Categories
мэдээ соёл-урлаг

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам нээлтээ хийв

“Playtime 2018” амьд хөгжмийн наадам өчигдөр нээлтээ хийв. Тус наадам энэ сарын 07, 08 –ны өдрүүдэд үргэлжлэх аж. Тус наадам Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой аж.

Энэ удаагийн наадамд дэлхийд алдартай AНУ-ын “Ariel Pink”, Япон улсын “The Fin.”, “Lite”, Монголын домогт “Хөх Тэнгэр”, анхны синт рок “Сөрөг Хүч”, пост панк “The Colors” тэргүүтэй хөгжмийн олон урсгалын танил, шилдэг, шинэ залуу 35 хамтлаг оролцох юм.

Мөн электроник дэнс хѳгжмийн тайзнаа Италийн techno DJ Claudio PRC, Голландын Albert Van Abbe, Mонголын Biliguudei, TMK тэргүүтэй шилдэг 30 Ди-Жэй нийт 70 гаруй хамтлаг дуучин оролцох Юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Наадмаар Сүхбаатарын талбайд Г.Ариунбаатар “Монгол сонгодог” тоглолтоо толилуулна

Үндэсний их баяр наадмаар Сүхбаатарын талбайд дэлхийд данстай Монголын дуурийн дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог” гала концертоо толилуулахаар болжээ. Түүний тоглолт долдугаар сарын 12-нд 21.00 цагт үндэсний их баяр наадмын хаалт болон эгшиглэх нь ээ.

Энэхүү тоглолтод ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин, МУГЖ Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Батжаргал, Ц.Амарболд, С.Батчимэг нар оролцох юм байна.

Үндэсний урлагийн их театрын Төрийн их найрал хөгжим , Улсын Филармоний симфони найрал хөгжим, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Туулайхүү, Н.Буянбаатар нар удирдана. Тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллаж 200 гаруй хүн тоглолто оролцох аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Морин хуурч Н.Жигжиддорж шинэ цомгийн тоглолтоо толилууллаа

Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулгын концейртмейстр, удирдаач, морин хуурч Н.Жигжиддорж шинэ цомгийн нээлтийн тоглолтоо өчигдөр тус Филармонийн тайзнаа үзэгчдэд өргөн барилаа.

Тэрбээр Бээжингийн Их театр, Солонгосын Үндэсний их театр, Оросын Большой театр, Франц дахь Юнескогийн танхим, Нью-Йорк дахь НҮБ-ын хурлын их танхим гээд дэлхийн гурван тивийн том, том тайзнаа гарч хуурдаж амжсан нэгэн билээ.

Түүний шинэхэн тоглолтын талаар Урлаг судлалын ухааны доктор, профессор Н.Жанцанноров хэлэхдээ, “Б.Шарав, Х.Билэгжаргал нарын хийл, морин хийл, төгөлдөр хуурын гурвал Монголын хөгжмийн XX зууны ололтыг бүрнээ илэрхийлэх бүтээлүүд. Хийлийг морин хуураар орлуулан хөгжимдсөн нь Н.Жигжиддоржийн зориг, чадварыг илэрхийлж байгаа хэрэг. Миний “Саруул талын дээгүүр” гэх гурвалыг энэ цомогт оруулсанд талархахын ялдамд уг бүтээлийг шинэ сэргэг дуурьсал, уран чадварын сайхан охь оргилуулан хөгжимдсөнд баярлууштай. Н.Жигжиддорж хуурчийн хөгжимдөх өндөр эрэмбэ, хуурынх нь өрнүүн эрчимт дуурьслыг сонссон хэний ч сэтгэл хөдөлж, баяр баясал, ухаарал гэгээрэл өгнө гэдэгт итгэнэм” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Түүний шинэ цомогт орчин цагийн монголын мэргэжлийн хөгжмийн сор бүтээлүүдийн дээжсээс оржээ. Тэрбээр тоглолтдоо Ш.Өлзийбаяр “Морин хуур, Найрал хөгжмийн II концерт”, II: Largo, III: Allegro energico, Б.Шарав “Эхийн сэтгэл шиг…”, “Трио”, Н.Жанцанноров “Саруул талын дээгүүр-Трио”, Х.Билэгжаргал “Трио” бүтээлийг эгшиглүүлсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Ц.Цэрэнболд карпатын ууланд “тулалдана”

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд Украин, АНУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “The rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” кинонд тоглож байна. “Kinorob Cinema Day” кино компани Украины төрийн кино нэгтгэлтэй хамтран “Дүүлэн нисэх шонхор” хэмээх адал явдалт киноны зураг авалтад оржээ. Нийт 110 минут үргэлжлэх энэ киног Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулжээ. Кинонд “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган нараас гадна Монголын жүжигчин Ц.Цэрэнболд тоглож байгаа юм. Тэрээр “Аав” киногоороо олны танил болсон билээ.

Киноны үйл явдал 1241 онд өрнөдөг. Тухайлбал, Монголын эзэн хаан баруун зүгт аян дайнд мордож, замд тааралдсан болгоныг сүйтгэнэ. Их цэрэг Карпатын уулсыг даваад түр буудаллана. Шөнө нь нутгийн анчин Беркутээр удирдуулсан хэсэг анчин Монголын цэргийн хуаранд нууцаар нэвтэрч, олзны хүмүүсийг сулладаг аж. Уур нь хүрсэн хаан тэр нутгийг үнсэн товрог болгох зарлиг буулгана. Олзонд шунаж урвасан нэгэн эр монголчуудад уулын нууц жимийг зааж өгснөөр нутгийнхан хүнд байдалд орно. Энэ үед Беркутээр удирдуулсан хэсэг анчин монголчуудын эсрэг тэмцэхээр босдог тухай кинонд өгүүлдэг ажээ.

Кино зураг авалтыг Карпатын ууланд зургадугаар сараас есдүгээр сар хүртэл хийх аж. Мөн “Дүүлэн нисэх шонхор” киноны нээлт 2019 онд Украинд болох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Завхан аймагт “Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалт болов

Завхан аймаг Соёл урлагийн газрын даргын 2018 оны тавдугаар сарын 21-ны өдрийн “ Их наадам зохион байгуулах тухай “ 01/171 дугаар тушаалыг үндэслэн Аймгийн Засаг даргын 2018 оны тавдугаар сарын 31-ний өдрийн А/273 дугаар захирамжаар 11 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн анхан шатны салбар хороог байгуулан ажиллалаа. Наадмын холбогдох удирдамжийг 24 сумдад мэдээллэн, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар өгч иргэдэд наадмын анхан шатны шалгаруулалтын талаарх мэдээллийг хүргэсэн. 2018 оны зургадугаар сарын 08-ны өдөр наадмыг зохион байгуулах салбар хороо хуралдан тус наадмыг урд, хойд, зүүн, говийн, төвийн гэсэн бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж анхан шатны шалгаруулалтыг явуулахаар шийдвэрлэсэн юм.

Иймд Завхан аймгийн хэмжээнд таван бүсэд хувааж анхан шатны шалгаруулалт явуулах комисс томилогдон тухайн өвлөн уламжлагч, өв тээгч нарыг орон нутагт нь бүтээлтэй нь танилцаж шалгаруулах ажлыг зохион байгууллаа. ”Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтанд нийт 23 сумын 116 ардын авьяастан, өвлөн уламжлагчид оролцсон бөгөөд 08 сарын 11-15нд Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах “Нүүдэлчин Монгол-2018” их наадамд Завхан аймгаас 5ай савын хүрээнд 17 төрөлд 25 –н өвлөн уламжлагч, ардын авьяастанууд оролцохоор шалгарлаа.

Categories
мэдээ соёл-урлаг

​“Цаг хугацааны машин”-ыг бүтээсэн Монгол зураач

Монголын уран зургийн ертөнцөд шинэ өнгө төрхийг бийрийнхээ үзүүрээр бүтээж чадсан зураач С.Заяасайханы бие даасан “Time machine” үзэсгэлэн “Q Art gallery”-д нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийн куратороор Торонтогийн үндэсний урлагийн музейн куратор, Осака хотын Soho Art галерейн захирал Селио Барратто ажилласан байна.

Тэрбээр Монголын Соёлын элч зураач бөгөөд Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Араб зэрэг дэлхийн 20 гаруй оронд өөрийн үзэсгэлэнгээ дэлгэж байсан юм.

Энэ удаагийн үзэсгэлэндээ урьд өмнө нь нийтэд дэлгэж байгаагүй 20 гаруй бүтээлээ үзэгчдэд сонирхуулсан байна. Тэрбээр 2001 онд Германы элчин сайдын яаманд, 2002 онд Монголын Урчуудын Эвлэлийн хороотой хамтарсан үзэсгэлэн гаргаж бажээ.

С.Заяасайхан Япон улсад ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвиад багагүй хугацааг өнгөрөөсөн аж. Хамгийн анхны бие даасан үзэсгэлэнгээ 2016 онд “Маршал арт” галерейд гаргаж байжээ. Тухайн үед Монгол хатдыг, монгол эмэгтэйчүүдийг бишгүүр хөгжим барьж буйгаар тун сонирхолтой, өнгөлөг байдлаар дүрсэлсэн нь олон ч хүний анхаарлыг татсан гэнэ.

Түүний уран бүтээлээс эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, мөн чанар, байгалийн шүтэлцээ,монгол ахуйг орчин үеийн хэв маяг, олон өнгөний хоршлоор илэрхийлсэн байгаа нь харагддаг бөгөөд бүтээлээ уламжлалт болон контемпорари арга барилыг ашиглан зурдаг гэлээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр түүнтэй хэдэн хором ярилцлаа.

-Өмнө нь дэлгэж байсан бүтээлүүд одоо танилцуулж байгаа бүтээлүүдийн ихэнх нь Монгол эмэгтэйг тал талаас нь дүрслэн харуулсан байна. Заавал яагаад Монгол эмэгтэйг өөрийн уран бүтээлдээ тусгах болов?

-Аливаа зураачид уран бүтээлээрээ дамжуулан бусдад түгээх гэсэн санаа, нөлөөлөл байдаг. Миний бүтээлийн бусдад хүргэх гэсэн гол агуулга нь эрт үед амьдарч байсан монгол эхнэр, монгол бүсгүйчүүдийн эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг нийтэд таниулах болон өвөг дээдсийн өв соёл, монгол ахуйг өөрийн уран бүтээлийг материал болгож ашигладаг юм. Энэ нь нэг талаараа эх орноо дэлхийд таниулж буй хэрэг.

– Яаж урлагтай холбогдов? Хэрхэн уран бүтээлч болсон талаараа бидэнтэй хувцаалцахгүй юу?

-Анх урлагт ороход аав маань их нөлөөлсөн. Миний аав арван жилийн сургуульд зургийн багшаар ажилладаг байсан. Зураг хэрхэн бүтэж байгаа, хэрхэн амилж байгааг харж өссөн нь зураг зурах сэдлийн өдөөж өгсөн. Нэг удаа “Цагаан дарь эх” бурхныг шөнөжингөө зураад яг аавынхаа нүдэнд харагдахаар газарт тавьж унтаад өглөө боссон чинь “Миний хүү чинь зураач болчихжээ” гэж хэлсэн одоо ч мартагддаггүй.

Таны хувьд энэ үзэсгэлэнгийн онцлох бүтээл аль нь вэ?

-Энд хүрэлцэн ирж буй хүмүүсийг үзэсгэлэнгийн хаалгаар орж ирэхэд л “Хөгжимчин бүсгүйчүүд” бүтээл угтаж байгаа. Энэ бүтээлд монгол үндэсний хувцасаар бүрэн хувцасласан монгол эмэгтэйчүүдийг хийл, бүрээ зэрэг сонгодог хөгжмийн зэмсэг тоглож буйгаар дүрсэлсэн юм. Харин үзэсгэлэн үзэж дуусаад гарахад “Олны танил хүн” зургаар үдэж байгаа. Тиймээс энэ удаагийн үзэсгэлэнгийн гол онцлох бүтээл нь матар толгойтой, гар хуруугаа хөдөлгөсөн өөртөө итгэлтэйгээр урдаа суух эмэгтэйтэй ярьж буй костюм өмссөн бизнесмен залуугийн зураг юм. Орчин үед хүмүүс өөрөө байхыг бус амжилттай яваа хүнийг дагадаг, тэднийг дуурайн ярьдаг болсон. Мөн цахим мэдээллийн хэрэгслүүд нь хүний амьдралын хэв маягийг ихэд өөрчилж, бусдын анхаарлыг татах сэдлийг нь өдөөх болсон. Мөн өөрийн гэсэн дэмжигчидтэй болохын тулд хүн өөрийгөө алдаж байгаа талаар энэ зурагт тусгасан. Зураг дотор талд толь байрлуулсан нь үзэгчидзурган дотроос өөрийгөө олж харж болох юм.

-Уран бүтээлийн санаа хэрхэн төрдөг вэ. Мөн эх орноо дэлхийд таниулахын тулд уран бүтээлээрээ дамжуулан ямар зүйлсийг хийж байна?

– Өгөгдлөөсөө хамаараад маш олон төрлийн бүтээл туурвих сэдэл төрдөг. Өнөөдрийн миний хийж буй зүйл бол суурь уран зураг, гэхдээ бидний амьдарч байгаа үеийг контемпорари үе гэж нэрлэдэг. Энэ утгаараа уран бүтээлдээ энэ чиглэлийг тусгадаг. Мөн зарим бүтээлдээ японы зурах техникийг ашигладаг. Японд амьдарч байх хугацаандаа эх орноо дэлхийд сурталчлахыг хүсдэг. Энэ ч утгаараа Япон Монголыг холбосон олон ч найз нөхөдтэй болсон. Үзэсгэлэнд ч мөн Японы зарим телевизээс хүрэлцэн ирсэн.

Мөн тэрбээр “Өмнө нь туурвисан бүтээлүүд маань дараа дараагийнхыг аа хийх урмыг өгдөг. Ер нь бүх юмны сэдэл нь чи өөрөө байх ёстой гэж боддог. Хэн нэгнээс болоод сайн юм уу муу байж болохгүй. Бас гэр бүлээсээ урам зориг авна. Яаж ч бүтэлгүйтсэн хүүхдүүдээ унтаж байхыг хараад сэтгэл дүүрээд явчихдаг. Байгалийн сайхнаас мэдээж урам зориг авна. Бусдын гоё сайхан бүтээлүүдээс урам авдаг” гэж өөрийн бүтээл туурвих сэдлээ хэрхэн авдаг талаар нэгэн ярилцлагадаа хэлж байжээ.


З.СУВД

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Хувилгаан гэрэл” дэлхийн дайдыг бүтэн ороожээ

Яруу найрагч, уран бүтээлч хүн гэдэг яруу сайхны гайхамшигт ертөнцийг оюун санааныхаа ой сандаа бүтээж, тэрхүү ариун тансаг цэцэрлэгт хүрээлэндээ урлан туурвиж, дурлан цэнгэж, уйтгарлан гуньж, инээж хөхрөн, эсхүл нулимсаа залгилж тэргүүнээ тэврэн хөхрөн сүүмийж байх мэт санагддаг. Гэхдээ л яруу найрагчийн бүтээсэн тэрхүү онгон дагшин ертөнцөд жир амьдралын уур нүдүүрийн чимээ сонсогдож, үүл уур хоёр тэврэлдэх шиг, үйл лай үнсэлдэх шиг, үнэн худал зөрөлдөх шиг, үнэг бүргэд хөөцөлдөх шиг олон хэлбэр дүрсийн юмс зэрэглээтэн үүлгэртэн, нэг нэгэндээ нэвчдэг билээ.

Тийм ч учраас үзсэн нь үг, зүүдэлсэн нь зүг болдог зөн билэгтэй найрагчийн дотоод ертөнц гадагшлахдаа амьдралын бодит байдлыг алмайран гайхах мэт, огтоос эс таалагдах нэгэнтэй уулзсандаа ой гутах мэт, басхүү барьц алдах мэт олон янз ай амьсгаа, дуун алдартаар зураг зурж, шүлэг өрсөн байдаг. Яруу найрагчийн ийм араншинг илэрхийлэгч миний л мэдэх цөөн найрагчийн нэг бол МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл юм. Түүний шинэхэн “Хувилгаан гэрэл” номын тухай энд өгүүлж байна.

Яруу найрагчийг ялласан

Ямар ч хүнийг Тэнгэр оршоохгүй

Яруу найрагчийг ялсан

Ямар ч тэнгэрийг Бурхан өршөөхгүй

Үгээр жигүүр хийсэн

Үйлийн заяа минь мөхөшгүй

Үнэнээр сүнсээ гийлгэсэн

Үлэмжийн тавилан минь мохошгүй …” хэмээн асах, агсрахын хоорондох зайд нэгэнтээ зорчоод үл зогсох. Цаашаа басхүү шазрах мэт одох…

Танайх руу оройхон дөхчих

такси ч олдохоо больж дээ…

Мөнхийн гай зовлон руугаа бүү зүглэ

Мөрөө хөөж, зүгээ буруул гэж

Замын гэрлэн дохио хүртэл

Тамын амьтдын нүд шиг улаанаар ширтэнэ…” гэсэн шүлгийн мөрүүдийг нь үзэж хирдхийн цочих юм уу “Дүү минь юу болоо вэ” гэж асууж болно гэж үү. Чи яагаад ингэж бичсэн юм бэ гээд л нойтон хамууран ноцоод байдаг тийм цаг үеэс нэгэнт хагацаж санаа амарчээ, бид. Харин яруу найрагч маань ийм омогт үгийг хэлж гунигт агшныг давсан л байна даа хэмээн бахархах сэтгэл уншигчийн хувьд төрж болох нь тэр ээ.

Батцэнгэл яах аргагүй хайрын дууч юм. Гэхдээ нялуун хайрын биш, шулуун хайрын дууч юм. Тэр хайрыг бүрэг зөөлөн үгээр бус сүрэг сүрэг үгээр цацан илчлэгч юм. Энэ нь түүнийг эцэстээ хүний мөн чанарыг уут савнаас нь урж тасчин гаргаж ирэгч болгоном. Энэ бол араншин. Батцэнгэлийн араншин.Түүний бусдаас ялгарах ялгаа нь энэ. Ялгаатай болохоор яруу найрагч нь хэнийг ч эс дагах, эсхүл нэг хэсэгтээ сугадалцаж яваад салъя гэсэн шиг шүргэлцээн, давхцал, хольцоо үгүй.

Тэнгэрийн гэрэлт шат шиг сэтгэл минь

Тэдний цонхнуудаар айлчлан сэлгүүцнэм

Олон олон үдэш мөрөөдлөөр далавчлан

Охин хонгоруудын нууцын өргөөнд гийчилнэм…”

гэж уншаад саваагүй золиг гэхээсээ илүү хүн болгон л ингэдэг шүү дээ гэж бодном. Энэ бол жинхэнэ хүний л араншин. Хүний араншинг нууцгүй бичсэн нь хүн байж чадсаных гэхээс өөрөөр яана.

Чамгүй байхад би, хагацлын тухай дуулаад хичнээн омог бардам байдаг байлаа

Чамтай учирснаас хойш талх барихаар исгэсэн гурил шиг

Эхүүн болоод цаанаа л нэг зөөлхөн болчихлоо…”. Батцэнгэлээс өөр хэн ч ингэж бичиж эс чадна. Өөрийгөө “Талх барихаар исгэсэн гурил” гэжээ. Оюуны талхны онцгой гурил нь сануулах юун. Амьдрал дээр бууж ирж буй шатны гишгүүр нь нэг тийм л амт үнэртэй, зөөлөн, наалдам. Зөрүүд Батцэнгэлээс холдож зөөлөн Цэнгэлийг сонсож ч болно. “Хувилгаан гэрэл” дотор буй зөөлөн Цэнгэлийг үзмү.

Салхинд хийсэх навчсын сэрчигнээнд

Сар луу одсон өвгөдийн сүнс хэсүүчилнэ

Уйтгар гуниг сэтгэлд хургаж

Учрал хагацлын аялгуу тоглоно

Хөглөхийг мартсан төгөлдөр хуур мэт

Хөх тэнгэр гунигтай бүүдийнэ…” Ямар сайхан юм бэ? Ийм мөр сонсож ингэж дуун алдаад үгүйсгэлийн чөтгөр Мефистофельд сүнсээ “өгсөн” ч яахав. “Хөглөхийг мартсан төгөлдөр хуур шиг, хөх тэнгэр гунигтай бүүдийнэ”. Энэ мөр гайхамшигтай зураг, ганлингийн эгшиг, эс бөгөөс зүрхэн дотроос минь маажсан гадаад их ертөнцийн хумс шиг санагдах нь юу вэ.

Гэрэлтэгч мөнгөн лаа мэт яруухан бэлхүүс чинь

Гэгээн шөнөөр сэтгэлийн нүдэнд туяарахад

Урсагч лаа мэт халуун хөлс бөнжийн урсаж анивчаад

Уран баримлын хэв мэт туяхан бие алганы аясаар бөмбөрнө… ”

Үүнээс цааш газар үгүй гэдэг билүү…Үүнээс цааш зөндөөн явж болж байна. Тэгэхээр “Хувилгаан гэрэл” дэлхийн дайдыг бүтэн ороосон тийм гэрэл ажгуу. Эрхэм уншигч та үүнээс цааш буй “газрыг” нь өөрийн нүдээр үзэж, өвс цэцэг, өвч байгаль, өнгөт тэнгэрийг үзэн шинжиж, сэтгэлийн цэнгэл эдлэгтүн.

Т.БАЯНСАН

Categories
мэдээ соёл-урлаг

Домогт хатны хөргийг лааны тосоор бүтээнэ

Богд хааны ордон музейд өнөөдөр “Монгол хатад” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Энэ үеэр Монгол хатдын түүхийн талаарх судалгааг эрчимжүүлэх, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, байр суурийн талаар судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг илрүүлэх хэрэгтэй гэдгийг судлаачид онцлов.

“Монгол хатан ухаан судлал” ТББ, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, “Хан хэнтий” ТББ хамтран зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурал нь Монгол хатдын намтар түүх, улс төрийн амьдралд гүйцэтгэсэн үүрэг, түүхэн байр суурь, үлдээсэн өв, шашин соёлын талаар нарийвчлан судлах, судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг илрүүлэх,олон нийтэд сурталчлах зорилготой юм.

Дөрөв дэх жилдээ болж буй тус хуралд 17 эрдэмтэн судлаач илтгэл хэлэлцүүлэв.

МУБИС-ийн багш, түүхийн ухааны доктор Н.Сүхбаатар “Монгол төрийн цэцэн билигт хатдын талаарх мэдээлэл гадаад, дотоодын түүхэн эх сурвалжид хомс байдаг. Олон нийт их хатдын нэрийг мэдэхээс түүхийг нь мэддэггүй. Миний хувьд Галдан бошигт хааны гэргий Ану хатны талаарх судалгааг хийсэн бөгөөд түүхийн хуудсанд далд байгаа зүйлийг ил гаргахыг зорьсон.

Судалгааны явцад түүнийг XVI зууны сүүлийн хагасаас XVII зууны эхний хагасын Ойрадын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн Очир сэцэн хааны хүү цэргийн жанжин Галдамбаагийн охин гэдгийг илрүүлсэн. Энэ асуудал судлаачдын дунд удаан хугацааны турш эргэлзээтэй байсаар ирсэн” гэв.

Монгол хатдыг алдаршуулах зорилгоор Хэнтий аймгийн Баян-Адрага суманд “Монгол хатдын өргөө” цогцолборыг 2011 онд байгуулжээ.

Энэ талаар тус аймгийн Баян-Адрага сумын Засаг дарга О.Лхагвадорж “Монголын түүхэнд гавьяа байгуулж, нэр алдраа дурсгасан Бөртэ, Сорхугтани, Мандухай, Дондогдулам зэрэг 9 цэцэн билигт хатны түүхэн баримт, дурсгалт өв энэхүү өргөөнд хадгалагдаж байдаг.

Дондогдулам хатны түүхийг иргэд олон нийтэд таниулах үүднээс түүний хөргийг лааны тосон баримлаар бүтээх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

Categories
мэдээ соёл-урлаг

​Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын улирлын хаалтын Гала тоглолт болно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын улирлын хаалтын тоглолт энэ өдрүүдэд болж байгаа бөгөөд өнөөдөр 17 цагт 55 дахь улирлын дуурийн Гала тоглолт болно.

Тус театрын уран бүтээлчид дэлхийн шилдэг сонгодог хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн мэндэлсний 160 жилийн ойн хүрээнд сонгодог бүтээлийг үзэгч түмэндээ өргөн барьж байгаа юм. Энэхүү тоглолтод театрын уран бүтээлчдээс гадна БНСУ, ОХУ-ын дуурийн дуучид оролцоно. БНСУ-ын удирдаач Ки Сун Ли, дуучин Ким Нам Юүн (сопрано), И Ёон Сук (сопрано), Лю Хён Сунг (басс-баритон), ОХУ-ын Буриадын театрын гоцлол дуучин, Ардын жүжигчин Н.Мөнхзул нарын гадаадын уран бүтээлчид өнөөдрийн тоглолтод дуулна.

Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 55 дахь тоглолтын улирлын туршид 80 орчим дэлхийн болон үндэсний сонгодог дуурь, бүжгэн жүжиг, хөгжмийн бүтээлүүдээ толилуулжээ. Мөн дэлхийн дуурийн топ 10 хөгжмийн зохиолчдоос есөн бүтээлийг нь Монголын тайзнаа амилуулаад байна.

Тус театрын уран бүтээлчид маргааш Д.Сүхбаатарын талбайд Монголын болон дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлийг үзэгчдийн сонорт хүргэснээр 55 дахь улирлаа өндөрлүүлэх юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Морин хуурыг дээдлэсэн өдрүүд удахгүй эхлэнэ

Морин хуурын олон улсын VI наадам энэ сарын 30 –наас долдугаар сарын тавны өдрүүдэд нийслэл хотноо Нийслэлийн соёл урлагийн газар болон бусад мэргэжлийн урлагийн байгууллагууд хамтран зохион байгуулагдах гэж байна.

Уг наадамд АНУ, Бельги,ӨМӨЗО,Хятад, Япон, ОХУ-ын Буриадын 30 гаруй гадаадын морин хуурч, урлаач Монгол Улсын мэргэжлийн хөгжмийн таван театр чуулгаас 100 гаруй уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид, хөдөө орон нутгаас соёлын өв тээгчид оролцож байна. Наадмын үеэр Монголын морин хуурын шилдэг бүтээл, олон улсын морин хуурчдын тоглолт, мэргэжлийн морин хуурчдын уралдаан, хэлэлцүүлэг, үзэсгэлэн нээгдэх аж.

Наадмын нээлтийн хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв өргөөнд морин хуурын шилдэг сор бүтээлүүдийг улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Үндэсний их театрын их найрал зэрэг чуулга, хамтлагууд толилуулж морин хуурчид, бүтээлчид оролцоно.

Харин 7-р сарын 1-2нд Улсын филармоний танхимд мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан, 3-4нд уулзалт- хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.Өнгөрсөн жилүүдэд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, Герман, Франц зэрэг улсын 600 гаруй морин хуур суралцагч, багш, судлаач, хамтлагууд оролцож байжээ.

2008 оноос хойш зургаа дахь удаагаа зохиогдож буй олон улсын морин хуурчдын наадмыг Нийслэлийн ЗДТГ, Соёл урлагийн газар, БСШУЯ хамтран зохилон байгуулж байна. Наадмыг “МИГ даатгал”ХХК , “Жанцанноров сан”, Морин хуурыг дэмжих “Цэндийн Батчулуун сан” ивээн тэтгэжээ.

Ц. УЯНГА