Categories
мэдээ соёл-урлаг

Кёкүшюзан Д.Батбаяр хайрын шүлгийн уралдааныхаа шагналын санг нэмэгдүүлжээ

Кёкүшюзан Д.Батбаяр Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан гэргий Т.Баясгаландаа зориулсан хайрын шүлгийн уралдааныг фэйсбүүк найзуудынхаа дунд зарласан билээ. Энэхүү уралдаан нь нилээдгүй өргөн цар хүрээг хамарч, одоогийн байдлаар 1000 гаруй оролцогч шүлгээ ирүүлжээ.

Кёкүшюзаны зүгээс уралдаанд шалгарсан шилдэг гурван шүлгийн эзнийг Японд сүмо үзэх тасалбар, iphone7, Samsung гар утсаар тус тус шагнаж урамшуулахаа мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч түүний зарласан уралдаанд маш олон хүмүүс идэвхтэйгээр оролцож байгаа учраас шагналын сангаа дахин нэмэгдүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл түүний зүгээс дахин хэд хэдэн шилдэг шүлгийн эзнийг MONEL брэндийн 32 инчийн Led телевизээр шагнаж урамшуулахаар болжээ.

Кёкүшюзаны зүгээс өчигдөр уралдааныхаа талаар мэдээлэл өгөхдөө, “Хайрын шүлгийн уралдаанаа 2017 оны 2 сарын 14 өдөр эцэслэн дүгнэхээр төлөвлөөд байсан ч мянга, мянган хүн ханьдаа, хайртдаа зориулсан шүлгээ илгээсээр байгаа тул шүлэг хүлээж авах хугацааг 2017 оны 2 сарын 14-ны 00.00 цагаар тасалбар болгож, шалгаруулалтыг ирэх сарын 7 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө олон нийтэд нээлттэй хийхээр болсон” гэдгийг дуулгасан юм.

Уралдааны шүүгчдээр Болор цомын эзэн, нэрт яруу найрагч Ц.Бавуудорж, Н.Гантулга, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин, МУ-ын СГЗ Г.Эрхэмбаяр нар ажиллах юм байна. Шүүгчдийн зүгээс “Нийгэм, сошиал орчинд хар бараан мэдээлэл, сөрөг сэтгэгдлүүд ихээр хөврөх болсон энэ цаг үед ийм гэгээлэг, хүний сэтгэлийн утсыг хөндсөн үйл явдал тохиож байгаад баяртай байна. Тиймээс ч энэхүү уралдааны шүүгчдээр ажиллах болсон” гэдгээ онцолжээ.

Ямартай ч Кёкүшюзан Д.Батбаярын тухайд санамсаргүй байдлаар ханьдаа зориулж дөрвөн мөрт шүлэг тэрлэсэн нь ийнхүү хайрын шүлгийн давалгааг цахим орчинд үүсгээд байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Морин хуур-2017”-ийн эзнээр Б.Хүрэлбаатар тодорлоо

Гучин нэг дэх жилтэйгээ золгож буй “Морин хуур-2017” наадмын шилдэг бүтээлийг нийтийн, эстрадын, мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулснаар энэ жилийн наадмын нэг онцлог байлаа.Энэхүү ёслолын ажиллагаанд он оны “Морин хуур” наадмын шагналтнууд, хөгжмийн урлагийн салбарын сод авьяастнууд, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тулгийн чулууг тавьсан үе үеийн нэрт зүтгэлтнүүд. Мөн яруу найрагчид, дуучид оролцож, хагас жарны түүхтэй наадамдаа хүндэтгэл үзүүллээ. Энэ жилийн наадамд Ардын жүжигчин А.Долгор, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Ө.Уянга, СТА Т.Дэлгэрмөрөн, СТА Э.Чулуунчимэг зэрэг уран бүтээлчид өрсөлдөж наадмыг улам өрсөлдөөнтэй болгож байлаа.

Хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатарын аялгуу, яруу найрагч Н.Амгаланбаатарын шүлэг “Баатар хайрхан” дуу “Морин хуур-2017” наадмын шилдгийн шилдэг гран при шагналыг эзэндээ авчирсан байна. Мөн нийтийн, эстрадын, мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр шагнал авсан уран бүтээлчдийг танилцуулж байна.

“Эстрад дууны төрөлд”

  • Тусгай байрын шагналыг “Классик жем” хамтлагийн дуучин, УДБЭТ-ын дуучин Н.Туяа “Чи өөрөө”
  • Тусгай байрын шагналыг МУСТА С.Бичүү “Зоргол нүдэн”
  • III байрын шагналыг МУСТА, Дуучин Т.Дэлгэрмөрөн “Аавтайгаа байхад жаргалтай”
  • Дэд байрыг МУГЖ, поп хатагтай, Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Амьдрал киноны дуу”
  • Тэргүүн байрыг МУГЖ, Хүмүүнлэгийн элч дуучин, поп хатагтай Т.Ариунаа “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” дуугаараа авлаа.

“Нийтийн дууны төрөлд”

  • Тусгай байрын шагналыг дуучин Э.Гантулга “Заяагаар холбосон эх орон”
  • Тусгай байрын шагналыг дуучин Б.Мөнхтөр “Аав тандаа”
  • III байрын шагналыг МУСТА Э.Чулуунчимэг “Чамд чам шиг дурлахсан”
  • Дэд байрын шагналыг МУАЖ А.Долгор “Хүн та”
  • Тэргүүн байрын шагналыг Д.Нямдаваа “Дангийнаа” дуугаараа авлаа

“Мэргэжлийн дууны төрөлд”

  • Тусгай байрын шагналыг МУСТА Г.Шижирболд, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал /гурван теонер/, “Бор толгод”
  • Тусгай байрын шагналыг Консонанс Э.Отгонбат, МУГЖ Ө.Уянга “Нар зөв монгол” Багшийн их сургуулийн найрал дуучид
  • III байрын шагналыг дуучин Б.Гомбо-Очир “Хар зүрхний хөх нуур”
  • Дэд байрын шагналыг Б.Монголхүү Зүрхний хилэн киноны хөгжим “Энд л би”
  • Тэргүүн байрын шагналыг МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга “Эх орон ээж минь” дуугаараа авлаа.
Categories
мэдээ соёл-урлаг

“Монгол данжуур”-ын гэрэлт хөшөө юнескод бүртгэгджээ

Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй “Монгол Данжуур”-ын гэрэлт хөшөө ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгджээ. Энэхүү гэрэлт хөшөө нь “Монгол Данжуур”-ын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан бүтээсэн, хаана ч байхгүй цорын ганц өв төдийгүй дөрвөн ч хүний гарын үсэг бүхий чулуун ном гэдгээрээ асар үнэ цэнэтэй юм. Гэрэлт хөшөөний түүхийг өгүүлбээс Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга С.Жамъян Өвөрмонголын Цахарын Хөшөөний сүмд хадгалагдаж байсан монгол шунхан “Данжуур”-ыг Монгол Улсад залж үүрд хадгалах 9 зүйл бүхий гэрээг 1924 оны аравдугаар сарын 28-нд Наянт вантай байгуулж, монгол, хятад хэлээр дөрвөн хувь үйлджээ. Ингээд уг гэрээ ёсоор монгол шунхан “Данжуур”-ыг Монгол Улсын нийслэлд залж ирсний дурсгал болгон 1929 онд гэрэлт хөшөөг босгосон түүхтэй. Монголын музейн анхны дарга “чөтгөр” хэмээх Н.Дэндэв С.Жамъян гүнтэй тохиролцсоны дагуу “Монгол Данжуур”-т зориулсан хөшөөг урлан бүтээсэн байна. Тэрээр гайхамшигтай хурдан хуулбарлан зурдаг байснаас гадна чулуун сийлбэр хийхдээ гарамгай хүн байжээ. Монгол Улсын үндэсний номын санд хадгалагдаж буй монгол шунхан “Ганжуур”, “Данжуур” 1995 онд Монголын хосгүй үнэт дурсгалын жагсаалтад орсон бөгөөд шунхан “Данжуур” нь 2011 онд ЮНЕСКО-гийн дэлхийн баримтат өвд бүртгэгдсэн Монголын анхны бүтээл болсон юм. Тэгвэл уг хосгүй бүтээлд зориулсан гэрэлт хөшөө мөн ийнхүү ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

ХБИС-ийн сурагчид залуу төгөлдөр хуурчдын олон улсын тэмцээнд амжилттай оролцов

ЗурагОросын нэрт хөгжмийн зохиолч С.В.Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын Олон улсын анхдугаар уралдаан энэ сарын 2-8-нд Москва хотноо боллоо.

Москва хотын Засгийн газар, ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн академийн концертын их танхимд зохион байгуулсан анхдугаар уралдаанд АНУ, ИБУИНВУ, Сингапур, Монгол, БНХАУ, Болгар, БНСУ зэрэг 10 гаруй улс болон оросын өнцөг бүрээс ирсэн нийт 250 гаруй залуу төгөлдөр хуурч авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдөв.

Уралдаанд оролцогсод 10 нас хүртэлх, 11­-13 нас, 14-17 нас, 18-25 насны дөрвөн ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсанаас хамгийн бага насны буюу 10 хүртэлх насны ангилалд оролцсон Хөгжим бүжгийн их сургуулийн нэгдүгээр ангийн сурагч З.Аминэрдэнэ тусгай байрын шагнал хүртсэн байна. Тэрээр энэ ангилалд өрсөлдсөн хамгийн залуу төгөлдөр хуурч болсон аж. Мөн энэ насны ангилалд өрсөлдсөн Хөгжим бүжгийн их сургуулийн гуравдугаар ангийн сурагч О.Нандин III байрын шагнал хүртсэн бахдам амжилт үзүүлжээ.

Энэ жилийн уралдаан нь их хөгжмийн зохиолчийн мэндэлсэний 150 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлогтой байв.

Categories
мэдээ соёл-урлаг

Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү

Эр хүн нулимс зурган илэрцүүдАав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж билээ.

…Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн хайруу цагаар хөнжлөө ярж унагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дурдатгал үлдээдэггүй. Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх. Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм.Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байхгүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг зовлонгоо эмчилж санаагаа тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавыгаа алга болсны нь дараа л үүнийг илүү мэдэрсэн. Гадаад төрх нь адилхан хүнтэй тааралдах, таньдаг хүнтэй нь уулзах сайхан шүү. Миний хувьд тийм хүн их үнэтэй болж билээ.

Аав минь надтай адил нялцгар хүн байгаагүй
Аав минь эрээгүй, хүдэр хадар талдаа. Надтай адил нялцгай хүн байгаагүй. Өвчинг бага тоодог хэнхэг хүн байсан юм. Ээжийг оршуулахдаа шарил дээр нь харин их өөр үг хэлсэн. Ихэнх хүн намтар уншдаг болохоор би тиймэрхүү үг хэлэх байх гэж бодсон. Гэтэл аав минь “Гадаа их дулаахан байна. Ах дүү нар чинь бүгд иржээ, хүү бид 2 чинь энд байна” гээд хоолой нь зангираад цааш үг хэлж чадаагүй. Ийм үг сонсоогүй надад их содон байлаа.

Эрчүүд их үнэгүй хүмүүс юм уу даа

Аав надад ухаантай хүн тулдаа эрхлээгүй, хааяа хүсдэг байсан ч байж магадгүй, гэлээ ч эрхэлж чадаагүй. Зөөлөн гутал ч нэхээгүй, ганц хүүгийнхээ аяыг дагаад л явсан. Тэвчээртэй хүн дээ. Харин би тэгэхгүй ээ, энэ хэдэн хүүхэддээ эрхэлж, тунирхаж, айлгаж байж үхье гэж боддог юм. Энэ нь хүүхдүүдээ үлдэхэд нь гомдлыг нь бага байлгах гэсэн юм. Би аавыгаа өөд болсоны дараа нь тэгэх минь яалаа ингэх минь яалаа гэж их бодсон. Нэгэн бодлын өөрийгөө их ялласан. Заримдаа би эр хүн нэг их үнэгүй хүмүүс юм уу даа гэж боддог.

Эцэг минь шударга зангаар хорвоог туучиж өнгөрөөсөн дөө

Дуу шүлгээр хүнийг аргаддаг, үхсэнээс нь хойш ямар явснаар аргаддаг. Ач хүү нь аавынхаа хөргийг зурсан тэр үед надаас илүү ачийг нь хариулчихав уу гэж бодогдсон шүү. Аав минь архи, айраг битгий хэл тараг ч уухгүй. Би аавыгаа дал гарчихсан хойно нь хоёр удаа халамцахыг л үзсэн. Нэг нь хамгийн сүүлчийн удаа нутагтаа, нөгөө нь нутгийн хэдэн хөгшчүүлтэйгээ жаахан халсан. Мэдээ орсон цагаасаа хойш миний үзсэн “аавын минь алдаа” энэ. Амьдралынхаа туршид цэрэг даргын албыг хашиж явахдаа сайшаал шагнал төрөөс хүртэж шударга зантай нэгэн хорвоог туучиж өнгөрөөсөн дөө эцэг минь Аав минь намайг тавдугаар ангид халдварт гепатит өвчнөөр хүнд өвдсөн хожим элэгний хорт хавдраар насан алдахын нь эхлэл тэр байсан юм болов уу гэж би боддог. Архи уудаггүй тамхи татдаггүй хүн энэ өвчнөөр өвдөхгүй юм шиг санаж явсан надад хачин санагдаж байлаа. Элдвийн үнэн худал сурталчилгаа намайг тийм болгосон хэрэг.

Туйлдсан аавыгаа харж би нэг их уйлсан

Аав минь бүтэн гурван сар хэвтэрт орж шаналж зовохдоо “ёо” гэж ганц хэлээгүй дээ. Туйлдсан аавыгаа харж би нэг их хуйлсан. Очиж очиж дэрнийх нь дэргэд шүү. Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж “Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү” гэж хэлээд ам нь өмөлзөж даахгүй болсон гарын нь үзүүр хөдлөх аядсан. Намайг тэвэрч үнсэх гэж бас уйлсан байх. Нулимс нь гадагшаа биш дотогшоо урсаж байсан биз ээ. Намайг гарыг нь атгахад зүрх нь алган дотор нь орчихсон юм шиг дэндүү хурдан цохилж байлаа. Аав бид хоёрын хамгийн сүүлд сольсон үг ердөө л энэ. Хариугүй өөд болох гэж байгаа аавынхаа биеийн байдал нүднээс нь хүн амьдралд дурлаж амьдарч, амьдралыг үзэн ядаж буцдаг юм байна гэдгийг харсан. Удаан зовсноос ч ингэдэг байж мэдэх юм. Эр зоригийг гаргалаа ч их жамын хөлд хүн гэдэг даанч өчүүхэн.

Аавынхаа өмнө үхэж л байж “луйвардаж” дуусах агуу их өртэй үлдсэн

Ээж минь 1971 онд өөд болсноос хойш аав бид 2 их өнчирсөн дөө. Нэмж бас өнчрөх хүмүүсийг зөндөө цуглуулсан юм би. Миний хань хүүхдүүд “Үхлийн түймэрт” өвс мэт ассан даа. Хүний үр хүүхэд гэж үр хүүхэд л байдаг. Хань байж чаддаггүй юм билээ. Аавыгаа би гомдоож зовоож байгаагүй ч аахар шаахархан гийгүүлж явсан минь аавын минь намайг гэсэн хайрын дэргэд юу ч биш. Аавынхаа өмнө үхэж л байж “лувардаж” дуусах агуу их өртэй үлдсэн. Бие нь нэг их доройтоогүй байхдаа нэг өглөө, миний хүүг гуйж уртын дуу тавиад өгөөч гэсэн гэдэг. Сонсоод нулимс нь урсаад байсан гэж хүү минь надад хэлсэн. Орчлонд хүн их хоргодох юм билээ. Тэгж яваарай, ингэж амьдрах ёстой гэж надад ярьдаггүй, сургадаггүй байсан. Нэг удаа харин “Миний хүү ч сайн хүү л дээ. Өглөө босохдоо уцаартай босох юм. Битгий тэгж бай, өдөржингөө ажил чинь бүтэхгүй шүү дээ” гэсэн дуугаа өндөрсгөөгүй, уургүй хэлсэн энэ үг над дээр ямар чанга буусан гэж санана. Эцэг гэдэг ер нь зүтгэж элэгддэг их үүсгэл бололтой юм. Үр нь бага хайрладагтаа биш, халдаж болдоггүй дээ, ноолж болдоггүй дээ, нялуун биш дээ, “Холын уул” байдаг аж.

Хүн халанд биш хайранд хүн болдог юм байна

Аав минь нэг өдөр “Би заяа муутай хүн дээ” гэсэн. Үгүй ер нь юунаас ингэж хэлэв гэж бодоод байсан чинь янз бүрийн хариу гарч байв. Би хариуг нь онож олохгүй болохоороо нэгэнтээ ааваасаа асуулаа. Тэгэхэд аав минь “Ханиа залгичихсан хүн яаж заяатай байх вэ дээ” гээд их ширүүн харсан. Би нэг их сэтгэдэг хүн болох гэж “Нэг авсанд хоёр хүн багтдаггүй юм чинь дээ аав минь” гээд хэлээд тавьчихсан чинь их уцаартай нь аргагүй “Яруу найраг чинь энд хамаагүй” гэж шууд гараад алхчихсан. Алдас хийсэндээ би үхтлээ гэмшсэн шүү. Энэ мөчид би яруу найраг хэрэггүй газар байдаг юм байна гэж бодогдож, шатаар доош бууж яваа аавын минь таягны дуу нимгэн хаалганы цаанаас сонсогдох нь шатыг биш миний толгойг тоншоод байх шиг санагдсан. Шөнө нь нойр хүрдэггүй. Маргааш нь бага үдийн алдад аав минь амьсгаадсаар орж ирэхэд орох байх газар олдохгүй санагдсан. Аав минь хэнэггүй нь аргагүй “Аав нь тэтгэврээ аваад” гээд нусны алчууртаа боож боочихсон хоёр хайрцаг “ВТ” гаргаж өглөө. Тэнэглэснийхээ төлөө би тамхиар шагнуулав. Аав минь тэр шөнө бас нойргүй хоносон биз ээ. Хүний аав гэдэг ийм л амьтан. Миний хэрэглэдэг “хор” аавд минь тэтгэврийн хэдэн мөнгөнөөс нь үнэтэй байна. Намайг хайрладаг хайр нь тийм нандин гэж би яс махандаа шингэтэл ухаарсан. Тэгээд би хүн халанд биш, хайранд хүн болдог юм байна гэж хэдэн хүүхдээ аав шигээ л эрхлүүлж өсгөсөн. Миний буруу зөвийн дүн одоо болтол гараагүй л байна.

49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ

Аав минь 76 нас зооглосон, 27-тойд нь би гарсан гэхэд 49 жил аавдаа эрхэлж, үнсүүлж, тэнэглэж явж дээ. Өөрөөр хэлбэл 49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ. Жил гэдэг хачин. Миний 25-ны жил орж байхад ижий өөд болж, 49-ний жил ороход аав минь өөд болсон доо. Аавыгаа өөд болсноос хойш 3 жилийн дараа онголсон газрыг нь эргэлээ. Газар дээр нь очиход шиврээ бороотой будан буучихсан байсан. Хөл гарынх нь алиных нь юм ганцхан ганцхан шагайн чинээ цайсан үений яс л үлдэж. Би ханьтайгаа хүүхдүүдтэйгээ хар багын найз хуурч УГЖ Идэрбаттайгаа очсон юм. Яг тавьсан газрын нь өлмийд Л.Идэрбат минь хуураа удаан гэгч нь татсан. Хуурын эгшигт уул хад өндийгөөд ирэх шиг санагдсан. Аав минь хуурын эгшиг сонсдогч үгүй байгаа даа гэхдээ хуурдуулсан хэрэг. Морин хуурын эгшиг тэр өндөр уулын энгэрт багтахгүй урд их хөндийг дүүрэн байх шиг. Тэгэхэд би нэг цээжээ онгойтол уйлсан даа. Өтлөх тусам нутаг гэдэг санагдана. Тэгэх тоолон аавын минь “Нутагт минь намайг тавиарай” гэж хичээнгүйлэн захисны учрыг цаг мөч тоолон ясандаа хадтал ойлгох бололтой. Би өөрөө амирлахын цагтаа ангилан дээдэлж нутаглуулдаг “Алтан өлгий”-д алдраа дагаж очихгүй, анх унасан нутагтаа сүнсээ дагаж очно. Аавдаа ойрхон очно.

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн

Categories
мэдээ соёл-урлаг

Лосолын Лааганы ач охин Н.Бямбаа: Өвөө маань улс төрийн хилс хэрэгт гурван удаа гүтгэгдэж цаазлуулсан

Л.Найдан хань, үр хүүхдүүдийн хамт

1930-1932 оны хооронд Монгол Улсын төрийн тэргүүний хүндтэй алба буюу Улсын бага хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан Лосолын Лааганы ач охин Найдангийн Бямбаатай ярилцсанаа хүргэж байна. Төр түмний төлөө зүтгээд эцэст нь гурван ч удаа хилс хэрэгт гүтгэгдэн тохогдож, улмаар 1940 оны тавдугаар сард буудан алах ялаар шийтгүүлсэн Лааганы эмгэнэлт хувь заяаны талаар Монгол Улсын төрийн шагналт, түүхийн нэрт эрдэмтэн О.Батсайхан ном бүтээл гаргасан байдаг.“Миний өвөө шиг гурван удаа хэлмэгдэж, эцэст нь буудуулсан төрийн тэргүүн Монголын түүхэнд байхгүй. Эсэргүүний хүүхэд хэмээх доромж, харгис дээрэнгүй зан аавыг минь, авга ахыг минь сүүдэр шиг дайрсан” гэж Бямбаа эгч сэтгэл шимшрэн өгүүлснээр бидний яриа эхэлсэн юм.


-Та бол Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга Лосолын Лааганы ач охин. Түүхийн хамгийн эмзэг хийгээд эгзэгтэй, хүнд бэрх цаг үед таны өвөө Монголын төрийг удирдсан байдаг. Өвөөгийнхөө улс төрд хэрхэн орсон тухай намтар түүхээс нь ярихгүй юу?

-Бид өвөөгөө хөгшин аав гэж ярьдаг. Амьдралын хар ухаанд нэвчсэн, шударга зоримог зантай, хэлэх үгээ хэнээс ч айж эмээлгүй хэлдэг, тийм эрс шулуухан хүн байжээ. Төрсөн нутаг нь Ховд аймгийн Буянт сум. Хар ус нуурын баруун хаяа Цагаан гол гэж газар мэндэлсэн. Багадаа Наран хутагтын хүрээ хийдэд шавилан сууж байсан гэдэг. Мал хуйгаа хариулж, тариа тарьж, өртөө улаа нэхэх зэрэг ажил хийж байгаад 1921 оны ардын хувьсгалын дараахан Ховдын хязгаарын Тариачин хошууны хурлын төлөөлөгчөөр сонгогджээ. Хорин гурван онд тус хошуунд тухайн үеийн Ардын намын үүр байгуулагдахад сайн дураараа элссэн анхны гишүүдийн нэг. Хорин таван онд хуралдсан намын дөрөвдүгээр их хуралд Ховдын хязгаараас төлөөлж оролцсон. Тэр үеэс нам төрийн ажилд эргэлт буцалтгүй орсон нь түүх замналаас нь тодорхой уншигддаг. 1925-1928 онд Чандмань уулын аймгийн Намын хянан байцаахын дарга, 1928-1930 онд Монгол ардын хувьсгалт намын хянан байцаах төв комиссын даргаар ажиллаж байгаад Улсын бага хурлын тэргүүлэгчдийн даргаар томилогдсон. Тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд нь Жигжиджав гуай байсан юм билээ. Хөгшин аав минь сургууль соёл төгсөөгүй, хөдөөний эгэл ардын дундаас тодорч гарч ирсэн төрийн хүн юм. Хязгаар нутгаас нам төрийн их хуралд үг хэлэх онцгой чадвартай, одоогийн хэллэгээр бол бусдыг удирдан манлайлах арга барилтай хүнийг сонгож явуулдаг байж л дээ. Түүний гол төлөөлөл болсон тухай Ховдын хязгаарын захиргааг шинэчлэн байгуулалцсан Засгийн газрын түшмэл Догсом, Лувсанцэрэн нарын хүмүүсийн дурсамжид бий.

Л.Лааган

-Улсын бага хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхдаа аж үйлдвэр, цахилгаан станц гээд улс орны амин чухал олон ажлыг бусдын хамт гүйцэтгэж түүхэн гавьяа байгуулсан тухай О.Батсайхан түүхч дурдсан байна лээ?

-Тийм ээ. Сүүлд төрийн шагнал хүртсэн О.Батсайхан доктор хөгшин аавыг минь судалсан эрдэмтдийн нэг. Миний аав Найдан, эгч Жаргалын хамтаар ивээн тэтгэж “Лосолын Лааган” номыг 1994 онд хэвлүүлсэн юм. Тухайн бүтээлд дурдсанаар Зөвлөлтийн тусламжтайгаар худалдааны системийг байгуулж, үндэсний мөнгөн тэмдэгт бий болгох, Улаанбаатар хотод Аж үйлдвэрийн комбинат, Төв цахилгаан станц байгуулах зэрэг ажилд хөгшин аавын хүчин зүтгэл их байжээ. Мөн 1930-1931 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн удаа дараагийн хурлаар бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах “соёлын довтолгоо” зохиох асуудлыг хэлэлцсэний үр дүнд ардын боловсролын ажилд ахиц гарсан байдаг. Сургуулийн болон суралцагчдын тоо олширч, улс ардын аж ахуйд ажиллах мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх тусгай мэргэжлийн шинэ техникумууд байгуулагдсан байна. Мөн Улсын төв театр үүдээ нээж, шинэ клуб улаан булан олширсныг цохон тэмдэглэдэг. Энэ бүхэн өвөөгийн минь гавьяа. Хэлмэгдэгсдийг судалж байсан Ринчен гэж түүхийн ухааны мундаг доктор байлаа. Тэр хүн хөгшин аавыг тусгайлан судалсан. “Төрөлхөөс заяагдмал хурц нарийн ухаантай, боловсролгүй хэрнээ боловсролтой хүмүүсийн дэргэд өөрийгөө мундаг аваад явдаг, маш алсын хараатай, бодлоготой хүн байжээ” хэмээх тодорхойлтод хүрснээ хэлж байсан. Монгол Улсад аж үйлдвэр, цахилгаан станцууд хөгжих, үйлдвэржилтийн энэ том дэвшил, хөгжлийн суурийг танай хөгшин аав тавьсан шүү гэж Ринчен доктор онцолж хэлдэг байсан.

-Улс төрийн хилс хэрэгт гурван удаа холбогдон аймшигт яргаллыг амсчээ. Эцэст нь цаазлуулан хувь заяа нь эмгэнэлтэйгээр төгссөн байдаг. Гурван удаагийн хилс хэрэг гэдэг нь ямар учиртай юм бол. Энэ тухай тодруулахгүй юу?

-Хөгшин аав шиг улс төрийн хилс хэрэгт гурван удаа холбогдсон төрийн тэргүүн Монголын түүхэнд байхгүй. Эхлээд 1928 онд “Шар Санжийн хэрэг” гэгчид холбогдсон байдаг. Дөрвөд аймгийг автономит эрхтэй болгохыг дэмжсэн уг хэрэгт Ө.Бадрах тэргүүтэй хүмүүсийн хамт нэр холбогдож, гүтгэлэг байцаалтад орсон байна. Харин коминтерний төлөөлөгчдийн тэргүүн Б.Шмераль Бадрах, Лааган нарыг суллажээ. “Шар Санжийн хэрэг” гэгч нь намын анги бүлгүүдийн өөр хоорондох сөргөлдөөнөөс үүссэн учир утгагүй хардалт сэрдэлт байсныг түүхчид хэлдэг. Тухайн хэргийг Коминтерн, түүний бие төлөөлөгчид анх сэдэвлэж гаргасан юм билээ. Дараа нь буюу 1934 оны долдугаар сард хөгшин аавыг хоёр дахь удаагаа “Лхүмбийн хэрэг” гэгчид холбогдуулан баривчилсан. Гучин дөрвөн оны нэгдүгээр сард Лхүмбэд анх удаа хэрэг хүлээлгэхэд “Шодоев Дамдин япон хүний хамт ирж хурал хийлгэхэд Лааган, Жигжиджав бид нар оролцсон” гэж мэдүүлснээр “Японы тагнуулын байгууллагын гишүүн”-д тооцох болжээ. Тэр үед Ховдын хоршоонд ажиллаж байсан гэдэг. Хөгшин аавыг зүүний талын бодлогод хэт автагдсан, тэр талыг баримталсан гэх шалтгаанаар 1932 оны зургадугаар сард Намын төв хорооны тэргүүлэгч гишүүнээс хасч, долдугаар сард Улсын бага хурлын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Лхүмбийн хэрэг бол зохиомол худлаа гэдгийг удаа дараа хэлж байж. Ердийн байцаалтаар хилс хэргийг хүлээлгэж дийлэхгүй болохороо Дотоодыг хамгаалах газраас долоон өдөр, долоон шөнө тасралтгүй байцааж мөрдөн байцаалтын хууль бус арга хэмжээг хэрэглэсэн байна. Харин гурав дахь удаагаа хувьсгалын эсэргүү Гэндэн, Дэмидийн хэрэг гэгчид холбосон.

Дөчин оны гуравдугаар сард Дотоод явдлын яамны орлогч сайд Жамбалдорж “1928 оноос хойш Японы тагнуул төлөөлөгч, Гэндэн, Дэмидийн байгууллагын төв удирдагч нь байсан” гэж хөгшин аавыг ялласан. Гэндэн, Дэмидийн хэрэг гэгчид холбогдуулан хоёр жил долоон сар гаруй хугацаагаар хорьж, өдөр бүр зодож нүдэж, халуун хүйтэн өрөө дамжуулан байцааж, харгис хэрцгийгээр тамласан байдаг. Өвөө маань “Би өөрийн эх орноосоо урван хувьсгалын эсэргүү байгууллагад оролцож байсан удаагүй” хэмээн шүүх хурал дээр сүүлчийн удаа мэдүүлсэн байна. Төрийн тэргүүн байхдаа олон хүний хувь заяаг шийдэхэд оролцож явсны хувьд тэрээр ямар ч ялтан амь гуйх эрхтэй байдгийг мэдэх учраас буудан алах ял аваад Улсын бага хурлын тэргүүлэгчдэд эцсийн горьдлого амь гуйх хүсэлтээ уламжилжээ. Түүний хүсэлтийг Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1940 оны тавдугаар сарын аравны өдрийн 28 дугаар хурлаар хэлэлцээд “Онц хорлол бүхий жигшүүрт гэмт хэргийг өдүүлсэн заналтай дайсан этгээд” хэмээн үзэн уг тасалсан тогтоолыг хэвээр баталж, түүний амь гуйсныг шууд хэрэгсэхгүй болгожээ. Улс төрийн хилс хэрэгт тохоогдсон хүмүүсээс хөгшин аав шиг ийм айхтар тамлалыг үзсэн нь ховор гэж түүхчид хэлдэг. Миний бие Тагнуулын ерөнхий газрын архивт орж үзсэн. Хөгшин ааваас мэдүүлэг аваад бүх хуудсан дээр нь гарын үсэг зуруулсан цаазлах баримтынх нь эх хувийг хүртэл нүдээр үзсэн. Өвөөгийн аймшигт хэлмэгдлийн түүх бичвэрийг судалсан хүний нэг нь түүхийн ухааны доктор Дашдулам. Тухайн үед Их сургуулийн залуухан багш байлаа. Тэр хүн архивт сууж бүх зүйлийг нь уншиж судалсан. Тэгээд “Танай хөгшин аав шиг гурван удаа хэлмэгдсэн улстөрч байхгүй. Хамгийн хүнд хэлмэгдлийг туулсан” гэж хэлдэг. Тэрээр материалтай нь танилцчихаад би долоо хоног унтаж чадаагүй гэж уйлаад хэлж байсан. Тийм айхтар тамлалыг биеэр амссан байна. Дашдулам докторын хэлдэг бас нэг зүйл нь хөгшин аавыг чинь Орост аваачиж цаазалсан гэдэг. Үүнийг Банзрагч гэж хүний яриа ч нотолдог. Машин дээр хоёр хүн ачаад авч явсан. Халзан толгойтой, ахимаг настай хүнийг би Лааган гуайг гэж боддог хэмээн хэлж байсан удаатай.

-Хэлмэгдүүлэлт үр хүүхдийг нь хүртэл тойроогүйг та түрүүнд хэлж байсан?

-Лааган гэж хүн хоёр хүү, хоёр охинтой байсан. Дэнсмаа гэж охин нь эрт бурхан болсон юм билээ. Том хүү нь Дүнсэл ах. Бага хүү нь миний ачит эцэг Найдан. Аав минь 1937 оны хавар төрсөн. Намар нь эцэг нь баривчлагдаад явсан байдаг. Өлгийтэй байхдаа хайрт эцгээсээ өнчрөн хоцорсон. Хөгшин аав минь баригдаад явахдаа ханьдаа “Хүүхдээ битгий хүнд өргүүлээрэй. Өөр хүнээр битгий овоглоорой” гэж захисан байдаг. Өөрийгөө буцаж ирэхгүй гэдгийг мэдээд тэгж хэлсэн ч байж магад. Үлдэж хоцорсон хань, үр хүүхдийг хэлмэгдлийн хар сүүдэр мөн л дайрсан. Миний авга ах Дүнсэл хоёр метр шахам өндөртэй, цагаан царайтай ханагар сайхан эр байсан. Түүнийг Худалдааны техникум төгсөх гэхэд нь “эсэргүүний хүүхэд” гэх нэрийдлээр төгсгөөгүй. Цэрэгт явах насанд нь мөн л “Эсэргүүний хүүхэд” гээд явуулахгүй. Тэгсэн хэрнээ цэрэгт яваагүй гээд албан татвар авч дээрэлхдэг байсан гэдэг. 28 нас хүрэхэд нь сая нэг цэрэгт явуулсан байгаа юм. Дөчин таван оны чөлөөлөх дайнд оролцуулах зорилгоор явуулжээ гэж харагддаг. Дүнсэл ах минь олон түмэндээ нэртэй жолооч байсан. Авто тээврийн дөрөвдүгээр баазад бүхий л насаараа ажиллаж, анхны саятан жолоочийн болзол хангахад нь эсэргүүний гэх өнөө л шалтгаанаар байгуулсан гавьяаг нь үгүйсгэсэн юм. Ингээд ах минь өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон Хөдөлмөрийн баатар цолоо авч чадаагүй. Үнэхээр харамсдаг юм. Бодохоос гол харлаад байдаг юм. Ах ярьдаг байсан л даа. Хориод настай залуу үе тэнгийнхэнтэйгээ наргиж яваад айлд ороход найр ахалж байсан хүн “Эсэргүүний гөлөг доошоо суу” гээд үүд рүү нохой шиг хөөж байсан гэдэг. Намайг жаахан байхад ч согтуу хөлчүү хүмүүс ирж хаалга өшиглөөд “Эсэргүүний үлдэгдлүүд хаалгаа тайл” гэж дээрэнгүйгээр доромжилдог байсан. Аавыг минь энэ хэлмэгдүүлэлт тойроогүй дайрсан. 1959 онд Монголын оюутан залуучуудын анхдугаар наадмын бөхийн барилдаанд Ховд аймагтаа түрүүлсэн юм. Гэвч Улаанбаатар хотод болсон наадамд “Эсэргүүний хүүхэд” гээд явуулаагүй. 1961 онд Бүх ард түмний спартакиадаар аав минь мөн л аймагтаа түрүүлсэн.

Л.Найдан Хадаа аваргын хамт

-Танай аав хоёр метр шахам өндөр, уул шиг бараа дүртэй сайхан хүн байсан. Аливаа юмны наад цаадахыг мэдэх айхтар хүмүүс “Лааганы хүү” гээд Найдан гуайд их л хүндэтгэлтэй ханддаг байсан болов уу. Их л олонтой хүн байсан санагдана?

-Бид чинь эцэг эхээс арван хоёулаа юм. 12 хүүхдээ аав минь хүний зэрэгт хүргэсэн. Бүгдийг нь их дээд сургууль төгсгөж, эрдэм номын мөр хөөлгөн ажил амьдралтай нь золгуулсан. Эцгийн мөч хүртэл аавын минь зүрх Лааган өвөөгийн төлөө цохилж байсан. Хэлмэгдэж буудуулсан аавынхаа амьсгал хураасан газрыг нь мэдчих юм сан гэж боддог байлаа. Даанч түүнийг нь амьдад нь тагнуулынхан хэлж өгөөгүй. Аавынхаа хөшөөг босгочих юм сан гэж мөн ч их зүтгэж, хөөцөлдсөн. Гэвч хөгшин аавын төрсөн нутаг Ховдод хөшөөг нь босгоё гэхээр алга дарамхан газар олддоггүй л байхгүй юу. Харин М.Энхсайханыг Ерөнхий сайд байх үед Засгийн газрын тогтоол гарч Ховд аймгийн Буянт сумын сургуулийг Лааганы нэрэмжит болгосон. Бид өвөөгийнхөө 110 жилийнх нь ойг нутагт нь өргөн дэлгэр тэмдэглэсэн. Өөрсдөө цээж баримал хийлгээд Ховдын музейд өгсөн. Их хурлын дарга нь Д.Дэмбэрэл гуай, Улаанбаатар хотын дарга нь Г.Мөнхбаяр гээд дандаа л Ховдын хүмүүс байхад аав минь байр хөөцөлдөөд бүтээгүй юм даг. Дэмбэрэл дарга цохолт хийж өгөөд ч бүтээгүй. Ингэж л хэлмэгдлийн сүүдэр үр хүүхдийг нь нөмөрсөөр л байгаа. Нэг зүйлийг хэлэхэд, 1940 онд өвөөг цаазлуулах жил Ваажаа гэж бидний авгайлдаг улсын арслан Шаравын Ванчинхүү төрийн баяр наадамд түрүүлж байсан юм билээ. Ваажаа, хөгшин аав хоёр ах дүүсийн хүүхдүүд л дээ.

Хөгшин аавын хэлмэгдлийг бие сэтгэлээрээ амсаж зовлон үзсэн хүн эмээ маань юм. 1962 онд өвөөг цагаатгасан бичиг ирэн иртэл эмээ өвөөг амьд, буцаад ирнэ гэж итгэж хүлээдэг байсан. Хүний горьдлого хэзээ ч тасардаггүй юм билээ. 1963 онд миний дүү Бигэрийг төрөхөд “Лааган гуай буцаад иржээ” гэж хэлсэн гэдэг. Бага хүүгийнхээ улаан нялзрай үрийг хараад хань минь буцаад ирсэн байгаасай гэж бодохдоо тэгж хэлсэн байлгүй. Энэ бүхнийг бодохоор өөрийн эрхгүй нулимс гараад байдаг. Хөгшин аавынхаа хөшөөг нь босгочих юмсан, нэг сайхан нэрэмжит номын сан байгуулчих юм сан гэж бодох юм. Буянт сумынх нь сургуульд уул нь номын сан байгуулж өгсөн л дөө. Төрийн тэргүүн байсан хүнийхээ 130 жилийн тэгш ойгоор Монголын төр юу ч дуугарсангүй. Учир байдлаа хэлээд очиход цагаатгалын комисс нь ч хүлээж аваагүй дээ.


Categories
мэдээ соёл-урлаг

“Очирбатын Дашбалбар” номын нээлт болно

Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн Очирбатын Дашбалбарын уран бүтээл, үзэл санаа, туурвил зүйн онцлог, сэтгэлгээний талаар өгүүлэх зохиолч П.Батхуягийн туурвисан “Очирбатын Дашбалбар” номын нээлт ирэх бямба гаригт болно. Тодруулбал яруу найрагчийн төрсөн өдөр буюу 2018 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 13:00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын санд болно.

Энэхүү номонд зохиолч П.Батхуягийн 1999 оноос хойш яруу найрагчийн талаар бичсэн эсээ тэмдэглэл, шинжлэлт эсээ, хөрөг дурсамжийн бүтээлүүд багтжээ.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Удахгүй нээлтээ хийх холливүүдийн 10 кино

1.”Peter Rabbit”

Холбоотой Зураг

Нээлт: 2018 оны 2-р сарын 9

Найруулагч: Will Gluck

Гол дүрд: James Corden, Daisy Ridley, Margot Robbie

Үйл явдал: Тус уран бүтээлд ногооны хүлэмж рүү нууцаар орохыг хичээх сахилгагүй туулайны тухай өгүүлнэ. Бидний үзэж өссөн Петер туулайн дүрийг дэлгэрүүлж, бүрэн хэмжээний кино болгож, дэлгэцнээ амилуулжээ. Амьтдад тохиолдох хөгжилтэй үйл явдлууд танд таалагдах болно хэмээн кино багийнхан мэдэгдээд байгаа юм.

2.”Annihilation”

Annihilation movie зурган илэрцүүд

Нээлт: 2018 оны 2-р сарын 22

Найруулагч: Alex Garland

Гол дүрд: Natalie Portman, Jennifer Jason Leigh

Үйл явдал: Шинжлэх ухааны уран зөгнөлт тус кинонд нэгэн биологич алга болсон нөхрөө хайж буйгаар үйл явдал эхэлдэг. Түүний аялал хачирхалтай болоод сонин содон зүйлсээр дүүрэн байх төдийгүй хэзээ ч төсөөлж, харж байгаагүй бүхнийг энэ киноноос үзэх боломжтой.

“Southern Reach” номноос сэдэвлэн бүтээсэн байна.

3.”Red Sparrow”


Нээлт: 2018 оны 3-р сарын 2

Найруулагч: Francis Lawrence

Гол дүрд: Jennifer Lawrence, Mary-Louise Parker, Joel Edgerton

Үйл явдал: Балерина Доминика Егорова нь Оросын тагнуулын албаны ажилтан бөгөөд ‘Sparrow School’ ажиллагаанд оролцож байгаа тухай уг кинонд өгүүлнэ.

4.”Death Wish”

Холбоотой Зураг

Нээлт: 2018 оны 3-р сарын 2

Найруулагч: Eli Roth

Гол дүрд: Bruce Willis, Vincent D’Onofrio, Elisabeth Shue

Үйл явдал: Гэр бүлийнхэн рүү нь халдаж, эхнэрийнх нь аминд хүрснийг мэдсэн эр уур бухимдлаа барьж ядан, гэмт этгээдүүдийг олохоор шийднэ. Эгэл нэгэн аав байсан тэрээр эхнэрийнхээ өшөөг авахаар алуурчин болж хувирна.

5.”A Wrinkle In Time”

A Wrinkle In Time movie зурган илэрцүүд

Нээлт: 2018 оны 3-р сарын 9

Найруулагч: Ava DuVernay

Гол дүрд: Oprah Winfrey, Reese Witherspoon, Mindy Kaling

Үйл явдал: Мег Марри нь Чарльз гэх дүүгийнхээ хамтаар, алга болсон аавыгаа хайхаар шийднэ. Тэд аавыгаа хайж явахдаа, түүнийг шинэ гараг илрүүлсэн болохыг олж мэдэх бөгөөд энэ нь тэдний хувьд тийм ч таатай мэдээ байсангүй. Хүүхдүүдийн адал явдалт аялал, таныг огтхон ч уйдаахгүй аж.

6.“ISLE OF DOGS”

ISLE OF DOGS movie зурган илэрцүүд

Нээлт :2018 оны 3-р сарын 23

Найруулагч : Вэс Андерсон (Wes Anderson)

Гол дүрд : Bryan Cranston, Koyu Rankin, Edward Norton

Үйл явдал : Fantastic Mr. Fox киногоороо 9 жилийн өмнө байлдан дагуулж байсан Вэс Андэрсон Isle of Dogs- бүтээлээрээ эргэн ирлээ. Энэхүү кинонд бяцхан хүү хайртай нохойгоо алдсанаар киноны үйл явдал өрнөнө. Тэрээр хэнд ч хэлэлгүйгээр нохдын цөллөгийн арал руу очдог. Хайртай нохойгоо хайх явцад түүнийг ямар адал явдал хүлээж байгаа талаар киноноос үзэх боломжтой. Кино шүүмжлэгчдийн үзэж байгаагаар энэхүү кино нь 2018 онд гарч буй хамгийн сэтгэл татам, гэгээлэг киногоор нэрлэгджээ.

7.”Ready Player One”

Ready Player One movie зурган илэрцүүд

Нээлт: 2018 оны 3-р сарын 30

Найруулагч: Steven Spielberg

Гол дүрд: Vin Diesel, Olivia Cooke, Hannah John-Kamen

Үйл явдал: Энэхүү кино нь дэлхий дээр зөвхөн виртуал ертөнц л үлдсэн тухай өгүүлнэ. Тус виртуал ертөнцийг бүтээсэн “OASIS” үхэх үед, бүх хэрэглэгчид нууц түлхүүрийг олохын тулд тэмцэх хэрэг гарах аж. Харин энэхүү тэмцэл нь зарим хэрэглэгчдийг хэтэрхий аюултай болгож хувиргана.

8.”AVENGERS: INFINITY WAR”

Холбоотой Зураг

Нээлт : 2018 оны 5-р сарын 4

Найруулагч : Anthony Russo, Joe Russo

Гол дүрд: Karen Gillan, Dave Bautista, Chris Hemsworth

Үйл явдал: Төмөр хүн, Ахмад Америк, Хүн аалз, зэрэг 100 гаруй ер бусын хүчтэнүүд нэгдэн нэг баг болж дэлхийг устгах төлөвлөгөөний эсрэг төгсөшгүй дайныг эхлүүлэх болно. Хүлээлт үүсгээд байгаа энэхүү кино нь танд таалагдах нь дамжиггүй.

9.“A star wars story

Холбоотой Зураг

Нээлт : 2018 оны 5-р сарын 23

Найруулагч : Ron Howard, Lawrence Kasdan

Гол дүрд : Emilia Clarke, Alden Ehrenreich, Woody Harrelson

Үйл явдал : Шинэ ангид залилагч этгээд Хан Сологийн залуу насыг өгүүлэх болно. Хан Солон Оби Кэноби болон Люк Скайвокертой тааралахаас өснөх амьдралыг харуулах болно.

10.“THE INCREDIBLES 2”


Нээлт : 2018 оны 6-р сарын 14

Найруулагч : Brad Bird

Гол дүрд : Sophia Bush, Samuel L. Jackson, Catherine Keener

Үйл явдал : Эхний анги гарснаас хойш 14 жилийн дараа гайхамшигт гэр бүлийн түүх үргэлжлэх нь ээ. Тэд гэр бүлийн асуудлуудаа хамтдаа шийдэж, дэлхийг аврах ажлаа ч үргэлжлүүлнэ. Бяцxан хүү Жекийн супер хүч ч ил гарах цаг болсон байна.

Г.МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Хүчирхийллийн “Гинжийг тасал” сэдэвт гар зургийн үзэсгэлэн нээгдлээ

Жендерт суурилсан хүчирхийллийн “Гинжийг тасал” сэдэвт гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Blue Mon centre-д боллоо. Уг үзэсгэлэн нь хүүхэд өсвөр үеийнхний дуу хоолой, үзэл бодлыг урлаг, уран бүтээлээр дамжуулан сурган хүмүүжүүлэгч багш, эцэг эх, асран хамгаалагч нарт нөлөөлөх зорилготой гэнэ. “Гинжийг тасал” нөлөөллийн кампанит ажлыг НҮБ-ын Хүн амын сан, Щвейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн оны есөн сараас эхлэн манай улсад хэрэгжүүлж байгаа юм байна. Кампанит ажлын хүрээнд нэгдүгээр сард ЕБС-ийн ахлах анги, МСҮТ-д суралцдаг өсвөр үеийн хүүхдүүдийн дунд “Гинжийг тасал” гар зураг болон зурагт хуудасны бүтээлийн уралдаан зарлажээ. Уг уралдаанд оролцогч хүүхдүүдийн ирүүлсэн бүтээлийг үзэсгэлэнд дэлгэжээ. Мөн үзэсгэлэн тавигдсан бүтээлүүдээс шилдэг дөрвийг нь энэ үеэр шалгаруулсан юм.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын зохицуулагч Б.Оюундарьтай энэ тухай ярилцлаа.

Тэрээр ярихдаа “Нийт 150 гаруй бүтээлүүд ирсэн. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үе тэнгийнхний дарамт, цахим орчин гэсэн дөрвөн үндсэн сэдэв дор зохион байгуулсан. Хүчирхийллийг хэн үйлдэж байна, хэн зааж өгч байна, насанд хүрэгчид томчууд бид шүү дээ. Өдөр тутам томчууд бид бие биенийгээ доромжилж, харааж, хэн нэгний хажууд хүчирхийлэл үйлдэж байна. Дор хаяж бид телевиз радиогоор байлдаан, аллагатай киног хүүхэдтэйгээхамт үздэг мөртлөө хайр сэтгэлийн тухай киноны хэсгийг“том хүнийх” гээд үзүүлэхгүй загнадаг. Бидний гол зорилго юу байсан бэ гэвэл насанд хүрэгчид, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч нарт үүнийг ойлгуулахыг зорьсон. Ийм орчинд өссөн хүүхэд нэг нэгнийгээ доромжилж, зодож хүчирхийлэх ньэнгийн зүйл гэжүзэж байна. Энэхүү үзэсгэлэн манайбайгууллагын хүчирхийллийг эсрэг хийсэн зургаан ажлын нэг нь л юм” гэв.

-Өөр ямар ажил хийсэн бэ?

-“UB COMEDY”-гийн залуустай хамтраад эцгийн эрхт ёсыг буруушаасанөгүүлэмжийгхошин шогийн үзүүлбэрээр үзүүлсэн. NtV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгтэй хамтран гурван удаагийн дугаарыг “Хосын аюулгүй харилцаа”, “Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөхгүйн тулд яах ёстой вэ?” “Ажлын байрны бэлгийн дарамт” сэдвүүдээрнэвтрүүлэг бэлдсэн. Мөн зурагт номоор дамжуулан хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдэд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хуулийгтаниулах, урьдчилан сэргийлэх, хаалганы цаадах хүчирхийллийг таслан зогсоож, ил гаргах тухай комикс зурагт номнуудыг тарааж байгаа. Маргааш гэхэд бид Дундговь аймагт ажиллах юм.

-Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хүүхдүүдийн хэдэн хувь ньта бүхэнд ханддаг вэ?

-Сүүлийн жилүүдэд хүчирхийлэлд өртсөн гэжмэдээлж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Энэ нь хүүхдийн тусламжийн утас 108, гэр бүлийн хүчирхийллийн дуудлагахүлээж авах 107, шуурхай тусламжийн утас 102 гэх мэтчилэн утаснуудад хандах нь ихэссэн. Хүчирхийллийн хэргийн тоо нь нэмэгдэх тусмаа хаалттай хаалганы цаана үйлдэгдэж байгаа хэргүүд ил гарч ирж байна гэж үздэг. Нэг ч гэсэн ээж, эмэгтэй, өндөр настан эрхээ хамгаалуулахаар тэмцэж байна гэж бодоорой. Манайд жилд дунджаар 15-20 үйлчлүүлэгч ханддаг, бид үйлчүүлэгдчийнхээмэдээллийг нууцалдаг юм.

-Нэг хохирогчтой ажиллахад хэдий хэр хугацаа шаардагдах вэ?

-Хэлэхэд хэцүү. Энэ зүгээр нэг эвдэрхий ширээ, сандал засч байгаатай адилхан биш.Ялангуяа бэлгийн хүчирхийллийн дарамт бол насан туршдаа хүний сэтгэл санаанд үлдэнэ. Тэр хүнд урт хугацааны тогтмол сэтгэл зүйчийн үйлчилгээ шаардлагатай байдаг. Даанч энэ үйлчилгээг үзүүлэх тогтолцоо, боломж манайд байхгүй. Тогтолцоо бий болж байгаа ч хүн хүч, ажлын байр хүрэлцдэгггүй. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, аймаг дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээр дамжуулан үйлчилгээ үзүүлдэг боловч нэг ажилтанд ноогдох хүн хэдэн мянга. Хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх боломж хомс байна.

-Монгол Улсад хүчирхийллийг таслан зогсоох, бууруулахямар арга зам боломж байна вэ?

-Урьдчилан сэргийлэх нь чухал. Таван настай хүүхдэд нэг удаа мэдээлэл хүргээд “За чи мэдлэгтэй болчихлоо” гэх биш тууштай, шаталсан, шинжлэх ухааны цогц хөтөлбөр байх ёстой гэв.

Нэгдүгээр байранд шалгарсан I сургуулийн 12б ангийн сурагч Т.Цэлмэг:

-Би гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн охины тухай зурсан. Мэдээллээ сошиал болон зурагтаас авсан. Зурагны маань санаа нь аав нь гаднаасаа гоё харагдаж байгаа боловч дотроо ямар хүн болохыг хүмүүс мэдэхгүй. Архи ууж охиндоо агсам тавьж, бухимдалаа гаргадаг. Цаана нь ээж нь амаадараад, буланд нуугдаад сууж байгаа. Энэ охин өөр хүнд хэлэхээс айгаад, гаднаа инээмсэглэсэн баг зүүсэн боловч уйлж байгаагаар зурсан гэж ярилаа.

Чамд гэр бүл болон багш, асран хамгаалагч чинь хүчирхийллийн эсрэг ямар нэгэн мэдээлэл, зөвлөгөө өгдөг үү? Хүчирхийллийн эсрэг мэдээллийг чи яаж авдаг вэ?

-Би гэр бүл, багшаасаа авч байгаагүй. Харин сошиал орчин болон зурагтаас авдаг.

Дашрамд сонирхуулахад “Гинжийг тасал” үзэсгэлэн энэ сарын 7-11-ны өдрүүдэд олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй тавигдах аж.

Б.ҮРЖИГ

Г.МӨНХЦАЦРАЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА





Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Box office шилдэг 10 кино


Jumanji: Welcome to the Jungle

Image result for Jumanji: Welcome to the Jungle

Ахлах сургуулийн 4 хүүхэд агуулахаас хуучин тоглоом олоод тоглоно. Гэтэл тэд сонгосон дүрдээ хувиран тоглоомон дотроо орох ба тэндээсээ гархын тулд бүгд нэг баг болж хамтдаа бүгдийг даван туулна.

Энэхүү кино нь 119 минут үргэлжлэх ба долоон долоо хоног гарч байгаа.

Нийт$352,572,974 долларын ашиг олсон бол сүүлийн долоо хоногт $10,930,222 долларын ашиг олжээ.

Maze Runner: The Death Cure

Image result for Maze Runner: The Death Cure

“Flare” нэртэй шинэ үхлийн өвчнийг анагаах эмчилгээ олохоор эрэлд гарна.

Тус кино нь 141 минут үргэлжлэх ба дэлгэцнээ гараад хоёр долоо хонож байна.

Нийт $40,035,094 долларын ашиг олсон бол сүүлийн долоо хоногт $10,474,895 долларын ашиг олжээ.

Winchester

Image result for Winchester MOVIE

Дэлхийн хамгийн хачин жигтэй байшин Сан-Францискогоос 50 миль зайд тусгаарлагдсан газарт бий. Уг байшинг Winchester-ийн өв залгамжлагч Сара Винчессын барьсан. Долоон давхар өндөртэй бөгөөд хэдэн зуун өрөөтэй асар том байшин юм. Тэдний дунд хамгийн аймшигтай нь Winchesters-тэй тэнцэх юм.

Энэхүү кино нь 99 минут үргэлжлэх ба гарч эхлээд нэг долоо хоног болж байгаа ба нийт орлого нь $9,307,626 доллар байна.

The Greatest Showman

Image result for The Greatest Showman

Шоу бизнесийн төрөлтийг баяр хөөрөө илэрхийлж, дэлхий даяарх мэдрэмж болсон үзвэрийг бий болгохын тулд юу ч хийгээгүй үзэгчийн тухай өгүүлдэг.

Тус кино нь 105 минут үргэлжлэх ба долоон долоо хоног гарч байгаа.

Нийт$137,370,816 долларын ашиг олсон бол сүүлийн долоо хоногт $7,695,644 долларын ашиг олжээ.

The Post

Image result for the post movie

АНУ-ын Ерөнхийлөгчийн дөрвөн ерөнхийлөгчийн хамрах хүрээ нь улс орны хамгийн анхны эмэгтэй сонины нийтлэгч, хатуу хөтлөгч редакторыг түлхэж, хэвлэл мэдээллийнхэн болон засгийн газрын хооронд урьд өмнө үзэгдээгүй тулалдаанд орно.

Тус кино нь 116 минут үргэлжлэх ба долоон долоо хоног гарч байгаа.

Нийт $67,202,632 долларын ашиг олсон бол сүүлийн долоо хоногт $5,218,122 долларын ашиг олжээ.

Hostiles

Image result for Hostiles

1892 онд домогт армийн ахмад аюултай газар нутгаар Ченны ахлагч болон түүний гэр бүлийг дагуулахаар дуртайяа хүлээн зөвшөөрөв.

Тус кино нь 134 минут үргэлжлэх ба долоон долоо хоног гарч байгаа.

Нийт$20,822,641 долларын ашиг олсон бол сүүлийн долоо хоногт $5,108,228 долларын ашиг олжээ.

12 Strong

Image result for 12 Strong

Афганистанд алба хааж байсан анхны тусгай хүчний багийн түүхийг хүчтэй өгүүлдэг; Шинэ ахлагчийн удирдлаган дор баг нь Афганистаны эрх баригчидтай хамт Талибаныг орхин явах ёстой.

Тус кино нь 130 минут үргэлжлэх ба гурван долоо хоног гарч байгаа.

Нийт $37,300,034 долларын ашиг олсон бол сүүлийн долоо хоногт $4,706,481 долларын ашиг олжээ.

Den of Thieves

Image result for Den of Thieves

Лос-Анжелес хотын Шерифийн дээд сургуулийн элит албаны амьдралыг дагаж мөрдөж байгаа гэмт хэрэг, хууль сахиулах банкны дээрэмдэж буй багийн гишүүд нь Холбооны Нөөцийн Банкинд боломжгүй мэт санагдана.

Тус кино нь 140 минут үргэлжлэх ба гурван долоо хоног гарч байгаа.

Нийт $36,152,095 долларын ашиг олсон бол сүүлийн долоо хоногт $4,551,163 долларын ашиг олжээ.

The Shape of Water

Image result for The Shape of Water

Хүйтэн дайны үед АНУ-ын 1963 оныг баримталж байсан. Өндөр нууцлалтай засгийн газрын лабораторид ажиллаж байхдаа ганцаардсан Елиза (Салли Хаулкинс) нь чимээгүй, тусгаарлагдмал амьдралаар баригджээ. Тэрбээр хамтран ажиллагч Zelda (Octavia Spencer) нууц ангиллын туршилтыг илрүүлэхэд Эстигийн амьдрал үүрд өөрчлөгджээ.

Тус кино нь 123 минут үргэлжлэх ба дөрвөн долоо хоног гарч байгаа.

Нийт$44,728,570 долларын ашиг олсон бол сүүлийн долоо хоногт $4,448,520 долларын ашиг олжээ.

Paddington 2

Image result for Paddington 2

Энэхүү кино нь 104 минут үргэлжлэх ба ба дөрвөн долоо хоног гарч байгаа.

Нийт $36,481,132 долларын ашиг олсон бол сүүлийн долоо хоногт $3,277,453 долларын ашиг олжээ.

Паддингтон баавгай шинэ гэр бүл, олон найзуудтай болсон байлаа. Тэр өөрийн нагац эгчийнхээ 100 насны ойд тохирох сайхан бэлэг олсон боловч бэлгийг нь хэн нэгэн хулгайлна.

Г.МӨНХЦАЦРАЛ