Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан-Өд” наадмын шилдгүүд өнөөдөр орой тодорно. 2001 оноос эхлэн жил бүр зохиогдох болсон уг наадам энэ жил 18 дахь удаагаа болох юм. “Алтан өд” наадам энэ жил яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат болон зөгнөлт зохиол гэсэн найман төрлөөр шилдгүүдийг шалгаруулна. Шилдгээр шалгарсан бүтээл “Алтан-өд” цомын эзэн болох юм.
Category: соёл-урлаг
Төрийн соёрхолт зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн “Хийморь” уран сайхны кино өнөөдөр “Corporate Convention Centre”-т нээлтээ хийнэ. Гурван жилийн хугацаанд бүтээсэн энэхүү киног жүжигчин Г.Эрдэнэбилэг найруулж, гол дүрд нь 10 настай хүү Ч.Ариунболд, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, дүрүүдэд жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Ялалт нар тогложээ.
Найруулагч Г.Эрдэнэбилэг хэлэхдээ, “Монгол морин туурайгаар дэлхийн талыг тамгалсан шиг, эрдэнэт хүлгээ магтан дуулсан уран бүтээлээрээ бид яагаад гаднын улс орнуудыг байлдан дагуулж болохгүй байх билээ гэсэн хүсэл зорилгоор хичээж ажиллалаа. Кино зохиол нь мундаг. Тиймээс хүүхэд залууст монгол өв соёлоо таниулан мэдүүлэх, түүх болгон үлдээх зорилгоор “Хүрэн морь”-ийг дэлгэцэнд амилуулж, мөнхөлж байгаадаа олзуурхаж байна. Энэ бол орчин цагийн хүүхэд залууст их сургамжтай, эх орноо бахархан хайрлах, ёс заншлаа танин мэдэхэд тустай кино болсон” хэмээн тодотгов.
Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон жил бүр зохион байуулдаг “Болор цом” яруу найргийн наадам Говьсүмбэр аймагт эхэллээ. Уг наадамд шилдэг 27 найрагч бүтээлээрээ өрсөлдөж байна. Мөн энэ жилийн наадамд Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос яруу найрагчид оролцож байгаа аж. Тухайлбал яруу найрагч Х.Алагаа, М.Амархүү, Н.Батжаргал, Б.Баттулга, Т.Баянсан, Сүглэмаа, Ч.Ууганбаяр, М.Уянсүх, О.Цэнд-Аюуш,Б.Чулуунцэцэг, Б.Элбэгтөгс,Д.Энхболдбаатар,Д.Одгэрэл, Г.Лхагвадорж зэрэг 27 найрагч оролцож байна.
Наадмын хөтлөгчөөр МҮОНТ-ийн хөтлөгч Г.Агааноров, нэвтрүүлэгч Б.Гантигмаа нар ажиллаж буй. Утга зохиолын салбарын хийгээд “Болор цом” наадмын түүхийн шаргал хуудсыг баяжуулж буй 36 дахь удаагийн “Болор цом” наадам Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог аж. Болор цом наадамд Ардын уран зохиолч Т.Галсан, Ардын уран зохиолч Б.Догмид,төрийн соёрхолт, “Болор цом” наадмын тэргүүн байрын шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, СГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар зэрэг олонд алдаршсан уран бүтээлчид мялаалга шүлэг уншжээ.
Утга уянга, гоо зүй, хүний сэтгэлийн нарийн чанадыг хөглөдөг энэ наадмыг анх 1983 онд ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж санаачилж зохион байгуулсан бөгөөд “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж байсан бол удаах жил нь ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь ардын уран зохиолч, Бавуугийн Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ тэргүүн байрт шалгарч байжээ. Наадмын тэргүүн байр, айргийн тавын эзэд өнөөдөр үдээс хойш тодорно. “Боржигин голомт-Болор цом-36” яруу найргийн наадмыг Говьсүмбэр аймгийн иргэд болон хүссэн хүн бүр үнэ төлбөргүй үзэж байна.
Энэ сард тоглогдох жүжгүүд
Манай урлаг соёлын салбарынхан 2018 онд уран бүтээлийн олз омог, шинэ уран бүтээл, тоглолт, шагнал урамшлаар дүүрэн байж, шинэ оноо угтлаа. Харин 2019 оны нэгдүгээр сард хаана, ямар тоглолт болохыг сонирхлоо. Одоогоор Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын театрын үзвэрийн мэдээ гараад байна.
Нэгдүгээр сарын 12
Дуурь бүжгийн эрдмийн театрт:
Л.Делиб “Коппелия” балет
17:00 цагт
Тасалбар 20 мянган төгрөг
19-нд
Ардын жүжигчин Ж.Чулуун “Уран хас” балет
Хоёрдугаар сарын 23-нд
Х.Билэгжаргал – Ламбугайн нулимс дуурь
17.00 цагт
24-нд
А.Хачатурян – Спартак
17.00 цагт
Гуравдугаар сарын 01-нд
Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав – Шивээ Хиагт дуурь
17.00 цагт
02-нд
П.И.Чайковский – Хунт нуур
17.00 цагт
Улын драмын эрдмийн театрт:
Улсын драмын эрдмийн театрынхны мэдээлснээр түүхэн жүжгийн үзвэрийн хуваарь нэгдүгээр сарын 04-нд гарна.
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн “Тамгагүй төр”,
Их зохиолч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Нацагдоржийн “Жаргаагүй нар”
“Ану хатан” түүхэн эмгэнэлт жүжгүүд тоглоход бэлэн байгаа аж.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн А/843 тушаалын дагуу Үндэсний болон олон улсын хэмжээнд амжилт гаргасан шилдэг уран бүтээлчийг тодруулан алдаршуулах “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын ажиллагааг 2018 оны 12 сарын 29-ний өдөр “Их тэнгэр” цогцолборт зохион байгууллаа. Оны шилдэг уран бүтээлчдийг тодруулахаар БСШУС-ын Сайд Ц.Цогзолмаа, Дэд сайд Г.Ганбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУСЯ-ны СУБГ-ын дарга Н.Сэргэлэн болон бусад албаны хүмүүс, урлаг, соёлын зүтгэлтнүүд оролцлоо. Шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэхээр мэргэжлийн урлагийн 27 байгууллагын нийт 40 шилдэг уран бүтээлчид нэр дэвшигдсэнээс 2018 оны шилдгийн шилдгээр дараах уран бүтээлчид тодорлоо.
Тайз, дэлгэцийн шилдэг зураач
Зураач Найданнямын Болор-Эрдэнэ
Шилдэг хөгжимчин
Монгол Улсын Консерваторийн багш, хөгжимчин Галсанжамцын Нямжанцан
Тайз,дэлгэцийн шилдэг жүжигчин
“Есөн өрлөг-Зола” хамтлагийн жүжигчин Лувсандашийн Тэлмэн
Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч
“Жийж” продакшны найруулагч Осорын Бат-Өлзий
Шилдэг дуучин
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дуучин Баасансүрэнгийн Энхнаран
Шилдэг бүжигчин
Үндэсний урлагийн их театрын бүжигчин Мягмарын Бямбаа
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч билиг авьяастан
Туульч Эрдэнэцогтын Баатаржав нар тус тус шалгарч Засгийн газрын шагнал “Мөнгөн мод” цом, 3.0 сая төгрөгөөр шагнагдлаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар
Дуучин С.Сэрчмаа “Freezone” хамтлагийн “Цасан хаялга” дууг тус хамтлагийн ахлагч Э.Энхтөртэй хамтран шинэчлэн дуулснаар хүргэж байна.
Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр төрийн дээд цол, одон медаль гардуулсан. Ардынн хувьсгалтай нас чацуу Ардын уран зохиолч Б.Бааст гуай хөдөлмөрийн баатар болсон бол СУИС-ийн дуулаачийн тэнхимийн багш, соёлын тэргүүний ажилтан Дуламын Баасанжав Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ.
Тэртээ наян зургаан онд “Жонон хонгор”-ын Дашням гуайд хөтлөгдөн “Хан Хэнтий” босгоор алхан орж байсан дуучин Д.Баасанжавын амьдрал, хөдөлмөрийн намтар түүх даруухан хэрнээ үр бүтээл өндөр. Соёл урлагийн их сургуульд дуучны мэргэжил эзэмшиж хөгжмийн их зохиолч Д.Лувсаншаравын урилгаар Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад(тухайн үеийн нэрээр) уригдан ажиллаж байсан гэдэг. Өдгөө нийслэлийн “Улаабаатар” чуулгад ажиллаж байгаа хэдий боловч энэ хугацаанд “Харцны хайлган Дунгаамаа”, “Гурван зүртийн уянга”, “Асгат нүдэнгийн бага нас” болон хамгийн сүүлд “Дунгаамаа” гээд бие арав орчим бие даасан уран бүтээлийн тоглолт хийсэн уран бүтээлийн баялаг намтартай дуучин билээ. “Дуулсан дуугаараа ард түмний дунд нэрлэгдэн хүндлэгдэнэ гэдэг нь тр бүр уран бүтээлч хүнд, дуучин хүнд олдоод байдаггүй завшаан. Энэ аз завшаан гэх үгийн цаана дуучны дундаршгүй их авьяас, нөр их хөдөлмөр, уран бүтээлч жаргал, зовлон, эцэс төгсгөлгүй эрэл хайгуул байдаг гэдгийг энд дурдахаас өөр аргагүй мэт. Дуучин Д.Баасанжав энэ бүх замыг туулан байж энэ өндөрлөгт хүрч чадсан байх юм. Үүнийг түүний “Дунгаамаа-дуун хорвоо” уран бүтээлийн концерт нотолно. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн хөгжим, соёлын гавьяат зүтгэлтэн нэрт зохиолч Дүгэржавын Маамын шүлгээр бий болсон энэхүү дууг дуучин Д.Баасанжав хоолойн өвөрмөц өнгө аясаараа, дуулах өөрийн гэсэн донж маягаараа дуулсан нь ард түмний сэтгэлд хүрч “Дунгаамаа-Баасанжав” хэмээн алдаршжээ. Энэхүү дуу нь хэдийгээр зохиогчтой дуу боловч түүнийг ардын дууны хэмжээнд хүргэн амилуулж ард түмэнд хүргэсэн нь дуучин Д.Баасанжавын гавьяа юм” гэж хөгжим судлаач доктор С.Энхбулаг үнэлсэн байдаг.
Монгол Улсын гавьяат жүжигчин Дуламын Баасанжав нь “Аргагүй амраг”, “Сүнжидмаа”, “Хөх торгон дээл”, “Янлинхуар”, “Цонхон дээр суусан ялаа” гээд монгол ардын богино дууны оргил болсон дээжсээс авахуулаад ардын дуу мэт эвлэгхэн дуулсан зохиогчтой дуунууд гээд тоолж баршгүй олон дууг урын сандаа багтаан амжжээ. Энэ нь хэдийгээр түүний урын сангийн цар хүрээг хэмжих гэсэн оролдлого боловч нөгөө талдаа ардын дууны тэр их сан хөмрөгийг хойч үедээ өвлүүлэн үлдээх гэсэн санаа гэдгийг уран бүтээлч хэн боловч ойлгох буй за. Шинэхэн гавьяатдаа бүтээл туурвилын их амжилтыг хүсье.
Н.Гантулга
“Маск” продакшны жүжигчин М.Баярмагнайд гавьяат жүжигчин цол олгохоор болсон тухай мэдээллийг тус продакшны жүжигчин П.Эрдэнэзаан өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Жүжигчин П.Эрдэнэзаан энэ талаар, “Хошин урлагийн салбарт 20 гаруй жил зүтгэж, олон зуун гайхалтай тайз, дэлгэцийн дүрээр үзэгчдээ баярлуулж, бас инээлгэж яваа жүжигчин М.Баярмагнайд Монгол Улсын гавьяат цол олгох болсонд маш их баяртай байна. Сэтгэл тэнэгэр байна” хэмээн хариулжээ. Жүжигчин М.Баярмагнай маргааш 11.00 цагт цол тэмдгээ гардан авах ажээ.
Нийслэлийн Засаг даргын тамгын газар Монголын хүүхдийн ордонтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” өнөөдөр боллоо. Харшийн сүлд модны наадмын нээлтэд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий болон бусад албаныхан хүрэлцэн ирж, хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлэв.
Харшийн сүлд модны наадмыг нээж нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр хэлсэн үгэндээ “Сурлага хөдөлмөрөөрөө манлайлж, авьяас билгээрээ тэргүүлэн , анги хамт олон, сургуулийн хүүхэд багачуудаа манлайлдаг хүүхэд бүрийн зорин ирэх дуртай шинэ жилийн баяр бол” Харшийн сүлд модны наадам” билээ. Түүхийн он тооллоор жарныг туулж, 2019 оны босгон дээр ирж байгаа энэхүү сүрлэг наадмын эрхэм хүндэт зочид нь хүүхэд багачууд та бүхэн юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр улс орны хойч ирээдүй болсон хүүхэд багачуудаа урамжуулах, тэднийхээ авьяас билэг, сурлага хөдөлмөрийг дэмжих зорилгоор “Харшийн сүлд модны наадам”-ыг тасралтгүй зохион байгуулж ирсэн.
Ирээдүйдээ та бүхэн эх орноо жолоодож, эрдэм авьяасаараа дэлхийд гайхагдаж, улсынхаа нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлж, ур ухаан, оюун бодлоо чилээн, олон түмнийхээ итгэлийг даасан манлайлагч, хөдөлмөрч хүмүүс болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгож байв.
Харшийн сүлд модны наадамд Монголын Хүүхдийн ордны драм, бүжиг, дуулаачийн дугуйлангийн хүүхдүүд оролцож урлагийн номер, жүжигчилсэн тоглолтыг бэлтгэн хүүхэд багачуудад толилуулдаг билээ. Тоглолтын үеэр үлгэрийн баатрууд амилж, өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, хүүхэд багачуудад бэлэг гардуулдаг уламжлалтай.
Харшийн сүлд модны наадмыг анх 1958 онд зохион байгуулж байжээ. Өнөөдрийг хүртэл 60 жил тасралтгүй хүүхэд багачуудынхаа өмнө тоглогдсоор байгаа нь энэ баярын үнэ цэнийг тодотгож байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд “Монгол төрийн айзам уртын дуу” хүндэтгэлийн ёслолд оролцсон уран бүтээлчдийн төлөөлөгчдөд баяр хүргэн, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлс, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсээд талархал гардууллаа.
Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойн баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монголын уртын дууны холбоо, Монгол Улсын Консерваторийн дуулаачийн факультетын Ж.Дорждагвын нэрэмжит танхим, Соёл урлагийн их сургуулийн Н.Норовбанзадын нэрэмжит танхимтай хамтран “Монгол төрийн айзам уртын дуу” хүндэтгэлийн ёслол, тоглолтыг зохион байгуулсан юм.
Энэ тоглолтын үеэр Төрийн хүндэтгэлийн уртын дуунуудыг 94 уртын дууч, 6 морин хуурч нийт 100 уран бүтээлч монгол түмэндээ толилуулсан билээ.
Тэгвэл олон жилийн судалгаа хийсний үндсэнд Төрийн хүндэтгэлийн гэх уртын дуунуудыг эмхэтгэн “Монгол төрийн айзам уртын дуу” номыг хэвлүүлж, цаашид энэхүү номд бичигдсэн нот, үгийн дагуу Монгол төрийн айзам уртын дууг дуулж заншихаар болж байгаа юм байна.
ЭНЭ ТАЛААР МУГЖ, МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙН ДУУЛААЧИЙН ФАКУЛЬТЕТЫН БАГШ Д.ТҮВШИНЖАРГАЛ:
“Юун түрүүнд Монгол төрөө хүндэтгэж, бидний өвөг дээдсийн олон мянган жилийн турш тээж ирсэн өв, энэ өвийг бидэнд авчирч өгсөн эрдэмтэн, оюутан, багш нартаа баярлаж байна. Монголын алдарт дуучин Магсархурцын Дугаржав Зууны манлай уртын дууч Жигзавын Дорждагва багшид янз бүрийн нийгмээс болж яруу найраг нь их өөрчлөгдсөн дуунуудыг, жишээлбэл “Эртний сайхан” гэж Эзэн Чингис хааны төрийн сүлд дууг социализмын үед дуулж байгаагүй. Тухайн үед “Залуу баатрын ялалтын түүх” хэмээн нэрийг өөрчилсөн. Харин аялгуу нь яг хэвээр олон алдарт уртын дуучдаар дамжин, өртөөлөн бидний үед ирсэн.
Энэ номд есөн айзам уртын дуу орсон. Төрийн холбоотой дуунууд агуу их оюун ухаан, өвөг дээдсийн нандин өв сан, яруу найраг, аялгуугаараа гүн хүндэтгэлийн эгшиглэнтэй бүтээлүүд байдаг. Тиймээс Төрийн ёслолын алба болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтраад Төрийнхөө их хүндэтгэл, баяр цэнгэл, наадмын үеэр Монгол төрийн айзам уртын дууг эгшиглүүлж байхаар Төрийн ёслолын журамд оруулж, эхний ёслолоо Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 94 жилийн ойн баярын өдрөөр хийсэн юм. Энэ бол эхлэл. Цаашдаа уламжлал болгох зорилготой байгаа.
Бидэнд их хариуцлага, үүрэг оногдож байна. Цаашид номд орсон эдгээр дуунуудаа гурван хэлээр орчуулж, тайлбар бэлтгэнэ. Мөн дууныхаа утга, чанарыг тайлбарлаж, одоогийн өндөр чадвартай хүмүүсээр нотлуулж, Монгол туургатандаа эхний ээлжинд хүргэх зорилготой байгаа” гэлээ.
МӨН СТА, МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙН ДУУЛААЧИЙН ФАКУЛЬТЕТЫН БАГШ Ц.НАСАНБАТ:
“Монгол төрийн айзам уртын дуу” номд багтаж буй есөн дууг судлахад маш их цаг орсон. Миний хувьд гэхэд 2005 оноос хойш судалж байгаа. Олон эрдэмтэн, мэргэд судалсаар ирсэн бүтээлүүд юм. Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн, Соёл, урлагийн их сургуулийн уртын дууны багш нар гээд олон хүний судалгаа, хөдөлмөрийн үр шим юм.
Энэ номыг судалгааны хэрэглэгдэхүүн болохоос гадна, Монгол уртын дууг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгаа юм” гэлээ.