Categories
мэдээ соёл-урлаг

Маргааш Чингисийн талбайд ”Улаанбаатар- Венийн вальс” цэнгүүн болно

Австри Улсын соёлын өв, “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улсад 1999 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ. Энэхүү цэнгүүн нь хязгаарлагдмал хүрээнд болж байсан бөгөөд 2014 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд үнэ төлбөргүй зохион байгуулдаг болсон юм. Эрхэмсэг тансаг бүхний илэрхийлэл болсон алдарт Венийн вальсыг “Улаанбаатар-Венийн вальс” нэртэйгээр гурав дахь жилдээ 06 сарын 10-ны өдөр буюу маргааш 17 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.

Тус цэнгүүнд Австри улсаас удирдаач Matthias Fletzberger /Маттиас Флецбергер/, хийлч Lidia Baich /Лида Баеч/, бүжигчин Martin Grund /Мартин Грүнд/ болон Монгол улсаас удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, Р.Ганбат, Д.Нямдаш, Монгол улсын Филармонийн симфони оркестр, Улаанбаатар хотын Бүжгийн спортын холбоо, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид болон “UFO” хамтлаг зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцохоор бэлтгэлээ базааж байна. Мөн энэ өдөр Чингисийн талбайн баруун талын замын хөдөлгөөнийг 16 цагаас 19 цагийн хооронд түр хязгаарлах юм. Австрийн Венийн вальс бүжгийг сонирхогч олон зуун хүмүүсийг нэгтгэсэн энэхүү гайхамшигт үдэшт таныг хүрэлцэн ирэхийг урьж байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дэлхийн сонгодог балетыг тоглоно

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ амралтын өдрөөр Л.Минкус “Пахита” балет, Ф.Шопен “Шопениана” балетыг тоглох гэж байна. Эдгээр нь дэлхийн сонгодог балет ажээ.

Л.Минкус “Пахита” нь нэг бүлэгт балет юм. Энэхүү бүтээл нь тодорхой нэгэн утга санааг илэрхийлээгүй, концертын хэлбэрээр тавигдсан цуваа үзүүлбэртэй балет ажээ. Харин Ф.Шопен “Шопениана” балет нь үйл явдлын өрнөлгүй бөгөөд дан ганц бүжиглэж буй сильфидануудын дүрийн хувилбарууд юм.

Тус хоёр балетыг энэ сарын 11,12-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

Categories
мэдээ соёл-урлаг

Үндэсний түүхийн музейд кино үздэг боллоо

Монголын Үндэсний түүхийн музей монголдоо анх удаа мини кино театртай боллоо. Мини кино театрыг БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр суурилуулж байгаа бөгөөд тус театр нь“Panasonic” брэндийн “PT-RW330EA” загварын прожектор болон 18 төрлийн дагалдах хэрэгсэлтэй, 60 хүний суудалтай ажээ.

Тус музейн захирал Д.Сүхбаатар “Энэ кино театрыг музейдаа суурилуулснаар үзэгчдийн тоо нэмэгдэнэ гэж найдаж байна. Манай музей жилдээ 85 мянган хүнд үйлчилдэг. Үүний 50 хувь нь гадны жуулчид байдаг юм. Энэ кино театрыг ашиглалтад оруулснаар өөрийн сан хөмрөгт байгаа түүхэн, танин мэдэхүйн киног үзэгчдийн хүртээл болгоно” гэв.

Уг кино театр нь олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй бөгөөд 44 сая төгрөгийн үнэтэй юм байна. Үндэсний түүхийн музейн сан хөмрөгт нийт 56 мянган үзмэр бий. Тэр дунд 10 гаруй түүхэн сэдэвт кино байдаг аж. Удахгүй музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 1990 оны ардчилсан хувьсгалын тухай олон нийтэд дэлгэгдээгүй цоо шинэ киног олны хүртээл болгох гэж байгаа гэнэ.

“Цаашдаа бүх аймаг, сумдын соёлын төвүүдэд кино үзвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулах зорилготой ажиллаж байна. Эхний ээлжинд мини кино театрыг улсын хэмжээнд 14 сумын соёлын төвд суурилуулна” хэмээн БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр онцолж байв.

Categories
мэдээ соёл-урлаг

Кино урлагийнхан шилгүүдээ тодруулав

Монголын Үндэсний Кино Урлагийн Академи”-иас санаачлан жил бүр зохион байгуулдаг Монголын кино урлагийн “Академи Авардс” наадам өчигдөр Их тэнгэр цогцолборт болж, шилдгүүдээ тодруулсан билээ. Тус наадамд кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинациар шалгаруулав.

Шилдэг найруулагчийн шагналыг Ж.Сэнгэдорж “Lovers” киногоороо хүртсэн бол шилдэг эрэгтэй гол дүрд 14 жүжигчин нэр дэвшсэнээс “Атганд үлдсэн эрдэнэ” кинонд тоглосон Ардын жүжигчин П.Цэрэндагва шилдгээр тодорлоо. Мөн шилдэг эмэгтэй дүрийн шагналыг жүжигчин Д.Гэрэлмаа “Ловерс” киногоороо хүртсэн бол шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг “Содура” киногоор жүжигчин С.Ариунбямба, Шилдэг эмэгтэй туслах дүрд “Содура” киногоор СТА С.Болормаа нар тус тус хүртэв. Харин шилдэг богино хэмжээний киноны төрөлд М.Аззаяа, Б.Баярсайхан “Эргэж ирсэн нь”, Б.Тулгаа “Ертөнцийн өнгө”, Б.Чингүүн “Морин хуур”, Б.Сүхболд “Бэлэг” бүтээлээр нэр дэвшиж М.Аззаяа, Б.Баярсайхан “Эргэж ирсэн нь” киногоороо хүртсэн юм.

“Академи авардс”-ын шилдэг зураачаар Н.Болор-Эрдэнэ “Содура” киногоор шалгарсан бол шилдэг зураглаачаар “Ловерс” киногоор Э.Нэргүй, шилдэг эвлүүлэгчээр “Ловерс” киногоор М.Төгөлдөр, шилдэг хөгжмийн хөгжмийн зохиолчоор “Маш нууц” киногоор Б.Одбаяр, шилдэг дууны төрөлд “Содура” киноны дуу тус тус шалгарав.

Харин шилэг дебют шагналыг “Замбуулин дуусах болоогүй” киногоор М.Батбаяр, Шилдэг дууны найруулгын шагналыг “Атганд үлдсэн эрдэнэ” киногоор Михиа Рикардо, н.Сүхдамба нар, Шилдэг зохиолчоор “Үргээлэг-2” киногоор Т.Бум-Эрдэнэ, Шилдэг дүрсний эффектын шагналыг “Содура” киногоор Ш.Тансаг, Шилдэг нүүр будалт төрөлд нүүр хувиргагч Г.Ганчимэг “Содура” киногоор , Шилдэг хөрөнгө оруулагчаар Прайм Пикчэрс “Үргээлэг-2” киногоороо хүртэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Англид тоглоно

Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Англид тоглолт хийхээр хүлгийн жолоо заллаа. Түүний тоглолтыг Их Британи улс дахь соёлын менежер Ж.Өнөрмөө зохион байгуулж, Кардифф, Лондон хотын үзэгчидтэй уулзуулахаар зэхжээ. Пласидо Домингогийн уралдааны ялагч, “BBC Cardiff singer of the World in 2015”-ын үзэгчдийн шагналт дуучин өнгөрсөн сард Итали болон Монголд тоглолтоо хийсэн бол зургадугаар сарын 5-нд ‘The Savile club M-T” эхний тоглолтоо хийх гэнэ.

Түүний тоглолтын тасалбар 80, 100, 120 фунт стерлингээр зарагдаж байгаа юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Гурван Ардын жүжигчин нэгэн тайзнаа

Зохиолч В.Красногоровын “Хунгийн дуу” уянгын драмын жүжгийг Улсын драмын эрдмийн театр энэ сарын 6-ны 19.00 цагт тайзнаа тавих гэж байна. Тус жүжгийг Ардын жүжигчин, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Мөнхдорж найруулжээ.

Гол дүрд:
Роман – Ардын жүжигчин П.Цэрэндагва
Виктор – Ардын жүжигчин Г.Мягмарнаран
Анна – Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд

Дүрүүдэд:
Гавъяат жүжигчин Г.Урнаа
Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах
Туслах – жүжигчин А.Чингүн

Жүжгийн үйл явдал хоёр чиглэлээр өрнөнө. Нэг чиглэлийн гол баатар нь уран бүтээлийн гацаанаас гарах гэсэн найруулагч. Нөгөө нь сүүлчийнхээ дурлалтай учирсан, нэрт жүжигчин эмэгтэй. Хун гэдэг амьтныг дандаа л үнэнч хайр дурлал, ариун сайхан бүхэнтэй зүйрлэдэг. Энэхүү жүжигт хүний хүнлэг сайхан сэтгэл, хүсэл мөрөөдөл, гэгээн хайрын тухай өгүүлнэ. Хунгийн дуу, сэтгэлийн дуу, тэр ч бүү хэл уран бүтээлийн зам мөхөөгүй мөхөх ч ёсгүй, хүний сэтгэлд байгаа сайхан юм бүхэн мөнхийн байх ёстой гэсэн санааг энэ уран бүтээлээр илэрхийлэхийг зорьжээ.

Тасалбарын үнэ 15.000 төгрөг юм байна.

В.Бат

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын кино урлагийхан маргааш шилдгүүдээ тодруулна

Монгол кино компани анх 1935 онд байгуулагдаж анхны кино бүтээл болох “Монгол хүү” киног дэлгэцэнд гаргаснаас хойш Монгол кино урлагийн үүсэл өдгөө 81 дэхь жилтэйгээ золгоод байна. Энэ хугацаанд Монгол кино урлаг сайнтай муутай хэлэгдэж олон ч он жилүүдийг ардаа үдсэн билээ.Нэгэн үе Монгол кино урлаг уналтанд орж үзэгчдээс багагүй шүүмжлэлийг хүртдэг байсан бол сүүлийн хэдэн жилд Монгол кино урлаг сэргэж шил шилээ дарсан олон ч чанартай бүтээлүүд гарсаар байна.

Энэ бүх ололт амжилтыг дүгнэх нэгэн томоохон наадмыг “Монголын Үндэсний Кино Урлагийн Академи”-аас санаачлан 2010 оноос эхлэн зохион байгуулж ирсэн нь “Академи авардс” юм. Энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам “Их тэнгэр цогцолбор”-т маргааш болох ба кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж академийн шагналыг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулах юм.

Энэ жилийн наадмын хувьд дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Атганд үлдсэн эрдэнэ”, “Үргээлэг”, “Тоглож болохгүй нас”, “Lovers” зэрэг кинонууд хамгийн олон төрөлд нэр дэвшээд байгаа ба “Академи авардс”-ын шилдгээр тодрох магадлал өндөр байгаа юм. Ийнхүү Монгол кино урлагаа хөгжүүлэх цаашлаад дэлхийн түвшинд хүрсэн чансаатай уран бүтээлийг гаргах зорилготой “Академи авардс” маргааш буюу энэ сарын 4-ны өдөр Монгол кино урлагийн шилдгүүдийг уламжлал ёсоор тодруулах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Цуур хөгжмийн сургалтын төв үүдээ нээв

Засгийн газрын 2014 оны тогтоолоор баталсан “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийн хүрээнд цуур хөгжмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Цуурын сургалтын төв”-ийн нээлт өнөөдөр СУИС-ийн Соёлын сургуульд болов.

Анх 2009 онд Монголын уламжлалт цуур хөгжмийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсний үр дүнд судалгааны хүрээг өргөжүүлэх, уламжлалт шавь сургалтыг танхимд явуулах боломж бүрджээ. СУИС-ийн Соёлын сургуулийн танхимын багш С.Юндэнбат хэлэхдээ, “Цуур хөгжим нь модон үлээвэр хөгжим дотроо хоёр давхар өнгө гаргадаг, гуравхан даралттай их гайхалтай, содон эгшигтэй онцлог хөгжим. Цуур хөгжмийг гарын таван хуруунд багтахаар цөөн хүн өвлөж авсан байдаг. Сүүлийн үед цуур хөгжмийн сургалт явуулсан нь олны сонирхлыг татаж 30-аад өвлөгчтэй боллоо. Мөн өвлөн суралцагч 100-аад хүн бий. Цуурын хэрэглээ, өвлөгч, судлаач, сонирхогчид нэмэгдэж байгаа ч энэ их өвөө өвлүүлэн уламжлуулж, дахин сэргээх их үйлсийг хөгжүүлэхэд нэлээн хугацаа шаардлагатай” гэв.

Алтайн урианхайчууд цуурыг эрт үеэс Алтайн эзнээс ангийн хишиг гуйх, ган гачиг, зуд турхан зэрэг гамшиг тохиолдоход уул ус, тэнгэр хангайг аргадан тахиж тайх, бороо хур буулгах, алс холын аян жинд явахад хувь заяа, явдал үйлээ даатгах, хурим, найрыг цуурын эгшгээр мялааж, айл гэрийн жаврыг үргээх зэрэг ёслол, зан үйлд ашиглаж иржээ. Харин Төв халхын нутагт ботгоо голсон ингийг морин хуурын аялгуугаар ээнэгшүүлэн уярааж, ботгыг нь авахуулдаг бол Монгол Алтайн урианхайчуудын дунд цуурын эгшгээр ингэ аргадаж “Сариг цагаан ингэ” аязыг цуурдаж ботгыг нь авахуулдаг байжээ.

Дашрамд дурдахад, БСШУЯ, Соёлын өвийн төв, “Хүннү цуурчдын холбоо” хамтран Цуурын олон улсын анхдугаар симпозиум, наадмыг энэ сарын 4,5-нд зохион байгуулна.

Categories
мэдээ соёл-урлаг

Мисс Б.Гүнзаяа “Photo model of the world 2016” тэмцээний III байрт шалгарчээ

Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа олон авьяаслаг бүсгүй бий. Тэдний нэг нь “Miss Mongolia 2014” тэмцээний “Спортлог мисс”-ээр тодорч байсан Б.Гүнзаяа юм. Тэрбээр дэлхийн хэмжээний “Photo model of the world 2016” тэмцээнд оролцож Монголынхоо нэрийг өндөрт гаргажээ. Тус тэмцээн нь Турк улсын Bodrum хотод зохион байгуулагдсан бөгөөд мисс Б.Гүнзаяа 45 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж, гуравдугаар байрт шалгарч, “Elegance miss” номаницийн эзэн болсон байна. Түүнийг энэхүү тэмцээнд оролцоход “Мисс Монгол аялал” жуучлалын тэргүүн мисс Б.Гантогоо дэмжлэг тусламж үзүүлжээ. Багаасаа загварын тайзнаа хөл тавьсан Б.Гүнзаяа ИЗИС-ийн хууль зүйн сургуулийг энэ хавар төгсчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Үнсгэлжин” тоглогдоно

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид Эх үрсийн баярыг тохиолдуулан “Хүүхдийн жүжгийн өдрүүд”-ийг зарлан энэ сарын 30-наас тоглож эхэлсэн. Өчигдөр “Бардам туулай” мюзиклыг тоглосон бол энэ өдөр “Үнсгэлжин” хүүхдийн инээмдийн жүжгийг тоглох нь ээ.

Т.Габбегийн “Үнсгэлжин” жүжгийн Үнсгэлжингийн дүрд УДЭТ-ын залуу жүжигчин Г.Номуун, Ханхүүд Б.Золжаргал нар тоглох бол Үнсгэлжингийн хойд эхийн дүрд МУГЖ Оюундарь тоглоно. Түүнчлэн бусад дүрүүдэд тус театрын залуу жүжигчид оролцох тоглох аж.

Тасалбарын үнэ 10 мянган төгрөг бөгөөд бэлэгтэй тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй юм байна.