Categories
редакцийн-нийтлэл

Ж.Эрдэнэбат: Долларын зээл дахиад авах талаар яриа гараад эхэлчихлээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэ­баттай ярилцлаа.

-Таныг
тойргоороо явсан гэж дуулсан. Иргэдийн зүгээс ямар захиас хэлж байна вэ?

-Сэлэнгэ аймгийнхаа сумдад ажиллаад ирлээ. Монголын эдийн засаг хүндэрснийг
хүн бүр мэдэж байна. Эдийн засаг хүндэрснийг ганцхан би ч биш, Сэлэнгийн ард түмэн
ч биш, Монголын ард түмэн хэлээд байгаа юм. Харин цөөхөн хэдэн хүн л эдийн засаг
хүндрээгүй гээд байна. Сэлэнгийнхэн маань өөрсдөө хөдөлмөрч ард түмэн. Ямартай ч
өөрсдийнхөө хөдөлмөрийн үр шимээр бүтээж хуримтлуулсан багахан зүйлс нь барагдаж
дууслаа. Хаврын тариалалтаас эхлээд ажил хөдөлмөрөө эхлэх үед хүндрэлтэй зүйлс тулгарахаар
бухимдаж байна. Тойргийн иргэд хамгийн түрүүнд цалин хөлс нэмэгдэхгүй байгаад таагүй
хандаж байсан бол ахмадууд “Та нар юунд биднийг ингэж хулхидаж байгаа юм бэ” гээд
ихээхэн шүүмжлэлийг илэрхийлж байна лээ. Тэтгэвэр, цалин нэмлээ гэж сэтгэл санааг
нэг өдөр сайхан байлгачихаад маргааш нь унтраах байсан юм бол үүн шиг эмгэнэл байхгүй
шүү гэдгийг хэлж байна. Цаашид төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй ажил нь ард
иргэдийн сэтгэл санаанд нийцсэн зүйл байх ёстой. Түүний нэг илрэл нь ахмадуудын
тэтгэврийн нэмэгдэл байлаа. Хэрэв тэтгэвэр нэмэх гэж байгаа бол инфляцийн өсөлтдөө
уялдуулан нэмэгдүүлсэн бол үр дүнтэй болох байсан. Аливаа зүйлд оромдсон байдлаар
хандахаар буцаад хариу нь ингэж ирж байгаа юм л даа.

-УИХ-ын
чуулган нээлтээ хийлээ. Чуулганы эхэнд ямар асуудлуудыг зайлшгүй хэлэлцэх ёстой
гэж харж байна вэ. Мэдээж эхний ээлжинд эдийн засгийн талаар санал бодлоо хэлцгээх
байх?

-Эдийн засгийн асуудал гэхээр иргэдийн амьжиргаатай шууд холбогдоод
байгаа юм. Бид Монгол Улсынхаа эдийн засгийг сайжруулаагүй тохиолдолд мянган сайхан
шинэчлэл, сайхан зүйл яриад нэмэргүй. Ард иргэдийнх нь амьдрал өмнөх түвшингээс
буурчихаад байхад хуулийн салбарын шинэчлэл гэдэг ч юм уу бусад зүйлсийн талаар
ярина гэж байгаа бол энэ дараагийн асуудал. Эхний ээлжинд иргэдийн ахуй амьдрал
уруудаад байгаа энэ хүчин зүйлсээс гарах тал дээр эрх баригчдын зүгээс ямар шийдвэртэй
арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ёстой вэ гэдгээ ярилцах ёстой. Эдийн засаг хүндрээд
удаагүй байгаа тул яаралтай зөв арга хэмжээ авч чадвал хохирол багатайгаар гарчих
боломжтой. Түүнийгээ анзаарахгүйгээр бусад зүйлс рүүгээ анхаарал хандуулаад байгаа
нөхцөлд унасан эдийн засгаа дараа нь өсгөнө гэдэг тийм ч амар биш. Орон нутгаар
явж байхад иргэдийн зүгээс “Сөрөг хүчин танайхан юу хийгээд байгаа юм” гэсэн зүйлсийг
ярьж байна лээ. Харамсалтай нь бид эдийн засгаа ингэх ёстой, мөнгөний бодлого ийм
байвал зүгээр байна гэсэн саналаа хэлж байгаа ч МАН-ын бүлгийн гишүүдийг сөрөг хүчний
бүлгээс гарч буй саналуудыг дандаа буруу зүйл ярьж хэлж байна гэсэн өнцгөөс хараад
байгаа тул тодорхой хэмжээнд бидний зааж хэлж буй үгсийг хүлээж авахгүй байгаа юм.
Өмнө нь сайдаас эхлээд бүхий л томоохон албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийнхээ
үгийг сонсох л хэрэгтэй.

-Эдийн
засгийн хүндрэл юунаас шалтгаалж байна вэ?

-Эдийн засгийн хүндрэл ганцхан эрх барьж буй хүмүүсээс шалтгаалаад
байна уу, гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөлөл байна уу гээд энэ бүхнийг судалж
үзэх л хэрэгтэй. Энэ Засгийн газар өмнөх Засгийн газруудаас хамгийн их мөнгөтэй
нь гэж байгаа. Гэсэн хэдий ч эдийн засаг яагаад ингэж уруудаад байгаа юм бэ. Бизнес
эрхлэгчид гэхэд худалдан авалт байхгүйн улмаас үйлдвэрлэл нь хаалгаа барихад хүрчихсэн.
Үйлдвэрийг хөдөлгөгч хүч болсон хэрэглэгчид мөнгөгүй болчихоор худалдан авалт буураад
эхэлчихнэ.

Монголын томоохон эдийн засагчид валютын ханшаа барих ёстой байсан
гэдгийг хэлж байна. Монгол Улс хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ 70 хувийг импортоор
оруулж ирж байгаа. Валютынхаа ханшийг алдчихаад Монголбанкны ерөнхийлөгч нь “Бид
худалдан авах бараа бүтээгдэхүүний үнэ дээр л төгрөгийн ханшийг ярина уу гэхээс
гадаад валютын тал дээр ярихгүй” гээд ярьж байна. Төгрөгийн худалдан авах чадвар
нь гадаад валюттай харилцаж буй ханшаар тодорхойлогдох ёстой. Талх 600 төгрөг байж
байгаад 800 төгрөг болсон. Энэ нь худалдан авах чадвар гэж ярьж болохгүй.

-Хүндрэлээс
гарах боломж хэр байгаа бол. Гарах гарцын үзүүрт гэрэл харагдах юм уу. Хүндрэл хэдий
хугацаанд үргэлжлэх вэ?

-Монгол Улсын гадагшлах валютын урсгал татарна гэсэн ойлголт байхгүй.
Бид валютын дотоод урсгалыг нэмэгдүүлэх ёстой. Гаднаас авсан бондуураараа валютын
дотогшоо урсгалыг нэмэгдүүлэх бизнесийн салбарыг дэмжих ёстой. Монголын валютыг
нэмэгдүүлэх нэг урсгал нь нүүрс байсан. МАН-ын байгуулсан гэрээг шүүмжилж байхаар
тэр гэрээг үргэлжлүүлээд Хятад улстай хэл амаа ололцоод явчихсан бол болох л байсан.
Харин манайхан тэгэлгүйгээр хэл ам хийж байгаад хүчингүй болгочихоод дараа нь өөрсдөө
гуйж очоод гэрээ байгуулсан. Одоо өмнөх хэмжээнд нүүрс гарахгүй байна. Төмөр замын
асуудлаа бондын мөнгө орж ирэнгүүт хамгийн түрүүнд шийдэх ёстой байсан ч тэгээгүй.
Энэ мэтчилэн зүйлсээс болж бид гадаад зах зээл дэх орон зайгаа алдаж байгаа юм.
Хятадын эдийн засаг хангалттай өссөн. Гэтэл Хятадын хэрэглээ буурсан мэтээр ярих
утгагүй. Үнэн чанартаа бидний нүүрс гаргах хэмжээ багассан болохоос Хятадын эдийн
засаг дахь хэрэглээ буураагүй. Төр засгийн алдаатай бодлогоос болж ийм нөхцөл байдалд
хүрчихлээ.

-Ам.долларын
ханшийг 1384 төгрөгт барина гэсэн ч 1800 төгрөг хүрэх гэж байна. Цаашид ам.долларын
ханш буурах боломж байна уу?

-Анх төсөв батлахад л үүн дээр шүүмжлэлтэй хандаж байсан. Төсөв батлагдсаны
дараа би танай сонинд ярилцлага өгөхдөө “Их л сайхан өөдрөг төсөв боллоо доо” гэж
хэлж байсныг санаж байгаа байх. Монголчууд ашдын бэлгээс амны бэлгэ гэж хэлэх дуртай.
Гэтэл энэ үг маань бодит байдал дээр хэрэгжихгүй эдийн засгаа хүндрүүлчихсэн.
1750 төгрөг хүрсэн ам.долларын ханш хэзээ ч 1384 төгрөгт хүрэхгүй шүү гэдгийг хэлж
байсан. Гэтэл эрх баригчид бид үүн дээр барих гээд байхад та нар заавал өсгөх гээд
байдаг нь ямар учиртай юм гэж байсан л даа. Бодит байдал дээр 1800 төгрөгт дөхчихлөө.
Цаашид бүр ч өсөх хандлага ажиглагдаад байгаа. Эрх баригчид дахин гаднаас долларын
зээл авах талаар яриа гарч байна. Тэгж болохгүй. Бид үр хойчдоо өр, дарамт өвлүүлж
өгч байна гэсэн үг. Хүндрэл нь 2016 оноос мэдрэгдэнэ. Дахин доллараар зээл авах
маш хүнд. Монголын эдийн засаг үүнийгээ даахгүй. Ам.долларын ханш 1700-1800 төгрөгийн
хооронд хэсэг тогтвортой байсан нь Чингэс, Самурай зэрэг бонд гаргаж дэлхийн зах
зээлд гаргасны хүчинд тогтсон байх. Ам.долларын ханш буурлаа гэхэд 50 төгрөгөөр
буурч магадгүй. Үүнээс хойш бол байнга өснө гэж бодож байгаа. Манайхан тэнгэр бурхантай
их ярьж зөвлөлддөг болсон. Гэнэт л тэнгэр бурхан нь харж үзээд буулгадаггүй л юм
бол хэцүү.

-МАН-ынхан
ам.дол­ларын ханш өсөх бүрт л баярлаад байдаг нь ямар учиртай юм бэ. Танайхан ам.долларын
хадгаламж ихтэй гэсэн хардлага байна?

-Өнөөдрийн байдлаар Эрдэнэбат гэдэг хүн ам.долларын хадгаламж бүү
хэл төгрөгийн хадгаламж ч үгүй шахам байна. Эрх баригчдын зүгээс өгдөг мессэж нь
болохгүй бүтэхгүй зүйлс бүхнийг Ардын нам руу чихэж байгааг харж байгаа биз дээ.
Ардын намынхан авлигач, луйварчин гэх болж. Бодит байдал дээр хэнд нь тийм их мөнгө
байгааг мэдэж байгаа байлгүй дээ. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй том компани,
корпорациуд хэний эрх мэдэл байна гээд бүхий л зүйл нь ил байгаа. Эрх баригчид өмнөх
ажлаа хийж чадахгүй байж ардын намыг муулах нь үндсэн ажил нь болчихлоо. Ардын нам
эрх барьж байхдаа арай ч ийм хуншгүй байгаагүй. Зарим гишүүд нь АН ардчилсан коммунизмд
шилжиж байна гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

-Эдийн
засгийг хүндрүүлсэн ямар ямар хүмүүс байна вэ?

-Ганц нэг хүнтэй шууд асуудлыг холбох утгагүй. Тухайн засаглал өөрсдийнхөө
бодлогыг л гаргана. Хамтарсан засаг барьж байгаа үед Уул уурхайн сайд Д.Ганхуяг,
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нараас болж эдийн засаг хүндэрсэн гэж ойлгож
болохгүй. Эдгээр хүмүүс хариуцаж буй салбартаа зөвлөгөө өгдөг нь тодорхой. Гэхдээ
эцсийн шийдвэрийг Засгийн газар, Их хурал гэж гаргадгаас бус Батбаяр, Ганхуяг гэж
гаргадаггүй л байхгүй юу. Эсвэл энэ хоёр л бурхан бусад нь тэнэг болж таарах нь
уу. Тиймээс төр засгийн алдаатай бодлогын дүн нь ингэж гарч байна.

-Царцаасан
243 обьек­тоос танай аймгаас хичнээн обьект багтсан бэ. Цаашид хэрхэх бодолтой байгаа
бол?

-Царцаасан 243 обьект гээд байгаагаас уг нь 272 обьект байгаа юм.
Өнөөдөр зарим обьектыг хэрэгцээгүй тул борлуулна гэсэн дүгнэлтийг аудит гаргасан
байна. Яагаад ийм байдалд хүрсэн нь ний нуугүй хэлэхэд Ерөнхий сайд авлигажсан төсөв
гээд хэлснээс л болсон. Авлигажсан төсөв гээд манай намынхан руу тэр тусмаа надад
хандаж Сэлэнгийн усан бассейн гэж байгаад л хэлсэн. Эрдэнэбат гэдэг хүн тэр обьектын
хаанаас нь авлига авсан юм. Түүнийг нь гаргаж ирэх хэрэгтэй. Ерөнхий сайд бодлогогүй,
юу бодсоноо шууд ярьчихдаг. Аудитын дүгнэлт гарсны дараа бид аудитын даргаас нь
авлигажсан төсөв байна уу гэхэд хэлж мэдэхгүй байсан. Ерөнхий сайд нь авлигажсан
гэдгээ мэдэж байгаа юм бол тэрийгээ гаргаад АТГ ч юм уу харьяалагдах газруудаар
нь шалгуулах хэрэгтэй. Нэгэнт нийгмийн захиалга шаардлагаар Их хурал, Засгийн газар
нь шийдээд гаргачихсан шийдвэрийг өнөөгийн засаг нь энэ хэрэгтэй, энэ хэрэггүй гэж
ангилах нь буруу. Аймгийн хувьд ганц усан бассейн ч биш худалдаа үйлдвэрлэлийн байгууллага,
сургууль, цэцэрлэг, соёлын төв гэх мэт олон ажлууд бий. Эдгээрээс дөрөв, тавыг нь
өнжөөж хоёр ажлыг нь огт санхүүжүүлэх шаардлагагүй гэсэн. Огт санхүүжүүлэхгүй байж
болохгүй гэдгийг нь би хэлсэн. Мөнгө төгрөг завшаагүй огт асуудалгүй барилгыг ССАЖЯ
нь шийдвэрээ гаргачихсан байхад чухал биш гээд хасах гэж байна. Чухал биш барилга
гэдгийг нь хэн тодруулах гээд байгаа юм гээд асуудал их байгаа.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Бат-Орших: Төрийн нэрээр компани байгуулах сонирхолтой бизнесийн бүлэглэл даатгал руу орох нь

Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч, “МИГ даат­гал” компанийн
гүйцэтгэх захи­рал Ж.Бат-Оршихтой ярилцлаа.

-Засгийн
газар  Үндэсний даат­галын корпораци байгуулах
тогтоол гаргаж, төр даатгалын бизнес рүү орно гэдгээ зарлачих­лаа. Даатгалын хувийн
компа­ниуд энэ шийдвэрийг эсэр­гүүцэж  мэдэгдэл
гаргасан. Шийдвэр гаргагчдад эсэр­гүүцэж байгаагаа албан ёсоор хэлсэн үү?

-Ерөнхийлөгчийн Тамгын газарт мэдэгд­лээ явуулсан. УИХ-ын дар­гад
хандсан. Хариуг нь хүлээж байна.

-Засгийн
газар даат­га­лын компаниудын хийж чадахгүй экспор­тын даат­галын үйлчилгээг үзүүл­нэ
гэж байгаа. Төрийн хийх гээд байгаа энэ үйлчилгээг даат­галын хувийн ком­па­ниуд
үнэхээр хийж чадахгүй юу?

-Засгийн газрын хурал­даанаар тийм тайлбар өгсөн байна лээ. Санхүүгийн
зохи­цуулах хорооноос ердийн болон урт хугацааны гэсэн хоёр төрлийн даатгалын зөв­шөө­рөл
өгдөг. Монголд даатгалын 17 компани бий. Урт хугацааны даат­гал хийдэг ганц компани
ажилладаг. Бусад нь ердийн даатгал хийх эрхтэй. Ердийн даатгал гэхэд дот­роо 13
хэлбэртэй. Үүнд экспор­тын даатгал ордог. Тэгэхээр Үндэс­ний даатгалын корпораци
экспор­тын даатгалын үйлчилгээ үзүүлэхийн тулд ердийн даат­галын эрх авч таарна.
Тэр дотор хувийн компаниудын үзүүлдэг даатгалын хэлбэ­рүүд бүгд байгаа. Бидний үзүүлдэг
үйлчилгээг төрийн байгуулах компани хийгээд эхлэх боломжтой гэсэн үг. Үндэсний даатгалын
корпо­раци ажиллаад эхэл­бэл манай даатгалын компа­ниу­даар үйлчлүүлдэг хүмүүс батал­­гаатай
нь дээр гээд төрийн бай­гуул­сан компани руу явах өндөр эрсдэлтэй.

Засгийн газраас даатгалын төрийн компани байгуулах  зорил­гоо экспортын үйл ажил­­ла­гааг дэмжих гэж
тайл­барлаж байгаа. Зээ­лийн хүүг бууруулах зорил­гоор хамгаалалтын даатгал хийнэ
гэсэн тайлбар сонсогд­сон. Даатгалын хувийн ком­па­ниудиа чадахгүй гэж баса­хын
оронд дэмжлэг үзүү­лээд явбал болохгүй зүйл байхгүй. Жишээ нь төр даатгалын компанитай
бол­но гэсэн шийдвэрийн дараа манай томоохон даатгалын компаниуд давхар даат­галын
харилцаатай гадаа­дын компаниуддаа хандлаа. Экспортын даатгал хамтарч хийх боломжтой
юу гэж асуу­хад AA зэрэглэлийн даатгалын компаниуд хамтарч ажиллахад бэлэн гэсэн
хариу ирүүлсэн. Экспор­тын даатгал  төвөгтэй,
том даатгал нь үнэн. Гэхдээ гадны том компаниуд экспортын даатгалыг хэрэг­жүүлэхэд
хамтарч ажиллахад бэлэн байна. Энэ бол том боломж. Даатгалын компаниу­дын төдийгөөс
өдий хүртэл зүтгэж ирсний өгөөж л дөө.

-Засгийн
газрын тайл­барт төр нь компани бай­гуулж экспортын даатгалаа хийдэг улс хэд хэд
бий гэсэн өгүүлбэр харагдсан?

-Экспортын даатгалыг төрийн компани нь тусдаа хийдэг орнууд бий.
Гэхдээ заавал тэднийг дуурайх албагүй. Монголд даатгалын өчнөөн компани ажиллаж
байна. Хууль эрх зүйн орчин нь бүрдчихсэн. Төр хувийн хэвшлийн бусад салбарыг дэмждэг
шигээ зах зээлд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг даатгал, банк санхүүгийн байгууллагаа
дэмжмээр санагддаг. 

-Ер
нь хэчнээн орон экс­портын даатгалаа төрийн ком­панидаа хариуцуулдаг юм бол?

-Долоо, найман орон бий.  Зас­гийн
газрын экспортын даат­галтай болъё гээд байгаа санаа нь буруу биш. Яаж хэрэгжүүлэх
вэ гэдэгт л асуудал нь байгаа юм.  Заавал
төрийн компани байгуулах хэрэггүй гэх гээд байна л даа. Үндэсний даатгалын корпораци
байгуулна гэснээс экспортын даатгалын тогтол­цоог бий болгоно гэсэн тог­тоол гаргачих
хэрэгтэй. Тэгээд засгийн зүгээс даатгалын компаниудтайгаа ярьж хэлэлцэж байгаад
илүү бодитой хувилбар олох ёстой. Дотоодын нийт бүтээгдэхүүнд  даатгалын орлогын эзлэх хувь ердөө 0.5-хан  хувь. Хөгжингүй орнуудад ес, арван хувь гээд цаашлаад
явчихдаг. Хувийн хэвшлийнхээ гадаад харилцааг сайжруулах замаар экспортын даатгалыг
хийхэд асуудалгүй. Хөрөнгө мөнгө шаардахгүйгээр хийх бэлэн зах зээл байна. Гэтэл
өчнөөн тэрбум төгрөг төрөөс гаргана гэж яриад эхэллээ л дээ.

-Хэдэн
тэрбумыг гаргана гэж байгаа юм бол?

-Төрийн даатгалын корпорацийн нийт хөрөнгө нь 300 тэрбум, үүний
150 тэрбумыг нь төр өөрөө гаргана гэж байгаа. Төсөв, хөрөнгө оруулалт ямар байгаа
билээ. Ийм үед энэ хэмжээний мөнгийг хаанаас гаргах вэ гэдгээс эхлээд хардах өнцгүүд
олон байна. Үүний цаана төрийн нэрээр компани байгуулах сонирхолтой бизнесийн том
бүлэглэл байна уу гэж хардахаас аргагүйд хүрч байна л даа. Засгийн газрын шийдвэрээр  бол 150 тэрбум нь улсын төсвөөс, үлдсэн 150 тэрбум  нь хувийн хэвшлээс гарна. Төр хувийн хэвшлийн
хосолсон корпораци гэж нэрлээд байгаа.

-Тэгвэл
үлдсэн 150 тэр­бумыг нь манай даатгалын компаниуд гаргах боломжтой юу?

-Даатгалын компаниудын дүрмийн сангийн  доод хэмжээ нь таван тэрбум төгрөг байдаг. Гэтэл
төрийн байгуулах корпораци нь 300 тэрбум. Их хол сонсогдож байгаа биз. Ерөнхий сайдыг
саяхан бизнес эрхлэгчидтэй уулзахад би  “Яагаад
үндэсний даатгалын компаниуддаа итгэхгүй байгаа юм бэ” гэж асуусан л даа. Тэгсэн
чинь  “Та нарын оролцох боломжтой. 50 хувьд
нь төр оролцоно. 50 хувьд нь хувийн хэвшил 
орно” гэж байна лээ. Харамсалтай нь үндэсний даатгалын компаниудад ийм их
мөнгө байхгүй. Бүгдийнх нь хөрөнгө нийлээд 
126 тэрбум төгрөг. Монголын компаниудад 
оролцох боломж байхгүй гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх байх.
Үр дүнд нь овоо хөгжиж байсан үндэсний хувийн компаниуд л дампуурна. Төрийн өмчийг
хувьд шилжүүлж, хувийн хэвшлийг дэм­жихийг л зах зээлийн зөв тогтолцоо гэмээр. Гэтэл
эсрэгээрээ  яваад байх юм.  Ерөнхий сайд бизнес эрх­лэгчидтэй уулзах үед  төр дахиад ч компани байгуулна гэж байна лээ.

-Ямар
компани байгуулна гэж байна?

-Лизингийн компани байгуулна гэж байгаа юм. Лизингийн үйлчил­гээг
төр авчихаар лизингийн үйлчил­гээ явуулдаг олон компани яах вэ гэдэг том асуудал
бий.

-Үндэсний
даатгалын кор­пораци байгуулах асуудлаар даатгалын хувийн компаниудын саналыг авсан
уу?

-Даатгалын  бодлогыг барьдаг
Сангийн яам, хяналт зохицуулалтыг нь хийдэг Санхүүгийн зохицуулах хороо хоёроос
санал авсан төдий­гөөр Засгийн газарт оруулаад шийд гаргачихсан. 

-Засгийн
газрын сайд нартай энэ асуудлаар уулзаж үзсэн үү. Жишээ нь Эдийн засгийн хөгжлийн
сайдтай?

-Н.Батбаяр сайдтай уулзаж холбооныхоо байр суурийг илэр­хийл­сэн.
Сайдын хувьд мэдээж зас­гийнхаа шийдвэрийг хамгаалсан. Харин даатгалын компаниуд
Засгаас гаргасан шийдвэрийг зөв гэж үзэх­гүй байгаа. Цаашдаа ч эсэр­гүүцлээ илэрхийлнэ.
Ямартай ч Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газарт явуулсан мэдэгдлийнхаа хариуг аваадхъя.
Том төрөөс ухаа­лаг төр рүү гэдэг бодлого дэвшүүлсэн учраас Ерөнхийлөгчид хандсан
юм. Бизнест гэхэд л төрийн оролцоог багасгая гэсэн зорилготой бодлого шүү дээ. Гэтэл
Засгийн газар нь Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн зорилгын эсрэг шийдвэр гаргаад байна.  

-Төрийн
хийнэ гээд байгаа даатгалыг манай хувийн ком­па­ниуд гаднаас хөрөнгө оруулалт татах
замаар хийх боломжтой юу?

-Хөрөнгө татаж шийдэж болно. Татахгүйгээр шийдвэр­лэх боломж ч бий.
Монголд даатгалын салбар үүсээд 80 жил болчихсон. Хууль эрх зүйн орчин нь бүрдсэн
гэж түрүүн хэлсэн дээ. Монголд даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн
тухай хууль, Жолоо­чийн хариуцлагын даатгалын хуультай. Иргэний хуулинд даатгалын
тухай том бүлэг бий. Үүнийг төрөөс даатгалын компаниудад хөгжүүлэх чиглэлээр гар­гасан
бодлогын дэмжлэг гэж ойлгож байгаа. Бодлогын дэмжлэгээс өөр дэмгүйгээр хөгжиж чадсан
салбар. Өмнө нь улсын ганцхан компани байсан бол өнөөдөр 17 болтлоо өргөжсөн. За
тэгээд даатгалын  20 гаруй зуучлагч компани,
3000 гаруй төлөөлөгч ажиллаж байна. Цаана нь хохирол үнэлдэг үнэлгээний компани
гэхэд л 14, 15 байна. Ийм олон мэргэжлийн оролцогчтой. Эдийн засгийнхаа өсөлттэй
зэрэг­цээд дэвшил гаргаад явж байгаа салбар. Иргэдэд даатгалын талаарх ойлголт муу
байгаа ч сүүлийн жилүү­дэд нэлээд сайжирч байна.

-Манай
гадны компа­ниудтай давхар даатгалаар харилцдаг гэлээ. Яг юуг давхар даатгадаг юм
бэ?

-Компаниуд хүчин чад­лаасаа давсан хэмжээний зүйлийг гадны томоохон
ком­паниудад давхар даатгадаг. Жишээ нь  МИАТ-ийн
онгоцыг 100 хувь давхар даатгадаг. Өөрөөр хэлбэл МИАТ онгоцоо Монголын даатгалын
компанид даатгана. Хандсан компани нь гадны даатгалын компанид давхар 100 хувь даатгадаг.
Бид дундаас нь комисс гээд шимтгэлээ л аваад үлддэг юм. Хохирол гарвал МИАТ манайханд
хандана. Бид эргээд гадаа­дынхаа даатгалын компанид хандаж тэднээс хохирлыг нь авч
өгнө.

-Давхар
даатгалыг манайх шиг жижиг улсууд хийдэг гэсэн үг үү?

-Давхар даатгалын тогтол­цоо даатгалын бүх компанид бий. Угаасаа
дэлхий нийтийн жишиг.

-Монголд
ажилладаг гадаа­дын хөрөнгө оруулалт­тай уул уурхайн компаниуд хаана даатгуулж байна?

-Ихэнх тохиолдолд тухайн орныхоо даатгалын компанитай харилцдаг.  Учир нь тэдний мөнгө асар том. Монголын даатгалын
компаниуд дийлэхгүй л дээ. Гэхдээ манай даатгалын хуулинд нэг заалт бий.  Мон­голд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын
болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд даатгал хийлгэх тохиолдолд Монголын
даатгалын компанид хандана гэсэн агуулгатай заалт байдаг юм. Хуулиа сайн мэддэг,
биелүүлдэг хариуцлагатай  ком­паниуд биднээр
дамжаад гадагшаа зуун хувь даатгаад явдаг.

-Монголчуудын
хувьд даат­га­лын ямар үйлчилгээг сонгодог вэ?

-Тээврийн хэрэгслийн, гэнэтийн осолын зэрэг бага хэмжээний юмаа даатгадаг.
Үндсэн том даатгалыг дандаа  гадныхан хийлгэдэг.

-Уул
уурхай их мөнгө­тэй сал­бар. Гадагшаа даат­гуулахаар ихэнх мөнгө гадаадад байршина,
эндээ зуун хувь даатгавал ядаж л долларын ханш чангарахгүй. Яг энэ өнцгөөс нь харвал
байж болох зүйл яриад байх шиг…?

-Засгийн газрын тогтоолын үндэслэл нь их ойлгомжтой.  Баялгаа 
үнэд хүргэхийн тулд боловсруулах үйлдвэрүүд байгуулна, боловс­руулаад гаргахаар
үнэ, экспорт нь нэмэгдэнэ, экспортоо нэмэгдүү­лэхэд компаниуд заавал зээлд хамрагдаж
таарна, тэдэнд банк бага хүүтэй зээл өгөхийн тулд даат­гал хэрэгтэй, тийм том даат­галыг
манай компаниуд жижиг учраас чадахгүй гээд байгаа юм. Заавал улсын компани байгуулж
шийдэх асуудал биш л дээ. Нэгэнт хөл гараа олчихсон даатгалын компаниуддаа түшиглэж,
бага зэрэг дэмжлэг үзүүлж,  гадаад дахь  давхар даатгалын харилцаагаа сайж­руулаад явчихад
болох асуудал.

-Төр
300 тэрбумын корпораци бай­гуулчихвал заавал давхар даатгал­гүй­гээр уул уурхайн
ком­паниудын даатгалын мөнгийг эндээ байршуулах боломжгүй хэрэг үү?

 -Манай улс 300 тэрбум төгрөгөөр
улсын компани байгуулсан ч давхар даатгалын харилцаа үүсэхгүйгээр яагаад ч явж чадахгүй.

 -Тэгэхээр төрийн бай­гуул­сан корпораци ч дахиад
л гадныхантай давхар даатгалын асуудлаар харилцана гэсэн үг үү?

-Ярихаас өөр ямар ч арга байхгүй. Даатгал гэдэг онцлог салбар. Мөнгөний
хувьд боломж­гүйгээс гадна боловсон хүчин гэж том асуудал бий. Хувийн хэвшилд ажил­лаж
байгаа хүмүүсийг цалин мөнгөөр “зодож” авах юм уу. Н.Батбаяр сайдтай уулзахад даатгалын
мэргэжлийн боловсон хүчин байна уу гэж асууж байгаа юм. Даатгалын мэргэжлээр дотоод,
гадаадад сурсан  хүмүүс бий.  Бүгд хувийн хэвшилд ажиллаж байна.

-Даатгалын
компаниу­дын зүгээс ямар нэг хувил­бар гаргасан уу?

-Үндэсний давхар даат­галын тогтолцоо бий болгоно, давхар даатгалын
компани байгуулна гэсэн нэг төсөл явж байгаа. Хэрвээ тэрийг  төрөөс дэмжвэл дан ганц давхар даатгал хийдэг
компани тусгай зөвшөөрөл авах боломжтой  болно.
Төр зөвхөн давхар даатгал хийдэг эрхийг нь аваад ажиллавал болом­жийн хувилбар.
Тэгвэл бид төрдөө давхар даатгуулаад явж болно. Тойрч суугаад хэлэлцүүлэг өрнүүлбэл
хувилбарууд их бий.

-Гадаадад
зөвхөн дав­хар даат­гал гэх мэтээр төрөлжсөн байдаг уу?

-Экспортын даатгал, тээв­рийн хэрэгслийн даат­гал гээд даатгалын
хэлбэрүүдээрээ эрхээ авдаг л даа. Манайд бол ердийн даатгал гэдэгтээ экспортынх
нь орчихоод бай­гаа. Ерөнхий сайд, Н.Батбаяр сайд хоёр бидний хийдэг даатгал руу
орохгүй гээд байгаа ч олон тэрбумаар байгуулсан компани руу л даатгуулагчид явах
нь тодорхой шүү дээ.

-Төрийн
даатгалын корпораци бай­гуулагдвал даат­галын хувийн ком­паниудад дампуурах эрсдэл
ч гарч ирэх нь ээ?

-Зөвхөн экспортын даатгалаа хийгээд яваад байвал гайгүй. Гэхдээ нэг
зүйлийг давтан хэлмээр байна. Экспортын даатгал ердийн даатгалын хэлбэрт ордог учраас
бидний үзүүлдэг үйлчилгээг хийх эрхийг ч дав­хар авчихаж байгаа юм. Хамгийн том
аюул нь даат­гуулагчид төрийн их мөнгөөр байгуулагдсан компани нь дээр гээд л сонголтоо
хийж таарна. Даатгалын салбар уналтад орно гээд байгаа нь ийм учиртай. Гарцаагүй
зүйл л дээ. Өмнө нь улсын даатгалын ганц том компани байсан. Тэр үе рүүгээ буцна.
Унахад нь унаж, босоход нь босож бор зүрхээрээ, хамаг чадлаараа жамаараа хөгжиж
яваа даатгалын компаниуд тун хэцүү байдалд орно.

-Ерөнхийлөгч,
УИХ-ын дарга та бүхний хүссэн хариуг өгөхгүй бол яах вэ?

-Эсэргүүцлээ лавшруулна. Тэг­лээ гээд өлсгөлөн зарлах ч юм уу жагсана
гэж бодохгүй байна. Айхавтар нөлөөлөхөөр арга биш. Төр засгийн төлөө­лөл даатгалынхантай
уулзах болов уу гэж бодож байна. Улсаа хөгжүүлье, хувийн биз­несээ дэмжье гэвэл  хамт­даа сууж байгаад зөв гарц олох ёстой. Тас
зөрөөд байгууллаа гэхэд боловсон хүчнээс эхлээд асуудал гарна. Банк, даатгал, санхүүгийн
байгууллагууд олон нийтийн хөрөн­гийг татан төвлөрүүлэх үйл ажиллагаа явуулдаг гэдэг
утгаараа маш нарийн хяналт тавигддаг салбар. Төр тийм компани байгуулна гэвэл манай
төрийн байгууллагууд нүдээ аниад зөвшөөрөл өгөх байх. Байгуулчихлаа гэхэд  нэг их сайхан яваад өгнө гэж төсөөлөхгүй байна.
Яриад байгаа тэр том үйлдвэрүүд нь хэзээ ч ашиглалтад орох юм. Бас л  хэдэн жилдээ ашгаа өгөхгүй том аж ахуй гарч ирэх
байх. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрт итгэж байна. Том төрөөс ухаалаг төр рүү гэж
ярьж, зорьж яваа улс лав зүгээр хараад суухгүй байх. Засагт чиглэл өгөх эсэхийг
нь харъя. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Эрх баригчид иргэний хөдөлгөөнүүдээс өрсөж жагслаа

Жил бүрийн хавар юм,  юм л
болдог доо. Энд тэндхийн хөдөлгөөн, холбоод, төрийн бус байгууллагынхан  ичээнээсээ гарсан мэт жагсаал цуглаан хийж,  Төрийн ордноо тойрон гороолдог. Хаврын чуулган
эхлэхтэй зэрэгцдэг жагсаал цуглаанууд эрх баригчдын болохгүй, бүтэхгүй байгааг  шүүмжилдэг, нэг хэсэг нь хий дэмий л улстөрждөг.  Харин тухайн үеийнх нь  эрх баригчид 
тэднийг ингэж жагсахад нь “Болдог юм, 
болж л байдаг” гээд  Иргэний хөдөлгөөнийхний
үндсэн ажил мэтээр  тоохоо ч байж. Гэхдээ
л хавар болдгоороо болж төв талбай дээр жагсагчид жагсдагаараа л жагсах нь тодорхой.
Энэ хаврын жагсаалыг Монголын ногоон нам, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн
төрийн бус  байгууллагынхан болон  УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй  хүмүүс эхлүүллээ. Тайван жагсаал, тийм ч удалгүй
таржээ. Үүний дараа Иргэний хөдөлгөөнүүд 
өчигдөр жагссан.  Жагсаал цуглаан ингээд
дуусчихгүй нь өмнөх жилүүдийн туршлагаас тодорхой. Одоо л эхэлж байгаа нь энэ.

Иргэний хөдөлгөөнүүд жагсах бол гайхах зүйл биш. Харин “Шударга ёс”
эвслийн гишүүн Г.Уянга тэргүүлээд жагсаад байгааг л хүлээж авч чадамгүй. Энэ эвсэл
Ардчилсан намтай хамтарч засаг барьж байгаа. “Шударга ёс” эвслээс арав гаруй сайд
энэ засагт байна. УИХ-д гишүүд нь байна. Тэгэхээр хамтарч засаг барьж байгаа “Шударга
ёс” эвсэл яалт ч үгүй эрх баригч. Үүнтэй хэн ч маргахгүй. 

Эрх баригчид хэнээс юу нэхэж жагсав.  АН-тай хамтраад эрх барьж байгаа болохоор эднийг
эрх баригч биш гэж хэн ч хэлэхгүй байх.  Хуучин
цагт бол Г.Уянгыг гудамжинд тэмцээд зогсож байхад бид ойлгодог байлаа. Өмгөөлдөг
байлаа. “Ард түмний төлөө дуугарч байна. Тэвчихээ байгаад иргэнийхээ үүргийг гүйцэтгэж,
бусдынхаа өмнөөс эрх баригчдаас амлалт нэхээд зогсож байна” гэж ойлгодог байсан.
Харин өнөөдөр байдал өөр. Г.Уянга гишүүн өөрөө эрх баригчдын нэг болсон. Тэр байтугай
дэлхийн олон орноор Монгол Улсаа төлөөлж яваа зураг хөргийг нь бид зөндөө л харж
байна. Төр түшилцээд, хууль батлалцаад яваа. 
Тэр байтугай нөхөр нь агентлаг тэргүүлж байгаа. Тэгэхээр Г.Уянга гишүүн  Төрийн ордонд эрх баригчдад  барьцаалагдаад  төр  түшилцэхдээ
зовж байна л гэж ойлгодоггүй юм бол тэр эрх баригчдын нэг яалт ч үгүй мөн. Ардын
нам буюу сөрөг хүчнийхэн болохгүй,  бүтэхгүй
юм яриад шүүмжилбэл бас өөр. Тэртэй тэргүй тэд зөв,  буруугүй шүүмжлээд эхэлчихсэн.   Харин эрх барьж буй намын гишүүн  Г.Уянга бол жагсагчидтай зэрэгцээд, бүр тэргүүлээд  ингэж явах нь өөрөө өөрийгөө муу хэлээд яваагаас
өөрцгүй юм. 

Г.Уянга  гишүүний энэ үйлдэл
нь нэг их зовсон хүн улс төрд барьцаалагдаад арга ядаж байгаа мэт.  Ингэхээр нь түүнийг   “Бидний төлөө чөмгөө дундартал тэмцэж байгаа
юм. Энэ хүн л зовж шаналж, төрд барьцаалагдаж, ордонд хэцүүдэж байна” гэж  ард түмэн ойлгох ёстой юм байна л даа.  Үгүй л болов уу. Үнэхээр тэмцэх хүсэл төрөөд байгаа
бол УИХ-д биш гудамжинд тэмцэх эрх нь нээлттэй. 

Эрхэм гишүүн өчигдөр гудамжинд тэмцэж явсан бол өнөөдөр төр түшилцэхээр
сонгогдсон. Ард түмэндээ хэрэгтэй хуулиа батлаад, чуулганыхаа танхимд зөв үг хэлээд
сонгогчдынхоо төлөөлөл болоод л суух ёстой биш билүү. Тиймээс  иргэдийнхээ өмнөөс ажлаа л сайн хий. Хэрэв муу
хийвэл та биш, таныг сонгосон иргэд, та бүгдээр төр түшүүлэх эрх өгсөн ард түмэн
та нараас ам асууж, амлалт нэхээд суух хэрэгтэй юм. 

Улс төрийг  жүжиг гэж хэлэх
нь олонтаа. Гэхдээ Г.Уянга гишүүний  жүжиг
арай л хэтрээд байна. Яаж ч бодсон эрхэм гишүүн эрх баригчдын нэг. Гэвч эрх баригчид  жагсдаггүй юм. Эрх баригч л бол эрх баригч. Хамтарсан
уу, дангаараа юу, падлий ч байхгүй. 

Мэдээж тэр жагсаалаа Ц.Мөнхбаярыг өмгөөлж хамгаалж хийсэн гэх байх
л даа. Яахав, хамт жагсаж, тэмцэж  явсан хүний
хувьд хэлэх үг байсан л биз. Өмөөрмөөр санагдсан л биз. Гэхдээ өмгөөлөөд байгаа
хүнийх нь зөв үү, буруу юу гэдгийг тунгаах л хэрэгтэй. Үнэн хэрэгтээ  Ц.Мөнхбаяр нарыг өмөөрсөн маягтай боловч ард түмний
амьдрал хэцүү, хүмүүс байгааг шүүмжлээд л байна лээ. “Ц.Мөнхбаяр эрх баригчдыг шүүмжилсэн
болохоор  ингэж хорилоо. Хэлмэгдүүллээ” гээд
байна лээ. 

Эрх баригчид яагаад жагсах ёстой гэж.  Ард түмний амьдрал ямар байх нь эрх барьж байгаа
хоёр намаас яалт ч үгүй шалтгаална шүү дээ. Үнэн хэрэгтээ ард түмэн амьдралыг нь  сайжруулахын тулд төр засаг, эрх баригчид юу хийхнэв
гээд л хараад сууж байгаа. Гэтэл эрх баригчид 
иргэний хөдөлгөөнүүдээс өрсөөд жагслаа. Өчигдөр тэдний дараа Иргэний хөдөлгөөнүүд  жагсаал цуглаан хийснийг бол буруутгаагүй.  Хаврын хаварт ингэж уламжлал болгоод жагсаад сурчихсан
улс.  Дулаан цагт л жагсаж байгаа юм гэж тайлбарлана
лээ. Иргэний хөдөлгөөнийхөн, төрийн бус байгууллагууд жагсаж л байдаг. Үүнд гайхаад
байх зүйлгүй.  Заримдаа ч бас  зөв  зүйтэй
юм хэлж байдаг. Анх жагсаал цуглаан болно гэхээр сүр дуулиан ихтэй хүлээж авч, эрх
баригчид ч анхаарал хандуулдаг байсан. Одоо ордонд байгаа нь битгий хэл жирийн иргэд
ч нэг их гайхахаа больсон цаг.

Харин эрх барьж байгаа “Шударга ёс” эвслийнхнийг бол ойлгохгүй
юм.  Жагсагчдаас өрсөж жагсаад байгаа эрх
баригчдыг булхайцаж байна гэмээр. Эрх барьж байгаа намын төлөөллөөс жагсаал цуглаан
хийгээд эхлэхээр  үнэмшихээсээ илүүтэй жүжиг
тавьж байна гэж харна.  “Шударга ёс” эвсэл
шударга загнаж байна гэж хэлэх хүн лав  байхгүй.  Шударга байна гэдэг чинь жүжиг тавьж,  гол дүрд нь тоглохын нэр биш.

Categories
редакцийн-нийтлэл

Р.Раш: Монголын төрийн дархлааны тухай л ярьж байгаа хэрэг шүү дээ

Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга агсан Жамсрангийн Самбуу
гуайн тухай хуучцуулын дунд домог мэт яриа олон бий. Ёстой жинхэнэ монгол төрийн
ноён нуруу байсан гэдэг. “Шинэ цагт түүн шиг хүнийг төрд олон  болгох юм сан” гэж УИХ-ын гишүүн асан Р.Раш өгүүллээ.
Түүнтэй Ж.Самбуу гуайн талаар хөөрөлдсөн юм. 

-Та Ж.Самбуу гуайн талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?

-Би
Ж.Самбуу гуайтай хамт мөр зэрэгцэн ажил­лаж яваагүй болохоор тийм сайн мэдэхгүй
л дээ. Ер нь олны амыг чагнаж байхад “Самбуу гуайрхуу хүн Монголын төрд олон байвал
зүгээр дээ” гэснийг “Нээрээ тийм шүү” гэж дотроо бодож явдаг даа. Ж.Самбуу гуайг
1972 онд өөд болоход ард түмэн эмгэнэж, Төрийн ордны урд талд том зургийг нь байрлуулчихсан
байхыг харж байж билээ. Ж.Самбуу гуай үнэхээр монгол төрийн ноён нуруу байж төрд
түшигтэй тийм л нэгэн явжээ гэж ойлгодог. Тэр үеийн Улс төрийн товчоо Ж.Самбуу гуайн
амыг их харна. Хэлснийг нь дагадаг. Тийм л нөлөө бүхий нэгэн явж л дээ. Би УИХ-ын
гишүүн байхдаа Дундговь аймагт очиж ажиллаж байсан юм. Хурал дээр Луус сумын Дашзэвэг
гэдэг өндөр настан “Самбуу гуай шиг хүн Монголын төрд хэрэгтэй байна” гэж хэлж байсныг
тод санаж байна. Гадаад яамны нэгдүгээр орлогч сайд, сүүлд нь НҮБ-д Монголын төлөөлөгчөөр
ажиллаж байсан Жаргалсайхан гэдэг хүний бичсэн номд “Самбуу гуайрхуу хүн Монголын
төрийн дээгүүр байх ёстой юм” гэж бичсэн байдаг. Олны ам бол “Самбуу дарга, Самбуу
сайд, Элчин Самбуу” гэж ярьцгаадаг. Ялангуяа баруун урагшаа сүрхий шагшин магтдаг
юм. 1960-аад оны эхээр засаг захиргааны шинэ хуваарилалт  хийжээ. Нэлээд олон сумдыг нэгтгэсэн юм билээ.
Тэр үед Төв аймгийн Бүрэн сумын талаар яриа сөхөгджээ дээ. Самбуу гуай чимээгүй
сууж байгаад “Би чинь тэгээд хаана төрсөн, хаана харьяалагдах хүн болж байна вэ”
гэтэл бүгд нам болсон гэдэг. Ер нь энэ мэт түүний тухай домог шиг олон зүйл яригддаг
шүү дээ.

-Төрийн том хүн байсан атлаа нутаг усандаа очихоороо морь
мал усалж, ан гөрөө хийж, газар хөдөс дэвсээд унтаж байдаг тун энгийн хүн байсан
гэх юм билээ?

-Ер
нь Самбуу гуай хөдөө орон нутаг хийгээд хүмүүстэйгээ их холбоотой мундаг байсан
шүү. Би хүүхэд байсан юм даг. Ж.Самбуу гуайн 70 насны ойгоор нутаг усаар нэг яриа
хөөр болж билээ. Түүний хамаатны нэг залуу өртөө хочит Батсүх гэж байлаа. Түүнийг
“Самбуу гуайн 70 насны ойд оролцох гээд хөтөлгөө морьтой хот руу явж байна гэнэ
ээ” гээд л нутгийн олон ярьж байсныг санаж байна. Ж.Самбуу гуай бол жинхэнэ монгол
ахуйгаараа явсан хүн байх.

Ж.Самбуу
гуайн сургууль соёлын боловсрол тун маруухан бололтой хүн шиг байгаа. Ерөөсөө амьдралын
хар ухаанаар дамжсан, тэгж л шалгарсан. Ж.Самбуу гуай өөрөө тийм ч их дуугараад
яриад бай­даггүй. Байж байгаад хааяа нэг үг хэлдэг. Тэр нь монголын 1.5 сая хавтай
дөрвөлжин талбайг тэр чигээр нь агуулдаг юм байх аа даа. Тиймээс дэргэд нь байгаа
хүмүүс биширдэг байж. Ер нь тэднийхэн дуу цөөтэй тийм улс.

Миний
дуулж мэдсэнээр Ж.Самбуу гуай Төрийн яамны Тамгын тал бичээч гэдгээс Ардын Их Хурлын
Тэргүүлэгчдийн дарга хүртэл бүх шатыг дамжсан ийм л монгол төрийн түшээ байсан.
Төрийн ордны баруун хойно байгаа хөшөө нь түүнийг ямар хүн байв гэдгийг харуулдаг.
Үнэхээр сайхан, дүнхийн харагддаг шүү дээ.

-Ж.Самбуу гуай мал аж ахуйн чиглэлээр хэд хэдэн ном бичсэн
хүн юм билээ…

-Түүний
бичсэн Монгол орны бэлчээрийн мал маллагааны туршлага гэж мундаг хоёр ном бий. Тэр
номыг уншихад Монголын бэлчээрийн мал аж ахуйг нэвтэрхий мэддэг, эм тамгаас өгсүүлээд
л, үржил ноос ноолуур, сүү цагаан идээ, малчин 
мал хоёрыг гаргууд бичсэн байдаг. Эрдэм шинжилгээний шинжтэй агуу том бүтээл
юм.

 Ж.Самбуу дарга хөдөө аж ахуйн сургуулийн төгсөгчдийн
уулзалтад ирж л дээ. Хоёр цаг гаруй ямар ч үг дуугарахгүй, хөдөлгөөнгүй сууж байснаа
5-6 өгүүлбэр хэлчихээд яваад өгсөн гэнэ лээ. Монголын хөдөө аж ахуйн мэргэжилтэн
гэдэг ийм л байх ёстой гэдгийг тэнд байсан хүмүүсийн толгойд дурайтал ойлгуулж байсан
гэж ярих юм билээ. Бясалгаж, аль болохоор цөөхөн үгээр утга санааг илэрхийлдэг агуу
их чадвар тэр хүнд байсан байна.

-Ж.Самбуу гуай Төв аймгийн Бүрэнгийнх. Танай Эрдэнэдалай сумтай
залгаа нутаг. Таны багад түүний талаар нутгийн ардын дунд ямар яриа өрнөдөг байв?

-Ж.Самбуу
гуайнх Дундговийн Эрдэнэдалай сумын хойд талаар Түмний тал булаг хэмээх газар нутаглаж
явсан айл. Ер нь нутгийнхан янз бүрийн домог болсон яриа ярьж байдаг. Эцэг нь Жамсран
гэж хүн хүүгийнхээ төөргийг нутгийн Сумъяа зурхайчаар зуруулсан гэдэг. Өнөө зурхайч
“Би мэдэхгүй юм байна. Харц хүн тэгсэн мөртлөө хаан суудалтай байна. Харц хүн хаан
сууна гэж ямар юм байхав дээ” гээд зоосоо чулуудаж байсан гэх юм билээ. Тэгэхээр
хүүгээ мэргэлүүлж байгаа аав нь ч тэр, мэргэлэж байгаа цаад хүн ч тэр мундаг аа.

УИХ-ын
гишүүн асан Тогтох гуай Ж.Самбуу гуайн зээ дүү юм шүү дээ. Тогтох гуай ч тийм дуу
цөөнтэй хүн. Тэгэхдээ агуу жинтэй ярина. Ёстой нэг гүн ухааны философийн ном уншаад
ойлгож ядах маягтай гүнзгий сэтгэж ярьдаг хүн шүү дээ. Мань эр хотод дунд сургуульд
байхдаа Самбуу гуайнд суудаг байсан гэдэг. Нагац ахынхаа дэргэд нь байж сургууль
соёл төгссөн юм билээ. Тэгэхээр алтны дэргэдэх гууль шарлалгүй л яахав.

Ж.Самбуу
гуай Өмнөговь аймгийн дарга байсан гэдэг. Дундговиор дайраад манайхаар буугаад морддог
байж.  Миний ах Содномдорж “Би та нарыг бодоход
Самбуу сайдын хоолыг хийж явсан юм шүү” гэж ирээд л ихэд бахархан ярьдаг байж билээ.
Ж.Самбуу гуай тулхтай, түшигтэй, олонтойгоо тийм л хүн явж дээ.

1964
он шиг санагдаж байна. Би бага ангид байсан. Улаанбаатарт махны хэрэг гэж мандсан
юм. Тэр бүлэгт манай нутгийн нэг залуу орооцолдсон юм билээ. Тэгээд ах дүү нар нь
түүний амийг нь хэлтрүүлэх, өргөдөл бичүүлэх, Ж.Самбуу сайдтай уулзуулах ажлаар
ирлээ гээд манай эцэгтэй уулзсан юм. Партизан Дэшзэвэг гуай манай эцэг хоёр Самбуу
гуайнд орсон гэнэ лээ. Тэр асуудлаар яриад хэрэг нь бүтсэн гэж ярьдаг юм.

-Ж.Самбуу гуай ЗХУ болон Хойд Солонгост Элчингээр сууж байсан
шүү дээ. Тухайн үед Хойд Солонгосын ард түмэнд бэлэглэсэн малыг хожим галт тэргээр
тээвэрлэн явуулж байсан гэдэг байх аа?

-Ж.Самбуу
гуай солонгосын дайны үеэр хойд Солонгосын элчин байсан. 1950-иад оны эхэн үе шүү
дээ. Мань эр Ким Ир Сенд мал бэлэглэж л дээ. Тэрийг 1991 онд Солонгосын Төмөр замын
яамны  нэгдүгээр орлогч сайд авах гэж Монголд
ирсэн юм. Тухайн үед би төмөр замын байгууллагад ирчихсэн байлаа. Түүний ирсэн зорилгыг
Засгийн газартаа ч танилцууллаа. Ингээд Хойд Солонгосын талд сарлаг, адуу, хонь,
ямаа өгч явуулж билээ. Хэдэн толгой байсныг нь санахгүй байна. Ямартаа ч хоол тэжээлийг
нь бэлтгэж, тусгайлан зассан галт тэргэнд Ж.Самбуу гуайн өгнө гэсэн малыг тоо толгойгоор
нь амьдаар нь ачаад өгч явуулж байв. 1950-иад оны эхээр ярьсан яриа 40-өөд жилийн
дараагаар хэрэгжээд явж байсан юм.

-Төрд Самбуулаг хүнийг олон болгох хэрэгтэй гэдэгтэй та хэр
санал нийлэх вэ?

-Яг
Ж.Самбуу гуай шиг хүн гэвэл юу байхав. Харин Самбуу гуайрхуу хүн гэвэл төрд олон
байгаа. Тийм л хүнийг олж сонгож гаргаж ирэх ёстой. Монголын төрийн дархлааны тухай
л ярьж байгаа хэрэг шүү дээ.

Тогтох
гуай надад хэлж байсан юм даг. “Их малгайн бараа харах гэдэг юм байсан юм гэнэ билээ.
Тэр нь Анандын Амар гэдэг хүнээр дууссан юм байх аа” гэж. Тэгэхээр тэр их малгайн
бараа харна гэдэг нь дээд үеэс уламжилж ирсэн, нарийн ширийн юмнууд байгаа юм шүү
дээ. Төрийн хар хайрцаг гэх юм уу даа. Тэрнийгээ байнга л харж явах ёстой юм байна
л даа. 

-Анандын Амар гэдэг хүнээр дууссан гэдэг нь ямар учиртай юм
бэ?

-Чингэсийн
үеийн алтан ураг гээд тэрүүгээр ярьж байгаа байх. Самбуу гуай бол тийм чиглэлээр
биш, ерөнхий юмаар тэр их малгайн бараа гэдгийг хараа биз дээ.

-Монголын төрд Самбуулаг хүнийг олон болгохын тулд түүний
нэрэмжит шагнал бий болох гэж байгаа тухай дуулсан. Ж.Самбуу гуайн нэрэмжт шагналаар
төрийн албан хаагчдыг шагнах юм билээ. Та үүнийг дэмжиж байна уу?

-Тэрийг
би хоёр гараа өргөөд дэмжинэ. Ер нь яамны түшмэдүүд, төрийн албан хаагчид монгол
төрийн жинхэнэ гал тогооны ажлыг хийж байгаа хүмүүс шүү дээ. Ёстой цаасыг эрээчиж
байж бичиг баримтыг боловсруулж гаргаж ирэх учиртай. Намайг Зам тээврийн яаманд
ажиллаж байхад миний дор тээврийн газрын дарга Маналжав гэж хүн байлаа. Одоо талийгаач
болсон доо. Тэр хүн боловсруулах чадвар асар өндөр байсан юм. Ер нь төрийн хүн ийм
л байх ёстой. Ж.Самбуу гуайн нэрэмжит шагнал байна гэдэг тун зөв. Соёлын гавьяат
зүтгэлтэн, гавьяат тээвэрчин гээд салбар бүрээс гавьяатуудыг төрүүлдэг шагнал бий.
Харин төрийн албаны гавьяат гэж байдаггүй. Тиймээс Ж.Самбуу гуайн нэрэмжилт төрийн
албаны гавьяат гэдэг цол тэмдэг байх нь туйлын зөв. Эхийн алдар одонг чинь Ж.Самбуу
гуай санаачилсан. 1950-иад оны сүүлч, 1960-аад оны эхээр Монгол Хятадын харьцаа
хүйтэн болж, Өвөр Монголын талаар янз бүрийн яриа гардаг байсан үе. Тиймээс улсынхаа
хүн амыг өсгөх асуудал төрийн том бодлого болж 
ингэж тавигдаж байж дээ.

-Ж.Самбуу гуайн талаар “Монгол төрийн мэргэн өвөө” гэж ном
гарсан байгаа. Энэ номд түүний гэр бүл үр хүүхдийн талаар шинэ баримтууд тусгагдсан
байна лээ…

-Тэр
номын уншсан, тун сайхан санагдсан. Манай Ширчингийн Сүхбаатарын ном мундаг судалгаатай
юм билээ. Их олон хүнтэй уулзсан, уншихад ойлгомжтой сонирхолтой ном байна лээ. 

Ш.Сүхбаатарыг
Самбуу судлал гэсэн маягаар ажил хийгээд байна гэж ойлгодог. Явж явж энэ бол хувь
хүний асуудал биш, Сонголын төр ямар байх ёстойг хэлээд байгаа юм болов уу. Засгийн
газар, УИХ-д улсын шигшмэл сайцчуул цугласан байх ёстой. Самбуулаг хүнийг төрд олон
болгох ойлголт тэрний тухай л юм болов уу. Ж.Самбуу гуай хүний хэлсэн үгийг анхааралтай
сонсч тэрэндээ дүгнэлт хийдэг байсан тийм л агуу хүн байж дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Алтан соёмбот бэлгэвч буюу бачим явдлын бээлий

Бэлгэвчин
дээр Монгол төрийн алтан соёмбыг байрлуулчихаж. “Очиж, очиж бэлгэвчин дээр байхдаа
яах вэ дээ” гэж халаглах хүн хаа сайгүй таарч, толгой сэгсэрч байна. Монголчууд
наадмаар соёмбот далбаагаа Төрийн ордны дээр, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг торгон
ногоон дэвжээ, унаа тэрэгнийхээ бүхээг дээр намируулж бахархдаг. Хил манаж байгаа
хилчид маань өглөө бүр түүнд мэхийн ёсолж, 
харьд байгаа монголчууд дэлхийн спортын тавцанд тамирчдаа эх орныхоо далбааг
өргүүлэхэд нулимстай нүдээр харж, төрийн дууллаа хоолой зангируулан омогшин дуулдагсан.
Тэгтэл бахархал, омогшлыг нь төрүүлдэг соёмбыг бэлгэвч гэдэг зүйл дээр байрлуулсан
нь арай хэтэрсэн юм болжээ.

Соёмбыг
байрлуулах газар, түүнийг ашиглах хэм хэмжээ, эрхэмлэх ёсон гэж бүхэл бүтэн том
ойлголт бий. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиар энэ бүгдийг зохицуулчихсан. Бас
холбогдох дүрэм, журам ч байдаг.

Соёмбын
гал, нар, сар, гурвалжин дүрс, тэгш өнцөгт дүрс, хос загас, хоёр талд нь байх босоо
дөрвөлжин гээд бүрдэл хэсгүүд нь тус бүртээ маш нарийн утга учир, тайлалтай. Соёмбо
тэмдэг нь Монголын ард түмэн гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж,
сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж,
арга билгээ хослуулан төмөр хэрэм лугаа төр улсаа хамгаалъя гэсэн гүн гүнзгий утга
санааг агуулсан байдаг. Ийм учраас аугаа бэлгэдэлтэй энэ тэмдгийг төрийн далбаандаа
мандуулсан хэрэг.

Соёмботой
бэлгэвчтэй болсон нь ёс заншил, хуулиас даван гарсан эх захаа алдсан үзэгдэл болж
байна хэмээвэл буруудахгүй. Төрийн далбаанд залсан соёмбоо бэлгэвчинд ашиглах нь
зөв үү. Төрийн ордны дээр намирдаг алтан соёмботой далбаагаа дээдэлдэг шиг соёмботой
бэлгэвчийг бас дээдлэн шүтэж, залбиран хэрэглэ гэх гээд байна уу.

Өмнөд
Монголд бэлгэвчийг бачим явдлын бээлий гэцгээдэг. Бачим явдлын бээлийн дээр соёмбоо
тавих нь яавч төрт ёсонд нийцэхгүй, ёс зүйгүй явдал. Төрийг юм бүхэнтэй нааж, наалдуулж
эрхэм чанарыг нь алдагдуулж, нэр сүрийг нь үнэгүйдүүлдэг явдал олшрох болсон. Үүний
нэг нь энэ соёмботой бэлгэвч л дээ. Хийх ажлаа олж ядсан, ажлынхаа голыг мэддэггүй,
хүн харахад юм хийсэн дүр үзүүлэх гэж сандралддаг хүмүүсээр Монголын төрийн алба
дүүрсний илрэл энэ.  Төрийн албанд төрийн
эрхэмлэх зүйл гэж юуг хэлдэг, бэлгэ тэмдэг, сүлд, далбаа, туг гэж юу байдаг тухай
огтхон ч мэддэггүй, шаардлага хангахгүй хүмүүс шургалснаас ийм гаж зүйл гараад байна.

Төрт
ёсоо дээдэлж мэддэггүй төрийн албан хаагчид ажилдаа дүр эсгэж, өнөө маргаашаа аргацааж
ханддагийн үр дүнд соёмбоор тамгалсан бачим явдлын бээлийтэй болчихлоо. Ингэхээр,

…Арслантай
тамганы чинь дардас хатваас

Цусаараа
дэвтээхэд ч бэлэн

Алтан
соёмбыг чинь хазайваас

Ясаараа
ивж тулахад ч бэлэн

Ард
түмэн чинь хүлээж байна… энэ мэт бадрангуй, шүлэг, найраглал юу болох вэ. Алтан
соёмбот төрийн минь сүлд өршөөг.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Манжийн дарлал, социализмыг санагалзан, ардчиллыг зүхэж жагсав

Иргэний нийгмийн 99 байгууллага өчигдөр Чингэсийн талбайд жагс­лаа.
Тэд энэ өдрийг “Үн­дэс­ний эсэргүүцлийн өдөр” болгон эдийн засаг, байгаль орчин,
уул уурхай, дотоодын болон хүнсний бүтээгдэхүүн гээд олон салбарт уналт бий болж
байгаагийн буруутан нь эрх баригчид хэмээв.

“Шинэчлэл эрин үе”, “Гал үндэстэн”, “Ногоон цөм”, “Байгаль орчны
иргэ­ний зөвлөл”, “Гол нуу­руудын нэгдсэн хөдөл­гөөн” гэх мэт төрийн бус байгууллагууд
болон “Босоо хөх Монгол”, “Ху­раангуй Монгол” бүлгэ­мээр толгойлуулсан жаг­сагчид
“Даварсан засгийг огцруулж, давхар дээлийг тайлъя” гэсэн лоозонг барьсан байв. Тэрчлэн
“Улс шиг хөгжүүлж, хүн шиг амьд­руулна” гэсэн яасан бэ. “Уран бидний ирээдүй биш”,
“Ерөнхийлөгчийн хэлж байгаагаар Н.Алтан­хуяг жил таван сарын ху­гацаанд монгол хүн
бүрийг 800 гаруй мян­ган төгрөгийн өрөнд уна­­гажээ”. “Өөрсдийн нут­­гаас хүний
баялгийг бэлдэж өгөхөө зогсооё”, “Чингэс бондын 1.5 тэр­бум ам.долларыг юунд зарцуулав”,
“Унасан эдийн засгаа яах вэ, ухар­сан ардчиллаа хэр­хэх вэ”, “Задгай нь дэндсэн
засаг огцор”, “Шинэч­лэлийн Засгийн газар, ши­мэгчлэлийн Засгийн га­зар боллоо”
гэх мэт уриа лоозонг барьсан байлаа.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Сү.Батболд, С.Баяр­цогт, Ерөнхий
сайд Н.Алтан­хуягийн зургийг зэ­рэг­цүүлэн хэвлэж “Эх орноо худалдагсад тан­сагласаар”
гэсэн тайлбар хийсэн бол “Гал үндэстэн” хол­бооны Төрийн ордон руу дайрсан таван
хүний зургийг мөн хэвлэн “Эх орныхоо төлөө тэмцэгсэд 22 жилийн ял сонсов” гэх тайлбарыг
ч өгчээ. Түүнчлэн “Гал үндэстэн” холбооны ял сонсоод буй гишүүдийн ар гэрийнхэн
“Миний аав террорист биш”, “Хүний үе, худгийн ус хоёр дуусдаг юм. Н.Алтанхуяг, ардчилсан
засгийн үед миний хүү тэмц­лийнхээ төлөө шоронд суух ёстой байж” гэсэн бичиг барьсан
тэмцэгчид байсан.

Ер нь энэ өдөр ардчиллыг зүхэж социализм,
Манжийн дарлалын үеийг санагалзаж, “сайхан” хэмээн тодотгох жагсагч цөөнгүй байсан
юм. Тухайлбал “Шинэчлэл эрин үе” ТББ-ын тэргүүн Х.Болдмандал “Төсвийн санхүүжилт
бус иргэдийн ухамсар, бусдаас давсан технологи бүтээхийг хөгжил гэдэг юм. Хаа нэг
газраас хуулах бус ард түмнийг өөрсдөө бүтээдэг болох замд төр хөтлөх ёстой. Үүнийг
хийж чадахгүй бол даварсан Засгийн газар огцрох ёстой. МАН-ыг төр барьж байхад ард
түмэн шоронд ордоггүй байсан юм. Манжийн дарлалд байхдаа ч бид өлсч байгаагүй юм.
Гэтэл өнөөдөр ардчилсан нэртэй олигархиуд эх орноо, ард түмнээ сөхрүүллээ” хэмээсэн
бол “Байгаль орчны иргэ­ний зөвлөл” ТББ-ын тэргүүн Ж.Ганбаатар “Иргэний нийгмийнхэн
Ц.Мөнхбаяр тэргүүтэй үндсэрхэг үзэлтнүүдийн ялыг хэрэгсэхгүй болгох, Их говийн дархан
газар, Талын их хатан суудал, Тосон бумбын нуруу, Дарьганга, Шилийн богдын байгалийн
цогцолборт газ­рын 70 хувийг ураны лицензэд өгснийг болиулах талаар бид төрд хийгээд
олон түмэнд хандаж байна. Өнөөдрийн ардчилсан засгаас өмнөх ямар ч төр бусармаг
бусдын улыг долоож байсан ч газар нутгаа худалдаагүй. Харин өнөөдөр бүгдийг зоос­ны
нүхээр харж эх орноо худал­даж байна. Уул уурхайгаа ашиглах хэрэг­тэй. Гэхдээ зөв
зохистой ашиг­лахыг л бид шаардаж байгаа юм” хэмээв.

Харин “Гал үндэстэн холбоо”-ны гишүүн Төмөрбаатарын
ээж индэрт гарч “Миний аавыг 1939 оны хэлмэгдүүлэлтээр Монголын төр буудан хороож
байсан. Харин өнөөдөр миний хүүг эх орноо бус­даас харамласных нь төлөө шоронд хорилоо.
Би хүүгийнхээ төлөө нулимс унагахгүй. Яагаад гэвэл миний хүү үнэний төлөө явсан.
Эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс хойшоо битгий ухраарай. Ард түмнийхээ төлөө тэмцдэг
та бүхэнд баярлаж байна. Харин ард түмнийхээ хөрөнгөөр баяжсан этгээдүүд нэгэн цагт
мөнх бусыг үзүүлэхдээ баахан хөрөнгөө өөр нэрээр харийн хүнд хадгалуулсан чигээрээ
явчихвал яана даа. Энд хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд жагсч байгаагийн нэг нь би. Хамгийн
бага нь би 80 настай. 100 настай хүн ч байна. Эцэг эхээ буудуулж, хөрөнгөө хураалгаж,
олон жил эсэргүү хэмээн цоллогдсон. Биднийг төр ингэж дутуу, хатуу, өнчин, өлмөн
зэлмүүн амьдруулчихаад өнөөдрийг хүртэл нэг ч удаа тэтгээгүй. Би ардчилалд 25 жил
зүтгэсэн хүн. Анх өлсгөлөн зар­лахад 100 айлаас хамгийн зузаан гудсаа чирч авчраад
л өгч байсан. Биднийг ийм гомдолтой амьд­руул­чихаад “ахмадынхаа байранд оруулчих”
гээд очиход “Та өнөө маргаашгүй болчихоод байр саваар юу хийх вэ” гээд өөдөөс шоолж
байна. Ажилдаа дадаагүй хүмүүс төрд гарчихаад ийм авир гаргаад байгаа юм уу, ойлгохгүй
л байна” гэлээ. Харин 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд хохирогчдын холбооны
гишүүн Ц.Энхбаяр “Мон­гол­чуудад маргааш гэж байна уу гэж бодохоор нойр хүрэхгүй
байна. Эх орныг минь харийн түрэмгийлэгчид зэвсэглэн, хүчтэй технологиор тоног­лон
дайрахад нь бид өөдөөс нь зэвсэглэн тэмцэнэ гэж байсан. Тэр үгэндээ хүрч бидний
нөхөд Төрийн ордон руу зэвсэглэн орсон. Гэхдээ “Гал үндэстэн” холбооноос болж нэг
ч айл, нэг ч хүн, нэг ч байгууллага хохирч байгаагүй гэдгийг санах хэрэгтэй. Гэтэл
22 жилийн ял өглөө. Шударга ардчилал хаана байна. Зэвсэглэж тэмцэх нь ард иргэ­дийн
үүрэг шахуу асуудал. Зэвсэг бариулахгүй байх нь энэ Засгийн газрын үүрэг нь. Хэрвээ
22 жилийн ялыг хэвээр үлдээвэл энэ ялыг сонсох мянга мянган залуус ээлжээ хүлээж
зогсоо гэдгийг хэлмээр байна. Бас маргааш (өнөөдөр) болох шүүх хурлаар 22 жилийн
ял хэвээр үлдвэл 21 дүгээр зуунд улс төрийн хоригдолтой Монгол Улс болно гэсэн үг”
гэв.

Харин “Шударга иргэдийн фрон­тын” тэргүүн
Г.Арслан “1990 онд Улс төрийн товчоо гэгчийг хэтэрхий эрх, ямбатай байна гээд талбай
дээр хэвтэж байгаад төрд гарсан энэ нөхдүүд өнөөдөр саарал ордон, Нүхтээр дүүрч
тансагладаг боллоо. Тэд ард түмнээ мартжээ. Бид ийм ардчиллыг хүсээгүй. Бид сайхан
амьдраасай, ажил хийдэг нь цалин авч, авлига авдаг нь шоронд суудаг ардчиллыг хүссэн.
50 сая малтай монголчууд өнөөдөр нохойн мах идтэлээ туйлдсан байна. Энэ бол саарал
ордонд суугаа луйварчдын буруу. Манжийн дарлалын үед ч монголчууд нохойн мах идэж
байгаагүй. 1990 онд гөрмөл сур шиг туранхай залуус өлсгөлөн зарлаад хэв­тэж байсан
бол өнөөдөр өмдөндөө багтахгүй таргалчихаад би шударга гэж байна. Өөрсдийнх нь алдааг
хэлсэн бүхнийг шоронд хийчихээд шударга ёсыг тогтооно гэвэл том эндүүрэл юм.
1990 онд ямар ч хөрөнгөгүй байсан залуус өнөөдөр хэдэн тэрбум төгрөгийн орлоготой
болсон гэж АТГ-т мэдүүлжээ. Тэд ямар бизнес эрхэлсэн болоод ингэж баяжсан юм. Төрд
гарсан миний найзууд төсвөөс л цалин авч байсан баймаар. МАХН-ынхан 1990 он хүртэл
төр барихдаа эх орноо ингэж худалдаагүй юм. Өөрсдөө ард түмний хөрөнгийг өнөөгийн
нөхөд шиг идээгүй гэдгийг сануулах хэрэгтэй байх” гэж байлаа.

Өчигдөр болсон жагсаал 10 зүйл бүхий шаардлагыг
УИХ-д хүргүүлс­нээр тарсан. Харин ирэх пүрэв гаригт дахин томоохон хэмжээний жагсаал
хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Шаамараас хулгайлагдсан гэх Т.Хишигбат хүү Улаан-Үдэд энх тунх амьдарч байна

Баруун гар талаас Гончиг, Цэрэнханд, Раднаа

Манай сонины
№079 (4719) дугаарт Сэ­лэнгэ аймгаас бэлт­гэсэн “Шаамараас хул­гайлагдсан гэж
шуугиан тарьсан хүүг аав нь Орос руу үрчлүүлжээ” сурвалжлага нийтлэгдсэн билээ.
Алга болсон гэх Т.Хишигбат хүүгийн эмээ Л.Цэрэнханд зээ хүүгээ амьд эсэхийг нь
мэдэхгүй байгаа тухай ярьж хүргэний талынхнаа энэ бүхэнд буруутай хэмээсэн. Уг
нийтлэлийн мөрөөр цагдаа, тагнуу­лын байгууллага Т.Хи­­шиг­батын аав
Х.Төгсжаргал, Х.Төгсжаргалын том ах Х.Жаргалсайхан, ээж М.Нина нарыг саатуулж
шалгасан байна.

Т.Хишигбат
хүүгийн талаар тодруулахаар Дар­хан хотыг зорьж, Х.Төгс­жаргалын ах дүүс,
ээжтэй нь уулзсан юм. Д.Цэрэнханд сүүлийн арван жилийн хугацаанд зээ хүүгийнхээ
талаар ганц ч сураг сонсоогүй, түүнийг үрчилж авсан гэх буриадууд алтны
уурхайтай баян улсууд болохоор худынханд нь алтан ээмэг, бөгж, бэлэг сэлт
байнга илгээдэг та­лаар ярьж “Хүүг хул­гайгаар харь хүмүүст өгсөн” гэж ярьсан.

Гэтэл түүний
ярьсныг Х.Төгсжаргалын ар гэрийнхэн няцаалаа.

М.Нина гуай 76
нас­тай. Арван хүү, гур­ван охинтой бөгөөд Х.Төгс­жаргал отгон нь юм бай­на.
М.Нина гуай ач хүүгээ харь хүмүүст өргүү­лээгүй. Ээжийнхээ дүүгийн охинд
өргүүлсэн гэлээ. М.Нина гуайн ээжийг бас Цэрэнханд гэдэг. Тэрээр эхээс
гур­вуу­лаа байж. Гончиг, Рад­наа, Цэрэнханд гээд. Хил зааглах үеэр Цэрэнханд
Монголын нутагт үлдсэн бол нөгөө хоёр нь Улаан-Үдэд хо­цор­чээ. Эднийхнийг
зэдийн буриад гэдэг аж. Гавьяат нисгэгч, хурандаа Раднаа гуайг монголчууд мэдэх
байх. Тэрээр хоёр хүүхэдтэй. Харин Гончиг нь гурван хүүхэдтэй. Цэрэнханд нь нэг
хүүхэдтэй. Тэр нь М.Нина гуай юм байна.

М.Нина гуай Гончигийн охин Светланад ач хүүгээ өргүүлжээ. М.Нина “Отгон
хүү маань эхнэр, хоёр хүүхэдтэйгээ манайд амьдардаг байсан юм. Би Сэлэнгэ рүү
хамаатныхаа ажил явдалд оролцчихоод ирсэн чинь хүү маань хоёр хүүхэдтэйгээ байж
байлаа. Бага нь (Т.Хишигбат) байдгаараа уйлчихсан байна. Манай бэр архи их
ууна. Согтуу ирэхээр нь хүү маань аашилж дээ, тэгээд явчихаж гэж бодоод учрыг
нь асуутал “Хадам ээж үүрийн суудлаар ирээд аваад явчихсан” гэлээ. Бид их л
гайхсан. “Төрөөд арван хоногтой хүүхдээ орхиод хаашаа явчихдаг байна аа” гээд.
Хүү нь гэнэт хөхнөөсөө гарсан болохоор уйлна гэж жигтэйхэн. “Нана” сүүгээр
хооллохоор чяц алдана. Сүүл­дээ эмнэлэгт хэвт­лээ. Томоос том толгой­той, том
гэдэстэй, тураал­тай амьтан болчихсон. Би бэрийнхээ сургийг гар­гах гээд вокзал
руу очлоо. Таньдаг хүнээс сураглавал “Сайханааг (Т.Хишигбатын ээж
Н.Цэцэгсайхан) хоёр цаг­даа ирээд аваад явсан шүү дээ” гэдэг юм байна. Тэгтэл
бэрийг маань залилан, хулгайн хэргээр баривчилчихсан байсан. Манай бэр чинь
баривчлагдсан ч тэнсэн харгалзах ял авсан билээ. Цагдаагаас гарч ирчихээд
дахиад хоёр гурван хэрэгт холбогдоод сүүлдээ хүүгээ зургаа, долоон сартай байх
үед 2.5 жилийн ял аваад явсан нь тэр л дээ” гэлээ. Энэ үеэр Х.Төгсжаргалын эгч,
ах, бэрүүд нь Н.Цэцэгсайханы тухай ярьцгааж ямар хэрэгт холбогдож байсныг нь
хуруу даран тоолов. Айлын гэр ухаж богино долгионы зуух авчраад бэр эгчдээ
гучин мянган төгрөгөөр зарж байсан гэнэ. Мөн бэр эгч нарынхаа үнэт эдлэлийг
хулгайлж, ломбарданд тавьж байсан удаатай аж. Түүгээр ч барахгүй гэртээ
үзэгддэггүй, орой үдшээр гараад өглөөгүүр ирчихээд өдөр хоёр, гурван цаг хүртэл
унтаж байгаад орой нь гоёж гоодоод гараад явчихдаг байж. Х.Төгсжаргал архи дарс
уудаггүй томоотой нэгэн учир эхнэрийнхээ энэ үйлдлийг ах дүүсээсээ нуудаг байж.
Нэг удаа гэрт нь ороход Х.Төгсжаргал хүүхдэдээ хөхөө хөхүүлээд зогсч байсныг
харсан тухайгаа ах дүүс нь сэтгэл эмзэглэн өгүүлсэн юм. Н.Цэцэгсайхан биеэ
үнэлдэг байсан бөгөөд хамт байсан эрчүүдийнхээ халаасыг суйлдаг нэгэн байсан
гэнэ. Н.Цэцэгсайханыг эдний бэр болж ирсэн цагаас хойш цагдаа сэргийлэхийнхэн
тасраагүй бөгөөд үргэлж хэл ам таталдаг байжээ. Х.Төгсжаргал эхнэрийнхээ үйлдэл
бүрийг нууцлахыг хичээдэг байсан бол М.Нина гуай бэрдээ хир халдаадаггүй байсан
аж. “Ми­ний бэр тэгэх хүн биш” гээд их өмөөрдөг байсан гэнэ. М.Нина гуай бэр
Н.Цэцэгсайханыгаа “Миний бэр чинь их сэргэлэн. Даанч муу тал нь дийлчихсэн
болохоос уг нь сэргэлэн хүүхэн байхгүй юу” гэх. Н.Цэцэгсайханыг ялаа эдлээд
гарч ирэхэд нь байшин сав бэлдэж хүүгээ тусдаа гаргасан ч эхний өдөр нь бэр нь
зурагтаа аваачиж зарчихаад хот руу яваад өгчихсөн удаатай юм байна. М.Нина
“Светлана чинь миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэд байхгүй юу. Бид гэр бүлийн
хурал хийгээд ерөөсөө түүнд ач хүүгээ өгье гэж ярилцсан. Светлана, Баяр хоёр
суугаад дөчин хэд хүртлээ хүүхэд төрүүлээгүй. Нэгдүгээрт амьдрал нь зүгээр, хоёрдугаарт
бидний мах цусны тасархай. Асрамжийн газарт өгснөөс энэ хоёрт өгье. Хүүгээ өгч
хүн болгоод өгөөч гэж гуйя. Хилийн наана цаана байгаа ч ах дүүсийн харилцаа
холбоо тасрахгүй. Бид энэ хүүхдийг үнэхээр сайхан авч явж чадахгүй нь
ойлгомжтой юм чинь өргүүлье гээд тэдэнтэй утсаар ярьж болсон явдлыг
тайлбарлалаа. Тэгээд та нар энэ хүүхдийг үрчилж авахаар болбол ОХУ-ын талаас
бүрдүүлэх бүх материалаа бүрдүүлээд өгөөрэй гэсэн. Бид Монголын талаас
бүрдүүлэх ёстой бүх материал бүрдүүлсэн. Аав, ээж хоёр нь өөрсдөө өргөдлөө
бичээд гарын үсгээ зурсан” хэмээв.

Н.Цэцэгсайхан өөрөө хү­сэлт гаргаж хүүгээ өргүүлэх бичиг баримтад гарын
үсэг зурсан байтал ээж Д.Цэрэнханд нь яагаад хууль бусаар, хулгайгаар хүүг нь
ОХУ руу үрчлүүлсэн гэж ярьж, өөрсдийнх нь нэр төрд халдаад бай­гаад гайхашралаа
барж байгаагаа илэр­хийлж байлаа. Т.Хишигбатыг ОХУ руу үрчлүүлэхэд голлон
ажилласан гэгдсэн Х.Жаргалсайхан болсон явдлын талаар ийн ярилаа. “Аав, ээж
маань нутаг усандаа нэр төртэй, хийсэн бүтээсэн юмтай улс. Аав минь Шаамар сумыг
байгуулалцахад тулгын гурван чулууг нь тавилцаж байсан хүн. Миний хувьд 1992
оноос эхлэн ганзагын наймаа хийж хөл дээрээ боссон бизнес эрхлэгч. Үүнийг маань
ойлгож ард иргэд 1990-2008 он хүртэл ИТХ-д тасралтгүй сонгосон. Төр засаг маань
ч хөдөлмөрийг минь үнэлж одон медалиар шагнасан. Гэтэл Шаамар сумын иргэн Д.Цэ­рэнханд
гэгч эмэгтэй хүүхэд ху­далддаг гэж ор үндэсгүй гүтгэн доромжилсонд үнэхээр
гомдолтой байна. Н.Цэцэгсайхан миний отгон дүүтэй сууж байсан эмэгтэй. Энэ
хүнийг анх манай бэр болоход дүү нар маань дурамжхан байсан ч дүүгийнхээ
сонголтыг хүндэтгээд зөвшөөрсөн нь алдаа байжээ гэдгийг тун удалгүй
мэдэцгээсэн. Аавын минь үе дамжин ирсэн хөөргийг хулгайлаад үхрээр сольж ээждээ
өгсөн, дүү нарын минь үнэт эдлэлийг хулгайлж зарж үрсэн, хулгайн эд зүйлсээ дүү
нарт минь зарсан гээд хэлбэл олон баримт бий. Сүүлдээ хулгай, залилан гээд
бусад ёс бус үйлдлээсээ болж удаа дараалан шоронд орж хоригдож байсан ч ээж
маань нэгэнт үр хүүхэдтэй болсон энэ хоёрыг салгаагүйгээс хоёр дахь хүүхэд
Т.Хишигбат нь төрсөн юм. Энэ хүүхдийг төрөөд сар хүрээгүй байхад нь Д.Цэрэнханд
манай ээж дээр авчирч хаясан. Энэ үеэс эхлэн ээж болон манай нэг бэр тэр
хүүхдийг хөхүүлж хүн болгох гэж их л зовлон туулсан юм. Тэр үед би ойрхон
бай­гаагүй, ажил амьдрал маань өөр газар байсан бо­ло­хоор нарийн ширийн зүйл­сийг
сайн мэддэггүй юм. Гэтэл ээж маань Х.Төгсжаргал, Н.Цэцэгсайхан болон дүү нартай
минь зөвшилцөөд Т.Хишигбатыг ээжийнхээ төрсөн дүүгийн хүүхдэд өргүүлэхээр болж
холбогдох бичиг баримтуудыг хөөцөлдөж эрх бүхий байгууллагуудад нь хандсан. Би
төрсөн ахын хувьд хүсэлт, өргөдөлд нь гэрчээр оролцож, нотариатын газарт гарын
үсэг зурсан. Энэ нь гүтгэлгийн ярианд нэр хавчуулагдах үндэс болжээ.
Харамсалтай байна. Ах, дүү төрөл төрөгсөд хүмүүс хоорондоо үр хүүхдээ үрчлүүлж,
өсгөж өндийлгөдөг заншил монголчуудад бий. Тэгээд ч энэ хүүхэд сайн гэр бүлд
сайхан боловсролтой, сайн хүн болбол алдаж эндэж яваа эх, төрсөн эгчдээ ч
хожмын нэг өдөр хэрэг болох биз ээ гэж бодож явсан маань эндүүрэл болжээ. Манай
гэр бүлийнхэн хэзээ ч ийм юм хийхгүй. Д.Цэрэнхандын машин тэрэг, техник оруулж
ирсэн, алт эрдэнэс авч, доллар банкаар солиулсан гэж ярьсан нь ор үндэсгүй
гэдгийг хууль хяналтынхан шалгаад тогтоосон. Би ОХУ-д сүүлийн есөн жилийн
хугацаанд гурван удаа зорчсон. Хоёр удаа албан ёсны айлчлалаар, нэг удаа хувийн
хэргээр. Ер нь хүн удаа дараа шорон оронгоор орж, гэмт хэрэгт холбогдохоороо
хүнээ байдаг юм байна. Ийм хүмүүс элдэв янзын цуврал кино үзэж гол дүрд нь
тоглож, нийгмийг булингартуулж, ёс бус үйлдэл хийхээ болиосой гэж бодож байна”
гэсэн юм. 

Тухайн үед Н.Цэцэгсайхан үрчлүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурж,
өргөдөл бичсэн мөртлөө арван жилийн дараа ингэж гэнэт бүхнийг үгүйсгээд байгааг
нь мөнгө шантаажлах гэсэн арга байж болох талтай гэлээ.  Т.Хишигбат одоо Улаан-Үдэд амьдарч байгаа юм
байна. Т.Хишигбатыг тэднийд очсоны дараа Светлана, Баяр нар охинтой болсон
бөгөөд Т.Хишигбатыг дүү дагуулсан хэмээн ихэд бэлгэшээдэг гэнэ. Светлана, Баяр
хоёр их найрсаг хүмүүс юм байна. Ах дүүсийнхээ хүүхдүүдийг гэртээ байлгаж, олон
хүүхдийн их, дээд сургуулийг төгсгөсөн буянтнууд гэнэ. Хүүхдэд их хайртай
хүмүүс болохоор хоёр хүүхэд түүнийг дагаад сайхан сэтгэлтэй, эелдэг өхөөрдөм
болон өсч байгаа аж. Саяхан Баярын тавин насны ойн баяр болж нижгэр найрласан
гэнэ. Т.Хишигбат аавдаа зориулж баярын мэндчилгээ дэвшүүлж, хүрэлцэн ирсэн
хүмүүсийн хайрыг татжээ. Эдний гэр бүлийнхэн чөлөөт цаг, амралтын өдрүүдийг
жинхэнэ утгаар нь өнгөрүүлдэг айл гэнэ. Олон төрлийн спортоор хичээллэцгээдэг
аж.  Светлана уул уурхайн компанийн ерөнхий
нягтлан юм байна. Компани нь жил бүр ажилчдаа гадагшаа амраадаг бөгөөд энэ
дагуу Т.Хишигбат хүү аав, ээжийгээ дагаад одоогоор Тайланд, Сингапур, Солонгос
гээд найман оронд очиж амарчихаад байгаа гэнэ. Т.Хишигбат хичээл номдоо мундаг
саяхан Москвад очиж уран илтгэлийн уралдаанд оролцож түрүүлжээ. Монголд түүнтэй
холбоотой ийм хэл ам, шуугиан дэгдсэнийг Светлана, Баяр нар дуулбал гомдоно доо
хэмээн М.Нина гуай ярилаа. Энэ хэргийг шалгасан тагнуул, цагдаагийнхан
Д.Цэрэнханд, Н.Цэцэгсайхан нарыг буруушаагаад “Хайран хүүхдийн амьдралаар
тоглож байгаа юм байна даа” хэмээн толгой сэгсэрчээ. Т.Хишигбатыг үрчилж авсан
Свеат­лана нь М.Нина гуайн ойрын ха­маатан учир байнгын харилцаатай байж,
зовлон жаргалаа хуваалцдаг юм. Үүнийг Д.Цэрэнханд буруугаар ойлгож атаархсанаас
л ийм яриа гаргаад байгаа хэмээцгээгээд хэрвээ асуудал хүндэрвэл Т.Хишигбатын
төрсөн эх Н.Цэцэгсайхан, өргөж авсан ээж Светлана хоёрынхоо хэнтэй нь амьдрах
вэ гэдэг саналыг нь харгалзах л үлдэж байх шиг байна гэсэн юм.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Шүлхийн эргэн тойронд юу болов

Энэ хаврын шүлхийн дэгдэлт 3000 гаруй
үхэр устгаж, Засгийн газрын нөөцөөс арван тэрбум төгрөг зарцуулснаар өндөрлөв. Экспорт
сүүлийн жилүүдэд бүрэн зогсч, жил бүр шахуу Засгийн сангаас хэдэн арван тэрбумаар
нь зөвхөн шүлхийд хөрөнгө цацсаар байна. Зуд болоход нохой зоолно гэгчийн үлгэрийг
жилийн жилд мал эмнэлгийн салбарынхан үзүүлэх болов. Шүлхий гарахад баяждаг учраас
тэр. Манай улс дотооддоо вакцин үйлдвэрлэдэг байсан үе бий. Гэвч оросууд наяан хэдэн
оны сүүлээр манайхыг вакцины омгоо устга, танайх хадгалж чадахгүй гэж зөвлөөд устгуулчихсан
байдаг. Ингээд оросууд вакцинаа манайд худалдсаар ирэв. Сүүлдээ нэмээд Хятадаас
вакцин авдаг болсон. Гэсэн ч шүлхийн давтамж ойртож, дэгдэлт үргэлж хяналтаас гарсаар.
Экспорт бүрэн зогсохоор барахгүй энэ янзаараа байвал 50 сая малтай манай улс мах
экспортлох тухай мөрөөдөж төсөөлөхийн ч хэрэггүй болоход ойртжээ. Эцэст нь хоёр
хөршөөс авч байгаа вакцин дархлаа тогтоож чадахгүй, хулхи юм уу, эсвэл орон нутаг
дахь малын эмч нар малаа гүйцэд тарихгүй хулхидаж байна уу гэсэн хоёр асуулт гарч
ирж байна. Шүлхий тойрсон энэ асуудлаар Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн
Вирус судлалын лабораторийн зөвлөх, биологийн ухааны доктор, профессор, Төрийн шагналт
Ж.Бэх-Очиртой ярилцлаа.

-Энэ удаагийн
шүл­хий­гээр 3000 гаруй үхэр устгаж, 10 тэрбум төгрөг Засгийн газрын нөөцөөс зарлагадаж
байж өндөрлөлөө. Шүлхий ойрхон давтамжтай гарч, гарах болгондоо дэгдээд байдаг нь
вакцины чанар муу, дархлаа тогтоохгүй байгааг эсвэл бүх малаа гүйцэд тарихгүй байгааг
харуулж байна уу. Оруулж ирсэн вакцин хөлдсөн талаар ч ярьцгаасан?

-Тийм л шалтгаан
байх шиг байна. Жишээ нь, 2001, 2002 онд жил дараалан шүлхий гарсан. Сүүлдээ овоо
азнаж байгаад 2010 онд гарсан. 2010 оноос хойш сүүлийн хоёр жилд шүлхий гарлаа.
Яг номоор нь жил болгон хоёр удаа вакцин тариад байгаа мөртлөө яагаад шүлхий гараад
байгаа юм. Цаад шалтгааныг нь харвал, нэгд, вакцин идэвх муутай байна уу. Тариад
байгаа нь үнэн л юм бол вакцин идэвхгүй байна гэсэн үг. Хэрэв вакцин идэвхтэй байгаа
бол малдаа толгой дараалан хүрч тарьж чадахгүй байна гэсэн үг. Шалтгаан бол ердөө
л энэ хоёр. Шүлхий ойрхон гарах шалтгаан үүнээс өөр байхгүй. Вакцин хөлдсөн эсэх
бол тусдаа асуудал.

-Вакцин нийлүүлэхээр
тендерт шалгарсан компани вакцины идэвхийг шалгах үүрэг хүлээдэг байж таарна. Бодит
байдалд горимоо баримталдаг болов уу. Та юу гэж бодож байна?

-Вакцин оруулж ирж
байгаа компани мэдээж номоор нь ханддаг байх гэж бодож номоор бол, ямар чадалтай,
хичнээн хугацааны дархлаатай, ямар омгоор хийсэн вакцин юм гэдгийг тэнд нь шалгаад
оруулж ирэх ёстой. Орж ирсэн хойно нь идэвхийг нь дахиад шалгах ёстой. Био үйлдвэрийн
дэргэдэх улсын нэгдсэн том лабораторид орж ирж байгаа бүх эмийг шалгаж байгаа. Бодвол
тэнд вакцинаа шалгаж байгаа байх. Шалгахад нэг онцлог бий. Бид дандаа урвалаар шалгадаг.
Нэг малд тарих тунд өвчнөөс сэргийлдэг вирус нь байвал зохих хэмжээндээ байгаа эсэхийг
урвалд оруулж шалгадаг. Ингэж бүрэн шалгаж чадаж байгаа юм уу үгүй юу гэдгийг би
мэдэхгүй байна. Үнэхээр сайн чанарын вакцин оруулж ирж үү гэдгийг хурцдуулах аргаар
шалгах ёстой. Эхлээд малаа вакциндчихаад тодорхой хоногийн дараа вирусээр тавьж
халдаана гэсэн үг. Ингэхэд вакцин хамгаалж чадаж байгаа бол тэр мал өвчилдөггүй.
Хэрвээ мал өвчлөх юм бол вакцин идэвхгүй байна, муу вакцин гэсэн үг. Гэтэл манайх
нэг сарыг тендерт, нэг сарыг захиалгад алдаад, вакцин орж ирэв үү үгүй юу шууд голомт
руу ачуулж байна. Зүй нь, өмнө нь вакцины дээжээ аваад шалгуулчихаад тэр орны вакцин
сайн юм байна, тэндээс авна шүү гээд сууж байх ёстой юм. Хоёр жилийн өмнө сумдад
байгуулсан улсын мал эмнэлэг анхнаасаа ийм хяналт тавих, мөн хувийн мал эмнэлгийн
нөхдүүд ажлаа хийж байна уу үгүй юу гэдэгт хяналтаа тавьж байх үүрэгтэй байгуулагдсан.
Гэтэл хувийнхантай нийлээд, хэдэн төгрөг тоншчих санаатай ажлыг нь хийлцээд мал
тарилцаад явж байдаг. Нөгөө шалтгаан нь, нэгэнт идэвхтэй, сайн чанартай вакцин оруулж
ирсэн юм бол мал өвчлөөд байна гэдэг чинь тарихгүй байгааг л харуулж байна. Гурван
зуун хорин хэдэн суманд улс дахиж мал эмнэлэг байгуулахдаа бүгдийг нь машинтай болгосон.
Бас дээр нь тохирсон хөөрхөн тоног төхөөрөмж нийлүүлж эхэлсэн. Гагцхүү ажлаа хийж
чадаж байна уу гэдэг нь иймэрхүү үед харагдана. Ухаандаа, хувийн мал эмнэлгийн эмч
би 200 мянган мал тарилаа гээд гарын үсэг зуруулахад үгүй ээ чи 150 мянгыг тарьсан
шүү дээ гээд сууж байх ёстой атал зүгээр л гарын үсэг зурж өгөөд явуулж байгаа.

-Мал амьтны дэл­хийн
эрүүл мэндийн бай­гуул­лагын зүгээс бэлчээрийн маллагаа­тай оронд шүлхийг А зэрэглэлд
авч үздэг дүрэм нь тохирдоггүй гэж та хэлсэн. Өвчний зэрэглэл, эмчилгээний дүрэмд
өөрч­лөлт оруулах саналыг манай улс уг байгууллагад тавих эрхгүй байдаг юм уу?

-Манайх 1989 онд
энэ байгууллагад гишүүнээр элссэн. Ямар ч гишүүн орон өөрийнхөө асуудлыг шаардлагатай
үед тавьж байх ёстой л доо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шүлхийг А зэрэглэлд
оруулснаа гурав дөрвөн жилийн өмнө больчихсон юм. Гэхдээ гоц халдварт гэдэг нэрэндээ
шүлхий өвчин яваад байгаа юм л даа. Байран маллагаатай мал аж ахуйтай оронд бол
яг тохирсон дүрэм боловч манай бэлчээрийн малд энэ дүрмийг баримтлах хэцүү байгаа.
Энэ дүрмээр эмчилгээний дөрвөн арга л хэрэглэж байгаа л даа. Нэгд, Европын орнууд
бол өвчин гарсан л бол тэр блок дотроо өвчлөөгүй ч байсан бүх малаа шатааж устгадаг.
Энэ манайд тохирохгүй байгаа юм. Дараагийн арга, өвчин гарсан газраа голомт гэж
үзээд голомт дотроо яг илэрхий шүлхийгээр өвчилсөн малаа шатаахгүйгээр булж устгадаг.
Үлдсэнийг нь вакциндаад явдаг. Манайх энэ аргыг хэрэглэж байна. Булдаг арга бол
сайн арга биш. Учир нь хөрсөө бохирдуулаад ирээдүйд дахиад өвчин гарах бололцоог
бүрдүүлж байдаг.

Тэгэхээр манайх одоогийн
баримталж байгаа энэ дүрэм тохирохгүй байна гэсэн асуудлыг бэлчээрийн мал аж ахуйтай
бусад оронтой хамтарч саналаа нэгтгэж аваад олон улсын байгууллагадаа тавих бололцоотой.
Ингэсэн нөхцөлд олон улсын байгууллага маань нөхцлөө арай зөөлрүүлэх шийд гаргаж
болох юм. Бэлчээрийн мал аж ахуйтай орнууд хамтраад асуудлаа тавьж шийдүүлье гэхэд
болохгүй гэх газаргүй шүү дээ. Шүлхийгээр хүн өвчилдөггүй, мал нь өвчлөөд бараг
үхдэггүй ийм л өвчин. Гэтэл мялзан, галзуу гэх мэтийн гоц аюултай өвчтөний зэрэглэл
рүү аваачиж хийчихээд байгаа байхгүй юу.

-Өмнө нь манайх
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад санал тавьж асуудлаа шийдүүлж байсан туршлага
бий юу?

-Байхгүй.           

-Манайх вакцины
үйлд­вэртэй болох асуудал сөхөгд­дөг ч мартчихдаг. Ер нь ирээдүй хэрхэн харагдаж
бай­гаа вэ. Вакцинаа бор­луулж байх оросуудын сонирхол манайд хэр удаан үргэлжлэх
бол?

-Танай сонинд өнгөрсөн
сард гарсан ярилцлагын дагуу Ерөнхий сайд намайг хүлээж авч уулзсан. Яг энэ асуудлыг
танай сонинд гарсан үйлдвэр барих тухай хөндсөн чиглэлээр нь Ерөнхий сайд танилцсан
байна лээ. Би ч уулзахдаа танилцуулсан. Шүлхий гарах болгонд ийм их хэмжээний хөрөнгө
мөнгө зарж байснаас ямар ч байсан орчин үеийн үйлдвэрүүдээ барих нь зөв юм байна
гэдэг дээр Засгийн газар санал нэгтэй байгаа юм байна гэж бодож байна. Цаашдаа Ажлын
хэсэг байгуулаад үйлдвэрийнхээ асуудлаар дагнаж ярилцъя гэсэн шийдвэр надад өгсөн.
Тэгэхээр би бол цаашдаа вакцинаа үйлдвэрлэдэг эх орны үйлдвэртэй болох юм байна
бодолтой байгаа. Энэ талаар дээрээ эерэг бодолтой байгаа гэж харж байна.

-Малаа эрүүл байлгаж
чадахгүй байгаа нь мал эмнэлгийн бодлого, бүтэц буруу байгааг харуулж байна. Манай
орны өнөө­гийн нөхцөлд таарч тохир­сон бүтэц, бодлого ямар байвал зохих вэ. Одоо
бол хүн хүний дур сонирхлоор яваад байх шиг?

-Манай улсын мал
эмнэл­гийн үндсэн бүтэц ерөөсөө нэг л болохгүй байгаа юм. Гажуудалтай байна. Ерэн
оноос өмнө, ерэн оны дараахь гэсэн энэ бол ерөөсөө шууд Засгийн газар Сайд нарын
зөвлөлийн харьяа байсан. Сайд нарын зөвлөлийн нэг орлогч дарга нь мал эмнэлгийн
асуудлыг бүрэн хариуцаад, яамандаа бол бүхэл бүтэн мал эмнэлгийн алба, одоогийнхоор
нэг агентлаг ажиллаж байсан юм. Өөрөөр хэлбэл, шууд босоо удирдлагатай байсан. Мал
эмнэлэг бүх юмаа өөрөө шийддэг байв. Жишээлбэл, энэ үед шүлхий гарлаа гээд шууд
онцгой байдал байгуулаад дарга нь буюу нэг сайд манай мал эмнэлгийн дарга хоёр шууд
цэргийн байгууллагаас вертолёт хөлөглөөд газар дээр нь буугаад арга хэмжээг нь авчихдаг
байсан. Одоо бол олон шат дамжсаар байгаад хяналтаас алдчихаж байна. Мал эмнэлгийн
бүтэц нь өөрөө хөдөө аж ахуйн яаманд жижигхэн хавсарга маягтай байна. Эрх мэдэл
байхгүй. Тэгээд сайд руугаа орж байж сайд нь онцгой байдал руугаа, онцгой байдал
нь Засгийн газар руу орж байж асуудлыг шийдэж байна. Энэ бол буруу. Оновчтой жишиг
бол шууд дээрээсээ доошоо босоо бүтэцтэй л байдаг. Хүн дээр аваад үз л дээ. Хоёр
сая гаруйхан хүний төлөө бүхэл бүтэн нэг Эрүүл мэндийн яам гэж байдаг. Тэгэхэд манай
хөдөө аж ахуй дотроо тав зургаан чиглэл салбартай. Мал эмнэлэг нь, мал аж ахуй нь,
ус, газар тариалан гэхчилэн. Ийм олон юмыг салгах ёстой. Яаман дотор мал эмнэлэг
хариуцсан нэг жижигхэн хавсарга маягийн юм байгаа учраас оновчтой арга хэмжээг түргэн
шуурхай авч чадахгүй байгаа юм. Одоо шинэ хууль ярьж байгаа. Энэ хуульд мал эмнэлэг
бол босоо бүтэцтэй, шууд Ерөнхий сайд юм уу нэг удирдлагад явж байх ийм чиглэлийг
яам ярьж байх ёстой. Ингэх юм бол мал эмнэлэг нэлээн аятайхан  бүтэцтэй болно.

-Шинэ хуулийн
төслийг та хэр анзаарч байгаа вэ?

-Барагцаалж байна.
Одоо мал эмнэлэг, үржил гэдэг хоёр өөр салбар нэг болчихоод байгаа юм. Энэ хоёр
уг нь тусдаа байх ёстой. Дээрээ очоод толгой нь дандаа үржлийнхэн байна. Малын эмч
нэг ч алга. Малд эмнэлгийн газрын орлогч дарга, ерөнхий эмч гэсэн сайхан нэртэй
нэг хүн байгаа. Тэгсэн мөртлөө ямар ч эрх мэдэлгүй байдаг.

-Мал эмнэлэг хувийнх.
Мал төрийн хамгаалалтад байна гээд Үндсэн хуульд хуульчилсан байгаа. Яг амьдрал
дээр мал нь ч, эмнэлэг нь ч хувийнх атал эрсдлийг нь улс даадаг. Мал эмнэлгийг хувьчлахдаа
бүтэц, үйл ажиллагааны стандартыг нь босго болгож тавиагүй байдаг юм уу. Явж явж
эндээ бас зөрчилдөөд байдаг юм биш үү дээ?

-Эрсдлийг улс дааж
байгаа нь зөвхөн шүлхий, боом гэх мэт гоц халдварт өвчний үед дааж байгаа юм. Мал
эмнэлэг 1998 онд хувьчлагдсан. Гэвч стандарт огт байхгүй байгаа. Гадаад орнуудад
бол хамгийн баян хүмүүс малын эмч л байдаг. Манайд мал эмнэлэг их сонин явж байгаа
юм аа. Улсын мал эмнэлгийн газар гэж байна. Аймаг болгонд улсын мэдлийн мал эмнэлгийн
газар байгаа. Цаашаа сумдад очихоор байдаггүй байлаа. Толгой нь байсаар атал хөл
нь байсангүй.  Гэтэл нөгөө устгачихсан мал
эмнэлгээ улс хоёр жилийн өмнө сумдад дахин байгуулсан. 

-Хувийнх нь хаанаа
байгаа юм бэ?

-Одоо сумын төв дээр
улсын мал эмнэлэг байна. Улсдаа, аймагтаа, сумандаа. Энд  улсынх нь зөвхөн гуравхан хувь нь л байгаа юм.
Нэг малын эмч, нэг зоотехникч, хяналт тавьдаг нэг хүн ажилладаг. Сумаас бригад дээрээ,
жинхэнэ мал дээрээ очихоор хувийнх болчихож байгаа. Анх хувьчлахдаа нэг малын эмч
хэдэн мал хариуцна гэсэн хязгаарыг нь зааж өгөөгүй. Миний үзэж байгаагаар, нэг малын
эмчид 35 мянгаас 40 мянган мал хангалттай. Ийм л байх юм бол малын эмч нар бие даагаад
угаалга, тарилга бүх юмаа хийгээд мал эмнэлэг бүх юмаа хариуцаж хийгээд явж чадна.
Өнөөдөр нэг сум 150-200 мянган малтай байна. Үүнийг ганц эмч яаж хариуцах вэ. Тэнд
таван мал эмнэлэг, таван эмч байх ёстой.

-Нэг эмнэлэг байгаад
хэд хэдэн эмч ажиллах боломж хэр вэ?

-Болно. Гэхдээ хэцүү.
Хүнээ цалинжуулж чад­даг­гүй. Нөгөөтэйгүүр мөнгөө ган­цаараа авч байх сонирхолтой.
Ийм л шалтгаан байна. Ингэж байхын оронд нэг сум таван багтай гэхэд баг бүр нэг
хувийн мал эмнэлэгтэй байх хэрэгтэй юм. Одоо бол 200 мянган малтай нэг хүн ноцолдож
байна. Доороо ч хүнгүй. Тэгээд хэдэн бага эмч ажиллуулахдаа тарилга туулга хийхдээ
л хэдэн төгрөг өгчихөөд бусад үед өөрсдөө ч цалингүй. Намар, хавартаа л жаахан цалинтай.
Эцэст нь хэлэхэд, сум хэдэн малтай байна түүндээ тохируулж, нэг эмчид 35-40 мянган
мал оногдохоор шинээр хувийн мал эмнэлгүүдээ байгуулах хэрэгтэй. Энэ л хамгийн оновчтой
бүтэц.

-Тэгэх нөөц бололцоо
байгаа юу?

-Байхаар барах уу
даа. Өчнөөн малын эмч сургууль төгсч байгаа мөртлөө ажилгүй байна. Тэд хувийн эмнэлэг
байгуулъя гэвэл гагцхүү лаборатори багаж тоног төхөөрөмжөө тэгээс л эхэлнэ. Учир
нь одоо байгаа нэг мал эмнэлгийн нөхөр чинь өмнө нь суманд байсан багаж хэрэгслээ
аль хэдийнэ зардгийг нь зараад үрчихсэн, зөвхөн өөртөө хэрэгтэй хэдэн юмтай л үлдсэн
байгаа. Тиймээс улс энэ тал дээр нь жаахан дэмжээд өгөх хэрэгтэй л дээ.  Тэгээд одоо сумдад байгаа ганц ганц малын эмч
нар хүч нэмэгдүүлэх дургүй байна гэдэг чинь аль болох олон малд үйлчилсэн нэрээр
ахиу мөнгө авах зорилготой байгаа юм. Олон малд үйлчилсэн гэж байгаа боловч бүх
малд бүрэн үйлчлээгүй мөртлөө л би 200 мянган мал тарьчихсан гэж дээшээ мэдээ өгч
байгаа хэрэг. Нөгөө талаар эд нар бас ч гэж ямар ч цалин хөлсгүйгээр засгийн ажил
хийгээд байгаа юм шүү дээ. Гоц халдвартаас бусад өвчний тарилга туулга гэх мэтээр.

-Та өмнө нь, улс
даяар хоёр сая гаруй үхэртэй, тийм хэмжээний вакцин үйлдвэрлээд байхад гаднаас их
хэмжээгээр вакцин худалдаж авах шаардлагагүй гэж хэлсэн?

-Хоёр сая гаруй гурван
сая орчим үхэртэй. Бүх үхрээ тарина гэвэл энэ хэмжээний вакцины нөөц хийгээд байж
болно. Гэхдээ хамгийн эрсдэлтэй бүс болох зүүн гурван аймагт их сайндаа л үүний
дөрөвний нэг нь хүрэлцээтэй. Жилд сайндаа 500 мянган тун вакцин үйлдвэрлэнэ гэсэн
үг. Ингэсэн байхад шүлхийг гаргахгүй. Энэ нөхцөлд сая бид экспортын тухай ярьж эхлэх
бололцоотой болно шүү дээ.

Н.ПАГМА

Categories
редакцийн-нийтлэл

Сонгууль гэдэг бултаараа бужигнаж байж сонгодог болохоос булагнасан улстөрчдийн нэрээ дугуйлуулах гэсэн арга биш

Сонгуулийн
тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ид яригдаж байна. 2012 онд уг хуулийг
мөн л шинэчилж, түүний дагуу тухайн жилийн сон­гууль явагдсаныг бид мэд­нэ. Гэвч
дахиад өөрчлөлт оруулахаар энэ удаагийн пар­ла­мент ажлын хэсэг гарган ажиллаж байгаа
юм. Энэхүү шинэчлэн боловсруулж буй хуулийн төсөлд сонгуулийн амин чухал асуудлын
нэг сурталчилгаа хийгээд улс төрийн шинэ намууд,  шинээр нэр дэвшигчдийн олонд таниг­дах боломж
бололцоог илт багас­гах тухай яригдаад байгаа.

Сурталчилгааны
хугацаа ердөө долоо хоног юмдаг уу даа. Долоо хоногийн хуга­цаанд ард түмэн тухайн
той­рогт нэр дэвшин өрсөлдөж буй шинэ хүмүүсээ таньж амжих уу. Зүс царайг нь харж
санал бодлоо солилцох нь бүү хэл, нэр усыг нь сайн тогтоож амжаагүй байтал өнөө
хугацаа нь дуусна. Яагаад ийм богино хугацаатай билээ гэж эрх баригчдаас ам асуухад
“Хөрөнгө үрээд яахав” гэсэн хариулт өгдөг. Ер нь сүүлийн үеийн Сонгуулийн хуулиудад
ийм л шалтгаанаар сурталчилгааг багасгаад, шинэ нам эвсэл, нэр дэвшигчдийн боломжийг
тас цохиж хязгаарлаад бай­гаа. “Хөрөнгө үрээд яах вэ” гэх улстөрчдийн үг эхэндээ
сэтгэлд нийцтэй сайхан сон­согд­дог байлаа. “Эдийн засаг хүнд хүчир цагт сон­гуульд
хамаг хөрөнгөө үрчихээр юу болох билээ” гэж бодоход хүргэдэг байв.  Олон нийтийн энэхүү сэтгэл зүй дээр улстөрчид
хэрхэн тоглолт хийхээ мэднэ л дээ. “Биднийг сонгох гэж баахан хөрөнгө үрээд юу хийнэ.
Та бүхний татварын мөнгө шүү дээ” гээд л. 

Гэвч
сонгуулийн тогтол­цоотой, ардчилсан чөлөөт сонголттой улс оронд засаг төрөө цогцлоон
байгуулахад сон­гууль явуулахаас өөр юу чухал юм бэ. Улс орны, ард иргэдийн хувь
заяатай холбоотой ийм амин чухал асуудалд хөрөнгө мөнгө хэмнэнэ гэдэг маш буруу
ойл­голт. Сонгуулийн сур­тал­чилгааны хугацааг долоохон хоногт эвхэнэ гэдэг чинь
юу гэсэн үг вэ. Ардчилсан төр ард түмнийхээ сонголтыг ингэж үл хүндэтгэж болох уу.
Сурталчилгааны хугацааг долоо хоног гэж хуульчлахын оронд харин ч уртасган элбэг
тавиухан болгож, түү­ний хэрээр хөрөнгө мөнгө төсвөөсөө гаргаж, шинэ нам, нэр дэвшигчдийг
түмэн олонд танилцуулах хэрэгтэй. Энэ нь сонгуулийн системтэй, ардчилсан улс орны
баримтлах нэг зарчим мөн байх.

Ер
нь “хөрөнгө хэмнэнэ” гэх нэрийн дор шинэхэн нэр дэвшигчдийг саарал ордны танхим  руу явуулахгүй гэсэн улстөрчдийн заль нуугдаж
буйг юманд наанатай цаанатай ханддаг хүмүүс гадарлаж л байгаа.  “Ард иргэдийнхээ, улс орныхоо хөрөнгийг хэмнэж
байна” гэх сайхан халхавчин дор сонгуулийн сурталчилгааг богиносгосны учир тэд өөрсдөө
л Монгол төрийн толгойд дахиад суух гэсэн атгаг санаа агуулсан хэрэг шүү дээ. Өөр
юу ч биш. Ард түмнээ, улс орноо бодсон хэрэг бүр ч биш л байхгүй юу

Урьд
өмнө нь дуулдаж бай­гаа­гүй, нэр усыг нь мэдэхгүй хүмүүс тухайн тойрогт нь нэр дэв­шээд
ирэхээр сонгогч олон болгоомжилж таарна. Үгүй дээ л гэхэд, “Энэ чинь юун нөхөр билээ”
гэж нэг нэгнээсээ асуух төдий өнгөрнө. Тэгээд “танихгүй бурханаас таньдаг чөт­гөр
дээр” гэгчээр ард түмэн хуучин “депутат”-аа дахиад сонгочихно. Ийм л арга залиар
манай улстөрчид төрийн толгойд байн байн суугаад байна. Тийм болохоор сонгуулийн
сурталчилгааны хуга­цааг сунгах хэрэгтэй гэж үзээд байна. Наад зах нь хоёр сар ба
түүнээс дээш хугацаатай болгож энэ удаагийн Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн
най­руул­гын төсөлд тусгуулмаар байна. Энэ тухай олон нийт хэлэлцүүлэг өрнүүлж нийгэмд
шуугиан үүсгэж дуулиан бол­гох хэрэгтэй. “Өдрийн сонин” “Асуух эрхийн танхим”-даа
Сонгуулийн тухай хуулиар хэлэлцүүлэг өрнүүлж ажлын хэсгийн ахлагч Их хурлын гишүүн
Р.Бурмаа болон намуу­дын төлөөллийг урьж хэв­лэл мэдээллээр олон ний­тэд хүргэсэн.
Үүн шиг нийтийг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлмээр байх юм.

АНУ-ын
Ерөнхийлөгчийн сон­гууль буюу Обама дахин ялалт байгуулсан сонгуу­лийг манай сонины
тусгай сурвалжлагч Э.Энэрэл газар дээрээс нь сурвалжилж бай­сан. Тэнд сонгуулийн
санал хураах өдөр ч гэсэн нэр дэв­шигч­дийн зургийг бариад зогсдог байна. Цэцэг
шиг гоёсон хүүхдүүд сонгуулийн өдөр санал авах байрны үүдээр нэр дэвшигчдийн мөрийн
хөтөлбөр болоод сур­тал­чилгааны хуудсыг тараагаад гүйдэг гэж байгаа. Сонгогч олныхоо
сонголтод ардчилсан орон тэгж л нөлөөлдөг юм билээ. 

Дөрвөн
жилд нэг удаа болдог сонгуулийн буянаар ард түмэн сонин хэвлэл, ном сэтгүүл, урлаг
цэнгүүнээр бялхаж байх учиртай. Алс буйд хөдөө газрынхан малчин, тариачин олонд
Монголын нэр цуутай домог болсон дуучид, хошин шогийн жүжигчид очиж тоглолтоо үзүүлдэг
байх нь чухал. “Тэр тэрийг амьдраар нь үзлээ, ямар бахархалтай юм бэ. Манай нэр
дэвшигч тэр тэр дуучныг авчирлаа. Бүр манай хотонд ирж дууллаа” гээд алс буйд нутгийнхан
гайхуулцгааж байг л дээ. Энэ талаасаа сонгууль гэдэг маш том баяр байх ёстой юм.
Хаврын хариг цагт сонгуулийн жил ард түмний минь нуруу тэнийдэг байх учиртай юм.

Тэр
жил Их хурлын дарга Л.Энэбиш агсны нөхөн сон­гууль Булган аймагт болж Бул­ганы­хан
ёстой л нэг алдартан гавьяатнуудаар хахаж билээ. Ардчилсан намаас Үүл баатар нэр
дэвшиж Со гавьяатаас аваад хэн хэнийг аваачсан ч гэдэг билээ, “Буян”-гийн Жагаа
тухайн үед өөрийн компанийн бөх байсан А.Сүхбат аваргыг аваачин шуугиан тарьж байсан.
Тэр чинь 2001 оны өвөл юм. Мөн “Эрэл”-ийн Эрдэнэбатын намын нэр дэвшигч “Хурд” хамтлагийнхныг
аваачин сумдын соёлын төвийг дэлбэ авах нь холгүй болж байсан. Нэг хэсэгтээ л Сүхбат
аварга тэргүүтэй урлаг соёл, спортын одуудтай авахуулсан ард иргэдийн зураг айл
бүхний жаазанд ярайж байсныг санах юм. Ийм л баяр бахдлыг төрүүлдэг баймаар байна.

Гэтэл
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн  35.15.2-т
“Биеийн тамирын уралдаан, тэм­­цээн, баяр наадам, урла­­гийн тоглолт зохион бай­гуу­лах,
түүнийг ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага цайл­лага зэрэг сонгуулийн сурталчилгаатай
холбогдсон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах”-ыг хориг­лоно гээд
заачихсан бай­даг. Мөн сонгуулиар хүүхэд хөгшид гэлтгүй бүгд нэг сайн эмчлүүлээд
авах юм уу, их хотод эрж сураад олддоггүй, оочер дараалал нь хэрээс хэтэрсэн нэртэй
төртэй эмч нарт үнэгүй үзүүлчих нь бас л чухал баймаар сан. Гэвч мөн л тухайн хуулийн
35.18.11-д “Сонгогчдын саналыг татах зорилгоор төлбөргүйгээр буюу хөнгөлөлттэй үнээр
ахуйн болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг явуулахыг хориглоно”
гээд заачихсан. Эрх баригчид эл бүгдийг тооцоолж иргэд рүүгээ сонгуулиа хандуулмар
байна. Өөрсдийнхөө эрх ашгийг ямагт  тэргүүн
эгнээнд тавьдгаа болих хэрэгтэй. Мэдээж шашны холбогдолтой зан үйл үйлдэх, мөнгө
тараах нь буруу юм байгаа биз. Бус­дыг нь зөвшөөрмөөр байгаа юм. 

Сүүлийн
үеийн Сонгуулийн тухай хуулиудад бас нэг заль байна аа. Энэ нь сонин хэвлэл дээр
сурталчилгаа явуу­лахгүй тухай нарийн заал­тууд. Яагаад заль гэж хэлсэн бэ гэхээр
улстөрчид сон­гуульд нэр дэвшин өрсөлдөж байх­даа юу юу ярьж, юу амлаж байсныг сонины
шар­ласан хуудас ам асуух шиг хэлээд өгдөг. Үүгээрээ сонин гэдэг цахим хуудас юм
уу, зурагт радиогоос үнэтэй. Сони­ны архив дөрвөн жилд байтугай дөрвөн зуун жилд
байж байдаг. Тийм болохоор улстөрчид эргээд ам асуулгахгүйн тулд сонин хэвлэлээс
зайлсхийж үүнийг хуульчилж байна л даа. Энэ бүхний эцсийн зорилго нь өнөө л шинэ
хүн гаргахгүй өөрсдөө сонгогдох атгаг санаа. Сониноор дамжиж л шинэ хүмүүс ард түмэнд
танигддаг байхгүй юу. Тэгэхээр тэд энэ сувгийг нь хааж байгаа хэрэг. Өнгөрөгч жилийн
Ерөнхийлөгчийн сонгуулиар сониныг зориуд тусгаагүй. Одоо бүр Сонгуулийн тухай хуулиндаа
сонинд гарахыг хориглох талаар хуульчлаад байж байна. Сонгууль тойр­сон энэ бүх
асуудлыг нийтээрээ хэлэлцмээр байгаа юм. Тэгж байж л шинэчилсэн найруулгын төсөлд
тусгуулна. Эцэст нь хэлэхэд сонгууль гэдэг бол бум бужигнаж бул­таа­раа хөдөлж байж  сонгодог боло­хоос булагнасан хэдэн улстөрчдийн
нэрээ дугуйлуулах гэсэн арга биш юм. Тийм учраас сонголт хийх хугацааг тавиухан
болгох хэрэгтэй.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Буурьтай сөрөг хүчин байснаас “сэлэмтэй” сөрөг хүчин байсан нь дээр

Засгийн газрыг огцруулах тухай
яриа гарах нь. Гарах нь ч гэж дээ. Улс төрийн намын генсекүүд хэдийнэ ингэж яриад
эхэлсэн байна. Өнгөрсөн пүрэв гаригт тэд 
Засгийн газрыг огцруулах тухай л хэлэлцэх гэсэн бололтой цуглав.   МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга  Ж.Мөнхбат 
“Бид энэ Засгийн газрын хариуцлагагүй ажилласан хоёр сайдыг огцруулъя гэдэг
асуудал тавьсан. Гэтэл хүлээж аваагүй, тэднийхээ толгойг  илээд аваад үлдсэн. Харин одоо улс орны нөхцөл
байдал улам дордлоо. Тиймээс иргэд Засгийн газартай нь хариуцлага тооц гээд шаардаад
эхэллээ” гэсэн байна. Ногоон намынхан ч Засгийн газар огцрох цаг болсон гэж дуугарчээ.
Хамуг Монгол хөдөлмөрийн намынхан  энэ саналыг
олзуурхан дэмжиж, “Монгол Улсыг өтөнд баригдсан тэмээ шиг болгосон Засгийн газрыг
огцруулах хэрэгтэй” гэсэн байна. Ингээд хуралд ирсэн намууд Засгийн газрыг огцруулах
саналд нэгдээд таржээ. 

Энэ хурлыг  ажиглаж 
байхад Ардын нам нэг л их буурьтай харагдаж байна лээ. Асуудалд нухацтай
хандаж, ухаантай дуугарах гээд хичээгээд байгаа үзэгдэх юм. Олон жил шийдвэр гаргаж,
бодлого тодорхойлж, төрийн эрх барьсантай нь холбоотой байх л даа. Гэхдээ сөрөг
хүчин буурьтай байснаас “сэлэмтэй” байсан нь дээр байдаг юм. Баруун солгойгүй улс
төр хийж, эрх баригчдыг бажгадуулах нь улс оронд ашигтай юм байна гэдгийг өнгөрсөн
20 жилийн туршлагууд харуулаад авсан. Өөрөөр хэлбэл АН-ын сөрөг хүчин байсан он
жилүүд эрх баригчдыг ирлэж, хурцалж, ажилд нь ташуур өгч байжээ.  Алдаа багатай шийдвэр гаргахад нь сөрөг хүчин
нөлөөлдөг байсан юм байна.  Тийм  учраас АН-д хүчтэй сөрөг хүчин байх нь зохидог
гэсэн яриа гарсан биз.  Гэхдээ сөрөг хүчний
имиж нь зөвхөн АН-д зохиод байдаг юм биш. Тухайн нам стилиэ хэр зөв сонгохоос л
бүх юм шалтгаална. Харамсалтай нь өнөөдөр МАН стилиэ зөв тодорхойлж чадахгүй байгаа
учраас сөрөг хүчнийх нь имиж зохихгүй байна.

Тэгвэл МАН  яах ёстой юм. 
Сөрөг хүчин ямар байдгийг харуулах 
хэрэгтэй.  Ингэвэл сөрөг хүчин яах
бол гэдэг айдсыг эрх баригчдад өгмөөр байна. 
Сэтгэлийн хөөрлөөр бодлогогүй  шийдвэр
гаргаж болохгүй. Сөрөг хүчин хянаж байгаа, мэдвэл бид баларна гэдэг ойлголтыг эрх
баригчдын толгойд суулгаач. Сөрөг хүчин хариуцлагагүй, овлигогүй дарга нарыг хүмүүжтэл
нь овсгоотой, ухамсартай улс төр хийх хэрэгтэй байна. Дахиж ийм алдаа гаргавал сөрөг
хүчнийхэнд “алуулах” юм байна гэж сандартал нь ажилламаар байна.  Буруу шийдвэр гаргаж, бүхнийг нурааж чадахгүй
болтол нь сөрөг хүчин “сэлэм” эргүүлдэг болмоор байна. Эрх баригчид туршлагагүй,
хүүхэд шиг юм яривал шившиг болгодог баймаар байна. 

АН 2000 оны  парламентад ганцхан суудалтай  байхдаа л эрх баригчдыг чичрүүлдэг байсан. Сөрөг
хүчин байсан бусад бүх цаг үедээ  АН эрх баригч
Ардын намын тэнэг үг, буруу үйлдлийг олонд дэлгэж, булай болгодог байж.  Энэ нь эрх баригч байсан МАН-ыг буурьтай болгоод
сургачихаж.  Тиймээс Ардын намынхан  өнөөдөр тэр “хайрцагнаасаа”  гарч чадахгүй, ямар ч зүйл дээр дарга шиг царай
гарган суудаг болжээ. Энэ нь сөрөг хүчнийх нь имижид тохирохгүй, эв дүйгүй, үнэмшилгүй
харагдаад байна. Тэгэхээр МАН сөрөг хүчнийхээ стилийг зөв сонгож, эрх баригч АН-ыг
буурьтай болгох хэрэгтэй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ