Монголын сонгодог урлагийн их өргөө болсон УДБЭТеатрын хамт олон 54 дахь улирлын тоглолтын нээлтээ хийх гэж байна. Энэ удаагийн онцлог нь ОХУ-ын алдарт “Большой театр”-ийн уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт юм. 2014 оны 11-р сард ОХУ-ын “Большой театр”-т монголын уран бүтээлчид очиж “Монголын алтан хоолойтнууд” тоглолтоо амжилттай хийгээд ирсэн билээ. Тэгвэл энэ удаад “Большой театр”-аас манай улсад Удирдаач ОХУ-ын Гавьяат жүжигчин Александр Поляничко, Гавьяат жүжигчин Михайл Казаков, Елена Манистина, Их театрийн гоцлол дуучин Екатерина Морозова нар иржээ.
УДБЭТ-ийн хуьд 2016, 2017 оны үйл ажиллагааны бүрэн хөтөлбөр батлагдсан бөгөөд ном хэлбэрээр тоглолтын нээлтэн дээрээ үзэгчдэд түгээнэ гэлээ. Мөн сургуулийн хүүхдүүдэд сонгодог урлагийг түгээх зорилгоор хоёр долоо хоног тутамд нэг удаа хүүхдийн уран бүтээл хийхээр төлөвлөсөн байна.
Алдарт “Жизель” дуурийг Орос, Монголын хамтарсан уран бүтээлчид 10 дугаар сарын 8, 9-д тоглох юм байна. Энэхүү дуурийг анх 1979 оны 12 дугаар сарын 20-д монголын тайзнаа тавьж байжээ. Энэ удаагийн “Жизель”-д СТА Б.Саруул, Батчимэг нар тоглох аж. Харин Альбертэд СТА О.Ганцоож, Э.Эрдэнэболд нар тоглоно.
Харин “Кармень” дуурийг 10 дугаар сарын 15, 16-д тоглоно. Энэ дуурийг анх монголын тайзнаа 1985 онд тавьж байсан бөгөөд 2013 онд эх хэл болох франц дээр нь шинэчлэн тогложээ.
Ингээд хэвлэлийн хурлын дараа ОХУ-ын гавьяат жүжигчин Елена Манистинатай хийсэн бяцхан ярилцлагыг хүргэе.
-Та аль нутгийн хүн бэ, урлагийн хүн болсон түүхээсээ хуваалцахгүй юу?
-Би ОХУ-ын Саратова хотод төрсөн. Миний хувь заяа угаасаа урлагтай холбоотой юм. Яагаад гэвэл аав ээж хоёр маань хоёулаа дуурийн дуучин байсан. Ээж маань бүдүүн сафран хоолойтой, аав маань басс хоолойтой. Намайг дунд сургуульд байхад ээж маань дуулах ур чадварыг зааж өгсөн. Яагаад гэвэл намайг хараад дуучин болж чадах юм байна гэж бодсон хэрэг. Энэ замаас хазайх вий гэж бүр шахаж байсан удаа ч бий.
-“Большой театр”-н жүжигчин болно гэдэг гайхалтай хувь заяа байх. Анх яаж энэ театрт хөл тавьж байсан тухайгаа ярьж өгөөч?
-Таны хэлдэг зөв. Энэ театрт орохын тулд маш их өрсөлдөөн явагддаг. Анхныхаа оролдлогоор энэ театрт орж байгаагүй. Би гэхэд Чайковскийн дуулаачийн уралдаанд 2-р байр эзэлчихээд “Большой театр”-т орох уралдаант шалгалтанд орсон. Гэвч намайг аваагүй.“Станислав Немирович -Данченко”-н нэрэмжит театрт хэсэг хугацаанд ажилласан. Харин намайг ажиллаж байгааг маань хараад дараа нь “Их театр”-аас урьсан.
–Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ? Уран бүтээлч хүнд хэр их чөлөөт цаг гардаг вэ?
-Зохих хэмжээний чөлөөт цаг байлгүй яахав. Ихэнх хугацаагаа охинтойгоо өнгөрүүлэхийг хичээдэг. Хамгийн сүүлд “Царица” буюу “Хатан хаан” гээд паркаар бид хоёр зугаалсан. Тэнд агуу их 2-р Екатерина хатан хааны амьдарч байсан түүхэн музей байдаг. Тэнд цагийг охинтойгоо их сайхан өнгөрөөсөн.
-ОХУ-д урлагийн ямар төрөл илүү их хөгжиж байна вэ?
-Аль нь яг түлхүү хурдан хөгжөөд байгааг хэлэхэд хэцүү юм. Гэхдээ орчин үеийн урлаг их хөгжиж байна. Тэр дундаа кино урлаг их хөгжиж байгаа.
-Танд урлагийн хичээл зааж байсан мэргэжлийн багшийнхаа талаар дурсаач?
-Би ОХУ-д хамгийн алдартай Ирина Архипова багшаараа хичээл заалгаж байсан. Манай багшийг Орост төдийгүй дэлхийд сайн мэддэг. Надаас хүмүүс хэний удирдлаган дор сурсан бэ гээд асуухаар, Ирина Архипова гэхээр “Хөөх, ямар гайхалтай юм бэ” гэж дуу алддаг. Тэгэхээр багшаараа бахархах сэтгэл бол хэмжээлшгүй юм.
-Багшийн тань хамгийн их захиж сургасан зүйл юу байдаг вэ?
-Багшийнхаа талаар их олон юмыг ярьж болж байна. Гэхдээ нэг хөгжилтэй зүйлийг дурсмаар байна. Би дөнгөж сургуулиа төгсөөд дуучин болж байсан үе. Тэр үед багшийн хүндэтгэлийн тоглолт болсон. Тэр тоглолтонд “Гилбэрийн хатан” дуурийн нэг жижигхэн хэсгийг дуулаач гэж өгсөн. “Надад яагаад ийм жижигхэн хэсэг өгч байгаа юм бэ, ердөө гуравхан минут шүү дээ” гэж багшдаа хэлтэл, “Зүгээр 3 минут байна уу хэдэн минут байх нь хамаагүй, өөрийнхөө хоолойгоор л дуул. Чиний хоолойг сонссон хүмүүс чамайг бишрэх болно” гэсэн. Ингээд яг багшийн хэлснээр би тэр богинохон хэсгийг дуулсан. Дараа нь намайг жүжигт урьсан. Тэгэхээр багшийн маань хэлсэн үг үнэн байсан.
-Хамгийн их сандарч, айж байсан дүр ямар дүр байдаг вэ?
-Дуучин хүний хувьд тайзан дээр гарахад айх зовних үе байна. Хөгжимтэйгээ бага нийлсэн, үгээ мартчих вий дээ гэж бодох тохиолдолууд зөндөө байсан. Гэхдээ хамгийн төвөгтэй бүтсэн дүр гэвэл ”Айда” дуурийн Амнерисийг л хэлнэ дээ. Яагаад гэвэл энэ дуурийн хэсэг нь миний хоолойноос арай дээд өнгөөр дуугардаг. Тиймээс жаахан айдастай байсан. Бусад дүрийн хувьд гайгүй байсан даа.
О.ӨНӨР