Данийн Үндэсний Музей, Аархус хотын Угсаатны зүйн “Моосгард” музей хамтран зохион байгуулсан “Чингис Хааны тал нутаг-Монголын нүүдэлчид” тусгай үзэсгэлэн 2018 оны 6-р сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ.
Category: соёл-урлаг
Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Р. Чойномын уран бүтээлийн 14 дүгээр боть уншигчдын гарт очлоо.Уг боть төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын хувийн цуглуулгад байсан их найрагчийн олонд хүрээгүй бүтээлүүд, шүлэг, өгүүллэгээс бүтжээ. Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангаас эрхлэн найрагчийн шүлэг, найраглал, өгүүллэр, тууж, захидал тэргүүтнийг 13 ботид эмхэтгэн өнгөрсөн жил олны хүртээл болгосон юм.
Цувралын 14 дэх ботийн нээлтийн үеэр төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам Р.Чойномын шүлэг, найраглалаас уншиж, их найрагчийн шүлгээр бүтсэн дуунуудыг дуулан бэсрэг тоглолт толилуулжээ. Энэ үеэр найрагчийн гар бичмэлүүд болон өөрийнх нь гарын үсэгтэй шүлгийн дэвтрүүд, өмнө хэвлэгдсэн номуудыг нь нийтэд дэлгэн сонирхуулсан байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санаачилгаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран ОХУ-д 2000-2018 онд суралцаж, төгссөн нийт соёл, урлагийн ажилтнууд сурсан мэдсэн эрдмээ тайлагнах “Спасибо Россия” тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэнг энэ сарын 20-нд буюу Оросын Шинжлэх ухаан, спортын төв (РЦНК)-д 18.30 цагт толилуулна.
Манай улс 1990-2004 онд ОХУ-д соёл, урлагийн чиглэлээр оюутан бэлтгэх ажлаа түр зогсоогоод байсан. ОХУ-ын Соёлын яам, тухайн үеийн Монгол Улсын БСШУЯ-тай хамтарсан уулзалт хийснээр 2004 оноос өнөөдрийг хүртэл соёл, урлагийн ажилтан бэлтгэх ажил амжилттай хэрэгжиж байна. Одоогийн байдлаар манай 250 гаруй оюутан, соёл, урлагийн ажилтан ОХУ-д мэргэжил дээшлүүлж, суралцаж төгссөн байна. ОХУ-д драм, кино, циркийн найруулагч, балетмэйстр, бүжиг дэглээч, хөгжмийн зохиолч, уран зураг, киноны зураач, жүжигчин, хөгжимчин, бүжигчин, дуучин, номын сан-мэдээллийн ажилтан, соёлын менежер, арга зүйч зэрэг мэргэжил эзэмшүүлж буй.
ОХУ-д амжилттай суралцаж, төгссөн оюутнууд Монгол Улсын бүхий л театр, чуулга, соёлын сургууль болон хувийн хэвшилд түүчээлэн ажиллаж байгааг дурдах нь зүйтэй. Тэрчлэн гаднын нэр хүндтэй буюу ОХУ-ын Марийнский, Новосибирский дуурь, Пермийн дуурь, бүжиг, Улаан-Үүд хотын дуурь, бүжиг, Хүүхэлдэйн театр зэрэг байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа нь сайшаалтай байна.
Монгол Улсын Филармонийн Морин хуур чуулгын концейртмейстр, удирдаач хуурч Н.Жигжиддорж ирэх долдугаар сарын 4-нд 19.00 цагт Улсын филармонийн концертын тахимд шинэ цомгийн нээлтийн тоглолтоо хийх гэж байна.
Тоглолтын талаар Урлаг судлалын ухааны доктор, профессор Н.Жанцанноров “Хуурч Н.Жигжиддоржийн шинэ цомогт орчин цагийн монголын мэргэжлийн хөгжмийн сор бүтээлүүдийн дээжсээс оржээ. Ш.Өлзийбаярын морин хуур найрал хөгжмийн хоёрдугаар концерт нь хуурчийн уран чадварыг шавхсан, найрал хөгжмийн дуурьслын нэн сонирхолтой, сонгодог хэлбэрийн бүтээл юм. Хөгжмийн зохиолч энэ бүтээлээ хуурч Жигжиддоржид зориулан туурвиж Жигжиддорж анхлан хуурдсан юм. Б.Шарав, Х.Билэгжаргал нарын хийл, морин хийл, төгөлдөр хуурын гурвалууд монголын хөгжмийн 20-р зууны ололтыг бүрнээ илэрхийлэх бүтээлүүд. Хийлийг морин хуураар орлуулан хөгжимдсөн нь Жигжиддоржийн зориг бас чадварыг илэрхийлж байгаа хэрэг. Миний “Саруул талын дээгүүр” гэх гурвалыг энэ цомогт оруулсанд талархахын ялдамд уг бүтээлийг шинэ сэргэг дуурьсал, уран чадварын сайхан охь оргилуулан хөгжимдсөнд баярлууштай. Жигжиддорж хуурчийн хөгжимдөх өндөр эрэмбэ, хуурынх нь өрнүүн эрчимт дуурьсалыг сонссон хэний ч сэтгэл хөдлөж, баяр баясал, ухаарал гэгээрэл өгнө гэдэгт итгэнэм” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Дашрамд дуулгахад, тэрээр 25 нас хүрэхдээ тэрээр Бээжингийн Их театр, Солонгосын Үндэсний их театр, Оросын Большой театр, Франц дахь Юнескогийн танхим, Нью-Йорк дахь НҮБ-ын хурлын их танхим зэрэг дэлхийн гурван тивийн том тайзнаа гарч хуурдаж байжээ.
1900-аад оны эхэн үеийн монголчуудын амьдрал, зан заншил, соёл уламжлал, байгаль эх ард түмний шүтэлцээ холбоо, удам судраа чухалчилдаг тухай өгүүлэх “Солиот эх” Хятадын кино театрт гарахаар болжээ. “
Тэгвэл энэхүү киног БНХАУ-ын зах зээлд гарах болсон талаар “X ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. Тэрбээр, “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд Чиндао хотод зохион байгуулж буй “Олон улсын анхдугаар кино наадам”-д “Солиот эх” кино амжилттай оролцож, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү кинонд оролцсон нийт уран бүтээлчиддээ, биднийг дэмжиж хамтарч ажилласан хамт олон албан байгууллагууддаа гүн талархал илэрхийлье. Монголын кино урлаг мандан бадраг” хэмээжээ.
Түүнчлэн Шанхайн хамтын ажиллагааны Олон улсын кино наадамд 12 орны 55 бүтээл зургаан номинацид нэр дэвшин өрсөлджээ. Үүнээс Монгол Улсаа төлөөлөн “Солиот эх” уран сайхны киноны Номоо-н дүрээр МУГЖ И.Одончимэг “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын эзэн болсон байна.
XX зууны түүхэнд эрдэм мэдлэг, суу ухаан, гавьяа зүтгэлээрээ тодорч мөнхөрсөн олон хүмүүний нэг төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Монголын төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Монголын үндэсний музейд боллоо.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санаачилгаар Монголын үндэсний музей, Архивын ерөнхий газар, “Хичээнгүй сайд” сан хамтран ард түмэнд “Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан Б.Цэрэндоржийн амьдрал, түүхэн замналыг харуулсан үзэсгэлэнг энэ сарын 15-27-нд олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд Б.Цэрэндоржийн амьдрал, туулж ирсэн түүхэн замналтай холбоотой 70 гаруй биет үзмэр, архивын баримтыг дэлгэн тавьсан байлаа. Тэдгээрийн дотор 1913 оны нэгдүгээр сард Оросын эзэн хаанаас шагнасан “Гэгээн Станиславын одон”, Хятадын Засгийн газраас шагнасан “Үнэн гэрэлтийн одон”-гийн үнэмлэх, Монгол Улсын анхны “Бичгийн гавьяаны одон”, 1925 онд зөвлөлт Орос улсаас бэлэглэсэн бичгийн хэрэгсэл, цайны хэрэгсэл болон өөрийнх нь хэрэглэж байсан хормойн боолт, цүнх, цаг, бичгийн хэрэгслийг дэлгэжээ. Мөн Б.Цэрэндоржийн ганц хүү Юндэн, түүний гэргий Ц.Лхамсүрэн нарын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс дээжлэн олны хүртээл болгосон байв. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Хичээнгүй сайд” сангаас бэлтгэн хэвлүүлсэн “Ардын төрийн ахмад зүтгэлтэн Балингийн Цэрэндорж”, “Хичээнгүй сайд Цэрэндорж”, “Юндэнгийхэн” болон “Хичээнгүй сайдынхан” номын нээлт болсон юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа оролцож, үг хэллээ. Тэрбээр “2018 онд бид Монгол төрийн нэрт зүтгэлтэн, олноо “Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэж байна. Тэрээр бага наснаас бичиг эрдэмд шамдан монгол, манж, хятад хэл бичгийг зэгсэн сайн сурч, тухайн цаг үеийнхээ бичгийн боловсролтой нэгэн байлаа. Тэрээр идэр залуугаас төрийн алба хашсан нэгэн төдийгүй ХХ зууны эхний мөчлөгт Монгол орон, монголчуудын түүхэнд тохиосон олон үйл явдлын гэрч, оролцогч байсан билэээ. Үндэсний сэргэн мандалтын эхийг тавьсан 1911 оноос хойш насан элэх хүртлээ Монгол төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, эрдэм ухаан, хүч хөдөлмөрөө зориулахдаа Ерөнхий сайдын албыг хашиж, төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлон, хууль цаазыг боловсруулж, иргэний боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх, улс орныг батлан хамгаалах үйл хэргийг удирдаж байсан юм. Монгол оронд Бүгд найрамдах засаглал тогтоох бэлтгэл ажлыг хангаж, анхдугаар “Үндсэн хууль”-ийг батлах үйл ажиллагаанд тэргүүлэн оролцож, шинэ Монгол Улсын эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүн билээ. Б.Цэрэндорж гуай эрдэм билэг төгөлдөр нэгэн байж, идэр залуу насандаа хэлмэрч, орчуулагч хийж, улмаар орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага-Судар бичгийн хүрээлэнгийн Хүндэт гишүүнээр сонгогдож, ном бүтээл туурвин тусгай шагнал хүртэж, Монгол Улсын бичгийн гавьяаны тэргүүн зэргийн одонг анх хүртсэнийг бахархан тэмдэглэж байна. Түүний хийж бүтээсэн бүхнийг нэгэн удаа өгүүлж үл барах тул монголчууд нийгэм, төрийн байгууллаа өөрчлөн шинэчилж, нүүдэлч малчдын орноос орчин үеийн улс болох суурийг тавилцсан гавьяатан болохыг онцлон хэлмээр байна” гэв.
2018 оны турш үргэлжлэх ойн арга хэмжээний хүрээнд Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн үр, хүүхэд, ач, зээ нарынх нь байгуулсан “Хичээнгүй сайд сан”-гаас Монгол шуудан ТӨХК, Монголын марк цуглуулагчдын холбоотой хамтран “Ерөнхий сайд Б.Цэрэндорж 1868-1928” нэрт марк хэвлүүлж, худалдаанд гарах, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Ерөнхий сайд Б.Цэрэндорж” сэдэвт баримтат кино болон 130, 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хэвлүүлэхээр төлөвлөсөн юм. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж нь Монгол төрийн анхны Элчин сайд хүн байсны хувьд түүхчид, судлаачид, эрдэмтэд оролцсон “Ерөнхий сайд Б.Цэрэндорж: Амьдрал, тэмцэл, үйл хэрэг” сэдэвт эрдэм шинжилгээний томоохон хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 23-нд зохион байгуулна. Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийг өлгийдсэн Ерөнхий сайдын Улаанбаатар хотод байх хөшөөнд улс тунхагласан өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр арга хэмжээ дуусна
.
ХХ ЗУУНЫ МОНГОЛЫН ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН, ДИПЛОМАТЧ,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Б.ЦЭРЭНДОРЖИЙН ТУХАЙ ТОВЧ НАМТАР
1868 оны 5 дугаар сарын 25-нд одоогийн Хэнтий аймгийн нутаг Хэрлэнбаян-Улаан суманд төрсөн. Бага наснаас бичиг эрдэмд шамдсан Цэрэндорж монгол, манж, хятад хэл бичгийг сайн сурч, цаг үеийнхээ бичгийн боловсролтой нэгэн болсноор 1885-1890 онд Хүрээн дэх Манж журганы яаманд дагалдан,туслах, жинхэнэ бичээч, 1890-1904 Хүрээн дэх хаант Оросын консулын орчуулагчийн сургуульд багш, 1904-1911 онд Хүрээний манж сайдын яаманд хятад хэлний орчуулагч түшмэл, 6 дугаар зэргийн түшмэлийн алба хашиж байжээ.
Монголчууд тусгаар тогтнолоо байлдан олж, үндэсний засаг төрөө сэргээн байгуулсан 1911 оноос Монгол улсын Гадаадын хэргийг бүгд захиран шийтгэх яамны дэд түшмэл, 1913-1915 онд дэд сайд, 1915-1919 онд тэргүүн сайдын албыг хашиж байв. 1913 онд хааант Орос улсад айлчилсан Ерөнхий сайд Намнансүрэн тэргүүтэй Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж Петербургт очихдоо Оросын засгийн газраас Станиславын хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдсан.
1915 оны Орос, Хятад, Монгол гурван улсын Хиагтын бага хуралд оролцсон. Мөн оны 12-р сард Гадаад яамны сайд байхдаа ДИУ-ын тэргүүн зэргийн одон шагнуулсан.
Эрхэлсэн албан тушаалын улмаас 1919 онд “Гадаад Монголын автономит засгийг сайн дураар гуйн устгах бичиг”-т бусад сайд нарын хамтаар гарын үсэг зурсан.
1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын дараагаар Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын Гадаад яам, Засгийн газарт эрхэлсэн түшмэл, Гадаад яамны тэргүүн сайд, Засгийн газрын жинхэнэ орлогч, 1923-1928 оны эх хүртэл БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажилласан.
Б.Цэрэндорж Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалж бэхжүүлэхийн төлөө баттай зогсож, улс орны хөгжлийн замын тухайд үндэсний ардчилсан чиг шугамыг тууштай баримтлагчдын нэг байв.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд төрийн гадаад, дотоод бодлогын чиг шугамыг тодорхойлон БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах хоёр дахь комиссын даргаар ажиллаж, Улсын анхдугаар хуралд Ардын Засгийн газрын гурван жилийн үйл ажиллагааны тайланг тавьж байв.
1924-1928 онд Улсын Бага хурлын гишүүн, Тэргүүлэгч гишүүнээр сонгогдож байсан. 1922 онд МАХН-д гишүүнээр элссэн,1928 он хүртэл МАН/МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүн байв. Б.Цэрэндоржийн гавьяа зүтгэлийг үнэлж, 1926 онд Монгол Улсын бичгийн гавьяаны одон шагнаж, 1928 онд насан өөд болоход “…хэзээд монгол үндэстний газар ус, ард түмэн, улсын эрх мэдэл, эдгээрийг алдахгүйг цаг ямагт бодолхийлэн оролдож явсан” хэмээн гашуудан тэмдэглэж байжээ.
XX зууны нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч, доктор, профессор Сономын Лувсанвандангийн баримт бичгийн эмхэтгэл гурван боть номын нээлт их хүмүүний нэрэмжит Арт галлерейн байранд боллоо. Номын нээлтэд их эрдэмтний үр хүүхдүүд, УИХ-ын гишүүн Л.Болд, “Бодь” группийн Ерөнхийлөгч Л.Болдхуяг болон “Лувсанвандан сан”-гийн Гүйцэтгэх захирал Ш.Сүхбаатар нар оролцлоо.
УИХ-ын гишүүн Л.Болд “Номын буян хурсан энэ сайхан өдөр аавын маань гурван боть ном нээлтээ хийж байгаад маш их баяртай байна. Өмнө нь аавын маань бүтээлийн есөн боть цуврал хэвлэгдэн гарсан. Харин энэ удаагийн ботиудын онцлог нь тухайн үед хийж бүтээж байсан ажил, үйлстэй нь холбоотой түүхэн баримтуудыг цуглуулан эмхэтгэсэнд оршиж байна. Өнөөдрийн соёл, урлаг судлаачид, залуу судлаачдад XX зууны Монголын соёл урлагийн сэргэн мандлын үеийн тэрхүү агуу их уран бүтээлчид, сэтгэгчдийн бүтээлийг баримт, эх сурвалж дээр тулгуурлаж харуулсан, судалгааны эргэлтэд оруулсан ийм сайхан бүтээл болсонд баяртай байна” хэмээсэн юм.
Үнэхээр ч СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн Судалгааны баримтын сан, С.Лувсанвандан сангийн хамтран хэвлүүлсэн “Сономын Лувсанвандан-I, II, III” баримт бичгийн эмхэтгэл ном нь судлаачдад нэн чухал баримт, эх сурвалжуудыг өргөн дэлгэр агуулснаараа онцлог. Энэ эмхэтгэлүүд нь Монголын төр нийгмийн зүтгэлтэн, шинжлэх ухааны ноён оргил, сүмбэр уул болсон эрдэмтний ажил амьдралын замналыг харуулах төдийгүй өнгөрсөн зууны монголчуудын түүхийг илтгэхүйц олон зуун баримт, эх сурвалж, захидлууд, хурлын илтгэлүүд, хүмүүсийн дурдатгал, ярилцлагууд багтсанаараа онцлог юм. Эдгээр баримт, эх сурвалжууд цугларч эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд орсноор хойч үеийн олон салбарын судлаачдын жим мөрийг зөв замд татан оруулж өгөх нь гарцаагүй тухай нээлтэд оролцсон хүмүүс онцолж байлаа.
Өнгөрсөн 2017 онд их эрдэмтний 85 насны ойгоор “Сономын Лувсанвандан: Монголын соёл урлаг судлал ба баримт эх сурвалж” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохиогдсон бөгөөд “Улирал ба зохиолч” сэтгүүлийн тусгай дугаар, амьдралынх нь чухал үйл явдлууд, ах дүү, үр хүүхдүүд, нутаг нугын зон олных нь талаар гэрэл зургийн цомог ном зэргийг хэвлүүлж олны хүртээл болгож байсан юм.
Номын нээлтийн үеэр “Лувсанвандан Арт галлерей”-н авьяаслаг залуу зураач Б.Содномдаржаагийн “Хүмүүн, Тэнгэр, Газар” уран зургийн үзэсгэлэнд тавигдсан зургууд хүрэлцэн ирэгсдийн оюуны мэлмийг мялааж байлаа.
Соёл, урлагийн газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, “Болд” ХХК, Монголын зураачдын эвлэл, “Эх Монгол” сан ТББ хамтран зохион байгуулж буй “Хүүхдийн ертөнц” гурав дахь удаагийн уралдаан зарлалаа.
Монгол эх орон, хүн ардын амьдрал ахуйг хүүхдийн нүдээр тольдон харуулсан энэхүү уралдааныг сэргээн 2014, 2016 онд зохион байгуулсан юм.
Уралдаан нь Монголын түүх, өв соёл, монгол судлал, хэл, уран зургийн бүтээлийг дэмжих, хүүхэд багачуудын ертөнцийг үзэх үзэл, байгаль дэлхийгээ хайрлах, эх орон, ээж аав, ахан дүүсээ хайрлах, түүгээрээ бахархах, хүүхэд багачуудын дүрслэн зурах идэвхийг өрнүүлэх, зурах авьяастай, бүтээлч сэтгэлгээтэй хүүхдүүдийг нээн илрүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой.
Уралдаанд 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн 6-18 насны сурагчид хамрагдах боломжтой бөгөөд шалгаруулалтыг 6-9, 10-14, 15-18 гэсэн насны ангиллаар зохион явуулна. Уралдаанд оролцох сурагчдын бүтээлийг 2018 оны 09 сарын 01-нээс 11 дүгээр сарын 01-нийг хүртэл сургуулиуд дээрээ зохион байгуулна. Шалгарсан сурагчдын бүтээлийг Аймаг, дүүргийн боловсролын газраар уламжлан “Эх Монгол сан” ТББ-ын хаягаар хүлээн авч, шилдэг бүтээлийг тусгай комисс шалгаруулж, 2018 оны 12 дугаар сарын 15-ны дотор дүгнэн, шагнал гардуулах юм.
Бүтээлийг А2 /42см*60см/ хэмжээтэй ватум цаас болон зургийн зориулалтын цаасан дээр усан будаг, тосон харандаа /пастель/, өнгийн харандаа, гуашь /шороон будаг/ гэсэн зориулалтын материалаар зурна.
Уралдаанд ирэх бүтээлд сэдэв заахгүй бөгөөд монгол орны дахин давтагдашгүй онцлог бүхий байгаль орчин, цаг уур, монгол үндэсний уламжлалт хэв шинж, ахуй амьдралыг илүү тусгасан, Монгол бахархлыг төрүүлэхүйц, хүүхдийн задгай сэтгэлгээ, чөлөөт арга ажиллагааг эрхэмлэн дотоод ертөнцийг нь нээж хүсэл мөрөөдөл, бодол санааг нь илүү гаргасан байх шаардлагатай.
Уралдаанд нэг хүүхэд нэг бүтээлээр оролцоно. Уралдаанд оролцож байгаа сурагчид нь овог нэр, нас, хүйс, регистрийн дугаар, сургууль, ангийн хаяг, холбоо барих утсаа зөв бичиж, 6х9 хэмжээтэй өнгөт цээж зургийн хамт зарласан хугацаанд зургийн хамт ирүүлнэ.
Уралдааны шалгаруулалтыг 6-9, 10-14, 15-18 гэсэн гурван насны ангилал тус бүрт Гранпри нэгдүгээр байр нэг сурагч, дэд байр хоёр сурагч, гутгаар байр гурван сурагч, тусгай байранд 15 сурагч шалгарна.
Эхний 3 байранд шалгарсан 9 сурагчид Өргөмжлөл, Мөнгөн шагнал, “Авьяас” алтан медаль гардуулж, Төрийн ордон, Төрийн түүхийн музейтэй танилцуулж, кино үзүүлнэ. Шагналт байрт шалгарсан 15 сурагчид өргөмжлөл, каталогийг сургуулийн хаягаар нь хүргүүлэн олгоно. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг буцааж олгохгүй бөгөөд шагналт байрт шалгарсан шилдэг бүтээлүүдийг Олон улсын хүүхдийн гар зургийн үзэсгэлэнд оролцуулна.
Бүтээлийг “Эх Монгол” сан ТББ, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Business Tower, 10 дугаар давхар 1001 тоот хаягаар хүлээн авна.
Уралдааны шалгаруулалтыг доорх журмаар байр эзлүүлнэ. Үүнд:
6-9 нас:
Гранпри 1-р байр нэг сурагч 500.000 төгрөг, өргөмжлөл
2-р байр хоёр сурагч тус бүр 300.000 төгрөг, өргөмжлөл
3-р байр гурван сурагч тус бүр 150.000 төгрөг, өргөмжлөл
Тусгай байр эзэлсэн 5 сурагчид өргөмжлөл, дурсгалын зүйл олгоно.
10-14 нас:
Гранпри 1-р байр нэг сурагч 500.000 төгрөг, өргөмжлөл
2-р байр хоёр сурагч тус бүр 300.000 төгрөг, өргөмжлөл
3-р байр гурван сурагч тус бүр 150.000 төгрөг, өргөмжлөл
Тусгай байр эзэлсэн 5 сурагчид өргөмжлөл, дурсгалын зүйл олгоно.
15-18 нас:
Гранпри 1-р байр нэг сурагч 500.000 төгрөг, өргөмжлөл
2-р байр хоёр сурагч тус бүр 300.000 төгрөг, өргөмжлөл
3-р байр гурван сурагч тус бүр 150.000 төгрөг, өргөмжлөл
Тусгай байр эзэлсэн 5 сурагчид өргөмжлөл, дурсгалын зүйл олгоно. Улсын уралдааны шагналт байрт шалгарсан 15 сурагчид өргөмжлөл, каталогийг сургуулийн хаягаар нь хүргүүлнэ. Мөн сурагчдаа сайн зохион байгуулан оролцуулж, байр эзлүүлсэн гурван багшид уралдаан шалгаруулах комисс дотоод журмаар тусгай шагнал олгох юм. Үүнд:
Нэгдүгээр байр нэг, 300.000 төгрөг, өргөмжлөл
Хоёрдугаар байр нэг, 200.000 төгрөг, өргөмжлөл
Гуравдугаар байр нэг, 100.000 төгрөг, өргөмжлөл
Одонтой “ГОО ЭЭЖ” шалгарлаа
Алдарт эхийн одонтой ээжүүдийн дунд “Mrs Mongolia World- 2018” улсын анхдугаар уралдаан боллоо. Уг тэмцээнийг “Алунгоо эх” төрийн бус байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Алдарт эх цахим нэгдэл”-ээс хамтран зохион байгуулсан юм.
“Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм” уриан дор зөв хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилготой аж. Энэхүү уралдаанд “Алдарт эх”-ийн одонтой, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн ээжүүд оролцсон бөгөөд эхний шатны шалгаруулалтад 60 гаруй оролцогч оролцож, сүүлийн шатанд 29 мисс ээж шалгарч үлдсэн юм. Тэднээс А.Дэлгэрцэцэг хэмээх бүсгүй тодорч, тэргүүн байр эзэллээ. Тус тэмцээнд түрүүлснээр олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа юм.
Уралдааныг зарлах үед “Бид зөвхөн гадаад төрх бус саруул ухаан, мэдлэг чадвар, эерэг хандлага гэх мэт дотоод гоо үзэсгэлэнг гол шалгуураа болгоно“хэмээн “Алунгоо Эх” ТББ-ын тэргүүн, Алдарт эхийн I,II одонт ээж Л.Гантуяа хэлж байсан юм.
Т.ЭНХНАРАНЖАВ
Соёл урлагийн газар, Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газар Монголын соёл урлагийн байгууллагын мэргэжилтэн, уран бүтээлчдийг урт болон богино хугацаанд мэргэжил дээшлүүлэх чиглэлээр ОХУ-ын Улаан-Үд хотноо энэ сарын 08-нд албан айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд Улаан-Үдийн Дорнод Сибирийн Улсын соёлын дээд сургуулийн захирал Перова Елена Юрьевна, Сургалтын бодлого, хүмүүжил хариуцсан проректор, доцент Редько Татьяна Леонидовна, Уран бүтээлийн хэлтсийн проректор, доцент профессор Столбовский Виктор Геннадьевич, Шинжлэх ухааны тэнхимийн проректор, профессор Цыремпилова Ирина Семеновна, Нийгэм соёл, аялал жуулчлалын тэнхимийн декан, профессор Татарова Светлана Петровна нар Монголын соёл урлагийн байгууллагын мэргэжилтэн, уран бүтээлчдийг урт, богино хугацаанд ВСГАКИ-д мэргэжил дээшлүүлэх талаар санал болилцов. Мөн Өвөрхангай аймгийн БСУГ-аас ВСГАКИ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулах асуудлыг хэлэлцэн тохиролцож талууд гарын үсэг зурсан юм.
Айлчлалын бүрэлдэхүүнд Монголын талаас Соёл урлагийн газрын урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Дүрслэх урлаг, дизайны бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Ариунзаяа, Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ж.Пүрэвсүрэн, Соёлын өвийн хэлтсийн дарга Л.Пүрэвлхам, мэргэжилтэн Н.Баярцэнгэл, Хөгжимт драмын театрын дарга Д.Түмэнжаргал нар багтжээ. Энэ үеэр Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын 22 уран бүтээлч, сумдын соёлын төвийн 18 эрхлэгч нарын соёл урлагийн 48 төлөөлөгч Улаан-Үд хотын Дуурь бүжгийн театр, Орос драмын театр, Буриад драмын театр, Үндэсний төв номын сан, Улаан-Үдийн Дорнод Сибирийн улсын соёлын дээд сургуулийн сургалтын байр танхим, музей, Феникс театрын үйл ажиллагаатай танилцан, туршлага судаллаа гэж Соёл, урлагийн газраас мэдээлэв.