Categories
редакцийн-нийтлэл

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил урагштай явж байна

НИТХ-ын
дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал
хариуцсан орлогч С.Очир­бат, Нийслэлийн гэр хо­рооллын хөгжлийн газрын дарга Ц.Ганхуяг
болон нийслэлийн Ерөн­хий тө­лөв­лөгөөний газрын холбогдох мэргэжилтнүүд нийс­лэлийн
зарим байршил дахь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай газар дээр нь очиж
танилцлаа.

Өнгөрсөн
жил БХБЯ, НЗДТГ-тай хамтран “Хилчин” хотхоны ойролцоо буюу СХД-ийн 30 дугаар хороонд
Гэр хорооллын дахин төлөвлөлт буюу газар шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлсэн би­лээ.
Тус хорооны 168 айл дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтээ илэрхийлснийг нийслэлийн
удирд­лагуудаас дэмжин ийн ажил хэрэг болгожээ. Гүйцэтгэгчээр “Атмор” компани ажиллаж
байна. Тэдгээр айлууд нь дахин төлөвлөлтөд хамрагдсанаар инженерийн шугам сүлжээнд
бүрэн холбогдон, 1.5 км хатуу засмал зам тавиулахаас гадна өнгө үзэмж сайтай нэгэн
жигд төмөр сараалжийн төмрөөр хашаалах юм. Өчигдрийн байд­лаар авто замынх нь суурь
хучилт хийгдсэнээс гадна айлуудаа бү­рэн хашаажуулсан байсан юм. Харин халаалтыг
нь нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нүүрс шингэрүүлэх станцыг барих юм байна.
Өөрөөр хэлбэл нүүрсийг шингэрүүлж иргэдэд түгээх аж. Цэвэр, бохир усны гол шугамууд
нь тавигдсан бөгөөд тэндээс айлууд руу татах салбар шугамын ажил үлджээ. Нүүрс шингэрүүлэх
хийн станц нь мянгаад айлын хэрэгцээг хангах хүчин чадалтай. Төслийг ирэх улиралд
багтаан дуусгах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

“Хера
констракшн” компани нь СХД-ийн зургаа, долдугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийг
хэрэгжүүлэгчээр сонгогдсон бөгөөд эхний ээлжинд тус бүр нь 63 айлын есөн давхар
гурван орон сууц барихаар суурийг нь ухаад эхэлчихсэн байсан юм. Төвийн ус дулааны
шугаманд хол­богдохоор зураг төсөл нь гарсан юм байна. Эдгээр байрууд нь бүрэн цутгамал
юм байна. Эхний ээлжинд най­ман айлын 4000 гаруй м.кв талбайг чөлөөлөн дээрх барилгын
ажлаа эхлүүлжээ.

СХД-ийн
тавдугаар хороонд “Жи Ди” компани дахин төлөв­лөлтийн хүрээнд 52.6 га талбайд барилгажилтын
ажил хийж гүйцэт­гэхээс өчигдрийн байдлаар 4.9 га талбайд 15 болон 12 давхар гурван
барилга барихаар төлөвлөсөн байсан юм. Бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн тулд эхний
ээлжинд 32 айлын газрыг чөлөөлөх бөгөөд үлдсэн 40-өөд айлын газрыг ирэх зунаас чөлөөлснөөр
эхний ээлжийн бүтээн байгуулалт явагдах 4.9 га талбай бий болох гэнэ. Тус хороонд
нийтдээ 10-15 давхрын 51 байр баригдахаас энэ ондоо эхний хоёроос гурван байрыг
ашиглалтанд оруулахаар ажиллах юм байна. Дулааны асуудлыг нь шийдчих юм бол төвийн
цэвэр, бохирын шугаманд холбогдчих юм байна.

“Назу
пропорти” компани нь Сонгинохайрхан дүүрэг дэх Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байрны
ойролцоох 11.5 га талбайд орон сууцжуулахаар сонгогдсон. Дэд бүтцийн зураг төсөл
нь ирэх сард гарснаар барилгын ажил эхлэх боломжтой. Энэ хэсэгт нийтдээ 1950 айлын
орон сууц барихын тулд 240 гаруй айлын газрыг чөлөөлнө. Энд цахилгаан, цэвэр усаар
хангахад хүндрэлгүй хэдий ч бохирынх нь асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа талаар
компанийн ажилтнууд уламжилж байсан юм. Харин дулааны асуудлыг бие даасан хэлбэрээр
шийдэх хэрэгтэй гэх үүргийг Нийслэлийн удирдлагуудын зүгээс хэлж байлаа. Энэ зунаас
гурван барилгын аж­лыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Бор­луулалт дээр НОСК-тай хамтран
ажиллах хүсэлтэй байгаа юм байна. Энд орон сууцнаас гадна 640 хүүхдийн сургууль,
240 хүүхдийн цэцэрлэг болон үйлчилгээний төв байгуулагдах аж.

Чингэлтэй
дүүргийн долоогоос арваннэгдүгээр хороонд дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр сонгогдсон
“Өндөр буянт холдинг”-ийн ажил удаашралтай явагдаж байсан юм. Биднийг ажлын талбай
дээрээ бус албан тасалгаандаа угтаж авсан бөгөөд ерөнхий төлөвлөгөөгөө батлагдахыг
хүлээж суусан юм. Энэ хэсэгт дулааны шийдлийг нь өөрөөр хийх хэрэгтэй болох нь зураг
төслөөс нь харагдаж байлаа. Чингэлтэй дүүргийн 13 болон 15 дугаар хороонд “Асар
өргөө” болон “Буурал сутай” ком­паниуд барилгажилтын ажлыг эхлүүлжээ. Тус бүр
7.5 га талбайд барилгажилт, тохижилтын ажлыг хийхээс эхний ээлжинд “Асар өргөө”
компани таван давхар 20 айлын хоёр барилга барихаар төлөвлөн, суурийг нь ухчихсан
байсан юм. Харин “Буурал сутай” компани таван айлын чөлөөлсөн газар дээр 12 давхар
барилгынхаа суурийн арматураа зангидчихсан байсан бөгөөд удахгүй цутгалтаа хийнэ
гэж байсан юм. Энд цахилгаан, цэвэр бохирын шугаманд холбох ажил нь асуудалгүй гэнэ.
Харин халаалтыг нэмж хоёр уурын зуух барихаас гадна, одоогийн уурын зуухных нь хүчин
чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай аж. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд “Цэлмэг
Ази” компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлж байгаа юм. Өчигдрийн
байдлаар тус бүр нь таван давхар хоёр барилгынхаа суурийг тавьчихсан байлаа. Харин
ойролцоох бохирын байгууламж нь саарал усаа хөрсөнд нэвчүүлдэг учраас ухсан газрынх
нь зүүн хойд хэсгээс ус нэвчжээ. НИТХ-ын дарга Д.Баттулга “Эхлээд цэвэрлэх байгууламжаа
барьж ашиглалтанд оруулах хэрэгтэй. Үүнийхээ дараа одоогийн хөрсөнд саарал усаа
нэвчүүлдэг цэвэрлэх байгууламжийн шугамыг тэндээ холбо. Тэгээд барилгын ажлаа эхлүүлэх
хэрэгтэй” гэсэн зөвлөмжийг өгсөн юм.

Дээрх
бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтүүд нь хийгдчих­сэн учраас санхүүгийн тал дээр
хүндрэлгүй аж. Гагцхүү ганц нэг­хэн байршил дээр зураг төсөл нь батлагдах, газар
чөлөөлөлт, дулааныг нь шийдвэрлэх зэрэг багахан хүндрэлүүд гарч байгаа ч үүнийг
шийдвэрлэхээр ирэх долоо хоногт хотын удирдлагууд барилгын компанийнхантай зөвлөлдөх
гэнэ.

М.УУГАН-ЭРДЭНЭ  

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Оюундарь: Улс төрийн намын тухай хууль батлагдахаас өмнө намыг бужигнуулах онцын шаардлага алга

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай
ярилцлаа.

      

-Тэгэхээр танай намаар сүүлийн үед ямар
сонинтой вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Манай нам 2014 оныг дотоод сургалтын жил болгон зарласан.
Үүний хүрээнд намын анхан шатны байгууллагуудад хүрч ажиллахаар төлөвлөж байна.
Тэдэнд зориулж  багаар ажиллах, манлайлагч
байх тухай сургалт явуулахын зэрэгцээ намын мөрийн хөтөлбөрийн явц, ирэх  2016 оны сонгуулийн бэлтгэл ажлын талаар  сумдын чуулган хийхээр бэлтгэж байна. Энэ бол  нэлээд урт хугацааны нарийн төлөвлөлттэй ажлууд
л даа. 

-АН засгийн эрхэнд гараад  бараг хоёр жил болох нь. Сонгуулиар амласан мөрийн
хөтөлбөрийн биелэлт ямар байгаа бол, ажлын бүтээмж хэр байна гэж дүгнэж байгаа вэ?

-Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт  жил бүрийн тайлангаар тодорхой гарч байгаа. Өнгөрсөн
сонгуулиар манай намаас гаргасан мөрийн хөтөлбөрийнхөө дагуу Засгийн газар ажлаа
явуулж байна. Мэдээж дөрвөн жилийн дотор амжихааргүй том зорилтууд манай мөрийн
хөтөлбөрт бий. 2030-2040 он гэхэд үр дүн нь харагдахаар бүтээн байгуулалтын ажлууд
олон тусгагдсан. Энэ бүхний биелэлт яг тэдэн хувьтай явж байна гэх боломж одоо байхгүй.
Тодорхой тоогоор илэрхийлсэн бодитой зорилтууд байсан. Тухайлбал, аймгуудыг  хатуу хучилттай замаар холбоно, оношилгооны төвтэй
болгоно гэх мэтийн ажлууд эхнээсээ хэрэгжиж буйг  хүн бүхэн харж байгаа биз ээ. 

-Улс төрийн намууд сүүлийн үед хэлэлцүүлэг
ихээр зохион байгуулдаг болжээ. Гэхдээ эрх баригч намынхан оролцдоггүй, оролцохоороо
үл ойшоо­сон байдалтай шүүмжлэл хэлээд гардаг гэсэн яриаг улс төрийн намууд гаргаад
байх шиг байна…

-Хамгийн сүүлд МАН-ын зохион байгуулсан хурал үнэхээр шүүмжилмээр
байсан шүү дээ. Хэлэлцүүлгийнхээ урилгыг хурал болохын өмнөх өдөр өгсөн.  Тэгээд хүрээд очтол Үндсэн хуулийн өөрчлөлтөөс
эхлээд маш олон чухал хуулиудын тухай том агуулгатай зүйлүүдийг багтаасан уриалгад
шууд гарын үсэг зуруулна гэсэн.  Үнэндээ энэ
тухай нь МАН-аас бусад намууд урьдчилж мэдээгүй. Намынхантай ярьж зөвшилцөөгүй мөртөө
намууд тэр уриалгыг нь тойруулаад гарын үсэг зураад байсан.  Хэлэлцүүлгийг ингэж биш, утга учиртай хийх ёстой.

Дээрээс нь тэнд ирсэн хэвлэлийнхэн  миний хэлсэн үгийг хасч монтажлаад зөвхөн шүүмжлэлтэй
хэсгийг нь цацаад байна лээ. Ямар ч байсан тэр хэлэлцүүлэг зорилготой, утга учиртай
байгаагүй.  Иймэрхүү шоунд бид оролцох ч ёсгүй.

-Ямар учраас?

-Сөрөг хүчин нийгмийн өөрчлөлтийн талаар шүүмжлэл өрнүүлэх
хэлэлцүүлгийг хийдэг. Тэр нь эрх барьж байгаа намын үйл ажиллагаанд ажил хэрэгч
зөвлөгөө болох ч тал байдаг. АН сөрөг хүчин байхдаа иймэрхүү хэлэлцүүлгүүдийг хийдэг
байсан. Харин эрх баригч нам тийм хэлэлцүүлэгт оролцож явдаггүй юм. Яагаад гэвэл
тэд улс орныг удирдаж,  ажил хийж яваа хүмүүс.
Тэртэй тэргүй нийгмээс ирж байгаа шүүмжлэлийг 
үйл ажиллагаандаа тусгаад бодлого шийдвэрээ гаргаж яваа. Эрх баригчид бол
ажил хийдэг болохоос хэлэлцдэг хүмүүс биш ээ. Өөрсдөө ажил хийх үүрэгтэй байж, үүнийг
өөрчилнө, ингэнэ, тэгнэ гээд хэлэлцээд суух нь зүйд нийцэхгүй.

-Эрх барьж байгаа хүчин бусдын саналыг
сонсч, зөвшилцлийн журмаар ажлаа явуулах ёстой биш гэж үү?

-Улс төрийн намын үүрэг зорилгыг онолынх нь талаас бодох ёстой.
Улс төрийн намууд ямар бодлогоор улс орныг авч явах юм бэ гэдгээ сонгуулиар танилцуулж
өрсөлддөг. Ард түмний итгэлийг хүлээсэн нам нь засгийн эрх авч, парламентад олонхи
болдог. Тиймээс  ард түмний дунд хэлэлцүүлэг
зохион байгуулж, санаа бодлыг нь сонсох юм уу эсвэл парламентын ажлыг зөвшилцлөөр
явуулах ёстой.

Энэ нь ард түмнээс нэг ширхэг ч санал аваагүй парламентын
гадна байгаа намуудын хийх ёстой ажил биш. Ийм хэлэлцүүлэг өрнүүлээд түүндээ эрх
баригчид ирсэнгүй гэж ярих хэрэггүй.

-Ер нь ард түмнээс санал аваагүй, парламен­тад
суудалгүй намууд хэн ч биш. Хэлэлцүүлэгт оролцох, зохиох эрхгүй гэж үү?

-Ерөөсөө тэгж хэлээгүй. Онолын хувьд зарчим ярьж байна. Парламентад
сонгогдсон намууд, гишүүд тэртэй тэргүй ард иргэдийн үгийг сонсч бодлого шийдвэртээ
тусгаад явж байгаа. Харин Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт
оруулахаар УИХ-аас ажлын хэсэг гаргасан. Энэ хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж,
жижиг намуудыг оролцуулаад байгаа юм. Яагаад гэвэл энэ хуулиудад улс төрийн бүх
намын эрх ашиг хөндөгдөх учраас тэдний оролцоо, санал нь мэдээж чухал байлгүй яахав.
Түүнээс биш өөр бусад асуудлаар байн байн парламентын гадуур цуглараад асуудал хэлэлцээд
байгаа нь улс төрийн онолынхоо эсрэг юм болоод байна.

-УИХ дахь АН-ын бүлгийн дарга ч жижиг
намууд байх хэрэггүй гэж хэлснээсээ болоод нэлээд шүүмжлүүлээд авсан.  Ер нь АН-ын байр суурь жижиг намуудыг татан буулгахад
оршиж байна гэдэг ойлголт сүүлийн үед бий болчих шиг боллоо?

-Сонгуулиар шалгарсан намуудын хүрээнд аливаа бодлого хэлэлцэгддэг
бусад орны туршлагууд байдаг юм билээ. Үүнээс үндэслэж  Д.Эрдэнэбат гишүүн зүгээр санал гаргасан юм билээ.
Түүнээс биш энэ нь  АН-ын байр суурь биш.
Мэдээж аливаа хэлэлцүүлгийн явцад хүмүүс олон орны туршлагыг ярьж, янз бүрийн санал
хэлдэг шүү дээ.

Тэр л маягаар явсан болохоос тэгж өөрчилнө гэж яриагүй. Үүнийг
нь өлгөж аваад улс төр хийсэн байх.

УИХ-аас гарсан ажлын хэсгүүд Улс төрийн намын тухай, Сонгуулийн
тухай хуулийн төслүүдийг жижиг намууд маш сайн танилцуулж байгаа байх. Үнэхээр тэд  нухчин даруулахгүй л гэж байгаа бол эдгээр хуулиудын
ажлын хэсгээр дамжуулж, саналаа оруулах эрх нь нээлттэй шүү дээ. 

-Эдийн засаг хямарч, ам.долларын ханш
дийлдэхээ байсан энэ хүнд үе яг АН-ыг засаг барих хугацаанд бий болчихлоо. Та энэ
талаар ямар бодолтой байгаа вэ?

-Ер нь эдийн засаг бол ямар нам эрх барьснаас үл хамааран
унаж, сэргэдэг шүү дээ.

Эдийн засгийн хямрал дэлхий нийтийн хэмжээнд явагдаж байгаа
зүйл. Өнөөдөр бид Орос, Хятад гэсэн хоёрхон худалдан авагч, нийлүүлэгчтэй. Тиймээс
тэнд хямрал болбол манай эдийн засаг унадаг. Хятад улс нөөц хуримтлуулах шаардлагагүй
гэж үзээд зэс, нүүрс авахаа болиход л  манай
эдийн засаг хямарч байна. Хамгийн гол нь бид эдийн засгаа сайн байх үед тодорхой
хэмжээний нөөц хуримтлуулж чадаагүй сул цацсаныхаа горыг өнөөдөр амсч байна. Харин
сая Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хууль гаргасны хүчинд алтны нөөц нэмэгдэх
хандлагатай болж байна. Зөв бодлого явуулбал үр дүн нь ийм хурдан гардгийн жишээ
энэ. Алтын үнэ нэмэгдээд ирвэл ам.долларын ханш баригдах сайн талтай.

Нөгөө талаасаа нэг зүйлийг эргэцүүлмээр байгаа юм. С.Батболдын
Засгийн газрын үед  нүүрс, зэсийн үнэ дэлхийн
зах зээл дээр дээд цэгтээ хүрсэн.

Тийм учраас манай ДНБ-ий өсөлт их байсан. Харамсалтай нь тэр
үед зам тавьсан бил үү. Ямар бүтээн байгуулалтууд хийлээ. Өсөөд байгаа эдийн засаг,
ДНБ нь яагаад хүмүүсийн нүдэн дээр зам, барилга болж харагдаагүй юм.  Тухайн үед болж байсан эдийн засгийн чуулган дээр
хүмүүс үүнийг л асууж байсан. Сэтгүүлчдийг ингэж асуухад хариулж чадах хүн олдохгүй
байсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр эдийн засаг муудлаа гээд шүүмжлээд байгаа боловч
1800 гаруй км зам тавьчихлаа, хотын уулзваруудыг цэгцэллээ. Удахгүй Амгалангийн
дулааны станц ашиглалтад орох нь. 11 аймаг оношилгооны төвтэй болох нь. Амьдрал
эцсийн эцэст жижиг зүйлээс бүтдэг гэж Дейл Карнегийн үг бий шүү дээ. Үүн шиг бид
өнөөдрийг хүртэл том том өсөлт ярьсаар ирсэн болохоос хэзээ ч замын түгжрэл, хүүхдийн
цэцэрлэгт анхаарал хандуулж байсангүй. Энэ бүхнийг АН хийгээд ирэхээр “жижиг, сажиг
юм хөөцөлдлөө” гээд шүүмжлээд байна. Ер нь бол олон түмэнд таалагддаг юм гэж байдаггүй.
Тэд үргэлж шүүмжилдэг,  шүүмжлэх ч эрхтэй.
Гэхдээ эцсийн дүнг сонгууль тавьдаг. Үүнээс өмнө бид эрх баригчдыг сайн, муу ажиллалаа
гэж дүгнэх  шаардлага байхгүй.

-Оюу толгойг ядаж ажиллуулахгүй бол хөрөнгө
оруулалт бүр зогсчихлоо. Хүмүүс мөнгөгүй болчихлоо гэдэг л яриа гадуур байна л даа?
 

-Хөрөнгө оруулалт бол дэлхийн эдийн засагтай холбоотой. Дэлхийн
зах зээлд худалдан авалтын эргэлт удаашраад ирэхээр томоохон хөрөнгө оруулагчид
харзнаад эхэлж байна. Зөв үед шийдвэрээ гаргах гээд хүлээж байгаа байх. Оюу толгойн
асуудлыг хувь хүнийхээ хувьд сонирхож үзсэн л дээ. Гэтэл Монголын Засгийн газар
Оюу толгойд цахилгаан тавьж өгнө гэж амлачихаад биелүүлээгүй. Оюу толгой өөрсдөө
хөрөнгө зарж Хятадаас шон татсан. Монгол Улс Оюу толгойд зам тавьж өгөх ёстой байсан
ч хийгээгүй. Оюу толгой мөн л өөрсдөө замаа тавьсан. Энэ бүхэнд зарцуулсан хөрөнгийг
одоо яах вэ  гэдэг дээр маргаан үүсчихээд
гацаад байгаа  юм байна гэж хар ухаанаар ойлгосон.  Өмнөх засгийн үед ийм алдаатай ажилласны гор нь
өнөөдөр Оюу толгойг гацаачихаад байгаа юм биш үү. 

-Одоо намын дотоод асуудал руу оръё.
АН-ын ҮЗХ хэзээ хуралдах вэ. Эсвэл хуралдахгүй юу гэдэг асуулт өнөөдрийг хүртэл
хариултгүй явна. Тодорхой шийдэлд хүрсэн болов уу?

-ҮЗХ жилд хоёр удаа хуралддаг. Төдий өдийд хуралдана гэдгийг
намын дарга юм уу эсвэл ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэгийн саналаар шийддэг. Өнөөдрийн
хувьд Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх асуудал яригдаж байна.  Энэ хууль хэрвээ батлагдвал улс төрийн намууд
тогтолцооны хувьд эрс өөр болох юм. Үүнээс өмнө намыг бужигнуулаад байх онцын шаардлага
алга. Нөгөө талаар манай нам 16 аймагт засаг барьж байна. Эрх баригч намын хувьд
улс орны хэмжээнд шийдэх ёстой олон ажил байна. Энэ үед заавал ҮЗХ хуралдуулах шаардлага
байна уу гэдэг асуудал байгаа юм. Гэхдээ манай нам олон фракц жигүүртэй. Тэднээс
бүрийн санаа оноо, шаардлага тавьж байна. Тэр болгонд тухай бүрт нь хариулт өгөөд
асуудлыг тайлбарлаж байгаа.

-АН ротацигүй болчихсон. Гол нь үүнийгээ
дүрэмдээ буцааж тусгах асуудлыг ҮЗХ-гоор ярья гээд байгаа. Улс төрийн намын тухай
хууль батлагдчихвал үүнийг зохицуулчихна гэж үү?

-Хэрэв ҮЗХ хуралдаад дүрэмдээ ямар нэгэн өөрчлөлт оруулж,
дотоод сонгууль явуулахаар болчихлоо гэж үзье. Дараа нь Улс төрийн намын тухай хууль
батлагдчихлаа гэж бодъё. Тэгвэл тэр үед дахиад л ҮЗХ-г хуралдуулах шаардлага тулгарна.
АН хууль нийцүүлж дүрмээ өөрчлөх шаардлага гарна шүү дээ. Тэгэхээр дахин дахин хурал
хийж, бөөн зардал үрэх болчихоод байгаа юм.

Улс төрийн намын тухай хуульд  юу явж байгаа юм бэ гэвэл намуудыг нэгдсэн үлгэрчилсэн
дүрэмтэй болгох асуудал туссан.  Өөрөөр хэлбэл,
Улс төрийн намын хуулиар бүх нам нэг ижил дүрэмтэй болно гэсэн үг. Удирдлага нь
босоо тогтолцоотой байх юм уу, хэвтээ тогтолцоотой байх юм уу гэдгийг энэ хуулиар
заагаад өгчихнө.  Ийм системээр явж байж төрийн
эрх барих нэгдмэл соёлыг бий болгоно гэж үзсэн байгаа. Өнөөдрийн байдлаар манай
нам удирдлагын хэвтээ тогтолцоотой учраас гишүүд нь өөр өөрсдөө шийдвэр гаргадаг.
Дээрээс дарга нөлөөлөөд байх нь ховор. Яг энэ соёлоороо засгийн түвшинд ч ажиллаад
байна. Тухайлбал, аймгийн Засаг даргыг иргэдийн хурал нь сонгодог. Ерөнхий сайдад
тийм ч их хамаатай биш байдлаар явдаг шүү дээ. Засгийн эрхийг АН барьж байгаа боловч
Өвөрхангай аймагт МАН ялсан учраас тэдний бодлогоор орон нутгийг удирдаж байх жишээтэй.
Ийм зөрчилдөөнтэй зүйлүүд байна. Гэтэл МАН, МАХН удирдлагын босоо тогтолцоотой учраас
даргынх нь шийдвэр бүх шатандаа хэрэгждэг. Тэд засгийн эрхийг авахаараа яг л энэ
соёлоороо ажлыг явуулдаг.  Ийм байдлыг өөрчлөхийн
тулд нам болгон нэг ижил дүрэмтэй байх асуудал 
яригдаж байна. Ийм учраас л Улс төрийн намын тухай хууль батлагдсаны дараа
ҮЗХ-гоо хуралдуулж, хуульдаа нийцүүлэн дүрмээ өөрчилсөн нь дээр гэж үзээд байгаа
юм. Түүнээс биш хэлэлцэх асуудлаас айж сандрахдаа ҮЗХ-г хуралдуулахгүй гээд байгаа
юм биш. Манай нам  1996 оны нялхсын өвчнөөсөө  салчихсан, төлөвших шатандаа явна. Гэвч нялхсын
өвчнийг дахин сэдрээх сонирхолтой хүмүүс манай намд байх шиг байна. Тэр хүслээрээ
ҮЗХ-г хуралдуулах шаардлага тавиад  байгааг
ч үгүйсгэхгүй.

-Гэхдээ АН гурван жил цус сэлбэсэнгүй
гэдэг гомдлыг яах вэ?

-Улс төрийн намын тухай хууль өөрчлөгдчихвөл АН 100 хувь цус
сэлбэнэ.

-Гэхдээ Ц.Оюундарь гэдэг хүн эрх мэдлээ
ашиглаж чадахгүй, туршлага дутсан учраас ганцхан намын даргынхаа амыг хараад ажлаа
хийж чадахгүй байна гэдэг шүүмжлэлийг жигүүрийнхэн хэлээд байгаа. Тэднийхээр бол
дүрэмд өөрчлөлт оруулсан Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Ш.Түвдэндорж нарт хариуцлага
хүлээлгэх ёстой юм шиг байгаа юм?

-Шүүмжлэх эрх бүх хүнд бий. Ер нь бол манай намын лидерүүд
өнгөрсөн хугацаанд дотоод зөрчлөө дарж чадаагүй, хувь амбицуудаа барьж чадаагүй
учраас АН ялагддаг, эв нэгдэлгүй байсан юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл ардчилсан
хувьсгалаас арван жилийн дараа нь ардчиллын 
төлөөх таван нам арай гэж нэгдсэн байдаг шүү дээ.  Лидерүүдийн үзэл бодлын зөрчлөөс болоод нам амжилтад
хүрдэггүй байжээ гэдэг дүгнэлтийг би хувьдаа хийдэг. Харин одоо манай нам төлөвшлийн
шатандаа явж байна. Тиймээс тэр “зодолддог” үе өнгөрсөн. Бид хоорондоо “зодолдсоноороо”
ялагдал, задралд л хүрдэг байж. Тийм учраас өнөөдөр эв найртай байж, нэг баг болж
ажиллах нь чухал байна.  Энэ нь нэг нэгийгээ
аялдан дагалдах биш, нэг санаатай, эв нэгдэлтэй байхыг илүүд үзэж байна. Түүнээс
биш эрх мэдлээ харуулах гэж байгаа энэ гээд яваад байвал үр дүнд хүрэхгүй.  Дүрэмд өөрчлөлт оруулсан гээд байгаа гурван хүний
тухайд тийм зүйл байхгүй.  ҮЗХ-ны 228 гишүүн
хуралдаад ротаци явуулах тухай заалтыг дүрмээс хассан. Одоо ҮЗХ дахин хуралдаад
тэр заалтыг буцааж сэргээх  эсэхийг шийдэж
болно.

-Гэхдээ Улс төрийн намуудын тухай хууль
батлагдвал ҮЗХ хуралдахгүй юм биш үү?

-Үнэхээр гишүүд шаардаад ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэг нь бичгээр
саналаа өгөх юм бол ҮЗХ-г хуралдуулж таарна. Бид ч бэлэн байна.  Гэхдээ одоогоор тийм санал ирсэн юм алга.  Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулиудын
талаар бид аймаг, дүүргийн намын хорооны дарга нартаа танилцуулсан. Ийм зүйл явж
байгаа учраас ҮЗХ-г хуралдуулахгүй гээд хойшлуулаад байгаа шүү гэдэг учрыг ч тайлбарласан.
Тэгсэн ч гэлээ ҮЗХ-г хуралдуулна гэвэл бидэнд саналаа өгч болно шүү гэдгийг ч хэлсэн.
Гэвч гишүүд саналаа төдийлөн ирүүлэхгүй байна.

 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ардчилсан хувьсгалын партизануудаа хоёрдугаар эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлье

Сайд нарын хоёрдугаар эмнэлэг
гэж бий. Дарга, сайд голдуу хэвтдэг энэ эмнэлэгт ардын хувьс­галын партизанууд бас
үнэ төлбөргүй эмчлүүлэх эрхтэй. Ханан дээрээ  
наа­чихсан журамд нь тийм өгүүлбэр байна лээ. Хоёрдугаар эмнэлгээр үнэ төлбөргүй
эмчлүүлэх эрхтэй  Ардын хувьсгалын партизанууд
өнөөдөр бид­ний дунд амьдарч байгаа бил үү. Цагтаа улсынхаа тусгаар тогтнолын төлөө
буу, сэлэм барин тэмцэж явсан партизанууд өнөө­дөр цагийн  жамаар өөд болцгоосон. Тэдний нэг нь ч бидний
дунд байхгүй. Ганц, хоёр тулгаралтад оролцож явсан цөөхөн настан л бий байх.  Тэгэхээр журамд заасан ардын хувьсгалын партизан
гэдэг үгийг өөрч­лөх цаг болжээ. Улс тусгаар орших хувь заяанд мөрөө гаргасан ардын
хувьсгалын партизануудаа төр нь онцгойлж үнэ төл­бөр нэхэлгүй дарга сайдуудтайгаа
зэрэгцүүлж хэвтүүлээд  эмчилнэ гэдэг сайхан
хүндэтгэл. Ийм хүндэтгэл хэзээд байх учиртай. Ардын хувьс­галын партизанууд байх­гүй
болсон өнөө үед ч үргэлжлэх учиртай хүндэт­гэл. Улсынхаа тусгаар тогтнолын төлөө  амиа хайрлалгүй зүтгэсэн баат­руудын дараа баат­рууд
төрөхөөр өөр ямар үйл явдал Азийн Монголд өрнөсөн билээ. Түүх сөхье. Хорь гаруй
жилийн өмнө хэсэг залуус цуглаад Ардчилсан холбоо байгуулж ардчилал ярьж эхэлсэн
дээ. Яг тэр үеийг Монголын ардчиллын түүхийн эхлэл гэж дэлхийн судлаачид онцолдог.
Да­лан жилийн турш ганцхан намтай, ганцхан даргатай, хувийн биш нийтийн өмчтэй амьдарч
байсан монголчуудад тэр залуус “Бид буруу замаар яваад байна” гэж зоригтой хэлж
байлаа. Тухайн үедээ тэдний энд тэнд наасан бичиг, үе үе цуглаж ярьдаг ардчиллын
тухай сонин, содон, халуун  яриа үзэг­дэл
байсныг хэн ч үгүйс­гэхгүй. Улс төрийн товчоо ямар ч шийд гаргаж мэ­дэх эгзэгтэй
үед  “Та нар огцор, бид ардчиллыг сонгох ёстой”
гээд дүн өвлөөр Сүхбаатарын тал­бай дээр өлсгөлөн зар­ласан хүмүүс мөн л өнөө залуус.
Улс төрийн товчооны ихэнх гишүүн тэр үед 
даруулгагүй залуусыг дарж авъя, жагсаал цуг­лааныг хүч хэрэглэж тараая, эсвэл
тэр чигт нь орхиё, өлсөж үхнэ л биз хэмээн тун дургүй хандаж  байсан талаар барим та­вим жишээ сонсогддог. Ж.Батмөнх
гуай буурь заа­гаагүй бол цус урсаж ч мэдэх байсныг учир мэдэх улс үгүйсгэдэггүй.
Дэлхий даяараа зөв гэж үзсэн, сонгосон улс нь хөгжөөд байгаа ардчиллыг Монголдоо
авчрахын тулд тэдний  амиа хайрлалгүй зүтгэснийг
нотлох жишээ, баримт тоо тоймгүй.

Ардчилал ялсан ч АН хэдэн сонгууль
дараалан ялагдсан тохиол Мон­голын түүхэнд бий. Тэр жилүүдэд ардчиллын “муусайн”-уудыг
ажилд авдаггүй байв.  Ажилгүй, цалингүй гундуухан
алхах­даа ч ардчиллын үнэт зүйлийг ярьж, ард­чиллын төлөө хоёргүй сэт­гэлээр зүтгэсэн
хүмүүс өнөөх л залуус. Азидаа ардчиллын загвараараа гайхагддаг Монголын ард­чиллыг
жинхэнэ бү­тээсэн хүмүүс  гэх гээд байна л
даа. Чөлөөтэй, хүслээрээ урагшилж бол­дог, компани байгуулж томорч болдог, дэлхийн
хэмжээнд ажиллаж, ам­жилт гаргаж болдог, хэ­лэх гэсэн үгээ хэнээс ч айлгүй хэлж
болдог ийм нийгмийн эхлэлийг тавьж, өнөөдрийг хүртэл хоёр санаагүй зүтгэж ирсэнд
нь тэдэнд талархах учиртай. Талархаад зогсохгүй хүн­дэтгэх учиртай.

Одоо тэр залуусын хам­гийн залуу
нь гэхэд дөчтэй. Ардчилсан хувсгал ялах үед гучтай байсан нь зуугийн талыг насалж,
дөчтэй явсан нь жар гарцгаачихаж. Түүхэнд ийм гавьяа байгуулсан ардчилсан хувьсгалын
партизанууддаа хоёр­дугаар эмнэлэгт  үнэ төлбөргүй
эмчлүүлэх эрх өгч яагаад болохгүй гэж.  Тэдэнд
дарга, сайдуудтай зэрэгцэж хэвтээд эмч­лүүлэх эрх бий. Учир нь тэд бидний амьдарч
буй энэ нийгмийн эхлэлийг тавьсан хүмүүс. 
Одооноос партизануудаа бүртгэж, нэгдсэн тоо гаргаад хоёр­дугаар эмнэлэгт
үйлч­лүүлдэг болгох асуудлыг мэддэг газарт нь тавья. Энэ асуудлыг Ардчилсан холбоо,
Ардчилсан нам амлаж аваад ажил болговол  хэн
ч алга ташиж хүлээж авна.

 Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Доржготов: Цаг үедээ дийлдээд гутлынхаа улыг зузаалаад явах нь буруу

Түрүүч нь ¹079
(4719) дугаарт

Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовтой хийсэн ярилцлагын үргэлжлэлийг
хүргэж байна.

-Одоо
залуучууд танаас хэр суралцаж байгаа бол. Шавь нар хэр байна вэ?

-Урьд би “Тоншуул” сэтгүүлд ажиллаж байхдаа хөлбөмбөгийн баг шиг
баг хүмүүстэй болох юм сан гэдэг бодлого зорилгыг өөртөө тавьсан юм. Нийгмийн дээд
давхаргын бурангуйг, доод талдаа харанхуй массыг яаж өөд нь татах вэ гэдэгт Доржготов
ганцаараа барахгүй шүү дээ. Тэгээд сэтгүүлийнхээ дэргэд шогчдыг татсан. Тэгэхэд
багш шавийн барилдлага үүсч л дээ. Тэднээс Шагдайн Цэнд-Аюуш, Ж.Барамсай, хожуухан
Б.Цэнддоо, Батбаяр эд нар байна. Зураач нар бол олон шүү дээ. Одоо л бүтээл нь үзэгдэхээ
байчихаад байна л даа. Энийг нэг хүн хийхгүй юмаа гэсэн бодолтой байсан юм. Үр дүнд
ч хүрсэн. Хорин мянга хэвлэгдэж байсан сэтгүүл ерээд оны үед 130 мянган хувиар хэвлэгдсэн.
Нэг талаас, тухайн үеийн сонинууд бүгд магтаалын сонинууд байсан. Ганцхан “Тоншуул”
шүүмжилдэг учраас тэгж олноор захисан байх. Үүн дээр тэнд ажиллаж байсан бидний
ур чадвар бас нөлөөлсөн гэдгийг нэрэлхэлгүй хэлэх хэрэгтэй. Одоо залуучуудаас надтай
холбоотой улс байхгүй. Ер нь шог зургийг С.Цогтбаяр л унтуулчихгүй шиг хөтлөөд яваад
байна. Ц.Байды бид хоёр хөгширчихлөө. Өөр ер нь залуу үе байхгүй дээ. Надад л мэдэгдсэн
юм алга. Гэхдээ зах зээлийн нийгэм гэдэг чинь юмыг хөгжүүлье гэвэл мөнгө хаях шаардлагатай
байдаг юм байна. Нөгөө талаас доод масс олноороо сонирхох хэрэгтэй юм. Одоо болсон
болоогүй шүүмжлээд л байх юм. Зурагтаар харж байхад Их хурлын далан зургааг шүүмжлээд
л байх юм. Хулгайч, худалч ер нь хэлэхгүй муугаар хэлэх юм. Нөгөөдүүл нь тоохоо
больсон шиг байна. Бидний үед хурал дээр даргаа нэр заагаад шүүмжилчихвэл балардаг
байсан үе. Яг тийм үед үгээ зоригтой хэлж гарч ирсэн энэ ардчиллын хэдэн залуугаар
би дотроо бахархдаг юм. Ерэн оны тэр хүйтэн өвөл цугаараа нэг жигтэйхэн овоо индэр
шиг юм босгочихоод дээр нь гарчихсан Улс төрийн товчоо огцор могцор, коммунизм сөнөтүгэй
ч билүү тийм айхтар үг хэлээд байж байхад нь би очоод хараад зогсч байлаа. Дотроо
баярлаж байсан. Энэ Ц.Элбэгдорж, С.Зориг, Э.Бат -Үүл эд нар шүү дээ.

Гэхдээ би социалист систем үгүй болно гэж эрт мэдэж байсан.

-Хэрхэн
мэдэрч байв?

-Яг ерэн оны үед гэж бодоогүй. Лав 2000 он гарна. Би үзэх ч юм уу
үгүй ч юм уу гэж бодож байв. Ер нь Орос, Монгол гэхчилэн коммунист нэг намын дарангуйлалтай
орны залуучууд хөрөнгөтөн орнуудын үзэлд татагдаад байсан. Намайг жаран хэдэн онд
Москвад сурч байхад Оросын оюутнууд дандаа л барууныг дуурайдаг байсан шүү дээ.
Сургууль дээрээ өөр юм ярьчихаад яг ахуй амьдрал дээрээ барууныг л шүтээд байдаг
байсан юм. Социалист систем явсаар байгаад өгөршөөд нураад аяндаа ойчсон доо.

-Редакцийнхнаа
эргэн дурсвал?

-Надтай хамт ажиллаж, хамт наргиж дарвиж явсан хүн бол яруу найрагч
Жамцын Шагдар минь юм. Минжаахайн Гүрсэд байна. Байды, Цэнд-Аюуш, сүүлдээ Барамсай
эд нар ирсэн шүү дээ. Ер нь “Тоншуул”-ынхан явдалтай шүү дээ. Үнэн сонины байранд
бид хэд хоёр өрөөг эзэлнэ. Дандаа зохиолчид цуглана. Бүр эртнээсээ Ренчин, Дамдинсүрэн
гуай, Хөдөөгийн Пэрлээ гээд л. Бидэнд нийгмийн шүүмж, өөрсдийн үзэж харсан, сэтгэлээ
шаналгасан болохгүй юмнуудыг их ярьж өгдөг сөн. Ренчин гуай голдуу хэл соёлоо бүтэн
авч гар гэдэг юман дээр их анхаарна. Дамдинсүрэн гуай бол түүхийг мушгин гуйвуулсныг
залруулах дээр их ярина. Манай түүхийг Оросын түүхчид их мушгин гуйвуулсан шүү дээ.
Бидний дунд сургуульд үзсэн түүх чинь ихэнх нь худлаа юм шүү дээ. Үүнийг Дамдинсүрэн
гуай ярина. Хийх зурах бичих юмандаа санаа аваг гэж бодсон байх. Бидэнд их өөр ханддаг
байсан юм даг. Орж ирээд баахан ярьж ярьчихаад “За одоо “Үнэн” сонин дээр Түдэвийнхээ
өрөөнд орж цуурна аа. “Тоншуул”-ын өрөө, Түдэвийн өрөө хоёроос өөр орж цуурах тийм
хэлтэс тасаг энд байхгүй” гэдэг байв. Ил цагаан хэлнэ.  Бидэнтэй хамт ажилладаг Иштавхай гэдэг өвгөнийг
хуруугаараа заагаад Ренчин гуай “За хүүхдүүд минь та нар энэ Иштавхай мэтийн албан
хаагчийг дагаад байвал албан хаагчийн модон хэлтэй болчихно шүү” гэдэг байсан. Нүүрэн
дээр нь улайм цайм хэлнэ дээ. Сайхан улс байсан юм даа тэд нар. Бид тэднийг өнөөгийн
энэ жиргээчид шиг “үхэж далд ор, зөнөг тэнэг”-ээр дуудахгүй. Тэр байтугай ер нь
амьд бурхан шиг л хүндэлдэг байв. Ер нь ч монгол уламжлалд настай хүнээс үг сонс
гэдэг шүү дээ. Тэр утгаар би нийтлэл бичиж байгаа юм. Уншиж байгаа хүмүүсийн дал
наян хувь нь намайг хүлээж авдаг гэж би түрүүн хэлсэн. Тэд нар байгаа учраас надад
амьдрах, амьд явах урам хайрладаг байхгүй юу. Гол юм маань мэдээж зохиол хэдий ч
одоо нэг их бичиж чадахгүй юм.

-Интернэт
сүлжээн дэх харилцааны талаар эргээд асууя. Үг гэдэг хамгийн хүчтэй эд гэдэг. Сөрөг
сэтгэгдлээс яаж өөрийгөө ангижруулав?

-Анхандаа цочирдоод бичихгүй гэж байсан юм. Би одоо энэ балиар юмаар
орохгүй гэж. Урьд лам нар бол “дүйцэлдэх” гэж ном хаялцдаг байсан юм. Интернэт гэдэг
энэ сайхан боловсронгуй багажаар та нар нэгнийхээ дэвшүүлж байгаа асуудлыг тал талаас
нь шүүгээч ээ. Урьд номтой лам нар тэгж шүүж байсан юм. Одоо та нар яаж байна гэхээр,
“хятадын эрлийз”, “нэг намын бөгс долоогч”, “хөгшин зөнөг” гэсэн юм л бичиж байна.
Нэг хүн бичсэн байна лээ, саяхан. “Та настай хүн, ингэж бухимдаж юм бичээд яах нь
вэ. Ертөнцийн болох болохгүй өргөсийг түүж барахгүй юм аа. Харин та гутлынхаа улыг
зузаал” гэсэн. Энэ бол асуудал байхгүй юу. Гутлынхаа улыг зузаална гэвэл, энэ нийгэмд
юу ч болж бай өөрөө л амьдарч байвал тэр хамаагүй гэж үзэх нь л дээ. Тэр хүн бол.
Би бол багаасаа тэр өргөсийг түүх гэж хичээж ирсэн. Түүе гэж бусдыг уриалаад байгаа
юм. Өргөсийг түүгээд яваад байвал нэг ахиц гарна аа даа. Гэтэл тэр хүн барагдахгүй
өргөс юм байна гутлынхаа улыг зузаалъя гэхийн оронд нийгмийн үе үеийн давхаргууд,
нийт түмэн олноороо тэр өргөсийг түүсээр байгаад яваандаа их сайхан Монголын нийгэм
тогтоно оо гэж ийм гэрэл гэгээтэйгээр би хардаг. Тиймээс би бичиж байна.

-Бурангуй
нийгэм байлаа гэж та өмнө хэлсэн. Цаг үе бүр өөр өөрийнхөөрөө бурангуйлж харанхуйлдаг.
Өнөөдөр ч гэсэн өөрсдийнхөөрөө л будантаж байна. Ийм өөрийн гэсэн дэмийрлийг та
зохиолчийнхоо үүднээс хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Одоо ч бурангуйлал байна. Санал нэг байна. Гэхдээ цаг үедээ дийлдээд
гутлынхаа улыг зузаалаад явах нь буруу. Эхлээд мөрөө хар гэж монголчуудын үг байдаг
юм. Тэгвэл энэ ардчилал байна шүү, гишгэсэн тэр социализмын далан жилээ харж байна.
Зөв. Болохгүй байсан юмыг нь хэлж байгаа. Хэтрүүлээд худлаа хэлж байгаа бол буруу.
Буруу зөвийг нь тэртэй тэргүй олон түмэн аяндаа шүүчихнэ. Одоо энэ шинэчлэлийн Засгийн
газар гэж байна. Бас л шүүмжлэгдээд, урьдах юмаа ч шүүмжлээд л явж байгаа. Социализмын
үед би нэг юм анзаарсан юм. Москвад сургуульд байхад аль орны хэвлэл, урлаг өөрийгөө
дандаа магтаж байна тэр орон заавал хоцрогдсон байдаг. Аль орон өөрийгөө шүүмжилж
байна, өнөөдлрийн манайх шиг Латин Америк, Арабынх ч байдаг юм уу, Япон эд нар чинь
оюутнууд нь өөрсдийгөө дандаа муулж шүүмжилж байдаг байсан. Гэтэл өөрсдийгөө муулдаг
улсын улс орон нь дандаа хөгжчихсөн байдаг. Би боддог юм. Бид өөрсдийгөө муулаад
л байна. Дэвшил гарсан. Ард түмэн үүнийг заримдаа олж мэдрэх хэрэгтэй. Хөөрхий,
дээдчүүл идэж уусан л байх. Доодчуул архичин болсон л байх. Үүнтэйгээ тэмцэж л байгаа.
Ерэн оныг өнөөдрийн 2014 онтой зүйрлэхэд ахиц гарсан. Ерэн онд оросууд биднийг бие
дааж хөгжиж чадахгүй гэж дооглож байсан. Оросын хэвлэлээс би тийм юм уншиж байсан.
Элдэв муухайгаар биднийг доромжилж, чукча-гаар нь дуудаж байсан. Тэгэхэд бид чадна
гэж бодоход л дотор сайхан байгаа юм. Би яагаад ч юм болж өгвөл хэдэн жил амьд явах
юм сан гэж бодоод байна. Яах гэж амьд явах гээд байгаа гээч. Манайхан дэд бүтэц
гэж яриад байнаа даа. Гурван сая хүрэхгүй хүний дэд бүтцийг барьчих мөнгө нь манайд
байна. Өөрсдөө эхлээд муу хийх л байх. Түрүүч нь нурах л байх. Дахиад засах л байх.
Гэхдээ цэгцрээд ирнэ. Бүх газраа халаалттай болчих юм бол аймаг, хот, нийслэл маань
утаагүй болчихно. Уурхайн аман дээрээс Хятадын зах зээл хүртэл зөөчих нарийн төмөр
замаа тавьчих хэрэгтэй. Дунд нь өргөнийг тавиад, дахиж нарийнийг нь гээд яаж манарч
байгааг нь би ойлгохгүй байна. Мөнгө нь барагдахгүй байгаа юм уу хаашаа юм. Жил
бүр л энэ тухай чалчиж байх юм. Тэр чинь ердөө нүүрс зөөх л зам шүү дээ. Оросууд
монголчууд биднийг тэнэг гэж элэг барьдаг, энэ зарим талаар хэвээрээ л байгаа юм.
Оросууд монголчуудад зөвлөж байгаа юм. Та нар нарийн төмөр зам тавих юм бол Хятад
дайрч орж ирээд эзэлчихнэ гэж. Нарийн төмөр замгүй учраас хятад өдий хүртэл биднийг
эзэлж чадахгүй байгаа юм уу. Үгүй шүү дээ. Байлдъя гэвэл, юун төмөр замаар орох.
Ганц  кноп дараад л гүйцээ биз дээ. Хоёрт,
Хятад шиг ийм агуу том орон Монгол руу довтолбол шившиг байхгүй юу. Залуучуудын
хэллэгээр бол яршиг л байхгүй юу. Дараа нь оросууд юу гэсэн бэ гэвэл, нарийн төмөр
зам тавьчихвал тийм төмөр замд ажиллах хүч Монголд байхгүй шүү дээ гэсэн. Бид яагаад
сурдаггүй юм. Гурав дахь нь юу гэсэн гээч. Нарийн төмөр зам тавьчихвал Монголын
наймаачид эх орны баялгийг хяналтгүй гадагш нь урсгачихна гэж. Дөрвөн жил болоод
сонгосон далан зургаа хянахгүй юугаа хийж суув гэж дээ. Тэр гүйцэтгэх засаглал нь
юугаа хийж байх юм. Ийм хов хоосон худлаа юм оросууд яриад, түүнийг нь манайхан
арай үнэмшээгүй байгаа даа. Хятадууд дайраад ороод ирнэ, нарийн төмөр замд Монголд
ажиллах хүн байхгүй гээд бүр сайд хүн яриад сууж байна. Сонссон улс нь алга ташаад
ангайгаад сууж байна. Тэгэхээр л хүнийг хөгжүүлнэ гэдэг чинь чухал. Манайд баялаг
байна. Одоо бидэнд юу хэрэгтэй вэ гэвэл, монгол хүн толгойтой л байх хэрэгтэй. Монгол
хүний оюуны баялаг маш чухал. За яахав дээ, хар ажлыг хятадуудаар хийлгэх л хэрэгтэй
шүү дээ. Эд нар хар ажилд сайн. Бас хямдхан. Зуны дулаан улиралд хэдэн цаас хийгээд
буцна биз. Гадаа архидаад яваад байгаа хүмүүсээр  зам тавиулж барилга бариулна гэвэл бүтэхгүй. Хэзээ
ч хийхгүй. Нэг өдөр ажиллаад орой нь салхинд гараад архи уугаад ажил хаячих улс
шүү дээ. Монгол хүн юу хийх вэ гэвэл, удирдах дээд түвшний нь монгол оюун эзэмшиж
байх хэрэгтэй. Хөлсний ажилчид бол хятадууд нь хар бор ажлаа авч л байг яадаг юм.
Хятадын хөгжлийн хаялга гэхээсээ илүү хэрэгцээ их байгааг дэхий даяараа мэдэж байна.
Нэг тэрбум 300 сая хүний хэрэглэх юм гэдэг чинь маш их. Харин бидэнд зах зээл чухал.
Нүүрсээ Хятад руу өгөх нь чухал. Дэл сул энэ хэвлэл телевизээр Хятадыг муулдгаа
жаахан бод оо. Муулах юмыг нь олж муулбал өөр хэрэг. “Хятадууд ажиллах хүчнийхээ
тоог нэм гэж шаардлаа” гэж сонин хэвлэл зурагтаар гаргаад байна. Гэтэл хятадууд
шаардаагүй шүү дээ. Манай монгол компанийн эзэд хятад ажилчнаар юм хийлгэхийн тулд
ажиллуулах хүнийхээ тоог монголчууд нэмэхийг хүсч байна шүү дээ.

-Та
нарыг тагнах чагнах явдал байсан тухай сонин яриа мэр сэр сонсддог байсан. Эргэн
санавал?

-Тагнаж л байсан байх. “Үнэн” сонин, Зохиолчдын хороо зэрэг газарт
Дотоод яамны агентууд байсан юм байна лээ. Сарын тавь жаран төгрөгийн хөлс авдаг.
Ер нь тэгээд мэдэгдэнэ дээ, тагнадаг хүн. Сонин юм байна лээ. Тэгж ховлодог агентуудаа
социализм нурахад чехүүд олон нийтэд зарласан юм билээ. Манайх дууриайгаад, ардчиллынхны
нэг, сая нисэхэд байж байгаад халагдчихав уу даа, Эрдэнэбилэг билүү Билигсайхан
билүү буриад залуу сонин дээр бичсэн байсан. Намайг хөдпөө байхад. Дотоод яаманд
алтан хошуу өргөдөг байсан агентуудыг хэвлэлээр зарлая гэж бичсэн байсан. Тэгэхэд
зарласан бол зарлагдах хүмүүс олон байсан. Зарим улс ёстой муухай бухимдсан шүү
дээ. Зарлах юм бол иргэний дайн болно гэж бухамдацгааж байсан юм.

-Та
зохиолоо бичиж байна уу?

-Одоо би зохиол бичихээсээ илүү хийсэн юмнуудаа бодож байна. Гайгүй
юм хийжээ. Нөгөө талаар, хуучин нийгмийг магтан дуулсан нэг ч өгүүлбэр миний зохиолд
алга. Нэгд, “Тоншуул” сэтгүүлд ажилласны ач байсан байх. Хоёрт, би хар нялхаасаа
гучин хэдэн онд хэлмэгдсэн улсын ар гэрт өссөн учраас тэдний нулимс надад нөлөөлсөн
байх. Би социализмыг магтаагүй. Шүүмжлэхдээ дээр үеийнхээ тэр гомдлын нулимсыг зохиолдоо
далд утгаар шингээх юм сан гэсэн төлөвлөгөөтэй байсан. Энэ бол аль эрт унаган багаас
төрсөн бодол. Ерөөсөө би ургамал ногоогоор бол тэгж ургасан л хүн.

Н.ПАГМА

Categories
редакцийн-нийтлэл

З.Төрмандах: Бид Д.Төмөр-Очирын хэргийг илрүүлэхэд их ойртсон шүү

-МОНГОЛ УЛС
ЦАХИМ ГАВЫГ АШИГЛАХ ЦАГ НЬ БОЛСОН-

Түрүүч нь ¹
079 (4719) дугаарт

Цагдаагийн ерөн­хий газрын харьяа Эрүүгийн цагдаагийн дарга асан
хурандаа З.Төрмандахтай хийсэн ярилцлагаа үргэлжлүүлэн хүргэж байна.

-Эрүүгийн
цагдаа­гийн газрын даргаар очоод олон онц ноцтой хэрэг илрүүлж байсан байх. Тэр
дундаас төр нийгмийн зүтгэлтэн Төмөр-Очирын хэргийг илрүүлэхийн тулд нэлээд хичээл
зүтгэл гаргасан гэдэг байх аа?

-Хэрэг илрүүлнэ гэдэг тухайн цаг үеийн үнэнийг гэрчилж байгаа юм.
Мөрдөгчид бол түүхийн үнэнийг тогтоодог улсууд. Төр, нийгмийн зүтгэлтэн Д.Төмөр-Очирын
хэргийг олон жилийн дараа нэхэн шалгасан. Талийгаачийн ар гэрийнхнийг  байл­цуулан эд зүйлийг нь бүртгүүлэхэд бусдын
гарт амиа алдах үед гэрээс нь хөөрөг алга болсон нь тогтоогдсон. Улмаар хөөрөг хайх
ажлыг эрчимжүүлж, хөөргөө ч олоод авлаа. Энэ мэтээр нэлээд хэдэн ажиллагаа зохион
байгуулж, илрүү­лэхэд ойртсон ч бидэнд нотлох баримт олдоогүйгээс албан ёсоор илрүүлж
чадаагүй. 

-Дуучин
Х.Төмөрийг хөнөөсөн хэрэг илэрсэн. Гэвч одоог хүртэл хэрэг хаагдаагүй байдаг юм
билээ?

-Дуучин Х.Төмөрийг онц хэрцгийгээр хөнөөсөн  хэрэг илэрсэн үү гэвэл илэрсэн. Батсүх гэдэг залуу
хэргийг үйлдсэн гэдгийг баримттайгаар тогтоосон. Гурван шатны шүүхээр орж, хэрэг
нь таслагдаж, хэрэгтэн ял авсан. Гэвч үүнийг илэрсэн гэж одоо хүртэл үзэхгүй байгаа
юм. Энэ нь магадгүй хуулийн цоорхойтой холбоотой байж мэдэх юм. Хуульчид энэ хэрэг
дээр маргаантай ханддаг.
-Эрүүгийн
цагдаагийн газрын даргын албан тушаалаа өгснийхөө дараа хэсэг хугацаанд суралцсан
гэсэн үү?

-Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байх­даа Удирдлагын академид
шалгалт өгөөд тэнцсэн. Тэ­гээд өөрийн хүсэлтээр ажлаа өгч, академид сурал­цаад,
Баянгол дүүргийн Цаг­даагийн хэлтэст дэд даргаар томилогдож ажилласан. Баянгол дүүрэгт
ажиллаж байхдаа нэг хэргийг илрүүлсэн маань санаанд тодхон бай­на. Баянгол дүүргийн
гэр хороололд нэг өрхийн тэргүүн сураггүй болчихсон. “Өргөө” кино театрын хойд талын
гэр хороололд юм. Ор сураггүй алга болсон залуу хүнд алуулсан гэдэг нь тодорхой
болоод ирлээ. Шалгалтын үеэр тэр айл шинэхэн жорлонгийн нүх ухаад эргүүлээд булчихсаныг
нь ажигласан. Хуучин бие засах газар нь дүүрчихсэн атал шинээр ухсаныгаа эргүүлэн
булсан нь сэжигтэй байсан. Тэгээд нөгөө нүхийг ухаж үзэхэд талийгаач залуугийн цогцос
гараад ирсэн. Уг хэргийг эхнэр нь үйлдсэнийг тогтоогоод шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн
шийдвэр гарч, гэрийн эзэгтэй, хүү хоёр хоригдож, бага хүү нь асрамжийн газарт очсон.
Сүүлд гэмт хэрэгтнүүд нас барж, бага хүү нь гудамжинд гарсан байсан. Бид нас барсан
этгээдийн хувийн байдлыг тогтоох ажиллагааг тухайн үед хийсэн. Гэтэл талийгаач үргэлж
хүүхдүүдээ зодож, тамладаг, эхнэрээ зовоодог, эрүүгийн гэмт хэрэгтэн маягаар биеэ
авч явдаг нэгэн байсан байдаг.

-Төр,
нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг дээр та ажиллаж байсан. Энэ хэрэг
хэзээ илрэх бол гэсэн хүлээлт нийгэмд байсаар байна?

-Би хэрэг гарснаас хойш хоёр жилийн дараа энэ хэрэг дээр ажилласан.
Бид хийх юмаа хийгээд л яваад байсан. Ямар нэгэн ажиллагаа хийгдэх явцад алдаа гардаг.
С.Зоригийн хэрэг дээр мэргэжлийн хэд хэдэн алдаа гарсан байсан. Хэрэг юунаас болоод
илрэхгүй байна вэ. Хэрэг шалгах явцад гарсан ажиллагааны алдаанаас болоод байна
уу. Эсвэл өөр зүйлээс болоод байна уу гэдэг сонин байгаа юм. Магадгүй хэрэг хөөн
хэлэлцэх хугацаа дуусахаар ярих юм зөндөө гарч ирэх байх. Хоёулаа хэргүүдийн талаарх
яриагаа үүгээр дуусгая. Илрүүлсэн хэргүүдийг яриад байвал дуусахгүй юм болно. 

-Тэгье.
Гэмт хэргийн гаралт жил ирэх тусам нэмэгдээд байх юм. Цагдаагийн байгууллага ямар
ажил хийдэг нь тодорхой бус байна гэх хүн олон байна?

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь манай улсад хэлбэр
төдий л яригдаж, явагдаж байна. Тухайлбал, хэчнээн гэмт хэрэг үйлдэгдэхээс, ямар
хохирол учрахаас урьдчилан сэргийлж байна вэ гэдэг нь тодорхой байх шаардлагатай
байна. Мөн урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг үнэлэх асуудал дээр ч анхаарах цаг
болсон. Сүүлийн үед гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх нь өсөн нэмэгдэж, нийгэм, улс оронд
болон ард иргэдэд ихээхэн хэмжээний хор хохирол учруулах, айдас бий болгох явдал
өсөх хандлагатай байна. Үүний эсрэг хамгийн оновчтой арга нь гэмт хэрэг үйлдэж болзошгүй
этгээдийг байнгын хяналтад байлгаж, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нэгэнт
үйлдэгдсэн тохиолдолд илрүүлэх, эрэн сурвалжлах зорилгоор ашиглах зориулалт бүхий
цахим гавыг хэрэглэх явдал.

-Цахим
гавны талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Одоо хэрхэн ашигладаг юм бэ?

-Өнөөдөр дэлхийг тойрон ажиллаж буй 27 ширхэг хиймэл дагуулаас 24
хиймэл дагуул нь идэвхтэй горимд ажиллаж, СРS төхөөрөмжийг дэлхийн хаана байгааг
хянаж байдаг. Цахим гав гэдэг нь GPS системд суурилсан хяналтад авах шаардлагатай
хүний гарт болон хөлд зүүх зориулалт бүхий бугуйвч хэлбэрийн төхөөрөмж бөгөөд хяналт
тавих шаардлагатай хүмүүст зүүлгэснээр уг этгээдийг байнгын хяналтдаа авна. Цахим
гав нь байршлыг тодорхойлох, аюулын буюу тусламж хүссэн дуудлага хийх, бодит байдалд
хяналт тавих, явахыг хориглосон газрыг тэмдэглэх, зай дууссан, хэрэглэгч хөдөлгөөнгүй
болсон үед нэмэлт дохиог төв рүү илгээх ба Сооglе map хэрэглэж болно. Мөн нууцлалын
программтай, өнгө үзэмж сайтай, бусад хүмүүст ил харагдахгүй байх боломжтой, гэмт
этгээд уг төхөөрөмжийг тайлах болон тайлахыг оролдох үед хяналтын цагдаагийн байгууллагад
түгшүүрийн дохиог мэдээлдэг учраас энэ тал дээр асуудалгүй. Одоо хоригдож байгаа
6911 ялтны 3414 нь давтан гэмт хэрэг үйлдэж, дахин ял шийтгүүлсэн байх ба хэрэв
эдгээр давтан гэмт хэрэг үйлдсэн 3414 хүн, дээр дурдсан 161 хүнд цахим гавыг хэрэглэж
хяналт тогтоосон бол 70-80 хувь нь, түүнээс ч илүүгээр гэмт хэрэгт холбогдохгүй
байх, цаашлаад иргэд, байгууллагад тэр хэмжээгээр хохирол учрахгүй байх бололцоотой
байжээ гэж үзэж болохоор байгаа. 2012 онд 2794 ялтан Ерөнхийлөгчийн зарлиг болон
өршөөлөөр, хугацаа дуусч суллагдсан ба захиргааны   хяналтад  
нийт  2573   хүн,  
382   хүүхэд  хорих  ял   шийтгүүлж 
хойшлогдсон   гэсэн шалтгаанаар Цаг­даа­гийн
байгууллагын хяналтад байна. Эдгээр тоо баримтуудаас нэгтгэн дүгнэж нийт эрүүгийн
гэмт хэрэгт холбогдогчдын болон давтан гэмт хэрэг үйлдэгчдийн тоо, захиргааны хяналтад  авагдах этгээдүүдийн тоог  гар­гас­ны үндсэн дээр ца­хим гавыг байнгын хэрэг­лэх
субьектуудын тоог тодорхойлж болохоор байгааг харж болно. Монгол Улс цахим гавыг
ашиглах цаг нь болсон. 

-Ерөнхийдөө
гэмт хэрэг үйлдсэн, үйлдэх магадлалтай хүмүүст цахим гав хэрэглэх хэрэгтэй гэсэн
үг үү?

-Захиргааны хяналтад авагдах ёстой этгээд хэсгийн байцаагчид анх
бүртгүүлснээс хойш сард нэгээс доошгүй удаа биеэр очиж бүртгүүлэх үүрэгтэй гэж Цагдаагийн
байгууллагын үйл ажиллагааны журамд заасан байдаг нь тэднийг бусад бүхий л хугацаанд
хяналтгүйгээр, сул чөлөөтэй байх, цаашлаад гэмт хэрэг үйлдэх боломжийг олгож байна
гэхэд хилсдэхгүй. Захиргааны хяналтыг үр дүнтэй авч хэрэгжүүлж, хяналтад байх ёстой
хүн бүрт цахим гавыг хэрэглэж байнгын хяналтад байлгах шаардлагатай. Ингэснээр хяналтад
бүрэн аваад зогсохгүй уг этгээдийн зүгээс 
гэмт хэрэг үйлдэх гэсэн санаа сэдлийг бууруулах ач холбогдолтой.

-Хүний
эрхийг ноцтой зөрсөн асуудал болохгүй юу?

-Цахим гавыг дэлхийн олон оронд ашиглаж байна шүү дээ.  

-Сүүлийн
үед цагдаагийн байгууллагад өөрчлөлт хийгдэж эхлээд байна. Энэ өөрчлөлтийг та хэрхэн
харж байна вэ?

-Шинэчлэл, өөрчлөлт хийнэ гэдэг сайн. Өнөөдрийн байдлаар хууль нь
батлагдаагүй байна. Удахгүй яригдах бололтой. Бид гадны юмыг хуулж, үзэж харж болно.
Гэхдээ хөрсөн дээрээ хэрхэн буулгах вэ гэдгээ сайн бодох ёстой. Өөрчлөлт Монголынхоо
нийгэм соёл, хөгжилтэй эн зэрэгцээд явж байх хэрэгтэй. Хөгжлөөрөө арав, хорин жил
түрүүлчихсэн хөгжилтэй  улс орныг хуулбарлачих
юм бол бас болохгүй. Гол нь Монголын өнөөгийн цаг үетэй хэрхэн уялдаж байгааг харах
нь чухал. Цагдаагийн байгууллагад би 29 жил ажиллалаа. Энэ хугацаанд хэн хаана байх
ёстой, ямар хүчээр, бүтцээр ажиллах вэ. Гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд ямар мэргэжилтнүүд
байх ёстой юм гээд зохион байгуулалтын олон ажил хийж байсан. Гаднын орнуудын туршлага
хийгээд өөрийн орны өв уламжлалыг судалж, хэмжээг нь тааруулж тусгах нь л хамгийн
чухал.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Ч.Энхтайван: Дуурийн театр нэг фракцийн хувийн эрх ашгаар явж байна

ДБЭТ-ын уран бүтээлчид дотоод хямралаа хөндсөөр, асуудлууд
үргэлжилсээр байна. Энэ талаар гоцлол дуучин Ч.Энхтайвантай ярилцлаа. Тэр­бээр Н.А.Римский-Корсаковын
нэрэмжит Олон улсын дуурийн залуу дуулаачдын VIII уралдааны тусгай байр, М.Глинкийн
нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XXIII уралдааны дэд байр, шилдэг баритон
хоолой, С.Рахманиновын бү­тээлийг хамгийн сайн дуулсан тусгай шагнал,  Санкт-Пе­тер­бургт болсон Олон ул­сын дуурийн
дуулаачдын уралдааны гуравдугаар байр, Галина Вишневскаягийн нэрэмжит Олон улсын
дуурийн дуулаачдын уралдааны тусгай байр, “Байкаль” Олон улсын дуурийн дуулаачдын
уралдааны ОХУ-ын ардын жүжигчин Л.Лин­ховойн нэрэмжит тусгай шаг­нал, П.И.Чайковскийн
нэ­рэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны IV байр, ОХУ-ын ардын жүжигчин
Надежда Обуховагийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны дэд байрын шагналтай уран
бүтээлч юм.

-Саяхан “Кармен” дуурийг франц эх хэл дээр нь болголоо. Ер
нь огцом шинэчлээд байх юмгүй, байнга тоглодог дуурь шүү дээ. Та бүхэн хэрхэн ажиллав?

-“Кармен”-ыг
тайзных нь хувьд сэргээн шинэчилж, эх хэл дээр нь дуулсан. Дуурийг зохиогдсон эх
хэлээр нь дуулах нь дэлхий нийтийн жишиг юм. Тоглож байгаа бүх дууриудаа эх хэлээр
нь болгох ажил л үргэлжилж байна. Энэ утгаараа “Кармен” шинэчлэгдлээ. Найруулга,
тайз декораци ерөнхийдөө шинэ өнгө төрхөөр үзэгчдэд хүрсэн. Гаднаас франц хэлний
багш ирж хэллэг дуудлага зэрэг дээр ажилласан нь үр дүнтэй болсон. Найруулгын тал
дээр сайнтай муутай шүүмжүүд цөөнгүй гарсан. Ер нь тайз, найруулга бол ямар ч байж
болно л доо. Манай ихэнх дуурь дал наяад онд тавьсан анхны тавилтаараа байгаа. Найруулагч
Л.Эрдэнэбулган гуайн найруулга л яваад байгаа. Сүүлд Г.Эрдэнэбаатар найруулагчийн
тавьсан жүжгүүд ч мөн тэр найруулгаараа явж байна. Харин сая арван жилийн өмнө гадны
найруулагчийн тавьсан, хэд тоглоод орхигдсон “Дон Жуан” дуурийг Австриас найруулагч
ирж найруулсан. Ер нь хамгийн гол нь найруулга л байдаг. “Дон Жуан” бас л сайнтай
муутай янз бүрийн шүүмж яриа дагуулж байна. Маш их хөдөлмөр зарж, давчуу хугацаанд
хийсэн. Үндсэндээ театрын ажлын зохион байгуулалттай холбоотойгоор дуучид партаа
бүрэн гүйцэд сураагүй энэ жүжигт гарсан. Бэлтгэл ажлын цаг маш бага ийм асуудлууд
гарсан л даа. Ийм хүнд нөхцөлд харин манай залуу дуучид үнэхээр чадварлаг, үүргээ
сайн гүйцэтгэсэн. Мэргэжлийн хүний хувиар “Дон Жуан” дуурь найруулгын хувьд ямар
болов гээд харахад, Австрийнх нь найруулагч ажилласан гэхэд миний сэтгэлд хүрээгүй.

-“Дон Жуан” бол барито­нуудын хэрэгцээ өндөртэй жүжиг. Та
чухамдаа яаж оролцов?

-Би
энэ дуурийн Дон Жуаны дүрд тоглох байсан боловч манай бусад дуучид Америкт тоглохоор
ихэнх нь явчихсан учир би тоглоогүй. Ирэх тавдугаар сард бүтэн бүрэлдэхүүнээр дуулахаар
хүлээж байна.  Дуучдын хувьд манай театр өнөөдөр
үнэхээр бахархалтай үедээ байна. Залуу гэлтгүй бидэнд дэлхийн түвшний чадвар байна.
Олон улсад ч амжилт гаргаж улс орныхоо нэрийг дэлхийд гаргаж байна. Харамсалтай
нь энэ их нөөц бололцоогоо зөв зохион байгуулж, уран бүтээлээ чанартай байлгах гол
зорилгоо харин мартчихаад байна.  Оюуны ийм
хүнд  хөдөлмөр хийж байгаа салбарынхаа уран
бүтээлчдийг хөгжүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдэх, ажиллах нөхцөлийг нь бусдын
жишигт хүргэх, төрөөс сонгодог урлагийн бодлогоо маш онцгой авч явах зэрэг гол асуудлаа
орхичихсон. Гэсэн ч бид ажлаа хийгээд явж л байна. Маш өндөр чанартай уран бүтээл
гаргах бүх нөхцөл боломжийг бид өнөөдөр нэхэж байна.

-Тодруулбал?

-Наад
зах нь дуучдын өрөөнд байгаа төгөлдөр хуурыг аваад үзье. Аль хэдийнэ актанд гарахаар
хөгжмүүд манай театрын өрөөнүүдээр дүүрэн байна. Манайх асар том урын сантай театр.
Долоо хоног бүр дуурь балет тоглодог. Энэ бүхнийг авч явж байгаа хүмүүс нь дуучид,
бүжигчид, найрал дуучид, симфони оркестрын хөгжимчид. Манай гоцлол дууны ангид тулгарч
байгаа нэг том асуудлыг онцолмоор байна. Концертмейстр дэндүү цөөхөн. Хоёр гуравхан
концертмейстртэй. Дуучид нэг дуурийн гол дүрд дуулахын тулд асар их төлөвлөгдсөн
цаг хугацаатай байж, тэр хугацаандаа бэлтгэлээ сайн хийж байж нэг жүжиг бэлэн болдог.
Улсын хувьд үүнийг шийдэхэд үнэндээ жижигхэн асуудал. Гадуур чадалтай сайн концертмейстрүүд
олон. Тэдэнд санал тавьж, театртаа уран бүтээлийн том хүч авчрах шаардлагатай байна.
Концертмейстрийн орон тоог наад зах нь хоёр гурваар зайлшгүй нэмэх ёстой. Ганц нэгээр
нэмээд асуудлыг шийдэж чадахгүй. Би хувьдаа театрынхаа уран бүтээлийн чанарт сэтгэл
маш дундуур байгаа.

-Мэдээж хүчрэхгүй байгаа юу?

-Олон
шалтгаан байгаа. Нэгд, уран бүтээлчдийн өөрсдийн авьяас чадвар, ажилдаа хандах хандлага.
Хоёрт, өөрийгөө бүрэн дайчлахгүй байна гэдэг чинь бэлтгэл ажил дутуу байгаагийнх
шүү дээ. Театр сайн зохион байгуулалт хийхгүй байгаагаас уран бүтээлчид ямар ч бэлтгэлгүй
шахуу тайзан дээр гарч байна. Үүнийг байнга ярьдаг. Бүгд мэдэж байдаг. Гэсэн хэрнээ
шийддэггүй.

-Яагаад гэдгийг та нар өөрсдөө хэрхэн харж байгаа вэ?

-Хэдийгээр
уран бүтээлчид залуужиж байгаа боловч удирдаач нар, найруулагчаас авахуулаад хүндрэл
зөндөө. Өнөөдөр бид найруулагчгүй байгааг хүмүүс мэдэж байгаа. Л.Эрдэнэбулган гуай
ирж зарим жүжигт ажиллаж байна. Энэ хүний залуу зандан наснаасаа зүтгэсэн нөр хөдөлмөр
дээр өнөөдөр Дуурийн театр торгоож байна шүү дээ. Одоо бүр арчаагаа алдаад арга
ядахдаа өнөө хүнээ залаад аваад ирж байна. Бас л нэгэн цагт зайлуулчихсан, тэтгэврийн
хүн. Өнөө хүн нь насаараа энэ урлагийн төлөө явсан учраас санаа зовоод саналыг нь
хүлээж аваад ирдэг. Нэг талаар баярлах боловч ирээдүйд ер нь яах болж байна. Ялангуяа,
найруулагч, удирдаач нар дээр. Одоо байгаа хоёр удирдаач маань бас л амьдралаа бүхэлд
нь энэ театрт зориулчихсан өчнөөн жил хийж бүтээсэн гавьяатай. Ж.Бүрэнбэх гуай тэтгэвэртээ
гарчихсан. Н.Туулайхүү маэстро удахгүй тэтгэвртээ гарах гэж байна. Дараагийн удирдаач
нар хаана байна. Өнөөдөр дараагийн удирдаач, найруулагчийн асуудал хүчтэй дохио
өгч байна шүү дээ. Бас л шийддэггүй. Залуу удирдаач гэвэл, өнөөдөр Нямдаш байгаа
юм. Орж ирээд хэдэн жил ажиллаад, энэ хэдэн дууриудыг аваад өөрийнхөөрөө удирдаж
байсан. Нямдаш удирдаачид манай хөгжимчид, дуучид, найрал дуучид театрын уран бүтээлчид
бүгдээрээ асар таашаалтай байсан. Чадвартай, авьяастай, боловсролтой хүн. Гэнэт
Филармони руу яваад өгсөн. Бидэнтэй хамтраад маш сайхан уран бүтээлийн төлөвлөгөөгөө
ярьдаг, сэтгэл өндөр, их сайхан хамтарч ажиллаж байсан болохоор бид ирээдүй их сайхан
байх юм байна даа гэж боддог байлаа. Гэтэл өнгөрсөн жил явчихсан. Удирдаач, найруулагчийн
асуудал зөвхөн манай театрын асуудал мэт харагдах боловч шийддэг газар нь Засгийн
газар, яам шүү дээ. Театр асуудлаа тавьдаг байх гэж би хувьдаа боддог. Нэг бол үгүй
ч юм шиг. Эсвэл асуудлыг тавьсаар байсан боловч яам нь шийдэхгүй байгаа юм шиг харагддаг.
Энэ хоёр хүн нь үхэн үхтлээ гар нь л хөдөлж байвал удирдаад байна гэж боддог юм
уу бүү мэд. Урлагт амьдралаа зориулчихаад удирдаачийн пультан дээр үхэх гэж үү.
Хатуу боловч үнэн ийм л байна. Уг нь бид цааш явах хэрэгтэй. Дэлхийн дуурь өнөөдөр
асар өндөр түвшинд явж байна. Мэдээлэл технологийн хөгжлийг ашиглаад  шинээр асар өргөн цар хүрээнд хөгжиж байна шүү
дээ. Нэг бүтээл тоглогдлоо л бол тэр даруйдаа дэлхий даяар тархаж байна. Тэгвэл
манайх юу хийгээд яваад байгаа юм бэ. Би 
үнэхээр сэтгэл дундуур байна. Манайд “Чингэс хаан” гэж дуурь байна. Монголдоо
ганцхан.  “Чингэс хаан”-ыг үздэг үзэгч сонсогчдын
хүрээ нэг жилд их сайндаа л мянга дотор эргэлдэж байна. Яагаад гэхээр манай театр
500 хүний суудалтай. Хоёр удаа тоглогддог, мянган хүн л үздэг. Ингээд болоо. Яагаад
өндөр чанартай бичлэг хийгээд хөгжмийн сүлжээ сайтуудаар цацаж болдоггүй юм. Яагаад
CD, DVD хийгээд улс даяараа түгээж болдоггүй юм. Зөвхөн Чингэс хаан гэлтгүй үндэсний
гоё гоё дууриуд бүгд ийм байна.

-Театрт чадалтай уран бүтээлчид байгаа ч зохион байгуулж чадахгүй
байна гэлээ. Гаднаас нь харахад ч тэгж харагддагийг нуух юун. Зөв бүтцээр удирдаж
бодлогоо хэрэгжүүлдэг маш цэгцтэй зохион байгуулалт байхгүй нь илэрхий. Та хувьдаа
яая гэж бодож байна?

-Одоогийн
үнэн байдал ийм л байна. Ямар ч улс төрийн томилгоо байсан, хэн ч ирсэн ялгаагүй
урлаг нийгэм дэх үнэлэмж үнэ цэнээ, урлагаа бүтээхдээ чанартай хийх бүх нөхцөл бололцоогоор
хангагдсан байх ёстой. Ингэж л урагшаа явмаар байна, бид. Соёлын тухай хууль гэж
инээдтэй хууль байдаг юм. Түүнд, урлагийн байгууллага гэж энийг хэлнэ, тэр нь ийм
ийм чиглэлтэй гэсэн л юм байгаа. Одоо дахиад хууль гарах гэж байна. Энэ хуульд бүх
асуудлаа нарийн тодорхой болгож оруулах болов уу гэж би уран бүтээлчийнхээ хувьд
горьдож харж байна. Бүх асуудал хуульдаа тодорхой болох ёстой. Хэн нэг дарга нь
ирээд ажлаа хийнэ биз, өөрөө юу шинээр санаж сэдмээр байгаа юм түүнийгээ хийж сайжруулаад,
дутагдал байгаа бол засаж залруулаад явдаг баймаар байна. Дуурийн театр бол харин
хэн нэгний амьдралаа дээшлүүлдэг хэрэгсэл, хувийн хүсэл хэрэгцээгээ гүйцэлдүүлдэг
байгууллага биш шүү дээ.

-Олон жил урсгалаар явж байна л даа. Та нар залуу улс. Залуу
хүний эрч хүч, ирээдүй, эрх ашиг, тэмүүлэл зорилгоо одоогийн энэ будан дундаас хэр
тодорхой харж байна вэ. Танай Ц.Баттөр гоцлооч “урсгал дагаж амьдрахгүй ээ” гэж
мэдэгдээд гарсан?

-Бид
бол маш дэврүүн мөрөөдөлтэй, хийж бүтээе гэсэн эрч хүчтэй, зорилготой байж л байна.
Гэвч ямар нэгэн юман дээр очоод олон саадтай тулгардаг. Энэ саад нь театрын удирдлага
уран бүтээлчдэдээ хандаж байгаа хандлага, ажлын зохион байгуулалтаас шалтгаалж байгаа.
Шударга өрсөлдөөн алга. Жишээ нь, би гэхэд сүүлийн нэг сарын хугацаанд дуулсангүй.
Ямар ч жүжигт намайг гаргасангүй. Өлгийтэй хүүхэд шиг угжуулаад цалин аваад зүв
зүгээр суугаад баймааргүй байна. Би ичиж байна. Надтай адилхан бодолтой уран бүтээлчид
цөөнгүй байгаа байх.

-Тайзан дээр шударга өрсөлдөөн хаалттай байна гэж та хэллээ.
Үнэхээр тийм бол цөөн хүний хувийн эрх ашиг дээр театр дэнжигнэж байна гэсэн үг
л дээ. Иймдээ тулсан бол асуудлын голыг нь та хэлээч?

-Уран
бүтээлчид ижил нөхцөлд ажиллаж өрсөлдөх ёстойг хэн ч ойлгоно. Ганцхан дуучин хоёр
сарын турш дуулаад байдаг, бусад нь юу ч дуулахгүй, хэзээ дуудахыг хүлээгээд сууж
байж таарахгүй биз дээ. Формоо алдана. Байнга дуулж тордож хөгжиж байх ёстой байтал
ийм нөхцөл нь алга. Энэ бүхэн бол концертмейстр цөөнтэй холбоотой.

-Дуулсан дүрийн зэрэглэлээр нь нэмэгдэл цалин тооцдог байсан
өмнөх зарчим хэвээрээ байгаа юу?

-Урьд
нь байсан. Их зөв тогтолцоо. Гэвч нэлээн хэсэгтээ байхгүй байгаад одооноос л дүрийн
нэмэгдлийг сэргээхээр шийдсэн. Сар сард биш улирал бүрт тооцохоор ярьж байгаа. Нэгдүгээр
зэрэглэлийн дүрийг яаж үнэлэх юм, хоёрдугаар зэрэглэлийн дүрийг яаж үнэлэх юм гэхчилэн
дүрийн үнэлгээгээ гаргаад улиралд нэг урамшуулал олгож байхаар шийдвэрлэсэн байна
лээ. Гэхдээ журам нь гараагүй байгаа. Одоо үүн дээр дахиад л асуудал гарч ирнэ.
Мэдээж цалин маш бага учраас дуучид энэ рүү дайрна. Орлогоо нэмэгдүүлэх боломж гаргаад
өгч байгаа учраас ахиу цалингийн төлөө ухаан жолоогүй дайрна. Энэ бол нэг талаар
сайн. Тухайн дүрд гарахын тулд маш сайн байж сонгогдоно. Сонгох зарчим нь шударга
байх хэрэгтэй. Миний харж байгаагаар, одоо манай театрт шударга зарчим огт байхгүй.
Шударга сонголт хийхгүй байгаа хүмүүс нь мэдээж уран сайхны удирдлагууд. Тэгэхээр
дуучдын хөдөлмөр үүгээр ингээд үнэлэгдчих юм байна гэж найдахад тун эргэлзээтэй.
Би гэхэд хоёр гурван гол дүрийг хийчихээд суугаад л байна. Шалгуулъя, дуулъя гэхээр
цаг байхгүй гэдэг. Чамайг бэлтгээд гаргах цаг байхгүй ээ гэдэг юм. Зарим нь бэлтгээд
гараад болоод байдаг.

-Жишээ нь?

-Жишээ
нь, би Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Скарпья гэж дүрийг бэлтгээд партын хувьд бэлэн
болчихоод байж байна. Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрийг бас гаргачихаад
байж байна. “Аида” дуурийн Аманосрогийн дүрийг бэлтгэж гаргачихаад байна. Эд нарыгаа
сонсгоё, хийе гэхээр цаг байхгүй ээ гэдэг шалтаг хэлдэг. Үүний цаана нэг фракцийн
эрх ашиг л байгаа юм. Дуурийн театрт нэг ийм фракц байдаг.

-Танд яагаад ингэж ханддаг юм бол?

-Яагаад
намайг ингэж хавчаад байдаг гэхээр, би оюутан байхаасаа авахуулаад ОХУ-ын ардын
жүжигчин Дариймаа Линхова гэж агуу хүний удирдлагад хичээллээд явчихсан. Тэндээс
дандаа олон улсын уралдаануудад оролцож ирсэн. Оросын зургаа долоон уралдаанаас
шагналыг нь авсан. Ингээд театрт ороод ирсэн. Миний адил  баритон хоолойтой дуучдын бэлтгэлийг хийлгэдэг
концертмейстр нь энд өөрийнхөө хүнийг дуулуулаад байдаг. Ийм эрүүл бус нөхцөлд бид
ажилладаг. Уг нь Монголын урлаг хөгжиж, Монголын нэр гарч л байвал болоо биш үү
дээ, тийм ээ. Ингээд дээгүүрээ найз нөхөд, хувийн харилцаагаар театрын ажилд ханддаг
болчихсон. Өөрсдөөсөө илүү боловсролтой, чадалтай хүмүүсийг театрт оруулдаггүй.

-Дуурийн дуучин ховор нарийн мэргэжил атал өөрсдөө асуудлаа
задалдаггүй, аялдан дагалдагч маягтай улсууд байх шиг. Театр нь ганц болохоор тэр
үү. Та бүхэн яг яагаад байдаг юм бэ?

-Тийм
сул тал байгаа. Театрын энэ муухай уур амьсгалыг хэлчихээр өнөө хэдэн хүнд эрх мэдэл
нь байгаа учраас дүр өгөхгүй, хавчаад байдаг. Тэгэхээр дуучид амаа хамхиад, нөгөө
л хэдэн хүний үгээр явдаг байхгүй юу. Энэ чинь маш хортой. Миний нэг санаа байгаа
юм. Өнөөдөр Монголд дуурийн театр байгаад, тавин хэдэн дуурь тоглогдож байна л гэдэг.
Чанар бол тодорхой хэмжээнд байгаа. Хамгийн гол нь шийдээгүй асуудал маш их байгаа
юм. Монголд дэлхийн сонгодогийн вертуозны урлаг байхгүй. Вертуоз гэдэг бол хамгийн
топ нь, төгс нь гэсэн үг. Тэр топ түвшний уран бүтээлчид Монголыг дандаа тойрдог.
Дэлхийн топ удирдаач, топ найруулагч нар нь, топ агуу дуучид нь Монголыг тоохгүй
байна. Яагаад тоохгүй байгаа юм. Бид тийм чадваргүй юм уу. Бид нарт тэр соёл нь
байхгүй юм уу. Бид нөхцөлийг нь бүрдүүлээгүй байна уу. Салбарыг толгойлж байгаа
удирдлагууд нь энэ талаар бодохгүй байна уу, сэдэхгүй байна уу гээд олон талаас
нь харах хэрэгтэй.

Тэгвэл
бид нар чадна гэж би хувьдаа хэлнэ. Нөхцлөө л бүрдүүлээсэй. Монгол Улс нэг өртөө
л болчих хэрэгтэй юм. Дэлхий дээр сонгодог урлагийн маш том сүлжээ байна. Энэ сүлжээний
нэг нь л болчих хэрэгтэй юм, бид.

Н.ПАГМА

Categories
редакцийн-нийтлэл

З.Төрмандах: 24 насандаа Эрүүгийн цагдаагийн дарга болж, Монголын цагдаагийн байгууллагыг Интерполд элсүүлж явлаа

-ТАМХИНЫ ҮНСИЙГ НУНТАГЛААД ХУРУУНЫ ХЭЭ ГАРСАН ГАЗАРТ
АСГАЖ, ТУУЛАЙН СҮҮЛЭЭР ШҮҮРДЭЭД, ГАРЫН ХЭЭГ НЬ СКОЧООР АВЧ ХҮРТЭЛ ҮЗСЭН-

Цагдаагийн ерөнхий газрын харьяа Эрүү­гийн цагдаагийн
дарга асан хурандаа З.Төр­мандахтай ярилц­лаа. Эл эрхэм  цэл залуухан 24 настай дэслэгч байх­даа
Эрүүгийн цаг­даагийн газрыг удир­даж явсан билээ. Бид хоёрын хөөрөлдөөн ингэж
эхэлсэн юм.

 
-Цагдаагийн бай­гуул­лагад анх хэрхэн орж байсан талаар
яриагаа эхлэх үү?

-Би
хотод төрж өссөн, хотын унаган хүүхэд. Нийслэлийн 33 дугаар дунд сургуулийг
1983 онд төгсөж байлаа. Намайг дунд сургуулиа төгсөх үед тухайн үеийн
НАХЯ-ныхан боловсон хүчнээ бэлтгэхийн тулд сурагчдаас санал авдаг байсан юм. Би
компьютерийн чиглэлээр суръя гээд өргөдөл гаргачихдаг юм. Гэтэл ирсэн урилгаар
нь нэг даргын хүүхэд явчихаж. Оронд нь ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академид
сурахаар боллоо. Ямар чиглэлээр сурах гэж байгаагаа ч мэдэхгүй амьтан байсан.
Бүр төгсөөд юу хийдэг, яадаг хүн болохыгоо ч мэдэхгүй. Ямар ч байсан Орос руу
сургуульд явна гээд л яваад байгаа. Тэр үед үзэл суртлаас болдог байсан уу
гадаадад сургуульд явах гэж бай­гаа залуус цэргийн бэлтгэл сургууль хаасан байх
шаардлагатай гэсэн шалгуур тавьдаг байсан. Түүний дагуу Дорнод айм­гийн Авдар
хараатын заставт зургаан сар алба хаахаар болсон. Ингээд улсынхаа хил дээр
зургаан сар гаруй алба хаагаад, эргээд хотод ирж байгаа юм. Хотод ирээд зургаан
сар орос хэлний бэлтгэлд хамрагдсаны эцэст Орос руу явсан даа.  Ингэж л миний цаг­даа­гийн байгууллагад
ажиллах зам нээгдэж байсан түүхтэй.

13 ХҮНИЙГ ХУТГАЛСАН ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛСЭН

-Оюутан цагийн сайхан дурсамжууд байдаг байх. Таныг гар
бөмбөг сайн тоглодог гэж хүмүүс ярьдаг юм билээ. Сургуулийнхаа шигшээ багт
тоглодог байсан гэсэн үү?

-Монголд
арван жилд байхдаа тоглодог байсан. Насанд хүрэгчийн тэмцээнд нэг л удаа орж
үзсэн. Тэгээд л сургууль соёл гэж яваад Монголдоо тоглох зав олдоогүй. Харин
Орост очоод тоглох боломж олдсон. ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийн шигшээ
багийн тамирчин байлаа. Багийнхаа холбогч хийдэг байв. Манай багийнхан
“Динамо”-гийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.
“Динамо”-гийн нийгэмлэг нь гар бөмбөгөөрөө алдартай. Их олон жил Орос
улсыг тэргүүлсэн. ЗХУ-ын номер нэг баг байсан. Тэр нийгэмлэгээс зохион
байгуулсан тэмцээнд оролцож байлаа. 
Өөрөөр хэлбэл, хойд хөршийн улсын аварга шалгаруулах тэмцээн гэсэн үг
юм. Магадгүй ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийн гар бөмбөгийн багт
легионероор тоглосон цорын ганц монгол тоглогч ч байж мэднэ. Хичээл сургууль,
бөмбөг хөөж явсаар сургуулиа төгссөн. Сургуулиа их сайн дүнтэй төгслөө. Бас
хажуугаар нь урлаг, спортын чамгүй амжилт гаргачихсан. Эрдэм шинжилгээний ажилд
идэвх санаачилгатай оролцсон. Хэд хэдэн баярын бичигтэй. Мэргэн буудлагын курс,
жолооны курс гээд шаардлагатай курсийг нь төгссөн хүн Монголдоо ирлээ дээ.
Ёстой л нэг будаг нь ханхалсан шинэхэн цагдаагийн офицер байлаа.

-Таныг ирэх үед нийгэм өөрчлөгдөх гээд замбараагүй
байдалтай байсан. Үүнийгээ дагаад олныг цочирдуулсан онц ноцтой гэмт хэрэг олон
гарсан байдаг. Ажлынхаа гарааг хаанаас эхэлж байв даа?

-Энэ
их маапаантай зүйл болж байсан юм аа. Хамгийн эхлээд Төмөр замын цагдаагийн
хэлтэст хуваариллаа. Гэтэл миний оронд өөр хүн танил талаараа дамжуулаад миний
хуваарийг авчихсан байв. Ингээд Говь-Алтай руу эрүүгийн төлөөлөгчөөр
томилогдоод өнөө маргаашгүй явах юм болов. Амгаланд байх хангалтаас хувцас
формоо авчихлаа. Бусад хэрэгтэй зүйлээ бэлдээд байж байтал боловсон хүчин
дууддаг юм байна. Миний талаар матаас очсон байж л дээ. Чи сургуулиа төгсөж
чадаагүй хөөгдөх шахаад ирсэн юм уу. Орост байхдаа архи ууж, болж бүтэхгүй
хүмүүстэй их нийлдэг байсан гэнэ гээд л баахан загнав. Миний талаар ямар нэгэн матаас
орчихоод байгааг тэр үед мэдээд байгаа юм. Хүнд худлаа гүтгүүлчихсэн хэрэг.
Очих гэж байгаа газарт ажлын байрны тодорхойлолт мэдээлэл гүтгэгдсэн гэж
бодохоор тэнд ажиллана гэж сэтгэлд бууж өгөхгүй байв. Тэгэхээр нь тэр үед хотын
Цагдаагийн газрын дарга байсан Ж.Хурцгэрэл хурандаатай уулзлаа. Өөрийгөө
танилцуулаад, сургуулиа хэрхэн төгссөн гээд бүх зүйлийг хэлсэн юм. Ж.Хурцгэрэл
хурандаа их шударга хүн байсан. Тэгээд л намайг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн
төлөөлөгчөөр ажиллуулсан. Ингэж л ажлын гараагаа эхэлж байлаа. Тэр үед жагсаал
цуглаан аль хэдийнэ эхэлчихсэн. Нийгэм замбараагүй байдалд орчихсон байсан.
Гэмт хэргийн гаралт тоймоо алдаж байсан үе. Гэр рүүгээ харих ч завгүй ажил
маань тэгж эхэлж байлаа.

-Таны тухай нэг яриа байдаг юм билээ. Жил гаруй хугацаанд
гурван удаа гэртээ харьж хоносон гэдэг бил үү ?

-Хүмүүс
үүнийг бу­руугаар ойлгоод байдаг юм. Үнэндээ тухайн үед ажиллаж байсан
цаг­даагийн албан хаагчид тийм л байсан. Бид гэртээ харих ямар ч цаг зав
байгаагүй. Шөнө нь жижүүртэй хононо. Жижүүртэй хононо гэхээр дуудлагад явж
байгаа юм. Шөнөжин дуудлагаар яваад өглөө болгоно. Ажил дээрээ нүднийхээ хорыг
гаргаад хэрэг бүртгэл хийнэ. Бүртгэлээ хийгээд хэргийн мөрдөн шалгах ажил эхэлж
байгаа юм. Мөрдөн шалгаж эзэн холбогдогчийг нь тогтооно. Эзэн холбогдогчийг нь
тогтоогоод мөрдөн байцаалт хийнэ гээд их ажилтай. Бас дээрээс нь өргөдөл,
гомдол хүлээж авна. Энэ бүгдийг нэг хүн л хийдэг байлаа. Одоо бол бүх зүйл нь
тусдаа, цаг зав ихтэй болчихсон. Бас энд тэндгүй жагсаал цуглаан болж эмх
замбараагүй байдал үүснэ. Талбай дээр жагсаал болж байхад хүнсний төвүүд дээр
хүмүүс мөн л мах, хүнсэнд дугаарлаад, эмх замбараагүй байдал үүсгэнэ. Сүхбаатар
дүүргийн цагдаагийн хэлтэст жил ажиллахдаа гуравхан өдөр гэртээ хоносон байдаг
юм. Зөөлөн орон дээр унтахаар нуруу хөшиж өвдөнө. Ширээ, шалан дээр унтаад
сурчихдаг юм билээ. Харин энэ хугацаанд хүүхдүүд маань их хурдан том болсон
шүү. Нэг ирэхэд л зөндөө том болчихсон байдаг байлаа. Ийм л завгүй ажиллаж
байлаа.

-Таныг ажиллаж байхад нэг өдрийн дотор 13 хүн хутгалуулсан
хэрэг гарсан  байдаг. Энэ хэргийг хэрхэн
илрүүлж байсан бэ?

-“Улаанбаатарыг
донсолгосон шөнө” гэсэн нийтлэл төвийн хэвлэлд гарч байсныг зарим хүн санаж
байгаа байх. Нэг өдрийн дотор 13 хүн хутгалсан хэрэг гарсан юм. Гэмт
этгээдүүдийг олж, саатуулах үүрэг авлаа. Миний хариуцаж байсан хэсэгт буюу
Дэнжийн 1000-д байх нэг хашаанд сэжиг бүхий гурван залуу орчихдог юм. Тэр үед
богино долгионы станц байсангүй. Нэмэлт хүч дуудаж чаддаггүй. Согтуу гурван
залуу таарсан хүн бүрээ шахуу  хутгалаад
яваад байсан байдаг юм. Шийдчихсэн гурван залуу руу яваад орох зориг хүрдэггүй.
Тэгээд гаднаас нь ажиглалт хийх боллоо. Ацтай шонгийн мод налаад нөгөө хэдийг
ажиглаад байгаа. Нэг мэдсэн унтчихаж, нөгөөдүүл ч тэр хойгуур гараад явчихсан.
Олон шөнө нойргүй ажилласан болохоор өөрийн мэдэлгүй ядраад унтчихсан байсан.
Үүрээр Хотын цагдаагийн даргаас тэднийг өдөртөө багтааж баривчлах тушаал авлаа.
Тэгээд мэдээлэл цуглуулаад хэрэгтнүүдийн халуун мөрөөр орлоо. Хэрэгтнүүдийг XI
хороололд байхад нь саатуулсан. Маш богино хугацаанд хэргийг илрүүлсэн гэж
болно. Шоронгоор олон жил явсан нэг этгээд хоёр залуугийн хамт хайчны гуяыг
салгаж барьчихаад, таарсан хүн болгоныг хутгалсан байдаг. Тэр хэрэг дээр
ажилласан хүн бүр цол ахисан.

-Тэр үед хэргийн газарт ажиллахад гутлын мөр, хурууны
хээг олигтойхон бэх­жүүлээд авах зүйл­гүй байсан. Багаж хэрэгсэлгүй цагдаа нар
зөвхөн мэдрэмжээрээ ажилладаг байсан гэдэг?

-Хүнд
хэцүү үед цаг­даагийн албыг нураалгүй авч явсан хүн бол Б.Пүрэв генерал юм.
Тоног төхөөрөмж битгий хэл хувцасны хангалт ирэхгүй хүнд үе байсан. Солих
хувцас байхгүй, бичгийн цаас, үзэгнээс өөр юмгүй ажиллаж байлаа. Хуучны үеэс
үлдсэн хурууны хээ авдаг жаахан нунтагтай. Гэхдээ тэр нь хүрэлцээ муу. Хурууны
хээг гарын доорх материалаар бэхжүүлж авдаг байлаа. Тамхины үнсийг нунтаглаж байгаад
хурууны хээ гарсан газраа асгаад туулайн сүүлээр шүүрдээд скочоор авч хүртэл
үзсэн. Багаж хэрэгсэл ч байхгүй болохоор хэргийн газарт мэдрэмжээрээ ажиллана
шүү дээ. Тийм хүнд хэцүү үе байсан ч гэсэн хэрэг илрүүлэлт их сайн байсан.
Яагаад гэхээр тэр үед шоронгоос гарч ирсэн хүмүүс бүгд цагдаагийн хяналтад
бүрэн байдаг байлаа. Болж бүтэхгүй байгаа хүмүүсийг хаана, юу хийж явааг хянаж
чаддаг байсан. Тийм болохоор хэрэг гарахад л илрүүлдэг байсан.

 
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХААЛГЫГ ТАТАЖ ҮЗЭЭГҮЙ
ТӨЛӨӨЛӨГЧИЙГ 1700 ХҮНИЙГ УДИРДУУЛАХ ШИЙДВЭР ГАРСАН

-Таныг Монголын цагдааг Интерполд элсүүлэх ажлыг гардаж
хийсэн гэдэг. Энэ талаар ярихгүй юу.

-Та­лий­гаач
Ц.Жамьян­­­сэнгээ хуран­даа Монголын цагдааг олон улсын байгууллагад элсүүлэх
шаардлагатайг анзаарсан. Тухайн үеийн эрүүгийн нөхцөл Интерполд элсэх зайлш­гүй
шаардлагатайг ха­руулж байсан. Мөн олон улсын цагдаагийн байгууллагаас туршлага
хуримтлуулах шаардлага байлаа. 1991 онд ЦЕГ-ын дарга Б.Пүрэв ге­не­рал бид хоёр
Урагвай улсад болсон Интерполын нэгдсэн хуралдаанд оролцож, тус байгууллагад
Монголын цагдааг элсүүлсэн юм. Бусад орон Монголыг Оросын дагавар улс гэсэн
ойлголттой байсан үе. Асуудал шийдэгдэхийн урд шөнө төлөөлөгч нартай нэг
бүрчлэн биечлэн уулзаад, Монголынхоо талаар ойлголт өгсөн. Тэгээд  маргааш нь Интерполд элсүүлж байлаа.

 -Таныг 24
настайдаа Эрүүгийн цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдож байсан.
Энэ тухай яриач?

-Тийм
ээ. Ажилд ороод жил гаруйн хугацаа өнгөрч байсан юм.  Гэтэл гэнэтхэн Эрүүгийн цагдаагийн газрын
даргын ажилд томилсон. Зах зээл бий болоод нийгмийг аюулаас хамгаалах яамнаас
Цагдаагийн ерөнхий газар биеэ дааж гарсан үе. Шинэ, залуу хүнийг энэ албан
тушаал дээр тавина гэсэн бодлого дээрээс явсан юм билээ. Сүүлд сонсоод байхад
олон залуусаас намайг сонгосон юм билээ. Тэр үед Эрүүгийн цагдаагийн газар юу
хийдэг. Дарга нь ямар албан тушаал хашдаг зэргийг би мэддэггүй шахуу байлаа.
Цагдаагийн ерөнхий газрын  удирдлагын
түвшинд таних нэг ч хүн байхгүй. Цагдаагийн ерөнхий газраар орж байгаагүй.
Дүүргийн эрүүгийн төлөөлөгч залууг шууд томилсон юм даа. Уг нь бол хурандаа
цолтой хүн ажиллах ёстой юм билээ. Улсын хэмжээний хэмжээний гарч буй бүх гэмт
хэргийг хариуцдаг, доороо 1700 хүнийг шууд удирддаг байлаа. Сумын цагдаагаас
эхлээд хэсгийн төлөөлөгч бүрийг удирдана. Тухайн үеийн аз байх гэж бодож явдаг
юм. Юу ч мэдэхгүй залуу байхад мөн ч том албан тушаал дээр томилогдож байжээ.
Гэхдээ ухарч, няцалгүйгээр зүтгэсэн. Ажлаа ч хийж чадсан гэж боддог юм. -Миний
хувьд хугацаагаар цол авч үзээгүй. Дандаа шагналаар авч байсан. Би илрүүлсэн хэрэг
бүрээ бүртгэдэг байсан юм. Өнгөрсөн хугацаанд би бие даан бусдыг санаатай
хөнөөсөн 28 хэрэг илрүүлсэн байгаа юм. 1990-2000 он хүртэл Монгол Улсын
хэмжээнд үйлдэгдсэн хүнийг санаатай алах бүхий л гэмт хэрэг дээр бусадтай
хамтран ажиллалаа. Төр нийгмийн зүтгэлтэн С.Төмөр-Очирын хэргээс эхлээд дуучин
Төмөрийг хөнөөсөн гээд л бараг бүгдэд нь ажиллаж байлаа. Тухайн үед хэрэг
илрүүлэлт сайн байсан. Жилийн эцсийн тайлангаар илрүүлэлт 98 хувьтай байсан үе
ч бий намайг Эрүүгийн цагдаагийн дарга байх хугацаанд.   

Үргэлжлэл
бий

  Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Ш.Сүхбаатар: Монголын төрд Самбуулаг хүнийг олон болгох хэрэгтэй

Юм бүрт урагш давшилттай байваас юуг
ч бүтээж чадна. Монгол төрийн жо­лоог ухаалгаар удир­дан залж явсан
Жамс­рангийн Самбуу гуай ингэж хэлсэн бай­даг билээ. Түүний амьд­ралын хуудсууд
хий­гээд төрийн албыг ямар сайхан төвшин нуруулаг хашиж яв­сан тухай түүхийг
“Мон­гол төрийн мэргэн өвөө” ном 
өгүүлдэг. Номын зохиогч, Хууль зүйн ухааны док­тор  Ширчингийн Сүх­баатар­тай ярилцлаа.

 
-Ардын их хурлын Тэргүүлэгчдийн
дарга агсан Жамсрангийн Сам­буу гуайн талаар бичсэн “Монгол төрийн мэргэн өвөө”
ном тань хоёр дахиа хэвлэгджээ. Ингэхэд та Ж.Самбуу гуайн талаар хэдийнээс
сонирхож эхлэв?

-Би 1982 оноос энэ мундаг хүний талаар су­далж эхэлсэн
гэхэд болно. Миний багад манай нутгийн хөгшчүүл Ж.Самбуу гуайн талаар маш
сайхан үлгэр домог шиг яриа өрнүүлдэг байлаа. Энэ бүх дуулж сонссон аман түүхээ
“Мон­гол төрийн мэргэн өвөө” нэртэй ном болгож 2003 онд хэвлүүлсэн л дээ.
Өнгөрсөн арван жил Ж.Самбуу гуайн түүхийг нарийвчлан судлаад нэмж тодотгосон
хоёр дахь хэв­лэлээ одоо гаргаж бай­на. Ж.Самбуу гуай на­сан туршдаа тавин жил
тасралтгүй төрдөө алба хашиж ирсэн хүн. Анх хо­шуу тамгын хавсраа бичээчээс,
Сангийн яамны тэргүүн зэргийн нягтлан бодогч, Төв аймгийг Богд хан уулын аймаг
байхад нь анхны дарга, бас Өмнөговь аймгийн анхны дарга бай­лаа. Орон нутагт
төр төвхнүүлэх ажлыг хийгээд зогсоогүй Хөдөө аж ахуйн яам, Гадаад яаманд хэлт­сийн
дарга, дараа нь Гадаад яамны орлогч сайдаар ажиллаж, ОХУ-д есөн жил, хойд
Солонгост хоёр жил Элчин сайдаар суусан дипломат хүн. Мон­гол төрийн тэргүүнээр
18 жил ажилласан. Ийм хүний амьдралыг со­нир­хон судлах бүх ухаад барш­гүй
уурхай шиг арвин баримтууд олддог юм даа. Энэ бүхний сэжүүрээс энэ ном бүтсэн.

-Ж.Самбуу гуай өөрөө мал аж ахуйн
талаар олон ном бичсэн байх аа?  

-Тиймээ. Ж.Самбуу гуай малчин, мал сүрэг хоёртоо амиа
тавьдаг хүн байсан юм билээ. Тэр чанар нь олон ч ном бүтээлээс нь харагддаг.
“Ардын нүүд­лийн мал аж ахуйг сайжруулан хөгжүүлэх арч­лалт арга маягийн сэ­дэв”
гэдэг номоо анх 1935 онд хэвлүүлж байсан. Түүнээс хойш 1937 онд “Малчны
туршлага”, 1945 онд “Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай ардуудад өгөх сануулга,
сургааль” зэрэг номуудыг нь нэр­лэж болно. Ж.Самбуу гуай эдгээр номоо бичи­хийн
тулд хуучнаар Д.На­цагдоржийн хөшөө байсан саруулхан дэнж дээр олон цагаан
эсгий гэр бариулаад Монгол орны  бүх
бүсээс шалгарсан сайн малчид цуглуулж, тэдний ярьсан яриа болгоныг тэмдэглэж
авсан байдаг юм. Ингэхдээ уйгаржин монгол бичгээр 108 хуудас хөтөлсөн тэмдэглэл
ч бий. Ийм хашир малчдын мал маллах арга ухааныг өөрийн төрөлхийн ухаан­тайгаа
нийлүүлэн сайн сайн номуудаа бүтээсэн. Эдгээр номууд бол мал маллах ухааны
ёстой л шижир тунгаамал гэсэн үг. Ж.Самбуу гуай мал аж ахуйн талаар томоохон
эрдмийн зэрэг цолгүй ч цолтой юм шиг юм бү­тээсэн хүн. Энэ тухай Академич
Б.Ширэндэв гуай дурссан байдаг юм. “Танд академич цол өгье” гэж эрдэмтэд санал
тавихад  Ж.Самбуу гуай “Би төрийн том
алба тушаалтай хүн. Ард олон муу хэлнэ” гээд халгаагаагүй юм билээ.

-Түүний талаар хү­мүүс ер нь юу
ярьдаг юм бол?

-Ж.Самбуу гуайн тө­рийн хүний төвч ухаан, ноён нуруу,
зангаргийг дандаа сайн сайхнаар хүмүүс дурсдаг. Ю.Цэдэнбал дар­га гэхэд “Монгол
төрийн гарамгай зүтгэлтэн, хашир туршлагатай мэргэн өвөө” гэж онож хэлсэн.
Америкийн нэрт монголч эрдэмтэн Оуэн Латимор “Ж.Самбуугийн хүмүүнлэг чанарыг хүндэтгэдэг”
гэсэн байхад манай улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Ж.Самбуу даргын ард
түмнээ хайрладаг хайр, хүнлэг, энгийн өөриймсөг сэтгэл, мал аж ахуйг эрхлэх
ухаан, төлөв төвшин, онч мэргэн үгс түмэн олны хүндэтгэлийг өөрийн эрх­гүй
татаж чадсан билээ” гэж хэлсэн байх жишээтэй. Энэ мэтчилэн Ж.Самбуу гуайн хэлж
байсан сэтгэлд хоногшим үгнүүд энэ номд орсон. Тэрбээр монгол эр хүний
жудагтай, хүнтэй нөхөрлөвөл нөхөрлөсөн шиг нөхөрлөчихдөг эр байж. Дэлхийн
хоёрдугаар дайны үед гадаадын Элчин сайд нар Москвагаас хол­дож, зарим нь нутаг
буцаж байхад Ж.Самбуу гуай “Үхэвч сэхэвч хамт” гэж хэлээд үлдсэн. Тухайн үед
Оросын ард түмэн түүний энэ чанарыг ихэд үнэлж дайны дараа Монголын Элчин
сайдын яамыг Москвагийн төвд байгуул гэсэн шийдвэр гаргаж байсан түүхтэй. Бас Хойд
солонгосчууд Самбуу гуайг маш их хүндэтгэдэг байж. Ким Ир Сен Монголд ирэхдээ
“Ж.Самбуу даргын хүүхдүүд хаана байна” гэж сураглаж байсан удаатай.

2006 онд Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрийг босгоход
Ж.Самбуу гуайн нэр төрөөр зарим зүйл нь бүтсэн гэдэг. Монгол төрийн уламжлалыг
шингээсэн ёслол хүндэтгэлийн гэрийн хөшгийг 26.8 метр урттай магнаг торгоор
хийхээр анх тооцоолж. Энэ дагуу Энэтхэгт суугаа Элчин сайдын яаманд хэлтэл
төсөвлөсөн мөнгөнөөс нь 30 дахин өндөр үнэ хэлж, ингээд зээгт наамлаар хийх гэ­тэл
бас өндөр үнэ сонсож. Тэгэхээр нь ардчилсан Солонгосын Элчин сайдад хандсан юм
билээ. Элчин сайд нь “Самбуу гуай бол бөмбөгдөлтийн үед биднийг орхиогүй.
Жаргал зовлонгоо хуваалцсан хүн. Бид та бүхэнд Самбуу гуайг бодоод тусалъя”
гэсэн. Энэ дагуу 150 хатгамалч бүсгүй Монгол төрийн ёслол хүндэтгэлийн өргөөний
гэрийн хөшгийг хатгаж өгсөн байгаа юм. Тус улсын ханшаар анх төлөвлөснөөс 10
дахин өндөр зардал гарах байсан ч хамгийн хямд үнээр нь хийж өгсөн гэдэг юм.
Ингэж Ж.Самбуу гуай өнөө байхгүй ч үлдсэндээ хэрэг болсоор байгаа хүн.

-Монгол төрийг 20-иод жил удирдаж
явсан энэ эрхмийн талаар судалсан таны хувьд “Ж.Самбуу гуайн жишгээс хара­хад
төрийн хүн ийм л байх ёстой” гэх бодол байгаа байх…?

-Монголын төрд Сам­буулаг хүнийг олон болгох хэрэгтэй гэж
сэтгүүлч Жамбалын Мягмарсүрэн надад хэлж байсан юм. Би түүнтэй санал нэг байна.
Төрийн албыг төвшин, ноён нуруутай, буурь суурьтай яаж хашдагийн үлгэр жишээ
бол Ж.Самбуу гуай юм. Москвад олон жил Элчингээр суугаад ирэхдээ барьж явсан
хоёр чемодантайгаа  буцаж ирж. Тэгэхэд
Х.Чойбалсан “Төрийн хэрэг залгуулж байгаа та нар эдийн та­лаар Элчин Самбуу шиг
бай” гэж нам улсын хариуцлагатнуудад хэлж байсан юм билээ. Ерөөсөө тийм
шуналгүй хүн байсан хэрэг л дээ. Тэрбээр Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга
байхдаа Улаанбаатар хотын захиргаанд орон сууц хүссэн өргөдөлдөө  “Нэг өрөө байр олгоно уу” гээд Ард Самбуу
гээд гарын үсгээ зурчихсан байсан гэдэг. Ж.Самбуу гуай шиг албан тушаалтай
хүмүүс тухайн үед бариг­даж буй барилгаас дураа­раа авдаг байсан цаг шүү дээ.
Харин Ж.Самбуу гуай бол асуудалд ийм л хүндэтгэлтэй ханддаг байж. Нэг удаа
Цэндийн Дамдинсүрэн гуай түүнд гадагшаа цагаачлах хү­сэлт тавьж л дээ. Тэг­сэн
Ж.Самбуу гуай “Дам­динсүрээн наадах чинь хороон даргын чинь шийдэх асуудал
байна” гэж. Хороон дарга нь шийдээгүй байхад дээрээс Их хурлын дарга оролцож
аливаа асуудлыг шийдэж болохгүй юм гэдгийн жишээ энэ. Ж.Самбуу гуай хүний үгийг
тэвчээр­тэй сонсдог. Тэгээд бодож байгаад цөөн үг хэлдэг хүн байжээ. Төрийн
албаны зангаргаараа улс орноо, ард түмнээ бодсон шийдвэр гаргадаг байв.

Аливаа асуудалд Монголоо, монгол хүнээ юун түрүүн боддог
байж. Жамбалдоржийн “хар тогтоол” гэж нэрлэгдэж байсан Социалист өмч үрэгдүүлж,
хулгайлсан хүнийг цаазаар авах тухай асуудал Их хурал дээр орж ирэхэд Ж.Самбуу
гуай “Хүнийг айлгах цаасан буу хэрэгтэй ч, монголчууд угаас цөөхөн хүнээ л
гамнах юмсан” хэмээн хэлсэн байна. Мөн ЗХУ-ын сансрын нисгэгч эмэгтэйд улсын
баатар цол олгох тухай асуудал зохих шатанд яригдаад Их хурлын түвшинд
шийдэгдэхээр орж ирэхэд Ж.Самбуу гуай “Монголд баатар эмэгтэй төрсөн билүү” гэж
байсан. Үнэхээр Монголд улсын баатар цол өмнө нь эмэгтэй хүнд олгож байгаагүй
аж. Ингээд анх Түвдэнгийн Борыг 1971 онд Монгол Улсын баатар цолоор нөхөн
шагнаж, анхны эмэгтэй баатар болгож байжээ. Ж.Самбуу гуай бол аливаад ингэж л ханддаг
хүн байлаа. Түүний шинж чанарыг харахад төрийн хүн яг түүн шиг байх ёстой.
Төрийн хүн гэдэг бол аливаа юмны дүн нуруу, голыг нь олоод шийдчихдэг юм байна.
Иргэн хүндээ энэрэлтэй, зөөлөн сэтгэлээр хандаж, тавьж байгаа асуудлыг нь аль
болохоор шийдэж өгөхийн төлөө төр ажилладаг юм байна. Төрийн ажил бол
ихэмсэглэл, бардамналын ажил биш гэдэг нь харагддаг. Харамсалтай нь өнөөгийн
манай зарим төрийн албан хаагчид иргэддээ үйлчилж, тэдний төлөө ажиллана
гэхээсээ илүү өөрийгөө боддог нь нууц биш. Ж.Самбуу гуайн нэг ийм сургаал
байдаг юм. “Төрийн алба хаагч хүн амнаас
гарах хийгээ бодож хэл, эхлээд хүний үгийг сайн сонс. Үг хэлэх амархан. Засахад
хэцүү. Төрийн хүн сууж сурах хэрэгтэй. Төвшин сайхнаар хүн рүү харж ярь, үгийг
нь сонсохын тулд нүд рүү нь хар гээд дандаа мэргэн үг хэлдэг байсан юм билээ.
Хүрз зээтүү барьж, малын шивтэр бууц үнэрлэж байж төрийг удирдах хүн болно.
Тиймээс төрийн том албанд хэнийг ч оюутны ширээнээс шууд тавьж болохгүй. Төрд
хүнийг бэлтгэхдээ ийм зарчим барьж бай” гэдэг байсан юм билээ.

-Ж.Самбуу гуайн гэр бүлийнх­нийх нь
талаар сонирхуулахгүй юу. Одоо үлдэж хоцорсон ямар хүмүүс байна?

-Ж.Самбуу гуай түүний гэргий Нямаа гуай нар төрүүлсэн үр
хүүхэдгүй ч тэд олон хүүхэд өргөн авч, гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд
хүргэж өгсөн ачтай буянтай хүмүүс. Хэдий тийм боловч Ж.Самбуу гуайд төрсөн
хүүхэд нь байсан юм билээ. Ж.Самбуу гуайг амьд сэрүүн байхад нь тэр хүүхэд нь
уулздаг, өргөмөл  хүүхдүүдтэй нь ойр
дотно байсан тухай шинэ баримтыг энэ номондоо оруулсан. Ж.Самбуу гуай 1923 онд
Төв аймгийн Бүрэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын зааг Булгуудын хэцийн
Цэвэгжав гэдэг эмэгтэйтэй үерхэж байсан юм билээ. Ингээд тэдний дундаас Цэнд
охин нь төрж л дээ. Тэрээр 1982 он хүртэл амьдарсан. Тэр аавтайгаа ойр дотно
холбоотой байсныг О.Гомбосүрэн, С.Сүрэнжав, С.Сосорбарам, түүний зээ хүү
С.Ганбаатар нар нотолдог.

-Та охиных нь хүүхдүүдийг сураглаж
үзэв үү?

-Ж.Самбуу гуайн зээ хүү С.Ган­баатар, С.Баярсайхан гэж
байсан. Харин С.Баярсайхан нь өөд бол­чихсон юм билээ. С.Баярсайханы хүү
Б.Батсайхан  гэж залуу бий. Одоо Төмөр
замын холбоонд ажиллаж байгаа. Ер нь Ж.Самбуу гуай төрсөн үр
хүүхэдтэйгээ уулзаж, холбоо тогтооход гэргий Нямаа гуай их уужуу ухаанаар
ханддаг байсан гэнэ лээ. Тэдний өргөмөл хүү С.Сүрэнжав “Аавыг нас барахад Цэнд
эгч хамт байсан, түүний тухай ярихгүй бол
алдас болно” гэж хэлж байна билээ.

-Ж.Самбуу гуай Төв аймгийн Бүрэн сумын хүн. Нутгийнхан түүнийг Элчин Самба гэж дууддаг
байсан гэдэг. Та ч бас энэ сумын уугуул. Түүний тухай танд ямар дурсамж үлдсэн
бэ?

-Миний багад Ж.Самбуу гуайн төрсөн дүү, ах дүүс
манайхтай нэг дор нутаглацгаана. Ж.Самбуу гуай төрийн том хүн гэхэд хөдөө нутагтаа очихоороо эгэл жирийн. Мал
хариулж, усалж, ан ав хийж ард олонтойгоо адил хүн байсан. Хүүхдүүдэд ховор
нандин чихэр боов тарааж өгдөг байлаа.
Түүнээс чихэр авч байсан хүүхдүүдийн нэг нь би. Ж.Самбуу гуайн дүү Ж.Гаажид гэж
байсан. Түүний охин Осоржамаагийн бага хүү А.Одхүү бид хоёр нэг ангид сурдаг
байв. Нэг хотноос сургуульдаа явна. 1967 оны үед санагдаж байна. Самбуу гуай
намайг сургуульд орохоос хэдэн жилийн өмнө Бүрэндээ ирэхдээ надад шар сүүлт
янжуур тамхи шиг бал өгч билээ. Ээж маань тэр балыг хадгалж байгаад намайг
сургуульд ороход өгсөн юм. Ж.Самбуу гуайн бэлэглэсэн балаар би анхны А үсгээ
бичиж байсандаа ихэд бэлгэшээдэг. Ер нь Самба гуай нутагтаа ирэхээрээ хүүхэд
хөгшид гэж ялгахгүй бүгдэд нь юм өгдөг байв. Тэр үед ховор байсан хулсан сам,
толь зэргийг эмэгтэйчүүдэд өгнө. Эрчүүдэд
морь сарлаг буюу коньяк зэрэг ховор нандин архи авчирч өгдөгсөн. Тухайн үед
хөдөө байшин савны хүрэлцээ ч тааруу байж. Гадаа эсгий дэвсч нутгийн олноо
суулгаж байгаад хурал хийдэг байсан.  Ан
ав хийлээ гэхэд агнасан ангийнхаа арьс үсийг хоршоонд тушаагаад хамт явсан
хүмүүстээ хувь тараагаад өгдөг  хүн байсан юм билээ.

-Та ч бас төрд олон жил ажил­лаж
байгаа хүн. Ж.Самбуу гуайгаас үлгэр дуурайлал авдаг болов уу?

-Би төрдөө зүтгэж л явна. Ийм хүний тухай ном бичихээр
өөрийн эрхгүй бодогдох юм байлгүй яахав.

-Төрд Самбуулаг хүнийг олон болгох
хэрэгтэй гэж та дээр хэллээ. Яавал төрд түүн шиг хүн олноор төрөх вэ?

-Төрийн албаны зөвлөл өөрийн­хөө хууль эрх зүйн баримт
бичгээ шинэчилж байгаа юм билээ. Тус зөвлөлийн гишүүн, доктор Д.Даваа-Очир
“Ж.Самбуу гуайн нэрэмжит шагнал бий болгоё” гээд судалгаа хийлгэж байгаа. Энэ
нь төрд Сам­буулаг хүн олноор бий болгохын бодит санал санаачилга, эхлэл гэж
бодож байна.

-Энэ шагналыг ямар хүмүүст өгөх юм
бол?

-Төрийн албаны хуулиар хүлээ­сэн үүрэг, төрийн албан
хаагч гэж ямар байх ёстой юм, тэр жишигт хүрсэн хүнд өгөх байх. Яг үнэндээ
өнөөдөр төрийн албан хаагчийг шагнадаг тухайлсан шагнал алга. Тиймээс Ж.Самуу
гуайн нэрэмжит шагнал бий болох байх.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Шаамараас хулгайлагдсан гэж шуугиан тарьсан хүүг аав нь Орос руу үрчлүүлжээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас арван сартай хүү алга болсон
хэрэг 2005 онд гарчээ. Хулгайлагдсан гэх хүүгээ ОХУ-д нэгэн айлд амьдарч байгаа
тухай мэдээллийг ар гэрийнхэн нь олж сонссон байна.

Шаамар сумынхан “Тийм нэг хэрэг дуулдсан шүү. Хичнээн ч жилийн
өмнө юм бэ дээ, хүүхэд алга болсон тухай манай сумынхан ярьдаг байсан” хэ­мээц­гээнэ.
Алга болсон хүү Д.Цэрэнханд гэ­дэг эмэгтэйн зээ бай­сан тухай дуулаад тэд­нийхийг
хайж оллоо. Д.Цэрэнханд “Та нар энэ тухай мэдээллийг хаанаас дуулав. Таг­нуулынхан
хэнд ч бит­гий хэлээрэй гэсэнсэн. Хотынхон бүгд мэдээ юу” гэсээр угтлаа.

Д.Цэрэнханд дөр­вөн хүүхэдтэй, өрх толгойлсон эмэг­тэй. Алга
болсон хүүг Төгсжаргалын Хи­шигбат гэдэг бө­гөөд ууган охин Н.Цэцэг­сайханых нь
хоёр дахь хүүхэд нь байжээ.

Т.Хишигбат 2004 оны аравдугаар сард мэндэлжээ. Арван сар­тайдаа
буюу 2005 оны наймдугаар сарын 13-14-ний үеэр хулгайлагдсан гэж үздэг юм байна.
Д.Цэрэнханд гуай “Хэр­­вээ хүү минь амьд байгаа бол одоо арван нас хүрч
байгаа” хэмээсээр болсон хэрэг явдлын талаар ийн ярьсан юм.

  

-Хэрэг болох үед ээж нь хаана байсан юм бэ?

-Тэр
үед миний охин Н.Цэцэгсайхан Дарханы мөрдөнд саатуулагдаад байсан юм.

-Ямар хэргээр?

-Залилангийн.

-Т.Хишигбат хүү яаж алга болсон юм?

-Хүүг
маань төрсөн эцэг нь, ээж, том ахтайгаа нийлээд хулгайгаар орос хүмүүст өгсөн. Манай
худ хөгшин хүүг минь өгсөн хүмүүсийг “Миний төрсөн дүү” гэж ойр хавийнхандаа ярьдаг
юм билээ. Гэхдээ чухам яг ямар хүмүүст өгснийг нь мэдэхгүй бай­на. Улаан-Үдийнх
ч юм уу, цаашаагаа өөр улсуудад ч өгсөн юм уу бүү мэд. Худындаа очоод хүүгээ авах
гэтэл тэд хүүг минь өөр хүмүүст өгчихсөн байсан. “Та нар ядуу зүдүү. Хүүхэд маллаж
чадахгүй. Чадал чинь хүрвэл хүүгээ олж аваарай. Яваад зар­галдаарай” гэсэн. Тэр
үед миний амьдрал хэцүү байсан л даа. Дөрвөн хүүхэдтэй, далан хэдэн настай, хэвтэрт
байдаг аавыгаа асардаг байсан. Хэрэг болсны дараа Дарханы цагдаагийн газарт хоёр
удаа хандсан. Т.Хишигбат одоо хүртэл Сэлэнгэ аймгийн Шаамар суманд бүртгэлтэй шүү
дээ. Хүүг минь чухам яаж Монгол Улсын хилээр гаргасныг мэдэхгүй байна. Төрсөн эхийг
нь байсаар байтал өөр хүмүүст үрчлүүлж болдог юм байх даа.

  
-Н.Цэцэгсайханы холбогдсон хэрэг яаж шийдэгдсэн юм бэ?

-Хуулийн
дагуу 2.5 жил аваад явсан. Ял авах үеэр л энэ бүхэн болсон. Би охиноо батлан даалтад
гаргах гэж их гүйсээн. Охин минь тэр үед хоёр хүүхэдтэй Т.Хишигбат отгон нь. Би
том охиныг нь асардаг байсан. Охин минь хүүгийнхээ араас байнга уйлж, унжиж сэтгэлээр
унана. Тэгэх бүрт нь би өөрийгөө зэмлэж, байх суух газраа олдоггүй юм. Тэр үед хоёр
хүүхдийг нь хоёуланг нь дэргэдээ байлгах минь яав даа гэж толгойгоо шаадаг. Би үргэлж
харамсдаг. Тийм юм болно гэж яаж зүүдлэх юм. Тийм биз дээ. Төрсөн эцэг, эмээ хоёр
нь хүүг минь зарчихсан гэж яаж төсөөлөх юм.

Тэр
үед миний амьд­рал ч гэлтгүй, бүх хүний амьдрал хүнд л байсан. Монголын ард түмэн
мэд­нэ. Одоо харин амьдрал минь жигдэрч, гурван бага маань гурвуулаа их сургуульд
сурч байна.

Охиноо
гарч ирснийх нь дараа Иргэний бүртгэлийн байцаагчид Н.Цэцэг­сайхан, Х.Төгс­жар­гал
хоёрын Гэрлэл­тийн гэрчилгээг аваад очсон. Байцаагч манай хүргэн рүү утсаар ярьсан
чинь “Би наад хүнтэй чинь гэрлээгүй. Сууж байгаагүй. Хүүхэд гаргаагүй” гэж хариулсан.

-Та Т.Хишигбатыг алга болсон, хулгай­лагдсан гэдгийг хэд хоногийн
дараа мэдсэн юм бэ?

-Охиноо
батлан даал­тад гаргах гээд хөөцөлдөж байлаа, баасан гариг байсан юм. Таслагдахаас
нь өмнө хоёр, гурван хоног гэрт нь байлгая гэж бодоод охиныхоо хадам ахынх нь эхнэртэй
хамт явсан. Бичиг баримтыг нь хөөцөлдөж явсаар байтал ажлын цаг дууссан. Тэгтэл
байцаагч нь “16 цагаас хойш батлан даалтад гаргахгүй. Та даваа гаригт ир” гэсэн.

Даваа
гаригт нь вокзал дээр тасалбараа авчихаад вагондоо суух гэж байтал охины маань бас
нэг бэргэн нь таараад “Нэг их гоё машинтай хүмүүс ирээд Сайханаагийн (Н.Цэцэгсайханы)
хүүг авах гээд орж ирсэн. Хадам ээжийн “Миний дүү нар” гээд байдаг буриадуудад зээг
тань өгч явуулах юм яриад байна. Таныг вокзал руу явахаар гарангуут утсаар тэднийг
дуудсан” гэсэн юм ярихаар нь би итгээгүй. Юу гэж дээ, тийм юм гэж юу байдаг юм гэж
бодоод л вагонд суучихсан. Хэрвээ би тэр үед вагонд суухгүй, шууд худындаа очсон
бол хүүгээ алдахгүй байсан ч юм билүү гэж байнга өөрийгөө буруутгадаг. Хүн, тэр
тусмаа эх хүн тийм үгэнд итгэдэггүй юм билээ. Тийм юм болно гэж би яаж төсөөлөх
юм бэ.

Хүүг
минь хулгайгаар хүмүүст өгснийг мэдээд хүргэн дээрээ очиход намайг барьж аваад зодохоо
дөхсөн. Би бу­химдаад орилж хашгираад уйлаад бөөн юм болсон. Хүргэний маань эгч
нар, худ хөгшин маань над руу дайрч “Та нар яаж хүүхэд өсгөж чаддаг юм. Чадалтай,
чансаатай баян хүмүүст хүүхдийг чинь өгчихсөн. Чаддаг юм бол яваад заргалд. Харъя”
гэсэн. Отгон хүүг нь ингэж хулгайлчихаад томыг нь ч гэсэн бас авах гэж оролдсон.

-Хэзээ тэр вэ?

-Хоёр
жилийн дараа. Зээ охин минь гурван настай байсан. Цэцэрлэгт явдаг байсан юм. Манай
худ хөгшин Шаамарт ирээд захиргаан дээр ороод “Хүүгийнхээ охиныг авах гээд ирлээ”
гэсэн байна лээ. Тэгэхээр нь “Нэг хүүхдийг нь авсан. Одоо ганц үлдсэнийг нь булаагаад
авч явж болохгүй. Ээж нь эзгүй ч эмээтэйгээ энх тунх байгаа хүүхдийг аваад явж болохгүй.
Тийм бол та Цэрэнханд гуайг аваад ир” гэсэн юм билээ. Тэгсэн чинь худ маань байцаагч
руу дайрч “Чамайг ажлаас чинь халуулна” гээд хэл амаар баахан доромжилсон гэсэн.
Тэрийг нь хүн дуулаад надад ирж хэлсэн. Зээ охиныг минь авах гээд аймгийн захиргаагаар
хүртэл хөөцөлдсөн. Тэр бүү хэл, охин, хүргэн хоёрын маань гэрлэлтийг нь хууль бусаар
цуцлуулчихсан байсан.

Худын­хан
маань “Энхүүшийг (Т.Хишиг­батын эгч) дүүтэй нь хамт тэр буриадууд иж­лээр нь аваачаад
өсгүүлчихвэл яасан юм. Ерөөсөө охиноо авна аа. Хойш нь өгч явуулна аа” гэж хэлсэн
хэмээн хүмүүс надад анхааруулж байсан. Түүнээс хойш би л охиноо цэцэрлэгээс нь очиж
авдаг байлаа. Нэг ёсондоо манай энд чинь онцгой байдал зарлах хэмжээний юм болж
цэцэрлэгийн багш нар нь зөвхөн надад охиныг минь өгдөг болсон. Одоо зээ охин минь
11 настай. Муу сайн ч төрсөн эцэг юм хойно гээд холбоог нь таслахыг боддоггүй. Зуны
амралтаар нь хэд хоног аав руу нь явуулдаг юм. Би хүргэндээ үхэн үхтэлээ гомдож
явна. Түүнийг бодохоор л гол зураад өөрийн эрхгүй гомдол төрдөг. Хүүхдээ зарна гэж
юу байдаг юм. Хүүгээ байсан бол яаж ийгээд л хүн болгочихсон л байгаа. Хичнээн ядуу
ч надад эхийн сэтгэл, эмээгийн хайр халамж байгаа. Эхийн сэтгэл, аавын хайрыг гүйцэх
зүйл байдаг гэж үү. Би энэ хүүхдийг маллаж чадахгүй та нар ав гээд өгчихсөн бол
өөр хэрэг. Тэгтэл ашиг хонжоо харж цаашаа зарна гэдэг байх уу. Би хүргэнийхээ ээж,
ах, эгч нарт буруу өгч чадахгүй. Хамгийн гол буруутан нь миний хүүгийн эцэг. Би
энэ хүнд үнэхээр гомдолтой гээд цагдаад өгвөл ял авчихвал яана. Муу ч гэсэн энд
нэг хүүхэд нь байна. Тэр хүнээр муу муухай юмны хаалга татуулаад яахав. Үр хүүхдээ
олоод авчихвал бусад нь яахав гэж боддог.

-Танай хүргэний талынхан ямар ажил төрөлтэй, ямархуу улсууд
байдаг юм бэ?

-Дарханы
модны захад хувиараа юм хийдэг улсууд. Бүгд тэнд ажилладаг. Хамгийн том ах Х.Жаргалсайханыг
нь их л баян тарган хүн байдаг гэж дуулсан. Хүн ямар нэг бизнес эрхлээд амьдрал
нь дээшилсэн байж болно. Яг үнэндээ Х.Жаргалсайхан эрхэлсэн тодорхой ажилгүй гэдгийг
нь мэднэ. Миний зээ хүүг буриадуудад өгсөн гол хүн бол энэ хүн. Тэр хүн олз омог,
ашиг хонжоо харж л хүүг минь баян хүмүүст зарсан гэж бодож байгаа.

-Т.Хишигбат ямар айлд очсон юм шиг байна?

-Мэдэхгүй.
Үнэндээ хүүд минь чухам юу тохиолдсоныг мэдэхгүй. Миний дуулсан зүйлс бол сураг
төдий, таамгууд. Хүүхдээ авъя гэхээр худ маань “Хүүг чинь дүүдээ өгчихсөн. Баян
тарган хүнд өгчихсөн. Тэд нар хүн болгочихно” гэж хэлсэн болохоос биш миний хүүхэд
өнөөдөр амьд байгаа ч юм уу, хүний наймаанд өртчихсөн ч юм уу, үнэхээр тийм айлд
өсч байгаа юм уу, үхчихсэн ч юм уу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Охины маань бэр эгч
нар тэр хүмүүс нь хувьдаа алтны уурхайтай тухай ярьж байсан.

-Үүнийгээ тодруу­лахгүй юу?

-Дөч
гартлаа хүүхэд гар­гаагүй, эхнэр, нө­хөр хоёр юм гэсэн. Би хэдэн жилийн өмнө Х.Төгсжаргалынд
ороод охи­ныхоо зургийг авъя гээд тэр буриад хүмүүсийнх нь зургийг олж авсан юм.
Тэр зургийг энэ хэргийг мөрдөж байгаа ахмадад өгчихсөн.

Зургийг
нь харахад их л сайхан, нүдэнд дулаахан хүмүүс санагдсан. Тийм сайхан хүмүүс юм
бол энэ хүүхдийн ээж нь гэж хүн байдаг болов уу гэж яагаад ганц ч удаа сонирхоогүй
юм бол оо гэж гайхдаг юм.

-Хүргэнтэйгээ энэ талаар ярилцаж үзсэн үү. Хүүгийнхээ талаар
юу гэх юм?

-Ямар
нь ч мэдэгдэх­гүй, дуугүй хүн байдаг юм. Охиноос минь салаад өөр хүнтэй суугаад
дөрвөн жил болж байна. Одоогоос хоёр жилийн өмнө сүүлд суу­сан авгайгийнх нь дүүгийнх
нь хүүхэд бас тэдний гэрээс алга болсон. Найман настай хүүхэд байсан юм. Улсын хэмжээнд
эрэн хайгаад бөөн юм болж байсан даа. Гэр орноос нь хүүхэд алга болдог, аягүй сонин
айл байгаа биз.

Хүү
минь наймдугаар сард алга болсон. Тэгтэл шинэ жилээр нь хүүг минь авсан хүмүүс ирээд
манай худ хөгшин, охины минь хадам эгчид алтан ээмэг, бөгжнүүд бэлэглэж, манай хүргэн
Х.Төгсжаргалд доллар өгсөн юм билээ. Хүргэн маань доллараа банкинд солиулаад захаас
баа­хан хувцас худалдаж авч гангарчихсан яваа талаар сонссон. Дараа нь цагаан сараар
нөгөө хүмүүс нь их хэмжээний дол­лар явуулсан гэ­сэн. Хүргэнийг маань ээжтэйгээ
хамт доллар солиулж явсныг харсан хүмүүс бий. Гурван сарын өмнө Х.Жаргалсайхан олон
арван сая төгрөгийн үнэтэй чингэлэгтэй хоёр машиныг буриадаас оруулж ирсэн гэж дуулдсан.

-Н.Цэцэгсайхан одоо хаана юу хийж байгаа вэ?

-Манай
дүү нар хотоос ирж ногоо тарих гэж байгаа юм. Тэдэнтэй уулзах гээд явчихсан байна.
Охин маань хүүгээ байнга ярина. Үргэлж уйлж унжиж байдаг ш дээ. Хүүгээ яриад уйлна.
Тэгэх тоолонд нь “Хүүхдийг нь олж өгчихөөд сэтгэл амар үхэхсэн” гэж л боддог. Болж
өгвөл бодмооргүй санагддаг. Бодохоор л сэтгэл өмөрдөг (уйлав). Би чинь охиндоо амьдын
хагацал үзүүлчихсэн хүн. Ямар олиг байх вэ дээ.

-Та Х.Жаргалсайхан болон худтайгаа уулзаж, энэ талаар нүүр
тулж ярьж үзсэн үү?

-Хүүхдээ
алга болс­ны дараа худ хөгшин, хүргэнийхээ ах, эгч нартай нь уулзаж, зөндөө л хэл
ам хийсэн. Ер тоодоггүй. “Тэгээд яваад олоод аваач дээ, чаддаг юм бол” гэдэг ийм
л үг хэлдэг.

Тийм
болохоор ээжийг нь ирэхийг хүлээсэн. Гарч ирснийх дараа өөрсдийнхөө хэмжээнд хөөцөлдсөөр
л явсаар өнөөдөртэй золголоо. Бидэнд хүнд өгчих таван цаас байх биш. Хуулийнхаа
хүрээнд л хандах ёстой газарт нь хандаад явж байна. Шаардлагатай бичиг баримтыг
нь бүрдүүлээд л явж байна.

Мөнгөгүй
хүнд хууль үйлчилдэггүй юм байна. Тэрэнд нь л гомддог юм. Хэрвээ би мөнгөтэй байсан
бол ийм зүйл болохгүй байсан даа. Цаас барьж гүйгээд л, уйлж, гуйж гувшаад л. Өөр
бид яах юм.

-Та Шаамарын уугуул уу?

-Би
эндхийн унаган иргэн. Ногоо тарьж амьдардаг. Гурван оюутантай. Тэд маань амарч ирээд
ногоогоо тарина. Намар нь ургацаа хураагаад сургалтын төлбөрөө өгнө. Үлдсэнийг нь
би амьжиргаандаа зарцуулдаг.

-Н.Цэцэгсайхан, Х.Төгс­жаргал хоёр одоо ямар харилцаатай байдаг
вэ?

-Охиныг
минь гарч ирсний дараа энэ хоёр эргээд нийлэх юм болсон. Салаагүй байсан юм. Хүргэн
маань охинтой минь нийлэх гээд зөндөө хөөцөлдөхөөр нь би тас зөрөөд суулгаагүй.
Эзгүй хойгуур нь хүүхдээ зарчихаад нэг гэрт амьдарна гэж юу байх вэ. Охин маань
түүнээс хойш хүнтэй нийлэхгүй явж байгаад ноднин ханьтай болсон.

-Н.Цэцэгсайхан хүүгийн­хээ тухай ямар нэг зүйл олж сонссон
болов уу?

-Надтай
л адилхан. Юугаа ч мэдэхгүй. Гарч ирээд хүүхдээ олж авах гэж хадмуудтайгаа олон
уулзсан. “Миний хүүг та нар хүнд өгсөн, тэгээд үнэхээр амьд байгаа юм бол надтай
ганц удаа ч болов уулзуулаад өгөөч” гэж цөхрөнгөө баран Х.Жаргалсайханаас гуйсан
чинь “Тэгнэ ээ, тэгнэ. Уулзуулна” гэж хэлсэн байгаа юм. Охин минь тэр үгэнд нь итгээд
хэдэн жил шаналсан гэж санана.

-Хүүг авсан гэх хү­мүүс дөч гарсан настай хүмүүс байсан гэхээр
амьдрал нь тогтворжсон тохитой байрын хүмүүс байх магадлалтай юм?

-Тэр
үед дөч гарсан хүмүүс гэхээр одоо бол тавь эргэм насныхан болж таарч байна. Худ
хөгшин маань буриад дүү нартай гэж ярьдаг байсан. Магадгүй манай худ чинь буриад
талын хүн шүү дээ. Тэр хүмүүс Буриадад нь юм уу, Улаан-Үдэд нь юм уу хаана амьдардгийг
мэдэхгүй.

-Төрсний гэрчилгээ нь хэнд байсан юм?

-Миний
хүүгийн энэ гэрт үлдсэн юм нь гэвэл Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эцэг, эхийнх
нь гэрлэлтийн батлах, гэрэл зураг нь.

-Ээж нь ял авч, өсч торних орчин нөхцөлд нь хэцүү байвал ямар
ч эцэг хүн хүүхдээ өөр дээрээ авахыг л бодно. Гэвч танай хүргэн хүүгээ үрчлүүлчихсэн
юм биш үү?

-Угаасаа
л ойлгомж­той. Миний хүүхдийг зараад идчихлээ гэж хэлж болох ч би бусдыг тэгж доромжилж
болохгүй. Нэгдүгээрт, надад баттай баримт алга. Хоёрдугаарт ийм асуудлаас үүдээд
хэн нэгнийг гүтгэж болохгүй. Гэхдээ л яалт ч үгүй ашиг нь хонжоо хайсан нь тодорхой.
Хүүг минь алга болсноос хойш тэдний амьдрал эрс дээшилж, баяр ёслол болгоноор Оросоос
бэлэг сэлт, доллар ирдэг.

Охины
минь бас нэг бэрийн хүүг буриадад өгнө гэж бөөн юм болж, тэвдүүлж байсан удаатай
юм билээ.

Тагнуул,
цагдаа, хууль хяналтынхан миний зээ хүүг олж өгч чадахгүй юм бол би эцсийн найдвар
болсон Монгол Улсын Ерөнхийлөгчид хандах болно. Энэ бол миний сүүлчийн арга. Хүү
минь зүүдэнд байнга орж ирдэг. Эгч нь одоо тавдугаар ангид сурч байна. Хүү минь
гэртээ байсан бол дөрөвдүгээр ангид сурч байх байлаа гэсэн юм.

Д.Цэрэнханд
“Би Ерөнхийлөгчдөө хандана. Та нар юу гэж бодож байна. Миний хүүг олдоно гэж бодож
байна уу” хэмээн асуугаад “Охиндоо хүүг нь олж өгчихөөд нүд анихыг хүсч байна” гэсээр
биднийг үдсэн юм.

Д.ГАНСАРУУЛ
 
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Зэсийн үнэ энэ онд тун дажгүй байх нь

Энэ жил зэсийн эрэлт тогтвортой, нийлүүлэлт удаашралтай байх
учраас зэсийн үнэ унахгүй, тогтвортой байна, өснө гэсэн прогнозуудыг шинжээчид
хийж байна. Дэлхийн зэсийн 40 хувийг дангаараа хэрэглэдэг Хятад Улс эдийн засагтаа
анхаарч олон шинэ төсөл хэрэгжүүлж 
эхэлсэн нь зэсийн үнэ өсөх гол шалтгаан болжээ. Зэсийн үнэ өнгөрсөн
долоо хоногт 3,1 хувиар нэмэгдсэнийг “Блүүмбэрг”-ийн мэдээ­нээс харж болно. Энэ
нь өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт гэнэ.
Биржүүдийн нөөц буурч буй нь зэсийн үнийн өсөлтөд нөлөөлсөн байна. Жишээ
нь  Шан­хайн биржид зэсийн нөөц 193.725
тоннд хүрч буурсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ нь 7.7 хувиар буурсан үзүүлэлт
аж.

Энэ онд зэсийн үнэ тогтвортой, дажгүй  байх гурван шалтгааныг “Мандал даатгал”-ынхан
нэрлэжээ. Эхний шалтгаан нь Хятадын эрэлт байх нь. Өмнөд хөрш эрчим хүчний
салбарынхаа хөрөн­гө оруулалтыг 13 хувиар буюу 60 тэр­бум ам.доллараар нэмэгдүү­лэхээр
төлөвлөжээ.” “Ман­дал даатгал”-ын шинжээч “Энэ хөрөнгө оруулалтад тус улсын
зэсийн хэрэглээний 40 гаруй хувь зарцуулагдана гэсэн тооцоо бий. Мөн Хятад Улс
162 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг зөвхөн хот суурин газрын хөгжилд
зарцуулна. Энэ нь дотоо­дын хэрэглээг дэмжих эрх баригчдын бодлогын нэг хэсэг.
Дотоодын хэрэг­лээг дэмжих Засгийн газ­рын бодлого нь зэсийн эрэлтийг
нэмэгдүүлэх хандлагатай” гэж онцолж байна. Зэсийн үнэ дажгүй байх хоёр дахь
шалтгаан нь зэсийн нийлүүлэлтийн хомсдол аж. Дэлхийн зэсийн үйлдвэрлэл ажил
хаялт, байгалийн гамшиг, хөрөнгө оруулалтын гацаа зэргээс шалтгаалж
нийлүүлэлтээ хумих шаардлага гардаг байна. Энэ жил Хятад, Чили, Индонези болон
Австралиас нийлүүлэх зэсийн хэмжээ буурах төлөв ажиглагджээ. Оны эхээр Чили дэх
уул уурхайн ажил хаялтаас үүдэж 300 мянган тонн зэсийн нийлүүлэлт зогсч байж.
Филиппиний хар салхинаас болж хаагдсан томоохон уурхай ч зэсийн нийлүүлэлтэд
нөлөөлнө гэж шинжээчид хэлж байна. Олон улсын шинжээчид Хятад, Индонезийн
зэсийн нийлүүлэлтийг бууруулж таамагласан гэнэ. Ийм шалтгаануудаар зэсийн
нийлүүлэлт буурах нь бололтой. Сүүлийн жилүүдэд эрэлт өндөр байгаагаас болж
зэсийн нөөц 1.27 сая тонноор хорогджээ. 2008 оноос хойш зэсийн нөөц тогт­вор­той
буурч байгааг  “Мандал даатгал” анализдаа
онцолжээ.

“Мандал даатгал” зэсийн үнэ өнгөтэй байх бусад шалтгаан
геополитиктой холбоотой гэж үзсэн байна. “Өнгөрсөн оны геополитикийн дүр
зургаас харахад Сирийн асуудал, АНУ-ын Засгийн газрын өрийн хямрал зэрэг сөрөг
төлөв зэсийн үнэд хүчтэй нөлөөлсөн тал бий. Дийлэнх тохиол­долд АНУ-ын
хол­бооны нөөцийн шийд­вэр, тус улсын төрийн байгуул­лагуудын түр зогсолт,
өрийн хязгаарлалт зэрэг асуудлаас үүдэж зэсийн үнэ өнгөрсөн жил нэлээдгүй
хэлбэлзсэн. Эдгээр асуудал намжсаны дараахь түүхийг харвал зэсийн үнэ өссөн…
Хөрөн­гө оруулагчид Хятадын эдийн засгийн голлох мэдээг анхааралтай ажиг­лаж
байсан. Тус улсын эдийн засаг, үл хөдлөх хөрөнгийн өсөлтийн мэдээ эерэг гарахад
зэсийн үнэ өсөх хандлага сүүлийн үед ажиглагдаж байна” хэмээн “Мандал
даатгал”-ын шинжээч дүгнэжээ.

Нөөц буурахаар үнэ өсдөг жамтай. Өнгөрсөн оны сүүлээр гэхэд
зэсийн нөөц 17 хувиар буурсан дүн гарсан байна. Харин зэсийн гол хэрэглэгч
Хятадын импорт жилд дунджаар 34 хувиар өссөн таатай мэдээ байна. Дэлхийн зэсийн
нийт хэрэглээний жар гаруй хувийг Хятад, Америк, Япон бүрдүүлдэг аж. Хорь гаруй
хувийг нь Европын орнууд бүрдүүлдэг гэсэн статистик бий. Хэрэв Хятад, Японы аж
үйлдвэрийн индекс цаашид хөгжвөл зэсийн үнэ өснө гэж судлаачид онцолж байна.

Зэсийн хорин хувийг хэрэглэдэг Евро бүс хямралаасаа гараагүй
байгаа ч Герман, Франц зэрэг орнуудын аж үйлдвэрийн индекс тогтвортой өсч
байгаа аж. “Сүүлийн хоёр жилд еврогийн ханш рупи болон иенийн эсрэг чангарч
байгаатай уялдан тус бүс нутгийн зэсийн эрэлт тогтвортой байх болов уу” гэж
“Мандал даатгал”-ын шинжээч хэлж байна.

Зэсийн гол хэрэглэгч АНУ-д энэ онд автома­шины үйлдвэр болон
барилгын салбар өсөлттэй байж магадгүй нь. Шинжээчийн энэ таамаглалаар бол
Америкийн зэсийн хэрэг­лээ нэмэгдэнэ үү гэхээс буухгүй нь бололтой. Японы хувьд
ч их зэс хэрэглэх магадлал өндөр байгаа аж. Японы Засгийн газрын эдийн засагтаа
хэрэгжүүлж буй бодлого үр дүнгээ өгч, иенийн ханшийн сулрал экспортын эрэлт,
дотоодын хэрэг­лээг нэмэгдүүлэх болом­жийг бүрдүүлэх гэнэ. Шинжээчид ийм
үндэс­лэлээр Японы зэсийн хэрэглээ буухгүй гэж үзэж байна.

Евро бүсийн хямрал бүрэн шийдэгдээгүй, Америкийн мөнгөний бодлого
гэсэн эрсдэл байгаа ч энэ жил дэлхийн эдийн засаг дунджаар 3,7 хувиар өсөх
таамаг гарчээ. Гэхдээ хөгжиж буй зах зээл, жишээ нь Хятадын эдийн засгийн өсөлт
зэсийн эрэлт нэмэгдэнэ гэсэн таамаглалыг баталгаажуулж байгаа аж.

Энэ оны хоёрдугаар улирлаас Хятадын эдийн засагт зэсийн хэрэглээ
нэмэгдэж байгаа. Урд хөрш дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа арван хувиар
нэмэгдүүлнэ гэхээр зэсийн үнэ өсөх таатай нөхцөл бүрдэж байгаа гэсэн үг. Зэсийн
нийт хэрэглээний бараг тал хувийг эзэлдэг урд хөршийн хэрэглээ нэмэгдэх хэрээр
зэсийн үнэ таатай хэвээр үргэлжлэх нь тодорхой болж байна. 

Гэхдээ дэлхийн зэсийн гарц жил бүр дөрвөн хувиар өсч байгаа
гэсэн прогноз бий. 2020 он гэхэд есөн сая тонн нийлүүлэх шинэ уурхайнууд
нээгдэнэ гэх таамаг ч байдаг. Эдгээр тоонуудаас харахад  зэсийн нийлүүлэлтийн илүүдэл үүсч болох эрсдэл
ирэх жилүүдэд бий гэж шинжээчид онцолж байна.

 “Мандал даатгал”-ээс
гаргасан таамаглалаар оны эцэс гэхэд нэг тонн зэс 7000-7950 ам.долларын хооронд
борлуулагдах юм байна. J.P. Morgan  7825,
Barclays 7925, BNP Paribas 7825, “Reuters” агентлаг 8818, Morgan Stanley  8755, UBS 
7495.7, Credit Suisse 8113, Macquarie Private Wealth 7459  ам.доллар 
гэж төсөөлжээ. Энэ тоонуудаас харахад манай улсын төсвийн багагүй хувийг
бүрдүүлдэг зэсийн үнэ энэ жилдээ лав дажгүй өсөлттэй байх нь. Энэ онд ЭЗХЯ, УУЯ
нэг сая тонн зэсийн баяжмал экспортолно гэж тооцоолжээ.

Ц.БААСАНСҮРЭН