Улсын эх дагина Дондогдуламын намтар үйлсийн тухай мэдээллийг баяжуулах үүднээс Богд хааны ордон музейд хадгалагдаж буй түүнд холбогдох үзмэрүүдээр өнөөдөр “Монголын сүүлчийн их хатан” үзэсгэлэн нээлээ.
СУГ-аас 2018 онд Шашин төрийг хослон өрнүүлэгч Улсын Эх дагина Дондогдулам хатны дурсгалт газрыг авран хамгаалах ажлыг зохион байгуулжээ. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс хийсэн малтлага судалгаагаар тоосго, цутгамал шавар бурхан, сац, цаасны хэсгүүд, цутгамал шавар хүний толгой, цутгамал шавар бурханы хэлтэрхий зэрэг эд өлгийн зүйлсийг олж илрүүлсэн байна.
Эдгээр эд өлгийн зүйлсийг олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлж, үнэ цэнэ, ач холбогдлыг нь танин мэдүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрэлээн, Богд хааны ордон музей хамтран эл үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байна.
Үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгөөс дээжлэн Дондогдулам хатны дээл, хантааз, гутал, тамхины хавтага, эрих, зүүлт, маргад шигтгээтэй тоорцог, толгойн боолт, хонх, очир, гавлын ясан аяга зэрэг 70 орчим үзмэр дэлгэснээс хосгүй үнэт үзмэр хатны сувдан хээтэй хантааз, хамжаар, түмэн наст хээтэй дээл үзэгчдийн сонирхлыг ихээр татаж байв.
Дондогдулам хатны сувдан шигтгээтэй, хүрэн ягаан чулуун бөнжигнүүртэй, 58 салаа сувдан унжлагатай толгойн боолтыг тэрбээр 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Эх дагинад өргөмжлөх ёслолд өмсчээ. Мөн хатны эрих нь 4 ширхэг шилэн бөөртэй, оюу толгойтой, ган хаалт, хонх очиртой, хүний гавлын ясаар хийсэн 108 булцуугаас бүрдэх бөгөөд урт нь 90 см, 175 грамм жинтэй аж.
Мөн Дондогдулам хатны маргад шигтгээтэй тоорцгийг Богд хааны ордны урчууд XX зууны эхэн үед урласан бөгөөд эл тоорцог нь хүрэн торгон суурьтай, жижиг сувдан хээн дээр дунд зэргийн сувдыг давхар шигтгэсэн, магнайд алтан суурьтай, очир эрдэнээр хүрээлсэн маргад чулуун шигтгээтэй. Орой дээрээ сувдан сампинтай, шүрэн эм хас хээтэй, хавчаартай, улаан торгон дотортойг үзвээс хатгамалчдын урыг илтгэнэ. Эл тоорцгийг Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Эх дагина, Цагаан Дара Дондогдуламд зориулан урлажээ.
Богд хааны ордон музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Лхагвасүрэн ярихдаа, “Манай музейн сан хөмрөгт Дондогдулам хатанд холбогдох уран зураг, гэрэл зураг, хувцас, дээл өмсгөл, гоёл чимэглэл, гэр ахуйн чиглэлтэй эд өлгийн зүйлс хадгалагддаг. Дондогдулам хатныг Богд хаантай ханилснаас хойш шашны боловсролтой эмэгтэй байсан учраас 1902 онд Цагаан Дарь эхийн хувилгаан дүрээр тодруулсан. Мөн 1911 онд монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулан Дондогдулам хатныг Улсын Эх дагинад өргөмжилсөн байдаг. Тиймээс Дондогдулам нэг талаас шашны хүн, нөгөө талаас төрийн хүн байсныг илтгэдэг. Энэ үзэсгэлэнг дэглэхдээ хатны шашны хүн байсныг харуулах зорилгоор шүтэж байсан бурхан тахил, гавлын ясан аяга, төрийн хүн байсныг илтгэх ууж дээл хувцас, толгойн гоёл зэрэг эд өлгийн зүйлийг дэлгэсэн. Мөн гэрэл зураг, уран зургууд ч бий” гэв.
“Улсын Эх дагина Дондогдуламын дурсгалын газарт газар эзэмшсэн иргэд хөрс хуулах, дэнжлэн хашаа, байшин барих зэргээр дурсгал эрсдэлд орсон учир авран хамгаалах үйл ажиллагааг явуулсан. Соёл, урлагийн газар ШУА-ийн Түүх, археологийн газартай хамтран Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шарга морьт зуслангийн баруун хойд хэсэгт байрлах хатны дурсгалт газарт авран хамгаалах ажлыг археологийн хайгуул,судалгаагаар өвийн дурсгалыг бүртгэн баримтжууллаа. Мөн Соёл, урлагийн газрын даргын тушаалаар Ажлын хэсэг байгуулан Улсын Эх дагина Дондогдуламын дурсгалын газрын соёлын өвийн үнэ цэнийг тодорхойлж, иргэдэд газар эзэмшүүлсэн Захирамжийг цуцлуулсан. Цаашид дурсгалт газарт иж бүрэн малтлага судалгаа хийх, цэцэрлэгжүүлэх, тохижуулах саналыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлж, ажлын зураг, даалгаврыг хийлгээд байна” хэмээн Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Н.Мөнхзул ярив.
Үзэсгэлэн Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд ирэх сарын 09-нийг хүртэл үргэлжилнэ.