Categories
мэдээ соёл-урлаг

Ж.Пуччинийн “Тоска” дуурь амралтын өдрүүдэд тоглогдоно

Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Тоска” дуурь маргааш УДБЭТ-ийн тайзнаа тоглогдох гэж байна.
Удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, найруулагчаар
урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган нар ажиллаж байгаа юм байна.
Харин Флориа Тоскаг соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Кварадоссиг
Д.Эрдэнэ-Очир нар амилуулах аж.

Уг дуурийг Ж.Пуччини зохиолч Викториен Сардогийн драмын жүжгээс
сэдэвлэн Луижи Иллика, Жузеппе Жакоза нарын бичсэн цомнолоор хийжээ.
Нээлтийн тоглолт 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Театро
Костанци” театрт болж байжээ. Харин манай улсад Л.Эрдэнэбулган найруулан
1982 оны нэгдүгээр сарын 9-нд анх тоглож байсан түүхтэй.

Categories
мэдээ соёл-урлаг

Сараагийн “Аргагүй амраг”

Сараа зурган илэрцүүд

Поп хатагтай Б.Сарантуяа хайрын баярыг угтаж “Аргагүй амраг”-аараа бэлэг барих нь.

20 жилийн тэртээ “Аргагүй амраг” тоглолтоороо олны талархлыг хүлээж байсан поп хатагтай ийм нэртэй цомгоо Сингапурт хэвлүүлж байлаа.

XX зууны манлай дуучин, 30 жил тайз эзэгнэсэн хатагтай алдарт “Аргагүй амраг”-аа ахин сэргээхдээ гэгээн хайрын баярыг тохиолдуулжээ.

Пуучин Сараатай олон жил түншилсэн On&Off продакшныхантай хамтарч “Corporate convention center”-т тоглолтоо хийх юм байна. “Аргагүй амраг” тоглолт энэ сарын 10-ны 19:00 цагт болно шүү.

Categories
мэдээ соёл-урлаг

“Эх ундарга” ардын урлагийн их наадам болно

Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачлагаар язгуур урлагийн хамтлагууд 2012 онд анх удаа нэгдэн тоглосноос хойш жил бүр өөрийн өнгө аяс, үзэл санааг илэрхийлсэн тоглолт зохион байгуулж ирсэн. Энэ жил зургаа дахь удаагийн тоглолтоо хүн төрөлхтний авъяас билгийн ширгэшгүй булаг нь Монгол язгуур урлаг байхыг бэлгэдэн “ЭХ УНДАРГА” хэмээн нэрийдэж, 300 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр ардын урлагийн их наадам болгон өргөн хүрээнд зохион байгуулж байна.

“ЭХ УНДАРГА” ардын урлагийн их наадмын ерөнхий найруулагчаар МУ-ын Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, хөгжмийн зохиолчоор Д.Ариунболд, найруулагчаар Д.Энхгэрэл, Д.Баярбаатар, Туслах найруулагчаар Д.Бойжоо ажиллаж байгаа гэнэ. Тоглолтод язгуур урлаг, соёлын өвийг тээн, тив дэлхийд Монгол орноо сурталчилж яваа “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн”, “Их Монгол” болон “Нүүдэлчид”, “Хэмнэл” хамтлагууд орж байгаа юм. 21 лимбэ, 21 товшуур, шанз, 21 уртын дууч, 21 хөөмийч нэгэн тайзнаа цугларч байгаа ажээ. “Эх ундарга” тоглолт энэ сарын 17-19-ний өдрүүдэд МҮЭСТО-ны Их танхимд болох юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом” наадмын шилдэг шүлэг “Тэр эмэгтэй”

“Болор цом” наадмын тэргүүн найрагчаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул яруу найрагч Борхүүгийн Батсайхан тодорсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр гурван жилийн өмнө Өвөрхангай аймагт зохиогдсон “Болор цом” наадамд гуравдугаар байрын шагнал хүртэж байжээ. Оны шилдэг шүлэг шалгаруулдаг “Болор цом” яруу найргийн наадам өнөө жил 34 дэх удаагаа Дорнод аймагт зохион байгуулагдсан билээ.

Энэ жилийн наадмын хоёрдугаар байрт “Болор цом”-ын эзэн Арлааны Эрдэнэ-Очир шалгарсан бол Хэнтийн Д.Гансүрэн, Дарханы Ч.Уянсүх болон залуу найрагч Ч.Ууганбаяр нар тусгай байруудыг эзэлсэн байна. “Болор цом”-ын шүүгчээр Д.Нямсүрэн найрагчийн шавь Д.Ган-Очир, утга зохиол судлаач Ү.Хүрэлбаатар, яруу найрагч Б.Галсансүх нар ажиллажээ.

Тэргүүн байр эзэлсэн шүлгийг та бүхэнд толилуулж байна.

ТЭР ЭМЭГТЭЙ

Тэр эмэгтэйд би хайртай

Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай

Даарсаар очиход минь угтан авч

Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг

Гоо үзэсгэлэнт тэр хүнээс

Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ

Тэр эмэгтэйд би хайртай

Тэртээ холоос ч угтдагт нь дуртай

Халууцсаар очиход минь тосон авч

Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг

Гомдоох ердөө боломжгүй тэр хүнээс

Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ

Жирийн л нэг Монгол эмэгтэйгээс

Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ

Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг

ЭЭЖ гэдэг.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом” Дорнод аймагт өнөөдөр болно

“Болор цом” яруу найргийн наадам өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотноо болно. Энэ удаагийн наадам Эрээнцавын яруу найрагч Д.Нямсүрэнгийн мэндэлсэний 70 жилийн ойд зориулсан гэдгээрээ онцлог юм. Наадамд шүлгээ унших найрагчид өчигдөр Чойбалсан хотыг зорьсон байна.

“Болор цом” наадмын ерөнхий зохион байгуулагчаар тус аймгийн ЗДТГ, МЗЭ ажиллах бөгөөд ивээн тэтгэгч байгууллагаар Чойбалсан хотын захирагчийн алба, Дорнод аймгийн Морин спорт уяачдын холбоо, “Дорнод гурил” ХХК компани ажиллахаар болжээ.

Сонирхуулахад, тус наадмыг Улаанбаатар, Дорнод, Эрдэнэт хотод зохион байгуулж байсан бөгөөд Чойбалсан хот ийнхүү дөрөв дэх хот нь болж байгаа аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Норовын Гантулга найрагч “Болор цом”-ын дурсамжаасаа хуваалцлаа

“Болор цом” яруу найргийн наадам 34 дэх удаагаа маргааш Дорнод аймагт зохион байгуулагдана. Энэ удаагийн наадамд Данзангийн Нямсүрэн найрагчийн нэрэмжит болж буйгаараа онцлог юм. Оны шилдэг шүлэг шалгаруулдаг энэхүү наадмыг ард түмэн чих тавин хүлээдэг. 30 дахь удаагийн “Болор цом”-ын эзэн “Өдрийн сонин”-ы албаны дарга Норовын Гантулга найрагчаас “Болор цом”-ын дурсамжийг нь хуваалцсанаа хүргэе.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин О.Дөлгөөн АНУ-ын “Academy of Art University” сургуулийн оюутан болжээ

Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн Америк орныг зорьсон. Тэрбээр Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр суралцахаар явсан байна.

Жүжигчин бүсгүй гэр бүлийн хамт тэнд амьдрах бөгөөд энэ нэгдүгээр сарын 18-нд эх орноосоо морджээ. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа Америкт авахуулсан гэрэл зургаа хийжээ. Мөн “За ингээд оюутны шинэхэн амьдрал эхлэх гэж байна даа” хэмээн тэмдэглэсэн байв.

Авьяаслаг залуу жүжигчин О.Дөлгөөн нь “Амьдралд тавтай морил” кинонд хэнэггүй, эршүүд, зөнгөр Золоогийн дүрээр олны танил болсон билээ. Мөн “Хайрын рекорд”, “Single ladies 1.2”, “Сүүлчийн шөнө”, “Учрал” зэрэг дэлгэцийн уран бүтээлээс гадна У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглосон өсөх ирээдүйтэй жүжигчин бүсгүй юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Увертюра” хамтлаг малчдад зориулсан хандивын тоглолт хийнэ

Монгол поп опера Увертюра хамтлагийн “Монгол минь” хандивын тоглолт энэ нэгдүгээр сарын 31-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Энэхүү хандивын тоглолтын талаар өнөөдөр /2017.01.26/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тус хамтлагийн хандивын тоглолтоос олсон орлогыг Монголын морин спорт залуу уяачдын холбооны санаачилгаар зохион байгуулж буй “Залуу малчдыг дэмжих аян”-ыг санхүүжүүлэх юм байна. Ингэснээр Монгол улсын 21 аймгаас тус бүр нэг малчин залуу гэр бүлийг сонгож, 50 эм төлөг хандивлах гэнэ.

Энэхүү аяны хүрээнд Монгол Улсын 21 аймгийн 21 залуу өрхөд мянга гаруй эм төлөг бэлэглэх бөгөөд аймгуудад залуу малчин, уяачдын зөвлөгөөнийг зохион байгуулах ажээ.

“Увертюра” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагва: Шинэхэн цомгоо бэлэглэнэ

-Манай хамтлагийнхан “Монгол минь” хандивын тоглолтод хүрэлцэн ирсэн хүн бүрт хоёр дахь бие даасан цомгоо бэлэглэх болно. Бидний анхны цомог 2012 онд гарч байсан бол дөрвөн жилийн дараа шинэхэн цомгоо гаргаж, та бүхэндээ бэлэглэх гэж байна. Шинэхэн цомогт маань “Амьддаа бие биенээ хайрла”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Ээж минь” зэрэг нийт 10 дуу багтсан байгаа. Тоглолтын маань найруулга тэр чигээрээ эргэх дөрвөн улирлыг дүрслэн харуулж, эх орноо магтан дуулсан байх болно. “Монгол минь” тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд тоглолтоо үзэж, залуу малчдаа дэмжихийг уриалж байна.

“Залуу малчдыг дэмжих аян”-ыг санаачлагч, Улсын их хурлын гишүүн Д.Гантулга: 21 залуу малчин өрхөд мал хандивлана

-Монголын залуу үе, залуу малчдаа дэмжиж, малч ухаанд сургах тал дээр анхаарах цаг болжээ. Хөдөө орон нутагт малаа өвлөн маллаж буй залуус цөөн болсон байна. Ихэвчлэн хөдөө орон нутагт ахмад буурлууд маань малаа малладаг болсон дүр зурагтай байгаа. Тиймээс залуу малчдыг дэмжих хүрээнд хөдөөд ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид энэ аяныхаа хүрээнд аймаг бүрээс нэг залуу малчин гэр бүлийг сонгож, халуун хошуутай малыг хандивлаж дэмжих гэж байна. Улсын хэмжээнд 21 аймгийн 21 өрхөд мал хандивлах болно.

Categories
мэдээ соёл-урлаг

Царцаа Намжил хүүхдийн жүжиг ирэх сарын 5-нд тайзнаа тавигдана

Хүүхдийн уран бүтээлийн урын сангаа шинэ бүтээлээр баяжуулан үзэгчдийн хүртээл болгох, Монгол ардын аман зохиол, үлгэрийн өгүүлэмж үйл явдлаар дамжуулан хүүхэд багачуудад эрдэм боловсролын чухалыг таниулж өв соёл, зан заншлаа эрхэмлэн дээдлэх хүсэл эрмэлзэлд хөтлөн төлөвшүүлэх зорилгоор Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлч хамт олон Боловсрол, соёл, шинжлэх, спортын яамны “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн” төслийн уралдаанд шалгарсан Я.Баяраа, Б.Хишигзаяа нарын зохиол “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тайзны бүтээл болгохоор бэлтгэж байна.

Энэ хорвоо дээр нэг л ертөнц оршдоггүй билээ. Эгэл жирийн хүмүүс бидний амьдардаг энэ ертөнцийг “Замбуулин хорвоо” хэмээнэ. Харин эгэл жирийн хүмүүс бид, амьтны амь тасалдаггүй, өглөгч энэрэнгүй зантай, үнэн шударга сэтгэлтэй, шуналгүй, ховч, хуурмаг зангүй бол Арван цагаан буянтан гэгдэж, авралт бурхны оронд амьдрах эрхтэй болдог гэдэг.
Эрт урьдын цагт Эзэн Чингис ч төрөхөөс өмнө Намжил нэрт нэгэн хүү бурхны оронд очиж, эрдэм сурахаар явсан агаад түүнд тохиолдсон элдэв сонин хэрэг явдалын талаар энэхүү жүжигт өгүүлэх юм.

“Царцаа Намжил” жүжгийг тайзны бүтээл болгохоор ажиллаж буй баг хамт олон

“Царцаа Намжил” жүжгийг тайзны бүтээл болгохоор ажиллаж буй баг хамт олон:
Зохиолч: Я.Баяраа Б.Хишигзаяа /СТА/
Ерөнхий найруулагч: СТА Б.Хишигзаяа, Ерөнхий зураач: Л.Цэрэндулам
Хөгжмийн зохиолч: СТА Б.Цацрал, Гэрлийн найруулагч: СТА Ц.Эрдэнэбат
Бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч: СТА С.Ган-Очир, Конструктор зураач: СТА Т.Түмэн-Өлзий
Хөгжмийн найруулагч: СТА Я.Батсайхан, Жүжиг чимэглэлийн эрхлэгч СТА М.Батбилэг,
Туслах найруулагч: СТА Э.Идэрболд

Categories
мэдээ соёл-урлаг

“Чингис хаан” дуурь олны хүртээл боллоо

Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Чингис хаан” дуурийг шинэчлэн өнгөрсөн ням гаригт ДБЭТ-ын тайзнаа тавилаа. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү дуурийг анх 2003 оны тавдугаар сарын 3-нд тайзнаа амилуулсан юм. Дуурийн цомнолыг ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч бичжээ. Дуурь Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлдэг.

Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, тулгар төрийг байгуулсан тухай энэхүү дуурьт өгүүлнэ.

“Чингис хаан” дуурийг анх тавигдахад удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, найруулагч урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, зураачаар ардын зураач Ч.Гунгаасүх нар ажилласан бол урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж шинэчлэн найруулж, удирдаачаар Н.Туулайхүү ажиллажээ.