Categories
мэдээ соёл-урлаг

Aрдын уран зохиолч Т.Галсан: Чонын багаа тайлж алиалагч болоод төгсгөлд нь шүлгээ уншдаг байлаа даа хө

Дэлхий маань олон улс оронтой, тэр олон улс өөр өөрийн цаг тоололтой учир янз бүрийн сарын аль нэг өдөр шинэ жилээ тэмдэглэдэг. Энэ бүхэн олон улсын ойлголцол, гэрээ хэлцэл хийхэд төвөгтэйн учир Григорийн тооллыг голлон шинэ жил тэмдэглэх болж хө. Хүүхэд байхын шинэ жил их сайхан. Сурагчийн ширээнийх нь араас Гэгээрлийн гурван сайд төрсөн Баянхонгор аймгийн Загийн сургууль Григорийн тооллын анхны өдрийг тэдний номоор биш монгол цам майдрын маягтай болгож тэмдэглэж байсан нь надад их сонин санагддаг юм. Яасан бэ гэхээр өвлийн өвгөнийг дагаж арван хоёр жил ирдэг байлаа. Бор нэхий дээл гадагшаа харуулаад өмсчихсөн жоохон хүүхэд “Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана би энэ наадамд ирлээ, орж болно уу” гэхэд хүүхдүүд “Эрдэм, эрдэнэ хоёр хэрэгтэй ш дээ, ор оо ор” гээд алгаа ташаад оруулна. Энэ мэтээр хүүхдэд шүлэг цээжлүүлж, монгол тооллыг мэдүүлэхээс гадна төгсгөлд нь “Чамайг даа” киноны чононыхоос урт хоншоор хаалгаар цухуйлгаад “Хүүхдүүд ээ, та нар намайг таньж байна уу. Хөдөө хээрээр нутагтай хөх боохой нь ирлээ. Хөгжөөн наргиантай наадамд нь орж болно уу” гэхээр “Хөөе хулгайч байна. Чи буц. Орж хэрэггүй” гэцгээнэ. Чоно ч “Би хулгай хийдэггүй ш дээ. Зуугаас нэгийг идэж байгаарай гэж энэрэнгүй бурхан айлдсан юм билээ. Зуугаас нэгийг үлдээж байгаарай гэж энэ муу чих буруу дуулсан юм билээ” гэхэд хүүхдүүд “Чи хулгайч төдийгүй худалч юм байна” гэж хөөцгөөнө. Чоно “Будилж хэлсэн бурхны буруу. Буруу сонссон чихний буруу” гэхэд “Хулгайч дээрээ худалч, худалч дээрээ буруугаа хүлээдэггүй” гээд хөөнө. Шинэ жилийн баяр ингэж монгол сайхан наадаан болсон юм. Би тэндээс хөөгдөж гарчихаад хувцсаа солиод эргэж ороод алиалагч болдог, төгсгөлд нь шүлгээ уншдаг байлаа даа хө. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийнд би өвлийн өвгөн болж, Баянхонгорын яруу найрагч дүү нар цасан охид биш цасан хөвгүүд болж очиж байлаа. Өчигдөр манайд өвлийн өвгөн орж ирлээ. “Номын жор” хамтлагийн ахлагч Базарсүрэн хэдэн цасан охин дагуулчихсан ирж бэлэг хайрлалаа. Өдий насанд өвлийн өвгөн орж ирэхэд өвгөн, эмгэн хоёр их баярлаж, би бэлгэ дэмбэрэлийн үгээ хэлж, бэлэг дурсгалаа ч бас тэдэнд гардууллаа. Одоо 31-ний орой отгон хөвүүн Бодьбилгүүнийхээ ууган охиныг оньсголохын учир аа өвлийн өвгөн болж очихоор дээл хувцас, бэлэг сэлт, бэлгэ дэмбэрэлтэй үг юүгээн бэлдэж сууна даа хө, алтаар урс.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом”-ын дэд байрын шагналт Х.Нямхишигийн шүлэг

Х.Нямхишиг зурган илэрцүүдГовь-Алтай аймагт зохиогдсон төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамбын нэрэмжит “Болор цом-35” яруу найргийн наадамд дэд байр эзэлсэн яруу найрагч Хандхүүгийн Нямхишигийн шүлгийг толилуулж байна. Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул эл найрагч залуу эдүгээ Эрдэнэт хотод оршин сууж уран бүтээлээ туурвидаг Монголын шинэ цагийн яруу найргийн тод төлөөлөгч билээ.

Саравчны зүүн дээд булангаас

Сар, хагарсан өндөг шиг дуслахад

Золбин муурнууд хаа сайгүй ангуучилж

Зоорины модон хаалганууд гаслантайяа савчмуй.

Явуулын жүжигчин, тосгоны театраас гарч

Явганаар дэн буудлын зүг гэлдрэхэд

Ямбуу цагаан цамц нь дүрээсээ салж ядах нь

Яруу найрагч хүн роман бичих шиг уйтай.

Цөөхөн байшин, цөөхөн хүмүүс, цөөхөн зүүд нь

Цөмөөрөө нийлээд нэгхэн тайзандаа багтах

Гуравхан үзэгдэлт жүжиг, харин найруулагч нь

Гуугчаад байгаа энэ согтуу салхи юм.

Жүжгийн дотор жүжиг тоглосон жүжигчин

Жүчээнээс морио гаргаж унаад одоход

Жүнз хийгээд лонхнууд, чулуут гудманд нь

Жүржийн хальс шиг хагарсаар л байх суурин минь!

Categories
мэдээ соёл-урлаг

“Солиот эх” уран сайхны кино энэ сарын 29-нд нээлтээ хийнэ

soliot eh“Х ТҮЦ” продакшн Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэн уран сайхны кино бүтээсэн билээ. Тус уран сайхны кино энэ сарын 29-нд театруудаар нээлтээ хийх юм.

“Солиот эх” кинонд монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх, ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг монгол ухаан, үрээ гэх эх хүний дундаршгүй гэгээн хайрын тухай өгүүлдэг байна.

Киноны ерөнхий найруулагчаар И.Одончимэг, найруулагч Ч.Ганзориг, ерөнхий продюсерээр Н.Онон нар ажилласан бол гол дүрүүдэд МУГЖ И.Одончимэг, СТА Т.Бархүү, МУГЖ Д.Цэрэндарьзав, Г.Тэнүүн-Эрдэнэ, Г.Дөлгөөн нар тогложээ.

“Солиот эх” өгүүллэг нь 2004 онд “Бүх Хятадын шилдэг зохиол” шагнал хүртсэн байна. “Х Түц” продакшн нь Ванг Хэнг Жи-тэй уг бүтээлийг дэлгэцийн үүсмэл бүтээл болгох хамтын ажиллагаа таван сар үргэлжилсний эцэст албан ёсны гэрээгээ үзэглэж, 2017 оны долдугаар сараас зураг авалтдаа оржээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Щелкунчик”-тэй хамт үлгэрийн орноор аялах боломжтой

Холбоотой Зураг

Маша охин, Щелкунчик, цэцгэн вальс, цасан ширхгүүд, модон хүүхэлдэйнүүд гээд балетын урлагийн оргил “Щелкунчик” яг л Санта Клаус, гацуур мод, энд тэнд гялалзах гэрлэн чимэглэл шиг шинэ оны нэгээхэн хэсэг болсон билээ.

Алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Щелкунчик” балетыг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 23, 24-ний өдөр 17:00 цагаас тоглож, үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

“Щелкунчик” балет нь манай тайзнаа 1982 онд анх тавигдаж байжээ. Анхны тоглолтын удирдаачаар Ч.Жамсранжав, дэглэн найруулагчаар В.Феодонин, зураачаар А.Морозов нар ажиллаж байсан түүхтэй. Жүжгийн үйл явдал 18 дугаар зууны сүүл үеийн Германы жижигхэн хотод зул сарын баяраа тэмдэглэж буй нэгэн гэр бүлд өрнөдөг. Хүүхэд бүрийн хүндэтгэн хайрладаг хүүхэлдэйн алдарт мастер Дроссельмейер өөрийн хийсэн хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдээр хүүхдүүдэд үлгэр ярьж өгөн, үлгэрийн баатар Цөмөөхэй буюу ‘Щелкунчик’-ийг Маша охинд өгнө. Маша охинд самар цөмөгч хүүхэлдэйн тухай шидэт үлгэр маш гүн сэтгэгдэл төрүүлсэн учир охины зүүд нь “Щелкунчик” бүжгэн жүжгийн үйл явдал болж өрнөдөг.

Categories
мэдээ соёл-урлаг

“Солиот эх” кино энэ сарын 29-нд нээлтээ хийнэ

Х ТҮЦ продакшн Хятадын зохиолч Ванг хэнг Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэн уран сайхны кино бүтээсэн билээ. Тус уран сайхны кино нь энэ сарын 29-нд театруудаар нээлтээ хийх юм. Солиот эх кино нь Монголчуудын аж амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх, ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг Монгол ухаан, үрээ гэх эх хүний дундаршгүй гэгээн хайрын тухай өгүүлнэ. Кино багийн бүрэлдхүүнийг танилцуулбал Ерөнхий найруулагч И.Одончимэг, Найруулагч Ч.Ганзориг, Ерөнхий продюсер Н.Онон. Гол дүрд МУГЖ И.Одончимэг, СТА Т.Бархүү, МУГЖ Д.Цэрэндарьзав, Г.Тэнүүн-Эрдэнэ, Г.Дөлгөөн нар тоглох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Од эрхсийн дуун…

Холхи газраас гялалзан харагдагч өнгөт Од.

Д.Н

Би сэрж байнам…Амин сүнсний минь нэрээр дуудахыг сонсдог байна шүү, намайг.Тэр нэрийг авиагаар үл дуудах, харин гэрэл, туяагаар л дуудаж болох. Түмэн жил хэн ч дуудаагүй, миний ч санаанд ороогүй бөлгөө. Нэрийг минь санан дуудсан мөнөөх одны амраг туяа нь намайг сэрээхийн учир юусан.

Танихгүй атлаа танил дуун

Таараагүй байтлаа мэддэг дуун

Тааруулж оноох эзэнгүй дуун

Тааж тайлах утгагүй дуун

Онхид дуулдаагүй тэр нэрээр

Огтоос байгаагүй тийм нэрээр

Оноож хэнд ч өгөөгүй нэрээр

Одоо дуудаж, яах гэж сэрээв!

Сэрээд үзэхнээ гариг оддын буудал мөн байнам. Тэнгэр тэлсээр газартай нийлэх энэ л зайд од гариг бууж чуулдаг. Энэ бол хээр тал…Энд мөрөөдөл өөрөө ододтой хамт бууж ирдэг юм. Хэрвээ чи мөрөөдөж чадвал тал нутгийн нэг хэсэг, од эрхсийн үргэлжлэл нь болно.

Гариг эрхэс шивэгнэн хэлэх нь: “Мөрөөдөгтүн…Мөрөөдлөө гансрал, санаашрал болгож болохгүй. Харин түүнийг бясалгал болго. Бясалгал болгосон мөрөөдөл диваажинд хүргэж, гансрал болгосон мөрөөдөл зовлонд унагадаг…мөрөөдөгтүн” хэмээнэ.

Оддыг туучин хээр талаараа алхнам…Хувь тавилан энд л ододтой хамт бууж ирдэг юм. Хувь тавилангаа өөрчлөх гэж, шинээр зохиох гэж битгий зүдэр. Хувь тавилантайгаа нийл. Учир нь чи хувь тавилан руу ирсэн юм биш, хувь тавилан чамайг эрж, олж ирсэн юм…

Хөлд одод хөглөрөхийн цагт

Хөх тэнгэр… хаана вэ, юу вэ!

Хөх оддын хөнжлөөс харахад

Хөөрхөн гэж…хэн бэ, хаана вэ!

Сар, эрхэс асгарахын цагт

Сансар тэнгэр…хаана вэ, юу вэ!

Сансрын хөнжлийг сэвэн харахад

Сайхан гэж…юу вэ, хаана вэ!

Одод харвах нь санаа алдах мэт ээ. Одод асгарах нь тэнгэрийн алдас гэж үү? Үгүй ээ, одод харван алдарч байгаа юм биш, нисэн одож байгаа юм. Одод асгарч байгаа юм биш, орон зайгаа хээр талаар тэлж байгаа юм. Яах гэж тэр вэ? Чиний үнэлэмжийг өөрчлөхийн тулд хэмээнэ. Алдаа гэж байдаггүй, харин цагаа олоогүй оноо гэж буй. Харин алдаатайгаа битгий зууралд. Алдаагаа битгий давт, бас битгий зас, тэнд нь л орхиж бай.

Харуй бүрийн заагаар

Хар нар мандаж

Харанхуй гэрэл нэлмийж

Хамаг амьтан гялбана

(Харахгүй, үзэхгүй болно)

Харахгүй, үзэхгүй гэтэл

Харийн одод тодорно

Хар нар л тэднийг

Харуулж,гийгүүлдэг байх нь.

Одод хоромхон зуур гялбалзаад, анивчих нь аз жаргал ирэх мэт, ирснээ алдрах мэт… “Аз жаргалтай битгий зууралд, тэр зууралдсан хүнээс зугтаадаг. Тэврэх, боомилох хоёр ялгаагүй түүнийг давчдуулж, улмаар зугтан тэлүүлэхэд хүргэнэ. Аз жаргал орхиж чаддаг хүнд л эргэж ирдэг юм. Үүдээ нээлттэй орхи, аз жаргал гарч л байж эргэж ирдэг” гэнэм.

Орон дэлхийн зай завсраар

Огторгуйн заадас хөглөрч байлаа

Оддыг тэгж тэнгэрээс харахад

-Одоо боллоо, нислээ гэхийн

Оготно хулганын оромж нүх рүү

Огторгуйн заадас хөвөрч одлоо

Одоо тэгээд дээшээ харахад

Олж үзэх юм юусан билээ.

Одод унтрах нь үхэл мэт ээ. Үгүй ээ, унтарч байгаа бүхэн үхдэггүй. Одод унтарч байгаа бол шинэ од мэндэлж байгаа юм. Үхэл л зөвшөөрсөн учраас чи амьд байгаа шиг. Зүгээр л, үхэлтэй мөр зэрэгцэн од мэт гялбалзагтун. Харин түүнээс битгий ай, битгий зугтаа. Үхэл өөрөө араатны зөнтэй. Айж байгаа, зугтааж байгаа бүхнийг анзаарамтгай. Амьдрал бол үхлийн өгсөн чөлөө…өглөгийн эзэнд чимээгүй талархагтун.

Үзсэн бүхэн минь зүүдсэн бол

Үзүүр нь үлдсэн амьсгал юу вэ!

Үнэхээр ертөнц хумхи юм бол

Үнэр нь үлдсэн цэцэгс юу вэ!

Анзаарсан бүхэн зэрэглээ юм бол

Амт нь үлдсэн уруул юу вэ!

Атгасан бүхэн минь хоосон юм бол

Алганд үлдсэн мөр нь юу вэ!

Алганд буувч алганд эс үлдэх, алслан одовч орхин үл арилах од эрхэс, чи мөрөөдөл үү, бодит үнэн үү? Үнэн гэдэг бол царцсан мөрөөдөл юм. Царцсан мөрөөдлөө гэсгээ, амьдруулан асааж, дэрвүүлэн хийсгэ. Одод дэвссэн хээр талд мөрөөдөл биелдэг болохоос биш төлөвлөгөө биелдэггүй. Эргэн тойрноо хар. Ямар лут, лут төлөвлөгөө, өө сэвгүй төлөвлөгөө элсэн байшин мэт нурж байгааг үз!

Харин ямархан, ямархан биелшгүй мөрөөдөл, ер бусын санаа амилан босч байгааг үз… Одод буудаг энэ орон зай ирээдүйгээ төлөвлөж буй хүнийг өөртэйгээ тэрсэж байна гэж хардаг юм. Харин мөрөөдлийг нөхөрлөл, хайр хэмээн хүлээж авдаг.Энэ хээр тал од эрхэст хамаатай болохоос газар дэлхийд хүртээлгүй хэмээнэ.

Хүлэг морь минь уяан дээрээс

-Хүрээд ирээч гэж үүрсэн дуудлаа

Хүргэж ирсэн унаа хүлэг минь

Хүнийрхэж юундаа тэлүүлж янцгаав!

-Уяа, буудлыг орхиод нисч бай

-Уягдаж, өөрийгээ битгий хүлж бай

Улаан наран эхэлж мялаадаг

Уулсын оргил дуудлаа гэнэм.

Алсын одод дэргэд буухын цагт алс гэж юу сан. Алсад буй одод л алсыг бидэнд “энд” хэмээн төсөөлүүлсэн бус уу? Алс өөрөө буугаад ирэхээр алс гэж юусан билээ. Одод эрхсийн сургууль “Алсыг харах гэж битгий яар. Алс өөрөө буугаад ирэхийг хүлээ. Хүлээлт бол мөрөөдлийн буудал. Юуг ч хүлээдэггүй хүнд юу ч ирэхгүй” хэмээн үүдэн дээрээ бичжээ.

Сүмийн хонх бурхдыг дуудахад

Сүсэгтний цуваа хийд рүү хөвөрнө.

Сүүдэр бараадсан бяцхан хулгана л

Сүмээс чанадад хэнийг эрнэм!

…Би сэрж байна. Сэрсэн хойноо бяцхан зүрх гэрэлтэхийг харав шүү. Бяцхан зүрхний бяцхаан гэрлийг нэгэн бяцхан эрвээхэй ирээд бяцхан зуур хааваас од эрхэс бүүдийн харанхуйлах чинь юү вэ…

Од эрхэс чамайг бус, од эрхсийг чи гэрэлтүүлнэм буюу. Ингэхэд, тэнгэр, хээр тал хоёрын аль нь дээрээ байж, одод, зүрх хоёрын аль нь алийгаа гялбуулан гэрэлтүүлнэм бэ?

Од эрхсийг нэрлэн дууднам, би. Амраг туяа нь намайг гиигүүлсээр бууж л байг уy.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Болор цом-35” наадам эхэлж байна

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр утга уянгын яруу найргийн “Болор цом-35” наадмыг зохиодог. Энэхүү наадам нь өнөөдөр Говь-Алтай аймагт эхэлж байна. Энэ жил Монголын үргэлжилсэн үгийн зохиолын нэрт төлөөлөгч, соён гэгээрүүлэгч Чадраабалын Лодойдамба агсны мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой юм. Харин Өнгөрсөн жил Дорнод аймагт болсон Болор цом наадмын цомын эзнээр яруу найрагч Б.Батсайханыг шүүгчид тодруулсан нь багагүй хэл ам дагуулсан билээ. “Болор цом”. Утга уянгын энэ их наадмыг 1983 онд Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж санаачлан зохиож “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж байсан түүхтэй. Удаах жил нь Дөнгөтийн Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь Бавуугийн Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ тэргүүн найрагчид болж, тэр цагаас хойш ард түмний сэтгэлд хоногшсон олон арван найрагч төрөн гарчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Домогт “BoneyM” хамтлаг Монголд тоглолтоо хийнэ

Image result for BoneyM 2017Шинэ оны өмнөхөн буюу энэ сарын 30-ны үдэш “Crocus Event Hall”-ын тайзнаа дэлхийн домог “Boney M” хамтлаг ганцхан удаа тоглох юм. Одоогоос 41 жилийн тэртээ (1976) Германы алдарт диско хамтлаг болох “BoneyМ”-ыг тус улсын нэрт хөгжмийн зохиолч, продюсер Фрэнк Фариан (Frank Farian) үүсгэн байгуулж байсан түүхтэй. “Boney M” хамтлаг дуучин Марша Баррет (14.10.1948 Ямайка), дуучин Бобби Фаррелл (06.10.1949 Вест Инди. 2010 онд зүрхний өвчний улмаас 61-тэйдээ нас барсан), дуучин Лиз Мичелл (12.07.1952 Ямайк), дуучин Мейзи Уильямс (25.03.1951 Вест Инди) гэсэн дөрвөн гишүүнтэй байв. 1970-аад оны эхээр Германы телевизээр Австралийн инээдмийн цуврал кино гарч, Фарианд тус киноны гол дүрийн “Boney” нэрээр хамтлагаа нэрлэх санаа төрсөн аж.

Ингээд 1976 оны дундуур Фрэнк Фариан “Baby, Do You Wanna Bump” дуугаа нутгийнхаа дөрвөлд өгч дуулуулсан нь хит парадад багтаж, Германд төдийгүй Бельги, Голланд даяар алдаршжээ.

“BoneyM” хамтлагийн эхний бүрэлдэхүүний нэг Майзи Уилльямс юм. Тухайн үед Майзи загвар өмсөгч, “Miss Black Skinned Beauty” нэртэй болсон байжээ. Мөн тус хамтлагт дуучин Шейла Бонник (Sheila Bonnick), Клаудия Бэрри (Claudja Barry), бүжигчин Майк (Mike) нар багтсан аж.

Ганцхан жилийн дотор тус хамтлагийн “Daddy Cool”, ”Sunny”, “Ma Baker”, “Belfast” зэрэг олон дуу нь Их Британийн хит-парадад багтжээ. 1978 онд “River Of Babylon”, “Brown Girl In The Ring” гэсэн хоёр сингл нь Английн хит-парадыг тэргүүлснээр “Boney M” Английн түүхэн дэх гадаадын хамгийн алдартай гурав дахь хамтлаг болж чадсан байна.

1979 он гэхэд тус хамтлаг зөвхөн Европт өөрийн шилдэг цомгоо 50 сая хувиар борлуулжээ. Энэ амжилтаас хойш тэдний “Hooray, Hooray It’s A Holi-Day”, “Gotta Go Home” сингл мөн “Топ 20”-д багтсан байна. Түүнчлэн 1980 онд гарсан “The Magic Of Boney’M“ гэсэн шилдэг дууны түүвэр хит-парадыг тэргүүлснээр диско квартет нь тарах болсноо албан ёсоор мэдэгдсэн юм.

Гэхдээ 1993 онд “Boney’M” үндсэн бүрэлдэхүүнээрээ Английн бүх хотоор аялан тоглолтоо хийсэн нь шүтэн бишрэгчдэдээ барьсан том сюрприз болсон билээ.

Алдарт “Boney M” хамтлагийн олон олон сэтгэлд хоногшсон хит дуунууд байдаг. Тэдгээрийн нэг нь “Sunny” юм. Африк-Америк хөгжмийн зохиолч Bobby Hebb зохиож энэ дуугаараа дэлхий дахинаа алдаршиж чадсан гайхалтай уран бүтээлч билээ.

Тэртээ 1963 оны арван нэгдүгээр сарын 23-ны орой АНУ-ын ерөнхийлөгч байсан Жон Кеннедийн амийг хөнөөсөн хэрэг гарах тэр мөчид Бобби Хэб-ийн том ах Хэролд Хэб “Nashville” шөнийн клубийн гадаа явж таарсан нь энэ аймшигт аллагын золиос болсон байдаг.

Гэнэтийн золгүй явдлаас болж ахыгаа алдсан Бобби гунигаа даван туулж, орчлон хорвоог гэгээнээр харахыг хүсэн “Sunny” нэртэй гайхалтай дуугаа зохиожээ. Тэрээр АНУ-ын Нью-Йорк хотноо дуугаа бичүүлж, продюсерээр нь Жерри Росс ажилласан байна.

Энэ дуу билл боардын R&B дууны жагсаалтад 3-р байранд бичигдсэн бол шилдэг дууны жагсаалтад 2-р байрт оржээ. Англи хэлээр яригч орнуудын UK чартад 12 дугаар байранд орж, нийтдээ нэг сая хувь борлогдсон амжилтаараа Америкийн хөгжмийн академиас алтан сертификат хүртжээ.

Хэб 1966 онд домогт “Битлз”-чүүдтэй хамтдаа томоохон хотуудаар аялан тоглолт хийсэн аж. “Sunny” дуу “Дэлхийн хамгийн шилдэг 100 дууны жагсаалт”-д бичигдсээр байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Холливудын тухай сонирхолтой баримтууд

Image result for hollywood

Холливуд гэхээр манай гаригийн хэнбугай ч “Аан өнөөх америкийн киноны өлгий” хэмээн мэднэ. Энэ бол Лос-Анжелос хотын дэлхийд нэрээ түгээсэн дүүрэг. Энд олон тооны том том кино студи байдаг болохор та бидний дэлгэцнээс харж танил болсон алдарт жүжигчид ч амьдардаг.

“Холивудын инээмсэглэл” гэдэг нэр томъёог францын шүдний эмч Чарльз Пинкус гаргасан. Тэрээр Холливудын олон алдартанд цав цагаан тэгш шүд хийж өгсөн нэгэн.

Image result for hollywood smile charles pincus

Нолливудад киног бол дуртай газраа үзэж болно. Кино дэлгэцэн дээр, майханд, ханан дээр, бүр Холливудын одуудыг оршоосон оршуулгын газарт ч гарч л байдаг гэнэ.

Image result for hollywood movie street wall

“Кодак” театрыг 2011 оны арваннэгдүгээр сард нээсэн. Үүнээс хойш “Оскар”-ын шагнал гардуулах ёслол зөвхөн энд болж байх юм.

Image result for kodako oscar

Жоан Вудвард 1960 оны хоёрдугаар сарын 9-нд Алдрын талбайд нэрээ мөнхөлсөн анхны хүн болжээ.

Алдрын талбайд шилдэг жүжигчин, шинэ санаа сэдсэн найруулагч, барилга гээд төрөл төрлөөр шалгаруулж нэр бүхий од байрлуулдаг. Одоо энэ “Аллее”-д 2,6 мянган од бий. Ер нь бол кино камер, дуу бичлэг, театрын баг, телевизор, микрофон гэж олгодог.

“HOLLYWOOD” гэсэн бичээсийн зарим үсгийг засварлах болоход “Плейбой- сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер дуудлага худалдаа зохион байгуулж шинэчлэх ивээн тэтгэгч олж байжээ. Жин Отри, Пол Уиьлямс хоёр “l”, “W” үсгийн ивээн тэтгэж засуулсан бол Элис Купер “O” үсгийг засварлах мөнгө өгч байжээ.

Image result for hollywood

Алдарт “HOLLYWOOD” гэдэг үгийг сурталчилгааны зорилгоор 1923 онд анх уулан дээр байрлуулжээ. Эхлээд энэ үгийг ” Hollywoodland” гэж бичсэн байна. Энэ сурталчилгааг байрлуулснаас хойш сайндаа л нэг жил өнгөрөхөд энд киноны бизнес цэцэглэж холлливудын хороолол бий болон энэ үг нь тэр чигээрээ бараг хотын нь нэр болжээ.


Categories
мэдээ соёл-урлаг

“Улаанбаатар-2017” тэмцээний шилдгүүд тодорлоо

Тухайн жилийн чиг хандлага өвөрмөц урсгалуудыг үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор зохион байгуулдаг нийслэлийн аварга шалгаруулах үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын “Улаанбаатар-2017” тэмцээний шилдгүүд тодорлоо.

Арав дахь жилдээ болж буй уг тэмцээнд нийслэлийн 8 дүүргийн ажил мэргэжил, ур чадвараараа шалгарсан нийт 130 гаруй үсчин, гоо засалч, хумс засалч эмэгтэй, эрэгтэй үсний гоёл, хуримын засалт, будалт, боди арт, хумс, дизайн зэрэг 12 төрлөөр өрсөлдөв.Тухайлбал, Сүхбаатар дүүргээс Видал, Грийс, Болор, Хос шагай, Лакме, Мерак, J салон, Сити дээд сургууль, Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн оюутнуудаас бүрдсэн нийт 50 гаруй мэргэжлийн үсчин, хумс дизайн урлал, гоо засалчид оролцов.

Тэмцээний нийлбэр дүнгээр Сүхбаатар дүүрэг тус тэмцээний “Шилдэг дүүрэг”-ээр шалгарч, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, МҮГЗХ-ны өргөмжлөл гардлаа.

Нийслэлийн аварга эмэгтэй үсчнээр “Грийс” салоны үсчин Б.Ичинноров, эрэгтэй үсчнээр “Хос шагай” салоны үсчин Y.Цацралтуяа шалгарч тус тус Гран при шагнал хүртсэн юм.

“Шилдэг сургууль” шагналын эзнээр Үйлдвэрлэл, урлалын политехник коллеж шалгарсан бол Ганцаарчилсан төрлийн Эрэгтэй креатив төрөлд Видал салоны Б.Уртнасан мөнгө, Эмэгтэй салоны тайралтын төрөлд Видал салоны Ө.Цэлмэгсайхан хүрэл, Тайзны нүүр будалт төрөлд “Болор” салоны О.Отгонтуул алт, Хуримын нүүр будалт төрөлд Сити дээд сургуулийн оюутан Б.Отгонбаатар мөнгө, Биен дээрх будалт төрөлд Сити дээд сургуулийн оюутан Н.Энхчимэг алт, Грийс салоны А.Урангоо нар мөнгөн медалийн эзэн болов.

Миксмедиа хумс урлал төрөлд Сити дээд сургуулийн оюутан Г.Одонтунгалаг алт, French хумсыг акрилаар бүрэх урлал төрөлд Сити сургуулийн оюутан Н.Аминхүслэн тусгай байр, Үндэсний хэв шинжийг харуулсан уламжлалт авангард үс самналтын бэлэн бүтээлийн төрөлд Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн оюутан Н.Оюунчимэг алт, Д.Золзаяа мөнгө, Уран сэтгэмжийн нүүр будалтын бэлэн бүтээлийн төрөлд ҮУПК-ийн оюутан Г.Баярдэлгэр алт, Грийс салоны А.Урангоо мөнгө, Уран сэтгэмжийн нүүр будалтын бэлэн бүтээлийн төрөлд Сити сургуулийн оюутан Э.Янжинлхам алт, ҮУПК-ийн оюутан Б.Цэндгэрэл мөнгө, Сити сургуулийн оюутан Э.Янжинлхам хүрэл, Уран сэтгэмжийн хумс урлалын бэлэн бүтээлийн төрөлд Сити дээд сургуулийн оюутан Г.Одонтунгалаг тусгай байр, ҮУПК-ийн оюутан Г.Хөтөлсайхан тусгай байрт тус тус шалгарлаа.