Categories
редакцийн-нийтлэл

ДОХАГИЙН тэнгэр дор

-КАТАРТ БОЛСОН СОЁЛ ИРГЭНШЛИЙН ХОЛБООНЫ УУЛЗАЛТЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС-

‘Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Бу­лан­гийн орнуудад хийж буй албан айлчлалын хоёр дахь хэсэг Ка­та­рын нийслэл Доха хотноо үр­гэл­жил­сэн юм. Тодруулбал, Дохад болсон НҮБ-ын ивээл дэх Соёл иргэншлийн холбооны дөрөв­дү­гээр чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч уригдсан юм аа. НҮБ-ын ивээл дэх Соёл ир­гэнш­лийн холбоо нь хоёр мянга таван онд байгуулагдсан бөгөөд дөрөв дэх удаагийн чуулга уул­залтаа Катарт зохион байгуулсан. Соёл иргэншлийн холбоонд манай улс өнгөрсөн есдүгээр сард гишүү­нээр элссэн билээ. Тэрхүү дээд хэм­жээ­ний уулзалтад Монголын тө­рийн тэргүүн анх удаа оролцож бай­гаа ажээ.

НҮБ-ын жаран зургадугаар чуулганы үеэр Катарын эрхэм дээд Эмир Элбэгээ Ерөнхийлөгчтэй уул­зах­даа албан ёсоор урьсан бол тус холбооны дээд төлөөлөгч Жорж Сампайо мөн өөрийн биеэр урьсныг албаны хүмүүс онцолж байлаа. Тэрхүү дээд хэмжээний уулзалтад НҮБ-ын Ерөнхий на­рийн бичгийн дарга Бан Ги Мүн болон Австри, Герман, Турк, Ис­па­ни, Албани, Португали, Өмнөд Африк тэргүүтэй хорь шахам орны төр, засгийн тэргүүнүүд оролцсон. Манай талаас Ерөнхийлөгчийг дагалдаж Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Ерөн­хий­лөг­чийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Ардчилсан ор­нуу­дын хамтын нийгэмлэгүүдийн аж­лын албаны дарга, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал нарын албаны хүмүүс оролцсон юм.

Уулзалтын төлөөлөгчдийг ал­бан ёсоор урьж, хүндэтгэлийн суудалд суулгахад Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай суудал зэрэгцсэн нь санаандгүй явдал биш байв. Монгол Улсын нэр хүнд дэлхий дахинд сүүлийн жилүүдэд яаж хурдацтай өсч, манай төрийн тэргүүн Соёл иргэншлийн хуралд хэрхэн хүндтэй байр эзэлж буй нь орон орны удирдагчид цугласан, дэлхийн хэвлэл мэдээллийн “акул”-ууд хүрэлцэн ирсэн чуулганы эх­нээс л мэдрэгдэж байлаа даа. Дэлхий дахины тогтвортой байдал соёл, шашин шүтлэгийн харил­цаа­наас улам бүр хамааралтай болж байгаа билээ. Тиймийн учир улс орнуудын хоорондын харилцааг эерэг түвшинд байлгах, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор Испани, Туркийн Зас­гийн газрууд НҮБ-ын ивээл дэх Соёл иргэншлийн холбоог бай­гуул­сан байдаг. Тус холбоонд НҮБ-ын гишүүн 120 гаруй орон нэгдсэн байна. Зөвхөн төр, засгийн хэм­жээнд гэлтгүй олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, иргэ­ний нийгмийн байгууллагууд, ху­вийн хэвшлийнхэн оролцож болох ажээ.

“Хэл яриа, соёл, зан заншил хэдий өөр ч та бид зүрх сэт­гэ­лээ­рээ, итгэл үнэмшлээрээ ойлголцох гэж энд цуглараад байгаа билээ. Бид бүхэн өөр хоорондоо ойл­гол­цож, аливаа асуудлыг нэгэн зүгт хандуулж гэмээнэ бид бүхний том амжилт юм аа.  Улс үндэстнүүд ийн бие биедээ хүндэтгэлтэй хандаж, ойлголцох аваас дэлхий дахинд дайн самуун гэх ойлголт байхгүй, тийм зүйлийг хүн төрөлхтөн нү­дээр үзэхгүй амар амгалан аж төрөх боломж байна” хэмээн Бан Ги Мүн дарга хэлсэн үгэндээ он­цолж бай­лаа. Уулзалтын эхний хэсэгт Ка­та­рын эрхэм дээд Эмир, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон Турк, Испани, Австри, Гер­ма­ны төрийн тэргүүнүүд уриг­даж индэр дээрээс үгээ хэлсэн бол хоёр хэсгийн эрхмүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч ахалсан юм.

Тэрээр “Миний бие дэлхийн аль ч улс оронд очсон эх түүхээ ярихыг эрмэлздэг ээ. Нэгэн цагт мон­гол­чууд дэлхийн бодлогыг то­дор­хойлж явлаа. Тэд нутгийн иргэдийн соёл, ёс заншил, шүтэх эрхэнд хүндэтгэлтэй хандаж байсныг түүх гэрчилнэ. Басхүү соёлыг дэмжиж музей, сургууль олныг байгуулж байжээ. Үүний нотолгоо болсон үзмэрүүд Арабын орнуудад байдаг юм байна. Ер нь эх хэл, эх түүхээ сайн мэдэхгүй бол бусад орнуудын соёл, зан заншлыг ойлгож улмаар хүндэтгэлтэй хандаж чадахгүй. Үүнийг л би онцлоод байгаа юм аа” гэж хэлэхүйд танхим тэр аяараа алга нижигнүүлэн ташиж, Мон­голын төрийн тэргүүний хэлсэн үгийг машид хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Ц.Элбэгдорж Ерөн­хийлөгч мөн боловсролын талаар өөрийн саналаа хэлсэн юм. Түү­нээс нь онцолбол “Сүүлийн үед дэлхий даяар боловсролын та­лаар их ярих болжээ. Ард иргэд нь өндөр боловсрол мэдлэгтэй, ча­дамж­тай улс хөгжих нь гарцаагүй. Монгол бол хоёр их гүрний дунд оршдог байгалийн баялгаараа олон улсын анхаарлын төвд ороод байгаа орон. Бид уул уурхайн зэрэгцээ боловсролыг шүтэн дээ­дэлж байж улс орноо хөгжүүлнэ гэдгээ сайтар ойлгоод байгаа” хэмээсэн юм. Элбэгээ Ерөн­хий­лөг­чийн тэрхүү санаачилгыг ЮНЕС­КО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Ирина Бокова ихэд дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.

Соёл иргэншлийн чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч ардчилал ба соёл иргэншлийн сэдэвт хуралдааныг даргалсан юм. Германы эрдэмтэн, нэртэй судлаач Кристиан Велзел ардчиллын ту­хай сонирхолтой илтгэлийг тавь­сан. Тэрээр маш олон орноор явж ардчиллын тухай судалгаа хийсэн нэгэн ажээ. Эл эрхмийн хэлснээр соёл, боловсролын ялгаа олон оронд бэрхшээл үүсгэж байгаа гэнэ. Боловсролтой иргэдийн тоо нэмэгдэх тусам ардчиллын мөн чанар хадгалагдаж үлддэг юм байна. Боловсролтой байвал ор­ло­го нэмэгдэж дотоодын нийт бүтээгдэхүүн жинхэнэ утгаараа иргэдэд хүрдэг гэдгийг ч хэлсэн. Бидний хувьд Монголд ардчилал ямар түвшинд хөгжиж байгааг мэдэх нь сонин байлаа. Харин дээрх эрдэмтэн манай орны та­лаар судалгаа хийгээгүй гэдгээ хэлж байв. Монголд ардчилал хэрхэн хөгжиж байгаа талаар судалгаа хийж үзэхийг төрийн тэргүүн хэлж байсан. Энэхүү хү­с­лийг герман судлаач та­лар­хал­тайгаар хүлээн авч ирэх жил манай оронд ирж нарийвчилсан судалгаа хийхээ илэрхийлсэн юм аа.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч тус чуулганы салбар хуралдааны үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Соёл иргэнш­лийн холбооны дээд төлөөлөгч Жорж Сампайо, Австри, Герман зэрэг томоохон орны Ерөнхийлөгч нартай уулзсан. Тэд бүгдээс Бан Ги Мүн болон Германы Ерөн­хий­лөгч нарын уулзалтыг онцолъё л доо. Бан Ги Мүн дарга Монгол Улс НҮБ-д элссэний тавин жилийн ойгоо өргөн тэмдэглэсэнд сэтгэл хангалуун буйгаа Элбэгээ Ерөн­хий­лөгчид дуулгаад Ардчиллын талаарх санал санаачилга, бо­ловс­ролын талаар тавьж буй асуудлуудыг нь дэмжин хүлээж авсан. Монголын төрийн тэргүүн Бан Ги Мүн даргад багагүй олон хүсэлт тавьсан. Тухайлбал, НҮБ-д ажиллаж буй монгол иргэдийг анхаарах, цаашид олон шилдэг хүмүүсийг НҮБ-д ажиллуулах ту­хай санал дэвшүүлсэн. Тэр бүгдэд нааштай хариу өгсөн билээ.

Германтай эдийн засгийн чиг­лэ­лээр харилцан ажиллах, ялан­гуяа боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд тухайн улсын техник тех­нологийг өөрийн оронд оруулъя, мэргэжилтэн бэлдье гэдгийг ярилцсан юм. Мөн Монгол Германы хамтарсан техник техно­логийн сургуулийг Улаанбаатар хотноо байгуулъя гэсэн са­наа­чилгыг гаргасан гэдгийг дуулгая. Соёл иргэншлийн өндөр дээд хэмжээний уулзалтын тухай албан мэдээллүүдийг багцлан хүргэхэд ийм байна. Монгол Улсын нэр хүнд, ардчилсан Ерөнхийлөгчийн зэрэг зиндаа дэлхий дахинд хэрхэн өндөрт үнэлэгдэж буйг уг чуулга уулзалт дахин гэрчилснийг тэм­дэг­лэ­мээр байна.

Харин энэ зуурт нэгэн зүйлийн тайлбар хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгч их хаадуудынхаа түүхээс ярьж, эзэн Чингэсийнхээ үеэс монголчууд нутгийн иргэдийн түүх соёл, зан заншилд хүндэт­гэлтэй хандаж байсныг чуулга уулзалт дээр хэлсэн үгэндээ болон ерөөс айлчлалын явцад хэлж байсан. Гэвч өмнөх тэмдэглэлд маань Далай ламтай холбоотой зүйл бичигдсэн билээ. Түүнд утга найруулгын алдаанаас болж Да­лай ламыг Монголд айлчлуулахад Монгол Улсын Ерөнхийлөгч Их хурал, Засгийн газрын гишүүдэд үүрэг өгсөн мэтээр уншигчдад ойлгогдсон нь харамсалтай. Уг яриа төрийн тэргүүнтэй ямар ч холбоогүй гэдгийг бичигчийн хувьд хэлэх байна аа.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Ка­тарт айлчлах үедээ эрхэм дээд Эмир­тэй нь уулзсан. Эдийн зас­гийн хамтын ажиллагааны талаар харилцан ярилцсан. “Хоёр улс бие биедээ ашигтай бизнесийн төс­лүүд дээр хөрөнгө оруулалт хийх талаар ярилцсан. Түүнээс бид ямар ч зээл тусламж гуйгаагүй. Улс орноо яаж нефтиэр бүрэн хан­га­даг болох уу зэрэг томоохон асууд­лаар санал солилцсон. Катар бол сүүлийн хэдхэн жилд эрчимтэй хөгжиж байгаа орон. Арван таван жилийн өмнө гэхэд л төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадах­гүй, тийм л ядуу буурай байсан. Одоо бол нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд тэргүүлж байна шүү дээ. Эл улсаас суралцах зүйл монголчуудад их байна” хэмээн Лүндэгийн Пү­рэв­сү­рэн зөвлөх хэлж байсан. Үнэхээр бодууштай үг. Монголын төрийн тэргүүний Булангийн орнуудад хийсэн албан айлчлал энэ мэт олон шинэлэг санаа агуулсан, хөгжил дэвшлийн торгон зааг дээр болсноороо ихээхэн онцлогтой байлаа.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Нэр дэвшигчид нэгдүгээр сарын 1-нээс өмнө амжихаар яарав

Сонгууль болоход бараг зургаан сар үлдлээ. Харин Сонгуулийн хууль бат­лаг­даад арав хонож байна. Шинэ он гарахад долоо хоног дутуу байгаа юм. Тиймээс ирэх сонгуульд нэр дэвшиж, 2012-2016 оны парламентад суухаар мөрөөдөж яваа хү­мүүсийн нойр нь хүрэхгүй байгаа биз ээ. Нэгдүгээр сарын нэгэн хэмээх энэ өдөр тэдний хувьд аюулын харанга дэлдээд байгаа юм. Учир нь энэ өдрөөс эхлэн сонгуульд нэр дэвших хэн ч бай иргэдэд бэлэг дурсгал тараахгүй. Тойр­гийн сонгогчдоо тав, арван мянган төгрөгөөр хуу­рах хориотой. Ядарсан ард түмэнд саймширч дайллага цайллага хийж бүр ч болох­гүй. Цагаан сарын нэр барьж ахмадуудыг сэнхрүүлнэ гэж бодсоны ч хэрэггүй. Сон­гуу­лийн хууль энэ бүхнийг хо­риглоод өгсөн билээ. Тиймээс ажилтай нь ажлаа хаян, ар гэрээ умартан нэгдүгээр сарын нэгнээс өмнө хамаг ажлаа амжуулахаар тойрог руу ухаан зулаггүй одоцгоож байна. Парламентад суу­далтай гишүүд нь амь амиа бодон амьсгаа дээгүүр дав­хилдаж буй учраас сүүлийн үед Төрийн ордон эзгүйрчих гээд тун хэцүүхэн байгаа. УИХ-ын гишүүн Ш.Сай­хан­сам­буу ч бүр дүүрсэн. Аль өвлөөс эхлэн сонгуулийн замдаа шуударч, Завхан айм­гаас салахаа больсон. УИХ-ын чуулган битгий хэл Төрийн ордонд ховор үзэгдэх болов. Тойрогтоо гурилын үйлдвэр нээгээд, өөд уруугүй суртал­чилж яваа зайтай эр. Ирэх нэгдүгээр сарын 1-нд “Юу ч хийж амжсангүй” гээд амаа барьж суух бусдыгаа бодвол маадгар зогсох биз. Д.Загд­жав гишүүн ч ялгаагүй. Бусад нь парламентын танхимд чуулж байхад мань хүн  зоо­гийн газар сонгогчдоо той­руулан хооллосон шигээ энэ намрыг өнгөрөөсөн дөө. Сай­хан дайлчихаад гарахад нь гарыг нь цайлгана гэдэг том сурталчилгаа шүү.

Д.Дэмбэрэл дарга ч яаж зүгээр суухав. УИХ-ын дарга гээд ухуулга сурталчилгаагүй­гээр гараад ирнэ гэх биш. Парламентын танхимаас га­раад л сонгогчдын өмнө хайл­сан тугалга болдог хойно  нутгийн хуурай дүү С.Бям­бацогттойгоо дөрөө хар­шуу­лан нутгаадаа давхиад очиж.  Т.Бадамжунай сайдыг да­гуулчихсан додигор явжээ. Малчдыг дэмжинэ гээд сал­барынх нь сайдыг аваад явж байхаар иргэд итгэлгүй яахав дээ. Г.Занданшатар сайд амралтын өдрийг ашиглан нутаг руугаа ухасхийгээд ир­сэн дуулдана. Үүнээс өмнөх амралтын өдрүүдэд Г.Батхүү дарга Өвөрхангай руу хөл­гийн жолоо залж, сон­гог­чид­доо очихоор яарсан. Монго­лын нэртэй сүртэй хамаг бай­даг дуучдыг хамж аваад яв­сан сурагтай. Г.Батхүү дарга барцадтай  байв уу яав, ямар­таа ч цуваанд нь явсан жийп өнхөрч, дотор нь суусан Тө­рийн соёрхолт дуучин Д.Болд үрэгдчихээ дөхсөн дуулдана. Дасч ээнэгшсэн зөөлөн суу­далдаа дахин суух гэж амь наана, там цаана давхиж яваад хүний аминд хүрвэл төрийн түшээ болс­ноо­соо эс юм болох вий. Хөдөөг зорь­сон нэр дэв­шигчдийн цуваа энэ мэтээр тасаршгүй нь. Ялангуяа пар­ламентад суу­гаа 76-гийн хувьд  амралтын хэдэн өд­рийг дайруулан тойр­гоо эр­гэ­хээр төлөвлөсөн нь гар­цаа­гүй. Өнгөрсөн баа­сан гари­гаас түрүүч нь  үгээ бэлдэж, бэлгээ зэхээд замдаа гарлаа.  Тэвэр дүүрэн бэлэг­тэй, өвөр дүүрэн шагналтай хөдөө нутгийг зорьж байгаа гэнэ. Зарим нь очсон газартаа “Алтан гадас” одонг хайр найргүй тарааж яваа юм бай­на. “Д.Лүндээжанцан гишүүн ч чуулганы хуралдаан дуусав уу, үгүй юу Өвөрхангайн зүг кампанит ажилдаа яаран одов.

Д.Очирбатаас эхлээд хотын гишүүд ч ялгаагүй. Дүүрэг хороодоор айлчлан  бэлэг сэлт өгөөд, гэр тараа­гаад эхэлчихсэн байна.  УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржийн эх­нэр Өмнөговьд өрсөлдөхөөр со­нин сэтгүүлээ тарааж яваа  юм байна. Тэгэхдээ Н.Энх­баярын МАХН-аас нэр дэв­шихээр болсон гэнэ.  Алтны магнатын хүү Н.Номтойбаяр Дорнод аймагт сургууль, цэ­цэрлэг байгуулж өгөөд бай­сан нь сонгуульт ажлаа эхэлс­ний илрэл байж. Тий­мээс дутуу үлдээснээ гүй­цээхээр өдийд ид ажиллаж яваа нь ойлгомжтой. Энэ мэт­чилэн мөнгөтэй, мөнгөгүй хамаагүй ирэх сонгуульд өр­сөлдөх хэн бүхэн сон­гогч­додоо очихоор гараанаас гарлаа. Тэднийг нэгдүгээр сарын нэгэн хэмээх бариа хүлээж байгаа билээ.

Я.МӨНГӨН  

Categories
редакцийн-нийтлэл

З.Энхболд: Би Сонгуулийн ерөнхий хороог АТГ-т өгнө

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр орой 16.00 цагт хуралдав. Гэвч ирц бүрдэхгүй нэлээд хугацаа авсан юм. Хурлын танхимд З.Энхболд гишүүн хамгийн түрүүнд ирж суун бусдыгаа хүлээж байлаа. Сонгуулийн ерөнхий хо­рооныхон сонгуулийн саналыг автоматаар тоолох машинаа тан­химд байрлуулсан харагдана. Гаднаас нь харвал өдөр тутмын хэрэглээний энгийн принтер байв. Өөрсдийнх нь нэрлэснээр скайнер гэнэ. Туршилтын саналын хуудас авчран тэрхүү машинаараа “канон­дож” үзүүлэх аж.  Сонгогч саналын хуудсаа бөглөнө. Түүнийг нь энэ машинд хийхээр саналын хуудсыг хүчинтэй хүчингүйгээр нь ялгаад гаргах юм гэнэ. Тэгэхээр нь хүчин­тэй хуудсыг нь гараар тоолох юм байх. Сонгуулийн ерөнхий хороо­ны яриад байсан сонгогчийн сана­лыг автоматаар тоолох ажил нь энэ гэнэ. Гаднаас орж ирсэн ги­шүүд цувран ирж, принтерийг со­нирхлоо. Батлан хамгаалах яамны сайд Л.Болд ирээд ингэж болохгүй хэмээн баахан ярив.

Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны дарга түүний хэлс­нийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь илт. Гараа элгэндээ эвхэн хэг­жүүрхэнэ. Дараа нь Л.Гүндалай гишүүн ирэн “Автоматжуулах ма­шин нь энэ үү” хэмээн эргэж, тойрон сонирхоод явлаа. Араас нь Н.Бат­баяр, Д.Энхбат нарын гишүүд цуварч,  санал тоолох принтертэй танилцав. Скайнерийг танил­цуу­ла­хаар ирсэн хүн Д.Энхбат ги­шүүнийг танимхайран сүрхий ярих гэтэл өөдөөс нь “Энэ чинь скайнер л байна шүү дээ. Сонгуульд ямар хамаатай юм” гэхэд өнөө  нөхөр “Саналын хуудсыг өндөр хурдтай тоолдог юм” гэлээ. Тэгэхэд нь Д.Энхбат гишүүн “тэгвэл өндөр хурдтай тоолдог хоёр хүн авчихад л болоо биш үү. Ийм машинаар яадаг юм” хэмээн тэнд байсан хүмүүсийг инээлгээд авлаа. Ингээд гишүүдийн ирц бүрдэж хурал эхлэв.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав сонгуулийн санал тооллогыг автоматжуулах ажлаа танилцуулсан юм. Төрөөс тэдэнд энэ ажилд нь зориулж 24 тэрбум төгрөгийг өгсөн юм. Сон­гуулийн хороо эхлээд хоёр машин сонгосон байж. Нэг нь сонгогчийн бүртгэл хийнэ. Энэ машин нь Солонгосын компанийнх гэнэ. Харин нөгөө нь саналын хуудсыг автоматаар тоолох машин. Тэр нь АНУ-ын “S and S” компанийнх байж. БНСУ-ын компанитай ярьс­наараа гэрээгээ хийчихэж. Харин АНУ-ын компанитай гэрээгээ хийх болтол тохирч чадаагүй учраас больжээ. Учир нь манай тал тэд­нийг техникийнхээ эвдрэлийг хариуц, гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгөх нөхцөлийг шаарджээ. Нөгөө тал хүлээн зөвшөөрөөгүй юм байх. Тиймээс оронд нь Со­лонгосын компанийн энэхүү скай­нерийг сонгохоор авсан нь энэ гэдгээ Н.Лувсанжав дарга тайл­бар­лалаа. Үүнээс болж бөөн шуугиан дэгдлээ. Гишүүн бүр ам амандаа шаагиж, байнгын хорооны даргад ч захирагдахаа байв.

Л.Болд сайд  “Өнгөрсөн нэгдүгээр сард төсөв баталж, та нарт 24 тэрбум төгрөг гаргаж өгсөн. Өнөөдөр бүх гүйлгээ хаагдах гэж байна. Монгол Улс сонгуулийг автоматжуулсан системээр явуу­лахыг Сонгуулийн ерөнхий хороо зориуд унагаж байна. Улс төрийн зорилгоор ийм зүйл хийлээ” хэ­мээв. Н.Лувсанжав дарга “Сон­гуу­лийн тухай хууль хэзээ батлагдах нь тодорхойгүй байсан. Чанартай машин авах учраас хамгийн бага үнийн санал ирүүлснээр нь тен­дерт шалгаруулах боломжгүй бай­лаа. Тиймээс санал тоолох ма­шиныг шууд худалдан авах зарч­мыг УИХ-аар зөвшөөрүүлсэн. АНУ-ын компани Монголыг үл тоосон учраас Солонгосыг сонго­сон. Энэ сонголтод мэргэжлийн байгууллагууд оролцсон гэх мэ­тийн шалтгаан тоочив. Хажуугаас нь З.Энхболд гишүүн “Ямар учир­тай компани юм бэ, энэ чинь. Олон улсын ямар нэг сонгуульд ашиг­ласан туршлага байна уу” хэмээн тодрууллаа. Сонгуульд оролцож байсан ямар ч туршлагагүйг Н.Лув­санжав дарга батлав. Харин Со­лонгосын банкууд энэ компанийн машинаар бүртгэлээ явуулдаг гэдгийг дуулгасан юм. Үүнийг сонс­сон З.Энхболд гишүүн “Та нар сонгогчийн саналыг гараар тоолох арга руу түлхлээ”  гэв. Шүүмжлэлүүд ар араасаа хөвөрч, СЕХ-ны даргыг чичилж гарлаа.

Н.Лувсанжав “Ийм машин авбал яах вэ гэж санал болгож байна. Болох, болохгүйг нь та нар шийд. Болохгүй гэвэл больчихно л биз” гэсээр суув. Энэ маргааныг Л.Гүндалай гишүүн хэрүүл болгон хувиргасан юм. Тэрээр “Ийм зүйл УИХ-д оруулна гэж байхгүй шүү. Гэрт тавьдаг принтер аваад ирсэн байна. Бид саналын хуудсанд тэмдэглэгдсэн гурван цэгийг яаж тоолох тухай асуудал ярьж байна. Хэрэв ийм принтер авах байсан юм бол би үнэгүй өгчихье. Надаас хэдийг ч авсан болно” гэж омогдож гарлаа. Хариуд нь Ц.Нямдорж сайд “Заавал Америк, Солонгосын машин ав гэж заагаад байгаа юм уу” гээд хэрүүлд орж ирэхэд Л.Болд сайдын дуу чангарч түүнийг яриулсангүй. Ц.Нямдорж сайд “Болд гуай миний дараа ярьчихгүй юу” хэмээн зандраад “Сонирхлын зөрчил гэдэг чинь энд жинхэнээрээ гарч байна. Америкийн машинаар санал тоолсон чинь олон улсад ямар, ямар будлиан гаргасныг сонинд биччихсэн байна лээ” гээд үгээ дуусгав.

Харин Ч.Сайханбилэг гишүүн “Сонгогч саналын хуудсаа тоолох төхөөрөмж рүү оруулна. Тэр са­налын дүнг машин ой санам­жин­даа санаж байх ёстой гэдгийг бид хуульдаа тусгасан байгаа. Гэтэл энэ авч ирсэн машин үүнээс эсрэ­гээрээ юм байна” гэлээ. Дэргэдээс нь Д.Очирбат гишүүн “Сайханбилэг ээ дуугүй бай” гээд хэлчихэв. Уур нь хүрсэн Ч.Сайханбилэг гишүүн “50 грамм  татчихаад битгий олон юм яриад бай. Би чамаар агсруу­лахгүй шүү” гээд мууг нь дуудав.

Ингээд энд танилцуулахаар авч ирсэн машины санал тоолох үйлд­лийг самбар дээр харууллаа. Д.Энх­бат гишүүн “Цемент зөөдөг машин гээд москвич авчирчихаад байгаагаас ялгарах юм алга. Са­налын хуудсыг гараар тоолох юм байна” гэж ундууцлаа. Гэтэл Н.Лув­санжав дарга “Үнэндээ сонгуулийн хуульд саналын хуудсаа машинд хийнэ гэсэн үгс байхгүй. Саналын хайрцаганд хийнэ гэсэн байгаа шүү дээ” гэж авлаа. З.Энхболд гишүүн “Ингэж хэлээд санал луй­вар­дах гэж байгаа юм байна. Сонгуулийн хууль сонгогч бөглөсөн саналын хуудсаа төхөөрөмжид хийнэ гэж бичсэн байгаа. Хаалтан дотор саналын хайрцаг гэж бичсэн нь үнэн. Гэхдээ энэ нь саналаа биеэр ирж өгөх чадваргүй хүмүү­сийн саналыг зөөврийн хайрцгаар авна гэсэн үг. Гэтэл хуулийг ингэж буруу уншиж байгаа нь долдугаар сарын 1-нийг давтах гэснийх. Эс­вэл СЕХ-ныхон авлига авсан бай­на. Тиймээс би АТГ-т бичиг явуул­на” хэмээв. Тэгэхэд нь Н.Лувсанжав дарга “З.Энхболд гишүүн яагаад заавал АНУ-ын компанийг сонгуу­лах гээд байгаа юм. Ашиг со­нирх­лын зөрчилтэй юм байна” гэдэг хариу барьж суулаа. Үг хэлж, ярь­сан болгонтой зэрэгцэн, хашгичиж байсан Л.Гүндалай гишүүн “Намын даалгавраар явж байгаа новшнууд байна. Авчирсан юмыг нь хар л даа. Луйварчид цугларчихаж” хэ­мээн орилж гарлаа. МАН-ын бүл­гийн дарга Ө.Энхтүвшин “намын даалгавар энэ тэр гээд юу яриад байна аа” гэхэд Л.Гүндалай гишүүн “Сонгуульд хэн нь луйвар хийдэг билээ дээ” гэв. Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Гүндалай гишүүнээ гараад жаахан тайвшир­чихаад орж ирдэг юм уу” хэмээн гуйж суулаа. Харин Н.Энхболд гишүүн “СЕХ-ны нөхцөл байдлыг ойлгож байгаа ч оруулж ирсэн энэ машин чинь арай биш ээ” гэв. Э.Бат-Үүл гишүүн ирэх зургаду­гаар сар хүртэл алдаагаа засах хугацаа байна гэдгийг сануулж байлаа. Л.Болд сайд “Н.Лувсанжав Хууль зүйн сайд хийж явсан турш­лагатай хүн байж хариуцлагагүй байна. Сонгуулийн дараа өндөр албан тушаалаар шагнуулаад явж болно. Гэвч ард нь хохирч үлдэх ард түмэн, улс орон яах юм бэ. Сонгуулийн луйвраас болж хувьс­гал гарна шүү дээ. Дахиад дол­ду­гаар сарын нэгэн гарвал яана. Таван хүний амь юу ч биш юм уу. Ямар ч асуудалгүй санал тоолчих ганц машин олоод ирэх хэмжээнд СЕХ-г удирдаж чадсангүй шүү дээ, та. Баяндүүрэн гэж нөхөр намайг Бага хурлын гишүүн байхаас СЕХ-нд ажиллаж байгаа. Үүнээс хойш хичнээн сонгууль будлиантав” хэмээн шүүмжлэв. Тэгэхэд нь З.Энхболд гишүүн “Баяндүүрэн гэдэг нөхөр Лувсанжаваас илүү эрх мэдэлтэй юм билээ. Тиймээс ийм хүмүүстэй сонгуульд орно гэдэгтээ итгэхгүй байна” гэв. Ингээд ги­шүү­дийн олонхийн саналаар СЕХ-г санал хураах өөр машин олохыг үүрэг болгосон юм.   

Дараа нь Нийтээр тэмдэглэх баяр ёслолын тухай хуульд өөрч­лөлт оруулах тухай хуулийн төс­лийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Ингээд арванхоёрдугаар са­рын 29-нийг нийтийн амралтын өдөр болгохыг дэмжив. Харин энэ өдөр болох бөхийн барилдаанд барилдах бөхчүүдэд цол олгохыг гишүүдийн олонхи хүлээж ав­сан­гүй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ч.Сайханбилэг: АН 22 настай ч 90-тэй намаасаа хамаагүй илүү туршлагатай болчихсон байхгүй юу

УИХын гишүүн, АНын бүлгийн дарга Ч.Сай­ханбилэгтэй ярилцлаа.

Бүтэн гурван жил ярьсны эцэст Сонгуу­лийн хуулиа баталлаа. Үнэхээр санаанд нийц­сэн хууль гаргаж чад­сан гэж бодож байгаа юу?

-Сонгуулийн хууль бат­лагдсаны дараа хэв­лэл мэдээллийнхэн асуу­сан л даа. Тэгэхэд би хоёрдмол сэтгэгдэлтэй байгаагаа хэлсэн. 2008 оны сонгуулийн дараа эмх замбараагүй байдал үүсч, эрдэнэт хүний амь эрсэдсэн тэр хэцүү үед хоёр нам хамтарсан Зас­гийн газар байгуулсан. Ингээд Сонгуулийнхаа хуулийг өөрчлөх хэрэгтэй. Энэ хэвээрээ байж бо­лох­гүй гэж үзээд гэрээн­дээ тусгасан байдаг. Ямар ч байсан санал хураах, тоолохтой хол­боо­той процессыг луй­вар, будилаангүй болгох ёстой юм байна гэсэн дохиог долдугаар сарын 1-ний өдөр болсон үйл явдал өгсөн. Парламент эмхлэгдсэний дараа Сон­гуулийн хуулиа өөрчлөх асуудал орж ирсэн. Энэ цагаас хойш бүтэн гурван жилийн турш зарчмын зөрүүтэй 300 гаруй санал хураалгасан. Үүний талаас илүү буюу бараг 160 гаруй саналыг АН-ын бүлгээс гаргасан байгаа. Тэгээд ямар ч байсан энэ хууль сонгуулийн луйвар булхайг багасгаж байгаа­гаараа өмнөх хуулиасаа хамаагүй дээрдсэн. Үүнд сэтгэл өндөр байна.

Гэвч АН-ын бүлэг анх­наасаа пропорциональ тогтолцоог сонгоё гэсэн байр суурьтай байсан. Бид өнөөдрийг хүртэл мажоритар тогтолцооны сайн, мууг үзэж ирлээ. Одоо пропорциональ тогтолцоог туршаад үзэх хэрэгтэй гэсэн хүсэлтэй байлаа. 100 хувь биш юм аа гэхэд пропорциональ давамгайлсан тогтолцоо­той сонгууль явуулъя гэдэг саналтай байсан даа. Харамсалтай нь санас­наар болсонгүй гэ­дэгт сэтгэл дундуур бай­гаа. Мэдээж АН парла­мен­тад 27 суудалтай уч­раас өөрсдийн саналаа 100 хувь дэмжүүлнэ гэдэг хэцүү. Гэсэн хэдий ч зөв­шилцөх замаар явсаар өнөөдрийн энэ хувилбар дээр тогтсоноо чамлахгүй байна. Ямар ч байсан нэг дэвшил боллоо гэж ол­зуур­хаж байгаа. Чамла­хаар чанга атга гэдэг дээ. Пропорциональ тогтол­цооны эхний хэлбэрүү­дээ гаргачихлаа. Дараа­гийн удаа агуулгаар нь өөрчлөх тэр алхмыг хийчихэв үү гэж бодож байна.

Ямартаа ч Сонгуу­лийн хуулиа өөрчилнө гэж амласан хамтарсан Засгийн газрын гэрээ­гээ зөрчсөнгүй гэж үзэж байна уу?

-Үндсэндээ
хоёр нам хамтарч хийе гэсэн нэг зүйлээ
шийдэж чадлаа. Сонгогчийн үнэмлэх
гэж байхгүй учраас сонгог­чийн
үнэмлэх давхар тараагдах асуудал
нэг мөр үгүй болж байна. Ингэснээр нэг сонгогч нэг санал гэсэн
зарчим биеллээ олно гэсэн үг.

Хэсгийн хороо зөвхөн санал авах байр болон ху­вирснаар сонгогчдын нэрийг хасах гэх мэтийн элдэв булхай луйвар га­рах үүд хаалга хаагд­лаа. Гадаадад байгаа мон­голчууд анх удаа сон­гуульд оролцоно. Сон­гууль луйвардахаар завд­­сан этгээдэд эрүү­гийн ха­риуцлага ногдуу­лахаар бол­лоо. Хэвлэл мэдээллийн байгууллага, сонгуульд орол­цож бай­гаа субьектүүд ч хариуц­лагатай байхыг хуулиар нарийн заагаад өгчих­лөө. Ингээд яриад байвал чансаатай өөрчлөл­түүд орсон. Шинэчлэн най­руулж баталсан Сон­гуу­лийн хуулийг чанартай гэж хэлнэ.

Өнгөрсөн хуга­цаанд хоёр намын бү­лэг зөв­шилцөж байна гээд хуу­лийг олон удаа гацаагаад авсан даа. Энэ янзаараа шинэ хууль гарахгүй нь гэсэн ойлголтыг төрүүлж бай­лаа

-Энэ жилүүдэд сөрөг хүчингүй парламентын ту­хай шүүмжлэл их өрнө­лөө. Нэг хууль гаргах гэж бид гурван жил хагасын хугацаа зарцууллаа. Тэгэ­хэд үнэ­хээр хамтарсны давуу тал ч гардаг юм байна. Сөрөг хүчин байх ёстойн учрыг ч ойлгосон. Гэхдээ үүний аль аль нь зэрэг оршсон учраас бид хуулийг удаан гацаасан даа.

Мэдээж зөвшилцөж бай­на гээд нэг юм уу хоёр хүн ойлголцоод шийдчих асуу­дал биш учраас тө­вөгтэй байсан. Тиймээс дан ганц нэг тал нь өөр­төө сэтгэл ханамжтай шийд­вэр гар­гуул­на гэж бай­даггүй юм билээ. Үнэн­дээ хууль га­цаалаа гэж ги­шүү­дийг буруутгах бас аргагүй юм. Пар­ла­ментад дөрвөн жил суу­чихаад эцэст нь Сон­гуу­лийн хууль батлагдах бо­ло­хоор хүнийхээ хувьд “Энэ хууль батлагдвал би гарах нь уу, үгүй юу” гэдгээ харж, асуудалд хандана. Ийм ийм шалтгаанаар хэд хэдэн удаа гацаанд орж байлаа. Ер нь 2012 оны сонгуулиар гарах дараагийн парламент Сон­­гуулийн хуулиа өөр­чилье гэвэл ажлаа эхэл­сэн эхний жилдээ баг­таах хэрэгтэй юм байна гэдэг сургамжийг эн­дээс аваасай.

Тойргоос сон­гогч­дын 28 хувийн санал авч унасан тохиолдолд намын жаг­саалт руу шил­жинэ гэж байгаа. Ер нь энэ шилжилт тойрогт нэр дэв­шигчдэд давуу эрх олгоод байна уу даа?

-26 тойрогт 48 хүн нэр дэвшиж өрсөлдөнө. Ин­гээд сонгогчдоос авсан сана­лаараа эрэм­бэ­лэг­дэнэ. Олон­хийн санал авсан нь УИХ-ын гишүүн болох бо­ломжтой. Үлд­сэн нь буюу 28 хувийн санал авсан нэр дэв­шигч­дийг унасан эсвэл хаал­­гаар өшиглүүлж га­раад тоо­ноор буцаад ороод ирэх хү­мүүс гэх мэтээр нэрлээд байна л даа. Уг нь тэднийг ингэж хар­маар­гүй байгаа юм. Тэд бол олонхийн са­на­лаар парламентад сонгогд­сон нэр дэвшигчдийн араас саналын хувиараа эрэм­бэ­лэгдсэн хүмүүс. Манай нам бол нэ­гэнт ард түм­нээс санал авсан энэ хүмүүсийг эрэмбээр нь намын жаг­саалт руу оруулъя гэсэн. Аль ч газ­рын про­пор­цио­наль тог­толцооны сон­гууль ийм маягаар явдаг. Гэтэл хэ­ний­гээ намын жаг­саал­тад оруулахаа нам нь мэддэг байя гэж Ардын нам санал болгосон. Хэ­рэв тэгвэл олон түмний өмнүүр орж улс төрийн нам сонголт хийх болчих­но гэж манай нам үзсэн. Үүнээс болж нэлээд цаг барсан даа. Хуучин ма­жоритар тогтолцоогоор сон­гууль явуулж, хамгийн олон санал авсан нэр дэвшигч “алтан медаль” хүртэж пар­ламентад сууд­гийг харсаар бай­гаад сурчихаж. Тэгтэл олимпийн наадмаар та­мирч­дад зөвхөн алтан медаль өгдөггүй биз дээ. Мөнгө, хүрэл медальт­нууд тодор­дог. Үүн шиг сонгуульд мөнгө, хүрэл медаль авсан нэр дэв­шигчдийг парла­ментад оруулъя гэсэн нь энэ. Асуудлыг энэ талаас нь хараасай гэж хүсч байна.

Одоогийн парла­мен­­тад суугаа 76 хүн эргээд сонгогдохнү­хээмал­таж, өөрс­дө­дөө зориул­сан хууль гаргалаа ч гэх шүүмж­лэл бий?

-Хүн төрөлхтний түү­хэнд ийм тогтолцоо гар­сан гэж сонсоогүй. Тийм ид шидийн томъёолол байдаг бол бүх улс орны эрх бариг­чид хэрэглэж байх байлгүй. Үнэндээ хуулиар олгогдож байгаа сонгох, сонгогдох эрх зөв­хөн парламентад олонхи, цөөнх болсон хоёр намд хамааралтай юм биш. Улс төрийн бүрт­гэлтэй бүх хүчин 26 той­рогт өрсөлдөх боломж нээлттэй. МАНАН өөрс­дөдөө зориулж хууль гар­галаа ч гэж шүүмжилж байгаа. Гэхдээ нэг л хуу­лиар бүгдээрээ сон­гог­доно шүү дээ. Түүнээс биш одоо­гийн 76 хүнээс нэг нь ч “Би найдвартай сонгогдоно” гэж хэлж ча­дахгүй болов уу. Сонгогч бол­гонтой уулзаж, мө­рийн хөтөлбөрөө танил­цуулж байж гарахаас биш гэртээ зүгээр сууж бай­гаад сонгогдоно гэж байх­гүй.

Ардын нам ли­де­рүү­дээ намын жагсаал­таар оруулна, АН эсрэ­гээрээ тойрогтоо лиде­рүү­дээ сойно гэсэн яриа ч гараад байсан. Бодит байдал дээр яаж төлөвлөсөн бай­сан юм бол?

-УИХ-д олон жил сон­гогдсон, нэр нүүртэй хү­мүүсээ намын жаг­саал­таар оруулж, шууд гар­гана гэж нөгөө тал үзэж байсан. Харин манай нам бүгд той­рогтоо очиж, адилхан хүрз жоотуу бариад хар ажлаа хийе. Нэг саналын төлөө ажил­лая. Тэгээд авсан са­на­лаараа эрэмбэлэгдэж гаръя гэдэг саналтай бай­лаа. Намын лидерүүд гэ­хээ­рээ жирийн гишүү­дээсээ илүү эрх дархтай, автома­таар сонгогддог байж болох­гүй. Тойрогтоо очиж, намдаа суудал авахын төлөө явах ёстой. Тэгээд ч монгол­чуу­дын нэг чанар бий шүү дээ. Аливаа юмыг заавал эмэрч үзэж байж танина гэдэг шиг хүнээ харж байж сонголтоо хийдэг. Манай Ардын на­мынхан зунжингаа ярьсан биз дээ. “Хөдөөгүүр явлаа. Сонгогчид намаа биш хүнээ харж сонгоно гэж байна” гээд байсан. Тийм учраас бүгдээрээ тойрог дээрээ оч л доо. Хүмүүст өөрийгөө таниул. Тэгж байж гарч ир гэсэн зарч­мыг АН анхнаа­саа ба­рим­талж байсан юм.

Сонгогчдын 28 ху­вийн санал авсан хүн намын жагсаалт руу шил­жих эрхтэй болно. Тэгвэл сонгогчдын 28.1 хувийн санал авчихсан хүн яах вэ?

-28.1 хувийн санал ав­чих­сан хүн жагсаалт руу шилжиж болно. Харин 27.9 хувийн санал авсан хүнд асуудал үүснэ. Той­рогт нэр дэвшсэн бүх хүн жагсаалт руу ороод ирэх боломжтой болчихлоо гэж нөгөө та­лынхан шүүмж­лээд байсан л даа. Тиймээс ямар нэгэн босго тавихаас өөр арга­гүй болоод 28 гэсэн тоон дээр тогтсон. Улаан­баа­тар хотод гэхэд жишээ нь манай той­рог дээр өнгөр­сөн удаа 43 хүн өрсөл­дөж байлаа. Гэтэл зарим аймагт долоо, найман хүн өрсөлдөж байх жишээ­тэй. Үүнийг харьцуулахад шударга биш болоод бай­гаа юм. Тиймээс 28 ба түүнээс дээш хувийн босго тавихаар шийдсэн.

Ер нь нэр дэв­шиг­чид он гарахаас өмнө амжиж бэлэг сэлтээ та­раах гээд тойрог руу яарч байх шиг байна л даа?

-Он гарсны дараа олон зүйлийг энэ хууль хориг­лосон байгаа. Ми­ний хувьд тэмдэглэлт баяр ёслолын үеэр хувь хүнд хандсан арга хэмжээ явуулж байгаагүй дээ. Нэгдүгээр сарын 1-нээс өмнө хамаг ажлаа амжуу­лах гэж яарсан хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Ту­хайн хүмүү­сийн сон­гуулиа яаж харж байгаа тактикаас хамаарах бо­лов уу. Сонгуулийн сур­тал­чилгааны сүүлийн сард нэлээд олон ажлыг нэр дэв­шигч­дийн хувьд хорьчихсон байгаа даа. Үүнийг зөрчвөл авах мөн­гөн торгуулийн хэмжээг нэмсэн, цаашлаад ту­хайн нэр дэвшигчийг нэр­сийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ ава­хаар тусгасан шүү дээ.

Манай уншигч нэг зүй­лийг асуусан нь нээ­рээ ч тийм юм уу гэж бодогдож байсан. Иргэ­дэд хувь хи­шиг тараах ажил шинэ оны дараа ч үргэлжилнэ. Ахмадууд сая төгрөг бэл­нээр, ир­гэд ч 21 мянган төгрөгөө үргэлжлүүлэн авна. Тэ­гэхээр энэ сон­гуулийн сурталчилгаанд орох юм биш үү?

-Энэ бол УИХ, Зас­гийн газар бүрэн эрхийн хуга­цаан­даа мөрийн хө­төлбөрөө хэрэгжүүлж бай­гаа хэрэг. Ер нь УИХ-ын гишүүд ч бүрэн эр­хийнхээ хугацаанд хий­сэн ажлынхаа тайланг тавих эрх нь нээлттэй.

Энэ хууль парла­мен­тын гадна байгаа намуу­дад УИХд орж ирэх бо­ломж олгож бай­гаа гэх. Гэвч үнэндээ УИХд суу­далгүй на­мууд ингэж ха­рахгүй байгаа тал бий?

-Ардчиллын үндсэн зарч­маараа аваад үзсэн ч гудманд ажиллаад бай­гаа “микрофонууд” Их хурлын танхимд ажил­лаа­сай гэж хүсдэг. Гу­дамжинд байгаа иргэ­дийн төлөөллийн хү­сээд байгаа зүйлүүд шийд­вэр гаргах түвшинд яригдаж байгаасай. Тиймээс пар­ламентад орж ирэх на­муу­дын босгыг таван хувь бол­гож бууруулсан. Ин­гээд парламентад олон нийтийн төлөөлөл ол­ноор орж ирэх боломж нэмэгдэж байгаа. Ард­чиллын үндсэн зарчмаа хадгалж, олон намын тог­толцоог бүрдүүлж, улс ор­ны­хоо хөгжлийг ярьж бай­­гаа­сай гэсэн байр суу­рийг АН үргэлж барим­талдаг. Энэ дагуу асуу­далд хандсан.

Олон жил яриад ший­­дэж чадахгүй бай­сан нэг асуудал нь эмэг­­тэй­чүү­дийн квот. Үүнийг шийд­сэн нь нэг дэвшил болсон байх

-Жендерийн тухай хуу­­лийг 16 жилийн турш пар­ла­мент дамжин хэ­лэлцсэн. Одоогийн пар­ла­мент энэ хуулийг батал­сан байгаа. Ингээд сая Сонгуулийн тухай хуульд эмэгтэй­чүү­дийн квотыг тусгаж өгч чад­лаа. Ингэс­нээр улс төрийн намууд сонгуульд 76 хүн нэр дэв­шүүлбэл тэдний дор хаяж 15 нь эмэгтэй байхаар болж байна. Тэгэхээр ирэх жилийн парламент эмэгтэй гишүүд олонтой байх болов уу гэж хараад байгаа.

УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулна гэж байгаа. Гэх­дээ Ардын намын­хан салгах сонир­холтой байх шиг байна. АН ямар байр суурьтай байгаа вэ?

-АН-ын бүлэг тодор­хой байр суурьтай бай­гаа. Үүнээ­сээ холбирно гэж байх­гүй. Мэдээж УИХ, Орон нутгийн сонгууль салж явах тухай ойлголт байх ёсгүй. АН байгаа тохиолдолд энэ хоёр сон­гууль тусдаа явна гэж байхгүй. Бүх зүйл хуу­лиараа явна.

Энэ парламентын бү­рэн эрхийн хугацаа дуу­сахад хэдхэн сар үлдлээ. АНын бүлгийг толгойлж ажиллаж бай­гаагийн хувьд яаж ажил­ласан гэж дүгнэж байгаа вэ?

-Ер нь 2008-2012 оны парламентыг өөрийн гэ­сэн өнгө төрхтэй, түүхэнд мөрөө үлдээсэн гэж бо­дож байгаа. Парламент болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ энэ удаагийн УИХ улс орны өмнө тулгамдсан асууд­луудыг шийдсэн. Уул уур­хайг эргэлтэд оруулж, гэрээг батлах том ажлыг нугаллаа. Үүнээс гадна Монголын ард түмэнд уул уурхайн баялгийн эзэн байх эрхийг нээж өглөө. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чадвал том дэвшил болно. Сон­гуулийн шинэ тогтолцоог нэвтрүүлсэн парламент боллоо гэх мэ­тээр дүгнэж болно. Гаргасан шийдвэ­рүүдийн үр дүнг мэдээж цаг хугацаа харуу­лах байх. Ялангуяа энэ УИХ төсвийн чиглэлээр том өөрч­лөлт хийж чадсан. Орон нутагт төсвийн маш их эрх мэдлийг шилжүүлж чадлаа шүү дээ. Ингэс­нээрээ УИХ-ын гишүүд худаг барьдаг, сургуу­лийн дээвэр засдаг ажилд оролцохоо болино. Төс­вийг дураараа зарла­гаддаг асуудлыг хязгаар­лаж, хариуцлагыг чангат­гаж өглөө. Төсвийн ал­дагдлыг тодорхой хувьд барьж бай­хаар тогтлоо. Ирэх онд төсвийн алдагд­лыг хасах хоёр хувьд ба­рихаар болсон гэх жи­шээ­ний. Сонгуулийн үеэр бэлэн мөнгөний амлал­тыг хязгаарлаж өгсөн гэх зэрэг ач холбогдолтой зүй­лүүдийг шийдсэн.

Энэ парламентын хуга­цаанд АНыг дага­сан нэг шүүмжлэл нь хам­тар­сан засагт орсон явдал байлаа. Одоо га­рах цаг нь болсон юм биш үү?

-Сөрөг хүчний дуу хоо­­лой үгүйлэгдсэн үү, үгүй юу гэдгийг Сон­гуу­лийн хуулийг баталсан асуудал харуу­лаад өглөө. Тэгэхээр ямар ч байсан сөрөг хүчний дуу хоолой дутагдаагүй юм болов уу гэж бодож байгаа.

Үнэндээ Ардчилсан намын гишүүд л Засгийн газрыг шахаж шаардаж, ажиллуулдаг байсан гэд­гийг хаана ч хэлнэ. УИХ-ын үйл ажиллагаанд идэвх­тэй оролцсон. Тийм учраас Монголын төр өн­гөрсөн ху­га­цаанд хараа хяналтгүй, дангаараа ду­раараа ажил­лаагүй ээ. Хэрвээ АН сөрөг хүчин байгаад бусад на­муудтай нийлээд гудамжинд гар­сан бол Оюу толгойн гэ­рээ батлагдах байсан уу үгүй юу гэдгийг мэргэч төл­гөч биш учраас хэлж мэ­дэхгүй. Ямар ч байсан за­сагт хамтарсан учраас энэ гэрээг сайжруулахын тулд ажилласан. Ирэх жил Таван толгой, Оюу толгойн гэрээ Монгол Ул­сыг аваад гарах нөх­цө­лийг бүрдүүлэхийн төлөө зүтгэсэн дээ.

Сонгуулиас өмнө хам­­тарсан Засгийн газ­раас гарчихвал яасан юм?

-Сайханбилэг гэдэг хү­нээс асууж байгаа бол тэг­сэн ч яахав гээд хэл­чих­мээр байна. Гэвч ард­чил­лын үндсэн зарчим, АН шийдвэр гаргадаг ме­ха­низ­маараа шийдэх ёс­той. Хам­тарсан Засгийн газарт орох шийдвэрийг бид олонхиороо гарга­сан. Гарах асуудлаа ч ингээд шийдэх бололцоо бий. Гэхдээ АН улс орны нийтлэг эрх ашгийг бодох уу, улс төрийн явцуу эрх ашгаа бодох уу гэдгээ чиг болгох учиртай. Энэ да­рааллаа зөв байрлуулж чадаж байгаа тохиол­долд засгаас гарч, орох тухай маргаж, мэтгээд байх шаардлагагүй. Улс орны эрх ашиг юу хүлээж байна түүнийг л дагах учиртай.

АНын ҮЗХоор хам­тарсан Засгийн газраас гарах асуудал яригдах юм биш үү?

-Магадгүй юм. ҮЗХ-оор ямар ч асуудал ярих нь нээлттэй. Гэхдээ эрх ашгийн­хаа зөв дараал­лаар шийдвэрээ гаргах нь чухал.

Та бол энэ дараа­лал зөв явж байгаа гэж үзэж байна уу?

-Өнөөдрийг хүртэл зөв дарааллаар явж чадаж бай­гаа гэсэн бодолтой байна. Чухал хуулиудыг бид гар­галаа. Одоо би­дэнд хийх ажил их байна. Хугацаа бага үлдсэн уч­раас юу ч хийж амжихгүй гэж болохгүй. Харин ч хугацаа бага байх тусам даацтай ажиллах хэрэг­тэй.

Ирэх сонгуулиар хоёр нам тэнцүү суудал авч чадвал дахиад хам­тарсан Засгийн газар бай­гуулаад явах юм биш биз дээ?

-Мэдээж АН сонгуульд ялалт байгуулж, Засгийн газраа дангаа­раа бүр­дүү­­лэхийн төлөө сон­гуульд оролцоно. Тэгээд ч алаагүй баав­гайн арьсыг хувааж авахын үлгэ­рээр сонгууль болоо­гүй байна. Энэ асууд­лыг ярихад дэндүү эрт байна.

ҮЗХоор намын дар­гын асуу­дал хөндөг­дөнө гэж байнга яригд­­даг. Энэ удаа яах бол?

-Асууж байгаа хүнд ч, хариулах гэж буй хүнд ч энэ нь цочир санаг­дахаа байж дээ. Яагаад гэвэл энэ сэдэв 2000 оноос хойш яригдсан шүү дээ. Энэ яриа үнэн байсан бол АН-ын дарга хэдэн удаа солиг­дохоор бай­лаа, гэвч тэгсэнгүй. АН даргаа солих хэрэгтэй бол­лоо гэж бодъё. Ерөнхий­лөгчийн сонгуульд намаа ялуулсан учраас уу. Эсвэл хамтарсан Засгийн газарт орж, ҮЗХ-оор шийдэгдсэн асуудлыг хийж чадсангүй гэж үү. АН-ын рейтинг өр­сөлдөгч намаасаа дээ­гүүр гарсан гэдэг шалтгаанаар даргаа солих юм уу. Би бодохдоо ҮЗХ хуралдсан ч хамтарсан засагт байж бо­лох уу, үгүй юу, мөрийн хөтөлбөрөө яах гэж байна гэдгээс эхлээд “Монгол-хүн-2020” хэлэл­цүүлгээ дүгнэх асуудал хэлэлцэж болно. Ирэх сонгуулийн үр дүн гараагүй байхад намын дар­гын асуудлыг ярих нь эрт гэж бодож байна.

Ерөнхий сайдыг огцруулах саналыг есөн гишүүн гаргасан ч УИХ хэлэлцээгүй. Та аливаа асуудалд дандаа бүл­гийн­хээ байр суурийг илэр­хийлдэг. Харин ги­шүү­нийхээ хувьд энэ асуу­далд яаж хандаж бай­сан бэ?

-Хоёр нам хамтарч бай­гаа үед УИХ дахь цөөнхийн бүлгийг тол­гойлох нь хам­гийн хэцүү ажил юм байна. Бүлгийн ахлагч бол тогооны хүн гэгчээр намын халуун гал то­гооны ажилд оролцдог юм уу даа. Нөгөө талаар 101 буюу галын дуудлага шиг ажил шүү дээ. Энд тэнд дандаа гал унтраах үүрэг­тэй. Хүн болгоны эвийг олох шаард­лагатай болдог. Гэх­дээ үндсэн зарчмаа алдах­гүй байх ёстой гээд л хэцүү дээ. Хувь хүнийхээ хувьд хэлмээр, хашгирмаар, илэр­хийл­мээр асуудал их гардаг. Гэвч би хэлж байгаа учраас АН-ын байр суурь гээд ойлгочих вий гэж өөрий­гөө хянадаг. Ийм бай­дал нь хүнийг хариуц­ла­га­тай, сахилгатай бол­годог юм байна. Хэлэх үгээ бодож, амаа үдэх шаардлага тул­гардаг юм байна.

Харин Ерөнхий сайдыг огц­руулах асуудал дээр бол ийм байр суурьтай байсан. Ерөнхий сайдыг Засгийн газрын нэг кабинетийн гишүүнтэй адилтгаж үзэж болох­гүй. Ерөнхий сайд огцорвол ка­бинет огцорно гэдэг шүү дээ. Энэ бол Үндсэн хуулийн зарчимтай нийцэж байгаа. Үүнийг нэг мөр болгоё гэсэн учраас сая УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулан 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барина гэсэн хяз­гаарлалт хийсэн. Тэгэхгүй бол хэн дуртай нь Ерөнхий сайдыг огц­руулах асуудал оруулж ирнэ. Бараг өдөр болгон ийм зүйл хэлэлцэх болно шүү дээ. 19 гишүүнийхээ босгыг давчихсан тохиолдолд энэ бол нээлттэй асуудал.

Долдугаар сарын 1-ний хэр­гээр хэлмэгдсэн хүмүүс, амиа алдсан иргэ­дийн ар гэрийнхнээс төр уучлал гуйх ёстой гэсэн тогтоолыг УИХаар бат­луу­лах гэсэн боловч дэмж­лэг авсангүй. Үнд­сэн­дээ Ардын намынхан унагачихсан л даа?

-Энд ямар ч эргэлзээ байх ёсгүй. Монголын төр алдааныхаа төлөө шаард­лагатай бол уучлал гуйх учиртай. Хувь хүнийхээ хувьд ч, бүлгийн байр суу­рийг илэр­хийлсэн ч Хүний эрхийн дэд хо­рооноос гар­гасан асуудлыг дэм­жиж байгаа. УИХ энэ асуудлыг дахин хэлэлцэх ёстой. Са­нал хураах үед гишүүдийн ирц хан­галттай байсан уу, үгүй юу гэдгийг нягтлах хэрэгтэй.

Засгийн газрыг шүүмжилсэн, буруу зүйл хийсэн гишүүддээ Ардын нам бүлгээрээ хэлэл­цээд сануулга өгдөг, хариуц­лага тооцдог. Харин АН яадаг вэ?

-Хариуцлага тооцох, са­нуулга өгөх нь АН-ын мөн чанар биш. Энэ дарга, тэр ахмад настай, парла­ментад удаан суусан гэдэг үндэс­лэлээр бие биедээ ханд­даггүй. АН-ын гишүүд бүгд тэгш эрхтэй. Ямар ч асуу­далд бүгд санаа бодлоо уралдуулдаг. Ингэж байж олон­хийн шийдвэр гаргадаг юм. АН-ын мөн чанар энэ. Ер нь хүнд сахилга хариуц­лага тооцоод, итгэл үнэмш­лээр нь нуга дарна гэдэг бол ойл­гомжгүй шүү дээ. Хүн хүний аран­шин, үзэл бодол дээр АН тогтдог юм байна. Бие биеийнхээ дутууг гүй­цээж явдагт АН-ын хүч орш­дог юм байна гэдгийг өн­гөрсөн 20 жилийн түүх ха­руулсан.

Үндсэн хуулийн хоёр заал­тад өөрчлөлт оруу­лах гэж бай­гаа. УИХын гишүүд сайд бо­лоход тоо­ны хязгаарлалт хийнэ. Сумын Засаг даргыг ир­гэд сон­годог болгохоор ярьж байна. Гэвч энэ өөрч­лөлтийг өнгөц төдий юм гэдэг шүүмжлэлийг хүмүүс хэлээд эхэлж бай­на. Та ямар бодолтой бай­гаа вэ?

-Үндсэн хуульд нэмэлт оруулах гэж байгаа энэ үед өнгөц өөрч­лөлтийн тухай ойлголт хэзээ ч байж бо­лох­гүй. Үндсэн хуулийн үг өгүүл­бэр, цэг таслал бүр утга учир агуулж байдаг. Үндсэн хуулийн хоёр заал­тыг өөрчлөх нь маш том өөрчлөлт. Эхний ээлжинд нийг­мийн дийлэнх хэсэгт таалагдах хоёр зүйлээ өөр­чилье гэсэн юм. Үүний араас нийтийн хэлэл­цүүл­гийн үр дүнд том том өөрч­лөл­түүдийг Үндсэн хуульд оруулах боломж бий.

Улстөрч хүний хувьд эцэст нь нэг зүйлийг асууя. АНын мөнхийн өрсөлдөгч болох улс тө­рийн хүчин хоёр хувааг­даад МАН, МАХН бол­чих­лоо. Одоо Н.Энхбаяр, Ц.Ням­дорж зэрэг лиде­рүүд нь толхилцоод эхэл­сэн. Энэ нь магадгүй та­най намд ашигтай тусч байх шиг

-Төлөвшлийн хувьд аваад үз­вэл АН 22 жилийн түүхтэй, турш­лагатай шүү дээ. Нам хуваагдах, гишүүд нь урвах шарвахаас эхлээд бүх асуудлыг манай нам туулаад ирсэн. АН 22 настай мөртөө 90 настай нөгөө намаасаа хамаагүй илүү туршлагатай болчихсон байх­гүй юу. Бид хоорондоо арцалдаад байвал тоглоом биш шоглоом болно шүү гэдгээ ухаарчихсан. Энэ байдлаар харвал нөгөө нам хөгжлийнхөө аль хавьцаа яваад байгаа юм бэ дээ. Миний бодлоор магадгүй 90-ээд оны сүүл хавьцаа яваад байгаа юм болов уу. Үүнийг нь далимдуулж манай нам улс төрийн богино зайны гүйлт хийхийг хүсэхгүй байна. Гэнэн зүйлд итгэж болохгүй л дээ. МАН, МАХН хоёр хагаралдсанаас болж манай намын рейтинг өсөх тухай асуудал байхгүй. Энэ хоёрын хэрүүлээс бид зав­шаад байгаа гэж ойлгож болохгүй. Улс орныхоо хөгж­лийг урагшлуулахын төлөө АН бусад намаас илүү ажиллаж чадна гэдгээ ха­руулбал амжилтад хүрнэ гэдэг итгэл үнэмшлээрээ явж байгаа. Ингэж байж сонгуульд ялалт бай­гуулна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Х.Хатанбаатар: Дэлхийн аваргад орох тамирчны замын зардлыг Хятадын компани даасан

Ой тогтоолтын олон улсын мастер, багш Х.Хатанбаатар­тай ярилц­лаа. Тэрээр арван­хоёр­дугаар сарын 6-10-ны өдрүү­дэд БНХАУын Гуанжоу хотноо зохиогдсон ой тог­тоол­тын 20 дахь ДАШТд гурван шавийн хамт оролцож багаараа хүрэл медаль хүртээд ирсэн юм.

  Ой тогтоолтын 2011 оны ДАШТд манай улсаас дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцоод урьд өмнө үзүүлж байгаагүй амжилт гаргалаа. Та­мирчдаа ямар шалгуураар сон­го­сон юм бэ?

-Энэ
удаагийн дэлхийн аваргад 21 орны 125 тамирчин ой тогтоол­тын арван төрөлд оюунаа урал­дуул­лаа. Монгол Улсыг төлөөлж миний бие багаа ахалж  Монголын оюун ухааны академийн гурван сурагчийн хамт өрсөлдөөд ирлээ. Өмнө нь дэлхийн аваргад ганц л тамирчин өрсөлддөг байсан. Ха­рин энэ удаад Монголоос баг та­мир­чид оролцсон гэдгээрээ онцлог байлаа.

Та нээрээ ганцаараа л оролц­дог байсан шүү.

-Тиймээ
өмнө нь би дэлхийн аваргад эх орноо төлөөлж ган­цаа­раа оролцдог байлаа. Дөрөв дэх удаагаа ДАШТ-д оролцоод байна. Монго­лын анхны оюуны спортын тамир­чин гэгддэг юм, ой тогтоолт, цээж тоо, хурдан уншлагын чиглэ­лээр. Энэ удаагийн дэлхийн авар­гад манай багт Монголын оюун ухааны академийн гурван сурагч маань бас өрсөлд­сөн. Энэ оны хоёр­дугаар сарын 26-нд “Ой тог­тоол­тын үндэсний аварга-2011” оюуны спортын анхдугаар тэмцээ­нийг зохион байгуулахад С.Акжол, С.Цогбадрах нар үндэсний аварга болсон. Харин Т.Мягмарсүрэн маань Монголын оюун ухааны академийн шилдэг сурагчдын нэг. Дэлхийн аваргад бэлтгэгдэж бай­сан арав гаруй сурагчаас шал­гар­сан. Ийм үндэслэлээр энэ гурав маань Монголын багийн бү­рэл­дэ­хүүнд орсон.

Ой тогтоолтын дэлхийн аварга гэхээр яг ямар чиглэлээр болдог юм бэ. Зарим хүмүүс спорт биш гэдэг?

-Оюуны
спортын төрөл гэгдэж явдаг. Оюуны спорт гэхээр шатар, даам мэтээр хязгаарлаж ойлгоод байдаг. Гэтэл оюун спортын маш олон төрөл бий. Ой тогтоолт, цээж тоо, хурдан уншлага, го даам, бридж, рубикийн шоо эвлүүлэх, судоку, соробан сампин гэх мэт оюун ухааныг ажиллуулсан маш олон төрөл байдаг. Манай ака­де­мийн хувьд эдгээр төрлийг хөг­жүүлж, цаашилбал тив дэлхийд тамирч­даа оролцуулж амжилт гаргах зорилготой.

Та нарын өрсөлдсөн төр­лүүд их сонирхолтой санагдсан. Хөзрийн дараалал цээжлэх, хү­ний зүс царай, нэр усыг ал­дал­гүй хэлэх гээд л?

-Хүний
амьдралд юм цээжлэх шаардлага зайлшгүй гардаг. Хү­мүүс ой тогтоолттой холбоотой бэрхшээлүүд тоочдог л доо. Барьж явсан юмаа хаана тавьснаа март­даг. Танилцсан гэсэн хүнтэйгээ дараа нь таарахаараа нэрийг нь санадаггүй. Хүүхдүүд математик, физик, химийн томъёонуудаа цээжлэх гэж ямар их цаг зардаг билээ. Шүлэг цээжлэх гээд өчнөөн хугацаагаа алддаг. Уламжлалт меха­ник аргаар ингэж цээжлэх арга нь үр дүн муутай. Тухайн үед юмаа цээжилчихлээ, дүнгээ авчихлаа. Хэд хоногийн дараа ихэнх нь түүнийгээ мартчихдаг. Хүн уншсан, сонссон зүйлийнхээ 80 орчим хувийг 24 цаг буюу нэг хоногийн дараа мартдаг гэсэн судалгаа байдаг. Цаг хугацаа зарцуулан байж тогтоож цээжилсэн зүйлээ урт хугацааны турш санадаг чад­вар­тай байх ёстой.

Энэ ДАШТ бол тухайн хүний ой тогтоолт, уураг тархины нөөц боломж болол­цоогоо хэрхэн ашиг­лаж буйг шалга­сан уралдаан юм. Арван төрлөөр оролцогчдоо өр­сөл­дүүл­сэн. Хөзрийн дарааллыг цээжлэх төрөл гэхээр хольж өгсөн 52 ширхэг хөзрийг таван минутын дотор цээжлээд дарааллыг нь алдалгүй хэлэх ёстой. 52 ширхэг хөзрийг нэг багц гэнэ. Нэг цагийн дотор хэд хэдэн багц хөзөр цээж­лэ­хийг шалгана. Таван минутын дотор харгалзах онтойгоо өгөгдсөн 120 түүхэн үйл явдлыг цээжлээд алдалгүй санах ёстой. Өөр нэг төрөл нь сонсголын ой тогтоолт. Дурын 400 цифрийг компьютерийн тусламжтайгаар хэлнэ. Эдгээр цифрүүдийг сонсоод дараа нь яг дарааллаар нь хэлдэг. Нэг л цифр алдах юм бол түүнээс хойшхийг нь оноонд тооцдоггүй. Жишээ нь, тав дахь цифр дээрээ алдсан бол түүнээс хойшхи бүх цифрийг зөв хэллээ ч таван цифр л цээжилсэн гэж үздэг. Хүний нэр, зүс царай цээжлэх төрөл байна. 15 минутад 110 хүний зүс царайг овог нэртэй нь цээжилнэ. Тооны мара­фон гэж бас нэг төрөл бий. Энэ нь нэг цагийн дотор хичнээн цифр цээ­жилж чадах чадварыг шалгадаг. Энэ мэтчлэнгээр нэрлэвэл олон төрөл байдаг юм. Дэлхийн аварга шалга­руулах тэмцээнд манай су­раг­чид маш амжилттай оролцож, Хятад, Филиппин улсын дараа гуравду­гаар байрт орлоо. Гурван шавь минь шилдэг аравт шалг­ар­сан. С.Акжол, С.Цогбадрах нар ой тогтоолтын олон улсын их масте­рын болзлыг хангалаа. Т.Мягмар­сүрэн их мастерын гурван болзлын хоёрыг нь хангачихаад байна. 1991 оноос хойш ой тогтоолтын ДАШТ зохиогдоход 60 орчим их мастер төрөн гарсан байдаг. Энэ тоог Монгол Улсын тамирчид маань хоёроор нэмсэнд бахархаж байна.

Гар утас дэлгэрээгүй байхад утасны дугаар, хүмүүсийн нэ­рийг тэмдэглэлийн дэвтэрт би­чиж, ихэнхийг нь цээжил­чих­сэн байдаг байлаа. Гэтэл одоо утсаа гээчихвэл тэгээд л холбоо ха­рил­цаагүй болчихдог боллоо?

-Төрөлхийн
гайхалтай ойтой хүмүүс байдаг. Юмыг олон дахин хэлүүлдэггүй, нэг сонсоод л тогтоо­чихдог, уншсан зүйлийнхээ 80-90 хувийг санадаг ийм төрөлхийн чадвартай хүн олон. Гэхдээ ихэнх нь энэ тал дээр бэрх­шээлтэй байдаг. 1991 оноос хойш хүний уураг тархитай холбоотой судал­гаа шинжилгээ маш их хийг­дэж байна. Эртний эрдэмтэн суут­нууд өөрсдийгөө ерөөсөө судал­даггүй, сонирхдоггүй байж. Харин одоо уураг тархи судлал эрчим­жиж, эрдэмтэд өөрсдийгөө судалж эхэл­сэн. Хүн уураг тархи, потен­циа­лын­хаа нэг хувийг л ашиглаж байгааг тогтоосон. Тэгэхээр ашиг­лагдаагүй үлдэж буй тэр хэсгийг бид сэрээх хэрэгтэй.

Өдөрт багаар бодоход 30 ми­нут ном уншдаг хүн байлаа гэхэд түүний ой санамж, уураг тархи сайн ажиллана. Өдөрт оюун ухаа­наа ямар нэгэн байдлаар ажил­луул­сан дасгал сургуулилтыг хий­гээд сурчих хэрэгтэй. Ядаж шатар, даамаар тоглож, ном уншиж бай. Сүүлийн үед гарч ирж буй шинэлэг арга техникүүдэд суралцсанаар тухайн хүний сурал­цах үйл явц илүү хялбар болдог. Нэг юмыг дахин дахин уншиж цагаа алдахын хэрэг юун. Нэг уншсан юмаа тог­тоо­чихоод буцаа­гаад түвэггүй санадаг л байх ёстой.

Зарим хүмүүс утга учиргүй тоо, хөзөр цээжлээд яадаг байна аа гэдэг. Энэ бол зүгээр л тэмцээний төрөл, ийм байдлаар л илэрч бай­гаа юм. Цифр цээжлэх энэ дасгалыг гадаад хэлний үг тогтооход ашиг­лаж болно. Гар утсан дээрх бүх хүний утас, нэрийг цээжилчихэж болж байна шүү дээ.

Шатар, даамыг олон цагаар тоглодоггүй юмаа гэхэд ядаж үгийн сүлжээ бөглөчих хэрэгтэй. Цагийн цагаар ганц үгийн сүлжээ бөглөхөд таван минут л болно. Арван мину­тад судоку бөглөчихөд л оюуны дасгал болчихно. Оюун ухааны үйлдлийг шаардсан иймэрхүү зүйлс дасгал болдог юм.

Монголчууд ой тогтоолтын хувьд гайхамшигтай ард түмэн. Хоттой хонины захад очоод л ганц хонь дутсаныг шууд хэлдэг малч, малд нүдтэй хүмүүс шүү дээ. Гэтэл юм хөгжихийн хэрээр бидний ой тогтоолт муудаж, тэр сайхан зүйлээсээ алсраад бай­на?

-Монголчууд ой тогтоолт сай­тай. Гэвч одоо бэлэнчлэх сэтгэл­гээтэй болж, бүхнийг техник техно­ло­гид даатгах болжээ. Юм бүхэнд тооны машин бариад байх шаард­лагагүй. Илтгэл тавихад эдгээр аргачлалынхаа дагуу цээжээрээ уншчихдаг байх хэрэгтэй. Ямар ч насны хүн ой тогтоолтын сургал­тад яваад арга техникээ үзээд богино хугацааны дараа л “Цээ­жил­нэ гэдэг чинь ийм амархан байсан юм уу” гэдэг. Үг цээжлээд сурчихсан хүн, өгүүлбэр цээжилнэ. Өгүүлбэр цээжлээд сурсан хүн шүлэг, текстийг түвэггүй цээжилдэг болно. Тэгээд л ном, номоор нь цээжилнэ.

Шүлэг цээжилнэ гэдэг зарим хүмүүсийн хувьд хүсэх ч зүйл биш байдаг. Өглөө өлөн элгэн дээрээ цээжилбэл амархан тог­тоо­но ч гэж бас ярьцгаадаг?

-Аливаа
мэдээллийг урт хуга­цаа­ны ой тогтоолт руу яаж оруулах вэ, тэр процессыг л сайн мэддэг байх ёстой. Зарим хүн богино хугацааны санах ойгоо хөг­жүүл­чихсэн байдаг. Тухай үед хэсэг хугацаанд сайн саначихаад март­чих­даг. Гэтэл юмыг нухацтай сайн унш­чихаад дараа нь ямар ч хуга­цаа өнгөрсөн түүнийгээ санаж байдаг хүн бий. Тэгэхээр бид нар мэдээллийг яаж аваад урт хугацаа­ны санах ой руу оруулж, ямар ч цаг хугацаа өнгөрсөн  санадаг байх вэ. Ингэхийн тулд суралцахад сурал­цах тэр арга барилд суралцах хэрэгтэй.

Энэ удаагийн ДАШТий эхний гурван байрыг азиуд эзэлжээ. Манай улс гуравдугаар байрт шал­гарсан нь олон улсын анхаар­лыг татсан байх?

-Ой
тогтоолтын спорт Англиас гаралтай. Англи, Герман энэ сал­барт ноёрхдог. Гэвч сүүлийн жи­лүү­дэд Хятад, Энэтхэг, Филиппин хүч түрэн орж ирж байна. Хятад улс хэдэн жилийн өмнө дэлхийн авар­гад дээд тал нь тавдугаар байрт л шалгарч байлаа. Гэтэл одоо Хя­та­дад энэ чиглэлийн сургууль бай­гуу­лаг­даж, хүүхдүүд багаасаа ой тогтоолтын спортоор хичээллэж эхэлсэн. 11 настай хятад хүү англи хэл дээрх зуун мөр шүлгийг таван минутад цээжлээд буцаагаад хэлж чадаж байсан нь хүмүүсийн ан­хаар­лыг ихээхэн татсан. Энэ хүү­хэд энэ чадварыг хичээл, сургал­таар л олж авсан хэрэг шүү дээ.

Тэмцээний хаалтын ёслолын үеэр бүх тамирчид, багш төлөө­лөгчид Монголын баг тамирчид дээр ирж гар барьж баяр хүргэсэн. Монголчууд энэ спортоор эхний гуравт орно гэдэг гайхалтай. Энэ спортыг эх орондоо улам их түгээ­гээрэй гэж захицгааж байсан.

Хэтэрхий их зүйл тогтоох нь хүний оюуныг ачаалалд оруулдаг юм биш үү. Мартана гэдэг чинь маниасаа өмнөх үеийнх гэдэг байх аа?

-Хүн
үзсэн, харсан зүйлээ бүг­дийг нь тогтоогоод байх шаард­лага­­гүй. “Борооны хүн” гэж Хол­ливу­дын кино бий. Ким Пик гэдэг америк хүний бодит амьдралаас сэдэвлэсэн кино юм. Ким Пик нь үзсэн, харсан, сонссон зүйлийнхээ 98 хувийг санадаг гэж байгаа юм. Жишээ нь, 1997 оны тавдугаар сарын 16-ны өглөөний цайн дээр юу уусан бэ гэхэд шууд хэлнэ. Энэ хүний толгойд есөн мянган ном агуулгаараа, тэр чигээр байдаг гэж үздэг. Гэтэл ихэнх хүмүүс ийм биш шүү дээ. Саяын дэлхийн аваргын тэмцээнд оролцсон тамирчдын дийлэнх нь өөрсдийн хичээл зүт­гэл, уйгагүй хөдөлмөрөөрөө ой тогтоолтоо сайжруулчихсан хү­мүүс. Оксфордын 57 мянган үгтэй толь бичгийг цээжилчихсэн хүн байна. 1206 дугаар хуудасны 29 дүгээр үг юу гэхэд л тэр үгийг хэлж, англиар утгыг нь тайлбарлаж бай­сан. Хэрэгтэй гэсэн зүйлээ үлдэц­тэй­гээр тогтоох хэрэгтэй. Амьд­ралд хэрэг болно гэсэн зүйлээ л тогтоох хэрэгтэй. Ой тогтоолтын суурь 30 аргачлал байдаг. Эдгээр аргачлалыг өөрийн болгож чадвал аливаа зүйлийг тогтооход хялбар болно.

Та ой тогтоолтын дэлхий, тивийн тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцсон манай анхны тамирчин. Сая дэлхийн аваргад багаа ахлаад ирлээ. Ой тогтоолт­той холбоотой сонирхолтой явд­луу­­даасаа яривал?

-Ой
тогтоолт өдөр тутмын амьд­ралд минь хэрэг болж байна. Энгийн жишээ гэхэд л хаана юу тавьснаа мартаад байхгүй. Гал дээр хоол, цай тавьчихаад март­чихдаг улсууд байдаг. Миний хувьд ийм зүйл тохиолддоггүй. Утсан дээрх дугааруудаа бүгдийг нь цээжээр мэднэ.

Саяхан гадаадад төгсөгчдийн уулзалт боллоо. Тэр уулзалтад 40 гаруй залуу оролцсон. Бүгд нэг газар ороод сууцгаалаа. Ширээ­ний араас босч зогсоод бие бие­ний­­гээ танилцуулахад нь би тог­тоо­чихоод буцаад хэлсэн чинь гайхацгааж л байсан.

Байгууллагуудын тэмдэглэлт өдөр, шинэ жилийн цэнгүүнд уриг­даж очоод янз бүрийн үзүүлбэр үзүүлж байсан. Зочдыг орж ирэхэд үүдэнд гар барьж нэрийг нь сонсож дотогш оруулна. Тэгээд миний үзүүлбэр эхлэхэд “Үүдэнд надтай гар барьсан хүмүүс босно уу” гэхэд өнөөх хүмүүс босно. Тэгэхээр нь бүгдийг нь нэрлэхэд хүмүүс их гайхдаг юм. Иймэрхүү тохиолдол зөндөө. Хүмүүс иргэний үнэмлэх, банкны дансны дугаараа мэддэг­гүй. Веб сайтуудад бүртгэлтэй бол бүгдэд нь нэг ижил хаяг, нууц үгтэй байдаг. Хэрэв энэ тохиолдолд та нууц үгээ алдвал бүх мэдээллээ алдана гэсэн үг. Тэгэхээр та өөр өөр нууц үгтэй байх ёстой.

Та нарыг дэлхийн аваргад оролцоход улсаас, спортын бай­гууллагуудаас дэмжлэг үзүүл­сэн үү?

-Оюуны
спортыг төр засгаас дэмжмээр байна. Энэ удаагийн дэлхийн аваргад бид Монголын оюун ухааны академийн хүрээнд л санхүүгийнхээ асуудлыг аль болох боломжоороо л зохицуу­лаад оролцлоо. Гэхдээ бидэнд ганц хоёр хүн л тусалсан. Энэ асуудал дээр шүүмжлэлтэй ханд­маар санагддаг юм. Морь, бөх­чүү­дэд маш их мөнгө зарцуулцгаадаг. Оюуны спортыг дэмжихэд тэрэн шиг их мөнгө зарцуулдаггүй юмаа гэхэд замынх нь зардлын хоёр сая төгрөгийг л шийдээд өгчихмөөр юм. Хэрэв санхүүгийн асуудлыг шийдээд өгсөн бол манайхаас дахиад хэд хэдэн сайн хүүхэд явах байсан.

Биднийг хэрэв дэмжиж хамтарч ажиллавал Монгол Улсынхаа нэ­рийг дэлхийд гаргах бүрэн бо­ломжтой. Бид тэмцээнд явах зард­лаа хөөцөлдөж хэд хэдэн компани дээр очсон. Тэд нааштай хариу өгөөгүй. Гэтэл Хятадын “ZTE” гэдэг Монголд үйл ажиллагаагаа явуул­даг электрони­кийн компани “ДАШТ-д оролцох нэг тамирчны чинь зардал мөнгөний асуудлыг шийдэж өгье” гэсэн. Бид хэдий үндсэрхэг үзэлтэй, Монгол гэж омогшдог ч энэ тохиолдолд тэр мөнгийг авахаас өөр аргагүй болж байгаа юм. Гэтэл тэдний зардлыг нь дааж явуулсан хүүхэд үнэхээр өндөр амжилт гаргалаа. Өнөөдөр чинь морь, бөхчүүдэд хэдэн арван саяар нь мөнгө цацаж, хөшөөнд хүртэл мөнгө татдаггүй биз дээ. Бид ямар ч байсан мөнгө төг­рөгийнхөө асууд­лыг чадах чинээ­гээ­рээ шийдээд гурван хүүхдээ аваад дэлхийн аваргад оролцоод ирлээ. Гайхалтай амжилт ч үзүүлж чадлаа. Хүүхдүүдээрээ бахархаж байна.

Д.ГАНСАРУУЛ

 

Categories
редакцийн-нийтлэл

Нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан хойноо нэрээ татахыг хориглоно

-СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИА  ЧУУЛГАНААР БАТЛАХАД БЭЛЭН БОЛЛОО –

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр өглөө эрт хуралтай тов­той байв. Гэвч хоёр намын бүлэг тойргоос унасан нэр дэвшигч на­мын жагсаалт руу шил­жих босго хувиа тохи­роо­гүй учраас хурлыг хойш­луулсан юм.  Ингээд үдээс хойш 15.00 цагт байнгын хо­рооны хуралдаан эхлэв. Хуралдааны эхэнд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэл­цээд дэмжлээ. Энэ нь УИХ-ын есөн гишүүн Ерөн­хий сайдыг огцруу­лах бичиг өргөн барьс­наас үүдэлтэй Засгийн газар болон гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулахтай холбоотой асуудлыг тодорхой бол­гох тухай юм.

Энэ өдөр хэлэлцсэн гол зүйл нь Сонгуулийн тухай хуулийн шинэчил­сэн найруулгын төсөл байв. Хоёр нам тохи­ролцохгүй байсан асууд­лаа шийджээ. Тэд той­рогт 28-аас дээш хувийн санал авсан намаас нэр дэвшигч болон бие даагч УИХ-ын гишүүн болно. Харин сонгогчдын 28 ху­вийн санал авч ялагд­сан бол намын жагсаалт руу шилжихээр болж то­хирчээ. Мэдээж энэ нь намгүй бие даагчдад ха­маагүй болж байгаа юм. Ямартаа ч гацаад бай­сан асуудал нэг мөр бол­сон учраас ажлын хэсэг  байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт 36 санал оруулж ирэн эцсийн хэ­лэлцүүлгийг хийв. Н.Энх­болд гишүүн Сонгуулийн тухай хуулийн ажлын хэс­гийн гишүүдийг танил­цуул­сан юм. АН-аас УИХ-ын гишүүн Ч.Сай­ханби­лэг, З.Энхболд, Г.Батхүү, Э.Бат-Үүл, МАН-аас УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол нар болон Д.Энхбат гишүүн ажлын хэсэгт орж ажил­ласан юм байна.

ИРЭХ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ТОЙРОГ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛНЭ

Ингээд ямар саналууд хэлэлцсэнийг хүргэе.  Али­ваа нам, эвсэл сон­гуульд 76 нэр дэвшигчийг нэг жагсаалтаар оруулах юм байна. Тэдний 48 нь тойрогт, 28 нь намын жаг­саалтаар сонгогдоно. Үүнийг гишүүд дэмжсэн юм. Энэ саналыг хэлэл­цэх явцад тойрогтоо ялалт байгуулан парла­ментад сонгогдох гишүү­дийн тоо харьцангуй цөөн байгаа учраас тэднээс сайдын албан тушаалд томилогдвол дахин сон­гууль явуулах асуудал гарч мэднэ гэдгийг хөндөж байв. Д.Энхбат гишүүн “Хэрэв Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулчихвал сайд болж дэвшсэн УИХ-ын гишүүдийн тойрогт дахин сонгууль явуулна. Үндсэн хуулиа өөрчилж чадахгүй бол өнөөд­рийн­хөө хувилбараар УИХ-ын гишүүн сайдынхаа албан тушаалыг давхар хаших болж таарна” гэж байсан.

Дараагийн санал нь тойрог байгуулах тухай байв. Улсын хэмжээнд 26 тойрог байгуулах ажлыг сонгуулиас зургаан сарын өмнө хийх гэнэ. Тэгэхээр ирэх нэгдүгээр сарын 1-нээс 26 тойргоо байгуулах болох нь. Ин­гэхдээ хүн амынх нь тоо­ноос хамаарч бага хүн ам цөөтэй аймаг, дүүргүү­дийг нэгтгэн нэг тойрог болгох юм байна. Тухайн нэр дэвшигч хүсэлт гар­гаад сонгогчдын нэрсийн жагсаалтыг авч болох гэнэ.  Гэвч хэн дуртайд нь Монгол Улсын хүн амын дэлгэрэнгүй бүртгэлийг гаргаж өгөх нь осолтойг гишүүд сануулж байлаа. Харин З.Энхболд гишүүн ганцаараа орчин үед хувь хүний мэдээлэл нууц байхаа бараг боль­чих­сон. Дэлхийн зарим улс иргэдийнхээ бүх мэдээл­лийг ил гаргах нь ч бий хэмээн ярьж байв.

СОНГУУЛЬД ГОРИЛОГЧ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ИРЭХ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС АЖЛАА ӨГӨХ НЬ ХЭВЭЭР ҮЛДЛЭЭ

Сонгуульд нэр дэв­ших сонир­холтой төрийн албан хаагчид ирэх нэгдү­гээр сарын 1-нээс ажлаа өгөх тухай саналыг ажлыг хэсэг гаргаж, гишүүдийн дэмжлэгийг аваад бай­лаа. Гэтэл өчигдөр ажлын хэсэг энэ саналаасаа бу­цаж, төрийн албан хаагч ирэх гуравдугаар сарын 1-нээс ажлаа өгөхөөр болгон оруулж ирлээ. Ерөнхийлөгчийн санал болгосноор ингэж өөр­чилж байгаа­гаа ажлын хэсгийн ахлагч Н.Энх­болд хэлсэн юм. Гэвч ги­шүүд эрс эсэргүүцэв. Тө­рийн албыг сон­гуульд нэр дэвшигчдийн хөлд чи­рэх­гүй байх алхмыг хийх нь гэж  баярлаж байсан. Аж­лын хэсэг яагаад ийм зөв санал гаргачихаад түү­нээ­сээ ухарч байгаа юм гэх мэтийн шүүмжлэлийг Ц.Даваасү­рэн, З.Энх­болд, С.Эрдэнэ нарын гишүүд хэлсэн юм. “Төрийн мөнгө, хүчээр сон­гуулийн сурталчил­гаагаа хийнэ гээд цаана чинь төрийн албан хаагчид яриад эхэл­чихсэн байна. Тиймээс тэдний ажлаа өгөх хуга­цааг хойшлуулж болохгүй. Үнэхээр УИХ-ын гишүүн болмоор байгаа юм бол ажлаа өгөх хэрэгтэй. Ажил, сонгууль хоёрын­хоо аль нэгийг сонгох учиртай” гэдгийг Э.Бат-Үүл гишүүн ярив. Ингээд санал хураа­хад сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч ирэх гуравдугаар сарын 1-нээс өмнө ажил өгөх асуудал олонхийн дэмжлэг авсан­гүй. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгөх санал хэвээр үлдлээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КВОТ 20 ХУВЬ БАЙХААР ТОГТЛОО

Аливаа улс төрийн намаас нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квотыг 20 байхаар хоёр нам тохирчээ. Энэ саналыг Сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулахыг гишүүд дэмжсэн юм. Харин намуудын УИХ-д суудал босгыг таван хувиар тогтоов. Про­порциональ хувилбараар намуу­дын авсан саналын хувь тав бол­бол тухайн нам парламентад суудал­тай болно гэсэн үг. Тухайн тойр­гийн сонгогчдын 50-иас дээш хувь сонгуульд оролцоогүй эсвэл ту­хайн нам, эвсэл таван хувийн босго даваагүй бол сонгуулийг дахиулах юм байна.

Хэрэв нэр дэвшигч нас барсан юм уу эсвэл ял шийтгэл авсан хоёр тохиолдолд түүнийг санал ху­раалтаас хасна. Сонгуулиас  20 хоногийн өмнө нам, эвслүүд  түү­ний оронд  нэр дэвшүүлэх хүнээ тодорхой болгох юм байна. Гэтэл сонгуулийн үеэр нэр дэвшигчид хүсэлтээрээ нэрээ татаж, тойргоо өрсөлдөгч намынхандаа “худалд­даг” үйлдэл олонтаа гардаг нь өмнөх сонгуулиудын туршлагаас харагддагийг З.Энхболд гишүүн анхааруулсан юм. Тиймээс нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авсан хойноо  сайн дураараа нэрээ татахыг хуулиар хориглож өгөхөөр болов.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэр дэвшигчидтэй заавал гэрээ байгуулсны үндсэн дээр суртал­чилгааг нь явуулахаар тусгаж бай­гаа юм байна. Хэрэв худал мэ­дээлэл цацсан бол тухайн мэ­дээллийг өгсөн гэрээт нэр дэв­шигчээ зарлах учиртай. Худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэ­рэгсэлд өгсөн  нам эвсэл, нэр дэвшигч долоогоос арав гаруй сая төгрөгийн торгууль төлнө. Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгсэл тухайн гэрээт нам, эсвэл, нэр дэвшигчээ нэрлэж чадахгүй бол таваас до­лоон сая хүртэлх төгрөгөөр тор­гуулна. Эдгээр саналууд эцсийн байдлаар Сонгуулийн тухай хуу­лийн шинэчилсэн найруулгын төсөлд орохоор боллоо. Ажлын хэсгээс гаргасан бүх саналыг ин­гээд хэлэлцэж дуусав. Тиймээс  чуулганы хуралдаанд Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэл­цүүл­гийг хийхээр болсон. Тэгвэл энэ долоо хоногтоо багтаж хуулиа батлахад бэлэн болсон гэсэн үг. 

НЭР ДЭВШИГЧ ДАЙЛЛАГА ЦАЙЛЛАГА, УРЛАГИЙН ТОГЛОЛТ ХИЙВЭЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

Ажлын хэсгээс оруулсан са­налуудыг хэлэлцсэний дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Бат­тулга нарын Сонгуулийн хуульд оруулахаар гаргасан саналаар санал хураасан юм. Тэд сонгуу­лийн үеэр нэр дэвшигчид иргэдэд үнэ төлбөргүй эмнэлгийн үйл­чил­гээ үзүүлэх юм уу эм тарааж, урла­гийн тоглолт үзүүлж, дайллага цайллага хийж, элдэв янзын бэлэг дурсгалын зүйл тараавал эрүүгийн хэрэгт тооцон хариуцлага хүлээл­гэе гэжээ. Гэвч Э.Бат-Үүл гишүүн нэр дэвшигчид хүссэн үедээ эрүү­гийн хэрэг үүсгэж болох нь хэмээн эсэргүүцсэн ч нэмэр байсангүй, уг санал дэмжлэг авлаа. Ц.Даваа­сү­рэн цаашлаад нэр дэвшигчдийг ухуулагч ажиллуулахгүй байхыг санал болголоо. Харин энэ нь дэмжигдсэнгүй.

Дараа нь Х.Баттулга сайдын нэхэл хатуутай санал болгоод буй асуудлыг хэлэлцсэн юм. Архи, тамхины үйлдвэр байгуулж, ийм төрлийн бизнес эрхэлж байсан, одоо гэр бүл, ах дүүс нь тухайн бизнесийг нь авч яваа эрхмүүдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй хэмээн зүтгэж байгаа билээ. Х.Баттулга сайд тойрогтоо томилолтоор яваад эзгүй тул үүнтэй холбоотой асуул­тад хариулах эзэн олдохгүй байв. З.Энхболд гишүүн өмнөөс нь асуул­туудад хариулахаар болсон юм.

Э.Бат-Үүл гишүүн уг саналыг эрс шүүмжилж даацтай хэдэн үг хэлээд авлаа. Тэрээр “Хүнийг эрхэлдэг бизнес, хөрөнгө чинээ­гээр нь ялгаварлана гэдэг бол дарангуйлал бий болохын шинж. Энэ бол ардчилсан нийгмийн зар­чим биш. Энэ бол зүгээр л биз­несийн өрсөлдөөнөөс үүдэж нэ­гийгээ төрд гаргахгүй гэсэн асуудал байна. Хэрэв энэ саналыг дэмжвэл Үндсэн хуулиар олгогдсон хүний жам ёсны эрхэд халдана. Иргэ­дийн сонгогдох эрхийг ингэж зөр­чиж болохгүй. Архи, тамхитай тэмцье гэвэл төр бодлогоо зөв гаргах ёстой. Түүнээс биш иргэ­дийнхээ сонгогдох эрхэд халдах учиргүй” гээд архидалтыг дэмж­сэн­дээ ингэж яриагүйгээ ч хэлсэн.  Э.Бат-Үүл гишүүн өөрөө “Архины градусыг жил бүр хоёроор багасгах хуулийн төсөл өргөн барих гэж байгаагаа ч дуулгав. 

З.Энхболд гишүүн “Архины хэрэглээ Монгол Улсад гамшгийн хэмжээнд хүрсэн. Дэлгүүрүүдийнх нь барааны 80 хувийг согтууруулах ундаа эзэлж байгаа манайх шиг улс өөр хаана ч байхгүй. Тиймээс архи тамхи үйлдвэрлэгчдийг төрөөс хол байлгая гээд байна. УИХ архи, тамхины эсрэг бодлого гаргах гэхээр тэд саад болох вий гэсэндээ Сонгуулийн хуульд ийм өөрчлөлт оруулах гэж байгаа юм” хэмээн тайлбарлав.  Харин  Г.Баярсайхан гишүүн “Архи, тамхины бизнес эрхлэгчдийг гадуурхсан хэрэг биш.  Гамшгийн хэмжээнд хүрсэн архины асуудлыг цэгцлэх гэсэндээ ийм зүйл хийж байна. 13-хан настай хүүхэд архинд хордоод нас барчихаад байхад бид энд хүний эрх яриад сууж байгаа нь шившиг” хэмээв. Гэвч Э.Бат-Үүл гишүүн “Утаа гамшгийн хэмжээнд хүрлээ гээд Алагтолгойн уурхайн захирлыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж болох нь л дээ. Алтны ордтой хүмүүсийг байгаль сүйтгэгч гээд нэр дэвшүүлэхгүй байх нь. Цаашдаа ийм жишиг тогтоохын тулд энэ саналыг оруулж ирлээ” гэдгийг хэллээ. Ингээд санал хураахад Х.Баттулга сайдын санал дэмжлэг аваагүй юм.

Сонгууль явуулах өдрийг ирэх оны зургадугаар сарын сүүлийн долоо хоногт товлохоор тогтов. Ингэхдээ ажлын өдрийг тааруулан сонгуулиа явуулах ажээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ирэх сарын 1-нээс хэн хэн ажлаа өгөх вэ?

Сонгуулийн тухай хуульд шинэчилсэн най­руулгаар нэгэн заалт оруулсан нь сонгуульд санаархаж буй төрийн албан хаагчдад хүндхэн тусаад байгаа. Төрийн албан хаагчид парла­ментад сонгогдох нэ­рийд­лээр төрийн албыг эзгүйрүүлж,  ядарсан ард түмнийг хөлдөө чирч сон­гуульдсаар ирсэн  гажууд­лыг арилгаж, нэр дэв­шигчдэд сонгуульд тэгш гараанаас өрсөлдөх бо­ломжийг олгох энэ мэргэн санааг Сонгуулийн аж­лын хэсгийнхэн гаргасан.  Тиймээс хууль бат­лагд­чих­вал нэр дэвшихээр дарцаглаж яваа төрийн албан хаагчид сон­гуу­лиас зургаан сарын өмнө ажлаа өгөх болно. Тэр хугацаа нь 2012 оны нэгдү­гээр сарын нэгэн.  Энэ бол төрийн яамдын сайд, дэд сайд болон бүх шатны Засаг даргад ха­маа­рахгүй. Учир нь тэд улс төрийн албан ту­шаал­танд тооцогддог уч­раас ажлаасаа салах аюу­лаас нэг удаадаа ав­раг­даж байгаа юм.

Харин ирэх жилийн сонгуульд өөрийгөө “сойж” PR-аа аль хэдийнэ эхэлчихсэн төрийн албан хаагч олон бий. Төр барьж байгаа хоёр нам нь Сонгуулийн хуульд гох дэгээ тавьчихсан. Хууль нь хугацаанаасаа өмнө батлагдах эсэх нь то­дорхойгүй байхад тэд  элдэв санал асуулгад сайн дураараа оролцож, дээгүүр давхичих санаа­тай зүтгээд эхэлчихэж. Өнгөрсөн сонгуулиар МАН-аас нэр дэвшээд парламентад орж чадаа­гүй С.Баярмөнхийг нам нь  Гадаад харилцааны яам­ны дипломат байгуул­лагын үйлчилгээ аж ахуйн газрын даргын суудлаар шагнаж, гомдол гутралыг нь тайлсан билээ. Дөрвөн жил төрийн халамж хүр­тэж, даргын суудалд ям­балсан тэрээр ирэх жи­лийн сонгуулиар даагаа нэхэх бололтой. “Монгол шуудан” төрийн өмчит компанийн салбарын за­хи­рал Д.Бурыжан гэдэг нөхөр МАН-аас нэр дэв­шээд нутгаасаа гараад ирэх өндөр магадлалтай хэмээн горьдож суугаа юм байна. Гадаад харил­цааны яамны төрийн на­рийн бичгийн дарга Д.Цогтбаатарын санаанд ч ирэх жилийн сонгууль  багтаад байгаа бололтой. Улсын бүртгэлийн ерөн­хий газрын дарга Л.Мөнх­баатар, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр нарын тө­рийн албанд зүтгэгчид сонгуульд горилж, сэт­гэ­лийн гүндээ парла­мен­тын гишүүн болчихсон тууж яваа бололтой са­нал асуулгад нэрээ оруул­чихжээ.

Тэгвэл АН-аас Мон­голын шуудан харилцаа холбоо технологийн газ­рын дэд дарга А.Мөнхбат нэр дэвшихээр тоочиг­лож байгаа юм байна. Саяхан төрийн соёрхол хүртсэн “Эрдэнэт” үйлд­вэ­рийн дарга Ч.Ганзориг ч санаатай яваа нь мэдээж. Гаалийн ерөнхий газрын дэд дарга А.Мурат ч үзээд алдах гэнэ.  Ингээд тоо­чоод байвал төрийн ал­бан хаагчаас төрийн тү­шээ болох мөрөөдөлтэй эрхмүүдийн цуваа бараг­дахгүй биз ээ. Гэхдээ Сонгуулийн тухай хууль өнөө маргаашгүй бат­лагд­чихвал тэд хоёр до­лоо хоногийн дараа аж­лаа хүлээлгэж өгөх ёстой.  Тэгэхээр парламентын гишүүн болох хүсэлтэй төрийн албан хаагчдын ажилтай байх хугацааг өнөөдрөөс тоолбол ер­дөө 18-хан хоног үлджээ. Хүмүүс шинэ оноо угта­хаар яараад байдаг. Ха­рин тэдний хувьд албан тушаалтай нь хамт ули­ран одох гээд буй хуучин оны сүүлийн энэ өдрүүд хараар тэмдэглэгдэж зүр­хэнд нь  шар ус хуруулж байгаа. Тиймээс Сонгуу­лийн хуулийг гацааж  “буян” болж буй хоёр нам­даа баярлаад барахгүй яваа биз ээ.

Я.МӨНГӨН

Categories
редакцийн-нийтлэл

Хуулиа хөлдөө гишгэсэн хуульчдыг тэтгэвэрт нь гаргая

-ШҮҮХ, ХУУЛИЙН ШИНЭТГЭЛИЙГ ХИЙХ БОЛ
ЭНДЭЭС Л ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ-

Хуульчид хүний гар хөлөөр хөдөлдөг, цагдаа прокурор, шүү­хийнхэн ямар нэг ашиг сонирхол, зөрчил даалгавраар асуудалд ханддаг тухай яриад олон оныг элээлээ. Яриад л байдаг, гомдол­лоод л байдаг. Он жил урссаар. Шударга ёс байдаг гэдэгт, үнэн зөв хэзээ нэг цагт ялдаг гэдэгт итгэдэг хүмүүс улам ховордсоор. Нэг үеэ бодвол энэ салбарыг өөрчлөх, шинэчлэх хэрэгтэй гэдгээр дээрээ­сээ эхлээд дуугарах болов. Бас шинэч­лэгдээд л байгаа шүү дээ гэж зөрүүдэлдэг хуулийнхан ч өөр дотроо шинэтгэлийг хүлээн зөв­шөөрөх болов. Гэвч эрс тэс өөрч­лөлтийг огцом хийж шинэтгэлийг авчрахгүй бол хохирч байгаа хүний эрх, шударга ёс ийм зовиуртай удаан шилжилтийг хүлээхийн аргагүй дорд оржээ.

Өнөөдөр энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс тэр чигтээ хуучин нийгмийн хүмүүс. Социализмын үед боловсрол олж, нам төвтэй тэр нийгэмд хүмүүжсэн. Тэр ч үүднээсээ дарга юу хэлнэ, нам ямар чигтэй байна тиймийг л дагадаг. Уг нь намын харьяалалгүй гэгдэх ч тийм нийгэмд төлөвшсөн болохоороо яаж ч хичээгээд түүнийгээ тавьж чадахгүй юм.

Ерээд оноос ч өмнө энэ салбарт ажиллаж байсан хүмүүс одоо ч ажилласаар. Одоо Н.Энхбаяр ба түүний эргэн тойрны хүмүүсийг залхааж байна хэмээн буруут­гагдаж байгаа хүмүүс өмнө нь Н.Энхбаяр ба түүний эргэн тойрны хүмүүсийг хамгаалж ажилладаг байлаа. Түү­ний эрх ашгийг хөнд­сөн, эрх ба­ригч намыг муулсан хүмүүсийг залхаан цээрлүүлэхэд гар бие оролцон ажилладаг байв. Тийм хүмүүсийг шоронд илгээх буюу түүний өмнөх шат дамжлагыг бүг­дийг туулдаг байв. Н.Энхбаярын эхнэртэй нь муудсан У.Хүрэлсүх, аавтай нь муудалцсан рашаан судлаач, сонин булаалдсан эрх­лэгч Б.Ганболд, шүүмжилж бичсэн сэтгүүлч Г.Дашрэнцэн, хэмжээлш­гүй эрх мэдэлт МАХН-д (тухайн цагийн нэршлээр нь) нь эсэргүүц­лийн туг намируулсан “Шударга ёс бүлгэм”-ийн Г.Баярсайхан, тэдний мэдэгдлийг хэвлэсэн “Өдрийн со­нин”-ы эрхлэгч Ж.Мягмарсүрэн, үг хэлж байхад нь хойно нь эсэргүүц­лээ илэрхийлж цаас барьсан Л.Гүн­­далай. Тэднийг бүгдийг шорон руу, эсвэл шоронд оруулах ял тулгах бүр шатыг дамжуулж, ясанд нь тултал “буруу”-г нь мэд­рүүлнэ. Ингэхийн тулд намын хий­гээд хуулийн бүх араа машинуудаа хөдөлгөдөг байв. “Өдрийн сонин”-ы эрхлэгч Ж.Мягмарсүрэн МАХН-ын араа зуултанд орж, шалгагдаж байхдаа түүнийг буруутган өргөдөл гаргасан гэх МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Энхтүв­шин рүү утас цохин “Залуу цагийн андаа юунд цагдаад өгөв дөө” гэхэд “Н.Энхбаяр шахаад суулгах­гүй байна шүү дээ” хэмээн учирлаж байсан гэдэг. Тэд нэгэн цагт “Ардын эрх” сонинд хамтдаа зүтгэж байсан болохоор нэг нь тийн утастаж, нөгөө нь үнэнээ тэгж хэлсэн хэрэг л дээ.

Ингэж л нэгэн цагт Н.Энхбаяр гэдэг “үндэсний удирдагч”-д таа­лагдаагүй, түүний уур хилэнг хө­дөлгөсөн хүмүүсийн эсрэг “шударга ёсыг тогтоох” ёстой хуулийнхан ийнхүү ханцуй шамлан зүтгэж байсан юм.

Харин одоо эзэн нь солигдож. Тэр эрх баригч МАН-тай муудал­цаж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдор­жийн тухай элдэв бүхнийг дэлгэн тавьснаас өөрөө шахаанд оржээ. Яг хуучин цагт хийсэн хийгээгүй бүхний төлөө буруутдаг байсан тэр л зохиолын дагуу өрнөв.  Эзэн байсан Н.Энхбаярыгаа элдвээр ороож гоочлох болов, хуулийнхан. Яг л танил хэв маягаараа шахаж байгаа учраас Н.Энхбаяр нь мэдэ­хийн цаагуур мэдэж, нүүдлээ ч хийж, хариу арга хэмжээгээ ч авч байх шиг ээ.

Түүнийг Ерөнхийлөгчийн албыг хашиж байхад шадар туслахаар нь ажиллаж байсан, хэсэг хугацаанд харьд сурч байгаад ирсэн туслах Б.Тулга хэмээх залууг цагдаа­гийнхан баривчилж нэг, тавьж нэг жүжиг тавилаа. Энэ бол хуулийнх­ны дэглэсэн жүжиг. Драмын теат­рын ойд зориулж “UBS” телеви­зийнхэн “Орших уу, эс орших уу” гээд нэгэн төсөл хэрэгжүүлж байгаа нь олон нийтэд драмын урлагийг ойлгуулахад томоохон хувь нэмэр оруулж байгаа билээ.

Энэ төсөл хуулийнханд хүртэл очиж, нөлөөлөөгүй л баймаар юм. Гэвч цагдаа нь ч, прокурор нь ч, шүүх нь ч бүрэн бүрэлдэхүүнээрээ гайхалтай хоршин эмгэнэлт инээд­мийн жүжиг тавив. Дуудахад өөрөө очсон Б.Тулгыг цаг­даагийнхан оргон зайлахыг завд­сан гэж үзээд баривчилжээ. Баривч­лан саатуу­лах 14 хоног нь гүйцэхийн алдад прокурор нь сун­гах гэж цаасаа аваад шүүх рүү гүйжээ. Гэтэл түүнийг эрүү өвдөг нь нийлсэн хэдэн өвгөн, эмгэн замд нь барь­цаалаад авчихаж гэнэ. Бүр 18 цаг барьцаалсан гэж байгаа шүү. Ха­рин шүүх ирэхийг нь хүлээж цө­хөөд, суллах ёстой юм байна гэж ойлгоод тогтоолоо гаргасан байна. Үүн шиг жүжиг гэж байх уу. Тэгээд бас болоогүй прокуророос хэвлэ­лийн бага хурал зарлаж шогтлоо. “Бид үргэлжлүүлэн хорих гэж бай­сан чинь өвөө, эмээ нар мөрдэстэй албан хаагчийг маань барьцаа­лаад чадсангүй” хэмээн мэдэгдэв. Уучлаарай, ийм юм байдаггүй юм. Улс төрийн байгууллага юм уу, прокурор чинь. Угаасаа ганц проку­рор гэлтгүй манай хууль хянал­тынхан улс төрийн байгууллага шиг, ажилтнууд нь намын гишүүд шиг байсаар удлаа. Миний, миний эцгийн, миний өвөөгийн мэдэхийн ийм байсаар. Ардчилсан нийгэм, ардчилал үнэртсэн ахуй бидний олон зүйлийг өөрчилсөн. Ганц өөрчлөгдөөгүй нь хуулийн салбар. Яагаад гэвэл тэр л үед байсан хүмүүс тэр чигтээ энэ салбартаа ажилласаар байна. Гэтэл сая юу болов. Үргэлжлүүлж сунгах байсан чинь чадсангүй гэж, бичгээ ирүү­лээгүй болохоор суллачихлаа гэж ам амандаа хууль дүрэм, цаг нараа ярьцгаав.

Хэзээ Монголд хууль дүрэм ингэтлээ үйлчилдэг болчихсон юм бэ. Шорон руу явуулсан хойноо бичгээ үйлддэг биз дээ. Эмнэлэгт хэвтэж байгаа хүнийг “Чамайг маргааш цагдаа явж баривчлуулна даа” гэж нэг утасдаад л хэлсэн сүрдүүлгийн нь дагуу  цагдаа ирж “Оргон зайлах гэсэн” үндэслэлээр баривчилж л байдаг ш дээ. Шүүг­чид нь гэнэт гурван талаасаа бол­зож ирээд л захирамжаа гарган, гарын үсгээ зурчихсан л байдаг. Гэхдээ бодит үндэслэлээр бус харин дээрээс нь утасдаж заавар­чилгаа өгсний дагуу шүү. Дээд шатны шүүгчийнх нь үг хууль байд­гаас тэр биз. Тийм бусармаг хүмүүс нь улам бүр дэвшин дээшлэхийг яана.

Хэзээ ингэж жинхэнэ ёсоороо хууль дүрэм үйлчилж байсан юм. Ингэдэггүй гэдгийг явж ирсэн турш­лага, түүх, нулимс шаналангаараа ард түмэн чинь мэддэг болчихсон. Хувь хүмүүс хоорондоо гомдол гарган, хэрүүл маргаанаа шийдүү­лэх гэвэл шударга үнэн тэнд байгаа гэж итгэх ч аргагүй. Зуд­наар ноход зоолдгийн адилаар хуулийнханд зоолуулаад л дуусна. “Хэрэг хааш нь ч эргэж мэдэхээр байна” гэж хэлээд гар харахаа тэд андах­гүй. “Буруугүй ч буруутан болохгүйн тулд байдгаа барьж өгөгсөд Мон­голын нийгэмд дэндүү олон доо. Хуулийнхан хэнийг зоо­лохоо өөр хоорондоо тохирч, үгсэн ярьж сүлжээ хэлбэрээр ажиллад­гийг ч учир мэдэх хүмүүс хэлдэг. Өнөөдөр Зайсанд хаус худалдан аваад амьдарч байгаа хүмүүсийн хэд нь хууль цагдаагийнхан гэж та бодож байна. Зайсан байтугай Америкт хаус худалдан авагсад ч байгаа, энэ салбарынхаас. Хийж бүтээж хөдөлмөрлөсөн хүн авч болно оо. Харин хуулийн нэрээр хүний зов­лон нулимсаар хөлжиж байгаа бол дэндүү харамсалтай. Бас хуулийн нэрийг барьж эрх мэдэлтэн, намын даалгавраар ажиллаж байгаа бол эмгэнэлтэй. Шүүгчид дунд “Удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа” гээд улайрагсад, бас “Аргагүй тэтгэ­вэрт гарахаасаа өмнө” гэж хүлээн зөв­шөөрөгсөд бас байдаг гэлцдэг. Мэдээж, энэ бүгдийг шүүмжлэн бичихдээ шударга ёсыг барьж, нэг сэтгэлээр ажиллаж байгаа бүх хүний зүтгэл сэтгэлийг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ цэврээс цэвэр байх ёстой хүмүүс дунд бохироос бохир хүмүүс байгаа учраас энэ салбарт эрс шинэчлэл хэрэгтэй байна. Үүний тулд тэр чигээр нь хүмүүсээ солих нь зөв. Арав хорь гучин жилээр эзэн сууж, шударга ёсыг тогтоохын оронд алдагдуулсан хүмүүсийг бүгдийг тэтгэвэрт нь гаргах хэрэгтэй. Гэхдээ ажиллах жилийг нь тооцож, цалин пүнлүүг нь өгсөн ч яахав. Ирэх үр дүнгээ бодвол гарах гарлага ч яамай байна. Харин оронд нь нам, дар­гын төлөө ажиллаж болдог гэдгийг огт ойлгохгүй залууст хууль эрх мэдлийг атгуулъя. Хүний эрх бүх­ний толгойд байдаг гэдгийг төрөх цагаасаа мэдэрч өссөн, хүнээ дээдэлдэг улс оронд хууль эрх зүйн чиглэлээр сурч болов­сорсон мэргэжилтнүүдээр дүүргэе. Явж байгаа хүмүүсийн гомдол, цав цагаан цаас мэт шинэ хуульчдыг дагаад ирэх эрсдэл байж болох ч шударга ёсыг хөлдөө гишгэж бол­дог мэт ойлгон явж ирсэн хүмүү­сийн гаргах уршгаас л бага байж таарна. Дэлхийн улс орнуудад ч ингэж ирсэн нь бий. Хоёр Герман нэгдэх үед Зүүн Германд таваас дээш жил ажилласан шүүгч нараа хуйгаар нь сольж байсан гэдэг. Яагаад гэвэл тэднийг шүүгчид биш даалгавар биелүүлж ирсэн хүмүүс гэж үзсэн учраас хууль тогтоох байгууллагад байлгахаас цээрлэ­сэн ажээ. Хэрэв Монголд шүүхийн шинэтгэл хэрэгтэй хэмээн үзэж, шударга ёсыг тогтооно л гэж үзэж байгаа бол эндээс л эхлэх хэрэгтэй. Шүүхийн шинэтгэл, шудар­га ёсыг ярьж л байгаа бол зоригтой өөрч­лөлтөөс ч айхгүй байх ёстой.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Путины төгсгөл үү

Орост манай долдугаар сарын 1 шиг юм болж байна. Хэдийгээр хүний амь үрэгдээгүй, элдэв зүйл болж байгаа мэдээлэл байхгүй байна ш дээ гэж гайхшрах хүмүүс байгаа ч Орос шиг ардчилал нь ард хоцорсон улсад өрнөөд байгаа үйл явдал бол долдугаар сарын 1 байтугай, ардчилсан хувьсгалын энтэй асуудал гэхэд даваадсан хэрэг болохгүй билээ. 

Ард түмэн бол номхон тэмээ мэт ч номхчилж дээрэлхээд бай­вал ноолуулаад байдаг улс биш. Үгээ хэлнэ, эсэргүүцнэ. Босно, тэмцэнэ. Гэхдээ тэгж эсэргүүцээд эхэлтлээ уддаг. Жинхэнэ л тэв­чээ­рийн тэлээ нь тасрахын алдад үгээ хэлдэг. Оросын ард түмэн удтал дуугүй явж ирсэн нь үнэн. Өөрчлөлт шинэчлэлтийн давалгаа эхэлж, өөрчиллөө шинэчлэгдлээ гэсэн сэтгэлгээгээр хорь гаруй жилийг үдсэн ч үндсэндээ Сталины засаг­лалаар замнасан орос  үндэстэн Путины буулганаас залхаж бай­гаа нь сүүлийн үед илүү тодорхой харагдаж эхэлсэн билээ.

Өнгөрсөн ням гаригт болсон ОХУ-ын Төрийн Думын сонгуулиар В.Путины “Нэгдсэн Орос” нам 238 суудал авч,  сөрөг хүчин Коммунист нам 92, бусад намууд 64, 56 сууд­лыг тус тус авсан дүн гарав. Са­налын хуудас 99,99 хувь тоо­логдсон гэж байгаа. Хэдийгээр “Нэгдсэн Орос” нам өмнөх парла­ментад байсан 300 суудлаасаа цөөрч 238-ыг авсан ч энэ сон­гуу­лийг шударга бус болсон хэмээн ард иргэдийн төлөөлөл эсэр­гүүц­лээ илэрхийлэн жагсч байна. В.Пу­тин болон түүний эргэн тойрны хүмүүст үг хэлж болохгүй бичиг­дээгүй хууль энэ улсад уламж­лаг­даад удаж байна. Гэхдээ одоо Оросын ард түмний тэвчээр ба­рагджээ. Тэд Ходорковскийг ялтан болгож, Березовскийг эх орноос нь хөөж, бас үг санал нэгдээгүй хүмүү­сийг үхдэл болгож байсан гашуун түүхийг мэддэг ч энэ удаад айж суухыг хүсэхгүй байх шиг.  Ялан­гуяа залуу үе нь шударга бусын эсрэг ихээхэн дургүйцэж байна.

Тэд энэ сонгуулийг луйвар бол­сон хэмээн үзэж байгаа бөгөөд эсэргүүцлээ тайван замаар илэр­хийлж жагсаал хийж, эхнээсээ баригдаад байна. Цагаан, цэнхэр бөмбөр цохин эсэргүүцлээ илэр­хийлж, хуучин, шинэ цагаан хоо­лой­гоор үгээ хэлж байгаа залуу­чуудын бичлэгийг “CNN”-ээр хара­хад бахархам санагдаж байлаа.  Ийм мэдээллийг барууны сурвалж­лагч нар л хүргэж байгаа болохоос Орост энэ төрлийн мэдээлэл хаагд­мал байна. Өчигдөр гэхэд бид Москвад ажиллаж, амьдарч байгаа хүнтэй холбогдон мэдээлэл авахыг хүсэхэд “Энд юу болж байгаа юм бэ. Телевизээр янз бүрийн мэдээ­лэл явж байгаа юм алга. Цагдаа нар өндөржүүлсэн байдалд байгаа нь л анзаарагдаж байна” гэж ха­риулсан билээ.  Гэхдээ байдал өөр байгаа юм.

Сонгуулийг шударга бус болсон хэмээн эсэргүүцсэн, үгээ хэлсэн сонгогч, ажиглагч, сэтгүүлч нарыг баривчилж байгаа ч Орост их давалгаа үүсэх нөхцөл байдал нэгэнт бүрэлдлээ хэмээж олон улсын ажиглагчид мэдэгдэж байна. Зөвлөлт гүрний сүүлчийн удирдагч М.Горбачев өнгөрсөн 4-ний өдрийн сонгуулийг шударга бус болсон гэж мэдэгдээд дахин явуулахыг шаард­жээ. Дэлхийн улс төрийн тогтол­цоог өөрчлөхөд түүхэн алхам хийсэн гэгддэг, Нобелийн энх тайвны шагналт түүний энэ үг  коммунист намын гишүүн гэдгээрээ бус харин шударга үнэний төлөө дуугарах хүн гэдгээрээ олон орны хүмүүст ойлгогдож байгааг онцлох ёстой болов уу.  Үүнийг ч барууны­хан заавал анхаарах өнцөг гэж харж байгаа билээ.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар манай сонгогчид “Бидний өгсөн санал хаачсан бэ” хэмээн бухим­даж, үзэл бодлоо илэрхийлсэн. Харин энэ нь сүүлдээ үймээн са­муун болон хувирч, таван амь эрсдэж одсон харамсалт түүхийг дагуулсан. Орост хэдийгээр сонгог­чид хүчтэй тэмцэл өрнүүлж чадах­гүй байгаа ч Орос шиг хатуу дик­та­туртай газар харин ч чадаж байна хэмээн үнэлэхээс аргагүй юм.  Оросууд шударга бус сонгуулийг  буруутган ирэх бямба гаригт жаг­сахаар шийдээд байгаа ажээ. Жагсаалыг зохион байгуулагчид 2000 орчим хүн ирэх болов уу гэсэн тооцоо гаргаж байгаа бол одоогийн байдлаар 16 мянган хүн “Face book”-ээр дамжуулан оролцохоо мэдэгдсэн байна. 

Үнэхээр В.Путины засаглалын төгсгөл ирж байгаа юм болов уу. В.Путин бас л эзэн суух цагтаа суугаад, явах цагтаа яваад өгчихөж чаддаггүй л хүн юм. В.Путин Оро­сын ард түмний дунд нэр хүндтэй үе байсан уу гэвэл байсан. Хувь улстөрчийн рейтинг нь наян хэдэн хувьтай л байдаг байлаа. Орос улс эдийн засгийн хувьд дахин хүчир­хэгжих цагт тэр төр удирдаж байв. Нефтийн үнэ өсөх бүр Орост шинэ боломжийг өгч байдаг болохоор шилжилтийн үеийн шуурганд уруу­даж байсан Орос босч чадсан. Үүнд В.Путины гавьяа бий.

2000-2004,
2004-2008 оны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд тэр Оросын эзэн байв. Хэрэв үнэхээр энэ улс ардчилсан замналаар явж байгаа бол В.Путин В.Медведевийг хөтлөн гарч ирж, бас өөрөө Ерөнхий сайд болохгүй л байх байлаа. Гэвч тэр эрх мэд­лийн төлөө үхэн хатан зүтгэж байв. Бас дахин сонгогдох боломжийг энэ удаад Д.Медведевт өгөхийг хүссэнгүй. Уг нь Димагийн үед Орост ардчиллын гэгээ үүлний цоорхойгоор өнгөлзөж байна гэж харж болохоор байсан ч жинхэнэ л үүлэн цоорхойн нар шиг хуурамч байж.

 Нэг хэсэг тэр хоёрын тэмцэл илтэд анзаарагдаж эхэлсэн билээ. Д.Медведев “Олигархижсан бүлэг­лэ­лийн эсрэг тэмцэнэ” хэмээн өнгөрсөн нэгдүгээр сард Давосын индрээс мэдэгдээд л, нэг нь баруун хязгаараараа явахад нөгөөх нь зүүн талаараа яваад л. Тухайн үед Д.Медведев эр хүн шиг зоримог байсан ч өнгөрсөн намар намын­хаа хурлаар В.Путиныг Ерөн­хий­лөгчид нэр дэвшихийг зөвшөөрс­нөөрөө хулчгар нэр зүүж орхисон.  Гэхдээ В.Путины улайрал улс төрд сайн зүйл авчрахгүй гэдгийг мэд­сэн­дээ, түүний төгсгөл ирж байгааг мэдэрсэндээ хүлцэнгүй байсан байхыг үгүйсгэх ч аргагүй юм, одоо ингээд харж байхад.

Орос шиг их гүрэнд хатуу гар байх ёстойг үгүйсгэх аргагүй. Гэх­дээ нэг хүнийг тахин шүтэхийн хар түүхээсээ салж ядаж байгаа энэ үндэстэнд зориулаад “Нэгдсэн Орос” нам, В.Путины хүрээл­лийн­хэн нүүр царайгаа сольж болох л байлаа. Арга заль, менежмент хэрэглэж болох  байв. Гэвч В.Путин үүнийг хүлээн зөвшөөрөх тэнхээ байгаагүйдээ түүний төгсгөл ойр­тож байна.

Тэр гурав дахь удаагаа Ерөн­хийлөгч болохоор нам дотроо эрх авсан тэр өдрөөс хойш дургүйцлээ оросууд шууд илэрхийлж эхэлсэн юм. Үүний тод жишээг олон улсын тоймчид цухас дурджээ. Хойд хөршийнхөө телевизийг тогтмол шахам үзэж мэдээлэл авдаг мон­гол­чууд үүнийг тэднээс ч өмнө анзаарсан гэхэд болно. Одоогоос сар орчмын өмнө Москва хотын “Олимпийский” цэнгэлдэх хүрээ­лэнд дүрэмгүй зодооны дэлхийн аварга Федор Емельяненко Аме­рикийн Жэфф Монсонтой зодол­дож, тэрийг нь Орос орон тэр аяараа хөхин баясч үзсэн юм. Сүүлийн жилүүдэд 5000 хүнээс илүү дүүрч үзээгүй гэх тэр цэнгэл­дэхэд 20 мянган хүн хуран цугларч, Япон, АНУ-д л зодолдохоос нутаг­таа ховор үзэгддэг “Баавгай”-даа хүндэтгэл үзүүлж байв даа. Мань нөхөр ч ялж, рингэн дээр ид ялал­тыг нь зарлаж байх үед В.Путин ч сэтгэл нь хөөрч гараад очсон. Харин тэгэхэд нь тэнд цугларсан хүмүүс тэр чигээрээ дургүйцэж байгаагаа илэрхийлсэн нь эрхэм Ерөнхий сайдыг тун эвгүй байдалд оруулсан юм. Манай улстөрчид Асашёорюүг ид байхад дагаж гүйгээд байдаг шиг л юм болсон хэрэг шүү дээ. Гэхдээ В.Путин хүмүүсээс тийм эсэргүүцэл ирнэ хэмээн ер санаагүй байсан нь илт болсон билээ. Уг нь сонгуулийн өмнө пиар хийх санаатай байсан ч алга ташиж эсэргүүцлээ илэрхийл­дэг оросууд сүүлдээ бүр шүгэлдэж эхэлсэн. Түг таг гээд үгээ давтсаар рингээс буухаас аргагүй болсон Ерөнхий сайд ямар их мэгдсэн нь маргаашийн үйлдлүүдээс нь ил болсон юм. Хэвлэлийн албанаас нь хүмүүсийн тэгтэл эсэргүүцсэн нь В.Путинд биш америк тамирчинд зориулсан гэсэн мэдэгдэл гаргаж, тэмцээний бичлэгийг  телевизээр давтахдаа шүгэлдсэн дуу чимээг таг дарсан байлаа.  Гэвч оросууд үнэнийг худал болгох гэж байгаад дургүйцэж, “Путин, чи зайлаач, чиний хэрэг байхгүй” гэж орилж байсан үзэгчдийн бичлэгийг утсаа­раа баримтжуулснаа интернэтэд энд тэндгүй байрлуулж эхэлсэн.  Бас америк боксчинд хандан твит­терээр “Оросын ард түмнийг хайр­лан алх хадуурыг хүртэл биедээ шивүүлсэн чамд бид дургүйцээгүй ээ” гэсэн захидлыг үй түмээр нь илгээсэн.  Энэ бол энгийн нуршуу түүх мэт боловч В.Путин гэдэг дарангуйлагчаас хүмүүс залхсаны баталгаа юм. Тэр ч өөрөө дэндүү сандарсан. Ямар сайндаа л энэ явдлаас хоёр хоногийн дараа Санкт Петербург хотод хар там­хины эсрэг цуглаанд үг хэлэх байсан Ерөнхий сайд ажилтай гээд ирээгүй байхав дээ. Тэр үнэнээс айсан биз. Гэхдээ өнгөрсөн он жилүүдэд хязгааргүй эрх мэдлийг төвлөрүүлж чадсаныхаа хүчинд “Нэгдсэн Орос” нам сонгуульд дахин олонхи болов. Сонгуулийн дүн туйлын үнэн байдаггүй, хүсвэл СЕХ  эрх баригчдад зориулан өөрчилж чаддаг гэдгийг бид мэдэх хойно. Энэ сонгуулийн дүн хуудуу­тай болсон гэж жагсч байгаа улсууд мэдэгдэж байгаа нь оргүй биш биз ээ.

Үнэндээ
ч энэ сонгуулиар В.Путины намд 99 хувийн санал өгсөн газар нь Чечень байсан гэхээр
хэн итгэх билээ. Бүр Чечень
шүү. Энэ удаад жагсагчид бариг­даж,
магадгүй цус асгарч, шо­ронгийн
ялтан болохыг үгүйсгэх аргагүй. Ирэх гуравдугаар сарын Ерөнхийлөгчийн сонгуульд тэр ялах л байх. Гэхдээ ард түмэн бол номхон тэмээ шиг ноолуулаад
байхгүй. Тэр тусмаа аугаа
орос үндэстэн үү.

Categories
редакцийн-нийтлэл

“Инсбрук 2012” олимпод манай хоёр тамирчин өрсөлдөнө

Уг наадмын медалийн заг¬варын уралдаанд олон уран бү¬тээлч, дархан, зураач болон сонирхогчид өөрсдийн загвараа илгээсэн байна. Тэднээс Фриц Строб хэмээх эрийн загвар шалгарчээ. Ф.Строб “Би медалийн загвараа гаргахдаа хамгийн чухал нь өсвөрийн тамирчид, хүүхдүүдэд зориулагдсан гэдгийг анхаарсан. Цасан ширхгийг олимпийн таван цагирагтай хослуулсан нь зөв шийдэл болжээ” гэсэн байна.

Өсвөрийн
тамирчдын
өвлийн анхдугаар олимп ирэх нэгдүгээр сарын 13-22-ны өдрүүдэд Авст­рийн Инсбрук хотноо болно.

Уг олимпийн зуны анхдугаар наадам 2010 онд Сингапурт зо­хиогдоход манай улсаас чөлөөт бөхөөр Б.Батцэцэг, гимнастикаар Г.Эрдэнэболд нар алтан медаль тус тус хүртсэнийг спорт сонирхог­чид мэдэх билээ. Харин өвлийн олимпод нь Монголыг төлөөлж цанын төрөлд Д.Өсөхбаяр, тэшүү­рийн төрөлд А.Энх-Ариун нар өрсөлдөхөөр болоод байна.

Одоогоор
уг наадамд 67 орны 14-18 насны 1100 орчим тамирчин оролцохоор болоод байгаа юм. Тамирчид цана, тэшүүр, кёрлинг, уран гулгалт, хоккей, чарга зэрэг 15 төрөлд 63 багц медалийн төлөө хүч үзнэ. “Инсбрук 2012” олимпийн медалийн загвар хэдхэн хоногийн өмнө батлагдсан бөгөөд долоон сантиметрийн диаметртэй, 110 гр жинтэй олимпийн цагираг, хүүх­дийн дүрс бүхий медаль шал­гарсан байна.

Австри улс 1964, 1976 оны өвлийн олимп, 1984, 1988 оны паралимпийг эх орондоо амжилт­тай зохион байгуулж байсан орон. Олимп зохион байгуулахад шаард­лагатай барилга, байраас эхлүү­лээд, үйлчилгээний соёл, турш­лагаа­раа ямар ч орныг дагуулах­гүй.

Инсбрук
хот олимпийг зохион байгуулах эрхийн төлөө Финлан­дын Куопио, БНХАУ-ын Харбин, Норвегийн Лиллехаммер хотууд­тай өрсөлдөж сүүлийн шатанд Куопиотой тунасан. Энэ шатанд Инсбрук 85, Куопио 15 санал авс­наар Австраличууд эх орондоо тав дахь олимпоо зохиох эрхээ авсан юм.

“Инсбрук 2012” олимпод баг тамирчдаа илгээхээр болоод бай­гаа орнуудаас хамгийн олон та­мирч­наа өрсөлдүүлэх нь Австри, Канад улс. Австри 66, Канад 52 тамирчнаа оролцуу­лах бол Фин­ланд 38, Герман 41, Казахстан 28, Япон 30, ОХУ 52, Словак 28, БНСУ 23, АНУ 50 тамирчнаа оролцуулах юм байна. Харин Азербайжан, Болив, Энэт­хэг, Ирланд, Израйль, Лебанон, Македон, Монако, Перу, ӨАБНУ, Зимбабве зэрэг улсууд нэг нэг тамирчин өрсөлдүүлэх ажээ.

Уг олимпийн бэлгэ тэмдэг нь ямаа байх бол элч тамирчнаар дэлхийн шилдэг хэд хэдэн тамир­чид тодроод байгаа. Тэдний нэг нь БНСУ-ын уран гулгагч Ким Ю На юм. Тэрээр олимпийн сурталчил­гаа болон бэлтгэл ажилд ихээхэн тусалж байгаа гэнэ.

Олимпийн
тэмцээн
алдарт Бер­гисел цэнгэлдэх хүрээлэнд болно. Уг хүрээлэн 28 мянган хүний суудалтай, дэлхийд томоо­хонд тооцогдох өвлийн спортын цэнгэлдэх хүрээлэн. Уг цэнгэлдэх хүрээлэн тухайн үед технологийн дэвшил, хэлбэр, хийцээрээ спор­тын барилгын салбарт шуугиан тарьж байсныг спорт сонирхогчид санаж байгаа байх.

Инсбрук
хот нь Австрийн сан­хүү болон соёлын төвлөрсөн хот. Үзэсгэлэнт байгалиараа алдартай. Инсбрук гэдэг нэр нь Германы гүүр гэсэн үгнээс гаралтай гэнэ. Энэ утгаар уг хотыг аливааг холбодог, бүх зүйлтэй уялдаатай газар хэ­мээн түүхэнд тэмдэглэн үлдээжээ. 104.9 мянган километр хавтгай талбайтай тус хотод одоогоор 120 мянган хүн амьдарч байна. Ар­ваннэгээс нэг­дүгээр сар тэндхийн хамгийн хүй­тэн үе. Энэ үед 
дунд­жаар долоо­гоос 19 хэмийн хүйтэн­тэй байдаг ажээ.

Д.САРУУЛ