнийхээ гарт алдчихаад
яах учраа олохгүй сэтгэлийн гүн дарамтад орж, энэ нь сүүлдээ галзуурал болж илэрдэг.
Хүн яагаад галзуурдаг вэ гэж сэтгэл зүйчээс асуухад ерөөсөө л сэтгэлийн уй гашуу,
зовлон шаналлаа гадагшаа гаргаж чадахгүй, дотогшоо бэтгэрч ганцаардсанаас болж галзуурдаг
гэж байсан. Энэ галзуурдаг хэсэг бол жүж­гийн оргил үе учраас мэрийж ажилласан.
Ер нь сонгодог жүжигт дүр аваад ажиллана гэдэг маш том оюуны ухаарлыг өгдөг. Түүнчлэн
ур чадвар ямагт ахиж байдаг. Сонгодог жүжигт тоглоод дуусахад сургуульд сураад төгсч
байгаа ч юм шиг санагддаг гэж манай ахмад үеийн мундаг багш нар маань хэлдэг байсан.  Надад ч бас тайзан дээрээс буухад энэ мэдрэмж
төрсөн. Дэлхийн сонгодог дүрд тоглож байгаадаа баяртай байна.

-Өөрийн тань хувьд үр хүүхэдтэй болж хувийн амьд­рал хөөгөөд
театраас нэг хэсэг хөндийрөөд бай­сан. Одоо харин уран бүтээлдээ эрчимтэй орж байгаа
санагдлаа. Ээж болсон хэрнээ өнөө л өсвөр үеийн охины дүрд тоглосон хэвээрээ байх
шиг?

-Харин
тийм ээ. Найруулагч нарын маань л сонголтоор ажиллаж байна. Бодвол бие жижигтэй
болохоор тэгж таардаг байх. Ямар сайндаа манай театрын “өндөр” Ганцэцэг надаас дүү.
Бид мэргэжил нэгт эгч дүүс. Нэг нэгнийгээ их дэмжиж тусалдаг. Гэтэл хэдхэн хоногийн
өмнө тавьсан зохиолч Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийг найруулагч Н.Наранбаатар
ах найруулж үзэгчдэд хүргэ­хэд Ганаа маань миний эгч болж би дүү Шивагийн дүрд тоглосон
юм. Шива эгчийгээ өөд болоход Модун Шаньюгийн бага хатан болж зохиолд гардаг. Тэгээд
бид хоёр бэлтгэлийн үеэр энэ талаар ярьж инээж байлаа. Чамайг  тайзан дээр би эгчээ гээд тайзнаас буухаараа чи
намайг Хулан эгчээ гээд мөн ч хөгжилтэй юм аа гээд. Ер нь их хөгжилтэй зүйл болно.
Миний байгаа нь энэ. Үеийнхнээсээ залуу, охин шиг харагдаж байвал эмэгтэй хүмүүс
хойно баярлалгүй яахав. Гэхдээ одоо арай нэг намбалаг эхийн дүрийг бүтээх юмсан
гэж бодох болсон.

-Ээж болох ямар байна?

-Гайхамшигтай.
Эмэгтэй хүний аз жаргал бол ээж болох юм шиг санагдсан. Өмнө нь хүүхэд төрүүлж ээж
болоогүй байхдаа ганц амин биеэ л бодож амьдарч байж. Одоо бол миний аз жаргал гэр
бүл минь. Миний хүү надад гэрэл гэгээ минь болж өдөр болгон эрч хүчийг өгч байна.
Ажил ихтэй хичнээн ядар­сан ч хүүгээ хараад бүхнийг мартдаг. Ер нь тэгээд хүүхдийг
хэзээ ч муу муухай зүйл дагадаггүй, үргэлж сайн сай­хан зүйлийг дуудаж байдаг гэдэг.

-Таны ханийг жүжигчин Дашхүү гуайн хүү найруу­лагч Галбаяр
гэдгийг хүмүүс мэдэх байх. Гэр бүлийн хоёр хоёулаа урлагийн хүн байх хэцүү гэдэг.
Хүүхдэдээ хэр зав гаргаж байна?

-Сүүлийн
үед ажил ихтэй, хүүдээ бага зав гаргаж байгаа. Уг нь аль болох цаг минут бүрийг
хүүдээ зарцуулахыг хүсдэг. Жаахан зав л гарвал хүүтэйгээ тоглож, тоглоомын төв явж,
агаарт гарна. Хүнд бага нас ахиад олдохгүй. Тиймээс эцэг, эхийнхээ үүргийг сайн
биелүүлэхийг хүсдэг шүү. Миний ганц баримталдаг зарчим энэ.

-Та эхээс хэдүүлээ вэ?

-Би
айлын том. Нэг эрэгтэй дүүтэй. Айлын хоёр хүүхэд ганц хүүхдээс ялгаагүй гэдэг. Үнэн
шүү. Тиймээс би гурваас дээш хүүхэдтэй болно гэж боддог.

-Та хэллээ, нэг сайхан эхийн дүрд тогломоор байна гэж. Ээж
болоогүй байхдаа гаргаж байсан дүрийг бодвол одоо илүү наалдацтай болох байх гэж
бодож байна уу?

-Мэдээж
ялгаа их бий. Ээж болоогүй байхдаа хоёр удаа ээж болж тоглосон. “Чиний эзгүйд” гээд
киноны Сэргэлэн, “Сарны нулимс” киноны Цоомоогийн дүрд. Тухайн үед аль болох эх
хүний намбыг гаргахыг хичээж, бусад хүмүүсээс үлгэр дуурайлал авч дүрээ гаргасан.
Хүүхдээ дуудахад хоолойны өнгө аяс, харц ямар байхаас эхлээд чадахгүй зүйл их байлаа.
Одоо бол эхийн дүр надад илүү ойр, дотно боллоо. Ээжийн дүрд тоглоход айх зүйлгүй.

-“Чиний эзгүйд” киноны Сэргэлэнгийн дүрээр анх үзэгчдийн өмнө
гарч ирсэн санагдаж байна. Тэрнээс хойш “Намрын синдром”, “Сарны нулимс”, “Хайрын
рекорд”, “Зөрлөг” гээд нэлээд бүтээлд тогложээ?

-Би
2004 онд СУИС-ийг төгсчихөөд дараа жил нь “Чиний эзгүйд” кинонд тоглох болсон. Би
дөнгөж төгсөөд юугаа ч мэдэхгүй түүхий амьтан явахад Бат-Өлзий ах, С.Сарантуяа эгч
хоёр намайг харчихаад “Цаана чинь нэг жижигхэн залуу жүжигчин байна” гээд кинонд
дуудсан байгаа юм. Дөнгөж сургуулиа төгссөн надад гол дүр өгнө гэдэг жүжигчин болох
хүсэл мөрөөдөл өвөртөлсөн залуу хүмүүст ямар их азтай хувь тавилан гээч. Би ч их
баярласан. Анхны уран бүтээл гэдэг утгаараа одоо ч энэ кинондоо хайртай. Хааяа үзэх
дуртай. Киноны дараа хоёр жил бараг “Х-Түц” продакшнд ажилласан. “Х-ТҮЦ”-ийн жүжигчин
Бархүү, Оюунчимэг, “Шинэ-Үе” продакшны Мөнхгэрэл бид хэд нэг анги. Гэхдээ хошин
урлагаар биш театрт орох юмсан гэсэн хүсэл сэтгэлээс минь аргамжаатай байлаа. Энэ
бодлыг минь уншсан мэт ардын жүжигчин С.Сарантуяа эгч болон найруулагч Бирваагийн
Мөнхдорж нар намайг театрт шалгуулж орох санал тавьсан. Намайг театрт дуудсан хүмүүст
би их баярлаж явдаг. Театрын жүжигчин болсноосоо хойш “Нууц амраг чинь болъё”,
“Суудал”  жүжиг болон “Лусын дагина” хүүхдийн
жүжиг гээд нэлээд хэдэн уран бүтээлд дүр бүтээсэн байна. “Лусын дагина” жүжгийн
дагины дүрээр 2008 оны “Гэгээн муза” хүртэж байсан.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Драммын
театр хоёр дахь төслөө өргөн барих гэж байна. Камерны жүжиг гэж нэрлэдэг юм. Миний
хувьд ирэх сарын 23-нд нээлтээ хийх Ганхуяг багшийн “Бүүвэй” зохиол дээр ажиллаж
байна. Энэ жүжигт ардын жүжигчин Сарантуяа эгч миний ээж болж тоглож байгаа. Би
өөрөө Нандин гээд охины гол дүрд тоглоно. Энэ жүжиг Цэрэнболд ах, Тамир, Амгаланбаатар
бид тавын бүрэлдэхүүнтэй тоглогдоно. Найруулагч Ганхуяг ах манай ээжийн ангийн хүүхэд
юм билээ. Мөн Ч.Найдандорж, Ж.Сүххуяг ахтай нэг анги. Ээж маань хуучнаар Багшийн
дээдийг жүжигчин мэргэжлээр дүүргэсэн Сэргэлэн гэж хүн бий. Өүлэн эхийн тухай зохиол
бичсэн. Хүмүүс мэдэх байх. Одоо энэ зохиолоороо кино хийхээр зэхэж байгаа. Харамсалтай
нь тухайн үед мэргэжлээрээ ажиллах боломж олдоогүй юм гэсэн. Тиймдээ ч би ээжийнхээ
гүйцэлдүүлж чадаагүй мөрөөдлийг биелүүлэх үүднээс жүжигчин болсон. Би ээжийнхээ
үргэлжлэл болж мөрөөдлийг нь биелүүлэх болно.

-Нөхөртэйгээ хамтарч уран бүтээл хийж байгаа гэж сонссон?

-Миний
хань Галбаяр “Монголд нэг удаа” гэдэг нэртэй инээдмийн уран сайхны кино хийж байгаа.
Хань маань найруулж би тоглож байгаа. Тавдугаар сарын сүүлээр нээлтээ хийхээр төлөвлөөд
байна. Манай энэ кинонд “Маск” продакшны жүжигчин Баярмагнай, найруулагч, жүжигчин
Баттулга, Анууш буюу Гантулга, Ааяа буюу Алтанцэцэг эгч тоглож байгаа. Мөн “ТВ Коктейл”
хамтлагийн жүжигчин Цолмонбаяр, Ууганбаяр гээд дандаа олны танил болчихсон мундаг
уран бүтээлчид тоглож байна.

-Урлагийнхан тайзан дээрээс их ганган харагддаг. Таны хувьд
гоёл чимэглэлээ хаанаас авдаг бол?

-Би
амьдрал дээр нээх гоёж гангалах дургүй. Хүүхэд байхын л эмээдээ “Эмэгтэй хүүхэд
байж өргөн өмд, пүүз өмсөөд гараад гүйчих юм” гэж зэмлүүлдэг байсан. Гэхдээ урлаг
хүнийг тийм байхыг хүсдэггүй. Наад зах нь сонгодог жүжгийн дүрд тоглоход алхаа гишгээгээ
цэгцтэй, нуруу тэнэгэр, харц ихэмсэг, дээгүүр байх ёстой. Гүйхдээ хүртэл ихэмсэг
байхыг шаарддаг. Яг энэ л мөчид эмэгтэй хүний эрхэмсэг байдлыг илүү мэдэрдэг. Сүүлийн
үед энгийн үед гэхээсээ илүүтэй тайзан дээр хэрэгтэй юм байна гэж бодож хувцас,
ээмэг зүүлт авах болсон. Ер нь Солонгост амьдардаг дүүдээ тайзны гоёлоо захидаг.
Бас интернэтээр захиална. Манайд тайзны зориулалттай гял цал зүйл зардаг газар цөөхөн.
Ганц хоёр дэлгүүр мэднэ. Хааяа хэрэгтэй үедээ тэр дэлгүүртээ очоод авчихдаг. Ер
нь амьдрал дээр нэг их брэнд хөөгөөд хэт тогос шиг гоёод байх дургүй. Бүсгүй хүн
гоё сайхан харагдахаас илүүтэй дотроосоо гэрэлтсэн байх ёстой. Би сэтгэлийн гоо
сайхныг эрхэмлэдэг. Сэтгэлийн гоо үзэсгэлэнгийн илрэл нь хиргүй, цагаан сэтгэл шүү
дээ.

 

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хямралаас гарах шийдэл эрсэн “Монголын эдийн засгийн форум-2014”

Гадаадын хөрөнгө оруу­лалт бараг зогсч, төгрөгийн ханш гуч ор­чим
хувиар унасан үед болж буйгаараа онцлог “Монголын эдийн засгийн форум-2014”-ийг
зорьсон зочдын  олонх  нь бизнес эрхлэгчид байв. Гадаадын хө­­рөнгө оруулалттай
то­моохон компанийн удирд­лагууд ч цаг заваа гарган иржээ. Ноднин  “монгол брэнд”-ийг он­цолсон форум энэ жил “Монголдоо
бүтээцгээе” гэсэн уриа сонгожээ. Брэнд энэ тэрээ бодвол газарт буусан сэдэв сон­­гожээ
гэж баялаг бү­тээгчид онцолж байв.  УДБЭТ-ын
Э.Амартүвшин, Э.Анх­баяр,Э.Бумхүү гу­рав “Кармен” дуурийн “Votre do”-г дуулснаар  чуулган эхэллээ. Гүй­цэтгэх засаглалын тэр­гүүний
чуулганыг нээж хэлсэн үгийг хөрөнгө оруу­лагч, бизнесүүд анхаарч сонсоцгоов. “Өнгөрсөн
жил эдийн засаг таагүй байсан ч ДНБ-ий өсөлт 11.3 хувьтай гарсан, эдийн засгийн
өсөлт гурван жил дараалан хоёр оронтой тооноос буугаагүй” гэсэн үгээр Ерөнхий сайд
яриагаа эхэллээ.

ТАНСАГЛАЛ ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ УНАГАСАН ГЭЛЭЭ

Төгрөгийн ханш уна­сан шалтгааныг  сайд юу гэж тайлбарлах бол гэсэн асуулт хан­шийн
савлагаанаас болж хохирол амс­сан компаниудын захир­луудад байсан юм. Гүй­цэтгэх
засаглалын тэр­гүүн “Уул уурхайн бүтээгдэхүүний уналт, гадаадын хөрөнгө оруу­лалтын
түр зуурын зогсон­ги байдал, дэлхийн эдийн засгийн байдлаас болж төгрөг хорин хувиар
унаад байна. Бид гаднаас бэлэн бүтээгдэхүүн авдаг муу зантай болжээ. Бүтээдэг зүйлээ
ч бүтээхээ больсон байна. Төгрөгийн ханш унасны уг шалтгаан нь бүтээмж муу байгаатай
холбоотой. Үүнийгээ хү­лээн зөвшөөрөх хэрэгтэй. Өмнөх жилүүдэд экс­пор­тын түүхий
эдийн үнэ өндөр байсан, гадаадын хөрөнгө оруулалт дажгүй байсан учраас бид энэ гажуудлаа
мэдэхгүй яв­жээ.

Ер нь Австралид үер бол­сон учраас Монгол нүүрсээ гайгүй зарж бай­сан.
Бидний сайных биш л дээ. Бид амар ар­гаар олсон мөнгөө бэлэнчилж үрсэн. Идэж уух
юм, гадаадын брэнд, том машинд мөнгөө өгчихсөн. Өнөөдөр Улаанбаатарчууд нийслэлийн
за­маар зургаан тэрбум ам.долларын машин унаад явж байна. Хөгжсөн улсын туршлагыг
харахад ингэдэггүй юм билээ. Хуримт­лал, хуримтлал бас дахин хуримтлал гэсэн зарчмаар
явдаг юм байна” гэж тайлбарлалаа. Алдаагаа засахын тулд үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй
гэсэн гарцыг сонгожээ.  “Монголдоо бүтээц­гээе”  гэсэн уриаг сонгосон нь ийм учиртай аж.

Засгийн санхүүжүүлэлтэд  хамрагдахаар
урьдчилсан байдлаар шалгараад  буй 888 төслийг
форумд оролцсон эдийн засагчид “Эргэж харах зүйлүүд бий” гэж байв. “Хас”-ын гэдгээрээ
олны танил Ч.Ганхуяг “Уг нь сонсоход гоё тоо л доо. Гэхдээ “Энержи ресурс” шиг өчнөөн
зуун хүнийг ажлын байраар хангах чадалтай, хэдэн зуун мянган хүнийг татварт төлсөн
мөнгөөрөө тэжээх хүчтэй найман том бизнес эрхлэгчийг төрүүлэх нь л эдийн засагт
хэрэгтэй шийдэл” гэж  байр сууриа хуваалцлаа.

Ерөнхий сайд дэд бүтцэд онцгой анхаарна гэдгээ чуулганы индрээс дуулгав.
Туулын дагуу баригдах хурд­ны замын ажил энэ зунаас эрчимжих гэнэ. Амгалангийн дулааны
цахилгаан станц энэ жилээс ашиглалтад орно, гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын
өргөтгөлийн ажил ондоо багтаж  дуусна, Таван
толгойн 450 МВт-ын цахилгаан станцын ажил эхэлнэ гэсэн гэгээлэг мэдээллийг чуулганд
оролцогчдод хэлж байв. Харин олны анхаарлыг хамгийн их татаж буй тавдугаар станцын
талаар юу ч ярьсангүй.

Оюу толгой хөдлөөд эхэл­бэл хөрөнгө оруулалт хийгдэж эхэлнэ гэсэн
хү­лээлт бизнесийнхэнд бий. Төрийнхөнтэй хийсэн удаа дараагийн уулзалтан дээр энэ
асуултыг эрх мэдэлтэй эрхмүүдээс лавлацгаасаар ирсэн хувийнхан өчигдрийн чуулган
дээр ч энэ талаар сонирхоцгоож байсан юм. Харин Ерөнхий сайд энэ талаар тоймтой
үг унага­сангүй.  Ерөнхий сайд  “Бизнес эрхлэгчдийн гомдол арилж байгаа. Бүтээлч
санаачлага хүсэл эрмэлзэл анзаарагдаж байна” гэж яриад үгээ төгсгөсөн.

 

УУЛ УУРХАЙН ТОМ ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛАХЫГ ЗӨВЛӨВ

Ерөнхий сайдын үгийн дараа Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг
төлөөлсөн эрхмүүд  Монголын хөгжлийн загваруудыг
танилцуулав. Дэлхийн шилдэг эдийн за­сагчдын 
гаргасан зөвлөмжийг эн­гийнээр хэлбэл эхлээд уул уурхайн том төслөө цаг алдалгүй
хэрэгжүүл, тэн­дээс олсон мөнгөө эдийн засгаа төрөлжүүлэхэд зар­цуул гэжээ. Монголд
зориул­сан хөгжлийн зургийг боловсруулахад Засгийн газар Дэлхийн эдийн засгийн форумтай
хамтарчээ. Энэ зургийг гаргахдаа экспертүүд, Монголын эдийн засгийн гол тоглогчдоос
бүрдсэн 250 хүнийг оролцуулсан байна. Тэд шийдвэр гаргагч, бизнес эрхлэгчид, олон
нийтийн төлөөллийг урьсан том хэ­лэл­цүүлэг зохиож байж “зурсан” зургаа форумд оролцогчдод
сонирхуулсан юм.

Монголбанкны ерөнхий­лөгч Н.Золжаргал “Монголын эдийн засаг хорин
жилийн өмнө нэг тэрбум ам.долларт эргэлдэж байсан. Өнөөдөр арван тэрбум доллар болж
өссөн. Ирэх хорин жилд 80 тэрбум болж өснө гэсэн төсөөлөл бий. Мэдээж ин­гэхийн
тулд маш их ажиллах ёстой. Хятадын дундаж дав­харгынхны чанар жилээс жилд ахиж байгаа.
Эдийн засагт уул уурхай гол үүрэгтэй байх нь тодорхой. Сүүлийн хорин жилд дэлхийн
хүнс үйлдвэрлэл байнга өссөөр ирсэн. Хятадын хүнсний им­­­порт гэхэд л хэдэн арав
дахин өссөн. Дундаж давхарга чинээлэг болох хэрээр хэрэгцээ нь нэмэгдсэн хэрэг.
Тэгэхээр урд хөрш рүү хүнс экспортолбол маш том орон зай байна. Олсон мөнгө маань
далан тэрбум доллараар өснө гэж түрүүн ярьсан. Энэ мөнгөний багагүй хувийг хүнсээ
импортолж олох боломжтой” хэмээн ярьж байлаа.

  ЭДИЙН ЗАСГИЙН ЭРСДЛҮҮД УРТ ХУГАЦААНД ҮРГЭЛЖИЛЖ БОЛЗОШГҮЙГ
АНХААРУУЛАВ

“Монголдоо бүтээцгээе” уриатай эдийн засгийн чуулга уулзалт үдээс
хойш салбар хуралдаанаар үргэлжлэв. Төрийн ордны А танхимд 2014 оны онцлох таван
эрсдлийн талаар хэлэлцэв.  Ерөнхий сайдын
зөвлөх Б.Ган-Очир, Эдийн засгийн яамны гадаад хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар,
Монголбанкны ерөнхий­лөгчийн зөвлөх С.Болд, Миком компанийн гүйцэтгэх захирал Д.Үнэнбат
нар манай улсад учирч болзошгүй эдийн засгийн эрсдлүүдийн талаар танилцуулав.

Санхүүгийн талаас нь ам.дол­лараар зээл авсан компаниудад нөхцөл
байд­лын хувьд хүндээр тусах магадлалтай аж. Нийт зээлийн 30 хувь буюу гурван триллион
төгрөгийг ам.доллараар ол­госон байна. Мөн экспортын орлого өнгөрсөн оныхоос гурван
хувиар буурсан. Мон­голын эдийн засаг банк­ны системээр дамжаад орж ирж байгаа валютын
мөнгөн урсгалыг аваад үзвэл өнгөрсөн жил манай нийт экспортын орлого 800 сая ам.доллараар
буурсан. Нүүрсний экспорт нэлээд уналттай яваа болохоор үүнд нөлөөлсөн тухай эдийн
засагчид онцолж байв. Оны эхнээс нүүрсний экспорт 81 хувийн уналттай байгаа гэнэ.
Дээрээс нь, “Оюу толгой” ажилд ороогүй болохоор экспортын дутагдлыг Эрдэ­нэтийн
зэсийн баяжмал, бо­ловсруулаагүй нефть, алт гурав нөхөж байгаа юм. Эдийн засаг муудсан
бас нэг шалтгаан бол бүс нутгийн хамаарал гэж оношлоод бай­гаа. Эдийн засгийн болоод
хөрөнгө оруулалтын орчин 2012 оныг угтахаас эхлэн доройтсон. Энэ нь 2012 оны Хятадын
сонгуультай холбоотой. Тус улсын улс төрийн байдлаас болж Азийн орнуудын эдийн засаг
уналтад ороход нөлөөлсөн.  Хэдий ийм боловч
бүс нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалт хийх сонирхол, итгэл үнэмшил харьцангуй  сайжирч байгаа таатай мэдээг эдийн засагчид  дурдаж байлаа.

Худалдааны алдагдал 2009 оноос хойш хямарсан. 2010 онд 200 гаруй
сая ам.долларын алдагдалтай байсан бол дараа жил нь гурван тэрбум ам.доллар болжээ.
Манай улс жилдээ 2-2.3 тэрбум ам.долларын алдагдалтай гадаад худалдаа хийдэг улс
болсон. Энэ үзүүлэлт 2014 оны эхний хоёр сард 19 сая  ам.доллар байгаа. Улирлын нөлөөлөл эхлээгүй, бизнесийн
идэвхжил ороогүй оны эхний хоёр сард эдийн засаг натуральны болж тэг түвшинд хүрч
байна гэсэн үг. Томоохон бүтээн байгуулалт эхлээгүй энэ үед алдагдал маань ийм болж
байгаа нь энэ оны эхнээс харагдаж байгаа эерэг дохио гэлээ. Хэрэв нүүрс сэргэвэл
гадаад худалдаа ашигтай болно. “Оюу толгой” цааш явбал ашгийн хэмжээ нэмэгдэх дүр
зураг харагдаж байгаа юм.

Харин 2014 онд үүсч болзошгүй эрсдэл бол улсын төсвийн нөхцөл байдал,
макро эдийн засгийн орчин, нүүрс тэр дундаа сэргэхгүй байгаа хандлага. Гадаад валютын
нөөц, төлбөрийн тэнцэл дээр ирж байгаа дарамттай холбогдуулаад томоохон корпорациуд,
санхүүгийн байгууллагуудын зээлжих зэрэглэлийг бууруулах юм бол, энэ онд нэлээн
урт хугацаатай  санхүүгийн эх үүсвэр татах
нь зардалтай, хүндрэлтэй байх аж.

Өнгөрсөн жил гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүү­лэхийн тулд хууль
эрх зүйн  орчингоо яаралтай бүрдүүлж чадсан.  Гэвч “Таван толгой”, “Оюу толгой”, “Тавдугаар
цахилгаан станц” зэрэг томоо­хон төсөл хөтөлбөрүүд ажиллаж эхлэхгүй болохоор хөрөнгө
оруулагчдын итгэх итгэлийн хувьд асуултын тэм­дэг болсон тухай энэ салбар хуралдаанд
оролцогчид тодотгож байлаа.

Эдийн засагт тулгамдаж байгаа эрсдлүүдийг богино хугацаанд болон
урт хугацаанд авч үзэх ёстой гэнэ. Бидний гаргаж байгаа нийт бараа бүтээгдэхүүн
түүхийгээр гарч байна. Харин оруулж ирэхдээ эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр оруулж
ирдэг. Хүн юу  хийх вэ гэдгээ бодож, давуу
талуудаа үйлдвэрлэж чадвал эдийн засгийн эрсдлээс гарах алхам болно гэж Ерөнхий
сайдын зөвлөх Б.Ган-Очир онцоллоо. 

Мөн хуралдаанд оролцогч эдийн засагчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийн
төлөөлөл өөрсдийнхөө санал бодлоо индрийн өмнө чөлөөтэй илэрхийлж байлаа. Тэд “Манай
эдийн засагт итгэх итгэл буурч байна. Бизнес үйлдвэрлэлүүдийг өргөжүүлэх тал дээр
энэ нь доторхой дохио өгч байна. Валютын ханшийн үзүүлэлт ард иргэдэд хүндээр тусч
байна. Бүтээлч монголыг бий болгоё. Чаддаг давуу тал бий болчихсон, чанартай хэдэн
бараа бүтээгдэхүүнд төвлөрөн ажиллавал яасан юм бэ. Өнөөдрийн ийм эгзэгтэй үед гадны
мундаг чадалтай инженер менежерүүд олноор орж ирвэл гадны хөрөнгө оруулалт аяндаа
дагаад орж ирнэ” гэлээ. Мөн төр засгийн зүгээс бизнес эрхлэгчдэд хориг тавьж, тушаа
болохгүй байхыг хүсч байв.

2014 онд манай улсын эдийн засагт учирч болзошгүй  эрсдлүүдийг ийн хэлэлцсэний эцэст дараахь дүгнэлтэд
хүрэв. Улсын гадаад экспор­тын зэс, нүүрс, алтны ханш унаж, зах зээлийн эрэлт багасах
аж. Хөрш улсуудын гадаад  хөрөнгө оруулалтын
орчин таагүй болох эрсдэл байгаа гэнэ. Үүнээс гадна томоохон төслүүд уягдах төлөв
ажиглагджээ. Энэ бэрхшээлийг даван туулах арга зам нь манай улсын төрийн бодлого
шийдвэртэй холбоотой гэв. Төрийн бай­гууллагын засаглалыг сайжруулах, төрийн хэт
их оролцоог бууруулах шаардлагатайг онцолж байна. Мөн эдийн засгийн эрсдэл зөвхөн
2014 оноор хязгаарлагдахгүй, урт хуга­цаанд үүсч бозлошгүйг анхаа­рууллаа. Эдийн
засгаа төрөлжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх аж үйлдвэрийн паркийн ажлыг
яаралтай эхлүүлэхийг үйлдвэрлэгчид хүсч байв. 

Чуулга уулзалтад оролц­сон бизнес эрхлэгчид хям­ралаас гарах нэг
гарц нь үйлдвэрлэлээ хөгжүүлэх гэдгийг хүлээн зөвшөөрч байлаа. Гэхдээ уул уурхайн
салбарын том төслүүдээ цаг алдалгүй эхлүүлэх ёстой гэсэн Дэлхийн эдийн засгийн чуулганы
дүгнэлтийг ч анхаарах хэрэгтэй гэцгээж байсан юм. Гадаадын хөрөнгө оруулагчдад Оюу
толгой сонирхол татсан асуулт хэвээр байгаа нь форумаас анзаарагдсан. “Монголдоо
бүтээцгээе” уриан доор 34 сэдвийг онцолж буй Эдийн засгийн чуулга өнөөдөр үргэлжилнэ.

Ц.БААСАНСҮРЭН

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Хямралаас гарах шийдэл эрсэн “Монголын эдийн засгийн форум-2014”

Гадаадын
хөрөнгө оруу­лалт бараг зогсч, төгрөгийн ханш гуч ор­чим хувиар унасан үед болж
буйгаараа онцлог “Монголын эдийн засгийн форум-2014”-ийг зорьсон зочдын  олонх 
нь бизнес эрхлэгчид байв. Гадаадын хө­­рөнгө оруулалттай то­моохон
компанийн удирд­лагууд ч цаг заваа гарган иржээ. Ноднин  “монгол брэнд”-ийг он­цолсон форум энэ жил
“Монголдоо бүтээцгээе” гэсэн уриа сонгожээ. Брэнд энэ тэрээ бодвол газарт
буусан сэдэв сон­­гожээ гэж баялаг бү­тээгчид онцолж байв.  УДБЭТ-ын Э.Амартүвшин, Э.Анх­баяр,Э.Бумхүү гу­рав
“Кармен” дуурийн “Votre do”-г дуулснаар 
чуулган эхэллээ. Гүй­цэтгэх засаглалын тэр­гүүний чуулганыг нээж хэлсэн
үгийг хөрөнгө оруу­лагч, бизнесүүд анхаарч сонсоцгоов. “Өнгөрсөн жил эдийн
засаг таагүй байсан ч ДНБ-ий өсөлт 11.3 хувьтай гарсан, эдийн засгийн өсөлт
гурван жил дараалан хоёр оронтой тооноос буугаагүй” гэсэн үгээр Ерөнхий сайд
яриагаа эхэллээ.

ТАНСАГЛАЛ ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ УНАГАСАН ГЭЛЭЭ

Төгрөгийн
ханш унасан шалтгааныг  сайд юу гэж тайлбарлах
бол гэсэн асуулт ханшийн савлагаанаас болж хохирол амссан компаниудын захирлуудад
байсан юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Уул уурхайн бүтээгдэхүүний уналт,
гадаадын хөрөнгө оруу­лалтын түр зуурын зогсон­ги байдал, дэлхийн эдийн засгийн
байдлаас болж төгрөг хорин хувиар унаад байна. Бид гаднаас бэлэн бүтээгдэхүүн
авдаг муу зантай болжээ. Бүтээдэг зүйлээ ч бүтээхээ больсон байна. Төгрөгийн
ханш унасны уг шалтгаан нь бүтээмж муу байгаатай холбоотой. Үүнийгээ хү­лээн
зөвшөөрөх хэрэгтэй. Өмнөх жилүүдэд экс­портын түүхий эдийн үнэ өндөр байсан,
гадаадын хөрөнгө оруулалт дажгүй байсан учраас бид энэ гажуудлаа мэдэхгүй явжээ.

Ер нь Австралид үер болсон
учраас Монгол нүүрсээ гайгүй зарж байсан. Бидний сайных биш л дээ. Бид амар ар­гаар
олсон мөнгөө бэлэнчилж үрсэн. Идэж уух юм, гадаадын брэнд, том машинд мөнгөө
өгчихсөн. Өнөөдөр Улаанбаатарчууд нийслэлийн за­маар зургаан тэрбум ам.долларын
машин унаад явж байна. Хөгжсөн улсын туршлагыг харахад ингэдэггүй юм билээ.
Хуримтлал, хуримтлал бас дахин хуримтлал гэсэн зарчмаар явдаг юм байна” гэж
тайлбарлалаа. Алдаагаа засахын тулд үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй гэсэн гарцыг
сонгожээ.  “Монголдоо бүтээцгээе”  гэсэн уриаг сонгосон нь ийм учиртай аж.

Засгийн
санхүүжүүлэлтэд  хамрагдахаар урьдчилсан
байдлаар шалгараад  буй 888 төслийг
форумд оролцсон эдийн засагчид “Эргэж харах зүйлүүд бий” гэж байв. “Хас”-ын
гэдгээрээ олны танил Ч.Ганхуяг “Уг нь сонсоход гоё тоо л доо. Гэхдээ “Энержи
ресурс” шиг өчнөөн зуун хүнийг ажлын байраар хангах чадалтай, хэдэн зуун мянган
хүнийг татварт төлсөн мөнгөөрөө тэжээх хүчтэй найман том бизнес эрхлэгчийг
төрүүлэх нь л эдийн засагт хэрэгтэй шийдэл” гэж 
байр сууриа хуваалцлаа.

Ерөнхий
сайд дэд бүтцэд онцгой анхаарна гэдгээ чуулганы индрээс дуулгав. Туулын дагуу
баригдах хурд­ны замын ажил энэ зунаас эрчимжих гэнэ. Амгалангийн дулааны
цахилгаан станц энэ жилээс ашиглалтад орно, гурав, дөрөвдүгээр цахилгаан
станцын өргөтгөлийн ажил ондоо багтаж 
дуусна, Таван толгойн 450 МВт-ын цахилгаан станцын ажил эхэлнэ гэсэн
гэгээлэг мэдээллийг чуулганд оролцогчдод хэлж байв. Харин олны анхаарлыг
хамгийн их татаж буй тавдугаар станцын талаар юу ч ярьсангүй.

Оюу
толгой хөдлөөд эхэл­бэл хөрөнгө оруулалт хийгдэж эхэлнэ гэсэн хү­лээлт
бизнесийнхэнд бий. Төрийнхөнтэй хийсэн удаа дараагийн уулзалтан дээр энэ
асуултыг эрх мэдэлтэй эрхмүүдээс лавлацгаасаар ирсэн хувийнхан өчигдрийн
чуулган дээр ч энэ талаар сонирхоцгоож байсан юм. Харин Ерөнхий сайд энэ талаар
тоймтой үг унага­сангүй.  Ерөнхий сайд  “Бизнес эрхлэгчдийн гомдол арилж байгаа. Бүтээлч
санаачлага хүсэл эрмэлзэл анзаарагдаж байна” гэж яриад үгээ төгсгөсөн.
 

УУЛ УУРХАЙН ТОМ ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛАХЫГ ЗӨВЛӨВ

Ерөнхий
сайдын үгийн дараа Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг төлөөлсөн
эрхмүүд  Монголын хөгжлийн загваруудыг
танилцуулав. Дэлхийн шилдэг эдийн за­сагчдын 
гаргасан зөвлөмжийг эн­гийнээр хэлбэл эхлээд уул уурхайн том төслөө цаг
алдалгүй хэрэгжүүл, тэндээс олсон мөнгөө эдийн засгаа төрөлжүүлэхэд зарцуул
гэжээ. Монголд зориул­сан хөгжлийн зургийг боловсруулахад Засгийн газар Дэлхийн
эдийн засгийн форумтай хамтарчээ. Энэ зургийг гаргахдаа экспертүүд, Монголын
эдийн засгийн гол тоглогчдоос бүрдсэн 250 хүнийг оролцуулсан байна. Тэд шийдвэр
гаргагч, бизнес эрхлэгчид, олон нийтийн төлөөллийг урьсан том хэ­лэлцүүлэг
зохиож байж “зурсан” зургаа форумд оролцогчдод сонирхуулсан юм.

Монголбанкны
ерөнхий­лөгч Н.Золжаргал “Монголын эдийн засаг хорин жилийн өмнө нэг тэрбум
ам.долларт эргэлдэж байсан. Өнөөдөр арван тэрбум доллар болж өссөн. Ирэх хорин
жилд 80 тэрбум болж өснө гэсэн төсөөлөл бий. Мэдээж ин­гэхийн тулд маш их
ажиллах ёстой. Хятадын дундаж дав­харгынхны чанар жилээс жилд ахиж байгаа.
Эдийн засагт уул уурхай гол үүрэгтэй байх нь тодорхой. Сүүлийн хорин жилд
дэлхийн хүнс үйлдвэрлэл байнга өссөөр ирсэн. Хятадын хүнсний им­­­порт гэхэд л
хэдэн арав дахин өссөн. Дундаж давхарга чинээлэг болох хэрээр хэрэгцээ нь
нэмэгдсэн хэрэг. Тэгэхээр урд хөрш рүү хүнс экспортолбол маш том орон зай
байна. Олсон мөнгө маань далан тэрбум доллараар өснө гэж түрүүн ярьсан. Энэ
мөнгөний багагүй хувийг хүнсээ импортолж олох боломжтой” хэмээн ярьж байлаа.

 
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРСДЛҮҮД УРТ ХУГАЦААНД ҮРГЭЛЖИЛЖ
БОЛЗОШГҮЙГ АНХААРУУЛАВ

“Монголдоо
бүтээцгээе” уриатай эдийн засгийн чуулга уулзалт үдээс хойш салбар хуралдаанаар
үргэлжлэв. Төрийн ордны А танхимд 2014 оны онцлох таван эрсдлийн талаар
хэлэлцэв.  Ерөнхий сайдын зөвлөх
Б.Ган-Очир, Эдийн засгийн яамны гадаад хөрөнгө оруулалтын газрын дарга
С.Жавхланбаатар, Монголбанкны ерөнхий­лөгчийн зөвлөх С.Болд, Миком компанийн
гүйцэтгэх захирал Д.Үнэнбат нар манай улсад учирч болзошгүй эдийн засгийн
эрсдлүүдийн талаар танилцуулав.

Санхүүгийн
талаас нь ам.дол­лараар зээл авсан компаниудад нөхцөл байд­лын хувьд хүндээр
тусах магадлалтай аж. Нийт зээлийн 30 хувь буюу гурван триллион төгрөгийг
ам.доллараар ол­госон байна. Мөн экспортын орлого өнгөрсөн оныхоос гурван
хувиар буурсан. Мон­голын эдийн засаг банк­ны системээр дамжаад орж ирж байгаа
валютын мөнгөн урсгалыг аваад үзвэл өнгөрсөн жил манай нийт экспортын орлого
800 сая ам.доллараар буурсан. Нүүрсний экспорт нэлээд уналттай яваа болохоор
үүнд нөлөөлсөн тухай эдийн засагчид онцолж байв. Оны эхнээс нүүрсний экспорт 81
хувийн уналттай байгаа гэнэ. Дээрээс нь, “Оюу толгой” ажилд ороогүй болохоор
экспортын дутагдлыг Эрдэ­нэтийн зэсийн баяжмал, бо­ловсруулаагүй нефть, алт гурав
нөхөж байгаа юм. Эдийн засаг муудсан бас нэг шалтгаан бол бүс нутгийн хамаарал
гэж оношлоод байгаа. Эдийн засгийн болоод хөрөнгө оруулалтын орчин 2012 оныг
угтахаас эхлэн доройтсон. Энэ нь 2012 оны Хятадын сонгуультай холбоотой. Тус
улсын улс төрийн байдлаас болж Азийн орнуудын эдийн засаг уналтад ороход
нөлөөлсөн.  Хэдий ийм боловч бүс нутгийн
хэмжээнд хөрөнгө оруулалт хийх сонирхол, итгэл үнэмшил харьцангуй  сайжирч байгаа таатай мэдээг эдийн
засагчид  дурдаж байлаа.

Худалдааны
алдагдал 2009 оноос хойш хямарсан. 2010 онд 200 гаруй сая ам.долларын
алдагдалтай байсан бол дараа жил нь гурван тэрбум ам.доллар болжээ. Манай улс
жилдээ 2-2.3 тэрбум ам.долларын алдагдалтай гадаад худалдаа хийдэг улс болсон.
Энэ үзүүлэлт 2014 оны эхний хоёр сард 19 сая 
ам.доллар байгаа. Улирлын нөлөөлөл эхлээгүй, бизнесийн идэвхжил ороогүй
оны эхний хоёр сард эдийн засаг натуральны болж тэг түвшинд хүрч байна гэсэн
үг. Томоохон бүтээн байгуулалт эхлээгүй энэ үед алдагдал маань ийм болж байгаа
нь энэ оны эхнээс харагдаж байгаа эерэг дохио гэлээ. Хэрэв нүүрс сэргэвэл
гадаад худалдаа ашигтай болно. “Оюу толгой” цааш явбал ашгийн хэмжээ нэмэгдэх
дүр зураг харагдаж байгаа юм.

Харин
2014 онд үүсч болзошгүй эрсдэл бол улсын төсвийн нөхцөл байдал, макро эдийн
засгийн орчин, нүүрс тэр дундаа сэргэхгүй байгаа хандлага. Гадаад валютын нөөц,
төлбөрийн тэнцэл дээр ирж байгаа дарамттай холбогдуулаад томоохон корпорациуд,
санхүүгийн байгууллагуудын зээлжих зэрэглэлийг бууруулах юм бол, энэ онд нэлээн
урт хугацаатай  санхүүгийн эх үүсвэр татах
нь зардалтай, хүндрэлтэй байх аж.

Өнгөрсөн
жил гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүү­лэхийн тулд хууль эрх зүйн  орчингоо яаралтай бүрдүүлж чадсан.  Гэвч “Таван толгой”, “Оюу толгой”, “Тавдугаар
цахилгаан станц” зэрэг томоо­хон төсөл хөтөлбөрүүд ажиллаж эхлэхгүй болохоор
хөрөнгө оруулагчдын итгэх итгэлийн хувьд асуултын тэм­дэг болсон тухай энэ
салбар хуралдаанд оролцогчид тодотгож байлаа.

Эдийн
засагт тулгамдаж байгаа эрсдлүүдийг богино хугацаанд болон урт хугацаанд авч
үзэх ёстой гэнэ. Бидний гаргаж байгаа нийт бараа бүтээгдэхүүн түүхийгээр гарч
байна. Харин оруулж ирэхдээ эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр оруулж ирдэг. Хүн
юу  хийх вэ гэдгээ бодож, давуу талуудаа
үйлдвэрлэж чадвал эдийн засгийн эрсдлээс гарах алхам болно гэж Ерөнхий сайдын
зөвлөх Б.Ган-Очир онцоллоо. 

Мөн
хуралдаанд оролцогч эдийн засагчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл
өөрсдийнхөө санал бодлоо индрийн өмнө чөлөөтэй илэрхийлж байлаа. Тэд “Манай
эдийн засагт итгэх итгэл буурч байна. Бизнес үйлдвэрлэлүүдийг өргөжүүлэх тал
дээр энэ нь доторхой дохио өгч байна. Валютын ханшийн үзүүлэлт ард иргэдэд
хүндээр тусч байна. Бүтээлч монголыг бий болгоё. Чаддаг давуу тал бий
болчихсон, чанартай хэдэн бараа бүтээгдэхүүнд төвлөрөн ажиллавал яасан юм бэ.
Өнөөдрийн ийм эгзэгтэй үед гадны мундаг чадалтай инженер менежерүүд олноор орж
ирвэл гадны хөрөнгө оруулалт аяндаа дагаад орж ирнэ” гэлээ. Мөн төр засгийн
зүгээс бизнес эрхлэгчдэд хориг тавьж, тушаа болохгүй байхыг хүсч байв.

2014
онд манай улсын эдийн засагт учирч болзошгүй 
эрсдлүүдийг ийн хэлэлцсэний эцэст дараахь дүгнэлтэд хүрэв. Улсын гадаад
экспортын зэс, нүүрс, алтны ханш унаж, зах зээлийн эрэлт багасах аж. Хөрш
улсуудын гадаад  хөрөнгө оруулалтын орчин
таагүй болох эрсдэл байгаа гэнэ. Үүнээс гадна томоохон төслүүд уягдах төлөв
ажиглагджээ. Энэ бэрхшээлийг даван туулах арга зам нь манай улсын төрийн
бодлого шийдвэртэй холбоотой гэв. Төрийн байгууллагын засаглалыг сайжруулах,
төрийн хэт их оролцоог бууруулах шаардлагатайг онцолж байна. Мөн эдийн засгийн
эрсдэл зөвхөн 2014 оноор хязгаарлагдахгүй, урт хуга­цаанд үүсч бозлошгүйг
анхаа­рууллаа. Эдийн засгаа төрөлжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх аж
үйлдвэрийн паркийн ажлыг яаралтай эхлүүлэхийг үйлдвэрлэгчид хүсч байв. 

Чуулга
уулзалтад оролц­сон бизнес эрхлэгчид хям­ралаас гарах нэг гарц нь үйлдвэрлэлээ
хөгжүүлэх гэдгийг хүлээн зөвшөөрч байлаа. Гэхдээ уул уурхайн салбарын том
төслүүдээ цаг алдалгүй эхлүүлэх ёстой гэсэн Дэлхийн эдийн засгийн чуулганы
дүгнэлтийг ч анхаарах хэрэгтэй гэцгээж байсан юм. Гадаадын хөрөнгө оруулагчдад
Оюу толгой сонирхол татсан асуулт хэвээр байгаа нь форумаас анзаарагдсан.
“Монголдоо бүтээцгээе” уриан доор 34 сэдвийг онцолж буй Эдийн засгийн чуулга
өнөөдөр үргэлжилнэ.

 

Ц.БААСАНСҮРЭН

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

О.Чулуунбат: 1990 оноос өмнөх тогтолцоо руугаа шилжиж байна

Эдийн засгийн хөгж­лийн дэд сайд О.Чулуунбаттай
ярилц­лаа.

 
-Өнөөдөр Эдийн засгийн форум эхлэх гэж
байна. Энэ удаагийн чуулганаар яригдах гол асуудал нь юу байх бол?

-Эдийн засгийн фо­румд Монгол Улсын бод­лого тодорхойлж бай­гаа
улстөрчид орол­цоно. Тиймээс өнгөрсөн жилүүдэд эдийн засагтаа бид сайн, муу ямар
зүйлүүд хийв гэдгээ ярилцаж,  алдаа, оноогоо
цэгнэх ёстой.  Ялангуяа  өнгөрсөн жилийнхээ үр дүнг сайн ярилцах хэрэгтэй.
Зөвхөн сайн сайхан бүхнийг  нь түүж яриад
өөрсдийгөө магтаад өнгөрөх ёсгүй. Мэдээж өнгөрсөн жил сайн зүйлүүд болсон. Монгол
Улс орон сууц ихээр барилаа. Монгол Улсын түүхэнд тэмдэглэх  том амжилт яах аргагүй мөн. Өнгөрсөн жил асар
их зам тавьж, ашиг­­лалтад орууллаа. Энэ мэтчилэнгээр дурдв­ал сайн зүйлүүд бий.
Гэх­­дээ эдийн засаг хүнд­рэлтэй байна. Өнгөрсөн жил төсвийн орлого 1.5 их наядаар
тасарлаа.  Худалдааны төлбөрийн баланс
1.5 тэрбум ам.доллараар дутлаа. Төгрөгийн ханш 25 хувиар уналаа.  Иргэдийн худалдан авах чадвар 25 хувиар суларлаа.
Монгол Улсын рейтинг дэлхийн зах зээл дээр уначихлаа. Дэлхийн гол үнэлгээний агентлагууд
хоёр жилийн өмнө манайд хоёр В нэмэх гэсэн үнэлгээ өгч байлаа. Гэтэл өнөөдөр бид
хоёр В хасах гэдэг үнэлгээ рүү орж байна. Энэ бол цаашдаа сайжрахгүй гэдэг үнэлгээ.
Гадаадын хөрөнгө оруулалт буур­лаа. Гадныхан Монголд хөрөнгө оруулах сонир­холгүй
болсон байна.  Эдийн засгийн ийм үед  форум болж байгаа нь сайшаалтай. Тийм уч­раас
яагаад эдийн засаг хүндэрсэн тухай, одоо яах ёстойгоо ярих хэрэгтэй.  Тэгж чадвал эрх баригчид ард түмнээсээ, зах зээлээс
ит­гэл олж авна.  Ямар ч алдаа гаргаагүй юм
шиг, буруугаа нуугаад байх нь өөрсдийгөө хуу­рахаас цааш хэтрэхгүй. Ядаж  Монголын эрх ба­риг­чид алдаа хийснээ ойл­гочихжээ
гэ­дэг мес­сежийг зах зээлд өгмөөр байна. 

-Манайхны алдаа юунд байна вэ?

-Хуулиа дахин дахин өөрчилж байна.  Ямар ч тооцоо судалгаа хийхгүй, тухайн салбарынхантай,
нийгэмтэйгээ зөвшил­цөхгүйгээр хуулиа өөрч­лөхийг  зориод байдаг. Энэ нь сайн үр дүн авч ирсэнгүй.  Хуулиа баталсны дараа янз янзаар тайлбарлаж байна.
Төр, эрх баригчид нь болох, болохгүй авир гаргаж байна. Зах зээл дээр урьдчилан
таамаглахын аргагүй авирлаад байна. Энэ нь таагүй нөхцөл байдал үүсгэх шалтгаан
болчихлоо. Үүнийг эдийн засгийн форумаар яриасай гэж бодож байна. Бүгдээрээ цуглаад
өөд өөдөөсөө харж суугаад эдгээр асуудлуудаа хэлэлцээсэй. Тэрнээс биш зөвхөн сөрөг
хүчнийхэн нь шүүмжлээд, эрх баригчид нь өөрсдийгөө өмөөрч, бүх зүйл сайхан байгаа
мэтээр яриад өнгөрөөсэй гэж бодохгүй байна. 
Эдийн засгийн форум гэдэг бол эрх баригч, сөрөг хүчин хоёрын ард түмэнд таалагдах
гэж үзэл бодлоо уралдуулах тэмцээн биш. Тэртэй тэргүй ийм уралдаан нь дөрвөн жилд
нэг удаа болдог. Тэр нь сонгууль. Тиймээс энэ удаагийн форумаар монголчууд яавал
амжилтад хүрэх тухайгаа ил тод яримаар байна. Ямар гарц, болом­жууд байгааг эрж
хайя.  Энэ нь дэлхийн зах зээлд эерэг мэдээ
болж очно.

-Эдийн засгийг эрх баригчид ийм хүнд
нөх­цөлд хүргэлээ гээд сөрөг хүчнийхэн хангалттай шүүмжилж байх шиг байна…

-Уул уурхайн сал­барын хууль эрх зүйн орчноо бид тав, зургаан
жилийн өмнөөс муутгаад эхэлчихсэн  шүү дээ.
Ураны тухай хууль, Гэнэ­тийн ашгийн татвар,  
Стратегийн ордын ту­хай,  урт нэртэй
хууль, Стратегийн салбарт га­даа­дын хөрөнгө оруу­лалтыг зохицуулах ту­хай хуулиуд
гарсны дараа нөхцөл байдал мууд­сан. Оюу толгой болон “Чалко”-д гаргасан манай Засгийн
газрын авир зэрэг нь дэлхийн зах зээлд байдаггүй, соёлгүй бодлого байлаа.  Олон улсын стандарт, дүрэм журамд нийцээгүй дүрмээр
тоглолоо. Энэ бол бидэнд маш том сургамж. Үүнийгээ ойлголоо, ухамсарлалаа гээд л
хэлчих юм бол зах зээл маш сайнаар хүлээж авах гээд байна.

-Хөрөнгө оруу­лалтын тухай хууль гаргасан
нь  алдаагаа ухамсарласны нэг хэл­бэр гэж
ойлгоод байгаа. Гэвч гадны хөрөнгө оруулалтад эерэг үр дүн гарахгүй байна уу?

-Хөрөнгө оруулалтын тухай хууль батлаад хоёр, гурван сар болж
байна. Уг нь үүний дараа гадаадын хөрөнгийн биржүүдээр  зарагдаж байгаа Мон­голын төслүүдтэй хол­боотой
хувьцааны үнэ дээшлэх ёстой юм. Гэвч тийм юм алга. Монгол Улсын Засгийн газрын бонд
дэлхийн зах зээл дээр өдөр болгон арилжаалагдаж байна. Үүний үнэ өсөх ёстой. Гэтэл
бас байдаггүй. Энэ нь ерөнхийдөө хөрөнгө оруулагчид манайхаас болгоомжлоод байгааг
харуулж байна.  Хууль батлангуут өргөс аваад
хаячихсан юм шиг бүх юм сайхан болчихно гэж байхгүй л дээ. Бид үйлдлээрээ, ааш аран­шингаараа
эерэг мессежийг өгөх ёстой. Энэ нь удаан байна.

-Эрх баригчид гаргаж байгаа ааш авираа
за­сах шинж байна уу, таныхаар?

-Манай зах зээлийн болон Чингэс бондын үнэлгээ доошилчихлоо. Гадаадын хөрөнгө оруу­­лалт 50 хувиар багасчихлаа.
Тэгэхээр одоогийн эрх баригчдын гаргаж байгаа авир ямар байгаа нь харагдаж байгаа
биз дээ. 

-Ядаж  Оюу толгойгоо гацаанаас гаргачих хэрэгтэй байна
л даа?

-Мэдээж. Яаж ч бодсон Оюу толгой бидэнд мөнгө өгч, хөрөнгө
оруулах гээд байгаа юм шүү дээ. Тийм учраас ямар ч яриагүй ажлыг нь явуулах ёстой.
Оюу толгой Монголын ард түмний өмнө маш том үүрэг хүлээсэн гэдгээ ухамсарлаж байгаа.  Оюу толгой манай Засгийн газартай хэл амаа олол­цож
чадахгүй болсон уч­раас нийт иргэдэд хандаж өнгөрсөн жил байна уу даа, Монголын
гудамжуудаар “70 :30” гэсэн бичигтэй самбарууд өлгөсөн бай­сан. Тэр бол ядаж ард
түмэнд өөрсдийгөө ойлгуулах гэсэн санаа. Өөрөөр хэлбэл,  Оюу тол­гойн ирээдүйд бүрэл­дэх орлогын 70 хувийг
Монгол, 30 хувийг бид  авна гэсэн утгатай
зүй­лүүдийг гудамжаар өл­гөж байв. Манайд орж ирэх  70 хувийн орлого  дотор татвар, цахилгаан, түлшний орлого багтаж
байгаа. Ийм их мөнгийг Монголд  өгөх гээд
байхад нь саад хийгээд байгааг гадныхан ойлгохгүй  бай­на. Зарим хөрөнгө оруулагчид “Танайхан авлига
хараад байна уу” гэж хардахад ч хүргэж байна. Үнэхээр Оюу толгой Монголоос мөнгө
авах гээд байгаа бол хориг тавьж болно. Гэтэл бидэнд өгье гээд байхад гэдийгээд
байна шүү дээ. Австралийг хар л даа. Тэдний бүх баялгийнх нь 75 хувийг гадаадын
компаниуд өмчилдөг. Гэхдээ баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, ашиг олсных нь
дараа орлогынх нь 70 хувийг австраличууд, үлдсэн 30 хувийг нь хөрөнгө оруулагчид
нь авч байна шүү дээ. Ийм зарчмаар л явъя гэдгээ Рио Тинто хэлээд байна.  Олсон мөнгөө Монгол даяар жигд тархаая, туслан
гүйцэтгэх монгол компаниудыг ажиллуулъя гээд байна. Тэр хэрээр нь  монгол өрх айл бүрийн орлого тодорхой хэмжээгээр
нэмэгдэнэ. Харамсалтай нь энэ өнцгөөс нь асуудлыг харахгүй юм. Зөвхөн  Рио Тинто Монголын баял­гаар баяжих гээд байгаа
мэтээр аашлаад байх юм. Ийм байдлаар явах юм бол  Монголд ямар ч төсөл хэрэгжихгүй, бид хэзээ ч
орлоготой болохгүй.

-Валютын ханшийн энэ хэлбэлзлийн талаар
танаас асуухгүй өнгөрч болохгүй байх. Таны бодол ямар байгаа вэ?

-Өнгөрсөн жил Мон­голбанк дөрөв, таван их наяд төгрөг зах
руу орууллаа. Энэ бол сүү­лийн 20 жилд болж буй анхны тохиолдол. Монголд худалдаж
авах юм байхгүй учраас энэ мөнгөөр гаднаас 
юм худалдаж авч таараа. Тэгэхээр валютын ханш өснө шүү дээ. Үнэнийг хэлэхэд
үнэ тогтворжуулах хө­төлбөрийг Засгийн га­зар зогсоох байлгүй дээ. Яагаад гэвэл
энэ хөтөлбөрийг дэлхий даяа­раа туршаад, 
бо­ломжгүй юм байна гэд­гийг нь баталчихсан.  Аме­рикчууд, англи, ита­личууд туршиж, үзээд  бүгд ялагдсан. Дэлхий дахинд туршигдаад алдаа
юм байна гэдэг нь нотлогдчихсон аргыг манай Засгийн газар хэрэг­жүүлж амжилтад хүрэх
гэж оролдох хэрэггүй.

-Энэ бодлогуудаа сайны жишээ болгон яриад
байгаа…

-Валютын ханш  бол Монголбанкны
бод­логотой шууд холбоотой. Төв банкны бодлогын хүүнээс чухал асуудал нь энэ. Яагаад
гэвэл мон­голчууд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ 70-80 хувийг импортоор
авч байна. Тийм учраас ханш бидний халаасанд өдөр бүр нөлөөлдөг.  Гэ­тэл энэ төгрөгийн ханш нь уначихаар худалдан
авах чадвар дагаад бууралгүй яах юм. 

-Ерөнхий сайд гад­наас элдэв юм худалдан
авахаа боль гээд байгаа л даа?

-Монгол Улс чадах юмаа эх орондоо хийе. Гэвч илүү өртгөөр
до­тооддоо юм хийж, дэл­хийд өрсөлдөнө гэж хайран цаг заваа барах хэрэггүй.  Бид уул уурхайн бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр
дэлхийн зах зээлд нийлүүлэгч гэдгээрээ том өрсөлдөгч байж чадна. Гэвч бид боломжоо
ашиглаж чадахгүй байна. Бүх төслөө зогсоогоод эхэл­лээ. Уул уурхайн салбараа дахиад
эргэлтэд оруулах хэрэгтэй. Түүнээс биш Монгол Улс дотооддоо бүгдийг үйлдвэрлэнэ
гэвэл үлгэр. Үүнд цаг хугацаа шаардлагатай. Харин үүний оронд төмөр, зэс, алт, нүүрс,
уран, мо­либденээ дэлхийн зах зээлд нийлүүлж ашиг олъё. Энэ тохиолдолд дэлхийн ямар
ч орон би­дэнтэй өрсөлдөхөд хэцүү.  Яагаад
гэвэл манай өртөг хямд. Бүх ордоо ил аргаар олборлож болно. Тэгээд ч уул уурхайн
хамгийн том худалдан авагч хажууд байна. Энэ боломжоо ашиглах ёстой. Дээрээс нь
засаг төр  бизнест бага оролцмоор байна. Лиценз
цуцална, сэргээнэ, хаана, бооно. Үүгээрээ л Монголд орж ирэх хамаг орлогыг хаагаад
байна шүү дээ. 

-Шууд хэлэхэд  энэ бүхэн таны ажиллаж байгаа Засгийн газар, Эдийн
засгийн хөгжлийн яамны хийж байгаа ажил гэж ойлгоод бай­­на. Өнөөдрийн эрх баригчдын
нэгд тооцогдож байгаа таны буруу ч энд бий байх.  Эсвэл Н.Батбаяр сайд “бүх зүйлийг сайнаар бод”
гээд таны үгийг сонсохгүй,  ажиллах боломж
олгохгүй байгаа юм уу. Ямартай  ч нэг яамыг
толгойлж яваа хоёр хүний байр суурь зөрүүтэй байгаа нь ямар учиртай юм бэ?

-Макро бодлого ийм байх ёстой гэдэг тө­сөөллийг манай яам
хийж байгаа.  Хоёр өгүүлбэрээр тайлбарлах
гээд хичээе. Монгол Улс энэ жилдээ ийм дайны хөрөнгө оруу­лалттай байна. Үүний
30, 40 хувийг  хувийн хэвшлийнхэн бүрдүүлнэ.  20 хувийг 
нь төсөв,  үлд­сэнийг нь гадны хөрөнгө
оруулалтаар бүрдүүлнэ гэх мэтээр тодорхойлж байна. Харин уул уурхайн салбарт тэртэй
тэргүй хувийн хэвшлийнхнийг оруулах ёстой.  Гэтэл ма­най­хан өнөөдөр бүгдийг нь буцаагаад
Засгийн газрын төсөл болгоод байна. Ингээд 1990 оноос өмнөх тог­толцоо руугаа шилжиж
байна.  Засгийн газрын мэдлийн бүх төсөл дарга
нарын бизнес болчихдог гэдгийг  Америк, Европын
туршлага харуулсан.  Харамсалтай нь манайд
өнөөдөр ийм л тогтолцоо үйлчлээд эхэллээ. Засаг нь өөрөө бизнесийнхний хувь заяаг
шийддэг уч­раас ямар ч ажил урагшаа явахгүй байна.  Энэ бү­хэн бол бодит үнэн. Би  бодит мэдээллийг л олон түмэнд түгээж үүргээ биелүүлж
байна. Үүнийгээ Засгийн газарт ч хэлдэг. Дэлхийн зах зээл дээрх эдийн засгийн үнэлгээ,
статистикийн тоонуудыг харж байгаад үнэнийг 
ярьж байна. Бодит байдал дээр  бид
иймэрхүү л байна шүү дээ. 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Украины хамгийн залуу ЕРӨНХИЙ САЙД

Өнөөдөр Гааг хотноо  Их долоогийн уулзалт
болох бөгөөд үүнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцохгүй гэнэ.
Энэ удаад Их долоогийн
удирдагчдын хэлэлцэх хамгийн гол асуудлуудын
нэг нь Крым аж.
Тиймээс  Украины
Ерөнхий сайд Арсений Яценюк
уригдсан байна. Украин болон
Крымийн асуудал дэлхий нийтийн
анхаарлын төвд орсноос хойш
Засгийн газрын тэр­­гүүнээр
томилогдоод удаагүй байгаа Арсений
Яценюк хэмээх энэ залуу
олны анхаарлын төвд ороод байгаа.
Тэрээр Ерөнхий сайдаар томилогдоод
хэдхэн  хо­нож байхдаа  Вашингтонд аж­лын айлчлал
хийсэн. Түүнийг  Ерөн­хийлөгч Б.Обама
Цагаан Ордны Зуйван танхимд
хүлээн авч уулзахдаа хүчтэй
дэмжинэ хэмээн зоригжуулсан билээ.
А.Яценюк Америкийн
төрийн тэргүүнтэй уулзсаныхаа маргааш нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн
хуралдаанд оролцож  улс
оронд нь үүсээд буй
нөхцөл байдлын талаар үг
хэлсэн. Үгийнхээ төгсгөлд  ОХУ-ын төлөөлөгчид хандан
оросоор “Оросууд дайныг хүсч
байна гэж үү” хэмээн
асуусныг нь  нэг
хэсэгтээ л барууны хэвлэлээр
шуугисан билээ. Харин өнөөдөр
тэрээр Их долоогийн удирдагчидтай
уулзаж улс орноо бүрэн
бүтэн байлгах талаар ярина.
Энэ нь мөн л
дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн
анхаарлын төвд байх нь
гарцаагүй.

В.Януковичийг огцруулсан даруйд Украины парламент
хам­гийн түрүүн Ерөнхийлөгчийн
үүрэг гүйцэтгэгчийг томилоод,  дараа
нь шинэ Ерөнхий сайдын
асуудлыг хэлэлцсэн билээ.  Верховная
Радад болсон санал асуулгаар  уг
албанд нэрийг нь дэвшүүлсэн
хүмүүсээс А.Яценюк хамгийн
олон санал авсан. Ийнхүү
ирэх тавдугаар сард 40 нас хүрэх
тэрээр Украины түүхэн дэх
хамгийн залуу Ерөнхий сайд
болсон.

 А.Яценюк
нь 2007 онд Украины “Топ
-100” жагсаалтад 12 дугаарт, хамгийн нөлөө бүхий
хүмүүсийн жагсаалтын наймдугаарт бичигдсэн юм. Украинд хамгийн
нэрд гар­сан улстөрчдийн
нэг болоод буй тэрээр  залуу
ч гэсэн чамгүй
турш­лага хуримтлуулж амжсан.
18 настайдаа бизнест хөл тавьсан
бөгөөд улс төрд ч
нэлээд эрт орсон. Өөрийг
нь  “залуу
улстөрч” гэхэд тийм ч
дуртай байдаггүй гэнэ. “Би залуу
консерватив үзэл­тэн” хэмээн
залруулдаг аж. Энэ нь
учиртай бололтой. 13 жил улс төрд
хүчээ сорихдоо чам­гүй туршлагатай
болсон гэж үз­дэгтэй
холбоотой байх. Түүнийг нэлээд
амбицтай улстөрч хэмээн тодорхойлсны
хариуд “Өөрөөрөө үлдэх гэсэн эрмэлзэл
нь албан тушаалтай болох
гэсэн  өвчний
эсрэг дархлааг сайжруулдаг. Ямар нэгэн албанд
томилогдож суудалд нь суухаасаа
өмнө түүнээсээ ямар байдалтайгаар явах
вэ гэдгээ бодох хэрэгтэй”
хэмээн хэлсэн гэнэ. Одоогоос
хэдэн жилийн өмнө түүнээс  “Ерөнхий
сайд болоход бэлэн үү”
гэж асуухад  “Надад
нэг но бий. Юу
гэвэл би 33 настай. Яарах
юм алга. Бусад нь
хийж үзэг л дээ.
Би арван жилийн дараа
очно” гэжээ. Гэвч 10 жил
бололгүй Засгийн газрыг тэргүүлэх
боллоо. Хэрвээ Украины Ерөнхийлөгч
бо­лоход бэлэн үү
гэж асуувал юу гэж
хариулах бол? Мөн л
ингэж хэлэх байсан болов
уу. Өөрөө яарахгүй гэж
бодож байсан боловч улс
оронд нь үүссэн нөхцөл
байдал хүссэн хүсээгүй түргэн
авахуулсан бололтой.

Арсений Яценюк нь Украины
Черновцы хотод 1974 онд төрсөн. Ээж,
аав хоёр нь хоёулаа
багш. Дунд сургуулиа мөнгөн
медальтай төгсч Черновцын үндэсний
их сургуулийн хууль эрх зүйн
фа­культетийг дүүргэсэн. Хожим эдийн засагч
мэргэжил эзэмшсэн. 1992 онд оюутан байхдаа
Черновиц мужийн захирагчийн хүүтэй
хамт­ран “ЮрЭк Лтд”
хэмээх хууль зүйн чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг компани байгуулснаар анх
бизнесээ эхлүүлсэн байна. 1996 онд их сургуулиа
дүүргээд компаниа удирдан ажиллахдаа хэд
хэдэн аж ахуйн нэгжийн  хувьчлалын
асуудлыг амжилттай шийджээ. Удалгүй “Райффайзен банк Аваль” банкны
зээлийн асуудал хариуцсан хэлтсийн
зөвлөхөөр томилогдон Киевт нүүж ирсэн
байна. Хэдхэн сарын дараа
тус банкны удирдах зөвлөлийн
гишүүн, орлогч дарга болон
дэвшсэн гэдэг.  Дашрамд
дурдахад түүний улс төрд
орсон түүх нь Крымээс
эхлэлтэй. 2001 онд А.Яценюкыг
Крымийн автономит бүгд найрамдах улсын
Эдийн зас­гийн яамны
сайдаар томилогдон ажиллаж байжээ. Нэг
жилийн да­раа Крымийн
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ
огцорсон боловч түүнийг  албанд нь эр­гүүлэн томилсон юм.
Тун удалгүй А.Яценюк
Украины Үндэсний банк­ны орлогч
болсон.  Украинд
улбар шар хувьсгал гарахад
А.Яценюк идэвхтэй
оролцож байсан. Тухайн үед
яг одоогийнх шиг Украины улс
төр төдийгүй эдийн засгийн байдал
нэлээд хүнд байсан. Тэр
үед А.Яценюк юу
чаддаг болохоо харуулсан гэдэг.
Улсынхаа үндэсний мөнгөн тэмдэгт гривень
төдийгүй банкны системийг авч
гарахад маш чу­хал
үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед Ерөнхийлөгчөөр
сонгогдсон В.Ющенко түүний
чадварыг мэ­дэрсэн гэдэг.
Тиймээс ч өөрийнхөө багт
оруулан Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын
нэгдүгээр орлогчоор томилсон байна. Үүнээс хойш
А.Яценюк Гадаад
хэргийн сайд, Украины Үндэсний
аюулгүйн зөвлөлийн гишүүн, парламентын дарга
гээд хариуцлагатай ал­быг хашсаар
ирсэн. 2010 онд Ерөнхийлөгчид өрсөлдөнө
гэдгээ мэдэгдэж сурталчилгаандаа 80 сая ам.доллар
зарцуулж байсан. В.Януковичийг
ялсан тохиолдолд хамгийн түрүүнд парламентыг
тараахаар төлөвлөж байжээ.

 Украины Ерөнхий
сайд нь  шоронгоос
суллагдаад удаагүй байгаа Юлия
Тимошенкотой ч хамтран ажиллаж
байсан.  Засгийн
газрын тэргүүнээр томилогдохоосоо өм­­нө “Фронт
перемен” намын тэр­гүүн
байсан тэрээр өнгөрсөн жилийн
сүүлчээс нэрт боксчин В.Кличко, О.Тягнибок
нартай хамтран  В.Яну­ковичийн явуулсан
бодлогыг эсэр­гүүцсэн хөдөлгөөнийг
зохион бай­гуулсан юм.
Өөрөөр хэлбэл Украин Европын
Холбоотой гэрээ байгуулахаас татгалзсан
явдлыг буруу хэмээн үзжээ.
В.Янукович Ерөнхийлөгч
байхдаа сөрөг хүчнийхнийг намжаах
зорилгоор түүнд Ерөнхий сайдаар
ажиллахыг хүртэл санал болгосон
боловч А.Яценюк татгалзсан
юм.

Украины залуухан Ерөнхий сайд нь
төрийн өмчийг хувьчлахын эсрэг
байдаг. Түүнээс гадна төрийн
удирдлагын бүтцийг аль болох
цомхон болгох бодлогыг тууштай
баримтлах гэнэ. Учир нь
удирдлагын системд өөрчлөлт хийхгүйгээр
хээл хахуультай тэмцэх ямар ч
боломжгүй хэмээн үздэг.

А.Яценюк нь Украины
нэр­тэй улстөрч төдийгүй
нэлээд чи­­­нээлэг хүмүүсийн
тоонд багт­даг. Түүний
амьдардаг харш нь В.Януковичийнхоос холгүй байдаг гэнэ.
Хобби нь  уралдааны
машин. Тэрээр хоёр охинтой
бө­­­гөөд эгч  Алина Аценюк нь
Аме­рикт амьдардаг аж.
Улбар шар хувьсгалаар улс
орныхоо банк, санхүүгийн системийг
аварч байсан залуухан улстөрч  дахин
өөрийнхөө чадварыг харуулах л үлдээд байна.

Украины ирээдүй, улс орных нь
бүрэн бүтэн байдал Засгийн
газрын үйл ажиллагаанаас ихээхэн
хамаарна.  Залуухан
Ерөнхий сайдад энэ бүхнийг
нэр төртэйгөөр давах эрч хүч
байгаа хэмээн украинчууд найдаж
байгаа.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
редакцийн-нийтлэл

Монголын нүүрс хятадын зах зээлд өрсөлдөж чадахгүй байна гэв

Шивээхүрэн, Сэхээ боомтын хооронд нүүрс тээвэрлэх конвейер хоорондоо 300 метр зайтай харагдах ажээ.

ТӨР, ЗАСАГ АЖЛАА САЙН ХИЙВЭЛ НҮҮРСНИЙ САЛБАР ХҮНД ҮЕЭСЭЭ ГАРНА

Хятадууд нүүрс авахгүй биш авна гэж Сэхээ боомтод үйл ажиллагаа явуулж байгаа  нүүрсний  компаниудын эзэд хэлж байна. Мөн тэд “Манай улс ногоон эдийн засгийн бодлого барьж байгаа ч гэсэн  нүүрс худалдаж авна. Нүүрсний үнэ хэд хэдэн удаа буураад байгаа. Гэхдээ нүүрсний хэрэглээ оны дунд үеэс нэмэгдэх байх. Нүүрсний үнэ буурахаар Монголын нүүрсний салбар хүнд байдалд ороод байна. Бид ч гэсэн дагаад эвгүй байдалд ордог юм. Нүүрсний үнэ багахан тоогоор буурахад нөлөө нь хүнд байгаагийн шалтгаан нь тээвэрлэлтийн асуудал. Танай улс тээвэрлэлтдээ анхаарах хэрэгтэй. Манай улсын төмөр зам хилд тулсан. Одоо зөвхөн танай улс төмөр замаа тавих юм бол болох гээд байна. Уг нь МАК компани төмөр зам тавих гэж байгаа гэсэн” хэмээн ярив.  Тэдний яриа үнэний ортой аж. Уул уурхайн компаниуд уурхайгаас нүүрс олборлодог. Түүнийгээ тээврийн компаниу­дын хүнд даацын машинуудад  ачдаг. Тээврийн компаниуд уурхайгаас хил хүртэл явдаг. Зуун тонн нүүрс ачсан машин шатахууныг ёстой залгилдаг гэнэ. Тэгээд татвар төлдөг. Бас хил гаалийн, Мэргэжлийн хяналтын гээд арав гаруй төрлийн хураамжийн мөнгө төлдөг. Ийнхүү баахан зарлага гаргаж байж сая нэг юм хилээр гаргадаг ажээ. Харин улсын хилээр нэвтэрч хилийн цаана байрлах хашаанд буусан нүүр­сийг Хятадын компаниуд дахин ачдаг. Ачаад 600-700 километр авч яваад мөн л зам ашигласны төлбөрөөс авахуулаад олон төрлийн татвар хураамж төлсний эцэст сая нэг юм коксын үйлдвэрт очдог юм байна. Энэ олон дамжлага бүхий татвар, ху­раамж, тээвэрлэлтийн үнэ Монголоос гарч буй нүүрсэнд шингээд үйлдвэрт өндөр үнээр очдог гэнэ. Иймээс л Монголын сайн чанарын коксжсон нүүрс Хятадын зах зээлд өрсөлдөж чадахгүй байгаа аж. Манай улс  2010, 2011
он цаашлаад 2012 оны эхний хагаст Хятадын зах зээл дээр нүүрсээ сайн борлуулсан нь өрсөлдөгч цөө­хөн байсантай холбоотой гэнэ. Хятадын гол нийлүүлэгч, Зүүн өмнөд Азийг нүүрсээр хангадаг Австрали байгалийн гамшигт өртсөн нь манай улсыг нүүрсний зах зээл дээр гол тоглогч байхад нөлөөлсөн юм байна. Харин одоо манай улс байгалийн баялаг болох нүүрсээ Хятадын зах зээлд нийлүүлэх цаашид ямар нэгэн асуудалгүйгээр тогтвортой байлгахын тулд тээвэрлэлтийн асуудалд анхаарах хэрэгтэй гэдгийг энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа бүхэн ярьж байна.

МОНГОЛЫН ТАЛ ЗӨВШӨӨРВӨЛ ХЯТАДУУД КОНВЕЙЕР, ТӨМӨР ЗАМААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭХЭД БЭЛЭН ГЭНЭ

Гангийн үйлдвэрүүд манай нүүрсийг худалдаж авахгүй байгаагаас үүдэн хөгжлийн эх тавигдсан Сэхээ боомт ажин түжин байдалд ороод байгаа. Энэ асуудлаас гарах гарц нь төмөр зам болоод конвейерийн арга гэнэ. Сэхээ боомтын цаахна нүүрс тээвэрлэх төмөр зам тулаад зогсчээ. Хэрэв Монголын талаас төмөр зам тавиад ороод ирэх юм бол олон мянган хүнд даацын машин хил гаалиар нэвтрэх гэж цаг хугацаа алдахгүй. Уурхайгаас шууд олон улсын тээврээр гангийн үйлдвэрт очих гэнэ. Ингэхээр цаг хугацаа алдахгүй сайн талтайгаас гадна тээвэрлэлтийн зардал өндөр гарахгүй гэнэ. Мөн Сэхээ боомт дээр хоёр жилийн өмнөөс эхлэн “Wansey” компани конвейероор дамжуулан нүүрс хилээр нэвтрүүлэхээр тоног төхөөрөмжийг нь бүрэн угсарсан байна. Хэрэв хоёр улсын хилээр нүүрсийг туузан дамжуургаар тээвэрлэх
нь аль аль талдаа
ашигтай гэнэ. Дээрх компанийнхан
Монголын тал конвейероор нүүрсээ
дамжуулахыг болоод гангийн үйлдвэрүүд
Монголоос ирсэн нүүрсийг худалдаж
авах эсэхийг хүлээж байгаа
гэнэ.

НЭГ МАШИН НҮҮРС ХИЛЭЭР ГАРГАХАД 22 ТӨРЛИЙН ТАТВАР, ХУРААМЖ ТӨЛДӨГ БАЙНА

Сэхээ боомт дээрээс Шивээ­хүрэнгийн боомт руу хөдөллөө. Биднийг очих үед 120 гаруй машин нүүрс хилээр гарсан байв. Шивээхүрэнгийн боомт дээр төрийн байгууллагуудаас гадна томоохон арилжааны банкууд салбараа нээжээ. “ХААН”, “Голомт”, “Хадгаламж” гээд хэд хэдэн банк байгаа харагдана. Мянган машин өдөрт гардаг байх үед заримдаа мөнгөний нөөц нь дуусдаг байсан бол одоо үйлчлүүлж байгаа хүнгүй л сууцгааж байна. Нүүрс экспортолдог компаниуд 22 төрлийн татвар, хураамж төлдөг гэнэ. Тал нь хуулийн дагуу, үлдсэн нь орон нутаг, төрийн байгууллагын нэрээр авдаг хураамж. Мэргэжлийн хяналтын байцаагч гэхэд ариутгалын төлбөрт 1500 төгрөг авах юм. Тэгсэн мөртлөө ариутгах газар алга байна лээ. Зун болохоор хлораминтай ус туулуулаад гаргадаг гэсэн. Өвөл, хавар, намрын улиралд зүгээр л мөнгө авдаг юм байна. Гаалийн хураамж буюу үйлчилгээ үзүүлсний хураамж гэж бий. Гэтэл нүүрсэн дээр нэг тонноос 1500 төгрөг гээд авчихдаг байна. Ингэчихээр гаалийн үйлчилгээний ху­раамж биш, гаргаж байгаа бүтээгдэхүүний хэмжээнд оногдуулсан татвар болчихож байгаа аж. Тэгсэн мөртлөө татвар гэж тусад нь авдаг. Нүүрс экспортолдог компаниуд нийт олж байгаа мөнгөнийхөө
44-55 хувийг татвар, хураамжид өгсөн байна гэх тооцоо гарчээ. Нүүрсний компаниуд хаалгаа барих дээрээ тулаад байгаад татвар, хураамж ч нэлээдгүй нөлөөлж байгаа гэнэ. Иймд  хил гааль дээр төлдөг хураамжийг багасгах хэрэгтэйг уул уурхайн компаниуд онцлон  хэлж байна лээ.

БИД ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТЭЭ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛНЭ” ГЭВ

Шивээхүрэнгийн боомтын Гаалийн дарга Ё.Батцэнгэлтэй уулзлаа. Тэрбээр “Манай Ши­вээхүрэнгийн боомт нэг үеэ бодвол боловсронгуй болоод байна. Анх хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байсан бол өдөө гэрэлтүүлэгтэй болсон. Гаалийн талбайг засаж, янзлаад сайхан болгосон. Бид 24 цагаар ч ажиллах нөхцөл боломжтой болсон. Гэвч сүүлийн үед нүүрс тээвэрлэлт зогсонги байдалтай байна. Уурхайгаас гарч байгаа нүүрс шинэ зам ашиглалтад орсноор цаг гаруйхан давхиад ирэх тооцоо гарсан. Бид шинээр ашиглалтад орох гэж байгаа бетонон зам дээр хэд хэдэн хяналтын камер тавихаар төлөвлөж байна. Хэрэв камер ажиллуулаад эхэлбэл жолооч нар ямар нэгэн зүйл нүүрсэн дор нууж хилээр гаргах ойлголт байхгүй болно. Ирэх сараас бид гаалийн бүрдүүлэлтийг цахим хэлбэрт шилжүүлэх гэж байгаа. Цаасыг халж цахим хэлбэрт шилжүүлэх ажлын бэлтгэл үндсэндээ хангагдаад дуусч байна. Манай хилээр нэвтэрч байгаа машиныг бид цахим хэлбэрээр бүртгээд Сэхээ боомтынхон руу сүл­жээгээр явуулах юм. Сэхээ боомтынхон бидний явуулсан мэдээлэл дээр түшиглээд шал­галт хийгээд хилээр хурдан нэвтрүүлэх арга хэмжээ авах юм” гэв. Шивээрхүрэнгийн боомт дээр “SUNTRANS” компани хилээр туузан конвейер нэвтрүүлэхээр хашаагаа барь­сан байна лээ. Өндөр гэгчийн цэнхэр хашаа улсын хилд тулгаад барьчихсан байв. Засгийн газраас зөвшөөрлийг нь өгөх юм бол хилээр нүүрс тээвэрлэх гэнэ. Мөн “Монголын алт” компанийнхан уурхай дээ­рээс конвейероор шууд хил хүртэл нүүрс тээвэрлэх гээд ажлаа эхлүүлсэн байна лээ. Мөн төмөр зам барих ажлын техник, эдийн засгийн үнэлгээ болоод зураг төслийг нь бэлэн болгожээ. Одоо зөвхөн УИХ-аар асуудлыг шийдэх дутуу байгаа аж. Нүүрсний экспорт зогсонги байдалд орсноор манай уул уурхайн компаниуд болон хилийн цаадах бүс орчимд иргэдийн аж амьдрал хийгээд эдийн засгийн эргэлт ийнхүү “зогсонги” өрнөж байна. Уул уурхайн компанын удирдлагууд  “Төр, засгийн удирдлагууд нүүрсний экспортыг сайж­руулах, үнийг тогтвортой ба­рих, тээвэрлэлтийн зарим бэрхшээлтэй асуудлыг шийд­вэрлэх зэрэгт анхаарлаа хан­дуулж, шаардлагатай арга хэмжээнүүдийг даруй авахгүй бол зөвхөн хил орчмын иргэд, худалдаа үйлчилгээний тө­вүүд ч биш улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх юм. Нүүрсний салбарыг одоо л хүнд байдлаас нь гаргах ажлыг эхлүүлэхгүй бол энэ жилийн төсвийн тодорхой хувь, бусад хөрөнгө оруулалтууд, шаардлагатай зардлууд талаар өнгөрнө. Тиймээс харьяа яам болоод холбогдох удирдлагууд тодорхой ажил хийж эхлэх хэрэгтэй байна”  гэх аж.

Э.ХҮРЭЛБААТАР 

Categories
редакцийн-нийтлэл

Таны эрх чөлөө дараагийн хүний хамрын үзүүрээр таслагддаг

Нийгмийг бүрэлдүүлэгч эр, эм хүйсийн
хувьд эрх тэгш харилцаатай
байх талаар их л
яригддаг сэдэв. Ярихаас аргагүй
байгаа нь олон зуун
жилийн турш замнаж ирсэн
уламж­лалт ойлголтоо дагасан
ч, физиологийн бие бялдрын онц­логоо дагасан ч
эр нь эм хүйс­­­тэндээ дээрэнгүйлэн хан­дах бай­дал
үргэлжилсээр бай­гаагийнх юм.
Хэдийгээр сүүлийн 100 жилийн хугацаанд энэ
байдлын эсрэг тэм­цэл
өрнүүлж, яригдсаар ирсэн ч Арабын
хийгээд Азийн зарим оронд
эмэгтэй хүн босгоны шороо
мэт үзэгдсээр л байгаа. Энэтхэгт
найз залуутайгаа явсан бүсгүйг бүлэг
залуучууд хүчирхийлэн амь насанд нь
хүрч, Пакистанд фэйсбүүк хэрэглэсэн охиныг эрчүүд чулуугаар
нүүлгэн цус нөжинд нь
хутгачихаад баярлалдан зог­сох энүүхний
хэрэг. Манайд ч гэсэндээ
гурван хүүхдийг нь төрүүлж өгсөн
эхнэрээ дөрөөгөөр нүдсээр байгаад алчихсан,
барилгын багажаар эхнэрийнхээ бүх ясыг нь
үйрүүлж хэмхчиж хороосон, дотор
эрхтнийг нь үйртэл нь
зодож гэмтээчихээд дэлүүг нь өөрөө
оёж суусан гээд сонсоход
ч чих өвдөм
хэргүүд гардаг. Гэр бүлийн
хүчирхийллийг гэмт хэргийн бүрэлдэхүүнд
тооцдог хууль эрх зүйн
баримт ч алга, хүмүүсийн
сэтгэлгээ ч үүнийг эр,
эмийн хувийн асуудал хэмээн
боддог хэвээр.

Бас ч гэж нэг
үеэ бод­вол манайх
гэр бүлийн хүчир­хийллийг
гэмт хэрэг гэдэг үүднээс
нь бодож эхлээд бай­гаа нь сайн
үзүүлэлт. Одоо нэг айлд
үймээн шуугиан болж, хэдэн
өдрөөр нэгнийгээ там­лан зовоож
байвал цаг­даа дуудчих
хэмжээний сэтгэл­гээ­тэй
болж л байх шиг.
Алтан­­хүүгийн гэгдэх хэргийн
дуулиан шуугианаас хойш гэр бүлийн
хүчирхийллийн улмаас амь насаа
алдсан охид эмэгтэйчүүдийн тухай
мэдээлэл олноороо гарах болсон. Гэхдээ
энэ нь ийм хэрэг
нэмэгдээд байгаадаа бус үүнийг гэмт
хэрэг гэж үзэж болох
юм байна шүү хэмээн
нийгэм даяараа хүлээж авсандаа
олон ний­тэд дэлгэж
байгаа хэрэг юм. Удахгүй
эхлэх хаврын чуул­ганаар
Гэр бүлийн хүчир­хийлэлтэй
тэмцэх хуульд хэрхэн өөрчлөлт
орох бол гэдэг нь
сонирхол татаж бай­на.
Мэдээж, дагалдах хууль тогтоомжуудад ч
өөрч­­лөлт орж байж
үүнийг бүхэлд нь өөрчлөх
хэрэгтэй болно. Эхлээд дор
хаяж л гэр бүлийн
хүчирхийлэл нь гэмт хэрэг
гэдгийг зааж өгөх шаардлагатай.
Цаашлаад цагдаад таслан сэргийлэх
эрх нь байдаг болбол
тун чухал. Өнөөдөр гэр
бүлийн хүчир­хийллийн дуудлага
ирэхэд цагдаа ирээд их
сайндаа эвлэрэхийг зөвлөөд явахаас арга­гүй болдог. Тэгэхгүй
бол хартай нөхөр нь
үүргээ гүйцэтгэж яваа цагдаатай хүртэл
эхнэрээ хардаж зодоод эхлэх
нь бий гэдэг.

Өнгөрсөн ням гаригт Сам­
бууням овогтой Эрдэнэбилэг хэмээх
40 настай монгол залуу АНУ-ын цагдаа нарт
буудуулж амь насаа алдсан
тухай мэдээлэл тарсан. АНУ-ын
хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр хөршүүдийн нь дуудлагаар цагдааг
очиход монгол залуу хамтран
амьдрагч эмэгтэйгээ үсдэж аваад зодож
байжээ. Цагдаа нарын шаардлагыг
эс биелүүлж, тэдэн рүү хүр­тэл дайрах гээд
байсан учраас таслан сэргийлэх
арга хэмжээ авч буудаж
амь насыг нь хороосноо
цагдаа нар мэдэгдсэн байна.

Цөөхөн монголчууд хүний нутагт ямар
нэг байдлаар амь насаа алдаж
байгааг дуулахад нутагтаа байгаа хүмүүст амаргүй
байдаг. Гэхдээ энэ явдал
хууль ёст оронд хууль
цааз, дүрэм журам ямар
чухал байдаг юм бэ,
бүр хүний аминаас ч
үнэтэй байдаг юм байна
гэдгийг харуулж байгаа юм.
Нэгийг нь аврахын тулд
нөгөөг нь буудаж байна.
Мон­голчууд болсон хойно
нутагтаа л байгаа юм
шиг санаж авирлажээ. Манайд
бол цагдаа нар өөрсдөө
хэд цохиулж байж салгаж
магадгүй, сог­туу бол
эрүүлжүүлэхэд аваачиж эс бол
72 цаг саатуу­лаад гаргана.
Нөгөөх нь гарч ирээд
үргэлжлүүлээд л хүчирхийллээ үйлдэнэ.
Харин АНУ-д хүчирхийллийг
таслан зогсоож, аргагүй хамгаалалт гэдэг
үүднээс нохой мэт л
буудаад алчихаж байна. Энэ
бол хууль цаазын ялгаа,
соёлын ялгаа.  Манайд
ийм тохиолдолд цагдаа галт зэв­сэг хэрэглэх эрхгүй.
Харин тэнд таны эрх
чөлөө дараагийн хүний хамрын үзүүрээр
таслагддаг учраас давраад байвал
нам дарна. Эмэгтэйчүүд нь
өөрсдийгөө хамгаалах үүднээс буудчих эрхтэй.
Үүнийг аргагүй хам­гаалалт
л гэнэ. Харин
манайд насаараа нүдүүлж, идүүлж дуусаад эцэстээ
үр хүүхдээ хам­гаалахын
тулд хүн араат­ныг
алж хороочихоод, эсвэл өөрий­гөө
хамгаалах төрөлх зөн совингоороо
хүчирхийлэгчийг алчи­хаад хүний
амины хэргээр ял хүлээдэг.
АНУ-д гар бууг
өөрийгөө хамгаалах зорилгоор хүн бүр хэрэглэж
болно. Хэрэв хэн нэгэн
хүн таны гэрт дайран
орж ирвэл, танд халдаж
хүчирхийлэхийг оролдвол нам буудаад л
хаяна. Манай залуучууд автозамын
хөдөлгөөнд оролцож явахдаа өвгөн
жолоочид эр бяраа гаргах
энүүхэнд. Харин АНУ-д
тэгдэггүй нь жигтэйхэн соёлтойдоо
биш юм. Өнөөх нь
дээрэлхүүлэхгүй гээд буу гаргаж
ирээд буудчихаж болох учраас тэр
шүү дээ.

Тэгэхээр хүчирхийллийг даамжруулахгүйн тулд хууль цаазандаа
л тэр боломжийг
нь бий болгох нь
чухал ажээ. Төрийн ажил
гэхээр уддаг, хүнд суртал
гаргадаг тэр сэтгэлгээнээсээ салмаар
байна. Саяхан хүчирхийлэлд өртсөн
хүүхэд, эмэгтэйчүүдийг (эрэгтэйчүүд ч байж болно
л доо. Гэхдээ
энэ нь тун ховор
юм) хамгаалах байрыг шинээр ашиглалтад
оруулсан. Олон улсын жишигт
ийм байрыг хохирогчдын аюулгүй
байдлыг хангах үүднээс хаана
байгааг нь зарлаж, нээлтээ
хийхдээ тууз энэ тэр
хайчлаад байдаггүй л дээ. Харин
Монголд анх удаа төрийн
байгууллага ийм байрыг нээхдээ
сүртэйхэн нээлт хийсэн. Цагдаагийн
байгууллагын дэргэд нээж байгаа
болохоор аюулгүй бай­дал
нь найдвартай гэж үзсэн байж
болох л юм. Хамгийн
гол нь шинэ байранд
одоогоор нэг хүн ч
хүлээж аваагүй байна. Хүчирхийллийн
эсрэг төвийн харьяаны хамгаалах
байр нь пиг дүүрчихээд
байгаа ч төрийн хамгаалах
байранд хүн байршуулах журмыг
нь ХЗЯ-наас батлаагүй
байгаа учраас ийн хүн
авахгүй байгаа ажээ. Төрийн
гэхээрээ л ажил ингэж
удаан явдаг баймааргүй байна.
Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг
бид одоо нухацтай бас
яаралтай авч үзэх цаг
болсон. Нэг нь шороонд
булагдаж, нөгөө нь шоронд
хатаагдахаас нь өмнө гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх олон арга
бий. Олон улсын практикт
анхдагч урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүр
хүүхэд байхаас нь л
хэрэгжүүлдэг юм билээ. Хүчирхийлэгч
болж төлөвшихөөс нь өмнө шүү
дээ. Тэгээд ч гэр
бүлийн хүчир­хийллийн өртөг
зардлын тоо­цоог гаргадаг
гадны жиш­гийг харвал
хүчирхийлэл үйл­дэгдсэний дараа
төрөөс гарч байгаа зардал
нь урьдчилан сэргийлэх зардалтай харьцуу­лахад хамаагүй
өндөр байдаг учраас улс
орнууд урьдчилан сэргийлэхийг л илүүд үздэг
гэж байгаа юм.

Гэр бүлийн хүчир­хий­лэл­тэй тэмцэх
олон арга зам бидэнд
байна. Эхлээд үүний­гээ
хуулийн дагуу гэмт хэрэг
хэмээн тооцож, ногдуулах шийтгэлийг
нь тодорхой болгох хэрэгтэй. Мэдээж,
дагалдах хууль тогтоомжуудад ч
өөрчлөлт оруулж таарна. Бас
хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүстэй
ажиллахаас гадна хүчирхийлэл үйлдэж
байгаа хүмүүстэй тулж ажил­лах
аргууд бий. Бас ийм
бай­дал дөнгөж үүсч
байгаа тохиолдолд сэтгэл зүйчид орж
ажилладаг туршлага ч бий. Цаашлаад
таслан сэргийлэх арга хэмжээ нь
тодорхой болж, анхдагч урьдчилан
сэргийлэх арга замуудыг хэрэгжүүлбэл
хамаагүй зардал хэмнэгдэнэ гэж
байгаа юм.

Тэгэхгүй
бол Монголынхоо учир замбараагүй
амьдрал шигээ эхнэрээ сар болгон балбах ёстой гэсэн бодлоороо байгаад байвал хил
даваад л хууль цаазтай орны цагдаа нарт буудуулж хороогдсоор байх нь байна шүү, бид.