Categories
редакцийн-нийтлэл

Т.Баасансүрэн: Ардын намын батлахыг авахгүй гээд шидэж байсан хүн шүү дээ, энэ Сү.Батболд чинь

Монголын сэтгүүлч­дийн нэгдсэн эв­лэлийн ерөнхийлөгч, Соёлын
гавьяат зүт­гэлтэн зохиолч, сэт­гүүлч Тугалхүүгийн Баа­сансүрэнтэй ярилц­лаа.

-“Тэсэрч дэлбэ­рэ­хэд бэлэн болсон
Мон­гол орон” судалгааны нийтлэл чинь олон хү­ний сонирхлыг татжээ. Сонирхсон болоод
дур­гүйцэж эвгүйцсэн янз янзын л санаа бодол цухалзаж байх шиг бай­на. Засгийн газраас
ч бидэн рүү ярьсан?

-Мэдэж байна аа. Т.Баа­сансүрэнгийн
нийт­лэлийг хэвлэхээ зогсоо гэж утасдан та нарыг ша­хаж дарамталсан гэнэ лээ. Эр
зориг гаргаж ми­ний судалгааны өгүүл­лийг хэвлэж түмэн олон уншигчдад хүргэсэн “Өд­рийн сонин”-ы хамт олонд баярлалаа.
Та нар чөлөөт хэвлэлийн үндсэн зарчимд үнэнч байгааг чинь харахад баяр
бах­дал төрж байна. МСНЭ
“Өдрийн сонин”-ыг 2010 оны
хамгийн шилдэг чө­лөөт хэвлэлээр шалга­руулсан нь нүдээ олсон зөв үнэлгээ байжээ. Нийг­мийн сэтгэл зүй, иргэдийн санаа бодлыг тусгасан
төвийн зарим сони­нуу­дын
нийтлэлд задлан шинж­лэл хийж үзсэн
юмаа. Эрдэм шин­жил­гээний л ажил шүү
дээ.

Үүнд Засгийн газар
тэгтлээ дур­гүйцэж чөлөөт хэвлэлийн хэвлэн нийтлэх эрхэд хүртэл халдаж хориг­лож
цагдаж байгаад үнэхээр гайхал төрж байна. Уг нь хэвлэл мэдээллийн нийтлэл, нэвтрүүлэгт
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаныхан өөрс­дөө байнга анализ хийж Ерөнхий сайдад
танилцуулж байх үүрэгтэй. Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан иргэдийн
санаа бодлыг судалж үздэггүй юм байлгүй дээ. Судалж үзсэн надад харин баярлалаа
гэж хэлэх ёстой юм биш үү?

-Засгиийн газраас дуудаж уулз­сан гэсэн.
Юу ярьсан бол?

-Эрдэм шинжилгээний
өгүүлэл нийтлэгдсэний орой намайг Засгийн газраас дуудаж уулзсан. Өөрөө санаа­чилга
гаргаад “МОНЦАМЭ” агентла­гийн даргын ажлаа өгчихсөн нь дээр юм биш үү гэж санал
болгосон. “Тэсэрч дэлбэрэхэд бэлэн болсон Монгол орон” судалгааны өгүүллийг би
“МОНЦАМЭ” агентлагийн даргын хувьд бичээгүй. Сэтгүүл зүйн судлаач эрдэмтэн хүний
хувьд бичсээн. Тийм болохоор эрдмийн ажил хийсний минь төлөө намайг буруутгаж ажлаас
өөрч­лөх үндэслэл байхгүй болов уу гэдгээ хэлсэн дээ.

-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг
хатуухан үгээр та шүүм­жилжээ. Магтаж сайшаах зүйл бай­сангүй юү?

-Би хатуу үгээр шүүмжилсэн
юм биш. Монголын ард түмэн, тэдний төлөөлөл хэвлэлээр дамжуулан өөрс­дийн үгээ хэлж,
тэгж шүүмжилж байгаа юм. Түүнийг нь миний бие мэргэжлийн судлаачийн хувьд тоймлон
үзэж задлан шинжилсэн хэрэг. Шинжлэл судлалд улс төр гэсэн ойлголт байдаг­гүй. Зөвхөн
үнэн л байдаг юм. Эхлээд би ийм юм биччихнэ гэж зүүдлээ ч үгүй. Хамтарсан Засгийн
газрын гэрэл гэгээтэй ажлыг илүүтэй олж харахыг хүссэн билээ. Гэтэл яг эсрэгээрээ
эргэсэн. Хамгийн сайн ажил гэж өөрсдийнх нь нэрлэж рекламдаад байсан эдийн засгийн
өсөлт нь Мон­голд ядуурлыг ч, ажилгүйдлийг ч бууруулсангүй. УИХ-ын гишүүн, эдийн
засагч Ч.Улаан “Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл нэн дундуур байгаа.
Хамтарсан Засгийн газар байгуулахдаа анх хийсэн гэрээг та нар олж үзээрэй. Гэрээний
хэрэг­жилт үнэхээр хангалтгүй байна” гэж хэлсэн байна лээ. Хөгжлийн түлхүү­рийг
олж хүрдийг эргүүллээ гээд байсан Оюутолгойн гэрээ гэгч нь ард түмнээ хууран мэхэлсэн
Монголд ашиггүй гэрээ болж хувирсан. Таван­толгойн олон улсын тендер ч эргэлзээ
төрүүлээд эхэлсэн. Үүнд зөвхөн монголчууд төдийгүй гадныхан хүртэл эргэлзэж байгаа
юм билээ. Олон улсын Монгол судлаачдын Х их хуралд оролцсон Францын эрдэмтэн Антойне
Майре өөрийн илтгэлдээ Тавантолгойн нүүрсний ордыг “Хятад улсын “Шин­хуа” компани
40 хувь, Америкийн “Пибоди” компани 24 хувь, үлдэх нь Орос-Монголын консорциумд
ноогдох юм шиг ойлголт  төрүүлж байгаа юм.

Тийм шийдвэр нь хэд
хэдэн зүй­лээр гайхаш төрүүлж байна. Нэгдэх зүйл бол энд дурдагдсан хоёр компани
нь анхнаасаа тендерт албан ёсоор байгаагүй буюу оролцоогүй компаниуд байна. Хятадын
“Шинхуа” компани нь Японы “Мицуи” компанитай хамтарсан консорциумын хэлбэрээр хүсэлтээ
гаргасан байсан бөгөөд дангаараа Шинхуа гэж байгаагүй атлаа эцсийн шалгаруулалтад
“Мицуи” компанийг алга болгосон байна. Орос-Монголын консорциумын хувьд бол тийм
субьект буюу хамтарсан компани угаасаа тендерт ороогүй бөгөөд Үндэсний аюулгүй байдлын
зөвлөлийн ажилтан ноён Цэндсүрэнгийн мэдэгдсэнээр бол тийм консорциум одоо ч байхгүй
ажээ” хэмээн тэмдэглэсэн байгаа юм. Энэ үнэн бол маш ноцтой.

-Баасансүрэн гуай, би со­нирх­сон зүйлээ
шуудхан асууж ор­хиё. Та ч шулуухан хариулчи­хаарай. “Тэ­сэрч дэлбэрэхэд бэлэн болсон
Монгол орон” нийтлэлээ тойруулж ярилцъя. Дотроос нь зарим зүй­лийг су­галж асуумаар
байна. Та Сүх­баатарын Батболдыг лидер биш гэж хэлсэн байна лээ. Нам нэгт нөхөд
нь лидер гээд гаргаад ирсэн юм биш үү. Эргэлзэх үндэслэл байна уу?

-Өмнө нь бичсэн судалгааны
өгүүлэлдээ би ямар ямар үндэслэл байгааг хангалттай тайлбарласан гэж бодож байна.
Тэр бол миний хувийн үзэл бодол төдийхөн зүйл биш шүү дээ. Нийгмийн сэтгэл зүй,
иргэдийн санаа бодол ямар байгааг төвийн сонинуу­дын шүүмжлэлт нийтлэлээс шинжиж
үзэхэд тийм дүгнэлтэд хүрч байгаа юм. МАН-ыг ерэн жилийн турш удирдаж ирсэн үе үеийн
лидерүүдтэй Сүхбаа­тарын Батболдыг харьцуулан жишиж үзэхэд энэ нь улам ч тодрон
харагддаг. Тэр бол МАН-ын лидер үнэхээр биш. Үүнд би хатуу итгэлтэй байгаа. Лидер
битгий хэл МАХН-ын (өнөөдрийн МАН-ын) үнэнч гишүүн мөн үү, биш үү гэдэгт ч эргэлзэх
болсон шүү.

-Ингэж буруутгах ямар үндэслэл танд байна?

-Намд үзэл баримтлал
гэж бий. Үзэл баримтлалд үндэслэсэн үйл ажиллагаа явуулдаг. Ардчилсан со­циа­лист
үзэл баримтлалаа үндэсний хөрөнгөтний үзлээр сольё гэж намын ХХҮI их хурлын өмнөхөн
“Тэрэлжийн тунхаглал” хэмээх баримт бичгийг гаргаж байсан удаатай байх аа. Үүнийг
нь эрдэмтэн судлаачид, гишүүд дэмжигчид нь зөвшөөрөөгүй. МАН буюу МАХН чинь анх
үүсэн байгуу­лагдсан цагаасаа л зүүний чиглэлийн үзэл баримтлалыг дэвшүүлж, амьдрал
практикт хэрэгжүүлэх гэж ерэн жилийн турш тэмцэж зүтгэж ирсэн улс төрийн хүчин шүү
дээ. Түүнийг нэг олигархи намын толгойд гарч ирснээр өөрчилж хараахан болохгүй байлгүй.
Тэгвэл дэндүү хариуцлагагүй явдал болно. Улс төрийн нам гэдэг нь улс орны хөгжлийн
нэг үзэл баримтлалыг тойрон хүрээлсэн санаа нэгтнүүдийн нэгдэл юм. Намын дарга хүн
журмын нөхдүү­дийнхээ ихэнхийн итгэл үнэмшлийн эсрэг явж болно гэж үү? Тэгвэл ямар
лидер байх вэ.

-Энэ нэг үндэслэл нь байж. Өөр юү байна.
Та Сүхбаатарын Бат­бол­дыг МАН-ын лидер биш гэж хэлээд зогссонгүй тус намын үнэнч
гишүүн мөн үү, биш үү гэдэгт эргэлзэж явдаг гэлээ. Яагаад?

-Өнгөрсөн онд хэвлэгдсэн
“Наран, саран, дэлхий” гэж миний ном бий. Уг номын 245 дахь талд “Бас нэгэн сонирхолтой
үйл явдал болсныг мар­таагүй байна. Шинээр сонгогдсон намын Бага хурлын болон Хяналтын
ерөнхий хорооны гишүүдийн нэрсийг уншиж сонсгомогц олны дотроос нэг төлөөлөгч хилэгнэн
босч ирэв. Энэ хүн бол Улаанбаатар хотын намын байгууллагын төлөөлөгч, хотын намын
хорооны ерөнхий нябо Г.Лyвсанцэрэн байлаа. Тэрбээр намын Их хурлыг даргалж байсан
хүмүүст, онцолж Намбарын Энхбаярт хандаж “Би нэг зүйлийг огт ойлгохгүй байна. МАХН-д
гишүүнээр элссэн нэг эрхэм тухайн үед намын батлахаа авахгүй бидний нүүр өөд эргүүлээд
шидчихэж байсан юм. Тэр хүн намын ХХII их хурлын төлөөлөгч болоод залуусыг төлөөлөөд
ороод ирсэн байсан. За яахав шил­жилтийн үед ийм зүйл тохиолддог юм байж гэж бодоод
би дуугүй сууж байлаа. Гэтэл өнөөх эрхэм маань намын бага хурлын гишүүнд нэр дэвшээд,
одоо бүр сонгогдчихоод байж байна. Энэ хүн бол тэр овогтой тэр” хэмээн палхийтэл
ил тодоор хэлж орхив. Өнөөгийн нийгэмд өндөр дээд алба хашиж буй тэр хүний нэрийг
би энэ удаад хэлэхээ түр азная. Тэртэй тэргүй ХХII их хурлын төлөөлөгчид бүгдээрээ
мэдэж байгаа юм хойно нэр зааж дурсаад юүхэв гэж бодлоо. Долоон зуугаад төлөөлөгчидтэй
Засгийн газрын их танхим ялаа ниссэн ч дуулдахаар чив чимээгүй болов. Бүх хүн амьсгал
даран Намбарын Энхбаяр юу гэж хариулах бол хэмээн хүлээж байлаа. Энэ асуулт түүнд
хүндхэн цохилт болсон нь ягаарч улайрсан царайнаас нь тодорхой харагдаж байлаа.

Н.Энхбаяр “Лувсанцэрэн
гуай, та нөхцөл байдлыг зөвөөр ойлгохыг хичээгээрэй. Нийгмийн огцом шилжил­тийн
үед та бидэнд олон бэрхшээл тохиолдсон. Түүний нэг нь МАХН-ын гишүүн гэж мэдэгдвэл
эвслийнхний зүгээс хүнд даралт шахалтад ордог байлаа. Бизнест нь ч хохирол учирдаг
байсан. Ийм үед зарим залуу бизнес­чид МАХН-ын гишүүн гэдгээ хэлэхгүй байх, намаас
түдгэлзэх хэрэгцээ шаардлага гарч байсныг ойлгох хэрэг­тэй. Түүнээс л үүдэлтэй юм”
гэсэн утгатай зүйл хэлж тайлбарлаж хам­гаалж авч гарч билээ”. Энэ хүнийг чи хэн
гэж бодож байна?

-Сүхбаатарын Батболд уу?

-Тиймээ, тэр хүн.
Би өнөөг хүртэл нэрийг нь хэлээгүй явсан юм. Одоо ил тод хэлчихье. Ардын намын батлахыг
авахгүй гээд эргүүлэн шидэж байсан хүн яаж яваад Ардын намын толгойд гараад суучихав
аа. Энэ бол судлах ёстой зүйл шүү. Сургамж болно. МАХН буюу МАН-ын түүхэн дэх гашуун
сургамжийн нэг болж үлдэх биз. Төрөлх натураараа бол энэ хүн МАХН буюу МАН-ын үнэнч
гишүүн хүн огт биш. Төр засгийн өндөрлөгт гарах гишгүүр болгож л уг намыг ашигласан
байх. Та нар залуу улс харах байлгүй дээ, Сүхбаатарын Батболд хэзээ нэгэн цагт АН
руу гулсан орох л болов уу. Үйл ажиллагаагаараа ч аль хэдийнэ тэдэн­тэй нэгдэж нийлчихээд
байна л даа.

-Ингэхэд та чинь МАН-ын Бага хурлын гишүүн
биз дээ. Гадаа­дад намын сургууль төгсч тухайн үедээ шуугиулж байсан хүний нэг гэдэг
шүү, таныг?

-Би намын нэг ч сургууль
дүүр­гээгүй хүн юм аа. Түүх намтраас минь харчихна биз ээ. Дандаа л сэтгүүлзүйн
мэргэжлийн сургууль төгссөн байдаг. Мэдээж гадаадад шүү дээ. 1978 онд МАХН-д элссэн.
Уг батлах маань надад одоо ч бий. 2008 оноос хойш нам, улс төрийн ажлаас бүрмөсөн
хөндийрсөн. МАН-ын Бага хурлын гишүүн байтугай уг намд би элсээ ч үгүй. Намайг элс
гэж ч хэлээгүй, хэлсэн ч би элсэхгүй ээ.    

-Чөлөөт хэвлэлийн амыг мөн­гөөр боож, сэтгүүлчдийг
хахууль­дах замаар өөрсдийгөө үг дуу­гүй маг­туулдаг боллоо гэж та мэдэгдлээ. Үүнийгээ
жаахан тодруулахгүй юу?

-Та нар өөрсдөө надаас
дутахгүй сайн мэдэж байгаа шүү дээ. Монголын сэтгүүлчдийн ариун гал тогоо бузартаж
эхэллээ гэдгийг би хорин жилийн өмнө анхааруулан хэлж байсан. Өнөөдөр мөнгө бүхнийг
шийддэг болсон, ядуу сэтгүүлчид худалдагддаг болсон нь бодит үнэн юм. Ялангуяа ээлжит
сонгуулийн үеэр яадаг билээ. Яг одоо тэр “сезон” эхлэх гэж байна. Түрүү­чээсээ мэдрэгдэж
байгаа. Хэдий тийм боловч “Олгой хагаравч тогоон дотроо” гэсэн мэргэн үгийг санаж
дуугүй байя. Үзэг нэгт зарим нөхдийнхөө “сул” цэгийг хөндмөөргүй байна шүү.

-Засгийн газрын эрхтэн дархт­нууд чөлөөт
хэвлэлийг мөнгөөр бас далайлгаж байгаа юм биш үү? Надад ноцтой баримт бий гэж та
хэлсэн байна лээ.

-Ах нь эхнэр хүүхэд,
ач зээтэй хүн. Он гармагц тэтгэвэртээ суухаар төлөвлөж байна.  Сурган хүмүүжүүлэх ажилд шилжинэ. Шавь нарынхаа
тоог олшруулж ирээдүйн эрдэмтдийг бэлт­гэлцэнэ. Тийм болохоор хамаа намаа­гүй юм
бурж байж ойр дотныхоо хүмүүст гай тарьчих вий гэж болгоомжилж байгаагаа ч нуугаад
яахав. Амаа хамхиж явсан нь аминд өлзийтэй байхаа. Над руу маш олон хүн утасдаж
баяр хүргэсэн. Ялангуяа үзэг нэгт нөхөд маань. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
тэмцэгч сэтгүүлч Галсангийн Жамьян “Ха­лагдах яахав, алагдах гэж юм бий шүү. Муусайн
олигархиуд юу ч хийхээс буцахгүй. Сэрэмжтэй байгаарай” гэж байна лээ. Бодох ёстой
үг байх. Баримт бол надад нэг бус нэг хэсэг бий шүү. Ноцтой нь ч бий, номхон дөлгөөхөн
шүүмжлэлтэй нь ч бий. Цагийг нь болохоор шаардлага гарвал задалж болох байлгүй дээ.
Айгаад хулчийгаад байх ч юм алга.

-Гал асааж түймэр тавихаас нь хэлж болдоггүй
юмаа гэхэд гайгүй­хэн ганц нэгээс нь хэл л дээ. Тэгэхгүй бол хүмүүс үнэм­шихгүй
шүү дээ.

-Гэм багатай ч бас
сүрхий хортой нэг баримт хэлье л дээ. МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Д.Сарангэрэл дээр,
дооргүй хөөцөлдөж байгаад 200 сэт­гүүлчийг зээлийн орон сууцны хөтөл­бөрт хамруулсан.
Энэ бол чамлах юм биш. Орон сууцгүй хичнээн сэтгүүлч байгаа билээ. Гэтэл биднээс
хэд дахин олон хүнтэй багш, эмч нарын арми, бас эрдэм шинжилгээний, мөн соёлын ажилтнууд
гэж бий. Тэдний хувьд хамгийн гачлантай нь мөн л орон сууц. Гэтэл нийслэл Улаанбаатар
хотын боловсролын газрын дарга Д.Энх­баярын 2011.05.04-ний өдрийн 1/380 тоотоор
багш нарт оногдох квотоос хасч оронд нь бараг бүгдээрээ эмэгтэй нэр бүхий хориод
сэтгүүлчийг нэмж орон сууцны зээлд хамруулжээ. Тэр дотор  Засгийн газрын хэвлэл мэдээл­лийн албаны гурван
хүн байгаа юм. Бусад нь сонин, сэтгүүл, телевиз, сайтуудын хүмүүс. Орон сууцны санхүүжилтийн
корпорацид хүргүүл­сэн уг бичигт “Төрийн албан хаагчийн орон сууцны зээлийн квотод
Боловс­рол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 97 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлтөөр
нэмэгдэж ирсэн 18 квотыг “Боловсролыг дэмжих клуб”-ийн гишүүдэд хуваарилагдсан талаар
албан бичгээр хүргүүлсэн. Энэхүү орон сууцны зээлд хамрагдах 18 хүний нэрсийг хавсралтаар
хүргүүлж байна” гэж тов тодорхой бичжээ.

Энд анхаарал татсан
хэд хэдэн асуудал байна. Нэгд, сэтгүүлчид бол төрийн албан хаагчид биш. Тийм учраас
төрийн албан хаагчид, тухайл­бал үй олноороо орон сууцгүй байгаа төрийн үйлчилгээний
албан хаагчид болох багш нарын квотоос хасан хасан байж сэтгүүлчдэд өгч байгааг
өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл гэж үзэх үү, өөр зорилготой “хээл хахууль”-ийн нэг
хэлбэр гэж харах уу. Хоёрт, нэр бүхий 18 хүний нэрс дотор Засгийн газрын Хэвлэл
мэдээллийн албаны ажилтнуудын нэр байгаа юм. Төрийн жинхэнэ албан хаагч эдгээр хүмүүс
бүгдээрээ өөрийн гэх байр сууцгүй байж болноо. Орон сууцны  зээлд хамрагдах эрхтэй нь ч мэдээж. Гэх­дээ л
багш нарын квотоос “шомбодох” нь ёс зүйгүй асуудал. Засгийн газрын Хэрэг эрхлэх
газрын квотод тэд хамрагдах бүрэн боломж­той шүү дээ. Ингээд л бодохоор манайд шударга
юм гэж ер нь байна уу. Монголын багш нар тэдэнд сүрхий гомдох байлгүй. Гуравт,
“Боловсролыг дэмжих сан” гэгчийн гишүүд гээд байгаа нэр бүхий 18 сэтгүүлчээс ардын
боловсролын сэдвээр олон жил дагнаж бичин олон түмний дунд алдаршсан нь бас төдийлөн
хараг­дахгүй байгаа нь гайхалтай.

-Сү.Батболд МСНЭ-ийн ерөн­хийлөгчөөр түүнийг,
дэд ерөн­хий­лөгчөөр тэрнийг томилуул гэж үүрэг өгсөн тухай та нийт­лэлдээ дурдсан
байсан. Уг хоёр хүний нэрийг нэрлэхгүй юу. Тэгвэл илүү үнэмшилтэй юм биш үү?

-Хэн хоёр вэ гэдгийг
мэдэж л байна. Гэхдээ нэрлээд яах вэ. Уг мэдээлэл, хэсэг залуу сэтгүүлчдийн хурал
болдгийн урьд орой төрийн ордноор тарсан. Маш олон хүн янз бүрийн эх эх сурвалжаас
тухайн мэдээллийг олж авч мэдсэн байдаг. 

-“Монголын сэтгүүл зүй бол 1990 оноос эхлэлтэй.
Өмнөх нь тоо­цогдохгүй, нэг намын “зэвсэг” л байсан” гэх утгатай нийтлэл сонинд
гарсан байсан. Судлаа­чийн хувьд та үүнийг юү гэж үзэж байна?

-Өчигдөргүй өнөөдөр,
өнөөдөргүй маргааш гэж байдаггүй. Бүх юм хоо­рон­доо холбоо хэлхээтэй, уялдаа шүтэлцээтэй.
1911 оны үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцэл хөдөлгөөн өрнөөгүй бол 1921 оны ардын
хувьсгал бэлтгэгдэж ялалтад хүрэхгүй байсан. 1921 онд Ардын хувьсгал ялж тусгаар
тогтносон БНМАУ байгуулагдаагүй бол 1990 оны Ардчилсан хувьсгал яалаа гэж гарах
билээ. Монголын сэтгүүл зүй ч яг адилхан. 1913-1914 оны “Шинэ толь хэмээх бичиг”,
1915-1920 оны “Нийслэл Хүрээний сонин бичиг” сониноос өнөөгийн Монголын сэтгүүл
зүй эхлэлтэй. Бидний гайхамшигт өвөг дээдэс Жамсраны Цэвээн, Догсомын Бодоо, хошой
гүн Бадрахбаатар, нийтлэлч Жанцансамбуу, Дорж нарын зэрэг ахмад сэтгүүлчид жинхэнэ
чөлөөт хэвлэлийг үүсгэн байгуулж бүтэн долоон жилийн турш тасралтгүй гаргасан байдаг.
Энэ бол  том бахар­хал. 1920 онд зургаан дугаар
гаргасан “Монголын үнэн” сониноос эхлээд ерээд он хүртэл хэвлэгдсэн 70 гаруй сонин,
сэтгүүл, үйл ажиллагаагаа явуулсан мэдээллийн агентлаг, радио, телевизийн нийтлэл,
нэвтрүүлэг нь  Монгол Улсын хөгжил дэвшилд
их нөлөө үзүүлсэн. Өмнөх чөлөөт хэв­лэлийн нэгэн адил эрин цаг үеийнхээ түүхийг
бичилцэж үлдээсэн.

“Зэвсэг” гэсэн үгийг
ямар утгаар хэрэглэж байна вэ гэдгийг ялгаж салгаж ойлгох нь тун чухал. БНМАУ нэг
намтай байх үед хэвлэл мэдээлэл үзэл суртлын зэвсэг болж байсан нь үнээн. Гэхдээ
Монголын сэтгүүлчдийн шинийг эрэлхийлэгч мөн чанар, эрх чөлөөнд тэмүүлэгч хүсэл
эрмэлзэл цаг ямагт бадарч алгуурхан боловч урагшлан хөгжиж ирснийг үгүйсгэж бас
болохгүй. Тэр “Зэвсэг” гэж ад үзэгдээд байгаа өмнөх он жилүүдийн сэтгүүл зүй, сэтгүүлчид
хэрэв байгаагүй бол ерэн оны чөлөөт хэвлэл үүсэн бүрэл­дэх ямар ч боломжгүй юм.
Ерэн оны ардчилсан хувьсгалын бэлтгэл, нийг­мийн сэтгэл зүйг чинь Монголын сэтгүүлчид,
бүр тодруулж хэлбэл Лодонгийн Түдэв тэргүүтэй “Үнэн” сонин, төвийн бусад сонин хэвлэ­лийнхэн
төлөвшүүлж бүрдүүлсэн юм шүү дээ. Энэ тухай миний бичсэн “Монголд чөлөөт ардчилсан
хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” цуврал таван ботид маш дэлгэрэнгүй бичээстэй байгаа.
Тухайн цаг үед Лодонгийн Түдэв ахайтан Монголын Сэтгүүлч­дийн холбоог толгойлж байсан
гэдгийг бас битгий мартаарай.

-МСНЭ Бодоогийн нэрэмжит уран бүтээлийн
шагнал бий бол­госон нь шившиг. Бодоо бол МАХН-ын нэг толгойлогч бай­сан. Түүний
нэрэмжит шагналыг МСНЭ буй болгоод сэтгүүлчдэд өгч байгаа нь энэ байгууллага МАН-аас
хамаа­рал­тай байгаа­гийн нэг илрэл гэсэн утгаар өдөр тутмын нэгэн сонинд би­чиж
та нарыг шүүмжилсэн бай­сан?

-Тэгж бичсэн хүний
мэдлэг, мэдээ­лэл тун гүехэн байна гэж хэлье. Догсомын Бодоо бол Монголд чөлөөт
хэвлэлийг үүсгэн байгуулагчдын нэг. Тэр хүн 1913-1914 онд “Шинэ толь хэмээх бичиг”
сонинд, 1915-1920 онд “Нийслэл Хүрээний сонин бичиг” сонинд сурвалжлагчаар ажилласан
сургууль төгсөөгүй боловч жинхэнэ мэргэжлийн сэтгүүлч. Их соён гэгээ­рүүлэгч Жамсраны
Цэвээний хамтран зүтгэгч. Түүний бичиж туурвисан олон нийтлэл бий. Сэтгүүлчийн мэргэжлээр
их, дээд сургуульд суралцагч оюут­нууд хичээнгүйлэн судалдаг юм. МСНЭ-ээс “Монголын
шилдэг нийт­лэл” цуврал 99 ботийг гаргаж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Анхных
нь ботийг Жамсраны Цэвээний бүтээлээр гаргасан. Хоёр дахь ботийг Бодоогийн бүтээлээр
бэлтгэж байна. Догсомын Бодоо хэмээгч энэ билэг авьяаст их бичгийн хүнийг, Монголын
чөлөөт хэвлэлийг үндэслэгчдийн нэгийг сэт­гүүлч биш гэвэл ёстой алдас болох байлгүй
дээ. МСНЭ уран бүтээлчдэд олгох Бодоогийн нэрэмжит шагнал буй болгосон нь харин
ч хожимдож хийсэн алхам. Үнэн шударга ёс гэж байсансан бол аль эрт тийм шагналыг
буй болгох ёстой байсан юм. Бид буруу зүйл хийгээгүй. Д.Бодоо Монголын сэтгүүл зүйд
том орон зай эзэлнэ. Он цаг улиран одох тусам шижир алт адил тодорно.

-МСНЭ өөрийн хоёр давхар байртай байсан.
Алга болго­чихсон гэж “Шинэ үе, шинэ сэтгэлгээ” хөдөлгөөнийхөн хэлээд байгаа. Үүнд
ямар ха­риулт өгөх вэ?

-Хаягаа баахан андуурсан
байна. Ерээд онд Монголын сэтгүүлчдийн холбоо Сэлбийн зусланд сэтгүүлчдийг амраах
хоёр давхар байртай байсан нь үнэн. Цэрэндорж гэдэг Ерөн­хийлөгчийн үед зарж устгаад
олсон мөнгөөрөө Эрээнээс барааны саван зөөсөн гэж дуулсан юм байна. Барааны саван
зэрэг хог новшоо худалдаад хэдэн төгрөг олсон, юунд яаж зарцуулс­ныг би мэдэхгүй.
Сүүлд МЧАСЭ хоёр давхар хөөрхөн байшинтай байсныг бас мэдэх юм. Бид “Муурын байшин”
гэж өхөөрдөн нэрлэдэг байсан. Бас л үгүй болсон. Яасныг мэдэхгүй. Би санахдаа тухайн
үед МЧАСЭ түрээ­сээр эзэмшиж байсан болов уу. Өмч хувьчлалаар ном дүрмийн дагуу
хувьч­лагдаад алга болсон биз л гэсэн ойлголттой явдаг. Тодруулах гэж хүсээд байгаа
бол тэр үед МЧАСЭ-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Дашдондов, дэд Ерөнхийлөгчөөр
ажиллаж байсан Х.Наранжаргал на­раас асууж лавлана буй заа.

Өнөөдрийн МСНЭ-ийн
дэд ерөн­хийлөгч Д.Заяабат бид хоёрын хувьд бол Улаанбаатар хотын Засаг дарга бөгөөд
Нийслэлийн захирагч Г.Мөнх­баярт учир зовлонгоо ойлгуулж удаа дараа албан тоотоор
хүсэлт тавьсны үр дүнд долоон буудлын орчимд МСНЭ-ийн ордон бариулах газрын асуудлыг
нааштайгаар шийдвэр­лүүлээд байгаа. Монголын сэтгүүлчид өөрийн гэсэн ордонтой болноо.
Түү­нийг нь харин ирээдүйн удирдагчид нь зараад идчихгүй, хувьчлаад завш­чихгүй
л байх хэрэгтэй юм. Энэ завшааныг ашиглаж хотын даргад баярлалаа гэж хэлье. Тус
бүр нь нэг сая төгрөгийн үнэтэй 40 гэрийг газрынх нь хамт амьдрал ядуу сэтгүүлчдэд
олгуулж бидэнд бас их тус хүргэсэн хүн байгаа юм.

-МСНЭ-ийн удирдлага өөрс­дийн хуримтлагдсан
асуудал, бэрх­шээл зовлонгоо төр зас­гийн өндөр­лөгүүдэд хэлж ярьдаг уу, тэдний
дэмжлэг туслалцааг авдаг уу?

-Ярьж хэлэлгүй яахав.
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж санал хүсэлтээ тавьсан. Ардчилсан нийг­мийн баталгаа
болсон чөлөөт хэв­лэлийг дэмжиж сэтгүүлчдийн 
төлөө­лөгчдийг шагнаж урамшуулж байгаач гэдгийг Ерөнхийлөгчөөс онцгойлон
гуйсан. Бидний хүсэлтийг хүлээж авсаан. Сүүлийн хоёр жил дараалан шинэ жилийн өмнөхөн
хэсэг сэтгүүлч­дийг төрийн дээд шагнал-одон, меда­лиар шагнасан. Үүнд нь талархалтай
байгаа. Харин Монголын сэтгүүлчдийн байгууллагын 60 жилийн ойгоор нэг ч сэтгүүлчийг
шагналгүй өнгөрсөнд нь  тун их гайхаж бас
харамсаж байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дар­гатай уг асуудлаар хоёр удаа уулзсан.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч, Тамгын газрын Шагналын тасгийн дарга, ажилтнуудтай
уулзсанаа хэлэх юм бол тоо алдсан байхаа. Он дуу­саагүй байна л гэж хариулдаг юм.
Оны эцэст бөөн гавьяат төрөх юм байлгүй дээ. Харж л байя. Монголын сэтгүүл зүйн
судлал шүүмжлэлд хэний ч хийгээгүй зүйлийг хийж бүтээсэн МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн
багш, судлаач Л.Норовсүрэн, “Зарли­гаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ”
гэх зэрэг алдарт нийтлэлүүд туурвисан ахмад сэтгүүлч Ш.Цэен-Ойдов, Монголын ард
түмэн аль хэдийнэ танин мэдэх болсон ахмад сэтгүүлч Д.Дорждулам, Н.Мяг­мар, Увсын
Б.Норов, авьяаслаг сэт­гүүлч, судлаач Ү.Хүрэлбаатар, зо­хиолч сэтгүүлч До.Цэнджав,
МСНЭ-ийн дэд ерөнхийлөгчөөр болон Зас­гийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар
үр бүтээлтэй ажиллаж байсан “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар
гээд олон хүн бий.

-УИХ-ын даргад ямар асуудал тавьж шийдвэрлүүлэв?

-Хэвлэл мэдээллийн
эрх чөлөөг баталгаажуулах хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тууштай ажил­лахыг
УИХ-ын даргаас удаа дараа хүссэн. Эрхэм гишүүд энэ асуудалд ихээхэн анхаарч байгаа
шүү. Ил тод байдал, иргэдийн мэдээлэл олж авах эрх чөлөөний тухай хуулийг УИХ-аас
батлаад гаргачихлаа. Үүнд МСНЭ нөлөөлсөн гэж ойлгож байгаа. 1998 оны Хэвлэл мэдээллийн
эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаа­чилсан.
Бид өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн бүх хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон. Санал бодлоо
дэлгэрэн­гүйгээр илэрхийлсэн. Саналууд маань хуулийн төсөлд тусгагдаад явж байгаа.
Үндэсний мэдээллийн агентлагийн тухай хуулийг батлан гаргах тухай УИХ-ын шийдвэр
гараад 13 жил болж байна. Өнгөрсөн онд Засгийн газраас бас чиглэл өгсөн. ХЗДХЯ уг
хуулийн төслийг Үндсэн хууль хийгээд өнөөдөр Монголд хүчин төгөлдөр үйлчилж буй
бусад хуулийн агуулгад нийцүүлж боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан гэж сонссон.
Монгол Улсын Засгийн газар ардчилсан нийгмийн 
үнэт зүйлс, хэвлэлийн эрх чөлөөнд үнэнч байгаа бол энэ хуулийн төслийг дэмжих
байлгүй.

Уг асуудлаар УИХ-ын
дарга Д.Дэм­бэрэл өөрийн байр суурийг илэрхийлж “МОНЦАМЭ” агентлагийн 90 жилийн
ойд ирүүлсэн мэндчилгээндээ “УИХ МОНЦАМЭ-гийн цаашдын үйл ажилла­гааны чиглэл, эрх
зүйн үндсийг улам тодорхой болгох, бие даасан байр суурийг бататгах талаар анхаарал
тавих болно” гэсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Үндэсний мэдээллийн
агентлагийнхаа үйл ажил­лагааг төр засгаас тууштай дэмжих ёстой. Монгол Улсын Үндсэн
хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн үзэл санаанд нийцүү­лэн Үндэсний
олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг батлан гаргасан жишгээр Үндэсний мэдээл­лийн
агентлагийн тухай хуулийг боловсруулан УИХ-аар батлуулж хууль, эрх зүйн таатай орчинг
бүр­дүүлж өгөх цаг нэгэнт болсон гэж Монгол Улсын төрийн тэргүүний хувьд би үзэж
байна. Энэ нь Монголд чөлөөт ардчилсан хэвлэл мэдээллийг хөг­жүүлэн төлөвшүүлэхэд
бас нэгэн алхам болох болно” гэж өөрийн ил­гээлтдээ цохон тэмдэглэсэн байналээ.
Төр, засгийн удирдлагын 3 өндөр­лөгөөс хоёр нь ийнхүү байр сууриа ил тод илэрхийлчихсэн
байгаа. Иргэдийн санаа бодлын байдлыг тандан судалж, түүн дээрээ үндэслэн Засгийн
газрын зарим үйл ажиллагааг шүүмжилсний минь төлөө өш санаж хуулийн төслийг гацаан
үндэсний мэдээллийн агент­лагаа хохироохгүй байлгүй дээ. Мон­голын сэтгүүлчдийн
байгууллагын 60 жилийн ойн баярын ёслолд Улаан­баатар хот, 21 аймгийн хэвлэл мэ­дээл­лийн
төлөөлөгч 500 гаруй сэтгүүлч оролцсон юм. Монголд хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах
чиглэлээр цаашид хэрхэн яаж ажиллах вэ гэсэн сэдвээр би товч илтгэл тавьж, баярын
хурлаас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандаж Уриалга гаргасан.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах чиглэлээр төр, засгаас тодорхой зоригтой
алх­мууд хийгээч, хэд хэдэн хуулийг баталж өгөөч гэж хүссэн. Энэ бол монголын нийт
сэтгүүлчдийн хүсэлт гэж ойлгож байгаа.

-Монгол Улсын Ерөнхий сайд­тай уулзсан
уу?

-Уулзалгүй яахав.
Хамгийн олон асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэлт болгосон. Монгол Улсын Ерөнхий сайдтай
МСНЭ-ийн удирдлага уулзах үеэр сэтгүүлчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон
анхаарч өгөхийг хичээнгүйлэн гуйсан. МСНЭ-ийг байр савтай болгох, “Сэтгүүлч” сан
байгуулахад туслах, улсын захиалгат зарим ажил үйлчилгээг МСНЭ-ээр гүйцэтгүүлж байх,
сэтгүүлчдийг давтан сургахад анхаарах, сэтгүүл зүйн шүүмж судлалыг хөгжүүлэх зэрэг
тодорхой саналуудыг тавьсан. Ингэх нь ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалахад
хүчин зүтгэж байгаа сэтгүүлчдийг төр засгаас бодлогоор хамгаалсан чухал алхам болох
юм гэдгийг ч хэр чадлаараа тайлбарласан. Харамсалтай нь бидний саналууд усанд хаясан
чулуу шиг л алга болж мартагдсан даа.

Ярилцсан
Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Сэрүүн тунгалгийн орон Умард Солонгос

Ер нь монголчууд болон солон­госчуудын
харилцаа их эртнээс улбаатай. Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр солон­гос ха­тантай
байсан нь түүхэнд тэмдэг­лээстэй. Солонгосын хойгт Монгол­той холбоотой түүхийн
дурсгалтай газрууд бол чамла­хааргүй бий. Нийтийн тооллын эхэн үед Когу­рёо, Пэкжэ,
Шилла нэртэй гурван хаант улс бий болс­ныг нь түүхэнд “Гурван улсын үе” хэмээ­дэг.
Ингээд тусдаа гурван хаант улс байж байтал Шилла нь Тан улсын тус­ламж­тайгаар бусды­гаа
өөртөө нэгтгэсэн байдаг. Гэвч нутгийн хойд хэсгээр Когурё нарын байгуулсан Палхэй
гэдэг улс оршин тогтносоор байжээ. 900-гаад оны эхэн үед Шилла нь суларч, Гүрёо
гэдэг улс байгуулагдаж. Харин 926 оны орчимд Палхэй гэдэг гүрэн нь Кидан нарт цохигдон
мөхсөн гэж түүхэнд бичигджээ. Кидан нар гэдэг чинь түүхэнд хамгийн их хятад­чилагдсан
нүүдэлчид гэгддэг бөгөөд монгол угсааны хүчирхэг аймаг юм. Дараа нь XIII зууны үед
Монголын эзэнт гүрний довтолгоон Гүрёо улсыг ихэд доройтуулжээ. Гэвч тухайн үедээ
Монголын эзэнт гүрний харьяат байдлаар оршиж байсан байх юм. Энэ үедээ гүнж тэргүүтнээ
хаад бие биедээ өгч, нэлээд гүн харьцаатай байжээ. Одоогийн Умард Солонгосын газар
нутаг нь ойролцоогоор 120 мянга орчим хавтгай дөрвөлжин км нутагтай. Энэ нь хэмжээгээрээ
манай Дорнод аймагтай адилхан гэсэн үг л дээ. Монголчуудын хувьд тэдэнтэй нийгэм
яаж ч солигдсон найрамдалт харилцаатай хэвээрээ байдаг. Хоёр Солонгосын дайны үеэр
Умардын талаас олон хүүхэд Монголд ирж, өсч хүмүүжиж зарим нь бүүр том дарга болсон
мэдээ ч байдаг. Ямартай ч хойд Солонгос манай улстай ямар ч үед найрам­далт харьцаатай
байсаар ирсэн нь түүхийн маргашгүй үнэн билээ.

Хүмүүс энд тэнд аялахдаа хоо­лонд
нь санаа зовох гээд байдаг. Харин тэнд монголчуудын хувьд санаа зовох зүйлгүй. Тун
амтлаг сайхан хоолтой. Харин кимчи нь арай сул амттай юм шиг санагдсан. Хуучин долоон
төгрөг 20 мөнгөний үнэтэй хиам байдаг байв даа. Яг тэр хиамыг тэндээс идэж болно.
Амтны хувьд ярих юмгүй. Котлет болон бусад амтлагч монгол хүнд тун сайн зохихоор.
Халуун ногоо бага байх л даа. Энд бид нар ямаа, тарвагаар боо­дог хийдэг бол тэнд
тахиагаар боодог маягийн юм хийнэ. Тэр нь 30 орчим еврогийн үнэтэй. Тахиа­ны боодогт
хүн орхоо­дой, төрөл бүрийн эмийн чанартай ургамлууд, будаа, амт­лагч зэрэг орно.
Гурваас дөрвөн цаг ууранд жигнэж болгодог гэж бай­гаа. Жуулчид их сонирхож иддэг
бололтой. Амтны хувьд дав­гүй ээ. Хоолон дээрээ бага зэргийн архи, пиво хэрэглэнэ.
Мэдээж согтоо­хоор их биш. Гэхдээ үйлч­лүүлэгч хүсвэл нэмж хэдийг ч авсан болно.
Хойд Солонгосын үйлчил­гээ­ний газрууд, тэр дундаа зоогийн газруудын үйлчлэгч нар
бас л юм юмтай даа. Хоол цайгаа зөөхийн хажуугаар үйлч­лүү­лэгч хүсвэл сайхан дуу
дуулж, хөгжим тоглож өгнө. Урла­гийн бяцхаан аятайхан тоглолт хийчих­нэ. Харин дуулдаг
дуу нь голдуу агуу удирдагч нараа магт­сан утгатай. Бас монгол­чуу­дын хамгийн сайн
мэдэх танил дуунууд болох “Москва орчмын үдэш”, “Катьюша” зэрэг дайны үеийн Зөвлөлтийн
дууг дуулж өгнө. Тэгээд мөнөөх бяцхан тоглол­тынхоо хаалт болгож “Интерна­ционал”
дууг бахдалтайгаар дуулж сонир­хуулна. Дуулахдаа баруун гараа зангидаад, тохойгоороо
хагас нугалан, нүдээ хагас аниад үнэхээр итгэл үнэмшилтэй дуулж байгаа юм аа. Хөгжим
нь баян хуур. Тоглож байгаа нь ч лут тоглох юм билээ.  Зөөгч-дуучдын хоолой яг нэг хэвэнд цутгасан юм
шиг адилхан. Тиймэрхүү хуучны дууг тэгж ойроос, амьдаар нь сонсох нь сонирхолтой
шүү.

Хойд солонгосчууд уран зураг, уран
хатгамлаараа дэлхийд гай­хагд­­даг ард түмэн. Хатгамал нь дотроо хоёр янз байдаг
аж. Тухайн хатгамлаа хийхийн өмнө зургийг нь зурчихаад хатгах, шууд хараад хатгах
гэж. Эхлээд зургаа зурчи­хаад хатгах нь арай хялбар байдаг гэнэ лээ. Гэхдээ нэг
бүтээл дээр ядаж л 21 хоног суудаг гэж байгаа. Пхеньян хотын хатгамлын төв ордон
гэж газар байх бөгөөд тэр нь хатгамалчдын урлан. Тэнд хамгийн удаан хатгамал хийж
байгаа гэх 50 гаруй насны нэгэн эмэгтэй ямар нэгэн дэвсгэр зураг­гүйгээр шууд харж
хатгадаг гэж байсан. Лут авьяас шүү. Тэр харь­цаа, өнгө будаг, уусалт зэргийг эх
зургаас нь бараг илүү гарахаар хатгасан байна лээ. 20 дахь жилдээ хатгамал хийж
байгаа нэг эмэгтэй аав хүү хоёрын фото зур­гийг хатгаж байсан. Нүдний өнгө, харц
арын дэвсгэрийн уусалт зэр­гийг фото зургийн хэмжээнд л хатгаж байна лээ дээ. Тэр
зургийг сар гаруй хатгаж байгаа гэсэн. Өөрийн болон гэр бүлийн зургийг энэ мэтээр
хатгуулахыг хүсвэл хэм­жээнээсээ хамаарч 100-аас дээш ам.доллар болдог юм байна
лээ. Уг ордны коридорт жин­хэнэ урлагийн бүтээлүүд байр­лана. Тэд хатгамлыг зүгээр
энгийн нэг хоёр хэмжээстээр хийгээд зог­сохгүй гурван хэмжээсээр бүтээсэн байна
гээд бод доо. 3D кино, зураг гэдэг шиг 3D хатгамал. Гайхам­шигтай. Уран зургийн
хувьд бас л хатгамал шиг ээ. Яг фото зураг. Зургийн агуулга нь үзэсгэлэнтэй бүсгүйчүүд,
нисэж байгаа шувуу, үзэсгэлэнт байгаль, тэгээд мэдээж цэрэг, эх орны сэдэвтэй. Бүсгүйчүүд
гэснээс хойд нутгийн бүсгүйчүү­дийн гоо үзэсгэлэн үнэхээр төгөл­дөр юм билээ. Бид
хэдийгээр хяз­гаар­лагдмал маршрутаар аялсан ч бүсгүйчүүд нь нийтээрээ их царай­лаг.
Цаг уур нь тун аятайхан боло­хоор тэр юм уу цайвар цагаан царай, дугариг нүүртэй.
Умардын охид, өмнөдийн залуус гэдэг хэллэг зүгээр ч нэг гараагүй бололтой шүү. Гэхдээ
умардынхан ерөнхийдөө л царай зүс сайхантай, нүдэнд ду­лаа­хан улсууд. Харин нэг
сонин зүйл анзаарагдсан нь бараг л бүгдээрээ чихээ цоолоогүй байсан.

Аливаа улс орны өнгөрсөн түүхийг агуулж
байдаг зүйл бол музей билээ. Тэгвэл энэ улсын “Дайны музей” гэдэг үзэсгэлэнд
1950-1953 оны Солонгосын дайны үеэр хоёр талын ашиглаж байсан техник хэрэгсэл, олзолсон
онгоц, буу зэвсгийг бодит байдлаар харуулс­наараа бараг өөр хаана ч байхгүй аж.
Энэ музейн доод дав­харт нь тухайн үед олзолсон таг­нуу­лын, сөнөөгч болон бөмбөгдөгч
онгоцнууд яг бодитойгоор байна. Бөмбөгний хэлтэрхий нь хүртэл үзмэр болон хадгалагджээ.
Хойд Солонгосын армийн тэнгисийн цэргийн бахархлуудын нэг торпед харвагч шумбагч
онгоцоо энд байр­­луулжээ. Тэрхүү шумбагч дайны үед дайсны сөнөөгч онгоц тээвэрлэгч
усан онгоцыг баатарлаг гавьяа байгуулж устгасан хэмээн тайлбарлагч их л бахдалтайгаар
өгүүлж байсан. Сонирхол татахуйц түүхтэй нэгэн үзмэр байсан нь маш том модны үндэс.
Дайны гал дү­рэл­зэж байх үед энэ модны доор умардынхны армийн хэд хэдэн танк, машин,
зэр зэвсгийн ихээхэн хүч түр буудаллаж, дайсны бөм­бөгдөлтөөс хамгаалагдаж байжээ.
Ийм гавьяатай модныхоо үндсийг нь хүртэл авчраад үзмэр болго­жээ. Уг дайнд тухайн
үеийн цэрэг зэвсэг, байлдааны машин меха­низ­мын хамгийн шилдгүүд нь оролцож байсан
бөгөөд нэг ёсон­доо зэвс­гүүдээ туршиж байсан гэмээр. Агаарын байлдаан хийж байгаад
сөнөсөн онгоцны их бие, мотор, сэнс, далавч гээд ер бусын сонир­холтой үзмэрүүдийг
эндээс л харж болох юм. Үзмэрт тавигдсан машин техникүүдийн багагүй хэсэг нь бензин
хийвэл асаагаад явж болохоор юм гэсэн. Түүх болох ийм зүйлсийг ингэж хадгалж, хүмүүст
үзүүлж байгаа нь сайхан л юм билээ. Энэхүү том музейд байх зураг ба жинхэнэ техник
хэрэгс­лийг хослуулан хийсэн үзмэр хэн хүний сонирхлыг татна. Энэ үзмэ­рийг 40 зураач
бүтэн жил хагас зурж, 1974 онд сая нэг дуусчээ. Эргэлддэг байдлаар бүтээгдсэн болохоор
эхлэл төгсгөл гэх юмгүй нэгэн цогц бүтээл ажээ. Энэхүү бүтээлийн аль нь зураг, аль
нь жинхэнэ техник хэрэгсэл гэдгийг ялгахад бэрх юм байна лээ. Иймэр­хүү музейг үзсэн
хэн ч гэсэн бахар­хахаар л даа. Хойд солонгосчууд энэ музейгээрээ тун их бахархдаг
нь тайлбарлагчийнх нь ярианаас мэдрэгдэж байлаа.

Өмнө хэлсэн дээ. Ирэх жил их удирдагчийн
100 насны ой болно оо гэж. Энэхүү нүсэр том арга хэмжээнд зориулж маш олон жил баригдаж
байгаа 105 давхар бү­хий пирамид хэлбэрийн барил­гаа ашиг­лалтад оруулахаар ажиллаж
байгаа аж. Их бүтээн байгуулалт өрнүүлж байгаа болохоор хүн хүчний хэрэгцээ их л
байдаг биз. Тэд бүх их, дээд сургуулийнхаа хичээлийг бүтэн нэг жилээр хаасан гэнэ.
Оюутнуудыг их ойн арга хэм­жээнд зориулсан бүтээн байгуу­лал­тад ажиллуулж байгаа
ажээ. Ер нь энэ улс дараа жилийн дөрөв­дүгээр сарын 15-нд болох их ойгоор амьсгалж
байна гэхэд бол­но. Зөвхөн их удирдагч, мөнхийн ерөнхийлөгч Ким Ир Сенд зориулж
150 сая амьд цэцгийг тарьж ургуулж байгаа гэнэ. Замын хоёр талаар тарьж ургуулж
байгаа цэц­гээ өрж тавьсан байхыг түвэггүй олж харна. Мөн хүлэмжүүдэд ч өнгө өнгийн
цэцэгсийг тарина. Оюутнууд бололтой ижил хувцастай хүмүүс өглөө 06 цагийн орчмоос
эхлээд бөөн бөөнөөрөө дуу дуулан жаг­саа­лаар явах бөгөөд ажилдаа явж байгаа нь
тэр бололтой. Багцаа­гаар нэг тийм жагсаалд ядаж л 200 хүн хангалттай байгаа. Ер
нь аливаа ажлыг хүний хүчээр л нугалдаг бололтой. Ямар нэгэн газар шорооны ажил
явагдаж байгаа газар улаан туг хатгаастай. Зарим газраа арай олон туг байхыг  бодвол социалист уралдаанд тэргүүлэгчид юм шиг
байна лээ. Замын хоёр талаар байх явган хүний замыг дор нь хуулж хаяад шинэ зам
тавьчихаж байгаа юм. Удирдагчийн төрсөн өдрийн баярыг угтаж хотын төвөөр байгаа
том том, өндөр моднуудыг үндсээр нь сугалж авч байгаа гэсэн. Учир нь энэхүү том
моднуудад царцаа маягийн шавьж их цугладаг гэнэ. Тэгээд тэр шавьжнууд их эвгүй,
тээртэй дуу гаргадаг нь хэцүү бай­даг бололтой. Энэ моддын оронд бутлаг өнгө үзэмж
сайхан намхав­тар бут тарих аж. Гудам­жаар нь автобустай явж байхад айлуудын гэрэлтэй
цон­хоор нэг зүйл их тод харагдах нь ханан дахь их удир­дагчдын хөрөг зураг. Ер
нь тэдний зургийг байнга харсаар байгаад дасах шинжтэй болдог юм байна лээ шүү.

Үргэлжлэл бий.
Я.БАЯРБААТАР
 

Categories
редакцийн-нийтлэл

Сэрүүн тунгалгийн орон Умард Солонгос

Улаанбаатар-Бээ­жин-Пхеньян
гэсэн марш­рутаар тун сонир­хол­той аяллын багт багтаж яв­лаа. Энэхүү аяллыг
Мон­гол Улсын Байгаль орч­ны яам, БНАСАУ-ын аялал жуулчлалын газ­рын хамтын
ажиллагаа­ны хүрээнд зохион бай­гуулсан юм. Хүн бүхэн Хойд Со­лонгосын талаар
янз бүрийн бо­долтой, тэр хэрээр маш их сонир­х­дог. Сонирхол татахуйц энэ
аялал маань Бээжингийн олон улсын нисэх онгоц­ны буудлаас БНАСАУ-ын “Айр Корё”
компанийн “Ту” загварын агаарын хөл­гөөр хөөр­с­нөөс эхэллээ. Нислэгийн явцад
онгоц маань гэнэт донслох шиг болсон юм л даа. Учир нь БНАСАУ-ын агаарын хи­лийг
нэвтэрч байгаа нь тэр ажээ. Тэгж онгоц ог­цом доош тонгойх маяг­тай болсон нь
их удир­дагч Ким Ир Сенд бөхийж хүн­дэтгэл үзүүлж байгаа илэрхийлэл байжээ. Нис­лэг
хоёр цаг орчим үр­гэлж­лээд нийслэл Пхеньян хо­тын нисэх он­гоц­ны буудалд га­зар­дав.
Онгоцны буудал нь ав­саар­хан жижигхэн бө­гөөд мөнхийн Ерөнхий­лөг­чийнхөө том
зургийг онгоцноос буух зорчигч­дын өөдөөс харуулан залжээ. Нисэх онгоцны буудал
нь тун цомхон жижигхэн. Аргагүй ч биз. Энд зөв­хөн өөрийнх нь агаарын тээврийн
онго­цууд л нислэг үйлдэнэ. Зор­чигчдыг тусгай авто­бусаар зөөж гаалийн шал­ган
нэвтрүүлэх хэс­гээр өнгөрснөөр Хойд Солонгосын аялал маань жинхэнэ утгаараа
эхэл­лээ. Бараг л машин унаа байхгүй, хаа сайгүй буу­тай цэргүүд байдаг гэж
төсөөлж байснаас ха­маагүй өөр орчин угтан авсан юм. Жуулчдад зо­риулсан
автобусанд сууж Пхеньян хотын төвийг зорин хөдөллөө. Замд “өвгөн бенц”, “69”
гээд нэлээн хуучны машинууд элбэг таарах юм билээ. Бидний байрлах газар Пхеньян
хотын төвд ор­ших “Яан­какдо” нэртэй дөрвөн одын зэрэглэлтэй зочид буудал
байлаа. Нийслэл хотынх нь го­лоор урсах хоёр голын уулзвар арал дээр байр­лах
эл буудлаас хотыг бүхэлд нь тольдож бо­лохоор ажээ. Хойд Со­лонгосын нийслэл тө­сөөлж
байснаас хавьгүй том бас бүтээн байгуу­лалт гайхалтай гэдгийг зам­даа харж
явлаа. 

Пхеньян
хотын нийтийн тээ­вэртээ ёстой л хэрэглэж болох юу байна бүгдийг ашигладаг.
Тэнд троллейбус, трамвай, автобус, мет­рог ашигладаг. Хүн ачаад явж болох
бүхнийг ашигласан байх агаад хуучны төв замын түгжээ улаан нэртэй автобус,
Чехсло­ва­кийн “Карос” зэрэг том оврын автобусыг троллейбус болгож өөр­чилсөн
байхыг ганц эндээс л харж болно. Метронд суухын тулд газ­рын гүн рүү 100 гаруй
метр явах хэрэгтэй. Уг нь анхны зориулалт нь цөмийн дов­тол­гооноос хоргодох
байр байгаад сүүлд нь метро болгож өөрчилжээ. Энэ метро хоёр шугам, 17 зог­соол­той.
Ханаар нь их удирдагчийнхаа ард түмэнтэйгээ баяр жаргалтай байгаа байдлыг
харуулсан том зургуудтай. Мэдээж метро болгон­доо мөнхийн Ерөн­хийлөгч Ким Ир
Сен болон одоо­гийн удирдагч Ким Чен Ирийн хөргийг хүндэт­гэл­тэй­гээр байр­луулжээ.
Хүмүүс Хойд Солонгост гар утас байдаггүй гэж боддог байх. Тэгвэл тэнд гар
утсаар ярьж байгаа хүн бас ч гэж олон харагдаж байс­ныг хэлэх хэрэгтэй. Тэдон
гэдэг гол Пхеньяны дундуур урсах бөгөөд хотоо зүүн ба баруун гэж хоёр
хуваана.  

Хойд
Солонгосын хөшөө дурс­га­лууд үнэхээр сүрлэг. Тэдний дундаас Жүчхэ үзлийн
гэрэлт цам­хаг бас л ер бусын. Дан чулуугаар барьсан 170 метр өндөр, найман
давхар бүхий энэ цогцолбор Азид төдийгүй дэлхийд цор ганц байгаа гэж
тайлбарлагч бахархалтайгаар хэлж байв. Энэ гэрэлт цамхгийг хоёр жилийн
хугацаанд барьж, 1982 онд их удирдагчийн 70 насны ойгоор бүрэн дуусчээ. Зөвхөн
хаалга нь гэхэд гурван тонн жинтэй нүсэр байгууламж байна лээ. Жүчхэ үзэл гэдэг
нь зөвхөн өөрийн хүчинд тулгуурлан хөгжих үзлийг номлодог аж. Энэхүү үзэл сурт­лынхаа
хүчээр тэдэнд хийж ча­дахгүй зүйл бараг үлдээгүй болол­той. Өөрсдийнхөө хүчээр
хийсэн суудлын машин, сүүлийн үеийн загварын дунд га­рын жийп гээд бүхнийг хийж
байна аа.   

Хойд
Солонгосын гадаадын жуулчдад үйлчилдэг хөтөч нартай хэл нэвтрэлцэхгүйн
зовлонгүй юм билээ. Тэд англи, хятад, оросоор саадгүй ярина. Бас доллар, евро,
юаниар гүйлгээ хийнэ. Жаахан тиймхэн нэг зүйл нь ханш бодох тал дээр толгой
эргүүлэхээр. Гэхдээ тухайн бараа бүтээгдэхүүн дээр бичсэн үнийн дүнгийн арын
хоёр оронг хасчихад ерөнхий багцаа гараад ирж байгаа юм. Өөрсдийн үзэл суртлыг
харуулсан марк, энгэ­рийн тэмдэг, ном зэргийг нь жуулчид маш их сонирхож, тэр
хэрээр ху­дал­даж авна. Харин Хойд Солонгосын иргэн бүрийн нан­дигнан хадгалж,
зүрхэн тушаагаа зүүдэг удирдагч Ким Ир Сений дүрс бүхий тэмдгийг тэндээс
хайгаад хэзээ ч олохгүй. Тэндээ ч гэсэн хэн нэгэн тэмдгээ хаях юм уу ямар нэгэн
зүйл болбол дахин авах гэж маш том асуудал үүсдэг бололтой. Тэр тэмдгийг зөвхөн
зүрхэн тал­даа зүүдэг нь хэдийгээр их удир­дагч маань тэнгэрт хальсан ч сэтгэл
зүрхээрээ түүнтэй ойр байна аа гэсэн бэлгэдлийн чанар­тай. Удир­дагчийн
зурагтай энэ тэмдгийг 14 нас хүрсэн иргэн нь зүүх эрхтэй болдог гэсэн. Нэг
ёсондоо хариуц­лага хүлээх чадвартай иргэн бол­с­ны баталгаа нь болдог бөгөөд
энэ тэмдгийг зүүх нь хүүхэд бол­гоны хүсэл байдаг гэхэд хилсдэхгүй. Энэ оронд
хэд хэдэн том баяр болдгийн хамгийн том нь Ким Ир Сений төрсөн өдөр. Тэр өдрөөр
ард түмэн нь төв талбайдаа цуг­лана, амарч зугаална. Улсаас иргэддээ чихэр
жимс, амттаныг тарааж өгнө. Ирэх жил буюу 2012 онд их удирдагчийн 100 насны их
ой тохиож байгаа. Мэдээж энэ өдрийг Хойд Солонгос хүн бүхэн тэсэн ядан хүлээж
байгаа бөгөөд их ойг өргөн дэлгэр, элбэг дэлбэг тэмдэглэхийн тулд иргэн бүхэн
бүхнээ зориулж байгаа биз. Тэд тавдугаар сарын нэгэнд “Майн-1”, долдугаар сарын
6-нд Хүүхдийн баяр гэх мэт томоохон баяруудыг тэм­дэглэн өнгөрөөдөг аж. Энэ
улсад мөнхийн Ерөнхийлөгч Ким Ир Сен, одоогийн удирдагч Ким Чен Ир нарын зураг
бүхий маш том самба­рууд хаа сайгүй байрлана. Тэднийг гол төлөв ард түмнийхээ
дунд ихэд баяр жаргалтай алхаж яваагаар юм уу, ихэд алсыг харсан, холын ирээ­дүйг
зөгнөсөн байдал­тай­гаар дүр­сэлсэн байна. Эдгээр зургуу­дыг гол төлөв томоохон
хана барьж босгоод тэрэн дээрээ зурна. Бас явуулын ийм самбарууд ч байдаг юм
билээ. Бодвол ямар нэгэн баярынхаа үеэр ийш тийш нь аваачиж байрлуулдаг биз.
Харин зургийг зурсан ур хий­цийн хувьд үнэхээр тасархай гэхээс өөр үг олдохгүй.
Хойд Солонгост цэрэг нэгдүгээрт тавигддаг учраас төрөл бүрийн зурагт хуудсанд
цэргүүд тэргүүн эгнээнд зурагдана. Мөн хийж байгаа кинонуудынх нь дийлэнх л
цэрэг эх орны сэдэвтэй баатарлаг байдлыг харуулсан бай­даг бололтой. Хаа сайгүй
янз бү­рийн уриа лоозонгууд байх бөгөөд тэнд гол төлөв удирдагчдаа магтан
дуулсан, тэдний алдар сууг өндөрт өргөсөн агуулгатай. Ажил­чин, тариачин,
сэхээтнүүд улсын эв нэгдлийн илэрхийлэл болдог тул тэдэндээ зориулсан лут том
хөшөө дурсгал ихтэй юм билээ. Хойд Солонгосын уриа нь “Хүчирхэг, цэцэглэн
хөгжсөн үндэстэн”. 

Пхеньян
хотын төвд Ким Ир Сений нэрэмжит талбай байрладаг аж. Энэ талбайн хойд талд
“Ардын их сургалтын төв” гэдэг газар байх бөгөөд энэ нь тус улсын төв номын сан
гэнэ. Энд БНАСАУ-ын иргэд чөлөөтэй орж үйлчлүүлж болох бөгөөд харин 17-гоос
дээш насны­хан орох эрхтэй болдог гэсэн. Хойд Солон­гост зураг авна гэдэг тийм
ч нээлттэй биш ээ. Тэр дундаа цэр­гийнхний зураг авахыг бол хатуу хориотой юм
билээ. Нэг бол сайн дурантай аппаратаар холоос татах юм уу нэг бол араас нь авч
болно. Гудам­жинд нь хүүх­дүү­дийн зургийг авах гээд дурангаа чиглүүлэхэд
бутран зугтана. Гад­наас очсон жуулчид хүүхдүүдэд чихэр, түлхүү­рийн оосор
мэтийг өгөх гэх боловч тэд авна гэж ёстой номонд хазгай. Эцэг эхтэйгээ явж
байгаа жаал бол бүүр тэс хөндлөн. Бодвол харийнх­наас юу ч авч болохгүй гэж хар
багаас нь сургадаг биз дээ. Энд тэнд манай­хаар бол ТҮЦ маягийн ч юм уу жимс
зараад байгаа даавуун мухлаг маягийн зүйлс хаа сайгүй. Тэнд ундаа, мөхөөлдөс
гэх мэтийг зар­на. Бүгдэд нь улсын тэр үйлд­вэрт үйлдвэрлэв гэсэн бичигтэй.
Ундаа нь бол яг л хуучны манай улаан устай амтаараа ялгагдах юмгүй. Тун
аятайхан гоё амттай. Харин мө­хөөл­дөс нь бол нэг тий­мэрхүү сонин амттай.
Харин хүүх­дүүд төдийгүй томчууд нь ундаа, зайр­магаа их авна. Тэндээ үнэ нь ч
хямдхан байх. Гадныханд бол арай ахиу үнээр зараад байх шиг байгаа юм. Ер нь
бол Хойд Солон­госыг яг одоо байгаагаар нь очоод үзчихэд буруудахгүй. Гудамж
тал­бай, хүмүү­сийнх нь байгаа байдал, өмссөн хувцас тэргүүтэн яалт байх­гүй
өнгөрсөн үеийг санаг­дуу­ла­хаар. Бүх зүйл нь эмх цэгцтэй гэж ярих юмгүйн дээр
цэвэрхэн.

Хойд
Солонгосын газар нут­гийн бараг л 70 гаруй хувь нь уулархаг нутаг болохоор
газар тариалан эрхлэх талбай нэн хомс гэж байгаа. Тийм болоод ч тэр үү хаана
ямар сул газар байна бүгдэд нь ямар нэгэн зүйл тарьж ургуулна. Газраа
хагалахдаа голдуу үхэр анжисаар хагалдаг гэнэ лээ. Энд дөрвөн га талбайд нэг
үхэр анжис ногдоно. Хамгийн олон үхэртэй муж нь 600 гаруй үхэртэй гэсэн.
Сүүлийн жилүү­дэд төмс ахиухан тариалдаг бо­лоод байгаа юм байх. Тэрийгээ
дагаад төмсний хэрэглээ нэлээд өсч байгаа аж. Цаг агаар нь сайхан сэрүүхэн
сэвшээ салхитай. Эх газ­рын эрс тэс, тэнгисийн дулаан зөөлөн уур амьс­гал хосол­сон
болохоор дулаавтар, чийглэг уур амьсгалтай учир ямар ногоо ургах­гүй гэхийн
зовлонгүй. Сэрүүн тун­гал­гийн орон гээд нэр­лэчихэд бо­лох­гүй юмгүй сайхан
орон юм билээ.

Үргэлжлэл бий.
Я.БАЯРБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Дэлхийн аваргаас БНСУ медаль хүртсэнгүй

БНСУ-ын Дэгү хотноо хөнгөн
атлетикийн 13 дахь удаагийн ДАШТ амжилттай болж өндөрлөлөө. 203 орны 1848
тамирчин өрсөлдсөн уг тэмцээнийг медалийн тоогоор АНУ-ын баг тэргүүлж, ОХУ,
Кенийн баг удааллаа. Харин дэлхийн аваргын тэмцээнийг эх орондоо зохион
байгуулсан БНСУ 63 тамирчнаа өрсөлдүүлсэн ч ганц ч медаль хүртсэнгүй.

Энэ удаагийн дэлхийн аваргад
манай улсаас “Лондон-2012” олим­пийн эрхийг хүртээд буй ОУХМ Б.Сэр-Од,
Л.Отгонбаяр нар өр­сөлд­сөн. Наймдугаар сарын 27-нд болсон эмэгтэйчүүдийн
марафонд Л.Отгонбаяр уралдаж 39 дүгээр байрт орсон юм.

Өчигдөр тэмцээний сүүлийн өдөр
болсон эрэгтэйчүүдийн ма­рафонд Б.Сэр-Од оролцлоо. Нийт 67 тамирчин гараанаас
гарч, 51 нь барианд оров. Манай тамирчин 2:16:41 цаг гүйж 20 дугаар байрт орсон
бол энэ зайг Кенийн тамир­чин Абел Кируи 2:07:38 цагт туулж аваргын алтан
медалийн эзэн болсон юм.

Б.Сэр-Одын хувьд 2003 оны ДАШТ-д
2:26:39 цаг, 2009 оны Берлиний ДАШТ-д 2:17:22 цагийн амжилт үзүүлж 29 дүгээр
байрт тус тус орж байсан юм. Энэ удаад 20 дугаар байрт шалгарч өмнөх ам­жилтаа
ахиуллаа.

Дэлхийн шилдэг тамирчин, олимп,
дэлхийн аварга Усайн Болт 100 метрт бүтэлгүйтсэн ч 200 метрт аваргаллаа. Тэрээр
“Сэтгэл жаахан уужирлаа. 100 метрт алдаа гар­гачихаад ер итгээгүй. 200 метрт
санасандаа хүртэл хурдаллаа. Намайг дэмжиж байсан спорт сонирхогчдодоо
баярлалаа” хэ­мээгээд ялалтын баяраа илэрхийл­дэг өнөө супер хөдөлгөөнөө
хийжээ.

Эмэгтэйчүүдийн өндрийн ха­райлтын
медалийн төлөөх ха­райлтууд ихээхэн сонирхол татсан. Жилийн өмнөхөн нярайлж,
охин­той болсон ОХУ-ын тамирчин Анна Чичерова 2.03 метр харайж энэ төр­лийн
дэлхийн аварга хэмээх нэр хүндтэй цолыг хүртэв. Түүнтэй ширүүн өрсөлдсөн
Хорватын та­мир­чин Бланка Власиу сүүлийн харайлтдаа азгүйтсэнээс мөнгөн медаль
дээр буусан юм. Анна Чичерова “Охин минь надад аз дуудлаа. Миний бүх зүйл
сайхан байгаа нь нялх үртэй минь хол­боотой. Амаржаад сар болоод л бэлтгэлийн
заал руугаа явж  эхэл­сэн. Хэдхэн сарын
дотор хуучин формдоо орж чадсан. Дэлхийн аварга боллоо. Одоо надад “Лон­дон-2012″
гэх том даваа үлдээд байна” гэж алтан медалийн болзол хангасныхаа дараа
хэвлэлийнхэнд ярьжээ.

Эмэгтэйчүүдийн тулгууртай
харайлтад Исинбаеваг ямар нэг маргаангүйгээр түрүүлнэ гэж таа­маглаж байтал
тэмцээний талбайд бүх юм өөрөөр эргэсэн. Оросын бүсгүйчүүдийн ноёрхол тогтсон
гэж болохоор энэ төрөлд Исинбаева бүтэлгүйтсэн ч цагтаа эх орныхоо нэрийг өргөж
явсан Светлана Феобиана хамаг хүчээ шавхан байж хүрэл медаль хүртсэн нь нутагт
нэгтнүүдийнхээ сэтгэлийг жаахан ч гэсэн уужруулав. Исин­баева азгүйтсэн ч “Энэ
бүх таагүй зүйлсийг огтхон ч тоохгүй байна. Тулгуур модоо сольсноос болж
алдчихлаа. Гэхдээ үүнд би ха­рамсахгүй байна. Миний бүх ан­хаа­рал Лондонг
чиглэсэн байгаа” хэмээн өгүүлсэн юм.

Олон улсын хөнгөн атлетикийн
холбооноос тэмцээнийг зохион байгуулсан БНСУ-ыг зохион бай­гуулалттай сайн
ажиллаж, цэвэрхэн орчныг бүрдүүлсэн хэмээн магтсан ч солонгосчууд ганц ч медаль
хүртээгүйдээ урам нь хугарсан гэнэ. ДАШТ-ий үеэр журмын дагуу явагд­даг пара
уралдаанд нэг тамирчин нь хүрэл медаль хүртсэн ч түүнийг нь албан ёсны дүнд тооцдоггүй
учиртай. БНСУ-ын хөнгөн атлети­кийн холбооны ерөнхийлөгч “Бид медаль авч
чадаагүй ч, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоож, их туршлага хуримтлууллаа.
Ирэх олимпийн өмнөх маш том сорилго боллоо” гэжээ.

Энэ удаагийн ДАШТ-ийг спор­тын
мэргэжилтнүүд “Олимп, дэл­хийн дээд амжилт эвдэгдэж, шилд­гүүд бүдэрч,
азгүйтэж, зохион байгуулагч орон нь ганц ч медаль­гүй үлдсэн сонирхолтой
тэмцээн боллоо. “Дэгү-2011″-ийг хожим дурсахад энэ хэд л санагдах байх” гэж
дүгнэжээ.

Хөнгөн атлетикийн дараагийн ДАШТ
2013 онд манай хойд хөр­шийн нийслэл Москва хотноо болно.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Сэтгүүлчид шинэчлэлээ нам-улс төргүй хийгээсэй

Сэтгүүлчид бусдын толгой дээрх харыг
илүү тод харж, засч залруу­лах талаар түрүүлж дуугардаг хүмүүс. Мэдээж, сайн сайхныг
нь хэлэхээс гадна болж бү­тэхгүйг нь ч шүүмжилдэг учраас хэн хүнээс илүү хариуцлага
үүрч амь­дар­даг. Тий­мээс илүү хариуцлагатай, бас хий­гүй бай­хыг нийгэм шаарддаг.
Энэ нь ч зүй ёсных. Сүүлийн үед сэт­гүүлчид толгой байгууллага дот­роо салхи савир
оруулж, өөрч­лөлт шинэчлэл хийх цаг болсон хэмээн дуу­гарч эхэлсэн билээ. Нийг­мийн­хээ
түүчээ нь болж явах ёстой учраас бусдаас тү­рүүнд шинэч­лэгдэж, бусдаас ши­нэлэг
байх нь ч зөв биз. Залуу гэх тодот­голтой сэт­гүүлч нөхөд маань одоогийн МСНЭ-ийг
“Удирдлагуудаа ярьж байгаад сонгочихдог эс­вэл улс төрд зүтгэж бай­гаа хүмүүсийг
то­милдог” хэмээн шүүмжилж, сэт­гүүлчдийнхээ эрхийг хам­гаалахын тулд олон зүй­лийг
хөндөх цаг болсон гэж мэдэгдсэн билээ.  Үнэ­хээр
ч алхам тутамд хөн­дөгдөж байдаг сэтгүүлчдийн эрхийг хам­гаалах тухай, нийгмийн
асуу­дал, цалин хөлснөөс эхлээд тэдний хөндөж байсан сэдвүүд сэтгүүлч­дийн хувьд
асуудал мөн үү гэвэл мөн билээ. Ямартай ч амралтын өдрүүдэд ч цаг наргүй ажилладаг
сэтгүүлчдийн төлөөлөл нэгэн бям­ба гаригт цугларцгааж, хэрхэн хамтрах талаараа ярилцацгаасан
нь сэтгүүлчид цугларч асуудлаа ярилцах шалтаг, шалтгаан нэгэнт бүрэлдсэнийг баталсан
юм.

Үүний дараахан буюу өнгөрөгч долоо
хоногт МСНЭ-ийн Ерөнхий­лөгч, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүл зүйн судлаач, доктор
про­фессор Т.Баасансүрэн гуайн “Тэсэрч дэлбэрэхэд бэлэн болсон Монгол орон” хэмээх
нийтлэл гарсан нь сэтгүүл зүйн хүрээлэлд багагүй шуугиан дагуулав. Өнөө­гийн Засгийн
газрын чадамж хий­гээд Засгийн газрын тэргүүн С.Бат­болдын талаар сүүлийн үед хэвлэ­лүүдээр
гарсан нийтлэлүүдийг судлаач, нийтлэлч хүний хувьд базаж, багцалж хийснээрээ жинтэй
бүтээл болсон харагдсан. Уг нийт­лэлд дурдагдсан зарим баримт өөрийн эрхгүй анхаарал
татав. Тэрбээр түүний хариуцдаг “МОН­ЦАМЭ мэдээ” сонинд нэгэн сайдын хая­гаар шүүмжилсэн
материал гарсны дараа ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэл­баатар ихэд эгдүүцэн түү­нийг зэмлэснийг
дурдаад үүнийг нь чөлөөт хэвлэлд цензур тавих гэсэн оролдлого гээд улмаар С.Батбол­дын
Засгийн газар чөлөөт хэвлэлд дургүй болж таарч байгаа юм хэмээжээ. Мөн “Үүнийг өнгөрсөн
долоо хоногт бүр илүүтэйгээр мэдэрлээ. Хэсэг залуу сэтгүүлчид МСНЭ-ийн ажилд шүүмжлэлтэй
хандаж шаардлага тавьж хурал хүртэл зохион байгуулсан. Түүнд дургүйцээд байх юу
ч байхав. Ардчилсан нийгэмд байдаг л нэгэн үзэгдэл. Ажил сайжруулах гэж байвал хүлээж
авах л ёстой. Гэтэл дээрх хурал болдгийн урьд орой саарал ордноос сонин мэдээ түгэв.
МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд МСНЭ-ийн ерөнхий­лөг­чөөр түүнийг, дэд ерөнхийлөг­чөөр
тэрнийг томилуул гэж үүрэг өгч гэнэ ээ гэсэн эл мэдээ хоромхон зуурт тарсан юм.
Олон хүн янз бүрийн эх сурвалжаас энэ мэдээг олж мэдсэн байв. Үнэндээ би бол огт
итгээгүй. Маргааш нь болсон хурлыг зурагтаар харлаа. Ерөнхий сайдын “нэрлэсэн” гэгдэх
тэр хү­мүүс хуралд маш идэвхтэйгээр тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож, ар араасаа босон
үг хэлж харагдав” хэмээн уг нийтлэлдээ дурдсан байгаа юм. Шинэчлэлийн талаар үг
дуугарч байгаа хүмүүсийн ярианд ч, нөгөө талд нь үгээ дайсан Т.Баа­сансүрэн гуайн
бичлэгийг харахад ч Монголын сэтгүүлчдийн бай­гууллагын томилгоо, тэр дотор өрнөж
байгаа үйл хэрэгт улстөрч­дийн гар оролцдог тухай дур­дагджээ.

 Улстөрчдийн нөлөө хамгийн бага хүрч байх салбар
уг нь сэтгүүл зүйн гал тогоо боловч амьдрал дээр алдагдаад л байдаг. Одоо харин
сүүлийн үеийн өрнөөд бай­гаагаас харахад бүр гар бие орол­цоод байгаа мэт ойлгогдохоор
болоод байна. Сэтгүүлчдийн гал тогоонд өрнөсөн энэхүү халуун сэдвийг гаднаас нь
харсан хүмүүс янз бүрийн л бодол дайж байгаа юм билээ. Зарим нэг нь эрх мэд­лийн
төлөө сэтгүүлчид хагаралдаж байна гэж байгаа бол зарим нь сэтгүүлчдийн байгууллагыг
хэн нь өөрийн болгох вэ гэж улс төрийн хүчнүүд, улстөрчид өрсөлдөж бай­на гэх. Бас
улс төр ярих дуртай зарим нь ерөөсөө МАН-ын фракц хоорондын тэмцэл гэж мэтгэнэ.
Т.Баасансүрэн сэтгүүлчийн нийт­лэлээс Ерөнхий сайд С.Батболд МСНЭ-ийн удирдлагыг
авах гэж оролдож, хариуд нь одоогийн Засгийн газартай холбоотой бүхий л сөрөг мэдээллийг
нэгтгэсэн нийт­лэл бичигдсэн гэж хүмүүс дүгнэжээ.

Бас улс төрийн гаргалгаа ярь­даг хүмүүс
“Энэ бол МАН-ын фракц хоорондын тэмцэл. Одоогийн ерөн­­хийлөгч Т.Баасансүрэн угаа­саа
МАН-ын Бага хурлын гишүүн. Тэгэхээр ах намынхан л хоорондоо үзэж байгаа хэрэг” гэлцэж
байна. Дээрээс нь сонин хэвлэлүүдийн цаана нэг, нэг улстөрчид байдаг гэсэн яриа
нэрмээс болж байна. Нэг ёсондоо сонин хэвлэлүүдийн цаа­на байдаг улстөрчид сэтгүүлчдийг
наана нь утсан хүүхэлдэй болгон тоглуулаад байна гэж олон нийтэд харагдаж байгаа
хэрэг л дээ.  Дээр дурдсанчлан болж бүтэхгүй
бай­гааг шүүмжилдэг болохоор сэтгүүл­чид энэ хорвоогийн хамгийн эрс­дэлтэй албыг
хашдаг хүмүүс. Ямар хүн л шүүмжлүүлэхэд дуртай бай­даг билээ дээ. Тиймээс сэтгүүлч
худлаа бичсэн байна лээ гэж өөрий­­гөө хаацайлаад өнгөрөх нь олон. Муугаас нэр цэвэр
үлдэх тэдний арга энэ.

 Сэтгүүлчид рүү илүү муухайгаа чихнэ. Буруутан нь
аанай л сэт­гүүлчид болж хувирдаг. Уг нь сал­бар, салбарт шинэчлэл өрнүүлсэн үйл
ажиллагаа өрнөдөг ч сэтгүүлч­дийнх шиг анхаарал татах нь ховор юм.

Мэдээлэл цацах суваг нь өргөн юм даа.
Одоо сэтгүүлчдийн хоёр талд хэлцэж буй энэ байдлыг олон нийт юу юунаас илүү анхаарч
байгаа. Тэгэхээр сэтгүүлчид бид дотоодынхоо эл асуудлаа хэрхэн шийдэж чадахаас сэтгүүлчдийн
тухай нийтлэг үнэлэмж шууд ха­маарч таарна. Өнгөрсөн баасан гаригт МСНЭ-ийн одоогийн
удирд­лагууд, шинэчлэл ярьж байгаа сэтгүүлчдийн төлөөлөл уулзсан гэсэн. Хоёр тал
хамтарсан ажлын хэсэг байгуулж, асуудлаа ярил­цахаар болж.

Сэтгүүлзүйн гал тогоонд багт­даг олон
хүн өнөөх л цаг наргүй ажлаасаа болж, үзэг цаасаа барих нь барьж, камер микрофоноо
үүрэх нь үүрээд гүйж яваа. Тэд үгээ хэлж, ширээний ард сууж амжихгүй бай­гаа ч улстөрчдийн
наадаан болж сэтгүүлчид хоорондоо маргалдсан бус харин тэднийхээ нийгмийн асуудлыг
нааштайгаар шийдсэн шийдэлд хүрч, аль болох чадав­хижуулж, мэргэжлийн ёс зүй, мэр­гэжлийн
нэр хүндийг өргөсөн алх­мыг хамтарч хийгээсэй гэж хүлээж суугаа. Бас сэтгүүлчдийн
мэргэж­лийн байгууллага улстөрчдийн зорилгоор бүрдүүлсэн баг биш юм шүү гэдгийг
батлаасай хэмээн харж байгаа. Энэ удаагийн алхмаар сэтгүүл зүй улстөрчидтэй хамаа­ралтай
бус харин ч бүр хамаа­ралгүй гэдгийг нэг талаас нотлоо­сой гэж хүсмээр байгаа юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэд нь хэн юм, хөрөнгө санхүүг нь гарга­даг улстөрчид
цаад талд нь байна уу гэдгийг дурдаж цаашлаад хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төрийн
нөлөөлөлгүй болгохын тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс тодорхой хувийг энэ салбарыг
бэхжүүлэхэд зориулах тухай ч хөндөхөд болох­гүй зүйл юу билээ. Нийгэмд, хү­мүүст
үйлчилдэг энэ салбарынхан ядуу байгаа талаар ярилцдаг. Энэ нь нөлөөнд автах эхний
алхам болж байдаг ч гэдэг. Нөгөө талаас тэр хэдэн сэтгүүлчдэдээ салбарын дарга нь
гэр гуйж, улстөрчид ч өөрөөсөө өгч байгаа мэт өгч орхи­дог жишээ бий. Ингэснээр
улстөрч­дийн аманд багтах эхний суурь болдог. Магад, нийгэмд үйлчилдэг гэдэг утгаар
нь тодорхой төсөв гаргаад баталж байхад болохгүй юу байхав гэсэн яриа ч сэтгүүлч­дийн
дунд явдаг билээ. Албан ёсных болгосноор аль нэгэн улс­төрч бус татвар төлөгчдийн
татаа­саар үнэн зөв мэдээллийг хүргэх дархан эрхээ тэд баталгаажуулна. Энэ мэтээр
сэтгүүлчдэд ярилцана гэвэл асуудлууд зөндөө байна. Гэхдээ тэд аль нэгэн нам, улс
төрийн хүчин, хэн нэгэн эрх дархт­ны нөлөөллөөр явдаггүй гэдгээ нэгэнт эхэлсэн энэ
шинэчлэлийн тухай яриагаараа баталгаажуулах нь чухал.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Жүдогийн “жуулчид”-ыг тэтгэвэрт нь гаргая

-ЖҮДОГИЙН ДАШТ-ЭЭС МОНГОЛЧУУД НЭГ Ч МЕДАЛЬ АВСАНГҮЙ-

Жүдо бөхийн
2011 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шал­га­руулах тэмцээн Францын Парис хотноо болж өн­дөр­лөлөө. Ма­найхаас эрэгтэй 14, эмэгтэй есөн тамирчин өрсөлдлөө. Дэл­хийн аварга, олим­пийн аварга, “Дэлхийн цом”-ын удаа дараагийн аварга, дэлхийн шилдэг жүдочид нэр дэвш­сэн жү­доч, Монгол Улсын хө­дөл­мөрийн баатар, гавь­яат тамир­чид гээд л ай­хавтар цол гуншинтай 23 тамирчин Парисын тата­мид улсаа төлөөлөн хүч үзлээ. Гэтэл ганц ч медаль хүртсэнгүй. Нэг нь ч шиг­шээд шалгарсангүй.

Өчигдөр тэмцээний
сүүлийн
өдөр болсон багийн ДАШТ-д ч багаараа БНСУ, ОХУ-ын багт навс дарууллаа. Эхний өдөр монгол­чуудын найдварыг хамгийн ихээр тээсэн дэлхийн аварга Х.Цагаан­баатар хүч үзсэн ч өрсөлдөгчөө дийлсэнгүй. Гэсэн ч спорт сонир­хогчид дараачийн өдрүүдэд үлд­сэн жүдочдодоо итгэл хүлээлгэсээр байтал гавьяат тамирчин М.Бунд­маа, Д.Цэрэнханд, олимпийн авар­га Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Тэмүү­лэн, Ц.Мөнхзаяа, П.Лхамдэгд, С.Ням-Очир гээд бүгд ялагдал хүлээлээ. Юун тамирчдаараа ба­хар­хах манатай. Энд барилдааныг нь шууд үзэж байсан спорт со­нирхогчид өмнөөс нь ичиж “Эх орныхоо нэрийг гутаасан юмнууд” гэж зүхэцгээжээ.

Жүдочид амжилт үзүүлсээн. Олимп, дэлхийн аварга, гавьяа­туудыг эгнээнээсээ төрүүлэн гарга­саан. Хамгийн сүүлд шигшээ ба­гийн дасгалжуулагч Ч.Насантогтох хөдөлмөрийн баатар боллоо. Учир нь түүнийг монголын спорт, жүдо бөхийн хөгжилд дайнд оролцсон баатрын дайтай гавьяа байгуулсан хэмээн үзсэн хэрэг. Гэтэл шавь нар нь түүний хөдөлмөр нь худлаа, нүдээ олоогүй шагнал авлаа гэсэн шиг дэлхийн аваргын дэвжээнд бүгд ялагдаж, дэвжээний алчуур гэж дуудуулж “бэлэг” барилаа, багш­даа. 

23-уулаа барилдаад ганц ч медаль хүртээгүй нь ичих, өрөвдөх сэтгэл зэрэгцүүлээд зогсохгүй Монголын жүдочдод дэлхийн дээд шүүлтүүр нь дүнгээ тавьчихлаа.

Өнөө жилийн наадмаар манай жү­догийн шигшээгийнхэн баахан наадамдав. Х.Цагаанбаатар, Н.Түв­шинбаяраас эхлээд олон жүдоч наадмын барилдаанд зодог­лосон. Зунжингаа л найр наадам хэсч, айраг, боодог эр­гүүл­сэн хү­мүүс юун дэлхийн аваргын тэмцээн манатай явсан биз. Гэтэл БНХАУ, Япон, БНСУ, ОХУ-ын жүдочид өнгөрсөн жилийн ДАШТ-ий дараа­чаас л шигшээдээ өөрч­лөлт оруулж нарийвчилсан бэлтгэл базаасаар ирсэн. Өнгөрсөн хэдэн сард бэлт­гэлээ бүр ч нягтруулж өрсөлдөгч, шилдэг гэсэн тамирч­дын барил­дааны бичлэгийг хэдэн зуу дахин үзэж тактик боловс­руулсан байна.

Харин манай жүдогийнхон шаг­нал, магтаал, сайшаалд бялуурч 
наа­дам, наргиа гэсээр эх ор­ныхоо нэрийг гаргах чухал тэмцээ­нийг мартчихаад явж байхав.

Парисын дэлхийн
авар­гад ма­найхан бүгд ялагдсан нь нэгийг өгүүлэв. Шигшээ багийг бүрдүүлж буй тамирчдыг насных нь хувьд авч үзвэл та­мирчны ид амжилт гаргах нас нь өнгөрсөн “тэтгэвэр”-ийнхэн эзэлж байна. Хэзээний Х.Цагаанбаатар, Н.Түв­шинбаяр, П.Лхамдэгд, Т.Бат­төгс, Д.Цэрэн­ханд, М.Бундмаа, Ц.Мөнхзаяа, С.Ням-Очир, С.Ми­яарагчаа, Э.Энх­бат вэ. Жаахан хэтрүүлж хэлэхэд “МЭӨ” үед л амжилтаа үзүүлчихсэн тамирчид шүү дээ, эд нар чинь. “Зай нь суучихсан” энэ хэдийг одоо шиг­шээ­гээс нь гаргаад хойно нь жагсч зогсоо ирээдүйтэй залуу тамирч­даа “тордмоор” юм. Тэгэхгүй бол тив дэлхий алгасан зугаалж, эх орон, татвар төлөгч­дийн мөнгөөр аялж явдаг жүдогийн жуулчид болж хувирах нь. Спорт гэдэг чинь асар хурднаар үеэ сольдог, цагаар зүйрлэвэл доль, секунд шиг л ажилладаг зүйл.

Х.Цагаанбаатар
жингийнхээ
залуу бөхчүүдийг “айлгадаг” гэх. Үүнийг Ч.Насантогтох багш мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөнө. Яагаад гэвэл түүнд хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч гэх өндөр нэр хүндтэй шагналыг ава­хад тусалсан, нөлөөлсөн гол шавь нь юм чинь. Жүдогийн шигшээд нэг ийм зүйл яваад байдаг юм. Амжилт үзүүлсэн тамирчид шигшээдээ дархлагдчихдаг. Доороос гарч ирж байгаа залуу тамирчид гадаадын тэмцээнд хүч үзнэ гэсэн ойлголт ч тэр хэдэн жилдээ байдаггүй. АНУ олимп, дэлхийн дэвжээнд амжилт үзүүлсэн тамирчнаа дахин дахин “сойгоод” байдаггүй. Дараа­гийн тамирчнаа гаргаж ирдэг спор­тын шударга хуультай. Тамирчид нь ч жудагтай, “Би одоо боллоо. Дараа­гийнх нь ээлж” гэдэг.

Энэ удаагийн
жүдо бөхийн ДАШТ манай спортын ерөнхий түвшинг харууллаа. Спортод сайн бэлтгэл хийсэн шаргуу, хөдөлмөрч авьяаслаг тамирчин эсвэл тухайн өдөр аз нь гийсэн тамирчин л медаль авдаг. Манайхан сүүлийн жилүүдэд ДАШТ-ээс хэдэн медаль авсан нь ерөнхийдөө аз гийснийх. Манай спортын байгууллагууд тэр азаар авсан хэдэн медалиар л түрүү барьж, улсын хөрөнгийг тэрбумаар хяналтгүй үрдэг. Тэгээд топ гэсэн төрлүүдээ л яриад бусдыг нь үл ойшоодог. Аль л 2008 онд авсан олимпийн медаль шүү дээ. Түүнийг одоо ч залхтал яриастай. Гэтэл энэ маань дээр өгүүлсэн спортын доль, се­кундийн хуули­наас гажаад бай­на. Улс ор­нууд ирээдүйд авах медалиа ярь­даг бол манайхан өнгөрсөнд авсан ме­далиа л яриад байдаг. 

Энэ байдлаар
манайхан
яваад байвал Лондонгийн олимпийг зүглээд хэрэггүй ээ. Спортын мэр­гэжилтнүүд “Ирэх Лондонгийн олимп Монголчуудад халтай. Яа­гаад гэвэл Лондон бол Бээжин биш” гээд сануулаад л байгаа. 

Жүдочдын энэхүү ялагдал мон­голын спортын салбарынхны ажилд дүн тавьсан явдал болов.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Н.Энхбаярын явуулга хийгээд АН-ынхны хачирхалтай төлөвлөгөө

ЗАСАГ ОГЦРУУЛАХ ЧУЛУУГ ХААНААС ШИДЭВ

Төрийн ордон нэг хэсэг чимээ аниргүй байсан ч Монголын улс төр энэ зун амарсангүй. Таван толгойг сонирхогчид тал талаас тасчих шахаж, эелдэг боловч элд­вийг сануулсан айлчлалууд хувь хүртэх, хувиа ахиулах, хувиа хэвээр нь хадгалах сонирхлоо далдуур илэрхийлсээр зуны сүүл сар, нам­рын эхэн сарыг өнгөрөөж байна. Таван толгойг дэлхий со­нир­хож хараагаа нааш нь талбиад байхад  манайхан өөрсдөө Таван толгой дээрээ алдаа гаргаж,  эргэж буцсан эргэлзэж, тээнэгэлзсэн хэвээрээ. Хажуугаар нь цөмийн хаягдал хаяна, хаяхгүй гэсэн гад­ных­ны оролцоотой улс төржилт, Засгийн газрыг огцруулах эсэх талаар байсхийгээд л явдаг ээлжит шоу энэ зуны улс төрд өнгө  нэмэв.

Сонгуульд сэтэртэй орох МАН-ын хүсэлтэнгүүд,  өөр намын өв­рөөс өөрсдийгөө сугалах АН-ын  зарим нь  Засгийн газрыг огцруулах сонирхолтой байгаа гэж нэг хэсэг нь үзэв. МАН-ын залуус, тэр дун­даа У.Хүрэлсүхийг  дээрх ажил­ла­гааны гол зохион байгуулагчаар тодруулаад байсан билээ. Харин МАН-ынхан үүнийг бодитой биш мэдээлэл хэмээн няцааж байна. Түүнчлэн Н.Энх­баярыг сурсан аргаараа яс хаяж ийм улс төр хийж байна гэж үзэх хүмүүс МАН-д байгаа юм. Ямар ч байсан Тэрэл­жид НАМЗХ-ны залуус хуралдах нь хуралдсан. Намын даргаа унагах зүйл яриагүй гэдгээ  яаран сандран үгүйсгэж тайлбарласан байгаа юм. У.Хүрэлсүх ч намын даргатайгаа энэ талаар хэд, хэдэн удаа  уулзаж ярихдаа өөр газраас шидсэн чулуу гэдгийг ойлгуулахыг хичээж.  Дээр нь намын бүлгийн хүрээнд энэ талаар ярьж эв түнжингээ хадга­ла­хаа тохирсон гэх юм.

Энэ үеэр Хятадын коммунист намын удирдлагаас төлөөлөл  ирээд явлаа. Манай хэдэн намын удирдлагуудтай уулзалдав. Тэгээд өнгөрсөн бямба гаригт МАН-ын 100 гаруй хүн урд хөршийг зорилоо. У.Хүрэлсүхээр ахлуулсан МАН-ын багийнхан эхлээд Өвөр Монголд  арга хэмжээнд оролцоод цааш Бээжинд очиж Хятадын коммунист намын 90 жилийн ойн баярт  орол­цох аж. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг ч ирэх сарын 5-нд Хятадын коммунист намын урил­гаар Бээжинг зорих бөгөөд арав гаруй төлөөлөгч дагуулж явах юм байна. МАН-ын 90 жилийн ой Хятадын коммунист намын 90 жилийн ой хоёр  давхцаж байгаа учир МАН-аас ийм олон төлөөлөгч зорьжээ.

Ингэхээр У.Хүрэлсүхээр овог­логдсон Засгийн газрыг огцруулах яриа нэг хэсэг намжих биз. Харин саяхан “Сант марал” судалгааны төвийнхний хамгийн сүүлийн судал­гаагаар МАН ямар удирд­лагатай сонгуульд орвол ялалт байгуулах вэ гэсэн асуултад оролцогчдын ихэнх нь С.Батболд, С.Баяр, Н.Багабанди гэж нэрлэсэн байна лээ. АН-ын хувьд З.Энх­болд, С.Баярцогт, Х.Баттулгаар удир­дуулвал амжилттай сонгуульд оролцоно гэж дүгнэсэн байх юм. Мөн судалгаагаар шинэ үеийн улс төрчдийг хүсч байгаагаа иргэд илэрхийлжээ. Гэлээ гээд сонгууль болтол зай ч бий, лай ч бий. Ард түмний сэтгэл санаа аль тийшээ эргэж,  хэн гэдэг улс төрчид талтай болж өөрчлөгдөх юм, цаг хугацаа харуулна биз. МАН-ын хувьд үлд­сэн гишүүд нь хөдөө орон нутгаар намынхаа нэрийг таниулах ажил­лагаагаа өрнүүлж,   тойргоо хувааж аваад давхиж яваа юм билээ.

ПАРЛАМЕНТ ДАХЬ АНЫН  ГИШҮҮД БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ УУ? 

АН-ын  нэр дэвшихийг горилог­сод нь урьдчилгаа 12 сая төгрөгөө тушаачихаад даргынхаа байр суурь фракцуудын тохиролцоо, үйл явдлын өрнөл, Сонгуулийн хууль зэргийг хааш нь эргэхийг харж сууна. Дүүргүүдийн мар­гаанаа дөнгөж нэг цэгцэлж аваад яс амарсан бололтой нам жим байгаа  Ардчилсан намын хамгийн хүчтэй фракцын нэг МоАХ  дотоо­дын асуудал ихтэй, хагаралтай байгаа гэнэ. Энэ байдал нэг их дэв­рэхгүй бол Ардчилсан нам одоо­гоор жолоогоо татсан,  хүлээлтийн байдалтай.

 Одоогоор гол толгойны өвчин нь АН-ын хувьд Сонгуулийн хууль байгаа. Сонгуулийн хууль яаж гарснаас намуудын ирэх сонгуульд хэрхэн оролцох хувь заяа шийдэг­дэх учраас ингэх нь ч зүйн хэрэг. МАН өөрсдийн зүтгүүлсэн хувил­бараа л өмнөө барьж байгаа. Гэвч Ардчилсан намын хувьд Сонгуу­лийн хуулийг 38:38 гэсэн хувилбар дээрээ бат зогсох, цаашлаад нам дугуйлахыг санал болгоод байгаа.   Энэ нь дэмжигдэхгүй бол   дорви­той алхам хийхээр төлөвлөж бай­гаа гэнэ. АН-ын нэлээд томоохон хүрээнд яригдсан нэг шинэ мэдээ­лэл байна. Энэ нь Сонгуулийн хуулийг өөрсдийн санал болгос­ноор явуулахгүй бол  ирэх сонгуу­лийг хүлээлгүй парламент дахь АН-ын гишүүд бүрэн эрхээсээ татгал­зах тухай яриа. Сандал суудал­тайгаа үхэтлээ зууралдах улстөрч­дийн хувьд энэ нь ойлгоход бэрх зүйл ч олон удаа ялагдаж ирсэн намын хувьд аргагүйдсэн хувилбар байж болох юм. Нэг ёсондоо төлөвлөгөө зохиогчдын хүслээр бол хугацаанаасаа өмнө сонгууль хийж, байдлыг бүр өөрөөр эргүүлэх бодолтой байх шиг.  Харин Засгийн газрыг огцруулах тал дээр Ардчил­сан намын гишүүд яг тэнцүү хуваагд­сан байр суурьтай байгаа гэх юм билээ. Одоогоор гэвч засаг огцруулах  ажиллагаанд шуурхай­лан орох төлөвлөгөө Ардчилсан намынханд байхгүй гэсэн шүү.

Ц.ШИНЭБАЯР У.ХҮРЭЛСҮХТЭЙ ХУЙВАЛДАЖ МАХНАА ОРХИСОН ГЭНЭ

Саяхан БНСУ-д  хагалгаа хийл­гээд ирсэн Н.Энхбаяр эргэн ирээд намынхаа ажилд ханцуй шамлан оров. МАХН ирэх сон­гуульд 76 тойрогт хүн дэвшүүлэх төлөвлө­гөө­тэй байгаа аж. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийнхөө намаас гадна бусад намын улс төрд ч хуруу гар дүрж байгаа гэх мэдээллүүд байгааг дээр өгүүлсэн билээ. Энэ удаагийн сонгуулиас гадна ирэх ерөнхий­лөгчийн сонгуу­лийг мөрөөдөж суугаа тэрээр хам­саатан Ц.Шинэ­баяраа эгнээнээсээ алдсан. МАХН-ын нэрийг авахад хичээнгүйлэн оролцож гол дүрд тоглож од болсон Ц.Шинэбаяр намын дэд даргынхаа албанаас татгалзаж буйгаа хэвлэлээр мэ­дэг­дэж, намын удирдах албанд бай­сан залуус түүнийг дагаж, до­тоо­дын үймээн самуун ихтэй байгаа. Нам байуу­лагдаад зохион байгуу­лалтын хурал болоход ерөнхий нарийн бичгийн даргад Молор-Эрдэнийг  Ц.Шинэбаяр зүтгүүлсэн ч намын дарга нь өөр шийдвэр гаргаж Н.Удвалыг сонгосон байгаа юм. Төд удалгүй намын даргад тоогдож гарч ирсэн ерөнхий на­рийн бич­гийн дарга нь бусадтайгаа ойлгол­цох нь муу байснаас асуу­дал үүсч эхэлсэн юм байх. Харин Ц.Шинэ­баярын хувьд “Хамаг Мон­гол”  хөдөлгөөн байгуулж тусгаар тогт­нох болсон нь Н.Энхбаяр­тайгаа муудалцсаных гэцгээдэг. Тэрээр Н.Энхбаярыг намаа бодо­хоосоо илүүтэй өөрийнхөө карьерыг бод­сон гэж үзээд нэр хүндээ золиослон байж байгуу­лалц­сан намаа орхи­ход хүрсэн гэж тайлбарлах нэгэн бий. Мөн  өөр зүйлтэй холбож ярих нь ч  байна. Тэрээр орхиод гарсан МАН-ынхаа генсек У.Хүрэлсүхтэй худ ураг болж байгаа талаар хэвлэлд гарч байсан мэдээллийг уншигчид санаж бай­гаа биз. Нэгэнт хоёр өөр зүг рүү улс төр хийхээр болсон ч хувь заяа тэднийг хамт байлгахаар шийдсэн  нь тэдний хүү,  охин хоёрын   хайр сэтгэлийн холбоо. Хоёр эцэг нь мэдээж уул­заж учрахдаа улс төр ярихгүй өнгөрдөггүй л байлгүй. Тиймээс ч Н.Энхбаяртайгаа түн­жин хагарч ийм алхам хийх болсон нь худ У.Хүрэлсүхийнх нь санаа байж болох талтай гэж үзэх хүмүүс байна. Ямар ч байсан өнгөрсөн баасан гаригт МАХН Ц.Шинэ­баяргүйгээр хуралдаж дараагийн үйл ажиллагаандаа идэвхтэй оро­хоор болж,  хөдөө орон нутагт намын үүрээ байгуулах, цаашид хэрхэн ажиллах зэргээ ярьсан байна.

Categories
редакцийн-нийтлэл

Улстөрч болох хүслэн

Хөдөө сумын клубт Засаг дарга нь иргэдтэйгээ уулзаж байна. Энэ үеэр нэг өвгөн босч ирээд “Манай аймагт ардчилал ялснаас хойш  Ар­дын намынханд хүндхэн байх боллоо. Ардчиллынхан их хачин улс. Манай энэ За­саг дарга Ардын намын хүн болохоор энд их л ганцаар­даж, хэцүүддэг. Уг нь энэ хүүхдийг гайгүй тордвол УИХ-ын гишүүн болох ёстой  бай­гаа юм. Нутгийн ард түмэн ах дүүс минь  дэмжээд өгөөрэй”  гэлээ. Алга нижигнээд явчих­лаа. Сумын Засаг дарга мар­сайтал инээн, харцанд нь гэгээ татаж, өвгөнийг үг хэлж дуусмагц иргэд рүү харж өндийн, дуу нь улам чанга зоригтой болж байна. Хоо­лойгоо чангаар  засч үг хэлэх­дээ сумынхаа асуудлаас да­вуулан  улс орон, Ардчилсан нам, Ардын нам яриад л явчихлаа.

Оройхон тэр сумын нэг айлд орж,  аяга цай ууж суутал  гэрт нь бөөн шуугиан болоод явчихав. Юу болов гэтэл ар­ван хэдтэй хүүг нь үеийнх нь хоёр хүүхэд зодчихжээ.  Хэн,  яагаад хүүг минь зодчихов л боллоо. Хүү нь ч тэдний хүүх­дүүд зодсон гэж хов хэлэв. “Муусайн Ардчилсан на­мынх­ны хүүхдүүд хүүг минь зодчихлоо” гэж Ардын намын аав,  ээж нь хэлж байна.   Хэрэг дээрээ нармайгаа нээлгэж үзээгүй монгол хүүхэд гэж хаа байхав. Хүүхдүүдийн зодоон хүртэл энэ суманд улс төрж­жээ. “Танай аав, ээж  Ардын намынх, манайх Ардчилсан намынх” гээд л хүүхдүүд  зо­долдов л  гэж. Өнөөх аав , ээж л хүүхдүүдээ багаас нь ингэж улс төржүүлж, эр хүн болох тухай биш аль нэг намын гишүүн болгон хүмүүжүүлж байна. Энэ явдал ганц сумын асуудал биш л дээ. Хэн нэгэн  сайн хүн байлаа ч өөр на­мынх учраас нөгөө намын­хандаа заавал муу хүн л болж  харагдах явдал хаа сайгүй. 

Хэдхэн настай  жаахан хүүхдүүдээс “Том болоод ямар хүн болох вэ” гэхээр “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болно” гэх аж.  Мөнгөтэй айлын хүүдүүд бүгд л сайд,  дарга,   гишүүн болох уралдаанд өрсөлдөж байна. Эцэг,  эх нь ч хүүхдээ сайн хүн болоорой гэхээсээ урьтаж сайд, дарга болоорой гэж өсгөж  байна. Улстөрч бол­вол бүх зүйл бүтэж, аз жар­галтай амьдрал ирнэ гэнэ. Хүсээгүй байхад нь хөөрхийг дээд сургуульд оруулчихна. Нөгөө хүүхэд нь чадсан,  чадаагүй сургуулиа дүүргэхчээ аядаад л улстөрч  болох хүслээ дий­лэхээ байчихна.

Үнэн, худал нь мэдэг­дэх­гүй, нэг ийм явган яриа байдаг ш дээ. Нэг эмгэн улс­төрчид хандан “Би ганц хүүтэй.  Тэр  маань дэмий ярьж, идэж,  ууж өдөр өнгөрөөхөөс өөр ажил хийхгүй юм.  Энийг  нэг ажил­тай болгочих юмсан” гэхэд улстөрч “Эмээ та хүүгээрээ ямар ажил хийлгэх санаатай байгаа юм” гэж асуухад “УИХ-ын гишүүн л болгочихвол болох нь тэр”  гэж хариулсан гэдэг. Эмгэний хэлсэн үг салаа утгатай байгаа юм. Идэж, ууж, худал ярихаас өөрийг хийдэг­гүй хүн УИХ-д суудаг ч юм шиг, нөгөө  бол УИХ-ын ги­шүүн болох тийм амархан ч юм шиг. Ер нь тэгээд улс төрийн хийрхэл чинь Мон­голд зөвхөн хавар илрээд байдаггүй, жилийн дөрвөн улиралд, айл болгонд, хүн болгоны дотор л буцалж бай­даг эд шиг. 

Ямар сайндаа л таван настай жаахан хүүхэд “Хогоо ачуул” гэж цагаан хоолойгоор зарлахыг  сонсоод  “Ёоё,   энэ Хувьсгалт нам  /одоогийн МАН/-ынхан энэ сонгуулиа болиосой. Залхмаар юм”  гэж хээв нэг  хэлснийг   ээж,  аав нь инээдэм болгон  ярьж байхав. Ингэхээр энэ Мон­голд чинь хүүхэд хүртэл улс­төржөөд, хүн бүхэн улстөрч болохыг  хүсээд байх нь ч аргагүй юм.

Сүүлийн үед бизнесмэ­нүүд бас улс төрд шургуу орж ирж байна. Хэдэн жил олж хураа­сан бүхнээ нөгөө пиар гээчид зориулж, улстөрч бол­чихвол шархаа хэд дахиад нөхчих санаа байдаг аж.  Тэнэг л биш юм бол насаараа цуглуулсан  бүхнээ нэг бөхөд барьж гүй­гээд, хүүхдэд хөрөнгө оруу­лаагүй байж хурдан хөлтэй адгуусанд цацаад байгаа нь  үүнийг баталж буй хэрэг биш үү.   

Одоогийн энэ НАМЗХ-ны залуучууд байна. Удам зал­гасан улстөрч гэсэн ойлголт бий болгож байна, тэдгээр залуус. Тэдний эцэг, эх нь улстөрч, эсвэл томоохон биз­несмэнүүд. Тэдэнд мөнгөний асуудал байхгүй ч, мөрөөдөл нь бүгд улстөрч болох.  Зов­лон үзээгүй тэр жаалууд аль хэдийнэ  Монголын төрд эзэн сууна гэж санаандаа багтаа­чихсан яваа. Сайн айлд төрж, сайхан амьдрах хувьтай л юм байна, тэд. Гэвч амьдрал мэдэхгүй тэр хүүхдүүд улс­төрч болж тоглоод улс орныг минь яах бол.

Улс төрд орж ирж буй залуучуудын тухай нийтлэл­дээ  нэг залууг хожим сайд ч хийж чадах хүн гээд биччих­сэн юм. Яахав овоо  “толгой­той” нэгэн л дээ. Монгол Улсад хэрэг болох хүн гэж харсны хувьд тэгж бичсэн хэрэг. Гэтэл нөгөө залуу утасдаж байна. “Баярлалаа, намайг сайд болно гэж бичсэнд. Гэхдээ би зүгээр нэг сайд болох хүн биш, Ерөнхий сайд болох хүн” гэдэг байгаа.  Түү­ний ирээдүйн ажил албыг   би арай дутуудуулчихаж л дээ. Одоо бол тэр байнд ч үгүй,  банзанд ч үгүй гэгчээр нэг их том “амьтан” биш л дээ.  Улс төрд хөл тавиад удаагүй ч аль хэдийнэ “Ерөнхий сайд бол­чихсон” иймэрхүү нэг хэсэг байна. Гэлээ гээд уулын орги­лыг мөрөөдөж чадаж байгаа хүн бэлд нь ч гэсэн хүрэх л байлгүй. Түүнийг буруутгах юм алга. Чухам дараа үеийн залуусын амбиц ийм их бай­гааг л хэлэх гэсэн юм.

Мөн хэн нэгэн алдар нэр­тэй хүний үр удам, хань ижил, дүү нар нь улс төрийг залгамж халаа болгож байгаа. Хаант засгийн үеийн удам угсаа залгах ёсноос нэг их хол зөрөхгүй үйл явц манайд дэлгэрээд бас чамгүй хугацаа өнгөрчээ.

Сайн хүний үр, сүүт гүүний унага гэж үг байдаг хойно.  Сайн хүний сайн үйлийг өөрөөр яаж ч үргэлжлүүлж болно. Харин сайн хүний нэрийг ашиглаж,  иргэдийн сэтгэл санаагаар тоглож,  улс төрд орж байгаа нь нэг их зөв зүйтэй хэрэг биш болов уу. Гэхдээ хаа байсан Чингэс хааныг өвөг эцгээрээ тод­руулаад өнөө үед ашиглаад болж байгаа хойно энэ ч бас яамай байнаа. Чингэс хаан гэснээс Чингэсийн үр удам болох ханхүү, хунтайжууд гэнэт олноороо төрж  Монго­лын улс төрд хаан суудал эзлэхийг мөрөөддөг хүмүүс бас бий болсныг энд дурдах хэрэгтэй болов уу. Энэ ч бас шинэ үеийн улс төрийн моод­ны нэг хэсэг  болоод байгаа шүү.

Ер нь тэгээд улстөрч бол­но гэдэг шидэт саваа гарт орсонтой адил гэж үзэх хүн дэндүү олширчээ. Улс төрд хөл тавихын эхний алхам нь намд элсэх, тэгээд багийн Засаг даргаас л эхэлдэг юм байна. Цаашлаад аз таарч сум, аймгийн Засаг дарга болчихвол УИХ ойрхон ха­раг­даад эхэлдэг юм шиг бай­гаа юм. Нэг ёсондоо сумын наадмын түрүү магнай юм чинь гээд аймаг, цаашлаад улсын наадамд уралдах зо­риг ордог юм байна л даа. Цол дагаж бяр нэмнэ гэдэг л  тэр юм байх. Дээр өгүүлсэн өвгөний яриа ч үүнийг баталж байна. Сумын Засаг даргаа тордож байгаад УИХ-ын ги­шүүн болгоно гэдэг чинь нэг юм хэлээд байгаа хэрэг. 

Ингээд бичээд байвал улстөрч болох хүсэлтэй мон­гол ахан дүүсээ дурдаад ба­рах­гүй юм болно.  Бүр салбар бүрт улстөрчид байна. Мон­голчуудын бүгд нийтээрээ улстөрч болох энэ хүслэн хэзээ зогсохыг хэн мэдэх билээ.

Categories
редакцийн-нийтлэл

Допингийн сар

Наадмын барилдааны их найрааны дуулианыг допин­гийн асуудал залгаж, бөхчүү­дийг сандаргадаг болоод хэдэн жилийн нүүр үзэж бай­на. Долдугаар сарыг бөх­чүүдийн найрааны сар гэвэл наймдугаар сар допингийн сар нь. Энэ сард бөх сонир­хог­чид хэн хэн допинг хэрэг­лэснийг таамаглацгаадаг бол бөхчүүд бие биенээ хардац­гаадаг. Өнөө жилийн наа­дамд 1024 бөх барилдсанаас 32-оос нь буюу зургаагийн да­ваанд барилдсан бөхчүү­дээс допингийн шинжилгээ авсан. Гэтэл наймдугаар са­рын 5-нд БНСУ-ын итгэмж­лэгдсэн ла­бо­раториас “Та­най­хаас ирүүл­сэн сорьцуу­дын хоё­роос нь допингийн төрлийн бодис илэрлээ” гэсэн хариу ирүүлж. Мэдээж сорь­цоос нь допинг илэрсэн гэх хоёр бөх юу гэж зөвшөөрөхөв, да­хин сорьцоо шинжлүү­лэхээр бол­сон. Хоёр дахь шинжилгээ­ний хариу эх­нийх­тэйгээ ижил буюу допинг хэ­рэглэсэн нь дахин тогтоогд­вол сая нэг олон нийтэд нэрийг нь зарла­даг дүрэмтэй. Эхний шинжил­гээний хариу ирэхийг “А” шинжилгээ гэж байгаа бол дахин шинжлүүлж байгааг нь “В” гэж нэрлээд байгаа юм. “А” шинжилгээ­нээс “В” шинжил­гээний хариуг ирэх хүртэлх хугацаанд сорьц өгсөн бөх сэтгэлийн их да­рамт­тай бай­даг тухай бөх­чүүд ярилаа. Энэ жил эхлээд найман бө­хийн сорьцоос допинг илэр­сэн гэж яригдаж байснаа дө­рөв болоод сүүл­дээ хоёр дээр тогтсон. Аймаг, сум, ком­пани корпораци, нут­гийнх­ны­хаа санхүүгийн дэмж­лэгээр даваагаа ахиулж, цо­лонд хүрсэн бөхчүүдийг тэд нь бас харж үзэн допинг хэрэг­лэсэн бөхчүүдийн жаг­саалтаас нэрийг нь хасуул­сан гэж шуугиж байна. Тэгээд үлдэж байгаа хоёр бөх нь бор зүр­хээрээ буюу ямар нэгэн хүний дэмж­лэггүйгээр цолонд хү­рэх­дээ допинг хэрэглэчих­сэн бөх­чүүд юм гэнэ. Бөхийн хү­рээ­нийхэн, тодруулбал залуу бөхчүүд улсын начин Ч.Цог­баяр, улсын харцага А.Алтан­гэрэл нарыг “зааж” өгч байна. Яагаад энэ хоёрыг допинг хэрэглэсэн гэж сэр­дээд бай­гаагаа тодруулаач гэвэл “Аа, тэгж санагдсан юм” гэх. Энэ хоёр шиг сэрдэгдэж байгаа хэд хэдэн бөх байна. Шинэ­хэн аварга С.Мөнхбатыг нэр­лэх юм. С.Мөнхбат наад­маас өмнө өвөл, хаваржингаа эм­нэлгээр явж биеэ эмчлүүл­сэн гэнэ. Тэгж удаан эмнэл­гээр яв­сан хүн шууд л наа­дамд цой­лох боломжгүй. Допингод­сон байж таараа. Эмнэлэгт хэв­­тэж, бие нь сульдсан хүн тийм хурдан тэнхрэхгүй дээ гэж байна. Бас улсын гарьд Ж.Бат-Эрдэнийг допинг хэ­рэг­лэсэн байж бол­зошгүй гэнэ. Заан Ч.Санжаа­дамбыг заалны барилдаанд хүртэл сэргээш хэрэглэчихсэн явдаг. Нүдний харц нь догш­роод, булчин шөрмөс нь зан­гираад нэг л хачин болчихсон явдаг шүү дээ гэж түүнтэй барилд­сан бөхчүүд ярьцгаа­даг юм. Дэвжээнд гаргадаг ааш зан, задгай, хайнгадуу барил­даан, ширүүн дориун, өөртөө итгэлтэй харагддаг нь магад­гүй хүмүүст тийм буруу бодол төрүүлдэг байж бол­зошгүй.  Бөхчүүдтэй уулзаж, допин­гийн асуудлыг сөхөхөд тэд “Допинг байнга шахуу хэрэг­лэдэг бөхчүүд байдаг ш дээ. Бүр допинггүй бол байж чад­даггүй нь ч байна” гэж ярьдаг юм.

Ер нь тэгээд энэ допин­гийн шинжилгээг авсны ашиг тус гэж юу байна вэ. Допинг хэрэг­лэсэн бөхчүүдэд тохир­сон шийтгэл, хариуцлагыг нь өгөөд, тэр нь бөхчүүдэд ан­хаа­руулга, сэрэмжлүүлэг болж чаддаг байсан бол өнөө­­дөр энэ асуудал дахин сөхөг­дөхгүй л байсан. Бөх­чүүдийг гүндүүгүй, гүндүүгүй л гээд байдаг юм билээ. Тэд чинь ялгаагүй л хүн шүү дээ. Хээгүй, гүндүүгүй монгол эр хүн гээд сэргээш мэргээштэй юм ууж идээд байх уу даа. Бөхчүүд чинь тамирчин. Тэгж яривал тэд чинь юу, ямар юманд до­пин­гийн хольцтой зүйл хэр тун хэмжээтэй байд­гийг захын химичээс илүү мэддэг мэр­гэжилтнүүд нь. Сорьцоос нь допинг илэр­сэн бөхчүүдийн цолыг нь биш чимэг төдийг л хураагаад өнгөрчихдөгөөс ийнхүү до­пинг үндэсний бө­хөд шингээд удаж байна. Сорь­цоос нь допинг илэрсэн нь үнэхээр нотлогдсон бол хатуухан шиг, зохих шийт­гэлийг өгвөл да­раа жилийн наадмын өмнө бөх­чүүд түү­нийг санаад “өнөө­хөө” орны­хоо хөндий рүү шиддэг болно доо. Дээр дурдсан бөхчүүд бол спортын хүрээ­нийхэн, тэр дундаа бөх­чүү­дийн дунд яриг­даж буй хү­мүүс. Магадгүй өнөө нутгарх­даг үзэл, наад­маар өвдөг шо­роодсондоо хариугаа авах гэсэн далд санааны илрэл ч байж болох. Ерөөс “А”, “В” гэж байснаас эхний шинжил­гээ­гээр нот­логд­сон бол нэрийг нь зарлах хэрэгтэй. Тэгээд яахав хоёр дахь шинжилгээгээр тийм биш байсан бол цагаа­даад л өнгөр­нө. Хамт шин­жил­гээ өгсөн бөхчүүд нь олон түмэнд элдвээр хэлэгдэж, залхаж, зарим нь эхнээсээ хоолноос гарчихаад байна гэсэн шүү. Аргагүй шүү дээ, нутаг хошуу­ныхан нь цолны мялаалга бэсрэг наадам хий­гээд, бэлэг сэлтийг бөөн бөө­нөөр өгчих­сөн байхад допинг гэх үг нэрийг нь дагаад бай­хаар хэцүү бай­даг биз.

Categories
редакцийн-нийтлэл

АНУ-ын дэд Ерөнхийлөгч айлчиллаа

АНУ-ын дэд Ерөнхий­лөгч Жозеф Байдэн Ерөн­хий сайд С.Батболдын урилгаар манай улсад нэг өдөр айлчлаад буцлаа. Түүний сууж яваа онгоц “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудалд даваа гаригийн 11.45 минутад газардах байс­ныг өглөө л мэдэв. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдены Монголд хэ­зээ ирж, хэдэн цагт хэнтэй уулзах тухай хөтөлбөр хэвлэлийнхэнд энэ хүртэл ил болоогүй юм. Энэ та­лаар тодорхой мэдээлэл авъя гэсэн боловч манай Гадаад харилцааны яам, АНУ-ын Элчин сайдын яамныхан дундаа хаян эзэнгүйдүүлж байлаа.

Ингээд өглөөний 09.00 цаг гэхэд онгоцны буудалд зарим сэтгүүлч­дийг аваачжээ. Нэгдсэн журмаар явах сэтгүүлч­дийн сүүлч нь цагийн дараа очив.

Телевизийн зураг­лаач, сонины зурагчин нарын камер, аппаратыг шалгаж байна гэж жиг­тэй­хэн юм боллоо. Аме­рикууд аппарат, каме­руудын товчлуур бүрийг дарж үзэн, эзнийх нь чих рүү өнгийж харахаас наа­гуур юм болов. Үүний дараа айлчлал сурвалж­лах сэтгүүлчдийн иргэ­ний үнэмлэхийг нь шал­гаж мандат олгосноор их хүлээлтийн цаг эхэлсэн юм. Үдийн 12 цаг өнгөрөхөд АНУ-ын талын нэг эмэгтэй сэт­гүүлчдийг нислэгийн зурвас руу нэвтрүүлэв. Тэнд манай хүндэт ха­руулынхан эгнэн жагсчээ. Онгоцны буудлын дээвэр дээр хэдэн мэргэн бууч харагдана.

Хэвлэлийнхнийг бай­раа эзэлсний дараа удал­гүй манай Ерөнхий сайд зочноо угтахаар тал­байд гарч ирлээ. Үүнээс хойш удсангүй АНУ-ын агаарын хүчний аварга том онгоц газардсан юм.  10 минутын дараа буюу 12.40 минутад АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байдэний сууж яваа он­гоц нислэгийн зурваст буулаа. Онгоцны бууд­лаас Ерөнхийлөгчөө то­сох том хар машинууд хэдийнэ байраа эзлэн зогсов. Харин Ж.Бай­дэ­ний онгоцноос том цүнх барьсан хар нүдний шил­тэй тэвхгэр залуус бууж ирээд өнөө машинуудын дэргэд очсон юм. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Мон­голд өөрсдийн ма­шин, жолоочтойгоо ирсэн нь энэ байж. Хамгаалалт нь ч өөрсдийнх нь байв. 

Энэ бүхнийг ажиж зогс­­соны эцэст АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдэн сая онгоцноосоо буулаа. Хажуудаа шаргал үстэй дэгдгэнэсэн охин да­гуул­жээ. Задгай энгэртэй, бо­гино даашинзтай тэр эмэг­­тэйг хараад “эхнэр нь үү, охин нь уу” гэсэн таа­маг хөврөв. Гэвч тэр түү­ний ач гэнэ.

Ингээд түүнийг Ерөн­хий сайд С.Батболд угтан авч, хоёр орны төрийн дуулал эгшиглэсэн юм. Хүндэт харуулын өмнүүр алхаж ирээд тэд таван минут гаруй хугацаанд хөөрөлдөв. АНУ-ын Ерөн­­хийлөгч Ж.Байдэн Ерөнхий сайдын мөрийг алгадаж, их л баяс­га­лан­тай инээнэ. Байсхийгээд Ерөнхий сайд руу гараа чичиж, ямар нэг зүйл ан­хааруулж буй мэт хэсэг ярьснаар Ж.Байдэнийг угтах ёслол өндөрлөсөн юм. Монгол, АНУ-ын тө­рийн өндөрлөгүүд ма­шин­даа суун хөдөллөө.

Үнэндээ АНУ-ын Ерөн­хийлөгч Ж.Бай­дэнийн Монголд хийх айлчлалыг сурвалжлах Мон­голын хэвлэлийнх­нийг тусгай, тусгай биш хэмээн хоёр хуваажээ. Тиймээс айлчлалын цу­вааг “тусгай” багт багтсан гурав, дөрвөн телеви­зийнхэн даган хөдлөв. Харин бусад хэвлэл мэ­дээллийнхнийг Төрийн ордонд хийх уулзалтууд руу  оруулахгүй гэсэн юм.

Ж.Байдэн Төрийн ор­донд Ерөнхий сайд С.Бат­болдтой албан ёсоор уулзаж, хүндэт зоч­ны дэвтэрт гарын үсэг зуржээ.

Ганцаарчилсан уул­залтын үеэр Ерөнхий сайд Ил тод байдлын ту­хай хэлэлцээрийг ойрын үед байгуулах хүсэлтэй гэдгээ хэлжээ. Мөн Мон­голын тал МСК-аас үзүү­лэх тусламжийн хүрээ­ний хоёр дахь сонгон шалгаруулалтад орол­цох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. АНУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг хөг­жүүлэх, өргөжүүлэх, АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монголд татах болом­жийн талаар санал со­лилцсон аж. Монгол Ул­сад ардчилсан өөрчлөлт шинэчлэлт, зах зээлийн эдийн засгийг төлөв­шүү­лэх үйл явцад АНУ цаа­шид ч дэмжлэг үзүүлэхээ Дэд ерөнхийлөгч Ж.Бай­дэн нотолсонд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Айлчлал болж буй энэ өдөр МИАТ төрийн өмчит хувьцаат компани болон АНУ-ын Худалдаа, хөгж­лийн агентлагийн хоо­ронд иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх, МИАТ-ын сургалтын баа­зыг бэхжүүлэх, боловсон хүчний чадавхийг сайж­руулах асуудлаар са­намж бичигт гарын үсэг зуржээ. Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байден нар боловсролын сал­ба­рын хамтын ажил­ла­гаа­ны талаар санал солилц­сон байна. АНУ-ын тэт­гэлгээр тус улсад сурал­цах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх болом­жийг судлахыг Засгийн газрын тэргүүн хүсчээ.

2010-2011 онд АНУ-ын Түүх, соёлын дурс­галыг хамгаалах сангаас 695 мянга гаруй дол­ла­рын санхүүжилт хийх шийд­вэрийг АНУ-ын тал гаргасанд талархал илэр­хийлжээ. Монгол, Солонгос, АНУ-ын хоо­ронд тогтмол уулзалт хийх АНУ-ын санаачил­гыг манай улс дэмжиж байгаа гэдгээ  хэлсэн байна.  Түүнчлэн АНУ-ын сенатын танхимаас Мон­гол Америкийн түнш­лэ­лийг дэмжих тогтоол гар­гасанд талархал илэр­хийлээд “АНУ-ын Ерөн­хийлөгч Б.Обамагийн са­наачилгаар нээлттэй Зас­гийн газрын түншлэлийн харилцааг Монголын Зас­гийн газар дэмжиж байгаа. Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиг­лах талаар хоёр тал үр­гэлжлүүлэн ажиллахаар тохирсон. Боловсон хүч­нээ АНУ-д бэлтгэх сонир­хол­той байгаагаа” Ерөн­хий сайд хэлсэн байна. 

Харин Ж.Байдэн  “Өнөө­дөр Монгол Улс дэлхий бусад улсуудын адил ардчиллын замаар замнаж байна.

Олон улсын энх тай­ван, аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд оруулж байгаа Монгол Улсын хувь нэмрийг АНУ өндрөөр үнэлдэг. Өнгөр­сөн 10 жилийн хугацаанд Монгол Улсын зэвсэгт хүчний дайчид Чаад, Дар­фур, Косово зэрэг дэлхийн олон халуун цэгт энхийг сахиулах үйл ажил­лагаанд оролцож, Чингэс хааны үлгэр дуу­райллыг харуулсан. Мон­голын дайчид Иракийг чөлөөлөх үйл ажилла­гаанд оролцсон төдийгүй одоо Афганистанд алба хааж байна. Афганистан дахь Монголын энхийг сахиулагчдын тоо 400-д хүрч байна. Вашингтонд болсон айлчлалын үеэр ч Ерөнхийлөгч нар бас энэ талаар ярилцаж бай­сан” хэмээн хэлжээ.   

Энэхүү уулзалтад сайд нараас Эрдэс бая­лаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт байлцсан байна.  Дараа нь ноён Ж.Байдэн Монгол Улсын Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдоржид ба­раалхжээ.

Ноён Ж.Байден  Ерөн­хийлөгч Ц.Элбэг­дорж­той уулзаад АНУ-ын Ерөнхийлөгч Б.Оба­ма­гийн чин сэтгэлийн мэнд­чилгээг уламжилжээ. Тэ­рээр Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийг ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх чиг­лэлээр зөвхөн улс орон­доо төдийгүй олон улсад мэдэгдэхүйц үр дүнтэй, санал санаачилгатай ажиллаж байгаа хэмээн сайшаасан байна.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын дэд Ерөнхийлөгч  ноён Жо­зеф Байдений айлчлалд амжилт хүсээд, Ард­чил­сан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хүндтэй үүргийг нэр төр­тэй хариуцлагатай хий­хийг чармайх болно гэсэн байна.  Тэрээр “Монго­лын түүхийг дэлхий даяар сайн мэддэг. Гэхдээ эзэнт гүрэн, Чингэс хааны түүхийг мэддэг. Харин Монголын шинэ цагийн түүх, ардчилсан тогтол­цоонд шилжсэн үйл яв­цын талаар тэр бүр сайн мэддэггүй. Энэ байдлыг өөрчлөх, Монголын шинэ түүхийг таниулах  талаар хамтран ажиллах санал­тай байна” гэхэд нь ноён Ж.Байден талархан хү­лээн аваад Америкийн дунд сургуулийн хичээ­лийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах зэргээр хамтран ажиллаж болох тухай хэл­жээ. Дэд Ерөнхийлөгч Ж.Байден мөн авилгын эсрэг тууштай тэмцэж бай­­гаа Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдоржийн бод­логыг дэмждэгээ илэр­хийлээд, авилгын эсрэг тэмцэх талаар санал бод­лоо хэлсэн аж. Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж “Нэрт судлаач Ларри Даймон­дын нотолсноор ард­чил­лыг “баллаж” болох цо­рын ганц зүйл бол авли­гал” хэмээгээд шударга ёс тогтоох чиглэлд хийж хэ­рэгжүүлж байгаа үйл ажил­лагаанаасаа дурд­сан байна. Ноён Ж.Бай­ден “Байгаль орчинд хал­гүй  сэргээгдэх эрчим хү­чийг ашиглах талаар би­дэнд хамтран ажиллах боломж байна. Монгол бол сэргээгдэх эрчим хүч­ний нөөцтэй, харин америк  өндөр техно­ло­гитой, сайн туршлагатай” гэж ярьжээ.

АНУ-ын дэд Ерөн­хий­лөгчийг түүний зөвлөх, Цагаан ордны төлөө­лөг­чийг эс тооцвол бусад нь ҮАБЗ-ийнхөн дагаж ир­сэн байна. Дэд Ерөн­хийлөгчийн ҮАБЗ-ийн зөвлөх, ҮАБЗ-ийн Азийн асуудал эрхэлсэн захи­рал, ҮАБЗ-ийн Хятад, Тайвань, Монго­лын асуу­дал эрхэлсэн захирал нар иржээ.

Төрийн ордонд уул­залт хийсэн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Байдэнд бэсрэг наадам үзүүлэ­хээр “Яармаг”-ийн дэнж рүү хөдөллөө. Гэвч наа­дам руу сэтгүүлчдийг оруу­лаагүй юм. АНУ-ын тал бүх хамгаалалтыг ха­риуцаж байгаа учраас монгол сэтгүүлчдийг огт­хон ч оруулахгүй гэлээ. Манай Гадаад харил­цааны яамны хэвлэлийн албаныхан ч өөрсдөө арайхийж оров. Зөвхөн камертай хүмүүсийг нэвт­рүүлнэ гэж гуйсаар араа­саа хоёр, гурван зураг­лаач, зурагчин дагуулсны тоонд манай гэрэл зу­раг­чин багтсан юм. Бэсрэг наадамд морь уралдаж, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Байдэн, Ерөнхий сайд С.Батболд нар сур харва­сан байна. Мөн бөх ба­рилдаж, урлагийн тог­лолт үзүүлжээ. Мөн Ж.Бай­дэнд Ерөнхий сайд морь бэлэглэжээ. Харин ноён Ж.Байдэн наадмын үеэр уран нугаралтын гайхамшгийг үзүүлсэн нугараач охиныг ихэд шүтэн биширчээ. Тэрээр наадмын төгсгөлд нуга­раач охиныг эрж хайн олоод өмнө нь мэхийн ёсолсон гэнэ лээ.

 Я.МӨНГӨНЦЭЦЭГ