Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр олон улсын театрын өдөр тохиож байна

Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсэж хөгжин өнөөдрийг хүрэхдээ хэдэн мянган жилийг үджээ. “Театр” хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, үнэн мөн, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна.

Жил бүрийн 03 дугаар сарын 27-ны өдрийг 1962 оноос хойш дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм.

87-н жилийн түүхтэй Улсын драмын эрдмийн театрын хамт олон энэхүү баярын өдрөө угтаж жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд”-ээр зарлаж өөрийн урын сан дахь дэлхийн сонгодог бүтээлүүдээс сор болсон жүжгүүдээ дээжлэн авч үзэгч түмэндээ өргөн барьдаг билээ. Тэгвэл энэ оны сонгодог жүжгийн өдрүүд маань өнөөдөр В.Хюго “Парисийн дарь эхийн сүм” жүжгээр эхлэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“ТУСЧ ХИЧЭЭНГҮЙ СҮБЭЭДЭЙ ХҮҮ” жүжиг үнэ төлбөргүй тоглогдоно

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар “Монгол оркест” ХХК-ийн 49-р гудамж хүүхэд, залуусын албатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгээр 49-р гудамж хүүхэд, залуучуудын театраас санаачлан хэрэгжүүлж байгаа “Тусч, хичээнгүй Сүбээдэй хүү” жүжгийг нийслэлийн хүүхэд багачуудад цуврал байдлаар хүргэхээр болсон бөгөөд цаашид хүүхэд багачуудын хүмүүжил төлөвшилд эерэгээр нөлөөлөх жүжиг, тоглолт, хүүхдийн хөгжлийн чиглэлээр дугуйлан, клуб, сайн дурын үйл ажиллагаануудыг хамтран хэрэгжүүлж ажиллахаар боллоо. Тус жүжиг амралтын өдөр бүр зохион байгуулагдаж байна гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшн нээлтээ хийнэ

Зураг

“Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшнийг “Ocean Pictures”-ийн хамт олон, таван жилийн хугацаанд бүтээж дуусгасан бөгөөд удахгүй олны хүртээл болгоно.

Энэ бүтээл Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөн 80 гаруй жилийн хугацаанд дэлхийн стандартад нийцсэн 2D болон 3D хосолчон бүрэн хэмжээний анхны анимэйшн болж гэдгээрээ онцлог юм. “Монголын нууц товчоо”-ноос сэдэвлэсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын ивээл дор урлан бүтээсэн байна.

Тус хүүхэлдэйн киноны бүтээлд гадаад дотоодын олон анимейшний мэргэжилтэн хамтран ажилласан бөгөөд 2 жилийн судалгаа шинжилгээний дүнд байгалийн бүрэн зураглалыг гаргажээ. “Ocean pictures”-ийн уг бүтээлийг монгол хүн зохиож, найруулсан бөгөөд морин хуур, хөөмий, ятга гээд монгол үндэсний хөгжмийн зэмсгүүдийг оруулж, монгол дуу оруулалттай хийснээрээ онцлог юм.

“Ocean pictures”-ийн албан ёсны вэб хуудаст “Монголын Нууц Товчоо”-оос сэдэвлэн бүтээсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшн хүүхэлдэйн киног бид дэлхийн стандартад бүрэн нийцүүлэн хийж бэлэн болгоод байна. Энэхүү анимэйшнийг хийхэд гадны улс орнуудын олон анимэйшний мэргэжилтнүүд ирж зөвлөгөө өгч ажилласнаараа онцлог төдийгүй дэлхийд алдартай “Walt Disney” компанийн формат чанарт бүрэн нийцсэн анимэйшн юм” хэмээн бичжээ.

Энэхүү бүтээлийн анхны трэйлерийн англи хувилбарыг үзэх боломжтой. Энэхүү бүтээлийг энэ сарын 31-ний бямба гарагаас эхлэн бүх кино театраар үзэгчдийн хүртээл болно.


Categories
мэдээ соёл-урлаг

Монголыг тойрон аялахад үзэх газрууд 4

Их газрын чулуу зурган илэрцүүд

Урин дулаан цаг ирж аялал зугаалга эхлэх гэж байгаатай холбогдуулан Монгол улсын 21 аймгуудын гайхамшиг болсон заавал очиж үзэх учиртай үзэсгэлэнт газруудын дөрөв дахь цувралаа толилуулж байна.

ДУНДГОВЬ АЙМАГ

1.Их газрын чулуу

Говь-Угтаал, Гурвансайхан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм. Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг бөгөөд байгалийн үзэсгэлэн, газарзүйн онцлогийг хамгаалах зорилгоор 2003 онд УИХ-ын 30 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Мандалговиос зүүн урагш 80 километрт оршдог байна.

Их газрын чулуу нь уртаараа 30 орчим өргөөшөө 15 км сунаж тогтсон 600 шахам ам км талбайг эзлэн хойшоо урагшаа, баруун зүүн тийшээ гудамлан эгнэсэн байц тогтоцтой. Далайн түвшнээс 1565-1709 метр өргөгдсөн боржин, асмалжин, толбожин гэх мэтийн гүний чулуулаг, пермь, цэрд, гурав дахь галавын элсэн чулуу, нүүрслэг занар, алаг мөлгөр хөрзөн, шохойн чулуунаас тогтсон юм. Өлзий, Сүмбэр, Баян уул, Хайрхан зэрэг ноёлог өндөрлөгүүдтэй. Өвгөн хад, Сэнжит хад, Хаан хатан, Хайлсман, Тувин, Гуа өлгий, Монгол, Баян уул, Ёрвон гэх мэт өвөрмөц хэлбэр тогтоц бүхий байц хад олонтой юм.

Мөн хойш урагшаа чиглэлтэй 20 километр орчим үргэлжилсэн хоёр хэсгээс тогтох бөгөөд хамгийн өндөр цэг нь 1706 метр өндөр Ерлөг уул юм. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай байна.

2.Дэл уул


Дэл уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт орших баруунаас зүүн тийш 17 км, хойноосоо урагш 8 км орчим сунаж тогтсон жижиг жижиг дэл маягийн хаднуудаас бүрдэх бөгөөд урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай хил залган оршино.

Энэхүү уулнаа МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртлэх хүмүүсийн эдийн болон оюуны үнэт дурсгалууд өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн билээ. Дэл ууланд хүрлийн үед холбогдох 3000 орчим хадны сүг зураг, эртний хүмүүсийн оромж бүхий хавтгай чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш, руни бичгийн дөрвөн дурсгал, Тан улсын үед холбогдох Монгол болон Хятад бичээс зэргийг нээн илрүүлсэн байна.

Дэл уулын түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор тус газарт байгаа сүг зураг, буган чулуу, булш, хиргисүүр, руни бичгийн дурсгалыг нэг бүрчлэн бүртгэн, зурагжуулах, карт, дугаар, таних тэмдэгтэй болгон сүг зураг бүхий хадан дэлүүдэд тээврийн хэрэгсэл хэт ойртохоос хамгаалж хаалт, хашлага хийсэн.

3.Бага газрын чулуу

Бага газрын чулуу Дундговь аймгийн нутаг дэвсгэрт орших бөгөөд далайн түвшнээс дээш 1768 м өндөр өргөгдсөн байна.

Өндөр уулгүй, эргэн тойрон талархаг газраар хүрээлэгдсэн 300 орчим ам дөрвөлжин талбай бүхий хад, чулуутай уулын тогтоц юм. Хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 1768 метр өргөгдсөн Тахилгын Хавцал. Өрж тавьсан мэт харагдах боржин чулуугаар бүрхэгдсэн уулуудын дундуур хөндий тал, хөндийд уулаас эх авсан булаг, рашаан урсдаг байжээ.

Аргаль, янгирын томоохон сүрэг, уулын арын тал газарт зээрийн сүрэг бэлчдэг. Бага Газрын Чулууны уулын ам, хөндийд Жаргалантын агуй, Сөдөтийн ам, Нүдний рашаан, Гэр хад гэх мэт жуулчдын сонирхлыг татах олон газар бий. Бага Газрын Чулууны зүүн өмнөдөд Гэр хад хэмээх жижгэвтэр хадан дээр хүрлийн үеийн хадны сүг зураг бий. Янгир, нум сум, хүн, нохойтой төстэй жижгэвтэр амьтныг сийлбэрлэн үлдээсэн байдаг. Түүнээс холгүй өөр нэг хаданд хоёр бугыг дүрсэлсэн байх бөгөөд 170 см урт, 90 см-ийн өргөнтэй энэ зураг аймгийн хэмжээнд томоохон олдворт тооцогддог.

Бага Газрын Чулууны их хөндийн зүүн хойд төвд жижгэвтэр чулуун толгодын ёроолд Жаргалантын агуй бий. Чулуун хадны доогуур хурын ус урсдаг 2 метр орчим голчтой том амтай, эгц доош гүнзгийрсэн энэ агуй 18 метр үргэлжилдэг. Энэ нутагт ганц ямаатай хөгшин суудаг байгаад ямаа нь агуй руу орж алга болсон тул араас нь орж, дахин эргэж гарч ирээгүй. Агуйд дахин хүн оруулахгүйн тулд 3 метр орчмын нарийхан хэсэгт таглаж битүү болгосон гэж ярьдаг. Агуйн эргэн тойрон гүйлс ургадаг, хавар зуны цагт цэцэглэсэн байхдаа маш сайхан харагддаг. Жаргалантын агуйгаас 1 км орчим зайд эгц элгэн хадан дээр зориуд өрөмдсөн мэт харагдах хагас метр орчим гүн нарийнхан цооног нүхэнд хурын ус тогтсоныг нутгийнхан Нүдний рашаан гэж нэрлэдэг.

4.Онгийн хийдийн туурь

Сайхан-Овоо сумын нутагт Онгийн голын ус ургамал жигдэрсэн үзэсгэлэнт нэгэн тохойн зүүн эрэгт Сайхан-Овоо уулын энгэрт байдаг туурь. Онгийн хийдийг Түвдээр “Гүнджамбаалин” хийд гэдэг бөгөөд энэ нь “Хотол өглөгч” гэсэн утгатай. Хутагт лам Ишдоньлхүндэв, түүний шавь Барь лам Дамцагдорж нар 1760-1810 оны хооронд бариулжээ. Тухайн цаг үед 1000 гаруй лам хувраг шавилан суудаг 28 сүм дугантай байжээ. Тус хийдээс 15 км зайтай, Онгийн голын эрэг дагуу “Хошуу хурлын хийд” хэмээх бас нэгэн хийд байсан бөгөөд Онгийн хийдийн баруун жигүүрт байгуулагдсан Хутагт ламын хийд, зүүн жигүүрт байгуулагдсан Хамба Дамцагдоржийн хийдүүдийг оруулаад “Онгийн гурван хийд” гэж нэрлэж байжээ. Онгийн хийдэд 4 сургалтын дацан хийд байсан бөгөөд шашны гүн ухаан, нууц тарни бясалгал, анагаах ухаан буюу мамба, тоон ухаан буюу математикийн чиглэлийн сургалтууд явуулдаг байжээ. Сүмийн сүүлчийн Хамба лам Лувсандорж нь 1937 онд баригджээ.

5.Морин хуур

Мандалговь хотын хойт өндөрлөг дээр 7,5 метр өндөр аварга том морин хуурыг урлан залсан нь Дундговь аймаг дуу хуурын орон гэдгийг илтгэдэг. Энэ аймгийн нэг бренд нь морин хуур. Морин хуур бий болсон түүхийг өгүүлсэн домогт Хөхөө Намжил гэж нэгэн сайхан эр жигүүрт хүлэг мориороо хүссэн газраа хүрдгийг мэдсэн хорон санаат нэгэн түүний морины жигүүрийг тас хайчилсанд гашуудсан эзэн нь яг адилхан морин толгой сийлж ширээр нь цар, сүүлээр нь чавхдас хийн морин хуур урлаж сайн хүлгийнхээ алхаа гишгээ, арилжаа хатирааг хуурддаг байсан домогтой. Тэгээд ч аймгийн сүлд нь Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн жигүүрт хүлгийн дүрстэй.

6.Өөш манхан
Дундговь аймгийн төвөөс урагш 130 гаруй км яваад Өөш манханд хүрнэ. Өлзийт сумын нутаг дахь энэ манхан олон жилийн элсний нүүдэл, цөлжилтийг үл ажран нэг км урт, зуу гаруй метр өндөр элсэн уул хөндөлсөн шаргалтсаар заг, бударганат говио чимэглэж байна. Хөлийн аясаар урсан нурах элсэн уулын оройд мацан гарвал оройн ирмэг хутганы ир шиг агаад хялгана ч үл хөдлөх салхигүй атал шар торгон мяндас хийсэх адил торгон элс намиатан байх аж.

Элсэн уулын оройгоос загийн шугуй бүхий Өөш, Номгоны их говь, Загийн усны хоолой алсран цэлийж харагдана. Энд бөөрний сувилалын газар байдаг. Халуун элсэнд булж, ингэний сүү уулгах мэтээр бөөр нь өвчтэй хүнийг эмчилдэг. Нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг эмчилдэг гэнэ.

Энэ элсний ”ид шид”-ийг 1978 онд анх нээсэн байна. Элсний найрлага нь их өөр бөгөөд нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Хэлнийхээ хонхорт тавихаар хайлчихдаг. Уг элсийг барилгын ажилд хэрэглэж болдоггүй юм байна. Зөвхөн бөөр, дотоод таван цул ч бус үе мөч, хөл, гар, нуруу нь татсан хүмүүс эмчлүүлэх гэж зорьдог байна.

7.Дэлгэрхангай уул

Дэлгэрхангай уулыг эрт цагт Инэл хан уул гэдэг байж. Инэл гэдэг нь энгүй их, маш их, их юмны таг гэсэн утгатай үг байгаа юм. Дэлгэрхангай уулын яг орой дээр хэвлий (хэвтэш) маягийн томоос том талбай байдаг. Түүнийг Алтан тэвш гэдэг байна.

Гэсрэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онох Үйзангийн хүү Автай (1534-1586) Далай ламаас Очирбат түшээт хан цөл хүртэхдээ өөрийн хошууны гол сүлдэн тахилгат уул Инэлд “уулсын хаан” (түвдээр Даржаажалба) буюу Дэлгэрхаан цол зарлигаар олгож түүнээс хойш төрийн тахилгатай болгосон бөгөөд Дэлгэрхангай гэж нэрийдэх болжээ. Энэ уулнаа их хааны шарилыг онголсон байж болох хэд хэдэн баримт таамаглал бий.

ЗАВХАН АЙМАГ

1.Отгонтэнгэр хайрхан

Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх 6-8р зуунд Түргүүд тахидаг байжээ. Түүнээс хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911онд Богд хаан жил бүр ламын шашины ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995 онд төрийн тахилгатай болж 4 жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна.

Энэ хайрхан нь эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсгалт, нуураар элбэг ойр орчмын уулсууд байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, ан амьтан биосфер, экосистемийн бүрдэл маш сайн бүрдсэн, ховор ургамал амьтан элбэг, олонд алдаршсан рашаан сувилал, хойд талаас нь эх авч урсах Богдын голын баруун эрэгт байдаг.

Отгонтэнгэр уулын ноён оргил далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай билээ. Очирвааний оргилд ил байдаг уулсууд бүгдэд нь хормой, энгэргүй бүрхэж таван зүйлийн өнгө үнэр сүлэлдсэн арц ургадаг. Тэр дундаа хонин арц нь бүүр ч үнэр тансаг ажгуу. Арцыг гишгэх, мөчрийг нь гэмтээхийг эрс цээрлэнэ. Арцыг авахдаа ном ёсоор нь Очирвааний зүрхэн тарни хэлж хормой дэвсэн сөхөрч суугаад алга хавсран мөргөн гуйж авдаг уламжлалтай. Вансэмбэрүү хэмээх гайхамшигт ихэр цэцэг царам асга бараадан найман сарын дундуур дэлгэрэн ургана. Тэр бүр эрсэн хүнд олдохгүй. Үзэгдэх хүндээ 20, 30-аараа үзэгдэнэ гэж ярьдаг ажээ.

2.Хар нуур


Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80 км, Аймгийн төвөөс 110 км оршдог. Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошийн сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Гүнээрээ 48 м, уртаашаа 30 орчим км, өргөн нь 5-10 км сунаж тогтсон нуур омоль, пельд загас үрждэг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2600м өргөгдсөн их, бага 2 авгаш байдаг.

Нуур нь хойд талаараа элсээр хүрээлэгдсэн Хангайн сувд гэгддэг нуур. Урьд талаараа Товхош, Намаржаа, Хар хад гэсэн өндөр уулсаар хүрээлэгдсэн. Энд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Мөн нуурын дээгүүр шунх хэмээх цэцэг ургаж гарч ирсэн нь сайхан үзэсгэлэнтэй харагддаг.

Нуурын ус баруун өмнөөс хүрээлсэн манхан элсэн доогуур шурган, 10 гаруй булаг болон ундран шүүрч, Хүнгүйн голд нийлэх учраас ийнхүү давсгүй хужиргүй байдаг онцлогтой.

3.Загастайн давааны хүн чулуу

Эрт урьд цагт Монголчууд хятадад ноёрхож байхад юм гэнэ. Хятадууд бослого гарган Монгол хааны аминд хүрээд зогсохгүй үр удмаар нь хүйс тэмтрэх хорон санаа өвөрлөжээ. Хааны эхнэр нэгэн ламын туслалцаатайгаар Чингис хааны хойчийг залгамжлах бяцхан нуган үрээ аван санд мэнд зугтаж амжиж гэнэ. Босуул гурав тэмээ унан говь цөлийг туулан эх Монгол нутгаа тэмцжээ. Хятад түшмэд тэднийг барьсан хүнд их хэмжээний шагнал амлан 300 морьтон цэрэг илгээн тэдний араас мөрдүүлж гэнэ.

Хөөн ирсэн дайсанд гүйцэгддэгийн даваан дээр лам тэнгэр бурханд залбиран хур гуйсанд их цас орж морь унасан хятад цэрэг урагшилж үл чадан ард хоцорчээ. Ийнхүү тэд явсаар Загастайн даваанд дөхөж байтал мөрдөн хөөгчид дахин ойртож иржээ. Оргодол гурван Монголын толгойг тасдан аваачиж өндөр шан хүртэхийг горьдсон хятадуудын баясан хашгирах дуу араас нь улам ойртсоор л. Гэтэл давааны оройд гараад тамир нь барагдсан ламтан үхэдхийн унаж бурхны оронд оджээ.

Яахаа мэдэхээ байсан залуу хатан бяцхан хүүгээ дээш өргөн “Монгол газрын этүгэн эх дэлхий, бурхад минь ээ! Монгол хэмээх нэрийг даян дэлхийд цууриатуулсан агуу их хүний удмыг энэрэн соёрхож хайрла! Чингис хааны яс махны тасархайг үхлээс хэлтрүүлж соёрхооч! гэж гуйн хашгирсан байна. Тэгтэл түүний хажууд нэгэн бяцхан цагаан хулгана гарч ирээд хүний хэлээр намуухан дуу гарган: “Чамайг авруулахаар намайг илгээсэн болой. Айж тэвдэлгуй аян замаа үргэлжлүүлсүгэй. Хүүг чинь гайхамшигтай суу алдар, харин мөрдөн хөөгч нарыг үхэл хясал хүлээж буйг мэдтүгэй! хэмээжээ.

Хатан хулгана руу үл итгэсэн харцаар харж “300 морьтон дайчныг өчүүхэн жижиг хулгана дийлнэ гэж үү” хэмээн асууужээ. Гэнэт тэнгэр нижигнэж аянга цахилан асар том хадан цохио хагаран нурж доороос өгсөн ирж байсан морьтон эрсийг бяц даран хаман оджээ. Тэгээд өнөө бяцхан хулгана хадан дээр үсрэн гараад:

– Би бол Загастайн эзэн савдаг байна. Би бурхадын ивээлд байдаг хүчирхэг нэгэн билээ, харин чи ид шидэт хулгана миний хүч чадалд эргэлзсэний чинь төлөө Загастайн даваа энэ өдрөөс зөвхөн нүгэлт хүмүүст ч бус, басхүү буянт хүмүүн нарт саад тотгор учруулах болмуй” гэжээ.

Энэ цагаас хойш үүгээр явагсад Загастайн даваанаас аюун сүрдэх болсон түүхтэй байна.

4.Бор хярын элсэн манхан, Мухартын гол

Баруун Зүүн Монгол хэмээх хоёр уулын өмнөхөн байдаг бөгөөд Завхан аймгийн Ургамал сумын араар зүүн тийш үргэлжлэн, Хунгийн голыг хөвөөлдөг. Тэндээс Эрдэнэ хайрхан сумын хойгуур өгсөж, Яруу нутаг хүртэл тэлж тариан шаргал үтрэм шиг санагдах 300 орчим км урт үргэлжилнэ. Эл манхан элсийг хөндлөн туулах Монгол хотгор.

Олгой, Цэцэний сүв гэж бий. Элсэн манхан далай болсон энэ алтан шижир элсийг ирээдүйн Монголын барагдашгүй алтан чулууд гэж нутгийн олон хэлцдэг байна.

5.Их хайрхан уул

Эрдэнэхайрхан сумын нутагт байх, эртний далайн ёроол бүхий тогтоцтой, шохойн чулуун уулыг Их Хайрхан уул хэмээдэг. Уг уул цавчим өндөр байц хад бүхий хавцлуудтай, 10-15 метр урт аж. 108 хадан агуй, төрөл бүрийн модлог бутлаг ургамал, олон зүйлийн ан амьтантай, унаган төрхөө жинхэнээр нь хадгалсан байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ уулыг зоригсдын тоо жилээс жилд нэмэгдсээр буй аж.

Нутгийн ард иргэд ч уг уулыг Манзушир бурхны орон буюу Алтан тэвш уул хэмээн хүндэтгэн нэрлэж тахин шүтсээр иржээ. Түүний 108 агуйн дотроос хамгийн том нь Эхийн, Намширын, Бага гэж нэрлэгддэг агуйнууд юм.

Эхийн агуй нь 137 метр урт бөгөөд агуйн аман дээр хадаг яндар бүхий том овоо босгосон байдаг. 70 орчим метр газрыг босоогоор явж, цаашлах тусам бөхийж, мөлхөж явсаар мухарт хүрэх ба агуйн адагт сэндэр шороо байх аж. Энэ шороог эртнээс нааш Монголчууд яр шарханд түрхэх байдлаар хэрэглэж ирсэн аж.

6.Дааган дэлийн буган чулуун хөшөө

Шилүүстэй сумын нутаг Дааган дэл уулын хойд энгэртийн уужим дэвсэг дээр хоёр эгнээ найман буган хөшөө бий. Эдгээр хөшөө чулууд нь Завхан аймгаас Баянхонгор орох төв замын дагууд байрлах бөгөөд холоос тод харагдана. Үүнийг Дааган дэлийн буган хөшөө гэж судлаачид нэрлэдэг.

Эдгээр найман хөшөөний хоёр нь газарт ойчсон байна. Хөшөөнүүдийг ягаавтар өнгийн боржин чулууг сайтар засч, бугын дүрсийг гоёмсогоор дүрсэлсэн байх нь хөшөөнүүд дээр ажиглагддаг. Мөн хөшөө чулуунуудын доод бие буюу бүслүүрт нь нум сум, чинжаал хутга, бамбай, сүх мэтийг дүрсэлсэн байгаа нь тод ажиглагдана.

Хөшөө чулуунуудын ерөнхий хадгалагдаж үлдсэн байдал нь нилээд сайн, зураг дүрслэлүүд нь тод сайн харагдаж байлаа. Дааган дэлийн хөшөө чулуунаас холгүй мөн 8 ширхэг хөшөө чулуу тал дээр байдаг. Эдгээр найман хөшөө чулуу нь хэмжээгээр жижиг, мөн л ягаавтар өнгийн боржин чулууш засч хийсэн байх бөгөөд зураг дүрслэлийн хадгалагдаж үлдсэн байдал нь нилээд тааруу, бараг мэдэгдэхгүй шахам байдаг. Дааган дэл орчим энэ жижиг бүс нутагт мөн буган чулуу хөшөө хиргисүүр тархсан байдал нь нь нилээд өндөр, мөн Завхан аймгийн Отгон сумын төв дээр нилээд олон буган чулуун хөшөө, хиргисүүрүүдийг үзэж харж болно.

ОРХОН АЙМАГ

1.Зэргэлээ

Орхон аймгийн Жаргалант сумын нутагт Эрдэнэт хотоос зүүн урагш 25км зайд, Чингэл гэдэг жижиг голын хойд эрэг дагуу орих араараа модтой толгод, тэгш дэвсэгүүдтэй 10 км үргэлжлэх газрыг Зэрэглээ хэмээнэ. Чингэлийн голын хөвөөгөөрөө Булган аймагтай хиллэдэг.

Голын урд эрэг нь өндөр толгой, модтой уулын ар хэсгээр хүрээлэгдсэн үзэсгэлэнтэй газар байдаг. Энэ газрын гол онцлог нь голын хойд хэсгийн дэвсэг толгодууд нь түүхийн үл хөдлөх дурсгал болох хүрэл ба төмрийн үе (НТӨ I-III), Түрэгийн үе (YI-YIII), дундад зууны (XII-XY зуун) үеийн булш, хиргисүүр, зэл чулуу (балбал), тахилын онгонууд элбэг байдаг. Олон эрин үе, зуунд хамаарах дурсгалууд нэг дор олноороо зэрэгцэн оршдог нь тус газрын гол онцлог бөгөөд 40 гаруй дурсгал байдаг. Засгийн газрын 2008 оны 175-р тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар хамгаалалтанд авсан байна.

2.Айргийн гозгорын Хүннүгийн бүлэг дурсгалт газар

Жаргалант сумын төвөөс зүүн тийш 7км зайд орших Айргийн гозгор гэдэг нүцгэн уулын өвөрт орших Хүннүгийн хожуу үеийн бүлэг дурсгал нь том жижиг нийлсэн 90 гаруй бүлэг дурсгал юм. Иймэрхүү Хүннүгийн хожуу үеийн бүлэг дурсгал ховор юм. Өвөрмонгол, Буриад, Тувагийн нутагт жижиг жирийн иргэдийн иймэрхүү бүлэг дурсгал илэрсэн. Энэхүү бүлэг дурсгалыг 2007 онд анх музейн ажилтан Л.Ганчимэг, Д.Эрдэнэбаатар, П.Баярбадрах нар нээн илрүүлж, анхны тодорхойлолт, хар зургийг үйлджээ. Энэхүү дурсгал нь аймгийн үл хөдлөх дурсгалын 2010 оны тооллогоор Хүннүгийн үед хамрах дурсгал байх магадлалтайг тогтоож Соёлын өвийн төвийн мэргэжилтэн Д.Даваацэрэнгийн хүсэлтээр аймгийн хамгаалалтанд 2010 онд авсан байна. 2014 онд Монголын үндэсний музейн хөрөнгө оруулалтаар, 2015 онд аймгийн хөрөнгө оруулалтаар малтлага хийж Хүннүгийн хожуу үе буюу Сяньбигийн үед хамаарах булш гэдгээрээ Монголын археологийн салбарт томоохон байр эзлэх дурсгал болохыг тодорхойлжээ.

3.Бөөрөнхий сайр хэмээх байгалийн тогтоц газар

Жаргалант сумын төвөөс зүүн урагш 8км зайд Намаржаагийн гозгор гэдэг толгойгоос баруун урагш 2-3 км газарт жалганы аманд байдаг бөөрөнхий чулуу юм. Нутгийнхан “Бөөрөнхий сайр” гэх ба цайвар шаргалдуу өнгөтэй, 3.8м өндөр, 5м урт өндөг шиг хэлбэртэй боржин чулуун хад юм. Хоёр талаас нь харахад ямар ч өөгүй аварга өндөр мэт харагддаг. Ил биш хонхор жалга маягийн газарт байдаг тул алс зайнаас харагддаггүй байна. Орчин тойронд нь өөр ямар ч хад чулуу байдаггүй нь сонин бөгөөд хэрхэн яаж энэ газарт бий болж тогтсон нь сонирхолтой юм.

Г. МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Шаравын уран бүтээлийн дээжээс сонсгох “Их дуурьсал” тоглолт болно

Зураг

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хааны одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравын уран бүтээлийн дээжээс сонсгох “Их дуурьсал” тоглолт энэ сарын 17-нд “Корпрэйт конвейшн центр”-т болно.

Тус тоглолт нь гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхлэл хэсэгт ард түмний сонсох дуртай “Тэнгэрийн орон” симфони удиртгал, “Гэгээн алсад одохуй”, “Баярын уянга”, “Манан”, “Сэтгэлийн эгшиг” зэрэг бүтээлүүд эгшиглэх юм. Харин хоёр дахь хэсэгт Гавьяат жүжигчин, гоцлол дуучин Ө.Уянга, Г.Ариунбаатар нар ардын дууны найруулга, ари болон хөгжмийн зохиолчийн шилдэг дуунуудаас үзэгчдэд сонордуулах аж.

Төгсгөлийн хэсэгт Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулганы бүтээл “Үхэж үл болно, Чингис хаан” киноны хөгжмөөс толилуулна. Тоглолтод эгшиглэх бүтээлүүдийг хөгжмийн зохиолч өөрөө сонгосон бөгөөд найрал дуу, уртын дуу, хөөмийтэй хэсгүүдийг илүүтэй оруулсан байна.

Тоглолтыг Улсын филармони, Морин хуурын чуулга хамтран зохион байгуулж байгаа бол УДБЭТ, Голомт банк дэмжигчээр ажиллаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Чулуу байрнаасаа хөдлөхөд гурван жил байраа олох гэж зүдэрдэг. Харин харьяа яам нь татан буугдахад 30 жил чиглэлээ олох гэж зовдог бололтой гэв

“Зуун дамнасан наян жилийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Өнгөрсөн 80 жилийн хугацаан дахь усны салбарын сэргэлт, уналт, зэрэг устай холбоотой зургуудыг та Монголын Үндэсний музейд энэ сарын 31-ийг хүртэл үзэх боломжтой юм.

Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэнд УИХ-ын гишүүн, Байгаль Орчин Аялал Жуучлалын сайд, Монгол Улсын Үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн Дэд дарга Б.Саранчимэг, Барилга, Хот Байгуулалтын Дэд сайд Ш.Лхамсүрэн, Монголын Усны Академийн ерөнхийлөгч С.Чулуунхуяг нар хүрэлцэн ирлээ.

Энэ үеэр Монголын Усны Академийн ерөнхийлөгч С.Чулуунхуяг “Өнөөдөр дэлгэж буй энэхүү үзэсгэлэнд нэгдмэл усны аж ахуйн салбарын үйл ажиллагаа улс орны хөгжилд ямар их үр өгөөж бий болгодог, цөөхөн ардын гар худгаас эхлээд монгол орны нийт бэлчээрийн 50 хувийг буюу 66,6 сая га бэлчээр сумдын 17400 орчим га талбайг услалтын орчин цагийн системээр тус тус усжуулсан Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг олон хот суурин гарын мянга мянган айл өрхийг төвлөрсөн ус хангамж, ариутгах татгуургын системд холбож, амьдралын тавтай орчинг бүрдүүлэх үйл ажиллагааны тухай өгүүлэх гэрэлт зурагнууд тавигдсан.

Мөн Монгол орны гол мөрний судалгаа Тайшир, Дөргөн, Богд зэрэг арав гаруй усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил, төрөөс усны талаар авч хэрэгжүүлсэн, тэдгээрийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэхэд эрдэм шинжилгээний хүрээлэн, байгууллагуудын үүрэг, ач холбогдлыг итгэсэн дурсамж сэргээсэн олон зураг мөн тавьсан байгаа.

Чулуу байрнаасаа хөдлөхөд гурван жил байраа олох гэж зүдэрдэг гэдэг. Харин харьяа яам нь татан буугдахад 30 жил чиглэлээ олох гэж зовдог бололтой. Сүүлчийн усны аж ахуйн яам татан буугдахад усны салбарт 6000 ажилтан, 1200 гаруй сайтар боловсорсон инженер, техникийн ажилтан өөр өөрийн замаар таран явсан. Усны салбар олон арван жил хөл дээрээ тэнцэх гэж, олон Засгийн газрын нүүр харж яваа ч тоймтой бодлогыг зэхцэлсэн, иргэд бүрд танигдахаар тийм үйл ажиллагаа одоо хүртэл үгүйлэгдэж байгаа билээ. Учир нь Усны салбарыг нэгтгэн босгож, олон жилийн хугацаанд асар их хэмжээний устай холбоотой барилга байгууламж баригдсан боловч зах зээлд шилжсэн ерээд оноос эзэнгүй болж тоногдон эвдэрч, дахин ашиглах боломжгүй болгосон, 1997 оны нэгдүгээр сард Усны хайгуул, төсөл, эрдэм шинжилгээний институт болох Усны бодлогын хүрээлэнг татан буулгаж, ШУА-ийн харьяанд шилжүүлснээр төрийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх ажлын цар хүрээ хумигдаж, хүний нөөцийн бодлого задарсан. 2005 онд Байгаль орчны яамны харьяа Усны хэрэг эрхлэх газрыг байгуулж, 2012 онд мөн л татан буулгасан зэрэг гунигтай, түүхийг өгүүлэх зураг ч бас тавигдсан” гэв.

Г.МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ соёл-урлаг

Энэтхэгийн бүжгийн хамтлаг Монголын тайзнаа

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд “Соёлын салбарт 2015-2018 онд хамтран ажиллах тухай” хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд Энэтхэгийн үндэсний бүжгийн хамтлаг 2018 оны 03 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлан тоглох гэж байна.

БНЭУ-ын “Падатик” бүжгийн төвийн уран бүтээлчид Энэтхэгийн Соёлын Харилцааны Зөвлөлийн шугамаар гадаадын олон орноор аялан тоглож байгаа бөгөөд энэ удаад Монголын ард түмэнд өөрсдийн үндэсний бүжгийг орчин үеийн бүжгийн төрөлтэй хослуулан гайхалтай уран бүтээлийг хүргэхээр зорьжээ.

Тоглолт 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 цагт “Улаанбаатар чуулга”-д, 03 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагт Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын тайзнаа үнэ төлбөргүйгээр зохион байгуулагдана.

Зохион байгуулагч:
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, БНЭУ-аас Монгол улсад суугаа Энэтхэгийн Элчин Сайдын Яам

Хамтран зохион байгуулагч:
Дархан-Уул аймгийн БСУГ “Залуучууд” театр, Нийслэлийн “Улаанбаатар чуулга”

Холбогдох мэдээллийг дараах утаснаас авна уу: 99054668 /Соёл, урлагийн газар/

7011-8411, 99996615 /Улаанбаатар чуулга/

Categories
мэдээ соёл-урлаг

​ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн гурван өвийн батламжийг гардууллаа

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан 2017 онд ЮНЕСКО-гийн Байгалийн болон Соёлын өвд бүртгүүлсэн Монголын гурван өвийн батламжийг БСШУСЯ, БОЖЯ-нд гардууллаа.

Өнгөрсөн онд Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад Дорнод аймгийн нутагт орших “Дагуурын Ландшафт”, Соёлын биет бус өвийн жагсаалтад “Уул овоо тахих Монгол зан үйл”-ыг бүртгүүлсэн бол “Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө”-г ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Баримтат өвийн жагсаалтад оруулсан юм.

Батламжийг өнөөдөр Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нарт гардууллаа. Мөн батламжийн хувийг Үндэсний төв архивын газар, Монголын үндэсний музей, Төрийн түүхийн музей, Үндэсний номын санд хадгалуулав. Энэ үеэр Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар, “ЮНЕСКО нь дэлхийн байгаль, соёлын өвийг хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол улс ч өөрийн түүх соёл, өв уламжлал, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар нутгаа хамгаалах чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа. Цаашдаа ч энэ чиглэлд идэвхтэй ажиллах болно. Бид бүхий ажилд гүн дэмжлэг үзүүлдэг судлаачид, эрдэмтэн мэргэдэд талархал илэрхийлж байна” гэлээ.

Монгол Улс, ОХУ хамтран өнгөрсөн оны долдугаар сарын 07-нд “Дагуурын ландшафт”-ыг Дэлхийн байгалийн өвд бүртгүүлсэн. ОХУ, Монгол Улсын хил дамнан оршиж байгаа дэлхийн өвийн энэ газар нутгийн хэмжээ нь 912.624 га бөгөөд үүний 279.023 га нь ОХУ-ын нутагт, 633.601 га нь манай улсын буюу Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот, Баяндун сумдын нутагт байрлаж буй юм. “Дагуурын ландшафт” нь ой, ойт хээр, хээр, ус намгархаг газартай бөгөөд цэн тогоруу, өвөгт тогоруу, хархираа тогоруу зэрэг 236 зүйлийн шувуу, хил дамжин нүүдэлдэг цагаан зээр, мануул,тарвага зэрэг 34 зүйлийн хөхтөн амьтан, 236 зүйлийн дээд ургамал багтсан иж бүрэн экосистем юм.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 06-нд болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 12 дугаар “Уул овоо тахих Монгол зан үйл”-ийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэжээ. Энэхүү өвийг бүртгүүлэхийн тулд манай улсын холбогдох салбарын мэргэжилтнүүд 7 жил судалгаа явуулсан бөгөөд Монгол Улсаас дэлхийд данстай болж буй 14 дэх соёлын биет бус өв болсон юм. Уул, овоо тахих нь нэг талаас байгалийн онгон дагшин байдал, нөгөө талаас ард түмэн дунд урт хугацаанд хадгалагдаж ирсэн ёс заншил, зан үйл зэргийг агуулж байдаг. Иймээс”Уул овоо тахих Монгол зан үйл” нь байгаль болон соёлын хосолмол өв юм.

1924 онд “Монгол шунхан Данжуур”-ын 226 ботийг Монгол улсын нийслэлд залсны дурсгалд зориулан Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Жамъян гүний захиалгаар тус хүрээлэнгийн ажилтан Н.Дэндэв “Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө”-г урласан байна. Энэхүү бүтээлийг өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Баримтат өвийн жагсаалтат оруулсан юм. 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Жамъян гүн “Монгол шунхан Данжуур”-ыг Монголд үүрд хадгалах 9 зүйл бүхий гэрээг Наянт вантай байгуулсан байна. “Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөө”-нд дээрх гэрээг сийлэн үлдээсэн бөгөөд хөшөөний оройн хэсгийн хээ угалзыг 13 см хүртэл гүн ухаж, сууринд нь бадамлянхуа цэцэг дүрсэлжээ. Хөшөөний суурийн урт 71 см, өргөн 38 см бөгөөд өндөр нь 248 см юм. Хөшөөний зүүн дээд хэсэгт Сэцэн чин ван Наянт гүний тамга, баруун дээд талд Ардын гэгээрүүлэх яамны тамгыг сийлж, ар талын доод хэсэгт “Дэндэв урлав. 1929 он” хэмээн сийлсэн байдаг аж. Дэлхий нийтэд ном зохиолд зориулсан энэ төрлийнм хөшөө ховор байдаг тул ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт бүртгэн авсан байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс ЮНЕСКО-гийн дэлхийн өвд тав, Соёлын биет бус өвд 14, “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Баримтат өвд таван өв бүртгүүлсэн байна. 2019 онд “Хөхүүрийн айраг”-ийг Соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажиллаж байгааг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга хэллээ. Мөн үеэр ЮНЕСКО-гийн эрхэм зорилгыг Монгол Улс даяар хэрэгжүүлж, олон нийтэд сурталчилан таниулахад үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга асан, доктор Х.Бэхбат, Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Цахилгаан, “Байгаль болон соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ын тэргүүн, Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Уртнасан нарыг “ЮНЕСКО-гийн Үндэсний элч”-ээр өргөмжиллөө

Categories
мэдээ соёл-урлаг

М.Алтанхундага: Би гарынхаа сүүлчийн мэдрэлийн судас тасартал, зурсаар л байх болно

Монголын Уран Зургийн Галерейд “Монгол Тулгатны – 100” эрхэм нэвтрүүлэгт оролцсон нийт 49 эрхмийн хөрөг зургаас бүтсэн “Хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ. Тус хөрөг зургуудыг уран бүтээлч Мягмаржавын Алтанхундага зуржээ.

Зураачийн хувьд бага насандаа өрөөсөн гараа гэмтээсэн. Энэ нь 10 настай үед нь үрэвсэж хүндэрч саажилт болон хатингаршилт хамран арван жилдээ бараг үзгээ барьж чадахгүйд хүргэж байжээ. Гэвч үүнээс ч илүү гай зовлон өвчин шаналал бий. Үүнийг тэвчиж хүний хийдгийг хийж чадах ёстой хэмээн хатуу зорилго өмнөө тавиад зурж эхэлсэн байна. Тэр цаг үеэс өдийг хүртэл гараасаа харандаа салгалгүй зурж иржээ. Эрдэнэт хотдоо хүүхдийн байгууллага ажиллуулж хүүхдүүдэд зааж зөвлөсөөр өдий хүрчээ. Энэ хугацаанд 3000 гаруй шавьтай болжээ. Хөрөг зургийн үзэсгэлэн гаргахаар шийджээ. Ингээд зургаан жил “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн зочдын хөргүүдийг зурж дуусгасан байна.

Зураач М.Алтанхундага нээлтийн үеэр : “Хүмүүст нэг зүйлийг хэлэх дуртай байдаг. Би зураач болох гэж зурж сураагүй юм. Гараа л урт удаан ажиллагаатай байлгаж, эрүүл байхын тулд л зурж сурсан. Ингэж хэлэхээр хүмүүс гайхдаг. Арван дөрөвхөн насандаа чи гаргүй болно гэсэн мэдээг анх сонсож нэг удаа шантарсан. Гэвч тэр хугацаанаас хойш нэг ч удаа шантарч, ухарч үзээгүй учраас өдий зэрэгтэй явж байгаа юм. Гарынхаа сүүлчийн мэдрэлийн судас тасартал, зурсаар л байх болно” гэв.


М.Алтанхундагын ээж Л.Тунгалаг:

“Өнөөдөр хүүгийн минь уран бүтээлийн анхны үзэсгэлэн гарч байна. Хүн бүхэнд хүүхэд нь үнэ цэнэтэй байдаг. Миний хувьд ч гэсэн үр минь наддаа дээдийн дээд үнэ цэнэтэй. Мөн хүүгээрээ их бахархдаг. Хүү маань нийгмийн идэвх сайтай, хариуцлагатай, хийсэн зүйлсдээ чин сэтгэлээсээ ханддаг. Зургуудаа өөрийн эрүүл мэндийн төлөө зурсан гэж ярьдаг. Хүү маань удахгүй ээжийгээ баярлуулна гэж ярьдаг байсан. Өнөөдөр тэр сайхан үйл явдал нь болж байгаад баяртай байна. Цаашдаа олон сайхан зүйлс хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Г.МӨНХЦАЦРАЛ








Categories
мэдээ соёл-урлаг

Б.Солонго “Мiss International Queen” тэмцээний шилдэг 10-т шалгарчээ

transgender

Хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 9-нийг өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо “Мiss International Queen” тэмцээн боллоо. Дэлхийн трансжендер охид, бүсгүйчүүдийн гоо сайхны олимп гэгддэг тус тэмцээнд Б.Солонго эх орноо төлөөлөн амжилттай оролцож, “ТОП-10” оролцогчийн нэгээр шалгарчээ.

Тэрбээр “Авьяаслаг мисс” төрөлд орчин үеийн монгол бүжгийг калиграф бичигтэй хослуулан бүжиглэж, хоёрдугаар байр эзэлсэн байна. Мөн “Preliminary Swimming Suit” буюу усны хувцастай мисс төрөлд TOP-10-ын нэгээр шалгарчээ.

transgender