Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 88 жилийн ой энэ жил тохиож байна. Их найрагчийнхаа ойг төрсөн нутаг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар энэ сарын 01-ээс 4-ний өдрүүдэд өргөн дэлгэр тэмдэглэжээ. Ойн хүрээнд Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Оюуны жимс-2017” яруу найргийн наадмыг зохион байгуулсан байна. Мөн уншигч, зохиолчдын уулзалт, Явуу найрагчийн төрсөн тоонот Тасархайн бууцан дээр өдөрлөг зохион байгуулсан ажээ.
Дорнын их найрагчийн нэрэмжит “Оюуны жимс-2017” наадамд хот, хөдөөгийн 90 гаруй яруу найрагч шүлэг бүтээлээ ирүүлснээс 45 яруу найрагч тунаж үлдэн уралджээ. Ингээд уг яруу найргийн наадамд МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлж Бэгзийн Явуухулангийн нэрэмжит анхны шагналын эзнээр тодорчээ.
Цалин цагаан мөнгөөр их найрагчийн дүрийг дэлхийн бөмбөрцгийн наана товойлгон урласан, эрдэнийн очир зүүлт бүхий энэхүү нэр хүндтэй шагналыг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан яруу найрагч О.Цэнд-Аюушт гардуулан өгсөн байна. Тэрээр энэ үеэрээ Завхан аймаг цаашид Бэгзийн Явуухулангийн нэрэмжит шагналаа уламжлал болгон жил бүрийн “Болор цом” наадмын үеэр шилдэг яруу найрагчдад олгож байхаар болсноо мэдэгджээ. Явуухулангийн нэрэмжит шагналыг таван сая төгрөг дагалдах юм байна.