Categories
мэдээ соёл-урлаг

“ШИДЭТ ӨНГӨ-2” уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийв

Улсын тэргүүний 84-р сургуулийн сурагчдын хамтарсан “ШИДЭТ ӨНГӨ-2” уран зургийн үзэсгэлэнгээ Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд Арт” галерейд нээлээ.

Тус үзэсгэлэнд нийт 30 гаруй сурагчийн 100 гаруй бүтээлийг дэлгэсэн байна.84 сургуулийн дүрслэх урлагийн багш Б.Болортуяа ярихдаа, “Манай сургуулийн “Шидэт өнгө” уран зургийн дугуйланд маш олон хүүхэд сурдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд 38 хүүхэд бүтээлээ дэлгэсэн бөгөөд хүүхэд бүрийн сэтгэлийн дотоод ертөнцийг гаргаснаараа онцлогтой. Тэд сэтгэлдээ буусан зүйлээ зургаар илэрхийлдэг. Уран зураг зурж сурснаар хүүхдийн авъяас, зургийн тухай мэдлэг, ур чадвар, гоо зүйн мэдрэмтэй болж өсч хүмүүжихэд чухал ач холбогдолтой” гэв.

Үзэсгэлэнгийн үеэр “Шидэт өнгө” дугуйланд суралцаж зурах ур чадвараараа тэргүүлсэн сурагчдад Монголын багш нарын холбооны дээд шагнал “Алтан мэлмий” шагналыг гардууллаа. Үзэсгэлэн маргааш өндөрлөнө.

Categories
мэдээ соёл-урлаг

“БИДНИЙ ТЕАТР” жүжгийн уралдаан болно

“БИДНИЙ ТЕАТР” жүжгийн уралдаан болно

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Улсын драмын эрдмийн театр, Соёл, урлагийн их сургууль, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран Нийслэлийн 9 дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилго бүхий “Бидний театр” жүжгийн уралдааныг зарлалаа.

“Бидний театр” жүжгийн уралдааны хүрээнд УДЭТ-аас 9 найруулагч ажиллаж, нийслэлийн дүүргүүдийн ЕБС-ийн ахлах ангийн авьяаслаг сурагчдаас жүжгийн багаа бүрдүүлж, жүжгүүдээ тайзнаа амилуулах юм.

Дүүрэг бүрийн хамгийн шилдэг гэсэн авьяаслаг сурагчдаас бүрдсэн жүжгийн баг дүүргээ төлөөлөн бусад дүүргүүдтэй өрсөлдөх бөгөөд жүжгийн уралдаан 2 үе шаттай явагдаж, нэгдүгээр шатанд дүүргүүдийн ЕБС-ийн сурагчдад жүжгээ үзүүлэх үзлэгийн шатыг зохион байгуулах бол хоёрдугаар шат Нийслэлийн Улаанбаатар чуулгад 2018 оны 05 дугаар сарын 8,9-ний өдрүүдэд явагдаж, театрын урлагийн нэрт зүтгэлтнүүд жүжиг тус бүрт үнэлгээ өгч шүүн явуулна. Тус уралдаанаар шилдэг жүжиг 1,2,3 дугаар байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг найруулагчийг тус тус тодруулна гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Б.Сарантуяа “Инээмтгий хүн” тоглолтоо шинэчлэн хүргэнэ

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа одоогоос 23 жилийн өмнө тавьж байсан “Инээмтгий хүн” театрчилсан тоглолтоо дахин сэргээж, төрсөн өдрийн баяраа үзэгчдийнхээ хамт тэмдэглэхээр боллоо.

Энэ сарын 20-нд “Corporate Convention centre”-т болох тоглолт хоёр хэсэг, 22 дуунаас бүрдэх юм. Тоглолтын I хэсэг “Инээмтгий хүн” театрчилсан тоглолт, II хэсэгт хит дуунууд болон “Морин хуур” наадмын дэд байрын шагналт “Амьдрал” киноны дуу зэрэг шинэ уран бүтээлүүд эгшиглэнэ.

2016 онд дуучин Б.Сарантуяа яруу найрагч Р.Эмүжингээр “Зууны дуу хоолой, Би Сараа” номоо бичүүлж, 2017 оны 12 дугаар сард “Хөх Монгол принтинг”-ээр хэвлүүлсэн бөгөөд Дархан, Эрдэнэт, Өмнөговьд номын баяраа тэмдэглэн, тоглолтоо толилуулсан юм. Харин нийслэлийн үзэгчиддээ төрсөн өдрийн тоглолт, номын баяраа ийнхүү хамтад нь хүргэх гэж байна. Тоглолтын завсарлагаар номын зохиогч Р.Эмүжин, дуучин Б.Сарантуяа нар ном худалдан авсан үзэгчидтэйгээ уулзан, гарын үсгээ зурах юм.

1995 онд “Saraa’s music production”-ы “Инээмтгий хүн” тоглолтыг “On’n Off” продакшн зохион байгуулж байсан бол энэ удаагийн тоглолтыг “Skin entertainment” хариуцан ажиллаж, УДБЭТ-ын балетын бүжигчид, орчин үеийн бүжгийн хамтлаг, дуучин Сараагийн амьд хөгжмийн “Random” хамтлаг оролцох юм.
Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч 70, 90 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Ангарагаас ирсэн эмэгтэй” +18 модерн драм тоглогдоно

Хошин урлагийн тайзнаасаа хөндийрч дэлгэцийн бүтээлд түлхүү анхаарлаа хандуулж буй жүжигчин Г.Ундармаа тун удахгүй шинэ бүтээлээ үзэгчдэд өргөн барихаар бэлэн болгоод буй юм. “U film” уран бүтээлийн нэгдлийн анхны бие даасан тайзны бүтээл Бүсгүйчүүдийн аз жаргалыг эрчүүдийн зүрхэнд үйлдвэрлэдэг. “АНГАРАГААС ИРСЭН ЭМЭГТЭЙ” +18 модерн драм ирэх сарын 4-17-ныг дуустал “АСЕМ ВИЛЛА” -д тоглогдох аж. Тус жүжиг дан эмэгтэй уран бүтээлчдээс бүрдэж буйгаараа онцлогтой юм байна.

Жүжгийн зохиолыг Р.Эмүжин, найруулагчаар Ц.Баясгалан, хөгжмийн зохиолчоор Б.Ангирмаа, хувцас дизайныг Ариунаа Сүри, жүжгийн гол дүр Г.Ундармаа болон шинэ залуу үеийн төлөөл жүжигчин С.Идэрмаа нар тогложээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дүүргийн “Язгуур урлагийн наадам” болов

ДҮҮРГИЙН “ЯЗГУУР УРЛАГИЙН НААДАМ” БОЛОВ

Хүүхэд, залуучууд, өсвөр үеийнхэнд үндэсний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлж тэдний авьяас чадварыг хөгжүүлэх зорилготой “Язгуур урлагийн наадам”-ыг дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, дүүргийн Усан спорт сургалтын төв болон Цөм сургалт судалгааны төв хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн Язгуур урлагийн наадам Ардын дуу, Ардын гоцлол бүжиг, Хамтлаг бүжиг, Ардын хөгжмийн гоцлол зэрэг төрлөөр явагдаж шилдгүүдээ шалгаруулсан юм. Тухайлбал Ардын дууны төрөлд 33 дугаар сургуулийн сурагч Б.Отгонгэрэл “Багаан зан” дуугаар тэргүүн байр эзэлсэн бол Ардын бүжгийн гоцлол төрөлд 92 дугаар сургуулийн сурагч Б.Соёл “Торгууд биелгээ” бүжгээр түрүүлсэн юм. Харин Хамтлаг бүжгийн төрөлд ‘’Шавь’’ цогцолбор сургуулийн “Төвөргөөн’’ бүжиг шалгарсан байна.

Дашрамд дурдахад энэхүү наадамд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 17 сургуулийн нийт 213 сурагч оролцсон юм. Уг наадмыг СУИС-ийн хүндэт профессор МУУГЗ Б.Одсүрэн, МУГЖ Л.Чулуунчимэг, доктор профессор судлаач МҮОНТ-ийн редактор Д.Энхцэцэг болон СУИС-ийн багш МУСТА С.Нарангэрэл нар шүүн явууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Чоно” хамтлаг бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ

Зураг“Чоно” хамтлаг үнэнч сонсогч, фэнүүддээ зориулан бүрэн хэмжээний шоу тоглолтоо энэ сарын 20-нд “CROCUS Event Hall”-д хийхээр болов.
Тус хамтлагийн хувьд өнгөрсөн 18 жилийн хугацаанд “Залуу нас”, “Хайлж, урсаж байна”, “Энэ дурлал юм уу”, “Чамд таалагдахын тулд”, “Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ”, “Үнэнч амраг” зэрэг дууг сонсогч, фенүүдийнхээ сэтгэлд хүргэж, хит болгон эгшиглүүлсэн юм. Харин сүүлийн жилүүдэд уран бүтээлдээ анхаарч “Хар сарнай” хамтлагтай хамтран “Бүтээнэ сөнөөнө” дууг шинэчлэн дуулсны зэрэгцээ “Эв нэгдэл”, “Чин үнэнч хайр”, “Уухай”, “Уучлаарай би чамд хайртай”, “Хүсэл” зэрэг уран бүтээлийг хүргэсээр байгаа юм.
Тоглолтод тус хамтлагийн хуучны сайхан хит дуунууд болон сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүд нь эгшиглэх аж.
Тоглолтын тасалбар нь 30, 70 мянган төгрөгийн үнэтэй байх юм. Онлайн тасалбар худалдааны www.TIX.mn сайтаар зочлон захиалгаа өгөх боломжтой.

Categories
мэдээ соёл-урлаг

Дууны шүлгийн мастер Загдын Түмэнжаргал агсны хүндэтгэлийн тоглолт болно

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, дууны шүлгийн нэрт мастер “Загдын Түмэнжаргал”-ын “Монголын тал нутаг” хүндэтгэлийн тоглолт болно. Энэ сарын 18-ний өдөр түүний үр хүүхэд, хань ижил, нутгийн зөвлөлөөс санаачлан 65 насны ойд зориулан зохиохоор болжээ. Тоглолтын талаар Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд түүний хань дуучин Б.Мягмарсүрэн, том хүү Т.Дүүрэн, охин Т.Дөлгөөн, багын найз С.Цог нар мэдээлэл хийлээ.

Тоглолтод зохиогчийн үе үеийн шилдэг дуунуудыг өнөө цагийн сор болсон уран бүтээлчид дуулж сонирхуулна. Мөн З.Түмэнжаргал агсны “фото зураг”-ийн үзэсгэлэн гарч, найз нөхөд нутгийн зон олонд үзүүлэх юм.

Түүний багын найз С.Цог эргэн дурсахдаа:

-З.Түмэнжаргал бид хоёр Төв аймгийн Угтаалцайдам суманд байхаас үерхэж нөхөрлөж ирсэн. Сурагч байхдаа “Цаначин хүү” гэдэг шүлэг бичиж, “Пионерийн үнэн” сонинд хэвлэгдэж байсан. Бид түүнийг нь уншаад манай З.Түмэнжаргал зохиолч болох юм байна гэж цуг мөрөөдөж явлаа. Түмээгийн зохиосон дуунууд ерөнхий боловсролын сургуулиудын сүлд дуу болсон байдаг. “Багш та”,”Сургууль минь баяртай” гэх мэтчилэн. Түүнчлэн хүүхдийн зохиол бүтээлийн тал дээр уриалан оролцдог бүтээлч нэгэн. Түүний зохиосон “Нисдэг алим” зохиол хүүхдүүдийн дунд их тархсан. Би өөрөө хүүхдүүдэд зориулан жижиг номын сан ажиллуулдаг. Ном уншиж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь Түмээгийн зохиосон номыг уншиж байгаа харагддаг гэв.

Том хүү Т.Дүүрэн ярихдаа:

-Миний аавын зохиосон дуунууд Монгол өвд хадгалагдахаар утга төгөлдөр байдаг. “Монголын тал нутаг” дуу нь олон орны дуучид дуулсан. Олон улсын мэргэжилтнүүд зөвхөн Монгол хүний сэтгэлийг уяраагаад зогсохгүй улс үндэстэн бүрийн хүмүүсийн сэтгэлийг хөглөх сайхан дуу болсныг судалж, энэ дуунд ямар нэгэн зүйл байна! ямар нэгэн учир байна аа гэж гайхан шагширч уулга алдаж байгаа бичлэг дэлхий даяар yuotube.ээр түгсэн байдаг. Энэ бол Монгол хүний авьяас билэг, оюуны цар хүрээг илтгэсэн бүтээл юм. Ийм сайхан бүтээлүүдийг сонсож эерэг цэнэг авна гэдэг өнөөгийн нийгэмд их чухал ач холбогдолтой. Миний аав хүүхдийн уран бүтээлийг их дэмждэг хүн. Тиймээс Монголын хүүхдийн уран бүтээлийг дэмжих, хүүхдийг хөгжүүлэх үүднээс “Загдын Түмэнжаргал сан”-г байгуулсан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар аваад түүн дээрээ хүүхдийн уран бүтээлийн төв байгуулах юмсан гэж аав минь ярьдаг байв. Бид дөрвөн сарын 16-ны өдөр өөрийнх нь сонгож нэрлэсэн тэр газар өөрийнх нь байгуулсан “Загдын Түмэнжаргал сан”-гийн төвийн шав тавих ёслол болно. Үүнийгээ олон нийтэд нээлттэй байлгаж хүүхдийн урлагийн боловсролд анхаарах төв болгох юм.

Хань Б.Мягмарсүрэнгийн ярианаас:

-“Миний хань үгнээс аялгуу ургадаг гэж хэлдэг байсан. Үнэхээр сэтгэлээс ургасан үгээ бичиж өөрийнх нь дууг дуулж байгаа уран бүтээлчдийг үгийг нь сольж дуулахыг тэвчдэггүй. Яагаад гэвэл өөрийнх нь цэг таслал, мөр бадаг бүр бүгд сэтгэлээс гарч байдаг, бүгд амьтай гэдэг байлаа. Тийм болохоор ийм сайхан бүтээлийн цэнгүүнийг үзэж сэтгэлээ хөглөөрөй. Мөн ханийнхаа санаачлан байгуулсан “Загдын Түмэнжаргал сан”-г түүний хийж амжаагүй үйлийг үргэлжлүүлэн, сайн үйл олныг хийх болно. Сангийн тэргүүнээр хүү Т.Дүүрэн ажиллана. Ялангуяа энэ сангийн үйл ажиллагаа хүүхдүүдийн боловсролд тэр дундаа урлагийн боловсролд анхаарч ажиллах болно. Тоглолтод олон сайхан уран бүтээлчид оролцоно. Хүүхдийн ордны найрал дуучид, Франц улсаас надтай хамтарч ажилладаг уран бүтээлчид ирнэ” хэмээн ярилаа.

Дашрамд дурдахад дуучин Б.Мягмарсүрэн Франц улсад Монголын соёл урлагийг түгээн дэлгэрүүлж яваа. Францын уран бүтээлчидтэй хамтран хань З.Түмэнжаргалын уран бүтээл болон Монголын урлагийг суртачлан таниулж байна. Тэрээр “Франц улсад ажиллаж амьдран тэнд суугаа нутгийн иргэдэд тоглолт хийдэг. Мөн хамтлагтай болж Монгол улсынхаа соёлыг түгээн дэлгэрүүлж ханийнхаа бүтээлийг байнга дуулдаг” хэмээн ярьлаа.

Тоглолт эхлэхээс хоёр цагийн өмнө фото зургийн үзэсгэлэнг дэлгэж ирсэн зочид төлөөлөгч, үе үеийн шавь нар, нутгийн зон олон, найз нөхдөд дэлгэн толилуулах юм.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ соёл-урлаг

З.Түмэнжаргал агсны 65 насны ойн хүндэтгэлийн тоглолт болно

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Загдын Түмэнжаргал агсан мэндэлсний 65 насны ойд зориулсан “Монголын тал нутаг” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 18-нд Соёлын төв өргөөнд болно.

Тоглолтын талаар зохион байгуулагчид өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

МУСТА, дуучин Б.Мягмарсүрэн “Миний хань жил бүр “Ижийгээ баярлуулж яваарай” тоглолтыг зохион байгуулдаг байсан нь хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрсэн байдаг. Энэхүү тоглолтод дуулагддаг дуунуудаас гадна олон сюрприз үзэгчдийг хүлээж байна. Миний ханийн уран бүтээлийг найман настай балчраас 80 настай буурлууд хүртэл дуулдаг. Тиймээс тоглолтод бага ангийн хүүхдүүд “Бага насаа хайрлаж явна”, 10 жилийн хүүхдүүд “Салаа хархан гэзгэн дээр чинь”, ахлах ангийн сурагчид “Урьхан цэнхэр хавар” зэрэг дууг дуулна. Мөн дууг нь дуулж Франц хүмүүст таниулдаг хамтлаг хоёр хоногийн дараа хүрэлцэн ирнэ. Миний хань “Үгнээс аялгуу ургадаг. Дууны шүлгийн цэг, таслал, мөр бүгд сэтгэлээс гардаг, амьтай” гэдэг байсан. Мөн дууг нь дуулж байгаа дуучид үгийг нь өөрчилж дуулахыг тэвчдэггүй байлаа. Бид өнөөдөр түүнийхээ мэндэлсний ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт хийж байгаадаа баяртай байна” гэв.

Тоглолтод “Харанга”, “Өргөө”, “Нюанс” хамтлаг, Улсын Филармонийн Симфони оркестр, Монголын Хүүхдийн ордны найрал дуучид, Францын “Migga&Co”хамтлаг, Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Ц.Түвшинтөгс, Б.Сарантуяа, Ц.Чулуунбат, Ч.Насантогтох, Б.Дашдондог, Ө.Уянга, Ц.Өлзий-Орших, Ц.Чулуунцэцэг, МУСТА Б.Мягмарсүрэн, Н.Гантулга, С.Баттулга, Л.Тайванбат, Л.Ган-Эрдэнэ, Д.Отгонжаргал нарын нийт 100 гаруй уран бүтээлч оролцох юм байна.

Тоглолтын өмнө түүний гэр бүлийн архиваас гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж олон нийтэд дэлгэн үзүүлэх аж. Энэ үдэш нутгийн олон ах дүү, найз нөхөд нь цуглан, сэтгэгдэл, дурсамжаа хуваалцах боломжтой. Тиймээс үзэгчдийг тоглолтоос нэг цагийн өмнө ирж нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрөөхийг зохион байгуулагчид урьж байна.

Монголын нийтийн дууны урлагт түүний бүтээсэн “Дэгдээхэй нас” киноны дуу, “Могжоохон даагатай жогжоохон хүү”, “Бага насаа би хайрлаж явна”, “Бөөн баяр”, “Арван найман нас”, “Гэрэлт орчлонгийн залуус”, “Цэцгэн зүйрлэл”, “Хайрын дууль”, “Очоод золгоно доо”, “Монголын тал нутаг”, “Дууны хорвоо”, “Алсын алсын даваа”, “Ус мөрөн олон чиг”, “Урьхан цэнхэр хавар”, “Цахилж яваа гөрөөс” киноны дуу, “Халтар манан хөөрөг”, “Зүрхний хайртай эх орон” зэрэг 200 гаруй бүтээл нь мөнхрөн үлджээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Хүүхэлдэйн киног экспортолъё

Чингис хаан бүрэн хэмжээний анимэйшн зурган илэрцүүдХоёр их гүрний дунд хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг байгаа манай орны эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц салбар бол хүүхэлдэйн кино юм. Хүүхэд төрж байгаа цагт хүүхэлдэйн кино мөнхийн эрэлттэй байж таарна. Компьютерийн хэрэглээ, сэтгэх чадвараараа эрс ялгардаг гэж өөрсдийгөө омойтон хөөргөх дуртай бидний хувьд хүүхэлдэйн киноны үндэсний контентыг “Боролдойн цаг”-аар төсөөлдөг байлаа. 20-30 настнуудын сэтгэлд томоохон орон зай үлдээсэн “Боролдойн цаг”аа шинэ шатанд гаргаж экспорт хийж, эдийн засгийг солонгоруулах нэг цацраг болгох боломж бий. Хэдийгээр Монгол Улсын хүүхэлдэйн киноны салбарт дэвшил бус уналт үргэлжилсэн 28 жил үргэлжилж байгаа ч үүнд цэг тавьцгааж, шинэ салбараа дэмжье. Хүүхэлдэйн кино олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан ажил гэдгийг бид мэднэ. Энэ бүхнийг эдийн засгаар тооцвол шинэ контентуудыг хийж хэд нугалсан ашиг олж болохоор. Бидний үр хүүхдүүд “Walt Dis­ney” компанийн хүүхэлдэйн киног бүлтийтэл үзэж байна. Олон улсын жишигт нийцсэн хүүхэлдэйн кино хийчихсэн байхад бидэнд төмөр зам, далайд гарцгүй байх нь чухал биш. Хүүхэлдэйн кино дэлхий нийтийн хэл. Энэ хэлээр дэлхийн дээр нэг тэрбум гаруй хүүхэд хүмүүжиж байна гээд бод. Ийм орон зайд нэг алхам хийвэл яасан юм бэ.

Монголын хүүхэлдэйн киноны салбарт хүч үзэж явсан хүмүүс нийгмийн ороо бусгаа байдлаас болж амьдрахын эрхээр ганзага үүрэх нь үүрч өөрсдийн зам мөрийг хөөснөөр энэ орон зайд импортын хүүхэлдэйн кинонууд мандаж байна. Ядаж л “Маша Миша” шиг хүүхэлдэйн кино хийчих хэмжээний авьяас манай залууст бий. Зурагтын дэлгэцээр нэг өвгөн өмнөө хэдэн хүүхэд суулгаж байгаад өнөө л эрт урьдын цагт гэсээр номын хуудасны зураг эргүүлэх маягтай ярьж суудаг. 21 дүгээр зууны хүүхдүүд үндэсний контентоор үнэндээ цангаж байна шүү дээ. Биднийг үлгэр ярьсаар суутал дэлхийн хүүхэлдэйн киноны хөгжил бүр цаашаа шинэ тэсрэлтийн шат руугаа дөхөж байна гэх юм.

Бид чадахгүй гэвэл чадахгүй чигээрээ үлгэрээ ярьсаар дуусна. Монголчууд зэс, нүүрсээ урд хөрш үсрээд цаашаа Япон руу экспортолно. Бидний бизнес энэ хүрээд зогсож байгааг анзаарч байгаа биз. АНУ, Япон, БНСУ, БНХАУ хүүхэлдэйн киноны шинэ дэвшлийг дэлхийд гаргаж тэрбум гаруй хүүхдийг бүлтийтэл нь зурагтных нь өмнө уяж чадаж байна.

Тэгвэл дэлхийд алдартай “Walt Disney” компаний формат чанарт бүрэн нийцсэн “Чингис хаан” хэмээх анимэйшнийг “Ocean Pictures” студийнхэн долоон жилийн хөдөлмөрөө зарцуулан бүтээжээ. Трейлер нь зурагтаар цацагдангуут хүүхдүүдийн түүнд шимтэн дурлаж байгааг анзаарсан биз дээ. Кино уран бүтээлчдийн зүгээс “Чингис хааныхаа жинхэнэ түүхээр бичиж найруулсан анхны уран бүтээл” гэж үүнийгээ тайлбарлаж байна лээ. Кино багийнхан өнгөрөгч сарын 31нд кино театруудаар албан ёсоор гаргаад эхэлжээ. Анимейшн бүтээгчид “Монголын нууц товчоо”нд гардаг бүхий л газраар нь очиж хоёр жилийн хугацаанд судалгаа хийсний дүнд дэлхийд өрсөлдөх бүрэн хэмжээний “Чингис хаан”аа өлгийдөн авчээ. Нэг үгээр хэлбэл “Чингисийн удам” гээж өвчүүгээ дэлдэх дуртай бидний хувьд үр хүүхэддээ “Чингис хаан”ыхаа тухай мэдлэг олгоход том тус болно. Ном уншдаггүй гэж шүүмжлүүлэх болсон шинэ цагийн хүүхдүүдийг ядаж ингэж эх түүхтэй нь танилцуулмаар юм даа. Уг хүүхэлдэйн киноны талаар гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Монголын түүхийн талаарх хамгийн үнэн, гайхалтай бүтээл. Дэлхийн зах зээл тэдэнд нээлттэй байна” хэмээн онцолж байна. Энэ чинь инноваци шүү дээ. Энэ чинь л хөгжлийн шинэ шийдэл юм шүү дээ.

Чингис хаан бүрэн хэмжээний анимэйшн зурган илэрцүүдУг анимейншний Ерөнхий найруулагч Б.Тэнгис “Чингис хаан бүрэн хэмжээний анимэйшнийг үзсэнээр Монголын нууц товчооны эхний найман бүлгийн агуулга, бодит түүхийг сурч, мэдэж авах боломжтой. “Чингис хаан” анимейшн нь Монголын ирээдүй хойч үе, хүүхэд залууст асар том оюуны хөрөнгө оруулалт болох төдийгүй дэлхийд Монгол Улсынхаа нэрийг таниулах сурталчлах томоохон контент болж байгаа юм” хэмээн мэдэгджээ. Анимейшний нэг секундын дүрсэнд хамгийн багадаа 25 кадр байдаг гэдгийг мэргэжлийнх нь хүмүүс ярьдаг. “Нэг цаг 30 минут үргэлжлэх уг бүтээлийг долоон жилийн турш бүтээлээ. “Walt Disney” жилд хэд хэдийг хийж байна” хэмээн шүүмжлэх нэгэн ч байна. “Ocean Pictures” студи гарын таван хуруунд багтах зураачтай бол дэлхийд өрсөлддөг “Walt Disney” 500 гаруй зураачтай юм билээ.

Тэгвэл энэ талаар Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар “Монгол шиг ийм түүх бүтээсэн ард түмэн дэлхийн түүхэнд ховорхон. Энэ их агуу түүхийг эзэмшдэг монголчууд өөрсдийнхөө түүхийг сайн сурталчлах ёстой. Энэ тал бидэнд жаахан дутагддаг. Нууц товчоо хүнд ном. Хүн болгон ойлгож уншиж чадахгүй, тайлбар хэрэгтэй. Нууц товчоог хүчээр уншуулж байна. Түүхэндээ хайртай болоход нөлөөлөх хамгийн чухал ажил бол кино урлаг. Зөвхөн Монголын биш дэлхийн стандарт шаардлагыг хангасан түүхэн анимейшнийг хийнэ гэдэг бол гайхалтай сайхан үйл явдал. “Чингис хаан” анимейшн Монголын 60, 70-аад орчим жилийн түүхийг харуулсан.

Энэ бол Монгол Улс боссон түүх юм. Монголын нууц товчоог ухвал хэдэн арван мянган анимейшн гарна. Монголчууд өөрсдийгөө их голдог хүмүүс. Өөрсдөдөө итгэдэггүй чанараас болж түүхэн кино бүтээхэд хугацаа алдаж байна” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн байна лээ. Газрын баялгаа 20 жил ухлаа. Одоо эх түүхээ ухъя. Нүүрс, зэс, алтнаас ч илүү үнэлэгдэх энэ боломжоо нээж, анимейшнээ экспортлох юм биш үү. Үүнийгээ дагаад үндэсний контентын чанар сайжирна. Өрсөлдөөн бий болно. Соёл урлагийн салбарт нэг алхам хийгдэх бус уу.


Categories
мэдээ соёл-урлаг

Чита хотын Драмын театрынхан УДЭТ-н тайзнаа уран бүтээлээ толилуулна

ОХУ-ын Чита хотын Драмын театрын уран бүтээлчид Монгол Улсад хүрэлцэн иржээ. Тэд өнөөдөр /2018.04.09/ УДЭТ-т сэтгүүлчидтэй уулзалт хийлээ.

Чита хотын Драмын театрын уран бүтээлчид манай УДЭТ-н тайзнаа энэ сарын 9, 10-ны өдрүүдэд хүүхдийн болон инээдмийн мюзикл жүжгээ толилуулах юм. Тухайлбал УДЭТ-т тоглогдох гэж буй “Русский секрет” буюу “Оросын гайхамшиг” жүжиг нь оросын зохиолч Н.С.Лесковын 1881 онд бичсэн “Левша” – “Солгой” хэмээх туужаас сэдэвлэн орчин үеийн мюзикл хэлбэрээр хийсэн бүтээл ажээ. Энэ зохиол нь орос дарханы ур чадварыг өгүүлдэг байна. Мөн бяцхан үзэгчдэд зориулсан “Аладдины шидэт дэнлүү” үлгэрийн жүжгийг тоглох юм.

Энэхүү жүжгүүдийг орос хэлээр тоглох ажээ.

Аялан тоглолтын хүрээнд:

4-р сарын 9,10-нд 19:00 цагт “Русский секрет” /Оросын гайхамшиг/ мюзикл инээдмийн жүжиг, ТАСАЛБАРЫН ҮНЭ: 20.000₮

4-р сарын 10-нд 11:00, 15:00 цагт “Волшебная лампа Аладдина” /Аладины шидэт дэнлүү/ хүүхдийн жүжиг, ТАСАЛБАРЫН ҮНЭ: 10.000₮

ТАСАЛБАРЫГ: УДЭТ-ЫН КАСС, WWW.TICKET.MN, ҮНЭГҮЙ ХҮРГЭЛТ: 1900-1800, 99025027, 99026929