Categories
арын-нүүр булангууд редакцийн-нийтлэл

Гомдол бол хууран мэхлэлтийн хэлбэр

Алба ба амин хувийн ажил төрөл дээр ганц нэг хүнийг санамсаргүй гомдоочихсон
тохиолдол үргэлж гардаг. Сүүлд сонсохноо өмнөөс нь гашуудаж бүр нулимс гоожмоор
шоовдорлосон байхыг нь яана гээч. Хөөрхийдөө тэр муу ядарсан амьтан тухайн үед нь
ядаж хэлчихгүй даанч яав даа.

-За за ёстой уучлаарай. Одоохон наад гомдлыг чинь…

-Үгүй ээ үгүй. Би дахиад хэзээ ч…ий ий…

 Байгаа үгүй нь мэдэгдэхгүй
урвайсан, очиж очиж тэрэнд л дандаа шударга бус явдал тохиолдоод байгаа бол өрөвдөхөөсөө
өмнө сайтар судалж үзээрэй. Гомдогсод ихэвчлэн бусдыг хууран мэхлэх аргаар өөрийн
хэмжээнээсээ дээгүүр ажилд шургалагсад байдаг. Тэд бүр төрөлхийн ухаан муутай, ямар
нэгэн согог оёгтой, юу ч хийж чаддаггүйгээ үргэлж нууж явдаг. Тийм болохоор өөрөөс
хамаарах мэдлэг мэргэжил, хариуцлага болгоноос сэм бултаж зугтаж явдгийг хамтрагчид
нь анзаардаггүй. Бүх зүйл болоод өнгөрсөн, нийтийн бэлэг, шагнал түгээгдсэний дараа
гэнэт гарч ирээд олон юм гоншигноод өрөвдүүлдэг муу аргатай.

Монголын өнөөгийн нээлттэй нийгэмд хаа очиж цагаандаа гарсан хэлмэгдэл,
шударга бус хуваарилалт хийх үндэслэлгүй болсны ачаар л тунималуудын цаад мөн чанарыг
мэдэж авлаа.

Ж.ГАНГАА

Categories
мэдээ редакцийн-нийтлэл цаг-үе

Сонгодог хөгжимд сэтгэл огт хөдөлсөнгүй, морин хуурын татлага сонсоод сэтгэл маш их татагдаж, тоглож сурсан

Морин хуурын олон улсын IV наадам өнгөрсөн пүрэв гаригт өндөрлөсөн.
Уг наадмын хүрээнд болсон морин хуур сонирхогчдын уралдаанд ХБНГУ-аас ирж оролцсон
Андрео Горецкитэй ярилцсанаа хүргэе. Тэрбээр IT инженер, морин хуур, шанз тоглодог
хүн юм байна.

 -Морин
хуурыг та анх хаана сонссон бэ. Яаж тоглож сурав?

-Би морин хуурын аялгууг 2006 онд анх сонссон. Хархоринд аялж явахдаа
Балдандорж гэдэг өндөр настай хөгжимчин жинхэнэ монгол аялгуу тоглохыг сонсоод сэтгэл
их татагдсан. Хожим нь Баярсайхан гэдэг морин хуур урлаач найзтай болж, тэр найз
маань надад морин хуур бэлэглэсэн юм.

-Та
хөгжимчин хүн үү. Герман улсын аль хотоос ирсэн бэ?

-Германд би IT инженер мэргэжлээрээ ажилладаг. Төрсөн хот маань Ханбург.
Гэхдээ би Боннд ажилладаг юм. Намайг бага байхаас аав маань аккордион, мандолин.
ээж гитар, цахилгаан төгөлдөр хуур тоглодог байв. Би багаасаа хөгжим сонирхсон ч
жаахан байхдаа тоглож сураагүй. Сүүлд, эвэр бүрээ, төгөлдөр хуур зэрэг гурав дөрвөн
хөгжим тоглож сурсан боловч эдгээр сонгодог хөгжимд миний сэтгэл огт хөдөлсөнгүй.
Харин монгол хөгжим сонсоод, ялангуяа морин хуурын татлага сонсоод сэтгэл маш их
хөдөлж, тоглож сурахаар шийдсэн. 

-Ямар
хүнээр заалгаж сурав?

-Анх Монголд ирснээсээ хойш гурван жил болоод дахин ирсэн л дээ.
Ажил ихтэй байсан учраас ойр ойрхон ирж чадаагүй. 2009 онд би монгол найз охинтой
болсон. Түүний ах нь миний найз морин хуур урлаач Баярсайханы найз байсан юм. Германд
морин хуур заах багш байхгүй учраас би 2012 онд Улаанбаатарт ирж Соёл урлагийн их
сургуульд орж, энд нэг жил амьдарсан. Соёлын сургуульд сурснаар миний морин хуур
тоглох техник сайжирсан. Энд би бизнес аялал хийхийн хажуугаар багшаар хуур заалгаж
байлаа. Мөн бичлэг сонсч, ноотыг нь ч сурсан.

-Хэдэн
жил морин хуур тоглож байна вэ?

-Таван жил.

-Морин
хуурт зориулсан зохиолуудтай та хэр зэрэг танилцав. Ямар аялгуу, ямар зохиолоос
тоглож байгаа вэ?

-Миний хамгийн дуртай аялгуу бол татлага. Монголын уламжлалт зургаа
долоон татлага сурсан. Жонон хар, Уйлган шарын явдал, икэлийн эгшгүүд гэхчлэн. Морин
хуураар тоглоход хэцүү икэлийн татлага, икэлд зориулсан эгшгүүдийг икэлээр нь тоглож
сурсан. Би нэг икэл авсан. Түүгээрээ икэлд зориулсан баруун монгол аялгуу тоглож
сурлаа. Гурван сарын турш Улаангом хотод байж баруун монгол татлага, биелгээг судалж,
тоглож сурлаа.

-Европын
зохиолоос морин хуураар тоглож үзэв үү?

-Р.Шуман, С.Бахын зарим нэг зохиолоос тоглодог.  

-Танай
орон сонгодог хөгжмийн их эртний гүн гүнзгий уламжлалтай. Гэтэл та монгол хөгжмийн
тоглолтын язгуур техникийг нь, хөгжмийн соёлын эртний уламжлалыг нь сонирхдог юм
байна. Улаангомд хэсэг хугацаанд амьдрахад монгол ахуй танд ямар сэтгэгдэл үлдээсэн
бэ?

-Улаангомд байхдаа олон янзын хийцтэй нүүдэлчдийн гэр үзсэн. Хамгийн
сонирхолтой нь тэнд зургаа долоон настай хүүхдүүд бүгд биелгээ мэдэж байна. Бий
биелгээний аялгуу надад маш их таалагдсан ч сурахад амаргүй байсан. Гэхдээ сурсан.
Одоо миний хүсч байгаа зүйл бол монгол хөгжмийн хамтлагтай тоглох. Германд амьдардаг
монголчууд жил бүрийн зун наадам хийдэг юм. Тэр үеэр би ганц хоёр удаа тоглож байсан.
Цаашид бас наадмаар тоглох хүсэлтэй байгаа.

-Манай
үндэсний хөгжмийн орчин үеийн хамтлагуудыг мэдэх үү?

-Манай улсад монгол хамтлагууд байдаг. Миний мэдэж байгаагаар, “Транс
Монголиа”, “Хөх Монгол” гэдэг хамтлагууд байна.

-Энэ
удаагийн олон улсын наадмын гала тоглолтод та Гал Шарын домог гэдэг магтаал тоглож
үзэгч сонсогчдоос хамгийн их алга ташилт хүлээж авлаа. Өмнөх өдрүүдэд нь ямар зохиол
тоглов?

-Чөлөөт тоглолт, трио тоглосон. Бас нэг магтаал тоглосон. Дагийранз
гуайн бүтээсэн Галшарын магтаалыг би бичлэгээс нь сонсч сурсан юм. Галшар сум Хэнтий
аймагт байдаг. Би тэнд маш их хөл хөөртэйгөөр хүргэн орсон. Тийм учраас тэндэхийн
магтаалыг нь сонирхож цээжилсэн юм. Маш сонирхолтой магтаал. Морин хуур тоглоод
магтаал хэлэх хэцүү. Гэвч би авьяасаараа сурсан. Морин хуурын сонгодог концерт цээжилж
чадахгүй ч уламжлалт соёлын монгол хэлний 200 үг цээжилж чадсан шүү.

-Морин
хуурыг чухам ямар онцлогоор нь та сэтгэлдээ илүү ойр хүлээж авав?

-Аялгуу эгшиг нь яг хайр шиг. Миний морин хуурт хайртай болсон шалтгаан
энэ л дээ. Өөр үгээр илэрхийлж чадахгүй нь ээ.

-Энэ
наадмын өдрүүдэд Морин хуурын чуулгатай хамт тоглож үзэв үү. Танд ямар санагдав?

-Гаднаас ирсэн бүх сонирхогчид Морин хуурын чуулгатай хамт нэг тайзан
дээр тоглосон. Оркестрт суудаг хөгжимчид дотор ид шидтэй морин хуурчид байна. Маш
гоё юм. Үүнээс илүү гоё сайхан зүйл байхгүй.

-Ойр
дотныхоо хүмүүст та морин хуур зааж өгье гэж бодож байгаа юу?

-Германд ганц хоёр хүнд зааж өгч магадгүй. Миний ажил, бизнес аялал
зэргээс шалтгаалаад бусдад заахад хүндрэлтэй байдаг. Өнгөрсөн хугацаанд хоёр хүнд
морин хуур бага зэрэг зааж өгсөн. Тэд үргэлжлүүлж заалгахыг хүссэн ч би дандаа завгүй
байлаа.

-Хаана
ч явсан та морин хуураа авч явдаг уу?

-Үргэлж авч явдаг. 

-Аав
ээж тань таны морин хуур тоглохыг сонсч байв уу?

-Зул сарын баяраар аав ээждээ Зул сарын аялгуу тоглож үзүүлсэн. Маш
их таалагдсан. Одоо тэд маань далан настай. Миний концертыг үзмээр байна гээд л
байгаа. Өндөр настай болсон учраас Монгол руу аялж чадахгүй шүү дээ.

-Та
морин хуурыг үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан гэлээ. Бас таван жил тоглож, монгол
хөгжмийн соёлоос судалж байгаа гэсэн. Энэ хугацаанд манай хөгжмийн соёлын талаар
ямар бодолтой болсон бэ?

-Монгол туульс үнэхээр гайхамшигтай. Үүнээс гадна миний дуртай олон
аялгуу байгаа. Жишээ нь, уртын дуу, татлага, биелгээ, ардын богино дуунууд, бас
орчин үеэс Н.Жанцанноровын бүтээл байна. Манайхан бол зөвхөн поп рок, сонгодог ари
мэднэ. Манай германчууд монголчууд шиг хөгжимтэй их ойр холбоотой хүмүүс биш. Хөгжимд
жаахан дуртай, энэ нь монголчуудынх шиг гүн гүнзгий биш.

-Та
бусад үндэстнүүдийн хөгжмөөс сонирхдог уу?

-Киргизээс комуз хөгжим авсан. Энэ хөгжим бас хоёр утастай. Хятад
улсаас пийпаа авсан. Бас шанз тоглодог. Шанзаар би зөвхөн монгол аялгуу тоглож байна.

-Энд
хөгжмийн сонирхлоороо аялахдаа Герман дахь ажил албаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Германд би өндөр цалинтай, бас чөлөөт цаг байгаа учраас хөгжимд
хүссэн цагаа зарцуулж байна. IT инженерийн ажил маань хөгжим сонирхоход саад болдоггүй.
Ажлын газар гэрт ойрхон. Долоо хоногийн таван өдөр нь өдөрт найман цаг ажилладаг
болохоор чөлөөт цаг ихтэй.

-Манай
улсад та хэдэн удаа ирэв?

-Арван удаа Монголд ирсэн.

 Н.ПАГМА       

Categories
редакцийн-нийтлэл

Хоггүй Улаанбаатарын төлөө хотын мэр бид хоёрын хийж чадах ажил

Улаанбаатарыг хогноос нь салгахын тулд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй нь
тодорхой болов.  Эх хүний хувьд би
хүүхдэдээ “Хогоо гудамжинд хаяж болдоггүй юм шүү” хэмээн сургаж чадна. Бас иргэний
хувьд хогоо гудамжинд хаяхгүй, хогийн сав тааралдтал тэсч сурсан. Сэтгүүлчийн
хувьд хоггүй хотын төлөө үзэг цаас нийлүүлж сууна. Харин манай хотын  дарга энэ талаар юу хийв. Хотыг хогноос нь салгахад
хотын даргын шийдвэр жин дарах нь зүй. Үнэгүй тарааж байгаа  ногоон уутных нь ач холбогдлыг нийслэлийн
иргэд нэг л сайн ойлгохгүй яваа. Уут тарааж эхлэхээс өмнө ч нийслэлчүүдэд хогоо
хийгээд хаячих элдэв муусайн уут олддог л байсан. Хэрвээ энэ уут хог ангилан ялгах
зориулалттай байсан бол ач холбогдолтой эд. Ангилж ялгасан хогоо дахин
боловсруулах үйлдвэр олон бол  бүр ч
догь.

“Уул шугамандаа бол” хогны уут тарааж байсан улс орны түүх нэг, хоёроор
зогсохгүй. Ерээд оны Тайпэй хотод ч хог хаягдлын уул овоо үүсч байжээ.  Асуудлаа шийдэхийн тулд Тайваны Засгийн
газраас  “Хогны уут” хөтөлбөр
хэрэгжүүлсэн байна. Гурван жил хэрэгжсэн энэхүү хөтөлбөр нь “Хог хаягдал дахин
боловсруулах хөтөлбөр”-ийн бэлтгэл болсон аж. 
Хогны уут үнэгүй тарааж байсан ч дараа нь иргэд хогоо ангилж хаяж
дадсаны дараа  уутаа үнэлэх болсон. Тайваньчууд
хогноосоо салахын тулд ямар стратеги барив? 

Эхлээд тэд  хаягдал дахин
боловсруулах стандарт батлаж, хууль журамдаа өөрчлөлт оруулсан аж. Дараа нь
хогийн уут үнэгүй тарааж эхэлсэн.  Гуравдугаарт нийтийн эзэмшлийн газруудад хог
ангилж хаях зориулалттай хогийн савнуудыг хангалттай нийлүүлжээ. Дөрөвдүгээрт
олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хүчтэй өрнүүлэв. Тавдугаарт хоёрдогч
түүхий эд хүлээн авах цэгүүд болон хог хаягдал 
дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжсэн юм билээ.  

Манайхан хог түүдэг хүмүүст таатай биш ханддаг. Харин хотыг хогноос нь салгахад
ихээхэн үүрэгтэй энэ хүмүүсийн хөдөлмөр үнэлэгдэх тусам энэ төрлийн ажлын байр
олширч, хотын хог ч багасдаг нь бусад олон орны туршлагаас илэрхий. Ядаж л
хоёрдогч түүхий эдийг тогтсон үнэ ханшаас доогуур үнэлэхгүй байхыг хуульчилж,
хаягдал түүхий эд авдаг цэгүүдээ оршин суугчдадаа мэдээлэх хэрэгтэй аж. Хаягдал
түүхий эд авдаг цэгүүдийн байршил тодорхой бол иргэд хогоо хаана мөнгөөр
солихыг мэдэж авна гэсэн үг.  Хан-Уул
дүүрэгт  “Нийтийн зар мэдээний самбарт”
хог дахин боловсруулах үйлдвэрүүдийн байршил, утасны дугаарыг бичиж мэдээлсэн
туршлага ч  байна.  Дүүргийн хэмжээнд ийм самбар 270 байдаг гэсэн.
 Хаягдал түүхий эд авдаг цэгүүдийн
мэдээлэл бүхий ном ч хэвлэгдэх сурагтай.

Яагаад бид хогоо ангилж хаях ёстой вэ?

Нийслэлд үүсч буй хог хаягдлын 50 орчим хувийг дахин боловсруулах боломжтой
хог хаягдал эзэлдэг.  Одоогийн
байдлаар  үүний зөвхөн 7,6 хувийг нь л
ангилж ялгаж чаддаг гэсэн судалгаа бий. 
Бусдыг нь ландфилл буюу хөрсөөр дарж булах аргаар булшилдаг.  Хогийн цэг дээр ажилладаг 20-30 хаягдал түүдэг
хүн  энэ их хогийн уул овоог бүхлээр нь
ялгаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хог үйлдвэрлэж байгаа эхний цэг буюу  хэрэглэгчтэй тулж ажиллах хэрэгтэй байгаа
биз.  Иргэд хогоо ангилж хаядаг бол хотын
хог 50 хувь багасах учиртай. Хогоо ангилж хаядаг болгоход хотын дарга ногоон
уут тараахаас гадна их юм хийх хэрэгтэй  байна даа.

Б.Янжмаа                   

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Амарсанаа: Нийт хүн амын 15 хувь нь С вирустэй гэсэн судалгаа бий

-ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН
ЭСРЭГ ЭМИЙГ ХЯМД ҮНЭЭР АВАХААР БОЛЖЭЭ-

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа АНУд олон улсын хуралд оролцох үеэрээ элэгний С вирусийн эсрэг шинэ эмийг Монголдоо хямд үнээр худалдан авч хэрэглэх тухай ярилцаж тохиролцжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

  Элэгний С виру­сийн эсрэг эмийг монголчууд хямд үнээр хэрэглэх болж байгаа тухай дуул­лаа. Та энэ талаар мэдээлэл өгөөч?

-АНУ-ын “Glead science” компани
“Sofosbuvir” хэмээх элэгний С вирусийг эмчлэх эмийг өнгөрсөн арван­хоёрдугаар сараас
эмчилгээнд нэвтрүүлсэн. Би Сан-Франциско хотод очиж энэ компанийнхантай уулзахдаа
Монголд элэгний С вирусийн тархалт өндөр байд­гийг хэлээд, энэ эмийг хөнгөлөлттэй
үнээр манай улсад нийлүүлэхийг хүс­сэн юм. Эмийн компа­нийнхантай уулзах цаг авахад
АНУ дахь Монголын Элчин сай­дын яамны консулын газраас их тусалсныг хэлэх хэрэгтэй.
Нэг курс эмчилгээг АНУ-даа 84 мянган ам.доллараар хий­дэг юм байна. Харин манай
улсад зургаан сарын курс эмчилгээний эмийг 1800 ам.доллар буюу АНУ-ын зах зээ­лийн
үнээс 44 дахин хямдаар нийлүү­лэхээр боллоо.

Эмийн томоохон үйлдвэрүүд шинэ бүтээг­дэхүүнээ
хямд­руулдаггүй. Буурай хөгжилтэй орнуудад эмийн хадгалалт, хэрэглэх горимыг алдах
эрсдэлтэй тул тэр бүр нийлүүлдэггүй. Гэтэл манай улсад уян хатан хандсанд баярлаж
байгаа.

Тэгвэл  эмийг Монголд хэзээнээс нийлүүлэх бол?

-Компанийн төлөөл­лүүд тавдугаар сарын сүүлээр
юм уу зургадугаар сарын эхээр Монголд ирнэ. Тэр үед ямар боломж байна гэдгийг нухацтай
ярилцана. Монголд шинэ эмийг бүртгэх дүрэм журам гэж бий. Монгол Улс энэ асуудалд
илүү  ач холбогдол өгч, ард түмнийхээ эрх
ашгийг бодоод хурдан хугацаанд эмийг бүртгэх ямар боломж байна гэдгийг ярина. Ердийн
бүртгэлийг хүлээвэл дор хаяж нэгээс дөрвөн жил хүлээх болно. Нэг жилийн өмнө ч гэсэн
эмийг хэрэглэж, олон хүний амь насыг аврах нь чухал гэж бодож байна. Яагаад гэвэл,
энэ компани  дэлхийн цөөхөн хэдэн оронд хямд
үнээр  нийлүүлэхээр төлөвлөсөн байсан. Үүний
нэг нь Монгол байгаасай гэж хүсч байна.

Элэгний С вирусийн эсрэг эм оруулж ирэхээр бол­лоо гэсэн мэдээл­лийг сонссон зарим иргэд болгоомжтой хандаж байнаШинэ эм учраас туршилт болчих вий гэсэн яриа гараад байгаа юм билээ?

-Би өөрөө элэг суд­лаач, элэгний эмч хүн. Тийм
учраас хаана, ямар  сайн эм гарч байгааг сонирхож,
судалж байдаг. Хам­гийн сүүлийн үеийн судалгаагаар нэг компанийн бүтээг­дэхүүн маш
сайн үр дүниэй байгаа нь “Glead science” компани “Sofosbuvir”. Эмийн судалгааг дөр­вөөс
таван жилийн өмнө хийж эхэлсэн. Эхлээд суурь судал­гаа хийгдээд дараа нь клиникийн
судалгаа хийж, гурван үе шатаа даваад гарч ирсэн эм. 2013  оны арванхоёрдугаар сард АНУ-д бүртгэгд­сэн. АНУ-ын
эм бүртгэлийн агентлагт бүртгэгдэнэ гэдэг бол маш олон үе шатын судалгааг давж гарч
ирдэг учраас энэхүү  бүтээгдэхүүн  чанартай, найдвартай гэдэгт эргэлзэхгүй байна.
Миний хувьд олон улсын хурлуудад сууж байхдаа энэ эмийн талаар олон удаа сонсож,  үр дүнг нь мэдэж байсан учраас нэг өдрийн өмнө
ч гэсэн Монголд оруулж ирье гэж бодсон. АНУ руу явах шалтгаан маань эмийн компанитай
уул­зах байгаагүй. Жилд олон дахин томи­лол­тоор явж чадах­гүй учраас нэг явсан
дээрээ нэг ажлыг ч гэсэн бүтээе гэж бодоод тэр компанийн байран дээр нь очоод  энэ эмийг Монголд бүрт­гүү­лэх хүсэлтэй бай­гаа­гаа
ярьсан. Энэ эмийг АНУ-д одоо хэрэг­лэгдэж байгаа. Тийм учраас хэтэрхий их болгоомжлох
шаард­лагагүй.

Эмийн үйлчил­гээний талаар мэдээ­лэл өгөхгүй юу. Одоо манайд хэрэг­лэж байгаа эмчил­гээнээс юугаа­раа давуу талтай юм бол?

-“Sofosbuvir” элэгний С вирусийн 70-80 хувийг
устгах чадвартай. Харин манайд одоо хэрэг­лэж байгаа интерферион 60-70 хувийн эмчилгээний
үр дүнтэй ч гаж нөлөө ихтэй. Халуурна, бөөл­жинө, дотор муухай оргино, үс унана.
Тийм учраас өвчтөнүүд маань эмчилгээ хийж байгаад дундаас нь хаядаг. Бас нэлээд
үнэтэй. Монголд жилийн курс эмчилгээ нь 12-15 мянган ам.доллар байдаг. Өөрөөр хэлбэл,
С вирус­тэй өвчнүүд бүгдээрээ эмчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа нь хоёр гол шалтгаантай.
Эмийн гаж нөлөө  нь хүчтэй, бас үнэтэй. Харин
“Sofosbuvir” гаж нөлөө бага. Толгой өвдөх, дотор муухай оргих зэрэг нөлөө ажиглагдана.
Гэхдээ энэ нь эмчилгээний явцын дунд арилна гэж үзэж байгаа.

Монгол Улсад элэгний вирусийн эмчилгээ ямар түвшинд байна вэ?

-Бид энэ тал дээр дэлхийн хөгжлөөс хоёроос
гурван жилээр хоцорч яваа. Өөрөөр хэлбэл, нэг хоёр жилийн өмнөөс шинэ эмнүүд гарч
ирсэн. Энэ хоцрогд­лоо нөхөхийн тулд идэвхтэй ажиллаж байна. Энэ эмийг хямд оруулж
байж одоо манай өвчнүүдэд тул­га­раад байгаа асууд­лыг шийднэ. Өөр элэгний С вирусийн
эсрэг шинэ эмчилгээнүүдийг сонирхож үзсэн. Өнгөрсөн  жил хоёр шинэ эм нэвтэрсэн. Тэр хоёр эмийн үр
дүн нь одоогийн бидний оруулж ирэх гэж байгаа эмнээс нэлээд бага, гаж нөлөө нь өндөр
байсан учраас  Монголд оруулж ирэ­хийн төлөө
хөөцөл­дөөгүй юм.

Манай хүн амын хэдэн хувь нь С вирусээр халд­варлан өвчилдөг юм бол?

-Хамгийн сүүлийн 2007 онд хийсэн судал­гаагаар
нийт хүн амын 15 хувь нь элэгний С вирустэй гэсэн дүн гарсан. Энэ нь долоон хүн
тутмын нэг нь С вирустэй гэсэн үг. Дэлхийн улс орнуудаас Монгол, Египет С вирусийн  халд­вар өндөртэй оронд тооцогддог. Элэгний С
вирус нь өвчлөлийн явц удаан. Цусаар дамжин халд­даг. Эхээс урагт халдварлах магадлал
долоон хувьтай байдаг. Хүний нас ахих тусам элгийг хатууруулж, хатуурлаас хавдар
үүсдэг. Яг халдвар авсан даруйдаа хүнийг цочмог үрэвсэл өгч, үүнээсээ болоод хурдан
хугацаанд нас барах тохиолдол байхгүй. Монголд элэгний өвчнөөр олон хүн нас бардаг.

Элэгний С вирусийн халд­вараас яаж урьд­чилан сэргийлэх вэ. Салбарын яам­наас урьдчилан сэргийлэх тал дээр хийж байгаа ажил байна уу?

-Урьдчилан сэр­гийлэх нь хамгийн чухал. С вирусийн
халдвар дамжих гол замууд цус. Эрүүл мэндийн байгууллага, гоо сайхны газруудын явуулж
байгаа үйл ажиллагаанаас шалт­гаалж хүмүүст халдвар дамжиж бай­на. Ялангуяа гоо
сайхны газрууд батга хатгаж, шахдаг хэрэгслүүдээр дам­жих, мөн ардын зүүн эмчилгээ,
шүд­ний эмнэл­гүү­дийн эмчилгээний хэрэгслүүдийг дутуу ариутгаж, өөр бусад хүмүүст
эмчилгээ хийс­нээс халдвар дам­жиж байна. Үсчинд ч гэсэн үс зах­лах хэрэгслийг ариут­гадаггүй
нь халд­в­ар дамжих бас нэг шалтгаан болж байна. Тиймээс нэг удаагийн хэрэгсэл хэрэглэх
нь зүйтэй юм.

Тэгвэл шүдний эмнэлэг, гоо сайхны газруудад эрүүл мэндийн яамнаас хяналт тавьж, заавар, зөвлөгөө өгдөг үү?

-Бидний хувьд зөрчил илэрсэн газ­руу­дын үйл
ажил­лагааг нь хязгаарлаж, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох ажлыг хийж байна.
Өнгөрсөн жил шүдний эмнэлгүүдэд шалгалт хийсэн. Нийтдээ 16  газар зөр­чил илэрснээс наймыг нь хаасан. Үлдсэн
газруудынх нь тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож, зохих арга хэмжээг авсан.

Х.ЦЭНДАЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Н.Номтойбаяр: Чаддагаараа популизм хийж мэддэг хүмүүс энэ парламентад олон байна

УИХын гишүүн Н.Ном­той­баяртай ярилцлаа.

Та саяхан Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж, Засгийн газраас санал авахаар өгсөн. Ямар учиртай төсөл билээ?

-Монголынхоо төлөө ажил
хийх үүрэг даалгаврыг Дорнодын ард түмэн надад өгч, УИХ-д илгээсэн шүү дээ. Тийм
учраас энэ ажлаа хийж “Гурван А бодлого” боловсруулж байна. Үүний нэг нь ахмадын
талаар баримтлах бодлого юм. Ахмадуудад тулгарч байгаа таван асуудлыг шийдэхээр
тусгасан. Тухайлбал, тэдэнд зориулж тэтгэвэр, орон сууц, эрүүл мэнд, хагас цагаар
хөдөлмөр эрхлэх, асрамжийн амралтын газар цогцоор нь шийдэхээр тусгасан байгаа.
Ахмадууд тэтгэвэрт гарсан л бол баяртай гэдэг ойлголтоосоо монголчууд салах хэрэгтэй.
Энэ бодлого батлагдсанаар “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль”-д өөрчлөлтийг  хийж  “Ач
санах  тухай хууль” болгох зорилготой юм.
Үүний дараа ажилгүйдлийн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-д өргөн барина. Гурав
дахь нь ажил хөдөлмөрийн үнэлгээ, урамшууллын бодлогыг өргөн барина. Өнөөдөр амжилттай
ажиллаж байгаа зарим хувийн аж ахуйн нэгжүүд ажилтандаа хангалттай цалин өгөхийн
зэрэгцээ хариуцлагыг өндөржүүлж, ар нийгмийнх нь асуудлыг шийдчихдэг. Тухайн хүн
ар гэр, үр хүүхдэдээ санаа зовохгүйгээр ажилдаа анхаарч бүтээмж өндөртэй ажилладаг.
Хөдөлмөрийг зөв үнэлэх нь тухайн байгууллагын хөгжлийн хөшүүрэг болж байна. Монгол
Улс тэр аяараа ийм л тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Мөн Залуучуудын талаар баримтлах
бодлогыг О.Содбилэг гишүүн НАМЗХ-ныхон хамтран боловсруулж байна. Бас цэргийн эрх
зүйн хуульд өөрчлөлт оруулах төсөл дээр ажиллаж байна.

УИХаар эдийн засгийг эрчимжүүлэх төслийг хэлэлцэж байна. Та энэ төслийн талаар ямар бодолтой байгаа вэ?

-Энэ төсөл дээр УИХ-аас
ажлын хэсэг гаргаж, намуудын төлөөллөөс оруулах шийдвэрийг УИХ-ын дарга З.Энхболд
гаргасан. Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөг гаргахад улс төржихгүйгээр бүгдээрээ
хамтарч ажилла гэж манай ангийн дарга үүрэгдсэн. Ингээд манай намын зүгээс энэ төлөвлөгөөг
дэмжиж өөрийнхөө бүлэг дээр ажлын хэсэг гаргасан. Хэдийгээр МАН эрх бариагүй ч гэлээ
ард түмний итгэлийг хүлээж, тэднийг төлөөлж Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн
төлөө шийдвэр гаргахаар тангараг өргөсөн 26 гишүүн нь УИХ-д сууж байна.  Эдийн засаг муудсан учраас сөрөг хүчнийхэнд шүүмжлэх
олз олдлоо гээд  баярлаад суух  эрх  байхгүй.
Тийм ёс суртахуун ч бидэнд байхгүй. Тиймээс энэ тогтоолын төсөлд орж байгаа  39 саналыг нэлээд магадалсан. Тэгээд эдийн засгийг
эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх  саналуудаа
ч нэмж багтаасан.

Улс төржиж гацаахгүйгээр ажил хэрэгч байдлаар хандаж байгаа гэсэн үг үү?

-Чуулганы завсарлагаанаар
тойрогтоо очиж ажиллалаа. Манай дорнодыхон “Та нар эрх баригчидтай сөргөлдөөд бай”
гэж хэлэхгүй байна. Хөгжил нэхсэн бухимдалтай хүмүүс л байна. Ард түмэн биднийг
бүтээлч байгаач, АН-ын мэдэхгүй, чадахгүй зүйлд туслаач гэж  шаардаж байна. Тийм учраас эдийн засгийг эрчимжүүлэх
төслийг ажил хэрэгч талаас нь дэмжиж байгаа юм. 
Хамгийн гол нь энэ төсөл батлагдлаа гэхэд дараа нь амьдрал дээр бодитоор
хэрэгжихүйц байх ёстой.  Хэрэгжихүйц төсөл
байлгахын тулд Засгийн газар сууриараа эрүүл бодлого, бүтэцтэй, УИХ нь түүнд хяналт
тавьж хариуцлага тооцож чадах нөхцөл бүрдэх хэрэгтэй. Гэтэл УИХ нь давхар дээлтэй.
Засгийн газарт хяналт тавих гол стратеги салбарт эрүүл суурь нь алга. Үүнд л санаа
зовж байна. Тэрнээс биш эдийн засгийн идэвхжүүлэх төсөлд улс төр, бизнесийг холдуулж,
эрүүлжүүлэх бодлого баримтлах нь уу гэдэг хандлага ажиглагдаж байгаа.

Тэр нь юунаас харагдаж байна

-Төрийн оролцоог хумих
чиглэлийн зүйлүүд ихээр туссан байна. Жишээ нь одоогийн байдлаар манайд төрийн өмчит
100 гаруй аж ахуйн нэгж бий. Үүний 48 хувь нь тэрбумаас дээш төгрөгийн алдагдалтай.
Энэ дампуурлыг хэн бий болгов. Бизнест хэт хутгалдаад байгаа төрийн оролцоо шүү
дээ. Тэгэхээр энэ бүхнээс салсан нь дээр гэдэг үзэл энэ төсөлд яваад байгаад нь
баярлаад байна. Түүнчлэн өнөөдөр зарим хүмүүс “Уул уурхайн салбарынхан баялаг бүтээгч
биш, гэрийн шаахай хийдэг хүмүүс баялаг бүтээгч” гэдэг байдлаар яриад байх юм. Үгүй
шүү дээ. Баялаг бүтээгчдийн төрд өгч байгаа мөнгөөр зам харилцаа, сургууль цэцэрлэг,
барилга байгууламжууд босч байна. Хүмүүсийн цалин тасалдахгүй, тэтгэврийн сангийн
алдагдал ч нөхөгдөж байгаа.

Гэтэл энэ бүхнийг үгүйсгэдэг
утоп сэтгэхүйтэй хүмүүс байна л даа. Ер нь эдийн засгийг эрчимжүүлэх төсөлд туссан
саналуудыг дэмжиж байгаа ч нэг л зүйлийнх нь эсрэг байр суурьтай байна. Тэр нь
31 дэх санал юм.

Оюу толгойн далд уурхайн ажлыг түргэтгэх тал дээр УИХ, Засгийн газар бодлогоор дэмжинэ гэсэн заалт байгаа билүү?

-Тийм. Хүчин төгөлдөр
хэрэгжиж байгаа гэрээнд УИХ хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Энэ нь магадгүй Лондонгийн
Арбитрийн шүүхэд дуудагдах магадлалтай шүү дээ. Далд уурхайн зураг төсөл, ТЭЗҮ бэлэн
болоогүй. Тийм байхад гүйцэтгэлийг нь шахаж болохгүй. Засгийн газар болон Монгол
Улсыг төлөөлж Оюу толгойн ТУЗ-д суугаа гурван хүнийхээ байр суурь, нөхцөл байдал,
гарц шийдлийн хувилбарыг УИХ сонсоогүй байж харанхуйгаар юуг нь яаж дэмжих гээд
байгаа юм. Үүнийг хэлэлцэх үеэр Засгийн газарт хамтарч байгаа “Шударга ёс” нэртэй  “Шударга “бус” эвслийнхэн Оюу толгойд Монголын
эзэмших хувийг 51 болгоно гээд зүтгээд байвал яах юм. Хэрэв тэгвэл би хувьдаа эсэргүүцнэ.
Далд уурхайн санхүүжилтийг одоогийн үйл ажиллагааныхаа орлогоосоо санхүүжүүлэх боломжтой.

Ер нь та Оюу толгой асуудал дээр ямар байр суурьтай байгаа юм бэ?

-Бид 34 хилийн туухайг
Оюу толгойн хүзүүнээс зүүчихээд унагах гээд байна шүү дээ. Үүнийгээ больчих хэрэгтэй.
Зүгээр л Оюу толгойгоос татвар болон өсөн нэмэгдэх роялтаа авахад хангалттай.Харамсалтай
нь ингэж ярьж байгаа хүмүүс нь эх оронч биш юм шиг, 34 хувийг 51 болгоно гэж дуугардаг
нөхдүүд нь эх оронч мөн юм шиг ойлголт нийгэмд яваад байх юм. Гэтэл Оюутолгойгоос
татвараа авчихаад Монгол Улс өөрсдөө өр тавилгүйгээр авто зам, эмнэлэг, сургууль
цэцэрлэгүүдээ сүндэрлүүлээд, хүний хөгжлийн сууриа бэхжүүлэх бүрэн боломжтой. Үнэхээр
хөгжье гэж бодоод байгаа юм бол үүнийг л хий. 
Далд уурхайн хөрөнгө оруулалтыг шийдэх гэхээсээ өмнө Засгийн газар нөгөө
талтайгаа хэлэлцээ хийгээд хаана юу нь болохгүй байгааг ярилцаж, санал солилцоод
Оюутолгой гэх толгойн өвчнөөсөө салах бодлого УИХ-д оруулж ирэх хэрэгтэй. Эх орноо
гэх эдийн засгийн эрүүл ухаантай хүмүүс энэ парламентад олон байна. Чаддагаараа
популизм хийхээ  мэддэг хүмүүс ч олон байна.
Гадныхан бүгдийг харж байгаа шүү дээ. Зөвхөн хөрөнгө оруулалтын тухай хууль баталлаа
бол хөрөнгө оруулалт, валютын урсгал нэмэгдэж, долларын  ханш буурна гэдэг шиг худлаа юм байхгүй.  Монголын төр хэр эрүүл эдийн засгийн чиг баримжаатай
бодлого явуулах вэ, Оюу толгойд хэрхэн хандахыг л гадныхан ажиглаж байгаа. Манайхны
овлигогүй тэнэг үйлдлүүдийг гадныхан хараад, Dickhead буюу махчилж орчуулбал “боовон
толгой” гэж  дуудаж байна гээд бод доо. Би
хувьдаа ичиж байна.      

Төр мэдэлдээ байгаа Оюу толгойн 34 хувиа худалдана, хувьчилна гэх мэтийн ярианууд гараад байна. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-34 хувиасаа татгалзах
нь зөв. Хөрөнгийн биржээр эсвэл шууд худалд л даа. Гэхдээ BARGAINING POWER буюу
худалдаа, арилжааны давуу эрхээ алдахгүй байхыг зохицуулах ёстой. Жишээ нь дэлхий
нийтийн зэсийн хэрэглээний 40 хувийг Хятад улс хэрэглэж байна.  Тэгтэл энэ эцсийн худалдан авагч нь шууд Оюу толгойд
хувь эзэмшчихвэл бид зах зээлийн хувьд санаа амрах ч гэлээ давуу талаа алдаж, эрсдэлд
орох магадлалтай. Нөгөө талд зарим гишүүд 34 хувиа ард түмэндээ өгчих гээд байна.
Үнэгүй өгч болохгүй шүү дээ. Бид яалаа даа. Хүний хөгжлийн сан, Эрдэнэс таван толгойгоор
дамжуулж, баахан хувьцаа тараасан. Үр дүн нь хаана байна. Ширхэг талхны мөнгө сардаа
өгч байна уу. Төр гэдэг бол ард түмэндээ хөдөлмөрлөх хөшүүргийг нь бий болгож өгөх
ёстой болохоос аманд нь бэлэн хоол халбагадаж өгөх хэрэггүй.  Өнөөдөр Засгийн газар Оюу толгойн асуудал дээр
худалдааны тактикаа яаж хийхээ мэдэхгүй элдэв хэрүүл маргаанаас айгаад байна.

Таныхаар яаж ажиллах ёстой юм бэ?

-Оюу толгой юун дээр гацчихаад
яагаад байгаагаа УИХ дээр даруй танилцуулах хэрэгтэй байна. Гишүүдээсээ зөвлөгөө
ав. Бүгдийг өөрсдөө мэддэг, чаддаг юм шиг яваад байх юм. За тэгээд мэдээж монгол
төрийн мэдэлд байгаа Оюутолгойн хувь хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай
хүмүүс байгаа нь ажилд чөдөр тушаа болж байна шүү дээ. Гэрийн шаахайнаасаа цааш
сэтгэж чадахгүй нөхдүүдээс болж Оюу толгой гацаж байна. Гэтэл төр хэдий чинээ бизнест
хутгалдана, тэр хэрээрээ ажил нурдаг шүү дээ. 
Төр оролцох тусам аливаа ажлын өртөг зардлыг нэмэгдүүлж,эрүүл эдийн засгийг
эвддэг. “Манай дүүг ажилд ав, энэ компаниас дугуй, бензинээ авч бай, ийм ч гэрээ
байгуул, тийм ч найр наадамд мөнгө өг, надад тийм шагнал өг “гээд лайтай шүү дээ.
Бизнесийн салбарт ажиллаж явсан хүний хувьд энэ дарамтыг мэднэ. Нэг жишээ хэлчихье.  УИХ-ын гишүүн байсан хүнээс,  “Та нар “Эрдэнэт” үйлдвэрийг ноолохоо болиоч.
Хэрэв тэгвэл энэ үйлдвэрийн бүтээгдэхүүний өртөг зардал багасч, улсын төсөвт орох
орлого нэмэгдэнэ.Үр дүнд нь сургууль цэцэрлэг, эмнэлгүүдийг хангалттай байгуулна
биз дээ” гэтэл өөдөөс “Харин тиймээ энэ Оюу толгой хурдан ашиглалтад орчихвол Эрдэнэтийг
орхих гээд байна” гэж хэлдэг байгаа. Ийм л ядарсан сэтгэлгээтэй хүмүүс төрд ажиллаж
байна шүү дээ.

Популист сүгсэлзүүрүүдээс болж эдийн засаг, уул уурхай уначихаад байгаа гэдэг шүүмжлэл хэлэх хүмүүс их бий. Үүнтэй санал нийлж байна уу?

-Тийм шүү дээ. Тэд дандаа
нэр төр, дахиж сонгогдохоо бодож сонгогчдын тархийг худал мэдээллээр угаадаг.Зарим
нэг нь шууд ашиг хонжоо хайж ажилладаг. Эдийн засгийн чухал асуудал дээр завсарлага
авдаг, шантааж хийдэг хувийн сонирхолтой нөхдүүд мэр сэр байна. Улс төрд мань мэттэгвэл
яах гэж орж ирсэн юм. Ийм заваарсан юмнуудтай тэмцэх гэж орж ирсэн юм. Дэлхийн сайн
сургуулиудыг нь төгслөө. Эдийн засгийн хувьд бусдаас хараат байх боломж бас байна.
Монголынхоо төлөө зүтгэе, үзсэн, харсан, мэдсэн сурсан зүйлээ зориулъя гэж орж ирсэн
юм. МАК компанийн хувьд ширхэг хадаасч тендерээр авч үзээгүй. Төрөөс зээл болон
төрийн өмчийг хувьчилж аваагүй хөл дээрээ боссон. Тиймээс надад компанийн хөгжлөө
бодсон хямдхан бодол байхгүй. Эдгээр давуу талаа ашиглаад улс төрийг эрүүлжүүлж,
элдэв сүгсэлзүүрүүдээс хамгаалан ажиллахыг хичээж байна.

Томоохон компаниуд өрийн сүлжээнд ороод хэцүү болчихсон гэх юм. Хүмүүс таныгМАК“-ийн эзэн гэдэг утгаар нь хардаг нь нууц биш.ТэгэхээрМАКкомпанийн хувьд асуудал ямар байгаа бол?

– Үнэндээ намайг МАК гэж
хардаг нь үнэн. Гэхдээ улстөрч хүнд ёс зүйн зарчим байх ёстой.Биднийг төлөөлж төрд
ажилла гэж ард түмний өгсөн суудлыг компанийн ашиг сонирхлыг хамгаалах хэрэгсэл
болгон хувиргамааргүй байна.Тэгээд ч би энэ улс төрд дор хаяж 20-25 жил зүтгэе гэдэг
бодолтой байна. Тийм учраас анхнаасаа ёс зүй, зарчимтай байх хэрэгтэй шүү дээ. Энэ
бол миний эцэг, эхээс өгсөн хүмүүжил, баримталдаг зарчим.

Тэгэхээр төр гэдэг хүлээснээс хувийн хэвшлийг салгах хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх үү?

-Эхлээд сэтгэлгээндээ
ялгаж салгасан байх ёстой.Төрийн өмч хэмээх эзэнгүй өмчид төрийн эрх мэдлээр эзэн
сууж хувьдаа ашиг олохыг эсэргүүцэж байна. Маргарет Тетчер Ерөнхий сайд болоод яалаа.
Шат дараалалтайгаар төрийн өмчийн бүх компанийг хувьчилсан. Үр дүн нь иргэддээ бодит
хөгжил авчирсан.Үүн шиг л байх хэрэгтэй.

Гэхдээ Эдийн засгийн эрчимжүүлэх төслийг баталчихвал таны яриад байгаа зүйлүүдийг хийх төлөвтэй юм шиг харагдаад байна. Төрийн оролцоог хумьж, хувийн хэвшлээ дэмжье гээд байна даа.

-Эдийн засгийг эрчимжүүлэх
бодлого хэрэгжихүйц байх ёстой. Бодлогыг нь УИХ батлаад өглөө. Засгийн газар нь
үүнийгээ хэрэгжүүлэх чадамжтай байх хэрэгтэй байна. Харамсалтай нь чадамжийн хувьд
энэ нь эргэлзээтэй байна шүү дээ. Зарим салбарт эрүүл, мэргэжлийн түвшинд ажиллаж
чадах сайд алга. Ерөнхийлөгч ч хэлсэн шүү дээ. “Зарим сайд нар өөрсдөө зайгаа тавиад
зайлаад өгвөл салбар нь өөрөөрөө хөгжих гээд байна” гэж. Ерөнхий сайд ч мөн, “Хөрөнгө
оруулалтын хувьд гадныхан манайх руу яарахгүй байна” гэж хэлсэн. Яагаад гэвэл Монголын
зарим сайд нар сайн ажиллана гэсэн итгэлийг гадныханд төрүүлэхгүй байна шүү дээ.
Гэхдээ Засгийн газрын бүх сайд муу ажиллаж байна гэж хэлэхгүй ээ. Хамгийн гол нь
Засгийн газар одоо зоригтой байх хэрэгтэй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч гэсэн нэгэнт
л улс орноо хөгжүүлэх хариуцлага хүлээсэн хүн, тултал нь ажилла.  УИХ-тайгаа ялангуяа сөрөг хүчнээ сонсч хүндэл,
хэлж байгаа үг, саналыг нь ажилдаа тусга. Сөрөг хүчин яах бол, нөгөө нэг эвслийн
нэр чинь юу билээ, Шударга “бус” билүү тэрний зарим гишүүд, бие даагч гэх зэрэг
төрд биеэ үнэлэгчид болоод нам доторх фракцын таалалд нийцүүлж бэмбэгэнэхгүйгээр
нийгмийнхээ эрх ашгийн төлөө ажиллах хэрэгтэй. Эдийн засгийн эрүүл зарчимд тулгуурлаж,
үүсээд байгаа гацааг арилгах зөв шийдлийг олох хэрэгтэй. Зөвийг нь бид дэмжинэ.
МАН бол эх орондоо хайртай нам шүү.

Төрийн зүгээс хувийн хэвшлийг ямар оролцоогоор дэмжих ёстой гэж та үздэг вэ?

-Төр ердөө бодлого боловсруулагч
бөгөөд нийгэмдээ үйлчлэгч байх үүрэгтэй. Дэд бүтцээ байгуул. Эрчим хүч зам харилцаагаа
хөгжүүл. Өөр юу хийх юм. Тийм хэцүү толгой эргүүлж ядсан юм энэ төрийн ажилд байхгүй.
Иймхэн юмыг зохион байгуулж чадахгүй өөрсдөө төрийн хийх ажлын хэм хэмжээгээ хэтрүүлээд
улам хүндрүүлчихээд байна.  Оюу толгойн хувьд  ч хөрөнгө оруулалтын хэмжээ нь л гэхээс яс юман
дээрээ практикт нэвтэрсэн энгийн  төсөл шүү
дээ. Яг адилхан бизнесийн зарчмаар, уул уурхай, үйлдвэрлэлийн техник технологийн
энгийн аргаар ажлыг нь явуулчих байхад л төр хөнжилд нь шургаж ороод завхруулаад
байх юм. Ямар ч байсан төр бизнест битгий гай бол. Татвар төлөгчдийнхөө өмнө бөхөлз.
Хувийн хэвшлээ татварын бодлогоороо дэмж. Татвар төлөх цар хүрээг нэмэгдүүл.Төр
хувийн хэвшлийг яаж дэмжих вэ гэж үү, ерөөсөө ийм л энгийн.Татвараа хураа, хураасан
татвараараа хатуу болон зөөлөн дэд бүтцийг хөгжүүл, нийгэмдээ үйлчил. Татварын хувьд
гадаад, дотоод гэж бүү ялгаварла. Саяхан манай МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
ч чуулган дээр хэлж байна лээ. Манай төр гадныхныг харахаараа  өвдөг нь сулраад чичрээд гүйгээд байдаг. Гэтэл
дотоодынхондоо ямар муухай хахир хатуу дээрэлхүү ханддаг гээч. Татвар нь үнэхээр
хатуу чанга.Татвараа өгөхгүй бол цагдаа, шүүх, 
АТГ гээд амар заяа үзүүлэхгүй,  бөөн
дарамт. Үүнийгээ л больчих.

Төгсгөлд нь таны хутга шөвөгтэй холбогдоод байсан асуудал юу болж байгааг асуухгүй өнгөрвөл уншигчид зэмлэх байх

-Ийм хөгийн юм асуух шаардлага
байна уу. Би хэд хэлэх вэ. Тийм зүйл болоогүй гэж хэлээд байхад зарим хүмүүс надад
итгэхийг хүсэхгүйбайгаа нь харамсалтай.Өөр яах ёстой юм бэ. Шуудхан хэлэхэд манай
хэвлэлийнхний хариуцлагагүйнх шүү дээ. Асуудлыг хоёр талаас нь магадлаж нягтлаагүй.
Нохой хүн хазсан бол онцлоод байх сонирхолтой мэдээ биш. Харин сонирхолтой болгох
үүднээс хүн нохой хазлаа гээд биччихвэл онц сонирхолтой мэдээ болдог. Ийм л зүйл
надад тохиолдсон. Үнэхээр би асуудал гаргасан бол олон юм гонгинохгүй. Төр түмнээсээ
уучлалт гуйгаад хуулийн дагуу хариуцлага хүлээх хатуужил, хүмүүжил, зориг надад
хангалттай байна.Нөхөрлөх хүнийхээ гарал үүсэл, мөнгө хөрөнгийг харж нөхөрлөх эсэхээ
шийддэг бол, хэнийг ч ялгахгүй нөхөрлөсөн нь миний буруу.  Надаас их хэмжээний мөнгө нэхэж хэрэв өгөхгүй
бол гүтгэнэ. Гүтгэхэд нь мөнгө өгөх ёстой байсан бол өгөөгүй нь бас миний буруу.
Бусдын төлөө үйлдсэн буян нь надад бузар болж ирээд байгаатай би яаж тэмцэхээ мэдэхгүй
л байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Дутуу төрсөн нярайд амьдрал бэлэглэдэг бүсгүй

Саяхан Д.Оюун-Эрдэнэ эмчийн утсанд “Эмчээ алгын чинээ үрийг
минь ийм хөөрхөн болгож өгсөнд баярлалаа. Аав байхын сайхныг мэдэрнэ гэдэг ямар
гоё юм бэ. Үр минь өдрөөс өдөрт хөөрхөн болоод л байна. Анх хүүгээ хараад амьдрах
эсэхэд нь эргэлзэж байсан бол одоо сайн хүн болгохын төлөө бүхнийг хийе гэж бодож
байгаа” гэсэн талархлын үг дүүрэн уртаас урт мэссэж иржээ. Хөвсгөлийн залуухан аав,
ээжийн хүүхэд нь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд дутуу жинтэй төрж л дээ. Аав нь
хүүхдээ анх харчихаад нэг хэсэг алга болчихож. Жирийн хүүхэд шиг 3-4 кг биш
700, 800-хан грамм жинтэй улаан цурав үрээ харсан зарим залуу аав халшраад харж
чаддаггүй гэнэ. Зарим нь бүр хэсэг хугацаанд таг болчихдог гэж байгаа. Хүүхэд нь
өдрөөс өдөрт царай ороод дажгүй торниод ирэхээр харин баярлаад жигтэйхэн хөөрдөг
аж. Бас нэг ээж дутуу төрсөн охиноо хөөрхөн торниулж аваад гарахдаа “Эмчээ танд
үнэхээр их баярлалаа, та миний охинд амьдрал хайрлалаа. Охиныхоо дүүг нь төрөхөөр
заавал таны нэрийг өгнө өө” гэж хэлээд явжээ.

Олон аав, ээжээс  таларх­лын
дотно  үг сонссон Д.Оюун-Эрдэнэ Эх хүүхдийн
эрүүл мэндийн үндэсний төвийн Нярайн нэгдсэн тасгийн Нярай суд­лалын тасгийн дутуу
нярай, эрчимт эмчилгээний хэс­гийн нярайн эмч. Төв айм­гийн Зуун модын уугуул бүсгүй
ЭМШИУС-ийг 2003 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд өнөөдрийг хүртэл Эх хүүхдийн эрүүл
мэндийн үндэсний төвд ажиллаж байгаа. Тэр пүрэв гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс
шилдэг залуу эмч шагнал хүртсэн гурван эмчийн нэг нь. Ерөнхий­лөг­чийн Д.Оюун-Эрдэнэд
өгсөн өргөмжлөл дээр “Жин багатай амьсгалын хямралтай нярайд сурфактант эмчилгээ
хийх аргыг эмнэл зүйн практикт анх нэвтрүүлэн өндөр амжилт гаргасан” гэсэн өгүүлбэр
дурайж байна лээ. “Эх нялхас”-ынхан өнгөрсөн жилээс  сурфактант гэдэг эмчилгээг дутуу төрсөн, жин багатай
нярайд хийгээд эхэлчихэж. Хар үгээр бол дутуу төрсөн нялхсын цагаан мөгөөрсөн хоолойгоор
нь нийллэг тариа хийхийг сурфактант эмчил­гээ гэдэг бололтой. Ийм тариа хийчихээр
нярайн хөшингө байсан уушги уян хатан болдог юм байна. Ингээд л төвөггүй амьсгалаад
ирдэг гэнэ. Энэ эмчилгээний буянаар олон аав, ээж шинэ хүнээ өлгийдөөд баяр хөөр
дүүрэн гэртээ харьдаг болж.

Энэ тарианы нэг  ширхэг
нь гэхэд л дэндүү үнэтэй учраас өмнө нь хэрэглэж чаддаггүй байж. Өндөр хөгжилтэй
улсад жин багатай, дутуу төрсөн нярайгаа амьдруулсан үзүүлэлтээр нь бага насныхны
эмчилгээний чанарыг үнэлдэг юм байна. “Эх нялхас”-ынхан энэ жишгийг дагаж сурфактант
эмчил­гээний төсвийг шийдүүлээд амжилттай ажиллаад эхэлжээ.  Д.Оюун-Эрдэнэ эмч “Төрөлт нэмэгдэх хэрээр дутуу
төрөлт ихэсч байна л даа. Манай төв ийм шалтгаанаар өнгөрсөн жилээс шинэ эмчилгээ
нэвтрүүл­сэн юм.  Өндөр үнэтэй эмчилгээ­гээр
олон хүүхдийн амийг аварч байгаадаа манай төвийн­хөн үнэхээр баяртай байгаа. Энэ
шагналыг ганц надад хамаатуулж ойлгож болохгүй л дээ. Манай төв, миний хамтарч ажиллаж
бай­гаа багийнханы гавъяа ард нь бий” гэж 
ярилаа. Амьсгал хямралын хам шинж гэдэг эмгэг ихэвчлэн дутуу төрсөн, жин
багатай нярайд илэрдэг гэнэ. Ийм нярайд сурфактант эмчилгээ хийчихээр амьсгал хямралын
хам шинжээр өвчилдөггүй байна.

Д.Оюун-Эрдэнийн ажил­ладаг тасагт дутуу төрсөн нярай өдөрт
дор хаяж нэг, хоёр ирдэг аж. Сүүлийн үед үр шилжүүлэн суулгах аргаар төрөх тохиолдол
ихэссэн учраас гурван ихэр олноороо төрж байгаа гэнэ. Гурван ихрүүд голдуу дутуу
жинтэй төрдөг учраас дутуу нярай, эрчимт эмчилгээний хэсэгт ирдэг байна. Гурван
ихэр төрсөн өдөр бол дутуу төрсөн дөрөв, таван нярай хүлээж авдаг гэж Оюун-Эрдэнэ
ярьсан.

Хамгийн жижигхэн төрсөн нярай гэхэд л 26-27 долоо хоногтой,
бүр бяцхан нь 700-800 грамм жинтэй улаан цурав юм мэндэлдэг гэнэ. Ийм жаахан нярайг
дутуу нярай, эрчимт эмчилгээний хэсгийнхэн нэг килограмм таван зуун грамм юм уу,
хоёр килограмм болгож торниулаад суви­лал руу шилжүүлэх үүрэг­тэй. Ингэж торнитлоо
нэлээд уддаг юм билээ. Сүүлийн үед дутуу төрөлт ихэссэн шалтгааны нэг нь хожуу төрөлт
гэнэ. Бас ойрхон дав­тамж­тай төрөх дутуу төрөл­тийн нэг шалтгаан юм билээ. Эхийн
эрүүл мэндтэй холбоотой шалтгаанууд ч байдаг аж. Д.Оюун-Эрдэнэ “Гэхдээ сүүлийн үед
дутуу төрөлтийн шалтгаанд дан ганц ээжийн эрүүл мэнд гэж ярихаа больсон. Аавын халамжаас
их зүйл шалтгаална” гэж онцлов.

Оюун-Эрдэнэ яриагаа  
“Дутуу төрсөн нярай гурав, дөрвөн кг жинтэй төрсөн хүү­хэд шиг хөөрхөн төрнө
гэж байхгүй шүү дээ. Гарангуутаа үнэгчлээд хайр булаагаад эхлэхгүй. Аав, ээж нь
ийм бяцхан хүнээ яаж амьдруулах вэ гэж шаналан эргэлзэж өдөржин харж өнжинө. Өдрөөс
өдөрт жин нэмж, хөөр­хөн болоод ирэхээр харц нь гэрэлтээд ирнэ шүү дээ. Ажлаасаа
авдаг хамгийн гоё кайф бол өдөр ирэх бүр гэрэлтэж байгаа ээж, аавын харц. Яаж амьдарна
даа  гэж бодож байсан жаахан нярай жин нэмээд
ирэхээрээ үнэгчлэх нь ямар хөөрхөн гэж санана. Хүүхэд зовиураа хэлдэггүй учраас
хэцүү гэж зарим хүн ярьдаг. Миний хувьд тэгж боддоггүй. Хүүхэд байх тусам зовиур
нь тодорхой байдаг. Зовиургүй л бол царай нь хөөрхөн болоод ирдэг. Нярай хүүхэд
гэдэг чинь цоо шинэ ертөнц. Ингээд бодохоор л өөрийн эрхгүй баяр төрөөд ирдэг” гэж
үргэлжлүүлэв.

Эмч бүсгүй саяхан Австри, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудын
дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагтай танилцаад иржээ. “Өндөр хөгжилтэй орны
эрчимт эмчил­гээний тасгийн орчин нөхцөл нь танай тасгаас тэс өөр байна уу” гэж
асуултдаа эмч бүсгүйгээс гэгээлэг хариу сонсов. “Тэгтлээ хоцор­сон юм ажиглагдаагүй.  Манай төв сүүлийн үед гадаад харилцаагаа мун­даг
сайжруулсан болохоор тэр байх. Техник тоног төхөөрөм­жийн бага зэргийн шинэчлэл
хийхэд л хөгжингүй улсын сэхээнээс ялгагдахааргүй гэж боддог” гэж хариулсан.

Эдний тасагт хүүхдээ 
эмч­лүүлээд гарсан зарим аав, ээж 
одоо хүртэл  эмч нарын баяр, шинэ жилээр
баярыг алгасалгүй  дотно үгтэй мэссэж байнга
бичдэг гэнэ. “Талархал дүүрэн ийм үгс ажилдаа дурлах цэнэг болдог юм” гэж хэлээд
ажил­даа яарсан бүсгүйн ирээ­дүйн төлөвлөгөө нь дутуу төрсөн нярайн эмчилгээг сайжруу­лахын
төлөө ажиллах гэсэн.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Монгол Улс сэргээгдэх эрчим хүч экспортлогч орон болно

– СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЖИЛИЙН 13 ТЕРРАВАТТЫН
НӨӨЦТЭЙ МАНАЙ ОРНЫ ХУВЬД ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМД НИЙЛҮҮЛЭГЧ НЬ  БОЛОХ БОЛОМЖТОЙ-

Эрчим хүчний яам, Батлан хамгаалахын
яамтай хамтран “Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдал” сэдэвт олон улсын эрдэм
шинжилгээний хурал Гадаад харилцааны яаман дээр зохион байгуулагдлаа. Тус хуралд
БХЯ-ны дэд сайд А.Баттөр, Эрчим хүчний яамны сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга
М.Ангараг, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрчим үчний динамикийн хүрээлэнгийн
захирал, доктор Николай Июанович Воропай, БНСУ-ын Дүн шинжилгээний хүрээлэнгийн
судлаач доктор Вүү Хён Вак, Японы Токиогийн техникийн хүрээлэнгийн судлаач, доктор
Ацуши Морихара зэрэг олон эрдэмтэн судлаачид оролцсон юм. Зүүн хойд Азийн бүст Монгол
ОХУ, БНХАУ, Өмнөд болон Хойд Солонгос, Япон зэрэг орнууд багтдаг бөгөөд хоёр Солонгос,
Япон зэрэг орны хувьд эрчим хүчний томоохон импортлогч. Гэсэн хэдий ч Зүүн хойд
Ази бол эрчим хүчний гол экспортлогч буюу үйлдвэрлэгч бүс юм. Тодруулбал тус бүс
дангаар дэлхийн эрчим хүчний хэрэглээний гурван кВт тутмын нэгийг үйлдвэрлэдэг.
Цаашид эдийн засгийн хөгжлөө дагаад эрчим хүчний хэрэглээ асар хурдацтай нэмэгдэх
төлөвтэй байна. Харин энэ үед Зүүн хойд Азийн бүс нутаг тэн хагасаас илүүг үйлдвэрлэх
бүрэн бололцоотой гэнэ. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний асар нөөцтэй манай орны хувьд
сэргээгдэх эрчим хүчний салбартаа дорвитой хөрөнгө оруулж, улмаар илүүдэл эрчим
хүчээ экспортлох боломж олгож байгаа гэдгийг тус эрдэм шинжилгээний хуралд оролцогсод
санал нэгтэйгээр хэлж байлаа. 

 Манай улс өнөө жил 13 хувийн эрчим хүчний дутагдалтай,
ирэх жилээс бүр 20 хүртэлх хувь болж нэмэгдэх тооцоо байна. Тиймээс “ТЭЦ-5” зэрэг
цахилгаан станцаас гадна сэргээгдэх эрчим хүчээ ашиглах нь сэргээгдэх эрчим хүчний
жилийн 13 терраваттын нөөцтэй манай орны хувьд асар том боломж гэдгийг Эрчим хүчний
яамны сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг онцолсон юм. Тэрээр “Сэргээгдэх
эрчим хүч бол эдийн засгийн цаашдын том гарц. Тиймээс “Азийн супер сүлжээ” гэдэг
санамж бичиг буюу судалгааны багуудыг байгуулаад, одоогоор анхны судалгаанууд гарсан.
Өөрөөр хэлбэл сэргээгдэх эрчим хүчний илүүдлээ хөрш улсдаа цаашилбал гуравдагч этгээдэд
экспортлох боломжтой. Европын эрчим хүчний судалгааны төвөөс Монголд сэргээгдэх
эрчим хүчийг үйлдвэрлэвэл хэрхэн экспортлох судалгааны баримтууд гарсан. Дээр нь
ЭХЯ дээр Азийн супер сүлжээ хэмээх судалгааны баг гараад ажиллаад эхэлчихсэн. Японы
Фүкүшима хотод гарсан атомын станцын ослоос шалтгаалан Япон эрчим хүчний дутагдалд
орох нь гарцаагүй болсон. Японы талаас Монголын нөөцийг ашиглаад сэргээгдэх эрчим
хүчээс гарах эрчим хүчийг Япон руу экспортлох боломжтой гэсэн чигийг барьсан. Одоогоор
судалгаа нь эхэлчихсэн. Бид нарын хувьд логистикийн хувьд зөв шийдэлгүй учраас нүүрсний
зах  зээл дээр олон улсын зах зээл дээр өрсөлдөх
чадамжгүй. Австралиас Хятад руу усан онгоцоор нэг тонн тутмыг нь 125 доллараар тээвэрлэдэг
бол Хятад руу экспортлоод 145-150 хүртэлх хэмжээнд очсон учраас хятадууд Монголоос
өндөр үнээр нүүрс худалдан авах сонирхолгүй. Тиймээс бид нүүрсээ бус эрчим хүчээ
экспортлох чигийг цаашид барьж ажиллах нь хамгийн үр дүнтэй. Үнэнийг хэлэхэд сэргээгдэх
эрчим хүчээр төвлөрсөн бус бие даасан жижиг эрчим хүчний шийдлүүдийг л хийхэд зохимжтой.
Жишээ нь төвийн эрчим хүчинд холбогдох боломжгүй аймаг орон нутгийг тухайн орчин
нь эрчим хүчнийх нь хэрэглээг сэргээгдэх хэлбэрээр шийдэх нь хамгийн зөв гарц” гэсэн
юм. 

 Эрчим хүчний яамны харьяа “Эрчим корпораци” ТӨҮГ
-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсанаа өөрийн “Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийн
чиг хандлага” илтгэлдээ Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй орны хувьд гадны
хөрөнгө оруулалтыг татаж, энэ салбар дахь бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй
эхлүүлэх ёстой. Дан ганц Хятадад эрчим хүчээ экспортлоод зогсохгүй Солонгос, Японд
хүртэл санал тавьсан. Өнөөдөр нөөцдөө тулгуурлан эрчим хүчний эх үүсвэрээ барина
гэвэл нүүрсээр 240 гегаватт, салхиар 4300 гегаватт, нарнаас 2000 сая гегаватт, байгалийн
хийгээр 6200 гегаваттын эрчим хүч гаргаж авах бүрэн хүчин чадалтай. ТЭЦ-4 гэхэд
л дангаар 450 мегаватт эрчим хүч үйлдвэрлэдэг гэхээр дээрх эрчим хүчний нөөцийг
ашиглан зуун цахилгаан станц баригдах болно” гэв. 

Цөмийн энергийн газрын цөмийн
технологийн газрын дарга М.Чадраабал “Өнөөдөр дэлхийн 30 гаруй оронд 430 гаруй атомын
реактор ажиллаж, дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний долоон кВт тутмын нэгийг
үйлдвэрлэж байна. Эдгээрээс АНУ, ОХУ голлох байр суурьтай оролцож байгаа бол Солонгос,
БНХАУ зэрэг Зүүн хойд Азийн бүс нутгийн орнууд атомын цахилгаан станцаа нэмэгдүүлж
байна. АНУ 100 гаруй цөмийн реактор бол ОХУ-д 30-аад, БНХАУ-д 11 байгаа бол түүнийгээ
хоёр дахин нэмэгдүүлэхээр болсон. Өмнөд Солонгос 25 атомын цахилгаан станцтай ч
шинээр тавыг барихаар болсон. Дэлхий дээр 1.3 тэрбум хүн эрчим хүчний дутагдалд
орсон гэх мэдээ бий. Цахилгаан эрчим хүчгүйгээр Африк тивд 185 сая хүн , Зүүн өмнөд
Азид 379 сая, өмнөд Америкийн бүс нутагт 32 сая орчим хүн амьдарч байна. Олон улсын
атомын энергийн агентлагийн судалгаагаар цөмийн эрчим хүчний хэрэгцээ 2030 он гэхэд
хоёр дахин өсөх хандлагатай байна” гэсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Х.Наранжаргал: Шүүмжлэл бол нийгэм дэх цөөнхийн үзэл бодол юм

Дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ сэдвээр “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалтай ярилцлаа.

-Олон
улсын судалгааны байгууллагаас гаргасан хэвлэлийн эрх чөлөөний энэ оны судалгааг
гаргаж, түүнд улс орнуудад хэвлэ­лийн эрх чөлөө өмнөх арван жилээс урууджээ гэж
дүгнэжээ. Таны харж байгаагаар хэвлэлийн эрх чөлөөний төлөв манай улсад ямар байна
вэ?

-Хэвлэлийн эрх чөлөөний индекс гаргадаг Америкт төв­тэй байгууллагаас
хэвлэлийн эрх чөлөөтэй орон, хагас эрх чөлөөтэй орон, эрх чөлөөгүй гэсэн гурван
төрлийн индекс гаргадаг юм. Эдний индексээр Монгол Улс 2002 оноос хойш хагас эрх
чөлөөтэй орны тоонд орсон байгаа. Энэ байгууллагын гаргасан судалгаанд улс орнуудыг
жаг­саасан байна л даа. Жаг­саалтад байгаа 197 орноос манай улс 2013 оноос хойшхи
индексээр 78-д орсон байгаа юм. Эндээс үзэхэд өнгөрсөн 2012-2013 онд индексээрээ
ялигүй урагшилсан гэмээр дүн гарсан байна. Энэ бол олон улсын нэр хүндтэй байгууллага.
Өөрсдийнхөө эх сурвалжид үндэслэж энэ индексийг гаргаж байгаа байх. Манайх дотооддоо
1999 оноос хойш хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын
хувьд хэлэхэд, ахиц гараагүй гэж үзэж байгаа. Яагаад ахиц байтугай бүр ухралт гарав.
Олон улсын байгууллагууд бол хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой хуулийг нь харна.
Тэгэхээр 2011 онд батлагдсан манай хуулиуд хэвлэлийн эрх чөлөөний индекс урагшлахад
тодорхой хэмжээгээр нө­лөөл­сөн. Олон улсын байгуул­лагууд бол манай дүрэм журам,
өөрөөр хэлбэл эрх зүйн хэмжээний акт, бусад дотоод шийдвэрийг төдийлөн олж хараагүй
юм шиг байна л даа. Яагаад бид хэвлэлийн эрх чөлөөний хувьд ухарсан гэж үзэж байна
гэхээр, 2013 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр гарсан “Цахим хуудас дахь сэтгэгдлийн
нэгдсэн системийн тухай” гэсэн Засгийн газрын тогтоол байгаа юм. Үүний дараа гаргасан
Харилцаа холбооны зохицуулах хорооны нэг журам байгаа. Энэ асуудалтай холбоотой.
Энд ямар асуудал байна гэхээр, энэ тогтоолын дагуу цахим хуудас дахь сэтгэгдлийн
нэгдсэн систем бий болгосон байгаа. Үүгээр хүнийг гүтгэн доромжилсон, садар самуунд
уруу татсан заналхийлсэн гэх утгатай сэтгэгдлийг ялган салгаж бичсэн этгээдийг нь
тодруулах үүрэг төрийн байгууллагуудад ноогдож байгаа. Үүнийг дагаж гарсан журам
дотор нь юу байна гэхээр, шүүлтүүрийг ашиглана гэж. Тодорхой үгнүүдийг блоклоод
тэр нь од болдог. Happy birds гэдэг нэртэй шүүлтүүр байгаа шүү дээ. Тэгэхээр энэ
шүүлтүүр хэрэглэхийг олон улсын хэм хэмжээгээр хориглосон байдаг. НҮБ-ын тунхаглал
болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч хэлэх эрх чөлөөг баталгаажуулсан зүйл заалтууд
байдаг. Үүнтэй уялдуулж гаргасан НҮБ-ын дараагийн баримт бичгүүдэд бол шүүлтүүр
хэрэглэхийг хориглосон байдаг. Цаашил­бал, цахим хэвлэл мэдээлэл цахим хуудсуудыг
төрийн байгууллага бүртгэж болох­гүй гэсэн санамж бас байгаа. Манайд бол дээрх журмаар
сард 3000-аас дээш хэрэглэгчтэй сайт заавал улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн байгаа.
Зөвхөн энэ хоёроос харахад бид нар олон улсын хэм хэмжээг зөрчсөн, НҮБ-ын өмнө хүлээсэн
үүргээ зөрчсөн байна гэсэн үг. Энэ тогтоолын бас нэг аюултай тал нь, иргэд IT хаягаа
заавал ил тавь гэсэн шаардлага байгаа. IT хаягийг ил тавихыг шаардаж байгаа нь иргэний
цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлэхдээ нэрээ нууцлах эрхийг зөрчиж байгаа юм.
Учир нь цаад утгаараа цахим мэдээллийн хэрэгсэл маань өөрөө чөлөөт шүүмжлэл дээр
тогтож байгаа байхгүй юу. Нэрээ нууцлах эрх бол хүний халдашгүй дархан эрх. Тэгэхээр
шүүмжлэлд хариу үйлдэл хийж байгаа хүмүүсийн үг бол их хурц байдаг шүү дээ. Хоёрт,
шүүмжлэл бол нийгэм дэх цөөнхийн үзэл бодол юм. Тэгвэл цөөнхийн үзэл бодлыг хүндэтгэдэггүй
ардчилсан нийгэм гэж байдаггүй. Цөөнхийн үзэл бодол гэдэг бол шударга шүүмжлэлийг
хөхиүлэн дэмждэг зүйл. Үүнийг боогдуулаад байгаа юм. Юугаараа боогдуулж байна гэвэл,
айдас хүйдэс бий болчихож байгаа юм. Үүрэн телефоны компаниуд тухайн хүний гар утсаар
нь энэ сэтгэгдлийг хэн бичсэн бэ гэдгийг илчлэх үүрэгтэй. Интернэт нийлүүлэгч компаниуд
IT хаягаар нь энэ сэтгэгдлийг хэн бичсэн бэ гэдгийг мэдэгдэх үүрэгтэй. Дээрээс нь
иргэний бүртгэлийн мэдээллүүд бас регистрийн дугаараар нь тэр хүнийг илчлэх үүрэгтэй.
Ардчилсан нийгэмд иргэдээ мөрдөж мөшгиж болохгүй шүү дээ.

Хүний үзэл болдлоо илэрхийлэх эрх чөлөө уламжлалт мэдээллийн хэ­рэгс­лийн
үед яаж батал­гааж­сан тэр нь цахим мэдээллийн хэрэгслийн үед мөн адил баталгаажих
юм шүү гэсэн хэм хэмжээ НҮБ-ын дээрх баримт бичигт байгаа юм.

-Энэ
жил Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг чухам юуг онцолж тэмдэглэн өнгөрүүлж байгаа вэ?

-Дэлхийн улс орнууд хэвлэлийн эрх чөлөөний өдрийг энэ жил “Илүү сайхан
ирээдүйн төлөө хэвлэл мэдээллийн эрх чөлөө: 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг
бэхжүүлэх нь” гэсэн сэдвийн дор тэмдэглэж байгаа юм. 2015 оноос хойших хөгжлийн
хөтөлбөрийг бэхжүүлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл, НҮБ-аас Мянганы хөгжлийн зорилтуудаа
баталсан, одоо тэр хугацаа нь дуусаад 2015 онд улс орнууд дахиад шинэ зорилтуудаа
дэвшүүлэх гэж байна. Энэ зорилтуудын хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг
нь ямар байх вэ гэдгийг Парист ЮНЕСКО-гийн байранд болох дэлхийн хэвлэл мэдээллийн
олон улсын хурлаар хэлэлцэх гэж байна.

Н.ПАГМА   

Categories
редакцийн-нийтлэл

Х.Баттулга сайдынхаа албан тушаалаас татгалзав

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүнээсээ
татгалзах хүсэлт гаргасан тухай өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн
хуралдааны эхэнд танилцууллаа. Х.Баттулга сайд өргөдөлдөө “Монгол Улсын Их Хурлын
гишүүн, Засгийн газрын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга миний бие
Монгол Улсын тухай хуулийн 22 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасны дагуу сайдын
албан тушаалаас чөлөөлж өгөх хүсэлтийг гаргаж байна. Миний бие цаашид УИХ-ын гишүүний
бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хийж
эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх чиглэлээр хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай арга
хэмжээ авч ажиллах болно” гэжээ.

Үдээс өмнөх чуулганаар “Амгалан дулааны станц”-ийн тоног төхөөрөмжийг
гаалийн албан татвараас чөлөөлөх болон Эдийн засгийг эрчимжүүлэхэд авах зарим арга
хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

“Амгалан дулааны станц” баригдсанаар нийслэлийн зүүн хэсгийн айл
өрхийн дулааны хэрэгцээ, ачааллыг бүрэн хангах бөгөөд ингэснээр дулааны асуудлыг
шийдвэрлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зэрэгт онцгой ач холбогдолтой
тул станцын барилга угсралтын ажилд шаардагдах импортын тоног төхөөрөмжийг гаалийн
болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр дээрх хуулийн төслүүдэд тусгагджээ.

“Амгалан дулааны станц”-тай холбогдуулан
гишүүд асуулт асуулаа. Ц.Нямдорж гишүүн уг бүтээн байгуулалтыг ямар гэрээгээр хийгдэж,
мөнгийг нь хэзээ эргүүлэн төлөхийг сонирхов. Ч.Улаан сайд хариулахдаа “Энэ бол концессын
гэрээгээр хийгдэх ажил. Хийгдэх ажлыг нийт дүнд нь багтааж, хуулийн хүрээнд  санхүүгийн эх үүсвэрийг нь баталж, баталгаа гарган
хэрэгжүүлж байгаа. Хуулийн хүрээнд явж байгаа төсөл юм. Эдийн засгийн байдал хүнд,
санхүүгийн эх үүсвэр дутагдалтай үед, бодитой эдийн засагтаа хөрөнгө оруулахын тулд
бид өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийж, татвараас чөлөөлөх ёстой. Харин татвар хөнгөлсний
хэрээр төсвийн орлого дутаж байгаа юм” гэлээ.

Уг асуудалтай холбог­дуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ улсын төсвөөс
олгож байгаа хөнгөлөлтийн хэмжээг сонирхож байв. Ч.Улаан сайд “Жилээс жилд хөнгөлөлтийн  асуудал огт буурахгүй байгаа. Улсын төсвийн жилийн
орлогын 20 орчим хувьтай тэнцэх хөнгөлөлт үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар бол эдийн
засагт орох хөрөнгө оруулалтаа дэмжих хөшүүрэг болчихоод байгаа юм. Тиймээс тодорхой
бүтээн байгуулалтын төслүүд дээр хөнгөлөлт өгч байгаа” гэлээ.

Амгалан дулааны станцын гаалийн татвар болох 150 сая ам.долларыг
чөлөөлөх юм байна. Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн 2014 оны арванхоёрдугаар
сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдөхөөр санал хураалгахад гишүүдийн олонхи нь
дэмжсэн юм.

Дараа нь гишүүд “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай”
УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Уг төсөлтэй холбоотойгоор
зарчмын зөрүүтэй 39 санал гарсан юм. Эхний 30 заалтыг пүрэв гаригийн чуулганаар
санал хураалгасан байсан. Харин тогтоолын 31 дэх санал буюу “Оюу толгой төслийн
далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэхэд УИХ, Засгийн газар дэмжлэг үзүүлнэ”
гэсэн заалтыг хэлэлцэх шатанд “Шударга ёс” эвсэл завсарлага авсан. Энэ талаар тус
бүлгийн дарга Н.Батцэрэг өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр тайлбарлахдаа
“Энэ заалтад байгаа томъёоллыг өөрчлөх ёстой гэж манай бүлгийн гишүүд үзсэн юм.
Уг заалтын “Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэрээний хүрээнд” болон “УИХ” гэдэг
үгийг авч, Оюу толгойн бүтээн байгуулалтын далд уурхайг хурдасгахад Засгийн газар
бодлогын шугамаар дэмжлэг үзүүлж болох юм” гэж өөрчлөх саналтай байна” гэлээ. Эдийн
засгийг эрчимжүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн 31 дэх заалтын
тухай гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлэхэд, 

УИХ-ын
гишүүн  Н.Номтойбаяр:
“Шударга
ёс” эвслийн гаргаж байгаа санал буцаагаад анх байсан хувилбар руу нь аваачиж байна
л даа. Ажлын хэсэг энэ саналаа татах хэрэгтэй. Нэгэнт хүчин төгөлдөр  мөрдөгдөж байгаа гэрээнд бид түргэтгэх гэж орж
болохгүй. Эргээд Лондонгийн арбитрын шүүхэд дуудагдах хөшүүрэг болж өгнө. Бид Засгийн
газрыг дэмжиж ажиллах ёстой. Гэвч  Засгийн
газар юун дээр дэмжих нь тодорхойгүй байхад бид бодлогын дэмжлэг үзүүлнэ  гэж болохгүй. Харин Засгийн газар энэ асуудлаар
үлдсэн асуудлын хүрээнд тохиролцох ёстой.

Уул
уурхайн сайд Д.Ганхуяг:
Монгол Улсын компанийн тухай хуулийн хүрээнд
үйл ажиллагаа нь явж байгаа. ТУЗ-д нь Засгийн газрыг төлөөлсөн гурван гишүүн бий.
Өнөөдөр баяжмал нь хэвийн явж байна. Харин далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой
ТЭЗҮ нь бэлэн болоогүй байгаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэ байгууллага үйл
ажиллагаагаа үргэлжлүүлэх нь зүйтэй. Асуудлыг улстөржүүлэхгүйгээр хурдан шийдмээр
байна.

УИХ-ын
гишүүн Ц.Нямдорж:
Оюу толгойн хөрөнгө оруулалт гурван шалтгаанаас мухардмал
байдалд орсон. Нэг нь УИХ-д шударга царайлж орж ирсэн нөхдүүд Оюу толгойн 51 хувийг
улсынх болгоно гээд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгачихсан байгаа. Ийм хүмүүс
Засгийн газарт орчихоор ажил урагшлахгүй байгаа юм. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг
эсэргүүцдэг хүмүүс сайд болчихоод байгаа нь худал биш. Оюу толгойг эсэргүүцэгчид
УИХ-д байна. Дараагийн УИХ-д орж ирэхээр ингэж авирлаж байгаа нь  том бүтээн байгуулалтад сөргөөр нөлөөлж байна.
Татвараа авч чадаж байвал тэр үйлдвэр улсынх байна уу, хувийнх байна уу хэнд  хамаатай юм бэ. Юунд нь эсэргүүцээд байгаа юм
бэ. Ингээд мухардмал байдалд оруулаад наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болохоор хэцүү
байна. Украйныг хар, улстөрчид нь тэмцэлдэхээр улс нь ямар болдгийн жишээг. Оюу
толгой төсөл бол 23 жилийн дараа Монголд орж ирж байгаа том бүтээн байгуулалт. Үүний
цаана геополитикийн асуудал байгаа. УИХ-ын зарим гишүүн яахаараа хувийн асуудлаар
ажил хорлодог юм бэ гэв.

Ингээд “Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэхэд
УИХ, Засгийн газар дэмжлэг үзүүлнэ” гэсэн санал зарчмын хувьд дэмжигдэв. Харин зохих
засварыг байнгын хорооны хурлаар шийдвэрлэхийг УИХ-ын дарга даалгалаа.

Эдийн засгийг эрчимжүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай тогтоолын
төслийн 33 дахь зарчмын зөрүүтэй саналд “Бизнесийн байгууллагын нээлттэй, илт тод
байдлыг хангах, далд эдийн засгийг бууруулах, татварын баазын суурийг өргөтгөх чиглэлээр
эдийн засгийн хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх” гэсэн заалт байлаа. Уг
хуулийн төсөл батлагдаж, амьдралд хэрэгжвэл ямар үр дүнтэй болохыг ажлын хэсгийн
төлөөлж Д.Зоригт гишүүн, Х.Тэмүүжин сайд нар ингэж тайлбарласан юм.

УИХ-ын
гишүүн Д.Зоригт:
Өршөөл бол үндсэн улс төрийн, эдийн засгийн, татварын
гэсэн гурван янз байдаг. Үүнээс эдийн засгийн өршөөл нь илүү өргөн агуулгатай. Эрүүгийн
хуульд хамаарагдсан эдийн засгийн гэмт хэргийг өршөөх асуудал татвар дээр нэмэгддэг.
Үүнийг улс орон хууль тогтоомжийнхоо шинэчлэл, татварын үед гаргадаг юм байна. Татварын
хуулийн шинэчлэл, Эрүүгийн хуулийн шинэчлэлийг хийж байгаа үед Эдийн засгийн өршөөл
үзүүлэх нь илүү үр дүн дагуулдаг.  Энэ хуулийг
гаргаснаар бусад улсын туршлагыг харахад олон талын ач холбогдол харагдаж байгаа
юм. Сүүдрийн далд эдийн засгийг ил болгодог юм байна. Гадаад, дотоодод  нуугдсан эдийн засаг ил болдог юм байна. Валютын
урсгалд сайн үр дүнтэй, татвар нэмэгддэг юм байна. Ингээд улсын төсөвт эерэг нөлөө
үзүүлдэг сайн туршлагууд байна л даа. Хэрэв энэ өршөөлийг эрх зүйн шинэчлэлтэйгээ
хамт цогцоор нь хийхгүй юм бол сөрөг үр дагавартай. Дараагийн өршөөлийг хүлээх,
шударгаар татвар төлж байсан иргэд хохирох сөрөг талтай. Тэгэхээр татварын багц
хууль, эрүүгийн хуулиндаа шинэчлэл хийе. Бизнес хийхдээ алдсан иргэддээ төр өршөөл
үзүүлэх нь зөв юм байна гэсэн саналтай байгаа” гэлээ.

Хууль
зүйн сайд Х.Тэмүүжин:
Эдийн засгийн хямрал, хөрөнгө оруулалтын хомсдолтой
холбоотой асуудал Монгол Улсад эргэлдэж байгаа мөнгө хөрөнгийн тодорхой хэсэг сүүдрийн
эдийн засаг бий болсон нь нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, хууль бус, зөвшөөрөгдөөгүй тэр
мөнгөөр өөр хөрөнгө оруулалт хийх юм бол хууль хүчний байгууллагууд шууд орж ирээд
бизнес эрхлэгчийг боомилдог. Бизнесийг нь нураадаг.  Мөн эдийн засгийн нөхцөл байдлыг үгүй хийдэг байдал
манай улсад хавтгайран гараад ирсэн. Тиймээс бид гаднаас хөрөнгө оруулалт татахаас
гадна дотроо байгаа энэ сүүдэрт нуугдаж буй 
хөрөнгө оруулалтуудаас ил болгох ёстой. Ингэж айдас хүйдэсгүй болгож авахгүй
бол эцсийн дүнд баялаг бүтээгчид маань, өөрсдөө баялагтай байгаадаа, бизнеэс эрхэлж
байгаадаа, ард иргэдийг орлоготой байлгасандаа буруудаж, гэмт хэрэгтэн болох нөхцөл
байдал руу оччихлоо. Дээр нь Монголд үнэхээр айдас бий болчихлоо. Манай хуулийн
байгууллагууд мөнгөтэй хүмүүс рүү их улайран дайрч байна.   Хуулийн байгууллагын туслалцаатайгаар өрсөлдөгчөө
намнах оролдлого хийдэг болж байна. Бид хуулийн шинэчлэл хийх гэж байгаа бол зураас
татаж, одоо дүрмээр тоглоё гэхгүй бол Монголд таагүй нөхцөл байдал бий болж байна.
Эцсийн дүндээ энэ баялаг бүтээгчдээ дэмжээд, ажилтай, орлоготой байх нь зөв юм уу,
бизнес эрхлэгчид нь шоронд хоригдоод, ажилчид нь гараад, хөрөнгө нь хэн нэгний гарт
самрагдаад дуусах нь чухал юм уу. Бид энэ сонголтын өмнө ирчихээд байна. Яах аргагүй
хуулийн шинэчлэл хийх хэрэгтэй. Илүү ил тод, иргэнлэг хүмүүнлэг ажиллах орчин бий
болгох гэж байна. Гэхдээ өмнөх байгаа таагүй зүйлүүдээ мартахгүйгээр энэ алхмыг
зөв хийж чадахгүй. Гэвч хүмүүс эргэлзэж байна. Жирийн байгаа иргэдэд таагүй орчин
бүрдүүлдэг, шоронд хорьдог айдас хүйдэстэй байх юм бол энэ шинэчлэлийн чинь хэрэг
байна уу гэж иргэд эргэлзэж байна. Энэ эргэлзээг арилгахын тулд Эдийн засгийг ил
тод болгох өршөөлийн хууль гаргах ёстой. Хуримтлал үүсгэж баялаг бүтээнэ гэдэг зах
зээлийн нийгмийн үнэт зүйл, хувийн өмчтэй байна гэдэг эрх чөлөөний тулгуур хэсэг,
ажил хийж, баялаг бүтээж байна гэдэг олон хүнийг орлоготой байлгадаг юм. Төр хэзээ
ч баялаг бүтээдэггүй. Ирэх 14 хоногт УИХ, Засгийн газар итгэл үнэмшлээр нэгтгэж
энэ хуулийг хурдан баталмаар байна” гэлээ. Дээрх саналаар санал хураалгахад гишүүдийн
олонхи нь дэмжлээ.

УИХ-ын
гишүүн С.Дэмбэрэл:
Эдийн засгийг идэвхжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг
ийм хэлбэрээр хангана гэдэгт би итгэхгүй байна. Энэ тогтоолын төсөлд санхүүгийн
тогтвортой байдлыг хангах талаар ямар заалт орсон юм бэ. Валютын ханшийг тогтвортой
байлгах талаар ямар заалт орсон юм бэ. Алга байна шүү дээ. Энэ хөгжлийн төлөвлөлт
гэдэг бол үнэхээр хэрэггүй заалт. Ажлын дэд хэсгийнхэнтэй уулзаж байхад удирдамж
өгсөн. Яг л манай хуучин сэтгэлгээ. Бүх яамдын хэтийн чиглэл энэ тэр гээд биччихэж.
Монгол Улсын хөгжлийг хойш нь татаад байгаа арван индекс л байгаа. Үүнийг зоож байгаад
үүн рүү хүрэх зорилт тавих ёстой. Тогтвортой хөгжлийн концепц байх ёстой. Иймэрхүү
юмыг баталбал, хөгжлийн төлөвлөлттэй болбол сайхан болчих юм уу. Зургаан сарын хугацаанд
юу хийх ёстой юм, бизнес эрхлэгчдэд ямар мессэж өгөх гэж байгаа юм гэдэг тухай огт
алга. Би альтернатив төлөвлөгөө боловсруулаад ажлын хэсэгт өгсөн байгаа. Удахгүй
сонинд нийтлэгдэхээр хараарай, та нар.

УИХ-ын
дэд дарга Р.Гончигдорж:
Хэний идэвхжлээр, хэн энэ эдийн засгийн идэвхжлийг
дээш нь авч явах юм бэ гэвэл парламент биш, энгийн бизнес эрхэлж байгаа олон түмэн
шүү дээ. Олон түмний оролцоотой эдийн засаг. Одоо бидэнд ийм юм хэрэгтэй байна,
ингэвэл миний эдийн засаг өсч, тэлж орлого нэмэгдэнэ гэсэн агуулгаар энэ баримт
бичиг хийгдэж байгаа болов уу. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийг бид
өмнө нь гаргаж байснаас өөрөөр ойлгож байгаа гэж бодож байна. Нэг талаас хөгжил
төлөвлөлтийн процессын үндсэн суурь төлөвлөлт, үндсэн аргачлалыг оруулах юм. Үүнийг
хэлэлцэж байхад шинэ хуулиудаа үзэл санаагаараа унагамааргүй байгаа юм. Тухайлбал,
Эдийн засгийн өршөөлийн хууль байна. Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний
тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй нийт 39 саналаар
санал хураалгаж, дэмжигдлээ. Үүгээр үдээс өмнөх чуулган өндөрлөсөн юм.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Р.Амаржаргал: Хөрөнгө оруулагчид, ажил хэргийн мэдлэгтэй сайд нарыг хүсч байна

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.

-Та сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа
илэрхийлсэнгүй. Ер нь өнөөгийн эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг юу гэж дүгнэж
байна вэ?

-Томилолтоор ажиллаад ирсэн учраас
улс төр яасан гэх мэтээр асуудлын гүн гүнзгий томъёоллыг сайн мэдэхгүй байна. Харин
эдийн засгийн хувьд гэвэл Үндэсний баялгийн сангийн институт гэж бий. Энэ байгууллагын
Азийн чуулга уулзалт Хонгконгт болсонд урилгаар оролцоод ирлээ. Баялгийн сангийн
захирал, удирдах ажилтнуудаас бүрдсэн 100 гаруй хүн оролцсон. Тэднийг ажиглахад
нэг триллион гаруй ам.доллартай тэнцэхүйц хэмжээний активыг төлөөлсөн хүмүүс байна.
Харин манай улсын нийт бүтээгдэхүүн 10 миллиард ам.доллартай тэнцдэг. “Энд их том
зөрүү байгаа ч бид ДНБ-ээ нэмэгдүүлэх бололцоо байгаа. Уул уурхайн салбартаа тулгуурлаад
хөрөнгө оруулалтыг их сонирхож байна. Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, эко аялал
жуулчлал, эрүүл мэндтэй холбоотой гэх мэтчилэн олон салбарт хөрөнгө оруулалтыг татаж
үр бүтээлтэй ажиллаж чадах юм бол 3-4 жил тутамд ДНБ-ээ нэг дахин өсгөөд байх боломжтой.
Энэ хандлагаа 20-25 жил хадгалах боломж бас бий” гэсэн санааг хэллээ.  Миний тэнд хэлсэн дараагийн санаа Монголын хөрөнгө
оруулалтын орчны хөгжлийн тухай асуудал байлаа. Монголчууд 1990, 2000, 2010 он гээд
хөрөнгө оруулалтын орчны ерөнхий динамикийг ярьж өгсөн. “Бид наашаа харсан бүхнийг
хөрөнгө оруулаач гэдэг байсан бол одоо сонирхол, цар хүрээ өргөжиж сонголт хийх
боломж нэмэгдсэн гэдгийг дуулгасан. Гуравдугаарт нь “Хөрөнгө оруулалтын орчин, том
том төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон улсын эрх ашгийг тэнцвэржүүлэх асуудал
Монголын хувьд томоохон сорилт болж байна. Үүнтэй өмнө нь учирч байгаагүй ч бид
шантрахгүй байгаа. Шийдэх арга зам нь бүс нутгийн хамтын ажиллагаа, үүний механизмуудыг
бүрэн гүйцэд ашиглах, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох” гэж харж байгаагаа хэлсэн.
Ерөөсөө Монголын эдийн засгийг зөв залбал ийм байгаа.

-Чуулга уулзалтад оролцсон баялгийн сангийн захирлууд өнөөгийн
эдийн засгийн тухай юу гэж байх юм, тэд. Хэр сонирхож байна вэ?

-Монголын талаар ихээхэн сонирхож
байна. Би 70 орчим нэрийн хуудас аваад явсан. Гэтэл хуралдааны эхний өдрийн үдээс
өмнө хүмүүс надтай ирж уулзаад нэрийн хуудсаа солилцоод дууссан нь үүнийг илтгэж
байлаа. Ямар ч гэсэн сонирхол бас орчин нь байгаа юм байна. Хамтарч ажиллах боломж
нь хэр байгаа вэ гэдэг нь хамгийн их анхаарал татсан асуудал болсон. Тэнд нарийн
мэргэжлийн хүмүүс оролцож байсан учраас бидэн шиг хуурай, ерөнхий зүйл ярихгүй байна.
Ази гэдэг бүс нутгийн хаана хөрөнгө оруулалт хийвэл ашигтай, хаана өндөр өгөөж байна,
яагаад энд хөрөнгө оруулалт хийх ёстой юм гэдгээс эхлээд хөрөнгө оруулалт хийвэл
ямар нөлөөлөл байна гэдгийг тодорхой ярьцгааж байна. Мөнгөтэй хүмүүс хөрөнгө оруулалт
хийхдээ шаардлага гээд хэлчихэж болох зүйлийг ярьдаг юм байна. Тухайлбал, санхүүгийн
тогтвортой байдал. Улсын төсвийн алдагдал нь тодорхой хэмжээнд, валютын хэлбэлзэл
бараг хөдөлгөөнгүй, өрийн хязгаарыг зайлшгүй өгөгдчихсөн байх ёстой зүйл гэж ойлгодог.
Гэтэл энэ бүхэн Монголд тогтворгүй болчихоод байгаа. Хөрөнгө оруулагчдын хувьд зайлшгүй
байх нөхцөл, хангалттай нөхцөл гэж байна. Бид зайлшгүй байх нөхцөлөө бүрдүүлж өгөх
нь бүү хэл мэдэхгүй байна. 

-Засгийн газраас Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг оруулж
ирсэн. Энэ хөтөлбөр батлагдсанаар эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хэр дэм
болох бол?

-Өнгөрсөн оны наймдугаар сард
төсөвт тодотгол хийсэн дээ. Энэ үеэр УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөх санаа гарсан
юм. Үүнийг хэлэлцсээр УИХ-ын гишүүд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр анхны
төслөө боловсруулж Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Хуулийн дагуу Засгийн
газар энэ оны нэгдүгээр сарын 15-ны дотор эргүүлэн өгөх ёстой байлаа. Гэтэл манай
Засгийн газар асуудалд ханддагаараа хандаж удаасаар өнөөдрийг хүргэсэн. Өнөөдөр
буюу эцэст нь аянга ниргэхээр залбирдгийн үлгэрээр асуудал хурцдахаар тогтоолын
төсөл болгон оруулж ирж байна. Миний харж байгаагаар энэ тогтоолын төсөл Монголын
эдийн засагт гай болохгүй. Гэхдээ батлагдчихвал бүх зүйл эрчимжих үү гэвэл бас үгүй.
Яагаад гэвэл Засгийн газрын өнөөгийн нөхцөл байдал нь ийм дүгнэлт хийхэд хүргэж
байгаа.

-Тогтоолын төсөлд хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх тодорхой
заалтууд байна уу. Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт анхаарлын төвд байх
шиг?

-Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө
оруулалттай холбоотой заалтаар нь завсарлага авлаа. Ер нь Монгол Улс олон төрлийн
баримт бичиг гаргасан, гаргасаар байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах
бодлого гэх мэт. Их хугацаа шаардаж байж боловсруулаад сайн гэж томъёолоод баталсан.
Уул уурхайн хууль, ашигт малтмалын хууль гээд элдэв төрлийн баримт бичгүүд бас байна.
Энэ баримт бичгүүд маань жинхэнэ төрийн бодлого болж чаддаггүй юм байна гэдгийн
илрэл өнөөдөр бий болчихож. Асуудлуудыг харахад учир дутагдалтай, чанаргүй, хоёр
сарын нойр даахгүй баримт бичгүүд юм уу, эсвэл УИХ нь ийм хэмжээний юм уу гэж уншигдахаар
байгаа юм. Хэрвээ төр засгийнх нь салбар дахь бодлого нь тодорхой байсан бол Засгийн
газар, яам, тамгын газар нь бүрэн гүйцэд хэрэгжүүлдэг байсан бол өнөөдөр ийм зүйл
яригдахгүй. Нарийн яривал Оюу толгойн асуудлыг шийдэхэд яам оролцох шаардлагагүй.
Магадгүй нэг газар агентлаг шийдээд л явчих боломжтой юм. Энэ нь засаг дэндүү сул
байгааг илтгэж байна. Ийм сул Засгийн газар Монгол Улсыг цааш нь авч явж чадахгүй.
Засгийн газрын ажил, ам хоёрын хооронд том зөрүү гарсан л даа. Амаараа нэг зүйлийг
яриад байдаг ажил хийхээрээ хөрөнгө оруулалтын орчинг доройтуулсан, эргэлзээ төрүүлсэн,
эргэж буцахад хүргэсэн олон үйлдлийг хийсэн. Тухайн үед хүмүүс хэлж, анхааруулж
байсан ч арга хэмжээ огт аваагүй. Би 2013 оны гуравдугаар сард байр сууриа илэрхийлж
анхааруулга өгсөн. Дөрөв, тавдугаар сард эдийн засгийн хүндрэл бий болох гээд байна.
Удирдаж байгаа хүмүүст нь асуудал байна гэдгийг бас л илэрхийлсэн. Хэн ч, ямар ч
хариу өгөөгүй. Явсаар байгаад арваннэгдүгээр сард гишүүнээсээ татгалзъя гэж байгаад
дахин асуудлыг хөндсөн. Ингэхдээ “Эдийн засаг хүндэрлээ. Эдийн засаг хүндрэхэд гол
нөлөө үзүүлж байгаа хүмүүс нь хариуцлага хүлээх ёстой” гэсэн ч харамсалтай нь миний
үгийг аваагүй юм.

-Тэгэхээр Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндөх
ёстой гэсэн үг үү?

-Дорж, Дондог, Дулмаа гэсэн субъектдээ
асуудал байгаа юм биш. Тогтолцооны хувьд яаж явах юм. Тулгамдсан асуудал чинь юу
юм гэх мэтийн зүйл бол удирдлагын ухааны цагаан толгой юм. Өнөөдөр зорилго байна.
Тэр зорилгыг хангаж чадах бүтцийг бий болго. Бүтцийг амилуулаад аваад явж чаддаг
боловсон хүчнийг шилж сонгоод тавь. Ердөө л энэ. Эдийн засаг микро түвшиндээ ч тэр
макро түвшиндээ ч тэр маш хүнд байдалд орчихоод байна. Энэ асуудлыг шийдэх гарц
нь тогтоолын төсөл биш. Асуудлыг шийдэхийн тулд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд
нэлээд өөрчлөлт оруулах ёстой. Нэгдүгээрт яамдын тоог цөөрүүлж, илүү албан тушаалыг
танах хэрэгтэй. Дээрээс нь нэр нүүрээ барчихсан хүмүүсийг байлгах шаардлагагүй.

-УИХ-аар хагас жилийн турш хэлэлцсэн УИХ-ын гишүүн Засгийн
газрын гишүүн байхыг хориглох хууль батлагдсангүй. Таны хувьд 2014 онд хэрэгжихийг
дэмжиж эцсийн санал хураалтад оролцсон. Яагаад заавал Засгийн газрыг огцруулах,
өөрчлөх санаа агуулаад байгаа юм?

-Засгийн газрыг огцруулах асуудал
байсангүй. Гүйцэтгэх засаглалын тогтолцоог арай өөрөөр харах шаардлагатай юм уу
гэдэг үүднээс гаргаж тавьсан асуудал байх. Гүйцэтгэх засаглал үр ашигтай ажиллах
ёстой. Ингэхийн тулд зохион байгуулалтын ийм шийдэл нь зөв байна гэж Ерөнхийлөгч
оруулж ирээд хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн үед улс төрийн өнгө аяс нь давамгайлаад
асуудлынхаа агуулга, мөн чанар руу нэг их өнгийсөнгүй. Эцсийн дүнд Засгийн газрыг
огцруулах гээд байна гэсэн санааг дэвшүүлж үүнийгээ тойрч шуугисаар байгаад өнгөрлөө.
Энэ бол бидний нүүр царай. УИХ-ын байдал, УИХ-ыг бүрдүүлж байгаа намуудынх нь хариуцлагын
чанар ердөө энэ. Тангараг өргөсөн УИХ-ын гишүүд нь өөрсдийнхөө эрх үүргийг хэрхэн
ухамсарлаж байгаагийн илрэл. Миний хувьд нааштай санал өгсөн. Ийм санал өгөх шалтгаан
байсан. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард байр сууриа илэрхийлчихсэн
байсан юм. Би өдөр болгон байр сууриа солиод байдаг хүн биш.

-Улс төрийн тогтвортой байдал эдийн засагт эерэгээр нөлөөлдөг
юм биш үү?

 -Улс төрийн тогтвортой байдал гэж юу юм гэдгийг
бид ойлгох ёстой. Алдаа дутагдал гаргаад түүнийгээ нууж хаагаад байгааг тогтвортой
байдал гэдэг үгээр халхлаад яваад байх уу. Эсвэл алдаа дутагдлаа ил гаргаж үүнийгээ
засч эзэн холбогдогчид нь хариуцлага хүлээлгэх үү. Зарим нэг хүмүүс хөрөнгө оруулагчид
тогтвортой байдал хүсч байна гээд байгаа юм. Тэр үнэн. Гэхдээ хөрөнгө оруулагчид
ажил хэргийн мэдлэгтэй сайд нарыг хүсч байна. Ажлаа мэддэг, хийж чаддаг, хөрөнгө
оруулагчидтайгаа харилцан ашигтай хамтарч чаддаг хүмүүсийг хүсч байна. Ер нь намын
эв нэгдэл, намын эрх ашиг гэсэн гоё гоё нэр томъёонуудаар муу муухай бүхнийг хааж,
булхайгаа нууж далдалж байгаа бол энэ улсад нэг их тус хүргэхгүй.

Л.МӨНХТӨР