Монголын залуучуудын холбоо байгуулагдсаны 95 жилийн ойгоор Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар “Шилдэг залуу удирдагч” шагнал хүртлээ. Тэрбээр “Монголынхоо залууст баярын мэнд хүргэе. Улс орноо хайрлаж, хөгжүүлэх эрхэм үүргийг нэр төртэй биелүүлэх нь бидний туйлын зорилго шүү, залуучууд аа” хэмээжээ. Мөн энэхүү баярыг тохиолдуулан МЗХны үе үеийн төлөөлөгч оролцсон “Мөнхийн залуу нас-95” галт тэрэгний аяллыг Улаанбаатар хотоос Дархан, Сэлэнгийн чиглэлд зохион байгуулах аж.
Category: соёл-урлаг
Хурмастын үүлэн чөлөөнөөс наран гарах нь
Хуурамч юм шүү, цэцэгс минь, битгий инээмсэглэ
Хумисан далиа намар оройн цаг дор бүү задла
Хугарч нугарч, хөөрхий Цанцэцэг минь салхинд үхсэн…
Энэхүү шүлгийг агуу яруу найрагч Данзангийн Нямсүрэн Д.Ган-Очирт зориулан бичжээ. Тэрбээр өөрийн “Бясалгагч шүүдэр” шүлгийн номынхоо эхний хуудсан дээр энэ шүлгийг нийтэлсэн нь багшийгаа хүндэлсэн сэтгэлийн өчүүхэн илрэл мэт харагдана. Түүнийг уншигчид маань дуучин Т.Ариунаагийн “Хуучраагүй жинс”, Камертоны “18 нас”, “Монголын нууц товчоо” зэрэг дууны үгүүдийг зохиосноор нь сайн мэдэх юм. Ингээд та бүхэндээ МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч Эрээнцавын Д.Ган-Очиртой хийсэн ярилцлагаа хүргэе.
–Та “Монголчууд” гэдэг сэтгүүлийг эрхлэн гаргадаг. Энэ сэтгүүлээ танилцуулахгүй юу. Яагаад ер нь ийм сэтгүүл гаргая гэж бодсон бэ?
– Их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн хүний хувьд албан байгууллага ч юм уу, аль эсвэл хэвлэлийн төлөөлөгч, сонинд сурвалжлагч, хэлтсийн дарга хийх нь надад тиймхэн санагдсан. Надад өшөө илүү ямар боломж байна. Үүнээс илүү өөрийнхөө чадал чинээгээрээ юу хийж болох вэ гэж бодсоны эцэст “Монголчууд” сэтгүүлээ гаргахаар шийдсэн. Дэлхийд таван том үндэстэн байдгийн нэг нь Монголчууд шүү дээ. Нэгдүгээр санаа нь энэ байлаа. Хоёрдугаарт “Би сэтгүүл гаргалаа гэхэд ямархуу сэтгүүл гаргаж болох вэ” гэдэг орон зайг харсан. Өнөөдөр нэлээд сэтгүүл монголд гарч байна. Тэр дундаа “Playboy”, “ National Geography”, “Cosmo Politian”гэх мэт дистрибютер сэтгүүлүүдийг би хувьдаа эсэргүүцдэг. Энэ сэтгүүлүүд монголд орж ирээд хэрэг байна уу үгүй юу. Өөрсдийнхөө баялаг түүхийг бүтээж өнгөрсөн цагийн агуу өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх нь надад илүү чухал. Тийм учраас угсаатны ёс зүй, түүх танин мэдэхүй, утга зохиолын сар тутмын сэтгүүл гаргаад явж байна. Энэхүү сэтгүүлийг гаргах гэж хоёр жил гүрийн ажиллаж байна. Сэтгүүл эрхлэн гаргана гэдэг нь санхүү мөнгө, боловсон хүчин, зураг материалаас өгсүүлээд нэлээд л их ажил болдог. Би ч сүүлдээ завгүй боллоо. Гэхдээ хэдий чинээ завгүй байх тусмаа энэ бол миний үүрэг гэж бодон зүтгэдэг дээ.
-“Монголчууд” сэтгүүлээ гаргахын хажуугаар уран бүтээлээ хийж амжиж байна уу?
-Өмнө нь би эссэ бодролын ном, шүлгийн номнуудаа гаргаад их завтай байлаа. Сэтгүүлээ гаргаж эхэлснээс хойш хөтөлгөө морьтой хүн шиг явъя гэж бодовч уран бүтээлдээ цаг зав гаргах нь хомс болж байна. Гэхдээ “Бодролын цонх” эссэний номоо дахин засварлаад өгүүллэгийн ном болгоод хэвлэлтэнд бэлдэж байна. Мөн гурван жилийн өмнөх “Бясалгагч шүүдэр” шүлгийн номоо дахин хянаж засаад гаргах гэж байгаа ч санхүүгийн асуудлаас болоод түр азнаад л байж байна даа.
–Ном гаргахад санхүүгийн асуудал нь илүү хэцүү байдаг уу, аль эсвэл номныхоо санааг олох нь хэцүү байдаг юм уу?
-Утга зохиолч, яруу найрагчид бид бол үргэлж санаагаар баян явж байдаг. Тэрэнд бид санаа зовж түүртдэггүй. Манай зохиолч, яруу найрагчдын ширээний нүдэнд зөндөө л номнууд төгрөг мөнгөө хүлээгээд хэвтэж байдаг. Яагаад гэвэл цаг үе нь ийм болчихож. Санхүүгийн бэрхшээлээс болоод уншигчдынхаа гарт хүрч чадахгүй номнууд зөндөө байна. Цахим ертөнцөд дэмий юм уншаад суух, нэг сайхан ном уншаад суух хоёрын хооронд маш их ялгаа бий. Тийм учраас л монголын шилдэг зохиолч, яруу найрагчдын олон номыг гаргах хэрэгтэй. Уншигчдынхаа номын санг тасралтгүй баяжуулж байхын тулд бид үргэлж санаагаа чилээж байдаг улс. Жинэхэн уран бүтээлчид хувийн амбиц, нэр алдар гэх мэт зүйлсийн хойноос хөөцөлддөггүй. Энэ бол маш жижигхэн асуудал. Тийм болохоор европын утга зохиол, төв азийн утга зохиол хоёрын хооронд дэндүү их ялгаа байдаг. Яагаад гэвэл бид нүүдлийн соёл иргэншилтэй байсан учир суурин бичгийн өв соёл их багатай. Бидний өвөг дээдэс үр хүүхдүүддээ дандаа номоо цээжлүүлж ирсэн байдаг. Тиймээс бид цээж сайтай ард түмэн юм.
–Танай гэр бүлтэй танилцаж болох уу?
-Би хоёр хүү нэг охинтой. Том хүү маань СЭЗДС-ийн 3-р курс. Оюутан цэрэгт татагдаад сая халагдаад ирлээ. “Оюутан цэрэг” гэдэг Ерөнхийлөгчийн санаачилсан энэ төслийг үнэхээр сайн төсөл гэж боддог. Залуучуудыг сургууль завсардуулахгүй эх оронч хүмүүжлийг олгож байгаа их зөв алхам гэж боддог.Манай эхнэр хувиараа бизнес эрхэлдэг манайх гэдэг эгэл жирийн л нэг монгол айл даа. Энэ зун манай сумын 60 жилийн ой болоод аав ээж, гэр бүлийнхэнтэйгээ Чулуун хороо сумандаа очоод ирлээ.
-Таныг агуу яруу найрагч Данзангийн Нямаа гуайн шавь гэдгээр хүн бүр мэднэ. Анх багштайгаа учирсан түүхээ яриач?
-Д.Нямсүрэн багш манай аав хоёр найзууд байсан. 1987 онд долдугаар ангид байхдаа албан ёсоор хадаг барьж багшдаа шавь орж байлаа. Тэр үед шүлэг бичээд аймгийн утга зохиол сонирхогч ах нараа дагаад гүйж явдаг хүүхэд байлаа. 1974 онд Эрээнцавын сангийн аж ахуй байгуулагдахад аав ээж хоёр маань нэг нь малын эмч, нөгөө нь багшаар очсон юм билээ. Тэнд гал голомтоо бадрааж намайг төрсний дараах үеэс л манай аав Д.Нямсүрэн багш хоёр найзалсан юм байна лээ. Тэр үед манайхаар их орж гардаг байсан ч би хүүхэд болохоор огт тоодоггүй байлаа. Сүүлд нь утга зохиол, яруу найрагт хөл тавин орж ирэхэд багш маань намайг таниад “Өө чи чинь Даваасүрэнгийн хүүхэд үү” гээд л тосож авсан. Багш маань яруу найраг, хөдөө аж ахуй, одон гариг гээд бүхий л зүйлсийн талаар их сайхан ярьж өгдөг хүн байлаа.Тэгж л багштайгаа танилцаж түүнээс хойш тэнгэрт хальтал нь уулзаж учирч байнгын холбоотой явсан даа.
–Ломбын Нямаа гуай “Хөөе Ган-Очироо дэлхий бумбын эринд шилжиж байна, яруу найргаа их бичээрэй” гэж хэлсэн гэдэг…
-Ер нь бол Бумбын эрин гэдэг маань амар амгалангийн эрин юм. Миний утга зохиолын мөнхийн эрэл хайгуул маань явсаар байгаад “Тэнгэр үзэл”, “Буддын философи” хоёр дээр тулсан. Тэгэхээр Монголчуудын тэнгэр үзэл, суурин иргэншилд шилжсэний дараах Буддын философи хоёр аль аль нь л хүний амьдралд чухал. Буддын философи нь суурин иргэншлийн энэхүү стресстэй нийгэмд бодож суугаад бясалгахад их хэрэгтэй болдог. “Тэнгэр үзэл” бол сая таван зуун мянган км хавтгай дөрвөлжин газар нутагтаа үйлчилдэг. Энэ бол их гайхалтай . Яагаад гэвэл хүний тархины орой дээшээ хязгааргүй нээлттэй байдаг. Бид тэнгэртэйгээ харьцаж нар сар, долоон бурхан одондоо өргөлөө өргөдөг ард түмэн шүү дээ. Бид дээшээ хардаг учраас л монгол гэр маань дээрээ цонхтой байгаа биз дээ. Үеийн үед оддыг гэрийнхээ тооноор л харж ирсэн. Буддын филосфоос бол яаж амар тайван амьдрах вэ гэдгийг л илүү суралцах хэрэгтэй.
-Та “Яруу найрагт өөрийгөө зориулаад явж байгаа маань сайн хэрэг” гэж нэгэнтээ дурсчээ. Таны амьдралын зорилго яг юу вэ?
-Би Монгол хүн болж төрсөн. Тийм болохоор буцан буцталаа Монгол нутагтаа амар тайван сайхан амьдрахыг бодох нь зүйн хэрэг. Гэхдээ юу бүтээж юу үлдээх вэ гэдгээ бас бодох хэрэгтэй. Би дааж давшгүй эдийн баялагаас илүүтэйгээр оюуны баялаг бүтээж олж авсан жаахан мэдлэгээ монголынхоо өв соёлд зориулж утга зохиол, яруу найргаар дамжуулан бусдад түгээх юмсан гэж боддог. Монголчууд “Огторгуй” гэдэг ойлголтыг “Огт оргүй” гэж үздэг. Тэгэхээр бүх юм огт оргүй болж байгаа биз. Энэ бол Нагаржунаагийн онол юм. Тэгэхээр оргүй юмыг ойлгоно гэдэг хэцүү. Энэ тухай миний шүлэгт байдаг. Бүх юм хоосон учраас чи хүсэх хэрэггүй, чи шунах хэрэггүй. Эцсийн эцэст бүх юм хумхийн тоос болох учраас үхлийг ч эхлэл юм шиг тэвэрч чадах тийм их тайвшрал бясалгалыг өөртөө бий болгох хэрэгтэй. Энэ л амьдралын маань зорилго юм.
–Шүлэг, яруу найргийг бясалгал гэж хэлж болох уу?
-Үгүй, яг тэгж хэлж болохгүй. Одоо байгаа хэвшмэл, энэ их стресстэй амьдралын хэв маягаас ангид байлгаж чадаж байгаа нь л чухал. Зохиол бичнэ гэдэг нь өөрийнхөө гаргаж чадахгүй байгаа дотоод ертөнцөө илэрхийлж буй хэлбэр. Гэхдээ хүн бүр зохиолч биш. Зохиол бичлээ ч хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бас хэцүү. Зөндөө л бичигч нар байна. Гэхдээ жинхэнэ зохиолч хүн бол төрдөг гэж би боддог. Зохиол, уран зураг, хөгжим гэсэн гурван сонгодог байдаг учраас л хүн амьтнаас ялгардаг. Тэгэхээр үүнийг хүн болгон хийх боломжгүй.
–Авьяас байсан ч зарим нь түүнийгээ хөгжүүлээд авч явж чаддаггүй хүмүүс байна. Энэ юунаас шалтгаалдаг гэж та боддог вэ?
-Үүнд ухаан хэрэгтэй. Эцэг эхийн суурь хүмүүжил маш чухал нөлөөтэй.Би эмээгээрээ байнга үлгэр домог яриулж өссөн. Хүн алдсан ч гэлээ өөрчлөгдөж бас болно. Үүний тулд муу зуршил, муу санаа бодол, атаа хорслоо хаях хэрэгтэй. Хаяад байх тусам л хүн гэгээрнэ. Тэрнээс биш түүнийгээ тээгээд л яваад байх юм бол чи донтож солиорч эхэлнэ.
Зураач М. Болортуяагийн бие даасан хоёр дахь үзэсгэлэн өчигдөр буюу 24-нд ‘’Blue Moon’’ төвийн нэгдүгээр давхарт нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэн ирэх сарын дөрвөнийг хүртэл үзэгчдээ толилуулах аж. Ойролцоогоор 27 бүтээл тавигдсан байна.
Зураач М.Болортуяа нь СУИС-ийн зургийн анги төгсөж ,сэргээн засварлагч мэргэжил эзэмшсэн тэрээр уран бүтээл туурвихаас гадна шинжлэх ухаан технилогийн ахлах сургуулийн зураг дизайны багшаар дөрөв дэхь жилдээ ажиллаж байгаа аж. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр түүнтэй уулзаж уран бүтээлийнхэн талаар сонирхлоо.
Тэрээр “Эхний үзэсгэлэнд маань амьд харилцаа байгаагүй. Энэ удаад би чинь Монгол улсын иргэн хүн ,мөн зураач тийм болхоор миний “Wikipedia”-ийн хайлтанд яагаад монгол амьтадын зураг байдаггүй юм гэсэн бодлоор амьтадын тэр дундаа амьтны хүйн холбоог зөөлөн дулаан хайрыг мэдрүүлэх зорилгоор зориуд гаргасан үзэсгэлэн юм.
Энэ удаагын үзэсгэлэнгийн дутагдалтай тал нь биологчтой судлаачтай хамтарч ажлаагүй,тодорхой хэмжээний байгаль амьтдын антом хөтөлбөр талдаа алдаатай зүйлс байгаа гэж бодож байна. Цаашид хэрвээ хамтарч ажлах санал ирэх юм бол Монголдоо нэн ховордож байгаа амьтдын төрөл зүйлийн үзэсгэлэн гаргана гэж бодож байгаа.
Дараагийн удаад эх орныхоо түүхэн сэдэврүү орж тэр дундаа жил болгон гаргаад байдаг хөнгөн сэдэв сонгохгүйгээр төлөвлөөд байгаа , одоогийн байдлаар судалгааны ажилдаа орчихсон байгаа” гэлээ.
Б.МӨНГӨНСОР
Б.УЯНГА
Өнгөрөгч сард АНУ-д зохион байгууллагдсан 30 дахь удаагийн Springville World Folkfest дэлхийн ардын урлагийн наадамд Монгол улсаас оролцсон “Язгуур аялгуу” хамтлаг “Шилдэгийн Шилдэг” шагналыг хүртсэн бөгөөд тус хамтлагийнхан энэ тухайгаа нийт Монгол түмэнтэйгээ хуваалцахаар эх орондоо эргэн ирээд байна.
Монгол улсын нэрт өв тээгчдийн нэг туульч, хөөмийч, цуурч Э.Баатаржаваар ахлуулсан гурван хүний бүрэлдэхүүнтэй “Язгуур аялгуу” хамтлаг нь анх “Дэлхийг тойрох Монгол өв соёл” аялан тоглолтоо ОХУ-ын зүүн Сибирээс эхлүүлж, улмаар Европ, Америк тивүүдээр үргэлжлүүлснээр нийт 50 гаруй хотод Монголын дуу хөгжмийн өв соёлыг түгээжээ.
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын 85 насны ой энэ онд тохиож байгаа билээ. Ойг тохиолдуулан Соёл Урлагийн Их сургууль, Норовбанзад сан, Монголын уртын дууны холбоо хамтран Намжилын Норовбанзад агсны нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдааныг есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Тэмцээнд оролцогчдыг наймдугаар сарын 5-ны өдрөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд СУИС-ийн 211 тоотод бүртгэх аж. Тэмцээн А, Б гэсэн хоёр зэрэглэлээр явагдах бөгөөд тэргүүн байр зургаан сая төгрөгийн шагналын сантай юм байна.
Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзад 1961 оны Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт “Уяхан замбуутивийн наран” дуугаа дуулсан нь Монголд төдийгүй дэлхий дахинд өөрийгөө харуулж чаджээ. Тэрбээр “Уяхан замбуутивийн наран” дуугаа дуулахдаа нэгэн ер бусын гайхамшигт ертөнцөд нисэн хүрэх мэт болж, үлэмж жаргал эдэлдэг юм даа” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Уншигч та бүхэнд Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад агсны “Уяхан замбуутивийн наран” дууг хүргэе.
Хэдэн жилийн өмнө “Авьяаслаг Хятад” шоунд МУГЖ, дуучин С.Жавхлангийн дуулсан “Алсад суугаа ээж” хэмээх дууг дуулж, олны хайрыг хүртсэн Өмнөд Монголын Хөлөнбуйр аймгийн хүү Сономын Уудам Монголд иржээ.
Тэрээр ӨМӨЗО-ны соёлын өдрүүдэд оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн аж. С.Уудам 12 настайдаа тэрбум гаруй хятад иргэдийг монгол дуугаар уярааж чадсан билээ. Тэрээр одоо 17 настай юм. Анх “Авьяаслаг Хятадууд 2011” шоун дээр дуулсан түүний дуу Хятадын “Dragon tv”-гээр цацагдсанаас хойш drаgоnтү.сn сайт дээрх бичлэгийг нь 360 мянга орчим хүн үзсэн аж.
“Хаан хүүгийн мишээл” шагналаар энгэрээ мялаалгаж байсан С.Уудам хүү “Монгол Улсад найман удаа ирж байна. Монгол түмний зочломтгой зан, элгэмсүү сэтгэл үнэхээр сайхан. Би Монголд ирэх их дуртай. МУГЖ С.Жавхлан ахын дуулсан “Алсад суугаа ээж” хэмээх сайхан дууг дуулж олон түмэнд танигдсандаа маш их баяртай байдаг” хэмээн Монголд ирсэн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Э.МӨНХ
“Шинэ үе” продакшнаас гарч өөрийн гэсэн кино студи байгуулан, хэд хэдэн кино шинээр бүтээсэн жүжигчин Г.Ундармаа “Х-түц” хамтлагт оржээ. Түүнтэй хамт жүжигчин Д.Хүрэлхүү нэгдэж “Бид амьдралд хайртай” цоо тоглолтоо шинэ бүрэлдэхүүнээрээ өдөр бүр Соёлын төв ордонд тоглохоор болсон байна. Харин гавъяат жүжигчин Аглуу энэ удаагийн тоглолтод оролцоогүй нь хамтлагаасаа гарсантай холбоотой гэж зарим эх сурвалжууд мэдээллэж байна.
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Монголын Моножүжгийн Төвөөс УДЭТ, Улсын хүүхэлдэйн Театр, СУИС-тай хамтран жил бүр зохион байгуулдаг “Ялагчдын цуваа-Улаанбаатар 2016” моно жүжгийн олон улсын фестиваль наймдугаар сарын 15-19-ний өдрүүдэд Улсын драмын эрдмийн театрт болно.
Өчигдөр эхэлсэн энэхүү фестивальд Польш, Армен, Орос, Англи, Монголын жүжигчид оролцож уран бүтээлээ толилуулж байгаа юм.
Тус наадамд УДЭТ-ын жүжигчин, СТА Ц.Баясгалан “Би Эдит Пиаф” жүжгээрээ өчигдөр оролцсон бол Польшийн жүжигчин Виолета Комар “Дива” /16-ны 19:00 цагт/ буюу өнөөдөр, Армяны жүжигчин Арам Ованнисян “Үзэсгэлэнт Ара” /17-ны 19:00 цагт/, Оросын жүжигчин Наталья Носова “Би нохой” /18-ны 19:00 цагт/, Английн жүжигчин Кэрил Свифт “Дэнгийн эрвээхэй” жүжгээ /19-ний 19:00 цагт/ толилуулах юм байна.
Монголын зураачдын эвлэл, БНХАУ-ын зураачдын эвлэлтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хятадын орчин үеийн урлаг уран бүтээлийн үзэсгэлэн Улаанбаатар хотноо дөрөв дэх жилдээ болох гэж байна.
Энэхүү тойрон аялал “Хөх сувд 2016” нь Хятадын үндэсний уламжлалт уран зүргийн чиглэлээр туурвидаг уран бүтээлч бүр тогтсон нарийн дэгийн дагуу олон жилийн үр дүнд гар аргаар хийсэн цаас, бийр бэхээр туурвидгаараа онцлогтой билээ. Тус арга хэмжээнд БНХАУ-ын зураачдын эвлэлийн 20 уран бүтээлчийн 60-аад уламжлалт үндэсний зургийн болон тосон будгийн бүтээлийг дэлгэн толилуулах ажээ.
Үзэсгэлэн энэ сарын 17-23-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд олны хүртээл болох юм байна.
Б.УЯНГА
Японы Нагояа хотын музейгээс гурван жил тутамд зохиогддог “Айчи-2016” триенналын нээлт өчигдөр боллоо. Нийт 120 гаруй уран бүтээлч оролцож буй уг наадамд манай улсаас залуу зураач Б.Номин оролцож байна. АНУ-ын “The Pollock Krasner Foundation” сангаас 20 мянган ам.долларын тэтгэлэг хүртсэн анхны монгол зураачаар тодорсон Б.Номин энэ жил уламжлалт зургийн аргыг орчин үеийнхтэй хослуулсан зургаараа оролцож буй. Тодруулбал, бурхны шашны сэдэвт “Гал, ус” хэмээх бүтээлээрээ оролцож буй.
О.ӨНӨР