Categories
редакцийн-нийтлэл

Засгийн газар оюутнуудын хувьцааг луйвардлаа

Газрын хэвлийдээ асар их ашигт малтмалын нөөцтэй, чухам л дэлхийд ховор баян
орны иргэд хэмээн хөөрцөглөх бол­сон бидний монголчууд хэдэн хувьцааныхаа сур­гаар
чихээн дэлдийлгэн хүлээн суух
болов. Мон­гол гэдэг орны иргэн болс­­ны хувьд хүн
тус бүртээ хувьцаатай, хувь­цааны
орлого нь улам бүр нэмэгдэж
байна гэж сонсохоор аяндаа баясал төрмөөр. Газрын баялгийнхаа хувь хиш­гээр
сайхан амьдарна гэж олон хүн
нуруу тэнэгэр амьдрах болсон. Бас дэл­хийн улс орнуудад ядуу монгол биш баян Мон­голын
иргэн байна гэж нүүр бардам
алхана гэж ярих хүмүүс ч цөөнгүй.  Настайчууд нь хүүхдэдээ
“Энэ хувьцаа өв залгамж­лахгүй болохоор би сая төгрөгөө
авъя, харин та нар залуу хүмүүс хувь­цаа нь хэрэгтэй” гэж ирээд
л Монголын өнцөг булан бүрт хувьцааны тухай яриа өрнөөд удаж байна.

Гэвч Монголын иргэн бүрт газ­рын баялгаасаа хувь хувьцаа эзэм­ших боломж байгаа гэж үү. Уг нь байсан. Энэ боломжийг Ардчилсан нам бидэнд олгосон. Эх орныхоо газрын баялагт эзэн болж, баялгаа Хүний хөгжлийн сангаар дамжуу­лан хүртэх  баталгаа нь иргэн бүрийн гарт буй  Хүний хөгжил сангийн дэвтэр юм. Бас иргэн бүрт олгогдсон 1072 ширхэг хувьцаа юм.  Гэтэл Засгийн газар юу хийчих вэ. 

Уг нь Монгол оронд төрснийх газрын баялгийнхаа хувь хувьцааг хүртэж амьдрах нь зүйн хэрэг гэсэн яриа эртнээс гарч байсан. Бүр өмнөх сонгуулиар АН-ынхан энэ талаар хүчтэй ярьж байсан санаг­даж байна. Сонгуулийн амлалтад намууд халуурах үед иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох МАН-ын амлалт хуурай өвсөнд тавьсан гал мэт тарж, хүмүүс мөнгөний сургаар бүр зээл авч амьдарч эхэлсэн нь нууц биш. Хөдөөгүүр 1.5 сая төгрөгөө авахаараа төлнө гээд  баахан зээл тавьчихсан байсан талаар хэвлэ­лээр бичигдэж байлаа. Өгнө өгөх­гүй, хэзээ бол гэсэн хүлээлтийн эцэст 50 мянга, 70 мянга, сар бүрийн 21 мянган төгрөг өгөх болсноор 500 мянган төгрөг нь бэлнээр олгогдож, харин үлдэх нэг сая төгрөгийг бэлэн бусаар олгох болсон. Гэхдээ орон сууцны зээл, сургалтын төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн даатгал  гэх зэрэгт бэлэн бусаар авна хэмээн сурталчилж байснаас хувьцаа өгөх талаар яриа гараагүй байсныг олон хүн санаж байгаа байх. Ту­хайн үедээ хүмүүс өгч байгаа дээр нь авч байя гэсэн сэтгэлгээгээр голдуу хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг Хүнийн хөгжлийн сангийн мөнгө буюу өнөөх амласан мөнгөнөөс нь хийлгэсэн юм. Гэтэл өнөөдөр сур­галтын төлбөртөө түүнийг авч хэрэглэсэн оюутан залууст Монгол Улсын иргэн болж төрснийхөө төлөө авах хувь хувьцаа гэж үгүй болжээ. Тэдэнд тухайн үед хувь­цаа­гаа авах уу, төлбөрөө хийлгэх үү гэсэн ямар ч сонголт байгаагүй. Ийм саналыг хэн ч асуугаагүй.  Ерөөсөө бэлэн бусаар сая төгрө­гийг нь өгнө, оюутнуудад төлбөрөө хийлгэх боломж байгаа гэсэн л мэдээлэл байсан. Гэтэл сүүлээс яригдаж ирсэн хувь хувьцааны сонголттой зэрэгцэж, саяхнаас энэ асуултыг хөндөж байгаад сая төг­рө­гөө төлбөртөө авсан оюутнуудад хувьцааг өгөхгүй гэсэн шийдвэр гаргачихлаа. Ерөөсөө л дээрэм. Шууд дээрэм хийлээ. Монголын Засгийн газар адгийн луйварчин шиг аашилж, иргэнээсээ, ирээдүй үеийнхнээсээ хувьцааг нь булаан авав.

2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр гаргасан тогтоолоороо Засгийн газар энэ луйврыг хийжээ. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” гэх уг тогтоолд хүний хөгжил сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр гаргах хүсэлт гарга­сан ахмад настан, хөгжлийн бэрх­шээлтэй иргэн, 2010-2011,
2011-2012 оны хичээлийн жилд сур­галтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг, хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасч тооцох гэж заажээ. Энэ чинь юу гэсэн үг вэ. “Үхэх хүний үгийг сонс” гэдэг шиг ямар ч хүнээс аливаа асуудал дээр сонголтыг нь авч, сонголтыг нь хүндэтгэх ёстой биз дээ. Ахмадууд нэг сая төгрөгөө бэлнээр авна гэж сонгож байж болох юм тэгвэл оюутан залууст ийм сонголт бай­сан уу. Тэднээс сонголтыг нь авсан уу. Үгүй. 2010-2011 онд сургал­тынхаа төлбөрийг хийж байсан оюутанд МАН-ын амалсан 1.5 сая төгрөгийн бэлэн бус саяасаа 500 мянган төгрөгийг сургалтын төл­бөр­төө шилжүүлж байна гэсэн мэдээлэл байсан болохоос бус хувьцаа авах уу, төлбөрөө хийлгэх үү гэсэн сонголт байгаагүй. Тэгээд ч өнөөдрийн сая төгрөгөөс мар­гаашдаа улам нэмэгдэж тооцогдох 1072 хувьцааг тэд сонгох нь лавтай.

УИХ-ын 39 дүгээр тогтоолд Таван толгойн хувьцааг иргэн бүртээ олгоно гэж заасан байдаг. Тэгвэл Монголын их, дээд сур­гуульд суралцдаг 170 гаруй мянган оюу­тан Монголын иргэн биш үү. Сургалтын төлбөрөө төлүүлсэн оюутнуудад хувьцаатайгаа үлдэх үү, төлбөрөө төлүүлэх үү гэсэн сонголтыг эрх баригчид хийлгэсэн үү. Үгүй билээ. Зөвхөн оюутнууд гэлтгүй ахисан түвшний магистр, докторын сургалтад сурч байгаа олон хүн энэ бурангуй луйврын золиос болчихоод байна. Үүнийг бичигч би хүртэл Монгол Улсын иргэнийхээ хувьд бусадтайгаа адил хувьцаа эзэмших эрхгүй болчихоод байгаа. Докторантурын сургалтын төлбөрийг хүний хөгж­лийн сангийн мөнгөнөөсөө шил­жүүл­сэн, өнөөдөр Засгийн газрын 116 ду­гаар тогтоолоор хувьцаагүй хоцорч байна. Хэрэв надад хувь­цаа­гаа авах уу, сургалтын төлбө­рөө төлүү­лэх үү гэсэн бол би эргэл­зэл­гүй хувьцаагаа авах байлаа.

Гэвч эрх баригчдын сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж хэт улайрч байгаагийн төлөөсөнд Монгол Улсын иргэн мөн эсэхээ мэдэхээ байв. Хэрэв мөн бол энэ газар нутагт төрснийх газрын хэвлийн баялгаасаа хувь хүртэх эрхтэй байх байсан биз. Угаасаа МАН-ынхан бүтэшгүй зүйл амалсан амлалтаа биелүүлэх гэж улайрахдаа иргэдээ гарцаагүй байдалд оруулж, болов­сон дээрэм хийж байна. Нэг бол мөнгөө ав, нөгөө бол хувьцаагаа хүлээ гэж. Хөөрхий, ядарсан ард түмэн минь олдож байгаа дээр нь гэж сая төгрөгөө авагсдын жаг­саал­тад нэрээ нэмж байна. Зүй нь амласан мөнгөө амласнаараа өгч, Монгол хүн болж төрснийх баял­гийн хувиа авах боломжийг нь ямар нэгэн шахалт шантаажгүй өгөх ёстой байсан. Тэгээд ч 1.5 сая төгрөг өг гэж хэн ч гуйгаагүй, МАН өөрсдөө л амалсан. Амласандаа бантсандаа хувь хувьцаа руу ороод явчихлаа. Сонголт хийлгээ­гүй байж, хувьцааг маань дээрэм­дээд авчихлаа. Ёстой лӨнгөт дөлний дүрс хоосон

Үдшийн зүүдний үүл хоосонгэдэг л болж байна. Гэхдээ

Үгэндээ эзэн болохгүй бол

Үгийнхээ
боол нь болдог”
гэсэн үг
байдаг билээ. Сонголтгүйгээр
хувьцаагаа луйвардуулсан оюутан залуус та бүхний
луйварт ямар дүн тавих бол
доо.

Categories
редакцийн-нийтлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчинд оруулсан хувь нэмрийг дэлхий үнэллээ

НҮБ-аас жил бүр хү­рээлэн буй орчныг хам­гаалах үйлсэд гавьяа бай­гуулагчдыг шалгаруулдаг “Эх дэлхийн манлайлагч” шагналын 2012 оны эз­нээр Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж то­дор­лоо. Түүний байгаль орчинд оруулсан хувь нэмрийг ийнхүү дэлхий үнэллээ. Бразилийн Рио де Жанейро хотод уг арга хэмжээ болсон юм. Дэл­хийн байгаль хамгаалах өдөр жил бүрийн зургаду­гаар сарын таванд болдог учраас  Шагнал гардуу­лах арга хэмжээг энэ үеэр тааруулжээ. НҮБ-ын Хү­рээ­лэн буй орчны хөтөл­бө­рөөс санал болгож, салбар бүрийн лидерүү­дээс санал хураалт явуулс­ны үндсэн дээр  манлайлагчдыг тодруул­даг аж. Уг шагналыг бай­галь орчны чиглэлд үр дүнтэй бодлого хэрэг­жүүлж, үйл ажил­ла­гаа­гаараа манлайлсан удир­дагч, нийгмийн  зүтгэлт­нүүдэд олгодог уламж­лал­тай.

Шагнал гардуулах ёс­ло­лын өмнө “Эх дэлхийн манлайлагчид”-ыг зарла­хаар, НҮБ томоохон хэв­лэ­лийн хурал зарлажээ. Хэвлэлийн бага хуралд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч,  Хүрээлэн буй орчны хө­төлбөрийн захирал А.Штай­нер, Бразилийн Байгаль орчны сайд бо­лон шагнал хүртэхээр тодорсон эрхмүүд ирсэн байлаа. Танхимд сэт­гүүл­чид дүүрэн байв. Эх дэлхийн шагнал гар­дуу­лах ёслолын ажиллагаа “Рио-20” хэмээх  байгаль орчны асуудал хөндсөн томоохон уулзалтын өмнө болж байгаагаараа онцлог юм.

Ноён Штайнер хэвлэлийн бага хурлын үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний Монгол Улсын Ерөнхий­лөг­чид улам­жилсан мэндчилгээг хүр­гэв. Энэ шагнал нь НҮБ-ын хам­гийн том шагналд тооцогддог гэдгийг ч хэлэхээ мартсангүй.

“Та  байгаль орчны бод­логод яагаад анхаарал тавь­даг юм” гэж ноён Штайнер Монгол Улсын Ерөн­хий­лөг­чөөс асуухад “Би өөрөө мал­чин айлын хүүхэд. Монголын малчид байгальд хамгийн ойр байдаг. Багаасаа аав, ээжээсээ байгалиа  хайрлах ухааныг сур­сан. Ялангуяа ээжээсээ сурсан гэж боддог. Голоос ус авахдаа яаж бохир­дуулахгүй байх, байгалиа яаж шүтэж амьдрахав гэдэг бүх­нийг би багаасаа сурсан. Би нэг өдөр Ерөнхийлөгчийн ажлаа өгнө. Гэхдээ байгаль орчинтой  холбоо­той ажлаа бол амьдралынхаа туршид хийнэ гэж боддог. Энэ шагнал байгаль орчны төлөө ажил­лах итгэлийг минь улам их сэргээлээ. Монголчууд бай­галь­тай­гаа хамгийн их ойр хүмүүс ч гэлээ  уур амьсгалын өөрчлөлтөөс болж хамгийн их хохирч байгаа улс. Тэгэ­хээр үүнд анхаарахгүй бай­хын ч аргагүй юм. Монголчууд байгаль орчны  асуудлыг  чухалд тавьдаг учраас би Ерөнхийлөгчийн хувьд тийм бодлого хэрэгжүүлэх ёстой” хэмээв.

Монгол Улсын Ерөнхий­лөгч төрийн тэргүүний ажлаа авсан даруйдаа хамгийн тү­рүүнд бай­галь орчинд чиглэ­сэн бодлого явуулсны энгийн жишээ нь есдүгээр сарын нэгэнд дунд сургуулийн хүүх­дүүдэд  уншсан лекц. Байгаль хамгаалах тухай уншдаг  энэ лекц одоо уламж­лал болжээ. Тэрээр Иргэний бо­ловсро­лын хичээлийг дунд сургуу­лийн программд суулгаж байгаль орчин, уламжлал, ёс заншлын талаар хичээл ор­дог болсон. Мөн Ерөнхийлөгч ногоон хөдөлгөөнийг өр­нүүлж, эко элч нарыг дэмжиж ажилладаг. Үүнийг НҮБ-ын Хүрээ­лэн буй орчны хөтөл­бө­рөөс ихэд сонирхож, Мон­го­лын эко элч нарын туршлагыг судлах тухай ч хэвлэлийн хурлын үеэр ярьж байсан.

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж “Монгол хүн бүр арван мод тарья. Тэгвэл нийт гучин сая мод тарина гэсэн үг” хэ­мээн мод тарих бүх нийтийн өдөртэй болгосон билээ.   Энэ хөдөлгөөнийг өрнүүлс­нээс хойш хоёр сая мод тариад байгаа. Мөн газар нутгийнхаа гучин хувийг тус­гай хамаалалттай болгох тал дээр санал дэвшүүлсэн  нь үр дүнгээ өгч байна.

Ерөнхийлөгчийн байгаль ор­чинд чиглэсэн бас  нэг бодлого нь сэргээгдэх эрчим хүч. Монгол Улс жилийн гур­ван зуун хоногт нь нартай байдаг учраас нарны энер­гийг ашиглах, тэр ч бүү хэл Азийн эрчим хүчний сүлжээ­ний төв нь Монгол Улс  байх талаар  судалгаа хийж бай­гаа. Манай улс зөвхөн сал­хины эрчим хүчээ ашиглахад л Азийн хэрэгцээг хангах болол­цоотой юм.

Мөн Монголын зуун мян­ган айл нарны эрчим хүчийг ашигладаг болсныг бусад улс орнууд гайхдаг болсон тухай  Ерөнхийлөгч ярьж байсан. 2010 онд Ерөнхий­лөг­чийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газар цаг уурын өөрч­лөлт, цөлжилтийн эсрэг үзэл санаагаа илэрхийлж говьд хуралдаж, ил­гээл­тээ НҮБ-д явуулж байсан.  Хам­гийн сүүлд л гэхэд Ерөн­хийлөгч байгаль орчинтой холбоотой ар­ван хууль са­наачилж батлуулсан бөгөөд Ази Европын гишүүн ор­нуу­дын Байгаль орчны сайд нарын уулзалт хуралдаан Монголд бол­сон нь чухал ач холбогдолтой болсон.

Монгол Улсын Ерөнхий­лөгч НҮБ-ын цаг уурын өөрч­лөлтийн асуудлаарх зөвлө­лийн гишүүн,  Дэлхийн эдийн засгийн форумын усны нөө­цийн бүлгийн   гишүүн бөгөөд  Цөлжилтийн асуудлаарх Зас­гийн газар хоорондын зөвлөл байгуулах санаачилгыг гар­гаад байгаа билээ. 

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дор­жийг  “Эх дэлхийн ман­лай­лагч” шагна­лаа авсных нь дараа Холливудын алдарт найруулагч, бидний сайн мэдэх “Аватар” киног най­руулсан Жеймс Камерун ут­саар баяр хүр­гэсэн юм. Тэ­рээр байгаль орчны асуудалд анхаарал хандуулдаг бөгөөд “Аватар” кино нь ч эх дэл­хийгээ хайрлаж хамгаа­лах­гүй­гээс хүнд байдалд орсон хүн тө­рөлх­төн өөр гариг руу хэрхэн дов­толж байгааг ха­руулдаг шүү дээ.

Монгол Улсын Ерөн­хий­лөгчтэй хамт “Эх дэлхийн манлайлагч” болсон таван хүнээс  сэтгүүлчдийн анхаар­лыг илүүтэй татсан хүн бол Кенн улсын нэгэн омгийн ахлагч Парашина юм. Тэрээр Кенн дэх байгаль хамгаалах байгууллагын гишүүн бөгөөд ховордсон ан амьт­наа хэрхэн хайрлаж хамгаалах тал дээр омгоороо хуралдан,  шийд­вэр гаргаж ажилласан нь үр дүнд хүрсэн тухайгаа ярьж байсан.    

Султан Ахмед Аль Жабер хэ­мээх эрхэм  Абу Дабид хүлэмжийн хийг багасгах зо­рилгоор цэвэр эрчим хүчийг өөрийнхөө улсад үйлд­вэр­лэхэд хөрөнгө оруулалт хий­сэн хүн байв. Тэрээр “Өнөө­дөр зөвхөн нэг улс дангаараа байгальд ээлтэй бодлого явуу­лаад үр дүнд хүрэхгүй. Дэлхий ертөнц бүгдээрээ ийм байх ёстой. Хувийн хэвшил, олон нийтийн байгууллага ч бай хамтарч байгальд ээлтэй бодлогыг явуулах ёстой гэж байсан. Харин Шинжлэх ухааны салбарт доктор Ван Дер Лю өөрийнхөө судал­гааны бүхий л ажлыг байгаль орч­ны чиглэлд хандуулсан нэгэн. Тэрээр судалгааныхаа ажлаар сургуулийн хүүх­дүүдэд байгаль орчны бо­ловсрол олгоход зориулж сургалт явуулдаг байна. Шаг­нал авсан бүх хүмүүс “Улс бүр байгаль орчноо хамгаа­лахад нэг зорил­готой байвал  илүү үр дүнтэй” гэж хэлж бай­сан юм. Агаарын бөм­бөлгөөр дэлхийг тойрсон Брайн Жонс төдийгүй нарны энергиэр ажилладаг дугуйгаар дэл­хийг наян өдөр тойрсон хүн бас байлаа. Тэрээр бай­гальд  ээлтэй бодлогыг сур­талчилж явдаг аж. “Эх дэл­хийн ман­лай­лагч” шагналыг 2005 оноос НҮБ олгож эхэл­сэн бөгөөд одоо­гоор 51 бай­гууллага, хувь хүн, удирдагч нарт олгосон байна.  Тухайл­бал Америкийн дэд ерөн­хий­лөгч асан, Нобелийн шагналт Аль Гор, Мексикийн Ерөн­хийлөгч, Хятадын алдарт жүжигчин гээд нэлээдгүй хү­ний нэр цуврах ажээ. Эд бол дэлхийн байгаль орчинд өөрс­дийн хувь нэмрээ оруул­сан манлайлагчид юм. 

Categories
редакцийн-нийтлэл

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралд үг хэллээ

Манай сурвалжлагч Д.Мөнгөндалай БНХАУ-ын Бээжин хотоос мэдээлж
байна.

НҮБ-аас жил бүр зар­­лаж Хүрээлэн буй орчныг хамгаалах үйл­сэд  хувь нэмрээ оруулж гавьяа байгуулагчдыг шалгаруулдаг Эх дэл­хийн манлайлагч шаг­на­лын энэ жилийн бод­логын манлайлагчаар Монгол Улсын Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж тодор­сон билээ.  Энэ нь Мон­гол Улс Ногоон бодло­гоороо дэлхийн хэм­жээнд очиж буйн томоо­хон илэрхийлэл болсон юм. Бразильд болсон энэхүү шагнал гардуу­лах ёслолын ажилла­гаанаас  БНХАУ-ын Бээ­жин хотноо хүрэлцэн ирсэн Ерөнхийлөгч Ц.Эл­­бэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэр­гүүн нарын зөвлөлийн арванхоёрдугаар хурал­даанд оролцож үг хэл­лээ. Тус хуралдаан нь энэ сарын 6-7-ны өд­рүү­дэд болж өнгөрөв. Хуралдаанаар гишүүн орнууд зарим баримт бичгүүдийг бай­гуу­ла­хаар тохиролцов. Ту­хайл­бал Мөнхийн Энхтай­ван, Хам­тын хөг­жил цэцэглэлтийн бүс нутгийг байгуулах ту­хай тунхаглал, тус бай­гуул­лагын  хөгжлийн стра­те­гийн үндсэн чиглэл, бүс нутгийн энх тайван аюул­гүй, тогтвортой байдалд занал учруулах үйл явд­лын үед авах улс төр дип­ломатын арга хэмжээ зэ­рэг багтаж байгаа юм. Мөн Афганистан улсад Шан­хай хамтын ажил­лагааны байгууллагын ажиглаг­чийн статус, Турк улсад яриа хэлэлцээний түн­шийн статус олгох ту­хай шийдвэрийг гарга­хаар гишүүн орнууд тохи­ролц­жээ. Энэ талаараа хэв­лэлийн бага хурал зар­лаж гэрээнд гарын үсэг зур­лаа.

Энэ үеэр Шанхайн хам­­тын  ажиллагааны ги­шүүн орнуудад эдийн зас­гийн хамтын ажил­ла­гаа­ны төслийг дэмжих чиг­лэлээр  БНХАУ-ын зүгээс арван тэрбум ам.доллар олгохоор шийдсэн гэдгээ  хуралдааны үеэр БНХАУ-ын дарга  Ху Жин­тао онцоллоо. Мөн ойрын гурван жи­лийн хугацаанд гишүүн ор­нуудынхаа 1500 хүнийг сургалтад хамруулах бо­ломжтой гэ­лээ. Гишүүн орнуудаас 30 мянган оюу­танд Засгийн газар тэтгэлэг олгох,  ар­ван мянган багш оюутныг  ойрын арван жилд БНХАУ-д мэргэшүүлэх сургалтад хамруулахаар амлав. БНХАУ-ын дарга Ху Жинтао Шанхайн хам­тын ажиллагааны  ги­шүүн орнууддаа Найрсаг хөрш, найрамдалт хам­тын ажиллагааны хороо байгуулахыг санал болго­сон юм.

Мөн өдөр тус хурал­дааны индэр дээр Мон­гол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж үг хэлэв.  Тэрээр хэлсэн үгэн­дээ, “… Монгол Улс Шан­хайн хамтын ажил­ла­гааны бай­гууллагын хү­рээнд эдийн засаг, соёл, бо­ловсрол эрүүл мэнд, бай­галь орчин, байга­лийн гамшгаас урьдчи­лан сэр­гийлэх, гамшгийн хохир­лыг бууруулах зэрэг олон салбарт хамтран ажил­лах сонирхолтой бай­на. Гишүүн орнууд онцгой байдлын үр да­гаврыг арил­гах, урьдчи­лан сэр­гийлэх Шанхайн хамтын ажиллагааны бай­гуул­лагын төв байгуу­лахаар ажиллаж байгаа нь зөв санаачилга гэж бид үзэж буй бөгөөд тус төв бай­гуулагдсаны дараа үйл ажиллагаанд нь зохистой хэлбэрээр оролцохыг хүсч байна. Түүнчлэн хар тамхи, мансууруулах бо­дистой тэмцэх, терро­ризмтай тэмцэх чиглэ­лээр хамтын ажилла­гаа­гаа эрчимжүүлэхийг зорьж байна” гэсэн юм.

Categories
редакцийн-нийтлэл

Ухаанд нь ухна ишиг үхсэн дарга нарыг солих цаг нь болсон учраас Э.Бат-Үүл баатар ирж байна

Хот одоо ямар байгаа билээ. Хүүхдүүд нь траншейнд унаж үхээд элэг эмтэлж байна. Тав алхаад тааралдах тэр үхлийн хар нүхэнд цоож хийчихэж чадахгүй юм, энэ дарга нар. Гэр хорооллын гудамж­нууд таг харанхуй. Тэнд гэмт хэрэг, хулгай дээрэм гаарлаа. Хотын хулгайчид, архичид гэр хорооллын гудамжийг харанхуйгаар нь олзлон үүрлэж байна. Гэвч тэнд гэрэл асаачихаж дөнгөхгүй удирдлагууд нийслэлийн толгойд сууж байх юм.  Хаашаа л харна хагарч, эвдэрсэн зам, хогонд дарагдсан хорооллууд. Нэг л салхинд нурж унах яйжгий хашаанууд эрийнэ. Бүрээс нь үлээхийн ариг даахгүй, үжиршиж муудсан навсархай хар гэрүүд хотоор нэг. Гэр дотор аав, ээжийн­хээ гарыг дагуулж, нүд нь бүл­тэгнэсэн жаалууд  ажилгүй хэвтэж, архинд орсон томчууд арзайтлаа шавааралдан байна.  Нийслэлээ бараадаад ирсэн иргэдийнхээ буух, суухыг зохион байгуулаа­гүйгээс тэлж чадахгүй,  дөрвөн уулын өвөртөө бөөгнөрлөө. Улаан­баатар хот юугаар баян байна улаан шороо, утаагаар баян бай­на. Замын түгжрэл, гэр хороолол, хүнд суртлаар баян боллоо.  Энэ хотыг 90 жил авч явсан дарга нар бидэнд ийм л баян нийслэлийг бүтээж өгөв.

 Хаврын улиралд хаашаа л харна улаан шороо нүд чигжин хуйрагнана. Өвлийн цагт амьсга­лах аргагүйгээр  хорт утаа хоолой хорсгоно. Орон гэргүйчүүд хаа сайгүй таарах онгорхой нүхэнд хоног төөрүүлж байна. Алийн болгон ийм хотод амьдрах вэ. Цаана чинь дэлхийн хотуудын хүмүүс цэлийсэн ногоон талд, ой модоор хучуулсан тансаг байшинд таваараа тарвалзаж байна. Автома­­шинт­нууд нь хурдны замаар салхи татуулан давхиж байна. Ажилдаа явахдаа хурдан галт тэргээр шунги­нуулж байна. Нүүрээ халтайж, гараа хагартал нүүрс ухахын хэ­цүүг мэдэхгүй. Хүүхдүүд нь өвлийн хүйтэнд хөлдүүс болсон гудамжаар ус зөөхийн зовлонг үзэхгүй гэрэл гэгээтэй ирээдүй рүү тэмүүлж бай­на. Гэтэл Улаанбаатарынхан амь­дын тамд шар нар, бор хоногийг өнгөрөөх нь даанч харамсалтай. Нийслэ­лийн төсөв тэлээд байгаа тухай дарга нар ам уралдан ярьдаг.  Нээрээ л хотоо хөгжүүлэх мөнгийг улсын төсвөөс хангалттай хуваа­рилж өгдөг болжээ. Тэр их  хөрөнгө оруулалт хаашаа урсаад, хот нь бахь байдгаараа “урвайна” вэ.

Утааны угаар, замын түгжрэ­лийн талаар ярилтгүй. Гэрэл чий­дэн, цоож цуурганы асуудлыг шийдэж хүчрэхгүй яваа удирд­ла­гууд юу гэж ийм том ажлыг бүтээж  дийлэв гэж.  Одоогийн хотын удирд­лагууд тэгвэл юу хийдэг вэ. Замын хажуугаар тавьдаг хоёр боржурыг жилдээ нэг соливол дээдийн заяа. Эрээнээс бөөндсөн боржураараа мөнгө угааж, миний хувь, даргын хувь хэмээн ашгаа хувааж, баяр хөөр болон гүйлддэг.  Авлигатай тэмцэх газар байдаггүй цагт бол удирдлагууд хотын төс­вөөс 300 сая төгрөгийг өлхөн авна. Эргүүлж өгөх зовлонгүй, буцааж төлөх нөхцөлгүйгээр зүгээр л ха­лаа­салдаг байсан. Арай л дарга болсныхоо цалин гэж боддоггүй байсан байгаа даа. Харин одоо Авлигатай тэмцэх газраас мөнгө угаах ажлаа бултуулахын тулд хотын гудамж, талбай, олны хө­лийн газар хэнд ч хэрэггүй нохой, шувууны баримал барьж наадаж байна. Энэ бүхэнд зориулж гурван тэрбум төгрөг үрж, дундаас нь 300 сая төгрөгөө өөрсдөдөө унагаж байна. Үүнийгээ цэвэрхэн мөнгө угаалт гэж нэрлэчихээд нүүр улайхгүй яваа биз ээ. 

Дарга нар өглөө 09.00 цагт албан тасалгаандаа ирж, болсон болоогүй бичиг цаастай зууралдан улс төрийн хуйвалдаан ярихыгаа ажил хийж байна гэж ойлгодог. Харин иргэдийн өмнө очихоороо нийслэл хотыг диваажин болгоно хэмээн хуурдаг. Гэр хорооллын иргэдийн газрыг булааж, газар сайгүй нийтийн байр барьж, нийс­лэл хотод цементэн шугуй бай­гуулах гэнэ. Тэдний бүтээх диваа­жин нь энэ. Гэтэл дэлхий нийт өөрийн гэсэн эдлэн газартай, өөрийн гэсэн хашаанд өөрийнхөө байранд амьдрахаа хотын амьд­рал гэж үзэж байна. Монголчууд өөрийн хашаандаа, өөрийн гэсэн байшиндаа хананаасаа халуун ус гоожуулж, хар нүүрстэй зуурал­дахгүй дулаан амьдрахаа диваа­жин гэж ойлгож байгаа. Ийм амьд­ралыг авчрахаар Э.Бат-Үүл баатар ирлээ. Амьдын там болсон хотоос иргэдээ салгахын тулд, гэмт хэрэг, замын түгжрэлээс нэг сая 300 мянган иргэнээ чөлөөлөхийн тулд, нийслэлээ тэлж, орчин үеийн хот байгуулахын тулд ухаанд нь ухна ишиг үхсэн удирдлагуудыг солих цаг болсон учраас Э.Бат-Үүл баа­тар ирж байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Өнөө жилийн наадмын бөхийн өнгө

-БӨХЧҮҮД НААДМЫН УРЬДЧИЛСАН БЭЛТГЭЛДЭЭ ГАРЧ ЭХЭЛЛЭЭ-

Сонгууль энээ тэрд л дарагдаад байгаа болохоос өдийд чинь наад­маа, бөх, морь, сураа ярьж байдаг цаг биш билүү. Сар гаруйхан хуга­цаа­ны дараа ардын хувьсгалын ерэн нэгэн жилийн ойн наадам эхэлнэ. Өнөө жил хэн түрүүлэх нь бас л бүрхэг байгаа. Өнгөрсөн жилийн түрүү С.Мөнхбат аваргыг ойн одтой бөх үү, үнэхээр босоо аварга уу гэдгийг энэ зуны наадам шалгаад өгнө. Монгол бөхийн түүхэнд Сэрээтэрийн Цэрэн авар­гыг ойн одтой бөх хэмээн нэрийд­сэн байдаг. Тэрээр нэгэн мянга есөн зуун жаран нэгэн онд буюу ар­­дын хувьсгалын 40 жилийн ойгоор завсаргүй тав түрүүлж, бөхийн дэвжээнд босоо байсан Дарийн Дамдин аваргыг өв­дөг­лүү­лэн на­чин цолтой магнайлж шууд аварга цол хүртсэн байдаг. Түүн лүгээ адил С.Мөнхбат аварга олон ой дав­хацсан наадамд арав давж тү­рүүлээд харцагаас шууд аварга цолны болзол хангасан билээ. Ирэн дээрээ байгаа залуу аваргыг хэрхэн барилдахыг наадамчин олон хүлээж байгаа нь мэдээж.

За тэгээд жилийн жилд л дуу­лиа­ны эзэн байдаг өнөө Ч.Сан­жаа­дамба чинь зодоглоно. Түүнийг монгол бөхийн аварга л гээд бай­гаа. Гэвч мань хүн сүүлийн үед заал танхимын барилдаанд шаль­сан­гүй. Цагаан сараар нэг сүрхий зодоглоод Ө.Даваабаатар хар­ца­гад өвдөглөсөн. Тухайн барил­даа­наас, залуу заан жаахан зориг муутай болоо юу даа гэсэн байдал анзаарагдсан шүү. Бөх сонир­хогчдын дунд ч тиймэрхүү хандлага ч бий болсон байна лээ. Гэхдээ бэлтгэл сургуулилт ямар байгааг тааварлах аргагүй ээ. Наадмаар тэмээ шиг туйлаад өнгөрөхийг ч үгүй гэх газаргүй. Архангайн хүчтэ­нүүд­тэйгээ Тамирын голынхоо хө­вөөн дээр урьдчилсан бэлтгэлд гарсан сураг байна. Архангайн бөхчүүдийн “Бөх билэгт” дэвжээг Өсөхөө аварга, Д.Хишигдорж заан хоёр ахалдаг. Ойрын хоёр, гурван жил Харзтайн амралтад бэлтгэлд гараад байгаа. Тэдний галаас улсын цолонд баттай хүрнэ гэж итгэл хүлээлгэж байгаа бөх нь Эрдэнэбулган сумын харьяат айм­гийн хурц арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва. Сүүлийн хоёр, гурван жил дараалан дөрвийн даваанд унаад байгаа. Өнгөрөгч жил бо­ломж байсан ч Говь-Алтайн С.Ба­га­хүүд өвдөглөж, шарандаа уйлж байсныг санаж байна. Лхаг­ва­сү­рэн­гийн Шинэбаатар арсланг арын хангай нутгийнхан юм дуулгаж мэднэ гээд чих тавьж суугаа. Бө­хийн удамтай ч залуу юм билээ. Ах нь Л.Үйтүмэн гэж аймгийн арслан бий дээ.

Бас л шуугиулах бөхчүүдийн тоонд Өлзийбатын Даваабаатар, Өлзийтогтохын Бат-Орших, Цэдэ­вийн Содномдорж нарын хар­ца­гууд зүй ёсоор нэрлэгдэж байна. Бүгд л онцгой сайн байгаа нь ажиглагдаад буй. Ялангуяа Бат-Орших, Содномдорж хоёр заал танхимын томоохон барил­даа­нуу­дад тогтмол түрүү үзүүрт шалгарах болсон. Даваабаатар харцага бэрт­лийн улмаас зарим нэг жил са­насандаа хүртэл барилдаж чадах­гүй байв. Харин өнөө жил тун дээ­гүүр үлдэх магадлалтай нь мэд­рэг­дээд байгаа билээ. Бат-Орших, Даваабаатар хоёр өнгөрөгч жил Санжаадамба, Жаргалсайхан на­рыг улсын цолонд хүргэсэн. “Ид үедээ начин төрүүлдэг нь ямар учиртай юм” гэж наадамчид дургүй байсан. Тиймээс өнөө жил шуугиу­ла­хаас өөр аргагүй. Нэгэн цагт монгол бөхийн дэвжээг эзэгнэж байсан хүчтэнүүдээрээ цуутай Төв аймгийнхан Даваабаатартаа сүү­лийн хэдэн жил итгэл хүлээлгээд байгаа. 2008 онд харцага цолонд хүрс­нээс хойш л Даваабаатарыгаа хар­сан даа. Даваабаатар харцага А.Сүхбат багшийнхаа удирдлага дор “Олимп” дэвжээнд бэлтгэл сур­гуу­лилтаа хийдэг. Удахгүй наад­мын бэлтгэлдээ гарах биз ээ.  Хар­ца­гаас гадна Баянхангай су­мын харьяат залуу начин Батзоригийн Батмөнх сүүлийн үед тун нягт ба­рил­даж байгаа шүү. Өнгөрсөн жил улсын цолонд бярдаж хүрсэн хүч­тэ­нүүдийн нэг. Өнөө жил харцага, заан цолонд хүрэхийг үгүйсгэх аргагүй юм. Заал танхимын барил­даанд ч ихэвчлэн шөвгөрөөд бай­гаа билээ. Төв аймгаас улсын цо­лонд баттай хүрнэ хэмээн итгэл хү­лээл­гэж байгаа бөх бол аймгийн хурц арслан Чулуунбаатарын Бат­чу­луун. “Сүлд” спорт хороонд харьяалагдаж бэлтгэл сур­гуу­лил­таа хийдэг тэрээр бие хаа томтой, хүч бяраар залуучууд дундаа илүүр­­хэж улсын цолтнуудын зүр­хэнд шар ус хуруулж эхэлсэн. Өнгөрсөн жил аймгийнхаа наа­дамд, мөн бүх цэргийн наадамд түрүүлж аймгийн цолтнууд дундаа амжилтаараа бараг эхэнд эрэм­бэ­лэг­дэж байгаа түүнд улсын цол тун ойрхон бий.   

Даваабаатар, Бат-Орших, Сод­ном­дорж нарын харцагуудын цаа­на идэрхэн хоёр заан байгаа. Тэд бол эгч дүүсийн хүүхдүүд болох Дашзэвэгийн Баасандорж, Мөнх­сай­ханы Өсөхбаяр нар. Наадмын урьдчилсан бэлтгэлд Булганы Бүрэгхангай сумандаа гараад бай­гаа дуулдсан. Д.Баасандорж өн­гөр­сөн жил Сэлэнгийн Т.Өсөх-Ирээдүйгээр, М.Өсөхбаяр хоёр мянга есөн онд Н.Ганбаатар гарь­даар долоо давж тус тус заан цол­ны болзол хангасан юм. Яалт  ч үгүй торгон ирэн дээрээ байгаа за­луу заанууд л даа. Булганыхан энэ жил Алтангэрэлийн Отгонбаатар хэ­мээх аймгийн арслангаа харж бай­гаа. Биеийн галбир хийц, уран дайчин барилдаанаараа бус­даа­саа ялгардаг тэрээр өнгөрсөн жил Дорж­самбуу ахдаа гомдож эхэр та­тан уйлсан гэдэг шүү. Дорж­сам­буу гарьд  тэр хоёр хоёулаа Гур­ван­бу­лаг сумынх. Бүр болоогүй Отгон­баа­тар нь Доржсамбуугийнхаа хүр­гэн гэж байгаа. Гэтэл өнгөрөгч жил хүргэн дүүгээ авалгүй хаа ха­маагүй Өмнөговийн, “Ажнай” кор­по­рацийн бөхийг авч начин бол­гоод ганцхан Отгонбаатарыг ч биш ус нутгийн олноо гомдоосон. “Жу­даг­тай бөх энэ тэр гэдэг нь яачихав аа. Отгонбаатараа авдаггүй юм аа гэхэд Сүмбээгээ авчихгүй. Мөн тоогүй юм аа. “Ажнай” ч мөнгөтэй л дээ. Мөнгөөр л зодчихгүй юу” гэх яриа одоо ч чих дэлссээр байгаа. Дооёо гарьд өнөө жил От­гон­баа­та­рыгаа авах байлгүй. Эрх биш олны яриа хөөрөөнд нэг юм бодсон байлгүй. Дуулах нь ээ, саяхан Отгонбатар арслан Хөгнө хаан уулаа тахиж наадам хийжээ. Улсын цолтой бөхчүүдийг ч урьж. Түрүү бөхөд нэг сая, үзүүрлэсэнд нь хагас сая гээд багагүй бай шаг­на­лыг ч хувиасаа өгсөн байна. Тахил­гын наадамд Б.Гончигдамба начин тү­рүүлж, Б.Соронзонболд заан үзүүрлэжээ. Тэгэхээр Отгонбаатар арс­лан юм юм л бодож байгаа нь мэ­дээж. Хөгнө хаан уул нь ивээх байлгүй дээ.

Дээгүүр барилдах, ер нь түрүү үзүүрт ч хүрчихэж мэдэх бөх­чүү­дийн нэгээр Завхан аймгийн Нөм­рөг сумын харьяат улсын залуу гарьд Махгалын Баяржавхланг нэрлэж болох шүү. Завханыхан бол бүр хүчтэй гарьдаа түрүүлэх л юм бодож суугаа. Тэрээр сүүлийн хэдэн жил тогтмол дээгүүр барил­даж байгаа юм. Ухаандаа, 2006, 2007 онуудад тус бүр долоо давж их шөвөгт шалгарсан. Өнгөрсөн жил түрүүлнэ хэмээн наадамчдын хүлээж байсан Б.Ганбат арс­лан­гаар долоо, Д.Баасандорж заанаар наймд давж 1024 бөхөөс их шөвөгт шалгарсан билээ. Эдгээр амжил­туу­дыг нь харахад Баяржавхлан гарьдад итгэл хүлээлгэхээс аргагүй. Саяхан тэрээр “Шинэ Ази” группын бөх болж, Завхан нутгийнхандаа тө­рийн наадмын түрүү авчрах үүрэг даалгавар хүлээсэн сураг дуулдсан. Залуу гарьдад Цэдэн­дам­бын Цэрэнпунцаг ахынхаа хүрээгүй амжилтад хүрэх бололцоо бий гэдэгт итгэлтэй байна. Ингэхэд Завхан аймгаас өнөө жил улсын цолонд хүрэх залуучууд байна аа. Тухайлбал, Идэр сумын уугуул Данзангийн Батжаргал гэх идэрхэн арслан бий. Түрүү жил дөрөв давж начны даваанд Б.Ганбат арслан­тай хүч сорьж яалт ч үгүй тахимаа өгсөн. Мөн Алдархаан сумын харьяат, аймгийн арслан Лхагвын Лха-Очир байна. Ширбазарын Жаргалсайхан, Лувсанрагчаагийн Нямсүрэн, Батнасангийн Гон­чиг­дам­ба гээд залуу начингууд цолоо бат­лах улмаар харцага, заан цолонд хүрэх биз ээ.

Сэлэнгийнхэн, Өвөрхангайн, Увс, Говь-Алтайнхан гээд хүчирхэг галууд наадмын урьдчилсан бэлт­гэл­тэй гарч буй гэнэ. Сэлэнгийн “Таван хан” дэвжээнийхэн Хараа голынхоо эрэгт бэлт­гэ­лээ базааж байгаа аж. Гэхдээ нэгдсэн бэлтгэлд гарах цаг арай бо­лоогүй билээ. Урьдчилсан бэлт­гэлд хэсэг бөхчүүд нь гараад байгаа гэсэн. “Өмсдөг” дархан мэхээрээ ардын хувьс­га­лын наян жилийн ойгоор улсын цолд өөрийн хүчээр хүрсэн Шагда­рын Зоригт начин “Таван хан” дэвжээгээ ахалдаг. Өнгөрсөн жил эл дэвжээнээс улсын арслан, хар­ца­га цолтнууд төрж аймгийнхаа наян жилийн ойтой давхцан нэгэн том баяр болсон билээ. Сэлэн­гийн­хэн Г.Эрхэмбаяр арслангаа тү­рүүл­нэ л гэж үзэж байгаа. Аварга болно л гэж харж байгаа. Эрхэм­баяр арслан ч өөр­төө том зорилго тавьсан нь мэдээж. “Таван хан” дэвжээнээс Бат-Очи­рын Одгэрэл, Батсайханы Дэл­гэр­сай­хан нарын аймгийн арслангууд улсын цолонд хүрэх болов уу. Өнгөрсөн жил хоёулаа л дөрөв давж начны даваанд тулсан. Дэл­гэрсайхан нь Эрхэмбаяр арс­лан­даа, Одгэрэл нь Ж.Бат-Эрдэнэ гарь­дад тахимаа өгснийг уншигчид сайн санаж байгаа. Чотонгийн Баян­мөнх гэж ихээ өндөр биетэй залуухан начин бий. Түүнийг бөх сонирхогч олон начнаар тогтохгүй гэдэг. Тэгэхээр өндөр Баянмөнх бас л дээшээ өгсч барилдахыг хичээнэ.

Өвөрхангайн “Их Монголын хүчтэн” дэвжээнийхэн уламжлал ёсоороо Бугын сангийн аж ахуйгаа бараадаж байгаа аж. Уг дэнж дэвсэг ч ээлээ өгч 2006 онд Долгор­сү­рэнгийн Сумъяабазар, 2007 онд Дорж­паламын Ганхуяг гээд Өврийн хан­гай нутгийнхан төрийн наадмын түрүү авч, Бугын сангийн аж ахуйн на­ран хонгор дэнж ивээл буянаа хайрласан түүхтэй. “Их Монголын хүчтэн” дэвжээг Монгол Улсын хө­дөлмөрийн баатар, дархан авар­га Дашдоржийн Цэрэнтогтох, улсын арслан Бандийн Ганбаатар нар ахалдаг. Өвөрхангайгаас улсын цолонд хамгийн ойр яваа бөхчүүд гэвэл аймгийн арслан Цэнд­зэ­сэ­мийн Чимэддорж, Даваадоржийн Болд­баатар, Батсүхийн Батдорж нар. Хамгийн магадлалтай нь Чимэддорж, Батдорж нар. Үндсэн­дээ татаатай бөхчүүд юм. Чимэд­дорж АСА группын бөх. Яагаав, хоёр жилийн өмнө байна уу даа Дагваа аварга Булган аймагт Чи­мэд­доржийг дагуулж очоод, айм­гийн арслан болгох санаатай зо­дог­луулъя гэтэл Булганыхан гадны бөх зодоглуулахгүй гэж өнөө Даг­ва­доржийн чиннь уурыг хүргээд юм юм л болж байсан. Харин өнгөрсөн жил аймгийнхаа наян жилийн ойгоор Чимэддорж долоо давж үзүүрлэсэн. Батдоржийн хувьд Ганбаатар арслангийн хүргэн. Өвөрхангайнхан “Багшийн маань хүргэн” гээд ямар ч байсан тунаа­наас гарган дамжилчих нь мэдээж. Дам­жилсан дамжлаагүй Батдорж эрэм­гий барилдаантай л даа. Тиймээс тэр хоёрыг магадлалтай гээд байгаа хэрэг.

Увс аймгийн “Увс нуур” галын­хан байна аа. Сүүлийн хоёр жил төрийн наадмыг дараалж авсан энэхүү галаас Ө.Бат-Орших хар­ца­гыг тун дээгүүр барилдана гэж олон түмэн хүлээж байгаа. Энэ ту­хай ч дээр өгүүлсэн. С.Мөнхбат аварга мэдээж бяр заана. Харин Төрөөгийн Баасанхүү, Оюуны Гантулга гээд үймээний эзэд байна аа. Ялангуяа тэр Баасанхүү юу, бие жижигтэй ч хэнийг ч өвдөг­лүүлж байгаа нь бахархалтай. Сүү­лийн үед Бөхийн өргөөнд очиж бай­гаа үзэгчид улсын цолтнуудаас М.Өсөхбаяр заан, Даваабаатар, Сод­номдорж, Бат-Орших нарын харцагууд, за тэгээд л өнөө Баасан­хүүг чинь үзэх гэж очдог болоод байна.

Тэргүүн дэвжээ шалгаруулах “Нутгаа дуурсгана” барилдаанд энэ цаг үеийн бүх л шилдгүүд зодоглоход Баасанхүү хамгийн олон даваа авсан. Тэгэхээр нэг “юм” хэлээд байгаа биз. Элдэвтэй дээ. Ерэн нэгэн жилийн наадамд жижиг­хээн, туранхай шар банди найм, ес дав­чихаад даналзаж зогсохыг байг гэхгүй шүү.

Увс нутгийн галтай залуус ин­гээд дуусахгүй. Цаана чинь хороо цэрэг гэдэг шиг Пүрэвийн Бүрэн­төгс, Намсрайжавын Батсуурь, Бадрахын Ганзориг гээд жагсаж бай­на аа. Бүгд л цолонд хүрнэ. Ёстой ааг омог нь багтаж ядаж байгаа залуус.

Бүрэнтөгсийн хувьд өнгөрсөн жил улсын цолонд баттай хүрнэ гэж байсан ч Чулуунбаатарын Цогбаяр гэж Ховдын “аваргад” тахимаа өгсөн бол Батсуурь дөр­вийн даваанд До.Ганхуяг арслан­тай оноолт таараад унасан юм. Уул нь Ганхуягийг олон өвдөг­лүүл­сэн л дээ. Гэхдээ наадам бол наа­дам, улсын цолтнууд бол улсын цолтнууд л байдаг хойно. Батсуурь арслан хоёр жилийн өмнөх цагаан сараар яалаа, өнөө Өсөхөө авар­гыг дөрвийн даваанд хусч өгөөд дуулиан тариагүй билүү. 

Ганзоригийн хувьд Агваан­сам­дан­гийн Сүхбат багш шигээ уран барилдаантай бөх. Тэр жилийн цагаан сараар идэр залуу гарьд Баяржавхлан, заан Д.Бумбаяр нарыг өвдөглүүлж шуугиулаад Сүх­бат багшаасаа “Ирээдүйн авар­га” бөхийн шагналыг авч бай­сан. Тэрээр зургаан мянган бөхийн барилдаанд ес, арав давж мөн л шуугиулсан билээ. Хэдхэн хоногийн өмнө болсон Бүх цэргийн наадамд Ховд аймгийн Чандмань сумын харьяат аймгийн арслан Б.Пүрэв­сайханаар найм давж түрүүлэн цэргийн арслан цол хүр­тээд бай­гаа. Шинэхэн цэргийн арслан сар гаруйхны дараа болох наадмаар хэрхэн барилдаж, ямар­хан цолонд хүрэхийн таавар­лаш­гүй юм аа. Говь-Алтайн хүчтэнүүд Рэгжий­буугийн Давааням заанаа­раа ахлуулаад Сүүж уулын амрал­тад гардаг байсан бол сүүлийн жи­лүүдээс Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогийн ойрол­цоох “Мандал” амралтад бэлтгэлээ базаах болсон. Одоогоор Ням­дор­жийн Ганбаатар, Жанцангийн Бат-Эрдэнэ, Баттулгын Соронзонболд, Дугардоржийн Батбаяр, Даваа­ня­мын Лхагвадорж нарын залуу хүч­тэнүүд урьдчилсан бэлтгэлдээ гарч ирэн очин байгаа гэнэ. Алтайн хөх хар­чуудаас хэн нь цойлоод гараад ирэ­хийг үгүйсгэхгүй. Хоёр мянга найман онд яалаа, аймгийн цолтой байсан Соронзонболд шинэхэн арслан Х.Мөнхбаатар, идэрхэн аварга Г.Өсөхбаяр нарыг зургаа, долоогийн даваанд өвдөглүүлж начин, харцага цолыг алгасан шууд заан болж байсан түүхтэй. Өнгөрсөн жил Бат-Эрдэнэ мөн л Мөнхбаатар, Өсөхбаяр нараар долоо, найм давж начнаас шууд гарьд болж байсан билээ. Б.Суман­чу­луун, Л.Цэрэнтогтох, Ж.Амар­түв­шин гээд олон жил хүч сорьж буй аймгийн арслангууд бий. Тэд­ний­гээ Алтайнхан харж л суугаа. Шоов­дой­хүүгийн Тогтохбаяр начны дүү Шинэбаяр гэж залуу сүүлийн үед сайн барилдаж байгаа. Бөхийн удамтай түүнийг ч цолонд хүрч магадгүй хэмээн хүлээж буй.

Н.ГАНТУЛГА
Үргэлжлэл бий

Categories
редакцийн-нийтлэл

МАН-ын СОНГУУЛЬ БУДЛИАНТУУЛАГЧДЫН анхааралд!

Хоёр мянга арван хоёр оны УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Нам улс төрийн бүх л хүчин нэр дэвшигчээ тодруулж, суртал­чилгаагаа явуулж, бие даан өрсөл­дө­хөөр шийдсэн нөхөд ч нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авч их сунгаанд хэдийнэ хү­чээ сорьж эхэлсэн. Эл удаа­гийн сонгууль урьд өмнөхөөс огт өөр, шинэ агаар салхитай болох нь мэдрэгдэж байгаа юм. Үүний нэг гол баталгаа нь Монгол Улсын Эрүүгийн хуульд тусгагдсан сонгуулийн явцтай холбоотой нэмэлт, өөрчлөлтүүд. Тодруулбал, Сонгуулийн хуулийг зөрчиж гэмээнэ, хууль бусаар төрийн эрх мэдлийг авах гэж зүтгэх юм бол Эрүүгийн хуулийн нэмэлт заалттай болсон. Эрүү­гийн хуу­лийн энэхүү нэмэлт өөрчлөлтийг З.Энхболд, С.Эрдэнэ нарын гишүүд санаачилсан билээ. Ингээд Эрүүгийн хуулинд сонгуультай холбоотой ямар ямар заалт орсныг  эхлээд сонордуулъя.  

“Монгол Улсын Эрүүгийн хуу­лийн 82 дугаар зүйлийн нэгд сонгуулийг будлиан­туулж, төрийн эрхийг хууль бусаар авсан бол 5-10 жил хорих ял онооно. Энэ явцад хэн нэгний амь нас үрэгдэж их хэмжээний эд материал үрэгд­сэн бол 16-25 жилийн хорин ялаар шийт­гэнэ гэжээ. Мөн хуулийн 130 дугаар зүйлд сонгуулийн насны ир­гэн сонгуулийн эрхээ эдлэх­дээ сонгуулийн хорооны ажилд санаа­тайгаар саад учруулбал хөдөл­мөрийн хөлс­ний доод хэмжээг 2-50 дахин нэмэгдүүлсэнтэй адилт­гах мөнгөн дүнгээр торгохоор заажээ. Эсвэл 1-3 сар хүртэл хуга­цаанд баривчлах ял шийтгэнэ гэсэн байна. Ингэхдээ хүч хэрэглэх, хууран мэхлэх арга хэрэглэсэн бол тодорхой албан тушаал хаших эрхийг хоёр жил хүртэл хугацаа­гаар хасахаар тусгажээ. Мөн хуу­лийн 130 дугаар зүйлийн нэгд илүү санал өгөх, илүү санал өгүүлэх ажлыг зохион байгуулсан бол 3-6 сар хүртэл баривчлах ялаар шийт­гэхээр хуульчилсан байна. Түүнч­лэн Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлд сонгуулийн хорооны гишүүд болон бусад албан тушаалтнууд санал хураалтын явцад дүнг өөрч­лөх, баримт сэлтийг өөрчлөн тэм­дэглэсэн бол тухайн этгээдийг тодорхой албан тушаалд хоёр жил томилохгүй байх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 да­хин үржүүлсэнтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгож эсвэл 5-6 сар ба­ривчлах ялаар шийтгэх”-ээр зүйл­чилсэн байна.   Дахиад “Долдугаар сарын 1” болоход хариуцах нөх­дүүд нь хуульд зааснаар бэлэн байна гэсэн үг.

Өмнө нь сонгууль будлиантуул­бал шийтгэх заалт ч байх нь байсан л даа. Гэхдээ үүн шиг Эрүүгийн хуульд яллах санкцтай нь тодорхой зааж өгсөн нь бүдэг.Одоо та сон­гууль будлиантуулбал Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн заалтаар “бүгд найрамдахаа” уншуулна.  Сонгуулийн хэсгийн хороодод   ажиллаж байгаа төрийн албан хаагчид минь, та нар эрүү­гийн хуулийн тодорхой заалттай  гэмт хэрэг үйлдэчихэв дээ. Үүнийг олон жил сонгууль будлиантуулж ирсэн одоо бараг мэргэжлийн болчихсон нөхдүүдэд зориуд са­нуулж хэлэх гэсэн юм. Сонгуулийг МАН-ын гишүүд мэргэжлийн өндөр түвшинд хийдэг. Тийм учраас л ингэж ахин дахин улиглаад байна. Ардын намдаа сайн хүн болох гэж үхэн хатан зүтгээд, сонгуулийн будлианыг ил далдгүй хийгээд эцэст нь амаа барив даа л гэж.

Энэ удаагийн сонгууль өмнө нь болдог шиг зохион байгуулалттай, урьдчилсан дэглэлттэй инээдмийн жүжиг тавьдгаас чинь эрс өөрчлөгд­сөн. Жинхэнэ сонгуулийнхаа мөн чанараар явагдана. Монгол Улс маань хуулиа дагадаг шүүхтэй, түүнийг нь шаарддаг Ерөнхий­лөгчтэй болсон шүү дээ. Хуучин бол “Сонгуулийн хуулийг зөрчихөд ямар хамаа байдаг юм. Хэн биднийг мөрдөж мөшгиж, үйл тамыг минь үзэх билээ. Бид намдаа тус хүргэж байна” гээд  хуулийг хэрхэн улан­даа гишгэлдэг байлаа. Намаас  өгсөн үүрэг даалгавраар ажиллан түмэн олныг тохуурхаж, яаж бан­танг нь хутгадаг байлаа даа.

Тэр “сайхан” цаг чинь өнгөрөөд удаж буйг эрх биш та нар анзаарч байгаа биз дээ. Дарга сайд хэнбугай нь ч хууль дүрэм гэж ярьдаггүй, сонгуульд намаа ялуулж, нэр дэвшигчээ Их хуралд суулгах л  юм бол хороо хорины даргаас эхлээд албан тушаалд томилж, гадагшаа дотогшоо аялуулж, са­наанд оромгүй их мөнгийг шагнал нэрээр өгч хүнийг хүн биш болгодог байлаа. Тийм байхад хэн хууль биелүүлэхийг бодох вэ дээ. Ямар нэгэн аргаар нэр дэвшигчээ ялуулж, албан тушаалд очихын төлөө, улаан мөнгөний төлөө нүдээ ухахаас ч сийхгүй зүтгэх нь мэдээж шүү дээ. Харин одоо даргатай цэрэгтэйгээ хуулиа сахидаг, түү­нийг нь төрийн тэргүүн шаарддаг болоод эхлэхээр хууль бус зүйл хийж байгаа, өнөө сурсан зангаа­раа сонгууль будлиантуулж байгаа нөхдийг Сонгуулийн ерөнхий хороонд муугаар хэлбэл матчих, сайнаар хэлбэл иргэний үүргээ биелүүлж мэдээлэх   хүн захаасаа аваад байгаа. Энэ олон нам, энэ олон иргэний хөдөлгөөнүүдийн хаагуур нь гарах билээ.  Иргэний­хээ үүргийн дагуу сонгууль өгөхөөр бэлдэж байгаа нэг сая долоон зуун мянган хүнээс хууль бус явдалд дургүйлхэх нь үй олноороо байлгүй хаачихав.  Хуучин бол хууль бие­лүүлдэггүй байсан учраас хүмүүс булхай хийж байхыг нь мэддэг ч цааш нааш нь ярьдаггүй байв. Одоо бол үгүй шүү, хуулийг дээр доороо хаа сайгүй мөрддөг болох гэж, мөрддөг болж байхад хэлэх хүн захаас аваад замаар дүүрэн бий.    

Ингэхэд, сонгууль өмнө нь яаж явагддаг байлаа, бид бүгд мэдэж байгаа. Санал авах өдрийн үдээс хойхно гэхэд л хэсгийн хорооны дарга нар  бие, биендээ хөөрөлхөн утасддаг байв. “Манай хороо намаа наян хувиар ялуулах гэж байна. Та нар хэдээр ялуулах төлөвлөгөөтэй байна” гэцгээн гайхуулдаг байв даа.  Сонгуулийн дүн гарахын урьд шөнө намаа ялуулсан баяраа тэмдэглэж, эх захгүй архиддаг байв.Тэгж л ард түмний сонголтыг доромжилж,  хуулийг гууль болгон  ихэрхэдэг байсан.  

Харин тэр цаг өнгөрөөд удсан гэдгийг МАН-ын панатууд та нар эрх биш ойлгож байгаа биз дээ. Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн этгээдийг 25 жил хүртэлх хугацаанд шоронд явуулах тухай Эрүүгийн хуулинд туссаныг бид баримтайгаар үзлээ. Намдаа итгэл үнэмшилтэй хүн болж, дарга нар­таа долгинож байгаад өөрийгөө шоронд илгээчихэв дээ. Аймаг аймгаараа, хороо хороогоороо дээлээ нөмрөөд ачигдав. Хэрэв тэгвэл сонгуулийн дараа та нарыг хэн ч өмөөрөхгүй. Наад нам чинь энгийн та нарыг байтугай Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Н.Энх­баярыг өмөөрөхгүй байгааг харж байгаа биз дээ. Амиа өгөх нь холгүй зүтгэдэг Ардын намын чинь үнэн нүүр царай энэ. Энэ  намд зүтгээд гавьяа байгуулна гэж бодож буй бол эндүүрэл болно шүү. Энэ нам бол өөрийнхөө төлөө зүтгэсэн бүхний толгойг хэрчдэг махны машин шүү гэдгийг бид бүхэн олонтаа сануулж байсан. Үүнийг ухаарч байна уу, ер нь. Сонгууль зохион байгуулагч эрхэм нөхдөд дахин хандаж хэлэхэд, аль ч нам ялсан Монголын төр байдгаараа байна. Төрийн алба үргэлжилд­гээрээ үргэлжилнэ. Төрийн албан хаагчид ажилдгаараа ажиллана. Тийм болохоор аль нэг нам руу хэлбийж, аливаад хууль бусаар хандаад байж болохгүй ээ. Гол нь сонгуулиа үнэн шударга, хоёргүй сэтгэлээр хуулийн хүрээнд зохион байгуулах л та бүхний үүрэг шүү дээ. Ер нь тэгээд сонгууль луй­вардаж, намаа ялуулж гавьяа байгуулна хэмээн онгирч омойтох нь байж боломгүй зүйл. Энгийнээр хэлэхэд, гэр бүлээ үр хүүхдээ, ирээдүйгээ бод л доо. Хууль дүрэм, шүүх цагдаа гэдгийг мэдэхгүй, мэдсэн ч тоохгүй, нам маань ар талыг хаалтгүй хариуцна хэмээн тэнэглэж байгаад хайран сайхан насаа торны цаана өнгөрөөх вий дээ гэдгийд л сануулаад байгаа юм шүү. Үүнийг л төрийн албан хаагч, сонгуулийн хэсгийн хороодод ажиллаж буй та нөхдөд анхаа­руулахыг хүссэн юм. 

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

АТГ-ЫНХАН авлигын ээдрээт утасны үзүүрээс атгасан л бол лавшруулах нь тодорхой

Монголчууд бид их мар­тамхай улс юм.  Саяхан даа, “Н.Энхбаяр гэдэг авлигачаас салгаад өгөөч, түүнийг улс төрийн тавцангаас зайлуу­лаад өгөөч” гээд л амтай хэлтэй бүхэн ярьж байсан цаг.  Авлигатай тэмцэх газрынхан  авлигатай тэмцлээ.   Авлигын загалмайлсан эцгээс нь эх­лээд аймгийн Засаг дарга, агентлагийн дарга нарыг нь үлдээлгүй авсан идсэнийг  нь илчилж, тэмцэж эхэллээ. Ээд­рээтэй утасны үзүүрээс атга­сан хүн тавихгүй дээ гэдэг шиг л  авлигын торон  хэрээсний  үзүүрээс энэ байгууллагын­хан атгалаа. Үүнийг ингэж зогсоохгүй бол өдөр ирэх тусам үржин тэлнэ. Улам нарийн хэрээс бий болно. Авлига ямар их хортой шигээ бас их хүчтэй юм. Илчлэх тусам эсэргүүцэн тэмцэж, тийчилж байна.

Авлигатай тэмцээд эхлэ­хээр нь юу болов. Бүгд Н.Энх­баярт хайртай болчих шахав. Нийтээрээ дургүй байсан шүү дээ, түүнд. Учир нь тэр нийтийн эрх ашгийг хөсөр хаяж, хувийнхаа эрх ашгийг өмнөө тавьсан. Үүнийх нь бо­дит жишээ нь тэр дахин сон­гог­­доогүй. Ард түмэн Ерөн­хий­­лөг­чөөр дахин сонгоогүй хэр­нээ гэнэт өрөвдөв. Авлига ав­сан ч шорон руу аваад ява­хаар нь өрөвдөөд сүйд. Уй­лах нь уйлж, өрөвдөх нь өрөв­дөцгөөлөө. Зарим нь амиараа дэнчин тавьж бай­гаад л талбайн хажууд өлсөц­гөөлөө. Хайран амь. Хайран эрүүл мэнд. Төрсөн биеэ хайрлахгүй Н.Энхбаярыг тэгт­лээ хайрлахын учир юу би­лээ. Өндөр албанд байхдаа өөрсдийг нь таних ч үгүй бай­сан Н.Энхбаяр дахин өндийж ирвэл өөрийнх нь төлөө тэгж өлсөж байсныг нь ёстой са­нах байх даа. Энэ бүх өрөв­дүү­лэх тактик, ард иргэдийн сэтгэл зүйд яаж нөлөөлөх бүх жорыг үнэндээ Н.Энхбаяр  сайтар найруулаад л сууж байсан байгаа юм.  Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Хууль зөрчиж, идэж шамшигдуул­сан бол хэн ч   түүнээс зайлах гарц үгүйг авлигатай тэмцэх газрын сүүлийн үеийн ажил­лагаанаас харлаа. Авлига­тай тэмцэх хэцүү юм байна гэд­гийг эхнээсээ л харж байна.

Авлигачийг барихаар улс төр хийлээ гэх хэрнээ авли­гачийг суллуулахын төлөө өөрсдөө жинхэнэ улс төр хий­дэг байна шүү. Нэгэнт авли­гаасаа ангижиръя гэж бодож байгаа л бол энэ эрчээ сул­руулж болохгүй, барьцаа улам л лавшруулах хэрэгтэй юм.  Тэгж байж л төр цэвэр­шинэ. Төрд ажиллаж байгаа хэрнээ ард түмнийхээ тат­варын мөнгөөр тансаглаад, ганцаараа цүрдийтэл бая­жаад байж болохгүй. Авлига Монгол Улсыг муухай хараг­дуулаад байна гэж Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж хэлсэн. Авлига байгаа цагт шударга ёсны тухай яриад яах юм. Шударга ёс байхгүй бол эрх, эрх чөлөөний тухай саналт­гүй.

Улсаасаа баян сайд дарга нар ингээд л идэж, уугаад болоод байдаг  гэж боддог цаг нь өнгөрч.

Ардчилсан Ерөнхийлөгч ч гарч ирлээ. Авлигатай тэмцэх ёстойг тунхаглав. “Авлига Монгол Улсыг муухай хараг­дуулж байгаа”-г хэллээ. Авли­гатай тэмцэх газрынхан аж­лаа л хийж байгаа болохоос үүнд гайхаж цочирдоод байх хэрэг алга. Шударга ёс тог­тоохын төлөө тэд ажлаа хийж байна.  Бид авлига байгааг мэдээд, авлига авсныг нь гадарлаад байгаа хэрнээ, илчлэхээр нь сандрах хэрэг юун билээ. Авлигачид цаа­шид ч олноороо ил болно. Тэд эхнээс нь илчилж, барьж хориод байгаа Авилгатай тэмцэх газрынхнаас үхтлээ эмээж байгаа. Тиймээс ч  за­рим нь авлигыг илрүүлэхийг “хэлмэгдүүлэлт” гэж нэрлэж,  иргэдийн тархийг угааж эх­лэхээр оролдож байна. Ха­лааснаасаа эд зүйлсээ хумс­луулчихаад хүмүүс хичнээн их уурладаг билээ. Гэтэл өдөр бүр таны халаасыг сэгсэрч байгаа нөхдүүд баригдаж, хоригдох нь тийм өрөвдөж, хайрлахаар зүйл мөн гэж үү.

Шударга ёс гэж байхгүй
болоод байна. Хуулийн өмнө хэн ч тэгш эрхтэй, гэвч хууль
зөрчсөн бол хэн ч буруутна. Ялангуяа
авлига гэж нийтээр нь хохироодог аюулаас бид ангижрах л ёстой.

Categories
редакцийн-нийтлэл

АН-ын шинэ төрх, МАН-ын хэлбэржсэн жагсаалт

Энэ  сонгууль холимог системээр явах болсон тул намууд нэрсийн жаг­саалтад ямар хүмүүсээ оруулах нь   олны анхаар­лын төвд байлаа.

Намууд харьцангуй өөр, өөр бодолтойгоор жагсаалтаа гаргасан нь илт.  Жагсаалтад дээгүүр  эрэмбэлэгдэх хүмүүс на­мынхаа нэрээр бараг шууд л УИХ-ын гишүүн болох магадлал  бий бол­чихож байгаа. Нөгөө та­лаас ямар хүмүүсийн нэр­сийг жагсааснаас нам­даа авчрах суудлын тоонд  нөлөөлөх учиртай. Тэгэхээр жагсаалт бол намууд ялахад өнгийг нь тодорхойлох гол түлхүүр юм. Мөн намуудын жаг­саалтаас  боловсон хүч­ний бодлогоо хэрхэн то­дорхойлж байгаа нь  ха­рагдана. Том, жижиг гэлт­гүй намуудын жагсаалтыг дарга нар нь түүчээлжээ. 

АН-ын хувьд хэзээ­нээсээ ардчилалтай бай­даг нь илэрч жагсаалтын эхний аравт хоёр ч бүс­гүйг оруулж ирсэн байгаа. Долоод Р.Бурмаа, аравт М.Батчимэгийг жагсаасан нь жендерийн асуудалд анхаарал хандуулсан нь илэрхий. МАН-ын хувьд   Д.Сарангэрэлийн нэрийг  аравт бичсэнийг  эс тооц­вол эмэгтэйчүүдээ  ар­ваас хойш оруулсан бай­на. Мөн жагсаалтад ор­сон эмэгтэйчүүдийн тоо нь Ардчилсан намынх илүү байгаа юм. Эндээс  хоёр намын бүсгүйчүүд­дээ хандах хандлага ха­рагдаж байгаа.  Аль ч  нам  даргаараа толгойлуулан жагсаалтаа эхэлжээ. Сон­гууль болтол олон фрак­цууд нь эе эвдэрч хэдэн тийшээ харчихна гэж олон нийтээрээ ярьж бай­сан ч Ардчилсан намын дарга энэ бүхнийг эвтэй найртай байлгах, намын асуудлаа дотооддоо ший­дэхээс авахуулаад харьцангуй зөв хүмүүсээр жагсаалтаа бүрдүүлжээ.   МАН залуучуудын сана­лыг авч чаддаггүй уч­раас жагсаалтын 4/1-т нь гуч хүртэлх насны 27 за­лууг жагсаасан байна лээ. Гэх­дээ залуусаасаа эх­ний аравтаа бас багтааж ча­даагүй байгаа юм.  За­луучуудыг тодорхой тоо­гоор ийнхүү  багтаасан нь 1990-ээд оноос хойш ард­чиллыг үзсэн залуус МАН-ыг сонгох магадлал бага учраас тэдний сана­лыг авахыг хүссэн биз. Ингэснээр 90 гаруй нас­тай хөгшин нам гэдгээ далдлахыг   хүсчээ. Харин жагсаалтын эхний хэсэгт намын даргын араас ген­сек У.Хүрэлсүх жагссан нь төдийлөн сайн ший­дэл болсонгүй. Түүний хувьд нэр цэвэр бишээс гадна намын эв нэгдэлд сөрөг үр дагавар авчир­сан хүн. АН-ын генсек Д.Эрдэнэбат намынхаа залууст боломж олгож албан тушаалын эрэм­бээр жагсалгүй  залуу үедээ илүү боломж олго­хыг хүсчээ. Дээр нь тэ­рээр намаа эв нэгдэлтэй болгоход гол үүрэг гүй­цэтгэсэн гэдгээрээ МАН-ын генсекийн эсрэг дүр нь юм.  У.Хүрэлсүхээс гадна Я.Содбаатар эхний аравт жагссаныг эс тооцвол  эхний эгнээнд  ахмадын арми жагссан байна. АН агуулгаа харж жаг­саал­таа хийсэн бол МАН хэл­бэрт анхаарсан буюу хуу­чин  гэгдэх улстөрчдөө хүмүүс таньдгаар нь жагсаасан байх жишээ­ний. Дээр нь МАХН-д ал­дах магадлалтай хөгш­чүү­лийн саналыг авах со­нирхол давамгайлсан биз. Яахав ахмадуудынх нь дунд Н.Энхболд, Д.Дэм­бэрэл нарын ашиг сонирхлын зөрчил бага­тай, улс төрд байх ноён нуруутай  хүмүүс хараг­даж байгаа ч намын дар­гаасаа эхлээд элдэв хэл амнаас салдаггүй, аль хэдийнэ бохир улстөрч­дийн нэрсийн жагсаалтыг тэргүүлэгчид  бичигдсэн байх юм. Ө.Энхтүв­шин­гийн хувьд намын бүлгийн дарга. Намаа шүүмжилж, эцэстээ МАХН  руу орц­гоосон жигүүрийн тэргүүн байсан хүн. Д.Лүндээ­жанцан жишээ нь сайн хуульч ч гэлээ улс төрийн лидер гэж харагддаггүй. Мөн Ц.Нямдоржийн хувьд Увсынхан нь хүлээж авахгүй болтлоо сүүлийн үед нэр хугараад байгаа.

Сарын цалин дээрээ эхнэ­рийн­хийгээ нэмээд ч төлж барахгүй үнэтэй хау­санд амьдардгийг нь Х.Баттулга гишүүн олон нийтэд зарлаж, түүнийг нь тайлбарлаж, булзах гэж олон нийтэд хүн үнэм­шимгүй юм ярьсан нь нэр хүнд нь унахад нөлөөл­сөн. Мөн тэрээр өмнө хууль зассан гэж УИХ-ын даргын албан тушаа­лаа­саа бууж байсан бол сая­хан сайдын ажлаа­саа мултрах шахсаныг ун­шиг­чид санаж багаа биз ээ. 

АН жаг­саал­тад фрак­цуу­дын төлөөллийг жигд оруулс­наас гадна  албан тушаа­лын эрэмбээр шууд жагсаагаагүй нь харагдаж байна. Д.Эр­дэнэбатад жишээ нь албан тушаалынхаа эрэмбээр хоёрт жаг­сах боломж байсан ч тэрээр үүнд их зөв байр суурьтай хандаж чаджээ. АН жаг­саалтын хоёрт З.Энхбол­дыг оноо­сон нь  оновчтой шийдэл болсон. АН дахь “Шонхор” фракцын тэр­гүүн, Ардчилсан хүч­ний холбооны тэргүүн тэрээр яах аргагүй АН-ын лидер. Шударга, шу­луун хэлчихдэгээрээ имижээ бүрдүүлсэн нэгэн. Түүнийг яалт ч үгүй улс орны төдийгүй, Ардчилсан намын бодлого тодорхойлдог улстөрч­дийн нэг гэдэг. Түүн шиг хүн парла­мен­тад олон байвал улс орон зөв бодлогоор явж, шударга ёс тогтоно гэдэг. Х.Тэмүү­жин­гийн хувьд ардчилсан ний­гмийн залуу үеийн төлөөлөл гэж харж болох ч  АН-ын лидерүүдийн нэг гэж тоо­цог­дох болсон. Гэрлийн хурдаар гарч ирсэн лидер. Сайн хуульч, шударга ёсны төлөө дуугарч чад­даг. Ч.Сай­хан­би­лэг Монголын түүхэнд хам­гийн залуугаараа сайд хийж бай­сан. Өнгөрсөн дөрвөн жилд бүл­гийн даргаар ажил­ласан. Ард­чилсан намын УИХ-ын бүлгийн шийдвэрийг төлөөлж дуугардаг байсан. АН-ын хувьд  Д.Эр­дэнэба­тыг намын аппаратыг удирд­са­наас хойш энэ намд эв нэгдэл эхэлсэн. Түүнийгээ дагаад ч өөрөө ген­секийн суудалд тогтвор­той суусан хүн. Улс төрийн хурцад­мал асуу­далд дандаа голч, ухаа­лаг, алсыг харсан байдлаар ханд­даг байсан нь намын даргатай­гаа хэрхэн ярьж, зөв шийдэлд хүрч энэ хугацаанд тэр тусмаа сонгуулийн өмнөх энэ үед АН-ыг эв нэгдэлтэй байлгаж ча­даж байгаа. Энэ удаа­гийн сонгууль холимог системээр явагдах учир жижиг намуу­даас цөөнгүй суудал авах болов уу гэсэн таамаг байгаа. Энэ таамаг нь ч оргүй биш юм. Ялангуяа жагсаал­тад орсон хүмүү­сээс эхэнд бичигд­сэн нь УИХ-д орж ирэх магад­лал­тай. Сонгуулийн рингэн дээр гол тулаан хийх хоёр гол намын жагсаалтын эхний эг­нээнд бичигд­сэн хүмүүсийн тухай өгүүлэхэд ийм  байна.

МАХН-МҮАН-ын
“Шу­дарга ёс” эвсэл Н.Энх­бая­раар жагсаалтаа эхлүүлэв.
Араас нь Ч.Улаан, С.На­ран­гэ­рэл, М.Сономпил, Энхбая­рын хүү Э.Батшугар, өмгөө­лөгч
О.Баасанхүү, Ц.Оюун­баатар
нарын эрчүүдээс гадна зарим
нэг эмэгтэй­чүү­дийн нэрийг
зоожээ. Өөрөөр хэлбэл, авлигын эцэг хэ­мээн
цоллууж, эцэстээ баригдаж, хоригдож, үүнийгээ
эсэргүү­цэн элдвээр аяглан
өрөв­дүү­лэх
тактик барьж санал авна гэсэн тооцоотой байгаа 
Н.Энх­баяраар толгой­луул­сан энэ багт Ч.Улаан зэрэг турш­лагатай улстөрчид багт­саныг эс тооцвол нэлээд
эрээ­вэр, хураа­вар жагсаалт гарчээ. ИЗНН-ын хувьд мөн л намын дарга С.Оюунаар ах­луулж, МҮХАҮТ-ын дарга С.Дэм­­бэрэлээр удаалуулсан ч төдийлөн анхаарал та­тахуйц лидер хараг­дахгүй байна. Харин Иргэний хөдөл­гөөний
нам Сүхжаргал­маа­гаар ахлуулсан
хорин найман эмэгтэйг жагсаалтандаа оруул­сан нь сонирхолтой шийдэл  болсон байлаа. Гэхдээ намын хувьд томоо­хон лидер
гэж хэлэх хүн хараг­дахгүй байгаа юм.

Categories
редакцийн-нийтлэл

Эверестэд гарсан эмээгийн сүрэнд манай уулчдын гавьяа дарагдах уу

Монголын дөрвөн уулчин хэд­хэн хоногийн өмнө Эверестийн оргилыг эзэлсэн билээ. Олон ул­сын экспедицэд багтсан уулчин С.Бат-Эрдэнэ Түвдийн талаас авиралтаа эхлүүлж тавдугаар са­рын 19-нд тус оргилд Монгол Улсын төрийн далбааг өргөсөн бол Балбын талаас авиралт хийсэн “Хөх тэнгэр” багийнхан маргааш нь эл оргилд гарсан байна. Уулчин С.Бат-Эрдэнэ нэг өдрийн өмнө гарсан гэдгээрээ дэлхийн дээвэр Эверестэд хөл тавьсан Монголын гурав дахь уулчин болж байгаа юм. “Хөх тэнгэр” багт манай таван уулчин багтсан бөгөөд тэднээс гурав нь оргилд гарчээ. Эверес­тийн оргилд 17 удаа гарсан Бал­бын нэртэй шерпагаар удирдуул­сан “Хөх тэнгэр” багийнхан ийн оргилд гарсан нь Монголын уулын спортын түүхэнд тэмдэглэгдэн үл­дэх үйл явдал болж байна. Үүнийг Эверестэд Монголын экспедиц гарах эхлэл тавигдаж байна хэмээн спортынхон үзэж байгаа юм.

Эверестэд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа нарыг гарахаас өмнө монголчууд хэзээ Жомолунгма оргилд мөрөө гаргах бол хэмээц­гээдэг байлаа. Гэтэл өнөөдөр монголчууд дэлхийн уулчдын хүсэл мөрөөдөл болсон оргилд багаараа гарч чадлаа. Уулын спортод тухайн оргилд экспедицээ илгээнэ гэдэг нь сансарт хөлөг хөөргөхтэй л адил нэр төрийн хэрэг байдаг. Юутай ч монголчууд үзэгчгүй, эрсдэлтэй гэгддэг уулын спортын түүхэнд Эверестийн оргилд багаараа гар­сан нь бахархмаар.

Уулын спортынхны хувьд Эве­рестийн оргилд хөл тавьж, төрийн­хөө далбааг өргөх нь олимпод аварга болсонтой адил гэдэг. Тэгэхээр Эверестэд гараад буй эдгээр тамирчид олимпийн аварга болох хэмжээний амжилтаа үзүүл­чихээд байна гэсэн үг л дээ. Өмнө нь гарсан хоёр уулчин асуудал­гүйгээр шууд Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаалгасан. Тэгвэл одоо энэ уулчдыг бүгдийг нь гавьяат болгох уу. Уг нь зарчмаараа бол тэгэх. Гэтэл үүний эсрэг байр суурьтай хүмүүс байна. Анхны хоёр нь анхдагчид гэдгээрээ гавьяат цол хүртэж болно. Харин тэдний дараачийн хүмүүст энэ цолыг өгнө гэдэг асуудалтай болж байна гэц­гээж байна.

Японы 73 настай Тамаэ Вата­набэ гэх эмээ манай уулчидтай бараг зэрэг шахуу Эверестийн оргилд гарч дэлхий даяар шуугиан тариад байна. Тэрээр одоогоос арван жилийн өмнө буюу 2002 онд 63 насандаа Эверестийн оргилд гарч байсан бол хоёр дахиа гарч “Эверестийн оргилд гарсан дэл­хийн хамгийн ахмад эмэгтэй уулчин” болчихоод байна. Эмээ хүртэл гарчихдаг ийм оргилд хөл тавьсан болгонд төрийн дээд цол тэмдэг өгөөд байх уу гэдэг асуудал үүнээс л үүдээд байгаа аж.

Уулын спортод 8000 метрээс дээш­хийг “Үхлийн зон” гэдэг. 8000 метрээс л дээшлээд ирвэл ба­раг сайн ду­раа­раа амиа хорлож байгаа­тай зүйрлэж болох. Ийм эрсдэл дундуур туучиж, тэсвэр тэв­чээрээ бартал тэм­цэлдсээр оргилд гарч байгаа уулчдыг юу гэх вэ. Гавьяаг нь тэмдэг­лэж, шагнаж урам­шуулахгүй юм бол тэд гавьяа бай­гуу­лаад ямар хэрэг бай­на. Уулчин хү­ний мө­рөөдөл Эверест гэдэг ч тэд мө­рөөд­лөө биелүүлж, эх ор­ныхоо нэрийг гар­гахыг л хүсч явдаг. Эверест гэдэг үгийг үхэл гэх үгс байнга дагалддаг. Он гарс­наас хойш арав гаруй уулчин энэ оргилыг зорьж яваад амиа алджээ. Уулчид “Эверест бол дэлхийн хамгийн өндөр цэг. Үүнээс цааш юунд авирах юм бэ” гэдэг. Тэгэхээр тэдний хувьд олимп гэж ярьцгаадаг нь үнэн аж.

Жил ирэх бүр уулын спортын техник технологи сайжирч, Эве­рес­тэд авирах тактик, туршлага нэмэгдсээр байгаа. Нэг ёсондоо Эверест нэвт судлагдчихаад бай­на. Ямар сайндаа 73 настай эмээ авираад гарчих вэ дээ. Өнөөдөр манай уулчид багаараа энэ оргил дээр гарч байгаа юм чинь маргааш монголчууд экспедицээрээ Эве­рестийг эзэлчихэж мэднэ. Ийм болохоор энэ оргилд гарсан бол­гонд гавьяат цол өгөөд байдаггүй юмаа гэхэд олимпоос алтан медаль авсан тамирчинд олгодог хэмжээний төгрөгөөр шагнадаг болбол бас болох ч юм уу.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Улаанбаатар хотыг коммунистууд авч явбал ямар болдгийг харлаа

Ингэж хэлэх шалтгаан байгааг нийслэлчүүд бид мэднэ. Нийс­лэлийг коммунистууд  ээлжгүйгээр дангаараа  удирдахдаа юу болгож хувиргав. Ямар ч зохион бай­гуу­лалт байхгүй, төлөвлөлтгүй явж ирсэн нийслэл маань хаяагаа тэлэхгүй нэг цэгтээ бөөгнөрч, үүний­гээ дагаад машины түгжрэл, утаа, хог, хаа сайгүй хагарч яйрсан зам, харанхуй гудамж гээд дэл­хийн ямар ч нийслэлд байхгүй  дүр зураг бий болсон. Энэ бүхнээс болоод иргэд нь хүртэл ямар их уур бухим­далтай байдаг гээч.   Үндсэн хуулиар олгогдсон аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн заалт байнга зөрчигдөнө. Дунд сургуулийн  бага ангийн хүүхэд  хичээлдээ явж байгаад траншейнд унаад үхчихэж байна. Хөгшин хүн Сүхбаата­рын­хаа талбай дээр  хальтирч унаад хөлөө хугалчихаж байна. Зун бо­роонд хүмүүс живээд үхчихнэ.  Агаарын бохирдлыг  бууруулах 500 тэрбум төгрөгийн төсөвт утаагүй зуух нь дэлбэрээд хүн үхээд байдаг. Утаа, шороо тоосноос болж хич­нээн нь бас үхэж байгаа бол. Өөрөөр хэлбэл төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэд амь насаа алдах нь дэндүү их болж байна. Удирдлагуудынхаа буруу­тай, хайхрамжгүй үйл ажилла­гаанаас болоод энх цагт дайны үеийнх шиг иргэн нь гэмтэж бэртэн, үхэж үрэгдэж байдаг нийслэлтэй улс дэлхийн хаана ч алга. Гэвч коммунист удирдлагууд нь энэ олон хүний амь эрсдэж байхад хэзээ ч хариуцлага хүлээсэнгүй. Хүний амины төлөө хариуцлага хүлээдэггүй юм чинь нийслэлийн өнгө төрх муу муухай байгаагийн төлөө юу гэж хариуцлага хүлээхэв.  Ингэж явсаар бид хичнээн ч жилийг ардаа орхив.

Гэр хорооллыг барилгажуулж, хотыг утаанаас салгах юм болсон. Энэ яриа нь олон ч хотын даргын нүүр үзлээ. Барилгажуулах төсөл буюу Долдугаар хороолол гээч нь   үнэн чанартаа томоохон компа­ниудад иргэдийн газрыг булаа­ж өгөх, өмчийг нь үнэгүйдүүлж, ба­рил­гын компаниудад газар олгож байгаа л хэрэг. Үүнийгээ утааг багасгаж, иргэдээ орон сууцжуулж байгаа гэж тайлбарладаг. Үнэн хэрэгтээ газрыг нь булааж аваад нэг хороолол барьчихаар гэр хо­роолол тэр чигтээ байхгүй болоод Улаанбаатар утаагүй болчихно гэвэл жинхэнэ үлгэр болно. Гэр хороолол байгаа цагт утаа байж  л байна. Багасгалаа, багасгалаа  гээд байхгүй болгож амжихгүй. Утаагүй зуух өгч,  орон сууц   бари­лаа гээд үүнийг тэр чигт нь шийдэж чадахгүйг энэ олон жил утааны тухай ярьсан үлгэр, бодит амьд­ралын зөрүү хоёроос бид ойлго­сон. Нийтийн орон сууц хичнээнийг барьсан ч цаана нь тэдгээр орон сууцанд багтаж чадахгүй гэр хороол­лынхон байсаар байна. Тиймээс коммунистуудын яриад байгаа зүйл бүтэшгүй гэдэг нь ойлгомжтой. Угаасаа ч бид өнгөр­сөн он жилд нийслэлийг ямар байлгасныг нь тайлбаргүйгээр мэдэж байгаа шүү дээ.

Нийслэлийг тэлж, утаанаас ангижирч, хүн шиг амьдрах болом­жийн талаар Э.Бат-Үүл гишүүн яриад байгаа. Түүний ярьснаар бол  хотын зах руу шуудуу ухчихад л болоод явчих юмыг яагаад хэрэг­жүүлдэггүй байсан юм  бол. Өөрөөр хэлбэл Э.Бат-Үүл гэр хорооллын хашааны газрыг инженерийн шу­гам­тай холбож, амины тохилог орон сууц бариулаад суучихвал болчих тухай тэрээр санал дэв­шүүл­сэн. Ингэж гэр хорооллын хөрвөх үйл явц улс орнуудад хөгжил авчирчээ. Дээр нь орон сууцны үнийн хөөрөгдөл эх адаггүй нэмэгдэхээ болих юм. Тэгээд ч нийтийн орон сууц барих нэрээр нэг хэсэг компанийн бизнесийг дэмжих зорилгоор иргэнийхээ газрыг булааж авна гэдэг бол цэвэр дээрмийн шинжтэй үйлдэл юм. Тэр байтугай хотын дарга Долдугаар хороог босгох гээд байгаа Сүхбаа­тар дүүргийн дөрвөн хорооны нутаг дэвсгэрээс  барилгын компа­ниудыг газар худалдаж авахгүй байхыг үүрэгдээд байгаа. Тэртэй тэргүй дээрэм хийж авч байгаа хойно арга ч үгүй биз.   

Угаас газраа өгөхгүй байх нь хувь хүний хэрэг шүү дээ. Хотын А зэрэглэлийн бүсэд хэдэн тэрбум хүрээд байгаа газрыг нь дээд тал нь хоёр өрөө байрны мөнгөөр буюу    29-40 кв метр талбай бүхий бай­раар сольж авч эхэлж байгаа. Хотын төвийн өндөр үнээр бизнес болгон дамлаж өгөлцөж, авалцдаг газрыг хувь иргэнээс нэг метрийг нь 100 мянгаар тооцож авч байгаа хэрнээ суурин дээр нь орон сууц бариад нэг метр квадратыг нь хоёр саяар л зарах жишээний байгаа шүү дээ.

АН-ын мөрийн хөтөлбөрт иргэ­дийн газрыг төрөөс баталгаа­жуулж, үнэ тогтоох тухай Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаа­тарын оруулсан санал тусгагдсан байна лээ. Ингэвэл иргэдийн өмчилж авсан газар үнэ цэнэтэй болох юм. Тэгвэл хэн дуртай нь өмчийг үнэгүйдүүлж булааж аваад байхгүй.

Ер нь гэр хороолол руу дэд бүтэц барихгүй байгаа нь ердөө л улс төр, бизнесийн л эрх ашиг болохоос болохгүй юм байхгүй. Харин ч орон сууц барьснаасаа илүү хямд өртөгтэй байгаа. Дээр нь хувийн хаус бол иргэн байгаль хоёртоо илүү өлзийтэй байдаг. Хүн байгальтайгаа шууд харьцана, өөртөө таатай орчинг бий болгох боломжтой. Нийтийн орон сууцанд бол нийтийн л эрх ашигт захираг­дана шүү дээ. 

Хотын зах руугаа нэг шуудуу ухчихаад, халуун хүйтэн усыг нь холбоод, дэд бүтцийг нь шийдчих ухаан  өдий болтол толгойд нь орж ирдэггүй юм уу гэвэл үгүй.  Зөвхөн хүсэхгүй л байсандаа байгаа юм. 

Ингэж дэд бүтцийг шийдэх ажил ч элдэв тендер  гэхээсээ илүүтэй  ажилгүй суугаад байгаа хэдэн нөхдүүдээр ухуулчих л нүх шүү дээ. Ингэж жорлонгийн шуудуу ухаад л хотоо тэлээд, утаанаасаа салах боломж байна. Гэтэл коммунист удирдлагууд нь хотыг тэлэх бод­лого явуулсангүй.

 Харин үүнийг Үүл баатар гарч ирээд хийе гэлээ. Ингэж чадвал нийслэлийн оршин суугчдын хэт төвлөрөл багасах юм байна.

Гэр хорооллын айлын хашаа­ны газрыг инженерийн шугамтай холбож, амины тохилог орон сууц бариулснаар утаа, хөрсний бо­хирд­лоос сална. Орон сууцны үнийн хөөрөгдөл багасна. Иргэд өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болно. Үүнийг дагаад хувийн жижиг үйлдвэрлэлүүд  бий болно. Ингээд ажилгүйдэл ядуурал буурна. Энэ мэтчилэн олон асуудлыг цогцоор нь шийдэх боломжууд бүрдэж байна. Иргэд маань жинхэнэ утгаа­раа хувийн өмчтөн болж чадна. 

Улаанбаатар хотыг коммунис­тууд авч явбал ямар байдгийг бид бишгүй харлаа. Одоо боллоо. Хот шиг
хотод, улс шиг улсад, хүн
шиг л амьдармаар байна шүү
дээ.