Categories
мэдээ соёл-урлаг

“Мисс монголиа 2018” тэмцээний тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо

“Мисс монголиа” холбоо, “SBN” телевиз хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монголын гоо бүсгүйг шалгаруулах “Мисс монголиа 2018” тэмцээний тэргүүн миссээр Б.Мөнхчимэг тодорлоо. Тэргүүн миссийн титмийн эзэн болсноор тэрбээр ирэх 11 дүгээр Япон Улсад болох “MISS INTERNATIONAL 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзэн болов.

Б.Мөнхчимэг нь Андра агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд “Шинэ монгол коосэн”-д суралцдаг, Япон хэлтэй, Төмөр хуур хөгжим тоглох, бүжиглэх авьяастай аж.
Тэмцээний эцсийн шатанд тэргүүн миссийн титмийн төлөө 19 бүсгүй гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа өрсөлдсөн юм.
Дашрамд сонирхуулахад, Авьяаслаг миссийн төрөлд тэрбээр хэл хуур буюу аман хуурыг бүжигтэй хослуулан тоглож үзэгчдийг алмайруулж, шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ.
Categories
мэдээ соёл-урлаг

Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэнэ

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Засгийн газрын 126 дугаар тогтоолын дагуу Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн 150 жилийн ойн арга хэмжээг удирдан зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар ахалж, орлогчоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ажиллаж буй. Зохион байгуулах комиссын хурал өнөөдөр БСШУСЯ-нд болж, ойн арга хэмжээг энэ оны турш хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөг эцэслэн гаргалаа. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Үндэсний түүхийн музей, Үндэсний архивын газар, “Хичээнгүй сайд сан” төрийн бус, байгууллага хамтран “Монголын төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” үзэсгэлэнг Үндэсний түүхийн музейд энэ сарын 15-27-нд дэлгэн олон нийтэд үзүүлнэ.Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын үеэр “Хичээнгүй сайдынхан” номын нээлт мөн болно.

Түүнчлэн Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн үр, хүүхэд, ач, зээ нарынх нь байгуулсан “Хичээнгүй сайд сан”-гаас Монгол шуудан ТӨХК, Монголын марк цуглуулагчдын холбоотой хамтран “Ерөнхий сайд Б.Цэрэндорж 1868-1928” нэртэй марк хэвлүүлж, худалдаанд гаргахаар төлөвлөөд байна. Харин ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Ерөнхий сайд Б.Цэрэндорж” сэдэвт баримтат кино болон 130, 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлүүлэхээр боллоо. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж нь Монгол төрийн анхны Элчин сайд хүн байсны хувьд Гадаад харилцааны яамнаас түүхэн ойн арга хэмжээнд ач холбогдол өгч, түүхчид, судлаачид, эрдэмтэд оролцсон “Ерөнхий сайд Б.Цэрэндорж: Амьдрал, тэмцэл, үйл хэрэг” сэдэвт эрдэм шинжилгээний томоохон хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 23-нд зохион байгуулахаар тогтов. Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийг өлгийдсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн Улаанбаатар хотод байх хөшөөнд Улс тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр арга хэмжээ дуусах төлөвлөгөө гарлаа.

Categories
мэдээ соёл-урлаг

​Ц.Энхманлай: Бие биенээ 30 жил хүндлэж, хайрлах challenge-ийг хийж чадсан болохоор өдийг хүртэл хамт байгаа

“Алдрын од” одонт Харанга хамтлагийн 30 жилийн ой ирэх жил тохионо. Тэд 30 жилийн ойгоо хоёр өдөр тоглолт хийгээд өнгөрөөхийг хүссэнгүй. Ирэх сарын 8-9-нд “Хайрла” нэртэй тоглолт ойг угтсан эхний арга хэмжээ юм. Тэд цуврал зургаан тоглолт тавих төлөвлөгөөтэй аж. Удахгүй болох тоглолтын талаар хамтлагийн ахлагч Ц.Энхманлайтай ярилцлаа.

-Юуны өмнө 30 жилийн ойг угтсан эхний тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргэе. Тоглолтын нэрийг яагаад “Хайрла” гэж нэрлэсэн бэ?

-Одоогийн нийгэмд сөрөг комментууд их болж. Сошиал ертөнцөөр хэн нэгэн Олимп, тив дэлхийгээс эх орноо төлөөлөөд медаль аваад ирсэн пост орвол бүгд тэр хүнийг мэддэг юм шиг бөөн сөрөг коммент. Өдөр бүр гэр бүлийн хүчирхийлэл дуулдах болж. Харангын дуунуудын ихэнх нь хайрын дуу. Сөрөг нийгмийг бага боловч гэрэлтүүлэхийн тулд бид “Хайрлая challenge”-ийг эхлүүлж байгаа. Гэр бүл, үр хүүхэд, байгаль дэлхий өөрт байгаа бүхнээ хайрла гэдэг үүднээс “Хайрла” гэж нэрлэсэн. Та бүхэн бидний challenge-ийг дэмжиж хамтран ажиллаарай.

-30 жил гэдэг урт хугацаа. Энэ хооронд бие биетэйгээ зөрчилдөх тал байв уу?

-Бид бие биенээ 30 жил хүндлэж, хайрлах challenge-ийг хийж чадсан болохоор өдийг хүртэл хамт байгаа байх. Нэг нэгнийхээ алдааг засч, байхгүйгээ нөхөж, байгаагаа дэмжиж ирсэн. Мэдээж бие биенээ хайрлаж хүндэлсэн тэр их хайраар 30 жил болсон.Тиймдээ ч одоо хүмүүсийг “Хайрлая” хэмээн уриалж байгаа юм.

-Тоглолтонд хэдэн дуу дуулах вэ. Өөр хамтлаг дуучид дуулах уу?

-Бидэнд фэн клубээс хүсэлт их ирж байгаа. Харангын дууг зөвхөн Харанга л дуулаарай. Өөр хүмүүсээр битгий дуулуулаарай гэсэн хүсэлтүүд ирсэн. Тиймээс өөр хамтлаг дуучид ирэхгүй. Бид дангаараа дуулна. Яг хэдэн дуу дуулахыг шийдээгүй байна.

-Дуунуудаа шинэчилж дуулж байгаа гэсэн. Хичнээн дуу шинэчлэгдсэн хувилбараар нь дуулах вэ?

-Хүмүүсийн зарим нь шинэчилж дуулсныг шинэ дуу гэж андуурдаг. Бид 1993-2000-аад оны хуучны дуунуудаа шинэчлэсэн. Хүмүүсийн мэддэг хэрнээ мартагдсан дуунууд байгаа. Жишээ нь “Москвагийн бороо”, “Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ” гэх мэт.

-Рекламан дээр явж байгаа дуу шинэчлэн дуулсан хувилбар уу?

-1997 онд анх дуулж байсан “Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ” дууг шинэчлэн дуулсан. Тоглолтын гол дуу.

-20 жилийн ойн тоглолтоос хойш томоохон тоглолт хийлгүй арваад жил болж. Сандрал байна уу?

-Тодорхой хэмжээгээр сандарч байна. 30 жил гэдэг богино хугацаа биш. Энэ хугацаанд алдаж оносон, өгсөж уруудсан. Гэхдээ Харанга байсаар байгаа. Байсаар ч байх болно. Бид нэг нэгнээ хэзээ ч орхиогүй, орхих ч үгүй. Энэ чинь л хамтлаг шүү дээ.

-Тоглолтын бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Бэлтгэл, сургуулилтаа өдөр бүр хийж байна. Бэлтгэл ажлын явц одоогоор 65 хувьтай байна.

-Х.Булган агсны цөөнгүй дууг Харанга дуулдаг. Түүний дуунуудыг дуулах байх, төгөлдөр хуурыг өөр хүнээр орлуулах уу?

-Өөр хүнээр орлуулахгүй. Хүн гэдэг нэг юманд амархан дасчихдаг юм байна лээ. Дассан зүйлээсээ амархан сална гэж хэцүү. Х.Булган Монголын рок попын ертөнцөд шинэ өнгө нэмсэн. Харангын маш олон сайхан дуунуудыг зохиосон. “Зүүд”, “Зэрэглээ”, “Хүлээгдсэн дурлал” гэх мэт дуунууд бий. Түүнээс нь мэдээж бид дуулах болно.

-Залуу уран бүтээлчдээс та бүхний хуучин дуунуудыг сэргээн дуулах хүсэлт ирдэг үү?

-Бид нараас санал асуулгүй дуулчихдаг юм байна лээ. Cаяхан “Voice” гээд нэвтрүүлгээр манай хамтлагийн дууг дуулсан байсан. Гэхдээ яах вэ. Муу болгочихгүй бол дуулж л байг. (инээв) Зарим нь ч хүсэлт тавьдаг л юм. Сайжруулж чадаж байвал хэн дуулах нь хамаагүй ээ.(инээв)

Ярилцсанд баярлалаа. Танай хамтлагийн тоглолтод амжилт хүсье!

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Хайрла” тоглолттой

Харанга хамтлаг 30 жилийн ойгоо угтаж “Хайрла” тоглолт хийх тов зарласан. Тоглолт өнөөдөр “Ub palace”-ийн концертын танхимд болно.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Харанга” хамтлагийн гитарчин Ц.Чулуунбат Бид та бүхнийг бие биеэ хайрлагтун хэмээн “Хайрла” тоглолтоор “Харанга” дэлдэнэ. Бидний одоо амьдарч буй нийгэмд сайн зүйл олон хэдий ч, бухимдаж уурласан, заримдаа аливаад маш догшин хэрцгий хандаж байгаа нь хэн бүхний нүднээ харагдаж сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байгаа. Хүмүүс хоорондын харилцаа, байгаль эх дэлхийдээ хандах хандлага зэрэг аливаа үйлдлүүддээ “Хайрла” гэдэг үг болон илэрхийллийг бүрэн мартсан мэт. Тиймээс бид нийгэмд хандаж аугаа яруу найрагч О.Дашбалбарын бичсэн “Амьддаа бие иэ хайрла хүмүүсээ” хэмээх бидний мэддэг мөртлөө мэддэггүй, магадгүй мэдэхийг ч хүсдэггүй энэ үгийн утгыг энэ тоглолтоороо дахин, дахин илэрхийлэхийг зорьж байна” хэмээсэн.

“Хайрла” тоглолт энэ сарын 8,9-нд 19.00 цагт “Ub palace”-ийн концертын танхимд болно. Тасалбарын үнэ 35-50 мянган төгрөгийн үнэтэй. Тасалбарыг https://www.ticket.mn сайтаар захиалах боломжтой аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Ерөнхий сайдын дэргэд “Соёл, урлагийн үндэсний зөвлөл” байгуулахаар боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зөвлөгөөн боллоо. Энэ үеэр биет болон биет бус соёлын өв, соёл урлагийн салбарын өнөөгийн байдал, цаашид төр засаг юунд анхаарч, ямар үйл ажиллагаа зохион байгуулах талаар оролцогчид санал бодлоо хэлж ярилцлаа.

Бид олон жил уул уурхай ярилаа, одоо ч ярьж байна. Эдийн засгаа өөд нь татаж өөдрөг сайхан амьдрах ёстой ч Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй Монгол хүнийг хүмүүжүүлэх их үйлийг бид мартах учиргүй. Иймээс манай Засгийн газрын хөгжлийн гол тулгуур үндэс бол “Монгол хүн төвтэй, мэдлэгт суурилсан хөгжил” юм гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Манай улсын оюуны дархлаа сул байна. Улс орон, өвөг дээдсийнхээ түүх, уламжлалт өв соёл, зан заншил, урлагаа үл тоох, мартах, бүр үгүйсгэх хандлага хүртэл цухалзаж, хүүхэд залуучууд маань гаднын кино, урлагаар дамжсан үзэл суртал, соёл ахуйд автаж байгаа нь анзаарагдах болсонд санаа зовж байдгаа тэрбээр илэрхийллээ.

Соёл, урлагийн салбарынхан нийгмийнхээ туг нь болж манлайлан явах эрхэм үүрэгтэй. Энэ үүргээ нэр төртэй биелүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлсэд зүтгэж буй зохиолч, яруу найрагч, судлаач, жүжигчид, хамтлаг дуучид, бүжигчид, зураач, барималч, дархан, гар урчууд, уран бүтээлчдэд Ерөнхий сайд талархал илэрхийлээд, хамтарч ажиллахыг урилаа.

Уулзалтын үеэр 36 хүн үг хэлж, санал санаачилга гаргалаа. Эдгээрийг ажил хэрэг болгохын төлөө ажиллана. Үүний тулд Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд “Соёл урлагийн үндэсний зөвлөл” байгуулахаар шийдвэрлэснээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Сүүлийн 20 гаруй жилд урлаг соёлынхныг ингэж цуглуулан, санал санаачилгыг нь нэг бүрчлэн сонсч байгаагүй гэдгийг зөвлөгөөн оролцогчид тэмдэглээд Ерөнхий сайдын ивээл дор ийм арга хэмжээ зохион байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Categories
мэдээ соёл-урлаг

А.С. Пушкины мэндэлсний 219 жилийн ой, “Олон улсын орос хэлний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв

ОХУ-ын Аугаа их нэрт яруу найрагч А.С Пушкины мэндэлсний 219 жилийн ой, “Олон улсын Орос хэлний өдөр” тохиолоо.

Энэ хүрээнд Улаанбаатар дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвөөс “Орос хэлний өдөр”-ийг зохион байгууллаа. Уг өдөрлөгт хот, хөдөөгийн ЕБС-иудын багш, сурагч нийлсэн 100 гаруй зочин, төлөөлөгч оролцов.
ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Т.Ч Будаева, “Орос хэлийг Монгол түмэнд түгээн дэлгэрүүлэхэд энэхүү өдөрлөгийн ач холбогдол оршино. Орос хэлний өдрийг 2010 оноос тэмдэглэж эхэлсэн. Энэ удаад Улаанбаатар хот болон орон нутгийн сургуулиуд нэгдэж өдөрлөг зохион байгуулж байгаагаараа онцлог юм” гэлээ.

Өдөрлөгийн үеэр сурагчдын жүжигчилсэн тоглолт, Орос үндэсний хоолны танилцуулга болон гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэжээ. Мөн бага болон дунд ангийн сурагчдын дунд зарласан “А.С Пушкины үлгэрээр аялах нь” сэдэвт гар зургийн уралдааны ялагчийг тодруулав.

Соёл болон хэлний олон хэлбэрийг хөгжүүлэх үүднээс жил бүрийн энэ өдрийг “Олон улсын Орос хэлний өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг НҮБ 2010 оны 2 дугаар сард гаргасан байна. НҮБ-ын албан ёсны 6 хэлний нэг болох Орос хэлээр дэлхийн 260 сая хүн ярьдаг гэсэн судалгаа гаргажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Бахчисарайн оргилолт булаг” балетыг тайзнаа толилуулна

УДБЭТ-ын уран бүтээлчид ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Б.Асафьевийн “Бахчисарайн оргилолт булаг” балетыг энэ сарын 09-10-нд тайзнаа толилуулна.

Дөрвөн бүлэгт энэхүү балетыг анх 1823 онд тухайн үеийн Кировын Дуурь бүжгийн эрдмийн театр буюу одоогийн Мариинскийн театрт тоглож байсан бол 1956 оны зургаадугаар сарын 18-нд Монголын анхны балетмейстер И.М.Хабаева УДБЭТ-ын тайзнаа тавьсан түүхтэй. Эл бүтээл нь Монголын хамгийн анхны бүрэн хэмжээний мэргэжлийн балет юм. Удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, зураачаар Ардын зураач Л.Гаваа, туслах найруулагчаар Х.Гэрэлчимэг нар ажиллажээ.

Бахчисарайн ордны гаднах цэцэрлэгт хүрээлэнд байх усан оргилуурыг Гирей хаан дурлалт бүсгүй Мариягийнхаа дурсгалд зориулан байгуулсан бөгөөд хайрт бүсгүйнхээ үхэлд гашуудан усан оргилуурын дэргэд гашуудан уйлж суудаг байж. Хаан оргилуурыг гантиг чулуугаар хийлгэсэн нь заримдаа гантиг чулуу уйлж буй мэт харагддаг байжээ. Энэхүү балетад Гирей хааны татвар эм Зарема хааныг харамлан Мариягийн амийг хөнөөгөөд өөрөө хааны зарлигаар амиа алддаг гунигт түүхийг өгүүлдэг.
Хайр дурлалын гашуун түүхийг мөнхөлсөн эл балетын түүхэн 60 жилийн хүндэтгэлийн тоглолт 2016 онд тус театрын тайзнаа болсон билээ.

Уг балетын тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монголын сайхан бүсгүй-2018” наадам зохиогдоно

Монгол Улсад анх “Сайхан бүсгүй” шалгаруулж эхэлсний 30 жилийн ойг угтан “Монголын эмэгтэйчүүдийн Хатан-Эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” наадмыг зохион байгуулах гэж байна.

15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор эмэгтэй хүний нандин, ухаалаг нинжин сэтгэлийг гоо үзэсгэлэн, эрдэм мэдлэгтэйгээ хослуулан хөгжүүлж буй монголын охид бүсгүйчүүдийг нэгтгэн, тэдний оюун билэг, авьяас чадварыг нээн алдаршуулах, хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд дуу хоолойгоо өргөхөд нь дэмжлэг болох зорилгын хүрээнд зохион байгуулах аж.

Иймд эрхэмсэг бүсгүй таныг тус наадамд бүртгүүлэн, дэлхийд “Төв тэгш Монгол охид, бүсгүйчүүд”-ийг таниулах, нийгэмдээ эерэг хандлагыг төрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан дуу хоолойгоо хүргэхийг зохион байгуулагчдийн зүгээс уриаллаа.

Уралдааны тэргүүн байрын эзэн Эрдэнийн шигтгээт титэм, Эрдэнийн шигтгээт “Мөнгөн од”, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болох бөгөөд дэд байр эзэлсэн мисс Эрдэнийн шигтгээт титэм, Эрдэнийн шигтгээт “Мөнгөн мод” болон 10 сая төгрөгийн мөнгөн шагнал гардах ажээ. Уламжлал ёсоор зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган-эрдэнийн өргөмжлөлт миссүүд ч мөн энэ шалгаруулалтаас тодорно.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол циркийн хөгжлийн төвийн хамтлагийг мөнгөн шагналаар урамшуулна

Монгол циркийн хөгжлийн төвийн хамтлаг өнгөрсөн нэгдүгээр сард Бүгд Найрамдах Унгар улсын Будапешт хотноо болсон олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн билээ. Тиймээс Засгийн газрын өнгөрсөн лхагва гаригийн хуралдаанаас холбогдох журмын дагуу тус хамтлагт ийн мөнгөн шагнал олгохоор болжээ.

Унгар улсын Будапешт хотод болсон тэмцээнд нийт 20 орны 168 жүжигчин оролцсон бөгөөд Монголын Үндэсний Цирк /МҮЦ/-ийн Т.Номуунбаатар ахлагчтай, Н.Энхболд багштай, Н.Эрдэнэ продюсертэй циркийн жүжигчид оролцож нийлбэр оноогоор хамгийн их оноог авч алтан цомын эзэд болсон юм.

Categories
мэдээ соёл-урлаг

М.Цэрэндолгор тав дахь дугаарын ялагч боллоо

“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны тав дахь дугаар өчигдөр /2018.06.03/ үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны тав дахь дугаарын ялагчаар жүжигчин М.Цэрэндолгор шалгарлаа.

Тэрээр өчигдрийн дугаарт дуугүй киноны хаан Чарли Чаплины цорын ганц дууг яг түүн шиг дуулж, шүүгчдээс шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

Шүүгч Г.Ганхүү: Чаплин энэ дууг ямар ч утгагүй, англи итали хэлээр орчуулах аргагүйгээр дуулсан. Түүнээс хойш нэг ч дуу дуулаагүй. Чи түүний дүрийг гайхалтай авч гарлаа.

Шүүгч Х.Оюунбилэг: Чи өөртэй итгэлтэй байна. Бүжиг дуулалт сайн байлаа.

Шүүгч Б.Амархүү: Чаплины дуулж байгаа байдлыг мэддэггүй байх. Энэ дүрийг чи өөртөө итгэлтэй гоё аваад гарлаа

Ялагч М.Цэрэндолгор үзүүлбэрийнхээ тухай “Оролцож байгаа долоон оролцогчдодоо чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Шат бүрд намайг хурцалж байсан шүүгчиддээ баярлалаа”хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.