Categories
редакцийн-нийтлэл

Сонгуулийн хууль дээр намууд хаврын тэнгэр шиг хуйсганаж байна

Энэ парламент   мэндэлснээсээ хойш  л  Сонгуулийн хуулийг шинэ­чилнэ гэсээр тодорхой шийдэлд хүрээгүй өнөөдрийг хүрлээ. Сон­гуулийн хуулийг батлах хуулийн хугацаа хэдхэн хоноод дуусна. Үгүй  бол хуучнаараа явах дээрээ тулна. Наанаа бол хуулиа энэ долоо хоногт баталчихна гэж бай­гаа ч цаанаа ямар бодолтой нь эргэлзээтэй. Мөн хэл ам таталж, хаврын тэнгэр шиг ааштай айлын эрх эхнэр шиг аашилж байж сана­сандаа хүрлээ гэхэд Үндсэн хуу­лийн Цэц дээр очоод унах магад­лал өндөр. Тэгэхээр улстөрчдийн хэлж байсанчлан сонгуулийн тог­толцоо хуучнаараа ирэх сонгуульд орж болох юм. Хэрэв ингэхдээ тулбал нөгөө хамтарсан засгаа байгуулахад хийсэн гэрээгээ зөр­чихөд хүрнэ. Уг гэрээн дээр “Сон­гуулийн тогтолцоог өөрчилнө” гэж хоёргүй сэтгэлээр заасан байгаа. Хэрвээ энэ гэрээгээ зөрчвөл  сон­гууль энээ тэрээ ойртлоо гэж шалч­ганахгүйгээр засаг огцорно гэд­гээ гишүүд нар сайн мэдэж байгаа. Зориудаар үүнийг отон суугаа УИХ-ын гишүүд болон фракц хүчин бэлэн байгаа гэдгийг сүүлийн үед болоод байгаа үйл явдлууд бат­лаад байна.

Сонгуулийн хуулийн шинэ хувилбар эмэгтэйчүүдэд 20 хувийн квот олгох дээр эхний байдлаар санал яригдсан. НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод тусгаснаар бол 2015 он эхэд эмэгтэйчүүдэд 30 хувийн квот олгоно гэсэн.   Энэ удаа ямар ч байсан тэр амлалт бү­тэлгүйтэв. Мөн жижиг гэгдэх намуу­дад долоон хувийн босго гэж ярьж байсан бол  сая таван хувийн босго тавихаар тохирч байгаа. Бусад улс орнуудын жишиг ч иймэрхүү бай­даг юм билээ. Ингэхэд  гудамжны гэгдэх жижиг намууд парламентад орох сайн талтай. Ингэвэл гудамж­ны хөдөлгөөн тэмцлүүд дотор ордог гэдэг. Гэхдээ хэт олон нам парламентад орвол засаг төрийн ажил явц муутай болдог гэцгээдэг. Сонгуулийн энэ босго жижиг гэх намуудад боломж олгож байгаа мэт харагдавч намуудын төлөв­шилд саадтай байдаг. Хэн дуртай нь нам байгуулж парламентад суух гэж зүтгэдгээс намууд төлөвшиж томрох нөхцөл бололцоо тэр бүр олдоод байдаггүй гэнэ.

Цаашид сонгууль болоход  на­мууд эвсэх үү, аль намтай аль нь эвсэж сонгуульд орохов гэдэг дээр албан ёсоор тохирсон нам одоо­гоор алга. Харин МАХН-ыг МАН-тай арван суудлаар тохиролцсон гэсэн мэдээллийг аль, аль талын албаны эх сурвалжууд үгүйсгэв. Уг нь МАН, МАХН эвсэж орохыг үгүй гэх газар­гүй. Эвсэж орохдоо МАХН-ын эвсэл  гэсэн нэртэй байх юм гэж дуулдаж байсан. Яг цагаа тулахаар энэ л ортой байж магадгүй. МАН-ын  эртнээс улбаатай бичигдээгүй заншил бол том эрх ашиг дээрээ нэгдэж чаддаг. Тиймээс ч Ц.Ням­дорж, У.Хүрэлсүхээс авахуулаад Н.Энхбаярыг өрөөсөн нүдээрээ ч хялайж харахгүй байгаа хүмүүс намынхаа ирээдүйг бодоод яаж ч болох шүү дээ.  Тэгээд  ч энэ хэрүүл маргаанд намын дарга Сү.Батболд оролцохгүй байгааг та бүхэн ан­заарч байгаа байх. Эвсэл энээ тэрээ болохдоо тулбал  “Ямар бид хоёр хэрэлдэж муудалцаж байсан биш” гэсээр л хоёр талаасаа уулзах нь байна.

Н.Энхбаярын хувьд ирээдүйг нь хоёр талтай ярьцгааж байна. Нэг хэсэг нь МАХН МАН-тай эвсэхгүй сонгуульд орсноор боломжоо ал­даж байна гэж байхад зарим нь Н.Энхбаяр эвсэж байж л ял мултар­на гэх. Ямар ч байсан Н.Энхбаяр өөрийнх нь хэлээд байгаа шиг сөрөг хүчин болчихож одоохондоо ам­жаагүй байгаа. Энэ бол зүгээр л хэвлэлийн пиар төдий зүйл.

Орост өөрчлөлт шинэчлэл ид өрнөж байх үед жирийн иргэдээс энэ талаар асуухад “Яг л Сибирийн ой шиг..” гэж хариулж байсан гэдэг. Энэ нь дээр ой шуугиад л газарт ганц нэг боргоцой унахын дайтай нэг их сүйдтэй юм биш л гэж хэлснийх.

Нэг үгээр хэлбэл тэртэй тэргүй хоёр том нам үзэлцэж байхад Н.Энхбаяр бол  газар унаж байгаа ганц нэг боргоцойтой л адил айхтар их нөлөө үзүүлж чадахгүй. 

Тэгэхээр яг өнөөдөр бол Н.Энх­баяр өөрийгөө сөрөг хүчин гэж нэрлээд хэрэггүй юм. Маргааш яахыг нь харин хувь төөрөг нь мэдэх хэрэг. Н.Энхбаярын намын шинэ мэдээлэл  гэвэл М.Энх­сайха­ны МҮАН албан ёсоор сонгуульд эвсэл болж орохоо санал болгоод байгаа гэсэн. Мөн Либерал ард­чилсан нам, Нэгдсэн хөдөлмөрийн намуудтай эвсэх эсэхээ ирэх долоо хоногт хуралдах Гүйцэтгэх товчоо­ныхоо хурлаар хэлэлцэх юм билээ.  

Ардчилсан намын хувьд одоо­гоор албан ёсоор эвсэж сонгуульд орох санал тавьсан нам байхгүй байгаа. Гэвч Ардчилсан холбоо эвсэл нэрээр ардчиллын төлөөх бүх намуудыг нэгтгэж сонгуульд оролцвол их горьдлоготой байгаа  гэх судалгаа бий. Одоохондоо  ИЗН эвсэл болж магадгүй. Дээр нь Ногоон нам ч мөн эвсэх гэж ма­гадгүй хэмээн  яригдаж байгаа. Энэ сонгуулиар ийнхүү улс төрийн хоёр том эвсэл болж өрсөлдөж магадгүй байгаа.

Гэвч сонгуулийн хуульд босго оноог намсгаснаар жижиг намуу­дын амбиц хөдөлж тус тусдаа сонгуульд орж нэг нэг суудал зул­гаах тухай бодож байгаа гэх сураг байна. Тэд ганц суудал аваад сонгуулийн дараа аль олон суудал авсантай  нь эвсэж Засгийн газарт орж сайд болж дөрвөн жил тендер авч засгийн мөнгөөр туйлах юм ярьцгааж эхэлжээ. Мөн бүр өөр ч хувилбар байгаа бөгөөд тэд улс төрд гурав дахь ч хүчний байр суурь байх л ёстой хэмээн горьлогсод юм. Тэдний бодлоор гурав дахь хүчний эвслийг Н.Энхбаяр даргатай МАХН-аар удирдуулан сонгуульд оролцох бөгөөд дор хаяж бүлгийн хэмжээний санал авна гэж үзэж байна. Нэгэнт УИХ дээр бүлэгтэй болсон учир мөн л Засгийн газарт хүнээ шургалуулна хэмээн үздэг гэнэ. Хүнээ засагт оруулаад харин яаж юу хийхээ экс ерөнхийлөгч хүнээр заалгахгүй хэмээн улстөр­чид ярилцдаг.

Одоо яригдаж байгаа хуулиар 48 мандатын төлөө 26 тойрог дээр өрсөлдсөн хүмүүсээсээ шилжүүлэх үү, эсвэл шууд оруулах уу гэдэг дээр хоёр нам санал нэгдэхгүй байгаа. МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр бүлгийн хурлынхаа дараа Сонгуулийн хууль дээр ямар байр суурьтайгаа илэрхийлж “28 хүнээ оруулвал хэдэн хувиар оруулах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. АН-ын зүгээс 48 хүнээсээ сонгогчдын авсан саналын дагуу эрэмбэ­лэгд­сэн дарааллаар бүрэн шилжилт хийх нь зүйтэй гэж үзсэн. Харин МАН-ын зүгээс 100 хувь 48 хүнээ­сээ шилжүүлэх нь учир дутагдал­тай гэсэн байр суурьтай байна. 28 хүнээсээ огт орохгүй юм бол 28 хүнийг нэрсийн жагсаалтад оруу­лах нь утгагүй. Тиймээс шил­жил­тийг хийхдээ 48-аасаа ч хийе, 28-аасаа ч оруулъя гэсэн байр суурь­тай байгаа” гэж хэвлэлийнхэнд мэдээлсэн. 

Ерөнхийдөө МАН-ын энэ ху­вилбар хүн нь чихэлдээд болохгүй байгааг харуулж буй юм.

Сонгуулийн хууль хэрхэн бат­лагдахаас намуудын хувь заяанд янз
бүрийн өөрчлөлт орж болох учраас тэд ингэж адган зүтгэцгээж байна.

Categories
редакцийн-нийтлэл

Хуучин “Ху” нам “модоо” барьж сонгуульд орох уу?

МАН Бага хурлаа хийлээ. Тэд ерөнхийдөө нэг их  дуулиан шуу­гиангүй намдуу зөөлөн хуралдана гэсэн чигийн дагуу явцгаасныг тэртэй тэргүй бүгд мэднэ. Намын дарга нь эдийн засаг өслөө, ядуу­рал буурлаа, улс орон цэцэглэн хөгжиж байна гэх лоозон болчих­сон уран үгсээр илтгэлээ эхлүүл­сэн. Цээжинд байдаг ганц шүлгээ хаа сайгүй дуржигнуулж явдаг нөхдүүд байдаг шиг С.Батболд дарга энэ илтгэлээ хэзээд, хэний ч өмнө уншдаг даа. Тэр тоолонд тоо баримтуудад нь онцын их өөрчлөлт орохгүйг нь яана. А, Б-гүй цээжилчихсэн болохоор арга ч үгүй байдаг биз.

Түүний уншсанаас үзвэл Мон­гол Улс хөгжлөөрөө аль хэдийнэ АНУ мэтийн өндөр хөгжилтэй ор­ныг гүйцчихсэн тууж яваа. Социа­лизмын үед л манай дарга нар ийм аргаар ажлаа явуулдаг байсан байх.  Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддагт хуур­тагдчихаад бүх зүйл болж байна, бүтэж байна гэсэн лоозон илтгэл урсгана.  Зогсоо зайгүй тоть шиг давтах энэ үгэнд нь ард түмэн бат итгэдэг байсан тэр хуучин цаг хойно хоцорсон. Орчин үед ард түмэн бодит амьдралын үнэн, МАН-ын дарга С.Батболдын яриа хоёрыг ялгаж салгахтайгаа. 

Эрхбиш намынх нь хурал юм байна, ирэх хавар яажшуухан сонгуульдах тухайгаа харин зураг­лаадахсан нь шинэ байлаа.  Яана гэчихэв ээ, хуучин Ху нам модоо барьж сонгуульд орох юм гэнэ үү. Түүнийгээ хөгжлийн ч билүү, юуны ч билээ тодотгоод өгчихжээ. Зуданд хамаг малаа барчихаад харласан хотоо харж шилбүүрээс өөр тулах юмгүй зогсоо малчныг модоо барь­сан гэж хэлдэггүй билүү. Насаараа мал дагаж, нүүрээ нүүрс шиг харлаж, ширлэтэл нь нар салхинд гандчихаад адаг сүүлд нь хоосон хотоо самардан бархирах малчныг монголчууд модоо барьсан гэлцдэг. Авгай, хүүхнүүд ам зөрөхдөө үгүйрч хоосорсон нэгийгээ  модоо барьсан гуйлгачин ч гэж доромж­лох нь бий. Модоо барих гэдэг үгийг монголчууд ийм л утга учрын үүд­нээс хэрэглэхийг цээрлэсээр ирс­нийг мэдэхээс биш хөгжлийн төлөө мо­доо барьдгийг дуулаагүй юм бай­на. Одоо л юм юм дуулах нь гэгчээр МАН-аас их юм сонсох нь ээ.

Үнэндээ Ардын намын залуу­чууд модоо барихын мууг мэддэггүй юм байна. Уг нь монголчууд ёр бэлгэдлийг эрхэмлэдэг ард түмэн. Гэвч ард түмэн юуг бэлгэдэж, юуг цээрлэдгийг мэддэггүй цоо шинэ үе Ху намд гарч ирсэн нь энэ. Монго­лоо мэдэхгүй юм байж юун улсаа хөгжүүлэх. Цаана чинь муугаар хэлбэл модоо барьсан айл өчнөөн байна. Та нарынхаар бол тэд элбэг дэлбэг, хангалуун сайхан амьдра­лын төлөө модоо барьчихаад суу­гаад  байгаа хэрэг үү, үгүй юм. Хотоо харлуулчихаад төв газар бараа­даж, хоосон хонож, хог түүж яваа хүмүүс.  Модоо барих гэдэг бол ийм л муу ёрын үг.  Гэтэл ард түмэнд таалагдах гоё үг олоод, оноод хэлчихсэн юм шиг хээвнэг хэлж зогсох шинэ үеийн олигархиуд Ардын намыг өнгөлж байна. Ёс, цээрээ мэддэг ахмадууд, ард түмэн та нарын муу ёр зөгнөсөн энэ үгийг сонсоод тэнгэр бурхандаа залбирч суугаа. Монголчууд үгэнд хүч байд­гийг мэдэрч, түүний сайн, муу утга учрыг тунгаасаар ирсэн. Муу үг юу дагуулдгийг бүгд мэднэ. МАН-ынхны сонгууль бүрийн өмнө хэлдэг муу үгнүүд биеллээ яаж олдгийг ч харсаар ирлээ.  Юу билээ гэж бодож байгаа бол 2008 оны сонгуулийн түүхийг сөхөөд нэг үзье. М.Энхболдын Засгийн газрыг унагааж, МАХН-ын даамлаар сууж Ерөнхий сайдын сэнтийд заларсан С.Баяр “Ямар ч үнээр хамаагүй бид сонгуульд ялна” хэмээн ярьж бай­лаа. Сонсоход аймаар байгаа биз. Сонгуульд ялахын тулд хүн алж, хүрээ талахаас ч сийхгүй гэдэг нь эндээс ойлгомжтой байсан юм. Нээрээ ч С.Баяр 2008 оны сонгуу­лийг ямар үнээр хийснийг бид харсан. Мартаагүй байгаа.

Ардчилсан намынхан ашигт малтмалын баялгаас ард түмэндээ эрдэнийн хувь олгож, нэг сая төгрөг өгнө гэхийг тухайн үедээ С.Баяр сүйд майд болон хүлээж авч бай­лаа. Тийм тэнэглэл гэж юу байхав, тэгж гарын салаагаар урсгах мөнгө манайд байхгүй, тэгж эдийн засгаа сүйтгэж болохгүй хэмээн АН-ыг газар доогуур ортол нь муулж, буруушааж байв. Тэгсэн өөрөө бараг сонгуулийн урьд өдөр “Манай нам ашигт малтмалын баялгаас ард түмэндээ эх орны хишиг олгож 1.5 сая төгрөгийг өнөө маргаашгүй бэлнээр өгнө” гэж авдаг байгаа. Бүр улайх ч үгүй хэлж билээ. Ингэж Ху нам ард түмэнд их мөнгө амлаж, дөрвөн жилийн хууралт нь үргэл­жилсээр байна.  Худлаа амласан Ху-гийнхан сонгуулиар луйвар яаж хийдгийг яруу тодоор харуулсан. Тэд үхсэн хүнийг амилуулчихдаг, нэг хүнийг хэд ч болгож “олшруу­лаад” санал өгүүлчих чадвартай гэдгээ дахин мэдрүүлсэн юм.

Харин сонгуулийн дараа луй­вар хийсэндээ бантаж, баригдахаа болохоор барьц алдахдаа байраа шатааж, таван хүн буудаж аллаа. Хайран залуус, ард нь хичнээн ам бүл тэжээгчээ алдаж, амьдрал нь орвонгоороо эргэж, шар махтайгаа хатаа бол. Тэдний нулимсаар дэнчин тавиад зогсоогүй. 1000 гаруй иргэнийг хоморголон барив­чилж, 800-гаад хүнийг шоронд хийсэн юм.  Бууны суманд оногдож, зодуулж нүдүүлж шархны халуунд тарчилсан залуусыг тоолж барш­гүй. Насаараа эдгэхгүй шарх олсон ийм залуус хэдэн арваараа бай­гаа. С.Баяр ийм их үнээр сонгуульд ялалт байгуулсан юм. Үнэхээр тэр хэлсэндээ хүрсэн. Ингэж ард түмний нулимс, цусаар тэр ялалтаа баталгаажуулж билээ. Энэ бүхний эцэст сая С.Баярын сонгуулийн өмнө хэлээд байсан үг цэвэр большевик үзэл санаа агуулсан байжээ гэдгийг ойлгосон. Үнэндээ большевикчүүд 70 сая хүний амиар тоглож байж өөрийнхөө дэглэмийг тогтоосон гэдэг юм. Гэвч цусаар гараа угааж, хүний амиар тахил өргөснөөр оршин тогтносон энэ дэглэм удалгүй нуран унасан. Үнэндээ ийм адгийн хог шаараас дэлхий өөрийгөө цэвэрлэж чаддаг гэдгээ харуулсан нь тэр.

Энэ эмгэнэлийг нуухын тулд С.Баяр Ардчилсан намд найр тавьж сонгуулийн луйвраас үүдэлтэй гэмт хэргээ хаацайлах арга хайв. Баялгаа тэнцүүхэн хувааж авах хуйвалдаан хийхээр хамтарсан Засгий газар байгуулж, нэг сумаар хоёр туулай буудсан эр. Даанч таван хүний амьтай зайлш­гүй өөрөө холбогдоод байсан тул С.Батболд гэгч бизнесмэн нөхөрт албаа шилжүүлээд зугтаасан гэхэд болно. 

Халааг нь авсан С.Батболд харин сая намын Бага хурал дээрээ “Сонгууль ямар ч хуулиар явагдсан бай манай нам ялна” гээд хэлчихлээ. Энэ бол аюултай үг. Сонгуулийн хууль яаж гарах нь Ардын намд хамаагүй юм байна. Сурсан ёсоороо луйвраа хийгээд, хуулиа зөрчөөд ялалт байгуулах нь. С.Баяр ямар их үнээр сонгуульд яллаа. Тэгвэл С.Батболд ирэх хавар яаж сүйдэлж, ямар үнээр сонгуульдахыг бодохоос ч аймаар санагдаж байна.  Хөөрхий ард түмнийхээ амь, амьдралаар ингэж тоглож, бэмбэгэнүүлж байж эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн хэрэг юу байна. 

Ардчилал хөгжиж, улс орон даяаршсан энэ шинэ эрин үед уг нь аливаа улс төрийн хүчин, хувь хүн  сонгуульд заавал ялахын тулд биш  үзээд алдъя л гэж ордог болсон.  Харамсалтай нь хуучин Ху намынхан сонгуульд ямар ч үнээр хамаагүй, хуулиа зөрчөөд ялахын төлөө үхэн хатан тэмцдэг. Үнэндээ сонгуульд ялагдал хүлээвэл энэ намын хувьд үхэл болно гэсэн үг. Тэгэхээр аргагүй юм. Ардын намын гишүүд сонгуульд орж байгаа нь үхэх сэхэхээ үзэж байгаагаас ялгаа­гүй. Нэг нам гэлтгүй хоорондоо улайран өрсөлдөж, бүдрээд уна­вал татаад босгохын оронд дээгүүр нь гишгээд гарч мэдэхээр хүмүүс энэ намд байдаг юм. Ингээд бодо­хоор С.Баяр, С.Батболд нарын зөв. Юу ч болж байсан нүдээ аниад ялалтын төлөө зүтгэхээс биш яах билээ. 90 жил төр барьсан энэ  дэглэмд олон олон Каддафи, Сад­дам Хусейн, Мубаракийг төрүүлсэн нь ойлгомжтой. Тэд сонгуульд ялагдвал эргэж сэхэхэд хэцүү, тэр чигтээ дуусна гэсэн үг. Үнэндээ энэ дарангуйлагчид цөмөөрөө төрөөс төрсөн тэрбумтан байсан юм. Хүн эрх мэдэлтэй болох тусмаа түүний­гээ хамгаалах гэж зүтгэдэг. Тэрбум тэрбумаар нь мөнгө “идэх” тусмаа суудлаасаа буухгүйг хичээнэ. Үүнийг нь эсэргүүцсэн ард түмнийг дарангуйллаар дарж авахыг бодно. Гэвч ард түмэн нэг босвол юу болдгийг ливичүүд, египетчүүд харууллаа. Ард түмнийг номхон тэмээ шиг ноолж, басамжлан дором­жилж байсных нь хариуд дарангуйлагчдыг яаж цээрлүүлж, муу ч сайн ч толгойлогчоо гэж үзэхгүй харгис хандаж байгааг дэлхий нийтээрээ үзсэн. Үүний жишээ Монголд давтагдахгүй бай­хын аргагүй. Угаасаа дарангуйлаг­чид унахаараа нэг бол шорон эсвэл цаазын тавцанд очдогийг дэлхийн түүх сануулж байна.

Дашрамд хэлэхэд “Ху” намын хоёр лидер болох Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын маргааныг дээ­рэмчдийн толгойлогчдын хагарал­даан гэж ойлгохоос биш шударга ёсны тэмцэл хэмээн андуурах хэрэггүй. Хуучин, шинэ “Ху” намд тэр хоёроос илүү том луйварчин өчнөөн бий. Тэд илчлэгдвэл хөөр­хий Каддафи, С.Хусейн шиг өлгүү­рийн шонд савчиж мэднэ.  Тэгэхээр сонгуульд ялж, үүрд эрх мэдэлтэй явахын төлөө ямар ч хуулийг улан­даа гишгэж зүтгэхээс өөр яах ч билээ. Гэвч “модоо” барьсан тэд­нийг ямар ч хууль зөрчөөд ялна гэвэл ард түмэн зөвшөөрөх үү. Үгүй л болов уу.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Төрөө дээдэлдэггүй бөхчүүдэд төр нь цол өгдгөө болимоор юм

Хэдхэн хоногийн өмнө Монгол бөхийн өргөөнд болсон Улс тун­хагласны ойн барилдааныг бөх­чүүд тоосонгүй. Уг нь энэ барил­даан анхдугаар Үндсэн хуулийг баталж Бүгд Найрамдах Монгол ард Улсыг тунхагласны 87 жилийн ойн баярт зориулсан төрийн ёслол хүндэтгэлийн барилдаан байсан юм. Гэтэл бөхчүүд том, жижиггүй бүгд эл барилдааныг алгасчихлаа. Бай шагнал нь бага болохоор бөхчүүд барилдахаас цааргалжээ. Тэгсэн хэрнээ хэд хоногийн дараа болох “Бридж” группийн нэрэмжит барилдаанд аваргаасаа эхлүүлээд бүгдээрээ “Барилдана” гээд нэрээ өгчихсөн байна. Яагаад гэвэл энэ барилдааны бай шагнал, давааны мөнгө төгрөг нь харьцангуй өндөр юм гэнэ.

Улс тунхагласны ойн барил­даанд аварга С.Мөнхбат, улсын арслан Г.Эрхэмбаяр, Б.Ганбат, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Ч.Санжаадамба, Д.Рагчаа, Д.Баасан­дорж, харцага Ө.Даваа­баатар нарын бөхчүүдийг зодог­лоогүйд бөх сонирхогчид, Мон­голын ард түмэн гайхацгаасан. Энэ барилдаан наадам, цагаан сарын барилдаантай дүйх том барилдаан сан. Тэгтэл аварга, арслангүй бүгд л шагналыг нь голоод барилдсангүй. Эндээс манай бөхчүүдийн мөнгөнд дуртай, мөнгө хөөцөлддөг араншин нь ил харагдаж байна. Үндэсний бөх бүхэлдээ мөнгө хөөсөн хэдэн бөх­чүү­дийн талбар болчихсон юм биш үү. Хэдэн бор төгрөгөөс өөр юм бодохоо байсан бөхчүүд бэл бэнчинтэй л бол эмэг­тэй хүнийг хүртэл улсын начин болго­чихож мэдэхээр. Сэтгүүлч миний бие улсын начин болчихоод “Улсын эмэгтэй начин” гэгдээд явж байж магадгүй шүү.

Япончууд сумогоо спорт гэж үздэггүй. Шашны хэмжээнд хүн­дэт­гэн авч үзэж, ямар айхавтар дэг жаяг тогтоосныг манайхан мэднэ. Сумо тэр чигээрээ хүмүүжлийн зэвсэг, дэг жаяг, төрийн ёслол хүндэтгэл байдаг. Сумочид тэр ёс заншлаасаа өчүүхэн ч хазайлгүй, номчлон дагадаг. Монголын үндэс­ний бөх үүнтэй адил. Монгол бөхийн барилдаан бол төрийн ёс заншил, ёслол хүндэтгэлийн нэгэн хэлбэр. “Төрийн барилдаандаа зодоглоно оо. Төрдөө хүндэтгэл үзүүлж барилдахад унах давах нь яахав” гээд алс холоос бөхчүүд ирж төрийн наадамдаа зодоглодог байсан сайхан уламжлал бий. Гэтэл одоо тэр нь түүх болох нь. Бөхчүүд ёс жаягаа умартаад хэдэн халтар төгрөгийн төлөө төрийнхөө барил­дааныг үл ойшоож, бай багатай гээд тоохгүй байгаа нь монгол гутлаараа төрийн далбааг гишгэлж байгаатай утга ижил юм.

Бөхчүүд төрийн тэргүүний зарли­гаар төрөөсөө цолоо гардаж авдаг. Тэгтэл улсаа тунхагласны түүхт ойн барилдааныг юман чинээ бодолгүй ийн аашилж төрийн хайр хишгийг даадаггүй эрчүүд гэдгээ харууллаа. Ер нь тэгээд төрөө дээдэлж хүндэлдэггүй бөхчүүдэд төрөөс цолыг нь өгдгөө үүнээс хойш боливол яасан юм. Аймаг, сум, хотоосоо л цолоо авч байна биз.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Жил жилийн “БОЛОР ЦОМ”-ын сониноос

Хоёр мянга гурван он. Дамдин­сү­рэнгийн Урианхайн цом гарддаг жил. Их Урианхайг “Болор цом” авсанд утга зохиолын хүрээнийхэн байтугай уншигч олон өөрсдөө л “Янжинлхам”-аар шагнуулсан мэт баярласан даа. Энгийн иргэд гэгээнтэн гуайн цом авдаг жил гэж хэлэх нь холгүй, ихэд хүн­дэт­гэл­тэй­гээр ханддаг. Харин муусайн найз нар нь арай өөрөөр илэрхийлдэг санагдана. Ухаандаа, Дөнгөтийн Цоодол найрагч “Манай хой­лог (өнөө Урианхайгаа хэлж байна)-ийн түрүүлдэг жил” гээд хээв нэг өгүүлнэ шүү дээ. Эл үгэнд Уриан­хай зохиолч бүр нэг сэтгэл нь ханасан байдалтай аядуу зөөл­нөөр инээмсэглэж харагддаг сан. Тэрээр цом гарддаг жил(2003 он)-ээ урт даавуун дээл эгэлдэргэлэн, мөнгөн аралтай суран бүс бүсэлж, буурал үсээ арагш илбэн, насны амраг Цэндээдээ сугадуулчихаад мөн чиг эрхэмсэгхэн байж билээ. Монгол Улсын гавьяат багш, док­тор, профессор Дашлхүмбийн Галбаатараар ахлуулсан долоон шүүгч эхний даваанаас л Уриан­хай найрагчийг дэмжиж буйгаа илэрхийлэн хамгийн өндөр оноо тавьсан юм. Тэрээр Чөлөөт зо­хиолч­дын холбооноос зохион явуулдаг “Мөнгөн цом” наадамд оролцохдоо “Монгол гэр” гэсэн шүлэг уншин хасагдаж байлаа. Гэвч уг шүлгээ хэдхэн хоногийн дараа болсон “Болор цом”-д ун­шин хамгийн өндөр оноог нь авч байх жишээний. “Монгол гэр” бол үнэндээ сайн шүлэг байсан л даа. Урианхай найрагч сүүлийн да­ваанд “Шөнийн онгоц” шүлгээ уншсан. Сэтгэлгээний бас л сонин шийдэлтэй шүлэг. Тухайн бүтээ­лийн талаар хүмүүс одоо хэр нь ярьдаг. Харин хоёрын даваанд уншсан “Зүүдлэгдээгүй зүүд” гэж тун сонин шүлэг бий. Түүнийг нь олон нийт тэр бүр мэдэрдэггүй шиг санагдана. Тэрхүү шүлгийн мө­рүү­дээс сонирхуулъя л даа.

Айраг шуугих хөхүүр зүүдлэгдэнэ

Аралт тэрэгний хормойд ша­хат­нах шаазгай зүүдлэгдэнэ

Адуу тээрэх шаварт гарам, хавх ганзагалсан тарвагачин зүүдлэгдэнэ

АлтаадЧачиртын хүрлэгэр уулс­даа тэврүүлэн

Амраг ижий минь хүүгээ үнсүүлж буй нь зүүдлэгдэнэ

Сэрлээ

Харанхуй сэмэрчээ

Хулгайч сэмээр зовхио сөхөж

Аньсган завсраар гэгээ сүвлэх үүртэй золговол                

Асч дууссан лаа, дуусаагүй өгүүл­бэр

Монгол гэж бичих гээд

Том ганц М үсэг дөнгөж босгоод орхисон

Бичиж гүйцээшгүй урт үг

Ижийтэй минь цуг сэрээсэн нь ширээн дээр зэрэгцэнэ

Хананд, хөмсгөө ууртай зан­гид­сан Лев Толстой

Хажууд, эрхи зүүсэн буурал даяан­чийн шаазан баримал

Цаахна нь

Цаг, түүхийн салхич шувууКарл Марксын боть

Үүрийн гэгээнд баримжаалагдана

Ширээний ирмэгт

Өөртөө зүүдлэгдээгүй буурал толгой минь

Хөшсөн гараа дэрлээд

Овооны хадаг шиг навтарсан нооргууд дээрээ

Ов тов шүлс савируулж

Арслангийн зогдор шиг үсээ нөм­рөөд

Аг чиг дугхийчихсэн байна, сэр­лээ…” гээд үргэлжлэх бөлгөө. Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч, орчуулагч Гун-Аажавын Аюурзана уг шүлгийн талаар сэтгэгдлээ Урианхай най­раг­­чид хэлсэн байдаг. “Таны “Зүүд­лэг­дээгүй зүүд” бол сайн шүлэг. Гэхдээ та төгсгөлөө их муу хийсэн” гэж. Энэ тухай буурал найрагч маань баруун Алтайг зорьж явах замд хэлж билээ. Тэр жилийн цомд олон сайн шүлэг уншигдсан даа. Ц.Бавуудорж “Нэгэн цагийн хор­воо”, “Дорно”, “Цаг хугацааны хүлэг морьд”-оо, А.Эрдэнэ-Очир “Голын тохой дээр”, “Маргаашийн хорвоо”-гоо, Ж.Баяржаргал “Тэгэхэд би залуухан байж”, “Өвстэй орчлонд ургах шүлэг”-ээ, Ш.Лхамноржмаа “Чиний явсан мөр”-өө, Д.Баян­тун­га­лаг “Нэг л шүлэг ханхлах төдийд”, “Ийм л намрын төлөө”-гөө, Л.Болд­сай­хан “Наранбадмаа”-гаа дуудаж билээ. Тэдгээрээс яалт ч үгүй иш татмаар байна шүү.

Намар болоход ээжгүй хүн энгэрээ тэмтэрч нэгийг цөхөртлөө хайдаг юм

Ямархан марал од ч гэлээ тэнгэрт зүг чиггүй харвадаг юм

Солирын цохилтод далай өнгөн дээрээ амгалан ч гүндээ ёолж байдаг юм

Сонгодог зургийн догшид жаазан дотроо омголон дүртэй ч мөн чанар­таа бол уйлж суудаг юм

Ай лаа миний нэгэн цагийн хор­воо…” гэх
юм уу, эсвэл

Баруун мөрөн дээр минь амар амгалангийн суу билэг

Зүүн мөрөн дээр минь ариун дурлалын буурал хөгжимч завилсан

Амирлангуйн нууцат дорно билээ би

Өрнө миний айдас

Үүрийн туяаны минь алтан амс­рыг тэр хулгайлсан юм

Өрнө миний түгшүүр

Өрхний завсрын шаргал гэгээ, уяхан охидын минь ичингүйрлийг тэр халаасалсан юм

Өрнө миний эрхэм анд

Өвст тал, цаст уулсаа харам­ла­хад сургасан юм

Өрнө миний эрхэм нөхөр

Үргэлж намайг сэрэмжит цэцэн болгосон юм

Би Дорно

Сарны гуниг, сансрын нууц

Энэ миний тэргүүн гоёл

Саруул шөнө, анир гүм тал нутаг

Энэ миний дээдийн соёрхол

Тэнгэр миний гүн ухаан

Тэндээс бурхдын шаргал амьсгал сонсогддог юм

Дотогшоо урсах нулимсны минь цуурайнд

Долоон бурхан од дайвдаг юм

Орчлонгийн хүрэл хаалга чихран нээгдэхэд

Одогсдын алтан сүнс намайг тэндээс зорин ирдэг юм 

Би Дорно

Ханцуйдаа нуух зүйл гэж надад байхгүй

Хайрын шарх, амрагийн үнсэл­тийг харин нууцалдаг

Сар миний нууцыг мэднэ

Сайхан бүсгүйчүүдийн нууцыг тэр ч бас мэднэ дээ…” гээд уншихад үнэндээ аварга сонсогдож байсан шүү. Бавуу найрагч нэгэн үеийн гал цогтой найрагч Ж.Бая­р­жар­га­лын­хаа ард буюу гуравт давхиж байв. Харин дөрөвт А.Эрдэнэ-Очир, тавд Ш.Лхамноржмаа орж байсан са­наг­да­н­а. Авгаржин Жамсрангийн Баяржаргал гал маналзтал уншиж, их Урианхайн ар шил дээр дав­хи­сан. Тэрээр

Тэгэхэд би залуухан байж

Тэнгэрийн дор идэрхэн явжээ

Наран, саран хоёрыг анзаардаггүй

Навч, өргөс хоёрыг ялгадаггүй

Суумал бурхан, гүйгүүл адуунд эс дурлаж

Сур олсны ялгааг үл хайхарч

Бүрхэг өдрүүдийг бүтэн нартай мэт санаж

Бүрэнхий шөнүүдийг тэргэл сар­тай мэт бодож

Тэгэхэд би залуухан байж

Тэнгэрийн дор идэрхэн явжээ…” гэж омогхон хэлээд сүүлийн да­ваанд

“…Хан орчлонд аз жаргалын өвс­нүүд дуулалдан дээшээ ургана

Хас Дорнын найрагчид ганцаард­лын дор дошогшоо ургана хэмээсэн нь тухайн үедээ үзэгдэл болж байлаа даа. Өөрөө ч их хий­морь­той, сүртэй, иртэй хүн. Шүлэг зохиолдоо орохоороо бүр ч гаарч өгнө биз дээ. Харин өмнөх жилийнх нь цомын эзэн А.Эрдэнэ-Очир охид хүүхнүүдийн цээжинд явдаг өнөө “Голын тохой дээр” гэсэн шүлгээ уншиж, тийм нэг намуухан сонгодог орчныг бий болгосон юм шүү.

Газрын магнайнаас хөлөрч урс­сан Сэлэнгийн салаа тохой дээр

Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад

Ганц дуу чамд зориулан түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн

Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдралын мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь

Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь

Алсаас над руу урссан цаг хуга­цаа­ны зэрэглээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус захлаад

Нулимс сувдан бороо тэнгэрийн хаяанд цайраад болив бололтой

Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран

Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нэгэн хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл

Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр он удав

Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш

Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүү­лэн чамайг бодов…” гээд урсгаж өгсөн дөө хө.

Хоёр мянга дөрвөн он. Жамс­ран­гийн Баяржаргал найрагч эг­шиг­лэнт Янжинлхамыг гардаж, бичгийн мэргэдийн өлгий Төв айм­гийнх­ны “Болор цом”-ын тоог нэгээр нэмсэн наадам. Мань хүн сүүлийн даваанд Ш.Лхам­норж­маа­тай оноо тэнцчихэж билээ. Уншигч олон санаж байгаа даа. Бавуугийн Лхагвасүрэн ерөнхий шүүгчээр сууж байгаад сүүлийн шатанд хүүгээ хаслаа хэмээн олонд зар­лан, уг наадмыг хөтлөн явуулж байсан ардын зохиолч Пунцагийн Бадарчид “Үрээгээ хассан азарга гэж сонссоноос хүүгээ хассан найрагч гэж дуулаагүй юм байна” хэмээн  амаа таглуулж байсныг. Ингээд тэргүүн шагналын төлөө шүлгээ уншсан хоёр найрагчаас     “Дарангуйллын хаан оршил” шүлэг толгой илүү гэдэг нь шүүгчдэд байтугай үзэгчдэд мэдрэгдэж, олон түмэн “Баяржаргал” хэмээн дуу нэгтэйгээр хашгирч билээ. Ингээд тэр жилийн цомын тэргүүн шүлгийг хүргэе. 

Гарагс дундын солирын нислэг мандаалах

Гадаад далайг задлах үүсгэл, хий мананцар

Газраас тэнгэрийг тэлүүрдэн улайсган төөнөх

Гал түймрийн ухааныг би дарлах болно

Ангарагийн хөрснөө турадасаар сийлэгдэн чулуужсан

Агаарын хүрээлэнгээс халисан шинэ сонгодог үзэгдэл

Аварга эрхэс биетийг хий шингэ­нээр төлөвшүүлэн тогтоох

Амин усны чанарыг би дарлах болно

Дөрвөн цагийн боловсролоор нас, насанд багшлах

Дөмөн хүлэг атугай онгоцны хурд үл гүйцэх

Хаан суудал, үхэшгүй мөнхийн гүвэлзээ

Ханагар уул, сарьдгийн ухааныг би дарлах болно

Ерхөг, хиагны ганхаа энгийн сайхны гэрчлэл

Есөн гарагийн минь тэгш өндөр­лө­гийн төлөөлөл

Ертөнцийн орчих хүйс, хяз­гаар­гүй их эргэлт

Ембүү хээр талын ухааныг би дарлах болно

Наран орчлонд цэнхэр нөмрөгөөр  гангарсан

Ная, зуун сая жилээр өвгөрч залуужих

Эрдэнийн зайд огторгуйн уруу­лаас ойчсон индранил

Эртний гүн хагалбарт эх дэлхийн ухааныг би дарлах болно

Од мичидийн нөлөөлөл дор нас, сэтгэл устгагдан үгүйрэвч

Олон олон пуужин, дагуулыг газрын таталцлаас чөлөөлсөн

Хүйс хувиргаж, цахим төхөөрөг бүтээж, бурхад чөтгөрүүдээ төрүүл­сэн

Хүн төрөлхтний гүн ухааныг  би дарлах болно“. Ямар байна. Бас л аатай сонсогдож байгаа биз.

Хоёр мянга таван он. Жамьян­гийн Мөнхбат хэмээх Архангайн Батцэнгэлээс тодорсон залуу най­раг­чийн цом гардсан жил. Тухайн наадмын нэг дуулиан нь Баатарын Галсансүх найрагч байв. “Болор цом”-ын дэвжээнд сүүлийн арваад жил үзэгдээгүй тэрээр гэв гэнэт шүлгээ уншин олны нүдийг орой дээр нь гаргасан. Тэгэхдээ шигшмэл шүлгүүдээ уншсан.  Арга байж уу, Галсансүх бол Галсансүх л байх­гүй юу. Мань хүн “Чойномд бичсэн захидал”, “Бурханд хэлэх зөв­лө­гөө” тэргүүтэй шуугиант шүлгүүдээ уншиж, тэслээд орхисон ч аргагүйн эрхэнд дэд байрын шагнал авч билээ. Уг наадмын гуравдугаар байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Мо­лом­жамц, дөрөвдүгээр байранд баруун Урианхайн шүлэгч Хөөдөөгийн Эрдэнэбаатар шалгарч байсан. Х.Эрдэнэбаатар найрагч

Түрэг охины гишүү мэт харцанд

Түүдэг адил шатаж явахад минь

Жари эхийн тал нам гүм бороорхог

Жаахан тэр минь хөл нүцгэн байсан

Хацрынх нь хонхорт бороон дусал тогтож

Халгин инээхэд нь усан цацраг үүснэ

Мөнгөн лаа мэт бэлхүүс нь гэрэлтээд

Мөнөөхөн өдрийг минь зүүдлүүлж орхино…” гэж уншаад бас л шуу­гиул­сан удаатай. Ингээд тухайн наадмын тэргүүн шагнал хүртсэн Ж.Мөнхбат найрагчийн шүлгээс хүргээд эл удаагийнхаа тэмдэг­лэ­лийг өндөрлөе.   

Эх орныхоо дархан хилийг алтан шарилаараа зурсан

Эцэг өвгөдийн сүнс биднээс асууж байна

Эрхт төрийн сүлдэн биднээс асууж байна

Арга билэг зөрөлдсөн алтан соёмбо шиг

Арслан заан ноцолдсон аавын гэрийн хормой шиг

Ерөөл ерөөлийн нүд тааруулж хүслээ шивнэе

Есөн зоосны нүх тааруулж хүслээ шивнэе.

Жадны үзүүрээр Монгол гэдэг нэрийг

Хадны сүг зурагтай нь сийлж үлдээснийг амилуулж хайрла

Тургиж манддаг номхон улаан наран дор

Тулганы гал шиг бадарсан төрийг минь амилуулж хайрла

Буутай дайсан ирвээс онинд нь эхэлж орох

Бугтай нөхцөж ирвээс ширгэнд нь эхэлж орох

Булгилах энэ л зүрхнийхээ чин ганцхан хүслийг

Бурхан танд шивнэлээ шүү,

Бурхан чамайг бурхан өршөөг ээ“.

Үргэлжлэл бий

Categories
редакцийн-нийтлэл

Сонгуулийн бэлтгэл бааз Бага хурлын тухай

Шатсан байшингийн суурин дээр сүндэрлэсэн даруйдаа дахин бас шатаад амжсан Тусгаар тогт­нолын ордонд өчигдөр МАН-ын Бага хурал болов. Яг л хуучны адил намынхаа эсрэг зүйл ярьж болох­гүй, ардчиллын үнэр үнэр­түүлж болохгүй гэсэн зааварчил­гаатай болсон энэ хурлаас гишүүд нь ч олон зүйлийг хүлээгээгүй биз. Хурал эхлэхээс өмнө намын Удир­дах Зөвлөл хуралдаж, асуудлаа хайрцаглаад ороод ирдэг тэр л зарчмаараа болжээ.

Харин ч өнгөрсөн жилийн Бага хурал нь намын нэр солихын эсрэг үнэндээ намынхаа удирдлагуудын эсрэг байсан Н.Энхбаярыг багтааж байснаараа бас сонирхолтой, амьд болж байсан юм. Энэ удаа­гийн хувьд дотор нь байсан “дайс­нууд” нь гаднаа гарч, тэдний хэлд­гээр ус тос нь ялгарсан болохоор хуучны коммунист хэлбэрийн ху­рал болоход саад болсонгүй бо­лолтой. Тэгээд ч гишүүддээ удирд­лагуудаас аятай байхыг үүрэгдсэн болохоор хичээхээс ч өөр яахав.

Мэдээж, Бага хурал МАН-ын дарга, Ерөнхий сайд Сү.Батбол­дын илтгэлээр эхэлсэн. Удаан хугацаанд орон байргүй байж байгаад будаг нь ханхалсан бас жаахан утаа угаар үнэртсэн ч гэсэн шинэ байшиндаа хурлаа хийж байгаа болохоор сайхан л байсан байж таарна. Тэрбээр хийсэн бү­тээ­сэн, намынхаа өргөжиж дэвжиж байгаатай холбоотой олон барим­тыг дурдсан илтгэл уншжээ. Нэгэнт бид намын гишүүд биш учраас бидэнд намтай холбоотой мэдээл­лээс илүү зарим нэг мэдээ анхаа­рал татаад байгаа юм. Тухайлбал, бүх аймаг, хот, сум, баг, хороо суурин газарт МАН-ын 1793 үүр ажиллаж байгаа ажээ. Тэгээд МАН-ын Удирдах зөвлөлөөс анхан болон дунд шатны байгууллагуу­дын тоног төхөөрөмжийн шинэч­лэлд зориулан 600 гаруй сая төгрө­гийн хөрөнгө оруулалтыг нэг жи­лийн дотор хийсэн юм байна. Энэ онд гэхэд 100 орчим сумын намын хороогоо өөрийн гэсэн байртай болгожээ.

Бас намынхаа гишүүдийн бо­ловс­ролд ихээхэн анхаарч, 310 хүнийг ОХУ, БНХАУ, АНУ, Англи гээд гадаад орнуудад сургуульд явуулсан гэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд, тус намын дарга С.Батболд Д.Сүхбаатар, Х.Чой­балсан нарын хөшөөг хү­рэлд­сэн, Тусгаар тогтнолын орд­ноо ашиг­лалтад оруулсан гээд есөн бүтээлч ажлыг намынхаа 90 жилийн ойд зориулсан бэлэг хэ­мээж буйгаа илтгэлдээ дурджээ. Тэрбээр бай­рыг нь ашиглалтад оруулахад туслалцаа үзүүлсэн хүмүүс бас Соц Интернийн гишүүн намууддаа хурлынхаа индэр дээрээс талар­хал илэрхийлж байна лээ. Манай нийслэлийн зүрхэн тольтод боссон уг байрыг босгоход гадаадын намуудаас дэмжлэг үзүүлсэн ажээ. Энэ бол анхаарлын гадна үлдээх зүйл биш шиг санагдсан. Мөн хоёр хөршийнхөө улс төрийн намуудтай нягт ажиллаж байгаагаа дурдаж байна лээ. Бодвол манай хоёр хөршийн намууд гэхээр коммунист угшилтай намууд биз ээ.

Ер нь энэ хуралд суусан МАН-ын Бага хурлын гишүүд ч гэсэн асар их коммунизм үнэртсэн на­мынхаа хуралд таатай хандахгүй байгаагаа нухацтайгаар нэг нэгдээ илэрхийлж байсан би­лээ. Зарим шинэ тутам гишүүд нь нийгмийн ардчиллын тухай ярьдаг энэ нам одоо ч баас хатавч өмхий­гөө тавь­даггүй гэдэг шиг коммунист арга барилаа халж чадахгүй бай­гаад гутарч байгаагаа өөр хоорон­доо хөөрөлдөөд авч.

Намын даргын нь илтгэлд дур­дагдсанаар намын гишүүний шинэ­чилсэн бүртгэлээр 163882 гишүүн­тэй гэсэн албан ёсны тоо гарчээ.

Монголд хамгийн эрэлттэй ал­бан тушаалыг тодруул гэвэл магад МАН-ын Бага хурлын гишүүн гэсэн нэр дээгүүр давхих биз. Энэ намын Бага хурлын гишүүний тоо 256 атал одоо горилогчдын тоо 350 гараад явчихсан байгаа гэсэн. Өчигдөр болсон Бага хурлын эхэнд хоёр гишүүн нас барсныг зарлаад, эмгэнэл илэрхийлжээ. Мэдээж, хамтран зүтгэгчид нь хорвоогоос халих эмгэнэлтэй байлгүй яахав, гэхдээ тэнд горилогсдоор ирсэн хүмүүс дүүрэн байсан болохоор энэ мэдээллийг огт өөр өнгө аясаар хүлээж авсан гэнэ лээ. Үүнийг МАН-ын Бага хурлын гишүүд өөрсдөө хэлж байсан. “Бага хурлын гишүүн болох тийм л чухал болчихсон бололтой. Тэнд байсан хүмүүс бараг л инээдээ нууж байсан шүү” гэж. Гишүүдийн тооноос нь давсан хүмүүс Бага хурлын гишүүн болох гэж байгаа гэхээр жинхэнэ уралдаж уралцдаг юм байлгүй.

Энэ өдөр МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага НАМЭХ-ын зүгээс Бага хурлын гишүүнд санал болгох хүмүүсээ оруулж ирсэн байна. Уг нь өнгөр­сөн жилийн Бага хурлын өмнө МАСЭХ-ны ерөнхийлөгчийг өөр­чилж, НАМЭХ болгочих байсан боловч Ардын намын хүүхнүүдийн амбиц дийлдээгүй учраас өөрч­лөлт хийж чадалгүй ноднин жи­лийн Бага хуралтай тулсан юм. Харин өнгөрсөн хавар их хурлаа хийж, НАМЭХ болж нэрээ өөрчлөн, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг ерөнхийлөгчөөрөө сонгосноор энэ удаад тэд Бага хуралд шинэ хү­мүүсээ нэр дэвшүүлэх эрхтэй бо­лов. Энэ удаад нэр дэвшүүлсэн хүмүүс нь “Д.Оюунхоролын гарын хүмүүс байна, мэдээж дараа нь өөрийнхөөрөө л дуугарах хүмүү­сийг оруулж ирэх нь ойлгомжтой” гэж хүүхнүүд нь тэр хавиараа баа­хан шивэр авир гэсэн сурагтай.

Уг холбооноос дөрвөн эмэгтэй Бага хуралд орсон байна.

Бага хурлын үеэр МАН-ын ги­шүүд ойлгох байх харин бид ойл­гож чадахгүй нэгэн яриа болсон нь намын гишүүд нэг үзэл бодолтой байх тухай хөндөгджээ. Намын дарга ч илтгэлдээ ганцаарчилсан тоглолт хийж болохгүй гэснийг нь зөв гэж хүлээн авах гишүүд ч бай­сан бол бас үүгээрээ олон ургальч үзлийг хорих нь гэж үзэгсэд ч байжээ.

МАН-ын хувьд ёс зүйн дүрэмтэй болж байгаа бөгөөд энэ тухайд нэлээд ярилцжээ. Ёс зүйн талаас хөндөж тавьсан нь сайн хэрэг боллоо. Улс төрийн ёс зүй гэж зүйл алга болсныг сайн хөндөх хэрэгтэй гэх хэсэг ч нэлээд байжээ. Зарим босч үг хэлсэн хүмүүс намынхаа эсрэг үг хэлсэн хүмүүст хатуу шийт­гэл оногдуулах ёстой гэж их ярьжээ. Энэ нам дотроо үзэл бод­лын зө­рүүг үгүй болгох тухай биш харин ёс зүйн зөрүүтэй байдлаа өөрчлөх тухай яривал ард түмэнд л сайн байх. Мөн хариуцлагын тухай ярьдаг болох тухай, үүнийг нэр дэвших эрхтэй холбох талаар их ярьсан нь гишүүдэд нь нэгийг бодуулсан биз. Ерөнхий сайдаа огцруулах талаар өөр намынхан­тай нийлээд яваад байгаа гэж зарим намын гишүүдээ шүүмжлэх хүмүүс байсан ч хурлыг аль болох дэвэр­гэхгүй байж байгаад нам­дуухан болох аргыг аль аль талдаа баримталжээ.

Энэ удаагийн Бага хурал 2012 оны УИХ-ын Сонгуулийн өмнө болж буй хурал гэдгээрээ онцлог. Тийм ч учраас намын удирдла­гуудын зүгээс сонгуулийн өмнө хүчээ нэмэгдүүлж бүтцийн өөрч­лөлт хийхээр шийдсэн нь нэлээд эртнээс мэдэгдэж байсан. Бас энэ удаад орон тооны хоёр, орон тооны бус хоёр нарийн бичгийн дарга оруулж ирж байгаа нь ч сонгуулийн өмнөх бэлтгэл биз ээ.  Эмэгтэйчүүдийн төлөөлөл болж намын нарийн бичгийн даргатай болж байгаа бөгөөд уг орон тоон дээр бат­лагдсан Д.Сарангэрэлийн хувьд энэ намтай холбогдсон түүх боги­нохон. Гэхдээ намд орж ирэн­гүүтээ Удирдах Зөвлөлийн гишүүн болсон зангарагийг нь бодохоор нарийн бичгийн дарга болсонд нь гайхах зүйлгүй. Бодвол түүний хэвлэл мэдээллийн салбар дахь туршла­гыг нь сонгуулиар ашиглах төлөв­лөгөөтэй байх. Өөр нэг на­рийн бичгийн дарга нь НАМЗХ-ны ерөн­хийлөгч Л.Оюун-Эрдэнэ. На­мын дэргэдэх залуучуудын бай­гуул­­лагыг удирдахаасаа өмнө МАН-ын Улс төрийн байгуулалтын хэлт­сийн даргаар ажиллаж байсан болохоор намын аппаратад орж ажиллах нь шинэ зүйл огт биш. Шинээр гарч ирж буй стратегич гэж нам дотор нь түүний талаар ярил­цах болсныг дуулбал, түүний энэ чадварт нь намын зүгээс най­даж байж болох юм. Бас л Удир­дах зөвлөлийн гишүүн. Энэ өдөр на­маа­саа итгэл хүлээж шинэ албан тушаал хүртсэн гурав дахь Удир­дах зөвлөлийн гишүүн нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүв­шин. Цагтаа намдаа ерөнхий на­рийн бичгийн даргаар ажиллаж явсан түүнд нарийн бичгийн ажлыг орон тооны бусаар хашихад түвэг болохгүй биз. Хотын фракцын гэсэн тодотголтой, Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа мөн орон тооны бус нарийн бич­гийн даргаар сонгогдсон байна. Түүнийг НАМЭХ-ны ерөнхийлөг­чид өрсөлдөх хүчтэй нэр дэвшигч гэж үзэгсэд олон байсан ч намын бодлогоор нэрээ татаж байсан санагдаж байна. Ерөнхийдөө МАН нарийн бичгийн дарга нарынхаа чиг үүргийг нарийсгаж, шинээр хүмүүс сонгож, сонгохдоо нэлээд шигшиж, хүлээн зөвшөөрөгдөх хүмүүсээр эгнээгээ тэлсэн нь арга­гүй л сонгууль дөхсөнийг баталж байна. Дээрээс нь МАХН хэмээх амаргүй нэр, угшил нэгтэн байгаа учраас хичээх нь хэр биз. Хөдөө орон нутагт МАХН, МАН-ыг хүмүүс төдийлөн ялгаж салгаж ойлгохгүй байгаа нь энэ намынхны хамгийн ойрын үед шийдвэрлэх асуудал хэмээж, өрсөлдөгчөө АН бус МАХН гэж харж байгаа нь ч энэ хурлаас тод мэдрэгджээ. Ерөнхийдөө МАН-ын Бага хурал болдог зохиолын­хоо дагуу болсноороо онцлогдох зүйлгүй. Сонгуулийн өмнөх гэдгээ­рээ “дайн”-ы өмнөх бэлтгэл бааз нь энэ Бага хурал болж өглөө.

Categories
редакцийн-нийтлэл

Дутуу “Монгол поп”

Дуучин Д.Болд “Монгол поп” тоглолтоо “UB palace”-ийн  кон­цертын их танхимд гурван өдөр дараалан тавилаа.

Тоглолтын нэр “Монгол поп” ч энэ урсгалыг илтгэх дуу тоглолтын турш эгшиглэсэнгүй. Эхлэл, төгс­гөлд нь л эл урсгалын дуунуудаа сонирхуулав. “Хагацаж чадах уу”, “Гэгээн домог”, “Яаж чи өөрчлөв өө”, “Яагаад гэдгийг хэлээч”, “Чам­гүйгээр би уйтгар гунигийн хаан”, “Хос гэрэлтэх од”, “Хайртай хү­ний­хээ гар руу гүйгээрэй”, “Зөвхөн чам руу” зэрэг хуучин цомгуудад нь багтсан, радиогоор залхтал цан­ги­насан дуунуудаа тоглолтын өрнөл, оргил, тайлал хэсэгт хүр­гэсэн нь монгол попыг мэдрэх гэж ирсэн үзэгчдийн сэтгэлд хүрсэнгүй. Эхлэл хэсэгт монгол поп урсгалаар туурвисан шинэ соргог бүтээ­лүү­дээ хүргэчихээд араас нь  хуучин, чихний хажуугаар сул асгараад өнгөрчихдөг дуунуудаа сонир­хуул­сан нь эхлэлд мэдэрсэн мэд­рэм­жийн эрч хүчийг унагаачихсан. Тоглолтын тал хувийг хуучин дуу­нууд эзэлсэн нь таагүй сонголт болжээ. Хэрэвзээ тоглолтод дуу­лаг­дах дуунуудын харьцаа ийм байх байсан бол тоглолтын нэрийг арай өөрөөр өгөх байж шүү.

“Монгол поп” тоглолтод хуучны дуунуудынх нь “порц” ихэдсэнийг эс тооцвол тоглолтоос шинийг эрэлхийлэхийг эрмэлзсэн уур амьс­гал, дүр мэдрэгдсээн. Нөгөө талаар уг тоглолтод монгол поп урсгалын дуунууд цөөн дуулагдсан нь энэ урсгал шинэ тутам, саяхан “мэндэлсэн” болохоор уг урсга­лаар бүтээгдэх дуу цаг, минут  бүрт “үйлдвэрлэгддэг” нийтийн дуунаас ангид, дээд түвшнийх гэдгийг ха­руул­чих шиг. Гэхдээ тоглолтод дуулагдсан монгол поп урсгалын дуунууд цөөхөн ч гэлээ хамаа­рагд­сан урсгалаа мэдрүүлсэн, монгол поп гэж ямар урсгал байдаг, энэ урсгалаар яаж дуулдгийг ха­руул­сан чансаатай бүтээлүүд байв.

Тоглолтын эхэнд дуулагдсан монгол попуудаас “Гоо амраг” дууг энд онцолъё. Энэ дуу “Монголын язгуур урлаг+поп” гэсэн томъёол­лыг бүрэн харуулна.

Хорьдын саран мандаад ирэхээр

Хоргой дээлийн хээ тодорно

Хоёр бие чанадын хол ч гэлээ

Холбоо сэтгэл минь хувиршгүй

Гоо амрагийн зүрхэнд

Хаврын яргуй шиг хайр дэлгэрнэ

Уулсын өвөр шиг халуун хайранд

Учран золгоход хоёр сэтгэл яруусна.

Дууны шүлэг нь монгол ардын урт болон богино дууны улам­ж­лалт арга барил, хийцийг өөртөө шингээжээ. Харин аялгуу нь уртын дууны шуранхай, ардын язгуур хөгжмийн дуугаралтыг поп хэм­нэлтэй хослуулснаараа монгол поп урсгалын амрагийн дууны том төлөөлөл болно. Харин “Хээрийн салхитай аялгуу” дуу бол МОНГОЛ ПОП урсгалын том үзэгдэл. Уртын дууны шуранхай, ятга хөгжим, хөөмий, морин хуурын татлага гээд Монголын урлагийн үнэт элемен­түүдийг поптой сүлэлдүүлснээрээ энэ бүтээл монгол поп урсгалыг манай орчин цагийн рок попын ертөнцөд тунхаглан зарлаж бай­гаа юм.

Хангал хүлэг минь дөрөөн чимээтэй

Хамаг Монгол минь дорнын судартай

Ихэр чавхдас нь Хүннү цартай

Эгшигт хуур минь дэлхийд аялгуутай

Уудам дорнын ард түмэн нь Монгол нэртэй

Аялгуу дууны дээдийн шүтээн нь морин хуур минь ээ

Уянгат хуурын аялгуунд нь увдис нууцхан

Уртын дууны цээлхэн айзамтай нартыг уяраах хуур минь.

Тоглолтын үеэр дуулсан 21 дарь эхийн тухай дуу цамын бүжиг, шашны дуулал, маани мэгзэм, попыг нэгтгэснээрээ энэ тоглолтын гол утга учир болсон Монгол попыг гаргаж өгсөн.

Монгол поп урсгалыг дуучин Д.Болд шинээр бий болгочихоод байгаа хэрэг биш л дээ. Монголын урлаг, утга зохиолд ийм нийлмэл, холилдсон үзэгдэл 1990-ээд оны эхэн үеэс ажиглагдсаар ирснээ  сүүлээр нь хүчээ авсан. Тэгээд 2000 он гараад шинэ ша­танд гарч ирсэн юм. Поп гэлтгүй хип хоп, beat box, рок гээд бүхий л төрөл жанрт уламжлалт урлаг, язгуур урлагийн хөгжмийн дууга­рал­тыг ашиглах, нийлэгших үзэг­дэл хэвийн зүйл болчихсон.

Харин дуучин Д.Болд уг урсгалд “Монгол поп” гэдэг нэрийг өгч илүү сонгодог талаас нь гаргаж, хув­цас­лалтын хэв маягаа ч тэр жишигт нийцүүлсэн. Монголын урлаг, утга зохиол, шоу бизнесийн ертөнцөд Монголын язгуур урлагийг гадны хөгжмийн урсгалтай сүлэлдүүлж хольсон нийлэгших буюу синк­ретизмийн аргаар хийсэн дуу хөгжим, урлагийн бүтээл олон зуугаар тоологдоно шүү.

Д.Болд тэр үзэгдлийг Мон­гол­доо л ээрүүлдээд байхыг хүсээгүй учир ийнхүү нэр хаягтай болгож дэлхий нийтэд зарлаж байна. Энэ урсгалыг менежменттэйгээр гар­гаж ирж, Ази гэлтгүй дэлхийд гар­гах гэсэн эх оронч, залуу хүний хувиар хөдөлмөрлөж байгаад нь Д.Болдод талархах хэрэгтэй.

Харин “Монгол поп” тоглолтын хувьд дуучин маань жаахан яар­чихав уу даа. Монгол поп урс­га­лаар нэлээд олон бүтээл туурвиж, түү­нийх нь талаас илүү хувийг ард түмэн ойлгож сонсоод хүлээн авсан тэр цагт л сая үзэгчдийн хүлээлтийг үндэслэсэн энэ тог­лол­тоо дан монгол поп урсгалын дуунуудтай хүргэсэн бол дүүрэн тоглолт болох байв. Тэгтэл “Мон­гол поп” гэж нэрлэчихээд монгол поп урсгалаар бүтээсэн дуунуудаа амсуулах төдий хүргэсэн нь энэ тоглолтыг дутуу болгочихлоо.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Обамаг хар л даа, тэр бүгдэд боломж олгох тухай ярьж байна

Эрх баригчдынхаа явуулж буй бодлого үйл ажиллагааг буруу байна хэмээн жагсаж эхэлсэн  АНУ-ын “Уолл стритийг эзэл” хөдөл­гөөнийхөн саяхан Нью-Йоркоос Вашингтонд хүрчээ. Тэд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг нэгэн сургууль дээр эдийн засгийн та­лаар илтгэл тавих үеэр “Ноён Ерөнхийлөгч өө, тайван жагсаал хийж буй олон мянган хүнийг ба­ривчлаад байна” гэж хашгиралд­жээ.

Барак  Обама тэднийг тайвш­рахыг сануулаад “Хичээн зүтгэж ажиллах юм бол хүссэндээ хүрэх боломж бүгдэд бий гэх ойлголтыг “Уолл стритийг эзэл” хөдөлгөө­нийхөн үгүйсгэж байна. Америк бол хэсэг бүлэг хүмүүст боломж олгодог орон биш. Бүгдийн өмнө боломж олгодог орон. Ийм хэвээр байлгахын төлөө бид ажиллаж байна” гэж  хэлжээ.

Том улсын Ерөнхийлөгч том дуугарчээ.  Обама шиг ингэж хэлэх сачийтай нь манай улстөрч гэгдэх нөхөд дотор алга. Улс орон удир­даж байгаа хүмүүст ч алга.  “Бүгдэд адилхан боломж олгохын тулд хичээнэ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлж байхад манайд эсрэгээр хэсэг бүлэг хүмүүст боломж олгодог. Хэсэг бүлгийн эрх ашгийг хамгаал­даг. Цаана нь тэр ард түмний ихэнх нь ядуу зүдүү байгаа эсэх нь манай төр түшиж байгаа нөхдөд падгүй.

Эрх баригчдын эсрэг хэн нэгэн дуугарч, жагсаал цуглаан хийвэл  толгойлогчийг нь барьж аваад тойглоод эхэлдэг. Үүнээс нь болоод үнэнээсээ эрх, эрх чөлөөнийхөө төлөө тэмцдэг,  дуугарах  биш эрх баригчдын анхааралд өртөж, тэд­нийг айлгаж сүрдүүлээд оронд нь хоолондоо хүрч, эрх баригчдаас өөртөө хэрэгтэй амлалт өгүүлэх хүсэлтэй жүжигчид олширсон.

Эхэндээ жагсаал цуглаан, тэм­цэл, шинэчлэл гэдэг жинхэнэ ут­гаараа байсан гэдгийг бас үгүйсгэж болохгүй. Сүүл рүүгээ муухан найруулсан жүжиг болж хувирсан ч одоо ч хуурамч тэмцэгчдийн хоолондоо хүрэх гэсэн энэ арга өөрчлөгдөөгүй байгаа. 

Эрх баригчид дуугарсан хү­мүүсийг хэрхэн хоолонд нь хүргэж байсан талаар саная. 

УИХ-ын гишүүн, олонхийн бүл­гийн дарга Ө.Энхтүвшин “Уламж­лал шинэчлэл-Ардчилал шударга ёс жигүүр”-ийг байгуулж намдаа шинэчлэлийн салхи салхилуулж байсан нэгэн. УИХ-ын гишүүн ч үгүй, ажил ч үгүй явсан тэр үедээ  намын шинэчлэл ярьж, жигүүрийг байгуулж байсан. Хэдийгээр албан тушаал­гүй үлдсэн хүмүүсийн бөөг­нөрөл гэж хардагдаж, өөрсдөө ч үүнийгээ эсэргүүцэж байсан ч  жигүүр үүргээ гүйцэтгэж байсан. Намын удирд­лагууд сандарч, тэ­дэнтэй уулзан учир байдлыг нь сонсдог байлаа. Зарим нэг нь дургүйцлээ барьж дийлэхгүй элд­вээр нь хэлж, буудчих юмсан гэж хүртэл хэлж байсныг уншигчид санаж байгаа. Ингээд байж байтал жигүүрийн удирдагч УИХ-д нэр дэвших эрхээ авч жи­гүүрийн ги­шүүд нь ч толгойлог­чийнхоо төлөө халаасаа хоосортол хувийн машин тэргээрээ Хөвсгө­лөөр нэг давхиж байж сонгуулийн ард гарсан. Ө.Энх­түвшин ч ялсан. Сонгуулийн маргааш л хамт тэмцэж явсан нөхдөө мартаж, жигүүрээ жийсэн дээ. Ө.Энхтүвшин одоо УИХ-ын гишүүн, олонхийн бүлгийн дарга. Цаашлаад намын дарга, Ерөнхий сайд хийчих дайны хү­мүүсийн тэргүүн эгнээнд яригдаж байгаа. Ямар ч байсан тэр хоо­лондоо хүрсээн. Түүний тэмцэл намд нь биш, найз нөхдөд нь бус,  өөрт нь ашигтай туссан. Жигүүрийн анх­дагчдаас хоолондоо хүрч, ал­бан тушаалд хүрсэн хүмүүс бас бий. Зам тээвэр барилга, хот байгуу­лалтын төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан А.Базархүү Улаан-Үүдэд консул, УИХ-ын гишүүн асан Ц.Ший­­рэвдамба Мэргэжлийн хя­налтын газрын даргаар, Д.Мө­рөн  Гадаадын иргэн харьяатын газрын даргаар, Р.Содхүү Мэргэжлийн хя­налтын газрын даргаар очицгоо­сон.

Хүний эрхийн өмгөөлөгч М.Ичин­норов байна. Иргэний хө­дөлгөөнд үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж, эрх баригчдыг шүүм­жилж явсан бүсгүй гэнэт л Ардын намд элссэн нь олон хүний нүдийг орой дээр нь гаргасан. 

“Шинэ
эргэлт” гэж намын ши­нэч­лэл ярьдаг хөдөлгөөн байв. Жигүүрийн дараа гарч ирсэн.  “Шинэ эргэлт” хөдөлгөөний гол төлөөлөгч нь Н.Цагаанхүү, Ч.Жар­галсайхан нар. Уг нь намынхаа авлигачдыг олонд зарлана гээд явж байсан. Олон ч хүн тэднийг намаасаа төрсөн тэрбумтнуудыг зарлах нь гэж хүлээж байлаа. Харин тэд тэгсэнгүй. Одоо Ч.Жар­галсайхан Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд. Н.Цагаанхүү намын Ёс зүйн хорооны даргаар ажиллаж байгаа.

Хамгийн сүүлийн жишээ иргэн Б.Лхагважав. Эрхэлдэг бизнесээр нь “Урбанек”-ийн ч гэдэг. Үүсгэсэн  хөдөлгөөнөөр нь “Үндэсний соём­бо”-ын ч гэж тодотгодог. Эрх ба­ригчдыг шүүмжилж, жагсаж, цуглаж, Үндсэн хуулийн Цэцэд хандаж явсан түүнийг  гэнэт МАН-ын үүрэнд иччихнэ хэмээн хэн ч санаа­гүй. “Олон нам санал тавьсан ч тэдэн дотроос МАН-ыг сонгосон” гэж тэрээр хэлсэн байна лээ. МАН-ыг шүүмжилж, эрх баригчдыг элд­вээр нь хэлж, болох бүтэхгүйг нь  дуудаж явсан тэрээр гэнэт л МАН-д элссэнийхээ дараа “Энэ нам шинэчлэгдэж байгаа” гэж ирээд л “МАН-д элссэндээ жигтэйхэн баяр­тай байгаа”-гаа дуулгасан нь ха­чирхмаар. Одоо тэрээр Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаа билээ. МАН-ын өвөрт Ардчилсан нам орлоо гэж хашгирч явсан тэрээр Ардын на­мын өвөрт өөрөө шургасан нь энэ.   

Одоо Үйлдвэрчний эвлэлийн толгойлогч С.Ганбаатар цалин хөлс нэмүүлэх, багш нарын ажил хаялт гээд өөд уруугүй тэмцэх болов. Ардын хүүхдүүд ном эрдэм сурах тэрэнд падгүй, багш нар л цалинтай болох нь чухал гэнэ. Түүнийг ч бас дараагийн ээлжинд хоолондоо хүрэхээр тэмцэж байгаа хүний нэг гэдэг.

Дээрх жишээнүүдэд дурдагд­сан хүмүүсийн зарим нь тэмцэж яваад эрх баригчдад шүүрүүлж, хоолон­доо хүрч, тэдний эсрэг ам ангайх эрхгүй болсон. Зарим нь өөрсдөө сайн дураараа тэмцлээр айлгаж, шинэчлэлээр далайлгаж албан тушаалд очсон. Мөн энд нэр дур­дагдаагүй олон хүн үлдсэнийг хэлэх хэрэгтэй. Ер нь манайд гарч ирдэг элдэв жагсаал, тэмцлийн толгойлогч яаж ийгээд л эрх ба­ригч­дийн атганд орж, сэтгэлд багтаж, татаасанд явчихдаг нэг тийм увай­гүй урвагч болдог, болгодог жишиг тогтчихлоо. Толгойлогчийг нь ху­дал­даж авдаг. Тэгээд тэр тэмцэл зогсдог.

Тэмцэл гэдэг эрх баригчдын өвөрт шургах, тэдэнд урвах шар­вах, албан тушаалд очихын нэр биш. Одоо бол манай эрх баригчид хэдэн олигархиудаараа амьдра­лыг төсөөлж, ард түмнээрээ даа­жигнаж байгаа. 

АНУ-ын Ерөнхийлөгч бүгдийг боломжид хүргэх
тухай ярьж бай­даг. Манайх толгойлогчийг нь ху­далдаж авах замаар асуудалд ханддаг.
Манайд тэмцэл гэдэг нэртэй  эрүүл бус үр дагаврыг бий болгодог арга зам байдаг болчих­лоо.
Дараа  ээлжнийхэн хоолон­доо дугаарлахын тулд
тэмцдэг болсон нь хэвийн зүйл.
Урвах, үзэл бодлоо солих,  нийгмийг худалдах жирийн үйл явдал шиг болгож өөгшүүлж нийгмийг улам зэрлэгшүүлж хүн
чанаргүй, увайгүй болгож байна Тэмцлийн үр дүн бүгдэд
адилхан боломж олгохын төлөө байдаг. Тэмцэл бол хэн нэгэн
хоолонд хүрдэг хэрэгсэл биш.
Манай удирд­лагууд хэсэг бүлэг
хүний хоолны тухай боддог,
эсвэл өөрсдөө албан тушаал, эрх мэдэлтэйгээ
үлдэхийн  тулд тэмцэгчдийн толгойлогчийг худалдаж авдаг.
Обама шиг зориг­той дуугарах удирдагч Монголд одоо хэр нь алга. Зориг нь байсан
ч хүсэл нь байхгүй. Яагаад гэвэл тэд хэсэг бүлэгт л үйлчилдэг.

Categories
редакцийн-нийтлэл

Жалгандаа морь уралдуулж, хавчаахайгаар нааддаг үе дуусна

Азийн морин уралдааны хол­бооны дэд ерөнхийлөгч Сержент Гаи монгол морь­дын шандас хур­дыг дэлхийд гайхуулах боломжтойг ма­най­ханд дуулгалаа. Тэрээр Монголын морин спорт, уяач­дын холбооны урилгаар ма­найд айлч­лах үеэр Шадар сайдад энэ тухай дэлгэрэнгүй танилцуулсан юм. Ирэх оны долдугаар сард болох Азийн морин уралдааны холбоо­ны хурлаар Монгол Улсыг бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх та­лаар санал оруулахаар бол­жээ. Сержент Гаи Олон улсын морин уралдааны холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүү­ний хувьд манай­хыг олон улсын холбоонд элсүүлэх талаар дэмжинэ гэдгээ илэр­хийл­сэн байна. Ийнхүү Мон­го­лын хурдан хүлэг, морин уралдаан дэлхийн бусад ул­суу­дад танигдах цаг үе ирж байна.

Мод тохож жалгандаа морь уралдуулаад, хавчаа­хай­гаар наадаад хэн ч тоох­гүй гэдгийг бид хангалттай мэдлээ.

Наадам жалга, дэнжээс халил­гүй,
монгол морьдын гайхамшигт шинж чанар хи­лээс цааш цуурайлаагүй бай­сан түүх үүгээр дуусч байна.

Морины талаар түмэн мэдлэг, буман туршлагатай үе дамжсан уяачдаас эхлээд морин урал­даа­наас хэрхэн мөнгөжиж, хурдан морины наймааг яаж уран гоё хийдгийг харуулдаг олон чадвар­лаг бизнесмэн эрчүүд Монголын морин уралдааны хүрээнд олон арваараа бий. Тэд хаанахын наа­дамд ямар морио уралдуулаад хич­нээн төгрөг олж болдгийг нарийн тооцоолоод гаргачихдаг сүйхээтэй харчуул. Манай морин спортын холбоо олон улсын мэр­гэжлийн спортын холбооны гишүүн болох боломж бүрдэж буй энэ цаг үед уяач, бизнесмэнүүдэд эцэг өвгөдөөсөө өвлөгдөн ирсэн мори­ны бүхэл бүтэн шинжлэх ухаанаа ашиглан дэлхийд өрсөл­дөх хэм­жээний монгол хурд гаргаад ам.дол­ларын урсгалаас эх орон руугаа суваг татах арга зам нээгдэж бай­гаа юм биш үү.

Дэлхийн алдартай баячуудын мөнгөө эргүүлдэж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар нь морин тойр­гуулга. Тэгэхээр манай уяач-биз­нес­мэнүүдэд олон улсын морин тойруулгад холын зайд цуцдаггүй монгол хурдан хүлгээ уралдуулаад ахиухан шиг мөнгө босгох ажил ундарч эхлэв бололтойдог. 

Хусуураа бүсэндээ хавчуулаад, зуны гурван сард наадам хэсч морио уралдуулдаг чадварлаг уяачдыг жалганаас нь гаргаж ирээд дэлхийн уралдаан руу оруулах хэрэгтэй. Хурдан хүлгийн нуруун дээр өссөн багачуулаас дэлхийд гайхагдах шилдэг унаач гарч ирэхийг ч үгүйсгэхгүй.

Азийн хурдан морины холбоо­ныхон манайхыг холбоондоо элсэ­хийг зөвшөөрч байгаа нь дэлхий манай адууг, уяачдыг сонирхож буйн илрэл. Баруундаа алдартай морин тойруулгын эздийн монгол адууны шинэ үеийг тойруулгадаа уралдуулснаар “дийлдсэн” баячуу­дын анхаарлыг татаж морин урал­даанд шинэ салхи оруулах гэсэн захиалга ч явж байхыг үгүйсгэхгүй.

Ийм болохоор бид морин спор­тоо мэргэжлийн, олон улсын жишиг рүү ойртуулах талаар бодож эхлэх нь зүйтэй. Морин уралдаан ч гэлтгүй үндэсний сурыг ч бид өөрч­лөх хэрэгтэй. Харваачид зэвтэй, халх, буриад, үндэсний харваа гэсэн учир утгагүй олон янзын харваан дунд эргэлдэж сурын зурхайд тоосондоо дараг­даж байс­наас олимпийн наадамд байт харваагаар өрсөлдвөл юм дуулгаж мэднэ.

Ямартай ч монголчуудад үндэсний спортоо түшиглээд олим­пийн тавцнаас байт харваагаар медаль, морин тойруулгаас мөнгө олж болох боломж бүрдээд байна. Хэрэв бид энэхүү боломжуудаа соргогоор ашиглавал жалгандаа морь уралдуулж, хавчаахайгаар нааддаг байсан эртний үлгэрээ сая нэг юм дуусгана.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Жил жилийн “БОЛОР ЦОМ”-ын сониноос

Ерэн есөн оны “Болор цом”-д уншигдсан, өнөө хэр нь олны сэтгэлд хадаатай явдаг шүлгүүдээс дээжлэн хүргэж байгаа билээ. Эл удаагийнхаа тэмдэглэлд ч үргэлж­лүүлэн хүргэе. Цэндийн Чимэд­дорж найрагч хоёр дахиа авсан наадамд тийм нэг галтай шүлгүүд уншигдсан байдаг. Ту­хайл­бал, Д.Нацагдоржийн шаг­налт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж

Намхаан хээр адуу хүртэл гүйгээд очих нутагтай байтал

Намгийн алтан мэлхий ч гэлээ уяран дуулах цөөрөмтэй байтал

Уул уулсыг давуулан уураг мөөмөөрөө хурайлсан

Уйлаад л золгодог ижийтэй хүний үр л хөөрхий

Цэвцгэр шаргал үүлс хүртэл нүүгээд очих уултай байтал

Цэнгийн мөнгөн цуваа ч гэлээ шуугиад очих устай байтал

Ус усыг гатлан уураг цай нь үнэртсэн

Утаат бор үүртэй хүний үр л хөөрхий

Хонгортох халиун намрын сэмбэрүү цагаан исгэрээ

Хоргодон нөмөрсөн буданг урагдтал үлээх юм, ээж ээ

Алтанхан зоо нь хяруутай намрын халтар буга

Аюулхай цээжний минь мананг эврээрээ сэжлэх юм, ээж ээ…” хэмээн “Намрын цагаан саран дор ээжтэй­гээ” шүлгээ уншиж байлаа. Бавуу найрагч тэр жилийн цомд өөр нэг сайхан шүлэг уншсан нь “Мон­голын их хувь тавилан” байлаа.

Хүлэг морин хавартаа хуурдаж гүйдэг Монгол сон

Хөх ногооны униарт ээж минь хүлээдэг нутаг сан

Хар сүлдийг дүрэлзүүлсэн дээд­сийн алтан уулс сан

Хан буурал түүхийн утаа зуусан баринтаг сан

Тэнгэрийн цэнхэрлигт Хун тайжийн санаашрал дуралзана

Тэнгэрийн цэнхэрлигт Хулан хатангийн зүүд дуниартай

Тэнгэрийн цэнхэрлигт Өндөр гэгээний бурхад зүүрмэглэнэ

Тэнгэрийн цэнхэрлигт Өүлэн ээжийн бүүвэй эгшиглэнэ

Тэнгэрийн цэнхэрлигт Агай гүнж мэлмэрч үзэгдэнэ

Тэнгэрийн цэнхэрлигт алтан бумбатай бурхад улалзана

Сайхан хүрэл эрсийн эрэмгий зүүдний үргэлжлэл

Сангийн утаат хээр тал минь, хээр тал минь

Их дэлтэй шарга морьдын хөлс ханхалсан

Эсгий гүрний хувь тавилан минь, хувь тавилан минь

Гэсэр, Жангарыг хайлсан өвгөн товшуурын утаснаас

Цагаан гарьдын нүд мэлтэс мэлтэс гэрэлтлээ

Гишүү зандан бичгээр гүрний түүхийг товчоолсон

Хаш судрын магнайд алтан солон­го татлаа…” гэж хүнгэнүүлсэн удаатай.

Ерээд оны эхээр байна уу даа, Бавуугийн Лхагвасүрэн гуайг Зо­хиолч­дын хороонд байхад “ална” гэж хөөгөөд өнөө их үст тэргүүн дээгүүр нь хоёр хөлөөрөө хайчлан өшиглөж байсан гэх дуулиант эр Бороохойн Батхүү тэр жил(1999)-ийн цомд гэрэлт насных нь амраг Мэнд-Амартаа зориулсан “Он жилүүдийн уртад” гэсэн сайхан шүлэг дуудсан санагдана.

Тухайн наадмын нэг шуугиан нь мөнөөх Говь-Алтайн Билэгсайхан. “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-ээ эхний даваанд уншиж, олныг өөртөө татсан задгай шүлэгчийг сүүлийн тавд үлдээгүйд гайхах хүн олон байсан ч, түүнийг нь цайруу­лах гэсэн мэт хэд хэдэн шагнал олгоод үзэгчдийг чимээгүй болго­сон юм даг. Мишигийн Цэдэндор­жийн нэрэмжит шагнал олгож байсныг нь лав санаж байна. Мөн тэр жилийн наадмын нэг өнгө нь Цоодолын Хулан бай­лаа. Тэрээр цаг бусаар хорвоог орхисон, оюун санааны гэрэлт шувуу Очирбатын Дашбалбар агсанд зориулсан шүлгээ уншсан нь утга зохиолын шүтэн биширч, хайрлан дээдэлдэг олонд мөн ч их хүрсэн дээ. Бөхийн өргөөнд пиг дүүрэн суусан олон уухайлан хашгирч, дотогшоогоо бодлогошир­сон нэг нь нулимсаа арчиж байсан болов уу. Ялангуяа далайсан илдний торгон ир мэт, дайчин хурц үгээр нь монгол хэл дутлаа, дайсан чинь инээж, нөхөд чинь архидаж байна, Дарьгангын чинь Алтан овооноос сүүлчийн шувуу уйлан буцаж байна гэх мөрүүд зүрх рүү зүү шиг л шивж байв шүү. Ингээд уг шүлгийн мөрүүдийг эргээд нэг саная.              

Хөөрхий Балбар ахыгаа өлгий шороонд нь үлдээлээ

Хөөргөн гэнэн залуу насаа

Хөшөөнийх нь дор ивж үлдээлээ

Гайхуулах юмгүй унтаа хөх дэлхийг

Гал шаргал навчис хучиж анхны цас дарлаа

Газар шороогоо тэвэрсэн яруу найрагчийн хойноос

Гашуудан зогссон түмэн алгуурхнаар мартлаа

Энгэр заам нь задгай үс нь ургасан Дашбалбар

Ээжийн хонгор охин Анимаагаа дуулсан Дашбалбар

Эх орноосоо өөр хөрөнгөгүй харц ядуу Дашбалбар

Ийм хүлцэнгүй ард түмний догшин сахиус мэт Дашбалбарыг мартлаа

Далайсан илдний торгон ир мэт

Дайчин хурц үгээр нь монгол хэл дутлаа

Дайсан чинь инээж, нөхөд чинь архидаж байна

Дарьгангын чинь Алтан овооноос сүүлчийн шувуу уйлан буцаж байна

Шүлгээ уншиж, асгартлаа уйлж 

Дээгүүр нь омогтойхон алхаж явсан газар шороог чинь

Сүүдрээ чирсэн хүн сүгнүүд

Дахиад л булаалдаж эхэллээ

Хүүдээ хүртэл захисан газар шороо

Хэнийх юм бэ Балбар ах аа…”. Эдгээр мөрүүд тухайн үедээ хүчтэй л сонсогдож байлаа. Одоо чиг хуучраагүй дээ. Зүрхнээс лугшиж гарсан үг бол цаг хугацаа алсрах тусам өнгө ордог хойно.

Хоёр мянган он. Ерэн оноос хойш “Болор цом”-ын тайзнаа бараг л тасралтгүй шүлгээ уншиж, олон ч удаа айрагдсан Гомпил­доо­гийн Мөнхцэцэг хатагтайн Янжин­лхам гарддаг жил. Хорлоогийн Сампилдэндэв, Чойжилжавын Билиг­сайхан, Үржингийн Хүрэл­баатар, Сономын Лочин, Санжаа­гийн Байгалсайхан тэргүүтэй утга зохиолын долоон доктор шүүн явуулсан наадам. Мөнхцэцэг най­рагч цом авснаас илүүтэй Мөнхөө­гийн Билэгсайхан хасагдсан нь дуулиан тарьсан билээ.

Үзэгчид
орилолдоод,
сүүлийн
даваанд
шалгарсан
гурван найраг­чаас Ц.Хулан шүлгээ унших гэтэл дуу чимээ нь намддаггүй, тэгтэл мань хүн “би шүлгээ унших юм уу, үгүй юм уу” гэж уг наадмыг хөтлөн явуулж байсан Дамбын Төрбатад айлгаж байв. Хөтлөгч арга ядахдаа ерөнхий шүүгч Сампилдэндэвийг тайлбар хийхийг хүсч тайзнаа урьсан юм. Х.Сампилдэндэв гуай “Билэгсайхан нэгийн даваанд бол сайн шүлэг уншсан. Харин давааны шүлэг нь утгын хувьд алдаатай байсан. “Миний эх орны босго өндөр харийн хүн та бөхийж ороо­рой” гэдэг чинь юу гэсэн үг вэ. Босго өндөр байхад бөхийнө гэдэг логи­кийн алдаа. Тотго намхан гэж хэлсэн бол өөр хэрэг юм. Үзэгчид минь жаахан соёлтой, дээр нь яруу найргийн мэдрэмжтэй бай, битгий сэтгэлийн хөөрлөөрөө хандаарай” гэж зандрах, учирлахын завсарт хэлээд нам болгож байлаа.

Сүүлийн
даваанд
Г.Мөнхцэцэг найрагч “Дагуулахдаа л дагуулна” гэсэн богинохоон хайрын шүлэг уншиж, өнөө хоёр(Бавуудорж, Хулан)-оосоо ганцхан онооны илүүтэйгээр түрүүлж байсан. Өм­нөх даваанууддаа “Янжин­лхамд мөргөж гуйх шүлэг”, “Битгий урваа­рай миний хүү” зэрэг шүлгүүдээ уншсан юм.

Хоёр мянга нэг он. Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир 
хоёрын хэн нэг нь цом авна гэж утга зохиолын хүрээ­нийхэн ч тэр, уншигч, үзэгч олон ч тэр таамаг дэвшүүлж байсан. Үнэн­дээ олны үг ортой байлаа. Их утга зохиолд ерээд оныхон гэгддэг найрагчдын дундаас өөр, өөрийн­хөө зам мөрөөр тодрон гэрэлтэж, уянгын зөөлөн шүлгүүдээрээ олныг байлдан дагуулсан найрагчид бол Эрдэнэ-Очир, Бавуудорж хоёр л доо. Хоёр мянгаад оны эхэн үед тэр хоёрын шүлгийг сонсох гэж мөн ч олон “Болор цом”-ын тасалбар авахаар авахаар идэр есийн хүйтэнд ийш тийшээ гүйж л байсан. За тэгээд охид бүсгүйчүүд бол мань хоёрын хайрын шүлгүүдэд үнэндээ сэтгэл алдарч байсан шүү. Бавуу найрагчийн

Цагаахан манант үдшээр чамайг дурсдаг байлаа

Цахилдагт ногоон зөрөг хяруунд хучигддаг байлаа

Дунгийн гэрэлт чулууд усанд цайрдаг байлаа

Дурсгалт модон гүүр гандаж хөхөрдөг байлаа

Сарны цагаан гэрэлд шүхэрлэн нисдэг байлаа

Сайхан гангын үнэр үсэнд минь шингэдэг байлаа

Нарны буурал будраанд чамайг дурсдаг байлаа

Нарийн цагаан хур хацар норгодог байлаа

Голын торгон мандалд дүрийг чинь зурдаг байлаа

Гогцоо гогцоо долгис цээж рүү урсдаг байлаа…” гэх юм уу, эс бөгөөс

Дуурлиг хөх дэлхийн алтан аньсгыг сөхөж

Дугараг цагаан саран цээжний мандалд туяарлаа

Цаглашгүй цэмцийгч ариун тунгалаг хурмастын салхинаа

Цангинан урамдагч мөнгөлөг хус мод мөнөө би

Залуу насны минь ариун зандан мөчрийн доогуур

Зам алсын гэрэлт шувууд зэллэн зэллэн өнгөрнөм

Эртний буурал наран хяруут талаар бөмбөрнө

Эрдэнийн мөнгөн хайлаас эрвэн сэрвэн ганхана

Цаст уул минь явчих шиг цагаахан шөнүүд эзэнгүйрээд

Цармын гэрэлт цэцэгсийг мөндрийн зурвас дайрлаа

Нандин дурсамж хөглөсөн зүсрээ цагаан бороо

Нарийхан цэнхэр зөргөөр марал буга шиг л ирдэг сэн

Сэтгэлийн алтан навчсаар чамай­гаа би хучъя…” хэмээх
“Хайрын романс”, “Гэгээн сарны туульс” шүлгүүдээс нь ишлэхэд утга төгөл­дөр санагдаж байгаа нь лавтай.

А.Эрдэнэ-Очирын Харь газрын навч бодлыг минь хуваалцан

Шар айрагны мухлагт хөшиг татан суунаглана

Зовлон, жаргалын амттай арвай буудайны нулимсыг би

Шилэн аяганы амсраар шимэх төдий суумаглана

Амьдын хорвоод заримдаа гашуун дарс ч ундаа болно

Алган дээрээс хүслийн шувууд холхид одно

Аз эзийн хорвоо цагийн бусгаа салхтай

Аюулхай цээжинд л бодлын гал дальдчина

Зүүрмэг нүдтэй үүрийн гөрөөс шиг бүсгүй

Зүүдний юм шиг холдож ойртоно

Залуу идэрхэн нас минь хайрын шархтай

Замбуулинд мөнхийн хайр үгүйд итгэж ядна…” гэх юм уу,

Шанхтай шаргын минь янзган зоо бөмбөрч

Шаргалхан аялгуу дөрвөн туурай­гаар тоглох

Намар цаг юм сан

Намайг чи хүлээдэг юм сан

Цэцэг тасдалгүй, чулуу хөндөлгүй хатирах нь

Цэгцэрч гишгэн товолзох миний л морины явдал сан

Чиг баримжааны үзүүрт сарны гэрэл шиг туяарах

Чихний ээмэг шиг цагаан гэр танайх сан

Чиний алчуур шиг хөх ягаан салхи

Чийгтэй үдшийн таана аргадан сэвэлзэж

Энхрий янаг чамдаа намрын сарыг өвөртлөөд

Эмээлийн хоёр бүүргэн дунд суудал засан дэвэлзэж

Дуулж очдог байлаа…” гээд унши­хуйд сэтгэл хөдлөхгүй, хайрын торгон мэдрэмж төрөхгүй, эмзэглэг санаашралын салхи савир амтаг­дахгүй байхын аргагүй ээ.

Тэнгэр газар тэмдгэрэх

Тэр Хүннү нутагт хүрэл чоно

Жавартай болоод уяралтай энэ улианд

Жаргах ч хэцүү, гуних ч хэцүү

Эрэмгий болоод зоримог энэ улианд

Энэрэх ч хэцүү, эрмэлзэх ч хэцүү

Морин чинээ хүрэл чоно

Монголоор дүүрэн улина…” хэ­мээх “Хүрэл чоно”-оороо Бавуу­дорж магнайлж Цалгин догдлохдоо би эрчит мөрөн, ус далайн чинь давалгаа болдог

Цавчим уулсын догшин оргил, хад алгадсан салхи болдог

Цахивалзан маналзах цаст хээрийн чинь эрэмгий шуурга болдог би

Цагийн даваан дээр гарсан өвгөн бүргэдийн чинь зовлонг тээдэг би, эх орон минь

Уймран гансрахдаа би эзэнгүй тал, цайдамын ганц хайлаас болдог

Уйтгарт намраар навчсаа сэгсэрч үүсч мөхөхийн тавиланг мэдэрдэг

Мөчир дээрээсээ хараацайн дэгдээ­хий нисгэж, үүрнийх нь өд сөдийг сүүдэртээ чимээгүйхэн унагадаг

Мөнх орчлонгоос зөөлөн хур царайчлавч, үндсээрээ газарт яргаж насалдаг би, эх орон минь

Хайрлан дурлахдаа би гэрэлт хөвгүүн болж, анхны харцаараа жаргалын од шидэн

Ханарч мэлтрэн урсах Орхон, Сэлэнгийн бэлчир дээр

Хайрын сайхан чи минь үсээ задалж, амрагийн дуу аялахад

Хан орчлонг яруустал дуулж, бусдад гэгээн хүсэл төрүүлэг би, эх орон минь…” гэж даанчиг даацтай­хан шүлгээрээ Эрдэнэ-Очир аман хүзүүдэж байлаа. Уг наадмын шүүгчээр ардын уран зохиолч Тангадын Галсан, төрийн шагналт зохиолч Балжирын Догмид, Д.На­цаг­­доржийн шагналт Цэнд-Аюушийн Буянзаяа, Баярхүүгийн Ичинхорлоо нар сууж байв. 
Догмид зохиолч “Болор цом”-ын дараахан нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Нутгийн дүү Эрдэнэ-Очирынхоо эх орны тухай шүлгийг уншаад өөрийн эрхгүй нулимс гарсан. Энэ шүлэг найргийн наадамд үнэндээ ахдаж байсан даа” гэх утгатай үг хэлсэн байдаг шүү. 

Тухайн цомд Д.Урианхай, Д.Баян­­тунгалаг гээд Булган хан­гайн найрагчид мөн л жинтэй шүлгүүд уншсан. Урианхай бол “Уранхай” гэдгийг манайхан мэднэ. Харин Баянтунгалаг найрагч бол дотогшоогоо яргасан, чинжаалыг ишинд нь хүртэл дүрлээ гэдэг шиг шүлгийг угт нь хүртэл гүйцээж чаддаг уянгатай хийгээд гүн гүнзгий найрагч юм. Үүнийг нь утга зохио­лын хүрээнийхэн, судлаач шүүмж­лэгчид сайн мэддэг. Харин ард түмэн төдийлөн сайн мэдэрдэггүй шиг санагддаг аа. Түүний хоёр мянга нэг оны цомд уншсан шүл­гүү­дээс хүргэе.   

Жаахан байсан би бүр жаахан

Жалгын ногоо далд ургадаг шиг ургаж байсан

Тэгэхэд үүл хүртэл хачин гоё нүүж

Тэнгэрийн хаяа үлгэрийн юм шиг харагддаг сан

Аав минь намайг үнсэхэд нар үнэртэж

Алсын алс бороо мэт одохыг хүсдэг сэн

Хотоос ирсэн айлын эгч дотно болоод эрхэмсэг

Хонгор намрын салхи шиг нэг л өдөр явчихдаг сан…” хэмээн “Гэрэлт зүгийн дурсамж” шүлэг нь эхэлдэг. Цаа­шаагаа үнэн гайхалтай, тэнгэр­лэг урсана шүү дээ. Мөн нэргүй, хэдхээн мөр шүлэг байдаг. Энэхүү шүлгийг бас л тэр жил уншиж байсан санагдана.  

Хувь заяа минь хавар эртийн бороо юм

Хус моддын чөлөөнд хөлөө амрааж суух агшин юм

Чи бид хоёрын залуугийн гэрэлт дүр юм

Чимээгүй урсах он жилүүдийн дурсамж юм

Нас бие минь цаг хугацааны томилолт юм

Намар оройн цасны був буурал санчиг юм

Тунарагч хөх сарны шив шинэхэн туяа юм

Туулай туулай өдрүүдийн шил дарсан мөр юм

Манарагч сүрэг үүлсийн ганц сувдан нулимс юм

Магад тодорхой амрагийн энгэрийн зандан үнэр юм

Ачуутын голд суугч шүлэгч андын минь сураг юм

Алтан салхи бужигнах дорнын нүдтэй зураг юм гэж.

Хоёр мянга хоёр он. “Болор цом” хорин нас хүрсэн жил. А.Эрдэнэ-Очир гарцаагүй дээ гэсэн олны таамаг биеллээ олж, Равжаа хутагтын нутгаас “Болор цом”-ын хоёр дахь эзэн төрсөн юм. Тэрээр “Миний цуглуулсан хорвоо”, “Зам” тэргүүт сонгодог шүлгүүдээ унш­сан. Ц.Бавуудорж, Ц.Хулан, Б.Ичин­хорлоо, Г.Мөнхцэцэг гээд ерээд оныхон цомтнууд уншаа­гүй. Үндсэндээ Эрдэнэ-Очиртоо найр тавьсан хэрэг.

Харин Б.Лхагвасүрэн, Д.Уриан­хай, Т.Галсан гээд аваргууд бүгд зодоглож тусгай шагналуудыг нь авсан даа. Соёлын гавьяат зүтгэл­тэн Гомбожавын Мэнд-Ооёогоор ахлуулсан долоон шүүгч сууж байв. Жамьянгийн Мөнхбат хэмээх урьд өмнө сонсогдоогүй залуу найрагч Б.Лхагвасүрэн тэргүүт аваргуудын өмнө тоос босгон аман хүзүүдээд, “дараа жил ногт ганза­галж ирнэ” хэмээн омгорхсон удаатай. Уг наадам саяхан л бол­сон мэт санагдавч даруй арваад жил өнгөрчээ.

Н.ГАНТУЛГА

Үргэлжлэл бий

Categories
редакцийн-нийтлэл

Н.Энхбат: Намайг Х.Чойбалсангийн ач гэж их андуурда

Монгол Улсын гавьяат тамирчин,
Сөүл-1988″ олимпийн хүрэл медальт Нэргүйн Энхбаттай ярилцлаа.

Та Америкт амьдраад арав гаруй жил болчихов уу?

-11 жил болж байна.

Энэ удаад ямар ажлаар ирэв. Эх орондоо суурьшихгүй юм уу?

-Хувийн
ажлаар ирсэн. Ер нь ойрын хугацаанд Монголдоо нүүж ирэх гээд л байна. Хүүхдүүд маань сургууль соёлд ороод эхнээсээ оюутан болчихлоо. Тийм болохоор нааш ирэхээр төлөвлөөд л байна.

Эх орны хишгийн бичиг барим­таа бүрдүүлээд, шинэчилсэн бүрт­гэлдээ хамрагдаж, 0.07 га газраа авах гэх мэт ахуйн ажлаа л зохи­цуулахаар ирээд байна.

Далаад оны сүүл наяад оны эхээр хүмүүс боксын спортыг ойлгодоггүй, хүлээн авдаггүй байсан. Ихэнх боксчид тамирч­ныхаа гарааг нууцаар эхлүүлсэн байдаг?

-Би
аравдугаар ангиасаа л бокс тоглож эхэлсэн хүүхэд шүү дээ. Тэр үед Д.Банди, Х.Алтанхуяг, Д.Бат­мөнх багшийн гэсэн гурван том дугуйлан хичээллэдэг байлаа. Би Д.Банди багшийн секцэнд орчих­сон. Манай секцэнд анх 150 хүүхэд бүртгүүлж ороод сүүлд арваад нь л үлдсэн юм. Тэр арваад дотор би үлдээд, боксын спортоор арван жил тууштай явсан. 1979 оноос 1989 он хүртэл гэсэн үг. Тэр үед энэ спортыг хүмүүс төдийлөн сайн ойлгодоггүй байсан юм. Би МУИС-ийн Худалдааны эдийн засаг, төлөвлөлт зохион байгуулалтын ангид сурдаг байсан. Манай багш нарын ихэнх нь эмэгтэй. Боксыг ойлгоцгоохгүй, хэцүү шүү.

Рингэд гарахдаа шүүгчээсээ “Намайг МУИС-ийн Худалдааны эдийн засгийн факультетийн оюу­тан гэж зарлаад өгөөч” гэж гуйдаг байлаа. Тэгж зарлуулж рингэд гардаг боллоо, амжилт минь ахиад ирлээ. Тэгсэн багш нар минь на­майг ойлгоод харьцаа нь ч гайгүй болсон. Шалгалт шүүлгийн үеэр бэлтгэлд гараад явчихна. Шалгал­таа өгч амжихгүй, дараа нь тусдаа өгнө. Тамирчин хүн оюутан байхад гардаг хүндрэл бэрхшээл бүхнийг л амссан.

Боксоор хичээллэж эхлэхдээ ангийнхандаа хэлэхгүй нууцаар дугуйланд явдаг байсан. Би арав­дугаар ангиа төгсөхдөө 30 гаруй цагийн таслалттай байв. Ангийн багш маань “Яагаад хичээл тасал­сан бэ” гэхээр нь “Би боксоор хичээллэж байгаа. Тэмцээнд яваад гурван нийгэмлэгийн аваргад тү­рүүл­­сэн” гэсэн чинь таслалтыг минь тооцохгүй болгосон. Сүүлд нь багш маань хувийн хэрэг дээр намайг “Фокусын спортоор хичээл­лэдэг” гээд тодорхойлчихсон байж билээ (инээв). Ангийн багш маань физикийн багш байсан юм.

Таныг нөгөө ангийн анд Н.На­ран­­туяагийнхаа нөлөөгөөр бокст орсон гэж дуулсан юм байна?

-Ах
маань бокс тоглодог байсан юм. Ахыгаа дагаад тэмцээн их үзнэ. Гэхдээ секцэнд нь явдаггүй байв. Нэг өдөр паралель ангийн Н.На­ран­­­туяа “Нийгэмлэгийн авар­га шалгаруулах тэмцээн болох гэж байна. Оръё. Чи дандаа үздэг юм чинь чадна даа” гэсэн. Би “Нээрээ ч тийм дээ. Дандаа үзэж байхаар нэг ороод үзье” гээд Д.Банди багш дээр очоод долоо хоног бэлтгэл хийгээд тэр тэмцээнд нь түрүүл­чихлээ. Эхнийхээ гурван тэмцээн­дээ гурвууланд нь түрүүлсэн. “Зам­чин”, “Сүхбаатар” нийгэмлэг, Най­рам­далын раойны тэмцээн бай­сан. Түрүүлээд их баярласан. Тэгээд л энэ спортоосоо салалгүй арван жил болсон доо.

Д.Банди багшийнх манай өөдөөс харсан хаалганд байдаг байлаа. Багшийн маань аав уран гартай дархан хүн байсан. Монгол мужааны аргаар оньсон тоглоом их хийнэ. Д.Банди багш боксоор хичээллэдгээ гэрийнх­нээсээ нуу­гаад бээлийгээ манайд нуудаг байлаа. Ах бид хоёр тэр бээлийг нь өмсөөд хоорондоо боксдож тоглодог байсансан.

Сөүлийн олимпод манай­хаас нэлээд өргөн бүрэлдэ­хүүнтэй баг оролцсон байдаг. Гэтэл та ганцаараа медальтай ирсэн?

-Чөлөөт
бөх, бокс, жүдо, байт сур гээд хэд хэдэн төрлөөр өрсөлд­сөн. Боксоор найман хүн явсан. Дэмбэрэл, Цэрэнням, Амаржаргал, Алтансүх, Гантулга бид зургаан бокс­чин, хоёр багштайгаа явсан юм байна.

1984 онд зохиогдсон “Найрам­дал-84” тэмцээн бол олимпийн оронд зохиогдсон тэмцээн байхгүй юу. Хэрэв тэр жил олимп болсон бол медаль авах л байсан. Тэр бол миний оргил үе байсан. 1988 он бол тамирчны минь хувьд амжилт буурсан үе байсан ч олимпоос хүрэл медаль авсан. Намайг ид байхад 1986 онд ДАШТ-д явуулаа­гүй. ДАШТ дөрвөн жилд нэг удаа болдог байсан. 1986 онд АНУ-д зохиогдоход “Хөрөнгөтөн орон руу явуулахгүй” гээд хориглочихсон. Хэрэв явсан бол дэлхийн аваргад түрүүлээд, дэлхийн аварга гэдэг нэрээрээ олимпод түрүүлэх л бай­сан гэж боддог юм.

1988 оны олимпод дөрвөн ялалт аваад хүрэл медаль хүрт­чихээд мөнгөн медалийн төлөөх тоглолтод Шведийн тамирчинд 3:2-оор хожигдсон. Намайг шүүгчийн булхайгаар л буулгаж авсан. Тэр тоглолтоо сүүлд нь харж байхад би хамаагүй илүү ялсан байдаг. Бич­лэгийг нь зөндөө харсан. Тэгээд хүрэл медалийн болзол хангаад эх орондоо ирж байлаа. Ганцаараа медальтай ирсэн. Тухайн үед олим­­пийн аварга болчихсон юм шиг л ирж байлаа. Олимпийн хүрэл медаль их нэр хүндтэй байсан юм.

1989 онд Азийн аварга болчи­хоод л энэ спортоо орхичихсон.

Тухайн үед капиталист хэмээгд­дэг байсан орнууд руу явдаг цөөн хүмүүсийн нэг нь тамирчид байлаа. Гэтэл тамирч­дыг хөрөнгөтний оронд үзсэн харсан зүйлийнхээ тухай ам нээхгүй байхыг дээрээс тушаа­даг байсан гэдэг шүү?

-Тэгэлгүй
яахав. Хөрөнгөтөн орныг магтаж болохгүй ш дээ. Гадагшаа тэмцээнд явахад Аюулаас хамгаалах яамны төлөө­лөгч хүмүүс багийн ахлагч юм уу, орчуулагч гэдэг нэрийн дор дагаж явна. Хөрөнгөтөн орны тамир­чид­тай уулзахыг хориглоно. Дэлгүүр хоршоо руу хамаагүй явахгүй, заавал тэр хүнтэй хамт явах ёстой. Хөрөнгөтнүүдтэй ярьж болохгүй. Сайхан газар байна гэж магтаж болохгүй. Сүүл рүүгээ л арай гайгүй болсон болохоос биш. Орос руу тэмцээнээр явахад хүртэл Аюулаас хамгаалах яамныхан дагадаг байлаа.

Таныг Маршал Х.Чойбалсан­гийн ач гэж ярьдаг хүмүүс одоо ч бий. Тэгтэл үгүй юм гэнэ. Чухам яагаад таныг маршалын ач гэх болсон юм бэ. Энэ талаараа сонирхуулаач?

-(Инээв).
Намайг Х.Чойбалсан­гийн ач гэж их андуурдаг юм. Ээж маань эмч. Харин аав нисгэгч. Нисэхэд хоёр Нэргүй байсан юм. Нэг нь Чойбалсангийн Нэргүй, нөгөө нь манай аав Шаравын Нэргүй. Аав, ээж хоёр маань хоёу­лаа Баянхонгорын харьяат, арван жилийн нэг ангийн хүүхдүүд. На­майг Нисэхийн Нэргүйн хүүхэд гэхээр “Өө, энэ чинь Маршалын ач юм гэнэ лээ” гэдэг байсан. Олим­поос медаль авсны дараа нэг хэсэг надад гавьяат цол өгөхгүй удсан юм. Би чинь ямар ч одон медаль авч үзээгүй, шууд л гавьяат тамир­чин цол хүртсэн. Нүцгэн гавьяат шүү дээ. Манайхан намайг нүцгэн гавьяат гэдэг юм.

Зуу гаруй орон оролцсон олим­поос ганцаараа медаль авч эх орноо аварсан тамирчны гавьяаг яагаад үнэлэхгүй байна, яагаад гавьяат цол олгохгүй байна гэж сонинууд бичиж шуугисан. Тэр үед Чулуун гуай “Хотод төрсөн хүн олимпоос медаль авч болдгийг Н.Энхбат баталлаа” гэж нийтлэл бичсэн чинь гадуур “Н.Энхбатын өвөө нь 1937 онд маш олон хүн алсан. Тэрнээс л болоод энэ хүүх­дэд гавьяат цолыг нь өгөхгүй байна. Энэ хүүхэд өвөөгөөсөө болж хэл­мэг­дээд гавьяат болж чадахгүй байна” гэж яриа гарсан. Тэгж ярьж байхыг нь сонсч л байлаа. Тэгэхээр нь би “Би Маршалын ач нь биш ээ. Манай аав чинь өөр хүн байдаг юм” гэдэг байв. Хүмүүс намайг их андуурдаг байсан юм билээ. Ямар сайндаа манай нөгөө ангид сурдаг байсан нэг казах охин “Чи тэр талаар юу ч хэлдэггүй байсан. Танай өвөөгийн хөшөө манай сургуулийн урд байгаад л байдаг. Чи энэ тухайгаа бидэнд ерөөсөө ярь­даг­гүй байсан биз дээ” гэж гомдол­лох вэ дээ.

Боксоо тоглохоо болиод шиг­шээгийн дасгалжуулагчаар хэдэн жил ажилласан байх аа?

-Шигшээгийн дасгалжуулагч хийж байгаад олимпийн хороонд ажилласан. Тэгээд 2000 онд АНУ-ыг зорьсон. Манай гэр бүлийн хүн нүдний их эмч. Эхнэрийг минь тэндээс урьсан. Тэгээд гэр бүлээрээ тийш очоод ногоон карт авсан. Эхнэр маань мэргэжлээрээ ажил­лаад л байна. Хүүхдүүд минь оюутан болчихлоо.

Жүжигчин хүн урлагаас хөн­дий­рөхөөр театрын тайзаа хам­гийн ихээр үгүйлдэг гэцгээ­дэг. Үүнтэй адил та боксоо гэнэт орхих шийдвэрээ гаргах мөчдөө эр­гэлзсэн үү. Рингэд дахиж гарах­сан гэж бодогдсон мөч байв уу?

-Байлгүй
яахав. Би 1989 оны Цагаан сарын битүүнд Ж.Батмөнх дарга дээр орж гавьяат цолны тэмдгээ авсан юм. Тэр үед үдээс өмнө дасгалжуулагчаа хийгээд үдээс хойш тамирчны бэлтгэлээ хийдэг байлаа. Нэг үгээр тоглогч-дасгалжуулагч шүү дээ. Биеийн тамирын хороон дарга байсан Дашдовдон гэж их сайхан хүн байсан юм. Тэр хүн надтай цуг Ж.Батмөнх дарга дээр орсон. На­дад зангиа гэх юм байхгүй, Даш­довдон дарга надад зангиагаа зүүж өгсөн. Шагнал гардаж авах үеэр Дашдовдон дарга намайг тоглогч-дасгалжуулагч хийж бай­гаа. Мөн удахгүй Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж буй талаар дуулгатал Ж.Батмөнх дарга баяр хүргэж гар барингаа “Азийн аварга болоорой” гэсэн. Тэр үед одооных шиг төрийн шагнал авсны дараа хүн амьтан тосоод цэ­цэг, бэлэг бариад угтдаггүй бай­лаа. Дашдовдон дарга гарч ирээд “За энэ чинь Төв хорооны тогтоол гар­сан гэсэн үг шүү” гэж хэлээд Спор­тын төв ордонд авч­раад заал руу дагуулж оруулаад жинг минь үзсэн.

Бүтэн жил тоглоогүй болохоор 75 кг жинтэй болчихсон байлаа. Би 60 кг-ын жингийн тамирчин шүү дээ. Тэгээд 12 кг хасч Азийн аваргад ороод алтан медаль авсан юм. Тэрнээс хагас жилийн дараа дэл­хийн аваргад ороод хүрэл меда­лийн төлөө тоглоод ялагдчихсан. Тэгээд би багшдаа хэлээд Москвад үлдчихсэн. Тэгэхэд аав, ээж маань тэнд амьдардаг байлаа. Аав МИАТ-ийн төлөөлөгчөөр Москвад сууж байсан байхгүй юу. “Би дахиж бокс тоглохгүй. Амралтаа аваад боли­лоо. Би арван жил тоглолоо” гэж аав, ээждээ хэлээд л Москвад үл­дэж байлаа. Тэгэхэд надад ёстой эв­гүй санагдаж билээ. Дэлхийн авар­гын тэмцээн өндөрлөөд бүх та­мирчид тараад, манайхан буу­дал руугаа явчихсан. Би гэр рүүгээ явах гээд аавыгаа дуудлаа. Аав на­майг стадионы гаднаас ирж авч билээ.

Одоо ч гэсэн спортын ордны хажуугаар зүгээр өнгөрч чаддаггүй юм. Хажуугаар нь явбал заавал ордог. Би зодгоо тайлаагүй. Рингэ­дээ зодгоо тайлж байгаа боксчдыг харахад олон жил хичээллэсэн спортоосоо салахад хэцүү л байдаг юм шиг байна лээ. Тэгээд л би зодгоо тайлаагүй. Больё гэж бо­доод л больчихсон. Харин олон улсын шүүгч, дасгалжуулагч бо­лоод рингэд тамирчдаа авч гарсан.

Манайх олимп, дэлхийн аварга боксчинтой болчихлоо. Нэг жинд олон сайн залуу тамир­чин шил шилээ харан жагсч бай­на. Таны бодлоор итгэл тавьдаг, найдварыг тань хүлээдэг бокс­чид гэвэл хэн хэнийг нэрлэх вэ. Манай боксчдын школ ч өөрч­лөгдсөн?

-Д.Банди багшийнхаа нэгэн сонинд өгсөн ярилцлагыг уншлаа. Багш маань 1988 оны олимпод орсон боксын баг хамгийн шилдэг нь. Тэр багийн бүх тамирчид жигд сайн боксчид байсан гэсэн байна лээ. Багшийн хэлдэг үнэн юм. Багш хүний нүдээр харахад үнэхээр тийм гэдгийг би багш болсон хүний хувьд ч хэлнэ. Тэгээд Монголын үе үеийн боксчдоос хамгийн шилд­гээр нь намайг нэрлэсэн байна лээ. Олимп, дэлхийн аваргуудыг хэлээ­гүй мөртлөө намайг нэрлэсэнд нь багш­даа баярлаж л байлаа. Бид­ний үед Монголоос шүүгч байдаг­гүй байв. Боксын холбоо маань мөн­гөгүй. Тэмцээний үеэр шүүгч булхай гаргавал заргалдахад 25 дол­лар төлдөг. Тэр төлбөрийг төлж чад­даггүй байлаа. Одоо үетэй харь­цуулбал үнэхээр өөр л дөө. Одоо чинь тамирчид тэмцээнд бүх сэт­гэл оюунаа зориулж явж байна. Бид бол дуртайдаа л явж байсан. Одоо спортод амьдралын зорилго­той болсон. Олимпийн аварга бол­бол төдөн төгрөг, байр орон сууц­тай болно гэсэн зорил­готой болжээ.

Би  Сөүлийн олимпоос медаль аваад 168 долларын шагнал аваад буцаад хураалгаж байлаа. Тэр үед 168 доллар чинь 3000 төгрөгтэй тэнцдэг байсан. Тэр 168 долларын арван хувийг суутгал­гүйгээр л надад өгчихсөн юм билээ л. Тэгтэл дараа нь Улаанбаатарын олон улсын тэмцээнд оролцоод шагналд нь авсан мөнгийг минь хураагаад авчихсан. Тэгэхээр нь “Наад мөнгөө ядаж цалингаас минь бага багаар нь авчихгүй яав даа. Би наад мөнгийг чинь уг нь улс эх орныхоо төлөө зодолдож байж олж авсан юм шүү дээ” гэж хэлж байсан. Тийм л цаг үед тамирчин байлаа.

 Д.ГАНСАРУУЛ