УИХ–ын гишүүн Э.Бат–Үүлтэй ярилцлаа.
–Хамтарсан Засгийн газраас АН гарахаа мэдэгдлээ. Таны хувьд энэ шийдвэрийг л хүлээж байсан биз дээ?
-Тэгэлгүй
яахав. Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэн нь ардчиллыг чөлөөлсөн том үйл явдал юм. Энэ үгийг би их бодож байж хэлж байгаа юм шүү. Үнэндээ өнгөрсөн хугацаанд хамтарсан Засгийн газрын гайгаар Монголын ардчилал хэцүү байдалд орчихсон байлаа. Үүнийг хэн ч анзаараагүй. Эх орныхоо төлөө гэсэн сайхан үгээр халхавч хийн хамтарсан засаг байгуулсан ч цаагуураа ардчиллыг сүйдэлж байгааг хүмүүс анзаараагүй. Энэ нь ардчилсан сонгуулийг аюулд оруулчихаад байлаа. Аль нэг нам олонхи болж, өөр нэг нам цөөнх болдог нь ард түмний хүсэл зориг, ардчилсан сонгуулийн гол зарчим. Харин өнгөрсөн 2008 оны сонгуулиар Хувьсгалт нам олонхи болсон учраас төрийн эрхээ барих учиртай. Ардчилсан нам цөөнх болсон учраас сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх байв. Энэ бол аль алиных нь сонгуульд орж байгаагийн утга учир байсан байхгүй юу. Гэтэл Хувьсгалт намд олонхи байх зүрх байдаггүй юм байна. Хамгийн эгдүү хүрмээр нь юу гэвэл тэд бусдын хяналт шүүмжлэлд дургүй юм. Тиймээс албан тушаалд дуртай хэсгийг нь ашиглаж, Ардчилсан намыг барьцаанд авчихсан байхгүй юу. Энэ хэвээрээ явсан бол ард түмэн биднээс 2008 оны сонгуулийн дүн юу болсон юм бэ гэдгийг ирэх сонгуулиас өмнө асуух байсан. Ард түмэн “Бид нэгийг нь олонхи болгож, нөгөөг нь цөөнх болголоо гэж бодъё. Үр дүн нь юу болох юм бэ. Дүн нь яаж ч гарсан бай та нар хамтарчихаад цааш яах юм” гэж хэлнэ.
–Энэ хугацаанд сөрөг хүчин их үгүйлэгдлээ…
-Хоёр
нам хамтарч ажилласан энэ хугацаанд АН сөрөг хүчний орон зайгаа сул тавиад өгчихсөн. Энэ орон зайг нь коммунист, фашист, нацист үзэл санаатай хүчнүүд эзлэх гэж оролдсон. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс сөрөг хүчний орон зайг эзлэхийн тулд хэрээс хэтэрсэн зүйл ярьж эхэлсэн. Бүр сүүлдээ төрийн эрх мэдлийг хүчээр авъя гэх болсон. Тиймээс АН сөрөг хүчний орон зайг сул тавьснаараа ийм харгис хэрцгий улс төрийн үзэл суртлуудыг амилуулах боломж олгосон юм. Хүчирхийлэл рүү уриалан дуудсан сөрөг хүчний үйл ажиллагаа идэвхжсэн. Тэдний санаа хэрэгжвэл ардчилал дуусаа гэсэн үг. Өнгөрсөн сонгуулийн дараа улс төрийн намуудын бие биеэ харилцан тэнцвэржүүлдэг харилцаа устаж, хамтран засаг байгуулснаар нэг талд нь олигархи, нөгөө талд нь лүмпэнжсэн олон түмэн бий болсон. Нам гэдэг бол хүний эвлэлдэн нэгдэх эрхийн дээд хэлбэр шүү дээ. Нам бий болохоос өмнө хүмүүс гарал угсаа гарвал, жалга, овгоороо нэгддэг байлаа. Харин нам гарч ирснээр хүмүүс философи, үзэл бодлоороо эвлэлдэн нэгддэг болсон юм. Энэ нь иргэд дээд түвшний санаа бодлынхоо хүрээнд нэгддэг болсных. Гэтэл улс төрийн дээд түвшний харилцааг илэрхийлж байсан хоёр нам тэврэлдэнгүүд, тэдний олигархи бүлэглэлүүд ашиг сонирхлоороо нэгдэж эхэлсэн байхгүй юу. Харин эсрэг талд нь мөнгөний захиалгаар рекет хийж улс төрждөг лүмпэнжсэн олон нийт үүссэн. Хэн мөнгө өгнө тэнд очиж өөрийнхөө эрх чөлөө, үзэл бодлыг худалдаж явдаг хэсэг бүлэг хүмүүсийг хэлж байгаа юм. Үндсэндээ өнгөрсөн гурван жил манай нийгэм олигархи бүлэглэл болон лүмпэнжсэн олон нийтийн хоорондын улс төрийн тэмцэл дунд явсан гэхэд болно. Энэ нь ардчиллыг зэрэмдэглэлээ. Би үүнийг үргэлж ярьж бүр аргаа барахдаа хувьсгал хийх цаг боллоо гэж хэлж байлаа. Ардчиллаа энэ байдлаас яаж чөлөөлөх тухай байнга сэтгэл зовж явсан юм. Харин одоо ардчилал маань чөлөөлөгдсөнд их баяртай байна. Ямар ч байсан 2012 онд ардчилсан сонгууль болох нь шиг байна. АН өөрөө өөрийнхөө төрхийг олж авах боломжтой болж байна.
–Гэхдээ энэ шийдвэрийг дэндүү орой гаргасан юм биш үү?
-Оройтсон
байж магадгүй. Гэхдээ ийм шийдвэр гараагүй бол яана гэж бодохоос аймаар байлаа.
–Хамтарсан Засгийн газраас гарах мэдээг та хэзээ авсан бэ?
-Ер
нь хамтарсан Засгийн газраас гарна гэдгийг манай бүлгийнхэн бүгд мэдэж байсан. Зарим нь мэдээгүй дүр үзүүлээд байгаа юм. Тийм зүйл байхгүй шүү дээ. Тэгж ярих юм бол хамгийн сүүлийн бүлгийн хурлууд дээр гишүүд намын даргад “Засгийн газраас гар” гэдэг шаардлагыг байнга тавьж байсан. Намын дарга “Цаг хугацаагаа зөв олъё” гэдэг байсан юм. Тэгээд өөрийнхөө бодсон тооцоогоор шийдвэрээ гаргалаа.
–Хамтарсан Засгийн газарт орж ажилласан хүмүүсийг одоо буруутгахаа больсон уу?
-Буруу
өгч чадахгүй байна. Хоёр нам хамтарсны хэргийг ямар ч байсан гаргалаа. 2008 оны сонгуулиар амласан зүйлүүдийг тодорхой хэмжээгээр биелүүлсэн. Угаасаа сонгуулийн амлалт нь өөрөө тааруухан байлаа шүү дээ. Гэлээ ч амласан бол хэрэгжүүлэх ёстой. Тэр ч үүднээсээ ажилласан. Хүн муу зүйлээрээ бахархаад байх хэрэггүй л байх. Гэвч би нэг зүйлийг хэлмээр байна. Азийн бүс нутагтаа манайх шиг халамжаар цалгисан улс байхгүй. Зүгээр сууж байгаад мөнгө авдаг хүмүүс Азийн бүс нутагт манайхаас өөр байхгүй болов уу. Энэ нь сайн зүйл биш л дээ. Гэхдээ хятад, оросууд “Танай төр яасан буянтай юм” гэж байгаа байх.
–Хамтарсан Засгийн газраас гарах асуудлыг ҮЗХ дэмжих болов уу?
-Гарцаагүй
дэмжинэ. Тийм шийдвэр гарахгүй юм бол Богд уул руу шидмэс бариад алхдаг юм уу яадаг юм. АН хүний нүүр харахад хэцүү болно шүү дээ.
–АН–ыг засгаас гаръя гэтэл МАН–ын удирдлагууд уйлан алдаж харамслаа илэрхийлсэн. Жирийн гишүүд нь баярлаж гүйлдээд байх юм билээ?
-Манай
намыг хамтарсан засгаас гарна гэсэн чинь Ерөнхий сайд С.Батболд бараг л уйлах нь уу гэлтэй ярьж байна лээ. Би харсан. Энэ бол улс төрийн жүжиг. Сонгууль дөхсөн учраас үүсээд байгаа нөхцөл байдлаас тэд хонжоо хайгаад байна шүү дээ. Нэг их чадуулсан хүний дүрээр улс төрд оноо авах санаатай байгаа. Ардын нам дотор байгаа олон хүн манай засгаас гарах мэдэгдлийг сонсоод баярлах нь ойлгомжтой. Яагаад гэвэл Засгийн газарт олон суудал суларлаа. Сайд, дэд сайдын суудалд суух хүсэлтэй гишүүд нь намын даргынхаа үүдэнд дугаарлаж зогсоо гээ биз дээ. Тэгэхээр тэд баярлахаас яах юм.
Харин АН-ыг хамтарсан Засгийн газраас гарахыг дуулаад үнэн сэтгэлээсээ харамссан хүмүүс нь Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр. Тэд бүр тэсгэл алдаад мэдэгдэл хийж байна лээ. Байж ядаж байгаагаа илэрхийлсэн шүү.
–Аргагүй байх. Сөрөг хүчнийхээ байр суурийг алдчихсан…
-Хамгийн
гол нь тэд ирэх 2012 оны сонгуулиар МАНАН гэж нялаад л гарах санаатай байсан юм. Ийм тоглолт хийнэ гэж тооцож байтал АН засгаас гарах болчихгүй юу. Мэдээж АН сөрөг хүчнийхээ байр суурийг богино хугацаанд ч буцаагаад авч чадна. Ингээд М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёрын тооцож байсан улс төрийн тоглолтыг бид нураачих шиг боллоо. Тиймээс тэд чин сэтгэлээсээ харамссан байх. АН-ыг Засгийн газарт байхад тэр хоёр шиг муулж байсан хүн байхгүй. Тэгсэн хамтрахаа больчихлоо гэхээр “Тэгэхдээ яадаг юм” гэж орилж байсан нь инээдтэй харагдсан.
–Тэд одоо ямар тоглолт хийх бол?
-Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр Монголыг хүчирхийлэл, үймээн самуун руу түлхэнэ. Сонгуулийн дүн гарангуут ялагдсан бүхнийг нэгтгэнэ. Тэгээд сонгууль шударга бус боллоо гэнэ. Бослого, хөдөлгөөн зохион байгуулна. Болохгүй бол төрийн эрх мэдлийг хүчээр авна. Тэд шийдчихсэн юм байна лээ. Монголчуудыг хүчирхийллийн аймшиг руу түлхэх вий.
–Одоо АН–ынхан эвтэй байвал ирэх сонгуулиар ялалт байгуулах боломжтой болох байх даа?
-Манай
нам тэнэг л биш бол зангидсан гар шиг байж байгаад сонгуульд орох ёстой. Зарим нэг хариуцлагагүй, улс төр гэж юу байдгийг сайн ойлгодоггүй нөхдүүд ҮЗХ-гоор намын даргын асуудлыг ярина гээд байгаа юм шиг байна лээ. Үүнийг би тууштай эсэргүүцнэ. Сонгуулийн өмнө намын даргатай ноцолдоно гэдэг ийм балай өвчнөөсөө тэр хүмүүс салах болоогүй юм уу. Одоо намын даргатайгаа үзэлцвэл ард түмэн бидэнд яаж итгэх юм бэ. Ийм тавьтиргүй хүмүүст хэн итгэх юм. Бид олон жил ийм байдалтай явлаа. Одоо болоо. Манай нам сая хийсэн улс төрийн алхмаа яаж тайлбарлахаас бүх зүйл шалтгаална. Ардчилсан нам арчаагүй байх юм бол асуудал МАН-д ашигтайгаар эргэнэ шүү дээ.
Би энд зориуд нэг зүйл хэлье. Манай намд нэг нөхөр байдаг юм аа. Нэрийг нь хэлээд яахав. 1990 онд манай нам байгуулагдсан цагаас эхлэн намын даргатайгаа сөргөөцөлдөж байлаа. Түүний хийдэг ажил нь ердөө энэ. Манай намын дарга хэн болно түүнтэй тэр л үзэлцдэг юм. Түүнийг улс төрд ороод Хувьсгалт намтай үзэлцэж байгааг нь ерөөсөө хараагүй шүү. Намын дарга Э.Бат-Үүл байвал надтай үзнэ. М.Энхсайхан байхад түүнтэй үзэлцсэн. За тэгээд Д.Дорлигжав, Р.Гончигдорж гээд хэн л болно тэр бүхэнтэй үзэж тарна. Үгүй ээ мөн их гай чирсэн дээ. Гэтэл одоо түүний өвчин хэсэг бүлэг нөхдүүдэд халдсан бололтой. Энэ балай зүйлээс салах хэрэгтэй.
–С.Эрдэнэ гишүүнийг хэлээд байгаа юм уу?
-Хүмүүс
нэрийг нь өөрсдөө олно биз.
–ҮЗХ–ны хурлаар АН–ын даргыг огцруулах асуудал орно гэсэн яриа угаасаа гарчихсан байна лээ?
-АН-ын даргыг өнөөдөр дүрмийн бусаар огцруулах юм бол манай нам сонгуульд унах ажлаа хийлээ гэсэн үг. Ийм хариуцлагагүй мунхаг шийдвэр гарах юм бол ҮЗХ-г бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардана. Сонгууль ч яамай. Тэртэй тэргүй сонгуульд ороод нэмэргүй болгоод хаячихна шүү дээ. Тиймээс би намаа нам шиг болгох аянд мордоно.
–Үнийн хөөрөгдөл, валютын ханшийн өөрчлөлтөөс үүссэн асуудлыг МАН–ынхан АН руу чихэж улс төр хийж эхэллээ…
-Ерөнхий
сайд саяхан эдийн засаг өсч
байна гээд байсан. Гэтэл Засгийн газраас нэг намын сайд нар гарсан чинь эдийн засаг
муудсан юм байх. Тэгвэл Ерөнхий
сайд анхнаасаа худлаа ярьж байжээ. Засгийн газар олон удаа солигдож, огцордог
байлаа. Тэр бүхэнд эдийн засаг
үймээд байсан бил үү. Үгүй
шүү дээ. Одоо юу нь болохоо
байчихаад байгаа юм. Тэгвэл Ерөнхий
сайд угаасаа эдийн засгийг буруу тогтолцоо руу шилжүүлсэн байж. Өмнө нь манай эдийн засаг хэн дарга
байхаас хамаардаггүй байлаа
шүү дээ. Харин одоо МАН Монголын
эдийн засгийг төрөөс хараат болгочихсон юм байна.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ