Categories
мэдээ соёл-урлаг

“TOUCH ME” зуны задгай шоу болно

Азийн алдартай парти брэнд болсон “TOUCH ME”-г монголд анх удаа зуны задгай шоу болгон зохион байгуулах гэж байна. “TOUCH ME-SUMMER 2016” задгай фестивал нь энэ сарын 22-ны баасан гаригт “Монгол шилтгээн” цогцолборт болно. Энэ удаад 5000 орчим монгол, 1000 гаруй гадаадын иргэд оролцох боломжтой гэлээ.

Түүнчлэн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй Ази, Европын 11 дэх удаагийн ASEM чуулганы хаалтанд зориулж БНСУ, ХБГУ, ОХУ, АНУ зэрэг орны залуусыг хамруулж байгаагаараа энэ удаагийнх илүү шинэлэг бас хамгийн өргөн хэмжээний том арга хэмжээ болно гэж зохион байгуулагчид онцоллоо.

Б.ЭНХМАА

Categories
мэдээ соёл-урлаг

Хөвсгөл аймгийн баяр наадамд Ц.Сандагдорж түрүүлж, Н.Даваахүрэл үзүүрлэлээ

Аймаг сумдын баяр наадам 14,15-ны өдрүүдээс эхэлсэн билээ. Өчигдөр Хөвсгөл аймгийн баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Аймгийн баяр наадамд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн начин Ц.Сандагдорж түрүүлэн аймгийн арслан болж, Тосонцэнгэл сумын заан Н.Даваахүрэл үзүүрлэж, аймгийн заан болжээ. Түрүү бөх Ц.Сандагдорж , улсын харцага Ц.Содномдорж нартай шөвгийн дөрөвт үлдсэн, аймгийн начин Н.Жаргалбат Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Дарийн Дамдин аваргын удам дамжсан бөх ажээ. Харин улсын начин Л.Лха-Очироор тав давж, аймгийн начин Х.Тулгатай тунаж барилдаад зургаа давж, улсын харцага Ц.Содномдоржоор долоо даван, Ц.Сандагдоржтой барилдан үзүүрлэж, сумын заанаас, аймгийн заан болсон Н.Даваахүрэл Хангайн бүсэд хурдан халиун морьдоороо алдаршсан, Хөвсгөл аймгийн алдарт уяач Д.Ням-Очир агсны хүү ажээ.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөөдөр “Классик Дуэт” концерт болно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 15-нд “Хунт нуур” балетыг олны хүртээл болгосон бол энэ удаад тус театрынхан 53 дахь улирлын хаалтын тоглолт болгон “Классик Дуэт” концертыг өнөөдөр орой тоглохоор болжээ. Тус тоглолтоор 2015-2016 оны 53 дахь улиралд дуурь бүжгийн театрын тайзнаа тоглосон бүтээлүүдээс хамгийн шилдэг дуэт бүтээлүүдийг тоглох аж. Тоглолтод тус театрын гоцлол дуучид, найрал дуучид, симфони найрал хөгжим оролцох ба тоглолл оройн 17:00 цагт Улсын дуурь бүжгийн эрлмийн театрын тайзнаа тоглогдоно.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөө орой ​Чингисийн талбайд “Нисванис” хамтлагийн тоглолттой

“Улаан хэрүүлч”, “Сургууль нуруусай” зэрэг дуугаараа залуусыг байлдан дагуулсан “Нисванис” хамтлаг өнөөдөр Чингис хааны нэрэмжит талбайд тоглох гэж байна.

Тус хамтлагийнхан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд их хотын залуустаа зориулан нэг цагийн турш уран бүтээлээ толилуулах ажээ. Уг нэг цагийн хөтөлбөрт “Нисванис”-ын хуучны дуунуудаас гадна шинэхэн цомгийн “Сэтгэл хөдөлнө”, “Аабан бээбэн”, “Удаан дуу” гэх мэт олон дуунуудаа сорчлон хүргэх юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Маргааш “Хунт нуур” балет тоглогдоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 16-ны 17:00 цагаас Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн дэлхийн хамгийн алдартай театруудад тавигддаг “Хунт нуур” балетыг тоглоглох гэж байна.

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. Харин манай улсын тайзнаа анх 1975 оны 6-р сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, УДБЭТ-ын зөвлөх балетмейстр АЖ,ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар тоглож байсан юм.

Гол дүрүүд:
-Одетта – Хорон санаат шидтэний хун болгон хувиргасан сайхан сэтгэлт гүнж
-Одиллия – Хорон санаат Ротбарт гүнгийн охин
-Хан хүү Зигфрид
-Ротбарт ОТБАРТ
-Алиа Салбадай
-Па-де-труа
-Хатан эх
-Жижиг хунгууд
-Том Хунгууд болон УДБЭТ-ын балетын жүжигчид, ХБК-ийн сонгодог бүжгийн ангийн оюутнууд оролцон тоглоно.

Categories
мэдээ соёл-урлаг

Өнөө орой 21 цагт Морин хуурын фестивальтай

Дэлхийн хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн монгол үндэстний бахархал болсон морин хуурын фестиваль өнөөдөр 21:00 цагт төв талбайд болно. Энэхүү фестивальд үндэсний их найрал, ардын урлагийн хамтлагууд, морин хуурын мастеруудаас гадна энэхүү хөгжмийг сонирхогч гадаадын уран бүтээлчид оролцох юм байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ соёл-урлаг

“Улаанбаатарын үдэш” шоу тоглолт болно

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр болох соёл, урлагийн тоглолтууд үргэлжилж байна.

Өнөөдөр “Улаанбаатарын үдэш” рок поп оддын шоу тоглолт 21.00 цагаас Чингисийн талбайд эхэлнэ. Тоглолтод олон шилдэг уран бүтээлч оролцохоос гадна “Харанга” хамтлагийн бүрэн хэмжээний концертыг төв талбайд тоглох юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Учиртай гурван толгой дуурийн гол дүрийн жүжигчдэд шагнал гардууллаа

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр хамтран Монголын анхны үндэсний сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 2 дахь жилдээ тоглов. Жил бүр тус дуурийн гол дүрийн жүжигчдийг сонгон шалгаруулдаг бөгөөд энэ жил гол дүрд шалгарсан УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Э.Бумхүү, УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Б.Энхнаран, УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ нарт Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал 10 сая төгрөг, өргөмжлөлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гардууллаа. Шагнал гардуулах үеэр Засаг дарга “Соёл урлаг бол их хотын салшгүй нэг хэсэг. Тиймээс бид хотын соёлыг хэвшүүлэх, сонгодог урлагийг дэмжих тал дээр Соёл урлагийн байгууллагууд, уран бүтээлчдээ дэмжин, хамтран ажиллах болно” гэлээ. Мөн энэ үеэр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзул төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасныг НИТХ-ын дарга Ц.Сандуй гардууллаа гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Сарантуяа: Наадмынхаа нээлтэд оролцож дуулна, нээлтээ үзнэ

Үндэсний их баяр наадмын арга хэмжээнүүд өчигдөр эхэлсэн. Энэ жил баяр наадмын амралт ес хоног үргэлжлэх билээ.

Монгол төрийн их баяр цэнгэл наадмаараа хэрхэн баярлах талаар дуучин МУГЖ Б.Сарантуяатай холбогдож, цөөн хором ярилцлаа.

-Та баяр наадмын нээлтэд оролцоно гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Би “Монгол” гэсэн тодотголтой учраас үндэсний их баяр наадмыг бэлгэшээдэг. Энэ утгаараа наадмынхаа нээлтэд оролцож, дуу дуулж, нээлтээ үзэж сонирхоно. Мөн үндэснийхээ хувцсаар гоёно доо. Үндэснийхээ хувцсыг өмсөхгүй бол Монголын уламжлалт баяр наадам маань төсөөлөгдөшгүй шүү дээ.

-Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой тохиож байна. Энэ жилийн баяр наадмыг юу хийж өнгөрөөх вэ?

– Энэ жилийн хувьд тэгш ойнууд тохиож байна. Үндэсний их баяр наадам маань зуны улиралд болдог учраас Монголынхоо үзэсгэлэнт газрыг үзэхийг чухалчилдаг, үзэх ч ёстой гэж боддог. Байгалийнхаа үзэсгэлэнт газрыг үзэхэд маш сайхан байдаг. Би энэ жил Өвөрхангай аймгийн Арвайхээр хотоос 115 километрт Хүйсийн найман нуруу хэмээх газрыг үзье гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэр бүлээрээ, аялаад ирнэ дээ. Мөн Соёолон үзнэ. Соёолонгийн тоос хийморьтой. Тэгээд энгийн ард түмнийхээ жишгээр л баярлана даа.

-Энэ жилийн баяр наадмаар тоглолт хийх төлөвлөгөө байна уу?

-Өвөрхангай аймгийн “Уянга” суманд тоглолт хийх төлөвлөгөөтэй байна. Ахмад болон бусад үзэгчид сонсогчдоос хүсэлт ирсэн. Монгол найр наадмыг харуулсан. Өөрийнхөө шилдэг гэсэн дуу хуураа өргөн барина. Өвөрхангай аймагт энэ жилийн баяр наадмын маань нэгээхэн хэсэг өнгөрөх нь ээ. Амралтын газар болон баазаар зочилно. Мөн байгалийнхаа үзэсгэлэнт газрыг үзэж сонирхоно.

Б.УРАНЧИМЭГ

Categories
мэдээ соёл-урлаг

Анхны нүүдлийн театр үүдээ нээлээ

Чингис хааны морьт хөшөөний дэргэдэх “Ариг монгол хаад” жуулчны баазад нүүдлийн гэр театр үүдээ нээлээ.

Монгол улс дэлхийн түвшинд танигдсан соёл иргэншилтэй улс хэдий ч олон улсын жишгээр соёлын аялал жуулчлал хараахан сайн хөгжөөгүй байна. Тиймээс энэхүү театр нь ардын язгуур урлаг тэр дундаа ховордож буй өв соёлын түгээх аж. Монгол улсад ирж буй жуулчид бизнес, байгаль, соёлын гэсэн аялал жуулчлалын чиглэлээр ирдэг гэсэн судалгаа бий. Байгалийн аялал жуулчлал түлхүү хөгжиж байгаа учраас соёлын аялал жуулчлалыг ч мөн хөгжүүлэх хэрэгтэй.

Энэхүү театр нь уламжлалт нүүдлийн соёлыг харуулсан монгол эсгий 12 ханатай өргөө байх бөгөөд ардын язгуур урлаг болон монгол ард түмний ахуйн зан үйл, ёс заншлийн төгс хослолыг театрын урлагаар дамжуулан хүргэж буйгаараа анхны нүүдлийн гэр театр болж байна.

Уг театрыг зорин ирсэн зочид “Захчин” ястны хуримд уригдан гэрт орж, уламжлал ёсоор эрчүүд нь гэрийн баруун, эмэгтэйчүүд нь зүүн талаар сууцгаана. Цугласан олонд айраг амсуулж, цагаан идээгээр дайлж угтав. Монгол түмний олон үндэстэн, ястны дундаас “Захчин” ардын хурим хамгийн өргөн дэлгэр, нарийн ёс заншилтай байдаг учраас уг хуримын зан үйлийг сонгосон гэдгээ зохион байгуулагчид онцолжээ.

Хуримын зан үйл болон түүнтэй хослох бусад зан үйлийг бие биелгээ, ардын дуу, ерөөл магтаал зэргийг театрын урлагийн найруулгаар хүлээн авч үзэх боломжтой юм.

Энэхүү театрын ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал ажиллаж байна.