Categories
редакцийн-нийтлэл

Эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуйн салбар голлох нөлөө үзүүлжээ

Манай
улсын эдийн засгийн ерөнхий төлөв байдал ямар байгаа талаар өчигдөр Үндэсний статистикийн
хорооноос мэдээлэл хийсэн юм.  Манай улсын
хувьд эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн бодит өсөлт 11.3 хувьтай гарсан
учраас манай улсын эдийн засаг хямарсан гэж харагдахгүй байна хэмээн тайлбарлалаа.
Улсын эдийн засгийн өсөлт 11.3 хувийн өсөлттэй гарахад хөдөө аж ахуйн салбарын өсөлт
гол нөлөө үзүүлжээ. Хөдөө аж ахуйн салбар энэ өсөлтийн 4.1 хувийг нь хангаж байгаа
юм байна. Энэ жилийн хувьд урьдчилсан тооцоогоор манай улс 46 сая толгой мал тоолуулах
тооцоо гарсан байгаа. Энэ нь өнгөрсөн оны түвшингээс таван сая толгой малаар илүү
байгаа аж. Бойжуулж байгаа төлийн тоо нэг саяар илүү байгаа бө­гөөд малын хорогдол
өнгөрсөн оны түвшингээс илүү гараагүй байна. Тэгэхээр мал аж ахуйн салбараас эдийн
засгийн өндөр өсөлт байна гэж тооцоолж байгаа аж. Га­зар тариалангийн сал­барт,
урьдчилсан тоо­цоогоор 430 орчим мянган тонн үр тариа авахаар байгаа юм. Энэ мэтээр
хөдөө аж ахуйн салбар манай улсын эдийн засагт эерэг нөлөө  үзүүлж байгаа үндсэн салбар болжээ. Мөн аж үйлдвэрийн
салбарт хэ­дийгээр хүндрэлтэй зүйл байгаа ч эдийн засагт сайнаар нөлөөлж байгаа
гэв. Манай уул уурхайн сал­барын хөрөнгө оруу­­лалтын хэмжээ буур­сан ч уул уурхайн
голлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн байна. Тухайлбал, алт, зэс,  цайрын баяжмал, газрын тосны олборлолт гэх мэт
манай экспортын гол орлого олдог бүтээг­дэ­хүүний экспорт өс­сөн байна. Энэ нь аж
үйлдвэрийн салбар хө­дөө аж ахуйг гүйцэхгүй ч гэсэн эерэг нөлөө  үзүүлж байгааг  тооцож гаргажээ.

Эдийн
засгийн өсөлтөд нө­лөөлсөн дараагийн сал­бар нь барилгын сал­бар аж. Он гарсаар
зам барилгын олон хөтөл­бөрүүд хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор барилга угсралтын
чиглэлээр энэ оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад
2.5 дахин нэмэгджээ. Энэ нь эдийн засгийн өсөлтөд 10 гаруй хувийн өсөлтийг хан­гах
боломжийг бүр­дүүл­сэн аж. Мөн худал­дааны салбар оны  нэг­дүгээр улиралд нэлээд хүнд байсан бол одоо
га­даад худалдаа нэмэгдэх ханд­лага харагдаж байгаа аж. Дээрх салбаруудын эдийн
засгийн өсөлт нь ма­най улсын нийт эдийн засгийн өсөлтийг 11.3 хувьд хүргэсэн гэж
тайлбарлалаа.

Ийм
өсөлтүүд байгаа ч хүндрэлтэй зүйл бий. Гадаад худалдааны тэнцэл нэлээд хэмжээний
алдагдал хүлээж байна. Бас төгрөгийн ам.доллар, евро, юаньтай харьцаж байгаа ханш
сүүлийн гурван сард 6-8 хувиар унасан нь инфляцид нө­лөөлж байгаа аж. Манай улсын
хувьд импортын барааны нийлүүлэлтээс хамаараад төгрөгийн хан­шийн уналт шууд нөлөө
үзүүлдэг байна. Улаанбаатар хотын хэ­рэг­лээ­ний 320 нэр төрлийн бү­тээг­дэхүүн
байдгаас үүнээс импортын бараа бүтээг­дэ­хүүн талаас илүү ху­вийг эзэлдэг
байна. Төг­рөгийн огцом уналтаас болж Улаанбаатар хотод олон төрлийн бараа бүтээг­дэхүүний
үнэ өсчээ. Тухайлбал, боловсролын үйлчилгээ буюу сургалтын төлбөр 28 хувиар, орон
сууцны үнэ 15 хувиар, нэг киловатт цахилгааны үнэ 4-22 хувиар, цайны газрын хоолны
үнэ дөрөв орчим хувийн өсөлттэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, Улаан­баатар хотын сарын
инфляцийн түвшин 2.6 хувийн өсөлттэй гарсан байна. 

Харин
улсын инфляци 1.7 хувийн өсөлттэй байгаа юм.  

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ

Одоогоор
8.4 триллион төг­­рөгийн мөнгөний ний­лүү­лэлттэй байгаа аж. Харин зээлийн үлдэгдэл
хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.8 триллион төгрөгт хүрсэн байна. Зээлийн
үлдэгдэл бараг 50 орчим хувиар нэмэгдсэн гэсэн үг.  Дээр нь чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээлийн  хэмжээ дагаж нэмэгджээ.

ВАЛЮТЫН ХАНШ

Сүүлийн
гурван сарын хувьд валютын ханш нэлээд өндөр хурдтайгаар нэмэгдсэн. Ялангуяа есдүгээр
сарын байдлаар сарын өмнөхтэй харь­цуулж үзэхэд төгрөгийн ам.доллар, евро, юань­тай
зэрэг бүх гадаад валюттай харьцаж байгаа ханш 6-8 хувийн уналттай байна. Нэг жилийн
өм­нөх­тэй харьцуулахад 15-25 хувийн уналт гар­­чээ. Огцом уналт гар­сан нь валютын
ний­лүүлэлттэй холбоотой хэмээн тайлбарлалаа. 
Өнөөдрийн байдлаар манай улсын валютын нөөц хоёр тэрбум  ам.дол­лар байгаа юм. Нэг жилийн өмнөхтэй харьцуулахад
энэ нь 500-аад сая ам.доллараар буурсан үзүүлэлт байна.

Оны
эхний байдлаар авч үзэхэд валютын нийт нөөц импортын барааны 27 хоногийн нөөцийг
хангаж чадахаар үзүүлэлт байсан бол одоо энэ үзүүлэлт 16 хоног болж буурсан байна.
Валют нийлүүлэгдэж байгаа ч нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэж чадахгүй байна гэсэн тайлбарыг
өглөө.

НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Улсын
хэмжээнд 2013 оны эхний найман сард 52735 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо
53009 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 3518 буюу 7.1 хувь, хүүхдийн
тоо 3570 буюу 7.2  хувиар  нэмэгдсэн байна.       

Бүртгэлтэй
ажилгүй иргэдийн тоо 2013 оны наймдугаар сарын эцэст 37.2 мянга болж, өмнөх оны
мөн үеийнхээс зур­гаан мянган хүн буюу 13 хувиар буурчээ.

Нийгмийн
халамжийн тэтгэвэрт 2013 оны эхний наймдугаар сард  61 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс
1.9 мянган хүн буюу 3.1 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 12.7 тэрбум төгрөг буюу
33.5 хувиар нэмэгджээ

ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ ӨСЧЭЭ

Улсын
хэмжээнд 2013 оны эхний наймдугаар сарын байдлаар  16828 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн
үеийнхээс 2313 хэрэг буюу 15.9 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн
тоо нэмэгдэхэд  өмчлөх эрхийн эсрэг  гэмт хэрэг, 
хүний амь бие эрүүл мэндийн эсрэг зэрэг гэмт хэрэг гарсан нь нөлөөлжээ.

Бүртгэгдсэн
гэмт хэргийн улмаас 6025 хүн гэмтэж, 698 хүн нас барсан байна.

ДУНДАЖ ЦАЛИН 900 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

Аж
ахуйн нэгж бай­гуул­лагын дундаж цалинг судалжээ. Эрэгтэй ажилчдын дундаж цалин
900,000 төгрөг, эмэгтэй ажилчны сарын дундаж цалин 695000 төгрөг байна. Ажилчдын
сарын дундаж цалинг салбараар нь авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт  ажиллаж байгаа иргэдийн цалин хамгийн өндөр буюу
нэг сая 486 мянган төгрөг, хөдөө аж ахуй, загас агнуурын салбарын цалин хамгийн
бага буюу 308 мянган төгрөг байна гэв. Өрхийн нийгэм эдийн засгийн хоёрдугаар улирлын
судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого  841000 төгрөг болсон байна. 

Энэ
нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 93000 төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Өрхийн орлого
нэмэгдэхэд цалингийн орлого нэмэгдсэн нь нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн
зарлага 772000 төгрөг болжээ.

УЛСЫН ТӨСӨВ

Улсын
нэгдсэн төс­вийн тэнцвэржүүлсэн  ор­лого,
тусламжийн нийт хэмжээ 2013 оны эхний наймдугаар сард 3 их наяд 450.2 тэрбум төгрөг,
зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ гурван их наяд 581.4 тэрбум төг­рөг
болсон байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 131.2 тэрбум төгрөгийн
алдагдалтай гарлаа.

Нэгдсэн
төсвийн урс­гал орлого 2013 оны эхний наймдугаар сард 3449.5 тэрбум төгрөг, урсгал
зардал 2816.0 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 633.5 тэрбум төгрөгийн
ашигтай гарав.

ТАТВАРЫН ОРЛОГО НЭМЭГДЖЭЭ

  Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс
250.3 тэрбум төгрөг буюу 9 хувиар нэмэгдэхэд 
бусад татварын орлого 152.1 тэрбум төгрөг буюу 27.9 хувиар буурсан хэдий
ч дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 148.3 тэрбум төгрөг, орлогын албан
татварын орлого 127.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 109.7
тэрбум төг­рөг, өмчийн татварын орлого 9.2 тэрбум төг­рө­гөөр өссөн нь  нөлөөлжээ.

 
ГАДААД ХУДАЛДАА

Монгол
Улс 2013 оны эхний наймдугаар сард дэлхийн 125 оронтой  худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт
зургаан тэрбум 960.1 сая ам.долларт хүрч, үүнээс экспорт хоёр тэрбум 703.2 сая ам.доллар,
импорт дөрвөн тэрбум 256.9 сая ам.долларт хүрсэн байгаа юм.

Гадаад
худалдааны тэнцэл 2013 оны эхний наймдугаар сард 1.6 тэрбум ам.долларын алдагдалтай
гарч, өмнөх оны мөн үеийнхээс 234.3 сая ам.доллар буюу 13.1 хувиар буурчээ.

Нийт
бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 571.0 сая ам.доллар буюу 7.6 хувь,
үүний дотор импортын хэмжээ 402.6 сая ам.дол­лар буюу 8.6 хувь, экс­портын хэмжээ
168.4 сая ам.доллар буюу 5.9 хувиар буурчээ. Гадаад худалдаа алдагдал хү­лээж байгаа
гол шалтгаан нь экпортолж байгаа эрдэс бүтээгдэхүүн буурч, нүүрсний экспорт хоёр
сая 771 мянган тонноор буюу 21.8 хувиар буурсан нь нөлөөлжээ.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Я.Батсуурь: Таван толгойн нүүрсийг далайн боомт руу шууд тээвэрлэнэ

 “Эрдэнэс Таван
тол­гой” компанийн ажилтнууд цалингаа өгөхийг шаардаж ком­па­нийн оффисын гадна
жагсаал хийж байна гэсэн мэдээлэл өчигдөр цацагдсан юм. Цалингаа авч чадалгүй
зургаан сар болсон гэх мэдээллийг ч мэдээллийн зарим сайт өгч байв.  “Эрдэнэс Таван толгой” компа­нийн оффисын
гадаа жагссан иргэд тус ком­панийн ажилчид биш оператор компаниар ажиллаж
байгаа “Хишиг арвин индустрал”-ын ажилчид байжээ. Компанийн зүгээс өр төлбөрийг
ойрын хуга­цаанд барагдуулна гэ­сэн албан бичиг өгс­нөөр иргэдийн жагсаал
өндөрлөсөн байна. “Эрдэнэс Таван толгой” компаниас өчигдөр үдээс хойш хэвлэлийн
бага хурал зарлаж үүсээд байгаа нөхцөл байдлын та­лаар мэдээлэл хийсэн юм.
Мэдээллийн дараа тус компанийн гүйцэтгэх захирал Я.Бат­сууриас зарим зүйлийг
тодрууллаа.

-Танай зүгээс опера­тор компанидаа хөлсийг нь төлөх
боломжгүй бай­сан бол ажлыг нь түр зогсоож болоогүй юм уу?

-Зогс
гээд байхад хий­гээд байна л даа. Нүүрсний зах зээл он гарсаар маш хүнд байдалд
орсон. Ком­паниудын борлуулалт тээ­вэрлэлт зогссоныг бүг­дээрээ мэдэж байгаа.
Харин манай компанийн хувьд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа зог­соол­гүй
явуулж ирлээ. Баруун Цанхийн уурхай дээр үндэсний олборлогч “Монгол уурхайчин”
буюу “Хишиг арвин”, “Мера”, “Эмно” гэсэн гурван компанийн нэгдэл бидэнтэй жил
тойрон хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн
хугацаанд төлбөр тооцоог нь цаг тухайд нь хийгээд явж байсан. Он гарснаас хойш
төлбөр тооцооны тал дээр асуудал хүндэрснийг нуух юм алга. Учир нь манай
компани оператор компанийн  олборлосон
сая тонн нүүрсээ борлуулж чадаагүй байна. Зах зээлийн өнөөгийн байдлаас болж
нүүрсээ өнөөдрийг хүртэл борлуулаагүй байна л даа. Ийм бодитой шалтгаан байсан
учраас бид оператор компаниасаа  үйл
ажиллагаагаа зогсоохыг хүссэн, шаардсан. Гэвч оператор компани маань
өнөөдрийг  хүртэл үйл ажиллагаагаа
зогсоолгүй явж ирсэн.

-Оператор компани үйл ажиллагаагаа зогсоохгүй
үргэлжлүүлсэн нь ямар учиртай юм бол?

-Оператор
компанийн хувьд энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд багагүй хөрөнгө оруулсан.
Олон  тооны тоног төхөөрөмжийг түрээсээр,
зээлээр авчихсан байгаа. Хэрвээ зогсвол алдагдалд орох эрсдэлтэй учраас үйл
ажиллагаагаа үргэлжлүүлсэн байх.

-Хичнээн төгрөгийн өр авлага үүсээд байна?

-50
гаруй тэрбум төгрөгийн өр авлага үүссэн байгаа. 
Энэ өрийг ойрын үед төлж барагдуулна. Төлөх бүрэн боломж бий. Учир нь
зарах нүүрс маань бэлэн байна. Сая тонн нүүрсийг хамгийн хямдаар зарахад дор
хаяж 60-аас дээш тэрбум төгрөгийн борлуулалт хийх юм. Өрөө дараад илүү  гарах хэмжээний үнэ бүхий нүүрс нь бэлэн
байна.

-Ойрын хугацаанд гэхээр яг хэзээ гэсэн үг вэ?

-Борлуулалтаас
хамаар­на. Он гарснаас хойш борлуулалтын чиглэлээр  яриа хэлэлцээ хийж чадаагүй гэсэн шалтгаан
байсан. Зах зээл уналттай байсан учраас худалдан авагч тал хүлээлтийн байдалтай
хэсэг хугацаа өнгөрсөн. Харин сүүлийн үед худалдан авагч талын сонирхол ихэсч
байна. Түрүүчээсээ гэрээ байгуулаад эхэллээ. Тийм учраас ойрын хугацаанд өр
төлбөрөө барагдуулна. Тодруулж хэлбэл нэгээс хоёр долоо хоногийн дотор бүр
цаашиллаа гэхэд сардаа багтаагаад барагдуулчих бололцоотой.

-Нүүрс худалдаж авах сонирхол хэдийнээс сэргэсэн бэ?

-Сүүлийн
долоогоос арван хоногт Хятадын компаниуд сонирхлоо илэрхийлж эхэллээ. Хэд хэдэн
компанийн төлөөлөл ирж уулзаад явсан. Түрүүчээсээ их,бага хэмжээний гэрээ
байгуулаад явж байна гэж сая хэлсэн дээ. Гэрээнүүдээ ойрын үед эцэслэж
байгуулаад төлбөр тооцоогоо авна. Тэгэхээр 
асуудалгүй болно гэсэн үг.

-Нүүрсний үнэ ямаршуу байна?

-Ерөнхийдөө
тааруу байна. Он гарснаас хойш тогтмол унасан. Долоо хоног, арав хоног, сараар
унаж ирсэн л дээ. Харин сүүлийн арван хоногт харьцангуй тогтвортой байна.

-Энэ жилдээ нүүрсний үнэ хэр байх бол. Прогноз таамаг
гарсан болов уу?

-Саяхан
“Мэрилэнч”, “Голдман сакс” зэрэг байгууллагууд нүүрсний үнийн ойрын жилүүдийн
урьдчилсан таамаг судалгааг  гаргасан
харагдсан. Мэдээж баталгаатай эцсийн дүгнэлт биш л дээ. Тэр судалгаанаас
харахад энэ жил болон ирэх онд нүүрсний үнэ огцом өсөхгүй гэсэн  таамаг гарсан байна лээ.

-Нүүрсэн дээр бидэнд ямар давуу, сул талууд байна?

-Бид
нэг юманд итгэлтэй байгаа. “Эрдэнэс Таван толгой” -н  нүүрс бусад компанийн нүүрстэй өрсөлдөх
чадвартай. Жишээ нь бид нүүрсээ 
харьцангуй хямд зардлаар олборлож байгаа. Таван толгойн орд дээр үйл
ажиллагаа явуулж байгаа нөгөө хоёр компаниасаа ч хямд зардлаар олборлож байна.
Манайхтай ижил төстэй Австрали, Хятадын коксжих нүүрсний уурхайнуудаас  ч хямд олборлодог. Бидэнд хоёр зовлон бий.
Түүхийгээр зардаг учраас харьцангуй үнэд хүргэж чаддаггүй нь эхний том асуудал.
Хоёр дахь нь төмөр зам. Төмөр замгүй учраас тээврийн зардал их гардаг бэрхшээл
бий. Ийм шалтгаанаар өрсөлдөх чадвараа алддаг л даа. Гэхдээ сүүлийн үед хоёр
том ахиц гарсныг онцолмоор байна. Боомтын төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр
дөрвөн тал тохирч гэрээндээ гарын үсэг зурлаа. Төмөр замыг ондоо багтаж
ашиглалтад оруулах талаар талууд хамтран ажиллаж байна. Хэрвээ энэ яриа ажил
болбол нүүрсний тээврийн зардал эрс буурна. Хоёр дахь том ахиц гэвэл “Энержи
ресурс” компанитай нүүрсээ хамтарч угаагаад, 
угаасан нүүрсээ Хятадын зах дээр хамтарч борлуулъя гэдэг дээр зарчмын
тохиролцоонд хүрсэн. Энэ чиглэлээр “Шинхуа энержи” компанитай хамтарч
ажиллахаар урьдчилсан байдлаар тохиролцож 
ноднин Ерөнхий сайдыг Бүгд найрамдах Хятад ард улсад айлчлах үеэр санамж
бичигт гарын үсэг зурсан. Үүний хүрээнд гурван тал хамтарч манай хоёр компанийн
хамтарч угаасан нүүрсийг эцсийн хэрэглэгчдэд хүргэнэ.

-Эцсийн хэрэглэгч гэхээр бүр цаашаа далайн боомт руу
аваачна гэсэн үг үү?

-Тэгнэ.
“Энержи ресурс”-ын баяжуулах үйлдвэрт нүүрсээ угаагаад эхлэнгүүт ажил болно.
Угаасан нүүрсээ “Шинхуа”-тай хамтарч, 
тэдний төмөр замаар дамжуулан 
Хятадын зүүн эрэгт хүргэнэ. Австралийн нүүрс ирдэг  зах зээл дээр, тодруулж хэлбэл  далайн эрэг дээр  очно гэсэн үг. Тэнд Австралийн нүүрстэй нэг
зах зээл дээр өрсөлдөх юм.  Монголын
угаасан нүүрс анх удаа Австралийн нүүрс ирдэг Хятадын нутгийн гүн дэх том
хэрэглэгчид, гангийн үйлдвэрүүдэд очно. Энэ талаар “Шинхуа” компанитай
урьдчилсан тохироо хийсэн. “Шинхуа” бол Хятадын нүүрсний хамгийн том компани
нь. Ганц модны хилийн боомт дээр төмөр замаа барьчихсан компани. Эдний төмөр замыг
ашиглаж  Хятадын зах зээлийн  гүнд нь очиж борлуулах боломжоор хангагдана
гэдэг том алхам.

-“Энержи ресурс”-ын баяжуулах үйлдвэрт нүүрсээ угаах
тохироогоо эцсийн байдлаар хийсэн үү. Нүүрсээ яг хэзээнээс угааж эхлэх вэ?

-“Энержи
ресурс” компанитай сар тойрон энэ гэрээн дээр сууж ажиллаж байна. Гэрээнийхээ
90 гаруй хувийг бэлэн болгосон. Ойрын өдрүүдэд хамтарч угаах гэрээг эцэслэж
гарын үсэг зурчих байх.

-Боомтын төмөр замын талаар тодруулах нэг зүйл байна.
“Шинхуа” төмөр зам барих ажлыг  энэ ондоо
багтаан барина  гэж ойлгож болох уу?

-Нэг
зүйлийг дахин тодруулъя. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайдын Хятадад
хийсэн айлчлалын үеэр манай компани, “Энержи ресурс”, орон нутгийн Таван толгой
гэсэн гурван компани хамтраад “Шинхуа” компанитай хорин жилийн хугацаанд нэг
тэрбум хүртэлх хэмжээний нүүрс борлуулах талаар санамж бичигт гарын үсэг
зурсан. Санамж бичгийг хэрэгжүүлэх ажлыг 
энэ жилээс эхлүүлэхээр ярьж байна. Хоёр хоногийн өмнө Таван толгой дээр
ажиллаж байгаа үндэсний гурван компани 
“Шинхуа”-тай боомтын төмөр зам барих гэрээг байгуулсан. “Шинхуа”
компанийн төмөр зам хил дээр ирсэн. Түүнийг нааш нь 18 км сунгаад хил дамнуулж
Монголын нутгаар нүүрсээ шууд ачиж импортлох боломжийг хангах гэж байна. Төмөр
замын ажлыг “Шинхуа” компани гүйцэтгэж барина. Энэ жилдээ багтаагаад ашиглалтад
оруулах боломжтой гэж  компанийн
удирдлага бидэнд хэлсэн.

-Төмөр замаар нүүрс тээвэрлээд эхлэхээр  тонн тутмын зардал хэр хэмжээгээр буурах вэ?

-Хил
дамнасан 20-30 км урт экспортын богинын тээврийг хийхэд тонн тутамд нь одоогийн
байдлаар 8-9 ам.доллар зарцуулж байгаа. Төмөр зам ашиглалтад орвол  хоёр ам.доллар хүртэл хямдрах боломжтой. 5-6
ам.долларын хэмнэлт гаргана гэсэн үг.

-“Шинхуа”-гийн төмөр замаар Хятадын гүнд нүүрсээ хүргэх
нь тодорхой юм байна. Сард хэчнээн тонныг гаргах талаар тохиролцоонд хүрсэн үү?

-Нэг
тэрбум тонн нүүрсийг хорин жилийн хугацаанд худалдаалах санамж бичгийнхээ
хүрээнд бид анхныхаа гэрээнүүд дээр ажиллаж байна. Сар тутам 500 орчим мянган
тонныг борлуулах чиглэлээр талууд санал нэгдээд яриа хэлэлцээр явуулж байна.
Мөн манай компани  олборлосон
нүүрснээс  тодорхой хэмжээний нүүрсийг
түүхийгээр нь “Шинхуа”-д зарж борлуулах асуудлыг ярьж байгаа.  Одоогоор эцэслэн шийдэгдээгүй байна.

Ц.БААСАНСҮРЭН

 

 

 

 

  

Categories
редакцийн-нийтлэл

Н.ГАНХУЯГ: “Бүүвэй“ бол жинхэнэ монгол,уянгын драмын жүжиг

Улсын драмын эрдмийн театр долоон найруулагчийн долоон
өөр бүтээлийг үзэгчдэдээ толилуулж байна. Уржигдар Ардын жүжигчин Б.Мөнхдорж
3.А.Ванпиловын “Хэрээт төгөл” жүжгийнхээ нээлтийг хийжээ. Харин дараа нь УГЗ Б.Баатар
А.Очирбатын зохиол “Буруугүй буруутан”, найруулагч СТА Ч.Түвшин  Люсиль Флетчерийн “Уучлаарай, та дугаар
андуурч”,  төрийн соёрхолт найруулагч
Н.Наранбаатар Г.Пинтерийн “Өчигдөр” жүжгээ тавих байна. Мөн УГЗ Н.Ганхуяг
“Бүүвэй”, УГЗ Ч.Найдандорж Дарио Фогийн “Чөлөөт хос”,  найруулагч Ц.Батнайрамдал Николай Колядагийн
“Манекен” жүжгийг тавьж  долоон өөр
шийдэл, долоон өөр сэтгэмж, долоон өөр өнгө дүр төрх бүхий ертөнцөөр үзэгчдийг
аялуулах юм байна.Энэ удаа УГЗ найруулагч Н.Ганхуягийн “Бүүвэй” жүжгийг толилуулъя.

-Бусад найруулагчдын бүтээлээс таны тавих “Бүүвэй” жүжиг
юугаараа онцлогтой вэ?

-Зохиолч,
найруулагчдын дунд уралдаан зарласан. Энэ уралдаанд би бүтээлээ өгөөд театрын
уран сайхны зөвлөлөөр миний жүжгийг долоон найруулагчийн камерны жүжгийн төсөлд
сонгож авсан юм. Мэдээж долоон найруулагчийн долоон бүтээл өөр өөрийн
онцлогтой. Энэ долоон уран бүтээл дунд Итали, Оросын зохиолууд ч байна. Мөн
төрөл жанрын хувьд инээдмийн, сэтгэхүйн драм, аймшиг гээд ялгаатай. Миний
“Бүүвэй” бол монгол зохиол. Уянгын драмын жүжиг.

-Тэгэхээр таны өөрийн зохиол байх нь ээ?

-Тийм.
Өөрийнхөө зохиолыг өөрөө найруулж тавьж байгаагаараа онцлогтой. Учир нь өнөөдөр
монгол уран бүтээл төрөхгүй байна. Нэн ялангуяа хэдэн арваараа гарч байгаа кино
дэлгэцийн бүтээлээс монгол кино олж харахгүй байна. Монголын биш монгол кино
шүү. Театрт ч бас адилхан. “Монгол” гэдэг чинь юугаараа тодотгогддог билээ.
Монгол зан ааш, араншин, уламжлалт түүх соёл өнөөдөр үгүйлэгдэж байна. Энэ
утгаараа жинхэнэ монгол эмэгтэй, эр хүний дүр тайзнаа гарч байна уу гэдэг дээр
уран бүтээлч хүний хувьд эмзэглэж явдаг. Би нэг илтгэлдээ “Дорлигжаваас хойш
жинхэнэ монгол эр хүний дүр гарсангүй” гэж хэлсэн. Тиймээс энэ зохиол дээр
тоглож байгаа уран бүтээлчдээсээ үүнийг нэхэж байгаа. Зохиолд Дулам гэж эмэгтэй
гардаг. Жирийн малчин эмгэний дүр л дээ. Ардын жүжигчин Сарантуяа тоглож
байгаа. Энэ дүрээс гэхэд л үзэгчид монгол эмэгтэй, эх хүнийг олж харах болов
уу.

-Таны жүжиг хичнээн дүрээс бүтэж байгаа вэ?

-Таван
жүжигчин тоглож байгаа. Сарантуяагаас гадна Амгаланбаатар, Цэрэнболд, Хулан,
Тамир нар тоглоно.

-Жүжигчид бусад найруулагчийн бүтээлд давхцаж байгаа юу.
Ер нь жүжигчдээ яаж сонгож авсан юм бол?

-Ганц
нэг жүжигчин л давхардаж тоглох байх. Долоон найруулагч бүгдээрээ ширээ тойрч
суугаад ярилцаж байгаад л жүжигчдээ хэрхэн хуваарилж авахаа шийдчихсэн.
Жүжигчдийнхээ арга, барил, өнгө аясыг мэдэх учраас нэг их цаг үрээгүй. Ардын
жүжигчин Сарантуяа бид хоёр хуучин Багшийн дээдийн кино драмын нэг ангийн хоёр.
Өмнө нь хэд хэдэн удаа хамтарч уран бүтээл хийж байсан. Нэг нэгнээ сайн
ойлгоно. За тэгээд зарим нь миний шавь ч байна. Гол нь жүжигчдийн эцсийн
зорилго бол дүр бүтээх, өөрийгөө давтаагүй, өөрийнхөө мөн чанараас ондоо, өмнөх
дүрүүдээ давтахгүй ажиллах ёстой. Үүнийг л би жүжигчдээсээ шаардаж байна.
Ойлголцохгүй юм бол байхгүй. Уран бүтээлчдийн сайхан баг бүрэлдэж байна. Багийн
хамт олон нэг зүг харж, нэг санаагаар, сэтгэл нийлж ажиллана гэдэг сайн уран
бүтээл төрөхөд хамгаас чухал.

-Үзэгчдэд хүргэх гэсэн жүжгийн гол санаа?

-Энд
үйл явдал ярихгүй нь ойлгомжтой байх. Өнөөгийн нийгэмд хүнийг өршөөх, уучлах
гэдэг зүйл бараг мартагдаж. Нийгмийн бухимдал, сэтгэл санааны тогтворгүй байдал
хүний араншинд нөлөөлдөг байх л даа. Хүн чинь байгалийн бүтээгдэхүүн болохоор
нийгмээ дагаад өөрчлөгддөг юм байна. Өнөөдөр хүнийг өршөөж уучлахаас
илүүтэйгээр буруутгах, зүхэх нь олширч. Тиймээс энэ жүжиг нийгэмд болоод
хүмүүст “Нээрээ би чинь юу билээ” гэсэн сэхэл өгнө гэдэгт итгэлтэй байна.
Ерөөсөө л хайр нигүүслийн тухай жүжиг. Хүн хүнээ алдаа гаргасан ч гэсэн уучилж
сурах ёстой гэсэн мессеж хүргэх зорилготой.

-Та “Бүүвэй”-гийнхээ зохиолыг нэлээд хэдэн жилийн өмнө
бичиж байсан гэж ярилаа. Тэгвэл зохиолын үзэл санаа өнөөдөр ч үнэ цэнэтэй
хэвээрээ байна гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй
яахав. 80-аад оны үеэр гарсан санаа. Түүнээс хойш дотроо бодоод л явсан. Олон
жилийн өмнө бодож байсан санаа өнөөдөр нийгэмд бүр хурцаар тавигдаж байна.
Тайзан дээр тавих цаг нь энэ үе байж л дээ.

-Та “Хар санаа, хайр сэтгэл”, “Гол дүрийн амрагууд” гээд
жүжгүүдийг тавьж байсан. “Бүүвэй” таны бие даан найруулж байгаа хэд дэх бүтээл
вэ?

-Яг
долоо дахь нь. Анх би Багшийн дээдийн кино драмын ангийг төгсөөд Драмын театрт
ажиллаж байлаа. Мөнхдорж багшийг дагаж олон жил ажилласан. Миний амьдрал уран
бүтээл энэ театртай холбоотой болохоор театрыг “Миний үүр” гэж хэлдэг юм. Энэ
удаа би найруулагч, жүжгийн зохиол үгийн хувьд театртаа дахиад уригдаж байна.
Тэгээд ч манай сор болсон уран бүтээлчид энд ажилладаг болохоор би театрын
тайзнаа жүжиг найруулах дуртай юм шиг байгаа юм. Анх “Амин булаг” гээд зохиолоо
гурван давхрын тайзнаа тавьж байлаа. Тухайн үед бага тайзны жүжиг моодонд орж
байсан. Түүнээс хойш бага тайзны жүжиг жүжигчнээс ур чадвар шаардсан, арай өөр
зүйл хүсдэг юм байна гэсэн ойлголттой болж байлаа.

-Камерны жүжиг гэхээр ихэнх хүмүүс богино хэмжээний, цөөн
жүжигчид тоглодог жүжиг гэж ойлгодог?

-Тиймэрхүү
нийтлэг ойлголт яваад байдаг л даа. Камерны гэхээр бага хэмжээний ч юм шиг,
цөөхөн жүжигчинтэй, бага цагаар тоглодог ч юм шиг харагддаг байх. Тийм биш л
дээ. Камерны жүжгийг бэсрэг жүжиг гээд байгаа юм. Адилхан л сонгодог бүтээл.
Цаг, цаг гучин минутын ч бэсрэг жүжиг байна. Гол нь маш их ур чадвар нэхдэг.
Хаана ч тоглогдож болно. Их тайз, зориулалтын бус тайзан дээр ч тоглож болно.
Дүрээ ойрын зайнаас үзэгчид яаж хүргэх вэ, үзэгчдийн хамгийн арын эгнээнийн суудалд
сууж байгаа үзэгчдэд хэрхэн хүргэх талаар их бодолцож тоглодог. Хэлэх санаа,
агуулгын хувьд ялгаатай зүйл байхгүй л дээ.

-Таны жүжиг хэр удаан үргэлжлэх бол. Хэзээнээс тайзнаа
тоглогдох вэ?

-За,
цаг хугацаагаа тодорхойлоогүй байна. Харин жүжгийн нээлтээ энэ сарын 23-нд
хийнэ. Манай Балхжав хөгжмийн зохиол дээр ажиллаж залуу дуучин Түмэн-Өлзий
жүжгийн дууг маань дуулсан. Клип нь гарчихсан байгаа. 

 

Г.Амгаланбаатар:
БИ ДҮРЭЭ СӨРӨГ ГЭЖ ХАРАХГҮЙ БАЙГАА

 

Соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар “Бүүвэй” жүжгийн
гол дүрд тоглож байгаа бөгөөд түүнтэй цөөн хором хөөрөлдсөн юм.

 

-Таны хувьд “Бүүвэй” жүжигт ямар дүр бүтээж байна?

-Очирсүрэн
гээд Америкт таван жил амьдарч байгаад ирсэн залуугийн дүрд тоглож байгаа. Эх
орондоо иртэл эхнэр нь жирэмсэн болчихсон байгаагаар үйл явдал  өрнөнө. Монголын залуучуудын дунд түгээмэл
үзэгдэл болчихсон дүр зураг шүү дээ. Энд эхнэр, нөхрөө үлдээгээд Солонгост ч юм
уу, Европт ч юм уу ажиллаж байгаад иймэрхүү олон асуудал үүсч салж сарниж
байгаа хосуудын амьдралыг төлөөлүүлсэн хэрэг. Очирсүрэн Америкт бас зүгээр
байгаагүй. Сүүлийн хэдэн жил эхнэртэйгээ утсаар ярихгүй холбоо барихгүй таг чиг
алга болчихоод гэнэт хүрээд ирдэг. Харин нөхрийнхөө эзгүй хойгуур эхнэр нь өөр
хүнтэй харилцаа үүсгэж бүр бие давхар болчихсон байдаг. Ингээд л бөөн асуудал
үүснэ дээ.

-Эхнэрийн дүрд хэн тоглож байгаа вэ?

-Хулан.
Харин эхнэрийн маань толгойг эргүүлж байгаа залуугийн дүрд Тамираа тоглож
байна. Нэг эмэгтэйд гурван залуу дурлаж байгаа юм. Дурлалаас гадна эх хүний
сайхан сэтгэлийн тухай өгүүлнэ. Хулангийн ээж буюу манай хадам ээжийн дүрд
Сарантуяа эгч тоглож байна. Охиноо жирэмсэн болчихсоныг нь зөн совингоороо
мэдрээд ирж байгаа үйл явц жүжигт өгүүлдэг. Ингээд ярихаар жүжгийнхээ үйл
явдлыг ярьчих гээд байна (инээв). Ер нь бол 
эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэсэн утга шингэсэн уянгын драмын
жүжигт тоглохоор  өнөөдөр хувцсаа
оёулчихаад өмсөөд сууж байна.

-Дүрээ аль талаас нь гаргахаар ажиллаж байгаа вэ. Эерэг,
сөрөг?

-Найруулагч
Ганхуяг ах анх зохиолоо үр хөндөлт, абортыг их шүүмжилж бичсэн юм билээ. Орчин
үед ирсэн санаа нь энэ тухай дурсаж байгаа ч нэг нэгнээсээ хол амьдарч байгаа
хосуудын амьдралыг илүү тусгасан санагдсан. Яг л өнөөдрийн бодит амьдралыг
зурагласан нулимстай, инээдтэй аятайхан жүжиг болох байх. Тиймээс би дүрээ
сөрөг гэж харахгүй байгаа. Эр, эм хоёр амьдралынхаа туршид янз бүрийн л
асуудалтай тулгардаг. Очирсүрэнгийн дүрийг уужуу ухаантай талаас нь харж
гаргахыг зорьж байгаа хэдий ч тайзан дээр ямар дүрээр гарч ирэх нь бас нууц
байна. Дөнгөж ширээний уншлага хийгээд үгээ цээжлэх гээд сууж байна. Тэгэхээр
манай жүжигт “гуяа тэврээд зүгээр хэвтэхгүй” гэсэн үг бий л дээ. Мэдээж нөхөр
нь олон жил ажиллаад ирэхэд эхнэр нь жирэмсэн болчихсон байвал үнэхээр том
цохилт биз дээ. Хэрвээ хувь хүн Амгаланбаатарын амьдралд ийм байдал тохиолдвол
би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

-Яагаад?

-Жүжиг,
бодит амьдрал хоорондоо асар өөр ертөнц шүү дээ. Мэдээж таатай санагдахгүй.
Харин Очирсүрэн яаж хүлээж авах вэ гэдгийг харуулахын тулд өөрөөсөө зугтаалгаж,
аль болох өмнөх дүрээсээ зайлхийхийг бодож ажиллаж байна.

-Та долоон жүжгийн хоёрт нь тоглож байгаа гэсэн?

-Наранбаатар
найруулагчийн “Өчигдөр” жүжигт тоглоно. Алдарт зохиолч Пинтерийн “Нууц амраг”
зохиолыг найруулагч маань монголчууддаа зориулаад “Өчигдөр” нэрээр тайзнаа
тавихаар болсон. Хоёрхон жүжигчинтэй. Надтай хамт манай театрын залуу жүжигчин
Тогтохжаргал гээд бүсгүй тоглоно. Миний хувьд долоон жүжгийн хоёр жүжигт нь
оролцож байгаа болохоор зав муутай л гүйгээд байна.

-“Өчигдөр” жүжигт юуны тухай өгүүлдэг вэ. Товчхон
танилцуулаач?

-Эхнэр
нөхөр хоёр удаан амьдраад ирэхээр нэг нэгнээсээ яагаад залхдаг, тэр залхсан
амьдралын тухай өгүүлдэг. Жүжгийн нэг хэсэгт нөхөр нь ажилдаа явахдаа эхнэрээ
үнсээд ингэж асууж байгаа юм. “Өнөөдөр нууц амраг чинь ирэх үү, хэдэн цагт ирэх
вэ” гэхэд хариуд нь эхнэр “16 цагт ирнэ” гэхэд нөхөр нь “За за, тэгвэл би 18
цагт ирье” гэж байх жишээтэй. Анх аз жаргалаар дүүрэн гэрлэж байсан гэр бүл
хэдэн жилийн дараа яагаад ийм байдалд хүрчих вээ гэдгийг л харуулах юм. Энэ
зохиолыг гадны олон оронд инээдмийн, уянгын гээд янз бүрээр тавьж байсан юм
билээ.

-Өмнө нь тавьж байсан жүжгээс нь дүрийн судалгаа хийсэн
үү?

-Бид
уянгын хэлбэрээр тайзнаа амилуулна. Бусад оронд тоглогдсон дүр болгоныг үзээд
хуулаад байж болохгүй л дээ. Бусдыг дуурайгаад байвал алиа салбадай  болно ш дээ. Аль болох өөрийнхөөрөө гаргахыг
хүсч байна.

-Та  намар “Кихот
ноён”-д тоглож байснаа бодвол нэлээд жин хассан харагдаж байна?

-“Өчигдөр”
жүжигт тоглохын тулд бие галбиртаа анхаарал тавьж, нэлээн жавхаажихгүй бол
болохгүй байна. Намар Санчод тоглоход жингээ тавиад зургаан килограмм нэмээд 90
гаруй кг жинтэй болсон. Одоо эргээд 80 кг руу орж байна. Таван кг хасчихаад явж
байна. Энэ миний бие биш театрын бие шүү дээ.

-“Драмын дөрөв” арван жилийнхээ ойг хийнэ гэж сонссон.
Үнэн үү?

-Эби,
Пара, Боогий бид дөрөв 2005 онд хамгийн анх “Хайрын дурсамж” цомгоо гаргаж
байсан. Ирэх жил арван жилийн ой тохионо. Өнгөрсөн гурван сард ойдоо зориулж
нэг тоглолт хийе гэсэн боловч зарим нь кино гээд амжсангүй. Гэхдээ манай Пара
буюу Наранбаатар маань төрийн соёрхол хүртсэн шүү дээ.  Төрийн дээд шагнал хүртсэн хүн хамаагүй поп
дуулаад явж болдоггүй ч юм болов уу гэж бодох болсон (инээв). Тиймээс яг тэгнэ,
ингэнэ гэсэн шийд одоохондоо алга. Ямартай ч бодсон юм байгаа.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Нэг анги бүрдүүлэх тооны хүүхэд авто ослын улмаас амиа алджээ

Сурагчийн
ширээ эзгүй, дэвтэр бал тавиастай. Дэргэдэх жижигхэн шар зулын цөгцнүүд зүрх
зүсэх шиг болов. Өнгөрсөн онд улсын хэмжээгээр 37 хүүхэд авто ослын улмаас амь
насаа алджээ. Бүхэл бүтэн нэг ангийн хүүхдүүд гэнэт алга болчихвол гамшиг, гай
түйтгэр юу гэж нэрлэх бол доо. Нэг дор биш нэг нэгээрээ хэн нэгэн хариуцлагагүй
жолоочийн золиос болсон энхрий үрсийн хой­­ноос элгээ эмтлэх төдий орхиж
боломгүй. Дөрөвдүгээр сарын 10. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан
сэр­гийлэх өдөр. Энэ өдөр Нийслэлийн Замын цагдаагийн газрынхан 2013 онд осолд
өртөж амь насаа алдсан хүүхдүүдийн дурс­галыг хүндэтгэж, зул өргөх ёслол зохион
байгууллаа. Үүгээрээ тэд хүүхдийг осолд өр­төхөөс сэргийлэх, эцэг эхчүүд, багш
нар, хүүхэдтэй ажилладаг бүх хүмүүсийг энэ сэдэвт анхаарлаа хандуулахыг хүссэн
юм. Хүүхдүүд  “Миний ирээдүйн төлөө
хурдаа хасаарай”, “12 нас хүрээгүй хүүхэд авто­машины арын суудалд сууж явах
ёстой”. “Та хүүхдээ дагуулж, дүрэм зөрчихөө боль” гэх мэт уриа лоозон барьж
жагс­сан юм. Замын цаг­даагийн газраас  гаргасан
судалгаагаар осолд өр­төгч­­дийн 47 хувь нь машины урд суудалд сууж байсан аж.
Тийм болохоор хүүхдээ арын суудалд суулгах, бага насны хүүхдүүдийг  зориулалтын суудалтай  тээвэрлэх нь эрсдэл бууруулах бас нэг арга.
Зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдийн дотор 8-14 насны эрэгтэй хүүхэд да­вамгайлж
байгаа. Хүүх­дүүд хичээлдээ ирэх, гэр­тээ харих замдаа зам тээврийн осолд их
өртөж байгаа тоо бий. Нийслэлд замын хө­дөлгөөнд явганаар  орол­цогч хүүхдүүд осолд өртөж байхад орон
нутагт тээврийн хэ­рэгслээр зорчиж байсан хүүхдүүд өртөх нь их бай­жээ. Ийм
учраас Замын цагдаа нар  орон нутгийн
замд хүүхдийг тээвэрлэхдээ хамгаалах бүс, зориулалтын хам­гаа­лалтын суудал
хэрэглэж хэвшихийг зөвлөж бай­на. 

Оны
эхний гурван сард 216 хүүхэд осолд өртөж, нэг хүүхэд нас барж, 219 хүүхэд
гэмтсэн статистик гарчээ.  

Энэ
өдрийн сайн мэдээ нь хүүх­дийг зам гарахад тус­лах цэнхэр хувцастай сайн дурын
зохицуулагчид байлаа. Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний
төвийнхөн эдгээр сайн дурынхныг бэлтгэжээ. Тус албаны дарга Д.Батмөнх
“Нийслэлийн томоохон сургуулиудын ойр орчимд, хөдөл­гөөн ихтэй газруудад
хүүхдийг замаар гарахад нь туслах, шаард­лагатай зохицуулалт хийх   зорил­готой сайн дурын бүлэг байгаа. Энэ
бүлэгт дөчөөс дээш насны ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд хамрагдсан юм.  Нэг бүлэг хоёроос доошгүй хүнтэй. Хичээл
эхлэхээс авахуулаад тарах цагуудад зам дээр зохицуулалт хийнэ. 198 иргэн
оролцохоор саналаа ирүүлээд, өнөөдрөөс ажлаа эхэлж байна. Энэ бүлэг сард 200
мянган төгрөгийн урамшуулалтай ажиллана” хэмээн тайлбарлав.

 Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт Замын
хөдөлгөөний дүрмийн талаар тусгахаар Замын цагдаагийн газар, Нийслэлийн
боловсролын  газрын даргын хам­­тарсан
тушаал гарсан ч хэрэгж­дэггүй юм билээ. Дунд сургуульд амеб, медузаас
авахуулаад үл мэдэгдэх бичил амьтадын тухай заадаг мөртлөө амиа яаж авч гарахыг
заахад цаг гаргадаггүй хэвээрээ бололтой. Хүүхдүүд замын хөдөлгөөнд зүй
зохистой оролцоход эцэг эхийн өгсөн хүмүүжил хамгийн чухал. Хүүхдээ хөтөлчихөөд
гарцгүй газраар зам хөндлөн туучиж явдаг маань буруу дадалтай иргэн
төлөвшүүлж,   осолд хүргэх эрсдэл бий
болгож байгааг ч анхаарах цаг болжээ. Гарцтай газар, ногоон гэрлээр, ойртож ирж
буй тээврийн хэрэгслийг өнгөрүүлсний дараа зам гараарай гэж хүүхдэдээ захиарай.

Б.ЯНЖМАА

Categories
редакцийн-нийтлэл

“Монгол төрийн мэргэн өвөө” ном дахин хэвлэгдлээ

“Самбуу гуай бол брэнд” гэж “Монгол төрийн мэргэн өвөө” номд тодотгожээ.
Энэ нь Ардын Их Хурлын Тэр­гүүлэгчдийн дарга агсан Жамсрангийн Самбуу гуайн тухай
хэлсэн онч үг юм.

Хууль зүйн ухааны доктор, хуульч, сэтгүүлч Ширчингийн Сүхбаатарын  “Монгол төрийн мэргэн өвөө” номын нээлт өчиг­дөр
боллоо. Нэмж тодотгосон уг ном аман түүх-ярилцлагаас бүтжээ. Монгол орныг ноён ну­руу­тай
удирдаж, ард тү­мэнд жинхэнэ төрийн хүн хэмээн хүндлэгдэж явсан Ж.Самбуу гэдэг агуу
хүний тухай өгүүлэх аж. Ж.Самбуу гуай төрд тасралтгүй тавин жил зүтгэсэн бөгөөд
хошуу тамгын хавсраа бичээчээс Гадаад яаманд хэлтсийн дарга, Гадаад яамны орлогч
сайдаар ажиллаж байв. Мөн ОХУ-д есөн жил, хойд Солонгост хоёр жил Элчин сайдаар
суусан дип­ломат хүн. Монгол төрийн тэргүүнээр 18 жил ажилласан энэ хүний тухай
баримт материал аман хууч яриаг “Монгол төрийн мэргэн өвөө” номд багтаажээ.

Төрийн албыг төвшин, мэргэн ухаантай, буурьтай, суурьтай хэрхэн хашдагийн
үлгэр жишээ болсон Ж.Самбуу даргын тухай өгүүлэх энэ ном орчин цагийн төрийн түшээдийн
ширээн дээр заавал байвал зохилтой.  “Монголын
төрд Самбуулаг хүнийг олон болгох санаа зорилгын үүднээс энэхүү номоо бичлээ” гэж
номын зохиогч Ш.Сүхбаатар онцлов. Тэрбээр номын нээлтийн үйл ажиллагааны үеэр “Намайг
хүүхэд байхад Ж.Самбуу гуай Төв аймгийн Бүрэн сумандаа ирдэг байлаа. Түүнийг ирэхээр
хүмүүс олноор цугларч, гэрт багтахгүй болдог байсан сан. Өнөөдөр энд биднийг  Ж.Самбуу гуай цуглуулсан.  Ж.Самбуугийн амьдрал санаж, сэрэхийн ухаарал юм”
гэлээ.

“Монгол төрийн мэргэн өвөө” номын нээлтэд олон хүндтэй зочид ирсэн
байлаа. Тухайлбал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын 17 дахь
Ерөнхий сайд Д.Содном, Ардын уран зохиолч Д.Цоодол, П.Бадарч, яруу найрагч Ш.Бадарч,
Ардын жүжигчин А.Очирбат, Гавьяат хуульч 
С.Нарангэрэл, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Р.Раш, “Өдрийн сонин”-ы орлогч
эрхлэгч Ж.Сандагдорж, ардын их эмч Х.Хатанбаатар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн
эвлэлийн ерөн­хийлөгч Б.Галаарид, Ж.Самбуу гуайн хамаат­нууд болох Сосорбарам хурандаа,
УИХ-ын гишүүн асан Н.Тогтох нарын олон хүн уригдан ирсэн байв. Мөн номын зохиогчийн
аав, ээж болоод гэр бүлийнхэн нь, Төв аймгийн Бүрэн сумын ахмадууд, нутгийн иргэдийн
төлөөлөл гээд заал дүүрэн хүн хуран цугларсан байлаа.

МУГЖ Д.Явгаан гуай аялгуут магтаалаар эхэлсэн энэхүү номын хурим
ирсэн зочдын сэтгэгдэл хийгээд  Ж.Самбуу гуайн
тухай дурсамжаар үргэлжлэв. Ерөнхийлөгч асан П.Очирбат номын зохиогч Ш.Сүхбаатарыг
“Их гарын дарап” гэж онцолж олныг хөгжөөгөөд авлаа. Тэрбээр түүнийг Самбуу судлалын
төлөөлөгч хэмээн тодотгосон. Мөн” Самбуу судлалд хязгаар төгсгөл гэж байхгүй. Хөгшин
залуугүй түүн шиг болохоор хичээцгээе” хэмээв.

Ж.Самбуу гуайн талаарх дурсамжаа  Ерөнхий сайд асан Д.Содном ингэж хуваалцсан юм.
“Ж.Самбуу дарга их бодож байж цөөн үгээр жинтэй хэлдэг байв. Түүнийг хараад би маш
их биширдэг байлаа.  Ж.Самбуу гуай Хойд Солонгосын
дайны үед Элчин сайдаар сууж байсан. Тухайн үед бусад орны Элчин сайдууд тус улсыг
орхиж байсан гэдэг. Харин Ж.Самбуу гуай тийм хүнд үед нь орхиод явчихаагүй. Үнэхээр
Монголынхоо төрийн төлөө найрсаг харилцаатай улстайгаа яаж зөв харилцах вэ гэдэгт
ёстой мэргэн ухаан гаргаж байсан хүн юм. Түүний тухай хоёр зүйлийг тод санадаг юм.
Би Сангийн яаманд ажиллаж байлаа л даа.  Ж.Самбуу
гуай нэг хурал дээр илтгэл тавих болсон. Ингээд би тэр илтгэлийнх нь материалыг
хамт бэлдсэн юм.

Их л хичээн сууж, гурав хоног
ажиллав. Сүүлд Ж.Самбуу дарга намайг дуудаад “Надаас хүсэх юм байна уу” гэж асууж
билээ. Би ч “Байхгүй” гэлээ. Ингэж доод албан тушаатнаа анхаардаг хүн байсан юм.
Бас Ж.Самбуу гуайн 70 насны ой боллоо. Би очоод дуулсан юм. Тэгтэл Ж.Самбуу дарга
“Баярлалаа” гэж миний духан дээр үнсэж байв. Ингэж энэ агуу хүнтэй хоёр удаа нүүр
тулж байлаа. “Монгол төрийн мэргэн өвөө” ном бол төр засгаа удирдаж байгаа хүмүүс
Ж.Самбуу гуай шиг байх тухай сайхан бүтээл боллоо” гэв.

Энэ орой Ж.Самбуу даргын тухай
сонирхолтой баримт өгүүлсэн хүн бол эрдэмтэн Б.Сумъяабаатар юм. Тэрбээр Ж.Самбуу
даргыг Хойд Солонгост айлчлахад  албан
ёсны орчуулагчаар ажиллаж байжээ. “Тухайн үед орчуулга хийхэд хатуу шаардлагатай
байсан. Таван үг хэлбэл яг тэр таван үгээр нь орчуулах ёстой. Ж.Самбуу дарга Ким
Ир Сен гуай хоёртой хамт явж байв. Гэтэл Ким Ир Сен инээдэг юм байна. Тэгсэн Ж.Самбуу
гуай надаас “Энэ дарга яагаад инээв” гэж асуулаа. Би ч пал хийгээд явчихав. Ямар
яагаад инээснийг нь сөргүүлэн асуултай биш. Их л сандарлаа. Тэрнийг Ким Ир Сен анзаарсан
бололтой. “Ж.Самбуу дарга бол баатар хүн” гээд дайны үеэр болсон явдлын талаар ингэж
ярьсан юм. “Маргааш өглөө үүрээр Монголын Элчин сайдын яамыг бөмбөгдөх гэж байна” гэсэн мэдээ надад ирлээ. Тэр дор нь тушаал
өгөөд Элчин сайдын яамыг шилжүүлэх болсон юм. Тэгээд шилжүүлээд уулын хавцалд аваачсан.
Агаарын бөмбөгдөх дохио ч өгсөн. Тэр үед танай дарга шатар өрчихсөн сууж байсан.
Дохио өгөхөд даргын бие хамгаалагч, нарийн бичиг нар нь бүгд аюулгүй байдлаа бодоод
түүнийг орхисон байсан. Харин Ж.Самбуу гуай шатраа бариад тайван алхаж явсан. Тэгэнгүүт
“Монголын Элчин сайдын баатарлаг үйл” гэсэн гарчигтай нийтлэлийг Солонгосын бүх
хэвлэлд гаргах тушаал өгч байсан юм. Тэрээр дайны үед манай солонгосчуудыг зоригжуулсан
хүн. Тэгээд бид тусгайлан урьж байгаа юм. Улсынхаа тугийн одонг гардуулж байна”
гэж Ким Ир Сен гуай хэлж байлаа. Бас нэг удаа Хойд Солонгост очсон юм. Даргын хажууд
Сосорбарам гуай, Удвал гуай хоёр явж байсан. Би орчуулагч учраас нөгөө талд нь явж
байлаа. Галт тэргээр очсон л доо. Гэтэл хаалгаар орох гэтэл Монголын тугийг буруу
харуулаад өлгөчихсөн байна. Би даргадаа хэллээ. Гэтэл дарга үг дуугаралгүй хаалганых
нь урд очоод зогсчихсон.  Солонгосын тал сандарчихсан,
надаас “Та сая юу гээд хэлчихэв” гэлээ. Би Монголын тугийг уруу харуулчихсан байна
гэтэл тэд дор нь зассан. Дараа нь Ж.Самбуу дарга чив чимээгүй цаашаа алхаад явж
байлаа. Ж.Самбуу дарга бол хүнийг мартдаггүй байсан. Би ШУА-д туслах ажилтнаар ажиллаж
байлаа. Нэг өдөр Ж.Самбуу дарга ороод ирсэн. Тэгээд тэр олон хүнээс зөвхөн надтай
гар барьчихаад, юу ч дуугаралгүй яваад өгч билээ” гэж Б.Сумъяабаатар эрдэмтэн дурслаа.

XX зууны дунд үеэс хойш Монголын
хүн ам өсөхөд Ж.Самбуу даргын гавьяа их байжээ. Энэ тухай хуульч О.Нарангэрэл ярихдаа
“Нэг удаа хурал дээр үр хөндүүлэх тухай асуудал яригдаж. Өдөржин хуралдсан гэдэг.
Тэгэхэд Ж.Самбуу гуай чив чимээгүй сууж байжээ. Эцсийн шийдвэрийг тэр хүн гаргах
учиртай. Гэтэл тэрбээр “Монголын үрс маш олон болтугай. Ингээд хурал дууслаа” гээд
гараад явчихсан аж. Ийм л агуу хүн байсан байгаа юм” хэмээв.

Ж.Самбуу 1895 онд төрсөн хүн.
Ирэх онд түүний мэндэлсний 120 насны ой тохиох юм. Энэхүү түүхэн арга хэмжээг угтаж
“Монгол төрийн мэргэн өвөө” ном мэндэлжээ. Нэмж тодотгосон уг бүтээлд Ж.Самбуу гуайн
талаарх олон шинэ баримт тусгагдсан байна лээ. Тухайлбал, түүний төрсөн охиных нь
тухай сонирхолтой баримтыг унших боломжтой.  “Ш.Сүх­баатарын ном цагаа олсон бүтээл бол­лоо.
Энэ төрд Ж.Самбуу гуай дутаж байна” гэж хэлсэн Ардын уран зо­хиолч Д.Цоодол гуайтай
тэнд цугларсан хүмүүс адилхан бодолтой байв.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Үндэсний мэргэжилтэй ажилчид Туул голыг цэвэрлэв

Монгол Улсын Хө­дөлмөрийн яамны хэрэгжүүлдэг “Үндэсний мэргэжилтэй
ажилтан” бэлтгэх хөтөлбөрт хам­рагддаг залуус Туул голыг цэвэрлэв. Туул голын эрэг
дагуу 16 км газ­рын хог хаягдлыг түүх цэвэрлэгээнд 1000  суралцагч хамрагдсан байна.

Маршалын гүүрний орчимд цэвэрлэгээ хийж байсан хэсэг хүмүүс дээр
очлоо. И.Мягмардорж Барилгын Политехникийн коллежид сурч байгаа гэнэ. “Үндэсний
мэргэ­жилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийн хүрээнд тэр тус коллежид хоёр сарын турш
онолын мэд­лэг эзэмшжээ. “Дунд сур­гуулиа дүүргээд Зав­ханаас хотод ирж байлаа.
2001 оноос “Нарантуул” зах дээр зогссон доо. Есөн шидийн юм хийж үзлээ.  Эх­нэр хүүхэдтэйгээ гур­вуулаа амьдардаг бо­ло­хоор
амьдрал хүнд байсан. Ямар ч байсан мэргэжилтэй болохоор шийдэж тус коллежид хандсан.
Намайг маш халуун дотноор хүлээн авч ямар мэргэжил эзэмшвэл цаашид ирээдүйтэй талаар
коллежийн багш нар маань зөвлөсөн. Ин­гээд барилгын мэргэжил сонгосон. Их барилгын
ажил эхэлж буй энэ цаг үед би мэргэжлээ зөв сонгосон гэж бодож бай­гаа. Ажлын байраа
яаж олох билээ гэсэн зовнил байхгүй байгаа. Сургуулиас маань мэр­гэжлийн үнэмлэх
өгнө, нийг­мийн даатгалыг минь төлж байгаа. Сти­­пенд 190 мянган төгрөг авдаг. Гэрээ
хийх ком­па­ниа эхлээд сайн судалж байгаад ажилдаа ханцуй шамлаад орчихно доо” гэж
И.Мягмардорж яри­лаа.

Цэвэрлэгээ хийж бай­­сан залуусын дунд тохитой томоотой нэг хүн харагдсан
нь 52 настай  М.Батбаяр. Тэрбээр ба­рилгын
мужааны мэр­гэжлээр суралцаж байгаа гэлээ. Технологийн дээд сур­гуульд хоёр сар
онол судалжээ. Одоо “Пром сервис” компанид 
дадлага хийх юм байна. Яагаад энэ компанийг сонгосныг лавлахад “Канад карказан
барилгын технологид суралцахыг хүссэн юм” гэлээ. Ажил олгогчтойгоо ярилцлагад орж,
гурван сар дадлага хийсний дараа жинхэнэ ажилтан болохоор гэрээ байгуулсан аж. Хоёр
сар номын дуу сонсох хангалттай эсэхийг сонирхоход “Хангалттай. Долоо хоногийн таван
өдөр хичээл хийдэг” гэсэн юм. М.Батбаяр өмнө нь зуслангийн байшингаа барьсан туршлагатай.
Мань эр  залуудаа Эрчим хүчний байгууллагад
хэмжүүрийн техникч хийж байсан. Техникчийн мэргэжлээ хойд хөршид  ТМС-т эзэмшиж байжээ.Тэтгэвэрт гарсныхаа дараа
ногоо цагаахан тарьж байсан энэ хүнд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөл­бөр”-т
хамрагдах бо­ломж олджээ. Энэхүү хө­төл­бөрт хамрагдсанаар ажил хөдөлмөрийн шинэ
гараагаа эхэлж, залуу насандаа эргэж очсон юм шиг санагдаж байгаа гэнэ. “Үндэсний
мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөл­бөр”-т хүмүүсийг олноор хамрагдаасай, тэр хэрээр
олон хүний амьдрал дэв­жиж дээшлэх юм байна шүү гэж тэр хэлж байлаа.   

Технологийн дээд сур­гуулийн Нийгмийн түнш­лэл хариуцсан ажилтан
Ш.От­гондалай шавь нараа удир­дан цэвэрлэгээнд оролцож байв. “Хөтөл­бөрийн хүрээнд
150 хүн есөн мэргэжлээр манай сургуульд сурч байгаа. Дийлэнх нь 24-35 насныхан”
гэж тэр танилцуулав. Тус сургуу­лийнхан хичээлийн гур­ван байртай учраас хө­төлбөрийн
олон суралцагч ирсэн ч түүртдэггүй гэнэ. 

Хөтөлбөрийн сурал­цаг­чид эрчимтэй ажил­лаж байсан учир хог хийх
шуудай хүлээгдэж  эхэлсэн юм. Туул гол ундны
усны ундаргыг хамгаалах “Тунгаа” төвийн Д.Лхагвадорж  Туул гол цэвэрлэх ажлын их туршлагатай. Хавар
намартаа их цэвэрлэгээ хийдэг. Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл цэвэрлэхэд
1500 шуудай чүү чайтай хүрдэг.  Хар усны тохойгоос
Хар хошуу хүртэл 10 мянган шуудай багаддаг гэж тэр тайлбарласан.

Хөдөлмөрийн яамнаас “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөл­бөр”-ийг
хоёр дахь жил­дээ хэрэгжүүлж буй.  Өнгөрсөн
жил 6417 мэр­гэ­жилтэн бэлтгэжээ. Хө­дөлмөрийн сайд Я.Санж­мятав “Өнгөрсөн жил мэр­гэжилтэй
ажилтан бэлтгэх хөтөлбөрт хам­рагдсан 10 хүн тутмын 8 нь ажилтай болж бай­сан. Энэ
жил дээрх  үзүү­лэлтийг улам ахиулна, чанаржуулна,
залуучууд жил ирэх тусам их, дээд сургууль гэхээсээ илүү мэргэжилтэй ажилтан болж
амьдрал ахуйгаа хурдан дээшлүүлэх хү­сэл эрмэлзэлтэй болж байгаа” гэж байсан юм.
Энэ долоо хоногт мэргэжлийн хувцсаараа ижилсэн, нийслэлээр нэг бужигнаж харагдсан
эдгээр үндэс­ний мэргэ­жил­тэй ажилт­нуудыг ха­ра­хад Хөдөл­мөрийн сайдын яриа амьдрал
дээр биеллээ олсныг баталсан юм. Энэ жилийн эхний 5220 хүн танхимын сургалтын төгсөлтөө
аль хэдийнэ хийжээ. Ажилтай, ор­лого­той монгол хүний тоо өсч байгаа нь өнөөдөр
эдийн засаг хүндэрч байна, иргэдийн орлого буурч байна гэсэн тааруухан мэдээллийн
хажуугаар сонсогдож буй хамгийн таатай мэдээлэл юм даа.

Б.ЯНЖМАА

Categories
редакцийн-нийтлэл

“Монгол төрийн мэргэн өвөө” ном дахин хэвлэгдлээ

 “Самбуу гуай бол брэнд” гэж “Монгол төрийн мэргэн
өвөө” номд тодотгожээ. Энэ нь Ардын Их Хурлын Тэр­гүүлэгчдийн дарга агсан Жамсрангийн
Самбуу гуайн тухай хэлсэн онч үг юм.

Хууль
зүйн ухааны доктор, хуульч, сэтгүүлч Ширчингийн Сүхбаатарын  “Монгол төрийн мэргэн өвөө” номын нээлт өчиг­дөр
боллоо. Нэмж тодотгосон уг ном аман түүх-ярилцлагаас бүтжээ. Монгол орныг ноён ну­руу­тай
удирдаж, ард тү­мэнд жинхэнэ төрийн хүн хэмээн хүндлэгдэж явсан Ж.Самбуу гэдэг агуу
хүний тухай өгүүлэх аж. Ж.Самбуу гуай төрд тасралтгүй тавин жил зүтгэсэн бөгөөд
хошуу тамгын хавсраа бичээчээс Гадаад яаманд хэлтсийн дарга, Гадаад яамны орлогч
сайдаар ажиллаж байв. Мөн ОХУ-д есөн жил, хойд Солонгост хоёр жил Элчин сайдаар
суусан дип­ломат хүн. Монгол төрийн тэргүүнээр 18 жил ажилласан энэ хүний тухай
баримт материал аман хууч яриаг “Монгол төрийн мэргэн өвөө” номд багтаажээ.

Төрийн
албыг төвшин, мэргэн ухаантай, буурьтай, суурьтай хэрхэн хашдагийн үлгэр жишээ болсон
Ж.Самбуу даргын тухай өгүүлэх энэ ном орчин цагийн төрийн түшээдийн ширээн дээр
заавал байвал зохилтой.  “Монголын төрд Самбуулаг
хүнийг олон болгох санаа зорилгын үүднээс энэхүү номоо бичлээ” гэж номын зохиогч
Ш.Сүхбаатар онцлов. Тэрбээр номын нээлтийн үйл ажиллагааны үеэр “Намайг хүүхэд байхад
Ж.Самбуу гуай Төв аймгийн Бүрэн сумандаа ирдэг байлаа. Түүнийг ирэхээр хүмүүс олноор
цугларч, гэрт багтахгүй болдог байсан сан. Өнөөдөр энд биднийг  Ж.Самбуу гуай цуглуулсан.  Ж.Самбуугийн амьдрал санаж, сэрэхийн ухаарал юм”
гэлээ.

“Монгол
төрийн мэргэн өвөө” номын нээлтэд олон хүндтэй зочид ирсэн байлаа. Тухайлбал, Монгол
Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Содном, Ардын
уран зохиолч Д.Цоодол, П.Бадарч, яруу найрагч Ш.Бадарч, Ардын жүжигчин А.Очирбат,
Гавьяат хуульч  С.Нарангэрэл, Монгол Улсын
хөдөлмөрийн баатар Р.Раш, “Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгч Ж.Сандагдорж, ардын их
эмч Х.Хатанбаатар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөн­хийлөгч Б.Галаарид,
Ж.Самбуу гуайн хамаат­нууд болох Сосорбарам хурандаа, УИХ-ын гишүүн асан Н.Тогтох
нарын олон хүн уригдан ирсэн байв. Мөн номын зохиогчийн аав, ээж болоод гэр бүлийнхэн
нь, Төв аймгийн Бүрэн сумын ахмадууд, нутгийн иргэдийн төлөөлөл гээд заал дүүрэн
хүн хуран цугларсан байлаа.

МУГЖ
Д.Явгаан гуай аялгуут магтаалаар эхэлсэн энэхүү номын хурим ирсэн зочдын сэтгэгдэл
хийгээд  Ж.Самбуу гуайн тухай дурсамжаар үргэлжлэв.
Ерөнхийлөгч асан П.Очирбат номын зохиогч Ш.Сүхбаатарыг “Их гарын дарап” гэж онцолж
олныг хөгжөөгөөд авлаа. Тэрбээр түүнийг Самбуу судлалын төлөөлөгч хэмээн тодотгосон.
Мөн” Самбуу судлалд хязгаар төгсгөл гэж байхгүй. Хөгшин залуугүй түүн шиг болохоор
хичээцгээе” хэмээв.

Ж.Самбуу гуайн талаарх дурсамжаа  Ерөнхий сайд асан Д.Содном ингэж хуваалцсан юм.
“Ж.Самбуу дарга их бодож байж цөөн үгээр жинтэй хэлдэг байв. Түүнийг хараад би маш
их биширдэг байлаа.  Ж.Самбуу гуай Хойд Солонгосын
дайны үед Элчин сайдаар сууж байсан. Тухайн үед бусад орны Элчин сайдууд тус улсыг
орхиж байсан гэдэг. Харин Ж.Самбуу гуай тийм хүнд үед нь орхиод явчихаагүй. Үнэхээр
Монголынхоо төрийн төлөө найрсаг харилцаатай улстайгаа яаж зөв харилцах вэ гэдэгт
ёстой мэргэн ухаан гаргаж байсан хүн юм. Түүний тухай хоёр зүйлийг тод санадаг юм.
Би Сангийн яаманд ажиллаж байлаа л даа.  Ж.Самбуу
гуай нэг хурал дээр илтгэл тавих болсон. Ингээд би тэр илтгэлийнх нь материалыг
хамт бэлдсэн юм.

Их л хичээн сууж, гурав хоног ажиллав. Сүүлд Ж.Самбуу дарга
намайг дуудаад “Надаас хүсэх юм байна уу” гэж асууж билээ. Би ч “Байхгүй” гэлээ.
Ингэж доод албан тушаатнаа анхаардаг хүн байсан юм. Бас Ж.Самбуу гуайн 70 насны
ой боллоо. Би очоод дуулсан юм. Тэгтэл Ж.Самбуу дарга “Баярлалаа” гэж миний духан
дээр үнсэж байв. Ингэж энэ агуу хүнтэй хоёр удаа нүүр тулж байлаа. “Монгол төрийн
мэргэн өвөө” ном бол төр засгаа удирдаж байгаа хүмүүс Ж.Самбуу гуай шиг байх тухай
сайхан бүтээл боллоо” гэв.

Энэ орой Ж.Самбуу даргын тухай сонирхолтой баримт өгүүлсэн
хүн бол эрдэмтэн Б.Сумъяабаатар юм. Тэрбээр Ж.Самбуу даргыг Хойд Солонгост айлчлахад  албан ёсны орчуулагчаар ажиллаж байжээ. “Тухайн
үед орчуулга хийхэд хатуу шаардлагатай байсан. Таван үг хэлбэл яг тэр таван үгээр
нь орчуулах ёстой. Ж.Самбуу дарга Ким Ир Сен гуай хоёртой хамт явж байв. Гэтэл Ким
Ир Сен инээдэг юм байна. Тэгсэн Ж.Самбуу гуай надаас “Энэ дарга яагаад инээв” гэж
асуулаа. Би ч пал хийгээд явчихав. Ямар яагаад инээснийг нь сөргүүлэн асуултай биш.
Их л сандарлаа. Тэрнийг Ким Ир Сен анзаарсан бололтой. “Ж.Самбуу дарга бол баатар
хүн” гээд дайны үеэр болсон явдлын талаар ингэж ярьсан юм. “Маргааш өглөө үүрээр
Монголын Элчин сайдын яамыг бөмбөгдөх гэж байна”
гэсэн мэдээ надад ирлээ. Тэр дор нь тушаал өгөөд Элчин сайдын яамыг шилжүүлэх болсон
юм. Тэгээд шилжүүлээд уулын хавцалд аваачсан. Агаарын бөмбөгдөх дохио ч өгсөн. Тэр
үед танай дарга шатар өрчихсөн сууж байсан. Дохио өгөхөд даргын бие хамгаалагч,
нарийн бичиг нар нь бүгд аюулгүй байдлаа бодоод түүнийг орхисон байсан. Харин Ж.Самбуу
гуай шатраа бариад тайван алхаж явсан. Тэгэнгүүт “Монголын Элчин сайдын баатарлаг
үйл” гэсэн гарчигтай нийтлэлийг Солонгосын бүх хэвлэлд гаргах тушаал өгч байсан
юм. Тэрээр дайны үед манай солонгосчуудыг зоригжуулсан хүн. Тэгээд бид тусгайлан
урьж байгаа юм. Улсынхаа тугийн одонг гардуулж байна” гэж Ким Ир Сен гуай хэлж байлаа.
Бас нэг удаа Хойд Солонгост очсон юм. Даргын хажууд Сосорбарам гуай, Удвал гуай
хоёр явж байсан. Би орчуулагч учраас нөгөө талд нь явж байлаа. Галт тэргээр очсон
л доо. Гэтэл хаалгаар орох гэтэл Монголын тугийг буруу харуулаад өлгөчихсөн байна.
Би даргадаа хэллээ. Гэтэл дарга үг дуугаралгүй хаалганых нь урд очоод зогсчихсон.  Солонгосын тал сандарчихсан, надаас “Та сая юу
гээд хэлчихэв” гэлээ. Би Монголын тугийг уруу харуулчихсан байна гэтэл тэд дор нь
зассан. Дараа нь Ж.Самбуу дарга чив чимээгүй цаашаа алхаад явж байлаа. Ж.Самбуу
дарга бол хүнийг мартдаггүй байсан. Би ШУА-д туслах ажилтнаар ажиллаж байлаа. Нэг
өдөр Ж.Самбуу дарга ороод ирсэн. Тэгээд тэр олон хүнээс зөвхөн надтай гар барьчихаад,
юу ч дуугаралгүй яваад өгч билээ” гэж Б.Сумъяабаатар эрдэмтэн дурслаа.

XX зууны дунд үеэс хойш Монголын хүн ам өсөхөд Ж.Самбуу даргын
гавьяа их байжээ. Энэ тухай хуульч О.Нарангэрэл ярихдаа “Нэг удаа хурал дээр үр
хөндүүлэх тухай асуудал яригдаж. Өдөржин хуралдсан гэдэг. Тэгэхэд Ж.Самбуу гуай
чив чимээгүй сууж байжээ. Эцсийн шийдвэрийг тэр хүн гаргах учиртай. Гэтэл тэрбээр
“Монголын үрс маш олон болтугай. Ингээд хурал дууслаа” гээд гараад явчихсан аж.
Ийм л агуу хүн байсан байгаа юм” хэмээв.

Ж.Самбуу 1895 онд төрсөн хүн. Ирэх онд түүний мэндэлсний
120 насны ой тохиох юм. Энэхүү түүхэн арга хэмжээг угтаж “Монгол төрийн мэргэн өвөө”
ном мэндэлжээ. Нэмж тодотгосон уг бүтээлд Ж.Самбуу гуайн талаарх олон шинэ баримт
тусгагдсан байна лээ. Тухайлбал, түүний төрсөн охиных нь тухай сонирхолтой баримтыг
унших боломжтой.  “Ш.Сүх­баатарын
ном цагаа олсон бүтээл бол­лоо. Энэ төрд Ж.Самбуу гуай дутаж байна” гэж хэлсэн Ардын
уран зо­хиолч Д.Цоодол гуайтай тэнд цугларсан хүмүүс адилхан бодолтой байв.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

С.Соронзонболд: “Цогт тайж”, “Алтан өргөө“ тэргүүтэн сор бүтээлүүдээс сэргээлээ

Төрийн шагналт хөгж­мийн зохиолч С.Сорон­зонболд шавь нарын
хамт “Мон­голын хөгжмийн зохиолч­дын том хэлбэ­рийн бүтээлийг тоон сис­темд оруулах”
төсөл хэрэг­жүүллээ. Энэ хү­рээнд симфони, дуурь, бүж­гэн жүжгийн нийт 21 бүтээлийг
сэргээж бүрэн эхээр нь хэвлүүлэхэд бэлэн болоод байна. Үүнд Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн,
С.Гончигсумлаа, Д.Лувсан­шарав, Э.Чойдог, З.Хангал, Х.Билигжаргал, Ж.Чулуун, Б.Шарав
нарын бүтээл оржээ. Энэ талаар С.Сорон­зонболдтой ярилцлаа.

-Та Монголынхоо хөгж­мийн зохиолчдын сор бол­сон бүтээлүүдээс
тоон системд оруулснаар цөөн боловч үнэт бүтээлүүд найдвартай хамгаалагдлаа. Хэрхэн
хийв?

-Манай
орчин цагийн хөгж­мийн түүхийн сурах бичиг өнөө хэр хэвлэгдээгүй байна. Н.Жанцанноров
гуайн “Хөгжмийн зохиолчдын 12 хөрөг” гэж ном байдаг. Үүнээс өөр орчин цагийн хөгжмийн
түүхийг судалсан, хөгж­мийн зохиолчдынхоо бүтээлийг судалсан түүхийн ном хараахан
гараагүй. Бусад улс орнууд бүгд өөрсдийн хөгжмийн түүхтэй. Манайх яагаад өөрийн
хөгжмийн түү­хийн сурах бичиг гаргаагүй юм бэ, бичдэг хүн байдаггүй юм уу, судалдаггүй
юм болов уу, учир шалтгаан нь юу юм бол гээд үзэхээр бүх хөгжмийн зохиолчдын бүтээлийг
мэр­гэж­лийн хүрээний төдийгүй ний­тийн хүртээл болгож амжаа­гүй байдаг. Яагаад
амжих­гүй байна гэхээр Дуу­рийн театрын, Улсын Филар­монийн, Чуулгын урын сан­гуу­дад
хав дарагдаад оюутан судлаачдад хүний гар бичмэл гээд үзүүлэхгүй, аваад явж болохгүй
зэрэг олон шалтгаанаар сургалт судалгаа, уран бүтээлийн эргэлтэд оруулахгүй байсаар
ирсэн. Үнэндээ ч ганц хувь юм үрэгдээд алга болчихвол нөхөж баршгүй хохиролд хүр­нэ
шүү дээ. Зарим нь цэнхэр бэхээр, зарим нь хар бэхээр биччихсэн гар бичмэлүүд учраас
зарим хэсэг нь бал­раад, партитурууд нь хуга­раад, хугарсан хэсгүүдийг нь нааснаас
ан цав гарчихсан, тэр нь скочоор наачихсан байх жишээтэй. Тэр нь дараа­гийнхаа хуудастай
наалдчихсан, наалдсаныг нь салгах гээд урчихсан, дундаас нь хэсэг хэсгээрээ ч алга
болчихсон байх юм. Яг бүрэн хэмжээгээрээ хадгалагдсан нь тун ховор. Дээрээс нь олон
хүний гараар хуулсан байх юм. Наад зах нь дөрвөн өөр хүний гараар хуулсан, дуурийн
үгнүүд гэхэд л хуул­бар болгонд зөрж байлаа. Учир нь найрал дуучид, дуу­чид нь дуулахад
аль болох өөртөө аятайхан болгож үгийг нь өөрчилчихөн байдаг юм байна. Дуурийн яруу
най­раг эхээсээ өөр өөрөөр хуулаг­дан үлдсэн байх юм. Тэр бүх хуулбарыг харьцуулан
үзэхээр хуулбар бүрт үгнүүд нь хоорондоо зөрж байх жишээ­тэй. Өнөөгийн манай театр,
чуулгуудын урын санд байгаа партитурууд иймэрхүү түвшинд хадгалагдаж байна. Тэднийгээ
мэддэг ерөөсөө хоёр гуравхан хүнтэй, тэд нар нь сейфэндээ хийгээд цоожилчихсон байдаг.
Зарим нь бүр дээр үеийн юмнууд гээд сейфэн дээрээ ил хаячихсан байдаг. Ийм байдалтай
өдий хүрсэн. Аливаа улс үндэс­тэн, түүний мэргэжлийн сур­гуулиуд, сургалт судалгааны
хүрээлэнгүүд бол ийм өв, бүтээлүүдээ заавал өвлөн авч магистр, докторын ажил хийдэг.
Энэ бүтээлүүд бараг нэг нь гэхэд л хэд хэдэн докто­рын ажил юм. Энэ хэдэн бүтээл
дээр ажиллаж байхдаа хара­хад зуу гаруй докторын судал­гааны ажил байна. Харам­салтай
нь бусдын хүр­тээл болоогүй учраас ССАЖЯ, Соёл урлагийг хөгжүү­лэх сангийн тэтгэлгээр
том хэлбэрийн бүтээлүүдийг тоон системд оруулах төслийг хэрэгжүүлж байгаа юм.

-Бэрхшээл хэр их тулгарав?

-Их
гэгээн сайхан сэтгэ­лээр хандаж явахад яг эх гар бичмэл нь олддоггүй юм байна. Театр
чуулгуудын урын санд юу хадгалж байна гэвэл, дандаа хоёрдогч гуравдагч хүний гараар
хуулчихсан хуул­барууд байгаа юм. Ноот цэвэрхэн бичдэг хүний гараар хуулчихсан хуул­барууд.
Тэгэхээр жинхэнэ гар бичмэл нь хаана байна аа гээд зохиогчдынх нь ар гэрийнхнээс
асууж сурахаар манайд байхгүй ээ гэдэг. Театр чуулгын дарга нар, урын сангийн эрхлэгч
нар хэлэхдээ, ерөөсөө байгаа нь энэ, хүний үнэтэй юмыг яаж хэрэглэх вэ гэж бодоод
бүгдийг нь гараар хуулуулаад эхийг нь эзэнд нь буцаагаад өгчихсөн гэдэг. Эзэд нь
одоо байхгүй, зарим нь амьд байгаа ч олонх нь одоо байхгүй. Үлдсэн эзэд нь гээд
хайхаар займчаад хэнд байгаа нь мэдэгдэхгүй. Яг эх нь олдохгүй байгаа учраас одоо
тоглогдож байгаа партитураас нь сэргээж, дутууг нь өөр нэг газар тог­логд­сон хувилбараас
нь нөхөж, огт  байхгүйг нь орхиод, хуулбарууд
хоорондоо зөрөөд байгаа хэсгийг нь сэргээхдээ хамгийн сүүлчийн хуулбарыг нь баримталлаа.

Ямар бүтээлүүдийг та сонгов?

-Юун
түрүүнд бид “Цогт тайж” киноны хөгжмийг гарга­лаа. Анх 1945 онд Монголдоо тоглогдсон.
Манайхан сим­фони найрал хөгжим тог­ло­доггүй байсан үе шүү дээ. Оросоос Эрхүүгийн
Филар­монийн хөгжимчид ирж, дээр нь хятад шианзны бөмбөр, өөрийнхөө үндэсний оркестрын
шанз зэргийг нэмж байж “Цогт тайж” киноны хөгж­мийг тоглосон юм байна лээ. Түүнээс
хойш дахиж нэг ч тоглоогүй. Энэ бүтээлийн партитур нь бас их сонин юм. Цогт тайжийн
алдрыг магтсан их сайхан найрал дуу байгаа юм л даа. Тэр нь кинондоо ч дуугараагүй.
Эх зохиолдоо байгаа хэр нь кинондоо ороо­гүй. Кинонд Смирнов гуай орос маягийн хөгжмүүдийг
нэмээд оруулчихсан байдаг.  Зарим хөгжмийг
нь хасаад орос маягийн хөгжим нэмээд оруулчихсан учраас эх зохиол­доо байгаа хасагдсан
хөгжим нь дуугараагүй. “Цогт тайж” киноны хөгжим Билэгийн Дамдинсүрэн, Л.Мөрдорж
нар Смирновтой хамтарч хийсэн хөгжим шүү дээ. Энэ 21 бүтээл дотор хоёр киноны хөгжим
байгаа. Нэг нь “Цогт тайж”, нөгөө нь Л.Мөрдорж гуайн “Алтан өргөө” киноны хөгжим.

-“Алтан өргөө” киноны хөгжмийг Германы Бер­линий Филармонийн
сим­фони оркестр тоглосон анх­ны бичлэгээр нь манайхан сайн мэдэх байх.  Дижитал хэв­лэлд үүгээрээ байгаа юу?

-Тийм
ээ. Хоёр улсын харилцааны хүрээнд манайх хүсэлт тавьж, тухайн үед манайд сууж байсан
Элчин сайд Метерник гэдэг хүн цааш нь уламжилснаар Л.Мөрдорж гуайн гар бичмэлийн
хуул­барыг нь Германаас ирүүлсэн байдаг. Хуудас болгон дээр нь “хуулбар” гэсэн бичиг
бүхий тамгатай. Ингээд 1995 онд “Алтан өргөө”-гийн хөгжмийг, уг хуулбарыг нь манайхан
өөрсдөө Монголдоо анх хөгжимдсөн юм. Энэ алдартай зохиол зохиогдож тоглогдсоноосоо
хойш 35 жилийн дараа партитур нь эх орондоо ирсэн нь тэр л дээ. Ирсэн гээд байсан
нөгөө партитураа сая бид сэргээх гээд үзэхэд нэлээд хэсэг нь алга болчихсон байна.
Германаас бүрэн бүтэн ирсэн мөртлөө энд алга болчихсон юм уу, чухам хаана алга болсон
юм бүү мэд.

-Энд хаанахын архивт хадгалагддаг билээ?

-Улсын
Филармоний архивт.

-Берлиний Филармо­нийн анх тоглосон бичлэ­гээс бүрэн эхийг
нь сэргээх бололцоотой юу?

-Маш
хэцүү. Тэнд тогло­ход нь Мөрдорж гуай сонсч сууж. Заримдаа жаахан сонин дуугараад
байхаар нь яаж тоглохыг хэлж өгсөн гэдэг юм. Тэгж тоглуулж бичүүлсэн. Тэгэхэд удирдаач
нь Мөрдорж гуайд “Та одоо энд хөлөө ачиж сууж болно оо” гэж хэлсэн юм гэнэ лээ.
Та бол хөгжмийн зохиолч мөн байна аа л гэсэн хүндэтгэл юм л даа. Германчууд “Алтан
өргөө”-г тухайн үед өөрс­дөдөө зориулж дахин нэг удаа тоглосон юм гэсэн. Энэ хоёр
киноны хөгжмөөс гадна Л.Мөр­дорж гуайн “Миний эх орон” симфонийг мөн оруулсан.

-“Миний эх орон” бол манай үндэстний анхны симфони бүтээл.
Хосгүй үнэт өв. 1956 онд бичсэн эх бичвэр нь хаана байдаг вэ. Танд олдов уу?

-Улсын
Филармонид байгаа юм. Гэхдээ яг эх нь биш. Хуулбар нь. Ар талд нь “агуу их Мөрдорж
багшийнхаа бүтээлийг хуулсан тэр” гээд хуулбарласан хүн нь нэрээ бич­чихсэн байдаг.
Дуурь балетын зохиолуудыг бас энэ мэтчилэн сэргээлээ. Дуурийн партитур бол нэлээн
асуудалтай байлаа.

-Гэхдээ дуурь, балет байнга тоглож байдаг учраас үрэгдэх нь
арай гайгүй баймаар юм?

-Зарим
дуурь ганц хоёр тоглогдоод алга болчихсон байдаг учраас асуудалтай юм. Жишээ нь
“Хөхөө Намжил” дуурь байна. 1960-аад онд гарсан дуурь. Нэг хүний гараар хуулсан
эхний хуулбар байгаа юм. Гэтэл 1979 онд хуулсан хоёр дахь хуулбар, 1980 онд хуулсан
гурав дахь, 1981 онд хуулсан дөрөв дэх хуулбар байна. Мөн 1996 онд СУИС-ийн дөрвөн
оюутан гараараа хуулаад сургуульдаа бэлэглэж байсан өөр нэг хуулбар байна. Тэр дөрвөн
оюутан үзэгдэл тус бүрээр нь хувааж аваад хуулсан байх жишээтэй. Ингээд “Хөхөө Намжил”
дуурийн таван өөр хуулбарыг бид тулгаж үзэж байж сэргээгээд сая тоон системд оруулж
байгаа хэрэг.

-Тав, түүнээс олон хүний гараар хуулсан хуулбарууд гэж та
хэллээ. Хоорондоо хэр зөрөх юм?

-Нэлээн
зөрж байна. Хуул­бар бичигч хүний хөгжмийн онолын боловсролоос шалт­гаалж нэлээн
их зөрүүтэй байна. Заримдаа бараг анхны ч мэдэг­дэхүүнгүй юм уу гэмээр хүний хуулсан
төвөгтэй юмнууд их тааралдаж байлаа. Тэр дунд дуурьт огт хамаагүй юмнууд ч холилдчихсон
байдаг юм байна.

-Хуулбаруудаас эх зохио­лыг сэргээхдээ та голдуу сүүлд үйлдсэн
хуулбарыг баримталсан гэлээ. Яагаад вэ. Эхний хуулбар жинхэнэ эхдээ илүү ойр баймаар
санагдах юм?

-Аль
болохоор одоо тоглож байгааг нь баримталж байгаа юм. 

-Энэ бүхэнд ер нь хэр хугацаа зарцуулав?

-Жил
гаруй. Анхандаа ийм их хугацаа орно гэж бод­сон­гүй л дээ. Их л эмх цэгц­тэй юм
руу орно гэж бод­сон. Төсөөлөхөд бэрх эмх замбараагүй, үрэгдэж алга болчихсон байдаг
юм байна.

-Манайхан яагаад орчин үед оюуны соёлын хосгүй өвдөө хэтэрхий
хайн­га хандаж ирсэн байна вэ. Хос­гүй үнэт зүйлсээ хамгаалж хадгалах Засгийн хийх
ёстой ажлыг та хийсэн байна. Соёлын тал дээр өнөөдрийг хүртэлх Засгийн газруудын
үүрэх ёстой үүргийг одоо хувь хүмүүс үүрч эхэлж байна?

-Эд
нарын санхүүжилтээр хийж байна л даа. Гэхдээ эд нарын урьд нь хийх ёстой л ажил.
Зарим улс орны туршлагаас бид бас сонирхлоо л доо. Бетховен нас барсны дараа Лейпцигийн
их сургуулийн нэг профессор бүх гар бичмэлийг нь хувь хүмүү­сээс цуглуулж авсан
байна. Тухайн үед гар бичмэлийг хувилдаггүй байсан учраас зохиогч нь хувь хүмүүст
худалд­чихдаг байж л дээ. Тэр чинь одооноос хэцүү үе. Нөгөө профессор хүмүүсээс
зохиогчийн гар бичмэлийг авч тэндээс нь өөрөө хуулж аваад анх  1858 онд хэвлэж гаргасан юм байна. Тэр нь он цаг
өнгөрөх тусам сайжирсаар байгаад гайхалтай төгс болж л дээ. Анхны эх файл нь тоглоход
маш хэцүү. Зарим нь бүр уншихад хэцүү. Түү­нийг нь хожим хянан тохиолдуулахдаа цаад
утга санааг нь эвдэхгүйгээр хүн уншихад эвтэйхэн болгоод явсан хэрэг. Одоогоос зуун
тавь жаран жилийн өмнө ингэж юмаа цэгцлээд авчих­сан байх жишээтэй. Тэгэхдээ энийг
хийдэг тусгай мэргэжилтнүүдээ бэлдчихсэн байх юм. Ийм мэргэжлийг манай улс хараахан
шаард­ла­гагүй гэж үзсэн юм уу хөг­жимчид удирдаачдаа л бэлдэж ирсэн юм болов уу
даа. Заавал редакторын өндөр боловсролтой хүн зохиол дээр ажиллаж байж тэр зохиол
сайжирч он дамжиж ирдэг л дээ. Өөр нэг туршлага бай­на. Мусоргский гэж Оросын хөгжмийн
зохиолчийг манайхан мэдэх байх. Тэр хүн дуурийн алдартай зарим бүтээлүүдээ зохиож
амжаагүй нас барчихсан. Тиймээс Шостакович гэх мэт тухайн үеийн Оросын томоохон
хөгжмийн зохиолчид хамтарч бичсэн байдаг юм. Бүлэг бүлгээр нь хувааж аваад, алдартай
зарим дуурийг нь яг Мусоргскийн өөрийнх нь арга барилаар бичсэн байдаг. Зөвхөн Оросын
гэлтгүй Францын хөгжмийн зохиолч Морис Равель эд нар хүртэл хамтарсан байдаг юм
байна лээ. Түрүү үеийнхээ хөгжмийн зохиолчдын бүтээлийг ингэж хүндэлж, хувааж авч
бичихдээ өөрсдийнхөө нэрийг тавьдаггүй. Цаад хүнийхээ нэрээр бичиж, улам гоё болгоод
явдаг. Ийм туршлага байдаг юм билээ.

Ер
нь манай энэ 21 бүтээл бол монгол хүний жинхэнэ оюун ухаанаас гарсан соёлын үнэт
өв шүү дээ. Үнэлж баршгүй. Соёл урлаг хөгжүүлэх сангаас энэ номыг ердөө зуун ширхэг
хэвлэж байна. Зөвхөн мэргэжлийн байгууллагуудад тараах юм байна лээ. Тэгэхээр судалгааны
эргэлтэд орчихож байна гэсэн үг. Тоглогчдын хувьд ч амар болно. Хаана ч энэ зохиолуудыг
хүнээс гуйж хайх юмгүй тоглож болохоор боллоо. Энэ эхлэлээс цаашид манай Монголын
орчин цагийн хөгжмийн түүх бичигдэх байх гэж бодож байна.

Н.ПАГМА 

Categories
редакцийн-нийтлэл

Д.Лүндээжанцан: Одоо байгаа хүмүүст ажиллаж чадна гэсэн баталгаа байгаа юм уу

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа.

-Хаврын чуулган эхэлж, улс төр хөдөлгөөнд орлоо. Давхар дээлийг
дан болгоно гэж яриад байгаа хуулийн төслийг батлах эсэх асуудлыг энэ долоо хоногт
шийдэх байх. Баталлаа гэхэд хэзээнээс хэрэгжүүлэх вэ гэдэг дээр маргалдаад байх
шиг байна л даа?

-Онолынх
нь хувьд оршил болгоод хэдэн зүйлийг юуны өмнө хэлчихье. Тухайлбал, Үндсэн хуульд
хүрэлгүйгээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлах
асуудлыг органик хуулиар зохицуулах удаа дараагийн оролдлого нь улс төрийн намуудын
субьектив нөлөөнөөс болж хэрэгжиж чадаагүй өдий хүрсэн л дээ. Харин Ерөнхийлөгч
санаачилж, улс төрийн бусад намууд дэмжиж одоо энэ өөрчлөлтийг хийх гэж байгаад
талархаж байна. Бид өмнө нь гаргасан алдаагаа засах ёстой. Энэ алдаанаасаа ичиж
цаг алдах шаардлага байхгүй. Ийм учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулсандаа нэг ёсондоо
хүлцэл өчиж байна.

-УИХ-ын гишүүн  сайдын
албыг давхар хаших нөхцөлийг бүрдүүлсэн нь алдаа байжээ гэж үү?

-Хэдийгээр
энэ өөрчлөлт нь тухайн үед  төрийн машин гацаагүй
ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн гэж  тайлбарладаг.
Тэр цаг үедээ хагас дутуу таарч тохирч байсан байж болно. Гэвч өнөөдрийн өндөрлөгөөс
харахад энэ өөрчлөлт одоо цагт тохиромжгүй гэдэг нь амьдралаар батлагдаж байна.
Ер нь бол 1789 оны Францын хүний болон иргэний эрхийн тунхагийн 16 дугаар зүйлд
хүний эрхийг хамгаалаагүй, төрийн эрх мэдлийг хуваарилаагүй улсад Үндсэн хууль оршдоггүй
гэж заасан байдаг. Монтеске тэртээ 1748 онд нийтлүүлсэн Хуулийн амин сүнс бүтээлдээ
хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг нэгтгэвэл эрх чөлөөг боомилно. Эрх чөлөөг боомилбол
шударга шүүх байхгүй. Парламент, шүүх хоёр нийлбэл хуулийн дарангуйлал үүснэ. Эрх
мэдэл, шүүх хоёр нэгдвэл бодит дарангуйлал үүсэх бололцоотой гэж дүгнэсэн байдаг.
Тиймээс Үндсэн хуулийг дордуулсан долоон өөрчлөлтийн хамгийн их шүүмжлэлийн бай
болсон энэ заалтыг одоогийн парламент нэн даруй засах шаардлага бий болчихоод байна.  Ингэвэл нэгдүгээрт алдаагаа засч байгаа хэрэг.
Улс орны хувьд ч тэр Монгол Улсын системийг зөв голдиролд нь оруулахад томоохон
түлхэц болно гэж бодож байна. Үндсэн хуульд энэ өөрчлөлтийг оруулж, УИХ-ын гишүүн
сайдын албыг давхар хаших болсноор эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулж, гүйцэтгэх
эрх мэдэл нь парламентаа давамгайлж байсан хуучин тогтолцоог сэргээсэн. Хуучин тогтолцоо
гэдэг нь социализмын үеийнхийг хэлээд байна. Тэр үед Ардын их хурал нь жилд нэг
удаа хуралддаг. Засгийн газар буюу сайд нарын зөвлөл нь бүх ажлаа хийдэг байсан
шүү дээ. Ялангуяа Засгийн газрын 19 гишүүний 17 
нь УИХ-ын гишүүний албыг давхар хашиж байгаа одоогийн явдал нь яалт ч үгүй
хуучны тогтолцоогоо сэргээе гэсэнтэй агаар нэг болчихоод байна.

-Ардын намынхан төр барьж байхдаа энэ өөрчлөлтийг яагаад хийж
чадалгүй, давхар дээлтэйгээ яваад байсан юм бэ гэдэг асуудал бас гарна…

-Энэ
тухайгаа би эхэнд нь хэлсэн шүү дээ. Юм болгоныг өмнөх рүүгээ түлхэхээ болих хэрэгтэй.  Герман, Английн парламентад сайд нарын эзлэх хувь
маш цөөн байдаг. Гэтэл өнөөдрийн манай парламент 39 хүний ирцтэй хуралдаад 20 гишүүн
хууль баталж байна. Энэ нөхцөлд Засгийн газрын гишүүн давамгайлах боломж бүрдчихээд
байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Ингээд дээдэс нь суудлаа олохгүй
бол доодос нь гүйдлээ олохгүй гэдэг үг бодит болж хувирах нь. Тийм учраас Засгийн
газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн хэрэгжих хугацааг наашлуулъя гээд байгаа
юм. Парламент нь хяналтаа сайн тавьдаг, Засгийн газар нь гүйцэтгэх ажлаа сайн хийдэг
болмоор байна. Гэтэл дээр байгаа энэ хоёр байгууллага нь суудлаа олохгүй байхаар
орон нутаг, яам, агентлаг, төрийн өмчийн аж ахуйн байгууллагууд гүйдлээ олохгүй
байна. Нийгэм, эдийн засгийн хямралын тухай ярьж байгаа боловч цаанаа төрийн тогтолцооны
хямрал нүүрлэчихээд байна шүү дээ. Үүнийг илааршуулах арга нь давхар дээлийг нэн
даруй тайлах.  Үүнийг шийдэхэд хугацаа алдаж
болохгүй гэдэг дээр манай намын бүлэг тогтсон.

-Тэртэй тэргүй дараагийн сонгууль болоход бараг хоёрхон жил
үлдэж байхад заавал Засгийн газрыг өөрчилж, тогтворгүй байдал бий болгох нь ард
түмэнд хохиролтой биш үү?

-Улс
төрийн тогтвортой байдлын тухай яриа бий. Засгийн газрын гишүүд давхар дээлээ тайлснаар
улс төрийн тогтвортой байдал алдагдахгүй гэж би үзэж байгаа. Харин ч эдийн засаг
хямарч, ард түмний амьдрал ядуурч, ажилгүйдэл ихэсч, өргөн хэрэглээний барааны үнэ
нэмэгдэж, мөнгөний ханш суларвал төрийн тогтворгүй байдал үүснэ. Нөгөө талаар төрийн
тогтолцооны гажуудлаас болж төр тогтворгүй болно шүү дээ. Тийм учраас төрөө тогтвортой
байлгая гэвэл эдийн засгаа өөд нь татаж, зөв бодлого явуулж, төрийн тогтолцооны
гажуудлыг нэн яаралтай засах хэрэгтэй.  Тэгэхгүй
бол наад зах нь иргэдийн парламентад итгэх итгэл алдарна.  УИХ ч гэж дээ гишүүдээ сайдын албан тушаалд аваачдаг
газар юм байна гэдэг ойлголт иргэдэд төрнө. 
Ингээд Ерөнхийлөгчийн засаглалтай болъё, парламентын хоёр танхимтай болъё
гэх мэтийн ярианууд газар аваад эхлэх шинжтэй. Эцсийн эцэст ард түмний төлөөллийн
байгууллага болсон парламент нь нэр хүндтэй, өөрийнхөө чадавхийг бүрэн дүүрэн ашиглаж
чадвал сая Монгол Улс хөгжинө.   Энэ л Монголын
ардчиллыг аврах нэг арга болно. Ийм учраас хугацаа алдах ёсгүй.

-Танай нам энэ хуулийг батлагдсаных нь маргаашнаас хэрэгжүүлье
гээд байгаа билүү?

-Ирэх
долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ гэдэг горимын санал бий гэж ойлгож байгаа.
Нөгөө талаар заавал 17 сайдтай зууралдаад 
давхар дээлийг нь тайлна гээд зүтгээд байх албагүй. Тодорхой хувь нь үлдээд
ажлаа хийж болно. Гэхдээ үүнийг олонхи шийднэ. 
Ядаж л Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно.
Үүнээс цааш хэтрэхгүй байх шаардлагатай байна. Мөн 50 хувь нь УИХ-ын гишүүн,
50  хувийг нь гаднаас томилох  хувилбар 
байж болно. Гэхдээ үүнд би лав дурамжхан байгаа.

-Танхимын гишүүдийн 50 хувь нь эсвэл Ерөнхий сайд нь огцорвол
Засгийн газар бүрэлдэхүүнээрээ өөрчлөгддөг хуулийн заалттай. Тэгэхээр дээрх хуулийн
төсөл батлагдаад сайд нарын давхар дээлийг тайлуулчихад Засгийн газар огцрох болчихоод
байгаа юм биш үү?

-Энэ
асуудлыг яаж оновчтой шийдэх вэ гэдэг арга замыг хайх хэрэгтэй. Тэр эрх нь хэлэлцүүлгийн
явцад нээлттэй байгаа. Түүнээс биш би эрх баригч хүчний удирдлага биш. Сайд нарын
хэдийнх нь давхар дээлийг тайлуулна гээд шийдчихэж чадахгүй. Бүгдээрээ хэлэлцвэл
буруугүй гэдэг зарчмаар л явах хэрэгтэй. 
Мэдээж Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь зэрэг огцорвол эсвэл Ерөнхий сайд
солигдвол шинэ Засгийн газар бүрэлддэг хуультай.

Хэрэв
Засгийн газрын гишүүдийн 50 хувийнх нь давхар дээлийг тайлчихвал хуулийнхаа дагуу
тийм асуудал болно л биз. Ямар галав юүлчихэж байгаа биш.

-Тэгэхээр Ардын намынхан заавал Засгийн газрыг огцруулах бичиг
өргөн барилгүйгээр энэ хуулийн төслөөр асуудлыг шийдэх гээд байх шиг харагдаад байна…

-Мэдэхгүй.
Засгийн газрыг огцруулдаг ч бай, үгүй ч бай ямар ч байсан эхний ээлжинд суурь гажуудлаа
арилгах шаардлагатай байна. Хамгийн наад зах нь хариуцлагын тогтолцоо сайжирна.

-Ер нь шинээр Засгийн газар бүрдүүллээ гэхэд  үүсээд байгаа нөхцөл байдал, эдийн засгийг сайжруулж,  бүх зүйл өргөс авсан юм шиг зүгээр болчихно гэж
үү. Үүний оронд одоо байгаа хүмүүсээ шахаж ажиллуулаад энэ хүнд байлаас гарах нь
зөв биш үү?

-Одоо
байгаа хүмүүст ажиллаж чадна гэсэн баталгаа байгаа юм уу. Хүн бүхэн өөр өөрийнхөө
өнцгөөс харж байна.  Анхнаасаа  мордохын хазгай болчихсон юм. Засгийн газрын танхимыг
хэт олон гишүүнтэй байгуулж, дийлэнхийг нь УИХ-аас бүрдүүлснээс болж асуудал үүссэн.
Бодит байдал дээр болохгүй гэдэг нь батлагдчихаад байхад явуулаад байх юм уу. Тиймээс
энэ Засгийн газар зайлшгүй тогтвортой оршин тогтнох ёстой гэж үзэж байгаа юм бол
гол яамдын сайдуудаа аваад үлдэнэ биз дээ. Энэ бол эрх баригчдын л бодлогоос шалтгаална.

-Энэ хуулийн төслийг батлах эсэхийг шийдэх давхар дээлтэй
яваа 17 сайд санал хураалтад орох ёсгүй гэж танай намынхан үзээд байгаа…

-Эрх
баригчид өөрсдөө юу гэж тайлбарлахыг мэдэхгүй юм. Жишээ нь хууль хэлэлцэж байхад
ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд санал хураалтад оролцохгүй гэж хэлээд манай хоёр
гишүүнийг хөөгөөд гаргаж байсан удаа бий. Харин одоо энэ хуулийн төсөл дээр өөрсдөө
яах юм. Засгийн газрын 17 сайд ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзвэл хуралдаанд суух
байх. Зөрчилтэй гэж үзвэл гараад л явна биз. Ямар ч хүн хараажийн мэдээжийн ойлгомжтой
байхад сайд нар эрхбиш бодох байлгүй дээ. Ард түмнээс мандат аваад ирсэн хүмүүс
аливааг бодож тунгааж зөв шийдвэр гаргах чадвартай байлгүй гэж найдаж байна.

-Сонирхлын зөрчлийн хуулиар энэ тохиолдолд яах ёстой гээд
заачихсан юм бэ?

-Хуулийнх
нь заалтыг хэлээд өгье. УИХ-ын Дэгийн тухай хуулийн санал хураалт явуулах ерөнхий
журамд “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд
ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураараа татгалзах
бөгөөд энэ тухайгаа хурал даргалагчид урьдчилан мэдэгдэнэ” гээд заачихсан байгаа.

-Үүнийг үндэслээд 17 сайдыг хөөгөөд гаргачихвал
гишүүдийн санал өгөх эрхэд халдана гэж АН-ынхан үзээд байгаа л даа?

-Хууль
нь ийм байна шүү дээ. Тийм учраас сайд нарын ухамсар мэдэх биз дээ. Минийхээр бол
энэ 17 сайд санал хураалтад оролцох ёсгүй.

-Хэрэв 17 сайд санал хураалтад оролцоод кноп дарчихвал яах
вэ?

-Тэгвэл
Ашиг сонирхлын зөрчлийн хууль байгаа учраас асуудал Цэц дээр очих байх.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

 

Categories
редакцийн-нийтлэл

“Bank of China” Монголд салбараа нээвэл бидэнд ийм эрсдэл байна

“Bank of China” манайд төлөөлөгчийн газраа ажиллуулдаг дэлхийн “акул”
банкуудын нэг. Одоо харин салбараа нээхээр ажиллаж байгаа гэсэн мэссэж хүчтэй явж
байна. Гадны банкуудын салбар жил ажиллаад салбар нээх зөвшөөрөл хүсч болдог хууль
манайд үйлчилдэг. “Bank of China”-гийн хувьд энэ хугацаа нь болсон ч салбараа нээх
хүсэлт гаргахаа түрдээ азнасан гэсэн мэдээлэл байсан юм. Гэтэл учир мэдэх улсын
ярьж байгаагаар дэлхийн томоохон банкны нэг 
“Bank of China” тун удахгүй Монголд салбараа нээх бололтой.

Гадаадын банкны салбар ажиллаад эхлэхээр зээлийн хүү буурах сайн
талтай гэж сурах бичигт бичсэн байдаг л даа. Гадны банкууд ороод ирэхээр өрсөлдөөн
нэмэгдэнэ, өрсөлдөөн нэмэгдэхээр зээлийн хүү буурна гэсэн тайлбарыг албаныхан унагадаг.
Өнгөцхөн сонсоход аятайхан л тайлбар. Ухаад үзэхээр оросууд манайд зуун шатахуун
түгээх станц барьж өгье гэж найр тавьдагтай ижил юм даг уу даа. Тэр үед шатахуунаа
зуун хувь Оросоос авдаг монголчуудад “Өө эд чинь станц бариад бензинээ түгээвэл
шатахуунаа хямд аваад ашигтай юм биш үү” гэж дуу алдахаар мэдээ байсан. Гэхдээ алсдаа
шатахуунаараа зуун хувь нэг улсаас хараат болох аюултай санал гэдгийг нь учир мэдэх
хэд нь хэлж байгаад болиулсан жишээ бидэнд бий. Хэрвээ тэр үед оросууд зуун шатахуун
түгээх станцаа манайд барьчихсан бол өнөөдөр бид шатахууны үйлдвэр ярихтай манатай
л сууж байгаа. Гадаадын банкны салбар орж ирлээ гэхэд төгрөгөөр бага хүүтэй зээл
олгоод эхлэх юм шиг ойлголтыг манай шийдвэр гаргагчдын зарим нь иргэдэд өгөх  байх. Харамсалтай нь тэгэхгүй. Гадаад валютаар
л зээл олгох боломжтой.

“Bank of China”-гийн салбар манайд үүдээ нээвэл бидэнд ямар эрсдэлтэй
вэ гэж сонирхох хүн олон бий.  Эхний эрсдэл  нь улс орны эдийн засгийг хуваах аюул. Манай улсын
хөрөнгө оруулагчдын дунд урд хөршийн бизнесмэнүүд жин дардаг. Өнөөдрийн байдлаар
гэхэд  Хятадын хөрөнгө оруулалттай юм уу ямар
нэг оролцоотой  6000 гаруй компани Монголд
үйл ажиллагаа явуулдаг гэсэн статистик бий. Хөрш улс, том зах зээлийн хувьд байж
болох хэмжээ. Үүнийг нь бол хэн ч хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Хятадын хөрөнгө оруулалт, оролцоотой хэдэн мянган компанид улсынх
нь банк үйлчлээд эхэлбэл яах вэ гэдэг талаас нь харъя.  Анзаарч харахаар л өнцөг. Манай зах зээлд  эргэлдэж байгаа мөнгөний багагүй хэсэг нь урд
хөршөөс гаралтай. Монгол гэдэг бүхэл бүтэн улсын эдийн засаг  Монголын болон Хятадын хамааралтай болж хуваагдмал
байдалд орохоор дайны нөлөө бий гэх гээд байна л даа. Ингэвэл эдийн засгийн үр ашиг
муудах аюултай гэж болгоомжлох эдийн засагч байна.  Жишээ нь Малайзын эдийн засаг Энэтхэг, Малай,
Хятадын хамааралтай гэсэн хуваагдмал байдалд орсон жишээ бэлхнээ бий.

Дараагийн аюул нь дотоодын санхүүгийн
системийн эрсдэл гэж зарим шинжээч хэлж байна. Гадны хөрөнгө оруулалт, капиталын
богино хугацааны тогтворгүй урсгалд амархан автдаг, ингэснээсээ болж системийн эрсдэлд  их эмзэг болдог  аюул бий гэнэ. Зүүн Өмнөд Азийн орнууд болон Аргентинд
яг ийм шалтгаанаас үүдсэн хямралын жишээнүүд байдаг. Дотоодын банкны зах зээл дэх
хяналтаа гадны санхүүгийн бүлэг­лэлүүдэд бүрэн алдсан Зүүн Европын орнуудыг бас
жишээ татаж болно.  

Анхаарах учиртай гурав дахь шалтгаан
нь улс орны аюулгүй байдал. Аюулгүй байдалд нөлөөлөхөөр онцгой эрсдэл ч бий аж.
Их хэмжээний санхүүжилт хийх салбар гэхээр одоохондоо уул уурхай  л байна. Тэгвэл ийм том санхүүжилтийн барьцаа
нь юу байж болох вэ. Ухаж ядах юмгүй. Ашигт малтмалын  нөөц ихтэй ордууд. Компаниудын мэдэлд байгаа хамгийн
үнэтэй баялаг  гэвэл энэ л байна. Газрын хэвлий
доор байгаа баялаг гадны банкны мэдэлд орох өндөр эрсдэл бий. Нөөц ихтэй ордыг банк
мэдэлдээ авлаа гэхэд УИХ, Засгийн газар юу хийж чадах вэ.  Стратегийн ач холбогдолтой салбарт гэж ирээд  хөрөнгө оруулалтыг үргээн барин баталсан хууль
шигээ гэнэтхэн нэг хууль санаачлаад асуудлыг шийдэж чадахгүй.  Учир нь зээлээ төлөөгүй компанийн барьцаа хөрөнгийг
хурааж авах мэдэл банкинд бүрэн бий. Энэ эрхийн эсрэг засаг юу хийгээд ч нэмэргүй.
Зохицуулж хамгаалах ямар ч чадваргүй болж хяналтаа алдах л аюул бий.

Нэг зүгийн хөрөнгө оруулагчид
төвлөрсөн, голлох зах зээл нь уул уурхайн бүтээгдэхүүний экспорт болсон манайх шиг
жижиг эдийн засагтай улсын хувьд том орны том банкны салбар ажиллана гэдэг эрсдэлтэй
алхам. Санхүүжүүлэх төсөл нь хэрэгжихгүй эрсдэлд орохыг мэдсээр байж бодлогын чанартайгаар
санаатайгаар зээл олговол яах вэ. Зорилго нь зөвхөн барьцааг нь мэдэлдээ авах байвал
яахав. Учир нь өнөөхдөө барьцаалчихаар том юм гэвэл дээр хэлсэнчлэн бидэнд уул уурхайн
ордууд л байна. Барьцаа хөрөнгийг нь санаатайгаар гартаа оруулах ийм арга дэлхийд
түгээмэл байдаг юм билээ.

Хамгийн том эрсдэл нь жамаараа
хөгжиж яваа дотоодын санхүүгийн систем өрсөлдөх чадваргүй болно. Туулайг луутай
өрсөлдүүлэхээр хэн нь ялахав, тодорхой.  Манай
банкууд чөлөөт зах зээлийн зарчмаар ширүүн, эрүүл өрсөлдөөн дунд ажиллаж байгаа.
Хөрөнгө оруулалтын урсгал тасарсан эрсдэлтэй орчин, өндөр инфляци, эдийн засгийн
одоогийн нөөц боломжтой харьцуулбал харин ч хурдтай хөгжиж яваа салбар. Энэ эрчийг
нь сааруулахаар зүйл хийх ямар хэрэг байгаа юм бол.

Дөрөв дэх эрсдэл гэвэл төлбөр
тооцооны системтэй холбоотой. Салбар нээнэ гэдэг нь төлбөр тооцооны системд бүрэн
оролцоно гэсэн үг.  “Валютын ханш, мөнгөн
урсгал, эдийн засгийн санхүүгийн эрсдэлд хэрхэн нөлөөлөх, хэрхэн хяналт тогтоох
нь ойлгомжгүй нөхцөлд орно” гэж хэлэх хүн байна. 

Өндөр хөгжсөн улсууд гадаадын
банкны салбарт тийм таатай ханддаггүй. Япон, Солонгос гэхэд л банкны зах зээлээ
гадныханд тун алгуурхан нээсэн байдаг. Манайх шиг юу юугүй өврөө нээгээгүй юм билээ.
Гадаадын банкууд заавал салбар нээхгүйгээр Төлөөлөгчийн газрын статусаараа Монголын
дотоод зах зээлд зээл олгоод явж буй жишээ цөөнгүй байгаа. Монголд төлөөлөгчийн
газраа нээсэн SBMC,  TMBC зэрэг Японы банкууд
байна. Салбараа нээх гэхээс илүү төслийн санхүүжилтэн дээр ажиллах зорилго л тэдэнд
бий. 

Ц.БААСАНСҮРЭН