Categories
редакцийн-нийтлэл

Хоёр биенээ зумлагч алиа хонгор бүсгүйчүүдийн тухай

“Шинэ үе” про­дакш­ны жүжигчин бүсгүйчүүд хоорондоо маргалдан нэгэн
рүүгээ буцлам ус цацаж, зумласан нь хүмүүсийн ярианы сэдэв болоод буй. Цахим ертөнцөд
“Дургүй хүргэвэл Алдармаадна шүү” гэдэг хэллэг хүртэл бий болчихоод буй. Хамтлагийнх
нь ахлагч хоёр биенээ зумласан бүсгүйчүүдийг гаравч оровч хамт байдаг эгч дүүс гэж
тодотгосон. Бас “Манай залуу уран бүтээлчид өөрсдөдөө хэт дурлаж, биеэ хэтэрхий
тоосон байна. Энэ бүхэн хувь хүний ухамсар, мэдлэг боловсрол, чадамж гээд бүх зүйлтэй
холбоотой” гэж “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа шүүмжилсэн билээ. Түр зуурын
уур хилэнгээ барьж, тэвчиж чаддаггүй алиалагч бүсгүйчүүдийн хэн нь хэн болохыг өгүүлье.

 ТУСЛАХ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН Ц.АЛДАРМАА

Арав шахам жилийн өмнө “Шинэ үе” продакшнаас ажлаа эхэлсэн тэрбээр
өнөөг хүртэл “Туслах дүрийн жүжигчин” тодотголтой. Ихэвчлэн хамтлагийнхаа жүжигчин
Г.Ундармаагийн ард туслах дүр бүтээдэг тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд
“The Best of Comedy” тоглолтын үеэр  Соёлын
тэргүүний ажилтан цол хүртсэн билээ.

Ц.Алдармаа 1986 оны гуравдугаар сарын 6-нд төрсөн, айлын бага охин.
Түүний аав Архангай, ээж нь Баянхонгорынх. Тэдний гэр бүлд Ц.Алдармаагаас өөр урлагийн
хүн байдаггүй. Тэрбээр багаасаа урлагт дуртай, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй
хүүхэд байсан гэдэг. 49 дүгээр дунд сургуульд сурч байхаасаа “Шилмэл загвар” агентлагт
загвар өмсдөг, сургуулийнхаа “мисс” нь байжээ. Тэрбээр хүүхэд байхдаа сэтгүүлч болохыг
мөрөөдөж, хөтлөгчдийг дуурайн мэдээ уншиж өссөн гэдэг. 2004 онд дунд сургуулиа төгсөөд
СУИС-д шалгалт өгөхдөө уйлах даалгавар авч багш нараа гайхтал уйлж тэнцсэнээ дурсан
ярьж байсан билээ. Ц.Алдармаа жүжигчин О.Энхтуулын фен нь. Түүн шиг жүжигчин болох
хүсэлтэй урлагт анх хөл тавьж байсан гэдэг.

Царайлаг, бие хаа сайтай Ц.Алдармаа нэгдүгээр курст байхдаа л “Шинэ
үе”-ийн тоглолтод туслах дүр бүтээсэн сэргэлэн оюутан байлаа. Хошин шогийн тоглолтод
нэг ч үг хэлдэггүй, нааш цаашаа гүйсэн япон охины дүр анхных нь уран бүтээл. Түүнээс
хойш япон бүсгүйн дүр болгонд тэр тоглодог байлаа.

“Шинэ үе” продакшны дэлгэцийн хоёр дахь бүтээл болох “Буруу эргэлт”
кинонд Ц.Алдармаа гол дүр бүтээсэн. Уг кино үзэгчдийн хүртээл болсны дараа хамтлагийнх
нь хоёр жүжигчин Соёлын тэргүүний ажилтан болоход Ц.Алдармаа “Намайг шагналд тодорхойлсонгүй”
гэж агсам тавьсан гэх яриа байдаг. Ер нь түүний нэр цахим ертөнцөд “Оддын өвчин
туссан”, “агсам тавьсан”, “нүцгэлсэн”, “зодоон хийсэн” гэх зэрэг мэдээллээр чимэгддэг.
Хамтла­гийнхаа залуу жүжигч­дийг загнаж, хэрүүл шуугиан үүсгэдэг гэхээс эхлээд бааранд
зодуулсан бичлэг нь хүртэл цахим ертөнцөөр тарсан билээ. “Гарал угсаа” кинонд эротик
дүр бүтээж, “Playboy Mongolia” сэтгүүлийн нүүрийг нүцгэн зургаараа чимсэн тэрбээр
олон нийтийн цахим хуудсаар хэд, хэдэн удаа хагас нүцгэн зургаа дэлгэж амжсан. Тэрбээр
жүжиглэхээс гадна “Говь” брэндийн сурталчилгаанд тоглодог.

Тэрбээр нөхөр, хүүтэйгээ амьдардаг. Таван жилийн өмнө гэр бүл зохиож,
хүүтэй болж байсан. Нөхөр нь Солонгост ажиллаж байгаад ирсэн жирийн нэгэн залуу.
Нүцгэлсэн, зодоон хийсэн, бааранд танхайрсан гэх мэдээлэл цуврах болсон үеэс Ц.Алдармааг
нөхрөөсөө салсан гэх яриа гарах болсон. Ийм яриа дэгдэхэд түүний Facebook хуудастаа
“Амьдрах ямар ч утга учир алга…” гэж бичсэн нь нөлөөлсөн байх. Ингэж бичсэнээс
нь үүдэж түүнийг амиа хорлохыг завдсан, нөхөр нь орхиод явсан гэх яриа гарах болсон.
Урлагийнхны хувийн амьдралыг тойрсон цуу бусдын амны зугаа болоод өнгөрдөг хойно
“Оддын өвчин тусаад амиа хорлоно гэж олны анхааралд өртлөө” гэдэг дүгнэлтээр төгсч
байв. 

Ц.Алдармаа өөрийн­хөө зан араншин, ба­рим­­талдаг зарч­маа “Хүнтэй
муудал­цалгүйхэн шиг эвээр ажлаа амжуулахыг хичээдэг. Эв эеийг эрхэмлэж, зөв санааг
сэтгэлдээ тээж явахыг амьдралынхаа алхам бүрт мөрдөхийг хичээдэг” гэж тодотгож байсан.
Харин сүүлийн үед сав л хийвэл хамтлагийнхаа залуу бүсгүйчүүдтэй түр тархийж, одоо
хуурай эгчийгээ зумлах шахчихаад байгаагаас нь харахад амьдралынх нь зарчим өөрчлөгдсөн
юм болов уу. 

ААШТАЙ Ч ТУУЛ, АВЬЯАСТАЙ Ч
ТУУЛ

Түүнийг эргэн тойрныхон нь ингэж тодотгодог юм байна. “Манай Туул
чинь ааштай ч хүүхэн, ажилтай ч хүүхэн” хэмээцгээх аж. Соёлын тэргүүний ажилтан
Д.Оюунтуул одоо 35 настай. Ганц бие эмэгтэй. Тэрээр нийслэлийн 51 дүгээр дунд сургуулийг
1997 онд төгсөөд Соёл урлагийн их сургуульд элсчээ. 2001 онд их  сургуулиа амжилттай төгссөн бөгөөд тэр жилээ
“Овжин охид” кинонд Мишээлийн дүрийг бүтээсэн нь түүнийг олонд таниулсан байдаг.
Тэрээр гавьяат жүжигчин Б.Батзаяагийн хамтлагт ажиллаж байгаад “Шинэ үе” продакшны
жүжигчин гэгдэх болжээ. Хамтлагаасаа чөлөө авч “25 дугаар суваг” телевизэд нэг хэсэг
ажилласныг хүмүүс мэдэх байх.  Мэргэжилтнүүд
Д.Оюунтуулыг хошин урлагаас илүүтэй дэлгэцийн бүтээл, тэр дундаа дотоод сэтгэл рүү
хандсан өнгө аясыг сайн гаргах драмын жүжигт тохирох жүжигчин хэмээн тодорхойлдог.
Мөн өөртөө итгэлтэй байдал нь ямар ч дүрд хувирч дүрээ дээд зэргээр сайн гаргахад
нь нөлөөлдөг гэж үздэг.

Д.Оюунтуулын жүжиглэх авьяас нь хамтлагийн бусад эмэгтэй жүжигчдээсээ
ялгардаг учир цагаан сар, наадмын үеэр түүнд телевизүүдээс теле зохиомж, түүхэн
явдлыг харуулсан баримтат кинонд тоглуулах санал ирдэг гэсэн. Үүнээс нь ч үүдээд
нэг үе түүнийг “Шинэ үе”-ийн Г.Ундармаагаас ч чадварлаг жүжигчин гэж ярьдаг байсан
билээ. Энэ нь хамтлагийн бүсгүйчүүдийн дунд битүүхэн атаархал төрүүлдэг байжээ.

Д.Оюунтуулыг найз нөхөд ойр дотнынхон нь “Алаг нүдэн”, “Нүдэн”,
“Бүжин” хэмээн дууддаг ч зарим хүмүүс түүнийг ааштай, хүнтэй маргалдвал ер нь дийлдэнэ
гэж үгүй нэлээд хэл амтай, хэлэмгий хүүхэн гэдэг юм байна лээ.

Түүний удамд урлагийн хүн байгаагүй бөгөөд энэ мэргэжлийг эзэмшихээр
шийдэхэд нь аав нь “Авьяас удмаа дагадаг. Чи жүжигчин болж чадахгүй, боль” гэж байсан
бол ээж нь “Эмч бол” гэж шахдаг байжээ. Аав Даариймаа нь Завханы уугуул, насаараа
жолоо мушгисан нэгэн гэнэ. Туул гурван хүүхдийнх нь отгон нь. Тийм болоод ч тэр
үү, одоо ч аав, ээждээ хань болж хамт амьдардаг. Тэрээр “Гучин хэдэн насыг хөгшин
гэж бодохгүй байна. Хүнд өөрт нь заяасан тавилан төөрөг бий гэдэгт итгэдэг. Хэзээ
нэгэн цагт хань болох сайн хүнтэй учрах байлгүй дээ. Ойрноос аав, ээж маань “Гэр
бүлтэй болооч ээ. Зээгээ хармаар байна. Хүүхдийг чинь өсгөөд өгье” гэж хэлээд байх
болсон. Намайг хань, үр хүүхэдтэй болоосой гэж битүүхэндээ хараад байдаг юм шиг
байгаа юм” хэмээн ярьж байсан удаатай.

Д.Оюунтуул шулуун шударга яриа хөөрөөтэй, хэлье гэснээ хэлчихдэг
нэгэн гэнэ. Шийдсэн зүйлийнхээ төлөө хамаг хүчээ зориулж чаддаг ажилсаг эмэгтэй
гэж найзууд нь үнэлдэг юм байна. Сэтгэлийн хөдөлгөөн их, амархан гомдож, амархан
баярладаг цайлган, нээлттэй зантай болохоор түүнийг “Түргэн зантай, учир нь ойлгогддоггүй”
хэмээн ярьдаг хүмүүс ч байдаг аж.

Тэрээр бага байхаасаа урлагаар явж сургуулийнхаа хэмжээнд болдог
урлагийн бүхий л үйл ажиллагаанд бүжиглэж, жүжиглэж, дуулж оролцдог байсан бөгөөд
шинэ жилээр сургуулийнхаа алиалагчийн дүрд тоглодог байж.

Туул эрчүүдийн тухайд хов жив ярьдаггүй, үг даадаг, тоглож наргиж
сурсан, бусдынхаа үгийг хүлээцтэй хүлээн авдаг уучилж чаддаг байх ёстой гэж үздэг
бөгөөд тийм хүнийг жинхэнэ эр хүн гэж боддог аж. Харин нулимс амархан унагадаг эрчүүдэд
дургүй гэдгээ илэрхийлжээ. 

Д.Оюунтуул “25 дугаар суваг” телевизийн бүтээсэн маршал Х.Чойбалсангийн
тухай өгүүлсэн түүхэн теле зохиомжид эхнэр Бортолгойнх нь дүрд тоглосон нь мэргэжлийн
хүрээнд нь нэр хүнд авчирсан бөгөөд түүхэн дүрийг чадварлаг гаргасныг нь үнэлж түүнийг
бүхий л жанрт хөрвөх чадалтай жүжигчин хэмээн тодорхойлсон байдаг юм. Гэтэл кино
урлаг хүчтэй хөгжиж байгаа энэ үед яагаад Туулыг найруулагчид төдийлөн сонирхохгүй
байгааг ааш авиртай нь холбоотой гэж тайлбарлах хүмүүс ч байна.

Ц.ӨРНӨХ

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Бодлого нь зөв бол зуу байтугай зургаахан хоногт босно

Засгийн газар эдийн засгаа зуун хоногт эрчимжүүлнэ гэж яриад
эхэллээ. Бодлого нь зөв бол эдийн засаг зуу байтугай зургаахан хоногт босно л
доо. Гүйцэтгэх засаглалын тэргүүний яриаг сонсоод байхад зөв юм байнаа байна.
Хувийн хөрөнгийг хамгаална, уул уурхайгаа дэмжинэ, өгөхгүй хав дарсан
лицензүүдээ олгож эхэлнэ гэх зэргээр дажгүй яриа өрнөөд эхэллээ, засгийн
хэм­жээнд. Олзуурхаж дэмжмээр зөв бодлого шийдвэр гаргагчдын дунд яригдаж
байна. Ерээд онд  яг ийм бодлого хэрэгжиж
байсан юм. Төрийн бодлого, хандлага лав л 2008 он хүртэл зах зээлийн  жамаа­раа хэрэгжсэн. “Петровис”-ийн Оюун­гэрэл
жил гаруйн өмнө манай сонинд ярилцлага өгөхдөө “1990-1996 онд Монголд валютын
нөөц бараг байхгүйтэй адил, барааны хомсдолтой, зах зээлд шилжих амаргүй үе
байсан. Гэхдээ тэр үеийг одоо эргээд бодохоор сайхан романтик үе байжээ гэж
бодогддог. Бүгд л зах зээл рүүгээ оръё гэсэн чин хүсэлтэй ажиллаж амьдарч байж.
Хандлага, чиг нь их зөв үе байсан. Одоо харин хаашаа явах гээд байгаагаа
мэдэхээ болиод байх шиг” гэж ярьсан нь тод санагдаж байна. Ер нь бизнес
эрхлэгчидтэй уулзаад ярьж суухад ийм агуулгатай үг их сонсдог.

2008 он хүртэл гадна, дотнын хатгаас энэ тэр нь бага байсан биз.
Магадгүй Монгол гэдэг жижигхэн улс хэний ч хараанд өртөөгүй байсан  учраас бизнесүүд нь тэр жилүүдэд зах зээлийн
замаар итгэлтэй алхац­гаа­сан байх. Гадаадын хөрөнгө оруулалт жил дараалан өсч
овоо хэдэн ногоон эдийн засагт эргэлдэж, Монголд уул уурхайн тэсрэлт болох нь
гэж гадны мэдээллийн агентлагууд шуугиад эхлэнгүүт өнөө алдарт сүгсэлзүүрүүд
борооны дараахь мөөг шиг ургацгаасан даа, харин ч нэг. Тэд бизнесүүдийн арав
гаруй жил бор зүрхээрээ, хамаг чадлаараа босгосон бүхнийг баллаж хаяцгаасан.
Сүгсэлзүүрүүдийн эцсийн зорилго нь УИХ-д сонгогдож, эрх мэдэлд хүрэх. Энэ
цагийн сүгсэлзүүрүүдийн түүх бараг Н.Багабандиас эхэлсэн  байх шүү. 
За тэгээд өнөө үеийн сүгсэлзүүрүүд гэвэл “босоо” гэж цоллогдсон
С.Ганбаатар, сөрөг эрх баригч Ж.Батзандан, Г.Уянга байна.  УИХ-д нэрийг нь барьж гарч ирсэн нам нь засаг
барьж байхад сөрөг хүчин мэт аяглаж сүгсэлзээд байгаа учраас сөрөг эрх баригч
гэж тодотгосон хэрэг. Цаашлуулбал байгаль хамгаалагч сүгсэлзүүрүүд байна.
Ц.Мөнхбаяраас эхлээд өчнөөн нэр хөвөрнө. Байгальд хайр­тай сүгсэлзүүрүүд
үнэхээр эх орныхоо, байгалийнхаа төлөө оюунаа чилээж, биеэ умартан зүтгэж
байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Сүүлд гэхэд Ц.Мөнхбаярыг шүүх үед гадаадын
хөрөнгө оруулалттай компаниуд “Манай компани дээр ирж мөнгө нэхэж дарамталдаг”
гэсэн агуулгатай бодитой, барим тавим мэдээллүүдийг өгсөн дуулдсан. Ер нь
байгаль хамгаалах хөдөлгөөн нэрийн дор бизнесүүдийг дарамталж мөнгө авч амиа
зогоодог хэсэг сүүлийн жилүүдэд хэтэвчээ нэлээд зузаалсан. Үр дүнд нь тэд
мөнгөжиж, эдийн засаг дампуурч, жирийн иргэд хөлд нь чирэгдээд дуусч байна. 

Эрхэм сүгсэлзүүрүүд төдийгөөс өдий хүртэл арай гэж босгосон
бизнесийн алтан үеийг түүх, домог болгоход л хүчин зүтгэв шив дээ. Сүг­сэл­­зүүрүүдийн
арми ингээд дуусах­гүй. Сайд сүгсэлзүүрүүд ч байна. Тод жишээ нь Н.Батбаяр,
Д.Ганхуяг. Эд нийлж байгаад ганзагын наймаа­наас корпораци болж чадсан бизнесүү­дийн
амжилтыг хэдхэн жилийн дотор үгүй хийж чадсан. Хувийн хэвш­лийнх­нийг дарамтлах
аян дайнаа нийлж байгаад дэгдээсэн хүмүүсийн жагсаалт ингээд дуусахгүй,
ингэсгээд орхиё.  Сүгсэлзүүрүүд бизнес
эрхэлж олсон мөнгөөрөө баялаг бүтээж 
эхэлсэн хүмүүсийг олигархи гэж цоллоод эхэлсэн. Хөрөнгөтнийг адлах их
үйлсэд нь хувь нэмрээ оруулагсад гэвэл бараг ихэнх хэвлэл мэдээлэл орно.
Сүгсэлзүүрүүд гарч ирсэн цагаасаа л үндэсний баялаг бүтээгчдийг шулаач,
мөлжөөч, муусайн баячууд, бидний хамаг мөнгийг идсэн бүтэхгүй нөхдүүд гэж
ирээд  шуугиж гарсан. Харин гадаадын
хөрөнгө оруулагчдыг эдийн засгийн алуурчин, эзлэн түрэмгийлэгч гэж сэжиглэнгүй
харцгаасан. Хайгуул хийхийг эх орноо худалдаж байна гэж түмэнд зарлан
хашгирцгаасан. Хаана ямар нөөц байна гэдгийг өчнөөн хөрөнгө зарж байж тогтоодог
хайгуулын ажлыг “хамаг баялгийг минь үүрээд гарах нь” гэж сэрдэж ам
уралдуулсаар зогсоосон хүмүүс өнөө сүгсэлзүүрүүд. Үр дүнд нь хайгуул таг
зогсож, хайгуулын чиглэ­лээр орж ирдэг байсан хэдэн сая ам.долларын хөрөнгө
оруулалт Мьянмар, Мозамбик, Австрали, Канад руу урссан.

Сүүлийн найман жил зурагтаар өдөр бүр гарсан дуусдаггүй яриатай
сүгсэлзүүрүүд өнөөдөр төрийн эрх барилцаж байгаа. Зарим нь бүр гадаадын хөрөнгө
оруулалттай шууд тулж ажилладаг албан тушаал дээр сууцгааж байна. Ямар сайндаа
л гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран ажилладаг нэг эрхэм “Хөрөн­гө оруулагчид
Д.Ганхуяг, Н.Батбаяр хоёрыг сайдаар ажиллаж байгаа цагт танайд мөнгөө
оруулахгүй гэж толгой сэгсэрч байна” гэхэв дээ. 

Ерөнхий сайд саявтар гадаадын дипломат албаныхныг хүлээж авч
уулзахдаа эдийн засгаа яаж эрчимжүүлэхээр болсноо ярина лээ. Амжуулахаар
төлөвлөсөн ажил бүр нь толгой дохимоор зөв агуулгатай сонсогдсон. Банкуудын
гаднаас татах хөрөнгийг хүүгийн татвараас чөлөөлөх, 100 мянган ам.доллараас
дээш хөрөнгө оруулалт татах банк бус санхүүгийн байгууллагын ашгийн тат­варыг
тэглэх, эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татах, гадаадын хөрөнгө
оруулагчдад визийн тааламжтай нөхцөл бий болгох, мөнгөтэй, Монголд хөрөнгө
оруулах сонирхолтой эрхмүүдтэй 
тусгайлсан уулзалтууд хийх, татва­раар дэмжинэ гэх зэргээр амжуулах
ажлаа тодорхой гэгч нь тайлагнасан нь олзуурхмаар зөв алхам.  Ерөнхий сайдын үгийг сонссон дипломатууд
төлөөлсөн улсынхаа бизнес эрх­лэгч­дэд өөдрөг мэдээ дуулгаж, өнөөдүүлд нь ч
Азийн Монголд хөрөнгөө оруулах итгэл төрнө гэдэгт эргэлзэх юм алга.

Засгийн газрын  эдийн
засгаа аврах төлөвлөгөөнд уул уурхайн салбар руу чиглэсэн хэд хэдэн ажил
харагдсан. Хөрөнгө оруулагчдын хүлээж байгаа Ашигт малтмалын хуульд цаг
алдалгүй өөрчлөлт оруул­на, өчнөөн жил хориглосон хайгуулын лицензийг олгож
эхэлнэ гэж байна. Энэ ажил хэрэгжээд эхэлбэл ховрын бараа болчихоод байгаа
ногоон валютын урсгал эрс нэмэгдээд ирнэ.

Ерөнхий сайд АМГ-ын экс даргын авлигын хэргээс болж зуу
гаруйгаар нь цуцалсан лицензүүдийн асуудлыг эерэгээр шийднэ гэлээ. Шүүхээс
өчнөөн компанийн хэдэн тэрбумаар нь хөрөнгөө зарсан лицензийг хурааж авах
шийдвэр гарч, хэдэн арван компани эргэлзээнд орчихсон байсан юм. Засгаас энэ
шийдвэрийг эргэж харахаар болсон нь сайн хэрэг. “Энэ монголчууд чинь овоо доо,
хүний юмыг шууд хураагаад авчихдаг тэнэг улс биш юм байна” гэсэн итгэл төрөөд
эхэлбэл бидэнд л хэрэгтэй.

За тэгээд Асгатын мөнгөний ордын үйл ажиллагааг эхлүүлэх,
нүүрсний экспортыг нэмэх, алтны олборлолтыг дэмжих, газрын тос боловсруулах
үйлдвэрийн ажлыг эхлүүлэх, Хятад­тай хамтарч хэрэгжүүлэх нүүрс хийжүүлэх
үйлдвэрийн бэлтгэл ажлыг хангах гээд хийх ажлынх нь жагсаал­тад нь урам
төрөхөөр дажгүй төлөвлөгөөнүүд харагдаж байна. Эдийн засгаа аврах ажлыг зүгээр
нэг уриа болгоод өнгөрөөхгүй гарцыг нь бас олчихож. Ерөнхий сайдын дэргэд Эдийн
засгийг эрчимжүүлэх зөвлөл гэж байгуулаад болох, болохгүйгээ тухай бүрд нь ярьж
шийдээд явах юм билээ. Ерөнхий сайдын дэргэд ажиллаад эхэлчихсэн нүүрсний
экспортыг дэмжих зөвлөл лав үр өгөөжөө өгч байгаа гэсэн. Энэ жил гуч гаруй сая
тонн нүүрс экспортолно гэсэн зорилго тавиад долоо хоног бүр хуралдаж байгаа
дуулдсан. Нүүрс экспортлогч компаниудын төлөөлөл, засгийн энэ чигийг хариуцсан
шийд­вэр гаргадаг дарга нар Ерөнхий сайд­тай хамт нэг ширээ тойрч суу­гаад
болох болохгүйгээ ярилцдаг болж. Компаниуд нь нүүрсээ зарахад ийм асуудал
тулгараад байна гэхэд л шийдвэр гаргадаг хэд нь газар дээр нь зөв гарц олж
шийдээд эхэлжээ. Асуудлаа хугацаа алдалгүй 
шийдүүж байгаа компаниудад итгэл төрсөн байна лээ. Эдийн засгийг
эрчимжүүлэх зөвлөлийг энэ маягаар ажиллуулахад дажгүй үр дүн гарч таарна.

Төр засаг сүгсэлзүүрүүдийнхээ ярьсан бүрийн эсрэг яг ийм
төлөв­лө­гөө гаргаад ажиллахад л Монголын эдийн засаг босоод ирнэ. Үнэндээ
манай эдийн засаг заан биш туулай. Туулай гэдэг зүйрлэлийг хүчгүй, сул дорой
гэдэг утгаар нь сонгосонгүй.  Авсаархан
гэдэг утгаар нь хэлж байгаа юм. Заан бостлоо удна, босоод хөдөлтлөө бүр удна.
Харин туулай бол үсэрсэн эрчиндээ л чавхадчихдаг. Тэгэхээр Монголын эдийн засаг
нэг үсрээд боссон бай­хад л өөдөө чавхадчихна гэсэн үг.

Эцэст нь нэг зүйл хэлэхэд эдийн засгийг эрчимжүүлэх ажлын
хүрээнд нэг хууль батлах хэрэг байна, Ерөнхий сайд аа. Сүгсэлзүүрүүдийг УИХ-д
гаргах боломжийг хаасан хууль, эрх зүйн орчинтой болмоор байна. Учир нь сүгсэлзүүрүүд
УИХ-д сонгогдож, эрх мэдэлтэй болох хэрээр улсаа баллаад байна. Тэдний хачин
гоё ярьж, эх оронсог, ард түмэнсэг зан гаргасных нь үр дүн 1800 хүрсэн
ам.долларын ханш болж, бидний халаасан дахь төгрөгийн үнэ цэн гучин хувиар
унасан учраас ингэхээс өөр арга алга. Сүгсэлзүүрүүдийг УИХ-д гаргахыг хориглох
тийм хэцүү биш. Гишүүн байх хугацаандаа эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөр хууль
санаачилсан ч юм уу эсвэл тийм хуулийг дэмжиж саналаа өгсөн, тэр шийдвэрээс нь
болж эдийн засагт бодитой хохирол учирсан бол хэн ч байсан нэр дэвших эрхийг
нь  хаачих хэрэгтэй. Жишээ нь, стратегийн
салбарт хөрөнгө оруулалтыг зохи­цуу­лах хууль батлагдсанаас хойш хөрөнгө
оруулалт тавь гаруй хувиар татарсан тодорхой баримт нь тоотойгоо байна,
санаачилсан нь Г.Занданшатар, Н.Бат­баяраас эхлээд нэр устайгаа бий. Гэнэ­тийн
ашгийн татварын хуулийг хэдхэн  хоногийн
дотор санаа­чилж батлуулаад алтны сал­барыг унагасан жишээ нь байна, Эдийн
засгийн хөгжлийн сайд гол санаачлагч нь гэдгийг хүн бүр мэднэ. АНУ-д гэхэд
хуулийг санаачлагч хүнээр нь овоглодог жишиг бий. Муу хууль баталсан нөхөд нь
хэдэн үеэрээ муугаар хэлүүлээд, сайн хууль баталсных нь карьер өсөөд явдаг
жишээ бэлхнээ бий. Энэ мэт санаануудаас болох хувилбарыг нь олж байгаад
сүгсэлзүүрүүдийн төрд гарах замыг хаамаар байна. Наадах чинь өнөө сүгсэлзүүрийн
нэг шүү гэхэд л нийтээрээ саналаа өгдөггүй болох орчин бүрдүүлэх уг нь тийм ч
хэцүү биш дээ.

Дахиад хэлэхэд Ерөнхий сайд их зөв дуугараад эхэллээ. Яг энэ
үгээрээ яваад ажил болговол эдийн засаг босоод ирэхэд зовлон алга.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хүүхдүүд архи амсч, хэрэглэж байгаа нь аюулын харанга

-СУДАЛГААГААР ХҮҮХДҮҮД ДОЛООГООС ДООШ НАСАНДАА АРХИ АМСЧ
ҮЗСЭН ГЭЖ БАЙНА. ХАРИН 15-16 НАСАНДАА АРХИЙГ ХЭРЭГЛЭСЭН ГЭНЭ-

“Согтууруулах
ундааны хяналтын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихад
бэлэн болжээ. Уг хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд хэд хэдэн удаа хэлэлцүүлэг
өрнөсөн билээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, цагдаагийн байгууллага, найман
нэрийн барааны дэлгүүрийн эзэдтэй хуулийн төсөл санаачлагч болоод ажлын хэсгийнхэн
уулзаж, тэдний санал бодлыг сонсч байсан юм. Тэгвэл өчигдөр эрүүл мэндийн байгууллагын
мэргэжилтнүүдийн дунд энэ хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав. Ерөнхийлөгчийн
дэргэдэх Иргэний танхимд болсон уг хэлэлцүүлгийг хуулийн төсөл санаачлагч УИХ-ын
гишүүн Л.Эрдэнэчимэг удирдан явуулсан юм. Тэрбээр “Архидан согтуурахтай тэмцэх одоогийн
мөрдөгдөж байгаа хууль 2003 оноос хэрэгжиж байна. Үүнээс хойш 11 жилийн хугацаа
өнгөрлөө. Уг нь хууль гарснаар архидан согтууралт эрс багасах учиртай. Гэтэл өнөөдөр
бахь байдгаараа байна. Иргэдийн зүгээс “Архиныхаа хуулийг чангатгаж өгөөч, үүнээс
болж гэмт хэрэг өсч байна. Хүүхдийн сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байхад архи
борлуулдаг цэгүүд дэндүү олон байна. Архины хууль бус худалдаа ч газар авлаа. Үүнийг
зогсоож өгөөч” гэдэг. Энэ хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч анх санаачлан “Архигүй
Монголын төлөө” хэмээх уриалга гаргаж байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газар дээр энэ
хууль боловсруулсан. Хууль зүйн яаман дээр ажлын хэсэг гарч ажиллаад өргөн барихад
бэлэн болсон” гэв.Архинд донтох өвчний талаар мэргэжилтнүүдийн саналыг авна гэлээ.

Энэ
хуулийн төслийг боловсруулахдаа ДЭМБ-ын зөвлөмжийг тусгажээ. Тухайлбал, архи худалдан
авах хүний нас, худалдах өдөр, цагийн хязгаарлалт зэргийг олон улсын туршлагаас
хуулиндаа тусгажээ. Мөн өндөр градустай архийг тусгай дэлгүүрээр худалдаалах, архины
татварыг нэмэгдүүлэх, бүх төрлийн зар сурталчилгааг хориглох гэхчилэн заалтуудыг
ч тусгажээ.

 
Согтууруулах
ундааны хэрэглээ, хор хөнөөлийн талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн
Б.Бямбатогтох танилцуулахдаа “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулинд 1994,
2000, 2003 онд өөрчлөлт оруулж, 2003-2011 онд үндэсний хөтөлбөрүүд хэрэгжсэн ч архидалт
буурахгүй байгаа. Иймд шинэ стратеги боловсруулж архидалттай тэмцэх шаардлагатай
болсон. 90 оноос манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээр архидалт ихэссэн гэдэг
ч өнөөдөр хүүхдүүд архи амсч, хэрэглэж байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Судалгаагаар
хүүхдүүд долоогоос доош насандаа архи амсаж үзсэн гэж байна. Харин 15-16 насандаа
архийг хэрэглэж байна. Эрэгтэй хүүхдүүдийн 70 хувь нь, охидын 64 хувь нь 14 наснаасаа
өмнө архи амсч, хэрэглэж үзсэн гэж байгаа. Архинаас хордох тохиолдол жилээс жилд
нэмэгдэж залуу насандаа архины хордлогоор нас барах тохиолдол ихэсч байна. Архидан
согтуурах эмгэг өвчин. Маш удаан эмчилгээ авдаг. Монгол Улсын хэмжээнд жилдээ
100 гаруй мянган хүн эрүүлжүүлэгдэж байна. Эрүүлжүүлэгдсэн гэж ярих бус архины хордлогыг
эмчлэх, хордлогоос гаргах гэж томьёолох нь зүйтэй” гэв. 

Өнөөдөр
Монгол Улсын хэмжээнд 95 аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа үйлдвэрлэж байгаа
аж. 2013 онд хийгдсэн судалгаагаар спирт 1925 литр, архи, дарс 24774 литр, шар айраг
64 сая литр үйлдвэрлэсэн бол 36 сая литр архи импортолж, экспортод 154926 литр архи
гаргасан үзүүлэлттэй байна. Түүнчлэн дотоодод үйлдвэрлсэн болон импортолсон архины
хэмжээг харьцуулж үзэхэд өндөр тоо гардаг бөгөөд энэ нь ДЭМБ- аас гаргасан зөвлөмжтэй
харьцуулахад маш өндөр дүн гарч байгаа нь анхаарал татаж байгааг ХЗЯ-ны Хууль эрх
зүйн шинэчлэлийн бодлогын газрын мэргэжилтэн Ч.Бат-Эрдэнэ танилцуулгадаа дурдсан
юм. Мөн архины худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн тоо сүүлийн жилүүдэд
эрс нэмэгдсэн гэлээ. Өнөөдөр улсын хэмжээнд 7823 дэлгүүр согтууруулах ундаа борлуулж,
2880 байгууллага согтууруулах ундаагаар үйлчлэх үйлчилгээ явуулдаг гэсэн статистик
дүн мэдээ гарчээ. Нийт гэмт хэргийн 25.2 хувь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ
гарч, захиргааны зөрчил 7.5 хувьтай байгаа гэв.

Согтууруулах
ундааны хяналтын тухай хуулийн төсөл нь одоогийн хуулиас бүтцийн хувьд өөрчлөгджээ.
Согтууруулах ундааны үйлдвэрлэлтэй холбоотой асуудлуудыг нэлээд нарийвчлан тусгаж
өгсөн гэнэ. Тусгай зөвшөөрлийг Засгийн газар сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгохоор
заажээ. Ингэхдээ сум, баг, хорооны Иргэдийн хурлын санал, цагдаа болон мэргэжлийн
хяналтын байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэх юм байна. Согтууруулах ундаа худалдахад
хориг тавих өдрийн тухайд орон нутгийн Засаг даргад бүрэн эрхийг нь өгөхөөр төсөлд
нэмжээ. Мөн архи импортлох аж ахуй нэгжүүд жилд хэдий хэмжээний спиртийн бүтээгдэхүүн
оруулж ирэх ёстойг нь хүртэл хуулийн төсөлд нарийвчлан тусгасан байна.  Согтууруулах ундаа худалдаалах цэгүүдийн байршлыг
ч зааж өгчээ. Сургууль, цэцэрлэгийн орчин гээд тодорхой бүсүүдэд худалдаалахыг хориглох
аж. Улмаар согтууруулах ундааг дагнасан тусгай цэгээр борлуулах зохицуулалт хийжээ.
Тэгэхээр энэ хууль хэрэгжвэл бусад нэр төрлийн бараатай хамт худалдахгүй болох нь.
Энэ мэт спиртийн агууламжаас хамаарч, хэрхэн яаж худалдахыг холбогдох байгууллагуудаас
тодорхой санал ирсний төсөлд тусгах аж. 

Дээрхээс
гадна, алкогольны төрлийн ундаагаар үйлчлэх цэгүүдийг аймаг нийслэлийн ИТХ нь тогтоож
өгөхөөр төсөлд дурджээ. Гагцхүү согтууруулах ундаа худалдах зөвшөөрөлтэй аж ахуй
нэгжийг хүн амын тооноос хамаарч зохицуулалт хийх боломжгүй байгаа гэнэ. Учир нь
тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийн байршлаас хамаарч үйлчилгээний цэгүүд байрладаг
учраас энэ зохицуулалтыг хийгээгүй байна. Харин согтууруулах ундаа худалдах тусгай
зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийг тухайн нутаг дэвсгэр дээрх хүн амын тооноос хамаарч
тогтоож өгөх чиглэл баримталжээ. Хуулийн төсөлд 2-2.5 мянган хүн тутамд нэг согтууруулах
ундаа худалдах цэг байх талаар яригдаж буй гэнэ. Согтууруулах ундаагаар үйлчлэх
тусгай зөвшөөрөл нь цагийн хувьд хоёр төрөлтэй байхаар яригдаж буй гэнэ. Шөнийн
00.00 цаг, эсвэл 04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчилдэг байх боломжийг
топ аж ахуй нэгжид олгохоор төслийн хүрээнд яригдаж байгаа юм. Үүнийг ажлын хэсгийнхэн
тайлбарлахдаа “Өнөөдөр баар, цэнгээний газруудыг 00.00 цаг хүртэл ажиллах ёстой
гэж хуулиндаа заасан боловч нууцаар ажилладаг. Тэгэхээр харуул хамгаалалтаа чангатгасан,
хэрэг түвэг болоод байхааргүй, эрсдлээ бүрэн даах чадвартай дээд зэргийн үйлчилгээний
газруудад уртасгасан цагаар ажиллах эрхийг нь олгох бодлого баримталж байгаа” гэв.
Хэрэв ийм заалт хуулинд тусгагдвал архидан согтууралт буурахгүй гэж хэлэлцүүлэгт
оролцогчид дургүйцэж байлаа. “Бүхэл бүтэн улсын нийслэлд шөнийн цагаар согтууруулах
ундаагаар үйлчилдэг томоохон газар байх нь зүйтэй. Наанадаж гадны жуулчид үйлчлүүлнэ
шүү дээ” гэж хуулийн төслийн агуулга танилцуулсан мэргэжилтэн тайлбарлав. Харин
Л.Эрдэнэчимэг гишүүн хэдхэн хүний эрх ашигт нийцсэн ийм заалт хуулинд тусгахын эсрэг
байр суурьтай балаа. 

Согтууруулах
ундааны хяналтын тухайд төсвийн мөнгөөр архи худалдан авч болохгүй, насанд хүрээгүй
хүүхдээр архи худалдаалуулахгүй байх зэрэг хориглосон заалтуудыг төсөлд тусгажээ.
Хууль зөрчсөн аж ахуй нэгжид хариуцлагын хэмжээг нэмэгдүүлж, 50 сая төгрөг хүртэл
торгуулийн арга хэмжээ авдаг болох юм байна. Архины градусыг хоёроор бууруулж, татварын
хэмжээг ч нэмэх гэнэ.  Ингэснээр архидан согтууралтыг
багасгах зорилготой хууль биелэлээ олоход том алхам болох ажээ.

Өчигдрийн
хэлэлцүүлгийн үеэр өрнөсөн гол сэдэв бол согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн
хүмүүсийн хордлого тайлах төв байгуулах тухайд чиглэгдсэн юм. Хуулийн төсөлд архины
эмчилгээг Хордлого тайлах төв хэрэгжүүлнэ гэсэн заалт орж байгаа гэнэ. Ийм төв аймаг,
нийслэлийн хэмжээнд нэгийг байгуулахаар тусгажээ. Хэрэв хууль батлагдвал барилга
байгууламж барих шаардлагатай болж, нэмж мэргэжилтнүүд ажиллахаас өгсүүлээд төсөвт
дарамт учирна гэдгийг мэргэжилтнүүд онцолж байсан. Тэрний оронд аймгуудын Нэгдсэн
эмнэлгийг бараадуулан Хордлого тайлах төв байгуулсан нь дээр гэж байлаа. Харин нийслэлийн
хувьд төвлөрсөн төвийн хэмжээнд одоогийн байгаа Наркалогийн төвийн эмнэлгийг Хордлого
тайлах төв болгосон нь дээр гэдэгтэй санал нэгдэж байсан юм. 

Архидалтыг
багасгахын тулд согтууруулах ундааны үнийг нэмсэн ч тусыг олоогүй. Тиймээс савлагааны
хувьд анхаарч, хуульчлах ёстойг зарим мэргэжилтнүүд дурдаж байв. Жижиг шилтэй, бүр
100 граммаар савладаг архи худалдахыг хориглох ёстойг ч сануулж байлаа.

М.МӨНХЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг
Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Энэ улсын шигшээ өнгөлнө

2014 он спорт сонирхогчдын хувьд “Өндөр жил” гэхэд хилсдэхгүй.
Дөрвөн жилд нэг удаа зохиогддог хөлбөмбөгийн ДАШТ энэ зун Бразил улсад эхэлнэ. Манай
сонин энэ спортын том цэнгүүнийг угтан ямар улсын шигшээ баг дөмөгхөн тоглож дээгүүр
давхих вэ гэдгийг  цувралаар танилцуулж байна.

Хөлбөмбөг
гээч спорт нь өнгөрсөн зууны эхнээс анхны ДАШТ-ээ зохиож нийтдээ 19 удаа аваргаа
тодруулсан байдаг юм. Дөрвөн жилд ганц удаа зохиодог тул тун нэр хүндтэй энэ эрхэм
цолыг наймхан улсын шигшээ баг хүртсэн гээд бодохоор асар их ач холбогдол өгөхөөр
цол хэргэм гэдэг нь ойлгогдож байгаа биз. Тэгвэл энэ найман улсаас хамгийн өвөрмөц,
логик утгаар ойлгоход хэцүү баг нь Итали юм. Тайлбарлах уу.

Италичууд
дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг дөрвөн удаа хүртсэн баг бөгөөд 1934-1950 он хүртэл
16 жилийн туршид энэ цолыг хамгийн удаан хадгалсан баг. Тэдэнд хэцүү байх тусмаа
аварга болох боломж нь нэмэгддэг тун өвөрмөц хүмүүс юм шиг бодогдоод байдаг юм.
1938 онд аваргын төлөө тоглох гэж байхдаа Муссолинигоос “ял эсвэл үх” гэсэн богинохон
цахилгаан мэдээ авч байлаа. Үхэхгүйн тулд ясаа цайтал тоглохыг үзүүлээ биз дээ хөөрхий
италичууд. 1982 онд аварга болохдоо баахан “мөрийтэй тоглоомчид” авч очиж байв.
2006 онд Германд зохиогдсон ДАШТ-ний шигшээ тоглолтод шалгарсан Италийн багийн ихэнх
гишүүд нутагтаа очоод шүүхийн хаалга татах болсон гэдгээ мэдчихсэн, сэтгэлийн дарамттай
хүмүүс байсан. Учир нь тэдгээр хөлбөмбөгчид Ювентус, Милан зэрэг багуудад тоглож
байхдаа найрааны хөлбөмбөгт орооцолдсон мөнгө өгч, авалцсан, харсан, гэрч болсон
гэх мэтчилэнгийн гэм нүгэлтэй байсан. Гэхдээ л аварга болоход энэ нүглүүд нь саад
болоогүй л юм даа. Нэг өгүүлбэрээр тайлбарлавал муу байх тусмаа сайн гэдэг Италичуудад
таараад байдаг юм шиг. Багийн бүрэлдэхүүн хэт хөгшин байх италичуудад огт хамаагүй.
Тэд винотойгоо адилхан нас нь явах тусмаа улам сайжирна, чангарна. Тэд хамгаалж
тоглодог. Бусад багуудын бүтэн бүрэлдэхүүнээрээ хаалга руугаа шигдэн хамгаалж байгааг
харахад дургүй хүрмээр байдаг бол италичуудынх шар өөр. Тэд анхнаасаа л иймэрхүү
тактиктай тоглодог байсан зөв хамгаалалтаас цахилгаан мэт хурдан сөрөг довтолгоо
гэдэг зарчмаар галавын үеэс л тоглосон, тэдэнд тохирдог тактик юм. Италичуудад их
найдвар өгөх үед тэд энэ найдварыг шороотой хутгаад хаячихдаг. Харин “одоо ч гавихгүй
дээ” гэхээр гайхалтай тоглочихдог ерөнхийдөө тааж боломгүй гэхдээ хэзээд шилдгүүдийн
эгнээнд байх болно гэдэгт итгэж болох шигшээ баг билээ.

Италийн багийн ноён нуруу

Буффон,
Сальваторе Сиригу, Кьеллини, Леонардо Бонуччи, Андреа Бардзальи, Андреа Пирло, Абате,
Маркизио, Де Росси, Монтоливо, Мотта, Антонио Кандрева, Балотелли

Багийн ахлах дасгалжуулагч Чезаре Пранделли

Италийн
шигшээ багийн ар тал уламжлал ёсоор тул мундаг. Ахлах дасгалжуулагч Пранделли үүнийгээ
мэддэг тул хэр барагтай сэлгээ солио хийгээд байдаггүй. Буффон, Абате, Кьеллини,
Бонуччи, Шильо, Кришито гээд олон жил хамт тоглосон хашруудтай, тэдэндээ итгэл үзүүлнэ
гэж жигтэйхэн.

Сайн тал

Италийн
шигшээ багт Буффон, Пирло, Росси гээд хэдэн настай вэ гэдгийг нь мартчихсан гурван
том “багана” бий. Хамгийн гайхалтай нь он цаг өнгөрөх тусам улам тодрох эдгээр одууд
байрлал бүр дээрээ бусаддаа үлгэр болохуйц тоглосоор л байна.

Хагас
хамгаалалт нь сайн. Де Росси, Маркизио мэт нь хамгаалчихна, хэрэгцээ гарвал довтолчихно.
Тиаго Мотта, Пирло, Монтоливо гээд гайхалтай авьяаслаг хагас хамгаалагчид довтолгоог
дэмжинэ. Гэтэл цаана нь Аквилани, Поли гээд залуучууд шигшээдээ  багтаж чадахгүй ээлжээ хүлээгээл зогсож байх жишээний.
Авьяас нь хөгширч өгдөггүй хэдэн хүн Италийн шигшээд нижгээд байна даа.

Сул тал

Италийн
шигшээ багт яг энэ багт таарахаар хурдан, богино хугацаанд, жижигхэн орон зайд амжиж
гоол хийх авьяастай жишээ тоочвол Иньзаги, Тевес мэт шиг довтлогчид их зохидог.
Балотелли тийм биш. Эль-Шаарави тийм боловч сүүлийн үед тогтмол гэмтэх болсон тул
бэлтгэл муутай. Өөрөөр хэлбэл сөрөг довтолгооны үзүүрт байж төгсгөл хийх чадвартай
довтлогч хомсхон болчихсон гэхэд хилсдэхгүй. Тэгээд ч Балотеллигээс өөр довтлогч
байхгүй болтлоо хоосорчихоод байна гэхэд хилсдэхгүй дээ. Мэдээж Жилардино, Жузеппе
Росси гээд нэрлэж болох боловч дэлхийн аварга болохын төлөө тэмцэж байгаа бусад
багийн довтлогчидтой харьцуулваас арай л ядруухан харагдаад байгаа юм даа. Дээр
нь тэд энэ жил тун чанга хэсэгт хуваарилагдсан. Бараг нөгөө “Үхлийн” гээд нэрлэж
тодотгоод байдаг хэсэг шүү дээ. Тэдний хэсгийн өрсөлдөгчид нь ихэвчлэн Италийн шигшээтэй
эн зэрэгцэхүйц багууд тул сайн довтлогч зайлшгүй шаардлагатай даа.

Уг
нь италичууд 12 жил болоод л шигшээ тоглолтын үзүүр түрүүнд үлддэг уламжлалтай юм
билээ. Тэд 1970, 1982, 1994, 2006 онуудад финалд шалгарч алт мөнгөн медаль хүртэж
байсан гэдгийг тооцоолоод нэмж хасаад үзэхээр ямар ч байсан энэ жил түрүүлэх ёсгүй
болж байгаа биз. Гэхдээ түрүүлэх хэмжээнд тогловол бас л дажгүй шүү.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Дамчаагийн Түвшинтөр: Би морин хуурыг зөөлөн тембрээр нь манай үндэстний имиж гэж харж явдаг юм

Морин хуурын олон улсын наадам энэ өдрүүдэд болж байна. Уг фестивалийн
үеэр Дамчаагийн Түвшинтөртэй ярилцлаа. Тэрбээр мастер урлаач юм.

-Морин
хуур урлаачдын фестивальд танайх хэрхэн оролцож байна вэ?

-Манайхаас дөрвөн урлаач энэ уралдаанд оролцож байна. Би өөрөө оролцъё
гэж бодож байсан ч амжсангүй. Энэ наадмын хүрээнд урлаачдын уралдаан дөрвөн жилд
нэг удаа болдог юм.

-Эхний
уралдаанд нь та оролцсон уу?

-Ороод тусгай байр авч байлуу даа.

-Тэр
хуур тань одоо хаана хэний эзэмшилд байдаг вэ. Морин хуурын чуулга авчихдаг уу?

-Сайн мэдэхгүй байна. Уралдаанд оролцож байгаа урлаачдын эхний гурван
байрт шалгарсан хуур яалт ч үгүй нэлээн өндөр үнээр зарагдчихдаг юм. Хөгжимчид өөрсдөө
ирээд сайн хөгжим анаад байж байдаг учраас өөрт нь таалагдах л юм бол хичнээн ч
өндөр үнээр хамаагүй авчихдаг. Хөгжмийн зэмсэг хийнэ гэдэг ер нь зовлонтой ажил
л даа. Харахад амархан юм шиг санагдаж болох ч яг мөн чанарт нь хүртэл ойлгож хийхэд
их хугацаа ордог. Анхан шатны боломжийн хөгжим хийдэг хүнийг хөгжмийн зэмсгийн урлаач,
түвшин ахиад ирэхээр хөгжмийн зэмсгийн мастер гэдэг. Сайхан морин хуур хийхэд дуугаралт,
хүний гарт эвтэйхэн байх, бүх өнгө жигдхэн байх гэхчлэн бүгдийг тохируулж хийдэг
болтол маш их хугацаа хэрэгтэй байдаг л даа.

-Дуугаралтыг
нь тохируулахын тулд урлаач нь хөгжмийн боловсролтой байх шаардлагатай юу?

-Хөгжмийн боловсрол гэхээсээ илүү сонсголтой, мөн дээрээс нь маш
нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй л дээ. Ер нь бараг зургаа дахь мэдрэхүй шиг хийсвэр
маягаар мэдэрч хийдэг ажил. Хүний дотоод мэдрэмж гэсэн үг шүү дээ. Номон дээр жишээ
нь, хийлийн хэмжээнээс эхлээд ерөнхий зарчмыг нь зааж өгөхөөс биш яг түүнийг дуурайж
хийвэл хэзээ ч сайхан дуугарахгүй. Антонио Страдиварийн хийл гэж дэлхий даяар мэднэ.  Тэр хийлийг ёстой л таван мм.кв тутамд нь бүх
хэмжээг нь авч дуурайлгаад яг тийм бүтэцтэй модоор хийлээ ч тэр хийл шиг дуугардаггүй.
Тэгэхээр энэ бол тухайн хүний маш нарийн дотоод мэдрэмж байхгүй юу. Тиймээс мастер
хөгжмийн зэмсэг  бол ерөөсөө л нэг хувь урлагийн
бүтээл юм.

-Манайхан
морин хуураа сонгодог хийлийн хэмжээнд дуугаргах хүсэл эрмэлзэлтэй. Хөгжмийн зохиолчдоосоо
эхлээд, тоглогчдоо хүртэл ийм шинэ шинэ оролдлогууд хийсээр байна. Та мастер хийл
урлаачийн хувьд морин хуур, хийл хоёрын нийтлэг болон эсрэгцэх тал байгаа бол тэр
нь юу болохыг хэлж өгөхгүй юу?

-Зөвхөн морин хуур гэлтгүй ер нь хөгжмийн зэмсгийн урлал гэдэг салбар
маань сүүлийн жилүүдэд манайд хүчтэй хөгжиж байна. Бид нүүдэлчин ахуйд төрж өссөн
улс. Бидний аав ээжийн үеэс биш гэхэд өвөө эмээгийн үеэс нүүдэлчин малчин л байсан
хүмүүс. Тэр үед сайн уран дархан ч юм уу сайн мужаан гээд мэргэшсэн улс байсан уу
гэхээс сайн хөгжмийн зэмсэг урлаач байсан болов уу үгүй болов уу. Би үүнд эргэлздэг.
Тухайн үед хөгжмийн зэмсгийн хэрэглээ чухам ямар байлаа. Гарын дүйтэй өрхийн тэргүүн
морин хуураа хийгээд татаад явдаг тийм л байсан байх. Харин XIII зууны үед хааны
ордонд тоглож байсан хөгжмийн зэмсгүүдийг хийдэг ганц мастер байсан ч юм уу. Нүүдэлчин
нийгэмд амьдарч байсан учраас хөгжмийн зэмсгийн урлал гэдэг бие даасан салбар төдийлөн
хөгжөөгүй явж ирсэн болов уу.

Орчин үеийн залуучууд рок поп, арай нэг модерн хөгжим сонсох сонирхолтой
болсон байна. Гэтэл тэр хүсч сонирхож байгаа хөгжмийг нь морин хуураар тоглож хүмүүсээ
татаж авахгүй бол морин хуурчид хэтрүүлээд хэлэхэд ажилгүй суух болно шүү дээ. Тэгэхээр
хөгжиж байгаа энэ нийгэмд зайлшгүй үзэгч сонсогчдоо татахын тулд ямар ямар зохиол
тоглох юм, тэр зохиолыг тоглоход ямар морин хуур шаардлагатай байна гэхчлэн нийгмийн
хэрэгцээ шаардлагатайгаа уялдаад хөгжчихөж байна. Ийм замаар хуурын хөгжил өнөөдөр
маш түргэн урагшилж байна л даа. Гэхдээ аливаад сайн муу тал аль аль нь байдаг учраас
хурдтай хөгжлөө дагаад сайн муугийн аль нь давамгайлж байна гэдгийг бас харах хэрэгтэй.
Морин хуурт өөрийн гэсэн дуугаралтын өнгө характер тембр гэж байгаа шүү дээ. Түүнийг
нь авч үлдэхгүй бол яг сонгодог хөгжимтэй адилхан болоод ирвэл морин хуур хөгжим
оршин тогтнох шаардлагагүй болно шүү дээ. Тэртэй тэргүй морин хуураар тоглохоос
хамаагүй илүү өндөр боломжтой хөгжмүүд байж байхад. Морин хуурын тоглолтын техник
их хэцүү. Хоёр чавхдасаар өөрийн гэсэн онцлог тембрээр нь авч үлдэнэ үү гэхээс тэд
нартай уралдаад хэрэггүй. Морин хуур бол уламжлалт болон сонгодог гэсэн хоёр замаар
хөгжих ёстой юм байна гэж би ойлгоод байгаа юм. Зарим хүмүүс уламжлал гэж их ярьдаг.
Зөвхөн уламжлалтайгаа зууралдаад байхаар ямар ч нийгмийн хөгжил зогсдог. Жишээ нь
Японыг хар, уламжлалаа хадгалж маш өндөр хөгжилд хүрсэн байна гэж зарим хүн ярьдаг.
Гэтэл нарийн яривал, Японы түүхээс харахад мейжийн хувьсгал гэдэг нь ерөнхийдөө
уламжлалаа яг л хаясан байдаг. Самурай нараа ч байхгүй болгоод бүгд европ хувцас
өмсөж дугуй унацгаасан. Тэгж явж хөгжлийн тодорхой түвшинд хүрчихээд эргээд уламжлалаа
санагалзаад хөгжүүлсэн байдаг. Бид уламжлалаа хадгалж байна гээд өвөл нь учиргүй
мах чанаж идээд, зун нь зөвхөн цагаан идээгээр амьдарч чадахгүйтэй адил хөгжим мөн
л хүний хэрэглээ учраас нийгмээ дагаад хөгжиж байх ёстой юм. Хөгжөөд тодорхой цэгт
хүрээд зогсохгүй бол хөгжүүлж байна гээд яваад байвал сүүлдээ утгаа алдчихна л даа.
Нэг цэгт очоод зогсох ёстой. Үүнийг би сонгодог хөгжим дээр боддог. Сонгодог хөгжим
өчнөөн зуун жил энэ нэг хэлбэрээрээ л байсаар байна. Суурин иргэншилтэй хүмүүс аль
эртнээс хөгжүүлсээр байгаад үүнээс цааш явахгүй гэсэн тэр үедээ л тогтчихсон байгаа
юм. Морин хуурын тухайд бид тэгж явж чадаагүй. Одоо бид хөгжиж урагшилж байгаа үедээ
яг шаардлагатай үед нь зогсох хэрэгтэй.

-Хуур
зогсох цаг нь болсон эсэхийг та хэрхэн харж байна?

-Одоо бол хуур маш өндөр түвшинд хөгжчихсөн. Үүнээс цааш явна гэдэг
хэцүү. Гэхдээ морин хуур маань тоглолтын өөрийн гэсэн техниктэй, чавхдас нь багц
байдаг гэхчлэн маш олон онцлог талууд бий л дээ.

-Гаднын
морин хуур сонирхогчид таны харж байгаагаар ямархуу тоглож байна?

-Сүүлийн үед улам сайжирч байна шүү. Бид тусгаар Монгол Улс гэдэг
утгаараа морин хуурын хийц, тоглолт, уртын дуу энэ бүгдийг багтаасан хөгжмийн соёлоороо
бусдыгаа чирч явдаг л даа. Сүүлийн үед өвөр монголчууд морин хуурын сургалтад маш
их анхаарч байна. СУИС, ХБК-д Өвөр Монголоос ч, буриадууд ч гаднаас олноороо ирж
уртын дуу, морин хуур сурах болсон. Хуур урлал дээр ч гэсэн Өвөр Монголын урлаачид
биднийг ерөнхийдөө дагаж явдаг юм. Үнэндээ бид цөм нь байж чадаж байна л даа. Бид
ч эд нараас авсан сайн юм бий. Жишээ нь нум нь, чавхдас нь байна. Зөвхөн адууны
сүүлээр чавхдас хийх нь хүндрэлтэй учраас сатуркийг нь авч байна. Гадныхан морин
хуурыг яагаад ихээр сонирхоод байдгийг би хувьдаа ингэж боддог л доо. Өнгө тембрт
нь татагдаад байдаг юм байна гэж. Италид сурч байхдаа би багшдаа нэг морин хуур
аваачиж өгсөн юм. Багш маань “Морин хуур чинь яг л эр хүн шиг хөгжим юм байна. Дуу
нь их гоё юм. Эр хүн шиг тембртэй, хүнд их наалдацтай юмаа” гэж надад хэлж байсан.
Гэтэл хийл дээшээ өгсөхөөрөө чих рүү хатгаж байгаа юм шиг дуугардаг шүү дээ. Манай
морин хуур өнгө дээшээ өгслөө ч, доошоо уруудлаа ч зөөлөн, наалдацтай. Үүгээр нь
би морин хуурыг монгол үндэстний нүүр царай имиж гэж харж явдаг юм.

-Та
Герман, Италид сурахаар явсан үеэ сонирхуулахгүй юу?

-Германд сурах ч юу байхав дээ. Сурсан нэртэй ажил хийгээд явж байсан.
Ерэн зургаан онд явлуу даа. Тухайн үеийн нийгэм нь ч тийм байв. Нийтээрээ шахуу
болсон болоогүй гадагшаа явж зүтгэж байсан цаг. Германд тэгж явахдаа би хийлийн
мастер нэг еврей хүнд өөрөө сайн дураараа очиж тусалдаг байсан юм. Ажлынхаа хажуугаар
тэр хүнийг хоёр жил хэртэй дагалдаж сурсан. Хийлийн мастер болохыг хүсч мөрөөдөж
явсан учраас сүүлд нь Италид Антонио Страдиварийн нэрэмжит хөгжмийн зэмсэг урлаачдын
сургуулийг хийлийн мастераар дөрвөн жил сурч төгссөн л дөө. Тэнд харин яс сурсан
л даа. Тал нь италичууд, япон, солонгос, хятад, латин америк, англи франц, испани,
грек гээд их олон орноос оюутан сурдаг байсан. Би гэхэд л гурван итали, нэг аргентин,
нэг гректэй тавуулаа хаус түрээслээд амьдардаг байв.  Германд, Италид гээд арав гаруй жил Европт амьдарсан.

-Аав
тань таныг эх орондоо ир гэдэггүй байв уу?

-Аав маань үр хүүхэд биднийхээ хүсэл сонирхолд нэг их оролцоод нөлөөлөөд
байдаггүй байсан. Хүүхдүүдээ хүн болгоно гэж зүтгэж байснаас биш тийм ийм мэргэжилтэй
ажилтай болгоно гэдэггүй байсан.

-Манай
театр, урлагийн байгууллагууд хөгжимгүйн зовлонтой бас их учирдаг л даа. Хааяа нэг
гадаадаас өндөр үнээр хөгжим авлаа гэж сонсддог. Та нарын хөгжим шаардлага хангадаггүй
юм уу. Танайхаас гадна хөгжмийн зэмсэгийн компаниуд цөөн боловч бий байх?

-Өнгөрсөн 2008 оны үймээний үед Улсын филармонид бид нэлээн хэдэн
хөгжим хийж өгсөн л дөө. Ер нь жишээ нь, миний хийж байгаа хийл гэхэд Европын дундаж
мастерийн түвшинд байж л байгаа шүү дээ. Гэтэл манай улс өндөр хөгжилтэй орноос
хөгжим авлаа гэхэд тэртэй тэргүй дунджаас дээш мастерын хөгжим хэзээ ч авч дийлэхгүй
л байгаа. Дундаж юм уу тэрнээс дооших хөгжим л авч байгаа. Уг нь эндээ хийснээ авч
байвал зүгээр л дээ.

-Таныг
ардын жүжигчин Б.Дамчаа гуайн хүү гэдгийг зарим хүмүүс мэдэх, зарим нь мэдэхгүй
байх. Та хэд ер нь хаагуур байцгаана?

-Бид зургуулаа тус тусын амьдралаа хөөгөөд үр хүүхдээ өсгөөд байцгааж
байна. Манай өвөө их уран хүн байсан. Аав ч ур дүйтэй, тал талын авьяастай, хөгжмийн
авьяастай байв. Өвөө, аав хоёрын гарын дүйг өвлөж авсан нь миний нэг эрэгтэй дүү,
бид хоёр л байх шив дээ. Би хөгжмийн зэмсгээ хийгээд явж байна. Дүү маань уран дархан
л даа.

-Та
хөгжмийн зэмсгийн мастер хүн байна, бариад тоглочихдог хөгжим бий биз дээ?

-Чадахгүй хүний хажууд бол хэд хэдэн хөгжим тоглочихно. Гитар, төгөлдөр
хуур, морин хуур жаахан тоглочихно. Бөмбөр нүдчихнэ.

Н.ПАГМА  

Categories
редакцийн-нийтлэл

Согтуу залуус “Counter strike” тоглоомд гардаг шиг л буудалцжээ

Энэ сарын 27-нд өдрийн 16 цагийн үед Төв аймгийн Жаргалант суманд
хүн амины хэрэг гарсан билээ.

Жаргалант сумын иргэд “Сэлэнгэд айлын мал маллаж байсан нэг залуу
эзнийхээ машин, бууг хулгайлаад зугтаж явсан юм биш үү. Тэгээд Загдалд ирээд бас
нэг малчин залуутай архи ууж байгаад биенээ хутгалж, буудалцсан юм дуулдсан. Сэлэнгээс
зугтаж явсан тэр залуу хэрэгт холбогдоод шалгагдаж байхдаа оргоод манай суманд ирсэн
гэж сонссон” хэмээцгээж байлаа. Сумын төвд дэлгүүр, хоршоо, банкаар үйлчлүүлж байсан
хүмүүс “Өчигдөр манай суманд хүн амины хэрэг гарсан гэнэ. Сэлэнгэд айлын мал малладаг
байсан залуу энд ирээд айлын туслах малчныг долоо хутгалаад алчихаж”, “Цагдаа нар
хүн алсан залууг баривчлахаар очиход өөдөөс нь буудсан гэсэн”, “Хутгалуулсан залуу
эмнэлэгт ирээд сэхэл авахгүй байсаар нас барсан юм биш үү”, “Сэлэнгээс ирсэн залуу
нь нас барсан юм уу, нөгөөх нь амиа алдсан юм уу, бүү мэд. Ямар ч л байсан хүн нас
барсан гэнэ лээ” хэмээн ойр зуураа ярьцгаах аж. Жаргалантынхан эл хэргийн талаар
28-ны өглөө л сонсчээ.

Сумын цагдаагийн хэсэгт очиход хаалгыг нь том хар цоожоор цоожилчихож.
Үүд хавиар нь хөлхөх хүмүүс “Цагдаа нар Загдал руу явсан байх. Тэнд хэрэг гарсан
гэсэн” хэмээв.

Тэндээс Загдал баг руу хөдөллөө. Хэрэг Загдал багаас баруун хойш
нэлээд зайтай байх Бүрэгтий гэх газарт болсон юм байна. Хэрэг гардаг өдөр буюу
27-ны өглөө найман цаг өнгөрч байхад хөх өнгийн портертой нэгэн залуу Загдал багийн
урдуур хойгуур өнгөрч, баахан холхисон талаар нутгийнхан ярьж байлаа. Тухайн үед
тэндхийнхэн нэг их анзаарахгүй “Ямар айлын хүргэн юм бол. Хэнийд ирсэн юм бол” хэмээцгээгээд
өнгөрч. Тэгтэл өнөөх залуу баг дундуур машинтайгаа давхиж, нутгийн залуусыг өдөж,
хор­гоож өөрийгөө шийдсэн нөхөр, юунаас ч айдаггүй, хэнийг ч болов цохиод унагачихдаг
шилийн сайн эр мэтээр ярьж байжээ.

Түүнийг харсан хүмүүс намхан нуруутай, бор ца­райтай, саравчтай малгайтай
явсныг хэлж “Халаасандаа гараа хийчихсэн, их л таа­халзсан алхаатай залуу байсан.
Архи үнэртүүлчихсэн. Гэхдээ яадгаа алдталаа уугаагүй харагдсан” хэмээлээ.

Тэр залуу мотоцикльтой малчидтай уулзан “Сэлэнгэ явах гэсэн юм. Таван
литр түлшээр дугуй солихгүй биз. Арын давхар дугуйнуудаараа солино шүү” хэмээн явсан
гэнэ. Тэгтэл өдөр 14.00 цагийн алдад тэрээр багийн хойд хөндийд машин дээрээ мотоцикль
ачиж байж. Хажууд нь бордуу хүрэмтэй, гэзэгтэй залуу зогсч харагдсан гэнэ. Түүнээс
хойш хөх портертой залуу дахиж харагдаагүй гэлээ.

 

 

 

Харин Бүрэгтийнхэн болсон хэрэг явдлын талаар ийн ярилаа.

Сэлэнгэд айлын мал малладаг А.Амартүвшин гэх залуу эзнийхээ ачааны
машин, “ТОЗ-8” маркийн калибр бууг хулгайлаад зугтжээ. Тэрээр хулгайн хэргээр өмнө
нь хэд хэдэн удаа ял эдэлж байсан бөгөөд ийм хэргээр эрэн сурвалжлагдаж байсан нэгэн
юм байна. Түүнийг Чингэлтэй дүүрэгт айлын зуслангийн байшинг ухсан гэх хэрэгт сэжиглэн
шалгаж байсан ч оргож Сэлэнгэд очсон аж. Тэнд нутгийнхны итгэлийг олж аваад машин,
бууг нь хулгайлсан юм байна.

А.Амартүвшин нэгэн залуутай хамт явж байжээ. Тэд хулгайн машинаараа
Сүмбэрт очоод Бор гэх залуутай тааралдсан гэнэ. Бор бол Жаргалантын уяач Батаагийн
адуучин бөгөөд Бүрэгтийд эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг нэгэн байсан тухай
Загдал багийнхан ярилаа.

А.Амартүвшинтэй цуг явсан залуу Борын танил байсан учир залуус шар
айраг ууцгааж, нэлээд наргижээ. Бор тэр өдөр Улаанбаатар хотоос харьж явсан бөгөөд
залуус түүнийг гэрт нь хүргэж өгөх далимаар архи нэмж уухаар Бүрэгтийд очсон юм
байна. Залуус нэлээд согтоцгоож, А.Амартүвшин дагуулж явсан залуутайгаа муудалцаж,
түүн рүү хутга барин дайрч гар руу нь гурван удаа хутгалжээ. Танилаа цусанд хутгалдаад
хэвтэж байхыг харсан Бор А.Амартүвшинтэй гар зө­рүүлж ноцолдсон байна. А.Амартүвшин
машинаа асаагаад зугтжээ. Тэгтэл Бор том буу гаргаж ирээд мотоцикльтойгоо араасаа
нь нэхсэн гэнэ. Өнөөх буугаараа  хэдэнтээ
буудаж орхитол машин гэнэт зогсчихож. Энэ дүр зургийг харвал хэнд ч айдас хүрэхээр
байсныг үйл явдлыг харсан гэрч ярьжээ. Бор А.Амартүвшингийн аминд хүрчихлээ хэмээн
айж, цочролд ороод мотоциклио унаад алга болсон гэнэ. Харин айж балмагдсан А.Амартүвшин
машиныхаа суудлын ард байсан калибраа аваад уул руу гүйжээ.

Гартаа хутгалуулсан залуу цус алдаж нас барсан бол Бор одоо болтол
олдоогүй байгаа гэнэ. Өчигдөр Жаргалантын хэсгийн төлөөлөгчөөс түүний талаар асуухад
“Олдсон эсэхийг нь мэдээгүй байна. Зүүнхараагийн мөрдөн байцаагчаас энэ талаар мэдээлэл
ирүүлээгүй байна” гэсэн хариулт өгсөн юм.

Борын барьж явсан буу нь уяач Батаагийнх байсан гэнэ. Портер машины
радиаторыг задартал нь буудсанаас үзэхэд нэлээд хүчтэй галт зэвсэг байсан бололтой.

А.Амартүвшин буугаа барьж гүйсээр нэгэн малчныд орсон байна. Тэрээр
“Би гэмт хэрэгтэн. Шоронд орж байсан. Дахиж шоронд орохоосоо айхгүй байна. Харин  Бороос айж байна. Тэр том буу бариад намайг хөөж
байгаа” гэж ярьж байжээ. Түүний хоёр гар нь нэлдээ цусанд будагдсан байсан гэнэ.
А.Амартүвшин тэр айлаас гараад уул даваад зугтжээ. Энэ бүхнийг харсан гэрчүүд Загдал
сумын Засаг дарга руу утсаар мэдээ дуулгаж, цагдаагийн тусламж дуудсан юм байна.

Хэрэг хормын төдийд болоод өнгөрчээ. Малаа хариулж явсан малчид энэ
хэргийг харсан байна. Буун дуу ажин түжин байсан хангай дэлхийг сэрээх мэт хэнгэрэг
хагалам чанга дуугарсан гэнэ. Хэргийг харсан нэгэн залуу “Тэнд аймаар юм болж байна.
Тусламж дуудахгүй бол болохгүй нь. Яг л “Counter strike” тоглоом дээр алан хядагч
руу шагайж байгаад буудаад, буудалцдаг шиг буу барьцгаагаад гүйлдэж буудалцаад байна.
Буудуу­лахаасаа өмнө эндээс холдъё” гэчихсэн сандарчихсан гүйж явсан гэнэ.

Тэндхийнхэн “Бор өөрийгөө хүний аминд хүрчихсэн гэж бодоод энд тэнд
очоод амиа хорлочихсон биш байгаа даа. Эсвэл хаа нэгтээ бүгж байж болох юм” хэмээцгээж
байлаа.

А.Амартүвшин цагдаа­гийнханд бууж өгсөн бөгөөд түүнийг хэрэг гардаг
өдрийн орой нь барьж саатуулсан юм байна.

Нутгийн зарим залуус “Байлдаан тулалдаантай кинон дээр гардаг шиг
л юм Бүрэгтийд болсон гэсэн. Малаа хариулж, уулан дээр суусан хүмүүс харсан байна
лээ. Буудалцаад, хөөцөлдөөд, машин тэрэг болоод айхавтар юм болсон. Хэрвээ зогсоох
гэж очсон бол өөрсдөө буудуулах байсан биз. Ухаанаа алдталаа архидсан юм шиг байна.
Эрүүл хүнээс тийм үйлдэл гарах уу” гэж ярьцгааж, “Бүх юм архинаас болж байгаа юм”
хэмээж байлаа.

Бор уяач Батаагийнд хоёр жилийн өмнөөс адуучнаар ажиллах болсон бөгөөд
ойр тойрныхон нь түүнийг “Ажилсаг, амьдралын төлөө явдаг сайн залуу. Түүнийг олоод
хүний аминд хүрээгүй гэдгийг нь дуулгачихвал нэг ч гэсэн айл элэг бүлэн үлдэх юм
даа. Хэдэн нялх хүүхдүүд нь өнчирвөл яана” хэмээн харамсч байлаа. 

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Оюундарь: Эдийн засгийн асуудлыг тогтвортой авч явах бодлоготон хэрэгтэй байна

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай
ярилцлаа.

 
-Эрх баригч хүчин сүүлийн үед хамгийн
их асуудалтай байна. Улс орны дутуу, хатуу бүхнийг үүрэхийн зэрэгцээ гишүүнээ хөөх,
сайдаа огцруулах, Засгийн газраа хэрхэх вэ гэх мэтээр. Энэ бүхэнд АН ямар байр суурьтай
байгаа бол?

-Улс орны эдийн засаг сайнгүй байгаа. Дэлхийн эдийн засгийн
хямрал болж, урд хөрш худалдан авалтаа багасгасан байна. Дээрээс нь тавьсан өрийн
тухай гээд олон асуудал бий. Эндээс дүгнэхэд эдийн засгийнхаа эрх ашгийг бодвол
Засгийн газар тогтвортой байх нь хамгийн чухал. Сүүлийн 24 жилийг аваад үзэхэд дөрвөн
жилийн хугацаанд тогтвортой ажилласан Засгийн газар байдаггүй. МАН-ын үед ч тэр
манай үед ч тэр. Засгийн газар тогтворгүй байдалд яагаад ордог вэ гэвэл эдийн засаг
тогтворгүй болохоор хүмүүс буруутанг хайж эхэлдэг юм байна. Буруутан нь удирдаж
буй хүмүүс болж таарна. Учир нь хүмүүс бүх зүйлийг хурдан хийхийг  шаардаж, хүлээлт үүсгэдэг. Харин эдийн засгийн
өөрчлөлт удаан хугацаанд явагдаж мөн хэмжээний стратеги, төлөвлөлт, түүнд хүрэх
амаргүй даваагаар хэмжигддэг. Тэгэхээр энэ утгаараа дөрвөн жил байтугай урт хугацааны
тогтвортой байдал шаардлагатай. Дээр нь удирдаж байгаа хүмүүсийнх нь үзэл бодол,
ааш авир, харилцаа гээд бүхэн нь тогтвортой байх ёстой. Гэтэл эдийн засгийн үндсэн
асуудлыг хариуцаж байгаа хүмүүс нь бодлого нь, ааш авир нь тогтворгүй байгаа хэрнээ
гаднаа тогтвортой мэтээр харагдуулж байгаа нь үл итгэлийг төрүүлээд байгаа юм. Тэгэхээр
эдийн засгийн асуудлыг тогтвортой авч явах бодлоготон хэрэгтэй байна. Үүнийг дотроо
ч тэр, гаднаас ч ярьж байна. Эдийн засгийн хүндрэлийг эмчлэхгүй, заслаа хийхгүй
бол хувь хүнтэй нь ярихаас аргагүй.

-Баасан гаригт АН-ын Хяналтын хороо хуралдаж
шийдвэрээ гаргасан байна. хяналтын хорооныхоо саналтай та нэгдэж байгаа юу. Намын
удирдлагууд тань асуудалд яаж хандаж байгаа юм бол?

-Эсрэг санал өгсөн гишүүдийн цаад санаа нь миний саяын ярьсантай
утга нэг. Эдийн засагт санаа зовсон хүмүүс л байгаа. Ерөнхий сайд ганцаараа зүтгэж
бүх зүйлд оролцоод яваад байна. Гэхдээ гол тулгуур болж байгаа хүмүүсээ, баганаа
сайжруулахгүйгээр энэ том ачааг дийлэхгүй. Тиймээс хүчээ сэлбэе гэж асуудлыг эрүүл
саруулаар харж байгаа хүмүүс яриад байгаа юм. Ерөнхийлөгч ч сая ярилцлагадаа хэллээ.
Хамгийн гол нь хүчээ тэнцүүлж явна гэдэг дээр санал нэгдэх ёстой. Харин баасан гаригт
хуралдсан Гүйцэтгэх зөвлөл, хяналтын хорооны хурал ойлгомжтой. Гүйцэтгэх зөвлөл
Хууль зүйн сайдын асуудлыг авч хэлэлцээд хамгаалж үлдэх ёстой гэсэн байр суурьт
нэгдсэн. Хяналтын хороо Р.Бурмаа гишүүний асуудлыг мөн хэлэлцлээ. Хяналтын хороо
нь намын Их хурлаар байгуулагддаг намын дарга хийгээд хэрэг эрхлэх газарт хамааралгүй
бие даасан байгууллага. Энэ хороо өргөдлийн дагуу асуудлыг хэлэлцдэг журамтай. Санал
хураалт явагдсанаас хойш орон нутгийнхан асар их эмзэгээр хүлээж авсан байна. Ингээд
1996 оны алдаа давтагдах вий гэсэн эмзэглэлээр 13 аймгаас “Р.Бурмаа гишүүнд хариуцлага
тооцох ёстой” гэсэн өргөдөл ирсэн. Хэлэлцээд намаас хасах ёстой гэж үзсэн нь Р.Бурмаа
хувиараа бус намд өгсөн саналаар УИХ-д орж ирснийх. Дүрмээр намын шийдвэрийг зөрчин
сонгож байгуулсан Засгийн газрыг огцруулахад дэмжлэг болбол намаас хасна гэсэн заалттай.
Гэхдээ гишүүнийг хасах асуудлыг тийм хурдан гаргаж болохгүй. Хяналтын хорооны шийдвэрийг
ҮЗХ-гоор хэлэлцүүлж дэмжвэл тухайн хүнийг гишүүнчлэлээс хасна гэдэг. Тэгэхээр Р.Бурмаа
гишүүнд үнэхээр хариуцлага тооцох ёстой гэж үзэж байвал ҮЗХ хуралдана.

-Асуудал эрчээ авчихлаа. ҮЗХ хэзээ хуралдаж
энэ бүхэндээ хэзээ цэг тавих юм бол?

-Саяын хэлдгээр асуудлыг шийдье гэсэн чин хүсэлтэй хүмүүс
байвал ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь гарын үсэг зурж хурлаа хуралдуулъя
гэсэн зарыг тавих ёстой. Мөн намын дарга тийм хүсэлтэй байвал хурлыг зарлаж болно.
Ингэж ҮЗХ хуралдаад олонхи нь дэмжвэл намаас хасна гэсэн үг.

-Эсрэг санал өгсөн гурван гишүүн ард
нь бий. Тэд тойргоос сонгогдсон ч АН-ын нэрээр УИХ-д сууж байгаа шүү дээ?

-Улс төрийн намуудын дотоод асуудлыг зохицуулах хууль нь
2005 онд гарсан. Хуулийг баталж байх үед манай улс мажоритар системээр сонгуулиа
явуулдаг байсан. Гэтэл 2012 оны сонгуулиар холимог систем үйлчлэх болсон. Холимог
тогтолцоогоор явж байгаа энэ тохиолдолд намын харьяаллыг яах вэ гэдэг зохицуулалт
байхгүй. Тойрогт нэр дэвшигчид хэдийгээр намын нэрээр явж байгаа ч тухайн хүнд нь
итгэж саналаа өгдөг. Тэгэхээр тухайн тойргийн иргэдийн асуудал болж байгаа юм. Ерөнхийлөгч
сонгож явуулсан иргэд нь гишүүндээ хариуцлага тооцдог болох заалтыг оруулъя гээд
байгаа нь ийм утгатай. Энэ бол намаас хамаарах асуудал биш. Гэхдээ намын дүрэмд
Засгийн газрыг огцруулахад санал нэмсэн бол гэж заасан байдаг. Харин Р.Бурмаа гишүүнийг
намаас хасах асуудал нь намын дүрэмд заасан томъёолол биш байсан. Үүнийг хяналтын
хороо шууд утгаар нь авч үзсэн нь эргэлзээтэй байгаа.

-Гэхдээ л утга нэг биз дээ?

-Хуулийн заалтууд нь өөр. Засгийн газрын 50 хувь нь огцорсон
тохиолдолд бас Ерөнхий сайд огцорсон тохиолдолд кабинет тэр чигээрээ огцордог. Ийм
заалтуд огт байгаагүй. Үүнийг ялгаж салгах ёстой байсан байх.

-Засгийн газрын тулгуур баганаас сольж,
хүч сэлбэе гэж та дээр хэлсэн. Тэгэхээр яг хэн хэнийг явуулах нь зүйтэй гэж үзэж
байгаа юм?

-Хөрөнгө оруулагч тэр улсын тогтвортой байдлыг харна. Хэрэгжүүлж
байгаа хүн нь хэр итгэл үнэмшилтэй хүн бэ гэдгийг харна. Мөн яриа хөөрөө хийхэд
боломжийн, бизнес сэтгэлгээтэй хүн байна уу гэдгийг нь бас харна. Энэ бүгд шалгуурт
эдийн засгийн бодлогыг авч яваа яам тэнцэхгүй байна. Бодлого алга, хөгжлийн стратегиа
боловсруулахгүй байна. Өөрийнх нь өнгөрсөн хугацаанд санаачилж, кноп дарж байсан
бүх санал нь дандаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын эсрэг байсан. 68 хувийн татварын
асуудлаас эхлээд. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчид бодно биз дээ. Банк зээл өгөхдөө
баталгаа шаарддаг шиг. Яг л түүнтэй ижил. Дотоодын хөрөнгө оруулагчид ч гэсэн бүх
үйлдлээ зогсоочихоод байгаа юм.

-Хамгийн түрүүнд Д.Ганхуяг, Н.Батбаяр
сайд солигдоно гэсэн үг үү?

-Солигдох, солигдохгүй дээ асуудлын гол нь биш. Энэ хүмүүстээ
шаардлага тавьж, хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж байна. Нам дотроо бүхнийг ярья.
Болж байгаа юм уу, үгүй юм уу. Энэ чигээрээ явахад хөрөнгө оруулагчид 2016 он гэхэд
ирэх үү. 2016 оноос наана хөрөнгө оруулагчид ирж эдийн засгийг эрүүлжүүлэхэд туслах
уу ийм л асуудалд хариулт авах хэрэгтэй байгаа байхгүй юу.

-АН төрийн эрхэнд хоёр жил ажиллахад
хамгийн муу нөлөө үзүүлсэн хүмүүсээ ярилгүйгээр явуулах ёстой юм биш үү?

-Үр дүн хурдан харагддаггүй учраас бид хүлээсэн. Өнөөдөр хүлээх
цаг зогсч шахаж шаардах, ярих, хариуцлага тооцох цаг хөдөлсөн гэж харж байна. Эхний
үр дүн харагдах хугацаа өнгөрлөө гээд эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийг
гаргалаа. Энэ хүмүүс хийхгүй байгаа учраас УИХ, бүлэг, нам идэвхийлэн орж байна.

-Засгийн газрын кабинет, төрийн бодлогод
ойрын хугацаанд салхи орох юм байна гэж ойлголоо. Хуулийн өөрчлөлтөөр асуудлыг шийдэх
нь үү?

-Салхийг оруулах ёстой. Түүний төлөө явах ёстой гэж бодож
байгаа. Гэхдээ ямар шалтаг, шалтгаанаар вэ. Хуулийн өөрчлөлтөөр үү. Эсвэл тэр хүмүүсээ
авч хэлэлцээд үү гэдэг тусдаа асуудал. Тодруулбал, шууд барьж аваад хагалгаагаа
хийлгүйгээр тойруу замаар явж байсан асуудлыг татан оролцуулаад хийх нь зарчмын
хувьд алдаатай. Дахин хэлбэл хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулахгүй. Болохгүй
байгаа асуудлаа дотроо сайтар ярилцаж байж шийдэх учиртай.

-Бас Х.Тэмүүжин сайдын асуудал байна.
Эхний санал хураалтаар бараг 100 хувь огцруулах ёстой гэж үзсэн. Тэр дунд АН-ын
олон гишүүн байна билээ?

-Х.Тэмүүжин гишүүний монголчуудын хувьд том хэмжээний суурь
шинэчлэлтийг хийсэн. Энэ шинэчлэл өмч хувьчлалтай тэнцэхүйц өргөн судалгаа, өргөн
хүрээг хамарч хийгдэх ёстой. Өмч хувьчлал явагдахад тасхийтэл шийдвэр гараад үр
дүнд нь 40 гарсан олон хүүхэдтэй ээжүүд ганзага үүрээд үлдсэн ш дээ. Үүнтэй төстэй
шинэчлэлийг хийлээ гэж олон хүн шүүмжилж байгаа. Яагаад гэвэл бид түүхээсээ суралцах
ёстой байтал огцом өөрчлөлтийг хийхдээ хүнээ, нийгэмээ бодохгүйгээр явуулсан байна.
Бүх салбарын хүмүүсийн судалгаа, эрдэмтэн, мэргэд, ТББ-ууд оролцож байж шийдэх ёстой
байтал Х.Тэмүүжин ганцаараа дур мэдэн шийдэж болохгүй гэдгийг хэлж байна. Мөн суурь
хуулиуд нь өөрчлөгдөөгүй байхад бүтцийг шууд өөрчилж эхэллээ. Тэгэхээр хохирогчид
нь тэнд ажиллаж байсан хүчний байгууллагын 40 орчим мянган ажилтан болж байгаа юм.
Тэр хүмүүсийн цаана 4-5 хүн байгаа. Энэ бүхнийг тооцолгүйгээр онолоор явчихаж. Коммунизмийн
онолыг уншихад их сайхан санагддаг ч амьдралд хэрэгждэггүй. Хүчээр хэрэгжүүлэхээр
нийгэм тэр чигээрээ хохирдог шүү дээ. Энэ бүхнийг хэлснээрээ зарчим нь зөв ч хэт
яарч алдаа гаргасан байна гэдэг сануулгыг өгч байгаа юм. Ерөнхийлөгчийн ярианаас
хүлээж авахдаа тэр хүн алдаа дутагдлаа ойлгосон юм байна гэж бодсон.

-Нам, Ерөнхийлөгч хамгаална гэж байгаа
ч эцсийн дүнд УИХ-ын гишүүд л санал өгнө биз дээ. Сөрөг хүчин хийгээд намынхаа гишүүдийг
барьж чадах уу?

-Залуу хүнд сануулга өгөх гэж л кноп дарсан байх. Эцсийн шийдвэр
гараагүй байна. Энэ бол зүгээр л анхааруулга. Манай нам Х.Тэмүүжинг урдаа бариад
л сонгуульд оролцож хуулийн шинэчлэл зөв гэж байсан. Зарчим нь зөв хэрэгжүүлэхдээ
л анхаараач гэж байгаа хэрэг.

Л.МӨНХТӨР

 

 

Categories
редакцийн-нийтлэл

М.Бямбажав: Тоглолтод урилгаар оролцох дуучид ч миний уран бүтээлийг дуулна

“Оройтсон бороо”,
“Хүмүүс ээ амьдрах сайхан”, “Буянаар учирсан амраг”, “Намирын гол”, “Үй зайгүй найз
аа үгүйлж явъя нэгнийгээ” зэрэг хүний сэтгэлийн нандин утсыг хөглөсөн сайхан дуунууд
ард түмэнд хүрээд нэлээд олон жилийн нүүрийг үзжээ. Эдгээр дууны нэрийг дурсангуут
л шууд дуучин нь нүдэнд харагддаг болтлоо ард түмэнд хүрсэн байх юм. Энэхүү дуучин
бол Соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч М.Бямбажав гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй
мэдэх биз ээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Таныг тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Ард түмэнд дуу хоолойгоо
өргөснөөс хойш 25 жил болжээ?

-Тэгнэ.
Өнөөдөр “Хүмүүс минь амьдрах сайхан” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр зэхээд
байна. Аль арван жилийн сурагч байхдаа л урлагийн олон тэмцээн уралдаанд оролцож
шагнал хүртэж, энгэрээ мялааж явлаа. Гэхдээ одоо ард түмэндээ 25 жилийн хугацаанд
хийсэн бүтээснээ өргөн барих гэж байна. Энэ тоо бол яг урлагийн тогоонд орсон цаг
хугацаа юм.

-Та тоглолтоо ихэвчлэн дуугаараа нэрлэдэг. Энэ удаа “Хүмүүс
ээ амьдрах сайхан” гээд мөн л уран бүтээлээрээ нэрлэсэн байна. Тэгэхээр уг дуу бас
нэгэн дурсамж хадгалж байгаа болов уу?

-Тухайн
үед би цэрэгт байлаа. “Хүмүүс ээ амьдрах сайхан” дуу төрсөн түүх их сайхан дурсамж
агуулдаг. Учир нь намайг цэрэгт байхад одоо миний багш болох МУГЖ Чулуунхүү надад
зориулж энэ дууг бичиж өгсөн байхгүй юу.”Хүмүүс ээ амьдрах сайхан” дууг өдгөө
25 жил дуулж байна.

-Аль цэргийн ангид алба хааж байсан юм бэ?

-Төв
аймгийн Сэргэлэн суманд байрлах 036 дугаар ангид цэргийн алба хааж байсан. 1989
онд, тэгсэн нэг өдөр ангийн захирагч дуудаад уулзалтын өрөөнд чамайг хоёр хүн хүлээж
байгаа орж уулз гэдэг юм байна. Ортол МУГЖ Чулуунхүү багш бас ахимаг насны хүнтэй
сууж байв. Тухайн үед Чулуунхүү багшийгаа таних биш ямар, энэ хүн аавтайгаа явж
байгаа юм байх даа л гэж бодсон. Тэгсэн надад нэг дуу өгөөд “чи энэ дууг өөрийн
болгоод ард түмэнд хүргэ” гээд өгсөн. Би ч дуулж Монголын радиод бичүүлээд тэр жилдээ
ард түмний хайртай дуу болж билээ.

-Тухайн үед багштай тань ямар хүн явж байсныг мэдсэн үү?

-Миний
аав хүү гэж харсан хоёр хүн нэг нь МУГЖ Чулуунхүү багш нөгөө нь Мөрдорж гуай байж
таарсан. Чулуунхүү гэж хүний нэрийг нь сонсч дууг нь дагаж дуулах дуртай байсан
болохоос биш тийм том цэргийн ангийн хурандаа хүн гэж хэн мэдэхэв. Багш маань надад
зориулж “Хүмүүс минь амьдрах сайхан” дууг бичсэн байж л дээ. Ингэж л төрсөн дуу.

-Тэгэхээр “Оройтсон бороо” дууг цэргээс халагдсаныхаа дараа
дуулсан байх нь ээ?

-Тийм.
Хойтон жил нь цэргээс халагдаад “Үлгэрийн танхим”-д ерөөл магтаал уншдаг байлаа.
Миний ерөөл магтаалын багш бол МУГЖ Явгаан гэж хүн бий. “Оройтсон бороо” дууныхаа
аяыг өөрөө хийж шүлгийг нь яруу найрагч Туяа тэрлэж өгсөн юм. Бас л их санаандгүй
мэндэлсэн дуу. Манай ажил дээр нэг эгч “Надад нэг үг байна. Ая хийгээд өгөх хүн
байна уу” гээд ирсэн. Тухайн үед “Мартын 8” баяр болох гэж байсан санагдаж байна.
Би ч гитараа бариад төвөггүйхэн ая зохиочихлоо. Тэгээд л гитартай нэг арга хэмжээнд
дуулсан хүмүүст их хүрсэн. Тэгээд л ёстой байнга дуулдаг, ард түмэнд их хүрсэн дуу
болж билээ. Нас бага байсан болоод ч тэр үү тэр үедээ ерөөсөө дууны утгыг нь ч нэг
их анзаарч ухалгүй дуулж байсан юм даг. Их сайхан уран бүтээл болсон гэж би боддог
юм. Аялгуу нь цаанаа л нэг онцгой.

-Үй зайгүй найз аа, үгүйлж явъя аа нэгнийгээ…гээд дуу өнөөдөр
ч анд нөхдийн бахархлыг бэлгэдсэн сайхан дуу хэвээр байна. Таны дууны ая үгэнд байна
уу, хэрхэн сонсогчдод хүргэж буй таны авьяаст байна уу?

-“Үй
зайгүй найз аа үгүйлж явъя нэгнийгээ” гээд дууг маань DZ Man буюу Дашзэвэг ах шүлгийг
нь тэрлэж өгч байлаа. Үнэхээр эр хүмүүсийн нөхөрлөлийг илэрхийлдэг. Ер нь амьдралд
ойр уран бүтээл гэж байна. Тийм дуу л ард түмэнд хүрдэг юм шиг байгаа юм. Сүүлд
дуулсан “Оюу нана бүсгүй”, “Буянаар учирсан амраг” гээд ер нь миний дуунууд бор
зүрхээрээ ард түмэнд хүрсэн. Орчин үеийнх шиг клип хийлгээд дуунуудаа дүрсжүүлнэ
гээд байх биш. Шинэ уран бүтээл гарлаа Монголын радиодоо бичүүлээд л ард түмэндээ
хүргэнэ. Тэр болгон л олны хүртээл болж одоо ч цээжинд нь хангинаж явдаг бүтээл
болсон байна. Уран бүтээлч хүнд энэ л хамгийн жаргал шүү дээ. Миний дуу гэхээсээ
илүү ард түмний дуу болсон байна шүү дээ. Харин сүүлд хоёр ч шинэ дуунд клип хийлгэлээ.
“Ногоон дарь эх”, “Олондоо хүндлэгдсэн аав” гээд хоёр дуу байна. “Youtube” дээр
тавьчихсан байгаа.

-“Буянаар учирсан амраг” дууг ханьдаа зориулж бичсэн дуу гэж
сонссон юм байна?

-Тийм
ээ. “Буянаар учирсан амраг” дууг ханьдаа зориулж бичүүлсэн. Миний хань багш мэргэжилтэй
сайхан хүн бий. Би ханиараа бахархаж явдаг юм. Энэ дуу ч гэсэн миний сэтгэлд нийцсэн,
тэр болгон хэлээд байдаггүй сэтгэлийн үгийг минь гүйцээсэн сайхан дуу болсон гэж
би боддог. Урлагийн хүний ард талыг зохицуулж явна гэдэг амаргүй ажил. Тиймээс би
ийм сайхан ханьтай учирсан буянтай хүн юм даа гэж энэхүү дууг зориулсан хэрэг.

-Одоо энэ удаагийн тоглолт хэр онцлогтой болох вэ?

-Өөрийн
гэсэн бүхий л уран бүтээлээ хүргэнэ. “Намирын гол” гээд дууг би нэг дуулаад манай
нутгийн дуучин залуу Болдбаатар нэг дуулж ард түмэнд хүргэснийг мэдэх байх. Энэхүү
“Намирын гол” дуугаа тоглолт дээрээ би өөрөө дуулах болно. Мөн өөрөө аяыг нь бичсэн
“Сайн байна уу, цагдаа” зэрэг 30 гаруй уран бүтээл байна. Тиймээс энэ удаагийн тоглолтод
урилгаар оролцож буй дуучид маань дандаа миний уран бүтээлээс дуулах болно. Зарим
хүмүүс уран бүтээлийн цэнгүүн хийлээ гээд баахан дуучид авчраад дуулуулчихдаг. Хэрвээ
тэгвэл би адаглаад л Увс нутгийнхаа дуучдыг авчраад нэг нэг дуу дуулуулаад өөрөө
тайзны ард хэвтээд байхад бараг хоёр цаг болчихно биз дээ. Тэгэхгүй, би энэ 25 жил
ямар уран бүтээл хийв гэдгийг л ард түмэндээ харуулах тоглолт шүү дээ. Тиймээс зарим
нэг талаараа их онцлогтой болно гэж та бүхэндээ хэлмээр байна.

-Чулуунхүү гавьяат та хоёрыг хамт тайзан дээр гарахад үзэгчид
их сайхан хүлээж авдаг. Ер нь ингэж зэрэг хөдөлнө гэдэг ч юм уу бэлтгэл хийж байсан
удаа бий юу. Харц тань хүртэл нэгэн зэрэг хөдөлдөг шүү дээ?

-Олон
жил хамт уран бүтээл хийгээд ирэхээр амьсгалах нь хүртэл нэг болчихдог байх. Бид
хоёр чинь хоёулаа залуудаа бүжиглэдэг байсан улс. Тэгээд ч тэр үү харцаараа ойлголцоод
л дууныхаа аянд хөдөлдөг. “Соёолонгийн тоос” ч юм уу сайхан эрч хүчтэй хэмнэлтэй
дуу дуулж байж ямар гөлийгөөд зогсоод байлтай биш (инээв). Би Агсал, Баруун монгол
биелгээ, дархад, цам зэрэг олон бүжиг бүжиглэдэг байсан. Ленинградад дөрвөн метр
бурхан бүтээхэд би ерөөл магтаал хэлж, цагаан өвгөн дотор цам бүжиглэж байлаа ш
дээ. 1992 онд Г.Явгаан багштайгаа хамт Азийн язгуур урлагийн наадамд оролцож Гран
при шагнал хүртэж байсан удаатай.

-Тэгвэл тоглолтынхоо үеэр бүжиглэх юм биш биз дээ?

-Олон
дуу дуулаад амьсгаадаад чадах болов уу гээд л бодоод байгаа. Тэгээд ч гүзээ нэмж бондойгоод хэцүү болчихож
дээ (инээв.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Засгийг засах жор

Эдийн засгийн хямралын гол буруутнаар Эдийн засгийн
хөгжлийн сайд  Фортуна Н.Батбаяр тодорч,
суудлаасаа буух төлөг улс төрчдийн ам дамжин буугаад байна. Түүн дээр мөн
хөрөнгө оруулагчидтай хэл үгээ ололцож чаддаггүй, тэднийг үргээдэг хэмээн ад
үзэгдээд байгаа Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгаас хамгийн түрүүн явуулах
сайдуудын тоонд дурдагдах болсон. УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хүртэл түүнийг “Чалко”-той
хийсэн гэрээг дур мэдэн өөрчилсөн эсэхийг нь шалгахаар болоод буй.  “Засгаас хамгийн түрүүн явуулах сайд биш” нь
тодорхой болоод буй Х.Тэмүүжинг авч үлдэхээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос
авахуулаад АН-ын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь АН-ын бүлэг, Ардчилсан намын
ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хүртэл мэдэгдээд байгаа. Цахим
ертөнцөөр ч Хууль зүйн сайдын фэнүүд мундахгүй байгаагаас харахад мань эр “мотор”
сайтай юм гээч.  АН-ын ерөнхий нарийн
бичгийн дарга Ц.Оюундарь манай сэтгүүлчид ярихдаа “Эдийн засгийн бодлогыг  авч яваа яам шалгуурт тэнцэхгүй байна.  Өнгөрсөн хугацаанд сайдынх нь санаачилж, кноп
дарж байсан саналууд эдийн засаг, хөрөнгө оруулалтын эсрэг байсан гэх мэтээр  мань Фортунаг “муулав”. Засгийн газрын
кабинетэд ойрын үед салхи оруулах ёстой гэж үзэж буйгаа тэр нуусангүй.

Засгаас хамгийн түрүүнд явуулж болох хийгээд  явуулж болохгүй сайд нарын жагсаалт гарахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багагүй үүрэг гүйцэтгэж орхив.
Өнгөрсөн амралтын өдөр зурагтаар дэлгэрэнгүй ярилцлага өгөхдөө тэр Засгийн
газрын хариуцлагагүй сайдуудыг  “засварлах” замын зургийг гаргаж өгсөн гэхэд
болно. 

Сайд нарын давхар эрх мэдлийг хязгаарлах зорилготой
“Давхар дээл тайлах” гэж нэрлэгдээд байгаа хуулийн төслөө Ерөнхийлөгч эргүүлэн
татахгүй гэдэг нь тодорхой болсон. Үнэндээ МАН-ын  гох дэгээ тавьж орхисон 2014 оны долдугаар
сарын 1 гэдэг хугацаа ч чухал биш бололтой. “Энэ Засгийн газрыг огцруулах,
бүтнээр нь солих тухай ямар ч асуудал байхгүй. Харин хариуцлага тооцох асуудал
дээрээ тооцоод явах хэрэгтэй” гэж Ерөнхийлөгч хэллээ.

 Үнэндээ манай сайд
нар муухайдаа суудалтайгаа зууралдаад, гадаадын сайд нар ёс зүйтэйдээ өөрсдөө
сайн дураараа огцроод байдаг юм биш аж. Албан тушаалтануудтай хариуцлага
тооцдог механизм нь тодорхой байдаг гэнэ л дээ. Японд гэхэд л жилдээ Засгийн
газрынхаа 70-80 хувийг нь шинэчилдэг аж.  Хариуцлага тооцдог гурав, дөрвөн шатлал байдаг
юм байна. Ёс зүйн зөрчил гаргасан бол шууд ажлаа өгөх учиртай. Ийм тохиолдолд
тухайн албан тушаалтны араас хууль, хяналтынхан шалгаж мөшгөдөггүй.  Хэрэв байдал өөрөөр өрнөж, сайд энэ нөхцөлд
ажлаа өгөхгүй бол дараагийн ээлжинд улс төрийн хариуцлага ирнэ. Улс төрийн
хариуцлага нь арай хүнд шийтгэлтэй. Дахиад сонгуульд оролцож, нэр дэвших эрхгүй
хоцордог. Энэ шатны хариуцлага ч хүлээхгүй манайхны хэлдгээр сандалтайгаа
зууралдаад байвал хууль хяналтын байгууллага нь оролцдог аж. Харин манайд  “Хариуцлагын зохицуулалт алга” гэж
Ерөнхийлөгч хэллээ. “Манай дарга нар, хэвлэлийнхэн бүгд  хариуцлага гэж яриад байдаг. Нэрийг нь
сонсоод яваад байгаа энэ зүйлийн зүсийг нь 
одоо бүгдээрээ харъя” гэж Ерөнхийлөгч онцолжээ.  Давхар дээл тайлах хууль зөвхөн эхлэл гэнэ.
Цаана нь бас Улс төрийн албан тушаалтантай хариуцлага тооцох хууль оруулахаар
зэхсэн аж.

“Багийн даргаасаа авахуулаад Ерөнхийлөгчөө хүртэл
сонгогддог бүх албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалт хийх” нь  Ерөнхийлөгчийн мөрөөдөл бололтой.  Эргүүлж татах механизм хэрэгтэй гэнэ.  Үгүй бол “хуулийн байгууллага нэг УИХ-ын
гишүүнтэй хөөцөлдөөд, гурван жил болж байдаг, нөгөөдөх нь суугаад л байдаг. Ийм
л учраас ард түмний тэвчээр барагдаж байгаа, Монголын төр муухай харагдаж
байгаа” гэнэ. Монголын төрийг сайхан харагдуулах Ерөнхийлөгчийн арга зам “Эрх
мэдэл, хариуцлагын тогтолцоог сав саванд нь, дээл дээлэнд нь оруулах” аж. “Засгийн
газар гэдэг Ерөнхий сайдын сав, УИХ гэдэг танхимд сууж, хуулиа баталж байх
учиртай. 17 нөхөр УИХ-д суугаад азаргалчихсан, фракцын дүрэмд орчихсон, нэгийг
нь хөдөлгөх гэхээр засаг нь уначих гээд байдаг, бие биеэ барьцаалаад, шийдвэр
гаргаж чаддаггүй. Манай төрийн нэг эмгэнэл шийдвэр гаргаж чадахаа болилоо.
Шийдвэр гаргаж чадахгүй шигээ хариуцлага хүлээж чадахгүй боллоо” гэж
Ерөнхийлөгч оношилсон. “Хугацаа хойшлуулахгүйгээр асуудлыг шийдээд явъя.  2016 он гэхэд УИХ-д нэр дэвших нь өөрсдийгөө
тодорхойлчих, засагт байх нь засгаа тодорхойлчих. Сонгуулийн хуульдаа, намуудын
хуульдаа, тодорхой өөрчлөлтүүдийг хийчихье. Намын, сонгуулийн санхүүжилт,
бизнес улс төрийг салгасан хуулийн маш тодорхой заалтууд орж ирэх юм. Энэ
бүхнээр бид асуудлаа засна. Энэ бүхнийг би түлхсэн шиг түлхэнэ” гэж Ц.Элбэгдорж
тайлбарлав.

 “Эдийн засгийн
хөгжлийн яам нь эдийн засгийн хямралын яам болсон” нь энэ салбарын сайдыг
яамтай нь “цомхотгоход” хүргэжээ.

Давхар дээлийг нь тайлуулах гэхээр Засгийн газрын хувь
заяаны асуудал болж хувираад байгаа. Харин Ерөнхийлөгч Засгийн газрыг
ганхуулахгүйгээр засах жор хэлнэ лээ. Одоо 17 сайдтай. Олон түмэн дэмжихгүй
байгаа гурван сайдыг өөрчлөхөд асуудал үүсэхгүй гэнэ. Засгийн газрын кабинетийн
50 хувь нь зэрэг огцроход Засгийн газар огцрох хуультай. Харин эхлээд гурвыг,
дараа нь дөрвийг өөрчилсөн ч болно хэмээн зовлон үзсэн “чавганц” зөвлөж байна.
“Давхар дээлийг нь тайлчих, хариуцлагыг нь давхар тооцчих, зарим нэг
хэрэггүй  гэж үзсэн яамыг өөрчилчих л дөө
УИХ-ын гишүүд төсвөө хэмнэе гээд байгаа. Шинэ яам байгуулаад ажил нь мундаг
сайжирсан зүйл харагдахгүй байна.  Ийм
өөрчлөлт хийхэд Ерөнхий  сайдад бүрэн эрх
боломж нь бий” гэж Ц.Элбэгдорж гарц санал болгоно лээ.  

МАН-ын бүлэг Засгийн газраас санал болгосон “Эдийн
засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай 
УИХ-ын тогтоол”-ын төсөлд хошуу нэмсэн байна лээ. “Төсвийг тэлсэн
бодлогыг зогсоож, төрийн байгууллагуудын үр ашиг муутай бүтэц орон тоог 30
хувиар цомхотгон, чиг үүргийн хувьд давхацсан яамдыг арав хүртэл бууруулахаар”
түүндээ тусгажээ.  Эдийн засгийн хөгжлийн
яам янз нь “Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээ”-нд хамрагдах  вий.

Б.Янжмаа

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Нямдорж: Фракц засагт гараагүй үедээ намын зовлон, гарсны дараа төрийн зовлон болдог

Эдийн засгийн нөх­цөл байдалтай уял­дуулан УИХ тогтоолын төсөл гаргасныг танай бүлгийнхэн нэлээд шүүмжилж байна. Эдийн засгийн байнгын хороон дээр хэлсэн таны үгийг сонсож байхад нэлээд бухимдангуй байгаа нь ажиглагдлаа…

-Уг нь 1990-2002 он хүртэл Монголын
эдийн засаг ерөнхийдөө маш
хүнд байсан. 2000 онд Ардчилсан холбоо
эвсэл ажлаа хүлээлгэн өгч
байхад гурван сарын цалин,
тэтгэвэр тавьж өгч чадахааргүй
болчихсон засгийг Н.Энхбаярын
Засгийн газарт хүлээлгэн өгч
байсныг мэднэ. Тухайн үеийн
Засгийн газар бүтэн хоёр
жилийн турш бүхий л
аргаа хэрэглэж байж 2002 оны тавдугаар сард
Олон улсын валютын сангийнхан
Монголын эдийн засаг хямралынхаа
үе шатыг давлаа гэсэн
дүгнэлт өгч байв. Түүнээс
хойш эдийн засаг дээшээ өссөөр байсан. 2004 онд гэхэд 10.6 хувийн өсөлттэй эдийн засгийг Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болоход хүлээлгэн өгсөн. Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрууд ажиллаж байхад жигд өсөлтийн үзүүлэлтүүд гарч байсан юм. Банк сан­хүүгийн салбарт Мон­голын зээлжих зэрэглэл сайн түвшинд хүрч, Мон­гол өсөлтийнхөө шатанд орчихлоо гэдэг үгийг дээр, дооргүй хэлж хөрөнгө оруулагчид бөөнөөрөө Монгол руу шуурдаг байсан.
2006-2009 онд Америкийн моргейжийн зах зээл дээр хямрал явагдаж түүний хаялга 2008 оны есөн сараас Монголд мэдрэгдэж эхэлсэн. Тухайн үед хамтарсан засаг нэмэлт арга хэмжээ авч өсөлтийг нэг түвшинд гал авалцуулчихгүй барьж чадсан. 2012
он гэхэд эдийн засгийн
өсөлт хурдан хэлбэр рүүгээ
шилжчихсэн байсан. Сү.Батболдын
Засгийн газрын жилийн өсөлт
17 хувьд хүрсэн. 2012 оны сонгуулийн дараа
гарч ирсэн шинэ Засгийн
газрын бүтэц бүрэлдэхүүн тодорч
эхлэхэд сайд нарыг томилдог
хурал дээр би Н.Алтанхуягт эмгэнэл илэрхийлж байсан
юм. Тэгэхэд “Ийм бүрэлдэхүүнээр цаашаа
баг болж ажиллаж чадахгүй.
Бүх зүйлийг саваад дуусгана”
гэж бодож эмгэнэл илэрхийлсэн.
Энэ засаг гарснаас хойш
асар их мөнгө зарлаа.
2012 онд Сү.Батболдын засгийн
үед 3.5 триллион төгрөгийн төсөвтэй байсан бол 2013 онд
бараг долоон триллион төгрөгийн
төсөв баталсан. Энэ онд зургаан
триллион гэхээр Сү.Батболдын
Засгийн  газраас
хоёр дахин том төсөвтэй
байгаа биз. Ийм том
төсөв дээр нэмэгдээд бондын
1.5 тэрбум ам.доллар, Монголбанкны
гурван триллион төгрөг, Хөгжлийн банкны
700 тэрбум төгрөг гээд бараг
төсөвтэйгээ тэнцүү хөрөнгийг ганцхан
жил үрж байна. Ийм
их мөнгөтэй байхад л манай
эдийн засаг савлаад байх
юм.

-Эдийн
засаг савлах гол хүчин зүйлс нь юу вэ?

-Эдийн засгийн нааштай үзүүлэлтүүд бүгд унаж байна. Одоо 11 хувийн
өсөлттэй гайгүй байна гээд засгийнхан өдөр хоногийг молигодож өнгөрөөгөөд байгаагаас
биш цаана чинь бизнес эрхлэгчид мөнгөгүй болж, үйл ажиллагаа нь зогссон нь бүх хүнд
мэдрэгдэж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээс Тавантолгой хавьд болоод буй үйл явц
ямар байгаа, тендерийн үйл ажиллагаа ямар түвшинд явагдаад байгааг зөвхөн бид уншиж,
яриад байгаа юм биш. Өнгө нь ийм болчихоод байгаа юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын
50 хувь нь зугтчихсан. Оюутолгой төсөл ерөнхийдөө зогсонги тал руугаа явчихлаа.
Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна гэж 2011 онд Н.Алтанхуягийн ахалсан
ажлын хэсэг гарч дэлхийн томоохон орнуудын том компаниудтай гэрээ хэлэлцээр хийж
Тавантолгойгоо дэлхийн хэмжээний юм болгочих гээд ажлууд хийж байсан. Энэ бүгд зогсчихоор
цаана нь зөндөө ажил болж байсан хүмүүс царцанги байдалд орсон. Тэр хүмүүс царцанги
байдалд орохоор тухайн орны хүмүүс, төр засагтайгаа царцанги байдалд орно гэсэн
үг.

-Эдийн
засагт гадны ямар хүчин зүйлс нөлөөлөөд өнөөдрийн байдалд хүрсэн юм бол?

-Эдийн засгийн энэ хүнд байдалд
гадна талаас нөлөөлсөн зүйл тун бага. Хятад, ОХУ-ын эдийн засаг, үндэсний мөнгөн
тэмдэгт нь тогтвортой байлаа. Шинэчлэлийн Засгийн газар ажилласан хоёр жилийн хугацаанд
бидний гол харьцдаг хоёр орны эдийн засаг тогтвортой байхад манайх л доошоо савлаад
байх юм. Одоо болохоор Засгийнхан 100-хан 
хоногт эдийн засгийг сэргээнэ гээд хариуцлага тооцох ямар ч аргагүй Их хурлын
тогтоол батлуулах гээд байна. Үүгээр юуг ч шийдэж чадахгүй. Учир нь энэ тогтоолын
цаана ямар ч мөнгө, ажил байхгүй. Түүн дотор “Өнөөдөр үүр цэлмэнэ. Эсвэл маргааш
ч магадгүй” гэсэн үг л явж байна. Тогтоолын ард тодорхой хэмжээний мөнгө, хуулийн
баримт бичиг байж гэмээнэ ажил болохоос биш юу ч үгүй байж тогтоол гаргаад нэмэргүй.
Ийм илэрхий зүйл дээр хүртэл бодлогоо зөв бариад явж чадахгүй байна. Би арга ядаад
Н.Алтанхуягийг Чеченийн  Ерөнхийлөгч асан
Аслан Масхадовтой адилхан юм уу даа гэж хэлээд сууж байхав дээ. Энэ засгийн хамгийн
том зовлон бол Ардчилсан намын фракцууд байгаа юм. Өмнө нь ч фракцууд нь зовлон
болж ирсээр байсан.

-Үүгээрээ та юуг хэлэх гэсэн юм бэ. Фракцуудын тухай жаахан
дэлгэрүүлэхгүй юу?

-Энэ фракцууд чинь Засгийн газрыг
танхимын зарчмаар ажиллах зарчмыг алдагдуулдаг. АН 1996-2000 онд засаг барьж байхдаа
яг ийм фракцуудын дотоод зөрчлөөс болж бие биенээ хэмлэж, засгаа сольж огцруулсаар
байгаад хугацаагаа дуусгаж байсан. Энэ Засгийн газрын бүрэлдэхүүнд муу дээр улцан
гэгчээр АН-ын 5-6 фракц дээр нэмэгдээд МАХН, МҮАН-ын бүлэглэлийн зовлон нэмэгдэж
үнэн хэрэгтээ 8-9 фракцтай болж байгаа юм.

Эд чинь далдуур үйл ажиллагаа явуулаад Засгийн газрынхаа танхимын
зарчмыг алдагдуулснаас нэг бодлого, нэг зарчим, нэг сэтгэлээр төрийн хэрэгт хандах
хандлага байхгүй болчихсон. Цөөн үгээр хэлбэр засгийн ажил холион бантан, дампуурал
болж гүйцлээ. Өөрсдөө төсвийн санал оруулж ирчихээд “авлигажсан төсөв” гэж орилж
л байдаг.

 

Тийм л байсан юм бол оруулж ирэхгүй л байсан. Их хурлын янзыг үзэж
байгаа юм шиг хачин юм хийсэн. Түүнээс нь болж өнөөдөр 200 гаруй обьект энэ жил
яах нь одоо хүртэл шийдэгдээгүй байна. Ам.долларын ханш 1780 төгрөг байхад төсөв
оруулж ирсэн. Тэр үед “Та нар цаашид долларын ханшийг буулгаж чадахгүй. Ядаж
1650 төгрөгөөр тооцооч” гэхэд зүтгэсээр байгаад баталсан. Төмөр замын асуудлаар
гэхэд 2008 оноос хойш фракцуудын зөрчил засгийн зовлон болж ирсэн. С.Баяр, Сү.Батболдын
Засгийн газар байхад энэ асуудлаа шийдээч гэж хамгийн их асуудал ярьж байсан хүн
нь би мөнөөсөө мөн. 2010 оны тавдугаар сард “хоёр жилийн дотор  төмөр зам барина” гэж байсан. Өнөөдөр хэдэн км
төмөр зам тавьсан байна вэ. Тэр үед Нямдорж саад болсон гэж нийтэд зарласан, тэгвэл
2012 оноос хойш хэн саад болов. Хамтарсан засгийн үед болдоггүй юм байна гэхэд Ардчилсан
нам засгийн эрхэнд гарлаа. Ерөнхийлөгч нь хүртэл тэр чигийн хүн байхад үүнийхээ
эцсийн саналыг оруулж ирэх болов уу гээд шахаж шаардаад хоёр жилийн нүүр үзлээ.
Ухаахудаг-Нарийнсухайтын чиглэлд экспортын төмөр замыг эхний ээлжинд тавьж байж
жаахан нүүрс, зэсийн баяжмалаа гадагш гаргах нь хоолойнд тулсан асуудал. Үүнийг
л фракцын толгойд сууж сайдын суудал зайдалсан нэг дунд гарын луйварчин бүтэн зургаан
жил хорлож байна.

-Ямар нэгэн хөдөлгөөн танд ажиглагдаж байна уу?

-Халтмаагийн Баттулга Төмөр замын тал дээр бусдын хувийнхаа хөрөнгөөр
хийх гэж байсан ажлыг замаас нь тасалж, С.Баяр, Сү.Батболдын үед дөрвөн жил саад
болоод дараа нь энэ засагт тээг болоод явж байна. Энэ засагт нэг намынхан байгаа
л юм бол эл асуудлаар нэг санал оруулж ирж болноо доо.

Сүүлийн үед АН-ын фракцуудын зөрчил нь Их хурлын зовлон болж хувирсан.
Нэг фракцынхаа ажилд нөгөөх нь хөндлөнгөөс орохгүй гэдэг зарчим эдэнд байдаг. Нэг
нь тэмээ гэхэд нөгөөх нь ямаа гэж зөрүүдэлдэг. Фракцуудын зөрчил нь ийм байдалд
хүргэснээс биш мөнгөгүйдээ улсын ажил гацаад байгаа юм биш. Одоо болохоор хамаг
буруугаа Тавантолгой руу чихэж, Чалко руу дайрч хоёр жил боллоо. Эрдэнэс тавантолгой
компани 2011 оны наймдугаар сараас газрын хөрс хуулж эхэлсэн. Би хөрс хуулалтыг
очиж харж байсан. Тавантолгой муудсанаас болж эдийн засаг муудлаа гэж АН-ынхан үргэлж
худлаа ярьж  байна. Чалкотой байгуулсан
70 ам.долларын гэрээг муу гэрээ байгуулсан гэж дайрч түншлэгчийнхээ сэтгэлийг цааш
нь харуулж зах зээлээ алдчихаад дараа нь 50 ам.доллараар гэрээ байгуулж одоо 30
ам.доллараар нүүрсээ зарж байна.

Заримдаа энэ засгийн ажлыг удирдаж байгаа хүмүүсийг харахаар галзуу
юм шиг надад санагддаг. Түүнээс биш эрүүл саруул хүн ийм юм хийхгүй гэж бодоход
хийгээд л байгаа юм даа. Энэ засгийн нэг алдаа нь хоёр хөрштэй харилцах харилцаанд
сэв суулгасан явдал. Төмөр замын асуудлаар хойд айлыг олон удаа хуурсан. Урд айлыг
ч бас хуурсан. Чалкотой гэрээ байгуулж мөнгийг нь авчихаад сүүлд нь нүүр рүү нь
хар ус цацсан. Ингээд байхаар чинь яаж улс хоорондын харилцаа сайн байхав.

-Сүүлийн үед их л бухимдангуй яваа харагдах болжээ,
та?

-Яагаад би бухимдаад байна гэхээр эдийн засгийг өөд татчих боломжийг
бүтэн 10 жилээр магадгүй түүнээс их хугацаагаар хойш татлаа. Товчхондоо 1996 он
давтагдаж байна. АН-ынхан дандаа ингэдэг. Гоё юм ярьж засгийн эрхэнд гарч Засгийн
газраа байгуулж аваад зэвсэгт отрядынхаа байлдааныг дотооддоо хийж эхэлдэг. Тэгээд
улс орныг сүйрүүлдэг. Өндийж явсан зүйлсийг дандаа ингэж дарж унагадаг. 1996 онд
П.Жасрай агсан “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэж хэлээд дэлгүүрийн лангуу
дүүрч, улс жаахан амьсгаа авч эхлэхэд хамаг банкийг дампууруулаад дөрвөн Засгийн
газар сольсон. 2012 оноос хойш Монгол Улс өнгөтэй өөдтэй явах тэр бүх боломжийг
хааж байна. Цаашид төсвийн орлого бүрдүүлдэг хэдэн том компани нь эвгүйтээд эхэлбэл
байдал улам л хүндэрнэ.

Өнөөдөр зээл авсан компаниуд зээлээ төлж чадахгүй гэдгээ хэлж байсан.
Үүн дээр арга хэмжээ ав гээд хагас жилийн өмнө дарга нарт захидал бичээд одоо хүртэл
хариу алга. Ш.Сайхансамбуугийн зах болон бусад зах, ресторануудад хүн алга. Замын-Үүдэд
олон хүн холхидог байсан бол одоо чөлөөтэй бүс болсон. Энэ бол бодит үнэн. Үүнийг
харахгүйгээр дэмий юм ярих шаардлагагүй. Ардчилсан намынхан мөнх засгийн эрхэнд
суучихсан юм шиг 2020-2050 оны юм яриад байдаг. Засгийн газрынх нь хугацаа ердөө
дөрвөн жил гэдгийг мэдэлгүй хоёр жил боллоо. Одоо бүр хотын фракц гээд гараад ирлээ.

-Хотын фракц гэж Э.Бат-Үүл даргатай нийслэлийнхнийг
хэлээд байна уу?

-Тэгэлгүй яах юм. Э.Бат-Үүлийн Засгийн газар гэж хэнд ч дийлддэггүй,
дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн фракц АН дотор гараад ирсэн. Хотын захирагчийн
бие төлөөлөгчийн аппарат гээд дүүрэг бүрт хотоос мөнгө гаргаад суулгачихсан дүүргийнхээ
дарга нартай ажил булаацалдаад сууж байдаг хүмүүс бий болсон.

Фракцуудын далд зодоон Монголыг дахиад чирлээ дээ. Ардчилсан нам
фракцуудынхаа энэ балиар юмыг цэгцэлж чадахгүй бол олон жил Монголыг чирнэ дээ.
Хамгийн аюултай нь энэ балиар ужиг өвчин нь залуучуудад нь үе дамжин уламжлагдаж
байна. АН үе дамжсан зодоон нүдээний тогтолцоог өөрсдөө бий болгосон. Үүнээс болоод
Ерөнхий сайд нь засгаа удирдаж чадахгүй байна. Сайдууд нь үгэнд нь орохгүй байна.
Бондын мөнгө гэхэд Н.Батбаяр баруун гараараа оруулж ирээд зүүн гараараа дур мэдэн
зарж байгаа. Үүнд хяналт тавьж байгаа хүн нэг ч алга. Сүүлд Э.Бат-Үүл, Н.Батбаяр
хоёр бондын мөнгө булаацалдаж хэрүүл хийсэн дээ.

Одоо төмөр зам барина гээд ярьж байхад  А.Гансүх сайд нь мөнгө өгөхгүй бол ажил зогсоно
гээд сууж байна. Ийм засаг гэж байж болох уу. Нэг нь заан ярьж байхад нөгөөх нь
гүрвэл ярьдаг байж болох уу. Эд засаглах чадвараа ингэж алдсан.

-Яавал засаглах чадварыг бий болгох вэ. “Давхар
дээл”-ийн асуудал цаашид хэрхэн өрнөх бол. Цаг хугацааны хувьд хэрхэн батлагдах
бол?

-УИХ эцсийн ямар шийдвэр гаргана, түүнийгээ түргэвчлэх хэрэгтэй.
Энэ долоо хоногт багтааж шийдвэр гаргасны дараа Ерөнхийлөгч нь хориг тавьдаг юм
бол түүнийгээ шийдэх ёстой. Ингээд эхлэхээр засгийн ажил нь хөдлөхөө больчихдог.
Сайд нар нь хүртэл тэртэй тэргүй ажлаа өгөх юм чинь ажилласан ч яалаа гэсэн байр
сууринаас ханддаг. Назгай байдал гэдэг үерийн ус шиг нэвчдэг байхгүй юу. “Давхар
дээл”-ийн асуудлыг 2013 оны намраас ярьж эхэлсэн. Намрын чуулган хаалтаа хийхэд
ярьж л байсан. Бүтэн жил “давхар дээл”-ээс болж засгийн ажил самуурч байна. Энэ
оны долдугаар сараас гэнэ үү, 2016 оны долдугаар сараас гэнэ үү яаж шийдэхийг мэдэхгүй
байна даа. Би олон удаа томилгоо авч огцруулах асуудлыг өөртөө үүрч байсан хүн.
Хамгийн гол нь ажил хийлгэхээ больчихдог юм. Зүгээр л маргааш яах бол гэж тэнгэр
харж хэвтсэн систем болчихдог юм, цаад Засаг чинь  тэр чигтээ.

-Уг хуулийн төслийг танай намынхан Засгийн газрыг
огцруулах хууль болгон ашиглаад байгаа юм биш үү?

-Засгийн газар  сайд нарынх
нь тал, эсхүл Ерөнхий сайд огцорсон тохиолдолд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог хууль
бий. Ерөнхий сайд хэвээрээ байгаа тохиолдолд Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт
хийгээд явах боломжтой. Үүнийгээ л хийхгүй байна. Н.Алтанхуяг хоёр жилийн хугацаанд
тал тал тийшээ харсан Засгийн газрын гишүүдийнхээ учрыг олох гэж л будилсан хүн
болж хувирсан. Фракц гэдэг ийм аюултай байдалд хүргэдэг. Хэн ч гэсэн яг ийм байдалд
орно. Одоо ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарт сэлгээ хийх хэрэгтэй. Эдийн засаг
нь ийм болчихоод байхад хариуцлага хүлээх сайд Монголд байх ёстой. “Давхар дээл”
гэдэг чинь гудамжны яриа. Их хуралд гудамжны яриа нэвширтэл орж ирлээ. Их хурал
гэдэг дээл ярьдаг газар бус төрийн албан тушаалыг хэн хавсарч болох вэ, хэн хавсарч
болохгүй вэ гэдгийг ярьдаг газар. Энэ Засгийн газарт сэлгээ хийхгүй бол цаашаа явахгүй.

-Ямар ямар сайд нарт сэлгээ хийх ёстой гэж?

-Хүн бүхний ярьдаг хэд хэдэн сайд байгаа. Н.Батбаяр, Д.Ганхуяг гээд
баахан цоллох л юм. Эдийн засаг ийм байхад энэ хүмүүсийг солих нь гадны хөрөнгө
оруулалтыг татах 50 хувийн хөшүүрэг болж мэднэ шүү. Их хурал дахь АН-ын гишүүд хүртэл
болохгүй байна гэдгийг ярьж байгаа. Зөв харж инээж буруу харж уйлаад эцсийн кноп
дарах мөчид улс төрийн зориг гаргаж чадахгүй байна. Төсвийн тооцоо хийж чадахгүй
ам.долларын ханш 1750 төгрөгөөс доош орохгүй гэдгийг мэдэж байж 1384 төгрөгөөр төсөв
зохиогоод орж ирж байгаа Сангийн сайд Ч.Улаан зүгээр л зайлах хэрэгтэй. Энэ хуулийн
хүрээнд хэдэн сайд нарыг соливол уналтыг жаахан сааруулж магадгүй.

-Оюутолгойн хоёр дахь шатны ажил яах бол?

-Оюутолгойг байнга эсэргүүцэж байсан хүмүүс нь өст хүн өлийн даваан
дээр уулзана гэдэг шиг яг энэ асуудлыг хариуцсан сайд нар нь болчихсон. 2008 онд
сайд болж чадаагүйдээ шаралхаж Оюутолгойг өдөр, шөнөгүй харааж байдаг байсан хүмүүс
нь эдийн засгаа хариуцсан сайд нар болсон. Түүнээс болж хөрөнгө оруулагчид, Монголын
Засгийн газар хэл амаа ололцохоо больсон юм. Ийм нөхцөлд Оюутолгойн асуудал хөдлөхөд
бэрх. Өөр нэг зүйл нь Оюутолгойг муулж, дайрч давшилж хоол олж иддэг хэдэн Их хурлын
гишүүн энэ танхимд байна. Төлөөлөл нь манай намын бүлэгт ч бий. Эдгээр хүмүүс зогсвол
зогсох цаг нь болсон. Монголын нутагт орж ирчихээд доромжлуулан доромжлуулан бүтээн
байгуулалт хийдэг гадныхан байж болох уу. Газрын баялагтай нь ганцхан Монгол биш.
Монголд жаахан юм хийчихье гэхээр дайрч доромжлон, орон шоронгоор айлгаж сүрдүүлээд
байхаар яаж хөрөнгө, хүн хоёр тогтох юм бэ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг
Их хурлаар оруулдаг. Харин хувь нийлүүлэгчдийн гэрээ нь их явдалтай гэрээ байдаг.
Явцын дунд сайжруулах зүйлс бий. Гэхдээ үүнийг айлгаж сүрдүүлж хийнэ гэж байхгүй
ээ. “Тунгалаг тамир” кинон дээр Бадарч тахар гээд дээрэлхүү нөхөр байдаг даа. Яг
л ийм байдлаар бизнес эрхлэгчидтэйгээ засаг харьцаж байна.

Авлигатай тэмцэж байна гээд олон хүнийг шоронгоор айлгаад байгаа
учраас өнөөдөр хүмүүсийн бизнес эрхлэх сэтгэл, зориг, урам нь байхгүй болчихлоо.
Бүтээе, босгоё гэсэн зориг руу нь ус цацаад, дээр нь бамбай тавьж байгаад жадлаад
хаячихаар яаж хөдлөх юм.

-Манайд ашигтай ямар нүүдэл байгаа бол?

-Юуны түрүүнд улс төрчид нь хийрхлээс салах хэрэгтэй. Босч чадаагүй
байхад нь л дайраад байх юм. Үүнээс хэн юу хожих вэ. Их хурлын бүрэлдэхүүн дотор
Оюутолгой руу зургаан жил дайрч байгаа хүн байна. Зургаан жил Оюутолгой руу дайрч
байгаа гишүүдийн шүлсээр Монголын ард түмэн цалин авч, тэтгэврийн орлого олохгүй
нь ойлгомжтой.  Энэ засгийг харж байхад Оюутолгойг
цаашид үр ашигтай хөдөлгөх аргаа огт олохгүй байна. Эцсийн дүндээ хувийн, хувьсгалын
өмчийн ялгаа гэж байдаггүй. Төр татвараа авч л чаддаг байвал хувийнхаас авсан ч
ялгаагүй, хувьсгалынх нь ч ялгаагүй.

Ашигт малтмалын тал дээр манай монголчууд шинэ ард түмэн шүү дээ.
Гэрийнхээ бууцан дээр шон хатгахаас өөр газраа хөндөж үзээгүй эмзэг сэтгэл дээр
нь тоглож улс төрийн аахар шаахар ашиг хонжоо хайгчид улам олширч байна. Гаагийн
шүүхэд Оюутолгойг өгсөн л гэнэ. Оюутолгойг Гаагийн шүүхэд өгдөг гэж хаашаа харсан
юм байхав дээ. Тэр чинь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийсэн алуурчдыг аваачиж
шийтгэдэг газар. Ийм хачин юм хийж байгаа юм даа. Улсын эдийн засгийг босгох ганц
нэг үйлдвэр босгох гэхээр замаас нь хорлоод байх юм. Монголын эдийн засгийг босгоод
аваад явчих хэд хэдэн үйлдвэртэй болмоор байна. Тэр нь хувийнх байна уу, хувьсгалынх
байна уу хамаагүй. Харагдаж байгаа боломж нь уул уурхай. Өөр ямар ч боломж алга.
2012 оны Их хурлын сонгуулийн өмнө Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг
хязгаарлах хуулийг баталж байхад нь “Та нар дэндүү осолтой галаар тоглож байна.
Энэ хуулиа боль” гэж гуйгаад ядсан. Тэр хүмүүс нь одоо улсын эдийн засгийн гол судсан
дээр суучихсан байна.

-Халаа сэлгээ хийхээр л тогтворгүй байдал үүсчих
гээд байгаа юм биш үү?

-Нэг сайдыг сольё гэхэд дэмжээд л өгнө шүү дээ. Тэр сайдынх нь оронд
манай намынхан суухаар зүтгэнэ гэж бодож байна уу. Үгүй. Ер нь одоогийн төр толгой
дээрээ зогсчихоод байна. Их хурал нь Засгийн газрын хуулийн тасаг шиг болчихсон.
Монголбанк Засгийн газраас бүр хол сууж байх ёстой байтал засгийнхаа халаасанд орчихсон.
Сонгууль дөхөхөөр Алтанхуяг, Золжаргал хоёр нийлж үнэ тогтворжуулах хөтөлбөр, найман
хувийн зээл ярьдаг.

-Засгийн газрын тодорхой хэдэн хүмүүс солигдож байж
эдийн засаг 50 хувь сэргэхэд нөлөөлнө гэж та үзэж байгаа юм уу?

-Ажлаа хийдэггүй хүмүүсийн оронд ядаж л ажил хийхэд нь садаа болдоггүй
хүнийг тавих ёстой. Х.Баттулга ҮХАА-н яамнаас гадна Зам тээврийн яамыг удирдаж байгаа.
Төмөр замын асуудлаар А.Гансүх Х.Баттулгын амнаас зөрж ганц шийдвэр гарганаа гэж
байхгүй. Засгаас ганц ч төгрөг авалгүйгээр төмөр зам барьчих боломж байсан. Төмөр
замыг хоёр жилийн дотор барьчихна гэж амлалт өгсөн хүн нь одоо төрийн ажлыг хорлоод
байхад энэ хүнийг цаашид байлгаад байх юм уу. Х.Баттулга жишээ нь ямар үнэтэй хүн
бэ. Төмөр замаар ямар луйвар, будилаан хийгдсэнийг нэг бүрчлэн мэднэ. Хэнд ч хэрэггүй
далан шороо ухаад 50 тэрбум төгрөгийг шороонд булсан. Энэ бол хариуцлагагүй үйл
ажиллагаа бус цэвэр хорлон сүйтгэх үйл ажиллагаа. Би Х.Баттулгад дургүйдээ ингэж
ярьж байгаа юм биш. Баттулга гэдэг хувь хүн надад огтоос сонин биш. Улстөрчийнх
нь өнцгөөс харахад түүн шиг сонирхолгүй этгээд байхгүй, ярьж ч чадахгүй. Хувийн
дуусашгүй шунал, өчүүхэн атаархлаар улсын ажил хорлоод байгаа учраас би юм яриад
байгаа юм.

-Одоо яг яах ёстой вэ. Танай бүлгийн зүгээс огцруулах
саналаа өргөн барих юм уу?

-Ц.Элбэгдоржийн оруулж ирсэн саналыг эхлээд дуусгах хэрэгтэй. Ер
нь бол буруу бодлого явуулж байгаа хүнийг нь өөрчлөхгүй бол юм өөрчлөгдөхгүй. Монголыг
монголоор нь хардаг хүмүүсээр солих шаардлагатай. АН-ынхан хүмүүсээ аваад үлдэнэ
гэвэл аваад үлдэж болно. Шунал нь шулам болтлоо хөгжсөн өвчтэй сэтгэлгээтэй хүнийг
солихгүйгээр ажил сайжирна гэж байж болшгүй зүйл.

-Ямар ямар хүмүүсийг солих шаардлагатай вэ?

-Өмнө нь хэлсэн. Ч.Улаан гэж зээлээс өөр зүйл ярих ямар ч чадваргүй
болсон нэг хүнтэй боллоо. Бид чинь Оросын их өрийг дарахад “Өргүй боллоо” гээд зогсож
байсан хоёр шүү дээ. Гэтэл одоо өрийг магтдаг болж, даруйхан зайлуулах хэрэгтэй.
Нэг засгийн үед таван тэрбум долларын өр тавиад байвал цаашдаа энэ улс юу болох
вэ. 2017 онд ямар ч хөрөнгө оруулалт байхгүй. Яагаад гэхээр Чингэс бондын эхний
500 сая долларыг төлж 2023 онд тэрбум ам.долларыг бид төлөх шаардлага гарна. Хамгийн
хөгийн нь триллион 500 сая төгрөгийн төсөв бүрдүүлж чадахгүй байгаа хирнээ триллион
500 сая долларын зээл оруулж ирдэг засаг байж болох уу. Зээлээ төлөх чадваргүй болчихвол
зээлийг нь худалдчихдаг юм. Тэгэхээр Монгол Чингэс бондоор дамжаад нэг мөнгөтэй
улсын халаасанд тусгаар тогтнолтойгоо орно. Өндөр хүүтэй мөнгөөр хоёрын хооронд
зам тавихын оронд шороон замаар давхих нь гарз багатай юм. Замаас ямар ч ашиг гарахгүй.
Ашигтай болгоё гэвэл өндөр хэмжээний төлбөртэй болгохоос өөр замгүй. Үүнийг ард
түмэн даахгүй.

-Эдгээр сайдыг солилоо гэхэд дараа нь засаглаад
явчих ямар хүмүүс байгаа бол?

-Ардчилсан намын л асуудал. Эрх биш байгаа байлгүй дээ гэж горьдох
юм. Тэдний хийсэн нэг том нүгэл бол Монгол төрийн уураг тархийг саасан явдал. Төрийн
албан хаагч гээд 146 мянган хүн байлаа. Тэд төрийн уураг тархи байсан юм. Төрд олон
жил ажиллаад жаргал зовлонг нь мэддэг болчихсон байв. Улсын ажил мэддэг хүмүүсийг
Ардын намыг засаг барьж байхад ажиллаж байсан гээд бүгдийг нь халж ажлын ямар ч
чадваргүй, сонгуулиар цүнх бариад гүйж явсан хүмүүсээр төрийн аппаратыг дүүргэснээс
болж төрийн толгой хоосон вакуум болж хувирсан. Яамны газрын дарга болсон “цүнхчин”
ажил, амьдрал, хууль, ёс суртахуун мэдэхгүй. Тэд мөнгө, албан тушаал хоёрын төлөө
амиа золиослохоос сийхгүй ийм л хүмүүсээр төрийн ажил хийлгэж байна. Төрийн ой санамж
гэдэг боловсон хүчнээрээ дамжиж явдаг зүйл. Сайн аппаратаа хадгалаад үлдсэн байлаа
гэхэд нэг муу сайд ирлээ гэхэд нэг их аюул тарьж чадахгүй. Мэргэшсэн хүмүүс хууль
ном яриад хөдөлгөдөггүй байхгүй юу. Энэ фракцын зарчим гэдэг чинь засагт гараагүй
үед намын зовлон байдаг бол засагт гарсны дараа төрийн зовлон болдог юм. Манай намд
ч жигүүр мигүүр ургах шахсан биз дээ. Би тэднийг хажиглаад байдгийн учир энэ шүү
дээ. 

-Х.Тэмүүжин сайдын асуудалд ямар байр сууринаас
хандаж байгаа вэ. Таны хувьд Хууль зүйн сайдаар ажиллаж байсан шүү дээ?

-Ардын намын бүлгээс гаргах улс төрийн шийдвэрийг дагана гэдгээ Х.Тэмүүжинд
өөрт нь хэлсэн. Тэмүүжинг ноцтой алдаа гаргасан гэж Ц.Элбэгдорж цохон тэмдэглэсэн
байна лээ. Уг нь бодлого, үйл ажиллагаа, зан харьцаа гээд бүх л тал дээр би түүнд
мэддэг чаддаг бүхнээ хүний ёсоор харамгүй хэлж өгч байсан. Даанч нэг чихээрээ оруулаад
нөгөө чихээрээ гаргаад байсан даа. Үүнээс өмнө нэг удаа Х.Тэмүүжинг огцруулах яриа
гарахад “Эхлээд хулгайч нарыг нь явуул, дараа нь Тэмүүжинтэй ярь” гэж тас хөндлөн
хэвтсэн тохиолдол бий.

Э.ЭНХБОЛД

Гэрэл зургийг

Ц.МЯГМАРСҮРЭН