Азид айргийн тавд орсон Ерөнхийлөгчөө бид юугаар мялаах вэ гэж. Хуучин шигээ элдвээр мушгин муучилсаар суух нь бас ч гэж арай хэтийдсэн хэрэг болох ч юм шиг. Одоо малчин гаралтай юм хэмээн хээнцэрлэн шоологсод эрхбиш дуугаа аяарсгах байлгүй. Дуугүй болно гэж ч байхгүй л болов уу. Уг шагналыг хөөцөлдөж байгаад авчихдаг ч эд биш байлгүй дээ.
Дэлхийд НҮБ-ын гишүүн улс гүрэн хоёр зуу гаруй байдаг. Тэгвэл манай Ерөнхийлөгч тэр бүх улсын дарга нараас эхний арван нэгдүгээр байрт шалгарчээ. Харин Ази тивд ямар айхтар улс гүрэн байдаг билээ бид бүгд мэднэ. Тэгэхэд эхнээсээ тавд эрэмбэлэгджээ. Дэлхийн хэмжээнд шалгарсан ийм дайны амжилт бидэнд спортоос л үзүүлэх нь түгээмэл юм. Ялангуяа бөхийн талын хэдэн охид л сүүлийн үед дэлхийд нэрээ дуурсгаж байгаа. Түүнээс улс төр талаасаа сүүлийн үед ер нь амжилт гаргаж нэрээ дуурсгаж байсан нь тун цөөхөн.
Тэгвэл бид улсын Ерөнхийлөгчийнхөө энэ амжилтаар бахархах ёстой. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ч өөрөө ардчиллын бэлгэ тэмдэг юм. Тэрбээр 1990 оны цагаан морин жилийн хувьсгалыг удирдан зохион байгуулсан хэдхэн хүний нэг яах арга үгүй мөн билээ. Энэ хувьсгалыг эхлүүлснээрээ тэрбээр Монголын ард түмний өмнө мартагдашгүй гавьяа байгуулсан.
Мөн 2008 оны долдугаар сарын хоёрны өглөө ард түмэндээ хандан телевизээр мэдэгдэл хийсэн нь ардчилсан хувьсгалаас ч дутахгүй гавьяа байгуулсан үйлдэл хэмээн олон хүн хүндлэн үздэг. Тэрбээр гудамжинд пиг шигэн зогссон байлдааны хуягтын араас, автомат буу ард түмэн лүүгээ шагайсан армийн дундаас уг мэдэгдлийг хийсэн нь эр зоригийн асуудал байлаа. “Эх баригчид арай дэндүү даварч байна. Тавын таван иргэн буудуулан нас барсан байна. Мянга шахуу залуусыг баривчлан хорьсон байна” хэмээн мэдэгдэж байлаа. Энэ мэдэгдэл ардчилалд хайртай олон зуун мянган хүнийг зоригжуулсан. Бүх зүйл ингээд дуусчихаагүй юм байна. Тэмцэх зоригтон байсаар л байгаа юм байна гэсэн итгэл тэдэнд төрүүлсэн. Тиймдээ ч Монголын ард түмэн дарангуйлал тогтоочихолгүй ардчиллыг хамгаалан авч үлдэж чадсан.
Тэр үед бүх телевизийг хаасан. Зөвхөн хотын цагдаагийн Сайнжаргалын бэлтгэсэн “Баярмагнай ах үүнийг өгсөн” гэх дультраа хэлтэй жүжиг л нэвтэрч байсныг бид бүхэн харж байсан. Бүрэн зэвсэглэсэн дарангуйлагч машин ид хөөр хөгжөөнтэй ажиллаж эхэлсэн цаг байлаа. Дэнжийн мянгын саатуулах байранд гэм зэмгүй олон залуус хэлмэгдэн гангийн халуунд цагдаа нарт дэглүүлэн түй гэх ч шүлсгүй хатаж байхад хотын гудамжинд халуун хоол цайтай цэргүүдэд жимсний шүүс тараан ид хаваа гайхуулж байлаа, дарангуйлагч машин. Түүнээс хойш бүтэн жилжингээ ард түмнээ зохион байгуулалттайгаар шүүн шоронд явуулж байв. Шүүх хурлын дүгнэлт урьдчилан гарчихдаг байсан гэцгээдэг.
Хэрэв Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болон сонгогдон гарч ирээгүй бол өдийд Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нар цааз сонсчихоод давж заалдах гээд гүйж байх байв. Хэрэв цагаа олсон ардчилсан Ерөнхийлөгчтэй болоогүйсэн бол дарангуйлагч машин таван сайхан залуугийн цусаар асчихаад унтарч өгөлгүй өнөөдрийг хүргэх байлаа. Дургүй хүргэсэн болгоныгоо “Долдугаар сарын нэгний гэмтэн” хэмээн зарлаж шорон гяндангаа ард түмнээрээ дүүргэх байв. Төр засгийг шүүмжлэн сөрвөлзсөн бүрийг өөрсдийн буудсан таван залуугийн амь насанд холбон хэлмэгдүүлэх байсан.
Үнэнийг мэдээлж шударга ардын талд дуугарсныхаа төлөө “Ийгл” телевиз, “Өдрийн сонин” хоёр л лав хаагдах байлаа. Хэрэв ардчилсан Ерөнхийлөгчтэй болж чадаагүй байсан бол Оюу толгой, Таван толгой хоёр хэдэн дарга нарын мэдлийн зүйл болоод л дуусах байсан биз ээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүн болоод уул уурхай, байгаль орчин, цөлжилтийн эсрэг дэлхий нийтийн анхаарлыг хандуулах гэх зэргээр олон дорвитой зүйл хийж байна. Үүгээр нь ч дэлхий мэддэг болжээ. “Түвдүүдийг Далай ламын нэрээр нь дэлхий мэддэг шиг Ц.Элбэгдоржийн нэрээр монголчуудыг дэлхий мэддэг болно” гэж сэтгүүлч Ж.Мягмарсүрэн нэгэнтээ бичиж байсан. Тэр зөгнөл үүгээр биеллээ олж эхэлж байгаа бололтой. Хүмүүсийн байгуулсан гавьяаг бид ихэнхдээ зохих ёсоор нь үнэлж сураагүй байдаг. Бас зориудаар анзаараагүй мэт дүр үзүүлдэг.
Түүнээс өдийд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өөр хүн ингэж дэлхийн удирдагчид дотроос 11дүгээр байрт орсон бол бүхэл бүтэн улсаараа хөл алдан сүйд майд болж байгаа. Жишээ нь манай хуучин Ерөнхийлөгч Н.Энхбаяр ийм амжилт үзүүлсэн бол тэр өөрөө болон түүний тойрон хүрээлэгчдийн хэл нь амандаа багтахгүй болтлоо магтаалын үг урсгаж хэдэн ч удаагийн хасбуу тамгаар шагначихсан байгаа гэдгийг бидний өнгөрсөн туршлага харуулж байгаа.
Гэвч бид одоогийн Ерөнхийлөгчийн үзүүлсэн амжилтыг бушуухан мартахыг яарч байна. Тэгээд ч хүмүүс зарим хүмүүсийн гавьяаг магтаж сүйд болдоггүй. Яагаад гэвэл тэр эгэл хүмүүсийн дунд гавьяа байгуулахаар төрдөг. Тийм үүрэгтэй ирдэг. Хийх ёстой юмаа хийлээ л гэж хүмүүс дүгнэдэг. Харин гавьяа байгуулахааргүй юмнуудыг гавьяаны хэлтэрхий төдий юм үзүүлэхэд сүйд болдог нь ч ийм учиртай. Одоо тэгээд Азид айргийн тавд хурдалж, дэлхийд 11 орсон Ерөнхийлөгчөө юугаар мялаамаар юм дээ.
Ж.САНДАГДОРЖ