Зураг дээр зүүн гараас О.Балжинням, Б.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан нар. 1989 оны УАШТ-ий үеэр
Наян найман он. Б.Бат-Эрдэнэ аваргын анх удаа түрүүлдэг жил. Өнөө арван
гурав түрүүлсний эхнийх нь юм. Үндсэндээ монгол бөхийн түүхэнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр
сумын харьяат, хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнийн үе эхэлж байгаа
нь тэр ээ. Тухайн барилдааны үзүүрт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул
“Алдар” нийгэмлэгийн бөх Бандийн Ганбаатар шалгарсан байдаг. Дөрвөн аваргыг цувуулан
орхиж төрийн наадам (1985 он)-д түрүүлж байсан түүнд бөх сонирхогч олон ихээхэн
найдлага хүлээлгэж байсан ч нэг их дээшээ яваагүй. Харин тэр жилийн цагаан сараар
анх удаа түрүү үзүүрт үлдсэн байдаг шүү. Б.Бат-Эрдэнэ аварга түрүүлэхдээ заан цолтой
байсан.
Гурвын даваанд Өвөрхангайн өндөр
Д.Эрдэнэбат зааныг, дөрөвт Баян-Өлгийн Бахыт начинг, тавд Д.Мягмар зааныг, зургаад
О.Балжинням аваргыг начин цолтойд нь тунаж орхисон байдаг. Д.Мягмар заан тавын
даваанд таван бөхөөс ам сонсохдоо Бат-Эрдэнийг амласан. Бөхчүүд болоод олон
түмний яриагаар бол тунаанаас гаргаж, ялангуяа Дамдингийн Баяраатай тунахаас
нь урьтаж даваа ахиулсан гэх юм билээ. Тэр нь ч үнэн байх. Учир нь өнгөрсөн жилийнх
нь цагаан сарын барилдаанд Б.Бат-Эрдэнэ дөрвийн даваанд Д.Баярааг амлаж барилдаад
унаж байсан. Тухайн үед Бат-Эрдэнэ аваргын хатуухан учраануудын нэг Баяраа гарьд
байсан байгаа юм. Мягмар заан хэрвээ амлаагүй бол Баагий аварга Баяраа гарьдтай
яалт ч үгүй л тунах байж. Баяраа гарьд, Ишгэн зааныг тунаж хаян шөвгөрсөн байдаг.
Баяраа тэр жилийнхээ наадамд одтой сайхан барилдаж заан цол хүртсэн байдаг шүү.
Наян найман оны барилдаанд хоёр бөх
бусдаасаа жаахан онцгой байлаа. Нэг нь гавьяат тамирчин Жамцын Даваажав. Тэрээр
Өвөрхангайн С.Дамдинбазар начин, Ч.Гочоосүрэн заан, П.Дагвасүрэн арслан нарыг
өвдөглүүлж тавын даваанд Б.Ганбаатар арсланд унасан билээ. Даваажав ч аргагүй
ясны бөх дөө. Ид үедээ улсын наадамд цөөхөн зодоглосон. Гадагшаа дотогшоо тэмцээн
уралдаан гэж яваагүй бол ядаж л заантай шүү гэх яриа гарч байв. Нөгөө нэг нь Увсын
Тэсийн Дэчингийн Жавзанжамьян начин. Арван найм, есөн настай залуу идэрчүүдийн
улсын аваргад оролцож мөнгөн медаль хүртээд цагаан сарын барилдаанд Н.Бүрэнзэвсэг,
Д.Баатаржав, Д.Амгаа нарын хүчтэй заан, начингуудыг дараалуулан орхиж бага шөвөгт
шалгарч байлаа. Мань хүн улсын цолтнуудын аманд гарахаасаа л Амгаа зааныг ноёлдог
байж. Сонирхуулахад, ерэн хоёр онд Амгаагаар тав давж начин болсон юм.
Наян есөн он. Б.Бат-Эрдэнэ аварга хоёр дахиа түрүүлж, Х.Баянмөнх аварга
үзүүрлэсэн жил. Их шөвөгт М.Мөнгөн арслан, С.Сүхбаатар заан нар үлдсэн. Баянаа
аварга Сүхээ зааныг амлаад, Мөнгөн Бат-Эрдэнэ хоёр тунасан юм. Мөнгөн арслан ирэн
дээрээ байгаа залуу хүчтэнд одоогийн хэллэгээр бааварласан гэдэг шүү. Бат-Эрдэнийг
хүчээр түлхэж хананд аваачиж наагаад л, үзэгчдийн суудал руу хэд хэд аваачаад л.
Мөнгөн арслан маань арай л харьчихаагүй, омогтой байж дээ.
С.Сүхбаатар заан начин цолтойгоо их
шөвөгт үлдсэн. Тэрээр ерэн оны наймдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд болсон Нууц
товчооны ойгоор заан болсон билээ. Наян есөн онд хоёрт нэг нутгийн Ж.Ганболд зааныг,
гуравт мөн л нэг нутгийн Г.Намсрайжавтай тунаж, дөрөв, тавд П.Дагвасүрэн, Б.Ганбаатар
нарын арслангуудыг орхисон байна. Тэр жил шуугиулсан бөхчүүдийн нэг нь Сэлэнгэ
аймгийн арслан Жүрмээгийн Ганзориг. Бие галбир, гараа дэвээ, уран хурц дайчин барилдаан,
хэлбэр хийцээрээ А.Сүхбат аваргатай төстэй гэгддэг, бас чиг үймээний л эзэн байлаа
даа. З.Дүвчин, Д.Мягмар нарын хүчтэй заануудыг хоёр, гурвын даваанд өвдөглүүлж
Ц.Баярсайхан зааныг начин байхад нь тунаж унаж байсан. Ц.Баярсайхан заан гурвын
даваанд Балжаа аваргаар давсан. Үндсэндээ Балжаа аварга заан цолтойдоо түүнийг
амлаад унасан юм. Учир нь тухайн сар шинийн барилдааны өмнө үндэсний бөхийн улсын
аварга шалгаруулах тэмцээн болж Бат-Эрдэнэ түрүүлэн, Балжаа хоёрт орж заан, Баярсайхан
гуравт орж начин цол хүртсэн. Балжаа ердөө хоёрхон унаатай байв. Бат-Эрдэнэ, Баярсайхан
хоёрт л унасан. Тиймийн учир даагаа нэхэж Баярсайханаа амласан байдаг. Тэр
жилээс хойш улсын аваргад амжилт үзүүлсэн бөхчүүдэд цол өгөөгүй билээ.
Ерэн он. Б.Бат-Эрдэнэ аварга гурав дахиа түрүүлж, Д.Цэрэнтогтох
аварга үзүүрлэсэн. Их шөвөгт Б.Ганбаатар арслан Ө.Тулгаа заан нар үлдсэн юм. Өлзийн
Тулгаа зааны “Увсын Хархираагийн сангийн аж ахуйн бөх” хэмээн дуудуулан ид барилдаж
байсан он жилүүд нь гарцаа байхгүй ерээд он юм. Тээврийн тэрэгтэйгээ Увсаас битүүний
өдөр давхин ирж Спортын төв ордны өмнө зогсоод аяны тоосоо ч гөвж амжилгүй зодоглож
байсан жилүүд нь. Тулгаа заанд ард түмэн ямар их хайртай байсан гэж санана. Ерэн
оны цагаан морин жилийн сар шинийн барилдаанд идэрхэн заанаа шөвгөрөхөд Монгол даяараа
л баярласан даа. Тэрээр Цэдэндамбын Баярсайхан зааныг гурвын даваанд амлаж унагасан
байдаг. “Тулгаа ч хатуухан ам авч байна даа. Өнөө жил ч өнгөтэй байгаа юм байна”
гэх яриа ихээ эрт чих дэлсэж байсан дуулддаг. Дөрөвт Мядагийн Мөнгөнийг, тавд Хорлоогийн
Баянмөнх аваргыг өвдөг шороодуулсан. Өнгөрсөн жилийнх нь барилдаанд түрүү үзүүр
булаалдсан Баянаа аварга “Тулгаагаа арай ч намайг туучихгүй байх гэж бодоод авсан
чинь буруудлаа” хэмээн амаа барьсан удаатай.
Тэрхүү барилдаанд Говь-Алтайн Энхжаргал,
Завханы Нармандах, Дармаабазар, Хэнтийн Баяраа, Дорнодын Чимэддорж гээд аймаг, цэргийн
дэрсхэн арслангууд туйлж өгсөн байгаа юм. Ухаандаа, хоёрын даваанд Энхжаргал нь
С.Хүрэлбаатар зааныг, Чимэддорж нь Ишгэн зааныг, Нармандах нь Баяраа заан (одоогийн
гарьд)-ыг, Баяраа нь Агвааны Норов начинг, Дармаабазар нь Гүсэмийн Жалаа начинг
өвдөглүүлсэн байх жишээний. Бас болоогүй Тэрбишийн Нармандах Д.Амгаа, С.Сүхбаатар
нарын заануудыг гурав, дөрвийн даваанд шороодуулж Б.Бат-Эрдэнэ аваргад унажээ.
Мань хүн тэр жилийнхээ наадмаар зургаа давж өсөх идэр чимэгтэй начин, одоогийнхоор
харцага цолны болзол хангасан бол Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Цанжидын
Энхжаргал ерэн нэгэн онд Р.Давааням заанаар тав давж начин, Завхан аймгийн Эрдэнэхайрхан
сумын харьяат Монхорын Дармаабазар ерэн гурван онд Жамбалын Ганболдоор зургаа давж
бөхийн шинэчилсэн дүрмээр харцага цолны, Дорнодын Мягмарын Чимэддорж ерэн дөрвөн
онд Дамдингийн Баяраагаар тав давж начин цолны болзол тус тус хангасан байдаг
аа. Тэр хэдээс улсын цолгүй үлдсэн нь Хэнтийн “дэгээ” Г.Баяраа юм. Дэгээгээ нэг
л ороовол хэнийг ч гэсэн хэвтүүлж байж санаа нь амардаг аавын хүү байлаа.
Ерэн нэгэн он. Тэр жилээс сар шинийн барилдаанд 256 бөх зодоглож эхэлсэн
түүхтэй. Монгол Улс ардчиллын замналаар замнасан он жилүүдийн эхлэл. Нэгдэлчдийн
баярт зориулсан гэдэг ч юм уу, эс бөгөөс Монголын радио, телевизийн улсын хорооны
нэрэмжит гэх албаны соц үг, ойлголтууд гээгдэж “Билгийн тооллын арвандолдугаар
жарны цагаагчин хонин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан”
хэмээн бөхийн тайлбарлагч Шагдарын Чанрав, Агвааны Ганбаатар нар цээлхэн хоолойгоор
ард түмний сэтгэлд нэг л дотнохон хүргэж эхэлсэн дээ. 256 бөхөөс Б.Бат-Эрдэнэ аварга
найм даван манлайлж, Бандийн Ганбаатар арслан үзүүрлэсэн. Их шөвөгт дархан аварга
Д.Цэрэнтогтох, улсын заан С.Сүхбаатар үлдсэн байдаг. Улсын цолгүй хоёр бөх тав
давж дунд шөвөгт шалгарсан нь Дуламжавын Мөнх-Эрдэнэ, Гунгаасамбуугийн Бат-Амгалан
нар байлаа.
Д.Мөнх-Эрдэнэ арслан тэр жилийн цагаан
сараар цэргийн арслан цолтой зодоглож гуравт Нэргүйн Түмэннаст начинг, дөрөвт
Болдын Жавхлантөгс харцагыг, тавд онжав Ч.Бямбадоржтойгоо тунаж орхисон юм. Мөнх-Эрдэнэ
Бямбадорж хоёрын хооронд тухайн цагаас галтай барилдаанууд эхэлсэн түүхтэй. Улсын
наадамд ч тэр, цагаан сарын барилдаанд ч тэр мань хоёр олон удаа тунасан. Ихэвчлэн
Бямбадорж заан унаад шарандаа уйлдаг байлаа. Ерэн гурван оны наадам байна уу даа,
өнөө усан бороотой жил мань хоёр бас л тунаад. Мөнх-Эрдэнэ Бямбадоржийгоо устай
хонхор руу палхийтэл нь шидээгүй юу. Заан цолонд зүтгэж байсан Бямбадорж уйлчихсан
монгол гутлаа тайлаад хөлийнхөө жийргийг мушгиж байсан даа.
Их шөвөгт үлдсэн улсын цолгүй нөгөө
нэг бөх нь Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын начин Гунгаасамбуугийн
Бат-Амгалан. Тэрээр гурвын даваанд Сэлэнгийн Ж.Ганзоригтой тунаж, дөрөвт аварга
О.Балжиннямыг, тавд Дамдингийн Баярааг өвдөглүүлсэн байна. Бас л хатуу учраанууд.
Ж.Ганзориг тухайн үед хэрхэн шуугиулдаг байв, за тэгээд Балжаа аваргын төрийн наадамд
түрүүлдэг жил, Баяраа гарьд ч ид байсан үе. Ийм л ланжгаруудыг Бат-Амгалан начин
залуу бөх байхдаа цувуулж хаясан байгаа юм. Тухайн үеийн “Спортын мэдээ” зэрэг
сонинуудад Г.Бат-Амгалан, Д.Жавзанжамьян нарын тухай их гардаг байв. Цаашаа хол
явна гээд л. Харамсалтай нь, тэр хоёр начнаар л тогтсон доо.
Ерэн хоёр он. Б.Бат-Эрдэнэ аварга тав дахиа түрүүлж, О.Балжинням
аварга үзүүрлэсэн жил. Их шөвөгт Баянаа аварга, Баяраа гарьд нар үлдсэн байна. Тухайн
барилдаанд том, жижиг хоёр бөх цойлчихсон байдаг. Том нь Жигмэдийн Оргилболд начин.
Жижиг нь Агваансамдангийн Сүхбат аварга. Ж.Оргилболд начин залуу бөх зодоглож
Пунцагийн Сүхбат гарьдыг заан цолтой ид байхад нь хоёрын даваанд, Булганы Равдангийн
Лхагвасүрэн начинг гуравт, Дуламжавын Мөнх-Эрдэнээр тунаж дөрөв, Говь-Алтайн Содномын
Эрхэмбаяр начингаар тав давж их шөвгийн наймд Дамдингийн Баяраатай тунаад унасан
байна. Өндөр нам хоёр залуу үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж тэр жилийн яриа
хөөрөөний эзэн болжээ. Оргилболд том Сүхбат хоёрын барилдаан их удаан үргэлжилсэн
гэдэг. Дараагийн даваа нь эхэлчихээд байхад давалцаагүй байжээ. Гол нь Оргио байж
байгаа нь өөрөө содон. Унасан ч, давсан ч инээж байдаг гарьд маань хоёр метр хол
гаран өндөр товарищид яах аргагүй унаж тахимаа өгчихөөд инээж нэг, ярвайж нэг үзсэн
сураг бий. Төрийн наадамд дөнгөж үзүүрлэчихсэн арслан, аварга цол л нүдэнд нь
харагдаж байсан Пунцагийн Сүхбат заан (одоогийн гарьд)-ыг Оргилболд үнэндээ тамласан
байгаа юм. Ёстой уйлах ч биш, инээх ч биш болгосон гэдэг.
Даян аварга Агваансамдангийн Сүхбат
мөн л залуу бөх зодоглож нэгийн даваанд Төв аймгийн Баянцогт сумын харьяат, аймгийн
арслан Бямбын Шаравдоржийг, хоёрт улсын заан Ж.Ганболдыг, гурав, дөрөв, тавд
Тэрбишийн Нармандах, Лүндэгийн Бадарч, Гэлэгийн Намсрайжав нарын хүчтэй харцагуудыг
дараалуулан орхижээ. Биеэр жижиг хэрнээ уран дайчин барилдаантай, шөрмөстэй залуу
эхний даваанаас олны анхаарлыг татсан байна. Улсын цолонд хамгийн ойрхон бөх гэгддэг
Шаравдорж арслангийн баруун хөлийг нь авч ард нь гараад хаяжээ. Ганболд заан,
Нармандах, Бадарч нарын өндөр биетэй хүчтэнүүдийг ч хөлд нь ганцхан сууж бужигнуулаад
л тэнгэр харуулчихаад байж. Тавын даваанд Намсрайжав харцагыг тийм жижиг биетэй
хэрнээ нохой мордоод хаячихсан гэдэг. Үзэгч, сонсогч олон шавайгаа ханатал баярласан
нь мэдээж. А.Сүхбат аварга Намсрайжавыг нохой мордож унагахдаа хөлөө эвгүй гишгэн
доголчихсон байна. Ингээд түүнийг зургаагийн даваанд Баянаа аварга амласан түүхтэй.
Тэрхүү барилдаанд монгол бөхийн нэгэн үеийн хүчтэнүүд анх зодоглож байжээ. Тухайлбал,
Дамирангийн Бумбаяр заан Увсаас дөнгөж ирээд байсан залуу зодоглоод Б.Батхуяг начнаар
хоёр, Очирын Одгэрэл заан Дүвчин заанаар хоёр давсан байх жишээний. Цэдэндамбын
Цэрэнпунцаг гарьд Р.Даваадалай начинд, Ишдоржийн Доржсамбуу гарьд аймгийн арслан
П.Сумъяагаар нэг давж Р.Давааням заанд тус бүр хоёрын даваанд тахимаа өгчээ.
Н.ГАНТУЛГА