Categories
мэдээ соёл-урлаг

“Туурайн төвөргөөн 2017” хөгжмийн наадам “Үлэмжийн чанар” дуугаар эхлэв

ЗурагДэлхийн шилдэг 50 соёлын арга хэмжээгээр албан ёсоор шалгарсан “Туурайн төвөргөөн 2017″ шинэ хөгжим, ардын урлагийн олон улсын их наадам өнөөдөр Төр түмний их шүтээн Мигжид Жанрайсиг бурханы өмнөх талбайд нээлтээ хийлээ.

Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулж буй тус наадамд оролцохоор ХБНГУ, АНУ, Франц, Швейцари зэрэг 20 гаруй орноос төлөөлөгч иржээ. Наадамд оролцогчид Улаанбаатар-Өвөрхангай Хархорин-Сайншанд Хамрын хийд зэрэг түүх дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудад цуврал концерт аялан тоглолт хийх юм.

Тус наадмын нээлт ноён Хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг монгол эх орон даяар болон дэлхийд тархан сууж буй монголчууд, монгол туургатнууд нэг өдөр, нэг цагт буюу өнөөдөр 12.00 цагт хуучны ая дангаар нь дуулснаар эхлэв. Ийнхүү монголчууд даян дэлхийн энх тайван, хамаг амьтны сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн юм.

1999 оноос хойш манай улсад жил бүр зохион байгуулж буй уг наадам эх орноо гадаадад сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах нэр хүнд бүхий наадам болж чадсаныг зохион байгуулагчид онцолж байна. Энэ хугацаанд дэлхийн 100 орны 1500 гаруй хөгжимчин, уран бүтээлчийг наадамдаа урьж оролцуулжээ.

Наадмыг зохион байгуулагч С.Бадамхорол хэлэхдээ, “Дэлхийн онцгой сонин, давтагдашгүй 50 аяллыг шалгаруулахад “Туурайн төвөргөөн” багтсан. Энэ жагсаалтад далайн гүнд буй “Титаник” хөлгийг үзэж, өрөө тасалгаанд нь тухлах, Лхаст очиж Далай ламтай өглөөний цай ууж, ярилцах, Английн хатан хаантай зэрэгцэн сууж морины уралдаан үзэх зэрэг өндөр үнэтэй, хүссэн бүхэн оролцох боломжгүй аяллуудыг нэрлэсэн юм билээ. Энэ наадмын оролцогчид Монголын үзэсгэлэнт байгалиар аялахын зэрэгцээ Монголын сор болсон уран бүтээлчид, дэлхийн орчин үеийн урлагийн төлөөлөгчдийн тоглолтыг үзэж, нүүдэлчдийн өвөрмөц соёл, зан үйлтэй танилцдаг тул дэлхийн шилдэг аяллаар шалгарсан. Байгалийн сонин содон тогтоцтой, үзэсгэлэнтэй газарт уран бүтээлчид тоглолтын танхимд тоглосноос илүү сэтгэл хөдлөлтэй, эрх чөлөөтэй болдог. Тиймээс гайхамшигтай энерги ялгардаг. Манайх шиг менежментээр арга хэмжээ зохион байгуулъя, “Туурайн төвөргөөн” наадмын нэрийг ашиглая гэх хүсэлт олон ирдэг. Бидний хийж байгаа ажил дэлхийн сонорт хүрч, эх орныхоо нэрийг дуудуулж байгаад бахархдаг” гэв.

Энэ үеэр Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, СГЗ, Гавж Д.Чойжамц айлдвар сургаалиа айлдсан бол лам хуврагууд Хүслийн 5 Тахил, уртын дуучид ая дуугаа өргөлөө.

Мөн “Шилмэл загвар” салоны хамт олон Бурхадын өмсгөл загваруудаа танилцуулж, профессор Бернхард Вульф төгөлдөр хуурын ая эгшгийг эгшиглүүлсэн юм.

Ирэх сарын 04-нийг хүртэл үргэлжлэх тус наадамд оролцогчид маргааш Хархорин хотыг зорих аж.

Дашрамд сонирхуулахад, хүн төрөлхтний урлагийн хамгийн алдартай 50 урлагийн тур тоглолтын нэг болсон уг наадмаас санаа авч Киргизстан, Тайланд, Камбожи зэрэг оронд ижил төстэй наадам зохион байгуулдаг байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатар маргааш эх орондоо ирнэ

"BBC Cardiff Singer of the World”-д тэргүүн байр зурган илэрцүүдИх британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан “BBC Cardiff Singer of the World”-д тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорсон Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар маргааш буюу 6 сарын 22-нд эх орондоо ирнэ. Маргааш 06:30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд угтаж авах үйл ажиллагаа болох гэнэ.

– 08:00 цагт Цагдаагийн “Сүлд” чуулгаас хүндэтгэл үзүүлэх ажээ.

– 09:30 цагт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болно.

Угтаж авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг “Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо”-оос зохион байгуулж байгаа гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Яг түүн шиг” гала тоглолт зургадугаар сарын 25-нд болно

Холбоотой Зураг

“Боловсрол суваг” телевиз, “Номадс”-ын сүлжээ ресторануудтай хамтран энэ зуны хамгийн том задгай талбайн шоу “Яг түүн шиг” гала тоглолтыг 6-р сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байсан боловч олон улсын залуучуудын томоохон байгууллага болох JCI-ийн Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт буюу ASPAC-тай давхцан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан билээ.

Тэгвэл энэ зуны хамгийн том задгай талбайн шоу “Яг түүн шиг” гала тоглолт 6-р сарын 25-нд 20:00 цагаас Улаанбаатар хотоос 53 км зайтай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Magic Rock” camp-д ганцхан удаа зохион байгуулагдахаар болсон байна. Тус гала тоглолтын гол онцлог нь “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн 1 болон 2-р улирлын шилдэг оролцогчид ая дуугаа өргөхөөс гадна урилгаар 1990-ээд оны евро-рэп урсгалын домогт төлөөлөгч рэппер, продюсер Нана болон ОХУ-ын алдарт охидын хамтлаг Тату нар хүрэлцэн ирэхээр болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Туурайн төвөргөөн” хөгжмийн наадам зургадугаар сарын 22-нд эхэлнэ

“Туурайн төвөргөөн 2017” Олон улсын хөгжмийн их наадмын нээлт зургаадугаар сарын 22-ны 11:00 цагт Төр түмний их шүтээн Мигжид Жанрайсиг бурханы өмнөх талбайд болох гэж байна.

Наадмын хүрээнд Ноён Хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг хуучин эх хувиар нь монгол хүн бүр сурч, монгол эх орон даяар, мөн дэлхийд тархан сууж буй монголчууд, монгол туургатнууд нэг өдөр, нэг цагт дуулж, даян дэлхийн энх тайван, хамаг амьтны сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх юм.

Дэлхийн шилдэг 50 соёлын арга хэмжээгээр албан ёсоор шалгарсан “Туурайн төвөргөөн 2017” XVII олон улсын хөгжмийн их наадам 6 сарын 22-ноос 7 сарын 04-ний өдрүүдэд Улаанбаатар–Өвөрхангай Хархорин–Сайншанд Хамрын хийд хэмээх түүхэн газруудад зохион байгуулагдана.

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, СГЗ, Гавж Д.Чойжамц, Да лам Х.Бямбажав, Хансүр, Гавж Д.Нанзаддорж тэрүүтэн лам хуврагууд айлдвар сургаалиа айлдаж, ХБНГУ-ын Проф. Бернхард Вульф /Монголын Соёлын Өргөмжит Элч,“Туурайн Төвөргөөн ” олон улсын хөгжмийн их наадмын ерөнхийлөгч/, МУСТА С.Бадамхорол /Туурайн Төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын үүсгэн байгуулагч, Захирал, ХБНГУ-ын Фрайбург дэх Монголын Соёлын Төвийн захирал/ олон улсын алдарт урлаг соёлын эрхэмүүд, Төрийн их найрал хөгжмийн оркестр, өв уламжлал тээгч уртын дуучид маргааш болох нээлтэд оролцоно.

Нээлтийн үеэр “Үлэмжийн чанар” дууг бүх нийтээрээ дуулах юм байна.

“Туурайн төвөргөөн 2017” Олон улсын хөгжмийн их наадмыг Монголын бурханы шашин ба соёлын өв, түүхэн уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд МБШТөв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж байгаа аж.

ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН ОЛОН УЛСЫН ХӨГЖМИЙН XVII ИХ НААДМЫН НЭЭЛТИЙН ХӨТӨЛБӨР

/Улаанбаатар хот. 2017 оны 6-р сарын 22/

11:00 Нээлтийн үг С.Бадамхорол, С.Бадамханд /Туурайн Төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын захирал, ХБНГУ-ын Фрайбург дахь Монголын соёлын төвийн захирал/
11:05 Мэндчилгээ Профессор Бернхард Вульф / Туурайн Төвөргөөн олон улсын хөгжмийн их наадмын ерөнхийлөгч, Монголын соёлын элч/
11:10 Уртын дуу / Уртын дууны өв тээгчид, “Зуунтай холбоо”/
11:15 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их Хамба лам, Гавж Д.Чойжамцын айлдвар сургааль
11:25 Хүслийн 5 Тахил өргөх / МБШТөв Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд /
11:30 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Да Лам Х.Бямбажав /Дүрст тахил өргөх/
11:35 Шилмэл загвар салон /Бурхадын өмсгөл, тахил өргөл/
11:40 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Хансүр, Гавж Д.Нанзаддорж /дуут тахил, хөгжим/
11:50 СТА С.Бадамхорол, Уртын дуу, Профессор Бернхард Вульф төгөлдөр хуурын ая эгшигээр тахил өргөнө.
12:00 Үлэмжийн чанар дууг бүх нийтээр дэлхий дахинаа дуулна
12:10 IX Ноён хутагт Данзанлувсантүдэв Айлдвар айлдана.
12:15 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн шунлайв, Гавж С.Гантөмөр /үнэр тахил өргөх, хүж, арц/
12:25 Сан уншлага /Чингисийн сан монголоор /
12:30 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Гавж, “Жавзандамба хутагт төв”-ийн номын багш Д.Нямсамбуу
12:40 Жамчод /Цай, Амттанаар тахил өргөх/
12:45 МБШТөв Гандантэгчэнлин хийдийн ОНХА-ны Дарга Ж.Одгарьд /Хүрэлцэхүйд тахил өргөх, хадаг/
12:55 Ардын урлагын тоглолт /Бүх нийтээр дуулна/

Categories
мэдээ соёл-урлаг

“The Song Prize” төрөлд дуучин Г.Ариунбаатар түрүүлжээ

ИБНВУ-ын Уэльсийн нийслэл Кардифф хотноо хоёр жил тутамд дуурийн дуучдын дунд зохион байгуулдаг BBC Cardiff Singer of the World тэмцээний “The Song Prize” төрөлд Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар тэргүүлжээ.

Тэрээр, энэ тэмцээнд Шуберт, Чайковский, Форе болон хөгжмийн зохиолч Б.Шаравын уран бүтээлүүдийн дээжээс хүргэсэн байна. Манай дуучин “The Song Prize” төрөлд Америкийн Жон Чест, Шотландын Катриона Морисон, Украины Юрий Самойлов, Английн Луис Алдер нартай өрсөлджээ.

Г.Ариунбаатар ням гаригт болох тэмцээний финалын шатанд түрүүлж, тус тэмцээний гол хоёр шагналыг нэг дор хүртсэн Жейми Бартон, Мариус Бренсиу нарын эгнээнд элсэх боломжтой. Мөн үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртвэл тус тэмцээний түүхэнд бүх шагналыг нь хүртсэн анхны дуучин болох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Токио комаки” балет Улаанбаатарт тоглож байна

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар Азийн анхны балетын компани болох “Токио Комаки” Монгол Улсад айлчлан тоглолт хийж байна.

МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуягтай хамтран Игорь Стравинскийгийн “Галт шувуу” болон Фредерик Шопены “Шопениана” балетыг Монголд анх удаа УДБЭТ-ын тайзнаа толилуулж байгаа юм. “Токио Комаки” балетын энэхүү айлчлан тоглолт нь хоёр орны соёлын харилцаа ялангуяа сонгодог урлагийн харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой бөгөөд дипломат харилцааны ойн хүрээнд 2017 онд соёл, урлаг, спортын олон арга хэмжээг хоёр талдаа зохион байгуулах ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Галт шувуу” балетад Д.Алтанхуяг бүжнэ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өчигдөр анх удаа Игорь Стравинскийн “Галт шувуу” балетыг тоглож, үзэгчдийн хүртээл болголоо. Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Японы алдартай балетын компани болох “Токио Комаки балет”-ын 50 гаруй уран бүтээлчид Монголд хүрэлцэн ирээд байна. Энэхүү сонгодог балетын гол дүр Иван хунтайжид Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын Элч Д.Алтанхуяг бүжих бөгөөд “Токио Комаки балет” компанийн уран бүтээлчид “Галт шувуу” балетыг өнөөдөр /2017.06.17/ дахин тоглох гэж байна. Манай үзэгчдэд зориулан Фредерик Шопены “Шопениана” балетыг мөн толилуулах ажээ.

Монголд анх удаа тоглож буй ОХУ-ын хөгжмийн зохиолч Игорь Стравинскийн “Галт шувуу” балетыг анх Сергей Петрович Дягилевийн удирдсан “Русь балет” труппийн бүжигчид 1910 онд Парисын театрт тоглож байжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатар дэлхийн шилдэг таван дуучны нэг болов

ЗурагДэлхийн таван шилдэг дуучны нэгээр Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар шалгарсан байна.

“BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн дуучин” тэмцээнд гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, ДБЭТ-ын дуучин Б.Батжаргал нар амжилттай оролцжээ. Дэлхийд чансаа өндөртэй тус тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтын хариу гарахад шилдэг таван дуучны нэгд Г.Ариунбаатарын нэр бичигджээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Ж.Наранцацралт агсны мэндэлсэн өдөр “Мял богдын намтар” Дундговийн үзэгчдэд хүрлээ

“Мял Богдын намтар” жүжгийг Дундговь аймгийн Мандалговь хотынхон аймгийн театрынхаа тайзнаас шимтэн үзэв.

Мял Богдын намтрыг сонсоход нэг насны нүгэл ариусдаг гэдэг. Энэ намтрын эзэн Богд Миларайв 1052- 1135 онд амьдарч асан бодит хүн бөгөөд Түвдэд аж төрж байсан бясалгагч, гоц чадвартан, хүн төрөлхтний оюуны гэгээрлийн үлгэр болсон билэг төгөлдөр егүзэр хэмээн түүхэнд үлдсэн байдаг.

“Мял Богдын намтар” зохиолыг МУСГЗ Ц. Хулан цомнол болгон бичиж, Монгол Улсын Хүүхэлдэйн театрын найруулагч СТА М. Ариунтуяа найруулан, хөгжмийг , Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд туурвиж, бүжгийг СТА Д. Энхгэрэл дэглэн, Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид тайзнаа амилуулснаар “Мял Богдын намтар” жүжиг үзэгчдийн хүртээл болсон билээ. Уг жүжиг “Гэгээн муза” наадмын удаа дараагийн шагналыг хүртэж байсан юм.

Энэ жүжгийг “Наранцацралт” сангийн тэргүүн Н.Соёмбын урилгаар Монгол Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Дундговь аймгийн театрын тайзнаас ийнхүү үзэгчдэд хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж. Наранцацралт агсны 60 насны ой тохиож буй ажээ. Жил бүрийн зургадугаар сарын 10-ны өдрийг түүний гэр бүл нутгийн зон олны хамтаар хүндэтгэн өнгөрүүлдэг бөгөөд ингэхдээ төрөлх нутгийн нь ирээдүй хойч болсон хүүхэд залууст оюуны өглөг түгээж буян үйлддэг. Энэ удаад “Мял Богдын намтар” жүжгийг аймгийн театрт урьж тоглуулсан нь энэ юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол, Солонгосын дуурийн дуулаачид хамтран дуулна

Италийн хөгжмийн зохиолч Гаэтано Доницеттийн бичсэн уг эмгэнэлт дуурь нь бельканто дэг сургуулиар дадлагажигчдын хувьд сонгодог урлагийн оргил бүтээлд тооцогддог аж. Дэлхийн хамгийн алдартай суут арван хөгжмийн зохиолчийн наймынх нь бүтээлийг Монголын уран бүтээлчид тоглодог байсан бол 2015 онд Г.Доницетти ес дэх нь болж Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа түүний бүтээл анх удаа амилсан түүхтэй. Тус дуурийг 2015 оны аравдугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын найруулагч Ан Ху Вон найруулж, гол дүрд нь УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Ө.Уянга, Э.Амартүвшин, СТА .Гомбо-Очир, Б.Батжаргал нар дуулж үзэгчдэд толилуулж байсан.

Энэ удаад УДБЭТ-ын хамт олон Г.Доницеттигийн “Лучиа Ди Ламмермур” дуурийг өнөөдөр/2017.06.10/ БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран дахин тайзнаа тоглохоор бэлтгэл хангагдлаа. Г.Доницеттигийн “Лучиа Ди Ламмермур” дуурийг тоглоход хамтран ажиллахаар БНСУ-ын Тежон хотын дуурийн байгууллагийн гоцлол дуучид болон тус дуурийн найруулагч Ан Ху Вон нар Монголд ирж бэлтгэлээ хангасан юм. Үзэгч та бүхэн дэлхийн сонгодогийн оргил бүтээл болох Г.Доницеттигийн ”Лучиа Ди Ламмермур” дуурийг үзэж амжаагүй өнөөдөр /2017.06.10/ УДБЭТ-т саатаарай.