Categories
редакцийн-нийтлэл

Ардчилсан нам шинэчлэгчийн түүчээгээ огцруулах гэхээсээ шинэчлэлээс чаргуулдагчдаа огцруулмаар юм

Шинэчлэлийн
хэмээх тодотголтой Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч болзошгүй тухай яригдаж байна.
Энэ нь давхар дээл буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллах эсэхтэй
холбоотой шинэ хуулиас эхтэй юм. Хэрвээ сайд нарынх нь тавин хувь УИХ-ын гишүүн
Засгийн газрын гишүүнээр хавсарч ажиллаж болохгүй гэсэн хууль  гарвал энэ засаг огцорч таарна. Гэхдээ уг хуулийг
дагаж мөрдөх хугацааг яаж тогтоохоос бүх зүйл хамаарна.

Гэтэл
энэ засаг давхар дээлээ тайлахаасаа өмнө буюу хуулиар огцрохоосоо  урьтаж 
хуулийн  шинэчлэлийг гардан гүйцэтгэж
байгаа Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахаар яаран тэвдэж, хамгийн түрүүнд барьж
авсан нь ямар нэг учир агуулж  байна уу, үгүй
юу.

Уул
нь Х.Тэмүүжин сайд өнөө “давхар дээл” хэмээх томъёоллоор нь огцроод байхааргүй статустай
хүн л дээ. Яагаад гэвэл Засгийн газрын Үндсэн чиг үүргийн дөрвөн яамны нэгэнд түүний
толгойлж байгаа Хууль зүйн яам зүй ёсоор багтдаг. Тиймийн учир “давхар дээл”-ээр
лав огцрохгүй. Харин үүнийг намын нөхөд нь мэдсэн юм шиг, энэ Тэмүүжин ганцаараа
огцрохгүй үлдчих вий гэж айсан юм шиг шинэчлэгч рүүгээ юун түрүүнд дайрч байна уу
даа гэх хардлагыг төрүүлэхэд хүргэж байна.

Х.Тэмүүжин
сайд л ажлаа өгөхгүй бол шинэчлэлийн гэх энэ засаг болоод түүний удирдан чиглүүлж
буй Хууль зүйн яам баларчихаад байгаа хэрэг үү. Лав л өнгөн талаасаа тийм зүйл мэдрэгдэхгүй
байх юм. Харин Н.Алтанхуягийн засгаас огцруулчихаж болохоор хэд хэдэн сайдын нэр
яригдаад удаж байгаа. Эрхэм төрийн түшээдэд ч, энгийн олонд ч зарим сайдуудыг огцруулчихвал
таарна гэсэн дэл сул яриа дуулдах болсныг бид гадарлаж байгаа билээ.

Тухайлбал,
Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж “Зүгээр л огцроод өгөхөд гадны хөрөнгө оруулалт тавин
хувиар нэмэгдчих хоёр сайд энэ засагт байна” гэж хэлсэн. Нямдоржийн хэлсэнчлэн тэр
хоёр сайд хэн байж таарах вэ. Бодох нь ээ, Оюу толгой болоод гадны хөрөнгө оруулагчдад
ясны өстэй гэдгээ ил зарласан Уул уурхайн сайд Д.Ганхуягийг хэлсэн байх. Мөн гадны
хөрөнгө оруулагч нартай уулзахдаа “Эдийн засгийн алуурчид сайн уу” гэж мэндэлдэг,
намынхаа нөхөдтэй уулзахдаа хүртэл “Цаг нар харж байж болно” гэдэг Эдийн засгийн
хөгжлийн сайд Н.Батбаярыг хэлсэн болов уу. Тэгж л тааж таамаглаад байна.

Хэрвээ
энэ хоёр сайдыг огцорчихсон байхад ард түмэн нэг их гайхаад байхгүй. “Энэ удаагийн
Засгийн газрын хамгийн гол хоёр яамыг ийм хүмүүсээр удирдуулаад байхдаа яахав дээ.
Наад хоёр сайдаас чинь болж хөрөнгө оруулалт зогслоо, эдийн засаг элгээрээ хэвтлээ”
хэмээн хэн хүнгүй ярьж бичиж, санаа бодлоо хэлж эсэргүүцэж ирсэн. Тиймийн учир
“ард түмэн нэг их гайхахгүй болов уу” гэж хэлээд байна л даа.

Харин
гарч ирснээсээ хойш л хууль, эрх зүй, шүүхийн шинэчлэлийг ярьсан, түүнийг гардан
гүйцэтгэж байгаа шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн нүүрийг тахалж буй ганц сайдаа
огцруулчихаад Ардчилсан намын нөхөд юу бодож суух вэ. Түүнийг огцруулсан асуудлаа
Засгийн газар олон түмэнд юу гэж тайлбарлах вэ. Ухаандаа, хөндлөнгийн нэгэн компанийн
өмнөөс огцруулчихлаа гэж хэлэх үү. Тодруулбал, цэргийн хоёр эмнэлгийг нэгтгэн Батлан
хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг болгосон. Тэрхүү үйл явцад
хариуцаж буй яамных нь барилгаас 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий MRI аппарат эвдэрсэн
байдаг. “Пролианс” гэж хөндлөнгийн нэгэн компани уг аппаратын бүрэн бүтэн байдлыг
хариуцаж байсныг бид мэднэ. Тэгэхээр манай засаг ноёд Баасанхүүгийн өргөн мэдүүлснээр
уг компанийн өмнөөс шинэчлэлийн туг болсон сайдаа огцруулчихлаа гэж олон түмэнд
тайлбарлах уу.

Мөн
айлд хүүхдээ суулгасан ялих шалихгүй гэх асуудлаас болоод огцрууллаа гэх үү. Эл
бүгдийг тайлбарлахад үнэндээ хүнд байна. Хууль зүйн сайдыг хэрхэн яагаад огцруулснаа
энэ Засгийн газар, Их хурал ард түмэнд тайлбарлах л болно. Ард түмэн төр засгаас
шаардах ч байх. Ер нь Х.Тэмүүжинг огцруулах гэдэг асуудал нийгмийг бараг босгочихоод
байгаа. Бүх  цахим ертөнц, ил далд хэвлэл
мэдээлэл  олон нийтийн байгууллагууд эрс эсэргүүцэж
байгаа.  Бүр мэдэгдэл гаргаж хийхдээ хүрээд
байна.                 

“Ардчилсан
нам Тэмүүжин сайдыг огцруулбал, Тэмүүжин АН-ыг орхих хэрэгтэй. Ардчилалгүй АН-аар
яахын. Чадлаараа ганцаараа улс төр хийхэд хол явна”, “Тэмүүжинг огцруулсан нь энэ
засгийн товчоонд хамгийн хар, новшийн протокол болж үлдэнэ. Огцруулсан хүмүүс нь
ч тиймээр дурсагдах байх”, “Тэмүүжин огцорно гэдэг шударга ёсыг шороонд булж, шоронд
хатаасантай бараг адилхан”, “Тэмүүжин сайдыг огцруулахыг төрийн тэргүүн зүгээр хараад
суухгүй. Бид ийм Хууль зүйн сайдтай байгаа нь азтай улс гэж Ерөнхийлөгч хэлж байсан”
гэж цахим ертөнцөөр шуугиж байна. Ил далд ийм л өмөөрсөн өнгө аяс бүхий мэдээлэл
зогсоо зайгүй цацагдаж, нийгэм тэр аяараа босчихоод байхад төр засгийн зүгээс өгөх
дээрх тайлбарууд үнэндээ жулдана л даа.

Бүр
сүүлдээ Ерөнхийлөгч хүртэл уг асуудалд оролцож “Түүнд дутагдал бий. Хэрвээ дутагдлаа
засчих юм бол энэ засгаас эхэлж огцруулах сайд биш” хэмээн твиттер хуудсандаа бичсэн
байсан. Мөн телевизийн шууд ярилцлагад орохдоо “Тэмүүжин бол өөрийн гэсэн үнэт зүйлтэй
залуу хүн. Алдах юм байлгүй л яахав. Гэхдээ энэ хүн суралцаж байгаа. Цаашдаа улам
эрч хүчтэйгээр ажиллах байх” гэж хэлсэн. Төрийн тэргүүнээс аваад бүх хүмүүс ийм
л санаа бодолтой байна.

Гэтэл
эрх баригчид маань огцруулна гэж дайраад байгаа. За яахав, шинэчлэлийг гардан хийж
буй сайд нь огцорлоо гэж бодъё. Харин  шинэчлэлээс
улдан чангааж буй хүмүүс нь үлдчихээр энэ засаг юу болж хувирах вэ. Нэг л буруу
шийдвэр гаргаад, буруу тийшээ зүтгээд байгаа юм биш үү. Өнгөн талаасаа тэгж л харагдах
юм. Ямар ч хүнийг шийтгэн, албан тушаал цол хэргэмийг нь бууруулж байгаа бол заавал
ч үгүй үндэслэлийг нь хэлэх хэрэгтэй байдаг. Бүр чиг тодорхойгоор олон түмэнд тайлбарлах
нь зүйн хэрэг. Ерөөс хүний ёс зүй, амьдралын хууль тийм л байдаг.

Гэтэл
Тэмүүжин сайдыг огцруулж буй шалтаг шалтгаан нэг л итгэл үнэмшил төрүүлэхгүй, олонд
нийтэд хүргэх тайлбар нь ултай суурьтай биш байна. Тиймээс эрх баригч Ардчилсан
намын нөхөд минь шинэчлэгчийг хошуучлагчаа огцруулахын оронд шинэчлэлээс улдан чангааж
буй чаргуулдагчдаа огцруулмаар юм биш үү.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Насны найзууд

Равжаа хутагтын ша­дар бүсгүй Дади­шуа­ригийн “Анх бага насандаа”
хэ­мээх тунирхлын үг шиг ангийнхаа Эвлэ­лийн үүрийн дарга Б.Чулуун­баа­тарт Н.Хүрэлбаатар
найз  нь 
утасдаад, уйлах шахаж “Чи л сайн сайхан юм ярьж биднийг Улаангом руу илгээлтээр
явуулаа биз дээ” хэмээн тунирхлын үг чулуудсан удаатай гэнэ. Тунирхсан шалтгаан
нь том биш ээ. Ангийнхны дурсамжийн номонд анхаарал тавих­гүй, өөрийнхөө яруу найр­гийн
номоо хийгээд яваад нь эгдүүцсэн юм байж. Тунирхлын түүх сөхөгдөхөд “Би арав хоног
эмнэ­лэгт хэвтэж байж тэр номон дээр нь ажилласан” гэж С.Тойвгоо гуай зүүлт тайлбар
хийж байна.  1966 онд Увс аймгийн Баруун туруун
сумын 10-ын “А” ангийг төгсөгчдийн хувьд анхны илгээлт өвөр­лөж, аймагтаа бүү хэл
улсдаа түүчээ байснаараа бахархдаг юм билээ. 10-ын “А”-гийнхан ангиараа Монголын
хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлт авч, Улаангомын  гурилын үйлд­вэрт хоёр жил ажил­ла­сан
содон түүхтэй улс. Уулзах хүсэлтийг маань хүлээж аваад, нэг ангийн хоёр охин, зургаан
хүү ирсэн байв. Харин  Т.Өнөрбаян багш ангийн
хүүхдүүдээсээ нэг их ялгарахгүй харагдана. Тэрбээр шавь нараасаа гурав, дөрөвхөн
эгч. Улсын багшийн дээд сургуулийн орос хэлний анги төгсөөд, Баруунтурууны арван
жи­лийн сургуульд томи­логдож, есдүгээр ангийн 
хүүхдүүдийн анги даасан багш болжээ. 

-Ангийнхнаа уруу та­­таж үймүүлэхээр маань Т.Өнөрбаян багш  “Чамайг Жунгуузад хэл­нэ дээ” гэдэг сэн. Хөг­шин
сурагч нар залуу  багшийн үгэнд орохгүй болохоор
сургуулийн Эв­лэлийн үүрийн дарга, математикийн багш нөх­рөө­рөө далайл­гаж байгаа
нь тэр гэж Б.Чулуунбаатар тайл­барлав. Д.Жунгууз нь зүгээр ч үгүй боксчин маягийн
залуу байж.

-Манай ангийн М.Цэвээн тэргүүтэй хэсэг сурагч 1966 оны хавар  “Багш аа, танд нэг юм хэлнэ ээ” гээд байх юм.
“За, хэлээч” гэхээр “Дахиад жаахан бодоод хэлнэ ээ” гэнэ. Хэдэн удаа ийм яриа болсны
эцэст “Бид сургуулиа төгсөөд бүгдээрээ Эвлэлийн илгээлтээр аймгийн шаардлагатай
газар ажиллаад, дараа нь дээд сургуульд орохоор шийдсэн” гэдэг юм байна. Үүнийг
би толгой дааж шийдэх эрхгүй. Холбогдох газарт хэлж, хариуг нь  өгөхөөр тохиролцов. Би сургуулийн захиргаагаар
дамжуулж, аймгийн нам, эвлэлийн хороонд уламжлан хариуг нь хүлээж байв.1966 оны
тавдугаар сард байх аа, Увс аймгийн  Гурилын
үйлдвэрт хоёр жил илгээлтээр ажиллах урилга ирсэн нь улсын хэмжээнд гурав дахь,
аймагтаа анхных нь болж, улс орон даяар зарлагдан, түүхэнд үлдэж билээ хэмээн багш
нь дурслаа.  Б.Чулуунбаатар “Нэг их хөөрч
догдолсон бид улаан туг дэрвүүлсэн, шинэхэн гучийн тэвшин дээр өдөржин нүдүүлсээр  Улаангомд очиход аймгийн төвийн хөдөлмөрчид цуглачихсан,
туг лоозон болж угтаж байлаа” хэмээн дурсав. 
Биднийг үйлдвэр маань зэргэлдээх орон сууцандаа нэг өрөөнд хоёр, гурваар
нь оруулж, өрөөнд маань ор хөнжил, гудас бүтээлэг, ширээ сандал, боорцогны тос хүртэл
бэлтгэсэн байлаа. Очсон өдрийн оройгоос эхлэн үйлдвэрийн захиргаа, аймгийн эвлэлийн
хороо, намын хороо шил дараалсан хүлээн авалт хийж, бидэнд баяр хүргэж захиас  сургааль айлдсан сан.     

Дагалдан ажилчнаар хоёр сар ажиллаад, шалгалт өгч жин­хэлцгээсэн
гэж нэг ангийнхан ам уралдан хуучлав. Тэшүүрийн улсын аваргын хүрэл медаль хүртэж,
хоёрдугаар зэргийн тамирчин болсон Г.Аюурзанаас бусад нь хот байтугай аймгийн төвөө
ч үзээгүй байсан  учраас ихэнхид нь Москвад
ирсний дайтай санагдсан гэнэ.  Улаангомын
гурилын үйлдвэр баруун аймгийнхныг гурилаар хангадаг, 90 ажилтантай том газар байж.
Бүхэл бүтэн нэг ангийн хүүхдүүдийг нэг дор ажилтнаар авахаар үйлдвэрт хүндрэл учраа­гүй
юм уу гэж гайхахад маань Д.Хөхөө гуай “1937 онд аж үйлд­вэрийн комбинат баригдаад,
эх орон даяар үйлдвэржилтийн ажил өрнөсөн. Ажиллах хүчний хүрэлцээ муу байснаас
1965 онд сургууль төгсөгчдийг үйлдвэрлэлд хуваарилах  Сайд нарын зөв­лөлийн тогтоол гарсан үе” хэмээн
тухайн цагийн нөхцөл байдлыг тайлбарлав. 
Нийслэлийн 15 ду­гаар дунд сургуулийн наймдугаар ангийн сурагчид мөн Төв
аймгийн Баян сумын “Найрамдал” нэгдэлд илгээлтээр гарсан юм байж. Тэд­нийг ажлын
байран дээр нь сургаж, аравдугаар ангийн боловсролтой болгоход нам, засгаас анхаарсан
юм билээ. Энэ хоёр ангийн хүүх­дүүд хожим нь бүгд их, дээд сур­гуульд суралцсан.
Араасаа  асар олон залуусыг үлгэрлэн дагуулах
учраас тухайн үеийн Эвлэлийн төв хороо, Сайд нарын зөвлөл асар их анхаарал тавьсан
гэж нэг ангийнхан ярьцгаав.  Хожим 2006 онд
Анхны илгээлтийн эздийн 40 жилийн ойгоор Монголын Залуу­чуудын холбооноос энэ ангийнханд
батламж гардуулж, “Мартаж үл болох хүмүүс” уулзалт зохиосон удаатай. 

Ангийн Эвлэлийн үүрийн дарга Б.Чулуунбаатар “Нэгдүгээрт манай хамт
олон 58 жилийн турш өвдөх, үхэх өөдлөх жаргах бүхэнд хамт байж, нэг ангийнхан байж
чадсан. Бидэн шиг жилд хоёроос дөрвөн удаа уулздаг анги байхгүй дээ. Хоёр дахь бахархах
юм нь илгээлт. Өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй түүхэн үйл явдлын эзэд болсон.
“Тэр үед өвчигнөөд илгээлтээр гарсан юм” гэсэн сэтгэгдэл одоо ч төрдөггүй” хэмээн
дүгнэв. Тэр үеийн төр засаг амлалтдаа хүрдэг байсан. Илгээлтээр хоёр жил ажиллаад,
их сургуульд суралцахаар  цагаан онгоц хөлөглөн,
Улаанбаатарт ирээд, цайллаган дээрээ хундагаа хагартал тулгаж байлаа. Бидэнд тэр
үйлдвэрт бүтээсэн ч юм бий, устгасан ч юм бий. Үйлдвэрийн дарга Я.Далибаг гуай биднийг
буцахад “Системийн хэмжээнд гурван удаа түрүүлэхэд маань гол хүч болсон залуусаа
алдаж байгаадаа харамсч байна. Өдөр болгон цагдаагийн газар дуудагдаж өчигдөр орой
кино, бүжгийн дараа танайхан ингэсэн тэгсэн гэж чихнээс хонх уядаг дайсны цэр­гүүдээс
салж байгаадаа баяртай байна” гэж нулимс унагаж билээ хэмээн Эвлэлийн үүрийн дарга
үргэлжлүүлэв. “Хоёр жилийн турш нэг ч охиныг жирэмсэн болгоогүй, хамгаалж ирсэн”
гэж ангийн улаан хамгаалагчдын нэг байсан Н.Хүрэлбаатар бахархлаа. Охидоо хамгаалж,
толгойгоо хагалуулсан удаатай, тэр.  “МААМС
буюу Мал аж ахуйн машинт станцын залуучуудаас 
охидоо хамгаалах гэж бөөн ажил болдог байсан” гэж багш нь дурсав. Нутгийн
хулигаанууд ч бэрх даваа байж.  

Эдний ангиас есөн багш, эмч дөрөв, эдийн засагч гурав, малын эмч,
зоотехникч гурав, инженер техникийн олон мэргэжилтэн төржээ. Дутуу цагаан гэгддэг
байсан ангийн жаахан Г.Бүрэнцагаан нь эдний ганц цэргийн хурандаа. Я.Цэдэнбал гавьяат
багш болсон. Хоёр доктор төрүүлсэн анги. Олон жил сургуулийн захирлаар ажилласан
Б.Чулуунбаатар асуудал дэвшүүлж бай­на аа. “Хоёр жилийн өмнө арваннэгдүгээр ангийн
хүүхдүүдийг III цахилгаан станц үзүүлэх болов. 
Сургуулийн захиргаанаас арай гэж зөвшөөрөл аваад,  цахилгаан станцын захирал, ерөнхий инже­не­рээс
авахуулаад бүгдийг нь гуйлаа. Үйлдвэрийн газар осолтой аюултай гээд зөвшөөрдөггүй.
II цахилгаан станцын инженер миний дүү учраас аргагүй зөвшөөрсөн дөө. Үйлдвэр үзэхдээ
хүртэл аюултай гэвэл энэ хүүхдүүд хэзээ мэргэжлээ сонгох юм бэ? Хэзээ нялх байдлаасаа
гарах юм. Цагаан захтан бэлтгээд байгаа юм биш үү” гэж тэр шүүмжилсэн.      Ангийн найз, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх
ашгийг хамгаалах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Тойвгоогийн өрөөнд нэг ангийнхан
бужигнаж буй нь энэ. “Тэр хоёр жилд үнэхээр ажил, амьдралын туршлага суусан. Үйлдвэр
халаалтын системгүй, Увсад -50 хэм хүрч хүйтэрдэг учраас хэцүү үе байсан” гэж Д.Хөхөө
ярив. Энд өнгөрүүлсэн хоёр жилийн ажлын туршлага амьдралд чинь хэрэг болсон уу гэхэд
“Бололгүй яах вэ” гэнэ. Мань эр илгээлтийн эзэн байхдаа токарийн тавдугаар зэрэгтэй
болжээ. Хожим нь Улсын багшийн дээд сургуулийн үйлдвэр сурганы ангийг хөдөлмөрийн
багш мэргэжлээр төгсч, олон жил хөдөлмөрийн багш хийсэн түүнд токарьчин байсан үе
нь ихэд хэрэг болжээ.  “Баруунтурууны сангийн
аж ахуйн сургуульд намайг явуулах гэж аав, ээж маань хурим хийж байгаа  хүүхэн мордуулахын дайтай юм болсон. “Малгай байгаагүй
учраас ам дөрвөлжин даавууны дөрвөн үзүүрийг зангидаж өгсөн, шарваар хэмээх өргөн
өмд оёж, хаанаас ч олсон юм орос бакалын танаг тосолж өмсгөсөн. Одоо бо­до­ход алиалагч
шиг л харагдаж байсан болов уу. Тэр үед ихэнхи хүүхэд над шиг хувцасласан учраас
нэгнээ шоолно гэж байхгүй нь даанч сайхан” хэмээн Д.Хөхөө хуучилсан юм.

С.Тойвгоо гуайн сурагчийн эхний өдрүүд ээжид нь лав амаргүй байсан
даа. Түүнийг долоон настайд нь эгчтэй нь ханьсуулан сургуульд өгсөн юм байж. Ээжээрээ
үүрүүлэн аргадуулан байж хичээлдээ очоод, ээжийгээ явмагц энд тэнд нуугдан хичээлээ
таслаж цаг нөгцөөдөг байж. Ээж нь яагаад ингээд байгааг асуухад “Тэгвэл та битгий
харьж бай. Манай ангийн цонхны дэргэд байж байгаад үе үе шагайж хар. Тэгвэл би хичээлээ
таслахгүй” гэсэн юм байж. Хөөрхий ээж нь хичээл тартал сургуулийн хашаанд сууж,
хүүгээ хүлээнгээ монгол гутал улладаг байж.

“Ангийн хамгийн жижигхэн нь би” гэж М.Батжаргал хэлэхээр нь гайхав.
Одоо бол тэр хамгийн том харагдаж байна лээ. Г.Аюурзана “Наадах чинь олон банкны
яс барьсан хүн” хэмээн даапаалав.  М.Батжаргал
Монголбанкинд олон жил ажилласан. “Төв Ази” банкны захирал байсан гэхээр банкны
дампуурлын дараа олон юм дуулсан нь тодорхой. Ц.Басанжав нэгдүгээр курстээ цэрэгт
татагдсан байна. Ангийн охин Г.Аюурзана “Карантинд байхад нь эргэж очсон чинь нүд
нь гялалзсан халтар юм болсон байсан” гэнэ. Түүнийг  Ш.Наташа, Б.Чулуунбаатар нар нь мөн эргэж очсон
аж. Ангийн охин Ш.Наташа эргэж очихдоо  цэргийн
найздаа хоёр хоногийн чөлөө авахуулах гэж хоёр хүүхэдтэй гэргийн дүрд чадмаг тоглосон
аж.  Одоогийнх шиг “Оюутан цэрэг” хөтөлбөр
байсан биш гурван жил цэрэгт алба хаагаад үргэлжлүүлэн сурсан гэнэ. Дээд сургуулиас
татагдаж очсон цэргүүдийг тусгай анги болгож, Батлан хамгаалах яамнаас хүн очиж,
хятад хэл, морз энэ тэрийг  заадаг байж.
“Бээжинд тагнуулд явуулах нь” гэж айгаад хятад хэл сурахгүй гэж хэдэн цэрэг тохиролцсон
юм билээ.  Хэрэггүй тэгж, сурч л байдаг байж
гэж одоо Ц.Басанжав инээж байна. Тэр аймгийн тэргүүний эмч болж байсан туршлагатай
эмч. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан гэж байгаа. “Манайд тэргүүний ажилтан
болоогүй хүн байхгүй. Доод тал нь хоёроос гурван салбарын тэргүүний ажилтан цолтой”
гэцгээв. Далимдуулаад С.Тойвгоо Засгийн газрын хүндэт жуух бичгээрээ гайхуулаад
авлаа. “Манай оронд анх удаа гарсан булчин задрах гоц халдварт өвчний дэгдэлтийг
зогсоох, халдвар тархахаас сэргийлэх ажилд идэвх зүтгэл гаргаж ажилласныг үнэлж,
Төв аймгийн Заамар сумын Засаг дарга С.Тойвгоог Монгол Улсын Засгийн газрын жуух
бичгээр шагнав” гээд М.Энхсайханы гарын үсэг байна.   Манай оронд анх удаа хэмээн онцолсон болохоор
нь хэрэгт дурлаж “Холерын үед ажиллах стандарт байхгүй байсан биз. Яаж учраа олов”
гэж сонирхлоо. 

-Нэг өдөр аймгийн дарга А.Гон­чиг утасдаж, “Танайд айхав­тар өвчин
дамжаад очсон. Хөтөлөөс барилгын материал ачсан машинтай хоёр хүний нэг нь холертой.  Өвчтөн замдаа нас барсан. Янз нь Хайлаастад оршуулжээ.
Шарилыг гаргаад шатаах хэрэгтэй гэсэн.  Эмнэлгийн
эрхлэгч, цагдаагаа аваад Хайлааст руу явлаа. Шарил тэнд байсангүй. Хөнжилдөө ороогоод,
Улаанбаатар руу аваад явсан юм билээ.  Шарил
ухах гэдэг осолтой ажил байжээ. Аймгийн даргын хэлснээр шарилыг ухаад гаргасан бол
цагдаа, эмч, бид гурав холер тусах байж хэмээн С.Тойвгоо хуучлав.  Мэдээж удахгүй ном ёсоор нь ажиллаж эхэлжээ.
“Бүх хөдөлгөөнийг хааж, 20 гаруй пост гаргасан. Нойр хоолгүй явдаг. Өдөртөө бүх
постоо эргэж,  240 гаруй км явдаг байлаа”
гэж мань эр тайлбарласан юм.

Ангийн дарга, онц сурлагатан явсан Т.Шаапаа гурилын үйлд­вэрийн Улаанбуланд
хамгийн эрэлттэй  баянхуурч. Ц.Басанжав, Д.Хөхөө
хоёртой гурвуулаа ажилч­дын сууцанд нэг гэр бүл болсон. Хөдөөний хүүхдүүд нүүрс
түлж сураагүй. Пийшингийнхээ сойлтыг хааж хоноод,  угаартсан удаатай. Азаар үйлдвэрийнхэн ээлжиндээ
ирээгүй гурвыг эрж хайж ирээд, амийг нь аварчээ. МУИС-ийг ца­хил­гааны инженер мэргэжлээр
төгссөн тэрбээр Орхон аймгийн Мэр­гэжлийн хяналтын газ­рын зөв­лөх байцаагч. Их
тэнгэр цог­цолборын дэд захирлаар найман жил ажиллажээ. Т.Очирхүү гишүүн ээждээ
шар сүү захьдаг байсныг, П.Очирбат Ерөнхийлөгч “Амьсгаа ихтэй, таргалаад болдоггүй”
хэ­мээн Их тэнгэрийн гүүрний наана машинаасаа буугаад алхдаг байс­ныг Т.Шаапаа сонирхуулсан.
Аав ээж нь өхөөрдөж дууддаг нэрийг нь албан ёсных болгочихсон юм билээ.    

Ш.Наташа тэтгэвэрт гардаг жилээ л гэхэд Улсын техник тех­­но­логийн
олимпиадын багш нарын ангилалд аварга болж бай­жээ. Түүний бэлтгэсэн хүүхдүүд “Үнсгэлжин”
тэмцээний хувцас загварын  арван удаагийн
аварга болсон амжилттай.  

28-уулаа аравдугаар ангиа төгсч байснаас өдгөө 17 хүүхэд үлдсэн.
12 нь бурхан болсон гэнэ. Тэднийг багад  улс
орон даяар нэгдэлжих хөдөлгөөн явагдаж, соёлын хувьсгал өрнөсөн үе байлаа.  Хотын төдийгүй хөдөөгийн айл бүрийг хоёр ээлжийн
хөнжлийн даавуутай болгож, хир буртаг бөөс хуурснаас чөлөөлөх их аян өрнөсөн үе.
Тэднийг ахлах ангид орох үед “Сурагчийн соёлч нөхөрлөл” моодонд оржээ.  Ангийн бүх хүүхэд уг нөхөрлөлд хамаарагдах ба
хоёр жилээр үүрэг амлалт авдаг байж. Унших номын жагсаалт гаргаж, хүн бүр уншсан
байх учиртай. Орны даавуу цэвэр, шүдний оо саван сойзтой байна. Дотуур хувцсаа цогийн
индүүгээр дарсан байх ёстой. Гутлын тосоо өөрсдөө үйлдвэрлэлэг жортой. Машины дугуй
шатаагаад, гарсан хар хөөг модны давирхай, тостой хутгаад гялалзсан хар тос гаргаж
авна. Охид үсний туузаа янданд ороож индүүднэ. Өглөө бүр таваас зургаан цагт гимнастик
хийнэ. Дуу, нийтийн бүжиг сурсан байх  үүрэгтэй.
Орой орондоо орохдоо даавуугаа бохирдуулахаас сэргийлж, хүүх­дүүд хөл дороо цаас
дэвсдэг байж. Дотуур байр халцархай модон шалтай байж л дээ. Хожим эмч болсон Г.Аюурзанад
энэ нь зуршил болж,  орондоо орохын өмнө алчуур
дээр гишгэх дамжлага туулдаг гэсэн.   

Баруунтурууны 10-ын “А” ангийнхны сүлд дуу нь:

Балчир үеэсээ үерхэж нөхөр­лөсөн

Багын нөхөд минь ангийн хүүхдүүд минь

Бууралтах тусмаа ижилсэн ээнэгшсэн

Буянтай андууд минь, насны найзууд минь хэмээх мөрүүдтэй. 

58 жил зовлон жаргалаа хуваалцсан ангийн охид, хөвгүүд үнэхээр “Насны
найзууд” шүү.

Б.ЯНЖМАА

Categories
редакцийн-нийтлэл

Ч.Бат-Эрдэнэ: Би “Хонхны нулимс” дууг зохиогчоос нь “Ауди” машинаар авч байлаа

Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр СУИС-ийн Соёлын
боловсролын сургуулийн захирлын алба хашиж байгаа юм байна.

-Таныг
гадаадад сурч байгаад ирсэн гэж сонссон. Ямар чиглэлээр сураад ирэв?

-Ирландад манлайлал, стратегийн чиглэлээр гурван жил сураад ирсэн.
Тэнд би суралцахаасаа гадна дэлхийн соёл урлагийг судалж үзлээ. Түүнчлэн Монголын
соёл урлагийн салбарыг хэрхэн дэлхийн тавцанд гаргаж ирэх талаар багагүй  судалгаа хийлээ.

-Таны
бодлоор Монголын урлагийг хэрхэн дэлхийд таниулах боломж байна вэ?

-Өнөөгийн нийгэмд ганцхан нийтийн дуучид гэлтгүй соёл, урлагийн салбарт
мэргэжлийн менежмент зайлшгүй хэрэгтэй болчихож. Уран бүтээлчид өмнөө зорилго тавиад
түүндээ хүрэхийн тулд хөдөлмөрлөх цаг үе ирсэн гэсэн үг. Манай соёл, урлагийн салбарынхан
өнгөрсөн хугацаанд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх маягаар явж ирсэн. Одоо
тийм арга барилаар хол явахгүй. Амжилтад хүрэхийн гол нууц бол сайн төлөвлөгөө.
Тэрнээс биш ямар ч өмнөө тавьсан зорилгогүй өглөө босоод ээжийн тухай нэг дуу дуулчихаад
өдөр болохоор эгчийн тухай дуу дуулаад амжилтад хүрнэ гэж байхгүй. Тиймээс мэргэжлийн
менежменттэй ажиллаж байж жинхэнэ амжилтыг бий болгож чадна.

-Таныг
“Хонхны нулимс”, “Онцгой төрсөн бүсгүй” зэрэг дуугаараа олонд танигдах үед нийтийн
буюу зохиолын дуу ид моод болж байсан. Харин өнөөдөр нийтийн дуу бараг л ад үзэгдэх
хандлагатай байгаа. Ийм цаг үед шинэ залуу уран бүтээлчид юунд анхаарах ёстой вэ?

-Шинэ залуу дуучдыг алдаа гаргахгүйгээр хурдан хугацаанд амжилтад
хүрээсэй гэж би боддог. Заавал бидний, бидний өмнөх шиг зовлон туулах ёсгүй шүү
дээ. Тийм учраас л сайн төлөвлө гээд байгаа юм. Ямар уран бүтээлийг хэнд зориулж
хийх гэж байна вэ гэдгээ мэдрэх хэрэгтэй. Чиний хийсэн уран бүтээл хэнд хүрэх ёстойг
бодолцож сайн судалгаа хийх ёстой. Ямар ч шалтгаангүйгээр уран бүтээл хийх хэрэггүй.
Сонсогчдоо мэдэрч төлөвлөж байж сумаа тавь гэж хэлмээр байна.

-Та
амжилтад хүрэх арга замыг харж байгаа хэрнээ өөрөө яагаад уран бүтээл хийхээ больчихов
оо?

-Дуу дуулахаас илүү уран бүтээл хийх тал дээр түлхүү анхаарч ажиллаж
байгаа. Мөн он гараад 50 жилийн түүхтэй СУИС-ийн Соёлын боловсролын сургуулийн захирлаар
томилогдон ажиллаж байна. Тэр болгон уран бүтээл туурвиад байх зав зай муухан л
явна.

-Таныг
гавьяат болчихоод таг болчихлоо гэж зарим хүмүүс шүүмжлэх болж?

-Яахав, зарим хүмүүс тэгж харж болно л доо. Гэхдээ эх орноосоо хол
явж байж дуугаа дуулмаар байна гээд яваад байлтай биш. Харин нутагтаа ирснээсээ
хойш ганц нэг албан байгууллагын урилгаар дуулсан. Ер нь надад өмнөө тавьсан нэг
зорилго бий. Нэг ёсондоо зохиогчийн эрх, түүнд хамаарагдах хуулийн хүрээнд голлон
анхаарч ажиллаж байна. Би зохиогчийн эрх эзэмшигч баймаар байна. Уран бүтээл туурвих
тал руугаа миний бүх оюун санаа төвлөрч байна гэхэд болно. Яг үнэндээ гавьяат хүн
соёл, урлагийн салбарыг хөгжүүлэхийн төлөө хийх хэрэгтэй юу байна түүнд манлайлан
оролцох үүрэг хүлээдэг гэж бодож байгаа. 
Дуулахгүй байгаа ч гэсэн уран бүтээлч найз нөхөд, дүү нар маань дуулж ард
түмэнд хүргэсэн 17, 18 дууны ая тэрлээд байна.

-Тэгэхээр
зохиолын дуучдад чиг өгч ерөнхийд нь арын ажлыг нь гүйцэтгэж байгаа гэсэн үг үү?

-Нэг их чиг өгөөд хөтлөөд байх юу байхав. Магадгүй би өнөөдөр дуулах
нь хүмүүст сонин уу, эсвэл шинэ залуу уран бүтээлч дуулах нь сонин уу гэдэг талаас
нь харах юм бол өөр ойлголт. Залуу уран бүтээлчид ирж зөвлөгөө авдаг. Ер нь продюсерийн
үүрэг гүйцэтгэж байгаа гэх үү дээ. Би Ирланд явахаасаа өмнө Удирдлагын академд магистрын
зэрэг хамгаалсан. Тухайн үед Намсрайноров, Идэржавхлан, Түмэн-Өлзий зэрэг залуучууд
зөвлөгөө авдаг байсан. Одоо тэр хэд маань нийтийн дууны салбарт өөрийн гэсэн байр
суурьтай, ард түмэнд хүндлэгдсэн дуучид болсон байна.

-Удахгүй
Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиох гэж байна. Та өмнө нь оюуны өмчийн асуудлыг нэг
бус удаа хөндөж байсан хүн. Тэр үеэс өнөөдөр хэр өөр болсон байна вэ? 

-Анх 2005 онд зохиолын дуучид хамтран Нийтийн дуучдын нэгдсэн холбоо
байгуулж байлаа. Тухайн үед холбооны тэргүүнээр МУГЖ С.Жавхлан ажиллаж байгаад
2007 оноос би энэхүү албан тушаалд томилогдсон юм. Холбоо уран бүтээлчдийг зөв чигт
залах үндсэн үүрэгтэйгээр байгуулагдсан. Учир нь монголын соёл урлагийн салбар тодорхой
хэмжээгээр хөгжиж, нийгмийг соёлоор түүчээлэн гэрэлтүүлэхэд нийтийн дуучид өөрийн
гэсэн хувь нэмрээ оруулсаар ирсэн шүү дээ. Бид зүгээр нэг дуулаад ирсэн юм биш.
Тэгээд ч тэр үед урлагийнханд тулгарч байсан асуудал бол оюуны өмчийн хулгай. Шинэ
цомог, CD-гээ борлуулах гэхээр л өнөөх оюуны өмчийн асуудал яригддаг байсан. Би
өөрийн дуулж олны хүртээл болгосон бүтээлүүдээсээ 100 гаруй бүтээлийнхээ хөгжмийн
зохиолч яруу найрагчтай гэрээ хийж албан ёсоор дуулах эрхээ аван, бүтээлүүдээ оюуны
өмчийнг газарт бүртгүүлэн зохиогчийн эрхийн гэрчилгээг хамтран эзэмшихээр авч байсан.
Анх “Хонхны нулимс”, “Хайрын хишиг”, “Онцгой төрсөн бүсгүй” зэрэг дууныхаа эзэмших
эрхийн гэрчилгээг авахаар орох үед тухайн үед Оюуны өмчийн газрын зохиогчийн эрхийн
хэлтсийн дарга байсан Шинэбаяр, мөн тэдний хэлтсийн ажилтнууд маш сайхан хүлээж
аваад уран бүтээлчид та бүхэн оюуны өмчийн асуудалд анхаарал хандуулаад эхэлж байгаа
нь үнэхээр сайн хэрэг гэж байсан. Тухайн үед би энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
бүхий л төрийн болон төрийн бус байгуулагатай уулзаж, санал бодлоо хуваалцдаг байсан
юм. Тэр үед МУГЖ Т.Ариунаа эгч бас уран бүтээлээ оюуны өмчид бүртгүүлчихсэн байсан.
Тэр үед зохиогчийн эрхийн тухай хууль гэж байлаа. Сайн санаж байна. 2006 онд дэлхийн
оюуны өмчийн байгууллагаас манай улсад зохион байгуулсан нэлээн томоохон хэмжээний
форум дээр Ариунаа эгч бид хоёрт  “Оюуны өмчийг
дээдлэгч уран бүтээлч” гэсэн гэрчилгээ гардуулсан. Тэр үед хамтын удирдлагын байгууллагууд
болон мөн шинээр зохиогчийн эрх түүнд хамаарагдах эрхийн тухай хууль батлагдаж байлаа.

Бид ингэсний хүчинд өнөөдөр 
зохиогчийн эрх түүнд хамаарагдах хууль гээд их тодорхой болчихлоо. Өнөөдөр
оюуны өмчтэй холбоотой бүх асуудал гэрээгээр зохицуулагдаад явж байна.

-Нэг
дууг яруу найрагч, ая зохиогч, дуучин хоорондоо булаацалддаг байсан үе өнгөрчээ.
Гэрээгээр хэн хэдэн төгрөгийн ашиг хүртэх зэрэг нь өөрсдийн хоорондын зохицлын асуудал
биз дээ?

-Тэгэлгүй яахав. Би анх “Хонхны нулимс” дууг эзэмших эрхийг авахдаа
Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум орж шүлгийг нь бичсэн зохиолчтой нь хүртэл уулзаад
“Ауди”  машин өгч байсан. Бүтээлээ учиргүй
худалдаж борлуулаад байхдаа гол биш. Нэг нэгнийгээ хүндэтгэхэд учир байгаа юм. Хэн
хэндээ амар шүү дээ. Гэхдээ гэрээгээ хэрхэн байгуулах вэ гэдэг нь чухал. Анхнаасаа
л гэрээгээ байгуулаад явчих нь зүйтэй. Тэрнээс биш нэг дуу төрөөд, олонд таалагдаад
хит болоод ирэхээр энэ миний бүтээл гээд хоорондоо булаацалдаад уран бүтээлчид дотроо
хагаралдаад байвал хөндлөнгөөс харахад ч муухай ш дээ. Үүнийг л зөв гольдролд нь
оруулах гэж зорьсон хэрэг. 

-Гэхдээ
залуу дуучид бусдын уран бүтээлээр гарч ирэхэд хүмүүс ихэнхдээ таатай хүлээж авдаггүй
шүү дээ? 

-Заавал тэгж болохгүй гэсэн зүйл байхгүй шүү дээ. Гол нь залуучууд
маань тухайн дууны уран бүтээлийн зохиолч болон понаграмм бүтээгч, дуучдаас зохих
ёсны зөвшөөрөл авч байх хэрэгтэй . Заавал хүний дуу дуулахгүй гэсэн юм байхгүй ш
дээ. Харин ч тухайн дууг дараагийн үед дуулж авч явна гэдэг тэр дуу гайхамшигтай
бүтээл болсоны илрэл. Тэр дууг дуулбал олонд хүрнэ гэдгийг харж чадаж байгаа уран
бүтээлч бол үнэхээр менежмент сайтайн шинж шүү дээ. Чи өмнөх үеэ, өөрийгөө хүндэтгээд
сурчихвал чиний дараах үе чамайг хүндэтгэнэ нь шүү дээ. Би ийм зарчмаар явж ирсэн.
Хууль бол нэг хэрэг. Хуулийг өөртөө хэрхэн тусгаж авах нь бас нэг хэрэг. Би 10 жилийн
өмнө зохиогчоо хүндлэн дуугаа зөвшөөрөлтэйгөө дуулж байсан бол өнөөдөр бидний дараагийн
үе биднийг хүндэлж гхамтран эзэмшигчээр ажиллаж байгаад бахархалтай байна.

-Тантай
адилхан ихэнх уран бүтээлээ оюуны өмчид бүртгүүлсэн уран бүтээлч хэр олон байдаг
бол?

-Би сайн мэдэхгүй. Надтай арай ойр уран бүтээл хийж яваа гэдгээр
нь Д.Намсрайноровыг мэдэх юм байна. Саяхан 
“Дуулан дуулан хайрламаар” дууныхаа эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Яагаав,
нөгөө “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа” гэдэг үгтэй дуу. Энэ дууны
үгийг яруу найрагч Алтантүлхүүр тэрлэж, би аяыг нь бичсэн юм. Бид гэрээ байгуулаад
Намсрайноров дуулаад болж л байна.

-Энэ
дууг хүмүүс сайн, муугаар нэлээд шүүмжилж байгаа санагдсан?

-Хүмүүс янз бүр л хүлээж авч байна. Миний бодлоор үг нь их этгээд,
хэрнээ сайхан болсон санагддаг. Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна гэдэг
үгийг сонсоод хүн болгон буруугаар ойлгохгүй байх. Хүн аливаа юмыг сэрж мэдэрч байна
гэдэг амьд байгаагийн илрэл шүү дээ. Танай сониноор дамжуулан Дэлхийн оюуны өмчийн
өдрийн мэндийг хүргээд бүх уран бүтээлч нартаа оюуны өмчөө дээдэлж зохиогчдоо хүндэлж
ажиллахыг уриалж байна.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ирэх хавраас дотооддоо хачиг шавьжийн эсрэг бэлдмэл үйлдвэрлэж эхэлнэ

ҮХХЯ-наас өчигдөр хачиг шавьжны эсрэг бэлдмэлийн талаар болон
цаг үеийн асууд­лаар мэдээлэл хийв. Энэ үеэр Мал эмнэлгийн ухааны доктор Б.Батцэцэгээс
зарим зүйлд тодруулга авлаа.

-Бэлчээрийн хачгийн хор хөнөөлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж
өгөөч?


Хачгийн идэвхжил жил бүрийн гурваас зургаан сард тохиодог. Гэхдээ сүүлийн үед дэлхийн
цаг уурын дулааралтай холбоотойгоор энэ хугацаа нэг сараар уртассан. Монголд таван
төрлийн 18 зүйлийн бэлчээрийн хачиг бий. Бие гүйцсэн хачиг нь мал, ан амьтны цусыг
сорж шимэгчилдэг учраас хачигтай мал тарга тэвээрэг авдаггүй. Дээр нь арьсанд сорви
тогтоож зарим тохиолдолд цоолдог учраас хачигтсан малын арьс ширийг үйлдвэрлэлд
хэрэглэхэд төвөгтэй байдаг. Хачгаар хүн, мал амьтны тарваган тахал, хачгийн халуун
зэрэг өвчин үүсгэгчийг дамжуулагч болохын хувьд дээрх өвчнүүдийн байгалийн голомтыг
нөхцөлдүүлэхэд голлох үүрэгтэй байдаг. Эмэгчин хачиг буюу хувалз нэг жилийн дотор
гурваас 15 мянган болж богино хугацаанд асар хурдан өсөж үрждэг. Хамгийн сонирхолтой
нь чийг дулааны хувьд амьдрах таатай нөхцөлийг нь бүрдүүлсэн тохиолдолд хачиг
15-20 жил цус сорохгүйгээр газрын хөрсөнд амьдрах чадвартай. Энэ нь хачгаас сэргийлэх
ажлыг зайлшгүй зохион байгуулах шаардлагатайгаас гадна эмийн нөөцтэй байх ёстой
гэсэн үг. Өнөөдөр бол эмийн хүрэлцээ муу байна. Барагцаалбал хачгийн эсрэг нэг литрийн
бэлдмэл 100 орчим мянган төгрөгийн үнэтэй учраас малчид тэр бүр худалдан авч нөөцлөх
боломжгүй. Тиймээс малаа хачганд бариулсан хойно нь эм, бэлдмэлийн эрэлд гардгаас
цаг хугацааны хувьд оройтох нөхцөлийг бүрдүүлдэг.

-Ирэх хавраас дотооддоо хачгийн эсрэг бэлдмэл үйлдвэрлээд
эхэлбэл дээрх асуудлууд бүрэн шийдэгдэх боломжтой юу?


Мал эмнэлгийн хүрээлэнгийн молекул генетикийн лабораторид гурван жилийн өмнөөс хачгийн
эсрэг эм бэлдмэлийн технологийн судалгааг хийж эхэлсэн. Хачгийн эсрэг тусгай шингэн
бүхий шингэнээр шүршиж угаах, нуруугаар нь дусаах, ваннад угаахаас гадна хуурай
цацлага гэсэн дөрвөн төрлийн аргыг хэрэглэж болдог. Эдгээрээс манай оронд хэрэглэхэд
хамгийн тохиромжтой нь хачиг идэвхижих хаврын улиралд нуруугаар дусаадаг бэлдмэлийг
хэрэглэх. Дусаасан эм нь хурдан хугацаанд цусанд шингэж, хялгасан судсаар биеэр
тархдаг тул илүү үр дүнтэй. Тиймээс манай лабораторид нуруунд нь дусаадаг хэдий
ч найрлага болон үйлчлэгч бодисын хувьд ялгаатай гурван янзын технологи бэлэн болсон.
Одоогоор туршилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд энэ гурваас хамгийн үр дүнтэйг нь
Монголын малын эмийн бүртгэлд бүртгүүлээд ирэх хавраас үйлдвэрлэж эхэлнэ.

-Хачгийн эсрэг бэлдмэлийг урьдчилан сэргийлэх хэлбэрээр ашиглаж
болох уу?

 -Урьдчилан сэргийлэх зорил­гоор хавар нуруун дээр
нь дусааж хэрэглэж болно.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

ЭМШУИС-ийн оюутнууд хоёрдугаар курсээ төгсөөд мэргэжлээ сонгоно

ЭМШУИС-ийн захирал Г.Батбаатартай ярилцлаа.

 
-Энэ жил элсэгчдээ яаж бүртгэх вэ, өнгөрсөн жил онлайнаар
бүртгээгүй санагдаж байна?

-Манай
удирдлагын баг энэ жилээс бүхнийг тунгалаг болгох зорилгоор элсэгчдээ онлайнаар
бүртгэх шийдвэр гаргасан. Хүүхдүүд гэрээсээ, сургуулиасаа хаанаас ч бүртгүүлж болно
гэсэн үг. Цаасаар бүртгэж, хүмүүс хоорондоо харилцаад эхлэхээр буруу юм гардаг.
Нуугаад байх юм алга. Манай сургуульд  буруу
юм байсан. 

-Элсэгчдийнхээ тоог тогтсон уу?

-Манай
сургууль яг одоогийн бүтцээрээ  бүрэлдэхүүний
долоон сургууль, салбар гурван сургуультай. Сувилахуйн, Анагаахын, Нүүр ам судлалын,
Био анагаахын, Нийгмийн эрүүл мэндийн, Эм зүйн, Уламжлалт анагаахын сургуулиудыг  бүрэлдэхүүний сургууль гээд байгаа юм. Эдгээр
сургуульдаа 900 хүүхэд элсүүлэхээр төлөвлөсөн. Чанар талаа харж өнгөрсөн жилийнхээс
хяналтын тоогоо зуугаар буулгасан. Өмнөх шиг мянга гаруй хүүхэд элсүүлж бөөндөж
болохгүй гэж үзсэн. Элсэгчдээ жил бүр зуугаар хасч дөрвөн жилийн дараа дээд тал
нь 600 хүүхэд элсүүлье гэсэн бодлого барьж байна. Манай сургуулийн элсэлтийн босго
оноо нэлээд өндөр буюу 620-630 байдаг. Гэхдээ БШУЯ-наас энэ жил босго оноог 450
гэж зааж өгсөн. Нэг зүйлийг онцолж хэлэхэд элсүүлж авах 900 хүүхэд маань бүгдээрээ
эмч болохгүй. Эмч гэсэн мэргэжлээр элсэх нь ердөө 360. Төв сургууль дээрээ оюутнуудыг
12 мэргэжлээр сургадаг. Говь-Алтай, Дорноговьд их эмчийг бие дааж бэлддэг байснаа
энэ жилээс зогсоосон. Хаана бэлдэхээс үл шалтгаалан эмч нарыг бид нэг стандартаар
бэлтгэнэ. Тийм учраас сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг бүх шатандаа явуулж байна.

-ЭМШУИС-ийн оюутнууд нэгдүгээр курсээсээ шүдний эмч, уламжлалт
эмч гээд мэргэжлээ сонгодог. Энэ жилээс хоёрдугаар курсээ төгсч байж мэргэжлээ сонгоно
гэж дуулдсан, үнэн үү?

-Дэлхийн
хөгжсөн улс орнуудын жишгийг дагаж анагаахын боловсролын суурь дамжаанд шилжиж байгаа
юм.  Нэгдүгээр курсээсээ шүдний эмч, уламжлалт
анагаахын эмч гэх мэтээр мэргэжлээ сонгохгүй. Нэг, хоёрдугаар курсдээ бүх оюутан
яг ижил хөтөлбөрөөр сурна. Тэр хугацаанд оюутнууд нүүр ам судлал нь ийм юм байна,
уламжлалт нь ийм онцлогтой юм байна гэх зэргээр чигээ авчихна гэсэн үг. Мэргэжлийг
нь хоёрдугаар курсээ төгссөнийх нь  дараа
сонгуулна. Нүүр амны сургуульд орвол дөрвөн жил, уламжлалтад орвол дөрвөн жил, био
анагаахад орвол гурван жил сураад төгсөнө гэсэн зарчмаар явна. Дэлхий нийтээрээ
ингэж хөгжиж, мэргэжлээ тэгж бэлддэг болсон байна. Тэдэн шиг хөгжье гэвэл энэ тогтолцоо
руу яаралтай шилжих ёстой.

-Нэгдүгээр курсээс мэргэжлээ сонгохгүй байх арга руу шилжих
шийдвэр нь эцсийн байдлаар гарсан уу?

-Удирдах
зөвлөлөөс шийдвэр гарсан.  2014-2015 оны хичээлийн
жил буюу ирэх есдүгээр сараас энэ шинэ хөтөлбөрөөр хичээллэх гэж байна.

-Элсэгчдийнхээ тоог 
цөөлж сургалтын чанараа ахиулна гэхээр төлбөр нэмэгдэж таарах уу?

-Таны
асуултад хариулахын өмнө сөрөг хоёр жишээ хэлье. Манай сургуулийн хувьд хавар, өвөлдөө
шилжих хөдөлгөөний тушаал гардаг. Өнгөрсөн нэг сард хүүхдүүдийн тушаалыг харахад
манай сургуульд хувийн сургуулиудаас 370 хүүхэд шилжих өргөдөл ирүүлж. Бүгдийг нь
шилжүүлэх бололцоо боломж  угаасаа байхгүй.
Шилжүүлбэл хувийн сургуулиуд дампуурна. Ямар учраас ингэж ихээр шилжих өргөдөл ирүүлж
байгааг нь судалж байна. Багцаа таамаг хэлэхэд гур­ван шалтгаан байх шиг. Мон­голын
анагаах ухааны нэрийн хуу­дас болсон багш нар манай сургуульд ажилладаг, ЭМШУИС-ийн
сургалтын орчин бусад сургуультай харьцуулахааргүй сайн гэсэн шалтгаан байж болно.
Өөр нэг шалтгаан нь  манай сургалтын төлбөр
хамгийн  бага. Дунджаар 1 сая 200 мянга байна.
Тодруулж хэлбэл 870.000-1.750.000 төгрөгийн төлбөр авч байгаа. Ижил чигийн хувийн
сургуулиудтай харьцуулахад манай сургуулийн төлбөр 30-45 хувиар бага байна. Төрийн
өмчийн сургууль гэдэг утгаараа энэ нь манай сургуулийн давуу тал байж магадгүй.

-Сургалтын төлбөр дээр энэ жил шинэчлэл хийнэ гэж ойлголоо?

-Шинэчлэл
хийнэ. Төлөвлөгөө гаргаж байна. Бидний тооцоогоор бага зэрэг нэмэгдэнэ. Оршин тогт­ноё
гэвэл төлбөрөө нэмэх ёстой. 25-30 орчим хувиар нэмж дундаж төлбөрийг 1.413.000 төгрөг
болгоё гэсэн тооцоо гаргасан. Гэлээ гэхэд л 
хувийн сургуулийн одоо мөрдөж байгаа төлбөрөөс бага гарч байна.  30 хувь нэмээд дундаж төлбөрөө 1.911 мянга болгоно
гэвэл яг одоо­гийн хувийн сургуулиудын дундаж. Ганц манайх ч биш их, дээд сургуулиуд
төлбөрөө нэмэх талаар санаа, оноогоо солилцоод эхэлчихсэн.

-Төлбөр бага учраас хувийн сургуулийн оюутнууд ЭМШУИС руу
шилжихийг хүсч байна гэдэг бол тийм ч бодитой шалтгаан биш байх. Танай сургуульд
орохын тулд тав, арван сая төгрөг өгдөг гэсэн барим тавим жишээ сонсогддог?

-Санал
нэг байна. Авлига өгдөг явдал байсныг үгүйсгэхгүй. Миний саяын дурддаг 370 хүүхэд
гэхэд л энэ сургуульд ямар ч аргаар хамаагүй орохыг эрмэлзэж байна. Урьд нь ажиллаж
байсан механизмыг  таслан зогсоохоор ажиллаж
байгаа.  Ямар ч бүртгэлгүй элсүүлж авчихаад
захирлын тушаалгүй байхад чи энэ ангид ор гээд заагаад өгсөн жишээ цөөнгүй байна.
Гэтэл өнөө хүүхэд нь нэг жил, хоёр жил сураад илрээд гараад ирж байна. Бид үүнийг
илрүүлэхийн тулд дотоод аудит хийж байгаа.

-Танай сургуулийн вэб дээр нэг анхааруулга байсан. Анхаарал
татахаар олон хүүхэд илэрсэн юм болов уу гэж таамаглахаар юм билээ?

-Тооны
хувьд цөөхөн хүүхэд илэрсэн гэж хэлэхгүй. Тийм учраас сургуулийнхаа фэйсбүүк дээр
анхааруулга бичсэн юм.

-Энэ ажлыг ямар хүмүүс хийсэн байж таарах вэ, удирдах түвшний
хүмүүс үү?

-Хүмүүсийн
ойлгож байгаагаар дарга, захирлууд хийгээгүй. Доор нь ажилладаг хүмүүс бүлэг болж
олон арван жил ажиллачихсан байх жишээний.  

-Эхлээд мэдэгдэхгүй оруулчихдаг юм байж, төгсөх үед нь дипломыг
нь яаж авч өгөх вэ?

-Тийм
арга зам байсан л байна.

-Мөнгө өгч элсээд өчнөөн жил сурчихаад илэрсэн хүүхдийг төгсгөх
үү?

-Хүүхдийн
буруу биш учраас зургаан жилийн амьдралаараа тоглуулсан хүүхдийг бид төгсгөнө. Хоёроос
дээш жил сурсан хүүхдийг энэ жил төгсгөнө гэсэн чигтэй байна. Ер нь цаашид ийм зүйл
гаргуулахгүй гэсэн бодлого, чиг бариад ажиллаж байна.

-Хүүхдийн эмчийн анги хааг­даад олон жил болсон. Хүүхдийн
эмч­гүй боллоо гэсэн шүүмжлэл их сонсогдох юм, энэ жил шинээр нээх үү?

-Хүүхдийн
эмчийн анги шинээр нээхгүй.

-Яагаад?

-Хүүхдийн
эмч гэдгийг дэлхийд тусад нь бэлддэг улс Оросоос өөр байхгүй. Манайх  1942-1992 он хүртэл хүүхдийн эмч бэлдэж Оросын
системээр явсан. Дэлхий нийтээрээ бэлддэггүйн шалтгаан нь хүүхдийн бие организм,
бүтэц том хүний жижигрүүлсэн хувилбар учраас тэр. Мэдээж онцлог бий л дээ. Ерөнхий
мэргэжлээр төгссөн эмч нар төгссөнийхөө дараа резинтурт сураад хүүхдийн эмч болж
болно. 

-Тэгвэл хүүхдийн эмч цөөрсөн шалтгаан нь юу юм бол?

-Эрүүл
мэндийн хуулинд эх, хүүхдийн эрүүл мэндийн бүх асуудлыг төр даана гэсэн заалт бий.
Гол шалтгаан нь ердөө л энэ. Хуулиндаа ингээд заачихсан учраас хувийн эмнэлэг байгуулах
боломж нь хаалттай болчихож байгаа юм. Зөвшөөрлийг нь хязгаар­лаж өгдөг. Хуулиа
зөрчөөд зөвшөөрлийг хамаа намаагүй  өгөөд
байж болохгүй шүү дээ. Үнэнийг хэлэхэд хүүхдийн эмнэлэг ямар ч ашиггүй гэж ярьдаг.
Ийм эрсдэлтэй салбар руу орсноос мэс заслын, мэдрэлийн, гэмтлийн эмч болоод хувийн
эмнэлэг байгуулаад явбал дээр болчихоод байна л даа. Төр даахгүй юмнаасаа татгалзах
цаг ирснийг л харуулж байгаа жишээ. Эх хүүхдийн эрүүл мэнд, хавдар, гэмтлийг төр
дааж чадахгүй байна. Эмчлэх ёстой, эмчлэхэд зардал гарч таарна. Тэгээд төлбөрийг
нь авахаар буруутчихдаг. Би энэ асуудалд эмч нарт буруу өгдөггүй. Тогтолцооны гажуудал
үүсчихээд байна. Энэ гажуудлыг  засахгүйгээр
явахгүй. Хэвлэл мэдээлэл нь гэхэд л эмч нараа шүүмжилж цохиж унагаад байхаар тийм
мэдээлэл байнга сонссон хүн Монголын эмнэлэгт очихыг хүсдэггүй.  Солонгост жилд 40 мянган монгол хүн эмнэлгийн
үйлчилгээ авах гэж 500 сая ам.дол­лараа аваачаад өгчихөж байна. Энэ мөнгөөр арван
дүүргийн эмнэлэг барих боломжтой гээд бод доо. Эмч нартаа итгэх итгэлийг нэмэг­дүүлэхгүйгээр
явахгүй. Өнөөдөр зах зээлийн зарчмаар маш олон салбар хөлөө олоод явж байна. Хөлөө
олохгүй байгаа хоёрхон салбар байгаагийн нэг нь эрүүл мэнд. Нөгөө нь дээд боловсролын
салбар. Манай сургууль яг зааг дээр нь зогсч байна. Аль алинд нь шууд хамаарна.

-Төр дээд боловсрол, эрүүл мэндийн салбараа бизнес  гэж харах ёстой гэх гээд байна уу?

-Тийм
ээ, дээд боловсрол, эрүүл мэндийн салбараа бизнес гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Бизнес гэдгийг нь дэлхийн олон орны жишээнээс харж болно.  Зүй  нь
төрийн өмчийн сургуулиа төлбөрөө нэмж болохгүй гээд үлгэн салган явуулах учиргүй
байгаа юм. Гэхдээ шинэчлэлийн Засгийн газарт олзуурхах нэг сайн тал байна. Удирдах
зөвлөл бүх асуудлаа  шийд, бид оролцохгүй
гээд зарлачихлаа.

-Анагаах ухаан хөгжиж байна, хүний зүрх, бөөр, элгийг үүдэл
эсээс нь ургуулдаг болж байна. Анагаахын шинжлэх ухааны ийм шинэ чиг рүү хэр анхаарч
байна, жишээ нь танай сургууль дээр үүдэл эсийн судалгааг эхлүүлсэн үү?

-Загатнасан
газар маажина гэдэг шиг юм асуулаа. Манай сургуулийн эрхэм зорилго бол Ази Номхон
далайн баруун эргийн бүсийн шилдэг зуун их сургуулийн нэг болох. Бүр  2020 он гээд хугацаа заачихсан. Ингээд цэг тавьчихаар
үүндээ хүрэхийн төлөө хичээж ажиллана аа даа. Дэлхийн улс орнуудын их сургуулиудын
хөгжлийг харахаар сургалтын, судалгааны, тогтвортой хөгжлийн гэсэн шатууд­тай байна.
Манайх хамгийн доод шатанд нь байгаа. Өндөр хөгжсөн орнууд судалгааны их сургууль
руугаа аль дөч, тавин онд шилжчихсэн. Одоо бүр тогтвортой хөгжлийн их сургууль болсон
байна. Стэнфордын, Массачутесийн гээд дэлхийн топ 50 сургууль энэ шат руу аль хэзээний
орсон. Ийм үед бид байрнаасаа хөдлөхгүй байж таарахгүй. Ядаж судалгааны их сургууль
болохын төлөө зорих хэрэгтэй. Ингэхийн тулд зөвхөн мэдлэг түгээдэг биш мэдлэг бүтээдэг
болох ёстой. Мэдлэг бүтээхийн тулд багш нараа чадавхжуулах, судалгаа шинжилгээний
орчноо бүрдүүлэх гээд олон ажил хийх шаардлагатай.  Мэдээж бид дангаараа чадахгүй учраас асуудлаа
салбарынхаа яаманд тавьсан. Монголын хөгжил энэ гэдгийг сайд их сайн ойлгосон. Тийм
учраас дэд бүтцээ бүрдүүл гээд хөрөнгө оруулалт өгч байна. Ирэх ес, арав, арваннэгдүгээр
сараас дэлхийн түвшний том лабораториудыг нээгээд эхэлнэ гэж бодож байна.

-Яг ямар лабораториуд 
нээх гэж байгаа вэ?

-Энэ
оны арав, арваннэгдүгээр сарын хөрөнгө оруулалтаар эсийн өсгөврийн лаборатори байгуулаад
эхэлнэ. Манайх Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль гэсэн нэртэй. Шинжлэх ухаан
гэсэн нэрийг авчихаад эсийн өсгөврийн лабораторигүй л өнөөдрийг хүрч. Улс орон үнэхээр
бололцоогүй байсан байж магадгүй. Хүнээ бэлдээгүй байсан байж болно. Өнөөдөр дэлхийн
шилдэг 500 их сургуульд доктор, магистр, докторын дараахь сургалтад хамрагдсан,
хамрагдаж байгаа залуус олон бий. Гурав, дөрвөн жилийн дараа манай багш нарын
40 гаруй хувийг өндөр хөгжилтэй улсад докторын зэрэг хамгаалсан залуус эзэлнэ. Өнөөдрийн
хувьд их юм сурч мэдсэн дүрэлзсэн гал шиг хүмүүс эх орондоо ирдэг ч ажиллах орчин
байхгүй учраас гадагшаа явахаас аргагүй болдог. Тэдний эх орондоо ажиллах нөхцөлийг
нь бүрдүүлэхийн тулд Монголд судалгааны арван кластер баг байгууллаа. Монголын шинжлэх
ухаан өнөөдрийг хүртэл нэг хүн дээр тогтож иржээ.  Тэр хүн бодож, хүссэнээ дагуулж  ирсэн хоёр гурван хүмүүсээрээ хийлгэж байсан.
Шинжлэх ухаан гэдэг чинь бүх салбарын эрдэмтэд орж байж урагшилдаг эд. Зүгээр л
нэг цаас үйлдвэрлэх биш мэдлэг бүтээх ёстой. Дэлхийн шинжлэх ухааны мэдлэгт Монголын
гэсэн нэртэй юм оруулах учиртай. Олзуурхмаар нь манайд тийм чадалтай залуус байна.

-Та сая судалгааны арван кластер баг байгуулсан гэж ярилаа.
Яг ямар чиглэлүүдээр ажиллах багууд вэ, мэдээж өндөр хөгжилтэй орнуудад сурч боловсорсон
залуус багтаж байгаа байх?

-Энэ
кластерууд дотор таны сая сонирхсон үүдэл эсийн судалгаа явагдана. Хавдрын шинэ
эмчилгээний судалгаа хийгдэнэ. Чихрийн шижинг эмчлэх шинэ арга гарч ирнэ. Дандаа
гадаад дотоодын сургууль төгссөн шижигнэсэн залуусыг том профессорууд ахалж байна.
Миний үүрэг бол энэ залуусыг ажиллуулах лабораторийг байгуулж, судалгаа хийх мөнгийг
нь олох. Гурав, дөрвөн жилийн дараа  зарим
хүмүүсийг гайхашруулсан  Монголын шинжлэх
ухааны том өгүүллүүд гарна. Нээлт, шинэ эмчилгээний аргууд ч гарахыг үгүйсгэх аргагүй.
Манай сургуулийн 40-өөд төгсөгч дэлхийн улс орнуудын шинжлэх ухааны бодлогыг тодорхойлох
түвшинд ажиллаж байна. Тэр залуусаа татаж оруулж ирнэ. Ийм том юм мөрөөдөөд сууж
байна даа. Хөрөнгө оруулалтыг нь шийдвэл бид үүнийг хийж чадна. Монголын хөгжлийн
гарц ердөө нь энэ. Шинжлэх ухаанаа хөгжүүлсэн улс л хөгждөг. Био анагаахын тэсрэлт
болох цаг ирсэн.

-Танай сургуульд үүдэл эсийн судалгаан дээр  ажиллаж байгаа хүн байна уу?

-Үүдэл
эсийн судалгаа явагдаж байна. Гэхдээ инновацийн түвшинд. Лабораторийн түвшинд олон
улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний үр дүн гаргаж чадахгүй байна. Зөвхөн Монголдоо
гээд ойлгочихож болно. Би анагаах ухааны академийн гишүүн. Өнөөдөр Анагаах ухааны
академийн бага чуулганаар 2015 онд хэрэгжих төслүүдийг ярих гэж байна. Сонирхоод
харахаар нөгөө л хуучин юмнууд.

-Хуучин гэдэг нь?

-Ганцхан
тоо хэлье. Сая бид Шинжлэх ухаан технологийн сангаас хэрэгжүүлсэн төсөл дээр үнэлгээ
хийж үзлээ. 1973 оноос хойш эрүүл мэндийн салбарт 270 гаруй төсөл хэрэгжжээ. Үүний
60  хувийг дөрөвхөн хүн хэрэгжүүлсэн байвал
яахав. Нэг хүн ерэн төсөл хэрэгжүүлсэн гээд бод доо. Дандаа цаас үйлдвэрлэсэн байна.

-Одоо хэлэлцэх төслүүд нь ч тийм байна гэж үү?

-Нөгөө
л хуучин юмаа дахиад хийх гэж байна. Жирэмсэн үед эмэгтэй хүний жин яаж нэмэгдэж
байна, энэ нь төрж байгаа хүүхдийн жинтэй яаж холбогдож байгааг судлах юм гэнэ.
Яг үнэндээ хэнд хамаатай юм бэ. Ийм шинжлэх ухаан гэж байхгүй. Энэ бол хуучин шинжлэх
ухаан. Шинэ шинжлэх ухааны суурийг тавих цаг болсон.  Бүтцийг нь үүсгээд өгвөл чадахгүй юмгүй. Сая хэлсэн
дээ, хүний нөөц нь байна аа гэж. Энэ залуусыг ашиглаж мэдлэг бүтээх, мэдлэгээ баялаг
болгох гэсэн бодлого үгүйлэгдэж байсныг салбарын  яам нь дэмжээд гаргаад ирлээ. Боломж олдож байна.

-Япончуудын буцалтгүй тусламжаар ЭМШУИС-ийн дэргэд орчин үеийн
эмнэлэг барих асуудал яригдаж байсан. Тэр асуудал юу болсон бэ?

-Эмнэлэггүйгээр
их сургууль гэж байхгүй л дээ. Манай томчууд гадаадад эмчлүүлэхээр явахдаа  их сургуулийн эмнэлэг дээр л очдог. Монголд их
сургуулийн эмнэлэг гэж байхгүй, хуучин Оросын тогтолцоогоор явсаар өнөөдрийг хүрсэн.
Их олон жил хөөцөлдөж байгаа төсөл л дөө. Таатай мэдээ дуулгахад энэ үед бүтэж байна.
Би ажлаа авсаныхаа маргааш нь Японы элчин сайдтай уулзаж төслөө урагшлуулах талаар
ярьж байлаа. Одоо бол газраа шийдүүлчихсэн, Засгийн газрын тогтоол гарчихсан, бүх
ажил урагштай байна. Найм, есдүгээр сараас 
хэрэгжиж эхэлнэ. Одоо төвсөө хийж байна. Японы Засгийн газраар төсвөө батлуулах
юм бол хэрэгжиж эхэлнэ. Манай Ерөнхийлөгч сая Япон руу явахдаа Шинзо Абэтэй уулзсан
даа. Тэр үеэрээ Японы Ерөнхий сайдтай төслөө хурдан хэрэгжүүлье гэдэг дээр яриа
үүсгээд ирсэн байна лээ.

-Эмнэлгээ хаана барихаар болсон бэ?

-Найман
га газар эзэмшихээр гэрчилгээгээ авсан. Баянзүрх дүүр­гийн арванхоёрдугаар хорооны
нутаг дээр манай сургуулийн эмнэ­лэг баригдана. Манай сургуулиас дөрвөн км-ийн зайтай.
Япончууд газрын шинжилгээ аваад эмнэлэг барьж болно гэсэн дүгнэлт гаргасан. Эмнэлэг
барих газраас Ботаникийн цэцэрлэгийн тарьж ургуулсан  моддыг тавдугаар сарын эхээр шилжүүлнэ. Хаана
шижлүүлэхээ товлосон байгаа. Манай оюутнууд мод тарих нүх ухах, зөөвөрлөх гээд бүх
л ажлыг хийнэ. Яаж тарихыг нь зааж зөвлөх технологийн зааварлагч байхад л болно.
Урд нь байгаа хэдэн модыг ногоон байгууламжаар нь авч үлдье гэж тохирсон.

-ЭМШУИС-ийн эмнэлэг хэзээ ашиглалтад орох вэ?

-2016
оны сүүл гэхэд бид түлхүүрээ гардаж авна. 200 ортой эмнэлэг байх юм.

-Япончуудын барьж өгөх энэ эмнэлэгт Монголд эмчлэгдэх боломжгүй
өвчнүүдийг эмчлэх үү?

-Тэгнэ.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Японы төсөл хэрэгжүүлэх ЖАЙКА-д Монголд эмчлэгдэж, оношлох
боломжгүй  эмгэгүүдийн ядаж  арвыг нь эмчилж, оношлодог болгооч гэсэн хүсэлт
тавьсан. Тийм учраас өндөр технологи орж ирнэ гэж ойлгож болно. Бид гэрээгээ байгуулахдаа
эмнэлэгт Японы хамгийн сүүлийн үеийн технологи суурьшина гэдэг дээр тохирч чадсан.
Дээрээс нь Монголын эмнэлгүүдэд байхгүй факс системийг нэвтрүүлнэ. Эмнэлэгт байдаг
мэдээллийн маш том тогтолцоо л доо.

-Факс систем гэдгээ тодруулаач?

-Шинжилгээ
хийлгэснийхээ дараа хариуг нь хүлээлгүйгээр шууд эмч дээрээ очиж үйлчлүүлж болно.
Шинжилгээний хариу шууд эмчийн компьютер 
дээр гараад ирнэ гэсэн үг.

 Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хүн төрөлхтөн youtube гэдэг ёс суртахууны цагдаатай болжээ

Youtube
гэдэг сайт хүн төрөлхтөнд  ёс суртахууны цагдаагийн
үүрэг гүйцэтгэдэг болжээ. Гудамж талбайд явах, 
хүмүүстэй  соёлгүй, бүдүүлэг харилцах,  хараал урсгах,  хэрүүлчээ гайхуулах, юуны түрүүнд уур омгоор асуудлыг
шийдэх, зүй бус үйлдэл гаргах,  хүний ёсноос
гажууд үйлдэл хийх  зэрэг нь хэзээ нэгэн цагт
youtube дээр гардаг болчихсон цаг юм байна. Энэ бол нийгэмд биеэ буруу авч яваа
хүмүүсээс  ёс суртахууны хариуцлага нэхдэг
сайт. Энд тавьсан бичлэгүүд хэзээ ч баларч устдаггүй. Үүрд мөнхөд хүн төрөлхтний
хүртээл болон үлддэг жамтай.

Ийнхүү
мөнхөрсөн зарим нэг бичлэгээс жишээ дурдъя. Хамгийн шинээс нь эхэлье. Монгол Улсын
хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, жүдо бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл
медальт Х.Цагаанбаатар байна. Яалт ч үгүй 
энэ үеийн шилдэг тамирчдын нэг. Гэтэл түүний адууны засааг түүхийгээр нь
хуу татан зулгааж, амаа олохгүй идэж байгаа дүрс бичлэг саяхан цацагдлаа. Үзсэн
хүний огиудсыг цутгуулмаар, өөрийг нь мэдрэл ч юм уу гэж харагдуулахаар энэ бичлэгийг
хамт яваа найз нөхөд нь утсаараа хийгээд youtube-д тавьчихаж.

Цааш
нь явъя. 2008 оны наймдугаар сарын 14-нд хийсэн нэг бичлэг байна. Н.Түвшинбаяр олимпийн
алтан медаль хүртсэн өдөр. Согтуу С.Баяр “Би Монгол Улсын Ерөнхий сайд байна, Ура”
хэмээн орилж, хэлээ зажлан, хөл дээрээ тогтож ядан дэнжигнэж байгаа бичлэгийг  “согтуу толгой” гэдэг гарчигтайгаар тавьчихсан
байна. Эрхэм Ерөнхий сайд асан эрүүл болсон хойноо эндээс өөрийгөө олж  үзээд үхтлээ ичсэн байх гэж найдъя.

Дараагийн
бичлэг. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал Д.Батжаргал гэдэг нөхөр нэгэн
цайны газар ороод хутга барин тогоочийг нь элдэж гүйж яваа дүрс байна. Уурыг нь
хүргэсэн тогоочийг  алах юм гэнэ. Камерт бичигдсэн
түүний энэ тэнэглэлийг “ёс суртахууны цагдаа” сайт дэлхий даяар дор нь цацсан байна.

Багш
хүн бол шавь нартаа бурхан лугаа хүндлэгддэг. Бусдын хүүхдэд эрдэм заадаг болохоор
нь буруу юм хийдэггүй, мунхаг зан гаргадаггүй, ертөнцийг танин мэдсэн, зөв төлөвшсөн
хүмүүс гэж ойлгоцгоодог.  Тэгвэл оюутан, сурагчдын
хувьд бүхнийг мэдэгч ардын багш нь ийм л хүн 
гэдгийг  тэр бичлэг харуулаад өгч.
Шавь нар нь цаашлаад таньдаг найз, нөхөд нь юу гэж бодоо бол. Энэ цагаас хойш сургуулийн
захирал маань хэсэгтээ хүний нүүр харж чадахгүй хэцүүхэн л байсан байх.  

УИХ-ын
гишүүн байхдаа бусдын өмнөөс салаавч гаргадаг моод дэлгэрүүлсэн Хамуг монгол хөдөлмөрийн
намын дарга Ц.Шинэбаярын бичлэгийг энд дурдаж болно. Чуулганы танхимд том гэгчийн
салаавч үзүүлчихээд тоосон шинжгүй зогсч байсан Ш.Сайхансамбуугийн зураг байна.  Бүгд л интернэт ертөнцөөр цацагдаж, хүн ардын
амны бай болж байлаа. Уг нь тэр салаавч гэгчийг 
ухаан суух яагаа ч үгүй, өсвөр насныхны юуг нь мэдэхгүй тоглодог тоглоом.  Өвгөнт гэж яриад сурчихсан гудамжны архичдын өөр
хоорондоо үзүүлдэг доромжлолын дохио зангааны нэг хэлбэр. Ухамсартай, соёлтой хүмүүсийн
бараг мэддэггүй, хараагүй, цээрлэдэг ёсных нь нэг илэрхийлэл юм байна гэж боддог
байв. Гэвч үгүй байхаар барахгүй төрийн түшээдийнхний дургүйг нь хүргэсэн бүхэндээ
үзүүлж, харуулдаг салаавч байсан юм байж. Үүнийг “youtube”-ийн бичлэгүүд бэлхнээр
нотоллоо.    

Тэр
байтугай Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж явсан Н.Энхбаяр “түй май” гэдэг хараалыг
бусдад өгдөг юм билээ.  Арай л Ерөнхийлөгч
байхдаа уулзахаар орж ирээд уурыг нь хүргэсэн хүмүүсийн өөдөөс “түй май” гээд салаавч
гаргаад суудаг байсан юм биш байгаа даа. Мандаж явах үед нь хацраа өгч алгадуулж,
өөрийнх нь хэлдгээр бөгсийг нь долоож, өлмийд нь сөгдөж явсан тойрон хүрээлэгчид
нь сайн мэдэх байх. Ямартай ч Н.Энхбаярын “түй май”-г хожим хойно youtube сайт нийтэд
дэлгээд өгсөн. 

Өөрийгөө
ч тэгээд нэрлэчихсэн юм уу, үнэхээр адилхан болохоор нь өрөөл бусдууд тийм нэр хайрласан
юм уу бүү мэд.  “Түшиг”-ийн эзэн хүүхнийг
“Монгол Анжелина” гэх юм.  Гэтэл өнөө сайхан
хүүхэн чинь дэлгүүртээ үйлчлүүлсэн бүсгүйтэй 
гахай нохой шиг харьцаж, хачин муухай хэрэлдэж буй бичлэг нь бас л
youtube сайт дээр байна.  Бичлэг хийж байгаа
хүүхэн рүү хоолой нь сааралтан орилж,  хагас
галзуурч байгаагаа харуулж нүдний булай болж байна. Энэ сайхан хүүхэн  ийм ч байх гэж хэмээн бодогдохоор. Лав “Монгол
Анжелина” гэж биширдэг танилуудынх нь түүний талаарх үнэлэмж навс унаа байлгүй.
Мисс  гэнэ үү Сэлэнгэ гэдэг өөр нэг хүүхэн
байна. Ер бусын тэнэглэлүүд нь бичлэг, зураг хэлбэрээр youtube сайтаар дүүрэн. Сайнаар
биш муугаар хэлүүлэх нь олонтаа тэр  бичлэгүүд
нь түүнд сургамж болон үлдээсэй гэж найдахаас цааш хэлэх үг олдохгүй болтол түмний
амыг ангайлгах нь бий. Электрон барааны дэлгүүрээс компьютер хулгайлж яваа эмээ,
зарж байгаа хувцсыг нь өвөртлөөд гарч буй авгай гээд бүгдийг нь youtube сайт онигоо
болгож байх жишээтэй.

Гэх
мэтчилэнгийн жишээнүүдийг дурдаад байвал олон. Хотод машины цонхоор хогоо гаргаад
чулуудвал хоёр секундын дараа “youtube”-ээс 
өөрийгөө олж харна.  Хотын зам дээр
сүлжиж давхисан ч машины дугаар юутай хээтэйгээ тэр чигээрээ  хэдхэн хормын дараа интернэт ертөнцөөр тарж, бусдын
хараалыг иднэ. Бууж, суух болгон нь youtube дээр гарчих гээд хазгай гишгэж болохоо
байсан нийгэм бүрэлджээ. 

Тэгвэл
эрх чөлөөний Америк оронд хүмүүс бие биеэ яагаад дээрэлхдэггүй юм. Хөл дээр нь гишгээд,
шүргээд өнгөрсөн болгонтой эргэж харж хэрэлдээд, элдвээр дуудалцдаггүй инээмсэглээд
явдаг нь ямар учиртай юм. Яагаад гэвэл тэнд ардчилал гар буун дээр тогтдог гэж ярьдаг. 

Манайд
бол яадаг билээ. Хажуунаас шахсан машины жолоочийг хэлэх хэлэхгүйгээр доромжилж,
салаавч өгнө. Гартаа таарснаа шидэлнэ. Бууж ирээд хүчтэй нь хүчгүйгээ заамдаж авч
тонгорно. Эр бяраа гайхуулан дээрэлхэнэ. 
Харин АНУ-д ингэж чаддаггүй. Тэд ёс суртахуунтайдаа биш л дээ.

Манайхан
шиг хэн нэгэнтэй тэгж харьцвал алуулж мэднэ. Цаадах нь ямар хүн байж таараад яах
юм ч юм билээ. Буудаад унагаачих ч юм бил үү яаж ч мэдэх тул  америкчууд айгаад ийм догшин ааш авирыг хэн нэгэнд
үзүүлдэггүй. Үргэлж эелдэг зан гаргаж, бие биедээ найрсаг ханддагийн цаад учир нь
энэ. 

Америкийн
үйлчилгээний соёл гарын мөнгөн дээрээ тогтдог гэдэг. Хэрэв  үйлчлэгч муухай аашилбал үйлчлүүлэгчээсээ гарын
мөнгө салгана  гэж гонжийнжоо. Тийм болохоор
орж ирсэн хүн бүр рүү сайхан инээмсэглэж, найланхай аашилж, тав тухтай байлгахаас
өөр арга байдаггүй. АНУ-д  соёлт ертөнц, найрсаг
орчин  үүсэн бий болсны учир нь ердөө энэ.

 Үүнтэй нэгэн адил youtube  гэдэг ёс суртахууны цагдаа Монголд, бидний зан
харилцаанд соёлт ертөнц бий болгож эхэллээ. Хүн бүр ухаалаг утас барьдаг болсон
учраас  замын цагдаа жолоочтой маргалдаж,
“чи би”-дээ тулахаа байж. Хуучин бол “хуц, уль”-даа тулж  зодчихоо алддаг байв.  Жолооч нар ч хараал урсгаж, хайш яйш явцгаах нь
татарч байна.  Цагдаа, жолооч хоёр ах дүү,
найз нөхөд шиг соёлтой ярьцгаадаг болсон байна. Муухай л яривал  нийгмийн сүлжээгээр тарж, нүдний булай болохоосоо
санаа зовоод тэр шүү дээ. Дэлгүүр хоршоонд ч худалдагч, үйлчлүүлэгч хоёрын харилцаа
хачин соёлтой болж байна.  Хүн болгон “Би
ингэвэл “youtube” дээр гарна” гэсэн бодолтой өөрийгөө барьж, үгээ цэнэж соёлтой
явцгаадаг болсон байна. Гэртээ байдаг шиг, эзгүй талд ганцаараа яваа мэт аашлах
нь хязгаартай болжээ. Ямар ч байсан муу явж, муухай харьцаж, өөдгүй загнахын аргагүй
болсон байна. Хүссэн хүсээгүй энэ ёс суртахууныг Юүтүб л бидэнд төлөвшүүлж эхэллээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Тэнгэрээс түгшин амьдрах өдрүүд

Хэдхэн өдрийн өмнө нэгэн залуу
барьж буй барилгаас унаж амиа алдсан. “Тэнгис”-ийн хажуугийн барилга дээрээс унасан
төмөрт цохиулж хорвоог орхисон оюутан залуугийн түүх одоо ч хуучраагүй байна. Шүүх
хурал нь саяхан болж өнгөрлөө. Өчигдөр гэхэд хичээлээ тараад ээжтэйгээ хөтлөлцөн
инээж  явсан жаахан охины дээрээс бас л төмөр
уначихлаа. Азаар аминд нь хүрсэнгүй. Гэхдээ 
наймхан настай бяцхан охин толгойдоо маш гүн шарх авчээ. “Аморе” зочид буудлын
өргөтгөлийн барилгаас унасан төмөр охиныг нь айхтар гэмтээсэн талаар ээж нь уйлаад
ярьж байна. Модны хоёрын урд талын зам дагуу “Аморе” гэдэг нэртэй томоо гэгчийн
зочид буудал байдгийг уншигчид андахгүй байх. Иймэрхүү өргөтгөлөөс эхлээд шинээр
барьж байгаа, засвар хийж эхэлсэн хэдэн зуун барилга нийслэлийн дүүрэг бүрт  байна.

Шуудхан хэлэхэд Улаанбаатарт хүн
бүр л айдастай нүдээр тэнгэр ширтэн алхахаас 
аргагүй нөхцөл үүсчихэж.  Шил даран
цацагдаж  буй түгшүүртэй мэдээллүүдийг уншсан
хэнд ч тэнгэрээс гайтай юм уначих вий гэсэн болгоомжлол төрөх нь ойлгомжтой. Тоосго
нь, төмөр нь, бүр барилга нь өөрөө нурж ирээд дарж мэдэх дүр төрх их хотод хаа сайгүй.

Шалтгааныг нь нэг их холоос хайх
шаардлагагүй. Ерөөсөө л бидний хэнэггүй зантай холбоотой. “Яахав дээ, яав л гэж”  гэсэн хайнга тэнэг бодлын уршиг өнөөдөр өчнөөн
хүний аминд хүрээд байна. Бүх л зүйлд хэнэггүйрхэж хандаад сурсан араншин маань
ийм эрсдэлд хүргээд байна. Нүүдэлчдийн амьдралд зуд, ган зэргийг эс тооцвол эрсдэл
гэхээр зүйл үгүй.  Тэнгэрээ шинжээд ирэх улирлаа
прогнозолчихдог ард түмэнд  гантай зун, зудтай
өвөл ч яс юман дээрээ эрсдэл биш. Нүүдлийн амьдралд тэнгэрээс юм харваж ирээд аминд
хүрнэ гэх аюул байх биш. Малаа дагаад явж байдаг хүмүүст хууль, дүрэм,  аюулгүй байдал, стандарт  гэсэн үгнүүд тэгтлээ аминд тулсан томъёолол биш
нь тодорхой.

Харин нэг газраа бөөгнөрөн суурьшсан
нийгмийн хувьд саяын үгнүүд их үнэ цэнтэй. Стандартгүй ажиллалаа л бол хэн нэгнийхээ
эрх ашиг, амь насанд халдах эрсдэлтэй учраас үнэ цэнэтэй, агаар, ус мэт хэрэгтэй
гэж тодорхойлохоос аргагүй. Наад захын нэг жишээ нь барилгын аюулгүй байдлын эргэн
тойронд өрнөж буй золгүй тохиолдлууд. Яг үнэндээ барилгын ажил нь ид өрнөж буй ихэнх  барилгад ямар ч стандарт мөрдөгддөггүй. Стандартаа
ягштал дагадаг хэсэг бий учраас ихэнх гэж тодотголоо. Ядаж л хажуугаар нь явахад
хашиж, хаасан хамгаалалттай барилгууд нийслэлд цөөхөн ч гэсэн байна. Тун цөөн хэсэг
нь барьж буй барилгынхаа наагуур ногоон тор татсан харагддаг. Цаана нь ажиллаж байгаа
нөхөд янз бүрийн юм унагалаа гэхэд нөгөө тор нь хашиж хамгаалаад доошоо унагахгүй
сайн талтай юм билээ.

Стандарт, аюулгүй байдал  гэдэг үгийг мартсан ихэнх компаниуд цаг алдалгүй
хууль дүрэм, стандартаа мөрдөж эхэлмээр байна. Барьж буй барилгынхаа ойр хавийн
хүн явах хэсэгт хаалт хашлага барья. Барилгын ажил ид өрнөж байгаа үедээ барилгынхаа
наагуур тор татдаг болчихъё. Цаашлаад яривал 
барилгын эргэн тойрондоо хашаа хатгаж, “Үүгээр зорчих аюултай, тойрч явна
уу” гэсэн томоос том бичиг хадчихмаар байгаа юм.

Тэгвэл тэнгэрээс түгшиж амьдрах
хүмүүсийн айдас бага ч гэсэн дарагдана. Хотынхоо гудамжаар түгшүүртэй нүдээр тэнгэр
ширтэж биш, урин цагийн аясыг мэдэрсэн шигээ айдас түгшүүргүй алхмаар байна. Хүн
бүхэн ийм хүсэл тээж яваа.

Тэглээ гээд тэнгэрээс төмөр харваж
ирээд хүний аминд хүрчихнэ гэж айгаад барилга барихгүй гараа хумхиад хөгжихгүй суултай
нь  биш. Бүтээн байгуулалт хаа сайгүй өрнөж
байж бид хөгжинө. Мэдээж “Энэ муусайн компаниудын үйл ажиллагааг зогсоо” гэж адлах
нь тийм ч зөв гарц биш.  Аюулгүй байдлаа хангахгүй
байгаа компаниудад хариуцлага тооцдог орчныг бүрдүүлчихэд л болох асуудал.

Мэргэжлийн хяналтын хэдэн байцаагчийн
хийгээд дийлчихдэг ажил биш  гэдгийг өнгөрсөн
хугацаанд гарсан ослууд баталлаа. Одоо ганц гарц байна. Ерөөсөө иргэдийнхээ хүчийг
ашиглая. Шаардлага, санал, гомдол, шүүмж хүлээж авдаг утастай болъё. Гар утаснаасаа
залгаад ярихад энгийн тарифаар үйлчилдэг 1111 шиг дугаар ажиллуулбал дажгүй үр дүн
гарна гэж бодож байна.

1111 дугаар руу  өчнөөн иргэн залгаж  засагтай холбоотой санаа оноогоо хэлдэг юм билээ.
Ийм утас ажиллуулсны үр дүн ч эхнээсээ гараад эхэлсэн.  Барилгын компаниудын аюулгүй байдлын талаар мэдээлдэг  тусгай дугаартай болчихвол байрныхаа гадаа нарлаж
суугаа Дулмаа гуай гэхэд л хажууханд нь баригдаж эхэлсэн барилгын ажилчид согтуу
хөлхөцгөөхөд  утасдана. “Энэ барилгын залуус
баахан архидаж байгаад ажилдаа гарцгаалаа. Арга хэмжээ авч өгөөч” гэж ирээд хэл
дуулгачихна. Согтуу хөлчүүдээ барилгын ажил хийж байгаад өөртөө болон өрөөлийн аминд
хүрэх эрсдэл энэ  хэрээр багасаад ирнэ. Огт  хамгаалалтгүйгээр барилгын ажил эхэлсэн компанийг
гудамжинд яваа хэн ч гаднаас нь хараад мэдэх боломжтой. Тэр болгонд нь утасдаж сануулаад
байвал илүү амьд хяналт тогтоно гэж бодож байна.

Тэгэхээр тэнгэрээс түгшихгүй амьдрах
хамгийн гол гарц нь иргэдийн хяналт болоод байна даа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Х.Отгонтуяа: “Хөгжимчид ийм л байх ёстойг жинхэнэ утгаар нь мэдэрлээ” гэж тэд хэлсэн

Соёл, урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяатай
ярилцлаа.

-Өнгөрсөн
долоо хоногт та хөгжмийн сон­го­­дог концерт зохион бай­гуул­лаа. “Төгөлдөр” сан
одоо Монголын хөгжмийн урлагийн ирээдүйн хөгжил рүү нухацтай хандаж байгаа нь тодорхой
харагдаж бай­на л даа. Хөгжмийн урла­гийнхаа алс хэтийг харсан бодлого гэж хүмүүс
үзэж байх шиг байна. Санаа сэдлээ хаанаас эхлэв?

-Манай сан өнгөрсөн хуга­цаанд балетын, хөгжмийн, драмын урлаг, мөн
хүүхдийн сурах бичиг зэрэг хэд хэдэн чиглэлд ажилласан л даа. Энэ “Трио” тоглолт
бол миний хийх юм сан гэж хүсч бодож явсан тоглолт боллоо. Чухам ямар хэлбэрээр
хийхээ сайн товлож амжаагүй явтал Морин хуурын чуулгын Ерөнхий удир­даач Ц.Батчулуун
гуай, Ч.Чинбат гуай, морин хуурч Жигжиддорж гурав надад санал тавьсан юм. Өмнө нь
би Морин хуурын чуулгын тоглолт үзэж байхдаа тэр дундаас Жигжиддоржийг маш сайн
бэлтгэгдсэн хүү юм байна даа гэж харж байсан л даа. Тэр үед нөхөр маань Ерөнхий
сайд байв. Манайх Цагаан сарыг нэг их хөл хөөр болгож хийгээд байдаггүй. Харин тэр
жил ёс ёмбогор төр төмбөгөрийг бодож цагаан сарыг ёсолж хийсэн юм. Зүгээр л нэг
золгоод хоол унд идээд өнгөрөхийн оронд үндэсний хөгжмөө дуугаргачихвал зочдод маань
ч өөрсдөд маань ч сайхан юм даа гэж бодож Жигжиддоржийг хэсэг уран бүтээлчдийн хамт
урьж анх танилцаж байлаа.

-“Трио”
тоглолтыг яагаад онцлов гэвэл, яг дэлхийн хөгж­мийн концертын дэг­лэл­тийг үзүүлсэн,
бас том хэмжээний зохиол ч шинээр төрүүлсэн гээд өгөөж нь хөгжил рүүгээ хандсанд
байгаа юм л даа?   

– Гадаадын орнуудад явж байхдаа би сонгодог концерт их үздэг л дээ.
Симфони оркестрын концерт ч юм уу, квартет ч юм уу. Метрополитан театрын Филармонийнх
нь улирлын нээлт, Берлиний оркестр гэхчлэн гоё гоё оркест­­рын тоглолтуудыг үзэж
явахдаа ийм концерт хийхийг мөрөөдөөд явдаг л даа. Гэтэл миний хүсэж бодож байсан
зүйлийг яг л бур­­хан харсан юм шиг энэ гурван хүн яриад санал тавьж тохироо бүрдсэн
хэрэг. Үүнийг хийх сэтгэл зүрх надад гол нь байсан. Ямар нэг юм барьж авахаараа
би өнгөцхөн хандаад орхичихдоггүй, чин сэтгэлээсээ хийдэг зантай. Тэгээд хөгжимчдөдөө
юунд ч битгий санаа зов, зөвхөн хөгжмийнхөө дуугаралтдаа анхаарах юм шүү. Тэнд хүмүүс
концерт үзэх гээд ирэхэд үнэхээр сайхан хөг­жим эгшиглэж байх ёстой. Бэлтгэлээ л
сайн хийгээрэй гэж хэлсэн. Энэ удаад ёстой л хөгжим зохиох, тоглохоос бусдыг нь
хийлээ. Хэдийгээр надад туршлага байхгүй ч гэсэн азаар сонгодог хөгжмийн концерт
ямар байх ёстойг зарим улс орнуудад очоод сонсоод үзээд явдгийн хэрэг сая гарлаа
л даа. Их юм үзэж харж явсных уран бүтээлчдэд зөвхөн хөгжмөө анхаарах боломж олгосон.
Өчигдөр бид уулзаж бие биедээ талархлын үгээ хэлцгээлээ.  Мэргэжлийн өндөр түвшний хөгжмийн зохиол­чид,
хөгжимчид, удир­даач, багш хүмүүстэй ажил­ласан болохоор их сай­хан байлаа. “Бид
анх удаа­гаа хаана тоглох вэ, яаж тасалбараа зарах вэ, түрээсээ хаанаас олох вэ,
хүн ирэх болов уу үгүй болов уу гэсэн зовлонтой ажлуудыг огт хийсэнгүй. Яг мэргэжлийнхээ
хөгжмийг тоглож байгаад шууд тайзан дээр тоглож дуусаад л гарч ирлээ. Хөгжимчид
ийм л байх ёстой гэдгийг жинхэнэ утгаар мэдэрлээ” гэж тэд маань надад хэлсэн. Тоглолт
үзсэн хүмүүс ч таашаасан байх аа.

-Ялангуяа
Европыг хараад, хөгжим нь яагаад тийм өндөр хөгжсөн юм, яагаад тийм олон зуун жилийн
уламжлалтай үзэгч сонсогчид бэлтгэгдчихсэн байдаг юм бол гээд харахад бодлоготойгоор
үндэсний хөрөнгө оруулагчид нь хүч тавьсан зам мөр харагддаг. Манайх болохоор нэг
хэсэг нь зохиогоод орхичихдог, нөгөө хэсэг нь ганц нэг удаа тоглоод хаячихдаг. Яг
идиал болгоод хүч хаясан уу гэхээр хэцүүхэн?

-Хүмүүс хэлж байна лээ. Хөгжмийн урлагийг шат ахиулсан тоглолт боллоо
гэж ярьж байна л даа.

-Үүнээс
өмнө таны хийсэн олон төслүүдээс “Спартак” балетыг номер нэгд онцолмоор байна. Гэхдээ
тэр сэргээн тавьсан тавил нь танд хэр таалагдсан бэ?                  

-Тухайн үед ярьж байсан яриа маань удалгүй ажил хэрэг болон биелж,
”  Спартак” ДБЭТ-ын урын санд байнга тоглогдож
байна. Д.Намдаг гуайн “Оролмаа эх” жүжиг ч гэсэн Драмын театрын урын санд нь үлдсэн
байх гэж бодож байна. “Нойрссон гүнж” балет бас ДБЭТ-ын урын сангаас хасагдаж байхад
бид бүх юмыг нь шинэчилж сэргээж авч үлдэж байсан. “Спартак” бол намайг дунд сургуулийн
ес аравдугаар ангийн охин байхад анх театрт тавигдаж байсан балет. Би театрт байнга
балет үздэг охин байлаа л даа. Миний үеийнхэн дөнгөж суралцаж байсан, төгсч ирээгүй
үе. Х.Гэрэлчимэг эгч эд нар бүжиглэж байсан юм. 
Хүүхэд байхад “Спартак” надад их хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Хөгжим нь маш
гоё. Хэдийгээр социалист реалист үеийн тавилт ч гэлээ тэр чинь Хачатурян шүү дээ.  Оросын Григорьевичийн тавилтыг Жамьяндагва гуай
өөрийн тайзан дээр хөрвүүлэн тавьсан тэр үеийнхээрээ сэтгэлд маш тод үлдчихсэн байсан.
Яагаад гэхээр, тухайн цаг үедээ жинхэнэ тэсрэлт болж гарч ирсэн л дээ. Балет сонирхдог
бүх хүмүүс очиж үздэг, тэр хөгжим, бүжигчдийн тавилт хөдөлгөөн, тэр үеийн хувцас
хунар гээд ер хачин гоё мэдрэмжийг сэтгэлд зураад үлдээчихсэн. Тэгээд би нэг өдөр
“Спартак”-ийг сэр­гээж тавихгүй юм уу гэж Жамьяндагва гуай, Гэрэлчимэг нарт хэлэхэд
ямар ч боломж байхгүй, хүн хүч байхгүй, бараг мартаад гучаад жил болчихсон гэх мэт
янз бүрийн шалтгаан хэлсэн л дээ. Дараа нь уулзахдаа “Спартак”- аа дахиад ярилаа.
Өмнө нь “Инээмсэглэл” хамт­лагийг тоглооч гээд итгүүлж үнэмшүүлсэн шигээ үүн дээр
Жамьяандагва гуайг ятгасан гэх юм уу даа. Тэгж байж энэ гайхамшигтай хөгжмийн жүжгийг
ирээдүйд авч үлдсэн­дээ баяртай байдаг. Одоо үзээд сууж байхад тэртээ жаахан охин
байхдаа үзэж байсан сэтгэгдлээс арай өөр санагд­даг л даа. Гэхдээ бүжиг, хувцас
хунар, бүх талаараа социализмын үеийнхийг бодвол хамаагүй сайжирсан. Сүүлд бүжигчидтэй
уулзаад ярьж байхдаа “Спартак”-ийг сэргээх нь хэр оновчтой сонголт байсан юм бол,
хөг­жим нь хичнээн гоё ч гэсэн сэдэв нь хувьсгал гэсэн арай жаахан хоцрогдсон юм
хийчихэв үү дээ гэх ухааны юм бодож байснаа хэллээ дээ. Гэтэл бүжигчид миний яриаг
огт хүлээж аваагүй. “Спартак”-т бүжиглэх дэндүү гоё. Дэндүү гоё балет гэцгээж байсан.
Тэр хүчтэй драм нь ч юм уу, бүжиглэхэд эвтэйхэн байдаг ч юм уу би мэдэхгүй юм. Дандаа
залуу бүжигчид шүү дээ. Энэ балетыг анх яаж тавигдаж байсныг мэдэх­гүй, ямар ч ойлголтгүй
залуучууд. Урьд нь манай театр тавигдаж байсан юм гэнэ лээ гээд байж байсан. Х.Гэрэлчимэг,
Ю.Оюун гуай хоёр энэ балетад бүжиглэдэг байсан юм. Х.Гэрэлчимэг эгч, Б.Жамьяндагва
гуай хоёр байсан тулдаа “Спартак” эргэж боссон шүү.  Сэргээж авч үлдээгүй бол ийм балет тавьж байсан
гэнэ лээ гэсэн түүх  болоод л үлдэнэ шүү дээ.
Одоо бүжигчид “Спартак”-т бүжиглэх ямар их дуртай гээч. Д.Алтанхуяг надад хэлж байсан.
“Отгоо эгч ээ, та намайг байхгүй хойгуур “Спартак”-ийг тавьчихлаа, би бүжиглэмээр
байна шүү дээ” гэж.

-Харин
“Оролмаа эх” жүжгийн сонголтод та эргэлзээгүй юу?

-“Оролмаа эх”-ийг драмынхан өөрсдөө сонгосон юм. Олон хүүхэдтэй эх
хүн. Хүүхдүүд нь олон янзын санаа бодолтой. Тэр эхэд үр хүүхдүүд нь ямар санаа бодолтой
байлаа ч, юу хийж байлаа ч адилхан л үр хүүхэд нь гэсэн санааг л хэлж байгаа шүү
дээ. “Спартак” ч, “Оролмаа эх” ч аль аль нь тухайн цаг үетэйгээ холбоотой л анх
тавигдаж байсан юм чинь. Сэргээж авч үлдсэн нь буруу ч биш  байх аа. Оролмаад тоглоод жүжигчин С.Сарантуяа
“Гэгээн муза” авсан байх. Бараг дараа нь, ардын жүжигчин ч авсан байх. Тэгэхээр
хэрэгтэй л байсан болов уу.

-Үндэсний
жүжгийн сон­голтыг Драмын театрынхан өөрсдөө хийсэн гэлээ. Та одоо харахад өөр зохиол
сонгосон бол зүгээр байж дээ гэсэн бодол төрдөг үү? 

-Сүүлд бодоход, Д.Намдаг гуайн “Цаг төрийн үймээн” романыг жүжиг
болгох ч юм уу, эсвэл “Ээдрээ” ч байж болох байж үү дээ гэж бодогдож л байлаа. Э.Оюун,
Л.Ванган, Д.Намдаг гэсэн улсуудынхаа жүжгээс сэргээгээсэй гэсэн санаатай л байсан.
Яагаад гэвэл эдний урын санд үндэс­ний сонгодог байгаагүй. Бүгд тоглог­дохоо больчихсон
бай­сан. Тэгээд өөрсдөө Уран сайхны зөвлөлөөрөө ярилцаад Намдаг гуайн “Оролмаа эх”-ийг
сонголоо л гэсэн. Зохиолчийн мэндэлсний 100 жилийн ой ч тохиож таарсан байх.

-Урлаг
бол хүний амьд­ралын маш гүн гүнзгий, асар том ертөнц. Ийм зүйлийн талаар бид ярьж
байна. Тэгэхээр манай хоёр театрын жүжгүүд ер нь ямархуу санагддаг вэ. Найруулга,
зохиолд хандах найруулагчийн хандлага зэргээрээ хэтэрхий нэгэн хэвийн байдал анзаарагддаг
уу.  Олон улсын театруудын өнөөдрийн өнгө
төрхтэй харьцуулахад танд юу бодогддог вэ?        

-Ер нь хүмүүс бид нэгэн хэвийн амьдралд байдаг шүү дээ. Театр бол
мэдээж хүмүүс бидний л тухай урлаг. Биднээс тасраад огт өөр тусдаа урлаг гэж зүйл
байхгүй. Тиймээс урлагийг бидний л тухай юм гэж биойлгодог. Тэнд очоод жүжиг үзээд
суух их сайхан. Гаднын театруудтай харьцуулж болох ч ингэх нь хэцүү. Улс улсын онцлог
мэдээж харагддаг. Гэхдээ дэлхийн нийтлэг чиг хандлага гэж байна. Бид чинь саяхан
болтол театрын амьдралыг мэдэхгүй байлаа шүү дээ. Дал наян жил л болж байна. Жижиг
улс учраас ердөө хоёр театртай, үзэж явахад ч амар. Ямар Орос, Европ шиг хэдэн зуугаар
нь театр байгаа биш.

Харин урлаг соёлын хөгжлийг нь харахад л тэр улс орны нүүр царай
харагдаж байгаа юм л даа. Эдийн засаг, улс орныхоо амьдрал аж байдлаа өөд нь татчихсан,
урт удаан хугацааны хотын суурин соёлтой улсын театрыг саяхан болтол малчин бай­сан,
дал наяхан жилийн теат­рын түүхтэй өөрсөдтэйгөө харьцуулж ярих хэцүү. Харин манай
түвшиндээ яривал, Дуур, бүжгийн, Драмын энэ хоёр театр маань байгаад, дэл­хийн болон
өөрсдийн сон­годог бүтээлүүд, модерн гэх зэрэг янз бүрийн жүжиг тоглоод байж байгаа
нь сайн хэрэг. Энийгээ л бид алдаж болохгүй. Гэхдээ байж байгаа нь сайн гээд байранд
нь байлгаад байж болохгүй л дээ. Нэгэнт л суурин соёлтой хүмүүсийн амьдралаар амьдраад,
хот болоод сууж байгаа учраас түүнийгээ дагаад амьдралын хэв маяг соёлд нь хүссэн
хүсээгүй орж байна. Энэ хоёр театр ч ийм л шаардлагаар үүссэн учраас бусад өндөр
хөгжилтэй улсуудын адил биш юм гэхэд огт өөр чиг рүү явчихгүй, ядаж араас нь дагаад,
авахыгаа авч, дэлхийн театруудын хөгжил хаашаа явж байгааг бас харах хэрэгтэй. Урлаг
соёл нь тасархай түрүүлж хөгжөөд, эрүүл мэнд боловсрол, аж амьд­ралаасаа тасраад
хөгжи­нө гэж байхгүй шүү дээ. Улс орны эдийн засгийн чадавхи дээшилж, хүмүүсийн
амьдрал дээшил­сэн цагт л театрууд дагаад цэцэглээд хөгжих биз.

Санаж байна уу, ерэн оны эхээр ардчилсан шинэ систем гарч ирэхэд
театруудад хүн орохоо больчихсон. Юун урлаг, юун театртай манатай л байв даа. Нэг
системээс нөгөө рүү ороход хүмүүс яаж дасан зохицож амьдах учраа олохгүй шооконд
орсон. Би тэр үед театрын сургуульд сурч байсан үе. Бидний хэрэг байсан ч юм уу
үгүй ч юм уу болж ирсэн л дээ, үнэндээ.  Тэгээд
л манай сургуулийг төгссөн хүүхдүүдээс урлагаар явсан хүн байдаггүй юм. Цаг үе нь
тэгж тохиосон. Айлууд зусланд гарахаа больчихсон. Театр байтугай жилдээ гурав­хан
сар олддог зундаа зусланд гарахаа байгаад зулсангийн бүх байшингууд нь хоосорч эвдрээд
хачин болсон үе. Дараа нь хүмүүс шоокноосоо гараад эргээд урьд нь гардаг байсан
зусландаа гарч, үздэг байсан театраа үзэж, хэвийн амьдрал руугаа орж эхэлсэн дээ.
Түүний дараа дахиад бас нэг үе өнөө тохиож байна. Одоо театрт үгүйлэгдэж байгаа
бүгдийг тоочвол зөндөө л дөө. Миний харж байгаагаар, театр янз бүрийн шийдэл эрэлхийлж
байх шиг. Драмын театр долоон найруулагчийн жүжиг, янз бүрийн төрөл жан­руу­дыг
барьж авч, өөрс­дийн­хөөрөө хийж байна. Өмнөх үеийнхнээс, жишээ нь, Мөнхдорж гуайгаас
өөрөөр найруулна гэхэд залуучуудад маш хэцүү гэж би бодож байна. Өмнөх үеийн найруулагчид
маань байж болох бүх сайн хувилбаруудыг хийчихсэн учраас залуучууд хичнээн өмнөх
үеэ давтахгүй юм сан гэж бодлоо ч тэднийг давж гарах хэцүү байгаа болов уу. Бүх
л мундаг юмнуудыг хийчихсэн урд үеийнхнээсээ давж өөрөөр хийнэ гэдэг хэцүү.

-Хязгааргүй
өргөнөөр сэтгэх бололцоо хэзээд байсаар байдагт урлагийн мөн чанар оршдог шүү дээ?

-Үнэхээр тийм. Түүгээрээ урлаг агуу. Сэтгэхгүй байна гэж харагдахаар
байдал биш­гүй л дээ. Одоо “Аида” дуурийг ч гэсэн аваад үз. Аль далан хэдэн онд
оросуудын тавьсан тавилаар манайд тавьсан. Сүүлийн хорин хэдэн жилд дэлхий даяараа
маш өөр болж олон янзын туршилт их хийж байна. Энд тэнд явж байхад театрууд янз
бүрийн оролдлогууд хийсэн байдаг юм. Сиднейн дуурийн театрт дуурь үзсэн чинь хар
нүдний шил зүүчихсэн, мотоцикль уначихсан тайзан дээр гарч ирээд мотоциклиосоо үсэрч
буугаад дууриа дуулж байх жишээтэй. Хүүхнүүд нь дуурь гээд урт палааж, ээмэг бөгж
болсон гял цал хүн дуулах ёстой гэсэн бидний ойлголт тэнд алга. Ердөө өдөр тутмын
энгийн хувцастайгаа гарч ирээд хоорондоо ярьж байгаа юм шиг дуулаад л. Маш сонин
сэтгэж эрэл хайгуул найруулагч нар нь хийдэг юм байна лээ. Саяхан би Москвад Евгений
Миронов гэж мундаг жүжигчний “Гамлет” тоглохыг үзлээ. Гаднын найруулагч очоод ганц
хүний “Гамлет” тавьжээ. Нөгөө ганц жүжигчин чинь бүх хүний дүрдээ тоглож байгаа
юм. Гамлет бүх хүн болж байгаа юм л даа. Ер нь найруулагч, зураач нар гадуур сайн
явж юм үзэх хэрэгтэй санагддаг. Тайзны тал дээр ч гэсэн, хүний уран сэтгэмж шаарддаг,
мөнгөнд бариг­дахгүй юм гэж бас бай­на. Харьцангуй театр дэмж­дэг хүмүүс ч олон
болж. Тэгэхээр сэтгэх л хэрэгтэй болов уу. Нөгөөтэйгүүр, үе үеийн төр засаг бодлогоороо
энэ урлагийг сөнөөчихөлгүй барьж иржээ. Төр оролцож бай­сан учраас энэ хоёр театр
зах болчихолгүй, театр хэвээрээ байж л байна. 
Бараг зах болчихоор хатуу ширүүн цаг үеийг бид үзсэн шүү дээ.  Төр засаг театруудынхаа дулаан цахилгааныг төлж
жүжигчдийнхээ цалинг бага ч гэсэн тавьж барьж байгаагүй л бол энэ хэдэн театр зах
болж хувираад алга болчих байсныг үгүйсгэхгүй. Театр оршин тогтноход төр засаг маань
үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Одоо харин уран бүтээлчид сэтгэх л хэрэгтэй.
Сэтгэхдээ тэсрэлттэй. Драмын театр нэг хэсэг их сайхан, тэсрэлттэй байсан үе бий.
Б.Мөнхдорж гуай, И.Доржсамбуу, Б.Баатар, дараа нь Ч.Найдандорж гээд олон найруулагч
нар ажиллаж эднийх нэг хэсэг тэсрэлттэй байсан.

Н.ПАГМА

Categories
редакцийн-нийтлэл

М.Зоригт: Миний байр суурь анхнаасаа тодорхой байсан

Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт
оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн
хуралдаанаар өрнөсөн. Энэ үед УИХ-ын гишүүн М.Зоригт, Х.Баттулга, О.Бурмаа, Ж.Батзандан
нар намынхаа эсрэг ажиллаж, санал хураалтад сөрөг хүчний талд “үйлчилсэн” гэх шүүмжлэлд
өртөөд байгаа. Уг асуудлаар УИХын гишүүүн М.Зоригттой ярилцлаа.

 
-Сайд нарын “давхар дээл”-тэй холбоотой
асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийн өмнөхөн танай  намын бүлэг хуралдаж, байр сууриа нэгтгэсэн гэсэн.
Гэтэл та яагаад намынхаа эсрэг санал өгөв?

-Ухаалаг төрийн алхам нь Төр засгийн институт УИХ, Засгийн
газар мөн чанараараа ажилладаг байх, засаглалын давхардлыг арилгах, орон нутаг,
сум баг гээд бүх л шатанд олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь энэ шүү дээ. Яг
өнөөдөр зарим хүний тайлбарлаж байгаа шиг Засгийн газрыг огцруулах гээд, үйл ажиллагаанд
нь үнэлэлт дүгнэлт өгөөд ч байгаа юм биш. Би ухаалаг төрийг бий болгох тэр өнцгөөс
нь харж ажиллаж буй УИХ-ын гишүүдийн нэг. Энэ асуудал дөнгөж өнгөрсөн долоо хоногт
бий болчихоогүй. Ерөнхийлөгч уг асуудлыг ярьж, УИХ-д асуудал нь орж ирснээс хойш
нэлээд олон сар болсон. Өнгөрсөн сарууд УИХ-ын гишүүд өөрсдийнхөө байр суурийг тодорхойлох
хугацаа байлаа шүү дээ. Энэ чиглэлээр УИХ дээр нэг бус ярилаа. Намын бүлгүүд, ялангуяа
АН-ын бүлэг олон ярьсан. Тэр болгонд гишүүд өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж
байсан. УИХ-ын гишүүн М.Зоригт уг асуудалд өөр байр суурьтай байлаа гэдэг нь шинэ
зүйл биш. Миний энэ байр суурь анхнаасаа тодорхой байсан.

-Засгийн газрын тухай хууль 2014 оноос
хэрэгжвэл засаг тогтворгүй болно. Улмаар олон Засгийн газар унаж байсан гашуун түүх
давтагдах вий дээ…

-МАН энэ асуудлын цаад том үзэл санааг харж ажиллахгүй, зөвхөн
сөрөг хүчний өнцгөөс, “Болж бүтэж байгаа засгийг унагаачихъя” гэх хандлагад миний
хувьд эмзэглэж байгаа. Манай намын зүгээс ч тэр, уг асуудлыг харчихаад “М.Зоригт
энэ нөхдүүдтэй нийлээд засаг унагаах нь” гэж хараад байгаад нь би гайхаж байна.
Энэ бол өнөөдрийн төр засгийн шинэтгэлийн асуудал гэдэг талаас нь огт харахгүй байна.
Тиймээс МАН-тай холбож тайлбарууд яваад байгаа байх. Ер нь хүн хэр эвдэрсэн тэр
байдлаараа бүгдийг хардаг гэдэг шүү дээ.

-Та дараагийн санал хураалтад кноп дарахдаа
Засгийн газрын тухай хуулийг ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх байр сууриндаа
хэвээр оролцох уу?

-Би энэ байр сууриндаа хэвээр байна. Цаг хугацааны хувьд энэ
хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжчихвэл засаг огцорчих мэт ойлголт яваад байх
шиг. Миний ойлголтоор Засгийн газрын  асуудлыг
үндсэндээ хөндөхөөргүй байгаа. Яагаад гэвэл УИХ энэ асуудлыг хэлэлцэхдээ Ерөнхий
сайд болон ерөнхий чиг үүрэг бүхий дөрвөн яамдынх нь тэргүүн УИХ-ын гишүүн байж
болно гэсэн. Энэ засвар орсноор Үндсэн хуультай яв цав таарч тохирсон. Ер нь Засгийн
газрын бүтэц дэд сайдын орон тоотой. Дэд сайд нарын чанар чансаа ч тэр ажиллаж байгаа
байдлыг  харахад одоогийн УИХ-ын гишүүн сайд
нараас дутахааргүй хүмүүс байна шүү дээ. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн уг хууль
батлагдах юм бол  Засгийн газарт багахан хэмжээний
өөрчлөлт орох байх л даа. Харин үйл ажиллагааны чанарт өөрчлөлт орохооргүй л харагдаад
байгаа. Харин зөв гарцаар зөв ухаалаг төрийн бодлого ороод ирнэ. Ингээд төрийн ажил
зөв голдиролоор явах болно. Өнөөдөр зарим байнгын хорооны хурлыг анзаарахад Засгийн
газар ч хуралдаад байгаа мэтээр харагддаг. Үүнийг ялгаж, салгаж өгөх нь зөв зүйтэй
асуудал. Энэ ухаалаг алхмыг өнөөдрөөс хийе. Харин МАН-ын өөрийгөө авч явж байгаа
байдал, нийгэмд өгч буй дохио нь дэндүү худлаа байна. Тэд “Энэ Засгийн газар юу
ч хийхгүй байна, Засгийн газраас болоод эдийн засаг уначихлаа” гэх юм. Ер нь өнөөгийн
эдийн засгийн нөхцөл байдал чинь өмнөх Засгийн газрын алдаатай бодлогын үр дүн.
Гэтэл сөрөг хүчин маань “Н.Алтанхуягийн бүрдүүлсэн энэ Засгийн газар сөхөрчихлөө”
гэдэг тайлбар руу хэтэрхий яваад байна. Мөн ухаалаг төр рүү хийж байгаа алхмыг муу
ажилласан Засгийн газартай хариуцлага тооцох гээд байгаа арга хэлбэр мэт хүргээд
байна. Юун түрүүнд би УИХ-ын гишүүн улстөрч хүн. Тэгэхээр улс төрийн шийдвэр гаргана.
Өнөөгийн нөхцөл байдал ард түмэн маань “Энэ чинь юу болоод байна, хэнийх нь үгэнд
итгээд юу болчихов” гэдэгт эргэлзэнэ. Үнэхээр 1996-2000 оны үйл явдал давтагдаад,
өнөө МАН чинь Засгийн газрыг бүрдүүлж өгөхгүй уяад, хоёр жилийн нүүр үзүүлэх вий
гэсэн болгоомж ч байна. Сүүлийн хоёр өдөр надад ийм үзэгдлүүд түлхүү ажиглагдаж
байгаа л даа.

-Тухайлбал?

-УИХ дээр гарсан шийдвэрийн дараагаар намуудын өөр өөрсдийгөө
авч явж байгаа байдлыг хараад байхад дэндүү эрүүл бус байна. Тиймээс дараагийн шатанд
энэ асуудалд “Төрөө ухаалаг болгоё” гэсэн миний байр суурь хэвээр байх болно. Энэ
цөөнхийн гаргаж байгаа авирыг “Би хөхиүлэн дэмжих ёстой ч юм уу, үгүй ч юм уу. Миний
цаад санаа бодлыг тэд мушгих гээд байгаа юм биш биз” гэсэн эргэлзээ бий болчихоод
байгаа.

-Таныг эсрэг санал өглөө гэж намын нөхдөөс
чинь ямар нэгэн байдлаар дарамт, шахалт ирж байна уу?

-Би УИХ-ын гишүүн болсноосоо хойш нийгэм рүү Засгийн газартай
холбоотой шүүмж гаргаж үзээгүй. Ер нь асуудал байвал бид дотроо л хэлэлцэж байх
ёстой гэсэн хатуу байр суурьтай байдаг. Олгой нь хагаравч тогоондоо гэдэг дээ. АН-ынхаа
бүлгийн хуралдаанууд дээр Засгийн газар юм уу, яамдтай холбоотой үйл ажиллагааны
шүүмжийг байнга хэлж ирсэн. Одоо ч хэлдэг. Өчигдөр, уржигдархан ч хэлсэн. Үүнийхээ
төлөө би намаасаа ямар нэгэн дарамт шахалт авч үзээгүй. Сая олонхийн бодсоноос өөрөөр
кноп дарчихлаа гээд намайг дараагийн бүлгийн хуралд оруулахгүй байх ч юм уу, гишүүд
муухай харсан зүйл огт алга. Байнгын хороонд суудгаараа сууж л байна, гишүүд маань
өмнөх шигээ байдгаараа байж л байна. Хэрэв би одоо өөрөөр кноп дарвал хүмүүс “М.Зоригт
намынхаа дарамт шахалтад орчихжээ” гэнэ шүү дээ.

-Та Засгийн газрын үйл ажиллагаанд ямар
үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-Одоогийн Засгийн газартаа сэтгэл хангалуун байгаа. Эдийн
засаг хямралтай байгааг ойлгож байна. Гэвч МАН-ын нийгэм рүү өгч байгаа мэдээлэл
дэндүү авиргүй байна. Болж байгаа бүтэж байгаа бүхнийг сааралтуулдаг. Би тойргоо
жилд хоёр бүтэн тойрдог. Өнөөдрийн Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа бүхэн манай
сүхбаатарчуудад маш их таалагдаж байгаа. МАН засаг барьж байсан цаг үед жилийн жилд
Сүхбаатарт зам барих гэж хулхиддаг байлаа. Сонгуулийн үеэр хэдэн хүнд даацын машин
механизм аваачиж тавиад, тууз хайчилж, “Зам тавилаа биднийг сонгоорой” гэдэг. Тэгвэл
энэ Засгийн газар тууз хайчлахгүйгээр олон арван жил мөрөөдөж ирсэн сүхбаатарчуудын
хүслийг биелүүлж байна. Энэ засаг гарч ирснээр хөдөөгийн малчдын амьдрал амьжиргаа
нь сайжирч байгаа. Би Сүхбаатар аймгаас сонгогдсон гишүүн. Сонгогчид маань Засгийн
газрын болохгүй бүтэхгүй зүйлийг надад тоочвол би тэндээс уур уцаартай ирнэ. Харин
тийм зүйл алга.

-Тэгвэл санал хураалтад таны дарсан кноп
одоогийн Засгийг хөдөлгөхийг дэмжсэн гэж ойлгогдож байгаа шүү дээ?

-Энэ асуудал Засгийн газрыг унагаах асуудал биш.

-Эдийн засгийн хямралтай үед Засгийн
газрын бүтцийн өөрчлөлт АН-д бүр цаашлаад ард түмэнд хохиролтой биш үү?

-Ерөнхий сайд эдийн засгийн төлөв байдлын талаарх баасан гаригийн
чуулган дээр мэдээлсэн. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад нам тайван байна. Энэ бол
дан ганц Монгол Улсын хямрал биш. Дэлхий нийтийн хямрал шүү дээ. Улсын төсвийн орлого
багасчихлаа. Тэгэхээр тэр хэмжээндээ ажлууд явагдаж байгаа. Ийм их ажилд садаа болохоор
Засгийн газрын бүтцэд айхавтар том өөрчлөлт орохгүй. УИХ нь УИХ шиг, Засгийн газар
нь Засгийн газар шиг болно. Энэ зөв голдирол руугаа эртнээс орж  байсан нь дээр шүү дээ. Харин цөөнхийн сүүлийн
хоёр хоногийн байдлыг харахад Монгол Улсын үйл ажиллагаанд садаа учруулж болзошгүй.

-Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг
2014 оноос хэргэжүүлэх сонирхолтой та дөрвөн гишүүнийг шинээр бүрдэх танхимд сайдын
албан тушаалд санаархаж байна гэх юм билээ…

-2012 онд шинэ УИХ бүрэлдмэгц намайг сайд болооч гэсэн санал
ирсэн. Би Сүхбаатар аймгаас сонгогдохдоо аймаг орон нутагтаа маш их зүйлийг
хийх санаа бодолтой, зорилготой гарч ирсэн л дээ. Тэр хийх ажил маань асар их. Цаг
ч их зарцуулна. Тиймээс “Баярлалаа” гэдгээ хэлээд  сайдын албан тушаалаас татгалзсан. Харин ч энэ
засаг төрд манай Сүхбаатар аймгийн залуус өндөр албан тушаалд томилогдон ажиллаж
байна. Хүн аливаа ажил хийе гэвэл сэтгэл зүрхээ зориулах ёстой. Гэтэл миний сэтгэл
зүрх сум орон нутагтаа яваад байдаг болохоор сайдын алба хаших сонирхол байхгүй.
Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өгсөн
миний саналд ч тийм үзэл санаа байгаагүй гэдгийг хэлмээр байна.

-Санал хураалтад эсрэг 
кноп дарсан гишүүд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
хэлэлцэхээс өмнө үгсэж тохиролцсон гэх мэдээлэл байгаа. Та үүнд ямар тайлбар өгөх
вэ?


Ямар нэгэн байдлаар үгсэж хуйвалдсан зүйл огт байгаагүй. Гэтэл МоАХ-ныхон үгсэн
хуйвалдсан гэх мэдээлэл яваад байгаа. Манай Х.Баттулга, Р.Бурмаа бид гурав МоАХ-ынх.
Хэрэв бид ярьж, үгсэж тохирсон юм бол яагаад манай МоАХ-ны Д.Ганбат нөгөө талд өгөв.
Тэрбээр өнөөгийн нөхцөл байдалд хамгийн их шүүмжлэлтэй ханддаг гишүүдийн нэг мөн.
Хэрвээ бид зохион байгуулалттай шинжийг агуулсан бол тавуулаа эсрэг кноп дарах байсан
шүү дээ. Хардах, хардуулах юм байхгүй.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Оюу толгой энэ жил Эрдэнэтээс давсан хэмжээний зэсийн баяжмал экспортолно

Оюу толгойн далд уурхайн
санхүүжилтийн асуудал хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй байгаа ч ил уурхай нь
хэвийн ажиллаж байгаа билээ. Энэ жил Оюу толгойн баяжуулах үйлдвэрээс 692
мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх юм байна. 
Эрдэнэтийн  зэсийн баяжмалаас
давсан хэмжээ гэсэн үг. Өмнийн говиос хил гаргаж байгаа зэсийн баяжмалын орц ч
Эрдэнэтийнхээс өөр. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрээс гарч буй зэсийн
баяжмал мөнгөний хольцтой бол Оюу толгойн зэсийн баяжмал алт, мөнгөний хольцтой
учраас илүү үнэ цэнэтэй. Баяжмалын экспорт хил, гаалийн хүндрэлүүдээс
шалтгаалж  тодорхой хэмжээнд саатаж,
төлөвлөсөн тоонд  хүрэхгүй байсан ч
энэ  оны гуравдугаар  сараас борлуулалт нь  хэвийн болж эхэлжээ. Өнгөрсөн жил Оюу толгой
290 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн гэх статистик бий. Нэг тонн
баяжмалд 25 хувийн зэсийн агууламж бий. Баяжмалын дөрөв хуваасны нэг нь цэвэр
зэс гэсэн үг. Энэ тоог цэвэр зэсэнд шилжүүлбэл 
70.5 мянган тонн зэс үйлдвэрлэсэн гэсэн тоо гарч байна. Харин нэг тонн
зэсийн баяжмалд 773 унц алт агуулагдаж байгаа. Үүнийг өмнөх шиг шилжүүлж
бодвол  102.6 мянган унц гээд ойлгочихож
болно.

Оюу толгойн баяжуулах үйлдвэр
энэ онд 692.3 мянган тонн баяжмал үйлдвэрлэхээс 98.36 мянган тонныг нь
үйлдвэрлээд байгаа аж.  Энэ жил
үйлдвэрлэх баяжмал дахь  цэвэр зэсийн
хэмжээг тооцвол 175.6 мянган тонн гэсэн тоо гарч байна.  Харин баяжмалд агуулагдаж буй алтыг өмнөх
шигээр шилжүүлж тооцвол  771.3 мянган унц
болох нь. Оюутолгойн зэсийн баяжмалд зэс, алтнаас гадна мөнгө агуулагдаж
байгаа. Энэ жил 50 орчим тонн цэвэр мөнгө борлуулах тооцоо гараад буй. Ингээд
тооцохоор Оюу толгой энэ онд 2,6 сая гаруй ам.долларын зэсийн баяжмалын
борлуулалт хийх нь.

Компанийн зүгээс хэвлэлд өгсөн
сүүлийн мэдээллээс анзаарахад Оюу толгой энэ онд 600 мянга орчим тонн баяжмал
экспортолно гэж төлөвлөсөн бололтой. Энэ хэмжээгээр тооцоход л Эрдэнэтээс
давсан хэмжээний зэсийн баяжмал экспортлох юм байна. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн
жил 567 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон гэж мэдээлсэн юм.

Өнгөрсөн оны сүүлээр Оюу
толгойд ажиллаж байсан хүний тоо 2830 байжээ. Үүнээс 2600 нь монголчууд байж.
Харин энэ оны хоёрдугаар сарын 28-ний байдлаар Оюу толгой төсөлд нийтдээ 3064
хүн ажиллаж байснаас 2843 нь монгол иргэд байжээ. Сүүлд гарсан мэдээллээс
үзэхэд Оюу толгой төсөлд одоогийн байдлаар 2800 хүн ажиллаж байгаа аж.

Сонирхуулж хэлэхэд Оюу толгойн
зэсийн баяжмал дахь зэс, алт, мөнгөний агуулгыг Геологийн төв лаборатори
тогтоож байгаа. Засгийн газрын өнгөрсөн оны эхээр гаргасан  44 дүгээр тогтоолоор хөндлөнгийн хяналтын
шинжилгээ хийх ажлыг Геологийн төв лабораторийг түшиглэн хийхээр шийдвэрлэсэн
юм. Геологийн төв лаборатори, Оюу Толгой компани өнгөрсөн оны зургадугаар сард  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан аж.
Лабораторийн хувьд баяжмалын дээжлэлт,
дээж бэлтгэлт, чийглэг, жин тодорхойлох, зэсийн баяжмал дахь зэс, алт, мөнгө
болон дагалдах бусад элементүүдийн агуулгыг
тодорхойлох шинжилгээ хийх үүрэг хүлээж байгаа. Оюутолгой төсөл эхний дөрвөн
жилийн шаардлагатай  эрчим хүчээ БНХАУ-ын
Өвөр Монголын эрчим хүчний компаниас гэрээгээр худалдан авахаар тохирсон. Ойрын
жилүүдэд Таван толгой дээр барихаар ярьж эхэлсэн цахилгаан станцаас Оюу толгой
төслийн эрчим хүчний хэрэгцээг хангах бодлогыг засгаас барьж байгаа.  Таван толгой цахилгаан станц төслийн нэгж өнгөрсөн  оны тавдугаар сард “Оюу Толгой” ХХК-тай  “Таван толгойн нүүрсний орд газрыг
түшиглэн байгуулах цахилгаан станцын төсөл” хамтын ажиллагааны гэрээг
байгуулсан юм.  “Эрдэнэс Оюу толгой”
компанийн хувьд  Засгийн газартай хамтран
Оюутолгой төслийг дотоодоос урт хугацаанд, найдвартай эрчим хүчээр хангахыг
дэмжин ажиллаж байгаа аж.

Оюу толгойн дээр түшиглэн зэс
хайлуулах үйлдвэр барих асуудал яригддаг. Хөрөнгө оруулалтын гэрээний 3.19-д “Засгийн газраас бичгээр хүсэлт
гаргасан бол Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэнээс хойш гурван жилийн дотор хөрөнгө
оруулагч үндсэн үйл ажиллагаанаас
гаргасан ашигт
малтмалын баяжмалын бүтээгдэхүүнийг метал болгох, зэс хайлуулах үйлдвэрийг
Монгол Улсад барих, ажиллуулах эдийн засгийн боломжийн
талаархи судалгааны
тайланг боловсруулна”  гэсэн заалт бий. Уул уурхайн сайд, Эдийн засаг хөгжлийн сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын
хамтарсан тушаалаар зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах,
төлөвлөлт хийх зорилгоор байгуулагдсан “Монгол зэс” хөтөлбөр
боловсруулах ажлын хэсэгт компанийн төлөөлөл оролцон ажиллаж байгаа гэнэ.
Хөрөнгө оруулагч талтай энэ чиглэлээр судалгааны төвшинд хамтарч ажиллаад
эхэлжээ.

Сүүлийн үеийн мэдээллээс
харахад Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн савлагааны хэсэг өдөрт 1000 шуудай
баяжмал савлаж байгаа юм байна. Тус бүрдээ 36 тонн баяжмал ачсан 80 машин долоо хоногт хоёр удаа хил давж байгаа гэсэн тоо сонсогдож байгаа. Нэг долоо хоногт 6000
орчим тонн баяжмал экспортолж байгаа гэсэн үг.

Ц.Баасансүрэн