Categories
мэдээ утга-зоxиол

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Дүүлэн нис” DNN.mn

“Бид бүгд жирийн хүмүүс. Зорилгодоо хэр их цаг хугацаа зарцуулж чадсан бэ гэдгээрээ л ялгаатай.

Өглөө бүр таван цагт босож, 12 цаг хүнд хүчир ажилд нухлуулсны эцэст гар бадайрч, хөл сулартлаа ядарсан би Дублины өнөөх хүйтэн харанхуй гудмаар алхан хөлс царцам бэлтгэлийнхээ өрөөнд очдог байлаа” хэмээх Макгрегорын чин сэтгэлийн үгс. Сайн найзтайгаа хамт уушийн газарт суугаад халуун яриа өрнүүлж, хэнд ч хэлээгүй сэтгэлийн дотоодоо уудалж буй мэт мэдрэмжийг төрүүлэх ном аж.

Өмнө нь мэддэг мэт дүрүүд, үргэлж л амжилт аз жаргалын дунд байсан гэж боддог олон түүхийн эзэдтэй шинээр танилцуулжээ. Чин сэтгэлээ дэлгэж буй Эд Шийрантай хамт метроны буудал дээр дуулж, арваад хэлээр ярьдаг Салик хүүтэй хамт гудамжинд бараа заран хэл сурах урам авч, айлын хажуу өрөөнд толгой хоргодон гэрийн эздийн доромжлолыг нь сонсох АиЮу охинтой хамт хөнжил дотроо уйлж ч мэдэх юм.

Энэ номыг “Өглөөний уншлага” хөтөлбөр онцлох номоор сонгосон байх бөгөөд стресстэж шантарсан, юу хийхээ мэдэхээ больж эргэлзсэн, урам зориг эрч хүчээр дутаж буй хүнд хамгийн тохиромжтой сонголт болох биз.

Зүгээр л хичээ, амжилтад хүр, баяж, зүтгэ гэх хувь хүний хөгжлийн ямар ч номноос илүүтэй хүнд хүчрийг, шантармаар өдрүүдийн дундуур туучин гарсан нэгний чин сэтгэлийн үгс илүү хүнд хүрдэг байж мэдэх юм. Мэдээж түүх бүр ялалтаар төгсдөггүй амьдралын гашуун үнэн бий. Номонд ч мөн ялагдлыг хэрхэн хүлээн авч буй тухай, амжилт гэх ойлголтыг өөрөөр харах, гарцаагүй асуудлын үед амьдралаас аз жаргалыг мэдрэх тухай нулимстай мэдрэмжийг ч багтааж.

Энэ номыг бүтээгчид хүнд хэцүүтэй нүүр тулан явж буй залууст урам зориг өгөх зорилготойгоор асуудалд шантран бууж өгөх замыг сонгох гэж буй уншигчдад санал болгох ном хэрэгтэй хэмээн гурван жилийн хугацаанд олон зуун цагийн дүрс бичлэг, илтгэлүүдийг орчуулан эмхэтгэн бүтээсэн байна.

Хамгийн хүнд хэцүү, асуудал тулгарсан үедээ ганцаараа биш гэдгээ мэдрэх, одоо тулгараад буй асуудлыг хэн нэгэн өмнө нь туулаад гараад ирсэн юм шүү гэдгийг мэдэх нь бидэнд ялан дийлэх хүч өгдөг.

Тэгвэл энэхүү номыг уншсанаар бидний мэддэг гэж боддог, үргэлж аз жаргалтай амжилттай явж буй хэмээн боддог нэгний туулсан амьдралын хамгийн хүнд хэцүү цаг үеийнхээ тухай дэлгэж буй түүхүүд “Надад ч бас ийм боломж бий, гуниглаж болно, бууж өгч болно, гагцхүү итгэлээ алдахгүй юм шүү” гэсэн тайтгарал өгөх юм.

Энэхүү номыг уншсан нэгэн охин “Хэцүү үед ээж тэврээд, урмын үг хэлээд намайг тайтгаруулж байгаа юм шиг мэдрэмж төрүүлсэнд баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байх аж.

Categories
мэдээ утга-зоxиол

“Утгын чимэг” наадмын бүтээлийг ирэх сарын 15-ныг дуустал хүлээн авна DNN.mn

Утгын чимэг” наадам энэ сарын 7-нд болно – Өглөө.мн

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадмын бүтээл хүлээн авах хугацаа 11 дүгээр сарын 15-нд дуусна.

Оны шилдэг өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг- 2022” улсын наадамд оролцох бүтээл нь сэдвийн хувьд өргөн хүрээг хамарсан, туурвил зүйн шинэ эрэлхийлэл болсон, өмнө нь хэвлэгдэж, цахим орчинд нийтлэгдэж байгаагүй нэг өгүүллэг байна. Тус наадамд хүргүүлсэн бүтээлийг цахим талбарт нийтэлж, уншигчдад цувралаар урьдчилан танилцуулах юм байна.

Бүтээлд тавигдах шаардлага: – А4 форматаар, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5-аар 3 нүүр буюу 63 мөрөөс хэтрэхгүй байх.

– Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй.

– “Утгын чимэг-2022” наадамд ирүүлэх бүтээлээс бүртгэлийн хураамж авахгүй.

Мөн MZE.khoroo@gmail.com хаягаар хүргүүлж болох аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Х.Чилаажав: Уран бүтээлчийн ховорхон хувь заяаг дэмий өнгөрүүлж болохгүй юм байна гэж бодогдох боллоо DNN.mn


СОНИНЫ АРХИВААС… ЯРУУ НАЙРАГЧ Х.ЧИЛААЖАВТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Х.Чилаажавтай ярилцлаа.


-Та оюуны соёлын бүхий л салбарт чамгүй олон жил ажиллаж байна. Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг танд уран зохиолын тодорхой нэгэн бүтээлийг үнэлж өгөв үү. Эсвэл соёлын өргөн хүрээнд явуулсан үйл ажиллагааг тань онцлов уу. Зарим хүмүүс оройтож авлаа ч гэцгээж байх шиг?

-Би лав оройтсон гэж бодохгүй байгаа. Олон жил авах юм сан гэж бодож мөрөөдөж явсангүй л дээ. Зохиолчдын байгууллагад найман жил гүйцэтгэх захирал, дөрвөн жил Удирдах зөвлөлийн даргаар ажиллахдаа олон зохиолчийн шагналын тодорхойлолтыг бичиж байсан даа. Миний ажиллаж байх үед олон ч зохиолч гавьяат, төрийн шагналтан ардын уран зохиолч болж байсан. Тэгээд “За миний хүү, миний цолыг аваарай” гэцгээнэ. Тэр үед нь сонин санагдаад л өнгөрдөг байлаа. Би өөрөө баярлахаас гадна ах дүүс, хамаатан садан, найз нөхөд, үр хүүхэд, хань ижил эргэн тойрныхон маань их баярладаг юм байна. Тэднийгээ баярлахыг харах сайхан байна. Нөгөөтэйгүүр уншигч өргөн олон баярлаж байгаа бол шагналын гол утга учир тэр л дээ. Өөртөө ирэх алдар нэрийг өөрөө хайж олж авах биш аяндаа төр түмэн мэдээд, бусдыгаа баярлуулж ирж байгаа шагнал бол сайхан. Аав, ээж минь бурхан болоод удаж байна. Тэднийгээ бас бодож байлаа. Хүү минь төр түмэндээ үнэлэгдэж байна даа гэж хэрвээ амьд сэрүүн байсан бол их л баярлах байсан байх даа.

-Та аав ээжээсээ хэдүүлээ вэ?

-Зургуулаа. Хоёр ах, хоёр эгч, нэг дүүтэй. Намайг хорин тавтай байхад аав ээж хоёр минь гуравхан сарын зайтай өөд болсон. Тэгэхэд би шүлэг л бичдэг залуу байв. Түүнээс хойш хорин таван жил өнгөрчээ. Ийм үед хүн эрхгүй л аав ээжийгээ л боддог юм билээ. Миний хамгийн том ах бас гавьяат цолтой хүн бий. Нэг айлаас хоёр гавьяат төрлөө гээд ах дүүс их бэлгэшээж байна.

-Ах тань юу хийдэг вэ. Хэзээ гавьяат цол хүртэв?

-Долоо найман жилийн өмнө гавьяат авсан. Миний ах эмч хүн. Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Оросоо гэж хүн бий. Говь-Алтай аймагтаа байдаг. Насаараа л тэнд ажилласан.

-Энэ жил олон сум ерэн жилийн ойгоо тэмдэглэж байна. Танай сум яаж байна?

-Манайх Говь-Алтай аймгийн Дэлгэр сум. Энэ жил ерэн жилийн ойтой. Саяхан бид нутгийнхаа Лүн хайрхны тахилгыг хийгээд ирсэн. Улаанбаатар хотод байгаа нэг голын хэдэн хүн нийлээд гурван жил дараалан тахиж байгаа юм. Уулынхаа тахилгыг хийж ирээд, хадмынхаа нутагт очлоо. Төв аймгийн Баян-Өнжүүлд Зоргол хайрхан гэж гайхамшигтай сайхан уул байдаг юм. Тэр ууланд оччихоод ирсэн.

-Энэ зун нутаг, ер нь хөдөөгүүр ямархуу байна?

-Нутаг маш сайхан байна аа. Энэ жил ер нь монгол нутаг даяараа бороо хур, ургамал ногоо жигдэрсэн их сайхан зун болж байна. Би энэ жил хөдөө нэлээн явлаа. Манай сумын ой ирэх наймдугаар сарын эхний өдрүүдэд болно. Нутгийнхаа ойд очно доо. Манай нутагт хөдөлмөрийн баатар, төрийн шагналтан, гавьяатууд, гуч дөчин эрдэмтэн байна. Эрдэмтэн их олон төрсөн нутаг.

-Энэ жил наадам их сайхан боллоо. Сүүлийн жилүүдэд хүмүүс наадмаа үндэсний соёл гэдэг өргөн утгаар нь илүүтэй хүлээж авдаг болж. Та бөх, морь хэр сонирхдог вэ?

-Монгол хүн юм чинь бөх, морио үзэлгүй яахав. Өөрөө морь уядаггүй ч гэсэн байнга морио үзнэ. Би боддог юм. Монгол үндэстний том дархлаа бол наадам, цагаан сар хоёр гэж. Монголчууд бид тусгаар улс байсан цагт энэ хоёр баяр цэнгэл байж л байна. Нэгэн цаг үед монголчууд бид энэ хоёр баяраа тэр бүр өөрийн дураар тэмдэглэж чаддаггүй байсан шүү дээ. Энэ жил наадмаар тав хоног амарсныг би их зөв боллоо гэж бодож байгаа. Цагаан сараараа бүр долоо хоног амраад, ээлжийн амралтаа харин багасгаж болно шүү дээ. Наадам, цагаан сараараа сайхан амраад хүмүүс ах дүүс, найз нөхдөөрөө аажуу тайвуу уулзаад, гол ус нутаг зоноороо баярлаж л байвал хичнээн сайхан. Цагаан сараар гэхэд л хүмүүс субботник хийж байгаа юм шиг яаруу сандруу юм болдог. Тэрийг болимоор юм шиг санагддаг. Үндэсний соёл, тусгаар улсын бахархал байна даа, өргөн дэлгэр байх тусмаа сайхан.

-Таныг Үндэсний төв номын сангийн захирлаар очсон үеийг санаж байна. Маш олон жил урсгалаараа явсан хэцүүхэн газар байсан. Үндэсний төв номын сан уг нь тухайн үндэстний оюуны соёл, шинжлэх ухааны олон улсад нээлттэй төв байдаг. Гэтэл манайд дуртай хэдэн хүн очиж ном уншдаг нийтийн номын сангийн маягаар явж ирлээ шүү дээ. Та тэнд ажиллах хугацаандаа юу юу хийж амжуулав?

-Үндэсний төв номын санд би дөрвөн жил боллоо. Саяхан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Өмнө нь удирдаж байсан хүмүүсийг би шүүмжлэхийг хүсэхгүй байна. Цаг үе ч хэцүү байсан. Манай төр өөрөө энэ том оюуны салбараа анхаарлынхаа гадна хаячихсан. Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёл спорт аялал жуулчлалын яам гэхчилэн яамдын бөөрөнд хаячихсан. Хүн очоод ном авахаар гаргаж өгдөг тиймэрхүү байдлаар үндсэндээ ерэн жил явсан даа. Би ажил авсныхаа дараа үнэхээр харамсаж байсан. Манай монголчуудын оюуны их өв сан ямар яндашгүй билээ. Гэтэл ямар аймаар байдалд байна. Тэгээд тухайн үеийнхээ удирдлагууд, сайд дээр ороод энэ байдлыг хэлж байсан. Тухайн үед, Ё.Отгонбаяр сайд дэмжлэг үзүүлж л байсан, одоо ч гэсэн овоо дэмжиж л байна. Технологийн шинэчлэлт, байр савны асуудал тодорхой хэмжээгээр хийгдэж шийдэгдэж байна. Гэхдээ суурь юмандаа их том бодлогын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ёстой юм. Үндэсний номын сан бол аливаа ард түмний оюун санааны баримтат өв учраас улс орнууд үүндээ тусгай бодлоготой ханддаг. Энэ талаар манайх дэлхийгээс маш их хоцорсон. Өндөр хөгжилтэй орнуудыг харж байхад бүгд IT-ийн том компаниудаа төрийн бодлогоор үндэсний номын сантайгаа холбоод өгчихсөн байдаг. Мэдээллийн технологийн том том туршилтуудыг үндэсний номын сандаа оруулдаг. Жишээ нь, ямар л шинэ технологи гарна түүнийг яаж номын сантай холбож ашиглах вэ, хүн гэртээ сууж байгаад яаж номын санд байгаа мэдээллийг шууд татаж авах вэ, дэлхийн аль ч өнцөг булангаас үндэсний номын санд байгаа ямар ч ховор нандин дурсгалтай хэдэн төгрөг төлөөд л танилцаж болдог тэр боломжийг хангачихсан байдаг. Манайх энэ жишиг рүү орох ёстой. Хоёрдугаарт манай ард түмэн бол чамгүй их юм бүтээсэн ард түмэн. Би саяхан Үндэсний номын сангийн эрх зүйн байдлын тухай хууль тэргүүтэй хоёр хуулийн төсөл боловсруулж өгсөн. Ер нь дэлхийн улс орнууд үндэсний номын сан нь тусдаа хуультай байдаг юм.

-Энэ хуулиар бодлогын чанартай ямар өөрчлөлт хийхээр байгаа вэ?

-Эрх зүйн хувьд дэлхийн улс орнуудын үндэсний номын сан ямар байдаг юм гэдгийг би судалж үзсэн л дээ. Дэлхийн том орнуудад үндэсний номын сан нь гурван янзын статустай байдаг юм байна. Хаантай орнуудад үндэсний номын сан нь хааны дэргэд юм уу хатан хааны дэргэд байдаг. Зарим оронд Конгрессын гэдэг ч юм уу дандаа тусгай статустай. Гурав дахь нь, Ерөнхийлөгчийн дэргэд байдаг. Ингэж статусын хувьд бие даасан, аль нэгэн улстөрийн томилгооноос ангид, маш сайн дархлаатай, тусдаа төсөвтэй, тусдаа хяналттай, нэлээн элит хүрээний санхүүжилттэй байдаг юм билээ. Ер нь гадны элитүүд үндэсний номын сан, үндэсний музейдээ хөрөнгөө оруулдаг, тэнд том том төслүүд хэрэгжүүлэх боломжуудыг нь татвараас чөлөөлөх гэх мэт олон янзын арга хэрэгслээр хуульчлаад өгчихсөн байдаг юм билээ. Өнгөрсөн жилүүдэд бид хоёр ч төсөл хэрэгжүүлээд гайгүй тоног төхөөрөмжүүд авчихсан. Ховор ном судруудаа түрүүчээс нь дижитал болгоод явж байна. Өмнө нь тэр ховор нандин ном судруудын хуудсыг шүлсдээд эргүүлдэг байсныг халсан. Хамгийн түрүүнд бид үнэт ховор гэдэг ангилалынхаа ном судруудаа дижитал болгочихсон. Бүгдийг нь, хуудас бүрээр нь тоолоод, хуулбарыг нь хийж цахим болгоод, үлдсэнийг нь тусгай танхимд мэдрэгчтэй, камертай, дохиололтой болгосон. Ер нь хадгалах хамгаалах хамгийн чухал нь байдаг. Зарим оронд үндэсний номын сан нь таван давхар газар доор, дөрвөн давхар нь газар дээр байх жишээтэй. Доод хоёр давхартаа хамгийн хосгүй нандин өвүүдээ хадгалдаг. Тэр нь маш өндөр зэрэглэлийн технологиор хамгаалагдсан байдаг. Газар хөдөллөө гэхэд л байшин нураад алга болсон ч архелогичид шиг буцаагаад гаргаад ирэхэд бүх юм нь байж байдаг. Тийм хэмжээнд л үндэсний номын сангаа байгуулсан байдаг юм. Би энэ салбарт цөөнгүй жил ажиллалаа. Асар их ядарснаа мэдэрч байна. Төр засгийн ямар ч бодлого байхгүй, зөнд нь хаячихсан энэ номын санг, оюуны тэр их өвийг харин ч тэнд ажиллаж ирсэн үе үеийнхэн хадгалаад аваад ирсэн гавьяатай. Алдаад дуусгачихсангүй. Ямар ч байсан хадгалаад өдий хүргэж ирсэн нь том гавьяа. Үндэсний төв номын сан бол бас ч гэж их юм авч үлдсэн шүү.

-Одоо таны уран бүтээл рүү оръё. Та хамгийн сүүлд хэзээ номоо гаргалаа?

-2005 онд нэг ном, 2007 онд нэг ном гаргасан. Дөрөв таван номтой. Түүнээс хойш ном гаргасангүй. Би 2009 онд шүлгийн нэг ном гаргах гэж бэлдсэн ч тэгсгээд орхисон. Тэр үед ер нь галзуу солиотой юм шиг л ажиллаж байсан байна шүү. Зохиолчдын эвлэл, Радио телевиз гээд. Дараа нь Үндэсний номын сангийн захирлаар очоод номын сангийнхаа номтой ноцолдоод өөрийнхөө номыг хойш тавьсан. Сүүлийн дөрвөн жилд цэвэр номын сантайгаа ноцолдлоо. Сая ажлаа өгчихөөд ном, зохиолоо бэлдээд суусан чинь өөртөө харамсмаар сэтгэгдэл төрж байлаа. Өөрийнхөө уран бүтээлийг хойш нь тавьсаар маш их алгуурласан байна. Нас дөч гарчихлаа. Авьяас гэдэг хүн болгонд заяагаад байдаггүй, ховорхон заяадаг зүйл. Тэр ховорхон хувь заяаг дэмий өнгөрүүлж болохгүй юм байна гэж бодогдох болсон.

-Дөчин хэдэн нас бол хүний эрдэм чадал тэгширсэн, ид хийж бүтээх нас шүү дээ. Одоо л жинхэнэ хийгүй, жинтэй том том бүтээлээ гаргах цаг?

-Тэгж бодож л өөрийгөө зоригжуулаад бичиж, янзалж, цэгцэлж байна. Албан ажилтай нэрээр зохиол бүтээл, дотоод ертөнцөөсөө өөрийгөө холдуулчихаж. Хүний сэтгэлгээ гэдэг тийм амархан байдаг бололтой. Манай томчуудын дурсамж, яриа хөөрөөнөөс харахад, өдөр болгон бичиж байх ёстой гэдэг байсан. Тэр үг аргагүй үнэн юм байна.

-Заримдаа хорин хэд, гучин насандаа, маш хүчтэй, хүсэл мөрөөдөл дүүрэн, эр зоригтой үедээ бичсэн зохиол бүтээл нь сүүлийнхээсээ хавьгүй илүү ч байх тал бий шүү, тийм ээ?

-Эр зориг гэдэг чинь л их оносон үг байна. Айж ичих гэдгийг мэдэхгүй нас шүү дээ. Одоо ингээд дөч гараад ирэхээр айж эмээх болгоомжлох нь их болчих юм. Нэг юм бичихээрээ бусдыг, өөрийгөө ч давтчихгүй юм сан гэж болгоомжлох ч шиг. Ийм нэг тууштай биш байдал харагдаж байна аа. Багынхаа шүлгүүдийг хүртэл сөхөж харахад нээрээ би ийм шүлэг бичиж байл уу гэж бодох шиг. Тэр шүлгүүдээ би одоо бэлдэж байгаа номондоо оруулна. Бүр арван хэдэн жилийн өмнө бичиж байсан шүлгүүдээ тухайн үедээ тоогоогүй хаячихсан юм их байх юм.

Тэр болгоноо одоо эргүүлээд цэгцлээд сууж байна. Уран бүтээлчийн хувь заяа олдоно гэдэг бол их том хувь заяа юм даа. Энэ хувь заяагаа гээчихэлгүй, ид шидийг нь гаргаж, энэ том хувь заяаныхаа эзэн нь болж чадаж л амьдрах ёстой юм байна даа гэж бодох боллоо. Хараад байхад зарим нь цаг үеийн жижиг сажиг алдар хүнд ч юм уу, юм юмны золиос болчихож байна. Зарим нь ажил амьдралынхаа буулганд тэр сайхан хувь заяагаа гээж орхичихож байна. Ийм харамсалтай юм байдаг юм байна. Ийм юм руу би ч гэсэн бас орооцолдож явсан тал байх ч шиг. Уран бүтээлчийн хувь заяаг цаг зуурын юманд үрэх ёсгүй юм байна гэж гэнэт бодлоо. Номын сангийн захирлын ажлаа өгье гэж сайд дээр ороод хэлсэн. Маш гайхаж байна лээ. Яамны дарга нар ч их гайхаж байсан. Зохиолч хүн номын сангийн дарга байхаас илүү сайхан ажил юу байна, чи татгалзаж байдаг, ямар сонин хүн бэ, яах гэж байгаа юм, улс төрч болох гэж байгаа юм уу гээд гайхацгаасан.

-Хүмүүс монгол хэл суларлаа гэж их ярих болжээ. Гэтэл уран зохиол, театраас монгол хэл маань унаган төрхөөрөө сонсогдсоор л байгаа шүү дээ. Ер нь үндэсний хэл, түүний дархлааг гудамжнаас биш үндэснийхээ уран зохиол, театрын соёлоос бодитоор нь харах боломжтой л доо. Ингэхэд та жүжиг, хүүрнэл зохиол бичиж байгаа юу?

-Надад хэд гурван өгүүллэг бий. Хоёр ч роман бичиж эхлээд дуусгаагүй яваа. Жүжгийн зохиол ч ганц нэг юм байгаа. Нэг их сайн болохгүй л байна. Нөгөө л хаширладаг зангаараа болоогүй л юм шиг санагдаад байх юм. Гэхдээ бичих ёстой гэж бодож байгаа.

-Та энд тэнд шүлэг уншаад явахгүй юм. Дамчаа гуайтай хамтарч “Хурд” хамтлагийн дуулсан “Эх орон” дуу тань манай мэргэжлийн дууны урлагт төрж гарсан, монгол хүний сүлд дуу шиг болчихсон цөөхөн дууны нэг. “Аавдаа би хайртай” дуу байна. Яруу найрагчийнхаа хувиар та нэг их ил дуугараад байхгүй нь юуных вэ?

-Даргын ажил хийж байгаа хүнд нэг муухай тал байдаг юм. Өөрөө шүлгээ уншаад, өөрийгөө рекламдаад ч байгаа юм шиг муухай харагддаг юм. Хүмүүст ойлгогдохдоо онцгүй юм шиг санагддаг. Тиймээс энд тэнд шүлэг ер уншиж явсангүй. Хүн малаа тоолдог шиг би саяхан хэдэн шүлэг зохиолоо цэгцэлж үзлээ л дээ. Дөчин хэдэн дуу байдаг юм байна. Арван хэд нь хүмүүст овоо хүрчээ. Тэгж байгаад нэг тоглолт хийнэ дээ гэсэн бодолтой.

-Та зохиолчдын, хэвлэл мэдээллийн, үндэсний номын сан бичиг соёлын өвийн гээд их өргөн хүрээнд ажиллаж ирж. Одоо та уран бүтээлд алдсан хугацаагаа нөхөх боломжтой боллоо. Зохиол бүтээл рүүгээ нэлээн шуналтай орж, жинтэй бүтээлүүд гаргах байх гэж бодож байна?

-Хүмүүс, найз нөхөд, хань ижил маань ч хэлж байна. Чи одоо уран бүтээлээ хийгээч гэж сүүлийн үед хэлдэг болсон. Ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд чадах юмаа хийх л ёстой юм байна. Ер нь заавал Монголын сонгодог, дэлхийн сонгодог болох ёстой биш. Өөрийнхөө хэмжээнд ертөнцөөс авсан юмаа олон түмэнд түгээх ёстой юм байна гэж бодогдож байна шүү. Би өөрийгөө их юм алдчихлаа гэж байгаа юм биш шүү. Хорин таван боть номоо гаргачихаад Түдэв гуай хэлж байсан. Би амьдралдаа нэг удаа уран бүтээлийн чөлөө авч үзээгүй, хэзээ ч ажлаа тасалж байгаагүй, би насаараа ажил хийсэн гэж хэлж байсан. Хүн өөрийгөө зөв зохион байгуулж чадвал ямар их зүйл бүтээдгийн жишээ энэ л дээ.

-Хуучин цагийг бодвол өнөө үед амьдралын хурд гэж нэг том юм бий болчихоод байна л даа. Ийм том ялгаа байна. Ялангуяа уран зохиолын ерээд оныхны даван туулж яваа амьдрал бол бүх талаараа давтагдашгүй?

-Би заримдаа жар, дал, наяад оны зохиолчдыг маш азтай хүмүүс гэж боддог. Орчин нөхцөл нь хангалттай байсан. Ажлаа ч, бүтээлээ ч хийгээд, бүтээлийг нь төр аваад хэвлээд борлуулаад өгчихдөг байв. Энэ бол маш том аз шүү дээ. Бидний үед тийм юм байсангүй. Бид бол нөгөө л картын бараанаасаа эхлээд гүйгээд л гүйгээд л өдий хүрсэн. Гэр бүл, үр хүүхэд, орон байр бүх юмыг өөрийнхөө бор зүрхээр зүтгэж бий болгож, гүйж туулж амьдарч байна. Амьдралаа л нэгдүгээрт тавихаас өөр аргагүй л болдог юм байна шүү дээ. Ингэж хорин жил ухаан жолоогүй харайж харайж одоо л нэг сэхээ авч байх шив дээ. Нөгөөтэйгүүр, жинхэнэ уран бүтээлчид бол манай ерээд оныхны туулсан шиг ийм л цаг үеэс төрдөг. Өөрсдийгөө магтаж байгаа юм биш. Ер нь Монголын уран зохиолд ерээд оныхон бол яах аргагүй бүхэл бүтэн том тэсрэлт болж гарч ирсэн дээ. Үүнийг хүссэн ч хүсээгүй ч хүлээн зөвшөөрөх ёстой гэж боддог. Би бол үеийнхнээрээ бахархдаг. Тэглээ гээд Зохиолчдын хороонд олон жил ажиллахдаа зөвхөн үеийнхнээ мандуулаад, бусдыг нь доош нь дарах ажил хийгээгүй. Үүндээ бас их сэтгэл өег, бахтай л байдаг юм.

-Уран зохиолд менежмент яаж хиймээр юм бэ. Зохиолч зөвхөн бүтээлээ хийгээд амьдрах бололцоог та өнөөдөр төсөөлж байгаа юу?

-Менежмент хэрэгтэй л дээ. Гэхдээ энийг хийгээд явж байгаа жишээ нь, зураачид байна. Зохиолчид ч бас үүний төлөө өөрсдийгөө боловсруулах, зах зээлээ олж авах ийм юмнуудыг бас хийх шаардлагатай байх л даа. Үүнд төр үүрэггүй л дээ. Гэхдээ төрийн нэг ерөнхий бодлого л байх ёстой гэж боддог. Тэр бодлого нь хэн нэгэн алдар хүндтэй хүний төлөө биш, хэн нэгэн алдар хүндтэй хүнийг бий болгохын төлөө биш, ерөнхий Монголын утга зохиол гэдэг том юмыг л бий болгох түүний төлөө байх ёстой. Ямар ч төрд байх л ёстой зүйл.

-Сүүлийн үед та шүлэг бичив үү?

-Бичсээн. Сая гавьяат боллоо гээд зохиолчид маань баяр хүргэлээ л дээ. Бүгд баяр хүргэж үг хэлсэн чинь манай А.Эрдэнэ-Очир, Ж.Баяржаргал хоёр ийм нэг шүлэг байдаг шүү өөрт нь нэг сануулъя гээд миний шүлгээс уншиж өглөө. Их сонин гоё санагдаж байлаа. Миний дуунуудаас дуулаад, шүлгийг маань уншсан чинь нулимс гарах гэж байна лээ шүү. Би ийм шүлэг бичдэг байсан юм байна шүү дээ, одоо яасан хөлдүү болчихоо вэ гэж бодогдож байгаа юм чинь.

-Яруу найрагч Х.Чилаажав “Хурд” хамтлаг хоёр уран бүтээлийн нандин холбоотой. Эдний Отгонбаяр бас гавьяат болоо. Та хэд уулзав уу?

-Ярьцгаасан. Хурд хамтлаг миний арван есөн шүлэгт аялгуу хийж дуулсан байдаг юм. Дандаа номонд орсон шүлгүүдээр маань хийсэн дуунууд юм.

-Та соёлын салбарт нэлээн олон жилээ зарцууллаа л даа. Харин одоо өөрийн уран бүтээлээ бодох цаг ирж байна. Танд баяр хүргэе?

-Бичнэ ээ л гэж бодож байгаа шүү дээ. Дараагийн удаа яривал өөр юу ч ярихгүй, зөвхөн уран бүтээлээ л ярья.

Н.ПАГМА

Categories
мэдээ утга-зоxиол

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Н.Пагмын “Үл гүйцэлдэхүйг загварчлах нь” DNN.mn

Сэтгүүлч, яруу найрагч Намсангийн Пагма 2007 онд “Үл гүйцэлдэхүйг загварчлах нь” яруу найргийн номоо хэвлүүлсэн юм. Яруу найраг, утга зохиолын хүрээний томчуул “Н.Пагма энэ номоороо өөрийгөө Монголын яруу найргийн ертөнцөд тамгалсан” гэдэг юм. Эрхэм найрагчийг “Өдрийн сонин”-ы мэргэн уншигчид “Сонгодог урлаг”, “Тайзнаа” зэрэг буланд дэлхийн сонгодгуудыг бичиж, Монголын урлагийн соруудтай цувралаар ярилцдаг байсныг санаж байгаа болов уу.

Зохиогч номынхоо “Өмнөх үг” хэсэгт “Энэ номоо бичсэн үеэ эргэн санахад миний хувьд зарим талаар маш хүнд үе байсан бөгөөд үүгээрээ хосгүй үнэ цэнэтэй тийм үе байв. Учир нь чухамхүү энэ үед би бусдын адилаар, бидний амьдралд тохиолддог бүхий л бэрхшээлийг туулж, ертөнцийн өөрчилж болзошгүй үнэнтэй нүүр тулан учирч түүнийг хүлээн авч, тэвчин өнгөрүүлж чадсан үе билээ. Энэ нь, ялангуяа сэтгэл зүйн талаар өөртөө хүч зоригийг бий болгох амаргүй хөдөлмөрийг надаас шаардсан хэрэг юм…Оюун сэтгэлийн хөгжил дэвшилд хүрэх арга замууд хэлбэрийн хувьд ялгаатай, олон янз авч эдгээр нь эцсийн бүлэгт бүгдээрээ үлэмж ихээр энэрэхүй үзэлд хүрэх үйл явц байдаг. Бүх сэтгэгчдийн нөр их хөдөлмөрөөрөө олсон тэрхүү цорын ганц ололт нь тэднийг энэрэнгүйн үзлийг номлоход хүргэж байсныг харахад наад зах нь сонирхолтой юм…Бидний тийнхүү нэрлэж (ёс суртахуун хэмээн) бусдад тулган хүлээлгэхийг санаархаж байдаг дүрэм журмууд нь ерөөсөө хиймэл, хоосон санаа бөгөөд тэр нь ертөнцийн өөрийнх нь ёс зүйтэй нийцэх бус, түүнийг илэрхийлэх бус харин түүнтэй ямагт эсрэгцэж байдаг. Чухам иймээс л хүний амьдрал гуниг уйтгараар дүүрэн билээ, зовлон жаргал хоёр адилхан билээ, гуниг баяр хоёр ялгаагүй бөгөөд нэгэн цог ажээ. Үүнийг би энэ номыг бичихийн тулд бус, бичиж байхдаа болон бичсэнийхээ дараа л сая анзаарч харсан билээ. Ийм учраас энэхүү ном нь гүн ихээр энэрэхүйн тухай (байгаль ертөнцийн ёс зүйн тухай) өгүүллүүд юм” хэмээжээ.

“Утопи энэрэнгүйд хүрэхэд” гэх тодотголтой шүлгүүдээс нь дээжилье, уншигч танаа.

* * *

...Зүүрмэглэн байхдаа би

Сарны тусгалд хоёронтаа дүрийг олж

Толины тусгалд хоёронтаа хэлбэр биеийг олж

Зүүрмэглэн байхдаа би

Агаарт түмэнтээ биеэр түгэн дэлгэрч

Цаг хугацаанд харин үл хуваагдана

* * *

…Сүмийн эргэн тойронд шувууд мөчрийг сандайлан сууж

Дээврийн шулганах хонхостой нийлэн шулганалдана

Сүмийн хаалгаар гадагшлан сонсдох нь

Бурхадын магтаал! Мөргөлийн дуун!

Бурхадыг цэнгүүлэх сүмийн хөгжим!

Үнэнээ өчин, гэм нүглээсээ айж бултахаар завдан агч хүмүүс!

* * *

…Зүрх сэтгэл минь гоё сайхан ваар шиг

Үнэ цэн бүхнийг дотроо хадгалж

Тийнхүү бүх юмс, дэлхий ертөнц үргэлжийн цэл залуугаараа

Хаврын анхилам шүхрийн доор амсхийнэ

* * *

…Энэ л байшинд хөл тавьснаас хойш

Хоёул хагацан салахгүй болно, хэзээ ч

* * *

…Ай, Don!

Амьдрал, бүх юмс гал цогтойёо гэрэлтэн…

Амьдрал дулаахан, хүчтэй

Шархиран өвдөг

Цурхиран уйлаг

* * *

Гүн цэнхэр тэнгэрийн дор уулсыг түшиж амьдарна

Гүн гүнзгий далайн эргийг диваажингийн суудал гэж итгэнэ

* * *

Үдэш бүрхжээ

Хонгор найз ирж явна

Хонгор найзын догдолсон энхрийлэл

Чиглэн ирж явна

Өглөөхөн чи дэргэдээс минь

Гоо сайхан бүхнийг минь аваад

Олны хөлт гудамж руу яаран одсон билээ

Гар хуруугаа халуун оргихыг чи мэдэрнэ

Гоё сайхан хэлбэр дүрсийг чи мэдэх болж

Өнгөрөгч үдшийн дараа бас дахин дараагийн мөчүүдэд

Чи над руу яарсаар…

* * *

Гоо үзэсгэлэн чинь хүнийх биш

Сахиулсан тэнгэрсийн хүслээр бүтээгдсэн байна

* * *

Шувууд хавраар эргэн ирж

Энд л үр зулзагатай болно

Алс холоос, өвлөөс эргэн ирэхдээ

Үр хүүхэдтэй болох мөрөөдөл хүслээ гүйцээнэ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

“Оройтсон бороо” одоо ч шивэрсээр… DNN.mn

Өдрийн сонины архиваас дараах нийтлэлийг хүргэж байна.


Соёлын тэргүүний ажилтан, дуучин М.Бямбажав ерээд оны эхээр олны
танил болоогүй шавилхан залуу байхдаа

“Хавар нь ороогүй бороо

Намартаа яагаад шаагина вэ

Хавар нь дэлгээгүй дэлбээ

Намартаа яагаад ургана вэ” хэмээн
“Оройтсон бороо”-г хэвлүүтэн дуулснаас хойш энэ дуу ард түмний хайртай бүтээл
болжээ. Энэ дууны шүлгийг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу
найрагч Бат-Очирын Туяа зохиожээ. Чингисийн амиа, Хоньдын зээ овогт Б.Туяа
хэмээх эл зохиолч “Шувуудын ганганаан”, “Таван цагаан шувуу”, “Мөнгөн зүүний
учиг”, “Нууцлаагүй нууц”, “Өөдсөн Өнхүүлэй”, “Шулга болжморын жиргээн”, “Чоно залбирна, хүмүн улина, Бурхан уйлна”
зэрэг тууж, өгүүллэг, яруу найргийн олон номыг уншигчдынхаа алган дээр тавьсан
ч “Оройтсон бороо” нь л түүний овог болсон гэхэд хилсдэхгүй. Б.Туяаг их зохиолч
Нацагдоржийн бурхан болсон 1937 онд Москва хотын нэгэн эмнэлэгт мэндлэхэд хүйг
нь боож авсан эх баригч орос эмэгтэй Алиса гэдэг нэр хайрлаж “Таван тивийн
хэлээр зохиол бүтээл нь түгсэн алдартай зохиолч төрлөө. Энэ нэрээрээ зохиолоо
бичиж алдаршвал би заавал ч үгүй таньж уулзах болно” хэмээн цэл залуухан аав,
ээжид нь бэлгэшээн ерөөсөн гэнэм. Ирээдүйн зохиолчийн аав Говь-Алтай аймгийн
Хантайшир сумын уугуул Я.Бат-Очир, ээж Ч.Цагаанхүү нар нь ЗХУ-ын хүн эмнэлгийн
сургуульд сурч байсан анхны монгол оюунтнууд байж. Зохиолч Туяа гуай их
зохиолчийн мөрөөр Германы Лейпциг хотноо очиж, Карл Марксын их сургуулийг олон улсын харилцааны
мэргэжил эзэмшсэн анхны таван оюутны нэг болсондоо одоо ч бахархдаг юм билээ.
Түүнийг гадаадын сургуульд явах болоход нь МАХН-ын Төв хорооноос Алиса нэрээр
нь өөнтөглөж “Юун хачин хөрөнгөтний нэртэй юм. Монгол нэр авахгүй бол сургуульд
чинь явуулахгүй” гэж шахаанд оруулан сандаргасан тул Туяа хэмээх нэрээ авчээ.


Оройтсон бороо

Хавар нь ороогүй бороо

Намар нь юундаа шаагина вэ

Хавар нь дэлгээгүйдэлбээ

Намар нь яахинургана вэ

Оройтсон
бороо

Цэцэг
нэхнэ үү

Оройтсон
хайр

Цэнгэл
нэхнэ үү

Гил хар шөнийн зүүдэнд

Цал буурал зүстэй ирнэ үү

Үүрээр гомдсон зүрхийг

Үдшийн болзоонд дуудна уу

Оройтсон бороо

Навчис эрнэ үү

Оройтсон хайр

Намайг ээрнэ үү

Өвлийн цасны нөмөрт

Өнчин цэцэг ургана гээ юү

Зүрхэнд буусан хярууг

Зүүдний наранд хайлна гээ юу

Оройтсон бороо

Хавар хөөнө үү

Оройтсон хайр

Жаргал хайна уу

Одтой насны хайр шившил

Оройтсон бороо зүрхэнд шивнэнэ дээ

Цэнгэл жаргалаас зугтаагүй ч

Цэцэглэх нь оройтсон тавилан юм даа

Оройтсон бороо

Хавар эрнэ үү

Оройтсон хайр

Ханиа
хайна уу

Германд боловсрол эзэмшсэн залуу бүсгүй 1962 онд сургуулиа дүүргэж
ирээд Гадаад худалдааны яаманд мэргэжилтнээр амжилттай ажиллаж эхэлсэн ч хүйн
ээжийнхээ зөгнөсөнчлөн зохиолч болохоор сэтгэл шулуудан Монголын радиогийн
жүжиг-уран зохиолын редакцид төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа даргын
цэргээр очжээ. Унаган шахуу герман хэлтэй түүнийг тун удалгүй Монголын үндэсний
телевизийн кино албанд томилсон байна. Тэрээр 1962 оноос их гүүш Мишигийн
Цэдэндоржийн захиалгаар Бертолт Брехт, Анна Зегерс, Бруно Апитц зэрэг дэлхийн
сонгодог зохиолчдын тууж, өгүүллэгийг монголчилсноос гадна 1971 оноос
телевизийн олон ангит уран сайхны кинонуудыг шууд орчуулж өөрийн хоолойгоор дуу
оруулсан байдаг. “Андын нурууны нууц” зэрэг тавь гаруй олон ангит киног
орчуулсан гэж бодохоор ганц хүнд ахдахаар овоохон хөдөлмөр байгаа биз. Дуу оруулсан
киноных нь үзэгчид одоо ч түүнийг хоолойгоор нь таньдаг гэж байгаа. Тэрээр
нэгэн үе ШУА-ийн мэдээллийн хэлтэст эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласнаа бас
л их зохиолчийн хувь заяатай холбон бэлгэшээнэ. Насны хань Чорос Д.Бирадамбаа
даган Москвад олон жил амьдарсны эцэст уран бүтээлдээ шамдаж эхэлжээ. Түүний
шүлгээр бүтсэн “Оройтсон бороо” дуу түмний түгээл ид болж байх үед “Утга
зохиол, урлаг” сонины 1993 оны нэгэн дугаарт “Ганц дууны үгээр олон яруу
найрагчийн толгойд цахиур хагалсан хүүрнэл зохиолч” гэж өргөмжлөн бичсэн
байдаг. Зохиогч эл шүлгээ өврийн дэвтэртээ 1974 онд бичиж тэрлээд үндсэндээ
мартчихсан байтал өргөмөл дүү Д.Батхүү нь сониучирхан сэм хулууж аваад найз
нөхдөдөө тараан, тэр ч бүү хэл ая зохиогч А.Батсүх гэдэг залуугаар ая хийлгэсэн
нь нэгэн үе Эрхүүгийн оюутнуудын сүлд дуу болсон аж. “Чингис хаан” хамтлагийн
ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан энэ аяар нь гитардан жигтэйхэн сайхан
дуулдаг байсныг зохиогч өгүүлж байна. Хожим Улсын драмын эрдмийн театрын
жүжигчин Батсүхийн Нармандах аавынхаа зохиосон аяны хувилбараар дуулж, уран
бүтээлийн цомогтоо оруулсан аж. Нууж явсан шүлэг нь ийн олны хүртээл болсон
хойно найз нөхдийнхөө зөвлөснөөр дорнын их найрагч Явуухуланд үзүүлж дээ.

Явуу найрагч мөнөөх шүлгийг үзээд “Хайр шившил” хэмээх хоёрхон
үгийг сольж бичингүүтээ царайгаа мишилзүүлэн “Охин минь, болчихжээ болчихож. Би
чиний дууг баталчихлаа. Ингээд чи нэг сайхан дуутай боллоо. Дуу гэдэг маш
сайхан шүү дээ. Чи хичнээн зузаан мянган том роман бичээд нэг сайн дууны чинь
энд хүрэхгүй. “Цэнхэр дурдан алчуур”-ыг сана даа. Дуу бол хүн бүхэнд хүрч
чаддагаараа гайхамшигтай. Ганц дуу ч ганцдахгүй. За ингээд, гарын таван хуруу
шиг таван сайн дуутай болчихвол зохиолч хүн болоод явчихна даа” гэж урмын
ташуур хайрлажээ. Ингээд “Оройтсон бороо”-нд залуу хөгжмийн зохиолч Лхагвасүрэн
аялгуу зохиож, уралдаан тэмцээнд байр эзэлж, Ханын материалын үйлдвэрийн
ажилчин залуучуудын сүлд дуу нь болж гэнэ. Харамсалтай нь эл ая нь бурхан
болооч хөгжмийн зохиолчийнхоо хамт удаан наслалгүй хотын баруухан талд түрхэн
зуур дуулагдасхийгээд мартагджээ. Явуу найрагчийн дуу болгохоор баталсан эл
шүлэгт соёлын тэргүүний ажилтан М.Бямбажав “Үлгэрийн тэнхим”-ийн дуучин байхдаа
аялгуу зохиож, банзан гитартайгаа дуулснаар жинхэнэ утгаараа дуу болон жигүүр
дэлгэж, ард түмэнд түгжээ. Бямбажав дуучин тэр үед арван есхөн настай байсан
гэдэг. “Оройтсон бороо” дууны шүлэг нас зөрүү хайртай хосын гунигт учралын
тухай ч юм уу, эсвэл насан багадаа учирсан ч амьдралын харгуйд алдаж эндэн
хагацсан тавилангийн тухай зүрхэнд шивнэх шиг санагддаг.

Туяа зохиолчоос хүмүүс дууных нь талаар асуухдаа нууц амрагийн
тухай яриулах гээд байдаг гэж байгаа. Зохиогч харин “Оройтсон бороо”-ныхоо
тухайд ийн хүүрнэсэн юм. Туяа гуайн аав Бат-Очир Халх голын байлдаан, Баруун
хилийн тулгаралтад оролцсон дайчин байсан бөгөөд дайн тулаантай тэр жилүүдэд
маршал Х.Чойбалсангийн эмчээр ч ажиллаж байсан цэргийн эмч хүн байж. Эх орныхоо
өмнө эр цэргийн тангараг өргөсөн дайчин гэрийн бараа ховорхон харж, томилолтоор
их явах. Энэ л үед залуу сайхан амраг Ч.Цагаанхүү нь охинтойгоо олон жил
ганцаар амьдарч, улмаар сэтгэл нийлсэн нэгэнтэй хань ижил болжээ. Охин Б.Туяа
нь ээжийгээ өөр хүнтэй болсонд гомдож, аавыгаа дайнаас эргэж ирүүт ээжээсээ
тусгаарлан хамт амьдрах болсон аж. Харамсалтай нь, дайн тулааны хүнд ширүүн
талбараас эсэн мэнд эргэж ирсэн хайрт аав нь тавин нэгэн онд хээрийн сургуулийн
үеэр буу алдсан нөхрийнхөө суманд оногдон нас барсан байна. Эцгийнх нь гунигт
тавилан ээжийнх нь буруугаас болсон гэж төсөөлөх Туяа охин түүнийг үзэн ядаж
“Би хүний хань болохоороо хэзээ ч ээж шиг ханиа гомдоохгүй” гэж бяцхан
зүрхэндээ андгайлан тангарагласан нь хожмоо харууслын таталбар болон дэвтэрт нь
үлдсэн түүхтэй ажгу. Цагаанхүү гуай хожим ардын жүжигчин Д.Дамдинсүрэн гуайтай
ханилан сууж, охины гомдол ч сөөм сөөмөөр сарнин одож, хүний амьдралын эрээн
барааныг ойлгон ээжийгээ хүндлэн асарсаар ерэн насны босго давуулсан гэнэм. Ийм
л нэгэн гунигийн дундаас “Оройтсон бороо” олны сэтгэлд одоо ч шивэрсээр л
байнам.

Туяа найрагч багадаа амссан амьдын хагацал, сэтгэлийн шаналангаа
үр, зээдээ амсуулахгүйн тулд насны ханьдаа үнэнчийн өлмий сөгдөж наян насны
босго шүргэж яваагаа дурдсан. Монгол Улсын гавьяат жүжигчин, “Харанга”
хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн ээж Д.Дашцэрэн гуайтай Б.Туяа найрагч хар
залуугийн найз аж. Тиймээс дуучин Лхагвасүрэн ээжийнхээ найзын алтан хуримыг
шижгэр тэмдэглэж өгсөн гэдэг. Бирадамба гуай тэр хоёр 1953 оны дөрөвдүгээр
сарын 27-ны өдөр анх танилцсанаас хойш тавин жилийн хойно шүү дээ. “Удахгүй
“алмаазан хурим”-ыг чинь хүү нь тэмдэглэж өгнө өө” гэж гавьяат Лхагваа амлаад
байгаа юм билээ. Алмаазан хуримаа мөд тэмдэглэх хосуудын ганц охин Өлзийханд нь
аав, ээж хоёрынхоо шүтээн болсон Билгүүн, Гүнболд гэсэн хоёр зээ төрүүлж өгсөн
нь эдүгээ гадаадад ажиллаж, амьдарч байгаа юм байна. Б.Туяа эдүгээ “Оройтсон
бороо”-ноос гадна Явуу найрагчийн ерөөсөнчлөн гарын таван хуруунаас ч олон
дуутай болжээ. Тэрээр хөгжмийн зохиолч Г.Цэндоржтой “Таван цагаан шувуу” цуврал
романс зохиосноос гадна “Би эрчүүдийг хүснэ” жүжгийн дуу, “Хуурын нулимс”,
“Хүсэл зөнгийн алтан хараацай” зэрэг олон арван дууны эзэн болоод байгаа
билээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

“Утгын чимэг 2021” наадам болно DNN.mn

Утгын чимэг” наадмын шилдэг 10 өгүүллэг тодорлоо

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам зарлагдлаа. Бүтээлүүдийг энэ сарын 15-наас арваннэгдүгээр сарын 15-ныг дуустал Монголын зохиолчдын эвлэлийн 206 тоот өрөөнд хүлээж авах аж. Уг наадамд оролцох бүтээл нь сэдвийн хувьд өргөн хүрээг хамарсан, туурвил зүйн шинэ эрэлхийлэл болсон, өмнө нь хэвлэгдэж, цахим орчинд нийтлэгдэж байгаагүй өгүүллэг байхыг анхаарууллаа. Уг наадмыг 1990 оноос “Шувуун саарал” нэртэйгээр зохион байгуулж, оны богино хэмжээний шилдэг хүүрнэл зохиолыг шалгаруулж эхэлсэн бөгөөд 1993 оноос “Утгын чимэг” хэмээн нэрээ өөрчилжээ. Уг наадмыг 2001-2004, 2007-2008 онд түр завсарласнаас хойш жил бүр тогтмол зохион байгуулж байна.

Categories
мэдээ утга-зоxиол

Нүүдэлчний намар DNN.mn

ФОТО: Алтан шар намрын улирал | Ublife

Нарс найгаа л

Навчис хийсээ л

Уулын оройд будан суугаа л

Шувуу буцаа л

Хяруу унаа л

Өвсөн толгойд цан буугаа л

Тал шарлаа л

Мал холхио л

Сэтгэл гэнэт догдлоо л

Салхи сэвээ л

Өрх дэвээ л

Өлөн шороо тэнгэрт босоо л

Айлууд нүүгээ л

Амрагууд холдоо л

Аяа хөөрхий нүүдэлчний намар аа гэж

Б.Явуухулан

Categories
булангууд мэдээ нийгэм утга-зоxиол

Р.Чойномын нэрэмжит яруу найргийн наадам болно DNN.mn

Яруу найргийн эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, уншигч, зохиолчдын уулзалт, ном соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2022” яруу найргийн наадмыг Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын ивээл дор 11 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.

Шалгаруулах журмын хувьд яруу найрагчид 2022 онд бичсэн чөлөөт сэдвийн гурван бүтээл ирүүлэх бөгөөд наадамд оролцогчоор шалгарсан тохиолдолд эхний шатанд ирүүлсэн бүтээлүүдийг уншина танилцана. Бүтээлийг судлаач, яруу найрагч, уншигчдын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн баг шүүн тунгааж, дараагийн шатанд 20 найрагчийг шалгаруулах зарчмаар явагдах юм.

Оролцох яруу найрагчдын бүтээлийг товч анкет, нэг хувь зургийн хамт 2022 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан дээр цаасаар болон цахимаар (choinom_udsan@yahoo.com ) хүлээн авах аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Ш.Гүрбазар: Ажлын гараагаа зохиолчдын хорооноос эхэлсэн минь надад маш их ухаарал, бахархал өгсөн DNN.mn

Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазартай ярилцлаа.


-Гурван сайхан бүтээлээрээ төрийн соёрхол хүртсэн талаар тань ярилцлагаа эхэлье…

-Монгол хүний бэлгэшээл юм, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор миний бүтээлүүдэд Монгол Улсын төрийн шагнал хүртээсэнд үнэхээр их баярлаж, догдолж байгаа. Уран бүтээлч хүний хувьд хамгийн сайхан хүндлэл. Монголоо, эх орноо гэсэн шүлгүүдэд минь өгсөнд их баяртай байгаа. Төр түмний буяндаа, түмэн олондоо их баярлаж талархаж байгаа. “Би Монголоороо гоёдог” 16 бадаг урт найраг. “Би Монголтойгоо адилхан” ч бас л бэсрэг найраг, тэдгээрийг Болор цомд уншиж байлаа. Харин “Монголын үнэртэй салхи” бол шүлэг л дээ. Энд нэг л юм бий. Ерөөсөө манай алдартай эх орны шүлгүүд голдуу нийтлэлийн аястай байдаг. Тэгэхээр би ер нь эх орныг иргэний уянгын хийсвэрлэл маягаар туурвиж үзье гэж л энэ гурван бүтээлээ хийсэн юм. Энэ нь сэтгэл, сэтгэмж хоёр л гэсэн үг шүү дээ. Тэгэхээс улстайгаа адилхан, улсаараа гоёно, эсвэл нэг улсын үнэртэй салхи гэж байдаггүй байх. Шүлгүүдийг маань Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, Д.Отгонбаяр, Т.Сэр-Од нар бага хэсгээс нь дуу хийж хүмүүст хүргэж олонд танил болгосон. Эх орны шүлгийг бусдаас онцлогоор гаргаж ирнэ гэсэн бодол байсан. Бодол минь төр түмний хайр, хүндэтгэлд хүрлээ дээ. Уран бүтээлийн тухай ярихад, намайг уран бүтээлч болгож энэ онгодыг хөтөлсөн хүмүүсийг их боддог. Нэгдүгээрт, миний өсөж төрсөн говь нутаг, ижий аав минь намайг их уяхан болгосон юм. Үүнээсээ шүлэг бичих санаа төрж зургадугаар ангидаа шүлэг бичиж эхэлсэн. Долдугаар ангид Боржигоны яруу найрагч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Р.Батжаргал багштай учирч, наймдугаар ангиасаа домогт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайтай танилцаж 2019 он хүртэл ах дүүс шиг хамт явлаа. Оюутан байхдаа 1974 онд Д.Намдаг гуайтай гэрт нь танилцаж багш шавийн барилдлагатай болж хичээлд нь сууж байсан. Энэ сайхан хүмүүсийг бараадсаны буян, утга зохиолын их буян надад ирсэн гэж боддог.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ. Хайрын тухай шүлэглэсэн роман бичээд дуусч байгаа гэсэн үү?

-Тийм. Би 2018 онд “Бодь гөрөөсний зүүд” гээд эхийн сэтгэлийн тухай өгүүлсэн шүлэглэсэн роман бичсэн. “Бодь гөрөөсний зүүд” роман надад их том урам өгсөн. Романыг уншсан, үзсэн, судалсан судлаачид их сайн шүлэглэсэн роман болсон гэсэн. Үүнээсээ урамшин хайрын тухай шүлэглэсэн роман бичээд бараг дуусч байна. Хайр сэтгэл мөнхийн сэдэв учраас энэ оны сүүл гэхэд гаргачих болов уу гэсэн бодолтой байна даа.

Мөн төр түмэн минь үнэлж Монгол Улсын төрийн соёрхол гэх сайхан шагналаа хүртээсэн учраас энэ оны аравдугаар сард төр түмэндээ талархсан сэтгэлээ илэрхийлэн талархлын тоглолт хийх гэж байгаа. Найр наадам гэхээс илүүтэй талархлын тоглолт зохион байгуулах нь хүнд хүртээлтэй, надад бахдалтай юм даа. Талархлын тоглолтыг “Hero” энтертайнмент зохион байгуулна. Үүнийг ажил, бүтээл болгон явж байна. Миний үеийн зохиолч хүн дээд тал нь 30, 40 номтой байх юм. Би гэхэд жүжиг, яруу найргийн шүлэглэсэн роман зэрэг зургаан номтой. Надад өөрийн бүх шүлгүүдээ буцаж түүвэрлэн тав зургаан номоосоо өөрийнхөө хураангуйлсан шүлгийн ном гаргах бодол ч байна. Миний шүлгүүд миний л бодол, надтай л адилхан. Би ч эх оронтойгоо адилхан шүү дээ. Миний түүвэрлэсэн шүлгээс нэг хүн ч гэсэн мэддэг байгаасай гээд түүвэрлэсэн зохиол дээрээ ажиллаж байна. Уран бүтээлч, сэтгүүлч хүний хувьд хөтлөх урлагт 50 жил, шүлэг бичихэд 50 гаруй жил, жүжиг зохиоход 40 жил, Монголын сэтгүүл зүйн салбарт 40 гаруй жил хөдөлмөрлөн ажиллаж, тус дөрвөн ажлыг өөрийн чадлын хэмжээнд хийгээд зорьж яваа хүн. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд “Гүрбазар” академи үүсгэн байгуулсан. Залуучуудыг соён гэгээрүүлэх, өөрийнхөө мэддэг чаддаг зүйлсээ Академийнхаа хүрээнд зааж, сургалтдаа шинэ хөтөлбөрүүдийг нэмэх зэрэг ажлуудтай байна. Үүний зэрэгцээ хоёр, гурван хүний кино зохиол дээр сууж зүгээр суухгүй л байна, ах нь.

-Хүний сэтгэлд хоногшиж үлдсэн, ямар ч хүнд уудалмаар дурсамж бий шүү дээ. Тийм дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Ер нь маш олон дурсамж бий. Хүн дурдатгал, дурсамж хоёр дээрээ амьдарч, өөрийн бодлынхоо талыг дурдатгалаараа бүтэн болгож байдаг юм гэсэн. Хүн заавал өөр рүүгээ нүүж байдаг амьтан. Өдий настай хүн бага нас, 15, 16 настай үеэ бодож, тэр дурдатгалаараа эргэж, хөглөгдөж явдаг. Хүний амьдралын тал нь дурсамж байдаг. Юу мөрөөднө тэр хэмжээндээ сайхан явна, сайхан зүйлсийг мөрөөдөж түүнийгээ бүтээхийг зорих гэдэг шиг мөрөөдөл, дурсамж хоёр хүнийг авч явдаг гэж боддог. Эргээд бодоход ямар нэгэн юм хийж бүтээн хүнд харуулах гэдэг их сайхан. Би долдугаар ангидаа шүлэг уншин урлагийн үзлэгтээ алтан медаль авч, намар нь аймгийнхаа тоглолтод оролцсон. Тэр үед ижий аав хоёрыгоо суулгаад, ээж аавдаа харуулах нь хамгийн сайхан байсан. Ижий ааваараа магтуулна гэдэг их сайхан. Одоо бодоход уран бүтээлч болж байгаагаа ээж аавдаа харуулсан байх нь. Манай аав над руу нэг хараад, нэг эргэж хараад суугаад байж билээ. Одоо эргээд бодох нь ээ нэгдүгээрт, энэ чинь миний хүү шүү гэсэн байртай, хоёрдугаарт хүмүүс хүүг минь хэрхэн хүлээж авч байна вэ гэсэн байдалтай байсан. Тэр нь л их сайхан, гоё дурсамж байдаг даа.

-Та зохиолчдын хороонд С.Эрдэнэ, Д.Мягмар, Д.Пүрэвдорж зэрэг зохиолчидтой хамт ажиллаж байсан үеэсээ дурсахгүй юу?

-1977 онд Улсын багшийн дээд сургуулийн монгол хэлний ангийг төгсөн шууд Монголын зохиолчдын хороонд хуваарилагдсан. Тэр үед Д.Пүрэвдорж, Б.Явуухулан, Д.Мягмар, Н.Банзрагч зэрэг дандаа алдартай зохиолчидтой нэг коридорт явж, нэг сонин уншиж, нэг цайны газарт хоол иднэ гэдэг надад их хувь тохиосон. Зохиолчдын хороонд хоёр жил ажилласан минь надад А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд хоёр жил сурсантай адил тийм их өглөг, буянаа өгсөн. Анхныхаа ажлын гарааг зохиолчдын хорооноос эхэлсэн минь надад маш их ухаарал, бахархал өгсөн.

-50 гаруй жилийг утга уран зохиолын салбарт зориулсан хүний хувьд залуу үеийн төлөөлөлдөө юуг захиж, зөвлөх вэ?

-Би тийм сэдвээр бичвэл зохиолч болно, энийг бич тэрийг бич гэж сэдэв заахгүй. Сүүлийн үед манай залуучууд их сайн бичиж байгаа. Яруу найрагчдын шүлэг өөрийнх нь үзэл бодолтой л адилхан байдаг юм. Тиймээс тэр яруу найрагч сайн, тийм шүлэг хамгийн мундаг шүлэг гэж түвшин тогтоож болохгүй. Миний шүлгүүд надтай л адил миний л үзэл бодол, таалагдах хүн, таалагдахгүй хүн ч байж болно. Залуучуудыг, ялангуяа зохиолчдыг харахад утга зохиол сурталчилгаа их муудаад байна даа гэж харагдаж байна. Утга зохиолыг ямар зохиол, ямар бүтээл юу гарч ирсэн талаар ерөөсөө сурталчлахгүй байна. “Болор цом” бол утга зохиол сурталчилгаа биш шүү дээ. Хүмүүсийг уран зохиолд хайртай болгох баяр. 1970-1980-аад онд утга зохиол сурталчилгаа маш өндөр хөгжсөн, нэг шүлэг гарахад улсаараа хоорондоо ярилцаж, судалж шүүмжилдэг байсан. Утга зохиол сурталчилгаа, судлал муудсан учраас энэ салбар хөгжөөгүй юм шиг харагдаж байгаа юм. Залуучууд суугаад сүүлийн үеийн дууг гоё дуу гэж байгаа ч хамтдаа сууж тэр яруу найрагчийн шүлэг тийм гэж ярилцаж байхыг хараагүй. Залуучууд өөр өөрийнхөө мэддэг, мэдэрдэг, өмгөөлдгөө л бичдэг.

-Та утга уран зохиол, яруу найраг ямар түвшинд байна гэж хардаг вэ?

-Хатуухан хэлэхэд, би өнөөдөр манай урлаг ямар хэмжээнд явж буй гэдгийг хоёр талтай хардаг. Нэгдүгээрт, жаахан урагшилмаар байна. Өнөөдөр Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Ц.Намсрайжав, Д.Лувсаншарав гуай шиг хөгжмийн зохиолч төрөх ёстой шүү дээ. Дараагийн үе ийм хүмүүсийг бий болгох ёстой. Тэр хэмжээний томоохон бүтээлүүд гарч байна уу гэдэгт анхаарч ийм уран бүтээлчдийг төрүүлэх ёстой. Одоо хүртэл сайхан симфони гарч ирэхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ.

Хоёрдугаарт, XXI зууны монголчууд мөртлөө урлагийн салбарынхаа боловсон хүчнийг гадаадад бэлтгэхэд их муу байна. 1970-аад оны сүүл гэхэд Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 90 хувийг ОХУ-д консерватор төгссөн хүмүүс хөгжимдөж байсан. XXI зуун бол Англид, АНУ-д хөгжмийн сургуульд хүүхдүүдийг сургаж гадны соёлыг дотогшоо оруулж ирэхгүй дотроо бие биедээ дарлаад байж болохгүй шүү дээ. Монголын бүх хөгжмийн зохиолчид дандаа хойно ОХУ-д төгссөн. Тухайлбал, СУИС төгссөн залуучуудаас Соёлын яам конкурс аван улс мөнгийг нь төлөөд гадагшаа сургах хэрэгтэй. Зураач, хөгжмийн зохиолч, найруулагч, удирдаач зэрэг урлагийн бүх төрөлд 10 хүүхдийг сургахад таван жилийн дараа Монголын урлаг хөгжинө. Манай урлаг өөрийгөө тойрч эргэлдээд байж болохгүй. Боловсон хүчнийг бэлтгэж, бодохгүй бол урлаг өөрөө унана. Хүн уншиж, бодохгүйгээр хөгжиж явахгүй. Гэхдээ өнөөдрийн хувьд Монгол Улсын Консерватори, СУИС өөрсдийн чадлынхаа хэрээр боловсон хүчнийг бэлдэж байгаа.

Би Монгол Улсын боловсролын яамны сайдад өнгөрсөн долоо хоногт саналаа өгсөн. “Гүрбазар” академи байгуулж байна, би 300 хүнээс шалган 10 хүүхдийг сонгон шалгаруулж авъя. Тэгээд гурван сар тэр хүүхдүүдэд хичээл заая, ганцхан энэ хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төр дааж хүүхдүүдээс төлбөр авахгүй байх гэсэн саналыг тавьсан. Сургалтын талаар зарлах үед зурагтаар од болох, хурдан нэрд гарах гэсэн сургалт юм гэж зарим залуус ойлгож ирэх нь ч бий. Би 300 хүүхдээс 10 хүүхдийг шалгаруулаад гурван сар бэлтгэж телевизийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, С.Чимгээ нарын дараагийн халааг бэлдэх хүсэлтэй байна.

Төгсгөлд нь хэлэхэд түмэн олон, төрдөө их баярлаж байгаа. Би ганцхан зүйлийг сэтгүүлч хүний хувьд их бодсон. Долдугаар сарын 6-ны өдөр төрийн шагналаа аваад үдээс хойш, маргааш нь цахим хуудсаар олон хүн нийгмийн сүлжээнд их хүндэтгэлтэй хандаж нүдээ олсон шагнал байна гэж хүндэтгэсэн. Ард түмэн минь намайг ямар их хүндлэв ээ, үүний хариуд нэг зүйл хийх юмсан гэдэг бодол төрсөн. Олон түмэндээ маш их баярласан учраас талархлын тоглолт хийх төлөвлөгөөтэй байна даа.

Categories
мэдээ утга-зоxиол

Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121.741 жуулчин иржээ DNN.mn

Монголд 202 мянган жуулчин ирээд байна | News.MN

Монгол Улсад долдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд гадаадын 121,741 жуулчин ирсэн байна. Энэ оны долдугаар сард ОХУ-аас хамгийн их буюу 56,714 жуулчин иржээ.

Түүнчлэн,

  • БНСУ-аас 21,913
  • Казахстан 12,038
  • Америк 4,874
  • Хятад 4,691
  • Герман 2,332
  • Беларусь 2,328
  • Япон 2,173
  • Турк 1,982
  • Франц 1,681 жуулчин ирж, нийт 122,044,073 ам.долларын орлого оруулсан талаар БОАЖЯ-наас мэдээлэв.
Түүнчлэн энэ оны зургаадугаар сард БНСУ-аас 8,841 жуулчин ирсэн бол долдугаар сард 21,913 жуулчин ирсэн байна. 2019 онд тус улсаас 23,585 жуулчин ирж байжээ.

БНСУ-аас Монгол Улсад аялах жуулчдын тоо цар тахлаас өмнөх үеэс буураагүй байгаа нь өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын 178 дугаар тогтоолоор “БНСУ-ын жуулчдыг 2024 оны арван хоёрдугаар сарын 31-нийг дуустал 90 хоногийн хугацаатай визийн шаардлагаас чөлөөлөх” тухай шийдвэр эергээр нөлөөлж байна.