Categories
редакцийн-нийтлэл

Анхны хурлаа хийсэн ардын засгаас горьдох зүйл байна уу

Ардын засаг хуралд­лаа гээд бөөн сүр дуу­лиан болцгоож байна. Ардын засаг анх удаа хуралдаж байгаа нь тэр юм байх. Сайд болсон нөхдүүдийн харц дээгүүр ч гэж жигтэйхэн. Аргагүй ч үгүй юм уу. Хувьсгалт гэдэг үгээсээ ичиж  хог дээр хаяхдаа “Ардын нам, ар­дын засаг мандтугай” хэ­мээн хашгиралдаж бай­сан тэдний хүсэл биелж байгаа юм хойно. Жан­жин Сүхбаатарын үүсгэн байгуулсан нам нь МАН. Түүнийг нь Хувьсгалт на­мын уугуул нэр гэж өөд уруугүй ярьж, түүх тайл­барласаар байж авцгаа­сан санагдана. Гэвч жан­жин Сүхбаатарын үед ардын засаг хуралдаж байгаагүй болов уу.  Хувьс­галт намыг төрийн толгойд байхад  ч ардын засаг хуралдаагүй болж таарлаа. Ер нь энэ намыг 90 жил төрийн толгойд зайдлахад ардын зас­гийн хурал болоогүй юм байна. Үүнийг С.Батбол­дын толгойлсон ардын засаг ойлгуулж өгөх шив дээ. 

Энэ нь ч дүүрсэн
хэ­рэг. Үнэхээр ардын засаг
юм болов уу гээд харсан чинь арзайсан олон оли­гархи л байх юм. Зарим нь тэрбумаар
үнэлэгдэх хөрөнгөтэй
гэж байгаа.  Түүнээсээ төрд
татаас өгье гэж гуйгаад ч
авдаг­гүй тухай баярхдаг эрх­мүүд тэнд захаасаа бий.  Гэвч тэд үлдсэн
цөөхөн сард юу хийж гийгүүлэх бол.

Чаддаг юм бол С.Бат­болдын хэдэн жил яриад эхлүүлээгүй боловсруулах үйлдвэрүүдээс ганцыг нь ч болов ашиглалтад оруулчих. Бүр байг гэхэд төмөр замаа ганц км ч болтугай урагш­луулчих. Харамсалтай нь тэдний царайнаас ингэж ажил­лах чадвар харагдахгүй байна. Сонгууль хүртэлх хэд­хэн сард сайдын дүрээр имиж хийж, ардын засгийн нэрээр амжилт олох бодол тээж яваа биз ээ.

Тэр нь анхны гэж нэрлээд байгаа ардын засгийн хур­лын өнгөнөөс илт байна. Тэдний ярьсан зүйлээс олиг­той юм алга. Шатахуун хийх том сав бэлтгэх тухай чу­халч­лан ярьцгаажээ. Нөөц бүр­дүүлж байгаа ухаан нь тэр.  Өсөөд дийлдэхээ байсан шата­хууны үнийг дарж авах арга юм байх. 20 гагнуурчин хоёрхон сарын дотор хийчих савыг яаж бэлтгэх тухай төр засгийн ажил болгон ярьж суудаг арилсан дотортой нөхдүүд юм. Ажил мэдэхгүй тэдэнд сав бэлтгэх гагнуурч­ны ажил томд тооцохгүй гээд ч яах билээ.  За тэгээд цааш нь хүн авч нохой шиншлээд байх юм ярьсангүй. Махны хангамжийг нэмэгдүүлэх нь энэ Засгийн газрын толгойны өвчин болсон бололтой. Ма­лаас их юмгүй Монголд  мах­ны үнийг тэнгэрт хадаачи­хаад хангамж ярьж байдаг лойчихсон засаг бол доо. Уг нь энэ улс оронд ард түмний төлөө хийх зүйл их байна. Даанч мах, шатахууны үнэ бууруулах, цалин тэтгэвэр нэмэх тухай шүүрч аваад ярьж байгаа нь ард түмэнд таалагдах гэснийх биз. Ин­гээд бодохоор ардын засаг “анхны” хурлаасаа эхлээд сонгуулийн кампанит ажил­даа шуурхайлан оржээ гэж дүгнэхээр байна. Тэгэхээр ардын засгаас ард түмэнд горьдох юм байна уу. Улиг болтол ярьдаг, хэзээ ч биел­дэггүй хэдэн мөрөөдлөөрөө ард түмнийг хуурсаар ирэх сонгуультай золгох нь ойл­гомжтой байна.

За энэ ч яахав. Ардын засгийн “анхны” хурал түү­хээр тоглочихлоо.  90 жил төр барьсан энэ дэглэм ард тү­мэн, улс орныг доройтуулсан хариуцлагаас ийм амархан мултарч болохгүй. Монгол­чууд ажилгүй, ядуу болсон нь МАН-ын Засгийн газартай л холбоотой. Монгол Улсын 100 жилийн ололт, амжилт бүхнийг өөрсдөдөө наачи­хаад энэ улсын муу муухай болгоныг бусад руу чихдэг нь тэдний зан. Гэвч Монголын ард түмний ажилгүйдэл, ядуу­рал, гуйланчлалыг бусад руу түлхэх эрх ардын засагт байх ёсгүй. Бүх хариуцлагыг энэ нам толгойгоороо хариуцах ёстой. Өнгөрсөн сонгуулиар эрх баригчдад олгогдсон бү­рэн эрхийн хугацаа дуусахад ердөө дөрөвхөн сар үлдчи­хээд байна. Тэгтэл ардын засгийн дөнгөж анхны хурлаа хийж байдаг, таарч дээ. Ийм засгийг юу хийнэ гэж, хэн итгэх билээ. Ард түмэн юу ч горь­доод нэмэргүй, ирэх сонгууль­тай залгах нь ээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Сөрөг хүчин нь сөрөг хүчин биш эрх баригч нь эрх баригч биш болжээ

Ардчилсан нам засгаас гарснаас болж өнгөрсөн хэд хоног улс төр бужигналаа. Үйл явдлууд
нь ч халуун болж өнгөрөв. Стандарт бус Засгийн газрыг Ардчилсан нам орхисноор Ардын нам дангаараа
эрх барих үү­рэг­тэй үлдлээ. Тиймээс шинэ сайдуудыг томилох оноо тэ­дэнд таарав. МАН-ынхны
хувьд аз завшаан болсон энэ үйл явдал парламентад суу­гаа нөхдүүдийнх нь толгойд сайд болох бодол эргэл­дүүлж, эрх ямбанд шунах хүслийг нь
дэврээгээд өгсөн юм. Магадгүй улаан батлах өвөртөлчихөөд албан газ­рын дарга даамлын суудлаас дээшээ дэвшиж яваа МАН-ын гишүүд ч битүүхэндээ сайдын суудал мөрөөдөж байсан биз. Удирдах зөвлөл нь шөнө дөл хүртэл хуралдаж засагт гадна, дотноос сайд тавих тухай ярилцаж байлаа.
Ин­гээд сайд нарыг тодруулсан МАН-ын бүлгийн хурал
юу болсон гэчихэв ээ.  Овжин нэг нь хамт яваа
нөхрөөсөө “Ми­ний нэрийг дэвшүүлээд өгөөч” гэж гуйсан гэнэ.  Элдэв бүлэглэл, фракцгүй зожиг зарим нь өөрөө өөрийнхөө нэрийг сайдад санал болгоод сууж байсан сонсдоно. Сай­дад горилсон
намын нөхдөө сайн, муугаар нь дуудаж, хорчин хоргүйгээр нь цол­лосон гэх. Ингэж мунгинаж байж сая нэг юм шинэ сай­дуудаа
тэд тодруулав.  Гэвч намдаа тоогдож чадаагүй гомдогсод, гологдогсдын гом­дол нэг хэсэгтээ тасарсангүй. “Дэмжих ёстой хүмүүсээс энэ
ч ирсэнгүй, тэр ч ирсэнгүй” гэх ярианууд МАН-ынхан дунд тэнэж байлаа. Сонголт
нэгэнт өнгөрсөн  учраас дотоодын хэрүүл тэгсгээд намжив бо­лолтой. 

Харин сайдын томил­гоо­ноос болж үүссэн бөөн мар­гааныг сөрөг хүчнийхэн гар­гав. Ардын намын сайдын сонгуулийг эсэргүүцсэн тул Ардчилсан намынхан зав­сарлага авлаа. Сайдад зүт­гүүлээд байгаа нөхдүүдээ  эргэж харахыг тэдэнд  са­нуулсан хэрэг. Засгийн газарт тавих парламентын
хяналтыг сайжруулахын тулд сөрөг хүчин хийх ёстой зүйлээ хийж байна гэж тухайн үед ойлго­сон. Тэгээд ч  Ардчилсан
нам сөрөг хүчин болмогцоо хуу­лийн дагуу явуулж байгаа анхны ажил нь энэ байсан
юм.  Одоогийн эрх баригчид анх удаа сөрөг хүчинтэй нүүр тулж, хүссэн бүхнээ гүйцэл­дүүлж болдоггүй юм байна гэдгийг ойлгох тохироо бүрд­лээ. Эрх
баригчдын буруу болгоны эсрэг зогсч чаддаг сөрөг хүчинтэй болсондоо  ард түмэн ч баярлан харж байлаа. Гэтэл МАН-ынхан сонин, телевизэд Ардчилсан
намын муу муухайг уудалж, муулах захиалга өгдөг юм байна.  Ингээд сөрөг хүчнийг хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр баруун солгойгүй бал­баж эхэллээ.

Сөрөг хүчнийхэн иймхэн зүйлд нугараад унахгүй байл­гүй. Ардчилсан нам гүрийх байх. Галын өөдөөс сөрөөд алхах хатуужил тэдэнд бий гэж харж байлаа. Сөрөг хү­чин байгаа юм чинь ядаж л чөлөөт цагаараа чуулгандаа суудаг гишүүнээс сайдын
ажлыг салгаж, дэд бүтцийн салбараа аварна.  “Хонгор”
сайдаар  сангийн авдраа мануулж, хордохгүй нь. Цэрэг мэдэхгүй хүнээр Монгол
Ул­саа батлан хамгаалуулахгүй юм байна гэж ард түмэн сэт­гэл өег найдаж байлаа.  Дээрээс нь
Ардын намынхан ийм найдваргүй, чадваргүй хүмүүсээр сайд хийлгэж, улс орныг балладаг олон жилийн зуршлыг нь одоо ил
гаргах  юм байна. Сөрөг хүчний ачаар эрх баригчдын булхайг олж харах нь гэж ард түмэн алга ташиж байсан юм.

Тэгсэн юу болов оо. Ард­чил­сан намынхны хашгирсан
шүлс нь хатаж амжаагүй бай­хад Ардын намтай эвлэрчих­лээ. Араас нь
аргадуулсан хүүхэд шиг хошуугаа унжуу­лан элдэв гомдол нэхэж бай­хыг нь яана. “Биднийг
хэв­лэлээр мууллаа. Та нарыг шүүмжилж болохгүй байсан
юм уу. Яагаад ингэж байгаа юм” гээд л ой гутам нялуун үг урсган, уньж туниж байх юм. Уг нь Ардчилсан нам сөрөг хүчин болсон нь сайн. Төр засаг сөрөг хүчинтэй болсонд  түмэн олон баярлаж,  итгэж байсан.
Даанч энэ итгэлийг  Ардчилсан нам дааж чад­сангүй. Хүнээс үг дуулж, зов­лон дааж сураагүй нялх нялзрай
болчихжээ. Нөгөө 20 настай АН-ын хажууд 90 нас­тай МАН өлгийтэй хүүхэд л гэсэн үг гээд байсан чинь яасан бэ. Улс төрийн эр зориг,
сөрөг хүчний зангаргаа харуулж чадсангүй шив дээ.

Хуучин цагт сөрөг хүчин ямар байсныг эргээд нэг са­ная. 1996-2000 оны парла­ментад сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг ажиллаж байлаа. Ерөнхийлөгч нь МАХН-аас гарсан Н.Багабанди байв.  Тухайн үед сөрөг хүчин эрх баригч намын хоёр дахь Зас­гийн газрыг унагаж хаячихаад яаж
байсныг нь санахад ба­хархмаар. Ардчилсан хол­боо эвсэл Да.Ганболдыгоо Ерөн­хий сайдад санал болгоод явуулна.  Түүнийг нь Н.Бага­банди
нь авч хэлэлцэхгүй буцаана. Ийм байдлаар Да.Ган­болдын нэрийг долоон удаа буцаачихаад
яхийтал зогсч байж. Эрх баригчид ардчиллын удирдагч С.Зори­гийгоо алуулчихаад,
“Засгийн газраа эмхэлмээр байна” гээд арга ядан уйлаад гуйхад нь ч сөрөг хүчин өрөвдөөгүй.  Н.Багабанди Ерөнхийлөгч “Нөхцөл байдал хэвээрээ” гээд хөдлөөгүй Да.Ганболдын нэрийг буцааж л байлаа. Бүр сүүлдээ ардчиллынхан Э.Бат-Үүлээ  нэр дэвшүүлээд ч сөрөг хүчнийг бараагүй юм даг. Ингээд бодохоор сөрөг хүчин гэж тэр үеийн МАХН үнэндээ бол Н.Энхбаярын нам байж дээ . Тэд улс төрийн тоглолтыг үнэн чадамгай уран гоё хийдэг байж. Тоглоо­мын
дүрэм нь ч хатуу байсан байна. Өрсөлдөгч нам минь удирдагчаа алдлаа гэж 
өрөв­дөн хайлж шалчиганаагүй,  “Хохь
нь” гээд сууж байсан байгаа юм. Энэ нь АН-ыг улс төрд улам хатууруулсан биз.

Тэр үетэй харьцуулахад
одоогийн МАН ч гэж дээ, чааваас. Хоёр намын салсан, нийлсэн улс төрийн үйл ажил­лагааг эр, эмийн явдал, ор хөнжлийн ажилтай
зүйр­лэж хэрэлдээд цээр хүрэм юм ярихаас
өөрөөр сэтгэж чада­хаа байж. Өнөө маргаашийн үүдэн хоймрын зайнд хараад харалган болж дээ.

Энэ бүхнээс харахад
нэг л зүйл тодорхой байна. Одоо­гийн төр засгийн
сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг биш, эрх баригч нь эрх баригч шиг биш болжээ. Ардчилсан нам
сөрөг хүчин бай эрх баригчдын ажилд санаа зовоод байх юм. “Засгийн ажлыг гацаахгүй гэсэндээ томилгоог чинь хурд­лууллаа” гэх мэтийн  бял­дууч үг унагаж,
тал засч сууна. Эцсийн эцэст эрх баригч МАН-ын ажил саадгүй явах, үгүй нь сөрөг хүчин та нарт ямар хамаа байна. Сөрөг хүчин шиг сөрөг хүчин байх үүргээ гүйцэтгэвэл барав биш үү. Тэгвэл
ард түмэн та нарыг дэмжинэ.

Эрх барьж байгаа намд ч ялгаа алга. Сөрөг хүчин сөрөг үйл ажиллагаа явуулахгүй гээд яах
юм. Өөр юу хийх ёстой гэж. Хамтарч байсан шигээ халуун дулаан үгс шиднэ гэж горьдоо юу. Ийм ойлгомжтой зүйлийг эвэртэй туулай үзсэнтэй адил
гайхаад байх шаардлагагүй.  Сөрөг хүчний явуулсан улс төрийн жирийн үйл ажиллагааны
төлөө хэвлэлээр гоншгонох хэрэг юу байна. Ингэвэл яаж засаг төрийг дангаараа ба­рьж чадах юм. Үг дааж, зов­лон
туулж үзээгүй ийм шалчиганасан нөхдүүд яаж улсыг удирдах вэ.  Улс
орныг залаад, ард түмнээ  аваад явах эр зориг, тэсвэр
тэвчээр Ардын намынхнаас хараг­дахгүй байна.
Улс төрд хатуу шийдэмгий нь хождог гэдгийг аль аль нь ухаарах цаг болжээ. 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Дашийн БЯМБАСҮРЭН: Монгол үндэстнээ эх орондоо ирэхийг уриалсан Ерөнхийлөгчийн үг баяр бахдал төрүүлж байна

Монгол Улсын Ерөн­хий сайд асан
Дашийн Бямбасүрэнтэй ярилц­лаа.

-Монгол Улсын Ерөн­хийлөгч Цахиагийн
Элбэгдорж Үндэсний эрх чөлөөний хувьс­га­лын зуун жилийн ойн хүндэтгэлийн чуулганд
хэлсэн үгэндээ монгол үндэстнээ эх орондоо урьсан.  Монгол төрийн өндөр албыг үүрэлцэж явсан хүний
хувьд Ерөн­хийлөгчийн уриал­гыг хэрхэн хүлээж ав­сан бол оо. Яриагаа эндээс эхлэх
үү?

-Хүндэтгэлийн
чуул­ганд Ерөнхийлөгчийн хэл­сэн үгийг сонсоод на­дад нэг л зүйл бодогдож байлаа. Монголын тө­рийн тэргүүнүүд Их эзэн Чингэс хаанаасаа хойш ард түмэндээ хандаж ийм ухаалаг, гүн утга санааг агуулсан үг хэлсэн билүү. Улс орныхоо хувь заяа зам мөрийг харж, ард иргэдийнхээ ахуй
амьд­ралыг олон талаас нь эргэцүүлсэн
үнэхээр нэг монгол төрийн тэргүүн шиг, улс орны эзэн шиг үг хэлсэнд өвгөн би баяр­лаж сууна даа. Ерөнхий­лөгчийн хэлсэн үг
ганцхан надад баяр төрүүлээд зогсохгүй түмэн олонд их сайхан сэтгэгдэл үлдээ­лээ. Элэг нэгтнүүдээ эх орондоо дуудсан уриал­га
нь монголчуудын сэт­гэл зүрхийг
огшоолоо.

Бид чинь 1952 оноос “Дархан манай
хувьсгалт улс…” хэмээн төрийн дууллаа эхэлдэг байсан бол сүүлийн үед өөрчлөөд
“Дархан манай тусгаар улс Даяар Мон­голын ариун голомт…” хэмээн дуулж байгаа.
Монгол үндэстэн бүрэлдэн тогтож төрт улсаа бай­гуулсан гал голомт бол яах аргагүй
өнөөгийн Монгол Улс л даа. Дэл­хий дээр бид нэг их олуулаа биш. Арван сая орчим
гэж дуулддаг. Аль ч улс оронд аж төрж байгаа монгол үндэстэнд өөрийн эх оронд, өвөг
дээдсийнхээ нутагт ирж аж тө­рөхсөн гэх чинадын хүсэл байдаг нь мэдээж. Хуучин тогтолцооны
үед эх орондоо санасны зоргоор ирж чаддаггүй байсан болов уу. Өнөө­дөр монголчууд
маань ардчиллын ач буянаар дэлхий дахинд нэртэй нүүртэй явна. Тиймийн учир дэл­хийн
хаана ч аж төрж буй монгол үндэстэн олон Монгол Улс бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг
ардчилсан улс гэдгийг сайн мэдэж байгаа. 
Монголд очоод өөрийнхөө хүч хөдөлмөр, оюун ухаанаар сайхан амьдрах боломжтой
гэдгийг мэднэ. Мөн Монголын газрын баялаг олон улсын анхаарлыг ихээхэн татаж байгааг
ч тэд судалж байгаа. Яг ийм торгон цагт Монгол Улсын Ерөнхийлөгч гүн утга бүхий
үг хэлж, монгол үндэстнээ эх орон­доо урьсан нь жинхэнэ цагаа олсон явдал боллоо.
Монголчууд бол хуваагдмал үндэстэн. Гэхдээ нэг айхтар үг бий. Могой гурав тасравч
гүрвэлийн дайтай, Монгол гурав тасравч гүрний дайтай гэж. Үнэхээр ч нутаг дэвсгэрийн
хувьд гурав хуваагдсан тал бий.

1993 оны арванхоёрдугаар сард намайг
Тайваньд очиход таван зуун арван найман монгол хүн байсан.

-Та тоог нь ямар сайн санаж байна аа?

-Тэд өвөг дээдсийнхээ өлгий нутагт
очиж бие амрахсан гэнэ. Туулынхаа уснаас нэг амсаж цай чанахсан хэмээн хүсч тэмүүлж
байгаа нь өөрийн эрхгүй мэдрэгд­сэн. Тэр цагаас хойш миний бие дэлхийн хаана ч аж
төрж байгаа монголчууд маань ус нутгаа гэсэн сэтгэлээ гээгээгүй юм байна гэдгийг
гүнзгий ойлгодог болсон. Түүнээс хойш хориод жил боллоо. Монгол орон ардчиллын замаар
тууштай яваад өдий зэрэгт хүрлээ. Ерөн­хийлөгчийн уриалга нэг талаас монгол үндэстнийхээ
хэл соёлыг бүрэн бүтэн авч үлдэхэд хэрэгтэй ч цаана нь олон утга агуулга байгаа.  Жишээлбэл, гадаадад байгаа мон­голчууд дэлхийн
өндөр техно­логийг эзэмшсэн байх нь мэдээж. Тэд эх орондоо ирж Монголоо гэсэн сэтгэл
зүрхтэй ажиллахад улс орон минь улам л хөгжиж таараа. 

-Улс орны цаашдын хөгжлийг та яаж харж байна. Хүн нэм­бэл
хүнс нэмэгдэнэ гэсэн үгийг Ерөнхийлөгч иш татсан байсан?

-Элэг нэгтэн олон маань эх орондоо
ирэхэд хүн бүр өөр соёлтой, өөр технологитой өөр ертөнцтэй ирэх нь мэдээж. Ингээд
улс оронд шийдэгдээгүй байгаа асуудлыг шийдчихэж болох юм. Оюуны чадавхи, дэлхийн
соёл гэж үнэт зүйл манайд шууд нэвтэрнэ шүү дээ. Хүмүүнлэг ёс, энэрэнгүй ёс талаасаа
чухал. Монголчууд маань хил хязгаараар хэдий өөр ч элгээрээ нэг шүү дээ. Ерөнхийлөг­чийн
эл уриалга нэг өдөр хэрэгжээд өнгөрөх биш. Магадгүй зуун жил үргэлжилж байж монголчууд
маань төв рүүгээ, голомт руугаа ирж хүчээ нэгтгэх болов уу. Мэдээж төвөгтэй асуудал
гарч таарна. Гол нь хоёр хөрштэйгээ найрамдалт харил­цаагаа эвдэхгүйгээр нөхцөл
байдлаа сайтар ойлгуулах. Мөн дотооддоо үндэснийхээ эрх ашгийг хамгаалах зохион
байгуулалтаа сайтар хийж байж асуудлыг шийд­вэрлэх байх аа. Дэлхийн монгол­чуудын
анхдугаар чуулга уулзалт 1993 онд болсон юм. Социалист тогтолцооны хуучинсаг сэтгэхүй­гээр
Хувьсгалт намынхан хандаж байсан. Хоёр хөрш ч сандралдаж л байсан. Харин өнөөдөр
улс үндэстнийхээ эрх ашгийн төлөө монгол хэл, соёл гэдэг дэлхийн хүн төрөлхтний
үнэт баялгийн нэгээхэн хэсэг юм гэдэг хандлагыг ойлгодог болж.

-Энэ дашрамд нэг зүйлийг асуумаар байна. Ерөнхий­лөгчийг
монгол үндэстэндээ хандаж уриалга гаргасны дараа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч
Н.Энхбаяр “улс төрийн бодлогогүй ал­даатай үг хэллээ. Тэр олон хүн ирэхэд манайх
яаж хү­лээж авах юм. Хоёр хөршийн харилцаанд ч сайнаар нө­лөөлөхгүй” гэх утгатай
мэ­дэгдэл хийсэн байсан. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Монголчууд эх орондоо ирэхэд аливаа
нэг улс оронд хохирол учруулалгүй, ямар нэгэн чирэгдэл бололгүйгээр ирчихэж чадна
байх аа. Зөвхөн хоёр хөршөөс монгол­чууд ирээд болчих юм биш. Дэлхийн өнцөг буланд
суугаа монгол үндэст­нүүд маань наашаагаа тэ­мүүлнэ шүү дээ. Эцэг өвгөдийнхөө нутагт
ирж хүч хөдөлмөрөө зориу­лан ажиллахыг тэд эрмэлзэж бай­гаа. Н.Энхбаяр дарга бол
монгол төрийг удирдаж явсан хүн. Аливаа зүйлд гоомой хандамгүй юм. Шууд­хан хэлэхэд,
монгол хүн, монгол төрийн тэргүүн монголчуудаа эх орондоо ирээч хэмээн уриалахад
улс төрийн алдаа гэж юу байхав. Харин түүнийг мушгин гуйвуулах гэж, улс төрийн алдаа
мэтээр бусдад ойлгуулах гэж байгаа нь өөрөө түүхэн том алдаа юм аа. 

-Монгол үндэстнээ эх орон­доо ирэхийг уриалсан төрийн тэргүүний
үгний тухайд ийм байж. Тантай нэгэнт уулз­саных өнөөгийн улс төрийн амьдрал болоод
эдийн зас­гийн тогтворгүй байдлын та­лаар асуух гэсэн юм. Өнөө­дөр Монголын эдийн
засаг маш хүнд байдалд орчихлоо. Долларын ханш галзууртлаа өсч, монгол төгрөг үнэгүйдэж
эхэлсэн. Үүнд нэртэй эдийн засагчийн хувьд, мөн Мон­голын төрийг хамгийн хүнд хэцүү
үед нуруундаа үүрч явсан хүний хувьд тайлбар өгөхгүй юу? 

-Долларын ханш хэрхэн өсч буйг өдөр
бүр, цаг минут тутамд харж сууна. Дэлхийн зах зээлд долларын ханш ч, нефтийн үнэ
ч тогтвортой л байна. Алт, зэсийн үнэ ч хэвийн байгаа. Гэтэл монгол төгрөгийн ханш
унаж цаас болж байгаа нь нэг л зүйлтэй холбоотой. Тэр нь бэлэн мөнгөний хавтгайр­сан
түгээлт. Өнгөрөгч сонгуулиар төрийн эрх барьж байсан МАХН иргэн бүрт нэг сая таван
зуун мянган төгрөг өгнө гэж амласан. Энэ бол арай хэтэрхий, бодит байдал дээр хэрэгжих
ямар ч бо­ломж­гүй амлалт байсан. Уг амлал­таа биелүүлэх гэж Ардын намын­хан улайран
зүтгэж байна. Хүн бүрт далан мянган төгрөг ч өгч үзлээ, хорин нэгэн мянгыг ч өгч
байна. Одоо бүр одонтой эхчүүдэд мөнгө өгнө ч гэх шиг. Ингэж бэлэн мөнгийг хавтгайруулсан
нь монгол төгрөгийг үнэгүйдэхэд хүргэж байгаа юм.

-Тэгэхээр бэлэн мөнгө та­раана гэдэг эрсдэлтэй байх нь
ээ?

-Тэгэлгүй яах вэ. Өнчин ядуу хүүхдүүд,
өвгөд хөшид юм уу хө­дөл­мөрийн чадваргүй хүмүүст мөнгө өгөх нэг хэрэг. Ажилтай
төрөлтэй боловсрол мэдлэгтэй, хөдөлмөрийн чадвартай хүмүүс нийгмийн олонх нь байдаг.
Тэдэнд бэлэн мөнгө тараах нь бүтээлч хөдөлмөрөөр аж төрөх сэтгэхүйг нь унтраагаад
хүний гар харах, цааш­лаад улс үндэстэн мөхөл рүүгээ явах үүд хаалга нээгдэхэд хүрнэ.
Ийм л хортой зүйл. Энэхүү хор уршгийг бид олон удаа амсаж байна даа. Хуучин хувьсгалт
нам одоогийн Ардын нам сонгууль дөхөх бүрт бэлэн мөнгө тараана, цалин хөлс, тэтгэвэр
тэтгэмжийг нэмнэ гэж хий хоосон амладаг. Түүнийг нь дагаад бараа бүтээг­дэхүүний
үнэ нэмэг­дэж, иргэдийн амьдрал улам до­ройт­дог. Ингээд үнэ хөөрөгдөж, худал амласан
мөнгөө төсөвт бүрдүүлэх ажил нь эхэлдэг дээ. Өнгөрөгч сонгуулиар бэлэн мөнгө­ний
амлалт үнэхээр хэрээс хэтэр­сэн. Үүний горыг одоо л амсаж байна. Ирэх сонгуулиар
бэлэн мөнгөний амлалт дахиад гарах юм бол ард иргэдийн амьдрал өнөөд­рийнхөөс улам
дордоно.

-Долларын ханш бүр гурван оронтой тоо руу орох боломж байгаа
болов уу?

-Дэлхийн зах зээлд долларыг евротой
харьцуулахад сүүлийн үед чангарч байгаа. Хятадын юань гэж айхтар хүчтэй валют гараад
ирлээ. Сүүлд гэхэд Лондонд юанийн арил­жааны төв нээгдэж байх жи­шээний. Юань, долларын
ханш сүүлийн үед тогтвортой байгаа. Долларт итгэх итгэл дэлхийн зах зээлд буурахгүй
байх шиг. Евротой харьцуулахад өсөөд байгаа. Энэ нь доллар байр сууриа хүчтэй хад­галах
боломжтой гэдгийг харуулж байгаа.

-Монгол төгрөгийн ханш ямар байх бол оо?

-Үүнийг төр л мэднэ шүү дээ. Өнөөдрийнх
шиг бэлэн мөнгө хавтгайруулж тараагаад байх юм бол мэдээж ханш нь унана. Эдийн засгийн
ямар ч сургуулийн оюутны сурах бичигт мөнгөний хэмжээ үйлдвэрлэсэн баялгийнхаа хэм­жээтэй
тэнцүү байна гээд заачих­сан байдаг биз дээ. Гэтэл манайх чинь үйлдвэрлэлээсээ хэд
дахин илүү мөнгөний нийлүүлэлт хийгээд байхаар ханш уналгүй яахав дээ.

-Монголбанк алдаатай бод­лого явуулаад байна  уу?

-2008 оноос хойш Монгол­банк­ны мөнгөний
бодлого, Их хурал, Засгийн газрын бодлого гурав зөрж эхэлсэн. Үндсэндээ мөнгөний
бод­лого гурван салаа болж эхэлсэн. Засгийн газар нь амлалтаа хэрэг­жүүлэх гэж мөнгө
тарааж эхэлсэн. Ямаанд ч хүртэл мөнгө өгч байсан шүү дээ. Их хурал нь бас өөр нэг
бодлого барьдаг. Монголбанк бод­логын хүүгээ нэмээд арилжааны банкуудаа улам багалзуурдаад,
боомилоод байдаг. Арилжааны банкууд нь зээл олгож чадахгүй Засгийн газрын бонд юм
уу, Мон­голбанкийг хараад байдаг. Энэ нь нэг талаас эдийн засгаа үхүүлж байна гэсэн
үг л дээ. Мөн Монголбанкны бодлогод шүүмж­лэлтэй хандах зүйл олон байна. Өнгөрсөн
жилүүдэд дэлхийн то­моохон орны банкууд бодлогын хүүгээ 00 хүртэл бууруулж  байхад манайх нэмэх замаар явсан. Энэ нь буруу
юм.

-Банк санхүүгийн тухайд товч­хондоо ийм байж. Улс төрийн
гол шуугиан Ард­чилсан нам засгаас гарсан явдал. Үүнийг та хэрхэн үзэж байгаа вэ?

-Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас
гардаг нь зөв. Харин ч оройтож гарлаа. Энэ оны төсөв батлагдахаас өмнө гарсан бол
амлалтынхаа хариуцлагыг Ардын нам ард түмнийхээ өмнө өөрөө хүлээх байсан. Тэгтэл
энэ оны төсвийг С.Баярцогт сайд өөрөө гардаж хийж өгөөд, Ардчил­сан нам түүнийг
нь хамтарч баталж өгөөд эдийн засгаа ч будлиулаад, ард иргэдээ ч сэтгэл санааг нь
үймүүлчихлээ. Үүнд би шүүмж­лэлтэй хандаж байгаа. Гэхдээ Ардчилсан намд гарахаас
өөр гарц байгаагүй. Харин хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарсны дараа улс
төрд их сонин үзэгдэл болж байна аа. Ардын нам 
Монголын төрийг албан тушаалын наймааны 
зоос шиг бодож байгаа нь харамсалтай. Монгол Улсын Ерөнийлөгч, Ардын намын
дарга Ерөнхий сайдыг хүлээж аваад хэд хэдэн зүйлийг онцгойлж хэлсэн. Тэргүүн шадар
сайдын алба хэрэг­гүй, хамтарсан засгийн үед бий болгосон улс төрийн албан ту­шаал.
Мөн Засгийн газрын танхи­мыг Их хурлын гишүүдээс сонгод­гоо болих хэрэгтэй. Их хурлаас
гадна байгаа ажлаа сайн мэддэг хүмүүсээр сайд нарыг томилъё гэсэн чиг үүрэг өгсөн.
Гэтэл Ардын намын дарга тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг Их хурлын гишүү­дээ сайд
болгох гэж зүтгүүлж байдаг. Эндээс нэг л зүйл тодорхой харагдаж байгаа юм.

-Тэр нь юу бол?

-Өнөөгийн төр засгийг удирдаж байгаа
Ардын намын нөхөд тө­рийн­хөө эсрэг болчихож. Монгол төрдөө хандах хандлага нь буруу,
маш муухай болсон байна. Мон­голын төрийг албан тушаал, най­мааны хэрэгсэл болгож
байгаа нь даанч яав даа  гэмээр харагдах юм.
Ер нь ч тэгээд өөрийн гэх үзэл бодолгүй, албан тушаал, эд хөрөн­гийн төлөө зүтгэж
яваа Ардын намынхан, өнөөгийн засгийн удирд­лагууд албан тушаалаасаа эртхэн татгалзаж
дараагийн хү­мүүстээ өгвөл яасан юм гэж бодо­ход хүртэл хүргэж байна. Ардын намынхан
Их хуралд цөөнх болоод Засгийн газрыг сөрөг талаас нь хараад сууж байвал арай нэг
ухаан суух нь дээр юм уу даа.

-Ардын намынхныг бүхэлд нь дүгнэлээ. Ерөнхий сайд Сү.Батболдын
талаар тусад нь асууя. Засгийн газрын тэргүүнийг та ажлаа хэрхэн хийж байна хэмээн
дүгнэж байгаа вэ?

-Энэ хүн бизнесмэн талаасаа сайн бизнесмэн
байж болно. Гэтэл Ерөнхий сайд улс орныхоо ажлыг бүхэлд нь хамарч байдгийн хувьд
өөр. Засгийн газрын мөрийн хөтөл­бөрийн биелэлт ямар байгааг харахад сэтгэл зовох
зүйл их байх юм аа. Ядуурал гэхэд яаж нэмэгдэж байна вэ. Гурван жилийн өмнө 32 хувьтай
байсан бол өнөөдөр 39, 40 шахам хувь­тай болоод байна. Мөн инфляцийн удаа дараагийн
өсөлт байна. Эдийн засгийн хямрал хоёр дахь удаагаа хүчтэй давтагдах өнгө аяс мэдрэгдээд
ирлээ. Энэ бүгд Засгийн газрын тэргүүнтэй холбоотой. Сү.Батболдын хувьд өмнөх Ерөн­хий
сайд С.Баярын Засгийн газрыг шууд авч ка­бинетийнхэнтэй нь ажилласан. Цаанаас нь
захиа даалгавар өгдөг, ерөөс Ерөнхий сайдын ажлыг далд удирдлагын дагуу хийгээд
байна уу гэсэн хард­лагыг төрүүлэхээр байдаг. Өнгөр­сөн дөрвөн жилийг С.Баяртай,
С.Батболдтой бүхэлд нь базаад хэлэхэд бололцоогоо л их тааруу ашигласан даа гэхээр
байна.   

-Ядуурал жилээс жилд нэ­мэг­дээд байхад эдийн засаг өндөр
хувиар өссөн гээд бай­даг нь сонин санагддаг шүү?

-Манайхан юмыг хөөсрүүлнэ гэдгийг
сайн мэдэх байх. Ухаандаа, тогооны дундуур байгаа сүүг сам­рахаар тогооны амсраас
бараг дээш гартал хөөсөрдөг. Тун удалгүй өнөө хөөс нь буучихна. Монголын эдийн засаг
өнөөдөр яг л ийм тогоотой сүүний хөөс шиг байна. Бидний бүтээж байгаа  баялаг бол яг үнэндээ манай юм биш ээ. Хя­тадын
компаниуд орж ирээд нүүрс ухаад явж байна. Бид ухсан нүхийг нь хараад ажил хийлээ,
эдийн засаг өслөө гээд сууж байх уу. Хэцүү л байна даа.

Ярилцсан Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Уугиж буй улс төр

Сүүлийн үед МАН-д ээлж да­раа­гүй, эх зах нь олдохгүй олон
томилолт томилгооны ажил өрнөж байна. АН-ын сайд нар ажлаа өгснөөр тэдний
дараагийн хүмүү­сийг томилох багагүй ажил гаргаа­дахлаа. Удирдах зөвлөл нь өдөр
болгон шахам хуралдаж байж зургаан сайдын нэртэй орж ирс­нийг нь УИХ дахь бүлэг
задалж багагүй өөрчлөлт оруулаад авсан. Ямартай ч УИХ дахь 45 гишүүний 28 нь
сайдад нэрээ дэвшүүлээд авсан гэхээр ард түмний төлөөлөл болж парламентад
суудаг хүмүү­сийн сайд болохын хүслэн ямар ч их юм бэ гэмээр. Тэгээд бүр
зургаан сарын настай сайд шүү дээ.

За тэгээд, ямар ч байсан МАН-даа дарга нар нь дээгүүрээ ху­ваагаад
авчихсан гэж хэлүүлэхгүйн тулд хаа очиж ардчилал үнэр­түүлсэн шалгаруулалтад
зургаан сайдын нэрс тодорсон ч энэ нь томилогдсон гэсэн үг биш гэдгийг Төрийн
тэргүүн өнгөрсөн долоо хоногт хатуухан сануулаад авсныг дурсалгүй өнгөрч
болохгүй. Ерөө­сөө эрх баригч нам асуудлыг шийд­сэн бол төрийн эрэмбэ дараа,
хууль ёсны процедур гэж уланд гишгэгддэг зүйл биш гэдгийг Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж
АН-ын зур­гаан сайд, тэдний орыг залгах гэж байгаа зургаан нэр дэвшигчийг
МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын хамт оруулж ирээд огцомхон мэдрүүлэв.
Нээрээ л АН-ын сайд нар ч өөрсдийгөө огцор­сонд тооцож, МАН л шийдвэл бүх зүйл
ОК мэт санаж, дарга нь, цэрэг нь ч оодорч, хэвлэлийнхэн ч нэр­сүүдийг таамаглан
бичихдээ тэд­ний огцруулах асуудлыг Байнгын хороо, УИХ дэс дарааллаараа
хэлэлцэх ёстойг “мартсан” байжээ. Ямартаа ч Ерөнхийлөгч сайд боло­хоор горилж
байгаа хүмүүст ха­туухан үг хэлсэн. Ялангуяа УИХ-аас сайдад нэр дэвшиж байгаа
хүмүүст илүүтэй хатуурхсан нь хууль тогтоодог нь тогтоодгоороо,  гүйцэтгэх засаглалд байдаг нь бас тэндээ байя
гэсэндээ болов уу. УИХ-ын гишүүд нь тэр чигтээ ша­хам Засгийн газарт орж, УИХ
нь Засгийн газартаа дөрлүүлдэг биш хянадаг байя гэсэндээ энэ бүхнийг хэлсэн гэж
олон нийт ойлгож байгаа.
Өнгөрсөн лхагва гаригт болсон халуухан уулзалтыг МАН-ын
удирдлагууд багагүй ууртай орхиж явсан билээ. Ийм уулзалтын дараа сайд нарын
асуудлыг шуурхайлаад оруулаад ирэхэд өөрсдөө эвгүй байдалд орох гээд байдаг бас
сөрөг хүчнээсээ гарч ирсэн Ерөнхийлөг­чийн үгээр явах гэхээр өөрсдөө тоглолтод
нь орчих гээд ацан шалаанд орсон тал бий. Гэвч яах ч аргагүй сайдад нэр
дэвшигчид нь Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даал­гаврыг маргааш өдрөөс нь хэрэг­жүүлж,
байнгын хороо, УИХ-аар ажлаа өгч байгаа сайд нарын асуудлыг хэлэлцүүлээд л
чухам бүх зүйл Ерөнхийлөгчийн үгээр явлаа.
Маргааш гэхэд хуулинд заас­наар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх
долоо хоногийн хугацаа нь дуусах учраас сайд нарын асуудал жам ёсоороо яваад
өгөх байх.  Бас ч гэж хугацаа алдлаа гэж
МАН-ынхан яарч байвал лхагва гаригт чуулган хуралдуулаад  шийдчих биз ээ.
Багагүй яриа хөөрөө, хэлцээ найрааны дунд өрнөсөн сайд нарын
дараа дэд сайд нарын томилгоо гэж асуудал өрнөж таар­на. Жинхэнэ сайд нар нь томи­логдсоны
дараа дэд сайдуудын асуудлыг салбарын сайд нартай нь ярьж байж шийднэ гэсэн
шийд­вэрийг МАН-ын Удирдах зөвлө­лөөс гаргасан. Тэгэхээр ирж буй баасан
гаригаас эхлээд дэд сайд нарын нэрс илүү хүчтэй яригдах нь тодорхой. Сайд
нартай зэрэгцээд яригдаж байсан дэд сайд нарын нэр одоохондоо намдуухан бол­чихоод
байгаа. Сая зургаан сайдад нэрс тодруулахдаа ганц ч эмэгтэй хүнийг нэр
дэвшүүлсэнгүй. Уг нь НАМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бүхий л
талаараа байж болох нэр дэвшигч гэгдэж байсан ч тойргийн гадна үлдсэн билээ.
Тэгэхээр Ардын намынхан жендэрийн бодлого алдагдсан томилгоогоо дэд сай­дууд
дээр цайруулах магадлалтай хэмээн эх сурвалжууд хэлж байна. Тухайлбал, ирэх
сонгуульд тойрог нэхэх ч хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй эмэгтэйчүүдэд зургаан
сарын настай дэд сайдын албыг өгч магадгүй гэсэн яриа байна. Үүнд “Бишрэлт”-ийн
Б.Ундармаа, “Улаанбаатар Буян” ХКК-ийн Ю.Идэр­маа гэсэн нэр сонстож байна. Бас
бусад дэд сайдуудын хувьд намдаа олон жил болсон ч урьд өмнө нь албан тушаалд
яригдаж байгаагүй хүмүүсийг гаргая гэсэн хувилбар явж байгаа аж. Тэрүүгээр
болбол Г.Тэнгэр, С.Төмөрчулуун гэх жишээтэй жаг­саалт үргэлжилнэ.
Бодвол ирж буй амралтын өдрүүдэд уламжлал ёсоор дэд сайдуудын
томилгооны гол хор яригдаж, дараагийн даваа гаригаас тодорхой болж, лхагва
гаригийн буюу ирэх хоёрдугаар сарын 1-ний Засгийн газрын хуралдаанаар
томилогдох байх гэсэн таамаг байгаа юм. Ямартай ч хоёрдугаар сарын 2-нд болох
Бага хурлаараа  Ерөнхий сайд С.Батболд
элэг бүтэн Засгийн газрыг орж танил­цуулах учиртай юм. Тэд энэ Бага хурлаараа
Хөгжлийн хөтөлбөрөө танилцуулахаас гадна ерөнхий нарийн бичгийн даргын албандаа
хэнийг залахаа ярих учиртай.
Ерөнхий нарийн бичгийн дарга нь Тэргүүн шадар сайдын албанд
очих болсноор намын гал тогоо эзгүйрсэнд МАН-ынхан дотроо эмзэглэнгүй байгаа нь
олон хүний ярианаас мэдрэгдэнэ.
У.Хүрэлсүхийг энэ албанд то­милсноор С.Батболд өөрөөсөө илүү
хүчтэй генсекээ намаас хол­дуулж чадлаа гэж байгаа бол нөгөө талд сонгууль
дөхөхөд хариуц­лагаас мултрах гэсэндээ У.Хүрэл­сүх зугтаж байгаа юм гэх нь ч
байна. Аль нь ч байсан хамаагүй гэхэд эрх баригч нам ерөнхий нарийн бич­гийн
даргын томилгоо болох нь тодорхой болоод байна. Тэгвэл хэн энэ албанд суух вэ.
Томилгоо хэнийг чиглэх вэ. Хэд хэдэн ху­вилбар яригдаж байна.
Сонгууль дөхөж байгаа үед санаанд оромгүй санаа гаргаж
чаддагаар нь С.Баярт энэ саналыг тавина гэх хэсэг байна. Энэ алба байтугай
намын даргын суудалд сууж байсан түүний хувьд хэрхэн хүлээж авах нь
тодорхойгүй. Тэр­гүүн шадар сайдын суудлыг санал болгоход татгалзсан шиг үлдэж
магад бас стандарт бус шийдвэр гаргадгаараа очиход ч гайхах зүйлгүй.  Гэхдээ энэ албанд очсон тохиолдолд УИХ-ын
гишүүний ажлаа өгөхөөр намынх нь дүрэмд байдаг учраас үгүй биз дээ.
Дараагийн хувилбар У.Хүрэл­сүхийг хэвээр нь үлдээх. Хэдийгээр
МАН-ын дүрэмд заасны дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга дангаар албан тушаалаа
хаших ёстой ч Д.Сүхбаатарын төрсөн өдрөөр хийх Бага хурлын нь шийд­вэр ингэж
гарлаа. Улс төрийн онцгой нөхцөл байдлын дунд Бага хурлын гаргасан шийдвэр ийм
байна гээд түүнийг үлдээж магадгүй байна.
Харин шинэ хүнийг гаргах ту­хайд МАН дотор хоёр хүний нэр
нэлээд хүчтэй яригдаж байна. Үүнд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай хийгээд МАН-ын
нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар. Я.Содбаа­тарын хувьд одоо намдаа нарийн
бичгийн дарга хийж байгаа хүн дараагийн нэг шат ахиад ерөнхий нарийн бичгийн
даргын албыг хашихад болохгүй зүйлгүй гэж байгаа бол Т.Бадамжунай сайдын нэр
сүүлийн үед нэлээд хүчтэй яригдаад эхэлсэн. Хотын фракц намынхаа генсекийн
албыг авах гэж томоохон бодлогоор зүтгэж эхэллээ гэх болсон нь Т.Бадам­жунайг
хэлж байгаа хэрэг юм. Бас хотын мэр Г.Мөнхбаярын нэр ч тодхон сонстож байгаа.
Гэхдээ байдал хэрхэн эргэх нь тодор­хойгүй. Улс төр гэж тоймлоход амаргүй, хар
хор нь дийлддэггүй учраас одоогийн байдлаар яриг­даж байгааг нь дурдахад ийм
бай­на. Хэрэв МАН Т.Бадамжунай гэдэг ерөнхий нарийн бичгийн даргатай болох юм
бол ХХААХҮ-ийн сайдын алба, Т.Ганди сайд Бүгд найрам­дах Итали улсад суух элчин
сай­даар томилогдох болбол НХХ-ийн сайдын албан дээр да­раагийн томилгоонууд
яригдаж таарах биз.
Бас нэг томилгооны асуудал хүчтэй яригдаж байгаа нь Төрийн
өмчийн хорооны даргын суудал. Уг албанд У.Хүрэлсүх найз Ц.Хэр­лэнгээ зүтгүүлж
байгаа гэх бол нөгөө талд нь С.Батболд бас найз В.Энхболдоо тавих гэж байгаа
гэнэ. Саяхан элчин сайдуудын томил­гооны үеэр Энэтхэгт суугаа Элчин сайд
В.Энхболд өөрийн хүсэлтээр албаа өгөхөө илэрхийлсэн тул гэсэн тодотгол явж
байсан нь Үйлдвэр худалдааны яаманд бай­хаас нөхөрлөж ирсэн найзаа тата­хаар
МАН-ын дарга хатуу шийдсэн байхыг үгүйсгэхгүй.
Мөн сүүлийн үед МАН-д яриг­даж байгаа томилгоонуудын нэг нь
Орхон аймгийн Засаг даргын асуу­дал. Баярын үеэр элдэв ажиллагаа хийдэг
зарчмаар он солигдох үед Засаг дарга Д.Оюунбатыг нь огц­руулсан хэмээн
хэвлэлээр бичиг­дэж байсан билээ. Ажлын байр нэмэгдүүлснээр улсын хэмжээнд
тэргүүний аймаг, шилдэг бүтээн байгуулагч хотоор Эрдэнэт нь шалгараад байхад
Засаг даргыг огцруулсан нь Иргэдийн төлөөлөгч­дийн хурал нь худалдагдсаных
хэмээн хэвлэлээр бичиж байсан нь саяхных. Үүнд “Гок” оролцсон гэгдсэн бөгөөд
дараагийн томил­гоонд ч оролцох гэж байгаа талаар энэ намд нэлээд яриа үүсчээ.
Ямар ч байсан Орхон аймгийн Засаг даргыг томилох тал дээр томоохон хор
найрагдаж эхэлсэн нь Тусгаар тогтнолын ордны өмнө зогсч ха­рагдах Орхон аймгийн
дугаартай томчуудын машинуудаас анзаа­рагдаж байгаа юм. Нам дамнасан бус зөвхөн
ах намынхан дотроо бүлэглэл хоорондын зөрчлөөсөө болж Засаг даргаа өөрчилсөн
энэ явдал удирдлагуудынх нь анхаар­лыг татаж байгаа бололтой. МАН-ын
удирдлагуудын зүгээс Орхон айм­гийн Засаг даргаар хуучин УИХ-ын гишүүн байсан,
дараа нь ГОК-ийн орлогч захирал байж байгаад АН-ын хүнд албан ту­шаалаа өгөх
шаардлагатай боллоо гэхэд ажлаа хэл амгүй өгөөд явсан гэх Ё.Баяр­сайханыг
оруулж ирж байгаа юм байна. Гэхдээ хоёр хуваагдчихаад байгаа Иргэдийн
төлөөлөгчдийн хурал хэрхэн шийдэх нь тодорхой­гүй. Бас Засаг даргад нэр нь яриг­даж
байгаа Б.Винтовын хувьд “ГОК”-ынхны дэмжлэгтэй байгаа нь тодорхой байгаа аж.
Аймгийнхаа гаалийн газрын даргаар арав гаруй жил ажилласан түүнтэй хол­боотой
элдэв яриа хөөрөөг Эрдэнэ­тийнхэн мэддэг учраас намын нэр хүндээ бодвол явцгүй
кандидат хэмээн намын хүрээлэлдээ ярьж байгаа гэнэ. Тэгэхээр “ГОК”-ын халаасанд
орсон гэгдээд байгаа тус аймгийн Иргэдийн хурал нь намынхаа шийдвэрээ дагах нь
уу, өөр эрх ашгаа дагах нь уу гэдэг нь гадна талаас нь хараад сууж бай­гаа
АН-ынхан хийгээд энгийн иргэ­дэд сонин байгаа юм. Уг нь зар­чимч, шударга,
тулхтай хүн айм­гийн засаг дарга болбол ард тү­мэнд нь хэрэгтэй байх. Үүний
дараагаас огцрох өргөдлөө өгсөн Говьсүмбэр аймгийн засаг Ц.Баян­мөнхийн орыг
хэн залгамжлах вэ гээд мөн л томилгоо өрнөх нь тодорхой болоод байна.
АН-ын Хамтарсан Засгаас га­рах нь тодорхой байсан ч үйл
явдал бодитоор өрнөж эхэлснээр унтаж байсан улс төрөөс утаа гарч эхэлсэн юм.
Энэхүү уугилт сонгуу­лийн гал хүчтэй өрнөж эхэлтэл хэсэгтээ энэ мэтээр уугих нь
тодор­хой байна. Ямар ч байсан энэ өдрүүдэд томилгоогоор гал өрдөж, улс төр
уугиж байна. 

Categories
редакцийн-нийтлэл

Сайд мөрөөдөгчдийг сэрүүн зүүднээс нь ЕРӨНХИЙЛӨГЧ ДУГТАРЛАА

Ардчилсан намын сайд нар засгаас гарах
болтол Ардын на­мын­хан харуусал илэрхийлж уйлал­дав. Үнэн хэрэг дээрээ дот­роо
инээдээ барьж дийлэхгүй гад­наа матрын нулимс унагасан. Тийм сайн юм бол хамтарч
байхдаа хамгийг амжуулах хангалттай ху­гацаа байсан. Энэ эмгэнэлт жүжиг нь МАН-ын
пиарчдын явуулсан олон нийтийн тархийг угаах гэсэн л оролдлого байв. Хамтарч байх­даа
Ардын намынхан хажуудаа байгаа Ардчилсан намынхныг яаж ад үзэж байлаа. Улайм  цайм л яв, зайл гээд байсан шүү дээ. Өнгөр­сөн
үе рүү өнгийж харах юм бол хэвлэлийн хуудсан дээр хар дээр цагаанаар биччихсэн байгаа.
Ад үзэгдсэн Ардчилсан намынхан нь сайн дураараа явахад   МАН-ынхан шиг баярласан хүмүүс байхгүй шүү дээ.
Тэгэхээр тэдний уйлан дуу­гарч, уйтгарлан гуньсан дүр худлаа байжээ гэдэг нь хар
аяндаа ойл­гогдоно.

Сая сайд шалгаруулах урал­даан боллоо.
28 гишүүн сайд болох гэж дотооддоо ямар их алаан болов. Хамгийн сайн нь би, бусад
нь муу гээд бие биенийхээ мууг ямар их үзэв ээ. Сайдын суудлын төлөө сайн андаа
золиослоход бэлэн байлаа. Гунигласан хүмүүс ингэтлээ баясаж, орыг нь эзлэх гэж хөөрцөглөдөг
юм уу. Ардын на­мынхан энэ увайгүй уралдаанаа­саа хамгийн сул, хамгийн таарууг нь
сонгодог нь ч юу вэ. Сайдад сонгогдсон нөхдүүд яаж хөөрцөг­лөж байнаа. Намын Удирдах
зөв­лөлийн эцсийн шийдээр сайд болох нь тодорсон нөхдүүд мөнгөн аяга барьж гүйлдээд
бөөн хөөр хөл болж,  харин болж чадаагүй нь
“Би гүйсэнгүй. Гүйсэн бол сайд  болох байлаа”
гэж ярилцлага өгч эхэллээ. Гүйсэн нь сайд болж байна гэж нөгөөдүүлээ чимхээд ч байх
шиг. Одоо сайдын сэнтий мөрөөдөгсөд хөөрч гүйгээд С.Баярцогтын явдлыг харж дуурайх
гэж оролдон, Х.Бат­тулгын зангаргийг ойлгох гэж хичээ­гээд байгаа нь инээдтэй.  
Тэд сайдын суудалд суухаар  сэрүүн зүүдэлж байна. Яг тэр зүүднээс нь Ерөнхийлөгч
дугтарч сэрээлээ. Намын шийдвэр төрийн шийдвэр биш шүү гэдгийг хэллээ. УИХ-ын гишүүд
сайд болохыг  дэмжихгүйгээ хэлээд авлаа. Зөв­шилцөнө
гэдэг ямар байдгийг ч ойлгууллаа. Ичихээ мэдэхгүй хү­мүү­сийг илчилж орхилоо. Дээр
нь “Их хүссэн хүнийг төрд бүү ойртуул” гэж хатуу санууллаа. УИХ-ын ги­шүүд сайд
хийх нь Засгийн газар,  УИХ-ын хоорондын харилцаа
алдагдахад хүргэж байна хэлж сануулсаар атал нөгөө хэдэн ги­шүүдээ хөтөлсөөр оруулж
ирсэн талаар нь анхаарууллаа.
МАН-ын   сэрүүн зүүдэлж, хөөр баяр болоод байгаа сайд
болох гэж зүүдлэгсэд хэн бэ. Ерөнхий­лөгчийн хэлснээр ямар ид шидээр орж ирсэн нь
мэдэгдэхгүй байгаа энэ нөхдүүд яаж яваад 
гараад ирэв ээ.
Лу.Болдын хажууд шар жавьж­тай ангаахай
шиг Ж.Энхбаяр зан­гарагтай байж чадах уу. Луу, чог­чиго хоёр шиг л харагдана биз
дээ. Лу.Болд ардын армийн гадаад харилцааг Чингэсийн үеийнх шиг  болгож сэрээсэн шүү. Ж.Энхбая­рын үед Буриад,
Өвөр Монголоос цааш гарч чадах уу? Хуучин сай­дын эрхээрээ хатсан хүү нам дот­роо
өрсөлдсөн ягаан хацартаараа цоллуулдаг Ц.Батбаяраасаа ч илүү байж лав чадахгүй.
С.Баярцогт “Хонгор”-ын Хая­наа хоёр
тэнгэр, газар шиг л байдгийн байгаа биз дээ. Хонгорт хүмүүс долоо хоногт   хоёр, гурваараа хорт хавдраар үхэж байгааг Ерөнхий­лөгч
сануулсан. Балаг тарьсан газартаа очиж ажиллаарай гэж түүнд анхааруулав. Гэтэл өчигд­рийн
байдлаар Д.Хаянхярваа Хон­горынхны холиог нь хутгаж байгаа нь сонсогдсон. Хонгорынхныг  МАН, АН болгож талцуулсан гэнэ. Үнэн хэрэгтээ
үхэл ямар АН, МАН-аар нь ялгах биш дээ. Сангийн сайдаар “Хонгор”-ын Хаянаагийн оронд
Ч.Улаан байвал хамаагүй өөр л дөө. Яаж ч бодсон ажлаа мэддэг Ч.Улааныг түлхэж хаяад
“Хонгор”-ын Хаянааг тэвэрч авч байгаа сонголтыг эрүүл зөв сон­голт гэж хэн хэлэх
юм. Одоо Хонгорт хичнээн хүн үхчихсэн байна. Хэд нэмэгдэж үхэх вэ. Нялх хүүхдүүд
хорвоотой танилцаж амжилгүй хавдар тусчихаад үхлээ хүлээж байгаад ямар тайлбар өгөх
вэ. Өөрийнхөө албан тушаалын төлөө ард иргэдээ золиосолсон ийм хү­нээр Монгол Улсынхаа
сан хөм­рөгийг мануулж, түлхүүрийг яаж атгуулах болж байна. 
Х.Баттулгатай Ц.Дашдоржийг яаж зүйрлэх
юм бэ. Хүн дуулчих вий гэсэн шиг шивнэж ярьсан Ц.Даш­дорж, ажил явуулах гээд хэний
ч өөдөөс зоригтой дуугарч байдаг Х.Баттулгатай дүйцэж чадах уу.   Асаалттай танкны өмнөөс асаасан янжуур тавихын
дайны л инээдэм биз дээ. Зам тээвэр, барилга хот байгуулалт  том салбар. Ийм том салбар дээр УИХ-ынхаа хурал­даанд
ч тоотой харагддаг Ц.Даш­доржийг аваачиж тавиад яаж ажил явуулна гэсэн юм бол. Ц.Цэнгэлийн
нэр салбарын сайдад яригдаж   байсан. Хуучин
энэ салбарын  сайд байсан хүн хаа очиж зангаргаа
харуулж жаалууд шиг хөөрч гүй­сэнгүй.
Л.Гансүхийн оронд  хүний өөдөөс эгц харчихгүй сулхан Д.Цогт­баатарыг
тавилаа. Энэ салбарт очоод байгаль орчныг өөдтэйхэн аваад явчих хүмүүс захаасаа
аваад зөндөө бий. Хуу­чин энэ яаманд төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан
Т.Гантулга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол  гээд нэлээд хэдэн нэр яригдаж байсан. Хам­гийн
сулханыг нь МАН-ынхан дэм­жээд гаргаад ирэв.  
С.Ламбааг хар л даа. Монголд түүнийг
мэдэхгүй хүн ховор. Сайн, муу хэлүүлээд салбараа яаж авч явж байлаа. Түүний оронд
сандал ширээтэйгээ зууралдсан Н.Хүрэл­баатар гэдэг  “жаал”-ыг сөргүүлээд тавихаар ямар харагдаж байна.
Намын ерөнхий
нарийн бич­гийн дарга У.Хүрэлсүх нь хүртэл шадар сайдад зүтгэж
байдаг нь намынхныхаа ч гайхал дургүйц­лийг
төрүүлсэн. Ийм томилгоог ард түмэн голж байна. Хамтраад дөр­вөн жил хийгээгүй
ажлыг шар жавьж­тай ангаахайнуудаар дөрвөн сар хийлгээд бүтээчих нь гэж ёстой үлгэр болно. Юу хийж амжина, юу
бүтээж гийгүүлнэ гэж итгэх юм бэ.  Сайд болох визээ албан ёсоор даруулж амжаагүй,  сэрүүн
зүүдэлж яваа тэр ангаахайнуудыг
Ерөн­хийлөгч зүүднээс нь нэг сайн дуг­тарлаа. 

Categories
редакцийн-нийтлэл

Шинэ сайд томилох гэж яарсны хэрэггүйг Ерөнхийлөгч анхааруулав

Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж өчиг­­дөр Ерөнхий
сайд С.Батболдыг кабинетад нь орохоор горилж байгаа намынх нь зургаан ги­шүү­ний хамт өрөөндөө
дуудав. Мөн хамтарсан Засгийн
газраас гарах өргөдлөө өгсөн АН-ын зургаан сайдыг ч зэрэг
ирүүллээ. Үүний өмнө­хөн Ерөнхий сайд С.Бат­болд  Төрийн
ёслол хүн­дэтгэлийн өргөөнд нэгэн үе
баг болж ирсэн хам­тарсан Засгийн газрын­хаа 
бүрэлдэхүүнтэй зур­гаа татуулсан юм. Ингээд
Ерөнхийлөгчийн өрөөнд
АН, МАН-ын дарга нар гишүүдээ
тэргүүлэн ши­рээ­ний хоёр
талд хувааг­дан суусан байв. Ерөн­хий­лөгч гаднаас орж ирэх­­дээ “Жаахан
хүлээ­лээ. Засгийн газар ажил
ихтэй байх шиг байна” гээд яриагаа эхлэв. Тэ­рээр “Хамтарсан Засгийн газраас гарах
өргөдлөө өгсөн зургаан сайдыг чө­лөөлөх
эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцээгүй
бай­­гаа юу” хэмээн сайд нараас асуугаад “Үгүй” гэдэг хариулт авлаа.  Тий­мээс Засгийн газраас га­рах хүсэлтээ илэрхийл­сэн сайд нарыг
чөлөөлөх асуудлыг эхлээд УИХ хэ­лэлцэх ёстойг сануулав. Тэрбээр
эхлээд Зас­гийн газраас гарах гээд байгаа АН-ын зургаан сайдад хандаж үг хэллээ. “Сайд, дарга нарыг аж­лаас
нь чөлөөлдөг УИХ яараагүй
байхад  зөв­шил­цөж, то­мил­гоо хийх Ерөнхий сайд бид хоёр яарах хэ­рэг­гүй байх гэж бодож байна. Засгийн
газраас гарах хүсэлтээ өгсөн зур­гаан гишүүн
чө­лөөлөг­дөөгүй байхад шинэ сай­дын асуудлыг
ч ярих хэ­рэггүй. Хамгийн
сүүлийн жишээг яривал
2007 онд Л.Одончимэд гишүүн
сайдын ажлаас чөлөө­лөгдөх
хүсэлтээ гар­гаж байжээ. Түүнийг нэгдү­гээр сарын 30-нд Засгийн газрын
гишүү­нээс нь чө­лөөлсний да­раа хоёр­дугаар сарын 5-нд Д.Дэм­бэрэлийг
оронд нь томил­сон байдаг. Тэ­гэ­хээр аж­лаасаа чөлөө­лөгдөх
гээд байгаа нөх­дүүд эхлээд албан ёсоор ажлаа өгчих.

  Дараа нь шинэ хү­мүүсийн асууд­лыг ярья. УИХ хэлэлцээд хам­тар­сан Засгийн газ­раас АН-ын сайд нарыг чөлөө­лөхгүй гэвэл яах юм. Н.Ал­танхуяг, С.Баярцогт сайдыг олонхи нь чөлөө­лөхгүй гэж кноп дарвал яах вэ. Энэ бол сайд нар хүсэлт гаргаад нам  шийд­вэр гаргаснаар болчих­дог асуудал биш. Тодор­хой хууль журмаар явдаг ажил. Хоёрдугаарт аж­лаа­саа чөлөөлөгдөх гээд байгаа хүмүүс ажлаа тай­лагнах ёстой. Та нар хаа нэг газар ажлаа тай­лаг­наад, засгаас гарах шалт­гаанаа тайлбарласан  байж болно. Гэхдээ төрд ажлаа тайлагнах ёстой. Ард түмэн өөрийнхөө тө­лөөлөл болох УИХ-аар дамжуулж эрх барьж бай­гаа. Тиймээс та нар ард түмний өмнө тодорхой ажил хийнэ гэж амлаад томи­логдсон. Энэ бүх­нийхээ тайланг байнгын хороо­гоор ярих ёстой. Үүний дараа УИХ-ын чуул­га­наар хүн нэг бүрээр санал хурааж, чөлөө­лөг­дөх эсэх асуудлыг ший­дэх ёстой  гэж ойлгож байна. Хам­тарсан Зас­гийн газар байгуулагдах гэж нэлээд зовсон. Хоёр намын бүл­гээс ажлын хэсэг гарч, хийх ажлаа ярьж, ард түмэндээ ам­лаад гарч ирсэн шүү дээ. Тэр зүй­лүүд юу болов гэдгийг ард түмэн хүлээж байна. Та нар засагт орж ажилла­сан болохоос за­га­санд яваад ирсэн хү­мүүс биш. Загасанд явсан хүн ч  хөдөлмөрийнхөө үр дүнг эргэж боддог юм. Тиймээс чөлөөлөгдөх сайд нар ажлаа төрд тай­лагнах хэрэгтэй гэдэг талаар  УИХ-аас ч хүмүүс надад хандаж байгаа. Ард иргэ­дээс ч санал ирүүлж бай­на. Засгаас гарах асууд­лыг салхи шуурга шиг ийм хурдан шийддэг юм уу. Нэг өдөр  ажлаа өгч, дараагийн хүмүүсийг оруулж ирдэг юм уу” гэж надаас иргэд асууж бай­гаа. Миний хувьд Ерөнхий сайдтай санал нэг байна.  “Ажил хийвэл дуустал” гээд бай­гаа биз дээ. Тэгэ­хээр та нар чөлөөлөгдөх эсэхээ УИХ-аар шийдүүл. Уг нь сайдын албан ту­шаа­лаас чөлөөлөгдөх асууд­лаар Ерөнхий­лөгч­тэй зөв­шилцдөг юм бай­на. Угаасаа ч тийм бай­сан. Гэхдээ одоо энэ зур­гаан хүний асуудлыг УИХ хэ­лэлц гэсэн бичгийг өгөх гэж байна. Ингээд ном дүрэм, хуулийнхаа дагуу ажлаа ярь. Одоо та бүхэн чөлөөтэй байж болно. Би сайдад томилогдох гэж байгаа хүмүүстэй юм ярья” гэхэд АН-ын зур­гаан сайд өрөөнөөс гар­лаа.

Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүнээс  “Сайд болгох зургаан хүнийг ямар шалгуураар  гаргаж ирэв. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр бид уулзаж ярилцсан. Тэгэ­хэд би Засгийн газарт нөхөн оруулах сайд нарын то­милгооны та­лаар тодор­хой зарчмаа хэлсэн шүү дээ.  УИХ-ын гишүүн сай­дын ажил дав­хар хийдгээ больё гэсэн юм. Одоогийн хуулиар бол УИХ-ын ги­шүүн сайд байж болно, байхгүй ч байж болно. Тэгэхээр энэ хоёр албан тушаалыг давхар хаш­даг­гүй тэр зарчмаар нь цаашаа  явъя гэсэн.  Ер нь аливаа удирдагч муу жишиг, бу­руу үйл ажил­лагааг үр­гэлж­лүүлэх биш түүнийг зогсоохын төлөө байх хэрэгтэй. УИХ-ын гишүү­нийхээ ажлыг дий­лэхгүй шахам байж сайд болно гээд явж байгаа асуудлыг зогсоох ёстой. Тэгэхгүй бол УИХ, Зас­гийн газрын хоорондын хариуцлага бүрэн ал­дагдлаа. Үүнийг зал­руулъя гэж би Ерөн­хий сайдад маш тодор­хой хэлсэн. Сонгууль ойр­тож, улстөрчид сонголтоо хийх гэж байгаа энэ үед үүнийг тодорхой чиглэл болгоё. Хоёулаа энэ жиш­­гийг тогтооё. Би танд тусалъя гэсэн юм.  Гэтэл одоо сайдад санал бол­госон хүмүүсийн зарим нь УИХ-ын гишүүн байна. Тиймээс тайлбар сонсъё” гэлээ.

Ерөнхий сайд С.Бат­болд “Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх, сай­­дын томилгооны асууд­­лыг  өнөөдөр мөр­дөг­дөж байгаа хуулийн дагуу оруулж ирсэн.  Яваан­даа парламент Үнд­сэн хуулийн өөрч­лөлтийн хүрээнд зохих өөрчлөлт  хийж, УИХ-ын гишүүн, сайдын албан тушаалын давхцлыг ярил­цах ёстой” хэмээн хэгжүүрхэв.  Харин Ерөн­хийлөгч “Үндсэн хууль бүхний хаалт биш л дээ. Ажил хэргийн талаас нь харахад хууль тогтоох эрх мэдлээс илүү том эрх мэ­дэл гэж байхгүй. Үүнийг хэрэгжүүлээд явж байгаа гишүүд сайд болно гэдэг нь байж болохгүй.  Манай өвөг дээдэс “Их яарсан хүнээр төрд битгий ажил хийлгэ. Их хүссэн хүнийг төр рүү бүү ойртуул” гэж ярьдаг.  Өчигдрөөс харж байхад энэ хүмүүс нэг л их яараад байх юм. “Хур­дан батлаад өг” гэцгээж байна. Бид ховсдуул­чихсан юм шиг байж бо­лох­гүй. Монгол Улс ард­чи­лал руу шилжсэн энэ жилүүдэд хангалттай зүй­лийг үзсэн. Гэвч Засгийн газар өнгөрсөн гурван жил зургаан сар яараа­гүй. Тавдугаар цахилгаан станцыг байгуулах тухай  хоёр, гурван жилийн өмнө ярьж л байсан, бүт­сэн юм алга. Маргааш би  Өмнөговь руу явах гэж байна. Тэнд эрчим хүчний асуудал одоо болтол ший­дэгдсэнгүй. Уг нь Аюул­гүйн зөвлөлөөс эр­чим хүчний асуудлыг шийд гэсэн заавар өгсөн шүү дээ. Утаа, төмөр замын ажил урагшаа ахи­сан­гүй.  Энэ ажилдаа гурван жил яараагүй шүү. Яахав боломжоороо ажил­­­лахыг хичээсэн байх.

Зөвшилцөнө гэдэг бол томилгооны зөв бурууг ярилцана гэсэн үг гэж ойлгож байгаа. Түүнээс биш оруулаад ирсэн нэ­рэнд адис өгөөд гаргадаг хэлбэр биш гэж би ойлгож байна. Тэгэхээр зөвшил­цөх сонирхол байхгүй юм байна гэж ойлголоо. Намын гаргасан шийд­вэ­рээр Ерөнхийлөгч ажил­лах ёстой гэж харж бай­гаа бол буруу. Ийм жишиг тогтоож болохгүй. Одоо­гийн Ерөнхий сайдын  хувьд зургаан сайдыг чө­лөөлж, оронд нь зургаан сайд томилуулах асуудал ярьж байгаа. Энэ  ажлыг өмнө нь би хийж байлаа. Тиймээс асуудалд  ул суурьтай хандах ёстой.

Өнгөрсөн өдрүүдэд лав “Сайдгүй болчихлоо. Хурдан сайд томилоод өг” гэж яамдаас над руу ярихгүй байна. Харин ч тааруухан сайд нэг өдөр ч болтугай холхон бай­гаа­сай гэсэн хандлагатай байгаа” гээд “Дашдорж ирсэн үү” гэхэд өмнө нь сууж байсан Ц.Дашдорж гишүүн “Байна” гэв.  Тэг­тэл Ерөнхийлөгч “Энэ бол чөлөөт цагаараа хий­дэг ажил биш шүү дээ, Дашдорж оо. 2004-2006  онд барилга, хот байгуу­лалтын дэд сайд хийж байсан тийм ээ, айн” гэ­хэд Ц.Дашдорж гишүүн  “2004-2008 он”
гэлээ. Ерөн­хийлөгч “Намайг Ерөн­хий сайд байхад дэд сайд байсан. Гэхдээ Ба­рилга, хот байгуулалтын дэд сайд гэж хэн болохыг нь танихгүй байсаар би ажлаа өгч байлаа. Одоо тэгээд Барилга хот, бай­гуулалтын  ажил дээр чинь зам тээврийн асуу­дал нэмэгдсэн байгаа, Дашдорж оо. Үнэхээр ажиллах гээд байгаа бол Оюу толгой руу надтай хамт явах хэрэгтэй. Таван толгой дээр юу болж бай­на. Өмнөх сайд нар­тай­гаа уулзсан уу, хийсэн ажлыг нь авч үзсэн үү. Биднийг сайд болж бай­хад энэ ажлыг хийсэн байх ёстой гэсэн л шаард­лага тавьдаг байсан. Ямар ид шидээр олон­хийн санал авсан байх нь хамаагүй” гээд  Сангийн сайдад нэр дэвшээд бай­гаа Д.Хаянхярваа руу хан­дав.

“Надад
хаанаас хам­гийн их гомдол ирж бай­гааг та мэдэж байгаа. Хаашаа явж хэнтэй уул­захаа Хаянхярваа сайн ойлгож байгаа. Таныг сайд болох тухай яригд­санаас хойш Хонгор су­маас маш олон захиа ирсэн. Тэнд долоо хоногт 2-3 хүн хордлогоор нас  барж байна. Тэгэхээр та  Хонгор суманд заавал очих хэрэгтэй. Энэ бол Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг гэж ойлго. Сонгог­чидтойгоо очиж уулз. Хон­гор сумын асуудлыг яаж шийдэх гаргалгааг нь хийх ёстой. Энэ бол Зас­гийн газрын онцгой бод­лого байх ёстой” гэв.

Тэгээд “Би өмнө нь Ерөнхий сайдад хэлж байсан. Ерөнхийлөгчтэй хуулийнхаа хувьд хам­гийн ойр холбоотой ажил­ладаг яам нь Га­даад харилцаа, Батлан хамгаалахын яам”  хэ­мээн үргэлжлүүлснээрээ мэдээж Батлан хам­гаа­лахын сайдад нэр дэв­шээд буй Ж.Энхбаяр ги­шүүнийг онилов.  “С.Бат­болд Ерөнхий сайд аа, Батлан хамгаалах яа­манд очих хүн занга­раг­тай байх ёстой шүү. Энэ яам том, төвөгтэй газар шүү. Энэ яаманд очих сайдын асуудлаар зөв­шил­цөх ёстой. Энхбаяр зэвсэгт хүчний удирдлага бусад улсуудтайгаа уул­зах хэрэгтэй” гэлээ. Цааш нь  “Би хөдөө орон нутагт ажиллахдаа Өмнөговь аймгаар оролгүй үлдээ­гээд байсан. Харин одоо орох гэж байна. Таван толгойн бүтээн байгуу­лалт, Оюу толгойн асуу­дал юу болж байгааг үзнэ. Говьд малчны хо­тонд хононо. Явсан хой­гуур араас битгий мэ­дэг­дэл хийгээд байгаарай.  Ажлаа хэвлэл мэдээл­лээр дамжуулж хий­мээр­гүй байна. Би ажил хий­гээд явж байгаа шүү. Тэ­гээд даваа гаригт буцаж ирнэ. Энэ хооронд чө­лөө­лөх хүмүүсээ чөлөө­лөг. Зөвшилцөл болон хэлсэн ярьсан зүйлүүд яаж шийдэгдэхийг харъя. Төрийн ажил болж барьц­тай эхлэл, төгсгөл­тэй байх ёстой. Өөрийн хууль дүрэм, дэг жаягтай байх ёстой. Үүнийг бид хэрэгжүүлж ажиллах ёс­той. Миний ярих зүйл ийм байна, дарга нар аа. Одоо чөлөөтэй байж бол­но”  гэв. Ерөнхийлөгчийг ярьж байх үеийн турш үл тоо­сон, хэгжүүрхсэн ца­рай гарган суусан Ерөн­хий сайд С.Батболд байж ядаж байна уу гэлтэй  утсаа оролдож нэг үзээд, больж нэг үзнэ. Хажууд нь намын ерөнхий на­рийн бичгийн дарга У.Хү­рэлсүх хөмсгөө зангидан ширээ тас ширтэн сууна. Үе, үе ширүүн харц шид­лэн, намынхаа даргын царайг шинжинэ.  Харин Ц.Дашдорж гишүүн заг­нуулсан хүүхэд шиг Ерөн­хийлөгч рүү харна. Зас­гийн газрын гишүүдэд гаднаас нэр дэвшиж бай­гаа Д.Цогтбаатар, Н.Хү­рэлбаатар нар нэр он­цолж юм хэлчих вий гэсэн шиг сууж байлаа. Өрх айлын тэргүүн шиг жин­тэйхэн дуугарсан Ерөн­хийлөгчийн өөдөөс Ерөн­хий сайд юу ч хэлэлгүй намынхныхаа дагуулан гарч одов.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Gee: Монголд ганцаараа хараал хэлдэг хүн нь би биш

Реппер Gee буюу Төгсжаргалын МөнхЭрдэнэтэй ярилцлаа.

Та бараг мэдээ үздэг­гүй гэв үү?

-Ер
нь мэдээ үзэхээс айдаг. Яагаад гэхээр нийгэм аймаар байна ш дээ. Хүмүүс зарим талаа­раа араатан шиг болж байна. Мэдээ үзэхээр “Тийм хүнийг тэгж гэртэй нь шатаалаа”, “Хэдэн арван тоогоор хутгалж аллаа” л гэнэ. Аймаар аймаар юм гарна. Өдөр нь ажил төрлөө хийгээд явж байхдаа нийгмийн асуу­дал­тай хутгалдаж явдаг боло­хоор гэртээ харихаараа тэр­нээс түр ч гэсэн ангижирмаар байдаг байхгүй юу. Би ком­пьютер тоглодог. Сайхан ангиж­руулдаг шүү. Нээрэн. Бүх юмаа мартаад сайхан тоглодог. Тэр л гоё байдаг юм. Гэхдээ хааяа үзэхгүй байж чадахгүй мэдээ үзнэ л дээ. Үзэхээр маниусаас дээр суу­даг манай нөгөө ухаантай хэдэн хүмүүс “Ингэлээ, тэглээ” гээд хоорондоо хэрэлдээд, бөөн юм болоод сууж байдаг. Дандаа хэрүүл уруул, алаан хядаантай юм үзээд байхаар чинь залхаж байгаа юм чинь.

Манай зарим хип хоп­чид мансууруулах бодис­той хол­богд­сон нь энэ урла­гийг уна­га­сан зүйл болсон. Харин сүүлийн үед гарч ирж буй залуу уран бүтээлчид хип хопыг арай өөрөөр, шинэ уур амьсгалаар гар­гаж ирж байна. Хөндлөн­гөөс харахад “Vanqiush” гэх хамт­лагаас салбарлан гар­сан мэт?

-Аймаар
буруу ойлголт. Хувь хүний л асуудал байгаа ш дээ. Хувь хүн талаасаа. Хэрэгт холбогдож байсан хүн байлаа гэхэд тэр нь хувийнх нь л асуудал. Дараагийнх нь хүмүүсийн асуудал бол тэд­гээр хүмүүсийн хувийнх нь л асуудал. Ерөөсөө л хувь хүмүү­сийн ялгаа байхгүй юу. Хүн алддаг шүү дээ. Алдаа л биз. Ахиж тийм зүйлд ороо­цол­дохгүй гэж суралцаа байл­­гүй дээ. Түүнээс биш хип хопчдын нэр хүндийг унага­лаа гээд л хип хоп гэдэг нэр томъёог тэрэнтэй холбох гээд байх шаардлага байхгүй.

“Vanquish”-ээс салбар­ласан гэвэл сонин л доо. Тэрийг би эсэргүүцнэ. Мань, заньд нь бол ёстой хамаагүй ш дээ. Мэдэхгүй. Тийм хамт­лаг байсан. Би юмаа хийгээд явдаг байсан. Хамтарч дуу хийе гэсэн. Хамтарч дуулсан.

Тэндээс шинэ үеийн хип хоп гарч ирээд салбарласан гэвэл ёстой маргаантай асуу­дал.

Хип хопчид бусад хамт­лаг, дуучдынхаа нэрийг дуундаа оруулаад муулж дуулаад байдаг даа.

-Dis үү?

Тэр нь юу гэсэн үг вэ?

-Dislike гэдэг ш дээ. Тэрэнтэй адилхан утгатай.

Бусдынхаа талаар дур­гүйц­лээ илэрхийлж дуулж байгаа нь тэр үү?

-Энэ
чинь хип хопын бараг нэг төрөл ш дээ.

Тэгэхээр реппер Цэцээ та хоёр байнга бие бие рүүгээ dis илгээдэг болж таарав уу. Бокс­чид рингэнд тулалддаг шиг та хоёр үзэл бодлоо уран бүтээлээ­рээ илэрхийлжзодолддог“?

-Энэ
нь маш олон төрлийн зорилгоос болж хийгдэнэ. Зөвхөн үзэл бодлоо хамгаа­лахын тулд гэж болохгүй ч бас байж болно. Зарим нэг нь ашиг сонирхлын үүднээс хийдэг. Энэ овоо гайгүй бай­гаад байна, энийг ингээд дуулчихвал намайг хүмүүс сонсчих юм байна гэх PR-ийн зүгээс хийж болно. Янз бүр. Тухайн хүнд ашиг сонирхол, үнэт зүйл нь юу байна вэ гэдгээс шалтгаална. Тэр хүнд нэр хүнд чухал бол хэнийг ч, сайн хүнийг ч тэгж хэлнэ ш дээ. Тухайн хүнд өөрийн үзэл бодлыг хамгаалах нь илүү үнэтэй, үзэл бодол нь чухал бол түүнийгээ хамгаалж, үзэл бо­дол руу нь дайрсан хүнтэй шөргөө­цөлдөх хэрэгтэй байхгүй юу.

Харин бид хоёрын хувьд уг нь рингэнд гараад зодолд­чихвол амар л байна. Намайг муулж дуул­лаа. Би очоод түүнийг цохиод л авна. Энэ бол байдаг л асуудал. Тэрний дараа яах вэ. Дуулсан дуу нь явсаар л байх болно. Тийм болохоор түүний эсрэг дуу хийж хамгаалахаас өөр арга байхгүй.

Та хоёрын хэн нь анх ингэж дуугаар шөргөөцөл­дөх алхмыг тавьсан юм. Яагаад, юунаас болоод ингэв?

-Мань
эр өөрөө ч мэдэж байгаа даа. Өөрөөс нь л эхэлсэн. “Van­quish” хамтла­гийн­хантай “Гайгүй хүүхдүүд байна” гээд нөхөрлөе гэж бодсон, хийсэн. Тэр үед “Hood” гэж дуу хийсэн. Тэгэхэд Цэцээ буюу Цэцэнбилэг гэж хүн байгаагүй. Цэцэнбилэг гэж хүнийг тэгэхэд танихгүй байсан. Гэтэл гэв гэнэт нэг хүн гарч ирээд “Vanquish, Цэцээ, Gee чи зайл. Хашаандаа очиж банхраа хоолло. Юу хийгээд бай­гаа юм” гээд эхлэ­хээр нь би гайхаад “Vanguish”-ийнхнаас тухайн үед асууж байсан. Танай хамтлагт чинь Цэцэнбилэг гэж байдаг юм уу гэсэн чинь “Байдаг. Америкт амьдардаг юм” гэхээр нь “Энэ чинь намайг дуулаад байна ш дээ” гэсэн чинь “Өөрсдөө учраа ол” гэж хэлсэн. Би тухайн үед тэгээд орхисон. Тиймэр­хүү насны саваагүйт­дэг хүүхэд байдаг шүү дээ. Саваагүйтэж л байгаа юм байлгүй дээ гээд хаячих­сан. Тэгсэн чинь мань эр бүтэн жил дуулсан ш дээ, намайг. Маш олон дуун дээр миний нэрийг хэлсэн байдаг. Би тэсээгүй, сүүл рүүгээ. Өт хүр­тэл биеэ хамгаалж хатгахаар хөдөлдөг. Сүүлдээ тэссэнгүй, тэвч­сэнгүй. Тэгээд би өөрт нь хэлсэн. Намайг ингэж байгаа бол чи өөрөө ийм байна шүү. “Пүүз, пүүз л гэнэ. Ая хулгайлж байхаар пүүз цуг­луулдаг мөн­гөөрөө ая хийлгээч ээ” гэж сайн санааны үүднээс зөвлө­гөө өгсөн. Түүний үнэт зүйл юу байсныг мэдэхгүй. Харин миний хувьд үзэл бодлоо хамгаалах байсан. Бас гэр хорооллынх гэдэг ялгавар үзлийг хүмүүсийн дунд бит­гий гаргаасай гэж хүссэн. Яагаад гэвэл бид адилхан монгол­чууд. Адилхан хүмүүс. Бид хэн нэгнээ өссөн орчин, үзэл бодлоор нь ялгаварлана гэдэг бол үнэхээр тэнэг асуу­дал байхгүй юу. Бид нар энд байгаа гадаадынхныг яаж ч чадахгүй байж хоорондоо маш их тэрсэлддэг. Тэрийгээ болих хэрэгтэй.

Би гэр хороололд өссөн. Над­тай адилхан гэр хороо­лолд өссөн өчнөөн залуусын эрхэнд нь энэ хүн бөгөөд түүний цаана байгаа сонсог­чид нь битгий халдаасай гэж боддог ш дээ.

Та дуунууддаа хараал, этгээд үг их оруулдаг. Энэ нь эцэг эхчүүдийн зүгээсээ эсэр­гүүцэлтэй тулгардаг бол хүүхэд, залуусын хувьд өөр байх шиг байдаг юм?

-Тэр
чинь ийм юм. Хип хоп дуунд зуун үг байлаа гэж бодъё. Зүгээр жишээ. Хип хоп дуунд бол үүнээс ч их үг ордог. Тэр зуун үгийн тав нь хараал байдаг. Тэгэхээр хүмүүс, ялангуяа эцэг эхчүүд нь хүүх­дүү­дээсээ сонсгол муутай байгаа байхгүй юу. Хүүхдүүд тэр таван үгийг хаяад 95 үгийг нь сонсоод утгыг нь ойлгож чадаад бай­на. Гэтэл эцэг эхчүүд 95 үгийг нь сонсохгүй таван үгийг нь сонсдог. Тэгэхээр тэр хүн тэгж бодохоос яахав.

Монголд ганцаараа хараал хэлдэг хүн нь би биш. Монголд бүгдээрээ л хараал хэлдэг. Надад энэ хараалыг хэн зааж өгсөн юм бэ. Миний орчин тойрон, нийгэм чинь зааж өгсөн. Тэгвэл энэ нийг­мийн зааж өгсөн хараалыг бид нийгмийн буруу зүйлийг хэлэхдээ буцаагаад өөрт нь хэлж байгаа юм. Түүнээс биш би хүүхдүүдэд муу юм заагаа­гүй. Бие биенээ хайрла, биенээ хайрлавал хүчтэй байж чадна гэдгийг сануулдаг. За яах вэ, би муу хүн. Хараал зааж байна гэж бодъё. Ингэх нь муу үзэл суртал юм байна л даа. Тэгэхээр зурагтаар дотуур хувцастайгаа дуулаад бай­гаа охид урлаг юм уу. Тэд нар зөв юм заагаад байгаа юм байна л даа, тэгж л ойлгоё доо.

Таны дуунд нэр нь хав­чуу­­лагдсан хүмүүс, ялан­гуяа улс­төрчдөөс дарамт үзүүлдэг үү?

-Тийм
том хүмүүсийн зураг хөргийг нь оруулсан клип байхгүй. Үг хэлээрээ хэлсэн дуунууд байгаа. Хэн нь мэдэгдэхгүй хүмүүс л утас­даад байдаг юм.

Юу гэж утасдах уу?

-Ална
л гэдэг. Амьд явж л байна. Үхтлээ үгээ хэлнэ.

-Gee гэдэг нэрээ тайл­бар­­лавал?

-Энэ
чинь нэр биш хоч. Миний нэр бол Мөнх-Эрдэнэ. Найзууд маань намайг Gee гэж дууддаг байсан. Хоч маань явсаар нэр шиг болчи­хож.

Таныг Монгол реппер гэдэг билүү?

-“Монгол
реппер” гэдэг дуунаас минь л болсон байх. Зүгээр л реппер. Монгол репперийг би үүсгэсэн юм биш шүү. Надаас өмнө 1995 онд “Дайн ба энх” хамтлаг Монгол репперийг үүсгэсэн. Би үргэлжлэлийнх нь өчүүхэн хэсэг.

Хип хопчид хоорондоо хэр эв найрамдалтай, хол­боотой бай­даг юм бэ?

-Харьцаатай байлгүй яахав. “Дайн ба энх” манай “Click click
boom” бүлэг хам­тар­сан дуун дээр ажиллаж байна. Байнга харилцаа­тай байдаг. Бид өмнө нь юм хийж байсан хүмүүсээ хүндлэх хэрэгтэй. Тэднийг үгүйсгэж огт болохгүй. Яагаад гэвэл тэд­ний суурин дээр бид хөдөлж байгаа.

Гэтэл ингэдэггүй хүмүүс байдаг. Би шинээр юм гаргаж ирлээ. Би л, би л гэж юм бүхний анхдагч байх гэж үздэг. Монголд анхны юм гэж арай хэтэрлээ. Хүн болгон анхных гэнэ. Монголд анхны юм хийе гэвэл амархан. Би ийм нэг дуу хийж байна. “Хүн болгон Монголд анх­ных байх гэж ядаж байна. Тэгвэл би Монголд хамгийн анхны, хам­гийн урт нэртэй дуу хийчих­лээ” гэж байгаа юм.

Телевизийн шоунаас гарч ирж байгаа найман охинтой нэг хамтлаг байна аа. Ярьж байгааг нь сонс­лоо. “Бид бол Монголын анхны найман охинтой хамтлаг” гэсэн. Ёо, ёо. “Бид Монголын анхны бүжиг­лэдэг охид” гэж байгаа юм. Тэднээс өмнө хүмүүс яадаг байсан юм бэ. Ингэж арай болохгүй. Зарим нэг хүн өмнө нь хүмүүсийн нээчихсэн, хийчихсэн нэр томъёог нь хараа­хан өгөөгүй байсан урсгалыг нээгээд байна ш дээ. Тэд нар бол ичих л хэрэгтэй. Ичиг ичиг гэдэг шиг, тийм үү?

Та сэтгүүлч мэргэ­жил­тэй. Мэргэжлээрээ ажилла­сан уу?

-Радио,
телевизийн дээд сур­гуу­лийг 2005 онд төгссөн. Мэргэж­лээрээ л ажиллаж байна гэж бод­дог ш дээ, уг нь.

Чи эх орондоо юм хийе гэж бодож байгаа бол өөрийн­­хөө амьдралаа хэ­нээс ч хараат бусаар аваад явчих. Тэр чинь чиний эх орондоо хийж байгаа хам­гийн том зүйл. Яагаад гэвэл татвараа төлнө. Чиний тат­вараар улс хөгжинө. Тэгээд чи улсаас буцаагаад татаас авахгүйгээр сайхан амьдар­чих гэж би зарим залуучууд, найзууддаа хэлдэг. Би ингэж боддог юм. Гэхдээ төлж бай­гаа татварыг нь дээрээс нь хусаад байвал хэцүү л дээ. Хэн нэг нь тэндээс нь гүзээ­лээд байвал хэцүү.

Та цаасан дээр үгээ буул­гаад уншигчдадаа хүргэж байна. Тэрэн­тэй адил би дуугаар үгээ сонсогч­додоо хүргэж байна. Таны бичсэн мэдээллийг хүн уншаад нэгийг ойлгоно. Миний дуу­нуу­даас миний сонсогч нэгийг ойлгож байгаа. Тэгэхээр нь энэ чинь сэтгүүлчийн ажил. Сэтгүүлчийн ажлыг янз бүрийн хэлбэрээр хийж бол­но. Ямарваа зүйлийг хайрц­ганд барих нь явцуу.

Таныг хэдий дуундаа этгээд үг ихээр хэрэглэдэг ч үзэл бод­лоо өөрийн гэсэн арга барилаар илэрхийлж байна, зоригтой бай­на гэж магтах хүмүүс байдаг юм билээ?

-Янз
бүрийн насны янз бүрийн хүмүүсийн дунд надад дуртай нь ч байгаа, дургүй нь ч байгаа. Дүртай ч бай, дургүй ч бай бүгдэд нь баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу. Үзэн ядсан ч бай, хайрла­сан ч бай тэр хүмүүсийн хүчээр л би өдий зэрэгтэй яваа. Баярлалаа.

Урлагийн олон төрөл дун­даас хип хопыг сонгох болсон тань юутай холбоот­ой вэ?

-Болж
байгаа бүх юм нөлөөл­­сөн. Гэхдээ гэр бүл биш. Гэр бүлээ энэ бүхэнд хутгамааргүй. Би гэр бүлдээ аль болох жаргалтай бай­хыг боддог. Айлын охиныг жар­гаана гэж авч суудаг биз дээ. Би эхнэрээ, охиноо жаргал­тай байл­гахын төлөө бухим­дал­тай асууд­лаа гэртээ очоод гаргахыг хүсдэг­гүй. Гаргахгүйг хичээдэг. Зарим­даа тэсдэггүй. Яах вэ, болох юм болд­гоороо болно биз. Ямар ч байсан өөрийнхөө бодож буй зарчмыг дагаад явбал болох байх.

Бид зүгээр энэ нийгмээ харъя л даа. Тэнгэрийн хаяа харагдахаа болилоо. Утаа­наас болж. Сайхан уудам талд тэнгэрийн хаяаг хараад гэдэг үгтэй шүлэг, яруу найраг байдаг биз дээ. Тийм шүлэг, яруу найргийг одооны хүүх­дүүд уншаад ойлгохгүй. Тэн­гэрийн хаяа гэж хаана байдаг юм бэ, тэр утааг хэлээд байна уу гэнэ. Уудамдаа биш утаа­наас болоод тэнгэрийн хаяа харагдахаа больсоон гэж. Асуудал зөндөө байна аа.

Таны олон фенээс “Gee эх оронч. Монголоо гэсэн сэтгэл­тэйгэх үгийг сонс­сон юм байна?

-Монгол
гэдэг бол оюун санаа­ны асуудал. Би хэдий Монголын реппер гэгддэг ч хэт туйлшрахыг хүсдэггүй. Монгол гэхээр л дээлээ өмсөх ёстой гэж хүмүүс ярьдаг. Надаас нэг сэтгүүлч “Та Мон­гол реппер гэчихээд яагаад зурагт хуудас дээр чинь бууны зураг байгаа юм бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “Тэгээд нум сумны зураг тавих юм уу” гэж зөрүүлж асуусан.

Бид дэлхийн хүмүүстэй мөр зэрэгцэж явах ёстой. Гэхдээ дээл гэдэг соёлыг мартаж болохгүй нь үнэн үү гэвэл үнэн. Мартаж болох­гүй боловч хэтрүүлж болохгүй. Бид өдөр тутамдаа өмсөхөө байг гэхэд цагаан сараар дээлээ өмсөх хэрэг­тэй. Надад нэг дээл бий. Тэр минь их гоё торгоор хийгээгүй ч энгийн нэг хөвөнтэй дээл. Тэрийгээ ца­гаан сараар өмсөнө. Наад­маар бас нэг дээл өмсчихдөг.

Зарим нэг санаа надад таалагд­даг. УИХ-ын гишүүд, эрхэм сайдууд гадаад руу явахдаа монгол дээлээ өмсч бай. Арабууд үндэсний хув­цас­тайгаа явж байдаг. Энэт­хэгчүүд сайри­тай­­гаа ирлээ. Монголчууд дээлтэйгээ явна гэдэг чинь боломжийн. Гэртээ ирээд солиод өмсчихнө биз. Үүнийг би дэмждэг. Харин хэтрүүлж бас болохгүй. Яагаад гэвэл энэ үе чинь орчин үе учраас.

Та одоо ямар томоохон уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Би
чинь угаасаа том юман дээр ажиллаж үзээгүй ш дээ. Яагаад гэвэл хийсэн юмнууд маань эргээд хара­хад жижигхэн байсан. Одоо бүлгээрээ “Click click boom”-ынх­наа цомгон дээр ажиллаж байна. Соло дуунуудаа түр хойшлуулчи­хаад байна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Тэргүүн шадрын албанаас С.Баяр татгалзсанаар Ч.Улаан болох магадлалтай болов

АН-ын сайдууд албаа бу­цаан өгсөн нь МАН-д тоглоо­мын тойрогт дахин орж ирж, олон нийтийн анхаарлыг татах нэгэн боломжийг өгсөн. Сүүлийн үед хүмүүсийн сонир­хож байгаа нэг сэдэв бол МАН сайд нарынхаа асуудлыг хэрхэн шийдэх бол гэдэг билээ. АН-ын дарга Хамтарсан Засгаас гарах болсноо мэдэгдсэнээс хойш өдөр бүр хуралдаж байгаа МАН-ын Удирдах зөвлөл амралтын өдөр ялгалгүй сайд нарынхаа суудалд хэн, хэ­нийг тавих вэ гэдгээ ярилцаж сууна. Бүр хуруу дарам цөөн том дарга нарынхаа хүрээнд ч нарийвчлан ярилцжээ. Гэх­дээ МАН-ын шинэ сайд на­рын жагсаалт албан ёсоор тодорхой болоогүй л байна.

Өнгөрсөн лхагва гаригт болсон Удирдах Зөвлөлөөр сайд нараа томилох зарчмаа тохирсон бөгөөд УИХ-аас 50 хувийг нь, гаднаас 50 хувийг нь хэмээн тохирсон юм. Уг нь Үндсэн хуулинд оруулсан дордуулсан гэгддэг өөрчлөл­төө засч залруулъя гэвэл аль болох парламентаасаа цөө­хөн сайд томилох хэрэгтэй билээ. Нөгөө талаас төрийн тэргүүн ч үүнийг анхааруулан хэлсэн байсан. Гэвч УИХ-ын бүлэг дээр хоёр талаас тэнцүү оруулъя гэсэн санал МАН-ын амбицтай гишүүдэд таалаг­даа­гүй юм билээ. Тэд дөрвөн сайдаа УИХ-аас, хоёрыг нь гаднаас гэсэн болзол тавьсан юм билээ. Гэхдээ МАН-ын Удирдах Зөвлөлийн шийдвэр чухал учраас эхнийхээ хувил­бараар тогтсон.

МАН-ын удирдлагын зүгээс Тэргүүн шадар сайдын суудалд очих саналыг С.Баярт тавьсан бөгөөд цаа­дах нь татгалзжээ. Угаасаа энэ кабинетыг бүрдүүлчи­хээд эрүүл мэндийн шалтгаа­наар гэж Ерөнхий сайдын суудлаа өгсөн хүн дараагийн­хаа ал­бан тушаалд очно гэ­дэг утгагүй гэдгийг өөрөө ч мэдэж байгаа биз. Уг албан тушаалд Сангийн сайдад нэр нь нэ­лээд хүчтэй яригдаж байсан Ч.Улаан очиж магад­гүй. Үгүй тохиолдолд Сангийн сайдын суудал түүнийг гурав дахь удаагаа хүлээж байгаа. Ер нь ЗГХЭГ-ын дарга Ч.Хү­рэлбаа­тарыг Сангийн сай­даар очно гэсэн хувилбар нэлээд ноц­тойд тооцогдож байгаа бө­гөөд тэр тохиол­долд Ерөнхий сайдын ерөн­хий зөвлөх гэсэн албатай болоод байгаа Д.Цогтбаатар Засгийн газрын арын гал тогоог эрхлэхээр очих юм байна. ЗТБХБ-ын сайдаар Я.Содбаатар томилогдох бө­гөөд энэ суудалд УИХ-аас сайд суулгавал зүгээр гэсэн яриа явж байгааг ч хэлэх хэрэгтэй.

БОАЖ-ын сайдын хувьд Д.Оюунхорол гишүүнийг гэ­сэн яриа нэлээд хүчтэй явж байна. Эмэгтэйчүүдээсээ сайд гаргах ёстой гэсэн байр сууринаасаа нэлээд дэмжиг­дэж байгаа сурагтай. Харин Эрүүл мэндийн сайдын ту­хайд мэргэжлийн хүн гэдэг үүднээсээ эмчийн дипломтой Д.Очирбат гишүүн очих ма­гад­лал өндөр гэж байна. Гэхдээ сайд нарын шинэ хуваарилалт нэг талаасаа намын бүлэглэл, удирдлагуу­дын зүтгүүлж байгаа хүн бай­даг нь эргэлзэлтгүй үнэн болохоор хотын бүлэглэлээс Д.Очирбатыг ихээхэн дэмжиж байгаа юм байна. Нөгөө талд одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэл­баа­тар дэмжлэг сайтай байгаа. Батлан Хамгаалахын сайдад сайд аавынхаа халааг зал­гамжлах хүсэл ихтэй байгаа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр томилогдох бололтой. Түү­нийг тэргүүн шадар сайдад яригдаж, төрийн тэргүүн зөв­шөөрөөгүй гэсэн яриа гарсан ч аавынхаа орыг үргэлж­лүүлэх нь баталгаатай гэнэ. Ер нь сай­дын албан тушаалд горилогс­дын хүсэл мөрөөдөл дуусахгүй байгаа учраас АН-ынхны гаргаж өгсөн зургаан суудал дээр хүн олоод тавь­чих нь МАН-ын удирдлагуу­дад амаргүй даваа болж бай­гаа бололтой. Тиймээс УИХ-ын гишүүдээс тавих гурван сайдын суудал дээр тус бүр хоёр хүн дэвшүүлээд УИХ дахь МАН-ын бүлэг дээр өөрсдөөр нь шийдүүлчихье гэсэн яриа ч гарчээ.

Харин дэд сайдуудын асуудлыг яамдын сайдыг томилсны дараа ярилцахаар тохирсон бөгөөд салбарын сайдтай нь зөвшилцөж шийд­сэн нь зөв гэсэн шийдвэрт хүрсэн юм байна. Энэ сарын 20-ны өдөр хийхээр товлосон Бага хурлаа хойшлуулж ирэх сарын 20-нд хийхээр болсон аж. Өөрөөр хэлбэл, Цагаан сарын өмнөх өдрүүдэд МАН хуралдаж дөхөн ирсэн сон­гуулийн асуудлаа ярилцах нь.

Э.ЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Цоодолын ХУЛАН: Энэ сайхан эх орноо сэвхийтэл өөд татахсан

Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, сэтгүүлч, Улсын Хүүхэлдэйн театрын захирал Цоодолын Хулантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Хамтарсан Засгийн газраас АН гарахаа мэдэгдсэн нь сүү­лийн үеийн ярианы гол сэдэв болж байх шиг. Гурван жил гаруй нэгдсэн МАНАНсарнижбуй энэ үйл явдлаас яриагаа эхэл­бэл ямар вэ?

-Сансарт манайхаас анх хүн нисэхэд “Монгол хүн хамгийн сүүлд хэзээ ингэж баярласан бол оо” гэж Ц.Дамдинсүрэн гуайгаас хүн асууж л дээ. Тэгэхэд нь “Манжаас салахад л нэг ингэж баярласан юм гэнэ лээ гэж хариулсан яриа байдаг. Одоо бол төр засаг солигдоход баяр­лаад, эсвэл гомдоод байх зүйл алга аа. Углуургаар нь бодох юм бол, ар өвөр монголчууд нэгэн нударга болж мөлжигч дайснаа дарсан Тусгаар тогтнолын их ойнхоо да­раа ингэж байгаа нь иргэн хэнбу­гайд ч олигтой байхгүй л байх. Монголынхоо төрийг би будааны үнээс болж огцордог Япон, Солон­гос, хөнгөн явдлынхаа горонд огцордог Берлусконигийн төрөөс том, дээгүүрт боддогтоо ч тэр үү. 
Муу хүүгийнхээ толгойг тэврээд нулимстай андгай тавьж явсан Ханд ван, 
цэргийн
их сүлд Маг­саржав Хатанбаатар, Хотгойдын Чингүнжав, Гоймон баатар нарын, эзэн Чингэсийн маань төр юм шүү гэж санадаг болохоор, тэдний сүнс одоо байгаа бол, алга ташихгүй л байх. Бид цөөхүүлээ улс. Муу ч болов эвтэй байхыг дээдэс захидаг л даа.

Та МАНын гишүүн учраас АНынхны шийдвэрт таагүй бай­гаа бололтой. Тийм үү?

-Миний аль нам байх хөндлөн­гийн хүнд бүү хэл өөрт нэг их сонирхолтой биш ээ. Төрийн албан хаагч болоод удсан. АН Засгийн газраас гарч буй нь улс төрийн шийдлийн хувьд өөрсдөд нь зөв санагдаж болно, харин жаахан хүнлэг бус, ёс зүйгүй юм болчихлоо доо гэж айж байна. Улс төр бол оволзоод өнгөрдөг сонгууль төдий­хөн биш байх аа. Өргөн их амьд­рал, хүмүүсийн итгэл, бидний бүтээж ядаж 
яваа улс гүрний нүүр царай, нэр хүнд гээд яривал улс­төрч­дийг их л өөр, уужим дэлгэр сэтгэдгээр хармаар болдог юм. Энэ жил аанай л их хүйтэрч байна. Сүүлийн 5О жил унаагүй их цас орно гэж хүртэл ярьсан. Малчид гэж урдаа барьдаг ганц үгийг биш гэхэд, баялаг бүтээдэг эгэл хүмүүсийн төлөө зовних зовиур улстөрчдөд ер нь байдаг юм болов уу?

Эхлүүлсэн
ажлынхаа
ард гарч, чадвараа сорих, дүгнэх, олсон жаахан нэр хүндээ ахиулах болом­жоо энэ хоёр нам алдчих шиг болдог юм. Ард түмэн хохирч байна гээд л одоо өөрсдийгөө гурав дахь хүчин гээд эндүүрчихсэн эрээвэр хураавар улс оодорно доо. Төрд ч гэсэн хүндийн жин гэж байдаг бол тэр нь гарцаагүй МАН, АН хоёр юм. Энэ нэгдмэл, жинтэй болж ирж байсан ололтоо яасан хямдхан арилжчихав аа гэж санагдаж байна. Хорин жил нэгнээдээ хөрөөний ир шиг арсайж байснаа эвлэж засаг­лаад, эрүүл сөрөг хүчнийг дундаа­саа төрүүлэх боломж байсан юм шүү. Намчирхал бол аяандаа хоцрогдох эд. Хамтарсан Засгийн газрын 
хамгийн
нааштай,
ирээдүй­тэй алхмууд чухамхүү хамтар­сандаа л байсан. Ийм эв эеллийн засгийг зөгнөлцөж байсан хүний нэг би.

Сү.Батболдод долигонож байна л гэж хэлэх байх, өөрсдөө тийм улс. Зөвхөн уул уурхайн салбарт гэхэд, бусад ширүүн оронд иргэний дайн ч гардаг энэ хүнд 
салбарт
олон асуудал гацаанаас гарсан. Хувь, ногдол ашгийн тухай ярих эрт байна, гэхдээ л галт тэрэг хөдөл­чихлөө. Аядуу хүлээцтэй чанарыг нь зөөлчилсөн, бассан Ерөнхий сайд л кабинетаа жигд ажиллуулж, урьд урьдынхтай харь­цуулахад нэр цэвэр багийг удирд­лаа. Гэрэл гэгээтэй, сайн сайхан талуудыг энэ нэгэнт зэлээ эвхэж буй Засгийн газраас олж хараа­сай. Монгол төрийн жишиг болмоор эрч хүчтэй, далайцтай сэтгэдэг сайдууд тор­нис­ны магнайд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга байлаа. Шинэ төмөр зам барих, Сайншандад үндэсний хэмжээний аж үйлдвэрүү­дийн цог­цолбор барих, орон сууц­жуулах ажлуудыг, эхлэлийг зэврээмгүй байна. Мөн Тусгаар тогтнолын ойн хүндэтгэлийн чуулганд Ерөнхий­лөгчийн хэлсэн үг бол 
дан Засгийн газар, тэргүүнд нь хэлсэн үг биш. Нэг хөллөгөөний морьд нэгнээ цавчдаггүй. Төртэй хавсайдсан бизнесийнхний да­рамтаас салах нь МАН, АН, ерөөс нам бүрт, хэнд ч өгч 
буй хатуу сануулга гэж ойлгож байна. Олонд их хүрсэн дээ. АН-ын ҮЗХ-ны хуралдааныг хөндлөн­гөөс ажигла­хад ч бизнесийн том бүлэг нэгдлүү­дийн эрх ашиг л улс төрийг улс төр биш болгож байгаа нь тод байна.

Монгол Улсын хөгжлийн гарц тэгвэл  юу вэ, таны бодлоорУг нь ийм асуулт тавихаар бодоогүй юм л даа. Гэхдээ таны хариул­тын дараа ингээд асуучихмаар санагдлаа

-Муу хүн сонжооч гэгчээр, яри­хын тулд яригсад олширсон нь төрийг сайжруулах биш харин ч догшруулаад байна уу даа. Шахаа дарамтны аргаар хождог нийгмийн давхарга, сул иргэд бий бол­чих­жээ. Энд би хаврын синдромтнууд, элдэв ТББ, тул хамгаалах нэрээр Бороо гоулдаас гэсэн байх аа,12О мянган доллар ч бил үү аваад тэр ажлынхаа гадуур бас улс төр яриад явдаг их завтай 
эдийн засагч З.Дашзэвэг гуай энэ тэрийг огт хэлсэнгүй. Нүүрэн дээр гарсан батга шиг яршигтай, мөнхөд да­рамталж байдаг нэг газар бол МҮЭ боллоо. Мөн чанар нь тийм гэдгийг ойлгож хүндэтгэж байна, цалин нэмэхийг нэх ээ, нэх. Харин 
монгол хүнийг ажиллуулдаг, чадваржуул­даг, хариуцлага тооцдог газар байна уу? 
Ажил олгогч нар айдас­тай байдаг болсон, би 
ч ийм айдсыг мэднэ. Ажлаа оронцоглоод цалин­гаа бүтнээр нь хүртээд явдаг, бэлэнчилдэг, социализмын үеийн сэтгэлгээтэй улсын арми гадаа ярайтал жагсаж байгаа нь НХХЯ гэдэг зохиомол нүсэр бүтэц угаасаа 
зах зээлийн нийгэмд илүүцийг харуулж байна. МАН ч гэсэн, АН ч гэсэн, халамжийн мөнгө түгээхийг хавтгайруулснаар шударга хөдөл­мөрийн үнэ цэнэ уначихлаа. Олон хүүхэдтэй эх, өнчид, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусдад нь халамж бүү өгөөч ээ.

Халамжаар амьдардаг хү­мүүс манайд цөөнгүй бий. Төрөөс өгөх хэдэн цаас амьжиргаа нь болдог хүмүүст таны энэ яриа таалагдахгүй байх даа?

-Ядуу дордос, ажилчин хүнийг хар багаасаа өрөвдөх өмөөрөх үзэл суртлаар хүмүүжсэн ч одоо бодлоо өөрчилсөн. Би нэг хэсэг өөрт огт хамаагүй хүмүүсийн амьдралд оролцож, чадлаараа тусалж, дүрдээ баахан итгэж, сүүл­дээ гутарсан. Гэлээ гээд хүнд тус­лахаа больчихоогүй л дээ. Заяа заяандаа төрдөг улсыг бурхнаас илүү гарч мэднэ гэж байхгүй. Нэг ядарсан айлд ганц шүдлэн хонины мах өгье гэж бодоход ганц л орой бүхлээр нь чанаад идчихээс биш, долоо хоногтоо хүргэе гэхгүй. Энэ яльгүйхэн жишээ ч 
Засгийн
газрын  халамжийн бодлогын буруу гэдгийг илчлээд байгаа юм. “Адмирал” гэж нэг гоё кино гарсан юм аа. Боль­шевикуудын тухай. Өөрсдөө хэзээ ч бүтээж чадахгүй юмыг хядаж устгаж байсныг нь харахад одоо­гийн балар харанхуй массын дүр төрх санагдсан. Дээд боловсролгүй ч бай, Монголд эрүүл зөв сэтгэ­хүйтэй, ажил хийвэл ам тосдоно гэж хичээдэг улс л хэрэгтэй болохоос 
мянган долларын цалин авах, эрдэнийн хувь хишиг хүртдэг байх энэ тэр бол хөгжлийн зөв хандлага биш ээ.

Одоо сонгууль ч эхэлчихлээ дээ гэж хэн хүнгүй ярьж байна. Сонгуулийн тухай хуулиар зохи­цуу­лалт хийх гэж оролдсон ч баахан амлалт ил далд  явах байх даа?

-МАН өөр дотроо учраа олж, заримдаа буулт хийж сурч, сонгуу­лийн луйвар гээчээс хол байвал дийлдэхгүй нам л даа. (инээв) Сүүлийн олоон жилд улс төрийн ховоор амьдрахаас өөр авьяасгүй нэг хэсэг улс шигдчихээд баллаад байсан юм. Нутгархагчид, олигар­хиуд, дүрэмдэхээс цаашгүй, тархи зүрх хоосон хэнхэгчүүл гээд юм юмтай байснаа одоо арай дээрд­сээн. Гэхдээ л тэдний заримынх нь үр сад болох мөрөн дээрээ буусан хялгасыг үлээсэн цагаан гартан, алтны уурхайн магнат банди нар том, том портфель бариад дарга нар луу мессеждээд л явж байгаа. Муу улсын балаг яасан ч дуус­даггүй юм бэ.

Энхбаярыгаа
“өхөөрдсөөр”
байгаад
өсгөчихлөө.
Анхнаасаа
тоохгүй
байх ёстой байсан юм. Одоогийн удирдлага, дээд дунд албан тушаалтнууд дунд түрийв­чээрээ холбогдсон, одоо хүртэл нэрнээс нь айж бэмбэгнэж явдаг цөөнгүй улс бий. Тийм л 
болохоор
авлига,
хууль бус үйлд­лүүд ил гарсан ч удалгүй замхраад байна. Эднээсээ зоригтой салчих­вал МАН 
гүйцэгдэхгүй
ээ.

АН гадаадын хөгжлийн загва­рыг манайдаа шууд наачих гэдэг нийтлэг алдаатай л болохоос өсч өөдөлж яваа хөгжингүй нам. Хоёр­дугаарт, энэ намуудын аль алинд нь байх албан тушаалаас албан тушаалд сууж байсан хүмүүсээс Монгол Улсын хөгжил ингэтлээ удааширсны ялыг асуух цаг бол­жээ. Оронд нь ид хийж бүтээж яваа улсыг нэр дэвшүүлээсэй, жишээл­бэл БЗД-ийн дарга Ч.Батзориг байна. У.Хүрэлсүх түүний үеийнхэн ачаа даадаг, ажиллаж сурч байгаа нь сүндэрлүүлсэн Тусгаар тогтно­лын ордон шиг нь бодитой, юмлаг юм болж харагдаж чадаж байна. МАН-ын гол ололт нь алдаагаа харах, засах замдаа шулуудсанд байгаа, ингэхгүй нэг хэсэг “зөрүүд­лээ” биз дээ. (инээв) МАН-ын тө­дийгүй АН-ын дол цохисон архаг гишүүд, тэр дундаа архи тамхины, хүмүүнлэг бус, бизне­сээр хөлжиг­чид, цаашлаад уул уурхайн лицен­зүүд өвөртлөөд орж ирж байгаа нэр дэвшигчдийг ха­жиглах, сэжиг­лэх эрх сонгогчдод бий шүү. Х.Баттулга сайдын өргөн бариад дэмжигдээгүй хуулийн төсөл нэр томьёолол, найруулгын хувьд олзлогдохоор алдаатай байсан ч, маш зөв зүйтэй санал. Үндсэн хуулин дахь эрхийг нь хөндөлгүй, тухайн бизнес эрхлэгч гишүүдийг тухайн салбарын хууль, нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын төсөв, тендерийг УИХ-аар хэлэл­цэхэд эрхийг нь хязгаарлах, тэр бүү хэл огт оролцуулахгүй байх зэргээр 
эхний ээлжинд зохицуулах ёстой юм биш үү. Ард түмэн цаагуураа их дэмжсэн санал даа. Иймэрхүү өөрчлөлт парламентыг эрүүл­жүүлж, цаашдаа ийшээгээ орохсон гэх улсын хорхой дарагдана. Сон­гууль ч арай шударга болно. Энэ сонгуулиар арай амжихгүй, тул­гамдана.

Та МАНын дэргэдэх эмэг­тэй­чүүлийн байгууллагын Удир­дах зөвлөлд багтдаг хүн. Эмэг­тэйчүүд энэ сонгуульд хүчтэй­хэн үзэх бодолтой байх шиг, та яах вэ?

-Ярих гэж бурдаг, явах гэж нурдаг, сэтгэх гэж гүтгэдэг, сэлэх гэж живдэг насандаа тулчихаагүй дээ­рээ тийм юм боддог л юм. Гэхдээ энэ удаа биш ээ. Төрийн их өндөр баганын дэргэд би нуруугаар ямар­хан 
амьтан бэ гэж өөрийгөө басч, хувьдаа ч их бэлдэж орох ёстой байдаг байх аа. Улс төр бол хүн өөрөө юм гэх ухааны юм ярьдаг даа. Ухаандаа, тохитой төвшин хүн гайт долдугаар сарын нэгэнд тө­рийн тэргүүний сэнтийд заларч байсан бол саарал ордон цагдаа нарыг зэвсэглэж ээж аав, ахан дүүс рүү нь буудуулах уу. Үгүй ш дээ. Жишээ нь Миеэгомбын Энхболд тэр үед Ерөнхийлөгч 
байсан бол эргэлзэж, нүдээ эргэлдүүлээд дот­роо банжаад сууж байтал нь нө­гөө­дүүл тараад явчих хэмжээний хүлээцтэй, суурьтай хүн. Яаран мэс барьдаг, хүч түрэмгийлдэг харчуу­лаас төр маань хөндий байж, эртнээс нааш цэрэг цуух, суутай жанжиддаа 
ч хэтэрсэн их мэдэл өгч байгаагүй. Эхнэрээ үсдэж зоддог гишүүн манайд нэг бус байгаа хойно юуны чинь жендер ярих. Тийм балиар юмнууд эхлээд 
эр хүн болж, дараа нь төр улсын хэрэгт ор. Шуналаа дарж сураагүй нь ша­хааны бизнес цэцэглүүлдэг, энгийн албан хаагчдыг намаар ялгадаг зэргийг би хувь хувьсгалын олон жишээгээр баримттай нь но­толно. Манай гэр бүл ил ч, далд ч зөв ява­хыг хичээж, түмний даал­гасан аж­лыг аваад явах хэмжээний улс гэд­гээ бардам мэдэхтэйгээ бо­ло­хоор миний бүхэн рүү хулгайч гэт­вэл эм бар шиг үзэлцэнэ. Заавал ги­шүүн байх ч албагүй. Миний үг үйлдэл зөрөхгүйг түмнээрээ мэднэ ээ.

Хоёулаа баахан улс төр ярь­лаа. Одоо жаахан гэгээн зүйл ярья. Таны удирддаг Хүүхэл­дэйн театрын тухай ч юм уу?

-Манай театрыг асуудаг чинь сайн боллоо. Хамт олон минь ажлын ачаалалтай, ихийг бүтээсэн он гарлаа. Олон уран бүтээл тавьж, багцаагаар наймаас есөн мянган хүүхэд, мөн тийм тооны 
эцэг эх манайхаар ороод гарсан байна. Таван аймагт аялан тоглолт хий­лээ. Бид олон сая төгрөгөөр ор­логын төсвөө гурав дахь жилдээ давуулан биелүүллээ. Бид хийх ёстой юмаа л хийж байна. Яамнаас овоо доо гэж баярын бичиг шидээд байхгүй ч 
цаагуураа
дэмждэг  ээ. Бас нэг баяртай мэдээ гэвэл Хүү­хэлдэйн театрыг шинэ ордонтой болгохоор Засгийн газрын 2О12 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлд оруулсан. Одоогоор газ­раа олоогүй л байна.

Ирэх жил Данзанравжаагийн “Цаасан шувууны үлгэр” сургаалт найргийг сүүдэрт жүжгийн төрөл зүйлээр найруулан тавихад зо­риулж Соёл урлагийн сан 2О ша­хам сая төгрөг өглөө.

Оны өмнө хэсэг найрагч АНУд очиж, тэнд суугаа монгол­чуудтайгаа уулзан шүлэг найр­гаа уншаад ирсэн гэж дуулсан. Та явсан газрынхаа сониноос дуулгаач?

-АНУ-ын Денверт “Тулга” клу­бийнхэн гэж романтик, бас нутгаа санаж гүйцсэн хэсэг амьтад байна. Зу­раачид, жүжигчид, банкирууд, ба­рилгынхан, багш, эмч гээд мэргэ­жил мэргэжлийн улс, тэр дундаа есөн гэр бүл “Тулга” клубийг анх байгуулсан юм байна.Тэд гэр ба­рьж, цагаан сар, наадмаа ёс төртэй хийж, хотынхоо цэцэрлэгт найман метр өндөр мөнгөн тулга босгосон байхыг үзлээ. Тэд ердөө эх орон гэж байдгийг үр хүүхдэдээ мартуул­чихгүйн тулд ингэж байгааг нь сонсоод нулимс гарч байлаа. Хү­ний эх орон, нутаг яасан ч хүчтэй юм. Манайхан цөм сайн явна лээ. Нэлээд нь хувийн хаус энэ тэртэй болчихож. П.Бадарч гуай, Г.Мөнх­цэцэг бид гурав баахан амьтан инээлгэж уйлуулж, өөрсдөө ч хөөрч хөгжиж яваад ирсэн. Яруу найргийн уулзалт анх зохиогдсон болоод ч тэр үү, муж мужаас үзэгчид, тэнд суугаа 
үгийн уран бүтээлчид маань цуглаж, танхимдаа багтаж ядан найман цаг шүлэг сонслоо. Бас тэднийхээ уран уншлагын тэм­цээнийг ч үзлээ. Дараа жил Чика­год хийнэ гэсэн. Сая Коло­радогийн монголчуудын холбоо ч биднийг урьж, бүгд л зүтгэсэн дээ.

Нээрээ, яруу найраг гэснээс өнөө жилийнБолор цом“-ын эзнээр нэр нь таамагт ороогүй яруу найрагч түрүүлсэн. “Болор цом“-ын тухай сэтгэгдлээсээ хуваалцаач

-Овоо юм уншдаг байрын хүү түрүүлсэнд баяртай байгаа. Арын хангайн идээ цагаа шигээ танан сэтгэлт ард олны буянд “Болор цом” маань сайхан боллоо. Бид саяхан л өөрсдийгөө годгоносон охид,шоволзсон хөвгүүд гэж бодож явжээ. Найргийн ачаа тэн бидний нуруун дээр ирснийг, энэ хэдэн хөгшдөө амьдрал, аяны алтан замд зутраалгүй авч явах энэ тэрийг бүгдэд бодуулах шиг болсон. Энэ муу хэд маань Монголд дахин төрөх юм биш.

Утга зохиолын ахас ихэс нэг нэгээрээ одоод л байх юм. Сая­хан л гэхэд яруу найрагч Цэн­дийн Чимэддорж хорвоогоос халилаа. Гэнэт л явсан дуул­дах юм?

-Манай муу Чимээ ах 55-тайдаа зүрхний шигдээсээр өөд боллоо. Гурван жилийн өмнө хань нь унаад, нэг л бүүдгэр гундуу яваад байсан даа. Энэ үеэс эцсийг нь хүртэл ажилтнаа, найрагчаа яаж ийгээд хадгалж авч явсан Мон­голын Радио гэдэг их айлд, тэнд­хийн уран бүтээлчид, дарга нар, үүдний харуул, дэргэд нь хоноглож ч явсан байж мэдэх модон ширээнд нь хүртэл найрагчдынхаа өмнөөс 
гүнээ хүндэтгэлтэйгээр толгой мэхийе. Найрагчийг ойлгох буян заяа хүн бүрт байдаггүй билээ. Эцэг хорвоогийн гунигийг өвлөөгүй гурван хүүхэд нь мэлтийтэл хараад хоцорлоо. Нутгийн хүний гар сун­гасан Мон-Ураны Наранхүү овоо эр хүн юм. Хотын баруун зүүнд буяны газрын ханш гаарсан байдаг юм байна. Доод ханш дөрвөн сая болохоор нэрэлхээд л аргалдаг байх даа, хүмүүс.

Ийм газраа төр биш гэхэд, хот мэдэлдээ авмаар юм. Анд найз П.Адарсүрэнгээсээ хойш хиймо­рийн туг нь гудайж, амраг ханиасаа хойш дэлхий тамгалахад бэрх явсан алдарт “Дэрэнгийн хар азар­га”одоо л нэг амарч, Шүлэг ууланд шингэв ээ. /санаа алдав/

ТаныЗүлгэн дээр гэрээн бариад зүгээр л нэг амьдрахсангэдэг ишлэлийг олон хүн ярилц­лага энэ тэрдээ хэлсэн харагд­даг юм. “Зүгээр л нэг амьд­рахсанном тань гурав дахиа хэвлэгдчихэв үү дээ?

– “Соёмбо” хэвлэлийнхэн ивээж, хатуу хавтастайгаар анх удаа гар­га­лаа. Шилмэл шүлгийн түүвэр маань удалгүй гарна. “Ногоон асрын зүүдэн билгийн дэвтэр”-ийн шилбэ товчийг хадаж арай амжаа­гүй байна. Харин сайхан ном олж уншиж байна. Я.Ганбаатар эрх­мийн эмхэлсэн “Юань улсын үеийн монголчуудын хятадаар бичсэн шүлгийн сонгомлыг” хавар уншаад, агаар нь зунжин, намаржин салхи шиг дагалаа. Одоо Д.Цэнджавын “Цагаагчин гахай жил” түүхэн ро­ман дээр буусан, салдаггүй ээ. Үнэхээр том зохиолч юм даа.

Олон л сэдвээр баахан асуулт танд тавилаа. Харин сүүлчийн асуултыг таны мэдэлд үлдээе?

-Энэ сайхан эх орноо сэвхийтэл өөд нь татах юмсан. Хүн бүр дор бүрнээ мэрийж, нэгэндээ зөөлөн хандаж, ёс төртэйгөө байж, үнэн байж гэмээнэ болохгүй бүтэхгүй зүйл алга л баймаар юм.

Ярилцсан Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Иран, Хойд Солонгосын бөхчүүд ирлээ

БНАСАУ-ын шигшээ багийн тамирчид

Чөлөөт бөхийн “Mongolia
open-2012” олон улсын нээлттэй тэмцээн маргааш спортын шинэ ордонд эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо, “Женко” групп хамтран зохион байгуулж байгаа. “Женко” группийн ерөнхийлөгч, ОУХМ Х.Баттуул тухайн үед өөртэйгээ нэг жинд барилддаг байсан дэлхийн шилдэг бөхчүүдийг тэмцээний үеэр эх орондоо урьж, “Mongolia open-2012” тэмцээний
дараа болох хамтарсан бэлтгэлийг удирдуу­лахаар болсон.

Урилгын дагуу олим­пийн хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, Азийн хошой аварга, БНАСАУ-ын тамир­чин Ким Ён Сик болон тус улсын шигшээ багийн тамирчид, олим­пийн хошой мөнгөн медальт, ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн тоглолтын аварга, Ираны тамирчин Махоммадиани Аскари нар манай оронд өчигдөр хөл тавилаа. Тэднийг олон улсын “Чингэс хаан” нисэх буудал дээр сэтгүүлчид, албаны хүмүүс угтан авсан юм.

БНАСАУ-ын чөлөөт бөхийн багийнхныг тосон авч манай оронд ирсэнд баяр хүргээд, олимпийн хүрэл медальт Ким Ён Сикээс сонирхсон зүйлээ асуух гэтэл багийнх нь хэлмэрч гэх залуу зөвшөөрөөгүй. Гэвч цөөн асуултад хариулт авч чадсан юм.

Ким Ён Сик гуай та Монголд хэд дэх удаагаа ирж байгаа вэ?

-1992 онд олон улсын тэмцээ­нээр ирж байсан.

-“Mongolia open-2012”-т танай улсаас хичнээн тамирчин ирэв. Багийнхныгаа танилцуулна уу?

-(Өнөө
хэлмэрч залуу Ким Ён Сикийг дуугүй байхыг хүслээ. Тэгээд өмнөөс нь ийн ярив) Дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй тамирчин ирсэн.

Танай багийн тамирчид дунд Монголын тамирчидтай дэлхийн аваргын тэмцээнд барилдаж байсан бөхчүүд харагдаж байна?

-(Хэлмэрч
дахин яриан дун­дуур орж ирээд Ким Ён Сикийг энэ асуултад хариулж болохгүй гэлээ)

Та тухайн үедээ тив, дэл­хийд нэрээ дуурсгаж байсан алдартай бөх. Монголын та­мирч­дын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Х.Баттуулд талархсанаа илэр­хийлж байна. Бид 20 жилийн тэртээ тэмцээнд таарч барилддаг байлаа. Намайг марталгүй эх орондоо урьсан найздаа баярлаж буйгаа дахин илэрхийлье гэв.

Ийнхүү БНАСАУ-ын алдарт бөх Ким Ён Сиктэй цөөн хором ярилцав. Зохион байгуулагчид тэмцээний хүндэт зочид болох БНАСАУ-ын бөх Ким Ён Сик, Ираны бөх Махоммадиани Аскари нарыг тусгай зэрэглэлийн тансаг, суудлын автомашинаар зочид буудалд нь хүргэх гэтэл БНАСАУ-ын багийн ахлагч, хэлмэрч нь тамирчнаа тусдаа явахыг хориг­лоод багийнхнаасаа салгахгүй, цуг явна гэлээ. Зочдынхоо хүсэлтийг хүндэтгээд БНАСАУ-ын баг тамирч­дыг “Женко”-гийнхон лимузин хаммераараа аваад явчихав.

БНАСАУ-ын тамирчин Ким Ён Сик нь 1992 оны Барселоны олим­пийн хүрэл, 1986 оны залуучуудын дэлхийн аварга, 1990 оны Азийн наадмын аварга, 1988, 1991 оны Азийн аварга тамирчин юм.

Энэ үеэр хүндэт зочин Ираны бөх Махоммадиани Аскарийн сэтгэгд­лийг сонслоо.

Тэрээр 1988, 1992 оны олимпийн мөнгөн медальт, 1989 оны ДАШТ-ий мөнгө, 1982 онд Сөүлд болсон Азийн тоглолтын аварга, 1983 оны Азийн аварга.

-Монголд
ирсэндээ маш их баяртай байна. Найз Х.Баттуулын­хаа урилгаар танай оронд анх удаа ирлээ. Бид хөнгөн жинд хамт барилддаг байсан улс. Энэ тэм­цээнд уригдсан тухайгаа жилийн өмнө сонсоод маш их догдолсон. Ираны бөхчүүд дэлхийд хурдан шаламгай, техник өндөртэйгээрээ алдартай. Монголын тамирчид ч мөн адил, сүүлийн үед чанаржиж байгаа. Танай бөхчүүдийг би өндөр үнэлдэг гэсэн юм. Тэрээр орчуулагч, хоёр эмэгтэйн хамт иржээ.

Зохион байгуулагчид “Тэм­цээнд оролцохоор янз бүрийн л улсын тамирчид ирж байна. Кубачууд Хойд Солонгос­чуудыг бодвол өөр юм. Арай чөлөөтэй хүмүүс санагдлаа. Ямар сайндаа тэд лимунзин хаммерыг хараад бөөн баяр хөөр болоод хажууд нь зогсч зураг авахуулаад, дотор нь сууж нэг үзээд, гадна нь гарч ирж нэг сонирхоод хөгжилтэй улс юм билээ. Гэтэл Хойд Солон­госчууд ямархуу байхыг та бүхэн харлаа. Гэхдээ тэднийг муулах гэсэнгүй. Байгаа нь тэр шүү дээ. Нийгэм нь тийм учраас яах ч билээ. Цагтаа манай тамирчдыг Намын төв хороо­ныхон ингэж дагадаг л байсан” гэлээ.

Өнөөдөр “Mongolian Open-2012” тэмцээнд
оролцох бусад улсын баг тамирчид болон олим­пийн аварга, дэлхийн зургаан удаагийн аварга, Европын таван удаагийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Сергей Алексеевич Белоглазов ирэх юм байна.

Д.САРУУЛ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Та бүхэнд “Mongolian Open-2012” олон улсын тэмцээний хөтөлбөрийг сонирхуулъя.

Нэгдүгээр сарын 14.

09:00-13:00    Эрэгтэйчүүдийн 55, 66,
84, 120 кг, эмэгтэйчүүдийн 48, 55,
67 кг-ын жингийн тойргийн барилдаанууд

15:30-16.00 Тэмцээний үргэлжлэл

16:00-16.30 Тэмцээний нээлтийн ажиллагаа

16:30 Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслол

Нэгдүгээр сарын 15.

09:00-13:00 Эрэгтэйчүү­дийн 60, 74, 96 кг, эмэгтэйчүү­дийн 51, 59, 63, 72 кг-ын жингийн тойргийн барилдаа­нууд

15:30 Тэмцээний үргэлж­лэл, шигшээ барилдаан, шаг­нал гардуулах ёслол, хаал­тын ажиллагаа тус тус болно.