Categories
мэдээ соёл-урлаг

Самар эмгэн

Хүмүүсийг хувилгадаг нэгэн эмгэн байжээ. Түүний гар нь урт, шүд нь хурц, нуруу нь бөгтгөр, бие нь хавирган сар шиг хэлбэртэй гэнээ. Түүнийг харсан хүмүүс ховор ч үлгэр домогт түүнийг өглөө үүр цайхад шуудайгаа үүрээд бөгцөг бөгцөг алхаж байдаг гэлцэнэ.

Эртэч эмгэнийг харсан хүмүүс тэр өдрөө баяртай үйл явдал тохиох нь гэж самрын яс хагалдаг заншилтай болжээ. Эмгэн самрын яс хагарахад доторх үрийг нь идэх гэж эргэж ирдэг гэж үздэг учир хүмүүс самрынхаа үрийг идэлгүй өргөдөг ажээ. Тийм ч учраас түүнийг Самар эмгэн гэж нэрлэцгээнэ. Түүнийг шуудайтай юм үүрч явдаг гэлцдэг бөгөөд тэрийг нь самрын үр ч гэж хүмүүс ярилцдаг байв.

Эмгэн туслах хүндээ тусалж, бас шоглох хүнээ шоголчихоод яваад өгдөг адтай нэгэн ажээ.

Ингээд нэгэн удаа Самар эмгэнд тохиолдсон явдлыг яръя.

Нэгэн өглөө тэрээр айл гэрийг үймүүлж, эхнэрийг нь эзгүйчилж явдаг нэгэн завхай хүүхэнтэй таарчээ. Хар үүрээр айлын гэрээс гараад хаашаа ч юм бэ хулгайч шиг яаран алхах тэр хүүхэн дээр эмгэн очоод

Хүү минь ээ чамд ингэж явахаас өөр хийх ажил алга уу, ингэж айл гэр үймүүлэхээ больсон чинь дээргүй юу гэж эв аргаар ойлгуулах санаатай хэлэхэд Хүүхэн муухай харж, эмгэнийг доороос нь дээш нь сонжоод

Хн…Хог лааз түүж явдаг, хогийн тантан шиг хувцастай, хөгшин эмгэн чамд миний явдал ямар хамаа байна гээд хэнэг ч үгүй өндөр өсгийт дээрээ тогтож ядан товор товорхийн алхаж одож гэнэ.

Самар эмгэн уурлан үүрч явсан шуудайгаа газарт тавиад дотроос нь нэгэн самрын үр гаргаж ирэн амандаа шившээд араас нь шидэхэд тэр бүсгүй тэр дороо үзэшгүй муухай эмгэн болж хувирав. Нүүр нь үрчийж, үс нь ширэлдэн шүүр шиг болж, хөл гар нь тахийв гэнэ. Хүүхэн өөрийгөө хувирсныг ч анзааралгүй алхаж явтал зөрсөн хүн болгон түүнээс зугтаж, ямар муухай эмгэн бэ гэж шивэр авир гэлцээд байхаар нь гайхан үсээ илэх гэтэл хоёр гар нь үзэшгүй муухай болсоныг олж харав. Тэрээр хоёр гараа ээлжлэн харж, нүдэндээ ч итгэлгүй бушуухан цүнхнээсээ толио гарган өөрийнхөө үнэн төрхийг олж хараад тэр дороо ухаан алдан газарт пидхийн ойчов.

Нэг мэдсэн цагаан халадтай эмч дээрээс нь өнгийн зогсож байв.

Өө эмээ та сэрчихэв үү, өвдөж байгаа зүйл байна уу гэж уриалагхан асуухад нь

Эмээ гэнэ үү, чи юу яриад байгаа юм бэ, би эмээ биш гэж босох гэж зүтгэхэд нь эмч түүнийг даран хэвтүүлж

Босож болохгүй ээ эмээ, бие чинь их муу байна. Ийм өндөр настай хүн байж ганцаар явж болохгүй ш дээ, үр хүүхдээ, үгүй ядаж ач зээгээ дагуулаад явж бай л даа гэхэд нь

Бурхан минь, энэ авгай чинь одоо юу яриад байнаа, алив толь байна уу толь гэж хашгирлаа. Сувилагч бүсгүй тайвшруулах тариа тэр дор нь хийж тэрээр жаахан тайвшран юу болсныг санах гэж оролдон толинд гунигтайяа дахин харав

Түүний хими хийлгэсэн дэрэвгэр хар сормуусных нь оронд гомдмоор хэдэн үс сөрвийж, давхраа хийлгэсэн алаг нүднийх нь оронд цэхийсэн хоёр цийдэм өөдөөс нь ширтэж, өөгүй шулуун хамрынх нь оронд үл мэдэг товгор яс, хоёр нүх л харлаж үзэгдэв. Хайртай гэж залуус ханаж цадахаа мэдэхгүй үнсэж үнгэлдэг улаахан уруулынх нь оронд шүдгүй буйл бултасхийхэд хорвоо тэр чигээрээ л хөмөрчих шиг санагдав.

Хувирч өөрчлөгдсөн гадаад төрхөө хичээж засаж буцаж залуу сайхан болъё гэвэл өөрийн гэмээ ухаарч өдөр бүр нэг сайн үйл хийж бай гэсэн эмгэний үг тархинд нь харван орж ирэхэд түүнд уур нь хүрч хамаг юмаа авч шидлэв. Хагарсан толь хананд ойн цацагдахад тэрээр “Энэ бүхэн шударга бус байна, өнөөгийн нийгэмд ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч байгаа хүн хаана байна” гэж уурсан хашгирч орноосоо үсрэн буухад өвдгөөр нь хатгуулан өвдөж буцаад л ёо ёо гэсээр буцан суулаа. Хэчнээн уурлалаа ч ямар нэмэргүй учир тэрээр энэхүү гэнэтийн гайг өрөөл бусдад тохолгүй өөрөө л үүрч гаръя гэж шийдэн эмнэлэгээс гарлаа.Гэр бүлийнхэн дээрээ ч очилгүй өнөөх шоолж байсан эмгэнээ дуурайн шуудай үүрч, шил лааз цуглуулан арай гэж амиа зогоон явах болж гэнээ.

Урьд нь харж байсан муу муухай гэж бодож явсан бүхэн нь түүний нүдэнд үнэ цэнэтэй харагдаж, баячуудаас илүү ядуу хүмүүс илүү хүн чанартай юм байна гэдгийг тэрээр олж мэдэн олон сайхан найз нөхөдтэй ч болж удалгүй түүнийг өрөвдөн хүмүүс гэр барьж өгөхөд тэрээр хашаандаа мод тарьж, ногоо ургуулж зогсолтгүй хөдөлмөрлөсний хүчинд өөрт илүү гарснаараа хүүхэд багачуудыг баярлуулан үр жимсээр нь ундаалан тэдний азжаргалтай инээд хөөрийг харан суусаар нэг мэдэхэд гадаад төрх байдал нь өөрчлөгдсөөр урьдын адил залуу сайхан болж гэнээ. Тэрээр одоо чадах бүхнээ бусдын төлөө зориулан, гайхамшигтай амьдрал хайрласан бурхандаа өдөр бүр залбиран талархах болжээ.

Түүнийг ийнхүү өөрчлөгдөж буйг хараад Самар эмгэн баярлан түүнрүү дахин нэг үр шившин шидэхэд удалгүй тэрээр сайхан залуутай таарч хамтдаа амьдран хөөрхөн хүүхдүүд төрүүлжээ.

Энэ бүхнийг харан сэтгэл нь амарсан Самар эмгэн өөр олон хүмүүст сургамжаа өгөхөөр шуудайгаа үүрэн жирийн одлоо. O. Өнөрцэцэг

Categories
мэдээ соёл-урлаг

Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, бүтээлийг гэрэл зургаар өгүүлэв

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч яруу найрагч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жил, УДЭТ үүсэн байгуулсны 85 жилийн ойн хүрээнд театрын хамт олон их зохиолчийн амьдралын замналыг харуулсан “Монгол ардын суут” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ.

Их зохиолч ахархан амьдралдаа хэчнээн ихийг бүтээн туурвиж, оюуны их сан хөмрөг, өвийг хойч үе ирээдүйдээ үлдээснийг бид мэдэх билээ. Тэрбээр өнөөдөр ч зохиол бүтээлээрээ бидний оюун санаа, сэтгэл зүрхэнд сэрүүн тунгалаг, мөнх хэвээр байна.

Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнг түүний хийж байсан ажил, төр нийгэмд зүтгэж байсан цаг үе, бүтээсэн их үйл хэрэг хийгээд уран бүтээлийн зохиол туурвилаар нь сэдэвлэн гаргажээ.

Гэрэл зургуудыг Нам төрийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны ууган зүтгэлтэн, Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, Сэтгүүлч, Орчуулагч, Ленинградад, Сэтгэлийн амраг, Зохиол бүтээлээс, Хэлмэгдсэн нь, Д.Нацагдоржийн дүр урлагт зэрэг төрлөөр төрөлжүүлсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгыг Үндэсний урлагийн их театр болгов

Чуулгын нэрийг өөрчилж Их театр болгосноор Монголын олон үндэстэн, угсаатны ардын урлагийг баяжуулан хөгжүүлж байгаагаа улам өргөжүүлж, урын сангаа бүрэн ашиглан, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд дэвшил нь гарч, олон улсад өрсөлдөх боломж нэмэгдэнэ гэж мэргэжлийн байгуулагынхан үзэж буйгаа Засгийн газрын хуралдаанд тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, 70 гаруй жилийн түүхтэй Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга өнөөдөр концертын байгууллагаас театрын байгууллага болж хөгжсөн, гадаадын улс орнуудынхаа ижил төрлийн байгууллагатай статус нэг болох шаардлагтай байгаа юм.

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга 1945 онд “Эстрад концертын товчоо” нэртэйгээр байгуулагдсан. Анх 19 дуучин, 27 хөгжимчин, 13 бүжигчин, уран сайхны удирдагч, багш гээд нийт 62 уран бүтээлчтэй байсан бол одоо 24 дуучин, 64 хөгжимчин, 48 бүжигчин болон багш, удирдлага бүхий 190 гаруй хүнтэй байгууллага болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Жаргаагүй нар” жүжгийн талаар мэдээлэл хийлээ

jargaagui narШинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын Драмын Эрдмийн Театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг тавих гэж буй талаар хэвлэлийн хурал боллоо.

“Жаргаагүй нар” жүжгийн зохиолыг МУСГЗ Ш.Гүрбазар бичсэн бол ерөнхий продюсероор УГЗ Д.Цэрэнсамбуу ажилласан бол Ч.Түвшин найруулсан юм. Жүжгийн гол дүрд Б.Шинэбаяр /Д.Нацагдорж/, Н.Баярмаа /Пагмадулам/ нар тоглож байна. Жүжгийн тасалбарыг УДЭТ-ын билетийн кассаар худалдаалж байгаа бөгөөд 10-50 мянган төгрөгийн үнэтэй байгаа ажээ. “Жаргаагүй нар” тайзны уран бүтээлийн нээлт, тоглолтын үеэр үзэгчиддээ их зохиолчийн амьдрал, уран бүтээл хийгээд түүнийг кино урлаг, дүрслэх урлагт хэрхэн мөнхжүүлсэн талаарх эх сурвалж бүхий “МОНГОЛ АРДЫН СУУТ” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх юм байна.

“Жаргаагүй нар” жүжиг дуутай бөгөөд өчигдөр шинэхэн клипээ олны хүртээл болгоод буй. Дууны шүлгийг МУСГЗ, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Ш.Гүрбазар, Дууны хөгжмийг МУУГЗ Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр зохиосон аж. Харин дууг ҮДБЭЧуулгын уртын дууч Х.Эрдэнэцэцэг, Asianshop хамтлагын дуучин Р.Батболд, Д.Бат-Ундрах, залуу дуучин Э.Номинчимэг, Поп Увертюра хамтлаг хамтран дуулсан байна.

jargaagui narjargaagui narjargaagui nar

Categories
мэдээ соёл-урлаг

“Итгэл” уран сайхны кино үзэгчдийн нэрэмжит шагнал хүртжээ

Дэлхийн “Азийн шилдэг кино наадам” Лос- Анжелжс хотод энэ сарын 24-өөс энэ сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус наадамд манай улсаас жил “Итгэл”, “Ээж” уран сайхны кинонууд оролцсон билээ.

Тэгвэл “Итгэл” уран сайхны кино үзэгчдийн нэрэмжит шагнал хүртжээ.

Уг наадам нь Азийн улс орнуудын ахуй соёл, ёс заншил, өвөрмөц онцлогийг кино урлагаар дамжуулан дэлхий дахинаа таниулан сурталчлах зорилготой билээ.

Дашрамд дурдахад, тус наадамд Ази тивийн 50 гаруй орны кино уран бүтээлчид оролцож 7 номинацид өрсөлдөх бөгөөд тухайн бүтээлүүд дунд энэ оны Оскар болон Алтан бөмбөрцөг кино наадамд өрсөлдөх кинонууд оролцдогоороо онцлогтой аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Шаравын нэрэмжит уралдаан болно

Image result for шаравТөрийн соёрхолт урлагын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын II уралдаан энэ сарын 15-23-ны өдрүүдэд болох гэж байна.

Энэхүү олон улсын уралдааныг анх 2012 онд зохион байгуулж байсан юм. Уралдаанд 30 хүртэлх насны мэргэжлийн дуучин, 35 хүртэлх насны хөгжимчид оролцох боломжтой бөгөөд одоогоор ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Казахстан болон Монголын нийт 60 гаруй уран бүтээлчид оролцохоор бүртгүүлсэн байгаа аж. Тус уралдаан нь мэргэжлийн дуулаачийн урлаг болон үндэсний хөгжмийн урлагыг дэмжин тэтгэх, дэлхийд эх орноо сурталчлах зорилгоор зохион байгуулж буй олон улсын уралдаан юм. Хөгжмийн зохиолч Б.Шарав гуай тус тэмцээний талаар хэлэхдээ “Бид энэхүү уралдааныг олон улсын жишигт нийцүүлэхийн тулд шагналын санд гол анхаарлаа хандуулсан. Олон улсын жишгийн доод хэмжээнд хүрсэн 10 мянган ам.долларын шагналын сантай уралдаан. Бид цаашдаа шагналын санг өсгөж, олон улсын жишигт хүргэх шаардлагатай гэж боддог” гэжээ.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Үүдэн хоймрын зайд ирвэс бидэн хоёр бие биенээ сонирхон харна

Image result for Ирвэс

Үүдэн хоймрын зайд ирвэс бидэн хоёр бие биенээ сонирхон хэсэг харлаа. Энэ сүрлэг сайхан амьтантай дөрөв дэх удаагаа таарч байгаа нь энэ. Эхнийх нь хаднаас үл ялгаран зөвхөн сүүлний хөдөлгөөнөөр холоос харагдсан бол дараагийнх нь үүрнээс гарч ирэн эвшээлгэн зогсох ирвэсийг телескопоор харж билээ. Хэн ч зургийг нь дарж чадаагүй. Бидэнтэй хамт явж байсан гадны нэг эрхэм миний найз 20 жил ирвэс судалж байгаа гэхдээ хараагүй гээд бөөн баяр болж билээ. Харин гурав дахь тохиолдол нь өнгөрсөн оны 11 сард хүзүүвчлүүлэхээр унтаж буй ирвэсийг харж баахан зураг дарж, даруулж билээ. Гэхдээ 10 дугаар сарын 31-ны Монгол бахархлын өдрөөр таарсан энэ найз маань биднийг очиход гурвуулаа байлаа. Машины чимээ, гэрлээс зугтан нэг ирвэс гүемийн хамт хад дамжин алга болж найз маань өөрийн идэш болох улаан сэрхээ манан хэвтэж биднийг ойртоход жаахан холдоно. Дөрвөн сар гарантай гүемээ хооллож сургаж байгаа нь энэ байх гэсэн бодол төрлөө.
Энэ сиймхийгээр үнэг, шаазгай хэд хэдээрээ ирж хэсэгхэн зуур мах зулгааж гоогоо дарна. Улаан сэрх ч олны хоол . Найзын зургийг авах хүсэлдээ хөтлөгдөн хоолноос нь жаахан холдонгуут эргээд ирнэ. Үнэг ч зайгаа тавьж өгөн яс горьдсон нохой шиг эргэлдэнэ. Ёстой л байгалийн хууль хүчтэй, хүчгүйн ялгааг хоёр цаг гаран харж яавал гоё зураг дарах вэ, ирвэсийг эндээс холдуулвал маргааш өглөө нь өлсгөлөн ирвэс гүемийн хамт сэгээ тойрон эргэлдвэл зураг авчихна хэмээн олон янзаар ярилцацгаалаа. Гүемтэй нь хамт бичлэг хийж зураг дарах байсан юм гэсэн харуусал, шунал хүсэл байвч үүдэн хоймрын зайнаас нүдээ үл цавчин намайг ширтсэн тэр харц Энэ бол миний нутаг, миний хоол гэсэн үл эргэлзэм үгийг надад хэлсэн. Хоёр цаг гаран түүний газар нутаг, гэр бүлийн амгалан тайван байдлыг үгүй хийсэндээ гэмшин үрээ хамгаалах, хоолоо манах, юунаас ч үл айх эр зоригийг нь бишрэн тэднийг тайван орхилоо.

Image result for Ирвэс

Image result for Ирвэс

Image result for Ирвэс

Image result for Ирвэс
Монголын бахархалт өдрөөр уулын эзэнтэй үүдэн хоймрын зайд учирсан ховор сайхан тохиолдол миний болоод хамт явсан найз Даваа, жолооч Баяраа, нутгийн малчин залуу Хараа, Жагаа нарын хувьд бахархам, гайхалтай сайхан өдөр байлаа.
Бид маргааш ирвэс хүзүүвчлэх аялалд гарлаа. Магадгүй чи бидэнтэй дахин таарч илүү их зүйлийг сониуч хүн төрлөхтөнд хэлж өгөх бизээ.

Дүрс бичлэг, сэтгэгдлийг Д.Байгалмаа \Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар\


Categories
мэдээ соёл-урлаг

“Чингис хаан” бүрэн хэмжээний анимейшн кино удахгүй дэлгэцнээ гарна

“Монголын Нууц Товчоо”-оос сэдэвлэн бүтээсэн “Чингис Хаан” бүрэн хэмжээний анимэйшн киног “Ocean pictures” студи дэлхийн стандартад бүрэн нийцүүлэн хийж, бэлэн болгоод байгаа юм. Албан бус мэдээллээр энэхүү бүтээлийг хийхэд зургаан жил зарцуулжээ.

Энэхүү анимэйшнийг хийхэд гадны улс орнуудын олон анимэйшний мэргэжилтнүүд ирж зөвлөгөө өгч ажилласнаараа онцлог төдийгүй дэлхийд алдартай “Walt Disney” компаний формат чанарт бүрэн нийцсэн анимэйшн бүтээл болжээ. Кино багийнхан “Монголын Нууц Товчоо”-нд гардаг бүхий л бодит газар нь очиж, хоёр жилийн хугацаанд судалгаа шинжилгээ хийснээр “Чингис Хаан” анимэйшнд тухайн газар, байгалийн зураглалыг бүрэн тусгасан байна.

Энэхүү бүтээлийн зохиолыг монгол хүн бичиж, найруулсан бөгөөд дэлхийд анх удаа Чингис хааныхаа жинхэнэ түүхээр бүтээсэн бүтээл гэж албан ёсны сайтдаа мэдээллэжээ. Их эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу өчигдөр энэхүү бүтээлийнхээ албан ёсны teaser-ийг олон нийтэд цацсаныг та бүхэнд хүргэж байна. Киноны уран бүтээлчидтэй холбогдох бол www.oceanpictures.mn вэбсайт болон https://www.facebook.com/ChinggisKhaanAnimation/ фэйсбүүк хуудсаар холбогдоорой.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Д.Мэндбаяр ОУ-ын кино наадмаас “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал хүртжээ

Мэндбаяр зурган илэрцүүдОросын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдсан “Мөнгөн Акбузат” кино урлагийн наадмыг “Ээж” хэмээх Монголын уран сайхны киногоор нээжээ. Мөн “Ээж” уран сайхны кино тус наадмын шилдгүүдийн нэг болжээ. Тодруулбал “Мөнгөн Акбузат” кино наадмын Шилдэг эмэгтэй дүрийн шүүгчийн тусгай шагналыг “Ээж” киноны уран бүтээлч хүртжээ. Кино гол дүрийг МУАЖ Д.Мэндбаяр бүтээсэн бөгөөд шагналыг киноны зохиолч МУСТА Б.Мөнхтуяа очиж гардан авсан байна.

Мэндбаяр ээж зурган илэрцүүдМөн АНУ-ын Лос Анжелес хотод болж буй “Азийн дэлхийн шилдэг кино наадам”-д Монгол улсаас “Итгэл”, “Ээж” кинонууд сонгогдон оролцлоо.

Мэндбаяр ээж зурган илэрцүүд

Мэндбаяр ээж зурган илэрцүүд

Мэндбаяр ээж зурган илэрцүүд

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Г.Ундармаад талархал илэрхийллээ

Монгол бахархлын өдөр тохиож байгаатай холбогдуулан Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат СТА, жүжигчин Г.Ундармааг хүлээн авч уулзан, Нийгмийн сайн сайханы төлөө сэтгэл зүрхээ зориулж гэрэл гэгээтэй санаачлага гарган “ИТГЭЛИЙН ТАНХИМ” төслөө амжилттай хэрэгжүүлсэнийг нь үнэлэн талархал илэрхийлээд ЭМЯ-ны Хүндэт өргөмжлөлийг гардуулж өглөө.

Жүжигчин Г.Ундармаагийн хувьд өөрийн орлогын 30 хувийг “Итгэлийн танхим” төслийг санхүүжүүлэхэд зориулдаг гэдэгээ хэллээ. Тэрээр “Өргөө амаржих газар” Улсын нэгдүгээр төв эмнэлэг” “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв” , “СХД-ийн Эрүүл мэндийн төв”, “ХУД-ийн Эрүүл мэндийн төв” – үүдэд хүлээлгийн танхим , үйлчлүүлэгчийн өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, ариун цэврийн өрөө зэргийг тохижуулж өгчээ.

Тэрээр өөрийнх нь хийж хэрэгжүүлж буй ажлыг үнэлсэнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон яамны удирдлагуудад талархснаа илэрхийлсэн юм.

Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат яамны зүгээс эрүүл мэндийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлж, салбартаа тулгамдаж байгаа асуудлыг хувь хүн болон албан байгууллагуудтай хамтран шийдвэрлэхэд таатай байгаагаа дуулгалаа.