Categories
мэдээ соёл-урлаг

Бээжин хотын олон улсын кино наадам энэ сарын 13-20-нд болно

Бээжин хотын олон улсын кино наадам энэ сарын 13-20-нд урд хөршийн нийслэлд болно. Өдгөө ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам энэ жил Хятадын боловсролын салбарын 70 жилийн ойг тохиолдуулан “Эх орон” сэдвийн хүрээнд болох аж. Тус кино наадмын үндсэн хөтөлбөр нь нээлт уран бүтээлчдийн уулзалт, хэлэлцүүлэг, олон нийтэд зориулсан үйл ажиллагаа, хаалтын ёслол зэрэг долоон үндсэн хэсгээс бүрдэх юм байна.

Дээрх олон улсын кино наадмын дээд шагнал буюу “Тэнгэрийн сүм”-ийн төлөө эцсийн шатны шалгаруулалтад 15 кино өрсөлдөхөөр болжээ. Үүнээс гадна шүүгчдийн зөвлөлөөс санал болгосон бусад дэлгэцийн бүтээлийг тус хотын 30 гаруй кино театраар үзэгчдэд хүргэнэ.

Сонирхуулахад,

Categories
мэдээ соёл-урлаг

ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН МОНГОЛЫН СОЁЛ УРЛАГИЙГ СУРТАЛЧЛАХ АРГА ХЭМЖЭЭ СИНГАПУР ХОТНОО БОЛОВ

Бүгд Найрамдах Сингапур Улсад амьдарч буй Монгол хүүхдүүдэд зориулсан “Mon Heritage” төслийн ээлжит арга хэмжээ 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдав. Хилийн чанадад өсөн торниж буй Монгол хүүхдүүдэд Монгол соёл уламжлал, түүхийг танин мэдүүлэх, угсаа, уламжлалаа дээдлэн хүндлэх хүсэл эрмэлзлэлийг дэмжих зорилгоор Бүгд Найрамдах Сингапур Улсын Ли Куан Ю-гийн Төрийн удирдлагын их сургуулийн оюутан Б.Тэмүүлэн, Х.Саруул нар энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамнаас дэмжин оролцов. Төслийн хүрээнд “Mon Hub” өргөө буюу монгол орчныг бүрдүүлсэн өргөөнд Монгол төдийгүй гадаад хүүхдүүд тухлан саатаж, Монгол соёл уламжлал, түүхийг хичээлийн бус хөгжөөнт тоглоомын аргаар танилцуулсан. 2019 оны 1-3 дугаар сард цуврал хэлбэрээр нийтдээ гурван удаа зохион байгуулсан энэхүү арга хэмжээг зохион байгуулах бүрд илүү их хүүхэд багачууд цугларч, хүүхдүүд ч илүү нааштайгаар хүлээн авч, сонирхол нь нэмэгдэж байсан.

Монголын түүх соёл, уламжлалыг таниулан сурталчилах арга хэмжээг Элчин сайдын яамны зүгээс үргэлж дэмждэг бөгөөд 2018 онд Бүгд Найрамдах Сингапур Улсын Танжонг Катонг дунд сургуулийн 400 гаруй хүүхдүүдэд зориулсан “Олон улсын нөхөрлөлийн өдөр”-р ийнхүү Монголын түүх, соёл уламжлалыг сурталчлах арга хэмжээг зохион байгуулж байсан юм. Энэ удаад Сингапур хотноо амьдарч буй монгол хүүхдүүдэд түлхүү чиглэсэн энэхүү арга хэмжээ нь хүүхдүүд төдийгүй эцэг, эхчүүдийн талархалыг хүлээсэн юм. Санаачлан зохион байгуулагч нарын онцолсноор, “Нэг удаагийн бус удаан хугацаанд тодорхой давтамжтайгаар үргэлжлэх боломжтой уг санаачлагыг эцэг, эхчүүд дэмжиж, өөрсдөө цаашид зохион байгуулан хэвшүүлэх боломжтой юм”.

Монголын түүх соёл, уламжлалыг таниулан сурталчилах арга хэмжээг Элчин сайдын яамны зүгээс үргэлж дэмждэг бөгөөд 2018 онд Бүгд Найрамдах Сингапур Улсын Танжонг Катонг дунд сургуулийн 400 гаруй хүүхдүүдэд зориулсан “Олон улсын нөхөрлөлийн өдөр”-р ийнхүү Монголын түүх, соёл уламжлалыг сурталчлах арга хэмжээг зохион байгуулж байсан юм. Энэ удаад Сингапур хотноо амьдарч буй монгол хүүхдүүдэд түлхүү чиглэсэн энэхүү арга хэмжээ нь хүүхдүүд төдийгүй эцэг, эхчүүдийн талархалыг хүлээсэн юм. Санаачлан зохион байгуулагч нарын онцолсноор, “Нэг удаагийн бус удаан хугацаанд тодорхой давтамжтайгаар үргэлжлэх боломжтой уг санаачлагыг эцэг, эхчүүд дэмжиж, өөрсдөө цаашид зохион байгуулан хэвшүүлэх боломжтой юм”.
Энэхүү арга хэмжээгээр “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, улмаар хилийн чанадад дахь Монгол хүүхдүүдэд монгол хэл, ёс заншил, түүх, соёл, урлагийн үнэт зүйлсийг сурталчилан таниулахыг зорьсон. Элчин сайдын яам болон “Номадик комик” байгууллагын дэмжлэгтэйгээр “Бумбардай” нэртэй нүүдлийн өв соёлыг сурталчилсан хүүхдийн цуврал комик номыг хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэглэсэн. Элчин сайдын яам Сингапур хотноо амьдарч буй Монгол иргэд, тэдгээрийн гэр бүлд зориулсан арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулахыг зорин ажилладаг нь гадаадад буй монгол иргэдийнхээ дунд эв нэгдэл, найрсаг харилцааг хөгжүүлэх зорилготой.

Categories
мэдээ соёл-урлаг

Монголд “Холливуд”-ын 16 уран бүтээлч ирнэ

“Хануй филмь” НҮТББ-аас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг 2019 оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэхүү наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явуулах ба Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч, тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэх зорилготой. Кино бүтээхтэй холбоотой олон чиглэлээс Холливудын мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нь кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, чухал ач холбогдол бүхий арга хэмжээ юм.

Холливудаас Монголыг зорин ирэх уран бүтээлчидтэй танилцана уу.

1. Ивана Чаббак. Холливудын “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч. Ивана Чаббак нь дэлхийн хамгийн эрэлттэй Холливудын алдартай жүжигчдийн дасгалжуулагчдын нэг гэдгээрээ алдартай бөгөөд өөрийн жүжиглэх ур чадварыг хөгжүүлэх Чаббак арга барилыг боловсруулан гаргасан. Лос Анжелес Таймсын шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” ном орчуулагдан гарснаар дэлхийн хэмжээний жүжигчдийг дасгалжуулагч Иванагийн кино зохиолыг амилуулах, амьд, динамик дүр бүтээх жүжигчний 12 арга барилыг эх хэлээрээ унших боломж бүрдэж байгаа юм. Ивана Чаббакийн дасгалжуулсан жүжигчид: Jake Gyllenhaal, Jared Leto, Halle Berry, Brad Pitt, James Franco, Sylvester Stallone, Charlize Theron

2. Кийс Ван Оострум. Америкийн зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч.

3. Тим Коддингтон. Продюcер. “Мулан”, “Галзуу баян азиуд”, “Нарниа” зэрэг олон киноны продюсер хийж байсан.

4. Дэвид Петрарка. Найруулагч. “Хаадын тоглоом”, “Дайчин”, “Марко Поло” зэрэг киноны найруулагчаар ажилласан.

5. Rudy Youngblood. Жүжигчин. “Апокалипто”, “Салхинд туугдагсад”, “Хоосрол” зэрэг кинонд тоглосон.

6. Йохим Зелл. Оскарын шагналт, өнгө хувиргагч. “Сэлмэн дээр гүйгч 2049”, “Х-хүн -Өнгөрсөн ирээдүйн өдрүүд”, “Карибын тэнгисийн дээрэмчид – Үхсэн хүн үг хэлдэггүй” зэрэг кинонд ажилласан.

7. Попинг Аувеун . Кастинг директор. Мулан (Mulan), Мэг (Meg), Каратэ жаал (The Karate Kid) зэрэг олон кинонд ажилласан.

8. Карло Антонио Жентил. Кино шүүмжлэгч. Берлин, Венец, Каннын Олон улсын кино фестивалийн шүүгч

9. Ваня Сернжүл. Зураглаач. “Галзуу баян азиуд”, “Марко Поло”, “Улбар шар бол шинэ Хар” гэх мэт кинонд Ерөнхий зураглаачаар ажилласан.

10. Витаяа Пансрингарм. Шанхайн ОУ-ын кино наадмын шилдэг жүжигчин. “Зөвхөн бурхан л өршөөдөг”, “Сүүлчийн гүйцэтгэгч” зэрэг киноны жүжигчин.

11. Лойд Кауфман. Бие Даасан Кино болон Телевизийн Холбооны Захирал (Chairman, Independent Film & Television Alliance (IFTA))

12. Патришиа Свинни Кауфман. Нью Йоркийн Үндэсний киноны бүрэн эрхэт төлөөлөгч (New York State Film Commissioner).

13. Цеце Дестефано. Эммигийн шагналт кино зураач. Happy Death Day, Breaking In, Alias зэрэг уран бүтээлүүдэд зураачаар ажилласан.

Categories
мэдээ соёл-урлаг

Холливудын уран бүтээлчид Монголд ирнэ

“Холливуд Монголд” Олон Улсын Кино Уран Бүтээлчдийн Анхдугаар Наадам 2019 оны 5-р сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Үүнтэй холбогдуулан 2019-03-28-нд 11:00 цагт “Туушин” зочид буудлын 4-р давхрын СҮЛД танхимд хэвлэлийн бага хурал зохион байгуулах гэж байгуулах гэж байна. Энэхүү наадам нь Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоож хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэх, улс эх орноо дэлхийд сурталчлан таниулах зорилготой аж.

Кино бүтээхтэй холбоотой бүхий л салбар бүрээс Холливудын мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нь кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, чухал ач холбогдол бүхий арга хэмжээ болох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Х.Эрхэмбаяр: Оюун санааны эрэлд мордсон хүн бүхэн энэ жүжгийг үзээсэй

Түүхч, бичгийн хүн “Чоно багш” хэмээгдэх Х.Эрхэмбаяртай ярилцлаа.


-APPLE компанийг үндэслэгч Стив Жобсын талаар мэдэхгүй хүн ховор болов уу. Энэ хүний тухай манайд анхлан оюун санааны монодрам толилуулах гэж байгаа нь содон онцгой санагдлаа. Ийм сэдэл, санаа анх хэрхэн төрөв?

-Тийм ээ, Жобсыг дэлхий ертөнцөөрөө андахгүй. Яг үнэндээ би, Жобсоор өвчилсөн хүн. Энэ өвчиндөө ч дуртай. Өвчлөхөөс ч аргагүй. “Жобс хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилсөн. Хэрэв Жобс APPLE-дээ эргэж ирээгүй бол, бид урьдын уйтгарт нэгэн хэвийн амьдралдаа хэвээр байх байсан юм” гэж, Америкийн шинжээчид дүгнэсэн байдаг юм. Жобсын өөрийнх нь ертөнцийг үзэх үзэл, амьдралын философи нь маш онцлог. Тэрбээр, “хүн сүргийн” хашигдмал сэтгэлгээг задлан, хувь хүн нэг бүрийн эрх чөлөөг тунхаглана хэмээн, өөрийн амь амьдралаа зориулсан хүн. Эрдэм мэдлэгийн цар хүрээг чухалчлан гэгээрэл нирваан, бурханы эрэлд хатаж явсан нэгэн. Энэ бүхнээс нь үүдэн, Жобсын дотоод ертөнц дөх зөрчил, итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл лүү нь ийнхүү өнгийж харах гэсэн оролдлогоос, энэхүү жүжиг маань бүтсэн хэрэг.

-Жобсын дотоод ертөнц рүү өнгийж харснаараа, өнөөдрийн нийгэм юуг олж үзэх бол гэдэг сонин санагдаж байна?

-Яг зөв. Бид энэ жүжгээрээ Жобсын алхаа гишгээ, авир төрхийг дуурайн жүжиглэх гэхээсээ, Жобсын амьдралын философи, оюун санааны зөрчил гээд энэ хүний дотоод мөн чанарын тэр төсөөллийг л хүмүүст хүргэх гээд байгаа юм. Чухамдаа үзэгчид маань Стив Жобсын тухай монодрамыг үзэж байгаа ч, яг үнэндээ бол Жобсоос өөрийгөө олж харцгаах юм. Тиймээс л, монодрамын хэлбэрээр зохиолоо бичсэн хэрэг. Амьдралын их ээдрээг Жобс дээрээ төвлөрөн хөөвөл амттай санагдсан. Энэ хэмээр жүжигчнээс маань ихээхэн ур чадвар шаардаж таараа. Ер нь тэгээд бүтээхийн зовлон их байх тусмаа л амттай байдаг юм даа. Магадгүй монгол хүний мартагдсан тэр ой санамжийг энэ жүжиг харуулж ч мэднэ шүү. Хүндээр тусгаж аваад байхын хэрэггүй. Тархи оюун нь “хогийн сав” болчихсон шахуу өнөөгийн нийгмийн, давчидсан цөөнх болох тэр мэдлэг оюунаар хооллогч хүмүүст энэ жүжиг маань зориулагдсан. Жүжиг маань хэдийгээр монодрам ч, моно дотор стеоро дуугарч байгааг анзаарцгаагаарай.

-Та жүжигчнээ хэрхэн сонгосон бэ?

-Дүр дээрээ сонгон шалгаруулж, сүйд болсонгүй. Гэхдээ миний дотор ёолоод байгаа тэр сэрэл мэдрэмжийг үзэгчдэд хүргэчихэж чадах юм байна гэж би, жүжигчиндээ итгэсэн байгаа.

-Манайд монодрам хэд хэдэн удаа тавигдаж байсан. Монодрамыг хүлээж авах, ойлгоход үзэгчид хэр бэлэн байдаг вэ?

-Бэлэн байлгүй яахав. Цусанд нь байгаа ойлголт шүү дээ. Монгол ардын үлгэр ярих, тууль хайлах, бүүвэйн дуу нар чинь монодрам л шүү дээ. Монодрам гэдэг чинь миний ч, таны ч амьдрал. Тэгэхдээ энд нэг зүйлийг хөндөх ёстой. Монодрамын талаар тогтсон хэвшмэл ойлголтыг эргэн хармаар. Моно дотор стерео, стерео дотор моно дуугардгийг санаж сэрмээр ч юм шиг.

-Та “Цэнхэрлэн харагдах” хэмээх туульсын роман, “Мөнгө ярьж харин төр сонсдог”, “Хүннүгийн тухай өгүүлэх нь”, “SOS: CHI­NAGIS KHAAN”, “Монгол Алтай соёл”, “Хөх Монгол Танаа улихану” зэрэг түүх, нийгэм, эрдэм соёлын олон ном бичиж хэвлүүлсэн. “Галайхан” хөөмэйн анхны дуурийн зохиолыг бичиж найрууллаа. Одоо “Стив Жобс” жүжгээ бичин, найруулж байна. Танд уран бүтээлийн төлөвлөлт гэж байдаг уу?

-Баруунд ХХ зууны жар, далаад онд хүчээ авч эхэлсэн “ирээдүйчлэл” гэж нэг ойлголт байдаг. Ирээдүйн дүр төрхийг тоймлон, түүн лүү хүмүүсийн оюун санааг чиглүүлэх гэсэн санаа л даа. Би бол энэ ай савын хүн. Эрэл хайгуул, бүтээл туурвил маань ч ийм. Оюуныг талхнаас хямд үнэлэх болсон өнөө цаг үед, “хар массын” сэтгэхүйд хөтлөгдөж дөрлөгдсөн кино, жүжиг, ном хийгээд л байвал хүмүүс хог новшоор хооллоцгоосон хэвээр л байна. Чин үнэнийг хэлэхэд, мэдлэг оюунаар ангаж цангаж байгаа тэр хүмүүст зориулж уран бүтээл хийх цаг нь ирсэн.

-Магадгүй нэг талаас манайд, компани удирдан зохион байгуулаад явж байгаа захирлууд ч, энэ жүжигнээс сонин зүйлийг олж харах болов уу?

-Яасан сайхан асуулт вэ. Стив Жобс өөрийн байгуулсан APPLE-ээсээ хөөгдөж, 11 жилийн дараа APPLE-дээ уригдан эргэж ирэхэд нь “Алдагдсан 11 жил арай гэж юм дууслаа. Жобс APPLE-дээ эргэн ирлээ. Одоо Америкийн эдийн засаг аврагдан сэргэх нь” хэмээн, Америкийн томоохон хэвлэлүүдэд онцлон тэмдэглэж байсан байдаг. Биширмээр байгаа биз. Асуудал үзэл санаандаа байгаа юм. Хүмүүсийг илүү сайхан ирээдүйн төлөө урам зоригтой амьдруулах гэсэн, илүү төгс төгөлдөр технологийг бүтээх гэсэн Жобсын нэхэл хатуу үзэл санаанд нь байгаа юм. Ингэж байж хөгжлийн чиг баримжаа тодорхой болж байгаа юм. Үндэсний компаниудад маань, Жобсоос, түүний APPLE-ээс суралцах юм маш их бий.

-Таныг “Галайхан” хөөмэйн дуурийг зохиож, найруулсны чинь хувьд сонирхоход Монголын хөөмэйн урлаг ямар түвшинд яваа вэ?

-Сайн дурын уран сайханчдын түвшинд явсан хөөмэйг “Галайхан” дуурилга маань, мэргэжлийн өндөр түвшинд аваачсан. Хөөмэйг нотжуулан, хөөмэйн ур чадварын доод дээд өнгийг үлгэрлэн дуугаргаж, сургалт судалгааны эргэлтэд оруулсан. Би ингэж дүгнэж байгаа юм биш шүү, хөгжмийн судлаачид докторууд нь тэгж дүгнэсэн юм.

Б.НОМИН

Categories
мэдээ соёл-урлаг

​Сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруул Г.Сэр-Одын нэрэмжит шагнал хүртлээ

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн хурлаар “Г.Сэр-Од”-ын нэрэмжит шагналыг 1990 онд бий болгож, шилдэг бүтээл туурвисан залуу зохиолчдод олгохоор шийдвэрлэсэн байдаг билээ.

Тэгвэл дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан Утга зохиол дахь хамгийн том шагналын нэг болох Г.Сэр-Одын шагналыг гардууллаа. Энэ удаагийн Г.Сэр-Одын шагналыг “Өдрийн сонин”-ны сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруул хүртлээ. Тэрбээр “Би МУБИС-ийн Монгол судлалын сургуулийг “Утга зохиолын ажилтан,сэтгүүлч” мэргэжлээр төгссөн. Миний үндсэн мэргэжил бол утга зохиолын ажилтан. Үүнийхээ дагуу уран бүтээл туурвиж байгаа залуу хүмүүсийн хувьд “Г.Сэр-Одын” шагнал гэдэг бол маш нэр хүндийн шагнал юм. Би өнгөрсөн хугацаанд нийт дөрвөн ном бичиж, уншигчдын гар дээр хүргэсэн. Удахгүй тав дахь номоо хэвлэлтэнд өгөх гээд бэлдчихсэн байгаа. Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан ийм том шагнал хүртсэндээ маш их баяртай байна. Энэ шагнал бол “уран бүтээлийнхээ чанарыг улам сайжруулж, чамбайруул” гэсэн даалгавар гэж бодож байна. Миний номыг уншдаг, намайг дэмжиж хүндэлдэг бүх хүмүүстээ маш их баярлалаа” гэлээ.

Сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруул нь “Зүрхний нандин эмзэг уяа чамдаа” туурвил зүйн бүтээл, “Саранд гандсан хөшиг” яруу найргийн түүвэр, “Сарны тосгон” яруу найргийн түүвэр болон “Цоохор майлзын түүх” зэрэг яруу найраг, түүрвэл зүйн бүтээлийг уншигчдын гар дээр хүргэсэн билээ.

Sarnii Saruul-н зураг.

Sarnii Saruul-н зураг.

Sarnii Saruul-н зураг.

Sarnii Saruul-н зураг.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ соёл-урлаг

“Сорхун” эмнэлгийн захирал Дашдэндэвийн Оюунцэцэг: С.Зоригийн ээж Доржпалам гуай, манай ээж хоёр Сайд нарын II дугаар эмнэлэгт хамт ажиллаж байсан

ТОД ББ” ХХК-ийн ерөнхий захирал, “Сорхун” эмэгтэйчүүдийн эмнэлэг, эх нярайн сувиллыг үүсгэн байгуулагч Дашдэндэвийн Оюунцэцэгийг “Орчлонгийн сайхан ээж” буландаа урилаа. Тэрээр арван хүүхэдтэй айлын тавь дахь нь буюу одонгийн хүүхэд. Өөрөө таван хүү төрүүлсэн одонтой ээж. Ажил амьдралын гараагаа гагнуурчнаас эхэлсэн эл эрхэмд үсчин, малчин, цэвэрлэгч, худалдагч, гахайчин, сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, компанийн захирал гээд хийж үзээгүй ажил ховор. Чин сэтгэлээ зориулж чадах юм бол ямар ч ажлаас хүн үр өгөөжийг нь хүртэж болдгийг амьдралаараа харуулж яваа Оюунцэцэг захирлын яриа уншигч олонд, ялангуяа охид бүсгүйчүүдэд нэгийг бодогдуулах болов уу.


-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын дугаартаа тантай ярилцаж байна. Арван хүүхэд төрүүлж өсгөсөн ачит ээжээс тань яриагаа эхэлбэл ямар вэ?

-Энэ өдөр хайрт ээжийгээ дурсан санана гэдэг сайхан юм. Надад их ерөөлтэй санагдлаа. Миний ээжийг Самбуугийн Чулуунпүрэв гэдэг. Таван настай өнчин хоцроод Самбуу гэж том ахаараа овоглосон байдаг. Архангай аймгийн Цэнхэр сумын хүн. Ээж минь арван настай хүүхэд Улаанбаатарт ирж Нэгдүгээр сургуулийн босгыг алхжээ. Гэхдээ сургуулиа төгсөж чадаагүй юм билээ. Тогоочийн курсэд сурч мэргэжил эзэмшсэнээр ээжийн минь амьдралын зам мөр эхэлсэн түүхтэй. Учир нь тогооч мэргэжил эзэмшиж нисэхэд ажилласнаар ханьтайгаа учирчээ. Ээж, аав хоёр минь нисэхэд танилцсан юм. Арван есөн настайдаа гэрлэсний дараахан аав Орос руу сургуульд явжээ. Манай аав чинь ОХУ-ын Ульяновск хотын нисэхийн сургуульд радио техникчийн мэргэжил эзэмшиж одоогийн МИАТ-д радистаар ажиллаж байсан. Сүүлд ээж Сайд нарын Хоёрдугаар эмнэлгийн хүүхдийн тасагт асрагчаар ажилласан юм. Тэнд С.Зориг агсны ээж Доржпалам гуай эмч байсан.

Яг л “Сэрэлт” кинонд гардаг орос эмч шигээ харагддаг тийм гоё хүн байсан. Манай том хүүг эмч болоод ирэхэд ээж минь Доржпалам гуайг дурсаад эмч хүний сайхан чанарын тухай хэлж байж билээ. Мэргэжлийн том том сургуулийг нь төгсөөгүй хэрнээ сэтгэлээрээ эмчилдэг хүн гэж бий. Өвчтэй хүний сайхан үгээр анагаах шидтэй хүн байдаг л юм шүү гэж хэлж байсан. Энэ нь мэдлэг боловсролоос гадна эмч хүнд сэтгэл гэж чухал зүйл байдгийг хэлсэн үг байв. “Сэтгэл байсан газар бүх юм амьд байдаг. Сэтгэл байхгүй бол мянган бурхан байгаад ч нэмэргүй” гэж ээж минь хэлдэг сэн. Сургууль соёл төгсөөгүй хэрнээ хэлж ярьж байгаа нь цэгцтэй, утга учиртай мундаг хүн байлаа. “Хүнд чинь хэлэх хэлэхгүй үг, хэлэх хэлэхгүй өдөр цаг гэж байдаг юм” гэнэ. Одоо бодох нь ээ, яасан ч үнэн үг вэ. Хоёр идэхгүй хоосон хонохгүй, хоёр нарны хооронд ажиллаад л, арван хүүхэд өсгөж хүний дайтай хүн болгосон. Гэвч ядарлаа, зүдэрлээ гэж нэг ч хэлэхийг нь сонсоогүй л юм. “Миний хүү олонтойгоо л яваарай” гэж надад захисан. Түүнээс баян хүн болоорой, хөрөнгө хураа гэж хэлээгүй. “Энэ хэдэн хүүхдээ хүн болгоорой” гэж хэлдэг байв. “Таван хүү минь хүн болчихоод байхад хүн болгоорой гэдэг нь юу гэж ч байгаа юм” гэж тухайн үедээ боддог л байж, залуу ч байж, тэнэг ч байж дээ. Ээжийнхээ үгийн ухааныг ойлгож мэдрэх тэнхээгүй байж дээ. Хүүхдийг хүн болгоно гэдэг маш өөр ойлголт гэдгийг сүүлд л мэдэрсэн. Хичнээн гадаад дотоодын сургууль төгсөөд, олон мундаг дипломтай байгаад хүний хувьд өөдгүй бол хэрэг байхгүй гэдгийг одоо ойлгож байна шүү дээ.

-Таны хувьд анхны цалингаа ээждээ зориулсан гэдэг. “Миний амьдралын хамгийн жаргалтай мөч” гэж ярьж байхыг тань сонссон?

-Тийм ээ, би анхны цалингаа аваад ээждээ өгсөн. Гагнуурчин болоод сар ажиллаад 950 төгрөг авсан юм. Тэр үеийн 950 төгрөг гэдэг мөн ч их мөнгө. Ааваасаа илүү цалин авч байгаа нь тэр. Гагнуур хийнэ гэдэг үнэлгээ өндөртэй, дээрээс нь би илүү цагаар ч ажиллаж байсан. Анхны цалингаа ээждээ зориулна гэдэг миний өөрийн чинадын ч хүсэл байсан. Хүсэл минь ч биелж байгаа юм. Ээж бид хоёр хажуу айлынхаа усны тэргийг түрээд тавилгын дэлгүүр рүү явлаа.

Монголын үйлдвэрийн тавилгын тэрхүү дэлгүүрээс ээждээ модон авдар ширээ авлаа. Түүнийгээ тэргэн дээрээ тавиад гэрээдээ явж байхад хичнээн жаргалтай байсан гэж санана. Ээж бүр нэг чин сэтгэлээсээ баярлаж, намайгаа магтаад “Миний буржгар охин хөөрхөн ш дээ” хэмээн үсийг минь илбээд. Одоо ингээд ээжтэй алхалж явсан тэр сайхан мөчийг эргэн санаад эгч нь уйлж байна л даа. Нулимс унагахгүй байхын аргагүй тийм нандин он цаг юм. Хүн эжийнхээ ачийг хариулж чаддаггүй юм гэдэг. Гэхдээ би тэгж нэг баярлуулсан юм. Ээжийнхээ жаргалтай царайг харах шиг баяр баясгалан үгүй.

-Ээжтэйгээ алхалж яваа дүр зураг чинь нүднээ тодорч байна. Ингэхэд та аавынхаа тухай ярихгүй юу. Ээжтэй тань нисэхэд танилцсан гэдгийг түрүүнд цухасхан дурдлаа?

-Миний аавыг Дэжидийн Дашдэндэв гэдэг байв. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хүн. Ээж маань Архангайнх, тунгалаг Тамирын голын хөвөөнд өссөн хүүхэд. Хөвсгөлийн хөвч тайга их уулс, Арын хангайн гоёхон байгальд төрж өссөн хоёр эрхэм хүний дундаас хүн болсондоо өөрийгөө азтайд боддог. Би болохоор жаран дөрвөн оны алдарт луу жилд Улаанбаатар хотноо Найрамдлын районд төрсөн хүн.

Аав минь сайхан дуулна, бас сайхан барилдана. Өнөө найранд гурван дугараатай, наадамд гурван даваатай хүн гэдэг чинь яалт ч үгүй миний аав байлаа. Аавын барилдахыг би санадаг юм. Тэр жил Хөвсгөл Их-Уул суманд бид очлоо. Наадам таардаг юм байна. Тэгтэл биднийг голын тэнд орхичихоод бүтэн хоёр өдөр өөрөө барилдана гээд яваад өгөв. Наадам тарахын алдад аав минь халуун сав, дээлийн өнгө барьчихсан, өнөө л сайхан дуулдгаараа дуулаад, жаахан улаа бутарчихсан ирж байж билээ. Их-Уулын наадамд түрүүлчихээд ирж байгаа нь тэр. Тийм л хийморь лундаатай эр байсан. Их л эрэмгий эрдүү, бадрангуй хүн байж билээ. Миний эжий намайг аварсан шүү гэж аав минь хэлдэг. Жаран хоёр онд Отгонтэнгэрийн осол гэж айхтар юм болсон. Ховд руу нислэгтэй явсан онгоц Отгонтэнгэр хайрхныг мөргөсөн. Тухайн онгоцонд аав албан ажлын дагуу явах байсан. Гэвч ээж нь бие нь гэнэт муудаад аавыг явуулаагүй байдаг. “Би Ховд явмаар байна. Очиж очиж та энэ өдөр өвддөг чинь ямар учиртай юм” гэж аав цухалдсан байдаг. Мэдээж ээжийнх нь бие тааруу байхад орхиод явж чадаагүй. Гэтэл тэрхүү нислэг сүйдэж айхтар юм болсон. “Миний ижий Хөвсгөлөөс бага хүү намайгаа дагаад хотод ирсэн хүн. Гэтэл хүүгийнхээ амийг хүртэл аварлаа” гээд аав минь уяралтайхнаар өгүүлдэг байв. Манай эмээ тэр цагаас хойш аавыг амьд дээр минь газар буудаг ажил хий гэж хэлээд жолооч болгосон. Ингэж аав минь нисэхийн холбоочны ажлаасаа гарч баазын жолооч болсон. Ээж мөн аавыг даган нисэхийн тогоочийн ажлаас гарсан юм билээ. Ингэхэд аавыг минь таньдаг мэддэг бүхэн “мөнгөн цагаан” гэж нэрлэдэг байв. Лувсангийн Дагвадорж гуайн шүлэг, Насанбуян гуайн хөгжим “Нисэгчийн дуу” буюу “мөнгөн цагаан хүлэг минь дүүлж явнаа” гэдэг дууг аав минь амьдралынхаа туршид дуулсан. Тэгээд “мөнгөн цагаан” гэж нэрлэгдсэн.

-Таны ажил амьдралын гараа Эрдэнэтээс эхэлсэн байдаг. Тэр тухайгаа сонирхуулаач?

-Наян хоёр онд аравдугаар анги төгсөөд Анагаахын сургуульд орж чадаагүй юм. Тэр жил ядахад “улаан шугам” гэдэг юм гарч ирээд урдуураа таслуулчихсан. Сурлагадаа гайгүй, ангийн дарга ч сүрхий товарищ байлаа. Манай том ах Дарханы ерөнхий архитекторч Ганболд гэж байсан. Өөрөө их, дээд сургуульд орж чадалгүй гурван жил ажиллаж байгаад архитекторын ангид орж байсан хүн. Тийм болохоор надад “Чи гурван жил ажиллаж байгаад сургуульд ор” гэдэг юм. Би болохоорх Чех рүү ТМС-д явмаар санагдаад, манайхны хэлдгээр алтан Прага нүдэнд харагдаад, ер нь хаашаа ч хамаагүй явчихмаар л байсан. Дээрээс нь нэмээд хэлэхэд Анагаахын сургууль авч чадаагүй болохоос ТМС-ыг бол хүссэнээрээ сонгох эрхтэй байдаг. Ингээд Ганболд ахын хэлснээр Эрдэнэтийн байшин үйлдвэрлэх компанитад ажилтан боллоо. Токарьчин, кранист гээд бүхий л мэргэжил гоё юм шиг санагдаж, сонирхлыг минь татаж байв. Тэр дундаас гагнуур хийх бүр гоё санагдсан. Хоёр төмрийг хооронд нь гагнаад гагнаас нь онож таарахар дуу нь хүртэл гоё байдгийг бодохгүй юу. Гагнуурын хайлш тос хольж байгаа юм шиг гоё. Миний анхны мэргэжил гагнуурчин. Хажуугаар нь бас өрөмдөгч хийгээд хос мэргэжилтэн боллоо. 1982-1990 он хүртэл Эрдэнэт хотод гагнуурчин хийсэн. Тухайн цагтаа арван найман настай бүсгүй Байшин үйлдвэрлэх нэг, хоёрдугаар комбинатынхаа эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга боллоо. Нийгэмд байр суурь эзлэх, хүмүүстэй харилцах харилцаа, олны итгэл хүндэтгэлийг хүлээх, мөнхүү хариуцлага үүрэх цаг мөч минь тэгж эхэлсэн. Гагнуур хийгээд ажиллаж байхдаа би чинь гурван хүүхэд төрүүлсэн. Ингээд ерэн онтой золгосон. Монгол Улсын 252 дугаар тогтоол гарлаа. Хүн амын суурьшлыг сааруулах тогтоол гэж хэлж болох байх. Миний хань А.Даваасүрэн ГОК-д ажиллаж байсан. Тэгтэл Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багт малчин болдог юм байна. Ханийг минь алс хөдөө сумын нэгдлийн малчин болгохоор явууллаа. Тэнд манайх зургаан жил болсон. Би гэдэг чинь хотод төрсөн хүүхэд. Мал гэж сайн мэдэхгүй. Нэгдлийн мянган цагаан хурга маллахаар хөдөө гарсан. Уулын энгэрт хонь цайрч харагдахаар хүүхдүүддээ “аав чинь тэнд явна” гэж хэлдэг. Гэтэл уул уулын энгэр бүрт энд тэндгүй хонь мал харагдахаар хаана ч хань минь яваа юм бол гэж эхэн үедээ учрыг нь олдоггүй байлаа. Хий дэмий л аргал түүнэ. Хадам аав маань Адьяажав гэж сайхан хүн байсан. Хорин настай хонгор зүстэйдээ бэр болоод тэр айлд очлоо. “Миний дээлтэй төрсөн охин хүүхэд минь” аав минь халуун дотноор хүлээж авсан. Аавынхаа удмыг олон болгож хүү төрүүлсэнд баярлалаа гэж хэлж байсныг нь мартдаггүй. Түдэвтэй сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга хий гэж сумын дарга Ванган гэж хүн хэлсэн. Тэгээд буудлын эрхлэгч бол гэдэг юм байна. Хөдөө суманд ёстой нөгөө соёлын үрийг тарина гээч юм болсон доо. Сурагч, залуучуудад бүжиг заагаад, Залуучуудын холбоо гэдгийг байгуулаад бужигнуулж өгсөн. Хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан, Ц.Жамьян гээд мундгууд чинь очно. Мөн яруу найрагч П.Батсайхан, дуучин С.Батсүх нар очно. Өнөөдөр бүгд энгэртээ гавьяатын тэмдэг гялалзуулсан аваргууд болжээ. Завхан аймгийн Түдэвтэй сум бол олон хутагт хувилгаадын нутаг. Ерөнхий сайд Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав гээд агуу хүмүүс төрсөн. Тэр сайхан нутгийн уул ус таван хүүг минь харж яваа гэдэгт би итгэдэг. Дээрээс нь Монголыг даасан Отгонтэнгэр хайрхан харж байгаа. Түдэвтэй суманд байхад ерэн нэгэн онд дөрөв дэх хүү минь мэндэлсэн юм.

-Завханаас буцаад Эрдэнэтдээ ирсэн гэдэг билүү?

-Ерэн зургаан оны өвөл идэр есийн хүйтэнд Завханаас нүүж ирсэн. Нөхөр бид хоёр эхлээд хувийн дэлгүүр ажиллууллаа. Хоёр жил ажиллаад байж байтал манай хүн Солонгос улс руу явж таарав. Ганцаараа дэлгүүр ажиллуулна гэдэг хэцүү. Ингээд үсчин боллоо. Эрдэнэтийн хоёр мастер үсчний шавь болсон гэж болно. Үсчний ажил надад үр өгөөжөө өгсөн. 2001 онд том хүү минь оюутан боллоо, дараа жил нь хоёр дахь хүү бас оюутан болсон. Хань маань Солонгосоос ирлээ. Манайх гэдэг айл хот руу нүүхээс аргагүй болсон. Улаанбаатарт ирээд 805 дугаар ангийн тэнд хашаанд буулаа. Хорооны даргадаа 350 мянган төгрөгийн хандив өгч суурьшилтай болсон. Мэдээж ажил хийх хэрэг гарна. Ажил хайлаа. “Модун” компани үйлчлэгч авна гэх зарын дагуу очив. Захирал нь Должидын Батбаяр гэж мундаг бизнесмэн байдгийг хүмүүс мэднэ дээ. Бөхийн өргөөний хажуу тал одоогийн “Хөх нуруут”-ын дэргэдэх бааранд нь яваад очлоо. Тэгтэл намайг үйлчлэгчээр авдаггүй, та чадахгүй гээд байдаг. Би тарган махлаг байсан л даа. “Үйлчлэгч хийж чадалгүй яах юм бэ. Би чинь насаараа гэрийнхээ цэвэрлэгч хийж байгаа хүн” хэмээн учирлаж байж үйлчлэгчээр ажилд орж билээ. Бас хажуугаар нь үсчин хийнэ гэж зүтгэснийг яана. Хүн ямар нэгэн ажилд мэргэших гэж байдаг юм билээ. Би гэртээ насаараа л цэвэрлэгч хийж байгаа. Гэвч тэрхүү компанид цэвэрлэгчээр ороод үнэхээр ядарсан. 83 кг байсан хүн чинь 67 кг болтлоо турсан гээд бодохгүй юу. Намайг хүмүүс энэ олон ажил хийж, он жилийг туулж ирснийг сонсоод зарим нэг нь гайхаж, зарим нэг нь бахархдаг л юм. Гэхдээ би хүний хийдэг ажлыг л хийж ирсэн хүн. Өөрийнхөө амьдралыг босгохын төлөө, үр хүүхдүүдээ гэдэс цатгалан явуулахын төлөө л хөдөлмөрлөж ирсэн. Янз бүрийн ажил хийж дээ. Гахай хүртэл хариулж үзсэн хүн шүү дээ. 2009 оноос 2013 онд гахай хариулсан юм. 67 гахайг 220 гаруй болгож үржүүлсэн. Гахай бол хөөрхөн амьтан. Яаж маллах, яаж харьцахаас шалтгаална. Гахайд эвгүй хандвал стрестэнэ. Хажууд нь дуу дуулаад л, лоолой, лоолой гэж өхөөрдөн дуулаад байх юм бол сүүл хөдлөгөөд хөөрөөд унана. Харин загнаад, ороолгож зодоод байвал чарлаад унадаг тийм амьтан.

-Та бид хоёр мөн ч олон мэргэжлийн тухай ярилаа. Таны амьдралын замнал ёстой нэг хөгжилтэй гэдэг шиг сонин сайхан санагдлаа. Одоо танаас “Сорхун” эмнэлгийн тухай асуумаар байна. “ТОД ББ” компаниа хэрхэн байгуулж байв даа?

-2013 “ТОД Каннам” гоо сайхны мэс заслын эмнэлгээ байгуулсан. Том хүү Тодномбат маань Сайд нарын Хоёрдугаар эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байсан. Солонгос руу явж хоёр жил болохдоо Солонгосын өнөө алдарт Каннам дүүрэгт гоо сайхны мэс заслаар сураад ирсэн. Миний бие 2015 онд Солонгост эмнэлгийн судалгаа хийж явахдаа “Сорхун”-тай ижил сувиллаа олж харсан юм. Эмэгтэй хүмүүсийг, охид бүсгүйчүүд, ээжүүдийг тэнд чинь гар дээрээ бөмбөрүүлж байна. Монголын сайхан бүсгүйчүүд, ээжүүд маань ийм нэг сайхан эмнэлэг, орчин үеийн бүрэн тоноглогдсон сувилалтай байж яагаад болохгүй гэж бодогдлоо. Солонгосын тэрхүү эмнэлгийг хараад бүр атаархал төрлөө. Миний зүрх сэтгэл ерөөсөө л ийм нэг сувилал, эмэгтэйчүүдийн, эх нярайн эмнэлэг байгуулъя гэдэг зүйл рүү өөрийн эрхгүй татагдлаа. “Сорхун” эмэгтэйчүүдийн эмнэлэг, эх нярайн сувиллыг байгуулах төслийг гэр бүлийнхээ хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Сорхун” эмнэлгийнхээ нээлтийг хийчихээд ямар их жаргалтай, сэтгэл дүүрэн байсан гэж бодно. Тэр жил анхны цалингаараа ачит ээждээ модон авдар, ширээ авч өгчихөөд их л баярлаж жаргал гээчийг амсаж байсан шигээ баярласан. Нарийн мэргэжлийн эмч нар, олон жилийн туршлагатай бариа засалчид бүсгүйчүүд, ээжүүдийн бие галбирын онцлогт тохируулан бүх төрлийн бариа заслыг хийхийг хараад, ээжүүдийнхээ сэтгэлийн баясгаланг мэдрэх сайхан. Монголын охид хүүхнүүд Солонгос шиг, Япон шиг өндөр хөгжилтэй орнуудын үйлчилгээ аваад хүний дайтай байг л дээ гэж бодоход өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг л юм. Эхчүүдийн төрсний дараахь нэг том асуудал бол таргалалт байдаг. Сав агшаах бариаг хийхэд тухайн ээж төрөөгүй юм шиг, яг л урьд байсан шигээ гоё бие галбиртай байх нөхцөлийг манай эмнэлэг бүрдүүлдэг. Хүн төрөхөд эрүүний яснаас бусад яс салдаг гэдэг. Үнэн юм билээ. Бүх үений хоорондын холбоос сунадаг юм байна. Сунасан бүх үеийг галбиржуулж, буцаад хэвэнд нь оруулна гэдэг маш том зүйл. Мөн эхчүүдийн хөхний бариа гэж бий. Өвдсөн, хавдсан, зангирсан хөхний сүү нь гараад цээж хөнгөрөөд явчих ямар сайхан байх нь мэдээж. Ийм боломжийг Монголын бүсгүйчүүддээ олгосонд баярлаж байна.

-Нээрээ тийм дээ?

-Ер нь амьд байх, амьдарч явах хоёр өөр юм. Хүн амьд гэлдрэх биш амьдарч явах хэрэгтэй юм. Сүүлийн үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зааг ялгагдахаа байсан. Эр хүн эр хүн шиг баймаар байна. Далайцтай баймаар байна. Эхнэр нь эхнэр шиг байх хэрэгтэй. Охид хүүхнүүд маань тэвчээртэй, сэтгэлийн хаттай байгаасай. Дээрээс нь охид хүүхнүүд маань хурдан мөнгөтэй болох хялбар амьдралыг чухалчилдаг болжээ. Ажилд авна гэхэд хамгийн түрүүнд “цалин хэд вэ” гэж асуудаг. Мөн ажлын цаг хэд вэ гэдэг. Мундаг чадвартай сайн ажилчин байхад би бага цалин өгчихвөл яах юм. Тэр хүн чадваргүй байхад би өндөр цалин өгчихвөл бас яах юм. Монголын охид бүсгүйчүүдэд сэтгэлийн хат гэж байхгүй болсон. Ажлын чадвар байхгүй. Сэтгэлээрээ уначихвал яаж ажил хийх юм бэ. Болно бүтнэ гэж бодож, зүтгэвэл бүх юм бүтдэг. Саяхан одонтой ээжүүдийн “Бүсгүй улирал” цэнгүүнд очоод би их бахархлаа. Ямар сайхан болсон юм бэ, Монголын бүсгүйчүүд. Дөрвөн хүүхэд төрүүлсэн, зургаан хүүхэд төрүүлсэн ээжүүд бүгд миссүүд байна. Монголын бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе.

Categories
мэдээ соёл-урлаг

“Буцаагүй амлалт”-ыг буцаж очоод үзсэн ч уйдахгүй

Сэтгэлээс гардаггүй уран бүтээл гэж бий. Нэг үзээд сэтгэлд хоногшиж, дахиад үзсэн ч уяруулж уйлуулж чаддаг уйдамгүй кино бас байдаг.
Тэгвэл энэ сарын 8-ны өдөр Хүннү моллд нээлтээ хийж, үзэгч олны хүртээл болж эхлээд буй “Figura media group”-ын анхны уран бүтээл “Буцаагүй амлалт” хэмээх шинэ кино тийм хэмжээнд хүрэхээр чансаатай уран бүтээл болж чаджээ.
Жүжигчин Э.Мөнхтөрийн тоглосон Эрдэнэ хэмээх аутизмтай залуугийн дүр сэтгэлээс ер гарахгүй. Түүнтэй хамт Жижигээгийн дүрд тоглосон Б.Хүслэн хэмээх хүүгийн дүр бүр өхөөрдөм бас хайрламаар. Дүрдээ орсон, жүжиглэсэн чадварыг нь харахаар бахархмаар санагдах.
Онцлох бас нэгэн зүйл бол өнөөгийн нийгэмд бидний дунд байгаа залуусын хайр сэтгэл, үр хүүхэддээ хандах хандлага, тэдний өмнө хүлээх үүрэг хариуцлагын чухлыг харуулсан энэ уран бүтээл ухаарал өгч чадах цагаа олсон кино болжээ хэмээн бүтээн босгосон бүх хүмүүст баяр хүргэмээр санагдсаныг нуух юун. Киноны туршид өөрийн эрхгүй инээд алдуулсан хөгжилтэй хором, уярал, ухаарал зэрэгцэж явсаар дэлгэцнээс нүд салгах хүсэл төрөхгүй төгсөж байна билээ. Ийнхүү хийгүй хийж чадсан нь найруулагч Б.Тулгаад баяр хүргэх нэг шалтгаан гэж бодогдоно.
Киноны төгсгөлд урт холын зам дагаад гол дүрийн хоёр болох Эрдэнэ, Жижигээ хоёр жаахан шар жаал тэвэрсээр алхаж явааг харахад урт амьсгал аваад сэтгэл уужирмаар. Гаднаас нь харахад мангар, тэнэгдүү ч юм уу гэж хэлэхээр Эрдэнэ залуу амалснаасаа буцалгүй, хайр сэтгэлээ өгсөн Ариунхонгор бүсгүйнхээ бяцхан үрийг тэвэрсээр нутаг буцаж яваа нь энэ. Тиймээ монгол аавууд амлалтаасаа битгий буцаасай, үр хүүхдүүд элэг бүтэн өсөөсэй.

“Буцаагүй амлалт”-д саатсан үзэгчдийн сэтгэгдэл:
Үзэгч Б.Уранбайгаль
Жүжигчин Э.Мөнхтөрийн тоглосон олон кино байдгийг мэднэ. Гэхдээ энэ кинонд бүр илүү тоглож чаджээ гэж үнэлмээр санагдлаа. Түүний тоглосон Эрдэнийн дүр сэтгэлд хоногшихоор болсон байна. Ер нь их чамбай бүтээл болсон байна. Кино багийнханд бүгдэд баяр хүргэе. Залууст хандаж хэлэхэд ирж үзээрэй гэж уриалмаар байна.

Үзэгч Х.Хангал:
Манай залуучууд олноороо ирж энэ киног үзээсэй гэж хүсч байна. Бид уг нь амласандаа хүрдэг монгол эрчүүдийн үргэлжлэл шүү дээ. Үүнийг өнөөгийн залууст ойлгуулахыг зорьсон кино багийнханд талархаж байна. Жүжигчид нь ч мундаг тоглосон байна. Ялангуяа Жижигээ хүүгийн дүрд тоглосон хүү үнэхээр хөөрхөн байна. “Зүрхэнд шивнэсэн үг” шиг тийм сэтгэлээс гарахааргүй сайхан кино болжээ.



Categories
мэдээ соёл-урлаг

Гурван “Маа”-гийн хамтарсан тоглолт боллоо

“Ээж” хэмээх гурван үсгэнд энэ дэлхий бүхлээрээ багтана аа гэж. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж, уран бүтээлчдийн тоглолт ар араасаа цуварсан байлаа.

Эчнээ танил гурван МАА маань энэ сарын 7, 9-ний орой “Сүүн аялгуу” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо “Корпорате цэнтрт” хийж, дуунд дуртай, хайртай фэнүүдээ цэнгэн хөгжүүлж, өөрсдөө их хайр хүндэтгэл, цэцгэнд умбав.

Их гоё үдэш байв. Сэтгэлийн цэнгэл эдлүүлж, мэлмий баясгаж, зүрх догдуулж, уярал төрүүлнэ гэдэг юутай сайхан юм бэ.

“Сүүн аялгуу” тоглолт удтал чилээлгэсэнгүй. Тоглолтын үүдэнд гарын билэг тараасан хөөрхөн бондгор охин уриалгахнаар “Бэлгээ аваарай” гэх. Үзэгчдийн ихэнх нь гоё ганган эмэгтэйчүүд байсан бөгөөд тэдний дундаас одонгоо зүүж, сайхан монгол дээлээрээ гоёсон ээжүүд хамгийн содон харагдаж байлаа. Гурван дуучны цагаан даашинзтай зургийн хажууд зургаа татуулах гэсэн хүмүүс оочерлосон харагдав. Дуу хуурын өлгий нутаг Дундговиос хүмүүс тоглолт эхлэхээс цагийн өмнө амжиж ирлээ гэж байгаа юм чинь.

Танхимд орж ирээд суудлаа олж тухлав. Удсан ч үгүй танхмын гэрэл унтарч хөгжим нүргэлж, тайзны урдаас гурван Маа “Эхийн ариун сэтгэл” дуугаараа тоглолтынхоо өндөр үүдийг нээлээ. Танхим дүүрэн алга ташилт.

Яруу найргийн хаан, үгийн урлагийн элч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар ах хөтлөн явуулж, хөгжөөн жаргаав. Хааяа хааяа будилсныг эс тооцвол, яруу найрагч хүнээр тоглолт хөтлүүлэх нь их сайхан чихэнд наалдацтай сонсогддог юм билээ.

Хүн төрлөхтөн эхийн хайр, эвийлэх сэтгэл дор байдаг болохоор бүүвэйн аялгуу, энэрэлийн аялгуу, сүүн аялгуутай байдаг гэдэг. Тиймээс ч ээжийгээ сүүтэй бурхад гэж нэрийддэг. “Сүүн аялгуу” нэртэй тоглолтын гол дүрүүд болох гурван бүсгүй сайхан ижий нараа, охид, хүүхнүүддээ магтан дуулахаас гадна ихэд хүндэтгэв.
“Хүлээсэн сэтгэл”, “Ээжийн бүүвэйн хорвоо” зэрэг дуугаа ЦДБЭЧ-ийн найрал хөгжимтэй, удирдаачтай нь хоршилоо.

Тайзан дээр тансаг хээнцэр харагдах гурван гоё бүсгүй. Тоглолтын чанар чансаа, ур хийц, найруулгатай бол ярих юм байхгүй ээ. Тэр чигээрээ нүнжиг ханхалж байгаа харагдав.

Гурван бүсгүйн тухайд Э.Оюумаа тогос шиг гоё ганган хээнцэр. Р.Дэлгэрмаагийн дэлдэн чих зохино гэж ванлий хөөрхөн харагддаг. Урсгал ус шиг намуухан тунгалаг хоолойг нь хэд дахин сонсоод үл уйдам. Х.Болормаа гавьяатын хувьд нэг тийм нүүрийн буянтай, нүнжиг арвинтай сайхан харагдана. Өөлж гоочлох зүйл энэ гурваас гарахгүй.
Р.Дэлгэрмааг нүдээ аниад сонсоод үзээрэй та нар. Ямар гоё яруу тансаг, уран хоолой гэж санана. Яг л торго шиг нэг тийм…
Тодруулбал, Х.Болормаа, Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа нарыгаа хөндлөнгөөс ажваас халдашгүй эрхэмсэг уран бүтээл нь тун чимхлүүр Дорнын ихэмсэг, донж халхын гоо хатад, уран шигтгэмэл дуу бүхэн нь яах аргагүй утга төгөлдөр юмаа. Дуугаа гадарлаж биш доторлож, учирлаж, учиг зангидаж дуулдаг гайхалтай дуучид.

Дуучид маань 2012 онд “Ээжийн бүүвэйтэй хорвоо” тоглолтоо хийж байлаа. Тэрнээс хойш бүүвэйн дуу дуулж аялсаар байгаад бүлтгэр хөөрхөн гурван хөвгүүн “боож “авсан ачлалт ээжүүд. Дуу тийм л ерөөлтэй, ийм л шидтэй байгаа биз.
Эмэгтэй хүний энгэрт ивлэж, элгэнд нь эгшдэг зүйл яах аргагүй ариун цагаан сүү. Уураг цагаан сүүнд цадаж өссөн болохоор уулга алдахдаа ч би ээжийгээ дууддаг аа гэж. Ижий минь л их ойрхон оршдог.

Э.Оюумааг “Миний хүүгийн унаж өссөн дэлхий гээд, Миний ээж дуундаа эх дэлхийгээ багтаана..бүүвэй, бүүвэй” гэж дуулахаар яах аргагүй үр хүүхэд нүдэнд харагдана шүү дээ. Бүүвэй гэдэг чинь бүү-ай гэсэн утгатай үг юм гэнэлээ. Ээжтэй хүн алзахгүй ээ, айхгүй ээ.
Урлагийн бүх төрлийг хоршуулсан үндэсний бөгөөд опера сонгодог тоглолт болсон нь үнэн сонирхолтой. Тайлан тоглолт биш, ижий нартаа барьсан том хүндлэл, энэрэхүйн шалтгаан гэдгийг хөтлөгч маань онцлов.

Усан цэнхэр өнгийн дээлтэй бүжигчид уран зэрэглээ мэт бүжих нь Монгол ардын бүжгийн гайхамшиг “Сүүтэй бурхан”-ыг үзлээ. Мөн ЦДБЭЧ-ийн бүжигчид “Эх хүндлэл” бүжгээрээ сүрийг үзүүлэв. Хаад хатдын хувцсаар гоёсон тэд ихэмсэг хийгээд сүртэй, эд хавтай харагдав.

Дуучид маань урын сандаа байгаа дуунуудаас шилж сорчлон дуулжээ. Энэ цагийн алдартай дуучин Шаргын говийн бүсгүй, гавьяат жүжигчин Х.Болормаа “Ачилж чадлуудаа ээжийгээ”, “Сэтгэлийн хайлан” зэргээ дуулсан бол Увс нутгийн унаган бүсгүй Р.Дэлгэрмаа “Итгэлийн гэрэлтэй амраг”, “Цэцэгт нугын эрвээхэй”-гээ уянгалуулав.

“Итгэлийн гэрэлтэй амраг”-аараа сэтгэлийн гэрэлтэй сүүгээ хань Д.Хишигбаяр руугаа урсгав. Ямар гоё хайр, сэтгэл, уярал бэ.

Харин дуу хуурын өлгий нутаг болох Дундговь аймгийн уугуул, багадаа хурдан морины гийнгоог часхийтэл аялдаг, ирээдүйд СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр дүүргэсэн тогос шиг гоёхон, тогоруу шиг намдуу алхаатай дуучин Э.Оюумаа маань “Эхийн сэтгэл”, “Аав уулс”-аа эгшиглүүлэв. Та нар “Эхийн сэтгэл” дууг нь эрээд сураад хайгаад сонсоод үзээрэй дээ, харамсахгүй шүү. Энэ дуугаа дуулахдаа хөөрхөн шар хүүгээ бодсон байхаа. 37-ныхоо жил дээрээ голомт залгаж, гал тасдах нуган үр төрүүлсэн юм билээ, Э.Оюумаа. Түүний торгон ногоон өнгийн даашинзтай зогсч байхыг нь харахаар яг тогос гэж тодорхойлно.

Дандаа нэрийн хуудас болсон дуунуудаа сонгож дуулжээ. Ачлахуйн, энэрэхүйн тухай дуу, аав ээжийн буян гэдэг сайхан юмаа.

Гавьяат жүжигчин Х.Болормаагийн ээж өдгөө 75 насыг зооглож энх тунх аж төрж байгаа Цолмон гуай залуудаа сайхан дуулдаг уран сайханч буюу ардын дууч явжээ. СТА ээж нь сайхан дуучин охин төрүүлж өсгөжээ, бахархмаар. Гавьяатыг дуулахад арын тайзан дээр зургийн симфони буюу ээжийнх нь нутагтаа аж төрж амьдарч байгаа үеийн сайхан зургаар нь бэлэг барив. Энэ үед ижийгээ бодсон байхдаа.

Э.Оюумаагийн аав Энхээ, өвөө Данзан гуай нь Монголын циркийн урлагт томоохон хувь нэмэр оруулсан өндөр гавьяатангууд гэдгийг түмэн олон мэднэ дээ. Аав нь алдартай циркчин байсан болохоор адтай охин нь урлагийн хүн байх нь аргагүй ээ. Урлаг хойч үед нь өвлөгддөг юм гэнэ лээ. Хайртай аав нь тэнгэрээс хараад баярласан байх.
Гоёмсог цагаан даашинзтай дуучин бүсгүйчүүд үзэгчдийн дундуур явж ээжүүдэд цэцгэн эрхи өргөж, цагаан сарнай бэлэглэж хүндэтгэл үзүүлэв.

Тоглолтын бас нэг гоё хэсэг бол Хангалын хөгжим “Тань руу нүүж явна” киноны аяз. Хүн хүн рүүгээ, сэтгэл сэтгэл рүүгээ нүүдэг гэдэг. Хөгжмийг нь сонсоход кино нь нүдэнд харагдаад, хөөрхий хүүгээ ослоор алдсан ээжийг нь бодож өрөвдөв.

Дан.Нямаагийн шүлэг Ш.Өлзийбаярын аялгуу “Амин заяат үр минь” гэсэн сайхан дууг дуулжээ. Мөн сүүлийн үед хит болоод байгаа “Бодол” дуу нь ч тасархай…Эх үрийн ариун нандин холбоог энэ хоёр дуунаас нь сонсоно доо. “Бодол” дуун дээр хоолой хорших, салгах нь ямар донжтой, гоё сонсголонтой гээч.

Гурван сайхан охиноороо эжий нар нь ах дүүс, амраг ханиуд нь алдрай үрс нь, ард түмэн баярлаж бахархсан байх.
Шинэлэг гоё дуунуудыг амилуулсан байгаа юм. Тоглолт гурван хэсэгтэй үргэлжилсэн.

Хоёрдугаар хэсэг нь дуурийн дуулаач мэргэжлээр их сургууль дүүргэсэн Х.Болормаа, Р.Дэлгэрмаа хоёр өвөрмөц бэлэг барив. СУИС-ийн багш, профессор Энхтуул багш нь хөгжмийн хаан төгөлдөр хуураа дарж, нөгөө хоёр маань “Униар татсан уулсын дээгүүр усны шувууд ганганаад буцлаа даа” гээд л дуурийн хоолойгоор хоршив. Араас нь залгуулаад “Жаргаах зүрхэн”-г явлаа .Санаагаар болдог бол дахиулмаар санагдав.

Өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой болохоор яах аргагүй нэг нэгнээсээ ялгарч харагдаж байгаа юм чинь. Тэдний хоолойны чадлыг биширч, авьяас билгийг нь алмайрч байгаад л гарч ирсэн дээ.

Бас нэг хэсэг нь Үндэсний найрал хөгжимтэй хэсэг. Үндэсний урлаг гэдэг цаанаа гоё нүнжигтэй “амьтай” харагдаж байгаа юм. Хөгжимчид “Уран хас”, “Сэрсэн тал”-ыг суудал дээр тогтохгүй өндөлзтөл хөгжимдөв.

Дуучин Э.Оюумаа уртын дуучин мэргэжлээр их сургууль дүүргэсэн бөгөөд үндэсний урлагаа тодотгож, “Нарсан мод”-ыг намжиртай дуулж, “Буянхишиг Да лам”-ыг аальгүй дуулж, ардын дуу шиг аманд хүлхэгддэг “Дөрвөн цагийн тал”-ыг дөрөө мулталж байгаад дуулав. Жогтой инээмсэглэх, намжиртай дуулах нь яах аргагүй ардын дууны хүн дээ. Гайхамшигтай.

Турьхан биетэй ч бяртай уран бүтээлч гэж тэднийг хэлэх бизээ. Тоглолтын гуравдугаар хэсэг хайр, аз жаргал, амжилт бүтээлээр ундарлаа.

Нийтийн дууны хатан, хаан гэгддэг СТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа хоёр “Хайрт минь чи дуугаа дуулаач, “Азжаргал хүсье” гэсэн ашид билгийн ерөөлтэй сайхан дуунуудаа дууллаа. Дууны хорвоод хослонхон хөтлөлцөн яваа хос дуучид. Их гоё хайрыг дуугаараа урладаг уран шаглаачид гэж хэлнэ.

Хишгээ хайртай ханьдаа цэцгийн баглаа бэлэглэж, мартын 8-ны мэнд дэвшүүлж, харцыг нь ширтэж, хацрыг нь үнэрлэв. Алга дүүрэн, зүрх бялхам аз жаргалыг хос хоёрын дуунаас хүртсэн дээ хүртсэн бид.

Гүрээ хөтлөгч ханьдаа өгсөн цэцгийг нь тайзны араар авч орчихоод удалгүй буцаагаад авч ирээд тэдний урд тавих нь яг гэм хийсэн хүүхэд шиг харагдсан шүү. Танхим дүүрэн нижигнэтэл өхөөрдөж инээв.

Гавьяат Х.Болормаа цоглог хөгжмийн аянд “Намрын өглөө”, “Хурыг усыг хундганд дүүргээд хувааж уугаад хоёул согтъя” дуугаа бүжиглэж дуулав.

Харин араас нь Э.Оюумаа эчнээ танил дотно “Амрагхан чамдаа”, “Хайрыг хүндэтгэж яваарай” зэрэг эртний дуугаа дуулав. Гоё, хуучны дуу гэдэг үнэ цэнэтэй, ойрхон сонсогдож байна билээ.

Гурван МАА маань шинэ уран бүтээл болох ардын дууны цоморлиг хийсэн. Дандаа “Маа” нэр орсон ардын дууг сонгосон байгаа юм. Жишээлбэл, Алгирмаа, Сүнжидмаа, Хандармаа, Дүүриймаа, Аранжидмаа гэсэн дуунуудыг дуулсан. Хөгжмийн найруулга тасархай. Ярих юм байхгүй. Үг нь зэмлэж ая нь аргаддаг ардын дуу бол өнө мөнх настай даа.

Гурван сайхан бүсгүйд нэгэн үеийнхэн нь найз дуучин Г.Чулуунбаатар цэцэг баглаагаар хүндэтгэл үзүүлэв.

Үнэндээ бидний бурхан бол амьд ээж нар байдаг. Ингээд “Бурхан гэдэг зөвхөн эхчүүд байдаг” гэдэг дуугаар “Сүүн аялгуу” тоглолтоо жаргаав.

Үзэж байгаа биднээс илүү хөтөлж байгаа Гүрээ ах маань ихэд сэтгэл нь хөдөлж будилав. Гурван дуучныхаа нэрийг нь хольж сольж, Хишигбаярын охиныг Оюумаагаас гаргахаар болж, төгсгөлд нь “Эх үрсийн баярын мэнд хүргэе, сайхан баярлаарай” гэж ерөөж дуусгав.

Ингээд гурван МАА-даа урлагийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. Хийсэн бүхэн нь сайхан уран бүтээл болж, бүтээсэн бүхэн нь их амжилтыг дагуулж байгаарай. Уран бүтээлийн их ундарга нь үл ширгэж, дэвэрсэн сүү шиг их хайртай, дэлгэсэн зөөлөн торго шиг эв сэтгэлтэй яваарай. Та гурвыг Янжинлхам бурхан ямагт ивээж явах болтугай.

Categories
мэдээ соёл-урлаг

Мартын 8-ны баярт зориулсан үзвэрүүд

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ныг тохиолдуулан тоглох тоглолтуудын байршил, цагийн хуваарь, үнийг уншигчдадаа хүргэж байна.


VIP ТОГЛОЛТУУД:

Энэ тоглолт нь дуучид, хамтлагууд өөрсдийг нь сонсохыг хүсдэг цөөн тооны үзэгчдийн дунд тоглодог. Үзэгчдийнхээ ая тухыг хангаж, ширээ засан, багцаар үйлчилнэ. Ширээ бүр уух ус, ундаа, жүүс болон халуун вино, оройн зоог зэрэг зүйлс багтсан болохоор тасалбарын хувьд үнэтэй байх аж. Хамгийн эхэнд тоглолтын зараа тараан 100 мянган төгрөгөөр өөрсдийгөө үнэлсэн “Увертура” хамтлагийг олон нийт хэт үнэтэй тоглох гэлээ хэмээн хэл аманд өртөөд байсан. Харин тэдний араас “Камертон” хамтлаг тоглолтын тасалбараа 300 мянган төгрөгөөр үнэлсэн нь 19001617-оор үнэгүй хүргэж байгаа гэнэ. Сошиалаар тэднийг шинэ дуу гаргаагүй байж өндөр үнэтэй тоглолт хийх нь хэмээн шуугьцгааж байна. “Хурд” хамтлаг жил бүр уламжлал болгон бүсгүйчүүддээ зориулан тоглолтоо хийдэг. Харин тэдний энэ удаагийн тоглолтын тасалбарын үнэ 150 мянга. Мөн л хувь хүн бүрт зориулсан багцтай. Ширээгээр нь авч болох бөгөөд нэг ширээ нь 10 суудалтай, нийт нэг сая таван зуун мянгаар 10 хүний суудалтай ширээ захиалж болох ажээ.

Aurug event hall-д (Богд хааны ордон музейн баруун талд)

“ХАЙР” (Камертон хамтлаг)

Хэзээ: 2019.03.08 19:00 цагт

Тасалбарын үнэ: 300 мянга

One event hall-д

VIP MEMORY POP ORCHESTRA live concert (Увертура хамтлаг)

Хэзээ: 2019.03.08 18.00 цагт

Тасалбарын үнэ: 100 мянга

Corporate Conventian centre-д

“ЗУРАГШИГБҮСГҮЙ” (Хурд хамтлаг)

Хэзээ: 2019.03.08 19:00 цагт

Тасалбарын үнэ: 150 мянга, ширээгээрээ Нэг сая таван зуун мянга

“ХАЙР ГЭЖ…” Live concert (Дуучин Ж.Алтанцэцэг)

Хэзээ: 2019.03.08

Тасалбарын үнэ: 100 мянга, 80 мянга, 60 мянган төгрөг

Энэ жил анх удаа өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж буй дуучин П.Баярцэнгэл энгийн тасалбараа 25 мянгаар үнэлжээ. Мөн VIP суудалтай ба суудлын тооноос хамаараад 280-480 мянгаар үнээ тогтоосон байна. Түүний тоглолтыг ихээхэн онцлог болно хэмээн үзэгчид нь найдаж байгаа юм.

Концерт

Crocus event hall-д

“BEST HITS” (Хурд хамтлаг, Никитон)

Хэзээ: 2019.03.07 18:00 цагт

Тасалбарын үнэ: 80 мянга, 120 мянган төгрөг

Corporate Conventian centre-д

“СҮҮН АЯЛГУУ” (Дуучин Х.Болормаа, Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа)

Хэзээ: 2019.03.07, 09 19:00 цагт

Тасалбарын үнэ: 60 мянга, 40 мянган төгрөг

Ub palace-д

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон уран бүтээлчид уламжлал болсон тоглолтуудаа хийнэ. Мөн нийтийн дуучдын хамтарсан хэд хэдэн тоглолт төлөвлөгдөөд байна. UB Palace нь 3044 хүний суудалтай. 2019 оны гуравдугаар сарын 3-наас эхлээд тоглолтууд үргэлжилнэ.

“ХАЙРТАЙ ШҮҮ ЭЭЖЭЭ” (Дуучин М.Бямбажав, “Мөрөөдлийн театр”)

Хэзээ: 2019.03.06-07 19:00 цагт

Тасалбарын үнэ: 30 мянган төгрөг

“МИНИЙ ЭЭЖ ХӨӨРХӨН” (нийтийн дуучид)

Хэзээ: 2019.03.09 19:00 цагт

Тасалбарын үнэ: 14900, 19900 төгрөг

БАЯРЛАЛАА ЭЭЖЭЭ (Гавьяатуудын нэгдсэн тоглолт)

Хэзээ: 2019.03.10 19:00 цагт

Тасалбарын үнэ: 25 мянган төгрөг

Мөрөөдлийн театр дуулж, дуучин М.Бямбажав жүжиглэнэ гэсэн реклам телевизүүдээр цацагдаад байгаа. Дуучин болон жүжигчдийн тоглолт мөн л бүсгүйчүүддээ зориулан удахгүй тоглогдоно.

“ОДОНГОО ЗҮҮ ЭЭЖЭЭ”

Хэзээ: 2019.03.08 19:00 цагт

Тасалбарын үнэ: 20 мянга, 25 мянган төгрөг

МУГЖ С.Батсүх, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, бяцхан дуучин Б.Бат-Энэрэл нар бас нэгэн өөрсдийн гэсэн өвөрмөц хэв маягийг агуулсан тоглолтоо тавина.

Соёлын төв өргөө-д

“БҮСГҮЙ ТАНАА…”

Хэзээ: 2019.03.07 19:00 цагт

Тасалбарын үнэ: 25 мянга, 15 мянган төгрөг

“Бөхийн өргөө”-нд

Үндэсний бөхийн холбооны талцлаас болоод өнгөрсөн оны 10 сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй Бөхийн өргөө үүдээ нээгээд удаагүй байна. 2500 хүний суудалтай тус өргөөнд Мартын 8-нд зориулсан зарим тоглолтууд товлогджээ. Үүгээр Бөхийн өргөө хэвийн үйл ажиллагаанд орсноо баталж байгаа юм.

“ҮРТЭЙ ХҮН ЖАРГАРТАЙ” (нийтийн дуучид)

Хэзээ: 2019.03.08-09 19:00 цагт

Тасалбарын үнэ: 20 мянган төгрөг

дуучин Д.НАМСРАЙНОРОВ

Хэзээ: 2019.03.06-07 19:00 цагт

Тасалбарын үнэ: 25 мянган төгрөг

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр-т

ASI OPA

Хэзээ: 2019.03.07 19:00 цагт, 2019.03.08 18:00 цагт

Тасалбарын үнэ: 30 мянга, 20 мянга, 10 мянган төгрөг

Ancore Conference & Event venue-д

“БҮСГҮЙ ТАНД…” (Ньюанс хамтлаг)

Хэзээ: 2019.03.08 19:00 цагт

Тасалбарын үнэ: 130 мянган төгрөг

ДУУРЬ

И.ШТРАУС “САРЬСАН БАГВААХАЙ” ОПЕРЕТТА

Хэзээ: 2019.03.09 17:00 цагт

Тасалбарын үнэ: 20 мянга, 15 мянга, 10 мянган төгрөг

ЖҮЖИГ

Зохиолч Л.Өлзийтөгсийн бүтээлээр УДЭТ-ын найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар “Бүсгүйн зурвас” нийгмийн уянгын жүжиг найруулан тавьжээ. Сэтгүүлч бүсгүйн тухай өгүүлэх уг жүжиг өнөөдөр нээлтээ хийнэ.

Улсын драмын эрдмийн театр-т

“БҮСГҮЙН ЗУРВАС”


Хэзээ: 2019.03.01-15 19:00 цагт

Тасалбарын үнэ: 30 мянга, 25 мянга, 20 мянга, 15 мянга, 10 мянган төгрөг

Хүүхэлдэйн театр-т

“ЗАМЫНХҮН”

Хэзээ: 2019.03.07-10 19:00 цагт

Тасалбарын үнэ: 30 мянган төгрөг

ХОШИН ШОГ

МҮЭСТӨ-д

“АЛТ ШИГ ХҮРГЭН” (Шинэ үе )

Хэзээ: 2019.03.02-31 19:00 цагт

Тасалбарын үнэ: 15 мянган төгрөг

Соёлын төв өргөө-д

“МИНИЙ ЭЭЖ АТАМАН” (Эмоци продакшн)

Хэзээ: 2019.03.05-31 19:00 цагт

Тасалбарын үнэ: 15 мянган төгрөг

КИНО

“Гэгээнтэн” кино театрт

“2000” болон “ТЭНГЭРЭЭС БУУСАН ОД”


Хэзээ: 2019.03.01 15:00 цагт нээлтээ хийнэ

Тасалбарын үнэ: Том хүн 10 мянга, хүүхэд 7 мянган төгрөг

Тэнгис кино театрт

“2000” болон “Тэнгэрээс буусан од

Хэзээ: 2019.03.01-нээс гарч эхэлнэ

“Зоорь 2” зэрэг кинонууд гарч байна.

Тасалбарын үнэ: Том хүн 7000, хүүхэд 5000 төгрөг