Манай сонин
өчигдрийн дугаартаа иргэд “Нарантуул” захаар үйлчлүүлэхээ больсон талаар сурвалжилж
хүргэсэн. Наймаачид “Ард түмний амьдрал хэцүүдэж, мөнгөний ханш унаж, шатахууны
үнэ өссөнтэй холбоотойгоор иргэд тус захаар орохоо больсон” хэмээж байсан.
Харин өчигдөр манай сонины сурвалжлах
хэсэг нийслэлийн томоохон худалдааны төв, их дэлгүүрүүдээр явж ард иргэд хэр их
үйлчлүүлж байгааг нь сонирхлоо.
III, IV хорооллын эцэст байх “Оргил” худалдааны төв олны хөлд дарагджээ. Нэг давхарт нь байх
хүнсний супермаркет худалдан
авагчдаар дүүрэн байх агаад
дэлгүүрийн гадна бараа түгээхээр ачааны жижиг оврын чингэлэгтэй
машинууд хэдхэн минутын зайтай ар араасаа ирнэ. Тус төвийн хоёрдугаар давхрын чихрийн дэлгүүрт хүмүүс
ихээр үйлчлүүлж байна. Чихрийн худалдагч залуу
“Манайх Орос, Украины чихрүүд
зардаг. Өнгөрсөн жилийнхээс худалдан авагчид нэмэгдсэн. Гүйлгээ сайн байгаа шүү” хэмээлээ. Тус давхрын гоо сайхан,
ахуйн барааны тасаг нь бүхэл
бүтэн нэг супермаркетийн хэмжээнд
үйл ажиллагаа явуулж байна.
Цагаан сараар ирсэн зочид, ахан дүүс,
хамаатан садан, хүүхдүүдэдээ өгч болохоор бэлгүүд
энд байна.
Шингэн саван, сахлын хөөс, гарын тос,
сүүн шингэн, нойтон сальфетик, гоо сайхны хэрэгслийн жижиг цүнх, сам, толины иж
бүрдэл, нүүр цэвэрлэгч гээд багц болгон савласан барууны голдуу бүтээгдэхүүнүүдийн
жижиглэн болон бөөний үнийг тун ойлгомжтой бичсэн нь худалдан авагчдын цагийг хэмнэсэн
явдал болж. Энэ дэлгүүрээр зөвхөн хотын иргэд гэлтгүй хөдөөнийхөн ч үйлчлүүлж байна.
Өвлийн жаварт хацраа хайруулсан, хөрслөг бор царайтай, дээлээр гоёсон хоёр хос
байна. Хүүхдээ дэлгүүрийн тэргэнцэр дээр суулгачихаж. Гийчдийнхээ гарыг цайлгах
бэлгийг эндээс сонгох гэж иржээ. Ах дүү нар нь эндээс баярынхаа юмыг сонгосон болохоор
дуурайгаад авч байгаа нь энэ гэнэ.
Саяхан нээлтээ хийсэн “Maxmall” их
дэлгүүрт цагаан сарын өргөтгөсөн худалдаа болж байна. Хүмүүс уг дэлгүүрт зохиогдож
буй үндэсний болон Европын брэндийн бараанаас цагаан сарын бэлгээ сонгох гэж ихээр
ирж байгаа аж. Учир нь эдгээр брэндийн барааг та эндээс 1000-20000 төгрөгийн хооронд
худалдаж авах боломжтой юм. 1000 төгрөгөөр та Европын брэндийн үсний нэг боолт авна
гэсэн үг. Тус дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэд гадуур хувцсаа тайлаад урсдаг шатаар
дээш гаргангаа тухтай нь аргагүй бараа таваар харж “Энэ цамц манай хэнд сайхан
зохино доо. Тэр футболкоос хэдийг авбал хүүхдүүдэд өгч болох юм шүү” гэцгээнэ.
“Maxmall”-ийн баруун урд байх “Гранд
плаза”-гийнхан сар шинийг тохиолдуулаад бараандаа хямдрал зарлахын сацуу супермаркетдаа
Архангай аймгийн цагаан идээний амталгаатай үзэсгэлэн худалдаа, орос чихэр, даршилсан
өргөст хэмхний худалдаа зохиож байна. Хөгшид үр хүүхдэдээ өгөх гоо сайхан, арьс
арчилгааны бүтээгдэхүүнийг эндээс сонгож байгаатай нь таарлаа.
Улсын их дэлгүүр, Улаанбаатар их дэлгүүрээр
ч орлоо. Хямдрал зарласан бараануудыг иргэд ихээр сонирхож, баяраар хүмүүст өгөх
бэлэг болчихоор аятайхан хэрнээ хямдхан үнэтэйг нь авч буйг худалдагч нар нь хэлнэ
лээ. Улаанбаатар их дэлгүүрт баярыг тохиолдуулан ихэнх давхруудад нь хямдрал зарлажээ.
Жишээ нь эрэгтэй хүний нэг куртик худалдаж авбал дахиад нэгийг 50 хувийн хямдралтай
үнээр худалдаж авч болно гэнэ.
Ард иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг
худалдааны төвийн нэг нь “Бөмбөгөр”. Өчигдөр тус төв худалдан авагчаар дүүрэн байв.
Барааных нь ч тэр, хүнснийх нь ч тэр. Нэгдүгээр сарын сүүлээс л ингэж хүмүүс өдөр
бүр ихээр ирэх болсныг тус төв дээр гурав дахь жилдээ наймаа хийж буй Г.Эрдэнэцэцэг
ярьсан юм. Тэрээр “Одоо захаас очиж юм авдаг хүн байдаг юм уу. Энэ жил аймаар хүйтэрсэн
болохоор ч тэр үү өнөө өвөл манай энэ төв хүний хөлөөр тасраагүй” гэлээ.
Таксинд явдаг, Хайлаастын иргэн П.Нямтай
энэ үеэр ярилцлаа. Өмнө нь тэрээр “Нарантуул” захаар байнга үйлчлүүлдэг байсан гэнэ.
Харин одоо “Бөмбөгөр”-өөр ордог болжээ. Яагаад захаар үйлчлүүлэхгүй болсныг нь
асуувал “Уг нь ард түмэн чинь үнийн хямдыг бодож л захыг зорьдог юм. Би нэг удаа
даавуун өмд авах санаатай дэлгүүр орлоо. Даавуун өмд 8000 төгрөг гэж байна. Тэгэхээр
нь арай хямд байж магад гээд зах орсон чинь өнөө өмд чинь 6000 төгрөг гэж байна.
Ганц хоёрхон мянган төгрөг хэмнэхийн төлөө тэгж мөсөн зоорь шиг хүйтэн газраар хальтирч
унахын наагуур бөгтийж явж байснаас наана нь дулаан дэлгүүрт ороод 8000 мянган
төгрөгөөр авбал дээр биз дээ. Тэгээд л түүнээс хойш зах орохоо больсон. Зун ч ялгаагүй.
Тэр хар халуунд чихцэлдэж, хажуугаар нь хармаагаа суйлуулчих гээд хэцүү шүү” гэлээ.
“Бөмбөгөр” захын аяга таваг, бэлгэнд өгч болохоор бараа өрсөн лангуунууд, хүнсний
хэсэг нь үйлчлүүлэгчээр дүүрэн байна. “Захын үнэтэй адилхан юм. Зарим хүнсний бүтээгдэхүүн
арав, хорин төгрөгөөр хямд байна” гэж ярих хүмүүс байсан шүү.
Хүнсний томоохон төв болох “Меркури”,
“Далай ээж” захаар ороход хүмүүс баярынхаа ширээг чимэх жимс жимсгэнээс эхлүүлээд
салат хийх ногоогоо зэхэж байна. Харин хиам, гахайн мах, өөх зэргээ битүүнээс ганц
хоёр өдрийн өмнө, эндээс худалдаж авах санаатай байгаа аж.
Далай ээж зах “Миний” дэлгүүрийн
сүлжээ нэртэй болж. Худалдан авагчид нь нэр нь өөрчлөгдсөн ч өмнөхийн адил олноор
үйлчлүүлсээр байгаа гэнэ.
Цирк дээр зохиогдож буй Цагаан сарын
үзэсгэлэн худалдааг олон хүн зорьж байна. Циркийн гаднах машины зогсоол дүүрэн,
тэр хавьдаа багахан түгжрэл үүсгэх хэмжээний юм болж байна лээ.
“Нарантуул” захын баруунтаа байх
“Сандэй плаза”-гаас хүмүүс сар шинийн гоёл, бэлгээ сонгохоор их ирж байгаа аж. Хэдий
зах хажууд нь байгаа ч хүний хөл ихтэй байгаа юм байна. Манайхан Хятадын ханз
үсэгтэй, “Made in China” гэсэн шошго, хаягтай хувцас хунарыг цагаан сарын бэлгэнд
авахгүй, барууных юм уу, Солонгос, Японы чанартай барааг сонгох хандлагатай болсон
гэнэ. Өмнө нь оймс, тирко, хөзөр мэтийн зүйлсийг бэлгэнд өгөхөөр авдаг байсан бол
одоо арай өөр түрийвч, үнэртэй ус, нүүрний цэвэрлэгээний бүтээгдэхүүн зэргийг сонгох
болсон гэдгийг зарим худалдаачид ярьсан юм.
Юутай ч өчигдөр дээр дурдсан худалдааны
төв, их дэлгүүрүүдээр явахад хүнээр дүүрэн, хүн ирж юм асуугаасай хэмээн зүүрмэглэн
гиюүрэн суугаа ганц ч худалдагчтай таарсангүй. Тэгэхээр ард түмэн сар шинийнхээ
идээ будаа, бэлэг сэлт, гоёлоо цуглуулахаар тохитой, дулаахан, цахилгаан болон урсдаг
шаттай дэлгүүр, хоршоо, төвөөр явж байгаа юм байна. Түүнээс биш захын наймаачдын
ярьсан шиг ядуураад, туйлдсан юм алга.
Зүгээр л тохитой, дулаахан, дотроо
боловсон нойлтой, цэвэрхэн хоол ундаар үйлчлэх цайны газартай, гаднаа машины төлбөргүй
зогсоолтой, хулгай зэлгийгүй газраар явж баярын юмаа сонгох хүсэлтэй болсон гэсэн
үг.
Хүмүүс “Нарантуул” зах руу бөөн түгжрэл
дундуур явж явж арай гэж очоод үүдэнд нь очоод 50 төгрөг өгнө. Тэгээд дотогшоо ороод
хамаг хармаа цүнх, түрийвчээ атгаж тэвэрч аваад юм авах биш аймшгийн киноны гол
дүр болсон мэт явж өгнө. Өвөл бол хальтирч уначих вий гээд бөгцөгнөж гарна. Тэгээд
болоогүй хулгайч, архичдаас айна. Авч явсан мөнгө, түрийвчээ хулгайд алдвал хэнд
ч хамаагүй байдаг. Наймаачид, захын цагдаа, удирдлагууд нь үүнийг байх л зүйл
гэсэн шиг өөгшүүлж л байдаг.
Уг нь “Нарантуул” зах олон улсын худалдааны
төв гэсэн “цолтой”. Гэхдээ дэлхий дээр хэзээ ч ийм олон улсын төв байдаггүй л байхгүй
юу. Орчин үеийн үйлчилгээ өндөр хөгжсөн ямар ч газар үйлчлүүлэгч нь ирж байхад
“Ашгүй чи ашиг оруулах гэж ирэв үү. Май 50 төгрөгийн тасалбар авч ор. Авахгүй бол
нүүрийг чинь маажна” гэж хэлдэг үйлчилгээний ажилтантай зах, худалдааны төв гэж
хаа ч байхгүй шүү. Тэгэс ингэсгээд зах орчихоод гарахдаа машинтай яваагийнхаа төлөө
200-500 төгрөг заавал төлөх болдог.
Эцсийн эцэст бид захын наймаачдыг
тэжээхийн тулд тохигүй, хүйтэн, хэцүү газраар бүтэн өдөржин явж стресст орж өөрийнхөө
амьдралыг золихынхоо оронд гэр, хорооллынхоо ойролцоо байх супермаркет, худалдааны
төв, их дэлгүүрүүдээр үйлчлүүлээд явж байсан нь биед амар, сэтгэл тэнүүн. Ер нь
тэгээд хүссэн хүсээгүй ингэж үйлчлүүлээд сурчихлаа. Тийм болохоор “Нарантуул” зах
үйлчлүүлэгчдээ дахин татаж олон улсын, орчин үеийн үйлчилгээний жишиг төв болохын
тулд битүү дээвэртэй дулаан орчинтой байх гээд шинээр хийж бүтээх олон ажилтай болох
нь. “Гранд плаза”-гаар явж байхад чанга яригчаар намуухан дуутай бүсгүй “Бид та
бүхэнд тав тухтай үйлчлэхийн төлөө хичээж ажиллах болно. Манайхаар тав тухтай үйлчлүүлээрэй”
хэмээн эелдэгхэнээр хэлж байсныг санахаар “Нарантуул” зах орчин үеийнх болтол мөн
ч өдий байна гэсэн шүү юм бодогдов.
Д.САРУУЛ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН