Улсын Дээд шүүхийн Ерөнхий
шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зоригттой ярилцав. Түүний Ерөнхий
шүүгчээр томилогдсоноосоо хойш хэвлэлд өгч байгаа анхны ярилцлага нь энэ юм.
-Та Улсын Дээд шүүхийн Ерөнхий
шүүгчээр томилогдоод бараг хагас жил болох гэж байна. Энэ хугацаанд юуг хийж
амжуулав гэдгээс яриагаа эхлэх үү?
-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы
уншигчдын энэ өдрийн амар амгаланг айлтгая. Миний бие Улсын Дээд шүүхийн Ерөнхий
шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын ажлыг хүлээн аваад удахгүй зургаан
сар болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын
зөвлөлөөс зөвлөмж болгосон “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх
хөтөлбөрийг шүүхэд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үндсэн чиглэл” гэсэн ажлын
төлөвлөгөөг боловсруулж гаргалаа. Энэ баримт бичиг нь шүүхийн стратеги
төлөвлөгөө буюу бидний цаашдын зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх
үр дүнг тодорхойлсон нэг үгээр хэлбэл үйл ажиллагааны “газрын зураг” гэж
ойлгож болно.
Мөн шүүхэд эрх зүйн шинэтгэлийг
гүнзгийрүүлж, Захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог улам боловсронгуй болгох
үүднээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг шинээр байгуулж, үйл
ажиллагааг нь эхлүүллээ. 2004 онд Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан
шүүх анх байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 2011 оны дөрөвдүгээр
сарын 1-ний өдрийг хүртэл давж заалдах шатны чиг үүргийг Улсын Дээд шүүхийн
Захиргааны хэргийн танхим хэрэгжүүлж байлаа. Давж заалдах болон хяналтын
шатны шүүхийн чиг үүргийг нэг танхимын шүүгчид хэрэгжүүлж байсан нь
дагнасан шүүхийн зорилго, үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдөж, зарим
хүндрэлүүд үүсгэдэг байсан. Одоо давж заалдах журмаар гомдол гаргасан захиргааны
хэргийг улсын хэмжээнд бие даасан шүүх хянан шийдвэрлэх болсноор Монгол
Улсад захиргааны хэргийн дагнасан шүүхийн тогтолцоо бүрэн утгаараа
ажиллах болов. Шинэ шүүхийг байгуулж, хуульд заасан хугацаанд үйл ажиллагааг
нь эхлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их
Хурал, Засгийн газар, Төрийн өмчийн хороонд энэ дашрамд талархлаа илэрхийлье.
Шүүхийн
үйл ажиллагааг олон
нийтэд нээлттэй, ил тод болгоход чиглэсэн зарим ажлуудыг хийж байна. Юуны түрүүнд бүх
шатны шүүхүүдийг өөрийн цахим хуудастай болгож, түүнд тухайн шүүхийн талаарх мэдээ, мэдээлэл,
үйл ажиллагааны
тайлангаас гадна шүүхийн
шийдвэр, тогтоолуудыг нийтэлж байна. Энэ нь шүүхийн
шийдвэр хэрхэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий
гарч байгааг иргэд олон нийт үзэж
ойлгох, тэдний эрх зүйн
мэдлэгийг дээшлүүлэх, шүүгчид шийдвэр, тогтоолоо боловсруулахдаа
илүү чамбай хандахаас
гадна шүүхийн практик
судлалын чиглэлд чухал ач холбогдолтой байх болно.
Монгол Улсын бүх
шатны шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим санг бий болохоор төлөвлөн холбогдох
судалгаа, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулаад байна.
Энэ хугацаанд
Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймаг
дахь шүүхүүдийн ажил байдалтай биечлэн танилцаад байна. Ингэснээр шүүхийн үйл
ажиллагаанд тулгамдаж байгаа ямар асуудлууд байгааг газар дээр нь судлан
биечлэн танилцаж, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлж байна.
Цаашдаа шүүх эрх
мэдлийг Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн шударгаар хэрэгжүүлэх,
шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүхийн удирдлага,
дотоод ажлын зохион байгуулалт, хүний нөөцийг бэхжүүлэх, гадаад харилцаа, хамтын
ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, менежментийг боловсронгуй болгох зэрэгт
гол анхаарлаа хандуулан ажиллана.
-“Шүүх эрх
мэдлийн шинэчлэл ба шударга ёс” чуулга уулзалт саяхан болж өнгөрлөө. Энэ
чуулга уулзалтаас ямар үр дүн гарав. Ер нь энэ арга хэмжээний дараа шүүх
дорвитой өөрчлөгдөнө гэж найдаж болох уу?
-Монгол Улсын
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс”
үндэсний чуулган Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганы онцлог
нь шүүх эрх мэдлийн шинэтгэлийн талаар зөвхөн тухайн салбарын төдийгүй, хууль
тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл, иргэний нийгэм, бизнесийн төлөөлөл, хууль зүйн
сургуулиуд болон эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллага зэрэг бүхий л
талуудын төлөөллийг оролцуулсан, асуудлыг олон талаас нь ярилцаж, шийдлүүдийг
тодорхой хэмжээнд томъёолж чадсанаараа чухал ач холбогдолтой болж чадсан гэж
үзэж байна. Үндэсний чуулганаас нэгдсэн санал, зөвлөмжүүд гарсан, шинээр
батлагдан гарах Шүүхийн тухай багц хуулиуд болон бусад хууль тогтоомжид
тусгалаа олно гэдэгт итгэлтэй байна.
Шүүхийн
тогтолцооны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн ерөнхий
зөвлөлийн тухай хуулиудад зарчмын шинжтэй шинэлэг зохицуулалтуудыг зоригтой
оруулан, Улсын Их Хурлаас тэдгээрийг баталж чадвал шүүхийн шинэчлэл амжилттай
хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэнэ.
-Олон нийт
шүүхэд шүүмжлэлтэй хандах нь олонтаа. Шүүхийн шинэтгэл гэж яриад удаж байна.
Шүүхэд ер нь шинэтгэл хэрэгтэй байгаа юу. Хэрэгтэй бол юуг нь шинэчлэх
хэрэгтэй вэ?
-Хүмүүнлэг
иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон иргэд
төрийн үйл ажиллагааны талаар санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, алдаа дутагдалтай
зүйлийг шүүмжлэх эрхтэй. Төрийн байгууллагын бүтэц, тогтолцоо нийгмийн
хэрэгцээ шаардлагыг даган байнга шинэчлэгдэж байх ёстой, шүүх ч үүнд мөн адил
хамаарна. Иймээс хүрсэн үр дүн ололт дээрээ тулгуурлан алдаа дутагдлыг залруулах
замаар шинэчлэлийг байнга хийх шаардлагатай. Нэн түрүүнд чадварлаг, ёс зүйтэй
хүний нөөцөөр шүүхийг хангадаг, шударга тогтолцоог бий болгох, шүүхийн
санхүүжилтийн өнөөгийн тогтолцоог үндсээр нь өөрчлөх, үйлчилгээг олон нийтэд
илүү ойртуулж, чанар, үр дүнг нэмэгдүүлэх, шүүхийн бие даасан байдлыг нь
бодитоор баталгаажуулах шаардлагатай байна.
-Та сайн
ажиллалаа ч удирдлагад тань байгаа хүмүүс алдаа дутагдал гаргасаар л байна.
Тэр нь шүүх муу гэсэн нэр зүүхэд хүргэдэг. Тухайлбал нэг дүүргийн шүүгчийн
хүүхдийн хэргийг хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах гэж элдэв арга саам хийсэн
тухай яригддаг. Сая Хэнтийд гарсан үйл явдал гээд шүүгчийн нэрд цөвтэй зүйлс
цөөнгүй гарч байна. Шүүхийн ажилтны ёс зүйн талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Шүүгчийн ёс зүйн
дүрмийг 2003 онд Шүүгчдийн зөвлөлийн хуралдаанаас баталж мөрдсөн боловч цаг
хугацааны эрхээр дээрх дүрмийн зарим заалтуудыг өөрчлөх зайлшгүй шаардлага
байсан учир “Транспэрэнси-Монгол” ТББ-тай хамтарч Үндсэн хууль, бусад хуулиуд,
шүүхийн ёс зүйн талаарх Банглорын болон, Азийн бүс нутгийн шүүхийн хараат бус
байдлын зарчмуудад нийцүүлж, шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулж,
2010 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Шүүгчдийн зөвлөлийн хуралдааны 02 дугаар
тогтоолоор, мөн шүүхийн ажилтны ёс зүйн дүрмийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн
даргын 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 31 дүгээр захирамжаар тус тус
баталсан, өнөөдөр шүүгчид шүүхийн ажилтнууд дээрх дүрмийг мөрдөн ажиллаж
байна.
Өөрөөр хэлбэл манай шүүгч, шүүхийн ажилтнууд
бүгд үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээтэй болсон. Ёс зүйн зөрчил
гаргасан шүүгч, шүүхийн ажилтнуудад хариуцлага тооцдог механизм шүүхийн хувьд
бүрэлдсэн бөгөөд шүүгчийн хувьд Шүүхийн Сахилгын хороо, шүүхийн ажилтнуудын
хувьд тухайн шүүхийн тамгын газар, хэлтсийн дэргэд ёс зүйн хороод ажиллаж байна. 2010 оны 11 сараас хойш нийт
66 шүүгчид холбогдох 53 гомдол иргэд, байгууллагаас шүүхийн сахилгын хороонд
ирүүлсэн бөгөөд найман шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгаснаас долоон
шүүгчид сахилгын арга хэмжээ авснаас хоёр шүүгчийг албан тушаалаас нь
огцруулсан байна.
Цаашид шүүгч,
шүүхийн ажилтнуудыг сонгон шалгаруулахад хамгийн түрүүнд анхаарах зүйл бол нэр
дэвшигч нарын зан суртахууны байдал бөгөөд түүнд бодитой дүгнэлт өгч,
шаардлага хангасан хүмүүс шүүхийн өндөр босгоор алхаж ордог төрийн албан хаагчийн
дийлэнх олонхи нь шударга, ёс зүйтэй хүмүүс гэдэгт итгэлтэй байдаг.
-Ээжээрээ
шүүлгэж ааваараа мөрдүүлнэ гэж ярих юм. Хууль хяналтын байгууллагад гэр бүлийн
ийм тогтолцоо бий болчихсон юм биш үү. Үүнийг яаж өөрчлөх вэ?
-Хянан
шийдвэрлэгдэж байгаа хэргийн оролцогч нь шүүгчтэй садан төрлийн холбоотой эсвэл
шүүгч нь хэргийн оролцогчтой хувийн харьцаатай бол шүүгч өөрөө татгалзан гарах
үүрэгтэй байдаг. Энэ зарчим прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид ч
адилхан үйлчилдэг. Амьдрал дээр харж байхад хуулийн сургуульд хамт сурч байхдаа
гэр бүл болсон хүмүүс нэлээд байдаг цаашид мэргэжлийнхээ чиглэлээр буюу шүүх,
прокурор, цагдаа, өмгөөлөл гээд үйл ажиллагаа нь өөр хоорондоо холбоотой
байгууллагуудад ажиллах нь бий. Энэ нь эргээд олон нийтийн зүгээс элдэв
хардлага төрүүлэх үндэслэл болдгийг үгүйсгэхгүй. Бид энэ хардлагыг төрүүлэхгүй
байх нөхцөлийг хангах зорилгоор шүүхийн хүний нөөцийн бодлого дээр онцгой
анхаарч, зохион байгуулалтын шинжтэй ажлуудыг байнга хийж байна.
-Шүүгчид
авлигаас ангид байж чадаж байна уу. Тэр энэ шүүгчид мөнгө өгсөн гэх яриа их
байдаг. Өөрийнхөө хэргийг бүтээж байгаа болохоор үүнийг иргэд ил хэлэхгүй энэ
асуудал дарагдаад өнгөрдөг гэсэн яриа бий?
-Шүүгч авлига,
ашиг сонирхлын зөрчлөөс ямагт ангид байж, зөвхөн хуульд захирагдан, шударга
ажиллах үүрэгтэй. Шүүгчид мөнгө өгсөн, шүүгч мөнгө авсан нь тогтоогдож,
шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг одоогоор байхгүй боловч иймэрхүү төрлийн яриа
яагаад гараад байгаад анхаарал хандуулж, тодорхой арга хэмжээнүүдийг авна.
Шүүгч гаргаж байгаа шийдвэрийнхээ үндэслэлийг хэргийн оролцогчдод дэлгэрэнгүй
тайлбарлан ойлгуулж байх ёстой. Монголын шүүх авлигагүй гэсэн бат итгэл
үнэмшлийг олон нийтийн дунд бий болгохын төлөө бид хичээх болно.
-Цаазын ялыг халах саналыг Ерөнхийлөгч
гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхэд бэрхшээл хэр байна. Жишээ нь хүнээ алуулчихсан
хүмүүс цаазын ялыг халахыг их эсэргүүцдэг шүү дээ?
-Цаазаар авах ял
ногдуулсныг хэрэгжүүлэхгүй байх талаар гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн
шийдвэрийг хуульч, иргэн хүний хувьд бүрэн дэмжиж байгаа. Хүний амийг ямар ч тохиолдолд егүүтгэж
болохгүй гэдгийг төр өөрөө үлгэрлэн харуулах ёстой юм. Энэ бол соёлт хүн
төрөлхтний нийтлэг жишиг бөгөөд бид ч гэсэн үүнээс гажих ёсгүй. Ерөнхийлөгчийн
санаачилгыг хууль хэрэглээний талаас нь авч үзвэл онцгой хүндрэл байхгүй. Учир
нь Эрүүгийн хуульд ялын дээд хэмжээг сонголттой хэрэглэж болохоор заасан.
Гэхдээ одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуульд зарим онц хүнд хэрэг
үйлдсэн тохиолдолд цаазаар авах ял оногдуулах тухай заалт хэвээр үйлчилж
байгаа тохиолдолд шүүх тухайн ялыг хэрэглэх боломж нээлттэй байна л гэсэн үг.
Монгол Улс цаашид цаазаар авах ялыг бүрмөсөн хэрэглэхгүй байх заалтыг Үндсэн
хууль, Эрүүгийн хуульд тусгах нь зүйтэй.
Нөгөө талаас
хохирогч, гэрчийн эрхийг хамгаалах асуудал дээр төрөөс онцгой анхаарах, тэдгээрийн
эрх зүйн баталгааг хуульчлах шаардлага зүй ёсоор гарч байна.
-Танайхан шүүх хараат бус гэдэг ч шүүхийг
хараат гэж үзэх нь бий. Тухайлбал Улсын Их Хурал, Засгийн газар төсвөөр
боомилох жишээтэй?
-Шүүгчийн хараат
бус, шүүхийн бие даасан байдал хэрхэн бодитой хангагдах нь шударга шүүх оршин
тогтнох үндэс, үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн явуулах гол нөхцөл юм.
Харамсалтай нь манай улсад энэ зарчмыг хангалттай ойлгож, өргөн утгаар
хэрэгжүүлэх тал дээр хуримтлуулсан туршлага, мэдлэг харьцангуй хомс байгаа нь үнэн. Гэхдээ бид шүүгчийн хараат
бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиглэлээр тодорхой санал, санаачилгуудыг
гаргаж, бодитой ажлуудыг хийж байгаа. Тухайлбал таны хөндсөн шүүхийн бие даасан
байдлын нэг чухал бүрэлдэхүүн болох төсвийн хараат бус байдлыг хангах тал
дээр чанарын эргэлт хийж, шүүхийн төсвийг үлдэгдлийн зарчмаар хуваарилдаг
байдлыг халах нь зүйтэй. Ингэхийн тулд шүүхийн төсвийг улсын нэгдсэн төсвийн
тодорхой хувиас буюу 1.5-аас багагүй байх, төсвийн төслийг шүүхээс шууд Улсын
Их Хуралд өргөн мэдүүлдэг байх, хэмжээг өмнөх жилийнхээс бууруулахгүй байх зэрэг
зарчмын шинжтэй шинэлэг зохицуулалтуудыг холбогдох хуулийн төсөлд оруулахаас
гадна хуулийн зохицуулалт баталгаатай
хэрэгжих механизмыг хуульд суулгаж өгөх хэрэгтэй.
-Жилд дөчин
мянган хэрэг шүүхээр шийдэгддэг гэж үзэхэд 400 гаруйхан шүүгч үүнийг хянана
гэдэг нь өөрөө боломж багатай юм шиг. Энэ талаар?
-Монгол Улсад
нийт 436 шүүгчийн орон тоотой. Улсын хэмжээнд шүүхээр шийдвэрлэгдэж байгаа
хэрэг маргааны 50 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж
байгаа шүүхүүдэд ногддог. Харин эдгээр шүүхүүдэд Монголын нийт шүүгч нарын 1/3
нь л ажилладаг тул нэг шүүгчид оногдох ажлын ачаалал их байдаг. Гэтэл орон
нутгийн анхан шатны шүүхүүд сум дундын гэх нэртэй боловч ихэвчлэн аймгийн болон
томоохон сумын төв дээр байнга байрладаг болохоор хөдөөгийн иргэд тэр болгон
шүүх дээр очиж үйлчлүүлж чадахгүй, эрх ашиг нь хохирч байна. Өөрөөр хэлбэл тэнд шударга ёс
хүртээмжтэй биш байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн арга байна. Нэгдүгээрт
шүүхийн өнөөгийн тогтолцоо, зохион байгуулалтыг эргэн харж, газар нутаг, дэд
бүтцийн хөгжлийн байдлыг харгалзан зарим аймгийн давж заалдах болон захиргааны
хэргийн шүүхийг нэгтгэн тойргийн журмаар байгуулах, анхан шатны шүүхийн
хэргийн харьяаллыг заавал засаг, захиргааны нэгжийн хил хязгаарт
баригдалгүйгээр аль болох иргэдэд ойр дөт байхаар зохион байгуулах, суларсан
хүний болон санхүүгийн нөөцийг ачаалал ихтэй газарт шилжүүлэх, анхан шатны
шүүхийг иргэдэд илүү ойр болгох, шүүхийн үйл ажиллагаанд орчин үеийн
мэдээллийн технологийг эрчимтэй ашиглах зэргээр шүүхийн дотоод менежментийг
сайжруулах замаар шийдвэрлэнэ. Хоёрдугаарт шүүхийн хүний нөөцийн хангамжийг
зөв тооцоолон зохистой хэмжээнд
нэмэгдүүлэх замаар тус тус шийдвэрлэж
болно гэж үзэж байна.
-Шүүх хурлаас
хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг. Гэтэл нэг их шинэчилж өөрчлөгдөөгүйгээр
хэрэг буцаад л ороод ирдэг шиг санагддаг?
-Сүүлийн үед
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн талаар олон нийт, судлаачид, практик ажилтнуудын
дунд нэлээд хүчтэй яригдаж байгаа зүйл бол шүүхээс эрүүгийн хэргийг нэмэлт
мөрдөн байцаалтанд буцааж байгаа асуудлын талаар юм. Шүүх хөндлөнгийн
байгууллагын хувьд хэргийн нэг тал болох прокуророос яллах дүгнэлт үйлдээд шүүх
дээр ирсэн хэргийг хянаад яллагдагчийн гэм буруу тогтоогдохгүй байх
тохиолдолд түүнийг заавал яллуулах гээд байгаа мэт нэмэлт мөрдөн байцаалтанд
дахин буцаадаг явдал нь зарчмын хувьд зөв биш гэсэн байр суурь давамгайлж
байна. Энэ тохиолдолд шүүх хэргийг шууд хэрэгсэхгүй болгодог байвал хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, прокурорын
байгууллага болон шүүгч шийдвэр гаргахдаа илүү хариуцлагатай ханддаг
болох ач холбогдолтой юм.
-Сүүлийн үед
шүүхээр шийдэгдсэн зарим хэргийн тухайд иргэдийн хандлага харьцангуй эерэг
байгаа. Жишээ нь Ц.Жаргалсайханд тулгасан эх орноосоо урвасан гэх ялыг Дээд
шүүх өөрчилсөн нь талархал хүлээсэн. Гэхдээ яагаад анхнаас нь ингээд
шийдчихэж болоогүй юм бол?
-Хэрэг шүүхээр
хянан шийдвэрлэгдэх явцад анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр, тогтоол нь
давж заалдах болон хяналтын шатанд өөрчлөгдөх, хүчингүй болох явдал байдаг.
Хүний эрх, эрх чөлөө ханган баталгаажуулах, шударга ёсыг тогтоох шүүхийн үйл
явц нь их хариуцлага шаардаж, алдаа мадаг гарах аливаа боломжийг аль болох
бага байлгах, алдаа гарсан тохиолдолд өөрийгөө засах дотоод механизмтай
байдаг. Таны дурдсан тодорхой хэргийн хувьд анхан шатны шүүх тухайн хэргийг
хуулиар олгогдсон өөрийн эрх хэмжээний хүрээнд хянаж шийдвэрлэснийг буруутгах
боломжгүй бөгөөд шүүгчийн дотоод итгэл үнэмшил юм. Ер нь бол шүүгчийн хууль
хэрэглээний ур чадварыг сайжруулахад бид байнга анхаардаг.
-Та аль аймаг,
сумын хүн билээ.
-Би Хэнтий
аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн.
-Жалга довны
үзэл шүүхийнхэнд байдаг уу?
-Жалга довны үзэл
гэж шүүхийнхэнд, эсхүл шүүгчид байхгүй. Шүүгч хэрэг маргааныг хуулийн дагуу
шийдвэрлэдэг. Хууль Монгол Улсын хэмжээнд хэрэгждэг, нийт ард түмний ашиг
сонирхлыг илэрхийлдэг тул ямар нэгэн “жалга дов”-ны үзлээр асуудалд хандах боломжгүй. Шүүхийн
хүний нөөцийн хувьд ярьж байгаа бол шүүгч, шүүхийн ажилтны сонгон
шалгаруулалтыг бид нээлттэй зарладаг, хуулийн шаардлага хангасан хэн ч сонгон
шалгаруулалтанд орж нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй байдаг.
-Аль намын
гишүүн байлаа?
-Би аль нэг намын
гишүүн байгаагүй ээ. Шүүгч нь төрийн тусгай албан хаагчийн хувьд хууль болон
ёс зүйн дүрмийн дагуу улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, аль нэг
намд харьяалагдаж болдоггүй.
-Таны найз
нөхөд чинь элдэв хэргийг аргалуулах гэж хандах уу. Тэр тусмаа улс төрийн хүрээнд найз нөхөд
байдаг л байлгүй. Хэрэв хандвал та яадаг вэ. Танилын нүүр халуун биш үү?
-Нам, улс төрийн
үйл ажиллагаанд анхнаасаа оролцож байгаагүй болохоор намаар холбогдсон нөхөд гэж алга. Шүүх улс
төрөөс ангид байх ёстой. Ер нь шүүгч хүн аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ
зөвхөн Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хуулийг баримталж, хараат
бусаар өөрийн дотоод итгэл үнэмшлээр л шийддэг тул найз нөхдөд найр тавих асуудал байхгүй.
-Шүүхийг улс
төрөөс яаж хараат бус байлгахав. Уг нь шүүгчид өөрсдөө асуудлаа шийдмээр байна.
Шударга хийе гэхээр улс төр нөлөөлөх гээд байдаг гэх юм билээ. Шүүхийн
шинэчлэл яригдаж байгаа энэ үед үүнийг ч гэсэн анхаармаар санагддаг?
-Шүүхийг улс
төрөөс, улстөрчдөөс хараат бус байлгах тэрхүү эрх зүйн орчныг л бодитой
бүрдүүлэх хэрэгтэй. Шүүгчид хөндлөнгөөс нөлөөлсөн аливаа албан тушаалтанд
хариуцлага хүлээлгэдэг механизмыг хуульчилж өгөх ёстой. Манай улстөрчид үүнд
өөрсдөө манлайлан оролцох ёстой гэж би боддог. Шүүх улс төрийн гар хөл болоод л
эхэлвэл энэ нь улс орны цаашдын хөгжил, иргэдийн эрх чөлөөнд аюул учруулах
нөхцөл үүснэ.
-Нямдоржийн
хар хууль Монголыг шоронжуулж байна гэдэг. Энэ хэр үндэстэй вэ?
-Хуулийг хэн
нэгэн хүний нэрээр нэрлэж, өнгө будгаар будах нь зохимжгүй юм. Гэхдээ би таны хэлэх гэсэн санааг ойлгож
байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг өмнө нь мөн энэ албан
тушаалаа хашиж байх үед буюу 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн талаар ярьж
байх шиг байна. Одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийг илүү боловсронгуй
болгох, ялыг тухайн хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан ялгамжтай ногдуулах
эрхийг шүүгч нарт олгох нь энэ байдлаас гарах гарцын нэг гэж үздэг.
-Хүн хорих эрх
маш олон газар байх юм. Захын цагдаа ч хүнийг хэрэг үйлдсэн үйлдээгүйг нь л
харгалзан баривчлах гэх юм. Тухайлбал манай нэг сэтгүүлчээс тайлбар авна гээд
цагдаагийн нэг байцаагч очиж тайлбар өгөх гэхээр нь барьж хорино гэж бөөн юм
болсон. Ийм олон баривчлах эрхтэй байгууллага байх нь зөв үү?
-Ардчилсан
нийгэмд хүний эрх, эрх чөлөө хамгийн дээд үнэт зүйл байдаг. Төрийн байгууллагаас
хүний эрхэнд халдах үндэслэл холбогдох хуульд маш тодорхой заагдаж, тэр
хүрээнд нь төрийн албан хаагчид үйл ажиллагаагаа явуулдаг байх шаардлагатай.
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг одоо зөвхөн шүүгчийн зөвшөөрлөөр
авдаг болсон. Харин хуульд заасан үндэслэл, журмын дагуу богино хугацаанд түр
саатуулах эрх хэрэг бүртгэх, мөрдөн байцаах буюу цагдаагийн байгууллагад
байгаа бөгөөд прокурор үүнд хяналт тавьдаг. Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой
зарим үйлдлийг зөвхөн шүүгчийн зөвшөөрлөөр авдаг болох талаар ч яригдах
болсон. Энэ нь ч зөв байх. Цаашид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад
хүний үндсэн эрх, эрх чөлөө хөндөгдсөн тохиолдолд асуудлыг зөвхөн шүүхээр
шийдвэрлэдэг байх журманд шилжих нь зүйтэй юм даа.
-МАХН-ыг
танайх яагаад хугацаанд нь бүртгэхгүй зувчуулаад Үндсэн хуулийн Цэц рүү шилжүүлчихэв
ээ?
-Улс төрийн намын
бүртгэлийг хуульд заасны дагуу Улсын Дээд шүүх хийдэг. МАХН-ыг бүртгүүлэх тухай хүсэлтийг хуульд
заасан хугацаанд хянаж үзсэн. Хянах явцад Улс төрийн намын тухай хуулийн
тодорхой заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ
гарсан. Мөн энэ үед Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх Монгол Ардын Намын гаргасан
нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх явцад Улс төрийн намын тухай хуулийн
тодорхой заалт Үндсэн хуульд нийцэхгүй
байна гэж үзэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, саналаа УДШ-д
оруулсан юм. Эдгээр асуудлуудыг Шүүхийн
тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасны дагуу Улсын Дээд шүүхийн нийт
шүүгчдийн хуралдаанаар 2011 оны гуравдугаар сарын 24-ний өдөр хэлэлцээд
саналыг үндэслэлтэй гэж үзсэн тул 3 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн Цэцэд
хүсэлт гаргаад байна. Улсын Дээд шүүхийн хүсэлтээр Үндсэн хуулийн Цэц маргаан
үүсгэсэн, энэ асуудал удахгүй шийдэгдэнэ гэж найдаж байна.
Өөрөөр хэлбэл
МАХН-ын бүртгэлийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гартал түр түдгэлзүүлээд
байгаа.
-МАН энэ шийдвэрийг
гаргахад нөлөөлөв үү?
-МАН-ын зүгээс
шууд болон шууд бус хэлбэрээр Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдэд нөлөөлсөн эсхүл
нөлөөлөхийг оролдсон асуудал байхгүй. Харин олон нийтийн хэвлэл мэдээллийн
хэрэгслүүдээр дамжин санал, шүүмжлэл нэлээд хүчтэй өрнөснийг та бид мэдэж
байгаа шүү дээ. Шүүх улс төрийн ч бай,
олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ч бай аливаа нөлөөнд автах учиргүй, гагцхүү
хуульд захирагдаж шийдвэрээ гаргасан.
-Сангарагчааг
албан тушаалаас нь түдгэлзүүлээгүй байхад шүүх анхан шатны хурлаараа шийдвэр
гаргалаа гэх юм. Одоо Улсын Их Хурал энэ асуудлыг сөхөх гээд байгаа гэсэн.
Заавал албан тушаалаас нь огцруулж байж шийдэх ёстой байсан гэж үү?
-Авлигатай
тэмцэх газрын дарга болон зарим удирдах албан тушаалтнуудтай холбоотой эрүүгийн хэрэг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн байгаа. Шүүх бүрэлдэхүүн хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу шийдвэр
гаргасныг Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга хөндлөнгөөс “Ингэж, тэгж шийдвэрлэх ёстой
байсан” гэж тайлбарлах нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх тул боломжгүй юм. Шүүгдэгчдийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан гэсэн.
Тэгэхээр хуульд заасан журмын дагуу Нийслэлийн Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрлэх байх аа.