Урлагийн салбарынхны шилдгүүдээ тодруулдаг “Мөнгөн мод” ёслолын арга хэмжээ УДЭТ-д өнөөдөр бол¬лоо. Тус арга хэмжээг найм дахь жилдээ зохион байгуулж тайз, дэлгэцийн зураач, найруулагч, тайз, дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, биет бус соёлын өвийг өвлөн уламжлуулагч гэсэн долоон төрлөөр шилдгүүдээ тодрууллаа. Монгол үндэстний уртын дууг 2500 гаруй хүнд зааж сурган, уртын дууг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Оны шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч”-аар “Улаанбаатар” чуулгын уртын дуучин Б.Батболд тодрууллаа. Тэрээр “Миний хувьд СУИС-ийг 1996 онд төгссөнөөс хойш уртын дууны чиглэлээр бусдад зааж сургах, өөрөө уран бүтээлээ туурвих үйлсэд зүтгэж явна. 2013, 2014 онуудад үндэсний баяр наадмыг нээх 999 уртын дуучинд багшилсан, өнгөрсөн онд Баянхонгор аймагт 2224 хүүхдэд гурван уртын дууг зааж тус аймгийн баяр наадмыг нээсэн. Одоогоор СУИС-д уртын дууны багшаар ажиллаж байна. Мөн тусгай сургалт явуулж уртын дууг суръя гэсэн хүмүүст зааж сургаж явна. Залуу үеийнхэн уртын дууг сурах эрмэлзэл ихтэй болсон байна. Ер нь монгол хүн бүр уртын дуугаа сурах хэрэгтэй, бидний генд авьяас байдаг. Үүнийг л сэргээгээд өгвөл уртын дуу сурахгүй монгол хүн гэж байхгүй. Өвөг дээдсээс уламжлал болон ирсэн энэ биет бус өвийг цаашид олон хүүхдэд зааж сурган, түгээн дэлгэрүүлэх болно” гэв.
Түүнчлэн Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн “Чонон сүлд” уран сайхны киноны Галсмаагийн дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн хэмээн жүжигчин Р.Анхнямыг шилдэг жүжигчнээр тодруулав. Тэрээр өдий зэрэгтэй уран бүтээлч болоход түшиж тулж ирсэн эрдэмт багш нартаа, гэр бүлийнхэндээ маш их баярлаж байгаагаа илэрхийллээ. “Энэ сайхан нэр хүндтэй шагналыг хүртэж шилдэг жүжигчин болсондоо баяртай байна. Зах зээлийн үед кино урлаг уналтад орсон хэдий ч манай уран бүтээлчид өөрийн хүч чадал, бор зүрхээрээ давж туулж чадаж байгаа” гээд кино урлагт сэтгэл зүрхээ зориулдаг бүх хүмүүст амжилт хүссэн юм. “Босуул”, “Lovers” уран сайхны киног мэргэжлийн өндөр түвшинд найруулсан Ж.Сэнгэдоржийг “Оны шилдэг тайз, дэлгэцийн найруулагч”-аар, 2015 онд ҮДБЭЧ-ын тайзнаа тавьсан “Оройн дээд” үндэсний дуулалт жүжиг, “Мөнх тэнгэрийн Монгол” концертын тайз, зураг, чимэглэлийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч, зураач Г.Ганболдыг “Оны шилдэг тайз, дэлгэцийн зураач”-аар шалгарууллаа. “Оны шилдэг дуучин”-аар дуучин Г.Ариунбаатарыг тодрууллаа. Тэрээр ОХУ-д зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдаанд амжилттай оролцож, онцгой амжилт үзүүлж, Гран-при шагнал хүртэж, “Маринский театр”, “Birmingham stage”, “Buckingham Palace”, “Carnegie Hall”, “Mеtropolitan opera” зэрэг нэртэй томоохон театруудад уригдан тоглож эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн билээ. Харин шилдэг хөгжимчнөөр АНУ-ын олон улсын залуучуудын оркестрт сонгогдон Карнеги Холлд болсон тоглолт, НҮБ-ын Ерөнхий ассамблейн олон улсын залуучуудын оркестрын “Энх тайвны төлөө” тоглолтод амжилттай оролцсон Улсын филармонийн хөгжимчин Х.Санчирыг шал¬га¬рууллаа. Шилдэг бүжигчнээр “Шелкунчик” “Франческо да Римини”, “Хунт нуур”, “Бахчисарайн оргилолт булаг”, И.Штраусын “Оргилуун дарс” балетын дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн ДБЭТ-ын балетчин Д.Саруулыг тодруулав. Шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр гурван сая төгрөг, “Мөнгөн мод” цом гардуулсан юм.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН