Нийслэл
хотод сүр нэмэн сүндэрлэсэн олон сайхан барилга байгууламжуудын нэг болох “Макс
центр” дэх “Макс молл” худалдааны төв, “Рамада” зочид буудлын нээлт өнгөрсөн долоо
хоногт болсон билээ. Яах аргагүй анхаарал татах энэ байгууламжийг “Макс”-ын ах дүү
хоёр мэдээж бариулсан. “Макс” группын захирал Д.Цэрэнжигмэдтэй ярилцлаа.
-Танай “Макс центр” бар жилийн шилдэг бүтээн
байгуулалтаар шалгарч байсан байх аа?
-Тийм ээ. 2010 оны шилдэг бүтээн байгуулалтаар
шалгарч байсан. Харин энэ төвийнхээ үйл ажиллагааг хэдхэн хоногийн өмнө албан ёсоор
нээж, “Grand opening”-оо хийлээ. Нийслэл хотод маань өнгө үзэмж нэмсэн сайхан барилга
босгож, ашиглалтад оруулсандаа сэтгэл хангалуун сууж байна.
-Сайхан барилгууд олноор босч байна л даа. Тэрэн
дундаа танайх ямар онцлогтой, ямар шинэ технологийг нэвтрүүлсэн юм бол гэдгийг сонирхмоор
байна?
-“Макс центр”-ийн барилгын зургийг нь Италийн
мэргэжилтнүүдээр гаргуулсан. Агааржуулалтын системээс эхлээд бүхий л зүйл нь тэндхийн
стандартаар хийгдсэн учраас манайд шинэлэгт тооцогдох зүйлс их байгаа. “Макс молл”
худалдааны төв гэхэд 43 мянган м/кв талбайтай. Бид бас дэлхий дахинд маш олон салбартай
олон улсын буудлын сүлжээг оруулж ирж байгаа. АНУ-ын “Виндэм” группын буудлын тоо,
өрөөнийхөө тоогоор дэлхийд толгой цохидог “Рамада” олон улсын буудлын сүлжээг оруулж
ирж нээлтээ хийлээ. Буудлаар маань үйлчлүүлсэн хүмүүс сэтгэл тун хангалуун байна
лээ. Манай энэ буудал маань 128 өрөөтэй, дөрвөн одтой зочид буудал л даа.
-Гаднаас нь харахад ч, дотор нь ороод байж байхад
ч нүсэр барилга гэдэг нь анзаарагдаж байсан л даа. Энд шинээр яг хэдэн ажлын байр
гарч байгаа вэ?
-Энэ төв нээгдсэнээр 800 гаруй ажлын байр шинээр
нээгдэж байгаа юм.
-Манайд худалдааны төвүүд олон байгаа ч авто зогсоолоо
шийдээгүй нь олон байх юм аа. Харин танайхыг газар дор хоёр давхар авто зогсоол
барьсан гэх юм. Энэ үнэн үү?
-Тийм ээ. Манай энэ төв маань хоёр давхар авто
зогсоолтой. Италийн компани зураг төслийг нь гаргасан тухай дээр хэлсэн. Зурагт
байсны дагуу бүх барилгын ажил хийгдсэн. Дүү бид хоёр аливааг хамгийн сайнаар, чанартайгаар
хийхийг гол зарчмаа болгодог. Тэр ч алтан зарчмаараа энэ барилгаа босгосон. Худалдааны
төвөөр үйлчлүүлж байгаа хүмүүсийнхээ ч тав тухыг бодолцож хийсэн байгаа. Тэнд худалдан
авагч нар хүүхдээ харгалзуулах газраас эхлээд бүгд бий. Мөн фитнесс төв, спа, хоолны
сүлжээ газар гээд олон төрлийн газрууд байгаа даа.
Ер нь энэ төвийг ашиглалтад оруулсан нь дүү бид
хоёрын 20 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн гээд хэлэхэд болно. Бодож явсан, эхлүүлсэн
зүйлээ үр дүнд хүрсний дараа хүн ямар сэтгэл хангалуун баяртай байдаг билээ, би
бас тийм л байна даа. Төслийг маань эхний өдрөөс дэмжин хамтарч ажиллаж ирсэн “ХААН”,
“Худалдаа хөгжлийн банк”-ны хамт олонд баярласнаа энэ дашрамд хэлмээр байна.
-“Нарны титэм” дээр байдаг худалдааны төвөө танайхан
нураагаад эхэлсэн байна лээ. Бас шинэ юм босгох гэж байна уу даа?
-Одоо хотын төвд аятай сайхан байрлал гэж байхгүй
болсон доо. Хуучин барилгуудаа нурааж шинээр барьсан нь дээр болж байна. Бид энэ
газар дээрээ дороо худалдааны төвтэй, дээр нь орон сууцны зориулалттай барилга
барих гээд солонгосчуудаар зураг төслөө гаргаад ажилдаа орсон байгаа.
-Манайдаа тэргүүлэх компаниудын нэг “Макс” группыг
ах дүү хоёр босгосон гэж хүмүүс мэднэ. Дүү Д.Ганбаатарыг тань бол хүмүүс бас ч гэж
мэднэ. Харин та их даруу бас нууцлагдмал нэгэн бололтой. Та хоёр компанидаа хэн
хэн нь ямар ямар салбараа хариуцдаг юм бэ?
-Би угаасаа нэг ийм хүн л дээ. Дотогшоо гэдэг
шиг. Бид хоёрын хувьд компанийхаа асуудалд адилхан ороод явдаг.
-Та хоёрыг ерээд онд анх “Дөргөн” гээд ХЭАА байгуулж
байсан гэж сонсч байсан юм байна. Говь-Алтайн гаралтай хүүхдүүд яагаад Ховдын Дөргөн
нуураар хоршоогоо нэрлэж байсан юм бэ?
-Сайн мэдэж байна шүү. Тэр үед ганзагын наймаа
хийдэг байсан бид хоёр эндээ албан ёсоор бүртгэлтэй болж, хувиараа эрхлэх аж ахуй
байгуулахаар шийдлээ. Хүргэн ах маань тэгэхэд Дөргөн гээд их сайхан нуур байдаг
юм гэж хэлэхээр нь бид хоёр нэрлэчихсэн юм. Янз бүрийн утга санаа байхгүй сайхан
нуур гэхээр нь өгчихсөн хэрэг.
Тэр үед хоршооны эзэн, захирал гэхээр их содон
сонстдог байлаа. Одоо бол захирал, компанийн эзэн гэдэг хэвийн мэт болж дээ. Удалгүй
хувиараа эрхлэх аж ахуй маань “Ган-3” гэдэг бүрэн бус хариуцлагатай компани болж
томорсон.
-Яагаад “Ган-3” гэж?
-Өө, тэр үед “Ган” гээд авах гэхээр давхцаад байсан
учраас л гурвыг нэмж таарсан. Дараа нь шинэчилсэн бүртгэл хийгдэх үед одоогийн
“Макс” гэдэг нэрээ авсан даа. Одоо “Макс” групп маань 1500-гаад ажилтантай, нэлээд
олон салбар чиглэлд үйл ажиллагаа явуулж байна даа.
-Танайх италичуудаар зураг төслөө хийлгэсэн гэлээ.
Бас тэндхийн мебель эдлэл борлуулдаг байх аа. Тийшээ ямар холбоо сүлбээ байна вэ?
-Бид анх машин оруулж ирдэг байхдаа, контейнертоо
мебель эдлэл хамт ачиж оруулж ирдэг байсан юм. Түүнийгээ анх хүүхдийн номын сангийн
хонгилын зааланд тавьж борлуулж байлаа. 1992 онд “Евро мебель” маань байгуулагдаж
байв. Одоо “Макс центр”-ийн дөрвөн давхарт байгаа. Бид Италиас гадна Германтай
их холбоотой шүү дээ. Берлин бургер түргэн хоолны анхны сүлжээгээ 1996 онд байгуулж
байлаа. Одоо нэлээд олон салбартай болсон доо. Бас Германаас тоног төхөөрөмжийг
нь оруулж ирж, герман мэргэжилтнээр суурийг нь тавиулсан “Макс виндоу” гээд цонхны
үйлдвэр бий. Өөрийнхөө барьж байгаа барилгадаа орон сууцны цонх, хаалга нийлүүлдэг.
-Манайд бэлтэй хөрөнгөтэй хүмүүс морь уях нь их
болжээ. Одоогийнх шиг хошуурч, хуйларч эхлэхээс өмнө ах дүү хоёр морь уядаг байсан
байх аа?
-Хүүхэд байхаас л морь малд сонирхолтой хүүхэд
байсан. Багадаа Говь-Алтайн Баян-Уул суманд өвөө эмээ дээрээ очоод морь унаж, үхэр мал эргүүлдэг байсан. Яг хурдны
морь сонирхож эхэлсэн нь 1999, 2000 он. Дүү надаас арай өмнө сонирхоод эхэлчихсэн
байсан.
2002 оны наадмаар хязаалан насанд морь маань айрагдаж,
анх улсын наадмын айрагт хурд маань орж байлаа.
-Өнгөрсөн наадмаар хэр наадав даа?
-Өнөө жилийн наадам нартай, хуртай сайхан наадам
болсон. Энэ жилийн хувьд залуу уяачид, залуу бөхчүүд олноор төрсөн сайхан наадам
байлаа. Морьдыг эрлийз, монгол адуу гэж ялгаж уралдуулсан. Дүү бид хоёр “Тамирын
хурд”-д оролцож, бид хоёрын унаган хоёр морь хязаалан насанд минийх хоёроор, Ганбаагийнх
гурваар орж ирсэн. Ах дүү хоёрын морьд дараалж орж ирээд сайхан л байлаа. Ер нь
Архангай нутаг надад ээлээ өгдөг сайхан газар. 2003 онд 80 жилийн ойгоор нь очиж
гурван түрүү, 2006 онд “Тамирын хурд-2”-т бас гурван түрүү авч байсан юм.
-Морины бай шагнал гэж улам бүр л нэмэгдээд байх
шиг?
-Морины бай шагнал өндөр ч түүнийг нь нутаг усанд
нь үлдээх, тараах бодол уяачдад их байдаг юм ш дээ. 2006 онд түрүү морины байнд
нь УАЗ-469 машин өгч байсан юм. Нэгийг нь гэхэд цагдаагийн байгууллагад нь үлдээж
байлаа. 2009 онд Баянхонгороос гурван түрүү авсныхаа нэгийг нутаг оронд нь өгч байв.
Сая гэхэд бид хоёр суманд нь 100 охин хонь авч өгч, зуданд нэрвэгдсэн хүмүүст тусламж
болгож өгье гэж шийдээд албаны хүмүүстэй нь ярьчихаад л ирлээ. Заримдаа байнаасаа давсан зүйл ч тараана
шүү дээ. Ер нь ард түмэнтэйгээ бай шагналаа хуваалцдаг нэг ийм жишиг бий болчихлоо
л доо.
-Хурдан морь дагасан үнэ өртөг, жишиг, бас уядаг
хүмүүсийн ч хүрээлэл тогтчих шиг боллоо. Бэлтэй хөрөнгөтэй, бизнес, улс төрийн
хүрээнийхэн морь нэр дээрээ их уралдуулдаг болжээ?
-Залуу бизнесмэнүүд моринд шохоорхож, ийш мөнгө
хаяж байгааг би хөдөөгийн ард түмэндээ хөрөнгө оруулалт хийж байгаа сайн хэрэг
гэж хардаг. Хурдан морины өгч, авч байгаа ханш ч өндөр боллоо. Наадмаас өмнө Сүхбаатар,
Хэнтий тийш овоо хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байх шүү. Тэр мөнгийг
гадагш гаргаад явуулчихаж байгаа биш, Монголдоо, малчин өрхөд хийгдэж байгаа сайн
хөрөнгө оруулалт. Ер нь болж байгаа, бүтэж байгаа хүмүүс л морь уяж байна шүү дээ.
Тэгэхээр тэр хүмүүсийн хөрөнгө нь малчдад хэрэг болж очиж байгаа нь болохгүй юу
байхав дээ.
-“Макс”-ын ах дүү хоёр л гээд байдаг. Ингэхэд
та хоёр эцэг, эхээс хэдүүлээ юм бэ. Танайханд та хоёроос өөр бизнес эрхэлдэг
хүмүүс байна уу?
-Бид долуулаа. Би дээрээ нэг эгчтэй, айлын том
хүү. Эгч маань өөрийн гэсэн бизнестэй. “Алтан ураг” гээд ресторан ажиллуулж байна.
Нэг эрэгтэй дүү маань бас хувийн компанитай. Заримдаа бид хоёрт тусалдаг. Охин дүү
нар маань АНУ-д амьдардаг.
-Таны ээж хоёр хүүгийнхээ өрөөгөөр ээлжилж ороод
гараад явж байхыг харлаа. Эх хүнд хүүхдүүд нь амжилттай ажиллаж байгааг харахаас
илүү сайхан зүйл юу байх билээ. Ээж, аав хоёр тань та хоёрын ажилд оролцдог уу?
-Манай аав, ээж хоёр маань бидний арыг даагаад
сууж байдаг юм. Жинхэнэ олонтойгоо хүмүүс л дээ. Гэрээр нь дүүрэн хүмүүс бужигнаад
сууж байдаг. Бидэндээ бол ээж маань лам л гэсэн үг. Буян хурааж, ном уншуулаад арыг
маань дааж суудаг юм. Бид тэдэн дээрээ очиж хааяа гарынх нь хоолыг нь идээд, ариулуулаад
л гарна шүү дээ.
-Танай хоёр ямар ажил алба хашиж ирсэн улсууд
вэ?
-Аав маань насаараа эмийн заводод, ээж Урт цагааны
гутал засварт ажилладаг байлаа.
-Танай
гэр бүлийн хүнийг хэн гэдэг вэ. Хэдэн хүүхэдтэй вэ?
-Гэр бүлийн хүнийг маань Д.Эрдэнэчимэг гэдэг.
Манайх хоёр охин, хоёр хүүтэй айл.Том хүү маань 20 настай ШУТИС-д суралцдаг. Дунд
хоёр нь сургуульд, бага нь цэцэрлэгт. Нэг ийм айл даа.
-Хүүхдүүд тань бүгд Монголдоо сурч байгаа юм
байна. Төгсөхөөр нь гадагшаа явуулах уу?
-Юутай ч эх орондоо сургуулиа төгсөг. Одоогоор
тэгнэ ингэнэ гэсэн юм алга. Өөрсдөө хүсвэл бас яах ч юм. Би хүүхдүүдээ Монголдоо
сурч боловсроод, ажиллаж, амьдраад яваасай гэж боддог. Ерээд оноос хойш олон хүн
харийг зорьж ажиллаж амьдрах болсон. Дүү бид хоёр хүний нутагт очиж, наймаа худалдаа
хийж байсан ч гэсэн нутагтаа ажиллах ёстой гэсэн бодлоор эндээ компани байгуулж
ажиллаж үр дүнгээ үзээд өнөөг хүрлээ. Одоо бол Монгол улс эрчимтэй хөгжлийнхөө
үе дээр байна. Солонгост очиж ажиллаад авч байгаа цалин эх нутагтаа гэр бүл үр хүүхдийнхээ
хажууд байгаад олох цалин бараг зөрүүгүй болж байна. Монгол нутагтаа сайхан ажиллаад
өндөр цалин аваад ажиллах боломж байгаа гэж би хэлнэ.
-Томоохон компаниуд өндөр цалинтай ажил байна,
харин ажиллах боловсон хүчин алга гээд байх юм . Энэ үнэн үү?
-Ажилгүй хүмүүс их байна л гэдэг. Нарийн мэргэжлийн
ажилчин, удирдах албаны хүн авна гээд зарлаад шалгахаар тэнцэх хүмүүс алга байна
гэж манай ажилтнууд хэлж байна. Уг нь сурсан шиг сураад, мэргэшсэн шиг мэргэшвэл
ажлын байр бэлэн байна. Одоо монгол хүн гадагшаа гарч ажиллах биш, гаднаас ажилчин
авчирч ажлаа хийлгээд суух үе ойртсон гэж боддог.
-Бизнес эрхэлдэг хүмүүс, ажил нь амжилттай яваа
хүмүүс дараагийн алхмаа улс төрд орох гэж хараад байх шиг санагддаг. Та энэ талаар
ямар бодолтой явдаг вэ?
-Бизнесмэн хүн улс төрд орж болно л доо. Хийж
бүтээж байгаа салбартаа тодорхой амжилт гаргачихсан хүмүүс мэдэж чаддагаа олон
түмэнтэйгээ хуваалцаж яагаад болохгүй гэж. Миний хувьд чаддаг, чаддагаа хийгээд
явсан нь дээр байх аа. Надад улс төрд орно гэсэн бодол байдаггүй. Ер нь хүн чадаж
байгаа юмаа л хийгээд явахаас сайхан зүйл байхгүй шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Э.ЭНЭРЭЛ