Categories
мэдээ соёл-урлаг

Яруу найргийн шилдэг бүтээлийн төрөлд “Таслал” ном “Алтан өд” хүртлээ

Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан өд” наадам өнөөдөр болж байна. Энэхүү наадам МЗЭ үүсгэн байгуулагдсаны 88 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд 2001 оноос хойш утга зохиолын хамгийн өндөр дээд шагнал гардуулах ёслол болж ирсэн билээ. Нийт есөн номинациар “Алтан өд”-ийн эздээ шалгаруулдаг.Энэ жил яруу найргийн төрөлд 30-аад бүтээл, үргэлжилсэн үгийн богино хэмжээний 10 гаруй бүтээл иржээ.

Наадмын яруу найргийн төрөлд 50 гаруй уран бүтээлч өнгөрсөн онд хэвлэгдсэн номоороо өрсөлдсөн бөгөөд яруу найрагч Я.Баяр “Таслал” номоороо уг шагналын эзэн болсон байна. Тэрээр шинэхэн номоо өлгийдөж аваад удаагүй байхдаа ийнхүү хүндтэй шагналын эзэн боллоо. Шагналыг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг гардуулан өгөв.


Categories
мэдээ соёл-урлаг

Таван настай А.Өсөх-Ирээдүй тоглолтонд оролцохоор нутгаасаа иржээ

Олон нийтийн сүлжээгээр дуучин Э.Төрмандахын жаал хүүтэй авахуулсан зураг, түүнтэй хамт дуулсан дуу олны хайрыг татаад байгаа билээ. Увс аймгийн Тэс сумын таван настай хүү А.Өсөх-Ирээдүйн “Аархал” дууг дуулсан бичлэг өмнө нь цахимаар тархаж хүмүүсийг хөгжөөгөөд авсан юм. Харин энэ удаа тэрээр жинхэнэ дуучинтай нь хамтран дуулахаар нутгаасаа уригдан ирээд байгаа гэнэ. СТА, дуучин Э.Төрмандах хоёрдугаар сарын 15-нд “Монгол бөхийн өргөө”-нд тоглолтоо хийхээр товложээ. Энэ үеэрээ тэд хамтран дуулахаар бэлтгэж байгаа гэнэ.

Сонирхуулахад А.Өсөх-Ирээдүй хүү, өөрийн эгч, ах хоёртой хамтран “Удам залгасан аялгуу” тоглолтоо өнгөрсөн сарын 9-нд Увс аймгийн “Ойрад” театрт хийсэн. Түүний тоглолтыг нутгийн иргэд олноор үзэж, дахин нэг өдөр тоглосон гэнэ. Мөн Увс аймгийн Тэс сумандаа хоёр өдөр тоглолтоо хийсэн амжилттай дуучин гэнэ.


Categories
мэдээ соёл-урлаг

Монгол циркчид Германд болсон тэмцээнээс хүрэл цом хүртжээ

Соёлын тэргүүний ажилтан Ц.Пүрэвжаргал ахлагчтай Монголын үндэсний
циркийн “PUJE & GUYS” хамтлагийн уран бүтээлчид Герман улсын
Кассель хотод зохиогдсон Флик Флак циркийн найм дахь удаагийн олон улсын
циркчдийн тэмцээнээс хүрэл цом хүртлээ.

Өнгөрсөн жил тус хамтлагийнхан Францад болсон “Massy” олон улсын
циркчдийн тэмцээнээс алтан цом хүртэж үзэгч түмнээ баярлуулж байсан юм.
Олон жилийн турш атгасан гар шиг эв нэгдэлтэй ажиллаж, тогтмол амжилт
гарган, улс орныхоо нүүр царай болж байдаг эдгээр залуус Монголын залуу
циркчдийн анхдугаар наадмын гран приг мөн хүртэж байсан удаатай.

Categories
мэдээ соёл-урлаг

Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадам өнөөдөр болно

Өнөөдөр Монголын зохиолчдын байгууллага үүсэн байгуулагдсаны 88 жилийн ойн өдөр. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрөөр МЗЭ оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмаа зохион байгуулдаг уламжлалтай. МЗЭ-ийн үндэсний төвүүд өнгөрсөн оны 11-р сарын 20-ноос буюу их зохиолч Д.Нацагдоржийн ойг тэмдэглэж дууссан өдрөөс эхлэн “Алтан өд”-ийн бүтээлүүдийг авч эхэлсэн байна. 12-р сарын 16 хүртэл бүтээлүүдээ аваад, дараа нь үндэсний төвүүд хэлэлцэж 2-3 бүтээл шалгаруулж үлдээсэн байна. Шалгарсан бүтээлүүдийг МЗЭ-ийн Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлдэг аж.

“Алтан өд” наадмыг анх 2001 онд МЗЭ-ээс санаачлан зохион байгуулж байсан. 2001 оноос МЗЭ-ийг 1990-ээд оныхон гэгддэг залуучууд удирдаж эхэлсэн. Х.Чилаажав найман жил, Г.Мөнхцэцэг долоон жил,нийт 15 жил удирдсан байна. “Алтан өд” наадам харьцангуй бодит шалгаруулалттай. Тухайн ондоо гарсан шилдэг яруу найраг, үргэлжилсэн үг, хүүхдийн зохиолын номыг шалгаруулдаг наадам. Энэ жил яруу найргийн төрөлд 30-аад бүтээл, үргэлжилсэн үгийн богино хэмжээний 10 гаруй бүтээл иржээ. Орчуулга энэ жил нэлээд сайн иржээ. Тодруулбал 16 орчуулгын бүтээл ирсэн аж. Нийт есөн номинациар “Алтан өд”-ийн эздээ шалгаруулдаг.

Өнөөдөр 11.40 цагаас их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөснөөр үйл ажилагаа эхлэх гэнэ. 13.00 цагаас СУИС-ийн “Оюутан” театрт МЗЭ-ийн 88 жил, “Алтан өд” наадмын маань 15 жилийн ой, оны шилдэг бүтээлүүдийг шалгаруулах ёслолоо хийх юм байна. Манай зохиолчид хүрэлцэн ирж энэ жил ямар төрөлд ямар бүтээл шалгарч вэ, ямар бүтээлүүд ирж, аль нь шүүгдэж гарч вэ гэдгийг харах боломжтой юм.

Энэ жилийн “Алтан өд”-ийн яруу найргийн төрөлд л гэхэд олон сайхан залуусын ном орсон байна. Я.Баяраагийн “Таслал”, С.Начингийн “Ай” гээд л үргэлжилнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Моngolia`s Next Top Model” шоу бямба гаригт эхэлнэ

Монголын загварын ертөнцөд цоо шинэ төрх
бий болгох зорилготой “Моngolia`s Next Top Model” шоу “Боловсрол суваг”
телевизээр тун удахгүй гарч гэж байна.

Дэлхийн загварын ертөнцийн хамгийн
алдартай шоу болох “America`s Next top model” шоуг албан ёсны эрхтэйгээр
“Боловсрол суваг” телевиз, “Бюро 24/7” дижитал сэтгүүл хамтран зохион
байгуулж байгаа юм.

Ийнхүү Америкийн “CBS” телевизийн албан
ёсны эрхтэйгээр хийж буй “Моngolia`s Next Top Model” шоунд оролцохоор
нийт 220 гаруй охид, бүсгүйчүүд бүртгүүлжээ. Тэднээс гурван үе шат бүхий
шалгаруулалтын дараа шилдэг 22 охин эхний дугаарт тэнцсэн байна. Ийн
шоуны эхний дугаарт 14 оролцогч тэнцэж, дараагийн дугаарт өрсөлдөх
эрхтэй болжээ.

“Mongolia’s next top model” тэмцээний үндсэн гурван шүүгчээр монголын супер модель Нора Дагва, топ модель, жүжигчин, найруулагч Н.Оргил, On’n Off
продакшны гүйцэтгэх захирал, сэтгүүлч Т.Нансалмаа нар ажиллахаар
сонгогджээ. Мөн нэвтрүүлгийн дугаар бүрт загварын салбарын нэр хүндтэй
хүмүүсээс нэг зочин шүүгч уригдан оролцох
гэнэ.

Mongolia’s next top model” шоуны оролцогчид хоёр сарын хугацаанд “Хийморь” хотхоны тансаг зэрэглэлийн хаусд байрлах бөгөөд нийт 16 дугаарын турш өрсөлдөх юм байна.

“Mongolia’s next top model” шоуны супер ялагчийг ямар шагнал хүлээж байна вэ?

  • Дэлхийд данстай шоу нэвтрүүлгийн ялагч болно.
  • Монгол улсаа дэлхийд сурталчлах нүүр царай болно.
  • Сингапур улсын “Looque” загварын агентлагиай хоёр жилийн хугацаатай ажиллах эрх
  • Үндэсний оператор “G Mobile” компанийн нүүр царайгаар ажиллах гэрээ
  • “Cosmopolitan” сэтгүүлийн нүүр царай болох эрх
  • Дэлхийн загварын ертөнцийг тодорхойлогч Парис хотоор аялах эрх
  • 20 сая төгрөгийн мөнгөн шагнал зэрэг санаанд оромгүй гайхалтай боломжууд таныг хүлээж байна.
Categories
мэдээ соёл-урлаг

“Сэрэлт”-ийн ах ламын дүрээр мөнхөрсөн алдарт жүжигчин Зундуйн ЦЭНДЭЭХҮҮ

БНМАУ-ын ардын жүжигчин Зундуйн Цэндээхүү 1905 онд Төв аймгийн (Бор-Өндөр) одоогийн Алтанбулаг сумын нутагт төржээ. Бурханаас заяат авьяас билэг төгөлдөр төрсөн ирээдүйн алдарт жүжигчин маань хувь тавилангийн эрхээр Нийслэл хүрээний ярганы газарт мах зөөгч, Дотоодыг хамгаалах газарт зарлага зэрэг ажил хийж байгаад 1931 онд Ардыг гэгээрүүлэх яамнаас гаргасан авьяаслаг залуучуудыг театрт авах тухай зарлалын мөрөөр зорин очиж урлагийн алтан тайзнаа амьдралынхаа тавь шахам жилийг зориулах гараагаа эхэлсэн байдаг. Түүний нэр “Учиртай гурван толгой” дуурийн хамгийн анхны тоглолтын зарлалд бичигдсэн байдаг нь Монголын алтан үеийн жүжигчин гэсэн албан ёсны батламж нь болдог гэхэд болно. Тэрээр “Говийн хүүхэн Гүндэгмаа” жүжгийн бэр гуйгчаас эхлээд гавьяат уран зохиолч Содномбалжирын Буяннэмэхийн “Харанхуй засаг” жүжиг болон “Халхын баатар”, “Шинэ зам”, “Өөрийн замаар”, Лопе де Вегагийн “Хонины булаг”, Оросын их зохиолч Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл”, “Кремлийн цаг”, У.Шекспирийн “Отелло” зэрэг үндэсний болон сонгодог, Орос, Зөвлөлтийн зохиолчдын олон жүжигт тоглон авьяас билгээ нээсэн түүхтэй. Тайзны олон сайхан дүр бүтээхээс гадна “Гонгор баатар” киноны сумангийн даргаас эхлээд “Цогт тайж”, “Сэрэлт”, “Ардын элч”, “Өглөө”, “Тэмцэл” зэрэг кинонд тоглож үзэгчдийн сэтгэлд шингэсэн дүрүүд бүтээжээ. Зундуйн Цэндээхүү Улсын ардын дуу, бүжгийн чуулгад ажиллаж Баян-Өлгий, Дорнод аймгийн театрыг байгуулах, урын санг нь баяжуулах, залуу жүжигчдийг ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан байдаг.

Алдарт жүжигчин З. Цэндээхүү “Халхын баатар Сүхбаатар” жүжгийн Сүхбаатар, “Хуягт галт тэрэг” жүжгийн Зинов, “Шинэ зам” жүжгийн Барон, “Хоёр эзний ганц зарц” жүжгийн Флоренц, “Шарай голын гурван хаан” жүжгийн Бүргэд баатар, “Өөрийн замаар” жүжгийн Бүдэрчулуун, “Отелло” жүжгийн Дож ноён, “Кремлийн цаг” жүжгийн Дзержинский, “Гайхамшигт лимбэ” жүжгийн хар феодал гэх мэт олон арван дүрийг бүтээж үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж байв. Тэрээр Д.Жигжидийн найруулсан “Өглөө” уран сайхны киноны Бодоогийн дүрийг гайхалтай бүтээсэн бөгөөд нийгмийн байдал солигдсон өнөө цагт хэт улстөржсөн дүр болсон гэж урлаг судлаачид шүүмжлэх нь бий. Гэвч, аливаа уран бүтээлч хүн гэдэг тухайн нийгмийнхээ бүтээгдэхүүн болохоор авьяас билэгт олон хүний хөдөлмөр үзэл суртлын золиос болсон нь хэнд ч илэрхий үзэгдэл юм. 40 шахам жилийн өмнө нийтийн хүртээл болсон “Өглөө” гэх энэ кино, Бодоогийн дүр. Өнөөдрийг хүртэл үнэ цэнэтэй кино бүтээл хэвээр байна. 1950-иад оны дунд үеэр дэлгэцнээ гарч, олныг шуугиулсан бүтээл бол “Оч” буюу “Сэрэлт” кино байлаа. “Сэрэлт” кино анх дэлгэцэнд гарахдаа “Оч” нэртэй байсан аж. Сүүлд нэрийг нь өөрчлөн “Сэрэлт” хэмээн нэрлэсэн байна. Төрийн шагналт зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн, театрын нэрт найруулагч Ламзавын Ванган, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Чойжилын Чимэд нар уг киноны зохиолыг бичиж, Монголын кино урлагийн ертөнцөд орж ирсэн нь үнэхээр олзуурхууштай явдал байв.

Зүүн гар талаас Б.Мижиддорж, З.Цэндээхүү, Ц.Цэгмид, Г.Гомбосүрэн, Д.Чимид-Осор. 1953.06.19 өдөр

Монгол Улсын ардын жүжигчин, нэрт найруулагч Сангижавын Гэндэн зохиолч Л.Ванган, Ч.Чимэд нарын кино зохиолыг хүлээж аваад өөрийнхөөрөө нэг их засаж өөрчлөлгүйгээр зохиогчдын далд санааг өөрийн найруулгын болон жүжигчдийн тоглолтоор тодруулан гаргахад гол анхаарлаа хандуулсан нь тун зөв шийдэл байв. Монгол Улсын ардын жүжигчин Цагааны Цэгмидийн бүтээсэн Даш, ардын жүжигчин Зундуйн Цэндээхүүгийн амилуулсан ах ламын дүрүүд онц сонирхолтой болсон нь дээрх хоёр жүжигчнээс аль алинаас нь амьдралын ээдрээнд орооцолдсон хүмүүсийн сэтгэлийн драмыг тодорхой хэмжээнд нэлээд өргөгдсөн орчинд гаргах шаардлага тулгарсантай холбоотой.

“Сэрэлт” кинонд “лавлаа” Дашийн хүү Пүрэвжавын дүрийг бүтээсэн Л.Банзрагч Цэндээхүүтэй хамт тоглож дүр бүтээснээ “Цэндээхүү гуай надад их зөвлөнө. “Одоо би Орос чирхийн цаас хаанаас авсан гээд цохино, Пүрэвжав чи уйлаад байгаарай” гээд л цохино. Нэг онцлог нь бид зураг авалтын үеэр байнга киноныхоо хувцастай байна. Түүнээс гадна бие биенээ нэрээр нь бус дүрийнх нь нэрээр дуудаж, аав нь бол аав шиг нь, эгч нь бол эгч шиг нь харилцана. Тэгж л дүрдээ ороход нь тусалдаг байж тэр үеийн алдартнууд. Цэндээхүү гуай бид хоёр бэлтгэлээ хийж байлаа. Намайг урдаа суулгаад, нуруу руу цохихгүй хоёр тал руугаа балбаад “Ингээд чи орос эхнэрээс чихэр горьд” гээд л. Би бэлтгэл юм чинь гэж бодоод уйлахгүй худлаа орилоод л байлаа. Тэгэхэд “Бүүр чанга уйлж орил. Жинхнээсээ өвдөж байна гэж бод. Чи худлаа уйлаад байна шүү” гэж их л зөвлөнө. Нэг харахнаа Цэндээхүү гуай савааныхаа үзүүрт даавуу жиргээд боочихож. “Дахиад бэлтгэл хийе” гэж байна. Тэгж бэлтгэл хийж байхдаа намайг жинхэнээсээ нэг цохьчихлоо. Час гээд л явчихлаа. Тэгэхээр нь би ёо ёо гээд л уйлж гарлаа. Тэгж уйлахыг сэмхэн авсан нь найруулагчийн болоод зураглаачийн сэтгэлд нийцсэн юм билээ. Жинхэнээсээ цохьсон хэсгийн зураг авалт кинонд байдаг. Цэндээхүү гуай сүүлд нь “Дүүгээ жинхэнээсээ цохьчихсон уу” гээд инээж билээ. Кино зургийг Төв, Булган аймгийн нутагт авсан юм. Нэг хэсгийг нь Толгойтын баруун салаанд авсан. Дотор авсан зураг ч олон бий. Намайг зодож байгаа хэсэг, доктор Сүрэнг авч явсныг хараад бороо орж буй цонхоор хараад зогсдог хэсэг гээд цөөнгүй хэсэг бий. Цэцэг усалдаг саванд ус хийгээд шил дагуулаад урсгаж зураг авах гээд ахмадууд яаж үнэмшилтэй болгоход мэддэг, чаддаг бүхнээ зориулсан. Аав, ээж маань киног хэдэн сарын дараа үзсэн. Манай ээж их уян зөөлөн сэтгэлтэй хүн байж билээ. Лам багш намайг зодохоор “Миний хүүг зараад, зодоод байх юм” гээд дагаад уйлаад байсан гэдэг. Аав, ээж маань хөдөө байсан болохоор би оюутны байр, ах дүүсийнхээрээ байна. Түүнийг Цэндээхүү гуай мэдчихээд “Манайд хүрээд ир, миний хүү бол гэдэг байсан” гэж хуучилсан байдаг.

З.Цэндээхүүг уншигчид “Сэрэлт” киноны ах ламын дүрээр сайн санаж байгаа байх. Охиноо алдсан гэж гунин ирсэн аав, ээж хоёрт ах лам “Та хоёрт эргэж төрөхгүй нь дээ. Халуун цөл газарт хонин гүрвэл болж төрсөн байна. Аргагүй л их нүгэл хийсэн хүн юм даа” гэж байдаг даа. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн нэгэнтээ “Би театрт ороод арав гаруй жил олны хэсэгт тоглосон. Тэр үед түүхэн баатарлаг үйл явдалтай жүжгүүд тоглогддог байсан. Харин Цэрэндэндэв ах, Цагааны Цэгмид, Ерөөлтийн Гомбодорж, Зундуйн Цэндээхүү, багш Бат-Очир гуай нарын тоглодог дүрүүдийг бие даан сургуулилж, арав гаруй жилийн хугацаанд өөрийгээ бэлдсэн. Энэ хугацаанд гол дүрд гарах эрхийг өгөөгүй. Би ч өөрийгээ болоогүй гэж боддог байсан” гэж ярьсан байдаг. Ер нь Цэндээхүү жүжигчний тухай үе үеийн уран бүтээлчид авьяас билгийг нь шүтэж байснаа дурссан нь олонтаа. Театрын нэрт зүтгэлтэн Б.Мушгиа “Би түүнтэй тийм ч дотно байгаагүй. Ногоон нүдээ эргэлдүүлээд ширүүн харахад нь их айдаг сан. Энэ тухайгаа жүжигчин Нямын Цэгмид гуайд хэлтэл тэрбээр “Айж явбал аминд тустай л даа. Гэхдээ цаадахь чинь бусдад хал балгүй жигтэйхэн сайн хүн юм шүү дээ” гэсэн” гэж дурссан байдаг.

“Дэлхийд урлагийн сэргэн мандлын нэг л үе байсан шиг Монголд нэг л алтан үеийнхэн бий. 1931 онд Монголд мэргэжлийн анхны театр байгуулагдаж, 1940-өөд онд “Шарай голын гурван хаан”, “Амарсанаа”, “Мандухай цэцэн хатан”, “Ийм нэгэн хаан байжээ”, “Талын баатар” зэрэг түүхэн баатарлаг туульсын том бүтээлүүд тавьж, театрын эхэн үеийн оргил цэгт хүрсэн тэр үед ажиллаж байсан уран бүтээлчдийг би “Алтан үеийнхэн” гэж хэлнэ. Тэр үеийнхэн бол цул алт эрдэнэс байсан юм. Жижигхэн буурай Монголд яаж тэгж тэнгэрлиг авьяастнууд нэгэн үед, нэгэн дор цугласан юм, гайхаад барамгүй. Д.Ичинхорлоо, Шороотын Цэвээн, Балдандоржийн Жадамбаа, за тэгээд хоёр Цэгмид, Д.Цэрэндулам, Зундуйн Цэндээхүү, Д.Чимэд-Осор, Ө.Рэнцэнноров, А.Цэрэндэндэв, Б.Мижиддорж, Цэвээнжав гээд бөхөөр ёстой дархан аваргууд даа” гэж урлагийн гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор, нэрт найруулагч Найдангийн Ганхуяг дуу алдсан байдаг нь ардын жүжигчин Цэндээхүү болоод тэдний алтан үеийнхэнд тохирсон дүгнэлт гэдэгтэй хэн ч маргашгүй юм.

Зундуйн Цэндээхүү хэмээх Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон дүрийг бүтээсэн эл алдарт жүжигчин Улсын төв театрын жүжигчин байхдаа Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг 1945 онд, ардын жүжигчин цолыг 1955 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тус тус хүртсэн байдаг. Б.Мушгиа театр урлагийн ойн үзэсгэлэнгийн үеэр “Цэндээхүү гуай үр хүүхэдгүй хүн байсан нь даанч харамсалтай” гэж ярьсан байдаг ч энэ авьяаст жүжигчний тайз дэлгэцийн урлагт бүтээсэн дүрүүд үеийн үед мөнхөрч үлдсэн юм. Тэрээр 1980 онд бурхан болсон байна.


Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатар: Мөрдэстэй уран бүтээлч байхын жаргалыг мэдэрч явна

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Г.Ариунбаатарыг “Цагдаа” эмхтгэлийн 2016 оны IV улирлын дугаарын зочин хоймортоо урьж уран бүтээлийн талаар, мөрдэстэй уран бүтээлчийн тухай хөөрөлдлөө.


-Танд шинэ оны мэнд хүргэе. Шинэ оноо сайхан угтав уу?

-Баярлалаа. 2017 он монголчуудад минь, цагдаагийн албаны мөрдэс нэгт хийморьлог бүлд маань ээлтэй, сайхан жил байх болтугай.

-Улиран өнгөрсөн 2016 он амжилт бүтээл дүүрэн гялалзсан жил байлаа, таны хувьд.

-Одоогоос найман жилийн өмнө цагдаагийн “Сүлд” чуулгын алба хаагч болохоор шалгуулж тэнцээд орж байлаа. Цагдаагийн байгууллагадаа ажиллахын хажуугаар дуурийн дуулаачийнхаа мэргэжлээр хичээнгүйлэн бэлтгэл хийсний дүнд амжилт гаргаж, Монгол Улсын гавьяат жүжигчин цол, Их хааныхаа нэрээр нэрлэгдсэн “Чингис хаан” одон хүртлээ, цагдаагийн ахмад цолоор шагнагдлаа.

-Энэ хүндтэй шагналууд цаашид ихийг хийж бүтээх урам, дэм хайрласан байх. Мөрдэстэй уран бүтээлч байна гэдэг бусад уран бүтээлчээс арай онцгой байх.

Мөрдэстэй уран бүтээлч, тэгээд офицер байна гэдэг энгийн дуучдаас ялгаатай л даа. Анх цагдаагийн байгууллагад дэд ахлагч цолтой томилогдож, цагдаагийн албаны дүрэм, журмаас эхлээд бүх зүйлийг нь судалж, суралцаад явсан болохоор цаг барих, аливаад зарчимтай, ёс зүйтэй хандах зэрэг төлөвшлийг олж авсан. Миний гаргасан амжилт бүхэн цагдаагийн байгууллагатай салшгүй холбоотой. Глинкийн уралдаанд түрүүлсэн цагаас эхлэн байнга дэмжиж, ажлаас чөлөөлөн “Ариунбаатар аа чи бэлтгэлээ хий, амжилт гаргана шүү” хэмээн сэтгэл зүйгээр болон бусад зүйлээр дэмжиж байсан, одоо ч дэмжсээр байгаа Цагдаагийн ерөнхий газрын зөвлөл, үе үеийн дарга нар, “Сүлд” чуулгын удирдлагууддаа ямагт талархаж явдаг. Монголын цагдаагийн хийморьлог эрчүүдийн нэг нь гэж бодоход сайхан шүү. Хааяа жагсаал хувцсаа өмсөх боломж олдоход дахин дахин толинд хармаар санагдаад байдаг юм. Илүү их эрч хүчийг авч, мөрдэстэй уран бүтээлч байхын жаргалыг мэдэрч явна.

-Одоогоос найман жилийн өмнө гэхээр 2009 онд “Сүлд” чуулгын бие бүрэлдэхүүнд багтжээ. Ямар хувь тохиолоор цагдаагийн уран бүтээлч болов?

-Би 2005 онд СУИС-д элссэн. Гэхдээ амьдралын бололцооноос шалтгаалан хоёр жил сурсны эцэст сургуулиа орхих болж, өөр ажил хийж явахдаа тухайн үеийн “Сүлд” чуулгын дарга Л.Гаваасүрэн хурандаатай таарсан. Тэрбээр “Манайх шинэчилсэн зохион байгуулалтад орж, үйл ажиллагаагаа сэргээх гэж байгаа. Өндөр нуруутай, сайхан авьяастай хүү байна, очоод шалгуулаад үзвэл яасан юм бэ” гэсэн. Би очиж шалгуулаад тэнцэн, цагдаагийн байгууллагын босгыг алхсан даа. Тэр цагаас эхлээд л намайг маш их дэмждэг байсан. Манай чуулга хоёр жилийн дотор театр, чуулгуудын дунд болдог болон олон улсын чанартай уралдаанд тэргүүн байр эзлэх зэргээр амжилт гаргаж эхэлсэн дээ.

-Цагдаагийн албанд тэнцээд анх цол авч, мөрдэс зүүх мөчид юу бодогдож байсан бол?

-Ер нь Монгол эр хүн цэргийн алба хаах, мөрдэс зүүж, тангараг өргөнө гэдэг хамгийн сайхан зүйл гэж би боддог. Анх цагдаагийн дэд ахлагч цол авахдаа “Төрийн хайр, хүндэтгэлийг хүртэж төрийн жинхэнэ алба хаагч цагдаагийн бие бүрэлдэхүүнд орлоо. Цаашдаа ямагт хичээж ажиллах ёстой, энэ албаны нэр хүндийг өргөж явах хэрэгтэй” гэж бодож байсан. 2011 онд цагдаагийн дэслэгч цол авч, офицерийн бүрэлдэхүүнд орохдоо бүр их урам авч байлаа, их сайхан байсан. Цол нэмчихээд жагсаал хувцастайгаа гадуур явахад хүн бүр хүндлээд байгаа ч юм шиг дотно дулаахан сэтгэгдэл төрдөг.

-“Монгол төрийн цагдаа” дууг МУГЖ Т.Баясгалантай хамтран дуулсан нь олон хүний таашаалд нийцсэн. Энэ тухай…?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Найданжав хэмээх мундаг хүн хөгжмийг нь зохиосон “Монгол төрийн цагдаа” дууг МУГЖ Т.Баясгалан эгчтэй хамтран дуулж, дүрсжүүлэн олонд хүргэсэн. Цагдаагийн алба хаагчид болон сонсогчид маань бидний уран бүтээлийг сайхан хүлээж авсанд их урамшдаг.

-Дуурийн дуучин Г.Ариунбаатар 2016 онд уран бүтээлийн арвин ургац хураасан болов уу гэж бодож байна.

Өнгөрч буй 2016 онд миний амьдрал, уран бүтээлд олон сайхан өөрчлөлт, дэвшил гарлаа. Дэлхийн томоохон театруудад Монгол Улсынхаа болоод цагдаагийн алба хаагч гэдэг нэрээ гаргалаа. Ингэж хэлсний учир гэвэл, Дэлхийд намайг сонсдог хүн бүр намайг цагдаагийн алба хаагч гэдгийг мэддэг. Миний танилцуулга бүх зүйл дээр цагдаагийн алба хаагч гээд бичсэн байдаг юм. Дэлхийн гайхалтай театруудад дуулах хувь тохиол надад оногдсон. ОХУ-ын “Марийнский” театрт гоцолж байна, Москвад “Большой” театрт дууллаа, БНСУ-ын дуурийн театрт бие даасан концертоо хийсэн, Кармен дуурьт очиж дуулсан. Энэ бүх замыг туулж явахдаа анх “Сүлд” чуулгын босгоор алхахад минь дэмжиж туслаагүй бол өдий зэрэгт хүрэхгүй байсан гэж бодож явдаг. Олон хүний итгэлийг даана гэдэг их сайхан ч бас хэцүү. Цаашид Монгол Улсынхаа, Монголын цагдаагийнхаа алдрыг дуурсгасан олон бүтээл хийнэ гэж бодож явна.

-Их хааны өлзий оршсон “Чингис хаан” одон хүртсэн хамгийн залуу эрхэм болсон. Тэр хүндэт индэр дээрээс аав, ээж, олон алдар цуутан болоод ард түмнийхээ өөдөөс хараад үг хэлж байх мөчийн сэтгэгдэл одоо ч танд хадгалаастай байгаа болов уу?

Энэ эрхэм шагналыг зөвхөн Г.Ариунбаатарын хийсэн бүтээсэнд биш дуурийн урлагт, миний ажиллаж байгаа цагдаагийн албанд хүртээсэн гэж бодож байгаа. Ийм залуудаа төрийнхөө дээд шагналыг хүртэж байгаадаа баярламаар, нөгөөтэйгүүр их айдастай байдаг юм билээ. Хүн шагнал хүртэж болно. Харин түүнээ дааж явах нь чухал гэж боддог. Уран бүтээл болоод бусад бүх зүйлээрээ энэ эрхэм цолыг дааж явах ёстой. Мөрдэстэй, аливаа зүйлийн эрэмбэ дарааг мэдэрдэг хүний хувьд гайгүй болов уу гэж бодож байна. Ингэж сэтгэж, дагаж яваагийн учир олон сайхан шагнал, уралдаан, тэмцээнд магнайлах хувь тавилан надад ирсэн болов уу хэмээн бодож явдаг юм.

-Айлчлан ирсэн ондоо ч мөн амжилтаас амжилтад өртөөлөн ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэж байна. 2017 оны төлөвлөгөөг сонирхвол?

-За баярлалаа. Илүү ихийг хийж бүтээхийн бодож, төлөвлөж байна. Тэр бүгдийгээ биелүүлээд бас олон сайн театр, сайхан жүжигт дуулсан амжилттайгаар дараа жилийн өдийд сонин сайхнаа хуучлан сууна гэж найдаж байна.

-Амжилттай явахад агуу их авьяасаас гадна хөдөлмөр маш чухал гэж боддог. Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаж хэлэх үгийг тань сонсъё.

Авьяас байгалиас заяаж болно. 99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авьяас гэдэг. Тиймээс маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Сайн хөдөлмөрлөөд, зөв газраа олж очин, бэлтгэлээ зөв хангаарай гэж хэлье.

Categories
мэдээ соёл-урлаг

А.Баярцэцэг малчин бүсгүйн дүрд тогложээ

“Mongolian Social Channel” студийн бүтээл “Явуулын хүн” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Уг киноны гол дүрд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болсон 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд амжилттай оролцсон “Торго модель” агентлагийн загвар өмсөгч А.Баярцэцэг тогложээ.

Мисс А.Баярцэцэг уг кинонд Ариунаа гэх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүрд тоглосон байна. Мөн киноны дүрүүдэд МУГЖ С.Дамдин, МУГЖ Ё.Цог, МУГЖ Л.Дэмидбаатар нарын тэргүүтэй уран бүтээлч тогложээ. Киноны ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан ажилласан байна.

Этник, драм чиглэлийн уг кинонд хөдөө ахуй, малчин ардын аж байдлыг тусгасан аж. Киноны зураг авалт сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд зураг авалтыг Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг авчээ.

“Явуулын хүн” уран сайхны кино тун удахгүй орон даяар нээлтээ хийх аж.

Categories
мэдээ соёл-урлаг

“Mongolian next top model”-н эхний шалгаруулалтад 22 охин тэнцжээ

Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой “Mongolian next top model” шоу нэвтрүүлэг тун удахгүй “Боловсрол суваг” телевизээр цацагдах гэж байна. Үүнтэй холбогдуулан тус нэвтрүүлгийн зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд “Монгол Масс Медиа” группын захирал А.Амундра, “Mongolian next top model” нэвтрүүлгийн ерөнхий продюсер, төслийн удирдагч Ө.Содгэрэл, тус шоуны зөвлөх продюсер Мартин Рэдмен, шоу нэвтрүүлгийн хөтлөгч, загвар өмсөгч, модель Нора нарын хүмүүс оролцлоо.

Шоунд оролцохоор нийт 220 гаруй гоо бүсгүй бүртгүүлсэн байна. Улмаар гурван үе шат бүхий шалгаруулалтын дараа шилдэг 22 охин эхний дугаарт тэнцжээ. Тэднээс 14 оролцогч дараагийн дугаарт өрсөлдөх эрхтэй болсон байна. Эдгээр охин Олон улсын моделиудад тавигдах үндсэн шалгууруудыг давж чадсан оролцогчид “Next top model”нэвтрүүлгийн багийнхны зүгээс өгөх сонирхолтой сорилт, даалгавруудыг гүйцэтгэж ур чадвараараа өрсөлдөх юм байна.

Нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгчээр загвар өмсөгч, модель Нора ажиллах юм байна. Мөн “On n Off” продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа, загвар өмсөгч, жүжигчин Н.Оргил нар үндсэн шүүгчээр ажиллахаар болжээ. Харин хоёр сарын турш үргэлжлэх тус шоу нэвтрүүлгийн ерөнхий продюсероор “Buro 24/7” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Ө.Содгэрэл ажиллах аж.

“Mongolian next top model” шоуг АНУ-ын “CBS” international” студийн албан ёсны эрхийн дагуу зохион байгуулж буй юм. Тийм учраас зөвлөх продюсер Мартин Рэдмен ажиллахаар манай улсад иржээ. Тэрбээр Миний хувьд Монголд ирж энэхүү нэвтрүүлэгт туслах болсон нь нэр төрийн хэрэг байлаа. Би 12 жилийн турш Их Британийн “Next top model” шоуг продюссерлосон. Энэ бол маш гайхалтай нэвтрүүлэг. Тийм учраас Монголд маш том шуугиан дэгдээж, гайхалтай амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Оролцогчид “Хийморь” хотхонд байрлах тансаг зэрэглэлийн байранд хоёр сарын хугацаанд байрлан амьдрах юм байна. Нийт 16 дугаар “Боловсрол суваг” телевизээр цацагдана.

Шоуны ялагч үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах эрх, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах эрх, Сингапур улсын “Loogue” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхээр шагнуулах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Жаргаагүй нар” тайзнаа дахин тоглогдоно

Үлгэр домог мэт амьдарч, бидний оюун
санаа, сэтгэл зүрхэнд сэрүүн тунгалаг, мөнх хэвээр оршсоор байгаа Их
зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн
эмгэнэлт жүжгийг 2017 онд дахин тайзнаа тоглох гэж байна.

Их зохиолчийн бодит амьдралаас сэдэвлэн
бүтээсэн “Жаргаагүй нар” жүжгийн тасалбар өнөөдрөөс /2017.01.05/
худалдаанд гарах юм байна. Энэхүү түүхэн жүжгийг нэгдүгээр сарын 19,
20-нд 19 цагаас 21, 22-нд 18 цагаас тус тус тоглож, үзэгчдийн хүртээл
болгох гэнэ.

Ийнхүү шинэ цагийн утга зохиолыг
үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн
мэндэлсний 110 жилийн ойд зориулан бүтээсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжиг
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дахин “мандаж” эхлэх нь ээ.

“Жаргаагүй нар” жүжгийн зохиолчоор
Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, найруулагчаар Соёлын тэргүүний
ажилтан Ч.Түвшин ажиллаж, гол дүр болох Д.Нацагдоржийн дүрд жүжигчин
Б.Шинэбаяр, түүний гэргий Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж
байгаа билээ.

Мөн Улсын драмын эрдмийн театрын уран
бүтээлчид зохиолч Дариа Фогийн “Чөлөөт хос” хэмээх инээдмийн мюзикл
жүжгийг энэ сарын 27, 28-нд тоглох юм байна.