Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Бэгзийн Явуухулан: Хар ус нуурын шагшуурга

Холбоотой Зураг

Хар ус нуурын шагшуурга

Намрын салхинд исгэрнэ
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө
Нүдэнд торойх бараагvй
Нуурын ус цэнхэртэнэ
Нүцгэн уулс чимээгүй
Өнгөн дээр нь сүүдэртэнэ
Хээлэн үлээх салхи нь
Нимгэн мандлыг нь бидэрлэнэ
Зөөлөн исгэрэх шагшуурга
Хөнгөн уйтгар төрүүлнэ

Намрын сэрүүн унахлаар
Нуурууд ийм л байдаг уу
Хотон шувуудаа нүүчихлээр
Хатан хар ус уйдаа юу

Categories
мэдээ утга-зоxиол

Д.Нацагдорж: ​Харанхуй хад

Зуны шөнө богино тул, өглөөний найман цагт нар нэгэнт дээр гарчээ. Унтсан нойрноос арайхан сэрмэгц нэг янжуур асааж, шившив. Чилсэн биеийг талбируулан түр зуур хэвтэхийн завсар энэ өдрийн элдэв хэргийг бодох бөгөөд өдрийн тэмдэглэлийн дэвтрээ дэрэн доороосоо авч үзвэл, химич харандаагаар бичсэн хэдэн үсэг бараг бүрэг үзэгдэхэд түүнийг шүлсээрээ норгон улмаар ажиглавал: «Наймдугаар сарын гучны Бямба гариг, Харанхуй хад Ина » хэмээх хэдэн үгсийг тэмдэглэсэн байх нь утга ба учир тодорхойгүй, юун тухай бичсэн нь огт мартагдсан тул дахин нэг удаа алгуурхнаар уншиж эцсийн үсэг дээр нь хүрвээс, Ина хэмээх нь миний хуучин амраг охины нэр цахилгаан адил хоромхон зуур миний тархины дотор гэрэлтсэн бөгөөд мөнхүү охиныг хэдийнээ хайлаас модны сүүдэрт тэврэн үнсэж агсан цаг гэнэт санагдан, сормуусны сүүдэрт үзэгдэхэд даруй сэтгэл хөдөлж, улмаар эрт ба эдүгээ хол ба ойрыг улируулан бодох тутам ийн тийн уяран мэлмэрч, зүүд мэт болон зэрэглэсээр, агшин зуур үүргэлсэн нь татаж буй тамхины үнс хэнхдэг дээр унахад, гэдрэг цочин сэрэхүй лүгээ уг тэмдэглэлийн учир утга юу болохыг эргэцүүлэв. Үүнд юуны урьд би түүнтэй хязгааргүй янаглан ханилсан боловч, дараагаар хоёр бие уул далайн тэртээ энэтэйд завсарлагдан, сэтгэл зүрх ташаалагдсан бөлгөө. Хожим хайртай Ина хаана одсоныг мэдэхгүй, хэдийгээр эрэн сурвалжилсан боловч эс олоод алмайран гайхсаар агсан нь гэтэл энэ өглөө санамсаргүй өдрийн тэмдэглэлийг үзэхэд үл мэдэгдэх утга бүхий хэдэн үгсийн дотор түүний нэр байхыг үзээд, зүрхний дотор зул ноцвой. Эрэгцүүлэн санавал, эдгээр хэдэн үсэг нь түүний бие надаас салахад миний дэвтэр дээр тэмдэглэж өгсөн, сануулга лав мөн хэмээн сая мэдэвч, юу хэмээсэн утга нь басхүү далд амой. Өнөө ухамсар авч бодвоос Ина болбол энгийн хүн бус бөгөөд эрдэмтэн охины манлай мөн тул, энэхүү бичсэн нь лав учиртай биз. Үүний учрыг олбол, Инаг олох нь магад хэмээн сэтгэмэгц нэг аяга цай авчруулан уугаад, мөнхүү хэвтээ хэвээр уг тэмдэглэлийг утгыг шинжлэн боловсруулж эхлэв. Энэ үед манай тогооч их л сүрхий царай гарган надаас асууна.

-Ай данжаад яасан. Бие өвдсөн?
-Үгүй зүгээр.
-Ай би айж байнав шүү. Царай муу байна.
-Зүгээр, ядарч байна.
Дараагаар би буруу харж хэвтэн, хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд цааш бодов. Манай тогооч «Ай» хэмээгээд гарч одов.
Нэг цаг орчим зүйл зүйлээр эргэцүүлсний хойно арай хийж нэг сэдэв олсон бөгөөд юу хэмээвээс наймдугаар сарын гучны Бямба гариг гэсэн нь болзоо тавьсан өдөр болмой. Харанхуй хад хэмээсэн нь хэрхэвч нэг газар байж тохирох тул лав тийм газар уулзах гэсэн юм байна хэмээн сэтгэгдсэн бөгөөд бас дахин нэгудаа шалгаж үзвээс наймдугаар сарын Бямба гариг нь яг энэ өдөр болсон тул, даруй яаравчлан босмогц: «Морийг барь, эмээллэ» хэмээн тогоочид хэлбэл, түүний бие өмнөөс их нүд гаргаж, «Яасан данжаад» хэмээн амандаа шивэгнэсээр гарч одоод «Ай эмээллэсэн ба шүү» хэмээн гадна хашхирч байна. Миний бие даруй ташуурыг аван, шаламгайлан гарч, морин дээр мордсон хойно боловч аль зүгт одох ба «Харанхуй хад» хэмээгч нь ямар ертөнцөд оршиж байхыг огтхон ч мэдэхгүй тул, дэмий л мориныхоо хоёр чихийг ширтэн гайхаж хэдэн минут болов. Үүнд манай тогооч хажуугаас «Ай явахгүй яасан? Юу мартсан?» хэмээн үглэж баймой. Гэтэл миний морь удаан зогсоход хөл нь чилсэн ба угаас омголон морь тул ийш тийш тэмүүлэн тогтож ядахад жолоогоо султгавал тэр баруун өмнө зүг алхлав. Үүнд би нэг зэрэг бодоод морины хаашаа чиглэсэн тэр зүг шууд явав. Түүнээс нэгэнт мэдвээс, хэд хэдэн арван газар дэв дэмий явчихсан бөгөөд хүн амьтан үзэгдэхгүй цөл газар иржээ. Ам цангах нь хэмжээлшгүй, сэтгэл уйтгарлах нь хязгаарлашгүй. Морь хэдийгээр ихэд хөлөрсөн боловч, ядарсан байдал огт үгүй болохуйяа салхийг сөрөн, хэнхдэгийг яран давхисаар, хэд хэдэн ухааг давж, хужир ба бударгана элбэгтэй нэг цайдам газар хүрч очвоос, дөрвөн зүгт юу ч үзэгдэхгүй, харин тэртээгүүр бараан үүл хурж бороо орох янзтай байв. Санамсаргүй хүрч ирсэн зэрлэг цөл газрын байдал төдий л тааламжгүй. Дэмий л гайхамуй. Намрын салхи сэржигнэн салхилах нь сэтгэлийн дотор гулин галин байдлыг төрүүлнэ. Амраг Инаг олж уулзана хэмээсэн нь харин зүүдлэн давхиж, хөндий талд төөрөх нь ч юм уу? Гэтэл унасан морины чих соотогнож, хамар нь хуухинахад сэр хийтэл цочиж ийш тийш ажиглавал, тэртээ хажууд нэг амьтан явна. Юу ч болов очьё хэмээн шууд давхин ойртвоос, «үнэг буюу чоно буюу аль танигдахгүй нэг амьтан улам цааш зугтаамой. Морийг ташуурдаж довтолсоор гүйцэн очвоос, үнэг ч бус, чоно ч бус, харин нэг нохой явмуй. Өмнө ба хойгуур нэгэнт эргэлдэж, сүүлээ шарваад, баруун зүг удирдан явахыг үзвэл айлын нохой бололтой, ангийн ч нохой байдалтай тул, цангасандаа лав нэг хүнтэй газар хүрэх биз хэмээн итгэж, хойноос нь дагалдан шогшив. Чингээд цайдмаас холдон нэг ухааг давбал, газрын байдал их л өөр болоод өвс ногоо сахлаг ургасан хангай газар бөгөөд тэртээ баруун хойд талд өндөр уулс ханаран байхын наагуур, урт мөрөн урссан үзэгдэнэ. Нохойны явах нь алгуур болоод удалгүй нэг толгой тойрмогц, цаана нь нэг хар овоохой харагдав. Гадуур нь нэг ч малгүй, харин дэрс бут үргэлжилжээ. Нэг настай хар хүн гарч ирээд нохойгоо даллан дуудаж амуй.

Миний бие хагас өдөр хээр явсан нь хэдэн сар аян хийсэн мэт болж, бие зүдрэн, санаа галирсан тул, айл гэрийг үзэхэд амраг Инатай учирсан адил баярлаж морио тушаад оров. Хар хүн дагалдан ороод, зүүн хойно цомцойн суув. Би баруун хойно нь нэг гөрөөсний ширэн дэвсгэр дээр хагас завилан суусны дараа амар мэндийг мэдэлцэв. Мөнхүү хар хүн гуч илү настай бөгөөд илгэн дээл өмсөж суран бүс бүсэлжээ. Үг хэлэлцэх аялгуу нь чихэнд их л өөр сонсогдоно. Зүүн өмнө хатавчинд үстэй дээлээр нэг хучаастай хэвтэж байна. Дун буурал толгой цухуйж байна. Хар хүн нурманд шигтгэсэн домботой цайг нэг тэвш тарваганы махны хамт надад өгсөнд, цай нь гудамжны шалбааг мэт булингартай, мах нь халшгүй нэхүүн үнэртэй боловч, ундаасаж өлссөн минь их тул, аргагүй ууж идэв. Гэдэс бага зэрэг тайтгарч, бие бага зэрэг амарсан хойно Ина сэтгэлд орж ирэхэд «Харанхуй Хад» хэмээгч газрыг хар хүнээс сурваас: Би энэ газар өсөхөөсөө аваад өтөлтлөө суусан бөгөөд угаас гөрөөчин хүн тул, ойр хавийн газрыг бараг мэднэ. «Энэ завсар миний сэтгэлд баяр төрж байлаа.» Гэвч би ийм газар сонссонгүй хэмээхэд миний урам хугарч, одоо хаашаа явахаа мэдэхгүй алмайрна. Алтан дэлхий уудам их, Харанхуй хад хэмээх газар хаана байхыг хэн яахан мэднэ. Дөрвөн зүг найман зовхисыг тойрон, зуун жил, мянган он эрэвч бас олдохгүй байж болмой. Ина хэмээх охины бичсэн нэгэн зурвас тэмдэглэлийн төлөөнөө сэтгэл сүйдэж биеийг зовооно. Энэ мэтээр гайхан, царайгаа барайлгаж нэг үе суув. Гэтэл тэртээ хажууд хэвтсэн буурал эмгэн толгойгоо дааж ядан, өндийн босоод баруун хоймор тахисан бурхан юм уу алиныг мэдэхгүй нэг юмны өмнө мөргөхөд хар хөн их л гайхсан байдлаар харж:Эмгээ, эмгээ! гэж байна. Энэ үед би мөн гайхаж, хөөрхий энэ авгай үдшийн залбирлаа хийж байгаа нь энэ юм уу хэмээн бодож, эртхэн мордьё гэж сэтгэж байлаа. Гэтэл эмгэн тэрхүү тахилын тэндээс нэг юмыг аваад хар хүнд өгч: Хүү минь энэ бол манай эцэг өвгийн үеийн юм, энэ хүүгийн хэлж байгаа газар байх магадгүй хэмээмэгц миний чих сортойж нүд ширтэн санаа тавив. «Бараан цохио хэмээх нэг газраас олсон ховор юм гэнэ билээ» хэмээхэд хар хүн түүнийг авч үзээд: «Эмгээ зөнөглөх гэж аяны хүнийг одоо төөрүүлэх нь» хэмээгээд ширээн дээр тавьсанд би түүнийг яаран авсан нь тэр хэсэг чулуу болох нь хүнд тул гараас мултран газар унамагц, хоёр хэсэг хагарсан бөгөөд авч үзвэл яах аргагүй хир болсон нэг чулуу байв.

Би хэдэн удаа эргүүлж үзээд хар хүний адил дэмий юм хэмээн сэтгэж ширээн дээр тавихын үед оройн нар баруун хаяагаар тусаж буй гэрэлд мөнхүү чулууны хагарсан тал дээр гилтэгнэмэгц гэнэт сонирхол төрж эргүүлэн ажиглаваас, харин чулуу чулуунаас өөр тэмдэгтэй онц нэгэн чулуу болохуйяа, энэ нь надад хоёрдугаар тэмдэг болмой хэмээн санаж нэгэн талыг эмгэнээс гуйж аван өвөртлөөд баяртай байдал төрж мордов. Угаас би түмэн бодисын зүйлийг их л сонирхдог учир чулууны аймгийг нэлээн ялган салгаж танихын тул мөнхүү айлын хаяанаас эхлэн тохиолдсон чулууны хувирах байдлыг шинжлэн, энэ чулууны гарсан газрыг мөрдөн явав. Түүнээс нэг хэдэн цаг болсон хойно тэртээ харагдаж байсан уулсын хормойд хүрсэн бөгөөд мөнөөх их мөрнийг усны гүнд арайхийн гарч, мөнхүү уулын нэг амыг өгсөхөд ой мод үргэлжилсэн бөгөөд шавар намаг үлэмж, нэгхэн ч зам мөргүй, хааяа нэг хар хэрээ үзэгдэхээс өөр амьтан үл тохиолдоно.
Нар нэгэнт шингэж бүрий болсон тул, чулууны байдлыг шинжилж харагдах ч үгүй болов. Ердөө аливаа чулуу дээрээс өнхрөн буудаг жамтай тул дэмий л өгсөн явав. Гүн ойн дунд нэгэнт лав оржээ. Өдрийн бүрхэж байсан бороо сая асгаран оров. Ширүүн салхинд модны мөчир гуйвалзан шуугих бөгөөд аянгын дуу сүртэй хүржигнэмүй. Алхах тутам шавар намаг болоод гуу жалга тохиолдмой. Энд тэнд чоно ульж басхүү тас няс хийх чимээ гарах нь аймшигтай бөгөөд даруй үс босож зүрх догдлон, сэтгэл яарна. Өдөр дөрвөн зүгийн алин тийш явахыг гайхаж байсан нь эдүгээ дөрвөн зүг хаана хааш болохыг нэгэнт алджээ.
Зорьсон хэрэг ба шинжлэх явдлыг умартаж, гагцхүү амиа хамгаалж явахыг урьдал болгов.Угаас шалгадаг ухааныг шүтэж, боловсронгуйгаар хүмүүжсэн боловч, буг чөтгөр санагдаж, эрлэг тамын орон бодогдоно. Түүнээс бороо улам ширүүдэж дуу ба цахилгаан үргэлжилнэ. Газрын байдал улам бэрхтэй болж, айх цочих нь нэн олшров. Урагш явъя хэмээвээс өмнө этгээдийн бартаа хавьтах аргагүй, гэдрэг буцъя хэмээвээс замаас нэгэнт төөрчээ. Дөрвөн зүг туршивч, хад асга харанхуйлан хашиж, сүүхийлцэн хэртхийлгэхээс өөргүй. Хэдийгээр Харанхуй хад хэмээх нэр нь газрын байдалтай нийлэлцэн санагдах боловч, ийм оронд энхрий Ина хэрхэн орших аж. Тиймийн тул даруй мориноос бууж, хэзээ нар мандахыг хүлээнэ. Гэтэл морь нэгэнт үргэн харанхуй хадны дунд хангинтал янцгаах дуу ясанд тултал жихүүцүүлэхэд нэг амьтан тулж ирснийг мэдсэн боловч ихэд цочсон тул нэгэнт мэдрэл зайлжээ. Нэлээн удсаны хойно сэргэж үзвээс толгойгоо нэгэн хүний дээр тавьсан буй, унтсан ба зүүдэлсэн ба гэртээ буюу хаана буйг мэдэхгүй цочин босож үзвээс янаг охин Ина хажууд зогсож байх бөгөөд үзэсгэлэнтэй залуу охины хасын царай нь харанхуй хадыг гэрэлтүүлэн баймой.
-Хайртай чиний тэмдэглэлийг ухсан боловч хааш явахыг мэдэхгүй байтал тэмүүлсэн морь нь чиний эцгийн морь болохыг нэг зэрэг бодож итгэснээр чамайг олж ирэв.
-Их хүн аюултай юм лугаа нөхөрлөхийн тул энэхүү харанхуй хадны газар чармайн намайг эрж ирсэн нь харилцан амраглаваас сая болмой хэмээлцээд чанга тэврэлдэж үнсэлдэв.
Харанхуй хадан дунд хашралтай бөгөөд аюултай
Харин түүний байдлыг хасын охин сонирхмой
Яруу найраг хэмээгч нь ертөнцөд гайхамшигтай бөгөөд
Ина охины адил идэр хүний сэтгэлийг булаамой

1930 он

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Данзангийн НЯМСҮРЭН: Дөрвөн цаг

Бороо ганц нэг дуслах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэр лүү урсах нь сайхан
Хаа нэгтээ шувууд ганганах нь сайхан.

Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхан.

Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
Харанхуйн дунд цахилгаан гялбах нь сайхан
Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан
Холоос гийчин ирэх сайхан.

Шаргал талын өвс халиурах нь сайхан
Шанхны үзүүрт салхи сэвэлзэх нь сайхан
Сартай шөнө бухал дээр унтах сайхан
Чамайг зүүдлээд, газарт ойчих сайхан.

Үе үе бороо амсхийх сайхан
Өлгөсөн цувнаас ус дусах нь сайхан
Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан
Үүдээр болжморууд нисэн өнгөрөх сайхан.

Шөнө дөлөөр хүлэг морь янцгаах нь сайхан
Шүлэг нойрноос сэрж орчлонг бодох сайхан
Өрхний завсраар гэгээ орох сайхан
Өглөө болох сайхан.

Цайран цайран бороо орох нь сайхан
Цавьдар морьтой хүн наашаа давхих нь сайхан
Борооноос өмнө ирлээ гэж ярих нь сайхан
Боржгон эмээлээ аваад орж ирэх нь сайхан.

Хөх лонхон тогоруу дуугарах нь сайхан
Хөдөө цайдам борооших сайхан
Анирхан ахуйд цэцэг дохих сайхан
Аадрын өмнөх байдал сайхан.

Тооноор сар гэрэлтэх сайхан
Тогоотой сүүнд тусах сайхан
Шөнө орой гарах сайхан
Чөдөртэй морь тургилах сайхан.

Шиврэн шиврэн бороо орох сайхан
Ширэг зүлэг ногоорох сайхан
Зүүн өмнө солонго татах сайхан
Зүсэр бороо гэрэлтэх сайхан.

Гэгээн борооны усыг тосох сайхан
Гэзэг үсээ хүүхнүүд угаах сайхан
Агь хөмүүлийн үнэр сэнгэнэх сайхан
Аясхан бодол хол ойрыг санах сайхан.

Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан.

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээнцавд бороо орох сайхан.

2.
Өглөө болоход цас орсон байх нь сайхан
Өрхний оосор даялахад тооноор цас унах сайхан
Гадаа уул толгод гялалзах нь сайхан
Ганц нэг өвс салхинд сэвэлзэх нь сайхан.

Үдэш орой айлын гэрэл харагдах сайхан
Үрээ морины хөл хөнгөрөх сайхан
Хонох айлд үеийн бүсгүй байх сайхан
Хоточ нохой сарны гэрэлд хуцах сайхан.

Тооноор цас будран орох нь сайхан
Тогооны таган дээр унаад хайлах нь сайхан
Гэрийн хойморт аав суух сайхан
Гэрэлтэй үүдээр ижий орж ирэх сайхан.

Хөтлийн оройд нар тусах сайхан
Хөсөг тэрэг гарч ирэх сайхан
Тэрэгний дугуй чахран чухран эргэх нь сайхан
Тэргэн доороос шувуу нисэх сайхан.

Тэнгэр будангуйрч сундайх нь сайхан
Тэртээ холын юм үзэгдэх үгүйтээ нь сайхан
Салхи эргэж утаа хуйрагнах сайхан
Цас эргэлдэн эргэлдэн малгайлах сайxан

Зуухны галд нозоорон нойр хүрэх сайхан
Зуны орой согтов гэж тэрхэн зуур зүүрмэглэх сайхан
Хээ-.. Цай уу гэж бүдэг бадаг үг дуулах сайхан

Цайдам хоолойтой цайвалзаж цахилах сайхан
Цаадах уулс гял гялсхийн харагдах сайхан
Цас шуурч тогтоод гялбас гялбасхийх сайхан
Цагаан өндөр мэлтэс мэлтэсхийх сайхан

Одод тодрох нь сарны ойролцоо илүү сайхан
Онгон талд адуу минь байх шиг сайхан
Он цагийн гурван марал бодол зөгнөх сайхан
Ондоо гаригийн хөлөг ирж явах шиг сайхан

Цас орон орон лавсах нь сайхан
Цаг эргэж ирэх сайхан
Царайлагхан чамайгаа, намайг тоогоогүйг тоосон гэж бодох сайхан
Цаг гэрт цохилсоор байх нь сайхан

Тэргэл сартай шөнө гадаа зогсох сайхан
Тэргэн дээр хураасан бараа сүглийх нь сайхан
Тэртээх хөндий цайвартаж сүүдэртэх нь сайхан
Тийшээ очмооргүй аймар санагдах сайхан.

Явган шуурга гадаа исгэрэх сайхан
Яндан юмуу нэг юм, хаа нэгтээ дар дархийх сайхан
Гэнэт гэнэт нүдгүйлэн харанхуйлах нь сайхан
Гэрийн хаяагаар цас хунгарлах нь сайхан

Айлын гэрээс хүмүүс гарцгаах нь сайхан
Арилсан тэнгэрт шувууд нисэх сайхан
Уул тал руу гүйх сайхан
Улаан хацартай хүүхдүүд тоглох сайхан

Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэрээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран уйлмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн улиралд амьд явах сайхан
Эрээн цавд цас орох сайхан

3.
Цас хайлж, ханзрах сайхан
Цаг ирэх сайхан
Чамайг хүлээх сайхан
Цаг харах сайхан

Шувуу ирээд буух сайхан
Чулуун дээр суугаад нисэх сайхан
Харгуй замаар хүн явах сайхан
Хадан дээр би суух сайхан

Айлын бүсгүй усанд явах сайхан
Арын булаг руу дурандах сайхан
Цэнхэр зэрэглээ сүүмэлзэх нь сайхан
Цэнхэр дээл чамд зохих нь сайхан

Толгодын орой зэргэлтэх нь сайхан
Торгон салхи сэвэлзэх сайхан
Хөх ногооны униар татах сайхан
Хөх мананд ороолгон суух сайхан

Амгалан шөнө нойр хулжих сайхан
Алсын чимээ анирлах сайхан
Бүүр түүр холд нэг юм жингэнэх сайхан
Бүүвэй бүүвэй хорвоо сайхан

Хэн нэгэн ирээд явах сайхан
Хэрэг болгож надаас, гал байна уу? гэх сайхан
Ертөнцийг аргадах хийгээд, бусдыг бодох сайхан
Юм бүхнийг хайрлах, гол мөрөн урсах сайхан

Цөн түрж, гол урсах нь сайхан
Цөмөрвөл, би бас урсана даа гэж бодох сайхан
Өглөө голын эрэгт, ганцаархнаа сайхан
Орой голын эрэгт, хоёулаа сайхан

Хашаа тэргэн дээр шаазгай үглэх сайхан
Хаанаас хэн ирэх нь зөн шиг сайхан
Дөрвөн зүгээс ураг садан ирэх нь сайхан
Дөтийн замаар хань нөхөд ирэх нь сайхан

Цэнхэрлэж нутгийн бараа харагдах нь сайхан
Цэлэлзэх нүдний нулимс гарах нь сайхан
Дөрөөн дээр өндийгөөд исэгрэн давхих сайхан
Дөрвөн туухай хооронд шувуу нисэх сайхан

Хаврын өглөө эрт босох сайхан
Хазаар аваад моринд явах сайхан
Сэрүүн цас үнэртэх нь сайхан
Сэмжин өөхнөөс нь хүлхэх сайхан

Он он жил хөдөө суух сайхан
Од мэт хөх дан сууцанд амьдрах сайхан
Дээр яваа сансрын хөлөг эргэж ирэх сайхан
Дээврийн цас хайлж янжуур цог дээр дусах сайхан

Ургамал цэцэг ургаж ногоорох нь сайхан
Утасны мод хөхөрч гандах нь сайхан
Он жилүүд ирэх сайхан
Он жилүүд одох сайхан

Үдшийн бүрийгээр ирэх сайхан
Үүрийн гэгэээгээр явах сайхан
Өнгөт дэлхий нь уяран дуулмаар сайхан
Өргөн хорвоо нь дуулан жаргамаар сайхан

Эх нутаг минь шүлэг шиг сайхан
Эх орон минь дуу шиг сайхан
Эргэх дөрвөн улиралд амьд явах сайхан
Эрээнцавд гол урсах сайхан

4.
Навч ганц нэг унах сайхан
Наран толгодын цаанаас харах сайхан
Сэв сэв салхи үлээх сайхан
Сэм сэмхэн хуй босох сайхан

Гол мяралзан урсах сайхан
Ганц нэг ялаа долгионд нь суух сайхан
Морины шар хомоол тэрүүхэнд хөвөх сайхан
Модон тэрэгний ганц ялуу урсаж өнгөрөх сайхан

Хол ойрыг санагалзах сайхан
Хот айлаас хэн нэгэн нь явахад үг захимаар сайхан

Алаг нүдний нулимсан дусалд багтан
Ай миний эх орны дөрвөн цаг
Асгаруулан мэлтэлзүүлэн байна уу да
Аяа хөөрхий гэж.

Categories
мэдээ утга-зоxиол

С.Эрдэнэ: МАЛЫН ХӨЛИЙН ТООС

Image result for малын хөлийн тоосНайман сар дундаа орж, ногооны үзүүр үл мэдэгхэн модширч, хөх номин тэнгэр газраас улам холдсон мэт уужимхан цэлийж, салхи сэрүүхэн үлээх болжээ. Байгаль ертөнцийн хишиг бүрдэж малчин ардын гэр хотлоор идээ цагаа дэлгэрсэн энэ сайхан улирлын нэгэн сайхан өглөө билээ. Өмнө уулсын бэл улаан шаргал элсэн манхантай, умар уулсын бэл униартах ногоон дэнжтэй, Хангай говийг заагласан алдар цуут Борогчингийн хөндийн уужим дахь борхон гэрийн эзэгтэй гуч эргэм насны өндөр бор бүсгүй намхан зуухан дээрх тос дааварласан ширмэн тогооноос хуруу зузаан өрөм хаман авч шар модон тавагт байгаа алгын чинээ хоёр цагаан хурууд дээр ижилхэн хувааж тавив. Хоймрын орон дээр хурган дээлийн дороос нэг нь сайртай бор хөлөө, нөгөөдөх нь цээжин биеэ ил гарган унтаж байгаа балчир хоёр хүүдээ хувь тавьж байгаа нь энэ. Гэрийн зүүн хаяанд хямдхан бүтээлгээр цэвэрхэн зассан эзэгтэйн ор, түүнээс доохно эцэг өвгийн утаат эргэнэг, баруун хаяанд нь эрээн авдар, түүнээс доохно эмээл хазаар, хувин сав тэргүүтэн байна.

Гэрийн эзэгтэй саалийн хувин авч гадагш гарахад өглөөний сааль хүлээсэн үнээ тугал мөөрөлдөн угтав. Зүүн нуурын галуу нугас нарнаар наргин ганганалдаж, хөмүүл таанын тааламжит үнэрээр агаар салхи анхилж, хүн бүл сайтай саахалт айлын их бага гэр, тэрэг тэмээ, хонь мал, хүлээн авагчийн хүнгэнэх дуу энэ бүхэн өөрийн нь дорой буурайг сануулах мэт болно. Ийнхүү бүсгүйн сэтгэл догдолсон нь сүүлийн хэдэн өдөр нэгэн учралыг хүлээснийх билээ. Найртай тансаг найман сарын эхэн үеэр баруунаас хүрэлцэн ирэх тууварчдын манлайд учралт хүн нь буух ёстой байлаа. Тэгээд өнгөрсөн хэдэн өдөр Борогчингийн хөндийн урд уулын ар, хойт уулын энгэрийг туж харуулдсаар байв. Энэ удаа ч гэрээс гарангуут мөрөөдөлт зүгийн энгэр дэнжийг ажиглатал хэдэн суурь хонь, үхэр цайран багширч тууварчдын гэр майхан ундуй сундуй үзэгдэв. Энэ бүхнийг харангуут бүсгүйн хацар дээрх тарлан сэвх хүртэл туяаран шингэрч, уйтгарлаг, бодлогошронгуй нүд нь энэ өглөөний тэнгэр мэт мишилзэн цэлмэв. Тийн гүйхээрээ явж хэдэн үнээгээ хагас дутуу саагаад хүүхдийнхээ нүүр гарыг угааж, цэвэр хувцас өмсгөөд, гэр бараагаа янзалж, идээ будаагаа зэхээд гарах орох тоолондоо тууварчдын буусан зүг ширтэн харан байтал үдийн алдад тэндээс наашилж яваа хөтөлгөө морьтой хүн үзэгдэв. Бүсгүй хоёр хүүгээ гадуур тогло гэж гаргаад гэрийнхээ хаяаг сөхөж ханын нүдээр зам ширтэж байв. Удсангүй ижилхэн хул морьтой, хурц ногоон өнгийн дээлээ сугалдаргалж цагаан цамцны ханцуйг шамласан хүн гарч ирэхэд Балбар мөн болохыг даруй таньж нэг мэдэхнээ нь угтаж гарсан байв. Балбар уяан дээр тайвуухан бууж хоёр загалаа уяад хойш урагш холыг харж хоолой засаад, ногоон саарьтай ээтэн гутлаараа нунтаг хөх шороон дээр хол, хол мөр гаргасаар хүрч ирээд,

-За Чанцаал, сайн сууж байна уу? гэж намрын шим шүлт хурсан хүдэр хүрэн царайндаа түвшин инээмсэглэл тодруулж дөшин цагаан шүдээ яралзуулан урт аяны нарыг шингээж салхийг сөрсөн хүрэн ягаан цээжээ ханхалзуулан зогсов. Чанцал сэтгэлийг булаасан сайхан эрийн жавхлангийн өмнө бишүүрхэх, баясах хослон байгч бүсгүйн зангаар гэрэвшингүй харж,

-Сайн, сайн явж байна уу? Тууврын мал үзэгдэхээр нь чамайг ирсэн байх гэж бодсон юм гэв.

Хүлээсэн хүн нь хүрэлцэн ирсэн учралт өдрийн баяраар бие, сэтгэл хөнгөрч хурдан шалмаг хоол унд хийж зочлонгуут авдраасаа галуун хүзүүт гаргаж шимийн архи аягалахад, Балбар хамрынхаа самсааг сарталзуулан хоёр завьжаараа савируулан залгилаад гарынхаа алгаар амаа арчиж тамшаалан,

-Энэ жил ажил явдал урагштай. Өвгөн нь аймгийн тууварчдын зөвлөлгөөнд оролцох яггүй үүрэг авсан. Сайшаалгана гэдэг ч санааных биш, зүтгэлийнх юм шив дээ. Энэ жил хэдэн өеөдмөр маань овоо таргалж явна. Хотынхны ходоодыг өөхөөр таглаад муу хар түрийвчээ хөдөлмөрийнхөө хөлсөөр мялаагаад буцдаг хэрэг ээ. Зам өлзийтэй, ажил урагштай байдаг нь аавын хүүгийн аз шоо мөн биз дээ. Таван жил мал туухдаа гажуу буруу явсангүй. Угтаж золгоод, үдэж мордуулдаг чам шиг хүнтэй байхаар дотор уужим явах юм гэж шилбэлзэн суув. Хэдхэн тагш архи уусанд нүүр нь хөлс дааварлан нүд нь маналзаад ирлээ. Чанцалын өсөх насны өмсгөл болох хөх дурдан тэрлэг өндөр гоолиг биеийнх нь аясыг тодруулан, хилэн хар үснээс нь танил үнэр анхилах мэт санагдаж, урсгал хар нүдний нь харц эр хүний элдэв авирыг хүлцэн өнгөрүүлэх шинжтэйг шунамхайран харж суусан Балбар,

-Чанцал минь ээ! Өвгөн чинь малын хөлийн тоосонд ганцаараа явсаар насыг баралтай биш дээ. Ханьгүй хүнд харанхуй хорвоог гэгээтэй нартай болгох хүн тэр болгон яаж дайралдах аж даа. Тийм үү дээ, Чанцаал? гэхэд Чанцал баахан тулгамдаж,

-Тийм ээ, тэр хүн чинь… гэтэл,

-Тэр хүн чинь чи шүү дээ гээд Балбар агдганан инээсээр босож ирээд Чанцалын гараас шүүрэн авч тэврэхийг завдсанд,

-Яах нь вэ, хүүхдүүд ирлээ гээд булт үсрэн зайлав. Балбар тэсэж ядан инээсээр ор руу нь очиж толгойгоо салаавчлан хэвтэхэд ханхар цээж нь оволзон байлаа. Хоёр хүү ээжийн орон дээр сунайтал хэвтэж байгаа танихгүй ахаас эмээн хатавчны дэргэд бие биедээ наалдан зогсов. Балбар өндийж ар суганаасаа савхин түрийвчээ тэмтрэн аваад хоёр улаан аравт гаргаж,

-Чанцаал, саахалт чинь агент хэвээрээ биз? Миний хоёр хүү нааш ир, энүүгээр чихэр авч ид! гэхэд амтат энэ үгэнд урхилагдсан хоёр хүү шүлсээ залгиж алгаа тоссоор хүрч ирээд тус тусын хувийг авангуут уралдан гарч одов. Балбар дахин нэг галуун хүзүүт шавхаад Чанцалын оройн саалиндаа гарсан хойгуур хувцас хунараа тайчиж, ор дэвсгэрий нь тавтайяа эзэгнэжээ. Маргааш өглөө нь Чанцалын хийж өгсөн бантанг идэж, бас нэг галуун хүзүүт тонилгоод мордохдоо:

-Чанцаал, маргааш манайд Дашинчилэнгийн хэдэн юм ирнэ. Газар газрынхантай гар барьж, ганзага нийлэх юу нь муу байх вэ. Чи бид хоёрын холбоотойг мэддэг л юм билээ. Ганц хүн айл болохгүй, ганц цучил гал болохгүй. Чи заавал очоорой гэжээ.Чанцал өглөөний саалийг сааж сүүгээ тушаагаад, хоёр хүүгээ ундалж гэрээсээ бүү холдоорой гэж сайтар захиад хэдэн зуны наранд онгосон торгон дээлээ өмсөж нэгдлийн адуунаас ноогдсон хөгшин хүрнээ эмээллэн мордов. Тийн тууварчдын буусан зүг сажлуулан явахдаа шимийн архины исгэлэн үнэрээр амьсгаалсан гүжирмэг эрийн хажууд өнгөрүүлсэн энэ шөнийн явдлыг санаж түүний хэлсэн амласан нь үнэн болж, хүлээн мөрөөдсөн амьдрал нь биелвэл хаа ч явсан болно. Хоёр муу хүүгээ хүний зэрэгтэй өсгөж, сургуульд оруулж, бусдын цагаан гэр, хүлээн авагч, шинэ хувцас тэр бүхэнд атаархахааргүй, төрсөн эс боловч эцэг гэх хүнтэй, уруу дорой царайлахгүй хийморьтой явахаар болговол хамаг хэрэг бүтэх нь тэр. Намайг бодвол ухаантай, чадалтай эр хүн уужим сэтгэл гаргаж, хөөрхий хоёр үрийг минь зөв, сайнаар хүмүүжүүлэх нь лав. Балбар бол хүүхдэд их ээлтэй хүн юм. Бага балчирхан амьтад юундаа дасаж ядах вэ дээ. Энэ насандаа хүний сайныг олж ханилах хувь тавилантай явсан минь сая гүйцэлдэх нь энэ биш үү гэх зэргээр олныг бодож явлаа. Тууврын хонь мал, суурь сууриараа багшран бэлчээрлэж, уулын энгэр дэнж дээрх тууварчдын гэр майхан энд тэнд үзэгдэнэ. Голдуу майхан байх бөгөөд гэр гэвэл хоёр, гурвын зэрэг байжээ. Тууварчдын зүүн жигүүрт байгаа хундан цагаан гэр бол Балбарынх мөн.Түүний дэргэд нөхөөст хар майхан, бодвол нөгөө Дашинчилэнгийнхний эмээлтэй морьд байв. Чанцал гэрээс зайдуухан бууж морио тушаад баахан зүрхшээсээр гэрт оров. Нутгийн гурван харчуул ирсний нэг нь эрүү Дамба хочтой хижээл хүн.Түүний эрүү хангинуур сүхний цохилуур шиг дөрвөлжин, нүүр агуу мөртөө нүд нь жартгар, нутаг усандаа хүндгүй этгээд билээ. Хоёр дахь нь нэгдлийн туслах нягтлан бодогч залуу, хүүхэн шинжийн цэвэр царайтай бөгөөд нэртэй хэрүүлч, заргач хүн. Гурав дахь нь улсын заан цолтой хөх толгой хэмээх Гончиг, Балбараас дутуугүй сайхан эр бөгөөд мулгуу цөлх хүн. Балбартай хамт яваа тууварчин бололтой нэг өвгөн байв. Түүний хувцас ядуу, царай зүс аяншиж гундсан байдалтай ажээ. Чанцалын орж ирэхэд Балбар хэдүүл дөрвөн ханатын хоймрыг бүрхсэн хивс дээр ясан даалуу тачигнуулж суулаа. Балбар Чанцалын өөдөөс наалинхай нүдээр мишилзэн:

-Ээ, ашгүй хүрээд ирэв үү. Би эднүүст нутгийн чинь хүүхнээр хонины гэдэс арчуулна гэж суулаа шүү дээ. Малын тоосонд дарагдаж яваа мань мэтэд иймэрхүү өдөр олон тохиолдох биш. За Сугар гуай, хонио төхөөрөх үү дээ гэхэд ядрангуй царайтай өвгөн гадагш гарч мөчийн дотор амжуулав. Чанцал хонины гэдэс янзалж, хажуугийн майханд тогоо дүүрэн мах чанаж авчирсанд мань хэд ханцуй шамлан уулзав. Эрүү Дамба хаяанаас нэг лонх хар архи авч ханцуйгаараа жийрэглэн нэг цохисонд бөглөө нь бүлт үсрэн эхний хундага Балбарт зориулагдав. Цохиулах ээлжээ хүлээж байгаа лонх гэрийн хаяанд жирийн хэвтэх ажээ. Хар архинд хатгуулсан даалуучингуудын үг олширч өгөө, авааны тухай маргалдаж эхлэхэд Чанцал сэм гэрч өвгөний майханд оров. Өвгөн ч бас архинаас хувь хүртсэн тул онгод нь бяцхан орж утаа тортог болсон нөхөөст хар майхныхаа голд давшлан,

-Хүүхээ, наашаа суу. Би чамд санаснаа хэлье. Бэлтэй чадалтай нь цагаан гэртэй, чадалгүй дорой нь хар майхантай явдаг чинь ёс шүү дээ. Энүүнд гомдох юм алга. Малын тоосонд дарагдлаа гэнэ. Чухам хэн нь дарагдаж яваа бол доо. Би бол улаан цурав үр хүүхдээ тэжээх гэж хэдэн жил мал туулаа. Хаа ч гэсэн хөдөлмөр хийхгүйгээр амьдрах биш, сурсан дассанаа хийж аминдаа ч гэсэн, улсдаа ч гэсэн зүтгэж явахаас өөр яах вэ. Мал тууна гэдэг чинь амар ч ажил биш. Хавар эрт гараад л өдийн эхээр гэрийн бараа харна. Ард үлдсэн хэдийнхээ араас санаа зовно. Өлсөх, даарах өдөр ч тохиолдоно. Гэлээ ч гэсэн амьдрахын төлөө ариун цагаан хөдөлмөр хийж яваагаас хойш юундаа тэгтэл гажрах вэ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг. Балбарт би жаахан гомдох болсон доо. Танил талтай, эр чадалтайдаа эрдэж хуурамч хуудуу явдалтай болж байгаа хүн. Хүн сайн явах тусмаа үнэнч болох ёстой сон. Хуурмагаар олсон алдар нэр, алт мөнгө шунал төрүүлдэг нь ёс. Хүүхээ, чи Балбарыг яадаг болсон гэж санана. Өөрийн л ажил бүтэж байвал бусдын ажил яаж ч байсан хамаагүй. Ноднин адилхан л мал тууж гарсан. Намар хамгийн түрүүнд л тушаалаа. Тэгсэн чинь хамгийн туранхай мал тууж гараад, хамгийн их таргалуулсан хүн Балбар боллоо. Өвгөн ах чинь атаа жөтөө санаж, амьтны мууг үзэж яваагүй. Хээль хахууль авч улсын санг хохироодог, мань мэтийг ч хохироодог явдал байна. Балбар идэшний ганц хоёр юм илүүчилж аваачаад л тэндхийн дарга, даамалтай сүлбэлдэн дархан эрх эдэлж худал хуурмаг баримт, шагнал мөнгө аваад тэргүүний сайн хүн болж явдаг нь тэр. Сүүлдээ бүр улсын малыг хольж хаяагаа хадардаг болж явна. Юу гэсэн үг байх вэ дээ. Ноднин зах дээр тав, зургаан шар зарсан. Энэ жил арав, хорь хүргэх бололтой. Төрийн төлөө оготно гэж бодвол ч эс мэдэгчин болоод л явмаар байна. Чи жаахан бодолтой байх юм шүү гэхээр чамд падгүй гэж уурлах юм. Би бол эцгээс нь өөрцгүй хүн шүүү дээ. Хүүхээ, чи чинь Балбарын танил нь юм биз дээ. Өнгөрсөн намар хотоос нэг хүүхэн аваачсан. Их л эрх танхи амьтан байдаг. Өвгөний энэ яриаг сонсож, чагнаж суусан Чанцал босон харайж:

– Юу гэнэ ээ, Балбар эхнэртэй юмуу? гэж гайхаш тасран асуугаад өвгөний хариу хэлэхээс өмнө гүйн гарав. Даалуучингуудын нэг нь “Гозгор долоо гоохолзож, говийн хүүхэн шоохолзоно” гэж өндөр дуугаар дуудахад Балбар “Хун галуу нагал навчит, хурын үүл хурмастын хишиг, ясны хайртай Янжин, янагийн хайртай Чанцал, татлаа, татуулах уу” гэж адтай хашгирав. Нөгөө нэг нь “Нутагт байдаг Янжин, замд байдаг Чанцал гээч” хэмээн согтуурахад цөмөөрөө ха-ха-хо-хо гэж бүдүүн нарийн дуугаар хөхрөлдөв. Чанцал бөөн хар юманд бөглөрөн давчдсан цээжээ дарж сүүрс алдаад гэрээс холдон явав. Нар шингэж цагаан гэгээ туссан үе байлаа.

Categories
мэдээ утга-зоxиол

Ц.Буянзаяа: Жаргаж буй нарны туурь

Чинсанааг түлээ хагалж буй ахуйд өвлийн туниа муутай нар баруун уулын хэц дээр өехийдөх зуураа хавь орчныг хамаг хүчээрээ ивээх аядна. Нарны гялангар туяа хөдөөх суурингийн хоорондоо дэндүү адилхан байшингуудын төмөр дээвэр дээр, арав гаруй хоногийн өмнө ороод одоо нэгэнт дагтаршин хөлдсөн хуучин цасны сэрэмгэр тасархайнууд дээр, Чинсанаагийн барьж буй нэг их том модон иштэй сүхний онгин дээр хугаран, хугачин гэрэлтэх аж. Мандаж буй нарны бардам түрэмгий цацрагаас, жаргаж буй нарны үйрч бутарсан сүүлчийн туяа илүү их гоо сайхантай байдаг гэсэн сэтгэгдэл Чинсанаад үргэлж төрдөг юм. Тиймээс Чинсанаа орой бүхэн шахуу л жаргаж буй нарыг үдэж өгдөг зуршилтай болчихсон билээ. Өнөөдөр ч гэсэн Чинсанаа эхнэртээ түлээ хагалж өгч байгаа нэрийдлээр тав тухтайхан шиг тухалж аваад оройн нарнаас таашаал хүртэн суугаа нь энэ юм. Чинсанаа энэхүү хувь ганц таашаалаа бусадтай хуваалцах гэж лав хорь гаруй жил оролдоод бүтэлгүйтжээ. Анх тэрээр хамгийн дотно найздаа жаргаж буй нар харах сайхан байдаг юм, хоёулаа оройн нарнаар хамтдаа жаахан сууя гэж гуйж байжээ. Гэтэл мөнөөх найз нь Чинсанаад,

“-Жаргаж буй нарыг харах юу нь сайхан байна аа. Мандаж байгаа нар л сайхан байдаг юм даа” хэмээж. Найзынхаа хэлсэн энэ л үгтэй адилхан үгийг Чинсанаа ээжээсээ, ааваасаа, эхнэрээсээ, тэр байтугай хүүгээсээ ч хүртэл сонсчээ. Бүхэл бүтэн хорин хэдэн жилийн туршид Чинсанаатай адилхан жаргаж буй нарыг сайхан хэмээн үнэн санаанаасаа итгэдэг хүн лав л түүний эргэн тойронд байсангүй. Ингээд л Чинсанаа оройн нарны тухай сэтгэгдлээ зөвхөн өөртэйгөө хуваалцдаг хүн болоод олон оныг үджээ.

Өвлийн нар жаргахдаа хурдан учир төд удалгүй мөнөөх уран гоё, алтлаг гэрлүүдээ Чинсанаагаас харамлах мэтээр хурааж эхэллээ. Нар жаргахтай өрсөн Чинсанаа түлээ хагалах хурдаа нэмэгдүүлэв.Тэрээр амандаа:

-Нэг Дамдин, хоёр Дамдин, гурван Дамдин, дөрвөн Дамдин… хэмээн дуулдахтай үгүйтэй тоолон сажилж хураасан түлээгээ захаас нь аваад хагалж гарав. Дамдин бол Чинсанаагийн хамгийн дургүй хүн. Гэхдээ Дамдин гэж ямар хүн байдгийг тэр мэдэхгүй. Хүүхэд байхдаа л тэр Дамдин гэдэг муу хүний тухай сониноос анх уншсан юм. Тэр сонин бол Чинсанаагийн хамгийн анх уншсан сонин байсан юм. Дамдингийн тухай мэдээлэл Чинсанаагийн хувьд хүмүүсийн тухай өөрөө анх олж авсан мэдээлэл байсан юм. Тэгээд л Чинсанаа Дамдин гэдэг муу хүнтэй дотор сэтгэлдээ тэмцдэг болсон аж. Дамдинтай тэмцээд Чинсанаа гуч гаруй жил болжээ. Сүүлдээ бүр Дамдиндаа муудахын дээдээр муудаад аль болохгүй бүтэхгүй бүхнийг:

“-Өө, муу Дамдин” хэмээн хэлдэг ч болсон билээ. Чинсанаа яаруу сандруу үедээ түлээ хагалахдаа байнга л нөгөө Дамдингаа дуудна. Тэр үед нь түүнийг харах юм бол нэг их сүрхий нөхөр цавчихыг нь цавчаад л, цохихыг нь цохиод л давшиж яваа юм шиг дүр төрхтэй болчихдог юм. Чинсанаа:

“-Тавин хоёр Дамдин, тавин гурван Дамдин, тавин дөрвөн Дамдин” хэмээн өгүүлээд түлээгээ хагалж дууслаа. Одоо Дамдингуудыг хагачих шаардлага түүнд байхгүй болжээ. Талаар нэг тарж орхисон Дамдингуудаа Чинсанаа хөлөөрөө овоолох янзтай болгочихоод гэртээ орлоо. Эхнэр нь хонины хөлдүү мах хөшиглөх санаатай заазуураа хальтичуулан байх нь түүнд нэг л эв дүйгүй харагдав. Чинсанаа хүйтэн усаар гараа хэдэнтээ үрчиж угааснаа эхнэрээсээ өнөөх махыг нь булаах нь холгүй авч хүч заан зорж эхлэв. Түүнд мах хөшиглөх, түлээ хагалахаас шал дор, дэмий зүйл мэт санагдаж байлаа. Чинсанаа тийнхүү мах хөшиглөж эхлэхтэй зэргэцэн эхнэр нь түмпэн саваа тачигнуулан гурил зуурахаар эргэнэг шүүгээгээ онгичиж гарав. Чинсанаа мах хөшиглөх зуураа:

“-Хүн гээч амьтан мах идэхгүй бол жигтэйхэн сайхан эрүүл саруул болно гэдэг ер нь худлаа байх шүү. Мах иддэг амьтад өвчин зовлонгийн үүр болдог юм бол энэ чоно нохойнууд ингэж өсч үржээд, араа шүдээ арзайлгаад давхиж явахгүй байлгүй дээ” хэмээн шал дэмий зүйл бодож байлаа. Чинсанааг тийнхүү дэмий зүйлд сатаарах ахуйд эхнэр нь бодлыг нь тасалж:

“-Зуданд үхсэн малын мах хотод зарж байгаа гэнэ ээ. Хотынхон мэдэхгүй болохоороо аваад байгаа юм байх аа. Сая чамайг гадаа байх зуурт тийм мэдээ телевизээр гарлаа” хэмээн өгүүлэв. Чинсанаа:

“-Өө муусайн Дамдингууд” хэмээн өөрийн эрхгүй дуу алдлаа. Тэгснээ юу болов гэмээр хөлдүү мах руу заазуураа улам гүнзгий зоож:

“-Нэг Дамдин, хоёр Дамдин, гурван Дамдин…” хэмээн амандаа тоолон нэг л их хурдтайгаар зорж гарав. Эхнэр нь Чинсанаа руу сүрхий гээч нь хараад:

“-Утга учиргүй Дамдин, Дамдин гэж балайрч байгаад гар хуруугаа тастчихав” хэмээн санаа тавин өгүүллээ. Чинсанаа:

“-Гучин нэгэн Дамдин, гучин хоёр Дамдин…” хэмээн өгүүлснээ хоолны хөшиглүүр мах нь аль хэдийн гүйцсэнийг анзаараад мах хөшиглөх ажлаа зогсоов. Тэгснээ заазуурынхаа ирийг арчих төдий болсноо махны модон дээр буцааж тавьчихаад буйдан луугаа зүглэв. Телевизийн удирдлагаа ийш тийш хэдэнтээ харж байснаа залхуу нь хүрэн босч очоод хуруугаараа товчлуурыг нь даран сэтгэл сэргээчих сонирхолтой нэвтрүүлэг хайж хэсэгтээн л өөртөө ажил удав. Харамсалтай нь түүнд үзчих нэвтрүүлэг нэг ч олдсонгүй. Дургүй нь хүрч зурагтаа унтраачихаад гэрээсээ гарлаа. Хавь орчныг харанхуй аль хэдийнээ нөмөрчээ. Гийх саран, гэрэлтэх одод нэгээхэн ч алга. Түнэр харанхуй л бүхнийг хулдах аж. Харин суурингийн айлуудын ноход дуу дуугаа аван хуцалдах асанж. Чинсанаа:

“-Шөнийн харанхуйд ноход хуцахгүй бол манай энэ суурин аймшгийн хотхон шиг л болох байх даа. Нохой гэдэг амьтан хүнд ханьтай амьтан шүү” хэмээн түрхэн зуурт бодлоо. Тэгснээ юу ч болоогүй байхад нэг л их гүнзгий санаа алдсанаа гэртээ буцаж оров. Эхнэр нь тогоондоо хоолоо үйж зогсоно. Чинсанаа дахин телевизээ асаан сонирхолтой нэвтрүүлэг хайн баахан сувгаа солилоо. Бас л сэтгэлд нь нийцсэн нэвтрүүлэг олдсонгүй.

“-Энэ олон телевизүүд байж үзчих юм бараг л гарахгүй шүү” гэж дотроо дэмий бухимдав. Бухимдлаа гээд яахав дээ. Байдгаа барж авсан телевизээ хага цохилтой биш. Тийнхүү бухимдангуй байх зууртаа Чинсанаа хачин их ганцаардаж байгаагаа гэнэт ойлгов. Халуун дулаан гэр орондоон, халамжтай эхнэрийнхээ дэргэд хүн ганцаардана гэж байдаг юм байхдаа гэж тэр өөрийгөө гайхлаа. Тэгээд бүр телевизээр сонирхолтой нэвтрүүлэг гараагүйн төлөө шүү” хэмээн бодонгуутаа Чинсанаа өөрийн мэдэлгүй:

“-Ээ муу Дамдин” гэж дуу алдаж орхив. Энэ удаа тэрбээр өөрөө өөрийгөө Дамдин болгочихов. Бүх насаараа муу муухайгийн бай болгож байсан Дамдингийнхаа дүрд тэр өөрийгөө ингээд л аваачаад хаячихлаа. Чинсанаагийнх уул нь тэрсхэн хоёр хүүхэдтэй айл юм. Тэд нар нь том болоод сургууль соёлын мөр хөөгөөд хот хүрээ рүү явчихсан билээ. Хүүхдүүд нь гэртээн бужигнаж байхад Чинсанаад ганцаардах сэтгэл төрнө гэж лав байхгүй. Нэг нь телевизийн суваг булаалцалдан уцаарыг нь хүргэж, нөгөөх нь аахар шаахар зүйлээс болон ээждээ үглүүлж буй ахуйд түүнд юуных нь гиюүрэх, гансрах сэтгэл төрөх билээ дээ. Чинсанаа:

“-Айл амьтныг хүүхэд л аз жаргалтай болгодог юм байна” гэж сүүлийн үед боддог болсон, тэгж бодох болгондоо өөрийгөө адгийн муу Дамдингаасаа ч дорд үздэг юм. Учир нь тэрээр дөрвөн жилийн өмнө эхнэрийгээ бие давхар болоход нь:

“Хөгширсөн хойноо хүүхэд төрүүлж яах гэсэн юм, хүн амьтны доог тохуу болохын нэмэр” хэмээн ятгаж байгаад хүүхдээ төрүүлэхээр шийдчихээд байсан эхнэрээ болиулчихсан билээ. Тэр явдлын тухай бодох болгондоо л Чинсанаа өөртэй хандан юм л болбол:

“-Дамдин” хэмээн хэлчихээд байдаг болчихсон юм.

Чинсанааг гэр дотроо хийх байхаа олж ядан холхиж байх зуурт эхнэр нь хоолоо хийж дуусаад түүнд аягалж өглөө. Эхнэрийнхээ гарын хоолыг цадтал идэж аваад тэрээр унтахын өмнө ахин нэг азаа туршихаар дахиад л телевизийнхээ сувгуудыг өөд уруугүй сольж гарав. Энэ удаа ч гэсэн олигтой нэвтрүүлэг таарсангүйд түүний дургүй нь хүрэхийн дээдээр хүрлээ. Чинсанаа телевизээ бушуухан унтрааж орхиод унтахаар шийдэн орондоо аль хэдийнээ орсон эхнэрийнхээ хажуугаар орж хэвтлээ. Эхнэрээс нь нэг л анхилуун, ялдамхан, дотнохон үнэр үнэртэнэ. Энэ сайхан үнэрт мансууран хэвтэх нь түүнд телевиз үзэхээс мэдээж хавьгүй дээр байв. Чинсанаа өдрийнхөө явдалд ядарснаас болоод ч тэр үү төд удалгүй дуг нойрондоо гүн гүнзгийгээр дарагдлаа. Харин тэрээр нойрон дундаа жаргаж буй нарны тухай нэг л сайхан нэвтрүүлэг найзуудтайгаа хамт үзэж байна хэмээн аз жаргалтайгаар зүүдэлж байлаа.

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Ц.Бавуудорж: Сэтгэлийн аяз

Холбоотой Зураг

Хөх өвсний налах чимээ сонсогдоно
Хөндүүр зүрхэнд сарны гэгээ шагалзана
Хөлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно
Хөмсгөн доор зөөлөн сэтгэлийн цалгиа анирлана
Айсуй яваа баярын зөн совин татна
Алганд тунасан борооны дусал мэлтэлзэнэ
Харьж яваа орчлонгийн хором намайг урсгана
Харц оносон нялх цэцгийн дэлбээ задарна
Нарны хүрэлцэх орон зайд оршигч бүхэн
Надаас илч гэрэл нэхнэ
Сарны хөлд шаргал өвсний шүүдэр сүүдэхүй
Салхины торгон мэдрэмж алганы хээнд сарнина
Ирэх өдрүүдийн намираа бороон дунд
Эрэвгэрхэн сормуусаа чийглэж санагалз даа
Мөнгөн сортой санчигны чинь гэрэлд
Мөнхийн эрхэмсэг дүрээ тодруулан нэг үзмээр байна
Хэн ч бүтээхгүй ариун гунигаа орчлонд бэлэглэчихээд
Хээнцэр гоо араншингаа чинийхээ л төлөө үлдээнээ БИ

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Ц.Хулан “Ирээдүй анирдахын бадаг”

Related imageИлд харших чимээнээр мөсөн түрлэг цангинанхан

Ижий түүхийн мөрөн тунгалагшинхан урсана

Ирээд одсоны араас гуниглах амархаан

Ирээдүйн чинь тухай бодох л зовлон юм аа эх ороон

Цоолбор шаргал үүлс намрын тэнгэр барлана

Цогтын цагаан балгас дээр хаврын бороо цайрна

Цохлоод ирдэг үйлийн үр-ирээдүйн тухай бодол

Цоолдоод миний энгэрийг, нулимс шиг хавж унана…

Ирээдүйгээс би

Илиадыг хол давсан Гэсэр, Жангарын туулиа нэхнэ

Их засаг тохинуулсан чин шударгуу хуулиа нэхнэ

Дэлт найман шарга шиг хурдтай байхыг хүснэ би,

Дэлүүн болдогт залсан шиг хаантай байхыг хүснэ ээ

Халхын саруул тал тэнгэрийн хаяатай сүлэлдэж

Харцгайн дэвэлт шиг саран энгэрийн зүү мэт таширлана

Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би,

Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ ээ

Ирээдүйгээс би

Гучаад оны босоо ятга-гунгалуутайн Нацагдоржоо

Гуниггүй мишээж яваа Пагамдуламтай нь олж харна

Хар ус нуурын хөвөөнд бодлогоширсон Явуудаа

Хаадын сэнтий шиг Отгонтэнгэрээр хөшөө босохыг харна

Норовлин цэнхэр говиосоо улаан хацартай охид төрж

Норовбанзад шиг дуулахыг сүслэн чагнана

Ноорхой эвий Адарсүрэн найран дундаас өндөлзөхөд

Нодготой төрийн алга тэнийж, одонгоо шагнахыг үзнэ ээ

Ирээдүйгээс би

Гандангийн хашаанд зулж унасан анхны цаснаас ялгаагүй

Гарцаагүй сэтгэл нь цав цагаан миний муу ард түмэн

Манжийн дарлал шиг унтаа цаг үеэсээ өндийж

Манлай вангийн үхэл шиг босоо амьдрахыг хүснэ ээ

Тужийн нарсанд дүрэлзсэн хувьсгалын дөлөөс тасдаж

Тулгандаа миний асаадаг өглөө бүрийн улаан нар,

Тусгаар тогтнолоо зарласан цагаан лавайн эгшиг

Туургат гэрийг минь гийгүүлсэн энэ л эрх чөлөөгөөр

Ирээдүйд би

Айл бүрийн хоймрыг дуу шиг дүүргэнэ

Амьсгалын тоолонгоор Монголдоо би сүү шиг амьдарна

Сүү шиг алдраар эх орноо мялааж

Сүлд шиг төрөөр өөрийгөө би шагнана аа.

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Бэгзийн ЯВУУХУЛАН: Туулын урсгал шөнөдөө сайхан

Туулын урсгал зурган илэрцүүд

Туулын урсгал шөнөдөө сайхан сан

Торгон долгио хаялан мяралздагсан

Хоёр ангир дандаа л хөвдөг сөн

Холын анир авангаа л дуугардаг сан.

Урсгалд нь умбагч сарыг ажин

Усанд нь хөвөгч оддыг тоолон

Бүүр түүрхэн тохиолдлоо дурсан

Үүр цайлгах би дуртай сан.

Шившин шивнэх залуу навчис

Шөнийн дуу над аялдагсан

Сөөг моддын нь нэгийг түшин

Шөнөжин сууж би сонсдог сон.

1957 он.


Categories
мэдээ утга-зоxиол

Сэнгийн ЭРДЭНЭ: Хайрын нарсан төгөл

Солонго зурган илэрцүүд

Палам гол засмалаас модны үйлдвэрийн төв тийш эргэдэг замын бэлчирт машинаас буулаа. Хотоос суулгаж гарсан залуу жолооч, гурван зуугаад километр газар гуниг бодолд дарагдан таг чиг явсан хүнийг өрөвдсөн янзтай “Хаяанд ирсэн хойно гэрт чинь хүргээд өгье дөө” гэхэд Палам түрийвчээ гаргаж тавьтын дэвсгэрт авч өгөөд “Зүгээр ээ дүү минь энүүгээр тамхи авч татаарай. Би гэртээ алхаад хүрчихнэ. Чилээгээ гаргая” гэхэд жолооч мөнгийг түдгэлзэсхийн авч халаасандаа хийгээд “Баяртай ах аа” гэж эелдэгхэн өгүүлэв. Палам жижиг чемоданаа авч буугаад замын билчирт хэсэг зогслоо. Сарын өмнө яг энэ замын билчирт эхнэрийнхээ цонхийсэн зовуурьт царайг ажин “Бүтэн бүлээн л явах юмсан”гэж юунд ч юм дотроо сүслэн өгүүлж билээ. Хүн амьтанд ямар ч гай зовлон тохиолдож боломгүй гэмээр эрт сайхан хавар болсон цаг. Засмалын дагуу тарьсан бүйлс нялхран нахиалж, хормойд нь үйлдвэрийн төв харагдаж буй Баянхан уулын арын ой алаг цоог ногоорчээ. Паламын байшингийн яндангаас шингэн цэнхэр утаа бургилж харагдана. “Муу охин минь гэрээ дааж, дүү нараа хараад байж дээ хөөрхий. Өнчирнө гэж ухаан санаандаа оруулаагүй хөөрхсийг яаж харж, юу гэж хэлнэ дээ” гэхээс Паламын дотор багтран харанхуйлж, нүдийг нь нулимс бүрхэв. Бурмаагийнхаа нас барсан даруй нэг хэсэг элий балай болчихоод ухаан бодлоо тогтоон барьж чадсангүй. Харин хүүхдүүдээ авчирч эхийн нь шарилтай салах ёс гүйцэтгүүлэхээр хотоос энэ өглөө гараад Бурмаатайгаа хамт амьдарсан арван дөрвөн жилийн явдлыг эргэцүүлэн бодож, хайр дурлал, ханийн жаргалыг эдлүүлсэн тэр сайхан хүнийхээ дүр байдал, ааш зан, хаа нэгтээ хэлсэн ярьсныг нь дурсан санагалзаж гаслан гашуудан явлаа. Хэзээ ч гай гамшиг тохиолдохгүй, энэ хорвоод мөнх хамт явах юм шиг санаж явсан нь гэнэн явдал гэж үү?

Өнгөрсөн бүх амьдралаа бодоход ч тийнхүү хамт явах тавилантайдаа учирсан гэмээр. Анх суухдаа хүртэл санаандгүй гэмээр юм уу, гэнэн томоогүйгээр…арван дөрвөн жилийн өмнөх тэр нэгэн учрал гэнэтийн бөгөөд юунд ч сааташгүй гал халуун хайр сэтгэл Паламд хий үзэгдэл мэт санагдан, бие цогцост мэдрэгдээд салахгүй байв. Тэр намар их сургуулийн оюутнууд тариа хурааж байсан сан. Модны үйлдвэрийн суурин байгаа энэ Баянхан уулын өвөр, Ерөө голын хөндийд сангийн аж ахуйн бригадын төв байжээ. Палам эдийн засгийн ангийн гуравдугаар курсынх, Бурмаа нэг анги доогуур. Палам бусдаас нэг их ялгардаггүй, жирийн хичээнгүй томоотой оюутан. Харин Бурмаа авьяаслаг болоод царайлгаараа оюутнуудын анхаарал татдаг хүүхнүүдийн нэг байв. Тийм хүүхнүүд үерхэх хүнээ голцуухан өөрсдөө шилж авдаг учир ялангуяа Палам мэтийн дундчуул тийнхүү шилэгдэхийн тухай төдий л найдахгүй нь мэдээж билээ. Гэвч амьдрал гэдэг ямархан ид шид эс үзүүлдэг билээ дээ. Түүнээс гадна авьяаслаг болоод царайлаг гэгч маань өнгөн талын чанар ч байх нь бий. Хүний дотор орж үзэх биш дээ… Намрын шар наран тунамал өдөр. Хоёр “оргодол” Бөөрөлжийн нарсан төгөлд жимс түүхээр ирсэн сэн. Ерөө голын хавь газрын уулс шилмүүст ойгоор өвч бүрхэгдсэн бөгөөд харин мужаан дархны хорхой хүргэм гоолиг шулуун нарс мод хээр талд сүрэглэн ургасан нь энэ Бөөрөлжийн төгөл л билээ. “Чи намайг нээрээ харж явсан юм уу” гэж Палам итгэл муутайхан асуугаад намрын цэв цэнхэр тэнгэр өөд тэмүүлсэн гоолиг шар нарсны бадамласан ногоон үзүүрийг ширтэж, юунаас ч юм бяцхан айдас хүрэн зүрх түгшиж хэвтэв. Бурмаа чичирхийлэн буй гарыг нь татаж цээжиндээ наагаад “Чи өөрийгөө гэв гэнэт харагдсан гэж бод л доо. Бүр ид шидээр юм шиг гэв гэнэтхэн харагдаад, хараа салгаж болохгүй болсон гэж бод” гэв. “Хачин юм аа” гэж Палам хэлэхэд, Бурмаа “Юу хачин гэж” гэв. “Яах вэ дээ. Энэ Бөөрөлжийн төгөлд ийм сайхан нарснууд уулнаасаа тасраад ургачих гэж” Палам хэлэв. “Байгалийн аашийг мэдэж барах биш дээ” хэмээн Бурмаа хариултал, Палам “Хүний аашийг ч гэсэн…” гэв. “Палам аа чи надад итгэ. Хэлж ирдэггүй өвчин шиг гэнэтхэн ирдэг хайр юм. Би чамаас өөр хүнийг харах нүдгүй сохор болчихлоо. Хүний үрийн ямар тавилан гэгч вэ” гэж Бурмаа бахарданги хэлээд таг болов. Паламын сэтгэл ч гэнэт хайлан догдолж, Бурмааг нүүр нүдгүй үнсч таалахад түүний хацар дээгүүр урссан хайрын шорвог нулимс амтагдсан сан. Бөөрөлжийн төглийн гоолиг нарснууд намрын хонгор салхинд үл мэдэг найган, улаалзгана, долоолгоны бут бургас гал улаан, алтан шар өнгөөр алаглан, мөнх ногоон төглийг гэрэлтүүлэн байв. Энэ хорвоо дээр хүн хүнээ олж жаргасан тэрхэн гэрэлт мөч янаг хайрын үгүйршгүй мөнхийг бэлгэдэж байсан бус уу?

Палам нэг мэдэхнээ байшиндаа тулаад иржээ. Хүүхдүүд минь гараад ирэх вий гэж зүрх алдан зог туслаа. Ханиа алдаж гурван өнчин хүүхэдтэй хочрох ямар заяагүй амьтан бэ, би. Эдэндээ юу гэж хэлнээ? Палам хаалгаа аяархан татаж ороод бага хүү, том охин хоёроосоо нүд буруулан малгай пальтогоо өлгөж удаан зогсов. Дунд хүү нь сургуулиасаа ирээгүй бололтой. Арван гуравтай охин нь урд цонхон дээрээ чимээгүй очиж, зам руу ширтэн, гэзэгнийхээ үзүүрээр оролдон зогсохыг Палам хулгай нүдээр хараад сэжиг авсныг нь мэдлээ. Ээжийн эрх отгон хүү, юм ухаарах болоогүй балчир хүү аавдаа гүйн ирж

-Ааваа, та ээжийг орхиод ирсэн юм уу? Гээд асуучихав. Палам тэссэнгүй. Хүүгээ өргөж нүүрэндээ наагаад ингэнэтэл уйллаа. Охин нь соргог ухаанаараа бүхнийг ойлгож, даган уйлав. Бага хүү аав, эгч хоёрынхоо уйлан гаслахыг гайхан нэг хэсэг дуугүй бүлтгэнэн байснаа бас л эхэр татах нь тэр. Хүний амьдрал, жаргалыг гэнэт таслан зовлонгийн далайд живүүлж хаядаг өршөлгүй хорвоогийн ёсыг хүлцэн туулахаас өөр замгүй болсон нэгэн гэр бүлийнхэн ийнхүү уй гашуу болохоос биш яалтай вэ дээ. Палам ажилдаа орох өглөөгөө хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь явуулаад анир чимээгүй ханхайсан гэртээ нэг хэсэг бодол болон суулаа. Одоо чухам яах нь зүйтэйг шийдэхэд бэрх ажээ. Нэг бодлын ажилдаа бушуухан орох нь дээр юм шиг, нөгөө бодлын амралтаа аваад хүүхдүүдийнхээ л сэтгэлийг засан уй гашуудлыг нь мартагнуулах нь зөв юм шиг. Гэр доторх юмс нь Бурмаагийн нас барахын өмнөхөөс өөрчлөгдсөн юмгүй мөртөө нэг л зэвхий даагаад жигтэйхэн дунд хүүгийн орон дээр, аль арван дөрвөн жилийн өмнө мөнөөхөн Бөөрөлжийн төгөлд татуулсан зургаас эхлээд хүүхдүүдтэйгээ, танил нөхөдтэйгээ энд тэнд татуулсан гэрэл зургийн цомог дэлгээстэй хэвтэнэ. Өөрсдөө болоод гашуудлыг нь хуваалцахаар орж ирсэн хүмүүсийн үздэг гол юм л энэ болжээ. Танил зураачаар зуруулан оршуулгад авч явсан усан будгийн зураг нь хойд хананд хадаастай. Нэг хоёр жилийн өмнө татуулсан гэрэл зургаас нь үлгэр авч их л хичээнгүйлэн зурсан тэр зурагт хэдэн хүүхдийн эх болж овор суусан гэлээ ч үл мэдэг мишилзсэн давхраалаг хар нүдтэй, гонзгой нарийн царайд нь зохисон жижигхэн шулуун хамартай, хагас нээгдсэн жижигхэн жимбэгэр тод уруултай ухаалаг цэвэр бүсгүйн дүр тодорчээ. Үхсэнийхээ хойноос үхэлтэй биш, гэлээ ч яг жаргадаг насан дээрээ ертөнцөөс халин одсон хайрт гэргийнхээ янаг ялдам ааш, хүний нь сайхан чанарыг дурсан санахад даанч харуусалтай. Арван дөрөвхөн жил…Гэнэт ирээд явчихсан юм шиг…Тийм эрүүл саруул хүнийг аюулт өвчинд отогдож яваа гэж санах билээ…Надад үр хүүхэд, аз жаргал хайрлаад өөрөө зул шиг бөхөх гэж энэ хорвоод ирсэн юм шиг…Тэр намар…Арван дөрвөн жилийн өмнөх тэр л намар…Солонгын долоон өнгөнд умбасан Бөөрөлжийн төгөл, сэтгэлд уянгалах хайрын дууг түрэх нарсан ойн шивнээ, шувуудын жиргээтэйгээ, Бурмаагийн догдолсон сайан дүр байдал, хайрын нулимсны шорвог амт Паламын дртор цөмлөөд ирлээ. Унаа аваад тийшээ явъя. Үйлдвэрийн дарга Мангал Паламд тохиолдсон зовлонг хуваалцаж, болох бүтэх бүхнээр тусалжээ. Энэ нь ёс мэт хэрэг боловч ачий нь бодох ёстой юм шүү гэсэн санаа төрүүлж байв. Учир нь хоёр жил илүү хамт ажиллаж, тарыг нь таньсан ч гэлээ зовлонгийн цагт хүний сэтгэл зөөлөрч, гомдол гутралыг хүлцдэг жамаар цаашид үгээ ойлголцох болно гэсэн итгэл ч цухалзах шиг. үйлдвэрийн дарга, ерөнхий инженер хоёр олон юман дээр санал зөрнө гэдэг ер нь таатай хэрэг биш байлаа. Мангал “Тулалдаан” гэсэн үгийг урдаа барьсан хүн. Тэр үгийн гол утга нь эцсийн бүлэгт үйлдвэрийн төлөвлөгөөг биелүүлнэ гэсэн жирийн ойлголтын товч томъёолол юм. үйлдвэрийн даргаар томилогдож ирээд анхны цуглаан дээр “Байгалийн хишгийг булаан авахын тулд өргөн фронтоор давшин тулалдах” лоозон дэвшүүлсэн билээ. Байгальтай “тулалдах” үзэл л Паламын дургүйг хүргэсэн юм. Ойн баялгийг зохистой ашиглах, нөхөн үйлдвэрлэл явуулах арга зам гэсэн түүний саналыг дарга ердөө л мөрөөдөгчийн сайхан санал гэж үзээд хойшид ажлынхаа арга барилыг ойртуулан нягтрахыг шаардаж “төлөвлөгөө биелүүлэхгүй бол үйлдвэр байх хэрэггүй” гэсэн маргагшүй үнэнийг тулгасан сан. Мангал гаднаасаа ч тулалдагчийн дүртэй хүн. Газар дээр бат суурилсан лагс том биетэй, улаа бутарсан царайтай, өтгөн хар хөмсгөө зангидан, хөх хиаз суусан зууван шар нүдэндээ гал цахилуулаад ирэхээрээ юунаас ч ухрахгүй шинжтэй. Өргөн тэлмэгэр магнай нь эрдэмт хүний шинжийг илтгэх мэт боловч хараад байхад хад чулуу шиг нэг л хатуу янзтай. үг яриа огцом бардам, шог наргианч, гэтэл энэхүү баавгайн дүрийнхээ цаана муур шиг хумсаа нууж бас чадна. Паламын орж ирэхэд Мангал угтан босч ирээд сэтгэлийг нь засах гэсэндээ ч юмуу малилзтал инээмсэглэн, гарыг нь атгаад: -Палам минь ажилдаа санаа зовох хэрэггүй.

Төлөвлөгөөгөө давуулаад биелүүлчихсэн газар юундаа алзах вэ. Би чиний ээлжийн амралтыг олгох тухай тушаал гаргасан. Чи дуртай газраа явж амар гэлээ. Палам тасалгаа шинэчлэгдэн засагдсаныг эхлээд анзаарсангүй. Юу билээ энэ чинь гээд ажиглавал бичгийн лут том царсан ширээ хийлгэж тавьжээ. Тах хэлбэртэй, зөгийн үүр шиг олон шургуулгатай ер бусын ширээ байна. тасалгааныхаа баруун гар талын ханыг хүрэн модоор өвч бүрж, наад талд нь хурлын бас л их өргөн бөх ширээ тавьжээ. “Юм бүхнийгээ өөртөө тааруулах санаатай” гэж Палам дотроо дургүйцэн,

-Бодож байгаад болъё доо. Ажилдаа орсон минь ч дээр юм шиг байна. хүүхдүүдийнхээ сургууль тарсан хойно амралтаа авбал зүгээр юм уу? Гэхэд Мангал нэгэнт гаргасан шийдвэрээсээ няцдаггүй хүний зангаар гайхсан янзтай гар дэлгэн:

-Палам минь чи өөрөө л мэд. Би чамд чадал мэдлийнхээ хэрээр л тус болъё гэсэн юм гээд тасалгааныхаа шалыг нургитал алхлан, тах хэлбэрт том ширээнийхээ ард очив… Палам Баянханы өврөөр тойрох замд бодол болон дуугүй явав. “Хачин араншинтай хүн байх юм. инээд алдаад дотроо баярлаж ч яваа юм билүү? Маргах хүнгүй намайг нэг хоёр сар ч гэсэн хол байлгах гээ биз. Хачин хүмүүс байх юм. нийгмийн үл зохилдол, стресс энэ тэр гэж орчин цагийн онол гэсэн хэдэн юм хагас дутуу ухаараад бусдыг догматикууд, хуучныг баримтлагчид гэхээс ер сийхгүй, бусдын толгой дээр сууж, зоргоороо аашилж л байвал болох нь тэр…

-Бөөрөлжийн төгөл. Бөөрөлжийн төгөл хаана байнаа? гэж Палам дуу алдав. Жолооч түүний өөдөөс гайхан хараад

-Огтолчихсон шүү дээ инженер ээ, гэв

-Хэзээ, хэн?

-Сарын өмнө улирлын төлөвлөгөө тасрах болоод Мангал даргын шийдвэрээр…

-Зогсоодох, машинаа зогсоо, гэж Палам балмагдан хэлээд харайн бууж Бөөрөлжийн нарсан төгөл байсан газар тийш алхлав. Уулнаасаа тасарч хөндий талд зориудаар юм шиг сүрэглэн ургасан намжаа их нарсан төгөл хүний гараар оргүй хөнөөгджээ. Арван дөрвөн жилийн өмнөх тэр намар солонгорон байсан улаалзгана, долоогоны бут бургас баглайн харлаж, өнөөх гоолиг шар нарснуудаас үлдсэн олон зуун хожуул цайрч, үе удам залгах тэнхээ ороогүй зулзаган нарснууд энд тэнд эрвэн сэрвэн ёрдойлдох нь өр өвдмөөр.

-Хайран мод, хайран нарсан төгөл минь, гэж Палам дотроо орь дуу тавин, мөхсөн төглийн сүгт татагдсан юм шиг гүйж ирээд бие алдран, захын нэг хожуул дээр лагхийн суув. “Байгалийн дайсан, ямар ухаангүй явдал, хатуу сэтгэл гэгч вэ? миний ариун сайхан дуртгалыг зориуд үгүй хийх гэсэн шиг. Өөрийнхөө эх дархыг үзүүлж тоглоом тохуу хийх гэсэн шиг. Тэгээд бас хуурамч сайхан зан гаргаж, малилзаж сууна гээч. Би ийм хүнтэй хамт ажиллах гэж үү? Өөр газар надад ажил амьдрал олдохгүй юм гэж үү? Хэмээн гаславч, ийм хүнтэй би эвлэрч суух ёстой юу, үгүй юу? ”гэсэн асуулт зэрэгцэнэ. “Намайг яваад өгөхөөр тэр өөрийн гарын дор нэг хүнийг олоод л тавьчихна. Тэгээд хаяагаа хадрах байтугай дураараа аашилна. Хэдэн жилийн дараа нэг төгөл байтугай юм сүйтгэж хэдэн зуулд нөхөгдөшгүй гарз учруулна. Би тэр замыг нь засаад холдох ёстой болж байна уу? Ямар ч тэмцэлгүй зорьсондоо хүрэлгүй бууж өгөх хэрэг үү? Амралтыг чинь өгөх тушаал гаргалаа гэнэ шүү. Тэртэй тэргүй хуулиар олддог амралт өгч их тус хүргэсэн хүн дотроо хол байсан чинь дээр гээд малилзаж байгаа нь тэр. Ширээгээ том болголоо гээд суудал бөх болдог цаг өнгөрсөн” гэж бодолхийлэн, далийн ягааны хэдэн мөчир гэртээ ургуулахаар аваад машин руугаа шийдэмгий алхлав. “Хайрын нарсан төгөл минь” гэсэн үл тасалдах харууслын дуу сэтгэл зүрхэнд нь уянгалан байлаа.

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

Д.УРИАНХАЙ: Мөнхийн шалтгаан

Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!

Тэр шувуунд би хачин их хайртай!

Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна!

Тэр эгшгэнд би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!


Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна!

Тэр бараанд би хачин их хайртай!

Хэдэн унага голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна!

Тэр амьтдад би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!


Өвөлжөөнөөс намрын хиаг ханхалж л байвал би амьд явна!

Тэр үнэрт би хачин их хайртай!

Өвлийн шуурганд уруудсан мал бүрэн хонож л байвал би амьд явна!

Тэр баярт би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!


Хаврын үдэш гадаа бороо шивэрч л байвал би амьд явна!

Тэр шивнээнд би хачин их хайртай!

Харц хөлчингө амраг цээж налаад сууж л байвал би амьд явна!

Тэр амьсгалд би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!


Тооно эртний бор гэрт гал шаргалтаж л байвал би амьд явна!

Тэр амгаланд би хачин их хайртай!

Толгодын намжаа оройгоор зам зурайж л байвал би амьд явна!

Тэр аниргүйд би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!


Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна!

Тэр хэлэнд би хачин их хайртай!

Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна!

Тэр оронд би хачин их хайртай,

Хайраар би амьдардаг аа!


Бие цуг орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа

Би яагаад ч үхэхгүй ээ!..