Categories
мэдээ соёл-урлаг

Чадраабалын Лодойдамбын 100 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээ боллоо

Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр, нийгмийн зүтгэлтэн, Төрийн хошой шагналт Чадраабалын Лодойдамбын 100 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээ үргэлжилсээр байна.

Түүний 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд боллоо. Энэ хурлаар Ч.Лодойдамбын 100 жилийн ойг зохион байгуулах “Чадраабалын Лодойдамба” сангийн тэргүүн, МУСГЗ Б.Галаарид “Монголын нэрт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамбын соён гэгээрүүлэгчийн үйл хэрэг” үндсэн илтгэлийг тавив. БСШУСЯ, ШУА болон Хэл зохиолын хүрээлэн, “Чадраабалын Лодойдамба” сангийн хамтарсан хуралд эрдэмтэн зохиолчдын 30 гаруй илтгэлийг хэлэлцэж байна. Олон улсын энэхүү хуралд ОХУ-ын эрдэмтэн С.Н.Цеденова, БНХАУ-ын эрдэмтэн Ван Мандуга, Японы эрдэмтэн Абиру Михо, БНСУ-ын эрдэмтэн Зим Ынъ Жөн нар болон доктор, МУСГЗ Д.Цэдэв, доктор С.Байгалсайхан, судлаач, зохиолчийн зээ хүү Ц.Баярсүрэн, доктор Ч.Дагвадорж, А.Жамбал нарын эрдэмтэд илтгэл тавих юм. Олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна.

Энэ үеэр Ч.Лодойдамбын амьдрал туурвилыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг гаргажээ. Мөн Ч.Лодойдамбын шинэ номын нээлтийг хийлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом” наадам Говь-Алтай аймагт болно

Image result for Болор цом

Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадам энэ жил 35 дахь жилдээ зохиогдох гэж байна. Энэ жилийн “Болор цом” наадам төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамбын 100 жилийн ойн хүрээнд Говь-Алтай аймагт болох аж. “Болор цом”-ын шүлгүүдийг энэ сарын 9-ний өдрөөс МЗЭ-ийн байранд хүлээж авах бөгөөд хураамж нь 5000 төгрөг юм байна.

Л.ЦЭНГЭЛ

Categories
мэдээ соёл-урлаг

“Боржигин уртын дуу, морин хуур”-ын бүсийн уралдаан Говьсүмбэр аймагт боллоо

Энэ сарын 03,04-ний өдрүүдэд дөрвөн жил тутам зохион байгуулагддаг ээлжит “Боржигин уртын дуу, морин хуурын бүсийн уралдаан” Говьсүмбэр аймгийн дуу, бүжгийн “Боржигин” чуулгад амжилттай зохион байгуулаа.

Уралдаанд 5 аймгийн 17 сумын өвлөн уламжлагчид билиг авьяасаа сорихоос гадна өсвөрийн насны хүүхдүүд оролцсон юм.

Эрдэм шинжилгээний бага хурал нь энэ сарын 03-нд Говьсүмбэр аймгийн дуу бүжгийн “Боржигин” чуулгад зохион байгуулагдсан байна.

Говьсүмбэр аймгийн удирдлагууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн төв, ЮНЕСКО-ийн Соёлын өвийн хэлтэс, Дорноговь, Дундговь, Хэнтий, Төв, Говьсүмбэр аймгуудын Боржигин сумдын төлөөлөл, ардын авьяастан, өв тээгчид оролцсон байна.

Хурлыг нээж аймгийн Засаг дарга Г.Батсуурь үг хэлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын Соёлын өвийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Боржигин судлалын төвийн тэргүүн, доктор Т.Намжил нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном “Боржигин судлалын чиглэлээр хийгдсэн ажлын товч мэдээлэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал” сэдвээр илтгэл тавьснаар арга хэмжээ эхэлсэн юм.

Үндсэн илтгэлүүдийг:

-СББӨ-ийн зөвлөх, СУИС-ийн багш С.Юндэнбат

-“Боржигин өв соёлын уламжлал, Боржигин уртын дуу” сэдвээр, СУИС-ийн багш, МУ-ын гавьяат багш Ц.Дэлгэр

– “Боржигин аялгуут уртын дуу” сэдвээр, Боржигин өв музейн эрдэм шинжилгээний ажилтан Т.Болдбаатар

-“Соёлын биет бус өвлөн уламжлагчийн өнөөгийн байдал” сэдвээр, Боржигин чуулгын зөвлөх багш, урлагийн гавьяат зүтгэлтэн, Буриад улсын соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдорж

-“Боржигин морин хуурын өв уламжлал, цаашид сэргээн хэрэглэх арга зам” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хуралд оролцогчдоос Боржигин судлалын чиглэлээр цаашид хийх ажлын талаар нэлээдгүй ажлыг хийх, өргөн цар хүрээтэй болгох саналууд гарч, Боржигин овогтны холбоог шинэчлэн байгуулж, Говьсүмбэр аймаг удирдан зангидаж сумдын төлөөлөл бүрэлдэхүүнд нь орж ажиллахаар болсон юм. Уг уралдаан анх зохион байгуулагдсанаас хойш хамрах хүрээ нь тэлж, ард түмний хүсэн хүлээсэн арга хэмжээний нэг болсон. Иймд цаашид Боржигин уртын дуу, морин хуурын бүсийн уралдааныг 4 жил тутам бус 2 жил тутам зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Жүрт” 6-60 насны уран нугараачдын тоглолт боллоо

МУГЖ Л.Энхцэцэгийн уран бүтээлийн 45 жилийн ойд зориулсан “Жүрт” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 5-нд Corprate convention centre-д боллоо. Монгол гэрийн эд хогшлыг ашиглан циркийн жүжиглэлт оруулан гэр барьж, дээр нь нугарч үндэсний хэв маягаа орчин үетэй хослуулсан тоглолт байлаа. Уг тоглолтын чимэг болсон нэг зүйл нь 6-60 насны 90 уран нугараач оролцсон явдал байв. Бүжиг, хөгжим, цирк хослуулан найруулж оруулснаараа Монголд анхдагч хэмээн үзэгчид онцолж байлаа.

МУГЖ Л.Энхцэцэг нь 1980-аад оны үед дэлхийн тавь гаруй улсад Монголын уран нугаралтыг сурталчлан тоглолт хийжээ. Тухайн үед өмссөн хувцас, ширээтэйгээ энэхүү тоглолтод нугарсан нь өнгөрсөн цаг хугацааг эргүүлээд аваад ирсэн мэт.

Уг тоглолтод Япон, Тайланд, АНУ-аас олон жүжигчид уригдаж ирж уран бүтээлийн дээжээсээ толилуулсан билээ. Тэдний нэг нь дэлхийд алдартай Нарны циркийн дасгалжуулагч багш, Монголын анхны хос нугараачдын нэг, “Монте Карло”-оос хамгийн анхны шагналыг эх орондоо авчирсан СТА Ж.Эрдэнэчимэг байсан юм. Мөн “Могойн чуулган” , “Цэцэгсийн цоморлог” зэрэг нугаралтыг Анжелс төвийн 90 уран нугараач үзүүллээ.

МУГЖ Л.Энхцэцэг ярихдаа: “Одоогоос дөрвөн жилийн өмнө энэ тоглолтын санаа орж ирсэн. Миний хань амьд байхдаа Монголын түүх, соёл урлагийн тухай ном уншаад арван XIII зууны үед монголчууд монгол гэрийг уулан дээр, уулан дунд, модон дунд, уулны бэлд, талд барьдаг байжээ. Тэдгээр гэрүүдийг өөр өөрөөр нэрлэдэг байж гэх хэсэг мөрийг хүү, бид хоёрт уншиж өгч билээ. Талд барьдаг гэрийг Жүрт гэж нэрийдэг байжээ. Иймээс Монгол гэрийг тайзан дээр бариад Жүрт гэдэг нэртэй тоглолт хийе гэж ярьж байлаа. Энэ тоглолт бол миний ханийн мөрөөдөл байсан юм. Өнөөдөр хань минь байхгүй ч гэсэн түүний минь зорьж төлөвлөж, хүсэж мөрөөдөж байсан сайхан зүйлийг нь хүү, бид хоёр төлөвлөж хийж чадсандаа баяртай байна хэмээн МУГЖ Л.Энхцэцэг дурсаж байлаа.

СТА Ж.Эрдэнэчимэг өөрийн сэтгэгдлийг хуваалцсан юм. Тэрээр хэлэхдээ:

“Өнөөдөр уран нугараачдыг нэгтгэсэн сайхан тоглолт боллоо.МУГЖ Л.Энхцэцэгийн маань уран бүтээлийн 45 жилийн ой, Анжелс төв үүсэн байгуулагдсаны 10 жил ойнууд давхар тохиосон тоглолт боллоо. Би 8 настайдаа 1966 оны хавар улсын циркт уран нугараач болохоор шалгуулж байлаа. Үүнээс хойш 52 жил энэ мэргэжлээр тасралтгүй ажилласан байна. Нуруу нугасны эмч нар, мэс засалчид ирж манай уран нугаралтын таван уран нугараачид судалгаа явуулсан. Тавин жил ажилсан уран нугараачдын арван хоёр үе шаттай яс, мөч гэмтэл согог байхгүй байна. Эд эсийн өөрчлөлт байхгүй байгаа нь ямар гайхамшигтай юм бэ? Ингэж их дасгал сургуулилтыг өдөр тутам явуулснаараа нурууныхаа сайн чанарыг хадгалж чадсан байна гэж дүгнэсэн байдаг. Энэ нь уран нугаралтын нэг гайхамшиг юм. 6-60 насны энэ уран нугараачид цугларсан болохоор дэлхийн аль ч тайзнаас үзэж чадахгүй тоглолт боллоо” гэв.

Монгол Улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, ХХ зууны манлай циркийн жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу гуай хэлэхдээ: “Өнөөдөр зааланд орж ирээд миний сэтгэл маш их хөдөллөө. Яагаад гэвэл өмнө Улсын цирк гэж байх үед уран бүтээлээрээ цэцэглэж байсан уран бүтээлчид тоглолтод оролцож байгаа явдал нь гайхамшигтай байлаа. Олон жилийн өмнө Москвагийн эрдмийн их театрт Цэнд багшийн найруулгаар таван жүжигчин тавьсан номероо тоглочхоод Монгол доо ирээд.

Тэр номерын бичлэгийг Налайхын арын Туул голын эрэг дагуу уулын орой дээр

кино зураг авхуулахад, нэг жүжигчний оронд бяцхан

Энхцэцэгийг аваад явж байсан. Бид Энхээг (Л.Энхцэцэг) өхөөрдөөд хэлж байсан. Олон жилийн дараа

мундаг жүжигчин болчхоод, энэ киногоо үзээд “би ийм сөөсгөр охин байж дээ гэх байх даа” гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр тэр охин маань сайхан

алдартай жүжигчин болоод 45 жилийн ойгоо тэмдэглэж байгаад бахархаж байна.

65 насандаа энэ циркийн тайзнаа өөрийнхөө шавь нартайгаа дахин тоглолт

хийхийг хүсэн ерөөе” гэсэн юм.

Дашрамд сонирхуулахад тоглолтын төгсгөлд СТА Ж.Эрдэнэчимэгт “Монголын уран нугаралтын хатан хаан” хүндэт өргөмжлөлийг олгосон юм.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Урианхай “Азийн тэргүүн найрагч” болжээ

Image result for Д.Урианхай

Яруу найрагч Д.Урианхай энэ сарын хоёрны өдөр БНСУ-ын Гвонжу хотноо болсон “Азийн өглөө” нэртэй фестивалиас “Азийн тэргүүн найрагч” цол хүртсэн юм. Шүүлт, зохион байгуулалт, шагналын сан зэргээрээ олон улсад өндөр зэрэглэл тогтоож буй уг шагналд орон орноос дөрвөн орны яруу найрагчийг шалгаруулж, тэдгээрээс шүүгчдийн 100 хувийн саналаар Монгол Улсын яруу найрагч Д.Урианхайг сонгосон байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд фестиваль зохион байгуулах комиссын гишүүн, Солонгосын Орчуулгын уран зохиолын холбооны тэргүүн, Парисын их сургуулийн хүндэт профессор зэрэг хүмүүсээс гадна Нобелийн шагналт Нигерийн яруу найрагч Воле Шоинка байлцжээ. “Азийн тэргүүн найрагч” хэмээх нэр хүндтэй шагналыг 20 сая вон дагалджээ. Д.Урианхайд энэхүү шагналыг олгох болсон үндэслэлд, “Хурдацтай хувиран өөрчлөгдөж буй дэлхий ертөнц, хүний амьдралын элдэв үзэгдлийг уламжлал, шинэчлэлийн харьцаанд яруу найргийн хэлээр төгс илэрхийлсний учир…” гэжээ.


Categories
мэдээ соёл-урлаг

“Тоска” дуурь дахин эгшиглэнэ

УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарыг Гоцлол дуучдын сар болгон Ж.Пуччини “Тоска” дуурийг сонгодог урлаг сонирхогчдод зориулан толилуулахаар болжээ.

Дуурийн үзэсгэлэнт Тоскагийн дүрд БНБУ-ын “София” Үндэсний дуурийн театрын гоцлол дуучин Д.Баясгалан, Марио Каварадоссийн дүрд ОХУ-ын Буриад улсын театрын гоцлол дуучин М.Пирогов, Гүн Скарпьягийн дүрд Монгол Улсын Соёлын элч дуучин, МУГЖ Э.Амартүвшин нар дуулах бөгөөд удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх ажиллаж байна.

Гурван бүлэг, гурван үзэгдэлт энэхүү дуурь нь дэлхийн шилдэг дуучдын тоглолтын урын санд зайлшгүй багтдаг Ж.Пуччинигийн алдарт уянгын аринуудыг багтаасан бүтээл юм. Түүний гүн, өтгөн, бараан хөгжим болон Тоска, Каварадосси нарын төгс төгөлдөр хайрыг илэрхийлсэн уянгалаг аринууд нь энэхүү бүтээлийг 1900-гаад оны “хит” болгож хамгийн их тоглодог дууриудын тоонд зүй ёсоор багтсан байдаг.

Дуурийн нээлтийн анхны тоглолт 1900 оны 1 дүгээр сарын 14-нд Ром хотын “Театро Костанци”-д болж байсан бол Монголын тайзнаа анх 1982 оны 1 дүгээр сарын 9-нд тогложээ.
Тус дуурийн найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, удирдаачаар УГЗ Ч.Жамсранжав, зураачаар арын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж, гол дүрүүдэд Тоскад ардын жүжигчин Х.Уртнасан, Каварадоссид ардын жүжигчин Д.Банди, Скарпьяд ардын жүжигчин А.Хавлааш нар хоолойны цар хүрээ, авьяас чадлаараа тухайн үеийн сонгодог дуурь сонирхогчдын талархлыг хүлээж байсан юм.

УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 05-нд үзэгчдэд хүрэх тус дуурийн тасалбар суудлын зэрэглэлээс хамаарч 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Дарьганга татлагын улсын уралдаан Сүхбаатар аймагт болно

ЗурагДарьгангын нэрт морин хуурч Ш.Сааралын нэрэмжит морин хуурчдын улсын уралдаан энэ сарын 9-11-нд Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрт болно. Дарьгангын 10 гаруй татлага байдаг ч өдгөө зургааг нь нэрт морин хуурчийн шавь, Монгол Улсын СТА Л.Цэдэвсүрэн өвлөн үлджээ.

“Морин хуурчдын улсын уралдаан анх удаа манай аймагт болох гэж байна. Томоохон уралдаан учир зохион байгуулагчид болоод оролцогчид ихээхэн ач холбогдол өгч байгаа. Гол зорилго бол Ш.Саарал гэх энэ алдарт хуурчийг алдаршуулах, дарьганга татлагаа өвлөн авч үлдэх явдал юм. Дарьганга татлага маш их онцлогтой. Чигчий болон эрхий хуруу хавсаргаж тоглодог. Дарьганга татлагыг тоглодог хуурч их цөөхөн байдаг. Мэдэх хүн ч ховор гэж хэлж болно. Тиймээс бид энэ уралдаанд их ач холбогдол өгч, бас их баяртай байгаа…” хэмээн “Жаахан шарга” театрын морин хуурч Б.Тэгшжаргал хэллээ.

Дарьганга ардын дуу, хөгжим аялгууг морин хуураар тоглох уламжлалыг сэргээх, дарьганга татлагыг олонд түгээх, өвлөн уламжлах зорилго бүхий тус уралдаанд морин хуур сонирхогч хүүхэд багачууд, ардын авъяастнууд, мэргэжлийн сургуулийн оюутан, театр, чуулгын хөгжимчид оролцох юм. Оролцогчид дарьгангын зургаан татлагаас харцага зээрд, ширүүн хар гэсэн хоёр татлагын аль нэгийг нэгдүгээр шатанд тоглох бол хоёрдугаар шатанд нүцгэн цавьдар татлагыг, харин гуравдугаар шатанд бусад татлагаас аль нэгийг сонгон тоглоно.

Дарьганга татлагын анхдугаар уралдааныг аймгийн Болосврол, соёл, урлагийн газар, “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театр, Монгол үндэстний соёлын өвийн төв хамтран зохион байгуулна. Уралдааныг урлаг соёлын нэр алдартай зүтгэлтнүүд, морин хуурчид шүүх аж.

Дарьгангын нэрийн хуудас болсон, алдарт морин хуурч Ш.Саарал хараагүй хүн байжээ. Түүний унаган шавь Л.Цэдэвсүрэн нь дарьгангын зургаан татлагыг төгс эзэмшсэн нэгэн бөгөөд үүгээрээ Монгол Улсын соёлын биет бус өвд бүртгэгдсэн байдаг билээ.
Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Т.Ариунаагийн “Утасны чинь дугаар 3.0” дуу шинэ клиптэй боллоо

Дуучин Т.Ариунаагийн “Утасны чинь дугаар” дуу 21 жилийн дараа дахин цацагдлаа. Тэрбээр “Cosmic Ariunaa” шинэ цомгийнхоо төслийг эхлүүлээд байгаа бөгөөд шинэхэн цомогтоо 2181 оныг уран зөгнөсөн “Утасны чинь дугаар 3.0” дуугаараа фенүүдийнхээ сонорыг мялааж байна.

Энэ удаа “Утасны чинь дугаар” шинэчилсэн найруулгад дуучин Т.Ариунаа “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахтай хамтран дуулжээ. Мөн түүний шинэхэн дууны клипийг “Хаган фильм” студийн хамт олон бүтээсэн байна. Харин хөгжмийн найруулгыг “Ocean Grey” студийн уран бүтээлчид хийжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

​“Илд цэцэг”-ийг нээнэ

“Илд цэцэг” хэмээх жигтэй нэртэй кино энэ сарын 3-наас үзэгчдэд хүрэх гэж байна. “Абсолют пикчерс” студийн энэхүү бүтээл нь адал явдалт боловч мөн чанартаа жирийн эх хүний үрийнхээ төлөө сэтгэл нь юуны ч өмнө сөхөрдөггүй болохыг харуулжээ.

Киноны зах зээл дээр том найруулагчдын гараас том бүтээл төрдөгийн жишгээр “Зүрхний хилэн”-ийн араас үзэх ёстой киноны жагсаалтад зүй ёсоор багтах энэ кино бол найруулагч П.Дэлгэрбаярын 8 дахь уран бүтээл юм. Тэрээр 2003 онд “Найзууд” киног анх бүтээн үзэгчдэд толилуулсанаас хойш “Тушаал”, “Төрийн дайсан”, “Дурлалын гэмт хэрэг”, “Амьдрал төсөл” кинонуудыг зохион найруулж, “Морь минь давхи”, “Хайрлаж болох уу?” кинонд багаараа ажиллаж байв.

“Илд цэцэг”-ийн зураг авалтыг гурван улирал дамнан хийсэн найруулагч П.Дэлгэрбаяр “Бид кинондоо олны танил гэхээсээ илүү мэргэжлийн жүжигчнийг тоглуулсан. Учир нь хэт арилжаа хөөцөлдөх биш урлаг талаас нь бүтээлээ хийхийг хүссэн” хэмээн онцолсон юм. Жүжигчин Т.Өөдөө, Ц.Төмөрхуяг болон ахмад жүжигчид, олон залуу уран бүтээлчид энэ кинонд тогложээ.

Үзэгчдийн хүртээл болсоны дараагаар олон улсын кино наадам, яармаг худалдаанд хүч үзэх энэхүү бүтээл дэлхийн киноны техникийн өндөр шаардлагад нийцэх 4к дүрсний чанар, 5.1 дууны дуугаралттай аж.

Э.МӨНХ

Categories
мэдээ соёл-урлаг

Улаанбаатар хотын өнөөгийн эсрэг, тэсрэг өнгө аясыг харуулсан “Зөрлөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, “Art Space-976” галлерей хамтран зохион байгуулсан “Зөрлөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон уран бүтээлчид оролцлоо.

Энэхүү “Зөрлөг” үзэсгэлэнд уран бүтээлч Б.Отгонтүвдэн, Б.Бат-Оргил, У.Нарбаясгалан, Р.Чинзориг, Д.Батхолбоо, “Хөх зэв” холбоо нэгдлийн хамт олон Улаанбаатар хотын өнөөдрийн эсрэг, тэсрэг өнгө аясуудын зөрлөгүүдийг харуулсан бөгөөд уламжлал ба орчин үе, эмх цэгц ба хог новш, баян ба ядуу, өнгөрсөн ба ирээдүйг харуулсан уран зураг, видео, фото, өрөг ажлуудаар дэлгэн үзүүлж байгаа юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.