Categories
мэдээ соёл-урлаг

Трампын ялагдахад хэвлэл нөлөөлсөн гэв

FOX News телевизийн хөтлөгч Билл О’Райли шууд нэвтрүүлэгээр АНУ-ын сонин, хэвлэл Трампын эсрэг хуйвалдаан зохион байгуулсан гэж мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп тэр мэдэгдлийн талаар тайлбар өгсөн байна.

Тэр өөрийн “твиттерт” FOX News сувгийн видео бичлэгийг тавиад энэ нь “аймшгийн явдал” гэж нэрлэжээ. Тэр телевизийн хөтлөгч Билл О’Райли мэдэгдэхдээ “Трампыг будаа болгохоор ажилтнууддаа тушаасан. Наад зах нь гурван медиа байгууллага байгаа” гэсэн юм.

Нэр дэвшигчдийн эхний хоёр мэтгэлцээнд Хиллари Клинтон давуутай гэж гарсан CNN телевизийн санал асуулгыг “өрөвдөлтөй, өчүүхэн юм” хэмээн Трамп нэрлэсэн байв.

Categories
мэдээ соёл-урлаг

“Орон зай” үзэсгэлэн нээлтээ хийлээ

ЦЭЦЭГС Р.Сэнгүм Зотон тос 60х120

Соёл урлагийн Их Сургуулийн Дүрслэх, Дизайн Урлагийн сургуулийн 25 жилийн ойд зориулсан “Орон зай” үзэсгэлэн өнөөдөр Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим болон BEST ART галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн 10 дугаар сарын 12-19 ний хооронд үргэлжилнэ. “Орон зай” үзэсгэлэнгээр тавтай морилно уу.

ЭРВЭЭХЭЙ БА ЦЭЭНИЙ ЦЭЦЭГ М.Ганзул Холимог техник 60х90


УЛААН ЖИМ Б.Энхчулуун Зотон тос 80х120



ЭГЧ ДҮҮС А.Дэлгэрмаа Торгон зураг 100х80


ЗАНАБАЗАР ЗЭРЛЭГҮҮДИЙН ДУНД Б.Энхчулуун Зотон тос 80х120


ЭРХЭМСЭГ Д.Мягмарсүрэн Зотон акрилка 90х120


ХАН ГОЛЫН ЭРЭГ Г.Амгаланбаатар Зотон тос 72х116


ГОВИЙН ХУДАГ Ц.Нарангэрэл Зотон тос

ЭРТНИЙ САЙХАН ТЭНГЭРЛИГ МОНГОЛ Д.Эрдэнэбилэг Зотон тос 97х143

О.ӨНӨР


Categories
мэдээ соёл-урлаг

Д.Нацагдоржийн дүрийг Б.Шинэбаяр бүтээнэ

Их зохиолч
Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Түүний ойд
зориулж зохиолчдын дунд жүжгийн уралдаан зарласан юм. Соёлын гавьяат зүтгэлтэн
Ш.Гүрбазарын бичсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжиг шалгарчээ. УДЭТ-ын 85 жилийн
ой энэ жил давхцаж байгаа бөгөөд энэ жүжгийг тайзан дээр амилуулахаар болжээ.
Жүжгийн гол дүр болох Д.Нацагдоржид УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр тоглохоор
болжээ. Найруулагчаар нь Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин ажиллаж байгаа юм
байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Камертон”, “Никитон”-ы тоглолтыг 217 сая төгрөгөөр зохион байгуулжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдын санаачлагаар өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой тус арга хэмжээнд “Никитон”, “Камертон” зэрэг хамтлагууд ая дуугаа өргөж, тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажилласан юм.

Тус тоглолтыг зохион байгуулахад зориулж Нийслэлийн Захирагч С.Батболд 300 сая төгрөгийг төсвөөс гаргасан талаар шүүмжлэл тухайн үед өрнөж, иргэдийн зүгээс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн ч намжсан. Тус арга хэмжээг зохион байгуулахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 217 сая төгрөг гаргасан тухай баримт дэлгэгдлээ. Баримтаас харахад уран бүтээлчдийн зардалд 134 сая, тайз тоног төхөөрөмжид 59 сая, худалдаа үйлчилгээний зардалд 13 сая төгрөгийг тус тус зарцуулжээ. Тансаглалаа танаж, тэвчиж болох зардлаа хасах уриалга дэвшүүлээд байгаа удирдлагууд хямралын үед шоу цэнгээнд ийм хэмжээний мөнгө зарцуулах нь зөв үү.

Categories
мэдээ соёл-урлаг

Манай улсад таван орны жазз хөгжимчид тоглолтоо хийнэ

“ЖаззЛаб” агентлагаас санаачлан “Ulaanbaatar International Jazz series 2016-2017” цуврал арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний хүрээнд дэлхийн таван орны жазз хөгжимчин манай улсад тоглолтоо хийхээр болжээ.

Тодруулбал, АНУ-ын жазз дуучин Кэнни Вашингтон, дуучин, төгөлдөр хуурч Чампион Фалтон, Испани улсын шилдэг хөгжимчин Игнаси Терраза, Францын алдарт аман хуурч Лаурент Маур, саксафон хөгжимчин, Жэсси Дэвис нар Монголд хүрэлцэн ирж, тоглолтоо толилуулах байна.

Эхлээд АНУ-ын жазз дуучин Кэнни Вашингтон “The Voice of Jazz” тоглолтоо хийх юм байна. Тэрбээр энэ сарын 18-нд Улаанбаатар хотноо ирэх аж. Түүний тоглолтод Шотландын төгөлдөр хуурч Паул Кэрби, Герман улсын конторбасс хөгжимчин Мартин Зэнкер, БНСУ-ын бөмбөрчин Мин Чан Ким оролцож, уран бүтээлээ толилуулах юм байна.

“The Voice of Jazz” тоглолт энэ сарын 20-21-нд УДБЭТ-т болно.

Categories
мэдээ соёл-урлаг

П.Жимсээ: Манай гэрийн хоймрын ор миний анхны тайз байлаа

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Пүрэвжавын Жимсээтэй ярилцлаа. Тэрээр энэ сарын 7-нд Монгол бөхийн өргөөнд “Нандин” тоглолтоо хийх гэж байгаа билээ.

-Таны бие даасан “Нандин” тоглолт удахгүй болох гэж байна. Тоглолтод тань ямар уран бүтээлчид оролцох бол?

-Миний бие даасан хоёр дахь тоглолт удахгүй үзэгчдэдээ хүрэх гэж байна. Би 2013 онд “Таван эрдэнэ” тоглолтоо хийж байлаа. Үзэгчдийн халуун, дулаан уур амьсгалтай сайхан тоглолт болсон.

Энэ удаагийн “Нандин” тоглолтын бэлтгэл ажил бараг дууслаа. Тоглолтод маань Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзориг, Л.Болдбаатар, Соёлын тэргүүний ажилтан Т.Батсайхан, О.Баянмөнх гэсэн сайхан уран бүтээлчид оролцож байгаа. С.Ганзориг гавьяаттай хамтран дуулсан “Ханийн хорвоо“ уран бүтээлээ хүргэнэ. Мөн тоглолтдоо хамгийн шилдэг гэсэн дуунуудаа дуулах болно. Сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна.

-Та “Таван эрдэнэ” дууг сэргээн дуулсан нь сонсогчдод маш их хүрсэн байдаг. Энэ дууг хамгийн анх ээж тань хонины бэлчээрт зааж өгч байсан гэл үү?

-Би Увс аймгийн Өмнөговь сумын харьяат. Малчин айлын охин л доо. Эгчтэйгээ хоёулаа гэрийнхээ хойд энгэрийн жалганд хургаа хариулаад, бас зүгээргүй дуулдаг хүүхэд байсан. Дуулах дуртай болохоор минь “Таван эрдэнэ” дууг ээж маань зааж өгч байсан юм. Ээж минь “Энэ ёстой сайхан дуу. Миний охин сайн сураарай” гэж байсан нь санаанаас гардаггүй. Тэр үеэс хойш байнга амандаа аялдаг байж билээ. Харин дуучнаар сурч эхлээд энэ дууг өөрийнхөө өнгө аясаар дуулж, дүрсжүүлэх юмсан гэж боддог байлаа. Энэ хүслийг минь сонссон юм шиг, дууны шүлгийг зохиосон Л.Лувсандорж гуайн ууган хүү Дуурсах гуай “Таван эрдэнэ дууг хэн сайн дуулах вэ” гэсэн бэсрэг тэмцээнийг зохион байгуулсан юм. Түрүүлсэн хүнийг “Таван эрдэнэ”-ийг дахин сэргээн дуулуулж аавынхаа гэгээн дурсгалд зориулах байсан юм билээ. Энэ тэмцээнд түрүүлсэн нь миний уран бүтээлийн гараа болж, үзэгчдийн танил болсондоо маш их баярладаг. Цагаан сарын үеэр цацагдаж, хүмүүст ч маш сайн хүрсэн. Олон хүн сайхан уран бүтээл боллоо гэж хэлж байсан. Булган сүүлтэй уран бүтээл гэж ихэд бэлгэшээдэг юм.

-Сүүлийн үед дуучид хуучны дууг маш их сэргээн дуулж байна. Сонсогчдын хүртээл болчихсон бүтээлийг дахин сэргээн дуулахад их хариуцлага шаарддаг байх?

-Би үүнтэй санал нэг байна. Мэдээж ард олны сэтгэлд хүрч, чихэнд хоногшсон дууг дуулна гэдэг маш том хариуцлага. Тухайн дууг анх дуулсан уран бүтээлчээс илүү гаргахгүй бол дуулаад ч хэрэггүй шүү дээ. Тиймээс миний хувьд “Таван эрдэнэ” дуугаа цацахаас өмнө хэд хэдэн мэргэжлийн хүнд сонсгосон. Маш сайн болсон байна гэсэн талархал ч сонсож байлаа. “Таван эрдэнэ” дуу маань Монголын радиогийн сүлд дуу шүү дээ. Тэр дууг цацагдсаны дараа Ц.Лхагвадаш захирал уулзаад “Миний дүү энэ дууг өмнөх дуучнаас ньдутахааргүй сайхан дуулж хүмүүст хүргэлээ. Маш их баярлалаа” гэж байсан.

-Та бол мэргэжлийн дуурийн дуучин. Яагаад нийтийн дуу руу орох болов?

-Би 2001 онд Соёл урлагийн их сургуулийн дуурийн дуулаачийн ангид орж Монгол Улсын гавьяат жүжигчин О.Ичинхорлоо багшийн шавь болсон. Харин дөрөвдүгээр курсдээ Эрдэнэбаатартай хамтран Т.Найданжавын ая, Н.Баянмөнхийн шүлэг “Хайрын бороо” дууг дуулж байсан юм. Тэр үеэс хойш л нийтийн дууг дуулаад эхэлсэн дээ. Гэхдээ тэр сайхан хүний удирдлаган дор, дуурийн дуучин мэргэжлээр төгссөн болохоор энэ чиглэлээр уран бүтээл хийнэ.

-Увс нутгаас олны танил нийтийн дуучид нэлээд байдаг шиг санагддаг?

-Ер нь бол нийтийн дуучдын 60 хувь нь Увс нутгийнх байдаг шүү. Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Л.Болдбаатар тэргүүтэй сайхан дуучид бий. Миний бодлоор нутаг усанд минь байгаа юм болов уу л гэж боддог юм. Манай нутгаас гаралтай дуучдын хоолойны өнгө, аяс их сайхан тослог, нүнжигтэй байдаг шүү.

– Урьд нь охидын “Vir­tuoz” хамтлагт дуулдаг байсан. Хамтлаг тань яагаад тарсан юм бэ?

-Манай хамтлагийг “Миний ээж тэмээчин” дууг дуулснаар нь хүмүүс сайн мэддэг юм билээ. Хамтлаг маань гурван гишүүнтэй, бид нэг ангийн найзууд байсан. Одоогоос бараг 10 гаруй жилийн өмнө юм байна шүү. Бид гурав сонгуулийн сурталчилгаанд явж байхдаа “Миний ээж тэмээчин” дууг хоолой салган дуулсан. Харин дараа нь хамтлаг байгуулъя гэж шийдэж хэд хэдэн уран бүтээл хийсэн. Хамтлагийн маань гишүүн Ирина казах охин. Ирина Казахстан руу яваад, харин Болорцэцэг гэр бүлтэй болсноор хамтлаг тарсан даа. Одоо ганцаараа л уран бүтээлээ хийж явна.

-Та бол их өнөр өтгөн айлын отгон охин. Гэр бүлд тань танаас өөр урлагийн хүн байдаг уу?

-Би таван ах, дөрвөн эгчтэй. Арвуулаа юм шүү дээ. Миний ээж, аав, эмээ, өвөө гээд бүгд нутаг усандаа алдартай сайхан дууч хүмүүс байсан. Тэр дундаа найр наадамд уртын дууг сайхан дуулдаг байсныг нутгийнхан их ярьдаг юм. Мөн миний ах, эгч нар бүгд сайхан дуулдаг. Гэхдээ надаас өөр урлагийн чиглэлээр ажиллаж байгаа хүн байдаггүй.

Миний анхны тайз манай гэрийн хоймрын ор, харин үзэгч нь гэр бүлийнхэн минь байсан. Арвуулаа нийлж байгаад ээж, аавдаа зориулж орон дээрээ тоглолт хийдэг байлаа. Нэг нь хөтлөгч хийж бусдыгаа зарладаг. Яг дээд талын эгч маань надаас нэг л насны зөрүүтэй. Хүмүүс “Ихэр юм уу” л гэдэг байлаа. Тэр эгчтэйгээ хамт “Хундан цагаан хонио сүрэг сүргээр өсгөе дөө” гээдл дуулна. Намайг дуулах болоход заавал Монгол Улсын гавьяат жүжигчин Пүрэвжавын Жимсээ гэж зарладаг байсан юм. Гавьяат жүжигчин гэж зарлахгүй бол уурлаад гарч ирдэггүй байж билээ. Багын л дуулах дуртай хүүхэд байсан болохоор ээж минь анзаарч урлагийн хүн болгохоор шийдсэн. Хоёрдугаар ангиасаа эхлэн сургуулийнхаа найрал дууны дугуйланд явж эхэлсэн юм. Сургуулийн урлагийн үзлэгээр дандаа тэргүүн байр эзэлдэг, урлаг соёлын ажилд идэвхтэй оролцдог хүүхэд байсан шүү. Харин зургаадугаар ангид байхад

ээж минь намайг Монголын хүүхдийн ордны дууны дугуйланд Соёлын тэргүүний ажилтан Ганчимэг багшийн шавь болгож байсан.

-Та хүүхэд байхдаа нэрээ солиулах гэж байсан гэсэн. Жимсээ гэдэг нэр нь таалагддагүй байсан хэрэг үү?

-Бага байхдаа нэрнээсээ их ичдэг байсан. Би Монголын хүүхдийн ордны дугуйланд байх үедээ найрал дууг гоцолно. Тоглолтын үеэр дуучин П.Жимсээ гэхээр л үзэж суугаа хүүхдүүд шоолж, инээлддэг. “Жимсээ гэнэ ээ, ямар тэнэг нэртэй юм бэ. Хорхойтсон алим аа” гээд л шоолно. Тэгэхээр нь л гэртээ ирээд ээж, аав хоёртоо “Надад яагаад Жимсээ гэдэг нэр өгсөн юм бэ. Хулан, Халиунаа гэж болоогүй юм уу” гээд л уйлдаг, уурладаг байж билээ. Ээж намайг аргадаад л “Ингэж болдоггүй юм миний охин. Энэ чинь өвөрмөц гоё нэр байхгүй юу. Миний охин өөрөө жимс шиг ийм хөөрхөн юм чинь” гээд л өхөөрддөг байсан.

Намайг мэндлэх жил нутагт маань урьд нь ургаж байгаагүй арвин их жимс ургасан юм билээ. Тийм болохоор аав, ээж минь бэлгэшээгээд Жимсээ гэдэг нэр хайрласан. Харин дунд сургуулиа төгсөх жилээ паспортын хэлтэс дээр очоод нэрээ солиулах гэтэл тэнд ажилладаг эгч “Чи эцэг, эхийнхээ өгсөн ийм сайхан нэрийг солиулах гэж байдаг. Тийм юм гэж байхгүй” гэж загнаад, уйлаад гарч билээ. Одоо бол энэ нэрэндээ их хайртай.

-Уран бүтээлчид хөдөө орон нутгаар аялан тоглолт их хийдэг. Тухайн үед тохиолдож байсан хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?

-Манай уран бүтээлчид, тэр дундаа нийтийн дуучид хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж, сонсогчидтойгоо уулздаг. Хөдөө, орон нутгийн үзэгчид маань байнга тоглолт үздэггүй учраас хүлээлттэй байдаг. Тэдэнтэйгээ уулзаад бид маш гоё энерги авна. Алга ташилт, нүдний харц бол үнэхээр гайхалтай. Өнгөрсөн жил Б.Мөнхбаяр найзтайгаа 21 аймгийг 45 хоногийн турш тойрсон. Хөдөө их яваад байхаар хотод удаан баймааргүй санагддаг шүү.

Залуу уран бүтээлчид явж байгаа учраас хөгжилтэй зүйлс бишгүй л тохиолддог юм. Нэг удаа Соёлын тэргүүний ажилтан А.Түмэн-Өлзий, Б.Пүрэвсэнгэ, Б.Мөнхбаяр бид хэд аялан тоглолтоор явж байлаа. Бид дөрөв хуучны дуунуудыг попури болгож дуулсан юм. Түүнийгээ дуулахаас өмнө Мөнхбаяр маань ая дуугаа өргөж, бид гурав тайзны ард хүлээж байв. А.Түмэн-Өлзий бид хоёр яриандаа улайраад харин Б.Пүрэвсэнгэ фэйсбүүк ухаад тайзан дээр гарахаа мартчихаж. Гэтэл клубийнх нь хүн “Та гурвыг дуудаад байна” гэдэг юм байна. Бид гурав ч яарч сандраад хам, хум тайз руу гүйчихсэн. Дуу эхлэх гээд л ая явж байтал А.Түмэн-Өлзий намайг нудардаг юм байна. Юу болсон тухай асуутал “Миний гутлыг хар даа” гэлээ. Гэтэл Түмээ маань гэрийн шаахайтайгаа гараад иржээ. Б.Пүрэвсэнгэ ч

“Нарлаг хорвоод жаргаах биеийг

Наддаа ээж минь заяасан билээ” гээд л дуулж эхэллээ. Б.Мөнхбаяр, А.Түмэн-Өлзий бид гурав инээгээд дуулж чаддаггүй. А.Түмэн-Өлзий “Өсгийтэй гутлаа тайлаад хэсэг хөлөө амрааж байгаад яарсандаа гутлаа ч анзаарсангүй” гээд үзэгчдээсээ уучлал гуйж билээ. Үзэгчид ч “Зүгээр ээ” гээд, бас бүгд инээгээд. Бараг арав гаруй минут инээцгээсэн байх шүү. Сүүлд нь үзэгчидтэйгээ хамтдаа дуугаа дуулж байлаа.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ соёл-урлаг

“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралын шүүх хурал өнөөдөр болно

“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан билээ.

Түүнийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүний гэм буруутай эсэхийг өнөөдөр 13.30 цагт хэлэлцэх юм. Х.Бат-Ундралд Эрүүгийн хуулийн 192.1-д заасны дагуу ял төлөвлөсөн. Тэгвэл тус хэргийн шүүх хурал өнөөдөр болно.

Эрүүгийн хуулийн 192-р зүйл нь Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна.

Categories
мэдээ соёл-урлаг

25 долларын зураг 26 сая доллараар үнэлэгдлээ

Английн алдарт
зураач Рафелийн 19-р зууны төгсгөл үед зурсан нэгэн зураг өөрийн анхдагч
үнэнээсээ сая дхин илүү үнээр үнэлэгдлээ. Тухайн зураг Абердиншайрын цуглуулгад
байжээ. Мэргэжлийн түүхэн бүтээл судлаач Бендор Гросвенерийн ахалсан судалгааны
баг энэхүү зургийг алдарт зураач Рафелийнх болохыг нь тогтоожээ. Зургийн эх
хувь нь 19-р зууны сүүл үед 25 доллараар үнэлэгдэж байсан бол өнөөдөр 26 сая
долларын үнэ хүрнэ гэж тооцоолсон байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Жизель” дуурь өнөөдөр тоглогдоно

Дуурь бүжгийн эрдмийн театр шинэ улирлын тоглолтоо уламжлалт ёсоор “Жизель” бүжгэн жүжгээр өнөөдөр нээх гэж байна. Энэхүү тоглолтонд ОХУ-ын “Большой театр”-ын жүжигчид хамтран тоглож байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн “Жизель”-д ДБЭТ-ын гоцлооч Б.Саруул болон Г.Батчимэг, Альбэртэд О.Ганцоож, А.Эрдэнэболд нар тоглохоор болжээ. Б.Саруул бол Монголын балетын түүхэндэх хар, цагаан хунгийн дүрийг хоёуланг нь бүтээсэн дөрвөн бүсгүйн хамгийн “отгон” балетчин юм.

Францын алдарт хөгжмийн зохиолч А.Адан “Жизель” хайр дурлалын эмгэнэлт бүжгэн жүжгээ хуримлаж амжилгүй нас нөгчсөн охидын сүнсний тухай эртний домгоос сэдэвлэн бүтээжээ. Тариачин охин “Жизель”-ийн үнэнч, ариун хайрын тухай өгүүлэх энэхүү балетыг романтизмын үеийн шилдэг нь гэдэг. Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Найковский “Хунт нуур” балетаа бичихийн тулд “Жизель” хөгжмийг нарийн судалж санаа авсан гэдэг.

“Жизель”-ийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотын ‘Транд Опера” театрын тайзнаа амилуулсан туүхтэй. Дараа нь 1884 оноос эхлэн балетмейстер Мариус Петипагийн дэглэлтээр тавь- сан байдаг. Харин Мон- голын тайзнаа 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд анх “Жизель”-ийг авчирч, 36 жилийн турш нэг ч удаа өөрчлөлгүй тавьж ирсэн юм. Монголын анхны Жизелийн дүрд Зууны манлай, Ардын жүжигчин Ю.Оюун бүжиглэсэн бол “Хунт нуур”- ын анхны гоцлоочоор мөн бүжиглэж байжээ.

ДБЭТ- ын тайзнаа 37 дахь жилдээ тоглох гэж буй “Жизель” бүжгэн жүжгийн анхны тавилтыг Ардын жүжигчин, удирдаач, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа удирдаж, ДБЭТ-ын одоогийн ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх туслах удирдаачаар ажиллаж байжээ. Өнгөрсөн жил тус театрын тайзнаа тавигдсан “Жизель” балетыг ДБЭТ-ын тэргүүн гоцлооч О.Ганцоож шинэчлэн, гол дүрд нь Английн үндэсний балетын тэргүүн гоцлооч Лорета Самерскейлсийг урьж тоглуулсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Уугуул нутаг” үзэсгэлэн нээлтээ хийлээ

БНХАУ-ын 12 зураачийн “Уугуул нутаг” үзэсгэлэн өчигдөр Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийв.Уг үзэсгэлэнг эрхлэн гаргагч Гү Жэн Чин “Орчин үеийн урлаг нь Хятадын нийгмийн салшгүй нэг хэсэг болсон. Эдгээр уран бүтээлчид уламжлалт урлагийг орчин үеийн урлагтай хослуулж чаддаг. Боломж олдвол илүү олон үзэсгэлэнг Монголд нээхийг хүсч байна. Дараа жил Монголын зураачдын үзэсгэлэнг Шанхайн урлагийн төв музейд гаргахаар төлөвлөөд байна” гэв.

БНХАУ-ын орчин үеийн урлагийн томоохон төлөөлөл болох Гуань Вэй, Чэнь Шүнь, Чэнь Вэйнүн, Дэн Гүө-юуань, Хэ Хоу-юуань, Гоу ах дүүс, Лю Вэй, Чи Жинүн, Ши Жинсүн, Сүнь Юань, Пэн Юү, Тань Шүнь, Түнь-Янь Рүнань, Идэр зэрэг уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.