Categories
мэдээ соёл-урлаг

С.Гантогоо тоглолтоо хийнэ

Сүүлийн үед “Яг түүн шиг” шоугаар олны танил болоод байгаа Солонгос улсад ажиллаж, амьдрангаа өөрийн дуулах хүсэл мөрөөдлөө чамгүй амжилттай биелүүлж байгаа дуучин С.Гантогоо тоглолтоо хийх гэнэ. Тэрээр БНСУ-ын олон үндэстний дуулаачдын “Монтант” /Multicultural Transnational Chorus/ урлагийн байгууллагын дуучин юм. Түүний тоглолт баасан гаригт 21:00 цагаас “Клуб 24”-т болох юм байна.

Тэрбээр өөрийн уран бүтээлүүдээ толилуулахаас гадна арга хэмжээ нь такс болон нэмэлт төлбөргүй аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Кино урлагийн шилдгүүд энэ сарын 19-нд тодорно

“Cinema awards” кино наадам зурган илэрцүүдМонголын кино урлагийн дээд шагнал гардуулах “Cinema awards” кино наадам энэ сарын 19-нд болно.

Хоёр үе шаттай явагдсан тус наадмын эхний шатанд 2016 онд нээлтээ хийсэн 46 уран сайхны кино өрсөлдсөнөөс үзэгчдийн саналаар 25 шилдэг кино хоёрдугаар шатанд шалгарсан юм. Эдгээр уран сайхны киноноос шилдэг 12 киног Монголын Урлагийн Зөвлөлөөс шалгаруулж 15 номинацид өрсөлдүүлж буй.

Эцсийн шатанд “Өртөө”, “Бүү март”, “Ээж”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Итгэл”, “Үргээлэг-2”, “Шүүдэр дундуур”, “Аз жаргал”, “Цагаан хадаг”, “Lovers”, “Өртөө”, “Өвлийн тууж”, “6 дахь хүсэл” зэрэг кино шилдгээр шалгараад байгаа юм.

Кино наадмын шилдэг эрэгтэй гол дүрийн төлөө “Итгэл” кинонд бүтээсэн дүрээрээ Б.Амарсайхан, “Үргээлэг-2” кинонд бүтээсэн дүрээрээ Ж.Баясгалан, “Атганд үлдсэн эрдэнэ” кинонд бүтээсэн дүрээрээ П.Цэрэндагва, “Өвлийн тууж” кинонд бүтээсэн дүрээрээ Э.Мөнхтөр нар өрсөлдөж байгаа нь хамгийн сонирхол татсан номинаци болж буйг зохион байгуулагчид хэлж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Жаргаагүй нар” амралтын өдөр дахин тоглогдоно

УДЭТ-ын уран бүтээлчид их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийг харуулсан “Жаргаагүй нар” эмгэнэлт драмын жүжгийг энэ сарын 14-нд тайзнаа тоглоно.

Үлгэр домог мэт амьдарч, бүтээсэн бүтээл, замнасан мөрөөрөө хүн зоны зүрх сэтгэлд “гэрэлт хөшөө” юугаа цогцлоон бүтээсэн энэ их хүн ахархан хийгээд ээдрээт амьдралдаа хичнээн ихийг бүтээн туурвиж, оюуны их сан хөмрөг, өвийг хойч үе ирээдүй цагт үлдээснийг энэхүү жүжиг харуулах юм.

Жүжгийн зохиолчоор Ш.Гүрбазар, найруулагчаар СТА Ч.Түвшин ажиллаж гол дүр Нацагдоржийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж олны хүртээл болгосон билээ.

Тасалбар нь 10-25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд Юнителийн хэрэглэгчид 100gg ашиглаж 5000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

Тасалбарыг УДЭТ-ын касс, www.easyticket.mn, www.ticket.mn-ээс захиалахаас гадна 1900-1800 үнэгүй хүргэх юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Коцианы нэрэмжит олон улсын уралдаанд ХБК-ийн сурагчид амжилттай оролцлоо

БНЧУ-ын Усти Над Орлици хотноо 59 дахь жилдээ зохион байгуулагдсан өсвөрийн хийлчдийн Коцианы нэрэмжит олон улсын уралдаанд манай улсын Хөгжим бүжгийн коллежийн гурван сурагч оролцлоо.

Энэ удаагийн уралдаанд дөрвөн насны ангиллаар 56 шилдэг өсвөрийн хийлчид авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс 10 хүртэлх насны ангилалд Хөгжим бүжгийн коллежийн сурагч М.Азжаргал, Б.Жамбалбаярням нар хоёрдугаар байр, 11-13 насны ангилалд Э.Эмүжин тусгай байрт шалгарчээ.

Манай улсын өсвөрийн хийлчдийн авьяас чадварыг уралдааныг зохион байгуулагчид өндрөөр үнэлсэн бөгөөд тус ЭСЯ-наас уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг эцэг, эхийн хамт хүлээн авч уулзан дурсгалын зүйлс гардуулсны зэрэгцээ БНЧУ-д байх хугацаанд нь ЭСЯ-наас зохих дэмжлэг үзүүлсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“УЛААНБААТАРЫН ХАВАР 2017” наадам олон улсын хэмжээнд зохион байгуулагдана

Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “УЛААНБААТАРЫН ХАВАР 2017” олон улсын анхдугаар их наадмыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

“Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж байгаа юм. Наадмын нээлт өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд наадмыг нээж хэлсэн үгэндээ “Найрал дууны урлаг нь хүүхэд залуусын хүмүүжил, гоо зүйн мэдрэмж, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхээс гадна хүнлэг, энэрэнгүй, зөв иргэн болон төлөвшихөд онцгой ач холбогдол өгдөг тул нийслэлийн удирдлагын зүгээс цаашид дэмжин ажиллах болно.

Нүүдэлчдийн их соёлын өлгий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо нийслэлчүүд бид зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл урлагийн төв болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд цаашид жил бүр олон улсын томоохон наадмуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг энэ дашрамд дурдахад таатай байна” хэмээн онцолсон юм.

“Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” нь 2005 оноос Найрал дууны их наадмыг “Хаврын баяр” нэртэйгээр есөн удаа амжилттай зохион байгуулсаар ирсэн юм. Энэ жил наадмынхаа цар хүрээг тэлж олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Анхдугаар их наадамд:

  • УДБЭТ,
  • ЦДБЭЧ,
  • ХЦДБЧ,
  • СУИС,
  • МУБИС,
  • СИТИ дээд сургууль,
  • Хөгжим, бүжгийн коллеж зэрэг мэргэжлийн урлагийн байгуулага, сургуулиудын хамтлаг дуучид,
  • ОХУ-ын Буриад Улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу,
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид,
  • Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм,
  • БНСУ-ын “Тэнгэрийн дуу” найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1,000 гаруй уран бүтээлч оролцож байна.

Хүүхдийн найрал дууны тоглолт өнөөдөр буюу тавдугаар сарын 10-нд Улаанбаатар чуулгын байранд, Гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт тавдугаар сарын 11-нд Улсын Филармонийн концертын танхимд болно. Олон улсын наадмын Гала тоглолт УДБЭТ-ын тайзнаа тавдугаар сарын 12-нд тус тус болох юм.

Нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны тэргүүн, хормейстер Ц.Эрдэнэтуяа болон холбогдох албаны хүмүүс оролцов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Улаанбаатарын хавар” олон улсын найрал дуучдын наадам болно

Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо”-ноос “Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг зохион байгуулах гэж байна.

Наадмын нээлтийн ёслол өнөөдөр 11.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах бөгөөд нээлтийн үеэр наадамд оролцогчдын нэгдсэн парад болно. Түүнчлэн 17.00 цагт Хүүхдийн найрал дууны тоглолт, маргааш 18.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт, 12-ны баасан гаригт УДБЭТ-ын тайзнаа “Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмын гала тоглолтыг зохион байгуулах аж.

Уг наадамд Монгол Улсаас ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, СУИС, МУБИС, СИТИ, ХБК зэрэг мэргэжлийн урлагийн байгуулага, сургуулиудын хамтлаг дуучид, ОХУ-ын Буриад улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм, БНСУ-ын “Тэнгэрийн дуу” найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлч оролцоно.

Дашрамд дуулгахад, Монголын соёл урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” нь 2005 оноос найрал дууны их наадмыг “Хаврын баяр” нэртэйгээр 9 удаа амжилттай зохион байгуулсан. Энэ жилээс эхлэн наадмынхаа цар хүрээг тэлж “Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар Хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулахаар болсон гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Орхон аймаг 90 хүүхдийн бүрэлдэхүүнтэй найрал дууны хамтлагтай боллоо

Орхон аймаг анх удаа  90 хүүхдийн бүрэлдэхүүнтэй найрал дууны хамтлагтай боллоо

Орхон аймаг хүүхдийн найрал дууны “Эрдэнэс” чуулгатай боллоо. “Эрдэнэс” чуулга 90 хүүхдийн бүрэлдэхүүнтэй бөгөөд Орхон аймгийн ерөнхий боловсролын бүх сургуулиас төлөөлөл оролцжээ. Чуулгын удирдаач багшаар “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн дуу хөгжмийн багш МУСТА Ц.Өлзийсайхан ажиллаж байна. Уг чуулгыг ИТХ-аас баталсан “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд байгуулж багшийн цалин болон хүүхдүүдийн тоглолтын хувцасны зардлыг орон нутгаас гаргахаар болжээ. “Эрдэнэс” чуулгын нээлтийг Монголын хүүхдийн байгууллагын 92 жилийн ойн хүрээнд хийж байгаагаараа онцлог юм. Чуулгын зорилго нь хүүхдүүдийг урлагаар дамжуулж хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх, Орхон аймгийн брэнд соёлын үйлчилгээ бий болгох гэнэ. Монголын Үндэсний Радиогоос улбаатай хүүхдийн найрал дууны хамтлаг өдгөө орон нутагт шинээр байгуулагдаж байгаа нь түүхэн үйл явдал гэж чуулгын нээлтэд оролцсон зочид онцолж байлаа.

Categories
мэдээ соёл-урлаг

“Ганаагийн түүх” киног солонгосчууд бүтээж байна

“Яг түүн шиг” шоунд амжилттай “давхиж” буй дуучин С.Гантогоогийн амьдралаас сэдэвлэсэн киног солонгос найруулагч хийж байгаа гэнэ. С.Гантогоо таван жилийн өмнө амьдралаа дээшлүүлэхээр БНСУ-д гэрээт ажилтан хийж байжээ. Хамт ажилладаг хүмүүс нь түүнийг “Ямар гоё дуулдаг юм бэ” хэмээн үнэлдэг байсан гэнэ. “Дуучин шалгаруулна” гэсэн зарын дагуу очиж, тус улсын “Монтант” нэртэй урлагийн байгууллагын дуучнаар ажиллах болжээ. С.Гантогоо 2010 онд үндэсний хэмжээний дууны том тэмцээний шалгаруулалтад оролцож, хоёр сая гаруй оролцогчоос шилдэг 48-д үлдэж чаджээ. Шоуны шүүгчээр ажиллаж байсан уянгын дууны хаан гэгддэг Ли Шин Чол болон дуучин PSY нараас магтаалын үг сонссондоо урамшсан гэнэ. Түүний туулсан амьдралын талаар БНСУ-ын Сөүл хотын Гадаад иргэдийн урлаг, соёлын төвийн захирал, найруулагч Сон Су Хи “Ганаагийн түүх” нэртэй баримтат киног зургаан сарын өмнөөс хийж эхэлсэн байна. БНСУ-д зураг авч дууссан агаад зургадугаар сард Хөвсгөл аймагт зураг авах юм байна. “Ганаагийн түүх” кино ирэх наймдугаар сард БНСУ-д нээлтээ хийх гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Бүргэдчин охин” кино монголд нээлтээ хийлээ

Н.Айшолпан охины амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бүргэдтэй анчин” буюу “The Eagle Huntress” кино дэлхийн олон оронд нээлтээ хийсэн. Уг кино Монгол Улсад өчигдөр нээлтээ хийлээ.

Израйлийн гэрэл зурагчин 2014 оны дөрөвдүгээр сард Монголд очиж, бүргэдийн баярт оролцжээ. Тэрбээр энэ үеэр Айшолпан охины зургийг авч нийгмийн сүлжээнд нийтэлсэн аж. Гэрэл зурагчны зургийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр дэлхийн томоохон хэвлэлүүд болох “ВВС”, “CNN”зэрэг агентлагууд цахим сайтдаа нийтэлсэнээр найруулагч Отто Белл Монголд хүрэлцэн ирж охины гэр бүлтэй уулзан баримтат кино хийх зөвшөөрөл авсан гэдэг.

Уг кинонд Монголын баруун бүс, Алтайн нуруунд 2000 гаруй жил амьдарч буй Казах ард түмэн болон бүргэдээр ан хийдэг аавынхаа амьдралд тусалсаар ан хийж сурсан Н.Айшолпан охины тухай өгүүлдэг. Мөн эмэгтэй хүн ан хийж чаддаг болохыг харуулахын тулд 70 эрэгтэй анчинтай өрсөлдөн, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж буйг харуулах аж.

Киноны ерөнхий найруулагчаар Отто Беллээс уг киног Монголд гаргах эрхийг “Шинэ Монголын Санаачилга” ТББ авчээ.

“Бүргэдчин охин” кино “Тэнгис” кино театрын дэлгэцнээ гарч байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“The Jazz Train” хамтлаг анхны цомгийнхоо нээлтийг хийнэ

Шинээр гарч ирж буй залуу жазз квинтет хамтлаг “The Jazz Train” нь анхны цомгийнхоо нээлтийг олон улсын жазз өдрийг тохиолдуулан энэ сарын 30-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Castle”-д хийх гэж байна. “The Jazz Train хамтлаг” нь анхны бие даасан цомгоо энэ жил “The Jazz Train” нэртэйгээр гаргасан бөгөөд энэ нь Монголын хамгийн анхны стандарт жазз инструментал цомог юм.

Цомгийн нээлтээр “The Jazz Train” хамтлаг цомогтоо бичигдсэн зохиолуудаас мөн дэлхийн алдартай жазз уран бүтээлүүдээс хүргэх бөгөөд Монгол дахь олны танил жазз уран бүтээлчид хамтран оролцох нь ээ.

“The Jazz Train” хамтлаг анхны цомгийнхоо нээлтийг хийнэ

“The Jazz Train” хамтлаг анхны цомгийнхоо нээлтийг хийнэ